УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлгийн санаачлагаар Замын цагдаагийн газартай хамтран Төрийн ордонд “Согтуу жолооч, хүүхдийн амь нас” хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Сүүлийн жилүүдэд авто машины тоо эрс өсч, түүнийг даган ослын тоо ч нэмэгдэх болжээ. Улсын хэмжээнд өнөөдөр 736.288 тээврийн хэрэгсэл бүртгэгдсэн байна. Авто машины тоо жилд 57 мянга орчмоор нэмэгддэг гэнэ. Өнгөрсөн жил автын осолтой холбоотойгоор 79 мянган дуудлага ирсэн нь өмнөх оныхоос 30 орчим хувиар өссөн үзүүлэлт аж. Гэхдээ бүтээн байгуулалттай холбоотойгоор мөн хүүхдийн автобусны стандарт, сургуулийн орчны стандартыг баталж, зарим сургууль мөрдөх болсон нь нааштай үр дүнг харуулах болжээ.
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож өөрийн болон бусдын амь насанд эрсдэл учруулах тохиолдол буурахгүй байгаа аж. Зөвхөн өнгөрсөн онд улсын хэмжээнд 50 мянга гаруй согтуу жолооч тээврийн хэрэгсэл жолоодож яваад саатуулагджээ.