Хот доторх авто машин, сэлбэгийн худалдааны есөн зах, 34 цэгийг нэгтгэн “Авто Худалдааны Цогцолбор” руу нүүлгэн шилжүүлэхээр болсон.
Уг цогцолбор ашиглалтад орсноор агаарын болон хөрсний бохирдлыг багасгаж, замын хөдөлгөөний ачаалал, түгжрэл, ослыг бууруулна гэж үзэж байгаа.
“Авто Худалдааны Цогцолбор” нь 130 га эдэлбэр газрыг хамарч, нийт 14000 авто машины зогсоолтой. Эхний ээлжинд дөрвөн блокоос бүрдсэн 6300 автомашины зогсоолыг ашиглалтад оруулах бөгөөд одоогоор ажлын явц 85 хувьтай явж байна. Гэнэтийн хүндрэл гарахгүй бол “Авто худалдааны цогцолбор”-ын эхний ээлжийг энэ сарын 15-20-ны хооронд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа юм.
Одоогоор нийт 20.4 га талбайд далангийн дүүргэлт хийж, асфальтаар хучжээ. Мөн автомашины зогсоол, хэрэглэгчдийн зогсоол, авто тээврийн хэрэгслийн улсын бүртгэл, улсын дугаарын үйлдвэр, банк, даатгал, цайны газар, нийтийн бие засах газрын хэмжээг нэмээд 30 га талбайг ашиглалтад оруулна гэдгийг гүйцэтгэгч компанийхан хэлж байна. Цаашид тус цогцолборт авто машины сэлбэг хэрэгслийн худалдаа, техникийн хяналтын үзлэг, оношлогооны төв, тээврийн хэрэгслийн мэргэшсэн жолооч бэлтгэх сургалт, дамжаа, жолоодлогын аюулгүй байдлын төв, автомашины туршилтын талбай зэрэг авто техниктэй холбоотой бүхий л үйлчилгээг багтаасан, нэгдсэн харуул хамгаалалт бүхий нэг цэгийн худалдаа, үйлчилгээг бий болгох юм.