Categories
мэдээ цаг-үе

Авдрын нүүрэн дээрх шүдгүй арслангийн хумсыг нь бас сугалах юм гэнэ

Үндсэн хуулийг өөрчлөх асуудал сүүлийн жилүүдэд идэвхтэй яригдаж байна. Түрүүчийн парламентын үед хэд хэдэн хуулийн төсөл боловсруулагдаж байсан ч хараахан ажил хэрэг болж чадаагүй. Харин энэ парламент байгуулагдсан даруйдаа л эцэг хуулиа өөрчлөхөөр шуурхайлсан билээ. Нийтдээ зургаан сэдвийн хүрээнд Үндсэн хуульд засвар оруулах шаардлагатай гэж барьж аван барууны орнуудад дэлгэрсэн зөвлөлдөх санал асуулгыг явуулав. Энэ хүрээнд “УИХ, Засгийн газрын эрх мэдлийн хяналт-тэнцлийг хангах”, “Үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх, энэ чиглэлд ажил, үүргийн давхардлыг арилгах үүднээс Ерөнхийлөгчийн эрх, үүргийг тодорхой болгох”, “Улс төрөөс хараат бус, мэргэшсэн, чадварлаг, нэр хүндтэй төрийн албыг бэхжүүлэх”, “Засаг захиргаа, нутгийн удирдлагын тогтолцоог төгөлдөржүүлэх”, “Төрийн хариуцлага, сахилга, шударга ёсыг бэхжүүлэх, хууль хэрэгжүүлэх тогтолцоог сайжруулах”, “Төрийн эрх барих дээд байгууллага нь Ардын их хурал, хууль тогтоох байгууллага-Улсын Бага хурал гэсэн хоёр танхимтай байх асуудлаар нээлттэй хэлэлцэх нөхцөлийг хангах” гэсэн сэдвүүдээр зөвлөлдөх санал асуулга явуулсан юм. Өнгөрсөн хавар улсын хэмжээнд санамсаргүй түүврийн аргаар сонгоод шигшсэн 800 орчим хүнийг Төрийн ордонд цуглуулаад эдгээр зургаан сэдвийг бүтэн хоёр өдрийн турш хэлэлцүүлсэн. Энд хуульч, эрдэмтдээс өгсүүлээд бичиг үсэг тайлагдаагүй жирийн иргэн хүртэл ирсэн байв. Зохион байгуулагчдын зүгээс нийгмийн бүх давхаргыг хамруулсан ажил боллоо хэмээн олзуурхан ярьцгааж байсан нь хэвлэлийн хуудаснаа үлджээ.

Зөвлөлдөх санал асуулгаас “Монгол Улсын парламентыг хоёр танхимтай болгох”, “Ерөнхийлөгчийг парламентын өргөтгөсөн бүрэлдэхүүнээс сонгох” гэсэн саналууд дэмжигдээгүй юм. Дараа нь Үндсэн хуулийн төслийг ард түмэнд танилцуулж, тэдний саналыг тусгах зорилгоор ажлын хэсгийнхэн Монгол орныг бүтэн тойрлоо. Зунжин үргэлжилсэн төслийн хэлэлцүүлгийн дүнг хэдхэн хоногийн өмнө тайлагнаж байгаа харагдав. Олон нийт Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг хасах саналыг ихэд дэмжсэн юм гэнэ. Хэлэлцүүлэгт оролцсон 370 гаруй мянган хүний 200 мянга орчим нь ийм саналтай байна гэж ирээд Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг халахаар зохион байгуулагчид пиардаж байна лээ. Манай улс бол парламентын тогтолцоотой орон. Сонгодог парламенттай улс болъё гэвэл Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг болиулах нь зөв л дөө. Гэхдээ М.Энхболд Монгол Улсын Ерөнхийлөгч болсон бол ийм зүйл хэзээ ч болохгүй байсан биз. Нэг нам дангаараа төрийн эрхийг барьж байгаа өөрсдийнх нь хүн төрийн тэргүүнээр сонгогдсон бол түүний хууль санаачлах эрхийг яасан ч боомилохгүй. Ёстой мөрийцсөн ч алдахгүй байх.

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах сэдвүүдээр ард түмний дунд явуулсан хэлэлцүүлэг өнгөрсөн долоо, наймдугаар сард эрчимтэй өрнөсөн. Монгол Улсын иргэн бүрт хамаатай суурь хуулийг өөрчлөх хэлэлцүүлгийг амралт зугаалгын улирал тааруулан зохион байгуулахаар ямар улс цуглаж, ямар саналд нэгдэх нь ойлгомжтой шүү дээ. Ажлын хэсгийнхэн сумдад очихоосоо өмнө зараа хэдэнтээ түгээлээ ч хэлэлцүүлэгт оролцогчдын хүрээ баригдмал, ирц тааруу байх нь мэдээж. Тэнд МАН-ын идэвхтэй ахмад гишүүд л ирж таарна. Тиймээс тэднийг зорилтод асуултаараа хөтлөөд саналыг нь авсан биз ээ.

Хэдийгээр Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг хассан ч хориг тавих эрх нь хэвээр байгаа гэж тайлбарлан ард түмний тархийг угаах байх. Хууль, хориг хоёр бол тэс ондоо ойлголт. Нийгмийн аль нэг салбарт тухайлан зориулсан хууль боловсруулж, түүнийгээ УИХ-д өргөн барьж хэлэлцүүлнэ гэдэг нэг асуудал. Магадгүй Ерөнхийлөгч хэний ч хараагүй асуудлын зангилааг хуульчилж шийдэж болно. Харин хориг нь үүнээс ялгаатай. Ерөнхийлөгч УИХ-ын баталсан тогтоол, шийдвэр, хуулийг эсэргүүцэж байгаагийн илэрхийлэл юм. Тэгэхээр Ерөнхийлөгчийн тавьдаг хориг, санаачилсан хуулийн хүчин чадал адилгүй гэсэн үг. Гэтэл Ерөнхийлөгчийг хууль санаачлах эрхгүй болсон ч хориг тавих эрх нь байгаа гэх маягаар нийгмийн сэтгэл зүйд тааруулан пиардаад байна.

Угаасаа манай Ерөнхийлөгч эрх мэдэл тун муутай. Төрийн тэргүүн гэдэг Монгол Улсын эв нэгдлийг хангах бэлгэдлийн шинжтэй хүн. Ний нуугүй хэлэхэд улс төрийн хулгайч, авлигач нарт хатуурхах тал дээр л дархан эрхтэй. Авлигатай тэмцэх газрын дарга, Ерөнхий прокурорыг томилох саналыг УИХ-д оруулдгаас өөрөөр онцгой мэдэлгүй хүн дээ. Төрийн тэргүүний энэ зангараг Монголоор дүүрэн байгаа улс төрийн хулгайч, авлигачдад ихэд халгаатай. Харин ажил, амьдралаа шударгаар залгуулж яваа жирийн иргэдэд бол ямар ч дарамтгүй, бас хамааралгүй. Зөвхөн улсын мөнгийг шамшигдуулдаг ховдог шунахай хүмүүст тохирсон шийтгэлийг оноох гэж Ерөнхийлөгч маань чадан ядан энэ эрхээ хэрэгжүүлдэг. Гэхдээ үүнийгээ хэн дээр хэрэгжүүлэх үү, аль намыг гөрөөлөх үү гэдэг сонголт нь түүний гарт байдаг. Сүүлийн хэдэн жилийн туршлагаас харахад Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ эхний хугацаанд сөрөг намын хулгайч нараас гөрөөлж байгаа нь түлхүү харагдаж байв. Дараагийн жилүүдэд нь өөрийн намын улстөрчдийг намнаж байгаа нь журмын нөхдөд нь тийм ч шударга биш санагдсан байх талтай. Монгол Улсын Ерөнхийлөгч гэдэг хүн ийм л ганц эрхээ бүрэн хэрэгжүүлдэг. Гэтэл түүний энэ эрхийг нь Үндсэн хуулийн өөрчлөлтөөр үгүй хийх гэж байна. Өнгөн дээрээ хууль санаачлах эрхийг нь халах гэж байгаа, цаашлаад улстөрийн хулгайч нар, авлигачдын эсрэг зогсдог хатуу тэмцлийг нь мохоох гэсэн оролдлого юм. Ерөөсөө Ерөнхийлөгчийг хэн ч биш болгох гэсэн том зүйлийн эхлэл.

Монголын ард түмэн ардчилсан Ерөнхийлөгчийг сонгож, гаргаж ирдэг болсон. Энэ нь сүүлийн гурван удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулиас харагдаж байгаа. Ирэх 2021 оны сонгуулиар иргэд энэ сонголтоо баталгаажуулах магадлал өндөр гэдгийг улс төр судлаачид хэлж байсан. Гэтэл МАН олонх байгаа үедээ сөрөг хүчнээс гарч ирсэн Ерөнхийлөгчийн гарыг мухарлах гэж зүтгэж байгаа нь буруу юм. Ер нь Монгол Улсын Ерөнхийлөгч авдрын нүүрэн дээр шүдгүйгээр зурсан арслантай л адил. Одоо тэгвэл арслангийнх нь хумсыг сугалах юм гэнэ. Уг нь хумстайгаа байвал эрх биш улс төрийн хулгайч нартай тэмцэнэ. Улсын мөнгийг шамшигдуулдаг хударгагүй явдал багасах юм биш үү.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ нийгэм

“Авдрын нүүрэн дээрх шүдгүй арслангийн хумсыг нь бас сугалах юм гэнэ” хэмээн “Өдрийн сонин”-д өгүүлжээ

Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар хэвлэгдэн гарлаа.

“Улс төр” нүүрт УИХ-ын гишүүн Л.Болд “Байнга дэвсэлж, дарлаад өөрийнхөө эрхшээлд байлгана гэж байхгүй” хэмээн ярьжээ.

“Баримт, үзэл бодол” нүүрт “Авдрын нүүрэн дээрх шүдгүй арслангийн хумсыг нь бас сугалах юм гэнэ” хэмээн өгүүлжээ.

Сэтгэл зүйч Б.Энхбаяр “Г.Номуундарь охин олон ч аав, ээжид сэрэмжлүүлэг, болгоомжлолыг өгч чадлаа” хэмээн ярьжээ. Тэрбээр мөн нийгмийн сэтгэл зүйн дархлаа нь муудсан байна хэмээн оношилжээ. Тиймдээ ч элдэв мэдээлэлд ихээхэн ач холбогдол өгч, хошуурдаг. Жижиг асуудлуудыг ч хөөсрүүлж, нийгмээрээ шуурдаг. Сайн ч бай, муу ч бай зөв, бурууг нь шүүдэг. Өөрт огт хамааралгүй асуудлыг ч шүүмжилж, хоорондоо маргацгаадаг гэсэн байна.

“Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг эрдэмтэд хэлэлцлээ” хэмээн “Улс төр” нүүрт мэдээлжээ.

“ОУВС-гаас хэрэгжүүлж буй хөтөлбөрийн хоёр дахь шат хэрэгжиж эхэллээ” хэмээн уг нүүрт өгүүлжээ.

“Эмч” нүүрт Монголын уламжлалт анагаах ухааны их эмч Ш.Ариунжаргал уригдсан байна. Ш.Ариунжаргал: Уушгиа цэвэрлэх гол арга нь ууланд алхах хэмээн зөвлөжээ.

“Танин мэдэхүй” нүүрт Хязгааргүй санах ой буюу квант компьютерын тухай өгүүлжээ. “Хэт их хөгжсөн квант компьютер нь нууцлагдсан ямар ч мэдээллийг эвдэх бөгөөд банкны ямар ч код, хамгаалалтыг цуцалж өндөр зэрэглэлийн бүсчлэл рүү түвэггүй нэвтэрч чадах хүчин чадалтай гэсэн мэдээлэл бий” хэмээн энд мэдээлжээ.

“Өөрөөс нь…” нүүрт Болор цомын эзэн найрагч М.Отгонбаяр: Ижийгээ асарч байхдаа нас гуйж бичсэн бичсэн шүлэг маань Болор цом авчирлаа хэмээн ярьжээ. Тэрбээр мөн “Ихэнх шүлэг минь уул Алтайгаа магтан дуулдаг болохоор Алтайн эзэн ивээх болов уу л гэж найдаж байлаа” гэсэн байна.

“Цэнхэр үст” хэмээн алдаршсан иргэн Э.Цэрэндолгор өөрийн цахим хуудастаа гэмт хэрэгт холбогдсон гэх залуусын зургийг дэлгэн тавьсан. Үүнээс үүдэлтэйгээр асуудал үүсээд байгаа билээ. Энэ талаар түүнтэй манай сурвалжлагч ярилцжээ. Э.Цэрэндолгор: Намайг доромжилж үзэн ядах нь яах вэ. Цаана чинь хар тамхи, хүчирхийллийн ноцтой асуудал яригдаж байна хэмээн ярьжээ.

ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү өчигдөр мэдээлэл хийлээ. Б.Баатархүү: Г.Номуундарийн ярьсныг шалгаж, албан ёсоор мэдээлнэ гэсэн юм.

“Хакухог заавал ална” гэх захидлыг Японы Фүкүока мужийн цагдаагийн газарт шалгаж байна хэмээн “Баримт, үйл явдал” нүүрт мөн мэдээлжээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99090658 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *