Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Аваргууд яагаад барилдсангүй вэ

Бүгд найрамдах улс тунхаглаж, Анхдугаар үндсэн хууль баталсны өдөрт зориулсан барилдаан анх 1985 онд зохион байгуулагдаж Д.Хадбаатар аварга түрүүлж байсан түүхтэй. Харин 1990 оноос өнөө жилийг хүртэл уламжлал болгон жил бүрийн арваннэгдүгээр сарын 26-ны өдөр тэмдэглэж ирсэн байдаг. Бөхчүүд наадмын дараах амралтаа дуусгаж, бэлтгэл нь жигдэрсэн үед зохион байгуулагддаг учраас шилдэг хүчтэнүүд бүгд цугладаг уламжлалтай. Тухайн цаг үедээ барилдаж буй шилдэг бөхчүүд бүгд зодоглодог учраас бөх сонирхогчид хоног тоолон хүлээдэг томоохон барилдаануудын нэг болсон. Дархан аварга Ж.Мөнхбат, Х.Баянмөнх, Д.Цэрэнтогтох, А.Сүхбат, Г.Өсөхбаяр нарын тухайн цагийн хүчтэнүүдэд үлгэр үзүүлж байсан бөхчүүд төрт ёсоо хүндэтгэж улс тунхагласны ойн барилдаанд алгасалгүй зодоглож үнэн хүч үзэж өргөөнд цугласан олныг баярлуулж ирсэн. Дархан аварга Б.Бат-Эрдэнэ улс тунхагласны барилдаанд зургаан удаа түрүүлж байсан нь үүнийг илтгэнэ.

Өнөө жил анх удаагаа чансаа өндөр шилдэг 128 бөх зодоглоно гэж Монголын Үндэсний бөхийн холбооноос сүржин зар түгээж байсан ч өнөөх чансаа өндөр аварга, арслангууд нь ирж зодоглосонгүй. Залуу арслан Э.Оюунболд зүүнийг манлайлснаар барилдаан эхэлсэн юм. Сүүлийн жилийн наадмуудын түрүү түүж буй “Увс нуур” дэвжээний бөхчүүдээс нэг нь ч ирж зодоглосонгүй. Будаг нь ханхалсан шинэ аварга Н.Батсуурийн барилдааныг бөх сонирхогчид хүлээж байсан ч ордонд үзэгдсэн ч үгүй. Саяхан Монгол бахархлын өдрийн барилдаанд зодоглохдоо ямар нэгэн бэртэлгүй л байсан. Ямартай ч улс тунхагласны ойдоо хүч үзсэнгүй.

Намраас хойш томоохон барилдаануудад тогтмол дээгүүр барилдаж буй манлай арслан Пүрэвийн Бүрэнтөгсийн барилдааныг үгүйлсэн сонирхогчид ч цөөнгүй байсан. Харин хамгийн олон дэмжигчтэй Увс аймгийн Тэс сумын харьяат улсын харцага Т.Баасанхүү мөрөндөө авсан бэртлийн улмаас сүүлийн үеийн барилдаануудад зодоглоогүй. Тэрбээр ирэх сарын 9-нд зохион байгуулагдах сүмо бөхийн холбооны 25 жилийн ойн халз барилдаанд оролцохоо мэдэгдсэн байна лээ. Улсын их баяр наадам, сар шинийн барилдааны дараа орох өндөр чансаатай төрт ёсны хүндэтгэлийн барилдаанд бөхийн өлгий нутаг баруун хязгаарын хүчтэнүүд зодоглоогүйд бөх сонирхогчид сэтгэл дундуур байна. “Увс нуур”-ын бөхчүүд өнгөрсөн зургадугаар сард Монгол туургатны наадам Төв цэнгэлдэх хүрээлэнд болоход мөн л барилдалгүй хөгжөөн дэмжигчдээ гонсойлгож байсан удаатай. Үүнийг Монголын Үндэсний бөхийн холбоодын зөрчил маргаантай ч холбож тайлбарлах хүмүүс олон байна. Бөхийн өргөөний сандал ширээний төлөөх хэрүүл маргааны хар гор бөхчүүдтэй холбож яриад байдаг тэр хийморь сүлдэд нь муугаар битгий тусчихаасай.

Харин өнөө жилийн баяр наадмын үзүүр бөх Ч.Санжаадамба үзэгчдийн суудлаас бөхийн барилдааныг анхааралтай ажиглаж байсан. Улсын баяр наадмын долоогийн даваанд улсын харцага Ш.Мөнгөнбаатартай барилдахдаа шуугаа бэртээсэн нь гүйцэд илааршаагүй байгаа сураг дуулдсан.

Мөн аварга арслангуудын аранга О.Хангай харцагыг үгүйлсэн хүмүүс олон харагдсан. Тэрбээр БНСУ-д шрим бөхийн барилдаанд оролцож яваад зодоглож амжаагүй гэнэ. Олон улсын хэмжээний тэмцээнд зодоглохоор гуулин улсыг зорьсон залуу харцага хэргээ бүтээж алтан медаль зүүсэн байна лээ. Ирэх барилдаануудаас зодоглоод эхлэх биз. Өнгөрсөн жилийн наадмаар Н.Батсуурь, П.Бүрэнтөгс нарын мундаг арслангуудыг нурааж улсын цолны босго алхсан Дармаагийн Тамир начин мөн шрим бөхөөр хүч үзээд улс тунхагласны ойд зодоглож амжаагүй бололтой. Ер нь улсын заан М.Өсөхбаярыг дагаж аймгийн хурц арслан Ө.Сүхбат нарын зэрэг хэд хэдэн бөхчүүд БНСУ-ыг зорьсон юм билээ.

Өнөө жилийн баяр наадмын өмнө түрүү бөхөөр нэрлэгдэж байсан Баярхүүгийн Бат-Өлзийтэй тунаж тав давсан Баянхонгорын Золбоо мөн зодоглоогүй. Чөлөөтийн үндэсний шигшээ багийн гишүүн тэрбээр олон улсын тэмцээнд оролцоод барилдаж амжаагүй сурагтай. Харин аралтай гарьд Нямдоржийн Ганбаатараар зургаа давж харцага болсон Завханы Бэгзсүрэн “Хүрээ цам” даншиг наадмаас хойш өнөөдрийг хүртэл ямар нэгэн барилдаанд зодоглоогүй л байна. Олимпийн аваргатай одтой барилдаж начин болсон харцагын барилдааныг бөхийн хүрээнийхэн хүлээж байгаа нь гарцаагүй. Харцага цолтнууд маань харь оронд эх орны нэрээ дуурсгаж яваад улс тунхагласны ойн барилдаандаа зодоглож амжаагүй юм байна.

Эцэст нь шулуухан хэлэхэд Увсын бөхчүүд барилдахгүй байгаа нь ямар шалтгаантайг бөхийн хорхойтнууд элдэв таамаг ярьцгааж байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *