Японы мэргэжлийн сүмогийн нэгдүгээр сарын тэмцээн Токио хотын “Кокүгикан” спортын ордонд өчигдөр эхэллээ. “Хацү” башёгийн эхний өдөр ёкозүна Хакүхо М.Даваажаргал комүсүби Точиозанг, ёкозүна Какүрюү М.Ананд комүсүби Такаясүг, ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж Точиношиг давлаа. Харин барууны сэкивакэ Ичиножёо А.Ичинноров өөрийн гол өрсөлдөгчдийн нэг маэгашира Эндод ялагдсан байна.
Манай бусад бөхчүүдээс Кёкүтэнхо Н.Цэвэгням Чиёоториг, Араваши Э.Дөлгөөн нутаг нэгт Кёкүшюхо Т.Эрдэнэбаатарыг тус тус давж, Тамаваши Б.Мөнх-Оргил Мёогирюүд, Токитэнкү А.Хүчитбаатар Осүнаарашид, Кагамио Б.Нанжид Саданофүжид өвдөг шороодлоо.
Тэмцээний хоёр дахь өдөр буюу өнөөдөр ёкозүна Хакүхо маэгаширагийн тэргүүн бөх Гүржийн Точиношинтэй оноолт таарсан бол ёкозүна Харүмафүжи комосүби Такаясү, ёкозүна Какүрюү Такарафүжитэй барилдах юм. Тэгвэл Ичиножёо А.Ичинноров Аминишикитэй барилдана.