Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Дизель хөдөлгүүрээс уушгины хорт хавдар үүсгэгч carbon black элемент агаарт хяналтгүй цацагдаж байна DNN.mn

Дизель хөдөлгүүрээс ялгарч байгаа утаанд хорт хавдар үүсгэгч хар хөө буюу carbon black ялгардаг тухай мэргэжлийн хүмүүс анхааруулж байна. Олон жилийн насжилттай автобуснуудаас эхлээд ачааны, суудлын зэрэг Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийн дийлэнх хувийг дизель хөдөлгүүртэй автомашинууд эзэлж байгаа юм. Гэтэл тэдгээрээс ялгарч байгаа утаанд хорт хавдар үүсгэгч өөр нэгэн хорт бодис хяналтгүй, стандартгүй байгаа нь анхаарал татаж байна. Тиймээс хөдөлгүүрээс ялгарч байгаа хар хөөний хэмжээнд стандарт тогтоож, шаардлагад нийцсэн автомашиныг хөдөлгөөнд оролцуулах санаачилгыг мэргэжлийн хүмүүс ярьж байна.

Механик: Шинэ, хуучин бүх автобус шүүлтүүргүй, трактор шиг л байгаа

Бид энэ талаар ярилцахаар нийтийн тээврийн нэгэн томоохон баазын механиктай ярилцсан юм.


-Автобус баазуудын дизель хөдөлгүүрээс ялгарах утаанд хэр анхаардаг юм бэ?

-Яахав, өнөөдөр баазууд парк шинэчлэл нэлээд хийж байна. Шинэ, хуучин ялгаагүй хар утаа хаядаг. 2003 оны автобуснууд 6D22 хуучны мотортой. Нэг ёсондоо энэ чинь трактор л гэсэн үг. 2010-аад оны үед автобусны яндан дээр DPF шүүлтүүр тавьж үзсэн. Энэ нь яндангаас гарч байгаа хар утааг шүүж, багасгадаг

Автобуснууд тэр төхөөрөмжийг тавьсан. Гэхдээ автобусны мотор хүчгүй болоод яндангаар утаа гарч чадахгүй болоод эхэлсэн. Утаа шүүсээр байгаад DPF шүүлтүүр бөглөрчихдөг гэсэн үг. Хүнээр бол хамар нь таг болчихоор агаар амьсгалж чаддаггүйтэй адил. Тиймээс шүүрээ аваад хаячихдаг болсон.

-Хар утаа ялгаруулах нь олон түмний эрүүл мэндэд хортой гэдгийг баазууд мэднэ биз дээ?

-Бааз битгий хэл энгийн иргэн ч мэдэж байгаа шүү дээ. АТҮТ ирээд утааг хэмжиж үздэг л юм. Багажаар хэмжихэд 60 хувиас дээш гардаг. Өөрөөр нарийн хэмждэг газар байхгүй.

-Бас газан автобусыг дизель хөдөлгүүртэй болгох ажил нэг хэсэг явсан. Энэ нь утааны ялгаралтад хэр нөлөөлсөн юм бол?

-Мэдээж муугаар нөлөөлнө шүү дээ. Газан хөдөлгүүрээрээ л явах ёстой байсан. Нэг ёсондоо эко гэсэн үг. Газ утаагүй, шахуу эвдрэл багатай. Гэвч манайд байдаг газын үйлдвэр нь байсхийгээд газ нь тасарчихдаг. Тиймээс шууд дизель хөдөлгүүртэй болгочихсон. Стандартын биш гэсэн үг. Ингэснээр нөгөө л хар утаагаа ялгаруулж эхэлсэн.

-Баазууд парк шинэчлэл хийсээр байна. Хар утаа ялгаралт багасч байгаа гэж ойлгож болох уу?

-Яалаа гэж. Ялгаагүй л гарч байгаа. Шүүлтүүр нь холбогдоогүй оруулж ирж байгаа. Тэгэхээр ерөөсөө трактор л гэсэн үг. Шинэ автобус ч апартуртай энгийн дизель тэрэг л гэсэн үг.

-Манай автобуснууд олон жилийн өмнө үйлдвэрлэгдсэн, насжилт өндөртэй гэдэг. Тэгэхээр яаж сэлбэг хэрэгслийг нь тавьж, засч сэлбэдэг юм бэ?

-Мэдээж олон жилийн насжилттай учраас сэлбэг хэрэгсэл муу. Солонгост явж байсан автобусны мотор оруулж ирж сэлбэдэг.

Энэ тухай засварын газрын механикууд “Манайд автомашиныг стандартын дагуу засвар үйлчилгээ явуулдаг газар маш ховор. Ихэвчлэн монголчилж засдаг. Автобус ч ялгаагүй. Аль эрт үйлдвэрлэгдээд зогсчихсон автобусны сэлбэг хэрэгсэл олдохгүй. Тиймээс нэгээс нөгөөд сэлбэж, тааруулж тавиад л хөдөлгөдөг. Аль ч төрлийн авто машин, автобусанд зүрх болсон эд анги порсунк гэж бий. Түлшийг тоосруулж цацах үүрэгтэй. Порсунк ганц мм-ийн зөрүү гарахад л утаа хаялт, түлш идэлт, хүчинд нөлөөлдөг” гэсэн мэдээллийг өгч байлаа.

Доктор Д.Нарансүх: Дизель хөдөлгүүрээс ялгарч байгаа утаа нүүрсний утаанаас дутахааргүй хортой

Тэгвэл “carbon black” гэгч ямар хор хөнөөлтэй, манайд хянадаг эсэх талаар анагаах ухааны доктор Д.Нарансүхтэй ярилцлаа.


-Дизель хөдөлгүүрээс ялгарч байгаа утаанд хорт хавдар үүсгэгч хар хөө ялгардаг талаар та мэдээлсэн. Энэ талаар дэлгэрүүлэхгүй юу?

-Энэ бол хот суурин газруудад байдаг асуудал л даа. Манайд л орхигдсон, хүн тоодоггүй, мэддэггүй сэдэв юм. Дизель хөдөлгүүрийн тоосонцор дотор элемент нүүрстөрөгч агуулагддаг. Дизель хөдөлгүүрийн шаталтаас ялгардаг энэ нүүрстөрөгч нь уушгины хавдар үүсгэдэг болохыг саяхан ДЭМБ-ын харьяа Хавдрын олон улсын судалгааны агентлагаас мэдээлсэн. Тиймээс хот суурин газар ашиглагдаж байгаа дизель хөдөлгүүртэй автомашины утаанд хяналт тавих ёстой болж таарч байгаа юм. Монголоор бол үүнийг хар хөө гэж нэрлэдэг. Англи нэршил нь “carbon black”. Дизель хөдөлгүүрээс хар утаа ялгарч л байгаа бол тэнд “carbon black” байгаа гэсэн үг.

Үүнийг хэзээ тогтоосон талаар жижигхэн түүх сөхөхөд 1800-гаад оны үед Англид яндан хөөлдөг хүүхдүүд гэж байсан. Тухайн үед нүүрс түлдэг зуух хөө тортог их болдог. Зуухны яндан жижиг учраас том хүн хөөлж чаддаггүй. Тиймээс хүүхдүүдэд хөлс өгч, зуухан дотор оруулж хөөлүүлдэг байсан. Тэр үеэс хүүхдүүдийн дунд хавдар бүртгэгдэж эхэлсэн байгаа юм. Судлаад үзтэл хөө тортгоос үүдсэн гэж тогтоогдсон байдаг.

-“Сarbon black”-ийг манайх хэмждэг үү. Үүнд ямар нэгэн хяналт байдаг уу?

-Хяналт тавих ёстой олон газар бий. АТҮТ автомашинд үзлэг хяналт хийхэд ямар стандарт барьдаг болох. Хар хөө буюу элемент нүүрстөрөгчийг хэмждэг үү. Оношилгооны төвүүд яндангаас гарч байгаа утаанд үүнийг шалгадаг уу. Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газарт хэмжилтийн станцууд бий. Тэд хар хөөг хэмждэг үү. Ялангуяа төв зам дагуу хэмждэг үү гээд цаашлаад насжилт өндөртэй автомашин гаалиар оруулж ирдэгт хяналт тавьдаг уу гээд тодруулах олон зүйл бий.

Хар хөө нийтийн тээврийн автобуснаас гадна ачааны төрөл бүрийн машин, уул уурхайн хүнд даацын машин, зарим жийпүүд гээд дизель хөдөлгүүр бүрт бий. Яахав, манайх хэдэн жилийн өмнө автобусны дизель хөдөлгүүрт утааны шүүлтүүр тавьж байсан. Тэр төхөөрөмж нь үнэтэй гэж шүүмжлэгдээд компаниуд суурилуулахаа больсон гэж дуулдсан.

Солонгост гудамжинд цэвэрлэгээ хийдэг хүмүүсийн дунд хавдрын гаралт нэмэгдсэн байдаг. Судлаад үзтэл тэр хүмүүс нь дизель ачааны машин дагаж хогоо цэвэрлээд явдаг юм байна. Тиймээс Солонгос дүрэм журмаа сайжруулаад асуудлыг шийдчихсэн. Манайд ч ялгаагүй. ТҮК-ийн ажилчид байна, цагдаа нар, засварын газрын ажилчид үүнд түрүүнд өртөж байгаа шүү дээ. Уурхайнуудад дизель хөдөлгүүртэй автомашин олноор ашиглаж байна. Ганц нэг томоохон уурхай л утааг нь хэмжиж стандартыг мөрдүүлж ажилладаг. Үүнээс бусад нь жишээ авах ёстой.

-Тиймээс нэн тэргүүнд хяналт стандартыг бий болгох ёстой байх нь ээ?

-Үүн дээр олон нийтийн хяналт бас их чухал байх ёстой. Цахим цагдаагийн аппликэйшн шиг мэдээлэл дамжуулах суваг байдаг бол хар утаа ялгаруулж байгаа тээврийн хэрэгслийн мэдээллийг АТҮТ, Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газар руу ч юм уу хүргүүлж, хариуцлага тооцуулдаг байх ёстой. Үнэндээ энэ юун нүүрсний утаа гэмээр л асуудал байгаа юм. Нүүрсний утаа аюултай гээд байгаа ч дизель хөдөлгүүрийн хар хөө жинхэнэ уушгины хавдар үүсгэгч. Мэргэжлийн байгууллагууд үүнийг тоодоггүй, мэддэггүй.

Тиймээс яндангаас ялгарч байгаа тоосонцор, хар утааны ялгарлын түвшинд хамгийн түрүүнд хяналт тавих ёстой. Оношилгооны төвүүд дээр яндан руу нэг төхөөрөмж хийгээд шалгаж харагддаг. Гэхдээ энэ нь хар хөөг хэмждэггүй болов уу гэв.

Нийтийн тээврийн автобуснууд хөдөлгүүр нь шүүлтүүргүй учир хорт хавдар үүсгэгч “car­bon black” хяналтгүйгээр агаарт цацагдаж байгаа гэж ойлгогдож байна. Цаашлаад ачааны төрөл бүрийн олон зуун машинууд, дизель хөдөлгүүртэй жийп гээд автобуснаас дутахгүй хорт утаа ялгаруулагч эх үүсвэрүүд Улаанбаатар хотын зам дээр 24 цагаар түгжрэн явсаар байна. Дизель хөдөлгүүрээс ялгарч байгаа утаанд “carbon black”-ийг хэмждэг, түүнийг хянах тогтолцоог бий болгох шаардлагатай юм байна.

Б.ЭНХЗАЯА

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо DNN.mn

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын төвийн гүйцэтгэх захирал, эдийн засагч Б.Лакшмитай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Монголын бизнесийн орчин 2023 онд муу үнэлгээтэй гарсан талаарх судалгааг МүХаүТ саяхан танилцуулсан. Эндээс ярилцлагаа эхэлье. Бизнесийн орчныг таагүй болгож байгаа хүчин зүйлүүд юу байна вэ?

-Бизнесийн орчны судалгааг МҮХАҮТ гурван жил тутам явуулдаг. Энэ судалгааны сүүлийн үр дүнг харахад бизнесийн орчинд хамгийн ихээр тулгамдаж байгаа гурван асуудлыг авч үзсэн байна.

Нэгд, төрийн байгууллагуудаас бизнестэй холбоотой тусгай зөвшөөрөл авахад хүндрэлтэй. Хоёрт, бизнесээ санхүүжүүлэх эх үүсвэрүүд, хөнгөлөлттэй зээл зэргийг авахад бэрхшээлтэй. Гуравт, бизнесийн маргаан шийдвэрлэх байдал нь хангалтгүй гэсэн байгаа юм.

Монгол Улсад бизнес эрхлэхтэй холбоотой онцлог гэж бий. Учир нь манайх дотоод үйлдвэрлэл багатай.

Манай судалгааны төв хамгийн сүүлд аж ахуйн нэгжийн судалгааг хамтран хийсэн. Үүн дээр нэг онцлогтой зүйл харагдсан нь бизнесийн салбар хүйсээр ялгаатай байдал өндөр хувьтай. Эрэгтэйчүүд ихэнхдээ ашиг ихтэй салбаруудад буюу уул уурхайн зам тээвэр, барилга гэх зэрэг ашиг өндөртэй салбарт голдуу ажилладаг. Харин эмэгтэйчүүд ашиг бага олдог жижиглэн худалдаа, боловсрол, эрүүл мэндийн чиглэлд түлхүү ажилладаг дүр зураг гарсан. энэ нь тухайн бизнесийн орчинд нь таарсан зээлүүдийг хөгжүүлэх шаардлагатай гэсэн үг. Мэдээж зээл гэхээр уул уурхай, жижиглэн худалдааны зээлийг нэг тогоонд шидээд, адилхан хүүтэй, хугацаатай олгох нь тохиромжгүй. Үүн дээр ялгаатай, уян хатан байдлуудыг бий болгох ёстой. Салбар салбарын онцлогт таарсан асуудлуудыг гаргаж ирэх, үүнд нь зориулсан бодлогууд боловсруулах тухай ярьж байна. Өөр нэг сонирхолтой судалгаа гэвэл 2019 онд Үндэсний статистикийн хорооноос Азийн хөгжлийн банктай хамтран Монгол улсад өмч хөрөнгийг хэн хамгийн их эзэмшиж байна вэ гэсэн судалгаа хийсэн байдаг. Өмч гэхээр үл хөдлөх, газар, мал зэрэг орно. зүйлсийг ихэнхдээ эрэгтэйчүүд эзэмшдэг. эмэгтэйчүүд жижиг дунд үйлдвэрийн салбарт ажиллаж байгаа болохоор бизнесээ томруулах зээл авах гэхээр барьцаа хөрөнгө байдаггүй. Үүнээс болж томоохон асуудал тулгамддаг гэсэн дүгнэлт гаргасан байдаг. Өөрөөр хэлбэл, бизнесийн онцлогийг шингээсэн, тулгамдаж байгаа асуудлууд дээр чиглэсэн бодлогууд явуулж байж бизнес хөгжих боломжийг нээж өгнө. Жишээ нь, итгэлцлийн зээл, сургалтууд гэх мэт.

-МҮХаҮт-ын судалгаа-наас бизнесийн орчны маргаан шийдвэрлэх асуудал тулгамдаж байна гэж та хэллээ. ямар маргаа-ныг хэлээд байна вэ?

-Бизнесийн маргаан гэдэг зөвхөн компани хоорондын маргаан биш, төр засагтай үүсч байгаа маргаанууд байдаг. Өнөөдөр хүссэн хүсээгүй гадаад дотоодын хөрөнгө оруулалттай шууд холбогдоно. Жишээ нь, уул уурхайн томоохон компаниуд дээр маргаанууд үүсдэг. Хан Ресурс гэх мэт томоохон маргааныг та бүхэн санаж байгаа байх. ихэнхдээ асуудал нь лондонгийн Арбитр руу явдаг. Түүн дээр ялсан, ялагдсанаас үл хамааран Монгол улсын Засгийн газраас өндөр зардал гарч байдаг. дээр Монголын тал яллаа гэдэг ч яг үнэндээ ялсандаа чухал биш. тухайн компанийнхаа итгэлийг алдаж байгаа асуудал л харагддаг. Үүнийг гадаадын хөрөнгө оруулагчид анзаарч байгаа. Монголд орвол шүүхийн маргаан үүсэх магадлалтай юм байна. Бид үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжгүй юм байна гэж эмээнэ.

Өнөөдөр бид ардчилсан, чөлөөлт зах зээлийн эдийн засагтай. 30 жилийн өмнөх ардчилсан нийгэмд шилжихэд бий болсон чухал зүйл бол хувийн өмч. Гэтэл өнөөдрийн нөхцөл байдлыг харж байхад манай улсын чухал үзүүлэлтүүд буурсаар байна. ардчиллын индекс, эдийн засгийн өрсөлдөх чадвар, авлигын индекс уруудаж байгаа. Ялангуяа томоохон хэмжээний авлига буурахгүй байна гэсэн дүгнэлт байдаг. Саяхан уиХ дээр эмийн сонсгол хийхийг харлаа. Тэнд хувийн хэвшил орж ирж байгаа шүү дээ. Эм гаднаас оруулж ирж байгаа, тэр нь хугацаа дууссан, чанаргүй байна гэх мэт асуудлууд гарч ирж байна. Үүнтэй холбоотой нөхцөл байдлыг харахад манайх зах зээлийн эдийн засгаа бий болгож чадаагүй юм байна. 90-ээд оны ганзагын наймааны сэтгэхүйнээсээ салж чадаагүй юм байна.

Уг нь бизнес орчноо аль болох хайрлаж хамгаалж байх ёстой. Мэдээж бизнесийн тодорхой хэмжээний зохицуулалт байх ёстой. Гэхдээ төрийн зохицуулалт аль хүртэл явах ёстой вэ. Энэ заагаа зөв гаргаж өгч чадаагүй юм болов уу.

-Бизнесийн орчныг төр хайрлаж хамгаалах ёстой гэлээ. Гэвч үүний эсрэг үйл явдлууд өрнөж байна. Хувийн хэвшил рүүгээ дайрч, халдаж байна. Хурааж, нурааж байна. Эздийг нь шалгаж, баривчилж байна. Стратегийн ордоо төр буцааж авна гэж мэдэгдэж байна. Мэдээж хууль зөрчсөн хуулийн байгууллага шалгах нь зөв. Гэхдээ хууль сахиулах гэхээс илүү бизнесийнхнийг дарамталсан, нухчин дарсан бодлого гэж шүүмжлүүлж байна шүү дээ?

-Монголын улс төрд улстөржиж болдог сэдэв, болдоггүй сэдэв гэж байх ёстой. Улстөржиж бодлоггүй сэдэв бизнес. Стратегийн орд гээд ярихад өнөөдрийг хүртэл ямар ордыг хэлдэг юм бэ гэдгээ тодорхойлоогүй. Яахав, жагсаалт бий. Бизнесийнхэндээ энэ ордыг ашиглахыг зөвшөөрчихөөд тодорхой хугацааны дараа буцааж аваад байх нь бизнесийн орчинд, цаашлаад гадаад хөрөнгө оруулалтад сөрөг нөлөөтэй.

Монгол Улсын хувьд улс төрийн болон хууль эрх зүйн орчин тогтвортой байдаггүй. Улстөрчдийнх нь үйлдэл тогтвортой биш байна гэдэг том мессэж болж байдаг. Энэ нь эргээд Монгол Улс ардчилсан улс мөн үү гэдэг эргэлзээнд хүрэх асуудал үүснэ. Учир нь ардчилсан улс оронд компани аж ахуйн нэгж буруутай үйл ажиллагаа явуулсныг тогтоодог газар нь шүүх л байдаг. Шүүх тогтоож байж өмч хөрөнгийг хураах эрх нь нээгддэг. түүнээс сэжүүр гарангуут шууд очоод тухайн хүн байгууллагыг нэгжиж шалгаад байж болохгүй. Салхитын мөнгөний орд дээр ингэсэн шүү дээ.

-Хууль тогтоох, гүйцэтгэх засаглал нэгдээд төрийн өмчөө дээрэмдэж байна гээд үү?

-Шүүх эрх мэдэл, хэрэгжүүлэх, хяналт тавих эрх мэдлүүд холилдоод байна. Эдгээр нь нэг нэгэндээ үйлчилдэг механизм болчихоор юу гэж тодорхойлоход хэцүү. Бид төвлөрсөн эдийн засагтай улс орон шиг, хоёр хөршөөсөө ялгаагүй болчих гээд байна. уг нь Монгол Улс хоёр гүрний авторитар дэглэмийн дунд байгаа ардчиллын арал гэж өөрсдийгөө сурталчилдаг. үйлдлээрээ бид нэр хүнд бүх зүйлсээ үгүй хийж байна. Үүнийг гадны байгууллагууд, дэлхий нийт зүгээр хараад суухгүй. Үр дагавар гарч л таарна.

-Яагаад өнөөдөр ийм байдалд хүрэв гэдгийг та харж байна уу?

-Төр сайн менежер үү. Хэзээ ч байгаагүй. асуудал эхлээд хөндөгдөнө. Төрийн өмчит компаниуд байнга алдагдалтай ажиллаж байгаа. Тэд ашигтай ч ашиггүй ч, төрөөс татвар төлөгчдийн мөнгөөр тэд нарыг тэжээж байна. тийм зүйл байж болохгүй. Өөрөө өөрсдөө үр ашгийн тооцоогоо гаргаж, ашигтай ажиллаж чадахгүй бол татан буулгах хэрэгтэй. эсвэл хувьчлах ёстой. Тэгэхгүй байнга дусал залгаатай, өөр өөрсдийнхөө санхүүжилт, засаглалыг бий болгож чадахгүй байна шүү дээ. Дээрээс нь төрийн өмчит компаниудын ил тод байдал байхгүй болчихоод байна. жилийн хувьд сонгуулийн жил гээд ард түмэнд хоёр удаагийн ногдол ашиг тараалаа. Иргэдийн эзэмшиж байгаа хувьцаа харилцан адилгүй байгаа. 2012 онд оюутны төлбөрт суутгасан, 2021 онд зээлгүй тэтгэврийн насны ахмадуудад нэг сая төгрөг өгөх нэрийдлээр хувьцааг нь авсан. Гэхдээ өнөөдөр энэ талаар нарийн тодорхой мэдээлэл алга. Энэ зохицуулалт хаанаас ямар шийдвэрүүдээр гарч байгаа нь ойлгомжгүй. төр ямар хэмжээний менежмент хийж байна гэдэг энэ үйлдлүүдээр харагдаж байгаа юм.

-Төр бизнесүүддээ халдаж байгаа нь гадны хөрөнгө оруулагчдыг айл-гаад зогсохгүй дотоодын бусад бизнесүүдэд сэрэмжлүүлэг, айдас бий болгож байна гэж харж болох уу?

-Мэдээж. Дотоодод ийм хүнд нөхцөлд бизнес эрхэлснээс гаднаас хямд бараа оруулж ирээд зарж ашиг олъё гэдэг байдлыг л бий болгоно.

-Тэгвэл гаргалгаа нь юу байх боломжтой вэ?

-Үүн дээр МҮХАҮТхүчтэй дуугарч манлайлал үзүүлэх ёстой. Бизнес эрхлэгчдийг өмгөөлж хамгаалдаг гол байгууллага нь энэ. Бизнесийнхэн өөрсдөө ч нэгдэж, үүний эсрэг дуу хоолойгоо өргөх ёстой. Манай компанийг оролдоогүй юм чинь гээд дуугүй сууж болохгүй. уучлаарай, маргааш танай компанийг хааж ч мэднэ.

Үүнээс гадна улс төрийн намууд шинэ соёлыг бий болгож, бизнесийн орчныг, компаниудыг улстөржилтөөс хол байлгана гэсэн зөвшилцөлд хүрэх ёстой.

Б.ЭнХЗаяа

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Өмгөөлөгч Г.Цолмонгэрэл: Өмгөөлөгчийн мөрдөн шалгах ажиллагаанд оролцох эрхийг нэмэгдүүлэх нь яллах, цагаатгах талын баримтыг бүрэн цуглуулахад дөхөмтэй DNN.mn

Хууль зүйн үйлчилгээний төвийн хуульч, өмгөөлөгч Г.Цолмонгэрэлтэй ярилцлаа.


-Мөрдөн байцаалтын нууц задруулахтай холбоотой хууль эрх зүйн ямар зохицуулалт байдаг, энэ нь ямар үзэл баримтлал зорилготой болох талаар эхлээд ярьж өгөхгүй юү?

-Гэмт хэргийг тал бүрээс нь бүрэн, бодитой шуурхай шалган тогтоох, гэмт хэргийн халуун мөрөөр орж нотлох баримт хуучраагүй, балраагүй байхад бэхжүүлж авах. Гэмт этгээд хамтран оролцсон этгээдүүд, түүнд хамаарал бүхий этгээдүүд өөрийн тусын тулд гэмт хэргийн ул мөрийг баллах, нуун дарагдуулах, нөхцөл байдлыг өөрчлөх байдалд оруулахгүйн тулд Мөрдөн шалгах ажиллагааны баримт мэдээллийг нууцалдаг. Нөгөө талаар гэмт хэргийн талаар олон нийтэд нээлттэй мэдээлэх нь бусдыг гэмт хэрэг үйлдэх сэдэл төрүүлэх, насанд хүрээгүй хүүхдүүдийн төлөвшөөгүй зан суртахуунд сөргөөр нөлөөлнө гэж үздэг.

Гэмт хэрэг гэдэг нь Эрүүгийн хуульд заасан, хүний жам ёсны эрхийн эсрэг, нийгэмд аюултай гэм буруутай үйлдлийг хэлдэг. Гэмт хэрэгтнийг илрүүлж хэргийг шалган тогтоох ажиллагаанд саад учруулж байгаа үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21 дүгээр бүлэгт Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэрэгт хамааруулж гэмт хэргийг илрүүлэх шийтгэх харилцаанд оролцогч нарыг хариуцлагажуулах замаар хүний эрх аюулгүй байдлыг хамгаалдаг. 2002 оны Эрүүгийн хуулийн 257 дугаар зүйлд Эрүүгийн хэргийн мэдээ баримтыг задруулах гэмт хэргийг хуульчилсан бөгөөд хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн зөвшөөрөлгүйгээр эрүүгийн хэргийн мэдээ баримтыг задруулсан бол хариуцлага хүлээлгэхээр заасан байдаг.

УИХ-аас Эрүүгийн хуульд хамгийн сүүлд 2023 оны арванхоёрдугаар сарын 7-ны өдөр нэмэлт, өөрчлөлт оруулсан бөгөөд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн 3 дугаар зүйлээр өөрчлөн найруулсан зүйл ангиудын нэг нь Эрүүгийн хуулийн 21.9 дэх хэсэг Мөрдөн шалгах ажиллагааны нууц задруулах гэсэн гэмт хэрэг юм. Эрүүгийн хуулийн 21.9 дэх хэсэг урьд нь 2017 оны тавдугаар сарын 11-ний өдөр мөн өөрчлөлт орж байсан. Ер нь Эрүүгийн хууль 2015 онд одоогийн өнгө төрхөөр батлагдсанаас хойш даруй 27 удаа нэмэлт өөрчлөлт оруулсныг судлаачид шүүмжилдэг, учир нь Эрүүгийн хууль харьцангуй тогтвортой байх, онолын суурьтай, системчлэл ойлгомжтой байх ёстой байдаг авч бодит байдал дээр байгууллагын дотоод журмаас ч олон өөрчлөгдөх нь нэгдүгээрт, анхнаасаа хуулийг судалгаа муутай баталсан, хоёрдугаарт, улс төрийн, эсвэл нийгмийн шинжтэй нөлөөлөл тус хуульд удаа дараа тусч байгааг

-Дорноговь аймагт 13 настай охиныг хөнөөсөн хэрэгтэй холбоотойгоор мөрдөн байцаалтын нууцыг алдахаас сэргийлж хуулийн өөрчлөлт орсон. Энэ тухай тодруулбал?

-D.parlianment.mn сайтын мэдээллээс үзвэл 2022 оны тавдугаар сарын 4-ний өдрийн Засгийн газраас УИХ-д өргөн барьсан Эрүүгийн хуулийн төсөлд 21.9 дэх хэсгийг өөрчлөх агуулга байгаагүй. Мөн УИХ-ын гишүүнээс 2021 оны гуравдугаар 22-нд өргөн барьсан төсөлд ч мөн алга байна.

Харин нэмэлт өөрчлөлтийн төслийг УИХ-аар хэлэлцүүлэх явцад Хууль зүйн яамнаас Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийн үзэл баримтлал төслүүдийн талаарх танилцуулгад хэд хэдэн асуудал нэмэгдсэн гэж ойлгож байна. Хуулийн үзэл баримтлалд Хууль зүйн сайд тодорхойлохдоо “Сүүлийн жилүүдэд мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулах асуудал нэмэгдэж, энэ нь хүний эрх, эрх чөлөөнд халдах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд сөргөөр нөлөөлөх нөхцөл байдал үүсэхэд хүргээд байна.Иймд мөрдөн шалгах ажиллагааны талаар албаны үүргийн дагуу олж мэдсэн алба хаагч, ажилтан прокурорын зөвшөөрөлгүйгээр мөрдөн шалгах ажиллагааны талаарх баримт, мэдээллийг задруулсан, шүүгч, прокурор, хууль сахиулагч, өмгөөлөгч, мөрдөн шалгах ажиллагааны нууцыг албаны үүргийн дагуу олж мэдсэн алба хаагч, ажилтан мөрдөн шалгах ажиллагааны нууцалсан баримт, мэдээллийг зориуд задруулж, нууцалсан гэрчийг илчилж хэрэг шалган шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан үйлдэлд оногдуулах ялыг чангаруулах шаардлагатай байна” гээд дээрх нэмэлт өөрчлөлтийг 2023 оны 12 дугаар сарын 7-ны өдөр баталсан байна.

Дорноговь аймагт 2023 оны 10 дугаар сард алга болсон бага насны охины талаар янз янзын эх сурвалжаас мэдээлэл хийж олон нийтэд хэлэлцүүлэг өрнөсний үр дүнд тус хуулийн заалтыг чангатгах нийгмийн шаардлага гарсан гэж үзэхээр байна.

-Тодруулахгүй юу?

-Эрүүгийн хуулийн 21.9 Мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулах гэмт хэрэг 2015 оны хуулинд анх үндсэн 1, хүндрүүлэх 1 зүйлчлэлтэй байсан. Тодруулбал, 21.9.1 хэсэгт “ Мөрдөн шалгах ажиллагааны талаарх баримт, мэдээллийг олж мэдсэн хүн, албан үүргийн дагуу олж мэдсэн албан хаагч ажилтан-Прокурорын зөвшөөрөлгүй мөрдөн шалгах ажиллагааны талаарх баримт, мэдээллийг олон нийтэд задруулсан бол 450-1350 нэгжээр торгох, 1-3 сар хүртэлх хугацаагаар зорчих эрх хязгаарлах, 1-3 сар хүртэл хорих ял” зэргээс шүүх сонгож хэрэглэхээр заасан байсан.

21.9.2 “Шүүгч, прокурор, хууль сахиулагч, өмгөөлөгч, мөрдөн шалгах ажиллагааны нууцыг албан үүргийн дагуу олж мэдсэн албан хаагч, ажилтан мөрдөн шалгах ажиллагааны нууцалсан баримт, мэдээллийг зориуд задруулж, нууцалсан гэрчийг илрүүлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан бол 1жил-3 жил хүртэлх хугацаанд эрхийг хасаж 450-14000 нэгжээр торгох, 1сар-3жил хүртэл зорчих эрх хязгаарлах, 1сар-1 жил жил хүртэл хорих ял” шийтгэнэ гэж анх батлагдаж байсан.

2017 оны тавдугаар сарын 11-ний нэмэлт өөрчлөлтөөр 21.9.1 дэх хэсэгт “торгуулийн ял нь 450-5400 нэгжээр торгох, 240-720 цаг нийтэд тустай ажил хийлгэх, 1сар-1 жил хүртэл зорчих эрх хязгаарлах”, 21.9.2 дэх хэсэгт “1сар гэсэн доод хэмжээг 6 сар болгон” ялын хэмжээг нэмэгдүүлж өөрчилжээ.

2023 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн өөрчилсөн найруулгаар Эрүүгийн хуулийн 21.9 дэх хэсэг нь 1,2,3 төрлөөр зүйлчилдэг болж өөрчлөгджээ.

  1. Мөрдөн шалгах ажиллагааны талаар олж мэдсэн Хувь хүн түүнийг задруулсан бол торгуулийн ял нь 450-5400 нэгжээр торгох, 240-720 цаг нийтэд тустай ажил хийлгэх, 1сар-1 жил хүртэл зорчих эрх хязгаарлах”
  2. Албан үүргийн дагуу олж мэдсэн алба хаагч, ажилтан-Прокурорын зөвшөөрөлгүйгээр задруулсан бол 1-3 жил эрхийг хасаж 240-720 цаг нийтэд тустай ажил хийлгэх, 6 сар-3жил хүртэл зорчих эрх хязгаарлах, 6 сар-3жил хорих ял
  3. Шүүгч, прокурор, хууль сахиулагч, өмгөөлөгч, албан үүргийн дагуу олж мэдсэн алба хаагч, ажилтан мөрдөн шалгах ажиллаганы нууцыг зориуд задруулсан, нууцалсан гэрчийг илчилж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан бол нийтийн албанд ажиллах эрхийг 3-5 жил хасч, 1-5 жил зорчих эрхийг хязгаарлах, эсвэл 1-5 жил хорих ялаар шийтгэнэ гэжээ.

-Сүүлийн үед энэ өөрчлөлттэй холбоотойгоор өмгөөлөгчид мэргэжлийн үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй болсон гэв үү. Ямар хүндрэл бэрхшээл учирч байна вэ?

-Гэмт хэргийг илрүүлэх, мөрдөх ажиллагааг төр хариуцан явуулдаг. Төр мөрдөгч, прокурорууддаа итгэж, өндөр үүрэг хариуцлага эрх мэдэл өгсөн. Тиймдээ ч мөрдөгч, прокурор нь гэмт хэрэг илрүүлэх тусгай эрх хэмжээ, тусгай хэрэгслүүдийг ашигладаг билээ.

Өмгөөлөгчид мөрдөн шалгах ажиллагааны явцад өөрийн үйлчлүүлэгчийн өгсөн мэдүүлэг өгөх ажиллагаанд болон өмгөөлөгч өөрөө хүсэлт гаргасан мөрдөн шалгах ажиллагаандаа биечлэн оролцох эрхтэй, мөн шинжээчийн дүгнэлтийг танилцах эрхтэй байдаг. Бусад байдлаар хэргийг мөрдөгч прокуророос танилцуулах хүртэл мөрдөн шалгах ажиллагаанд оролцох эрхгүй хуультай. Өмгөөлөгч мөрдөн байцаалтын ажиллагаа дууссан үед хэргийн материалтай танилцдаг.

Хэргийн материалыг нууцын зэрэгт авсан материал, нууцад аваагүй гэж ангилж болно. Шүүх хуралдаан хуульд заасан зарим хэрэгт болон оролцогч хүсэлт гаргаснаас бусад тохиолдолд нээлттэй явагдна гэсэн зарчимтай. Багануурын нүүрсний хэрэг, Н.Түвшинбаярын хэргийн хуралдаан нээлттэй явагдсаныг бид мэднэ. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл нууцад аваагүй хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа дууссан бол хэргийн талаар олон нийт мэдэх, мэдээлэл авах боломжтой гэсэн үг юм.

-Ер нь өмгөөлөгчийн эрх мэдэл хязгаарлагдмал гэж ойлгож болох нь ээ?

-Тийм. Нөгөөтэйгүүр дэлхийн зарим орнууд прокурор, мөрдөгчтэй зэрэгцээд өмгөөлөгч мөрдөн шалгах ажиллагаанд нээлттэй оролцох боломжтой байдаг, манай орны хувьд энэ нь хязгаарлагдмал байгааг зарим хуульчид шүүмжилдэг. Прокурор шинжээч томилох эрхтэй бол өмгөөлөгч прокурор зөвшөөрсөн тохиолдолд л шинжилгээ хийлгэх эрхтэй байх жишээний. Мөрдөн шалгах ажиллагаа дууссаны дараа прокурорт нэмэлт ажиллагаа хийлгэх хүсэлтээ өмгөөлөгчид гаргадаг, мөн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн явцад нэмэлт ажиллагаа хийлгэх хүсэлт гаргах боломжтой, гэхдээ түүнийг шүүх үндэслэлтэй гэж үзсэн тохиолдолд л прокурорт буцаан гүйцэтгүүлэх боломжтой. Өмгөөлөгчийн мөрдөн шалгах ажиллагаанд оролцох эрхийг нэмэгдүүлэх нь яллах цагаатгах талын баримтыг бүрэн цуглуулах, хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой, шударга шийдвэрлэхэд дөхөм болно гэж боддог.

-Энэ өөрчлөлт нь сэтгүүлч мэргэжлийн үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй болсон. Хүн гэдэг заалт ороод ирчихсэн. Үүнд сэтгүүлч орно гэж үзэж байгаа. Өнөөдөр ч энэ заалт хэвээр байгаа?

-2002 оны Эрүүгийн хуулийн зохицуулалтыг харвал “Хүн” гэдэг ойлголт угаас байсан байна гэж харагдана. Ихэвчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон оролцогч, гэрч, шинжээч, цагдаа прокурор шүүх өмгөөллийн байгууллагын ажилтан туслахууд, дадлагын оюутнууд гэх мэт хүмүүс тухайн хэргийн талаар мэдээ баримтыг мэдэж байгаа тус хүмүүс хамааралтай гэж ойлгож болно.

Харин Эрэн сурвалжлах сэтгүүлч нар, сонирхогч этгээдүүд тухайн хэргийн талаар таамаглал дэвшүүлэх, баримт цуглуулах, нийтэд илэрхий байгаа баримтын хүрээнд мэдээ бэлтгэх, дүгнэлт хийх эрх нээлттэй.

Эрүүгийн хуулийн 21.9 дэх хэсгийн зохицуулалтуудыг задлан үзвэл-мөрдөн шалгах ажиллагааны баримт, мэдээллийг олж мэдсэн хувь хүн-түүнийг задруулсан бол хариуцлага хүлээнэ. Олон нийтэд задруулсан гэх ойлголтыг хасч тодорхой тооны этгээдүүдэд задруулсан л бол хариуцлага тооцохоор байна. Албаны үүргийн дагуу тус мэдээллийг мэдэж байгаа албан хаагч ажилтан бол түүнд мэдээлэл хийх зөвшөөрлийг прокурор өгөөгүй л бол мэдээлэх нь хориотой байх нь. Шүүгч прокурор хууль сахиулагч өмгөөлөгч нь мөрдөн шалгах ажиллагааны нууцалсан баримт мэдээллийг зориуд задруулахгүй байх зэрэг ойлголтыг нарийн тодорхойлох шаардлагатай байна. Жишээ нь, Мөрдөн шалгах ажиллагааны нууц гэсэн ойлголтыг тодорхойлсон хууль байхгүй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны талаарх баримт, мэдээлэл гэдгийг мөн л онож тодорхойлохгүй бол таны асуусанчлан хэт ерөнхий байгаагаас сэтгүүлчдийн, эсвэл өөр хэн нэгний олж авсан мэдээлэл мөрдөн шалгах ажиллагааны баримт байсан гэж үзэн хэрэг нээн шалгагдах нөхцөл байдал үүснэ.

Эрүүгийн хуулийн 21.9-д зааснаар хэрэг үүсгээд-Яг мөрдөн шалгах ажиллагааны баримт мөн эсэх, түүнийг задруулсан эх сурвалж нь хэргийн хавтастай танилцсан нууц мэдээллийг мэдэж байсан хүн мөн эсэх, задруулахгүй гэсэн баталгаа гаргасаар байж задруулсан эсэх, түүнийг олж авсан хүн ямар зорилгоор задруулж байгаа зэрэг нөхцөл байдлыг шалган тогтоох байх л даа. Гэхдээ л тус хуулийг хэрэглэх явцад хэргийн бүрэлдэхүүнийг тодорхойлоход хүндрэл учрах, хэт ерөнхий байгаагаас бүхий л тохиолдол гэмт хэрэгт тооцогдох, улмаар ялимгүй нөхцөл байдалд бусдыг хилсээр шийтгэх, сэтгүүлчдээр дамжуулан явагддаг мэдэх эрхийн хязгаарлалт дарамтыг бий болгох зэрэг сөрөг талтай.

Б.ЭНХЗАЯА

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Хуульч Ч.Өнөржаргал: Нэр дэвшигчид өдөр тутмын сонинд сурталчилгаагаа нийтлүүлэх нь шударгаар өрсөлдөх боломжийг бий болгоно DNN.mn

Хуульч өмгөөлөгч Ч.Өнөржаргалтай сонгуулийн шинэ тогтолцоотой холбоотой асуудлаар ярилцлаа.


-Ирэх сонгууль болон шинээр бүрэлдэх УИХ-ын онцлогийг юу гэж харж байна вэ. Хууль зүйн талаас нь харсан шинэ агуулга таныхаар юу байна вэ?

-Мэдээж, ҮХНӨ орсноос хойш анхны УИХ-ын сонгууль бөгөөд сонгогчид анхны 126 гишүүнийг тойрогт 78, жагсаалтаар 48 гишүүнийг сонгон, төрийн эрх барих-хууль тогтоох байгууллагаа сонгох нэн чухал сонгууль болно. УИХ-ын Сонгуулийн тухай хуулийг дагаж СЕХ-ноос батлагдсан журмын хүрээнд сонгуулийн үйл ажиллагаа зохион байгуулагдана.

Харин энэ удаагийн сонгууль нь Үндсэн хуульд заасан сонгуулийн зарчмуудыг бүрэн хангаж явагдах эсэх асуудал санаа зовоож байна. Өөрөөр хэлбэл, одоогийн байдлаар сонгогчдын боловсролыг дээшлүүлэх, дээрх хуулийн өөрчлөлт зэргийг сурталчлан таниулах үйл ажиллагаа туйлын хомс байна. Санал өгөх процесс бол иргэдийн хувьд дөрвөн жилд нэг удаа төрийн үйл хэрэгт оролцож байгаа бодит оролцоо тул маш хариуцлагатай байхыг анхааруулж УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн сургалт сурталчилгааг өргөн хүрээнд явуулах хэрэгтэй гэж үзэж байна. МХХ нь 7000 гаруй гишүүдтэй бөгөөд 5500 орчим нь хуулийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх боломжтой хуульч, өмгөөлөгч нар байдаг тул хөндлөнгийн хуульч, эрх зүйч нарын хүчийг зөв зүйтэй зүйлд чиглүүлээсэй гэсэн бодол төрж байна.

Хуульд зааснаар сонгуулийн сурталчилгаа 2024 оны зургадугаар сарын 10-ны өдрөөс эхэлж байгаа бөгөөд үүнээс өмнө өөрсдийн давуу байдлыг ёс зүйгүй ашиглах нь сонгогчдын сонгуулийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцоход хүртэл сөргөөр нөлөөлөхийг үгүйсгэхгүй юм.

Нөгөө талаар Сонгогчдод УИХ-д төлөөллөө сонгох шийдвэр гаргахад олон төрлийн худал, үнэн нь тогтоогдоогүй мэдээллээр улс төрийн намууд болон нэр дэвшигчдэд сөргөөцөлдөөд эхэлбэл сонгогчдод шийдвэр гаргахад бэрхшээл учрах нь дамжиггүй. Сонгогчдод өөрийн тойрогт нэр дэвшигчдийн талаар мэдээлэлд хэрсүү хандах нэг боломж байгааг мартаж болохгүй. ҮХНӨ болон Улс төрийн намын тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлтөөр Улс төрийн намуудыг төрийн институтын түвшинд авч үзсэн тул уг нэмэлт, өөрчлөлт батлагдсаны дараа болох гэж байгаа анхны сонгуульд улс төрийн намууд төрийн институтын нэг хэсэг болсон гэдгээ ухамсарлах ёстой. Улс төрийн намууд, нэр дэвшигчид намын мөрийн хөтөлбөр нь бусад нам, нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөр зэргээс юугаар ялгаатай болохыг, цаашид хөгжлийн ямар бодлого баримтлах болон ирэх дөрвөн жилийн богино хугацаанд бодитой юу хийх боломжтой зэргийг үндэслэл, нотолгоотойгоор иргэддээ сурталчлан таниулах, иргэдийг сонгуулийн санал өгөхийн ач холбогдлыг сурталчлах ажлыг оновчтой зохион байгуулж, сонгуулийн соёлыг, улс төрийн цэвэр өрсөлдөөнийг намууд болон дотооддоо зохион байгуулах нь зүйтэй. Сонгууль хүртэл дээрх ажлыг оновчтой зохион байгуулах боломжит хугацаа байна гэж үзэж байгаа тул ковид цар тахлаас хойш хайртай хүмүүсээ алдсан, эдийн засгийн хувьд сэргэж амжаагүй байгаа бизнесийн байгууллагуудынхаа нийгмийн сэтгэл зүйг тогтвортой байх талаас нь анхаарахыг хүсч байна.

-Тэгвэл сонгогчид өөрсдөө юуг анхаарах ёстой вэ?

-Хувь хуульчийнхаа хувьд иргэд сонгогчид маань хууль тогтоох байгууллагын төлөөллөө сонгож байгаа гэдгээ анхаарч, улс төрийн нам харгалзахгүйгээр хууль эрх зүйн чиглэлээр мэргэшиж ажиллаж байсан нэр дэвшигчийг сонгох нь ирээдүйн улс орны амьдралд тустай гэж санаж байна. Харамсалтай нь одоогийн УИХ буюу хууль тогтоох байгууллагад нэг ч хуульчийн тусгай зөвшөөрөлтэй хуульч байхгүй байгааг зориуд сануулъя.

-Сүүлийн сонгуулиудад царцааны нүүдэл иргэдийн нүүлгэн шилжүүлэлтийн асуудал их яригдах болсон. Энэ зүй ёсны асуудал мөн үү, хуулиар зохицуулагдсан харилцаа мөн үү?

-Энэ удаад УИХ-ын Сонгуулийн тухай хуульд шилжилт хөдөлгөөнийг хоёр цаг хугацаагаар зохицуулсан байгаа. Иргэдийн хувьд 2024 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдөр хүртэл шилжилт хөдөлгөөн хийж болохоор зохицуулсан. Өмнө нь сонгуулийн жилийн хоёрдугаар сар дуустал хугацаагаар шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж байсан бол энэ удаад хоёр сараар сунгасан гэсэн. Мэдээж энэ нь эерэг болон сөрөг үр дагавартай. Өөрөөр хэлбэл, тухайн орон нутагт амьдардаггүй иргэд олноор шилжилт хийлгэн ирж санал өгөх нь тухайн орон нутгийн байнга оршин суугч иргэдийн сонгуулийн саналыг бодитоор тооцоход сөрөг нөлөөтэй болж байгаа хэрэг. Эерэг тал нь монголчуудын асуудлыг хойш нь тавьдаг зантай холбоотойгоор хойшлуулсан.

Хуулиар зохицуулсан бас шилжилт хөдөлгөөн хийх боломжит хугацаа бол нэр дэвшигчдийн Сонгуулийн менежер, шадар туслах болон Сонгуулийн үеэр ажиллах Иргэний бүртгэлийн итгэмжлэгдсэн ажилтан; Мэдээллийн технологийн багийн гишүүн; Мэдээллийн технологийн даамал; Санал авах байр болон сонгуулийн ажиллагааны аюулгүй байдлыг хангахаар ажиллаж байгаа цагдаагийн албан хаагч нарын төрийн алба хаагч нарын шилжилт хөдөлгөөнийг 2024 оны зургадугаар сарын 14-ний өдрөөс өмнө хийж болохоор хуульд өөрчлөлт орсон байгаа юм. Энэ бол оновчтой зохицуулалт гэж харж байгаа. Учир нь өмнө нь сонгуулийн үеэр ажилладаг дээрх ажилтнууд албан үүрэгтэй холбоотойгоор хоёр жилд нэг удаа эдэлдэг сонгох эрхээ хэрэгжүүлэх боломжгүйд хүрэх тохиолдол их байсан юм.

-Сонгуулийн зардлын асуудал их анхаарал татаж байна. Нэг нэр дэвшигч 1.3 тэрбумаас зардлаа хэтрүүлж болохгүй гээд шууд зарлачихлаа. Үүний сөрөг, давуу тал юу байна вэ?

-Энэ сонгуулийн зардлын асуудал хамгийн чухал асуудал болоод хувирчихлаа. СЕХ-ноос сонгуулийн зардлын дээд босгыг 1.3 тэрбум гээд зарласан. Шууд утгаараа энэ хэмжээний зардал гарах нь тодорхой гэж тооцож энэ босгыг зарлаж байгаа хэрэг. Уг нь Хуулиар нам, эвсэл нэр дэвшүүлэхдээ намын гишүүн, дэмжигчээсээ мөнгөн болон мөнгөн бус хөрөнгө, үйлчилгээ, барьцаа, дэнчин авахыг хориглоно гэж заасан. Гэтэл одоогийн байдлаар улс төрийн намын санхүүжилтийн оновчтой тогтолцоо бүрдээгүй. Сонгуулийн зардлыг хандив, нам болон нэр дэвшигчийн өөрийн хөрөнгийн эх үүсвэрээр бүрдэнэ гэж заасан тул өнөөгийн нөхцөлд шууд утгаараа сонгуулийн зардлаа шийдвэрлэж чадах л хүнийг нам, эвсэл нэр дэвшүүлэх нөхцөл байдал үүсч байгаа.

2019 оны ҮХНӨ-өөр Улс төрийн намын зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, санхүүжилт, төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх нөхцөлийг хуулиар тогтооно гэж заасан боловч энэ удаагийн сонгуулиар сонгуулийн зардалтай холбоотой асуудал шийдвэрлэгдээгүй байгаа тул ҮХНӨ-өөс хүсч байсан үр дүнгээ харах боломжгүй л болж байна гэсэн үг.

-УИХ-ын гишүүн хууль зөрчсөн нь тогтоогдвол эгүүлэн татаж чадахгүй. Хуулиар хамгаалагдсан тогтолцоо өнөөдөр ч бий. Шинэ парламент үүнийг хийж чадах нь уу?

-Энэ хамгийн чухал асуудал юм. Нэр дэвшигч хууль бус сурталчилгаа хийсэн нь тогтоогдсон тохиолдолд УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах асуудал орхигдсон байгааг анхаарахгүй өнгөрч болохгүй байна. 2016-2020 оны УИХ ч, 2020 оны УИХ-ын Сонгуулийн тухай хуульд ч энэ асуудлыг зохицуулахгүй өнгөрч эс үйлдэхүй гаргаж байсан. Энэ удаад ч УИХ 2023 оны зургадугаар сарын 16-ны өдөр УИХ-ын Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа ч дахин хууль бус сурталчилгаа явуулсан нь тогтоогдсон УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах асуудлыг УИХ-ын Сонгуулийн тухай хуулиар зохицуулалтгүй орхисон байгаа. Аймаг, нийслэл сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулиар хууль зөрчсөн асуудал тогтоогдсон нэр дэвшигч буюу төлөөлөгчөөр сонгогдсон тухай тогтоолыг хүчингүй болгож, дахин санал хураалт явуулах зохицуулалт байдгийг санаж байгаа байх.

Харин энэ удаагийн УИХ нь өмнөх УИХ-ын нэгэн адил УИХ-ын гишүүд нэгэнт тангараг өргөсөн бол эгүүлэн татах асуудлыг хуульчлаагүйг “жинхэнэ хуулийн цоорхой” гэж хэлэхээс яахав. Өөрөөр хэлбэл, энэ удаагийн УИХ эрх, мэдлийн төлөө ҮХНӨ-ийг хэдэн ч удаа хийсэн билээ дээ. Баахан ариун гэгээн зүйл ярьж ҮХНӨ, Улс төрийн намын тухай хууль, УИХ-ын Сонгуулийн тухай хуулийг баталсан. Гэсэн атлаа хууль бусаар өрсөлдсөн нь тогтоогдсон УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хариуцлагын тогтолцоог тооцоогүй өнгөрсөн байгаад харамсалтай байна. Үүн дээр нэг зүйл нэмж хэлэхэд сонгуулийн сурталчилгааны үед нэр дэвшигчид өдөр тутмын сонин, сэтгүүл гэх мэт албан ёсны эх сурвалж дээр мэдээ, материалаа нийтлэх нь нэр дэвшигчдийн хувьд нэр хүндийг бий болгоод зогсохгүй шударгаар өрсөлдөх, олон нийтийн сүлжээн дэх шиг нэгнийгээ санаатай болон санамсаргүй байдлаар харлуулах технологи зогсох юм. Мөн сонгуулийн зүй зохистой соёлыг түгээж, цаашлаад сонгогчдын боловсролд нөлөөлөх гол хэрэгсэл болох юм.

-Иргэд сонгогч үүн дээр хэрсүү хандаж болно шүү дээ?

-Өөрсдийн давуу байдлаа ашиглаад хууль зөрчөөд ч болов торгууль төлөх төдийхнөөр УИХ-ын гишүүн болоод ав гэх агуулгаар хандаж, энэ удаагийн УИХ төрийг байгуулах үйл хэрэгт эс үйлдэхүйгээрээ гай боллоо.

Ийм болохоор иргэдийн хувьд сонгуулийн хууль бус сурталчилгаа явуулж байгаа нэр дэвшигч, тэдгээрийн менежер, шадар туслах нар хууль бус үйлдэл хийж байгаа тохиолдолд тухайн хууль бус үйлдлийг баталгаажуулан холбогдох хуулийн байгууллагаар шийдвэрлүүлэх нь дараагийн удаад УИХ-ын Сонгуулийн тухай хуульд УИХ гишүүн тангараг өргөсний дараа ч эгүүлэн татах хариуцлагын тогтолцоог хуульчлах зайлшгүй шаардлагатай болохыг нотлон харуулах баримт болох тул хариуцлагатай хандаасай гэж хүсч байна. Хууль бус аргаар өрсөлдсөн нэр дэвшигчид УИХ-ын гишүүн болсоор, хариуцлагын тогтолцоог хуульчлахгүй энэ байдлаараа үргэлжлүүлээд байвал Монгол Улс цаашдаа Африк, Мяньмарын араас ороход ойрхон байна.

-Улс төрийн намууд сонгогчдын хүлээлтэд нийцсэн нэр дэвшигчдийг нэр дэвшүүлж чадах болов уу?

-Мэдээж иргэд, сонгогчдын хувьд энэ улс орныг хөгжлийн шинэ түвшинд хүргэх улс орноо гэсэн чин сэтгэлтэй, шударга, чадварлаг боловсон хүчнүүдээ нэр дэвшүүлээсэй гэж л хүсч таараа. Дээр хэлсэнчлэн, 2019 оны ҮХНӨ болон Улс төрийн намын тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр улс төрийн намууд төрийн институтын түвшинд хүрч ажиллах, улсын хэмжээний бодлого дэвшүүлэн ажиллахыг хуульчилсан. Гэтэл одоогийн байдлаар улс төрийн намууд Үндсэн хуульд заасны дагуу төрийн институтын түвшинд, Үндсэн хуульд заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг мөрдөж, хэвшүүлэн ажиллаж байна уу гэдгийг хуульчид, иргэд анхааран харж байна.

Ядаж л улс төрийн намууд 2019 оны ҮХНӨ батлагдсаны дараа Улс төрийн намын дүрэмдээ нэмэлт, өөрчлөлт оруулсан уу гэдэг асуудал гарч ирэх юм. Өөрөөр хэлбэл, Улс төрийн намын дүрэм нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчимд нийцсэн байх ёстой. МАН болон АН дүрэмдээ өөрчлөлт оруулаагүй байгаа бөгөөд харин ХҮН-ын хувьд 2022 онд өөрчлөлт оруулсан боловч гишүүд нь эхнээсээ ардчилсан, шударга биш байгаа учраас намаасаа гараад эхэлж байгаа жишээнээс харж болохоор байна. Намаас нэр дэвшүүлэх асуудлыг тухайн намын Их хурал, эсхүл төлөөллийн төв байгууллага хуралдаанаараа хэлэлцэж, нууцаар санал хурааж, олонхын саналаар шийдвэрлэнэ гэж заасан нь Улс төрийн намууд бодит байдалд ҮХНӨ болон УИХ-ын Сонгуулийн тухай хуульд заасан зарчмыг хэрэгжүүлэх боломжгүйд хүргэж болзошгүй байна. Тодруулбал, Улс төрийн намын тухай хуулиар нам гишүүдээ ялгаварлахгүй байх, гишүүддээ тэгш боломж олгох, намын дотоод асуудалд аль болохоор нийт гишүүдийн оролцоог хангах суурь зарчмуудыг тогтоосон. Харин УИХСтХ-иар Монгол Улсын иргэний сонгох, сонгогдох эрхийг хамгаалах болон намаас нэр дэвшүүлэх асуудлыг нууц санал хураалтаар, олонхын саналаар шийдэх зэрэг зарчмыг тогтоосон. Гэвч төлөөллийн төв байгууллага нь намаас нэр дэвшүүлэхийг шийдсэнээрээ намын жирийн гишүүд УИХ-ын сонгуульд нэр дэвших боломж нь хязгаарлагдахаар байна. Намын жирийн гишүүд өөрийнхөө, эсхүл намын бусад гишүүдийг нэр дэвшүүлэх боломжийг аль болох өргөн хүрээнд хийхгүйгээр “ялгаварлахгүй байх”, “тэгш боломж олгох”, “гишүүдийн оролцоог хангах”, “иргэдийн сонгох, сонгогдох эрхэд үндэслэх”, “олонхын саналаар шийдэх” олон зарчмууд хэрэгжихгүй. Намаас нэр дэвшүүлэх асуудалд гишүүдийн нийтээрээ, чөлөөтэй, шууд, тэгш оролцох боломжийг хангахгүйгээр иргэдийн сонгох, сонгогдох эрх, эвлэлдэн нэгдэх эрх ч хамгаалагдахгүй. Нийтээрээ, шууд, чөлөөтэй сонгууль өгөх зарчим нь намаас нэр дэвшүүлэх харилцаанд мөн адил байх ёстой шаардлага бөгөөд үүний хэрэгжилтийг хангаж чадахгүй бол ҮХНӨ-ийн үзэл санааны бодитой өөрчлөлт гарахгүй. Хуульчийн хувьд ажиглахад улс төрийн цэвэр өрсөлдөөнийг өрнүүлэх замаар, нэр дэвшигчдийг тодруулах санаачилга аль ч улс төрийн намд ажиглагдахгүй байна. Технологи хөгжсөн өнөө үед намын жирийн гишүүд, дэмжигчдийн зүгээс улс төрийн намууддаа ҮХНӨ-д оруулсан үзэл санааг хэрэгжүүлэхийг шаардах хэрэгтэй гэж үзэж байна.

Б.ЭНХЗАЯА

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Эрчим хүчний шинжээч Л.Жамбаа: Монгол орны 330 сумын дэд станцууд дээр батерей хуримтлуур суурилуулахад эрчим хүчний хараат байдлаас дорхноо гарна DNN.mn

Эрчим хүчний шинжээч, инженер Л.Жамбаатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Эрчим хүчний салбар өнөөдөр ямар шатанд байгааг шинжээч хүний хувьд та арай өөр өнцгөөс харж байгаа байх. Өнөөдөр бид гадны улсаас хараат, дотооддоо байнгын дутагдалтай байна шүү дээ?

-Өнгөрсөн өвөл бид эрчим хүчний хувьд хамгийн хэцүү байдалтай байлаа. Жил ирэх тусам хүндэрч байгаа. Энэ бол ганцхан жил үүссэн асуудал биш. урт хугацааны буюу ардчилсан нийгэмд шилжсэнээс хойш эрчим хүчний салбартаа анхаарал хандуулаагүйгээс болсон асуудал. ардчиллаас өмнө энэ салбар төвлөрсөн төлөвлөгөөт буюу бүгдийг дээрээс төлөвлөж байв. Нийгэм солигдсоноос хойш салбар бүр өөрийн гэсэн яамтай, хууль дүрэмтэй болсон.

Бид энэ салбарыг нийгмийн халамж биш бизнес гэж харж хөгжүүлэх ёстой. Тэр үүднээс бизнесийн төлөвлөлт буюу хөрөнгө оруулалтыг татах төлөвлөлтийг ярих ёстой. Яахав, эдгээр төлөвлөлт хийгдсэн ч бүрэн гүйцэд биш, гал унтраасан байдлаар явж ирсэн. Хүмүүс харахдаа станц бариагүй тухай л ярьдаг. Үүний цаана олон суурь асуудал бий. Эрчим хүчийг бизнес гэдэг утгаар нь харвал суурь нөхцөлүүд буюу хууль эрх зүй, хөрөнгө оруулалтуудыг татсан эрх зүйн орчин, төлөвлөлт хэрэгтэй. Үнэ тарифын асуудал нэмэгдэж таарна. Эрчим хүчний салбарынхан өөрсдөө шаардлагатай тоног төхөөрөмж засвар үйлчилгээгээ жил бүр хийх ёстой байдаг. Түүнийгээ хийж чадахгүй буюу санхүүгийн эх үүсвэргүй болж байна.

Дээрээс нь чадвартай залуусаа алдаж байна. Байгаа хүмүүс нь эхнээсээ ажил хаяж байна. Тухайн салбарын хямрал бий болоход үүсдэг шинж тэмдгүүд бүгд илэрчихсэн. Цахилгаан үйлдвэрлэл нь багасч, тоног төхөөрөмж нь элэгдээд, ажилчид нь ажил хаяад дампуурлын ирмэг дээр ирчихсэн гэж харж байна.

-Энэ арга барилаараа гал унтрааж явж болохгүй гэдэг нь ойлгомжтой болчихлоо. Тэгвэл танд ямар хувилбар байна вэ?

-Нийтдээ дөрвөн чиглэлд өөрчлөлт ёстой болов уу гэж шинжээчийн хувьд харж байна. Нэгд, дээр хэлсэн хууль эрх зүйн төлөвлөлт, хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр ажиллах. Үүн дээр 2001 оноос Эрчим хүчний тухай хууль батлагдаад тухайн үед төрийн өмчит ганц компанийг задлаад 18 төрийн өмчит компани болгосон. Эрчим хүчний зохицуулах хороо байгуулсан. Үнэ тарифыг нь уян хатан тавьж, дараагийн эрчим хүчний компаниудыг хувьчлах процесс явагдаж байгаад зогсчихсон. 2001 он бол дэлхийн бүх улс, ялангуяа хөгжиж байгаа улсуудын эрчим хүчний салбарын реформ хийгдэж байсан үе л дээ. Нэг гол зүйл нь хөрөнгө оруулагчдад ашигтай, орчин нөхцөл нь тогтвортой, тодорхой байх ёстой. Засгийн газар нь нүүрсний станцыг дэмжих юм уу үгүй юм уу, сэргээгдэх эрчим хүчнийг дэмжих үү, яаж дэмжих юм, тарифыг хэдээр хуваарилах гэх мэт бүх зүйл тодорхой болсны үндсэн дээр хөрөнгө оруулалт хийнэ. Энэ нь манайд тодорхой биш байна. Төрийн байгууллагуудтай уулзахаар “Дэмжинэ” гэдэг. Бичиг цаасан дээр нь байдаггүй. Ялангуяа олон улсын байгууллага тоотой, тодорхой зүйлийг хүсдэг. Тэр зүйлийг бид эхний ээлжинд хийх хэрэгтэй юм.

Хоёр дахь чиглэл бол эх үүсвэрийн асуудал. Дулааны хувьд цахилгаанаас илүү ач холбогдол өгдөг. Тиймээс өнгөрсөн хугацаанд том станцуудыг харахад зарим нь 20-30 жил, Тавантолгойн цахилгаан станц гэхэд 10 гаруй жил баригдаагүй л байна. Суурь шалтгаан нь 10 жилийн өмнө хөрөнгө оруулалт, том улсуудын нөлөө зэрэг хүчин зүйлээс болж хэрэгжилт нь удааширсан бол сүүлийн таван жилд энэ нөхцөл байдал бүр хэцүү болчихлоо. Дээрээс нь нүүрсний станцыг санхүүжүүлэх газар байхгүй болж байна. Жишээ нь, ТЭЦ3-ын өргөтгөлийг ОХУ-тай хамтарч хийнэ гэж ярьж байсан боловч энэ улс өөрөө нөхцөл байдал нь хүндэрчихлээ. Тиймээс бид төлөвлөлт хийхдээ хандлагаа өөрчилмөөр байгаа юм.

-Хандлагаа өөрчлөх гэдгийг тодруулаач?

-Заавал том станц хотдоо барих гэдэг төвлөрсөн төлөвлөгөөт чиг хандлагаа өөрчил гэсэн үг. Олон улсын жишиг рүү оръё л доо. Эрчим хүчний станцуудыг жижиг хэлбэрээр хөгжүүлж байна. Заавал хотод байхгүй. Аймаг, сумын төвүүд дээр дэд станцууд барьчихаж байна. Сэргээгдэх эрчим хүчний хувьд сум бүрт 1 МВт батерей сториж буюу хуримтлуур байж болно. Ингээд бариад явбал бидний хувьд давуу талтай. Манай улс 330 сумаа цахилгаанаар холбочихсон. Гэхдээ холбосон цахилгааны чанар нь муу. Хоолоо ч хийж чадахгүй сум бий. Нэгэнт бий болчихсон шугамаа ашиглахын тулд шугамынхаа төгсгөлүүд дээр жижиг станцууд барьчихвал үр ашиг нь дээшилнэ. Хоёрт, жижиг станцыг хурдан хугацаанд барих боломжтой. Нарны станцыг нэг жилийн дотор, батерей хуримтлуур, эсвэл жижиг хийн станцыг 1-2 жилийн дотор барьчихна. Энэ асуудлаа цаг алдахгүй шийдэх боломжтой. Гуравт, сэргээгдэх цэвэр эрчим хүчний төслүүдэд олон улсаас хөрөнгө оруулалт татах боломжтой.

Дараагийн нэг чухал асуудал бол тариф. Тариф гэдэг нь зардал дээр нэмэх нь ашиг гэдэг томьёогоор тооцоологддог. Нэг КВт цахилгааныг үйлдвэрлэсэн зардал дээр тэр компани цаашдаа үйл ажиллагаагаа өргөтгөхийн тулд олон улсад 8-10 хувийн ашгийг хүлээн зөвшөөрдөг. Түүнээс илүү ашиг хүртэж болдоггүй. Тэгэхэд Монголд ашгийн ойлголт байхгүй. Зардлаа ч нөхөхгүй. Зардлаасаа 20-30 хувиар хямд зардаг. Улсын төсвөөс татаас авч нөхдөггүй. Алдагдал болоод баланс дээр нь явчихдаг. Нэг ёсондоо засвар хийх ёстой байсан бол хийхгүй, цалингаа нэмэх ёстой бол боломжгүй болоод л яваад байдаг. Компани өөрөө бүх хариуцлагаа үүрээд санхүү, техникийн хувьд эрсдэлд орчихсон гэсэн үг. Энэ нөхцөлийг яаралтай засахгүй бол үйлдвэрлэл багасна. Нэг өдөр бүгд унтарчихгүй учраас хүн бүр үүнийг мэдрэхгүй. Гэхдээ өнгөрсөн өвөл хөдөө орон нутагт цахилгаан нэлээд их хязгаарласан. Нийслэл рүү ч орж ирсэн. Энэ бол эрчим хүч хумигдаж байна гэсэн үг.

-Тарифын асуудлыг ярихаар иргэдийн төлөх чадамж хөндөгддөг. Шууд иргэдийн халаас руу ороод явчихаар эсэргүүцэлтэй тулж өнөөдрийг хүрсэн шүү дээ?

-Энэ бол үнэн. Иргэдийн төлөх чадамжийг нэмэгдүүлэхийн тулд ажлын байрыг бий болгох ёстой. Бизнес сэргэх ёстой. Үүний тулд эрчим хүч хэрэгтэй. Эрчим хүчийг бий болгоход тарифыг өсгөдөг. Энэ гурван тойрог нэг нэгэнтэйгээ холбоотой. Нэгийг нь зогсоогоод нөгөөг нь дэмжиж болохгүй. Холбоотой учраас тэнцвэрийг нь хадгалах хэрэгтэй. Ялангуяа Монголын хувьд 2030 он хүртэл эдийн засгийн өсөлт нь эрчим хүчээс шууд хамааралтай байхаар прогнозтой. Эрчим хүчний үйлдвэрлэл нэмэгдэх тусам эдийн засаг нэмэгдэнэ. 2030 оноос цааш эдийн засаг нэмэгдвэл эрчим хүчний орлого нэмэгдэнэ гэсэн хамаарал эсрэгээр явах юм.

Тэгэхээр бид үүн дээр тооцоо хийх болно. Иргэдийнхээ тарифыг хэдэн хувиар нэмбэл төлөх чадварт яаж нөлөөлөх вэ. Нэмэгдсэн мөнгөөрөө яаж эрчим хүчээ сайжруулах вэ. Үндэсний статистикийн газраас эрчим хүчний тарифыг 10 хувиар нэмэхэд иргэдийн төлөх чадварт 0.5 хувийн нөлөө үзүүлнэ буюу эрчим хүчний үнийг нэмэхэд төдийлөн өсөлт гарахгүй гэсэн дүгнэлт гаргасан юм билээ. Ийм байдлаар судалгаа хийж үзээд тарифаа нэмэх хэрэгтэй. Мэдээж хүн бүр орлогын өөр, өөр эх үүсвэртэй. Аль ч улсад цахилгааны төлбөрөө төлж чадахгүй хэсгийг дэмждэг. Манайд ч байна. Эмзэг хэрэглэгчдийн тариф гэж бий. 150 КВт-аас доош цахилгаан хэрэглэсэн хүмүүст хямд үнээр зардаг. Гэхдээ үүнийг бусад улсад ваучер хэлбэрээр өгдөг. Шаардлагатай бөгөөд хүссэн хүнд нь л өгнө. Хүн бүрт биш. Чадвартай хүмүүс нь зах зээлийнхээ үнээр цахилгаан дулаанаа авах ёстой. Ийм шударга зарчим руу орж байж энэ салбар эрүүлээр цаашаа хөгжих боломжтой.

-Компанийн засаглалыг эрүүлжүүлэх боломж бий юү?

-Дээр хэлсэн. 2000-аад оны эхээр төрийн өмчит компанийг хувьчлах тренд бий болж байсан. Хувьчлал сайнтай ч байна, муутай ч байна. Одоо бол хувьчлах тухай дэлхий нийтийн хувьд байхгүй болж байна. Эрчим хүчний салбар сртатегийн ач холбогдолтой учраас төрийн мэдэлд байх нь зүйтэй. Мэдэлд байна гэхээр төр ажиллуулна гэсэн үг биш. Төр хөрөнгөө л зээмшинэ. Харин мэргэжлийн хүмүүс буюу хувийнхан ажиллуулна гэдэг концепци дэлгэрчихсэн. Засгийн газрын эзэмшил гэдгийг олон нийтийнх болгочихож байна. Сингапур гэхэд эрчим хүчний компаниуд нь хувийнх биш олон нийтийнх. Хувьцаагаа хөрөнгийн бирж дээр зараад л олон нийтийнхээ хяналтанд байна. Ийм хэлбэрээр одоогийн төрийн өмчит компаниудыг хөгжүүлэх шаардлагатай.

-Эрчим хүчний эх үүсвэр рүүгээ оръё. Бидний амбиц бол эрчим хүчээрээ хараат бус болъё гэдэг. Ингээд том төслүүд эхлүүлдэг. Бүтдэггүй. Нүүрс, усан цахилгаан станцын төслүүд цаасан дээрээсээ хөдлөхгүй 30 жил болчихож байна. Яагаад бид ингэж бүтэлгүйтээд байна вэ?

-Энэ бол хоёр талтай ойлголт. Хэрэгжихгүй удаж байгаа нь үнэн. Эрчим хүчний төсөл өөрөө хурдан хэрэгждэггүй. Дор хаяж 4-5 жил шаардлагатай. Ингэхээр хүмүүст хүлээлт үүсгэчихдэг. Улстөрчид барилаа гэж зарлаад л маргааш нь ашиглалтад орчих юм шиг сэтгэгдэл төрүүлчихдэг. Тэр талаас ажил хийж байгаа хүмүүс бодолцох хэрэгтэй. Гэхдээ энэ бол манай Эгийн гол, Эрдэнэбүрэнгийн УЦС, ТЭЦ5-аас өөр тохиолдолд шүү.

Харин нэр дурдсан энэ төслүүдийг манайх маш их төлөвлөсөн. Асуудал их үүссэн. Нэгд, тарифын асуудал бий. ТЭЦ5-ын хувьд тариф дээрээ тохироогүй дүнгэлт байдаг. Дээрээс нь газраа сонгож чадаагүй. Тэр бол 2015 оны үе. Тэр үеэс хойш нүүрсэн цахилгаан станц санхүүжүүлэхгүй гэдэг олон улсад шийдвэр гарангуут Франц, Япон компаниуд “Сүүлийн боломж байсан. Та бүхэн шийдвэр гаргаж чадахгүй байсаар цаг алдчихлаа” гээд яваад өгсөн. “Шивээ-Овоо”-г Хятадтай хамтарч барих гэж байгаад замхарсан. Багануур бүтэлгүйтсэн. “Тавантолгой” одоо яригдаж байна. Олон хувилбараар барих гэж үзэж байна. Эхлээд хөрөнгө оруулалт гэж байсан. Төр өөрөө барья гэсэн чадахгүй болсон.

Ер нь ийм төслийн санхүүжилтэд тэрбум гаруй ам.долларын асуудал яригддаг. Үүн дээр улс төрийн нөлөө дотоодоос ч, гадаадаас ч их ордог. Манай улсын тэр компани хийнэ гэж шахах жишээтэй. Тиймээс удаашраад байгаа юм. Уг нь үүнийг хүмүүсийн анхаарал татахгүйгээр жижиг хэлбэрээр хийх боломжтой. Аймаг, сум бүрт 10, 20 сая ам.долларын төсөл ярихад Хятад, Япон, Солонгос компаниуд сонирхохгүй. Тэрбум гараад ирэхээр л том компаниуд ороод ирж байгаа юм. Тийм болохоор эх үүсвэрээ төлөвлөхөд өөрөөр шийдье гэсэн санаа хэлээд байгаа нь энэ. Яахав, нэг зүйл гэвэл станц бариагүйгээс алдагдсан боломжийн өртөг тооцвол манай улс маш их хугацаа алдсан. Өнгөрсөн 20, 30 жил бидэнд цахилгаан дулаан хангалттай байсан бол ямар их хөгжлийг бий болгох боломжтой байсан бэ гээд тооцоод үзвэл станцад оруулах хөрөнгө оруулалт, тарифтай харьцуулашгүй. Зөвхөн өнөөдөр төлөх гэж байгаа нэг сая долларын асуудлаа бодоод байх биш энэ станц барьснаар цаашид ямар олон бизнесийг дэмжиж, тэр нь улс эх орон нийгэмд ямар нөлөө үзүүлэх вэ гэдгийг үргэлж анхаарах ёстой юм.

-Батерей сториж гээд та ярилаа. Манайд энэ технологи эхэлчихээд байна. Химийн хүрээлэн дээр гэхэд судлаачид япон автомашины батарейнаас эрчим хүч хуримтлуур үүсгэж байгаа тухай бид сурвалжилж байсан. Батерейг эрчим хүч нөөцлөхөд ашиглах технологийг түлхүү дэлгэрүүлэхийн тулд яах ёстой вэ?

-Эрчим хүч нөөцлөх гээд байгаа зорилго бол нэгд, эрчим хүчний хэрэглээ багатай шөнийн цагаар цахилгаан нөөцлөөд их үед нь зарах явдал. Дээрээс нь сэргээгдэх эрчим хүчийг дэмжих хэрэгтэй гэж байгаа. Батерейн хувьд олон төрөл байна. Хуучных бол усан цэнэгт станц буюу шөнийн цагаар усаа дээд түвшинд уулын орой дээр гаргаад оройн цагаар цахилгаан хэрэглэх үеэр доошоо буулгадаг станц олон улсад ашиглагддаг.

Бидний түлхүү мэддэг нь батерей. Дэлхий нийт сэргээгдэх эрчим хүчнийг дэмжих зорилгоор маш их хөгжүүлж байгаа. Тэр хэмжээгээр батерейн өртөг маш хурдан буурч байна. Монгол Улсыг сэргээгдэх эрчим хүчний асар их нөөцтэй гэдэг. Нөөц өөрөө шийдэл биш. Нөөц дээр нэмэх нь технологи, мөнгө байж станц босно. Технологи нь бидэнд байхгүй, мөнгө нь байхгүй, зөвхөн нөөц байгаад нэмэргүй. 10 жилийн өмнө манайд шийдэл нь байгаагүй. Батерей байсан ч маш үнэтэй. Одоо бол хямдарсан. Нөөц нь, технологи нь, шийдэл нь байна. Энэ хоёрыг нийлүүлээд цаашдынхаа эрчим хүчний асуудлыг шийдэх боломжтой болчихсон.

-Хувилбарууд та дэвшүүлээч?

-Энэ талаар олон төрлийн судалгаа хийгдсэн байдаг. Монгол орны эрчим хүчний систем бол маш урт сунаж тогтсон, хэдэн зуун км шугам байгаа. Үүний дэд станцууд гэж бий. Тэр бүрт нь батерей сториж хийчих ёстой. Сая Сонгинохайрханд суурилуулсан шиг. Гэхдээ жижиг хэмжээтэ, олон дэд станцууд дээр батерей суурилуулчихна. Тэгэхээр орой оргил ачааллын үед хэрэглээг батерей өгөөд явчихна. Дэд станц тархмал байдаг нь системийнхээ горимын ажиллагаа гэж байдаг. Түүнд нь батерей тохируулаад явчихдаг. Энэ бол давуу тал. Жижиг хэлбэрээр аймгийн төвүүд дээр дэд станцуудад тархмал хэлбэрээр батарей байршуулах нэгдүгээр хувилбар байж болно. Дараагийн хувилбар айлууд. Өрхийн хэмжээнд аккумулятор ашигладаг. Энэ биш юм гэхэд өөр төрлийн батерейг ашиглаад нарны дэлгэцтэй айл өдөр нь батерейн дээрээ хуримтлуудаад оройн цагаар сүлжээнд зарах боломжтой.

-Монгол Улс хоёр хөршөөс эрчим хүчнийхээ 20 хувийг импортолдог. Хараат бус болохын тулд бид ямар хэмжээнд эрчим хүч үйлдвэрлэж, нөөцлөх шаардлагатай вэ?

-Эрчим хүчний хувьд худалдааны баланс гэж ярьдаг. Гол нь гаднаас авч байгаа хэмжээгээ багасгах ёстой. Ямар нэгэн байдлаар эдийн засгийн хувьд хараат биш байя гэдэг зөв. Харин техник тиеханологийн хувьд Оростой холбоотой бол тэр хэвээр байх ёстой. Шугамаа тасална гэсэн үг биш. Ямар ч нөхцөлд холбоотой байж улсын аюулгүй ажиллагааг хангаж байх ёстой. Жишээ нь, Европын холбоо, Газрын дундаж тэнгис, ялангуяа АНУ гэхэд 50 муж улс бүгд системүүд нь хоорондоо холбоотой байдаг.

Монгол Улсын эрчим хүчний хэрэглээ 100 хувь байлаа гэхэд 120 хувийн нөөцтэй байх ёстой гэсэн үг. Гэтэл бид одоо 80 хувийг үйлдвэрлэж байна. Дахиад бидэнд 40 хувийн нөөц хэрэгтэй. Тэгж байж хараат бус боллоо гэж үзэж болно.

Б.ЭНХЗАЯА

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Хуульч П.Эрхэмбаяр: Р.Базарыг сүр хүчтэй саатуулахдаа иргэний жам ёсны эрхээс эхлээд олон хууль зөрчлөө DNN.mn

Олны нүдэн дээр өрнөсөн “Алтайн хүдэр” ХХК-ийн захирал Р.Базарыг саатуулах үйл ажиллагаа хүний жам ёсны эрхээс эхлээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Гүйцэтгэх ажлын тухай хуулийг зөрчсөн явдал гэж хуульч, өмгөөлөгч П.Эрхэмбаяр үзэж байна. Түүнтэй ярилцсанаа хүргэе.


-“Алтайн хүдэр” ХХК-ийн захирал Р.Базарыг баривчилсан үйл явц нийгэмд хоёр талын байр суурийг бий болгоод байна. Мэргэжлийн хуульч хүн үүнийг ямар өнцгөөс харав?

-Бид эрх зүйт төртэй оронд амьдарч байна. Хэн нэгэн дарга, улстөрчийн захиалгаар хуулийн байгууллага хөдлөөд байж болохгүй. Энэ улсад мөрдөгдөж байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, шаардлагатай гэж үзсэн бол Гүйцэтгэх ажлын тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу л хүний эрх, эрх чөлөөг хязгаарлана. Тэр нь албан тушаалтан байна уу, бизнесмэн үү, эсвэл алуурчин уу, хүчиндэгч үү хамаагүй. Энэ хүрээнд харах юм бол мэргэжлийн зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Гүйцэтгэх ажлын тухай хуулийн хүрээ хязгаарыг давсан үйлдэл боллоо гэж харж байна. Хуульд мөрдөгч гэмт хэргийн шинжтэй үйлдэл, эсвэл ирсэн гомдол мэдээллийн хүрээнд гэрчийг сэжигтнээр мэдүүлэг авахаар дуудна. Дуудаад ирэхгүй бол прокурорын мэдэгдэх хуудсаар албадлага хэрэглэж болно. Түүнийг хэрхэн хэрэгжүүлэхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан. Албадлага хэрэглэнэ гэдэг SWAT хөдөлгөөд, террорист үйл ажиллагаа, эсвэл ТЭЦ4 дотор тэсрэх бөмбөг тавьчихсан юм шиг буутай, сүр хүчийг үзүүлээд шоу хийх биш юм. Хатуухан хэлэхэд, энэ бол эрх баригчдын зүгээс Монголын төрд татвар төлөөд явж байгаа ААН байгууллагууд, иргэний эрх эрх чөлөөг сайн ч бай, муу ч бай хүндэтгэж, хуулийн хүрээнд ажиллах ёстой. Ноцтой нь тэнд сэтгүүлчид нь бэлэн байдаг, түүнийг нь цагдаа нар буутай бүслээд зогсож байгаа нь хачирхалтай. Хэрэв гүйцэтгэх ажлын хүрээнд явуулсан бол нууц ажиллагаа. Сэтгүүлчид мэдэх боломжгүй. Зураг бичлэг хийгдэхгүй. Тэгэхээр өрнөсөн процессыг харахад эхнээсээ тавилттай, зорилго агуулсан үйл ажиллагаа байлаа.

-Сэтгүүлч мэдээлэл олж авах эрхтэй. Тэр хүрээнд тухайн иргэнийг саатуулж байгаа үйл явдлыг олж мэдээлсэн байх боломжтой шүү дээ?

-Тухайн мэдээллүүдийг мэдээлсэн байдал гэхээр сэтгүүлч эхлээд оччихсон юм шиг, эсвэл зэрэгцээд оччихсон юм шиг харагдсан. Сэтгүүлч мэдээллийг нэг бол төрийн нууц, нэг бол хувийн нууцаас бусдыг Үндсэн хууль, Хэвлэл мэдээллийн тухай хуульд заасны дагуу олоод авч болно. Түүнийг буруутгахгүй. Харин энэ удаагийн баривчилгааны мэдээлэл, өмнөх хэд хэдэн дуулиан шуугиан тарьсан хэргүүдийг харахад эрх баригчдын зүгээс хэн нэгнийг нэр бүхий мэдээллийн сайтуудыг ашиглаж, тухайн онилсон хүнээ гэмт хэрэг үйлдчихсэн мэт, шүүхээс гэм буруу нь тогтоогдоогүй байхад цоллож байгаад араас нь баривчилгаа нэгжлэг хийдэг технологи Монголд бий болчихоод байна. Үүний үр дагавар хүний жам ёсны эрх зөрчигдөж байдаг. Монгол Улсад мөрдөгдөх ёстой Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль тогтоомж, хууль дээдлэх зарчим хөндөгдөж байгаа юм. Энэ нь эрх зүйт төрд байж болохгүй нөхцөл байдал. Дараа нь үүнийг засаад сайжруулаад явах боломжгүй.

-Тэгвэл ямар тохиолдолд тусгай ажиллагааны алба ажилладгийг энгийнээр тайлбарлаж өгөхгүй юү?

-Энэ баривчилгаа бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар мөрдөгч очоод барьж байгаа албадлагын арга хэмжээ юу гэхээр биш. Бүр буу зэвсэгтэй, тэнд террорист үйл ажиллагаа явуулах гэж байгаа мэтээр хүч гаргалаа. Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомжийн хүрээнд нийгмийн, ард иргэдийг аюултай нөхцөл байдалд хүргэх үйлдэл гаргах гэж байгаа тохиолдолд ийм хүч хэрэглэж болно. Ер нь манайд террорист үйл ажиллагаа гараад байдаг бил үү. Яасан ч их сүр хүчтэй, зэвсэглэсэн, яасан ч их халдлагад өртөөд хаширчихсан юм. Түүний оронд гал сөнөөгч нарт хувцсаа тайлаад өгөх хэрэгтэй. Төсөв мөнгөө онцгой байдалд шилжүүлэх ёстой баймаар.

-Сонгууль болохын өмнө иймэрхүү баривчилгаа, дуулиан дэгдэж байгаа нь хардлага төрүүлж байна гэж олон нийт ярьж байгаа. Хэрэгт холбогдож болно. Түүнийг заавал олон нийтэд мэдээлж, шүүхээр шийдвэрлэхээс өмнө яллаж байгаа нь ардчилсан, зах зээлийн эдийн засагтай нийгэмд эрүүл үзэгдэл үү?

-Чөлөөт зах зээлд сайн ч бай, муу ч бай бизнес эрхлэгчид Монголд ажлын байр бүтээгээд татвараа төлөөд, үйл ажиллагаагаа явуулаад тодорхой хэмжээнд ачаа үүрэлцээд явж байгаа. Сайн мууг нь хэлж мэдэхгүй. Нэгд, магадгүй бусад бизнесмэнүүдийг айлгах зорилготой байхыг үгүйсгэхгүй. Үүнээс бусад нь хараад “Намайг ингээд аваад явчих юм биш биз дээ” гэсэн муу жишиг тогтоно. Хоёрт, энэ үйлдлээрээ “Би сонгуульд орох гэж байна. Танай компаниас надад мөнгө өг. Сонгуульд дэмж” гэх зэрэг үйл баримтаар айлгах гэсэн арга хэрэгсэл байхыг ч үгүйсгэхгүй.

Нөгөө талдаа энэ эрх баригчид найман жил ААН-үүдийн нурууг авлаа шүү дээ. Тэдний итгэл үнэмшил “Энэ эрх баригчид бүтэхгүй юм байна” гэж өөрийнхөө үзэл баримтлалаар сайн дураараа сөрөг хүчин, өөр улстөрчийг дэмжиж болно. Үүнийг үгүйсгэж болохгүй. Энэ бол тухайн ААН, байгууллагын эрх чөлөөний асуудал. Ер нь Монголын төр ийм техникийг өнөөдөр, эсвэл өчигдөр ашигласан юм биш. 2018 оноос эхлээд Дубайн гэрээ гэдэг айхтар том гэрээн дунд Сангийн сайд асан С.Баярцогтыг оруулж ирээд, буруутгасан. Гэтэл шүүхийн шийдвэрийг харахад үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэдэг шал өөр зүйл ангитай байсан. Түүнээс хойш яг ийм үйл баримтууд үргэлжилсээр байна. Өөрөөр хэлбэл, ийм нөхцөл байдалд нэр төрийг нь гутаасан, тэр нөхцөл байдлыг сурвалжилсан хэвлэлийн байгууллагууд, түүнийг тогтоогоогүй байхад тогтоосон мэтээр Засагтай хамтарч ажилласан гэж үзвэл нэр төрөө сэргээлгэх хэрэгтэй. Мэдээж Иргэний хэргийн журмаар яваад уучлалт гуйлгах боломжтой. Хоёр удаа тухайн хэвлэл дээр уучлалт гуйсан мэдэгдэл гарах юм бол уншигчид, үзэгчид татгалзаж эхэлнэ. Засаг дахиж гэрээлэхгүй. Зах зээлийнхээ журмаар шахагдана гэсэн үг. Ёс зүйтэй мэдээл, эсвэл Нарантуул дээр очиж лангуу аваад гутал зарсан нь дээр. Учир нь саяны үйл явдал дээр редакцитай, ёс суртахуунтай мэдээлдэг хэвлэлийнхэнд тэнд байсан уу гэвэл эргэлзээтэй.

Ингээд харахаар Засаг нь ч, хууль хүчнийхэн ч, зарим хэвлэл гэх үү, сайтууд явж очоод нэг хэлбэрээр ажиллаад байгаа зүйлийг засч залруулах гол зам бол тухайн хүнийг өмгөөлж байгаа өмгөөлөгч нар нь үйлчлүүлэгчийнхээ нэр төрийг сэргээлгэхээр гомдол гаргах хэрэгтэй. Тэгж байж угсарчихсан энэ технологи унана.

-Та сая ийм сүр бараатай баривчилгаа нэг бус удаагийнх гэлээ. Т.Бадамжунайг бас иймэрхүү байдлаар саатуулж байсан. Ер нь ингэж хүний эдлэх ёстой жам ёсны эрхийг зөрчсөөр байх нь нийгэмд ямар үр дагавар бий болгох вэ?

-Жам ёсны эрхийн зөрчлүүдийг хамгаалах тогтолцоо шүүхийн байгууллагад ажиллаж байна. Ийшээ нэр төрөө сэргээлгэх, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх тал дээр иргэд өөрсдөө жаахан хойрго хандаж байна. Том хэргүүд дээр шалгагдаж байгаа субьектүүд ч тэр. Тэд “За, за чимээгүй байя” гэж сууснаараа дараагийн хэн нэгнийг баривчилж болдог юм байна гэдэг өөгшлийг бий болгож байна. Одоохондоо ардчилсан эрх зүйт төртэй улс учраас шүүх жам ёсны эрхийг сэргээж байгаа тохиолдлууд зөндөө бий.

Жам ёсны эрхээ зөрчүүлээд яваад байх юм бол дараа дараагийн хэсгүүд дээр өөгшүүлсэн, өнөөдрийн олж авсан тогтолцоог нураахад гар бие оролцож байгаа, эрх зүйт төрөөс ухрах алхам хийхэд нэмэр оруулж байгаа л үйлдэл болно. Өмнөх ярилцлага дээр ч хэлж байсан. Жишээ нь, хажуу айлын тань хүүхэд уйлаад зодуулаад байхад хаалгаа түгжчихээд “Манай асуудал биш” гэдэг энэ нийгмийн зөв тогтолцоог нураахад гар бие оролцож байгаа үйлдэл мөн.

Шүүхээс хүний жам ёсны эрхийг хангасан шийдвэрүүдийг гаргаж байна. Харин цагдаа, прокурорын байгууллага дээр уддаг. Энд залхаан цээрлүүлдэг. Энэ хоёр байгууллага улстөрчийн халаас руу үсрээд орчихсон учраас бидний жам ёсны эрх хангагдах процесс удаашралтай байгаа юм. Засгийн газрын авлигатай тэмцэх “5Ш” ажиллагаа үлгэр болчихоод байгаа нь энэ. Хэнийг шүүхэд аваачиж ял өгүүлэх үү, хэнийг авч үлдэх үү гэдгийг цагдаа, прокурор дээр хийчихээд байгаа учраас хэцүү. Шүүх ажиллаад байгаа, эрх баригчдын үгэнд орохгүй байгаа учраас эрх баригчдын зүгээс “Энд авлигын шүүх бариад үзэх үү” гэж байгаа нь энэ. Авлигын шүүх битгий хэл АТГ байгуулаад одоо гарсан үр дүн ямар байгаа билээ.

-Үнэндээ шүүхийн шинэчлэл л сүүлийн жилүүдэд хамгийн их яригдаж ирсэн. Цагдаа, прокурорын шинэчлэлийн тухай яригдахгүй байгаа нь үнэн?

-Прокурорын байгууллагын шинэчлэл, шинэтгэл гэдэг үгийг би лав энэ мэргэжлээр ажилласнаас хойш сонсоогүй. Шүүхийн шинэчлэл л ярьж ирсэн. Хамгийн гоё барилга байгууламжтай нь цагдаа, прокурор. Нөгөө үгэнд ордоггүй шүүх нь умгар өрөөнд хоёр, гурвуулаа суугаад хэрэг шийдвэрлэж байна. Үгэнд ордог хүүхдэд “Май чихэр ид” гээд хүссэнээр нь хангамжийг нь өгч байна. Энэ бол манай хуулийн салбарт болохгүй бүтэхгүй байгаагийн илрэл, хэлбэр.

Шүүх гэдэг ярьдаг хууль. Хууль дээр юу гэж бичсэнийг яриад хэргийг шийдээд явуулдаг. Эрх баригчдын зүгээс сөрөг хүчнээ, эсвэл хэн нэгэн улстөрчийг намнах хүсэл зориг, амбиц байсаар байдаг. Тэр хүрээнд нь шийдэж өгөөч гэхээр шүүх хуулиа барьчихдаг. Тэгэхээр “Та нар наад умгар өрөөндөө бай” гээд л төсөв мөнгөнөөс нь эхлээд уяад байгаа юм. Магадгүй авлигын шүүх байгуулагдлаа гэхэд хамгийн гоё танхимтай, хамгийн гоё өрөөнд хамгийн өндөр цалинтай хүмүүс ажиллах байх. Тиймээс хуульчид өөрсдөө улстөрчид, эрх баригчид дээр мөрөн дээрх таван хошууны төлөө алгаа хавсарч очдог баймааргүй байна. Албан тушаал горилж очиж халаасанд нь орсноос болоод салбарын нэр хүндийг тэр чигт нь унагааж байна. Энд хуульчдын дотоодын шинэтгэл, дотоодын их хурлын асуудал ч яригдана. Хөндлөнгийн хууль тогтоогчдын зүгээс үүнтэй холбоотой эрх зүйн орчин боловсронгуй болгох, бие даасан хараат бус байх тал дээр чиглэсэн бүхий л үйл ажиллагаа яригдаж л таарна.

Б.ЭНХЗАЯА

 

 

Categories
мэдээ нийгэм

Тариалан сумын төгсөгчдийн тэмцээнийг амжилттай зохион байгуулав DNN.mn

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Ахмад багш Д.Энхтуяа: Сурагчаа биш, эцэг эхийг нь хүмүүжүүлдэг болсон DNN.mn

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэх, гэмт хэрэг зөрчилд холбогдох явдал гарсаар байна. Цаашлаад үе тэнгийнхнээ дээрэлхэх, багшийн эрхэд халдах зэргээр ёс суртахуун, хүмүүжлийн доголдлууд ч энгийн үзэгдэл болж эхэллээ. Энэ нь нэг талаараа эцэг эхчүүдтэй холбоотой болохыг сэтгэл судлаач, мэргэжлийн хүмүүс ярьж байна. Эцэг эхчүүд хүүхдүүдээ өмөөрдөг, хир тусгадаггүй, хүүхдэдээ тавих хараа хяналтаа сулруулсан, хүүхдийнхээ буруу хорт зуршил, зан байдлыг мэддэггүйгээс үүдэж, өнөөдрийн ийм нөхцөл байдалд хүргэж байгааг багш нар онцолж байна.

Бид энэ талаар сурвалжлахаар Нийслэлийн ерөнхий боловсролын 16, 30, 47 дугаар сургуулийг зорьж очин, багш нарын төлөөлөлтэй ярилцлаа.

Баянгол дүүргийн 47 дугаар сургуулийн багш Ш.БААТАРМАА:


-Та хэддүгээр ангид багшилдаг вэ?

-Бага ангийн багшаар 12 дахь жилдээ ажиллаж байна. Хоёр дахь удаагийн тавдугаар ангидаа хичээл зааж байна.

-Бага ангийн хүүхдүүдийн онцлог өөр. Эцэг эхчүүд хүүхдээ “Миний хүүхэд хамгийн мундаг, бусдаас илүү” гэдэг үзэлтэй байдаг нь ажиглагддаг. Ер нь ийм хандлага хичээл явуулахад хэр анзаарагдаж байна. Үр нөлөө байна уу?

-Багш нарт тулгамдаж байгаа гол асуудал бол эцэг эхчүүд. Бид сурагч байхад багшийн үгээр л байдаг байж. Одоо бол эцэг эхчүүд өөрсдийнхөө санаагаар байлгах гэж багш нараас маш их зүйл шаарддаг болсон. Эцэг эхийн үүрэг хариуцлагаа биелүүлэхгүй хэрнээ эрхээ л шаардаад байдаг хүмүүс. Энэ байдал багш нарын ажлаас гарах том шалтгааны нэг болж байгаа шүү.

-Хэдий насны эцэг эхчүүд ийм зан байдал гаргадаг болчихов?

-Залуус голдуу. Миний хувьд боломжийн хугацаанд ажиллачихсан болохоор багагүй туршлага хуримтлуулчихсан. Эцэг эхчүүдтэйгээ харьцангуй ойлголцоод явчихдаг. Харин залуу багш нарт л хүнд байдгийг хөндлөнгөөс харж байна. Уг нь бага ангийн багш дунд, ахлах ангиас арай гайгүй нь. Хүүхдүүд үг авахаас эхлээд хичээл заахад боломжийн. Гэтэл эцэг эхчүүдтэй нь харьцахад хэцүү.

-Тодруулж хэлбэл?

-Тэд өөрийнхөө хүүхдийн түвшинг мэддэггүй. Мэдсэн ч хүлээн зөвшөөрдөггүй. Бусдын хүүхэдтэй харьцуулна, түүн шиг байх ёстой гэж зүтгэнэ. Өөрсдөө үүргээ ухамсарлаад хүүхдийнхээ гэрийн даалгаврыг хамтдаа, чанартай хийлгэчихдэггүй хэрнээ ангиас, багшаас л шаардаад байна. “Миний хүүхэд дэлхий, хүний хүүхэд мэлхий” гэдэг хандлагаар л үзнэ дээ. Саяхан надад нэг зүйл тохиолдлоо л доо. Ангид маань долоо хоногт яалт ч үгүй нэг удаа тасалдаг хүүхэд бий. Ээж аав нь ерөнхийдөө урсгалаар нь явуулдаг. Нэг бус удаа даалгавар хийхгүй ирэхээр нь хичээлийн дараа ангид авч үлдээд даалгаврыг нь хийлгэсэн юм. Ингэхдээ хийх хичээлийг нь өгөөд ангид суулгачихаад хуралд ороод гараад иртэл ээж нь ирчихсэн намайг “Хүүхдэд мэдэхгүй хичээл өглөө. Мэдрэл муутай” гэх зэргээр хүүхдүүдийн нүдэн дээр уурласан байдаг. Энэ бол хүүхдүүдэд маш буруу үлгэр дуурайл үзүүлж байгаа явдал шүү дээ.

-Багшийн ажлын ачаалал дээр эцэг эхчүүдийн энэ хандлага улам хүндэрч байна уу?

-Тэгэлгүй яахав. Бага ангийн хичээлийн агуулга өмнөх үеийг бодвол хүндэрсэн шүү дээ. Үүнийг эцэг эхчүүд мэдэхгүй, өөрсдөө зааж зөвлөж чадахгүйгээс болж янз бүрийн уур амьсгал гаргадаг.

Дээр нь ерөөсөө “Миний хүүхэд болж байвал бусад нь хамаагүй” гэдэг үзэлтэй хүмүүс олон. Ажлын ачаалал дээр эцэг эхчүүдийн энэ хандлага маш их стресс үүсгэдэг. Багшийн ажил бол маш их тархи толгой ажиллуулдаг шүү дээ. Хавар болоод ирэхээр ядарсаар бүр хэл ам ээдрээд ирдэг. Болдог бол багшийн ажлыг хөдөлмөрийн хүнд нөхцөл гэж үзээд тэтгэврийн насыг наашлуулдаг болмоор юм гэж боддог шүү.

-Таны нэг өдрийн хичээлийн ачаалал ямар байдаг юм бэ?

-Манай анги 40 хүүхэдтэй. Үндсэн хичээл математик, монгол хэл хоёрынхоо даалгаврыг үзэж байж хүүхэд юуг ойлгохгүй байгааг тогтоох хэрэгтэй байдаг. Тиймээс өдөрт 80 дэвтэр хурааж авдаг. Өдөртөө дэвтрээ засч амжихгүй үе ч байдаг. Зарим үед хүүхдүүдээ дайчлаад засах тохиолдол бий. Хичээл заахын хажуугаар бичиг цаасны ажил мундахгүй. Тавдугаар ангид найман төрлийн хичээл ордог. Өдөрт дунджаар зургаан цаг хичээллэнэ. Долоо хоногт монгол хэл найман цаг, математик таван цаг, бусад хичээл хоёр цагаар орох төлөвлөгөөтэй. Багшид амралт гэж байдаггүй. Гэртээ ирсэн ч дэвтрээ чирж ирээд цай хоол ууж идэх зуур засч л байдаг.

Дээр нь хичээлийн төлөвлөгөөгөө боловсруулна. Монгол хэл найман долоо хоногт 70 гаруй цаг, математик 40 цаг, туслах хичээлүүд нэмэгдээд 200 гаруй цагийн хичээл төлөвлөнө. Ингээд харахаар ямар ачаалалтай байдгийг та харж байгаа байх.

-Багш нарын цалин сая нэмэгдэв үү. Хөдөө, хотын багш нарын цалин ялгаатай гэх юм?

-Цалингийн хувьд хот, хөдөө асар их ялгаатай байна. Хөдөө сумдын багш нар 40 хувийн нэмэгдэл авдаг. Анги дүүргэлт суманд 20-30-ын хооронд байгаа. Хотын багш нар 10 хувийн нэмэгдэлтэй. Ангид 40-50 хүүхэд, зарим сургуулиуд 60 ч хүрнэ. Сая цалин нэмэгдсэн гэсэн. Хараахан нэмэгдсэн цалингаа гар дээрээ аваагүй байна. Үндсэн цалин маань одоо 1.273.000 төгрөг. Шимтгэлээ суутгуулаад нэг сая дөнгөж гараад л авдаг даа.

Сүхбаатар дүүргийн 16 дугаар сургуулийн математикийн багш Д.Энхтуяа:

-Та бол туршлагатай багш нарын нэг. Хичээл явуулахад эцэг эхийн оролцоо, хандлага ямар чухал байдаг талаар та бодитой ярьж өгөхгүй юү?

-Миний удирдаж байгаа анги одоо есдүгээр ангийнхан. Яг л өсвөр насныхан гэсэн үг. Эцэг эхчүүдийн хандлага бол “Миний хүүхдийн зөв, миний хүүхэд, би” гэдэг үзэлтэй байдаг. Энэ байдал залуу багш нарт их хүнд тусдаг. Би олон жил багшилчихсан болохоор эцэг эхчүүдийн арга эвийг олоод явчихдаг болж дээ. Харин анги дааж үзээгүй залуу багш нарыг ээж аав нар дуртайгаараа л хэлж, доромжилж харагддаг. Одоо багш нар залуужаад 2000-аад оныхон төгсөөд орж ирж байна. Эцэг эхчүүд нь 80, 90-ээд оныхон байдаг.

Одоогийн эцэг эхчүүд бол 80-аад оныхон голдуу байна. Яг л ардчилсан хувьсгалын үеийн хүүхдүүд гэсэн үг. Тэд хүмүүжээгүй, төлөвшөөгүй үеийнхэн. Тийм ч учраас өнөөдөр хэл ам ихтэй, эрээ цээргүй дайрч давшилдаг болжээ. Би олон удаа анги дааж аваад төгсгөж байсан. Энэ удаагийн зургадугаар анги өмнөхүүдээсээ тэс ондоо. Эцэг эхчүүд нь ч тэр тэс өөр. Харилцаа хандлага, хүмүүжил ярьж байна шүү.

Тиймээс хүүхдүүдээсээ илүү эцэг эхчүүдтэй нь ажиллах хэрэгтэй болсон. Хүүхдүүд бол багшийн үгээр байдаг. Харин эцэг эхчүүд нь улаан галзуу хүмүүс орж ирнэ. Тэр үед эхнээс нь “Та нар ингэж, ингэж болохгүй. Хүүхдийнхээ дэргэд ийм ааш араншин гаргаж болохгүй” гээд бараг дүрэм маягийн юм тогтоож байж барьж байна. Хүүхдийг нь сургахаас ч хүнд юм билээ.

-Багшийг нийгэм маш их хүндэлж, хайрлах ёстой. Гэвч энэ хүндлэл сүүлийн үед ихээр алдагджээ. Учир шалтгааныг та хуучин багшийн хувьд юу гэж хардаг вэ?

-Хуучин “Багш дор мөргөмүй” гэдэг байсан. Бүр багшийг эцэг эхээс ч дээгүүр үздэг байлаа. Тэр хүндлэл өнөөдөр байхгүй болсон. Эцэг эх багшийг хүндлэхгүй бол хүүхэд яг адилхан. Манай аав, ээж тэгчихнэ, ингэчихнэ гэж багшийг үл тооно. Улсын сургууль арай хамжааргатай. Хувийн сургуулиуд бол энэ асуудал гаарсан. Манай нэг англи хэлний багш хувийн сургуульд багшилж байгаад аргагүйн эрхэнд гарсан. Тэр хүүхдүүд “Танаар хичээл заалгахгүй. Би угаасаа Англи, Америк яваад хэл сурчихна” гээд доромжилдог гэсэн.

Ер нь ийм байдал багш нарын зүрхийг авдаг. Архаг хуучин багш нар л зангаргаараа энэ асуудлын ард гардаг юм шүү дээ. Дээр нь эцэг эхчүүд хүүхдийг бөөцийлнө. Юу ч хийлгэхгүй. Ангид ирээд алчуур барьж чадахгүй шүү дээ. Энэ байдал олон хүчин зүйлээс үүдэлтэй.

Эцэг эхээс гадна сургалтын хөтөлбөрт хүүхдийн хүмүүжил үгүй болоод удаж байна. Сургалт, сургалт гэж академик талдаа л анхаардаг болчихсон. Хүүхдийн хүмүүжил, зан заншил, ёс заншлын мэдлэг, хандлагыг суулгах хичээл байхгүй.

-Эцэг эх хүүхдээ өмөөрдөг. Миний хүүхэд хэзээ ч муу зүйл хийхгүй, буруу зуршилд татагдахгүй гэж бат итгэдэг. Гэтэл хүүхдүүд эсрэгээр нь байх тохиолдол амьдрал дээр олон байна шүү дээ?

-Хүүхдүүд шөнө унтахгүй болсон. Шөнийн 00:00 цагаас хойш хоёр, гурван цаг хүртэл онлайнд байж л байна. Тэгээд маргааш нь хичээл дээр шууд унтана. Шөнөжингөө утас ухсан хүүхдүүд багшийн хичээлийг ойлгохгүй. Дээр нь хараа нь маш их муудаж байна. Арын суудалд суух хүүхэд олдохгүй болсон.

Санаа зовоож байгаа бас нэг асуудал бол хүүхэд багшаас айх мэдрэмжгүй болсон байна. Хүнээс айж, ичих мэдрэмжээ алдахаар адгууснаас ялгаагүй. Өсвөр насныхан эрт бэлгийн харилцаанд орох энгийн үзэгдэл. Жирэмсэн болно, хүүхдээ авахуулна. Үүнийгээ байдаг л зүйл шиг хоорондоо ярилцана. Би ичих үү, тэд ичих үү, мэдэхээ байсан.

Сүүлийн үеийн хүүхдүүд үг даахгүй. Загнах боломжгүй. Хэрэв гар хүрчих юм бол шууд шоронд явна. Нэг үг хэлчихвэл ээж аав нь “Та манай хүүхдийг тэгж муухай хэлсэн байна” гээд л ороод ирнэ. “Чи сайн, чи мундаг” гэж тал талаас нь бөөцийлсөөр байгаад хүн биш болгож байна. Энэ байдлаар 10 жилийн дараа гэхэд бүр ч аймар нөхцөл байдалтай байх болов уу даа.

-Саяхан багш нарын VIII их хурал болсон. Энэ үеэр эцэг эхчүүдийн асуудал ихээхэн хөндөгдсөн гэв үү?

-Тэгсэн. Үндсэн хууль болон Боловсролын тухайн хуульд эцэг, эхийн үүргийг зүгээр дурдаад л өнгөрчихсөн байдаг. Ямар хариуцлага байдаг тухай байдаггүй. Тэгэхээр өнөөдөр ийм нөхцөл байдалд хүрч байгаа юм. Зарим эцэг эхчүүд багшаа барьж аваад зодох хэмжээнд хүрч байна. Үүнээс болоод багш нар эцэг эхийн хурлаа ч хийж чадахгүй байна.Дээр нь бас асуудал гарангуут лайвдана гэдэг ээжүүд байдаг болсон байна. Түүнээс айгаад анги даах багш ч олдохгүй болсон шүү дээ.

Баянзүрх дүүргийн 30 дугаар сургуулийн багш А.Наранцэцэг

-Сурагчид харилцаа хандлага тааруу, хорт зуршилд өртөмтгий болсон нь эцэг эхийн хараа хяналт, хэтэрхий хүүхдээ өмөөрөх хандлагатай холбоотой гэж сэтгэл зүйч, мэргэжлийн хүмүүс үзэж байна. Та үүнтэй санал нийлэх үү?

-Би боловсролын байгууллагад 23 дахь жилдээ ажиллаж байна. Есдүгээр анги дааж авсан. Надад тохиолдож байгаагүй ч залуу багш нар эцэг эхчүүдийн хооронд нэлээд үл ойлголцол үүссэн харагддаг. Эцэг эхчүүд зөвхөн хүүхдээ “Яасан, яасан” гэж асуудаг. Олон талаас нь биш нэг талаас нь дүгнээд л түүнийгээ нягтлахгүйгээр багш руу дайрч давшилна. Энэ байдал сүүлийн таван жил бүр илүү тодорхой харагдаж байна.

Эцэг эх бол хүүхдийн толь байдаг. Тэд хүүхдүүддээ маш буруу ойлголтыг өгдөг. Ийм ойлголт авчихсан хүүхэд багштай шууд л дээрэнгүй, муухай харьцаж эхэлдэг. Ерөөсөө нэг тэгээд бодчихсон хүүхэд багшийг хүндлэх хүндлэлгүй болчихдог. “Энэ багш заах ёстой. Би сурах эсэх нь миний эрх” гэж хандана. Үүнээс болж олон багш ажлаа өгдөг. Зарим нь сэтгэлээр унана, ажлаа нэр төдий хийнэ.

-Түүнээс болж хичээлийн чанарт нөлөөлөх нь ээ?

-Мэдээж. Аль болох даалгавар өгөхгүй, хичээлийг шахаж хийлгэх тал дээр мууддаг. Уг нь хүүхдийг шахаж, ганцаарчилж давтуулж байж үр дүн гардаг. Гэтэл сүүлийн үед багш нар хэл аманд өртөхгүйн тулд цагийн хичээлээ заагаад л орхидог болсон.

Есдүгээр ангийн хүүхдүүд бол шилжилтийн нас байдаг. Сэтгэл зүй, бие махбодод өөрчлөлт гарна. Энэ нь сэтгэл зүйд шууд нөлөөлдөг. Энэ үед багш ч, эцэг эхчүүд ч ойлгож ажиллах хэрэгтэй. Яг энэ үед аль аль тал нь хүүхэдтэй зөв ажиллаад ирвэл маш чухал нас. Үг сонсдог болох, бусдыг хүндлэх, хайрлах, энэрэх, үг даах тэнхээтэй, зөв төлөвшүүлэх бүрэн боломжтой. Ингэж чадвал ахлах ангидаа хүүхэд зүгширчихдэг. Ийм үед хүүхэд гол төлөв эцэг эхчүүддээ тэр бүхнийг яриад байдаггүй. Олон зүйл тайлбарлахаа болино. Үүнээс болоод ээж аавууд хүүхдүүдтэйгээ буруу хандлагаар харьцдаг. Хүүхдэд тулган шаардаад л, ингэсээр үл ойлголцол үүсдэг.

-Бас “Миний хүүхэд муу зүйл хийхгүй” гэж бүрэн итгэдэг. Гол нь аливаа эрсдэлийг давхар тооцоолж, хараа хяналттай байх ёстой, зөв үү?

-Ямар ч эцэг эх хүүхдээ “Хамгийн сайн” гэж боддог. Тэгвэл хүүхэд сайн байхын тулд багшийн зүгээс тодорхой хэмжээнд хүүхэдтэй ажиллах хэрэгтэй болно. Үүнийг эцэг эхчүүд ойлгодоггүй.

Хүүхдээ гэрийн ажилдаа туслуулахаар дуудна, хичээл тарах ёстой гэж уурлана. Ингээд ирэхээр багш нар хүүхэдтэй ажиллах, шахах, анхаарал хандуулахаа больчихдог. Үүнээс болж хүүхэд хөгжих асуудал суларч байгаа юм.

 

 

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Хуульч Х.Номингэрэл: Х.Булгантуяа сайдын “Гадагшаа гарсан иргэдээ Монголд авчирч ажиллуулна” гэдэг хүний эрхийг зөрчсөн мэдэгдэл DNN.mn

“Гадагшаа гарсан иргэдээ Монголд авчирч ажиллуулахаар ажлын хэсэг ажиллаж байна” гэж ХНХ-ын сайд Х.Булгантуяа хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдэгдсэн. Энэ агуулга нь хүний эрхийн асуудлаас эхлээд улс оронд таатай, тухтай ажиллаж амьдрах орчин бүрдэхгүй байгаагаас гадагшаа явах зэрэг олон асуудал хөндөгдөж буйг нийгэм шүүмжилж байна. Энэ асуудлаар хуульч Х.Номингэрэлтэй ярилцлаа.


-ХНХ-ын сайд Х.Булгантуяагийн мэдэгдэл нийгэмд нэлээд анхаарал татаж байгаа. Хуульч хүний хувьд танаас хүний эрхийн талаар асуумаар байна. Иргэн хаана, хэрхэн амьдрах нь хүний эрхийн асуудал мөн үү?

-Мэдээж Монгол улсын иргэн бүр үндсэн хуульд заасны дагуу гадаад улсад зорчих, тэндээ оршин суух, эх орондоо эргэж ирэх эрхтэй. Энэ нь зөвхөн Монгол хууль тогтоомжоос гадна Олон улсын гэрээ конвенцоор баталгааждаг. Монгол улсын иргэнийг гадагшаа явуулна, явуулахгүй гэдэг хүний эрхийн асуудал яалт ч үгүй яригдаж таарна

Х.Булгантуяа сайдын хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өгсөн ярилцлагыг сонссон. Манай улс хүн ам цөөтэй. Дотоодод ажиллах хүчээ авч үлдэх асуудал чухал байгаа. Өнөөдрийн байдлаар гадаадад 200 мянга гаруй монголчууд ажиллаж амьдарч байгаа бөгөөд хүн амын зургаан хувь гэсэн үг. Тэдний 60 хувь нь амьжиргаа, ажил хөдөлмөрийн орлогоо сайжруулахаар зорьсон. Энэ тохиолдолд ажиллах хүчнээ яаж дотоодод авч үлдэх тухай асуудлыг хөндсөн гэж ойлгосон. Гэхдээ энэ асуудлыг шууд гадаад руу явуулна, явуулахгүй гэдэг байдлаар зохицуулалт хийх боломжгүй. Нэг ёсондоо энэ бол хүний эрхийн ноцтой асуудал.

-Өнөөдөр Монгол Улсад цалин хангамж, амьдрах орчин гээд олон асуудал тулгамдаж байна. Эдгээрийг шийдэхийн тулд иргэд гадаад руу хүнд хөдөлмөр эрхлэхээр явж байгаа шүү дээ. Нийгмийн суурь хэрэгцээг эрх баригч нам хангаж өгөөгүй байж ийм мэдэгдэл хийх нь хэр зөв юм бэ?

-Энэ бол орлого олох, амьдралын таатай нөхцөлийг бий болгох тухай бодлогын чухал асуудал. Хэрвээ эх орондоо ажиллаж амьдарна гэвэл амьжиргаанд хүрэлцэхүйц орлоготой, амьдрах орчин, нийгмийн суурь асуудлууд болох сурч боловсрох, эрүүл аюулгүй орчинд амьдрах хэрэгцээ хангагдсан байх асуудал хөндөгдөнө. Энэ бол төрийн үндсэн хийх ёстой ажил. Өргөн хүрээгээр нь шийдвэрлэж байж өнөөдөр яригдаад байгаа гадагшаа иргэд олноор явах эсэх асуудал шийдэгдэх юм.

Иргэдээ барья, эх оронд нь үлдээе гэвэл өргөн хүрээний ажлыг хийх ёстой. Ажлын байрны таатай орчин, бизнес эрхлэлтийн таатай орчин гээд тулгамдаж байгаа асуудал асар өргөн. Ажлын байрыг төр ганцаараа бий болгохгүй. Үүнийг төр ч ганцаараа шийдэх боломжгүй. Ерөөсөө бизнесийн орчныг илүү нээлттэй, таатай болгоход анхаарах ёстой. Санхүүгийн эх үүсвэр, бага хүүтэй зээл, байгаль орчны нөхцөл байдал зэргээс бизнес маш их хамаатай. Бизнесийн гол салбарууд байгаль орчин, цаг уураас хамааралтай байдаг. Нэг ёсондоо маш богино хугацаанд гол салбарууд ажилладаг учраас энэ бүхнийг тооцсон бизнесийн салбарыг бодлого хэрэгтэй. Татварын орчныг сайжруулаад ирвэл гадагшаа явна гэдэг бол үр дагаврын шинжтэй зүйл.

-Эсвэл өнөөдөр нийгэм маань амьдрахад таатай болчихсон уу. Та бас сөрөг хүчин АН-д харьяалагдаж буй хуульч. Цалин хөлс, эдийн засаг, нийгмийн асуудлын тойм судалгаа та бүхэнд бий байх. Гадаадаас иргэдийг авчирлаа гэхэд ажиллаж амьдрах орчин бүрдсэн болов уу?

-Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын судалгаа байдаг. Гадаад руу явж ажил хөдөлмөр эрхэлж байгаад ирсэн иргэдийн 25-50 хувь нь өрхийн орлого буурсан, 50 хувь нь эргээд буцаж гадагшаа явах сонирхолтой байна гэдэг үр дүн гарсан байдаг. Хэрэв бид бодлогоо сайжруулахгүй бол иргэд маань гадагшаа дүрвэсээр л байна гэсэн үг.

Үүнийг шийдье гэвэл цогц асуудал хөндөгдөж таарна. Хамгийн түрүүнд хөдөлмөр эрхлэлтийн орчиндоо анхаарах хэрэгтэй. Тухайлбал, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтэд олон асуудал байсаар л байна. Ажлын байрны бэлгийн дарамт, бага насны

хүүхэдтэй эмэгтэйчүүдийн ажиллах нөхцөл гэх зэрэг бүрэн шийдэгдээгүй асуудлууд байгаа. Залуу гэр бүлүүдийн хувьд ажиллаж амьдрах орчин цогцоороо л тулгамдаж байх жишээтэй.

Нөгөө талд гадагшаа явж байгаа иргэдийн хувьд мэргэжил шаардахгүй ажил эрхлэлтийг голдуу хийж ирсэн. Гэтэл сүүлийн жилүүдэд боломжийн, ажил мэргэжилтэй хэсэг маань гадаадыг олноор зорьдог болсон байна. Тэд нийгмийн сайн сайхан орчин руу тэмүүлж байна. Эрүүл агаар, боловсрол, эрүүл мэндийн сайн үйлчилгээг чухалчилж байна. Тэгэхээр энэ бол цогцоор харах асуудал. Гэр бүлээрээ нүүж байна гэдэг бол санаа зовох зүйл шүү. Харин боловсрол эзэмшихээр явж байгаа залуусын хувьд дэмжих ёстой.

Олон улсын хөдөлмөрийн байгууллагын судалгаагаар гадаадад байгаа иргэдийн тал хувь нь гэр бүлтэй, тал нь ганц бие хүмүүс байна гэж байгаа. Гэр бүлтэй хүмүүсийн хувьд 2-4 хүүхэдтэй, 33-45 насныхан ажил хөдөлмөр хайж гадны улсыг зорьж байна. Өөр нэг санаа зовоосон судалгаа гэвэл Үндэсний стастистикийн хорооны судалгаагаар 2022 оны байдлаар 90 хоногоос дээш хугацаагаар гадаад улс руу явж байгаа иргэдийн тоо ковидын өмнөх үеэс 3-4 дахин нэмэгдсэн байна. Өөрөөр хэлбэл, 2019 онд 47 мянган иргэн гадагшаа явсан бол 2022 онд 123 мянга болж нэмэгдсэн байна.

-Х.Булгантуяа сайд бол ХНХ-ын сайд, эмэгтэй хүн. Хүний эрх, нийгмийн асуудал талаас мэдрэмжгүй мэдэгдэл хийсэн гэж харж болох уу?

-Ийм төрлийн мэдэгдэлд үгний алдаа байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ нэг зүйл ажиглагдаж байгаа нь бодлогын түвшний хүмүүс үр дагавар руугаа л явж байна. Нэгэнт тодорхой бугшсан асуудал нийгмийн хэлэлцүүлэг өрнүүлдэг. Түүн дээр хөнгөхөн шийдэл гаргасан амархан хариулт болчихов уу гэж харж байна. Энэ асуудлыг шийдэх ажлын хэсэг байгуулсан гэсэн нь сонирхолтой юм. Нийгмийн суурь ийм том асуудлыг нэг яамны хэмжээнд Ажлын хэсэг байгуулаад шийдчих боломжгүй.

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох

Хошууч Г.Мөнхбаяр: Цагдаагийн албан хаагч автомашинд хүүхэд байгаагүй гэдэг тайлбарыг өгч байгаа DNN.mn

Замын цагдаа өвдсөн бага сартай хүүхдээ эмнэлэгт хүргэхээр явж байсан жолоочийг зогсоож, автомашиныг нь ачуулсан тухай мэдээлэл зарим мэдээллийн сайтад нийтлэгдээд байна. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.Мөнхбаяраас тодрууллаа.


-Халуурсан нярай хүүхдээ тээвэрлэж явсан жолоочийг үнэмлэхний хугацаа дууссан гэх шалтгаанаар хөдөлгөөнийг нь зогсоож, машиныг нь ачуулсан тухай мэдээлэл гараад байна. энэ талаар тодруулахгүй юу?

-Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд Монгол Улсын жолоо дох эрх 10 жил бай на. Жолоодох эрхийн үнэмлэхний хүчинтэй хугацаа дуусгавар болсон тохиолдолд жолоочийн эрх хаагдсанд тооцох зохицуулалттай байдаг. Цагдаагийн байгууллага эрх үүргийнхээ хэмжээнд Замын хөдөлгөөний аюул гүй байдлыг хангасан захиргааны хэм хэмжээний актыг хэрэгжүүлэхэд хяналт тавьдаг субьект шүү дээ.

Энэ тухай Зөрчлийн тухай хуульд ч зааж өгсөн. Зөрчлийн тухай хуулийн 14.7-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл тээврийн хэрэгсэл жолоодох эрх нь дуусгавар болсон хүн тээврийн хэрэгсэл жолоодсон бол хүнийг дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэдэг. Тухайн цагдаагийн албан хаагч энэ хуулиа сахиулсан. Хэрэв хуулиа хэрэгжүүлээгүй бол цагдаагийн албан хаагч өөрөө шалгагдах асуудал үүсдэг.

-Ямар тохиолдолд?

-Авлигын тухай хуулиар бусдад давуу байдал олгосон, албан тушаалаа урвуулах гэмт хэргийн шинжтэй үйлдлийг заагаад өгчихсөн. Мэдээж аливаа зүйлд хүн ёсоор хандалгүй яах вэ.

Гэхдээ цагдаагийн хууль сахиулах ажиллагаа өөрөө маш чухал байдаг. Дотроосоо хяналт шалгалт өндөр. Магадгүй, тухайн иргэнийг зөрчлийг нь арилгахгүйгээр явууллаа гэхэд ямар нэгэн байдлаар гомдол мэдээлэл ирж шалгагдахад албан хаагч буруудах магадлалтай.

-Цагдаагийн байгууллага энэ тохиолдол дээр ямар нэгэн хяналт шалгалтын ажиллагаа явуулж байгаа юу. Хүүхэд байсан нь үнэн бол ноцтой шүү дээ. Магадгүй эрүүл мэнд, амь насны асуудал ч яригдана. Ер нь цагдаагийн албан хаагч хүнлэг, энэрэнгүй байх явдал гаргаж болохгүй гэж үү?

-Хууль, дүрэмд энэ тухай заагаагүй шүү дээ. Гэхдээ цагдаагийн албан хаагчид аливаа зүйлд хүнлэг энэрэнгүй хандах, бусдад туслах явдал амьдрал дээр олон байдаг. Энэ тохиолдолд одоогоор буруу, зөвийн тухай ярих хараахан эрт байна. Одоогоор аль аль талаас нь мэдээлэл цуглуулж байна. Энэ мэдээллийг түгээсэн сэтгүүлчийн хувьд автомашинд бага насны хүүхэд зорчиж явсан гэдэг. Харин цагдаагийн албан хаагчийн зүгээс “Жолооч болон гэр бүлийн хүн нь эмнэлгээр хүүхэд үзүүлэх ажилтай явна” гэж тайлбарласан ч тухайн автомашинд хүүхэд байгаагүй. Хэрэв байсан бол ямар ч тохиолдолд хүүхдийг нэгдүгээрт тавина” гэх байдлаар мэдээлэл өгч байгаа. Тиймээс бид энэ нь зөв, буруу гэж хэлэх эрт байна.