Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Хуульч О.Батхүү: Хөгжлийн банкнаас авсан зээлээ зориулалтын бусаар ашигласныг мөнгө угаах гэж үзэж болохгүй DNN.mn

Хөгжлийн банкны гэгдсэн шүүх хурал өчигдөр тав дахь өдрөө үргэлжиллээ. Шүүх хурлын явцын талаар хуульч О.Батхүүтэй ярилцлаа.


-Хөгжлийн банкны шүүх хурлыг хуульчид анхааралтай ажиглаж байгаа байх. Нэлээд онцлог шүүх хурал болж байна уу даа?

-Хөгжлийн банкны шүүх хурлыг гурав ангилж үзмээр байгаа юм. Нэгд, улс төрд нөлөө бүхий этгээд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал үүсгэх замаар Хөгжлийн банкнаас мөнгө авч ашигласан хүмүүс бий. Энэ нь УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн болон бусад өндөр албан тушаалтай хүмүүст холбоотой. Хоёрт, Хөгжлийн банкнаас зээл авсан аж ахуйн нэгж, байгууллагуудад холбогдох хэрэг. Гуравт, Хөгжлийн банкны ажилтнууд ажил үүргийнхээ хүрээнд энэ хэрэгт холбогдсон байгаа.

Өнөөдрийн шүүх хурал нэгдүгээр ангиллын хүмүүс болох төрийн өндөр албан тушаалтнуудад холбогдох хэргийг эрүүгийн шүүхээр оруулаад гэм бурууг ярилцах ёстой байлаа. Гэтэл нөгөө хоёр бүлгийн хүмүүсийг нэгтгээд нэг том багц болгоод шүүх хурлыг хийж байгаа нэгд, гэм буруутай хүмүүс ял завшуулах боломж олгох, хоёрт, гэм буруугүй хүмүүсийг хоморголон яллах эрсдэлтэй гэж харагдаж байгаа.

-Яагаад?

-Хөгжлийн банкнаас зээл авна гэдэг гэмт хэрэг биш. Зээл авсан аж ахуйн нэгжүүдийн бизнес нь янз бүрээр эрсдэлд орох, зээлийг зориулалтын бусаар ашиглах нь эрүүгийн хэрэг биш. Энэ бол иргэний эрх зүйн харилцаанд хамаарах асуудал. Гэтэл манайх зээлийг зориулалтын бусаар ашигласан гэдэг нь мөнгө угаах гэмт хэрэг гэж үзээд байгаа. Үнэндээ мөнгө угаах гэмт хэрэг бол хууль бусаар олсон орлогоо хууль ёсны болгох явцыг хэлдэг. Банкнаас зээл авна гэдэг хууль бус ажиллагаа биш.

-Шүүгдэгчид мэдүүлэг өгсөөр байгаа. Тэдний дундаас өнгөрсөн баасан гаригт болсон шүүх хурлын үеэр Хөгжлийн банкны нэгэн ажилтан хэрэгт татагдсан шалтгааныг хууль бус гэж үзэж буйгаа хэлж байсан. Та ч тэр жишээг хуулийн үндэслэлтэй тайлбарласан байсан. Тэр талаар дурдахгүй юу?

-Хөгжлийн банкны тэр ажилтан надтай уулзаж байсан. Мөрдөн байцаалтын явцад заавал нэг хүний нэр хэл, тэгвэл хэргээс чинь мулталж өгнө гэж шахаад байна. Би гэмгүй хүнийг гүтгэлтэй нь биш гэхээр “Тэгвэл чи өөрөө ялаа аваад явах болж дээ” гэж байна гэсэн. Энэ бол банкны энгийн ажилтнуудыг хэлмэгдүүлж болзошгүй үндэслэл юм.

-Шүүх хурал эхлэхэд хэрэгт татагдсан 80 хүний 60 орчим нь хэргийг цагаатгуулах хүсэлтээ үндэслэлтэй тайлбарлаж байсан. Үлдсэн хэсэг нь бол гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа гэж ойлгосон. Гол нь нийт холбогдсон хүмүүсийн 80 орчим хувийг нь хэлмэгдүүлэх эрсдэлтэй байна уу гэж үзэж болох. Таны байр суурийг сонсмоор байна?

-Санал нэг байна. Хэрэгт шалгагдаж байгаа хүмүүс аль болох бага ял авах, цагаатгуулах байр суурьтай оролцож байгаа. Нөгөө талд гарцаагүй баримтаар нотлогдсон, гэрчтэй хүмүүс ялаа багасгахыг бодно. Хамгийн гол нь манай нийгэм Хөгжлийн банкны хэргээр шалгагдаж байсан хүн гээд нэр төрд нь халдах эрсдэл өндөр. Шүүхээр гэм буруу нь тогтоогдтол хэнийг ч гэмтэн гэж үзэхгүй гэдэг зарчмаа барьж л ажиллах хэрэгтэй байна.

Харамсалтай нь манайд шүүх цагдаатай холбогдсон хүн бүрийг гэм буруутай гэдэг ойлголт хандлага нийгэмд тогтчихсон. Жишээ нь, цагдаа нэг хүнийг 461-д 30, 60 хоног баривчлаад хэргийг шалгаж байгаад гэм буруугүй юм байна гээд сулладаг. Харин тэр хүнийг эргэн тойрны хүмүүс “Энэ нөхөр шоронд суугаад гарсан. Буруутай л байж таарна” гэж хардаг. Ялангуяа банк санхүүгийн салбар өөрөө хүний итгэлцэл дээр тогтдог учраас маш эмзэг. Хөгжлийн банкны хэрэгт холбогдсон гэх нэр л банкны ажилтнуудыг цаашид ажиллаж амьдрахад хүндрэл үүсгэх эрсдэлтэй.

-Хөгжлийн банкны хэргийг хурдан хугацаанд боож шүүх рүү шилжүүлсэн. Одоо шүүх хурал нь үргэлжилж байгаа үйл явцыг хуульчид шүүмжилж байгаа. Энэ дунд хэн нэгэн хэлмэгдэх вий гэж?

-80 оролцогчтой гэмт хэргийг шүүх ажиллагаа 1990 оноос хойш шүүхээр орсон хамгийн том хэргүүдийн нэг болов уу. Энэ дунд энэ олон хүнийг нэг бүр шалгаж гэм бурууг нь тогтоосон уу, эрхийг нь тухай бүр хангаж чадсан уу гэдгийг хэлэхэд хэцүү. Энгийн тав, 10 оролцогчтой хэрэг гэхэд л шүүх дээр 3-5 хоног хэлэлцэгддэг. Хөгжлийн банкны хэргийг харахад их л шуурхай явж байна.

-Хэр хугацаанд үргэлжлэх бол?

-Хамгийн багадаа нэг сар үргэлжлэх болов уу. Одоо дөнгөж прокурорууд яллах дүгнэлтээ танилцуулж, холбогдогчид үгээ хэлж байна. Цаашид нотлох баримт шинжлэх судлах зэргээр шүүхийн үйл явц өрнөнө.

-Шүүгдэгчид зээлийн харилцааг эрүүгийн гэмт хэрэг гэж үзэж байгаа нь буруу гэдгийг шүүх хурлын явцад ихээр онцолж байна. Чухам яагаад зээлийн харилцааг хуулийнхан эрүүгийн гэмт хэрэгт татдаг юм бэ?

-Зээлийн харилцаа нь иргэний хуулиар явах ёстой. Зээл авсан компаниуд аль нэг улстөрчид нөлөөлж, яриулж, зээл гаргаж өгсөн хүндээ хувь хэмжээ хахууль өгөөгүй бол өнөөдрийн шүүх хурлаар орох ёсгүй. Мэдээж бизнес л болсон хойно төсөл хөтөлбөр бүтэлгүйтдэг, ханшийн зөрүү, ковид зэрэг янз бүрийн шалтгаанаар зээлээ хугацаандаа төлөөгүй бол эрүүгийн шүүх хурлаар орохгүй. “Бэрэн групп” гэхэд үйлдвэр барина гэж зээл авчихаад барилгын төсөл рүүгээ оруулсан гэж байна. Мөн бусад зээлдэгчид ч авсан зээлийнхээ мөнгөөр компанийн өрийг төлсөн, зээлийн мөнгөө хувьдаа ашигласан зэрэг асуудлууд хөндөгдөж байна. Энэ бол эрүүгийн хэрэг биш. Энэ бол гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй иргэний харилцаа. Иргэний харилцааг иргэний хэргийн шүүхээр л шийддэг. Энэ шүүхийн хамгийн хүнд шийтгэл нь гэрээг цуцлах, торгууль тавих, барьцааг үл маргах зарчмаар хураан авах, зээлийг эргэн төлүүлэх явдал юм. Харин зээл авахдаа хэн нэгэнд нөлөөлж авсан бол эрүүгийн хэрэг. Үүнийг ялгаж салгаж харах шаардлагатай. Хөгжлийн банкнаас зээл авсан хүн бүр хулгайч, дээрэмчин. Тэднийг бүгдийг яллах ёстой гэж туйлширч болохгүй.


Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Л.Наранбаатар: Шахааг эсэргүүцээд зогсохоор маш олон дайсантай болдог юм байна DNN.mn

“Хөтөл цемент шохой” ХК-ийн гүйцэтгэх захирал Л.Наранбаатартай ярилцлаа.


-Таньтай холбогдох гэж нэлээд юм боллоо. Сошиалд нээлттэй байдаг хүн утсаа салгаад хэд хонов уу. АТГ-аас нэгжлэг хийж байна гэх мэдээлэл гараад л сураг тасарсан. Юу болж өнгөрөв өө?

-АТГ-аас манай гэр, Хөтөлд амьдардаг гэр, Дарханд сэлгэн амьдардаг ажилчдын сууц, ажлын байр, хувийн нөүтбүүк, ажлын компьютер зэрэг шалгаж болох бүх зүйлийг шалгасан. АТГ-т хардлагын шинжтэй гомдол очсон юм билээ. Мэдээж нарийн зүйл ярих боломжгүй.

Ер нь ингээд шалгачих нь зөв гэж бодож байгаа. Төрийн ажил хийж байгаа ямар ч албан тушаалтан ийм шалгалтанд орох ёстой. Үнэн мөн нь тогтоогдоно. Миний зүгээс буруу, зөрүү хийсэн зүйл байхгүй. Хэд хоног сошиалд орж чадаагүй шалтгаан нь миний гар утсыг хураагаад авчихсан.

-Одоо ажил хэвийн үргэлжилж байна уу?

-АТГ-аас эхний өдөр намайг ажлын өрөөнд хорьсон. Тэр өдрийн ажлаа өрөөнөөсөө зайнаас зохион байгууллаа. Дараагийн өдөр нь АТГ бусад зүйлээ нэмж шалгаад буцсан.

Ийм нэг буруу мэдээлэл очсон байна лээ. ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл рүү “Үйлдвэрийн нөөц байхгүй болчихсон. Засвараа хийж бэлэн байдлаа хангаагүй учраас үйлдвэр зогссон” гэдэг буруу мэдээлэл очсон бололтой. Ингээд Б.Цэнгэл дарга манай үйлдвэр дээр шалгалт оруулсан. Гурван хоног шалгасан байх. Шалгалтынхан манай агуулахад үйлдвэрийн нөөц хангалттай байгааг харсан. 36 мянган тонн клинкерийн үлдэгдэлтэй. Энэ нөөц бол 40 мянган тонн цемент үйлдвэрлэх үндсэн түүхий эд. 40 мянган тонн цемент гэдэг манай нэг сарын үйлдвэрлэл юм.

Б.Цэнгэл дарга шүүмжлэлтэй л хандаж байх шиг байна лээ. Хоёр сарын нөөц байх ёстой, нөөц чинь дутуу юм биш үү гэж. Үүнд эдийн засгийн үндэслэлтэй тайлбар хэрэгтэй. Бүтэн хоёр сарын цементээ зарахгүй хадгалаад нөөц бүрдүүлнэ гэвэл компанийн эргэлтийн хөрөнгө хүндэрнэ. Хамгийн оновчтой хувилбар бол нэг сарын нөөц гэж үзэж байгаа. Одоо бол борлуулалт, үйлдвэрлэл хэвийн явж байна. Яахав, Б.Цэнгэл даргад буруу мэдээлэл өгсөн хүмүүс үйлдвэрийг зогсоох гэж нэлээд оролдлоо.

-Б.Цэнгэл дарга танд нэлээд гомдолтой байна уу даа?

-Мэдэхгүй.

-Төрийн өмчит компанид шахаа яаж хийдэг талаар та шүгэл үлээсэн. Олон ч хүнд хүрлээ. Та хэлсэн үг, ярьсан баримтандаа баттай зогсож байгаа байх гэж бодож байна?

-Б.Цэнгэл даргын зүгээс өөрийнх нь багын найз Борлуулалтын хэлтсийн даргад Г.Ганбаяр, мөн А.Галбаатар гээд Завхын нутгийнх нь дүү байдаг. Түүнийг Захиргаа удирдлагын хэлтсийн даргаар санал болгосон. Хамгийн сүүлд томилогдсон ерөнхий нягтлан бодогч Б.Алтансувд гэж бий. Түүнийг Б.Цэнгэл дарга “Би анкетыг нь өгч санал болгосон” гэдгээ хэвлэлээр хэлчихсэн байна лээ. Энэ гурван хүн бол удирдлагын гурван булан байхгүй юу.

Мэдээж хувьцаа эзэмшигчид санал болгосон, цаашдаа төрийн том хариуцлагатай ажлыг хийхийн тулд багаа бүрдүүлэх ёстой. Тэр утгаараа надад тус дэм болох болов уу гэж Б.Цэнгэл дарга энэ хүмүүсийг санал болгож томилуулж байсан. Гэхдээ би анх шударга л хэлж байсан. “Ажлын хариуцлага алдвал би хатуу хариуцлага тооцно шүү” гэсэн. Ингээд энэ гурван хүн гурвуулаа сахилгын шийтгэлээр ажлаасаа халагдсан. Үүн дээрээ надад тэд гомдолтой байгаа. Ер нь Б.Цэнгэл дарга гэхээс илүү халагдсан нөхөд тэр хүний нэр хүндийг бодож ажиллах хэрэгтэй байсан. Магадгүй Б.Цэнгэл дарга хүнд “үгүй” гэж хэлж чаддаггүй байх. Хүнд хатуурхаад байдаг хүн биш. Гол нь хүний итгэл хүлээж ажилд орж байгаа бол хариуцлагатай л байх ёстой.

Яахав, тэр хүн энэ гурваар тогтохгүй олон хүнийг жишээлбэл, Хуулийн хэлтсийн даргаар, борлуулалтын хэлтсийн даргаар ч тэр томилуулахаар анкетууд санал болгож байсан. Ийм асуудал хоёр, гурваар тогтохгүй.

-“Шилэн” Цогоо сошиалаар нэлээд үг хаяж харагдсан?

-Шилэн Цогоо манай хамаатан гэдэг. Хамаатан гээд бид төрийн компанид нэгэндээ давуу байдал үүсгээд байх шаардлагагүй. Яахав, энэ нутагт ажиллаж амьдардаг Мандахбаяр гээд инженер залууг танилцуулсан. Угтахбаяр гэх залууг ч бас. Энэ хоёрыг итгэл даахаар залуус гээд явуулсан. Тамирчин хүмүүс байсан. Тиймээс дайчин ажиллах болов уу гэсэн итгэлтэйгээр “Шилэн” Цогоогийн саналыг хүлээж авсан. Гэтэл дараа нь ТУЗ болон ЗГХЭГ-аас ажлын байрны тодорхойлолтын шалгалт орж энэ хүмүүс тэнцэхгүй гэдэг мэдэгдэл өгч эхэлсэн. Хамгийн сүүлд Засгийн газраас “Шүүр” ажиллагаагаар ажлын байрны тодорхойлолтод тэнцэхгүй хүмүүст хариуцлага тооц, ажлаас чөлөөл гэдэг хатуу мэдэгдэл ирсэн. Энэ хүрээнд Угтахбаяр гэхэд л яалт ч үгүй маркетингийн мэргэжилтэй хүнийг инженерийн хариуцлагатай албан тушаалд томилж болохгүй байсан учраас чөлөөлсөн. Мандахбаярын хувьд гурван жил ажилласан туршлага байдаг. Гэтэл хариуцсан алба нь 15 жилийн туршлага шаарддаг. Тиймээс зохих ажлын байранд санал болгоод ахлах механикаар ажиллаж байгаад сахилгын шийтгэлээр ажлаас чөлөөлөгдсөн нөхөр. Тэдгээр ажлаас чөлөөлөгдсөн хүмүүс нийлсний хүчинд, дээрээс нь ТУЗ-ийн цөөн тооны мөртлөө их хорон, тэр дундаа ТУЗ-ийн дарга, Аудитын хорооны дарга гэх хүмүүсийн хорсол нэгдэж өнгөрсөн гуравдугаар сарын 1-нээс эхэлсэн үе шаттай гүтгэлгийн, өөрөөр хэлбэл, Л.Наранбаатар хүчиндэгч, архичин, авлигач гэж цоллож ирлээ. Зарим нь бүр хошин шог болгочихсон байв уу (инээв).

Өдөр бүр л шалгалтанд орж байна. Өнөөдөр хамгийн сүүлийн шалгалт ороод дуусч байх шиг байна. Онцгой байдлынхан ирсэн. Гэхдээ үйлдвэрлэл хэвийн ажиллаж байгаа шүү.

-Танайд төрийн шахаа Б.Цэнгэл дарга, “Шилэн” Цогоо хоёроор тогтохгүй болов уу гэж бодож байна…?

-Өөр байхгүй дээ.

Яахав, “Шилэн” Цогоогийн хувьд манай хамаатан гээд яриад байгаа. Түүний Цогоогийн дүү Цогчулуун надтай утсаар ярьсан. Надаас хэд, хэдэн удаа клинкер авъя гэж гуйсан. Би өгөөгүй. Түүнд Цогоо маань нэлээд уурласан байж магадгүй. Хоёрт, “Peak dewelopment” ХХК-тай Цогчулуун холбоотой юм билээ. Бас л хууль бус шаардлага тавиад, хуулийн маргаантай асуудлаар надтай холбогдсон. Түүнд нь зөвшөөрөөгүй. Цогоо томилуулсан залуус нь “Шүүр” ажиллагаагаар шүүрдүүлсэнд биш, дүүгийнх нь саналаар клинкер авах, хууль бус гүйлгээ хийгээгүй учраас хорсож занаад байгаа болов уу. Ер нь ажлын хариуцлага тооцоод шахааг эсэргүүцээд зогсоод ирэхээр өөрийн эрхгүй маш олон дайсантай болчихдог юм байна. Хамаатан садан гэлтгүй, манай танай нам гэлтгүй хонзогнодог юм байна.

-Нам гэснээс танай намын ах нар зэмлэж байна уу. Энэ Засгийн газар дотор нэлээд чих халууцуулж байгаа хүний нэг та байх?

-Тийм зүйл байхгүй. Төрийн ажил учраас нам энд оролцох боломжгүй. Харин Генсек бол нэлээд хатуу сануулгыг хэвлэлээр хэлж байсан. “Та нар хэрүүл тэмцлээ боль, хамтраад ажилла. Ажиллаж чадахгүй бол Цэнгэл, Наранбаатар хоёулаа больцгоо” гэж. Зөв л дөө.

Гэхдээ том зорилгоосоо бид буцаж болохгүй. Засгийн газар энэ компанид намайг анх томилохдоо “Нээлттэй хувьцаат компани болгоорой” гэж захиж явуулсан. Би түүнийгээ л хийж байна. Түүнээс биш төрийн өмчийн хувьцаат компанийн хэлбэрийг хадгалаад байна гэсэн бол би хэзээ ч Засгийн газрын саналыг хүлээж авахгүй байсан. Миний өөрийн дотоод итгэл үнэмшил гэж бий. Тэр л намайг өнөөдөр хүртэл элдэв гүтгэлэг, хардлага, зовлонгийн дундуур туучуулаад байгаа юм. Би амалсан бол ард нь гарна гэж зүтгэдэг. Үүний төлөө манай удирдлагын хамт олон, нийт ажилчид маань бат итгэлтэй зогсож байгаа учраас зорилгоо хэрэгжүүлнэ гэж бодож байгаа.

-Таны ярьж буй, хэлж буй өөрчлөлт, тоон мэдээллүүдийг харахаар “Цемент шохой” компани өндийгөөд байгаа юм шиг. Заримдаа Л.Наранбаатар гэж нөхөр төрийн өмчит компани дээр очоод туйлж байна гээд л яриад эхлэх юм байна шүү дээ?

-Дансандаа 82 мянган төгрөгийн үлдэгдэлтэй, 40 жил хөрөнгө оруулалт хийгдээгүй шохойн үйлдвэртэй ийм компанийг би анх хүлээж авсан. Цементийн үйлдвэрт ч 40 жил хөрөнгө оруулалт хийгдээгүй. Гол хөрөнгө оруулалт хийгдсэн гээд байгаа чулуунцарын үйлдвэр нь нэг сая тонн цемент гаргана гэж “Сахал” Б.Эрдэнэбилэг хэлж байсан боловч бодит байдал дээр тийм байгаагүй. Хөднлөнгийн аудитын компани 450 мянган тонн үйлдвэрлэх хүчин чадалтай гэж дүгнэсэн. Түүгээр зогсохгүй маш хоцрогдсон технологиор барьсан гэдэг дүгнэлт гараад ирчихсэн.

Бид 2022 оны үр дүнг эргээд харахад цалингийн фонд маань өмнө нь 11 тэрбум төгрөг байсан бол 21 тэрбум болгож нэмэгдүүлсэн. 2023 онд нэмж долоон тэрбум буюу 30 хувиар нэмэгдүүлэхээр цалингийн журмаа боловсруулж баталсан. Анх удаа Төрийн хэмнэлтиийн тухай хуулийг хэрэгжүүлж, гурван тэрбум төгрөгийн зардлыг хэмнэлээ. Эндээс бид өнөөдөр урамшуулал авдаггүй инженер техникийн 188 ажилчиндаа 1.5 тэрбум төгрөгийг хуваарилалт хийгээд явж байна. Энэ бол цаанаа төрийн өмчит компанид хулгай байх ёсгүй, оюунаа зарцуул, бүтээмж гарга, тэгвэл эргээд өгөөжөө хүртэж болох том хөшүүрэг болж байгаа болов уу гэж бодож байна. Өнөөдөр харахад аль ч төрийн өмчит компани, хувийн хэвшилд ийм урамшууллын систем байхгүй. Бусад төрийн өмчит компаниудад ч бас энэ чиглэлийн өөрчлөлтүүд хийгээсэй гэж хүсч байна.

Бид бас 30 тэрбум төргөгийн татвар, нийгмийн даатгалын шимтгэл төлчихсөн. Өмнөх жилүүдэд 5-6 тэрбум төгрөг байсан. Таван жил төлдөг татварыг нэг жилд төлсөн гэсэн үг. 100 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого олсон нь 40 жилийн түүхэнд анхных байсан. 11.6 тэрбумын цэвэр ашигтай анх удаа ажиллалаа. Цалин хоёр дахин нэмэгдсэн. Дахиад 30 хувиар нэмэгдэж байгаа. Ингээд хэлбэл олон эерэг өөрчлөлт хэлж болно шүү.

-Хамгийн чухал асуудал бол “Цемент шохой” ХК цаашид төрийн өмчит хэлбэрээр удаан оршин тогтнох шаардлагагүй. Болж өгвөл өнөөдөр ч үүнийг болиулж, биржид бүртгэлтэй хувьцаат компани болгомоор байгаа юм. Энэ талаар тодорхой төслийг бид ТӨБЗГ болон ТУЗ-д танилцуулаад байгаа. Цаашаа Засгийн газарт оруулах эсэхийг тэд шийднэ. Тодруулж хэлбэл, “алтан гурвалжин” буюу төр нь 30 хувь, хувийн хэвшил 30 хувь. Ингэхдээ нэг хөрөнгө оруулагч таван хувиас хэтрэхгүй, ард түмэн 30 хувь. Ингээд 30, 30, 30 буюу энэ тэнцүү өмчлөлтэй байх нь зүйтэй. Энэ концепцийг манай ажилчид дэмжиж байгаа.

Үүнийг даруйхан хиймээр байна. Бушуухан нээлттэй хувьцаат компани болж Л.Наранбаатараас илүү ур чадвартай супер менежер ирээд удирдаасай гэж чин сэтгэлээсээ хүсч байгаа. Гэхдээ байгаа цаг хугацаандаа хамт олонтойгоо нэг зорилготой, үр бүтээлтэй ажлаа хийнэ.


Categories
мэдээ нийгэм

Р.Онончимэг: Иргэн төвтэй шүүхийн үйлчилгээг төлөвшүүлэхийг зорьж байна DNN.mn

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Р.Онончимэгтэй ярилцлаа.


-Сүүлийн үед шүүх дээр хэргийн шийдвэрлэлт харилцан адилгүй, ижил төстэй хэргүүдэд эрс тэс ял шийтгэл оногдуулж байгаа талаар нэлээд шүүмжлэл өрнөж байна. Хэн байхаас үл хамаарч шүүгч тохирсон ял шийтгэл оногдуулах ёстой биз дээ?

-ШЕЗ бол шүүхийн захиргааны дээд байгууллага. Үндсэн чиг үүрэг нь шүүхийн бие даасан байдал, шүүгчийн хараат бус байдлыг хангах, хуульчаас шүүгчийг шилж олох. Таны асуулт бол хэрэг хянан шийдвэрлэх, шүүн таслах ажиллагаатай холбоотой асуулт учраас энд ямар нэгэн албан ёсны хариулт өгөх боломжгүй.

Харин хуульч хүний хувьд ийм шүүмж яриаг мэдээж анхааралтай сонсдог. Шүүгч ял оногдуулахдаа хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзаж үздэг. Гэмт хэрэг үйлдэгдсэн орчин, нөхцөл байдал, тухайн хэргийг анх удаа үйлдсэн үү, давтан юм уу, насанд хүрсэн, хүрээгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, эсвэл хохирлоо төлсөн үү гээд хуульд заагдсан олон нөхцөл байдлуудыг харгалзаж үзээд шүүгч шийдвэрээ гаргадаг. Нэг ёсондоо яг ижил төстэй гэх ойлголт харьцангуй учраас хариуцлага хуульд заагдсан хүрээнд харилцан адилгүй байна гэж хуульчийн хувьд хардаг.

ШЕЗ оны өмнөхөн “Шүүхэд мэдээллийн технологи, шүүхийн үйлчилгээ, удирдлагын шинэ хэлбэрийг нэвтрүүлэх бодлогын баримт бичиг”-ийг баталсан юм. Түүнтэй холбоотойгоор суурь судалгааг хийж байхад шүүхээр үйлчлүүлж байсан иргэд шүүхийн талаар илүү бодит мэдээлэлтэй, шүүхэд итгэх итгэл харьцангуй өндөр хувьтай байдаг нь анзаарагдсан. Харин шүүхээр үйлчлүүлж байгаагүй иргэдээс судалгаа авахад “Шүүхэд итгэхгүй байна” гэсэн хандлага нэлээд өндөр байгаа нь ажиглагдсан. Тэгэхээр бид мэдээллийг бодит эх үүсвэрээс авдаг уу, өөрт нь тохиолдсон асуудалд тулгуурлан дүн шинжилгээ хийж байна уу гэдэгт анхаарах ёстой юм байна даа гэж харж байлаа.

-Бас шүүх дээр хэрэг удааширч, сунжирдаг. Өндөр албан тушаалтан, авлигын хэргүүд сунжирсаар сүүлдээ сураг алдардаг. Шүүгчид нөлөөнд автаад байна гэж олон нийт үздэг. Хэргийг түргэн шуурхай шийдвэрлэх тал дээр ШЕЗ анхаарч байна уу?

-Энэ бол олон шалтгаантай. Нэг талаасаа нийслэлийн хувьд шүүх, шүүгчийн ачаалал маш өндөр байна. Бид Улсын дээд шүүхтэй зөвшилцөн Шүүх байгуулах тухай хуулийн төслийн саналаа Засгийн газарт хүргүүлсэн. Энэ саналыг хүргүүлэхтэй холбоотойгоор хуульд заасан шалгуур үзүүлэлтийн хүрээнд гурван төрлийн судалгаа хийхэд нийслэлийн төвийн зургаан дүүрэгт нэг шүүгчийн ачаалал 50-150 хувиар давсан үзүүлэлттэй байгаа юм. Мөн шүүхийн байрны асуудал, шүүх танхимын хүрэлцээгүй байдлаас шалтгаалдаг. Сүүлийн үед Хөгжлийн банкны хэргийн шүүх хурал болж байгаатай холбоотойгоор өмгөөлөгчид шүүхийн байрны талаар шүүмжлэл өрнүүлж байна. Манайх ч бас шүүхийн байрны талаар бодит байдлыг олон нийтэд мэдээлэхэд анхаарч ирсэн. Шүүх танхимын хүрэлцээ хүлээн авч байгаа хэрэгтэй харьцуулахад үнэхээр бага байна. Улсын хэмжээнд ганц гайгүй шүүх нь Нийслэлийн захиргааны шүүхийн байр л байна. Бусдад нь стандарт хангасан байр талбай хэцүү юм билээ.

Хэргийн шийдвэрлэлт удааширч байгаа өөр нэг шалтгаан бол шүүгчийн болон шүүхийн захиргааны ажилтны орон тоо, цалингийн сантай холбоотой. Шүүгчийн сонгон шалгаруулалтыг үе шаттай зарлаж байгаа ч хангалттай нөхөж чадахгүй байна. Энэ нь хуульчдын бэлтгэл, шалгалтын босго, нөгөө талаасаа үнэхээр шилдэг хуульчид өрсөлдөх нөхцөл байдлыг шүүх бүрдүүлж чадсан уу зэрэг олон зүйлээс улбаатай болов уу.

Дээр нь хуульчийн зүгээс харахад хэргийн оролцогчид хэргээ шийдвэрлүүлэх зорилгогүйгээр сунжруулах тактикийн ажиллагааг ихээр явуулдаг нь нууц биш. Ямар нэгэн шалтгаан хэлж хэргийг хойшлуулна. Ийм олон янзын шалтгаанаархэрэг удааширдаг. Эдгээр хүндрэлүүдийг шийдвэрлэхийн тулд Шүүх байгуулах тухай хуулийн саналын төслөө Засгийн газарт хүргүүлсэн. Мөн Хууль зүй, дотоод хэргийн яам процессын хуулиудад өөрчлөлт оруулах замаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хялбар, шуурхай болгох тал дээр эрх зүйн орчныг бүрдүүлэхээр ажиллаж байгаа юм билээ.

-Шүүхэд нөлөөлж байна гэж их ярьдаг болж. Ийм оролдлогыг ч хийдэг болсныг харж байна. Шүүх хүчгүй байх нь улстөрчдөд ашигтай. Үүнийг яаж засч залруулах боломжтой вэ?

-ШЕЗ-ийн нэг үндсэн чиг үүрэг шүүгчийн хараат бус байдлыг хангах ёстой. Үндсэн хуулийн 49.2-т Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй гэж заасан байдаг. Үүнийг 2021 оноос хүчин төгөлдөр мөрдөгдсөн Шүүхийн тухай хуулийн 73 дугаар зүйлд илүү тодорхой болгож, хэрвээ ийм байдал үүсвэл хэрхэх талаар зохицуулсан. Мэдээж ШЕЗ-өөс энэ талаарх мэдээ, мэдээлэлд тухай бүр дүн шинжилгээ хийж, хэрхэх талаар шийдвэр гарган ажиллаж байна. Хуулийг УИХ-аас баталдаг. Тиймээс УИХ гишүүд, төрийн өндөр албан тушаалтнууд өөрсдөө батлагдсан хуулиа мөрдөж, энэ талаарх соёлыг төлөвшүүлэхэд манлайлах хэрэгтэй.

-Шүүгчдийн мэргэжлийн шалгалтаар хуруу дарам шүүгч тэнцдэг. Шүүгчдийн мэдлэг ур чадвар хангалтгүй тухай хуульчид ярьж байгаа. Энэ нь хэргийг үнэн зөв, шударга шийдвэрлэхэд нөлөөлдөг болов уу?

-Бид бүрэлдэхүүнээрээ ажилласан жил гаруйн хугацаанд гурван удаагийн сонгон шалгаруулалт зарлаж, хуульчдаас шүүгчийн сонгон шалгаруулалтыг авлаа. Гурван удаагийн шалгалтаас харахад шалгалт өгч байгаа хүмүүсийн 20-25 хувь нь тэнцэж байна. Шүүгч өөрөө насан туршдаа томилогддог албан тушаал, хүний амьдралын хувь заяаг шийдэж байдаг. Тиймээс тэд мэргэжил ур чадвар, зан төлөвийн хувьд чадвартай хүмүүс байх ёстой. Энэ ч үүднээс 2021 оны Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар энэ чиглэл рүү нэлээд нарийн өөрчлөлт орж ирсэн. Тодруулбал шалгалтын босго оноо өндөрссөн, мөн зан төлөв, ёс зүйн шалгалтын тодорхой шалгууртай болсон. Сонгон шалгаруулалтын даалгавар, жишгийг боломжийн гэж бид үзэж байгаа. Харин яагаад шилдэг чадвартай хуульчид шүүгч болохыг хүсэхгүй байна вэ гэдэгт илүү анхаарах ёстой болов уу.

Нийслэлийн төвийн зургаан дүүргийн тухайд анхан, давж заалдах шатны шүүхэд шүүгчийн ачаалал маш өндөртэй талаар өмнө дурдсан. Нийтэд түгээмэл болчихсон нэг ойлголт шүүгчид өндөр цалин авдаг л гэдэг. Би ч гэсэн тийм ойлголттойгоор энэ салбарт орж ирсэн. Гэтэл 10 жилийн өмнө цалингаа нэмүүлсэн. 10 жил өндөр цалинтай гээд нэр зүүчихсэн яваа. Үнэндээ арван жилийн өмнө нэмэгдсэн цалин нь дундаж, бага талдаа л болчихсон юм билээ. Чадвартай хүний үнэ цэнийг үнэлж байж л ажиллуулна. Тийм орчин байна уу гэдэгт асуудал байна. Цаашдаа шүүгч болох шалгуурыг өндөр тавьж байгаа хэрээрээ шүүхийн байр сав, орчин нөхцөл, шүүгчдийн ахуй хангамжийг бодолцохоос өөр аргагүй. Хувийн хэвшилд 10 сая төгрөгийн цалин авч байгаа хуульч гурав дахин бага цалинтай шүүгч болохоор ирнэ ч гэж юу байх вэ дээ. Чадвартай хуульчид олон улсын хуулийн фирмийн түвшинд ажиллаад явчихаж байна шүү дээ.

-Шүүхийн байрны хүрэлцээгүй талаар та хөндлөө. Өнөөдөр нөхцөл байдал ямар байгаа юм бэ?

-Шүүх эрх мэдэл засаглалын салаа мөчир гэж үздэг боловч харилцан хяналттай, тэнцвэртэй байхын тулд төсвийн хувьд нөгөө хоёр засаглалаасаа бие даасан, хараат бус байж чадаж байна уу гэвэл миний хувьд хараахан үгүй гэж хэлнэ. ШЕЗ-ийн үе үеийн удирдлагууд төсвийн хувьд бие даасан байхаар үе шаттай ажлууд хийж ирсний дүнд 2021 оны Шүүхийн тухай хуулиар УДШ-ээс бусад шүүхийн төсвийг ШЕЗ-өөс төлөвлөн Байнгын хороонд хянуулж, хянагдсан төсвийн төслийг Засгийн газар төсөвт нэгтгэн УИХ-д өргөн мэдүүлэхээр зохицуулалт хийгдсэн.

Гэсэн хэдий ч энэ жилийн тухайд шүүхийн хөрөнгө оруулалтын зардал тавигдаагүй. Энэ нь мэдээж ковидын дараах хүндрэлийг улс орон даяараа даван туулж байгаатай холбоотой. Төсвийн хэмнэлттэй байгааг ойлгож байгаа. Гэхдээ төр иргэнийхээ шүүхэд хандах эрхийг баталгаатай эдлүүлэх ёстой л юм бол шүүхийн төсөв дээр илүү тодорхой нөхцөлийг бий болгож, шийдвэрлэх шаардлагатай.

Өнгөрсөн гуравдугаар сард Европын холбооны дэмжлэгээр ШЕЗ, ШСХ-той хамтран Хууль, шүүхийн байгууллагын цахимжуулалт сэдвээр олон улсын хурал зохион байгуулсан. Тус хуралд шүүхийн цахимжуулалт ярихын зэрэгцээ шүүхийн төсвийн талаар бусад орны жишгийг ярилцсан.Нилээд улс оронд шүүх нь гүйцэтгэлээр санхүүжих тогтолцоог тодорхой нөхцөл байдлаар хэрэгжүүлсэн байдаг юм байна. Монгол Улсад эрүүл мэндийн салбар анхдагч байдлаар 2020 оноос үүнийг хэрэгжүүлээд явж байгаа юм байна. Үр дүнтэй байгаа талаар эрх бүхий албан тушаалтнууд ярьцгааж байна. Шүүхэд ч үүнийг хэрэгжүүлэх боломжтойг тус хуралд оролцсон Сангийн яамны зөвлөх хэлж байгаа нь сайн хэрэг.

Тэгэхээр шүүхийн байрны асуудал бол шүүхийн төсөвтэй л шууд холбоотой юм.

-Шүүх дээр хэрэг сунжирдаг шалтгааныг та шүүхийн байр савны хүрэлцээ ачаалалтай холбосон шүү дээ. Тэгэхээр өнөөдөр манайд шүүх ямар байдлаар өөрчлөгдөж шинэчлэгдэх ёстой болчихоод байна вэ?

-Шүүх байгуулах тухай хуулийн саналын төслийг өргөн барихдаа шүүх байгуулах шалгуур үзүүлэлтийг үндэслэхээс гадна нэгд, иргэн шүүхэд хандах эрхээ баталгаатай эдлэх нөхцөлийг харж, хоёрт, шүүх, шүүгчийн ачааллыг тэнцвэржүүлэх, гуравт, шүүхийн үйлчилгээ хэн болгонд хүртээмжтэй байх нөхцөлийг харгалзан шүүхийг тойргийн журмаар байгуулах боломжуудыг судалсан. Ачаалал, төвлөрөл, дэд бүтцийг харж шүүхийг тойргийн журмаар байгуулах, төрийн үйлчилгээг цахимжуулах бодлогыг дэмжиж саналын төслийг боловсруулж хүргүүлсэн. Ингэхдээ шүүхийн байр, дэд бүтэц, хүний нөөцийн асуудлыг давхар шийдвэрлүүлэхээр тусгасан. Ингэснээр Алсын хараа 2050-д тусгагдсан шүүхийн үйлчилгээ иргэн төвтэй болох суурь нөхцлүүд бүрдэх юм.

-ХЭҮК-ын 2022 оны хүний эрхийн нөхцөл байдлын талаарх илтгэлд нийт баривчилгааны 99 хувь нь шүүхийн шийдвэргүй байсан талаар онцолсон байсан. Шүүхийн шийдвэргүй баривчлах нь хүний эрхийн зөрчил үүсэх том нөхцөл гэж үздэг. Үүнийг бууруулах тал дээр ямар алхам байх ёстой вэ?

-Бид шүүн таслах ажиллагаанд оролцдоггүй гэдгийг дээр хэлсэн учраас энэ тал дээр тодорхой хариулт алга. Сая нэг хэлэлцүүлэг дээр энэ асуудал хөндөгдөж байсан. Хорих зөвшөөрөл олгодог зөвшөөрлийн шүүгч бий болгох гэх мэтээр хүний эрхийн зөрчил гаргахгүй, шуурхай байх талаар яригдаж байгаа болов уу.

-Шүүхийн шинэчлэл гэж олон жил ярьж ирлээ. Ер нь шүүхийн ирээдүйн төлөв ШЕЗ яаж зураглаж байгаа юм бол?

-Алсын хараа 2050 гээд бодлогын баримт бичгийг Монгол Улсын Их Хурлаас 2020 онд баталсан. Үүн дээр арав, арван жилээр хэрэгжихээр 30 жилийн хөгжлийнтөлөвлөгөөг баталсан байгаа юм. 2030 он хүртэл шүүхийн хараат бус байдал хангагдаж, хариуцлагатай иргэн төвтэй шүүх тогтолцоог төлөвшүүлнэ гэж, 2040 он хүртэл иргэдийн итгэлийг бүрэн хүлээсэн шүүхтэй болно гэж, 2050 онд хариуцлагатай иргэн төвтэй шүүх төлөвшсөн байна гэж тодорхойлсон.

Өнөөдрийн ШЕЗ-ийнхөн бол анхны 10 жилийн эхний шанг татаж байгаа хүмүүс. Мэдээж бүх өөрчлөлт алдаа, оноотой ч сайн зүг рүүгээ явж байдаг жамтай. “Алсын хараа 2050” бодлогын баримт бичиг, Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуульд нийцүүлэн Шүүх эрх мэдлийн бодлогын баримт бичгийн төслийг УИХ-д батлуулахаар өргөн барихаар төлөвлөн ажиллаж байна. Түүнийг дэмжсэн богино хугацааны бодлогыг бид өөрсдөө батлаад хэрэгжүүлээд эхэлсэн. Анхны жил бид энэ баримт бичгүүдээ нэг ойлголт стандартаар хэрэгжүүлэх зорилготой бүх дүрэм, журмаа баталлаа. Хоёр дахь жилд хэрэгжүүлэлт талдаа анхаарч, үйл ажиллагаагаа чиглүүлж байна,шүүхийн үйлчилгээг хялбар, шуурхай, чанартай хүргэхийн тулд цахимжуулалтыг дэмжих бодлого түлхүү хэрэгжих ёстой. ШЕЗ шүүхийн ирээдүйн төлөвийг Алсын хараа 2050 бодлогодоо нийцүүлэн харж байна, тэгэхээр иргэн төвтэй шүүхийн үйлчилгээг төлөвшүүлэхийн тулд сайн хүний нөөц, шуурхай, чанартай үйлчилгээний орчныг л бүрдүүлэхэд өнөөдрийн үйл ажиллагаа бүр чиглэгдэж байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Т.Чимгээгийн өмгөөлөгч С.Оюунцэцэг: Хавтаст хэрэгт Т.Чимгээг буруутгах нотлох баримт байдаггүй DNN.mn

С.Зоригийг хөнөөсөн хэрэгт холбогдож, 20-25 жилийн хорих ял сонссон Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг шүүхээс цагаатгаад байгаа юм. Т.Чимгээгийн өмгөөлөгч С.Оюунцэцэгтэй ярилцлаа.


-Б.Содномдаржаа, Т.Чимгээ хоёрыг 2015 онд баривчилснаар С.Зоригийг хөнөөсөн хэрэг дахиж олны анхааралд гарч ирсэн. Та Т.Чимгээгийн хэрэг дээр анхнаас нь орж ирсэн үү?

-Би Т.Чимгээгийн өмгөөлөгчөөр 2015 оны арваннэгдүгээр сарын 3-ны өдөр ах Хүрэлбаттай нь гэрээ байгуулж ажиллаж эхэлсэн. Анх Төв аймаг дахь Цагдан хорих байранд гурав, дөрвөн удаа очиход “ТЕГ-аас таныг оруулж болохгүй гэсэн” гээд уулзуулахгүй байсан. “Хэн тэгээд байна вэ” гээд Хорихын дарга дээр ороод уулзахад “ТЕГ-ын Бархасбадь хурандаа таныг уулзуулж болохгүй гэсэн үүрэг чиглэл өгсөн” гэж байв.

Эцэст нь Нийслэлийн прокурорын газарт гомдол гаргаж байж, тэндээс Тагнуул дээр очиж гэрээгээ үзүүлж, нууцын баталгаа гаргаж өгсний дараа өмгөөлөгчөөр орохыг зөвшөөрсөн. Угтаа хуульд зааснаар хэнбугай ч өмгөөлөгчөө өөрөө сонгох ёстой. Гэтэл ТЕГ-аас үүрэг чиглэл авч байж, тэд зөвшөөрч байж Т.Чимгээг өмгөөлөх болсон.

Хорих ангид Т.Чимгээтэй анх уулзахад эрэгтэй, эмэгтэй хүний том жижиг углааш хөлөндөө углачихсан, богино өмдтэй, дан подвалктай, үс нь сэгсийчихсэн гарч ирсэн.

-Арванэгдүгээр сар гэдэг намрын сэрүү орсон үе байх нь?

-“Ийм хүйтэнд нимгэн хувцастай юу болж байна вэ” гэж намайг асуухад “Гурван сарын өмнө буюу наймдугаар сарын 31-нд ийм хувцастай гудамжнаас кинон дээр гардаг шиг нүүрээ битүү халхалсан, масктай хүмүүс миний толгойд даавуу углаад машинд хүчээр суулгасан. Нэг мэдэхэд Төв аймгийн Цагдан хорих байранд байсан. Ийм хувцастайгаа гурван сар болж байна. Подвалийн өрөөнд хоригддог. Тэнд ямар ч гэрэл гэгээ ордоггүй, цонхгүй. Цементэн шалтай, бетонон ханатай хүнд нөхцөлд байна” гэж байсан. Эмэгтэй хүн гурван сар усанд ороогүй, маш хүнд нөхцөлд байсан. Чимгээ бас “Чам шиг юм өмгөөлөгч авахгүй шүү дээ. Чамайг өмгөөлөх өмгөөлөгч ч олдохгүй” гэж дарамтлаад байсан. Би хийгээгүй хэргийнхээ төлөө сууж байна. Та намайг өмгөөлөх гэж байгаа юм уу” гэж итгэж ядаад зөндөө уйлсан.

Би тэр үед хэлсэн. “За миний хүү битгий уйл. Энэ хорвоо дээр амьд л явж байвал юмны учир нь олдоно” гэж яриад д түүнээс хойш бүх байцаалтад хамт орж байсан. Намайг өмгөөлж эхлэхээс өмнө маш олон ажиллагаа явагдчихсан байсан. Чимгээгийн гэр, ах дүү нарынх нь гэр, ээжийнх нь гэрийг нэгжээд 1998 онд байсан зурагтай альбомыг тэр чигээр нь хурааж авч явсан.

Ах дүүгийнх нь гэрээс алт мөнгөн эдлэлийг нь хүртэл хураагаад авчихсан байсан. Тэр үеийн ам зураг гардаг шүү дээ.

-Тийм ээ, одоо хүртэл яригдаж байгаа ам зураг. Тэр зураг Т.Чимгээгийн зурагтай нэлээд төстэй харагддаг байх аа?

-Т.Чимгээгийн 1998 оных нь зурагнаас дахиж зурсан гэж би боддог. Тэр зургийг дахиад сайн хараарай. Т.Чимгээгийн 1998 оны үеийн залуугийн зураг, Б.Содномдаржаагийн 40 настайгийнх нь зураг зэрэгцэж байгаа. Хэрэг гарах үед Б.Содномдаржаа 23 настай, Т.Чимгээ 29 настай байсан. Гэтэл 1998 оны ам зураг гэхэд Б.Содномдаржаагийн 40 насны зураг байх жишээтэй.

Түүнээс гадна шүүх хурал болоход нотлох баримт цуглуулах хэрэгтэй болно шүү дээ. Тиймээс 1998 оны аравдугаар сарын 2-нд Т.Чимгээ хаана байсныг батлах хэрэгтэй болно. Дорноговь аймагт 1998 онд миний үйлчлүүлэгч өндөр настай эмээгээ асарч байсан. Тэр хөгшний гар дээр Т.Чимгээ өссөн учраас гурав болон нэгдүгээр ангийн охидтойгоо, мөн хоёр настай хөхүүл хүүтэйгээ хамт эмээгээ асардаг. “Тэр үед хүүхдүүдээ сургуульд зөөгөөд эмээгээ сахиад гэрээс ч гардаггүй. Юун Эрдэнэтэд тогооч хийх манатай. Тэнд ер очиж байгаагүй. Саяхнаас тогооч хийх болсон. 1998 оны үед бүжигчин байсан хүн. Тиймээс хамаагүй” гэж Т.Чимгээ ярьдаг.

-Тэгээд хэрэг гардаг өдөр тэнд байгаагүй гэдгийг та баталж чадсан уу?

-Тийм баримт олохын тулд Т.Чимгээгийн хоёр охин сурч байсан сургууль дээрээс очиж шүүлгэсэн. Хоёр охины ангийн журналыг олсон. Хүүхдүүд нь 1998 оны есдүгээр сарын 1-нээс арваннэгдүгээр сарын дунд хүртэл өдөр бүр хичээлдээ явсан байдаг. Бага насны хүүхдийг Т.Чимгээ өөрөө л зөөж таарна шүү дээ. Хоёрт, эмээ нь хэвтэрт байсан талаар тэндхийн эмнэлгээс тодорхойлолт авсан. Эдгээр нь бүгд хуулийн дагуу тамга тэмдэгтэй, архивын баримтууд.

Ингээд 20 орчим хуудас баримт цуглуулаад анхан шатны шүүх хуралд очиход бүх баримтыг маань хурааж аваад, хуультайгаа л ор гэдэг юм. Би анхан шатны шүүх хуралд орж байгаа учраас нотлох баримтаа өгөхгүй бол болохгүй, шинэ нотлох баримт гэж хэлсэн боловч хурааж авах гэж маргаан үүссэн. Түүнээс болж миний даралт ихсээд түргэн дуудагддаг шүү дээ. Ингээд анхны шүүх хурал Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2016 оны арванхоёрдугаар сарын 27-нд болж, үүнээс 03 дугаартай шийтгэх тогтоол гарсан. Бид үүнийг эсэргүүцэж Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандахад, 2017 оны гуравдугаар сарын 14-ний өдөр бидний давж заалдах гомдлыг хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг бодитой гэж үзсэн.

-Анхан шатны шүүхээс Т.Чимгээд 25 жилийн оноочихсон байдаг…?

-Тийм, 25 жилийн ял. Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаан 2017 оны наймдугаар 4-нд ороод тогтоол гарсан. Тогтоолд “Т.Чимгээг шунахайн сэдэлтэйгээр бусдын захиалгаар Б.Содномдаржаа, Б.Отгонбаатар, насанд хүрээгүй Амгаланбаатар нартай бүлэглэж УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийг 1998 оны аравдугаар сарын 2-ны өдөр гэрт нь олон удаа хутгалж, онц харгис хэрцгий аргаар урьдчилан төлөвлөж санаатай алсан үйлдэл нь тогтоогдсон” гэж 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр зүйлийн 2.1, 2.3, 2.5, 2.11 дүгээр зүйлд зааснаар 20 жилийн хугацаатайгаар хорих ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр шийдсэн.

-С.Зоригийг хөнөөсөн хэргийн хавтаст хэргийг уншсан цөөн хүний нэг бол та. Хуульчийн хувьд хавтаст хэргийг уншихад юу харагдаж байв?

– 61 хавтаст хэрэг байсан. Би 46 хоног уншсан. Өмгөөлөгч би битгий хэл хохирогчийн тал С.Зоригийн дүү С.Оюун хэргийг уншаад “Ийм хэргээр хүнийг яллана гэж байхгүй. Энэ хүмүүс хэрэг үйлдсэн гэж итгэл үнэмшил төрөхгүй байна” гээд хуралд орохоос татгалзсан байдаг.

Би 61 хавтаст хэргийг яагаад 46 хоног сууж уншсан бэ гэхээр биднийг Тагнуулын ерөнхий газар руу юу ч үгүй оруулаад л гаргадаг. Тэндээс дэвтрээ авч юм бичээд л хураалгаад гарна. Юмнуудаа бичиж тэмдэглэж авахгүй бол болохгүй учраас нэг бүрчлэн үзэх хэрэгтэй. Хавтаст хэрэг уншиж суухад буутай хүн хажууд суучихна. 30 минут тутамд солигдоно. Хажууд буу барьчихсан, битүү масктай хүн хараад суучихаар маш дарамттай. Би 1978 онд МУИС-ийн хуулийн ангийг төгссөнөөс хойш тийм аймаар дарамттай, түгшүүртэйгээр хэрэг уншиж байсан удаагүй.

Хавтаст хэрэгт Т.Чимгээг буруутгах нотлох баримт байдаггүй. Яах аргагүй хурууны хээ нь илэрчихсэн юм байна, гэрээс нь эд зүйл нь олдсон байна, аман зураг нь таарч байна гэх юмгүй. Хэргийн газраас 19 ширхэг үс олдсон. Тэрний нэг хэсэг нь амьтных, нэг хэсэг талийгаачийн үс, Булганы үс зэрэг байдаг. Т.Чимгээгийн үс байдаггүй. Түүгээр зогсохгүй хурууны хээ, гутлын хээ нь ч таараагүй. Уг нь мөрдөн шалгах ажиллагааг мундаг л хийсэн. Жишээ нь, Д.Амгаланбаатар “Би морины зурагтай марк толин дээр нь наачихсан” гэж хэлэхэд л түүний мөрөөр гурван сар мөрдсөн байх жишээтэй. Ер нь Амгаланбаатарын ярьсан, харсан, үзсэн, тэр тэгсэн, энэ ингэсэн гэдэг хүмүүсийн 90 хувь нь нас барчихсан байдаг. Байгаа хүмүүс нь ч таардаггүй. Д.Амгаланбаатар н.Энхтуяа гээд хүний нөхөртэй “Бид хоёр цуг архи ууж байхад тэр нөхөр С.Зоригийг алсан гэж хашхирч байсан” гэж ярьдаг. Энхтуяа нь “Манай нөхөр хэзээ ч Амгаланбаатартай архи ууж байгаагүй” гэхэд л хоёр хоногийн дараа Амгаланбаатарыг шоронгоос гав дөнгөтэй нь аваачаад нүүрлэдүүлдэг. Айж сандарсан эмэгтэй “Нээрээ тийм юм байна. Би мартчихсан байна” гэх маягаар мэдүүлэг авагдсан байдаг юм.

-Олон нийтэд ил болсон баримтуудад ч Д.Амгаланбаатарын мэдүүлгээр нэлээд өргөн ажиллагаа хийгдсэн юм уу гэж харагддаг. Ер нь ийм хүний үгээр мөрдлөг хийх нь хэр үр дагавартай юм бол?

-Д.Амгаланбаатар, н.Марууш гэж “Хан хараацай” зочид буудалд үйлчлэгч хийж байсан гэсэн хоёр хүний мэдүүлэг Т.Чимгээг яллах дүгнэлтийн гол үндэслэл болоод байсан. Гэтэл шүүх хуралдаанд н.Маруушийг оруулж ирээд Т.Чимгээтэй нүүрэлдүүлэхээр “Энэ хүн өндөр биш байна. Хацар нь улаан биш байна. Сэвх нь таарахгүй байна. Энэ хүн миний харсан хүн биш” гээд өмнө нь өгсөн мэдүүлгээ үгүйсгэдэг.

-Д.Амгаланбаатар юу гэх юм?

-Шүүх хурал дээр би гурван ч удаа асуусан. “Д.Амгаланбаатар аа, чиний яриад байгаа зүйлс яагаад бодит байдалтай нийцдэггүй юм бэ. Чиний харсан үзсэн гэсэн гэрчүүд ихэнх нь нас барчихсан байна” гэхээр хариуд нь “Өмгөөлөгч өө, би муу хүн л дээ. Би олон жилийн хорих ял авсан хүн. Би нар салхинд явмаар байна. Цаг хугацаа хожмоор байна шүү дээ” гээд шүүх хуралдааны танхимд хэлдэг.

1980-аад оны дундуур гарсан Дугархорлоогийн хэрэг гэж сонссон байх. Нас барсан хүнийг Улсын ерөнхий прокурорын орлогч Отгонбаяр яллаад хүмүүсийг хилсдүүлсэн хэрэг. Б.Чимэд багш маань “Ийм нотлогдоогүй хэрэг яллахгүй” гэж маргалдаад Шүүх яамны сайдын суудлаасаа бууж байсан гэнэ лээ. Багшийг маань хүртэл хэлмэгдүүлж байсан. Тэгвэл Т.Чимгээд холбогдох энэ хэрэг бол Монгол Улсын хувьд хүнийг амьдралаар нь сүйрүүлж, харгис хэрцгий эрүүдэн шүүсэн хоёр дахь хэрэг гэж би хэлнэ.

-Эрүү шүүлтийн хэрэг мандсан. Тагнуулын газрын дарга Б.Хурц, орлогч прокурор Г.Эрдэнэбат нар энэ хэргийг арай өөрөөр тайлбарладаг. Та эрүү шүүлтийн талаарх баримтуудаас ярьж болох уу?

-Тухайн үед мөрдөгдөж байсан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 180 дугаар зүйлд хэрэг гарсан газарт л хүнийг шалгах ёстой гэж заасан. С.Зоригийг хөнөөсөн газар бол 40 мянгат. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хот. Тэгэхээр хэргийг Улаанбаатар хотод шалгахгүйгээр Төв аймгийн Цагдан хорих байранд Т.Чимгээг аваачаад подвальд хорьж байгаа нь эрүүдэн шүүж байгаа нэг хэлбэр. Мөн тэр хүн эргэлт уулзалт авах ёстой. Гэр бүлийн хүмүүсийг огт уулзуулаагүй, эргэлт авах эрхийг олгоогүй. Эмэгтэй хүний наад захын хэрэгцээтэй хэрэгсэл нэг ч өгөхгүй, хэцүү байдалд хорьж байсан нь эрүү шүүлт. Мөн сэтгэл санааны дарамт маш их. Чимгээгийн өрөөний үүдэнд эмэгтэй хүн хэдэн цагаар мэгшиж уйлдаг. Хүүхэд уйлуулдаг. Ингэж сэтгэл зүйн дарамт үзүүлж байсан. Т.Чимгээ энэ тухай “Өмгөөлөгч өө, үнэхээр хэцүү байна. Эмэгтэй хүн, хүүхэд хэдэн цагаар уйлахыг сонсох тэсэхийн аргагүй байна” гэж байлаа.

Түүнээс гадна нэг хэргийн холбогдогчид хоорондоо уулзах ёсгүй. Гэтэл өрөөнд нь Д.Амгаланбаатарыг оруулдаг шүү дээ. Та бүхэн ил болсон бичлэгээс харсан байх. Д.Амгаланбаатар Т.Чимгээг “П… минь, маргааш байцаагч ирэхээр чи хэргээ хүлээхгүй бол ална шүү” гэдэг. Нээрээ л маргааш нь мөрдөн байцаагч нь ирдэг. Т.Чимгээг болсон явдлыг хэлэхээр “Та сүүдэр хараа биз” гэсэн. Өрөөнд нь Д.Амгаланбаатарын татаж хаясан тамхины ишийг гарсан хойгуур нь авчихдаг жишээтэй. Дээр нь эмэгтэй хүнийг 24 цагийн хугацаагаар камераар хянасан. Өмгөөлөгчтэй уулзсан бүх яриаг хянасан.

Хамгийн харамсалтай нь Т.Чимгээ хоригдож байхад охин нь нас барсан. 29 настай, ээжийнхээ төлөө явдаг ганц охин нь. Оршуулдаг өдөр нь Бархасбадь над руу яриад “Одоо байцаалт авмаар байна” гэж байгаа юм. Охиныг нь оршуулж байгаа нь хамаагүй, төрийн ажил цаг нартай гэж зандарч байсан. Би “Бие муу байна” гэж хэлж байж хойшлуулсан. Маргааш нь байцаалтанд оруулаад Бархасбадь Т.Чимгээг “Нүгэл чинь нүдээрээ гарч байна, харав уу” гээд тавласан байгаа юм. Тагнуулын Бямбажав байцаагч дээр байцаалт өгч байхад Т.Чимгээ “Та нар намайг охинтой минь салах ёс хийлгэчихгүй яав даа” гэхэд “Одоо очих юм уу, овоолоотой шороог нь харах юм уу, чи” гэж даапаалсан байдаг. Ийм л процессууд болсон.

-За ямартай ч үйлчлүүлэгчийн тань хэрэг хэрэгсэхгүй боллоо. Нийгэм олон янзаар хүлээж авч байна. Та өмгөөлөгчийн хувьд юу хэлэх вэ?

-Улсын ерөнхий прокурорын газар шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг хянах хүсэлт гаргасан. Тэндээс Улсын дээд шүүхэд хүсэлт өгөөд албан тоот илгээж хурал болсон байдаг.

Энэ үед эрүүдэн шүүсэн хэрэг мандан, Амгаланбаатар хуулийн олон газар руу “Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг хилсээр гүтгэсэндээ харамсч байна” гэдэг хүсэлтийг явуулсан байсан. Д.Амгаланбаатар энэ тухай ”Б.Содномдаржаатай нэг газарт хоригдож байхад жаахан олон хүүхэд нь ирж уулзаад аав, аав аа гээд байхаар хэцүү юм. Надад 500 сая төгрөг өгнө, гадаадад гаргана гэж ятгасан учраас би тэр хүмүүсийг гүтгэсэн” гэдгээ хүлээн зөвшөөрсөн.

Энэ хэрэг хэрэгсэхгүй болж, хэргийн үнэн зөв олдоход Ц.Нямдорж сайдын үүрэг маш их. Тэр хүн байгаагүй бол бид мянга яриад гурван шатны шийдвэр хүчин төгөлдөр болчихсон байхад юу ч хийж чадахгүй байсан.

-Энэ хэргийг цагдаагийн байгууллагаас прокурорт таван удаа хэрэгсэхгүй болгох санал хүргүүлсэн гэдэг нь анхаарал татаад байгаа л даа?

-Мөрдөгч нар энэ хэргийн нотлох баримт хангалттай бүрдэхгүй байна гэж байсан. Эрүүдэн шүүж хүмүүсээс мэдүүлэг авсан. Энэ хүмүүсийн гэм буруутай гэдгийг тогтоох хангалттай нотлох баримт байхгүй байна гэдгээр л явуулж байсан. Ер нь ЭХХШТ-ийн 1.7 дугаар зүйлийн 2-т нотлох баримтыг эргэлзээгүй тогтооно гэдэг. Хэрэв нотлох баримт эргэлзээтэй бол хүнийг яллаж болохгүй. Эргэлзээ бүхий нотлох баримтаар яллачихсан. Тиймээс эцэстээ энэ хэргийг прокурорын байгууллага бодитой шийдлээ гэж үзэж байна.

-Т.Чимгээ шүүхийн шийдвэрийг сонсоод юу гэх юм бэ?

-“Та надад анх хэлж байсан. Тэвчээрэй, тэсээрэй, амьд явбал учир нь олдоно гэж байсан. Үнэн юм байна. Төр түмэн гэж байдаг юм байна. Шударга сайн хуульчид байдаг юм байна, баярлаад хэлэх үг алга” л гэж байсан.

-Хохирол нэхэмжлэх боломжтой гэв үү?

-Хохирол нэхэмжлэлгүй яахав. Нотлох баримтаа бүрдүүлж байгаад Эрүүгийн хэргийн шүүхэд гомдол гаргаад явна даа.

-Д.Булгантай та уулзаж байв уу?

-Д.Булган хэлдэг. “Энэ хэргийг үнэн бодитой шийдээсэй. Ямар нэгэн гэм буруугүй хүмүүсийг хэлмэгдүүлж байгаад харамсч байна. Манайд хүүхэд орж ирээгүй. Тэр үед Д.Амгаланбаатар 16 настай байсан. Гурав дөрвүүлээ орж ирсэн гээд яриад байгаа. Манайд эрэгтэй, эмэгтэй хоёр л хүн орж ирсэн. Эмэгтэй нь эрэгтэйгээсээ өндөр. Д.Амгаланбаатар худлаа ярьж байна. Би эмч хүн. Энэ хүний сэтгэхүйг шалгуулмаар байна” гэдэг хүсэлт гаргаж байсан. Эмэгтэй нь эрэгтэйгээсээ өндөр байсан гэхээр 180 см өндөртэй Б.Содномдаржаагаас 160 см хүрэхгүй Т.Чимгээ яаж өндөр байхав дээ.

-Энэ хэргийн материалыг нууцаас гаргасан гэж байгаа. Гэхдээ бүгд биш. Ямар хэсэг нь нууцад хэвээр байгаа юм бэ?

-Бүгд нууцаас гарчихсан гэдэг шүү дээ. Бүхэлд нь гаргалаа гэдэг шийдвэр гарсан.

-С.Зоригийг хөнөөсөн хамтрагч Б.Отгонбаатар гэр бүлээрээ галд өртсөн гэдэг. Энэ хэргийн тухайд Т.Чимгээ юу гэдэг вэ?

-Манай үйлчлүүлэгч оролцоогүй ганц хэрэг бол энэ хэрэг. Сонин нь хэргийн материалыг уншиж байхад гал нь цахилгааны холболтоос болж гарсан гэдэг шинжээчийн дүгнэлт байдаг. Гэтэл хуулийнхан Б.Содномдаржаа, Д.Амгаланбаатар хоёр шатаасан болгож яллах дүгнэлт үйлдээд шүүх хуралд орсон. Онцгой байдлын газрын галын шинжээчид ч оролцсон. Д.Амгаланбаатар хэлэхдээ “Би ороод баллонтай бензинийг үүдэнд нь цацаад гал тавьсан” гэдэг. Гэтэл шинжээчид бол “Битүү орчинд гал тавьсан бол энэ хүн өөрөө шатах байсан. Энэ бол худлаа. Гал цахилгаанаас болсон” гэдэг. Б.Отгонбаатарын эгч нь ч үүнийг хүлээн зөвшөөрдөг.

-Т.Чимгээ нарын хэргийг хэрэгсэхгүй болсноор С.Зоригийг хөнөөсөн хэрэг задарч байна. Энэ хэрэг хэзээ илрэх бол гэсэн хүлээлт дахиад л үүслээ?

-С.Зоригийн ах дүү нарын ярьдгаар “Энэ бол улс төрийн захиалгат хэрэг”гэдэг юм билээ. Гэтэл захиалагч нь тодорхой болоогүй байхад миний үйлчлүүлэгчийг захиалгаар хэрэг үйлдсэн гэж ялласан. Ер нь ядарсан, араас нь гүйх ах дүү муутай, бэл бэлчингүй, хөдөөний хүмүүст хэргийг үүрүүлж даръя гэсэн санаа байжээ л гэж хуульч хүний хувьд эцэст нь харж байна даа.

Б.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Сосорбарам: С.Зориг амиа алдсан хэрэг хамт зүтгэж байсан нөхдийг нь насан туршид хардуулж, нулимуулж явдаг тогтолцооны цөм болчихлоо DNN.mn

Маэстро Д.Сосорбарамтай ярилцлаа.


-С.Зоригийг хөнөөсөн хэрэгт яллагдсан хүмүүсийг цагаатгаж, маргааш нь энэ хүний хорвоод мэндэлсэн өдрийг тэмдэглэж байх юм. АН ч энэ өдрөөр нэгдэж байгаагаа зарлаж, журмын нөхрийнхөө хөшөөнд цэцэг өргөж байгаа энэ цаг үед та бидний ярилцах цаг товлогдлоо…?

-Жам гэхэд хэцүү, ёс гэхэд хэцүү ямарваа хүн үхэхээр л нэртэй сүртэй болдог. Амьд байхаараа адлагддаг, жадлагддаг, хараалгадаг, зүхүүлдэг, гүтгүүлдэг ийм үйл явц манай оронд, ялангуяа бидний дунд бүр нэг жам юм шиг болчихсон байна. Талийдаг Зоригоор аль, аль нь улс төр хийж байна шүү дээ. МАН-ынхан ч илүүцтэй хийх юм. АН ч нэг л их хайртай хүн байсан гээд цэцэг навч өргөөд сүйд болох юм. Гол нь бодитой хандлага, саруул бодол, эрүүл сэтгэлгээ гээч юм, хий хөөсөрсөн авир араншингаас болоод бүрхэгдээд байгаа явдал л миний дотоод ертөнцийг их эмзэглүүлдэг юм.

Талийгаачийн мэндэлсэн өдрөөр нь ташлуулаад зориуд юм шиг улс төр хийж байна гэж л үзэж байна. Сонгууль ойртчихсон юм байна. 2024 оны хоймрыг сөхөж харж байгаа юм байна, эд нар. Дахиад л өнөө л аллагад өртсөн, чухам ямар аллага нь мэдэгдэхгүй, түүнийгээ нотлохгүй байгаа шүү дээ. Улс төрийн юм уу, ахуйн юм уу тодорхойгүй. Би бол энэ хэргийг ахуйн аллага юм байна лээ гэж харж байгаа. Өнөөдөр хэрэгсэхгүй болж байгаа хүмүүс нь алуурчин. Би хуулийн хүн биш, криминалист биш, тэр хүмүүсийг танихгүй. Гэхдээ миний нэг анзаарсан зүйл бол явж байгаа хандлагыг харахад тэр нөхөд энэ хэргийг үйлдсэн гэж үзэж байгаа. Үүнийг би хэнээс ч айхгүй хэлнэ. Тэр нөхөд бол алуурчид мөн байна гэж харсан. Учир нь Эрдэнэбат прокурор нэлээд эрт Мөнхбаясгалантай “Цензургүй яриа”-гаар Содномдаржаа гэдэг хүний гэртээ агсам тавьж байгаа, Би Обама биш, би Путин биш гэхдээ та нарыг яана ч билээ, тийм нэг бичлэгийг үзүүлсэн. Түүн дээр бас нэг зүйл харагдсан нь Чимгээ гэж бүсгүй “Энэ хэргийг та үйлдсэн юм биш үү, үүнийг уншаад та гарын үсэг зур” гэхэд хариуд нь “Нотолгоо чинь хаана байгаа юм бэ” гэж хэлээд жуумалзаж байгаа юм.

-Тэр дүрс одоо ч интернэтэд бий л дээ?

-Ц.Нямдорж гар хөлүүдээрээ устгуулчихаагүй бол байх ёстой. Би сэтгэл зүй анзаарч, дүр урлахуй дээр ажилладаг хүний хувьд харахад ямар айхавтар, хэргээс бултах гэсэн, хийсэн үйлдлээ эвтэйхэн далдлах гэсэн башир аргатай хүүхэн бэ гэж харсан.

Хэрэв Чимгээ гэдэг бүсгүй хүн алаагүй, ийм аймшигтай хэрэгт оролцоогүй бол орилоод чарлаад уйлаад сүйд болно. Бараг ухаан алдаад унана, аюул болно, тэгээгүй. Мань эр нэлээд хашир суучихсан, догширчихсон, айхтар юманд орчихсон, тэрнээс гарах гарцаа хайгаад сурчихсан байртай харагдсан. Отгонбаатар гээд өөрсдийнхөө хам хэрэгтнийг Эрдэнэтэд очоод гэр бүлтэй нь шатаачихсан шүү дээ.

Яасан унхиагүй улс юм бэ, яасан унхиагүй тагнуул юм бэ, яасан арчаагүй цагдаа сэргийлэх шүүх юм бэ. Ц.Нямдорж шүүх ялзарчихсан байсан гэж гайхуулаад л. Тэгвэл хэн тэр үед Хууль зүйн сайд байсан юм бэ. Энэ хүн 33 жил Монголын төрд зайдалж байгаа. Би бол алуурчидтай нийлж Ц.Нямдорж өөрөө асар их гэмт үйлдэл үйлдсэн хүн байна, түүнийгээ далдлахын тулд ийм улс төр хийдэг юм байна, эргэн улс төрд очихын тулд ийм хачин авир гаргадаг юм байна гэж харсан. Энэ хүнд их юм нуугдаж байгаа юм байна. Энэ хүн захиалагчийг ч мэддэг юм байна. Гэхдээ улс төрийн захиалга биш юм байна гэж харсан шүү.

-Хэргийг задалж дахиад хэдэн арван жил С.Зоригоор улс төр хийх үүдийг нээчихэв үү дээ. Монгол ёсоо бодоход үхсэн хүний ясыг өндөлзүүлдэггүй гэдэг. Үүнийг сөхөөрөх улстөрч, хууль шүүх байхгүй болжээ?

-Талийдаг ч өөрөө үйлийн лайтай хүн юм байна. Үлдэж байгаа хүмүүст ч гай, лай болж байна. Айхтар хар мөртэй хэрэг юм байна. Хамт зүтгээд, 1990 оны хүнд дарангуйлал коммунист дэглэмийг халж байсан нөхдийг нь насан туршид нь хардаад л, амьдралын үнэ цэнийг нь нулимуулаад л явж байгаа ийм нэг тогтолцооны цөм болчихлоо. Би үүнийг ямар муухай хар лай вэ гэж боддог. Ний нуугүй хэлэхэд анх бурхан болоход нь эмэгнэн гудайж эхний үед очиж байлаа. Түүнээс хойш би тэр хөшөөний ойролцоо очихоос цээрлэдэг болсон. Хүн бүр улс төр хийж, нэг их хайртай дүр эсгэж цэцэг навч өргөөд л. Хэрэг ч байгаа ч юм уу, үгүй ч юм уу. Тэр нь үнэнээсээ биш, ардаа үнэлэгдэх гэсэн увайгүй ашиг харж хийгсэд хүний өөрийнгүй болсон.

-АН нэгдлээ гэнэ. Үнэхээр нэгдэж чадав уу?

-1990-1996 оныг хүртэл коммунист дэглэмийг халах үйл явц нэлээд хурдтай эрчимтэй явсан юм. Түүний гол буян өгөөж нь тэр үед халамжит “Орос ах” дампуурсан. Дэлхий даяар зүүн үзэлтэн коммунистууд дампуурсан. Орос харьяалалтай улс руугаа хандах байтугай өөрийгөө яая гэж байсан үед энэ эрх чөлөө гээч юмыг Москвагаас салгаж авсан юм. Энд монголчуудын сохор хийморь гэх юм уу бүүдгэрхэн хөлхтэй аз тохиосон. Тэгээд 1996-2000 оны хооронд чөлөөт эдийн засаг, чөлөөт зах зээл, ёс зүйтэй нийгэм байгуулах гээд өндийсөн хэрэг. Нарийндаа 1996-2000 оны хоорондох дөрвөн жилийн нар мандсан мандалтаар, тэр эрчмээр өнөөдөр ингэж яваа юм. Тэр дөрвөн жилийн хугацаанд маш том үйлсийг хийж амжсан. Тэр цагт эрх чөлөө авчирсан хүмүүсийн багийнхан, жишээ нь М.Энхсайханы Засгийн газар сайн ажилласан. М.Энхсайхан, Да.Ганболд гэж мэргэшсэн эдийн засагчид байв. Түүнээс гадна би Элбэгдорж, Бат-Үүл, Баабар гээд цөөхөн хүний нэрийг дурдана. Энэ хүмүүс харин тэр үед эрүүл байж. Эрүүлээс гадна эвдрээгүй байж. Тэр байх агшиндаа эрх чөлөө гээч юмыг авчирсан.

Тэр үед маш хурдан суурь үнийг чөлөөлж, гаалийн татварыг тэглээд хүн бүр өөр өөрсдийгөө болгоод, өөрсдөө цэцэглээд ирэх, өөрийнхөө бизнесийг аваад ашиг олоод хувийн хэвшлийн байгууллага өндийгөөд ирсэн тийм он жилүүд байсан. Харин 2000 оноос хойш хумигдсан. Эргээд хумигдах явц гэдэг бол ЗХУ бутарсныхаа дараа эргээд Сталинч үзэлтэй Путины гарт ороод түүний харгислал дарангуйлал дахиж сэргэн зөвхөн Монгол ч биш хуучин пост-социалист орнууд руу түрэмгийллийн хуучны КГБ, одоогийн ФСБ-гийнхээ ажлыг хийгээд эхэлсэн. Энэ гайны улбаагаар явсаар байгаад Монголын АН-ыг 2000 оноос эхлээд дампуурал нь эхэлсэн байна гэж дүгнэдэг.

-АН-ын өнөөдрийн төрх 2000 оноос улбаатай гэж та үздэг байх нь ээ?

-Би 2008 онд АН-ын хурал дээр нэлээд хатуухан шүүмжилж хэлж байсан. 2016 онд ч тэр. “Ер нь дампуурлаа зарлаад энэ нам тарчихъя, манай нам улаан социалист нам болсон. Манайд социалист схем, коммунист нөлөө, фашист хяналт тогтож байна. Тэрний баталгаа нь манай нам социалист болсон, МАН гэж коммунист нам, МАХН гэж нацист намтай, Уянгын Тусгаар тогтнол, эв нэгдлийн нам гэгдэх фашист нам манайд ажиллаж байна. Тийм учраас би Монгол Улс социалист схем, коммунист нөлөө, фашист хяналтанд орчихлоо. Үүнээс гарахын тулд АН тарчихъя, тэгээд шинэчлэн бүртгэлд ороод хатуу гишүүнчлэлгүй болоод цэвэр барууны үзэл рүү явъя” гэж хэлж байсан. Нарийндаа чөлөөт хүн, чөлөөт зах зээл хоёр хувийн өмчтэйгөө хоршоод ирэхээр чөлөөт эдийн засгийн суурь нь болдог юм гэдэг үзэл санаагаа батлаад хэлсэн юм. Манай нөхөд тэрийг сайн ойлгож өгөөгүй юм уу.

Тэр цагаас хойш энэ намын оюун санааны дампуурал эхэлсэн гэж хэлж болно. Үүнийг сэтгэлгээний, тархины бохирдол, ботгирол, зунгаг гэж яривал оновчтой. Биднийг авч явдаг оюун санаа, тархи мэдэх мэдлэг, чадах чадвар бүгд бохирдоод, ботгироод, зунгагтаад алиагаа алдаад эргээд ФСБ-гийн мэдэлд орчихсон. Түүнийг хэрэгжүүлдэг хүн байна. Би чамтай өмнө нь ярилцахдаа хэлж байсан. Х.Баттулга аа, У.Хүрэлсүх ээ, миний хоёр дүү Ю.Цэдэнбал, Х.Чойбалсан ах хоёр шигээ болов оо гэж хэлж байсан даа. Одоо улам л батлагдаж байна.

Би дахиад л хэлээд байгаа. Цаашид ч хэлэх болно. Хойноос юм уу урдаас шидсэн чулуу бутраад унахаар нь монгол хүн бие бие рүүгээ битгий аваад нүүлгээд байгаач гэж монгол чихтэй, сонсдог, хардаг бүх хүнд хэлээд байгаа юм. Энэ бол үе улбаалж ирсэн. Манжийн үеэс гэхэд болно. Нарийндаа язгуур монгол үндэстэн яагаад устахгүй байна вэ гэдгийг одоо ч судалдаг юм байна. Үүнийг зөвхөн манай урд хойд хоёр айл биш бусад хөршүүд судалж үздэг гэнэ. Жишээ нь, бүсгүйчүүдийг анх удаа төрмөгцөө уурагны дээжийг авч байна, эрэгтэй эмэгтэй хүүхдүүдийн эхний өтгөн шингэний дээжийг аваад судалж байна гэх жишээтэй. Одоо шүү. Тийм юм болдог юм байна. Яагаад энэ үндэстэн устахгүй байна, юундаа байна гэж судалдаг юм байна. Тэгэхэд Монгол сөнөж алга болох тавилангүй үндэстэн, түүгээрээ аагирхах, аархах эрхтэй үндэстэн юм байна. Ийм үндэстнийг тараан бутрааж алга болгох зорилго ихэнхдээ манай хойд айлаас ирж байгаа. Бидний 1990 онд коммунист дэглэмийг халаад Кремлээс тусгаарлаж байгуулсан АН-ыг ингэж ботгируулах бохирдуулах, хооронд нь үзэн ядталаа алалцуулах юмыг нэг л газар хийж байгаа. Энэ бол манай хойд айл. Одоо байдал чухам хаашаа болж байгаа юм бүү мэд. Би энэ намыг барууны үзэлтэй, хүн хөрөнгөтэй байх суурийг хамгаалдаг, хүн өөрийнхөө эд хөрөнгийг бий болгочихсон байхад дээрэмддэггүй тонодоггүй, халдлагад өртөхөөс хамгаалдаг үзэл санааны гортигтой байхыг хүсдэг. Гэвч энэ үзэл алга болгож байгаа юм байна.

Намын даргаар Л.Гантөмөр сонгогдсон. Нам гольдролдоо орж байна гэж нэг хэсэг нь хэлж байгаа шүү дээ. Тамга тэмдэгний маргаан ч эцэслэгдлээ. Үүнийг л хүсч байсан биш үү?

-АН-ын шинэ дарга Л.Гантөмөр боллоо гэж байна. Би тэр залууг танина. Танихаар барахуу гэмгүй харьцаатай. Нөгөө нөхөр чинь намын дарга болохдоо баахан хуйвалдаан хийсэн байна. Дүрмийн бус ҮБХ хуралдуулаад тэр хүмүүстээ баахан мөнгө тараасан баримт факт нь гарсан байна лээ. Дараа нь харахад эрх чөлөө, чөлөөт үзэл байхгүй. 400 мянган орон сууц барьж өгнө. 1000 ам.долларын цалинтай болгоно гэнэ. Аль болгон ингэж хулхидаж, социализмдаж хүнээр тэжээлгэж амьдрах юм бэ. Түүний оронд 400 мянган айл орон сууцаа барихад нь садаа болдоггүй төртэй болно гэхгүй яав.

Өнөөдрийн тэдний явуулж байгаа үйл явдалд шүүмжлэлтэй хандахаас гадна дотор гуниг төрж байгаа юм. Намын нэгдлийг өөр өдөр хийж болох байв. Нээлттэй хурал зөвлөгөөн болж хэлэлцүүлэг хийгээд чөлөөт зах зээлээр явах юм уу, тэгвэл намын нэр яах вэ, хатуу гишүүнчлэлээ болих уу хэдүүлээ, үзэл санаа ямар байх юм бэ. Эрх чөлөөний үзэл санаа дээр үү, тэгвэл нийлье. Нийлэхийн тулд бүгдээрээ тархины бохирдлоо арилгана. Хойд айлын хараат байхаас зоригтой татгалзана гээд ийм концепци ярихгүйгээр С.Зоригийг алсан хүнийг цагаатгасан өдөр, С.Зоригийн төрсөн өдрөөр гэж байгаа юм уу хаашаа юм. Ийм нэг тавилттай юмнаасаа салаагүй цагт урагшаа явахгүй.

Тийм учраас АН-д бүр ч илүү шүүмжлэлтэй хандаж байгаа. Үзэл санаа ярихгүйгээр хайрцаг доторх тамга яриад, тамганы гадуурх хайрцаг булаацалдаад яваад байж болохгүй. Алга дарам А4-ийн цаасан дээрх гэрчилгээ үзүүлээд яваад байж болохгүй. Түүн дээр ямар үзэл санаа байгаа юм бэ гэж ярих ёстой. Түүнийг л би хүсээд байгаа юм. Тэр байхгүй учраас гунигтай байна. Нөгөө талаар АН-ын залуусыг үнэхээр өрөвдөж байгаа. Өрөвдөхөөс гадна чааваас даа гэж хэлье. Хаана байна, алуурчдыг суллачихлаа гэж эсэргүүцэж дуугарч байгаа АН-ын залуус байна уу. Өнөөдөр тамга аваад баярлаад л. Одоо архидаж байгаа биз. Үүний оронд “Та нар боль. Та нар энэ хүнээр хэдэн жил улс төр хийх гэсэн юм, яалаа гэж энэ алсан хүмүүсийг суллаж байгаа юм. Баримтаа дэлгэ” гэх ёстой, байхгүй.

-АН ирэх сонгуульд сөрөг хүчин болж чадах уу?

-Өмнө нь чадаагүй. Одоо ч чадахгүй. Н.Алтанхуяг өөрөө Ерөнхийлөгч болох санаатайгаар, эсвэл Х.Баттулгыг өрсөлдөгчгүйгээр Ерөнхийлөгч болгохоор эд нар өлсгөлөн зарласан. УИХ-ын сөрөг хүчин шүү дээ. Нөгөө талаар саяхан даа, өвөл тийшээ байв уу, Зөвшилцлийн Засгийн газар болъё гээд сайд болох хүмүүсийн нэр дурдагдаад, сайд болох хэнээ тусаад нэг хэсэг явсан. Та нар бол сөрөг хүчин биш, МАН-тай сиамын ихрүүд гэж би хэлнэ. Хоёул зүүний үзэл ярьдаг. Нэг нь 400 сая жуулчин авчирна гэж байхад нөгөөх нь 400 мянган орон сууц барина гэж ярьж байгаа. Яагаад хувийн хэвшлийнхэнд эрх чөлөөг нь үлдээнэ гэж ярихгүй байгаа юм бэ. 1992 оны гол гайхамшиг тэр. Боломж, эрх чөлөөг л авчирсан. Түүнийг юунд нь зүхээд байгаа юм бэ. Жишээ нь, Сосорбарам 1990 онд эрх чөлөө авчирсан гээд мацаг бариад Өвгөнтийн хөндийд байх ёстой юм уу, тэгвэл баярлах юм уу. Сосорбарам баяжчихлаа, Ард кинотеатрыг аваад идчихлээ гэнэ үү. Бүх кинотеатрууд хувьчлагдсан. Тэднийг адилхан ярь л даа.

-Д.Монголхүү, Д.Мөнх-Эрдэнэ гээд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг, төр засгийн бодлогыг эрүүлээр шүүмжилдэг залуус торны цаана орчихлоо. Энэ нь хувь хүний эрх чөлөөг баталгаажуулсан ардчилсан нийгэмд хэр зохистой үйлдэл вэ?

-Монголхүү, Мөнх-Эрдэнэ гээд л ялангуяа засаглалд бугшсан бугшаа, буруу үйлдлүүд дээрэм тонуулыг нээлттэй ил тод хэлээд түүнийг өөрөөр хэлбэл, хувь хүний эрх болоод хувийн өмчийг хамгаалахын төлөө дуугарсан хүмүүсийн амыг хамхихын тулд ийм юм хийж байна л даа. Эдний арга бол айдсаар удирдана гэж нэг юм байна. Айлгаж сүрдүүлж баглаж удирдана. Тэрний цаана мөнгө явдаг. Тэгж байж мөнгөждөг, хөлждөг. Энэ нь маш хэцүү. Бугуйлдаа орооцолдоод л. Хоёр гурван жилийн өмнө би нэгэн нийтлэл бичиж байсан. Эрх мэдэл мяндагийн өвчин туссан хүмүүс бие биеэ барьж идээд дуусна гэсэн агуулгатай. Одоо яг түүгээр болж байна. Бие биенийхээ алдаан дээр дөрөөлж, хоорондоо сүлжээтэн болчихсон. Одоогийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр гэмт хэрэгтний сүлжээтэй, уялдаатай. Наад захын нэг жишээ хэлье. Эрдэнэт үйлдвэрт Л.Оюун-Эрдэнэ ЗГХЭГ дарга болонгуут онц байдал тогтоосон. Онц байдлыг тавиагүй байгаа. Үүний цаана ялангуяа Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргын нийлүүлэлт, нууц бизнес явдаг. Өмнө нь ч явдаг байсан.

Түүний жишээ Ц.Нямдорж өөрөө. Миний хүү 2.1 тэрбумын бизнес хийсэн юм. Хууль журмын дагуу би хэлээд өгсөн. Эцэг хүний үүрэг гэнэ. Ингэдэг Засгийн газрын гишүүн, УИХ-ын дарга хүн байж болохгүй. Ц.Нямдоржид хууль үйлчилдэггүй, бусдад нь үйлчилдэг байж болохгүй. Жишээ нь, үүгээр л Нямдорж гуай, хүүтэйгээ хоёулаа 461-т очоод ороо засах хэрэгтэй.

Сая тэр Энхбаяр гишүүн, Ж.Сүхбаатар, Т.Доржханд нар нэг сонсгол хийлээ. Тэгсэн баахан баримт гарлаа. Санаанд багтамгүй баримтууд шүү. Хамгийн наад зах нь Боловсролын сангийн зээлээс ямар олон хүн зээл авав аа. Би бүр шоконд орсон. Нөгөө талаар би өөрөөрөө бахархсан. Би энэ дээрэмчид шиг юм хийгээгүй хүн. Наад зах нь МоАХ-ны анхны 13 гэгддэг Дарь.Сүхбаатар маань албан тушаалаа ашиглаад хэдэн ч удаа хэдэн тэрбумын зээл авчихсан юм бэ. Тэгэхээр энэ нөхөд хэдэн жилийн ял авах ёстой вэ. Мөнх-Эрдэнийг жишээлээд ярья л даа. Тэр хүн гурван жил 10 сарын ял авлаа, 82 сая төгрөг төлөхөөр болж байгаа юм байна. Тэгтэл сая ил болсон баримтаар бол 20, 30 жилийн ял эдлэх хүмүүс дуулдаад явчихлаа. Зарим нь бүр насаар нь хорих ялтай гарах нь.

-Ижил төстэй хэргүүдэд хууль шүүх дээр харилцан адилгүй шийтгэл оногдуулаад байгаад олон нийт шүүмжлэлттэй байна шүү дээ?

-Хууль зүйн сайд Х.Нямбаатар 80 их наядын алдагдсан боломж, 280 сая ам.долларын төмөр замын асуудал, сая төмөр зам тавьсан 200 гаруй сая ам.доллар гэнэ үү ийм асуудал гарлаа гэж байгаад Монгол Улсын Ерөнхийлөгч байсан Х.Баттулгын тухай ярилаа. Хууль зүйн сайд хэлчихлээ. Ингээд зарлачихаад байхад шүүх прокурор шалгадаг газрууд яагаад чимээгүй байна вэ. Үнэхээр ийм асуудал үүсээд хардаад байгаа юм бол шүүх нь бурууг нь буруугаар нь зөвийг зөвөөр нь тогтоогоод энэ хүмүүсийн нүдний ялгааг арилгах хэрэгтэй.

Эрх мэдэлтэнд хууль өөрөөр үйлчилдэг, амьдралаараа мөрөөрөөр зүтгэж байгаа хүмүүст өөрөөр үйлчилдэг юм байна. Р.Чойном гуайгаас хойш Монгол Улс анх удаа улс төрийн үзэл санааны хоригдолтой боллоо. Тэр нь Д.Монголхүү. Би бардам хэлнэ. Д.Монголхүүд ямар ч гэм зэм байхгүй. Энэ хүүхэд өөрийнхөө мөнчгөрөөр явж байгаа. Д.Мөнх-Эрдэнэ, Д.Монголхүү нартай зэрэгцээд лайв хийж эрх чөлөөний төлөө дуугарах хүн цөөхөн байснаа шүүх хурал болмогц гадаа нь очоод шоу хийчих юм. Нэг л их эрх чөлөөнд дуртай, хүний эрхэнд хайртай хүмүүс. Би түүнийг 2024 оны сонгууль ойртчихсон юм байна гэж харж байгаа. Энэ бол гамшиг.

-Улс төрийн намуудын үзэл гэж байхгүй болсон гэдэг. Та ч үүнийг хэлж байна. АН барууны үзлээсээ ухарсан гэж та хэлж байна уу?

-Улс төрийн шинэ нам гарч ирэх тохироо бүрдээд байгаа юм. АН өөрчлөгдөнө гэдэг хол болчихсон юм байна. Залуусаасаа авахуулаад тархи нь өтгөрчихсөн, ботгирчихсон. Хуйвалдаанаар, хоорондоо зохицдогоороо, коммунист социалист фашист үзэлтэйгээрээ ботгирчихсон. АН-аас би юу хүсээд байдаг вэ гэхээр Карл Менгер, Карл Маркс хоёрыг ялгаад судлаадах, энэ биднээс хол юм биш. Энэ бидний судлах ёстой судлагдахуун. Карл Менгер гайхамшигтай хүн. Хүний үнэ цэнэ өөрт нь байдаг юм. Хүний үнэ цэнийг өөрт нь байлгахын тулд чөлөөт сэтгэлгээ, чөлөөт зах зээл, чөлөөт эдийн засаг хэрэгтэй гэдэг. Нөгөөх нь үгүй ээ, чамайг би удирдана, чамайг би дарлана гэдэг үзэл.

Мөн Фридрих Хаек, Жон Мэйнард Кейнс гэж хоёр хүн бий. Энэ хоёрын ялгааг олоод хараадхаач гэж л хүсдэг.

-Шинэ нам байгуулах тохироо гэдэг сонирхолтой юм?

-Уг нь тохироо бүрдчихээд байгаа. Залуус хөдлөхгүй байна. “Комедиан” Амараа гэж залуу бий. Миний дотны дүү. Тэдэнд их найддаг юм. Би тулгаад “Та нар тэг” гэж хэлж болохгүй.

2016 онд АН-ыг би үүрд баяртай гээд гарсан. Шинэ нам байгуулаад явах хүн байна уу гэсэн байхгүй. Байлаа гэхээр эрх чөлөө, чөлөөт зах зээл, эдийн засгийн үндэслэлийг барьж байгаа хүн байхгүй. Би төрийг хазаарлана, хязгаарлана гэж яриад байдаг. Манай зарим найз нар төрийг сайхан байлгана, шинэчилнэ гээд ярьдаг.

Өнөөдөр ардчилал эрх чөлөө хоёрыг ялгаж ойлго. Эрх чөлөөний тогтолцоо шал ондоо юм. Маш том суурьтай, ёс зүйтэй капиталист тогтолцоог хэлдэг. Ардчилсан тогтолцоо бол олонхоороо цөөнхөө дарангуйлдаг. Тэр нь манай дээр хэрэгжиж байгаа. 60 хэдүүлээ болмогцоо сөрөг хүчин АН-аа өвөртөө оруулаад нэг оронд орж байгаад баглаад дараад авч байна шүү дээ. Тэгээд сиамын ихрүүд болчихож байна. Ардчилсан тогтолцооны нэг онцлог бол олонхын саналыг авахдаа цөөнхөөс буюу компаниудаас хандив авдаг. УИХ-ын гишүүн болмогцоо хандив авсан компаниудынхаа нэг нөхрийг заавал дарга болгоно. Нөгөө хүүхдийн 20 мянган төгрөг, архиар саналаа өгсөн сонгогчдоо шулна, хулхидна. Эрх чөлөө бол шал ондоо. Энэ бол өөрөөрөө байх, хүн өөрийнхөө амьдрах боломжийг өөрт нь өгөөд орхино.

Чадварлаг хүчирхэг хоёрыг ялгах хэрэгтэй. Чадвар гэдэг бол хүнд өөрт байх бүх чадварыг нээхийг хэлнэ. Хүчирхэг гэвэл чадвартай хүнийг дарладгийг, шимдэгийг, өөрийнхөө байгаа хүнийг дуугүй болгодгийг хэлж байгаа юм.

Мөн төр, эдийн засаг хоёрыг хол байлгах хэрэгтэй. Төр эдийн засагт хутгалдахгүй, төрийг бизнест оролцдоггүй болгох хэрэгтэй. Ингээд ирэхээр бизнесийн таатай орчин бүрдэнэ. Ашгийн таатай орчин бүрдэнэ. Ингэхээр хувийн компани өргөжин тэлж хөгжинө. Бизнесийн төрөл нь олширно. Зөвхөн энэ хонхорт бус дэлхий дамнаж бизнес хийнэ. Тийм боломжийг нээж чадвал ёс зүйтэй засаг болно.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Хууль хүчний байгууллага хуйгаараа нэрээ цэвэрлэж авахгүй бол “жангаа идэх нүүрний баясгалан” нүүрлэчихжээ DNN.mn

С.Зоригийг хөнөөсөн хэрэгт яллагдагчаар татагдаж Монголын гурван шатны шүүхээр гэм буруутай нь тогтоогдсон Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Өдгөөгөөс найман жилийн өмнө буюу 2015 оны наймдугаар сарын 31-нд С.Зоригийг хөнөөсөн хэргийг үйлдсэн байж болзошгүй хоёр этгээдийг баривчилсан нь дээрх хүмүүс байлаа. Өнгөрсөн найман жилийн хугацаанд Тагнуул, Цагдаагийн байгууллагын мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж, Прокурорын байгууллагаар хянагдан Шүүхэд шилжсэн. Анхан, давж заалдах, дээд шатны шүүх тэднийг хүн амины энэ ноцтой хэргийг үйлдсэн гэж үзэж 2017 оны наймдугаар сарын 4-нд Б.Содномдаржаад 25 жил, Т.Чимгээд 24 жилийн ял оноож шийдвэрлэсэн юм. Гэтэл энэ олон жил мөрдөж шалгасан, түүнийг хянасан, ял оноосон хууль, хүчний байгууллагуудын шийдвэр, үйл ажиллагаа худлаа болж таарлаа. Бүр жүжиг болоод явчихлаа. Ингэж Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, хуулийн салбарт нэг насаараа ажилласан Ц.Нямдорж нар Төрийн ордноос мэдэгдчихлээ.

С.Зоригийг хөнөөсөн хэргийг Цагдаа, Тагнуулын том ажлын хэсэг урт хугацаанд мөрдсөн, тэр ажиллагааг нь Прокурор эхнээс нь дуустал хянаж, Шүүх байгууллага гурван шатаараа ялласан. Эдгээр байгууллагууд бол Монгол Улсад хууль сахиулдаг, дэг журам тогтоодог том тогтолцоо. Гэтэл тэд худлаа ярьж, хэлж иржээ. Нэг хүний үгээр, тушаалаар ажиллаж, жүжиг тоглож ирсэн байна. Үүнийг батлах жишээ Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг цагаатгасан явдлаар батлагдлаа. Энэ жишгээр бол хууль сахиулах энэ том байгууллагууд ард түмнээ яаж ч дарлаж, дарамталж, эрхийг нь уландаа гишгэж чадах юм байна. Тэгж ч ирсэн юм байна.

Тэр олон жилийн хугацаанд нэг хүний амь насыг хөнөөсөн хэргийг мөрдөж илрүүлсэн баримт нотолгоо, олон нийтэд дэлгэж үзүүлж байсан бичлэг сэлтүүд жүжиг болж таарлаа. Төдийгөөс өдийг хүртэл хууль хүчний байгууллагууд хуулиа огт мөрдөхгүй явж ирсэн байна. С.Зоригийг хөнөөсөн хэргийг олон жил мөрдөж, хэрэгтнүүдийг олчихлоо гэж зарлан, ялласан ажиллагаа эрүү шүүлтийн хэргээр нуран унаж байгаа нь ерөөсөө л ийм л дүр төрхийг бэлхэнээ харууллаа шүү дээ.

Хэрэв үнэхээр онц хэрцгий энэ хүн амины хэргийг илрүүлж чадсан юм бол, үнэн мөнөөр ажилласан юм бол Монголын хууль хүчний байгууллага, шүүх байгууллагууд олны өмнө гарч ирээд зоригтой дуугар. Цагдаа нар, прокурорууд, шүүгчид хуулиа мөрдөж, тангарагтаа үнэнч зүтгэсэн юм бол өнөөдөр та бүхний ажил чинь салхинд хийсчихлээ. Үүнийгээ олон түмэнд хэл, илчил. Харин хэн нэгнээс тушаал аван, хэн нэгний даалгавраар ажиллаж, бусдыг эрүүдэн шүүж, хилсээр ял тулгасан бол “Чангын шоронгийн нүүрний баясгалан” нүүрлэж, жангаа идэх цаг иржээ. Энэ бол шоронгийн хэллэг. Та бүхний хамгийн сайн мэдэх “зүйрлэл”. Хатуухан ч гэлээ ийм л хариуцлагад хууль хүчний байгууллагууд татагдах ёстой болж байна.

Яагаад гэвэл Монголын ард түмнийг, талийгаач С.Зоригийн ар гэр, хамаатан саданг 25 жилийн турш хууран мэхэлж иржээ. Мөн ийм хугацаанд энэ хэргийг мөрдөхөд шаардлагатай ажиллагаанд, ядаж л тэнд ажилласан үе, үеийн ажлын хэсгийн цалин цавуунаас эхлээд бүх хангамжид татвар төлөгчдийн мөнгийг зарцуулсан байж таарна.

Ингэж ард түмнээ хуурсан, хуулиа уландаа гишгэсэн хууль сахиулагчдыг одоо бүгдийг нь албан тушаалаас нь буулга.

Цагдаа, Тагнуул, Прокурор, Шүүхийн бүх удирдлагуудыг солих хэрэгтэй. Хууль зөрчсөн хүн бүр хариуцлага хүлээдэг хуультай. Хууль сахиулагчид өөрсдөө тушаал, заавраар ажиллан хүн амины хэргээр улс төр хийхэд гар бие оролцож явдаг юм бол хамгийн ноцтой хэрэг. Энэ бол албан тушаалын гэмт хэрэгт тооцогдоно.

Монголын нэртэй улстөрчийн амиа алдсан хэргийг 25 жилийн турш илрүүлсэн болж тоглосон хүмүүс энгийн ардыг бол яаж ч мэдэх юм байна. Ер нь манай хууль сахиулах байгууллагууд хүний эрхийг юман чинээ боддоггүй явдал сүүлийн жилүүдэд бүр ч гаарч байгаа. Саяхан л гэхэд ХЭҮК-ийн 2022 оны хүний эрхийн илтгэлд баривчлагдсан хүмүүсийн 99 хувийг шүүхийн шийдвэргүй баривчилсан болохыг судалгаагаар тогтоосон байдаг. НҮБ-ын Дур зоргоор баривчлах асуудал хариуцсан Ажлын хэсэг өнгөрсөн онд манай улсад ажиллахдаа яг ийм дүгнэлт гарган, толгой сэгсрэн буцацгаасан. Ийм л дүр төрхтэй, ажиллагаатай хууль хүчний байгууллага өнөөдөр Монголд оршин тогтнож байна. Одоо тэд бүр ил цагаандаа гарч, олон жилийн турш хэрэг илрүүлсэн болж жүжиг тоглон, нэг л өдөр хэргийг илрүүлээгүй, бусдыг гүтгэсэн болоод ард түмний сэтгэл зүйгээр нааддаг болчихлоо. Үүнийг хүлээн зөвшөөрч яавч болохгүй юм.

Монголын хууль сахиулах байгууллагууд хуучин социалист тогтолцоо, сэтгэхүйгээрээ ажилласаар байна гэдгийн баталгаа энэ юм. Тиймдээ ч ардчилсан, хүний эрхийг дээдэлсэн тогтолцоог энэ хуулийн байгууллагууд руу нэвтрүүлэхийн тулд өнөөдрийн дарга, удирдлагууд, хууччуулыг солих нь зүй ёсны хэрэг. Дэлхийн улс орнууд хэдийнэ хууль сахиулах тогтолцоогоо шинэчилж, хүний эрхийн мэдрэмжтэй, улстөрчдийнхөө заавраар ажиллах биш ард түмэндээ үйлчилдэг, тэдний амгалан тайван байдлын төлөө сэтгэл зүрхтэй ажилладаг тогтолцоог бий болгохоор хуйгаар нь сольж байгаа шинэчилсэн жишгүүд байна. Жишээ нь, Гүрж улс цагдаагийн байгууллагадаа том реформыг хэрэгжүүлж, бүтцээр нь шинэчилсэн байдаг. Цагдаагийн албан хаагчдаасаа мэргэжлийн шалгалт авдаг. Тэр шалгалт нь тухайн хүнээс хамгийн түрүүнд хүний эрхийн мэдрэмж, мэдлэгийг шаарддаг болсон жишигтэй. Түүгээр зогсохгүй Цагдаагийн байгууллагын даргыг сонгохдоо олон нийтээс санал авдаг болсон гэдэг. Энэ нь өнөөдрийн манайд жишиг болсон хэн нэгний гар хөл болж, заавар тушаалаар хөдөлдөг байдлыг халах гол нөхцөл гэж хүний эрхийн хуульчид онцолдог юм билээ.

Хууль хүчний байгууллагууд үнэхээр нэрээ цэвэрлэж авахгүй бол ард түмний итгэл алдарсаар, эцэст нь тэд өөрсдөө “чангын шоронгийн нүүрний баясгалан”-тай болох нь энүүхэнд иржээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

“Шинжиан шинфа” ХХК-ийн захирлыг дарамталж гарын үсэг зуруулсан рекетүүд хэн байв? DNN.mn

БНХАУ-ын иргэний биед халдаж, хүч хэрэглэн гарын үсэг зуруулсан гэх монгол залууст холбогдох хэрэг сүүлийн үед анхаарал татах болов. Уг хэрэг 2021 оны есдүгээр сарын 7-нд болсон байдаг.

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс энэ талаар өнгөрсөн мягмар гаригт мэдээлэл хийхдээ “Яллагдагч О, Б, Э нарын захиалгаар яллагдагч Д, М, Б, Х нар нь Сүхбаатар дүүргийн IX хорооны нутаг дэвсгэрт 2021 оны есдүгээр сарын 07-ны өдөр БНХАУ-ын иргэн Вү Жөн Жүнийг өөрийн эзэмшлийн “Тоёота Ланд Круйзер” 200 маркийн 58-79 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд суулган түүний хүзүүнд хутга тулгах, нүүр хэсэгт гараараа цохих зэргээр хүч хэрэглэн “Шинжиан шинфа” ХХК-ийн Монгол Улсын Засгийн газартай байгуулсан концессын гэрээнээс татгалзуулах зорилгоор Монгол Улсын Шадар сайдад хаягласан “Гэрээнээс татгалзуулах тухай” хуурамч албан бланк, тамга, тэмдэг бүхий албан бичигт хүч хэрэглэн гарын үсэг зуруулж, хохирогчийг эд хөрөнгийн эрхээ шилжүүлж өгөхийг шаардаж, өөрт нь хүч хэрэглэсэн хэргийг дамжуулан гүйцэтгэсэн, зохион байгуулсан гэх үйлдэл нь мөрдөн шалгаж, дууссан бөгөөд хэргийн материалыг оролцогчдод танилцуулж, хэргийг 2023 оны гуравдугаар сарын 15-ны өдөр шүүхэд шилжүүлэх саналтай Нийслэлийн прокурорын газарт хүргүүлсэн” гэсэн мэдээллийг өгсөн юм.

Уг албан бичигт “Шинжиан Шинфа” ХХК-ийн албан бланк байсан бөгөөд “Манай компани Монгол Улсын Засгийн газартай 2017.04.12-ны өдөр байгуулсан Дашинчилэн-Орхоны гүүр чиглэлийн замаас Мөрөн-Тариалан чиглэлийн замын төгсгөлийг холбох 120 км хатуу хучилттай автозам барих концессын гэрээг байгуулсан. Манай компанийн буруутай үйл ажиллагаанаас үүдэн Монгол Улсын баруун бүсийн аймгуудын зорчигч болон ачаа тээврийн гол трассыг заасан хугацаанд барьж байгуулахгүй, өөрийн компанийн эрх ашгийг өмнөө тавьж, улс орныг хохироож байгаадаа гүнээ хүлцэл өчье. Иймд уг концессын гэрээний эрх, үүргийг шилжүүлэн өгөхөд татгалзах зүйлгүй тул гэрээний эрхийг шилжүүлэн авна уу” гэсэн байжээ.

Бусдыг эд хөрөнгө шилжүүлэхийг шаардаж, хүч хэрэглэсэн хэргийг дамжуулан гүйцэтгэсэн, зохион байгуулсан гэх хэргийг үйлдсэн этгээдүүд хэн байв?

БНХАУ-ын иргэн Вү Жен Жүн нь “Шинжиан Шинфа” ХХК-ийн 51 хувийн эзэмшигч. Тус компани Дашинчилэн-Орхоны гүүр чиглэлийн замаас Мөрөн-Тариалан чиглэлийн замын төгсгөлийн холбох 120 км хатуу хучилттай автозам барих концессын гэрээг Засгийн газартай 2017 онд байгуулсан байдаг аж. Хэргийг мөрдөн шалгах явцад БНХАУ-ын Өмнөдмонгол иргэн Б.Эрдэнэдалай, Монгол Улсын иргэн П.Оргил, Ч.Бат-Амгалан нар нь “Шинжиан Шинфа ХХК-ийн Монгол Улсын Засгийн газартай байгуулсан авто замын гэрээг цуцлуулах зорилгоор Т.Хүрэлжанжин гэгчид захиалга өгч, Т.Хүрэлжанжин нь Д.Батаа, Ц.Мөнхбат, А.Даваасүрэн нартай бүлэглэн Вү Жен Жүний биед халдаж, хүчээр гарын үсэг зуруулах ажлыг гүйцэтгэжээ.

Б.Эрдэнэдалай нь Вү Жен Жүнтэй бизнесийн түнш байсан гэнэ. Тэрээр түншийнхээ бизнесийг өөрийн болгохоор монгол залууст захиалга өгч компанийн эрхийг шилжүүлэх болон концессын гэрээний албан бичигт хүчээр гарын үсэг зуруулжээ.

Б.Эрдэнэдалай нь БНХАУ-тай холбогддог манай нэгэн боомтоор боодолтой буйданд нуугдан орж ирсэн онц ноцтой хэрэгт холбогдсон байдаг. Уг хэрэгт ХХЕГ-ын алба хаагчид холбогдож, шүүхээр ял сонсоод удаагүй байгаа юм.

Харин БНХАУ-ын иргэний биед халдсан Т.Хүрэлжанжин, Д.Батаа, Ц.Мөнхбат, А.Даваасүрэн нар нь удаа дараа дээрмийн хэрэгт холбогдож байсан этгээдүүд аж. Урьд өмнө удаа дараа ял шийтгэл эдэлж байсан этгээдүүд Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын хөрөнгө оруулагчидтай харилцаа холбоо тогтоож, тэдгээрийн захиалгаар тухайн этгээдүүдтэй ижил төрлийн бизнес эрхэлдэг болон өр төлбөртэй этгээдүүдийг зэвсэг ашиглан айлган сүрдүүлдэг гэмт хэрэг нэмэгдсээр байгаа аж. Дээрхтэй төстэй өөр нэг хэрэг саяхан мандсан нь “Андын илч” гэх компанид холбогдох хэрэг юм. Эрүүгийн цагдаагийн албанд “Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг дэвсгэрт байрлах “Андын илч” ХХК-ийн эзэмшлийн гаалийн талбайд нүүрс тээврийн үйл ажиллагаа явуулдаг компанийн ажилчид руу хоёрдугаар сарын 12-14-ний өдрүүдэд 20 гаруй этгээд дайрч айлган сүрдүүлж, заналхийлсэн” гомдол ирсэн бөгөөд уг хэргийг шалгаж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Хүүхдийн сэтгэлзүйч С.Хулан: Инстаграмын барби эмэгтэйчүүд өсвөр үеийнхэнд төсөөллийн дүрийг бий болгож, сэтгэл зүйг нь гэмтээдэг

Бага болон өсвөр насны хүүхдүүдэд сошиал хэрэглээ ямар үр дагавар бий болгож байгаа талаар хүүхдийн сэтгэлзүйч С.Хулантай ярилцлаа.


-Айл бүрд хүүхдийн гар утасны хэрэглээний асуудал хөндөгддөг боллоо. Тэд гар утас байнга үзэх нь ямар үр дагавартай вэ?

-Ковидоос хойш гар утасны хэрэглээ эрс нэмэгдсэн. Зөвхөн бага нас гэлтгүй өсвөр насныханд ковидын хөл хорионы үед хамгийн чухал зүйл нь найз нөхдийн харилцаа байсан. Тэд үе тэнгийнхэнтэйгээ харилцмаар байсан, тоглож наадмаар байсан. Түүнийг нь эцэг эхчүүд нөхөж чадахгүй байсан учраас өсвөр насныхан тик ток, фэйсбүүк, инстаграм зэргийг үзэж хэрэгцээгээ нөхөх болсон.

ДЭМБ-аас хийсэн судалгаагаар хамгийн өндөр сошиал хэрэглээтэй хүүхдүүд азиуд байна гэж дүгнэсэн. Тэр дунд монгол хүүхдүүд багтаж байгаа шүү дээ. Хүүхдүүд дунджаар 7-8 цагийг сошиалд өнгөрөөдөг. Бараг бүтэн цагийн ажил хийх хугацааг зарцуулж байна гэсэн үг. Ялангуяа хөл хорионы үеэр цахимаар хичээллэх болснооор сошиал хэрэглээ бүр нэмэгдсэн. Нөгөө талаар эцэг, эхчүүд нь ярилцах, ойлголцох хэрэгцээг нь хангаж өгч чадаагүй. Ийм хоёр үндэслэл хүүхэд багачуудыг гар утасны хэрэглээнд улам донтуулсан. Одоо бол хүүхдүүд дунд утас оролдохгүй л бол болохгүй зуршил тогтоод байна.

-Бага насны хүүхдээс эхэлье л дээ. Гар утас тогтмол үзэх нь тархинд муугаар нөлөөлдөг гэх юм?

-Бага насны хүүхэд, тэр дундаа ковидын үед төрж өссөн хоёр настнууд энэ жил цэцэрлэгт орсон шүү дээ. Бид бага насны хүүхдүүдэд ковидын үед зан үйлийн өөрчлөлт орсон эсэхийг судлахаар Улаанбаатар хот болон хөдөөгийн хоёр аймгийг сонгож аваад судалгаагаа явуулсан. Тэгэхэд багш нарын өгч байсан мэдээлэл анхаарал татаж байлаа. Хоёр настнуудад гар утасны хэрэглээ маш сөргөөр нөлөөлдөг. Цэцэрлэгийн хүүхдүүд багшаасаа гар утас нэхдэг. Гар утсыг нь булааж аваад нээж өг гэж хуруугаараа товшиж уурладаг, уйлдаг болчихсон.

Эрүүл мэндийн хувьд нүдний хүүхэн хараа ойртчихсон хүүхдүүд маш олон болсон. Өмнө нь ийм байгаагүй гэж багш нар онцгойлон хэлж байсан. Хуруугаараа утас товшиж байгаа юм шиг дадалтай. Уурлахаараа гар утас нэхдэг зан үйлийн өөрчлөлтөд орсон байгаа юм. Энэ нь мэдээж зуун хувь эцэг эхчүүдийн буруу гэж хэлж болохгүй. Ковидын үед анх хүүхэд төрүүлсэн ээж, аавууд хүүхэдтэйгээ яаж харилцахаа мэдэхгүй, гар утасны хамааралтай болгочихсон.

-Нийслэл болон орон нутагт судалгаа хийсэн гэлээ. Ялгаа байх юм уу?

-Бага зэргийн ялгаа ажиглагдсан. Хотын хүүхдүүд гар утасны нэлээд өндөр хамааралтай. Орон нутгийн хүүхдүүд нийгэмшихүйн хөгжлийн хувьд арай дээр. Яагаад гэвэл хөл хорионд нэг их ороогүй, үе тэнгийнхэнтэйгээ уулзаж харилцаж байсан.

-Өсвөр насны хүүхдүүд сошиал орчинд хамааралтай байх нь өөрийгөө голох мэдрэмжийг авдаг. Ялангуяа инстаграмын зургаар нийгмийг, үеийнхнээ төсөөлдөг. Тэгээд өөрийгөө тийм гоё сайхан биш гэж голдог сэтгэл зүй бий болсон талаар эцэг, эхчүүд онцолж байгаа. Яагаад тийм сэтгэл зүй бий болдог вэ?

-Өсвөр насны хүүхдүүдэд цахимаас хамааралтай холын зайны харилцаа ажиглагдаж байгаа. Тэдний хайр дурлал, үерхэл шохоорхол цахим байдлаар явагдаж байна. Ингэхдээ охид, хөвгүүд өөрийгөө жинхэнэ төрхөөрөө биш төсөөллийн биеийг үүсгэдэг. Бодит бус дүрд тоглоод эхэлж байна гэсэн үг. Жинхэнэ биш өөр, төсөөллийн дүрээрээ бусадтай харилцдаг. Нөгөө талд нь ийм төсөөллийн дүрд нь татагдсан өсвөр үеийнхэн байна.

Ингээд тэд уулзахаараа “Би түүнд таалагдахгүй байвал яах вэ”, “Юу ярихаа мэдэхгүй байна” гэдэг асуудал гарч эхэлсэн. “Амьдрал дээр би хөөрхөн биш, хөгжилтэй биш” гэж гутрах болсон. Өсвөр үеийнхэнд хайр дурлал, үерхэл шохоорхол маш чухал шүү дээ. Гэтэл хэтэрхий их сошиал хэрэглээ ийм нөлөө үзүүлж байна. Харагдаж байгаа, бий болгож байгаа дүрэх төрх бодит амьдарлаас өөр байгаад ирэхээр төөрөгдөлд орж байна.

-Инстаграмын зургууд шиг байх хүсэл, бодит амьдрал хоёр өөр байгаа нь өсвөр үеийнхэнд хүнд тусч байна уу?

-Мэдээж шүү дээ. Жишээ нь, барби хүүхэлдэй анх гараад багагүй эсэргүүцэлтэй тулсан. Хэзээ ч хүнд байхгүй дүр төрх бий болчихсон. Гэтэл өсвөр насны хүүхдүүд барби шиг болохыг хүсдэг. Бүр маш олон удаа мэс засалд ороод барби шиг болсон эмэгтэйг дэлхий нийтээрээ мэднэ шүү дээ. Ерөөсөө тийм л нөлөө үзүүлж байгаа юм. Гол нь үүн дээр сэтгэл зүйн дархлааг л бий болгох ёстой.

-Сэтгэл зүйн дархлааг хэрхэн бий болгох вэ?

-Өсвөр насны хүүхдүүд бүгд хямралд ордог гэж эцэг эхчүүд андуурч боддог. Өсвөр насны хямрал гэнэт гарч ирдэггүй. Хүүхдийг хэвлийд олсон цагаас 1000 хоног гэдэг ганц хууль л үйлчилдэг. 1000 хоног гэдэг хүүхдийг бараг гурван нас хүртэлх хугацаа шүү дээ. Энэ хугацаанд эцэг эхчүүд хүүхдийг ээнэгшилтэй өсгөх ёстой гэж үздэг.

Ээнэгшил гэдэг эцэг эх, асран хамгаалагчид хүүхдээ найдвартай хайрласан, анхаарал халамжтай, бат бөх харилцааг бий болгохыг хэлж байгаа юм. Уйлж байгаа хүүхдийг орхичих, өөрөө уйлахаа болино гэдэг хүмүүс байдаг. Үгүй юм. Ямар нэгэн хэрэгцээ байгаа учраас хүүхэд уйлдаг. Тэвэрч өг, чанартай хоолло, хөхөөрөө хоолло гэдэг ээнэгшил, хүүхдийн сэтгэл зүйн дархлааг бий болгож байгаа явдал юм. Энэ хэрэгцээ нь хангагдаагүй болохоор л хүүхэд гадаад ертөнц аюултай, ээж аав надад хайргүй, намайг тоодоггүй гэдэг ойлголт бий болчихдог. Хангагдаагүй хэрэгцээ янз бүрээр илэрдэг. Ганцаардах, бусдын хайр халамжийг татах, уурлах, гомдох, айх гэх мэт. Ингээд ирэхээр магадгүй бусдын анхаарал халамжийг татах гэж, бусдыг байлдан дагуулж өөрийгөө чухал хүн гэж ойлгуулахын тулд янз бүрийн үйлдэл хийдэг. Сошиал орчинд юу ч хамаагүй хийдэг. Тэр нь эргээд үзэж байгаа хүүхдүүдэд муугаар нөлөөлдөг. Гэхдээ бас хүүхэд бүрд муугаар нөлөөлдөг гэж үзэж болохгүй. Бас л нөгөө ээнэгшил дутсан, хэрэгцээ нь хангагдаагүй хүүхдүүдэд илүү сөргөөр нөлөөлнө. Тиймээс хүүхдийг багаас нь сайн анхаарах нь чухал.

-Нөгөө талаар хүүхдүүдэд гоё сайхан харагдаж байгаа бүхэн сайн сурвал, сайн хөдөлмөрлөвөл ийм амжилтад хүрнэ гэдэг хандлагыг бий болгох ёстой биз дээ?

-Ер нь гоё сайхан байх ямар шаардлагатай юм бэ. Хүн ямар ч байж болно. Бидний зүгээс үйлчлүүлэгчдэд байгаагаараа гоё, онцгой, хөөрхөн бай гэж зөвлөдөг. Түүний эргэн тойронд байгаа хүмүүс ч ингэж зөвлөх ёстой. Бид “Ид шидийн дэлгүүр” гэдэг аргыг ашигладаг. Жишээ нь, та өөрийнхөө онцгүй, үүнийг л сольчих юмсан гэж боддог зүйлээ хэлэхгүй юу?

-Би юу….шүдээ гоё болгохыг хүсдэг.

-Тэгвэл таны хамгийн гоё гэж боддог зүйл чинь юу вэ?

-Нүд байх. Энэ тийм чухал уу?

-Ид шидтэн таны өөрчлөхийг хүсдэг зүйлийг гоё болгоод өгье. Хариуд нь өөрийнхөө гоё гэж боддог гэж зүйлээ өг гэвэл та зөвшөөрөх үү?

-Үгүй…

-Энэ шүү дээ. Хүүхдүүдэд бид энэ аргыг л ашигладаг. Өөрийгөө голдог, муухай гэж боддог зүйл тань тийм ч чухал биш, танд түүнээс ч илүү гоё зүйл байна. Хүүхдэд ингэж итгүүлдэг. Энэ бол хүүхдийн сэтгэл зүйд маш нөлөөтэй арга.

Эсвэл эцэг, эхчүүд хүүхэдтэйгээ өөр нэг тоглоом тоглож болно. Хүүхэдтэйгээ харилцан нэгнийхээ сайн чанар, гоё зүйлийг нэрлэнэ. Миний охины үс гоё шүү, хүү маань маш ухаалаг яриатай шүү гэх маягаар. Хүүхдүүд сэргээд л ирдэг. Эцэг, эхчүүд хүүхдийнхээ сэтгэлийн савыг дүүртэл хэлж өгөх ёстой. Заавал бага наснаас гэлтгүй одоо ч оройтохгүй. Ер нь хүүхэдтэй харилцахын тулд, ялангуяа сошиал хэрэглээнд хамааралтай болсон хүүхдүүдэд амьдрал дээр буусан алхмууд л тус болно.

Эцэст нь бас нэг зөвлөгөө өгье. Хүүхдэдээ өдөр бүр 30 минутыг зарцуул. Эхний 10 минут сонсч, ярилцаарай. Дараагийн 10 минутанд хамт тогло. Түүний дараагийн 10 минутанд тайвшруулж унтуулаарай. Ядаж л сонсч, ярилцах хэрэгцээг нь хангаад өгчихөд, хайрлагдах хэрэгцээг нь хангахад хүүхэд утас руу гүйгээд байдаггүй. Ямар нэгэн хэрэгцээ нь хангагдаагүй учраас түүнийг нөхөх зүйлс рүү тэмүүлдэг.

Б.ЭНХЗАЯА

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Хаш-Эрдэнэ: Улаанбаатарчуудыг халамжийн системээр залхуу болгоод үйлдвэрлэл, шинэ технологийг хөгжүүлэхгүй байна DNN.mn

Улаанбаатар хотын худалдааны танхимын гүйцэтгэх захирал Б.Хаш-Эрдэнэтэй ярилцлаа.


-Улаанбаатар хотод үйлдвэрлэл, бизнес, худалдааны байгууллагууд хэр олон байдаг юм бэ?

-Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа бизнес, аж ахуйн нэгжүүдийн 80 орчим хувь нь зөвхөн Улаанбаатарт хаяглагддаг. Тэр дотроосоо уул уурхайн салбарыг хасаад үзэхээр 90 гаруй хувь нь бас Улаанбаатарт бий. Энэ нь Монгол Улс ганцхан төвтэй улс болж харагдаж байгаа юм. Улаанбаатар хот нэг ёсондоо Монгол Улсын эдийн засгийг бүхэлд нь төлөөлж байгаа том цэг, хамгийн том зах зээл.

Уул уурхайд ихэвчлэн том аж ахуйн нэгжүүд байдаг. Тэдгээрийг хасахаар дийлэнх хувь нь жижиг, дунд аж ахуйн нэгжүүд үлдэж байгаа юм. Энэ бол зөвхөн Улаанбаатар гэлтгүй Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн ихэнх нь давжаа жижиг бизнесүүд байна гэсэн үг.

-Салбараар нь харвал үйлдвэрлэл, шинэ технологи хөгжүүлэлт хэр байх юм бэ?

-Сүүлийн үеийн нөхцөл байдал, трендээс харахад худалдаа үйлчилгээний чиглэлийн бизнесүүд ихэнх хувийг эзэлж байна. Зөвхөн Улаанбаатар гэлтгүй улс тэр чигтээ. Энэ бол манай улсын боловсруулах үйлдвэрлэлийн салбар бага жинг эзэлдгийг харуулна. Өөрөөр хэлбэл, боловсруулах үйлдвэрлэлийн салбар ДНБ-д эзэлж байгаа хувь нь маш бага байна. Үүний үр дагавар нь Монгол Улсад үлдэх нэмэгдсэн өртөг бага, монголчуудад үлдэж байгаа ашиг нь сайнгүй гэсэн үг. Худалдаа үйлчилгээний бизнес бол гадагшаа гарах валютын урсгалыг нэмэгдүүлэхэд нөлөөлдөг.

-Улс орны нийслэл хотод үйлдвэрлэл явагддаг, шинжлэх ухаан хөгжиж лабораториуд нь шинэ инноваци бий болгож байдаг. Гэтэл өнөөдөр Улаанбаатарт ийм үйлдвэрлэл тун бага явагдаж байна уу даа?

-Ганц нийслэл хот гэлтгүй хот бүр өөрийн гэсэн эдийн засагтай байдаг. Тэр хотын эдийн засаг хамгийн түрүүнд бодлогоосоо, тэр хотод үйл ажиллагаа явуулж байгаа хувийн хэвшлээс хамаардаг. Яг хот төлөвлөлт болон хотын эдийн засаг яривал бүсчилсэн хөгжлийн асуудал руу орж таарна. Учир нь манай улс онцлогтой.

Өргөн дэлгэр газар нутагтай ч дэд бүтэц, хот хоорондын холболт муутай учраас Улаанбаатар руу, эсвэл Дархан, Эрдэнэт гэсэн хоёр, гуравхан цэг рүү бүх бизнес, зах зээл нь татагдаж байдаг. Хэрэв бид Монгол Улсыг бүхэлд нь эдийн засаг, зах зээлийн ялгаатай байдлыг нь арилгаж, эдийн засгийн хөгжлийг нь сайжруулна гэвэл бүсчилж хөгжүүлэхээс өөр сонголтгүй.

Хот бүр, бүс бүр өөрийн хөгжүүлэх эдийн засгийн тэргүүлэх чиглэлтэй байх ёстой. Улаанбаатар хот Монгол Улсын санхүүгийн төв, баруун бүс нь мал аж ахуй, гарал үүсэл нь тодорхой, эрүүл мах бэлтгэж экспортолдог. Зүүн болон хойд бүс Сэлэнгэ орчмоор газар тариалан, Хөвсгөл зэрэг төвийн бүсийн хойд хэсгээр аялал жуулчлал хөгжсөн байх. Урд хэсэг нь уул уурхайгаараа тэргүүлэх чиглэл болгож, бүс бүсээрээ хөгжүүлэх эдийн засгийн тэргүүлэх чиглэлүүдтэй байж зах зээл тарна.

Бүсүүд дэд бүтэц болон эдийн засгийн солилцоогоороо холбогдож, тархсан жигд хөгжлийг бий болгодог. Тэгэхгүйгээр бүх зүйл нь Улаанбаатарт төвлөрөөд байхаар бусад бүсүүдийн хөгжил хоцрогдож, нөгөө л нийслэл рүүгээ тэмүүлэх хүн амын урсгал тасрахгүй. Тэднийг буруутгах аргагүй. Тиймээс миний хувьд Улаанбаатар хотыг санхүүгийн төв болж, хүнд үйлдвэр нь Дархан, Сэлэнгийн районд гэх мэтээр бүсчилж хөгжүүлэх нь зүйтэй гэж хардаг.

-Үнэхээр тийм. Нийслэл рүү татагдаж ирсэн хүн бүр өнөөдөр бизнес эрхлээд, цалин орлоготой байж чадахгүй байна. Харин эсрэгээрээ нийгмийн халамж хавтгайрсан, ажилгүй иргэд сошиалаар нэг хэрүүл маргаан, хов жив ярьж суудаг болсон гэхэд хилсдэхгүй. Уг нь хотын иргэд тэд үйлдвэрт, лабораториудад ажиллаж баймаар. Тийм үү?

-Үүнтэй санал нийлнэ. Учир нь өнөөдөр хувийн хэвшлийн хувьд үйл ажиллагаа явуулахад хүний нөөцийн маш их дутагдалтай болсон. Ажилчид олдохгүй байна гэж хүн бүр ярьдаг боллоо. Мэргэшсэн ажилтнуудаа авч үлдэх гэхээр бүтээмж өндөр биш байгаа учраас өндөр цалин өгч тухайн компанид тогтоож үлдээхэд хэцүү болчихоод байгаа юм.

Нөгөө талаараа бүтээмжээс гадна Улаанбаатарт чөлөөт өрсөлдөөн, чөлөөт зах зээл үндсэндээ байхгүй болж байна. Жишээ нь, хувиараа бизнес эрхлэх сонирхолтой хүн олон байдаг. Тэр хүмүүс яагаад ажил хийгээд, бизнес эрхлээд хангалттай орлоготой бүтээмж өндөртэй байж чадахгүй байна вэ гэхээр тэр хүмүүст эдийн засгийн эрх чөлөө байхгүй болчихоод байгаа юм. Нэг юм хийх гэхээр байнгын дарамт, олон шат дамжлага, чөлөөтэй үйлдвэрлэж чөлөөтэй бүтээгдэхүүнээ нийлүүлж, хэрэглэгчид нь чөлөөтэй сонголт хийж авах нөхцөлийг хууль дүрэм журмаар хаачихдаг учраас эдийн засгийн эрх чөлөө сул болчихсон. Ингэхээр бизнес эрхлэхэд хүндрэлтэй. Ингээд ирэхээр бүтээмж буурч байдаг. Компаниуд бүтээмж өндөртэй байх техник технологид хөрөнгө оруулалт хийж чадахгүй байна. Түүнтэй холбоотойгоор мэргэжлийн өндөр ур чадвартай ажилчдаа авч үлдэж, цалин хангамж санал болгох боломжгүй, өөрөөр хэлбэл чөтгөрийн тойрогт орчихоод байгаа юм.

-Гарцыг та юу гэж харж байна вэ?

-Бид хувийн хэвшилд ч тэр, иргэдэд ч тэр эдийн засгийн эрх чөлөөг нь бий болгох талаас нь анхаарч ажиллах ёстой. Яагаад бидэнд хүний нөөц дээр асуудал үүсээд байна вэ гэхээр төрийн зах зээлд оролцох оролцоо хэт өндөр байна. Төр өөрөө бизнес эрхлээд байна. Маш их хөрөнгөтэй, маш их хөрөнгө оруулалт хийх боломжтой төр гэдэг том компанитай хувийн хэвшлийн багахан компани өрсөлдөх ямар ч боломжгүй. Энэ нь зах зээл дээрх чөлөөт өрсөлдөөнийг хааж байгаа явдал. Тиймээс төрийн оролцоог арилгахгүй бол, бизнес дэх төрийн оролцоог бүр байхгүй болгохгүй л бол аж ахуйн нэгжүүд эдийн засгийн эрх чөлөөтэйгөөр бизнес эрхлэх боломжгүй.

Үүний зэрэгцээ төр нь өөрөө маш их хэмжээний халамжийн бодлого хэрэгжүүлж байгаа. Ажил эрхлээд цалин аваад амьдралаа аваад явъя гэхээр хүмүүс цалин хүрэлцэхгүй байна гэдэг. Төр нь ч тэр, ард түмний маань цалин хүрэлцэхгүй байна гэх. Гэхдээ нөгөө талаасаа төр тэр хүмүүсийг ажил хөдөлмөр эрхлэх сонирхол нөхцөлийг халамжийн бодлогоороо байхгүй болгочихсон. Өнөөдөр хүмүүс маш их хэмжээний халамж авчихаар хэн ажил хийх юм бэ. Хөдөлмөрийн зах зээл дээр нийлүүлэлтийг бууруулж байгаа хамгийн том систем бол халамжийн бодлого болчихсон. Энэ чөтгөрийн тойргоосоо гаръя гэвэл халамжийнхаа системийг бүрэн зогсоож байж, яг шаардлагатай хүмүүст хүргэж, ажил хөдөлмөр эрхлэх чадамжтай хүмүүст халамж өгдгийг бүрэн зогсоосон цагт өөр болно. Тэгж байж хүмүүс ажил хөдөлмөр эрхлэх болно, өөрсдөө бизнес эрхлэх сонирхолтой болно. Хүмүүс өөрсдөө дор хаяж бизнес эрхлээд явах сэдэл санаачилга нь сайжраад ирнэ шүү дээ. Компаниудад мэргэжлийн чадвартай ажилтнууд олдоод ирнэ. Хөдөлмөрийн зах зээлийн нийлүүлэлт нэмэгдээд ирнэ. Ингэхээр компаниудын хувьд ч дараагийн шатандаа орж үйл ажиллагаагаа өргөжүүлэх, хөрөнгө оруулалтаа бүтээмж өндөртэй чиглэлүүддээ хийх боломж бий болох юм. Ийм зоригтой алхмуудыг авахгүй бол чөтгөрийн тойрогтоо эргэлдсээр л байна.

Энд нэг зүйл бий. Төрийнхөн иргэд, аж ахуйн нэгжүүд бизнес эрхлэх гэхээр зах зээл чинь бага байна, төрийн халамж хамаагүй гэж ярьдаг. Үнэндээ тийм биш. Зах зээлийг зөвхөн Монгол Улсаар хязгаарлах ёсгүй. Харин ч манай улс маш олон давуу талтай зах зээлтэй. Орос, Хятадын зах зээлийг харж бизнес эрхэлж байгаа хүмүүс үйл ажиллагаагаа өргөжүүлээд явдаг.

-Улаанбаатарт шинжлэх ухаанч технологиуд хөгждөг, лабораториуд ажилладаг болмоор байна. Гэтэл өнөөдрийн Шинжлэх ухааны академи, хүрээлэнгүүд бэлгэ тэмдэг төдий л байх шиг?

-Хэрэгтэй л дээ. Шинжлэх ухааны салбар хоёр чиглэлээр ажилладаг. Нэг нь суурь судалгаа хийдэг. Нөгөөх нь инновацийн бүтээгдэхүүн гаргахад шаардлагатай шинэ технологийг гаргаж байдаг. Инновацийн бүтээгдэхүүнүүд гаргахын тулд суурь судалгаагүй бол явахгүй. Үүнд боловсролын салбар суурь дэвсгэр болох ёстой. Гэтэл энэ салбар маань тэгж чадаж байгаа юу гэдэг асуудалтай.

ШУА, хүрээлэнгүүдэд эрдэмтэд чадлынхаа хэрээр шинэ технологи гаргахаар ажиллаад байдаг. Тэр хүмүүс нэг талаасаа хуучны социализмын үеийн сэтгэлгээ, санхүүжилтийн асуудлаас болоод бидний хүсээд байгаа шинэ технологийг гаргаж чадахгүй байгаа юм. Компаниудын хувьд социализмын чиг хандлагатай шинжлэх ухааны салбарыг хүлээж байснаас гадаадын бэлэн патентыг авчраад ажлаа хийх нь цаг хугацаа, хөрөнгө оруулалтын хувьд хэмнэлттэй. Тийм учраас ч манай шинжлэх ухааны салбарын судалгаа, инноваци эрдэмтдийн үйл ажиллагаа хувийн хэвшлийнхний хөрөнгө оруулалттай нийцэж чадахгүй байгаа юм.

-Тэгвэл өөрчлөх шаардлагатай шүү дээ. Шинжлэх ухааны салбарт хөрөнгө оруулалт хийж шинэ нээлт, инновацийг хөгжүүлж үйлдвэрлэлд нэвтрүүлэх хэрэгтэй?

-Шинжлэх ухааныг хөгжлийг ярьж байна гээд зөвхөн төсөв ярьдаг хуучны механизмаасаа салах ёстой. Түүний оронд хөрөнгө оруулагч гэдэг талаас, шинжлэх ухааны салбарт хэн хөрөнгө оруулалт хийдэг юм бэ. Мэдээж суурь судалгаанд төсвөөс санхүүжилт олгохоос өөр аргагүй. Харин суурь судалгаан дээрээс үндэслээд гарч ирж байгаа инновацийн бүтээгдэхүүний технологид хувийн хөрөнгө оруулалтуудыг илүү татаж, санхүүжилтийн механизмыг өөрчлөх ёстой. Боловсролын салбараа, тэр дотроос гарч ирж байгаа бүтээгдэхүүн болох оюутнууд, төгсөгч нарын чанарыг сайжруулах нь ганцхан шинжлэх ухааны салбарт ч биш манай хувийн хэвшлийнхэнд ч маш чухал болчихоод байгаа юм. Өнөөдөр хувийн хэвшилд шинээр ажилд орж байгаа хүмүүс шаардлага хангаж чадахгүй байна шүү дээ.

-Үүн дээр нэг асуулт байна. Өнөөдөр улаанбаатарчууд яагаад ажилд тэнцэхгүй, бүтээмжгүй болчихоод байна вэ. Хүн ажил хийж, хөдөлмөрлөж байж сайхан амьдардаг гэдгийг яаж ойлгуулах вэ?

-Нэг талаасаа түрүүн ярьсан халамжийн системээр угжиж, ажил хийлгэхгүй залхуу болгочихсон. Аргагүй шүү дээ. Тэр хүмүүсийг төр өөрөө залхуу болгож байна. Нөгөө талаас хэвлэл мэдээллийн салбарыг үүнд нөлөөлөх ёстой гэж би боддог. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байгаа контентуудаас инженерийн салбарын талаар, хүүхдүүдэд мэдлэг сэдэл санаачилга төрүүлэх нэвтрүүлэг байна уу. Бизнес эрхлээд би ингэж сайхан амьдарч байна гэдгийг харуулж байгаа билүү. Үйлдвэрлэл явуулбал ийм үр өгөөжтэй, улсад ийм ашигтай гэдгийг харуулж байгаа ямар ч сэдэл алга. Харин эсрэгээрээ дуу, бүжиг, хов жив л явах юм.

Нөгөө талаас хувийн хэвшил, компанийн эзэд бол худалч хулгайч гэдэг үзэл санааг олон нийтэд суулгадаг болчихлоо.

-Баян чинээлэг хүн хамгийн муу гэдэг хандлага тогтож байна…?

-Яг ийм үзэл санааг суулгаад байгаа. Гэтэл тэр хүмүүсийн ихэнх нь өөрийнхөө хөдөлмөрөөр олон жил, өдөр шөнөгүй ажиллаж байж энэ амжилтанд хүрсэн байгаа. Тэр хүмүүсийн амжилттай талаас нь хүмүүст мэдээлэл хүргэж байгаа зүйл алга. Би ажил хийвэл ийм гоё баян чинээлэг болох боломжтой гэдэг модел загвар байхгүй байна.

-Улаанбаатар төдийгүй Монгол даяараа худалдаа үйлчилгээний салбар хамгийн их хувийг эзэлж байна гэлээ. Зах зээлийн зарчим ч гэлээ хэтэрхий нэг чиглэл рүү хазайж байгаа хэрэг биш үү. Нөгөө талд үйлдвэрлэл, инновацийн хөгжил босч байх ёстой биз дээ?

-Худалдаа үйлчилгээг огт байхгүй болгоно гэж хэлж болохгүй. Манай өөрийн эдийн засгийн бодлого тэргүүлэх чиглэлүүд тунхаглалын чанартай байгаагаас л үүдэлтэй шүү дээ. Төрийн өөрийнх нь бодлого үйл ажиллагаа богино настай. Дунджаар 2.5 жилийн настай байхаар урт хугацааны бодлого байхгүй болж, гарч ирсэн хүн бүр дур дураараа юм ярьж бодлого гаргаад байхаар эдийн засгийн хөгжилд саад болоод байгаа юм.

Үйлдвэрлэлийн салбар яагаад хөгжихгүй байгаа нь бүтээмжтэй холбоотой. Бидний бүтээмж муу, доогуур байгаад байгаа учраас үйлдвэрлэл эрхлэгчид томорч чадахгүй байна. Бүтээмж муу байгаа учраас нэмэлт хөрөнгө оруулалт хийж чадахгүй. Үйлдвэрлэл эрхлэгчдийн хувьд инновацилаг шинэ бүтээгдэхүүнийг яагаад гаргаж чадахгүй байна вэ гэхээр энэ салбарт өндөр хэмжээний урт хугацааны хөрөнгө оруулалт шаарддаг. Гэтэл компаниуд өнөө маргаашийн урсгал зардал, цалингийн зардалдаа л эргэлдэж байна. Дээр нь манай төрийн бодлого урт хугацаатай, тогтвортой биш. Төр өөрөө бизнес эрхлээд байхаар компаниудын хувьд өрсөлдөх боломжгүй. Тухайлбал, УИХ-аас Үйлдвэрлэлийг дэмжих хууль баталж байлаа. Хуулиа хэрэгжүүлэхгүй байсаар хүчингүй болгосон. Тэр хуулийг батлахад нэг заалт дээр нэлээд олзуурхаж байлаа. Түүнд аж ахуйн нэгжийн үйлдвэрлэлдээ технологи сайжруулах чиглэлээр оруулсан хөрөнгө оруулалтын 70 хүртэл хувийг Засгийн газар буцааж олгоно гэсэн заалт байсан юм.

Ер нь ийм туршлага дэлхийн бүх орнуудад байдаг. Жишээ нь, Европод аливаа нэг жижиг дунд үйлдвэрүүд бүсээсээ хамаарч, шинэ технологи шинэ тоног төхөөрөмж нэвтрүүлсэн бол оруулсан хөрөнгө оруулалтын 70 хүртэл хувийг Засгийн газраас нь олгодог. Төрөөс нь тэгж дэмждэг. Ингэснээр тухайн компани үйлдвэрүүдийг тоног төхөөрөмж сайжирч, бүтээмж нь өснө. Эцсийн эцэст дам утгаараа ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх ажлын байрыг өсгөж, ажил эрхэлж байгаа хүмүүсийн цалин орлого нэмэгддэг. Манайд тэр хууль хэрэгжиж чадсан бол үйлдвэрүүдийн хувьд маш чухал ач холбогдолтой байсан.

Өнөөдөр хүмүүс яагаад худалдаа үйлчилгээний салбар руу ороод байна вэ гэхээр эргэлт хурдан, шаардлагатай хөрөнгө оруулалт багатай учир хошуураад байгаа юм. Харин өнөөдөр үйлдвэрлэл эрхэлж байгаа хүмүүс Монгол Улсын баатрууд гэж хэлж болно.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Бүх насаараа хорих ялтай хоригдлууд бүтэн зургаан жил нэг ч хүнтэй уулзаагүй, Монголын шоронд амьд араатан болж байна DNN.mn

-Тэдний эрхийг яаж анхаарах талаар хүний эрхийн байгууллагууд , хуулийн байгууллагууд мэдэхгүй байна –


Монгол Улс 2012 онд Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын цаазаар авах ялыг халах тухай нэмэлт II протоколд нэгдэн орсноор 2017 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад цаазаар авах ялыг албан ёсоор халсан юм. Ингэснээр цаазын ялын оронд бүх насаар хорих ялыг оноож эхэлсэн байдаг.

Тэгвэл хууль хэрэгжиж эхэлсэн 2017 оноос хойш өнөөдрийг хүртэл Монгол Улсын хэмжээнд бүх насаараа хоригдох ялыг 19 хүнд оноожээ. Тэд голдуу онц хэрцгий аргаар хүний аминд хүрсэн, хүнийг хүчирхийлж хөнөөсөн зэрэг сэртхийм, жигшмээр хэргийн эзэд. Бүх насаараа хорих ял сонссон хамгийн залуу хэрэгтэн 18 настай, хамгийн хөгшин нь 50-иас дээш настай. Тэд 405 дугаар хаалттай хорих ангид ял эдэлдэг.

Хэдийгээр тэд нийгмийг цочроосон, жигшмээр хэргийг үйлдсэн ч ардчилсан улс оронд тэдгээр хоригдлууд ямар нөхцөлд, ямар байдалтай ял эдэлж байгааг анхаардаг. Учир нь ардчиллын хамгийн үнэт зүйл бол хувь хүний эрх чөлөө юм. Хүн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэхээс эхлээд эрүүл мэнд, боловсрол, нийгмийн үйлчилгээ авах заяагдмал эрхтэй.

Үүнийг сануулахын учир өнөөдөр Монголын шоронд хоригдож байгаа бүх насаар хорих ялтай 19 хоригдлыг яах ёстойгоо, яаж анхаарахаа, хэрхэн нийгэмшүүлэхээ хүний эрхийн байгууллагууд, тэр дундаа хууль хүчний байгууллагууд мэдэхгүй сууна. Цаазын ялтай гэмт хэрэг өдөөсөн гэдгээрээ тэд буруутай. Тиймдээ ч бүх насаараа эрхээ хасуулж, шийтгэлээ эдэлж суугаа. Тэглээ гээд тэд хүн биш гэсэн үг биш юм. Тэднийг гянданд ганцааранг нь хийгээд март гэсэн үг бүр биш. Гэвч өнөөдрийн нөхцөл байдал нэгэнт ийм байгааг ХЭҮК-ын 2022 оны хүний эрхийн нөхцөл байдлын илтгэлд дурдагдсан нь анхаарал татаж байгаа юм.

Хамгийн ноцтой нь тэдгээр хоригдлуудаас бүтэн зургаан жилийн хугацаанд хэнтэй ч харьцаагүй, ярилцаагүй, гав ганцаар шоронгийн жижиг өрөөндөө өдөр хоногийг өнгөрөөсөн хэрэгтнүүд байдаг юм байна. Тэд ханын цаана юу болж буйг, хажуу өрөөнд нь ямар хүн хоригддогийг мэдэхгүй, мэдэх боломжийг олгоогүй. Нийгэмд юу болж буй талаар бүр ярилтгүй, хорвоо ертөнцөөс тасарсан, тусгаарлагдсан өдөр хоногийг туулж иржээ. Энэ тухай ХЭҮК-ын илтгэлд “…хоригдлууд хорих байранд байхдаа болон чөлөөт цагаа өнгөрүүлэх, хоригдлын өдөр тутмын үйл ажиллагааны явцад хоорондоо харилцах ямар ч бололцоогүй байдлаар зохион байгуулсан, халуун усанд орох, агаарт гарах, эргэлт уулзалт авах, хөндлөнгийн эрх бүхий байгууллага, албан тушаалтантай уулзалт ярилцлага хийхэд байнгын гар, хөлийн гавтай байлгаж, тэднийг хорих өрөөнөөс бусад газарт дагуулж явахдаа толгойг нь бөхийлгөж хөдөлгөөнийг хязгаарлаж байна….1-6 жилийн хугацаанд хоригдлоор ямар ч хөдөлмөр эрхлүүлээгүй, нэг өрөөнд хоёр хоригдогч байлгах боломжтой Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох заалтуудыг огт хэрэгжүүлэхгүй байгаа нь хоригдолтой хүнлэг бус харьцаж байгаа хэлбэр” гэсэн нь ноцтой уншигдаж буй.

Бүтэн зургаан жилийн турш нэг ч хүнтэй уулзаагүй хоригдолтой Хүний эрхийн байгууллагын ажилтнууд уулзахад харилцаа үүсгэх боломжгүй, хүнтэй харилцаж ярилцаж чадахгүй, ширүүн догшин зан авиртай, маш аймаар хүн болсныг онцолж байлаа. Энэ бол маш ноцтой тодорхойлолт юм. Нэг ёсондоо өнөөдөр Монголын шоронд байгаа бүх насаараа хорих ялтай хоригдлууд мартагдсан юм байна.

Хэрэг үйлдсэн хүний эрхийг хязгаарлаж ял шийтгэл оногдуулахдаа тэр хүнийг дараа дахин гэмт хэрэг үйлдэхээс сэргийлж нийгэмшүүлж, соён гэгээрүүлж байж нийгэмд эрх чөлөөтэй болгодог. Тиймдээ ч хоригдол ялтныг хүмүүжигч гэж соёлтойгоор нэрлээд удаж буй.

Гэвч өнөөдөр бүх насаар хорих ял сонссон 19 хоригдол хүмүүжигч бус Монголын шоронд амьд араатан болон хувирч байгаа бус уу. Нийгэмшүүлэх, ядаж соёлт хүн байх харилцааг нь бий болгохгүйгээр энэ чигээр нь цааш үргэлжилбэл хоригдлууд ялаа гүйцээж чадахгүй. Гүйцээж гарч ирсэн цөөн “амьд араатнууд” эрх чөлөөтэй болохдоо дахин ямар ч онц хэрцгий хэргийг үйлдэж мэдэх.