Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ш.Гунгаадорж: Шинэ оноо урьдынхаараа угтана даа

Хөдөлмөрийн баатар цол саяхан хүртсэн Ерөнхий сайд асан Шаравын Гунгаадоржтой ярилцлаа.


– Хөдөө аж ахуйг удирдахад онцгой арга барил хэрэгтэй-


-Та Атрын анхдугаар аяныг манлайлж явсан хүн шүү дээ. Атрын нэг, хоёрдугаар аяны онцлог юу байв?

-1959 он гэдэг Монгол Улс гаднаас гурил, ногоогоо зөөдөг, зөвхөн махаар л өөрийгөө хангадаг үе байлаа шүү дээ. Тэгэхэд газар тариаланг хөгжүүлэх зорилго тавиад, Атрын анхны аяныг явуулах тогтоолыг 1959 оны гуравдугаар сард МАХН-ын Төв Хорооны III бүгд хурлаас гаргасан юм.Төр засгаас том зорилт дэвшүүлсэн. Зорилт хэрэгжүүлэх их үйлс, миний хойноос сургууль төгсөж ирсэн үе (1958 онд ЗХУ-ын Москва хотын Тимирязевын нэрэмжит Академийг агрономич мэргэжлээр төгссөн) давхцаж, энэ ажил руу орсон юм. Сангийн аж ахуйг Удирдах газар гэж шинээр байгуулагдахад, тэнд ажиллаж, Атрын анхны аянд оролцсон юм.

Атрын анхны аян арав гаруй жил үргэлжилж амжилттай хэрэгжлээ. Тэгээд л дараа дараагийн аянууд өрнөөд явсан хэрэг.

-Монгол газар тариаланд тохиромжгүй уур амьсгалтай орон гэж зарим тариаланч, судлаач ярьж байсан. Цаашдаа хагалах талбайгаа нэмээд байх ёстой юм уу, байгаа газраа хөрсийг нь хамгаалж зөв арчлах ёстой юу?

-Тохиромжтой, тохиромжгүй гэдэг харьцангуй асуудал. Яаж шинжлэх ухааны үндэстэй, мэргэжлийн үүднээс газартай харьцахаас л шалтгаална. Эхлээд судалгаа явуулна. Тохиромжтой газар хаа байна. Хичнээн хэмжээний газар байна гээд Атрын аяныг анх эхлүүлсэн хэрэг. Монгол Улс газар тариалангийн бүтээгдэхүүнээр өөрийгөө хангаж, ялангуяа гурилын хэрэгцээг өөрөө хангахын тулд гарцаагүй тариа тарих хэрэгтэй. Тариаланг хөгжүүлэх шаардлага байсан учраас атар газрыг эзэмших Атрын анхны аян амжилттай хэрэгжсэн юм. Гурилын үйлдвэрүүд байгуулаад, дотооддоо гурилаа үйлдвэрлэж, анхны зорилго хэрэгжсэн. Хүмүүсээ сургах хэрэгтэй байсан. 1959 онд өчигдөр морин дэл дээгүүр давхиж явсан малчин залуус 45 хоногийн курс хийгээд, трактор бариад, тариаланч болоод, ажилласан хэрэг шүү дээ. Зөвлөлтийн техник, эдийн засаг, мэргэжилтний туслалцаа тэр үед их тус болсон.

-1970-аад оноос хөрс хамгаалах талаар яригдаж эхэлсэн юм билээ. Та хөрс хамгаалах талаар Канадын туршлага судалж хэрэгжүүлж байсан гэл үү?

-Эхлээд газраа хагалаад, тариад явсан. Атар газар эхний арван жилдээ тариа ногоо сайн авсан. Сүүлдээ салхинд хөрс хийсээд, газрын үржил шим муудаж эхэлсэн. Тийм учраас хөрсөө хамгаалах асуудал гарцаагүй гарч ирээд, 1960-аад оны сүүлчээс хөрс хамгаалах том арга хэмжээ авч, хүмүүсээ Канад, Казахстанд явуулж, туршлага судлуулж байлаа. Тэгээд хөрсийг эргүүлэхгүй, хавж хагалах, зурваслан тариалах системийг Монгол Улс 1960-аад оны сүүлчээс эхлэн 1970-аад онд нэвтрүүлсэн юм. Технологийн шинэчлэл хийсэн хоёр дахь том Атрын аян байлаа.

-Манайхан энэ намар ургац арвин авсан гэсэн мөртлөө чанар сайнгүй талаар мэдээлж байсан. Бороо орохгүй бол үр тариа гандаж хорчийгоод, бороо ус ихтэй жил бас чанар нь мууддаг юм болов уу даа?

-Ер нь газар тариалан гэдэг зовлонтой л доо. Гол нь технологийн дэвшил, ололтыг нэвтрүүлж, явах ёстой. XXI зуунд бол бид тэнгэрийг нэг их царайчлахгүйгээр технологи, шинжлэх ухааны ололтоор газар тариалангаа хөгжүүлэх ёстой гэж би ойлгодог юм. Ер нь Монгол тариалалтад эрсдэлтэй бүс гэж тооцогддог. Ган болвол тариа ургахад хүндрэл учирна. Бороо хэдийд ороход бас учир бий. Цагаа олоогүй бороо бол бас хэцүү. Энэ жил бороо илүүдсэн, цаг үеэ олоогүй учраас тариа нэлээд нялхарч, болц оройтсон тал бий л дээ.

-Таныг До.Цэнджав гуай газар тариалангийн “сурах бичиг” гэж тодорхойлсон байдаг. Харин та газар тариалангийн түүхээс гадна өөрийнхөө дурсамжийн номыг бичсэн үү?

-Миний хоёр дахь ном гарсан л даа. Атрын анхны аян, хоёрдугаар аян яаж явсан талаар бичсэн юмнууд бий. Атрын 60 жилийн ойн үеэр дахиж хэвлэгдсэн юм. Сэтгүүлч Ш.Цэрэнпил агсны “Ерөнхий сайд Шаравын Гунгаадорж” гэж ном байдаг. Тэнд л миний тухай байж байгаа л даа.

-Та Хөдөлмөрийн баатар боллоо. Энэ өдрүүдэд юу захиж хэлмээр санагдаж байх юм бэ?

-Нас ч нэлээд явж байна. 80 гараад явж байна. Би зөвхөн газар тариалан ч биш, хөдөө аж ахуйн салбарын төлөө насаараа зүтгэж ирсэн хүн. Цаашдаа газар тариалангийн салбарт шинжлэх ухаанчаар хандах нь чухал байна. Техник технологийн дэвшлийг голлон анхаарч, газар тариалангаа хөгжүүлэх ёстой гэж үздэг. Тэрний төлөө залуу тариаланчид, яамныхаа нөхдөд чадах ядахаараа зөвлөж байгаа л даа.

-Ковидын үед хил хаагдаж, хүнсний хомсдолд орчих вий гэж хүмүүс эхэндээ санаа зовж байлаа. Гэтэл та нийгмийн шилжилтийн яг эхэнд 1990-ээд онд Засгийн газрыг тэргүүлж байсан шүү дээ. Тэр үед хүмүүс өлсөх вий гэж санаа зовж байв уу?

-Би айхавтар санаа зовоогүй. Яагаад гэвэл Монголд газар, мал, малчид нь байна. Гол нь бэлчээрийн мал аж ахуй маань байгаа цагт монголчууд өлсөх, цангахын зовлонг үзэхгүй гэж найдаж байгаа юм. 2008 онд эдийн засгийн хямралын үеэр ч дэлхий даяар хүнд болсон шүү дээ. Монгол Улс малынхаа буянаар тэр хүндрэлийг амсаагүй өнгөрсөн. Цаашдаа ч монголчууд ийм хүндрэлийг амсахгүй. Ганцхан “Эзэн хичээвэл заяа хичээнэ” гэдэг. Эрхэлдэг эзэд нь, төрийн ноёд, хөдөө аж ахуйгаа хамгаалдаг, хариуцдаг хүмүүс нь хариуцлагатай ажиллаасай. Малчид тариаланчидтайгаа ойр ажиллаж, контороос удирдах бус, тулж ажиллах, амьдрал дунд орох хэрэгтэй. Хөдөө аж ахуйг удирдахад онцгой арга барил хэрэгтэй. Төр засаг нь түмэн олонтойгоо амьд холбоотой байсан цагт монголчууд өлсөхийн зовлон үзэхгүй ээ.

-80 гараад ирэхээр янз бүрийн л юм эргэцүүлж боддог байх даа?

-Насан туршдаа албаны хэнхэг залгасан хүн чинь салбар, ажил, улс орны тухай л бодож харж, санаа зовж байх юм даа. Тэр бодол санааг маань хүлээж авдаг ч юмуу асуудаг, сонсдог тал нь хэр байгаа юм гэдэг өөр асуудал. Ард түмнээ хүнсээр хангах тухай л бодож байх юм. Мал, газар хоёроо сайн ашиглаж байсан цагт монголчууд амгалан тайван амьдарна. Түүнд л залбирч, санаа зовж суух юм даа.

-Ингэхэд та ямар гурил сонгодог вэ?

-Би бол гайгүй гурил иддэг. “Алтан тариа”-гийн гурил л иддэг юм.

-Шинэ жил болох нь ээ. Та энэ шинэ жилийг яаж угтах вэ?

-Хүүхэд шуухад ирээд, орой шампанск задлаад, шинэ оноо урьдынхаараа угтана даа. Төр засгийн буянд баярлаж байна. Энэ жилийн шинэ жилийг шинэ нөхцөлд тэмдэглэх болж байна. Хөдөлмөрийн баатар боллоо. Тэглээ гээд сүржигнээд байх юм алга. Төрийн хайр хишгийг хамт олонтойгоо ёслох, баярлах үе гарах байх. Ковид, өвчин зовлон саараг, урин дулаан болог. Тэгж байгаад бас зүгээр байхгүй л дээ. Бид хоёр бас нэг сарын сүүлээр хүүхдүүд рүүгээ явах санаатай байгаа.

-Таныг бага байхад шинэ жилийг яаж тэмдэглэдэг байв даа?

-Намайг дунд сургуульд байх үеийн шинэ жилийг одоогийнхтой жиших юм байхгүй. Гэхдээ л хөөр хөгжөөнтэй байж дээ. Тэр үедээ маш их баярладаг, ногоон модоо чимчихнэ. Цаасаар гинж, чимэглэл хийдэг. Түүнийгээ янз бүрийн өнгөөр будаад, шинэ жилийг их л хүлээдэг байсан санагддаг юм. Өвлийн өвгөн, ан амьтадтайгаа ирдэг. Би чинь чоно болдог байлаа. Дах нөмрөөд чоно болоод улиад байна даа. (хөхрөв)

-Та багадаа Бага Ухна гэдэг өхөөрдсөн нэртэй байсан гэдэг байх аа?

-Тэр чинь нялхын нэр шүү дээ. Манай говийнхон Ухна гэсэн нэр их өгдөг заншилтай л даа. Ах надаас гурав ах. Түүнийг Их Ухна. Намайг Бага Ухна гэж нэрлэдэг байсан гэдэг. Би чамд өмнө нь ярьж байсан байх аа. Сэмбээ ринбүүчи гэж их том хувилгаан Түвдээс заларч, буцаж явахдаа яагаад ч юм Мааньтын шанд гэж миний төрсөн газраар дайрч л дээ. Аав номын хүн болохоор тэр хувилгааныг гэртээ залсан юм уу, ах бид хоёрт Гунгаанамжил, Гунгаадорж гэдэг нэр хайрласан юм билээ. Гэрэл гэгээ цацарсан, гэрэлтэй жаргалтай гэсэн утгатай гэдэг. Түвдийн хувилгааны хайрласан нэр, буян хишиг нөлөөлсөн байлгүй. Ерөөлтэй л юм.

Categories
мэдээ нийгэм

Д.Алтанчимэг: Хөдөө явж байсан ч зүрх нь эвгүй болоход бичлэгээ хийгээд, эмч рүүгээ илгээх боломжтой болсон

“Рехамед” эмнэлгийн үүсгэн байгуулагч, зөвлөх эмч Д.Алтанчимэгтэй ярилцлаа. Тэрбээр Германы Мартин Лютерийн их сургуулийг хүний их эмчээр 1991 онд төгсөөд, Монголдоо ажиллаж байна. 2004 онд Эрүүл мэндийн зан үйлээр АНУ-ын Бирмингеймийн их сургуулиас магистрын зэрэг авчээ. 2020 онд Лайфстайл медициний мэргэшсэн эмч болсон.


-Хоёр аяга цайгаар авчих юмыг дуслаар заавал хийлгэх шаардлага байхгүй-


-Манайхан мэргэч төлөгчид хандах шахдаг асуудлаар та бүхэн хиймэл оюун ухааны тусламжтайгаар хариулт өгдөг нь сонирхолтой санагдлаа. Тухайлбал, ойрын дөрвөн жилд хорт хавдар, зүрхний шигдээс, чихрийн шижин, харвалт, зөнөгрөл өвчинд өртөх эрсдэлийг тооцож гаргаж өгдөг юм байна. Энэ талаар тодорхой ярьж өгөөч?

-Хүмүүсийг өвдсөн хойно нь биш, өвдөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэхэд анхааръя гэж зорилгоо тодорхойлоод, урьдчилан сэргийлэх эмийн бус эмчилгээний технологиудыг хайж эхэлсэн л дээ. Солонгост үзэсгэлэнд оролцож байхдаа хиймэл оюун ухаанд суурилсан, урьдчилан сэргийлэх үзлэгийн программтай таарсан юм. Судлаад үзэхэд хэрэв бид лабораторийн шинжилгээ, эмчийн авсан асуумж зэрэг шаардлагатай өгөгдлүүдийг оруулчихвал хиймэл оюун ухаан нэг хүний мэдээллийг боловсруулахад ижил нас, хүйсний ойролцоогоор 400-500 мянган хүний мэдээлэлтэй харьцуулж байгаад тухайн хүний ойрын дөрвөн жилд өвдөх эрсдэлийг тооцож гаргадаг. Та ходоодны хорт хавдраар өвдөх эрсдэл 40 хувь байна. Зүрхний шигдээс болох эрсдэл 70 хувьтай байна гэх мэтээр нарийн тооцож гаргаж ирдэг технологийг Монголд оруулж ирсэн юм. Хэрэв та урьдчилан сэргийлэх үзлэгт орж байсан бол манай эмч нар үзээд, лабораторийн шинжилгээ хийгээд, “Гайгүй байна” эсвэл “Эсийн шинжилгээ өг” гэх мэтээр явуулдаг шүү дээ. Харин бүх өгөгдлөө хийхэд, хиймэл оюун ухаан тухайн хүнд зориулсан тайлан гаргаж ирдэг. “Та ийм ийм зан үйлээ өөрчилбөл ходоодны хорт хавдар тусах эрсдэлгүй болно” гэж зөвлөдөг. Манай эмч нар ч зөвлөдөг шүү дээ. “Тамхиа хая, архи уухаа боль”, “Жингийн илүүдэлтэй байна. Наадах чинь хамаг өвчний үүр болоод байна” гэдэг. Гэсэн ч энэ болгон үйлчлүүлэгчдэд огт нөлөөлдөггүй. Яагаад гэвэл өрхийн эмч нь ч, гэр бүлийнхэн нь ч хэлж сануулдаг. Харин хиймэл оюун ухаан зөвхөн өөрт нь зориулаад монгол хэлээр найман хуудас тайлан гаргаад өгөхөд хүмүүс өөрөөр хүлээж авдаг.

-Хиймэл оюун ухаанаар оношлуулахад хэдэн төрлийн шинжилгээ өгөх шаардлагатай вэ?

-Хиймэл оюун ухааны тайлан гаргахад хэрэгтэй лабораторийн өгөгдлүүд байдаг. Цус, биохими, шээс гэх мэт найман төрлийн шинжилгээ байдаг. Дээр нь бүсэлхийн тойргийн хэмжээ, биеийн жингийн индекс, ямар өвчнөөр өвдөж байсан гэдгийг нь ч асууна. Нойрондоо хэр вэ, ямар хоол иддэг вэ гэх мэт асуумж бөглөөд, хиймэл оюун ухаан уншдаг дата бааз руу оруулдаг. Дэлхийд хуримтлагдсан их мэдээлэл хиймэл оюун ухааны санд байж байдаг. Түүнтэйгээ харьцуулаад тухайн хүний дөрвөн жилийн дүр зургийг гаргаж ирдэг. Гэтэл эмч бид нар тухайн хүний өнөөгийн байдлыг л хэлдэг шүү дээ.

-Анагаах ухаанд ч шинэ технологи нэвтэрч байгаа гэхээр сайхан санагдаж байна л даа. Тухайлбал, арьсан дээр наадаг ялтсан био мэдрэгчийн тусламжтайгаар эмчдээ зайнаас хянуулах боломжтой болно гэв үү?

-Энэ бол анагаахад биеллээ олсон. Арьсан дээр наадаг ялтсан мэдрэгч гарчихсан. Бодит датаг нь цуглуулаад, энэ нь интернэтээр эмчид нь очиж байдаг. Тухайн хүний лабораторийн үзүүлэлт, эсвэл нарийн тунтай эмийн үзүүлэлтийг хянахад ашигладаг. Одоохондоо шинэ технологи учраас маш үнэтэй байгаа юм. Харин манай эмнэлэгт бол зүрхний бичлэгийн 190 гр төхөөрөмж нэвтэрсэн. Тухайн хүн хөдөө явж байсан ч зүрх нь эвгүй болоход мэргэжлийн түвшинд бичлэгээ хийгээд эмч рүүгээ илгээх боломжтой. Энд бас зайны анагаах ухаан хэрэг болж байгаа. Технологи, зайны анагаах ухаан, тухайн хүнийхээ түүхийг мэддэг, хянадаг эмч нь байвал гоё шийдэл.

-Чихэндээ ээмэг шиг жижиг электрод зүүгээд тархи мэдрэлээ тайвшруулж болох юм байна гэж ойлгосон?

-Энэ технологийг хувийн эмнэлгүүд, СЭМҮТ ч хэрэглэж эхэлж байгаад баяртай байна. Анх 2019 онд манай эмнэлэг оруулж ирсэн юм. Альфастим гэдэг АНУ-ын патенттай бичил долгион эмчилгээ л дээ. Нойргүйдэл, сэтгэл гутралтай, түгшүүрт автдаг хүмүүст өндөр үр дүнтэй байгаа. Бид биед нь илүү хоргүй, хялбар технологиуд санал болгож байхад яагаад сэтгэцийн эмийн нөлөөнд амьдрах ёстой гэж. Эмнэлэг явахгүй гэртээ, ажил дээрээ чихний хавчдаг ээмэг шиг электрод зүүгээд тархиа амрааж, тайвшруулах боломжтой.

-Таны яриад байгаа төхөөрөмжүүдийг түрээсэлж хэрэглэх боломжтой юм уу?

-Хүн болгоны худалдан авах чадвар адилгүй шүү дээ. Чихэндээ зүүдэг аппарат гэхэд 900 орчим доллараас эхэлдэг. Хүн болгон худалдаж авах боломжгүй. Гэвч гэрээрээ ч, ажил дээрээ ч хэрэглээд буцаагаад өгөх боломжтой. Бид янз янзын аргаар л хүмүүст технологийг санал болгож байгаа. Сэтгэцийн эм хор нөлөөтэй, дасал болгодог, хамааралтай болгодог. Эмээс өөр сонголт байдаг шүү гэж зөвлөдөг. Урьдчилан сэргийлэхэд бид ач холбогдол өгдөг, зөвлөгөө өгдөг. Хиймэл оюун ухааны тайлан тухайн хүнтэй ярилцах сэдэл болдог. Зүрх судас, чихрийн шижин, хорт хавдрын эрсдэлийг бууруулахад хувь хүнээс шалтгаалах олон зүйл бий. Жишээлбэл хөдөлгөөн, хооллолт, биеийн жин, стресс, нойр, архи тамхины хэрэглээ гээд нэрлэж болно. Энэ талаар эмч цаг гаргаж ярилцахад үйлчлүүлэгч дуртай байдаг. Шинж тэмдэг, хэлээд ирсэн зовиурт бус тухайн өвчин эмгэгийн суурь шалтгаанд нь төвлөрч чадвал олон хүн эрүүлжих боломжтой.

-Он гараад бүх хүнийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулна гээд байгаа. “Хүнд өвчтэй хүмүүс нь дараалалд зогсож байгаа Хавдрын эмнэлэгт урьдчилан сэргийлэх үзлэгт орно гээд очихоор хүлээж авах уу” гэж зарим хүн ярьж байна лээ?

-Улсын эмнэлгийн эмч нар хамаг байдаг чадлаараа л зүтгэж байгаа. Тэд маш их ачаалалтай. Хувийн хэвшлийнхэн тэдний хийж амжихгүй байгааг хийх ёстой гэж боддог. Бид өвчтөн, үйлчлүүлэгч болгонтой тулж ажилладаг. Урьдчилан сэргийлэх нэг удаагийн арга хэмжээгээр асуудлыг шийдэхгүй. Хүн насан туршдаа өөрийн эрүүл мэнддээ эзэн байж, хариуцлагатай хандах учиртай. Үр хүүхдийнхээ төлөө хөдөлмөрлөж явж явж, нас ахиад хүндээр өвдөж тэдэндээ ачаалал учруулдаг. Жилд шинээр оношлогдож буй хорт хавдартай хүмүүсийн 80 орчим хувь нь хэт оройтсон байдаг. Эрт үед нь оношлуулбал эмчлэгдэх боломжтой. Гэр бүлийн нэг нь хавдраар өвчлөхөд тухайн айлын санхүү маш хүнд байдалд ордог шүү дээ. Хоол унд, гэр орондоо тавилга авдаг шигээ эрүүл мэнддээ мөнгө төсөвлөж, жилдээ ядаж нэг удаа урьдчилан сэргийлэх үзлэгт орж сурах хэрэгтэй байгаа юм.

-Танай эмнэлэгт хамт олноороо ханддаг юм билээ. Боломжийн төлбөртэй гэсэн үг үү, эсвэл компаниуд хүмүүсийнхээ эрүүл мэндэд анхаардаг болсон юм болов уу?

-Өнөөгийн бизнес эрхлэгчид ажилтнуудынхаа эрүүл мэндэд их анхаардаг болсон. Хүний нөөцөө эрүүл байлгахад анхаардаг болсон учраас манайх хувийн хэвшлийн байгууллагуудын ажилтнуудын урьдчилан сэргийлэх үзлэгийг хийдэг. Манайд олон ажилтантай нэг байгууллага хиймэл оюун ухаанд суурилсан үзлэгт хоёр жилийн өмнө орсон юм. Тэр үзлэгээр эрт үеийн хэд хэдэн хавдрын тохиолдол илрүүлсэн. Харин энэ жил ажилтнуудынхаа санал хүсэлтийн дагуу манайд дахин хандсан юм. Урьдчилан сэргийлэх үзлэгийн чанар чухал.

-Зарим том хувийн эмнэлгүүдийн урьдчилан сэргийлэх үзлэгийн төлбөр чамгүй өндөр байдаг л даа. Танай хувьд ямархуу байдаг вэ?

-150 мянган төгрөгт манайх их юм хийж өгнө. Маш сайн зөвлөгөө өгнө. Эмийн эмчилгээ бичихийн оронд зан үйлийн рецепт бичиж өгдөг. Та чихрийн шижин өвчний урьтал үед байна. Эрүүл болох боломжтой. Ийм ийм үйлдэл хий гэх зэргээр зөвлөдөг.

– Та Америкт зан үйлийн чиглэлээр суралцсан гэсэн үү?

-Эмч хийж байхад надад ийм асуудал тулгарсан. Эмч нар хүмүүст зөвлөгөө өгдөг. Гэтэл тэр бүр хэрэгждэггүй. “Энэ эмч гайгүй юм ярьж байна. Нээрэн тийм байна шүү” гээд орхичихдог. Яагаад эмчийн үг хэрэгжихгүй, хүмүүс нийгмийн сүлжээ, найзынхаа хэлснийг хэрэгжүүлээд байна вэ? Тэгэхээр эмчийн зөвлөгөө өөрчлөгдөх ёстой. Өөрчлөгдөхийн тулд эмч ямар чадвартай байх ёстой гэхээр нийгмийн шинжлэх ухааны онолууд, сэтгэл зүйн онолууд мэдэж байх ёстой юм билээ. Хүнтэй, ямар нөхцөлд, юу ярих вэ гэдэг асуудал гарч ирнэ. Тэр нь сурахад сонирхолтой санагдсан. Анагаахын боловсролд үүнийг заадаггүй. Шинжилгээ хараад, өвчтөнөө үзээд “Та ийм байна” гэж ярихаас биш тухайн хүний эрсдэлийг өөрчлөх яриа өрнүүлэх цаг ч, чадвар ч байдаггүй. Ганцхан удаа зөвлөгөө өгснөөр хүний зан үйл өөрчлөгдөхгүй. Нэлээд яриа өрнүүлж байж хүн эмчийнхээ үгэнд ордог юм байна гэдгийг сурсан юм. Хүний зан үйлээс эрүүл мэндийн 80 орчим хувь нь шалтгаалдаг гэж үздэг. Гэтэл өнөөдөр урьдчилан сэргийлэх асуудал дээр доголдож байна. Яагаад хүмүүс оройтсон хойно нь ирээд мэс засал хийлгэж байна вэ? Яагаад шинж тэмдэг илрээд байхад хүмүүс явсаар байгаад турж эцээд юм идэж чадахаа байхаараа эмнэлэгт хандаж байгаа юм бэ. Энэ бүхэн цогц асуудал байдаг. Сэтгэл зүй, нийгмийн хүчин зүйл, эмнэлгийн үзлэгээс айх айдас, эмчид итгэхгүй байх зэрэг янз бүрийн асуудал байдаг. Энэ бүхнийг эмч өргөн зургаар харж чадвал үйлчлүүлэгчдээ нэлээд их “хөрөнгө оруулалт” хийж чадна. Би яг л энэ чиглэлээр ажиллая гэж бодсон юм. Манай эмнэлэгт эм бичдэггүй. Нойргүй байна гэхээр нь зөвлөгөө өгдөг. “Та гар утсаа хэдэн цаг ухдаг вэ?”, “Та шөнө нойргүйдсэн үедээ юу хийдэг вэ?” Ийм асуултууд тавьдаг. Сэтгэл зовоосон асуудлыг нь асуудаг. Нөхөр, эхнэртэйгээ асуудалтай байна уу? Гэр бүлийн сексийн харилцаа ямар байна. Хүүхдүүд нь зовоож байна уу? Өрөнд орсон уу? Хүний амьдрал маш баян. Аливаа асуудлын уг үндсийг нь олох хэрэгтэй. “Нойргүйдээд ирлээ” гэдэг нь ихэнхдээ өөр асуудлын үр дагавар байдаг. Сэтгүүлч шиг түүнийг нь “ухаад” гаргаад ирэх чадвар эмч, эмнэлгийн ажилтнуудад байх учиртай.

-Та “Хүний бэлгийн амьдрал” гээд ном бичиж байсан юм билээ. Бэлгийн амьдрал олон асуудалд нөлөөлдөг үү?

-Ажлаасаа стресстэй орж ирсэн ч хүүхдээ тэвэрч үнсээд сайхан мэдрэмж авдаг шүү дээ. Яг тэр мэдрэмж аз жаргалын дааврыг өдөөж байдаг. Түүнтэй адилхан хүний арьс гэдэг маш том сексийн эрхтэн шүү дээ. Секс гэхээр бид дандаа бүсэлхийнээс дооших юм бодож байдаг. Гэтэл зүгээр л хүний арьсанд хүрэх, илэх, тэврэх, сайхан үг хэлэхэд тархинаас даавар ялгарч байдаг. Тэр бүхэн өнөөдөр манай хүмүүст их дутагдаж байдаг. Нойргүйдэхээрээ хүн улам л зожигроод байдаг. Сэтгэл тавгүй болохоороо улам л биеэ хураагаад байдаг. Гэтэл гэр бүлийн хүн, дотно найз нь тэвэрч үнсээд, “Миний найз, миний хань чадна, хоёулаа давж гарч чадна” гэдэг үг хүнд дутагдаж байдаг. Өнөөдөр монголчууд маш завгүй болсон. Мөнгө, албан тушаал маш олон юм хүсэх болсон. Түүнийг шунал гэж хэлэх юмуу даа. Гэтэл тэр бүх хүсэл шунал сэтгэцийн эрүүл мэндийг доройтуулж байдаг. Энгийн зүйлээс таашаал авах мартагдсан. Том юманд зориод, наад захын жижиг зүйлс, энгийн харилцаануудаа орхигдуулсан юмуу гэж бодогддог.

-Таны зөвлөгөөг харсан. Жин ихтэй байхаас гадна хэвлийн таргалалт илүү асуудалтай юм байна гэж ойлголоо?

-Хүмүүс тэрийг мэддэггүй. Миний найз Алимаа 90 кг, би бас 90 кг гэдэг. Аль хэсгээрээ таргалалттай байна гэдгээс эрүүл мэндийн зөрүү гардаг. Хэвлийгээрээ таргалалттай хүнийг үзэхэд даралт, сахар, өөх тос холестрин, шээсний хүчил нь нэмэгдсэн байх нь олонтаа. Зүрх судасны асуудлууд илэрсэн байдаг. Хэвлийд байдаг өөхнөөс хүний биеийг үрэвсүүлдэг бодисууд илүү ялгардаг. Хорт хавдар үүсгэх эрсдэлийг ч нэмдэг. Чихрийн шижин өвчин үүсэх маш том эрсдэл. Хэвлийн тойргоо хянах ёстой.

-Ковидын үед хүмүүс өндөр тунтай В, Д аминдэм их уулаа. Гэтэл энэ бүхэн эргээд хүнд сөргөөр нөлөөлдөг гэсэн үү?

– Ковид ч гэлтгүй, манайхан витамин замбараагүй хэрэглэж байна. Хүний бие өөрөө ухаалаг систем шүү дээ, уг нь. Хоол хүнснээс авсан шим тэжээлээс биед өөрт нь антиоксидантууд үүсдэг. Хүний бие гаднаас эм уух тусмаа тэнцвэрээ алдаж байдаг. Өөрийгөө эрүүлжүүлэх үйл явц алдагддаг. Гэтэл хүүхэд, хөгшидгүй витамин ууж байна. Хүний биед илүүдсэн антиоксидантууд эргээд биед гаж нөлөө үүсгэх эрсдэлтэй. Манайх хүний биед байгаа антиоксидантуудыг хэмждэг багаж Италиас оруулж ирсэн. Өндөгний цусаар л хэмждэг. Хэмжиж байхгүй бол манай монголчууд витаминыг хүртэл иддэг болсон. Витаминыг уг нь хоол хүнсээр авах ёстой. Гэтэл хүмүүс сүлжээний бизнес, эмийн компаниудын зар сурталчилгааны нөлөөнд орчихсон. Үүнийг л уухгүй бол би хоцорлоо гэдэг. Мэдээлэлд ухаалаг шүүлтүүртэй хандах, болж өгвөл байгалиараа амьдрах хэрэгтэй байна. Эрүүл хооллож, өөрөөс хамаарах 80 хувиа онц хийчихвэл эмчийн ч хэрэг байхгүй дээ. Германд бол эмнэлэгт хэвтсэн хүнд витамин бичдэггүй. Ухаангүй, хоолоо идэж чадахгүй байгаа хүнд л витамин бичдэг. Хоол ундаа идэж ууж байгаа хүнд дусал хийдэггүй. Хоёр аяга цайгаар авчих юмыг дуслаар заавал хийлгэх шаардлага байхгүй.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Пунсалдулам: Соёлын довтолгоогоор хуучин амьдралын хэв маягийг өөрчлөх гэж зүтгэж байсан юм

Түүхийн шинжлэх ухааны доктор, профессор Б.Пунсалдуламтай соёлын асуудлаар ярилцлаа. Тэрбээр XX зууны Монголын соёлыг судалж, “Шинэ соёл Монголд төлөвшсөн түүх (ХХ зуун)” номыг бичсэн эрдэмтэн билээ.


-Б.Цэнддоо эрхлэгчийн “Соёлын довтолгоо: хоньчноос барилгачин” гээд ном байдаг. Бас “Соёлын довтолгоо” гээд жүжигчин Ж.Мөнхсайхан, М.Баярмагнай нарын тоглосон уран сайхны кино ч бий. Соёлын довтолгоо урлагт хэр ханатай бууж байх юм бэ?

-Ж.Мөнхсайхан миний шавь байгаа юм. Киногоо хийчихээд “Ийм юм хийлээ” гээд урьсан. Соёлын довтолгоо гэдэг муу зүйл биш ээ гэж би хэлж л байсан. Миний “Шинэ соёл Монголд төлөвшсөн түүх” ном 2018 оных. Б.Цэнддоо Улаанбаатар их сургуулийн докторант. Миний номыг авсан. Намайг сайн мэднэ. Шинэ соёл гэж юу хэлээд байгааг эхлээд ярья. Шинэ соёл гэж Өрнөдөд бий болсон шинжлэх ухааны мэдлэгийг хэлээд байгаа юм. Өнөөдөр бидний яриад байгаа орчин цагийн боловсрол, их дээд сургууль, шинжлэх ухаан, техник технологи Европт үүссэн учраас гар үйлдвэрүүд нь аж үйлдвэр болж хөгжөөд, аж үйлдвэрийн хувьсгал эрчтэй явж, хөгжлийн дөрөв дэх үедээ ороод байгааг хэлж байна.

-Тэгэхээр энэ шинэ соёл Монголд орж ирэхээс өмнө бид ямар соёлтой байсан бэ?

-Монголчууд асар их уламжлал, соёлтой ард түмэн. Өөрийн гэсэн бичиг үсэгтэй, ёс заншилтай. Миний бие ХХ зууны монголчуудын соёлыг бүтцийн хувьд гурав ангилаад байгаа юм. Нэгдүгээрт, язгуур соёл, үүнд 3000 жилийн тэртээгээс эрхэлж ирсэн монголчуудын нүүдлийн мал аж ахуйтай холбоотой бүх зүйлс багтана. Дуу хуур, морь эмээл, хөөмий бүгд язгуур соёлд орно. Хоёрдугаарт, уламжлалт соёл, монголчууд төр улсаа байгуулж, бусад ард түмэнтэй зэрэгцэн оршиж, харилцаатай явж ирсэн. Соёлд хана хэрэм байдаггүй. Тиймээс манай соёл гадагшаа, гадны соёл манайд орж ирж, уусан өөриймсөж байв. Үүнийг уламжлалт соёл хэмээн нэрлэж байгаа юм. Тухайлбал, Буддын шашин Монголын ард түмний бүтээсэн соёл биш, гаднаас орж ирж, манай ахуй амьдралд ууссан.

XX зууны эхэн хүртэл монголчууд өөрсдийн язгуур соёл, уламжлалт соёлоор явж ирсэн. Гэтэл XX зуунд дэлхий нийтийг, шинэ соёл буюу шинжлэх ухаан мэдлэг боловсрол эзэмшсэн улс орнууд тэргүүлж, өөрсдийн санаа бодлоо тулгах болжээ. Шинжлэх ухааны мэдлэг боловсрол улс орнуудын хөгжил дэвшил, тусгаар тогтнол, эрх мэдлийн гол баталгаа болж байв. Энэхүү шинэ соёлд суралцахгүй бол монголчууд төрийн тусгаар тогтнолоо тунхаглаж, цаашид улс орныхоо хөгжлийн тухай ярихад хэцүү болсон байв. Үүнийг бүр XIX зууны сүүлч, ХХ зууны эхнээс монголчууд маш сайн ойлгож байв.

Бидний Монгол, бас Хятадыг бүхлээр нь өөртөө нэгтгэн захирч байсан Манж чин улс хэдийгээр газар нутаг, хүн амаараа дэлхийд дээгүүр орж байсан ч бусад улс орнуудтай явуулсан дайнд ялагдаж байв. Энэ нь Манж чин гүрэнд Өрнөдөд бий болж хөгжсөн шинжлэх ухааны мэдлэг, техник, технологи болон аж үйлдвэрийн хөгжил дорой байсны илрэл байв. Тиймээс Манжийн хаан “Шинэ засгийн бодлого” явуулжээ. Энэ бодлогын нэг чиглэл нь орчин цагийн боловсрол, цэргийн эрдэм ухаанд суралцах явдал байсан юм. 1911 онд тусгаар тогтносон Монгол Улсын Засгийн газар ч монголчуудыг бичиг үсэгтэй болгох, орчин цагийн сургууль боловсролыг хөгжүүлэх нь туйлын чухал гэдгийг ойлгож, тодорхой арга хэмжээ хэрэгжүүлж байв. Монголд орчин цагийн төрийн анхны сургуулийг 1912 онд Богд хаант Монгол Улсын Гадаад явдлын яаманд байгуулж байжээ. Ер нь Богдын Засгийн газар, Ардын Засгийн газар, социалист төрийн үед ч ялгаагүй орчин цагийн боловсрол, шинжлэх ухааны мэдлэг, шинэ соёлыг нэвтрүүлэх төрийн бодлогын залгамж халаа тасралтгүй явсаар, ХХ зууны 1960-аад онд орчин үеийн боловсролын тогтолцоо бүрэлдэн тогтож, үндэсний мэргэжилтэй ажилтан, сэхээтнийг бэлтгэн гаргаж, сургах болсон юм.

-Та соёл гэдэг хүний бүтээсэн зүйл гэж ярьсан. Одоо бол бүх зүйлсийг соёлтой холбож ярьдаг боллоо. Ч.Номин сайдын бэлэгтэй холбоотойгоор төмс соёл мөн үү гэсэн сэдэв хүртэл сошиалд явсан?

-Өнөөдрийн бидний амьдарч байгаа хэв маяг соёлд ордоггүй. Ирээдүйд өв болгож үлдээх зүйлсийг соёл гээд байгаа юм. Түүнээс биш хар тамхины хэрэглээг соёл, эсвэл дайн хийх соёл гэж ярихгүй шүү дээ. Хүн төрөлхтний хөгжил дэвшлийн зүйлсийг соёлд оруулж яриад байгаа юм. Оюуны мэдлэг бүтээж байгаа зүйлсийг соёлд багтаадаг. Улс төрийн соёл, эдийн засгийн соёл гэж ярьдаг, энэ нь соёл судлалын асуудалд орно. Соёлыг хоёр хуваадаг. Урлаг уран сайхны соёл, нөгөө талд нь хүний оюуны мэдлэг ордог. Шашин соёлын асуудал мөн гэхдээ өртөг бүтээдэггүй. Шинжлэх ухааны мэдлэг л өртөг бүтээдэг.

-Шинэ соёлыг Монголд нэвтрүүлэх гэж заримдаа албадаж байсан. Биднийг багад айлуудаар хүмүүс явж, орны цагаан хэрэглэл, гар нүүрийн алчуур шалгадаг, “Соёлч өрх” шалгаруулдаг байсан санагдаж байна?

-Шинэ соёлыг Монголд нэвтрүүлэхэд хүч хэрэглэж байгаагүй. Харин соёлын довтолгоог хэрэгжүүлэхэд зарим үед захиргаадалтын арга хэрэглэж байсан. Соёлын довтолгоо XX зууны монголчуудын соёлын нэг л жижигхэн хэсэг. Хамгийн нэгдүгээрт, бүх нийтээр бичиг үсэг тайлагдахаас соёлын асуудал эхэлдэг. Соёлын довтолгоо 1959 оноос эхэлдэг. Соёлын довтолгоо гэхээр ор дэрний даавуу, оймс, гуталхан яриад байдаг. 1921 оноос хойш 1959 он болтол 38 жил Ардын Засгийн газраас Монголд бага, дунд сургууль, их сургууль, Намын дээд сургууль байгуулсан. Зөвлөлтөд хүмүүсээ сургасан. Аж үйлдвэрийн комбинат Улаанбаатарт барьчихсан. Өөрөөр хэлбэл, барилга байшин баригдаад, ажилчин анги бүрэлдээд, Улаанбаатарт хятад барилгачдаар шинэ хороолол бариулж эхэлсэн үе. Гэтэл монголчууд паартай байшинд, паалантай жорлонд амьдарч мэдэхгүй, хөдөө талдаа явж байсан хүмүүс. 1959 онд их олон юм болсон. Хөдөө аж ахуйн хоршоолол хөдөлгөөн үүссэн. Хувьдаа малтай малчдыг нэгдэлд хамруулахаар ажилгүй хүмүүс гараад ирнэ шүү дээ. Улс орон даяар “Атрын аян” өрнүүлсэн. Гадаад дотоодын техник авчирсан. Малаа нийгэмчилсэн малчид Сангийн аж ахуйд, Улаанбаатарт аж үйлдвэрийн комбинатад ажиллаж эхэллээ. Яагаад Соёлын довтолгоо явуулах болсон гэхээр монголчуудын амьдралын хэв маяг өөрчлөгдсөн. Хөдөө хэдэн малтай, ах дүүсээрээ амьдарч байсан бол Сангийн аж ахуйд олон аймгаас ирсэн хүмүүс нэг дор бөөгнөрч амьдрахад дор хаяж шүлсээ гудамжинд хаяхгүй байх, эрүүл ахуй, ариун цэврийн наад захын шаардлага хангах хэрэгтэй болсон. Зөвлөлтийн мэргэжилтнүүдийн дэргэд ямар байх ёстой юм. Соёлын довтолгооноор аргадахыг нь аргадаж, захиргаадахыг нь захиргаадсан. Тэгэхгүй бол усанд орохгүй яваад байна шүү дээ. Хөдөө ганц гэрээрээ байхад сар усанд орохгүй явж болно. Гэтэл олон хүн дунд сар усанд орохгүй явбал юу болох вэ. Албаар усанд оруулаад, савандаж байгаа тухай кинон дээр гараад байгаа биз дээ. Энэ албадлагыг би зөв зүйтэй гэж үздэг. Соёлын довтолгоо монголчуудад маш их зүйлс өгсөн шүү. Ингэж байж л хэвшүүлсэн юм.

Ерээд оноос өмнө Улаанбаатарт зүлгэн дээр гишгэдэггүй байсан юм шүү. Зүлгэн дээр гишгэвэл таван төгрөгөөр торгуульдаг байсан. Ингэж зөв дадалд сургадаг.

Бас нэг асуудал соёл ярихаар үзэл суртал яриад байдаг. Энэ хоёр өөр асуудал шүү. “Социалист өмчийн эс ширхэг бүрийг нүдний цөцгий мэт хайрлах” гэдэг үзэл суртал. Харин соёлын асуудал, үзэл суртлыг хэрэгжүүлж байгаа байгууллага нь нэг байсан. Урлагийнхан театрын жүжигчид нам төрийн бодлогыг сурталчлах үүрэгтэй байсан. Дэлхийн соёлыг авчирч, уламжлалт соёлыг авч явж байсан. Монголын үндэсний соёл урлагийг мандуулсан. Өрнийн соёлоос Монголын урлагт дуурь, цирк, балетийг нэвтрүүлсэн. Хажуугаар нь үзэл суртлын ажилд ч оролцсон. Хичнээн үзэл суртлын асуудал байсан ч Марксизм, Ленинизмийг удирдлага болгож байсан ч, монголчууд үндэсний дээд боловсролтой мэргэжилтнүүдтэй, мэргэжлийн ажилчин, судлаач, эрдэмтэдтэй, бүх иргэд нь 1980-аад он гэхэд бүрэн дунд боловсролтой болсон. Үүнийг л шинэ соёлын үр дүн гэж онцлоод байгаа юм. Соёлын довтолгооноор хуучин амьдралын хэв маягийг өөрчлөх гэж зүтгэж байсан юм.

Одоогийн залуус социализмын үе байтугай 1990-ээд оны тохиролцооны дэлгүүрийг ч мэдэхгүй шүү дээ. Ор дэрний даавуу шалгадаг байсан гэхээр тэд гайхдаг. Хөдөө ганц гэрээрээ байдаг малчин айлд жорлон ухах шаардлага байхгүй. Европын кинонд, “Харри Поттер” дээр шовгор оройтой малгайтай хүмүүс гардаг даа. Өрнөдийнхөн монголчууд хир баасандаа хутгалдсан гэж муулж болно. Дундад зууны үеийн Европын хотуудад яаж байсан гэхээр байшингийнхаа цонхоор шээс, баасаа цацчихдаг байж. Тэгэхээр шовгор оройтой малгай дээр унасан юм тогтохгүй. Ийм юм тэнд ч бас болж л байсан.

-Монголд шинэ соёл төлөвшүүлэх үеийн алдаа, оноо нь юу байв?

-Монголд социализм байгуулсан он жилийг тоолъё гэвэл 1954 онд МАХН-ын 12 дугаар хурал болж, Монголд социализм дэлгэрэнгүй байгуулъя гэдэг үг гарч байгаа юм. Үүнээс өмнөх Монгол хувийн өмчтэй, малаа маллаад явж байсан. Энэ үеийг социализмын үе гэж хэлэхгүй. Гэтэл хүмүүс социализмын 70 жил гэж ярьдаг.

XX зуунд монголчуудын олсон гурван том ололт байна. Тусгаар тогтнолоо олсон. Энэ бол XX зууны монголчуудын гавьяа. Хоёр дахь маш том ололт бол шинэ соёл төлөвшсөн. Гуравдугаарт, монголчууд нүүдлийн мал аж ахуйн орноос хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн орон болсон. Газар тариалан хөгжүүлсэн. 1900-гаад оны монголчуудын гэрэл зургийг хар л даа. Харин жар далаад оны монголчуудын зураг огт өөр. Энэ бол шинэ соёлын үр дүн. Сургууль, боловсролыг системээр нь хөгжүүлж чадсан учраас Монголд аж үйлдвэр хөгжсөн. Иргэд нь мэдлэгтэй болсон. Шинэ соёл төлөвшсөний алдаа, эсвэл хор уршиг хэмээн ярих ямар ч асуудал байхгүй.

-Өнөөгийн монголчуудыг та ямар соёлтой гэж дүгнэх вэ?

-Өнөөдрийн монголчуудын соёлын түвшин өндөр л гэж хэлнэ. Бүгдийг нь соёл гэж ярьдаг ч ямар түвшиндээ ямар алдаа гаргаад байгаа асуудлыг ярих ёстой юм. Төмс өгснөөс болоод соёлгүй гэх боломжгүй. Яагаад гэхээр соёл гэдэг шинжлэх ухааны мэдлэг, техник технологийн мэдлэг, хөгжлийн түвшинг илэрхийлж байна шүү дээ. Тийм учраас монголчууд яаж ийж байгаад хүүхдээ сургах гээд байгаа биз дээ. Монголчуудын соёл боловсролын түвшин ерээд оноос өмнө маш сайн байсан. Харин сүүлийн 30 жилийн манай боловсролын тогтолцоо өөрчлөлт шинэчлэлт олныг хийгээд байгаа ч үр дүн нь сайн харагдахгүй л байна.

-Орк гэсэн үг монголчуудын хэл ярианд орж ирсэн. Хотын соёлгүй хүмүүсийг ингэж нэрлээд байх шиг. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Тэр улсууд хотын соёлын түвшинд биеэ авч явах талаар бэлтгэгдээгүй учраас л ялгагдаад байгаа юм. Гол нь амьдрах ахуй орчин өөр газраас ирсний ялгаа харагдаад байгаа хэрэг. Орк гэдэг хотын соёлд суралцаагүй гэсэн үг.Түүнээс биш маанаг, тэнэг гэсэн үг биш. Тэр орк чинь биднээс илүү сэтгэдэг байж ч мэднэ. Эрдэнэтэд амьдардаг хүн Улаанбаатарт ирээд оркоороо дуудуулахгүй байгаа биз дээ.

-Манайхан бас өөрсдийгөө Азийн улс мөртлөө европ соёлтой гэж яриад байдаг даа.

-Би ингэж хэлнэ. Монголчууд газар зүйн хувьд Ази, Европ тивийн заагт байрладаг. Үүнийг Өрнийн болон Дорнын соёлын зааг дээр оршиж байна хэмээн үзэж болно. Бид дорнын соёлтой улс. Капиталыг дагаж соёл явдаг. Өрнийн соёлын капитал Хятадын пүүс, наймаагаар ч орж ирнэ. Америкийн Эндрюсийн экспедициэр ч орж ирнэ. Гэсэн хэдий ч Өрнийн соёл Оросоос давамгайлж орж ирсэн л дээ. Монголчууд Өрнө, Дорнын соёлын заагт байдаг учраас Монголд Өрнийн соёл нэвтрэхэд түлхэц үзүүлсэн нь ойлгомжтой.

-“Шинэ соёл Монголд төлөвшсөн түүх” номондоо та юуг онцолсон бэ?

-Соёл ярихаар заавал бичиг үсгийн асуудал ярьдаг. Богдын Засгийн газар, Ардын Засгийн газраас авахуулаад монголчууд өрнийн улсууд яагаад хөгжөөд байна гэдгийг судалж байжээ. 1923 онд Ардын Засгийн газраас баталсан Эдийн засгийн үндсэн бодлого гэдэг баримт бичиг бий. Түүнд,Германы түмэн хүнээс гуравхан хүн бичиг үсэг мэдэхгүй. Английн түмэн хүнээс наймхан хүн бичиг мэдэхгүй, Оросын түмэн хүнээс 3000 нь л бичиг мэдэж байна хэмээн судлаад, аль улсаас сурахаа дэс дараалан байрлуусан байдаг. Гэхдээ бодит байдал дээр бид Оросын боловсролоор явсан. Оросууд Германы боловсролыг авсан. Үндсэндээ бид Оросоор дамжуулаад Өрнөдийн боловсролыг авсан гэсэн үг. Тийм учраас Монголд төгссөн зарим хүүхэд бусад улсад очоод гайхуулаад байдаг.

-Монголчууд 1920-иод онд Франц, Германд хүмүүсээ сургаж байсан ч эргүүлэн татах учир шалтгаан байсан талаар та бас нэг ярилцлагадаа дурдсан?

-Уг нь монголчууд Герман, Францаас суръя гээд залуучуудаа Герман, Франц руу явуулсан шүү дээ. Гэтэл Улаан Орос Комнтерн буцаагаад татчихсан гэж хүмүүс ярьдаг. Гэтэл оросууд зөвшөөрсөн учраас Герман, Франц руу хүмүүсээ явуулсан байдаг. 1917 онд Орост Октябрийн хувьсгал ялаад, Зөвлөлт Орос улс 1922 онд байгуулагдаад, дэлхий даяар ажилчин ангийн хөдөлгөөн өрнөж байсан үе юм. Англи, Герман, Францад ажилчдын хөдөлгөөн өрнөсөн. Хөрөнгөтнүүдийнхээ эсрэг цалин хөлсийг нэмэгдүүлэх тэмцэл өрнөж байв. Тийм учраас Коминтерн (Олон улсын коммунистуудын холбоо) Октябрийн хувьсгал дэлхий даяар ялах юм байна гэж бодож байсан. Нөгөө “Байн байсаар бүх дэлхийг бүрхэх Октябрь” гэдэг шүлэгт гардаг шиг үнэмшсэн байсан. Тийм учраас Германд очоод юм сураг, тэдний залуустай ойрхон байг гэж зөвшөөрч. Гэтэл 1929 онд дэлхийн эдийн засгийн анхдугаар хямрал болсон. Ер нь уялдаа холбоогүй түүх гэж байдаггүй. Ямар ч юм Монголын түүхтэй холбогдоно. “Намгийн ногоон мэлхий ч бидэнтэй холбогдоно шүү” гэж би хүүхдүүдэд ярьдаг юм. Дэлхийн эдийн засгийн хямралын үеэр бослого тэмцэл өрнөөд байхаар хөрөнгөтнүүд нь ажилчдынхаа цалинг нэмээд өгчихөөр тэмцэл нь зогсчихож байгаа юм. Үйлдвэрчний эвлэлүүд байгуулагдаж, ажилчдынхаа цалинг нэмээд, дэлхийн хувьсгал болохгүй нь харагдаад ирэхээр Герман, Францад сургахаар илгээсэн монголчуудыг буцааж татсан юм. Дэлхий нийтийн хэмжээнд авч үзэж байж Монголын түүхийг бүрэн гүйцэд ойлгоно.

Латин бичиг яг үүнтэй агаар нэг. Одоо ч бид мессэж бичихдээ латинаар бичдэг. Оросууд 1930 онд латин бичиг нэвтрүүлэхдээ хувьсгал мандаад Дундад Азийн улсуудаа харьяандаа оруулчихвал бүгдийг нь латин бичигтэй болгочихвол зовлонгүй нэвтрэлцэнэ гэж ойлгосон. Манайд латин бичигт сурах тогтоол гарсан. Дараа нь шууд болиод, кирилл үсэгт шилжсэн юм. Дэлхийгээр ялах хувьсгал нь биш болсон учраас латинаар явахаа больж, кириллээр барьж байя гээд манайд ч кирилл нэвтэрсэн. Энэ талаар би өөрийн саналаа номондоо бичсэн.

-Монголчууд өрнийн соёлтой, дэлхийн ямар ч эрдэмтэнтэй ном хаялцаж болно гэж та ярьдаг. Гэхдээ язгуур соёлоо ч мартаж орхиж болохгүй юм шиг?

-Язгуур соёл маань бидний тархи, зүрхэнд бий. Өөрийгөө монгол хүн гэж үзэж байгаа хүн бүхэнд язгуур соёл маань бий. Мэдлэгт нь ч мэдэрхүйд нь ч бий. Зан заншил, хөгжим, дуу соёлд нь ч, өмсөх зүүх хувцсанд нь ч шингэсэн байдаг. Тэр битгий хэл Германд явж байхдаа ч азиуд дундаас монголоо ялгаж таньдаг. Монгол хүн Хятад, Солонгосоос өөр шүү дээ. Монгол хүний биеийн бүтэц, тархины багтаамж хүртэл ялгаатай гэдэг. Монгол хүнийг монгол байлгаж байгаа гол зүйл язгуур соёл шүү. Харин монгол хүнийг орчин үеийн хүн гэдгийг харуулах зүйл шинэ соёл.

Categories
булангууд мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

Ш.Тэнгисболд: Төрийн шагналыг гуйж авдаггүй эд л дээ

Төрийн шагналт зураач, уран барималч Ш.Тэнгисболдтой ярилцлаа. “1921 онд баронтой байлдаж явлаа гээд ярих уу” хэмээн Ш.Тэнгисболд гуай наргиа хийсээр бидний яриа өрнөлөө.


-Д.Бодоо Ардын намын анхны тамгыг сийлсэн гэдэг шиг та бас 1992 онд төрийн тамга сийлж явсан гэл үү?

-Үндсэн хууль батлаад, нөгөө шувууг (Цагаан шонхор) чинь дэмжээгүй, П.Очирбат гуай “Миний хүүгийн нэг юм төрд байх хэрэгтэй шүү” гээд “Чи тамга хийгээдэх” гэсэн. Тэгээд би тамгыг нь хийж өгсөн. Дардас нь шүү дээ.

-Таны зурсан “Цагаан шонхор” шувуу төрийн сүлдэнд өрсөлдөж байсан гэсэн. Эсэргүүцэлтэй тулгарсан юм уу?


-Тийм. Манайхан чинь моринд дуртай, шувуунд дургүй улсууд юм билээ. Уг нь шонхор шувуу чинь амьд амьтны хувьд хурдны туйл шүү дээ.

Эд чинь баруун зүүн, монгол болоод үзчихдэг. Сүүлд Н.Чүлтэм гуай бид нар “Соёмбыг гаргая” гэж яриад, түүнийг ч хүлээж авахгүй, ийм л юм зураад тавьчихсан шүү дээ. Би өнгөрсөн хойно нь үглээд ч яадаг юм. Тэр үед төрийн сүлдэнд 600-гаад төсөл ирсэн. Н.Чүлтэм гуай бид хоёр Бага хурал дээр ялаад, Их хурал руу морь, шувуу хоёроо “барилдуулаад” аль нь ч биш болсон шүү дээ.

-Та тамга тэмдэг их урлаж байсан юм билээ, түүх их судалж байв уу?

-Түүх, есөн шидийн юм судалж байлаа.

-Ерэн онд та Монголын Ардчилсан Холбооны анхны гадаад томилолтоор сахал Б.Билэгт, Д.Баасан лам нарын хүмүүстэй хамт явсан гэлүү?

-Би зөндөө л тийм юманд оролцдог байсан.

-1990-ээд онд та чөлөөт уран бүтээлч байжээ?

-Байсан байсан. Ц.Доржпалам гээд миний багш байдаг. Тэр хүн тэтгэвэрт гараад, би 1980 онд Ардын ансамблийн ерөнхий зураачаар очсон юм. Тэнд П.Адарсүрэн ах, Г.Түмэндэмбэрэл эгч эд нартай хамт ажиллаж байлаа. Би өөрөө театрын зураач хүн.

-Таныг ардчилагчдын нэг байсан юм болов уу гэж бодлоо?

-Үгүй ээ. Д.Баасан манай нэг өрөөнд амьдардаг байсан юм. Би бол нэг их хувьсгалч хүн биш шүү дээ. Хэдэн төгрөгийг нь өгвөл хийх юмаа хийж өгчихөөд явж байдаг тийм л хүн. Ерээд онд баахан компаниуд нээгдсэн, тэдний лого тэмдэг хийсэн. Тиймэрхүү л юм хийж ах нь амьдарсан шүү дээ.

-Таныг бас Есөн хөлт цагаан тугийг залах санаачилга гаргасан гэх юм билээ?

-И.Нямгаваа бид хоёр наадмын шоу гээд хийсэн юм. Эрээн туг байсан шүү дээ. Ерэн онд Х.Билэгжаргал, Б.Жамъяандагва гуай бид нар “Бөртө чоно” гэж балет хийсэн юм. Түүний тугийг наадмын талбайд аваачиж сахилгагүйтэхгүй юу. Тэгсэн чинь бөхчүүд сүйд болоод, тэрнээс хойш иймэрхүү юм яваад байдаг юм. Тэр үед 45 хоногт багтааж хийдэг. Бид бас зарим юмыг нь хийж амжаагүй. Одоо ч тэр чигээрээ л явж байдаг. Хөх шонхортой шувуу байх ёстой шүү дээ. Хэлтэй далбаа байх ёстой. Тэр нь одоо хүртэл хийгдээгүй байж л байдаг юм.

-АСЕМ-ын үеэр таны “Хаданд мөнхөрсөн урлаг” үзэсгэлэн гарсан. Бас таны зурсан хадны сүг зургийг 53 орны төрийн тэргүүнд бэлэглэсэн гэдэг шүү дээ?

-Тэр бол харин агуу юм болсон шүү. 60 зургаа нэг өдөр зарчихсан хүн байхгүй юу. Ц.Элбэгдорж надаас худалдаж авсан юм. 53 улсын тэргүүнд бэлэглэсэн. Тэр бас их гоё тохиолдол шүү.

-Та тэгээд 53 янзын хадны сүг зураг зурсан гэсэн үг үү?

– Хадны сүг зураг чинь 30-40 мянган жилийн өмнөх түүх шүү дээ. Түүнийгээ л сурталчилж байгаа ухаантай. 53 өөр зураг зуралгүй яах вэ. АСЕМ-ын том хурал болсон гэрт миний 60 зургийг өлгөчихсөн байсан юм. Хадны зургийн хар зургийг хөдөлгөхгүйгээр өнгө, сэтгэл нэмж, зохиомжийг нь өөрчилсөн юм. Ийм бүтээлүүд хийсэн дээ.

-Эдгээр зургийг зурахад хэр их хугацаа зарцуулсан бэ?

-Бүтэн жил гаруй хугацаанд хийсэн юм.

-Та хадны сүг зураг судалдаг гэсэн. Танд бол 50, 60 байтугай зургийн санаа байсан байх, тийм үү?

-Зөвхөн нэг ууланд л дөч, тавин мянган хадны зураг байдаг шүү дээ. Тэгэхээр 53 зураг юухэн байх вэ.

-Хадны сүг зураг танд ямар дохио, мессэж өгдөг вэ?

-Пикассо, Матисс гээд

улсууд хадны сүг зураг шахуу юм зураад л нэртэй болчихсон товарищууд шүү дээ. Манай хадан дээр чинь 30-40 мянган жилийн өмнөх бүтэн үзэсгэлэн байна шүү дээ. Хүн төрөлхтний балчир үеийг хадны зураг санагдуулдаг. Хадан дээр очоод харахад хөгшин ижийтэйгээ ч уулзаж байгаа юм шиг эртний үүх түүх бодогддог.

-Та их аялсан уу?

-Явсаан. Монголоороо бол бүх газраар явсан. Ардын ансамбльд байхад бол судалгаа их хийдэг байлаа.

-Гадаадын хадны сүг зураг судалж амжсан уу?

-Амжилгүй яадаг юм. Гэхдээ манайд бол хамаагүй их зурагтай.

-Та олон мундаг хүмүүстэй хамт ажиллаж байсан юм билээ. Содон учрал байв уу?

-Байлгүй яах вэ. Х.Уртнасан бид хоёр чинь 1984 онд Филатова ид мандаж байх үед “Шидэт ваар” гээд дуурь хийж явлаа. Н.Норовбанзад эгч бид хоёр бараг хуурай эгч дүү байхгүй юу. Б.Сарантуяагийн анхны “Инээмтгий хүн” цомгийн хавтасны зургийг зурж байлаа. Гурван “Зууны манлай” эмэгтэйтэй найз л байгаа биз дээ. Норов эгчийг бол бишрээд л сууж байдаг. Манай эхний эхнэр эд нар нэг анги байсан байхгүй юу.

-Эхний эхнэр гэснээс таны “Гэргий” гээд гоё зураг байсан даа.

-Тэр чинь “Их замын эхэн”-д тоглодог Д.Ариунаа байхгүй юу. Дээр үед “Сүнжидмаа”-д дуулж байсан шүү дээ.

-Яруу найрагчид эхнэртээ шүлэг зориулдаг бол зураачид хөргийг нь зурдаг юм байна даа?

-Тэр чинь зураачдын 40 жилд хоёрт орж байсан зураг шүү. 1982 онд зурж байсан.

-”Их хөлгөн туульс” бол соц үед хамгийн үнэд хүрсэн зураг гэдэг. Хэдээр үнэлж байв?

-Тухайн үед “Азарганы ноцолдоон” гэдэг ч юмуу Г.Одон багшийн “Ажлын дараа” гээд төрийн шагнал авсан зурагнууд 2500 төгрөгөөр үнэлэгдэж байсан. “Их хөлгөн туульс”-ыг 8000 төгрөгөөр авсан. 1988 онд зураачид бараг бослого гаргах шахаж байлаа.

-Та тэр мөнгөө яаж зарцуулж байв?

-Архи л уухгүй юу.

– Нээрэн үү?

-Тийм.

-Ерөнхийлөгчийн төрийн шагнал олгох зарлигт таны уран бүтээлүүдийг дурдсан байна лээ. Нэг сонирхолтой нь “Их хөлгөн туульс”, “Аргусан хуурчийн тууль”, “Цаст уулын цадиг” зурагт нэг л өвгөн яваад байх шиг санагдсан?

-Тал, хээр, говь гэсэн гурван сэдэв байхгүй юу. Нэг нь уулын өвгөн, нэг нь талын өвгөн. Нөгөө нь говийн өвгөн. Гурван цуврал зураг. Албаар тийм давтамж хийсэн юм. Талд ч, говьд ч адилхан өвгөчүүд байдаг шүү дээ.

-Өвгөн танд онгод өгсөн үү?

-Яах вэ. Хөгшчүүлтэй байсан болохоор сайн мэднэ л дээ.

-Таны багш нартайгаа хамт авахуулсан зургийн тайлбарыг харсан. “Л.Гаваа, Г.Одон, хүний хайлан өвгөн багш нарынхаа хамт, 1983 он” гэсэн байна лээ?

– Агуу улсууд байсан л даа. Хар багаас маань зураг заасан улсууд байхгүй юу. Тэд нар үхээгүй, дээрээс хараад сууж байгаа гэж боддог.

-Таны урласан Хотгойдын Шадар ван Чингүнжавын морьт хөшөөний дэргэдүүр явахдаа олон удаа харж байсан. Дотно сайхан санагддаг бас “Төр, үр хоёр минь мөнх оршиг” гэсэн үг нь их таалагддаг.

-Хөшөөнөөс өмнө 1982 онд зурсан Чингүнжавын том зураг Хувьсгалын музейд байгаа. Яг 33 жилийн дараа би хөшөөг нь хийсэн байхгүй юу. Тэр зураг чинь бас зураачдын 40 жилээр байр эзлээд сүйд болж байлаа.

-Таны “Чингис хаан” зураг бусад Чингисийн зурагнаас огт өөр хүчирхэг дүртэй юм билээ?

-Тэр ч ордонд дарга нарын өрөөнд л байгаа байлгүй.

-Та үндсэрхэг үзэлтэй уран бүтээлч явжээ?

-Тэгэлгүй яадаг юм.

-“Эсэргүү” байсан уу?

-Одоо яах вэ дээ. О.Дашбалбартайгаа нийлээд явдаг байсан болохоор үндсэрхэг юм байлгүй. (инээв) Б.Лхагвасүрэн бид нийлээд зөндөө л юм хийсэн шүү дээ. “Нарны домог”, Чингисийн тухай “Бөртө чоно” гээд балет байна.

-Санжийн Баяр сурвалжлагч байхдаа Б.Лхагвасүрэн гуай та хоёроос яриа авч байсан гэхээр сонин. Тэр үед юун тухай ярьж байв?

-Зураг хөргийн тухай, өөрийгөө бага зэрэг магтаад тиймэрхүү л юм ярина биз дээ.

-Та “Загас судлаачийн хэтэрхий мэргэн жараахай” гэж хочилдог байсан гэлүү. Одоо ч холбоотой байдаг уу?

– (инээв) Хэтэрхий мэргэн жараахай гэдэг байлаа даа, хөөрхий. Холбоотой байлгүй яах вэ. Найз нөхөд гэдэг салахгүй шүү дээ.

-Төрийн шагнал авахаар өөр мэдрэмж төрөх юм уу?

-Тэрийг ч гуйж авдаггүй эд л дээ. Шагнал авъя гэвэл надад өчнөөн л вариант байна шүү дээ. Манай нутгийнхан л дэмжсэн, Хөвсгөлийнхөн. Том дарга нар дэмжиж байна. Тэгээд болж байгаа юм байлгүй. Урьд нь нэг их шагнал тоодоггүй байсан. Авахад бол сайхан л санагддаг юм билээ.

-Хүмүүс их л баяр хүргэж байх шиг байна. Та урлан дээрээ сууж байгаа юу?

-Тэгсээн. Би урлан дээрээ л бараг амьдардаг шүү дээ. Гэр, урлан хоёр хамар хашааны зайтай.

-Та одоо ямар бүтээл дээр ажиллаж байна?

-Одоо тэгээд баахан захиалга байна даа.

-Та шавьтай юу?

-Мэр сэр юм бий. Албан ёсоор цалинг нь авч байгаад ном заагаагүй л дээ, би. Багшаа гээд явдаг хүмүүс зөндөө л байдаг гэв. “Хамаагүй цаасан малгай өмсгөчихөв” хэмээн анхааруулсаар Ш.Тэнгисболд зураач яриагаа өндөрлөв.

Categories
мэдээ онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

А.Баасансүрэн: Ноолууран зулмал зураг яг л зулхай хийдэг монгол аргаар бүтдэг

Ноолууран зураг урлаач А.Баасансүрэнтэй ярилцлаа. Тэрбээр “Ноолууран зулхай урлал” үзэсгэлэнгээ “Монгол арт галерей”-д гаргасан юм. Түүнээс энэхүү шинэ урлалын талаар нь сонирхлоо.


-Үзэсгэлэн дажгүй гарав уу, хүн ихтэй байв уу?

-Нээлтийн үеэр хүн их байсан.

-Ноолуураар уран зураг урлах гэхээр сонирхолтой байна л даа. Өөрөө зураач мэргэжилтэй гэсэн үү, өмнө нь үзэсгэлэн гаргаж байв уу?

-Тийм ээ, би СУИС-ийн харьяа Дүрслэх урлагийн дээд сургуулийн зураасан зургийн ангийг Урлагийн гавьяат зүтгэлтэн, зураач Ядамсүрэнгийн Оюунчимэг багшийн удирдлага дор төгссөн дөө. Өмнө нь зургийн бие даасан үзэсгэлэн гаргаж байгаагүй. Үзэсгэлэнгүүдэд ганц, хоёр зургаар оролцож байлаа. 2015 онд ноосон зургаар Ардын урлалын үзэсгэлэнд оролцож байсан. Харин ноолууран урлалаар анх удаа бие даасан үзэсгэлэн гаргаж байгаа юм. Ноолууран урлалаар том үзэсгэлэн гарч байсан тохиолдол дэлхийд ч байхгүй байх л даа.

-Ноолууран зургаас өмнө ноосоор уран бүтээл хийж байсан юм уу?


-Ноосны ширхэг нь нарийн зураглал хийхэд тохиромжгүй байсан учраас ноолуур ашиглах болсон.

-Танд ноос ноолуур, эсгий сонирхох өгөгдөл байсан уу?

-Хадмынх монгол памбагар цагаан эсгий гутал хийдэг байлаа. Баяндэлгэр суманд 2002 онд очоод, эсгий гутал дээр чимэглэл хийж үзэх санаа төрсөн юм. Хүүхдийн эсгий гутал дээр амьтны дүрс хийж үзээд, ноосон дээр зураг зурж болох юм байна гэсэн сэдэл төрсөн. Тэгээд урлан дээрээ ирээд, ноосоор хадны сүг зураг хийж үзсэн. Үүндээ урамшаад зураг зурах болсон.

-Ноолуураар зураг зурах технологио яаж боловсруулж олсон бэ?

-Хүмүүс ноосон дээр тавилаад зураг дүрслэл хийж байгааг харсан. Туршиж үзэхэд яг санаснаар гарч өгөхгүй дүрслэл хөдлөөд байсан. Эсрэгээр нь хийж үзье гээд зураглалыг нь доор нь тавиад үзэхэд ерөөсөө хөдлөхгүй байсан. Түүнээс санаа авч патент авсан.

-Танаас өөр хүмүүс ийм аргаар уран бүтээл хийдэггүй гэсэн үг үү?

-Яг ийм нарийн ноолууран зураг хийдэг хүн байхгүй л дээ. Ноосоор дээрээс нь зулж хийдэг арга бий.

-Та ноолууран дүрслэлээ зулж тогтоодог юм уу?

-Энэ зураг яг л зулхай хийдэг монгол аргаар бүтдэг. Эхлээд дүрсээ боловсруулаад, толин тусгалаар гаргана. Ноолуурын ширхэгээр нэг бүрчлэн зурж дууссаныхаа дараа хоёрдугаар давхарлагаа, өнгөн давхарлагаагаа хамгаалсан өнгүүд тавьж, фон болох ноолуураа зулаад, дээрээс нь илж биежүүлсний дараа монгол аргаар эсгий болгоно гэсэн үг.

-Зураг зурахаас хамаагүй илүү ажиллагаатай юм биш үү?

-Илүү ажиллагаатай. Хамгийн сүүлд эсгий болсны дараа л зургаа эргүүлж харах боломжтой. Наана нь үзэх боломжгүй. Анхнаасаа энд нарийн сүүдэр, дулаан өнгө байх ёстой, ямар харьцаагаар явахыг нарийн тооцох учиртай. Бүх ажиллагаа явж дуусаад, илээд агшаагаад эсгийрсний дараа зургаа эргүүлж харах боломжтой.

-Зургаа харахгүйгээр урлаж дуусгана гэхээр хэцүү юм аа. Хүний хөрөг бүтээхэд нүд, ам нь зөрөх тохиолдол байдаг уу?

-Тийм юм байхгүй л дээ. Яг энд дүрслэл гарах ёстой гээд нүдний өнгө, гэрэл сүүдэр бүгдийг тооцож явна. Эсгий ноос ноолуур уян зөөлөн учраас бага зэргийн хөдөлгөөн гарна л даа. Түүнийг бол агшаалтынхаа явцад засаад, зүүн шивүүрээр зарим хэсгийг нь хөдөлгөөнгүй биежүүлж, эсгийрүүлнэ.

-Та нийтдээ 60-аад уран бүтээл хийсэн гэсэн шүү дээ. “Амарбаясгалант”, “Нүүдэл” зургууд чинь маш том уран бүтээл юм билээ. Хамгийн ихдээ хэр хугацаа зарцуулав?

-”Амарбаясгалант хийд” зургаа хамгийн удаан хийсэн. Гурван сар гаруй хугацаа зарцуулсан. Үзэсгэлэнд байгаа ихэнх зургуудад хоёроос гурван сарын хугацаа зарцуулсан л даа. 15 зураг бий. Өмнөх зургууд маань ихэвчлэн ноосон бүтээлүүд байв. Америк, Шотланд, Англид үзэсгэлэнд оролцоход үзэсгэлэн дээрээсээ зарагдчихдаг. Англид төвтэй Олон улсын эсгийчдийн холбоо гэж байдаг. 2007, 2008, 2009 оны хуралд оролцож байлаа. 2008 онд “Нүүдэлчин монгол” эсгий урлалын үзэсгэлэн болсон. Монголын ширмэлчид, эсгийчид найман хүн оролцсон. Тэр үзэсгэлэн дээр миний арваад бүтээл зарагдсан юм.

-Урландаа л хийх үү?

-Арвангуравдугаар хороололд урлантай. Тэндээ л хийнэ.

-Туслах байдаг уу?

-Өөрөө бүгдийг бие дааж хийдэг. Бэлэн, самнасан, үйлдвэрийн, угаасан, цэвэр ноолуур авдаг.

-Уран бүтээл хийх ноолуураа яаж сонгодог вэ?

-Хамгийн нарийн, урт ширхэгтэй ноолуур сонгодог. Одоохондоо “Сор” кашмераас ихэвчлэн авдаг.

-Та ноолуураар зураг зурахаас гадна ноолууран эдлэл хэрэглэдэг үү?

-Ноолууран цамц, малгай бий.

-Жанжин Д.Сүхбаатарын хөрөг урлажээ. Хөрөг бүтээхэд онцгой ур шаарддаг уу?

-Хөрөг хийхэд хамгийн эхлээд нүүрний төрх, арьсны өнгийг бодолцож ноолуураа бэлтгэдэг. Бүх өнгийг нарийн гаргана гэсэн үг л дээ. Эрүү ам, хамраас авахуулаад хэлбэр дүрс гаргах, гэрэл сүүдэр хаанаа байна, бүгдийг нь нарийн тооцож явдаг. Явдалтай л даа.

-Ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид таныг сонирхож байна уу?

-Ноолуурын компаниудад урилгаа өгч амжаагүй. Ноос, ноолуурын холбооныхон нээлтэд ирсэн. Хүрээлэнгийн ажилтнууд хамт олноороо ирсэн. Ноос, ноолуураар хувцас хийнэ үү гэхээс зураг урлана гэж төсөөлсөнгүй гэж ярьж байна лээ.

-Ноолууран зураг амьд, дулаан мэдрэмж төрүүлдэг юм байна. Та ноолууран зургаа борлуулсан уу?

-Нээлтийн дуудлага худалдаан дээр “Ойд цас оров” зургийг 7,8 сая төгрөгөөр “ЗДМ” хэвлэлийн компанийн захирал Д.Содбилэг худалдаж авсан.


-Ноолууран зураг гэхээр хэр эдэлгээтэй юм бол, хорхой шавьж иддэг болов уу гэж хүмүүс сонирхох байх л даа?

-Ноолууран зураг, эсгий зургийг гүнгэрваа жаазанд битүү хадгалбал удаан эдэлгээтэй. Эртний Кидан гүрний үеийн булшнаас олдсон эсгий гэхэд газрын хөрсөн доор байсан хэрнээ л хэдэн зуун жил хадгалагдсан байдаг шүү дээ. Эсгий амьд материал гэдгээрээ нар, салхи үзэхгүй бол байж л байна.

-Таны цаашдын зорилго юу вэ?

-Эсгий туургатан гэдгээрээ ноолууран, зулмал зургийг дэлхийн хэмжээнд таниулахыг хүсч байна. Аялагчид Монголоос ноолууран зураг авах гэж зорьж ирдэг байгаасай гэж хүсдэг. Монголд ирсэн бол ноолууран зулмал зураг авах хэрэгтэй гэдэг болгохыг л зорьж байна. Ноолууран зулмал зургийг дэлхийд таниулахын тулд Монголын өв соёл түүх, ахуйг харуулсан зургууд бүтээхээр зорьсон.

-Та том зургуудаас гадна бэлэг дурсгалын уран бүтээл гаргадаг уу?

-Ноосон зургаар таван хошуу мал, байгалийн зураг, судалбар, монгол ахуйг харуулсан зургууд хийдэг л дээ.

-Дунд сургуулийн найзууд чинь бас үзэсгэлэнгээ гаргахад тусалсан гэсэн үү?

-Арван жилийн ангийнхан маань үзэсгэлэнгээ гаргахад дэмжлэг үзүүлж, зохион байгуулж оролцсон.

-Тан шиг ноолууран зураг бүтээж суръя гэсэн хүмүүс ханддаг уу?

– Анхан шатны сургалтад сууя гэсэн хүмүүс олон байдаг.

-Та эсгий гутлан дээр чимэглэл хийж байсан гэсэн шүү дээ. Хувцас урлаачидтай хамтарч ажиллах бодол бий юү?

-Би бол одоо хувцас урлал биш зураг талаа барьж явна. График зургийг бас эсгий, ноолууран зураглал дээр хийж байгаа.

Монгол ноолууран зулмал зураг дэлхийд анхдагч гэдгээрээ олон улсын үзэсгэлэнд томоохон хэмжээний бүтээлээр оролцох сонирхол байгаа.

-Хүссэн өнгөө гаргаж авахад хэцүү байдаг уу, ноолуураа будганд оруулдаг уу?

-Ноос, ноолуурын зориулалтын будагнууд байдаг. Усанд будгаа хийж найруулаад, ноос, ноолуураа дэвтээж, чанаж, өнгө оруулдаг. Удаан хугацаагаар их будганд хийвэл гүн өнгө орно. Хөнгөн дүрээд авах төдийд хөнгөн өнгө гарна. Хоёроос гурван өнгө л холих ёстой. Дуртай өнгөө гаргаж авах боломжтой.

-Та ямар үеэр уран бүтээлээ хийдэг вэ?

-Өглөө нэг их эрт босдоггүй. Яаралтай зурагтай үед босно уу гэхээс биш бусад үед найм, есөн цагт босоод, урландаа арав, арваннэгэн цагийн үед л ирдэг. Урландаа ихэвчлэн арван цаг ажилладаг. Орой 18-22 цаг хүртэл нарийн ажиллагаанууд явагдана даа.

-Та аль нутгийнх вэ, таны урладаг монгол ахуйг хаанаас мэдэрч авсан бэ?

-Би Улаанбаатарт төрсөн л дөө. Аавын нутаг Төв аймгийн Эрдэнэ сум. Багаасаа зундаа хөдөө өвөө, эмээ дээрээ очдог байлаа. Байгалийн үзэсгэлэнт газруудад бага насаа өнгөрүүлсэн. Морь унаж, хонь мал хариулж, тарвага зурамд явдаг байлаа.

Categories
булангууд мэдээ

Б.Шүүдэрцэцэг: Намтарчилсан түүх хүлээх хэрэггүй, “Хотулун” маань тулаантай, уран сэтгэмжит кино

“Шүүдэр” продакшны бүтээл, удахгүй нээлтээ хийх гэж буй “Хотулун гүнж” тулаант УСК-ны зохиолч, продюсер Б.Шүүдэрцэцэгтэй ярилцлаа.


-Эхлээд кинотой холбоогүй “далий” юм асууя. Таныг “Ардын эрх”-ийн тоймч, сайн сэтгүүлч Б.Тогтохбаяр гэдгийг хүмүүс бараг мартаж байх шиг. Ингэхэд нөхөр тань таныг хэн гэж дууддаг вэ?

-Тоогий гэдэг. Гэхдээ хүмүүстэй ярихаар хуучин найзууд хүртэл өөдөөс “Шүүдрээ” гэдэг. Бүүр дунд сургуулийн найз руугаа залгаад “Тогтохоо байна” гэсэн чинь “Би чамайг зурагтаар гарахаар “Шүүдэрцэцэг манай ангийн хүүхэд” гэж онгирдог, одоо чи тэр нэрээрээ л бай” гэсэн (инээв). Над руу мөнгө шилжүүлсэн хүн “Өөр хүний нэр байна, залилан биш биз дээ” гэх мэтийн асуудал үүсдэг шүү дээ. Ордны хамгаалалтынхан бол хөөрхөн. Арга хэмжээний урилга дээр Б.Шүүдэрцэцэг гэж байхад иргэний үнэмлэх дээр Б.Тогтохбаяр гэхээр “Аан зохиолчийн нэр шүү дээ” гээд оруулчихаад байгаа юм.

-“Хотулун гүнж-Алтан судрын эрэлд” гээд байна. Тухайн үеийн түүхийг харвал хаан ширээ залгамжлагчдын дунд дайн тулаан их өрнөсөн байдаг. Гэхдээ алтан судар хаанаас гараад ирэв?

-Хотулун гүнжийн түүхийг манай түүхчид бичээгүй. Гадаадын түүхчид харин бичиж үлдээсэн. Рашид ад-диний “Судрын чуулган”-д нэг хуудас бичсэн байдаг. Хайду хааны гүнж, хүч чадалтай, эцгийнхээ хамт байлддаг байсан гээд бүр тухайн үеийн хүмүүсийн дунд явсан цуу яриаг хүртэл дурдсан. Хотулун дайсны өөдөөс сум шиг шунгинаж ороод, амьд хэл сугавчлаад ирдэг тухай бичсэн байдаг. Хожим нь өөрийн албат царайлаг сайхан Абатайтай суусан гээд тодорхой өгүүлсэн. Хубилай хааны хамгийн том дайсан нь Хайду байсан. Аригбөхийг дагалдсан бүх хүн сүүлдээ бууж өгсөн. Хайду ганцаараа бууж өгөөгүй.

Кинонд үйл явдал хэрэгтэй. Зарим эх сурвалжид алтан ургийнханд нэг нэг алтан судар байсан гэж дурдсан. Ийм домог бий. Түүнийгээ алдсан гэдгээр кино өрнөсөн. Уран сэтгэмжийн кино шүү дээ. Мөнгөн эвэрт буга манай кинонд гурван удаа гарна. Бодит түүхэндээ Хайдугийн ээжийг Шабкан хатан гэж тэмдэглэсэн. Ач охин, эмэг эх хоёрын харилцааг зохиолдоо нарийн өгүүлсэн. Кинон дээрээ ч тэнгэртэй холбогдох, эмэг ээжийнх нь сүнсээр холбогдох гэх мэтийг үзүүлсэн болохоор хүмүүс намтарчилсан кино хүлээх хэрэггүй. Өнөөдрийн залуус уйтгартай, гоё торгон хувцастай хаан, хатдын түүхийг үзэх хүмүүс биш. Гадаад зах зээл дээр гарахгүй бол дөрвөн уулын хонхроос энэ их зардлыг нөхөж чадахгүй. Кино маань тулаантай, уран сэтгэмжит кино.

-Трэйлер цацагдсаны дараа зарим хүн “Бөх гүнж гэсэн чинь юун туранхай, гоё хүүхэн гараад ирэв” гэх мэтээр сэтгэгдэл илэрхийлсэн байна лээ. Марко Пологийн “Орчлонгийн элдэв сонин”-д бол “Хайду хааны гүнж хүч чадалтай, бие махбод нь үзэсгэлэнтэй сайхан, өндөр бөгөөд бараг аварга хүн гэлтэй” гэж дүрсэлсэн байна лээ. Та бол Хотулунаа яаж сонгов?

-Жүжигчний чадварыг харсан. Манай кинон дээр цаг 45 минутын турш энэ гүнж бараг тасралтгүй гардаг. Найман удаагийн тулааны долоод нь оролцдог. Энэ хүнээс жүжиглэх чадвар шаардана. Түүнээс биш нэг том биетэй хүн барилддаг “Гарьд магнай” биш шүү дээ. Манай кинонд нэг л удаа барилддаг хэсэг бий. Тулаан амар биш. Жүжиглээд, тулалдаад, барилдана. Хотол цагаан гүнжид мэргэжлийн жүжигчин, маш авьяастай хүн хэрэгтэй байсан. Манай найруулагчдын баг, зураачдын баг, продюсерууд, тулааны найруулагч дүр сонгоход их үүрэгтэй оролцсон. Жүжигчний ур чадварын хоёр дахь шалгаруулалт нь тайзны хөдөлгөөн гэж нэрлэгддэг тулааны ур чадвар байв. Хувцас хунар шингээхээс авахуулаад энэ төрлийн кинонд биеийн өндөр чухал. Манай жүжигчин 170 см өндөртэй. Бөх хүн бүдүүн байх ёстой юм уу. Сумогоос өөр бүдүүн бөхчүүд байдаггүй. Өмнөх үеийн монгол бөхчүүдийн зураг, бичлэг харахаар шөрмөстэй л хүмүүс байдаг.

-Та энэ киногоо гадаадын зах зээлд гаргах бодолтой гэсэн шүү дээ. Хямд киног гадныхан сонирхдоггүй ээ гээд байгаа. “Хотулун” энэ шаардлагыг хангасан уу?

-Кино худалдаачдын тавьдаг төсвийн доод босгыг давж чадна. Тэд яг хурдан морь шинжээчид шиг киног трейлерээс нь хараад үнийг нь багцаалчихдаг. Ямар од тоглосон бэ гэдэг гол шалгуур. Одод агенттай. Кинонд хэдээр тоглодог нь киноны мэргэжлийн сайтад тодорхой байдаг. Гэтэл манайд тийм од байхгүй. Тэгэхээр тэд юугаар тогтоох вэ гэхээр масс хэсэг. Манай кинонд дөрвөн улирал гарч байгаа. Ийм удаан хугацаанд хүмүүс ажилласан гэсэн үг. Тэгэхээр энэ үнэ цэнэтэй төсөл. Орлон тоглогчдын хэсэг олон байх тусмаа хүний амь настай холбоотой үнэтэй хэсэг байдаг. Энэ шалгууруудыг хангасан болохоор хямд биш төсөл гэдэгт орж байгаа. Манайх тулаант ангиллаар гарч байгаа анхны монгол кино. Гол баатар нь нийт киноны хэдэн хувьд тулалдаж байгаагаар энэ ангиллыг тодорхойлдог байхгүй юу. Гол дүрдээ эрсдэл хүлээлгэхгүйн тулд заавал орлон тоглогчтой байдаг киноны жишиг бий. Удаан үргэлжилж байгаа төсөлд гол дүр гэмтчихвэл кино зогсох эрсдэлтэй. Энэ жил киноны төгсгөлд манай М.Цэрэндолгор өөрөө морио цоройлгосон. Өөрөө ингэж хүссэн, төсөл дуусч байгаа болохоор манайхан зөвшөөрсөн. “Марвел” энэ тэрд турьхан эмэгтэйчүүд шүүгээ шиг эрчүүдийг шидээд байдаг шүү дээ.

-Танай кинотой зэрэгцээд мөн л Хотулун гүнжийн түүхээс сэдэвлэн Хятад, Холливууд хамтарч “Турандотын хараал” кино бэлэн болгосон. Энэ киног харж амжсан уу?

-Тэр кино бүр нээлтээ хийчихсэн. Энэ сэдвийг ашигласан зүгээр л хятад кино. Нисэлдээд л, маш их компьютер график ашигласан. Энэ сэдэв өөрөө их гоё. Надад бол энэ сэдэв ингэж борлогдож байгаа нь гоё санагддаг. Барилддаг бөх гүнж гэдэг сэдвийг европчууд гурван оньсого таалгадаг монгол хааны гүнж (“Турандот” дуурь) болгосон шүү дээ. Одоо бол хятадууд гурван шидэт бугуйвч болгосон л байна лээ. Монгол гүнжийн дүр явж байгаа нь л чухал. Хайлт хийхэд Хотулун гүнжийн талаар олон хэл дээр мэдээлэл гарч ирдэг. Тэр нь л намайг кино хийхэд хүргэсэн. Би зүгээр л өөрийнхөө зохиолыг кино болгох гээд явдаг хүн биш. Юу борлогдох вэ, хаашаа зарах вэ гэдэг надад чухал. Түүнээс биш таван жил мөнгө төгрөг хайж, бүтэн жил цар тахлын дундуур кино зураг авна гэдэг зүгээр нэг урлагт хайртай хүний хийх ажил биш.

-Та “Хотулун” дээрээ олны хэсэгт хатны дүрд ороод авсан гэсэн. Яаж гарав?

-Хальт л гарсан. Өмнө нь өөрийнхөө нүүрийг кинонд оруулах талаар бодож ч байгаагүй. Энэ санааг Ардын уран зохиолч П.Бадарч ах маань надад захисан юм. “Ану” хатныг үзээд “Үгүй ээ, миний хүү чинь дотор нь өөрөө байхгүй байх юм” гэхээр нь “Ах минь, бөөр нь бөгсөндөө цэр нь цээжиндээ” гэсэн л дээ. “Энэ чинь зохиолч бидний тархинаас үр хөврөлөөс төрсөн зүйл. Огт өөр хүмүүс энэ кинонд дүрээрээ үлдэнэ. Чиний дүрийг дараа нь хүмүүс мэдэхгүй шүү дээ. Миний хүү залуу сайхан байгаа дээрээ дүрээ үлдээ” гэж зөвлөсөн. Кинонд орохдоо би нэг ч үг хэлж чадахгүй шүү дээ. Зүгээр алхаад өнгөрөх хүртэл тоглоом биш байсан. Найрын хэсэг рүү орж яваа, сууж байгаа гурван секунд л байгаа. Тэр л надад хангалттай.

-Та номынхоо орлогыг хүртэл кинондоо оруулсан гэсэн. Хөрөнгө мөнгө босгох амаргүй байсан уу?

-Ганцхан миний мөнгө биш. VOO аппликэйшн гээд Мобикомын шинэ компани бас мөнгө оруулсан. Тэд бас оруулсан хувиараа орлогоос мөнгө авах ёстой. Өндөр хариуцлагатай кино. Ямар ч байсан зардлаа олж аваад, өөрсдөө орлоготой үлдэнэ гэж найдаж байна.

-Олон хүн хандив өргөсөн байх. Та зах дээр бөс бараа зардаг эмэгтэйгээс торго худалдаж авсан байна лээ. Кинонд шаардлагатай бөс барааг хандивласан эмэгтэй гэл үү?

-Тэр хүний хувьд хэдэн тэрбумыг өгсөнтэй адилхан. Б.Энхмэнд гэдэг эмэгтэй л дээ. Зураг авалт эхлэхэд “Та хэрэгтэй торгоо ирээд аваарай” гэсэн юм. Эхэндээ халуунд халж, хүйтэнд хөрч байгаа хүнээс их юм авахаас зовсон. Гэтэл “Ийм жаахан юм авах юм уу” гэлээ. “Их юм авбал ковидын үед хэцүү биш үү” гэсэн чинь “Зүгээр ээ, би нэлээд гайгүй юм өгчихье гэж бодож байна” гэв. Тэгэхээр нь би “Болох юм бол маргааш тайзныхаа зураачтай ирлээ шүү” гэж ахиж байгаа юм. Тайзных бол арай л өөр шүү дээ. Хааны өргөөний хана, туурга гээд явна. Толгой толгойгоор нь торго нийлүүлсэн. Хэзээ хойно өрх толгойлсон эмэгтэй гэдгийг нь мэдсэн. Тийм бадрангуй хүмүүс байдаг. Хандивын үдэшлэг дээр би түүнийг урьсан юм. “Чи зүгээр хүрээд ир” гэсэн. Тэр үед Б.Энхмэнд ярьж байсан. “Би дунд хүүгээ төрүүлээд хэсэгхэн хугацаанд гэртээ байсан. Намайг эргэж ирсэн хүн цэнхэр хавтастай “Ану хатан” роман авчирч өгсөн юм. Миний анх удаа уншсан түүхэн ном байсан. Тэнд Ану хатны хөл хүнд үе, төрсний дараах сэтгэл санааг ямар гоё гаргасан юм бэ. Монголчууд өөр хоорондоо тулалдаад хагаралдаад, ямар хэцүү хүнд үеийг туулсан юм бэ. Энэ түүхийг би яагаад мэддэггүй байсан юм бэ гэж бодсон. Өөр түүхийн номуудыг ч уншдаг болсон. Тэр үед танай кино гарсан байсан. Дараа кино хийвэл заавал тусална гэж бодсон. Миний ажилтай ч холбоотой, монголчууд үндэсний дархлаатай байж дээл өмсөнө. Бүх юм холбоотой байдгийг би ойлгосон” гэж ярьсан юм. Тэгсэн чинь тэнд ирсэн компанийн захирлууд босоод 20 саяыг амлаж байв. Ингээд л би гоёлын дээлний торгоо түүнээс гурав хоногийн өмнө худалдаж авсан юм. Бусад хүний сэтгэлийг ч дурдахгүй өнгөрч болохгүй. Манайд туг гэхэд 80 ширхэг хэрэг болсон. Гол ба туслах дүрүүдийн хувцасны 200 ширхэг уут ус нэвтэрдэггүй материалаар хийх шаардлагатай. Ийм ажлыг “Тэртэй тэргүй орлогогүй, ажилгүй байгаа, уутыг чинь оёод өгье гэсэн эмэгтэйчүүд гарч ирсэн. Тэр чин сэтгэл нь үнэхээр сайхан.

-Гол дүрийн жүжигчин олонд төдийлөн танигдаагүй. Бусад дүрийн талаар сонирхуулаач. Жүжигчин О.Гэрэлсүх Хайду хаан болжээ, С.Тэмүүжин бас ханхүүгийн дүрд харагдана лээ?

-Манай гол дүр М.Цэрэндолгор өндөр боловсролтой хүн. СУИС-д сурч байгаад, Бээжингийн Урлагийн академид очсон. ОХУ-д Театр урлагийн дээд сургуулийг жүжигчний мэргэжлээр төгссөн хүн. Фото модель гэдгээр нь хүмүүс мэднэ. Өндөр боловсролтой, сайн жүжигчинд тохирсон дүрийг нь өгнө гэдэг кино урлагт оруулж байгаа миний хувь нэмэр. Хайду хаанд тоглосон О.Гэрэлсүх чадвартай жүжигчин. Гол дүртэйгээ царай төрх адилхан байхаар бодож сонгосон. Гарал угсаа нь ч сонин. О.Гэрэлсүх Баян-Өлгийнх юм билээ. Манай М.Цэрэндолгор Ховдын Булган сумынх. Хамгийн сонирхолтой нь бага насны дүрд тоглосон Индра охин бас нэг аймаг сумаас гаралтай байсныг хожим мэдсэн. Хайду хаан ч Тэнгэр уул, Шинжааны хавиар нутаглаж байсан. Гол дүрд сонирхолтой нь баруун аймгийнхан сонгогдсон байсан.

Урус ханхүүд тоглосон С.Тэмүүжин маш сайн хувирч чаддаг. Дүр дээрээ маш сайн ажилладаг. Дува ханхүүд тоглосон Г.Эзэнмөнх бас л дуулаад, хошин дүрд тоглоод явдаг. Сөрөг дүрийг маш сайн гаргасан. Эвдэрч чаддаг жүжигчин сайн жүжигчин гэж боддог. “Хотулун гүнж” киноны ерөнхий найруулагчаар С.Баасанжаргал ажилласан. Голдуу залуус киног авч явсан даа. Гол дүр маань дөрвөн сартай хүүхэдтэй, нялх биетэй ч хүүхдээ хөхнөөс гаргаад зургандаа гарч байсан. Бүгд ийм сэтгэлээр киногоо бүтээсэн. “Хотулун”-ы гэр бүл боллоо гэж манайхан ярьж байсан.

-Гавьяат жүжигчин А.Цэгмэд гуай өмнө нь “Ану” хатанд оролцож байсан. Энэ кинонд бас харагдана лээ?

-А.Цэгмэд эгч халуун сэтгэлтэй, ямар ч нөхцөлд зохицоод ажилладаг хүн, сайн ч жүжигчин. Тусгай эрх ямба шаарддаггүй. Тэглээ гээд би хүмүүсийг хүнд байдалд оруулдаггүй л дээ. Мастер тогоочтой киноныхоо натурыг авч гарсан. Өдөр шөнөгүй ажиллаад заримдаа хоолоо ч идэж амждаггүй хүмүүс сайхан хооллох учиртай. А.Цэгмэд эгч бололцоо ямар байгааг сайн ойлгодог. Өмнөх киноны үеэр ордны зураг авч байхад үстэй малгайтай суусаар байгаад хамраас нь цус гоожоод, харвахаа дөхсөн. Тэгээд түргэний машинд аваад явж байхад “Би маргааш хүрээд ирнэ ээ” гээд өндөлзөж байсан хүн байхгүй юу.

-Та “Ану” хатан кино хийсэн. Дахиад түүхэн гүнжийн тухай кино хийгээд дууслаа. Харьцуулах боломжтой юу. Өнөөгийн өндөрлөгөөс харвал ямархуу сэтгэгдэлтэй үлдэв?

-Киногоо аваад 2013 онд Хонконгийн кино худалдаан дээр очсон. Одоогийн дистрибьютор болон хэд хэдэн компани ирж, трейлерийг нь хараад их шохоорхсон. Гэтэл кино руугаа орсон чинь олон алдаа дутагдал гарч ирсэн дээ. Эмэгтэй захиралтай компани үлдээд “За яах вэ, энийг чинь засаад зарж чадна аа. Дандаа Хятад, Солонгос кинонууд байна. Монгол гэдэг нь онцлог байна” гэсэн юм. Тэгээд л намайг хүнд байдлаас авч гарч байв. Тэд хааны зарлиг шиг урт “комент” гаргаж өгсөн. “Ордон доторх зураг авалтаа багасга”, “Хөдөлгөөнөө нэм”, “Гол дүрийнхээ шугамыг алдсан байна” гэсэн. “Ану хатан” дээр Галдан их гарсан шүү дээ. Гол дайсан нь төгсгөл хэсэгтээ гарч ирсэн. Гэтэл гол дайсан эхний 11 минутад гарч ирэх ёстой гэж байгаа юм. Бүгдийг нь яс хавталзаж сонсоод, сэтгэл хөдлөл нэг өгсөөд, нэг бууж байв. Дараагийн киногоо хийх асар их туршлага хуримтлуулж, илүү шат ахисан шүү.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ч.Авдай: Бидний чацаргана хураах машин Хятадынхаас хамаагүй илүү болсон шүү дээ

Саяхан Хөдөлмөрийн баатар цол хүртсэн Ардын багш, академич, Ч.Авдайтай ярилцлаа.


-Та “1943 оны хавар хонь хургалах цагаар төрсөн” гэж ярьсан байна лээ. Дэлхийн хоёрдугаар дайны нөлөөгөөр Монголд ч тарчиг байсан үе. Таныг мэндлэх үеийн талаар аав, ээж тань хууч хөөрч байв уу?

-Би долоон хүүхэдтэй айлын дороосоо гурав дахь нь. Одоо миний эгч байна. 85-тай, найм, есөн хүүхэдтэй хүн байдаг. Дараагийн ах, эгч маань байна. Миний дээд талын эгч маань 80-тай. Манайхан гайгүй өндөр насалдаг улсууд. Аавын ах 88 хүрсэн. Би бол 88 хүрэх төлөвлөгөөтэй зүтгээд байгаа. Яах вэ, 1943 онд манайх амины хэдэн малтай байсан. Тэр үед өөр юу байх вэ. Цаг агаар ч хэцүү байж. 1944 оны зуд гэж Монголд том зуд болсон шүү дээ. Намайг уяж орхичихоод цас малтаад явдаг байсан гэдэг. Тиймэрхүү маягтай л байж. Эцэг, эхээс өгсөн жинхэнэ нэр маань Равдандаш. Дүү нар маань “Авдай” гэж дууддаг. Сургуульд ороход “Чамайг хэн гэдэг вэ” гэхээр нь “Авдай” гээд тэр нэрээрээ явчихсан юм.

-Таны ах, эгч нар дөрөвдүгээр анги төгссөн гэсэн. Харин аав тань таныг сургах гэж хөөцөлдсөн гэсэн үү?

-Эгч, ах хоёр дөрөвдүгээр анги төгссөн. Миний дөнгөж дээд талын хоёр бол сургуульд сууж үзээгүй. 1951 онд Увс аймгийн Зүүнхангай сумын бага сургуульд ороод, дөрөвдүгээр ангиа төгсөхөд манай суманд ямар долоон жилийн сургууль байсан биш. Цагаанхайрхан суманд тав, зургадугаар ангидаа сурсан. Би бага сургуульд байхдаа бүх улирлаар онц гардаг. Аравдугаар ангиа ч онц төгссөн шүү дээ. Хичээл номдоо сайн юм гээд аав маань намайг мориор Цагаанхайрхан суманд, дараа нь Баруунтуруунд хүргэж өгч байлаа. Их сургуульд ч онц сурч байсан л даа. Хоёрдугаар курсийнхээ хавар л уушги муудаад, нэг хичээлдээ дунд авч, Сүхбаатарын цалин авч чадаагүй юм.

Жараад оны үед аж үйлдвэрийн салбарууд байгуулагдаж инженер техникийн мэргэжилтний хэрэгцээ өссөн тул 1959 онд МУИС инженерийн салбар нээж барилга, цахилгаан, дулааны салбарыг шат дараатай нээж, оюутан элсүүлж эхэлсэн. 1961 онд Механикч инженерийн ангийг нээхэд би элсэж, 1966 онд дотооддоо бэлтгэсэн анхны 18 хөнгөн аж үйлдвэрийн механикч инженерийн нэг болсон юм. Олон орос багштай. Манай ангийнхан төгсөхдөө дипломоо орос хэл дээр хамгаалж байлаа шүү дээ. МУИС-ийн ректор, академич Н.Содном багш санаачлан, Засгийн газарт тавьж хөөцөлдсөнөөр НҮБ-ын соёл, шинжлэх ухаан, боловсролын байгууллага (ЮНЕСКО) хариуцан Монгол Улсад Политехникийн дээд сургууль байгуулахад туслах болж, 40 багшийг тав, зургаан сарын хугацаагаар ЗХУ-д явуулж мэргэжил дээшлүүлэх болов. Би Киевийн Политехникийн дээд сургуульд мэргэжил дээшлүүлсэн юм.

Нэртэй мундаг багш нарын гараар орж байлаа.

-Та механикч инженер хүн. Монголчууд хонь, ямааны арьсаа боловсруулах үйлдвэртэй байсан мөртлөө өнөөг хүртэл яагаад арьсаа олигтой боловсруулж чаддаггүй юм бэ. Гутал хийдэг хүмүүс гаднаас түүхий эдээ авдаг гэдэг шүү дээ?

-Аж үйлдвэрийн комбинатыг Улаанбаатарт 1934 онд байгуулсан юм. Энд ноос угаадаг, эсгий бүтээгдэхүүн хийдэг, арьс ширээ боловсруулдаг, арьс ширээрээ гутлын түрий энэ тэрийг хийдэг байсан. 1960-аад онд Чехийн тусламжаар хонь, ямааны арьс боловсруулах үйлдвэр байгуулагдаж, энд боловсруулсан арьсаар чемодан, савхин өмд, цамц, түрийвч, бээлий янз бүрийн юм хийдэг байсан л даа. Энэ хоёр үйлдвэрээс гадна жилд 5 сая гутал хийдэг Гутлын үйлдвэр байгуулж өгсөн юм. Нэг их гоё, мундаг гутал хийхгүй ээ. Оросууд энд “бахиал” хийлгэж, цэргүүддээ өмсүүлдэг байсан. Одоо бол шинэ технологиуд гараад ирж. Арьсыг хромын идээлэгч бодис ашиглаж боловсруулдаг байхгүй юу. Хромын идээлэгч их хортой. Сүүлд манайхны мэргэжлийн улсуудтай хөөцөлдөж байгаад, Голландын нэхий идээлдэг тусгай бодис оруулж ирж, Толгойтод байдаг “Арилдий” үйлдвэрт дөрөв, таван жил туршаад, маш сайхан арьс боловсруулж байна. Дарханд баригдаж байгаа арьс ширний цогцолбор, одоо байгаа арьс ширний үйлдвэрүүд энэ технологийг авч, арьсаа идээлэх байх л даа. Хромын идээлэгч бодис ашигласан арьс ширэн бүтээгдэхүүнийг 2015 оноос худалдаанд гаргахыг хориглосон шүү дээ. Тэгээд л арьс хог дээр хэвтээд байгаа юм. Одоо энэ шинэ технологи үйлдвэрлэлд нэвтрээд ирэхээр арьс үнэтэй болно. Дотооддоо арьсаа сайхан боловсруулдаг болно. Энэ технологийг эзэмшсэн улсууд бий болж байна. Ийм технологийг Голланд, германчууд гаргасан. Хятадууд энэ бодисыг нь хоёр жил аваад, дараа нь өөрсдөө адилхан бодис хийсэн юм билээ. Армяны археологичид хүннүгийн булшнаас дөрвөн ширхэг нэхий бойтог олсон гэдэг. Бойтог огт муудаагүй байж. Ямар учиртай вэ гээд германчуудад хүсэлт тавиад, голландчуудтай хамтарсан эрдэм шинжилгээний төвд уг бойтгийг судлаад идээлгийн бодис гаргаж авсан юм билээ. Хромын идээгээр идээлснээс хоёр дахин бага хугацаанд идээлнэ. 10 000 ширхэг үхрийн арьс боловсруулахад арав гаруй сая төгрөгөөр хямд тусч байгаа.

-Монголоос угшилтай технологи юм биш үү?

-Угшилтай. Ер нь монголчууд арьс шир идээлэхдээ дээр үед шар ус, тараг, хужир ашиглаад дээр нь шар будаа нэмээд идээлдэг байж. Идээлэх үйл явц удаан л даа. Дээр үеийн хурган дотортой дээл үнэртэй байдаг шүү дээ. Манайхан үнэрийг нь арилгаж чаддаггүй байсан юм билээ.

-Та социализмын үед ч чацаргана боловсруулах талаар судалж, эрдмийн зэрэг хамгаалсан юм билээ. Чацаргана судлах болсон нь Увсад төрж өссөнтэй чинь холбоотой юу?

-Увсынхдаа биш л дээ. Би 1972 онд Узбек улсын Ташкентын аспирантурт сурахаар очсон чинь манай удирдагч багш ”Монголдоо хэрэгтэй чиглэлээр ажилла” гэсэн юм. Тэгээд чацаргана хураах боловсруулах чиглэлийг сонгож авч, түүгээрээ ажиллаж дэд докторын зэрэг хамгаалсан. Түүнээс өмнө чацаргана мэддэггүй л байсан. Манай суманд чацаргана байхгүй л дээ. 1964 онд манайхан Барнаулаас чацарганы зургаан сорт авчирч, Б.Лааган гуай ургуулж тарималжуулж байсан юм. Би бол 1990 онд, Ленинградын Ойн техникийн академид чацаргана хураах, боловсруулах техник, технологийн асуудлаар техникийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан. Бид хөдөө орон нутагт Завхан, Сэлэнгэ, Увс, Шарын гол, Улаанбаатарт чацаргана боловсруулдаг 16 үйлдвэр байгуулсан шүү дээ.

-Та чацарганатай холбоотой 16 патент авсан гэсэн. Энэ дунд чинь чацаргана хураах техник байдаг уу?

-Доргиож хураадаг, соруулж хураадаг хоёр төрлийн машин хийгээд туршсан. Тухайн үед нь манайхан олшруулаад авах ёстой байсан. Тэгж чадаагүй. Одоо бол бутан дээр нь доргиодог юмнууд Хятадад зөндөө гарсан. Тэрийг манайхан авчирч туршсан. Бид ч бас бутан дээр нь доргиодог юмнууд хийсэн л дээ. Тодорхой хугацаанд доргиох учиртай. Наймдугаар сарын 20-доос есдүгээр сарын 10-дын хооронд доргиож хурааж болно. Есдүгээр сарын 15-наас хойш чацаргана зөөлрөөд, доргиохоор хагарчихдаг байхгүй юу. Тийм үед өвлийг хүлээхээс өөр аргагүй. Бид өвөл хураадаг комбайн маягийн юм хийж, Улаангомд туршиж байлаа. Сүүлд миний удирдлагад дөрвөн хүн чацарганаар эрдмийн зэрэг хамгаалж, бид тэр юмнуудаа илүү нарийн боловсруулж гаргасан л даа. Жишээлбэл, доргиоход хоёр тийш хэчнээн хэмжээтэй савлуулах, минутанд хэдэн удаа савлах энэ тэрийг ч нарийн тогтоосон. Соруулж хураахад соруулах агаарын урсгалын хурдыг тогтоосон. Түүгээрээ юм хийгээд туршаад яваа. Улсаас дэмжээд хөрөнгө мөнгийг нь гаргавал бидний бүтээл Хятадынхаас хамаагүй илүү болсон шүү дээ.

-Хятадад бас чацаргана ургадаг уу?

-Дэлхийд 1,6 сая га-д чацаргана ургадаг. Түүний 1,4 сая нь Хятадад ургадаг. Манайд бол байгалийн чацаргана хуучин 27 мянга га гэж байсан. Одоо бол арав гаруй мянган га болсон. “Чацаргана” хөтөлбөр боловсруулж, 2010 онд Засгийн газраар батлуулаад, чацарганын суулгац хүмүүст үнэгүй өгч, сургалт хийсэн. Одоо 8000 га-д чацаргана тарьж байна шүү дээ. 20-иод үйлдвэрт гуч шахам нэрийн бүтээгдэхүүн гаргаж байна. 5000 гаруй хүн чацаргана тойроод амьдарч байна даа. Манай чацарганы цэвэр тос Солонгост болсон 50 гаруй орон оролцсон олон улсын үзэсгэлэнгээс алтан медаль авч байсан шүү дээ. Бидний гаргасан технологиор л энэ тосыг гаргаж авч байгаа. Чацарганын сок, шүүс байна. Өөр жимснүүдтэй холих арга бидний патент дотор байгаа л даа. 16 патент дотор чацаргана хураахтай холбоотой патент, чацарганы суулгац бий. Чацарганы суулгацыг газарт суулгаад, хүлэмжин дотор зунжин битүү манан үүсгэдэг юм, намар дороо үндэслээд, 20-30 см болно. Түүнийгээ ухаж аваад, задгай талбайд нэг жил суулгаад, 40-70 см хүрнэ. Түүнийг нь улсууд зарж худалддаг байхгүй юу. Орост 40-өөд сорт байна. Манайд бол арваадыг тарьж байна. Б.Лааган гуай чацарганы гурван сорт гаргаж аваад, түүнийг нь цаашид үргэлжлүүлж тарьж чадаагүй юм. Тийм л байгаа юм. Жимс, жимсгэний холбоотой хамтарч жил бүр чацарганын сургалт явуулж, номоо бичих ажилтай. Энэ холбоог олон жил даргалсан. Энэ жил ч бүх аймагт цахимаар сургалт явуулсан шүү дээ. Чацаргана тарих, боловсруулж бүтээгдэхүүн хийх талаар заадаг.

-Монголоос чацарганы бүтээгдэхүүн авах сонирхолтой улсууд хэр олон байдаг вэ?

-Япончууд, тайваньчууд, германчууд авч байна. Цаашдаа их хэмжээгээр авъя гэхээр манайхан тийм хэмжээгээр үйлдвэрлэж чадахгүй байгаа юм. Чацарганы тосны онцлог нь хортой туяанаас хамгаалдаг. Атомын цахилгаан станц дэлбэрэхэд манайхан чацарганы тосоо л илгээж байлаа. Чацарганы тос анагаах чадалтайгаас гадна өөр юмнуудтай холиод, янз бүрийн бүтээгдэхүүн гаргаж болдог. Чацарганыг оросууд сайн судалсан. Барнаулд чацарганын олон сорт тариалдаг. Хятадад талбай их ч нэг их нарийн судалгаа хийгээгүй юм билээ. Чацарганы олон улсын холбоо гэж бий. Хоёр жил тутамд их хурал хийдэг. Манайхан өргөн бүрэлдэхүүнтэй оролцдог.

-“Чацаргана” гэж таны ном байдаг. Өөр олон ном бичсэн байх аа?

-Гэр барихаас авахуулаад, хувцас хунар, эмээл хазаар, тэрэг чаргаа хийх тухай бичсэн. “Монголын нүүдэлчдийн үндэсний уламжлалт технологи” номыг С.Төмөржав; Ч.Сонгино нартай хамтарч бичсэн юм. Ч.Сонгино маш олон үзмэртэй “Монголын үндэсний уламжлалт технологийн музей” байгуулсан. Хөдөө, гадааныхан ч сонирхож үздэг, оюутан сурагчдын сургалтад ч ашигладаг музей байгаа юм. “Монгол Улсын орчин үеийн үйлдвэрлэлийн салбаруудын технологи” гээд номыг багш нартайгаа хамтраад бичсэн л дээ. Их дээд сургуулиудад хэрэглэгдээд явж байгаа. “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй” сурах бичиг гаргасан. Тав дахь удаагаа хэвлэгдээд байна. “Хүүхэд залуучуудын нэвтэрхий толь” гурван боть номд маань маш сайхан материалууд бий. Л.Түдэв гуайн удирдлагаар наяад онд гаргасан. Түүнийгээ бид бас өөрчилж сайжруулсан.

-Та бас Ю.Цэдэнбалын Академийн тэргүүн дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон гэсэн. Ингэхэд та Ю.Цэдэнбал даргатай уулзаж байв уу?

-1976 онд Политехникийн дээд сургуулийн захирал болохоор Улс төрийн товчооны хурлаар орсон юм. Тэгэхэд манай сургууль 200 гаруй багштай. Гэхдээ дөрөв, таван хүн л эрдмийн зэрэгтэй байв. Техникийн чиглэлийн эрдэмтэн ховор байсан юм. Тэр хуралд ороход Төв хорооны боловсон хүчин намайг “Политехникийн дээд сургуулийн захирал болгох гэж байгаа хүн” гэж танилцуулсан. Ю.Цэдэнбал дарга “Чи техникийн ухаанаар эрдмийн зэрэг хамгаалсан хүн үү, ямар чиглэлээр ажиллаж байна” гэж асууж байсан. “Маш хэрэгтэй чиглэлээр ажиллаж байгаа юм байна. Үүнийгээ сайн хийгээрэй, за батлах уу” гэсэн. Тэгж л уулзсан. Үүнээс өөр биечилж уулзаж үзээгүй. Филатова гуайтай бол зөндөө уулзаж байлаа. Хүмүүс ширүүн л гэдэг байсан. Бидэнд ширүүлэх юм юу байх вэ. Ажил төрөл ярьдаг байсан. Хүүхдийн цэцэрлэг барихад барилгачдаас гадна оюутнууд ажилладаг байв. Оюутан гаргах асуудлаар уулзаж байв.

Ю.Цэдэнбал даргыг хүндэлж явдаг. УИХ-ын гишүүн байхдаа Ц.Нямдорж бид хоёр хөөцөлдөж 60 сая төгрөг төсөвт тусгуулаад, Увс аймгийн Орон нутаг судлах музейн дэргэд Ю.Цэдэнбал даргын музей байгуулсан юм.

Categories
булангууд мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

Г.Алтаншагай: ”Улсын тэргүүний уран сайханч” дүрдээ би маш их хайртай

-МӨРӨӨДЛИЙН АМЬДРАЛАА ӨӨРӨӨ БҮТЭЭЖ, ЦОГЦЛООЖ ЯВНА ДАА-


“Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Г.Алтаншагайтай ярилцлаа.


-“Мөрөөдлийн театр”-ынхан 10 жилийн ойгоо яаж тэмдэглэх вэ?

-“Мөрөөдлийн театр” 2011 оны арваннэгдүгээр сарын 7-нд Оросын алдарт зохиолч А.В.Ванпиловын “Ууган хүү” жүжгээс сэдэвлэсэн “Миний нууц хүү” жүжгийг анх Соёлын төв өргөөнд тоглож байсан. Тэр цагаас хойш арван жил өнгөрчээ. Энэ хугацаанд бидэнтэй хамт байсан үзэгчиддээ ойн баярын мэнд хүргэе. Энэ бол зөвхөн “Мөрөөдлийн театр”-ын уран бүтээлчдийн гэхээсээ манай тоглолтыг үздэг, дэмждэг үзэгчдийн маань хамтын баяр гэж ойлгож байгаа. Ойдоо зориулаад энэ сарын 26-нд бид “Ub palace”-т хошин урлагийн нэгдсэн тоглолтыг хийхээр бэлтгэж байна. Мөн “Мөрөөдлийн театр”-ынхаа 10 жилийн ойд зориулаад бид шинэ жилийн баярын богино хэмжээний контент хийхээр зураг авалтаа эхлээд байна. Ойн баярын нэвтрүүлэг маань удахгүй зурагтаар гарч эхэлнэ.

-Хүндэтгэлийн тоглолтод хошин урлагийн бусад уран бүтээлчид оролцоно гэсэн шүү дээ. Юу үзүүлж харуулах бол?

-Хамтлагууд шилдэг номеруудаа тоглох байх. Манайхаас гадна “Шинэ үе”, “Маск”, “Эмоци” продакшн, “Аглуу” энтертайнмент, хошин элэглэлийн “Пароди” хамтлаг шилдэг номеруудаа хүргэнэ. Бидний хувьд өмнө нь тоглож байсан шоу драм тоглолтуудаасаа түүвэрлэж, үзэгчиддээ хүргэнэ. Мөн дуучид, уран бүтээлчид урилгаар ирж ая дууныхаа дээжээ өргөх юм. Ойрд тайзан дээр гараагүй хамтлагуудын хувьд үзэгчдийн хүсэн хүлээсэн сайхан тоглолт болно гэж найдаж байна.

-Яагаад “Мөрөөдлийн театр” гэж нэрлэсэн бэ?

-Хүн болгоны зүрхэнд ойрхон байдаг, амьдралыг хүчтэй, тэмүүлэлтэй, зорилготой болгодог зүйл мөрөөдөл. Хүмүүс мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөдөг. Хязгааргүй орон зайд уран бүтээлээ туурвих юмсан гэсэн залуусын мөрөөдлөөс үүдээд хамтлагаа “Мөрөөдлийн театр” гэж нэрлэсэн. Бидний туйлын мөрөөдөл байсан учраас “Энэ бол бидний мөрөөдлийн театр” гэж бодож нэрлэсэн юм.

-Анх өрх тусгаарлахдаа амжилтад хүрэх болов уу гэж санаа зовж байв уу?

-Байлгүй яах вэ. Г.Эрхэмбаяр бид хоёр Драмын театрт тав, зургаан жил ажиллаад тусдаа гарсан. Тэр үед зоригтой шийдвэр гаргасан. Залуу уран бүтээлчдийн хувьд босго өндөртэй Драмын театраас гарна гэдэг маш эрсдэлтэй шүү дээ. “Хүмүүс Драмын театрт орох гэж тэмүүлдэг байхад та хоёр гарах нь зөв үү” гэж ойр дотны улсууд маань зөвлөж байсан л даа. Тэгээд өөрсдийн хүчийг сорьё. Хувийн продакшн байгуулаад үзье гэдэг тэмүүлэлдээ хөтлөгдөөд гарсан л даа. Тэр үед бас хүн үзэх билүү, үгүй билүү , олны танил болж амжаа ч үгүй байсан цаг хугацаа. Зориглоод гарахад маш эрсдэлтэй алхам байлаа. Олон хүнээс зөвлөгөө авч байв. Найруулагч Н.Наранбаатар ахтай бид ойрхон байдаг. “Та хоёр шантралгүйгээр сайн ажиллаарай” гэж урам өгсөн л дөө.


-Таныг театраасаа гарахад эхнэр чинь яаж хүлээж авсан бэ?

-Эхнэр маань телевизийн хүн. Том хүү маань жаахан байсан учраас ажлаасаа хөндийрсөн байсан. Тэр үед нь би бас хамтлаг байгуулна гээд гэр бүлдээ анхаарч амжихгүй, эхнэр маань ар гэрээ 100 хувь хариуцах болсон л доо. Хамтлагийн маркетингийг бас давхар хариуцаж байсан. Нэг салбарт ажилладаг хүний хувьд дэмжиж хүлээж авсан л даа.

–Таны эхнэрийг хүмүүс мэднэ дээ. Олны танил телевизийн сэтгүүлч С.Насанжаргал. Та эхнэрийнхээ араас их “гүйсэн” үү?

-Бид хоёр 2009 оноос хойш бие биенээ таньдаг болсон. Хамтдаа олон шинэ жил хөтөлж байлаа. Тэр үед “найраад”, “эргүүлээд” улам дотноссон. Би уран бүтээлээ телевизээр нь гаргадаг. TV-5 телевизийн баярын хөтөлбөрүүдэд их оролцоно. Тэгээд л нэг мэдэхэд дотно болсон л доо.

-Танд шинэ жил хөтлөх урилга ирж байгаа гэсэн үү?

-Хоёр жил шинэ жил тэмдэглээгүй болохоор монголчууд маань энэ баяраа их санасан юм шиг байна. Албан байгууллагуудаас их ярьж байгаа.

-Шинэ жилийн контентынхоо тухай сонирхуулаач?

-Ойдоо зориулаад шинэ жилийн контент кино гаргах юм. Шинэ жилийн адал явдал, хөгжилтэй түүхийг харуулна. “Боловсрол” телевиз, “Хүлэгү пикчерс”-тэй, “Мөрөөдлийн театр”-ынхан хамтарсан контент юм.

-Хөл хорионы цаг хугацааг яаж өнгөрүүлэв?

-Энэ хугацаанд ер нь завгүй байлаа. Телевизийн олон контент, уран сайхны кинонд тоглолоо. Одоо бас “Боловсрол” телевизийн 16 ангит “Хавтаст хэрэг” кинонд гол дүрд тоглож байгаа. Энэ кино маань нэгдүгээр сарын 15-наас “Боловсрол” телевизээр үзэгчдэд хүрэх юм. Энэ хугацаанд бас хувийн уран бүтээлдээ анхаарч, зохиол бичиж, продакшн, кино компаниудтай хамтарч арав гаруй уран бүтээл дээр ажилласан. Өөрийгөө дайчилж ажиллалаа.

-“Хавтас хэрэг”-т ахмад Идэрийн дүрд тоглосон гэсэн. Үзэгчид өөрийг чинь өөр өнцгөөс харах нь ээ?

-Миний тоглодог дүрүүдийн 60-70 хувь нь инээдмийн жанр байдаг бол ахмад Идэр бол мөрдөн байцаагч залуугийн дүр. Өөрийгөө “эвдэж”, арай өөр талаас нь харуулахыг хичээсэн.

-Хүү чинь бас кинонд тоглоод эхэлжээ?

-Би хоёр хүүтэй. Бага хүү маань олон киноны урилга хүлээж авсан. Өөрөө бас тэр тал руугаа сонирхолтой. Хоёр хүү маань “Сингл лейдис” кинонд тоглож байсан. Манай хамтлагийн “Одод болохын хүслэн” байна. Манай бага саяхан нээлтээ хийсэн “Том тоглоом” кинонд бас тоглосон. Удахгүй бас нэг кино нь дэлгэцэнд гарах юм. Уран бүтээлч аав, ээжийн хүүхдүүд учраас тоглолтын бэлтгэл дээр хамтдаа байдаг. Хөшигний ард “Мөрөөдлийн театр”-ын тоглолтыг үзээд, аавынхаа ажил дээр байдаг учраас хүүхэд энэ тал руугаа сонирхолтой болчихдог юм билээ.

-Таны аав сумын клубын эрхлэгч байсан гэлүү?

-Аав маань клубийн эрхлэгчээр олон жил ажилласан. Аавыгаа дагаад урлагт хайртай дуртай болсон доо. Хүүхэд байхдаа тайзан дээр өссөн. Багаасаа урлагийн хүн болно гэж бодож, мөрөөдөж явсаар СУИС-ийн жүжигчний ангид орж байлаа.

-Аавтайгаа хамт тоглосон номер байдаг уу?

-Байдаг. Бага байхад маань шог гараа гэж тоглодог байлаа. Багадаа аавтайгаа хамт “Ганцхан Чойжоо” гэдэг номерт тоглож байв.

-Таны “Улсын тэргүүний уран сайханч” их амьдралтай дүр л дээ. Магадгүй тийм орчин байсан болохоор илүү мэдэрсэн болов уу?

-Тийм тийм. Суманд насаараа урлагийн байгууллагад ажиллачихсан тийм улсууд их байдаг шүү дээ. Тэд маань хөдөөд соёлыг түгээж байгаа чухал улсууд. Гавьяа шагнал нь “Улсын тэргүүний уран сайханч”-аас хэтэрдэггүй. Гэсэн ч урлагтаа хайртай. Насаараа сум, орон нутгийнхнаа баясгаж, урлагаар тэжээж явдаг улсуудын дүрийг гаргахыг хичээсэн. Яг л миний аавын мэргэжил юм даа. Тэр дүр маань их үнэмшилтэй болсон шиг байгаа юм. Тухайн үедээ үзэгчдэд их хүрсэн. Энэ дүрдээ би хайртай байдаг. Намайг анх хүмүүсийн танил болгосон дүр л дээ.

-Та сүүлийн үед жингээ барих гээд хичээж байгаа гэсэн үү?

-Жингээ барих гэж хичээж, яг 80 кг-д бариад байна. Сүүлийн үед хоол ундаа зөв зохистой тааруулж, хоолны дэглэм барьж байна. Эрүүл мэнддээ анхаарах цаг болсон байна.

-Ааруул, лимонтой ус ууж байгаа гэсэн үү, ямар нэгэн өвөрмөц жор байдаг уу?

– Айхавтар жорсоод байх юу байх вэ. Ус сайн уудаг, 18 цагаас хойш хоол идэхгүй байхыг хичээдэг. Гурил хэрэглэхгүй. Тийм л дэглэм барьдаг.

-Та цаг зав багатай уран бүтээлчийн ажлын хажуугаар гэр бүлдээ хэрхэн цаг гаргадаг вэ?

-Хүүхдүүдээ аль болох хичээлд нь хүргэж өгч, авахыг боддог. Заримдаа яалт ч үгүй амжихгүй, өөрсдөө сургуулийнхаа автобусаар явна. Ер нь надад “Завгүй байна” гэдэг утгагүй үг шиг санагддаг. Цаг завыг өөртөө заавал гаргаж байх ёстой. “Завгүй байна” гээд байвал завгүй л байгаад байна. Цагаа зөв зохицуулж чадвал ямар ч их ажилтай үед цаг гаргаж болдог. Гэр бүлдээ цаг гаргаж, аль болох хүүхдүүдтэйгээ монгол наадгай, шагай, даам тоглож, агаар салхинд алхаж, цуг тоглож байхыг боддог. Аль болох цаг гаргаж хамт байвал хүүхдүүд өөртөө итгэлтэй болдог. Гэр бүлтэйгээ хамт байхыг боддог. Заримдаа зураг авалттай үед оройтож очихоор манай гэрийнхэн унтчихсан байдаг л даа.

-Та хоёр бол олны танил хосууд. Ингэхэд та “баздаг” уу, “базуулдаг” уу?

-Эр хүн бол эхнэрээ хүндэлж байх ёстой. Хайр, хүндлэл хоёр дээр л гэр бүлийн нандин харьцаа оршдог байх. Түүнээс биш “базна”, “базуулна” гэдэг харьцангуй ойлголт шиг байгаа юм. Нөгөө талаасаа хүндлэл юм болов уу гэж боддог шүү дээ.

-Нэг хэсэг хөл хорионд суусан болохоор тоглолтын бэлтгэл их хийж байгаа юу?

-Ойрд ажил ихтэй байгаа. “Хавтаст хэрэг” киноны зураг өдөр болгон авч байна. Дээр нь хамтлагийн 10 жилийн ой давхцаад, шөнө, оройн цагаар хувийн продакшн, хамтлагийнхаа бэлтгэл сургуулилтыг хийж байна. Өдөр нь киноныхоо зураг авалтад орж байна. Одоо ч 20 цагт хамтлагийнхан маань лайв хийх гээд цугласан байна. Лайвын дараа бэлтгэл сургуулилт хийх юм. Урилга тараах, хамтлагуудтайгаа нэгдсэн бэлтгэл хийх, шинэ жилийн киноны маань зураг авалт эхэлнэ гээд маш их ажилтай арваннэг, арванхоёрдугаар сар өнгөрөх юм шиг байна.

-Одоо танай хамтлагт хэн хэн байна?

– Манай Эрхэмээ, Сөрөлт, Ганбаа, Отгоо, Алдармаа, Намуунаа байна. Залуу уран бүтээлч дүү нар маань бий. “Мөрөөдлийн театр” хориод хүний бүрэлдэхүүнтэй ажилладаг. Манайд ажиллаж байсан Ааяа эгч, Навчаа, Батаа, Дөлгөөн маань бүгд л ойдоо ирж тоглоно.

-Та хэдийгээр жүжигчин хүн ч хамтлаг авч явахад удирдагчийн ур чадвар шаардаж байгаа байх л даа?

-Хамтлаг удирдана, манлайлна гэдэг тусдаа авьяас шаарддаг шиг байгаа юм. Хүүхэд байхаасаа нийгмийн идэвхи, санаачилгатай сурагч байсан учраас тэр дадлаараа л явж байгаа. Түүнээс биш Удирдлагын академид ч юмуу удирдахуйн ухаанд суралцсан юм алга. (инээв)

-Дараагийн уран бүтээлээ яаж төсөөлж байгаа вэ?

-Он гараад Ц.Балдорж гуайн зохиол “Шөнө буусан аадар” драмын жүжигт ажиллахаар бэлтгэл сургуулилтдаа орно. Энэ жүжгээ гуравдугаар сард үзэгчиддээ өргөн барихаар төлөвлөөд байна.

-“Мөрөөдлийн театр”-ынхны одоогийн мөрөөдөл юу байна?

-2022 оноос авахуулаад гадагшаа том фестивалиудад оролцох зорилго бий. Мөрөөдөлдөө хугацаа тогтоосныг зорилго гэдэг. Тийм учраас зорилгууд маань биелвэл бидний мөрөөдөл биелнэ. Алсдаа “Мөрөөдлийн театр” том ордонтой, байшинтай болохыг л мөрөөдөж байна даа. Мөрдлөг болгож явдаг зүйлээ хэлье. Өглөө болгон хүн хоёр сонголттой сэрдэг. Нэг нь орноосоо шууд босоод мөрөөдлийнхөө төлөө зүтгэх, нөгөө нь үргэлжлүүлж унтаад мөрөөдлөө зүүдлэх.

-Энэ таны мөрөөдлийн амьдрал мөн үү?

-Уран бүтээлээ хийгээд, мөрөөдлийн амьдралаа өөрөө цогцлоож явна даа.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ч.Болдбаатар: Монгол тусгаар улс гэдгээ баталгаажуулахын тулд Үндсэн хуулиа нэн даруй батлах шаардлагатай болсон

МУБИС-ийн түүхийн тэнхимийн багш, доктор Ч.Болдбаатартай ярилцлаа.


-Арваннэгдүгээр сарын 26-ныг улс тунхагласан өдөр гэдэг. Харин түүхчийн хувьд юуг онцлох вэ?

-Энэ өдөр монголчууд анхны гэж яриад байгаа Үндсэн хуулиа батлаад, Бүгд Найрамдах Бүрэн Эрхт Монгол Ард Улс гэж тунхагласан өдөр юм. Энэ өдрийг хүмүүс Улс тунхагласан өдөр гэж ярьдаг, хольж хутгадаг. Монгол Улс 1911 онд тусгаар тогтнолоо олсон. 1924 онд энэ тусгаар тогтнолоо бататган, Бүгд Найрамдах засаглалтай, тусгаар тогтносон улс гэдгээ тунхагласан ийм л өдөр байгаа юм.

-Анхны Үндсэн хуулийг арваадхан хоногийн дотор баталсан гэдэг билүү?

-Судлаачдын хувьд өөр өөр байр суурьтай байдаг юм. Манай түүхчид БНМАУ-ын анхны Үндсэн хууль гэж үздэг. Хувь судлаачийн хувьд би үүнийг анхдугаар Үндсэн хууль гэж үздэггүй. Үндсэн хуулийн нэг л үе шат гэж үздэг.

Яагаад ингэж үздэг гэхээр 1921 оны долдугаар сард Ардын хувьсгал ялсны дараа найм, есдүгээр сард Засгийн газрын тогтоол гарсан юм. Ардын эрхт хэмжээт цаазат Засгийн Үндсэн хуулийг боловсруулах тухай тогтоол байсан. 1921-1924 оны хооронд ямар эрх зүйн баримт бичгийг үндэслэн төрийн бүтэц тогтож байсан юм бэ гэдгийг тодруулах ёстой юм. 1921 оны арваннэгдүгээр сарын 1-нд батлагдсан Богд хаан Ардын Засгийн газар хоёрын хооронд байгуулсан Тангарагийн гэрээ гэж баримт бичиг байсан. Үүнийг судлаачид Үндсэн хуулийн чанартай акт, органик хууль гэх мэтээр янз бүрээр тайлбарладаг. Судлаачийнхаа хувьд би үүнийг Монгол Ард Улсын анхны Үндсэн хууль байсан гэж үздэг. Ингэж үзэх хэд хэдэн үндэслэл байгаа юм. Тангарагийн гэрээ бол Д.Бодоогийн боловсруулсан Хэмжээт Засагтай Ард Улсын Үндсэн хуулийн төслөөс нэг бүлгийг тусад нь салгаад, баталж мөрдсөн байгаа юм. Түүнд төрийн гол эрх мэдлийг Засгийн газар барина, Богд хаан улс төрийг хамаарахгүй. Зөвхөн шашныхаа хэргийг дангаараа эрхэлж шийднэ гэж заасан. Засгийн газрыг байгуулахад ямар процедурын шинжтэй үйл явдал болохыг есөн зүйлтэй энэ гэрээнд заасан юм. Энэ бол Үндсэн хууль байсан. Яагаад гэхээр дэлхийн Үндсэн хуультай улсуудад хоёр янзын дүр зураг харагддаг. Нэг нь бичигдмэл Үндсэн хууль, нөгөө хэсэг нь олон хуулиудыг нийлүүлээд, түүнийгээ Үндсэн хууль гэж нэрлэдэг. 1921 онд батлагдсан Тангарагийн гэрээ бичгийг авч үзвэл үүний эхлэл байсан шиг. Яагаад гэхээр Ерөнхий сайд асан Д.Бодоо Английн системийг судалж байсан хүн. Английн тогтолцоог харвал хэд хэдэн хууль, бичиг баримтуудыг нийлүүлээд Үндсэн хууль гэж нэрлэдэг. Тийм учраас түүх бичлэгт явж байгаа Монгол Улсын анхдугаар Үндсэн хууль гэдэгтэй би жаахан санал зөрдөг тал бий.

-Юутай ч анхдугаар Үндсэн хууль гэж олон түүхчдийн үзэж байгаа энэ хууль болон таны яриад байгаа Тангарагийн гэрээнээс өмнө монголчууд Үндсэн хууль маягийн бичиг баримттай байсан юм болов уу?

-Үндсэн хуулийг боловсруулах, Үндсэн хуулийн судалгааг монголчуудад таниулахад Цэвээн Жамсранов гуай их үүрэг гүйцэтгэсэн хүн. Түүний 1914 онд бичсэн “Улсын эрх” гэж зохиол бий. Энд бусад улсуудын төрийн тогтолцоо ямар байгааг дэлгэрэнгүй бичсэн байгаа юм. Үүнийг бичихдээ мань хүн 20-иод улсын Үндсэн хуулийг судалж байж бичжээ. Аль 1914 оноос эхлээд монголчууд Япон маягийн Үндсэн хуульт хаант засаглал руу явах сонирхол байжээ. Түүний улбаа нь 1914 онд нийтээрээ хууль дүрэм журам боловсруулж батлах хурлын байгууллага байгуулсан. Тэр нь улсын дээд, доод хурлын газар гэж 1914-1919 онд ажиллаж байсан байгууллага шүү дээ. Яг Үндсэн хуулийн баримт бичгийг боловсруулж бий болгох ажил 1921 онд эхэлсэн. Ийм үйл явдал болсон юм.

– 1924 оны Үндсэн хуулиас өнөөг хүртэл явж ирсэн зүйл заалт байгаа юу. Бусад улс орнуудад эмэгтэйчүүдийн сонгох эрх хожуу хүлээн зөвшөөрөгдсөн байдаг. Харин монгол эмэгтэйчүүд 1924 онд сонгох, сонгогдох эрхтэй болсон гэж ойлгоод байгаа л даа?

-1924 оны Үндсэн хуульд хүйс харгалзахгүй байх тухай заалт бий. Сонгуулийн эрхийг эмэгтэйчүүдэд олгодоггүй байсан тогтолцоо саяхныг хүртэл бусад улс орнуудад байсан. 1940-өөд он хүртэл дэлхийн ерөнхий чиг хандлага ийм байсан. 1970-аад он хүртэл Америкт хар арьстнуудыг сонгуульд оролцуулахгүй ялгаварлан гадуурхаж байлаа шүү дээ. Манай Үндсэн хуулиар бол эмэгтэйчүүд эрэгтэйчүүдтэй нэгэн адил сонгуулийн эрхтэй болсон. Тухайлбал, 1924 онд хуралдсан Улсын анхдугаар их хуралд эмэгтэй хүн байхгүй. Харин 1925 онд хуралдсан Улсын хоёрдугаар их хуралд тус их хурлаас баталсан Улсын бага хуралд гурван эмэгтэй хүн сонгогдсон. Энэ үйл явц дараа дараагийн Үндсэн хуулиар баталгаажиж явсан. Тухайлбал, 1940 оны Үндсэн хуульд эмэгтэйчүүдтэй холбоотой маш тодорхой заалтууд орсон. Эмэгтэй хүнийг богтлон авахыг хориглосон заалт байдаг. Нийтийн тэгш эрхийг хангах асуудлаар 1924 оны Үндсэн хууль анхдагч үндэс суурийг тавьсан. Гэхдээ мэдээж тухайн үеийнхээ тогтолцоо, үзэл суртлаас хамаараад нийгмийн зарим бүлэгт сонгуулийн эрх олгохгүй хассан зүйл заалтууд орсон.

-Тайж язгууртан, лам нар сонгох эрхгүй байсан гэл үү. Тэд хэзээ сонгох эрхтэй болсон бэ?

-Анхдугаар Үндсэн хуулийн дөрөвдүгээр бүлэгт Сонгох, сонгогдох эрхийн тухай бий. Үүгээр таван бүлэг хүмүүсийн сонгох, сонгогдох эрхийг хассан. Урьдын ван гүн, хутагт хувилгаад, сүм хийдэд байнга шавилан суугч лам нар, олз ашиг хичээгч наймаачид, шүүхээр ял эдэлж байгаа болон эдэлсэн хүмүүсийн сонгох, сонгогдох эрхийг хассан. Энэ процесс 1940-өөд он хүртэл үргэлжилж, 1943 онд БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчдийн тогтоолоор бүх хүнд сонгуулийн эрх олгосон. 1924, 1940 оны Үндсэн хуулиар хассан сонгуулийн эрхийг нээсэн гэсэн үг.

-1924 оны Үндсэн хуульд сайн талууд байжээ. Сөрөг тал нь юу байв, түүхийн сургамж болгож хэлэх зүйл юу байна?

-Нийгмийг хоёр хуваасан. Төрөөс нийгмийн гишүүдээ ялгаварлан гадуурхах эрх зүйн үндэс бүрдсэн.

Та хэрэв сурвалжит хүний үр хүүхэд бол сонгох эрхгүй. Тэгш бус байдал бий болгоно гэдэг тэднийг хэлмэгдүүлэх, хядах боломжийг нээсэн хэрэг. Энэ хортой заалт байсан. Энэ заалтыг 1943 онд байхгүй болгосон.

-Оссендовскийн “Хүн араатан бурхад”-ыг уншихад хувьсгалаас өмнөхөн Богд хаант Монгол Улс, Нийслэл хүрээ ямар гээчийн ороо бусгаа нөхцөлд байсан юм бэ. Улс гэхэд хэцүү, гамин, цагаантан, улаантан бүгд ороод ирчихсэн, монголчуудын өөрсдийнх нь шийдэж чадах юм ховор, хэцүү нөхцөлд байсан санагдсан?

-Монголчууд 1911 онд Манжаас салж, тусгаар тогтнолоо зарласан шүү дээ. Манж гүрэн 1912 оны нэгдүгээр сарын 1-нд унасан. Манжийн суурин дээр Дундад иргэн улс байгуулагдсан. Бүгд Найрамдах Хятад улс байгуулагдсан. Хаант Орос, Дундад иргэн улс хоёр Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхгүй байсан юм. Хоорондоо тохиролцоод 1913 онд тунхаг гаргасан. Түүнийг түүхэнд “Бээжингийн тунхаг” гэж нэрлэдэг. Үүгээр Гадаад Монгол нь тусгаар тогтносон улс биш Хятадын нэг хэсэг. Гэхдээ автономит эрхтэй байна гэдгийг батлаад, 1915 онд Монголд тулган хүлээлгэсэн. Үүнийг бид Хиагтын гэрээ гэдэг. Энэ гэрээний дагуу бол Монгол тусгаар улс биш, болчихож байгаа юм. Явсаар байгаад 1919 онд Орост иргэний дайн, хувьсгал гарсан. Хятадууд цэрэг оруулж ирээд, Монголын автономитыг үгүй болгоод, Хятадын нэг хэсэг болгосон. Үүнийг эсэргүүцсэн ард түмний тэмцэл хөдөлгөөн гарсан. Энийг бид 1921 оны хувьсгал гэж нэрлэдэг шүү дээ. Орос дахь иргэний дайн 1922 онд дууссан. Зөвлөлт Орос улсыг бусад хөрөнгөтөн орнууд хүлээн зөвшөөрөхгүй байсан. Тэгэхээр Зөвлөлт Холбоот Улс гадаад нөхцөл байдлаа бэхжүүлэхийн тулд Хятадтай наймаалцсан. Гадаад Монгол бол Хятадын нэг хэсэг мөн гэж 1924 онд баталсан юм. Үүнийг “Бээжингийн гэрээ” гэж нэрлэдэг. ЗХУ, БНХАУ Бээжинд гарын үсэг зурсан байдаг. Энэ гэрээ тавдугаар сард батлагдсан санагдаж байна. Ийм нөхцөлд Монгол Улс тусгаар тогтносон улс гэдгээ ямар нэгэн байдлаар илэрхийлэх бодит шаардлага гарч ирсэн юм. Дээр нь 1924 оны тавдугаар сарын 20-нд Богд хаан таалал төгссөн. Дээрх гэрээний дагуу Орос, Хятад хоёр дипломат харилцаа тогтоосон. 1924 оны тав, зургадугаар сард Коминтерний зургадугаар хурал болсон. Гадаад нөхцөл Монголыг маш хүнд байдал руу шахсан учраас монголчууд ямар нэг байдлаар бид Хятадын харьяаны улс биш, тусгаар улс гэдгээ баталгаажуулах шаардлагатай болсон. Энэ хүрээнд Үндсэн хуулиа нэн даруй батлах учиртай болсон юм. 1924 оны зургадугаар сард Монгол Ардын Намын Төв Хороо, тэргүүлэгчид хуралдаж, Монгол Бүгд Найрамдах засагтай байх нь зүйтэй, Богд хаан таалал төгссөн учраас Богд хааны орыг залгах Да Жунтан гэдгийг тавихгүйгээр цаашаа явах нь зүйтэй гэж тогтсон. Ингээд арваннэгдүгээр сард Улсын анхдугаар хурал хуралдаж, Үндсэн хуулиа баталсан. Ийм л процесс шүү дээ. Яахав, энэ Үндсэн хуулийг боловсруулахад Зөвлөлтийн нөлөө их байсан. Яагаад гэвэл Коминтерний гүйцэтгэх хорооноос МАХН-ын Төв хорооны дэргэд суугаа суурин төлөөлөгч Т.Рыскулов гэдэг хүн Хүрээнд аравдугаар сарын 6-нд ирсэн. Түүний өмнөхөн П.В.Всесвятский гээд Шүүх яамны зөвлөхөөр ажиллаж байсан мэргэжилтэн байсан. Энэ хоёр хүн л үндсэндээ Үндсэн хуулийн төсөл дээр гардаж ажилласан байдаг. Өөрсдийнхөө гол санааг хийсэн. Бидний судалгаанд нэг зүйл дутуу байгаа нь 1924 оны Үндсэн хуулийн төслийг боловсруулахад өмнө нь монголчуудын 1922 болон 1924 онд хоёр ч Үндсэн хуулийн төсөл боловсруулах комисс ажиллаж байсан. Энэ нөхдийн хийж байсан төслөөс юу энэ Үндсэн хуульд орсон юм бэ гэдэг асуудал. Энэ судалгаа явж байгаа. Үндсэндээ Үндсэн хуулийн оршил, нэгдүгээр бүлэг, гурав, зургадугаар бүлэг монголчуудын хийсэн төсөл шиг байгаа юм. Тэгж харагдаад байгаа юм. Анхны гэж нэрлэгддэг 1924 оны Үндсэн хууль зургаан бүлэг, 50 зүйлтэй. Хоёр, дөрөвдүгээр бүлгийг Үндсэндээ Зөвлөлтийн Үндсэн хуулиас авч хийсэн. Тавдугаар бүлгийг Алс дорнодын бүгд найрамдах улсын Үндсэн хуулиас авч хийсэн болов уу гэсэн дүр зураг харагддаг. Энэ бол цэвэр судлаачийн асуудал л даа.

Энэ Үндсэн хуулиар Монгол Улс тусгаар тогтнолоо бататгаад, Бүгд Найрамдах, Бүрэн Эрхт Монгол Ард Улсыг тунхаглан баталсан гэдэг нь нийт иргэдийн хувьд чухал. Аливаа зүйл эерэг, сөрөг хоёр талтай учраас энэ Үндсэн хууль нэгдүгээрт нийгмийн хөгжлийн дэвшилтэт талыг шингээсэн гэдэг агуулгаараа чухал. Нөгөөтэйгүүр нийгмийг хагалсан эрх зүйн үндсийг тавьснаараа бас сөрөг нөлөө үзүүлсэн онцлогтой.

-Нийгмийг хагалсан гэдгээ ангийн ялгаа гаргасныг хэлээд байна уу?

-Тийм, өөрөөр хэлбэл оросуудын ангич үзлийг тулгасан юм. 1921 оны хувьсгалыг Ардын хувьсгал гэж анхнаас нь нэрлэсэн нь ардууд л энэ хувьсгалыг хийсэн гэж ойлголт төрүүлэх зорилготой байсан. Гэтэл 1921 оны хувьсгал хийхэд түшмэд, лам нар оролцсон. Хатанбаатар гэхэд л ван хүн шүү дээ. Ардууд, малчид гээд бүгд оролцсон учраас энэ үндэсний шинжтэй хувьсгал байсан. 1921-1924 онд явуулсан монголчуудын бодлого нийгмийн бүх бүлгийг хамарсан, тэдний эрх ашгийг хангасан, тэгш нийгэм байгуулахыг зорьж байсан нь харагддаг. Гэтэл большивекүүд тулгаснаар ангиар ялгаварлаж, нэг нь нөгөөгийнхөө эсрэг босох замаар асуудлыг шийдэх ёстой. Өөрөөр хэлбэл, ангич үзлийг тулгасан, тэр нь Үндсэн хуульд суусан нь дөрөвдүгээр бүлэг юм.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Мөнхжаргал: “Үнээ тугалаа дагана” гэдэг шиг хувьсах зардал суралцагчаа дагах нь дэлхийн жишиг

Боловсрол судлалын доктор Д.Мөнхжаргалтай Боловсролын багц хуулинд орж байгаа олон нийтийн анхаарал татсан зарим өөрчлөлтийн талаар ярилцлаа.


-“Багшийн ажлыг сурагчдын сурлагын амжилтын ахицад үндэслэн үнэлнэ” гэж БШУЯ-ны удирдлагууд ярьж байна. Тэгвэл багш нарын ажлыг хэн, яаж үнэлэх вэ. Хөтөлбөрийн хэрэгжилтээр үү. ЭЕШ-ын оноогоор уу. Улсын шалгалтын дүнгээр үү. Муу ажилласан багшийн цалинг хасна гэвэл үнэлгээ нь бодитой байх шаардлагатай. Таны хувьд энэ талаар ямар байр суурьтай байна вэ?

-Зөвхөн боловсролын салбар биш, манай улсын ихэнх салбаруудад аливаа ажил, үйлийн гүйцэтгэлийн үнэлгээний соёл төлөвшөөгүй гэж хэлж болно. 2020 онд явуулсан “АХБ-ны Хямралын үеийн боловсролын чанар, үр ашгийг дээшлүүлэх төсөл”-ийн судалгаагаар сургууль, цэцэрлэгийн багш нарын дийлэнх нь өөрсдийнх нь ажлын гүйцэтгэлийг бодитой үнэлдэггүй, захирал, эрхлэгчийн үзэмжээс ихээхэн хамаардаг гэсэн дүгнэлт гарсан. Энэхүү судалгаагаар идэвхтэй сургалтын арга зүй, технологи нэвтрүүлэн сурагчидтайгаа сэтгэл гарган тулж ажиллан, тэдний гарааны түвшинг ахиулж чаддаг багш нар сурлагын ахицын хэмжээг 2013 оны журмаар үнэлдэг боловч энэ нь санхүүгийн урамшуулалтай холбогдохгүй байгааг илэрхийлсэн. Яамны удирдлагуудын яриад байгаа багшийн ажлын гүйцэтгэлийг үнэлэх Ахицад суурилсан үнэлгээний загвар (Value-add­ed modeling) бол хэрэгжүүлэхэд нэлээд ажиллагаа шаарддаг. Хичээлийн жилийн эхэнд сурагчдын сурлагын амжилтын гарааны түвшинг хэрхэн үнэн зөв тогтоох вэ гэдэг нь хамгийн ярвигтай асуудал юм. Үүнийг сурагчдын өмнөх хичээлийн жилүүдийн амжилтын түвшин, оюун ухааны хөгжлийн түвшин, шилжилт хөдөлгөөн, хичээл таслалтын байдал, бүлэг дүүргэлт, тухайн насандаа суралцаж буй эсэх, сургуулийн болон сургуулиас гадуур ижил төстэй хичээл сонгон судалж буй байдал, тухайн боловсролын түвшинд элсэн суралцах үеийн сурлагын амжилтын байдал зэрэг хүчин зүйлүүдийг тооцсон регрессийн загвараар бодож гаргадаг. Зарим орнуудад багш мэргэжлийн стандартад суурилсан үнэлгээний загвар (standard-based modeling)-ын дагуу үнэлгээ хийдэг. Харин сүүлийн жилүүдэд Стандартад суурилсан нэгдмэл үнэлгээний загвар (Holistic standards-based approach) болон Олон талт үнэлгээний загвар (Multi-faceted approach) нэлээд түгээмэл хэрэглэгдэж байна. Ахицад суурилсан үнэлгээний загварыг сурагчид нь ахиц муутай байгаа багш нарыг сул тал гэж үзэхээсээ илүүтэйгээр ахиц амжилтад хүргэдэг багш нарын гүйцэтгэлийг үнэлж олж хардаг, тэрхүү амжилтад нь нийцэхүйц санхүүгийн болон санхүүгийн бус урамшуулал заавал олгодог механизм нэвтрүүлэх нь зүйтэй. Тэгэхээр М.Армстронг “Та гүйцэтгэлийг хэмжиж чаддаг бол гүйцэтгэлийн урамшууллыг олгох боломжтой” гэж хэлсэнчлэн боловсролын салбарт үнэлгээний нэгдсэн тогтолцоо бүрдүүлэх, шударга үнэлгээчдийг бэлтгэх, түүгээр дамжуулан үнэлгээний зөв соёлыг нэвтрүүлэх том зорилт бидний өмнө тулгарч байна.

-Ажлын хэсэг ахалсан зарим гишүүн “Захирал сайн багшаа цалингаар нь тогтоох боломж олгоё” гэж яриад байгаа. Гэтэл захирал гэдэг нэг л хувь хүн шүү дээ. Захиралд таалагддаггүй багшийн үнэлгээ буурах эрсдэл бий?

-Ихэнх улс орнууд сургуульд суурилсан боловсролын шинэчлэлийг өрнүүлж, сургуулийн ажлыг чанаржуулснаар багш, сурагч, эцэг эх, асран хамгаалагчийн хамтын ажиллагааг өндөр түвшинд хүргэж, боловсролын чанарыг дээшлүүлж, нийгмийн хэрэгцээг хангаж байгаа нийтлэг хандлага юм. Үүнийг сургуулийн удирдах ажилтны мэргэжлийн болон манлайллын ур чадвар, нийтийн өмнө хүлээсэн өндөр ёс зүйтэй холбон тайлбарлаж байгаа. Тэгвэл манай улсад сургуулийн удирдлагын улс төрөөс шууд хамааралтай томилгоо нь ёс зүй, мэргэжлийн ур чадварын шаардлага хангахгүй сургуулийн удирдах ажилтнуудын эзлэх хувь нэмэгдэх нөхцөлийг бүрдүүлсэн.

Дэлхийн банкнаас 2019 онд хийсэн судалгааны дүнгээс харвал сургуулийн захирлуудын 10,6 хувь нь бакалаврын түвшний боловсролгүй, дипломын дээд боловсролтой, өөрөөр хэлбэл дээд сургуулиа бүрэн дүүргээгүй нөхөд сургуулийг удирдаж байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд энэ хувь өсч байгааг дурдсан байдаг. Сургалтын менежерүүдийн 9,5 хувь нь мөн л дипломын дээд боловсролтой хүмүүс байна. Мэргэжлийн зэрэггүй захирал 80 хувь, сургалтын менежер 38 хувьд хүрчээ. 2019 оны “Бага, дунд боловсролын дэд салбарын судалгааны тайлан”-д “Бүх шатны боловсролын удирдлага, багш, ажилтнуудын томилгоо нь улс, орон нутгийн сонгуулийн дараа өөрчлөгдөн солигдож, мэргэжлийн бус удирдлагууд олноор бий болж байгаа нь боловсролын чанар, боловсролын үйлчилгээг авагчдын эрх ашигт маш сөргөөр нөлөөлж байгаа” нь боловсролын салбарын тулгамдсан асуудлуудын дээгүүрт эрэмбэлэгдсэн бөгөөд судалгаанд оролцогчдын 69,5 хувь нь үүнд санал нэгджээ. Нэг сонгуулийн хугацаанд 300 шахам сургуулийн захирал өөрчлөгддөг гэсэн статистик үзүүлэлт бий. Дорноговь аймгийн Эрдэнэ сумын сургууль дөрвөн жилд зургаан захирлын нүүр үзсэн. Үүн дотор цэцэрлэгийн багш мэргэжилтэй хүн ч байсан гэдэг. Сургуулийн удирдах ажилтнуудын зарим нь ийм дүр төрхтэй, тогтвор суурьшилтай ажиллаж чадахгүй байхад тэдний гарт багшийн ажлын үр дүнг гүйцэтгэлд суурилан урамшуулах санхүүгийн эрх мэдлийг өгөх нь эрсдэл дагуулах магадлалтай.

-Сурагчдын хувьсах зардлын асуудлыг дахин авч үзнэ гэж байгаа. Олон нийтийн хувьд өндөр төлбөртэй хувийн сургуулиудад төрөөс хувьсах зардал олгохгүй байхыг дэмжих хандлагатай байгаа. Гэтэл хувийн сургуулийн эздийн хувьд сурагчийг улсын, эсвэл хувийн хэвшилд суралцаж байгаагаар нь ялгаварлаж байна гэж үздэг. Хувьсах зардлыг сургуульд нь бус сурагчид нь өгөх ёстой гэсэн санал явна. Үүнийг та хэрхэн хүлээж авч байна вэ?

-Сургуулийн бие даасан байдлыг сайжруулах оролдлогын дунд төр, хувийн хэвшлийн түншлэл чухал байрыг эзлэх хандлагатай байна. АНУ-ын төр, хувийн хэвшлийн түншлэлийн хэлбэр нь “Холимог өмчийн сургууль”-иас эхтэй, Япон дээд сургуулиа бие даасан хуулийн этгээдийн (Gakkoo hoojin) статустай болгож байгаа болон Их Британийн “Чөлөөт сургууль”-ийн хувилбар сургуулийн удирдлага, хяналт, хариуцлагыг зөвхөн төр засаг үүрэх бус эцэг, эх, багш, оролцогч этгээдүүдтэй хамтран хариуцах, тэдний үүргийг нэмэгдүүлэх, ингэснээр боловсролын чанарыг дээшлүүлэх нэгэн алхам юм. Хэдийгээр улсаас төсөв, зардлыг нь даадаг ч хяналт, хариуцлагыг өөр субьектүүд үүрч болдог гэсэн санаа явж байна. Нөгөө талаас төрийн бус өмчийн сургуулиуд нь олсон орлогоо сургуулийнхаа хөгжилд зарцуулах ашгийн төлөө бус гэсэн статусаар ажиллах нь нийтлэг байдаг. Дээрх хөгжлийн зүй тогтлыг харвал өмчийн хэлбэр харгалзахгүйгээр сургууль гэдэг хуулийн этгээд улам л нийтийн шинжтэй болон хувирч буйг харж болно. Сургалтын цөм хөтөлбөр хэрэгжүүлэх хүрээнд төрийн өмчийн болон төрийн бус өмчийн сургуулийг эрх зүйн орчинд алагчилж болохгүй. Тээврийн, эрүүл мэндийн, Үдийн хоолны, хувьсах зардлын үйлчилгээг сургуульд зориулагдсан зүйл бус харин сургалтын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэх гол субьект болох суралцагчийн эрхийг хангахад зориулагдсан зүйл гэдгээр нь ойлгох хэрэгтэй юм. Харин сургалтын цөм хөтөлбөрөөс давсан суралцагчдын ялгаатай хэрэгцээг хангах, хөгжлийн онцлогт нь тохирсон агуулга, арга зүйг хэрэгжүүлж буй үйлчилгээний хувьд чанарын ялгаа үүсэх бөгөөд үүнийг алагчлал гэж үзэх нь зохимжгүй. Тэгэхээр “Үйл үйлээ дагна, үнээ тугалаа дагана” гэдэг шиг хувьсах зардал бол ваучерийн системээр суралцагчаа дагах нь дэлхий нийтийн жишиг юм.

-Багшийн нийгмийн асуудлыг анхаарах ёстой гэдэг дээр олон хүн санал нийлэх болов уу. Цалинг нь өндөр тогтоож чаддаггүй юм аа гэхэд бусад урамшуулал, дэмжлэгийг суулгах хэрэгтэй гэж зарим багш ярьж байна лээ. Багшийг дэмжих ямар дэмжлэг байж болох вэ?

-Үндсэн хуулинд суралцагчийг алагчлахгүй, сургуулийг бас алагчлахгүй гэдгийг тов тодорхой зааж өгсөн. Харин ардын багшийг алагчлахгүй гэсэн заалт оруулж өгсөн бол суралцагч, багш, сургуулийг алагчлахгүй гэсэн гурвалсан давхцал үүсэхээр байв. Багшаа алагчлахгүй байх нь нийгмийн хөгжил, дэвшлийн бас нэгэн үзүүлэлт болдог. Боловсролын ерөнхий хуулинд багш, ажилтны нийгмийн баталгаа гэсэн зүйл оруулж багшид үзүүлэх олон талын дэмжлэгийг сайтар тусгаж өгсөн нь ажиглагдаж байна. Харин багшийн нийгмийн баталгаа гэхээсээ илүүтэйгээр багшийн цалин хөлсний хамгааллын тогтолцоо гэдгийг оруулж өгөх нь зүйтэй юм. Олон улсын багшийн статусын тунхаглалд багш ажил хөдөлмөртөө тохирсон цалин хөлс авах эрхтэй гэсэн заалтыг хэрэгжүүлэхэд өнөөгийн өртгөөр, цалин хөлсөөр хөдөлмөрөө үнэлүүлж чадахгүй байгаа тохиолдолд багшийн цалин хөлс, хөдөлмөрийн үнэлгээг хамгаалдаг хамгааллын тогтолцоог хуулинд тусган оруулж өгөх шаардлагатай байгаа юм.

-Хүмүүнлэг боловсролыг дэмжих хуулийн тухай яриад байна лээ. Хүмүүнлэг боловсрол гэж юугаа хэлж байна вэ?

-Эдүгээ дэлхий нийтээрээ сайн хүний эрэлд мордож, төрийн байгууллагаас эхлээд хувийн хэвшил хүртэл мэргэжлийн мэдлэг, чадвар өндөртэй хүнээс илүүтэйгээр сэтгэл зүтгэлтэй, итгэл даах хүнийг ажилд авахаар хайдаг болжээ. Сайн хүн ховордсон нь боловсролыг өрсөлдөөний хэрэгсэл болгон ашиглахад илүүтэй анхаарч хүний эрхэм зан чанарууд, түүний үнэ цэнэтэй талыг орхигдуулж ирсэн орчин үеийн боловсролын өрөөсгөл байдалтай холбоотой болохыг дэлхий нийтээрээ ойлгож эхэлсэн.

Оросын яруу найрагч А.С.Пушкин “Халимаг бүсгүй” шүлэгтээ монгол хүний халуун дулаан сайхан сэтгэл, нүүдэлчдийн мөс чанарыг магтан дуулсан байдаг. Өнөөдөр ийм л төлөвшилтэй, хүний мөс чанартай иргэн хамгийн үнэт капитал болох цаг ирсэн. Монголчуудын хүнээр хүн хийдэг, хүний мөс чанар суулгадаг уламжлалт ардын сурган хүмүүжүүлэх ухаан эдүгээ цагт яригдаж буй тогтвортой хөгжлийн боловсролын үзэл баримтлалтай сайтар нийцэж байгаа. Дэлхий дахинаа энэ талаар судлах, амьдрал ахуйдаа хэрэглэх сонирхол, хэрэгцээ нэмэгдэж байна. Уламжлалдаа суурилан хүний мөстэй монгол хүмүүнийг төлөвшүүлж чадвал дэлхий дахинаараа эрэн хайж буй тэрхүү “сайн хүн”-ийг монголчууд бид нийлүүлэх магадлал өндөр байгаа юм.

Харин А.С. Пушкины тодорхойлсон халуун дулаан сэтгэлтэй, хүний мөстэй монгол хүн цөөрсөөр байна. Манжийн эрхшээл, коммунизм болон зах зээлийн нийгмийн үзэл суртлын нөлөөнд монголчуудын язгуурын сэтгэлгээ, хандлага ихээхэн өөрчлөгдсөн. Өнөөдөр бид аливаа ажлыг хэлбэрддэг, аргацаадаг, оромддог, өнгө, хэлбэр хөөдөг, отго жинс, одон медальд донтсон, хэрэгтэй хэрэггүй цол гуншин, зэрэг дэв горьдсон, өөрт нь байгаа, өөрийнхөө хувьд үнэ цэнэтэй байх зүйлээ огоорсон, өрөөлийн хувьд үнэ цэнэтэй байх зүйлд хэтэрхий автсан “Муухай монгол хүн” болоод байна. Финляндууд өөрийгөө гоёж гоодохыг мартах тохиолдол байдаг ч өвлийн улиралд явган хүний зам дээр буталсан хайрга дэвсэхээ хэзээ ч мартдаггүй. Харин монголчууд бид барилгынхаа үүдийг гялгар хавтангаар бүрж гангардаг ч өвлийн хүйтэнд хүмүүс халтирч унана гэдгийг мартдаг. Энэ бол хүний сэтгэлгээ, хандлагын ялгаа. Боловсролын багц хуулийн шинэчлэл, түүн дотроо хүмүүнлэг боловсролын хуулийн амин сүнс нь монголчуудын сэтгэлгээний шинэ төлөвт шилжих, хандлагын өөрчлөлт хийх эрх зүйн орчин бүрдүүлэхэд орших болов уу.

Дээр дурдсан “Муухай монгол хүн”-ийг “Сайхан монгол хүн” болон өөрчлөгдөхөд дэм болохуйц дээр дэвшүүлсэн боловсролын зорилгыг монголчуудын язгуурын шинж чанарт тулгуурлан дараах байдлаар задлан тайлбарлаж болох юм: “Хүний мөс чанар, төлөвшлийн хувьд чин итгэлт чанартай, чин шударга зантай, чин үнэнч сэтгэлтэй, өөрөө урган төлжсөн, амьгүй хийгээд амьд бүхний оршихуйн үндэс болсон эх ундаргад хүндэтгэлтэй ханддаг, эх байгалиа хайрладаг, эх орноороо бахардаг, эх эцгээ хүндэтгэдэг, эх хэлээ эрхэмлэдэг, бусад улс орнуудтай зэрэгцэн орших, дэлхийн дайдад өрсөлдөхийн тулд амь биеэ тэжээх тэтгэх, амьд үлдэх (тэсэж үлдэх), амьдрах ухааны (зөөлөн) чадвартай иргэн төлөвших боломжийг нээх, дэмжихэд хүмүүнлэг боловсролын зорилго оршино.

Дэлхий дахинаа хүмүүнлэг боловсролын гол зарчим бол уламжлал шинэчлэлийг хослуулах хэмээн үзэж байна. Европын холбооны улсууд Боолоны процессын дагуу боловсролын нэгдмэл стандарттай болох явц өрнөж байгаа ч гэсэн ХБНГУ-ын Боннийн их сургууль “Уламжлал шинэчлэлийг хослуулна”, Унгарын Өтвөш Лорандийн их сургууль “Уламжлалт соёл, Шинэ хандлага” (Traditional Values, Modern Approaches) хэмээн сургуулийнхаа алсын харааг илэрхийлсэн жишээг дурдаж болно.

Эцэст нь ёс зүй, ёс суртахууныг хуульчлах ёстой эсэх талаар Монтескъёгоос “Ёс суртахууныг сайжруулаад хүрч очих түвшинг заавал хуульчлан тогтоох хэрэггүй” гэсэн эшлэл авах нь зүйтэй болов уу.