-ОЙРЫН ӨДРҮҮДЭД ИХЭНХ НУТГААР ХУР ТУНАДАС ОРЖ, ЦАГ АГААР СЭРҮҮСЭХИЙГ
АНХААРУУЛЖ БАЙНА-
Уржигдар оройноос нутгийн төв хэсэг,
тэр дундаа Улаанбаатар хотод хур тунадас орж, цаг агаар сэрүүссэн билээ. Өмнөх
жилүүдийн мөн үетэй харьцуулахад хүйтний эрч сул байсан учраас орсон цас тэр даруйдаа
хайлж байсан юм. Харин оройн 22 цагаас хойш автомашины хөдөлгөөн сийрэг болохын
хажуугаар зам дээр тогтсон цасны ус зайрмагтаж, гулгаа үүсч эхэлсэн юм. Цас орохтой
зэрэгцэн Нийтийн үйлчилгээний “Улаанбаатар нэгтгэл”-ийн ажилчид Баруун болон Зүүн
дөрвөн зам, Энхтайвны гүүр, Нарны гүүр, Энхтайвны өргөн чөлөө, Тасганы овооны уулзвар
зэрэг хөдөлгөөний ачаалал ихтэй хэсгүүдэд халтиргаа үүсэхээс сэргийлж давс, цас
хайлуулах бодис цацах ажилдаа шуурхайлан орсон байна. Өглөөний найман цагаас хотын
захаасаа төв рүүгээ чиглэсэн ид түгжрэл эхэлдэг байна. Энэ үед хотын төв хэсгийн
голлох автозамууд гөлөөн болтлоо хөлдчихөлгүй харин ч шөнөжин машин холхисон шалбааг
тогтсон гэр хорооллын гудамж гэлтэй байв.
Гэсэн хэдий ч хотын төв рүүгээ чиглэсэн хэд хэдэн чиглэл дэх
замуудад хөдөлгөөн эрс удаашралтай байсан юм. Тухайлбал Хан-Уул дүүргийн
120 мянгатаас хотын төв рүү, Баруун дөрвөн зам дээрх аль аль талаасаа, Зүүн дөрвөн
замын хотын төв рүү, хотын төв рүү чиглэсэн Нарны гүүрэн дээрх автомашины хөдөлгөөн
тус тус удаашралтай байлаа. Гэсэн хэдий ч Шуурхай удирдлага мэдээллийн төвөөс
түгжрэлтэй чиглэлийн хөдөлгөөнийг саадгүй нэвтрүүлж, харин автомашины урсгал
сийрэг чиглэлийн хөдөлгөөнийг түр хугацаанд саатуулах маягаар зохих арга хэмжээг
авч ажиллажээ.
Цаг агаар харьцангуй тогтуун дулаан
байсан учраас өглөөгүүр (өчигдөр)”Гранд плаза” худалдааны төвийн арын дөрвөн
замын уулзварыг эс тооцвол бага зэргийн гөлөөн үүссэн замууд өдрийн 12 цаг гэхэд
ямар ч халтиргаа гулгаагүй болсон байсан юм. Харин тус хэсэгт “Гранд плаза” худалдааны
төвийн сүүдэр нилээн удаан хугацаанд уулзварыг халхалдаг учраас ийн гөлөөнтэй
уддаг аж. Харин энэ үед хэдхэн цагийн өмнө хотын захаасаа төв рүүгээ чиглэсэн
автомашины түгжрэл Боловсролын их сургуулийн уулзвараас Төв шуудан, 120 мянгатын
уулзвараас Төв шуудан руугаа болон Энхтайвны өргөн чөлөө дагуух Баруун дөрвөн
замаас Бөхийн өргөөний арын дөрвөн замын уулзвар хооронд болж өөрчлөгддөг байна.
Өчигдөр ч мөн хөдөлгөөн энэ янзаар үргэлжилсэн юм. Замын цагдаагийн газрын Жижүүрийн
шуурхай удирдлага зохицуулалтын төв өчигдрийн 16 цагийн байдлаар зам тээврийн
осол хэргийн 180 гаруй дуудлага хүлээн авсан байна. Тэдгээрээс ес нь гэмт хэргийн
шинжтэй байсан бол бусад нь хурд хэтрүүлэх, эгнээ байр байрлан явах журам зөрчих
зэрэг зам тээврийн ослын шинжтэй дуудлага байжээ. Энэ нь өмнөх өдрүүдтэй харьцуулахад
өссөн үзүүлэлт гэдгийг Замын цагдаагийн газрын холбогдох мэргэжилтнүүд хэлж
байсан юм. Нийтийн үйлчилгээний “Улаанбаатар нэгтгэл”-ийн олон нийттэй харилцах
мэргэжилтэн э.Аззаяа “Энх тайвны өргөн чөлөө, Их тойруу, Бага тойруу, Нарны зам,
Нарны гүүр, Энх тайвны гүүр орчимд гулгаа үүсэхээс сэргийлж нийт 22 тонн давс цацсан.
Мөн шөнийн 03-05 цагийн хооронд Баянзүрхийн товчоо орчимд 1,5 тонн давс цацсан.
Талбайн 60 үйлчлэгч бүхий дөрвөн бригад өглөөний 05 цагаас цас цэвэрлэж эхэлсэн.
“22-ын товчоо”, Морингийн даваа, Айдсын даваа, Эмээлт, Баруун турууны даваа руу
хоёр камаз, таван хүний бүрэлдэхүүнтэй бригад гарч давс цацсан” гэсэн юм.
Хот хоорондын тээвэрлэлт хэвийн
үргэлжилж байна. Улаанбаатараас хойд чиглэл Төв аймгийн Баянчандмань сум хоорондын
болон 52-ын даваа орчимд халтиргаа үүссэн хэдий ч хөдөлгөөн хэвийн үргэлжилж байлаа.
Харин хойд чиглэлд Улаанбаатар-Дархан-Сэлэнгэ, Дархан-Эрдэнэт-Булган-Мөрөн, баруун
чиглэлд Улаанбаатар-Архангай-Завхан,Улаанбаатар-Өвөрхангай, Баянхонгор, урагш
Улаанбаатар-Дунговь-Өмнөговь, зүүн тийш Улаанбаатар-Дорнод-Хэнтий-Сүхбаатар чиглэлд
халтиргаа гулгаа үүсээгүй хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна. Цаг агаар хүндэрсэн
тохиолдолд Архангай аймгийн Солонгот, Цагаан даваа, Дорнод аймгийн Баяндаваа, Өвөрхангай
аймгийн Жаргалантын даваа, урагш Өндөр дов зэрэг хаагдаж болзошгүй даваанууд
дээр тухайн орон нутгийнх нь автозам засвар арчлалтын компаниуд анхаарал тавьж
ажиллаж байгаа гэв. Улсын чанартай бүх даваа гүвээний зам дагуу халтиргаа үүссэн
үед хэрэглэх элс шороог бүрэн овоолж дуусчээ. Энэ жилийн өвөлжилтийн бэлтгэл
ажлын хүрээнд Замын цагдаагийн Ерөнхий газар, авто зам засвар арчлалтын компаниудтайгаа
хамтарч ажиллахаар бэлтгэл ажлууд нь хийгджээ. Ус цаг уур, орчны шинжилгээний
хүрээлэнгийн мэдээлснээр ойрын өдрүүдэд ихэнх нутгаар эрс сэрүүсч, хур тунадас
орох төлөвтэй байгаа учраас холын тээвэрт гарч байгаа тээврийн хэрэгслүүддээ замын
нөхцөл байдлынхаа талаар мэдээлж явахыг анхааруулж байгаа гэнэ. Тодруулбал өнөө
маргаашдаа Хөвсгөл, Сэлэнгэ, Завхан аймгийн хойд хэсгээр 16, 17-нд Дорнод хэнтий Сүхбаатар аймгийн зарим
хэсгээр цас орж, цасан шуурга шуурах төлөвтэй талаар Ус цаг уур орчны шинжилгээний
хүрээлэнгээс мэдээлсэн юм.
Өчигдөр өглөөний найман цагийн байдлаар
Өмнөговь, Дорноговь, Дорнодын нутаг, Говь-Алтай, Баянхонгор, Дундговийн өмнөд
хэсгээр цасгүй, бусад нутгаар 0-19 см зузаан цасан бүрхүүл тогтжээ. Харин Хэнтийн
Батширээтэд 19 см, Хөвсгөлийн Хатгалд 17 см, Булганы Хутаг-Өндөр, Булганд 15, Говь-Алтайн
Бугатад 11 см, Архангайн Хархорин, Эрдэнэт хот орчмоор 10 см зузаан цасан бүрхүүл
тогтжээ.
М.УУГАН-ЭРДЭНЭ
Гэрэл
зургийг Ц.МЯГМАРСҮРЭН