-Номер зүүсэн машины үнэ 1-3 сая төгрөгөөр навс унадаг болохоор
ченжүүд төрийн энэ дарамтыг шүдээ зуун тэвчихээс өөр аргагүй байдаг гэв-
“Импортоор орж ирсэн автомашиныг хоёр сарын дотор зараагүй
тохиолдолд холбогдох байгууллагаас татвар хурааж торгууль ногдуулж байна” гэж ченжүүд
үнэхээр гомдоллох боллоо. Эдийн засаг хүндхэн байгаа өнөө үед автомашины борлуулалт
эрс буурчээ. Нөхцөл байдал иймдээ тулчихаад байхад төр бизнес эрхлэгчдийг татвараар
далайлган сүрдүүлж дарамталж байна гэж ченжүүд бухимдаж байлаа.
Вокзалын баруун талын “1000 машины зогсоол” дээр өдрийн
12 цагийн үед очиход энд тэнд хэсэг гурваараа буу халан зогсох автомашины борлуулагч
нараас өөр хүн харагдсангүй. Энэхүү авто захыг Японд явж байсан автомашиныг оруулж
ирдэг гэдгээр нь сайн мэднэ. Он гарсаар худалдан авалт эрс багасчээ. Ченжүүдийн
ихэнх нь 10-15 машин зарахаар зогсч байгаа бөгөөд өдөртөө 1-2 машин зарчихдаг байсан
бол өдгөө хоёр гурав хонож байж нэг машин борлуулдаг болжээ. Өдөрт машин тус бүрийн
тоогоор зогсоолын төлбөрт 2000 мянган төгрөг төлнө. Гэхдээ ченжүүдийн нэрлэж заншсанаар
“Талх” буюу бензин болон цахилгаан хос хөдөлгүүрт “Приус” маркийн автомашины эрэлт
нэмэгдэж байгаа сурагтай. Оны өмнөхөн автомашин худалдан авагч гурван хүн тутмын
нэг нь “Приус” авдаг байсан бол өнөөдөр эрэлт нь хоёр дахин нэмэгджээ. Японоос оруулж
ирсэн автомашин нь зарагдахгүй хоёроос дээш сар болсон тохиолдолд торгууль төлж
байгаа эсэхийг ченжүүдээс тодрууллаа. Тэд “Автотээврийн тухай хуульд хилээр автомашин
оруулж ирсэн тохиолдолд 72 цагийн дотор улсын дугаараа авч, хууль ёсоор бүртгүүлэх
ёстой байдаг. Үнэндээ энэ журам ченжүүдэд үйлчилдэггүй гэхэд болно. Үйлчилдэггүй
гэдэг нь бид том толгойлж хууль дүрмээ дагах дургүйдээ биш. Энэ заалт нь ерөөсөө
л амьдрал дээр хэрэгжих боломжгүй. Авто тээврийн тухай хуулийг 1999 онд баталсан.
Тухайн үед өнөөдрийнх шиг ийм олон иргэд аж ахуй нэгж гадаадаас автомашин оруулж
ирж зардаггүй байв. Цөөн хэдэн аж ахуй нэгж тусгай захиалгаар автомашин оруулж ирээд,
эздэд нь хүлээлгэж өгдөг. Захиалсан автомашинаа Монголд ороод ирэнгүүт улсын дугаар
худалдан авч, өөрийн нэр дээрээ шилжүүлэхэд хамгийн ихдээ гурав хоног л хангалттай
байсан хэрэг. Өөрөөр хэлбэл, Автотээврийн тухай хуулийн дээрх заалт тухайн цаг үедээ
л тохирсон байснаас ирээдүйгээ байг гэхэд наад зах нь 10 жилийн цаадахыг тооцоогүй
гаргасан. Харин өнөөдөр автомашин импортлогч, худалдан борлуулагч хувь хүн, аж ахуй
нэгжүүд олширч, хуулийн энэхүү зүйл заалттай зөрчилдөх болсон. Яагаад гэвэл гаалиар
орж ирсэн автомашиныг зарж борлуулахын тулд дор хаяж долоо хонодог. Иргэдийн худалдан
авах чадвар эрс багассан одоо үед “Приус” л биш бол зарагдахгүй хэдэн сар ч болох
нь энгийн үзэгдэл болсон. Харин хуульд зааснаар бол бид гуравхан өдрийн дотор зарж
борлуулан, эзнийх нь нэр дээр улсын дугаарыг авч бүртгүүлэх ёстой. Бид чинь албан
ёсны дистрибьютерүүд биш, Япондоо явж байсан хуучин машиныг Монголдоо борлуулдаг
учраас зарим нь энд тэндээ сэв зураастай байх нь энгийн үзэгдэл. Ийм машинуудаа
зайлшгүй авто засварын газруудад өгч, янзлуулдаг болохоор нэгээс хоёр хононо. Машинаа
засварын газраас гаргах өдөр нь өнөөх 72 цаг нь дуусч байх жишээтэй. Цаг хугацааны
хувьд үнэхээр шахуу, давчуугаас гадна бас том бэрхшээл бий. Энэ гурав хоногийн хугацаанд
амралтын өдрийг хүртэл тооцдог гээд бод доо. Хэрэв бид оруулж ирсэн машинаа бүртгүүлээд,
улсын дугаар авчихлаа гэхэд үнэ нь зах зээлийн үнэлгээнээс дор хаяж 1-3 сая төгрөгөөр
шууд буурдаг. Энд тэндээ сэвгүй, мотор хроп нь асуудалгүй, өнгө будаг нь гандаагүй
байхад шүү дээ. Учир нь худалдан авагч нар улсын дугаартай л бол машины өнгө үзэмж,
үйлдвэрлэсэн он, сэлбэг хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг үл харгалзан Монголд явж
байсан юм байна, муудчихсан гэж ойлгодог. Бид наана нь “Японоос өчигдөрхөн оруулж
ирсэн. Монголд яваагүй. Хууль журмынхаа дагуу оруулж ирээд гурван хоногийн дотор
дугаар авах ёстой байдаг юм” гэвэл хэн ч итгэхгүй. Монголд явж байсан болон Японоос
шууд орж ирсэн машин хоорондын үнэ асар зөрүүтэй
байдаг биз дээ. Тэгэхээр Японоос оруулж ирэхийн тулд маш өндөр тээвэрлэлтийн зардлыг
татварын хамт төлөөд, дээр нь ашгийн хэд гурван төгрөг нэмээд зарж байгаа. Иймд
бид улсын дугаар авч, машиныхаа үнийг 1-3 саяар буулгах шаардлагагүй биз дээ. Тийм
болохоор орж ирсэн даруйд нь 72 цагийн дотор бүртгүүлж, дугаараа авдаггүй нь ийм
учиртай. Хамгийн багадаа долоо хоногийн дотор автомашинаа зарлаа гэхэд шилжүүлгээ
хийж, улсын дугаараа авах болохоор 30 мянган төгрөгөөр торгуулдаг. Одоо ухаандаа
гурав хоногийн дотор худалдан авагчаа олж чадсангүй гэж шийтгүүлж байгаа нь энэ
юм уу даа” гэв.
Тэд барууны өндөр хөгжилтэй орнуудын жишгээр ченжийн дугаартай
болгох хэрэгтэй гэж үзэж байна. Ченжийн дугаар гэдэг нь бусад энгийн дугаарыг бодвол
өндөр татвар төлдөг бөгөөд тухайн автомашин борлуулагч өөрийн нэр дээрээ гаргуулдаг
байна. Энэ дугаараа өөрийн борлуулж байгаа автомашинууддаа өдөрт хэдэн ч янзаар
сольж зүүж болох аж. Худалдан авагч нар сонирхсон машинаа авахаасаа өмнө унаж үзэхийг
хүсдэг гэнэ. Тэгвэл өнөөдрийн нөхцөлд энэ боломжгүй. Яагаад гэвэл “1000 автомашины
зогсоол” дээрх бүх машин улсын дугааргүй буюу 72 цагийн дотор бүртгүүлээгүй гэсэн
үг. Тийм учраас автозамын хөдөлгөөнд оролцох хориотой. Хэрэв зөрчвөл торгуулах буюу
журамлуулдаг. Энэ талаар ченжүүд “Зогсоол дотор ганц машин явахаар нарийн, давчуу
зайнд машинаа унахад хэр эвтэйхэн, дуу шуу орсон эсэхийг мэдэх боломжгүй. Хүн худалдаж
авъя. Унаж үзье гэвэл энэ хашаанаас гарахаас өөр аргагүй. “Дугааргүй машин гарч
ирлээ” гээд зогсоодог. Ингээд Улсын дугаараа авах хугацаа хэтэрсэн байна гээд журамладаг.
Бид зарах машинаа журамлуулахыг хүсэхгүй учраас 50 мянган төгрөгөөр цагдаад торгуулаад
л өнгөрдөг. Нөгөө талаас дугааргүй машин осол гаргаад хэргийн газраас зугтаасан
тохиолдолд хэд хэд гарч байсан. Хэрэв ченжийн дугаартай бол энэ байдал давтагдахгүй.
Японд бол автомашины улсын дугаар нь ногоон дэвсгэр дээр цагаан тоотой байдаг. Харин ченж дугаар нь цагаан дэвсгэр дээр улаан эсвэл
хараар улсын дугаарыг серийн хамтаар буулгасан байдаг” гэсэн юм.
Авто тээврийн тухай хуульд “Монгол Улсад бүртгэлтэй аж ахуйн
нэгж, байгууллага, хувь хүн тээврийн хэрэгсэл өмчилж авснаас хойш 72 цагийн дотор,
ашиглалтаас хассанаас хойш нэг сарын дотор аймаг, нийслэл дэх автотээврийн асуудал
эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын харьяа байгууллагад бүртгүүлнэ” хэмээн
тусгажээ. Үүнийг зөрчсөн албан тушаалтныг 30-60 мянга, иргэнийг 5-30 мянга, аж ахуйн
нэгж, байгууллагыг 100-250 мянган төгрөгөөр торгох заалттай юм байна. Өнөөдрийг
хүртэл энэхүү хуульд 10 гаруй удаа нэмэлт өөрчлөлт оруулж байсан хэдий ч орчин цагийн
шаардлагад нийцүүлэн тус хуулийг сууриар нь шинэчлэх шаардлага тулгасран тул шинэчилсэн
найруулгын төсөлд санал аваад эхэлжээ. Энэхүү шинээр батлагдах Авто тээврийн тухай
хуульд дээрх асуудлыг нааштайгаар тусгахаа холбогдох албанхан хэлсэн юм. Тэд “Хуулийн
энэхүү заалтыг иргэд буруугаар ойлгон импортын автомашиныг зарагдахгүй 2-3 сар болсон
тохиолдолд сар бүр торгож байгаа мэтээр ташаа ойлгожээ” гэв. Тээврийн хэрэгсэл өмчилж
авснаас хойш хуулинд заасан хугацааны дотор
бүртгүүлээгүй бол хэтэрсэн хугацаанаасаа үл хамаарч дээрх торгуулийг нэг
л удаа өгч байгааг мөн дуулгав. Түүнчлэн Зам тээврийн 2012 оны тушаалаар улсын дугаар
олгох, бүртгэл хөтлөх журмыг баталжээ.
М.Ууган-Эрдэнэ
Гэрэл зургийг
Г.ЛХАГВАДОРЖ