Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Малчны хотонд нялх төлийн дуу цангинаж эхэллээ

Монгол нутагт энх улирал айлчлан ирж, малчны хо­тонд нялх төлийн дуу цанги­наж эхэллээ. Энэ үе бол мал­­чин монгол түмний нойр, хоолоо ч умартан зүт­гэ­­дэг ха­риуцлагатай цаг. Мал малчдад очихоос өмнөх түрүү нийгмийн үед төв суурингийнхан ч мал төллүүлэх кампанит ажилд дайчлагдан мачийдаг байв. Төлөө хорогдуулсан малчин баалуулж, төлөө бүрэн бой­жуул­сан сайчуул нь мандан бадардаг байсан. Мал аж ахуйн орон гэдэг утгаараа мал төллүүлэх их үйлст бүхий л хүч хөдөлмөрөө дайчилдаг байсан ч манай улсын мал сүрэг өнөөгийнх шиг өссөн удаа үгүй. Наяад онд тав зургаахан настай байхдаа сумын эмнэлгийн бага эмч буурал аав, сургуулийн галч буурай ээж хоёрынхоо хамт сумаас жар далаад км хол Таван толгой гэдэг газарт хоёр сар гаруй мал төллүүлэлцэж байсан минь санаанд тодхон байна. Баянхонгор аймгийн Заг сумын малчин Цогзол хэмээх аймгийн сайн төлчний хоёр зуу гаруй хонийг тусдаа тасдан авч, ганц гэрээр төвхнөсхийж, хаваржингаа л хурга, ишигтэй хөөцөлдөж, шар бууц бужигнуулсан юм даг.

Шөнө хонь ямаа майлангуут л хөөрхий хоёр хөгшин минь гар чийдэнгээ барин гарч нойтон төл оруулж ирнэ. Бүхлээрээ хувцастайгаа нүдний хор гаргаж, яндан хонгинуулж, өрх дар дархийлгэсэн хүйтэн цасан шуургатай шөнөөр ч таван арван хормын зайтай хотоо эргэнэ гэдэг настай улсад хэцүү л байсан байж таараа. Өдрийн цагаар царай нь харлачихаад л ээлжлээд хонио дагангаа, хурганы уут үүрч, хажуугаар нь харгана шаваг түүж ирж хоногийн түлш залгуулна. Нэг удаа буурай аав минь үдийн будаатай цайгаа уучихаад налайж байсан хонин дээрээ очтол дөнгөж төрсөн хургыг нь элээ шүүрээд явчихсанд харамсан “Бор нүдэн зусгийн хургыг шувуу шүүрчихлээ, ингээд яланд унадаг байж” гэж бэргэж байсныг санадаг юм. Нээрээ ч төл их хорогдуулбал “ачигдах” амархан байсан хэцүү цаг байжээ. Тэр үеийн малчин өрх бүрт “Төлжилтийн” ч бил үү сүртэй нэртэй хүснэгт бүхий дэвтэр ч байдаг байсан. Бодвол төл бүрийг дансалдаг тоо бүртгэл маягийн юм байсан юм уу даа. Бас сайн төлчний хойморт “Энх төлчин” гэсэн цацагтай улаан дарцаг байдаг сан.

Сүүлийн жилүүдэд дэлхийн дулаарал манайд сайнаар нөлөөлж, малчид аж төрлөө боломжийн хэрээр өөдрөг өнгөлөг авч яваагийнх ч юм уу манай улсын мал сүрэг жил ирэх тусам өсөж үржиж байна. Одоо Монголын хаана ч очсон мал ид төллөөд эхэлчихсэн байгаа. Хурга, ишиг хотонд шуугилдан майлалдаж, борвио тэнийлгэх ботго, унагад чүүчигнэн хөл дээрээ тэнцэж, цасны сэжүүр дээр унасан сарлагийн тугал эхсээ хатуут сүүлээ модойлгон эхийнхээ дэлэнг нудчин байгаа. Өнгөрөгч морь жилд малчид маань арван долоон сая төл бүрэн бойжуулж, мал сүргээ жар гаруй саяд хүргэсэн. ХХААЯ-наас гаргасан мал төллөлтийн хамгийн сүүлийн үеийн судалгаагаар улсын хэмжээнд 555.8 мянган эх мал төллөж, 546.3 мянган төл хүлээн аваад байна. Одоогоор 1369 ботго, 1821 унага, 12.2 мянган тугал, 245.7 мянган хурга, 285.3 мянган ишиг бойжиж байна. Төл бойжилт 98.8 хувьтай байгаа аж. Ховд аймгийн төллөх эх малын 22.5 хувь төллөн бусад аймгуудаа тэргүүлж байна. Нэг ёсондоо төллөх таван мал тутмынхаа нэгийг эсэн мэнд төллүүлээд авчээ, Ховдынхон. Тус аймагт харьцангуй эрт урь унаж дулаардаг учраас орон нутгийн цаг агаарын онцлогтоо тааруулан малынхаа хээлтүүлэг нийлүүлгийг эрт хийдэг нь мал төллөлтийн хугацааг наашлуулдаг гэнэ. Бусад аймгуудын мал төллөлт ч шуудраад малчид маань нойр хоолоо умартан зүтгэж буй нь ойлгомжтой. Мал төллөлтийн бүрэн тайлан улсын наадмын өмнөхөн тодорхой болдог гэж мал аж ахуйн мэргэжилтэн хэлж байна. Өнгөрөгч жилүүдэд мал сүрэг өссөн болохоор энэ 2015 онд 19-20 сая төл хүлээж авах урьдчилсан судалгаатай байгаа юм байна.

Л.БАТЦЭНГЭЛ

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Хавар шиг өвлийн өдрүүд

Яруунайрагч Л.Моломжамцын “Хавар шиг тийм хонгор” гэсэн нэртэй сайхан ном бий. Эл номын нэр шиг сэтгэлд нэг л өегхөн, хавар шиг өвлийн дулаахан өдрүүд үргэлжилж байна. Уг нь өдийд идэр гурван есийн хүйтэн ид тачигнаж, ташуур алдам жаварлаж байдаг сан. Уурга бариад адуунд мордоход хурууны үзүүр чимчигнэж, үнэгэн нударга буулгахаас аргагүйднэ. Үхэр мал борвио хавиран хавчигнаж, мөстсөн хот зэлэндээ хэвтэхээс ч тойвшоосон янзтай, хөлөө ээлжлэн өргөх нь хүйтний эзний мөсөн шилбүүрт тас няс ороолгуулж байх шиг санагдана. Үнэгэн лоовуузаа хулгавчлан бүчлэхгүй л бол чихний үзүүр хайрагдан часхийж, хацар тэсэхийн аргагүй чичвэлзэнэ. Харин нэгэнтээ часхийлгээд авсан байхад хэсэгтээ мэдээ алдасхийснээ халуу оргиж хорсож эхэлнэ. Монгол орны дүн өвлийн цаг агаарын хэм ийм л хүйтэн цэвдэг байдаг. Яг ийм үеэр хүүхэд, хөгшид өдрийн цагаар ч гарахаас халширч, галынхаа эргэн тойронд будаатай цайгаа бужигнуулсан шигээ сууна даа.

Би хөдөөгийн хүүхэд болохоор нутгаараа жишиж байгаа царай нь энэ. Харин энэ жил урьд жилүүдийнхээс онцгой тогтуун сайхан байна. Ихэнх нутаг намраараа, мал ундны ч усгүй болох шинжтэй гэцгээн тэнгэрээс цагаахан будраа хүсэмжилнэ. Цас орлоо гэхэд өдөртөө л хайлмагтаад арилчихаж байна. Бүүр нэмэх хэмтэй газрууд ч байгаа дуулдав. Хавар шиг энэ өдрүүд хот суурингийнханд жаахан ч болтугай ээлээ өгч байгаа. Үгүй ядахнаа л халтиргаа үүсэж, замбөглөрөхгүй болохоор ажил сургуулиасаа хожимдох нь харьцангуй бага байгаа. Дулаавтар байгаа болохоор нүүрсний үнэ ч тогтвортой. Нүүрсээ тэр гадаад улс орондоо л үнэд хүргэж зардаг юм байгаа биз, жирийн олон түмэнд ханш нь нэмэгдэхгүй тусмаа л амьдралд нэмэртэй. Нэг л гэм нь агаар цэвэршиж өгөхгүй шинжтэй. Энэ өдрүүдэд жаахан л цас орчихвол хавар шиг өвлийн өдрүүдийн жинхэнэ чимэг нь болно доо.

Л.БАТЦЭНГЭЛ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хулганайн ТЭРГЭЛ: “Зүрхээр наадагч” киноны уран бүтээлчид манай гэр бүлийг доромжилсон учраас шүүхэд өгч байгаа

МЗЭ-ийн шагналт яруу найрагч Хулганайн Тэргэлтэй цахимаар холбогдож хөөрөлдлөө. Тэрээр эдүгээ АНУ-д амьдарч буй манай нэртэй уран бүтээлчдийн нэг билээ.

-Та сайхан өвөлжиж байна уу. Америк оронд очоод хэдэн жилийн нүүр үзчихэв дээ?

-Сайхаан. Найман жил болж байна аа.

-Бас л их удаж байгаа юм байна даа. Хүний нутагт ямаршуухан байна?

-За, хүнд хэцүү үе их л байлаа. Амьдралдаа хийж үзээгүй хар бор ажил хийх, сэтгэл санаа гундах гээд эхэндээ амар байгаагүй ээ. Одоо бол дасаад арай дээр болсон доо.

-Хэн хэнтэйгээ амьдарч байна?

-Нөхөр, хоёр хүүхдийнхээ хамт аж төрж байна даа.

-Өөрийн чинь “Залуу явахад юм бүхэн өнгөлөг” шүлэг цахим ертөнцөд их явах юм. Мартсанаас мал мэнд үү гэдэг шиг уран бүтээлийн олз омог хэр их байна?

-Уран бүтээлийн хувьд чамлахааргүй байгаа. “Америк диваажин мөн үү” ном, мөн яруу найргийн номоо бэлдээд гараас гаргах ойртож л байна. Мөн хөгжмийн зохиолч Ш.Энхбат, “Хурд” хамтлаг, “Emotion” хамтлагтай хамтарч хэд хэдэн дуу хийлээ.

-Таны шүтэн бишрэгчдэд дуулгах сайхан мэдээ байна шүү…

-Ирэх жилээс эх орон­доо очиж амрахдаа но­моо хэвлүүлчихээд, уншигчид­тайгаа уулзаж уран бүтээлийн үдэшлэг хийх санаатай л байна.

-Та чинь ингэхэд төрийн шагналт яруу найрагч О.Даш­балбар агсны хамаатан гэдэг бил үү?

-Тийм ээ. Яруу найрагч О.Дашбалбар миний авга ах юм. Миний аавын ээж, эмээгийн төрсөн дүү Очирбат ахын ууган хүү шүү дээ.

-Таныг яруу найрагч болоход авга ахын чинь нөлөө их байв уу?

-Яг үнэндээ ээж минь л надад их нөлөөлсөн. Миний ээж намайг уран зохиолын хичээлдээ авьяастайг минь мэдэрч, долоо наймдугаар ангийн хүүхэд зуны амралтаар эмээгийнх өөдөө явахад тэмдэглэлийн гоё дэвтэр өгч “Шүлэг бичээрэй” гэсэн юм. Ээжийнхээ үүрэг даалгавар ч гэх үү, хүслийг биелүүлэх гэж бороотой өдөр гадаа догдлон сууж анхны арав гаруй шүлгээ бичиж билээ. Тэр миний уран бүтээлийн гараа байлаа. Анхны шүлгүүдийг маань аав, ээж хоёр Дашбалбар ахад “Манай энэ хүүхэд шүлэг бичих дуртай юм. Болбол хэвлүүлээд, болохгүй бол тэр биз” гээд өгч байсныг санаж байна. Дашбалбар ах маань ч ер нь ах дүүсээ байтугай төрсөн хүүхдүүддээ ч өөрийн чадлаараа яв гэж ханддаг шударга нь дэндүү хүн байсан шүү дээ. Их хожим шүлэг сайн бичиж байгаа сайн найрагчдын нэрийг дурдахдаа миний нэрийг оруулсан байсныг сонин дээр гарсан ярилцлагаас нь олж уншаад учиргүй их хөөрч байлаа.

-Тэр шүлгүүд тэгээд уран бүтээл болоо юу?

-Би ч шүлгүүдээ мартаж орхиж. Тэгтэл ээж нэг өдөр “Утга зохиол, урлаг” сонин авчраад өгтөл аугаа их Д.Урианхай ах өмнөх үг бичээд хэвлүүлсэн байж билээ. Одоо ч би энэ хувь заяандаа баярладаг. Анхны тэр шүлгүүдээс “Намар”, “Хүүхэд нас минь баяртай” гэдэг хоёр шүлэгт урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Д.Баттөмөр гуай, “Элькондор” хамтлагийн Цогоо хоёр аялгуу хийн дуу болж байсан түүхтэй. Аа бас, Дашбямбын ая “Номинталст”-ын Батсүхийн дуулдаг “Өвлийн шөнө” гэдэг дуу маань тэр анхны шүлгүүдийн нэг юм байна. “Хүүхэд нас минь баяртай” дуу гэхэд хорин найман жил дуулагдаж байна шүү.

-Миний санахад “Залуу явахад юм бүхэн өнгөлөг” гэсэн ганц ном гаргасан байх шүү?

-Үеийнхнээ бодоход ердөө ганц номтой яруу найрагч. “Чөтгөрийн гүнж”, “Залуу явахад юм бүхэн өнгөлөг” хоёр шүлгээрээ би Монголын уран зохиолын хоосон хатавчинд зогсохооргүй яруу найрагч гэдгээ баталсан гэж уран бүтээлчийн хувьд өөрийгөө тоодог шүү.

-“Болор цом” наадамд “Би чөтгөрийн гүнж” гэсэн шүлгээ уншихыг чинь хараад ний нуугүй хэлэхэд биширч байлаа. Энэ наадамд олон удаа оролцов уу?

-Би ер нь тэмцээний одгүйгээ мэдрээд “Болор цом”-доо олон удаа шүлгээ уншаагүй ээ. Гэхдээ “Болор цом”бол яруу найрагчдыг ард түмэнд таниулж өгдөг сайхан тэмцээн. Би муулах дургүй.

-Саяхан цахим хуудсан дээрээ “Зүрхээр наадагч” киноны уран бүтээлчдийг шүүхэд өгнө гэсэн байсан. Ямар учиртай юм болов?

-Би эцэг эхээс ах дүү дөрвүүлээ юм. Нэг ах, хоёр дүүтэй. Аав маань дөрвөн хүүхдэдээ Эрхэс, Тэргэл, Ялгуун, Энхжин гэж сайхан нэрсийг ертөнцөд мэндлэхэд минь шивнэж өгсөн. Тэр бүү хэл, “Эрхэс тэнгэрт

Тэргэл саран

Ялгуун сайхнаар

Энхжин мандмой” гэж шүлэглэж бидэнд бэлэглэсэн байдаг. Гэтэл, “Зүрхээр наадагч” гэдэг кинонд бидний нэрийг бүгдийг оруулаад, аавын шүлгийг хүртэл хуулсан байгаад хэн ч гэсэн гомдолтой байна биз дээ. Бидний ууган ах 1969 оны, отгон дүү 1976 оных. Тэр үед бидэн шиг содон сайхан, ховор чамин нэртэй ганц ч хүүхэд байгаагүй. Сүүлд 1990-ээд он, шинэ мянганд төрсөн хүүхдүүдэд дуурайж будаан ширхэг, бороон дусал шиг олноор үржүүлж өгсөн дөө.

-“Зүрхээр наадагч”-ийг үзэв үү. Аль хэр кино байх юм?

-Үзсэн. Үнэхээр надад таалагдаагүй. Зарим хүмүүс “Танай гэр бүлийн амьдралаас сэдэвлэсэн юм уу” гэж асууж байна лээ. Ядаж байхад, киноны дүр болох дөрөв дотор янхан, луйварчин, хог түүгч гээдгялайх цайх намтартай олигтой ганц ч хүн алга. “Уран бүтээлийг ингэж хүн доромжилж хийдэггүй юм аа. Аав маань та нараас бидний нэрийг зээлдэж, тууж авсан юм уу” гэж асуух гээд гавьяат жүжигчин Уранчимэг, Цогоо, киног зохиосон гэх жүжигчин Ганчимэг нараас асуух гээд холбогдохоор утсаа ч авахгүй юм. Уучлал гуйж холбогдох болов уу гэж ч бишгүй харлаа.

-Одоо тэгээд гомдлоо барагдуулж шүүхэд өгөх үү, яахав?

-Би тэднийг шүүхэд өгнө. Аав минь өөд болоод ганц жил ч болоогүй байхад хул­гайч гэж дэлгэцээр доромжилж, бас цахим ертөнцөөр доромжлогдох боломжоор хангаж өгсөн тэдэнтэй үсээ цайтал тэмцэнэ. Тэднийг өмөөрч, өөгшүүлж буй олон ч хүнд өөрөө хулгай хийсэн гэмтэн шиг өчнөөн доромжлууллаа. Үнэхээр гомдолтой байна. Уранчимэг аавын маань бидэнд зориулсан сэтгэлийн сайхан үгийг хээв нэг ашиглачихаад, миний дүү, ангийнхаа охин Ялгуунд ч дуулгаж болох л байсан даа. Одоогийн нөхцөл байдлаар бол миний аав хулгайч шиг харагдаад, тэд харин агуу уран бүтээлчид болж нийгэмд ойлгогдоод байна. Хүн чанаргүй байна гэхэд ийм байж болох уу, даанч.

-Урнаа гавьяат, Ганчимэг жүжигчин хоёртой манай сонин ч холбогдох гээд чадаагүй. Таны дуудлагыг тэгэхээр авахгүй нь ойлгомжтой биз дээ?

-Утсаа ерөөс авахгүй байгаа. Би зурвас бичиж байж, Ганчимэг надад майл хаягаа өгсөн. Тэгсэн тэр нь шал буруу хаяг байсан. Хулгайч биш л юм бол тэд юунд миний дугаарыг авахгүй зугтана вэ гэж дэмий л гайхаж сууна. Урнаа ч утсаа авахгүй байгаа. Сонин хэвлэлийнхэн залгаад үзэхэд утсаа ер авахгүй байна гэсэн. “Одод” болчихоороо хүний утас ч авдаггүй юм уу.

-Аавын чинь шүлгийг хүртэл иш татсан болохоор зохиогчийн эрхийг аргагүй ноцтой зөрчиж дээ. Танай аав яруу найрагч хүн байсан юм уу?

-Миний муу аав зохиолч хүн байгаагүй ээ. Амьдралдаа анх удаа хоёр хүү, хоёр охиндоо бичсэн ганц шүлэг нь болохоор би дэндүү хайртай юм. Ааваараа бахархаж баясаж явдаг нандиндурсамжийг минь ингэж хөөтэй хутгаж болохгүй.

-Нандин дурсамж үлдээсэн шүлгийг киноны уран бүтээлчид хаанаас авчихсан юм бол?

-Өөрөө тэднээс асуусан нь дээр байх. Би далдыг мэддэг хүн биш. 1987 оноос хойш өгсөн миний бүх ярилцлагад шахуу байгаа. Хамгийн сүүлд гэхэд МҮОНТВ-ийн тоймч Ц.Мөнхтөр ахын “Ярилцъя” нэвтрүүлэгт 2010 онд орохдоо дурдаж л байсан. Үүнийг маань батлах амьд гэрчүүд ч олон бий.

-Аа, таны ярианаас сон­соод л уран бүтээлийн өл­гөц болгоод авчихаж л дээ…

-Хамгийн гол нь аавын минь бидэнд хайрласан нэр, бидэнд зориулсан шүлэг энэ киноных нь амин сүнс, гол холбоос болсон байна лээ. Би жүжигчин Урнааг Драмын театрт өлгүүрчин, Цогоог СУИС төгсөөд хүнд танигдаагүй, Ганцэцэг, Ганчимэгийг урлагт сураггүй байхад Монголын их уран зохиолын хаалгыг татаж, дуудах нэр, дуурсах алдартай, хүмүүс шүлгийг минь ам дамжуулан цээжилдэг болчихсон уран бүтээлч байсан. Урнаа, Цогоо хоёрт хэлэхэд хоёуланг чинь таних л юм сан, ичих нүүртэй амьдраарай гэж захичихъя.

-Монгол Улсад оюуны өмч, зохиогчийн эрх гэдэг ойлголт хэцүүхэн л байдалтай байдаг эд. Харин АНУ-д байдал ямар байдаг юм бол?

-Америкт ёстой нүүр хийх газаргүй болно. Залуусын хэлдгээр “будаа болж” шо­рон зүглэнэ. Хийсэн ганц ч уран бүтээлийг нь хүн үзэх­гүй, асар их төлбөрт унана. Нэр төр нь шалбаагт унана. Монголд хууль эрхзүй ямаршуухан байгааг хуульчид хандсан байгаа. Шинэ он болох гэж байхад баахан гомдол ярьчихав уу даа.

-Үнэн юмыг бага дээр хэлж ярьж явахгүй бол угаасаа хэцүү л дээ. МЗЭ-ийн төлөөллүүд жил бүр АНУ-д зочилж, нутаг нэгтнүүддээ зориулсан утга зохиолын үйл ажиллагаанд оролцдог болсон. Үүнд та хэрхэн оролцож байна?

-“Америкийн монголчуу­дын уран зохиолын нийгэм­лэг”-ийг Пүүжээ гэдэг сэтгүүлч хүү зохион байгуулъя, тус дэм болооч гэсний дагуу бүх чадлаараа л дэмжиж явдаг даа. Анх Америкт Монголын зохиолчид маань хөл тавих үүд хаалгыг Денвер хотод аж төрж буй яруу найрагч Лхамзаваар ахлуулсан “Тулга” клубийн хамт олон нээж, улмаар сэтгүүлч Пүрэвсүрэн, АМУЗН байгууллагадаа найрагч надаас өгсүүлээд халуун сэтгэлээр ханддаг олон хүн байдагт талархаж явдаг даа. Саяхан ардын уран зохиолч Т.Галсан, Б.Лхаг­васүрэн нар ирж уран бүтээлээ толилуулаад явсан. Т.Галсан гуайгаа өдий ная гарсан хүн гэхэд ямар гайхамшигтай оюун билэг төгс, Монголын гайхамшигт хүн бэ гэж эндхийн монголчууд маань биширсэн шүү. Энэ завшааныг ашиглаад гэдэг шиг “Оройтсон бороо” дууны шүлгийг бичсэн зохиолч Б.Туяа эгч болон Бирадамба ах, Үржинханд эгчдээ алс холын газраас сайн сайхныг хүсье.

Л.БАТЦЭНГЭЛ

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Шинэ жилийн баярыг даруухан тэмдэглэдэг болжээ

Ерээд оны эхээр Ерөнхийлөгч асан П.Очирбат нэгэн шинэ жилийн баярт очоод үзээгүйгээ үзэн “Үнэхээр тансаг шинэ жил боллоо” гээд бөөн хэл амны бай болж байв. Түүнээс хойшхи шинэ жилийн баяр ёслолууд жигтэйхэн тансаг болж, хүмүүс нүдээ бүлтэртэл гоёж гоодон, хэнд ямар бэлэг өгөхөөрөө хүртэл уралдаж гарцгаасан. Төрийн байгууллагууд ч юу дутахав хэмээн төсвийн мөнгийг агаарт цацан ёстой нэг самарч өгдөг байв. Харин одоогоос хоёр жилийн өмнөхөн мэндчилгээг хэвлэмэл цаасаар биш цахимаар хүргэх уриалгыг төсвийн байгууллагынханд бага сага дадуулж бас ч хэмнэлт гаргасан нь манайх шиг цаас үйлдвэрлэдэггүй оронд нэг том алхам болсон. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ард түмэндээ шинэ жилийн мэнд хүргэж үг хэлэхдээ шарзтай жүнз биш сүүтэй хундага өргөсөн нь тансагчуулын эгдүүг бяцхан хүргээд авсан. Тэр ч бүү хэл хөдөөгийн нэг сумын Засаг дарга “Тэр тэндээ сүүгээ өргөнө биз, бид энд архиа ууна” гэсэн нь орон даяар олон нийтийн дунд тархсан онигооны баатар болгоод амжсан. Юм гольдролдоо орно гэдэг сайхан. Энэ жилийн баяр ёслолыг ажиглаад байхад бүсгүйчүүд эрээн мяраан эрвээхэй шиг даашинзаар гоёхоо больж, үсээ энгийн сайхан янзалсан нь анзаарагдаж, эрчүүд гашуун нясуун идээг сэржимдэх төдий болоод тавьж буй нь сайшаалтай санагдав. Энэ нь нэг талаар эдийн засагтай холбоотой байж болох боловч хамгийн гол нь нийгэмд эрүүл сэтгэлгээний түрлэг нэмэгдэж байгаагийн илрэл билээ.

Л.БАТЦЭНГЭЛ

Categories
мэдээ цаг-үе

Таван Засгийн газарт сайдын алба хашсан дархан төрийн түшээ Б.Жигжидийнх

Монгол төрийн жудагт түшээ Чононбөрт Бямбын Жигжид гуайтай утсаар холбогдож, гэрт нь өнжих хүсэлтээ дурдвал ажлын өдрүүдэд зав зай хомсоо учирлаад “Бямба гаригт хүрээд ирэх үү” гэлээ. Хагас сайны их үдэд зурагчинтайгаа Дарь-Эх дэх гэрт нь явуулсан унаагаар нь хүргүүлж очлоо. Жолооч залуу “Манай нагац ах” гэж ганц үг амнаас унагаснаас олныг дурдсангүй. Дарь-Эхийн рашаанаас нэлээд дээхнэ уулын эх бэлд шахуу гудамжны дээд үзүүрт байдаг гурван давхар байшин Жигжид сайдынх аж. Хашааны төмөр хаалга удирдлагаар онгойдог бололтой, хүн харагдаагүй атал цэлийтэл нээгдэв. Жигжид гуай гэрийнхээ үүдэнд улавчтай зогсож харагдана. Хашаанд нь машины гараашаас гадна зун суудаг бололтой ширээ сандал бүхий асрын араг төмөр, амралтын газруудынх шиг буурийг нь өндөрлөн цардмалдаж тохижуулсан таван ханат гэр бөмбийнө. Гурван давхар байшинд орвол халуун сайхан амьсгал угтаж, амар мэндээ мэдэлцлээ.

Зурагтаар Ерөнхий сайд асан С.Баярын хөөрөлдөөн гарч байна. Жигжид гуай Архангай аймгийн Жаргалант сумын уугуул, арван хүүхэдтэй айлын хоёр дахь, хөвүүдийн ууган аж. Жаргалант нутаг бол арвангуравдугаар Далай ламаас “Эрдэнэ мэргэн бандид, ханчин хамба” цол хүртсэн их соён гэгээрүүлэгч, зохист аялгууч Сүрэнхорын Жамьянгарав гэгээнтэн, их хутагтын удаах дүр Очиржанцан, Жалцав маарамба, гарамгай баатар Л.Дандарын хорооны байлдагч, сумангийн улс төрийн орлогч “Эх оронч” хэмээн алдаршсан Ч.Жүгдэрнамжил, хөдөл­мөрийн баатар, саятан жолооч Л.Самбуу-Ёндон, зохиолч А.Самбалхүндэв, улсын арслан “эрээн хавирга” Б.Төрбат нарын алдартнуудын өлгий. Миний бие С.Жамьянгаравын нэрэмжит Дорно дахины утга зохиолын дээд сургуулийг дүүргэсэн болохоор ихэд бэлгэшээж их хүмүүний талаар өрхийн тэргүүнээс лавлатал “Жамьянгарав гэгээнтэнтэй манайхан их ойрын төрөл юм шүү. Буддын гэгээрэхүйн ухаан, яруу найраг, түүх, гүн ухааны 13 боть бүтээснээс ганцхан нь үлдсэн юм гэнэ лээ” гэж харамсангуй өгүүлэв. Жаргалант нутгийн хүү

“Асайт, Даага, Чулуут, Элгэт

Ажраг, Зуслан, Улиастайн голууд

Асралт Дулаанхан, Пэрэнлэйлхүндэв

Ар өврийн тахилгат хайрханууд

Арын хангайг хойморлон байдаг

Ашид мөнхийн Жаргалант нутаг аа

Алслан холдохоор санаад очдог

Азаар заяасан жаргалын ороон” гэж унаган бага насаа үдсэн газрын диваажиндаа зориулж дууны үг, аяыг бичин амилуулсан нь нутгийнхны сүлд дуу болсон гэнэ.

Бидний яриа Дарь эхийн оройд шахуу хад бартаатай газар амьдрахад хэцүү биш үү гэсхийж үргэлжлэв. Тэр хэдийгээр хэд хэдэн Засгийн газарт сайдаар ажиллаж байсан ч хувьдаа зуслангийн байшин ч авч байгаагүй болохоор 1990 онд айлын хашаа худалдан авч, өөрийн гараар тохижуулж засварласаар өдий хүрчээ. Гурван давхар байшинг дулаан тохьтой байлгахад нэг өвөл гурван машин нүүрс шаардлагатай ч нарны зай, цахилгаан халаалт ашиглаж, утааг харьцангуй бага “үйлдвэрлэдэг” болжээ. Өрхийн ерөнхий цахилгаанчин, слесарь, холбооны инженер, ус түгээгч, мужаан гээд бүхий л ажлыг хариуцдаг, хэрвээ би л гар хөдлөхгүй бол ямар ч мундаг инженер ирээд энэ бүхнийг ажиллуулж чадахгүй гэж Жигжид гуай хүүрнэж суутал гэргий Сүхээ нь үдийн хоол бэлэн болсныг дуулгав. Нутгаас нь хоёр хоногийн өмнө өвлийн идэш нь ирээд амталж амжаагүй байсан аж. Үхрийн алаг махыг төмстэй чанаж, гурилаар бүтээж, ногоотой шөл хийжээ. Эднийх ер нь монгол хоолоо л таашаадаг гэнэ. Жигжид гуайн аав Янживын Бямба 1910 онд төрсөн. Асайтын хүрээнд шавилан сууж бурхны ном сурч байсан ч сүм хийдийг тарааж эхлэх үед хөдөө гарч, өөрөөсөө хорь орчим дүү бүсгүйтэй гэрлэснээр арван нэгэн хүүхдийн аав эжий болж аж төрлийн хатуу хөтүүг үүрч ирсэн хөдөөгийн эгэл малчин ард байж. Мал муулахыг харж чаддаггүй, ан хийдэггүй номын нэгэн тул гарын үзүүрээр гэрийн мод, авдар сав урлан албан даалгавар, дайн тулааны хүнд бэрх жилүүдийг борви бохисхийлгүй үдэж, жар гаруй насандаа бурхан болсон ааваасаа айлын ууган хүү амьдрахуйн жам, аж төрлийн сургаалыг өвлөн авчээ. Бямба гуай нутаг нугадаа нэртэй дуучин байсан болохоор “Алиа саарал”, “Хүрэн толгойн сүүдэр” хэмээх ардын сайхан дуунуудыг сонсоход хүүгийнх нь сэтгэл хүүхэд ахуйн янзаар нялхарч уярдаг хэвээр аж.

Жигжид гуай ээжийгээ дурсахдаа хоолой нь зангираад ирэв. Түүний ээж Ногоон суунаг овогт Пүрэвийн Галсан бага балчраасаа өнчин ядуугийн зовлон туулсан, дөчхөн насандаа хань ижлээ алдахдаа “сахил хүртлээ” хэмээн хондлой шүргэсэн урт хархан гэзгээ хадагтай хайчаар үргээлгэсэн, арван үрсээ хүний зэрэгт хүргэх гэж хүзүүний махаа барсан хүний дээд байжээ. Энэ тухай хүү нь

“Саахалт, нугынхан ээжийг минь

Сайдын ухаантай гэдэг сэн.

Садан төрлийнхөн бүгдээрээ

Сатаарч амрахыг гуйдаг сан.

Наймтайдаа бүтэн өнчирсөн ч

Хорвоогийн хатууд нугараагүй

Наян тавтай золгосон

Хосгүй буянт эжий мину” гэж “Ээжийгээ л санаад байх юм” шүлэгтээ бичсэн байх юм. Жигжид гуайн эгчийг Пунсалдулам, дүү нар нь гэвэл малчин Жавзмаа, улсын аварга малчин Сэдбазар, компанийн захирал Доржгочоо, хувиараа хөдөлмөр эрхлэгч Отгонбаяр, Цэрэндаш, барилгачин Отгонбаяр, малчин Нарандэлгэр, Батмөнх гэдэг хүмүүс байдаг аж. Эднийх нь хоёр нь хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ. Жигжид гуайг төрөхөд Ширбазар хэмээх нэр хайрласан ч багадаа өвчин ороон, хөлд орсон хойноо шөнө зүүдлэн гэрээсээ гарч, нүд нь хараастай мөртлөө унтаагаараа яваад байдаг байсан учир ламдвал Жигжидсүрэн гэдэг нэр өгчээ. Харин сургуульд бүртгүүлэхдээ Жигжид гэж бичүүлжээ. Гол усныхан нь түүнийг “Бямба гуайн Хүрэн банди” л гэдэг байж. Жаргалантад бага анги төгсөж, Эрдэнэмандалын арван жилийн дунд сургуулийг онц дүнтэй дүүргэсэн тэрээр 1964 онд ЗХУ-д Үйлдвэрийн дулаан хангамж мэргэжлээр суралцах хуваарийг өрсөлдөөнт шалгалтгүй орох эрхтэйгээр авчээ. Аравдугаар анги төгсөхдөө хамгийн сүүлийн математикийн шалгалтаа өгсөн явдал нь түүний сэтгэлд их содон үлджээ. Тооны текстийг Намсрай багшийгаа самбарт бичиж дуусав уу, үгүй юу шууд бодоод ангийнхнаасаа хамгийн түрүүнд гараад ирж. Сүүлд гарч ирсэн хүүхдүүдээс тооны хариу хэд гарсныг асуухад өөрийнхтэй нь таардаггүй гэнэ дээ. Тэгтэл шалгалтын дүнг гаргалцаж байсан Банзрагч багш нь ангиас гарч ирээд “Жигжээд, чиний тоогоо бодсон чинь хачин юм болсон байна” гэх нь тэр. За өнгөрч, ингээд малчин, ТМС-д л орох боллоо гэж бодогдоод явчихаж. Улсын комиссынхон хуралдаад, хүүхдүүдийг дуудаж уулзаад эцэст Банзрагч багш нь “Чи анхааралтай байхад яадаг юм. Тооны өгүүлбэрээ буруу бичиж аваад түүгээрээ бодчихсон байна шүү. Гэхдээ Намсрай багш эхэлж буруу бичээд дараа нь засч бичсэн гэж хүүхдүүд баталсан учраас комисс бодсоноор чинь дүгнэх болсон” гэжээ. Тэр Намсрай багш нь зузаан дуран шил зүүдэг, хараа тааруу нэгэн байснаас ч болсон уу, ирээдүйн нэгэн инженерийн хувь тавиланг орвонгоор нь эргүүлэх шахсан нь энэ байжээ. Түүний сурагч байхаас сэтгэлийг нь соронзодсон, хожим бүхий л насных нь хообий болсон зүйл бол элдэв техник сонирхох сэтгэлгээ байсан гэнэ. Хөдөөгийн хүүхэд мөртлөө машин, мотоцикль барих, радио, цаг засах, гэрэл зураг дарах гээд бүгдийг л сурч эзэмшихийг хүсдэг байж. Оёдлын машин улны утсаа татахгүй зэрэг ойр зуурын засварыг бол нүд ирмэх зуур янзалчихдаг их эд байсан гэж байгаа. “Шинэ үсгийн багш” кинон дээр гардаг шиг есдүгээр анги төгссөнийхөө зун гол усныхнаа бичиг үсэгт тайлах даалгаврыг сумын захиргаанаас өгч, цалин хөлс ч авч явжээ.

Бид гал тогооны өрөөнд мах хөшиглөж, шөл оочлонгоо ийн хөөрөлдөх зуур ханьтайгаа хэрхэн учирсныг Жигжид гуай, түүний гэргий Алтансүх хоёроос сонирхлоо. Хойно сургууль төгссөн шижгэр инженер Улаанбаатарт ирээд ажилд орж амжаагүй байхдаа үеэл Ч.Загдхорол болон гэрт нь түр амьдарч буй Самбуу нарын ажлын газар ашиглалтад ороод удаагүй асан Мах консервийн комбинатаар орж гардаг байжээ. Залуу хүн болохоор шинэ үйлдвэрийн будаг нь ханхалсан барилга, бужигнах залуусын идрийн золбоо сэтгэлийг нь татаж байсан биз. Нэгэн удаа МКК-ын ажил тарах үеэр үйлдвэрийн хашааны хаалгаар гарах гэж явтал барууны хийцийн зургаан талтай саарал даавуун малгайтай, богинохон бошинз өмссөн, тэгш шулуун хөлдөө өндөр өсгийтэй шаахай жийсэн, бэлхүүс нарийн, бие зэгзгэр, сормуус дэрвэгэр, алаг нүдэн охинтой таарсан нь ирээдүйн амьдралынх нь хань, алаг үрсийнх нь эжий байжээ. Тэр охиныг харсан даруйдаа нүд унагаж араас нь дагасаар автобусны буудал хүрэхэд нөгөөх нь үеийнхээ нэг охинтой инээлдэн, хотын төвийн хаягтай унаанд сууснаар танилцаж ч амжилгүй үлдсэн байна. Маргааш нь тэрээр найз Самбуугаасаа мөнөөх охины талаар судалгаа хийвэл олигтой үр дүнд хүрсэнгүй, харин Самбуугийн гэргий МКК-ын захиргааны боловсон хүчний байцаагч Алтансүх “Тэр чинь саяхан Болгар улсад техник мэргэжлийн сургууль төгсөж ирээд хиам боловсруулах цехэд ажиллаж байгаа Алтансүх гэдэг охин, амьдай болохоор би нэр болоод хаана хуваарилагдсаныг нь ч сайн мэдэж байна” гэжээ. Дараа өдөр нь нүдэлсэн охиноо амдан байж танилцсанаар залуу хосын амьдралын гараа эхэлсэн түүхтэй аж. Гэрийн эзэн, гэргий хоёр 1967 оны долдугаар сарын тэр л гэрэлт өдрүүдээ мартаж эс чадах буюу. Биднийг ёстой л ам халан суутал эзэгтэйн утас дуугарч, хүүгийнхэн ирлээ гэв. Гэрээс нэг товч дарж хашааны хаалгаа онгойлгож буй бололтой. Удалгүй хүү Ж.Батмөнх нь бэр Б.Мандухай, ач охин Аминаа, ач хүү Сэдүбазар нарынх нь хамт орж ирэв. Хүү, бэрийнх нь нэрийг анзаарвал Монголын их хаан, хатан хоёрын алдартай ажээ. Заяаны ханийн учрал ерөөл гэдэг цаанаасаа их учир жанцан агуулжээ гэлтэй.

Эмээ нь ач нарынхаа гадуур хувцсыг тайлж өлгөн, бяцхан хоёр нь өвөөдөө ирж үнсүүлэв. Хоёр хөгшний нар ёстой нэг гарч байгаа янзтай. Мах, шөл таваглан хүү бэрдээ барих нь цагаан сар болж байгаа ч юм шиг сэтгэгдэл төрүүлнэ. Аав, ээждээ хүүхдүүд нь гадаад хатуу хэмийн умдаан, чихэр жимс өгч байгааг нь харахад дээрх бодол батлагдах шиг. Дөрвөн охин төрж, Жигжид гуай хүүтэй болохгүй нь гэж дотроо жаахан дурамжхан явтал отгон үр Батмөнх нь мэндэлжээ. Хүү нь АНУ-ын Хьюстэнд сургууль дүүргэж, эдүгээ “Сант-Асар” хувийн компанийнхаа бизнес хариуцсан орлогч захирлаар ажиллаж байгаа юм байна. “Сант-Асар” компанийн ерөнхий захирал нь Жигжид гуайн гэргий Алтансүх бөгөөд Хэвлэлийн комбинатад ажиллаж байгаад хувь тэнцүүлсэн тэтгэвэрт хөөгдөн гарснаасаа хойш нөхрийнхөө дүү Доржгочоотой гахай үүрэн, ганзагын наймаанд явсаар хөл дээр нь босгож иржээ. Батмөнхийг АНУ-д суралцаж байхад эхний жилийн сургалтын төлбөрийг нь аав, ээж хоёр нь хуруу хумсаа хугалах шахан байж, машин унаагаа заран арайхийн хийжээ. Тухайн үед Жигжид сайдаар ажиллаж байсан ч хүүдээ “Бид одоо мөнгө төгрөг өгч чадахгүй нь, өөрөө л төлбөрөө аргалах замаа хай” гэснээр хүү нь найз нартайгаа ярилцан, Колумбусын их сургуулиасаа Техас мужийн Хьюстэнд шилжин сурснаар ажил хийж сургалтын төлбөрөө өөрөө хийж эхэлжээ. Учир нь Колумбуст оюутан хүн ажил хийж болохгүй, үйлдвэрийн хот учраас ажил ч хомс байж л дээ. Бэр Мандухайн хувьд СЭЗДС-ийг дүүргэсэн ч багаасаа төгөлдөр хуурын дугуйланд явж байсан сонирхлоороо СУИС-д сурахын зэрэгцээ хөгжим-уран зураг сургалтын “Урлан” компанийг байгуулан ажиллаж байгаа гэнэ. Ач охин Аминаа нь 2014 онд Испани, Франц улсад болсон өсвөрийн төгөлдөр хуурчдын тэмцээнээс гурван гран при хүртжээ.

Бидний яриа хоёр давхар дахь наран талдаа цонхтой Жигжид гуайн ажлын өрөөнд үргэлжиллээ. Өрөөнийх нь үүдэнд гүйлтийн зам харагдана. Мань эр өглөө зургаагийн үед босоод биеийн чилээгээ гарган гимнастик хийж, цаг гаруй гүйлтийн зам дээрээ гүйнэ. Өнгөрөгч зун нутагтаа амраад ирэхдээ гурван килограмм жин нэмсэн болохоор үүнийгээ хаях гэж мачийгаа л байгаа аж. Жигжид гуайг харахад дал дөхсөн хүн гэхээргүй тавьтай хүн шиг л жавхаатай. Гэдэс гүзээ гээд байхаар ч юмгүй хүн шүү дээ. Тэрээр “Солонгос, япончууд миний гүзээг гэж шоолно шүү” гэж тоглож байгаа юм шиг өгүүлнэ. Эдний хүүхдүүдийн ууган нь Ж.Билгээ, нөхрийг нь Ш.Батцэнгэл, зээ нарыг нь Тэнүүн, Тэмүүлэн, Батбилиг, Орхон, Төгөлдөр гэдэг аж. Охин Билгээ нь 1991 онд анх зохиогдсон Монголын гоо бүсгүйн тэмцээнд “Есөн эрдэнэ”-ийн нэг болж байсан, Шүд, эрүү нүүрний мэс заслын төвийн орлогч даргаар ажиллаж байгаад Японд докторын зэрэг хамгаалсан, шүдний хувийн эмнэлэг ажиллуулж, үйлчлүүлэгч нарт дарагдсан газар байдаг аж. Ямар сайндаа л аав нь шүдээ янзлуулъя гэхэд “Аав та хоёр долоо хоногийн дараа л үзүүлэх дугаар байна” гэж байхав дээ. Хүргэн Ш.Батцэнгэл нь “Юнайтед машинери”, Э.Энхбат нь “Хөх Монгол” компанийн захирал бол бас нэг хүргэн Эрдэнэчулуун хувиараа бизнес эрхэлдэг юм байна. Охин Ж.Булгаа зээ Ирмүүндорж, Дариймаа, Тэлмэн нарыг, отгон охин Ж.Энх-Оюун нь Наранзаяа, Аминзаяа, Гэгээнзаяа нарыг төрүүлж, өнөр өтгөн гэр бүл болцгоожээ. Жигжид гуайн ажлын өрөөнд бүрэн мөнгөн тоноглолтой сайхан монгол эмээл, мөнгөн хазаар, бүүрэгт нь өлгөсөн ташуурын хамт нүдэнд тусав. Ноднин төрсөн өдрийнх нь баяраар гэргий нь “Монгол хаад” цуврал ботиудыг, хүүхдүүд нь “Таны нутаг бол эмээлийн орон билээ” гэж аавдаа уг эмээл, хазаарыг бэлэглэжээ. Эрчим хүчний дэд сайд асан Энхтайван “Гоё халиун”-ыхаа төлийг бэлэглэсэн үе ч таарч ихэд бэлгэшээжээ. Саяхан “Тоотой насны тохиол тавилан” номынх нь хурим болоход УИХ-ын гишүүн асан Р.Буд, Ц.Цэнгэл нар хоёр хөгшинд тус бүр хурдан азарганыхаа төлийг ч бэлэглэхээр амлаж. Жигжид гуай “Манайх ядуувтар айл байсан болохоор гурав дөрөвхөн морьтой байсан. Нэг сайхан хонгор морь, шувуу шиг хоёр бор морьтой. Аав мал тамлана гээд морь уядаггүй. Нутгийн алдартай уяач Чунаг гуай л хоёр бор морио зарчих гэж их шалдаг байлаа. Би ч морь малд нэг их хорхойсоод байдаггүй. Гэхдээ монголчууд морины гайхамшгаар л дэлхийг хураасан. Хубилай хааны үед Адууны яамтай хүртэл байлаа” гэж хуучлав. Бичгийн ширээнийхээ хажуугийн тавиур дээр олон гаанс тавьж. Түүний цуглуулах дуртай зүйлсийн нэг нь чамин гаанс ажээ. Хорь гаруй гаанстай гэж байгаа.

Ажлын өрөөнийх нь цаана бас нэг өрөө байна. Цагаан эсгий битүү дэвссэн эл өрөөндөө улавчаа ч тайлж орох юм. Анзаарвал, бурхан тахил, аав ээжийнх нь хөрөг, авсан шагнал гээд нарийн нандин бүхэн нь энд байдаг аж. Аравдугаар ангиа төгссөн Б.Жигжид ЗХУ-ын хувьсгалч С.М.Свердловын нэрэмжит Уралын Политехникийн дээд сургууль буюу одоогийн Екатеринбургийн Технологийн их сургуулийн оюутан болж. Энэ сургуулийг ЗХУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга асан Н.Рыжков, ОХУ-ын Ерөнхийлөгч Б.Ельцин нар төгссөнөөрөө алдартай. Хэлний бэлтгэлд суугаагүй очсон болохоор хичээл нь анхандаа Гималайн оргилд мацахаас ч бэрх зүйл байж дээ. Яваандаа орос оюутан нөхдийнхөө дэмээр хэл усандаа зүгширч цагааширсаар дараагийн хичээлийн улирлаас онц сурлагатан болсон байна. Онц сурлагатан болсноор ар гэрээсээ санхүүгийн дэмжлэг тааруу, арилжаа наймаа хийдэггүй Жигжид Зөвлөлтийн албан байгууллагын гүйцэтгэх ажилтны цалинтай дүйцэх 90 рублийн цалин авч эхэлжээ. Үүгээрээ аав, ээж, дүү нартаа ховор живэр зүйл аваачиж өгнө. “Битлз” хамтлаг ид хүчээ авч байсан үед нэг өрөөнд амьдардаг Б.Жигжид, Ц.Баасандорж, Л.Данзан нар нэг орос найзтайгаа нийлж хамтлаг байгуулан “Весна УПИ” фестивальд оролцон “Монгол бүсгүйн үзэсгэлэн” дууг дуулан дахиулж, “Дүвчин унзад” дуугаар урлагийн наадмын хоёрдугаар байр эзлэн Хар далайд 14 хоног амрах эрхийн бичгээр шагнуулж байжээ. Тэгэхэд тэд банзан гитарыг цахилгаан болгож өсгөгч залган тоглосон гэдэг. Жийгээ сайд энэ түүхийг ярингаа сэтгэл нь хөдөлж, өрөөндөө буй гитарыг аван, бичгийн ширээнийхээ өмнөх буйдан дээр суун баруун хөлөө товшин тоглож эхэллээ. Аав, ээж, нутгийн тухай сэтгэлийн утас хөндсөн дуунаас ганц нэг бадаг дуулж сонирхуулснаа “Тунгалаг Тамир” дээр Итгэлт “Ичмээр дамшиг даа” гэдэг шиг зүйл үзүүлье” гээд “Амьдрал аа гэж…”, “Сэтгэл ээ гэж…” гэсэн нэртэй хоёр цомог гаргаад ирдэг юм байна. Гавьяат жүжигчин Г.Эрдэнэбатын шахаж шордсоор байж бичүүлсэн гэх цомгийг нь сонсоод “Хүний авьяас гэдэг ямар гайхамшигтай, бас далд мөн чанартай юм бэ” гэж гайхах сэтгэл төрөв. Ардын болон нийтийн тавь гаруй дууг үнэхээр сайхан дуулжээ. Зүгээр ч нэг уран сайханч нөхөр биш юм. Монголын үндэсний радио, FM-үүдээр түүний дуунууд нэр усгүй явдаг гэж байна. Учир нь энэ хоёр цомгоо олон нийтэд биш хамаатан садан, хамт олондоо дурсгадаг, тэрийг нь араажавууд “будаа идэн” нэвтрүүлдэг болжээ. Бас ч үгүй нэлээд алиа зантай бололтой, “Орчин үед “Задгай цагаан үүл” ийм үгтэй болсон байна ш дээ хө” гэснээ

“Жинсэн өмдтэй гарсан юм сан

Жиндээ болов уу, яагаа бол.

Жирэмсэн намайгаа зовоосон юм сан

Жаргаа болов уу, яагаа бол” гээд хангинуулж байна. Жигжид гуай ДБЭТ-ын дууны найруулагч Ц.Буян-Оршихтой хамтран “Санаад байна” гэсэн сайхан дуу зохиосноо цомогтоо дуулж оруулжээ. Ая зохиогч Буян-Оршихыг “Айраг шуугин шуугин иснээ хө, айлын бүсгүй дуулан дуулан өснөө хө” гэдэг Ж.Раднаадаргиагийн шүлэг “Хуртай зуны аялгуу” дууны зохиогч гэдгээр ард түмэн мэднэ дээ. Биднийг ид урлагийн увдист урхидуулж суутал гаднаас “Өвөө, өвөө” гэсэн цолгиун дуу гарч зээ охин нь гүйн орж ирж өвөөдөө үнсүүллээ. Ач, зээ нараас нь энэ Гэгээнзаяа охин ёстой нэг жаатай, өвөөгийнх нь хэлснээр “галзуу” нэгэн гэнэ дээ. Энэ үгийг тэрээр зээ охиноо бахдсан аясаар хэлсэн юм. “Энима” компанийн захирал, отгон охин Ж.Энх-Оюун нь охидтойгоо иржээ.

Хойно сургуулиа төгсөж ирээд, 1969 онд Эрчим хүчний төвийн диспетчерээр ажлын гараагаа эхэлсэн Б.Жигжид Улаанбаатар хотын Дулааны шугам сүлжээний газрын ерөнхий инженерээр жилийн дараа томилогдож, улмаар НАААҮЯ-ны орлогч сайдаар 1984 оноос томилогджээ. Тэрээр ажил алба эрхэлж эхэлснээсээ хойш ар гэрийн бараа ч харах завгүй, ганц удаа ч кино үзэлгүй, театрт очилгүй хориод жил болж байтал 1990 оны есдүгээр сард Ерөнхий сайд Д.Бямбасүрэнгийн Засгийн газарт Түлш эрчим хүчний яамны сайдаар томилогдсон байдаг. Дараагийн сонгуулиар гарч ирсэн П.Жасрайн Засгийн газрын Эрчим хүч, геологи, уул уурхайн яамыг толгойлж, 1996 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг НААҮ-ийн газрын даргаар томилогдлоо. Шинэ мянганы босгон дээр Н.Энхбаярын Засгийн газарт Дэд бүтцийн яамны сайдын албыг хашиж, Монгол-Туркийн, Монгол Улс-ОХУ-ын, Монгол-БНХАУ-ын Засгийн газар хоорондын комиссын даргаар ажилласан тухай нь сонсоход нэгэн хүний дааж давамгүй ачааг үүрэн гарсан нэгэн болох нь анзаарагдана. Таван Засгийн газарт сайдын алба хашиж Монгол төрийн дархан түшээ болсон эл эрхмийн бүтэн өдрийн яриаг бүгдийг сонины нэгээхэн дугаарт багтаах аргагүй аж. Б.Жигжид Монгол Улсынхаа төлөө ажил амьдралын олон салбарт хонины морь мэт зарцлагдсан нэгэн гэлтэй.

Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Б.Жигжид “Мянганы зам”, “Эрчим хүчний нэгдсэн систем”, “Холбоо мэдээлийн дунд хугацааны стратеги”, “Гадаад далайн хөлгүүдэд Монгол Улсын далбааг мандуулах бүртгэл эрхлэх” зэрэг томоохон төслүүдийг санаачилж, Дэлхийн банкны ерөнхийлөгч Вульфонсонтой гэрт нь уулзан хандив тусламж авчирч, Налайхын уурхайн осол, цахилгаан станцын дээврийн нуралтын халуун цэгт ханцуй шамлан ажиллаж явсан хүн. Түүний хашаанд буй монгол гэрт халаалттай хойморт нь тухлан айраг шимж суухдаа одоо ямар алба эрхэлж буйг нь асуувал “Монголын, Азийн супер сүлжээ” нийгэмлигийн ерөнхийлөгч, Эрчим хүчний барилга угсралт, засварчдын холбооны тэргүүн, Усан хангамжийн ариутгах татуургын ашиглалт үйлчилгээний зохицуулах зөвлөлийн зохицуулагч зэрэг өчнөөн алба хашдаг ажээ.

Л.БАТЦЭНГЭЛ

Гэрэл зургуудыг

Г.ЛХАГВАДОРЖ

Categories
мэдээ цаг-үе

Түмэнжаргалын Дүүрэн: Аав маань миний нэрийг дуундаа их оруулсан

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, дууны шүлгийн нэрт мастер, зохиолч, яруу найрагч Загдын Түмэнжаргал агсныг монгол түмэн сэтгэлд мөнхөрсөн уран бүтээлээр нь сайн танина. Найрагчийн хүү, “UFC” группын хүнсний үйлдвэрлэл хариуцсан дэд захирал Түмэнжаргалын Дүүрэнтэй уулзаж аавынх нь тухай хөөрөлдлөө.

Түмээ найрагчийгМонголын ард түмэн уран бүтээлчийнх нь хувьд дэндүү сайн мэднэ. Та аавынхаа тухай сайхан дурсамжуудаас хуваалцаач?

-Миний аав 1953 онд Төв аймгийн Угтаал цайдам суманд мэндэлсэн. Арван хүүхэдтэй Загд хэмээх өнөр өтгөн айлын хоёр дахь хүү л дээ. Нэг эгчтэй. Сумынхаа долоон жилийн сургуулийг төгсөөд Улаанбаатар хотын Багшийн сургуульд элсэн суралцсан. Аав байгалиас заяасан унаган авьяастай, бичгийн их хүн байжээ гэдгийг нэгдүгээр ангид байхдаа сайхан бичгийн аварга болж байснаас нь харахад ч тодорхой байгаа юм. Их нямбай хүн учраас сайхан бичгийн аварга болж байсан хуудсаа хүртэл хавтсанд хадгалчихсан байсныг би сүүлд хараад бахархсан. Бичгийн цаасан дээр шугам татчихсан юм шиг бичсэн байгаа биз. Хэвлэлд гарсан анхны шүлгүүд нь байж байна. Арван таван насандаа Москвагийн радиод захидал хүртэл бичижбайсан хэнхэгдүү ч гэмээр тийм л бадрангуй нэгэн байж дээ. Наймдугаар ангидаа сургуулийнхаа математикийн аварга болсон гэрчилгээ нь ч бий. Тэр бүхнээ нямбай хадгалсан нь хожим үр хүүхдэд нь үлгэр дуурайл болно гэж боддог байж. Багшийн сургуулийн оюутан байхдаа төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Шарав ахтай хамт “Пионер” хэмээх анхны дуугаа зохиож уралдаанд оролцож хоёрдугаар байр эзлэн Филатова гуайн гараас шагналаа гардаж байсан байдаг. Филатова шагнал гардуулахдаа мань хоёрыг “Ийм балчирхан мөртлөө ямар гайхамшигтай авьяастай юм бэ” гэж дуу алдаж байсныг ээж маань дурсдаг юм.

Ажлын гараагаа хаанаас эхэлсэн юм бол?

-Багшийн сургуулиа дүүргээд нэгдүгээр сургуульд бага ангийн багшаар ажиллаж, даасан ангид нь дорнын их яруу найрагч Б.Явуухулангийн хүү Амараа, их эрдэмтэн Чой.Лувсанжав гуайн хүү Өлзийт нар суралцаж байсан байдаг. Энд нэг инээдтэй юм ярихад аавын уран бүтээлийн багш Явуу найрагч хүүгийнхээ өмнөөс хоёр удаа бичгээр чөлөө гуйсан нь хүртэл баримтаараа байж байна. Тэр үеийн хүмүүс ийм гайхамшигтай ёс зүйтэй байсан байгаа юм. Аав маань сургуулийнхаа тэргүүний бага ангийн багшаар хүртэл шалгарч байсан гээд бод доо. Дараа нь МУИС-ийн Монгол хэл, уран зохиолын ангийг 1980 онд улаан дипломтой дүүргэсэн юм билээ. Их сургуулийн онц төгсөгчдийн самбарт нэр нь байдаг юм.

Их л энгийн хүн байсан санагддаг?

-Аав өөрөө хөдөөний хүүхэд болохоор ч тэр юм уу монгол ахуйг ойлгуулах гэж намайг дөрвөн настайгаас наймдугаар анги төгстөл зуны амралтаар хөдөө явуулдаг байсан. Би нэг зун “Найрамдал” зусланд амарч ирээд аавыг “Юу сурав” гэхээр нь

Цагаан баавгайн бамбарууш тоглон наадаж байна.

Цэгээн туйлын мөсөн дээр бөмбөг битгий хаяарай”,

Хүүхдийн сэтгэл шиг цэлмэгхэн

Монгол наадмын тэнгэр дор

Эв найрамдал дүүрэн, дүүрэн

Инээд баясал тодхон, тодхон

Бөөн баяр аа

Бөөн баяр аа” зэрэг зуслан дээр байнга дуулдаг дуунуудыг сурснаа хэллээ. Манай аав чинь ямар ч хүнтэй наргиад байгаа нь ч мэдэгдэхгүй, хошиндуу ч гэмээр харьцдаг хүн ш дээ. Тэгсэн мань эр “Миний зохиосон дуу ш дээ” гэж байна. “Аав аа, та худлаа яриад байгаа юм биш үү” гэсэн чинь шөнө хэрэг болгож босож ирээд баахан бичиг цаас үзүүлж, ямар уралдаанд хэддүгээр байр эзэлснийг хүртэл баярын бичигтэй нь харуулж байна. Аавыгаа тэр гайхамшигтай дуунуудыг бичсэн найрагч гэж бодсон чинь бахдал төрөөд цонхоор тусах сарны гэрэлд нэг л гайхамшигтай мэдрэмж төрж, даль жигүүртэй ч болчихсон юм шиг санагдаж, нойргүй хонож байж билээ.

Таны нэрийг мэдээж аав тань өгөө байлгүй?

-Нэрийг маань аавын амьдралын ч, яруу найргийн ч багш Тангадын Галсан гуай өгсөн байдаг. Аав дүү Дөлгөөн бид хоёрын тухай бүхнийг нялх үстэй нойтон зүстэйгээс бичсэн дэвтэр одоо ч ээжид минь байгаа. Аж төрөлдөө бүхий л зүйлээр дүүрэн байг гэсэн утгатай шүлэглэж бичсэн ерөөл тэнд бий. Зулай дээр минь гишгэж төрсөн ах минь ой хүрэлгүй өөд болсон болохоор аав ээж хоёр минь дүүрэн жаргалтай байхыг хүсэж байсан нь лавтай. Манайх миний нэр шиг ёстой дүүрэн халгиж цалгисан айл байлаа. “Хонх”-ын Цогтсайхан манай хоёрынх хөрш. Цогоо ах гитараа үүрээд ороод ирнэ. Аав “Рашаантын-18”-ыг нь дуулуулна. Шог зохиолч Ж.Барамсай, яруу найрагч Ш.Уянга, Ж.Болд-Эрдэнэ, хүүхдийн зохиолч Даваашарав, зохиолч Ж.Зана ах нар мөн ирж уран бүтээлийн халуун яриа өрнүүлдэг сэн. Ардын уран зохиолч Б.Догмид ах намайг бага байхад их хардаг байлаа. Төрийн сүлд зурсан төрийн шагналт зураач Ц.Ойдов ах аавтай их дотно. Аав “Ажнай”-н Бат-Эрдэнэ ахад их баярлаж явдаг байсан. Уран бүтээлийн тоглолтоо хийх гээд мачийж явахад гар сунгаж, ажлыг нь амжуулж өгсөн юм билээ. Уран бүтээлч хүн урмаар л урагшаа явдаг шүү дээ.

Аав чинь бүтээж туурвихаас гадна ямар битүү авьяастай хүн байсан бол?

-Баян хуур дарна, аман хуур үлээнэ. Хүүхэд байхад аав гэртээ өөрийнхөө дуунуудыг баян хуурдан тоглож, дуулдаг байсан нь одоо ч нүдэнд харагдаж байна. Тухайн үеийнхээ гайхамшигтай дуучдын хуурцагийг сонсоно. Дуучин Адарсүрэн гуайн дууг хэдэн зуун удаа сонсоо л “Өнгө нь ингэж орж ирж байна, дээд өнгөнд нь хоолой хүрэхгүй нь” гэх мэтээр нэг хоббийтохоороо шөнөжингөө дуугаа давтчихдаг байсан. Би харжээ суусаар нөгөө дууг нь сурчихна. Нэг зүйл сонирхохоороо түүнийхээ эцсийг үзэх гээд зүтгэдэг тэр чанар нь надад бас өвлөгдсөн дөө. Ааваас өмнө дөрвөн хүү нь хүн болоогүй болохоор өвөө эмээ маань буруу энгэртэй дээл өмсүүлж, алган дээрээ бөмбөрүүлж өсгөсөн юм билээ. Тиймдээ ч тэр үү дүү бид хоёрыг эрхлүүлэх гэж жигтэйхэн хүн байлаа. Намайг дөрөвдүгээр ангидаа гэрэл зургийн дугуйланд ороход аав Москва явж долоон зуун рублиэр “Зенит” аппарат авчирч өглөө. Уг нь сонирхогч хүүхдэд 16 рублийн ердийн аппарат байхад л болоо шүү дээ. Тэгэхэд хүүдээ хэдэн сарынхаа ч цалингаар ийм их үнэ цэнэтэй зүйл авчирч өгч байсан юм, хөөрхий. Би энэ аппаратаар олон ч зураг дарж, угааж сурсан даа.

Аавтайгаа авахуулсан зураг уул овоо шиг л олон байгаа юм байна даа, тэгвэл?

-Харамсалтай нь аавтайгаа авахуулсан зураг надад байдаггүй юм. Парист амьдарч байхад нь авахуулсан зургийг эс тооцвол. Би аавыгаа дуурайсан сониуч хүүхэд байлаа. Нөгөө “Зенит”-ийг задалж үзчихээд яг байгаагаар нь эвлүүлчихье гээд задалчихсан чинь дахин угсарч чадаагүй.

Алган боовыг ч хүртээ биз?

-Өө ёстой яагаа ч үгүй. “Задалж үзэв үү, дотоод ажиллагаатай нь танилцсан биз. За тэгвэл яахав яахав” гээд тоогоо ч үгүй. Ер нь их сонин хүн дээ. Хүүхдийн паркаар хамт явж байгаад намайг хөөсөн чихэр сонирхохоор “Аманд ороод хоол болохгүй араанд ч үлдэцгүй юмаар яах гэсэн юм бэ” гэснээ намайг авахуулсны дараа “Аав нь нэг амсаадахъя” гэснээ амтанд нь ороод бүгдийг нь идчихээд “Энэ чинь харин зүгээр юм байна ш дээ” гэж жишээтэй. Хүүдээ боловсрол эзэмшүүлэх гэж орос сургалттай сургуульд оруулж, Боловсролын яаманд нэр хүндтэй мэргэжилтний ажлаа хүртэл хүлээлгэж өгөөд Орел хотод ажиллаж байсныг нь бодохоор сэтгэлд нэг л өег гэгээн байдаг юм.

Найрагчийн хүү болохоор уран бүтээл төрөхийн жаргал зовлонг дэндүү мэдэрч өсөө дөө?

-“Хүүхэд насанд хүргэж өгдөг

Галт тэрэг хэрвээ байдаг бол

Хүн бүхэн сууна даа гэж

Хааяа би боддог юм

Ийм сайхан

Тийм сайхан

Бага насаа би

Хайрлаж явнаа” гэсэн дууг хүн бүхэн мэднэ. Энгийн үгтэй мөртлөө миний ааваас өөр хэн ч бичиж чадаагүй дуу л даа. Хүүхдийн сэтгэхүйд үүнээс илүү яаж ойлгомжтой хэлэх вэ дээ. Сэлэнгэ аймгийн Ерөө дэхь тусгай сургалттай ТМС-ийн захирлаар ажиллаж байхдаа ээжийг хот руу ажлаар явахад “Бага насаа хайрлаж явна би”, “Амгалан цэнхэр дэлхий” гэсэн хоёр шүлгийг Л.Галмандах ахад явуулж дуу болгосон түүхтэй. “Америк сөнөтүгэй” гэж үзэл сурталжсан тэр бэрх цагт “Москва, Дели, Нью-Йорк хаана ч гэсэн хүүхэд бүхэн адилхан байна” гэж хэлж чадсан нь ертөнцийн бүх хүүхдэд хайртай, тэднийг өмөөрөх нинжин сэтгэлтэй найрагч байсан гэхээс аргагүй. Аав маань унаган монгол уламжлалаа дээдэлсэн, төгс төгөлдөрт тэмүүлсэн уран бүтээлч байж. Төгс төгөлдөр гэдэг ойлголт маань маш энгийн байна гэсэн үг биз дээ. Хүн муулах ясны дургүй. Харин хүнийг магтах, өөрөө ч магтуулах дуртай өөдрөг, юмыг дандаа сайн талаас нь харж, хийж бүтээдэг хүнийг дэмжээд явчихдаг хүн байсан. Тэр нь уран бүтээлд нь ч тусгалаа олсон. Дуучин Сэрчмаагийн тоглолт болоход сонин хэвлэл рүү утасдаад их тус болсон гэж манай найз Тэмүүлэн хэлдэг юм.

Мөн ч өргөн олон сэдвээр дууны уран бүтээл туурвисан даа?

-Сургууль төгсөх үеэр жил болгон оюутан сурагчид “Уяхан цэнхэр хавар”, “Салаа хархан гэзгэн дээр чинь” гээд дуулахад би саатаж сонсдог. Хүүхдийн баяраар “Хүүхэд насанд хүргэж өгдөг галт тэрэг”, “Могжоохон даагатай Жогжоохон хүү”, “Бөөн баяр” гээд дуунууд заавал хангинана. Тэр үед би хүүхдүүддээ та нар ийм мундаг өвөөгийн удам юм шүү гэж хэлэх дуртай. Аав “Миний өвөө Богдын Мөрцэрэн жаа лам гэж мундаг эрдэмтэй хүн байсан. Аав нь удмынхаа сайн сайхныг өргөж Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллалаа. Ямар ч байсан өвөөгийнхөө хүрсэн өндөрлөгийг уруудуулсангүй” гэдэг байсан нь үр хүүхдүүдэд нь гэрээс болон үлдсэн дээ. Би хэдийгээр шүлэг найраг бичээгүй ч “Интернэтийн цагаан толгой” гаргаж, орчуулгыг бол өөрийн хэмжээнд хийчихнэ шүү.

Ерөнхийлөгч асан Н.Энхбаярт хир халдаахгүй биз?

-Н.Энхбаяр гуайн орчуулгын анхны бүтээлийн редактороор ажиллаж энэ хоёр анд бололцсон түүхтэй юм билээ. Намайг Энэтхэг рүү сургуульд явах болоход Энхбаяр ах Соёлын сайд байсан. Би уг нь бор зүрхээрээ сургууль авсан ч заавал ч үгүй нэг яамны нэр дээр явах ёстой гэсэн шаардлага тавиад аав намайг дагуулж орсноор миний эрдмийн гараа эхэлсэн. Аав ер нь нөхөрлөлдөө үнэнч, хүнд туслахын одонд төрсөн хүн байсан ч өөрөө их даруу, гавьяа шагналын хувьд их ичимхий хүн байсан. “Та яруу найрагч л юм бол “Болор цом”-д нь ороод түрүүлчих л дээ, Ерөнхийлөгчийн зөвлөх юм чинь Төрийн шагналаа авчих л даа” гэж намайг хорыг нь маажихад “Өө тэр дэмий зүйл, битгий ийм зүйл ярьж бай” гээд ер тоодоггүй байсан даа.

Аавынхаа уран бүтээлээс хамгийн дуртай нь?

-Их олон бүтээлээ албаар бүр хүүхдүүддээ ухаарал хайрлахуйцаар бичдэг байсан юм. Галхүү ахын ая “Цэцгэн зүйрлэл” чинь ээжид зориулсан дуу шүү дээ. “Очоод золгоно доо”, “Халтар манан хөөрөг”, “Багш та”, “Баярлалаа”, “Сургууль минь баяртай”, “Алтан нар”, “Үүр шөнийн оддоос асуугаарай”, “Мөнгө” гээд бичээгүй сэдэв үнэндээ байхгүй. “Баярлалаа” дууг гэхэд өөрийн дотнын анд, соёлыг гавьяат зүтгэлтэн, нэрт сэтгүүлч Ц.Балдорж ахад зориулж бичсэн шүү дээ. Танай “Өдрийн сонин”-ы ерөнхий эрхлэгч, МонголУлсын соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, сэтгүүлч Жамбалын Мягмарсүрэн ахын гэрэлт сайхан сэтгэлд үргэлж талархаж явдаг байсан. Хүний ачийг санаж явахыг аав минь амьдралынхаа алтан мөрдлөг болгосон олонтой хүн байсан. Өөрийгөө ойлгохгүй явах үед минь аав “Дууны хорвоо” гэдэг дуундаа:

Идэр омголон насны өнгөөр

Эрдэж бардаж яваагүй л бил үү.

Эндүү андуугийн халуухан харгуйг

Эргээд санахад харамгүй л бил үү” гээд биччихсэн байсан нь их гүн сэтгэгдэл төрүүлсэн. Тэгээд “Миний хувьд энэ таны топ дуу” гэсэн чинь аав “Ямар сонин юм, хүн болгон л “Улс гүрэн нь олон чиг Монголыг минь яаж гүйцэхэв дээ”-г л агуу гэдэг, чамд л тэгж санагдсан юм байлгүй” гэж билээ. Миний нэрийг дуундаа бас их хавчуулна аа.

Дүүжүү алсаас ирээд

Дүүрэн амьсгаа авахад” гэдэг дууг намайг Энэтхэгт сургууль төгсөж ирээд “Монголын агаар сайхан шүү” гэж ярьж байсныг тусгаж бичсэн. Нэг талаасаа цээж дүүрэн амьсгаа гээд байгаа юм шиг нөгөө талаасаа Дүүрэн, хүү нь амьсгаа аваад байгаа биз. Янзтай биз.”Эрдмийг сураад буцна гэхээр

Аюулхай цээжиндээ дүүрэн баяртай” гэж байна.

Та ойрд отгон дүүтэйгээ уулзсан уу?

-Зун Парис орохдоо Тэнгис дүүтэйгээ уулзсан. Канад явчихсан байсан ч хүлээж байгаад уулзлаа. Миний дүү чинь манай бага хүүтэй чацуу. Манайх ер нь хөвүүдээр л баян айл юм. Манай хоёр, Дөлгөөний хоёр, Тэнгис гээд үе тэнгийн таван хүү байна даа.

Л.БАТЦЭНГЭЛ

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Номын цагаан буян

Эжий минь номын дэлгүүрийн худалдагч хүн байсан. Тиймээс би багаасаа л номун далай мэт номон дунд өссөн. Тунгалаг эрдэнийн судар бүтээх тунгаамал шижир, тунамал алмааз, тунсаг оюу, сувдын эрэлд хүүхэд ахуй тэр л үеэс гарсан минь ийм учиртай. Хожим хөдөө гадаа явсан ч байнга л ном цүндийтэл өвөртлөөд морддог сон. Номондоо шимтсээр, айлын сүрэгтэй хонины найр үүсгэж, өндөр нагац Ёнгоодоо шилбээ тас шилбүүрдүүлэн зугтсан минь ч цөөнгүй.

Нэгэнтээ эмнэг үрээ сургаж, эмээлийнхээ ардуур хазгайлдсан шигээ исгэрч явтал унаа минь овоо цагааширсан шиг санагдав. Тэгэнгүүт өврөөсөө хээвнэг ном гарган, ширээ, сандал дээр тухалсан мэт эмээлийнхээ бүүргэн дунд тавиад уншиж явтал гэнэт сүр сархийсэн салхинд хуудас нь сэрчигнээд явчихав.

Хуудасны сэрчигнээнд үргэсэн эмнэг шахуу үрээнийхээ буруу талын дөрөөнөөс гутлаа салгаж чадахгүй нэлээд явсны эцэст азаар хөл минь сугарч золоор амь мэнд гарсан билээ. Тухайн үедээ энэ бүтэлгүйтлээ хэнд ч хэлсэнгүй. Хожим эжийдээ энэ тухайгаа хэлбэл “Миний хүүг номын цагаан буян л аварч дээ” гэж инээмсэглэж байсан даа. Магадгүй, хог новшноос унаа мал минь үргэж бусгасан бол муу зүйл дайрах ч байсан юм бил үү, хэн мэдлээ дээ.

Л.БАТЦЭНГЭЛ

Categories
мэдээ цаг-үе

О.Батсүх: Хубилай хааны түүх Чингис хааныхаас дутахгүй

“Жек Уотерфорд” сангаас зохион байгуулсан Монголын түүхийн салбар дахь 2013-2014 оны шилдэг бүтээлийн тэргүүн шагналын эзнээр “Их Хүннү” уран бүтээлийн нэгдлийн захирал О.Батсүх “Хубилай хаан, Монголын их Юань улс” бүтээлээрээ шалгарсан билээ. Түүнтэй уулзаж ярилцлаа.

-Та Хубилай хааны тухай бүтээлээрээ “Жек Уотерфорд” сангийн тэргүүн шагналын эзэн болсонд баяр хүргэе.

-Энэ шагналыг авсандаа сэтгэл өндөр байна. Эл номыг бичих гэж судалгаа хийж арваад жил болсон. Хубилай хааны бодит дурсгалууд их байдаг. Тэдгээрийг нь олж харъя гэж гадаадын судлаачид ч их судалдаг, харин монголчууд бид хэрхэн мэддэг билээ гэж судалсан. Ер нь Хубилай хааны түүх их сонин. Юу гэхээр өвөг эцэг Чингэс хааныхаа түүхээс хол давсан түүхтэй хүн шүү дээ. Төрсөн нутгийнхаа хил хязгаараас даван гарсан газар нутгийг байлдан дагуулснаараа тэр гайхамшигтай. Агуу хүн гэдэг бол өөрөө их түүхийг араасаа дагуулдаг юм байна. Нэгэн цагт Хубилай хаан морьтон монголчуудаа дагуулан өнөөгийн Хятадын нийслэл Бээжин хотыг өргөтгөн сайжруулж Их Юань улсынхаа нийслэл хот болгосон талаар бид мэддэг. Гэхдээ бид Хубилай хаан болон үр ач нартай нь холбоотой уран барилга, урлагийн үнэт бүтээлүүдийг тийм ч сайн мэддэггүй. Энэхүү бүтээлээр Хубилай хаан болон монголчуудын байгуулсан Их Юань улсын түүхэнд үлдээсэн ул мөрийг мөшгөн танилцуулахыг хичээсэн. Хубилай хаан бол өвөг эцэг Чингис хааныхаа адилаар дэлхийд танигдсан хамгийн алдартай түүхэн хүмүүсийн нэг билээ. Монголын Их Юань улсын хөгжлийг өмнө оршин тогтнож байсан залгамж улсаас нь эхлээд өнөө үеийг хүртэл холбон тодорхой дурсгалуудаар дамжуулан танилцуулахыг зорьсон. Судалгааны явцад энэ хааны түүхийг гайхан биширч явснаас биш, ийм нэр хүндтэй шагнал хүртэнэ гэж бодоогүй явлаа. Монгол Улсын Ерөнхий сайд асан А.Амар гуайн бичсэн “Монголын товч түүх”-ийн номонд их түүхийг арав арван жилээр эмхлэн бичих хэрэгтэй гэсэн байдаг. Тэр үүднээс би энэ номыг бичсэн юм. Монголын ард түмэн их түүхээ мэддэг байгаасай, ойлгодог байгаасай гэж би боддог. Шагналын хувьд “Жек Уотерфорд” сангийнхан нэлээд олон эрдэмтдийн бүтээлийг хэлэлцүүлэн манай энэ бүтээл дээр дийлэнх нь санал өгсөн юм билээ.

-Юань гүрнийг үндэслэгч их хааны тухай түүхэн, судалгааны зурагт номыг арав гаруй жилийн судалгааны үр дүнд бүтээсэн гэлээ. Судалгааны ажлаар хэдэн улс дамнан аялсан бол?

-Орос, Иран гэх мэт Юань гүрний бүрэлдэхүүнд байсан улс орнуудаар явсан. Юань гүрний дагуур Алтан ордны улсаас, Ил хаадын улс хүртэлх Дундад Азийн асар их, өргөн уудам газар нутагт Хубилай хааны зарлиг тушаал, гэрэгэ хүрч байсан гэхээр бахархам юм билээ. Зарим нэг бэрхшээлтэй асуудлууд байсан л даа. Юу гэхээр судалгааны ажлаар гадны орны архивт суугаад ном зохиол, олдвортой таараад түүнийгээ уншиж, ойлголт дөнгөж авч байх үед “Одоо болно, энэ чинь манай түүх” гэх мэтээр нүд үзүүрлэх үе бишгүй. Учир нь түүхийн үнэт олдвор хэрэглэгдэхүүнүүд яах аргагүй тухайн улсын өмч болсон байдаг. Энэ нэг талдаа харамсалтай боловч нөгөө талаараа гайхмаар зүйл. Монголын нэгэн их хааны ул мөр өнөөг хүртэл хадгалагдан үлдсэн байгаа нь л түүх юм. Ер нь манайхан Хубилай хааныг Хятад улсад байсан хаан л гэцгээдэг. Гэтэл ачир дээрээ тийм биш юм билээ. Солонгос, Тайланд гэх мэтийн Азийн орнуудад хүртэл нэр суу нь түгж, тэр улсын хаанд охиноо бэр буулгасан зэрэг сонирхолтой түүх арвин бий. “Түүхэн өв соёл” судалгааны баг Бээжин хот дахь Монгол Улсын Элчин сайдын яамтай хамтран БНХАУ-ын эрдэмтдийн уулзалт зөвлөгөөнийг амжилттай зохион байгуулсны үр дүнд энэхүү зурган тайлбарт бүтээл бий болсон юм. Хубилай хаан болон Их Юань улсыг судалдаг эрдэмтдийн хүлээн зөвшөөрсөн дурсгалуудыг танилцуулахдаа нэгэн хэв загварт баригдалгүй олон янзын байр сууринаас тодруулан тайлбарлахыг хичээлээ.

-Хубилай хааны тухай Америкийн эрдэмтэн нэлээд сайн судалгаа хийсэн байдаг. Түүний бүтээл танд нэлээд тус болсон байх. Япон руу дайлаар мордох үед живсэн усан онгоцны үлдэгдэл зэрэг нь таны судалгаанд тусгагдсан уу?

-Хамрагдалгүй яахав. Тэдгээрээс гадна Хубилай хааны үүсгэн байгуулсан одон орон судлалын багаж, 1287 онд бариулсан Төрийн удирдлагын их сургууль зэрэг байна. Өнөөгийн намар нь сургалт эхлээд, хавар төгсдөг дэлхийн боловсролын системийг Хубилай хаан үүсгэсэн байгаа юм. Мөн монгол төрийн залгамж халааг бэхжүүлэх зорилгооор элэнц өвөг, эмгээс эхлэн өөрийн үе хүртэлх хаад хатдын тахилын өргөөг босгосон байдаг. Хубилай хаан шарын шашныг шүтэж Пагва ламыг Улсын багшаар өргөмжилсөн ч нөгөөтэйгүүр монгол туургатны язгуур шашин тэнгэр үзлээ дээдэлж байсны илрэл юм. Зөвхөн хаад хатад ч гэлтгүй авга ах нарыгаа буюу Зүч, Цагаадай, Өгэдэй, өөрийн аав Тулуй тэргүүтнийг мөн шүтээн ордондоо мөнхөлсөн түүхтэй. Харамсалтай нь тэр шүтээн ордон одоо үгүй болж дээ.

-Таныг судалгааны ажил хийж явах үед Хубилай хааны үр сад гэх хүн таарав уу?

-Өвөр Монголд түүний удам угсааны хүмүүс байдаг гэсэн. Манай алтан ургийнхан шиг “би, би” гэсэн ойлголт харьцангуй бага юм билээ. Хубилай хааны удмын хүнийг яаж тогтоодог вэ гэхээр овгийн тамгаар нь тогтоодог юм билээ. Тэр овгийн хүн байна гээд тамгыг нь хараад эрдэмтэд тогтоодог юм. 1215 онд өвөө нь Хятад гүрнийг эзлээд ирэх үед Хубилай хаан төрсөн байдаг. Яг энэ жилээс хойш 1370 он хүртэл 155 жил Юань гүрнийг манайхан захирсан. Энэ бүхнийг би номынхоо есөн бүлэгт багтаасан.

-Та ингэхэд ямар мэргэжилтэй хүн билээ. Түүхийн ийм том судалгаа хийсэн юм чинь түүхч хүн үү?

-Би түүхч судлаач биш. СУИС-ийг театр, киноны найруулагч мэргэжлээр 2000 онд төгссөн. Мэргэжлээрээ ажиллаж байгаад эх орноо төлөөлөн Өвөр Монголын “Одон” телевизэд баримтат кино найруулагчаар очсон. Тэндээ гадаадын найруулагчидтай хамтран кино бүтээж байгаад Хубилай хааны түүхийг судалж эхэлсэн. Ингээд түүхэн баримтат кино хийхээр сэтгэл шулуудаж, улмаар Хубилай хааны тухай түүхэн ном бүтээлээ. Кино маань есөн ангиар цацагдсан. Кино гарсны дараагаас л эхлэн ном болгон хэвлүүлж өгөөч гэсэн хүсэлт их ирж байлаа.

-Түүхэн ном бүтээнэ гэдэг амаргүй даваа биз?

-Баримтат кино бол амархан. Судалгааны дагуу хөгжмийн зохиолчтойгоо ярилцаад, баримтуудаа шигтгэж өгнө. Харин ном бичнэ гэдэг бол асар их цаг хугацаа, хүч хөдөлмөр зарцуулдаг юм байна. Аливаа шинэ бүтээл өмнөх бүтээлүүдээсээ улбаалан гарах нь зайлшгүй учраас өмнө нь гарсан ном зохиол, түүхэн баримтуудыг уншиж судална гээд цаг хугацаа их зарцууллаа.

-Таны эл бүтээлийг харахад бараг эрдмийн зэрэг хамгаалах хэмжээнд оччихсон юм шиг санагдлаа.

-Энэ бүтээлтэй холбоотой зарим нэг сургуулиуд докторын зэрэг хамгаалаач, сэдэв чинь бэлэн байна гэсэн санал, сонголтууд ирж байна. Оны сүүлчээр сонголтоо хийгээд суралцана даа. Хубилай хаан эцэг өвгөдийнхөө хүсэл зорилгыг үргэлжлүүлэхдээ шашин, соёлд нэн хүлээцтэй хандаж, үр нөлөөтэй засаг захиргааны бүтцийг эрэлхийлсэн байдаг. Тэрээр “Дөрвөлжин” бичгийг шинээр зохиолгож, Их Юань улсын олон хэл соёлыг нэгдсэн байдлаар зохицуулан зангидахдаа Евроази дахь Монголын эзэнт улсуудад түгээн тархаасан. Үүний улмаас Хубилай хаан өвөг эцэг Чингис хааныхаа эхлүүлсэн Ази, Европын хооронд худалдааны нээлттэй харилцааг соёлын солилцоотой хослуулан төгөлдөржүүлснээр нэгэн сонирхолтой үе болох “Pax Mongolica” үүсч, XIV зуун дуустал үргэлжлэхэд хүргэсэн нь өрнө, дорно хоёуланд нь нэн их үр өгөөжтэй байсан. Тус бүтээлийг бичих явцдаа түүхэн үйл явдлыг дэлгэрүүлэхийн тулд эрт эдүгээн эрдэмтэн мэргэдийн алдарт ном бүтээл дээр тулгуурлахыг зорьсон юм. Өнгөрснөөс өнөөдрийг хүртэл хүн төрөлхтний түүхийг бүтээлч хэрнээ оюунлаг хүмүүсийн үйл хэрэгт үндэслэн бичиж үлдээсэн үе үеийн оюун ухаанд шивнэгч эрдэм билэгт түүхчдэдээ чин сэтгэлээсээ талархаж байна. Хубилай хаан болон Их Юань улсын тухай урьд өмнө гарч байсан бүтээлүүдээс онцлог ялгаатай болгохын тулд түүхийг танин мэдэхдээ энгийн үгээр хялбаршуулан бичсэн билээ. Ирж буй 2015 онд Хубилай хааны мэлмий гийсний 800 жилийн ой тохионо. Дэлхийн түүхэнд хүчтэй нөлөө үзүүлсэн Хубилай хаан болон Их Юань Улсыг шинээр үнэлж дүгнэхэд энэхүү тайлбар зурагт бүтээл маань тус ойн жилд хувь нэмрээ оруулах болтугай хэмээн хүсч байна.

-Одоо ямар бүтээл дээр ажиллаж байна?

-Архангай аймгийн Өндөр-Улаан суманд малтлага хийсэн “Улаанбаатар” их сургуулийн багш Эрдэнэбаатар гэдэг залуутай хамран ажиллаж байна. Сүүлийн гурван жил явж зургийг нь авсан. Хөрөнгө оруулагч нь УИХ-ын гишүүн Х.Баттулга. Монгол археологичоор ахлуулсан судалгааны баг маань амжилттай ажиллаж байна. Эх орныхоо үнэт олдворт хөрөнгө оруулах сонирхолтой монгол бизнесменүүд олон байна. Түүнээс биш гадаадын төсөл хэрэгжүүлэгч нар Монголын газар нутагт, манай археологичдын мэдлэг чадварыг ашиглаж малтлага хийчихээд дэлхийд цацахдаа өөрсдийнхөө нэрээр гаргадаг гашуун сургамж зөндөө байна.

Л.БАТЦЭНГЭЛ

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Мөрөөдөл хүнд ирээдүй хайрладаг

Хэчнээн түнэр харанхуй битүү ширэнгэн дунд явлаа ч хүний сэтгэл зүрхэнд мөрөөдөл, итгэл найдвар гэсэн шидэт дэнлүү байнга асаатай явдаг. Тэр мөрөөдлийн дэнлүү унтарч эхэлсэн мөчөөс хүн энэ хорвоотой салах ёс гүйцэтгэж эхэлдэг. Ихэнх суут хүмүүс өөрийн мөрөөдлөөр жигүүрлэж, зовлон бэрхшээлийг даван туулж, эцэст нь хүсэл мөрөөдлөө үйл хэрэг болгосон байдаг. Яруу найрагч Ц.Доржсэмбэ “Мөрөөдөхөд мөнхийн юм дэргэд ирдэг” гэж цэцэлсэн удаатай. Сайн сайхан бодолтой хүн эрдэм номд шамдаж эцэст нь санаа зорилгынхоо өндөр уулсын оргилд үйл хэргээ мөнхжүүлдэг. Эйнште йн, Ньютон, Сэдэдхарта эхээс төрөхдөө л агуу их ухаантан мэргэд байгаагүй. Тэд их үйл хэргийн төлөө өдөр шөнөгүй хөдөлмөрлөж хүн төрөлхтний оюун сэтгэлгээний гэрэлт дэнлүүд болцгоосон.

Францын их зохиолч Оноре де Бальзак нэг хоногийн арван зургаагаас дээш цагийг зохиол бүтээлээ бичихэд зориулдаг байсан гэдэг. Тэрээр “Хүн төрөлхтний шог” хэмээх цуврал зуун роман, тууж бичих төлөвлөгөө гарган ихэнхийг нь бичиж, нойроо үргээхийн тулд арван таван мянган аяга кофе уусан тооцоо байдаг. Энэ нь харин эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлсөн ч тэр мөнхийн бүтээлүүдээрээ дэлхийн утга зохиолд нэрээ мөнхөлсөн юм. Оросын их зохиолч Ф.М.Достоевский зохиолоо туурвих үедээ үүрэглэхгүйн тулд хүйтэн мөстэй усаар дүүргэсэн түмпэнд хөлөө дүрж суудаг байжээ. “Мөрөөдөхөд мөнгө төлдөггүй” гэлцдэг ч мөрөөдөл бол манан шиг амьдралын салхи шуурганд сарниад алга болдог зүйл биш. Зорилгынхоо төлөө тэмцдэг хэн бүхэнд харагддаг барих биетэй, харах дүртэй бодитой зүйл бол мөрөөдөл гэдгийг бэрхэд бие сэтгэлээ хатамжсан олон хүний амьдралын жишээ баталдаг.

Л.БАТЦЭНГЭЛ

Categories
арын-нүүр булангууд мэдээ нийгэм

Сайхан хүн амьдралыг өнгө оруулдаг

Хүний амьдрал жаргал зовлон, уйтгар гуниг, баяр баясал гээд хар, цагаанаар тогтохгүй түмэн өнгөтэй. Бурхнаас заяасан аж төрлийн гайхамшигт бэлгийг алтан титэм шиг зүлгээд өнгөлөх үү, гуулин зоос шиг зэврүүлж гээх үү гэдэг харин хувь хүний сонголт. Тэнгэрлиг гэгээн хувь тавиланд ивээгдэх, тэнэмэл нохойн гутранги нүдээр орчлонг бүүдийлгэх хоёрын шалгуур нь яах аргагүй хүний төрөлх ааль араншин, хүн чанар хоёр. Ахас ихсээ үл хүндэлж алуурчин талаачин адил загнагчаас хүн бүхэн нүүр буруулж хүрэл зүрхнийх нь хүйтэн цэвдэгт цэцэгс хүртэл өнгөө гундаана. Хүн бол сэтгэлийн амьтан. Дэргэдийн нэгнээ нохойноос дорд үзэгч өчүүхэн үзэлтэн дээд тэнгэрийн нарыг хүртэл зүхэн, олдсон биеийн эрх чөлөөндөө дайсагнана. Тийм ёс бус үзэл, ёр гажийн үйлдэлтнээс хүний нийгэм хууль цаазаар хана цайз босгож харанхуйн ангалд араатан шиг ганцаардуулдаг жамтай. Ийм ааш араншинтнуудыг монголчууд хогийн дэвсгэртэй зүйрлэж “адсага шиг ааштай” хэмээн зайгаа авцгаадаг. Хэлсэн үгэндээ эзэн, хийх үйлдээ итгэлтэй гэгээн нинжин сэтгэлт, авьяас ялгуун билэгтнийг харин бурхдын зиндаанд өргөж үеийн үед дурсан санадаг буюу. Тийм сайхан хүмүүн амьдралын ямар ч гуниг зовлонг сэтгэл оюуны хатамжаар туулж, сэтгэл зүрхээ тэнгэрийн уяхан шат болгодог билээ. Амьдралыг хараар будах дорд үзэлтэн бишгүй ч гунигийг нэвт гэгээлэх сайхан хүмүүс тэднээс ч олон учраас алсын уулын гэрэлт оргилд өлмийлөх чин сэтгэлтэн ойрын довонд бүдэрч өвдөг шорооддоггүй байнам.

Л.БАТЦЭНГЭЛ