Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал утга-зоxиол

“Оройтсон бороо” одоо ч шивэрсээр… DNN.mn

Өдрийн сонины архиваас дараах нийтлэлийг хүргэж байна.


Соёлын тэргүүний ажилтан, дуучин М.Бямбажав ерээд оны эхээр олны
танил болоогүй шавилхан залуу байхдаа

“Хавар нь ороогүй бороо

Намартаа яагаад шаагина вэ

Хавар нь дэлгээгүй дэлбээ

Намартаа яагаад ургана вэ” хэмээн
“Оройтсон бороо”-г хэвлүүтэн дуулснаас хойш энэ дуу ард түмний хайртай бүтээл
болжээ. Энэ дууны шүлгийг Монголын зохиолчдын эвлэлийн шагналт зохиолч, яруу
найрагч Бат-Очирын Туяа зохиожээ. Чингисийн амиа, Хоньдын зээ овогт Б.Туяа
хэмээх эл зохиолч “Шувуудын ганганаан”, “Таван цагаан шувуу”, “Мөнгөн зүүний
учиг”, “Нууцлаагүй нууц”, “Өөдсөн Өнхүүлэй”, “Шулга болжморын жиргээн”, “Чоно залбирна, хүмүн улина, Бурхан уйлна”
зэрэг тууж, өгүүллэг, яруу найргийн олон номыг уншигчдынхаа алган дээр тавьсан
ч “Оройтсон бороо” нь л түүний овог болсон гэхэд хилсдэхгүй. Б.Туяаг их зохиолч
Нацагдоржийн бурхан болсон 1937 онд Москва хотын нэгэн эмнэлэгт мэндлэхэд хүйг
нь боож авсан эх баригч орос эмэгтэй Алиса гэдэг нэр хайрлаж “Таван тивийн
хэлээр зохиол бүтээл нь түгсэн алдартай зохиолч төрлөө. Энэ нэрээрээ зохиолоо
бичиж алдаршвал би заавал ч үгүй таньж уулзах болно” хэмээн цэл залуухан аав,
ээжид нь бэлгэшээн ерөөсөн гэнэм. Ирээдүйн зохиолчийн аав Говь-Алтай аймгийн
Хантайшир сумын уугуул Я.Бат-Очир, ээж Ч.Цагаанхүү нар нь ЗХУ-ын хүн эмнэлгийн
сургуульд сурч байсан анхны монгол оюунтнууд байж. Зохиолч Туяа гуай их
зохиолчийн мөрөөр Германы Лейпциг хотноо очиж, Карл Марксын их сургуулийг олон улсын харилцааны
мэргэжил эзэмшсэн анхны таван оюутны нэг болсондоо одоо ч бахархдаг юм билээ.
Түүнийг гадаадын сургуульд явах болоход нь МАХН-ын Төв хорооноос Алиса нэрээр
нь өөнтөглөж “Юун хачин хөрөнгөтний нэртэй юм. Монгол нэр авахгүй бол сургуульд
чинь явуулахгүй” гэж шахаанд оруулан сандаргасан тул Туяа хэмээх нэрээ авчээ.


Оройтсон бороо

Хавар нь ороогүй бороо

Намар нь юундаа шаагина вэ

Хавар нь дэлгээгүйдэлбээ

Намар нь яахинургана вэ

Оройтсон
бороо

Цэцэг
нэхнэ үү

Оройтсон
хайр

Цэнгэл
нэхнэ үү

Гил хар шөнийн зүүдэнд

Цал буурал зүстэй ирнэ үү

Үүрээр гомдсон зүрхийг

Үдшийн болзоонд дуудна уу

Оройтсон бороо

Навчис эрнэ үү

Оройтсон хайр

Намайг ээрнэ үү

Өвлийн цасны нөмөрт

Өнчин цэцэг ургана гээ юү

Зүрхэнд буусан хярууг

Зүүдний наранд хайлна гээ юу

Оройтсон бороо

Хавар хөөнө үү

Оройтсон хайр

Жаргал хайна уу

Одтой насны хайр шившил

Оройтсон бороо зүрхэнд шивнэнэ дээ

Цэнгэл жаргалаас зугтаагүй ч

Цэцэглэх нь оройтсон тавилан юм даа

Оройтсон бороо

Хавар эрнэ үү

Оройтсон хайр

Ханиа
хайна уу

Германд боловсрол эзэмшсэн залуу бүсгүй 1962 онд сургуулиа дүүргэж
ирээд Гадаад худалдааны яаманд мэргэжилтнээр амжилттай ажиллаж эхэлсэн ч хүйн
ээжийнхээ зөгнөсөнчлөн зохиолч болохоор сэтгэл шулуудан Монголын радиогийн
жүжиг-уран зохиолын редакцид төрийн шагналт яруу найрагч Долгорын Нямаа даргын
цэргээр очжээ. Унаган шахуу герман хэлтэй түүнийг тун удалгүй Монголын үндэсний
телевизийн кино албанд томилсон байна. Тэрээр 1962 оноос их гүүш Мишигийн
Цэдэндоржийн захиалгаар Бертолт Брехт, Анна Зегерс, Бруно Апитц зэрэг дэлхийн
сонгодог зохиолчдын тууж, өгүүллэгийг монголчилсноос гадна 1971 оноос
телевизийн олон ангит уран сайхны кинонуудыг шууд орчуулж өөрийн хоолойгоор дуу
оруулсан байдаг. “Андын нурууны нууц” зэрэг тавь гаруй олон ангит киног
орчуулсан гэж бодохоор ганц хүнд ахдахаар овоохон хөдөлмөр байгаа биз. Дуу оруулсан
киноных нь үзэгчид одоо ч түүнийг хоолойгоор нь таньдаг гэж байгаа. Тэрээр
нэгэн үе ШУА-ийн мэдээллийн хэлтэст эрдэм шинжилгээний ажилтнаар ажилласнаа бас
л их зохиолчийн хувь заяатай холбон бэлгэшээнэ. Насны хань Чорос Д.Бирадамбаа
даган Москвад олон жил амьдарсны эцэст уран бүтээлдээ шамдаж эхэлжээ. Түүний
шүлгээр бүтсэн “Оройтсон бороо” дуу түмний түгээл ид болж байх үед “Утга
зохиол, урлаг” сонины 1993 оны нэгэн дугаарт “Ганц дууны үгээр олон яруу
найрагчийн толгойд цахиур хагалсан хүүрнэл зохиолч” гэж өргөмжлөн бичсэн
байдаг. Зохиогч эл шүлгээ өврийн дэвтэртээ 1974 онд бичиж тэрлээд үндсэндээ
мартчихсан байтал өргөмөл дүү Д.Батхүү нь сониучирхан сэм хулууж аваад найз
нөхдөдөө тараан, тэр ч бүү хэл ая зохиогч А.Батсүх гэдэг залуугаар ая хийлгэсэн
нь нэгэн үе Эрхүүгийн оюутнуудын сүлд дуу болсон аж. “Чингис хаан” хамтлагийн
ахлагч, гавьяат жүжигчин Д.Жаргалсайхан энэ аяар нь гитардан жигтэйхэн сайхан
дуулдаг байсныг зохиогч өгүүлж байна. Хожим Улсын драмын эрдмийн театрын
жүжигчин Батсүхийн Нармандах аавынхаа зохиосон аяны хувилбараар дуулж, уран
бүтээлийн цомогтоо оруулсан аж. Нууж явсан шүлэг нь ийн олны хүртээл болсон
хойно найз нөхдийнхөө зөвлөснөөр дорнын их найрагч Явуухуланд үзүүлж дээ.

Явуу найрагч мөнөөх шүлгийг үзээд “Хайр шившил” хэмээх хоёрхон
үгийг сольж бичингүүтээ царайгаа мишилзүүлэн “Охин минь, болчихжээ болчихож. Би
чиний дууг баталчихлаа. Ингээд чи нэг сайхан дуутай боллоо. Дуу гэдэг маш
сайхан шүү дээ. Чи хичнээн зузаан мянган том роман бичээд нэг сайн дууны чинь
энд хүрэхгүй. “Цэнхэр дурдан алчуур”-ыг сана даа. Дуу бол хүн бүхэнд хүрч
чаддагаараа гайхамшигтай. Ганц дуу ч ганцдахгүй. За ингээд, гарын таван хуруу
шиг таван сайн дуутай болчихвол зохиолч хүн болоод явчихна даа” гэж урмын
ташуур хайрлажээ. Ингээд “Оройтсон бороо”-нд залуу хөгжмийн зохиолч Лхагвасүрэн
аялгуу зохиож, уралдаан тэмцээнд байр эзэлж, Ханын материалын үйлдвэрийн
ажилчин залуучуудын сүлд дуу нь болж гэнэ. Харамсалтай нь эл ая нь бурхан
болооч хөгжмийн зохиолчийнхоо хамт удаан наслалгүй хотын баруухан талд түрхэн
зуур дуулагдасхийгээд мартагджээ. Явуу найрагчийн дуу болгохоор баталсан эл
шүлэгт соёлын тэргүүний ажилтан М.Бямбажав “Үлгэрийн тэнхим”-ийн дуучин байхдаа
аялгуу зохиож, банзан гитартайгаа дуулснаар жинхэнэ утгаараа дуу болон жигүүр
дэлгэж, ард түмэнд түгжээ. Бямбажав дуучин тэр үед арван есхөн настай байсан
гэдэг. “Оройтсон бороо” дууны шүлэг нас зөрүү хайртай хосын гунигт учралын
тухай ч юм уу, эсвэл насан багадаа учирсан ч амьдралын харгуйд алдаж эндэн
хагацсан тавилангийн тухай зүрхэнд шивнэх шиг санагддаг.

Туяа зохиолчоос хүмүүс дууных нь талаар асуухдаа нууц амрагийн
тухай яриулах гээд байдаг гэж байгаа. Зохиогч харин “Оройтсон бороо”-ныхоо
тухайд ийн хүүрнэсэн юм. Туяа гуайн аав Бат-Очир Халх голын байлдаан, Баруун
хилийн тулгаралтад оролцсон дайчин байсан бөгөөд дайн тулаантай тэр жилүүдэд
маршал Х.Чойбалсангийн эмчээр ч ажиллаж байсан цэргийн эмч хүн байж. Эх орныхоо
өмнө эр цэргийн тангараг өргөсөн дайчин гэрийн бараа ховорхон харж, томилолтоор
их явах. Энэ л үед залуу сайхан амраг Ч.Цагаанхүү нь охинтойгоо олон жил
ганцаар амьдарч, улмаар сэтгэл нийлсэн нэгэнтэй хань ижил болжээ. Охин Б.Туяа
нь ээжийгээ өөр хүнтэй болсонд гомдож, аавыгаа дайнаас эргэж ирүүт ээжээсээ
тусгаарлан хамт амьдрах болсон аж. Харамсалтай нь, дайн тулааны хүнд ширүүн
талбараас эсэн мэнд эргэж ирсэн хайрт аав нь тавин нэгэн онд хээрийн сургуулийн
үеэр буу алдсан нөхрийнхөө суманд оногдон нас барсан байна. Эцгийнх нь гунигт
тавилан ээжийнх нь буруугаас болсон гэж төсөөлөх Туяа охин түүнийг үзэн ядаж
“Би хүний хань болохоороо хэзээ ч ээж шиг ханиа гомдоохгүй” гэж бяцхан
зүрхэндээ андгайлан тангарагласан нь хожмоо харууслын таталбар болон дэвтэрт нь
үлдсэн түүхтэй ажгу. Цагаанхүү гуай хожим ардын жүжигчин Д.Дамдинсүрэн гуайтай
ханилан сууж, охины гомдол ч сөөм сөөмөөр сарнин одож, хүний амьдралын эрээн
барааныг ойлгон ээжийгээ хүндлэн асарсаар ерэн насны босго давуулсан гэнэм. Ийм
л нэгэн гунигийн дундаас “Оройтсон бороо” олны сэтгэлд одоо ч шивэрсээр л
байнам.

Туяа найрагч багадаа амссан амьдын хагацал, сэтгэлийн шаналангаа
үр, зээдээ амсуулахгүйн тулд насны ханьдаа үнэнчийн өлмий сөгдөж наян насны
босго шүргэж яваагаа дурдсан. Монгол Улсын гавьяат жүжигчин, “Харанга”
хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэнгийн ээж Д.Дашцэрэн гуайтай Б.Туяа найрагч хар
залуугийн найз аж. Тиймээс дуучин Лхагвасүрэн ээжийнхээ найзын алтан хуримыг
шижгэр тэмдэглэж өгсөн гэдэг. Бирадамба гуай тэр хоёр 1953 оны дөрөвдүгээр
сарын 27-ны өдөр анх танилцсанаас хойш тавин жилийн хойно шүү дээ. “Удахгүй
“алмаазан хурим”-ыг чинь хүү нь тэмдэглэж өгнө өө” гэж гавьяат Лхагваа амлаад
байгаа юм билээ. Алмаазан хуримаа мөд тэмдэглэх хосуудын ганц охин Өлзийханд нь
аав, ээж хоёрынхоо шүтээн болсон Билгүүн, Гүнболд гэсэн хоёр зээ төрүүлж өгсөн
нь эдүгээ гадаадад ажиллаж, амьдарч байгаа юм байна. Б.Туяа эдүгээ “Оройтсон
бороо”-ноос гадна Явуу найрагчийн ерөөсөнчлөн гарын таван хуруунаас ч олон
дуутай болжээ. Тэрээр хөгжмийн зохиолч Г.Цэндоржтой “Таван цагаан шувуу” цуврал
романс зохиосноос гадна “Би эрчүүдийг хүснэ” жүжгийн дуу, “Хуурын нулимс”,
“Хүсэл зөнгийн алтан хараацай” зэрэг олон арван дууны эзэн болоод байгаа
билээ.

Л.БАТЦЭНГЭЛ

Categories
мэдээ цаг-үе

Гун-Аажавын Аюурзана: Гоо зүй гэдэг бол нүүр будалт, ганган хувцас, үс засалт, хотын соёл биш

Монголын XX зууны нэрт эрдэмтэн, урлаг, утга зохиолын салбарт гоо зүй хэмээх онол, судлалыг дэлгэрүүлсэн эрдэмтэн, хэл бичгийн ухааны доктор С.Лувсанвандан агсны нэрэмжит сан 2005 оноос эхлэн “Гоо зүйн дээд шагнал”-ыг олгож эхэлсэн билээ. Хоёр жил тутамд олгогддог энэхүү шагнал өнөөдрийг хүртэл тухайн салбарын хамгийн өндөр урамшуулалтай шагнал хэвээр байгаа юм. С.Лувсанвандан сангийн “Гоо зүйн дээд шагнал”-ын энэ жилийн эзнээр Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Г.Аюурзана тодорч шагналаа өчигдөр гардан авчээ. Зохиолч Г.Аюурзана шагнал гардан авсныхаа дараа “Уран зохиол ямагт хүний мөн чанарыг дүрслэх гэж, үнэнийг олж харахад уншигчаа хөтлөх гэж, үнэн мөний замд ширхэг ч атугай зул асаах гэж зорьж тэмцэж ирсэн салбар. Энэ онцгой салбарыг хүндэтгэн үзэж, төлөөлөл болгон надад шагнал олгосон “С.Лувсанвандан сан”-гийнханд баярлалаа. Гоо зүйг бүтээхээр зүтгэж яваа уран бүтээлчдээ дэмждэг хэн бүхэн гоо зүйг хамтран туурвигчид юм аа. Та бүхний ажил үйлсэд амжилт хүсье” хэмээн сэтгэгдлээ илэрхийлсэн билээ. Гар утсанд нь дэлхийн сонгодог “Өчигдөр” хэмээх дуу эгшиглэсэн түүнтэй өчигдөр уулзаж хөөрөлдлөө.


-Нэрт эрдэмтэн С.Лувсанвандангийн нэрэмжит “Гоо зүйн шагнал”-ын эзэн болсонд баяр хүргэе!

-За, баярлалаа. “Сономын Лувсанвандан” сан энэ шагналаараа дамжуулаад гоо зүйн тухай ойлголтыг нийгэмд түгээх зорилготой болов уу гэж ойлгодог. Яг өнөөдрийн хувьд гоо зүйн тухай шинээр ярьж эхлэх, тэгэхдээ бүр өргөн хүрээнд ярьж эхлэх ёстой болчихоод байгааг хүмүүс төдийлөн хайхрахгүй байна л даа. Манай залуусын гоо зүйн хүмүүжлийн тухай ойлголт зүгээр нэг ганган хувцас, үс засалт, нүүр будалт, хотын соёл зэрэг ойлголтын хэмжээнд л байгаа нь нууц биш.

-Гоо зүйн үндсэн утга учир нь яг юу юм бэ?

-Гоо зүйд олон ай категори байдаг. Сайхнаас эхлээд муухай хүртэл, эмгэнэлтээс эхлээд хошин хүртэл. Гэхдээ ердийн нэг сайхан биш, бүр төсөөлшгүй гойд сайхан зүйлийг амьдралаас олж харсан сэтгэл хөдлөл, гүн мэдрэмжээс л жинхэнэ урлаг төрдөг. Энд гоо зүйн мэдрэмж таашаал онцгой үүрэгтэй. Гоо зүйн таашаал гэдэг бол олонхыг дагаж шуурсан, худлаа дүр эсгэсэн зүйл биш, төрмөл мөн чанар. Би нэг зугаатай жишээ татъя. “Дон Кихот” романд Санчо Пансагийн хоёр нагац гээд нутаг орондоо алдартай архичид гардаг даа. Нэг удаа тосгоныхон баяр тэмдэглэж, урьд хожид байгаагүй, маш олон жил дарсан онцгой дарсаа задалж л дээ. Тэгээд “мэргэжлийн архичин” шахам хоёроо дуудаад дээжлэн амсуулж. Санчогийн нэг нагац дарсыг амсаж үзмэгцээ “За, нэг жаахан сур л амтагдаад байна, тиймгүй сэн бол ч янзын дарс юм аа” гэж. Нөгөө нагац нь харин “Үл мэдэгхэн төмрийн амт орчихоогүй бол ч хосгүй дарс болох байжээ” гэж оношилдог. Дараа нь тосгоноороо ууцгааж. “Үхсэн элэнцгийнх нь сур, төмөр! Будаач будаач гэхээр сахлаа будав гээч болох нь. Энэ муу хоёр согтуу толгой ийм сайхан дарс амсаж үзээ ч үгүй байж” гэлцэн бүгдээрээ Санчогийн нагацуудыг муулж, бүр шоолон тохуурхацгаажээ. Найр цэнгэл өндөрлөж, маргааш өглөө нь онцгой дарсны хоосорсон торхыг цэвэрлэхээр нээтэл ёроолоос нь төө хэрийн суран үдээс, бас нэг жаахан төмрийн хэлтэрхий олджээ. Гоо зүйн дээд таашаал гэдэг бол алив зүйлд ийм нарийн мэдрэмжтэй хандахыг хэлж байгаа юм. Энд дарсаар жишээлүүлж л ярьж байгаа болохоос, урлаг, уран зохиол түүнээс хэдэн хувь илүү мэргэжсэн, онцгой түвшинд бэлтгэгдсэн, цэгцтэй боловсорсон таашаал мэдрэмжийг шаардана шүү дээ. Тийм хэмжээний мэдрэмж таашаалгүй бүтээгдсэн урлаг бол урлаг биш, завхрал юм.

-Өнөөдөр гоо зүйн хүмүүжлийн тухай шинээр ярих цаг болчихоод байна гэж та хэллээ. Гоо зүйн хүмүүжил юугаараа тийм амин чухал гэж?

-Урлаг, гоо зүйн хүмүүжил хүнийг буруу замаар явуулдаггүй, нийгмийг эрүүл саруул болгодог нь нэгэнт батлагдчихсан зүйл. Хоёр жилийн өмнө би өөрийнхөө фэйсбүүк хуудсанд Америк дахь хувийн шоронгийн бизнес, Нидерланд дахь урлагийн боловсролын хөтөлбөр хоёрыг харьцуулсан бичвэр оруулж байсныг санаж байна уу. Урлаг, уран зохиолын хичээлээр голландчууд тусгай хөтөлбөр зохиогоод, сургуулиуддаа дугуйлан нээгээд, төрөөсөө санхүүжүүлээд явсан юм билээ. Урлагийн хөтөлбөрт хамрагдаж өссөн хүүхдүүд насанд хүрсний дараагаас эхлээд Нидерланд гэмт хэргийн гаралтаар дэлхийд хамгийн доогуур улс болж, шоронгууд нь эзгүйрч бусад орноос хоригдол импортолж хуяг харгалзагчдаа ажилтай байлгахад хүрч байгаа. Энэ мэт жишээг шагшаад суулгүй, өнөө маргаашгүй л шууд хэрэгжүүлээд эхлэх хэрэгтэй. Тэгэхгүй бол мөнгө бизнес л ярьж, эд хөрөнгө, улс төрийн талцаанд л шимтэн өсч буй хүүхдүүдэд улс орныхоо ирээдүйг даатгаад бид ер нь өөрийн гэсэн юмтай үлдэхгүйд хүрч ч мэднэ.

-Тэгэхээр хүнийг хүн болгодог хичээлүүд болох уран зохиол, урлагийн сургалтдаа онцгой анхаарах хэрэгтэй гэсэн үг байх нь ээ дээ?

-Тийм ээ, гоо зүй гэдэг бол энэ л юм. Гоо зүйн хүмүүжил ёс зүйтэй иргэдийг, гоо зүйн боловсрол урлагийн мэдрэмжтэй иргэдийг бий болгодог. Ёс зүйгүй, алиа марзан, сагсуу бурангуй уран бүтээлчид зонхилж байгаа улс оронд урлаг жинхэнэ утгаараа хөгждөггүй. Урлаг жинхэнэ утгаараа цэцэглээгүй улс оронд бүдүүлэг харанхуй үзэл санаа хэзээ ч арилдаггүй. “Гоо зүйн дээд шагнал” хэмээсэн, дээд таашаал руу чиглэсэн нэр томьёо гаргаж ирснийг нь бодоход “Лувсанвандан сан”-гийн бодлого ч үүн рүү чиглэх зорилготой болов уу гэж бодож байна.

-Та ер нь Баянхонгор аймгийн уугуул их эрдэмтнийг аль хэр мэдэх вэ?

-Өө, мэдэлгүй яахав. Хүмүүс голчлон гоо зүйн номыг нь л яриад байдаг. Тухайн үедээ төдийгүй, одоо ч гэсэн гоо зүйн чиглэлээр бичигдсэн цэгцтэй барьцтай, бараг л ганц сурах бичиг болохоор тийн ярих нь аргагүй л дээ. Гэхдээ “бага” Лувсанвандан гуай бас уран зохиол судлаач, утга зохиол шинжээч хүн байсан юм аа. Манай зохиолчдын эвлэлийн удирдах зөвлөлд байсан, утга зохиол судлалын олон ном зохиол туурвисан хүн шүү дээ.

-Та саяхан Казахстан улс явлаа гэсэн. Ямар ажлаар яваад ирэв?

-Азийн зохиолчдын анхдугаар форум гээч томоохон арга хэмжээ зохиогдлоо. 54 орноос төлөөлөгч урьснаас, Монголоос Г.Мэнд-Ооёо, Р.Сураган бид гурав оролцлоо. Уг нь Өлзийг урьсан ч өөрөө очсонгүй.

-Казахстанд таны танил уран бүтээлчид олон байдаг байлгүй?

-Өө, олон олон. Олжас Сүлейменов агаатай сая дахин уулзаж, нэгэн оройжин хамт сууж олон зүйлийн яриа дэлгэлээ. Домогт яруу найрагч одоо 83 хүрч байгаа болохоор хатуу юм тогтоохоо хязгаарладаг болсон гэнэ. Гэхдээ л явахынхаа урьд орой өрөөнд нь тухалж удаан ярьж суусан. “Дахиж надтай хундага тулгах боломж чамд олдохгүй ч байж мэднэ шүү” гэхээр нь яалт ч үгүй нэлээд хэдэн хундага юм юм холиод… (инээв). Шөнө дүл болтол ярьж суугаад сэтгэл өег буцаж ирлээ. Буцаж ирээд зургуудаа харж суутал би Олжас агаатай нийт таван удаа уулзсан юм байна. Сайхан аз завшаан шүү.

-Ёстой сайхан тохиол. Ная ерээд оны заагаар монгол хэлээр шүлэг зохиолоо туурвиж байсан Х.Жүкель гэж найрагч одоо чухам юу хийдэг юм бол доо?

-Уран бүтээлээ хийсээр явна аа. Сүүлд миний “Цасны роман”-ыг казах хэлэнд орчуулсан. Өнгөрөгч хавар Сураган, Жүкел бид гурав хамтарч Чингис хааны удмын яруу найрагч Бахытжан Канапьяновын шилмэл шүлгийн түүврийг “Мөчир” нэрээр монгол хэлнээ гаргаж, бүх томоохон номын сангуудад түгээлээ. Чи ч миний орчуулсан эл номын талаар бичсэн дээ.

-Ингэхэд тантай хамт саяын хуралд оролцсон Баян-Өлгийн яруу найрагч Сүраганыг та хэрхэн үнэлдэг вэ?

-Өө, их сайн яруу найрагч шүү дээ. Казахстанд бол түүнийг “Орчин үеийн казах хэлт яруу найрагт өөрчлөлт шинэчлэлт авчирсан” гэж маш өндрөөр үнэлдэг юм. Яваандаа монгол хэлээр номоо гаргах байлгүй дээ.

-Сүүлийн үед ямар уран бүтээл туурвиж байна?

-Намаршаад, ид ажилдаа, ичээндээ ордог цаг минь ирж явна. Төлөвлөсөн зүйл бий, бий.

-Яруу найрагч Л.Өлзийтөгсийн уран бүтээлийн олз омог их байна уу?

-Өлзий гадаадын нэг уран зохиолын төслөөс сонирхолтой санал хүлээн аваад шүүгч болж хувирсан. Одоо тэгээд, надтай ч үг солих завгүй хүн л суугаад байна. Онлайнаар бүх ажил нь явагдах юм билээ. Шат шатны шүүгч болон ерөнхий шүүгч гээд нэг хэсэг яруу найрагч байх. Хамгийн эцсийн шатанд шалгарсан яруу найрагчийн бүтээлд мэргэжлийн үнэлэлт, дүгнэлт бичих эрхтэй буюу шүүгчдийн ажилд шүүлт хийдэг шүүгч гээд өөр хэдэн яруу найрагч байх. Их нарийн ажил юм аа. Шүүгчдэд хахууль өгөх магадлалтай гэж үздэг тул олон улсын иймэрхүү шалгаруулалтын шүүгчид нууц байдаг юм билээ. Анх гэрээ байгуулахдаа л “Ямар шалгаруулалтын хэд дэх шатны шүүгчээр ажиллаж байгаагаа зарлан мэдээлэх хориотой” гэж анхааруулсан. Тиймээс өөрөө энэ талаар юу ч ярихгүй байгаа. Үүнийг нь мэдэхгүй уншигчид гудамжинд тааралдах болгондоо “Өлзийгийн шинэ ном хэзээ гарах гэж байна” гээд надаас л нэхээд байх юм. (инээв) Шинэ ном ойрд гаргахгүй байх аа.

-Энэ хавраас “Хүрээлэн” нэвтрүүлгийнхэнтэй хөдөөгүүр баахан явав уу. Монгол орныхоо байгаль, ан амьтны тухай нэвтрүүлэг бэлдэхэд ямаршуухан сэтгэгдэл төрж байв?

-Үнэхээр сайхан аялал болсон шүү. Монгол орон минь ямар гайхамшиг юм бэ гэдгийг ахин шинээр нээсэн, ер бусын өдрүүд байлаа. “Хүрээлэн” бол гоо зүйн болоод танин мэдэхүйн өндөр ач холбогдолтой нэвтрүүлэг гэж тэдний хэвлэлийн бага хурал дээр би хэлсэн дээ. Байгалийг танихад ч бас гоо зүйн мэдрэмж амин чухал. Тийм ч учраас сая шагнал гардаж авахдаа “Сүүлийн гучаад жилд бид эх байгалиа сүйтгэх, эвдэрч цөлжсөн нутгаа буцааж нөхөн сэргээх хоёрын алинд нь илүү их хөрөнгө оруулсан билээ. Энэ ч бас гоо зүйн асуудал” гэж хэлсэн юм.

-Найруулагч Бямбын таны зохиолоор хийж буй кино юу болов?

-Мэдээж, Бямбаа ах найруулсан юм чинь сайн кино болсон нь тодорхой. Мөдхөн үзэгчдэд хүрэх байх аа.


Categories
мэдээ цаг-үе

Маамын Бямбажав: Манай Дундговийн музей хүрэл зэвсгийн үеийн үзмэрүүдээрээ Монголдоо байтугай дэлхийд алдартай

Дундговь аймгийн музейн захирал, соёл судлалын ухааны магистр Маамын Бямбажавтай ярилцлаа.


-Таныг Дундговийн музейд олон жил ажиллаж буй хүн гэж сонссон. Хэд дэх жилдээ ажиллаж байна?

-Аймгийнхаа музейд гучин тав дахь жилдээ ажиллаж байна. Есдүгээр ангид байхдаа анх музей үзэж байлаа. Тэр л сэтгэгдэл минь надад гүн гүнзгий сонирхол төрүүлсэн. Аравдугаар ангиа төгсөөд “Энэ музейд ажиллана” гэж сэтгэл шулуудсан даа. Өнгөрөгч гучин таван жилийн хугацаанд музейн бүхий л ажлыг хийлээ. Жижүүр, үйлчлэгч хийж байлаа. Нягтлан бодогчоор ажиллалаа. Музей тайлбарлагч хийсэн. Одоо захирлын алба хашиж байна даа. Музейдээ ажиллаж байхдаа нягтлангийн сургууль төгсөж, Төрийн захиргаа удирдлагын академийн төрийн удирдлагын ангийн менежерийн анги төгсөхдөө музейнхээ судалгаан дээр үндэслэж “Музейн үйл ажиллагааг сайжруулах нь” сэдвээр бакалаврын зэрэг хамгаалсан. Мөн энэ сэдвээ цааш гүнзгийрүүлж магистрын зэрэг хамгааллаа.

-Аймаг, орон нутгийн музейнүүд гэж балгас шиг болсон юмнууд байдаг. Энэ нь ч улсын хэмжээнд соёлын талаарх бодлого алдагдсантай холбоотой байх. Танай Дундговь аймгийн музейн хувьд ямар онцлогтой музей бол. Үзмэр ихтэй юү?

-Манай аймгийн музейд 4600-гаад үзмэр хадгалагдаж байна. Эдгээр үзмэрийн1300 гаруй нь шашны холбогдолтой үзмэр, 800 гаруй нь хүрэл зэвсгийн үеийн олдвор дурсгалууд байгаа. Мөн түүхийн холбогдолтой мянга гаруй, угсаатны зүйн үзмэрүүд гурван мянга гаруй бий. Манай музей хүрэл зэвсгийн үеийн үзмэр цуглуулгаараа Монгол Улсад төдийгүй дэлхийд алдартай. Дундговийн музей гэхээр “Хүрлээрээ алдартай” гэж салбарынхан маань бүгд мэднэ. Зава Дамдины гэр музей байна. Зава Дамдин Монголын шашин, түүх, соёлын нэрт зүтгэлтэн хүн.

-Монголын түүхийг гэхэд “Хоро чойнжин” номдоо тодорхой дурдсан их эрдэмтэн дээ?

-Үнэхээр том эрдэмтэн. Монгол Улсын түүхийг түвд хэлээр бичсэн, Шинжлэх ухааны академи буюу Судар бичгийн хүрээлэнг үүсгэн байгуулалцсан түүхэн гавьяат хүн шүү дээ. Манай музейд шашны хөөмөл, шуумал, зурмал өчнөөн бурхад хадгалагдаж байна. Түвд хэлнээ бичигдсэн номууд хэдэн зуугаараа байна. Худам монгол бичгийн өчнөөн дурсгалууд хадгалагдаж байгаа.

-Дэлхийд хосгүй үнэтэйд тооцогдох ямар бүтээл үзмэрүүд байна?

-Түүх, соёлын дурсгалыг хосгүй үнэт, үнэт, ердийн гэсэн зэрэглэлээр Улсын нэгдсэн бүртгэл, мэдээллийн санд бүртгүүлдэг юм. Засгийн газрын тогтоол гарч хосгүй үнэт үзмэрт оруулдаг. Манайхаас яг одоогоор санал өгөөд хосгүй үнэт үзмэрт орчихсон зүйл байхгүй. Монгол Улсын Байгалийн түүхийн музейд хадгалагдаж байгаа солирын хэлтэрхий манайд хадгалагдаж байгаа. Байгалийн түүхийн музейд хадгалагдаж байгаа солирын нэг хэсэг нь хосгүй үнэт үзмэрт орсон. Тэр солир 1967 оны хоёрдугаар сарын 3-ны өдрийн өглөөний найман цаг 30 минутанд Дундговь аймгийн Хулд сумын Тугалын бүлээн гэдэг газар унасан. Үүнийг өглөө үнээ сааж байсан хүн харсан байдаг. Энэ солирыг яг унасан даруйд нь аймгийн музейд авчирсан байгаа юм. Манай музейн эрхлэгч мундаг хүн учраас Олон улсын солир судлалын институтэд явуулж, судалгаанд оруулсан. Тэр институтээс “Ийм найрлага бүхий солир ерөөс унаж байгаагүй. Энэ бол төмөр чулуун солир. Найрлагаараа маш ховор учраас хосгүй үнэтэд тооцогдоно” гэсэн дүгнэлт гаргасан.


-Зава Дамдин гэж их соён гэгээрүүлэгчийн гар бичмэлүүд байдаг гэлээ. Эрдэм шинжилгээний эргэлтэд орсон байдаг бол уу?

-Зава Дамдины 16 боть сүнбүм байгаа. “Хоро Чойнжин” бүтээл нь ч бий. Энэ бүхэн эрдэм шинжилгээний эргэлтэд ороод явж байгаа. Манай Дундговь аймгаас Монголын маш олон алдартай хүмүүс мэндэлсэн байдаг. Монгол Улсын Зууны манлай эрэгтэй, эмэгтэй уртын дуучин Дорждагва гуай, Норовбанзад гуай хоёр гэхэд манай аймгийнх шүү дээ. Дундговиос шинэ үеийн утга зохиолыг үндэслэгчдийн нэг Содномбалжирын Буяннэмэхээс наашлуулаад төрийн шагналт яруу найрагч Долгорын Нямаа, соёлын гавьяат зүтгэлтэн, “Болор цом” наадмын хошой тэргүүн шагналт яруу найрагч Цэндийн Чимэддорж, хүүхдийн нэрт зохиолч Самбуугийн Надмэд, кино жүжгийн нэрт зохиолч Хоролын Зандрайбайды, МЗЭ-ийн болон “Алтан-Өд” шагналт яруу найрагч Цэвлээгийн Отгонжаргал нарынмаш олон зохиолч, яруу найрагч, уран үгийн инжаанууд төрсөн. Эд бүхний нэрэмжит булангууд, зохиол бүтээлүүдтэйгээ байна.

-Зураачид гэхэд маш олон төрсөн дөө?

-Ардын зураач Доржпалам, байгалийн их дууч хэмээгдсэн төрийн шагналт зураач Цэмбэлдорж гуайн бүтээлүүд байна. Монголдоо хөрөг зургаар алдаршсан Өлзийхутагийн бүтээлүүд, “Зарцын нүүдэл”-ийг зурсан зураач Цэрэндоржийн бүтээлүүд бий. Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, их шог зураач Цэвгийн Байды гуайн бүтээлүүд эх зургаараа байгаа. Монголын орчин үеийн алдартай зураачдын бүтээлүүд гэхэд зуу гаруй хадгалагдаж байгаа.

-Музейн катологи аль хэр хэвлэгдсэн бол?

-Музейн катологи, номыг арваад жилийн өмнөөс хийсэн. Тэрнээс хойш хориод номыг музейн санхүүжилт болон гадны ивээн тэтгэлгээр хэвлүүлж дээ. Муейнхээ жаран жилийн ойдоо зориулж хамгийн анх “Шилдэг үзмэрийн катологи”-ийг гаргасан. Энэ онд манай музейн далан жилийн ой тохиож байгаа. Одоо түүхт ойдоо зориулж тавдахь удаагийн хэвлэлтээ гаргаж байна. Музейн катологи гэдэг маш их ач холбогдолтой зүйл байдаг.

-Ямар ач холбогдолтой байх вэ?

-Үзмэрийг хулгайд алдах, солигдох, хуурамчаар үйлдэхээс сэргийлдэг. Янз бүрийн юм боллоо гэхэд эрэн сурвалжлахад тус нэмэртэй. Үндсэндээ баталгаажуулж авч байгаа нэг хэлбэр л дээ. Мөн үзмэрийг эдийн засгийн эргэлтэд оруулж, аялал жуулчлалыг татан, үзэгчдэд үзмэрийг таниулах зэрэг олон талын ач холбогдолтой.

-Орон нутгийн болон бусад музейнүүдтэй аль хэр хамтарч ажиллаж байна?

-Салбарын бүх музейнүүдтэй хамтарч ажиллана. Монгол Улсын Үндэсний музейтэй гэхэд “Хүрэл зэвсгийн үеийн үзэсгэлэн”-г 2003 онд, 2016 онд тус тус гаргасан. Манайх хүрлийн үеийн үзмэрүүдээ хэд хэдэн төрөлд хувааж байгаа. Ангийн зэвнүүд байна. Хутга бий. Амьтны дүрстэй, олон марал, чимэг, унжлагууд гээд олон төрлийн үзмэр байна л даа. Амьтны дүрстэй хүрэл дотроос хэдэн мянган жилийн өмнө хийгдсэн гэхэд үнэхээр хосгүй хийц дүрслэл, уран чамин бүтээлүүд байдаг. Манай музейн лого гэхэд БНХАУ-ын Өмнөд Монголын Ордост олдсон. Үзмэрүүд шинжлэх ухааны судалгаа, шинжилгээ, эргэлтэд анх орсноороо нэршчихдэг. Тэр ямар дүрс вэ гэхээр бугын хөлнөөс чоно барьж байгаа дүрс л дээ. Хэмжээ нь өндрөөшөө 15 сантиметр, өргөөшөө найман сантиметрийн дүрс. Энэ үзмэртэй яг ижилхэн дүрс бүхий тэмээг чоно барьж байгаа хүрэл үзмэрийг би олж авсан.

-Манай Баянхонгор аймгийнхан гэхэд хүрэлийн үеийн хос морийг бас их бахархан, лого тэмдэг ч болгосон байдаг шүү?

-Тэр хос морь ч их алдартай шүү дээ. Гэхдээ манай музейд буй үзмэрүүдээс арай хожуу үеийнх гэдэг санагдаж байна.

-Хүрлийн үе гэх гэхээр яг хэдий үеийн талаар яригдаад байна?

-Хүн төрөлхтний түүхэнд хүй нэгдлийн үе гэж ярьж бичдэг дээ. Тэрний дараа нийтийн тооллын өмнөх хоёроос найман жилийн өмнөх үед хамааруулан авч үздэг. Хүрэл зэвсгийн үед овог аймгаараа амьдарч байсан хүмүүс гэр бүл болох, аж ахуй эрхэлж, ан гөрөө хийж, мал ахуйг гаршуулах болсон. Тэр үеийн хүмүүсийн урлагийн мэдрэмж маш өндөр байсан байгаа юм. Манай үзмэрт буй хутгануудын ишийг харахад янз бүрийн хээ угалзтай байгаа. Жараад хутга байгаа. Кинжаал маягийн хутгууд ч бий.

-Ховор үзмэр цуглуулга бүхий музейнүүд халдлагад өртөх магадлал өндөр байдаг. Танай музейн хувьд тийм зүй бус зүйл ажиглагдах юм уу?

-Ний нуугүй хэлэхэд тийм хандлага анзаарагддаг шүү.Манай үзмэрийн хүрлийг гэхэд хуурамч гэсэн цуу яриаг дэгдээдэг. Бүүр бодлогоор дэгдээнэ гээч. Эрдэмтэн судлаачдаас ч тийм хандлага илэрнэ. Тиймээс зориудаар АНУ-ын эрдэмтдээр хүртэл судлуулж байсан. Манай музейн үзмэр яагаад ийм найдвартай байна вэ гэхээр хүний нөөц маш найдвартай, сан хөмрөгөө хариуцаж байсан хүн гэхэд хорин хэдэн жил ажлаа хариуцлагатай хийж ирсэнд байгаа. Миний өмнөх захирал Мөнхбаяр гэхэд 26 жил үнэнч шударга ажилласан. Шашин номын том зүтгэлтнүүдийн нэр алдраар амьжирч буй зарим нэг хүмүүс хүртэл “Өв хэрэглэлээ авна” гэх тохиол гарна. Улс төрийн том зүтгэлтнүүд алдартай зураг бүтээлүүдийг хуулбарлаад өгье гэх мэт янз бүрийн л санал ирнэ. Тэр бүхэнд төрийн албан хаагчийн чигч шулуун зан л гол шугам болно шүү. Хүмүүсийн шунал гэж өнөө цагт их аймаар болсон нь анзаарагдана шүү.

-Түүхэн тэгш ойдоо зориулж юу хийж бүтээв?

-Ойдоо зориулж манай хамт олон “Далан бүтээлч ажил” хийх жагсаалт гаргасан. “Шилдэг үзмэрийн катологи”, “Дундговь судлал-1” 2018 онд зохиогдсон олон улсын эрдэм шинжилгээний хурлын илтгэлийн зэрэг зургаан ном хэвлэх болсон. “Хүрэл зэвсгийн үеийн үзмэрүүд” гэсэн ном гаргалаа. Зава Дамдины тухай ном гаргаж байна. Монгол бичгээр хадгалагдаж байгаа дурсгалуудаа катологижуулж, гадаадын эрдэмтэн судлаачдад зориулж латин галигтай хэвлүүлсэн. Түвд хэлнээ гарсан номуудаа катологижуулж байна. Дундговь аймгийн музейн 70 жилийнхээ ойн номыг гаргаж байна даа. Сая Дундговь аймагт болсон гурван мянган уртын дуучдын наадмын үеэр нүүдэлч монголчуудын ахуй соёл, аж төрлийг дөрвөн улирлаар нь харуулсан үзэсгэлэнг гаргасан. Сур элдэх, эсгий хийхэд яадаг юм тэр бүх зан үйлтэй нь үзүүлсэн.

-Танай музейг хэн гэж хүн үүсгэн байгуулсан бол?

-Монголын музейн түүхэнд анх удаа музейн зориулалтын барилга бариулж байсан Жамсрангийн Сугар гэж мундаг хүн байсан. Амьтдын чихмэл, үзмэрийг орон нутагт анх удаа хийлгэсэн хүн шүү дээ. Хүрэл зэвсгийн үеийн цуглуулгыг бий болгохдоо сурагчдын зуны даалгавар өгч бүрдүүлсэн байдаг. Дундговь аймгийн нутгаар морин тэрэгтэй хэдэн сар өдрөөр явж олдвороо цуглуулдаг байсан учраас сахал үсэндээ баригдсан тэр хүнээс айж эмээх ч тохиол гарч байсан тухай инээдтэй яриа домог үлдсэн байдаг. Хамгийн гол нь тийм л халуун сэтгэлээр аймгийнхаа музейг байгуулсан юм билээ. Энэ хүнийхээ тухай “Морь тэрэгтэй эрэлчин” гэсэн ном гаргалаа.


Categories
мэдээ цаг-үе

Хэлэхэд сайхан Хэнтий ээрийн салхин сэнтий

Намрын эхэн сарын шинийн арван зургааны наран шарсан өдөр Монгол орны хорин нэгэн аймгийн найрагчид Спортын төв ордны өмнө зогссон урт автобусны хаалгаар орж гарцгаана. Хэнтийгээр ч нэг овоглодог, Дорнодоор ч бас нутаглаж байсан Жигжидсүрэнгийн Нэргүй хэмээх бичгийн билгүүн хүмүүн их сахлын доороос тамхины утаа баагиулан салхи амиадан зогсоно. Эрдэнэт, Дархан чигээс ирсэн Баян-Өлгийн Дэлүүний унаган хүү Хабааны Байыт, Орхон аймгийн Дүгэрийн Отгонбаяр хоёр “Дарханы зам эвдрээд, Булганы нутгаар тойрсоор ирлээ” гэж хуучилж зогсоно. Байыт найрагчийн буржгар хар үс мөрөн дээрээ мушгираад үнэн сүрийг олжээ. Хэнтий, Хөдөө арал, Дэлгэрхээн, Хэрлэн гол, Хэрлэн тооно гэсэн үгс хүн бүхний аманд хүлхэгдэнэ. “Монголын нууц товчоо” хөлгөн их судар баринтаглагдсан Хэрлэнгийн Хөдөө аралд найргийн их уншлагад уригдсан найрагчид унаандаа суун хөдлөхүй Хатан Туул мяралзан, хан Богд уул минь ханхалзан үдлээ. Налайхын зам засвартай учир Төв аймгаар тойрсоор Хэнтийн замд нийллээ. Арын сайхан хангайн Чулуут голын охин, “Болор цом” наадмын тэргүүн шагналт яруу найрагч Шагдарын Лхамноржмаа маань их л сүслэнгүйгээр холын тэнгэр ширтэн бодлогоширч явна. Лхамаа найрагч ер нь онгод, онгоц хоёрыг хөлөглөж Отгонтэнгэр хайрхан байтугай оргил Хималайг ч давна гэж омгорхдог бардам сэргэлэн найрагч. Тэр тухай ярихад хацар нь ягаарсхийн ичингүйрч “Одоо газраар нисэх минь” гэж намуухан хүүрнэх. Монгол орны хамгийн нам дор газар болох Дорнод аймгийн Чулуунхороот сумын уугуул МЗЭ-ийн шагналт яруу найрагч Даваасүрэнгийн Ган-Очир маань их багш Эрээнцавын Нямсүрэнгээ дурссан шиг их намбагархан явна. Монголын рок, поп дууны урлагт түрлэг нэмсэн түүний яруухан дуунууд хэдэн зуугаар байтугай даруй мянгаар тоологдох болсон. Тэртээ ерээд оны дундуур найргийн тайзнаа

“Дээвэр жиндээх цагаан хяруу нь

Дэлхийг аргадсан ижийн минь үс ээ

Амрагаа санасан миний сэтгэл нь

Алтан торон дахь мөнгөн шувуу” гэж яруухан уншиж явсан гэгээн сэтгэлт цагаан хүүтэй танилцаж андалснаас хойш хориод жил өнгөрчээ. Цаг хугацаа хунгийн жигүүр шиг дэвсээр яасан ч хурдан цахилан өнгөрнөм билээ. Хажууд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумаар овоглодог “Зууны мэдээ” сонины албаны дарга, яруу найрагч Чанцалын Үл-Олдох дуугүйхэн сууна. Тэр яруу найрагчидтай алсын замд цөөн явсан учир цаанаа л нэг гэрэвшингүй байх аж. Аав ээжийн нутгаа хөөвөл Баянхонгорын угшилтай гэнэм. Гэх мэтчилэн яриваас “Оросыг маажвал татар” гэдгийн үлгэр нэгэн болно. Бидэн юун зүг зорино хэмээвээс Их Монгол улсынхаа нийслэл Аварга хот руу зорчном. Аварга хот гэж юу байсан юм гэвээс эрдэмтэн мэргэдийн үгийг унших, сонсохоос аргагүй болно.

Хиад ясны Боржигон овгийн язгууртны удам Есүхэй баатрын ахмад хөвгүүн Тэмүжин Бөртэ үжинтэй гэрлэж, үр үндсээ бэхлэн Их Монгол Улсын хаан ширээнд энэ л гэзар Чингис хаан цолыг эрхшээн дэвжин дээшилсэн гэнэм. Хэнтий аймгийн нутагт Хэрлэнбаян Улаан уулаас урагш, Хэрлэн тооно уулаас баруун тийш Хэрлэнгийн тохойд далайн түвшнээс дээш 1300 метр өндөрт орших гуч гаруй километр урт, хорь орчим километр өргөн тал байдгийг Хөдөө арал гэж нэрлэдэг аж. Хөдөө арал бол Их хуралдай хуралдаж Өгөдэй, Мөнх, Есөнтөмөр хааныг хаан ширээнд өргөмжилж байсан түүхт газар юм байна. Хэнтий нутгаас төрийн шагналт яруу найрагч Рэнчиний Чойном, Нямбуугийн Нямдорж нарын олон гайхамшигт авьяастнууд мэндэлсэн. Тэр л их авьяастнуудын шийрийг хатааж, бийрийг түшигч Хан Хэнтийн охин, яруу найрагч, сэтгүүлч Батмөнхийн Занданхүүгийн сэтгэгдлийг энд дурдах нь зүйд нийцэх биз. “Монгол төрийн голомт болсон Хөдөө арлын хөхөмдөг ногоон дэнжид дэрвэн буй наадмын шаргал асрын өмнө хээтэн тойромлох цэнхэр торго Хэрлэнгийн урсгал лугаа бидэртэн хөвсөлзөх агаад тойроглон зогссон нутаг нутгийн найрагчид мөнөөх торгыг эмжээр юунаас нь хамжин өндийлгөхийг үзэхүй “Монголын нууц товчоо” хэмээх хөлгөн судар авай. Тэнгэр газрыг мөрлөх мэт босоо бичгээр урлан хатгамласан торгон судар 180 метр гэх. Хан Хэнтийн уугуул Хонхэрэйдийн Энхбатын санаачилгаар мэтгэж шагласан гайхамшигт бүтээл ийнхүү найман зууны тэртээх өлгий нутагтаа залрахдаа эдүгээгийн 21 аймгийн яруу найрагчийн гараар газраас өндийн сэрүүн хангайнхаа салхинд сэрвэлзэн бадамлах ерөөлтэй юмсанж. Эртний сайн ерөөлийг эвсүүлэн золгуулсан мөнхүү эгшин 2019 оны наймдугаар сарын 17-ны наран тунамал сэрүүн тунгалаг өдөр тохиолоо. Хан Хэнтийн утга зохиолын “Хэрлэн тооно” нэгдлээс санаачлан зохион байгуулсан “Хэрлэнгийн хөдөө арал” яруу үгсийн чуулганд Монгол орны аймаг бүрээс яруу найрагчид оролцсоны зэрэгцээ, Улаанбаатар хот дахь Дэлгэрхааны нутгийн зөвлөл хийгээд тус сумын захиргаа, эл нутгийн эвсэг бүтээлч залуусын нэгдэл болох Аварга тосонгоо аварч, Монголын түүхийн голомт-Чингисийн Аураг их орд бүхий төрхөм нутгаа хамгаалах эрмэлзэлтэй уугуул иргэдийн хамтын чармайлтаар найрсаг найрамдуу өргөн дэлгэр болж өндөрлөв. Энэхүү халуун сэтгэлийн дулаан найрсал нь “Монголын нууц товчоо” хөлгөн судрыг бичиж жаргаасан нутагт нь залах, Монголын их найрагчдыг Чингисийн өлгий нутгаар аялуулан уран бүтээлийн онгод хөгжөөх, эл нутгийн экологийн хөгжлийн өнөөгийн тулгамдсан асуудалд эрдэмтэн докторуудынхаа анхаарлыг хандуулж зөвлөмж юуг нь ажил үйлс болгон аванхайлан дэмнэх бодлогын цогц арга хэмжээнүүдээс бүрдсэнийг дурдахад нэн таатай. Тус үйл ажиллагааг санаачлагч “Хэрлэнтооно” нэгдлийн Удирдах зөвлөлийн гишүүн яруу найрагч Батаагийн Амартүвшингийн хэлэхээр бол тус арга хэмжээ нь агуулга зорилгоороо албан ёсных мэт авч, амьсан хүндэтгэх дотоод чанар, гадаад үзэмжээрээ анд нөхдийн сэтгэлийн цаг агаарыг чухалчилсан чөлөөт аялал аж. Үнэхээр ч яруу утгачид байгаль дэлхий, нутгийн зоныг баясган шүлэг найргаа дуудсанаас бус барьцалдан арсалдаж шагналын төлөө өрсөлдсөнгүй нь уяралтай. Эрдэмтэн докторууд их сургуулийн танхимд биш, нутгийн захиргааны цомхон байшинд илтгэл гэхээсээ итгэл гэмээр нургисан сэтгэлийн нууцхан үнэнээ гадагшлуулж их түүхийн өлгий нутгийн экологийн орчинд санаа чилээн бодлого боловсруулсан нь бишрүүштэй. Эх оронч Энхбат “Гиннес”-т бүртгүүлэхээр бүтээсэн торгон дээрх хөлгөн судраа Тосон нуурын ногоон дэнжид малчин түмнийхээ гар сэтгэл дээр машид энгүүхнээр талбин урамшуулсан нь хүндлүүштэй. Тус нутаг дахь зэвсэгт хүчний 232 дугаар анги Монгол төрийн наадмын есөн хөлт их цагаан сүлдийг залдаг төрийн сэтэрт есөн шарга хүлгээр түүхт судрыг бичигдэж жаргаасан Хэрлэний хөдөө арлын хэвнэг ногоон дэвсэгт нь залахаар угтан хүргэсэн нь бахархууштай. Хэрлэнтооно нэгдлийн уран бүтээлчид Хэрлэнтооно хайрхныхаа өмнө хээтэй торгон дээлээр ижилсэн дурсгалын зургаа татуулах нь үлдээмжтэй. Мянган бууцат зуун горхит Хэрлэнбаян-Улааны зүтгэлч түмэн адууныхаа сорыг, айрагныхаа дээжтэй ганзагалан ахуй нутгийг нь зорин ирсэн гийчдийг угтан золгох нь бэлгэшээлтэй, нийслэлийн “Оюуны ундраа” цогцолбор сургуулийн захирал Нэргүйдаваа уугуул нутгийг нь зорих найрагчдын унаа хүлгийг бэлдсэн нь талархууштай”. Эдүгээ Бээжин хотод ажиллаж амьдарч буй Зандаагийн эл үг найрагч бидний сэтгэлийн илэрхийлэл байсан гэмээр.

Хөдөө арлын яруу найргийн уншлага наадамд нутаг нутгаа төлөөлсөн олон сайхан яруу найрагч оролцсон. Бидний сайн мэдэх “Болор цом”-ын эзэн яруу найрагч Ш.Лхамноржмаа, Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын уугуул, Азийн шилдэг өргөмжлөлт, МЗЭ-ийн шагналт яруу Намбарын Пүрэв, Говьсүмбэр аймгийн харьяат МЗЭ-ийн болон С.Буяннэмэхийн нэрэмжит шагналт яруу найрагч Рагчаагийн Батжаргал, Дархан-Уул аймгийн уугуул МЗЭ-ийн болон “Алтан-Өд” шагналт зохиолч судлаач Г.Бямбажав нарын Монголын яруу найргийн өнөө цагийн нэр нүүр болсон найрагчдын нэрс дурайна. Дорноговийн Өргөн сумаас гэхэд МЗЭ-ийн шагналт яруу найрагч ботгон нүдэт Б.Чулуунцэцэг маань иржээ. Чуукаг Монголын утга зохиолын “Шинэ мянган” төвийн захирал гэхээр хүмүүс мэдэх байх. Үндсэндээ УИХ-ын гишүүн, “Болор цом”-ын эзэн Ж.Мөнхбат нарын этгээдүүдийн дарга гэсэн үг шүү дээ. Хөдөө арлын уншлага найргийн гол сэдвийн нэг миний бие боллоо. Учир юун гэвээс Ламын гэгээний наадамд нэгэн бор сарлаг байгалиас заяат уран төгөлдөр бүжээнийг дэлгэц даяар урласнаар бус найрагчид намайг “сүрлэг, дүрлэг, төрлөг, зэрлэг сарлаг” гэх мэтээр нэрийднэ. Сүрлэг гэхээр надад сүлд их онгод төрүүлмээр гайхамшиг төсөөлөгдөнө. Дүрлэг гэхээр жүжигчин мэтийн алиа салбадай мэт бодогдоно. Миний Ламын гэгээний бор сарлаг хүмүүн амьтнаас илүү дүрийг бүтээжээ. Гэвч тэд намайг дооглосоор. Доог тохуу хийж болохгүй бурхдын их шүтээн байдаг юм гэсээн. Ламын гэгээний наадам, төрийн шагналт яруу найрагч Чойжилжавын Лхамсүрэнгийн нэрэмжит “Хүрэн морь” яруу найргийн наадамд тэргүүн байр эзлэхэд тэр бор сарлаг тэргүүн сэгнийн давхиж. Түүгээр намайг “сарлаг” гэж нэрлэж ч байх шиг. Би сарлагтаа гомдоогүй. Ламын гэгээнийн их шүтээнүүдийн тоонд сарлаг үхэр ордог байсан юм гэнэ лээ. Хятад зүгийн хүмүүс “Үхэр монгол”, “сарлаг” гэдэг цөөхөн аймаг, сумдын нэг нь Баянхонгорынхон л доо.

Найрагчид дундаа хүндтэй, нас намбаараа ямбатай явах гэдэг хэцүү. Хайрын дээд гэж түүнийг хэлэхээс аргагүй. “Болор цом”-ын эзэд ч ах гэж тахимдана. Монголын гэрэлт найрагчид молор үгсээ хайрлана. Ийм л сайхан хорвоод эгнэгт амьдармаар санагдана. Их хааныхаа Монголын эзэн болсон энгүй дөчин таван насыг бодно. Үхэх үү, сэхэх үү гэсэн үнэн бодит амьдралыг бодно. Заримдаа гунигтай, заримдаа баяртай тийм л үеүд. Тэнд хэнүүс очив оо гэж үү, Сэлэнгэ нутгаа төлөөлж Сэр-Одын шагналт яруу найрагч Д.Отгонцагаан дүү минь очив. Урианхай баядаа гэж Увсаас Я.Баяраа минь ирэв. Хөөдөөгийн Эрдэнэбаатарын анд Ховдын найрагч найрагч Н.Баасанжав минь гэрэлтэв. Газраар нэг тэнийж тэнгэрээр нэг хөглөрсөн тэр их уянга “Монголын нууц товчоо”-ныг дэлгэхэд Буриад Монголын хөвүүн Баатарын Галсансүхээрээ бахархав. .

Хэнтийн “Хэрлэн тооно” утга зохиолын салбарын гишүүн, яруу найрагч Д.Гансүрэн, Ш.Батцэцэг, Хэнтийн Батхүү, Д.Нарантуул, С.Наранчимэг, Ш.Анхтуяа, Б.Амартүвшин, Г.Сонинбаяр, С.Начин, С.Эрдэнэбат, Г.Батцэцэг нарын сэтгэл зүтгэл нэгт тэр л сайхан найрагчдын сэтгэл зүтгэлээр Дэлгэрхааны Хэрлэнгийн Хөдөө аралд дэндүү жаргалан үүдсэн билээ л. Тэр л нутгийн найрагчдын “Хэлэхэд сайхан Хэнтий, Хээрийн салхин сэнтий” гэсэн яруухан үгс чих сөрмөнөм. Арай, агуу их Нямбуугийн Нямдорж гуай бичээгүй байгаа???


Categories
мэдээ цаг-үе

Д.Ганмягмар: Чинжигтэйгээ хамт их дуулдаг байлаа

Түрүүч нь №152(6253) дугаарт


Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Цэдэн-Ишийн Чинзориг

Монгол Улсын төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Цэдэн-Ишийн Чинзориг 1955 онд Булган аймгийн Могод суманд төржээ. Тэрээр 1975 онд Улаанбаатар хотноо Багш нарыг бэлтгэх сургуулийн дуу хөгжмийн ангийг, 1986 онд Уралын хөгжмийн дээд сургуулийн хөгжмийн зохиолчийн ангийг тус, тус төгссөн. Анхны багш нь Монгол Улсын хөдөлмөрийн баатар, төрийн хошой шагналт, ардын жүжигчин Н.Жанцанноров бөгөөд анхны уран бүтээл нь Учран золгохын ерөөл дуу байв. Урын сандаа 300 гаруй нийтийн болон найрал дуутай бөгөөд цөөхүүл болон найрал хөгжмийн 400 гаруй бүтээл туурвижээ. 1990 онд Илдэн уулын цуурай оратори нь Азийн шилдэг бүтээлийн жагсаалтад бичигдэж, ЮНЕСКО-гийн алтан санд бүртгэгдсэн байна. 1994 онд Дууны хорвоо бүтээл нь шилдэг бүтээлээр шалгарч Морин хуур уралдааны тэргүүн шагналыг хүртсэн. Илдэн уулын цуурай, Тэмүүжин дуурь, Үүлэн цэнхэр хангай, Ус мөрөн олон чиг, Намрын дурсамж, Зүүдний говь, Учран золгохын ерөөл бүтээлүүдээрээ 1996 онд Төрийн соёрхол хүртжээ.

Монгол Улсын төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Цэдэн-Ишийн Чинзоригийн гэргий, сэтгүүлч Даваасүрэнгийн Ганмягмартай уулзаж хөөрөлдлөө.


-Таны хань Монголын их суут хөгжмийн зохиолч байсан. Та ч дуу хөгжмөөр дамжиж ханьтайгаа танилцаж учирсан. Өнөө цагт нийтийн дууны урлаг мөхөл рүүгээ орлоо гэж ярих юм?

-Миний хань Монгол Улсын төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Цэдэн-Ишийн Чинзориг. Дууны уран бүтээлтэй ойр байдаг хүний хувьд уран бүтээлчид бүтээлээ бүх хүнд зориулан хийдэг. Зөвхөн монгол биш дэлхий нийтэд зориулан хийдэг. Тиймээс хэн нэгэн хүн түүнийг өмчлөх нь ёс зүйд нийцэхгүй. Дэлхий нийтээр зохиогчийн эрхийг дээдэлдэг. Монгол Улсад зохиогчийн эрхийг хамгаалах гэж үзэж байна. Зохиогчийн эрхийн төлөөх үйл ажиллагаанууд явуулж байгаа нь их сайшаалтай. Гэхдээ яг үнэндээ зохиогчдын эрх хамгаалагдаж байгаа эсэх нь зөрчилтэй байгаад байна. Дуучид, жүжигчид гэх мэт гүйцэтгэгч нь тухайн зохиолынхоо эзэн нь болох нь олон юм. Гэтэл гүйцэтгэгчид бүтээгчдийн хийсэн дууг өөрийн өмч мэт байлгах нь сонин. Манай талийгаачийн үеийн уран бүтээлчид ийм байгаагүй, бүх нийтэд зориулж хийдэг. Одоо хэн нэгний хийсэн дууг худалдаж авах юм бол тухайн хүний өмч болно. Энэ нөхцөл үүсээгүй үед ярих томоохон асуудлууд байдаг. “Дууны хорвоо” гэдэг дууг ардын жүжигчин Аюурзанын Долгор эгч сайхан амьдруулаад дуулчихсаныг хүмүүс мэднэ. Хүмүүс ихэвчлэн дуулсан дуучин, жүжиглэсэн жүжигчнээр нь хүлээж авдаг. Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн ахын шүлэг “Жамын цаана нуугдах аргагүй” гэдэг дууг гавьяат жүжигчин Төвшинтөгс шиг дуулсан хүн байхгүй. Тиймээс Төвшинтөгсөөр овоглох нь аргагүй. Жишээлбэл, “Дунгаамаа”-г Баасанжав ах маш сайхан дуулсан. Тэр хүн дуугаараа “Дунгаамаа” Баасанжав гэсэн нэртэй болчихсон. Ийм сайхан уран бүтээлчдэд би талархдаг. Тиймээс дууг амьдартал нь дуулсан дуучдаас давж дуулж чадахгүй бол дууг та нар унагаж дуулах хэрэггүй гэж залуу дуучдад хэлье. Хангалтгүй дуулсан дуучидтай хааяа утсаар холбогдоход “Би тэр хүнээс худалдаад авчихсан байхгүй юу” гэж хариулдаг. Миний хань амьд байсан бол элдвийн дэмий дуучид дууг нь дуулахыг сонсоод “Дэмий дээ миний хүү” гэж л хэлэх байсан байх даа.


Зүүн гараас дуучин Д.Отгонжаргал, Д.Ганмягмар, Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазар нарЗүүн гараас дуучин Д.Отгонжаргал, Д.Ганмягмар, Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазар нар

-Өөрөө 25 дугаар суваг телевизэд нэвтрүүлэг хийж байгаад их хөгжмийн зохиолч Чинзоригтой танилцсан гэдэг бил үү?

-Ханьтайгаа танилцахын хувьд Монголын радиод байхад танилцаж байсан. Тухайн үед манай хүн залуу хөгжмийн зохиолч. Наяас ерээд оны үед шинэ уран бүтээлүүд нь гарчихсан. Би Монголын радиод концертын студид ажиллаж байсан. Тэр үед бүх л хөгжмийн зохиолчид Монголын радио концертын студид дуугаа бичүүлдэг байлаа. Тухайн үед би Чинжигийг “Нутгийн ах минь” гэж хүндэлдэг байсан. Оюутан байхаасаа л “Намрын дурсамж”, “Үүлэн цэнхэр хангай”-г дуулдаг байсан. 25 дугаар суваг телевизэд ажиллаж байхад дотно танилцсан. Тэр үед “Дуу төрсөн түүх” гэдэг нэвтрүүлэг хийдэг байсан. “Намрын дурсамж” дууны “Дуу төрсөн түүх” нэвтрүүлэг хийсэн. Тэр үед хавар болж байсан. Чинзориг бие тааруу гээд эмнэлэгт хэвтлээ гэж сонсогдож байсан. Тэгтэл манай захирал З.Алтай “Тэр Чинзориг чинь танай нутаг биз дээ” гэж байна. “Тийм, яасан” гэсэн чинь “Цаадахын чинь бие муу, эмнэлэгт хэвтэж байгаа гэж байна. Чи эргэлтээр оч. Тэр хүний тухай нэвтрүүлэг хий” гэхэд би зөвшөөрсөн. Тухайн үед манай хадам ээж ганц хүүдээ амин хайртай учраас утсаар ч яриулдаггүй байсан. Олон түмнээс хүүгээ харамлаж байгаа нь тэр. Тэгээд арайхийж холбоо барьж очиж уулзсан даа. Бие нь үнэхээр ядруухан байсан.

-Алдрын оргилд гарчихсан авьяасын тэнгэр хүүгээ ангир ээж нь алив бүхнээс харамлан халаглан хайрлаж байж дээ?

-Тэгээд тухайн үед нэвтрүүлэг хийхээр боллоо. Нэлээд хугацаа өнгөрсний дараа “Намрын дурсамж” нэвтрүүлгийг хийж илүү танилцсан. Энэ нэвтрүүлгийг хийхэд надад өөрийнхөө хамаг нандин гэсэн бичлэгүүдээ өгсөн. Хуурцгийг авчихаад би өөртөө ч итгэхгүй гар салгалж байсан. Энэ бол гайхамшиг шүү дээ. Хүн юманд амархан баярлаж, амархан зүйлд уярдаг юм байна гэдгийг тэр үед би өөрөөсөө харсан. “Нэвтрүүлэг нь яаж байна, би очих уу” гээд утсаар холбогдоно. Нэвтрүүлгийн эвлүүлэг хийхэд хүртэл хамт сууж байсан. Орой ажлаа тараад хамт алхдаг байлаа. Хамт алхаж байхдаа л “Өвдчих вий” гэж санаа тавьж явсаар байгаад дотноссон доо.

Д.Ганмягмар хүүхдүүдийн хамт

-Чинжиг өөрөөс чинь их олон ах байсан гэдэг байх аа?

-Бид хоёр чинь нэг л жилтэй улс шүү дээ.

-Шарав гуай өөрийг чинь танайхнаас гуйгаад ирэхэд Чинжиг өөртөө Зуу татдаг нь манайд байна. Зурагтаар гардаг нь танайд байна гэсэн онигоо зохиочихсон сууж байсан гэдэг үнэн үү?

-Тэр үнэн үнэн. Шарав ах гуйсан. Албан ёсоор хадаг тавьж бэр гуйлгана гэсэн нь үнэн. Бид хоёр адилхан жилтэй. Манай хүн чинь танилцаад л Дуурь (ДБЭТ) луу дагуулж ороод Булган (МУУГЗ Эрдэнэбулган) ахтай ч танилцуулсан. Би тэр үед их ичсэн. Дараа нь “Манай багш дээр очно” гээд Жанцанноров гуайнхыг зориход “Би ичээд байна” гэсэн. Тэр үед Чинжиг минь “Зүгээр ээ, чамаас залуу эхнэртэй” гэхэд нь санаа амраад Жанцанноров гуайнд очсон доо. (инээв. сур) Эрдэнэбулган ахтай уулзахад хэрэг хийчихсэн хүн шиг байсан. Тэр үед Булгаа ах бид хоёрыг хичнээн гоё хүлээж авсан гэж санана. Тухайн үед “Та хоёр ямар адилхан юм” гэж байсан. Бид хоёрыг “Муухай байна, боль” гэж байсан хүн нэг ч байхгүй. Бүгд л бид хоёрыг гоё хүлээж авч байсан. Тухайн үед Жанцанноров гуай нөхөрт маань “Чи битгий хүүхдийн амьдрал баллаад хаячихаарай. Эрүүл мэндээ бодно шүү, чи” гэж захиж байсан. Харамсалтай нь тэр минь бидэнтэйгээ тийм ч удаан хамт байж чадаагүй дээ.

-Монголын их суут хөгжмийн зохиолчийн үр садаас авьяас билгийн оч цахилж байна уу?

-Ямар ч байсан нэг хүүхэд маань коллежоо хөгжимчнөөр төгсчихлөө. Хичээлийнхээ хажуугаар нэг группт очоод тоглоод, дуулаад байгаа. Одоо бакалаврт сууж байна. Найзалж буй найзууд нь өөрийнх нь мэргэжлийн төрлийн хүмүүс. Нэг нь Дуурийн оркестрт сууж байна. Энэ хоёр маань хөгжмийг эхийн хэвлийд байхаасаа сонсож өссөн. Хөгжимтэй яах аргагүй холбоотой. Бид хоёрын хүсч мөрөөдсөнөөр аялгуун дунд өссөн. Бид хоёр их дуулдаг байсан. Надад зориулсан дуу ч бий. Манай нөхөр Баасанжав гуайгаар дуулуулна гэж байсан. Амьддаа бол утсаар л сонсож байснаас өөрөөр сонсож байгаагүй. Тэр дууг бид хоёр их дуулдаг байсан. Банхар Пүрэвжавын шүлэг “Дорноос хүрэх саран” гэдэг дуу.

-Тэр дууг нэг дуулж болох уу?

-“Дорноос хүрэх саран

Дотор арвилам туяатай

Домгийн гүнж шиг чи минь

Дуулах зүрхнээс уяатай. Ингээд л бид хоёр дуулдаг байсан даа. Манай нөхөр гэрт хүн ирэхээр төгөлдөр хуураа тоглоод дуулж өгнө. “Чамд дууны жоохон юм байна” гэж намайгаа бас хөөрхөн өхөөрдөхөө мартахгүй ээ. Хэрвээ би Чинжигийгээ амьд мэнд байсан бол мундаг дуучин болчихсон байх байсан гэдэгт ер эргэлздэггүй шүү.

-Хүний хувь тавилан л юм даа. Дуучин заяанд хүргээгүй ч дууны хорвоог ойлгох тавиланд өргөжээ гэж би хувьдаа хүндлэх л юм байна. Ингэхэд та аль нутгийн хүн бэ?

-Би Булган аймгийн Сайхан сумынх, манай нөхөр Могод сумынх. Могод сумаас яруу найрагч Санжжавын Оюун, Оюунчимэг эгч хоёр байна. Би могодынхонтойгоо ойр байдаг.

-Хоёр охин чинь аавыгаа амьдрал дээр мэдэхгүй ч мэргэжлийн хөгжимчид болохоор зохиол бүтээлээр нь сайн мэднэ биз?

-Бид хоёр гэдсэнд байхаас нь л дуулдаг байсан. Хэвлийд байхаасаа л аавынхаа бүтээлийг сонсож байсан даа. Төрснөөсөө хойш би аавынх нь дууг үргэлж сонсгодог байлаа. Талийгаачийнхаа “Чингис хааны говь” цомгийг Солонгост хэвлүүлж ирээд хоёр охиндоо л их сонсгодог байв. Цөөхөн хувь хэвлэсэн хэдий ч маш чанартай сайхан цомог болсон. Ер нь манай хоёр охин хүн болж ирэхдээ л аялгуунд өлгийдүүлж ирсэн дээ. Долоо хоногийн дөрвөн өдөр би Хөгжим бүжгийн сургууль дээр өнждөг байсан. Тавдугаар ангид нь мэргэжлийн хичээл заахад эцэг, эх нь заавал суух ёстой. Би өөрөө л дагуулж явна. Хааяа хүү маань очно. Хүү Энхсайхан минь л хоёр дүүдээ аавын оронд аав болж өдий хүрсэн дээ. Хүүгийнхээ хүүхэд насыг үгүй хийчихсэн юм шиг сэтгэгдэл одоо ч төрж өрөвддөг шүү.

-Том хүү одоо хаана байна?

-Энхсайхан маань Шведэд гэр бүлээрээ амьдарч байна. Сайхан ханьтай, сайн хадмуудтай учирсан. Хүний заяа төөрөг гэдэг цаанаасаа өгөгдөлтэй байдаг. Миний хүү сайхан эхнэртэй. Түрүүн нээрээ, манай Чинжиг сүй тавьсан тухай чи асуусан. Шарав ах, Мийгаа ах хоёр манай ахынд очиж хадаг тавьсан нь үнэн. Тэр нэг хошин үгийг Шагдарын Уянга зохиосон юм уу, арай Чинзориг өөрөө зохиогоогүй байх. Цоодол гуай тэрэнд их оролцсон. Одоо бодоход өөрсдөө л мөр мөр нэмсэн байх. Цэвээнлхаазал гэдэг залуу байсан даа. Завханых. Одоо хурандаа болчихсон. Эд нар чинь л алиална. Манай Чинзоригийг “Зурагтаар гардаг нь танайд байна. Зуу татдаг нь манайд байна” гэх мэтчилэн алиалдаг байсан. Хөгжмийн зохиолчдын онигооны номонд орчихсон байдаг юм гэсэн. Хороололд манай ахынд очиж хадаг тавихдаа сүүтэй, хадагтай очсон юм билээ. Манай хүргэн ах Хэнтийнх, Шарав ах Хэнтийнх тэгээд энэ хэд яриа хөөрөө болж сууцгаасан гэсэн. Чинзориг гэртээ тогтож ядан хүлээгээд л, би ажил дээрээ байсан. Манайх чинь 11 хүүхэдтэй айл, найм дахь нь би. Миний аав мундаг гоё монгол эр хүн байсан. Манай аав адуучин эр хүн байсан даа.

Э.НАРАНЗАЯА

Categories
мэдээ цаг-үе

Д.Батболд: Өндөр гэгээн Занабазар Ламын гэгээн Лувсанданзанжанцанд “Номын хаан” гэсэн цол хайрласан

Монголын шашин, соёлын нэрт зүтгэлтэн, соён гэгээрүүлэгч, Монгол маарамбын оройн чимэг, ууган зурхайч, Эрдэнэбандида хутагт Хамба номунхан, Бурханы шашны гурван зулын нэг, одон зурхайг үндэслэгч Ламын гэгээн Лувсанданзанжанцантаны түмэн өлзий гийсний 380 жилийн ой энэ онд тохиож буй. “Ламын гэгээн Лувсанданзанжанцан судлал” төвийн тэргүүн, утга зохиолын шинжлэх ухааны магистр Д.Батболдтой уулзаж ярилцлаа.


Зүүн гар талаас Д.Батболд Ламын гэгээний VIII дүр Данзанжамбалчойжишинэн-гийн хамт

-Ламын гэгээний анхдугаар дүр Лувсанданзанжанцан гэж эгэлгүй бурхан хүмүүн Монголд мэндэлсэн байдаг. Энэ их хүний намтар цадигаас та хуучлаач?

-Монголын анхдугаар Богд, Халхын Өндөр гэгээн Гомбодоржийн Занабазарын наран саран мэт хоёр шавь Ламын гэгээн Лувсанданзанжанцан, Зая бандида Лувсанпэрэнлэй хоёр юм. Өндөр гэгээн Занабазарыг Монголын төдийгүй дэлхийд суу алдраа мандуулсан соён гэгээрүүлэгч суут их богд гэдгийг хүмүүс мэднэ. Ламын гэгээнтэн бол анхдугаар богдоос дөрвөн насаар дүү хүн. 1639 онд мэндэлж, 1704 онд нирваан дүрийг үзүүлсэн. Өндөр богдын хоёр их шавь бол чухамдаа 2500 гаруй жилийн өмнө Энэтхэгийн газар Бурхан багш хэмээх Сайзин хааны хөвгүүн Шонүдондов өөрийн хоёр шавь Шаарийбу, Гунгаабу хоёртойгоо Бурханы шашныг дэлгэрүүлсэн, түүнээс мянга гаруй жилийн дараа Цаст Түвдийн газар Богд Зонхова хэмээх Лувсандагва өөрийн хоёр шавь Жалцавжэ, Хайдавжэ нартайгаа гэлүгбагийн шашныг дэлгэрүүлсэн, түүнээс хоёр зуугаад жилийн хойно Умард Монголын оронд Өндөр гэгээн Занабазар хоёр шавьтайгаа шарын шашныг дэлгэрүүлсэн энэ бүхэн бүтээсэн үйлээрээ хувь сацуу ариун гэгээн зам мөрт юм. Эд бүгдийг Бурханы шашны нэгэн урсгал савд багтаан ярьж болох боловч чухамдаа тус тусын орондоо өөр өөрийн өвөрмөц онцлогтой шашин номын үндсийг тавьсан хэрэг. Халх Монголын газар шашин номын хөлийг суурилуулж, түгээн дэлгэрүүлсэн анхны хүн бол Ламын гэгээн хэмээн алдаршсан Бурханы шашны зүтгэлтэн, гүн ухаантан, нэрт оточ, зурхайч Лувсанданзанжанцан юм.

-Шашин номын талаасаа аргагүй агуу зүтгэлтэн юм. Удам угсааг нь хөөвөл чухам ямархан монгол хүн юм бол?

-Лувсанданзанжанцантан бээр Халхын Хангай ханы өргөн цэцэрлэгт Чингис ургийн алтан аргамжны үзүүрт залгаанд гучдугаар үеийн Хөндлөн цөхүр ноёны хөвгүүн Номун эзний дүү Эрх цөхүр хэмээхийнд арваннэгдүгээр жарны шаргачин туулай жил (1639 он)-ийн хаврын тэргүүн сарын шинийн арван таванд мэндэлж, таван сүүдэртэйдээ 1643 онд Түвдийн Банчин эрдэнийн эш бошгоор Дашлхүнбэ хийдийн хамбо асан дүвчин Лэгцэглхүндэвийн хувилгаан хэмээн тодорч, долоон насандаа 1645 онд Түвдийн газраас Гачин хэмээх зарлигийн багшаар нь залж авчирсан Гачин цорж Лувсан-Яринпилээс тойн хувраг болж, Лувсанданзанжанцан гэсэн сахилын нэр авсан. Ингээд арван долоотойдоо Түвдийн Үй Зангийн газар сургууль ломнир хийхээр одож, Тавдугаар Далай лам Лувсанжамц, Банчин эрдэнэ Лувсанчойжалцан нарт бараалхан багш шавь барьж, номын мэргэд олноор чуулсан Лхас, Дашлхүмбийн газар сурлага боловсролоо дээшлүүлж, судар тарнийн болон чойрын ном үзэн, эм зурхайн эрдэмд суралцсан байгаа юм.

-Голчлон ямар ном эрдэмд шамдсан байдаг бол?

-Дашлхүмбийн чанга хатуу дэглэмтэй, ховор нандин номтой агба дацангийн суудал жавданд багтаж, гурван жил шашны зан үйл, Равнай жинсрэг, хот мандлын тиг хэмжээ, өнгө будаг, хурал номын уншлагын ая дан, чагжа, цам тэргүүтний учир ухааныг нарийвчлан судалсан байдаг. Түвдийн Лхас, Дашлхүмбийн газарт зургаа долоон жил суугаад 24 насандаа 1662 онд Халхын нутагтаа эгэн морилж орон хүрээг үүсгэн, Түвд Дашлхүмбийн дэгээр хуврагийн аймаг дацан сургуулийг байгуулсан байна. Бөөрөлжүүтийн газар Цэрэлжүд буюу Насны шим үрэл шинэ хийд Гандандашгэпэллин хэмээхийг цүглэж, гурван дацанг үүсгэн Дашлхүмбэ, Сэра хийдийн жаяг дэгээр тогтоосон нь Зая бандидын үед бурсан хуврагын тоо зургаан зууд хүрч байж. Ламын гэгээнтэн 1686 оны барс жилийн цагаан сарын ерөөлөөр Хүрээнд ирж олон гүүш хэлмэрчийг цуглуулж “Дагег-самдог” гэдэг толь бичгийг орчуулах ажлыг удирдсан.

-Үнэхээр хэтийдсэн эрдэмтэй гэгээнтэн байжээ?

-Барс жилийн намар Заг-Байдрагийн голын уулзвар Хүрэн бэлчирийн газар болсон долоон хошууны чуулганд морилж, долоон хошууны гурван хаад голлосон олон ноёдыг шашин, төрийн хэрэгт гэмгүй байлгахын тулд Өндөр гэгээн Занабазар, Галдан ширээт хоёр удирдан оролцоход Ламын гэгээн зарлигийг орчуулж уриалан зарлаж байсан байдаг. 1694 оны өвөл Өндөр гэгээнд бараалхахаар Хүрээнд ирээд олон шавь нарт эм тан, зурхай тэргүүтнийг зааж өгсөн. Энэ үеэр Их Хүрээний олон хуврагт гэцэл, гэлэнгийн санваар өгөхөд Өнгөр гэгээнээс Лувсанданзанжанцанд “Хамба номун хан” цол олгож, олбог түшлэг, ямба нэмсэн удаатай. Их Хүрээний олон шавь нарт сахил санваар өгсөн явдалд Өндөр гэгээн баясаж уг цолыг олгосноос хойш “Ханчин Чойжил” гэж алдаршсан тухай судар цадигт тэмдэглэсэн байдаг. Халхын Их Хүрээний анхны хамба номун хан нь манай гэгээнтэн байсны учир энэ.

-Галдан бошигт хаан цэрэглэн наашлахдаа “Ламын гэгээний сүм хийдүүдээс нэгийг ч бүү оролд” гэсэн тушаал буулгаж байсан гэдэг. Тэр үед гэгээнтэн хаа байсан бол?

-Луу жилд Галдан бошигт цэрэглэн ирэхэд Өндөр гэгээн буруулах байдлаар зүүн зүгт морилоход дэргэд нь бараа болж явсан. Могой жил Хатан голын орчим залрахад Ордос хавийн монголчууд бүгдээрээ өргөл хүндлэлийг дэвхэрлэж, ном айлтган шүтсэнд Ламын гэгээнтэн Хатан гэцэл Дарад зарлиг айлтгаж, Гонганданравданлин хийдийг байгуулж, хурал номыг удирдаж байж.

-Гэгээнтэн Монголын нөлөө бүхий хаад ноёдын багш байсан гэдэг бил үү?

-Монголын төр, шашинд нөлөө бүхий Очирай Түшээт хан, Жамба Дайчин ван, Хөндлөн ван, Пунцаг ван, Зая бандида Лувсанпринлэй, Дарба бандида Содовжамц, Жалханз хутагт Лувсанданзанжамц, Наран хутагт зэрэг ноёд, лам нарын багш байсан нь түүнийг Монголын төр, шашинд зохих ёсоор нөлөөлж байсныг гэрчилдэг. Тэр 1700 онд Өмнөд Монголоос ирж, төрсөн нутаг (Баянхонгор, Өвөрхангай)-таа суурьшсан байдаг.

-Ламын гэгээн бүтээл туурвил хэр үлдээсэн бол?

-Судар, тарни, эмнэлэг, зурхайн тайлбар дөрвөн боть зохиолыг түвд хэлээр бичсэн нь хятад болон монгол бараар нийтэд ихэд тархсан. Энэхүү дөрвөн ботид багтсан зохиолуудыг нь төрөл зүйлийн хувьд ялган үзэх юм бол зарлигийн ачит багш, бурхад догшдод өргөсөн залбирал магтаал, зориулгын ерөөл, сургаалын шүлэг, гүр дуулал, “тайлбар” хэмээх судар тарнийн номуудын үг утгыг нээн шинжилсэн бүтээл, эм зурхайн ухааны сурах бичиг, гарын авлага, нэмэлт тайлбар” шашны зан үйлийн бясалгал бүтээлийн арга, балин тахил өргөхийн ёсон, нууц увдисын эрхэшийг нээх хөтлөх, даган соёрхлыг өгөх, хүртээхийн ёсыг товч, дэлгэр тайлсан олон бүтээл байна. Миний Ламын гэгээнтний ”Зарлигийн ачит хамба номунхан Лувсанданзанжанцан сайн цогтод соёрхол талбихуй” хэмээх бүтээлийг монголчилж, түүхийн шинжлэх ухааны доктор, МУИС-ийн профессор, зурхайч Л.Тэрбиш багш маань ариутган шүүсэн. Лувсанданзанжанцан бол Монголын уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэхэд үлэмж их гавьяа байгуулсан ууган оточ гэж зүй ёсоор нэрлэгдэх эрдэмтэн. Тэр “Нисваанист тачаангуйгаас хий, уур хилэнгээс шар, мунхгаас бадган гарах бөгөөд тэдгээрийн үр дагавар 404 өвчний ерөндөгт номлосон “Цог төгөлдөр дөрвөн үндэс” хэмээх номын шим буюу үндэс адил нь “Язгуурын үндэс” хэмээн алдаршсан түүнийг энд номлож үйлдэх болой хэмээн “Анагаах ухааны язгуур үндэсний тайлбар тодруулагч зул хэмээх оршвой” хэмээх тэжээхүй ухааны номыг монгол оронд дэлгэрүүлэн хөгжүүлсэн, Оточ Манал бурхантай ялгал үгүй эрдэм увдис эзэмшсэн их оточ байсан юм билээ.

-Ламын гэгээний хэдэн дүр хувилаад байна?

-Ламын гэгээн Лувсанданзанжанцангаас хойш Лувсанбанчинбалбар, Лувсанцэвээнжавцог, Лувсанбалдандамбацүлтим, Лувсанпэрэнлэйтогмэд, Жамьяндорж, Цэрэндорж, Ламын гэгээний наймдугаар дүр Данзанжамбалчойжишинэн нар тодорсон. Наймдугаар Ламын гэгээнтэн маань эдүгээ Энэтхэг оронд эрдэм номд шамдаж байна.

-Ламын гэгээнтний түмэн өлзий гийсний их ойг хэрхэн тэмдэглэж буй бол?

-Зургадугаар сарын 6-нд Их Богд хайрханыг тайх тахилга Богд суманд болсон. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын ивээл дор Монгол анагаах ухааны олон улсын их хурлыг Төрийн ордонд өнгөрөгч сарын 21-ний өдөр амжилттай зохион байгууллаа. Энэ онд Ламын гэгээний нууцын номын санд хадгалагдаж байсан 42 боть судрын нэг, Ламын гэгээний тавдугаар дүр Лувсанпэрэнлэйтогмэдийн намтар “Сайн хувьтны горилыг хангагч хүзүүний чимэг” хэмээх түүхэн нэн ховор судрыг түвд хэлнээс монгол хэлнээ орчуулан гаргалаа. Одоо энэ сарын 25-27-ны өдрүүдэд Ламын гэгээнтний анхдугаар дүр Лувсанданзанжанцан хутагтын түмэн өлзий гийсний 380 жилийн ойн баяр наадам болох гэж байна. Баяр наадмын хүрээнд азарга, хязаалан, соёолон насны морьдын уралдаан Дуурсахын хөндийд болох бол үндэсний сур, шатар, шагайн тойрмын тэмцээнүүд зохиогдоно. Мөн бөх барилдаж, Майдар эргэх ёслол Баянхонгор аймгийн дөрвөн зүгт болох юм. Сарлагийн баяр, өсвөрийн бөхийн барилдаан, төрийн шагналт яруу найрагч Чойжилжавын нэрэмжит “Хүрэн морь” яруу найргийн наадам зохиогдохоор хөтөлбөрт тусгагдсан.


Categories
мэдээ цаг-үе

Д.Ганмягмар: Ихэр охидыг төрөхөд Чинжигийн маань багш Н.Жанцанноров, Б.Шарав ах хоёр нөхөр минь юм шиг өөриймсөг хандаж байсан

Төрийн шагналт хөгжмийн зохиолч Ц.Чинзориг. Охин нь аавынхаа зураг дээр цэцэг зурсан ажээ.

Монгол Улсын төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Цэдэн-Ишийн Чинзориг 1955 онд Булган аймгийн Могод суманд төржээ. Тэрээр 1975 онд Улаанбаатар хотноо Багш нарыг бэлтгэх сургуулийн дуу хөгжмийн ангийг, 1986 онд Уралын хөгжмийн дээд сургуулийн хөгжмийн зохиолчийн ангийг тус, тус төгссөн. Анхны багш нь Монгол Улсын хөдөлмөрийн баатар, төрийн хошой шагналт, ардын жүжигчин Н.Жанцанноров бөгөөд анхны уран бүтээл нь “Учран золгохын ерөөл” дуу байв. Урын сандаа 300 гаруй нийтийн болон найрал дуутай бөгөөд цөөхүүл болон найрал хөгжмийн 400 гаруй бүтээл туурвижээ. 1990 онд “Илдэн уулын цуурай” оратори нь Азийн шилдэг бүтээлийн жагсаалтад бичигдэж, ЮНЕСКО-гийн алтан санд бүртгэгдсэн байна. 1994 онд “Дууны хорвоо” бүтээл нь шилдэг бүтээлээр шалгарч “Морин хуур” уралдааны тэргүүн шагналыг хүртсэн. “Илдэн уулын цуурай”, “Тэмүүжин” дуурь, “Үүлэн цэнхэр хангай”, “Ус мөрөн олон чиг”, “Намрын дурсамж”, “Зүүдний говь”, “Учран золгохын ерөөл” бүтээлүүдээрээ 1996 онд Төрийн соёрхол хүртжээ.

Д.Урианхай, Д.Ганмягмар нар.

Монгол Улсын төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Цэдэн-Ишийн Чинзоригийн гэргий, сэтгүүлч Даваасүрэнгийн Ганмягмартай уулзаж хөөрөлдлөө.


-Та ямар ажил хийж байна даа?

-Сүүлийн үед нас явж, намба суугаад ч гэх юм уу үнэний мөр, үйлийн үрийн учир шалтгааныг ойлгохоор бясалгалыг судалж нэлээд үзлээ. Бясалгал руу орох шалтгаан маань эрүүл мэндтэй холбоотой байсан. Олон эмнэлгээр явсан ч үр дүн муутай байлаа. Зарим эмнэлгийнх нь төлбөр өндөр байна. Өөрийн хийж чадах юм өөрийгөө л таних учраас олон хүн, амьтан ах дүүд төвөг удахгүйгээр эмчилчих санаатай бясалгалд шимтсэн. Хүн эрүүл амьдрах учиртай. Эх хүн чинь үр хүүхдийнхээ төлөө л зүтгэж явдаг. Тиймээс рейки бясалгалын тухай сонсоод багштай нь уулзаж эмчлэгдэхгүй гэж байсан өвчнөөсөө салсандаа баяртай явдаг. Нурууны үе шохойжчихсон байсан. Хусах хэрэгтэй, Монголд хийдэггүй эмчилгээ, Бээжин рүү яв гэсэн оноштой байсан. Маш их өвддөг байлаа. Хүүхдүүд маань ч жаахан байж. Рейкигийн багш маань Турсун гээд мундаг хүн байдаг. Академич Цэрэнсодном гуайн бэр шүү дээ. Өнгөрөгч хавар “Манай бэр” реалити шоунд оролцож байсан даа. Хүний бие махбод чинь энергийн цогцолбор байдаг. Таван махбод, таван хий, арга билгээс бие махбод бүрдэж байдаг байгалийн бүтээгдэхүүн юм байна шүү дээ. Өөрийн биеийн урсгалын энергийг жигд байлгаад байхад хүн эрүүл саруул яваад байх боломжтой юм байна. Багшаараа эмчлүүлснээр нурууны шохойжилт байхгүй болж, рентгэн зураг авахуулахад эмч намайг “Эв эрүүл байж” гэж бараг аашилсан.

-Бясалгалаар нурууны шохойжилт алга болчихож байна гэсэн үг үү?

-Бясалгал, энергийн дамжуулалт их эерэг үр дүнд хүрдэг. Энэ рейкигээр анагаагдахгүй өвчин гэж байдаггүй гэж ярьдаг. Хорт хавдартай хүн хүртэл эдгэрсэн. Нэгдүгээр эмнэлгийн нэг сувилагч өөрийгөө үүгээр эмчилсэн байдаг. Хараагүй хүүхдийг хүртэл хараа оруулсан тухай уран сайхны кино ч байдаг. Хүн өөрөө хичээгээд орчин, байгаль дэлхийгээ таниад ирэхийн цагт зөв хүн байх, эрүүл байх гэдэг дэргэд байдаг юм байна. 2000-аад оны эхээр “Агнистын гэгээ” цуврал гарч эхэлж байлаа. Нэг зуны амралтаар эхний дөрвөн ботийг авч уншаад “Мял Богдын гэгээрсэн түүх” үнэхээр гайхалтай санагдаж байсан. Цааш нь гайхан биширч явсаар “Жавзандамба хутагт төв”-ийн “Лавайн эгшиг” радиог сонсдог болсон. Нямсамбуу гавьжийн сониорхолтой ярилцлага, хичээлүүд их явна. Ингэж Нямсамбуу багшийн Буддын “Сонсъё, ойлгоё, хэрэгжүүлье” сэдэвт хичээлд сууж байлаа. Учир шалтгааныг ухах гэсэн зам мөр явсаар одоо “Жавзандамба хутагт төв”-ийн “Зохист аялгуу-89.7” радиод ажиллаж байна.

Д.Ганмягмар хүү, охидын хамт

-Таны хань, төрийн шагналт хөгжмийн зохиолч Ц.Чинзоригийн жаран насны ой хэдэн жилийн өмнө болж байсан. Аавыгаа тэнгэрийн оронд одоход зөрж ирсэн ихэр охид нь одоо өчнөөн том болцгоосон байлгүй?

-Талийгаачаасаа хойш зовлон, жаргалтай амьдралын харгуйг туулж л явна. Хүний хань гэдэг нэгэн биеийн хоёр тал. Хүний амьдрал дээр ч арга билиг тэнцвэртэй байх учиртай. Эхнэр, нөхөр хоёр ч гэр бүлээ авч явах, үр хүүхдүүдээ өсгөж, хүмүүжүүлэх үүрэгтэй. Гэвч, харамсалтай нь бид хоёр олон жил хамтдаа сайхан амьдарч чадаагүй. Талийгаач маань хоёр охиноо төрөхөөс нь арваадхан хоногийн өмнө өнгөрч, үхэл амьдрал хоёр солигдож байсан. Тэр айхтар хүнд үеийг бодвол цаг хугацаа олон жилийг ардаа үдэж. Талийгаачийг өнгөрөхөд надад үнэхээр хүнд хэцүү байсан. Дөнгөж төрчихсөн, нялх хоёр хүүхэдтэй. Бие тулгар эмнэлгээс гарч ирж, талийгаачийнхаа ажил явдлыг хийчихээд буцаад эмнэлэгт хэвтэж төрж байсан. Талийгаач маань намайг Нэгдүгээр төрөх эмнэлэгт өөрөө дагуулж очиж Үйлст эмчийн хяналтад оруулж байсан. Сайхан алтан гартай эмч, сувилагч нарын буянаар энх тунх төрж байлаа. Миний хоёр охиныг төрдөг өдөр ардын жүжигчин Д.Лувсаншарав гуай хөдөлмөрийн баатар цол авч байлаа.

-Чинжигийн найз нөхөд нь ирж байв уу?

-Хүнд үед хүний хамгийн ойр дотны нөхөд нь л байдаг юм байна лээ. Б.Шарав ах маань тэгэхэд дэргэд байлаа. Ханийн минь багш Жанцанноров гуай гүйж ирж байлаа. Академич Ж.Болдбаатар ахын гэргий яруу найрагч Оюунчимэг эгч ирж байсан. (Нулимс нь цийлгэнэж, хоолой нь зангираад ирэв. сур) Жанцанноров гуай, Шарав ах хоёр бараг л нөхрийг минь орлож байгаа юм шиг орж ирээд эмч нартай уулзаж их өөриймсөг хандаж байсан. Баярлаад баршгүй дээ.

-Тэр тэнгэрлиг туурвигчийн бүтээлүүдийг олон түмэнд хүргэх гэж хичээнгүйлэн зүтгэж байгаад тань Монголын ард түмэн баярлаж явдаг даа?

-Түүнийгээ тэнгэрт одсоноос хойш олон олон жилийг ардаа үдлээ. Энэ хугацаанд талийгаачийнхаа уран бүтээлүүдийг дуугаргаж байх юмсан, бүтээлийг нь мөнхөд эгшиглүүлж байх юмсан гэсэн зорилгоор тоглолтуудыг тасралтгүй хийсэн. Тухайн үед дуулагдаагүй байсан дуунуудыг дуулуулчих гээд цэгцэлж ирлээ. Он өнгөрөх тусам ачаалал их л болоод байдаг юм байна. Ноднин жил талийгаачийн маань үеэл дүү нар нь Д.Содномдоржийн шүлэг “Учран золгохын ерөөл” дууных нь хөшөөг Булган аймгийн төвд Соёлын ордны төгсөгчдөд зориулсан цэцэрлэгт босгосон. “Дууны хорвоо” улсын уралдааныг гурав дахь удаагаа явууллаа. Болж өгвөл, таван жилийн давтамжтай тасалчихалгүй хийх юмсан гэсэн бодол байгаа. Дууны бүтээлүүдийг нь эмхлээд хэвлүүлсэн учраас 2015 оноос хойш хөгжмийн бүтээлүүдийг нь хэвлүүлэх ажилд орсон. “Илдэн уулсын цуурай” оротари, “Нэгдүгээр симфони”, “Ятгын концерт” зэрэг бүтээлүүдийг шивчихсэн байгаа. Оюутан ахуйдаа бичсэн прелюди зэрэг хөгжмийн зохиолуудыг шивүүлэхээр шилжүүлчихээд байгаа.


Ээж, охид. Булган хот. 2018 он.

-Хөгжмийн бүтээлүүд нь тэгвэл удахгүй олон түмний хүртээл болох нь ээ?

-Одоогийн байдлаар хяналтын шатанд явж байна. Амьхандаа л ойрын үед хийчих юмсан гэж хичээх юм даа.

-Ихэр хоёр охин тань Монгол Улсын консерваторид сураад байна уу?

-Монгол Улсын консерваторийн сонгодог хөгжмийн ангиудад сурсан. Ч.Номинцэцэг маань утсан хөгжим (эрдүү хийл)-ийн анги төгсөөд үргэлжлүүлэн суралцаж байна. Ч.Сувданцэцэг маань төгөлдөр хуурын анги төгсөөд СУИС-ийн концертмейстрийн ангид суралцаж байгаа.

-Чинжигийн унаган багын анд, их хөгжмийн зохиолч Б.Шарав агсан төрөөсөө хөдөлмөрийн баатар хэмээх хүндэт цол хүртээд удалгүй бурхан зүг одлоо. Шагнал авах үед нь очиж баяр хүргэв үү?

-Шагнал авсан өдөр нь очоогүй. Наадмын өмнө 10-ны өдөр хоёр охинтойгоо эмнэлэгт очиж эргэсэн. Энэ л бидний сүүлчийн уулзалт байж. Ийм хурдан явчихна гэж яаж төсөөлөх билээ дээ. Жаахан сууж байгаад “Хурдан тэнхрээд гоё болоод гараад ирээрэй” гээд гарсан. Шарав ахыг гэргий Ганаа нь сахиж байлаа. Тэгтэл наадмын дараахан Шарав ах минь бурхны орныг зорилоо доо. Шарав ах минь талийгаачаас хойш уран бүтээл, ойн үйл ажиллагаа гээд бүх л юманд зөвлөж, бидэнд хамгийн ойр байсан даа. Түүнийг өвдсөнөөс хойш харамсалтай нь тийм ч олон удаа уулзаж чадаагүй. Хүнийг өвдчихсөн байхад ойрхон ойрхон очоод байдаг ч ямар байдаг юм. Эмнэлэгт очиход бид гурвыг үнсээд, бие нь өвдөөд үнэхээр их шаналгаатай байгаа нь анзаарагдсан. Бурхан болсныг нь дуулаад “Шарав ах маань явчихлаа. Тэнгэрийн оронд Чинжигтэйгээ, Билэгжаргалтайгаа уулзаж байгаа байх даа. Ийм сайхан аялгуунуудаараа хүн олноо баясгаж, зөвхөн Монголдоо гэлгүй хүн төрөлхтнийг соён гэгээрүүлсэн улс Бурханы оронд л төрөх нь дамжиггүй” гэж бодсон. Хүн гэдэг сэтгэлийн амьтан гэдэг болохоор энэ миний л өөрийгөө тайвшруулах гэсэн арга биз дээ. Миний хоёр охин ч “Ээж ээ, тэд одоо уулзаж байгаа байх даа” гээд байгаа юм. Хүүхдүүдэд маань энэ хагацал их сонин байсан. Яагаад гэвэл тэд минь аавынхаа гарыг атгаж үзсэн биш. Шарав ахтай ойр байсан болохоор хүнд туссан шүү. (Нулимсаа залгин залгин зангирч байв. сур) Надаас илүү айхтар үг хэлж байсан. “Ээж ээ, ойрхон ойрхон эргэж очих минь яалаа даа” гэж байгаа юм.

-Нялх амьтдын сэтгэл ч цаанаа л нэг эмтрээд байгаа л даа?

-Харин тэгэх минь яалаа л гэж хэлэхээс өөр үггүй болох юм. Хүүхдүүд минь ийм байдалтай л байлаа даа.

-Ярианы сэдвээ жаахан өөрчилье дөө, хоёулаа. 25 дугаар суваг телевизэд ажиллаж байхдаа “Хорьдугаар зууны шилдэг дуунууд” нэвтрүүлэг хийдэг байл уу?

-Би урлаг соёлын нэвтрүүлгүүд ихэвчлэн хийдэг байсан даа. “Дуу төрсөн түүх”, “Мартахгүй” зэрэг нэвтрүүлгүүд байна. Миний хамгийн анх хийсэн нэвтрүүлэг гэвэл “Кино эхлэхийн өмнө” уран бүтээлчдийн уулзалт байна. Манай телевиз байгуулагдсаныхаа нэг жилийн ойг угтаад уран бүтээлийн уралдаан зарласан юм. Тэр уралдаанд зориулж инженер Жаргалсайхан эгч бид хоёр “Цогт тайж” уран сайхны киноны уран бүтээлчидтэй уулзаж, тухайн үедээ хөл хөдөлгөөн болж Дуурийн театраас “Учиртай гурван толгой” дуурийн ар талын хөшгийг авчирч, сэнс үлээлгэн тайзаа бэлдэж ярилцаж байсан. Тэр үед тайзаа гэрлээр л зоддог байлаа шүү дээ. Тэр нэвтрүүлэг уралдаанд түрүүлсэн. Намраас нь Авирмэд ах, Алтай ах эд нар “Энэ нэвтрүүлгийг цааш үргэлжлүүлж хийе” гэж шийдсэнээр “Кино эхлэхийн өмнө” нэвтрүүлэг маш олон жил явсан. Анхандаа би хөтөлж байлаа. Авирмэд ах хөтөлж байсан. Дараа нь “Нэгийг харьцах нэг”-ийн Оюунаа эгч, хааяа нэг “Мандухай цэцэн хатан” кинонд Алтжингийн дүрийг бүтээсэн жүжигчин Отгонтогос хөтөлж байсан даа. 25 дугаар сувагт ажиллаж байхдаа уран бүтээлчидтэй их ойр байлаа. Яруу найрагч, зохиолчдыг урьдаг “Өврийн дэвтэр” нэвтрүүлэг бэлтгэдэг байлаа. “Мартахгүй” гэж дурсамж нэвтрүүлэг хийнэ. Монголын урчуудын эвлэлийн ойд зориулж “Урлан” гэдэг хөрөг нэвтрүүлэгтээ Монголын гайхамшигт зураачдаа, Монголын дүрслэх урлагийн бүтээлүүдийг түмэн олонд танилцуулж, танин мэдэхүйн хүрээг нь тэлж байсандаа баяртай байдаг. Уран зураг бол харах яруу найраг гэдэг үнэн үг шүү. “Хорьдугаар зууны дуунууд” нэвтрүүлгийн тухайд манай хамт олны уран бүтээлчдийн санаачлан хийсэн нэвтрүүлэг. Р.Энхбазар ах ч хийж байсан. Манай Бүрэнжаргал ч хийж байсан. Энэ бол миний санаачилсан нэвтрүүлэг биш. 2017 онд “Хорьдугаар зууны дуунууд”-аа дахин хийхдээ хамтарч ажиллаач гэж З.Алтай ах урьсан юм. Зуун дамнан эгшиглэж байгаа дуунуудын түүхийг хүмүүст ахин таниулах зорилготой нэвтрүүлэг дээ.


Categories
мэдээ цаг-үе

МЗЭ-ийн хогийн савнаас олдсон сод зохиолч П.Лувсанцэрэнгийн архив


Голд нь зохиолч Б.Ринчен, П.Лувсанцэрэн нар

Наадмын өмнөхөн Монгол Улсын төрийн шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч Дамбын Төрбатынд зочлоход өөрийн зохиосон “Суут найрагчийн сувд шиг бүсгүйн нууц”, “Маршал Дэмид”-ийн хоёр цуврал романаа гарын үсэг зуран бэлэглэж билээ. Шарга морьтын зуслан дахь гэрт нь Төрөө ах бид хоёр өдөржин аргиж даргиж суухад сэтгэл догдлуун тэрээр “Засгийн газрын хүндэт жуух бичиг” гэсэн алтан боронзон бичиг бүхий хүндэтгэлийн улаан хавтсыг номын сангаасаа гарган ирж гардан өгөхдөө “Танай нутгийн Пэрэнлэйн Лувсанцэрэн гэж Монголын хүүрнэл зохиолын ноён оргил байсан хүн. Энэ их зохиолчийн архивыг чамд гардуулъя” гэхэд сэтгэл огшин, нүднээ нулимс цийлэх дөхсөн билээ. Нулимс цийлгэнэхээр барахгүй сэтгэлдээ мэлмэртэл асгаруулсан… Бишрэн сүсэлж, хайрлан дээдэлдэг бичгийн их хүмүүнийхээ халуун амьсгалыг мэдрэх шиг, дотно сайхан сэтгэлээс урсах үгсийг сонсох шиг нэг л яруу амьд мэдрэмж сэтгэлд үлдсэн. Бурхад хүний сэтгэлд мөнхөд амьд оршдог. Тийм л амьд бурхны нэг нь тэр их хүмүүн байсан. Зохиолч П.Лувсанцэрэн Баянхонгор аймгийн Баянбулаг сумын нутагт 1933 онд төрсөн хүн. Баянбулаг гэж миний төрсөн нутаг Заг сумаас ерхэн километрт оршдог зэргэлдээх сум л даа. Түүний гайхамшигт өгүүллэг, зохиолуудад манай нутгийн танил газрын нэрс ч олонтаа тохиодог учраас түүнд би Монголын бусад зохиолчдоос илүү хайртай байдаг байж мэднэ. Төрбат зохиолчийн өгсөн мөнөөхөн хавтастай зүйл юу юу байв гэвэл Монголын зохиолчдын хорооны дарга Сономын Удвал ахайтны гарын үсэгтэй 1969 оны нэгдүгээр сарын 9-ний өдрөөр огноолсон 216 дугаартай диплом байна. Зөвлөлтийн Зохиолчдын холбооны удирдлагаас түүнийг бурхан болсны хойно хоёр ард түмний хамтарсан “Ах дүүсийн ном”-ыг бүтээхэд онцгой гавьяа байгуулсан учир шагнасан 1973 оны нэгдүгээр сарын 9-нөөр бичиглэсэн баярын бичиг байна. МХЗЭ-ийн Төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Ч.Пүрэвжавын гарын үсэгтэй МХЗЭ-ийн 50 жилийн ойн “Хүндэт диплом” байна. Мөн их зохиолчийн дүү П.Жамбалын сонинд бичсэн талархал байна. Тэнд “Миний төрсөн ах П.Лувсанцэрэн зуурдаар нас барж, бидэнд тохиолдсон уй гашуудлыг сэтгэл зүрхээрээ хуваалцан гүн туслалцаа үзүүлсэн хотын нэгдсэн эмнэлэг, Силикат тоосго шохойн үйлдвэрийн хамт олон, залуу зохиолчдын дугуйлангийнханд баяр талархлаа илэрхийлье” гэж.

Энэ улаан хавтсанд зохиолч Лувсанцэрэнгийн М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуульд хамт суралцаж байсан төрийн шагналт яруу найрагч Нямбуугийн Нямдорж, зохиолч Д.Гармаа, яруу найрагч Шагдарсүрэнгийн Цогт нарын зураг хэвлэгдсэн сонины хайчилбар зураг, Сергей Миронович Кировын тухай орчуулгын ч гэмээр юм уу, хүүрнэлийн 11-16 гэж дугаарласан хуудсууд, зохиогчийн (А.Таксубаевын орос хэлнээ хөрвүүлсэн) “Четыре письма” хэмээх найман нүүр өгүүллэг, БНМАУ-ын 50 жилийн ойд зориулсан “Миний Монгол орон” бүрэн хэмжээний өнгөт баримтат киноны 55 нүүр зохиол, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга Ю.Цэдэнбалын 1971 оны долоодугаар сарын 2-ноор өдөрлөн гарын үсгээ таталсан Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн газрын Хүндэт жуух бичиг, “Залуучуудын үнэн” сонины хариуцлагатай эрхлэгч С.Чулуунцэрэнгийн гарын үсэгтэй “Нөхөр П.Лувсанцэрэн таныг сонины зөвлөлөөс гаргасан өгүүллэгийн уралдаанд хоёрдугаар байр эзэлж амжилт гаргасан явдалд “Залуучуудын үнэн” сонины баярын бичгээр сайшаан шагнав” гэсэн 1968 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн баярын бичиг (№113), билгүүн номч Бямбын Ринчен, төрийн шагналт зохиолч Сономын Удвал, С.Эрдэнэ, Л.Түдэв, Д.Пүрэвдорж, Л.Ванган, С.Дашдооров, Д.Гармаа, Л.Чойжилсүрэн, Д.Нямаа нарын Монголын болон гадаадын зохиолч, яруу найрагчидтай хамт татуулсан 15 ширхэг зураг (Д.Төрбат С.Дашдооров нартай авахуулсан гурван зураг авч үлдсэн), МХЗЭ-ийн 16 дугаар их хурлын гадаадын төлөөлөгчдөд зориулан хийх хүлээн авалтын урилга зэрэг түүх хүүрнэх зүйлс багтжээ. Дээр дурдсан өгүүллэгийн сүүлчийн өгүүлбэр нь “Тэгэхэд хотын тоос…” гэж илэрхий дутуу төгссөн бөгөөд үүнийг залгуулан дугуй хаалтад (үзгээ тавиад битгий босооч дээ) (Хайрт ах минь дээ. Таныгаа хүндэтгэн дурсан сууна) Пэрэнлэйн Жамбал, Пэрэнлэйн Жамъянсүрэн, Пэрэнлэйн Сосорбарам (дүү нар нь) 2000 он” гэсэн ягаан цэнхэр балаар бичсэн үгс дурайна. Энэ улаан хавтастай архивыг Д.Төрбат бээр ерээд оны эхээр МЗЭ-ийн хогийн саван дотроос олж өдий хүртэл хадгалаад “П.Лувсанцэрэн зохиолчийн нутгийн дүү” надад өгч буй ажгу. Ийм ховор нандин зүйлийн эзэн болсондоо баясал төрөвч Монголын оюун соёлын хэчнээн их өв хогийн саванд шидэгдэн устгагдаа бол гэсэн гунигт бодолд автуулсан юм. Миний бие П.Лувсанцэрэн зохиолчийн талаар үнэхээр гайхамшигтай зохиолч гэхээс өөрөөр мэдээлэл хомс байсан ч зөвхөн эл хавтаснаас олдсон мэдээллээр ямартай ч овог нэгт гурван ч дүүтэй хүн байсныг “илрүүлэв”. Тиймээс эрхэм зохиолчийн төрсөн дүү нар болоод хамаатах хэнбугай ч бай түүнд эл зүйлсийг гардуулан өгөхдөө туйлын их баяртай байх болно.

Ингээд их туурвигч МЗЭ-ийн шагналт зохиолч П.Лувсанцэрэнгийн талаарх бяцхан тодруулга мэдээллийг уншигч та бүхэнтэйгээ хуваалцъя. Тэрээр Баянхонгорын аймгийн Баянбулаг суманд 1933 онд төрж, 1944 оноос бага, дунд сургуульд суралцан 1967 онд Москвад М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургууль төгсжээ. Архангайд Мал эмнэлгийн сургууль төгсөөд 16 насандаа малын бага эмч болж хөдөө орон нутагт ажиллаж байсан аж. Уран бүтээлээ 1962 оноос эхэлж “Нар шингээгүй”, “Ус шиг цэнхэр”, “Хаврын шувуу”, “Мөнгөн аяга”, “Сарны сонат”, “Нүүдэл” зэрэг олон өгүүллэг, “Хөдөөгийн дуун” тууж бичсэн нь “Нар шингээгүй”, “Оддын дор”, “Хаврын шувуу”, “Бодол”, “Учрал”, “Усны эргүүлэг буюу Борзооны явдал” зэрэг ном болон хэвлэгджээ. “П.Лувсанцэрэн сэтгэлзүйн өгүүллэгүүдээрээ тухайн төрөл хэлбэрийг баяжуулж уран сайхны энэ эрэл нээлтийг залгамж үеийн зохиолчид баяжуулсан билээ” гэж нэрт шүүмжлэгч Х.Сампилдэндэв өгүүлсэн байдаг. Зуурхан наслаад зул шиг жаргасан хүүрнэл уянгын их мастерын тухай түүний анд, ардын уран зохиолч Тангадын Галсан бээр нэгэнтээ “Лувсанцэрэн минь байсан бол Нобелийн шагнал авах монгол зохиолч байсан” гэж надтай хөөрөлдөхдөө халаглан дурссан удаатай. Т.Галсан багш маань “Амьд мэнд үлдвэл алсдаа Монголын зохиолчдоос Нобелийн шагнал хүртэж мэдэх билиг танхай авьяаслаг зохиолч Пэрэнлэйн Лувсанцэрэн үрэлтээс шатсан жижиг тэрэг дотор боодог болтлоо түлэгджээ.

П.Лувсанцэрэнгийн архив

Лувсанцэрэн бид хоёр нэг нутгийнхан. Бас гэргий нь манай Кино үйлдвэрийн Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч дарга байлаа. Лувсанцэрэн маань коммунизмын орны хамгийн сайн эмнэлэгт сар шахам хэвтэж эмнүүлсэн. Энэрэхүй сэтгэл, эрдэм төгс эмч нар ачтай ч, эрлэгийн элч тэднээс хүчтэй байжээ. Монголоос яаралтай очсон ханийнх нь халамж, халуун сэтгэлийн дулаан үг, миний хүргүүлсэн хойлгийн мах, чацарганы тос Лувсанцэрэнд аврал болсонгүй. Учир нь талийгаачийн биеийн наян хувь нь түлэгдсэн байж. Гэвч ухаан саруул, ганц ёолохгүй байсанд нь эмч нар гайхаж, тэр хэрээрээ халаглан харуусаж байсан гэдэг. П.Лувсанцэрэн шиг их ном цуглуулсан зохиолч тэр үед Монголд байгаагүй. Гэтэл тэр их номоо талийгаач “Манай нутгийн найрагч Галсанд өгөөрэй” гэж гэрээсэлсэн санж. Тийнхүү надад дэлхийн авьяас билиг, оюун ухааны сор болсон мэргэдийн сонгодог ботиуд үнэгүй ирэх нь тэр. Гэвч, би тэр их эрдэнийг гэртээ зөөсөнгүй. Учир нь манайх гэдэг айл “Майдарын долоо” гэж алдаршсан барилгачдын нийтийн сууцны ганц өрөөнд толгой хавчуулан барилгачин дүүгийндээ хоног хороодог байв. Нөгөө талаар би гээч зөрүүд амьтан, бэлэг бүхэнд гараа тосох хүн биш. Тэгээд Кино үйлдвэр дээрээ хоёр машинаар зөөж авчирлаа. Тэр үед би редактор, дарга, номын санч зэрэг олон алба таширлуулан хашдаг “мундаг” амьтан болчихоод байж. Номын сангийн өрөө уужим.

Энэ танхим бол “Өглөө” кинонд Ленин, Сүхбаатар хоёр золгон учирдаг зургийг авсан түүхт өрөө. Тэгээд ч тэнд Лениний номын сангийн гурван том шүүгээ байх. Харин дотор нь ном цөөн “Советское фото”, “Советский фильм”, “Правда” зэрэг сонин сэтгүүл навсайж хэвтэх. Зохиолч П.Лувсанцэрэнгийн номын сан “Монгол кино” үйлдвэрийн номын сан болсон түүх ийм. Лууяагийн шалнаас тааз тултал хураалттай байсан сайхан ботиудыг Лениний номын сангийн том шүүгээнүүдэд эрийлгэх гэж миний бие, хэдэн дуулгавартай ажилчдынхаа хамт амралтын өдөр ч амсхийлгүй ялгаж төрөлжүүлсээр ярайтал өрсөөр, үйлс сайхан бүтсэний төлөө үүдээ түгжин байж хундага өргөв. Ийнхүү “Монгол кино” үйлдвэр Илиада, Одессей, Ромаяна, Махабхаратаас Жангар хүртэлх дэлхийн бүх туульс, “Алтан навч”-аас “Декамерон” хүртэлх нууц ном, Марк Твенээс Солженыцин хүртэлх дэлхийн зохиолчдын боть, Маркс-Энгельсээс Мао Зэдун хүртэлх гүн сэтгэгчдийн туурвил бүрэн сайхан номын сантай болсон төдийгүй би өөрөө тэрхүү номын сангийн эрхлэгч боллоо. Би сүүлчийн автобус явах хүртэл номын сандаа дэлхийн авьяас дээдэлж, ухаан ууж суудаг болсон билээ. П.Лувсанцэрэн маань М.Горькийн нэрэмжит, утга зохиолын дээд сургуульд сурахаар одохоосоо урьд Намын түүхийн институтид улс төр, гүн ухааны чиглэлийн орчуулагч байсан болоод ч тэр үү, “Гүн ухаанд эс нэвтэрвээс гүехэн ухаантан болно” гэдгийг тооцдогтоо ч тэр үү, Аристотель, Маркс, Энгельс, Ленин, Гегель, А.Эйнштейн, Күнз, Минз, Далай лам, Бурхан багшийн сургаалаас уруудуулаад Маогийн сонгодог зохиолуудыг олж цуглуулсан, уншиж тэмдэглэсэн нэгэн байж. Энэхүү дүгнэлт үнэн болохыг, тэдгээр ботийг дөнгөж сөхөж харсан хэнд ч ил үзэгдэнэ. Мөр мөрийн дундуур улаан, хөх, ногоон балаар зурсан, хуудасны зах дагуу нямбайхан бичсэн тэмдэглэл цөм Лу-гийнх бөлгөө. Сэхээтэн явах цагтаа овоо чамбай номын сантай байсан олдой миний бие малчин болохын цагтаа хайран сайхан номоо, уншсан номын тэмдэглэлээ шавь нартаа тараахдаа ч, Бууцагаан, Заг сумын номын санд маш хямдхан зарахдаа ч, хурдан морио хулгайд алдсан уяач шиг харуусаж байсансан. Харин энэ удаа ийм баян номын сангийн эрхлэгч болсон тул нас насны хурдан морьтой уяач шиг, тэд нь улсын наадамд айрагдсан юм шиг сэтгэл өег, цээж ханхар байх болж билээ” гэж дурссан байдаг.

Зохиолч, яруу найрагч Гүн Аюурзана “1972 онд харь оронд болсон нэгэн золгүй осол Монголын орчин цагийн үргэлжилсэн үгийн зохиолын арай л ондоон голдрилоор урсч мэдэх чигийг боосон санагддаг юм” хэмээн тэмдэглэсэн байдаг.


Categories
мэдээ цаг-үе

Дамбын Төрбат: Монголын төлөө юугаа ч хайрлаагүй хүмүүсийг цуврал романаар мөнхөлнө

Түрүүч нь №143(6244), №144(6245) дугаарт


Төрийн соёрхолт зохиолч, яруу найрагч Дамбын Төрбат “Улаан жигүүр”, “Хүслийн тодотгол”, “Зүрхний цомнол”, “Зүрхэн тарни” яруу найргийн, “Хүн төрхийн унаган чанар”, “Сайхан төрөхийн зовлон” нийтлэлийн, “Тэнгэрийн соёрхол” арван хоёр боть, “Харц хатан”, “Амьдралын улаан шугам”, “Дурлал загварын ордон”, “Ялагдаагүй ганцаардал” жүжиг, “Ирж яваа цаг”, “Тэнгэрийн сахил”, “Алт амилах цаг”, “Алиа салбадай”, “Бүсгүй завилгаа”, “Харанхуй засаг”, “Халаасны өрөө”, “Танихгүй сэтгэл”, “Шадар ван-1, 2”, “Чин ван Ханддорж-1, 2, 3” кино зохиол туурвисан уран бүтээлч юм.

Монгол Улсын төрийн соёрхолт, соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч Дамбын Төрбатын хөөрөлдөөний төгсгөлийн хэсгийг хүргэж байна.


-Та “Монголын уран зохиолын дээж-108” ботиос ашиг олсон уу?

-Зуун найман ботиос татвар авдгаараа авсан. Төр үүнд нэг их туслаагүй. Намбарын Энхбаяр дарга минь 25 сая төгрөг өгсөн. Дараа нь би тавин ботиороо төлсөн. Би одооны энэ гурван залууг ном талдаа гайгүй юм болов уу гэж бодсон.

-Төрийн гурван өндөрлөг үү?

-Тийм. Занданшатарыг би угийн мэднэ. Бид нэг онгоцоор нисэж танай Баянхонгорт очиход чи явсан уу, үгүй юү. Танай Баянхонгорт бууж шүлэг уншчихаад буцаад нисээд ирж байсан. Онгоцон дотор “Грегус” буюу шувуут архи гэгчийг анх харсан. Утга зохиолд элэгтэй их сайхан залуу. Ерөнхийлөгч Х.Баттулга бидний хэдэн өвгөчүүлийг нэг урьж уулзсан.

-За, хэн хэнтэй уулзаж байгаа юм?

-Ерөнхий сайд асан Ш.Гунгаадорж гуай, Паавангийн Дамдин гуай (Дамдин гуай одоо нас барчихсан, зайлуул), хөдөлмөрийн баатар Хурц биднийг уриад. Надтай утга зохиолын талаар ярьсан. Ухнаагийн Хүрэлсүх даргад ч ярьсан. Цаадахь чинь соёлын ажилтнуудыг хүлээж авч уулздаг юм шүү дээ. Хоёр дахь уулзалт нь сая болсон. Би тэдэнд юу гэж хэлсэн бэ гэхээр засаг гүйцэтгэх уран бүтээлчдийг дэмжээд байгааг хэлсэн.

-Бүтээгчид сүүдэрт үлдээд байгаа нь ч үнэн шүү?

-Дуучин, хуурчин, бүжиглэгч, жүжиглэгч гэх мэтийн хүмүүсийг л дэмжинэ. Үүсгэгч уран бүтээлч гэдэг зохиолч-яруу найрагч, хөгжмийн зохиолч, зураач гурав л байдаг. Үүсгэгчдээ дэмжихгүй гүйцэтгэгчээ дэмжээд туугаад байдаг. Тэд нар нь яахав дээ, урдуур ордог зүс царай сайтай болохоор нь тэднийг уран бүтээлч гээд байдаг. Тэгээд өнгөжөөд мөнгөжөөд, хүний бүтээлээр баяжаад, мөлжөөд яваад байдаг. Энэ тухай Ерөнхий сайд, Ерөнхийлөгч хоёрт хэлсэн. Монголын уран зохиол жудо бөх шиг дэлхийн дэвжээн дээр дуурьсаад сүйд болохгүй л байна. Алсдаа Монголын уран зохиол дэлхийд гарч л таарна. Яагаад дэлхийд гарах их найдлага байна вэ гэхээр Чингис хааны тухай утга зохиол руу дэлхий аяндаа нэг хошуурна.

-Одоо ч хошуураад байгаа юм биш үү?

-Ерөөсөө тэр өвгөн байхад л бид газар шороогоо ч ухахгүй болоод байх юм байхгүй юу. Бид хуучнаасаа сайныг авмаар юм шиг байгаа юм. Социализмын яг төгсгөл дээр Монгол Улс яагаад утга зохиолын дөрвөн мундаг орчуулагч бэлдсэн юм бэ. Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, Хасбаатарын Мэргэн, Лувсанвандангийн Нарангэрэл, Нарантуяа энэ дөрвийг Монголын зохиолчдын эвлэлээс бэлдсэн шүү дээ. Мэргэн бол монголоос англи руу, англиас монгол руу чөлөөтэй хөрвүүлдэг байсан шүү дээ. Энхбаяр бас тийм чадвартай. Монголын утга зохиол дэлхийд гаръя гэвэл зохиолоо англи руу л орчуулах ёстой ёо доо. Тэгж байж гарна. Тэр мэтээр бодвол англи хэлтэй утга зохиолын ажилтан бэлдэх хэрэгтэй.

-Д.Урианхай ах маань энэ жил Нобелийн шагналд нэр дэвшлээ дээ. Авчихвал мөн ч сайхан аа?

-Хэлээд яахав. Одоо хэний янаагүй л харж байгаа зүйл шүү дээ. Нобелийг чинь арваннэгдүгээр сард олгодог биз дээ. Төр засаг ч үүнийг дэмжих хэрэгтэй. Урианхай хэмээх том сэтгэгч байтугай хаанахын ч билээ нэг тэмцэгч жижигхэн охин авчихсан л шагнал шүү дээ. Тэгэхэд чинь утга зохиолын салбарт, ялангуяа Д.Урианхай ах шиг ийм том хүн авчих байх гэж би бас горьдоод байгаа юм. Тэгвэл ч бид нар одоо хаданд гарлаа шүү дээ. Монголын уран зохиол Нобелийн шагналтай болчихсон гэхээр ёстой дээгүүр хараад архи уугаад явж байхаас өөр яах вэ, тийм ээ хө. (хоёул инээв. сур)

-Та сүүлийн үед ямар кино бүтээл туурвив?

-Кино гэдэг ерөнхийдөө залуу насны л ажил байгаа юм. Миний нэг зохиолоор “Зохиомж” сургуулийн захирал Цогтбаяр нэг кино хийж байгаа. Богд хааны тухай киноны хоёрдугаар анги нь. Натурт Амарбаясгалант хийд рүү гарсан байна лээ. Нэгдүгээр ангийнх нь зохиолыг Дарма Батбаяр багш бичсэн. Мэргэжлийн, сургууль номыг нь заадаг улс гайгүй кино хийчихээсэй л гэж бодож байгаа.

-Та ингэхэд хэдэн кинотой зохиолч вэ?

-Арван хэдэн юм байдаг юм шүү. “Алт амилах цаг”, “Бүсгүй завилгаа”, “Алиа салбадай”, “Танихгүй сэтгэл”, “Булингар” энэ тэр гээд. Татварын тухай “Танихгүй сэтгэл” гэдэг хамгийн муу кино маань л өдөр бүр шахуу гарах юм. Ямар учиртай юм. Бунтар гуай гэхэд миний дөрвөн киног хийсэн юм шүү дээ.

-Ямар кинонууд билээ?

-“Галын урсгал”, “Ирж яваа цаг”, “Халаасны өрөө”, “Булингар” гэсэн дөрвөн кино. Жумдаан нэг кино хийсэн. Тэр бүр Францын фестивалиас тэргүүн байрын шагнал хүртэж байсан юм.

-Яадаг кино юм?

-Хандмаа нарын тухай “Тэнгэрийн сахил” гэж. Миний “Хонин холбоо” роман бий ш дээ.

-Тийм…

-Тэрний л нэгдүгээр бүлэг л дээ. Тэр романыг бичиж байхад “Могойн чуулган” гарчихсан байсан. Овоо хийморь золбоо орчихсон, дараачийн романаа бичиж байхад Жумдаан уншиж үзчихээд “Энүүгээр кино хийе” гээд. Тэр үед Монголкино үйлдвэр жилд зургаахан кино хийдэг байсан үе л дээ. Таван киноны зохиол батлагдчихсан. Нэг кино зохиол байхгүй гэж байсан. Жумдаан хөдөлгөөнтэй хүн юм чинь “Бид хоёр кино зохиол бичиж байгаа” гээд Шүрээгээс гуйчихсан. Мань эр өглөө радио дуугарахад л орж ирнэ. Тэгж зохиолоо биччихээд кино найруулагч Сэлэнгэсүрэн ахыг манайд авчирсан. Сэлэнгэсүрэн ах Кино үйлдвэрийн уран сайхны удирдагч. Мань эр манайд ирж хоноод, гурвуулаа сайхан зохиолоо яриад маргааш өглөө нь Сумхүү гуайтай, Бунтар гуайтай уулзаад бүтэж байсан. Буяа бол миний дөрвөн киног хийчихсэн хүн чинь “давайе” л гэнэ шүү дээ. Тэгээд уран сайхны зөвлөлийг тэр дор нь цуглуулаад ерэн оны өвөл Эрдэнэдалайн хаягдсан дуганд натурт гарч байсан юм. Тэр гайгүй кино болсон шүү. Монгол кинонуудаас дэлхийн зиндаанд гарсан ч гэдэг юм уу, тийм киноны нэг байгаа юм.

-Кино зохиол байхгүй учраас олигтой кино гарахгүй байна гэцгээдэг боллоо?

-Худлаа худлаа. Кино зохиол зөндөө байлгүй яадаг юм. Найруулагчид, жинхэнэ найруулагч биш зүгээр л нэг зуучлагч маягтай болцгоочихоод байгаа. Сумхүү шиг, Жигжид гуай шиг, Бунтар шиг жинхэнэ мэргэжлийн аваргууд байхгүй болчихсон ийм л хачин үе бидэнд таарчихаад байгаа юм л даа хө.

-Таныг яруу найргийн моринд дөрөөлүүлсэн уянгын их найрагч Ламжавын Лувсандорж гуай мөн ч залуухан харамсалтайгаар бурхан болсон гэдэг байх аа?

-Хүний сайхантай уулзаж учирч, хүслийн дээдээ гүйцээхэд тус болсон яруу найргийн минь их сартваахь Лувсандорж багшийгаа бодохоор нулимс унагамаар гунигтай санагддаг юм. Их аварга Цэрэнтогтох, начин Тогоо, миний муу багш гурав машинаа араас нь түрж явахдаа улаан гэрлийг нь хаачихгүй юу. Тэгсэн араас нь Тэрэлжид юм хүргэж явсан самосмоол машин хүрч ирж дайраад газар дээрээ бурхан болчихсон гэдэг юм. Манай муу Лууяа багш чинь Явууд жаахан тааруу.

-Өөрөө их оргилсон авьяастай найрагч байсан болохоор жаахан арсалдаад байдаг байсан юм болов уу?

-Тийм шүү. “Аа үхсэн, Явуу бол нохойн баас” гэдэг байсан. Үүнийгээ хэнд ч хэлнэ. Цалингаа буухаар намайг дуудна. Баянголд оруулаад хуйцай. Пиво авч өгнө. Жаахан сууна. Тэгж байхад Мишигийн Цэдэндорж гуай орж ирдэг байсан. Өө, мань эр чинь цав цагаан хувцастай, Лхагважавыгаа дагуулчихсан ороод ирнэ. Тэр олон хүн дотор содон гэж юу гэх вэ. Хоёр цагаан хун ороод ирж байгаа юм шиг л санагддаг сан.

-Лхагважав нь сайхан хүүхэн үү?

-Сайхан хүүхэн. Ёстой нүд дүүрэн бор хүүхэн. Цэ-тэй суухаас өмнө венгрүүдтэй явж байсан юм гэнэ лээ.

-Энэ их олон роман бичээд л байдаг?

-Есөн өрлөгийн тухай “Тэнгэрийн тэмдэг” гэж есөн боть хийж байна. “Маршалын нууц товчоо” гэж найман боть байна. Арван хоёр жилийн романууд байна. Би юуг хэлэх гээд байна гэхээр Монголын төлөө ёстой нэг юугаа ч хайрлаагүй хүмүүсийг цуврал болгож үлдээе гэж бодсон юм. Ерөнхийдөө гучин боть роман юм. “Сүүтэй сахиус” цуврал маань “Их дагинын далд түүх” гээд Дондогдулам хатнаар эхэлдэг юм. Төгсгөл нь “Суут найрагчийн сувд шиг бүсгүйн нууц” гэсэн Пагмадуламын тухай роман. Энэ хоёрын дунд “Жанжны Янжмаа”, “Хурц билэгт дара эх” гэсэн хоёр роман одоо хэвлэгдэж байгаа.

-Хурц билэгт дара эх нь хэн юм?

-Богд хааны дүү Лувсанхайдав чойжин гэж байсан. Одоо Чойжин ламын сүм гэж бий еэ дээ. Энэ хүний хатан байсан хүний тухай. Лувсанхайдав чойжин чинь 1918 онд чойжин бууж байгаад таалал болчихсон юм. Тэрнээс хойш өргөмөл хүүхдүүд нь ч хэцүү болсон, тэр хурц билэгт дара эх ч хэцүү болсон. Тэр Сүрэнхорлоо нь манай Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын бодит хүн. Хувьсгал тэр авгайг чинь үзээгүй. Хамаг хөрөнгийг нь долоон удаа хураасан байдаг. Монголын хамаг язгууртнууд аж төрж байсан Элбэг амгалант гацаа буюу Амгаланбаатар хотод байхад нь өргөмөл охин Дашцэдэн нь нас биед хүрээд залуу жанжин Лхагвасүрэнтэй суусан байдаг юм. Энэ тухай роман. “Сүүтэй сахиус” цуврал маань одоо нэг роман дутуу. Энэ Богд хааны хатан Гэнэпилийн тухай юм. Ингээд бүсгүй хүний таван роман болох юм. Би яах вэ дээ, өөрийгөө гучин таван роман биччихэд болчихно гэж бодоод байгаа юм. Санаанд орсон юмаа бичиж л байна. Хүн өтөлнө. Хэдэн жилийн нас байгааг би хэлж мэдэхгүй. Тиймээс сайхан дурсамжууд бичих ёстой. Би Бадарч багшийг зэмлэсэн.

-Юу гэж зэмлэх вэ. “Юм юмнаасаа” гээд дурсамжийн хөөрхөн ном гаргасан шүү дээ?

-“Та ерөөсөө юм бичихгүй юм” гэж зэмлэсэн. Тэр номыг чинь надаар загнуулж байж бичсэн юм шүү дээ. Энэ урдхан Шаргаморьтод байхдаа бичсэн юм. Нэг очсон овоо. Ичинноров эгч амьд байсан. Сүүдрэвчинд нөгөө Моохой гэдэг муураа өвөр дээр тавьчихсан сууж байна. “Багш минь юу хийж сууна” гэсэн “Чиний даалгавраар нэг дурсамжирхуу юм бичиж сууна” гэж их дургүй маягтай сууж байсан. Нөгөө цаасныхаа дээд өнцөгт “П.Бадарчийн 70 насны ойд зориулав” гээд биччихсэн ч байх шиг. Тэр бас онигоо. Өөрийнхөө насны ойд ямар амьтан юм бичиж байсан юм бэ. Тэгэхэд муу багшийгаа өрөвдөх ч шиг. Бид хоёр ч яахав дээ. “Нууц товчоо”-гоос эрүүлжүүлэхэд ч цуг орж явсан. Элдвийн юм үзсэн. Бадарч багш бид хоёрын хувьд үзээгүй юм байхгүй. Лувсандорж багштайгаа тэгж явж чадаагүй.

Categories
мэдээ цаг-үе

Дамбын Төрбат: Эжийгээ бурхан болоход паспортны зургийг нь бариад Лхагвасүрэн ах дээр уйлаад очсон доо

Түрүүч нь №143(6244) дугаарт


Төрийн соёрхолт зохиолч, яруу найрагч Дамбын Төрбат “Улаан жигүүр”, “Хүслийн тодотгол”, “Зүрхний цомнол”, “Зүрхэн тарни” яруу найргийн, “Хүн төрхийн унаган чанар”, “Сайхан төрөхийн зовлон” нийтлэлийн, “Тэнгэрийн соёрхол” арван хоёр боть, “Харц хатан”, “Амьдралын улаан шугам”, “Дурлал загварын ордон”, “Ялагдаагүй ганцаардал” жүжиг, “Ирж яваа цаг”, “Тэнгэрийн сахил”, “Алт амилах цаг”, “Алиа салбадай”, “Бүсгүй завилгаа”, “Харанхуй засаг”, “Халаасны өрөө”, “Танихгүй сэтгэл”, “Шадар ван-1, 2”, “Чин ван Ханддорж-1, 2, 3” кино зохиол туурвисан уран бүтээлч юм.


Монгол Улсын төрийн соёрхолт, соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч Дамбын Төрбаттай уулзаж хөөрөлдлөө.

-Пунцагийн Бадарч найрагч танд олон сайхан мэдээ занги сонсгож байлаа гэсэн дээ?

-Нэг баяр нь тэр анхны номын тухай сайхан мэдээ юм. Хоёр дахь баяр нь 1991 оны шинэ жилийн өмнөхөн юм аа, утас дуугарч байна. Манайх 55519 гээд их гоё утастай болчихсон, Шүрээ бид хоёр байранд орчихсон үе. Утсаа авсан чинь Бадарч багш ярьж байна. “За, миний хүү, Монголын зохиолчдын эвлэлийн шагнал авчих шиг боллоо” гэж байна. Би ч одоо баярлалгүй яах вэ дээ. “Үгүй ээ, тэгээд юу гэж өгч байгаа юм” гэлээ. Тэнэг л дээ, “Ямар бүтээлд л” гэж байгаа санаа нь тэр. “Могойн чуулган” шүлэглэсэн романд чинь өгч байгаа юм байна аа, баяр хүргэе” гэж байна.

-Хөөрөөд л явчихна биз?

-“Үнэн ч байж мэднэ, худлаа ч байж мэднэ. Багш согтуу ч байсан байж мэднэ” гэж бодоод Шүрээдээ хэлсэнгүй. Тэр үед Баярмаа МЗЭ-ийн даргын үүдэнд суудаг байсан. Тэгэхэд Бавуугийн Лхагвасүрэн ах дарга байсан. Баярмаа утасдаад “Танд Зохиолчдын эвлэлийн шагнал олгосон. Хүрээд ирээрэй” гэлээ. Тэгээд хүрээд очсон Лхагвасүрэн ах гардуулж өгсөн юм. Тэр үед чинь МЗЭ-ийн шагналыг гурван мянган төгрөг дагалддаг байсан.

-Өө, их нэр хүндтэй шагнал байж?

-Тэр үед мөнгө нугараад зургаан мянга ч болсон юм уу. Дугтуйд багтахгүй их мөнгө өгсөн юм. Надтай цуг Данзангийн Нямсүрэн, Жагдалын Лхагва, Жаргалын Барамсай хамт авсан юм. Бид дөрвүүлээ авсных гээд дээр хоёрдугаар давхарт Барамсай ахын өрөөнд ороод сайхан хундага тулгачихаад хурлын танхим руу яваад ортол манайхан хүлээж байлгүй яах вэ дээ. Тэнд ч орчуулагч Ц.Хасбаатар гуай инээгээд, Дооров ч нуг нугхийгээд сууж байгаа юм чинь. Хэдүүлээ яахав дээ, гурав гурван шил архи авч тэр хавийн улсад өглөө. Зохиолчдын эвлэлийн буян, шинэ жил дөхөж байгаа гээд дарга нар ч сүйд майд болсонгүй. Тэндээс Дооров, Долгорын Ням гуай, П.Бадарч багш, Хасбаатар гуай нар намайг дагалаа. Манайд ирлээ. Хороон дээрээс авгайдаа утасдчихсан. Тэгсэн Шүрээ идээ будаа засчихсан байсан. Бадарч багшийн дуулгасан хоёр дахь баяр энэ.

-Гурав дахь баяр нь юу байв?

-Багш бид хоёрынх зэргэлдээ шахуу зусна. Энүүхэн Шаргаморьтод шүү дээ. Хоёр мянга дөрвөн оны үед Дэндэвийн Пүрэвдорж багшийн Монголын уран зохиолын академиас намайг төрийн шагналд нэр дэвшүүлэхгүй юү. “Пүрэвдорж багш долоо дэвшээд авсан шагнал. П.Бадарч багш тав, зургаа дэвшээд аваагүй шагналыг би юу гэж аваа аж дээ” гэж дотроо бодоод Пүрэвдорж багшид “Дэмий юм хийж байна даа” гэх ухааны юм хэлсэн.

-Та тэр үед өнөө олон романаа биччихсэн байсан биз дээ?

-Арван хоёр жилийн цуврал романуудаа бичээд эхэлчихсэн байсан л даа. Гэхдээ Пүрэвдорж багш “Зүрхэн тарни” шүлгийн түүврээр дэвшүүлсэн л дээ. Академийн зөвлөлийн хурлаар ороод явуулчихлаа гэсэн. Зохиолчдын хорооноос бас хоёр, гурван хүний нэр явж байна. Хороо бол үндсэн байгууллага, манайх бол дагалдагч шахуу байгууллага. Тэгсэн дам сураг сонсох нь ээ, яруу найргийн салбар зөвлөлийн дарга нь Б.Лхагвасүрэн ах гэж байна аа. Ингээд байж байсан чинь утас дуугараад Бадарч багш ярьж байна. “Миний хүүгийн юм ч нэгийн даваа давчихлаа шүү” гэж байна. Мэргэжлийн таван хүний гар дамжиж уншсан л хэрэг шүү дээ. Салбар салбараас бүтээл ирнэ шүү дээ. Хоёр дахь хурлаар “Хоёр инженер шалгарчээ. Зохиолчид, урлагийнхнаас чимээгүй байна” л гэж байсан. Тав, зургаа хоногийн дараа Монголын уран зохиолын дээд сургууль дээрээ хичээл тарчихсан, харих санаатай сууж байсан чинь Зохиолчдын эвлэлийн гурван давхрын шатаар нэг их амьсгаатай хүн өгсөөд ирж байна. Тэгсэн чинь Лхагвасүрэн ах ороод ирлээ.

-Та чинь сургуулийн захирал болохоор орой тардаг байсан байлгүй?

-Сургуулийн захирал болохоор хамаг өрөө мөрөөгөө цоожилж байж явдаг байхгүй юу. Лхагвасүрэн ах, Сэтгүүлчдийн холбооны дарга байсан С.Цэрэндоржийг дагуулчихсан ороод ирлээ. Цэрэндорж өврөөсөө “Алтан түрүү” гэдэг архи гаргаад тавьчихлаа шүү. “Юм болсон л юм байна” гэж бодлоо доо. Лхагвасүрэн ах “Миний хүү төрийн шагналтай л болчих шиг боллоо. Ямар ч байсан манай салбар зөвлөлөөс гараад явчихсан. Нэг дээшээ явчихаар зүгээр байдаг юм аа” л гэж байна. (Домогт найрагчийг жигтэйхэн адилхан элэглэж ярив. сур)

-Б.Лхагвасүрэн найрагчийг архи огт уудаггүй гэдэг. Та цуг ууж байв уу?

-Ууж байсан.

-Ер нь гайгүй уух уу?

-Гайгүй шүү. Бид хоёр чинь Дундговьд нэг хамт очсон юм. Тэр чинь Лхагвасүрэн ах ид нэрд гарч байсан наян хэдэн он. Дундговийн Эвлэлийн хороо “Илгээлтийн эздийн чуулга уулзалт” ч бил үү, зохион байгуулаад. Яруу найрагч Дандарын Миеэгомбо гуай тэнд ажиллаж байсан. Тэр үед архины хуурай хууль гарчихсан архи олдохгүй бэрх үе байсан.

-Картаар өгөх үү?

-Картаар ч өгөхгүй. Бүр юу ч байхгүй. Миеэ бид хоёрыг гэрээрээ ор гэж байна. Орсон, эхнэр нь Цэцэгээ гээд аймгийн эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга. Тохь амьдралтай сайхан айл байна. Миеэ чинь аймгийн Цагдаагийн газрын дарга. Тэгээд ч архи олдохгүй тийм хатуу байсан. Тэгсэн Миеэ “Лхагвасүрээн хө, гар аргын юм л байна ш дээ хө” гэж байна.

-Найруулсан архи уу?

-Самгоон самгон.

-Өө, бүр аюултай юм байж?

-Би яахав, татчихлаа. Лхагвасүрэн ахынх байгаад байх юм. Сүрхий чанга юм, тэр нь. Нэг тийм шар туяатай юм. Лхагвасүрэн ах яг явахынхаа өмнө талыг нь уучихаад талыг нь надад өглөө. Буудалдаа очоод хэвтээд өгсөн. Буудал засвартай. Нэг давхрын цонхоор гаднаас нь шат тавьчихсан.

-Будантай байтугай эрүүл хүн ч ороход хэцүү биз дээ, тэр чинь?

-Тэрүүгээрээ мөлхөж орж байгаа юм. Өглөө Лхагвасүрэн ах “Төрөө үхлээ” л гэж байна. Миний дотор ч муу байна. “Энэ Миеэ юу өгчихвөө” боллоо. Тэр самгон чинь дотрыг “алдаг” юм байна лээ. Маргааш нь Эвлэлийн хорооны Сайнбаяр гэж бүсгүй бид хоёрыг баахан залуустай Сүм хөх бүрдэд авчирч байсан. Тэр үед Ш.Дулмаа гуайн “Амьдрал хайр дээр тогтдог” дуу ид гарчихсан. Автобус дүүрэн залуус хангинатал дуулаад гараад шидчихсэн. Залуус нөгөөхийг чинь яаж ийгээд олно шүү дээ. Бараг авдар архи автобусны ард тавьчихсан байгаа юм чинь. Тэгж бид хоёр шараа тайлж байсан байхгүй юу. Лхагвасүрэн ах яахав, автобусанд ганц татсан. Тэгээд татахаа больчихно л доо. Тамхи баагиулаад, алиа хошин юм яриад явна л даа. Сүмийн амралтад тэгж гурав хоносон. Тэгэхэд муу “Сумын заан” явж байсан.

-Яруу найрагч Чимэдравдангийн Мягмарсүрэн ч сайхан онгодтой хүн дээ?

-Эрүүлийг хамгаалах яамны хяналтын ажил хийж байсан юм аа даа. Тэр шугамаараа л тэр Сүм хөх бүрдийг шалгаж явсан болов уу. Сайнбаяр маань “Энүүхэн энд Долгорын Нямаа гуайн ээж амьдардаг” гэж хэлээд. Долгор гэж хөгшин дээр Лхагвасүрэн ах бид хоёр очиж байсан. Долгор гуай “Манай Ням одоо Оросоос гарсан юм байх даа. Ер ирэхгүй юм” гээд сууж байсан сан. Ням найрагч “Залуучуудын үнэн” сонины эрхлэгч гээд гадаад, дотоод томилолт гээд завгүй л байхгүй юу. Баасан эгчийг “Баянгол” ресторанд ажиллаж байхад Лхагвасүрэн ах биднийг үе үе дуудаж хоол, архиар дайлдаг байсан. Нэг их баяр бол Ш.Гүрбазарын анхны дуу гарсан юм аа. Хоёр хүн хосоороо дуулдаг их сайхан дуу. Тэрийг тэмдэглэж визитний өрөөнд бид найрлаж л байсан. Баасан эгчийн хишгийг их олон ч хүртсэн дээ. Сүүлд Лхагвасүрэн ахынд ороход юм гаргаад өгнө. Өөрөө юм яриад хараад сууж байдаг л байсан. Бидний хооронд амьдралын баяртай, гунигтай мөн ч гайхамшигтай цаг хугацаа элж үлдсэн дээ.

-Та нэг л гунигтай болоод явчих чив…

-Ээж маань бурхан болчихоод. Хэнд хандахаа мэдэхгүй амьтан л байлаа. Лхагвасүрэн ахынх Дэнжийн мянгад. Ёстой л Цэдэндамбаа гуайн хэлснээр хүүхдүүд нь шпрот шиг унтаж байна. Лхагваа ах “Миний хүү яасан” л гэж байна. “Ээж байхгүй болчихсон” л гэлээ. Тэгсэн нэг хөнжил хуу татсан чинь зураач хүү Саранхөхөө нь сэгсгэсхийтэл босоод ирлээ. “Чи бос. Яруу найрагчийн ээж өнгөрчихсөн байна” гэж байна. “Миний хүү, одоо яахав. Юу хэрэгтэй байна” л гэж байна. “Зургийг нь л зуруулах гэсэн юм” гэлээ. Паспортны зургаас өөр юм байхгүй. Би чинь эжийтэйгээ цуг зургаа ер авахуулж байгаагүй юм билээ. Хүн мөнх байх юм шиг л боддог юм билээ. Тэгээд муу паспортны зургийг нь барьчихсан л уйлаад очсон. Миний ээжийн хөшөөний чулуун дээр нэр, төрсөн төгссөн оныг нь наян нэгэн оны наймдугаар сард Лхагваа ах сийлж өгч байсан юм. Зурсан зураг нь одоо ч миний номын санд өлгөчихсөн байж байдаг юм. Лхагвасүрэн ах, Бадарч багш, Пүрэвдорж багш нартай учирсан минь яруу найрагч хүний хувь заяагаар барилдсан гэдэг юм уу, эсвэл номоор хоол олж идэх хүний хувь учрал байдаг юм шиг байна лээ. Сэнгийн Эрдэнээ гуай манайд ирж хонож байсан. Долгорын Ням гуайг манайд хоносон шөнө ээж нь бурхан болчихоод санд мэнд явж байлаа. Дараа нь надад Ням гуай “Танайд хоносон шөнө бол миний эжийтэйгээ байсан хамгийн сүүлчийн шөнө байлаа” гэж гэж байсан. Манай яруу найрагчид чинь юмыг дандаа ингэж сайхан цайруулж боддог улс. Аливаа юмыг сайхан цайруулж хэлдэг, сэтгэлийг нь сүлж явдаг зан манайханд бүгдэд нь бий. Дандаа сайн хүний гар дамжиж явж дээ. Миний хамгийн анхны багш чинь Ламжавын Лувсандорж найрагч шүү дээ.

-Та сүүлийн үед уран бүтээлийн хур элбэг буулгаж байх шиг байна шүү?

-Энэ жилд гурван роман гарсан. Нэг жилд гурван романаа гаргана гэдэг тэр бүр хүнд олдохгүй хувь заяа. Би бол өдөр болгон бичээд суудаг хүн биш. Бичихгүй өдөр байхад бодохгүй цаг мөч гэж байдаггүй юм шиг байгаа юм. Энэ жил Их Нацагдорж гуайн гэргий Пагмадулам гуайн тухай “Суут найрагчийн сувд шиг бүсгүй” гэж роман гаргалаа. Тэр роман арван дөрвөн долоон хоног бестселлерийг тэргүүлсэн. Сая жанжин Дэмидийн тухай хоёр боть роман гарсан. Тэрний гүйлгээ сайн байгаа. Түүхэнд гэрэлтэж явсан, мартагдсан улсын хувь заяаг зөв, гэрэл гэгээтэй талаас нь тодруулж бичих бол утга зохиолын үүрэг мөн. Хоёрдугаарт, хувь хүнийхээ хувьд буян хийж байгаа үйл гэж бодож баримтат намтар романы тал руу нэлээд орсон. “Мөнхийн үсэг” групп, “Болор судар” хэвлэлийн газар миний 12 романыг гурав дахиа хэвлэсэн. Арван хоёр роман гурав дахиа хэвлэгдэнэ гэдэг их хувь заяа гэж бэлгэшээж байгаа. “Дархансэргэлэн” компанийн захирал Батмөнх, гэргий Доржсүрэн хоёрын сайхан сэтгэлийн буян өнөө ч намайг “Мөнхийн үсэг”-тэй холбож өгч дээ. Роман, ном бичих нэг хэрэг. Харин зохиол бүтээлийг маань уншигчдад хүргэнэ гэдэг соёлын өмнө хүлээж байгаа том буян юм даа.

-Меценат буюу ивээн тэтгэгч гэдэг ч их буянтай үйл юм шиг байгаа юм аа?

-Меценат гэдэг чинь генерал байсан юм билээ. Уран зураг, урлагийг их ивээн тэтгэдэг хүн байж. Мань эр нэг хууль санаачилсан нь “Меценатын хууль” гээд түүхэнд үлдчихсэн. Тэр яадаг хууль вэ гэхээр ном, жүжиг ивээн тэтгэсэн аж ахуйн нэгжийг татвараас чөлөөлөх тухай юм билээ. Бид энэ талаар “Монголын уран зохиолын дээж-108” ботийг бүтээх үеэр их ярьсан. Ялангуяа Лодонгийн Түдэв багш их ярьж байсан.