Улаанбаатар хотын уугуул, Сонгинохайрхан дүүргийн III хорооны иргэн Янжмаагийн Дашнямтай ярилцлаа
-Сар шинийн бэлтгэлээ базаагаад зав муутай байна уу?
-Тэгэлгүй яахав. Миний 61-ний жил орж байна даа. Ирэх зургадугаар сард гавьяаныхаа амралтад гарна.
-Танайх хэдэн үеэрээ Улаанбаатарт амьдарч байна вэ?
-Дөрвөн үеэрээ амьдарч байгаа уугуул иргэд болж байна.
-Аав, ээжийн тань уг гарал аль аймаг вэ?
-Манай аав Насанбатын Янжмаа гэж хүн байсан. Уг гарал нь Төв аймгийн Баянцогт сум.
-Аав тань хэдэн онд Улаанбаатарт орж ирсэн бэ?
-Аав минь багадаа өнчрөөд Улаанбаатар хотод хамаатнуудаараа л хэсч өссөн. Арван зургаан настайдаа Улаанбаатарт орж ирсэн гэдэг. Аав минь 1916 оны хүн шүү дээ. Тэгэхээр 1932 онд хотод орж иржээ. Аав ээж хоёр маань 1938 онд гэр бүл болсон байдаг юм. Ээжийг минь Дашдоржийн Бүтэд гэдэг.
-Гэр бүл болоод гал голомтоо хотын хаахна бадраасан гэж ярьдаг байв?
-Бараг аав ээжийнхээ гэр бүл болж галаа бадраасан газарт нь одоо манайх амьдарч байна даа. 1946 онд Мах комбинатын ард Хээрийн бой гэж байгуулагдсан. Уг бой байгуулагдахаас өмнө тэр газарт манайх ханаа дугуйлж байсан гэдэг. Манай хамгийн том ах 1940 онд төрсөн. Би есөн хүүхэдтэй айлын отгон нь.
-Аав тань анх хотод орж ирсэн үеэ хэрхэн дурсан ярьдаг байв?
-1940-өөд онд Улаанбаатарт байсан барилга гэвэл Төрийн ордны барилгын суурийг 1947 онд тавьж, 1951 онд ашиглалтад өгсөн гэдэг юм. Төрийн ордноос наашлаад Гандангийн тийшээ харвал нураагаад дахин босгосон өндөр Жанрайсэг хийд төдий л юм харагддаг байсан гэсэн. Одооны 40, 50 мянгат дөнгөж баригдаж эхэлж байсан үе.
-Таны бага нас Таваншар хавиар өнгөрөв үү?
-Мах комбинатын дэнж, Толгойт, Таваншар. Манайх энэ хавийн л айл байлаа. Одоо хүртэл эндээ л байна. Баянхошууны уулан дээр гараад зүүн тийш харахад байшин барилга гэх юм үгүй, Гандангийн сүм хийдийн орой л цухуйж харагддаг байсан гэдэг юм. Өндөр Жанрайсэгийн хуучин барилга нь одооныхоосоо өндөр байсан гэдэг юм билээ.
-III, IV хороолол гэсэн энэ том хорооллууд ч сураггүй байсан үе болж таарлаа?
-III, IV хороолол, I хороолол, Х хороолол гэж огт байгаагүй үе. Х хороолол, III эмнэлэг байгаа энэ газар чинь ямар ч нэршилгүй, зэлүүд тал байсан юм. III, IV хорооллыг бүхэлд нь 500 айл гэдэг байсан. Дандаа л гэр хороолол байсан. 500 орчим л өрх байсан юм болов уу. 500 айлын гудамжны нэр нь Дарьганга.
-Тэр хавьд торойх байшин барилга гэж юу байв?
-Хүүхдийн эмнэлэг гэж гурван давхар цагаан байр бий. Эх нялхсын хойхно талд бий шүү дээ, хуучин барилга нь.
-Бөмбөгөрийн тэр хавь, хойшоо Ногоон нуур руу хятадууд голдуу амьдардаг байсан гэлцдэг?
-Хойшоо бол намгархаг газар. Тэр рүү хятадууд байсан нь үнэн л дээ. Ногоо тарьдаг болохоор чийгтэй хөрсөө бараадна. “Нарантуул” захын өмнө Хар зах гэж байлаа, Дэнжийн мянгад. Тэр захын суурь, эхлэл нь одоо Бөмбөгөр зах байгаа газар шүү дээ. Тэнд хамгийн анх хар зах гэж байсан юм шүү дээ.
-Бөмбөгөрийн тэр хавийг нэг хэсэг Өвгөнтийн хөндий гэдэг байлаа даа?
-Өвгөнтийн хөндий гэдэг нь архи уудаг хүмүүс л бөөгнөрдөг байсныг хараад
нэрлэсэн болохоос биш хар зах нүүснээс хойш тэнд хүмүүс цуглаад сурчихсан болохоор тэр хавиар наймаачид их цуглардаг газар болчихсон. Одоогийн “Нарантуул” захын уг угшил нь тэр.
-Таныг хүүхэд байхад ямар кинотеатрууд байв?
-“Ард”, Элдэв-Очирын нэрэмжит кинотеатр, Хүүхдийн ба баримтат кино театр гэж байлаа. Хүүхдийн ба баримтат кинотеатр чинь “Туул” рестораны урдхан талд бий. Одоо ч барилга нь байж л байгаа.
-Кино үзье гэвэл Мах комбинатын дэнжээсээ автобусанд суугаад давхиж өгнө биз?
-Тэр үед одооны энэ Баянхошуу гэж байгаагүй юм. Айл ч байгаагүй. Мах комбинат гэж автобус явна. Яг одоо энэ Мах комбинатын урд ирээд эцсийн буудалдаа зогсдог. Тэр автобусандаа л сууж хот ордог байлаа.
-Амгаланбаатар хот гэж байлаа даа?
-Одоо бидний мэдэх Амгалан шүү дээ. Жараад оны дундуур л уг хотыг албан ёсоор хоттой нэгтгэсэн гэдэг юм. 1930-аад оны үед Амгаланбаатар гэж тусдаа хот байсан. Улаанбаатар хотын харьяа байгаагүй юм шүү дээ. Одооныхоор бол Налайх, Багануур дүүрэг гэдэг шиг хил, заагтай байсан гэсэн үг.
-Шинэ барилга, хороолол нэмэгдэхийн хэрээр автобусны буудлын нэршил нэмэгдэж, өөрчлөгдөж байна. Анхны нэршлээрээ байгаа ямар буудлууд байна вэ?
-Нэрээ өнөөдрийг хүртэл хадгалж байгаа буудал бол Таваншар. Таваншарын буудал гэдэг чинь жараад оны сүүлээс л энэ нэршлээ олсон. Таваншар гэдэг чинь таван ширхэг, гурван давхар шар байшин юм. III
цахилгаан станцын ажилчдын байр байхгүй юу. Одоо ягаан өнгөтэй болчихсон байгаа. Тэрний ард 41 дүгээр ясли гэж байлаа. Сувиллын ясли. Тэр яслийн ард 12 дугаар сургууль. Тэр сургууль 1946 онд баригдсан. Ингээд л Таваншар гэдэг газар чинь
болчихож байгаа юм. Тэндээс хотын төв рүүгээ явбал одоо хүртэл нэрээ хадгалж байгаа буудал гэвэл 25 дугаар эмийн сан. 25-р аптек гэдэг байсан. Улаанбаатар хотын төв аптек нь.
-Дөрвөн зам гэдэг нэршил бас үүх түүхтэй байх?
-Дөрвөн зам гэдэг чинь бас л дээр үеэс нэрээ хадгалж байгаа буудал шүү дээ. Энэ бол хотын анхны томоохон хэмжээний дөрвөн замын уулзвар шүү дээ. Арслантай гүүрний урд тал тэр чигээрээ гэр хороолол байсан юм. Хойноо ч гэр хороололтой байсан. Тэр хавийг Цагаанхуаран гэдэг байсан. “Уран бэр” ресторан байсан газар сүүлд “Бридж” ресторан болсон доо. Түүнээс урагшаа тэр хорооллыг Цагаанхуаран гэдэг байсан юм.
Циркийн тэр хавийнхныг Дунд голынхон гэдэг байлаа. Далаад оны яриа шүү дээ.
-Тэр үеийн хамгийн их хөл хөдөлгөөнтэй газар нь Төв шуудан байсан биз?
-Тэгэлгүй яахав. Талбай бий. Цаана нь Дуурийн театр бий. Драмын театр бол сүүлд баригдсан. Одоо Төв номын сан гээд байгаа чинь Сталины нэрэмжит номын сан гэж нэртэй байлаа даа. Хотын төв гэдэг чинь иймэрхүү. Далаад он гараад хотын төвөөс цаашаа зүүн тал руу барилгажилтын ажил хүчтэй өрнөж эхэлсэн. Далаас наяад оны хооронд бүтээн байгуулалт сайн өрнөсөн. XIII хороолол чинь бүр сүүлд, наян хэдэн оны юм.
-Офицеруудын ордон
хавьцаа бол цэрэг армийн чигийн барилгууд байдаг байж дээ?
-Офицеруудын ордныг анх Офицер дом гэдэг байсан юм.
-Барилгажилт нэг иймэрхүү байж. Голуудын хувьд үерлэдэг. Туул гол эргээ давж хальж, үерлэдэг байсан гэлцдэг?
-Одоо хүнд яривал итгэхгүй дээ.
-Юу юм?
-Миний багын дурсамжид нэг юм бий. Таваншар байгаагийн урдхан тал руу км арай хүрэхгүй газар даа, бид яагаад тэгж нэрлэдэг байсан юм бол доо, оросууд л голдуу очиж сэлдэг байсан болоод ч тэр үү, Оросын 12 гэж гурван тогтмол нуур байсан юм.
-Нуур ий?
-Тогтмол жижиг нуурууд.
-Ямар учиртай тогтсон нуурууд вэ?
-Тэр нууранд багын минь нэг найз живж байж билээ. “Оросын 12” бол байгалиасаа гарсан нуур биш. Барилга бүтээн байгуулалт ид явагдаж, хотын төв өргөжиж байхад хайрга чулуу хэрэг болно доо. Тэндээс хайрга олборлож байсан юм билээ.
-Хайрганы карьерууд байж.
-Тийм, тийм. Тэгтэл Туул гол байн байн үерлээд, үерийн усаар дүүргээд байсан юм билээ. Тэгж дүүргэсээр байгаад тогтмол нууртай болгочихсон нь тэр.
-Танай эндээс Алтан тэвшийн хөндий нууртай, голтой, бургастай юм юмтайгаа цэлийж харагддаг байж дээ?
-Туул гол үерлэхээр Таваншарын урдуур явж байгаа төмөр замын урдах хонхрыг дүүргэдэг байсан гээд л бод. Үгүй ээ, мөн айхавтар үерлэдэг байсан байгаа биз. Туулын бургас гэж шигүү байлаа. Сонсголонгийн гүүрний хоёр тал руу мал ороход харагдахааргүй л тийм их бургастай байлаа шүү дээ.
-Одоо бол нүцгэн хайрга, дайрга л сайртаж харагддаг?
-Одоо юу ч байхгүй. Үерийн хамгаалалтын далан баригдсаны дараа Туул үерлэхэд тэр далан урсчихаж л байсан. Туул голыг морьтой хүн гаталдаггүй, хэдэн модон гүүрээр нь л гардаг байсан гэдэг.
-Ан амьтан хөндий рүү ороод л ирдэг байж дээ?
-Далаад оны эхээр буга зөвхөн Туулын бургас руу биш 120 мянгат, хуучнаар Танктай хөшөөний тэнд буугаад ирдэг байсан. Тэр чинь бугын бэлчээр байсан шүү дээ. Дунд гол чинь дүүрэн бургастай. Үйлдвэр комбинатад үйлдвэрүүд гээд айхавтар утаа униар гаргаад байдаг үйлдвэр байгаагүй юм аа.
-Улаанбаатарын уугуул иргэдийн холбоо гэж байдаг л байх. Та сонирхож байсан уу?
-Үгүй ээ. Бидний залуу байхад Улаанбаатарын уугуул иргэд гэдэг хүмүүсийн 60-70 хувь нь Төв аймгийнхан байсан юм шүү дээ. Үлдсэн хувьд нь Сэлэнгийнхэн их байсан. Зүүн, БаруунХараа, Мандал, Түнхэл өртөөний айлууд Улаанбаатар руу их орж ирдэг байсан. Вагон байнга ирж очно. Хоёрдугаарт, хойшоо Алтанбулагаар гарч явдаг ганц замтай. Вагоны зам, автозамтай болохоор зам харилцаа байсан болохоор Сэлэнгийнхэн их суурьшиж уугуул болсон.
-Та ямар мэргэжилтэй вэ?
-1979 онд наймдугаар ангиа төгсөөд засварчин мэргэжил эзэмшихээр Герман руу ТМС-д явсан.
-Эхнэртэйгээ Улаанбаатартаа л танилцсан уу?
-1989 онд Улаанбаатарт танилцсан. Эхнэрийг минь Нямжавын Эрдэнэцэцэг гэдэг. Хөгжим бүжгийн коллежийн урдах Залуучуудын соёлын төвд бүжгэнд орж байгаад эхнэртэйгээ анх танилцаж байлаа. Эхнэр маань тэгэхэд Ээрмэлийн үйлдвэрт ээрэгч, ороогч гэдэг ажилтай. Том хүү Д.Билгүүн маань 1990 онд мэндэлж байлаа. Манайх дөрвөн хүүхэдтэй. Одоогоор гурван ач, зээтэй өнөр өтгөн айл болоод байна даа.
-Манайхан сум, аймаг, нутгаараа нэгнээ их бараадацгаадаг. Түүнтэй адил хотынхон ч бас амь нэгтэй биз?
Миний бүхий л амьдрал энэ сайхан Алтан тэвшийн хөндий гэх газарт өрнөж байна даа. Хэдэн үеэрээ л суурьшин амьдарч байна. Амьдралын минь сайн, муу үйл явдал сүлэлдэн байна. Би өөрийгөө, амьдралаа энэ хотоосоо салгаж ойлгодоггүй. Хөдөөгүүр, бусад аймгаар их явна л даа. Өсч төрсөн болохоор Улаанбаатараа санана аа. Улаанбаатар гэдэг бол олон хүн бужигнасан, амьдрал буцалдаг газар. Энэ л хурд, хэмнэл, өнгө төрх, хүрээлдэг хүмүүс, газар орчиндоо дасчихсан байдаг юм шиг байна лээ.
Тэр үед Улаанбаатарт амьдардаг байсан хүмүүс шулуухан хэлчихэд одооны байгаа энэ хүмүүс шиг мөс, жудаг муутай байгаагүй юм шүү дээ. Бие биендээ тус дэмтэй. Одоо үед зовлон тохиолдоход ах дүүстээ л дуулгахаас биш өөр бусад хүнд бараг хэлэхээ байсан. Тэр үед нэгэнд нь зовлон гарлаа гэхэд гудмаараа, хороогоороо тусалдаг байсан шүү дээ. Хүний мөс, чанар тийм л сайхан байсан үе.
Д.ГАНСАРУУЛ