Categories
мэдээ нийгэм

“Мафиуд”-ын хөлд Монголын ард түмэн сүйрлээ

Монголын төрд улс төр, эдийн засгийн бүлэглэлүүд, олигархууд хэдийнэ гардгаа гараад хийдгээ хийгээд ёстой нэг самарч байна. Хэрэгтэй шийдвэр гаргуулахгүй, тэгсэн хэрнээ нэгдсэн шийдэлд хүрэхгүй, улс эх орныг өдөр ирэх тусам хүнд байдалд оруулж аливааг улстөржүүлэхгүйгээр, өөрсдийн амин хувийн эрх ашигт нийцүүлэхгүйгээр чигч шударгаар тасхийтэл шийдэж байгаа юм ганц ч алга гэдэг нь улс төр, нийгэм, эдийн засаг, гадаад харилцаа гээд бүхий л салбарт харагдана. Үе үеийн Засгийн газар, УИХ-аас иргэд “С.Зоригийн хэргийг хэзээ илрүүлэх вэ” гэдэг асуултыг ёс юм шиг тавьсаар ирсэн. Тэгтэл нэг бүлэглэл нь олон жил хүлээлт үүсгээд байсан уг хэргийг үйлдсэн этгээдүүдийг илрүүллээ хэмээн орон даяар дуулиан шуугиантайгаар мэдэгдэж, ээдрээт хэргийн сэжүүр тайлагдаж байна хэмээн зарласан. Тэгтэл нөгөө бүлэглэл нь “С.Зоригийн хэрэг илрээгүй. Жинхэнэ эзэд нь ард нь үлдээд байна. Энэ бол жүжиг” гэж няцаасан. Үүнд ард түмэн эргэлзэж чухам хэн нь үнэн хэлээд байгааг мэдэхгүй байгаа.

Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг Оюу толгойн гэрээтэй холбогдуулан 461 дүгээр хорих ангид нэг сарын хугацаатай саатуулсан. Тэднийг цагдан хорих хугацаа өнгөрсөн долоо хоногт дуусахад үргэлжлүүлэн хорих эсэхийг шүүхээр шийдээд батлан даалтад гаргахаар болсон. Тэгтэл шүүхийн шийдвэрийг прокурорууд эсэргүүцэж дахин нэг сар хорихоор болсон нь олон хүний гайхширлыг төрүүлсэн. Нэг бүлэглэл нь суллалаа гэж мэдэгдэнгүүт араас нь нөгөө бүлэглэл нь “Дахин нэг сар саатуулна” гэж мэдэгдсэнийг ард түмэн тэр өдөр бүхий л мэдээллийн хэрэгслээр харсан, уншсан, сонссон.

Бүлэглэлүүдийн эсэргүүцэл үүгээр дуусдаггүй. Нэг бүлэглэл нь төмөр замаа барьж, эдийн засгаа хөдөлгөе гэхээр нөгөө бүлэглэл нь эрс эсэргүүцээд “Төмөр замаар дамжиж биднийг эзлэх гэж байна. Энэ бол үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн үйлдэл” гэж олон нийтийн санаа бодлыг үймүүлдэг. Бүлэглэлүүдийн хамгийн их санал зөрөлддөг хэрнээ хамгийн найртайгаар хувааж “иддэг” салбар бол уул уурхай, эрдэс баялаг. “Оюу толгой төсөл анхнаасаа луйвар байсан. Монголын баялгийг хяналтгүйгээр цөлмөж байна. Газар доорх баялгийг хэдхэн нөхөд гадныханд хямдаар өгч байна. Үүн шиг ашиггүй төсөл гэж байхгүй” гэж нэг бүлэглэл нь хоолойгоо сөөтөл хашхирахад нөгөө бүлэглэл нь “Оюу толгой бол түүхэн төсөл. Хэрвээ энэ төсөл байгаагүй бол Монгол сөхрөх байсан. Энэ бол харин ч манайд хэрэгтэй төсөл, олон мянган хүн цалинтай залгасан. Оюу толгойг гүйцэх ийм хэмжээний төсөл ойрын жилүүдэд байхгүй” гэж өмөөрдөг.

Улс төр, эдийн засгийн бүлэглэлүүд Монгол Улсын хувь заяа, эдийн засаг, банк санхүү, ирээдүйг шийдэх төмөр зам, нефтийн үйлдвэр зэрэг томоохон асуудлуудад дандаа ингэж талцсан, нэгнээ үгүйсгэсэн байр суурь илэрхийлж эцэст нь ямар ч шийдэл, шийдвэрт хүрдэггүй. Үүний балгийг ард түмэн л үүрч байна. Хөрөнгө оруулагчдыг татаж томоохон төслүүдээ хөдөлгөе гэж нэг бүлэглэл нь дуугарахаар нөгөө бүлэглэл нь гадны хөрөнгө оруулагчид манайхыг эдийн засгийн аргаар гартаа оруулах гэж байна, аль нэг орны хараат болчихвол яах юм, биднийг өрөнд унагаад газар нутгаас минь таслаад авна гэвэл яах юм. Гадны хөрөнгө оруулагчдын хэрэг байхгүй, бид өөрсдөө дотоодынхоо нөөц бололцоогоор хөгжинө. Гадны хөрөнгө оруулагчдыг хөөх нь зөв гэдэг. Энэ их эерэг, сөрөг гэмээр гаргалгаа байхгүй маргаан дунд олон нийт төөрч хэн нь зөв, хэн нь буруу юм яриад байгааг ялгахаа байдаг. Ийм л шийдвэргүй юм ярьдаг “мафиуд” Монгол төрийн толгойд гарчихаад байгаа.

УИХ, Засгийн газраас улс эх орон, ард түмний амьдралд хэрэгтэй ганц ч шийдвэр гаргадаггүй болохоор эдийн засаг, нийгэм, хүмүүсийн амьдрал өдөр ирэх бүр дордож ам.долларын ханш 2500 төгрөгт хүрч байна. 100 төгрөгөөр авдаг байсан барааг 200 төгрөгөөр авдаг болоод удаж байна. Залуус нь гадагшаа “дүрвэж” болвол тэндээ “харлаж” үлдээд ард үлдсэн гэр бүлдээ хэд гурван юм явуулж амьдралаа залгуулж, эх орондоо үлдсэн хэд нь цалин, тэтгэврээ хүргэх гэж өрнөөс өр, зээлээс зээлийн хооронд өдөр хоногийг чадан ядан өнгөрөөж байгаа нь харин үнэн шүү.

Энэ уруудалт, эдийн засгийн өөдгүй байдал, бараан мэдээ бол “мафиуд”-ын Монгол Улсын ирээдүйд тусгаж байгаа сүүдэр. Улс төр, эдийн засгийн бүлэглэлүүд Монгол Улсыг хорлоод байна. Нэг ёсондоо Монгол Улс “мафиуд”-ын гүн хордлогод ороод үхэх үү, сэхэх үү гэдгээ ч мэдэхээ больж “тийчилж” байна. Улс эх орныг эдийн засаг болоод засаглалын хэмжээнд сөхрөөгөөд, цаг тутам хорлоод байгаа болохоор тэдгээр бүлэглэлийг “Мафиуд” гэхээс өөр юу гэх юм. АТГ байх ёстой гэж нэг бүлэглэл нь дуугарахад нөгөөх нь энэ газар шударга ажиллахгүй байна, захиалгын шинжтэй үйл ажиллагаа явуулаад байна татан буулгая гэдэг. Сүүлдээ гадаад оронд Монгол Улсыг төлөөлөн суудаг зарим Элчин сайдуудаа ч томилж чадахгүйд хүрлээ. Цаагуураа бүлэглэлүүд тохироогоо хийж чадахгүй болохоороо нэр дэвшүүлсэн хүмүүсийг ямар нэгэн шалтгаар унагаад байгааг УИХ-ын чуулганы хуралдаанаас бэлээхэн харж болно. Бүлэглэлүүд хоорондоо тохироогүй бол хэнбугай ч орж ирсэн дэмждэггүй нь тодорхой. Бүхэл бүтэн тусгаар тогтносон улсын гадаад харилцааны дипломат ажилтнуудыг томилох тухай хариуцлагатай асуудалд өнөөх “мафиуд” ингэж л амин хувийн ашиг сонирхлоо “чихэх” гэж улсын ажлыг гацааж байгаа нь зөв биш.

Монгол Улс бүхэлдээ удирдлагын хэмжээндээ ийм хаос шинжтэй болчихоод байна. Эрх барих дээд байгууллагаасаа яам, агентлаг, газрын дарга, мэргэжилтнүүд хүртлээ аль нэг бүлэглэлд хамаарч ийм байдлаар улсын ажилд ханддаг. Ямар ч бодит шийдвэр гаргадаггүй, дандаа л амнаас ам дамжсан юм ярьж, нэгэн рүүгээ шүлсээ үсчүүлэхээс өөр юу ч хийдэггүй. Бариад авъя гэхэд бодит бүтээн байгуулалт үгүй, тоочоод хэлье гэхэд амьдралд хэрэгжсэн ямар ч шийдвэр алга. “Мафиуд”-ын хорлон сүйтгэх энэ ажиллагаа Монгол Улсын удирдлагын түвшинг хаослог болгочихоод улсаараа, нийтээрээ чөдөртэй морь шиг л дороо хоёр жил цовхчлоо.

МАН-ыг энэ байдлаас гаргах болов уу гэж ард түмэн горьдож сонголтоо хийж гаргаж ирсэн. Гэтэл хийсэн бүтээсэн, шийдвэрлэсэн зүйлгүй мөн л бүлэглэл бүлэглэлээрээ талцаад яаж Засгийн газраа унагааж, төрийн эрхэнд гарах вэ гэдэг санаархлаар өдөр хоногийг элээж байна. Нам дотроо хуваагдаад ярьдаг юм нь “Тэгээд байвал танай Засгийн газрыг унагах асуудлыг ярина шүү. Чи ч надтай адил идэж уусан. Бас дэлгэж чадна шүү” гэж сүрдүүлдэг. Төр, Засгийн газар, УИХ-д өрнөж байгаа үйл явдлыг бүхэлд нь харвал ерөөсөө бүлэглэлүүдийн өрсөлдөөн, тэмцэлдээн, тохироо, нөгөө бүлэглэлээ эсэргүүцэж байгаад өөрсдийн бүлэглэлийнхээ ашиг сонирхлыг ямар ч хамаагүй аргаар дэмжүүлэх. Уг нь ард түмэнд амласан, УИХ-ын гишүүдийн өргөсөн тангаргаар бол өдийд төмөр замаа барьж, нүүрсээ хэл амгүй олборлож, нефть боловсруулах үйлдвэрээ барьж, Ази-Европ тивийг холбосон авто замаа барьж, мөнгө олох бүхий л сувгаа нээчихсэн байх ёстойсон. Биднийг ингэж өр ширэндээ баригдаж, бадар барьж гуйлга гуйх хэмжээнд очих ард түмэн биш гэдгийг гадны ажиглагчид хүртэл анзаарч “Танай оронд удирдлагын түвшинд хулгай нүүрлэсэн. Хөгжих нөөц бололцоо, байгалийн баялаг хангалттай ч түүнийг захиран зарцуулах эрх бүхий хүмүүс нь бүлэглэлийн зарчмаар ажиллаж байгаа нь харамсалтай” гэж үнэнийг нь хэлээд байгаа.

Өнөөдрийн Монголын үнэн царай нь дэндүү өрөвдмөөр. Төрийн эрхээ “мафиуд”-д “залилуулж” амаараа шороо үмхсэн ард түмний 30 гаруй хувь нь ажилгүй, орлогогүй, сонгосон хүмүүстээ “цагаан цаас”-аараа дуудуулцгааж байна. Сонгуулиас сонгуулийн хооронд амлалтаас амлалтын хооронд явсаар эцэж, цуцсан, төрдөө итгэх итгэлгүй хүмүүс л болчихоод байна. Сайд, дарга иржээ гэх сургаар гүйж очиж микрофон булаалдаад амьдрал хэцүү байгаа тухай бухимдан ярьж тайвшрахаас өөрийг чадахгүй л улс болж. Тэрийг нь ч өнөөдүүл нь овжин ашиглаж эгээтэй л сонгуулийн сурталчилгаа болж байгаа юм шиг хөдөөгүүр давхилдана. Улс орны хэтийн бодлого, хөгжлийн чиг хандлагыг тодорхойл гэж тэднийг төрд гаргадаг болохоос ард түмний үгээр үг хий гэж сонгоогүй. Дарга иржээ гэх зараар хуучных шиг зэрэг гүйлдэн очдог байсан цаг өнгөрсөн. Ажлаа хийгээд завгүй суугаа хүн юун хурал цуглаанд очих. Сонгодгоо сонгоод УИХ-д гаргадгаа гаргачихсан. Амласнаа хийж чадахгүй бол ирэх сонгуулиар буулгаад л хаячихна гэсэн бодолтой. Нэгэнт сонголтоо хийчихсэн байхад ажлаа баран баран тэр хурал хуй дээр нь очиж микрофон, сандал булаалдах хэрэг юун. Ажлаа дуусгаад замаараа үр хүүхдээ цэцэрлэгээс нь аваад эртхэн шиг унтаж амрахыг боддог шүү дээ. Тэглээ ч дарга нарт хэлсэн үг хэрэгждэггүй, шийдэл байдаггүй гэдгийг сүүлийн хорь гаруй жилд хангалттай мэдэрсэн ард түмэн. Энэ мэтээр “Мафи”-ийн бүлэглэлүүдийн утга учиргүй амлалт, шунахайн сэдэлтэй үйл ажиллагааны хөлд Монгол Улс, Монголын ард түмэн хот, хөдөөгүй үрэгддэгээ үрэгдээд сүйрч байна. Ийм байдлаар цааш хэр удаан тэснэ гэж. Төрийн минь сүлд өршөө гэж залбирдаг ард түмэн “Төрд шургалсан хулгайч нарыг тэнгэр гэсгээг” гэж залбирдаг болов.

Одоо бидэнд ямар гарц байна вэ, яавал бид энэ “мафиуд”-аас ангижрах вэ. Тэдний гарт төрийн байгууллагын бүхий л эрх мэдлээс гадна газрын баялгийн ихэнх лицензүүд орчихсон. Тэдэнтэй тэдний хэрэглэдэг аргаар тэмцээд ард түмэн юу ч олж долоохгүй, жинхэнээсээ хөлд нь гишгэгдэнэ. Харин бидэнд Монгол Улсын Үндсэн хууль, хууль эрхзүйн бичиг баримтууд бий. Ерөнхийлөгч, УИХ-ын сонгуулийг даруй наашлуулж “мафиуд”-аас нэг ч гэсэн өдрийн өмнө төрөө цэвэрлэж, салах хэрэгтэй. Сонгуулийг яаралтай товлуулаад ямар нэг бүлэглэлийн төлөө явдаггүй, “мафи”-д харьяалагддаггүй, Монголын төлөө зүтгэх, эх орондоо элэгтэй хүмүүсийг л гаргах зам үлдээд байна. Эх орондоо элэгтэй хүмүүсийг ард түмэн сонголтоороо гаргаад ирчихсэн байхад төрийн толгойд шимэгчлэн шигдсэн “мафиуд” нэг нэгээрээ задарч, шударга ёсны өмнө цээрлэл хүлээх нь дамжиггүй.


Categories
мэдээ цаг-үе

М.Золжаргал: 70, 80-аад оны дуунууд шиг дурсамж үлдээх, зүрх сэтгэлд мөнхрөх бүтээл хийхийн төлөө зорьж байна

“Хайрын хурим” дууны клипний зураг авалтын үеэр

Дуучин М.Золжаргалтай ярилцлаа.


-Таныг Наран мандах нутаг киноны дууг дуулснаар тань мэдэх юм?

-“Наран мандах нутаг” кино нь 40 ангитай, хоёр дуутай их сайхан бүтээл л дээ. Би “Сэтгэлийн эгшиг” дууг нь дуулсан юм.

-Наран мандах зүгийн нутгийн хүн болохоор л тэр киноны дууг дуулжээ гэж таамаглаж байна шүү?

-Би Дорнодод төрж өссөн. Миний аав, ээж Сүхбаатарын Дарьганга, Баяндэлгэрийн хүмүүс байдаг юм. Тэгэхээр би яалт ч үгүй зүүн зүг, наран ургах зүгийн хүн болчихож байгаа юм.

-Таныг анх урлагт бүжигчнээр хөл тавьж байсан гэж дууллаа?

-Дорнодод Хөгжим бүжгийн коллеж шиг Гоц авьяастны 12 дугаар сургууль гэж бий. Тэр сургуулийн бүжгийн ангид тавдугаар ангиасаа сурсан. Дорнодын театр бүжигчин цөөтэй болохоор манай сургуулиас дагалдан бүжигчин авна. Би 14 настайдаа сургуульд сурахын хажуугаар тус театрт дагалдан бүжигчнээр орж байлаа. Театр маань тодорхой хугацааны дараа дагалдан бүжигчдээсээ шалгалт авч тэнцсэн хүмүүсийг нь жинхэлдэг байсан. Би яг л тэр зарчмаар явж шалгалтад нь тэнцэж мэргэжлийн бүжигчнээр ажиллах болсон. Удалгүй театр маань жүжигчдээ бэлдэнэ гээд зургаан эмэгтэй, зургаан эрэгтэйг 1998 онд “Мюзик Холл” дээд сургуульд оюутан болгосон юм. Тус сургуульд амжилттай суралцаад жүжигчин мэргэжил эзэмшсэн. Дараа нь гавьяат жүжигчин Б.Дашдондог багшийн “Na­ture sound” төвд дуулаачаар сурсан. Ингээд “Мөнгөн харандаа” хамтлагт залуу дуучнаар дуулах болсон л доо. Харин одоо хувиараа дуучны мэргэжлээрээ ажиллаж байна.

Мөнгөн харандаа хамтлаг бол манай эстрад урлагийн түүхийг бичилцсэн, үе үеийн шилдэг дуучдыг төрүүлсэн хамт олон юм?

-“Мөнгөн харандаа-1”, “Мөнгөн харандаа-2” гэж бий. Ахмад дуучид маань “Мөнгөн харандаа-1”-дээ хамаарагддаг. “Мөнгөн харандаа” хамтлагийн ахлагч Л.Энхбаяр ахтайгаа энд тэнд янз бүрийн арга хэмжээ, тоглолт дээр таарна. Тэгэхэд Л.Энхбаяр ах маань намайг уг хамтлагт орж дуулахыг санал болгодог байсан юм. Манай хамтлаг чинь эрчүүд ихтэй. Эмэгтэй дуучин хэрэгтэй байгаа юм гэсэн л дээ.

Ингээд тус хамтлагийнхантай хамтарч ажиллах болж олон сайхан бүтээл дээр гар нийлсэн. Би энэ хамтлагаас маш их зүйлийг сурсан. Амьд хөгжимтэй дуулаад эхэлсэн чинь ер нь тууштай дуулъя гэсэн бодол төрсөн л дөө. Би одоогоор чөлөөт уран бүтээлч гэгдэж байгаа ч “Мөнгөн харандаа” хамтлагтайгаа нэгдээд 1970, 1980-аад оны эстрад дууны концерт, үдэшлэгт оролцоно. Жакитай нийлээд бид “San­remo” шоугаа хийгээд явдаг.

-Танай удамд дуулдаг, бүжиглэдэг урлагийн авьяастнууд бий л байх?

-Аав, ээжийн талынхан аль аль нь уртын дуу дуулцгаана. Түүнээс биш урлагт зорьж дуучин, жүжигчнээр ажиллаж байгаа хүн өөр байхгүй л дээ. 12 дугаар сургуульд орсноосоо хойш л урлагт дуртай болчихсон. Нэг хэсэг гадагшаа, дотогшоо явж өөр зүйл хийсэн ч урлагаасаа салж, холдож чадахгүй байсан юм. Ялангуяа бүжгээ их үгүйлэх янзтай, бүхнийг бүжигтэйгээ холбодог байлаа. Өнөө зун цомгийнхоо ажилд шамдана. Дуу бүжиг хосолсон сайхан бүтээлүүдийг хийнэ гэж төлөвлөчихөөд байна. Одооноос л М.Золжаргал гэдэг дуучин уран бүтээлээ нийтэд хүргэж эхэлж байна. Миний ард баг ажиллаж байгаа. Миний эхний төсөл “Хайрын хурим” дуу байсан.

-Дуучин Т.Дэлгэрмө-рөнтэй хамтарч дуулсан Хайрын хурим дууны клип олны анхаарал татсан. Уг клипэнд та Т.Дэлгэрмөрөнтэй хуримаа хийж байгаагаар тоглосныг хүмүүс жинхэнэ мэт хүлээж авч таныг түүний гэргий гэж ойлгосон?

-Харин тэгж ташаа ойлгосон байна билээ. Би хуримын сэдэвтэй сайхан дуутай болъё гээд хөгжмийн зохиолч Л.Балхжав, яруу найрагч Д.Ган-Очир ахдаа захиалсан юм.

…Хайраас ургасан амьдрал билээ, бидэн хоёр

Хагацаж салшгүй утга учир болжээ, бидэн хоёр

Ураг барилдахын заяатай билээ, бидэн хоёр

Уужим хорвоод хослохын хүслэн билээ, бидэн хоёр гэдэг гоё үгтэй.

Хуримын дууг ганцаараа дуулах зохимжгүй санагдаад хэнтэй хамтарч дуулах вэ гэж бодсон л доо. Хөгжмийн зохиолчтойгоо ч удаан ярилцсаны эцэст дуучин Т.Дэлгэрмөрөнтэй дуулъя гэж шийдсэн. Ингээд уг дууг хамтарч дуулж клипээ хийсэн чинь Т.Дэлгэрмөрөн ахыг хоёр дахь амьдралаа зохиожээ, хуримаа хийжээ гэж нэг хэсэг шуугьсан.

-Дуунуудаа клипжүүлэх, цомог гаргах, тоглолт хийх гээд таныг том даваанууд хүлээж байна даа?

-Тийм. Яг наад дарааллын дагуу чинь л явж байна даа. Уран бүтээлийн ажлаа “Хайрын хурим” гэдэг гоё дуугаар их бэлгэ дэмбэрэлтэйгээр эхлүүлчихлээ. Сүхбаатар, Хэнтий, Дорнодын гурван эмэгтэй дуучин нийлээд “Сэцэн хан нутаг” гэж сай-хан дуу хийхээр болж, клипний зураг авалтаа зүүн аймгуудын байгалийн үзэсгэлэнт газруудад хийхээр төлөвлөсөн. Энэ сарын 16-нд зураг авалтаа эхлүүлнэ. Үүний дараачаас л миний дууны клипүүд шил шилээ даран үзэгч сонсогчдод хүрч эхэлнэ дээ. Намар гэхэд цомгоо Монголын ард түмэндээ хүргэж ийм нэг өнгө төрх, дуу хоолойтой дуучин та бүхэнтэй мэндчилж байна шүү гээд л мэхийнэ дээ.

-Та ямар дуучдыг даган дуулж, шүтэн биширдэг байв, хүүхэд байхдаа?

-Ардын жүжигчин Д.Жаргалсайхан гуай бол миний багш. Гавьяат жүжигчин Ш.Даваахүү гуайг их сонсдог байлаа. Мэргэжлийн урлагийн сургуулийн сурагчид байсан болохоор аймгаасаа гарсан мундаг хүмүүсийн дууг их сонсдог байсан юм. Одоо бол рок поп, “Мөнгөн харандаа” хамтлаг руу ороод ирэхээр сонирхол өөрчлөгдөж байна шүү. Дуучин Т.Ариунаа, Б.Сарантуяа нарын дууг их сонсдог байлаа. Гэхдээ дээр үеийн эстрад хамтлагуудыг голчлон сонсч өссөн. Миний дуулах жанр ч яг тийм хэв маягийнх байх юм. Аялгуу, үг нь гоё дуу гаргая гэж цомог дээрээ ажиллаж байна.

-Нэг хэсэг манай эстрад урлаг, рок попын ертөнцөд хип хоп урсгал мөн хамтлагууд хүч түрэн орж ирж байсан бол одоо телевизийн элдэв шоунаас төрөн гарсан дуучин, соло дуучид л олон харагдах болжээ?

-Хамтлагаар урлагийн салбарт явахад хэцүү л байгаа харагдах юм. Би 30-аас дээш насныхандаа зориулсан бүтээл хийе гэж төлөвлөж байгаа. 40, 50-иас дээш насныхны сонсч ирсэн дуунууд бол гоё үг, аялгуутай. Одоо үед тэдний сонсох юм ховордчихоод байгаа юм шиг санагддаг юм. Тийм л гоё, энгийн дуунууд хийхсэн гэж зорьж явна. “Өргөө” хамтлагийн дуунууд одоо ч байж л байна. Яг л тийм урт настай, хүний сэтгэлд, зүрхэнд шингэсэн 1970, 1980-аад оны дуунууд шиг дурсамж үлдээх бүтээл, хуучны эстрадыг одооны дуугаралт, түвшинд авчирсан дуунуудтай болохсон гэж их боддог.

-Твист, фокстрот, рок-н-ролл гээд л бүжгийн хэмнэл санагдаж байна?

-Диско шүү дээ. Хөнгөн хэмнэлийн диско. Сонсоход чихэнд хөнгөн, зөөлөн мэдрэмж төрүүлдэг шүү дээ. Миний хөдөлмөр, авьяас бүхий л зүйлээ дайчлан гаргасан дуу бүтээл ард түмэнд маань хүрч байвал би баяртай байх болно. Аливаа уран бүтээлч хүний эцсийн зорилго л тэр байдаг шүү дээ.


Categories
мэдээ цаг-үе

С.Хишигжаргал: Анхны тоглолтоо их нандигнаж байна

Дуучин С.Хишигжаргалтай ярилцлаа.


Universe best songs бол таны нэрийн өмнө явдаг бас нэг тодотгол. Уг уралдаанд хэдэн онд оролцож байлаа?

-2011 онд “Universe best songs” наадам гурав дахь удаагаа зохиогдоход орж байлаа. Миний өрсөлдсөн анхны тэмцээн байсан юм. Их амжилттай оролцож шилдэг 25-д үлдсэн.

-Уг уралдаанаас шилдэг дуучид төрдөг ч цөөхөн нь л урлагтаа үлддэг. Урлагаа цааш үргэлжлүүлж байгаа тэдгээр хүмүүсийн нэг нь та шүү?

-Гоё дуулдаг, авьяастай залуус олон бий л дээ. Харин уран бүтээл хийж байгаа нь гэвэл цөөхөн. Уран бүтээл дээр ажиллана гэдэг тэмцээнээс огт өөр. Илүү хариуцлагатай байж, өөрөө л зүтгэж байж уран бүтээлч болдог юм билээ.

-Та өмнө нь дуулдаг байсан уу, эсвэл энэ шоугаар гарч ирж олонд танигдав уу?

-Өмнө нь гэртээ, сургууль, ангийнхаа хүрээнд л дуулдаг байлаа. “Universe best songs” наадам бол намайг хүмүүст их таниулсан. Намайг дуулдгийг мэддэггүй байсан хүмүүс энэ уралдааныг телевизээр үзээд гайхсан шүү. Өмнө нь ямар ч тэмцээн уралдаанд орж дуулж байгаагүй юм. Энэ наадам намайг урлагт чи чадна шүү гэдэг итгэлийг төрүүлж өгсөн. 2011 онд “Universe best songs” наадамд 16-60 гаруй настай 800 гаруй хүн бүртгүүлж өрсөлдсөн. Тэгэхэд надтай хамт өрсөлдөж байсан хүмүүс дунд одоо амжилттай яваа уран бүтээлчид байна. Тийм мундаг авьяастнуудтай өрсөлдөөд шилдэг 25-д үлдсэн нь миний хувьд өндөр босго байсан. Тийм учраас энэ наадам намайг уран бүтээл хийгээд явахад маш том суурь болж өгсөн.

-Та дараа нь хөгжмийн зохиолч, продюсер Б.Ангирмаатай хамтарч ажиллах болсон. Тал нутаг гээд уянгалаг сайхан дууг нь хоршиж дуулсан шүү дээ?

-“Тал нутаг” дуу,

“Хөвсгөр цагаан цас нь хаялан орж

Хөндий тал нь цайран цэлийнэ

Хөдөө нутгийн хөгшнийгөө санан

Хөгжим болсоор сэтгэл хөдөлнө” гэж эхэлдэг. Их гоё дуу. Гоё дуу, гоё аялгуу хүний хоолойг гоё гаргаж ирдэг юм билээ. Гурав дахь дуугаа гаргачихаад байж байтал Б.Ангирмаа багш над руу залгасан юм. “Чиний хоолой надад таалагдаж байна. Надад “Angel” гэж дуу байдаг юм. Хэрвээ хүсвэл энэ дууг дуулж болно шүү” гэж санал болгосон. Ингэж л багштайгаа хамтарч ажиллах болсон доо. Хамтдаа олон дуун дээр ажиллаж байна. Миний анхны “I’m Khishgee” цомгийг багш минь продюсерлож гаргаж өгсөн. Би багшдаа маш их баярлаж явдаг.

-Продюсеруудын дундаас биеэ авч яваа байдал, өөрийгөө илэрхийлдэг зан чанар зэргээрээ ялгардаг нь Б.Ангирмаа. Тийм ч болохоор зарим залуу уран бүтээлчид түүнээс эмээх хандлагатай байдаг?

-Миний нэг сонин зан байдаг юм. Айж байгаа зүйл, айдсынхаа эсрэг сөрдөг зантай. Айж зугтдаггүй, заавал нүүр тулж байж тухайн зүйлийнхээ мөн чанарыг таних дуртай. Тийм болохоор би багшаасаа айж байгаагүй. Над руу ярихад нь маш их баярласан. Багштайгаа анхнаасаа тийм сэтгэгдлээр учирсан болохоор айхавтар айгаад бэмбэгнээд байдаггүй. Гэхдээ би багшийгаа маш их хүндэлдэг. Хүндэлнэ гэдэг хүн харахад айгаад ч байгаа юм шиг харагддаг байх. Надад анх эрэгтэй хөгжмийн зохиолчдоос хамтарч ажиллах санал их ирсэн юм. Тухайн үед нас залуу байсныг ч хэлэх үү, жаахан хаширлаад багшийгаа ярихад нь яагаад ч юм маш их баярлаж билээ (инээв). Би чамайг продюсерлоё гэхээсээ илүүтэй чи миний дууг дуулж болно оо гэж уран бүтээлчийнхээ хувиар ярихад нь өөрийн эрхгүй таатай санагдсан. Багшаасаа их ч зүйл сурсан. Цомгийг минь гаргаж өгчихөөд “За би хөлийг чинь дөрөөнд, гарыг чинь ганзаганд хүргэж өглөө. Чи соло дуучин. Багш нь одоо охидын хамтлаг байгуулна. Тэр хамтлагт орж дуулж болно шүү” гэж билээ. Багш минь ингэж л надад замыг минь зааж өгсөн дөө.

-Та гадаад төрхөө европжуу байдлаар тодорхойлсон. Үсээ шаргал болгодог?

-Би европ соёл, киног ихэд сонирхдог. Нөгөөтэйгүүр рок поп урсгал ч гэсэн тэр зүгээс гаралтай учраас яах аргагүй тийм хэв маяг, жанр барьдаг. Тухайн үедээ шаргал үстэй байлаа. Одоо бол бага зэргийн шаргалтай үстэй (инээв.) Зарим хүмүүс намайг өөр бусадтай жиших нь бий. Миний хувьд хүнтэй адилхан байя гэж боддоггүй. Аль болох өөрт байгаагаа тодруулж харуулахыг хичээдэг.

-Таны клипүүд цэвэр хотын шинжтэй байдаг л даа. Тийм болохоор хотын унаган хүүхэд байж мэднэ гэж таамаглаж болох ч таныг Архангайнх гэж дуулсан?

-Би Архангай аймгийн Хангай суманд төрсөн. Ингэж хэлэхээр хүмүүс намайг “Чи хөдөөнийх байсан юм байна ш дээ” гэдэг юм. Би яах аргагүй хөдөө төрсөн. Гэхдээ би хотод ухаан орох цагаасаа л эхэлж амьдарсан болохоор хотын соёлоо эрхэмлэдэг. Бусад залуусыг ч усыг нь уувал ёсыг нь дага гэгчээр энэ хотод хайртай байгаасай, энэ хотыг өнгө үзэмжтэй байлгаасай гэж хүсдэг. Тийм болохоор клип, уран бүтээлээрээ хүмүүст сөрөг юм харуулахгүй юмсан, хар сенсациар амьдрахгүй юмсан гэж боддог. Цэвэр уран бүтээлч байх сан. Эргээд хэдэн жилийн дараа клипүүдээ хараад “Ээ ямар аймаар байсан юм бэ” гэмээргүй, тухайн цаг үедээ эзэн нь байж гоё бүтээл хийх сэн гэж зорьдог. Анхныхаа тоглолтыг хийх гээд уран бүтээлийнхээ жагсаалтыг сонсч байхад дуунуудаа бүгдийг нь клипжүүлсэн байна. Клип болгон минь дурсамжтай, хөдөлмөр шингэсэн байсан учраас өөрийгөө хайрласан шүү.

-Дуучин хүний хувьд анхны тоглолт гэдэг үгээр илэрхийлэхийн аргагүй баяр жаргал, догдлол төрүүлсэн үйл явдал байдаг юм шиг байгаа юм. Яг одоо таны сэтгэл маш их хөдөлж байгаа?

-Энэ цаг хугацааг би мөрөөдөж байгаагүй мөртлөө цаанаа их хүсдэг байсан юм шиг байгаа юм. Хүнд хэлж зүрхлэхгүй тийм нандин зүйл байсан юм байж л дээ, одоо бодоход. Одоо тэр мэдрэмж ойртохын хэрээр маш их баярлаж байна, догдолж байна. Сандрах, айх гэхээс илүүтэй хайртай, хамгийн дотны хүнээ хол явуулчихаад уулзах өдөр, хоногоо хуруу даран хүлээж байгаа юм шиг тийм мэдрэмж төрж байна.

Анхны тоглолтоо VIP хийж байгаа. Б.Ангирмаа багш минь “Чи тоглолт хийгээч” гэхээр нь “Нээрэн тоглолт хийе” гэсэн бодол төрсөн. Тэгээд эхний, анхны тоглолтоо намайг чин сэтгэлээсээ сонсдог, намайг хайрладаг тийм хүмүүстэйгээ хамт нүүр нүүрээ харж байгаад жижигхэн ч гэсэн ая таатай, өндөр зэрэглэлийн орчинд, хөгжмийн сайн дуугаралттайгаар хийе гэж бодсон. Анхны гэдэг утгаар нь тоглолтоо их нандигнаж хийж байгаа. Түүнээс биш ашиг олж, өөрийгөө нийтэд шидэх гээд байгаа зүйл биш шүү. Би өөрийнхөө дуунуудыг тасралтгүй дуулахад хоёр цаг гаран болж байна билээ. Эхлээд хайртай хүмүүстээ тоглолтоо дээжилж хүргэе гэж зорьсон. Цаашид бие даасан томоохон тоглолтоо хийх бодол байгаа. 150-хан хүний суудалтай. Билет нь дуусчихсан.

-VIP тоглолт тань хаана болох юм?

-Үндэсний соёл, амралтын хүрээлэнгийн “Park Castle”-д болно. Нэмж хорин хүний тасалбарыг захиалгаар хэвлэсэн. 170-аад хүн цуглаж л тоглолтыг минь үзэх нь. Хүмүүсийг тэгж цуглана чинээ санаагүй. Маш их баярлаж байгаа. Найзууд маань тоглолтыг минь үзэх гээд Солонгос улс, Архангай аймгаас ирж байна. Урилгаар орохгүй, тасалбар худалдан авч үзнэ шүү гэцгээсэн. Тэгж хандаж байгаа нь үнэ цэнэтэй санагдаж байгаа.

-Таны хоолойг сонсоход байгалиасаа төрмөл байдаг л даа. Маш цэвэр дуугардаг цээл хоолой?

-Би өөрийгөө гоё хоолойтой гэж боддоггүй байсан. Би дуучин Т.Ариунаа шиг часхийсэн хоолойтой биш байх, Уитни Хьюстин шиг чадалтай хоолойтой биш байх гэж дандаа өөрийгөө дарж бодож явсан. Хэзээ өөрийнхөө хоолойг бас чиг аятайхан юм байна гэж бодож эхэлсэн бэ гэхээр “An­gel”, “Чамд орхисон хайр”-ыг дуулчихаад өөртөө бага багаар дурлаж эхэлсэн. Хоолой минь надад таалагдсан. Би өөрийгөө эвдэх гэж үзсэн. Дээшээ, доошоо өнгөөр ч дуугарч үзсэн юм. Багш нар маань намайг “Өргөн диапазонтой байна. Аль ч өнгөн дээр ашигтай дуугарч болно” гэдэг байлаа. Гэхдээ надад хэт их цоглог дуу зохидоггүй, эсвэл хагацаж салсан тухай ганихралын дуу зохимжгүй юм билээ. Би юмыг гэгээлэг, хөнгөн гунигтай, романтик байдлаар хүлээж авдаг болохоор тэр нь миний хоолойд тохирдог. Хувцасны хувьд ч ялгаагүй. Яг одоо трэнд болж байгаа хувцас гэхээсээ өөртөө зохисон хувцсаа өмсчихөд л гоё харагддаг.

-Таны клипүүд их өнгөлөг шүү?

-Бодно л доо, клип хийх болгондоо. Яавал хүнд гоё сэтгэгдэл төрүүлэх вэ. Урлаг гэдэг гоо зүй. Гоо сайхан харагдахаасаа илүү тачаангуй харагдах гээд хүмүүсийн эгдүүцлийг төрүүлж хямдхан харагдах вий гэдэгт их анхаардаг. Коко Шанелийн “Эмэгтэй хүн битүү хувцас өмссөн ч дур булаам байж болдог. Нүцгэлж шалдлахыг дур булаам гэж ойлгож болохгүй” гэсэн үг бий. Тэрийг зарчим болгож явдаг.

-Таныг олон киноноос харсан. Хэд хэдэн кинонд тоглочихов уу?

-Гол дүрд нь тоглосон гэвэл цөөхөн л дөө. “Нэг өдрийн дайсан”, “Хоёулаа унтах уу”, “Universe best songs”-ийн шилдэг оролцогчдын тоглосон “Мартагдашгүй намар” кино байна. Харин сүүлийн үед гэвэл “Бүсгүйчүүд хайрыг хүснэ” кинонд Оюуны дүрд тоглосон. “NTV” телевизийн “Гэр дүүрэн охид” сериалд Оргилмаагийн дүрд тоглочихоод байна. Миний дүр бүтээнэ гэх нь хаашаа юм, өөрийнхөө чадлаар оролцон тоглосон гэх үү дээ. Кинонд тоглож өөрийгөө сорьсон. Их ч зүйлийг тэндээс сурсан.

-Тоглолт тань бямба гаригт болно. Хоёрхон хоног үлдэж дээ?

-Санаа зөв бол заяа зөв гэдэг. Их сайхан боломжууд надад олдож, олон сайхан хүмүүстэй танилцдаг. Төрж өссөн Архангай аймгийн Хангай сумын нийт ард түмэн, ахан дүүс, хамаатан садан, хайрт ээждээ, намайг хайрладаг миний ойр дотны бүх хүмүүст баярлалаа. Би энэ хорвоо дэлхий дээр байгаа бүх юманд талархаж амьдрах дуртай. Миний энэ тоглолт талархлын тоглолт юм л даа. Та бүхэндээ баярлалаа.

-Тоглолтын тань нэрийг сонирхвол?

-“Хатан зүрх”. Энэ тоглолтод маань миний хамгийн хайртай хүмүүс намайг зорьж ирж байгаа. Эдгээр хүмүүсээр дамжиж миний дуунууд бүр ч олон хүнд хүрнэ. Тиймээс их догдолж байна. Цаашдаа нийгэмдээ, урлагтаа муу нэр зүүхгүй юмсан, аль болох сайн сайхан зүйлийг бусдад түгээхсэн гэж хичээж байна.

-Та гэр бүлтэй юу?

-Найз залуутай.


Categories
мэдээ цаг-үе

Ц.Тэмүүлэн: Амьдралд дахиж ийм боломж олдохгүй гээд “Яг түүн шиг” шоунд оролцохоор шийдсэн

Боловсрол телевизээс зохион байгуулдаг “Яг түүн шиг 2018” шоу энэ сарын 6-наас үзэгчдэд хүрч эхлэх гэж байна. Гурав дахь жилдээ зохиогдож байгаа уг шоуны оролцогч, “A-sound” хамтлагийн ахлагч, дуучин Ц.Тэмүүлэнтэй ярилцлаа.


-“Яг түүн шиг” шоунд оролцох санал тавихад танд ямар сэтгэгдэл төрсөн бэ?

-Эхлээд шууд “Тийм, үгүй” гэж хэлэхэд хэцүү байсан. Эргэлзээтэй. Тэгээд гэр бүлийнхэн болон найз нөхдөөсөө асууж, зөвлөлдсөн. Тэдний маань бараг 90-ээд хувь нь “Шоунд ор” гэж зөвлөсөн. Ингээд л бодож бодож байгаад оръё гэж шийдсэн.

-Шоунд орох шийдвэрээ гаргах мөчид юу бодогдов. Өөрийгөө ялж байгаагаар төсөөлж чадсан уу. Өнгөрсөн жилийн хувьд жүжигчин Т.Бархүү үнэхээр чадварлаг байж, гайхалтай нүүр, дүр хувиргалтыг гаргаж ялалт байгуулсан шүү дээ?

-Шийдээ хэлэнгүүтээ л “За байз, би чинь ямар хүмүүстэй өрсөлдөх билээ. Хэн хэн оролцож байгаа бол” гэж бодсон шүү. Түрүү жилийнх дээр Т.Бархүү үнэхээр шуугиулж чадсан. Хэрвээ тийм хүмүүс ороод ирвэл надад боломж байх уу, үгүй юу гээд л эхлээд эргэлзээтэй зүйлүүдийг тооцоолсон л доо. Гэсэн ч эргэн тойрныхон маань намайг энэ шоунд орох шийдвэр гаргахад хамгийн их нөлөөлсөн гэх үү дээ.

-Оролцогч бүр өөрийн гэсэн давуу талтай. Таны хувьд дуучин хүн болохоор дуулалт болоод хэлний мэдлэгийн тал дээр асуудал гарахгүй байх. Та дүр гаргаж, жүжиглэхдээ хэр вэ?

-За даа, наадах чинь л хамгийн хэцүү нь. Би дуу дуулдаг хүн. Янз бүрийн ковер, гадаад дуу дуулдаг. Тэр нь миний давуу тал болно. Дуулалтын тал дээр гайгүй байх. Харин жүжиглэлт, бүжиг бол бараг амьдралдаа хийж үзээгүй зүйл гэж хэлж болно. Гэхдээ за яадаг юм, залуу байгаа дээрээ өөрийгөө сорьё, дараа нь үзэхэд ч дурсамжтай. Амьдралд дахиж ийм боломж олдохгүй байлгүй. Нэг удаагийн ийм завшааныг алдаад яах вэ гэж бодсон болохоор ямар ч байсан жүжиглэлт, бүжиг дээрээ хамаг хүчээ зориулна.

-Эрэгтэй оролцогчдод эмэгтэй дүр таарвал илүү оноо аваад байх шиг байдаг шүү. Ийм дүр таарвал яах бол?

-Эмэгтэй хүний дүрд хувилна гэдэг хэцүү. Жүжигчин хүний хувьд өмнө нь эмэгтэй дүр бүтээж байсан бол илүү ойрхон байж магадгүй. Миний хувьд айж байсан зүйл бол эмэгтэй хүний дүрд ороод бүжиглэнэ гэдэг том даваа. Хийвэл бүү ай, айвал бүү хий гэдэг дээ. Нэгэнт орсон юм чинь өөрийгөө сорьж үзнэ ээ.

-Өнөө жилийн оролцогчдын хувьд насны хувьд ойролцоо шижигнэсэн залуус байна. Жинхэнэ гал гарсан өрсөлдөөн гарах байх гэж таамаглаж байна?

-Тийм шүү. Биднийг уулзуулахад заримыг нь зүс мэдэхээс сайн таньдаггүй хүмүүс байсан л даа. Жүжигчин Тэмка (“Эмоци” хамтлагийн жүжигчин О.Тэмүүжинийг хэлэв.сурв)-г хараад “За энэ хамгийн хүчтэй өрсөлдөгч юм байна” гэж бодсон. Бас дуучин, ая зохиогч Б.Нацагдорж, “Sweetymotion” хамтлагийн дуучин Г.Сүндэрмаа гэж хүчтэй өрсөлдөгч байна. Загвар өмсөгчдийн хувьд дуулалтыг нь сайн мэдэхгүй юм чинь таамаглах аргагүй байсан. Тэмкаг л хамгийн мундаг өрсөлдөгч юм даа гэж бодсон. Дуулдаг, бүжиглэдэг, жүжиглэдэг. Бүх шид нь бүрэлдчихсэн хүн.

Энэ шоу үзэгчдэд нэлээн удаан хугацааны туршид хүрдэг. Хэдийгээр өрсөлдөөн явж байгаа ч бид нэг баг болж чадаж байгаа. Өрсөлдөх ёстой ч хүмүүст сонирхолтой, сонин шоу үзүүлэх нь л хамгийн чухал.

-“Яг түүн шиг” монголчуудын тэсэн ядан хүлээдэг шоу болжээ?

-Намайг энэ шоунд оролцох, өрсөлдөж чадах оролцогч гэж урьсан “Боловсрол” телевизийн хамт олондоо баярлалаа. Үзэгчдэд хэлэхэд, миний хувьд хийж үзээгүй юмнуудаа хийж үзэж, маш их зориг гаргаж байгаа. Төдий чинээгээрээ сонирхолтой байх болов уу. Чадах чинээгээрээ хичээж байгаа болохоор уйтгартай байна гэж байхгүй гэдэгт итгэлтэй байна.

-Шоуны нүүр хувиргалт гэж нүсэр ажил байдаг юм шиг байна билээ?

-Их хэцүү юм билээ. Ганц хиймэл хумс хийхэд л асар их ажиллагаа ордог юм билээ. Би шоуны үеэр сахлаа хусуулах шаардлага гарсан л даа. Сахлаа ерөөсөө хусч байгаагүй. Сахлаа хуссан минь маш том золиос болсон (инээв). Тэрнээс болж бараг л “Энэ шоунд дэмий ч оров уу” гэж эргэлзсэн шүү. Одоогоос 11, 12 жилийн өмнө сахлаа нэг удаа авч байсан байх. Тэрнээс хойш сахландаа гар хүрээгүй байсан юм. Сахлаа авахуулсан чинь өөрийгөө танихгүй шахуу юм болсон шүү (инээв).

-Танай “A-sound” хамтлагаар сонин сайхан юутай. Шинэ уран бүтээл хийхгүй нэлээд удчихав уу даа?

-Манай хамтлаг шинэ цомог гаргаагүй удчихлаа. Дөрөв, таван жил болчихож. Саяхан шинэ цомгийнхоо ажилд орж эхний хоёр дуугаа цацаад эхэлчихлээ. Өнөө жилдээ багтаад найман дуутай шинэ цомог гаргахаар ажиллаж байгаа. Дуунууд маань бэлэн болчихсон ч эцэслэж хийгээгүй байна. Дундуур нь би энэ шоунд ороод цомгийн ажил түр завсарлачихаад байна.

-Таныг эмч мэргэжилтэй гэж сонссон?

-Би 2007 онд Анагаах ухааны их сургуулийг төгссөн. Ерөнхий мэргэжлээр төгссөн ч мэргэжлээрээ ажиллаагүй. Эмч мэргэжлээ хаясан гэж хэлж болно.

Зургадугаар курсээсээ “А-sound” хамтлагтаа дуулж эхэлсэн. Тэрнээс хойш дуу хөгжмөөрөө л тасралтгүй явж байна. Хажуугаар нь киноны хөгжим, дууны ажил хийж байгаа.

-Энд тэнд явж байхдаа тариа дусал хийх зэргээр эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлчихдэг биз дээ?

-Дусал, тариа зэргээ хийчихнэ л дээ. Харин нарийн ширийн юмаа би одоо мэдэхгүй байх. Хүний эрүүл мэнд, эмчийн ажил гэдэг чинь түвэгтэй шүү дээ. Их хариуцлагатай ажил болохоор дур мэдэн хийх боломжгүй. Арваад жил болчихсон болохоор нэлээд төсөөрчихсөн байх. Анхан тусламжийн ойр зуурын юмнуудаа бол хийчихнэ ээ.

-Багаасаа дуулдаг хүүхэд байв уу?

-Зургадугаар курст байхад минь “А-sound” хамтлаг байгуулагдсан. Түүнээс өмнө би “1060” хамтлагт дуулдаг байсан. Тухайн үед уран бүтээл хийе гээд зүтгээгүй, зүгээр л бааранд дуулдаг байсан юм. 2002 оноос гитар тоглож сурсан. Хүүхэд байхдаа дуулдаг л байсан. Хүмүүсийн өмнө дуулж чаддаггүй, хүнгүй газарт л дуулдаг ичимхий хүү байлаа. Нууцаар дуулдаг байлаа. Хүн байхгүй бол хаана ч хамаагүй дуулдаг байсан юм (инээв). 2006 оноос урлагт сэтгэл зүрхээ зориулж тасралтгүй ажиллаж явж байна.

-Урлагийн, тэр дундаа дууны шоунууд их гарч байгаад шүүмжлэх хүмүүс их бий. Танин мэдэхүй, шинжлэх ухааны чиглэлийн шоу үгүйлэгдэж байна гэцгээдэг. Та үүнд уран бүтээлч хүний хувьд ямар бодолтой явдаг вэ?

-Бүх юманд харьцаа байх хэрэгтэй. Нэг юм ихдэх нь дэмий л дээ. Тэр талаас нь харвал тийм байж болох юм. Дууны тэмцээн их болж байгаа ч муусаад байх нь ч юу байх вэ дээ. Юм баланстай байх хэрэгтэй. Бусад төрлийн шоу хийх хэрэгтэй л байх.

Уншигчдадаа хандаж хэлэхэд, миний хувьд бүх хүч авьяас, чадлаа зориулж энэ шоунд оролцоно. Бусад оролцогчид маань ч тийм сэтгэлээр өрсөлдөж байгаа. Тийм болохоор “Яг түүн шиг” шоу та бүхнийг уйдаахгүй, сонирхолтой байна гэдэгт итгэж болно.


Categories
мэдээ цаг-үе

Мөнх амьдрах мөрөөдөл буюу Хүн-Робот

Хүн төрөлхтөн үхэшгүй мөнхийн амьдрал, мөнхийн рашаан, мөнх насыг өнөө хүртэл хайсаар байгаа. Үлгэр, домогт үхэшгүй мөнхийн амьдрал, мөнхийн рашааны тухай олонтаа гардаг нь хүн хэмээх бодгаль энэ дэлхий дээр мөнх амьдрах хүсэлтэй, үхэшгүй байхыг эрмэлзсээр ирснийг харуулж байгаа юм. Сэргэн мандалтын үеэс үхэшгүй мөнхийн тухай ойлголтууд хүчтэй гарч ирж байсан бол Азид энэ тухай ойлголт бүр эртний улбаатай. Хаад, хатад, ихэс дээдэс, эвэртэн туурайтнууд урт наслах нууц жорын тусламжтайгаар хаан суудал, эрх мэдлээ он удаан жил хадгалан үлдэхийн төлөө тэмцэл өрнүүлдэг байсан. Тэр бүү хэл даяанч ламыг “Мөнхийн усыг эрж олж ир” гэж урт аянд явуулж байсан тухай түүхүүд ч бий. Дэлхийн алдартай удирдагчид ч мөнхрөхийн тулд элдэв янзын юм идэж уудаг байсан ч урт насалж байгаагүй.

Урт наслах, мөнхрөх хүсэл нь он цаг наашлах тусам улам хүчээ авч 1900-гаад оны эхэн үеэс эрдэмтэд хүнийг мөнхрүүлэхийн тулд лабораторид туршилт хийж эхэлсэн юм. Зарим хүмүүс өөрийнхөө биеийг хөлдөөх, тархиа “амьд” чигээр нь хадгалуулах зэргээр бие, эрхтэнээрээ “хандив” өргөж ирсэн нь энэ чиглэлийн судалгаа шинжилгээг хөгжихөд түлхэц болсоор ирсэн гэж хэлж болно. Хүний биологийн чадамж нь өнөө цагт 120 жил хангалттай наслах нөөцтэй ч байгаль орчин, амьдралын хэв маяг, нийгмийн байдал зэргээс хамаарч дунджаар 60-75 жил насалж байна. Дэлхийн бүс, тивүүд, цаг уурын байдал зэргээс хамаарч хүний наслалт харилцан адилгүй байгаа юм.

Түүхэнд 150, 250, 600, 980 жил насалсан гэх үнэн эсэх нь мэдэгдэхгүй зүйлс тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Бурхны шашин буюу гэгээрлийн шашинтнуудын хувьд хүнийг мөнх насалдаг гэж үздэг. Гэхдээ буян үйлдэж, асар их гэгээрлийг олсон хүн энэ насандаа бие барлаа ч сүнс-сэтгэл нь дахин өөр биед орж шинээр төрөх замаар хүний төрлийг тасралтгүй авсаар байвал мөнхөрнө гэж үздэг. Харин нүгэл хураавал хойт насандаа төрөл доошилж адгуус болж төрнө гэцгээдэг. Үүгээр бол хүн энэ махан биеэрээ мөнхрөхгүй ч сэтгэл-сүнс нь хэдэн ч үеэр хүний төрөлд төрөх боломжтой гэж үзэж байгаа юм. Энэ ойлголт нь хэт хийсвэр, барьцгүй мэт санагдах ч үүнийг нотлох гэсэн оролдлогууд бий. Харин хүн төрөлхтөн аливаа эргэлзсэн зүйл, үйл явдлын эцсийн тодорхойлолтыг шинжлэх ухаан өгнө гэж үздэг. Дэлхийн алдартай тэрбумтнууд мөнх наслах боломжийг эрэлхийлсэн судалгаануудад хөрөнгө хаясаар байгаа.

Оросын бизнесмэн Дмитрий Ицковыг “Үхэшгүй мөнхийн амьдралын даруухан профессор” гэх нь бий. Тэрээр “Орос-2045” хөдөлгөөнийг байгуулсан бөгөөд уг байгууллагын гол зорилго нь мөнхийн амьтай хиймэл бие организмд хүнийг шилжүүлснээр мөнх амьдрах боломжтой болох гэнэ. Төслийн багийнхан 2020 онд нейроинтерфейсийн тусламжтайгаар бодол санаа нь удирдагддаг, хүний биеийн хувилбарыг бүтээх төлөвлөгөөтэй байгаа юм байна. Түүнээс таван жилийн дараа хиймэл биед хүний тархийг шилжүүлэн суулгах бөгөөд 2035 онд тархин дахь мэдээллийг тоон утгат тээгчид хуулж буулгах аж. Ингээд төслийн эцсийн шатанд бодлын хүчээр удирддаг голограмм биеийг бүтээж чадна гэдэгтээ Ицков бүрэн дүүрэн итгэж байгаагаа илэрхийлжээ. Гэвч үүнийг дэлхийн бусад орны эрдэмтэд үгүйсгэсэн бөгөөд “Бодит байдлаас хэт тасарсан, төсөөллийн шинжтэй уран зөгнөлт зохиол” гэцгээсэн юм. Хэрвээ Ицковын төслийг нь дэмжиж “Үхэшгүй мөнхийн товч”-ийг дарсан хүмүүс 2045 оноос эхэлж роботод биеэ шилжүүлж мөнхрөх боломжтой гэнэ. Ингэхийн тулд гурван сая ам.доллар төлөх ёстой юм байна. Мөн Москвагийн хэсэг эрдэмтэд хүний биеийн гэмтсэн эд эсийг сэргээн шинэчлэх асуудлыг судалж, төлжүүлэх эсүүдийн тусламжтайгаар залуужих боломжийг хүмүүст бий болгожээ. Гэхдээ залуужих мэс засал нь 15-20 мянган ам.долларын өртөгтэй бөгөөд уг мэс заслыг Оросын чинээлэг иргэд их сонирхож байгаа аж.

Хүнийг урт наслуулах, мөнхрүүлэх тухай бас нэг хувилбар яригдаж байгаа юм. Хүний тархи 300 жил тасралтгүй ажиллах нөөцтэй учир нас барах гэж байгаа хүний тархийг залуу хүний толгойд суулгаснаар 3-4 удаа ийм аргаар амьдрах боломжтой гэдэг хувилбарыг ч дэвшүүлээд байгаа юм. Энэ бүхэн бол санал, таамгууд. Харин хүн төрөлхтнийг мөнх амьдруулахаар хөгжүүлж буй зарим технологийг энд онцолъё.

• АНУ-ын эрдэмтэд хүний уураг, аалзны торноос сум нэвтэрдэггүй арьстай болгох бүтээгдэхүүнийг гаргахаар ажиллаж байна. Мөн амьтдын генийг ашиглан дөрвөн мөчийг ургуулах, үе мөчний өвчнийг анагаах эм гаргаж авах боломжтой болжээ.

• Нас уртасгадаг эмийг ОХУ, АНУ зэрэг орны эрдэмтэд хамтран гаргахаар ажиллаж байна. Энэ онд нас уртасгадаг эм хэрэглэгчдийн гарт хүрэх бөгөөд хүний насыг 15 хувиар уртасгах үйлчилгээтэй аж.

• Дуран авайгаар харагдах төдий бүтцийг инженерчлэн гаргаж авсан материалыг метаматериал гэдэг. Ийм материалаар хийсэн бионик протез өнгө үзэмжтэйгээс гадна, хөнгөн, хүчтэй болдог учир хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд жинхэнэ эрхтэнтэй болсон мэт мэдрэмжийг удахгүй мэдрэх нь.

• Хүнийг хөлдөөгөөд тодорхой хугацааны дараа тухайн төхөөрөмжөөс нь гаргаж амьдруулж байгаа тухай гардаг уран зөгнөлт кинонууд 1970-1990 оны хооронд их гарсан. Харин энэ зөгнөл өнөө бидний үед биелж байгаа бололтой. “The University of Pittsburgh”, “The University of Maryland” зэрэг их сургуулийн эрдэмтэн судлаачид 2014 онд 10 өвчтөнийг хоёр цаг унтуулж клиник үхлийн байдалтай хөлдөөжээ. Ингэснээр үхлийн аюултай шарх авсан, эсвэл өвчтэй хүмүүсийн үхэх эрсдлийг бууруулж насыг нь уртасгах боломжтой гэж эрдэмтдийн баг тооцжээ. Ингэж хөлдөөснөөр цус алдалтаас болж нас барах аюул үгүй болж байгаа юм. Энэ аргаар хүн хэдэн ч жилээр хамаагүй унтах боломжтой гэнэ. Одоогоос 18 жилийн өмнө гахайн дээр туршилт хийхэд нааштай үр дүн гарч байжээ.

• “The Bioficial Heart Pro­gram” төслийн удирдагч Стюард Уиллиамс 3D-гээр хэвлэсэн зүрхийг шилжүүлэн суулгах боломжтой талаар ярьж ажил хэрэг болгохоор судалгаагаа хийж байгаа юм. Өөхөн эд, коллагенаас гаргаж авсан хэвлэмэл зүрх нь бүхий л насныханд зохицох бөгөөд хүний насыг 10 жилээр уртасгах боломжтой.

• Шотландын эрдэмтдийн баг үр хөврөлийн үүдэл эсээс хиймэл цус гаргаж авсан. Туршилтын ажил одоо ид өрнөж байгаа бөгөөд хэрвээ туршилт амжилттай болвол ийм цус сэлбүүлсэн хүн 50 жилээр урт наслах боломжтой гэжээ.

• Калифорнийн эрдэмтэд туузан хорхойн генийн эмчилгээгээр хүний насыг 400-500 жил уртасгах боломжтой гэж үзжээ. Энэ туузан хорхойн генийн кодыг эрдэмтэд хамгийн анх тайлсан бөгөөд 400-500 жил амьдрах чадвартай амьтан юм.

• Нанотехнологийн ачаар хүн төрөлхтөн 2040, эсвэл 2050 он гэхэд мөнх амьдрах боломжтой болно хэмээн эрдэмтэн Рэй Курзвейл үзсэн байна. Нано болон биотехнологиор хөгжүүлсэн наноботуудыг хүний биед суулгах ба энэ нь гэмтсэн эсийг эмчилж хорт хавдар, чихрийн шижин болон альцгеймер зэрэг бүхий л өвчнийг анагаах аж.

• АНУ, Японы эрдэмтэн, инженерүүд хүнийг орлох роботыг 2025 он гэхэд гаргахаар болжээ. Өөртэйгөө усны дусал мэт ижилхэн роботод тархиныхаа дижитал хуулбарыг шилжүүлснээр хүн-робот мөнх амьдрах боломжтой юм байна. Энд ОХУ-ын бизнесмэн Дмитрий Ицковын дэвшүүлээд байгаа санаа давхар явааг та бүхэн анзаарч байгаа байх.

Ингэхээр хүн төрөлхтний олон зуун жилийн турш мөрөөдөж ирсэн мөнх амьдрах хүсэл нь Хүн-робот бий болсноор биелж байна гэж бас хэлж болох юм. Гэхдээ энэ бүхэн одоогоор судалгаа, туршилтын түвшинд яваа ажлууд гэдгийг бас анхаарах хэрэгтэй.


Categories
мэдээ цаг-үе

Гэр, орон сууцанд 150 гаруй төрлийн хачиг бий

Хачиг нь хөрс, ургамал, амьтан, хүний биед шимэгчлэн амьдардаг. Олон төрөлтэй ч аалзны аймагт хамааруулдаг. Хаврын сүүл сар, зуны эхэн сард хачиг идэвхждэг ч гурваас аравдугаар саруудад хачигт хазуулсан тохиолдлууд бүртгэгддэг. Хачиг маш жижиг хэмжээтэй. 0.1-10 мм урт. Эм хачиг томдоо 8.2 мм урт, 4.6 мм өргөн байдаг бол эрэгчин нь 5.8 мм урт, хар хөх, зэвхий саарал өнгөтэй, цайвар хөх өнгийн товгортой байдаг. Эмэгчин хачиг сар амьдардаг. Эмэгчин хачиг арьсны өнгөн хөрсний доогуур хамууны жим үүсгэн тэндээ 2-3 өндөг үлдээнэ. Өндөгнөөс хоёр долоо хоног орчмын дараа хачиг бий болж, арьсны гадаргуу дээр гаран эвцэлддэг. Эр хачиг нь үр тогтоосны дараа үхнэ. Үр тогтсон эм хачиг арьсны өнгөн хөрсний доогуур орж өндгөө тавих байдлаар амьдралын цикл нь үргэлжилнэ. 2-3 см урттай хачиг тохиолдоно. Энэ бол хонины хачиг. Манайхан үүнийг хувалз гэдэг. Хачиг нь дөрвөн хос хөлтэй шавьж бөгөөд ихэнх хачиг бүрхүүлээрээ амьсгалдаг онцлогтой. Ам нь мэрэх, сорох байдлаар хөгжсөн. Цусны судасны систем нь муу хөгжсөнөөс зарим төрөл нь зүрхгүй байдаг нь хачирхалтай. Авгалдай байхдаа гурван хос хөлтэй байдаг бол нас бие гүйцэхээрээ дөрвөн хос хөлтэй болдог. Хачгийг ерөнхийд нь хамуу хэлбэрт, шимэгч хэлбэрт, аалзан хэлбэрт гэж гурван бүлэгт хуваадаг. Хамуу хэлбэрт нь олон төрөл зүйлтэй болохоор тэр хэрээр олон хэлбэрт амьдралтай байдаг. Хуягт хачиг хөрсөнд, улаан хачиг хүнсний бүтээгдэхүүнд, маажуур үүсгэгч хачиг нь хүн амьтны арьсанд шимэгчлэн амьдардаг.

Арьс ирвэгнэж загатнах, улайх, жижиг гүвдрүү, цэврүү, болон идээт цэврүүнцэр тогтох нь хачигтай холбоотой байх нь бий. Микроскопоор харахад бичил аалзан хачиг хүний арьсыг ингэж гэмтээсэн байх нь түгээмэл. Түүнчлэн хачиг ихэвчлэн жимс жимсгэнэ, төмс, хүнсний ногоонд шигдэж шим шүүсийг сорж амьдардаг. Газар тариалангийн үйлдвэрлэлийн салбарт ургац тариаланг химийн бодисоор шүршдэг нь хачигнаас хамгаалж байгаа нэг алхам юм. Улаан хачиг хүн малын биед удаан хугацааны турш шимэгчлэн амьдрахдаа бөөрний үйл ажиллагааг нь доголдуулдаг. Хонины хачиг нь бусдаасаа биеэр том цус сорогч. Цус сорсон тарган эмэгчин нь 2-3 см урт. Тайгын хачиг нь хүнд хамгийн их хор хөнөөлтэй. Энэхүү хачиг нь тайгад ихэвчлэн байх бөгөөд манай улсын Дорнодод ихээхэн тархсан байдаг. Харин нохойны хачиг нь Европын орнуудаар өргөн тархсан байдаг юм байна. Хачиг нь хурц хатгуураараа хүн малын арьсыг хатгаж шархлуулна. Шүлс нь шархан дотор нь царцаж хатуулаг гүвдрүүг үүсгэнэ. Арьсанд шигдэн орсон хачгийг гаргаж авахад хэцүү байдаг нь тийм учиртай. Хачиг өндөр өвсөн дээр гардаггүй, үсэрдэггүй. Нэг газраа удаан тогтохгүй байрлалаа байн байн сольдог. Бид хачгийг байгальд, ойн мод, тайгад л ихэвчлэн байдаг гэж боддог. Гэтэл айлын гэр, орон сууцанд 150 гаруй төрлийн хачиг байдгийг эрдэмтэд тогтоожээ. Орон сууцны хачгийг харшил түгээгч, тоосонцрын, агуулах зоорины гэж гурав ангилна. Агуулах зоорины хачиг нь гэрийн жимс, ногоо, үр тариа, гурил хадгалдаг газар төдийгүй хөргөгчинд хадгалсан зайдаснаас ч илэрч байсан тохиолдол байдаг аж. Ийм хачигнууд хүнсний ногоо жимсээр дамжин түгдэг. Хачиг ямар ч газар нэвтэрч чаддаг. Хүн өөрөө хачигны амьдрах орчныг бүрдүүлж өгдөг.

Хачиг хүний арьсны хаг, арьсны бичил бактер, мөөгөнцрөөр хооллоно. Хүний биеийн арьс нь олон төрлийн хачиг үржих боломжийг олгодог. Хачгаар дамжин халдварладаг 30 гаруй халдвар байдгаас манай оронд хачигт энцефалит, хачигт боррелиоз, хачигт риккетсиоз өвчнүүдийг 2005 оноос албан ёсоор бүртгэж эхэлжээ. Хачигт хазуулах үед өндөр халуурах, толгой хүчтэй өвдөх, бөөлжих, үе мөч, ууц нуруугаар шархирч өвдөх, уналт таталт, саа саажилт өгөх зэрэг ноцтой шинжүүд илэрдэг. Хачиг нь хортой учир хүний тархи, нугасыг гэмтээж хараа, сонсголд нөлөөлж, тахир дутуу болгох эрсдэлтэй. Манай хойд хөршид жилд дунджаар 100 гаруй хүн хачигт хазуулж нас бардаг гэсэн харамсалтай тоо баримт бий. Халдварын голомттой газруудаар явахдаа тод өнгийн, битүү хувцас өмсөн 2-3 цаг тутамд биеэ шалгах, хачиг дайжуулагч бодис хэрэглэх ёстой. Хэдийгээр хачиг нь хүнийг хазсан тохиолдолд эрүүл мэнд, амь насанд халтай ч хөдөө аж ахуйд үр тариа, хүнсний ногооны цэцэгт ургамалд тоос хүртээх ашиг тус үзүүлдэг юм байна.


Categories
мэдээ цаг-үе

С.Батмөнх: Чөлөөт өрсөлдөөнд Монголын иргэний нисэхийн салбар бэлэн биш байна

Доктор С.Батмөнхтэй иргэний нисэхийн салбарын тулгамдсан асуудлын талаар ярилцлаа.


-Та нисэхэд хэдэн жил ажиллаж байна вэ?

-Би одоо “Аэро Монголиa” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. Өнгөрсөн оны есдүгээр сараас эхлэн энэ ажлыг хашиж байна. Би иргэний нисэхийн салбартай ажил амьдралаа холбоод үндсэндээ 46 жилийг ардаа орхисон байна. Анх Доод нисэхийн Онгоцны засварын газарт Ан-2 онгоцны дагалдан засварын механикчаар орж ажиллаж хөдөлмөрийг гараагаа эхэлж байлаа. ЗХУ-ын Омск хотын нисэхийн сургууль төгсөж нисгэгч, Ленинград хотын Иргэний нисэхийн удирдах ажилтны Академи төгсөж мэргэжлийн удирдах ажилтан болж, улмаар 2003 онд тус академидаа “Монголын Иргэний нисэхийн салбарын хөгжлийн хэтийн төлөвлөлтийн цогц аргачлал” сэдвээр эрдмийн зэрэг хамгаалсан. Энэ салбартаа хийгээгүй ажил, хашаагүй алба гэж бараг байхгүй шүү.

-Сүүлийн үед иргэний нисэхийн салбарын либералчлалын талаар их ярих боллоо?

-Миний хувьд энэ асуудлыг арай өөр өнцгөөс нь харж байгаа, үүнийгээ ч янз бүрийн төвшинд илэрхийлдэг. “Либералчлал” гэж үг нэр томъёолол өөрөө монгол үгсийн санд бий юу. Чухам юуг хэлээд байгаа юм. Бид ардчилал гэж ярьснаас хойш учир утга нь үл ойлгогдох маш их гадаад үг хэллэг нэр томьёо хэрэглэж хийсвэрээр сэтгэж их ч алдаж байх шиг санагддаг. Агаарын тээврийг чөлөөт өрсөлдөөнд оруулах хууль дүрмийн хязгаарлалт багатай болгох гадаадын агаарын тээвэрлэгчдэд илүүтэй боломж олгох тал руу нь түлхэх гээд байх шиг харагдаж байгаа. Төр муу менежер гээд л хашхиралддаг нээрэн л муу нэрэндээ зохицох гээд зүтгэцгээгээд л байх шиг. Улс орон зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжсэн шилжилтийн нугачаанд олонч салбар дампуурч тэдгээрийн ул мөр өнөөдөр ч арилаагүй ард түмэн түүнийг гэтлэн давахаар асар том ачааг нуруундаа үүрцгээж зорьж зовж шаналж л байна. Тэр их шилжилтийн замбараагүй давлагаа шуурганд өртөх үедээ өртсөн ч эдийн засаг санхүүгийн хувьд өөрийн гэсэн онцлогоо хадгалж, төрд тээг дараа бололгүй, ард олонд дарамт учруулалгүй биеэ даан хөгжиж буй салбар бол Монголын иргэний нисэхийн салбар мөнөөсөө мөн. Харин ч төрөөс эдийн засаг санхүүгээр дэмжээд сүйд болдоггүй юмаа гэхэд бодлогын алдаа гаргахгүй зөв бодлогоор дэмжээд явах нь л дээр гэж би боддог. Би нэг жишээг энд хэлье. 2005 онд шиг санаж байна гадны төслийн хүрээнд 2008-оноос ИНЕГ-ын бүтцийг тэс өөрчилж хэд хэдэн хэсэгт хувааж, ИН-ийн орлогыг төсөвт төвлөрүүлж хөл дээрээ босох яагаа ч үгүй байхад нь бусниулах зөвлөмж гаргасан байсан. Түүнийг хэрэгжүүлэх цаг нь болоогүй гэж бид маш шаргуу тэмцэл явуулж, төр засгийн бүх шатанд зөв ойлгоц өгч, хөөцөлдөж чадсанаар өнөөдрийн бүтцийг хэвээр хадгалж авч үлдэж хөгжлийн өндөрлөгт хүргэсэн гэж боддог. Тэгвэл өнөөдөр “либералчлал” нэрийн дор бодлогын алдаа гаргаж наанадаж чадан ядан хөл дээрээ зогсож ядаж буй үндэсний агаарын тээвэрлэгчдээ, цаанадаж Иргэний нисэхийн салбараа уруудуулах алхам хийхээр бодлогогүй хийсвэр ойлголтоор хандах хандлагаар шийдвэр гаргах төвшний хүмүүсийн амнаас гарч яригдаад байгаан л том бэрхшээл гэж үзэж байна.

-Онгоцоор зорчих үнэ өндөр учраас аялал жуулчлал хөгжихгүй байна гэх болсон шүү?

-Угтаа бол тийм биш. Хамгийн гол нь манай аялал жуулчлалын байгууллагуудын өөрсдийнх нь дотоод үйл ажиллагаа төгөлдөржөөгүй, энэ салбарын талаар төрөөс барих бодлого ч гэж байдаггүй юм билээ. Урьж ирсэн зочноо тав тохитой байлгачих саатуулж сатааруулах зүйл нь хомс гээд өөрсдөд нь хийж хэрэгжүүлэх ажил багагүй л байдаг бололтой юм. Түүнийгээ ганцхан онгоцны зардлын талаас нь тайлбарлах гээд хэрэггүй л дээ.

Онгоцны шатах, тослох материалын үнэ өндөр. Өнгөрсөн оны байдлаар агаарын тээвэрлэгчдийн нийт зардлын 40 орчим хувийг шатахууны зардал эзэлдэг гэсэн статистик гарсан. Хятадын Хөх хотоос сумалгаа авахад нэг тонн тутамд 761 ам. доллар төлж авч байхад Чингис хаан нисэх онгоцны буудлаас түлшээр цэнэглэх үнэ тонн тутамд 1135-1165 ам.доллар, Баян-Өлгийд 1275 ам.доллараар тус тус тооцож төлбөр хийж цэнэглэж байна. Өөр нэг асуудал бол онгоцны өөрийнх нь үнэ, гэрээ түрээсийн төлбөр, тэдгээрийн сэлбэг, багаж тоног төхөөрөмж, засвар үйлчилгээ, олон улсын нислэгийн хураамж татвар болон бусад бүх төрлийн төлбөр хураамж зөвхөн евро, доллараар хийгддэгийн дээр дотооддоо гадаад валютын ханшны өөрчлөлтөд байнга нэрвэгдэж байдаг зэргээс улбаатай үнэ тарифыг бууруулах нөхцөл бас бага байдаг. Дээр нь нэмж хэлэхэд манай агаарын тээвэрлэгчдийн суудал ашиглалт тийм ч сайн байдаггүй. Жилийн дундаж суудал ашиглалт 60-70 хувьтай л байна. Энэ үзүүлэлтийг харин манай аялал жуулчлалын байгууллагууд биднийг шүүмжлэх бус өөрсддөө байгаа их боломж гэж ойлгон ашиглаж чадахгүй байгаадаа анхаарах хэрэгтэй гэж боддог.

-Гадаадын хүчирхэг агаарын тээвэрлэгчдийг чөлөөтэй оруулж өрсөлдөөн бий болгосноор энэ салбар илүү хөгжинө гэж үздэг хүмүүс бий шүү?

-Яаж ч нээлттэй болгоод нэгдүгээрт, манай зах зээл өчүүхэн багтаамжтай, хоёрдугаарт аялал жуулчлалын салбар нь хөгжөөгүй, гуравдугаарт манай хүн ам цөөхөн, дөрөвдүгээрт, дэд бүтэц нь ч муу, ийм нөхцөлд хий хоосон хийрхэл болоод зогсохгүй дотоодын агаарын тээвэрлэгчдийн хувьд хүнд цохилтод орж нэг мэдэхэд “Уулын буга ч үгүй, унасан морь ч үгүй” гэдэг болох вий гэхээс л санаа зовдог. Харин ч аялал жуулчлалын байгууллагууд бидэнтэй сайн нөхцөлтэй гэрээ хийж үйл ажиллагаагаа өөрсдөө сайн болгож чадвал агаарын тээвэрлэгчид бид тэдний эрэлт хэрэгцээг найдвартай хангаж чадахаар боломж байгаа. Тэглээ ч чөлөөт өрсөлдөөнд Монголын иргэний нисэхийн салбар бэлэн биш байна.

-Турк зэрэг зарим орны агаарын тээвэрлэгч орж ирэх хүсэлтээ илэрхийлээд байгаа гэж сонссон?

-Юм л бол гаднынхныг дэмжих, эсвэл гадныханд өгөхөө л ярьдгаа болимоор санагддаг. 2012 оны хавар шиг санаж байна. Монгол, Турк улсын агаарын харилцааны хэлэлцээрт миний бие оролцсон. Тэдний талаас маш хүчтэй зүтгэж байсныг би мартдаггүй юм. Долоо хоногт 1500 зорчигч тээвэрлэх эрх авахын төлөө бүхий л боломжоо ашиглан зүтгэж байсан. Бид ганцхан дотоодын агаарын тээвэрлэгчдээ орон зай үлдээх, эрх тэгш, харилцан ашигтай хамтран ажиллах бодлогыг л тууштай баримталж үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ХХК-ийн хүчин чадлыг бодолцож долоо хоногт 500 зорчигч буюу Боинг-737-800 онгоцоор гурван удаа нисгэх эрх бүхий гэрээг л хийж байсан. Тухайн үедээ бага зэрэг шүүмжлэл дагуулж байсан ч үүнээс өөр хувилбар үнэндээ байгаагүй. Харин одоо “Туркиш Эйрлайн”-ы зүгээс долоо хоногт 1500 зорчигч тээнэ гэсэн хувилбар дэвшүүлээд байгаа гэж сонссон. Тиймдээ тулбал тэдний талд нислэг нэмэхгүйгээр манай талаас МИАТ ХХК ч юмуу өөр аль нэг дотоодын агаарын тээвэрлэгч гурван удаа явахаар тохиролцвол илүү тохиромжтой. Зорчигчдын тоо нийтдээ 2000-д хүрнэ.

-МИАТ ХХК-ийг хувьчлах асуудал их яригдаж байна?

-МИАТ бол Монголчуудын нэг брэнд, бас бахархал нь. Улс орон зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжих үеэс л хувьчлалын асуудал яригдэж эхэлсэн, үндсэндээ 30-аад жил яригдаж байна. Уул нь гадны улсууд үндэсний агаарын тээвэрлэгчээ дэмжсэн шиг дэмжээд биеэ даах болон, гадныхантай өрсөлдөх чадвартай үнэ цэнэтэй болгоод л асуудлыг нь шийддэг нийтлэг туршлага байдгийг сануулахад илүүдэхгүй. МИАТ ХХК-д өөрөөрөө хөгжих бүх боломж чадвар нь бий болсон харагддаг. Төрөөс дорвитой дэмжиж, замбараагүй үрэлгэн байдалд нь хяналт тавьж чадахгүй байгааг нь харахаар тодорхой хувийг нь зөв чиг баримжаатай хүмүүс байгууллагад өгөх нь зүйтэй ч юм шиг санагддаг.


Categories
мэдээ цаг-үе

Ц.Өлзий-Орших: “Үүлэн цэнхэр хангай”-д дургүй хүн Ар, Өвөр Монголын хаана ч алга

Гэрэл зургийг Г.БАЗАРРАГЧАА

Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Ц.Өлзий-Оршихтой ярилцлаа.


-Та “Өдрийн сонин”-ыг анх байгуулагдахад баруун аймгуудаар манай сониныхонтой хамт явж сурталчилгаа хийж байсан гэсэн. Энэ тухай хуучилбал?

-1999 он юм. Гавьяат авсан жил минь юм байна шүү дээ. Би тэр жил Цагаан сарын баяраар гавьяат цолоо авч байлаа. Намар нь танай сониныхонтой хамт баруун аймгуудаар явж билээ. Их сайхан залуучуудтай хамт явж байснаа санаж байна. Тэр үед тутмын сонин олон байгаагүй юм. Төр улсдаа болоод ард иргэддээ хэрэгтэй юмыг хэн ярьдаг вэ, хэн чухал зүйл хэлдэг вэ гэдгийг ихэвчлэн сониноос л хардаг байлаа. Сүүлийн үед телевиз, мэдээллийн хэрэгсэл олон болчихсон болохоор сонин тэр болгон уншигдчихгүй болчихсон ч юм уу. Гэхдээ бидний залуу зандан, бага насанд мэдээлэл гэдэг юмыг сониноос л авч байсан учраас Монголын ард түмэн сонин хэвлэлийг үнэлэхгүй гэсэн ойлголт огт байдаггүй шүү дээ. Тэгэхээр сонин гэдэг хэрэгтэй. Телевиз харахад доогуур нь бичсэн тайлбар, өгүүлбэрийг уншиж амжихгүй, гүйгээд л өнгөрчихдөг. Тийм үед сониноо л уншиж байвал ямар ч үйл явдлыг төгс ойлгож, мэдээлэл авч чаддаг. Сонин гээч хүн төрөлхтөнд үнэхээрийн хэрэгтэй юм. Миний үе, бидний дээд үеийнхэн сониныг маш сайн мэддэг. Сүүлийн үеийн залуус өөр ямар нэгэн хэрэгслээр мэдээллийг авдаг учраас юм мэдэж байгаа. Гэхдээ өөрийн эх орон, өссөн төрсөн газартаа юу болж байгааг сонин уншиж байж л гүйцэт ойлголт авах ёстой гэж боддог.

-Олонд анх танигдаж байх үедээ ямар сонин хэвлэл дээр гарч байв. Өөрийнхөө тухай нийтлэл, мэдээ, ярилцлагыг сониноос олж уншина гэдэг бас сайхан байх шүү?

-Бидний голчлон уншдаг байсан сонинууд гэвэл “Хөдөлмөр”, “Намын үнэн”, “Улаан од” л байжээ. Бодож санаж яваагаа сониноор дамжуулж ард түмэндээ дуулгах нь зүгээр гэж боддог. Дараа нь харамсдаг нэг юм бий л дээ. Энд тэнд бохирын газар миний зурагтай сонин хэвтэж байхыг харахад сэтгэл өвддөг байж билээ. Одоо харин гайгүй юм биш үү, сонин газар хэвтээд байхгүй болж. Тэгэхээр хүмүүсийн ухамсар өөр болжээ гэж бодож явдаг юм.

-“Эр хүн ятгатай дуулах Монголын их амар амгалан…” энэ сайхан мөрт?

-Төрийн соёрхолт Ц.Бавуудоржийн шүлэг.

-Тэгэхээр та одоо ч ятгатай дуулж Монголын их амар амгаланг түгээсээр явна уу даа?

-Тэгж ойлгож болно шүү. Ятгатай дуулдаг минь миний хувь заяа, аз жаргал. Ятга хөгжмийн түүх чинь өөрөө их гоё. Ятгын эгшгийг сонссон хүн уярахгүй, сэтгэл хөдлөхгүй байна гэж үгүй. Ятга эмэгтэй хүн байсан гэдэг. Эр нөхөр нь дайнд мордох болоход хань ижлээ дайнд мордуулахгүй гэж хичнээн хичээсэн ч эх орон нь дуудаж байгаа учир аргагүй буюу явуулдаг. Ингээд өнөөх бүсгүй нөхрийнхөө өвөр дээр ятга хөгжим болсон гэдэг домогтой л доо. Сэтгэл шаналсан үе юм уу, эсвэл сэтгэл дундуур байгаа нийгмийн зарим ээдрээтэй үед ятгынхаа дууг сонсоод, ятгатайгаа дуулахад стресс тайлагдаж, нэг хэсэгтээ толгой амардаг. Яагаад гэхээр, ялангуяа урлагт олон жил болсон уран бүтээлч хүнд хөдөө очоод үнээ, мал адууны янцгаах дуунаар сэрэх адил тийм сайхан мэдрэмжийг ятгын аялгуу өгдөг. Ятгатай дуулж гарч ирсэн дуучин цөөхөн шүү дээ. Миний багш, ардын жүжигчин Гомбын Түмэндэмбэрэл, Н.Гэрэлт-Од гэж сайхан дуучин байсан, П.Адарсүрэн гэж бас гайхамшигтай сайхан дуучин байлаа. Сүүлийн үед Г.Мөнхбаяр гэж сайхан дуучин гарч ирсэн ч хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн. Ганбат гэж бас нэг сайхан дуучин хүү гарч ирэх нь гэж байтал бас л бурхан болчихсон. Юмны хувь заяа гэж хэцүү юм. Заримдаа ятга гэж энэ гайхамшигтай хөгжим домгоосоо эхлүүлээд л яагаад ийм зовлонтой амьдраад байдаг юм бэ дээ гэж боддог юм. Би ятга хөгжмийн төлөө үргэлж санаа зовж явдаг. Ятгын мэргэжлийн хэдэн хүүхдүүдийг цуглуулаад Ятгын чуулга гэж жижиг юм байгуулсан. Гэтэл тэр чуулга маань төвхнөж, хөл дээрээ босоход хүндрэлтэй байна. Гэхдээ миний хувьд ямар ч байсан ятга хөгжим, ятгатай дуулдаг дуучдыг үгүй болгож болохгүй гэдэг юмны төлөө зүтгэж явна. Надад сайхан шавь нар бий. Эд нарын дундаас ятгатай дуулаад гарч ирэх хүүхдүүд байгаа. Тэрэнд би итгэж, гэрэлтэй сайхан ирээдүйг харж байна. Монголын ард түмэндээ үеийн үед ятга хөгжимтэй дуулдаг тэр гайхамшгийг л байнга сонсгож үзүүлж байгаасай гэж хүсдэг. Бэлэн хөгжим дагахгүйгээр, микрофон барихгүйгээр ард түмнийхээ өмнө ятгачдаа дэргэдээ суулгаад дуулж байх нь дуучин хүний ганц бахархал гэж боддог. Сүүлийн үеийн уран бүтээлчид ятгатай дуулдаггүй ч ятга гэдэг хөгжмийг үнэлдэггүй, дурладаггүй нэг ч хүн байхгүйд нь би маш их баярлаж явдаг юм.

-1970, 1980-аад оны тоглолтын бичлэгүүдийг харахад үзэгчид алга ташиж чаддаг, дуучид ч алга ташуулж чаддаг байжээ гэж харагддаг. Үзэгчдийн нижигнэсэн алга ташилт, дахиулах гэсэн тэр их хүсэлт одоо ч танд сонсогдох шиг болдог байх даа?

-Тэгэлгүй яахав. Маш их. Цэргийн “Соёмбо” чуулгаас Ардын дуу, бүжгийн чуулгад ирж байлаа. 1981 оны нэгдүгээр сарын 10-нд Ардын дуу, бүжгийн чуулгын дуучнаар ажиллаж эхэлсэн. Тус чуулгад ирээд бригадаар зүүн аймгууд руу явлаа. Тэр үед ард түмэн “Алгаа ташаарай” гэж гуйлгадаггүй байсан юм. Өөрсдийнхөө сэтгэл санаа, сэтгэл хөөрөл, баярласан бахархсанаа алган дуугаараа бидэнд мэдэгдэж, урам хайрладаг байсан. Тийм сайхан соёлтой ард түмэн. Гэхдээ нийгмийн зарим нэг урсгалыг дагаад энэ заншил өөрчлөгдөж дуучид нь үзэгчдээсээ алгаа ташаарай гэж гуйгаад байдаг болчихож. Би одоо ч тайзан дээрээ дуулж л байна. Тоглолтууд дээр очоод дуулахад надад үзэгчдээс “Алгаа ташаарай” гэж гуйх шаардлага байхгүй. Тэртээ тэргүй миний үзэгчид нижигнэтэл алга ташдаг, намайг баярлатал алга ташдаг. Өлзий-Орших дуулж байгаа учраас үзэгчид алга ташаад байгаа юм биш. Миний дуулдаг дуунууд мөнхийн сэдэвтэй байдаг. Надад дууныхаа уран бүтээлийг өгсөн мундаг уран бүтээлчид байна. Яруу найрагчдаасаа нэрлэвэл, хүүхдийн зохиолч Д.Содномдорж гуай, ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн, Ж.Шагдар гээд олон хүнийг хэлнэ. Мөн надад дуугаа өгсөн Загдын Түмэнжаргал гэж мундаг хүн байсан. Эднийгээ бодохгүй, санахгүй байхын аргагүй. Тэр сайхан шүлгүүдэд хүний ой тойнд, зүрх сэтгэл, бүр оюун ухаанд мөнхрөөд үлдэх тийм гайхалтай сайхан ая хийсэн Ц.Чинзориг, Х.Сэргэлэн, Н.Жанцанноров, Б.Шарав гэсэн олон гайхамшигтай хөгжмийн зохиолч бий. Ирээдүй хэтийг харж чаддаг, зөгнөж чаддаг, тэрийгээ төсөөлөн бодож амилуулж чаддаг ийм уран бүтээлчид намайг өдий хүртэл тэжээж байгаад маш их баярлаж талархдаг.

-Г.Түмэндэмбэрэл, П.Адарсүрэн, Н.Гэрэлт-Од гээд та сая дурдлаа. Энэ эрхмүүд бол Монголын дууны урлагийн жинхэнэ алдартнууд байсан шүү. Тэр хүмүүстэй нэгэн цаг үед нөхөрлөж, хамт ажиллаж, дуулах эрдмээс нь заалгаж байсан тань бас сайхан хувь ерөөл болов уу?

-Тэр үеийнхээ найзуудын тухай яривал, Цэргийн ансамблийн дуучин, гавьяат жүжигчин Д.Дашням маш гоё хүн байлаа. Д.Дашням надаас хэд ах л даа. Гайхмаар сайхан дуучин байсан. Уран бүтээлийг ард түмний тархинд шингэтэл дуулдаг байсан юм. Маш их бодож дуулдаг байсан тийм уран бүтээлч байлаа. Н.Гэрэлт-Од, П.Адарсүрэн нар гайхамшигтай дуучин байсан. Харин миний багш тэртээ тэргүй гайхамшиг. Ус нутаг, Өндөрхангай сумын ард түмэн миний багшийг Дэмбээхүү гэж багынх нь нэрээр дууддаг байсан. Одоо би яадаг вэ гэхээр тэр үед хамт амьдарч байсан, найзалж нөхөрлөж байсан уран бүтээлчдээ санахгүй, дурсахгүй үе гэж байхгүй. Яруу найрагч, хөгжмийн зохиолчдоо ч дурсахгүй байхын аргагүй. Яруу найрагч Ж.Шагдар байна. Ц.Бавуудорж гэж яруу найрагчийг ч энд магтах хэрэгтэй. Би энэ найрагчийн олон дууг дуулаагүй ч зүрх сэтгэл, бичдэг, боддог тэр сэтгэлгээг маш их үнэлж явдаг. Хэлээд байвал дуусахгүй. З.Түмэнжаргалын шүлэг, Б.Шаравын хөгжим “Сургууль минь баяртай” дуу намайг өдий хүртэл, дөч гаруй жил тэжээж байна. Ц.Өлзий-Орших эртэй, сайндаа биш. Би энэ эрчтэй уран бүтээлийн хүчээр өдий зэрэгтэй явж байна. “Учран золгохын ерөөл” дуу байна.

-Д.Содномдоржийн шүлэг, Ц.Чинзоригийн хөгжим?

-Тийм тийм. “Сургууль минь баяртай”, “Учран золгохын ерөөл” гэдэг энэ хоёр сайхан дуу сургууль гэж энэ сайхан байгууллага байгаад, бидний үр хүүхэд сургуульд сурч амьдарч байсан тохиолдолд өдөр бүр шинээрээ байдаг мөнхийн сэдэв. Түүнээс гадна эх орон, хайр, хань ижлээ хайрласан сэдэвтэй олон дуу надад бий. Г.Явгаан амьдралдаа ганцхан дуу хийсэн хүн. Тэр дуу нь “Ханьдаа өргөх дуу”. Тэр дууны шүлгийг Л.Агваанжамбал гэж хоёр нүд нь хараагүй хүн бичсэн юм. Тэр хүн уг дууны шүлгийг бичихдээ ертөнцийг харж байгаа биднээс ч илүү мэдэрч бичсэн байдаг.

…Оюу номин эрдэнийн өнгөөр туяарсан

Оргил сарьдаг уулсын сүрлэг нутаг минь

Онцгой бахдал гүнзгий баясал үүсгэсэн

Орчлонд золтой нэгэн насны учрал аа...гэж харж байгаа юм шиг бичсэн. Энэ мэтчилэн олон мундаг хүмүүс байсан. Тэднийхээ авьяас билгийг гайхаад бардаггүй юм. Миний үеийн хүмүүсээс одоо байгаа нь “Чингис хаан” хамтлагийн Д.Жаргалсайхан байна. Миний Жагаа (Д.Жаргалсайханыг хэлэв.сурв) надад “Нандүүмээ”, “Гэгээн наранд ойрхон” гэсэн сайхан хоёр дуугаа өгсөн. Энэ дуунуудыг би одоо ч хүртэл дуулж байна. “Нандүүмээ” бол Базарын Цэдэндамба гуайн шүлэг, харин “Гэгээн наранд ойрхон” дуу бол Очирбатын Дашбалбарын шүлэг юм. Тийм болохоор би Жагаадаа баярлаж, үргэлж санаж дурсч явдаг.

Бид үе үе ярьж хуучилдаг юм. Ийм л цаг үед, ийм л сайхан нөхдийн дунд би өсч өндийсөндөө талархдаг. Би гавьяат болохын тулд дуучин болоогүй ээ. Энэ гайхамшигтай яруу найрагчид, гайхамшигтай хөгжмийн зохиолчдын уран бүтээлийг олон жил үнэн зөвөөр нь, хүн ойлголтол нь дуулж, бүтээлийг нь мөнхөд амьдруулах юмсандаа гэж бодож явсанаас биш ерөөсөө л алдар цол хүртэхсэн гэж санаж яваагүй. Гэтэл юм аяндаа өөрөө мэдээгүй байхад ирдэг юм билээ. Намайг гавьяат авахад хэн дэмжсэн гээч.

-Хэн?

-Намайг гавьяат болохын урд жил сонинуудаар миний талаар бичээд байсан. Ард түмэн бичээд байсан. Ард түмэн сониноор дамжуулж бодол санаагаа төр засагтаа илэрхийлсэн. Тэрийг төрийг маань анхаарч би 1999 онд Цагаан сараар Монгол Улсын гавьяат жүжигчин цолыг 30 жил дуулсныхаа дараа авч байлаа. Тэгэхэд надтай хамт хөгжмийн зохиолч Ж.Шараа, А.Загдсүрэн гуай хоёр бас шагнал авсан юм. Ж.Шараа багш Урлагийн гавьяат зүтгэлтэн, А.Загдсүрэн гуай Ардын жүжигчин болж байсан. Тэгэхэд надад “Өө, энэ хоёр гайхамшигтай хүмүүс ийм том цолоо одоо л авч байхад би уг нь болоогүй байжээ” гэж бодогдсон шүү.

-“Үүлэн цэнхэр хангай” дууг сонсоход яагаад ч юм тэр уул ус, хайрхад, хангай тэр чигээрээ л сэтгэлд бууж, нүдэнд харагдах шиг болдог шүү.

…Үүл гижигдэн найгах

Арын номин шугуй

Үрэл бурам жимс нь

Атганд унадаг хангай… ?

-1980-аад оны эхээр Б.Лхагвасүрэн, Ц.Чинзориг хоёр маань надад нэг дуу өглөө. Шүлгийг нь уншсан чинь үнэхээр гайхмаар. Би ч өөрөө байгаль эх, нутаг хангайгаа шүтэж явдаг хүн. Дууны шүлгийг уншихад бараг л хажууд хүн дуулж байх шиг санагдаж байсан шүү. Тэр дуунд гардаг бүх л юм нүдэнд харагдсан. Дуугаа авчихаад баруун аймгуудаар, Хөвсгөлөөр бригадаар явлаа. Тэр үед жилдээ гурван удаа бригадаар явна. Нэг явахдаа 45 хоног явна. Ингээд Булганы бензин колонк дээр ирлээ. Автобус ч зогслоо. Би тэр үед жаахан уучихдаг байлаа шүү дээ. Миний сайхан найзууд болох гавьяат жүжигчин М.Бадам гэж авьяаслаг лимбэчин байлаа. Миний сайхан нөхөр байсан юм. Далхаагийн Ганбат гэж “Газрын жигүүр” киноны Чулуунд тоглосон, миний сайхан найз байсан. Мэнд-Амар гэж Монголын гайхамшиг байлаа. Бензин колонк дээр ирэнгүүт хүмүүс буугаад явчихлаа. Гэтэл бид дөрөв автобуснаас буулгүй хойно нь очиж нуугдаад ганц шил архи уудаг юм байна. Тэр үед би өнөө шүлгээ гаргаж ирээд аялсан. Тэгэхэд миний нөхөд “Оршихоо, болоогүй. Энэ дуугаа дуулах газарт чинь хэдхэн хоногийн дараа очно” гэж хэлэхдээ аль аймгийн, аль суманд очихоо хэлээгүй. Ингээд бид хэдхэн хоногийн дараа Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд очсон. Тэнд жинхэнэ Монголын Швейцарь гэдэг чинь харагддаг. Улаан-Уулаас Ренчинлхүмбэ сум руу явах замд Шишгэд гол бий. Тэр голын мөс цөмрөөд автобус маань 20, 30-гаад минут түр саатав. Энэ хооронд би эргэн тойрноо ажихад миний баруун гар талд асар их сүртэй, сүрдмээр ч юм шиг, аймаар ч юм шиг, бахадмаар гайхамшигтай сайхан хайрхан харагдсан. Биднийг Баярсайхан гэж Ренчинлхүмбэ сумын клубийн эрхлэгч дархад залуу авч явлаа. Түүнээс “Энэ ямар нэртэй хангай вэ” гэхэд “Энэ бол Хөвсгөлийн домогт, шилийн сайн эрс Дүүжин, Төмөр нарын бүгж байсан Дэлгэрхаан оргил, Хорьдол сарьдагийн нуруу шүү дээ” гэж хэлсэн. Тэр уулын оройны талаар нь үүл бүсэлчихсэн, орой нь цухуйчихаж. Д.Ганбат “Оршихоо одоо нөгөө дуугаа дуул” гэсэн. Би ч яахав үгээ хэдийнэ цээжилсэн, хэзээ дуулахаа л хүлээж байсан. Тэгтэл миний нөхөд “Чи энэ уулыг харж байгаад, сөгдөж байгаад дуул” гэсэн. Тэгж би тэр уулыг харж байгаад “Үүлэн цэнхэр хангай” дуугаа дуулж байлаа. Тэгэхэд манай бригадыг “Жаахан шарга”-ын Б.Лхамжав гавьяат ахалж явсан. Тэгж дуулахад хамт явсан бүх хүн нүдэндээ нулимстай зогссон. Тэр хүмүүсийг Өлзий-Орших гоё дуулаад уйлуулчихаж байгаа юм биш байхгүй юу. Бавуугийн Лхагвасүрэнгийн бичсэн шүлэг, тэрнийг амьдралтай дүйцүүлж бодох бодол, тэр хангайн сүрлэг уулс хүмүүсийг өөрийн эрхгүй уяраасан. Тэгээд тэр орой нь Ренчинлхүмбэ сумын клубт энэ дуугаа анх удаа үзэгчдийн өмнө дуулсан. Хөвсгөлийн ард түмэн одоо ч “Үүлэн цэнхэр хангай”-г нутгийнхаа сүлд дуу гэж ярьдаг шүү. Энэ дуунд дургүй хүн, Ар, Өвөр Монголын хаана ч алга. Би энд нэг юм ярья л даа.

-Бололгүй яахав.

-1980 хэдэн онд Бээжинд явж байлаа. Цаашаа тоглолтоор явах гээд таксинд суулаа. Би Хятад хэл мэдэхгүй. “Сайн байна уу. Монголын Элчин сайдын яам” гэж л хятадаар ганц хоёр өгүүлбэр цээжилсэн. Тэрийгээ таксины жолоочид хэллээ. Биднийг Монголын Элчин сайдын яамны гадаа буулгачихлаа. Тэгтэл тэр жолооч таксиндаа “Үүлэн цэнхэр хангай”-г сонсчихсон явж байсан. Элчингийнхэн гарч ирэхээр нь “Жолоочоос “Үүлэн цэнхэр хангай”-г мэддэг юм уу. Монгол хэлийг мэдэж байгаа юм уу” гэж асуугаад өгөөч гэлээ. Тэгтэл тэр жолооч “Хэлийг нь мэдэхгүй. Гэхдээ би дууг нь ойлгодог юм аа” гэсэн. Тэгэхээр гайхамшигтай бичсэн аялгуу, гайхамшигтай бичсэн шүлэг хэлийг нь мэдэхгүй хүнд ч ойлгогддог байх нь. Ийм учраас би яруу найрагч, хөгжмийн зохиолчдыг бурхан гэж бодож шүтэж, хайрлаж, тэднийгээ хүндэлдэг ийм л уран бүтээлч дээ.

-Уран бүтээлч болгон өөрийн гэсэн өнгө төрх, дуу хоолойтой. Таны хувьд зөөлөн намуухан, аядуу өнгөтэй. Заримдаа эмзэг ч гэмээр өнгө гардаг. Ийм өнгө гаргахад тань төрсөн өссөн орчин, ижий аав, нутаг ус нөлөөлсөн нь дамжиггүй байх?

-Миний нутаг бол Дундговь аймаг. Маш их журамтай, дэгтэй найрладаг. Найран дээрээ ах эгч, аав ээж, эмээ өвөө нар өдөр шөнөгүй сайхан дуулдаг нутаг. Тэр сайхан дууч ард түмэн, гайхамшигтай сайхан нутагт төрж өссөн. Хавар төрсөн хүн уяруу байдаг юм болов уу гэж боддог юм. Би хавар тавдугаар сарын 7-нд төрсөн. Манай нутгийнхны шүтдэг Тойн уул бий. Тэр уулын хормойд Өвөр Зүлэгтий гэдэг газарт би 1952 онд мэндэлсэн юм. Хажуудаа булагтай тийм газарт төрсөн. Тэр үед миний аав Сайнцагаан сумын дарга байж. Миний ээж намайг гэртээ байж байгаад өөрөө эх барьж авч төрүүлсэн гэдэг. Тийм сайхан нутагт, ирж байгаа хавар цагт төрсөн болоод ч тэр үү, эсвэл нас ахиад ч тэр юм уу уйлах минь ч амар, нулимс их ойрхон болж амархан уйлдаг болжээ. Дуунд их уярна. Тийм сэтгэлээсээ болоод би их айхавтар хүчтэй, бяртай дуулахыг боддоггүй. Аливаа юмыг аргадах бөгөөд хүмүүст хүртэл дуулахсан гэж боддог. Намайг дуучин болоход нөлөөлсөн хүмүүс бол ээж, аав хоёр минь. Аав минь их сайхан дуулдаг, хөгжим тоглоно. Миний ээж урт, богинын дууг сайхан дуулна. Аав минь бурхан болсон, ээж минь одоо энх тунх амьдарч байгаа. Нөгөө талаар надад бас их нөлөөлсөн хүн бол миний төрсөн дүү Ц.Буян-Орших гэж хөгжмийн зохиолч бий. Одоо “City” дээд сургуульд багшилж байгаа. Дүү минь баян хуур их гоё тоглоно, би дагаж дуулна. Бид хоёр хүмүүсээсээ ичээд олны дунд дуулж чадахгүй. Гэртээ л дуулдаг хүүхдүүд байлаа. Надад ангийн минь багш Бадарч их нөлөөлсөн. Одоо Архангай аймгийн Булган суманд амьдарч байгаа. Би дуулахаас их ичнэ. Багш маань физикийн багш. Нэг удаа гартаа халив барьчихсан явж таарч. Түүгээрээ миний толгой руу тоншоод “Чи дуулах ёстой” гэж билээ. Багш минь тэгж ширүүлснээр би дуулж эхэлсэн. Ингээд “Ангийн аварга дуучин”, “Сургуулийн аварга дуучин” болоход багш минь намайг их дэмждэг байлаа. Энэ мэтээр намайг дуучин болоход маш олон хүн тусалж дэмжиж нөлөөлсөн юм.


Categories
мэдээ цаг-үе

Байгальд ээлтэй лего технологи

“Lego” тоглоомыг Данийн модон тоглоомын мужаан Оле Кристиансен анх зохион бүтээсэн гэдэг. Гэхдээ түүнийг Их Британийн зохион бүтээгч Хиллари Фишерийн загвар хуулсан ч гэж үзэх нь бий. Дани улсад жил бүр 20 тэрбум лего тоглоом үйлдэрлэдэг. Лего тоглоомны зургаахан ширхэг тоосгон хэлбэртэй хавтанг 915 сая гаруй аргаар угсарч болдгийг тооцоолон бодох шинжлэх ухааны эрдэмтэд тогтоож оюун ухаан, бүтээлч сэтгэлгээг хамгийн ихээр хөгжүүлдэг тоглоомоор Лего тоглоомыг нэрлэсэн байдаг. Компьютерийн тоглоомын зах зээлд зайгаа тавьж өгөөгүй цөөн тоглоомын нэг нь лего. Тоглогч өөрийн гараар, өөрийн төсөөлж байгаа бүтээлээ легогоор урладаг учир нөгөө талаар лего тоглоомыг урлаг гэж хүлээн зөвшөөрдөг.

Шинэ загвар нь гарахад хэрэглэгчид нь борлуулагч, зуучлагчгүйгээр өөрөө үйлдвэрээс нь шууд захиалдаг бүтээгдэхүүнээр легог нэрлэдэг. 0-100 насныханд зориулсан ангилалтай болохоор зөвхөн хүүхдийн тоглоом гэж андуурч болохгүй. Лего тоглоомын цувралуудын үнэт цуглуулгатай хүмүүс ч дэлхийн өнцөг булан бүрт байдаг гэнэ.

Дэлхийн улс орнуудад “Legoland” олон тоогоор үүдээ нээж байгаа юм. Дани, Англи, Герман, Малайзад лего тоглоомын хүрээлэнгүүд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд олон сая жуулчин, лего тоглоомын хорхойтнууд очдог аж. Эдгээр хүрээлэнгүүдэд барилгын инженер, архитехтур зэрэг мэргэжилтэй хүмүүс ихээр зочилж барилгын хийц элдэв санаагаа олдог бол уран барилгачид лего хийцүүдийг амьдрал дээр бодит барилга болох тал дээр ихээхэн идэвхийлж байгаа гэнэ.

Хятадын “CBSB” барилгын компани 57 давхар өндөр барилгыг 19-хөн хоногийн дотор барьж дуусгаж шуугиан дэгдээж байсан. Өндөр барилгыг богино хугацаанд сүндэрлүүлсэн нууц нь барилгадаа лего блок ашигласных. Лего хавтангаар барилга барихад өдөрт гурван давхрыг угсарч байжээ.

Уг барилга нь нийт 180 мянган м.кв талбайтай бөгөөд 4000 хүнд зориулсан оффис, 800 айлын багтаамжтай. Лего тоглоом өрж байгаа юм шиг блокуудыг угсрахад бетоны хэрэглээг 15 мянган машинаар хэмнэж, тоос, шороо, хог хаягдал гараагүй юм байна. Үүгээр нь лего технологийг байгальд ээлтэй гэж онцлоод байна. Түүнчлэн лего технологиор барьсан барилгын агааржуулалтын систем нь дээд зэргийнх байдаг бөгөөд барилгын доторх агаар гадна талын агаараас цэвэр байдаг аж. Хятад улс лего технологиор барилга барих туршлагатай. Үүнээс өмнө 2012 онд 30 давхар барилгыг 15 хоногт барьж ашиглалт оруулж байсан.

Харин лего тоглоомын амьдрал дээр бодит хувилбарыг даничууд бүтээсэн юм. Тэд хүүхдийн тоглоом л гэж төсөөлөгддөг лего тоглоомоор амьдрал дээр жинхэнэ лего байшин барьчихаад байна. Нийт 21 блок, 12077 м.кв талбай бүхий энэ барилга өнгөрсөн оны сүүлээр нээлтээ хийсэн юм. “Home of the Brick” нэртэй барилга нь ЛЕГО блокуудыг хэрхэн ашиглаж болохыг харуулсан үзэсгэлэн худалдааны танхимууд, зоогийн газрууд, уулзалтын өрөө, дэлгүүр үйлчилгээний газруудтай.

Монголын барилгын салбарт ч лего технологи нэвтэрсэн. Хүүгээ лего тоглоомоор тоглож байхыг хараад санаа авч лего блок, тоосго хийж байгаа механик инженер С.Ганхас гэж залуу бий.

Барилгын доторх тусгаарлах хана, хаалт зэргийг лего хийцээр шийддэг болоод байгаа. Манайд ч ийм төрлийн загвар санал болгодог барилгын компаниуд бий.

Лего сонирхогч, судлаач Арнон Розан гэгч лего хавтангуудыг бүтээсэн бөгөөд 14 төрлийн өнгө, гурван янзын хэмжээтэй. Урт нь сонголтоосоо хамаарч 7.5-30 см урттай 450-900 гр жинтэй. Хэсэг тус бүрийг хооронд нь дээш доош эвлүүлж угсрахад хялбар, хавтангуудыг хооронд нь даралтын хүчээр холбож угсардаг аж. Та ямар ч барилга, байгууламжид хэрэглээд, дараа нь түүнийгээ дахин задлах, дахин угсрах боломжтой.


Categories
мэдээ цаг-үе

Дэлхийн хамгийн өндөр чанартай ноолуур Монголынх

Монгол ямаа

Өмнөд Монголын Баяннуур хотын Хангин хойд хошуунд 2016 оны хавар клоны аргаар өндөр чанартай ноолуурын үүлдрийн цагаан ямаа гаргаж авсан. Баяннуурын аж үйлдвэрийн тойргийн мэргэжилтнүүд клоны аргаар гаргаж авсан хоёр ишгийг дэлхийн хамгийн өндөр чанарын ноолуур өгнө хэмээн тухайн үед онцолж байсан билээ. Клоны аргаар хувилж гаргаж авсан ишигнүүд эхнээсээ шүдэлж байгаа гэсэн үг.

Ишигнүүдийг ноолуур нь 13.89 микрон нарийн сэрхний эсийг ашиглан гарган авсан юм байна. Баяннуурын хувьд ноолуурын цагаан ямаагаараа дэлхийд алдартай. 1990-ээд оноос тэр хавийн малчид ноолуурын чанар биш, гарцад илүүтэй анхаарч эрлийзжүүлсэнээр ноолуурын хялгас бүдүүрч 16-18 микрон хүрч Баяннуурын ноолуурын цагаан ямааны үүлдэр устахад хүрээд байсан юм. Үүнд БНХАУ-ын Засгийн газрын зүгээс яаралтай арга хэмжээ авч 2013 оноос ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хийж нарийн ширхэгт ноолуурын ямаа үржүүлэх, хамгаалах ажлыг эрчимжүүлж ноолуурын цагаан ямааг үржүүлэх, хамгаалах ажлыг хурдацтай явуулсны үр дүнд 2016 онд анхны төлөө хүлээн авсан нь тэр. Хятад улс клоны буюу амьтныг хувилах аргаар гаргаж авсан уг ямаанаас 13.89 микроноос ч нарийн хялгастай ноолуур гарна хэмээгээд “Дэлхийн хамгийн өндөр чанартай ноолуурын ямааг клоны аргаар гаргаж авлаа”, “Өндөр чанартай ноолуурын ямааг анх удаа клонын аргаар гаргалаа”, “Дэлхийн хамгийн анхны клонжуулсан ноолуурын ямаа” хэмээн тухайн үед хүчтэй сурталчилж, ноолуурын зах зээл дэх идэвхтэй тоглогч, хөрөнгө оруулагчдын харааг өөртөө татаж чадсан. Тэрнээс улбаалж дэлхийн нөлөө бүхий зарим мэдээллийн хэрэгслээр “Хятадууд su­perfine ноолуурын ямаа үржүүлж байна” гэж мэдээлж байсан юм. Энэ нь тухайн зах зээл дэх бизнесмэнүүдийн харааг өөртөө татах гэсэн идэвхжүүлэлтийн арга байсан байх талтай.

Монголын ноос ноолуурын холбооноос 2003 онд гаргаж байсан судалгаанд дурдсанаар Монгол үүлдрийн ямаа, Өнжүүл үүлдрийн хэсэг, Залаа жинстийн цагаан, Эрчим, Баяндэлгэрийн улаан, Буурал, Өлгийн улаан, Говь гурван сайхан, Уулын бор, Алтайн улаан үүлдрийн хэсэг гэсэн үүлдэр, үүлдрийн хэсэг, омгийн ямааг үржүүлдэг талаар дурдаж дэлхийд ноолуурын чанараараа Хятад нэгдүгээрт, Монгол хоёрдугаарт ордог гэжээ.

Хятадуудын мэдээлж буйгаар клонын аргаар гаргаж авсан өндөр чанарын ноолуур өгөх ишигнүүд нь

Микрон буюу нарийн голч, өнгөөрөө хятад ноолуур, монгол ноолуураас давуутай ч ширхэгийн уртаараа монгол ноолуур урт. Урт нь их байх тусам ээрэгдэх чадвар нь сайжирдгаараа ээрмэлийн технологийн гол үзүүлэлт болдог гэнэ.

Хятад улс Баяннуурын клонын аргаар гаргаж авсан цагаан ямаанаасаа 13.89 микроноос ч нарийн хялгастай ноолуур авна гэж байгаа ч Монгол Улсын эрдэмтэд 2015 оны хавар мах, ноолуурын чиглэлийн ямааны шинэ үүлдэр гаргаж авсан юм. “Завхан-Буурал” нэртэй уг үүлдрийн ямааны ноолуурын урт нь 5.6-6.8 см, нарийн голч нь 13.7-14.2 микрон. Уг үүлдэр нь бусад ямаанаас 3-8 кг-аар илүү жинтэй. “Завхан-Буурал” үүлдрийн ухныг манай улсын 11 аймгийн 60 гаруй суманд хээлтүүлэгчээр авсан юм байна.

2008, 2009 оны үеэс манай эрдэмтэд ноолуурын хялгасны бүдүүрэлтэд анхаарал хандуулж олон талын ажил явуулсны үр дүнд монгол ямааны ноолуурын ширхгийн голч 13-16 микрон, урт нь 38-43 мм болжээ. Хятад, Энэтхэг, Иран зэрэг орны ямааны ноолуур байгаль, цаг уурын онцлогоосоо шалтгаалан манайхаас 1.5-2 микрон бүдүүн, 5-7 мм богино. Ноолуурын ширхэг нарийхан байх тусмаа зөөлөн байдаг учир зөөлөн, хөнгөн, дулаан байдаг. Тиймээс монгол ноолуур дэлхийд сүүлийн арав гаруй жил нэгдүгээр байрт явж байгааг сүүлийн үеийн судалгаанууд харуулж байна.

МННХ-ны 2003 оны судалгаагаар

2015 онд гаргаж авсан “Завхан-Буурал” үүлдэрийг клонын аргаар гаргаж авсан Баяннуурын цагаан ямаатай харьцуулбал

Хятадын Засгийн газар үйлдвэрүүддээ хүүгүй зээл олгох замаар монгол ноолуурыг их хэмжээгээр авч өөрийнхөө ноолууртай хольж бүтээгдэхүүнийхээ чанарыг сайжруулдаг хэмээн хардуулдаг. Тиймээс тус улсаас ноолуурын салбар дахь нэр хүндээ хамгаалахын тулд Баяннуурын цагаан ямааг түшиглэж клонын аргаар хувилсан ямаанаасаа 13.89 микроноос ч нарийн ноолуур авна хэмээн зарласан байх ч талтай л даа.

Ховд аймгийн Алтай сумын улаан зүсмийн үүлдрийн ямааны ноолуурын микрон 13.6 гэж 2003 онд тэмдэглэгдсэнээс үзэхэд Өмнөд Монголын Баяннуурын клонын аргаар гаргаж авсан цагаан ямаа нь дэлхийн хамгийн өндөр чанартай ноолуурыг өгнө нь гэдэг нь худлаа болж байгаа юм.

Монголын ноос ноолуурын холбооноос 2003 онд гарсан судалгаанд монгол ноолуурыг 15.5-16.0 микрон, 38-43 мм урт гэж тодорхойлж байсан бол харин сүүлийн үеийн танилцуулгадаа монгол ямааны ноолуурын ширхэгийн голч 13.0-16.5 микрон, дундаж урт нь 38-45 мм гэж тодорхойлох болжээ.

Энэ бүхнээс харахад дэлхийд хамгийн өндөр чанартай, нарийн микронтой, урт ноолуур нийлүүлж байгаа нь Монгол Улс. Тэгэхээр монгол ноолуур дэлхийн хамгийн өндөр чанартай ноолуур гэдэг нь хэвээрээ юм байна.