Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ч.Цэнднадмид: Эд хөрөнгө, нэр төр, ашиг сонирхол, амбицыг аз жаргалтай амьдрахад тусална гэж бодвол асар том төөрөгдөл


Ч.Цэнднадмид багш Шри Шри Рави Шанкарын хамт

Амьдрах урлаг бясалгалын төвийн багш Ч.Цэнднадмидтай ярилцлаа.


-НҮБ-ын зөвлөх, Дээрхийн гэгээнтэн Шри Шри Рави Шанкар энэ сарын 7-нд Сүхбаатарын талбайд олон нийттэй уулзсан. Үүний дараагаар сошиалаар “Монголчууд мунхарчээ, харийн шашинд оржээ” гэх мэтээр шүүмжлэгсэд гарч ирсэн. Та үүнд ямар хариулт өгөх вэ?

-Гүрүдэв Шри Шри Рави Шанкар багш Монголд айлчлаад буцлаа. Багш маань зөвхөн Монголд ирсэн юм биш л дээ. Дэлхийг тойрон явж, дэлхийн олон олон сая хүнтэй уулздаг. Хүний дотор гэрэл гэгээ, аз жаргал гэж зүйл байдаг юм. Гэтэл хүн аз жаргал, гэрэл гэгээгээ гаднаас ихэвчлэн хайж байна. Би аз жаргалтай болохын тулд тийм юмтай болмоор байна, аз жаргалтай амьдрахын тулд тэгмээр байна, ингэмээр байна гэдэг. Гадагшаа чиглэсэн хэтэрхий ийм их хүсэл, мөрөөдөлтэй амьдарцгааж байна. Иймээс энэ оюун ухааны их мастер маань “Өөрсдийнхөө дотор руу чиглэ. Өөрийн тань дотор амар амгалан байгаа. Дотор тань эрч хүч, аз жаргал байгаа” гэдгийг бидэнд таниулж, хэлж өгч байгаа юм. Ялгаагүй, миний хувьд ч тэр багштайгаа уулзаагүй, учраагүй байхдаа хориод жилийн өмнө мөн л тэгж бодож байсан. “Би аз жаргалтай байхын тулд яах ёстой вэ. Их эд хөрөнгөтэй болох уу, эсвэл том албан тушаалд очиж том дарга болох ёстой юм болов уу. Яавал би эрх мэдэл, эрх чөлөөтэй амьдралаар амьдрах юм бэ” гэж боддог байсан. Ямар ч хүн ийм бодол боддог. Бидний сэтгэл гадагшаа чиглэсэн үед энэ амьдралдаа хэзээ ч аз жаргалтай болж, түүнд хүрч чаддаггүй юм байна. Гадагшаа чиглэсэн юм хэзээ ч дуусашгүй. Хүүхэд маань том болоосой гэнэ. Хүүхэд нь том болчихоор “Одоо нэг сургуульд оруулаад авбал уу” гэнэ. Сургуульд орчихоор нь “Сургуульд орох нь орчихлоо. Одоо нэг их, дээд сургууль төгсгөчихвөл бол оо” гэнэ. Их, дээд сургууль төгсчихөөр нь төгсчихлөө гээд тэр чигээр нь орхидоггүй. “Энийгээ нэг ажилд оруулчих юмсан” гэнэ. Ажилд орчихоор “Сайн хань ижилтэй болгочих юмсан” гэнэ. Энэ нь ерөөсөө дуусахгүй. Гадагшаа тэмүүлсэн сэтгэл дэлхий ертөнцийн хүмүүсийг ядрааж байна. Хүмүүсийг аз жаргалтай, амар амгалан байх тэр чадварыг алдагдуулж байна. Хүн ямар үед бүтээлч, амжилттай байдаг вэ гэхээр дотоод сэтгэл амар амгалан байгаа үед. Дотоод сэтгэлийн түвшинд илүү хангалуун, бүрэн дүүрэн мэдрэмж төрж байгаа үед хүн амжилттай амьдардаг. Юмыг дутуу гэж бодож байгаа үед дандаа зовлонтой, амнаас нь гомдол, гоншигонол, шүүмжлэл, доромжлол, муухай үгс цувардаг. Багш маань дэлхийг тойрон явж өнөөдөр бидэн дээр ирж, бидний энэ их эргэчихсэн, буруу амьдралыг зөв болгох гээд сайхан мэдлэг түгээж, амьсгал, иогийн дасгалыг зургаагаас 100 настай хүнд хүртэл заах хөтөлбөрүүдийг бий болгоод байна. Энэ хөтөлбөрүүдэд хамрагдсан хүмүүс маань дотроосоо сэрээд “Өө би чинь буруу явж иржээ” гэж ухаардаг. Манай хичээлд 80 настай, их сургуульд багшилж байсан профессор хүн ч сууж байсан. Тэр хүн таван өдрийн хичээлд суучихаад “Би чинь ер нь их муухай биеэ тоосон хүн байжээ” гэж хэлсэн шүү дээ. Тэр хүн маш их оюун ухаанч, шинжлэх ухаанч, профессор хүн. Насаараа их сургуульд багшилсан гэхээр ямар ухаантай хүн байх вэ. Тэгтэл тэр хүн манай хичээлд таван удаа суусны дараа тийм мэдрэмж төрж байна шүү дээ.

-Хүмүүс газар нутгийн төлөөх ч юм уу, ямар нэг намын эсрэг жагсаал, утааны эсрэг цуглаанд тийм олноороо очоогүй. Гэтэл Шри Шри Рави Шанкар багшийн бясалгалд суух гэж тэр олон мянган хүн очсон нь тэд сэтгэлийн амар амгаланг юунаас ч илүү хүсч, эрэлхийлж байгааг харууллаа. Хүмүүс энэ цагт сэтгэлийн амар амгаланг маш их хүсч байна?

-Багшийн маань монголчуудтай уулзсан тэр уулзалт дэлхийн 89 оронд шууд хүрч, шууд бичлэгийг нь 50 мянган хүн шэйрлэсэн байна билээ. Дээрхийн гэгээнтнийг монголчууд хамгийн том талбайдаа ямар олуулаа хүлээн авсныг дэлхий даяар харж “Монгол ямар гайхалтай орон бэ” гэдгийг харсан. Шри Шри Рави Шанкар багшийг хэн бэ гэдгийг дэлхий нийт таньчихсан юм л даа. 150, 160-аад оронд Амьдрах урлаг төвүүд нээгдсэн. Тухайн улс орны төрийн тэргүүнүүд нь багшийг хүндэтгэдэг.

Та өнөөдөр ямар нэгэн хоол идлээ. Тэр хоолны тань ногоог хэн нэгэн тарьсан байж таараа. Зүрхний сайн эм гээд л ууж байгаа. Тэр эмийг хэн зохион бүтээсэн юм бэ. Доктор, профессор, анагаах ухааны том эрдэмтэн л бүтээсэн. Хүн өвдөхөд хэн туслах вэ. Эмч нар тусална. Тэгвэл сэтгэл санаа хямрахад хэн тусалдаг юм бэ. Оюун санааны лидерүүд тусалдаг юм. Оюуны санааны лидер гэж хэнийг хэлдэг вэ. Оюун санааг бид нараас илүү мэдчихсэн хүмүүсийг хэлдэг. Хүн болгон толгойн эм үйлдвэрлэж, зохион бүтээж чадах уу. Толгойн өвчнийг яавал эдгээх вэ гэдгийг анагаах ухааны эрдэмтэн хүн л мэднэ. Тэгвэл өнөөдөр Рави Шанкар гэдэг энэ хүн амьсгалаар өөрийгөө яаж эрүүлжүүлэх вэ гэдгийг нээчихсэн эрдэмтэн хүн шүү дээ. Менделеев үелэх системийнхээ хагасыг зүүдэндээ харж, учрыг нь олсон. Түүнийг зүүдэндээ нээлт хийлээ гээд “Өө энэ чинь шашны хүн байна, мухар сүсэгтэй, зүүд ярьсан хүн байна” гэсэнгүй. Ийм юман дээр монгол хүмүүсийн оюун санаа задрах хэрэгтэй байна. Тэгэхгүй бол монгол хүний сэтгэлгээний хөгжил зогсонги байдалд орчихоод байна.

-Та сая ярилаа. Сэтгэл санаа хямрахад хэн тусалдаг юм бэ гэж. Хүмүүс сэтгэлээ, бухимдлаа илэрхийлдэг гол талбар нь сошиал болжээ. Тэнд л дотоод сэтгэлээ нээж, хамаг муу үгээ урсгаж, шүүмжилж, доромжилж байж уужирдаг хүмүүс их байна?

-Энэ маш тодорхой харагдаж байгаа. Багшийг ирэхэд Сүхбаатарын талбай дээр олон мянган хүн ирлээ. Хүмүүс маш шигүү суучихсан байсан. Тэгтэл энэ үйл ажиллагааны дараа сошиалаар янз бүрийн юм бичих юм даа. Бичиж байгаа тэр хүмүүсийг харахаар өөр хүмүүсийн хувьд уур нь хүрээд байх шиг байна. Бясалгалын багш бид нарын хувьд, миний хувьд тэр хүмүүсийг хайрлаж байгаа. Яагаад гэхээр хүн мэдэхгүй л юмаа шүүмжилдэг. Мэдэх юмаа тэгэхгүй. Талбай дээр ирсэн хүмүүс бол мэдчихсэн хүмүүс. Мэдэхгүй мөртлөө дагаад ирчихсэн хүмүүс бол тэр мэдэх зүйлд ойртчихсон хүмүүс юм. Ирээгүй мөртлөө эсвэл хажуунаас нь харсан хүмүүс итгэл алдраад “Ээ энэ бол худлаа” гэсэн байх л даа. Нарыг муу хэлэхэд нар яах ч үгүй шүү дээ. Тэнгэрт байгаа нарыг “Энэ нар арай л хачин. Үүл наагуур нь орчихоор муухай болчих юм аа. Ер нь нараар яадаг юм” гээд байвал хэн ядрах вэ. Нарыг үгүйсгээд байгаа хүн өөрөө л ядарна. Гүрүдэв гэдэг хүн ямар хүн байдаг вэ гэхээр сэтгэлээ ялчихсан асар том орон зай байдаг юм. Харахдаа хөгшин, залуугаар нь харж, энэтхэг, монголоор нь ялгаж харж байгаа хүмүүс Монголд байна л даа. Тийм хүмүүс байна гэдэг нь тэдгээр хүмүүсийн бичсэн сэтгэгдлүүдээс харагдаж байна. Гэхдээ би тэр хүмүүсийг хайрлаж байна. Удахгүй тэд үүнийг ойлгох болно. Мэдрэх болно. Энэ насандаа ойлгохгүй бол дараа насандаа ойлгоно гэдэгт би итгэлтэй байна. Яагаад вэ гэхээр монгол хүмүүс асар их ухаантай. Сэтгэлийн хувьд нэг удаа нээгдээд дотроосоо тэнүүн болоод ирэх юм бол монголчууд маш сайхан хүмүүс.

-Том албан тушаалд сууж, жийп машин унаж, асар их мөнгөтэй болвол сая аз жаргалтай болно гэж боддог хүмүүс их. Баян хүнд дургүй хэрнээ бүгд баяжихын төлөө юугаа ч золиослоход бэлэн. Хүмүүс яавал аз жаргалтай амьдрах юм бэ. Албан тушаал, мөнгө бидэнд аз жаргалыг өгдөг үү?

-Бид яагаад оюун санаагаа залах лидер, багштай байх ёстой юм бэ. Бид өөр өөрсдийнхөө сэтгэлийг хянаад мэдээд явчихаж чаддаг байсан бол бидэнд оюун санаагаа яаж залах тухай заагаад байх шаардлага байхгүй байсан. Гэтэл дэлхий, хүн төрөлхтөн яагаад ийм багштай болохыг хүсч байна вэ. Яагаад вэ гэвэл бид оюун санаа, сэтгэлээ өөрсдөө хянаж дийлдэггүй. Сэтгэл гэдэг хүний оршихуйн гурав дахь түвшинд том орон зай байгаа. Тэр сэтгэл л муухай үгийг хэлүүлж, муухай болгож харуулна. Хичнээн ч сайхан юмыг муухай болгож харуулдаг. Сэтгэл яагаад юм бүгдийг муухайгаар хараад эхлэв гэхээр сэтгэл нь жижигрээд, агшаад ирэхээрээ тийм болчихдог. Түүнээс биш тэр муухай юм бичээд байгаа хүмүүс туйлын муухай хүмүүс биш. Тэр хүмүүс бол эрдэнэт хүн. Тэр хүн ээждээ анх төрөхдөө ямар хөөрхөн хүүхэд мэндэлсэн билээ. Ямар хөөрхөн, гэнэн цайлган хүүхэд явлаа, тэд. Тэр хүмүүс өсч том болоод нас биед хүрч нийгэмд орж, амьдралын эрээн бараан, сайн мууг даван туулсаар ирсэн. Даван туулсаар ирэхдээ амьдралын үнэн мөнийг ойлгох тал дээр дутмаг яваатай холбоотойгоор л энэ үйлдэл болоод байгаа юм. Их л эд хөрөнгөтэй бол сайхан амьдарна, мөнгө байвал сайхан болно, эсвэл бидний дээр байгаа УИХ-ын 76 гишүүн зөв, сайхан болчихвол бид зөв сайхан амьдарна гэж бодоод байгаа нь нэг талаар буруу. Бидний дээр хэн байгаад, тэд ямар хууль, шийдвэр гарснаар улс орон цаашид яаж явах нь хамааралтай. Гэхдээ хамгийн гол хамааралтай зүйл нь та өөрөө. Өөрөө өөрийнхөө сэтгэлийг хянаж, өөрийнхөө сэтгэлийг ялан давж, ядаж л архи, тамхи хэрэглэдэггүй. Ядаж хүнтэй эвтэйхэн харьцдаг, ямарваа юмыг энэрэх, нигүүлсэх сэтгэлээр эхлээд харж чаддаг чадвартай болно гэдэг бол тухайн хүний өөрийнх нь чадвар. Ямар ч юмны сайн талыг эхлээд харж чадна гэдэг бол амьдрах ур чадвар. Тэгтэл сайн юмыг муухайгаар харна, муухай юмыг сайхан болгож харна гэдэг бол тухайн хүнийг төөрөгдөлд оруулж байгаа юм. Юм эсрэгээрээ ингэж харагдаад байхаар тэр хүн яаж хүний дайтай явах вэ дээ. Материаллаг юмтай байвал сайхан байна гэж бодоод байгаа нь буруугаа хүн рүү чихэхэд хүргэдэг.

Монгол хүн баян байх ёстой. Тэгтэл энэ дээр байгаа хүмүүс буруу бодлого явуулаад ядууруулчихлаа гэж яриад байгаа. Улс орны бодлого нөлөөлөх нь мэдээж. Гэхдээ хэн ядуураад байгаа юм гэхээр өөрийнх нь сэтгэл жижигрээд ядуураад ирэхээр өөрийг нь ядуу болгочихдог. Түүнээс биш улс орны бодлогоос болоод та туйлын ядуу болчихоод байгаа юм биш шүү.

Зах зээлд орсны дараахан дэлгүүрийн лангуу бараагүй болж, картаар бараа олгодог байсан ч бид ямар хөгжилтэй байсан юм бэ. Би арван жилийн багш байлаа. Дэлгүүрт ирсэн барааг байгууллагуудад хуваарилна. Сам, биеийн тамирын хувцас, цамц тараана. Тэрэн дундаа тамирын хослол бол хамгийн том, үнэтэй бараа нь. Картын бараануудыг манай сургуулийн багш нарт сугалаагаар өгнө. Сугалуулна. Сугалаа сугалтал надад биеийн тамирын хослол таарчихлаа. Тэгсэн чинь манай сургуулийнхан “Цэнднадмид аа, дараагийн удаад чи сугалаанд орохгүй шүү. Чи хамгийн том барааг нь авчихлаа” гэж байсан шүү дээ. Тэр үед нэг ширхэг сам сугалаад л хязгааргүй баяртай байсан ш дээ, монголчууд. Баярлаад л “Би сам авчихлаа”, “Би биеийн тамирын өмд, цамцтай болчихлоо” гэж тэрэндээ ханамжтай байсан. Тэгэхээр бараа байхгүй болохоор муудчихаж байна уу, эд хөрөнгөгүй болохоор баяр баясгалан алга болчихож байна уу. Үгүй байгаа биз дээ. Эд хөрөнгө, нэр төр, ашиг сонирхол, амбицыг аз жаргалтай амьдрахад тусална гэж бодоод байгаа нь асар том төөрөгдөл болчихоод байна.

-Эрдэмтэд хүн яавал аз жаргалтай байх вэ гэдэг асуултад хариулт олохын тулд олон жил судалгаа, эрэл хайгуул хийгээд эцэст нь хайр бол аз жаргал юм байна гэж тогтсон. Хайрлах, хайрлуулах мэдрэмж л хүнийг аз жаргалтай болгоно. Тийм үү?

-Хайр гэж ярихаар манайхан дөнгөж гэрлэж байгаа хосын хоорондох хайрыг хэлнэ гэж ойлгоод байдаг. Гэрлийн чийдэн анх Монголд орж ирэхэд “Иличийн гэрэл гэж ийм сайхан юм байдаг аа” гэж гайхан хүлээж авсан шиг хайр гэдгийг одоо ярихаар оюун нь сайн задарч өгөөгүй байна. Би ч тийм явсан. Ерөөсөө л бид чинь энэ хорвоод өөр өөр төрхтэй гүйж явдаг ч бүгдээрээ хайран дунд амьдардаг юм байна шүү дээ гэж ойлгосон. Багш маань “Энэ ертөнцийн нууц бол өгөхөд оршино” гэдэг. Тэрийг хүртэл эхлээд ойлгодоггүй байж. Өгнө гэдэг нь байгаагаараа, байгалиараа, илүү дутуу зангүй, юмыг үгүйсгэсэн, янз бүр болсон сэтгэлгүй байх. Бид ярьдаг шүү дээ. Хөдөөний хүмүүс яг байгаагаараа байдаг гэж. Хөдөө очихоор тэр хүмүүс яагаад байгаагаараа байдаг вэ. Тэд бидэн шиг давчуу орон зайд ороогүй, хөдөө тал шигээ тайван байдаг тэр байдал нь хадгалагдаад байдаг. Улаанбаатарт ороод ирэхээр яагаад сөргөөцөх, үгүйсгэх, шүүмжлэх байдал нь ихсээд байна вэ гэхээр нөгөө л нэг ойрхон байшингийн хана харж, түгжрэлд саатаж, зурагтаа асаангуут муухай юм харна, фэйсбүүк рүү оронгуут сөрөг мэдээлэл урсана. Ингээд байхаар хүмүүс түгжигддэг.

-Бид яавал аз жаргалтай байх вэ?

-Хүн бол таван мэдрэхүйтэй. Нүдээрээ юмыг харна. Чихээрээ юмыг сонсоно. Амаараа юмыг амтална. Хүнд гараа хүргэвэл хүрэлцэнэ. Аав, ээждээ гараа хүргээд илээд “Ээж ээ, аав аа, хайртай шүү” гэхэд хайрыг илүү дотогшоо мэдэрдэг.

Юмыг харахдаа байгаагаар нь харах ур чадвар бий. Нөгөөх нь шунаж харах. “Дахин харахсан”. Харуулаад байхад “Дахиад нэг харахсан” гэнэ. Энэ яаж байна вэ, хараа нь шунаж байна. Юм сонсоно. Нэг удаа сайхан дуу сонсоод сайхан уяраад хайлаад нулимс гарвал гараад л дахин сонсох шаардлагагүй. Энэ бол сонсох мэдрэмжийн маань ач тус. Сонсох мэдрэмж юунд зориулагдсан бэ. Тухайн үед сонсох хэрэгцээтэй зүйлээ их сайхнаар сонсох. Үүнд л заяагдсан. Тэгтэл муухай зүйлийг сонсоно. Өнөөгийн нийгэмд хүний таван мэдрэхүйн хоол хэвийн хэмжээндээ байхаа больчихоод байна. Алдагдаад байна. Сайхан зүйлийг сонслоо, боллоо. Тэрийгээ орхиод босох чадвартай байх ёстой. Энэ бол сонсох чадвар. Юм амталж идэх. Амталж идэхэд сайхан байлаа. “Сайхан хоол байна шүү, гоё байлаа. Баярлалаа” гээд сэтгэл хангалуун бослоо. Боллоо. “Дахиад идэх юмсан. Тэр хоол их гоё байсан шүү”, “Бүр илүү гоё амттай юм байна уу”. Амтанд шунах гэж энэ. Хүрэлцэх мэдрэхүй, “Ээж ээ би таныг тэвэрье”. Тэвэрлээ. Нэг их урт санаа алдаад тэврээд “Ээж ээ, би танд хайртай шүү”, “Аавдаа, ээждээ хайртай шүү” гэж хэлээд л бол оо. Тэгтэл “Дахиад тэвэрье л дээ, ээж ээ. Дахиад нэг тэвэрчихье л дээ” гээд байвал ээжид нь төвөгтэй санагдах уу. Тэгэхээр энэ таван мэдрэхүй шунаад ирэхээрээ эргэн тойрондоо ч төвөгтэй, өөртөө ч төвөгтэй болдог. Ээж дээрээ очсон үедээ нэг л тэврэхэд бол оо. Тэгтэл “Дахиад тэвэрье, дахиад тэвэрье” гээд байхаар өөрийнх нь сэтгэл тогтворгүй зовлонтой болж, дахин дахин тэврүүлээд байхаар ээж нь “Чи яасан төвөгтэй юм. Одоо болно ш дээ” гэж хэлэхэд хүргэнэ. Яг энэ. Хүнийг аз жаргалгүй байлгаад байгаа юм чинь энэ. Таван мэдрэхүйд татагдах. Таван мэдрэхүйдээ хэтэрхий хүлэгдэх. Гэрээсээ өөр газар очоод хоол идэхээрээ “Пөөх, давсгүй, амтгүй хэрэг алга” гээд хүний хийсэн хоолыг түлхэнэ. Тэр ямар ч хоол байсан амин дэмтэй л бол зүгээр ид. Давсгүй ч байсан идчих чадвартай байх. Энэ нь таны идэх, амтлах мэдрэхүйг хэвийн хэмжээнд байгааг харуулна. Гэтэл голж шилээд “Гоё, муухай хоол” гээд. Нүдээрээ “Энэ хөөрхөн, тэр царай муутай” гэнэ. Харц чинь юмыг хэт ингэж юмыг ялган салган харах нь зовлон. Юмыг сонсохдоо энэ их гоё, энэ их муухай. Муухай юм чинь больё гэнэ. Ингэж юмыг хэтэрхий их ялган салган сонсох нь зовлон. Зарим газар очиход маш их шуугиантай байлаа. Та ганцаараа байгаа юм шиг байж болно. Боломжтой. Гэвч тэрийг боломжгүй болгоод байгаа зүйл нь таны өөрийн тань сонсох чадвар тэнцвэр алдагдсанаас үүдэлтэй. Сонсох чадвар чинь чадваргүй байна гэсэн үг.

-Тэгвэл яагаад монголчууд нэгнээ үгүйсгээд байдаг болчихов оо?

-Тэр хүн сайхан юмыг хараад ч, муухай юмыг хараад ч эсрэгээр нь харна гэдэг чинь тэнцвэрээ алдаж байна гэсэн үг. Сайхан юмыг хараад “Энэ худлаа. Энэ шиг худлаа юм байхгүй” гэнэ. Сайхан юм хүсч байгаа хүмүүсийг бүгдийг нь үгүйсгэнэ. Муухай юмыг хараад “Энийг хар даа. Энэ яг тэгнэ л дээ” гэж итгээд, түүнийг улам баталгаажуулаад цааш явна. Тэгж юмыг харж байгаа бол та өөрийгөө нэг удаа ч болов маш сайн харахгүй бол болохоо байчихжээ л гэсэн үг. Арван тавны сайхан дүүрэн сарыг “Ямар сайхан мэлтийсэн сар вэ” гэж чин сэтгэлээсээ бишрэн гайхаж харж байхад нөгөөдөх нь “Гамбиртай адилхан юм” гэж харна. Багшийн маань ингэж хэлсэн мэдлэг байдаг юм. “Өлсч байгаа хүнд сар гамбир шиг харагдана” гэж. Талбай дээр оюун санаагаараа нэгдээд сууж байгаа хүмүүсийг холоос хараад “Малнууд” гэж байна. Тэнд байгаа хүмүүс мал болох уу. Үгүй. Харин мал гэж бодож байгаа хүнд өөрт нь зовлон ирж байгаа. Өөрөө өөртөө төвөг удаж байгаа гэсэн үг. Мал гэж хэлж, бичиж байгаа хүн мал биш шүү дээ. Бас л нэг сайхан хүн байгаа. Бас л нэг сайхан гэр бүлийн гишүүн. Гэр бүлийнхээ хайрыг мэдэрдэг. Тэд нь ч тэр хүнээс сайхан хайрыг нь хүсдэг. Тэр муухай үг гаргаж байгаа хүнийг “Миний охин, миний хань, миний аав, миний ээж” гээд хайрлаж байгаа өчнөөн хүн цаана нь байгаа. Тэгтэл тэр олон хүний өмнө хариуцлага хүлээсэн хүн өнөөдөр сайхан юманд нэгдээд сууж байгаа хүмүүсийг хараад муу үг хэлж байна гэдэг чинь хариуцлагагүйтэй л холбоотой.


Categories
мэдээ цаг-үе

Нэг ангийнхан гэдгээ ч мэдэхгүй байгаа НЭГ АНГИЙНХАН

Эцэг, эхчүүдийг сургуулийн үүднээс буцаагаад нэгдүгээр ангийнхныг багш нар нь анги анги руугаа дагуулаад орууллаа. Нийслэлийн Баянзүрх дүүргийн хошой тэргүүний “Шавь” цогцолбор сургууль өнөө жил нэгдүгээр ангийн “К” хүртэлх бүлэгт зургаан настнуудыг авчээ. “Нэг ангийнхан” буландаа Ц.Төгсбаяр багштай нэгийн “Б” ангийнхныг урилаа.

13 цагт ангидаа орчихсон байх ёстой. Гэвч ганц хоёр хоцорсон хүүхдүүдийг хүлээж авсны дараа ирцээ бүртгэлээ. Ангийн багш Ц.Төгсбаяр “Хүүхдүүд ээ, багш нь юу гэж хэллээ. Багштайгаа зэрэгцэж ярьж болохгүй гэсэн шүү дээ”, “Та нарыг ингээд бүгд яриад байхаар найзынх нь дуу сонсогдохгүй байна” гэж бяцхан сурагчдадаа байн байн сануулах боловч нэмэргүй. Нэгнийх нь нэрийг дуудахаар энд тэнд зэрэг зэрэг “Байна”, “Байна”, “Байна” гэнэ. Багш “Нэрийг нь дуудсан хүүхэд л өөрийнхөө нэрийг сонсоод гараа өргөх ёстой” гэж хэлээд ч тусыг олсонгүй. 50 гаруй хүүхдийн нэрийг нэг бүрчлэн дуудаж ирц авсны дараа багш нэг сурагчийнхаа цүнхийг өргөөд “Энэ юу вэ” гэвэл бүгд нэгэн зэрэг “Цүнх” гэв. Цүнхэндээ байгаа бүх юмаа ширээн дээрээ гаргаарай гэж хэлэнгүүт сурагчид цүнхээ ухаж дотор нь байгаа юмнуудаа дэлгэлээ. Дэвтэр, зургийн дэвтэр, харандаа, балны сав, гялгар уут, даавуун ууттай аяга таваг, халбаганы иж бүрдэл, алчуур, хуурай, нойтон сальфетка гээд эд зүйлсээ ширээн дээр гаргалаа. Багш хичээлийн хэрэгслүүдийг нь нэг бүрчлэн танилцуулсны дараа буцаагаад цүнхэнд нь хийхэд дахин сануулж “Энэ юу билээ” гэж асуув. “Дэвтэр, өнгийн харандаа, өнгийн цаас, зургийн дэвтэр, пиналь (үзэг, харандааны сав), хайч, шугам, баллуур, цавуу, харандаа, бал, үзүүрлэгч” гэж нэг нэгээр нь нэгэн зэрэг чанга нэрлэцгээв. Багш “Энэ бүгд нийлээд юу билээ… Тийм ээ, хичээлийн хэрэгсэл” гэв. Мөн “Энэ цүнх хүнд байна. Хүнд цүнх үүрвэл яах билээ” гэтэл нэг хүүхэд “Жижгэрнэ” гэв. Бас хэдэн хүүхэд “Нуруу” гэв. Багш “Хүнд цүнх үүрвэл нуруу өвдөнө. Тийм болохоор яах билээ, хөнгөн цүнх үүрэх ёстой” гэж сануулав. Проро, лего, Супермен, “Frozen”-ын Алиса, Анна гээд хүүхэлдэйн кино, тоглоомын баатруудын зурагтай цүнх, дэвтэр, бал харандаа, үзүүрлэгч гээд зүсэн зүйлийн хичээлийн хэрэгсэл ширээнүүд дээр эрээлжилж, хаа сайгүй гялгар уут шажигнаж, хүүхдүүд цүнх, саваа нэгжээд тун завгүй болцгоов. Хөвгүүдийн цүнх бор, цэнхэр, хөх, хар өнгө голлодог бол охидын цүнх, харандааны сав буюу пиналь гээд бүх эд зүйлс нь гялалзаж гялтганасан саатай, шигтгээтэй ягаан, шар өнгөтэй. Охидын цүнх эмх цэгцтэй, хичээлийн хэрэгслээр дүүрсэн бол хөвгүүдийн цүнхэнд аяга, таваг, халбаганы иж бүрдэл байх нь тэр. Гялгар уутнаас нь гаргаагүй, шив шинээрээ. Тэр бүү хэл нэг хүү ширээн дээрээ шаазан аяга, сэнжтэй шаазан аяга гаргаад тавьчихаж. Тэгтэл хоёрдугаар эгнээний гуравдугаар ширээнд сууж байсан хөвгүүн коршоокон малгай гэж ярьдаг даа, хээр хөдөө явахаар өмсдөг, цэргийн хээрийн хувцас, майхны нэг тийм эрээн өнгөтэй. Тийм малгайг дараад өмсчихсөн сууж байна. Багш нь “Хүүе ээ, малгайгаар яах нь вэ. Тайлаарай” гэв.

Хичээл эхлэв. Багш “Харандаагаа зөв бариарай” гээд харандаагаа хэрхэн зөв барихыг агаарт барьж үзүүлэв. “Багш аа, би зөв барьж байна уу”, “Багш аа, намайг хар даа”, “Энэ зөв үү”, “Би зөв барьж чадаж байгаа биз дээ, би бүүр дөрвөн настай байхдаа барьж сурсан юм чинь” гээд энд тэнд ам амандаа ярьж багшаа дуудна. Мэдээж тавин хэдэн хүүхэд дээр зэрэг очиж чадахгүй учир Ц.Төгсбаяр багш хүүхэд нэг бүр дээр очиж, харандааг нь зөв бариулна.

Гуравдугаар ширээний ард зогсож байсан над руу хоёрдугаар ширээний арынхан болон гуравдугаар ширээнийхэн бүгд гараа харуулж “Багш аа, би зөв барьж байна уу” гээд харцгаав. Чадах чинээгээрээ л харандааг нь зөв бариулав.

Ц.Төгсбаяр багш самбарт эмч, цагдаа, сурагч, засварчны зурагтай хуудас наагаад “Эдгээр хүмүүст юу юу хэрэгтэй билээ. Хэрэгтэй эд зүйлтэй нь холбож зураарай” гэлээ. Хүүхдүүд тараасан цаасан дээрх цагдаа, эмч, сурагч, засварчны зургийг чагнуур, цүнх, бороохой, багажны хайрцагтай харандаагаар холбож зурах байлаа. Багшийгаа ярихад хүүхдүүд огт өөр зүйл, хичээлд хамааралгүй ч гэмээр юм ярина. Зарим нь аль түрүүнд асуусан асуултад хариулж байгаа харагдана. “Ээжийнхээ утасны дугаарыг бичүүлээд ирсэн”, “Манайд ийм бороохой байгаа юм чинь” гээд чангаар бүгдэд сонсогдохоор ярина. “Багш аа, ингэж холбоно тийм ээ”, “Энэ хоёрыг холбоно, тийм ээ” гээд дахиад л хүүхдүүд эргэж хараад намайг дуудаж цаасаа үзүүлэв. Юуг, юутай яаж холбохыг нь заалаа. Үүний дараа хүүхдүүд цүнхний зургийг будах байв. Ж.Марал, Г.Буяндалай нар цүнхээ өнгө өнгөөр ялгаад ихэд сайхан буджээ. Хүүхдүүд харин будах хичээлдээ бол багшаа тэр болгон дуудсангүй шүү. Тэгтэл гуравдугаар салааны урдуур сууж байсан Б.Чинхүслэн хамрынхаа хоёр нүх рүү хоёулан руу нь харандаа чихчихсэн эргэж хараад арын хүүхдүүдээ инээлгэж байдаг байгаа. Сандарсандаа болохгүй, аюултай гэдгийг сануулж дохио өгвөл харандаагаа ашгүй авчихлаа шүү. О.Мөнх-Эрдэнэ, Г.Чингүүн Б.Чинхүслэн, Г.Чинзориг, Т.Содномдорж, Ж.Марал нараас “Ангийнхнаа хэр таньдаг вэ”, “Найзуудынхаа нэрийг мэдэх үү”, “Та нар нэг ангийнхан мөн үү” гэж асуусан чинь “Найзтай. Найзаа чамайг хэн гэдэг билээ”, “Багш аа, ангийнхан гэж юу вэ. Аль анги вэ”, “Найзынхаа нэрийг мартчихаж”, “Багшийн нэр үү. Мартчихсан байна. Ээжээсээ асууя” гэсэн хариулт өгцгөөв. Тэд “Бид хамтдаа дөрвөн жил сурах байх даа” гэцгээж байлаа.

Дээхнэ үед бол нэгдүгээр ангид ороод л номхон суухыг эхэлж сурдаг байсан сан. Эгц урагшаа хараад, нуруугаа цэхлээд ширээн дээр зүүн гаран дээрээ баруун гараа тавиад юм ярихаар бол баруун гараа өргөж “Багш аа, би” гэж зөвшөөрөл авдаг байсан. Харин зургаан настнуудын хувьд эрх чөлөөтэй, нэг их хүлээс, тушаал, сахилгад баригдахгүй хэрнээ багшийгаа юм хэлэхэд анхаарах нь сайн юм. Харин анхаарал нь хэдхэн секунд хэртэй л тогтдог бололтой. Багш “Чишшш…чимээгүй хүүхдүүд ээ. Та нарыг зэрэг зэрэг яриад байвал бусдын чинь яриаг багш нь сонсохгүй шүү дээ” гэж их зөөлөн аргадаж, ойлгуулна. Урагшаа цэх хараад суудлаасаа босохгүй номхон сууж байгаа хүүхэд алга. Хүн эвшээж байгаа хүнийг хараад дагаж эвшээдэг рефлекстэй. Тэр рефлекс бол энэ ангийнханд ёстой сайн бололтой. Нэгдүгээр салаанд нэг нь эвшээвэл, нөгөө хоёр салааны аль нэг ширээний хүүхэд заавал үргэлжлүүлж эвшээнэ. Багш хүүхдүүддээ ярьж, самбар дээр юм зааж байхад зарим хүүхэд эргэж хараад суучихна. Ангийн ханан дахь самбар, үзүүлэнг сонирхоно. Цүнхээ онгично. Ширээн дээрээ байсан ус, ундаа, жүүснээсээ байн байн ууна. Ширээ дэрлэнэ. Тэгтэл багш “Энэ их халуунд наад малгай чинь юу вэ. Яагаад малгайгаа өмсчихөөд байгаа юм бэ” гээд өнөө хоёрдугаар салааны хүүд хандаж хэлбэл цаадах нь бушуухан шиг малгайгаа аваад цүнх рүүгээ хийхээр тонгойлоо. Багш юм ярьж, зааж зааварлаж байхад огт өөр сэдвийн юм ярина, өөр сэдэвтэй юм асууна. Хөндлөнгөөс харахад инээдэмтэй ч багш тэр болгонд асуултыг нь хоосон буцаахгүй.

Багш сурагчдаас “Нэг ангийнхан гэж ямар хүмүүсийг хэлдэг юм бол. Та нар нэг анги мөн үү” гэвэл хүүхдүүдийн гараа өргөх нь өргөөд, босох нь босоод, ярих нь ярина. “Хамт тоглоно”, “Хамт хичээлээ хийнэ”, “Хамт зурагт үзнэ”, “Хамт хоолоо иддэг”, “Хамт гадаа тоглодог”, “Би найзыгаа халбагагүй ирэхэд халбагаа өгдөг”, “Найзтайгаа зодолдож болохгүй”, “Найзтайгаа эв найртай байх ёстой”, “Найзтайгаа найрамдалтай байх ёстой” гэж хүүхэд бүр бодлоо хуваалцав. Ангийн багш Ц.Төгсбаяр “За хүүхдүүд ээ, нэг ангийнхан гэж тэгэхээр ямар хүмүүсийг хэлэх нь вэ. Хамтдаа тоглож, хамтдаа хичээлээ хийж, хамт хоолоо идэж, нэгэндээ тусалж, эв найртай хамт байдаг хүүхдүүдийг хэлэх нь байна, тийм үү” гэвэл “Тийм ээ” гэлээ.

Зургаан настнууд бол эцэг, эх, эмээ өвөөгийн хайр халамжинд зургаан жил бөмбөрсөн айлуудын хамгийн өхөөрдөм, хүн бүрийн хайрыг татсан хайрын эзэд байдаг. Тэд хэдийгээр сурагч болж, дөнгөж гурав дахь өдрөө л сургуульдаа ирж, ангидаа сууж байгаа ч уйлж, дуугаа хураах нь харьцангуй багассан байдаг бололтой. Зургаан настай 50 гаруй хүүхэдтэй ангид ганцхан багш ажиллана гэдэг нэлээд чанга юм билээ шүү. Багш хүүхэд тус бүртэй тулж ажиллахад цаг их ордог юм байна. “Сурвалжлагч, гэрэл зурагчин хоёр манай ангийн тухай сонинд нийтлэл бичихээр иржээ” гэж танилцуулсан ч гэлээ зургаан настнуудын хувьд ангид нь орж ирсэн том хүн болгон багш. “Багш аа, багш аа” гэж дуудаж “Энийг ямар өнгөөр зурах вэ, энийг ингэж холбох нь зөв үү, би цүнх зурж чадахгүй байна, надад энийг заагаад өгөөч, би алийг будах вэ, би одоо юу хийх вэ” гэж асуултаар булж, ширээнээс ширээнд дуудаж, салаанаас салаа руу явуулж байлаа. Хүүхэд дуудаж байхад очихгүй байлтай биш. Нэгэнд нь юм зааж байхад эргэн тойрны хүүхэд бүгдээрээ зурсан зургаа үзүүлж “Багш аа, энэ болж уу” гэж асууна. Айхавтар хашгирч, уйлж унжихгүй ч хоорондоо ярилцах нь, багшаасаа асуух нь, “Багш аа” гэж дуудах ер дуусдаггүй юм байна. Бага ангийн багш, тэр дундаа зургаан настай хүүхдүүдийн багш байхад хүнээс асар их тэвчээр ухаан, төлөвшил шаарддаг нь тодорхой аж. Гуравдугаар ширээний хөвгүүдээс “Та нар нэг анги мөн үү” гэвэл түрүүхэн багшийнхаа хариултад нэгэн зэрэг “Тийм” гэж хариулснаа мартав бололтой “Нэг ангиа, багш аа. Юу гэсэн бэ. Нэг ангийнхан гэж юу вэ” гэж анх удаа сонссон аятай гайхан асууснаа “Би цүнхээ гоё будчихсан. Хар даа” гээд будсан зургаа харуулав. Зарим нь асуултад хариулахгүй таг дуугүй өөдөөс харна. “Та нар бүгдээрээ нэг ангийнхан шүү. Нэгийн “Б” гэсэн анги шүү. Хамтдаа олон жил сурна, за юу” гэвэл “Хэд, дөчин хоног уу” гэж асуув.

Нэгийн “Б” ангийн багш Ц.Төгсбаяртай завсарлагааны үеэр цөөн хором ярилцлаа.


-Та хэд дэх жилдээ багшилж байгаа вэ?

-Би 12 дахь жилдээ багшилж байна.

-Зургаан настнуудын хэд дэх ангиа авч байна вэ?

-Гурав дахь удаагаа зургаан настай сурагчдыг хүлээн авч байна.

-Танай анги хэдэн хүүхэдтэй вэ?

-54 хүүхэдтэй. Сургуулийн зүгээс өнөөдөр ширээ, сандал нэмж тавихаар гурваараа суусан хүүхдүүд маань хоёр хоёроороо суучихаар сурахад их тухтай болно доо. Бас сурах бичиг ирж байгаа. Үдээс хойш авна.

Манай хүүхдүүд сургуульд дөнгөж орж байгаа болохоор бие биеэ танихгүй. Нэг анги гэдгээ мэдэхгүй байгаа. Хичээлийн эхний өдөр бүгдийг нь танилцуулж, анги хамт олон гэж юу вэ, бие биедээ яаж тусалдаг зэрэг ойлголтуудыг өгсөн ч даанч мартчихсан (инээв). Хажуудаа сууж байгаа хүүхдийнхээ нэрийг ч тогтоож амжаагүй л байгаа байхгүй юу. Өнөөдөр хамтдаа сууж байгаа гурав дахь өдөр нь. Эхний өдөр хичээлдээ ирчихээд маргааш нь нийтийн амралт гээд амарчихсан болохоор мартах нь аргагүй юм.

-Хэдий танай ангийнхан одоо нэг ангийнхан гэдгээ ойлгохгүй байгаа ч нэг ангийнхан шүү дээ. Хожим нь сургуулиа төгсөөд насан туршдаа нэг ангийнхан гэж явахаа мэдэхгүй байгаа ч дараа жилийн өдийд 35 үсгээ мэдчихсэн, үг холбоод уншчихдаг болчих учраас манай сонины энэ нийтлэлийг уншаад нэг ангийнхан гэдгээ мэдэх байх гэж бодож байна шүү?

-Нэгдүгээр ангиасаа хамт сураад 12 дугаар ангиа төгстөлөө нэг анги, нэг хамт олон болж явж байгаа учраас нэг ангийнхан гэдэг нэгэндээ тустай дэмтэй, биенээ дэмждэг, хүндэлдэг байх ёстой. Тийм хүмүүсийг л нэг ангийнхан гэнэ. Миний хувьд зөв хүн байх талаас нь л хүүхдүүддээ маш их захиж хэлдэг дээ. Нэгнийхээ үгийг хүлээж авдаг, сайн сонсох л хэрэгтэй дээ. Тэгж байж л нэг анги, хамт олон болдог.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монголын төр нэг иргэнээ ялгаварлан гадуурхаж, нийгэм даяар шившиглэх нь буруу

АТГ-ын мөрдөгчид Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хил, хорио цээрийн хяналтын хэлтсийн дарга Н.Баярсайханы албан өрөөнд нэгжлэг хийж буй бичлэг нийгэм даяар цацагдаж, Баярсайхан гэх энэ залууг шившиглэж орхив. Монголын төр нэг иргэнээ ялгаварлан гадуурхаж, нийгэм даяар ингэж шившиглэх нь буруу. Буруугаар тогтохгүй энэ бол хууль зөрчсөн асуудал. Үндсэн хуульд “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно” гэж заасан байдаг. Хятад, Хойд Солонгос зэрэг Азийн зарим оронд нэгнээ гутаан доромжилж шившиглэдэг үзэгдэл бий. Зөрчил гаргасан иргэнийхээ гарыг хүлээд эрэгтэй, эмэгтэй хамаагүй хэн ч байсан өмдийг нь шувтлаад гудамжинд хаячихаар өнөөх нь босч явж, өмдөө ч татаж чадахгүй олон хүний дунд шившиг болж байгаа харагддаг. Тэгтэл Монголын төр үзэл суртлын төлөө иргэнээ гадуурхаж, удам судар, юутай ийтэй бүгдийг нь гутааж орхихдоо оймсны түрүүн дэх хэдэн төгрөгийг нь хүртэл гаргаж ирж нүдний булай болгож шившиглэв. Ардчилсан Монгол оронд бид сүүлийн 30 жилд ийм гутамшигтай юм харсангүй. Төр нь иргэнээ шившиглэдгийг анх удаа хараад цочирдлоо. Хуучин социалист системд буруудсан нэгнээ ялгаварлан үзэж, нийтээрээ шившиг хэмээн тооцож, нүүрээ хийх газаргүй болтол нь хажиглаж элдэв нэр хоч өгөн үр хүүхдүүдийг нь хүртэл сургуульд сурч чадахгүй болтол нь хүнд байдалд оруулдаг байсан сан. Харин Н.Баярсайханы тохиолдолд бол тэр ялаа авчихсан байхад нэмж яллачихлаа. “Миний хувь хүний нэр хүндэд ингэж халдаж байгаад харамсаж байна. Монгол бол Ардчилсан, хүний эрхийг дээдэлсэн улс орон. Гэтэл хуулиар шийтгэлээ хүлээсэн намайг дахин хэлмэгдүүлж байна” гэж тэрээр бичлэг цацагдсаны дараа ярьсан байсан. Эрүүгийн хуулийн 1.3.5-д “Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна” гээд заачихсан байгаа. Тэгтэл үүн дээр АТГ-ынхан Үндсэн хууль, Эрүүгийн хуулийг зөрчсөн ноцтой үйлдэл гаргасан. Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү “Авлигын нөхцөл байдлыг бодитоор харуулах гэж бичлэгийг олон нийтэд цацсан” гэж тухайн үедээ мэдэгдсэн. Төрийн албан хаагч хүн ингэж хууль зөрчих ёсгүй. Монгол Улсын иргэнийг Монгол төр нь шившиглэсний төлөө, ийм мэдэгдэл хийсэн Т.Баярхүүг ажлаас нь халж уг бичлэгийг олон нийтэд цацахыг зөвшөөрсөн албан тушаалтнуудад хариуцлага тооцох ёстой.

Олон улсад хүний эрхийн төлөө ажилладаг байгууллагууд “Нэг хүнийг нийтээрээ гутаан чичлэх, шившиглэх”-ийг хориглодог бөгөөд уламжлалт ёсоор буруу зүйл хийсэн нэгнийг нийтийн дунд гаргаж нүцгэлэх, чулуу шидэх, харааж зүхэхийг хүний ёсноос гажуудсан, болхи нийгмийн хоцрогдсон үйлдэл гэж үздэг юм байна. Тэгтэл өнөөгийн ардчилсан Монгол оронд үзэл суртлын төлөө Монгол төр иргэнээ шившиглэсэн учир АТГ Н.Баярсайханаас уучлал гуйх хэрэгтэй.

Түүний авлига авсан эсэх нь тусдаа асуудал. Тэр асуудал нь Эрүүгийн хуулиар шийдэгдчихсэн байхад иргэнээ ингэж шившиглэж, ялгаварлан гадуурхаж, дахин дахин яллах гэж бид ийм нийгэм байгуулаагүй. Ял авсан ялтан хүртэл тодорхой хэмжээний эрхтэй байдаг. Тийм байтал авдаг ялаа авчихсан Монгол Улсын жирийн иргэнийг шившиглэдэг нь яаж байгаа юм. Мөрдөгчдийн нэгжлэг хийж буй тэр бичлэгийг нийтэд цацах ёсгүй байсан. Энэ хүний ах дүү, амраг садан, үр хүүхэд нь гэж байдаг юм байгаа биз дээ. Нийгмийн сүлжээгээр тэр бичлэгийг үзэцгээсэн хүмүүс “Цаазал!” гэж орилолдоцгоосон. Хэрвээ 10 мянган доллар хулгайлсан болгоныг цаазлаад байвал Монголын төрд хэн үлдэх юм бэ.

Монголын төрд иргэнээ шившиглэх ёс байхгүй, ийм эрх ч байхгүй. Монголчуудын 40-өөд хувь нь ажилгүй. Ажилгүй тэдэнд мөнгө байхгүй болохоор нэг хүнд тийм их мөнгө байгааг хараад хорсож үхчих гээд байгаа юм. Харин ч тэдний дэргэд энэ хүн ажил хийж яваа хүн шүү, тэгж ярих юм бол. Мөнгө олох гэж яваа хүн. Зурагт, гар утсаа ширтээд “Наадхаа цаазал” гэж сэтгэгдэл бичээд ажилгүй хэвтэж байгаа хүний хажууд муугаар ч, сайнаар ч амьдрах гэж зүтгэж яваа юм биш үү, наад иргэн чинь.


Categories
мэдээ цаг-үе

Х.ТҮШИГ: В.Путинтай гар барьж буй эвлүүлгийг минь хүндээр хүлээж авч байгаа Монголын массыг өрөвдлөө

Утсаар ярингаа ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путинтай гар барьж буй залуугийн зураг өнгөрсөн хэд хоногт сошиалд шуугиан дэгдээсэн. Уг фотошоп буюу гэрэл зургийн эвлүүлгийг хийсэн гэрэл зурагчин, фотошопчин Х.Түшигтэй ярилцлаа.


-В.В.Путинтай гар барьж буй эвлүүлгээ хэзээ фэйсбүүкт тавьсан юм бэ?

-ОХУ-ын ерөнхийлөгчийг ирэхийн өмнө сэтгүүлчид “Буянт-Ухаа” нисэх онгоцны буудал дээр цуглаад хүлээж байх тэр үед хийсэн юм. Тэгээд өөрийнхөө фэйсбүүк дээр л пост болгож оруулсан. Шөнө нэг цагийн үед оруулсан пост шүү дээ. Тэр постыг оруулчихаад л унтчихсан.

-Тэгээд өглөө нь сэрээд фэйсбүүк рүү ортол ямар нөхцөл байдал угтав?

-Пост маань фэйсбүүкийн группүүдээр тарчихсан, бөөн сенсаци болчихсон байсан. Би тийм юм болно гэж ерөөсөө бодоогүй.

-Хүмүүсийн сэтгэгдэл таныг хямраасан нь ойлгомжтой. Уг нь та joke, enjoy (инээдэмтэй, тоглоомын, баясгах, хөгжилтэй гэх утгатай. сурв) хэв маягийн пост оруулсан шүү дээ?

-Манай нийгэм чинь яачихсан юм бэ. Уг нь joke, enjoy пост байсан шүү дээ. Хүмүүсийн яриад байдаг өнөө хар масс, хар хэсэг байдаг юм байна гэж ойлгосон.

-Та ямар салбарт ажилладаг вэ?

-Гэрэл зургийн салбарт, яг энэ чиглэлээр ажилладаг.

-Та сошиалд хар масс гэдэг хэсэг байдаг гэдэгт итгэдэггүй, мэддэггүй байжээ. Тиймдээ ч жокэ пост оруулаад хариуд нь асар их хар, муухай сэтгэгдэл уншина гэж төсөөлөөгүй байх?

-Би өөрийгөө гэгээлэг, гэрэлтэй хүмүүсээр хүрээлүүлдэг. Хар энергитэй хүмүүсээр хүрээлүүлэх дургүй. Фэйсбүүкт янз бүрийн хар энергитэй, ямар ч юмыг буруугаар ойлгож дайрч давшилж байдаг хүмүүс байдаг шүү дээ. Би тийм хүмүүсээс өөрийгөө үнэхээр сайн тусгаарлаж чадсан. Миний фэйсбүүкийн найзууд дунд дандаа гэгээлэг, эрч хүчтэй зүйл ярьж, бичдэг залуус байдаг юм. Би тэднийхээ л оруулсан постыг үздэг. Түүнээс биш тэр аймаар аймаар группүүд рүү ордоггүй, тэнд нь байдаггүй. Тэр хүмүүсийн хандлагыг өмнө нь мэдэрч байгаагүй. Сошиалд бол хүнийг яаж бол яаж л гутаах юм билээ. Хүссэн хараалаа л сэтгэгдэл хэсэгт бичдэг юм байна гэдгийг биеэрээ мэдэрлээ.


-Та байнга эвлүүлэг хийж фэйсбүүктээ оруулдаг биз дээ?

-Байнга. Бид байнга л элдэв янзын meme зураг эвлүүлдэг. Үүнийг дэлхийд Meme буюу enjoy, joke болгоод хөгжүүлчихсэн. Постны нэг төрөл.

-Энэ улсад ямар ч хүн, хэн ч бай үзэл бодлоо илэрхийлэх, хийсэн, бүтээснээ нийтэд дэлгэх харуулах эрхтэй. Энэ эрх нь уг нь нээлттэй л байгаа даа. Гэтэл таныг ажлаас нь хал, ал, зайлуул гэх мэтээр дайрцгаажээ. Оросыг шүтдэг, Оросоос айдаг нэг тийм айдастай хэсэг байгаа ч юм шиг?

-Би хүмүүсийн сэтгэгдлүүдийг эхлээд нэлээд уншсан юм аа. Миний постыг оруулсан групп дэх сэтгэгдлүүдийг дээрээс нь авахуулаад уншихад нэг зүйл анзаарагдсан. 40-50 нас гарсан хүмүүс, тэр насны хүмүүсийн масс байна. Харсан зүйлдээ шууд итгэдэг, юмыг тунгааж шүүх чадваргүй болчихсон гэмээр. Манай найзууд тэр постын дор сэтгэгдэл хэсэгт “Энэ бол эвлүүлэг. Энэ залуу өөрөө зурагчин, фотошопчин” гэж бичсэн байгаа юм. Гэтэл тэр хэдэн сэтгэгдлийг л олоод уншчихаж чадахгүй байгаа юм даа. Постыг нь тайлбартай нь уншчихсан мөртлөө, доошоо гүйлгээд сэтгэгдэл рүү нь ороод манай найзуудын тайлбарыг уншчихаж болоогүй юм байх даа гэж бодсон. Учир начрыг нь тунгаалгүй шууд л араас нь болох, болохгүй үгээр бөмбөгддөг юм билээ.

-Одоо таны сэтгэл санаа ямар байна вэ. Ойр дотныхон тань хэрхэн хүлээж авсан бэ?

-Эргэн тойрныхон “Одоо наадах чинь хэтэрчихлээ. Больсон нь дээр юм биш үү” гэцгээсэн л дээ. Тэгэх тусам нь би өөрийнхөөрөө хиймээр санагдсан. Эхний зургийн дараа дараалсан хоёр зургийг эвлүүлж оруулсан. Хүмүүс намайг доромжлох тусам би сөрөөд баймаар санагдсан. Миний инээд хүрээд байгаа байхгүй юу. Монголын масс нь даяараа яагаад ийм сонин болчихсон юм бэ. Миний постууд дандаа л хөгжилтэй, бусдыг баясгах, инээд бэлэглэх, хөнгөн жанрын хөгжилтэй байхыг хичээсэн өнгө аястай байдаг. Би хар, муу зүйл ерөөсөө постолж үзээгүй. Миний постнууд дунд нэг ч муухай пост байхгүй. Би гэрэл зурагчин хүн. Фэйсбүүктээ зураг оруулах болгондоо тухайн цаг үетэйгээ авцалдсан тайлбар хамт хийдэг. Тэгсэн чинь миний энэ удаад оруулсан эвлүүлгийг хүндээр хүлээж авч байгаа Монголын массыг нэгдүгээрт өрөвдлөө. Хоёрдугаарт, маш их гайхсан. Маш сонин масс энэ нийгэмд жин дардаг болчихсон юм байна.

-Залуу үеийнхэн нь харьцангуйгаар эвлүүлэг гэдгийг нь ойлгосон байх. Жинхэнэ фото зураг байна гэж итгэсэн хүмүүс их байжээ дээ?

-Итгэчихсэн залуу хүмүүс зөндөө байна. Жаахан хүүхэд, оюутнууд хүртэл байна. Арай хүндэвтэр тусгаж аваад хүнд сэтгэгдэл бичсэн хүмүүсийн фэйсбүүк рүү орж харсан л даа. Тэгтэл өөрийнхөө фэйсбүүк танилцуулга дээрээ том том гадаадын их сургууль төгссөн, өндөр боловсролтой хүмүүс байгаад байгаа байхгүй юу, харахад. Тэгсэн мөртлөө тэр хэлж байгаа үг, өгүүлбэр, хандлагыг нь хараад тэр хүн үнэхээр боловсролтой юу, үгүй юу гэдэгт нь эргэлзмээр. Ийм өндөр боловсролтой хүн тийм юм ярьж, бичиж байгаа гэхээр бусад нь ч дээ, арга ч үгүй юм даа гэж бодсон (инээв).

Тэр нэг яаж ч соёлжуулж гэгээрүүлж, аврахаасаа өнгөрсөн үе байна. Аврал байхгүй болчихсон. Нээрэн шүү. Одоо харин шинэ үеийн залуус, биднээс доош үеийн хүүхэд, залуус маань юмны учрыг мэддэг болчихмоор байна. Ядаж өөрийн сонирхож байгаа зүйлдээ цаг заваа гаргаад судалчихмаар байгаа юм.

Тэгэхгүй шууд л харснаараа, сонссоноороо дүгнэдэг тийм л сонин үе байна. Тэр үеийг бид зүгээр л нүдээ аниад хаямаар юм байна. Сонгууль өгдөг насны хүмүүсийн дийлэнх нь тийм насны хүмүүс эзэлдэг гэхээр ямар хүмүүсийг сонгож байгаа нь ойлгомжтой, ямар сонголт хийж байгаа нь ойлгомжтой. Залуучууд хэр барагтай сонгууль өгдөггүй. Тэгтэл сонгуульд саналаа идэвхтэй өгдөг насныхны байгаа байдал нь тийм царайтай. Зурагтаар хэнийг ч муулсан тэд тэрийг шууд 100 хувь хүлээж авна. Ямар ч эргэлзээгүй нийлээд муулдаг.


Categories
мэдээ цаг-үе

Ц.Нарангэрэл: Вокзал дээр буугаад л “Бид чинь монгол хүн мөн юм байна шүү дээ” гээд уйлсан


Арын эгнээний зүүн гар талаас: Б.Бум-Эрдэнэ, Хастуяа, Хөххад, Мэргэн, Болд, Мэрьеэ. Урд эгнээний зүүн гар талаас: Б.Амин-Эрдэнэ, Ц.Отгонхүү, Ху.Өлзий, Ц.Нарангэрэл

“Хотон монголчуудаа мөшгөсөн аян замын тэмдэглэл” номын зохиолч Ц.Нарангэрэл, түүний охин Б.Бум-Эрдэнэ нартай ярилцлаа.


-Танай гэр бүлийнхэн хотон монголчуудын үүх түүх, үүслийг тодруулах гэж Өмнөд Монголын Иньчуан, Ордос, Алшаа, Туньляо, Хөх хотуудаар аялж ирээд “Хотон монголчуудаа мөшгөсөн аян замын тэмдэглэл” нэртэй ном гаргажээ. Чухам ямар учраас ийм аялал хийх болов?

Ц.Нарангэрэл:-Би Увс аймгийн Тариалан сумын харьяат, хотон хүн. Одоогоос 30-35 жилийн өмнө байна уу даа, Улаангомд сурч байхдаа нэг зүйлийг их содон анхаарсан юм. Тэр үед хотон хүүхдүүдийн хичээлийн дүн их дарагддаг байлаа. Би даалгавраа маш сайн хийж, хичээлээ зуун хувь сайн ярилаа ч дүн тавихдаа үнэлгээг нь заавал дардаг байлаа. Чи ямар ястан бэ гэж асуухаар “Хотон” гэж хэлэхээр “Дунд” тавина, өөр ястаны нэр хэлбэл “Онц, сайн” тавьдгийг хараад “Би яахаараа ингэж ад үзэгдэх болсон юм бэ. Би монгол хүн байж Монгол дотроо яах гэж гадуурхагдаж “Муу сайн ногоорсон хотонгууд, та нар цагаачид” гэж адлуулдаг юм бэ. Монгол эх оронд төрсөн, монгол цус булгилсан, монгол зан заншилтай байж яагаад цагаач гэж дуудуулдаг билээ” гэж бодоод чадал минь хүрвэл энэ бүхнийг судалж мэдье, үнэн зөвийг нь олъё, хойч үе минь бидний үеийнх шиг чичлүүлэхгүй амьдраасай гэж хүссэн. Манай гэр бүл “Хан хөхий Хархираа түргэн” гэж компани байгуулж, ахан дүүсээрээ хамтраад бизнес маань ч хөл дээрээ босч эхлэх үед багадаа хүсч мөрөөдөж, төлөвлөчихсөн байсан судалгааны ажлаа эхлүүлсэн. Ганцхан надад энэ асуудал тохиогоогүй, над шиг хичээлийнхээ дүнгээр даруулахаас эхлүүлээд гадуурхагдсан маягтай амьдрал туулсан хүмүүс олон байдаг. Тэр бүү хэл Төрийн шагнал авсан, одон медальтай, олонд нэр төртэй хотон хүмүүс яс үндсээ нуудаг. Би тэр хүмүүстэй уулзахад “Би дарагдаад байсан болохоор хотон гэдгээ нууж дөрвөд, халх гэж хэлсэн юм аа” гэж байсан юм. Тэгэхээр хотон хүн нүүр бардам “Би монгол хүн” гэж хэлж, хотон гэдгээрээ омогшиж, эх орныхоо төлөө ихийг хийж бүтээж амьдраасай гэсэндээ, хойч үедээ юм үлдээе, хүн болж төрснийхөө утга учрыг гаргая, гэр бүлийнхнээрээ олсон хэдэн арван төгрөгөө зарцуулж буян хийе гээд Өмнөд Монголыг зорьсон юм.

-Хэзээ аян замд гарсан бэ?

Ц.Нарангэрэл:-Анх 2014 оны хавар явсан юм. Тэр ондоо хоёр ч удаа явсан. Охин Б.Марал-Эрдэнэ, Б.Бум-Эрдэнэ, төрсөн дүү Ц.Отгонхүү, зээ охин Б.Амин-Эрдэнэ, хөтөч Хөххад гэсэн зургаан хүний бүрэлдэхүүнтэйгээр явсан.

-Эхлээд аль хотод нь очив?

Ц.Нарангэрэл:-Эхлээд Иньчуан хотод очсон. Тэнд Иран, Иракаас гаралтай, дайны хөлөөс зугтсан, коран судар уншдаг, мусульман шашинтай хүмүүсийг бөөнд нь нэгтгээд нэг үндэстэн гэж нэрлэсэн байсан. Тэдний хуримын зан үйл, оршуулга, уншлага гээд нэг ч зүйл нь хотон монголчуудтай таарахгүй байсан. Огт өөр гэж хэлж болохоор байлаа. Тэгээд би мухардсан. Хүний аяллын зорилго мухардахаар хүн их хэцүү байдалд ордог юм билээ. Тэгтэл охин Б.Бум-Эрдэнийн маань өмнөд монгол найз Хөххад нь Болд гэдэг хотон хүнтэй холбогдоод учир байдлаа хэлсэн чинь “Би бас хотон хүн байна аа. Наад хүмүүсээ наашаа, Алшаад дагуулаад аваад ир. Энд хотонгууд амьдардаг” гэж хэлсэн юм. Тэр үгийг сонсоод л бид шууд галт тэргэнд суусан. Алшаад очоод Болд гэх өмнөд монгол хүнтэй утсаар ярьж уулзах газраа товлоод яваад очлоо. Тэр мөч миний санаанаас ер гардаггүй юм. Шатаар өгсөөд дээш гарч байтал цэнхэр ногоон нүдтэй, шар царайтай яг л хотон ястанууд шиг тийм дүр төрхтэй хүн инээмсэглээд угтсан. Тэр хүн Ху.Өлзий гэж мундаг судлаач хүнийг дагуулаад ирсэн байлаа. Мөн хотон ястаны дээл хувцас, өмсгөл, гоёлтой эмэгтэйчүүдийг цуглуулсан байсан юм. Зоогийн газрын жижгэвтэр өрөөнд биднийг оруулсан л даа. Өглөөний цайн дээрээ нууцхан уулзаж байгаа нь тэр. Өмнөд Монголд ястан, угсаатнуудыг цуглаж, Ар Монголоос ирсэн хүмүүстэй уулзахад таатай ханддаггүй юм шиг санагдсан. Аян замын туршид хийсэн бичлэг, дарсан зураг, Ху.Өлзий гуайн ярьсан Цагаадай хааны үеэс монголчууд мусульман шашныг яагаад шүтэх болсон тухай, бидний үр удам Киргизстан, Узбекистан гээд хаагуур хаагуур нутаглаж байгаа тухай баримт нь надад одоо бий. Бид хагас мэргэжлийн камертай явж, бас кино хийсэн.

-Судалгааны ажлаар Өмнөд Монголоор явахдаа хэдий хэрийн хугацаа зарцуулж хичнээн мянган км зам туулсан бэ?

Ц.Нарангэрэл:-Хоёр жилийн хугацаанд явсан. Судлаач хүмүүст гаргалгаа гараг. Үр удамд минь юм үлдэг л гэж бид зорьсон.

Б.Бум-Эрдэнэ:-Бид нийтдээ 16 мянган км зам туулсан байдаг юм.

-Урт аян хийгээд буцаж нутагтаа ирэхдээ богцондоо юу юутай ирэв. Хүүхэд байхаасаа бодож ирсэн шаналгаатай бодол болоод аян замаас ирээд бодсон бодол хоёрын хооронд асар их ялгаа гарсан байлгүй?

Ц.Нарангэрэл:-Монгол хүн гэдгээ мэдэж ирсэн. Маш их баярласан. Вокзал дээр ирсэн чинь нүднээс минь нулимс асгарсан. Бид чинь монгол хүн мөн юм байна шүү дээ бодогдсон. Эх орноо өрөвдсөн. Түүнтэй зэрэгцээд эх орондоо маш ихийг хийж бүтээх эрмэлзлэл төрсөн. Би монгол хүн. Миний Монгол ямар ядуу амьдарч байгаа юм бэ гэж бодогдсон. Өмнө нь амьдарч байгаагүйгүй юм шиг, дотор нь аж төрж байгаагүй юм шигээр эх орноо шинээр харж эхэлсэн. Биднийг буухад их гандуу байж билээ. Тэр нь ч нөлөөлж, эх орон минь яасан гундуу байна вэ, яасан их хогтой бохир байна вэ гэж өрөвдөж хайрласан. Хятадын шинээр байгуулагдсан сайхан, цэвэрхэн хотуудаар явж ирээд эх орноо хараад их өрөвдсөн. Ихийг хиймээр санагдсан. Би цэвэр монгол хүн гэдгээрээ омогшсон.

Ц.Нарангэрэл Алшаа аймгийн хотон эмэгтэйтэй хамт

-Аяллын төгсгөлд таны үзэл бодолд эргэлт гарчээ?

Ц.Нарангэрэл:-Үзэл бодолд маш их өөрчлөлт гарсан. Эргэлздэг байсан. Би яг ямар хүн бэ. Миний өвөг дээдэс ямархуу хүмүүс байсан юм бол. Хаагуур амьдарч байсан юм бол гээд элдвийг боддог хоёрдмол үзэлтэй байсан бол нэг үзэлтэй болсон л доо. Нэг үгээр эх оронч үзэлтэй болоод ирсэн.

-Аяллаар үзэж харсан дуулснаа ахан дүүстээ ярьж сонирхуулсан байх. Мөн аян замын тэмдэглэлээ бичиж ном болгожээ. Хүмүүст сайн хүргэжээ?

Ц.Нарангэрэл:-Энэ номоо мянган хувь хэвлүүлж, сонирхсон, уншъя гэсэн хүмүүст бэлэг болгож тараасан. Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын санд 30 ном, “Интерном”, “Мир” номын дэлгүүрүүдэд ч номоо өгсөн. Миний номыг хүмүүс маш их сонирхдог. Одоо ч асууж сурагладаг. Бид энэ номынхоо хоёрдугаар дэвтрийг удахгүй гаргахаар зэхэж байгаа. Энэ их ажлыг манай нөхөр Х.Баярсайхан бид хоёр санаачилж, өөрсдөөсөө хөрөнгө мөнгө гаргаж байгаа ч хамгийн их ачаа, ажлын ихэнхийг миний охин Б.Бум-Эрдэнэ, Б.Марал-Эрдэнэ маань нугалсан. Маш их үүрэг гүйцэтгэсэн. Хятад болон уйгаржин монгол бичиг дээр хэвлэгдсэн түүхэн эх сурвалж, судалгааны ажлуудыг орчуулцгаасан. Энэ бүх ажлын 90 гаруй хувийг хоёр охин минь гүйцэтгэсэн гэж хэлж болно.

Б.Бум-Эрдэнэ:-Арав гаруй ном, эх сурвалжаас гол гол гэсэн сэдвүүдийг орчуулсан.

-Та бүхэн судалгаа хийж ирээд түүхийн ухааны мэргэжлийн хүмүүстэй уулзсан уу. Ямар хүмүүстэй ярилцаж мэдээлэл солилцсон бэ?

Ц.Нарангэрэл:-Уулзсан. Түүхч На.Сүхбаатар, хотон судлаач, Ард түмний гавьяат Б.Санхүү, доктор П.Лхагвасүрэн нартай уулзаж ярилцсан. Ямар нэг хувийн дүгнэлт хийхгүйгээр үзэж харснаа энгийн яриагаар сайн бичжээ. Зөв юм хийжээ гэсэн. Бидний хийж ирсэн камерын бичлэгийг судлаач Б.Санхүү ихэд сонирхож, дахин дахин үзэж сонссон шүү.

Б.Бум-Эрдэнэ:-Б.Санхүү гуай бол манайдаа бол хотон талын ганц том судлаач нь.

-Монголын ястанууд өөр өөрийн гэсэн онцлог, амьдралын хэв маяг, зан харилцаатай улс. Заримыг нь гаднаас нь хараад л ямар ястан болохыг хэлж болдог. Хотон монголчууд ямар онцлогтой улс байдаг вэ?

-Ганц жишээ хэлье л дээ. Дөнгөж сууж байгаа ч юм уу, юм түшээд явж байгаа хүүхдүүд хөгжмийн ая эхлэхэд л толгойгоо хөдөлгөөд, гараа хаялаад биелж эхэлдэг. Жаахан хүүхдүүд хэний ч урилгагүйгээр өөрөө босоод л биелдэг. Бий биелгээ бол бидний яс цусанд байдаг өв юм.

Хотонгууд огцом, цочир, дайчин талдаа. Цагаа яг барина. Хэлснээ хийдэг. Зорьсон зорилгодоо заавал хүрдэг. Маш их хөдөлмөрч. Хамгийн гол нь хүнтэй үерхэж найзалбал үхэн үхтэлээ үнэнч нөхөрлөж л дуусдаг улс. Ийм л зан чанартай хүмүүс байдаг юм. Хүнсний ногоо, тариа тарьдаг хүмүүс шүү. Юм тарьчихмаар газар байвал л тарьж ургуулчих гээд байдаг хүмүүс байсан юм шиг ээ. Хотод байхад л манай ээж гэр орондоо зүгээр суухгүй. Цэцэг, тасалгааны ургамал л тариад байдаг байсан. Би бас цэцэг тарина. Хотонгуудыг Галдан Бошигт Тэнгэр уулнаас авчирсан гэж ярьдаг. Миний өвөг дээдэс их л хямгач хүмүүс байсан юм болов уу гэж бодогддог юм. Юм бүхнийг хямгадаж, арвилж, нөөцөлдөг байж. Тэр зан чанар нь одоо ч бидэнд байдаг.

-Та бүхэн шашны хувьд бусад ястанаас өөр боловч бүх шашныг нэгтгэсэн ч гэмээр өвөрмөц шашинтай болов уу гэж харагддаг юм?

Б.Бум-Эрдэнэ:-Бид зуун хувь Мусульман шашинтай биш. Бүх шашины зан үйлээс тодорхой хэмжээгээр өөртөө тусгасан гэмээр нийлмэл шашинтай. Энэ шашинд шинээр нэр өгчихмөөр санагддаг юм. Исламын шашин биш. Бөөгийн шашин биш. Шарын шашин ч биш. Бүгдээс нь аваад өөрийн гэсэн шашинтай л болчихсон гэх үү дээ.

Ц.Нарангэрэл:-Зуун хувь Мусульман гэж хэлж болохооргүй. Коран судар дотор бөөгийн тэнгэрийн уншлага бас байдаг юм. Бөө, Коран судартай холилдсон ийм л уншлагатай. Манай Коран гэж байгаа л даа. Хотонгууд зурхайг маш гайхалтай зурна. Хотон хүн болгоны хэлсэн ярьсан болгон нь биелдэг, өндөр зөн совинтой хүмүүс байдаг.

-2010 онд 11 мянга гаруй хүн өөрийгөө хотон гэж бүртгүүлжээ. Хотон ястанууд Монгол Улсын аль аль аймагт төвлөрөн амьдран сууж байна вэ?

Ц.Нарангэрэл:-Увсад байна. Сэлэнгийн Цагааннуур, Бургалтай, Эрдэнэт, Чойрт бий. Цагааннуурын төв дээр 280-аад өрх байдаг юм билээ. Тухайн үед хотон ястныг цагаач гэж хавчих ч юм уу, нийгмийн элдэв үзэл гарч байхад өөрийгөө дөрвөд, халх гэж бичиг цаасан дээр өөрчилсөн хүмүүс их байдаг юм. Тэр 11 мянга гэдэг чинь дарсан тоо. 16-20-иод мянга байгаа байх шүү. Хотонгууд маань битгий өөрийнхөө яс үндсээ нууж, битгий ичиж амьдраасай, бахархаж амьдраасай гэдгийг харуулж хотонгууд Монгол мөн, биш гэдэгт хариулт авахын тулд л би аян замд гарсан. Эрлийнхээ зорилгыг биелүүлж, хотонгууд бид монгол хүн мөн гэдгээ олсондоо, монгол хүн гэдэгтээ омогшсон.

-Гучин жилийн өмнө өөртөө тавьсан асуултдаа хариулт авахын тулд түүнээсээ огт буцахгүй, урвахгүй, ухрахгүй, сэтгэлдээ тээсээр яваад хол замыг туулж эцэст нь эрснээ олсноос тань харахад хотон хүн гэж ийм уйгагүй, тууштай дайчин хүмүүс байдаг юм байна гэсэн бодол төрлөө?

Ц.Нарангэрэл:-Баярлалаа. Би бие дааж уламжлалт анагаах ухааныг сурсан. Рейкийн бясалгалын багш. Миний охин Б.Бум-Эрдэнэ маань уламжлалт анагаахын чиглэлээр зургаан жил сураад үргэлжлүүлээд Дүрс оношилгооны чиглэлээр сураад одоо дүрс оношилгооны эмчээр ажиллаж байна. Миний хань Х.Баярсайхан барилгын инженер мэргэжилтэй. Хэдий бид өөр өөр мэргэжилтэй ч гэр бүлээрээ угсаатан зүйн судалгаа хийдэг айл.

-Хотон гэж нэрний учир юу вэ. Хотон шувуутай холбоотой байх боломжтой юу?

Ц.Нарангэрэл:-Иньчуаны хотонгуудыг коран судар уншдаг мусульманчууд болохоор шашнаар нь адилтгаад Хотон гэчихсэн юм болов уу гэж бодож байна.

Б.Бум-Эрдэнэ:-Судлаач нар Хотон гэж нэрний тайлбар дээр нэгдсэн байр суурин дээр хүрээгүй байна. Миний ойлголтоор Шинжаанд хүмүүстэй уулзахад, Хотан гэж бие даасан нэг улс байсан. Тэрнээс үүсэлтэй нэр гэж ярьж байсан. Монголын зарим судлаач ч тэгж бичсэн байдаг. Ээжийн маань ярьсан шиг, хотон үндэстнүүд Исламын шашныг шүтсэн. Тэгтэл монгол хүмүүс исламын шашин шүтсэн чинь тэднийг Хотон Монгол, Монгол хотон гэх нэр авсан гэж үзэх нь ч бий. Шинжаанд зарим нэг хүмүүс “Уйгар, киргиз, монголчууд холилдож наймаа худалдаа хийдэг байж. Тэгтэл хотын хүмүүс ирж тэнд нь наймаа арилжаа хийдэг байжээ. Хотын хүмүүс гэдэг нь сунжирсаар Хотон гэх болсон” гэж ярьж байсан. Энэ мэт маш олон тайлбар, таамаглал байдаг юм билээ. Хотон шувуутай огт хамаагүй нэр.


Categories
мэдээ цаг-үе

Хүмүүст “Гар утасны яс” хэмээх эвэр ургаж байгаа юу

Австралийн Квинслендийн их сургуулийн эрдэмтэд хүмүүсийн гавлын ясны ар хэсэгт шөрмөсөн бүтэцтэй сүүл, эвэр маягийн зүйл ургасныг тогтоожээ.

Я лангуяа нас биед хүрсэн залуусын гавлын ясанд “эвэр” илүүтэй ургасан нь анхаарлыг нь татсан байна. 28 настай болон 58 настай хоёр хүний гавлын ясны зургийг харьцуулахад залуу хүний гавлын ясанд 27.8 мм буюу 2.78 см “эвэр” байсан бол 58 настай хүний зурагт 24.5 мм буюу 2.4 см-ийн урттай ургацаг харагджээ. Судалгааны эцэст эвэр-сүүл маягийн шөрмөслөг энэхүү ургацаг нь гар утас, таблет, компьютер зэргийг олон цагаар ширтэж, буруу байрлалд суудгаас үүдсэн гэх санал дэвшүүлсэн байна. Хэвтэж байхдаа хүртэл өглөө, оройгүй гар утас ширтдэг нь хүний бие, ясны бүтэцэд хортой нөлөөлснөөс ийм гажуудал үүсээд байгаа аж. Илүү яс ургах, ургацагтай болох нь хүнд маш их зовиуртай байдаг. Тэр нь даамжирвал бусад эд, эрхтэнээ дарж, цусан хангамжид нөлөөлдөг учир энэхүү эвэр-сүүл нь хүн төрөлхтөнд асар их хор хохиролтой юм.

Хүүхэд, залуус урагш тонгойж удаан цагаар суухад хүний гавлын яс тэнцвэрээ хадгалахын тулд жингээ толгойн ар талын булчиндаа шилжүүлдэг бөгөөд тэр хэсгийн яс, холбогч эд, булчин шөрмөсүүдэд ихээхэн хэмжээний ачаалал ирнэ. Жингийн шилжилт, даралт, үрэлтийн хариуд хүний гавлын хүзүү хэсэгт дэлхийн татах хүчний нөлөөгөөр дэгээ, эсвэл эвэр хэлбэртэй зүйл үүсч бий болж байна гэж таамаглажээ.

Шинэ зууны нээлт, дэвшилтэт технологиуд нь хүн төрөлхтний өдөр тутмын амьдралд нэвтэрснээр хүний бие физиологи, араг ясны бүтэцэд сөргөөр нөлөөлж байгаагийн хамгийн том жишээ нь энэ боллоо гэжээ. Харин эмч нар “Энэ эвэр-сүүл маягийн шөрмөслөг ургацаг нь түгээмэл тохиолддог синдром бөгөөд эмчилж болно. Энэ синдром нь гар утасны хэрэглээтэй холбоогүй” гэж няцаасан байна. Австралийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд уг мэдээллийг тал бүрээс нь бичиж “Хүний эвэр”, “Гар утасны яс”, “Хачин овойлт” гэж нэрлэх болжээ.

Судалгааны багийн удирдагч, биомеханикийн чиглэлээр докторын зэрэг хамгаалсан дэд профессор Дэвид Шахар “Шувууны хошуу, эвэр, дэгээ мэт харагдаж байгаа энэ зүйл нь толгой, хүзүүний дээд хэсэгт архаг өвдөлтийг үүсгэдэг ноцтой хэв шинжтэй гажиг юм. Нэг ёсондоо хүний тархи, хүзүүний тохиргоо алдагдаж байна гэж хэлж болно” гэж “Вашингтон пост” сонинд ярьжээ.

Биомеханик гэдэг нь амьд биетийн механик шинж, механик хөдөлгөөний түгээмэл зүй тогтлыг судлах биологийн шинжлэх ухааны салбар туршлагын ухаан юм байна. Өөрөөр хэлбэл хөдөлгөөний үүсэл, хөгжлийн механик болон биологийн шалтгаан, янз бүрийн нөхцөлд илрэн гарах түгээмэл хэлбэр, зүй тогтлыг судлах ухааныг биомеханик гэнэ.

Судалгааны баг гурван жилийн өмнө судалгаагаа эхлүүлсэн бөгөөд анх 18-30 насны залуусын 218 ширхэг рентген зургийг харьцуулахад 41 хувьд нь, тэр дундаа эрэгтэйчүүдийн гавлын ясанд шувууны хошуу маягийн зүйл илүүтэй ургасныг харжээ. Өнгөрсөн жил энэ судалгааг тойрсон эрдэмтдийн маргаан өрнөж, клиникийн профессорууд гавлын яс, хүзүүний булчинд механик ачаалал үүсэхэд эвэр ургана гэдэг нь боломжгүй гэсэн бол судалгааны багийнхан “Толгойн дахь эвэр нь удамшлын хүчин зүйл болоод ямар нэг үрэвслээс үүсээгүй” гэдгийг тайлбарлажээ. Тус багийнхан саяхан Квинслэнд мужийн 18-86 насны хүмүүсийг судалгаандаа нэмж хамруулж 1200 рентген зургийг ажиглахад 33 хувь нь “эвэр”-тэй байжээ. Түүнчлэн хүний нас ахих тусам энэхүү “эвэр” нь багасч байсныг тогтоожээ. Залуусын “эвэр” нь урт, том байсан нь ухаалаг утас, гар утастай илүү их харьцдагтай холбоотой гэж үзсэн байна. Зарим хүмүүс энэхүү “эвэр”-ийг утасгүй интернэт буюу WiFi-гийн төхөөрөмжийн үүсгэсэн хүний мутаци гэж үзжээ.

“Вашингтон пост” сонинд өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт нийтлэгдсэн энэ нийтлэлийн дараа зарим орны судлаачид өөрсдийн байр сууриа илэрхийлж “Залуу хүмүүс гар утас ашиглавал гавлын ясандаа эвэртэй болно гэсэн нь хүнийг доромжилсон утга агуулга бүхий муу тайлан болжээ” гээд эвэртэй бухны зураг тавьжээ. Түүгээр ч зогсохгүй доктор Шахарыг орчин үеийн амьдралын хэв маяг, гар утас хүний араг ясанд сөргөөр тусаж, залуу хүмүүсийн гавлын ясан дээр эвэр ургахад нөлөөлж байна гэсэн сүржин утгатай юм ярьж олон нийтийн анхааралд орж, эцэст нь санхүүгийн дэмжлэг авах оролдлого хийж байж мэднэ гэж хардаж байгаа аж.

“Эвэр гэж нэрлээд байгаа зүйл нь эвэр биш. Энэ бол жижиг ясны хэлтэрхий. Тэр шөрмөс нь эвэрний адил гавлын ясны хоёр талд биш, харин гавлын ясны арын хэсэгт байрлаж л байдаг зүйл. Нөгөөтэйгүүр ясны сийрэгжилт залуужиж байгааг мартаж болохгүй. Ясны сийрэгжилтийг дагасан олон сөрөг зүйл байдгийн нэг нь энэ байж болно” гэж доктор Тодд Ланман хэлжээ. Ланман эмч бол нугасны мэдрэлийн мэс засалч аж. Калифорнийн их сургуулийн профессор хүн. Тэрээр “Хүн төрөлхтөн эвэртэй болж байна гэж нийтээрээ айх хэрэггүй. Тэр зэргийн шөрмөс маягийн зүйл бий. Хүзүү, нурууны өвчтэй хүмүүст зөвлөхөд биеэ сайн анхаарч байгаарай. Гар утсаа оролдохдоо хүзүүгээ хэт их битгий бөхийлгө. Утсаа илүү өндөрт барьж хэвш. Мессэж бичихдээ хоёр гараараа утсаа барьж, хоёр эрхийгээрээ бичих нь мөрөнд ирэх ачааллыг буруулж, цаашилбал хүзүүнд ирэх даралтыг багасгана. Өглөө оройдоо толгой, хүзүү, нуруугаа хөдөлгөж, сунгалтын дасгал хийж бай” гэж зөвлөжээ.

“Залуусын гавлын ясанд эвэр бүхий зүйл ургаж байгаа нь гар утастай холбоотой” гэсэн энэ судалгаа гар утас үйлдвэрлэдэг томоохон үйлдвэрлэгчтэй зарим улс оронд таалагдахгүй байгаа нь мэдээжийн хэрэг. Тийм ч болохоор Америкийн эрдэмтэд энэ судалгааны эсрэг зохион байгуулалттайгаар дуугарч байж мэдэх юм гэж харж болно. Профессор Дэвид Шахар “Ямар нэг шинэ нээлт, судалгааны ажил няцаалттай тулгарч байж сая чанарждаг нь жам. Бид шүүмжлэлийг хүлээж авна. Гэхдээ энэ бүхнийг хүний эрүүл мэнд талаас нь анхаарч, буруу хэвшлээ засч, амьдралын зөв хэв маягтай болох нь эцсийн гол ажил шүү” гэсэн байна.


Categories
мэдээ цаг-үе

“Хүслийг хангагч үнэт эрдэнэ” буюу САРЛАГ

Сарлаг бол үхрийн төрөлд багтдаг тусгай нэг зүйлийн мал. Сарлагийг Гималайн салбар уулс, Тэнгэр уул, Алтай, хангай, Хөвсгөлийн уулархаг нутагт эрт дээр үеэс үржүүлж иржээ. Сарлагийн өвөг нь одоо ч Төвдийн ууланд амьдарч буй зэрлэг сарлаг юм. Энэ амьтныг монголчууд сарлаг, киргизүүд топос, төвдүүд яага гэж нэрлэдэг. Сарлаг нь манай орны уулархаг, ойт хээрийн бүс нутагт 13 аймаг 132 суманд тархсан бөгөөд хамгийн олон сарлагтай нь Архангай, Хөвсгөл, Завхан, Өвөрхангай, Баянхонгор аймаг.

Сарлагийн 50 гаруй хувь нь далайн түвшнээс 2000 метрээс дээш, 40 орчим хувь нь 1600-2000 метрийн өндөрт байршиж, бусад төрлийн мал бэлчихэд тохиромжгүй нутгийн бэлчээр ус ашиглаж, арчилгаа маллагааны ердийн нөхцөлд бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг тул эдийн засгийн үр ашиг сайтай мал гэж олон улсад үздэг юм байна.

Манай орны хувьд сарлагийг өндөр уулын бүсийн байгаль цаг уурын хатуу ширүүн нөхцөлд, бэлчээрийн маллагаанд гойд зохицон амьдарч, өсөн үржиж чаддаг, Монголын уламжлалт мал аж ахуйн өвөрмөц төрөл гэж тодорхойлдог. Хад асга, цавчим ангал бүхий газрын бэлчээрийг илүү ашигладаг, голын ба уулс хоорондын хөндий, ойн цоорхой, өөр төрлийн мал хүрэх боломжгүй бэлчээрт дасан зохицдог учраас бэлчээрийн даацад сөрөг нөлөө үзүүлдэггүй нь монгол сарлагийн давуу тал.

Хамгийн сүүлийн тоон үзүүлэлтээр Архангай, Баянхонгор, Хөвсгөл, Өвөрхангай, Завхан, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий аймгуудын өндөр уулархаг нутагт Монгол үүлдрийн 876.6 мянган толгой сарлагийг үржүүлж байна. Бэлчээрийн даацад нөлөөлдөггүй, өндөр ашиг шим бүхий монгол сарлагийн үндсэн ашиг шим болох мах, сүү, хөөвөр, түүний боловсруулсан бүтээгдэхүүнийг дотооддоо хэрэглээд зогсохгүй экспортод гарах боломж ихтэй гэдгийг мэргэжлийн хүмүүс сүүлийн үед онцлох болсон.

Сарлагийн бух үнээнээсээ биеийн үндсэн хэмжээгээр 20-30 хувь, жингээр 50-60 хувиар илүү биеэр том. Сарлагийн цээжин бие том, урт, гүн, багтаамж ихтэй. Сээр хавирганы тоо 14-15 буюу жирийн үхрийнхээс нэгээр илүү байдаг юм байна. Сарлаг нь харьцангуй богиновтор биетэй, биеийн ташуу уртыг нь өндөрт харьцуулахад 110-115 хувь орчим байдаг аж. Сарлаг нь биеийн жингээр зэргэлдээ нутгийн монгол үхэртэй ойролцоо, намар нас гүйцсэн бух 400-450, үнээ нь 270-280, 3-4 настай шар 300-350, эр шүдлэн 220-250 кг хүрдэг юм байна.

Сарлагийн мах миоглобин ихтэй, тэр нь агаарын хүчилтөрөгчтэй амархан исэлдэж махыг хүрэн улаан өнгөтэй болгоно. Сарлагийн өөх “А” аминдэмийг үүсгэгч каротин ихтэй учир тод шаргал өнгөтэй. Түүнчлэн мах нь харьцангуй бүдүүвтэр ширхэгтэй, бараавтар, мах өөхний алаглалт багатай боловч энэ бүхэн нь чанарыг бууруулах биш, харин ч өөх тос-уургийн харьцаа зохимжтой, уураг, витаминаар баялаг болохыг харуулна. Сарлагийн мах хүнсний хэрэгцээ хангах болон гадаадын зах зээлд үнэлэгдэх байдлаараа үхрийнхтэй нэгэн адил.

Зарим хүмүүс сарлагийн мах монгол үхрийн махнаас өөр амттай байдаг тухай ярьдаг. ХААИС-ийн багш Л.Бадамханд “Судалгаагаар сарлагийн маханд хар тугалга зөвшөөрөгдөх хэмжээнээс 21.7 дахин бага, хүнцэл, мөнгөн ус, кадми, сурьма зэрэг хүнд, хортой элементүүд, цацраг идэвхит бодисууд, булчин маханд хуримтлагдах магадлал өндөртэй хлорорганик, пестицидуудын үлдэгдэл илрээгүй байдаг. Сарлагийн мах нь химийн найрлагын ерөнхий үзүүлэлтээр үхрийн махтай ойролцоо боловч өөх, тосны агууламж бага, ханасан ба ханаагүй тосны хүчлийн харьцаа 1:1, тосны чанарын үзүүлэлтийн тоон утга өндөр ч хадгалалтын явцад хэмжээ нь харьцангуй бага нэмэгддэгээс хадгалалт даах чадвар илүү байх магадлалтай. Эдгээр шинж чанаруудад түшиглэн сарлагийн махыг боловсруулж, нөөшилсөн бүтээгдэхүүн хийж зах зээлд гаргах боломжтой” гэж санал гаргаж байсан юм.

Өндөр тослогтой сарлагийн сүүгээр сайн чанарын бяслаг үйлдвэрлэж экспортод гаргах боломжтой бол холестрин багатай махыг хатаасан хэлбэрээр мөн ноолуурын хувь ихтэй хөөврөөр нь бүтээгдэхүүн үйлдвэрлэж олон улсад худалдаалах боломж, нөөц байгаа аж. Сарлагийн сүүний нийт гарцын хэмжээ хөхүүл явах хугацаатай шууд уялдаатай. Тухайлбал, 2-3 дугаар сард тугаллавал дунджаар 740, дөрөвдүгээр сард бол 670, тавдугаар сард бол 600, зургаадугаар сард бол 560 литр байна. Сарлагийн сүү маш өтгөн дунджаар тослог нь 7.2, уураг 5.3, чихэрлэг 5.2 хувь байх бөгөөд ялангуяа сааль татрах есдүгээр сараас бүр өтгөрч 10-11 дүгээр сард тослог нь 9-12 хувьд хүрнэ.

Сарлаг хүйтэнд маш их тэсвэртэй боловч халуунд тэсвэр муутай. Сахлаг урт үс, зузаан арьс, дулаан зохицуулах эрхтний хөгжил зэрэг нь цөм биеийн дулааныг гадагш алдахаас сэргийлсэн байдаг. Монгол үхэртэй харьцуулахад урт өтгөн үстэй, үсний урт нь биеийн хэсгүүдэд харилцан адилгүй байдаг. Өтгөн урт хялгасан сүүл, хэвлий гуя, далны доод хэсгээс борви өвдгөө хүртэл саваг хэмээх урт өтгөн үстэй. Их бие нь ноолуур ихтэй өтгөн сахлаг байдаг. Эдгээр нь хүйтний улиралд даарахаас хамгаалах, дулааны улиралд нарны цацраг гэрлээс хамгаалан, цас, мөс, хайрга чулуутай газар хэвтэхэд зөөлөн дулаан дэвсгэр болж өгдөг онцлогтой.

Сарлагийн арьс харьцангуй зузаан, хөлсний булчирхай багатай байдаг нь өндөр уулын сэрүүн нөхцөлд биеийн дулаанаа бага алдах зохицолдолгоо юм. Сарлаг биеийн дулаанаа арьсаараа зохицуулах чадвар дутмаг учир халууцах, хөөж туух үед хэлээ унжуулан хахирч амьсгаадаж байдаг нь дулаанаа амьсгалаар зохицуулж буй арга юм.

Бидний өвөг сарлагийн шарыг нуруу ачихаас бус тэргэнд хөллөгдөггүй нь тэрэгний боодуу амьсгалын замд нь саад болж дулаан зохицуулалт алдагдах явдалтай холбоотой гэнэ. Орчин үед сарлагийг тэргэнд хийсэн харагддаг нь буруу гэдгийг хашир малчид хэлдэг. Сарлаг халуун нартай, нам дор газарт наршин, зүрх судасны цохилт, амьсгал нь түргэсч дулааны зохицуулалт алдагддаг. Улмаар тарга хүч нь муудаж, ашиг шим нь буурах, бэлгийн үйл ажиллагаа, үржин төлжих чадвар доройтож элдэв өвчинд амархан нэрвэгддэг юм байна.

Сарлагийн сээрний сэртэн урт бөгөөд эгц босоо учир сэрвээ өндөр, нуруу хондлой намхан, бэлхүүс өргөн цээж гүн туурай жижиг бөх бат байдаг нь аргагүй уулын амьтан болохыг гэрчилдэг.

Сарлаг нь тал бүрийн өгөөжтэй, аж ахуйд олон чиглэлээр ашиглагддаг мал. Ардын яриагаар, тухайн байгаа нутагтаа ашиг шимээрээ монгол үхрийг бүрэн орлож, адуу, тэмээний ажлыг хийдэг, өөрөөр хэлбэл, гурван хошуу бодыг хялбархан орлодог, ямаанаас дутахгүй ноолуур өгч чадах мал гэж үзэх нь бий.

Сарлаг нь хөл хөдөлгөөнөөс зайдуу аглаг газар оршин амьдарч ирсэн, хожуу гэршсэн болохоор зан төрх, араншингийн хувьд мал, гэрийн бусад тэжээвэр амьтнаас ихэд догшин, зэрлэгдүү төрхтэй тул арчлах, тэжээх, маллах, саах, ажилд хэрэглэхэд аюултай, төвөгтэй мэт төсөөлөгдөх явдал бий ч сарлаг эзэндээ ээлтэй, төлөө хамгаалах байгалийн хариу урвал нь бусад малыг бодвол илүү гэнэ. Сарлагийн дошсон бухнаас чоно хүртэл айдаг тухай элдэв ам дамжсан яриа бий. Доших гэдэг нь бухын ороо өнгөрч, сүрэгт нийлэхгүй уул хадаар хээрлэн ганцаар явах хугацааг хэлдэг юм байна.

Үхэр сарлагийн эрлийзийг хайнаг гэнэ. Монголын бух, сарлагийн үнээнээс гарсан хайнагийг наран хайнаг. Монголын үнээнээс гарсан хайнагийг саран хайнаг гэдэг. Хайнагийн үнээг сарлагтай эрлийзжүүлбэл ортоом. Дараах үеийг нь усан гүзээ, удаах үеийг нь усан палайн гэж нэрлэнэ.

Өнгөрсөн сарын 27-нд Баянхонгор аймагт болсон Ламын гэгээний 380 жилийн ойн баяр наадмын нээлтийн үеэр нэгэн сарлаг хөөрч хурсан олныг яран давхиж, ганц хоёр хүнийг шүргэж унагаасан билээ. Энэ үйл явдлыг харсан нэгэн яруу найрагч бүсгүй “Ламын гэгээний сахиус хонгор нутагтаа бууж ирсэн” гэх утгатай зүйл ярьсан нь олон нийтийн зүгээс шүүмжлэл дагуулж “Залуу хүн байж хэт мухар сүсэгтэй байна”, “Бид ийм юм ярьдаг болохоор хөгжихгүй байгаа юм”, “Шинжлэх ухаанч бус зүйл ярилаа” гэцгээсэн. Гэтэл түүний яриаг бас шууд үгүйсгэх аргагүй бололтой. Төвдөд Буддын шашины үндэслэгчид, Ренбүүчи нар сарлаг гэх энэ амьтныг Гималайн нуруунд анхлан авчирсан гэх домог түгээмэл байдаг юм байна. Мөн төвдүүд сарлагийг тэнгэрээс Гандэс уулын орой дээр бууж ирсэн гэж ярих нь бий. Судлаачид “Багаар бодоход 3000 жилийн өмнө сарлаг Төвдөд нутагшжээ” гэж тодорхойлсон байдаг. Сарлаг нь Төвд үндэстнүүдийн газар нутагт анхнаасаа л амьдарч ирсэн уугуул амьтдынх нь нэг. Төвдийн бичиг дурсгал, хадны сүг зураг, хийдийн ханан дээр сарлагийн дүр төрх, толгойг сийлсэн нь олонтаа тохиолдоно. Төвдүүдийн хувьд сарлаг маш үнэ цэнэтэй амьтан учир эрдэнэ гэсэн утгатай “Норбу” гэх үгээр хүндэтгэн нэрлэдэг юм байна. Хятадаар сарлагийг “Үсэрхэг үхэр” гэдэг бол Төвдөд сарлагийг “Баялаг” гэж үзэн “Сарлаг бол таны бүх хүслийг хангадаг үнэт хөрөнгө, эрдэнэ” гэж дээдэлдэг ажээ. Лхасын гудамж, талбай, хийдүүдэд сарлагийн толгой бүхий хийцтэй баримал, зураг сэлт түгээмэл тааралддаг бөгөөд зарим айл байшингаа сарлагийн толгойгоор чимэглэнэ. Төвдөөр аялахдаа уулын орой, голын эрэг, тахилын ширээ, сүм хийдийн эргэн тойронд сарлагийн толгойтой тааралдах бөгөөд энэ нь шашны холбогдолтой зан үйл, сүсэг бишрэлтэй холбоотой. Сарлагийг Монголд нутагшуулсан нь Буддын шашинтай зарим талаараа холбоотой тухай домог бий. Сарлагийн сүүнээс гаргаж авсан тос буюу цөцгийгөөр зул барих, балин хийх нь түгээмэл байсан бөгөөд өдгөө цагт ч сарлагийн сүүнээс гаргаж авсан тосоор болон байгалийн бүтээгдэхүүнээр өнгө будгийг гаргаж балин урлагийг бүтээдэг. Буддын шашны их таван ухааны Урлахуйн ухаанд хамаарагддаг балин урлалын гол түүхий эд нь сарлагийн сүүнээс гаргаж авсан тос бөгөөд эрт үед монголчууд зул барихын тулд сарлагийг Төвдөөс тууж авчраад эх нутагтаа суурьшуулж, гаршуулж сааль сүүг нь авч эхэлсэн гэх домог яриа байдаг юм байна.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монгол Улсын хөгжил 30 их наядаар өссөн нь зөвхөн уул уурхайн хаялга

Монгол Улсын нэг хүн амд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ий хэмжээ 1990-1994 онд хасах үзүүлэлттэй буюу хасах 4.4 хувьд хүрч байв. Дараа жилээс нь эдийн засагт бага зэргийн өсөлт мэдрэгдэж удаан боловч “мөлхсөөр” 2003 онтой золгоход нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ 1990 оны түвшиндээ сая нэг юм хүрсэн байдаг. Монголын эдийн засаг 2000 оноос 2009 он хүртэл жилд дунджаар зургаан хувиар өссөн нь тухайн үед Монгол Улс ашигт малтмалын хэд хэдэн томоохон ордыг ашиглалтад оруулсантай холбоотой байлаа.

Алт, зэсийн асар том орд болох Оюу толгойн бүтээн байгуулалт 2010 онд эхэлснээр өсөлтийн оргил үе нь эхэлж тухайн үед судлаачид “Энэ орд 2020 он гэхэд Монгол Улсын ДНБ-ий гуравны нэг хувийг дангаар бүрдүүлэх боломжтой” гэж тодорхойлж байсан юм.

Монгол Улсад уул уурхайн салбар хөгжиж эхэлсэн үе буюу 2000-2012 оны хооронд экспортын нийт дүн 10 дахин өссөн бол эрдэс баялгийн салбарын нийт экспортод эзлэх хувь 10 хувиас 89 хүртэл өссөн байдаг. Оюу толгойн ордын бүтээн байгуулалттай зэрэгцэн Монгол дахь гадаадын шууд хөрөнгө оруулалт ДНБ-ий хэмжээг 45 хувь хүртэл огцом өсгөж, эдийн засгийн өсөлт хурдассан. Үүнтэй холбоотойгоор 2010-2014 онуудад Монгол Улсын эдийн засаг жилд дунджаар 11 хувь, 2011 онд хамгийн хурдтай буюу 17.5 хувиар өсч, дэлхийн хамгийн хурдтай өсч буй эдийн засгаар нэрлэгдэж байсан нь саяхан. Энэ үед Монгол Улсын ДНБ 12 тэрбум ам.долларт хүрч, нэг хүнд ногдох Үндэсний нийт орлого 2014 онд 4320 ам.доллар болсноор Дэлхийн банкны өндөр-дунд орлоготой орны ангилалд багтаад амжсан нь ердөө л уул уурхайн ач. 1998-1999 онд Сангийн сайдаар ажиллаж байсан, нийтлэлч Баабар нэгэн илтгэлдээ “Монгол Улсын ДНБ 2004-2012 оны хооронд 10 дахин буюу мянган хувь өссөн” гэж онцолсон. Энэ нь үнэн. 1992-1996 оны хооронд Монгол Улсын Засгийн газрын нийт хэрэглэсэн улсын төсөв 700-800 сая доллар хавьцаа байсан бол 2000-2004 оны нийлбэр төсөв нэг тэрбум 500 сая орчим доллартай тэнцэж байжээ. Харин 2008-2012 онд энэ дүн бараг 15 тэрбум долларт хүрчээ. Ийнхүү улсын төсвөөр баримжаалахад 10, 20 дахин өсөн нэмэгдэж ирсэн байгаа юм. Түүний онцолсноор төсвийн нийт хэмжээ 1995 онд 250 сая доллар байсан бол 2010 онд энэ үзүүлэлт дөрвөн тэрбум долларыг давжээ. 1995 онд ДНБ-ий нэг хүнд ногдох хэмжээ 400 орчим доллар байсан бол одоо таван мянган долларт хүрээд байна. Энэ бүх тоог наядад шилжүүлье л дээ. ДНБ 2014 онд 22.2 их наяд, 2015 онд 23.2 их наяд, 2017 онд 27.8 их наяд төгрөгт хүрсэн бол өнгөрсөн онд 31.5 их наяд төгрөгт хүрсэн билээ. Өнгөрсөн онд ДНБ-ий бодит өсөлт 6.9 хувьд хүрч, нэг хүнд ногдох ДНБ 9929.3 төгрөгт хүрээд байгаа юм. Ингэхээр бараг амьсгалж байгаа эсэх нь мэдэгдэхгүй сэхээнд байсан эдийн засаг сүүлийн хорь орчим жилд зөвхөн уул уурхайн хаялгаар 30 гаруй их наядад хүрээд байгаа нь хэнд ч ойлгомжтой. Үүнийг дээрх тоонууд хангалттай нотолж байна.

1990-ээд сүүлчээр Улаанбаатарын гудамжинд машин тэрэг ховор, хувьдаа унаатай байх тухай ойлголт ч үгүй байлаа. Аргагүй шүү дээ, халаасандаа зоосгүй, ажилгүй байхад ямар юмных нь машин тэрэгтэй болох мөрөөдөл байх вэ. Хоногийн хоол, талхаа л залгуулж байх өнөөдрийн зорилгоос хэтэрдэггүй байсан үе. Гэтэл 2011 онд эдийн засгийн өсөлт 17.5 хувьд хүрэхэд Монгол Улсын нэр хүнд олон улсад өсч, ард түмний амьдрал сайжирч хүн бүр ухаалаг гар утас барьж, айл болгон лизингээр ч болтугай машин тэрэг, орон сууцтай болоодохсон. Эх орны хөгжил цэцэглэлт, биднийг хармаандаа мөнгөтэй явуулах гол үндэс нь уул уурхай л байж. Оюу толгойн олборлолтын хажуугаар Таван толгойн нүүрс ч урагшаа гарч улс орны эдийн засагт мэдэгдэхүйц хувь нэмэр оруулж ирсэн. Үүний нэг үргэлжлэл нь Тост, Тосон бумбын нурууны орд газар юм. ТЭЗҮ дээрээ 55 сая тонн нүүрсний нөөцтэй гэгдэж буй энэ уурхай ашиглалтад орж, эдийн засгийн эргэлтэд орвол Монгол Улсын эдийн засагт ирэх өгөөж нь их гэдэгтэй эдийн засагч, судлаачид нэг байр суурьтай байна.

Хэрвээ Монгол Улс сүүлийн 30 жил уул уурхайн салбараа огт хөгжүүлээгүй байсан бол бид магадгүй 1989 оноос өмнө байсан тэр үеэсээ ч ухрах байлаа. Социализмын үед манай улс гутал, ноос, хүнс, арьс шир, савхин эдлэл, модон эдлэл, мах консервений үйлдвэр, байшин үйлдвэрлэх комбинат гээд бүхий л эд зүйлсээ хийдэг үйлдвэрүүдтэй, үйлдвэрийн газрууд төвлөрсөн район, хотуудтай байсан. 1990-2000 он хүртэл монголчууд маань өмнөх нийгмийн бүтээсэн эд зүйл, үйлдвэрийн газраа дампууруулж, тонон дээрэмдэж, тоног төхөөрөмжийг нь хогны хаягдалд тооцоод төмөрт тушаачихсан. Үнэндээ өөрсдөө үйлдвэрлэж, өөрсдөө юмаа хийгээд явж байсан тэр үеэсээ дордож, доошоо орчихсон байсан гэсэн үг. Ганц нэг үйлдвэр л алдаг оног ажиллаж торж үлдсэнийг эс тооцвол Монгол Улс үйлдвэргүй орон болчихсон байсан.

Харин 2000 оноос уул уурхай хөгжих эхлэл тавигдаж, гадныхан хоцрогдсон Монголыг сонирхож, 2004 онд эдийн засагт эерэг төсөөлөл бий болж 2011 онд түүхэндээ байгаагүйгээр эдийн засгаа босгож ирсэн ард түмэн. Яах вэ, төрийн зохицуулалт, бодлого нь сайнтай, муутай байгаа ч бид чинь уул уурхайн буянаар нийслэлдээ багтахгүй машинтай, хөдөөний малчид маань мотоциклиэс эхлүүлээд “Ланд-200” машиныг гадаанаа “сойчихсон” байж байна.

Сүүлийн үед хэл ам дагуулаад байгаа Тост, Тосон бумбыг тойрсон асуудал бол явж явж хувь хүний хоорондын харилцаанаас л болж нийтийн анхааралд орж, өндрөө авсан сэдэв л дээ. Өнөөдрийн Ерөнхий сайд, Тост, Тосон бумбатай холбоотой гэж яригдаад буй УИХ-ын гишүүн хоёр бол нэг намын нөхөд боловч бие биетэйгээ ана мана үзэлцэж байгааг хэн хүнгүй мэддэг болчихсон. Бүх хүний нүдний өмнө ил болж байгаа үйл явдал.

Хоёр улстөрчийн хоорондын харилцаанаас болоод бүхэл бүтэн том уул уурхай, бүтээн байгуулалтын ажил зогсчихдог нь ганц энэ биш. Монголын өнөөгийн улс төрийн үнэн төрх нь энэ. Өөр хоорондын, хоёрын хүний таарамжгүй харилцаанаас үүдэж эх орноо хорлодог үйл явдал олонтаа тохиолддог. Хоёр нам хоорондоо бус, бүр нам дотроо нэг нэгэнтэйгээ хөнөөлдөж байгаа нь үнэндээ эх орны хөгжилд хортой байна гэдгийг дээр дооргүй анхаарч баймаар юм.

Бид өдий 30 жилийг туулж ирэхдээ юугаа мэрж, юугаа идэж ууж энэ зэрэгт хүрэв гэдгээ эрүүл ухаанаар эргэж тунгааж, тоо баримттай, судалгаатай юм яривал нөхцөл байдал өөр л байгаа шүү. Муулж, зүхээд байгаа уул уурхайн салбар л Монгол Улсыг гурван сая гаруй хүн амтай нь тэжээж, ДНБ-ийг мянга дахин буюу улсын хөгжлийг 30 их наядаар өсгөчихөөд байгаа юм, уул нь.


Categories
мэдээ цаг-үе

Наяад оны төгсөгчид буюу Мандалговийн найраг

ТӨРӨЛЖСӨН, ГҮНЗГИЙРҮҮЛСЭН, ҮНДСЭН 10А АНГИЙНХНЫ ТУХАЙ ХҮҮРНЭЛ

1980-аад он бол Дундговь аймгийн Мандалговь хотын хувьд хөгжил цэцэглэлтийн ч гэхээр хөл хөдөлгөөнтэй он жилүүд байжээ. Барилгын VI трест гэгч талын бяцхан тэр хотын аварга том бүтээн байгуулалт бий болохын зэрэгцээ 1978 оны намар 964 хүүхэд хичээллэх арван жилийн дунд сургуулийн иж бүрэн барилгын ажил дуусч, анхны сурагчдаа хүлээн авчээ. ЗХУ-ын бэлгийн тэр шил толь болсон шинэ сургуулийн 9А бүлэгт өнөөдрийн манай сонины “Нэг ангийнхан” баатрууд суралцахаар хуучин арван жилийн дөрвөн бүлгээс шилж сонгогдон цугларчээ. Шилж сонгогдон гэх үгэнд ихээхэн учир бий гэнэ. 1977-1978 оны хичээлийн жилд хаанаасаа ч шийдсэн юм бэ, улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн төрөлжсөн, гүнзгийрүүлсэн сургалттай ангийг анх удаа туршин нээхээр тийнхүү наймдугаар анги төгсөгчдийг сурлага, спорт, урлагийнх нь амжилтаар шигшиж, үндсэн нэгэн анги бий болгосон нь чухам тэр ажээ.

Үндсэн гэх тэр ангийг дааж авсан багш нь ч гэлээ энгийн нэгэн багш байсангүй, том цэнхэр нүд эргэлдүүлсэн, хүдэр бадриун биетэй, Зөвлөлтийн мэргэжилтэн Юрий Сергеевич Романов гэх жинхэнэ “Коренной-Москвич” дөч эргэм насны инээмсэглэл тодруулсан сайхан эр байжээ. Хаа холын алтан Москвагаас хэдэн жилийн өмнө элс шуурсан говийн жаахан хотод ирсэн тэр багш, өөдөөс нь хараад дэмий л инээлдэх, орос хэлээр таг, тав зургадугаар ангийн хөөрхий хэдэн монгол шавиа яавал аштайхан сургачих вэ гэж арга бүхнийг хайдаг байжээ. Зургийн том картон цаас, тушь, үзэгнээс салахгүй, хичээл болгон дээр өөрийн гараар үзүүлэн бэлтгэж ирнэ. Ангийн ханаар эгнүүлэн өрсөн А.С.Пушкин, Л.Н.Толстой, М.Горький, А.П.Чехов, Н.В.Гоголь, И.С.Тургенев, М.Ю.Лермонтов, Ф.М.Достоевский, Н.А.Некрасов, В.В.Маяковский, А.Н.Островский, С.А.Есенин, Н.Г.Чернышевский зэрэг Орос Зөвлөлтийн аугаа их зохиолчдын хөрөг хүүхэд бүхний дээрээс ширтэж, хэн нэгэнд нь ийм мундаг зохиолч болохсон гэх хөнгөн дэврүүхэн бодол зурвас зурвасхан төрүүлдэг байжээ. Багшийнхаа юу ярьж байгааг ойлгох юмгүй, зааж байгаа зарим үгийг нь тоглож байна гэж сэтгэх томоогүй жаахан хөвгүүд тэвчээр алдан үймүүлэхэд, нэгэнтээ, Юрий Сергеевич “Ух, ты” хэмээн дуу алджээ. Ангийн их л дүрсгүйчүүд нь гэгдэх Биндэрьяа, Баяржаргал, Отгонбаяр нарын үймүүлэх онгод улам л дэвэрч, бие бие рүүгээ харан “Чамайг үх гэлээ, үгүй ээ, чамайг үх гэсэн” хэмээн хэсэг зуур хөхрөлдөж, оргилж ирсэн ааг омгоо дарцгаасан гэдэг. Хэдэн жилийн өмнө хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн Баярхүүгийн Биндэрьяагийн талаар дурсах хүн цөөнгүй ч, нэрт яруу найрагч Ц.Чимэддорж нэгэнтээ, “Тэнгэр газрын дунд тэсэрч явдаг Биндэръяа” гэсэн нь найзыг минь зураад өгчих шиг болсон хэмээн ангийнхан нь дурсаад авна билээ.

Тэгж л зургаа, долдугаар ангиас нь орос хэл зааж, хөөрхөн зүгшрүүлсэн хэдэн хүүхдээ нэг анги болгон дааж авсан орос багш ид л идэвхийлэн ажиллаж байтал Зөвлөлтийн мэргэжилтний нөөц бололцоог ганц ангид төвлөрүүлж явцуурууллаа, сургуулийн хэмжээнд ашиглах ёстой гэснээр анги даахаа больж, оронд нь Улаанбаатар хотын Цэцэрлэгийн техникумд багшилж байгаад эхнэр хүүхдийнхээ хамт дөнгөж ирчихээд байсан Дэмчигсүрэн гэх шоволзсон цагаан залуу ангийг нь дааж авчээ. Тоо физикийн багш Дэмчигсүрэн тулалдааны мастер шахуу хэлцэгдэж, Мандалговийн энгээр нэрээ гаргаад авчээ. Хэдэн хүмүүс цуглараад ярьж байх юм гэнэ. “Мандалговийн хэдэн атаман цаад Дэмчигсүрэнгийн чинь дэргэд шонгүй юм байна. Авир гэхэд л шаггүй шартай эр дээ, өөдөөс нь үг ч дуугарч чадахгүй, хамар дээгүүр нь хөлс нь л хий бурзайгаад, таг суух юм” гэж ирээд ярьж байхыг нь сонссон ангийнх нь хэдэн хөвгүүд болох чөлөөт бөхөөр тун сайн барилддаг Баттогтох болон Эрдэнэдаваа, Батдэлгэр, Жаргалсайхан нарын бах нь ганц ханасан гэдэг.

Сурлага, урлаг, спортын амжилтаараа шигшигдэж, сургуулийнхаа үндсэн ангийг бүрдүүлсэн 10А ангийнхныг даасан хоёр ч багш ямар нэг шалтгаанаар хүүхдүүдээ арав төгстөл нь хамт байж чадсангүй. Н.Дэмчигсүрэн багш л гэхэд цагдан сэргийлэхийн ажилтан болж, дэслэгчийн мөрдөс зүүгээд багшлахаа больжээ. Цагдаагийн хурандаа нарын дунд хашсан албаараа ч, хүрсэн амжилтаараа ч, хүнлэг чанараараа ч тэргүүн эгнээнд нэрлэгдэх багштай улс шүү, бид хэмээлцэх шавь нарынх нь ярианаас үзвэл, ангийн багшаараа тэд ихэд бахархдаг ажээ.

Анги даасан багш нар нь төдийгүй, ямар ч хичээл заасан багш нар нь чиглэл чиглэлээрээ, аргагүй л сурагчдынхаа авьяас билгийг өдөөж өгсөн сэтгэлгээ өндөр сэхээтнүүд байжээ. Улс, аймаг, олон улсын математикийн олимпиадад шавь нараа жилийн жилд оролцуулж, алт, мөнгө, хүрэл медалийн цулбуур атгуулж ирсэн Монгол Улсын гавьяат багш Намжилын Өлзийн тухай дурсахгүй өнгөрч болохгүй гэнэ. Тооны энгийн нэгэн багш төдий биш тухайн үеийнхээ толгой сэхээтэн байсан тэр хүн, “Илбэдэж үзье юү” гэх илбэ ухааны ном орчуулснаа, “Квант” сэтгүүлийн энэ дугаарт ийм гоё бодлого гарч, тийм бодлогын уралдаан зарлаж хэмээн шавь нараа өдөөж өгдөг нэгэн байжээ. Тэгээд ч тэр биз, Ардын боловсролын яам, Сурган хүмүүжүүлэх ухааны хүрээлэнгээс математик сургалтын түвшин тогтоох шалгалтыг улс даяар явуулахад 10А ангийнхан ангиараа онцсайн үнэлэлт авчээ. Аргагүй эргэлзээ төрсөн биз, дахин шалгалт авахад, онцсайн үнэлэлтээ батлан харуулсан гэдэг. 10А-гийнхан хэдийгээр тоочин хүүхэд олонтой ч, тэднийхээ дундаас Ц.Энхбат гэдэг хүү аргагүй тодорч, 10 дугаар ангидаа улсын олимпиадад шалгаран оролцож, тэргүүн байруудын нэгийг эзэлжээ. Харамсалтай нь, тэр жил олон улсын олимпиадад манай улсаас хүн оролцуулсангүй. Ц.Энхбат, Д.Чулуунбаатар зэрэг сайхан бичиж, зураг зурдаг, ханын сонин эрхлэн гаргадаг хүүхдүүд анги хамт олноос санаачилсан, Ц.Энхбат өөрөө нэрийг нь өгсөн Сургууль төгсөгчдийн уламжлалт сүлд модны наадам буюу СТУСМН хэмээх наадам их л газар авч, сүүлдээ улс даяар явуулж байхаар МХЗЭ-ийн ТХ-ны тогтоол гарч байсан гэдэг. Ц.Энхбат аравдугаар ангиа төгсөөд М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн Их сургуульд геологичийн мэргэжлээр сурч төгсөн, улсдаа толгой цохих мэргэжилтэн, зөвлөх геологич болсон гэнэ билээ.

Монгол хэл, уран зохиолын хичээлийг хожмоо хоёулаа гавьяат багш болсон З.Цэвээнравдан, Д.Жуужаа нар зааж байсан гэх. Долгорын Нямаа найрагч, “Атлантын түрлэг” номондоо, “1950-иад оны эхээр Өлзийтийн бага сургууль, Мандалговийн дунд сургуульд миний багш байсан Хүүхнүүд овогт Дашдаваагийн Жуужаа надтай нэг нутгийн хүн. Тэртээ нутгийн багш, сурагч хоёр олоон жилийн дараа Вашингтонд уулзаж, Цагаан сараар золгоно гэж хэн санах вэ дээ” хэмээгээд хэдэн мөр шүлэг урлажээ.

…Үй зайгүй шороо босдог

Үйзэн жас дээр сум байхад

Жуулхан амьтан явлаа даа, би

Жуужаа багш мэднэ дээ хэмээн нэрт найрагчийн дурсан бичсэн, гавьяат багш Д.Жуужаа тэргүүтэн шавь нараа утга уран зохиолд дурлуулагчид байжээ. А.Доржсүрэн, З.Цэвээнравдан, Д.Жуужаа зэрэг багшаар хичээл заалгаж асан, 10А ангийнхан дотроос өнөө цагийн нэрд гарсан нийтлэлч, орчуулагч, олон хэлний сайн сайн багш нар төрөн гарчээ. Ер нь ч арвын А ангийнхан дотор багш нарын хүүхэд нэг биш, бусдаасаа тэд ялгарах юмгүй, аав ээжийнхээ заасан хичээлийг адилхан л нухан уншиж, хичээлээ хийсэн бол нүүр бардам гар өргөж, давтаагүй үедээ ширээнийхээ доогуур орчих шахан навталзаж суудаг байжээ. Жуужаа багшийн охин М.Сайнтуяа 10А ангийн онц сурлагатнуудын нэг, сургуулийнхаа бүлгэмийн зөвлөлийн даргаар гурван ч жил сонгогдсон, бусдыг манлайлагч сурагч байжээ. Тэр ч чанараа өнөө хүртэл гээсэнгүй, Ленинградад төмөр замын холбооны инженерийн мэргэжил эзэмшсэн тэрбээр АНУ-д 17 жил аж төрж, тэндээ товхийсэн бизнес эрхэлж яваа гэнэ билээ.

Мандалговийн арван жилийн үе үеийн төгсөгчид Хандын Чунт гэхээр сүрдэн ширвээтэж, түүний заадаг түүхийн хичээлийг хэрхэн онцлон давтдаг байснаа ам уралдуулан ярьцгаах юм билээ. Хичээл заахаа болиод, өтөл насан дээрээ ирсэн хойноо ч Чунт багш түүхч, судлаачийн хөдөлмөрөө хойш тавьсангүй, “Чингис хааны анхны алтан шармал зоос” гэдэг судалгааны ном бичиж, шуугиан тарьж байв. Түүний хүү Чулуунбаатар 10А ангийнх гэнэ. Ангийнхаа хоёр Чулуунбаатарыг ялгах гэж Чуба, Чука гэж дуудах энэ ангийнхны Чука нь хичээлийнхээ хажуугаар шатарт хорхойсч, аравдугаар анги төгсөхдөө аймгийн насанд хүрэгчдийн аварга, нэгдүгээр зэргийн шатарчин болж байсан бол, Чуба нь үндэсний бөхийн аймгийн идэрчүүдийн аварга болж байсан гэнэ лээ. П.Очирбат Ерөнхийлөгчийн Хэвлэл мэдээллийн албаны дарга, Үнэт цаасны үйлдвэрийн захирал, Тагнуулын Ерөнхий газрын тэргүүн дэд дарга зэрэг албыг хашиж ирсэн Ч.Чулуунбаатарын шатар заасан шавь нараас нь арван настай Очирбат гэдэг хүү дэлхийн аваргын эрхэм цол хүртжээ.

Газар зүйн багш Ц.Сумъяа гэж үе үеийн олон шавь төрүүлсэн, аливаа юманд чин сэтгэлээсээ ханддаг, цэцэн цэлмэг үгтэй багш байжээ. Сумъяа багшийн хүү Содовын Энхбат хүүхэд байхын зохион байгуулах авьяастай, элдэв санал санаачилга гаргаж, найз нөхдийгөө мөр холбон элэглэж наргиа хийх хоббитой нэгэн гэнэ. С.Энхбат ерөөсөө ч тушаалаар явдаг цэргийн хүн биш байсан байх, анх элсэн орсон ЦЕДС-иа орхиж, аймгийнхаа Залуучуудын эвлэлийн хороонд зохион зааварлагчаар ажлын гараагаа эхэлжээ. Улмаар УБДС-ийг төгсч, дунд сургуулийн захирал хийж явсан тэрбээр хожмоо хэрэглэгчдийн эрх ашгийн төлөө зүтгэх болжээ. Дундговийнхны Ариун цэврийн станцын дарга Содов эмч хэмээн хөөршөөн дууддаг эцгийнхээ талаар ихэд бахархаж, манай удамд зүрхний Банзрагч гэж цуутай эмч, нэртэй сэхээтэн байсан хэмээн ярих дуртай тэрбээр ер нь л хүний төлөө ажил үйлсээ зориулж яваа нэгэн билээ.

Энэ ангид физикийн хичээл зааж байсан Д.Нямсүрэн гэж нүд дүүрэн, нэгэн сайхан багшийн төрсөн дүү Д.Мягмар ч бас л 10А-гийн төгсөгч гэнэ. Дундговь нутгийн хүү, Азийн гүйдэг хар хэмээгдэх хөнгөн атлетикийн цуутай мастеруудын нэг Б.Гунгаадоржийн гарын шавь Д.Мягмар хичээл болгондоо тэгш сайн хүүхэд байжээ. 1976 онд арван дөрөвхөн насандаа 4X100-д улсын рекордыг эвдэлцэж, олимпт явахаар яригдаж, оролцсон тэмцээн болгоноосоо гурав дөрвөн төрлөөр алт, мөнгөн медаль хүртэж, олныг гайхшируулж, шагшруулж явсан түүнийг найз нөхөд нь, манай Мягмар хичнээн долоо хоногоор, жилдээ хэд ч бэлтгэлд гарч, хичээл тасарлаа гэхэд хоцрогдоно гэж байхгүй, сурагчийн ширээнээс нэг ч хөндийрөөгүй маниасаа илүү л гарна уу гэхээс, дутаж байсан удаагүй хэмээн ам нэгдэн магтана билээ. Д.Мягмар хурд сорихдоо ч, хичээл сурлагадаа ч бахдам амжилт гаргасаар, ЗХУ-д дээд мэргэжил эзэмшиж, өдгөө усны талаар амыг нь хардаг том мэргэжилтэн, зөвлөх инженер болжээ. Түүнтэй цуг гүйлтийн ойрын зайд хүчээ үзэж, бахдам амжилт гаргаж байсан мастер тамирчин Х.Хишигжаргал ч 10А ангийнх юм гэнэ.

Дөчин жилийн тэртээ төрөлжсөн, гүнзгийрүүлсэн, үндсэн анги зэрэг тухайн үедээ цоо шинэ нэр олныг хүлээж, тэр ч хэрээр шинэ туршилтыг үр бүтээлтэй даан төгсөцгөөсөн 10А ангийнхан дотроос орос хэлээр л гэхэд, Оросын их дээд сургуулийн нэг хоёрдугаар курсийн оюутны түвшинд бэлтгэгдсэн, орос хэл гэдэг жил дамжин дүрэм үздэг хэл төдий биш, хэрэглээний хэл болохыг харуулсан шилдэг сурагчид олноор төрөн гарчээ. Хэдийгээр Н.А.Некрасовын “Орост хэн жаргалтай вэ?” хэмээх хэдэн мянган шад мөртэй шүлэглэсэн романыг орчуулсан Д.Самдан, арав төгсөх улсын бүх шалгалтаа оросоор өгсөн Өсөхбаяр зэрэг орос хэлээр шагшигдаж гайхагдсан хүмүүс Дундговь аймагт олон байсан ч, Одесс хот дахь Хөргөлтийн технологийн дээд сургуулийг инженер механикаар төгссөн Л.Хүүхэнцэцэгийг нэр цохон дурдах л ёстой хүний нэг аж. Өдгөө хэл шинжлэлийн доктор болсон, МУИС-ийн ахлах багш С.Чимэд, БНСУ-д ажиллаж амьдарч байгаа, ангийн эвлэлийн үүрийн дарга, их эмч Д.Уранчимэг, Ленинградад төгссөн холбооны инженер М.Сайнтуяа зэрэг охид голдуу орос хэлэндээ гаргууд байсан ч, тэднээс дутахгүй хөвгүүд ч цөөнгүй гэнэ. Хүний их эмч, доктор, Эрхүү хотноо Ерөнхий консулаар сууж байсан Ц.Ганболд хичээл болгондоо сайны хажуугаар орос хэлэндээ ч дөмөг л сурагчдын нэгэн байжээ. Эртний ховор нандин зүйлийн цуглуулгыг цэл залуугаасаа ажлынхаа хажуугаар хобби болгон эрхэлж явсаар өдгөө улсынхаа хуруу даран тоолох мэргэжлийн том цуглуулагчдын нэгэн болтлоо өсчээ. Баян Цэрэндорж гэж бүр социализмын үед нэрлэгдэж явсан эцгийнхээ ажилсаг, няхуур, нэгийг мянга болгох ухаан хар багаас нь суугаа биз, цуглуулга ч хийдэг, морь ч хурдлуулдаг түүнийг ангийнхан нь бас л бэлтэй эр гэлцэх янзтай.

UBS телевизийг үүсгэлцэж, өдөр тутмын хэд хэдэн сонины Ерөнхий эрхлэгчээр ажиллаж, Монголын сэтгүүлчдийн байгууллагыг удирдалцаж явсан, ангийнхан нь Чуба гэх До.Чулуунбаатар гэхэд л ес, аравдугаар ангидаа Оросын утга уран зохиолд хорхойсч, Пушкин, Лерментов, Жуковский нарын зохиолоос орчуулахаар оролдож байсан гэдэг. “Орчуулга оролдож байсан дэвтрүүдээ хожим эргэж үзэхэд, Ц.Дамдинсүрэн гуайн толиноос баахан үг шүүрдэж, хэлхсэн дэмий л юм байж билээ. Үгүй тэгээд дэмжиж, засаад өгөх хүн байсан бол юмыг яаж мэдэх вэ, хүүхэд насандаа өөртөө таарсан орчуулга гаргачих ч байсан юм бил үү” хэмээн хожим нь нэгэнтээ дурсчээ. Түүнийг аравдугаар ангиа төгсөөд их сургуулийн хэл уран зохиолын анги авах гэтэл, өдий олон жил туж онц сурчихаад, ганц хоёрхон хуваарь ирсэн гурав дахь оронд явахгүй юм бол ямар хэрэг байх вэ хэмээн зарим багш нарынхаа ятгаснаар Румын улсын Брашовын Их сургуульд суралцахаар явсан гэдэг. “Ангийнхан маань шагширцгааж байгаа шүү, Л.Хүүхэнцэцэг”, “Чубадаа хосгүй сайхан бүтээл гаргасанд баяр хүргэе. Бахархаж байгаа шүү. Г.Батбаатар”, “Ангийн найздаа баяр хүргэе. Нэвтрүүлэг үзээд бахархаж суулаа. Үнэхээр их хүч хөдөлмөр, оюун ухаан заржээ. Улам их амжилт. С.Чимэд”, “Чуба, Румынд сурсан, инженер болсон нь хамаагүй, цаанаасаа ийм өгөгдөлтэй, авьяас билэгтэй болохоор л ийм бүтээл гаргаж байгаа хэрэг. Ц.Ганболд”, “Чам шиг гоё бичихсэн гэж бид дуурайдаг байлаа, одоо ийм лут том бүтээл гаргасанд чинь бахархаж байна. М.Сайнтуяа”, “Айл бүхэнд байхаар, хүн бүхэнд хэрэг болохоор толь бичиг бүтээжээ. С.Энхбат”, “Сайхан бүтээл болжээ, гайхалтай. Д.Мягмар”. Энэ үгс бол Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн До.Чулуунбаатар зохиолчийг тун саяхан “Англи-Монгол хэлц хэллэгийн их толь” бүтээлээ гаргасанд нь ангийнхаас нь баяр хүргэсэн хэдхэн жишээ.

1979 оны төгсөгч 10А ангийн онцолж нэрлүүштэй сурагчид бол онц ч сурдаг, хөгжим ч дардаг, сагс ч сайхан тоглодог, Эрхүү хотын УААДС-ийг эдийн засагч мэргэжлээр төгссөн, ангийн дарга Ц.Нацагдорж, УБДС-ийг Д.Сүхбаатарын нэрэмжит цалинтай төгсч, Эрдэнэт хотод сургуулийн захирал, төрийн захиргааны байгууллагад олон жил газар, хэлтсийн даргаар ажилласан, нутаг орондоо бол С.Удвал дарга шиг нэр хүндтэй Ишмаа даргын хүү гэхээр анддаггүй Гүнчингийн Батбаатар, Ташкент хотын ХАА, Усжуулалт Механикжуулалтын дээд сургуулийг төгсч ирээд, Өмнөговь аймгийн УАА-н газар, мөн аймгийн Монгол-Зөвлөлтийн найрамдлын нийгэмлэгийн хариуцлагатай нарийн бичгийн даргаар ажиллаж байсан, өдгөө АНУ-д бизнес эрхэлж байгаа Д.Сарантуяа, аймагтаа цор ганц хурандаа цолтой цэргийн хэлтсийн дарга Дэмбэрэл гуайн эрх танхи охин, ангийнхаа жавхаатай охидын нэг, холбооны инженер Сайннэмэх, Монгол Улсын 20 дахь Ерөнхий сайд, нэрд гарсан улстөрч Ж.Наранцацралтын төрсөн дүү, өдгөө хувийн бизнес эрхэлж яваа эдийн засагч Ж.Нарантуяа гээд сайн сайн сурагчид эдний ангид олон л байжээ.

Аливаа ангид гоц сайн сурдаг хүүхдүүдээс гадна, жигд сайн сурдаг, хамт олныхоо гол ноён нурууг бүрдүүлдэг, тийм онцолж яриуштай хүүхдүүд цөөнгүй байдаг. Томоотой, даруухан, “толгой”-той гэгдэх Г.Адьяасүрэн, ангийнхан дотроосоо голомтоо сахиж Мандалговь хотдоо аж төрж яваа, трактор хэмээх Г.Ганбаатар, хэд хэдэн улсад Элчин сайдын яаманд ажилласан, ярианд нь шимтүүштэй Н.Ганболд, цэргийн нисэхийн засвар техникийн мэргэжлийг Одесст эзэмшсэн, хүнлэг, үнэнч Ц.Лхамдорж, бие жижиг ч, подхийсэн үгтэй, хуур урлаач, авто инженер Г.Мөнхтөр, ангиасаа ганцаар хууль хяналтын байгууллагад шүүгчээр ажиллаж буй, цэвэрч цэмцгэр, нягт нямбай Ж.Мөнхтуяа, татварын мэргэшсэн нягтлан, өөдрөг сайхан сэтгэлтэй Д.Мөнхцэцэг, тоогоор найраг хэлхдэг, мэргэшсэн нягтлангууд болох МУИС-ийн гэгдэх Ш.Мөнхцэцэг, нефтиэр нэрлэгдэх Б.Буяндэлгэр, нэр нь ижилхэн төдийгүй овог нь хүртэл ижил үсгээр эхлэх хоёр Наранцэцэг, гурван Сарантуяа, тэр дотроосоо Шатарын Сарантуяа нь аугаа их уртын дууч Ж.Дорждавга гуайн гал зээ нь ажээ. Мөн нэр нэгт Ш.Сарантуяа нь Политехникийн дээд сургуулийг төгсөж, өнөөдрийг хүртэл Хөтөлийн Цемент шохойн үйлдвэрт инженерээр ажиллаж байна. Мастер тогооч Магсар гуайн алдрыг өнөө энэ үед түүчээлж яваа З.Должинсүрэн, барилгын инженер даруухан, чамбай Д.Үржинцэцэг, хэд хэдэн суманд төрийн захиргааны ажил хийсэн, хувиараа хөдөлмөр эрхлэгч Л.Энхжаргал, ангийнхан дотроосоо алс Ховдын Мянгадад ажиллаж амьдарч яваа Ж.Энхтуяа гээд эдний ангийнхны түүхийг эвлүүлж бичихэд их цаг хугацаа орохоор бололтой.

1979 онд 10А ангийнхан дөчин нэгүүлээ сургуулиа төгсөхөд гуч гаруй нь гадаад дотоодын их, дээд сургуульд хуваарь аван, үүрнээсээ хөөрөх шувуухай шиг хол ойрыг зорин морджээ.

1979 оны Мандалговийн цэнхэр хавраар уянга дуу бас дутсангүй. Орос багштай анги гэсэндээ хайр дурлал, холдолт үдэлтийн олон арван монгол дууны зэрэгцээгээр “Смуглянка” зэрэг цаанаа хөнгөн гуниг, хайр сэтгэлийн эгшиглэнтэй олон дууг хоолой нийлүүлэн дуулж суужээ. Ийм нэгэн эх орны дайны үед гарсан ч, эгнэгт мөнхөрсөн дууг өнөө хэр нь аялах нь ээ, тэд бас янз нь.

Как-то летом на рассвете

Заглянул в соседний сад.

Там смуглянка-молдаванка

Собирала виноград.

Я краснею, я бледнею,

Захотелось вдруг сказать:

Станем над реком

Зорьки летние встречать!

Арван найман насандаа ч дуулдаг, амьдралын турш ч дуулдаг, туулдаг хорвоо доо, наяад оны төгсөгчид минь, Мандалговийн найраг шиг сайхан нөхөд минь ээ.

Categories
мэдээ цаг-үе

С.Бямбадэлгэр: Бид цөөхөн ч дотроо гал халуун сэтгэлтэй ард түмэн

Дохионы хэлээр сонин сэтгүүлийг ингэж илэрхийлдэг

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Дохионы хэлний хэлмэрч, орчуулагч С.Бямбадэлгэртэй ярилцлаа.


-Таныг “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөрийн үеэр дохионы хэлний хэлмэрч хийж байхыг олон жил харсан юм байна?

-1996 оноос МҮОНТВ-ийн “Цагийн хүрд” нэвтрүүлгийн хэлмэрчээр ажиллаж байгаад 1998 оноос “Eagle” телевизийн долоо хоногийн тойм нэвтрүүлгийн орчуулагчаар ажилласан. Тус телевизийг татан буугдтал буюу 2004 он хүртэл ажилласан юм. 2010 оноос эргээд “Цагийн хүрд” нэвтрүүлгийн дохионы хэлний орчуулагчаар тасралтгүй ажиллаж байна.

-Дуучин Укатай хамт “Маргаашийн нар луу хамт аялах уу” дууг нь дохионы орчуулгаар хүмүүст хүргэж буй бичлэг тань цахимаар тарж олон хүний анхаарлыг татлаа?

-Маш их сэтгэгдэл ирсэн. Би өөрөө дуунд дуртай. Сонсголгүй иргэд дуунд дуртай байдаг. Яагаад дуртай вэ гэхээр, сонсохгүй л байгаа болохоос биш бусад бүх юмыг чаддаг. Дуулна, жүжиглэнэ, бүгдийг хийдэг байхгүй юу. Би бага байхаасаа л сонсголгүй иргэдийнхээ дунд ажиллаж амьдарч ирлээ шүү дээ. Дуу, шүлэгт дуртай, урлагт хайртай хүмүүс байдаг юм. Энэ хүмүүс надад дуулахыг, ингэж орчуулахыг зааж өгсөн. Би дуунд дуртай учраас сэтгэл хөдлөлтэй. Орчуулга болгон хүнд. Аль ч хэлний орчуулга хүнд байдаг юм. Тэр дундаа дохионы хэлний орчуулга нь хүнд орчуулга гэж явдаг, ажил мэргэжлийнхээ төрөл дотроо.

Бид синхрон орчуулга хийхээс гадна дохионы хэлний орчуулга хийхэд хүнээс нүүрний хувирал, гар, биеийн хөдөлгөөн хүртэл шаарддаг. Зулайгаас хөлийн хуруу хүртэл бүх биеэ оролцуулж байж тэр орчуулга амьд болдог. Орчуулга тэгж амилдаг гэсэн үг л дээ. Тиймээс дуу дуулах, хөгжим сонсоход зарим хүмүүс нь сул сонсголтой учраас аппаратаараа сонсоно, зарим нь долгион хэмнэлээр хөгжмийг хүлээж авдаг. Одоо хийл хөгжим явж байна, одоо төгөлдөр хуур дуугарч байна, одоо гитарын ая явж байна, гитар, бөмбөр хоёр хосолж байна гэдгийг хөгжмийн зэмсгүүдийг хараад мэдрэхийн зэрэгцээ яаж дуугарч, ямар хэмнэл гаргаж байгааг нь зарим сонсголгүй иргэд маш сайн мэддэг юм. Тэр болгонд би ямар нэг юм орхигдуулчихгүй юмсан гээд сэтгэлээсээ ч гэх юм уу, дуртай болохоороо ч тэр үү тэгж орчуулдаг. Жирийн сонсголтой хүмүүс “Энэ дууг зүгээр сонсох, дохиотой сонсох хоёр өөр юм байна. Энэ дууг би сонсоод гоё дуу юм байна гэж бодож байснаас биш ингээд дохиотой нь сонссон чинь дууг бодитоор харлаа” гэж ярьж байсан тохиолдол олон бий.

-Нүүрний хувирал, биеийн хөдөлгөөн, сэтгэлийн хөдөлгөөнөөр нь дохионы орчуулагчийн ур чадварыг тодорхойлдог уу?

-Дохионы хэлний хэлмэрч сайн, муу гэж байхгүй. Хамтарч ажилладаг бүх хэлмэрчдэдээ “Та нартаа хайртай шүү. Та нар бол хамгийн мундаг хүмүүс шүү” гэж хэлье. Яагаад вэ гэвэл хүн болгоны хэлний акцент гэж байдаг. Тэрэн шиг дохионы хэлний орчуулгаа гаргаж буй тухайн хэлмэрчийн зан ааш, биеийн хөдөлгөөн зэрэг нь их чухал. Тийм болохоор өөр өөр харагддаг. Манай дохионы хэлний орчуулагчид бүгд сайн орчуулдаг. Бусад газрын хэлмэрчидтэй харьцуулахад Монголд олон талын авьяас, мэдлэгтэй хэлмэрчид ажилладаг шүү дээ. Гадныхан ямар нэг үйл явдлаар дагнаж орчуулдаг бол бид юун дээр ч очоод, ямар ч үйл ажиллагаан дээр хэлмэрч хийдэг. Эрүүл мэнд, боловсрол, хууль шүүх, урлаг уран сайхны гээд бүгдийг нь орчуулах шаардлага гардаг.

-Ажил мэргэжилдээ чин сэтгэлээсээ хандах, ажилдаа өөрийгөө өгнө гэдэг энэ цаг үед их чухал болоод байна. Таны тэр бичлэгийг үзэхэд ажилдаа хайртай хүн юм байна гэж харагдсан. Бас “Дохионы хэлний уянгын дуучин” ч гээд байгаа?

-Баярлалаа (инээв). Хүн өөрийнхөө хийж байгаа юмыг, хийж чадах юмыг хамгийн өндөр түвшинд хийгээсэй, сураасай. Тэрэндээ өөрийгөө зориулаасай гэж хүсдэг. Би уг нь эрх зүйч мэргэжилтэй хүн байхгүй юу. Гэтэл би энэ салбарт орж ирээд, энэ дохиог сурснаараа тухайн зүйлийг чадах чинээгээрээ хүргэхсэн гэж хичээсэн. Яагаад гэвэл би хоёр ертөнцийн гүүр болж байгаа. Аль болох чадлынхаа хэрээр бүгдийг 100 хувь хүргэчих юмсан, мэдээгүй, сонсоогүй юмыг хүргэчих юмсан гэж зүтгэдэг. Сонсголгүй иргэд маань сонсохоос бусдыг бүгдийг чаддаг. Тиймээс сонсохгүй байгаа тэр нюанс буюу хүчдэлийг нь өгчихвөл ямар ч түүртэх юмгүйгээр бусдын адил байдаг байхгүй юу. Бусдын адил хайрлана, дурлана, дуулна, бүжиглэнэ, бүгдийг хийж чаддаг хүмүүс.

-Нүүрэндээ алтан утас гүйлгэчихээд үрчлээ гаргахгүй гээд чин сэтгэлээсээ үрчийтэл инээж чаддаггүй эмэгтэйчүүд байдаг. Гэтэл таны орчуулга хийсэн “Ухаарч амьдрах хорвоо” дууны клипийг үзсэн. Тэр клип дээр та хүний нүүрнээс ямар хувирал гардаг вэ, тэр бүгдийг гаргаж уг дууг дотортой орчуулсан байна билээ?

-Би үрчлээтэхээс айдаггүй (инээв). Яагаад айдаггүй вэ гэхээр, хүн ямар харагдах нь чухал биш. Тэр хүний дотор ямар хүн байгаа нь хамгийн чухал. Би заримдаа хүүхэд шиг болчихдог шүү дээ. Аягүй сахилгагүй болчихдог. Ямар харагдах нь чухал биш гэж бодож байна. Миний хэлж байгаа юм хүнд хүрэх нь чухал. Зарим үед ойр тойрныхон маань хэлдэг юм “Үрчлээ ч нэмэгдэж байна” гэж. Гэхдээ энэ бол байгалийн жам шүү дээ. Сэтгэл гоё байвал нүүр гэрэлтдэг.

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэд рүү зорьж очиж, тэдний төлөө ажиллахад, энэ мэргэжлийг сонгоход юу танд хамгийн их нөлөөлсөн бэ. Таны ханийг сонсголын бэрхшээлтэй байсныг ярилцлагаас тань уншиж байсан юм байна?

-Энд орсон шалтгаан ерөөсөө л миний ээж, аавын олгосон хүмүүжил. Манай аав инженер, ээж эмч. Манайхан бүгд хүний төлөө ажилласан хүмүүс. Аав, ээж хоёрын маань намайг энэ салбар руу “Миний охин сайн байна” гээд оруулсан нэг үг бол “Хэлгүй хүний хэл, хөлгүй хүний хөл бол миний охин” гэсэн үг байсан. Хүн бол олонтой байх ёстой. Хүн чадлынхаа хэрээр байнга бусдад тусалж байх хэрэгтэй гэж ярьдаг. Хөхөө өвлийн хүйтэнд аав минь өмсөж явсан дулаан нэхий дээлээ даарч бээрсэн настай хүнд тайлж өгөөд, хариуд нь тэр хүний дарапан пальтог өмсчихсөн чичрээд ороод ирж билээ.

Манай аав ийм хүн байхгүй юу. Манай аав, ээж, гэрийнхэн маань намайг тийм сэтгэлтэйгээр хүмүүжүүлсэн учраас хөгжлийн бэрхшээлтэй, тэр дундаа сонсголгүй иргэдэд туслах юмсан гэсэн чин сэтгэл л надад байсан. Дохионд би маш их дурласан. Үгээр хэлж, үзгээр бичишгүй гэдэг шиг аугаа баялаг, нүдээрээ уншдаг зүйл.

-Ээж, аавынхаа дуу хоолой, хайртай хань, үр хүүхдийнхээ инээд, гол, горхи, салхины чимээ, уртын дуу гээд юугаар ч орлуулашгүй чимээ олон. Гэтэл тэр бүхнийг ганц удаа ч болов мэдрэхийн тулд сонсголгүй иргэд маш их хүсдэг байх?

-Хүмүүс яг ингэж хардаг байхгүй юу. Миний маш олон найз “Нэгэнт би сонсголгүй төрчихсөн. Сонсголгүй учраас өөрөө өөрийгөө хүлээн зөвшөөрч, өөрийгөө нийгэмд хүлээн зөвшөөрүүлэхийг хүсдэг. Миний хэл бол дохионы хэл. Би үүгээрээ ярина. Заавал сонсох гээд байхгүй” гэдэг. Эрүүл мэндийн талаас нь хараад сонсголгүй хүний чихийг эрүүл болгоод сонсдог болгочихвол боллоо гэж боддог. Гэтэл одоо бол нийгэм өөрчлөгдсөн. Хөгжлийн бэрхшээлийг харж байгаа дэлхийн өнцөг өөрчлөгдсөн. Чи шар арьстай, би бор арьстай. Чи буржгар үстэй, би шулуун үстэй. Үүнтэй адил чи сонсдог, би сонсдоггүй. Үүнд ямар ч ялгаа байхгүй. Тэгтэл өнөө чихтэй нь л ноцолдоод чихийг нь сонсдог болгочихвол гоё болчихно гэж бодоод байгаа байхгүй юу. Үнэндээ тийм биш. Чих сонсохгүй байсан ч хараа нь сонсгол нь болоод явчихна. Таны яриад байгаа тэр салхины чимээ, горхины хоржигноон тэр бүх дуу авиаг биеэрээ мэдэрч байдаг. Тийм болохоор “Миний чих рүү битгий анхаараач ээ. Намайг бүхлээр нь хараач ээ” гэж хэлдэг юм. Хүн гэдгээр минь хар. Битгий чихийг минь л хараад бай гэдэг.

-Нэгэн үеэ бодвол хүмүүс бие биедээ сайхан сэтгэл гаргах, туслахсан гэсэн хандлагаар хандах нь нэмэгдээд байна. Сайхан сэтгэл гаргаж байгаа нэгнээ дэмждэг болжээ?

-Бидний цөөхөн монголчууд гэж ярьдаг. Бид цөөхөн байсан ч дотроо гал халуун сэтгэлтэй ард түмэн байхгүй юу. Хүнийг муу талаас нь биш, ийм муу талтай ч нөгөө талаараа ийм авууштай зан чанартай гэж харж, биенээ хүлээн зөвшөөрөх нь маш том соёл. Тийм учраас сүүлийн жилүүдэд гадуурхлыг зогсоож байна, хүний эрхийн үүднээс хүнд хандаж сурч байна. Ерөнхийдөө бид маш сайн хөгжиж, өсч байгаа. Залуустаа хэлэхэд, сайн сураарай, мэдээрэй. Хүн ямар ч боловсролтой байсан, ямар ч авьяастай байсан өөрийн гэсэн сэтгэлтэй байдаг. Тэрийгээ өөртөө зориулаарай. Сэтгэлээ өөртөө зориулж чадаж байвал бусдад зориулж чадна. Хүмүүст аль болох туслахыг хичээсэн зүрх тань эргээд амьдрал болж ирнэ шүү.