Categories
мэдээ цаг-үе

Монголд CE, KZ, UZ, RU тэмдэглэгээтэй “Samsung” зурагт тохирдог

Сүүлийн үед “Samsung Electronics” компанийн ухаалаг зурагтын зарим үйлдэл ажиллахгүй байгаа талаар Орос болон Монголын хэрэглэгчид гомдол гаргаад байгаа. Үүнтэй холбоотойгоор “Самсунг Электроникс Цэнтрал Евразиа” буюу тус компанийн Евразийн бүсийн салбараас албан ёсны мэдэгдлээ Монголын хэвлэл мэдээллийн байгууллагуудаар дамжуулан хэрэглэгчдэдээ хүргэж байгаа. “Самсунг” зурагтын зарим үйлдэл гарахгүй байгаа гэх мэт ашиглалтын хүндрэлүүд нь уг зурагтыг Монголоос бусад улс, бүс нутагт зориулан үйлдвэрлэсэнтэй холбоотой гэнэ. Гадны орнуудад худалдаж байгаа зурагтууд лицензийн хязгаарлалтай бол авчирсан тохиолдолд ажиллахгүй байх магадлалтай ажээ. Харин Монголын хэрэглэгчдийн хувьд албан ёсны борлуулагчдаас нь Монголд, Монгол Улсын харьяалагддаг бүсэд зориулан үйлдвэрлэсэн зурагтыг худалдан авах ёстой юм байна. Тийм учраас “Зарим үйлдэл нь гарахгүй байна” гэх зурагтыг Монгол Улсад ашиглахаар үйлдвэрлэгдээгүй учраас үйлдвэрлэгчийн зүгээс зурагтын хэвийн ажиллагаанд баталгаа олгох, борлуулалтын дараахь үйлчилгээгээр хангах боломжгүй гэж уг мэдэгдэлд дурдсан байна. Мөн Монгол Улсад худалдагдах зөвшөөрөлтэй “Samsung”-ийн зурагтын загварын бүтэн нэр нь CE/KZ/UZ/RU гэсэн латин үсгээр төгссөн байдаг аж. Одоогоор тус компанийн албан ёсны зурагт борлуулагч нь “Нэкст Электроникс”, “Номин Трэйдинг”, “БСБ Сервис”, “Саммит Компьютер Технологи”, “Техно Зон” компани бөгөөд “Самсунг”-ийн техникийн тусламжийн 1800-2555 дугаарын утсанд холбогдохыг зөвлөсөн байна.

Зурагт засварын үйлчилгээг хувиараа эрхэлдэг хүмүүсээс “Samsung” зурагтын засварын талаар тодруулахад “Энэ брэндийн зурагт тийм ч амархан эвдэрдэггүй. Тогны хүчдэлээс үүдэлтэй гэмтлийн үед сэлбэг олдохдоо бэрх. Сэлбэг нь байдаг бол юухан байхав. Айлуудын хувьд дуудлага өгөхдөө “Зурагт гэнэт унтарчихлаа. Асахгүй байна” гэдэг. Тог тохируулга, тог баригч нь шатчихдаг. Ер нь аливаа цахилгаан хэрэгслийг шөнө унтахдаа, өглөө ажилд явахдаа унтрааж байх хэрэгтэй. Энэ нь тухайн хэрэгслийн эдэлгээг уртасгадаг. Байнга тогонд залгаад байвал эвдрэх нь тодорхой. Машинаа огт унтраахгүй байвал бензин тос нь дуусч, мотор нь шатна биз дээ. Түүнтэй адил. Гэхдээ дээр үед тогны хүчдэл тогтворгүй, унадаг, өсдөг асуудал их байсан. Одоо бол цахилгаан хэрэгслүүдэд тог тогтворжуулагчийг үйлдвэрээс нь суурилуулсан байдаг учир тогноос болоод эвдэрчихлээ гэж шууд хэлэх боломжгүй. Мөн зурагт эвдэлдэг нэг зүйл бол тоостой орчин, бас чийглэг газар. Харин зарим үйлдэл нь алга, ажиллахгүй байна гэдэг программын талын гэмтлийг бид засч чадахгүй” гэлээ.

Оросын хэрэглэгчид “Самсунг”-ийн зурагттай холбоотой гомдол мэдүүлсэн бөгөөд үүний хариуд тус компанийн зүгээс “Samsung брэндийн ухаалаг зурагтны зарим функцийг ОХУ-д ашиглах эрх аваагүй учраас үйлдлийг дэмжихгүй байгаа” гэж тайлбарлажээ. “Samsung” компани гадаад улсын зах зээлд зориулан, мөн тухайн нэг улсад зориулан бүтээгдэхүүн үйлдвэрлэдгээрээ онцлогтой. Тиймээс ОХУ-ын зах зээлд зориулсан барааны тэмдэглэгээ нь латинаар RU гэсэн бичигтэй байдаг аж.

Ер нь зурагт худалдан авахдаа нэгдүгээрт, инч буюу хэмжээ. Хоёрдугаарт, аль улсынх, аль үйлдвэрийнх вэ гэдэг нь чухал. Гуравдугаарт, ухаалаг уу, энгийнх үү гэдгээ сонгох ёстой юм байна. Ингээд төгсгөлд нь борлуулалтын дараахь үйлчилгээ буюу баталгаат засварын хугацаатай эсэх нь чухал. Харин сүүлийн үед зурагт авахдаа хэдэн вольтоор ажилладаг вэ гэдгийг нь анхаарах шаардлагатай болжээ. Албан ёсны борлуулагчдын хувьд Монгол орны хүчдэлд тохирсон буюу 220V-оор ажилладаг “Sam­sung” зурагтыг оруулж ирдэг бол хувиараа зурагт оруулж ирж зардаг иргэдийн хувьд хүчдэлд тохирохгүй зурагт сонгодгоос “Телевизор гэнэт унтарчихлаа” гэдэг асуудал гардаг юм байна.

Та аль бүсээс “Samsung”-ийн зурагтаа авсан бэ, тэр газраасаа дараа нь сэлбэгээ авна гэсэн үг юм байна. Учир нь тухайн бүсэд борлуулсан зурагтын засвар үйлчилгээг зөвхөн тэр бүс нь хариуцаж хийдэг гэнэ. Ингэхээр сэлбэг нь олдохгүй байгаа “Самсунг”-ийн зурагтыг өөр бүсээс оруулж ирсэн болж таарч байгаа юм. Харин манайд “Самсунг”-ийн зурагтыг засдаг баталгаат засварын албан ёсны хоёрхон газар байна. “Maxmall” худалдааны төвийн дөрөвдүгээр давхарт, нөгөөх нь “Нэкст Электроникс”.

Хэрвээ 200V, 110V-ийн хүчдэлтэй орнуудаас “Samsung”-ийн зурагтыг хувиараа оруулж ирсэн тохиолдолд хүчдэл баригч, хүчдэл тогтворжуулагч гэх бичил төхөөрөмж нэмж суурилуулдаг юм байна. Хуучнаар Оросын зурагтыг асаахын өмнө стабилизатор гэдэг дөрвөлжин төхөөрөмжийг асаадаг байсан. Тэрэн шиг хүчдэлийг нь тогтворжуулдаг гэсэн үг. Гэхдээ ингэж задаргаа хийж, хүчдэлийг нь тохируулсан тохиолдолд эдэлгээ нь тийм ч урт байдаггүй аж.

Хэрэглэгчдийн хувьд энэ брэндийн зурагт худалдан авахдаа хайрцаг, шошго дээр нь CE/KZ/UZ/RU гэсэн тэмдэглэгээ байгаа эсэхийг нь шалгах ёстой юм байна.

Categories
мэдээ цаг-үе

Лодойн Банзрагч: Гурвуулаа дуулахад дуу илүү амь ордог

Соёлын тэргүүний ажилтан, дуучин Лодойн Банзрагчтай ярилцлаа.


-Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга орчин цагийн технологийн дэвшлийг ашиглан золголт хийхийг ард түмэнд уриаллаа. Та энэ уриалгыг дэмжиж буйгаа пэйж хуудсаараа илэрхийлжээ?

-Олон нийтийг хамарсан ийм цар тахлын үед Монгол Улс нэлээд хүч гаргаж ажиллаж байна. Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн яам, бүр Засгийн газрын хэмжээнд өргөн хүрээтэй, хүч хаясан, олон нийтийн аюулгүй байдлыг хангах тал дээр өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаад нь иргэн хүний хувьд талархалтай байна. Үүний хүчинд энэ айхавтар вирусийг оруулж ирэхгүй, өнөөдрийг хүртэл тогтоон барьж чадаж байна гэдэгт хүн бүхэн л талархаж байна. Өнөөдөр (өчигдөр) Ерөнхийлөгчийн гаргасан зарлигийг дэмжиж өөрийнхөө пэйж болоод фэйсбүүк дээрээ шэйрлэлээ. Үүнийг хүмүүс ихэд таатай хүлээж авч байгаад баяртай байна. Яагаад вэ гэхээр, бид эрүүл энх, саруул сайхан байвал олон сайхан Цагаан сарыг тэмдэглэх боломж бүрдэнэ. Тиймээс нэг удаагийн Цагаан сарын тэмдэглэлт үйл явдлыг тэмдэглэхгүйгээр зөвхөн цахимаар бие биедээ мэнд дамжуулаад золгочиход болохгүй зүйл байхгүй гэж хувьдаа бодож байгаа.

-Нийтийн дууны уран бүтээлчдийн дуу хуур, тоглолт бол Цагаан сарын уур амьсгал оруулдгаараа онцлогтой. Цагаан сарын үеэр та гурвын теле концерт гарна биз?

-Концертын хувьд бид гурав олон хүн ордог Цагаан сарын тусгай нэвтрүүлгүүдэд оролцсонгүй. Харин теле концерт гарах байх. Өнөө жилийн Цагаан сарын өмнө олон хүн оролцсон, олон хүнийг цуглуулсан тийм нэвтрүүлэг хийхийг хориглочихсон. Тийм учраас Цагаан сарын баяртай холбоотой нэвтрүүлгүүдийн бичлэгт оролцсонгүй. Өнгөрсөн жил арваннэгдүгээр сард хийсэн тоглолтын бичлэг гаргах байх. Зун хийсэн бас нэг тоглолтын бичлэг телевизүүдээр гарах байх гэж бодож байна.

-Таны хувьд фенүүдтэйгээ фэйсбүүкийн лайваараа золгочих юм байна?

-Тэгнэ, тэгнэ. Хөдөө, орон нутагт миний ах дүүс амьдран суудаг. Тэдэндээ ч би хэлж байгаа. Ганцхан удаагийн Цагаан сарын баяраар интернэт хөгжчихсөн, гар утас барьдаг болчихсон энэ үед нэг нэгэндээ утсаар мэнд дэвшүүлж золгоё гэж. Өргөн хэмжээнд биш, ингэж тэмдэглэе гэсэн чинь хөдөөний ах дүүс маань зөвшөөрцгөөсөн.

-Дуучин А.Мөнхбат, Д.Бурмаа та гурвын дуугүй баяр наадам гэж байдаггүй. Ард түмэн, сонсогчдодоо ингэж мэдрэгдэж уран бүтээлээ хийж явна гэдэг нэг бодлын их сайхан юм аа?

-Монголын уламжлалт урлаг соёлыг тээж яваа улсууд нийтийн дуучдын дунд нэлээд бий л дээ. Уламжлалт гэдэг нь, Монгол ардын уртын дуу, тэрнээс уламжлагдсан ардын богинын дуунууд, тэрэн дээр суурилсан нийтийн дуунууд гээд. Энэ дундаа, бас нэг хэв маягийг алдахгүйгээр барьж яваа нь бид гурав юм болов уу гэж боддог. Учир нь, Монголынхоо уламжлалт зан заншлыг илүү ихээр харуулсан тийм үг, аятай дуунуудыг дуулахыг хичээдэг. Үүнийгээ дагаад Монголынхоо үндэсний дээл, хувцсаа бид түлхүү өмсөж, хэлбэр, донж, хийцийг нь нэг их алдагдуулахгүйгээр үндэсний хэв маягийг нь хадгалсан хувцаснуудыг өмсдөг. Энэ утгаараа уламжлалаа илүү хадгалдаг, түүнийгээ дэмжсэн уран бүтээлчид гэж бид гурав өөрсдийгөө хэлэхэд нэг их буруудахгүй болов уу.


-Та бүхний уран бүтээл нийгэм рүү хандсан, эв эетэй байя, бүгдээрээ, хотлоороо хамтдаа амгалантай амьдарцгаая гэсэн ерөнхий утгыг агуулдаг шүү?

-Зөв анзаарсан байна. Нийтийн дууны урлаг, тэр тусмаа ардын хэв загварыг барьж байгаа ийм дуучдын хувьд нийгмийн энэ их бухимдалтай ийм үед амьдралыг дандаа гэрэл гэгээтэй, сайн сайхан талаас нь харуулах ёстой гэж боддог, амьдралын хэв маяг болоод урлагийн талаас нь. Тийм ч болохоор өөрсдийнхөө дуулж байгаа дуунууд, амьдарч байгаа хэв маягийг дандаа гэрэл гэгээтэй, өөдрөг талаас нь харуулсан дуунуудыг сонгодог. “Миний ардын сэтгэл цагаан” дуу бол ард түмнийхээ сэтгэлийн цагаан цайлганыг магтан дуулсан. “Заллага” дуунд,

…Айраг байна уугаарай

Аятай байна өнжөөрэй

Агсал байна эмээллээрэй

Ах дүү нараар минь ороорой гэж монголчуудын зочломтгой, цайлган цагаан зан чанар, тэр бүгдийгээ дагасан айргийн соёл, адууны соёлыг магтан дуулсан. “Амар төвшин” бол ачтайхан ээж, амрагхан хань, алаг үртэйгээ амар төвшин, өвчин зовлонгүй, эрүүл энх жаргая гэсэн дуу. Иймэрхүү дуунуудыг уриалж дуулдаг юм аа. Нөгөө талаар монголчууд амны билгээс ашдын билгэ гэж ярьдаг шүү дээ. Сайн сайхан зүйлд уриалан дуудаж, сайн сайхан зүйлийг ярилцаж байвал амьдрал аяндаа л сайн сайхан болно.

-Хэдэн онд анх хамтарч дуулсан бэ?

-Бид гурав 2010 оноос хамтарч дуулж эхэлсэн.

-Хамтарч дуулаад 10 жил болжээ?

-Тэглээ, 10 жилийн ой болж байна.

-Та гурвын хоолой харилцан шүтэлцээтэй. Үзэгчид та гурвыг гурвуулаа гарч ирэхэд тайз дүүрэх мэдрэмжийг мэдэрдэг байх?

-Хамтарч дуулах саналыг би энэ хоёр дуучиндаа тавьсан юм. Гурвуулаа ардын дууны маягийн өнгө, тембертэй дуучид учраас хоёулаа дуулах биш гурвуулаа дуулдаг байвал хүмүүст илүү хүрнэ. Яагаад гэвэл, гурвуулаа дуулахаар, гурван өөр сэтгэл, гурван өөр хоолойны өнгө нийлэхээр дуу илүү амь ордог. Энэ саналыг хоёр дуучиндаа тавиад, дуулах дууны сонголт, хөгжмийн найруулгаа яаж хийх вэ, клип нь ямар өнгө аястай байх вэ гэдэг тал дээр ажилласан. Нэг ёсондоо продюсерын үүргийг гүйцэтгэж байгаа юм уу даа. Иймэрхүү байдалтай өөрийнхөө санаа оноог илүү тусгаж, энэ хоёр маань ч миний санааг хүлээн авч арваад жил хамтарч дуулж байна. Ингэж л дуунууд минь амь орж, тоглолтууд маань амжилттай болж байна. Хөгжмийн найруулгаар дуу бас амь орно. “Анир” студийн захирал, хөгжмийн зохиолч Б.Алтанхуяг маань ч миний саналыг өөрийнхөө авьяас дээр тусгаж авч, их сайхан хөгжим найруулдаг. Ингэж л дуунууд минь амилдаг даа.

Хувьтай хүн хулгана жилийг үзнэ гэдэг. Энэ жилийн Цагаан сарыг тодорхой хэмжээнд хорьсон ч гэсэн бүгдээрээ эрүүл энх байж хулгана жилийг үзэж байна. Дараачийн хулгана жил гартал 12 жилийн хугацаа байна. Хүний амьдралд жаргал, зовлон олон зүйл ээлжилж байдаг учраас дараачийн хулгана жилийг бүгдээрээ эрүүл энх, саруул сайхан байж золгохын өлзийтэй ерөөлийг дэвшүүлье. Ам цагаан хулгана жилдээ хүн бүхэн зорьсон зорилготой байж, зорилгынхоо үр шимийг хүртээрэй. Тийм он жилүүд олон олноор цааш цаашдаа үргэлжлэх болтугай. Эрүүл энх байгаарай, бүгдээрээ.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Гүжрийн өмнө үнэн хүчгүй буюу ХУУРАМЧ МЭДЭЭ

Орчин үед хуурамч мэдээ шиг элбэг юм байхаа болилоо. Хуурамч мэдээ буюу худлаа ярихын хор уршгийг хүн төрөлхтөн үүссэн цагаасаа хойш балгийг нь амсаж, “Энэ буруу юм байна” гэж үр хүүхэд, хойч үедээ сургасаар ирсэн.

Оросын сонгодог зохиолч, ёгт үлгэрч И.А.Крыловын “Чоно ирлээ” гэх үлгэрийг хүмүүс мэднэ дээ. Уг ёгт үлгэрт хонь хариулж явсан хүү “Чоно ирлээ” хэмээн тоглоом шоглоом болгож хашгиртал тосгоныхон нь санд мэнд гүйлдэж, сандралдсаар ирэхэд өөдөөс нь хөвгүүн элгээ хөштөл инээж баясдаг. Хоёр дахь удаагаа мөн л “Чоно ирлээ!” гэж хашгирахад эхний удаад хууртагдсан тосгоныхон айхавтар анхаараагүй ч нэлээд хэдэн хүн очдог. Тэгтэл мөн л худлаа дуудаж, тоглоом хийсэн байдаг. Гэтэл маргааш нь хүүг хонио хариулаад явж байтал чоно жинхэнээсээ хүрч ирж сүрэг нь рүү дайрч, хуйлруулахад хүү айж цочин уйлан хайлан “Чоно ирлээ” гэж хичнээн ч орилоод тосгоныхон ирдэггүй. Ингээд хүү хамаг хонио чононд бариулж буйгаар үлгэр төгсдөг. Энэ үлгэрийг дээхнэ үеийн сурах бичигт байсныг манайхан мэдэх билээ. Худлаа ярих ямар хор уршигтайг хүүхэд, багачуудад ийнхүү үлгэрээр дамжуулж сургаж байжээ.

Тэгтэл өнөөдөр хүн болгон шахуу тэр хоньчин хүү шиг л хуурамч мэдээ тараадаг болсон. Тийм боломжийг нь ч техник технологийн дэвшил нь олгоод өгчихлөө. Бүгд шахуу фэйсбүүк, твиттер хаягтай болчихсоныг хүн бүр хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй болчихлоо гэж бас харж болно л доо. Хуурамч мэдээг бүгд машид ихээр үнэмшилтэй хүлээж авч олуулаа шаагьж, шуугиж орж ирээд цааш нь түгээж, тухайн мэдээ бичигчийг дагаж, дэмжиж эхэлцгээдэг. Араасаа олон хүн дагуулж байгаа хүн дээрх үлгэрт гардаг хүү шиг өөрийнх нь мэдээнд үнэмшээд өөрт нь анхаарал хандуулж, өөр дээр нь шавж байгаа хүмүүсийг хараад эго нь хөдөлдөг. Хуурамч мэдээ бичиж байгаа хүн өөрийг нь танихгүй олон хүн тоогоод, өөрт нь анхаарал хандуулаад ирэхээр тэрнээсээ таашаал авч, дахин дахин тэр “гоё” мэдрэмжийг авах гэж улайрдаг.

Орчин цагт хуурамч мэдээг “тунхагласан” нэг үг бий. “Худлыг мянга давтвал нэг үнэн болно” гэж. Энэ бол Адольф Гитлерийн хүн төрөлхтөнд хор хүргэсэн арван үгийнх нь нэг болох “Хэрвээ чи худлаа зүйлийг хангалттай олон удаа ярьж чадвал үнэн болно” гэсэн үгнээс гаралтай. Хуурамч мэдээг үнэнээс дээгүүр тавьсан “Суртал нэвтрүүлгийг чадварлаг хийснээр хүмүүс диваажинг там, адгийн амьдралыг ч аз жаргал болгож харна”, “Ялагчаас хэн ч үнэн ярьсан эсэхийг нь асуудаггүй”, “Аугаа худалчид бас аугаа шидтэнүүд байдаг” гэсэн түүний үгс бий. Ийм үгс гарч ирснээр худлааг үздэггүй хүн төрөлхтөн хуурамч мэдээ, худлаа ярихыг нэг их аюултай биш мэтээр үзэж хүн болгон л “Худлааг мянга давтвал үнэн болдог юм аа” гэж хэлцгээдэг болчихсон. Адольф Гитлер 1933-1945 онд Германыг удирдаж байсан. Төрийн толгойд арав гаруй жил суусан гэсэн үг. Худал үгсээр нийтийг турхирч, худлаа мэдээллээр ард түмнийхээ толгойг эргүүлж, дэлхийн хоёрдугаар дайныг дэгдээснээр 60 гаруй сая хүн амь үрэгдсэний дийлэнх нь энгийн ард иргэд байсан. Худлаа үг чангаар хашгирсаар байгаад төрийн эрхэнд гарч ирсэн ч эцэст нь үхлийн муугаар үхсэн. Ёстой нөгөө гүжрийн өмнө үнэн хүчгүй гэдгийг тэр эрх барьж байхдаа бодитоор нь харуулсан. Гэвч үнэн тээр хойно ч гэсэн сажилсаар л ирдэг гэдгийг ингэж баталсан.

Гэхдээ хүн төрөлхтний уг язгуурт байдаг худлаа үг, худлаа мэдээг таашаадаггүй, худалчийг жигшдэг байдал яг хэвээрээ байгаа л даа. Худлаа мэдээгээр улс орныг залуурдвал дээд тал нь арван жил болоод л түүхээс арчигддаг гэдэг нь ингэж батлагдсан. Бэлээхэн ийм түүх байсаар байтал орчин цагийн нийгэмд худал мэдээ эргээд дэлгэрч байна. Үүнийг нотлох хамгийн сүүлийн жишээ бол Монголд төдийгүй, дэлхий дахинаа коронавирустэй холбоотой элдэв цуу үг, худал мэдээ хөвөрч байна. Хүн төрөлхтөн яагаад ингээд худал мэдээнээс бүрмөсөн салж чаддаггүй, больдоггүй юм бэ?

Яагаад вэ гэвэл худал мэдээ тараагчид эгогоо мэдрэхийн тулд энэ бүхнийг хийдэг. Хуурамч мэдээ, эго хоёр шууд хамааралтай. Худлаа мэдээг сошиал сүлжээ хамгийн ихээр түгээж байгаа. Гэхдээ сошиалаар явж байгаа мэдээ болгоныг худлаа гэх бас адармаатай. Тэгэхээр сошиалаар хөвөрч байгаа мэдээнүүдээс уншигч бээр шүүж, тунгааж үнэнийг нь таних л хэрэгтэй. Уншигч хэрсүүжих хэрэгтэй болсон. Тиймээс сошиалаар явж байгаа мэдээ мэдээлэл бүгдийг хэрэггүй гэж бас туйлширч болохгүй. Болохгүй гэдгийг саяхан коронавирусийн халдвараар нас барсан Хятадын Ухань хотын эмч Ли Вэнлянь нотолсон. Аюултай вирус тархаж буйг, яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй гэдгийг энэ залуу хамгийн эхэлж дэлхий нийтэд сануулж байсан ч түүний сануулгыг нутаг нэгтнүүд нь огтхон ч тоолгүй Цагаан сарын баяраа өргөнөөр тэмдэглэцгээсэн. Юманд дүгнэлт хийх чадвартай хүн бол түүний хийсэн бичлэгт итгэж болох үндэслэлүүд байв. Нэгдүгээрт, тэр залуу ард түмний дунд мэргэжлээрээ ажиллаж байсан эмч хүн. Хоёрдугаарт, яг тэр голомтод ажиллаж, амьдарч байсан иргэн хүн байсан. Ингэхээр тэр залуу үнэмшиж болохоор, ядаж бичлэгийг нь гүйлгэж харж болохоор эх сурвалж байсан юм.

Тэгвэл одоо бид ямар ч хамаагүй мэргэжилтэй, юу хийдэг нь тодорхойгүй, эх сурвалж болохооргүй этгээдийн тавьж байгаа мэдээг таньдаг ухамсартай болох шаардлага тулгарч байна. Сошиал сүлжээ баталгаа муутай. Баталгаатай байх ч албагүй л дээ. Тийм үүрэг ч байхгүй. Хувь хүн юугаа бодно уу, юугаа нийтэд харуулж тавина уу өөрийнх нь дурын асуудал. Тэгвэл үнэн мэдээг хаанаас авах юм бэ?

Үнэн мэдээллийг баталгаатай редакци, мэдээллийн мэргэжлийн байгууллагуудаас авах хэрэгтэй. Телевиз, сонин байна. Гэхдээ дижитал хувьсгал гарснаас хойш телевизэд зовлонтой юм их болсон тал бий. Арилгачихаж болдог, бичлэгийг засварлачихаж болдог. Хүний ярьж буй дүрсэн дээр яг өөрийнх нь юм шиг дуу хоолойгоор огт өөр юмыг ярьсан болгоод эвлүүлчихдэг тусгай программ хүртэл бий болчихсон. Ийм болсон болохоор туйлын үнэн гэж хэлэхэд хүндрэлтэй. Тэгэхээр одоо эцсийн үнэн бол өдөр тутмын сонин болсон. Сонин бол тэр чигээрээ архивын материал, түүхэн баримт бичиг болж, түүхийн өв соёлтой хамт үдэгдэж, хадгалагддаг.

Тиймээс сонин захиалах гэдэг ажлыг эргээд хийж хэвших хэрэгтэй боллоо. Иргэд “Сонин захиалах”, “Хэвлэл захиалах” гэдэг үгийг мартсанаас л сонин захиалахаа умартчихсан. Сонин өөрийн өртөгтэй болохоор үнэтэй. Орчин үеийн дижиталууд үнэгүй, үнэ багатай. Тийм ч болохоор тэр үү хүмүүс сониныг үнэтэй гэж бодоод захиалгаа багасгачихсан. Гэхдээ мэдээлэл бол өнөө цагт амин чухал хэрэгцээтэй. Өнөө цагт гэлтгүй хүн төрөлхтний түүхэнд үнэн мэдээ гэдэг бол хүний амьтай тэнцэхүйц чухал зүйл гэгдэж ирсэн байдаг.

“10 жилийн өмнө мөнгө төлж мэдээлэл авах нь хүмүүсийн ой тойнд буухааргүй зүйл байв. Харин сүүлийн хоёр жилд уншигчид олон эх сурвалж бүхий баталгаатай мэдээллийн төлөө мөнгө төлөхөөс гар татахаа больж байгаа нь анзаарагдаж байна” гэж өдөрт 200 мянган хувь хэвлэгддэг Австралийн “Aus­tralian Financial review” сонины уул уурхай, эдийн засгийн мэргэшсэн сэтгүүлч Петер Керр ярьжээ. Уламжлалт хэвлэл, сонинд хүмүүсийн итгэх хандлага эргээд сэргэж, мөнгө төлж мэдээлэл авдаг болж байгаа нь АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампын “Хуурамч мэдээлэл”-ийн эсрэг хийж буй тэмцэлтэй холбоотой. Үй түмэн мэдээллийн урсгал дунд бүдчиж яваа нийгэмд төөрөхгүйн тулд мөнгө төлөөд ч болов бодит мэдээлэл авах үнэ цэнэтэй хандлагыг төлөвшүүлэхэд Д.Трампын уриалга баттай нөлөөлсөн гэдгийг Петер Керр дурджээ.

Дэлхий нийтээрээ ийм ороо бусгаа байгаа цагт үнэн мэдээ амины үнэтэй гэдгийг ингэж тайлбарлаж байна. Тийм болохоор сонины улирлын захиалгын хэдэн төгрөг бол таны амины үнийн хажууд бол юу ч биш шүү. Яагаад вэ гэвэл баллаж цохолж болдоггүй учраас сонин бол хамгийн баталгаатай мэдээллийн хэрэгсэл. Уншигч өөрөө хуурамч мэдээг таньж, шүүж тунгааж, хэрсүүжих ёстой болжээ. Мөн үнэн мэдээг уншъя гэвэл сонин захиалах хэрэгтэй.

Categories
мэдээ цаг-үе

Дашбалбарын Дэжидмаа: Аавын надад зориулсан шүлэг сэтгэлийн хаттай, тэвчээртэй, итгэл дүүрэн урагшлахад минь Шүлгэн Тарни мэт хамгаалж байдаг

Төрийн шагналт яруу найрагч О.Дашбалбарын бага охин Дэжидмаатай ярилцлаа. Тэрээр Японы Наритагийн нисэх онгоцны буудалд гаалийн ажилтнаар ажиллаж байгаа юм.


-Хоёрдугаар сарын 10-нд аавын тань төрсөн өдөр тохиож, найз нөхөд, яруу, найрагч, зохиолчид түүнийг дурсан санаж, сайхан дурсамжаа дэлгэцгээлээ. Олон сайхан шүлгийг нь хүмүүс фэйсбүүк, твиттертээ оруулцгаасан байна билээ?

-Амархан сайн уу. Тийм ээ, хоёрдугаар сарын 10-ны өдөр аавын минь төрсөн өдөр болж алс хол арлын орноос фэйсбүүкийн ачаар холбогдож монголчуудтайгаа сэтгэлийн үгээ хэлэлцэж, яруу найргаар нь амьсгалж сайхан тэмдэглэв. Өмнөх жилүүдэд ойн баярыг нь яруу найргийн наадам зохион байгуулж гэр бүл, зарим шавь нар, ах дүүс, нутгийн олон, уран бүтээлчид өргөнөөр оролцож сайхан зохион байгуулсан байсан. Дашрамд хэлэхэд, энэ жил Япон улсад амьдран суугаа нутгийн найз Гантуяа маань аавын нэлээд шүлгийг цээжилснээ уншиж цахим ертөнцөд хүмүүстэй хуваалцсан нь сэтгэлийн сайхан бэлэг байлаа.

-Хагацал бол хүний ертөнцийн жам юм. Үүнийг тойрдоггүй хүн үгүй билээ. Гэвч ахуй бие нь ариллаа ч эцэг үрийн холбоо хэзээ ч тасардаггүй гэцгээдэг?

-Тухайн үед бага балчир л байж дээ. Амьдралд хөл тавьж ч үзээгүй, үргэлж л хамт байх мэт явсан аавыгаа тэнгэрт одсонд хүнд цохилтод орж олон жил өнгөрсөн ч амьд сэрүүн мэт л мэдрэгддэг нь сонин шүү. Эх, эцэг үрийн холбоо биеэр ганц хязгаарлагдахгүйн учир зүрх сэтгэлд минь, эд эсэд минь ааваасаа авсан олон сайн тал нь хамт бий гэж боддог. Хүний амьдрал бол жам юм даа. Үр хүүхэд гэдэг бол тэр хүн өөрийнхөө үргэлжлэлийг энэ дэлхийд үлдээгээд явж байгаа л хэрэг юм.

-Танд аав тань зориулж бичсэн олон гоё шүлэг бий. Одоо яг энэ агшинд ямар мөрт нь санаанд тань буув?

-Тийм ээ. Хамгийн тод мөр нь:

Жаахан зүрхэнд чинь хэн нэг нь шарх үлдээвч

Жаргах цагт чинь хэн нэг нь түүнийг эдгээнэ гэж аавын надад зориулсан шүлэг амьдралдаа сэтгэлийн хаттай, тэвчээртэй, итгэл дүүрэн урагшлахад минь Шүлгэн Тарни мэт хамгаалж түшиж байдаг. Бас нэг шүлгийн хэсэг:

Жижиг навч шиг охины минь халуун алга

Жил сараас авч үлдсэн өөрийн ганц амь ажээ…

Ааваасаа авсан мөнхийн бэлэг бол надад зориулсан үрээ хайрлах эцгийн сэтгэл шингэсэн шүлгүүд нь юм.

-Эцэг, эхийнхээ үлдээсэн зүйлсээр үр хүүхэд нь бахархдаг. Аавын ухаарлын шүлгүүдийг хүмүүс өдөр тутамдаа амьдралын мөрдлөг болгож, “Амьддаа бие биеэ хайрла, хүмүүс ээ” гэсэн энэ үгийг нь албан байгууллагууд хүндэт самбарынхаа ойролцоо байршуулдаг. Тэр бүгдийг хараад танд мэдээж дэндүү их бахархал төрдөг байх?

-Хүмүүс аав ээжээрээ бүгд л бахархдаг байх гэж боддог. Гэхдээ мэдээж эх орондоо олон сайхан үнэ цэнэтэй оюуны бүтээлээ үлдээж, Монгол ард түмнийхээ төлөө гэсэн тэр их хайрынхаа хариуд эргээд ард түмнээрээ хайрлуулж монголчуудын минь ухааран унших дуртай шүлэг бүхэн нь цуурайтахад бахархах сэтгэл төрөлгүй яах билээ.


Аав, ахын хамт

-Аавын тань захидлуудыг эмхэтгэсэн сайхан ном уншигчдад хүрсэн. Ингэхэд та хамгийн сүүлд хэнд захидал бичив дээ. Захидал бичдэг байх гэж бодлоо?

-“Миний захидлууд” гэж ном нь ах Д.Гангабаатар, эгч Д.Мөнгөндалай болон “Зохист дорно” хэвлэлийн газрын хамт олны хичээл зүтгэлээр бүтсэн сайхан ном болсон. Би хүмүүстэй чатаар харилцахад амар ч гэлээ захидал бичье гэж санал болгоод хамгийн сүүлд нэгэн зохиолч хүнээс захидал, ном хүлээн авсан. Хариу тэр зохиолчид захидлаа бичсэн ч явуулж амжаагүй байна. Захидал бичих дуртай. Ер нь манай гэр бүл цаасан хэвлэлд илүү ач холбогдол өгдөг. Ном, захидал, сонин гээд ааваас бидэнд уламжилж ирсэн тэр бүхэн цаасан дээр учраас л хадгалагдаж байна шүү дээ. Жишээ нь, гар бичмэл гэхэд хичнээн үнэ цэнэтэй билээ.

-Таныг анх Япон руу загвар өмсөгчийн ажлаар явсан гэж дуулсан. Харин одоо гаальд нь ажиллаж байгаа хэмээн сонслоо л доо?

– Тийм ээ, эхлээд загварын чиглэлээр явсан ч хувь заяа гэлтэй гаальд ажиллах болсон.

-Аливаа улсын гааль бол улсын тусгай байгууллага байдаг. Гадны иргэнийг ажиллуулдаг болж таарч байна уу?

-Гаалийн ажил олон төрөл, олон салбар чиглэл байна. Ямар компанид, ямар үүрэг хүлээснээсээ аваад өөр өөр. Мэдээж зөвхөн япон хүн ажилладаг ч сүүлийн үед хил гаалийн төрөл бүрийн үүрэг хариуцлагаас хамаараад гадаад хүн ажиллах нь мэр сэр бий. Дашрамд хэлэхэд, Японд хүн амын өсөлтөөс хамаараад гадаадаас ажиллах хүчин шаргуу нэмэгдэж байгаа.

-Япон улсыг монголчууд сумогоор нь дамжуулж харин ч нэг мэддэг болсон доо. Гэхдээ бидний мэддэг япончуудаар тэднийг бүхэлд нь тодорхойлох боломжгүй юм. Харин та наанаа олон жил ажиллаж, амьдарч байгаа хүн. Япончуудын тухай бодит тодорхойлолтыг та л хэлэх байх?

-Өөр өөрийн үзэл санаа ертөнцийг харах үзлээрээ тодорхойлох байх. Япончуудад туйлын чанар байдаг. Тэр нь: Хүний тусыг марталгүй хариулах чин сэтгэл /бараг ихэнхдээ хариулдаг. Нөгөө тал нь: Хүн гомдоовол маш гүн гүнзгий шархалдаг тул өс санаж чаддаг бөгөөд өшөө авах хариу үйлдэл үзүүлэх гэж нийтлэг ажиглагддаг. Үгээр тодорхойлох амаргүй ч монголчуудын дэргэд сайнаар ч, муугаараа ч гэсэн /амлалт/ гэдэг зүйлийг баримталдаг тул амлалтаа зөрчсөн хүнийг нэг муугаар харвал их амаргүй харилцаа үүсч болох юм.

-Таныг Японд ажиллаж, амьдрахад нөлөөлсөн, нэг үгээр таныг татсан зүйл байгаа учраас та эх орноосоо хол ажиллаж байгаа гэж ойлгож болох уу. Хэрэв тийм бол таныг Японы юу тэгж татав?

-Япон улсад ажиллаж амьдарч буй анхны шалтгаан: Монголдоо аавыгаа өөд болсны дараа хүний муу, сайн дотоод сэтгэлийг нь нэвт харах шиг нүд нээгдсэн. Өмнө нь хааны гүнж шиг эрх дураараа, бүх хүн сайхан ханддаг байсан бол аавыг маань бурхны оронд явахад хүмүүс ялгараад ирсэн. Олон ч хүний сайн муу сэтгэлийг ил харж эхэлсэн. Харин Японд ирсний дараа бүх зүйл нь эмх цэгцтэй, нийгэм нь хувь хүмүүс ч дүрэм журмаа нягт баримталж амьдардаг байдал нь их таалагдсан. Ажилд орох дээшлэхэд арын хаалга хэрэггүй! Өөрийн хүч чадлаа дайчлахад хүлээн зөвшөөрөгдөнө. Энэ маш том сэтгэл татах нийгмийн зөв бодлого гэдгийг гадаадаас ирж амьдарч буй улс мэдэх биз ээ.

-Япон бол үзэгдэх орчин, ахуй байдал, аж амьдрал, байгаль, цаг уур, соёл, ёс заншил гээд тэр чигээрээ уран зохиол, яруу найраг мэт санагддаг юм. Таны шүлэгт япон ахуй хэр нөлөөлж байна вэ?

-Япон улс бол арлын орон гэдгээрээ ч тэр бусад эх газрын хүмүүс биднээс өөр зүйл нь гаднаас орж ирэх соёлыг нэвтрүүлэхдээ, хүлээн авахдаа тааруу гэдэг. Японы яруу найраг устах тал руугаа хандлагатай, осолдохгүй Хайку уламжлалт хэллэг шүлгээ хадгалж ирж буй ч залуус сонирхох нь бага тул яруу найрагч хүнд бол тийм ч таатай орчин биш. Харин роман, өгүүллэг зэргээр бол нэлээд хөгжиж байгаа харагддаг.

-Та сүүлд бичсэн шүлгээ сонирхуулж болох уу?

-Япон ахуй соёл гэхээсээ илүү япон хүний дотоод зан чанар, аливаа зүйлд нарийнаар ханддаг хандлага, хөнгөн хийсвэр ханддаггүй байдал нь гадаад хүмүүс бидэнд зарим тохиолдолд нээлттэй бус хаалттай мэт мэдрэмж төрүүлдэг зэрэг нь шүлэгт маань нөлөөлж магадгүй.

-Хэзээ Монголдоо ирэх вэ?

-Зорьсон зорилго бий. Тэрийгээ гүйцээгээд очно доо.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Цахилгаан: Өөрийн замаар яваа улс орон л өөдөө явна

Түрүүч нь 028,029(6394,6395) дугаарт

Монгол Улсын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, Соёлын гавьяат зүтгэлтэн, түүхийн ухааны доктор, олон улс судлалын профессор Д.Цахилгаантай ярилцлаа.

-Ийм хоёр том утга бий. Тэр дотроо монгол хэлтэн, хэлээ хадгалж байгаа, соёлоо тээж буй Өвөр Монгол, Буриад, Халимагаас эхлүүлээд монголчууд бий. Монгол Улсаа газрын зураг дээр хараарай. Хүрээлэл маань монголчууд байгаа байхгүй юу. Тэгэхээр бид чинь монгол гупертэй байхгүй юу.

-Гупер ээ?

-Гупер, хамгаалагч. Төрийн тэргүүнүүдийн цувааны урд гупер машин гээд нэг машин хамгаалаад явдаг биз дээ. Түүн шиг бид чинь монгол гупертэй байхгүй юу. Аугаа их Хятадтай шууд мөргөлдөөгүй, аугаа их Оростой шууд мөргөлдөөгүй. Тэд чинь бидний тусгаар тогтнолд цаагуураа сайхан нөмөртэй байгаа шүү дээ. Эд нар маань байна. Гадаадад чинь Монголын анд нөхдийн нийгэмлэг, Найрамдлын нийгэмлэг гээд Монголын төлөө гэсэн сэтгэл санаатай, цэвэр гадаадын түмэн хүмүүс байдаг.

-Та төрд хэд дэх жилдээ ажиллаж байна вэ гэдэг асуултаа дахин асууя?

-40 гаруй жил гэж хэлж болно.

-Яагаад энэ асуултыг дахин асуув гэхээр, төрийн байгууллагад ажиллана гэдэг бол нэр төрийн хэрэг. Гэтэл төрийн санг цөлмөж, ард түмнийг “Цагаан цаас”-аар нь дуудаад сууж байх юм. Та олон жил төрд алба хашиж байгаа хүн. Үүнд ямар бодолтой явдаг вэ?

-Тийм шүү дээ. Тэр “Ард түмэн бол юу дуртай хүссэнээ бичиж болдог цагаан цаас” гэдэг чинь Маогийн хэлсэн үг шүү. Эд чинь өөрсдийгөө төрийн түшээ гээд байгаа биз дээ. Өөрсдөө нэг их түшдэг амьтад шиг.

Төрийн сүлд өршөө гэж залбирч явахын цаана бол хууль ёсоо дээдэлдэг, бидний хөх тэнгэрийн үзэлтэй холбоотой. Тэнгэрээ шүтэж явах үзэл чинь бол ерөөсөө энх тунх байхын үзэл шүү дээ. Төр өөрийгөө ард түмэндээ мэдрүүлж ажиллаж байх ёстой. Хатуу харгис хуулиараа барьж шоронд хийдгээ биш, халамжаараа үзүүлэх ёстой. Халамж гэдгийг одоогийн мөнгө тараадагтай андуурч болохгүй. Жаахан тэтгэмж, группийн мөнгө, хүүхдийн мөнгө сөнгө чинь сонгуулийн сурталчилгаа болохоор биш халамж биш. Бүр том утгаараа бол энэ их хорлонтой зүйл. Яагаад вэ гэвэл хүмүүс ажил хийх дургүй болж байна. Тэтгэвэр бол огт өөр ойлголт. Тэтгэврийг төр барьчихаад нэг их юм өгч гийгүүлж байгаа юм шиг. Тийм биш шүү дээ. Бид ажил хийж байхдаа төрд хадгалуулсан мөнгө байхгүй юу. Хадгалуулсан өөрийнхөө мөнгийг авах гэж байхад боож, цагдаж, гүйлгэж болох уу. Тэтгэврийн зээл гэж өгчихөөд тэрийгээ хүүлээд. Өөрийнх нь мөнгийг өөрт нь хүүлж болох уу. Тэгэхээр халамж гэдгийг ялгаатай ойлгохгүй бол болохгүй. Төр халамжтай байх ёстой. Төр нэгдүгээрт, үнэхээр төмөр нүүртэй байх ёстой гэдэг. Тэр нь хууль хяналтын байгууллагуудаа хэлсэн байхгүй юу. Бурууд хатуу байхыг төмөр нүүртэй гэдэг. Хэрэг хийсэн бол хэн ч байсан хатуу байх ёстой.

Нэг тал нь тэр. Нөгөө тал нь ард түмнээ хамгаалах ёстой. Хамгаална гэдэг бол эцсийн эцэст хүнийг хүн болгох, хүнээр нь авч явах л байхгүй юу. Боловсролын тогтолцоог эвдсэнээс болоод хүнийг хүн болгох ухааныг нь хаячихсан юм. Чи бид цөм дээд боловсролтой болох үүрэггүй. Тийм юм хэрэггүй. Харин чи бид заавал зөв хүн болох үүрэгтэй. Хэн ч гэсэн хүнээс гар тосож гуйдаггүй, өөрийгөө авч явах чадвар, мэргэжил эзэмшсэн байх ёстой. Хонь хариулдаг юм уу, тариагаа тарьдаг юм уу, мужаанаа хийдэг юм уу, барилга барьдаг юм уу. Ийм чадвараа эзэмшсэн байх хэрэгтэй. Техник мэргэжлийн тэр сайхан систем байсныг нураачихаад одоо буцаагаад бий болгох гэж яаж зовж байна даа.

Хүн та нэгэнтээ энэ хорвоо дэлхий дээр хүрээд ирэх юм бол тэртусмаа монгол хүн болж мэндэлбэл, гурван сайн үйлсийг бодож явах хэрэгтэй. Нэгдүгээрт, амирлуулах. Амар амгалан, энх тайван байлгах. Үүнийг хүн дээрээ холбоод үз дээ. Хүнийг асрамжлах, хамгаалах, санааг нь зовоохгүй байх, тэр хүнд саад болохгүй байх. Болвол дэмжих. Энэ бүгд чинь нийлээд амирлуулж байна. Хоёрдугаарт, арвижуулах. Аливаа сайн юмыг арвижуулж байх ёстой. Буянаа арвижуулах хэрэгтэй. Аливаа нэг юм бүтээх хэрэгтэй, их бага нь хамаагүй. Энэ чинь бүтээж арвижуулж байгаа юм. Эд өлгийн болон оюуны жаахан ч атугай юм бүтээ. Гуравдугаарт, арвижуулснаа дэлгэрүүлэх ёстой. Дэлгэрүүлж, хуваах хэрэгтэй. Чи баяжсан бол тэр шаардлагатай байгаа хүмүүст буянаа хүртээ. Над мэтийн амьтад, за багш гэе л дээ. Багш ч бай, биш ч бай, хэн ч бай амьдралынхаа туршид өчнөөн эрдэм сурч байгаа. Тэрнийгээ дэлгэрүүл. Чи өчнөөн юм мэдчихээд түүнийгээ аваад авсанд орох эрх байхгүй. Ийм л гурван үйлсийг сахивал хүн өөрийгөө зөв амьдарлаа гэж бодож болно. Өөртөө ч мөртэй. Үлдэцтэй гэсэн үг.

-Ард түмэнтэй доож маягаар, үл хүндэтгэсэн өнгөөр харьцаад байдаг. Ард түмэн гэхээр нэг л их ядуус болж харагдаад байдаг бололтой, тэдэнд?

-Ард гэдэг үгнээс нь хүртэл зэвүүцэх юм уу, зэнзийлэх гэдэг юм уу, тойрох гэдэг юм уу, тэр утгаар 1990 оноос хандаж ирсэн. БНМАУ гэсэн. Би насаараа энхтайван, найрамдал гэж ярьсан хүн. Найрамдах гэдэг үгнээс яахаараа бултаж болдог байна. Republic гэдэг үгийг л орчуулсан үг шүү дээ. Ард, найрамдах. Бод доо. Хятад ард улс гэдэг. Ард улс гэхэд юун буруу байгаа юм. Хуучин бол ард гэсэн үгнээс зайдсан нь, орос дээр орчуулсантай холбоотой. Ард гэдгийг орос дээр орчуулах үг байхгүй. Арат гээд л зүгээр аялгажуулчихсан. Арат гэдэг нь анги давхаргын чанартай болоод явчихсан байхгүй юу. Тэрнээс нь зайдуулж байгаа юм биз дээ. Бидний үеийнхэн малчин ардын хүүхэд гэдгээрээ бахархаж байлаа шүү дээ. Зүгээр малчны хүүхэд биш. Малчин ардын хүүхэд. Ардын сургууль, ардын эмнэлэг, ардын багш. Ийм юмнаасаа зайцан хөндийрсөн. Энэ улсыг бүрэлдүүлж байгаа амьд хүнийг чинь ард гэдэг юм байгаа биз дээ. Нийгмийн тэр анги, давхаргын ойлголтыг бүр байхгүй юм шиг болгож яаж болох юм. Ард түмэн ард түмнээрээ байж л байгаа. Сэхээтэн ч байж л байгаа. Тийм байтал тэрийг байхгүй юм шиг ялгаж болохгүй шүү дээ. Хүн ард гэж ярьдаг. Ард гэдэг чинь хүн гэсэн үг. Хүн ардын боловсролын төлөө гэхэд хоршоо үг болоод явж байна. Энэ чинь энэ хоёр ялгаагүй гэдгийг хэлээд байгаа биз дээ. Ард түмэн минь гэж байна. Энэ олон түмнийг ард гээд байгаа биз. Тийм учраас энэ үгийн утгыг гажуудуулж дийлэхгүй. Ард түмэн, хүн зон байгаа цагт энэ байж л байна. Одоо иргэн гэж их ярих дуртай болсон. Иргэн чинь ард биш юм уу, ард чинь иргэн биш юм уу. Яагаад ардын нийгэм байж болдоггүй юм. Яагаад заавал иргэний нийгэм гэж ялгаад байгаа юм. Тэгвэл иргэн насандаа хүрээгүй нь биш юм уу. 16 насыг иргэн биш гэхээр иргэний нийгэмд тэд хамаарагдахгүй нь ээ. Гэтэл тэд чинь ард түмний л хүүхэд биз дээ. Хууль тогтоомж нь ийм нарийн ялгааг олж утгыг нь шинжсэн л баймаар байгаа юм.

-Олон жилийн туршлагаараа Монгол Улсын ойрын ирээдүйг төсөөлөн бодоход ямар харагддаг вэ?

-Өөрсдийгөө эд нар улс төрчид гээд байгаа юм. Улс төр гэж юу байдаг юм. Улстөрийн ухаан гэж юу байдаг юм. Үүнийг үзээгүй, утгыг нь мэдэхгүй улсууд УИХ-д очоод суучихаараа улстөрч болчихдог юм гэнэ ээ. Энэ бол ёстой улс төрийн талаар гэгээрээгүйгээ харуулж байгаа юм. Энэ улсууд “Тав, арван жилийн дотор л босоод ирнэ” гэж ярьдаг. Яагаад гэвэл эд нар өөрсдийгөө рекламдахын төлөө л байдаг. Миний бодоход, одоо бид хэцүү даваан дээрээ ирсэн. Даваанаасаа алгуурхан, сайхан буух ёстой. Тэгэхээр хар ухаанаар бодоход, бид энэ оргилд хүрэхийн тулд хичнээн хугацаанд өгсөв. Бараг л төдий чинээ хугацаа орно доо гэж боддог. Тэгэхдээ өгсөхөд их хүч гардаг, уддаг. Уруудахад харьцангуй түргэн байдаг. Гэхдээ уруудахад түргэлж болдоггүй. Давааны ар руу уруудсан машин эвгүй болно. Тийм учраас хурдаа сааж явах ёстой.

Нийгэм бол тэгж л явна. Энэ алдаануудыг засахад хугацаа орно. Заавал хугацаа орно. Хуулиудаа өөрчлөх хэрэгтэй биз дээ. Хуулиа биелүүлэх системийг нь өөрчлөх хэрэгтэй. Шүүх, прокурор, цагдаа, цэрэг, мөрдөн юу байдаг юм. Тэгээд тэрийг нь ард олон нь дагах хэрэгтэй. Дагуулах хэрэгтэй.

Аливаа онол, үзэл суртал болвоос ард түмнийг, олон түмнийг эзэмдээгүй цагт юу ч биш. Ямар ч хүчгүй. Аливаа үзэл, онол болвоос олон түмнийг эзэмдсэн цагт бодитой хүч. Тийм хүчийг бий болгоход их хугацаа орно. Боловсрол, эрүүл мэнд, нийгмийн даатгалын систем гээд цөмөөрөнг нь өөрчилнө. Ингээд бодохоор түргэн болно гэж ерөөсөө байхгүй. Энэ бүгдийг өөрчлөх оюуны болоод хуульзүйн, нийгмийн ухамсрын ийм хүчин зүйл манайд байгаа. Тийм болохоор өөрийнхийгөө л өөрчлөөсэй, битгий гадны юм хуулаасай. Би Хятад оронд найман жил Элчин сайдаар суусан хүний хувьд тэр улсын онцлогийг юу гэж хэлэх вэ гэвэл, хэзээ ч, хэнийг ч дуурайдаггүй. Хэзээ ч дэлхийн хэмжээний онол, улстөрийн үзэл бодлыг хуулбарлан авдаггүй. Авдаг ч өөриймшүүлэн авдаг. Тэгж өөрийнхөө оронд тааруулж авдаг. Тэрбум гаруй хүндээ тааруулж байна шүү дээ. Өөрийнхөө уламжлал, соёл, эдийн засаг, идэх уухтайгаа хүртэл холбодог. Тэрнийгээ яаж хуваарилж хүн болгонд хүргэх вэ. Хүнээ яаж ядуурлаас гаргах вэ гэдэгтэйгээ холбож байна шүү дээ. Тэгэхээр өөрийн замаар яваа улс орон л өөдөө явна. Бид өнгөрсөн 30 жилд аймшигтай их саармагжлаа. Хуучин бид сайн ч, муу ч нэг бодол, нэг үзэлтэй, нэг тэмүүлэх юмтай байсан. Бидний тэр нандин тэмүүлэл хаана байна вэ. Байхгүй. Нам болгон нэг юм ярьж байгаа. Тэр нь дандаа тунхагийн чанартай байгаа. Тэр нь зөвхөн сонгуульд нэр төр олохын төлөө. Ийм байж болохгүй. Тийм болохоор чиний энэ асуултад би нэлээд тийм бадрангуй байдлаар хариулж чадахгүй байна (инээв). Ганцхан би ч ярьж байгаа биш. Бидний үеийн улсууд “Бид ч яахав. Тэтгэврийн хэдээ аваад байж байтал ертөнцийн жамаараа яваад өгнө биз. Энэ хэдэн хүүхэд минь яах вэ. Хүүхдийн хүүхэд яах вэ. Ямар нийгэмд амьдрах бол” гэж зовж байна шүү. Бидэнд нэг бодох юм бий. 30 жилд бид даяаршиж байна гэх амьсгаан дор юмаа их задгай тавьчихлаа. Бидний барьж байгаа ухаалаг утаснаас эхлүүлээд сайн сайхан юм өчнөөн орж ирснийг үгүйсгэхийн арга үгүй. Гэтэл Лодонгийн Түдэв мэтийн ухаантай хүмүүс чинь 1990-ээд оны толгой дээр хэлж байсан шүү. Даяарших юм уу, дангаарших юм уу гэж асуугаад байсан шүү. Сониндоо бичээд байсан. Үндэсний онцлогоо алдуузай гэсэн. Гэтэл хэл, соёл, уламжлал, заншилаа алдаад байна.

Хамбатай уулзахад өнөөгийн хүүхэд, залуусын сэтгэлгээ их саармагжиж байгаа тухай ярьж байгаа юм. Төрсөн өдрийн баяраа тэмдэглэлээ гэхэд, өөрийнхөө насыг биччихсэн бялуунд хэдэн лаа зоогоод тэрийгээ үлээж унтраадаг. Энэ манай заншил мөн үү.

-Биш.

-Өөрийнхөө насыг үлээчихэж байгаа юм уу. Гэх мэт. Ийм жижигхэн юмнаас эхэлнэ. Хөөрхий муу хөдөө байдаг аав нь өвлийн идшийг нь тэр холоос чирээд ирлээ. Ирэхээр нь “Аав минь өвлийн идшийг минь чирээд ирлээ” гэж бодохгүй байна. “Эзэн минь илгээлээ” гэж залбирч байна. Ингэж болохгүй. Уламжлалт сэтгэлгээгээ гээж болохгүй. Хүмүүжих гэдэг үгийг би бичихдээ хүмүүнжих гэж бичдэг. Хүн болох гэсэн үг шүү дээ. Авиа ондооших, шилжих нь аливаа хэлэнд байдаг л үзэгдэл. Хүмүүжил гэж бичлээ гэж шүүмжилж байгаа юм биш.

Манай бүх төрлийн систем, хэвлэл мэдээлэл, сургууль соёлтойгоо нийлээд цөмөөрөө хүнийг хүмүүжүүлэх талаас нь ажиллах хэрэгтэй байна. Гадаад дотоодоор олон л явж, тухайн газрынхаа боловсролын системийг судлахад зургаа, долоон настай хүүхдүүдэд эхний хоёр жилд нь хүн болох ухааныг л заадаг юм билээ. Хоол ундаа зөв идэх, хүнтэй зөв харьцахаас эхлүүлээд гарцаар хэрхэн гарахыг заана. Манай одоогийн систем чинь зургаан настай хүүхдийн толгой руу баахан тоо бодлого, эрдэм чихэх гээд байдаг. Нас нь болоогүй байхад хүүхдийг тэгээд давтчихаар сургууль, номонд дургүй болчихдог. Ийм л юм болоод байна. Энэ талаар хэвлэл мэдээллийнхэн ч бас энэ зөв үү, буруу юу гэж оч хаяж л байх хэрэгтэй гэж бодож байна.


Categories
мэдээ цаг-үе

Д.Цахилгаан: Ард түмний сэтгэлд хүрэхгүй байгаа хэдэн хүнээр төлөөлүүлэн төрөө харааж болохгүй

Монгол Улсын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, Соёлын гавьяат зүтгэлтэн, түүхийн ухааны доктор, олон улс судлалын профессор Д.Цахилгаантай ярилцлаа.


-Таныг зарим нь Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд асан гээд байдаг юм?

-Тэгдэг юм. Зарим нэг учир мэдэхгүй хүмүүс асан энэ тэр гэж бичээд байдаг. Би бол асан биш, насан туршийн Элчин сайд, зарлигаар томилогдсон хүн.

-Одоо та ямар ажил эрхэлж байна вэ?

-Дэлхийн монголчуудын чуулган гэдэг олон улсын үйл ажиллагаатай, төрийн бус байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байна.

-Коронавирус БНХАУ-аас дэгдэж, НҮБ-аас ч сэрэмжлүүж, олон улсад нөхцөл байдал түгшүүртэй байна. Яг энэ үед бид урд хөрштэйгөө ямар харилцаатай байвал зүйтэй вэ. Элдвээр зүхэх нь буруу болов уу. Ер нь ийм тохиолдолд хөрштэйгөө хэрхэн харилцах ёстой юм бэ, дипломат ёсоор?

-Энэ асуултад хариулахын өмнө жаахан удиртгал хэлэх үү. Би энэ насаараа л дэлхийн энх тайвны төлөөх Дэлхийн энх тайвны зөвлөл гэж олон улсын байгууллагад Тэргүүлэгч гишүүнээс нь эхлүүлээд Монголын талаас дэд ерөнхийлөгч нь байлаа. Маш товчдоо, энх амгалангийн төлөө л явсан хүн. Энэ үйлсийнхээ төлөө одоо ч гэсэн энх тайвны төлөөх Монголын байгууллагуудтайгаа хамтран зүтгэсээр л байна. Энэ үед дэлхий дахинаа дайн байлдаантай газар ч байгаа, өвчин зовлонтой газар ч байж л байгаа. Даяарчлалын энэ ертөнцөд харилцаа холбооноос эхлүүлээд сайн юм нь ч даяаршдаг юм байна, өвчин тахлаас эхлүүлээд муу юм ч даяаршдаг юм байна. Үүний нэг том жишээ нь коронавирус болоод байна. Манай өвөрлөгчид болохоор “Титэмлэг вирус” гэсэн байна билээ, орчуулсхийгээд. Ийм өвчин тахал гэдэг нийгмийн энх амгаланд аюултай, саадтай, хортой, нөлөөтэй зүйл шүү дээ. Өмнө нь манайд САРС, шувууны ханиад гээд хэцүү юм дэлхий даяаршиж байгаагийн нөлөөгөөр ирэхэд зохих хэмжээгээр арга хэмжээ аваад өөрсдийгөө хамгаалаад аваад үлдсэн. Коронавирусийн эсрэг төр засаг, эрүүл мэндийн байгууллагаас эхлүүлээд олон нийт цөмөөрөө зүтгэж байна.

Энэ халдвартай холбоотойгоор улс төрийн буюу гадаад харилцааны асуудал цаагуураа бол байхгүй. Өнөөдөртөө бид гаднаас орох хилээ хааж байгаа. Хаах нь зөв. Хилийн боомтуудаа хаасан. Агаарын боомт, мөн тодорхой хяналтын дор Замын-Үүд, Эрээний боомт хамгаалалтын дор тусгай журмаар ажиллаж байгаа. Энэ чигтээ байж байгаад энэ өвчин дарагдах ёстой. Аливаа өвчин тахал бол өрнөөд оргил үедээ очоод эргээд буурдаг. Олон улсын мэдээгээр оргил үедээ хүрч байна гэж байна. Тэрнийг юугаар баримжаалдаг юм бол оо гэхээр, хар ухаанаар бодоход энэ өвчнөөр үхэж үрэгдсэн хүний тооноос эдгэрсэн хүний тоо нь хамаагүй даваад явчихлаа. Гэвч халдвар авсан хүмүүсийн тоо нэмэгдсээр байгаа. Гэхдээ тэр эдгэсэн хүмүүсийн тоо, нас барсан хүмүүсийнхээ тооноос давчихлаа гэдэг бол Хятадын эмнэлгийн байгууллагууд, ДЭМБ аргаа олчихлоо гэсэн үг. Өөрөөр хэлбэл, эдгээж чадаж байна гэсэн үг шүү. Үүнд л би гол найдвараа тавьж байна. Тэгэхээр нэгэнт арга нь олдоод төр засаг нь улс нийгмээ хамгаалах арга хэмжээнүүдээ авч байгаа болохоор манай монголчууд нэг их хохирохгүй өнгөрнө гэдэгт итгэлтэй байгаа. Итгэлтэй байгаагийн цаана, тэндээс ирсэн хүмүүсээс вирусийн халдвар илрээгүй байгаа. Сэжигтэй тохиолдлуудыг тусгаарлаад шалгаж байгаа. Ийм үед бид Хятадтай яаж харилцах вэ гэхээр, бидний найрсаг сайхан харилцаа энэ муу нэг өвчнөөс болж хөдлөх ёсгүй. Манай Засгийн газар чадах, ядах хэмжээгээрээ мөнгөн тусламж, хандив үзүүлж л байгаа. Хятадтай харилцаатай бизнесийн байгууллагууд, сургууль, соёлын байгууллага, нийгэмлэг, холбоод бас сайн дураараа хандив өргөж байгаа. Энэ бүгд нийлээд ард түмэн минь өөрсдийгөө хамгаалж чадах дархлаатай болсон юм болов уу гэсэн итгэл төрүүлж байгаа. Энийг даван туулна аа. Монголчууд үндэсний хувьд нэлээд эрүүл улсууд. Иддэг уудгаасаа эхлүүлээд өвлийн энэ цагт ёстой жинхэнэ оригналь, амин дэмтэй, уураглаг хоол ундаа иддэг учраас тэр дайны юманд өртөхгүй дархлаатай гэж бодож байгаа.

-Монголчууд өмнө нь ийм урт хугацаагаар хөл хорионд орж үзээгүй биз дээ?

-Огт үзээгүй гэж хэлж бас болохгүй шүү дээ. Хөл хорио гэдэг юмны талаар монголчууд уламжлалтай. Тухайлбал, нэг айлд эхнэр нь нярайллаа гэхэд, баруун хаяанаасаа дээс зүүгээд татчихдаг байсан. Энд гаднаас хүн орж болохгүй ээ гэсэн хөл хорио шүү дээ. За, дараа нь манайд дэлгэрдэг өвчин тахал бол тарваган тахал байсан. Тарваган тахлын үед нутаг орондоо хатуу хорио цээр тавьдаг байсан. Сүүлд нь Ардын засгийн үед бүр ч хатуугаар тавьдаг байсан. Тэгэхээр манайд өөрийгөө хамгаалах хорио цээрийн дэглэмийн уламжлал байжээ гэж хэлэх ёстой. Тэрнийгээ сайжруулах хэрэгтэй юм л даа. Амны хаалтаа хий гэж байна. Би ч хийж л байна. Хамартаа гавар түрхэж байна. Хүн болгон өөрийнхөө мэддэг, чаддагийн хэрээр хамгаалах хэрэгтэй шүү дээ. Гар хөлөө угааж, хувийн ариун цэврээ сахиж, гэр орондоо ариун байж, арц хүжээ уугиулахаас эхлүүлээд хичээх ёстой. Энд ардын юм ярихад, хөх аргал, хомоол, шар хомоол хүртэл унгатгахад сайн байна гэдгийг хөдөөний сайхан юм мэддэг ардууд хэлж л байна шүү дээ.

-Хөл хорио эхэллээ гэнгүүт монголчууд яав аа?

-Дайн болох гэж байгаа шиг тийм ээ.

-Тэр үйл явдлаас монголчууд өөрсдийгөө таниулчихлаа л даа. Ямархуу хүн чанартай вэ гэдгээ харуулав?

-Дайны хажуугаар дажин гэгчээр дэлгүүр хоршооныхоо хамаг юмыг хоосолчихлоо тийм ээ. Энэ цагийн мэдээлэл гэгч хуучин бидний мэддэг байсан мэдээллийн орон зайнаас илүү орон зайтай. Би бол мэдээллийн цунами болж байна гэж хэлнэ. Цунами бол болоод өнгөрдөг л зүйл. Гэвч энэ нэг талдаа маш дэвшилтэт үзэгдэл. Гэтэл мэдээллийн цунами дотор орчихсон манай Монголын иргэд, дэлхийн хаана ч ялгаагүй дээ, энэ олон мэдээлэл дундаас шүүж, шүүлтүүр хийж, өөртөө дүгнэлт хийж авч чадахгүй байна. Заавал өөрийн дүгнэлт хийх ёстой. Нэг мэдээлэл авангуутаа тэрнийгээ дагаад үсэрвэл аюултай нөхцөл бий болчихсон. Үүнийг хэн ч хааж чадахгүй. Тэгэхээр бид энэ тархи толгой, ухамсарынхаа шүүлтүүрийг улам нарийсгах хэрэгтэй. Давхар давхар шүүлтүүр тавих хэрэгтэй болоод байна. Хоёрдугаарт, мэдээллийг хүн өөр өөрийнхөөрөө боловсруулж авах хэрэгтэй. Маш олон мэдээлэл дотроос өөртөө дүгнэлт хийгээд тэр дүгнэсэн зүйл тань мэдлэг болох ёстой. Бусдаар мэдээлэл бол мэдлэг биш. Мэдлэг болгохгүйгээр тархиараа дамжуулж, тархиа боловсруулаагүй тэр мэдээлэлд сонсоод л хуйларч хөдлөх юм бол сая манайд болж байгаа юм шиг юм болно шүү дээ. Уг нь эрүүл мэнд, төрийн байгууллагууд, хэвлэл мэдээллийнхэн учрыг нь хэлээд л байна шүү дээ. Учрыг нь хэлээд байхад дуулгаваргүй юм шиг хуйлрах нь буруу. Би бол яагаад ч тэгж хоол хүнс олдохоо байгаад дэлгүүр хоршоогоо хаагдана гэж бодохгүй. Сургууль соёлоо завсарлуулаад телевизээр хичээл зааж байгаа нь нийгмийнхээ амар мэндийн төлөө авч хэрэгжүүлж байгаа сайхан арга хэмжээ. Энэ бол энхийн арга хэмжээ, энх тайвны арга хэмжээ. Ингэж л давна даа гэж бодож байгаа шүү.

-Монголын төр болохоо байлаа, УИХ, Засгийн газар гэж олигтой юм алга. Ер нь Монгол сүйрлээ гэж халаглаж, хоорондоо хэрэлдэж уралдаж, шүүх цагдаа болж нэгнээ хулгайч, луйварчингаар нь дуудаж байсан чинь яг цагаа тулахаар монголчууд нэгдэж, нэгнийхээ үгийг авч чаддаг юм байна, энэ улсад чинь төр засаг гэж байдаг юм байна, хилээ хааж чадаж байна, вирусийн голомтоос 31 иргэнээ авчирчихлаа, тусгаар тогтносон улс гэж ийм байдаг юм гэдгийг харуулж байна гэх юм?

-Манай монгол түмэнд нэг тийм хачин юм байгаа юм. Эндээс нэг салхи гарлаа гэхэд салхилсаар яваад нөгөө талд заавал очно. Дунд нь зогсоно гэж байхгүй, заавал тулж зогсоно. Төр засгийг сайн ажиллаж байна гэж хэн ч хэлэхгүй байна л даа. Тэр чинь ойлгомжтой. Гэхдээ төр засаг гэж байгаа. Төр засаг гэдэг ойлголтыг одоо УИХ-д байгаа 76 хүн, Засгийн газарт байгаа хэдэн хүнээр, өнөөгийн байдлаар ерөөсөө ойлгож болохгүй. Төрт ёс гэдэг нь маш гэгээлэг бөгөөд бүр жинхэнэ нийгэм гээч юм оршин тогтнохын үндэс. Төрт ёсыг Азид хамгийн түрүүнд хэн байгуулсан юм бэ. Манай монголчууд бий болгосон шүү дээ. Хүннү гүрэн оршин тогтноод хэлбэржээд төлөвшөөд байж байх үед буюу МЭӨ 209 онд Модун Шаньюй гэдэг хүн гарч ирээд төрт ёсыг бичиглэн тогтоож, хил хязгаартай болгосон гэж ярьдаг шүү дээ. Гэхдээ гэнэт л Модун Шаньюй гэж хүн гарч ирээгүй. Аав нь Түмэн Шаньюй гэж байсан. Түүнээс өмнө олон Шаньюй байсан. Ингэж нийгэм хөгжиж байж манайх төрт ёсыг Азидаа түрүүлж бий болгосон. Ийм сайхан уламжлалтай улс чинь төрт ёсоо өнөөдрийн байгаа хэдэн хүнээр төсөөлж ямар ч байсан болохгүй. Тиймээс монголчуудын төрөлх сэтгэлгээнд ч байдаг. Төрийн минь сүлд өршөө гэдэг ерөөл бараг оршин тогтнохын тухай чухал ойлголт. Төргүй нийгэм, засаггүй нийгэм гэж байж болохгүй. Бас нэг үг байдаг. Манай ч үг биш байх. Барууныдуу үг. Хуулийн дор төрөөд, татварын дор үхдэг. Төрт ёс байгаа цагт татвартай байж, төрөө дээдэлж явах ёстой. Төр гэдэг чинь ганцхан энэ УИХ-д суугаа хэдэн хүн юм уу. Армитайгаа, цэрэгтэйгээ, цагдаатайгаа, хуультайгаа, шүүхтэйгээ, прокурортойгоо, нийгмийн амгаланг сахидаг эрүүл мэндийн байгууллагатайгаа, боловсрол хүмүүжил олгодог боловсролын байгууллагатайгаа нийлж байж энэ бүгд төр шүү дээ. Тийм учраас өнөө цагт ард түмний сэтгэлд хүрэхгүй байгаа тэр хэдэн амьтдаар төлөөлүүлэн төрөө харааж болохгүй ээ. Энэ жил сонгууль болно. Сонгуулийг нэг их сайхан хиймээр санагдаад байдаг.

-Яаж тэр вэ?

-Сайхан хиймээр санагдаад байгаа байхгүй юу. Яагаад вэ гэвэл үүнээс өмнөх сонгуулиуд мөнгөний сонгууль болж байсан. Мөнгөний сонгууль. Өөрийнхөө, иргэн хүнийхээ саналаа, төрд оролцох ганц бололцоогоо тав, арван төгрөгөөр худалдаж болохгүй шүү дээ. Санал өгөх хүмүүс тэгж л өмнөх алдаагаа битгий давтаасай. Тэгэхээр л цэвэрхэн сайхан сонгууль болно. Мэдлэгтэй, туршлагатай байхаас гадна хамгийн гол нь нэгдүгээрт, энэ Монгол орноо гэж боддог. Хоёрдугаарт, энэ ард түмнээ гэж боддог хүмүүс л гарч ирээсэй гэдгийн төлөө юм шүү дээ.

Би хөдөөний хүний сэтгэлгээгээр ярья л даа, тэнд нэг сайхан хүн гарч ирээд сургууль байгуулаад өгөх болов уу, ясли, цэцэрлэг байгуулаад өгөх болов уу, худаг ус гаргаад өгөх болов уу гэсэн ийм бодолд хөтлөгдөж сонгууль өгч болохгүй. Төрөө түших хүмүүсийг гаргаж ирэх ёстой. Харин тэр ажлуудыг хэн хийх ёстой юм гэхээр, засаг нь хийх ёстой байхгүй юу.

-Та сая төрөө түших тухай ярилаа. Өөрсдийгөө төрийн түшээ гэх хүмүүс олон байна. Гэтэл цаад утгаараа энэ бол асар том ойлголт байх аа?

-Сонгуулиар зөв хүн гаргаж ирэхийг төр түшнэ гэж хэлнэ. Дараа нь, төрөөс гарсан хуулиа даган биелүүлэхийг төр түших гэнэ. Тэгээд төрөө хүрээлэх ёстой. Зөв сайхан төр гаргаж ирээд сайн засаглал бий болгоод тэрийгээ түших ёстой. Түшнэ гэдэг чинь дэмжих хэрэгтэй. Тэндээс гарсан шийдвэрүүдийг нь биелүүлэх хэрэгтэй. Энэ бүгд чинь төрөө түшиж байгаа хэлбэр. Тэнд түмэн сайхан шийдвэр гаргаад нөгөө ард түмэн нь тэрийг хүлээж авахгүй, өөрөөр хэлбэл төрөө түшихгүй, засгаа түшихгүй, төрөө хүрээлэхгүй байвал ямар хэрэг байх юм.

-Улс төр, уул уурхай, урлаг, спорт, хууль цагдаа гээд хямралдаангүй салбар гэж алга. Гэхдээ энэ бүхэн бол гучин жил явж ирэхдээ тээж ирсэн болох, болохгүй үйл явдал эцэстээ хүрч зөв зам руугаа орохын өмнөх үе буюу өвчнөөр бол эдгэхийн өмнөх хүчтэй халуурлын үедээ байна гэж харьцуулж болох болов уу?

-Ярилцлагын эхэнд би коронавирусийн тухай ярихдаа оргилдоо хүрнэ гэж ярьсан. Уулын оргилд хүрчихвэл давна биз дээ. Яг тийм үедээ очиж байна гэдэг шиг нийгмийн утгаараа бид 1990 оноос эхэлсэн тэр үйл явц энэ 30 жилд ихээхэн донсолгоотой явсан. Би болвоос тэр үед Намын төв хорооны Үзэл суртлын хэлтсийн эрхлэгч байхдаа шинэ ирж байгаа энэ нийгмийг туйлын халуун сэтгэлээр дэмжиж, радио, телевизээр үг хэлж Ардчиллын гарч ирсэн энэ залуучуудтай удаа дараа хэлэлцээр хийж, өлсгөлөнг зогсоох гэх мэтээр оролцож явсан хүн. Жинхэнэ халуун сэтгэлээрээ хүлээж авч байсан хүн мөн үү гэвэл би мөн. Тэрнээсээ болоод тухайн цагтаа сайн, муу хэлэгдэж л явсан. Ер нь сайн, муу хэлэгдэх гэдэг бол нийгмийн доторх санаа сэтгэл ямар байгаа, яаж долгилж байгаагийн нэг илрэл шүү дээ. Бусдаар бол нэг хүний асуудал биш.

Тийм болохоор бараг ерөөл болгон хэлэхэд, бидний энэ будилсан, буруу зөв явсан энэ үе оргилдоо хүрч байна. Оргилдоо хүрнэ гэдэг чинь юу гэж байгаа юм гэхээр, чи онож л хэлээд байна л даа. Одоо бид энэ оргил дээрээсээ зөв л явахгүй бол ёстой замарсан юм болно. Үүнийг үргэлжлүүлж болохгүй. Одоо бүх салбарт хямралдаантай байдал бий болчихлоо шүү дээ. Засаад явахын чинь толгой дээр сонгууль гэж дурдаад байгаа чинь тэр шүү дээ. Эрх барьдаг, төрийнхөө өмнөөс шийдвэр гаргадаг ард түмэн нь зөв хүмүүс гаргаад тэд нь зөв жолоодоосой гэж бодож байна. Түүнээс биш, бид энэ ардчилал гээч юмнаас болоод замарчихлаа гэж яагаад ч хэлж болохгүй шүү дээ. Дэлхий дахин чинь тэр замаар яваад болоод бүтээд хөгжөөд байгаа биз дээ. Гэтэл бид зарчмыг нь гажуудуулсан л байхгүй юу. Энэ гажуудлаас гаргах ёстой асуудал болохоос зорьсон замаасаа буцах тухай асуудал угаасаа биш. Гэхдээ ард түмэн, хүн болгон нэг л зүйлийг сайн мэдэх хэрэгтэй. Ардчилал бол засаглал шүү дээ. Засаглал. Дураараа бай гэсэн үг биш шүү. Сайхан зөв хууль гаргадаг УИХ байна, тэрийг нь биелүүлдэг гүйцэтгэх засаглал байна, засаг төр байна. Тэгэхээр УИХ-ын сонгууль, дараа нь орон нутгийн сонгуулиараа шийдвэр гаргадаг бас засагладаг бүтцээ нэг шинэчлэх гээд байна аа даа. Үүн дээрээс л нэг сайхан яваасай. Оргил дээрээ ирдгээрээ ирсэн. Үүнээс цааш гэж байж болохгүй.

-Дээрээ суудлаа олохгүй бол, доороо гүйдлээ олохгүй гэж үгийг л их жишээ татах юм. Энэ ер нь ямар үгнээс гаралтай юм?

-Жороо морийг сайхан жороолуулж чаддаг хүн гэдэг чинь өөрөө зөв унадаг хүн байх ёстой байхгүй юу. Зөв унаж чаддаг хүн мордохгүй бол өнөө жороо чинь гүйдлээ олж чаддаггүй байхгүй юу. Тэрнээс үүсээд үүнийгээ төрт ёсонд авааччихсан. Гэрээ засаж чадахгүй бол төрөө засаж чадахгүй гэсэн. Өөрийгөө засаж чадахгүй бол гэрээ засаж чадахгүй гэсэн шүү дээ. Одоо ч нээрээ бид даваан дээрээ гарчихлаа даа, тийм ээ. Тэр даваан дээр өгсөхдөө их л алдаа хийлээ, бид. Асар их алдаа хийлээ.

Ганц Монгол ч биш ертөнц дахин сүүлийн жилүүдэд муухай хямарч байна. Бод доо. Ямар их сонгодог ардчилалтай, нөгөө их магтдаг Америк, хамгийн өндөр соёлтой, төрт ёстой Англид яаж байна. Европын холбооноос гарч байна. За, тэр Ойрхи Дорнодын байдлыг хар. Араб дахиныг хар. Нэг л их өрсөлдөөн. Нийтдээ бол цөвүүн цаг гэдгийг Монголд зөвхөн хэлээгүй байх. Өргөн утгаар нь ярьсан байна.

-Та төрд хэд дэх жилдээ ажиллаж байна вэ?

-Би тэтгэвэртээ 2004 онд гарчихсан шүү дээ, албан ёсоор. Манай гэргий нэг ном бичсэн юм. Манай хүн надаас илүү ухаантай, тэр номондоо “Тэтгэвэрт гарна гэдэг нь өөртөө байгаа нөөц бололцоог илрүүлэн ашиглахыг хэлнэ” гэж бичсэн. Үүний цаана зүгээр сууж болохгүй гэсэн санаа байна шүү дээ. Тиймээс би тэтгэвэртээ гарангуутаа Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Олон улсын харилцааны тэнхимийг үүсгэн байгуулж, эрхэлж таван жил багшиллаа. Уг нь бол би багш мэргэжилтэй. Би чинь ажлын гараагаа арван жилийн багшийн ажлаас эхлүүлсэн хүн.

Энхтайван, найрамдлын байгууллагадаа би чинь социализмын үед цэрэг нь байлаа, орлогч дарга нь байлаа, дарга нь байлаа. Тэгээд дараа нь тэр байгууллагадаа очсон. 2013 он хүртэл тэнд Ерөнхийлөгч гэсэн сонгуульт ажилтай байлаа. 2016 оныг дуустал Дэлхийн энхтайвны зөвлөлийн дэд Ерөнхийлөгч гэсэн сонгуультай найман жил явлаа. 2006 онд Дэлхийн монголчуудын чуулган гэдэг төрийн бус байгууллага байгуулсан. Тэгэхэд юу бодсон бэ гэхээр, хоёр гурван юм бодсон. Манай шилдэг тэргүүний залуучууд маань гадагшлаад дууссан. Одоо 200 гаруй мянган залуучууд гадаадад амьдарч байна. Тэднийгээ эх оронтой нь холбоотой байлгах, эргүүлж авчрах ийм нэг утга. Хоёрдугаарт, энэ Монгол гээч орон чинь аугаа их гүрэн байжээ. Дэлхийн талыг эзэлж байжээ. Тэрнээсээ болоод тарж бутарчихсан байна. Зөндөө олон монгол угсаатан гадаадад байна. Тэр монгол угсаатан байгаа орнуудтай бид найрсаг харилцаагаа хөгжүүлэх шаардлага байгаа юу. Байгаа.

Үргэлжлэл бий

Categories
мэдээ цаг-үе

Д.Мандахнаран: Өөрсдийнхөө бохир заваан байдлыг байгаль, цаг уур нь хамгаална гэж ерөөсөө бодож болохгүй

АШУҮИС-ийн Шинжлэх ухаан, технологийн газрын судлаач мэргэжилтэн, дархлаа судлаач, анагаах ухааны доктор Д.Мандахнарантай ярилцлаа.


-Нян буюу бактер, вирусийн ялгааг та тайлбарлаж өгөхгүй юү. Коронавирусийг титэмт вирус, шинэ коронавирус гэх мэтээр нэрлээд байгаа нь ямар учиртай юм бэ. Вирус гэгч юм хүний биед ороод чухам ямар үйлдэл хийдэг юм бэ?

-Дэлхий дээр түүхэн хөгжлийн явцад, 3.5 тэрбум жилийн өмнө амьдрал үүссэн гэж үздэг. Нүдэнд харагдахгүй нэг эст байснаа олшроод олон эст амьтан болдог ч юм уу, тэгээд хүн үүссэн. Энэ хугацаанд зарим амьд биетүүд хоол тэжээлээ олж, өсөж үржихийн тулд өөр амьтдын биед орж, өөр амьтдын биеэр хооллодог болж, ийм бүлэг амьтад үүссэн. Нүдэнд харагдахгүй энэ амьтныг анагаах ухааны хэллэгээр микроб буюу өвчин үүсгэгч бичил биетнүүд гэж нэрлээд байгаа. Дэлхий дээр байгаа бүх микробуудын тав хүрэхгүй хувь нь л хүнд өвчин үүсгэдэг. Бусад нь ерөөсөө хүний биед ордоггүй, хүнд хамаагүй. Тэр таван хувиа л өвчин үүсгэгч бичил биетэн гээд байгаа юм. Өвчин үүсгэгч бичил биетнүүдийг хэмжээ болон биологийн шинжээр нь дөрөв хувааж болдог. Хамгийн жижиг хэмжээтэй, хоорондоо ижил шинжтэйг нь вирус гэж байгаа юм. Вирус бол эс биш. Өөрөө үржих чадваргүй, байгаль дээр байдаг, удамшлын материалаа тодорхой био бүрхүүлээр бүрхсэн тийм байгалийн оршихуй. Вирус байгаль дээр байхдаа өсөж үржиж чадахгүй, зайлшгүй эзэн амьтны биед орж байж, тэр эзэн амьтны эсүүдэд нэвтэрч, эсүүдийнх нь өөрийгөө олшруулдаг уургийн аппарат буюу эрхтэнцэрүүдийг хар үгээр хэлбэл хакердаж өөрийгөө олшруулдаг. Ингэж хакердаж олшруулах явцдаа эзэн эсийг гэмтээдэг. Маш их олшроод эзэн эсийг задална. Нэг вирус орлоо гэхэд хэдэн зуун мянга болоод эзэн эсээ задлаад гараад ирдэг. Тэр хэдэн зуун мянга болсон вирус дахиад тус бүртээ хэдэн зуун мянга болж олширч, халдварласаар байдаг. Вирус ийм механизмаар өвчин үүсгэдэг.

Вирусийн дараачийнх нь бактер буюу бидний хэлдгээр нян. Нян бол амьтан. Бидний эсээс жаахан ялгаатай. Нянгийн эс бөөмгүй. Бидний хамгийн сайн мэддэг нянгууд гэвэл, хоолны хордлого үүсгэдэг нянгууд байна, сүрьеэгийн нянгууд байна. Нянгуудыг эмчлэх арга бол антибиотек эмчилгээ. Нянгийн дараачийнх, нянгаас харьцангуй том, илүү хорон шинжтэй нь мөөгөнцөр. Үүний дараах нь буюу заримдаа нүдэнд харагддаг шимэгч хорхой, хялгасан хорхой. Ийм байдлаар дөрөв ангилж болдог.

-Коронавирусийг ч бас дотор нь ангилж байна уу?

-Коронавирусийн тухайд байгалийн янз янзын ангилал бий. 1960-аад оны үеэс ханиад, томуу үүсгэгч вирусүүдийг нэлээд сайн судлаад ангилж эхэлсэн чинь хэсэг вирусүүд бөөрөнхий бүтэцтэй, гадуураа нарны цацраг шиг уургуудтай байсан. Үүнийг нь нарны титэм гэх нь бий. Тийм болохоор Титэмт вирус гэж нэрлэчихсэн. Удамзүйн хувьд титэмт вирус нь дотроо олон вирус агуулдаг. Удамзүйн хувьд дөрвөн том бүлэг бий. Альфа, бета, гамма, дельта гэж. Энэ дөрвөн бүлэг вирус нь хөхтөн амьтан, шувуу зэрэгт өвчин үүсгэдэг. 2003 онд САРС өвчин үүсэхээс өмнө хүнд томуу төст өвчин, хамрын ханиад үүсгэдэг нь мэдэгдчихсэн байсан. Альфа, бета төрлийн зургаан вирус нь хүнд өвчин үүсгэдэг бөгөөд коронавирусийн дөрвөн дэд төрлүүд нь мэдэгдээд байсан юм. 2003 онд САРС өвчин гарахад “Энэ өвчин коронавирусээр үүсгэгддэг юм байна” гэдгийг тогтоогоод дээрх дөрвөн бүлгийн бета бүлэгт нь хамаарах тав дахь коронавирусээр тодорхойлогдсон. Түүний дараа МЕРС гэж өвчин гарсан, Саудын Арабт. МЕРС өвчнийг үүсгэгч нь мөн л коронавирус байсан.

Тэгээд МЕРСкорона гэж нэрлэсэн. Сая Хятадын Ухань хотоос гарсан коронавирус нь бета бүлэгт хамаарагдах шинэ вирус юм. САРС, МЕРС-ээс өөр вирус болох нь тодорхойлогдсон. Тэр вирусийг юу гэж нэрлэх вэ гэж янз янзаар ярьж байгаад шинэ коронавирус гээд нэрлэчихсэн байгаа. Энэ бол цоо шинэ гэсэн үг биш. Зүгээр л урьд өмнө нь байгаагүй, шинэ төрлийн коронавирус гараад ирсэн гэсэн үг. Удамзүйн холбоо, генетик судалгааг нь үзвэл САРС, МЕРС, шинэ коронавирусүүдийн ихэнх нь сарьсан багваахайнаас гаралтай байна гэж тогтоосон. Сарьсан багваахайн коронавирусүүдтэй удамзүйн хувьд ойролцоо адилхан байна гэж үзсэн. Тэгэхээр энэ өвчин сарьсан багваахайнаас гаралтай юм биш үү гэж үзээд байгаа юм.

-Коронавирус мутацид орчихсон уу?

-Вирусүүдэд удмын материалаа агуулсан био бүрхүүл байдаг гэж дээр би хэлсэн. Удмын материал нь дотроо ДНХ, РНХ гэсэн хоёр өөр бодисоос тогтдог. Нэг бол ДНХ-тэй вирус, эсвэл РНХ-тэй вирус байна. РНХ-тэй вирус нь хувилахдаа алдаа их гардаг. Өөрчлөгддөг гэсэн үг. Нэг ширхэг коронавирус эс дотор ороод 100 мянга болж олшроод гарч ирэхдээ зарим нь өмнөхөөсөө өөр болчихсон байдаг. Тэгэхээр зөвхөн сарьсан багваахайнд байдаг вирус нь өөрчлөгдөөд хүнд халддаг болчихсон ч байдаг юм уу. Үүнийг мутаци гэж нэрлээд байгаа шүү дээ. Хоёрдугаарт, коронавирусийн генийн хэмжээ буюу бодисын хэмжээ нь бусад томуугийн вирусүүдээс хамаагүй том. Хамаагүй олон үсэгтэй гэсэн үг. Тэр олон үсгийг хуулах болгонд буруу бичиж алдаа гаргах магадлал өндөр байдаг. Тэгэхээр коронавирусийн мутаци болох хурд харьцангуй их учраас энэ вирус нь хувьсаад үе үе эвгүй хэлбэр гарч ирчихээд байдаг.

-Тэгээд энэ вирус хэзээ устах юм бол. Хөл хорио тогтоогоод байх уу. Бүр үргэлжлээд цар тахлын хэмжээнд хүрч улам аюултай байдал руу орох уу. Цаашид яах бол?

-Одоогоор хэн ч мэдэхгүй байна. Судалгаа хийж байгаа. Хятадын шинэ коронавирустэй холбоотой маш олон зөвлөгөө бий. Энэ зөвлөгөөнүүд нь хуучин бидний мэддэг байсан коронавирусийн мэдлэг дээр үндэслэж байна. Гэтэл энэ вирусийн талаар мэдэхгүй юм нэлээд байна. Яаж халдаж байна вэ, халдвар нь хэр байна гээд мэдэхээс мэдэхгүй юм нь их байна. Мэдэхгүй юм их байгаа учраас хэр удаан үргэлжлэхийг мэдэхгүй байна. Голомт болсон газарт нь, Уханьд арга хэмжээ авч вирусийг нь дарсан цагт халдвар дарагдана.

-Хөл хорио тавигдангуут л манайхан маскаа зүүхээ болино доо?

-Мэдээж улс орны амьдрал, эдийн засаг явж байгаа учраас карантин тодорхой хугацаагаар л үргэлжлэх байх. Сунжирсан карантин гэдэг бол хэцүү шүү дээ. Тэрийг шийдвэр гаргагчид тодорхой бодлогын түвшинд шийдэх байх. Иргэд тэглээ гээд санаа амарч болохгүй. Коронавирусийн тухай мэдээлэл гарч шуугихад маск булаацалдаж байснаа энэ долоо хоногоос эхлээд маск зүүхээ больж байна. Бараг бүгдээрээ шахуу зүүчихсэн байсан бол одоо 30-аад хувь нь зүүхээ больчихлоо. Нэг хэсэг овоо гайгүй засарч байснаа гадуур нус, цэрээ ил задгай хаях үзэгдэл буцаад сэргэж байна. Зөвхөн коронавирус ч биш Монгол орон бол томуугийн идэвхтэй бүс нутаг. Маш олон өвчин монголчуудын ахуйн ариун цэвэр, ухамсрын доройтлоос болоод үүсч олон хүнийг, нэн ялангуяа хүүхдүүдийн эрүүл мэндийг эрсдэлд оруулж байгаа. Үүнийг бид ойлгох ёстой. Сошиалаар “Муу сайн хятадуудаас энэ өвчин гарлаа” гэж шуугиад байдаг. Тэр хүмүүсийг хэлэхээсээ өмнө өөрийнхөө байгаа байдлыг засах ёстой. Карантины хугацаа дууслаа ч хувь хүний зүгээс хийж болох арга хэмжээнүүдээ сулруулж болохгүй. Өвчин байсаар л байгаа.

1990 оноос өмнө Монголд ЗХУ, Зүүн Европт боловсрол эзэмшсэн бүхэл бүтэн арми байлаа шүү дээ. Тэр хүмүүс Европын ахуйн ариун цэврийн маш зөв дадлуудыг хэвшүүлж байсан бол зах зээлд шилжсэнээр нийгэм харьцангуй чөлөөтэй болсноор, захиргаадалт үгүй болсны улмаас, шилжилт хөдөлгөөн ихэссэнээс маш бүдүүлэг юмнууд газар авч, энэ нь эргээд хүнд гоё харагдаж биш, бүгдээрээ хамтдаа эрүүл байя гэдэг асуудлыг эрсдэлд оруулаад байгаа. Осол нь тэндээ байгаа юм.

-Монголчуудын дархлаа сайн учир тэр вирус нь орж ирлээ ч тэсэхгүй, тэглээ ч манай орны хүйтэн агаар вирусийг оруулахгүй гэх мэтээр ярьцгааж байна. Та үүнийг мэргэжлийн хүний хувьд юу гэж харж байна вэ?

-Бидний эдийн засгийн бүх оролт, гаралт хамааралтай байдаг хоёр хөршид маань коронавирус илэрсэн учир манайхыг “Сэжигтэй” гэх ангилалд оруулсан болов уу. Нөгөө талаасаа монгол хүний өвөрмөц дархлаа гэх юм байхгүй л дээ. Энэ бол боломжгүй. Хүн байтугай хүн, хулгана хоёрын хооронд багахан ялгаа байдаг юм шүү дээ. Энэ бол вирусийн өвчин учраас тоо баримтыг харахад, өвдсөн хүмүүсийн цөөхөн нь хүндэрч байгаа. Тэр хүндэрсэн хүмүүсээс цөөхөн нь нас барж байгаа. Иймэрхүү магадлалын юм байж болно. Түүнээс биш монгол хүний дархлаа энэ тэр гэсэн зүйл бол хоцрогдсон ойлголт. Тэр бол зүгээр л төсөөлөл.

Ерөнхийдөө ямар ч халдварт өвчин дулаан, чийглэг газарт байх магадлал илүү. Хуурай, хүйтэн газарт бага байх шинжтэй ч бохир хүмүүсийн дунд их байдаг. Цэвэр хүмүүсийн дунд бага байдаг. Япон ч гэсэн чийглэг, дулаан уур амьсгалтай. Гэтэл тэнд яагаад халдварт өвчин бага гардаг вэ. Сая бол аялал жуулчлалын улмаас энэ өвчин гарчихлаа л даа. Манайхтай харьцуулахад Японд гэдэсний халдвараар хүүхдүүд яагаад бараг өвддөггүй юм бэ, яагаад томуу өвчнөөр өвдсөн хүмүүсээр эмнэлэг нь дүүрдэггүй юм бэ. Улс орны хөгжлөөс гадна иргэдийн боловсрол, ахуйн ариун цэвэртэй холбоотой. Тиймээс өөрсдийнхөө бохир заваан байдлыг байгаль цаг уур маань хамгаална гэж ерөөсөө тэгж бодож болохгүй.

-Хувийн ариун цэврээ сахих, нус цэрээ ил хаядаггүй болгох, томуугийн дэгдэлттэй үед бүх нийтээрээ амны хаалт хийдэг сарын аян ч юм уу нэг тиймэрхүү эрүүл ахуй руу нь хандсан соёлын довтолгоо маягийн юм хийх цаг болж дээ?

-Хамраа гаргаад маскаа зүүчихээр ямар хэрэг байх вэ дээ. Маскжуулж болно. Хэцүү боловч үнэгүй маск тарааж болох л байх. Гэхдээ тэр маскийг нь буруу зүүгээд байвал ямар ч хэрэггүй. Энэ бол хэцүү асуулт. Б.Цэнддоо гуайн “Соёлын довтолгоо” гэж ном бий. Тэр цаг үед захиргаадаж болдог байсан учраас захиргаадалт, хүчирхийллийн аргаар дундад зууны нүд хальтрам орныг өдий зэрэгтэй болгосон байна. Одоо бол бүх нийтийг яаж соёлжуулах вэ гэдэг нь тодорхой байна. Яаж хийх вэ гэдгийг мэргэжлийн улсууд харилцан зөвшилцөж байж хийх ажил байх.

Хятад бол нэлээд экстрим арга хэрэглэж байна. Дижитал шорон маягаар. Камераар хараад л буруу юм хийвэл онооноос нь хасдаг. Энэ бол байж болох л юм. Гэхдээ Хятадын систем нэг өөр, манай систем бас нэг өөр. Нөгөөтэйгүүр бидний үлгэр жишээ авдаг ардчилсан орнуудад ч гэсэн нийгмийн хариуцлагаа зөрчвөл шийтгэлтэй байдаг. Тэрийг бид нутагшуулах хэрэгтэй. Өмнөд Солонгос, Японд яадаг вэ. Японд шүлсээ хаявал торгоно гээд л эхэлнэ. Америкт бүр хатуу. Тийм газруудаас сурах хэрэгтэй. Тэгэхгүй бол ямар нэг юм хэлэхээр “Энэ бол ардчилал” гээд байгаа байхгүй юу. Биднээс дээр ардчилсан орнууд энэ асуудлаа яаж шийдэж байна. Хүн л юм чинь янз янзын хүн байгаа учраас тэрийг тодорхой бодлого, журмаар зохицуулахаас өөр аргагүй.

Categories
мэдээ цаг-үе

Шинэ цагийн ерөөлч Б.Пүрэвсүх: Би дандаа сайн сайхан, аз жаргалыг ерөөдөг

Ерөөлч, магтаалч Б.Пүрэвсүхтэй ярилцлаа. Түүнийг “Mongolia’s Got Talent”, “3 сая инээд” нэвтрүүлэгт орж байснаар хүмүүс мэдэх билээ.


-СУИС-ийг дуучнаар төгссөн хүмүүс ихэвчлэн нийтийн дуу руу хошуураад байдаг. Гэтэл та тэднээс өөр чиглэлээр уран бүтээл туурвиж явна. Ерөөлч, магтаалч болоход юу танд хүчтэй нөлөөлсөн бэ?

-Яагаад ерөөлч болов оо гэхээр, би СУИС-ийн Соёлын менежерийн ангийг төгссөн. Өөрийнхөө боломж бололцоогоор хурим, найр их хөтөлдөг л дөө. Хурим хөтлөөд зогсож байхад ерөөлч гэх хүмүүс ирж ерөөнө. Тэд ихэвчлэн уртын дуучны ангийг төгссөн хүмүүс байдаг л даа. Тэд ерөөхөөсөө илүүтэй цээжилсэн хэдэн мөртөө хэлчихээд л гараад явчихдаг нь олон жилийн турш ажиглагдсан юм. Би 2010 оноос хойш хурим, найрын хөтлөгчөөр ажилласан. Миний нутаг чинь Өмнөговь аймаг. Өмнөговийнхон маань билэг танхай ерөөлчид байдаг гэдгийг хүүхэд байхаасаа мэдэрч өссөн. Тийм болохоор ерөөл, магтаалын зах зух надад байдаг байсан л даа. Ерөөл гэж цээжилсэн юмаа дуржигнатал уншчихаад явчихдаг юм биш гэдгийг мэдэрч өссөн учраас “Энэ биш ээ, ингэж ерөөлийн нэр хүндийг унагаж болохгүй. Би ерөөх хэрэгтэй юм байна” гэх ажлын шаардлага гэх юм уу, нэг тийм шаардлага гарсан юм.

Манай удмынхан 2000 онд анх ургийн баяр хийсэн юм. Тэгэхэд манай ураг, удмын мундаг ерөөлч хүн байсан юм. Одоо ч бурхан болчихсон л доо. Ургийн баяр дээр тэр хүний ерөөж байгаа бичлэгийг хожим нь сэргээж үзсэн. Ерөөлийн анхны “А” үсэг маань тэр хүний бичлэг болсон. Тэр мундаг хүнийг амьд сэрүүнд нь заалгаж авч чадаагүй ч гэсэн бичлэгээс нь анхны ойлголт авч, эхний сууриа тавьсан. Бичлэгийг нь дахин дахин үзсээр цээжлэхийг нь цээжилж, нэмж хачирлахыг нь хачирлаж, цааш дэлгэрүүлж зохиохыг нь зохиосон. Тэгээд намайг ерөөгөөд явахад хүмүүс нэг л сонирхдоггүй ээ. Зүгээр л нэг улиг болсон юм, цээжилсэн юмаа л уншиж байна гэх маягтай хандаад байхаар нь яг орчин цагийн залуусын юу эдэлж хэрэглэж, юу сонирхож байгааг холбоод шинэ цагийн, funny (хөгжилтэй) болгож, шууд газар дээр нь бэлэн цэцэлдэг болсон. Одооны залуус өнгө мөнгөнд дуртай гэдэг ухагдахуун дээр тоглолт хийгээд “…Тийм, тийм брэндийн тийм тийм хувцасаар тэгж гангараад, ийм ийм IPhone гар утас бариад, ийм тийм машин тэрэг унаад…” гэж ерөөгөөд эхэлтэл залуучуудад ойлгомжтой бөгөөд сонирхолтой санагдсан. Ингээд ерөөлийн үйл явдлыг орчин цаг руу оруулж жишээ нь, хурим дээр,

“…Энэ хоёр залуу чинь анх

“Тэнгис” кинотеатрт танилцаад

Тэврэлдэн хайрлалцаад

Зайсан толгойн оройд гарч салхилаад

Завсар зайгаар нь “Тоёота” машинаа унаад…” гээд бодит амьдрал руу нь буулгаад ирсэн. Уран яруу хэрнээ хошин, хөгжилтэй, funny маягийн, хүн сонсоход ойлгомжтой амар байдлаар ерөөж эхэлсэн.

Өнөөдрийн Улаанбаатарын амьдралыг ерөөлд оруулаад ирсэн чинь хүмүүс “Энэ бол шинэ цагийн ерөөл байна” гэцгээх болсон. Би түүнээс биш өөрөө “Шинэ цагийн ерөөл” гэж нэршил гаргаж ирээгүй юм шүү. Би ерөөсөө тэгж бодоогүй. Хүмүүс миний бичлэгийг фэйсбүүк рүү оруулаад “Шинэ цагийн ерөөлч” гээд намайг нэрлэчихсэн байсан юм. Тэгээд тэр бичлэгийг хүмүүс их үзэж, шэйрлээд дэмжихээр нь л “Энэ миний явах өнцөг юм байна” гэж бодсон. Миний онцлог бол яг тэр агшинд нь зохиох буюу бэлэн цэцэлж ерөөдөг. Үүгээрээ бусад ерөөлчөөс ялгарах гэж хичээдэг юм.

-Ерөөл бол ирээдүй рүү чиглэж, ирээдүйн явдлыг түргэтгэх, сайн сайхан болгохыг зөгнөж, бэлэн цэцлэх аргаар бүтдэг. Бурханы сургаалд “Бодол биелдэг” гэдэг шиг “Ерөөл биелнэ” гэдэг юм билээ. Үүгээр бол ерөөл хэлэх, хүнийг ерөөх нь буян юм?

-Надад бас тэгж бодогддог юм. Би чинь дандаа сайн сайхан, аз жаргалыг л ерөөгөөд явдаг. Хэдийгээр би ерөөлч гэгдээд энэ ажлаараа ажил, амьдралаа залгуулж байгаа ч намайг урьж аваачаад ерөөл тавиулж байгаа хүмүүстээ тустай, надад ч бэлгэ дэмбэрэлтэй. Ерөөлч хүнийг ном сайн унш гэдэг юм билээ. Ном, сонин их уншина. Ном уншихаар ухаан саруул болж, үг хэллэг уран цэцэн болдог гэж хүмүүс зөвлөдөг юм. Тийм болохоор өөрийгөө чадах ядахаараа л хөгжүүлээд явдаг юм.

-Та одоо хуриманд явна гэлээ. Хөтлөгч хийх гэж байна уу, ерөөх гэж байна уу?

-Ерөөх гэж байна. “Зайсан хилл” цогцолбор дахь Хуримын өргөөний ерөөлч ажилтай.

-Хуримын ерөөлийнхөө эхлэлээс сонирхуулж болох уу?

-Өнөөдөр чинь өвлийн адаг сарын шинийн есний өдөр гэж байгаа.

Зээ, өөдлөн дэвжих заяатай

Өлзий дэмбэрлийн ерөөлтэй

Өвлийн адаг сарын

Шинийн есний дүүрэн мэндийг

Өргөн олон түмэндээ айлтгая аа.

Алтай хангай уулынхаа

Архан бэлээр нь нутагтай

Ард олон түмний минь

Ажил, амьдралын өлгий болсон

Алдарт Монголын нийслэл

Улаанбаатар хотынхоо

Хан-Уул дүүргийг эзэгнэн орших

Хан Богд уулын хормой

Хатан Туул ижийн хөвөөндөө

Заяа буян өөдрөг

Зайсан хиллийнхээ

Гэрлэх ёслолын ордонд

Хүрэлцэн ирсэн

Хүндэт зочид Та бүхэндээ

Алд цэнхэр хадгаа дэлгэж

Ашдын бэлгэ дэмбэрэл

Аз жаргалын ерөөлөө айлгая аа.

-Ямар гоё юм бэ?

-Эхлэл нь энэ юм даа. Тухайн хүмүүсийн өөрсдийнх нь ёс уламжлалаар хуримаа ерөөл, уртын дуу, морин хуурын аль нэгээр нь эхлүүлдэг.

-Ерөөлчид голдуу маш гярхай, ажигламтгай, логик сэтгэлгээтэй, самбаатай хүмүүс байдаг?

-Тухайн орчин, тэнд байгаа хүмүүс юу хийх гэж байна, хажууд ямар тавилга, эд юмс харагдана тэр бүгдийг ажиглаж байгаад л бэлэн цэцэлнэ. Ерөнхийдөө ерөөлчийг эргэн тойрноо маш сайн ажигла гэдэг юм билээ л дээ. Ерөөх гэж очсон газраа маш сайн ажиглана. Айлд очлоо гэхэд ороод мэнд мэдэж, сайхан цайлаад суунгаа тэр гэрийн эзэгтэй ямар зүс царайтай, ааш зан нь ямархуу юм, өрхийн тэргүүн нь ямархуу юм, ноён нуруу нь хэр байна, тавилга, өнгө будаг, гэрийнх нь байгаа байдал, ширээн дээр зассан алим жимс, архи сархад гээд бүгдийг харна. Ерөөлчид ерөөлөө гурван цаг дээр ерөөдөг. Өнгөрсөн, одоо, ирээдүй цагаа заавал зангидаж оруулдаг. Жишээлбэл, хүүхдийн үсний найран дээр байлаа гэхэд, өнгөрсөн цаг дээр аав, ээж хоёр нь яаж анх танилцаж амьдралаа холбосныг нь ерөөчихнө. Одоо цаг дээр, хүүхэд нь ингэж үсээ сайхан авахуулаад, олон түмнээ урьж сайхан бэлгэ дэмбэрэлтэй сэвлэг даахиа үргээж буйг нь ерөөчихөж байгаа юм. Ирээдүй цагт энэ хүүхэд өсч том болоод эрдэм номтой, эх орондоо хэрэгтэй сайн хүн болоорой, эрүүл энх байгаарай гэж өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийг ерөөдөг. Ингэж ерөөдгийг том мундаг ерөөлчдөөсөө сонсож мэдэж авсан юм л даа.

-Үүгээрээ та өв тээгч болж байна шүү?

-Өөрөө, ганцаараа аваад үлдэхгүй, үргэлжлүүлээд хойч үедээ дамжуулах урлаг юм.

-Тэр дундаа бэлэн цэцэлж ерөөх нь Монгол ардын аман зохиолын нэн чухал хэсэг юм. Ардынхаа ийм сайхан аман зохиолыг тээж яваадаа бахархдаг байлгүй?

-Бахархахгүй байхын аргагүй. Аав, ээж маань энэ талын авьяастай хүмүүс л дээ. Ээж, аав маань сум, нутаг орондоо багшийн ажил хийдэг сэхээтэн хүмүүс. Аав, ээж минь бэлэн цэцэлнэ, шүлэг зохионо. Тэр бүгд нь надад нөлөөлсөн болов уу. Өөрийн гэсэн онцлогтойгоор ерөөж, үүгээрээ ажил амьдралаа залгуулж яваа даа баярладаг. Ардын аман зохиол, язгуур өв соёлоо тээж яваа залуу хүн гэж өөрийгөө боддог юм.

-Орчин үед аман зохиол амнаас ам дамжих гэхээсээ илүүтэй техник технологийн ололтыг ашиглаж CD, DVD хэлбэрээр дараа үед дамжих нь дээ гэж ойлгож болох уу?

-За яг наадхыг чинь хүмүүс надад зөвлөөд л байгаа. Энд тэнд ерөөсөн ерөөлөө баримтжуулж ав, орчин цагийн үсний найрны ерөөл, шинэ байрны ерөөл ямар болсон бэ гэдгийг харуулах зорилгоор CD, DVD гарга гэсэн зөвлөгөөнүүд ирж л байгаа даа.

-Ардын аман зохиолыг олон жил судалсан доктор, профессор Р.Чүлтэмсүрэн багш, ардын багш С.Дулам гээд Монгол ардын аман зохиолыг нэвт шувт мэддэг мундаг багш нар бий. Тэр хүмүүстэй уулзаж үзсэн үү?

-Одоохондоо би тийм мундаг суутай хүмүүстэй уулзаж амжаагүй л явна. Тийм хүмүүсээс зөвлөгөө авах шаардлага тулгардаг юм. Хаана хэндээ очиж зөвлөгөө авах талаар сайн мэдэхгүй болохоор өөрийнхөөрөө ингээд явж байна.

-Залуус орчин үеийн юм бүгд рүү тэмүүлж байхад та ардын аман зохиол руугаа зүтгэж, шинээр гаргаж ирж байгаа нь зоригтой алхам л даа?

-Баярлалаа. Хүмүүс ерөөхийг минь сонсчихоод “Ямар сайхан юм бэ” гэдэг. Намайг ерөөгөөд дуусахад л хүмүүс ойлгодог. Зүгээр л сургаар “Энэ нэг залуу ерөөдөг юм гэнэ билээ” л гэдэг. Ерөөл, магтаалыг хэт нийтлэг маягаар олны дунд унагасан нь харагддаг л даа. Ерөөлч гэхээр л цээжилсэн хэдэн мөртөө дуржигнатал уншчихаад гараад явчихна биз гэсэн хандлагаар хүмүүс хүлээж аваад байдаг. Тийм ч болохоор тэр үү, ерөөлч нэр зүүгээд цээжилсэн хэдэн мөртөө уншчихаад гараад явчихдаг нөхдийн балгаар гэх үү дээ ерөөлчийн ажлыг үнэлэх үнэлгээ тиймхэн байдаг. Харин би ажлаараа энэ бүхнийг үгүйсгэж, хэдэн мөрт цээжилчихээд л тэрийгээ ерөөл гэж хэлдэггүй юм шүү гэдгийг ард түмэнд сурталчилан таниулах гээд чадах ядахаараа явж байна даа.

-Та манай сониноор дамжуулж Монголын ард түмэндээ ерөөл өргөж болно шүү?

-Зээ, өргөн олон Монгол түмэн минь ээ

Өөдлөн дэвжих заяатай

Өвчин эмгэг тусахгүйгээр

Хорио цээр тогтоосон байгаа энэ үеэрээ

Коронавирусээс

Анд найз, ах дүү, садан

Алаг үрсээ хамгаалж

Амны хаалтаа байн байн зүүж

Ариун цэврээ дор бүрнээ сахиж байвал

Айх аюулгүй

Айдас хүйдэсгүй

Дэлхий нийтээрээ

Дэгдэж байгаа энэ вирусээс

Дээдэс заяатай Монгол түмэн минь

Удахгүй угтах Сар шинээрээ

Ужиг болсон өвчнөөс ангижирч гарахын

Ерөөл бэлгийг дэвшүүлье!

Өнөөдөр надтай уулзаж

Ардын аман зохиол

Соёлын өв тээж яваа талаар

Сонирхож асууж лавласан

Өдрийн сонин

Өдрийн сонины сурвалжлагч тандаа

Өөдлөн дэвжих заяа

Урт нас, удаан жаргал

Сайн сайхан бүхнийг

Өргөн дэвшүүлье ээ!

-Та бэлэн цэцэллээ, баярлалаа?

-Шууд зохиож байгаа нь энэ байхгүй юу.

Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Сонгуулийн наана “намаас хасалт”-ууд идэвхжих бололтой

Дэлхийн дийлэнх оронд улс төрийн намууд төрийн эрх барьдаг. Хүн өөрийн итгэл үнэмшлээрээ намд элсэж, гишүүн болдог. Манайд ч үүнийг Үндсэн хуулиар баталгаажуулчихсан. Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд “Монгол Улсын иргэн дараахь үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ” гэж тодотгож байгаад нийт 18 заалт бичсэн байдаг. Үүний арав дахь заалтад “Нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс нам, олон нийтийн бусад байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй. Нам, олон нийтийн бусад бүх байгууллага нийгэм, төрийн аюулгүй байдлыг сахиж, хуулийг дээдлэн биелүүлнэ. Аль нэгэн нам, олон нийтийн бусад байгууллагад эвлэлдэн нэгдсэний төлөө болон гишүүний нь хувьд хүнийг ялгаварлан гадуурхах, хэлмэгдүүлэхийг хориглоно” гэж намын гишүүнийг, эвлэлдэн нэгдэхийг Үндсэн хуулиараа баталгаажуулсан байна. Тэгтэл намын дарга, Хяналтын хорооныхон гэх мэт нөхөд дүрэм зохиогоод гишүүнээ намаас хасч байгаа нь Үндсэн хуульд заасан Монгол Улсын иргэний баталгаатай эдлэх үндсэн эрх, эрх чөлөөг зөрчиж байгаа хэлбэр мөн л дөө. Хууль, дүрэм, журам, тогтоол, шийдвэрүүд дундаас хамгийн том нь хууль юм. Харин бүх хуулийн эх үндэс нь Үндсэн хууль. Үндсэн хууль дээр эвлэлдэн нэгдэх эрхийг баталгаажуулчихсан байхад дүрэм гэж нэг юм яриад гишүүнийг намаас нь шууд хасч байгааг Үндсэн хууль зөрчиж байгаа гэж харахаас өөр аргагүй байна. Дүрмээр Үндсэн хуулийг зөрчиж болохгүй. Харамсалтай нь ийм нөхцөл байдал Монголын улс төрд ужгирсан. Ганцхан МАН-ыг хэлж байгаа юм биш. Бусад нам, улс төрийн хүчнүүд ч намаасаа гишүүн хаслаа, хөөлөө гэцгээдэг.

Хамгийн сүүлд УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр намаасаа хасагдлаа. Энийг улс төрийн буруу жишиг, буруу дүрэм гэж харсан учраас үүнийг бичиж байна. Ерөнхийдөө ажиглаад байхад намынхаа даргын үгэнд ороогүй хүнийг намаасаа хасдаг тогтсон хэв маягтай.

Намаас хасагдсан хүмүүсийн нэрсийг жагсаавал урт дараалал болно.

Ардчилсан нам гэхэд л сүүлийн хоёр, гурван жилийн хугацаанд Н.Алтанхуяг, С.Баярцогт, Ч.Сайханбилэг нарыг намаасаа хасчихсан. Гэтэл энэ хүмүүсийн хувьд сайн дураараа эвлэлдэн нэгдсэн Монгол Улсын иргэд. Намынхаа ямар нэг дүрэм, журмыг лав зөрчсөн талаар юм дуулдаж байгаагүй. Зүгээр л намын даргадаа үл таалагдах юм уу эсвэл тухайн нам нь ард түмэнд шударга болж харагдах гэхдээ л попорч, гишүүнээ намаас нь хөөдөг. Шударга болж харагдах гэсэн поп сэдлийн үүднээс намаасаа хөөж байсан түүх олон.

Н.Номтойбаярыг ч мөн адил тэгж хөөж байна. Хүмүүст нэг их шударга нам болж харагдах гэсэн хэлбэрийн төдий асуудал юм даа. Өнгөрсөн жил дээ, Хотын даргын сонгуульд амжилттай өрсөлдөж бараг сонгогдохын даваан дээр намаасаа хөөгдсөн НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун байна. Бас УИХ-ын гишүүн О.Баасанхүүг ч нэрлэж болно. Түүнийг намаасаа хасагдлаа л гэсэн. Энэ хүмүүс дүрэм зөрчсөн юм байхгүй шүү дээ. Хууль зүйт нийгэмд ийм хууль зөрчсөн үйлдлүүд байж боломгүй.

Намаасаа хасалт хийж байгааг нь хөндлөнгөөс харахад, нэг хэсэг нь хуйвалдаж нөгөөгөө хөөж байгаа хэрэг. Хувийн таагүй харилцаанаас үүдээд ямар ч хамаагүй нэг дүрэм зохиогоод олонхи нь тэр дүрмээ урдаа бариад л цөөнхөө хавчаад намаасаа гаргачихдаг.

Энэ бүгдийг өнгөцхөн харахад нэгдүгээрт, эдгээр хасалт нь намын дотоод амьдрал, дотоод асуудал мөн нь ч мөн. Хоёрдугаарт, намыг нь маш шударга, зарчимч мэт харагдуулдаг байж болно. Гэвч хууль зүйн талаас нь үзвэл хэсэг хүн хуйвалдаад олонхоороо юу ч хийж болдог, хууль, дүрэм зохиогоод юу ч хийж болно гэсэн сөрөг ойлголтыг нийгэмд төрүүлдэг. Сүүлийн үед Монголын нийгэм нэг л газраа цовхчоод байгаагийн хамгийн гол буруутан нь энэ болчихоод байна. Олуулаа нийлээд хууль зөрчиж болдог, олонх нь хүсч байвал хууль зөрчиж болно гэсэн энэ үзлээс болоод манай нийгэм хөгжиж чадахгүй байна.

Сангуудыг хуурайлж, ЖДҮ-г хулгайлсан гэх бүх асуудал бол олуулаа нийлж, өөрсдөдөө таатай хууль “хийгээд” тэрийгээ зөрчиж байгаа үйлдэл. Энэ бүгдийн эх бол намаас хасах гэсэн энэ хууль бус ажиллагаа юм.

Сонгууль дөхлөө. Одоо намын даргаасаа зөрсөн болгоныг намаасаа хасаад хасаад л явчихна. Ингэхээр намуудын хасалтууд цагаа дагаад идэвхжих нь тодорхой. Үүнээс л үүдэж эцэстээ нам хөгжихгүй байгаа юм. Нам гэх тодорхой зохион байгуулалттай нийгмийн институт ганцхан хүний хувийн компани болж хувирчихаад байна. Үүнээс үүдэж нам доторх олон ургалч үзэл, хоорондын шударга өрсөлдөөн гэх үнэт зүйлс байхгүй болчихлоо. Нам гэх ойлголт нийгэмд нэр хүнд муутай байгаа нь үүнтэй холбоотой л доо.

Даргынх нь санаатай санал нийлэхгүй гишүүн байвал толгой дараалан зайлуулаад байвал яаж тэр нам хөгжих вэ дээ. Хоорондоо эрсэлдэж, тэрсэлдэж, хурцлагдаж байж нам хөгжинө. Нам хөгжих нь алсуураа нийгэмд тустай. Шударга, ил тод, үзэл бодлын элдэв зөрчилдөөн дундаасаа нэгийг нь гаргаж ирж, түүнийгээ дагадаг. Намд ийм хэлбэр байхгүй болчихоод байна. Маргаан мэтгэлцээний зарчим алга болчихож.

Нам бохир байхаар Монгол төр тэр чигтээ бохир болоод байна. Үүнээс болоод намын нэр хүнд ард түмний дунд уначихсан. Голлох хоёр нам нийлээд ч нийгэм дэх рейтинг нь 20 хувьд хүрэхгүй байна гэсэн судалгаа гарчихсан байгаа нь үүнийг баталж байгаа юм. Ингэхээр намыг хуулийн дагуу ном дүрмээр нь байгуулж, ажиллуулахдаа Үндсэн хуулиар иргэнд олгогдсон баталгаатай эдлэх эрхийг зөрчихгүй байх нь энэ цаг үед гол асуудал болчихлоо.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Х.Баянхангай: Монголчуудын хэт хувиа хичээсэн зан эргээд улс, үндэстэндээ аюул учруулж байна

-ХӨЛ ХОРИО ГЭДЭГ ЧИНЬ ХООЛНООС НЬ САЛГАХ ГЭЖ БАЙГАА ЗҮЙЛ БИШ ШҮҮ ДЭЭ-

БНХАУ-д коронавирус дэгдсэнтэй холбоотойгоор манай улсад хөл хорио тогтоочихоод байгаа. Үүнтэй холбоотойгоор иргэд амны хаалт, цэнхэр спирт, гурил, будаа, махнаас эхлүүлээд хүнсний зүйл их хэмжээгээр худалдан авч нөөцөлж байгаа нь нөгөө талдаа хүнсний хомсдол үүсэх нөхцөл болоод байна.

Хэрвээ энэ нь цаашид даамжирвал улс орны эдийн засагт асар их хор хохирол учруулна. Хүнсний томоохон худалдааны төвүүдэд өргөн хэрэглээний барааны үнэ 1,000-3,000 төгрөгөөр огцом өсөөд байна.

“Иргэд ингэж амны хаалт, хүнсний зүйл их хэмжээгээр нөөцөлж, хомсдол үүсгэж байгаа нь гамшиг болоод хөл хорионы тухай мэдлэг дутмаг, хэтэрхий хувиа хичээсэн зантай, нийтийг хамарсан ханиадны талаар ойлголт байхгүй, мэдээлэлд шүүлтүүртэй ханддаггүйг нотолж байна” гэж гамшгийн эрсдэлийн үнэлгээ, гамшгаас хамгаалах сургалтын чиглэлээр ажилладаг мэргэжлийн хүмүүс ярьж байна.

Х.БАЯНХАНГАЙ: МОНГОЛЧУУДЫН ХЭТ ХУВИА ХИЧЭЭСЭН ЗАН ЭРГЭЭД УЛС, ҮНДЭСТЭНДЭЭ АЮУЛ УЧРУУЛЖ БАЙНА

“Баян хүрээ” хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтын төвийн захирал Х.Баянхангайтай ярилцлаа.


-Хөл хорио тогтоочихоод байгааг иргэд арай л өөрөөр хүлээж аваад байх шиг байна. Хүнсний хомсдол үүсгээд, амны хаалт ч олдохоо байлаа?

-Хүнс, амны хаалттай холбоотойгоор үүсгээд байгаа хомсдол энэ бүхэн бол иргэд өөрсдийгөө гадны халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа гэж харж болно.

Тэрийгээ хэрэгжүүлж байгаа явц нь бусдыг хүндлээгүй, бусдыг бодоогүй тийм зүйлүүдийг хийж байна. Үүнийг мэддэг, ойлгодог ард түмэн бий. Халуун орон, Африкийн орнуудад өдөр болгон л халдварт өвчин гарч, өдөр болгон шахуу хөл хориотой байдаг газрууд.

Энэ улсуудад “Би, өөрийгөө” гэхээсээ илүүтэй “Бид, хамтдаа” гэсэн өндөр ухамсартай байдаг байхгүй юу. Манай иргэдийн энэ буруу, муйхар үйлдлийг хүчээр зогсоох ямар ч арга байдаггүй юм. Тэгэхээр энэ бүхнийг зөв ухуулан таниулах хэрэгтэй. “Сургуулиудыг амраачихлаа” гэж яриад байна. Хөл хорио юу, амралт уу гэдгийг багш нар нь сурагчдадаа хэлж өгдөггүй.

Эцэг, эхийнх нь ажилладаг байгууллага, аж ахуйн нэгж нь ажилчдадаа энэ талаар сургалт мэдээлэл өгдөггүй, томоохон зах, худалдааны төвүүдийн удирдлага, захирлууд нь түрээслэгчдэдээ энэ талаар зөв ухуулга, таниулга сургалт явуулдаггүй. Улсын онцгой комисс хуралдлаа гээд л шийдвэрээ гаргаад бүх үйл ажиллагааг нам зогсоочихдог.

Шийдвэрээ гаргасан юм бол дагалдаж сургалт, семинар, ухуулга, сурталчилгааг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр системтэйгээр яВуулах ёстой. Монгол Улс маань бүхлээрээ энэ бодлогыг хэрэгжүүлэх туршлага байхгүй. Үүнийг бид яаж засаж залруулах вэ гэхээр, ганцхан энгийн арга байгаа. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд өдөрт ядаж 30 минутыг ард иргэддээ зориулаач ээ.

Нэг хүний л ярилцлагыг гаргах биш. Ерөөсөө л “Хөл хорио тогтооно гэж юу юм”, “Бид юу хийх ёстой вэ” гэдэг хоёрхон л юмыг ярь. Хөл хорио тогтоохоор ач тус нь юу байдаг вэ гэхээр, өвчний даамжралыг нэвтрүүлэхгүй байх ёстой.

Хоёрдугаарт, хөл хорионы үед бид юу хийх вэ гэдэг дээр маскаа бөөнөөр нь худалдаж авах нь чухал байдаг юм уу гэдгийг ойлгуул. Эсвэл бид гар хөлөө сайн угаагаад айл хэсэхээ болиод, гадуур хүүхдээ дагуулж явахаа болих. Таксинд явдаг аав, ээжүүд гэртээ хариад хүүхдүүдтэйгээ тоглож байгаа. Тиймээс гараа угаах хэрэгтэй.

Хөл хорио гэдэг чинь хоолноос нь салгах гэж байгаа зүйл биш шүү дээ. Бид энэ өвчнийг тусчих юм бол харин жинхэнээсээ хоолноосоо удам угсаагаараа сална. Үүнийг мэдрүүлэх үүднээс ухамсарт нь нөлөөлөх сургалт, сурталчилгаа нэвтрүүлэхгүй болохоор ийм сөрөг үйлдлүүд гараад байна. Бид энэ алдаагаа богино хугацаанд засахгүй бол энэ нь улам бүр даамжирна шүү дээ. Энэ бол дөнгөж эхлэл нь. Нөхцөл байдал улам бүр даамжирна.

-2012 оны арванхоёрдугаар сард “Дэлхий сөнөнө” гэсэн цуурхал бол ганцхан өдөр болоод л өнгөрсөн үйл явдал. Гэтэл энэ удаагийнх нэг cap үргэлжилнэ. Одоо кг нь 1,100 төгрөг байгаа гурил сарын дараа 10 мянган төгрөг болохыг үгүйсгэх арга алга. Тэгэхээр монголчуудыг коронавирус биш хувиа хичээсэн зан л сүйдлэх нь ээ?

-Өөрөө өөрсдийгөө устгаж байна шүү дээ. Аймшигтай оюуны хомсдол, доройтлоос болж байна. Энэ байдал өөрсдийг нь алж байна. Аптек руу ороод маскыг 50, 100 ширхгээр нь бөөндөж авч байна гэдэг нь тэр хүний хувиа хичээсэн, өөрийгөө бодсон зүйл нь хэт давамгайлж байгааг харуулж байгаа юм. Тэгтэл тэр хүний ард дугаарлаж зогсоо эмгэн адилхан л үр хүүхэдтэй шүү дээ. Адилхан л ач, гучтай шүү дээ.

Ам бүлдээ тавхан ширхэг маск авах гэж дугаарлаж зогсож байхад нь урдуур нь дайраад “Ширхгийг нь 3,000 төгрөгөөр авъя” гээд үнэ цохиод авчихаж байна. Нөгөө ард нь зогсоо эмээ тэтгэврийн хамаг мөнгөө атгаад л зогсоод байДаг. Нийгэмд хүмүүсийн ухамсрын асуудал маш дорой.

Халдварт өвчний ийм тархалттай холбоотой туршлага бага. Улсаасаа авахуулаад иргэд нь туршлагагүй. Бид энэ алдаагаа маш богинохон хугацаанд засах хэрэгтэй.

21 аймаг, 300 гаруй сумтай шилэн кабелиар холбогдсон. Энэ бүхнийг ашиглаад нийгмийн хариуцлагын хүрээнд өдөрт 30-хан минутыг иргэдэд мэдээлэл өгч, ухамсарлуулахад зориулахад болно. Түүнээс ч илүү минутыг зарцуулах тусмаа сайн. Сая хүртэл би хичээл дээрээ ярьж байлаа.

Стресст ороогүй хүн “Ёоё, стресстчихлээ” гэж хэлэхэд л стресст орчихдог гэж. Бид халдварт өвчний тохиолдлыг илрүүлээгүй байж халдвартай өвчинтэй тэмцэж байна гэсээр байгаад бүгд энэ өвчнийг тусах гээд байгаа юм уу хаашаа юм. Тийм л болох гээд байна.

Монголчууд өөрсдийгөө хэт дөвийлгөж боддог, хэт хувиа хичээсэн зан нь эргээд улс, үндэстэндээ аюул учруулж байна.

-Төрийн мэргэжлийн байгууллагууд энэ бүхэнд ямар нэг тайлбар өгөхөөс цааргалж, “Дээрээс юм битгий ярь гэсэн чиглэл өгсөн” гэцгээж, нэг нэг рүү чихээд байна. Уг нь иргэддээ мэдээлэл өгч, хөл хорионы үеэр юу хийх ёстойг нь заагаад өгчихмөөр юм?

-Юуг нь нуугаад байгаа юм. Оросын сайтууд, телевизүүд нээлттэй байна. Монголын хэвлэл мэдээлэл ч нээлттэй байна. Хөл хорио гэдэг чинь онц байдал зарласан гэсэн үг биш байхгүй юу. Онц байдал зарлахад хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг хаадаг. Та бүхэн санаж байгаа бол 2008 оны долдугаар сарын 1-нд тэгсэн биз дээ.

Тэгэхэд онц байдал зарлаж, зөвхөн Үндэсний телевиз, радио нь ажиллаж байсан. Хөл хорио тогтоох, онц байдал зарлах хоёрынхоо ялгааг төрийн байгууллагууд нь мэдэхгүй байхад юу ярих юм бэ.

-Энэ чиглэлээр дунд сургуульд хичээл ордоггүй байх аа?

-Байхгүй. 1989 он хүртэл Иргэний хамгааллын хичээл ордог байсан юм. Хөл хорио тавина гэж юу вэ, онц байдал зарлана гэж юуг хэлдэг юм, дайны үед яах юм, газар хөдлөхөд юу хийх ёстой вэ гээд бүгдийг хичээлээр заадаг байсан. Ийм хичээл орохоо байгаад 30 жил болчихсон л доо.

-Мэргэжлийн хүний хувьд, багшийн хувьд хөл хориотой байгаа энэ үед монголчуудад хандаж юу гэж зөвлөх вэ?

-Дор бүрнээ хувийн ариун цэврээ сахь. Тэгээд л боллоо. Энэ зүгээр л ханиад шүү дээ. Булчин задрах тахал, тарваган тахал биш. Зүгээр л ханиад. Ариун цэврээ сайтар сахь. Хувийн ариун цэврээ сахихад заавал аптект бөөнөөрөө оочерлож дайрч ороод 50 ширхэг маск авах шаардлагагүй. Гэрээсээ гарахгүй бол маскаар яах гэж байгаа юм. Ажил, гэр хоёрын хооронд явдаг бол маскаа угаагаад хэрэглэж болно.

Маарль байсаар байхад маск хийгээд зүүчих л дээ. Энэ чинь ханиадны вирус шүү дээ. Африкийн эдгэшгүй аймшигтай тахал тусчихсан юм шиг л байх юм. Мэдээллээр хомс байлгах тусам хүн илүү их буруу мэдээллийг үнэн мэт хүлээж авдаг. Шүүх чадамжгүй болчихдог байхгүй юу. Шүүх сонголтгүй болчихдог.

Онц байдал зарлаагүй л бол хүн нээлттэй байгаа мэдээлэл дундаас шүүлт хийдэг. Харьцуулж уншаад “Оросын сайт худлаа бичжээ, Монголынх бас худлаа байна. CNN-ийх харин үнэн байна” гээд шүүлтүүртэй ханддаг. Тэгтэл шүүх мэдээллийг нь байхгүй болгочихвол бүр баларна.

Оросын нэг сайтад нэг юм биччихвэл тэрийг ямар ч сонголтгүй шууд тавих нь байна. Тэгэхээр мэргэжлийн байгууллага, хүмүүс нь мэргэжлийнхээ дагуу иргэдийнхээ тархинд л юм хийх хэрэгтэй л дээ. Үүнийг даруй хийхгүй бол юмны үнэ тэнгэрт хадаж, юун Цагаан cap манатай болно.

-Хүмүүс шуудайтай гурил үүрээд л гүйлдээд байна?

-Зүгээр л ханиад шүү дээ. Ханиадны вирус гэдгийг ойлго. Хувийн ариун цэврээ сах^. Угаасаа энэ долоо хоногт хүйтэрнэ. Хүйтрээд ирэхээр ханиадны вирусүүд чинь хүйтэнд тэсвэргүйг ард түмэн мэднэ. “Хүйтрээсэй, ханиад хүрсэн хүүхдүүд минь эдгээсэй” гэж ярьдаг биз дээ. Тэгэхээр халуун, дулаан орны өвчин тэндээ л үлдэнэ.

Тэр вирус Сибирийн энэ хүйтэн агаар руу орж ирэхгүй. Хил дамжаад ганц хоёр хүнд халдлаа ч хүйтэнд устаад алга болчихно. Энэ чинь эдгэхгүй биш, эдгэдэг өвчин.

С.АЛТАНГЭРЭЛ: ХҮНСНИЙ ХОМСДОЛ ҮҮСГЭЖ БАЙГАА НЬ МОНГОЛ ХҮНИЙ Л ЗАНТАЙ ХОЛБООТОЙ АСУУДАЛ

Гамшгийн эрсдэлийн үнэлгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Хиймэл нуур” ХХК-ийн захирал, экологич С.Алтангэрэлтэй ярилцлаа.


-Иргэд хоол хүнс нөөцөлж, эмийн сангуудад маск дуусчихаад байна. Энэ бүхнийг та мэргэжлийн хүний хувьд юу гэж харж байна вэ?

-Эрүүл мэнд талаасаа харвал үнэндээ энэ бол гамшгаас ч илүү юм л даа. Дэлхийг хамарсан юм болж байгаа учир ергөн хүрээний асуудал. Хэрвээ өвчинг газар авхуулбал гамшиг байтугай л юм болно л доо.

-Хөл хорионы үед иргэд ямар арга хэмжээ авах ёстой юм бэ. Их хэмжээгээр хүнс нөөцлөх хэрэгтэй юү?

-Өмнө нь дэлгэрсэн САРС, H1N1 вирусийн дэргэд энэ вирусийн ерөндөг хараахан гараагүй байна. Тэгэхээр аюултай. Хүмүүс энэ үед юу хийх вэ гэхээр хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сошиалаар яваад байгаа “Амны хаалт зүүх, дархлаагаа сайжруулах, олон нийтийн газраар явахгүй байх” зэрэг арга хэмжээг авч байж л урьдчилан сэргийлнэ.

Ингэж л урьдчилан сэргийлнэ. Хэрвээ энэ байдал цаашид даамжирвал хүнсний хомсдол үүснэ. Энэ бүгд бол монгол хүний л зантай холбоотой. Монголчууд дэлхийн I, II дайныг биеэрээ үзээгүй ард түмэн.

Гэтэл Япон, Вьетнам зэрэг дайныг биеэр үзсэн орнууд мөн өндөр хөгжилтэй орнуудын иргэд хөл хорионы үеэр арай л өөр хандлагатай байгаа нь анзаарагддаг.

-2012 оны арванхоёрдугаар сард монголчууд яг энэ зангаа бие биедээ гаргацгаасан шүү дээ?

-Харин тэгсэн шүү дээ. Лаа, шүдэнз худалдаж аваад уул хад руу явцгаагаад гэр барьж хоноцгоосон. Маск дуусчихаад байгаа нь монголчуудын амин хувиа хичээсэн сэтгэхүйтэй л холбоотой.

-Монголчууд гамшигт хэзээд бэлэн биш. Гамшиг, онц байдал, хөл хорио гэхээр бүгд айдаг. Энэ бол энэ талаар мэдлэггүйн шинж биз?

-Сэтгэлзүйн хувьд бэлэн биш. Тийм ойлголт бага. Энэ өндөр барилгууд долоо, найман баллын газар хөдлөлтөд л нурна гэдгийг мэддэггүй. Биеэр үзэж байж л ой тойндоо шингээж авах гээд байдаг. Муу ёрлож байгаа ч юм биш. Эрсдэлээс сэргийлэх тухай мэддэггүй. Тэр талын ойлголт дутуу. Тэр талаар мэддэг, урьдчилан сэргийлж ойлгодог хүмүүс ганц нэг байна.

-Гэтэл Хятадын Ухань хотод хүнсний хомсдол үүсээгүй, иргэд нь шаардлагатай хүнсээ цуглуулчихаад л гэртээ байцгаагаад байгаа юм билээ?

-Нөгөө талд нь бизнесийн ашиг харж байгаа хүмүүс байна. Энэ вирусийн талаар мэдээлэл бас дутмаг байна. Энэ вирусийн тархац нь тодорхойгүй байна. Ийм тохиолдолд бидний зүгээс хийх зүйл бол ерөөсөө дархлаагаа сайжруулах, дор бүрнээ амны хаалт зүүх, олон нийтийн газраар явахгүй байх зэргээр хувь хүн талаасаа авч болох бүх л арга хэмжээг авч байж тэр вирусээс урьдчилан сэргийлнэ гэж үзээд байгаа юм л даа.

Мэдээлэл нь түүхий байна. Өвчний нууц үе нь 14 хоног гэж байгаа. Бас л эрсдэл байна л даа. Ийм байхад оновчтой хариулт өгөх хэцүү.