Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Д.Энхбат: Би нэг зүйлд их санаа зовж байна. Монголын ардчилал үнэхээр нэг намын дарангуйллаар солигдох вий гэхээс айж байна

Датаком компанийг үүсгэн байгуулагч Дангаасүрэнгийн Энхбаттай ярилцлаа.


Та өмнө нь улс төрд байсан хүн. Улс төрд байх хугацаандаа юу мэдэрсэн бол. Үүнээс яриагаа эхэлье?

-Өнөөдөр Монголд Улсад төрийн гүнзгий хямрал үргэлжилсээр байна. Үүнийг судлаачид системийн хямрал гэж нэрлэдэг. Системийн хямрал тодорхой нэг үйл явц, нэг хоёр хувь хүнээс гэх мэт зүйлээс хамаардаггүй. Системийн хямралыг аргалж, өнгөлөн далдалж болдоггүй. Системийн хямралыг зөвхөн том реформ, шинэчлэл хийж давдаг.

Хэрвээ шинэчлэл хийхгүй бол систем нурах аюултай. Нийгэм дотроосоо тогтворгүй болж, эдийн засгийн өсөлт гацаж, улс орон, иргэд ядуурна. Тиймээс улс төрийн удирдагчдын гол үүрэг нь ийм хямралыг түр аргалж цаг нөгцөөх бус зоригтой шинэчлэл хийж урагшилж явах юм. Монголын системийн хямралын төв нь авлигын эх уурхай болсон улс төрийн намууд. Үүнийг бид бүгдээрээ л харж байна шүү дээ. Жишээлбэл, намууд хэн нь дарга байхаас үл хамаарч байнга л хямарч, төрөө, нийгмээ тогтворгүй болгосоор байна. Нам дахь авлигын бүлэглэлүүд, мөнгөний сонгууль нь намыг өвчлүүлж, үүнийгээ дагаад төр хямраад байгаа юм. Засаглал өвчилж ажиллахаа болихоор улс орны хөгжил зогсож, бүр ухарч эхэлдэг. Үүнийг л би улс төрийн амьдралд явж мэдэрсэн дээ.

Танаас асуулгүй өнгөрч болохгүй нэг зүйл бол 2008 оны долдугаар сарын 1-ний үйл явдал. Тухайн үед яг юу болсон юм бэ. Та юуны төлөө гарч ирж мэдэгдэл хийсэн юм бэ. Буянгийн ЖаргалсайханТаныг айгаад алга болчихсонгэсэн байна лээ. Мэдэгдэл хийчихээд яагаад алга болсон юм бэ?

-Сонгуулийн өмнө байдаг л нэг яриа. Гэхдээ би товчхон хариулъя. Тухайн үед талбай дээр очиж харсан хүн бүр үүнийг сайн санаж байгаа байх. Ер нь 2008 оны УИХ-ын сонгуульд улс төрийн гурван хүчин голлож өрсөлдсөн. МАН, АН, Иргэний эвсэл. Сонгууль будлиантсан. Харин хамгийн жижиг гуравдагч хүчин сонгуулийг будлиантуулж чадах уу? Огт чадахгүй. Харин иргэд эгдүүцэж жагсаж эхэлсэн.

Тэр үед улс төрийн хүчний удирдлагууд талбай дээр гарч ирээд “Энэ асуудлыг бид хамтдаа шалгаж шийдье” гэчихсэн бол олон түмний бухимдал тэгж тэсрэхгүй байсан болов уу. “Жишээ нь, С.Баяр дарга олон нийтийн өмнө гарч ирээд хэлэлцэж шалгах тухай хэлсэн бол бүх зүйл өөрөө явах байсан” гэх хүмүүс ч байдаг. Миний үүрэг нэгэнт сонгуульд орсон улс төрийн хүчнийг толгойлж байсан учир нөгөө хоёртойгоо хамт очиж тэр үгээ хэлэх, үймээн гаргахгүй байх өөрсдийн алхмаа хийх ёстой гэж итгэсэн. Хариуцлага хүлээж буй улсууд хэцүү цагт хэрэгтэй цэгт очих ёстой гэж би боддог. Тэгээд очсон. Дахиад ийм хэцүү цаг ирвэл би дахиад л үүргээ биелүүлэх болно. Миний хэлсэн үгийг телевизүүд бичиж хадгалсан байгааг амархан олж үзэж болно. Би очоод хоёр зүйлийг хэлсэн. Нэгдүгээрт, жагсаалыг аль нэг намын байрны үүдэнд хийж болохгүй. Хоёрдугаарт, ерөөсөө энэ сонгуулийг будлиантай гэсэн хар байгаа бол хамтран шалгах, тэгээд будилаантсан бол ганцхан суудал авсан Иргэний эвсэл ч өөрийнхөө суудлаас татгалзах ёстой” гэж мэдэгдсэн.

Бусдыг нь та бүхэн мэднэ. Нөгөө хоёр намын удирдагчид гарч ирээгүй. Телевизор үзээд сууж байсан гэдэг. Ийм үйл явдал өрнөж байхад, хариуцлага хүлээсэн улс төрийн хүчний удирдагчид очиж, шийдэх зөв замыг хайхаа амлаж, бухимдлыг тайлах ёстой бус уу. Нэг зүйлийг хэлье. Тэнд очсон хүмүүс сонгуулийг будлиантуулаагүй. Харин ч түүнд бухимдаж очсон. Асуудлыг эхлүүлсэн улсууд тэд биш.

Та тэр үед тийм аймаар зүйл болно гэж төсөөлж байв уу?

-Хэн ч төсөөлөөгүй байх. Би нөгөө хоёр улс төрийн намын удирдагч шиг үгээ хэлэхгүй байж болох л байсан. Гэхдээ би ямар ч хүнд байсан асуудлыг шийдэх гэж оролдох ёстой, тэр бол мөн миний үүрэг гэж үзсэн.

Та Ерөнхийлөгчийн сонгуульд улс төрийн хоёр том хүчинтэй өрсөлдөх гэж байна. Ерөнхийлөгчийн сонгуульд маш их хэмжээний мөнгө гарна. Та санхүүгийн хэр их нөөцтэй хүн бэ?

-“Зөв хүн-Электорат” эвслээс ард түмний дунд “Ерөнхийлөгчөө захиалъя” аян зарлаж, санал асуулга явуулсан юм байна лээ. Улс орон даяар явуулсан энэ аянд олон мянган иргэд оролцож саналаа өгснөөс хамгийн олон санал авсан таван хүнд Ерөнхийлөгчид нэр дэвших санал тавьсан. Тодруулбал, Ц.Оюунгэрэл, Дефакто Д.Жаргалсайхан, Б.Болдсайхан эмч, Баабар буюу Б.Батбаяр, би. Тэгээд эцэст нь надад санал тавьсан гэдгийг би мэднэ. “Зөв хүн-Электорат” эвсэл надад “Санхүүжилтээ бид хамтран босгоно. Ямар нэгэн санхүүжилтийн босго тавихгүй” гэсэн. Ний нуугүй хэлэхэд, өнөөдөр бид хамтын ажиллагаагаа тэг баланстайгаар эхлүүлж байна. Бүх зүйлс мөнгөөр хэмжигддэггүй. Мөнгө хүчгүй олон зүйлс бий. Жишээ нь, хүмүүсийн дэмжлэгийг мөнгөөр хэмжих боломжгүй.

Бидний нөгөө талд төрийн нөөцийг дайчилсан аварга машин ажиллаж байна. Сонссоноор, тэд зуу зуун тэрбум төгрөг босгочихсон байгаа. Та бүхэн санаж байгаа. Урьд нь зөвхөн нэг удаагийн үйлдлээр 60 тэрбум гэсэн тоо ярьж байсан нам шүү дээ. Одоо бол түүнээс хэд дахин илүү байлгүй. Жишээ л хэлэхэд, МАН өнөөдөр Улаанбаатар хотын хаагдчихсан байгаа PC тоглоомын газруудыг, аймгийн төвүүдийн үнэтэй зочид буудлуудыг аль эрт түрээсэлчихсэн байгаа гэж сонссон. Маш их мөнгө тарааж байна. Яг үнэндээ бид төрийн их нөөцийг хяналтгүй дайчилсан мөнгөний аварга машин, сүлжээтэй өрсөлдөж байгаа шүү дээ. Бид мөн-гөөр МАН-ыг дийлэхгүй. Үнэндээ тэдний зууны нэгт ч хүрэхгүй. Тиймээс бид ганцхан зүйлээр л ялж чадна. Үнэнийг ярьж, үнэнээр явж. Энэ нь “Монголчууд бид үр хүүхдийнхээ ирээдүйг бодож өөрөөр явах цаг болсон, улс төрийн намууд ингэж ялзарч болохгүй, бүх системээрээ ингэж авлигад автаж болохгүй. Бид олонхоороо хүсвэл улсаа өөрчилж чадна” гэсэн итгэл найдвар шүү дээ. Олон түмэн шинийг хүсч байна. Яг үнэндээ ард түмэн сонгуультай, сонгуульгүй өөрчлөлтийг хүсч байгаа. Тиймээс бид хийх ёстой зүйлээ л хийж байна. Бидний байр суурь мөнгөөр хэмжигдэхгүй. Гүйцэтгэлд мөнгө чухал. Эрх баригч нам биднийг мөнгөөр бяц дарахад бэлэн байгаа. Гэсэн ч яг үнэн худлын дэнсэд очих цагт мөнгө бүхнийг шийддэггүй.

ТаБи ардчиллын хүнгэж хэлдэг. Яагаад АНтай хүч хавсарч улс төрийн зорилгоо нэгтгээд явж болдоггүй юм бэ?

-Монгол Улсын хуулиар Ерөнхийлөгчид ямар нэгэн хүн бие дааж нэр дэвших боломжгүй. Заавал парламентад суудалтай намаас нэр дэвшдэг. Тиймд “Зөв хүн электорат” эвслээс би нэрээ дэвшүүлсэн. Гэтэл АН энэ асуудлаар тэмцэлтэй, хагаралтай явсаар байна. АН бидэнтэй битгий хэл дотроо учраа олоогүй байна шүү дээ. Миний Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох болсон нэг том шалтгаан бол өнөөдөр Парламент, Ерөнхийлөгчийн институци хоёр нэг намын гарт очих нөхцөл үүсчихсэн байгаа байдал юм. АН хагаралдаж ардчиллынхаа тугийг газар унагаачихсан, муудалцаж, сөргөлцөөд явж байна. Зүйрлэж хэлбэл, ардчиллын бамбарыг бүр унтраахгүйн тулд бид ч тэмцэх ёстой. Монголчууд бид олон намын тогтолцоотой хүмүүнлэг ардчилсан нийгмийг байгуулна гэж тунхагласан биз дээ. Гэтэл МАН-ын зүгээс өнөөдөр ардчиллын тулгуур зарчмуудыг үгүйсгэх хандлага ихэсч байгаа. Хамгийн наад зах нь “чөлөөт зах зээл гэж байхгүй”, “бүхнийг төрийн мэдэлд” гээд яриад байхаар хүмүүс ч түгшиж байна. Дээрээс нь хэвлэл мэдээлэл, интернэтийг цензурдэх оролдлогууд улам ихэсч байгааг хэлэх хэрэгтэй. Тэр дундаа улсын төсөв, эдийн засгийн бодлого хаалттай, хяналтгүй болж байна. Төрийн бүх шийдвэр гаргах процесс хяналтгүй болж байна. Парламент ч бодит сөрөг хүчингүй байна. Монголчууд ардчилал тэнцвэртэй байх ёстой гэдэгт итгэдэг. Мөн ардчилал ямар ямар эрсдэлд байгааг иргэд ойлгож, мэдэрч байгаа байх.

Би АН-ын гишүүн биш. Гэхдээ би ардчиллын талын хүн. Тиймээс бидэнд ч ардчиллыг хамгаалах, ардчиллын унагаасан тугийг босгох үүрэг бас байгаа юм.

МАН аль болох өрсөлдөгчөөтоглоомоосшахаж байна. Гуравдагч хүчнээс нэр дэвшигчид ч аль нэг том нам руу урваж байгаа харагдах юм. Тухайлбал, С.Ганбаатар гишүүн МАХНаас нэр дэвшинэ гэдгээ эртнээс зарлаж байсан ч нам нь МАНтайгаа нэгдчихлээ. Өөрөө АН руу орчихлоо. “Зөв хүнЭлекторатэвслийн гишүүд ихэвчлэн МАНын угшилтай хүмүүс байдаг, тэр талдаа ч гэх яриа, үйлдэл ч мэр сэр бий

-Би тэр ярианд итгэдэг байсан бол нэр дэвшчихье гэхгүй байсан. Ер нь Монголд байнга л ийм зүйл ажиглагддаг. Юу вэ гэхээр хэрвээ АН-тай зөрчилдвөл МАН-ын тал нэр авдаг, МАН-тай зөрчилдвөл АН-ын тал болж хувирдаг. Гэтэл, яагаад гуравдагч тал байж болохгүй гэж? Миний бодлоор, ХҮН Монголын аливаа гуравдагч хүчний нэгэн адил, өөрийн хэцүү замыг туулж буй нам. ХҮН-аас нэр дэвших гол шалтгаан нь миний өөрийн итгэдэг тулгуур зарчмуудыг ХҮН-ынхан зөвшөөрч байгаа явдал. Өөрөөр хэлбэл, нэгдүгээрт, тэд намайг намын байр суурийг бүрэн дагахыг огт шаардаагүй. Хоёрдугаарт, нэр дэвшихэд ямар ч мөнгөний босго тавиагүй. Миний ярьдаг, баримталдаг бодит ардчилал, иргэний нийгэм, мэдээллийн эрх чөлөө гэх зэрэг тулгуур зарчмуудаар ХҮН надтай адил байр суурьтай байгаа учраас би зөвшөөрч, нэр дэвшсэн.

Ер нь өнөөдөр юм болгоныг МАН, АН-ын тал гэж хуваах хэрэггүй. Учир нь Монголын ардчилал насанд хүрээд иргэд аль ч намд нь хамаарахгүй өөрийн бодолтой болчихсон цаг шүү дээ. Тиймээс өөртэй нь таараагүй гээд өөрийнх нь дайсан гэсэн үг биш. Өнөөдөр нийт сонгогчдын багахан хэсэг л намд хамаатай. Үлдсэн нь намд хамааралгүй. Тийм учраас хүмүүст янз бүрийн нэр хаяг зүүж, “дайсан, нөгөө намын тал” гэж ярих нь утгагүй. Энэ нь өөрөө ардчилал биш.

Та бол мэдээллийн технологийн инженер хүн. Технологийн дэвшил монгол хүний ажил, амьдрал, хандлагыг яаж өөрчилнө гэж хардаг вэ?

-Технологи бол өргөн ойлголт. Бүхий л салбарт хамаатай. Би өөрөө мэ-дээллийн технологийн салбар буюу Интернэтийг хөгжүүлэхэд ажилладаг хүн. Эргээд харъя л даа. Интернэт монголчуудын амьдралыг хэрхэн өөрчлөв. Маш их өөрчилсөн шүү дээ. Хүмүүс надаас “Д.Энхбат аа, чи их ярих юм. Яг юу хийж байгаа юм бэ” гэж их асуудаг. Би хүмүүсийн толгой доторхыг өөрчилж байгаа гэж хэлдэг. Өөрөөр хэлбэл, монголчуудаа дэлхийтэй холбох ажлыг хийж, түгээж байна. Энэ чиглэлээрээ олон жил ажиллаж байна. Тиймээс би “Хүмүүсийн толгой доторхыг өөрчлөх нь хамгийн хэцүү ажил шүү” гэж хэлдэг.

Энэ салбарт хамгийн өндөр мэргэжил, чадвартай залуучууд ажилладаг. Технологийн хөгжил зөвхөн хувь хүнийг биш мөн улс орны соёл, улс төр, төр засаг, бизнес гээд бүх салбарыг өөрчилж байгаа. Монгол Улсыг өөрчлөх маш том ажлыг хийж байна гэдэгтээ бид итгэдэг.

Би яагаад улс төр рүү орсон бэ? Бид авлига, хулгайгаас залхаж байна. Улс төр, бизнесийн ялгаа арилж, төрөл бүрийн дарамт, хавтгайрсан халамж нэмэгдэж байна. Бид бүтээмээр байна, үйлдвэрлэмээр байна, гэтэл дарамт улам ихэссээр байна шүү дээ. Энэ бол зөвхөн Энхбатын үг биш. Бизнес эрхлэгч бүр л “Улстөрчид өө, биднийг тайван орхиоч ээ” гэдэг. Учир нь бизнесмэнүүд юу хийхээ мэддэг, хийгээд ч ирсэн. Бид улс орноо зөв замаар хөгжүүлэхэд идэвхтэй оролцмоор байна. Өнөө цагт технологи мэддэг хүмүүс улс төрд дутагдаж байна. XXI зууны, орчин үеийн Монгол Улсыг байгуулахад зөвхөн сонгуульд ялсан байх нь хангалттай биш. Улс орны удирдлагад өндөр мэргэжлийн хүмүүс хэрэгтэй. Дэлхийтэй харьцаж чаддаг, бизнес зохион байгуулж, бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаанд улс орноо идэвхтэй оролцуулж чаддаг хүн хэрэгтэй.

Яагаад заавал хүн бүр зөвхөн намаар дамжиж байж улс орны удирдлагад оролцох ёстой гэж, яагаад сонгууль заавал мөнгөний босготой, боловсон хүчнийг мөнгөөр хэмжих ёстой гэж гэх мэтчилэн олон асуудал бий. Эцэст нь бид нэг асуултын өмнө ирнэ. Тэгээд хараагүй царайлаад, эвлэрээд явах уу, өөрчлөх үү гэж. Би төлөөлж хэлж байгаа болохоос олон хүн надтай адил бодолтой байгаа байх.

Таныг өрсөлдөгчийгөө бодвол төдийлөн танигдаагүй гэх яриа мэр сэр байдаг юм билээ. Та үүнд санаа зовж байна уу?

-Танигдсан, танигдаагүй гэдэг сонгуулийн чухал хэмжүүр ч бодит амьдрал дээр хийж чадах уу, чадвартай юу гэсэн өөр хэмжүүр илүү чухал. Танигдсан эсэхдээ би санаа зовохгүй байна. Ганцхан зүйлд л санаа зовж байна. Дараагийн зургаан жилд бид ямар байдалд байж, ямар замаар явах вэ гэдэгт. Бид өөрсдөөсөө “Би үнэхээр огт хяналтгүй, нэг намын бүрэн эрхшээлд байх төрөөс болгоомжлохгүй байна уу” гэдгийг өөрсдөөсөө асуух хэрэгтэй байх. Мөн монголчууд бид улс орныхоо хөгжлийг хэрхэн бүтээх вэ, хэрхэн бүгдээрээ оролцох вэ гэдгийг зөв олж харж хүчээ нэгтгэхийг сайтар бодох цаг ирсэн гэж бодож байна.

Ер нь миний зорилго бол хүнд таалагдсан гоё юм ярих биш шүү дээ. Үүнийг хошин шогийнхон, популистууд илүү хийж чадна. Миний зорилго бол үзэл бодлоо олонд хүргэж, хийх ёстой гэсэн зүйлсээ хийж явах. Тиймээс заримдаа намайг магадгүй бага хүн сонсож болно. Тэглээ гээд хэрэгтэй юмаа хаяад хошин урлагийн салбар луу орж болохгүй шүү дээ. Намайг цөөн хүн сонсож, дэмжиж байсан ч би ярианыхаа сэдвийг өөрчлөхгүй.

-XXI зууны монголчууд нүүрсээр амьдрах уу үгүй юү гэдэг нь эргэлзээтэй болчихлоо. Таны бодлоор бид энэ зуунд юугаар амьдрах вэ?

-Хятад улс 2060 он гэхэд карбон-нейтрал болно. Өөрөөр хэлбэл, нүүрсний хэрэглээ нь эрс багасна. Түүнийг дагаад нүүрсний тоног төхөөрөмжийн зах зээл эрс хумигдана. Мөн банкууд нүүрсний төсөлд зээл өгөхгүй гэдгээ одооноос зарлаад эхэлж байна. Товчоор хэлбэл, манайд нүүрс байсан байгаагүй нүүрсний хэрэглээ улам хумигдана. Тиймээс нэг зүйлийг мартахгүй байх хэрэгтэй. Чулуу дууссан учраас чулуун зэвсгийн үе дууссан юм биш шүү гэдгийг. Чулуу дуусаагүй, хүн төрөлхтний хэрэглээ, технологи өөрчлөгдсөн. Хэчнээн их нүүрс байсан ч олон зүйлс өнөөдрөөс эрс өөр болно. Манай улсын экспортын 90 хувийг түүхий эд эзэлж байна. Та улстөрчдөөс “Монголчууд бид 30 жилийн дараа юу зарж амьдрах юм бэ. Бид яаж хоолоо олж идэх юм бэ” гэж асуугаарай. Хамгийн сонирхолтой нь үүнд анхаарч, ярьж байгаа улстөрч тун цөөн. Гэтэл 30 жил бол маш бага хугацаа. Тавдугаар цахилгаан станцыг барих тухай яриад 15 жил болж байгаа биз дээ.

Ерөнхийлөгчийн үүрэг нь юу юм бэ гэхээр ард түмний эв нэгдэл гэж хэлдэг. Тэр нь бидний нийтлэг мөрөөдлийг хөгжүүлдэг, мөрөөдлийнхөө төлөө хамтдаа явах, түүнд бүх хүн оролцох нөхцөлийг хангадаг хүн. Ерөнхийлөгчийн сонгууль болохоор худаг ухсан уу, байшин барьсан уу, зам гүүр тавьсан уу гэж асуудаггүй. Яагаад гэвэл, энэ бол Ерөнхий сайдын ажил. Ерөнхийлөгчийн үүрэг бол ард түмний эв нэгдлийг хангаж, улс орныг ирээдүй рүү нь харуулж байх зорилготой. Дээрээс нь төрийн нэгдмэл байдлыг хангаж байх үүрэгтэй. Түүнээс аль нэг намын талд, эсвэл аль нэг намын доторх асуудалд оролцоод явдаг хүн огт биш. Би бол системийн инженер хүн. Системийн судалгаагаар олон жил ажилласан. Монголд томоохон реформ хийхгүйгээр нэг хүнийг нөгөө хүнээр солиод шийдэгдэхгүй олон том асуудал бий. Зүйрлэвэл, буруу замаар явж байгаа машины жолоочийг солих, зөв замаа олж явах нь адил асуудал биш биз дээ.

Тэгвэл Монгол Улс авлигаасаа яаж салах вэ?

-“Монголд эдийн засгийн хямрал биш, хулгайн хямрал болж байна” гэж үг байдаг. Энэ бол үнэн үг. Авлигыг арилгана гэдэг бол нэг хоёр хүнийг шоронд хийснээр шийдэгдэхгүй. Авлигын систем ажилласаар л байна шүү дээ. Өөрөөр хэлбэл, ил тод биш, хяналтгүй төр, дээрээс нь, улс төрийн намууд болон шүүх, прокурорууд нь бизнестэйгээ хутгалдчихсан, улс төрийн захиалгаар шүүх, прокурор нь ажилласан хэвээр үед хэн нэгэн хүнийг сольсноор дараагийн хүн л гарч ирнэ. Тэгэхээр том шийдэл бол хүн солих явдал биш, ерөөсөө энэ бүх тогтолцоо системийг өөрчлөх тухай ярих ёстой.

Эдгээр нь, дээр хэлсэн, улс төрийн намын реформыг юуны түрүүнд хийж асуудлыг сууриар нь шийдээд эхлэх явдал. Бид том эрх ашгаа харах ёстой. Энэ нь гоё үг шиг сонсогдож магадгүй. Гэхдээ бодит хэрэгцээ тийм л байна. Өнөөдөр бид салаа замын уулзвар дээр байна. Өөрөөр хэлбэл, авлигын тогтолцоо явсаар байгаад АН-ын задрал, нэг намын дарангуйлал руу шилжих хэлбэрээр илэрч байна. Нэг намын дарангуйлал гэдгээр зөвхөн МАН-ыг ч яриад байгаа юм биш. Ямар ч намын хувьд энэ адил үйлчлэх зарчим.

Танд эрх баригчдыг, төрд байгаа бүлэглэлийг сөрөх эр зориг бий юү. Ингэж асууж байгаа учир нь та багагүй хугацаанд улс төрөөс хөндийрсөн, мөн дүрмээрээ явдаг хүн гэж би хувьдаа дүгнэдэг. Нөгөөтэйгүүр улстөрчидэрх ашиг, эрх мэдлээрээ нэгдсэн хүчтэй бүлэглэл Монголын төрд бийгэж өөрсдөө ч хэлдэг?

-Цаг нь ирэхэд ямар ч том хүчтэй юм нурдаг. Үзэл санаа үргэлж ертөнцийг өөрчилдөг гэсэн үг бий. Мөнгө биш. Мөн хийх хэрэгтэй болох цагт хүн юуг ч хийж чаддаг. Би бол одоо хийх ёстой цаг гэж харж байна. Тиймд хийх л болно.

Оюутан, сурагчид хоёр жил цахимаар хичээллэлээ. Уг нь дэлхий нийтээрээ цахимаар боловсрол эзэмшээд болж байна. Гэхдээ хөдөө орон нутагт малчдын хотонд цахим, теле хичээл төдийлөн үр дүнгүй, нийт сурагчдын 47, 50 хувь нь хичээлийн хоцрогдолтой байна. Боловсролын системийн гажуудлыг яаж засах вэ?

-30 жил бид боловсролоо хаячихсан. Социализмын үеийн боловсролын тогтолцоо инерциэрээ явж байна. Үүнээс гадна Монголын хамгийн бага цалинтай хүн нь багш нар болчихлоо. Ийм байгаа цагт яаж боловсролыг дээш нь татах юм бэ. Уул уурхайн орлого, байгалийн баялаг хавтгайрсан халамжид яваад байна. Уг нь уул уурхайн баялгийг ирээдүй үедээ зарцуулах ёстой гэж боддог. Гэхдээ яаж зарцуулах юм бэ гэхээр багшаар нь буюу боловсролоор нь дамжуулах юм. Багш нарын цалинг ядаж гурав дахин нэмэх хэрэгтэй. Мөн дээрээс нь боловсролыг орчин үеийн сурах бичиг, дэлхийтэй холбох хэрэгтэй.

Сүүлийн гурван жил би “Хаан академи”, “Бизнесийн боловсрол” зэрэг онлайн боловсролын чиглэлд ажиллаж байна. Дэлхийн боловсролын олон асуудалд оролцож явсан. Дэлхий даяараа боловсролын төлөө, тэр дундаа орчин үеийн мэдээллийн технологи ашиглахын төлөө явж байна. Бид тэдэнтэй хөл нийлүүлэх хэрэгтэй. Монголд тийм боломж бүрэн бий. Учир нь өнөөдөр Монголын харилцаа холбооны компаниуд сайн ажиллаж байгаа. Өөрөөр хэлбэл, технологи дутаагүй. Ухаалаг утас, телевизоргүй айл ховор. Фэйсбүүкийг орон нутгийнхан маш өргөн ашиглаж байна. Солонгост байгаа хүүхэдтэйгээ малчныхаа хотноос шууд ярьчихаж байна шүү дээ.

Асуудал нь, бид дахиад л төр засгийн түвшинд XXI зууны боловсролыг манлайлж явах улс төрийн хүчин алга. Нөгөө талаас багш нарыгаа хамгийн ядуу хүн болгочихсон. Ардчилал бол хамгийн чухал эрх чөлөө. Харин хоёр дахь нь боловсрол. Гурав дахь нь, эрүүл мэнд. Энэ гурав нийлээд хүн. Өнөөдөр монгол хүн байгаа цагт бусад бүх юм болно. Би нүүрс, зэсэнд санаа зовохгүй байна. Монгол хүмүүс чадвартай, чадалтай байгаа цагт бусад бүх зүйлс болно. Нүүрс байхгүй ч болно. Жишээлбэл, чадалтай улс гэгддэг Сингапур, Тайвань, Өмнөд Солонгос байгалийн баялгийн нөөцгүй. Тиймээс чадалтай хүн байгаа цагт бусад нь ямар ч асуудалгүй. Харин чадалтай хүн байхгүй цагт ямар ч нүүрс, ямар ч баялаг аврахгүй.

Гэхдээ бид чадалтай хүнийг лидер болгож байна уу, чадалтай хүн нь улсынхаа төлөө ажиллаж байна уу гэдэг нь эргэлзээтэй байна. Нөөц баялаг нь байгаад байдаг. Гэтэл удирдагчийн ажил сургууль, цэцэрлэгийн барилгаас гавихгүй байна. Чадалтайгаараа нийгэмд манлайлах нь маш дутмаг. Та үүнтэй санал нийлэх үү?

-Тийм. Мөнгөний сонгуулийн цаад зарчим нь энэ л дээ. Мөнгөний сонгуулиар саналыг нь худалдаад авчихаж байна шүү дээ. Мөнгөний сонгуулийн гол нууц юу гээч. Яг таны хэлдгээр тодорхой бүлэг хүмүүс төрийн эрх мэдлийг хувийнхаа эрх ашгийг хангах үүднээс л худалдаад авчихаж байгаа юм. Тиймээс төрийн системд мерит буюу шаталсан шалгаруулалт тогтолцоо нэвтрэх ёстой. Хуучин социализмын үед МАХН бол төрийн боловсон хүчний том тогтолцоо болж байсан. Төрийн тогтолцоонд хүн доороос нь дээшээ насаараа явдаг байлаа. Түүнээс одоогийнх шиг мөнгө өгөөд “лифтэнд сууна” гэсэн ойлголт байгаагүй. Тэр үед коммунист үзэл нь буруу болохоос мерит буюу шаталсан зарчим нь зөв байсан. Манлайлагч байна гэдэг чинь үлгэр жишээ үзүүлж явах тухай яриа. Өөрөөр хэлбэл, хүүхдээ зөв байлгахын тулд өөрөө үлгэрлэх ёстой гэдэгтэй адил. Өөрөө үлгэрлэж чадахгүй бол хүүхдийг хэчнээн загнаад бүтдэггүй гэдэг дээ. Улс орны удирдлагын асуудал яг үүнтэй адилхан. Мөнгөний сонгууль, авлигажсан нам манлайллыг устгадаг. Улс орныг лидергүй болгодог. Үнэндээ хүмүүс сонгуульд зөвхөн хэн нэгнийг дэмжээд байгаа юм биш. Хүмүүс боловсролтой байх юмсан, шинжлэх ухаанч байх юмсан, технологитой болох юмсан, дэлхий нийттэй өргөн харилцах юмсан, бусад орнууд XXI зуунд гээд яриад байхад бид бас адилхан хөл нийлүүлэх юмсан гэсэн хүсэлтэй байна. Тэр хүсэл мөрөөдлөө л хайгаад байгаа юм.

Р.ХИШИГЖАРГАЛ

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Д.Ганбат: Нэг нам, нэг хүний дарангуйлал руу өдөр өдрөөр ойртож байна

УИХ-ын гишүүн Д.Ганбаттай ярилцлаа.


-Та бүхний өлсгөлөн зургаа дахь өдрөө үргэлжилж байна. Ямар үр дүнд хүрнэ гэж өлсгөлөн зарлаж байгаа юм бэ?

-Улс орны хувьд ч, дэлхий нийтийн хувьд ч ер нь их амаргүй нөхцөлд байна. Цар тахал Монголд бүртгэгдээд хоёр жил боллоо. Үүний эсрэг УИХ, Засгийн газрын авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа, арга хэмжээнд сэтгэл хангалуун бус байна. Энэ хүнд хэцүү үеийг ашиглаад нэг нам, нэг хүний дарангуйлал руу өдөр өдрөөр ойртож байна л даа. Тухайлбал, Улаанбаатар хотод 28 хоног хөл хорио тогтоосон. Гэтэл энэ хөл хорио тогтоосон нь үр дүнтэй болсон уу, үгүй юү. Ер нь шийдвэр, цаашид яах нь тодорхой биш. Хөл хорио тогтооно, тогтоохгүй гээд иргэдийг баахан төөрөгдүүлсэн. Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ нь шинжлэх ухаанч биш, ард түмнийг чирэгдүүлсэн, цар тахалд зарж байгаа төсөв, хүн хүчний нөөц бололцоогоо зөв хуваарилж чадахгүй байна. Эмнэлгийн ажилчдыг өдөр шөнөгүй ажиллуулчихаад цалин урамшууллын нэмэгдэлгүй. Цагдаа, эмнэлгийн албан хаагч, ард түмэн туйлдаж байна. Үүний хажуугаар шударга бус байдал ноёллоо. Үүнийг нь эсэргүүцэж УИХ-д хэлж, ярилаа. “Ковид-19” цар тахлын нөхцөл байдал гээд үг хэлэх хугацааг хоёр минут болгочихсон. Олон санал санаачилга хэлж байгаа ч бидний гаргасан саналыг авахгүй байна. Нөхцөл байдал хэцүү байна. “Цар тахалтай тэмцэх бүтэц байгуулаач ээ. Хуучин бүтэц чинь ажиллаж чадахгүй байна” гэж аль дээрээс л хэлж, ярьж байсан. Үүнээс гадна “Та нар өөрсдөө сэтгээд ажил хийж чадахгүй бол олигтойхон хийчихдэг израиль, еврейчүүдийг дуурайгаад хийгээдэхээч. Тэд юу хийж байна, тэрийг нь дагаад хийхэд л цар тахлын ард гарна” гээд хэлээд байхад үг авсангүй. “COVAX хөтөлбөрт итгэж байна. Бид үнэгүй, хямд авна” гэж явсаар маш их цаг хугацаа алдчихлаа. Бусад улс орнуудад хүүхдүүд нь сургууль, цэцэрлэгтээ явж байна. Бүх байгууллагууд нь хэвийн ажиллаад эхэлчихлээ. Гэтэл манай хүүхдүүд хоёр жил сургууль, цэцэрлэгтээ суусангүй. Боловсролын хувьд 10, 20 жилээр хоцрогдчихсон байна. Ийм л хүнд хэцүү байдалтай болж эхэлж байна. Хичээл хоцрогдлыг дараа нь арилгахад их хэцүү, бүр ч их мөнгө төгрөг зарна. Ийм алдагдсан нэг үе гарч ирэх гээд байна.

-Өлсгөлөн зарласнаар ямар үр дүнд хүрнэ гэж бодож байна?

-Бид нэг намын даран-гуйлал, нэг хэсэг дарангуйллыг хүлээн зөвшөөрөхгүй. Цар тахалтай тэмцэж байгаа арга хэлбэр чинь эдийн засгийг унагаасан, эрүүл мэндийг үгүй хийсэн энэ байдалдаа хариуцлага хүлээ гэж байгаа. Нас барсан иргэдийн ар гэрт нөхөн олговор олго. Мөн ард түмний сонголтыг бүрэн тусгах сонгуулийг бий болго. Наад сонгуулиа шударга, хуулийн дагуу явуул. Тухайлбал, Ерөнхийлөгчийн сонгуулийг аваад үзье. Эхлээд одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга гэдэг хүнтэй манай намын дарга өрсөлдөхгүй. Энэ хүнийг соль гээд Үндсэн хуулийн Цэц дээр хууль өөрчилж байгаад сольчихож байна. Дараа нь С.Ганбаатар гэдэг хүнтэй өрсөлдөхгүй гээд намын удирдлагуудад нь албан тушаал амлаад намыг нь худалдаад авчихаж байна. Ингээд ялах магадлал бүхий хүмүүсээ зайлуулж байна. Дараа нь Н.Алтанхуяг гэдэг хүн дэвшинэ гэхээр Сонгуулийн Ерөнхий хороон дээр унагааж байгаа юм уу яаж байгаа юм. Энэ хүмүүсийн дэвших дэвшихгүй нь бүр дараагийн асуудал. Хамгийн гол нь иргэдийн сонгох, сонгогдох эрхийг зөрчиж байна. Манайх УИХ-д суудалтай, дээрээс нь бүлэгтэй нам шүү дээ. Сөрөг хүчнийхээ хэлэх үгийг хааж, боож байна. Сөрөг хүчнээ талбай дээр гаргачихсан, үг хэлүүлдэггүй, санал бодлыг нь тоодоггүй, тэгсэн хэрнээ улс орных нь амьдрал уначихсан, иргэдийн 30 хувь нь ядуу байна. Хөл хорионоос болоод бараг 40, 50 хувь нь ядуу болчихлоо. Хөргөгч нь хоосорчихлоо. Махны үнэ 14, 15 мянга болчихлоо гэх мэт олон зүйлийг хэлж болно. Үүнд дорвитой арга хэмжээ авахгүй байна. Гадаадад байгаа иргэдээ олигтой татаж авахгүй байж, мутацид орсон вирустэй 35 хүн Энэтхэгээс аваад ирж байх жишээний. Мутацид орсон вирус нь тархвал бид дийлэхгүй шүү дээ.

-Хөл хорио гээд иргэд гэрээсээ ч гарч чадахгүй байхад хууль баталдаг, дагаж мөрдөхийг үлгэрлэдэг УИХ-ын гишүүд нь дэглэмээ зөрчиж байгаа нь хэр зөв юм бэ гэдэг зүйл их яригдаж байна…?

-Хөл хориогоор далим-дуулж хоёр жил улсын төсөв мөнгийг гамгүй цацсан ч үр дүн гарсангүй. Улсын мөнгө ч үгүй, эрүүл мэнд ч үгүй боллоо. Ингэж хэмжээ хязгааргүй зарцуулж болохгүй. Бид энэ байдалтай эвлэрээд сууж болохгүй. Бид хязгаартаа тулаад гарч ирж байна шүү дээ. Түүнээс биш цар тахалтай үед ард түмнийг цуглуулахгүй гэсэн байр суурьтай байгаа. Зөвхөн өөрсдөө талбай дээр гарч ирье л гэсэн. Парламентын танхимаас биднийг үг хэлүүлэхгүй, микрофон хааж байна. Өвчин тахлаар далимдуулж дарангуйлдаг боллоо. УИХ-ын гишүүд гэдэг чинь ард түмний эрх ашгийг хамгаалж, ард түмний өмнөөс асуудлыг шийдэхийн тулд УИХ-ын гишүүний эрхийг эдэлдэг. Иргэдээ төлөөлж УИХ-ын индэрт үг хэлэх эрх байхгүй болчихоод байна шүү дээ. Гишүүдийн микрофоныг яаж хааж байгааг орон даяар харж байгаа байх. Тиймээс талбай дээр гарч ирж үгээ хэлж, санал бодлоо илэрхийлж байна.

-Нэр дэвшигчийг бүртгэхээс өмнө та бүхэн зөвшилцөж, ойлголцолд хүрэх боломжтой байсан юм биш үү. Нөгөөтэйгүүр Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос зөвшилцөх саналыг ч гаргасан. Нэр дэвшигчээ бүртгүүлэхээсээ өмнө та бүхэн зөвшилцлийн ширээнд суусан уу?

-МАН төрийн эрх мэдлийг бараг бүгдийг нь авчихсан. Энэ хүмүүс намуудыг худалдаж авахыг нь худалдаад, хуваахыг нь хуваагаад байна. Албан тушаалаар МАН-ыг худалдаад авчихсан. Ерөнхийлөгчийн сонгуульд дэвшиж байгаа ХҮН-аар Үндсэн хуулийн Цэцэд өргөдөл гаргуулсан. ХҮН гэж тоглоомын нам байгуулаад байна гэж өмнө нь хардаж хэлж л байсан. Энэ бүх зүйл нь өөрсдийнх нь үйлдлээр амьдрал дээр нотлогдоод байна. Төрийн байгууллагуудаа ашиглаж хамгийн нэр хүнд муутай, өмнөх сонгуулиар намаа ялагдуулсан хүнийг дэвшүүлж байна. Тэрийг дэвшүүл, энийг дэвшүүлэхгүй гэсэн маягтай ажлыг хийгээд байна. Яаж ч уран донгодож, юу ч гэсэн энэ бүхэн нь иргэдийн нүдний өмнө ил байна л даа.

-УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, С.Ганбаатар нар АН-аас нэр дэвших эрхгүй гэдгийг М.Тулгат даргын талаас мэдэгдсэн. Танай намын дүрмээр бол намд элсээд зургаан сар болсны дараа нэр дэвших эрх нь нээгдэх юм биш үү?

-Ерөнхийлөгчийн сонгуульд нам бус хүн нэр дэвшиж болно шүү дээ. Хуулиараа хориогүй. Дүрэм журмыг намын даргаас, эсвэл сунгаа явуулсан хүнээс асуух нь зөв болов уу. Ардчилсан нам УИХ-д 11 гишүүнтэй байснаа 13-уулаа болж бүл нэмж байна. Бид намаа, сунгаагаа нэгтгэчих юмсан, нэг нэр дэвшигч гаргачих юмсан гээд хооронд нь нийлүүлэх гэж явлаа. Хэнийг ч буланд шахаж, ялгаварлан гадуурхаад байж болохгүй. Хэн ч алдаа гаргах эрхтэй. Би сунгаанд мөнгө төгрөгийг нь төлөөгүй, оролцоо ч үгүй. Сунгаагаа хийчихээч гээд эцэс хүртэл нь явлаа, болсонгүй. Болохгүй бүтэхгүй байгаа зүйлийн цаана эрх барьж байгаа нам байна л даа. Сонгуульд өрсөлдөгчөө захиалж байна.

-Нөгөө талаас зөвшилцье гэдэг саналыг тавьсан юм биш үү. С.Эрдэнэ дарга “Намын даргын санал хураах өдрийг нэг өдөр байхаар болгож наашлуулсан” гэж мэдээлж байсан?

-Хэн хэн нь амаараа ярьдаг юм. Үйлдэл дээрээ байхгүй болчихоод байгаа юм. Би энэ хүмүүсийг нэгтгээд уулзаж үзсэн л дээ. Улс төрийн намуудыг хардаг, ажигладаг хүмүүс мэдэж байгаа байх. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр ч мэдээлэл нь гарч байсан. Тухайн үед нэгтгэчих гээд явсан. Уг нь манайхан нэгдчихмээр юм шиг байгаа юм. Гэвч цаанаас нь мөнгө, төгрөгтэй, эрх мэдэлтэй нам захиалаад байхаар зовлонтой юм. С.Эрдэнэ дарга өөрөө “Прокурор дээр хэрэг шалгагдаж байгаа. Хоёр сар болоод хүчингүй болоод хоёр сар болоод буцаад мөрдөгдөөд байна” гэж ярьсан шүү дээ. Энэ мэт байдлыг харахад захиалчихаж байгаа юм. Намаа авч яваад 2020 оны УИХ-ын сонгуульд ялагдчихлаа шүү дэ. Тиймээс дүрэм журмаараа хариуцлага хүлээх ёстой.

-Та бүхний ард хэн нэгэн эрх мэдэлтэй хүн байна уу гэдэг хардлага нийгмийн дунд байна?

-Та нар гэж хэнийг хэлээд байгаа юм.

-Өлсгөлөн зарлаж байгаа гишүүдийн ард?

-Миний хувьд хэн нэгэн хүн байхгүй. Манай гишүүдийн ард ч байхгүй байх гэж бодож, найдаж байна. Гэхдээ би ямар бүх зүйлийг мэдэх биш. Хамгийн нэн түрүүний эрх ашиг бол ард түмний эрх ашгийг өмнөө тавьж, өргөсөн тангаргаа санаж байгаа байх гэж бодож байна.

-Өлсгөлөн хэзээ дуусах юм бэ?

-Бидний шаардлагуудыг биелүүлсний дараа дуусна.

Р.ЖАРГАЛ

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Д.Жаргалсайхан: Би улс төрийн бус, нийгмийн зүтгэлтэн учраас энэ ажлаа үргэлжлүүлэн хийе гэж бодсон

– АВЛИГАТАЙ ТӨР БИЗНЕСЭЭ САЙН ЯВУУЛАХ БОЛОМЖИЙГ ХҮН БҮРТ ОЛГОДОГГҮЙ –


Эдийн засагч, нийтлэлч, Defacto Д.Жаргалсайхантай ярилцлаа.


-Манай улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг та хэрхэн харж байна?

-“Ковид-19” цар тахал ийм өргөн хүрээг хамарна гэж аль ч улс орон таамаглаагүй байсан. Жил хагас манай улсын хил хаалттай байна. Тэгэхээр эдийн засгийн үйл ажиллагаа ямар байх нь ойлгомжтой. Материаллаг баялгийг бүтээдэг салбарууд нь зогссон учир хүмүүсийн хэвийн амьдралыг хангахын тулд төр засаг эдийн засгийн эргэлтийг хадгалахын тулд чадах хэмжээгээрээ ажилласан.

Хил арваад сар хаалттай байж байгаад, вакцин гарах цаг үе рүү харьцангуй ойртож чадлаа. Одоо вакцинжуулалт эрчимтэй хийгдэж байгаа учраас эдийн засаг идэвхжих болов уу. Эдийн засгаа хэвийн үргэлжлүүлэхийн тулд юуны өмнө мөнгөний эргэлтийг хэвийн байлгах ёстой. Ингэхийн тулд өмнөх Засгийн газар таван их наяд, одоогийн Засгийн газар 10 их наядын хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Уг хөтөлбөрөөр нэгдүгээрт, эдийн засгийг бүтээж буй хүмүүсийн ажлын байрыг хадгалах. Хоёрдугаарт, үеийн үед л байсан орон сууцны асуудлыг шийдэхэд анхаарахад хөтөлбөрүүд чиглэж байна. Тиймээс бэлэн болсон байрнуудад ипотекийн хөнгөлөлттэй зээл олгож байна. Хэрэгжилтийн явцыг хэвлэл мэдээллийн хэрэгслээс бүгд харсан болов уу. Үр өгөөжийн хувьд цаг хугацаа харуулна. ямартаа хоёр их наяд төгрөгийн гурван хувийн хүүтэй зээл буюу 650 тэрбум төгрөг эдүгээ олгочихоод байна. Уг зээлийн үндсэн хүү нь есөн хувь, үлдсэн зургаан хувийг Засгийн газар төлж байгаа. Энэ бол төсөвт ачаалал болно. Сангийн сайд саяхан “Төсөвт урьдчилж тооцоогүй ачаалал гарч байгаа. Түүнийг бууруулахын тулд гадаадаас тусламж авах шаардлагатай” гэж хэлсэн.

Үүнээс гадна манайх харьцангуй их өртэй улс. Гадаад өрөө цагт нь төлөх ёстой. Ямартаа ч хамгийн өндөр хүүтэй “Мазаалай” бондын өрөө цагт нь төлсөн. Энэ мэтээр “Ковид-19” цар тахлын үр дагавартай боломжийн хэрээр тэмцэж байна. Хэрвээ бид ковидыг зогсоож чадвал ирэх долдугаар сарын 1-нээс эдийн засаг огцом өсөх болов уу. Жишээ нь, гэртээ удаан суучихсан хүмүүс,хаасан усыг нь тавьчихсан мэт худалдаа хийнэ Худалдаа, мөнгөний эргэлтэд маш хурдан нөлөөлөх байх. Ингээд бизнесийн нийлүүлэлтэд огцом өсөлт авч ирнэ гэж харж байна. Энэ жилийн хоёрдугаар хагаст манай эдийн засгийн огцом өснө.

-Хятадын эдийн засгийн сэргэлт, зэсийн үнийн өсөлт мөн нөлөөлөх болов уу?

-Тийм, Харин өсөлт бол уул уурхайгаас гол хамааралтай эдийн засагтай учраас урд хөршид нүүрс, зэс хүргэж буй дэд бүтцийн чадвараас их хамаарна. Тэр чиглэлийг төмөр зам хурдан ашиглалтад орчихвол сайн байна. Гэхдээ энэ жилдээ бараг амжихгүй байх. Үүнээс гадна нүүрс баяжуулах үйлдвэрээ эхэлж байна гэж сонссон. Мөн цахилгаан станц баригдаж эхлэх ёстой. Энэ мэт том төслүүд нь эхэлчихээр эдийн засгийн эргэлт хурдасна.

Хятадын эдийн засаг ковидын дарамтаас түргэн гарч эхэллээ. Зэсийн хэрэгцээ дэлхий даяар ч улам өсч байна. Энэ цаг үед хүн төрөлхтөн технологийн дараагийн шинэчлэлтэд орж байна. Үүнийг манай улс одоохондоо мэдрэхгүй байна. Технологи хөгжүүлэг ч орнуудад. Нэгдүгээрт, 5G, хоёрдугаарт, Blockchain технологи эрч хүчээ авч байна. Энэ хоёр дээр суурилсан цахилгаан машины үйлдвэрлэл огцом өсч байна. Цахилгаан машины үйлдвэрлэлд маш их зэс ордог. Мөн хагас дамжуулагч чипний үйлдвэрлэл хэрэгцээгээ хангаж чадахгүй байна.Тиймээс зарим машины үйлдвэрлэл төлөвлөгөөнөөсөө хоцорч байгаа. Товчоор цар тахал удалгүй дуусна. Тун удалгүй бид цахилгаан машин руу шилжих юм. Цаг хугацааны асуудал. Үүнтэй зэрэгцээд монголчуудын хувьд ямар асуудал тулгарч байна гэхээр одоо байгаа 300, 400 мянган приус машиныг яах вэ? Бүгдээрээ хуучирсан, нэг машинд хориод ширхэг батарей байдаг. Ялангуяа хөл хорионоос болоод удаан зогссоны дараа хуучин машин асахгүй байна гэсэн. Солих хэрэгтэй, гэхдээ хуучнаа яах билээ? Хаана хаях билээ. Байгальд хортой. Тэгэхээр батарей боловсруулах үйлдвэр барихаас өөр сонголт алга. Учир нь манай хоёр хөрш хуучин батарейг нутаг дэвсгэр дээгүүрээ явуулдаггүй.

-ХҮН-аас өрнүүлсэн “Ерөнхийлөгчөө захиалъя” аянд олон хүн таны нэрийг дэвшүүлж, уг эвслээс танд санал тавьсан. Саналаас татгалзсан шалтгаан тань юу вэ?

-Надад санал тавьсан ХҮН, нэр дэвшихийг дэмжсэн бүх хүмүүст талархаж байгаа. Энэ талаар сайн бодож үзсэн л дээ. Гэхдээ би улс төрийн бус, нийгмийн зүтгэлтэн хүн учраас нийгмийн ажлаа үргэлжлүүлэн хийе гэж бодсон. Ер нь ардчилал, ардчиллын үнэт зүйлийг дээрээсээ төр засаг, институци гэхээсээ илүү, доороосоо иргэдээсээ дэмжих ёстой. Учир нь ардчилсан төр засгийг иргэний нийгэм хянадаг, засдаг. Тиймээс нийгмийн идэвхи, та бидний хэвлэл мэдээллийн ажил чухал үүрэгтэй. Харин үүргээ бид сайн ойлгохгүй байна.

Ардчиллын үнэт зүйл болох хүний эрх, чөлөөт зах зээл, хаана амьдрах, юу хийхээ өөрөө сонгох зэрэг агуу эрх чөлөөг хүн төрөлхтний хагас нь мөрөөдөөд ч авч чадахгүй байхад бид авчихсан байгаа. Тэгвэл энэ үнэт зүйлээ яаж бэхжүүлэх, авч үлдэх, яавал эргэж буцалтгүйгээр эх орныхоо хөрсөнд, хүн бүрийн тархинд шингээхийн тулд хүн бүрийн оролцох хэрэгтэй. Иргэдийн оролцоогүйгээр төрийн эрхэнд байгаа хүмүүсийг нэгийг нь нөгөөгөөр нь солиод хөгжихгүй. Төр нь бусад хүний хөрөнгөөр ажиллаж байгаа учраас тийм сайн ажилладаг машин ч биш.

Харин иргэний нийгэм буюу тэдгээр эрх баригчдыг сонгосон, мэдээлэлтэй иргэд төр засгийн өдөр тутмынх нь ажлыг хянадаг, засдаг, сонгуулиар сольдог юм. Бид энэхүү ардчиллын бүхэл бүтэн систем ажиллуулж чадахгүй байна. Үүний гол шалтгаан нь иргэний нийгэм үүсэхгүй, хүмүүс ч идэвхтэй биш байна. Зөвхөн сошиал медиа дээр хэт “хашхирсан”-аас хэтрэхгүй байна. Харин сүүлийн үед хүний эрх, эмэгтэйчүүдийн эрхийн төлөө хөдөлгөөн бий болж байгаа нь зөв.

Би иргэний нийгмийн хөгжүүлэх чиглэлээр долоо хоног бүр нийтлэл бичиж, телевизийн ярилцлага хийж вэб сайтдаа хэвлээд арваад жил байна. Нийтлэлүүд англи, япон, орос, хятад,солонгос хэлээр бас гардаг. Учир нь ардчилалын үнэ цэнэ, алдаа оноо бол бүх улс оронд хамаатай. Хөршүүдэд маань төрийн удирдлагад гарсан хүн олон арван жилээр солигдодгүй. Манайд бол өөр. Ерөнхийлөгч өмнө нь дөрөв, одоо зургаан жилийн дараа дүнгээ тавиулдаг, солигддог. Үүнээс болж төрийн бодлого нь тогтвортой бус, Засгийн газар олон солигдож байгаа нь үнэн.Гэхдээ энэ бол аль нэг нам, бүлэг монополь эрх авахгүй байх баталгаа болдог. Ардчилал нь олонхын нь шийдвэрээр явдаг. Гэхдээ олонхын нь сонголтоор бий болсон төр засаг цөөнхийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах ёстой. Тэгж бид илүү хурдан хөгжинө. Өнөөдөр манай ардчилсан төр засагт саад болж байгаа ганцхан зүйл бий. Тэр нь авлига. Авлига төр засгийн бүх түвшинд гүнзгий шингэсэн. Эхлээд уул уурхайн лиценз, дараа нь Улаанбаатарын газрын авлига, одоо бол эрх мэдэл, албан тушаал, гадаад томилолт гээд явж байна. Авлигын амьд жишээ нь Богд уулын амууд. Ам бүр авлигын хөшөө. Үүнийг засаж чадахгүй байгаа. Олон залуус маргаашдаа итгэхгүй зугтаж байна. Болж өгвөл л гадагшаа яваад байна.

-Улс төрийн намуудад өрнөж байгаа үйл явцыг та хэрхэн дүгнэж байна.Эрх барьж байгаа намаас Ерөнхийлөгч сонгогдчихвол нэг намын дарангуйлал тогтоно хэмээн зарим улс төрчид, хүмүүс ярьж байна л даа. Төрийн эрхийг нэг нам давамгайлж барих нь ардчилалд нөлөөлөх үү?

-Ардчилсан нийгэмд төрийн эрх барьдаг ганц институци бол улс төрийн намууд. Гэхдээ улс төрийн намууд олон байж, ядаж сонголттой байх хэрэгтэй. АН-ыг үзэл бодол ашиг сонирхлоороо нийлсэн хүчтэй бүлэг болж жигдрээд байна гэж бодтол одоо хоёр толгойтой болчихлоо. МАН, АН хоёр Монголын улс төрийн гол хүчин болж ирсэн. Гэтэл хоёр баганын нэг багана нь дотроо хоёр болчихсон ганхаж байна. Яагаад ийм болчихов гэсэн асуулт гарч ирж байна.Улс төрийн намуудын санхүүжилт нууц,түүнийг нь эс үйлдлээрээ төр засаг зөвшөөрч буйгаас их мөнгөтэй нь сонгуульд ялж байна. Монголын улс төрд эрх мэдлийн төлөө зодоон болж байна. Төрд байгаа нь эрх ашгаа хамгаалах, авч үлдэх гэж оролдож байна. Намууд өөрсдийг нь санхүүжүүлж буй бүлэглэлийнхээ эрх ашгийг хамгаалах гэсэн хүмүүсийн бөөгнөрөл болжээ.

Төрд бүлэглэлээ хамгаалах, нөгөө бүлэглэлээ дарах, шударга өрсөлдөөнийг алга болгох, зөвхөн өөрсдийн хүмүүстээ албан тушаал өгөх зорилготой болжээ. Олон арван хөгжиж буй орон ингэж ардчилаасаа ухарсан байдаг. Санхүүгийн тайлангаа иргэдэд гаргаж өгдөггүй, улс төрийн намуудыг бид өдий болтол дэмжээд ирлээ. Энэ байдал удах тусам ардчилал хэврэг болно. АН-ын өнөөгийн байдал үүнийг харуулж, түгшүүрийн дохио нийгэмд өгч байна.

МАН бол харьцангуй институц болсон ч дотоод ардчилал нь сул, гол шийдвэрүүдийг нь дарга нар нь голдуу гаргаж байна. Энэ бол ноцтой асуудал. Хэрвээ намын шийдвэрийг зөвхөн дарга нар нь гаргаад, гишүүд оролцдоггүй бол АН нам шиг хямрал бол цаг хугацааны л асуудал. Дефакто институциэс Израилийн институцитэй хамтарч намын дотоод ардчилал ямар байгаа талаарх судалгааг сүүлийн гурван жил хийж, англи, монгол хэлээр гаргаж байна.

Нөгөөтэйгүүр иргэний нийгэм яагаад чухал болохыгманай хэвлэлүүд тэр бүр ярихгүй байна. Хэвлэлийнхэн МАН-ын, эсвэл АН-ын талд орохоосоо өмнө, мэргэжлийн бодитой үнэлгээ өгөх хэрэгтэй байна. Аль нэг талыг зөвтгөх гэсэн хандлага гаргаж буй нь сэтгүүлзүйн мэргэжлийн нэр хүнд, сэтгүүлчийн цалинг унагаж байгаа юм. Өнөөдөр манай улсад 500 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгсэл байгаа боловч 75 хувийг нь улстөрчид эзэмшиж байна.

-“Мэдээллийн урсгал” нэвтрүүлгийг юу гэж дүгнэж байна?

-Яг үнэндээ би үүнийг ойлгоогүй. Нэг суваг нөгөө сувгаасаа үзэл баримтлал, хандлагаараа ялгаатай байх ёстой. Бүгдээрээ нэгдчихээд мэдээлэл өгөөд байвал олон ургалч үзлийг хаанаас олгох юм бэ. Ойн шувууд бүгд адилхан дуугардаг болчихвол яах билээ.

Үзэл бодол олон байж хүчтэй байдаг.Нэгдэл гэдэг олон янзын үзэл бодолтой хүмүүс нэгдэхийг хэлдэг болохоос нэг ижил үзэл бодолтой хүмүүс хамт байхыг хэлдэггүй. Тиймээс ардчиллын үнэ цэнийг бэхжүүлэхэд урагшаа алхам хийлээ гэж үзэхгүй байна.

-Ер нь өдрөөс өдөрт ардчилал хэврэгшээд байна уу. Цаашид яах бол?

-Улам хэврэг болоод байна. Цаашид яах нь иргэд яаж ойлгосноос хамаарна.

-Өнөөгийн нөхцөлд иргэдэд орлого л чухал болохоос нийгмийн асуудал төдийлөн чухал биш байна шүү дээ. Энэ нь улс төрийн нам, улстөрчдөд олз болоод байх шиг байна л да…

-Тийм. Ийм байх тусмаа улс төрийн намуудад ашигтай. Тэдний ил далд тарааж байгаа бэлэн мөнгөнд хууртагдах нь улам өндөр болж байна. Нөгөө талд авлигатай төр хүн бүр бизнесээ сайн явуулах боломжийг олгодоггүй. Өөртэй нь холбоотой хүмүүст илүү боломжөгөөд байна. Үүний тод илрэл нь төрийн нэртэй ч, намын эзэмшилтэй том компаниуд бий болж байна. Энэ нь шударга өрсөлдөх боломжийг хаагаад байгаа юм. Засгийн газар “Би ард түмэндээ хайртай учраас үнийг хязгаарлана” гэдэг. Үнэндээ хорлож байгаа юм. Бензиний үнийг хайрцаглаад барихын оронд чөлөөтэй болгочихвол компаниуд зардлаараа өрсөлдөнө. Үүний дүнд бид хямд бензин авна. Учир нь бид бараг 30-иад нийлүүлэгчтэй. Засгийн газраас “Та нар энэ үнээс хэтрүүлэхгүй шүү”,“Үнэ тогтворжуулах хөтөлбөр” гэх мэтээр арга хэмжээ авч байна. Энэ бол дандаа улс төрийн лобби. Чөлөөт өрсөлдөөн байхгүй учраас компаниуд өрсөлдөж, ажлын байр шинээр бий болгож чадахгүй байна. Ажилгүйдэл ихсээд байна. Хэвлэл мэдээллийн салбарт ч тэр. Ажлаасаа халагдах хамгийн их магадлалтай хүмүүс нь сэтгүүлчид. Учир нь чөлөөт өрсөлдөөн байхгүй. Яаж та Ерөнхийлөгчийн, сайдын веб сайт, телевизтэй өрсөлдөх юм бэ. Ингээд чөлөөт өрсөлдөөн байхгүй учраас дуулгавартай хүн авна, хараат бусыг нь халж, эсвэл цалинг нь бууруулна. Нийгэм даяар чөлөөт өрсөлдөөн байхгүй учраас ажлын байр хомстож иргэд Солонгос руу зугтаад байгаа юм. Иргэдийн орлого багасаж, улстөрчид саналыг нь худалдаж авахад улам амар болоод байна. Ийм л чөтгөрийн тойрогт эргэлдээд байна.

-Авлигыг бууруулахын тулд хаана нь ямар реформ хийх хэрэгтэй вэ?

-Нэгдүгээрт, улс төрийн намын санхүүжилтийг ил тод болгох ёстой. Хоёрдугаарт, шүүхийн засаглалыг шударга болгохын тулд гол гол шүүгчдийг УИХ-ын гишүүд шиг сонгочихмоор байгаа юм. Ерөнхийлөгчийн болон Засгийн газрын шүүхэд нөлөөлөх нөлөөллийг зогсоох хэрэгтэй.

Нэг нь шийдвэр буюу хууль гаргаж нөгөөх нь хэрэгжүүлдэг. Гурав дахь нь энэ нь зөв хийгдэж, хэрэгжиж байна уу гэдгийг хянадаг хараат бус байгууллага байх ёстой атал бүх шүүгчид энэ хоёр байгууллагаасаа хараат болчихоод тэр явцдаа өөрсдийнхөө ашиг сонирхлыг хэрэгжүүлээд байна. Ингээд монголд шударга ёс алдагдаад байна л даа. Шударга ёс алдагдсан газар хүмүүс сайхан амьдардаггүй. Ер нь үүнийг эрт хязгаарлаж барьж авахгүй бол үймээн самуун гардаг. Олон үндэстэнтэй улсад иргэний дайн,олон шашинтай газар шашны мөргөлдөөн гардаг. Үүнийг цаагуураа улс төрчид нь дэмждэг. Тиймээс би юу хэлэх гээд байна гэхээр зөвхөн чөлөөт эдийн засаг, нээлттэй ардчилсан засаглалтай улс оронд эдийн засаг нь хөгждөг. Энд Сингапурыг жишээ болгох юм. Сингапур хэдий диктатурын дэглэмтэй ч эдийн засагтаа сая дурдсан аргачлалуудыг зөв хийж өгсөн. Гуравдугаарт, өнөөдрийг хүртэл төр нийтийн хөрөнгийг завшсан бүх хүмүүстээ хуулийн дагуу шүүхээр хариуцлага тооцох хэрэгтэй. Ардчилсан нийгэмд өөрийн хөдөлмөрөөр бүтээсэн зүйл л чиний хөрөнгө болохоос юу ч хийгээгүй мөртлөө гэнэт хөрөнгөжсөн бол, түүнийгээ тайлбарлаж чадахгүй байгаа бол бүх хөрөнгийг хураах хэрэгтэй. Тэд гэхдээ ингэж чадахгүй. Учир нь өөрсдөө холилдчихсон. Тиймээс улс төрийн асар том шударга ёсны реформ хийх хэрэгтэй. Үүнийг сайн ойлгоогүй иргэдэд МАН, АН гэж өнгөн дээр нь талцуулах нь тэдэнд ашигтай байгаа юм. Сайн мэдэхгүй, ажилгүй, ядуу голдуу нөхдүүд МАН, АН гэж хандаж байна.Намайг жаахан байхад улаан, цэнхэр ороолттой хулгианууд хоорондоо зодолддог байсан. Яг одоо тийм зүйл болж байна.

-Монгол Улсын Ерөнхийлөгч ямар хүн байхыг хуулиар заачихсан. Гэхдээ өнөөгийн түвшинд зарчмын хувьд, хувь хүний хувьд ямар Ерөнхийлөгч манайд хэрэгтэй байна вэ?

-Шударга хүн байх хэрэгтэй. Ерөнхийлөгч хэн ч болсон бай ах дүү, хамаатан садангийнхаа материаллаг баялгийн төлөө юу ч хийж болохгүй. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр ганцхан удаа сонгогдох зохицуулалттай болсон учраас дараагийн удаад гэж бэлдэхгүй байх. Гэхдээ Монгол Улсын Ерөнхийлөгч шударга ёсны бэлэг тэмдэг байх ёстой. Эв нэгдлийн гэхээсээ илүү шударга ёсны бэлгэ тэмдэг байх Ерөнхийлөгч өнөөдөр Монгол Улсад хэрэгтэй байна.

Бид ер нь эгзэгтэй үед байна. Бүтээлч, хийсэн бүтээсэн зүйлээ эдийн бус виртуал хөрөнгө дээр дэлхийн зах зээлд гардаг хүүхэд залуусыг бид хурдан бэлдэх хэрэгтэй. Тэгвэл blockchain-д программ бичээд сарын 10 мянган долларын цалин авах боломж нээгдэхээр байна. Бусад улсын хүүхдүүд сурч болоод байхад манай хүүхдүүд сурчихна. Flexible resilient edu­cation system гэдэг. Ялангуяа дунд ангиа хүртэл хүн болгоход илүү анхаарах хэрэгтэй. Хүүхдийн хүмүүжил бие биенээ хүндлэх, хайрлах, өөрийгөө илэрхийлэхэд сургах хэрэгтэй. Үүнийхээ дараа мэдлэг олгохгүй хэрэгтэй.Үүнийг би олон жил судалсан, манайд Финландын боловсролын систем манайд яг тохирох юм байна лээ. Тэнд дөрөв, тавдугаар анги хүртэл нь хүүхдэд дүн тавьдаггүй. 16 настай Финлянд хүүхдүүд дэлхийн олимпиадад түрүүлдэг шүү дээ.

-Шинжлэх ухаан залуус ховор болж. Боловсролын системийн бодлогын хаана нь алдаа гараад шинжлэх ухаанч залуучууд ховордчихов оо?

-Төр засагт мэдлэгтэй бус улстөрч хүмүүсийг гаргаад байгаа юм. Мөн багш нар ч мөн мэдлэгтэй хүмүүс байх ёстой. Системийн хувьд ямар асуудал байна вэ гэхээр жишээлбэл, багшийн цалинд байна. НДШ-д цалингийхаа 25 хувийг бүгд төлж байгаа. Уг нь энэ шимтгэл нь даатгал бус, хуримтлал байх ёстой. Учир нь таны мөнгө учраас та тэтгэвэрт гарахаараа энэ мөнгөө буцааж авах ёстой. Шимтгэлийг нь хоёр дахин их болгож төрөөс өгдөг бол багш тэтгэвэрт гарахдаа асар их мөнгө авна. Багшийн мэргэжлийн нэр хүнд өсч, сайн сурлагатай хүүхдүүд энэ мэргэжлээр суралцдаг болно. Ингэж сайн багш нар “төрж” шинжлэх ухааныг ямар агуу гэдгийг зааж өгнө. Өнөөдөр болохоор хуульч, инженер болно гэж явсаар байгаад, хамгийн сүүлд үлдсэн сул хүүхдүүд нь багшийн хуваарийг авч байна.

Финляндад багш болохын төлөө маш том өрсөлдөөнд болдог. Багшийн цалин, нэр хүнд маш өндөр байдаг. Финляндын бүх шатны бүх багш нар мастер цолтой. Тэнд багш нараа хоёр гурван жил тутам дахин, тасралтгүй бэлтгэж, шинэ технологид сургадаг. Хүүхэд бүр ipad-тай, нэг ангид 20 хүрэхгүй хүүхэд хичээллэдэг.

Р.ХИШИГЖАРГАЛ

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Б.Найдалаа: Монголд жинхэнэ улс төрийн гуравдагч хүчин анх удаа төрлөө гэж итгэлтэй хэлж байгаа

ХҮН-ын Удирдах зөвлөлийн дарга Б.Найдалаатай ярилцлаа.


-Та сайхан шинэлэв үү. Өнгөрөгч төмөр хулгана жил танай намын хувьд хэр өнгөтэй байв. Та намын дарга байсан шүү дээ?

-Сайхан шинэллээ, сайхан шинэлэв үү. Өнгөрөгч хулгана жил Хөдөлмөрийн үндэсний намын хувьд өмнөх хичээл зүтгэлээ баталгаажуулж, олны итгэлийг бодитой үр дүн, амжилт болгосон онцгой жил байлаа. Зөв ХҮН Электорат эвслийг байгуулж УИХ, орон нутгийн сонгуульд оролцсон. УИХ-ын сонгуульд Т.Доржханд ялалт байгуулснаар Зөв ХҮН Электорат эвсэл, ХҮН УИХ-д суудалтай нам болсон.

Үүнээс гадна хамгийн гол нь, нийслэл, дүүргийн ИТХ-уудад нийтдээ 12 төлөөлөлтэй болж чадлаа. Өмнө нь УИХ-д сонгуульд дуулиантай орж суудалтай болоод дараа нь замхран алга болж байсан нам эвсэл цөөнгүй байсан, харин сум дүүрэг, нийслэлийн түвшинд өргөн хүрээтэй сонгуульд оролцож, төлөөлөлтэй болж байсан түүх байхгүй. Иймээс, Монголд жинхэнэ улс төрийн гуравдагч хүчин анх удаа төрлөө гэж итгэлтэй хэлж байгаа юм. Энэ бол иргэдийн хүсэл, нийгмийн захиалга. ХҮН-ын дэмжигчид, гишүүд эрс нэмэгдэж, ялангуяа залуус олноороо хүчээ өгөхөөр нэгдэж байна.

Залуусын хүсэл тэмүүлэл, олны итгэлийг хувийн амжилт албан тушаал болгочихгүйн тулд ХҮН дотоод чадавх, институци чанараа илүү бэхжүүлэх ёстой. Өөрөөр хэлбэл, хэн нэгэн даргын өмч биш, мөнгөтэй хүнээс хамаардаггүй, зөв хүнээ дэвшүүлдэг, хулгайч авлигачаасаа салж чаддаг, иргэдээ сонсдог, ил тод санхүүжилттэй нам болон бэхжих. ХҮН-д өнгөрсөн онд гарсан нэг өөрчлөлт бол удирдлага, бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт. УИХ-ын гишүүн Т.Доржханд намын дарга, П.Ганзориг Ерөнхий нарийн бичгийн дарга болсон. Мөн 10 гаруй шинэ залуу манлайлагчид намын удирдах ажилд хүч түрэн орж ирсэн. Миний хувьд намын бодлого, дотоод ажилд түлхүү анхаарах УЗ-ийн дарга гэсэн ажилд томилогдсон. Энэ сэлгээнүүд ХҮН-ын дарга удирдлага солигдох гэхээсээ илүү намыг хөгжлийн дараагийн шатанд гаргаж байгаа үйл явц юм.

Нээлттэй амлахад, бид ХҮН-ыг олны итгэл даах, боловсон хүчин сайтай, эрүүл саруул, шинэ цагийг авчрах шинэ төрлийн улс төрийн нам институци болгон бэхжүүлнэ ээ. ХҮН албан тушаалд горилогч амбиц шуналтнуудын цуглаан биш залуусын сурч хөгжих, өөрийгөө олох, олны төлөө хүчээ өгөх эрүүл талбар байх ёстой. ХҮН Академи гэж нэрлэсэн бодлого судалгааны хүрээлэнгээрээ дамжуулан уулзалт, сургалт, хөгжүүлэлтийг тасралтгүй хийж, гишүүд, залуусаа хөгжүүлж дэмжих болно.

-Сар шинийн баяраар төрийн гурван өндөрлөгийн хэлсэн үгийг та хэрхэн дүгнэж байна?

-Цагаан сарын мэндчилгээнүүдийг үзсэн. Ерөнхийлөгч ерөөл магтаал уриалгын чанартай үг хэлсэн байсан. Энэ харин зөв юм. Монгол Улсын Ерөнхийлөгч элдэв мөнгө, эд материал амлах ёсгүй, тийм эрх үүрэг боломж ч байхгүй. Зөвхөн “сайн төр засаг”-ийг л амлах үүрэгтэй. УИХ-ын даргын үг уламжлалт, өмнө нь хэлж байснаасаа ялгаатай санагдаагүй. Харин Ерөнхий сайдын үг шинээр томилогдсон болоод ч тэр үү анхаарал татахаар байсан. Ковид нэг өрх шинжилгээ, хорио суллах, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц хөтөлбөр гээд өмнөхөөс арай өөр агуулгатай, хүлээлт үүсгэхээр зүйлс мэдэгдсэн. Гол нь мэдэгдэх биш гүйцэтгэх, хэрэгжүүлэх нь л одоо чухал юм даа.

-Ерөнхийлөгчийн сонгуульд хэр бэлдэж байна. Танай намаас “Ерөнхийлөгчөө захиалъя” цахим аяныг өрнүүлсэн. Одоогоор хэдэн хүн танай намаас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр нэрээ дэвшүүлээд байна?

-Сонгуулийн бэлтгэл ажилд орцгоосон. УИХ-д суудалтай улс төрийн хүчний хувьд Зөв ХҮН Электорат, ХҮН Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлнэ. Ерөнхийлөгч бол аль нэг нам, бүлэглэлийн биш Монгол Улсын, нийт иргэдийн Ерөнхийлөгч. Нэр дэвшигчийг нам дотроо, хэдхэн хүн хуралдаж шийдэх нь зохисгүй гэж үзсэн тул “Ерөнхийлөгчөө захиалъя” аяныг эхлүүлж байгаа. Монгол Улсын иргэн л бол хэн ч, хаана ч байсан www.zuvhun.mn хаягаар орж, дурын хүнээ нэр дэвшүүлэх боломжтой. Иргэд маш идэвхтэй оролцож, одоогоор 12,000 хүн хандаж, 130 гаруй хүнийг нэр дэвшүүлэхээр санал болгосон байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч ийм л байгаасай, битгий ингээсэй, энэ хүн л яг тохирно доо гэсэн бодол монгол хүн бүрийн дотор байгаа. Тэгэхээр энэ завшааныг ашиглаад, олны танил болоогүй байлаа ч таны ойр тойронд байгаа хүмүүсээс нэр дэвшүүлж, санал, хүсэл зоригоо илэрхийлээрэй гэж уриалъя. Хэн ч, хэнийг ч нэр дэвшүүлж болно.

-Яагаад энэ аяныг өрнүүлэх болов?

-Сонгуулийг сонголттой болгох, иргэдийг оролцуулах. Урьд өмнөх сонгуулиуд сонголтгүй байсанд, намууд нь зөв хүмүүс дэвшүүлж чадахгүй байгаад иргэд маш их бухимддаг. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгууль сонголтгүй болж нийт саналын бараг 10 хувь цагаан сонголт өгсөн. Бүр Монголын “хамгийн худалч, хамгийн хулгайч, хамгийн авлигач” гурав нь дэвшлээ гэсэн яриа гарсан. Энэ бол намууд нь иргэдийн төлөөлөл биш болжээ, ардчилал бүрэн ажиллахгүй байна аа гэсэн үг. Иргэд дэмжигчид ч бидэн рүү байнга холбогдож “..хэнийг нэр дэвшүүлэх гэж байна гэж асууж, тэрийг энийг дэвшүүлээрэй, тэрийг болохгүй шүү” гэж захих нь олширч байгаа. Иргэд, гишүүдийн эдгээр саналыг заавал сонсож харгалзах ёстой гэж шийдсэн.

Тэгэхээр, “Ерөнхийлөгчөө захиалъя” аян бол сонгуулийг сонголттой болгох, иргэдийг санал хүсэлтийг нээлттэй авах, оролцуулах зорилготой. Энэ бас Монголын улс төрд шинэ жишиг.

-“Ерөнхийлөгчөө захиалъя” нэрийдлээр хувь хүний мэдээллийг авч байгаа нь хууль зөрчиж байна гэж үзэх хэсэг ч байсан. Үүнд та ямар тайлбар өгөх вэ?

-Ямар нэг хууль зөрчсөн асуудал байхгүй. Хуулийн баг ажиллаж, нэгд нэгэнгүй нягталж шалгасан. Саналаа илэрхийлэхэд зөвхөн нэр, харьяа дүүрэг л асууж байгаа, регистрийн дугаар болон хувийн бусад мэдээлэл шаардлагагүй. Мөн хуурамч хаягнаас олон дахин хандаж иргэдийн саналыг бусниулахаас сэргийлэх зорилгоор и-мэйл, утсаар нь баталгаажуулж байгаа. Дээр нь, энэ мэдээллийг иргэн өөрөө зөвшөөрөн сайн дураараа оруулж байгаа тул ямар нэг асуудал байхгүй.

-Коронавирусийн үеийн эдийн засгийн нөхцөл байдлыг та хэрхэн дүгнэж байна?

-Коронавирус зөвхөн Монголын биш дэлхийн эдийн засгийг хүнд байдалд оруулж байна. Улс орнууд бие биеэсээ хамааралтай харилцан нийлүүлэлтийн сүлжээ, мөнгөн урсгал тул эргэж сэргэхэд хугацаа орох нь. Гэхдээ Монголын гол харилцагч Хятадын эдийн засаг сэргэх хандлагатай, найм орчим хувиар өснө гэсэн нь сайн мэдээ. Нүүрс, зэсийн үнэ, экспорт тогтвортой байвал Монголын эдийн засаг айхавтар хүнд цохилтод орохгүй болов уу. Дэлхийн банк Монголын эдийн засгийг 2021 онд 5-6 хувь өснө гэсэн хүлээлттэй байгаа юм байна. Хамгийн санаа зовмоор хэсэг нь ажлын байрын талыг бий болгодог, нүүрс зэс, төрөөс хамааралгүй оршин тогтнож байгаа худалдаа үйлчилгээ, ЖДҮ салбар. Угаасаа ч бизнесийн орчин муутай, оновчтой дэмжлэг тааруу байсан салбар ковидын хорионы улмаас бүр хүнд байдалд орсон байгаа.

-Цаашдын гарц гаргалгааг хэрхэн харж байна?

-Эхний ээлжинд дотоодын эдийг засгийг унагаж байгаа хөл хориог зохистой хэмжээнд тавих. Асуудалд хандах арга барилаа өөрчилмөөр байна. Бидний зорилго вирусийг устгах, вирусгүй улс болох биш ковидоос хамаарсан хямралыг даван туулах, аль болох хохирол багатай тэнцвэрийг нь олж ард нь гарах гэж асуудлаа өөрөөр харж эхлэх. Зүгээр л хориод байвал удахгүй ковид биш, эдийн засгийн хямралд орж хүндэрнэ. Ажлын байр, эдийн засаг бол вирус шиг хэдхэн хоногт эдгэдэг зүйл биш.

-Эрх баригчдын коронавирусийн эсрэг авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнд та ямар дүгнэлттэй байна вэ?

-Онцгой нөхцөл байдалд олон мянган албан хаагч цаг наргүй ажиллаж, болохоос болохгүй хүртэл зүтгэж байгаа тул аль болох шүүмжлэхгүй, дэмжих байр суурьтай байдаг. Гэхдээ УОК, НОК-ын удирдлагын зарим хэт сүржигнэл, байгаа онохгүй шийдэл, тодорхойгүй нөхцөл үүсгэж байгаа ойлгомжгүй тайлбар, вирусгүй л бол бусад нь хамаагүй, вирусийг хүнээс дээр үзэх, иргэдээ үл тоох, ялгаварлах хандлагыг бол хүлээн зөвшөөрөхгүй. Сэжигтэй болгоныг ХӨСҮТ рүү ачих, бүр Ховдоос хүртэл тусгай онгоцоор иргэдийг зөөх, автобусанд бөөнөөр нь олон цаг хорих шаардлага байхгүй л санагдана. Энэ бол хэт улстөржилт, намчирхлын үр дүнд улстөрчдийн мэдлэг чадвар нийгэм цаг үеэсээ хоцрогдож, төрийн алба суларсны нэг шинж гэж үзэж байна.

Р.ЖАРГАЛ

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Б.Жаргалсайхан: Нийгэм, эдийн засаг, улс төрийн эрс шинэчлэлийг Л.Оюун-Эрдэнэ, Г.Занданшатар нар хийх хэрэгтэй, чадахгүй бол ажлаа өг

-МААЗАРЧ, ХӨТЛӨГЧ ЭМЭГТЭЙГ ЯВУУЛЖ, ЯРИАГААРАА ДАРЖ ӨГӨХ ГЭСЭН.

ГЭТЭЛ ТЭР ЯРИАНД П.АНУЖИН ӨРТЧИХСӨН-


Үйлдвэр, худалдааны сайд асан, Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхантай ярилцлаа.


-У.Хүрэлсүхийн Засгийн газар өөрийн хүсэлтээр огцорлоо. Үүнийг та хэрхэн дүгнэж байна. Хөшигний ард ямар тоглолт болов. Эндээс яриагаа эхлэх үү?

-МАН-аас УИХ-д сууж байгаа гишүүд нь өөрсдөө сайд болох гээд У.Хүрэлсүхийнхээ эсрэг үзлээ шүү дээ. У.Хүрэлсүхийн Засгийн газрыг яаж унагах уу, яаж өөрсдөө сайд болох вэ гэж тэмцлээ. Тэгээд тавчикаа өмсөөгүй эмэгтэйгээр түрий барьж байгаад унагалаа. Иргэн хүн оймс, тавчикаа өмсөх үгүй нь иргэдийн өөрсдийнх нь эрх үүрэг. Тавчикаа Ерөнхий сайд, Засгийн газраар өмсүүлэх гээд байж болохгүй байх. Үүгээр улс төр хийж сэвж бүр ч болохгүй. Тэр эмэгтэй нь хоёр гурван хүүхэд гаргачихсан насанд хүрчихсэн л хүн байна лээ шүү дээ. Төрчихөөд дулаан хувцас өмсөхөө мэддэггүй юм уу. Хэн нэгэн хүн оймсоо өмсөөгүй ирчихлээр Засгийн газар хариуцах уу. “Та оймсоо өмсөөгүй байна. Бид огцоръё” гэх юм уу. Ийм тэнэг улс төр хийж болохгүй. У.Хүрэлсүхийн Засгийн газар коронавирусийн үед иргэдийн амьдрал ахуй яаж байна, хоолтой байна уу, бараа бүтээгдэхүүний үнэ өсч байна уу, үгүй юү гэдгийг дүгнэж хариуцлага хүлээлгэж болно. Гадаад дотоодын зээл тусламжийн мөнгө хэр зөв зарцуулагдаж байна. Үнэхээр хүндээ хүрч байна уу, үгүй юү гэдгийг шалгаад дутагдал гаргасан бол огцруулж болно. Харин гутал, оймсоор улс төр хийж болохгүй. Сүүлдээ жудаггүй байдал, ёс зүйгүй тоглоом хэрээс хэтэрлээ шүү дээ.

-Засаг огцроход Ерөнхийлөгчийн оролцоо бай-даг гэлцдэг шүү дээ. Энэ удаагийнхад байсан болов уу?

-Энэ удаагийн Засаг огцроход Ерөнхийлөгчийн оролцоо харин ч нэг байгаагүй байх. Учир нь Ерөнхийлөгч сандарч орж ирээд “Би чамайг ингэж бодсонгүй. Чи яагаад сайдын суудлаа өгчихөв. Уг нь гар нийлж сайхан хамтарч ажиллана гээ биз дээ” гэж байна лээ. Тиймээс энэ асуудал Ерөнхийлөгчийн зүгээс бус МАН-ын бүлэглэл, хагарал нөлөөлсөн болов уу. МАН дахь олигархиуд У.Хүрэлсүхийг дарамтлахаар Засгийн газрын хоёр сайдыг нь огцруулах гэж гүйсэн.

-Гэтэл үүнд У.Хүрэлсүх яагаад ийм амархан буугаад өгчихөв?

-Бууж өгөх нь хоёр шалтгаантай. Нэгдүгээрт, хувь хүний араншин. У.Хүрэлсүх их шийдэмгий юм шиг байна лээ. Үгүй гэсэн бол үгүй, за гэсэн бол за гэсэн араншинтай хүн. Хоёрдугаарт, улс төрийн зорилго байгаа байх л даа. МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд хэн дэвших вэ гэдэг асуудал гарч ирэх байх. Бодвол намын дарга нь л дэвших байлгүй. Тиймээс “Нэгэнт ийм зүйл болоод байгаа юм бол яршиг, ажлаа өгчихье. Сонгуульдаа бэлдье” гэсэн байх. Ажлаа өгөхдөө чухал хоёр зүйл хэлсэн. “Та нар намайг мөнгөөрөө худалдаж авч дээрэлхэж, дарамтална гэж байгаа бол чадахгүй шүү” гэж УИХ-ын индэр дээрээс хэлсэн. Хэнд ингэж хэлээд байгаа юм бэ. Нам доторх л олигархиуддаа хэлээд байна шүү дээ. Нөгөөдүүл нь 2020 оны УИХ-ын сонгуулийн бүх зардлыг гаргасан. Үүгээрээ мань эрийг ногтолж, дарамтлах гэж оролдлоо.

Нөгөө талаар У.Хүрэлсүх, Ерөнхийлөгч Х.Баттулга хоёрыг санаатайгаар зориуд муудалцуулж байх шиг байна. Үүнийг нөгөө бүлэглэлүүд зориуд хийж байна шүү дээ. Энийг нь У.Хүрэлсүх ойлгохгүй огцомдсон. Тэр талбай дээрх жагсаал цуглааныг Х.Баттулга зохион байгуулсан гэж ойлголоо. Ингээд түүнд эмзэглэсэн. Нам дотроос нь ч, дээрээс нь ч шахаад байхаар “Ер нь энэ хулгайчдад дарамтлуулж байхаар ажлаа өгье. Би Ерөнхийлөгчийн сонгуульдаа бэлдье” гэсэн болов уу гэж харж байна.

-Манай улсын Засгийн газар яагаад ийм тогтворгүй байдаг юм бэ. Үүний шалтгааныг та юу гэж бодож байна?

-Ард түмний оюуны чадамж, ухамсар тогтворгүйтэй холбоотой. Тэр дундаа орон нутгийн иргэдэд улс төр, нийгэм, эдийн засгийн талаар ямар ч ойлголт алга. Хэн мөнгө өгсөнд нь сонгуулиар саналаа өгч байна. Сонголтыг хэн хийж байна гэхээр гэр хорооллын иргэд. Улаанбаатар хотын 70 хувь нь гэр хорооллын иргэд байна шүү дээ. Тэд таван төгрөг өгсөн явуулын хүнд саналаа өгч байна. Үүнээс болоод улс төр тогтворгүй байна. Үзэл баримтлал ч гэж алга. АНУ, Европын холбооны улсад ардчилал тогтчихсон байна шүү дээ. Тэд ардчилал гэдгийг хүний эрх, эрх чөлөө, өөрөө сонгуульдаа хариуцлагатай оролцож төр улсын үйл хэрэгт идэвхтэй оролцох ёстой юм байна гэдгийг ухамсарласан байхгүй юу. Манайд болохоор сонгуулийг үнэтэй болгочихсон. Хэдэн төгрөг өгөх юм бэ, хүнсний талон, газар цохож өгөх юм уу гээд хэрэглээ болгочихсон байгаа юм. Тиймээс улс орны нөхцөл байдал өөрчлөгдөхгүй байна. Дандаа тохиолдлын хүн гарчихсан юм чинь яаж ч тогтвортой байх юм бэ.

Германы канцлер Ангела Меркелийг хар. 16 жил канцлерийн албыг хашихдаа Германыг Европын хамгийн хөгжилтэй улс болголоо шүү дээ. Аж үйлдвэржсэн, ажилгүйдэлгүй, орлого цалин, нийгмийн халамж өндөр улс болголоо. Тэр хүн анх ямар байшинд байсан тэр байшиндаа л өдийг хүртэл амьдарч байгаа юм. Нөхөртэйгөө нийлээд хүнсээ цуглуулж, хувцсаа угаагаад индүүдээд өмсчихөж байна. Сая ажлаа хүлээлгэж өгөхөд түүний талаар нэг ч муу үг гарсангүй. Том албан тушаалтны хувьд ямар энгийн даруу байгаа билээ. Түүнээс сэтгүүлч “Та 10 жилийн өмнө энэ платийг өмсөж байсан шүү дээ. Та яагаад хувцсандаа анхаардаггүй юм бэ” гэхэд “Хувцас сольж өмсөх нь миний зорилго биш. Улс орныг өөрчилж өөд нь татах нь миний ажил. Би загвар өмсөгч биш. Миний өмсөж байгаа хувцас надад таалагддаг учраас би угааж цэвэрлээд индүүдээд өмсдөг” гэж хэлж байна. Гэтэл манайхан гаднаа гяланцаг дотроо паланцаг. Ер нь хүүхнүүдийг хараад байхад ихэнх тохиолдолд жишээ нь, нүүрэндээ их анхаарал тавих юм. Сормуус суулгуулж, хөмсгөө зурж, шивэх юм. Энэ бол орчин үеийн соёл учраас мэдээж байж болно. Хүн эхээс гарахдаа өөгүй төгс гардаггүй. Тиймээс өөгөө далдлах нь орчин үеийн соёл. Гэхдээ зөвхөн нүүрэндээ анхаарахаас гадна үр хүүхэд, нөхөртөө анхаарал халамж тавих хэрэгтэй. Анхаарал халамж тавина гэдэг нь гэр бүлийнхээ гишүүдийн ариун цэврийг маш сайн сахидаг, хувцсаа угааж, индүүдэж өмсөхийг хэлж байгаа юм. Энэ бол халамж. Дээр нь гэр бүлийнхэнтэйгээ зөв хооллох соёлыг сурмаар байна. Ер нь нийтээрээ маш их цагаан архи хэрэглэдэг. Монгол эмэгтэйчүүд зургаахан хоол хийдэг. Мах чанадаг. Бууз хийдэг. Буузаа налчийлгаж байгаад тосонд шараад хуушуур болгочихдог. Арай жижгээр чимхээд банш хийдэг. Эдгээрээс гадна лапша, цуйван. Ингээд л боллоо. Өөр ямар ч хоолны цэс байхгүй. Манайхан яагаад ингэж өвдөөд байгаа юм бэ. Хүн өвддөг дөрөвхөн л шалтгаан байна.

Нэгд, их даарсных. Хоёрд, буруу хооллосных. Гуравт, ариун цэвэр сахидаггүй. Дөрөвт, ёс зүйгүй. Түүнээсээ болоод стресстдэг. Стресс нь хүнд олон өвчин авч ирдэг. Түүнээс монгол хүн зуу насална шүү дээ. Гэтэл сайхан сайхан залуучууд ноцтой өвчнөөр өөд болж байна. Тиймээс үүнд эмэгтэйчүүд маш чухал үүрэгтэй. Учир нь эмэгтэй хүн тэр айлын эзэгтэй болдог гэдэг утгаар нь хэлж байгаа юм. Мэдээж эрэгтэйчүүд эмэгтэйчүүдийг хайрлах ёстой.

Нэгд, их даарсных. Хоёрд, буруу хооллосных. Гуравт, ариун цэвэр сахидаггүй. Дөрөвт, ёс зүйгүй. Түүнээсээ болоод стресстдэг. Стресс нь хүнд олон өвчин авч ирдэг. Түүнээс монгол хүн зуу насална шүү дээ. Гэтэл сайхан сайхан залуучууд ноцтой өвчнөөр өөд болж байна. Тиймээс үүнд эмэгтэйчүүд маш чухал үүрэгтэй. Учир нь эмэгтэй хүн тэр айлын эзэгтэй болдог гэдэг утгаар нь хэлж байгаа юм. Мэдээж эрэгтэйчүүд эмэгтэйчүүдийг хайрлах ёстой.

Сайн ажил хийж их мөнгө олж эхнэр, хүүхдээ сайхан нөхцөлд амьдруулахын төлөө зүтгэх хэрэгтэй. Үүнийг би үгүйсгээгүй. Гэтэл одоогийн эмэгтэйчүүд нэг л их гоёж, дэмий тэнэсэн улсууд болсон байна. Ажиллаж хөдөлмөрлөдөггүй, дээр нь архидалт хавтгайрч байна. Эмэгтэй хүн архи, хар тамхинд нэг орчихвол гарахгүй. Энэ бол биологийнх нь онцлог.

-Та ойрын үед эмэгтэйчүүдэд их шүүмжлэлтэй хандах боллоо. Учир юу вэ. Монгол эмэгтэйчүүдээс манлайлал гэдэг ч юмуу илүү их зүйл хүсээд байна уу?

-Эмэгтэйчүүдээс их юм шалтгаална. Ер нь хүний амьдрал гэр орноос эхэлнэ. Хувийн амьдралаа цэгцлээгүй хүмүүс төр улсын үйл хэргийг цэгцлэх үү. Түрүүн өөрөө ч асууж байсан. Төр яагаад ийм тогтворгүй юм бэ гэж. АНУ, Европ, Японд яагаад 50-иас дээш насныхан төрийн ажлыг хашиж байгаа юм бэ. Яагаад залуучууд нь хийхгүй байна гэхээр хүний амьдралын дадлага туршлага, соёл, ахуй, иргэншилтэй холбоотой. Сүүлийн үед их жендер ярьж эрэгтэйчүүдээ маш их доош нь хийж байна. Үүнийг олон эмэгтэй хүнээс харлаа. Саяхан нэг телевизийн нэвтрүүлэгт орсон чинь хөтлөгч нь “Эрэгтэйчүүд шалчгануур, ажил хийдэггүй” гэх зэргээр над руу дайрлаа. Тэгэхээр нь цаашлуулаад би хэдэн үг хэлснийг хулгайгаар бичиж аваад тавьчихдаг байна ш дээ.

-Та ярилцлага дундаа яриагүй юм уу?

-Үгүй. Хүн чөлөөт цагаар чөлөөтэй л ярина шүү дээ.

-Их хандалт авна лээ. Та УИХ-ын гишүүн П.Анужин руу яагаад тэгж дайрсан юм бэ. “Хүний хувийн амьдрал руу хэт орж, дайрч байна” хэмээн олон нийт шүүмжилж харагдсан?

-П.Анужингийн нэр хүндийг унагах зорилго надад байхгүй. Маазарч, хөтлөгч эмэгтэйг явуулж, яриагаараа дарж өгөх гэсэн. Гэтэл тэр ярианд П.Анужин өртчихсөн. Тэрнээс би эмэгтэй хүмүүсийг хүндэлж, харлалгүй яах вэ дээ. Дөрвөн хүүхэд гаргасан эмэгтэй хүнийг би нулимж дэвсэж болохгүй шүү дээ. Ингэж нулимж дэвсэж байна гэдгийг тэр телевизийнхэн санаатайгаар бөгөөд санамсаргүйгээр хийчихсэн. Түүнээс олон нийтэд хандаж П.Анужинг би хэзээ ч муу хэлж байгаагүй. Хэлэх ч үгүй. Харин иргэд сонгуулиар П.Анужинг янз бүрээр л муулаа биз дээ. Та нар интернэт рүү ороод үзээрэй. Гэтэл өөрийгөө хэлэлтгүй миний санамсаргүй хэлсэн зүйлийг шүүмжлээд П.Анужинд хайртай гэж жигтэйхэн. Би ойлгож байна. Яагаад тэгж их хайртай болов гэхээр сүүлийн хэдэн жилүүдэд гэр бүлийн салалт асар өндөр болсон. Нэгээс хоёр хүүхэдтэй ганц бие эхчүүд олон боллоо. Энэ бол эмэгтэйчүүдийн эмзэг сэдэв юм байна лээ л дээ.

-Манай улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал хүнд байна. Цаашдын нөхцөл байдал, гарц гаргалгааг та хэрхэн харж байна?

-Төсөв цаашид хүндэрнэ. Ч.Хүрэлбаатар сая гайхуулаад л байсан, таван их наяд төгрөгийн алдагдалтай төсөв баталлаа шүү дээ. Ирэх долоо, наймдугаар сард 7-8 их наяд төгрөгийн алдагдалд орох байх. Дээр нь дулаан, цахилгааны үнийг тэглэсэн. Үүний алдагдал нэмэгдэнэ. Тиймээс одоо төсвөө яаж бүрдүүлэх вэ, яаж алдагдлыг нөхөх вэ гэдэг асуудал үүснэ. Ер нь Монгол Улсад эргэлдэх нийт төсвийн хэмжээ 10-15 их наяд төгрөг байна. Гэхдээ энэ нь хүрэхгүй байна. Өөрөөр хэлбэл, таны судсаар гүйж байгаа цусны 500 граммыг соруулбал таны даралт унаж толгой тань эргээд ухаан алдана биз дээ. Яг үүнтэй адил улс орон гэдэг судастай. Тэр судсаар нь мөнгө гэж зүйл гүйж байдаг. Тэгж байж аж ахуйн ажил, хүний амьдрал үргэлжилдэг. Тэр мөнгө хангалттай биш байна. Дөнгөж 15-хан их наяд. Энэ нь дөрвөн миллиард орчим ам.доллар. Дөрвөн миллиард нь бас хоёр миллиардын алдагдалтай. Үүнийгээ нөхөхийн тулд гаднаас хоёр миллиардын зээл тусламж авч бүрдүүлдэг. Гүйлгээнд мөнгө дутуу байна. Миний харж байгаагаар гүйлгээнд 50-60 их наяд төгрөг хэрэгтэй байна. Дунджаар монголчуудын цалин 2,5-3 сая, тэтгэвэр 1-1.5 сая төгрөг болох ёстой. Ингэж байж бид амьдарна. Ийм болбол бид БНСУ-ын дайны амьдралтай болно гэсэн үг.

-Гарц нь юу юм бэ. Үүнд хүрэхийн тулд яах ёстой вэ?

-Ийм цалин авахын тулд гүйлгээнд 60 их наяд төгрөг оруулах ёстой байна. Энэ мөнгийг яах вэ гэдэгт тогтъё. Нэгдүгээрт, санхүүгийн сахилга батыг чангатгах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, гүйлгээнд байгаа нийт мөнгөний 90 хувийг устгах хэрэгтэй. Цахим мөнгө рүү шилжих хэрэгтэй байна. Ингэвэл дарга нар хулгай хийх, хийснээ нуух боломжгүй болчихно. Хоёрдугаарт, бохир мөнгө угаагдахгүй. Мөнгө байхгүй биш байгаа. Тиймээс энэ мөнгийг оруулчихаж болно. Монголбанкны нэг үүрэг нь гүйлгээнд мөнгө оруулах хэрэгтэй. Ингэхийн тулд мэдээж тэр мөнгөө баталгаажуулах ёстой. Гэхдээ баталгааг юугаар хийх вэ гэдгийг анхаарах хэрэгтэй юм байна лээ. Баталгаа юунаас үүдэх вэ гэхээр валют, экспортын орлогоос. Мөн дээр нь үнэт цаас, алтны нөөц, том төслүүд байж мөнгө баталгаажина. 60 их наяд төгрөг гүйлгээнд оруулахын тулд өнөөдрийн долларын ханшаар бодвол 20 миллиард гүйлгээнд байлгана гэсэн үг.

Би нэг мянган долларын цалин авах тухай л ярьж байна шүү дээ. Нийт хүн амын орлогыг мянган долларт хүргэе гэвэл сая дурдсан баталгаа шаардлагатай байх нь. Тэгвэл энэ баталгааг одоо яах вэ гэдэг асуудал гарч ирнэ. Доллар яагаад хуримтлагдахгүй байгаа тухай ярья. Доллар олох хэрэгтэй байна. Нөгөөтэйгүүр доллар хуримтлуулах хэрэгтэй байна. Тэгвэл гадаад худалдаагаа харъя. Манай бусад оронтой хийж байгаа гадаад худалдаа нь 99 хувийн алдагдалтай юм байна лээ. АНУ-БНХАУ-ын худалдаа 25 хувийн алдагдалтай болж АНУ Хятадын эдийн засгийг хаалаа. Хятадаас наймаа хийхгүй, хөрөнгө оруулалтаа татаж авна гэсэн шүү дээ. Манайх 99 хувийн алдагдалтай байна. Үүнийг цэгцлэх ёстой. Л.Оюун-Эрдэнэ Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны яам байгуулах талаар ярьсан. Энэ яамыг байгуулах хэрэгтэй. Маш чухал асуудал. Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны яам байхгүй яаж хөгжих гээд байгаа юм бэ. Гадаад яаманд худалдаа хариуцаж байгаа гээд хоёрхон мэргэжилтэн сууж байгаа байхгүй юу.

-Худалдааны алдагдлаа цэгцлэх нь өнөөдөр маш чухал асуудал болчихоод байна. Манай улс бусад орнуудтай хийж байгаа гадаад худалдаа 99 хувийн алдагдалтай гэж та хэллээ. Бусад гэлтгүй хөрш орнууд маань л гэхэд манайхаас маш өндөр татвар авдаг. Үүнийг хэрхэн шийдэх вэ, худалдааны алдагдлаа яаж цэгцлэх үү?

-Хөршүүдээсээ эхэлье. ОХУ-аас нэг миллиард 500 сая ам.долларын импорт хийж байна. 30 сая долларт эрчим хүч, үлдсэнд нь шатах тослох материал авч байна. Энэ байдал 30 жил үргэлжиллээ. Өөрөөр хэлбэл, бидэнд хаалт тавьчихсан байгаа юм. ОХУ руу бүтээгдэхүүн гаргахад 50, 60 хувийн татвар төлдөг. Тиймээс ОХУ-тай тусгайлсан гэрээ хийх хэрэгтэй. Монгол-ОХУ-ын эдийн засгийн хамтын ажиллагааг таван мянган миллиард долларт хүргэх хэрэгтэй. Манайх хоёр миллиард 500 сая долларын бараа гаргая, танайх манайх руу хоёр миллиард 500 сая долларын бараа авна. Манайд алс дорнод Сибирь, Уралын махны зах зээлийг нээгээд өгчих гэх хэрэгтэй. Дэлхийн хоёрдугаар дайныг оросууд монгол малын махыг идэж, өлсгөлөнд өртчихөлгүй дайныг ялсан. Одоо идчих гэхээр үхчих юм яриад байгаа юм. Ноос ноолуур, арьс ширээ боловсруулж бүтээгдэхүүн болгож гаргах хэрэгтэй. Ингэж таван миллиард ам.доллар буюу 15 их наяд төгрөг гүйлгээнд оруулах боломжтой. Нөгөө талд БНХАУ-тай мөн гэрээ хийх хэрэгтэй. Хятадууд Монголд орж ирээд олигтой үйлдвэр байгуулаагүй. Дээрээс нь ямар ч ариун цэвэр, тохижилт, стандартын технологигүй махны цехүүд барьж байгаа юм. Тэднийг бүгдийг нь хаах хэрэгтэй. Ер нь 3-4 аймгийн дунд европ стандартын нэг мах комбинат байгуулах хэрэгтэй.

Хоёрдугаарт, манайх хятадуудтай худалдааны ашигтай ажиллаж байгаа. Учир нь түүхий эдээ урагшаа гаргадаг. Хятадууд манайхаас бэлэн бүтээгдэхүүн авдаггүй. Яагаад Африк хөгжөөгүй юм бэ гэхээр дарга нарт нь авлига өгч, түүхий эдийг нь хамж авчихаад Африкийг хаячихсан. Тиймээс хятадуудтай хэлэлцээр хийж таван миллиардын эдийн засгийг бий болгох хэрэгтэй. Одоо хоёр миллиард хүрэх үү үгүй юү л хамтын ажиллагаатай байгаа. Зах зээлээ нээж өгөхийг хүсэх хэрэгтэй. Бид нэгэнтээ л нэг миллиард 300 сая хүнтэй муудалцаж асуудлыг шийдэж чадахгүйгээс хойш яаж харилцан ашигтай хамтын ажиллагаатай байх талаар хэлэлцээ хийх хэрэгтэй. Гэхдээ тэгж байна гээд Монголынхоо тусгаар тогтнол, өв соёл, газар, нутгаа тэд нарт өгч болохгүй. Хятад-Монголын эдийн засгийн хамтын ажиллагааг 5-10 миллиард долларт хүргэх хэрэгтэй. Японтой эдийн засгийн хамтын ажиллагаагаа гурван миллиардад хүргэх хэрэгтэй. Япончууд бараагаа зарж болно, гэхдээ иргэдэд машиныг нь хүүгүй лизингээр өгүүлэх хэрэгтэй. Мөн Солонгостой хоёр миллиард ам.долларын хамтын ажиллагаатай болох хэрэгтэй. Ингэж Хятадад 5, ОХУ 5, Солонгос, Япон тус бүр хоёр миллиардын эдийн засгийн хамтын ажиллагаатай болох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, 42 тэрбум төгрөгийн эдийн засгийн эргэлттэй болж байна. Үүн дээр зэс, нүүрсний орлогыг нэмэхээр 60 тэрбум төгрөг рүү дөхнө. Эдийн засгийг өөрчлөхийн тулд нийгэм, эдийн засаг, улс төрд маш том реформ хийх хэрэгтэй болж байна. Манай улсын аж ахуйн бүх салбарт норматив байхгүй байна. Тогтоох хэрэгтэй.

-Таны ярьсан цогц реформыг хийж чадах юм болов уу даа?

-Залуу хүний хувьд Л.Оюун-Эрдэнэ нийгэм, эдийн засаг, улс төрийн шинэчлэлийг зоригтойгоор хийх хэрэгтэй. Спиртийн онцгой албан татварыг яаралтай гурав дахин нэм. Ингэж л залуучуудаа аваръя. Архинаас болж олон хүн эндэж, гэмт хэрэгт өртөж, эрүүл мэндээрээ хохирч байна шүү дээ. Мөн банк санхүүгийн реформыг яаралтай шинэчил. Арилжааны банкуудыг эрс шинэчлэх ажлыг яаралтай хий. Хадгаламжийн хүүг 0.5 хувь болго. Герман, АНУ, Япон улсын арилжааны банкуудын зээлийн хүүг судалж, тэр жишгээр арилжааны банкны зээлийн хүүг тогтоох хэрэгтэй байна. Нийгмийн аливаа асуудлыг төр нуруун дээрээ үүрдэг. Түүнээс хувийн болон арилжааны банкууд үүрдэггүй. Арилжааны банкны зээлийн хүү татварын орлогоос доогуур байна. Үүнээс гадна орон нутгийн төсвийн асуудлыг дээр дурдсанаар шийдэх хэрэгтэй. Орон нутгийн төсвийн 50 хувийг иргэд, малчдын ашиг орлогын татвараас, үлдсэн 50 хувийг улсын нэгдсэн төсвөөс бүрдүүл. Уул уурхай, ашигт малтмалаас орж ирж байгаа татварыг нэгтгэж Орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүл.Үүнийгээ 18 аймагт эрх тэнцүү хуваа. Гэхдээ тэр мөнгийг нь зөвхөн орон нутгийн хөрөнгө оруулалт, хөгжилд зарцуулах шаардлагатай байна. Сангийн яаманд байгаа бүх өр зээл, зээлийг гадаадад гаргасан баталгаануудыг бүгдийг нь олон нийтэд ил гаргах хэрэгтэй. Монголбанкны тайланг ч мөн. Ингэхдээ хөндлөнгийн АУДИТ-ийн байгууллагаар шалгуул. Төрийн албан хаагчдыг 50 хувь цомхотго. Гэхдээ хуваариа аж ахуй эрхлэх мөнгийг өгч байж цомхотгох хэрэгтэй. Мөн Улаанбаатар, орон нутагт ажилгүй байгаа иргэдийг малжуулах хөтөлбөр хэрэгжүүлж орон нутагт ая тухтай амьдрах боломжийг яаралтай бүрдүүлж өг. Залуучууд I, II, III хорооллын м2-тыг 1.5 сая төгрөгөөс илүүгүй үнээр үнэлж жилийн гурван хувийн хүүтэйгээр ипотекийн зээлээр орон сууцжуулах хөтөлбөр хэрэгжүүл. Ингэхдээ хот хөдөө гэж ялгамааргүй байна.Улаанбаатар хотод бүх зүйлийг дэндүү их төвлөрүүлсэн байна. Үүний нэг нь их, дээд сургууль. 98 дээд сургуулийг цомхотгож, 16 дээд сургуультай болгон бусдыг нь хаах хэрэгтэй. Ингэхдээ ХААИС, СУИС, Батлан хамгаалахын их сургуулийг Дархан-Уул руу, Цэргийн дээд сургууль, МУБИС-ийг Багануур руу нүүлгэн шилжүүл. Бүх аймгийн ЕБС-ийн 10, 11, 12 дугаар ангид мэргэжил эзэмших хөдөлмөр кабинетын лабораториуд яаралтай байгуулах хэрэгтэй. Цэргийн албыг хоёр жил болгож, хүйс харгалзахгүйгээр цэрэгт татдаг тогтолцоо руу шилжих хэрэгтэй байна. Дэлхийн улс төрийн байдал тогтворгүй байгаа. Нөгөөтэйгүүр, хүүхэд залуучуудыг ёс зүйтэй, бие бялдар эрүүл, цэргийн мэдлэгтэй болно. Мөн Сүхбаатар, Дорнодын тал дахь өвсийг хурааж, хадлан хадах даалгаврыг орон нутгийн Засаг дарга, аймгийн ИТХ-ын дарга нарт даалга. Зунжингаа найр наадам хэсчихээд өвөл нь зуд боллоо шүү гээд Засгийн газраас өвс, тэжээл нэхээд байж болохгүй. Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Багануур хотоос 45 км зайд улсын хүнсний нөөцийн агуулахыг Шүүхийн шийдвэрийн дэргэд яаралтай үтэр түргэн барьж байгуулах шаардлагатай. Учир нь зуд турхан, дэлхийг донсолгосон халдварт өвчин, дайн дажинд бэлэн байх ёстой. Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны яамыг нэн тэргүүнд байгуулах хэрэгтэй. Иргэдийн орлогыг эрс нэмэгдүүлэх өөрчлөн байгуулалтыг нэн яаралтай хий. Цалинг 1000, тэтгэврийг 500 ам.долларт хүргэх талаар би дээр дурдсан. Ипотекийн хүүг гурван хувиас хэтрүүлэхгүй болго. Цахим мөнгө санхүүгийн орчинг бий болго. Мөнгө хүүлэхийн эсрэг хууль гаргаж, ААН, иргэд мөнгө хүүлэхгүй байх эрх зүйн орчинг бий болгох шаардлагатай. Бусад орон руу бараа бүтээгдэхүүн экспортолж байгаа компаниудын санхүүгийн тооцоог ам.доллараар л хий. Эдгээр эрс шинэчлэлийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Г.Занданшатар нар маш яаралтай хийх хэрэгтэй. Хэрвээ хийж чадахгүй бол чадах хүнд нь албан тушаалаа өг. Тэд ямар Далай лам, бурхан биш. Тэдэнд бид мөргөх гэж сонгоогүй. Гурван сая хүний ажил, амьдралыг эрс шинэчлүүлэхийн төлөө л сонгосон. Өөрсдийнхөө төлөө хууль батлахаа боль. Сайн хууль батал.

Р.ХИШИГЖАРГАЛ

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

П.Очирбат: Оюу толгойн гэрээнд өөрчлөх зүйл цөөнгүй бий. Гэхдээ цуцалж болохгүй

АРДЧИЛСАН НИЙГЭМД УЛС ТӨРИЙН ХОРИГДОЛ БАЙХ УЧИРГҮЙ


Монгол Улсын Ерөнхийлөгч асан П.Очирбаттай ярилцлаа.


-Таныг Ерөнхийлөгчөөр ажиллаж байх үед анхны Үндсэн хууль батлагдсан. Анхны Үндсэн хуулийг өлгийдөж авсан хүмүүсийн нэг нь яах аргагүй Та. Тиймээс Үндсэн хуульд 2019 онд нэмэлт, өөрчлөлт оруулсан хуулийн талаар таны байр суурийг тодорхой сонсмоор байна л даа. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн алдаа, оноог та юу гэж харж байна вэ?

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд алдаа ч бий, оноо ч бий. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт нэгэнт батлагдаад мөрдөгдөж эхэлсэн учир одоо илүү дутуу олон юм яриад яах вэ. Хууль хэрэгжих явцад алдаа оноо нь илрэх биз ээ. Ганцхан зүйлийг хэлье. Үндсэн хуулийн гучдугаар зүйлийн 2 заалтыг өөрчилсөн атлаа түүнийг хэрэгжүүлэх хуулийн зохицуулалтыг Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулиндаа хийж өгөөгүй байна. Үүнээс үүдэн Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа зохицуулагдаагүй, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу Ерөнхийлөгчийн сонгуулийг явуулах хугацааг хуулиар зохицуулаагүй орхисноос уг сонгуулийг 2021 оны зургадугаар сарын 9-нд хийх тухай УиХ-аас гаргасан тогтоол Үндсэн хуулийн эрх зүйн үндэстэй эсэх нь маргаантай байна. Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн 2019 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн энэ хуулийг дагаж мөрдөхөөр заасан. (шилжих журмын 5 дугаар зүйл) Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх асуудалд хуулийн тусгайлсан зохицуулалт хийгдээгүй учир гурван янзын ойлголт гарч байна.

Нэгдүгээрт, Ерөнхийлөгчийн дөрвөн жилийн бүрэн эрх хоёр жилээр нэмэгдэж 2023 он хүртэл зургаан жил болж үргэлжлэх. Хоёрдугаарт, Ерөнхийлөгчийн өмнөх бүрэн эрх 2019 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдрөөр дуусгавар болсон байх мэт. (Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөж эхлэх) Гуравдугаарт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай УИХ-ын 2021 оны 07 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх асуудлууд үүсээд байна. Энэ бол Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн алдаа юм. Ингээд тоочвол цөөнгүй юм бий.


-Саяхан Шүүхийн тухай хууль батлагдлаа. Үүнд та ямар байр суурьтай байна вэ?

-Шүүхийн тухай хуулийг тойрсон маргаан мэтгэлцээн явагдаж л байх шиг байна. Уг нь Үндсэн хуулийнхаа зарчмыг л баримтлах ёстой. Засаглалын эрх мэдэл хуваарилах Үндсэн хуулийн үзэл баримтлалаар бол Хууль тогтоох, Гүйцэтгэх, Шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх харилцан хамааралтай, харилцан хяналттай Төрийн эрх мэдэл гэсэн нэг л үндэстэй, нэг л модноос салаалсан гурван мөчир байх учиртай юм. Гэтэл шүүх эрх мэдлийг нөгөө хоёр нь (УИХ, Засгийн газар) мэдэлдээ авчихсан үйл ажиллагаа, бүтэц зохион байгуулалт, хүний нөөц, шүүгчийн асуудлыг нь хүртэл шийдвэрлэх, зохицуулах санаатай байгаа юм уу даа. Ингэж болохгүй л дээ. «Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ», «Шүүгч хараат бус байж гагцхүү хуульд захирагдана» гэж Үндсэн хуульд заасан байгаа. «…хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн» гэсэн суурь зарчим Үндсэн хуульд байгааг яагаад мөрдөхгүй, биелүүлэхгүй байна вэ. Судалгаанаас үзэхэд шүүгчид нэг л ноцтой дутагдал дурдагджээ. Тэр нь авлига. Авлига өөрөө шударга бусыг дагуулдаг. Энэ л шүүх эрх мэдлийн нэр хүндэд сөргөөр нөлөөлөөд байна. Үүнээс салах хэрэгтэй.

-Одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгын явуулж байгаа үйл ажиллагаанд та ямар байр суурьтай ханддаг вэ. Ийн асууж байгаа учир нь нийгмийн нэг хэсэг нь Ерөнхийлөгчийг магтаж, нөгөө хэсэг нь Х.Баттулга шиг муу хүн байхгүй мэтээр хандаж байна?

-Ерөнхийлөгчийг магтах, муулахын аль аль нь байдаг л зүйл шүү дээ. Үүнд эмзэглээд, эсвэл хөөрөөд байх шаардлагагүй. Ерөнхийлөгч хүн өргөсөн тангарагтаа үнэнч, ард түмнийхээ аж амьдрал, сэтгэл санааг мэдэж эзэмдэж, эв нэгдлийг нь дээдлэн хүндэтгэж, энгийн даруу байх нь өлзийтэй.

-Оюу толгойн гэрээнд таны байр суурь ямар байдгийг Монголын ард түмэн сонирхож байгаа нь дамжиггүй. Оюу толгойн гэрээг цуцлах ёстой юу, эсвэл гэрээнд нэмэлт, өөрчлөлт хийх хэрэгтэй юү?

-Оюу толгойн гэрээнд өөрчлөх зүйл цөөнгүй бий. Харилцан ашигтай байх зарчим хангагдаагүй заалтууд ч бий. Гэрээг цуцалж болохгүй. Гэрээнд өөрчлөлт оруулах хэрэгтэй. Миний хувийн бодол бол үйлдвэрээ иж бүрнээр нь бариулчихаад гэрээгээ өөрийнхөө нөхцөл шаардлагын дагуу өөрчлөх хэрэгтэй гэж боддог. Бид Эрдэнэтийн гэрээнд таван удаа өөрчлөлт хийж санасандаа хүрч байсан юм шүү дээ. Аливаа хамтын ажиллагаа харилцан ашигтай байх зарчим дээр тулгуурлагдах ёстой нь мэдээж хэрэг.

-Төрөөд удаагүй эх, нярайд хүндэтгэлгүй хандсан хэмээн У.Хүрэлсүхийн Засгийн газар өөрийн хүсэлтээр огцорлоо. Энэ ер нь сайн жишиг үү. У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцорсонтой холбоотой нийгэмд олон зүйл яригдах юм. Цар тахал улам газар авч эхлэхээр нь зугтчихлаа гэж байна?

-Засгийн газрууд хариуцлагаа хүлээж огцордог л доо. Хүрэлсүхийн Засгийн газрын огцролт анхных биш. Эрх мэдэл нь хэтэрчихээд, хэтэрхий дураараа аашилчихав уу даа гэж бодогдсон доо.

-2016, 2020 оны УИХ, орон нутгийн сонгуульд Ардчилсан нам ялагдал хүлээлээ. Та АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж, иргэд олон нийтээс сонгогдож байсан хүний хувьд АН-ын цаашдын ирээдүй хувь заяаг хэрхэн харж байна?

-Харамсалтай байна. Уг нь Ардчилсан нам Монголын ардчиллын улс төрийн баталгаа байх ёстой юм. Нийгмийн өмнө хүлээх энэ хариуцлагаа бүрэн ухамсарлаж Ардчилсан нам Монголын улс төрийн хүчний лидер байх байрандаа эргэж ирнэ гэдэгт эргэлзэхгүй байна.

-Ер нь уул уурхай Монголын нийгэмд орж ирснээс хойш монголчууд дээр дооргүй “хүн”-ээ алдав уу. Монголд баялгийн хараал гэгч нь хүрээд байна уу. Ийн асууж байгаа шалтгаан нь Та хамгийн анх “Алт” хөтөлбөрийг хэрэгжүүлж байсан хүн шүү дээ?

-Уул уурхай Монголын нийгэмд орж ирээд 100 жил болж байна. 1922 онд налайхын нүүрсний уурхайг өргөтгөн Улаанбаатарын нэгдүгээр цахилгаан станцтай хослуулан нийслэлийн түлш, эрчим хүчний анхны цогоцлборыг үүсгэж нийслэлээ түлш, цахилгаан, дулаанаар хангаж, Аж үйлдвэрийн комбинатын үүсэл хөгжлийн эх сурвалж болж байлаа. 30-40-өөд онд жонш, гянтболд, цагаан тугалгын ордуудын геологи хайгуулын ажлыг эрчимтэй хийж Совмонголметалл нийгэмлэгийг байгуулан Дожир, Ямаат, Түмэнцогт, Егөзөр, Бэрхийн уул уурхайн үйлдвэрүүд байгуулагдаж, бүтээгдэхүүнээ ЗХУд гаргадаг байлаа. 4050иад онд нефтийн хайгуул хийж Зүүнбаянгийн нефть боловсруулах үйлдвэрийг барьж дотоодынхоо бензиний хэрэгцээг хангадаг байлаа. 6070аад онд Шарын голын нүүрсний уурхай, Дархан хотын цахилгаан станц баригдаж Төвийн бүсийн түлш, эрчим хүчний шинэ цогцолбор сүндэрлэн босож аж үйлдвэрийн шинэ төвүүд хөгжлөө. 19701980аад онд Толгойтын алтны үйлдвэр, Бэрх, БорӨндөрийн жоншны үйлдвэрийг нэгтгэсэн Монгол-Зөвлөлтийн хамтарсан аж ахуйн нэгдэл Монголросвцветмет байгуулагдлаа. Мөн энэ үед Эрдэнэтийн зэс молибдений уулын баяжуулах Монгол-Зөвлөлтийн хамтарсан үйлдвэр, Монгол-Чехословакийн хамтарсан Монголчехметалл цагаан тугалгын үйлдвэр, Монгол-Болгарын хамтарсан Монголболгарметалл алтны үйлдвэр, Монгол-Унгарын хамтарсан Цагаан даваагийн уулын баяжуулах үйлдвэрүүд баригдаж ашиглагдаж байлаа. Мөн Багануур, Шивээ-Овоогийн нүүрсний ил уурхай, Улаанбаатарын ТЭЦ3, ТЭЦ4 түлш, эрчим хүчний цогцолбор байгуулагдлаа. 1990-2000 онуудад Бороогийн алтны үйлдвэрийг Канад улстай, Ухаа худаг, Баруун наран, Нарийнсухайтын нүүрсний үйлдвэрүүдийг Энержи Ресурс, МАК зэрэг үндэсний компаниуд барьж байгуулж нүүрс экспортолж байна. 2000-2020 онд Таван толгой, Оюу толгой, Эрдэнэтийн өргөтгөл зэрэг мега төслүүд хэрэгжиж Монголын уул уурхайн аж үйлдвэр дэлхийн хэмжээнд үнэлэгдэх болж экспортын бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжээ эрс нэмэгдэж Монголын амьдрал уул уурхай дээр тулгуурлаж байна. Алдагдал, хаягдал нөөц баялгаа алт, мөнгө болгон хувиргах технологийн шинэчлэл хийгдэж Эрдэнэтийн овооны зэс молибдений ордын балансын бус болон эсэлдсэн хүдрийн овоолгыг уусган баяжуулах шинэ технологи бүхий Эрдмин, Ачит-Ихт үйлдвэрүүд байгуулагдаж, катодын цэвэр зэс үйлдвэрлэн зэс утас зэрэг бүтээгдэхүүнийг гаргаж байна. Энэ бүхэн Монголын нийгэмд уул уурхайн эзэлж буй байр суурь, гүйцэтгэж буй үүрэг юм. 100 жилийн дотор хүрсэн түвшин. 2050 он хүртэл ийм л байна. 1990 оны эхээр гадаадын зээл тусламж ирэхээ больж, дотооддоо хүнс, өргөн хэрэгцээний хомсдолд орж картын бараагаар хэрэгцээгээ хангахад хүрч, инфляци 325 хувьд хүрч, эдийн засгийн хүндрэлтэй үед орсон юм. Энэ үед хамгийн богино хугацаанд мөнгө олох арга сүвэгчлэхээр Төрийн тэргүүнийхээ хувьд, мэргэжлийн хүний хувьд бодож “Алт хөтөлбөр”ийг боловсруулахаар шийдэн хэрэгжүүлж, Монгол Улсын төлбөрийн чадварыг сэргээсэн юм. Тэр үед нэг унц алтны үнэ 258 ам.доллар байлаа. Одоо 1862 ам.доллар хүрээд байна. “Алт хөтөлбөр” тухайн үедээ биднийг аварсан ажил. Түүнээс хойш Алт хөтөлбөр гурван үе шатаар явагдаж байна. Алт хөтөлбөр, Алт2000 хөтөлбөр, Алт2 хөтөлбөр. Алт2 хөтөлбөр 2025 он хүртэл үргэлжилнэ. Хараал байна уу, ерөөл байна уу. Эдгээр хөтөлбөрүүд Монгол Улсын валютын нөөцийг бүрдүүлж эдийн засгийн төлбөрийн чадварын баталгаа болж байна. Өнөөдөр Монгол Улсын гадаад худалдааны 90 гаруй хувь, Улсын төсвийн 30 орчим хувийг уул уурхайн салбар бүрдүүлж байна. Монголын эдийн засаг уул уурхайн салбар дээр тогтож байна. Цар тахлын хүнд үед ард түмнийхээ хэрэгцээний цахилгаан, дулаан, усны зардлыг уул уурхайн салбар дааж, төлбөрийг нь Эрдэнэтийн үйлдвэр хийж байна. Энэ бүхэн бол монголын олон мянган уурхайчид, олон зуун инженер, эрдэмтдийн хүч хөдөлмөр, оюун ухааны үр шим юм. Цар тахлын энэ хүнд үед ард түмний амьдралд уул уурхай түшиг болж байгааг мэдэрч буй биз ээ.

-Улс төрийн хоригдолтой боллоо гэлцэх юм. Монгол төрийн жолоог атгалцаж байсан 10 гаруй хүн өнөөдөр шоронд хоригдчихсон байна. Үүнийг Та хэрхэн дүгнэж байгаа вэ?

-Ард түмэн тэгж ярьж байгаа бол үнэн байлгүй дээ. Уг нь ардчилсан нийгэмд улс төрийн хоригдол байх учиргүй сэн. Тэгэх тусмаа УИХ, Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлсний төлөө улс төрийн хэрэгтэн болж шоронд суух учиргүй.

-Цар тахлын эсрэг хэрэгжүүлж буй төрийн бодлогод Та ямар байр суурьтай байна вэ?

-Цар тахал бол XXI зуунд дэлхий даяар хүн төрөлхтөнд учирч буй аюултай гамшиг. Энэ аюул биднийг тойрсонгүй, дайрч байна. Энд төрийн бодлого гэхээсээ иргэний хувийн хариуцлага шийдвэрлэх үүрэгтэй байна. Тахал тараагч нь хүн өөрөө байна. Тахал шингээгч нь хүн өөрөө байна. Тийм учраас хүн өөрийгөө хамгаал, бусдад бүү халдаа. Төр зохицуулах гэж янз бүрийн ажил хийж, арга хэмжээ авч байна. Алдаж, онож байгаа юм байх шиг байна. Найр наадмаа азна, тэнэж сэлгүүцэхээ боль, гэр орондоо сууж ойр зуурынхаа юмыг хийх, ам хамраа тагла, өөр хоорондоо зайтай бай, гараа сайн угаа гэхчлэн өөрийгөө болон өрөөлийг хамгаалах наад захын аргыг хэлж өгөөд байхад манайхан тэр бүр биелүүлэхгүй байх шиг. Цөөвтөр хүн ажилладаг авсаархан үйлдвэрлэл үйлчилгээний газруудыг жигд ажиллуулах арга хэмжээг хэрэгжүүлбэл зохино.

-Монгол Улсын өнөөгийн нийгэм, эдийн засгийн байдал хүндхэн байна. Цаашдын ирээдүй болон гарц гаргалгааг Та хэрхэн харж байна вэ?

-Нийгэм, эдийн засгийн байдал хүнд байна. Хоёр гайтай нөлөөлөл байна. Нэг нь цар тахлын аюул нүүрлэж байна. Нөгөө нь улс төрийн хийрхэл нийгмийн сэтгэл зүйг сүйрүүлж, улмаар эдийн засгийг ганхуулж байна. Хувийн хэвшлийг хөгжих чөлөө нөхцөлөөр хангахгүй байна. Эдийн засгийг зах зээлийн замаар хөгжих боломжийг олгохгүй байна. Улс төрийн хийрхлийг даамжруулахгүйн тулд сонгуульд нэр дэвшүүлэх хүнээ нам дотроо сайн хэлэлцэж, ард түмэндээ шуурхай, ул үндэстэй, итгэл үнэмшилтэй танилцуулах хэрэгтэй. Эдийн засгийн тухайд гэвэл хувийн хэвшлийн үйл ажиллагаанд саад болж буй саад хоригуудаа хүчингүй болгох хэрэгтэй. ЖДҮийг хөгжүүлэхэд шаардлагатай бүх арга хэмжээг шуурхай авах хэрэгтэй. Тэгвэл эдийн засаг аяндаа зүгширч төлөвшинө.

Р.ХИШИГЖАРГАЛ

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

С.Одонтуяа: Нэг жийпний үнэтэй дүйцэхүйц мөнгө төсөвлөсөнд үнэхээр ичиж байна

УИХ-ын гишүүн С.Одонтуяа “Бид эх орондоо харимаар байна” суултыг Төрийн ордны хоёр давхарт эхлүүлсэн. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн С.Одонтуяатай ярилцлаа.


-Та гадаадад, тэр дундаа БНСУ-д байгаа иргэдээ яаралтай татан авч ирэх шаардлагыг ҮАБЗ-д хүргүүлж, суулт зарласан. Яагаад заавал суулт хийхээр шийдсэн юм бэ?

-Маш олон монголчууд нутаг буцмаар байгаа ч коронавируст цар тахлын хорионоос болоод эх орондоо ирж чадахгүй байна. Зуны улиралд нэлээд тусгай нислэг үйлдсэн. Гэтэл сүүлийн үед огт нислэг байхгүй, товлосон нь цуцлагдсан. Үүнээс болж олон иргэний амь нас, аюулгүй байдал эрсдэлд ороод байна. Би зөвхөн өнөөдөр энэ асуудлаар ярьж байгаа биш. Өнгөрсөн оны долдугаар сараас эхлэн Иргэний онцгой комисс болон УИХ-ын гишүүний хувиар Засгийн газар, Улсын онцгой комисс гээд төрийн холбогдох байгууллагууд руу 10 гаруй удаа албан бичиг явуулсан.

УОК-ын шийдвэр, үүсээд байгаа нөхцөл байдлыг ойлгож хүлээцтэй хандаж, харсаар өнөөдрийг хүрлээ. Улсын онцгой комисс, Засгийн газраас дорвитой, оновчтой арга хэмжээ огт авахгүй байна. Миний хүргүүлсэн албан бичгийн хариуд “Бид гадаадад байгаа иргэддээ санхүүгийн тусламж үзүүлж байна. Хоноглох байраар хангаж байгаа” гэсэн мэдээлэл өгсөн. Гэтэл бодит байдал дээр иргэдэд тусламж очоогүй байна. Иргэд Элчингийн коридорт картон цаас дэвсээд хоноглож байгаа. Бүгд мэдэж байгаа харсан байх, фото зураг, видео нь нийгмийн сүлжээгээр тарсан.

-Та шаардлагадаа БНСУ-д суугаа иргэдийн нөхцөл байдал хүнд байгаа талаар дурдсан байсан. БНСУ-д байгаа иргэдээс танд хүсэлт их ирэв үү?

-Зөвхөн БНСУ-д байгаа иргэдийн асуудал ч биш юм. Олон мянган иргэн хүнд нөхцөлд байгаа. Тухайлбал, Швед, Турк, Тайвань, Казахстан, Австрали, АНУ зэрэг орнуудаас над руу байнга холбогддог. Өнөөдөр л гэхэд Япон, Тайваньд байгаа иргэдийн хүсэлтээр цахим ярилцлага хийлээ.

Монголчууд маань хүний нутагт үнэхээр цөхөрсөн байна. Зайлшгүй шалтгаанаар түр хугацаагаар, эмчилгээгээр, цөөн сараар явсан маш олон иргэн хилийн цаана, хүний нутагт хөсөр хаягдаад жил боллоо. Одоогоор хамгийн хүнд бэрхшээл нь Сөүлээс ирэх тийзээ 11 дүгээр сард захиалж, мөнгөө төлчихсөн мянга гаруй иргэний асуудал. УОК-ын төлөвлөгөөт нислэгүүдийн хуваарь тодорхой бус, гэнэт өөрчилдөг зэрэг нь иргэдийг улам ихээр бухимдуулж, цөхөрсөн хүлээлт үүсгэж байна. Сөүлд иргэд орон байргүй, амьжиргааны зардалгүй, визийн зөрчилтэй, сэтгэл санааны дарамтад орсондоо аргаа бараад суулт хийж байна. Үүний өмнө өлсгөлөн хүртэл зарласан. Иргэний болон Улс төрийн эрхийн тухай Олон улсын пактын арванхоёрдугаар зүйлийн 4-т “Хэнийг ч эх орондоо ирэх эрхийг дур мэдэн хасч болохгүй” гэж заасан байдаг. Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу Төрийн эн тэргүүний үүрэг нь иргэний эрхийг хангах, аюулгүй байдлыг хангах гэж байгаа тул төр энэ үүргээ биелүүлмээр байна.

ХЭҮК зоригтой дуугарч гадаадад байгаа монголчуудын эрх туйлын зөрчигдөж байгаа талаар УОК-т шаардлага хүргүүлсэн байна лээ. Хүний нутагт иргэд нь өлсөж, орох оронгүй, унтах газаргүй бүр амь насаа ч алдсаар байна. Энэ бол хүний эрхийн маш том зөрчил.

-Та өнгөрсөн оны долдугаар сараас Иргэний онцгой комисс байгуулж холбогдох газрууд руу бичиг явуулсан гэлээ. Нийт хичнээн иргэн хандсан бэ?

-Бид гол нь эх орондоо ирж чадахгүй гадаадад гацсан, мэдээлэл дутмаг байгаа иргэд, Улсын онцгой комисс хоёрын хооронд гүүр болох, туслах зорилготой байсан. Иргэний онцгой комисс 4000 гаруй иргэний өргөдөл, гомдлыг хүлээн авч, тус бүрд нь нарийвчлан ангилж Улсын Онцгой комисст хүлээлгэн өгч яаралтай ирэх хүмүүсийн жагсаалтыг гаргаж өгч ажилласан. Жирэмсэн, өндөр настай, хүүхэдтэй, өвчтэй гээд эрэмбэлээд.

Бид уг нь нэг чухал ажлыг санаачлан УОК-т хүргэсэн боловч “хүлээн авахгүй” гэсэн хариу өгсөн. Юу гэхээр 100- 200 гэр бариад иргэдээ татан авч, байрлуулах ажил байсан. Дулааны улиралд боломжтой л шийдэл. “Монос” групп үүнд 50 сая төгрөгийн тусламж үзүүлэх саналыг гаргаж, бусад компаниуд тусламж үзүүлэхээ илэрхийлсэн. УОК “Монгол гэр нь халдвар хамгаалалтын шаардлага хангахгүй” гэсэн. Бид УОК-ын шийдвэрийг зөрж, шийдвэр гаргах боломжгүй учир энэ санаачилга зогссон.

-Таны явуулсан шаардлагуудад хариу өгч шийдвэрлэсэн асуудлууд байна уу?

-Бий. УОК, Зам тээврийн яам Тайваньд сурдаг оюутнуудын асуудлыг маш хурдан шуурхай шийдвэрлэж өгсөн. Оюутнууд их баярласан. Хурдтай шийдээгүй бол олон оюутан сургуулиасаа хасагдах байлаа. Би сайн зүйлийг сайнаар нь л хэлнэ.

-Таны суулт хэдийг хүртэл үргэлжлэх вэ?

-Гурав дахь өдрөө (2020.01.20) сууж байна. УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдээс эхлээд олон гишүүн дэмжиж байна. Ялангуяа гадаадад байгаа болон тэдний ар гэрийнхэн хүлээгээд цөхөрчихсөн хүмүүс одоо Засгийн газрыг ямар нэг дорвитой шийдвэр гаргана байх гэж хүлээж байгаагаа илэрхийлж байна. Зарим нэг хүмүүс “улс төрийн шоу хийлээ” гэж хардаж байх шиг. Энэ бол улс төр болох зүйл биш, тийм цаг ч биш. Дэлхий нийтээрээ аюулт өвчинд боомилогдож, энэ цар тахлын өмнө сөхөрч буй иргэдийн амь нас чухал болохоос улс төр сонин биш. Улс төр хийсэн болчихно гээд дуугүй суух байсан юм уу? Гадаадад хүнд нөхцөлд байгаа иргэдээ яаралтай татан авах нь л чухал. Энэ асуудлаар Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Их хурлын даргатай уулзахаар болсон. ҮАБЗ яаралтай хуралдах шаардлагатай гэж үзэж байна. Над руу тасралтгүй цөхөрсөн хүмүүсийн гуйлт, хүсэлт ирж байхад тайван сууж үнэхээр чадахгүй нь.

-Та ҮАБЗ-д гурван шаардлага хүргүүлсэн байсан. Энэхүү суултаасаа ямар үр дүн хүлээж байгаа вэ?

-Нэгдүгээрт, эх орондоо буцах хүсэлтэй, шинжилгээний хариу сөрөг гарсан иргэдийг яаралтай татан авах, Хоёрдугаарт, буцах өдрөө хүлээж байгаа иргэдэд хоол хүнс, орон байр болон хүмүүнлэгийн тусламж, дэмжлэг үзүүлэх, нислэг цуцалсан гэнэтийн шийдвэрээс үүдэн иргэдэд учруулсан хохирлоо Засгийн газар барагдуулах, Гуравдугаарт, төлөвлөгөөт нислэгийн хуваарийг тодорхой болгож, иргэдэд нээлттэй мэдээлж, төлөвлөх боломжийг олгохыг шаардсан байгаа. Авчирч чаддаггүй юм бол харьд байгаа хүмүүстээ туслах ёстой.

-Одоо таныг хамгийн их бухимдуулж байгаа асуудал юу байна?

-Гадаадад байгаа иргэд маань ирж чадахгүй, зарим нь бүтэн жил хүлээлээ. Хүнд нөхцөлд байгаа иргэдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхгүй байна. Би тусламжийн дүнг харсан, 300 сая төгрөг л төсөвлөсөн байна лээ. Энэ чинь нэг даргын сольж унадаг жийпний үнэ. Ийм жоохон мөнгийг иргэддээ төсөвлөсөнд үнэхээр ичиж байна. Санхүүг шийдэхгүй болохоор Элчин сайдын яамд иргэддээ тусалж чадахгүй байна. Энэ хооронд эх орондоо ирэх өдрөө хүлээсэн иргэд амь насаа алдсаар байна. Иргэд маш их бухимдаж байна. Нас барсных нь дараа шарилыг нь авч ирэхэд мөнгө зарцуулахын оронд амьд сэрүүн байхад нь авчрахад мөнгөө зарцуулдаггүй яачихсан Засаг вэ гэж иргэд бухимдаж байна. Энэ бол туйлын үнэн. Зардлын задаргаанд нэлээдгүй мөнгийг шарил авчрахад зарцуулахаар тусгасан байсан.

-Гадаадад байгаа иргэдийг авч ирэх нь халдвар орж ирэх өндөр магадлалтай гэж болгоомжилж байгаа. Та энэ талаар ямар байр суурьтай байна?

-Халдвар хамгааллын нарийн асуудалд бид оролцдоггүй, энэ цэвэр мэргэжлийн хүмүүсийн асуудал. Гэхдээ шинжилгээний хариу нь сөрөг гарсан хүмүүсийг авчрахад юу нь хэцүү юм бэ. Ирэх боломжгүй хүмүүстээ туслах хэрэгтэй. Хоноглох газаргүй, идэх хоолгүй тэр чигт нь хаяж огт болохгүй. Тусгаар улс шүү дээ. Дахин хэлэхэд, нэг даргын жийпний мөнгөөр хилийн чанадад байгаа олон мянган иргэддээ тусламж үзүүлэхээр төсөвлөсөн байна гэдэг бол байж боломгүй цэвдэг хандлага. Ковидын цар тахалтай холбогдуулан гадаадаас иргэддээ зориулаарай гээд маш их хандив, тусламж үзүүлж байгаа. Гэтэл тэр их мөнгийг юунд зарцуулаад иргэдээсээ харамлаад байгааг ойлгохгүй байна.

Р.ХИШИГЖАРГАЛ

Categories
мэдээ улс-төр цаг-үе

М.Оюунчимэг: Хавтгайруулсан зохицуулалт хийж, цензур тавихаас улс орнууд аль болох татгалзаж байгаа

УИХ-ын гишүүн М.Оюунчимэгтэй ярилцлаа.


-Эрүүгийн хуульд дахин нэмэлт, өөрчлөлт оруулж худал мэдээлэл тараасан бол 80 хүртэлх сая төгрөгөөр торгож, 1-5 жилийн ял эдлүүлэх хуулийн төслийг ХЗДХЯ-наас өргөн барьж, хэлэлцэгдэх гэж байна. Үүнд Та ямар байр суурьтай байна вэ?

-Энэ бол төслийн шатанд яваа, олон нийтээс санал авч, олон удаагийн хэлэлцүүлгээр дамжиж, хэлэлцэгдэх ёстой асуудал. хууль тогтоомжийн тухай хуулийн 8.1.5 болон 8.1.6-д заасны дагуу хууль тогтоомжийн төсөл боловсруулахдаа ашиг сонирхол нь хөндөгдөх иргэн, хуулийн этгээдийн төлөөлөл, олон нийтээр хууль тогтоомжийн төслийг хэлэлцүүлж санал авах, тухайн хууль тогтоомжийн төсөлд холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн болон судалгааны байгууллагын саналыг авах тодорхой үе шатууд бий. мөн Уих-ын дэгийн тухай хуульд төслийн талаар олон нийтээс санал авч, хэлэлцэх журам байгаа. 37.1.1 болон 37.1.2-т зааснаар тухайн төслийг сонирхлын бүлгийн хүрээнд хэлэлцүүлэг зохион байгуулах, олон нийтэд хүргэж санал авах, авсан саналыг судалж холбогдох Байнгын хороонд хүргэнэ гэсэн заалтууд бий л дээ.

Өөрөөр хэлбэл, болохгүй байгаа асуудлыг олон талаас нь хэлэлцэж, хамгийн зөв, сайн шийдэлд хүрэх боломж байгаа юм. Өргөн баригдаагүй байгаа төсөл олон нийтийн анхаарлын төвд орж, маргаан үүсгэнэ гэдэг нь нэг талаас сайн зүйл. Тиймээс хуулийн хугацаа, төсөл өргөн баригдах журмын дагуу нийтээрээ, бүх оролцогч талууд дуу хоолойгоо өргөж, хэлэлцүүлэгт орох нь чухал. Нэн ялангуяа, мэргэжлийн байгууллагууд эрх ашгийн үндсэн дээрээс дуугарах хэрэгтэй гэж бодож байна.

-Ер нь ийн чангаруулсан зохицуулалт хийхээр өргөн мэдүүлж буй нь ямар учиртай (шалтгааныг нь) гэж Та бодож байна вэ?

-Нэг талд улстөрчдийг нийтээр нь харлуулдаг, гүтгэлгийн шинжтэй худал мэдээллийг массаар тарааж, улс төрийн захиалгаар олон нийтийн санаа бодолд зүй бусаар нөлөөлөх явдал гаарч байгаа нь өөрөө хуулийг чангатгах хөрс болж байгаа мэт харагдаж байна. Миний эрх таны эрхээр хязгаарлагдана гэж үг бий. Хэдий улстөрч байлаа гээд тухайн хувь хүний талаар ор үндэсгүй, худал мэдээлэл тараах нь зохимжгүй зүйл. Тиймээс сэтгүүл зүйн салбарыг цэвэр тунгалаг байлгах, дөрөвдөгч засаглалын үүргээ гүйцэтгэх боломжийг нь бүрдүүлэх нь зөвхөн бодлого боловсруулагчдаас хамаарах асуудал биш бөгөөд сэтгүүлчид, мэргэжлийн байгууллагууд, олон нийт гэх мэт бүхий л талын хамтын зүтгэл шаардсан асуудал юм. Ерөнхийдөө худал мэдээлэлтэй холбоотой олон улсын зохицуулалтыг харахад агуулгын хязгаарлалт, тайлбаруудыг маш сайн хийж өгсөн байдаг. Худал мэдээлэл тараах явдлыг гэмт хэргийн ангиллаар зүйлчлэх явдал дэлхийн улс орнуудад ажигдагдаж байна. Тухайлбал Сингапур, Герман, Малайз, Франц, Орос зэрэг улсуудад худал мэдээлэл тараахын эсрэг хуулиудыг хэрэгжүүлдэг. Нэн ялангуяа “Сovid-19” үеэр эдгээр зохицуулалтууд чангарч байгаа. Сингапур гэхэд цахим орчинд олон нийтийн ашиг сонирхлын эсрэг хор хохирол учруулахуйц худал мэдээлэл тараасан тохиолдолд 10 хүртэлх жил хорих ялаар шийтгүүлэх ч боломжтой хууль дөрөвдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Гэхдээ бид үүн дээр хоёр зүйлийг ялгаж салгаж ойлгох ёстой. Хүний нэр төрд халдахгүй, гүтгэж доромжлохгүй байх, нөгөө талд сэтгүүлчийн мэдэх, хардах эрхээ эдлэхийг хөндөхгүй байх. Дээрх улсуудад хэрэгжүүлж буй худал мэдээлэл тараахын эсрэг зохицуулалтууд нь улс төрийн болон төрийн өндөр албан тушаалтныг ажил үүрэгтэй нь холбогдуулж хардах эрхийг боомилсон шинжгүй, хэвлэл мэдээллийг эрх чөлөөнд халдсан үндэслэл байхгүй байгааг бид анхаарах ёстой. Өнгөрсөн дөрвөн жилийн ЦЕГ-ын Статистикаас гаргасан гүтгэх гэмт хэрэг, зөрчлийн тоог харлаа. Эндээс гурван дүгнэлтийг хэлж болохоор байна. Худал мэдээлэл тарааж, бусдыг гүтгэсэн бол Эрүүгийн хуульд заасан хариуцлагаа хүлээх ёстой гэдгийг бүртгэгдсэн хэрэг зөрчлийн тоо харуулж байна. Тухайлбал 2018, 2019 онуудад тус тус 500 гаруй зөрчлүүд бүртгэгдсэн байна.

Харин улс төрийн нөлөө бүхий этгээд сэтгүүлчийг холбогдуулж шалгасан тоог авч үзвэл нийт бүртгэгдсэн зөрчлийн хэрэг бүртгэлийн 5-6 хувьд л байна. Тиймээс хавтгайруулж ойлгохгүйгээр, улс төрд нөлөө бүхий этгээдтэй холбоотой тайлбарыг хуульд оруулж өгвөл асуудал амархан шийдэгдэхээр байна.

2020 онд Сонгуулийн нөлөөгөөр улс төрд нөлөө бүхий этгээд сэтгүүлчийн эсрэг гаргасан гомдлоор үүсгэсэн хэрэг огцом нэмэгдсэн байна. Нийт гүтгэх гэсэн хэрэг бүртгэлийн дунд эзлэх хувь нь өсч 30 орчим хувь болсон байгаа юм. Үүнийг зохицуулсан Францын туршлагаар сонгууль болох хүртэл гурван сарын хугацаанд нэр дэвшигчийн талаарх худал мэдээлэл тараахыг хориглосон байдаг. Энэ мэт хэсэгчилсэн зохицуулалт тайлбаруудыг хуульд тусгаж өгснөөр одоо нийгэмд үүсээд, маргаан дагуулж буй асуудлыг шийдэх боломж байна. Нөгөө талаас сэтгүүлчдэд тулгардаг хүндрэл бэрхшээлүүдийг авч үзвэл сэтгүүлчдийн мэргэжлийн эрхэд халдсан зөрчлүүдийн 3.6 хувь нь эрүүгийн хэрэг үүсгэсэн болон түр хорьсон, 16 хувь нь эх сурвалжаа илчлэхийг албадсан, 18.6 хувь нь бүх хэлбэрийн цензур тавьсан, 17.1 хувь нь сүрдүүлж дарамталсан гэх зөрчлүүд тус тус эзэлж байна. “Глоб интернэйшнл” ТББ-аас гаргасан зөвхөн энэ судалгаанаас харахад хуульд улс төрийн өндөр албан тушаалтантай холбогдох нэмэлт тайлбар зайлшгүй хэрэгтэй.

-Эрүүгийн тухай хууль 13.14 “Худал мэдээлэл тараах” заалтад ямар нэмэлт тайлбар оруулж өгснөөр сэтгүүлчдийн тавиад буй асуудлыг шийдэх боломжтой вэ?

-Илт худал мэдээлэл хэмээх ухагдахууны тайлбар тодорхой биш байгаагаас олон нийтийн дунд эргэлзээ төрүүлж байгааг бид бүгд харлаа. Энэхүү ойлголтод нэмэлт тайлбар хэрэгтэй гэж учраас УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Б.Жаргалмаа нарын хамт хуулийн төсөл өргөн барихаар ажиллаж байна. Тайлбарын гол агуулга нь, нэгдүгээрт, төрийн байгууллага гүтгэсэн гэх гомдол гаргахгүй байх. Хоёрдугаарт, улс төрд нөлөө бүхий этгээд албаны бүрэн эрхээ хэрэгжүүлсэнтэй нь холбогдуулж, хардаж сэрдсэн бол иргэнийг гүтгэсэн гэж гомдол гаргахгүй байх гэсэн агуулга юм. Энэ тайлбарыг оруулснаар одоо нийгэмд маргаан өрнүүлээд буй хэвлэлийн эрх чөлөө, сэтгүүлчийн хардах, мэдэх эрх зөрчигдөх асуудлаас сэргийлнэ. Хил хязгааргүй сэтгүүлчид ОУБ-аас жил бүр гаргадаг “Хэвлэлийн эрх чөлөөний индекс”-ээр Монгол Улс 2015 онд 180 орноос 54 дүгээр байр эзлэж байсан бол 2020 онд 73 дугаар байр эзэлж ухарсан. Үүний гол шалтгаан нь Монголд бүртгэгдэж буй гүтгэлгийн хэргүүдийн 50-иас илүү хувь нь сэтгүүлчид болон хэвлэлийн байгууллагын эсрэг байгаатай холбоотой гэсэн байна. 2017-2019 оны байдлаар Шүүхийн мэдээллийн санд олон нийтэд нээлттэй тавьсан “хүний нэр төр гутаасан” хэргийн нэхэмжлэгчдийн 1/3 нь улстөрч, төрийн өндөр албан тушаалтан байсан. Тэдний маргааны гол зүйл нь нийтийн албан хаагчдын үйл ажиллагаанд хяналт тавихад чиглэсэн сэтгүүл зүйн бүтээлүүд байсан гэсэн судалгаанууд миний гарт байна. Бид эдгээр тоо мэдээллүүдийг харьцуулан, судалсны үндсэн дээр агуулгын хувьд тайлбар хэрэгтэй гэдэг дээр санал нэгдээд байгаа юм.

-Нэмэлт, өөрчлөлтөөр хэвлэл мэдээллийн байгууллага төдийгүй олон нийтийн сүлжээнд хаягтай 3000-гаас дээш дагагчтай иргэдэд ч хамааралтай болж байна. Үүн дээр та ямар байр суурьтай байна вэ?

Олон улсын практикт болон ЮНЕСКО-оос гаргасан тодорхойлолтоор олон нийтийн сүлжээнд контент бүтээгчдийг сэтгүүлч гэсэн ангилалд оруулж байна. Асуудал зөвхөн Монголд үүсээд байгаа биш, дэлхий дахинд өрнөж, улс орнуудад “fake news” буюу илт худал мэдээллийг хязгаарлах үүднээс олон нийтийн сүлжээний платформуудад зохицуулалтууд хийж байгаа.

Тиймээс олон улсын сайн туршлагуудаас суралцаж, дотооддоо хэнийг хэвлэл мэдээллийн ажилтан, сэтгүүлч гэж үзэх талаар нэг мөр ойлголтод хүрэх нэн шаардлага байгаа. Тухайлбал, комедиан Идэр-Одын подкастыг дунджаар 80.000-100.000 хүн үзэж байна. Гэтэл ийм хэмжээний хандалттай нэвтрүүлгүүд хэд байдаг билээ гээд бодох асуудлууд олон байна. Олон нийтийн сүлжээнд контент бүтээгчдийг яагаад сэтгүүлч гэж үздэг вэ? гэдэг дээр Оксфордын их сургууль, Рейторс агентлаг хамтран судалгаа хийсэн байдаг. Эдгээр хүмүүсийг сэтгүүлч гэсэн ангилалд оруулж буй шалтгаан нь нэгдүгээрт Түргэн шуурхай байдал. Тухайн судалгаанд оролцсон зургаан редактор тутмын тав нь нийгмийн сүлжээ хурдан учраас давуу талтай гэдгийг хүлээн зөвшөөрсөн байдаг. Хоёрдугаарт үзэгчдэд хүрэх байдал. Нийгмийн сүлжээнд тараасан мэдээлэл үзэгчдэд илүү хүртээмжтэйгээр хүрдэг учраас. Харин олон нийтийн контент бүтээгчдийг сэтгүүлч ангилалд оруулахад тодорхой эрсдэлүүд бас бий гэдгийг судалгаагаар хүлээн зөвшөөрсөн. Тухайлбал, мэдээллийн үнэн зөв байдлыг нягтлах болон нэгэнт тархсан худал мэдээллийг хянах маш хэцүү гэсэн дүгнэлтэд хүрсэн. Өөрөөр хэлбэл худал мэдээлэл, гүтгэлэг нийгмийн сүлжээнд хурдацтай тархахаас сэргийлж, эрсдэлүүдийг багасгах зохицуулалтууд шаардлагатай. Тухайлбал, Австралид сонгуулийн үед улс төрийн маркетингийн тухай хуулийн зүйл заалтыг зөрчсөн мэдээллүүдийг Face­book хянаж, блоклох эрхтэй болсон Германд зайлшгүй шаардлагатай гэж үзсэн Face­book хаягуудыг баталгаажуулах шаардлага тавьсан гэх мэт олон туршлагуудыг бид харж, суралцаж болно.

Олон нийтийн сүлжээнд ч мөн адил олон дагагчтай л бол нийтэд нь хавтгайруулсан зохицуулалт хийж, цензур тавихаас улс орнууд аль болох татгалзаж байгаа. Харин улс төрийн холбогдолтой мэдээллийг түгээх, оруулах, улс төрийн болон сонгуулийн мартекинг хийх зэрэгт нэгдсэн шаардлагуудыг тавьж, тухайн мэдээллийг түгээж буй платформуудад хязгаарлалт тавьж өгч байна. Өөрөөр хэлбэл, бид урт хугацаанд олон нийтийн мэдээлэлд хандах хандлага, шүүмжлэлт сэтгэлгээг хөгжүүлэх боловсролын асуудал, богино хугацаанд бол агуулгын хязгаарлалтуудыг хийж өгөхөөс өөр сонголт байхгүй гэж харж байна.

Р.ЖАРГАЛ

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Дарь.Сүхбаатар: Ардчилсан хувьсгалын үйл хэргийг хэн ч, хэзээ ч мартаж болохгүй

1990 оны Цагаан Сарын Шинийн 1-ний өглөө МоАХ-ны төлөөлөл Дамдины Сүхбаатарт “золгож” байгаа нь

Монголын ардчилсан хувьсгалын анхдагчдын нэг Дарь.Сүхбаатартай ярилцлаа.


-Тэртээ 1989 оны Хүний эрхийн өдрөөр МоАХ-ын залуус анхны цуглаанаа хийж байсан түүхэн өдөр өнөөдөр тохиож байна. Ардчилсан хувьсгал өрнөснөөс хойш 31 жил болжээ. Нийгмийн бурангуй тогтолцоог өөрчилсөн ардчилсан хувьсгалын үйл хэргийг одоогийн залуусын зарим мэдэхтэй үгүйтэй, мартагнаж байна. Үүнийг та юу гэж харж байна?

-Юуны өмнө үндэсний язгуур эрх ашиг, тусгаар тогтнолын төлөө дуу хоолойгоо хүргэдэг, миний залуудаа ажиллаж байсан “Өдрийн сонин”-оор дамжуулж монголчууддаа ардчилсан хувьсгалын өдрийн мэнд дэвшүүлье. Ардчилсан хувьсгалыг монголчууд мартагнаж байгаа нь хоёр талтай. Нэгдүгээрт, энэ бол Монгол Улсын түүхээс хэзээ ч арилахгүй түүхэн үйл хэрэг л дээ.

Ардчилсан хувьсгалын үйл хэргийг хэн ч, хэзээ ч мартаж болохгүй. Урьдах нийгмээ муулахаасаа илүү ямар нийгмийг халав, ямар нийгэм рүү зорив гэдгийг Монголчууд битгий хэл хүний язгуур эрх, эрх чөлөөг хүндэтгэдэг хүн төрөлхтөн хүртэл санаж байх ёстой хувьсгал л даа. Учир нь Монгол Улс хүн төрөлхтөнд асар их дэвшлийг авч ирсэн. Энд ганцхан жишээ хэлье, бид төр ёсны маш том сургуулийг бий болгосон агуу үндэстэн. Харамсалтай нь мартагнаж буй нь залуу үеийн гэхээсээ илүү бидний өөрсдийн буруу. Учир нь бид өнгөрсөн 31 жил асар их алдаа гаргасан. Ардчилал, ардчилсан хувьсгалын нэрийг барьж ард түмний нуруун дээр гарсан нөхөд минь ноход болж, нийтийн эрх ашгийг хөсөрдүүлж түмний итгэлийг алдсан. Энэ үүднээс мартагнах, мартах битгий хэл заримдаа үзэн ядах, эргээд ардчилалд оролцсон хүмүүсийг буруушаах асар том давлагаа явж байна. Нөгөө талаас төрийн бодлогоор түүхэнд үнэн зөвөөр, хэн нэгнийг илүүчилж дээш нь таталгүй, хэн нэгнийг буруутгалгүй жам ёсны үйл явц байсан гэдгийг дунд сургууль болон бүх шатны сургуулиуд, маргаашийн сэхээтэн, өнөөдрийн оюутнуудад түүхийг нь зааж өвлүүлж байх ёстой юм. Энэ бодлого алдагдсан.

Товчхон хэлэхэд, нэгдүгээрт, бидний өөрсдийн алдаа байсан. Хоёрдугаарт, түүхийг зөв зүйтэй бичих, зөв өвлүүлэх бодлого алдагдсан.

-“Бид ч олон алдаа гаргалаа, нөхөд маань ч урваж шарвалаа” гэж та хэллээ. Үүнийг тодруулахгүй юу. Ямар алдаа гаргав, ямар үйл хэргийг хэлээд байна вэ?

-31 жилийн өмнө бид тангараг өргөсөн.

1989 оны арванхоёрдугаар сарын 9-ний өдөр Монголын ардчилсан холбоо гэж нэрлээд эхлүүлсэн гол эгнээнд нь босож зогссон арвангурван хүн нийлж тангараг өргөсөн. Ний нуугүй хэлэхэд, миний өөрийн эхлүүлж, санаачилсан миний гараар бичсэн тангаргийг өргөсөн л дөө. Гэхдээ өргөсөн тангаргаасаа тал нь няцсан. Бид нэг л их гэгээн мөрөөдөлтэй залуус байлаа. Жишээ нь, миний хувьд л гэхэд сайн багш нар, сайхан аав ээж, сайн удам судрын буянаар өвөг дээдсийн үлдээсэн тусгаар тогтнол, хэл соёлын төлөө дуугарах, тэмцэх ёстой гэсэн бодол суучихсан байсан. Нөхдийгөө ч адилхан юм болов уу гэж бодож байсан ч харамсалтай нь 13 нөхдийн талаас илүү хувь нь буцсан. Энэ няцалт юунаас үүдсэн юм бэ гэхээр асар их эрх чөлөө, эрх мэдэл рүү гэнэтхэн оронгуут тэр эрх мэдэлдээ ташуурч, өргөсөн тангаргаа умартаж, тусгай хангамж, нөгөө их эрх мэдэл, албан тушаалыг эсэргүүцэж боссон улс чинь түүндээ зарим нь орж, магадгүй шунан дурлаж, нэг нь ч ганзагын наймаа хийж, гахай зөөгөөгүй хэрнээ ихээр баяжсан. Үүнийг түмэн мэдэж байгаа. Энэ нь эргээд тэр үед тэмцэж явсан, гэрч болсон нийт иргэд төдийгүй 1990 оноос хойших залуу үеийнхэн үүнийг буруугаар ойлгож “Та нар анхнаасаа л худлаа хэлж, хулгай хийх гэж гарсан юм байна шүү дээ” хэмээн хэлэх, хэмлэх, чулуу нүүлгэж ч байгаа шүү дээ.

-Тухайн үед амиараа дэнчин тавьж байсан хувьсгалчдыг шорон орон руу татаад эхэллээ. Хувьсгалчдыг буруутгаж нэр хүндийг нь шороотой хутгаж байгаа үйл явцыг та юу гэж дүгнэж байна вэ?

-Тэдэн дунд амиараа дэнчин, тангараг өргөсөн нэг ч хүн байхгүй шүү. Нэгдүгээрт, шударга ёсны баталгаа нь шударга шүүх байх ёстой. Шударга шүүхийн суурь нь чухамхүү Монголын нийгэмд, монгол хүнд тохирсон хууль байх ёстой. УИХ-д зөв хүмүүс гарч ирж зөв хууль баталсан байх ёстой. Мөн эргээд хоёр тал зарим нь өөрсдийн эрх ашигт нийцүүлж, магадгүй гадна дотны нөлөөгөөр зарим хуулийг өөрчилсөн байна. Хууль шүүх алдсан байх магадлал байж болох л доо.

-Та бүхэн ардчилсан хувьсгалыг хийхдээ цус асгаруулалгүй хийсэн. энэ бол маш том амжилт шүү дээ…?

-Цус битгий хэл нэг ч байшингийн цонх хагараагүй. Яаж тэгж хийсэн юм бэ гэхээр бидэнд сэтгэл, ухаан байсан юм. Тухайн үед төр барьж байсан нам төрийн удирдлага, НАХЯ-ны сайд, Дээд шүүхийн даргатай нь хүртэл уулзаж энэ бүхэндээ хамгаалалт хийж явсан юм. Бидний эсрэг ойлголтгүйгээр, эсвэл буруу ойлголт, турхиралтаар, эсвэл өс хонзонгоор төр босч хоорондоо дайн дажин болчих вий хэмээн бид сэргийлж чадаж байсан. Үүний ч мөн төр засаг, нам, НАХЯ-ны зарим хүмүүс цаагуураа дэмжиж байсан гэдгийг хэлэх хэрэгтэй. Үнэхээр ч энэ ганц Монголд болсон үйл явц биш. Ардчилсан Германы Берлин хот дахь Берлиний хананаас эхлээд Хятадын цагаан хэрэм хүртэлх энэ уудам зайд социалист систем байлаа. Энэ системд алдаа ч бий оноо ч бий. Социалист системийг задлахад АНУ асар их үүрэг гүйцэтгэсэн. Бид энэ задралыг ухамсартайгаар хүлээн авч, өөрийн орны тусгаар тогтнол, бие даасан байдлыг сэргээн бэхжүүлэхийн төлөө аминдаа боссон ухаантай юм.

-Та бүхэн тухайн үеийн зорилгодоо бүрэн хүрч чадсан уу?

-Харамсалтай нь чадаагүй байна. Монголын ардчилсан холбооны цагаан дээр хараар бичсэн зорилго хэвээрээ байгаа. Хайран сайхан 30 жил. 30 жил гэдэг бол жарнаар тоолоход хүний амьдралын тал хугацаа. Ухамсарт амьдралын бүтэн хугацаа шүү дээ. Энэ 30 жилд олсон ололт бий. Үүнийг түмэн мэдэж байгаа учраас би яримааргүй байна. Хамгийн харамсалтай нь алдсан алдаа нь ололтоосоо давчихаад байна л даа. Аймшигтай нь буруутан ерөөсөө хэргээ хүлээхээ байчихсан. Хүн алдаж болно. “Би буруу санаагүй юм аа. Ингээд алдчихжээ. Үүнд гарын үүсэг зурахдаа үүнийг нягталсангүй” гэж гэмээ хүлээх хэрэгтэй. Төрийн хүн өргөсөн тангарагтаа үнэнч байж хулгай хийх боломжоос өөрийгөө сугалж авч гарах хэрэгтэй. Ер нь хүн төгс амьтан биш учраас боломж гарвал илүү авчих юмсан гэдэг сэдэл ямар ч хүнд байх боломжтой. Төрд яах гэж зүтгэдэг юм бэ гэхээр өөрийгөө цэгнэж, илүү биш дутуу амьдрах сэтгэлтэй, зоригтой байх ёстой. Нэг ёсондоо өөрийгөө золиосолдог хүн төрд ажиллах ёстой.

-Монголын өнөөгийн нөхцөл байдлыг хараад танд ямар сэтгэгдэл төрдөг вэ?

-Коронавирусээс болж дан ганц Монгол Улс ч биш дэлхий нийтээрээ маш уналтад байна. Үүнийг зөвөөр залж байгаа улс орнууд байна. Тухайлбал, Дани, Норвеги, Швед, Япон, Хятад эдийн засгийн уналт руу орчихгүй яаж байгаад байна гэхээр төр нь төр шиг байна. Төрд нь төрийн хүн шиг хүмүүс байна шүү дээ. Манай улсад харамсалтай нь төрийн эрх барьдаг АН, МАН хоёр дээгүүрээ нийлж байгаад хулгай хийдэг боллоо. Үүнд ард түмэн цөхрөхгүй яах вэ. Хууль нь эрх мэдэлтэн, энгийн ардад ялгамжгүй үйлчилбэл Монголын ард түмний итгэл сэргэж энэ улс өндийнө. Хэрвээ энэ байдал хэвээр үргэлжилбэл тун удахгүй 2008 оны долдугаар сарын 1 давтагдана. Ийм байдлыг хэн ч хүсэхгүй. Ийм байдал руу яагаад түлхэж байгаа юм бэ. Цөхөрсөн ард түмний хилэн нэг асвал хэцүү шүү. Б.Лхагвасүрэн “Ард түмний хилэнг та нар дараа нь цусаар ч унтрааж чадахгүй шүү” хэмээн хэлсэн байдаг.

-Та ОБЕГ-ын дэд дарга байсан хүн. одоогийн УОК, НОК-ын хэрэгжүүлж буй үйл ажиллагааг хэрхэн дүгнэж байна?

-Онцгойгийн дайчид үнэхээр сайн ажиллаж байна. Цагдаа, эмнэлгийн ажилтнууд даарч хөрсөн, ядарч стресстсэнээсээ болж ямар их суурь өвчин олоо бол. Үүнийг төр л хариуцах ёстой. Төр засаг, үүнийг толгойлж байгаа хүмүүсийн алдаа байна. Төрийг толгойлж байгаа зарим хүмүүст сэтгэл, чадвар дутаж байна. Ийм нөхцөл байдлыг урьдчилж таамаглаад, урьдчилж сэргийлэх арга хэмжээний бүхэл бүтэн төлөвлөгөө, хууль нь ч байдаг. Дахин тодотгож хэлэхэд аливаа үйл хэргийг бүтээхэд тохирсон, зориулагдсан хүн хийдэг. Нам дагасан, цүнх барьсан хүмүүс хийдэггүй юм. Цаг зуурын хүмүүс төрд орчихоод байна шүү дээ.

-1990 оноос өмнө ардчилал, ил тод байдлын төлөө хүмүүс нэгдэж, энд тэнд олон бүлэг байгуулж байсан гэдэг?

-1988 оны намар тухайн үеийн Улсын багшийн дээд сургуулийн оюутнууд “Цагийн толь” нэртэй анхны чөлөөт хэвлэл гаргасан. Эрхлэгчээр нь би ажиллаж байлаа. Гурван дугаар гаргаад Төв хорооны даалгавраар НАХЯ-аас хаасан. Сонины зөвлөлд Ч.Дашдамба, П.Бөхбат, С.Бүрнээ, О.Сундуй, Б.Одгэрэл, н.Дашцэвэг, Ж.Олзвой нарын оюутнууд байсан. Монголын ардчилсан хөдөлгөөний оч дөл нь Улсын багшийн дээд сургуульд бүрэлдсэн юм. Б.Баабарын бичсэн “Бүү март, мартвал сөнөнө” гэдэг гар бичвэл, товхимол гарсан. Үүний дараа 1989 оны нэгдүгээр сэтгүүлч С.Цогтсайхан тэргүүтэй хэдэн залуу хотын гудамжнаа ухуулах хуудас наасан. 1989 оны Монголын оюутны хоёрдугаар чуулганы үеэр нэр бүхий зарим оюутнууд хурц үг хэлсэн. Ингээд 1989 оны арваннэгдүгээр сарын сүүлээр гарсан залуу уран бүтээлчдийн Улсын хоёрдугаар зөвлөгөөний үеэр ардчилсан хөдөлгөөний суурь бүрэлдсэн. Энэ түүхийг огт мартаж болохгүй. Үүнд оройлон оролцсон хүмүүсийг түүх мартаж учиргүй. Нэр нь түүхэнд хэзээ ч үлдэхгүй мянга мянган дэмжигчид, партизануудыг ч мартах учиргүй. Хэдийгээр алдаа оноотой ч гэсэн өнгөрсөн 30 гаруй жил бидний түүх юм. Монгол Улсыг бид өөрсдөө л өөд нь татна. Тиймээс шударга ёсны дор үр хойчийнхоо төлөө хүн шиг амьдарвал яасан юм бэ. Ялангуяа ардчиллын нэрээр дээшээ гарч, хагартлаа баяжсан зарим нөхөд минь ээ. Коронавирусээр нэг ч Монгол хүн эндэлгүй цар тахлын ард гараасай. Ирэх 2021 онд монголчуудын зөв үйлсээр бие биенийгээ дэмжиж амь амьдрал нь дээшлээсэй гэж хүсье.

Р.ХИШИГЖАРГАЛ

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

​Лу.Гантөмөр: У.Хүрэлсүхийн Засгийн газар 14 хоногийн хөл хорионд яахаа мэдэхгүй байгаа нь ажил хийдэггүйн нотолгоо

-СҮҮЛИЙН ХОЁР ЖИЛИЙН ТӨСӨВ БОДИТ БАЙДАЛТАЙГАА ЭВЛЭРЭХИЙГ ОРОЛДООГҮЙ-


БСШУС-ын сайд асан Лу.Гантөмөртэй ярилцлаа.


-2021 оны төсөвт Ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавьсан ч Ман-ын бүлэг хүлээж авахгүй гэдгээ мэдэгдсэн. Ер нь энэ удаагийн парламент ирэх оны төсвийг хэр оновчтой баталсан гэж үзэж байна вэ?

-2020 оных, ч 2021 оных ч тэр ялгаагүй, ямар ч шийдэлгүй болсон. Учир нь “Ковид-19” цар тахал гарч, эдийн засаг унасан. Үүнтэй холбоотойгоор Засгийн газар тодорхой арга хэмжээг эхлүүлээд бараг бүтэн жил боллоо. Энэ хугацаанд төлбөр хойшлогдсоноос өөр шийдэлгүй, гарсан тодорхой үр дүнгүй байхад ямар нэгэн бодлогын судалгаагүйгээр дараа жилийн төсөв рүүгээ орсон. Бодит байдалдаа нийцүүлэлгүй төсвийн тодотголыг хийсэн. Нэг үгээр хэлбэл, 2021 оны төсөв ямар ч бодлогын судалгаагүй болсон. 2020 оны төсвийн тодотголыг хийхдээ бодит байдалтайгаа эвлэрэхийг ерөөсөө оролдоогүй. Тиймээс аль аль нь гал унтраах, тодорхой тойргууд дахь яриа хөөрөөг намжаах, хүний хийснийг үгүйсгэх зэрэгт зориулсан. Маш хүнд цаг ирж байна. Тэр цаг үеийг давах тухай ямар ч бодлогогүй, өнөөдрийг л өнгөрөөх маягаар хийлээ. Хуучин цагт иймэрхүү шийдвэрийг хоноцын сэтгэлээр хандлаа гэж нэрлэдэг байсан. Тодорхой томьёолохын аргагүй шийдвэрийг гаргаж байна шүү дээ. Тиймээс Ерөнхийлөгч хориг тавихаас өөр арга байхгүй. 2020 оны төсөвт ч хориг тавьж л байсан. Ерөнхийлөгчийн хоригийг өөр намын угшилтай хүн хориг тавиад байна гэж харалгүйгээр 2020 онд цар тахалтай холбоотойгоор хэрэгжүүлсэн УИХ-ын шийдвэрийн үр дүнг яаралтай хэлэлцэх хэрэгтэй. Үүнтэй уялдуулж 2021 оны төсвийг маш тодорхой болгох ёстой. Иргэд тодорхой шийдэл хүлээж байна шүү дээ. Тодруулбал, ирэх жил коронавирустэй эвлэрч амьдрах юм байна. Тэр үед яах вэ. Хоёрдугаарт, эдийн засаг уналаа, одоо бид яах вэ. Гуравдугаарт, асар их өрийн түгжээнд орсон, үүнийг яах вэ. Дөрөв, ирээдүйд бидний амьдралыг хадгалж үлдэх буюу хөгжил дэвшилд хүрэхийн тулд төсвийн хууль тус болох уу. Энэ асуудалд тодорхой хариулт хэрэг болоод байна л даа.

-Хэнтий аймагт музей, контор барих хэрэгтэй юу, үгүй юү. Эсвэл цар тахлын нэг голомт болсон аймгуудад илүү төсөв хэрэгтэй юү, голомттой аймгуудад тэр дундаа Сэлэнгэд хэдэн төгрөгийн төсөв төсөвлөсөн билээ. 2021 оны Ерөнхийлөгчийн сонгууль уу, ард иргэдийн амьжиргаа чухал уу гэдэг олон асуулт гарч ирж байна шүү дээ…?
-Сая миний дурдсан дөрвөн зүйл. Эдийн засгийн уналтаас уналтад дундаж давхаргаа өртүүлчихгүй, компаниудаа дампууруулчихгүйн тулд яах вэ. Энэ шийдэл байхгүй. Урт хугацаандаа өрийн түгжээнээс яаж мултрах вэ, бондын дарангуйллаас яаж ангижрах вэ. Эдгээрт шийдэлгүй байна. Өөрөөр хэлбэл, ямар ч алхам алга. Бодлогын судлаачид байгаа ч судалгаа хийлгэдэггүй. Судалгаа хийх арга нь байгаа ч түүнийг ашигладаггүй. Технологи байгаа ч түүнийг хэрэглэдэггүй гэх мэтчилэн яагаад ажил хийх сэтгэл байдаггүй юм бэ. 2021 оны Ерөнхийлөгчийн сонгууль яах вэ. Дээрх ажлууд хийгдэхгүй, эдийн засаг муудаад байхаар эрх барьж байгаа хүн л улам “яллуулдаг”. Эдийн засаг сайжирвал, дарга болохын төлөө уралдаж болно. Учир нь дарга, ерөнхийлөгч болно гэдэг нь үүрэг, хариуцлага ухамсарлаж, хүлээдэг. Үүн дээр нэмээд тэд баатар болох гээд байгаа юм байлгүй. Гэтэл аль ч дүр нь 2021 онд алга. Дарга болж болно. Боллоо гэхэд болох гээд байгаа хүмүүст оноо байхгүй. Дан ял, зовлон, харуусал, ирээдүйд дан гунигтай амьдрал хүлээж байгаа. Ийм муу юм руу яагаад бодлогогүйгээр тэмүүлээд байгаа юм бэ гэдэг асуулт. Нэг үгээр хэлбэл, УИХ-ын гишүүн болох, дарга хийх, төр барихыг хэтэрхий амар ажил мэтээр төсөөлж байгаа нь харамсалтай.
Ард түмний нэг хэсэг нь ажил, бүтээн байгуулалт, экспорт хийгээд сурчихлаа. Эдгээр хүмүүсээ амжилтад хүргээд тэр хүмүүсийн дарга хийхийг яагаад мөрөөдөхгүй байна. Би асуултыг нөгөө талаас нь тавимаар байгаа юм. 2021 онд ялахыг хүсээд байна гэдэг нь цаагуураа муу юм руу яагаад тэмүүлээд байгаа юм бэ. Гэтэл бусад хүмүүс “Дарга болохын төлөө бэлдэж байна” гэж дүгнэж байна. Муу дарга байх, ял авах тийм сайхан юм уу. Яагаад тэр рүү тэмүүлээд байна. Унах нүхээ яагаад өөрсдөө ухаад байгаа юм бэ. Бод л доо. Эдийн засгийн хороо гэж байгуулсан биз дээ. Тэр улсууд нь яагаад ажил хийдэггүй юм бэ.

Эдийн засгийн богино хугацааны уналтыг бүтэн жилийн хугацаанд яагаад тооцоолохгүй байна, өдрийн орлоготой хүмүүс орлогогүй болох гээд байгааг яагаад харахгүй байгаа юм бэ. Коронавирустэй хамт орших арга хэлбэрээ яагаад олохгүй байгаа юм бэ. Бүх юмыг хаагаад, бүхнийг Lock­down хийгээд болно гэж яаж төсөөлж чадаж байна вэ. олон яагаадын ард буй эдгээр асуултыг өөрсдөдөө тавихгүй байна.

Ирэх жилд юу яриад суух вэ, юугаар хоол ундаа худалдаж авах вэ, бидний цалин хүрэх үү гэдэг хоёр том асуулт авч ирж байна. Ийм нөхцөлд ахмадууд, хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй буюу эмзэг бүлгийнхэн илүү өртдөг. Мөн төрийн албан хаагч, багш, эмч нарын цалин жилийн дараа амьдралд нь хүрэх үү гэдэг том асуултыг 14 хоногийн хөл хорионы үед шинээр гаргаж ирлээ. 14-хөн хоногийн хугацаанд дахин шинэ даалгавар бүтээж байгаа нь ерөөсөө бодлого бодож боловсруулдаггүй юм байна, судалгаа алга. У.Хүрэлсүхийн Засгийн газар өөрчлөгдөөгүй шүү дээ. Толгой, удирдлагууд нь хэвээрээ бий. Эдгээр хүмүүс жилийн өмнө коронавирусийн талаар ярьж байсан, жилийн дараа 14 хоногийн хөл хорио тогтооход яахаа мэдэхгүй сууж байгаа нь ерөөсөө л энэ хүмүүс огт ажил хийдэггүй юм байна гэсэн дүгнэлтэд хүрч байна. Энэ их том төрийн зохицуулалттай эдийн засагт амьдарч байгаа улсууд шүү дээ, бид. ТҮЦ, дэлгүүр, сургалтын төв байгуулж болох эсэхийг төр мэдэж байна. Төрөөр бүх зүйлээ мэдүүлчихсэн энэ үед ажил хийдэггүй ард түмэн бид яах вэ. Хийсэн ажил нь биднийг дандаа эрсдэл рүү түлхэж байгаа энд үед яах вэ. Одоо бид огт өөрөөр бодож эхлэх нөхцөл рүү төр оруулж байна.

-Энэ бүх асуултын гарц гаргалгааг та юу гэж харж байна. Бидний хоолой дээр тулаад ирчихлээ. Удирдлага нь гарцаа мэдэхгүй сууж байна гэх. Одоо тэгвэл гаргалгаа нь юу юм бэ?

-Та биднийг сонсох хүн байна уу. Сонсоод ажил хийх хүн байна уу. энэ надад их эмзэг сэдэв болчихоод байна. Уг нь сонсож хүлээж авбал яриад байж болж байна. Юмыг олж хараад тунгаадаг хүн байна гэж төсөөлөөд ярих гээд оролдъё. Ирэх он жилүүдэд, урт хугацаанд хүн төрөлхтөн энэ вирустэй хамт оршино. Өөрөөр хэлбэл, асар хүчтэй халдварладаг ийм вирусийн нөхцөлд амьдрах нь. Амьдрахаа бусад орнууд мэдчихлээ, бидэн шиг айгаад байгаа юм алга. Ойлгосон улсуудын буюу 2021 оны дэлхийн эдийн засаг яаж хөдлөх вэ. Нэгдүгээрт, аялал жуулчлалын салбар ирэх жил тэсрэлт хийнэ. энэ тэсрэлтэд бид оролцож чадах уу, эсвэл гадаа нь үлдэх үү. Монгол брэндийг яаж хийх вэ. Нэг үгээр хэлбэл, Монгол руу гадаад жуулчдыг татахын тулд дотоод болон олон улсын тээвэр, виз олголтын дэд бүтцийг маш хурдтай шийдэх хэрэгтэй.

Учир нь аялал жуулчлалын салбар Монголын эдийн засгийн нэг багана болсон. Энэ онд багтаж Монголын танилцуулгыг олон улсад хийж, жуулчдаа татах ажилд Засгийн газар дэмжлэг үзүүлж, төсвийн хуулиараа дэд бүтэц рүү хөрөнгө оруулалтыг шийдэх хэрэгтэй. Хуучин шигээ нислэг нь үнэтэй, иртэл дотоодын дэд бүтэц муу байвал аялал жуулчлалын салбараас мөнгө олохгүй. Хоёрдугаарт, агаарын тээврийн асуудлаа шийдээч ээ. Сая Асианаг Кориан эйр компани худалдаад авчихсан. Тэгэхээр Солонгосоос ирэх үнэ буурахгүй. Тэгвэл Солонгос руу хямд нислэг яаж хийх вэ. Мөн Японы нислэгийг хоёр дахин хэрхэн хямдруулж асар олон хүн авах вэ.

Дараагийнх нь уул уурхай. Дэлхийн улс орнууд өнгөрсөн нэг жилийн хугацаанд маш их хэмжээний өрөнд орсон. Бид одоо л цар тахлын үеийн эдийн засгийг ярьж байхад жилийн өмнө дэлхий нийт яриад шийдчихсэн. Гэтэл бид үүнийг шийдээгүй байгаа нь эмгэнэлтэй. Дэлхийн улсууд хаашаа хөрөнгөө оруулсан бэ. Тухайлбал, Европын холбоо бараг нэг их наяд ам.долларыг сэргээгдэх эрчим хүч рүү хийсэн. Үүнийг дагаад зэс, газрын ховор элемент, төмөр болоод бусад элементийн хэрэглээ нэмэгдэнэ. Хэдэн жилийн дараа нүүрс алга болно. Хятад ч адилхан эдийн засгийн асар их уналтад орсон. Үүнийгээ нөхөхийн тулд ялгаагүй сэргээгдэх эрчим хүч рүү маш их хөрөнгө оруулж байна. Тэгэхээр ирэх жил зэсийн үнэ өсөх юм байна. Тиймээс бид борлуулалтыг нэмэгдүүлэх дэд бүтэц рүү төсвийн бодлогоор яаж дэм үзүүлэх вэ. Газрын ховор элементийн ашиглалт руу яаж орох вэ. Яаж Цагаан суваргын ордоо эргэлтэд оруулах вэ. Зэсийн өөр ямар төсөл байна. Энэ яагаад яригдахгүй байна. Үүнд шийдэл хэрэгтэй. Нэг үгээр хэлбэл, бид зэсээс олох орлогоо хоёр дахин нэмэгдүүлж болно. Гашуунсухайт руу явж байгаа төмөр зам яг хэдэн сард ашиглалтад орох вэ. Үүнд тодорхой шийдэл гаргаж, төсвийн дэмжлэг үзүүл. Энэ бол нүүрсний борлуулалтаа 60 сая тоннд хүргэх алхам болно. Үүнтэй зэрэгцүүлж зүүн тийшээ тавьсан төмөр замаа ашигласан аж үйлдвэрийн паркийн дэд бүтцийн ажил руу хөрөнгө оруулна. энд хамгийн том дэд бүтэц бол цахилгаан станц барих. Цахилгаан станцын төсвийг хуулиараа яаж дэмжих юм бэ. Монголд гадаад хөрөнгө оруулалт зогсоод бараг 5, 6 жил боллоо. Ганц байгаа хөрөнгө оруулалт нь Оюу толгой. Тиймээс бид зүүн тийшээ тавьсан төмөр замыг ашигласан аж үйлдвэрийн паркийн хөрөнгө оруулалтыг зарлах хэрэгтэй.

-Манай улсын эдийн засгийн суурь бааз нь хөдөө аж ахуй, газар тариалан шүү дээ…

-Гурав дахь нь хөдөө аж ахуйн салбар. Коронавирусийн үед тодорхой дэмжлэг явсан. Одоо үүнийгээ ахиулах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, хөдөө аж ахуй руу чиглэсэн маш тодорхой дэмжлэг хэрэгтэй. Тухайлбал, тариалалтын үр юу байх вэ, борлуулалт яах вэ, экспорт яах вэ. энэ намар л гэхэд цар тахалтай үед Засгийн газар хийх ажилгүй сонгуульдаж байхын оронд ногоогоо бүрэн хурааж авах байсан. Харамсалтай нь хийгээгүй, булаатай үлдсэн. Ногоо хураах хүн, технологи байхгүй учраас зоориуд хоосон үлдсэн. энд ямар ч дэмжлэгийн бодлого алга. Тиймээс хөдөө аж ахуйн салбараа хадгалж үлдэхийн тулд энэ он, ирэх хавартаа багтааж Дэлхийн хүнсний холбоог Засгийн газар байгуулчих хэрэгтэй. Монголын хүнс баталгаатай гэдгийг нотлох хэрэгтэй. Ердөө ийм л гурван салбар, уул уурхай, хөдөө аж ахуй, аялал жуулчлал. Өөрөөр хэлбэл, валют олох ухаанаа гаргаж түүндээ зориулсан төсвийн бодлогыг ил тод зардал болгоод зарла. Үүн рүү хүмүүс ажилла л даа. Ингэж байж 2021 оны төсөв утга учиртай болж эхэлнэ. Үүнээс гадна өрийн бодлогын менежмэнтээ одоо зарла. Дотоодын бондоо төлсөн нь сайн боловч дотоодын бонд гэдэг нь төгрөгийг эргэлдүүлдэг ажил. Бидний хамгийн аюултай зүйл нь гадаад өрийн дарамт. Энэ нь ам.долларын төлбөр. Гадаад өр дотроо нэг улсын карманд орсон шүү. Үүнийг бүгд мэдэж байгаа. Одоо тэндээс гарах арга ухаанаа ол. Төсвийн сахилга батаар гарна. Өөр аргагүй. Нэг үгээр хэлбэл, Монголбанк бодлогын хүүгээ бууруулж жижиг дунд бизнес рүү дэмжлэг өглөө. Одоо төсвийн бодлогоор төсвөө хумьж мөнгөний нийлүүлэлтээ төсвөөрөө хийхээ болино. Ингэхээр Монголын Засгийн газар өрөнд ордоггүй юм. Өр нь бага багаар багасдаг. Гэхдээ зэрэгцүүлэн оруулж байгаа хөрөнгө оруулалтаа эдийн засгийг урамшуулахад чиглүүл. Төрийн байгууллагын үйл ажиллагааг сайжруулахад бүх хөрөнгө чиглүүлэгдэж байна шүү дээ. Төрийн үйлчилгээг сайжруулахын төлөө өр тавьж явсаар байгаад баахан контор, сав нь хэдэн жилийн дараа балгас болоод үлддэгийг бид социализмаар харсан. 1990 онд сүмд нурж балгас болж байхад бид үг дуугарах чадалгүй байсан. Яг үүн шиг юм ирэх гэж байна. Урьд нь 70 жилийн хугацаанд ирсэн бол одоо 30 жилийн хугацаанд давтагдах гэж байна. Балгас үйлдвэрлэгдэж байгаагаа олж харах хэрэгтэй.

-Эдгээрийг хийж, хэрэгжүүлж чадахгүй бол яах вэ?

-Хиймэл оюун ухааныг ашиглаж Монголын эдийн засагт семуляци хийж үзмээр байна. Семуляци хийвэл монголчууд яаж амьдардаг, иргэдийн ажиллах хүчний үнэлгээ хийгээд гаргаад ирж болж байна. Гаргаж ирсэн программ нь түгжрэлийг яаж шийдэх вэ гэдэгтэй адилхан бидний амьдрал ахуй яаж тогтвортой, өсөлттэй байх вэ, эдийн засаг яавал нэмэх болох вэ. Нэмэх боллоо гэхэд хүмүүст яавал өгөөжтэй байх вэ, яавал төгрөгийн ханшийг тогтвортой хадгалах боломж бидэнд байна вэ. Үүнийг л хийчихмээр байна. Жишээгээр тайлбарлавал, Улаанбаатарыг түгжрэлгүй болгох аргыг гаргаж ирэхийн тулд хэдэн сая удаа гэрлэн дохио, хүний хөдөлгөөн, зогсоол, цаг хугацааг янз бүрээр тооцоолох хэрэгтэй. Семуляци гэж үүнийг хэлээд байгаа юм. Өглөөд энэ гэрэл асвал яах вэ. Машинуудын зогсоолыг төлбөртэй болговол яах вэ, төлбөргүй болговол яах вэ гэж хэдэн сая вариантаар бодоод энэ вариант тохирох юм байна гэж гаргаж ирэх хэрэгтэй. Хүн, хиймэл оюун ухаан хоёрын ялгаа нь энэ. Хүн залхуураад хэдэн сая удаа бодохгүй. Бид чинь 4-5 хувьсагч дээр л бодож байна шүү дээ. Үүнээс илүү бодох гэхээр цаг хугацаа хомс, өөрсдөө ч залхуу болчихсон. Үүнийг эдийн засаг, төсөв, хүмүүсийн амьдрал ахуй, зан төлөв дээр ч хийж үз. Тиймээс богино хугацаанд буюу сарын дотор AI Bank байгуулаач ээ. Монголын болоод дэлхийн толгой математикчдыг цуглуулж, тодорхой хүмүүсийг урьж softwаre компаниудаа дайчлаад семуляци хийгээд гаргаад ирээч ээ. Ингэвэл маш тодорхой тоо харагдана. Энэ сард ингэ, дараа сард тэг, үүний дараа нь ингэ гээд. Өөрөөр хэлбэл, бид одоо уншсан уншаагүй, бодсон бодоогүй хүмүүсийн үгэнд орохоос илүү хиймэл оюун ухааныг ашиглаж сураач ээ. Энэ бол хамгийн том гарц. Энд улстөржиж мэтгэлцэх биш, ухаантай хүн хайх бус хиймэл оюун ухааныг бүтээх хэрэгтэй. Дундаж монгол хүн яавал бухимдал, стрессгүй амьдрахыг хиймэл оюун ухаан бидний өмнөөс бодоод гаргаад ирнэ. Бид хэддүгээр зуунд амьдарч байгаагаа ойлгох хэрэгтэй. Хүний оюун ухаанаас илүү итгэж болохуйц боломжийг бидэнд өгч байна. Үүнд итгэсэн хүмүүс бирж дээр ашиг олж, дэлхийн эдийн засгийг удирдаж байна. Харин итгээгүй нь хуучин туршлагаараа ч юмуу сэтгэлийн хөдөлгөөнөөрөө ажиллаж байгаа бүхэн унаж байна. Учир нь хиймэл оюун ухаан шиг маргааш ирэх давлагаа, өнгөрсөн хугацааг төсөөлөхгүй байна. УИХ-ын гишүүдийн дураараа ярьдаг үгэнд нь чирэгдэж байна. Популистуудыг даган баясахаас өөр аргагүй болж байна. Хиймэл оюун ухаан хүнд таалагдах гэж юм хийхгүй. УИХ-ын гишүүд, улстөрчид, яам, тамгын газрууд дандаа таалагдах гэж хийж байна. Өөрөөр хэлбэл, сайн хүний дүрд тавих гэж алхам хийгээд дандаа буруудаж байна. Жоохон ч гэсэн эр зориг гаргахгүй байна. “Төр төмөр нүүртэй” гэсэн үг яагаад гарсан бэ гэхээр айж ичихгүйгээр, ард түмнийхээ төлөө алхам хийдгийг хэлж байгаа юм. Өнөөдөр төрийн өндөрлөгт байгаа хүмүүс муу хэлүүлж болно. Ирээдүйд хийсэн нь үлдэх ёстой. Хэрвээ эрүүл оюун ухаан Монголд үлдсэн бол юу хийх вэ гэхээр AI вank байгуулж, тодорхой хэмжээний зардал хийж Монголын ирэх 5, 10 жилийн төсөв, мөнгөний бодлогын семуляцийг хийгээд гаргаад ирээч ээ.

Р.ХИШИГЖАРГАЛ

Үргэлжлэл бий