Categories
мэдээ улс-төр цаг-үе

Ц.Батболд: Эрх баригчид улс орноо хөгжүүлэх том бодлогогүй бол аажмаар дарангуйлал руу шилждэг

МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн багш, доктор, профессор Ц.Батболдтой ярилцлаа.


-Сүүлийн нэг жилийн хугацаанд улс төрийн орчинд олон үйл явдал болж өнгөрлөө. МАН, МАХН нэгдчихлээ. Улс төрийн хоёр баганын нэг гэгддэг АН дотроо хагаралдчихлаа. Та ер нь өнөөгийн улс төрийн нөхцөл байдлыг хэрхэн дүгнэж байна?

-Ардчиллын нэг мөн чанар нь, сөрөг хүчин хүчтэй байвал эрх баригчид алдаа бага гаргадаг. Энэ зарчим нэг талаараа буурлаа. Сөрөг хүчин өөрийн байр сууриа алдах байдал бий болсон. Нөгөө талд, сөрөг хүчин болох МАХН эрх баригч намтай нэгдсэн. Ингээд өөр нөхцөл байдал үүссэн. Хэрвээ эрх баригчдад улс орноо хөгжүүлэх томоохон бодлого хөтөлбөр байгаа бол асар их боломж олдож байна гэсэн үг. Хэрвээ байхгүй бол маш том сөрөг үр дагаварт хүргэдэг. Тодруулбал, аажмаар дарангуйлал руу шилждэг л дээ. Иймэрхүү нөхцөл байдал харагдаж байна. Гэхдээ дөрөвхөн жилийн хугацаанд учиргүй дарангуйлал руу орчихгүй л болов уу.

-Манай сонинд нийтлэгдсэн нэг ярилцлагад “Гадаад, дотоодын дүгнэлтээр манай улс хагас ардчилалтай орны тоонд орсон байна” хэмээн дурдагдсан байсан. Та үүнд ямар байр суурьтай байна?

-Төгс ардчилал гэж ер нь юу байх вэ дээ. Гэхдээ нэг зүйл хэлэхэд, манай улсад ардчиллын наад захын нэлээд хэдэн элемент хэрэгжиж чадахгүй байна. Хэрэгжиж байгаа нэр төдий зүйлүүд их бий. Тиймээс ийм маягаар үнэлж, дүгнэхэд нэг их буруудахгүй.

-Тухайлбал?

-Маш олон. Жишээлбэл, нам, сонгууль, засаглал. Засаглал гэдэг нь төрийн гурван өндөрлөг буюу засаглалыг бэхжүүлдэг тэнцвэрийн асуудал шүү дээ. Энэ мэтээр маш олон зүйл бий. Яривал их хугацаа орно. Тиймээс ганцхан л жишээ дурдъя. Нам гэдэг заавал олон гишүүнтэй байж улс орныг удирдах ёстой гэсэн ойлголт байхгүй. МАН 1921 онд 100-ч хүрэхгүй гишүүдтэй байж, улс орныг аварч тусгаар тогтнолоо сэргээсэн. Монголд байгаа намын систем массын буюу олон түмний намын системтэй. Энэ систем нь авторитар, тоталитар дэглэмд тохиромжтой байж болох ч ардчилсан нөхцөлд оршин тогтнох боломжгүй гэдэг нь дэлхийн практикаас харагддаг.

Массын намууд аяндаа гишүүнчлэлгүй болж хувирсан. Социал демократ нам гэхэд Шведэд гишүүнчлэлгүй болсон шүү дээ. Энэ юуг хэлж байна гэхээр хүний оюун ухааныг нэг нам өмчилж, үзэл суртлаар барьж, өөрөөр сэтгэхийг хориглож, үзэл суртлын хатуу цензур хийж болдоггүй. Тухайн хүнд тэр намын хөтөлбөр, бодлого таалагдаж байвал сонгодог. Ингэсэн нөхцөлд тэр намын дэмжигчид гэж нэрлэгддэг. Үүнийг нийтийг хамарсан гишүүнчлэлээр дамжуулан нийгмийг хуваагаад хаячихаар улс орны нөөц баялгийг хувааж иддэг хоёр бүлэглэл үүсдэг. Энд Африкийн орнуудаар жишээ татъя л даа. Африкийн орнуудад эртний төр улс гэж байсангүй, (Төр улстай байсан нь маш сулхан байсан), омгийн байгуулал хүчтэй байдаг. Нэг омог олонхоороо төрөө барьж, ардчиллын зарчмаар засгийн эрхэд гараад өөрийнхөө омгийн хүн амд баялгаа түлхүү хуваарилахаар нөгөө хэсэг нь эсэргүүцэж иргэний дайн дэгддэг. Яг үүнтэй бараг ойролцоо шахуу хэлбэрт орчихсон гажуудал байна. Зөвхөн нэг л гажуудал нь энэ шүү дээ. Энэ мэтчилэн олон гажуудал бий.

-Сүүлийн жилүүдэд нэг нам олонх болж, засгийн эрхийг барилаа. Нэг нам олон жил төр барих нь ардчилалд ямар урхагтай байдаг вэ?

-Нэг нам тодорхой бодлого, чиглэл хэрэгжүүлж төр барьж болно. Дөрөв, найм, 12 жил ч байж болно. Харамсалтай нь, манайд ийм юм алга. Нарийн яривал, улс төрийн бодлого, хөгжлийн бодлого байхгүй нөхцөлд сөрөг хүчнийхээ мэдрэмжид хариу өгч явдаг прагматик хандлагууд улс орнуудад байдаг. Гэтэл одоогийнх шиг сөрөг хүчин сул дорой байвал энэ нь аажимдаа мөхөх тийшээ хандаж магадгүй. Өөрөөр хэлбэл, эрх барьж байгаа нам аажимдаа өөрөө унаж магадгүй гэсэн үг. Тиймээс эрх барьж байгаа нам сөрөг хүчнийхээ уналтад баярлаад байх явдалгүй. Харин ч өөрсдийнхөө алдаа оноог зассангүй, бодлогын хувьд хэд хэдэн удаа бүтэлгүйтэж мэдэхээр зүйл түрүүчээсээ гарч эхлээд байна.

-Манай улсад хариуцлагын ямар ч механизм алга. Засгийн газар нь эргэж буцсан, ойлгомжгүй чадваргүй шийдвэр гаргана, улс төрийн лидерүүд нь хууль зөрчсөн үйлдэл ч гаргах юм. Үүндээ ямар ч хариуцлага хүлээхгүй байна. Яаж хариуцлагын механизмыг сайжруулах вэ?

-Хариуцлагын механизм улс төрийн засаглалын түвшинд өөр. Төрийн захиргааны байгууллагын түвшинд бас өөр байдаг. Улс төрийн түвшинд бол хариуцлага хүлээлгэх, дүгнэж шүүмжлэх сөрөг хүчин байх шаардлагатай байдаг. Харин төрийн захиргааны түвшинд бол төрийн албаны хийж байгаа ажил мэргэжлийн байх ёстой. Тиймээс энд шүүмжлэхээсээ илүү ил, тод нээлттэй болгох шаардлагатай байдаг. Ингэж байж алдаанд нь хариуцлага хүлээлгэдэг. Өөрөөр хэлбэл, сайн засаглалын концепц орж ирнэ гэсэн үг. Энэ нь яадаг бэ гэхээр төрийн гаргаж байгаа шийдвэр, түүний хэрэгжилт ил тод нээлттэй болж, ингэснээр ард иргэд хариуцлага хүлээлгэх боломж үүсдэг. Үүн дээр төр нь хуулиа дээдэлж байна уу, эсвэл хууль бус үйлдэл хийгээд байна уу гэдгийг хянаж байна гэсэн үг. Дараагийн гол зүйл нь, иргэдийн оролцоо. Тодорхой бодлого шийдвэр гаргах бүртээ иргэдийн санаа бодлыг заавал авч, сонсож, түүнд нь нийцүүлэх ёстой. Нийцэх боломжгүй бол иргэдийг хохиролгүйгээр асуудлыг шийдэх гэх мэтээр шийдвэр гаргадаг. Энэ мэт механизмыг одоохондоо бүрэн бүрдүүлж чадахгүй байна.

-Ардчилал бүдгэрлээ гэж сүүлийн үед их ярих боллоо. Бид ардчиллаа авч үлдэхийн тулд яах ёстой вэ?

-Ардчилал эргэж буцдаггүй. Эрх чөлөөний амтыг тодорхой хэмжээнд мэдэрсэн хүмүүс ямар нэгэн байдлаар дарангуйллын шинж тэмдэг гарч ирэхээр хүлээж авах ч үгүй. Өөрөөр хэлбэл, Хонконг ч гэдэг юмуу ардчиллын зарчим нэлээн явагдчихсан оронд диктатур маягийн шийдвэр гарахаар шууд эсэргүүцэж, тэмцдэг. Тиймээс үүнд одоохондоо санаа зовох нь бага. Хэрвээ иргэдийн эрх ашиг хязгаарлагдаад ирвэл иргэд аяндаа эрх ашгийнхаа төлөө тэмцээд эхэлнэ. Гэхдээ нэг зүйл байна. Одоохондоо дэндүү ядуу, орлогогүй байгаа нөхцөлд сонголтоо мөнгөөр худалдчихаад байна л даа. Тэр нь маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушги дээр гэдэг түвшинд байна. Иймэрхүү байдлаар байгаад байвал хэцүү. Тэгэхээр улс орноо хөгжүүлж, иргэдийн амьжиргааг дээшлүүлж, дундаж давхаргаа нэмэгдүүлбэл тав, аравхан төгрөгийн төлөө сонгуульд худалдагдахаа байчихна. Харин ядуу байх тусмаа л худалдагдах боломж улам бүр нэмэгдэнэ.

-Олон улсын жишигт том намууд сонгуульд оролцохдоо жижиг намуудыг санхүүжүүлж сөрөг хүчнийхээ саналыг хуваах тактик барьдаг юм билээ. Энэ арга манай улсад ч түгээмэл ашиглагдаж байна уу?

-Энэ бол улс төрд байдаг л үзэгдэл. Гэхдээ үүнийг хуульчилж хязгаарлах боломжгүй. Иргэдийн эрх ашгийг хохироосон, хууль зөрчсөн намуудыг иргэд өөрсдөө хязгаарлах боломжтой. Өөрөөр хэлбэл, зарим нь зохиомлоор түр зуурын нам байгуулж байна. Ардчиллын нэг онцлог нь иргэд нь мэдээлэл сайтай байж л юмыг ялгаж салгаж, дэмжих эсэхээ мэддэг байх хэрэгтэй. Энд хүчтэй сөрөг хүчин парламентад хүчтэй дуу хоолой хүргэж байж мэдээллийг олон нийтэд хүргэдэг. Ийм зүйл байхгүй байгаа учраас юу болоод байгаа нь мэдэгдэхгүй, сүүлдээ баримжаа ч үгүй болчихсон цаагуураа юу хийгээд байна гэсэн хардлагаар харах хандлага руу орж байна. Энэ чигээрээ удвал хүчтэй эсэргүүцэл, тэмцэл, янз бүрийн нөхцөл байдал үүсч магадгүй гэсэн үг.

-Та АН-ын хуваагдлыг хэрхэн харж байна. Хөшигний цаана ямар эрх ашиг өрнөчихөв?

-2000 оны нэгдэл механик байсан. Социал демократ, либерал гээд өөр өөр үзэл бодолтой хэд хэдэн намууд нэгдэж дотроо фракц үүсчихсэн. Тодорхой ашиг сонирхлын үүднээс нэгдсэн ийм нэгдэл нам болж тэсэж чаддаггүй. Засгийн эрх авахаараа нөгөө бүлгүүд нь өөрсдийнхөө намыг түлхэж унагаагаад эхэлдэг. Харин иймэрхүү намууд эвслийн зарчмаар ажиллаж эрх баригч намыг ялж болдог. Эвслийн зарчмаар ажиллахаар эвслийн хооронд дотроо дүрэмтэй болчихдог. Өөрөөр хэлбэл, дүрэмдээ захирагдаж Засгийн газраа өөрсдөө унагааж чаддаггүй. 1996-2000 онд дөрөв унаж байсан бол, 2012-2016 онд гурав унасан. Энэ үзэгдлүүд нь АН буруу замаар орчихсоныг илтгэж байгаа юм. Нэгэнт МАН-ыг ялахгүйгээс хойш түүнтэй адилхан массын нам болох хэрэгтэй гэсэн нэгдэл нь ийм болгосон. Өөрөөр хэлбэл, ардчиллын нөхцөлд авторитар, тоталитар намын тохирохгүй механизмаар оролдсон учраас өөрсдөө одоо ийм байдалд хүрч байгаа юм.

-МАН, МАХН үзэл санаагаа бус ашиг сонирхлын үүднээс нэгдлээ гэж харж байна. МАН-д ч гэсэн одоогийн АН шиг үйл явдал тохиож магадгүй юм байна, тийм үү. Эсвэл харьцангуй төлөвшчихсөн нам болохоор үгүй юү?

-Төлөвшчихсөн гэж харахгүй байгаа. Нэг зүйлийг товч хэлэхэд, МАХН, МАН-тай нэгдсэн шалтгаанаа тайлбарлахдаа Үндсэн хуульд тодорхой хэмжээнд өөрчлөлт оруулна. Хоёр танхимтай парламенттай болох зэрэг янз бүрийн тайлбар хэлсэн. Үүний тулд нэгдэж байгаа гэсэн. Хэрвээ үүнийгээ хийж чадвал бага ч болов амжилт. Хийж чадахгүй бол нүд хуурсан тайлбар. Таны хэлсэн хардлага бодит болно гэсэн үг.

-Хэдийгээр бид мажоритор системээр явахаар Үндсэн хуульдаа тусгачихсан. Гэхдээ энэ систем нь манай улсад төдийлөн зохимжгүй гэдэг нь эхнээсээ харагдаж байна. Манай улсад сонгуулийн ямар систем тохирох юм бэ?

-Сонгуулийн можаритор, пропорцианаль гэсэн хоёр тогтолцоо байдаг. Ганцхан танхимтай парламент байгуулчихаад ганцхан тогтолцоог нь бариад байна. Зүй нь, парламент хоёр танхимтай байдаг. Учир нь, эрт үед язгууртны танхим нь байнгын ажиллагаатай байж, нөгөөх нь төлөөлөгчдийн танхим буюу ард түмнийх байж. Язгууртны танхим хууль гаргахаар төлөөлөгчийн танхим хориг тавьдаг, баталдаг, өөрсдөө хууль санаачилдаг байж. Үүнийг ухаантай хүмүүс бодож олоогүй, түүхэн шалгуураар шалгарч гарч ирсэн зүйл шүү. Манайд болохоор хориг тавих эрхийг ганцхан Ерөнхийлөгчид өгчихөөр ямар ч хуульд хориг тавихаар хүч нь сул болчихоод байгаа юм, нэгдүгээрт. Хоёрдугаарт, төлөөлөгчийн танхим парламентыг хянадаг. Орчин үед байнгын ажиллагаатай танхимаа мэргэжлийн танхим гэж нэрлэдэг. Төлөөлөгчийн танхимаа ард түмний танхим гэдэг. Тэр нь нөгөө танхимаа хянадаг. Үүгээр ч зогсохгүй Засгийн газрын үйл ажиллагааг төлөөлөгчид нь өөрийн тойрог тойрогтоо сонгогчдын гомдлыг авч Засгийн газрын сайд нараас асуулга явуулж, хянадаг. Манайд парламентын хяналтын систем байхгүй, мартчихаж байгаа юм. Мартчихаад нэг танхимдаа нийлж орж суучихаад хууль батлах ажилдаа төвлөрч, хяналтын үүргээ гүйцэтгэж дийлдэггүй. Ингээд тойрог услах гэдэг зүйл рүү ордог. Сонгуулийн мажоритор тогтолцоогоор ард түмний төлөөлөгчдийг сонгодог. Өөрөөр хэлбэл, төлөөлөгчийн танхимыг бий болгодог. Пропорцианаль тогтолцоо болохоор намын нэрийн жагсаалтаар байнгын ажиллагаатай танхимыг бүрдүүлдэг. Тэгэхээр А, Б нам байлаа гэхэд А нам нь нийт сонгогчдын суудлын 30 хувийг, Б нам нь 40 хувийг, үлдсэнийг нь бусад намууд авч гэж бодъё. Тэгвэл суудлын 40 хувийг авсан Б нам сонгуульд ялах нь. Ингэж ард түмний сонголтыг тэнцүүлсэн суудлаар байнгын ажиллагаатай танхимд суудаг. Ингэж байгуулсан нөхцөлд Засгийн газраа огцруулах, парламентаа огцруулах харилцан тэнцвэрийг бий болгох боломжтой болчихож байгаа юм. Жишээлбэл, Ерөнхий сайд төсвөө батлаад парламентаар хэлэлцүүлэхээр манайхан дураараа өөрчилж, 60, 70 хувийг нь өөрсдийнхөөрөө хуваагаад “жонхуу” болгочихдог. Иймээс сүүлийн 30 жилд Монголд ямар ч хөгжил явагдаагүй. Гэтэл Японы ерөнхий сайд төсвөө батлаад парламентаараа хэлэлцүүлээд парламент унагаачихвал өөрсдийн намын олонхоо дэмжсэнгүй гэж үзээд парламент дахь намынхаа гишүүдийг огцруулдаг. Огцруулахаар манайхан дахин сонгууль явуулж бөөн юм болно гэж бодоод байх шиг байгаа юм. Тийм юм болохгүй. Нэрсийн жагсаалтаар орж ирсэн юм чинь намын хоёрт бичигдсэн хүмүүсээ оронд нь тавьчихдаг. Тэгэхээр Засгийн эрх авсан олонх төсөв, бодлогоо хамгаалж байдаг гэсэн үг. Энэ мэт тэнцвэрийн зүйл явагддаг. Манайд энэ чиглэлийн ямар ч ойлголт байхгүй. Цөөхөн монголчуудад олон танхим хэрэггүй гээд байдаг. Гэтэл аливаа машин механизм бүх юм нь бүрэн байж ажилладаг. Жишээлбэл, автомашин байлаа гэхэд автомашины хөргөлтийн систем, тослолтын системийг нийлүүлчихвэл тос масло нь холилдоод мотор нь цохиод эвдрээд явахгүй шүү дээ. Яг үүнтэй ижил. Тэгэхээр их ч бай бага ч бай улсын бүх юм нь бүрэн байж улсын ажил зөв явна.

-Намрын чуулган өнөөдөр эхэлж байна. Та энэ удаагийн парламентад ямар дүгнэлттэй байна?

-Энэ чуулганаар тохиолдож байгаа бэрхшээлийг даван туулах гаргалгааг гаргаж, түүндээ тохирсон хууль, шийдвэрээ гаргаж Засгийн газраа дэмжээд ажиллавал болохгүй юм байхгүй. Гэхдээ тэр нь олигтой ажил болж чадаж байна уу, үгүй юү гэдэг асуудал байгаа юм. Тиймээс шууд шүүмжлэхгүй, хэрэгжүүлж буй ажлыг нь харж, хүлээж, дэмжих ёстой. Түүнээс биш бүгдийг нь юу юуны туханд хүрэлгүй шүүмжлээд байвал сайн сайханд хүрэхгүй. Жаахан ч гэсэн зөв зүйтэй зүйлийг нь дэмжиж байх ёстой.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ж.Цэвээнжав: Шатахуун нөөцлөх биш, харин нөөцлөх бензинийхээ мөнгийг дундын дансанд үргэлж байлга

– БЕНЗИНИЙГ УДААН ХУГАЦААГААР ХАДГАЛАХААР ЧАНАР НЬ МУУДДАГ-


Монгол Улсын зөвлөх инженер, ШУТИС-ийн Геологи, газрын тосны сургуулийн тэргүүлэх профессор, доктор Ж.Цэвээнжавтай ярилцлаа.


-Хэдхэн хоногийн өмнө манай улс шатахууны хомсдолд орж, нэлээн л сандралдлаа. Үүнийг та хэрхэн дүгнэж байна. Нөөц бүрдүүлэлттэй л холбоотой юу?

-Шатахууны хомсдол нэгдүгээрт, тохиолдлынх. Нөгөө талаас зүй тогтолтой зүйл. Ерөөсөө бүх зүйлийг чөлөөт эдийн засагт оруулах хэрэгтэйг харууллаа. Стратегийн бүтээгдэхүүнээс эрчим хүчээр жишээ татъя. Эрчим хүчний үнэ чөлөөлөгдсөн учраас тог тасрахаа байсан. Тиймээс үүнтэй ижил, шатахууны худалдаа, нийлүүлэлтийг чөлөөт зах зээлд оруулах ёстой. Өөрийн үйлдвэртэй болох нь төрийн бодлого мөн үү гэвэл мөн. 1990 оноос хойш төр, хувийн хэвшил зам замаа дагасан. Гэтэл төр “Үүнийг манайх хангаад байна. Стратегийн бүтээгдэхүүн…” гээд их юм ярина. Газрын тосны тухай хууль маш учир дутагдалтай. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас өөрчлөлт оруулах санал ирсэн, нэмэлт өөрчлөлт хийх ёстой. 2006 онд батлагдсан Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэг их үүсвэрээс шатахууны зах зээлийн 1/3-ийг өгч болохгүй гэсэн санаа байдаг. Гадных ч байсан, дотоодынх байсан 1/3-ийг өгч болохгүй.

Товчхон хэлэхэд, шатахууны үнийг цочмог чөлөөлсөн бол сайн байх байсан. Одоо бол үнэ хүчрэгдэхээ байлаа. Үнийг чөлөөлөх ёстой. Тусгай зөвшөөрлийг мөн арилгах ёстой. Тусгай зөвшөөрлөөс хамаг “булхай” эхэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, жижиг байгууллагуудыг шахаж, дээрээс нь тусгай зөвшөөрөл гээд үнээ хямдруул гэж яриад байна. Ер нь импортлогчид буруутай биш. Төрийн алдаатай бодлого дээр ажиллаж байгаа болохоор буруутай юм шиг бидэнд харагдаж байгаа юм. Тэд адилхан л хүн ажиллуулаад, адилхан л ард түмнээ шатахуунаар хангаж байна. Тусгай зөвшөөрөл гээд 50 сая төгрөгийн тэмдэгтийн хураамж авч байгаа нь юу гэсэн үг вэ. Энэ нь яахав улсын төсөвт ордог байх.

Намуудын сонгуулийн мөнгө шатахууны жаахан борлуулалтаас босдог юм шиг байгаа юм.

Хоёрдугаарт, манай бодлогод улсын газрын тосны үйлдвэр барина гээд У.Хүрэлсүх “өндрөө” авлаа. Намайг бол “Та дуугүй байгаарай. Таныг олон хүн сонсоно” гэдэг талаас хэлдэг. Тосгүй, усгүй газар үйлдвэр барина гэчихсэн. Энэ бол хэзээ ч бүтэхгүй. Баривал Дорнодод барих ёстой. Нөөц нь тэнд байгаа. Би улсын нөөцийн комиссын гишүүн. Гэхдээ үүнийг Ц.Анандбазар, Б.Дэлгэрсайхан, Дорноговийнхон лоббидсон юм шиг байгаа юм. Бодоод үз дээ, 30 гаруй км газраас ус татна. (Эрдэнэт үйлдвэрийн хэцүү ажил нь 60 гаруй км газар Сэлэнгэ голоос ус татах байсан) Дараа нь 650 км газар Дорнодоос хоолой татна. Энэ нь бүтэх үү, үгүй юү. Бүтэхээс гадна хамгийн гол нь дотоодод шатахуун үйлдвэрлэхэд үнэ нь ямар байх вэ, эсвэл ямар хөнгөлөлт үзүүлэх вэ. Дотоодын шатахууныг НӨАТ-аас чөлөөлнө гэвэл үйлдвэр бүтэж магадгүй. Африкийн орнуудын жишиг нь нэг хувийн хэвшилд өгч түүнийгээ төр хянадаг. Газрын тосны үйлдвэр барихад Энэтхэгийн тэрбум ам.доллараас гадна цаана нь Хөгжлийн банкнаас “манайх дэд бүтцээ хариуцна. Дэд бүтэц хоёр жилийн өмнө 300 тэрбум төгрөг байсан. Одоо 500 тэрбум төгрөгт хүрсэн” гэж байна. Энэ мэтээр ярих юм их бий. Ерөнхийдөө шатахууны энэ хямрал бол төрийн буруу бодлоготой холбоотой, нэгдүгээрт. Хоёрдугаарт, манай төрийнхөн “евро бензин хэрэглэнэ” гэж ярьж байгаа юм. Бензиний үнийг чөлөөлөх хэрэгтэй. Гурван мянга хүрэг, хамаа алга. Би өөрөө Land-200 унадаг гэдгээ дурьдах нь зөв болов уу. Ард түмэнд сайхан харагдах гээд “Бензиний үнийг барьж байна” гээд попроод байгаа юм. Үнэхээр өрөвдмөөр. Дизелийн түлшийг онцгой татвартай байлгаад байгаа юм. Дизель түлш баялаг үйлдвэрлэдэг гэж би материалууддаа бичсэн. Уул уурхай, газар тариалан, нүүрс тээврийн машинууд дизелийг ашиглаж байна. Дизель түлшээр 60 хувь нь ажиллаж байгаа. Тиймээс харин үүнийг төр хамгаалж, онцгой татварыг нь багасгах хэрэгтэй. Сайн бензинийг баячууд юмуу, төрийнхөн хэрэглэж байгаа. Тааруухан бензинийг нийтийн тээвэр ч юмуу хэрэглэж байгаа. Гэтэл бензиний үнэ баялаг бүтээхгүй байгаа. Эхнэр, хүүхдээ хүргэж өгнө” гээд түгжрээд байгаа юм. Автобус, нийтийн тээвэр маш сайн явж байгаа. Явган алхаж болно. Өөрөөр хэлбэл, ухаалаг хэрэглээ байх ёстой. Хот, хөдөөгүй л бензин хэрэглэж байна. Бараг портероороо хонинд явж байна. Төр урдуур нь ороод өөрөө хүзүүгээ дэвсэж өгөөд “Төр нь та нарыг хамгаална. Зах зээлийг хамгааллаа. Үнийг тогтоон барьж байна” гээд байгаа. Бензиний үнийн асуудлаар холбогдох хүмүүс Москвад ажиллаж буй зургийг нь харсан байх. Тухайн хэлэлцээрт О.Содбилэг дээр нь сууж байгаа юм. Оросууд түүнтэй л харилцаж байгаа. “Хулгайчийн хүүхэд хулгайч” гээд фэйсбүүкт биччихсэн байхыг харсан. Тийм биш. Өөрөөр хэлбэл, мөнгөтэй хүмүүстэй л ярьдаг. Хажууд нь байгаа төрийн албан тушаалтнууд яах гэж явж байгаа юм. Дагаж явж байгаа юм уу. Тэдний хэрэг байхгүй. Төртэй яриад байх юм байхгүй шүү дээ. Монгол-Орос хоёрт рубль, төгрөгөөр харилцаа хийх вариант байна гэдгийг би Монголын төрд зөндөө хэлсэн. Д.Сумъяабазарт би зааж өгсөн. Д.Сумъяабазар “Очоод ярьсан чинь болдоггүй юм байна лээ, багш аа” гэж ирсэн. Болох ёстой. Ам.долларын ханш өсөхөөр хоёулангийнх нь ханш унадаг. Зарим судлаач, эрдэмтэд том том яриад байх юм. Үнэн хэрэг дээрээ шатахууны үнийн өсөлт бол дэлхийн зах зээлээс нэг их хамаараад байгаа юм байхгүй. Ам.долларын ханшнаас л хамаарч байгаа юм. Миний хэлснээр шатахууны үнийг чөлөөлөх хэрэгтэй. Гэхдээ одоо цаг нь биш байна. Цар тахалтай байна. Ер нь үнийг нь чөлөөлж, тусгай зөвшөөрлийг болиулах хэрэгтэй. Чөлөөт зах зээл рүү жижиг орон орчихвол дорхноо сэхэх ёстой.

-Та литр бензинийг 3000 төгрөг болгох ёстой гэж үзээд байгаа юм уу?

-Бензиний үнийг чөлөөлж, дизелийн үнийг барих ёстой. Бензиний үнэ 3000 хүрэг, сайн бензин нь 5000 хүрэг. Та тийм баян хүн юм уу гэх байх. Би тэтгэврийн профессор хүн. Гэхдээ том өнцгөөр харахад ийм байна. Төрийн оролцоо бол хуулиа сахиулж гадаад харилцаагаа бариад явж байхаас бизнесийн зүйлд оролцож болохгүй. Үүнд оролцоод байгаа нь мэддэггүйдээ биш, чаддагтаа ч биш. Тендер, тусгай зөвшөөрлөөр амьдардаг хэсэг хүмүүс байна шүү дээ, цаана чинь.

-“Манай улс шатахууны 30 хоног, 45 хоногийн нөөцтэй” гэж байнга мэдээлдэг шүү дээ. Үүнээс илүү нөөцлөх боломжгүй байдаг уу?

-Нөөцийн асуудал 2006 оны хуульд бий. Нөөцийн асуудлыг улсын нөөц, компанийн нөөц гэж хоёр хуваачихсан байгаа. Нөөцөө яаж бүрдүүлэх ёстой юм бэ гэхээр нэгдүгээрт, дэлхий дээр түүхий тосоор бүрдүүлдэг. Монголд улсын үйлдвэр байхгүй болохоор болдоггүй юм байна. Гэтэл тийм юмыг бизнес хийдэг залуучууд хэдийнэ харчихсан байгаа, мөнгөөр бүрдүүлдэг байхгүй юу. Өөрөөр хэлбэл, хямд үед нь мөнгөө байршуулж, бензинээ ихээр гэрээлчихээд үнэ нь хөдөлсөн ч үнээ нэмэхгүй гэдэг зарчмаар ажилладаг. Хэрэглээнд нийлүүлэх 30-45 хоногийн нөөц байгаа гээд яриад байна. Төрийнхөн энэ ярьж байгаа зүйлээ мэдэж байгаа юу, үгүй юү. Мэдэж байгаа л байх. Нөөцийг мэдэхэд амархан. Савны багтаамж хэд вэ, хоногийн хэрэглээ, сарын хэрэглээ хэд вэ гэдгийг бодчиход болно. Гэтэл цаад механизм нь бол бензинээрээ байх уу, мөнгөөрөө байх уу гэдэг. Нөөцийн асуудалд миний бодлоор улсын нөөц гэж ерөөсөө байхгүй. Манай Симбаа Батаа Баруунхараад нөөц байгаа гээд байсан чинь үнэн хэрэг дээрээ Симбаа эхнэртэйгээ нийлээд бүгдийг нь зарчихсан байсан. Хоёрдугаарт, бас удаан хугацаагаар хадгалж болдоггүй юм байна лээ. Цагааннуурын бааз дээр бензиний чанар муудсан тохиолдол бий. Тухайн үед зуд болсон чинь тракторт хийхээр асахгүй, бензин нь хуучирчихсан байсан.

Төр бүх зүйлд оролцоод байхаар болохгүй байгаа юм. Төр гэдэг цаанаа хүн байна. Тэр хүний эрх ашиг байна. Гэхдээ төрийн алдаа хууль, бодлогод байдаг. Хэрэглэгч ухаалаг байх хэрэгтэй байна. Эхнэр, хүүхдээ машинаар зөөх хэрэг байгаа эсэхээ бодох хэрэгтэй. Хонон өнжин оочерлож байх ямар хэрэг байдаг юм бэ.

-Шатахуун хадгалах улсын нөөцийн сав хуучирчихсан, хувийн байгууллагын савыг түрээсэлдэг гэх яриа бий. Нөөцийн савыг гангаар хийдэг юм чинь гагнуурчдаар нөөцийн хэд хэдэн сав бэлдүүлж болдоггүй юм уу?

-Миний яриад байдаг зүйлийг тодруулж асууж байгаад баярлалаа. Түүхий тосыг нөөцлөхдөө саваа тосолдог. Харин бензин устай болохоор ууршина, ус нь тунаад саваа зэврүүлнэ, асгарна зэрэг олон асуудал гарна. Хоёрдугаарт, улсын нөөцөө хадгалж чадахгүй учраас хувийн компанид түрээслэдэг гэж байгаа. Тийм журам хүртэл гарсан.

Хуулиараа компаниуд зардаг бүтээгдэхүүнийхээ 30 хувьтай тэнцэх нөөцийг байнга байлгана. Ж.Оюунгэрэл агсан ухаантай хүн болохоор “Би өөрийнхөө мөнгийг тэгж өгөхгүй” гэж хэлж байсан. Та жилдээ нийт 100 мянган тонн бүтээгдэхүүн борлуулдаг юм гэхэд танд 30 мянган тонны нөөц заавал байх ёстой. Байхгүй бол төрд хааж, лацдаж чадах эрх нь байгаа шүү дээ. Энэ утгаар мөн л төрийн бодлоготой холбоотой. Улсын юм ерөөсөө бүтдэггүй шүү дээ. Ялангуяа бизнес, эдийн засагтай холбоотой зүйл. Яахав, зам тавьж байна гээд төсвийнх нь 60-70 хувиар тавиад үлдсэн нь савираад алга болдог. Тэгэхээр улсын нөөцийн савыг сайн гангаар сайн хийлээ гэж бодъё. Энэ чинь дараа нь улсын юм гээд хүн хүрч болдоггүй. Сэлгэж болдоггүй гээд зөндөө юм бий.

Энэ бол савандаа гол нь биш. 40 хоногийн нөөцтэй байхын тулд 40 сав хэрэгтэй болж байгаа юм. Бид жижиг эдийн засагтай улс. Төрийн бодлого уян байвал түргэн маневирладаг. Сая аргаа тулахаар Орос-Монгол хуучин харилцаатай хөрш учраас хоёр хоногийн дотор шатахуун орж ирж байна гэсэн дүгнэлтэд хүргэж байгаа юм. Нөөцлөөд байх уу эсвэл миний хэлдгээр мөнгөө харуулаад (гэхдээ мөнгөө дундын банкинд байрлуулж) үнээ тогтворжуулчихаад мөнгө нь байгаа бензин бол байгаа шүү гэдэг байдлаар хандах хэрэгтэй.

Р.ХИШИГЖАРГАЛ

Categories
мэдээ улс-төр

Л.Оюун-Эрдэнийн “чөтгөр”-ийн систем

Улс төрийн баараггүй тоймчид Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг гурван сарын настай гэж байсан юм. Бүтэн нэг улирал гэсэн үг л дээ. Тэр “онол”-оор Л.Оюун-Эрдэнэ тавдугаар сард онхолдох ёстой байв. Гэтэл хагас жил гаруй Ерөнхий сайдаар ажиллаж, хэд хоногийн өмнө 200 хоногоо ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ. Үнэнийг хэлэхэд, Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар томилогдоход түүнээс хэн ч, юу ч хүлээгээгүй. Ерөнхийлөгч болсон У.Хүрэлсүх л захиасынхаа хариуг итгэж хүлээгээд суудлуудаа өвлүүлсэн байх. Тэр ч ойлгомжтой. ЗГХЭГ-ын даргын албан тушаалаас Ерөнхий сайдын сэнтий рүү үсрээд, тэндээ долоон сар сууж байгаа Л.Оюун-Эрдэнэ сүүлийн үед их сонин тоглолт үзүүлэх боллоо. Цагтаа Ерөнхий сайд Н.Алтанхуяг, өөр олон нам, улс төрийн хүчин, улстөрчдийн пиар дээр ажиллаж ирсэн А.Амундраг Ерөнхий сайд болонгуутаа МАН-д элсүүлж, одоо “Үнэн” сониныхоо эрхлэгч болгосон. А.Амундрагийн хувьд “Бодь” буюу “Голомт”-ын Д.Баясгалангийн хүн. Тавантолгойн төмөр замын төслийг удирдаж байгаад одоо МАН, Ерөнхий сайдын дэргэд очоод байгаа юм.

Хамгийн сүүлд “Блүүмберг”-ийн Э.Долгионыг зөвлөхөөрөө авчээ. Э.Долгион бол “сахал” Д.Эрдэнэбилэгийн хүн бөгөөд түүний хэвлэлийн ажлыг гардан хариуцаж ирсэн гэдгийг Монгол даяараа мэднэ. Тэр ч байтугай Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг зөвлөхөөрөө авч байгаа гэсэн мэдээлэл түглээ. Эх сурвалжуудын мэдээллээр үнэн болох нь батлагдав. Ерөнхийлөгч асан хүн Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллах гэж буй анхны тохиолдол байж мэдэх юм.

Гэхдээ Х.Баттулга гэдэг хувь хүн, эсвэл Ерөнхийлөгч асан хүн түүний зөвлөх болох үгүй нь сонин биш. Харин эдүгээ хоёр талцаж, үл ойлголцож, эвдрэлцэж ханаагүй байгаа АН-ын нэг талыг нь удирдаж байсан Х.Баттулга МАН-ын даргын албыг хашдаг Ерөнхий сайдын албан тушаалд зөвлөх болсон нь хачирхалтай. Энэ нь улс төрийн хүрээнд маргаантай сэдэв болсон. Л.Оюун-Эрдэнэ, Х.Баттулга хоёр яг юу гэж яриад ийм шийдэлд хүрсэн нь ялангуяа улс төрийн хүрээнийхний сонирхлыг татаж байна. Юутай ч энэ Л.Оюун-Эрдэнийн тоглолт бөгөөд Х.Баттулгын ямар нэг эрх ашиг ч бас шингэсэн нь тодорхой. Хамгийн гол нь, энэ бүхэн унаж дууссан АН-д ямар нөлөө үзүүлэх бол гэдэг хариулт хүлээж байгаа юм.Ер нь Л.Оюун-Эрдэнийн улс төрийн тоглолтууд нь лав сүүлийн 30-аад жилд Монголын улстөрчдөөс гарч байгаагүй “шийдэл”-үүд байгаад байна. Өөрөөр хэлбэл, тэр зөвхөн МАН-ын даргын уламжлалт дэгээр ажиллахгүй байна. Монголд бол шинэ дүрмээр тоглож байна.

У.Хүрэлсүхийн итгэлт дүүгийн хувиар Ерөнхий сайд, МАН-ын даргын суудлыг авч байсан Л.Оюун-Эрдэнийн шийдвэрүүд нэмэгдэх тусам Монголын улс төр, нийгэм, эдийн засагт тодорхой өөрчлөлтийг хийгээд байгаа нь анзаарагдаж эхлэв. Хаврын чуулган “Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газрыг огцруулна” гэсэн дуулиантай хаагдаж байв. Тэгээд зуны амралт залгасан. Одоо амралт албан ёсоор дууслаа. Улс төр, нийгмийн амьдрал буцалж эхлэв. Харин нөгөөх “Засгийг огцруулах” акц алга болчихож. Яагаад гэсэн чинь огцруулах нөхдүүд маань зун амраад явж явж иржээ.

Энэ хооронд Л.Оюун-Эрдэнэ хэдийнэ ажиллачихсан, одоо тэр үгийг хэлэх хүнгүй болгочихсон гэж байна. Тэрээр энэ зун хувийн хэвшлийнхэнтэй уулзаж, хотыг дэмжихээр болсон. Намынхаа өмнөх удирдлагуудыг цуглуулж, бүх улс төрийн хүчний лидерүүдтэй уулзалт зохион байгуулжээ. Өчигдөр, уржигдрын төрийн хэрэгт төдийлөн нөлөөтэй бус ч улс төрийн “аймаар савлагаатай томилгоо”-нууд ч үүнтэй хамаатай болж байна.

Жилийн өмнө дөө, “Одоо байгаа улстөрчдийн дунд системийн онол мэддэг цорын ганц хүн нь Л.Оюун-Эрдэнэ гэдгийг би баталгаатай хэлж чадна” гэж судлаач Д.Ганхуяг бичиж байв. Л.Оюун-Эрдэнэ системийг хэрхэн ашиглаад, юунд зориод байгааг бид анзаараагүй. Тэгвэл, аль ЗГХЭГ-ын дарга байхаасаа, бүр түүнээс өмнө хийсэн улс төрийн үйлдлүүд нь өнөөдрийн шийдвэрүүдтэй нь тулаад байна. Чухамдаа энэ л нөгөөх систем гээч бөгөөд Л.Оюун-Эрдэнэ үүнийг зорилгоо хэрэгжүүлэх хэрэгсэл болгож авсан байгаа юм. Тэгээд энэ “чөтгөр”-ийн системээ бүтээж байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

С.Мөнхчулуун: Намын Бага хурлаас нэр дэвшүүлэхээр дэмжвэл дэвшинэ

НИТХ дахь МАНын бүлгийн дарга асан, МАНын Бага хурлын гишүүн С.Мөнхчулуунтай ярилцлаа.


Нөхөн сонгууль удахгүй болох гэж байна. Та Сонгинохайрхан дүүргээс НИТХд хэд хэдэн удаа сонгогдож гарсан. Мөн 2020 оны УИХын сонгуульд тус тойргоос нэр дэвшиж байсан. Тиймээс таны тойрог гэж хэлж болох байх. Та Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвших үү?

-Тийм ээ, би Сонгинохайрхан дүүрэгт амьдарч, сурч, хөдөлмөрлөж, дүүргийнхээ МАН-ын дэд дарга, Засаг даргын Тамгын газрын даргаар нь ажиллаж, дүүргээсээ НИТХ-д сонгогдож байсны хувьд Сонгинохайрхан дүүрэгтэй ажил амьдралын хувьд салшгүй холбоотой. Мөн таны хэлсэнчлэн 2020 оны УИХ-ын сонгуульд тус тойргоос нэр дэвшиж 12000 хүний санал авч байсан. Тойргийн иргэд сонгогчид, намын гишүүдийн зүгээс нөхөн сонгуульд нэр дэвшээч, хийж хэрэгжүүлж байсан ажлуудаа үргэлжлүүлээч гэх санал, хүсэлтүүд ирж байгаа. Одоо намдаа эргэн орж гишүүнчлэлээ сэргээсэн учир намын дүрмийн дагуу Бага хурлын шийдвэрийг дагана. Намын Бага хурлаас нэр дэвшүүлэхээр дэмжвэл дэвшинэ.

Нийслэлийн МАНын бүлэг дотор та их эсэргүү дуугардаг. Намын бодлоготой зөрдөг хэмээн таныг хавчиж шахдаг байсан уу?

-Би НИТХ дахь МАН-ын бүлгийн даргаар ажиллаж байсны хувьд бүлэг дээр асуудлуудаа яриад нэгдсэн шийдэлд хүрээд хуралд ордог байсан учир тийм асуудал байхгүй ээ. Намын бодлого гэдэг бол намаас сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх шийдлүүд л байх ёстой юм шүү дээ.

Та Нийслэлийн Засаг даргаар сонгогдож байсан. Гэхдээ намынхаа шахалтаар больсон. Та нам доторх ардчилсан залуу үеийн төлөөлөл мөн биз дээ?

-Өнөөдөр Монгол Улс ардчилсан нийгмийн тогтолцоонд шилжээд 31 жил өнгөрч байна. МАН-ын дүрэмд ч мөн намын дотоод ардчиллыг дэмжсэн байдаг. Тиймээс аливаа асуудалд иргэдийн төлөөлөгч хүн иргэдийн эрх ашгийг хамгаалсан, хууль дээдэлсэн шийдвэр гаргаж байх үүрэгтэй. Намайг зарим дарга нар үгэнд ордоггүй гэдэг юм. Гэвч би даргын үгэнд орж, даргын хүслийг биелүүлэх гэж биш, иргэдийнхээ үгэнд орж, тэдний эрх ашгийг хамгаалах гэж л иргэдээс сонгогддог гэж боддог.

Одоогийн Нийслэлийн удирдлагыг хэрхэн ажиллаж байна гэж бодож байна?

-Цар тахлын хүнд цаг үед үндсэн ажлаа хийхээс гадна цар тахалтай тэмцэх гэдэг хүнд хэцүү ажлыг давхар хийж байна шүү дээ.

Тэгээд аль алийг нь тодорхой хэмжээнд амжуулаад байгаагийн хувьд боломжийн гэж харж байна.

Нийслэлийн томзовлонэхэлж байна. Замын түгжрэлийг яаж бууруулах вэ. Ямар гарц, гаргалгаа бидэнд байна?

-Үе үеийн нийслэлийн удирдлагуудын толгойны өвчин болсон ажил. Метро, тусгай замын автобус, дүүжин тээвэр гээд бүх төрлийг судалж, дугаарын хязгаарлалт, зарим газарт баруун эргэхгүй гэх мэт олон л арга хэмжээ авч байх шиг байна. Гэвч сонгогдсон Засаг дарга бүхэн шинэ санаа, шинэ төсөл яриад явбал хэзээ ч энэ түгжрэлийг шийдэж чадахгүй гэж бодож байна.

Тиймээс төрийн ажлын бодлогын залгамж гэж байх ёстой. Нэн түрүүнд хялбар шийдэх асуудал бол парк шинэчлэл хийж нийтийн тээврийн хүрэлцээг нэмэгдүүлэх. Өнөөдөр явж байгаа зам дээрээ бүх чиглэлд хангалттай олон автобус явуулах хэрэгтэй. Хүн явж байгаа газраасаа хүссэн газартаа хүрэхийн тулд тохилог, тав тухтай автобусанд суух боломж байвал заавал машин барьж түгжрэх шаардлага байхгүй. Гэтэл машингүй л бол автобус олдохгүй, автобусанд суугаад бохир, заваан, суудал байхгүй бол иргэд эрүүл мэнд, тав тухаа бодоод ганцаараа ч байсан машинаараа түгжирч байна. Нийслэлээс жил бүр автобус компаниудад 115 тэрбум орчим төгрөгийн татаас өгдөг. Тэр мөнгөөрөө парк шинэчлэл хийгээд явбал хангалттай шийдэх боломжтой. Түүний дараа нөгөө яриад байгаа дэвшилтэт технологиудаа нэвтрүүлж болно шүү дээ.

Нийслэлийн хамгийн том дүүрэг болох Сонгинохайрхан дүүрэг дэх ядуурал, агаар, хөрсний бохирдлыг яаж шийдвэрлэвэл зохилтой гэж харж байна?

-Нийслэл гэдэг их айлын хувьд аль нэг дүүргийнх нь асуудлыг салгаж шийдвэрлэх боломжгүй. Нйслэлчүүдийн, монголчуудын амьжиргааны түвшинг дээшлүүлж, нийгмийн дундаж давхаргыг нэмэгдүүлж байж л шийдэгдэнэ. Түүний тулд ажлын байрыг нэмэгдүүлэх, бизнес эрхлэгчдээ дэмжиж, бизнесийн орчныг сайжруулах, ард иргэддээ хөдөлмөрлөх, хувиараа бизнес эрхлэх, үйлдвэр, үйлчилгээ эрхлэх, амьжиргаагаа дээшлүүлж, улс эх орныхоо хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулах боломжийг нь чөлөөтэй олгож өгөх хэрэгтэй. Тэгж гэмээнэ тэр агаар, хөрсний бохирдол гэх мэт бол хөгжил дагаад шийдэгдэх буурай хөгжилтэй улсын л асуудал юм. Харин эдгээр асуудлыг шийдэхийн тулд аливаа тооцоо судалгаатай, шинжлэх ухаанчаар хандаж, мэргэжлийн, чадварлаг боловсон хүчнийг мэргэжлийн байгууллагуудад нь ажиллуулах хэрэгтэй.

Танай нам 2016 оноос хойш үнэмлэхүй олонх болж, засаглалаа. Энэ хугацаанд нийгэм, эдийн засагт ямар ахиц, үр дүн гарсан гэж дүгнэж байна?

-Өнөөгийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх анх Засгийн тэргүүн болоод “Монголын эдийн засаг хүнээр яривал сэхээний тасагт орсон. Эдийн засгаа сэхээний тасгаас энгийн тасагт оруулна” гэж хэлж байсан.

Эдийн засгийн хувьд үнэхээр хүнд нөхцөл байдалд орсон, дампуурах уу гэдэгтээ тулсан үе байсан шүү дээ. 2016-2020 оны Засгийн газрын үйл ажиллагаанд ард иргэд 2020 онд дүнгээ тавьсан гэж бодож байна. Харин 2020-2024 оны үйл ажиллагааг үнэлж дүгнэх эрт байна.

Бид бүгдийн мэдэж байгаагаар дэлхий дахины нөхцөл байдал цар тахлын үеийн эдийн засгийн хүндрэлүүдтэй тулгарч байна. МАН-ын хувьд бүх шатны сонгуульд үнэмлэхүй ялалт байгууллаа. Одоо ямар нэгэн шалтаг шалтгаан тоочихгүйгээр урагш хараад бүхий л хүндрэл, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх хэрэгтэй. Чадахгүй бол иргэд 2024 онд хариуцлага тооцох болно.

Р.ХИШИГ

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Майкл Клечески: Монгол Улсын тусгаар тогтнол, хараат бус байдлыг АНУ тууштай дэмжсэн хэвээр байгаа

АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл Клечески болон АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг (USAID)-ийн Монгол дахь захирал Гари Роббинстой ярилцлаа.


-Та Монголд их элгэмсүү хүн шиг санагддаг. Учир нь та манай улсын томоохон баяр болох Цагаан сараар Үндэсний дээл өмссөн байсан. Одоо “Номын баяр” гэх бичигтэй амны хаалт зүүсэн байна. Монгол хэл, өв соёлд элгэмсүү байдаг учир юу вэ?

-Зөвхөн намайг бус манай эхнэрийг ч ингэж хэлж болох байх. Учир нь бид хоёр Монголд их хайртай. Монголын олон зүйл биднийг гайхшируулж, сэтгэлийг минь татдаг. Жишээ болгож хэдийг нь хэлье. Нэгдүгээрт, Монгол өв соёл, уламжлал маш сонирхолтой санагддаг. Хоёрдугаарт, би Монголын түүхийг унших дуртай, их ч уншсан. Гуравдугаарт, монголчууд маш найрсаг хүмүүс. Үүнийг гэхдээ дипломатчийн хувиар биш, хувь хүний зүгээс хэлж байгаа юм шүү. Монголчууд олон зууны түүхтэй соёл, уламжлал, гэр бүлийнхээ ёс заншил, өв уламжлал, түүх гэх мэт олон зүйлийг бусадтай хуваалцах дуртай. Мөн соёл, уламжлалын нөлөө нь асар хүчтэй байгааг харахад надад гайхалтай сэтгэгдэл төрдөг. Жишээлбэл, хэн нэгэн надтай танилцаад хөөрөг зөрүүлбэл тэр нь намайг өв уламжлал, соёлынхоо нэгээхэн хэсэг болгон харж байгаа юм байна гэж ойлгодог. Тиймээс би, хөөрөг яаж зөв авах, яаж зөв дамжуулах гээд олон зүйлийг сурах хэрэгтэй болдог л доо. Монголын өв соёлоос суралцах ч сонирхолтой байдаг. Ерөнхийдөө бид очсон газар бүрийнхээ түүх, соёлыг судлах дуртай. Гэхдээ танай өв уламжлал, зан заншил, соёл, ахуй амьдрал гойд сонирхолтой санагддаг. Магадгүй би өмнө нь сайн мэддэггүй байсантай ч холбоотой байж болох. Үүнээс гадна орчин үеийн соёл, урлагийн зарим төрлүүд нь уламжлалт хэв маягтайгаа сүлэлдэж байгаа нь гайхалтай. Тухайлбал, “The Hu” хамтлаг байна. Энэ мэтчилэн яривал их олон зүйл байна л даа. Хэдэн цагаар ч ярьж магадгүй, тиймээс ингээд зогсъё (инээв).

-Манай хоёр орны хамтын ажиллагаа өнгөрсөн хугацаанд хэр ахицтай байсан гэж та дүгнэж байна вэ?

– Манай хоёр улс дипломат харилцаа тогтоосноос хойших 30 гаруй жилийн хугацаанд хоёр орны харилцаа үргэлж бат бэх, ойр нягт байсаар ирсэн. Сүүлийн нэг, хоёр жилийн хугацааг дүгнэж яривал харилцаа бат бэх хэвээр төдийгүй улам эрч хүчтэй өрнөж байна. Өөрөөр хэлбэл, чиг хандлага маш эерэг байлаа. Үүнийг онцлон тэмдэглэсэн нэг зүйл бол саяхан Монгол Улсын Гадаад харилцааны сайд Монгол дахь Энх тайвны корпусын Орон нутаг хариуцсан захиралд “Алтан гадас” одон гардуулж өгсөн явдал байлаа. Энэ бол зөвхөн тухайн нэг хүнийг Монгол Улсын төрийн дээд одонгоор шагнасан төдий үйл явдал биш бөгөөд Монгол дахь Энх тайвны корпусын 30 жилийн үйл ажиллагааг онцлон тэмдэглэсэн чухал үйл явдал болсон гэж бодож байна. Сүүлийн жилүүдэд хоёр орны харилцаанд эрч нэмсэн үйл явдлууд хэд хэд тохиолоо. Гурван жилийн өмнө Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх АНУ-д албан ёсоор айлчилснаар эхэлж, хоёр жилийн өмнө Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-д айлчлахдаа Стратегийн түншлэлийн харилцаа тогтоосон баримт бичигт гарын үсэг зурснаар улам баталгаажсан. Мөн саяхан АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Монгол Улсад айлчиллаа.Манай хоёр орны харилцаа жилээс жилд өргөжин тэлж байна. Бидний харилцаа олон тулгуур баганатай гэж хэлж болно. Цэрэг, батлан хамгаалахын чиглэлээр нэгэнт тогтсон, маш бат бэх харилцаатай, эдийн засгийн харилцаа ч сайн байна. Үүнээс гадна хууль сахиулах, боловсрол болоод бусад салбаруудад ч хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа улам бүр бэхжиж байна.

-Сүүлийн хоёр жил орчим дэлхий нийтийг хамарсан цар тахал буюу коронавирусийн халдвар дэлгэрч, одоо ч бүрэн намжаагүй байна. Энэ үед хоёр орон хэрхэн хамтарч ажилласан бэ?

Цар тахлын үеэр АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг (ОУХА буюу USAID) болон засгийн газрын бусад байгууллагууд Монгол Улсад тусалж дэмжих чиглэлээр хичээн ажилласанд бид бахархалтай байна. Монгол Улс ч бидэнд хэрэгтэй үед чухал дэмжлэг үзүүлснийг хэлэх нь зүйтэй. АНУ-ын ОУХА Монголд эргэн ирж, ялангуяа цар тахлын тусламжийг зохицуулахад манлайлан ажиллаад зогсохгүй үйл ажиллагаа, хөтөлбөрүүд нь нэлээд өргөжиж байна, энэ талаар дэлгэрэнгүй ярилцах байх аа. Мянганы сорилтын корпорацийн Монгол Улстай байгуулсан Усны компакт гэрээг хүн бүр мэдэх болсон. Энэ гэрээ маань хэрэгжих шатандаа орж, томоохон ажлууд хийгдэж эхэлж байна.Бидний стратегийн түншлэл бодитой, практик алхмуудаар хэрэгжиж байдаг. Тухайлбал, өнгөрсөн зургадугаар сард АНУ-ын ОУХА-ийн Монгол дахь захирал Гари бид хоёр нэгэн сүүний аж ахуйтай танилцсан юм. Тус аж ахуйг эрхлэгч эмэгтэй ОУХА-ийн Монголд хэрэгжүүлж буй “BEST” хөтөлбөрт хамрагдсанаар, уг хөтөлбөрийн тусламжтайгаар сүүний фермийн үйл ажиллагаа нь өргөжин, хөгжлийн зөв голдирлоо олж явааг харах сайхан байлаа. Энэ бол АНУ-ын төсөл хөтөлбөр хүмүүсийн амьдралд эерэг нөлөө үзүүлж байгааг бодитоор харуулсан ганцхан жишээ.

-Хоёр орны цаашдын харилцааг хэрхэн дүгнэж байна. Өөдрөг төсөөлөл байна уу?

Манай Элчин сайдын яам хоёр орны харилцааны ирээдүйг өөдрөгөөр харж, харилцааны эрчим энэ хэвээрээ үргэлжилнэ гэж итгэж байна. Өөдрөг байгаа маань хэд хэдэн шалтгаантай. Нэгд, Монгол Улс ардчиллын бахархалт замналаа тууштай үргэлжлүүлж байгааг АНУ ямагт үнэлсээр ирсэн. Хоёрт, Монгол Улсын тусгаар тогтнол, хараат бус байдлыг АНУ тууштай дэмжсэн хэвээр байгаа. Гуравт, АНУ бусад ардчилсан орнуудыг дэмжиж, эдийн засгийг нь хүчирхэгжүүлэх шинэ арга хэрэгслүүдийг хөгжүүлж байна. Үүний нэг жишээ нь Хөгжлийн санхүүжилтийн корпораци юм. Дөрөвт, хоёр тал хамтын ажиллагааны шинэ чиглэлүүдийг бий болгох эрэл хайгуул байнга хийж байна. Нэг жишээ дурдвал, сэргээн засах чиглэлээр хамтарч ажиллах ямар боломж байгааг судлах зорилгоор зургадугаар сард Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа болон УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар нартай хамт Улаанбаатар хотын Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвийн үйл ажиллагаатай танилцлаа. Энэ мэтээр хамтын ажиллагааны шинэ салбаруудыг тодорхойлж, харилцааны эрчмийг идэвхтэй байлгахыг зорьж байна.

-“Гуравдагч хөршийн худалдааны тухай хууль” хэлэлцэгдэж байна. Энэ хуулийн ач холбогдлыг та хэрхэн дүгнэж байна вэ?

-Энэ хуулийн төсөл Конгресст дахин өргөн баригдчихсан байгаа. Гүйцэтгэх засаглалын нэг салбарын хувьд бид хууль тогтоох засаглал буюу Конгрессын шийдвэрийн талаар тайлбар хэлэх боломжгүй учир хэзээ, хэрхэн батлагдахыг хэлэх боломжгүй нь. Мэдээж хэрэг, АНУ-ын засаг захиргаа болоод Элчин сайдын яамны тавьж байгаа тэргүүлэх зорилтуудын нэг бол Монгол Улсын эдийн засагт дэмжлэг үзүүлэх явдал мөн.

-Манай улсын экспортын чухал бүтээгдэхүүний нэг бол ноолуур. АНУ-ын Засгийн газраас хэрэгжүүлдэг төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд энэ салбарт хөрөнгө оруулалтууд ихээхэн хийгддэг шүү дээ?

-Ноолуурын салбар бол Монголын эдийн засгийн хувьд чухал салбар. Макро эдийн засгийн утгаараа ч тэр, цаашилбал энэ салбарт ажилладаг болоод ажилладаггүй олон эмэгтэйчүүдийн хувьд ч тэр. Эмэгтэйчүүдэд ажлын байр бий болгоход томоохон үүрэг гүйцэтгэдэг энэ салбарыг дэмжих нь бидний тэргүүн зорилтын нэг л дээ. “Гуравдагч хөршийн худалдааны тухай хууль” батлагдах эсэхээс үл хамаарч ноолуурын салбарт хэд хэдэн ажлыг бид бодитоор хийж хэрэгжүүлээд байна. Нэгдүгээрт, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр ноолуурын чиглэлээр томоохон хэмжээний судалгаа хийж, үр дүнд нь хэд хэдэн чухал санааг дэвшүүлсэн. Нэгдүгээрт, Монголын ноолуурыг дэлхий дахинд таниулах, албан ёсоор бүртгэлтэй болгох чиглэлд ажиллалаа. Мөн ноолуурын салбарыг эдийн засаг, байгаль орчны хувьд тогтвортой хөгжүүлэх боломжийн талаар Монгол Улсын Засгийн газарт зөвлөмж хүргүүлсэн. Хоёр дахь ажил нь, АНУ-ын Засгийн газрын байгууллага болох Хөгжлийн санхүүжилтийн корпораци, Монголын ноолуурын нэг компанид шинэ байгууламж барихад нь зориулж таван сая ам.долларын зээл олгосон байна. Уг зээлийн тусламжтайгаар тэд ноолуураа эх орондоо боловсруулах боломжтой болсон. Монголдоо боловсруулах нь санхүүгийн хувьд илүү үр өгөөжтэй, илүү олон ажлын байр бий болгох, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зэрэг ач холбогдолтой. Өөрөөр хэлбэл, ноолуурын салбар болон хөдөө аж ахуйн салбарыг дэмжих чиглэлд бид олон зүйлийг хийж байгаа, түүгээрээ ч бахархаж байна.

-Дэлхийн хэмжээний чанартай боловсролын нэг гол бааз суурь АНУ-д бий гэж хэлж болох байх. Монгол залуус АНУ-д суралцахыг, тэр дундаа АНУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдахыг ихээхэн эрмэлздэг. Тэтгэлгийн тоог нэмэгдүүлэх чиглэлд Элчин сайдын яамнаас хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?

-Монгол оюутнуудыг АНУ-д аль болох олон тоогоор сургах боломжийг бүрдүүлэх бол манай Элчин сайдын яамны чухал зорилтуудын нэг. Оюутан солилцооны маш олон төрлийн хөтөлбөрүүд байдаг. Оюутан, залууст хамгийн их танигдсан хөтөлбөр болох Фүлбрайт, эсвэл Хьюберт Хамфри гэдэг ч юм уу, нэг хоёр хөтөлбөрт нь хүмүүс голчлон төвлөрөөд байх шиг байгаа юм. Ер нь бол солилцооны хөтөлбөрийн маш олон боломж болоод сонголт бий. Тэдгээр хөтөлбөрийн мэдээлэл бүгд манай Элчин сайдын яамны цахим хуудсанд дэлгэрэнгүй байдаг. Тухайлбал, ахлах сургуулийн сурагчдад нэг жилийн хугацаанд тэтгэлэгтэйгээр АНУ-д суралцах боломж олгодог FLEX гэдэг хөтөлбөр байдаг бөгөөд би үүнийг гайхалтай хөтөлбөр гэж боддог. Дашрамд хэлэхэд, энэ хөтөлбөрийн сонгон шалгаруулалт тун удахгүй цахимаар явагдана.Энэ бол АНУ-д суралцах олон боломжийн зөвхөн ганц л жишээ. АНУ-д суралцах хүсэлтэй залуус сургуулиа хэрхэн зөв сонгох талаар, түүнчлэн сургуульдаа элсчихлээ гэхэд сургалтынхаа төлбөрийг төлөх санхүүжилтийн эх үүсвэрээ хаанаас олох зэрэг чиглэлээр зөвлөгөө, мэдээлэл өгдөг Еducation USA хөтөлбөр, Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын номын сан дахь “Америкийн соёл, мэдээллийн төв”-д болон онлайнаар үйл ажиллагаагаа явуулдаг. Үүнээс гадна сүүлийн үед Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яамнаас санаачлан улсын хэмжээнд, мөн танай улсын зарим их, дээд сургуулиуд АНУ-ын зарим их сургуультай хамтарч маш бага зардлаар Америкийн их, дээд сургуулиудад суралцах боломжийг нээж өгч байгаад бид баяртай байна. Үүнд Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам болон Элчин сайд асан Ё.Отгонбаяр маш их үүрэг гүйцэтгэсэн гэдгийг онцлон дурдмаар байна.Үүнээс гадна АНУ-д Төгсөгчдийн холбоо болох MASA (Mongolian As­sociation of State Alumni) гэж байгууллага бий. Энэ бол АНУ-д урт болон богино хугацааны хөтөлбөрт хамрагдаад ирсэн монголчуудын холбоо л доо. MASA-гийнхан бидэнтэй, сургуулиудтайгаа, мөн өөр хоорондоо байнга холбоотой байдаг учраас тус холбоо нь мэдээлэл солилцох, бие биеэсээ суралцах хамгийн сайн эх сурвалж болдог.

-Танай улсын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдахын тулд болон их, дээд сургуульд суралцахын тулд юуны өмнө англи хэлний ур чадвартаа анхаарах ёстой байх. Зөвлөн туслах чиглэлээр анхаарч ажилладаг болов уу?

-Монгол оюутнууд АНУ-д суралцахын тулд нэн тэргүүнд англи хэлний мэдлэг маш сайн байх хэрэгтэй. Тиймээс англи хэлний мэдлэгийг сайжруулах чиглэлээр Элчин сайдын яамнаас олон зүйлийг хийж байна, энэ чиглэлээр олон ч хөтөлбөрүүд бий. Олон нийтэд зориулсан нээлттэй онлайн сургалтууд (MOOC гэх мэт) ч байдаг. Мөн англи хэлний багш нарын заах арга зүй, ур чадварыг дээшлүүлэх чиглэлийн олон сургалт явагддаг. Үүнээс гадна Энх тайвны корпус англи хэлний боловсрол, сургалтыг сайжруулах чиглэлээр 30 гаруй жил Монгол Улсад ажиллаж байна. Цар тахлаас болоод сайн дурын ажилтнууд одоохондоо буцчихсан байгаа. Цаг сайхан болохоор бид тэднийг буцааж авч ирэхээр ажиллаж байна.

-Монголчууд АНУ-д ажиллах хүсэлтэй байдаг шүү дээ. Одоогоор ажиллах хүч илгээх чиглэлд ямар ажил хийж байна вэ?

-АНУ-д богино хугацаагаар ажиллаж болдог олон төрлийн виз байдаг гэдгийг хэлэх нь зүйтэй байх. Тухайлбал, зун аялж, ажиллах хөтөлбөр гэж байдаг. Залуучуудад АНУ-аар аялж, хуулийн дагуу ажиллангаа АНУ-ын тухай сурч мэдэх боломж олгодог энэ гайхалтай хөтөлбөрөөр бид бахархдаг. Өмнө нь бид Монгол Улсаас хөдөө аж ахуйн чиглэлээр ажиллах хүч авдаг H2А виз олгодог байсан. Харамсалтай нь, уг визээр АНУ руу явсан иргэдийн зарим нь визний хугацаагаа хэтрүүлж, манай улсын хууль дүрмийг сахиагүй. Тиймээс уг хөтөлбөрийг хариуцаж байсан манай улсын Дотоодын аюулгүй байдлын яам Монгол Улсыг тус хөтөлбөрөөс хассан. Харин хөдөө аж ахуйгаас бусад салбарт ажиллахаар Н2В виз авч явсан монголчуудын статистик мэдээ сайн байгаа учраас уг хөтөлбөр үргэлжлэн хэрэгжиж байна.

-Манай улсын иргэд АНУ руу виз мэдүүлэхдээ ямар түлхүү алдаа гаргадаг вэ?

-Манай Элчин сайдын яамны тэргүүлэх зорилтуудын нэг нь АНУ-д зорчих виз мэдүүлэх процессыг аль болох амар, хялбар байлгах явдал байдаг. Виз авах шалгуурыг хангаж байвал аль болох олон хүн виз аваасай гэсэн зорилготой ажилладаг. Одоогийн байдлаар цар тахлаас болоод виз мэдүүлэгчдийг олноор нь хүлээж авч чадахгүй байх зэрэг хүндрэл байна л даа. Ингээд хэсэг хугацаанд виз мэдүүлэх өргөдөл хуримтлагдсаар байгаад нэлээд урт дараалал үүсчихсэн байна. Гэхдээ энэ нь зөвхөн АНУ гэлтгүй дэлхийн бүх улс оронд тулгарч байгаа асуудал гэж бодож байна.Одоо бидэнд виз хүсч байгаа иргэдийг эрэмбэлэх шаардлага тулгарч байгаа учраас хамгийн эхлээд оюутны виз мэдүүлэгчид, дараа нь богино хугацааны ажлын виз хүсэгчдийг, мөн солилцооны хөтөлбөрт хамрагдаж байгаа хүмүүсийг нэн тэргүүнд авч үзэх дэс дараатай байна.Визний үйлчилгээний бүх үйл явцыг хялбар, ойлгомжтой, тодорхой байлгахын тулд бид хичээн ажиллаж байгаа. Манай Элчин сайдын яамны цахим хуудаснаас виз авахад ямар шаардлага тавигддаг, ямар үйл явц өрнөдөг, ажил эрхлэхийг зөвшөөрдөг ба зөвшөөрдөггүй визний төрлүүд гэх зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг англи, монгол хэлээр олж авч болно. Миний хувьд, би хүмүүст манай цахим хуудас дахь мэдээллийг анхааралтай уншаарай гэж үргэлж зөвлөдөг. Учир нь тэдний асуултын дийлэнх асуултад манай цахим хуудас дахь мэдээлэл хариулж чадна гэдэгт итгэлтэй байдаг. Цар тахлын энэ цаг үед АНУ-д нэвтрэхэд ямар шаардлага тавигдаж байна гэдгийг мэдэхийн тулд АНУ-ын Халдварт өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн (CDC) цахим хуудас дахь мэдээлэлтэй танилцахыг зөвлөж байгаа. Мөн АНУ-ын Төрийн департаментын цахим хуудсанд аялалтай холбоотой мэдээлэл дэлгэрэнгүй байдаг. Дүгнэж хэлэхэд, визний үйлчилгээг аль болох хялбар байлгахын төлөө бид ажилладаг. Виз олгох зарим процессыг хүндрүүлж, төвөгтэй болгодог нэг зүйл бол АНУ руу тодорхой хугацааны визээр явсан хүмүүс визний хугацаагаа хэтрүүлэх, үлдэх зэргээр тухайн орныхоо хууль дүрмийг зөрчиж, хүндлэхгүй байх явдал юм. Тухайлбал, дээр хэлсэнчлэн визний хугацаагаа хэтрүүлсэн зарим ажилчдаас болоод бүхэл бүтэн нэг хөтөлбөр зогсох жишээтэй. Ямар ч улс орон өөрийн хууль тогтоомжийг зөрчсөн үйлдэл хийхийг зөвшөөрөхгүй, хүсэхгүй шүү дээ. Тиймээс Элчин сайдын яамнаас энэ чиглэлд олон нийтэд таниулах, сурталчлах зорилгоор “Хариуцлагатай аялцгаая” кампанит ажлыг хэрэгжүүлж байна. Үүний гол зорилго нь АНУ-д зорчсон хүмүүс тэнд байх хугацаандаа манай улсын хууль тогтоомжийг биелүүлж, хугацаандаа буцаж ирэхийг уриалах агуулгатай.

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болж өнгөрлөө. АНУ-ын Элчин сайдын яам ажиглагчаар оролцсон. Та сонгуулийн процессыг хэрхэн дүгнэж байна вэ?

-Аливаа сонгууль гэдэг бол ардчиллын маш чухал үйл явц гэж бид үздэг. Өөрөөр хэлбэл, энэ бол ардчиллыг дахин тунхаглаж байгаа үйл явц юм л даа. Энэ сонгуульд өмнөх Улсын Их Хурлын сонгуулийн адил манай ажилтнууд Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлэн сонгуулийн үйл явцыг ажигласан. Бид Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын сонгууль ажиглах багаас тусдаа оролцсон хэдий ч энэхүү нэр хүндтэй байгууллага мөн оролцсонд бид баяртай байлаа.

-Төрийн эрх барих гурван өндөрлөгт МАН засаглаж байна. Тэгвэл нэг намд хэт их эрх мэдэл төвлөрч байгаад манай улсын зарим иргэд ихээхэн шүүмжлэлтэй ханддаг. Манай улсын ардчилал хэр бат бэх байна гэж та дүгнэж байна вэ?

-Монгол бол ардчилал бат бэх тогтсон улс орон. Би болон манай хамт олон монголчуудыг ардчиллын бүхий л агуулгыг өндрөөр үнэлж цэгнэдэг ард түмэн гэж хардаг. Хүчирхэг ардчиллын нэг чухал тулгуур, анхаарал хандуулах ёстой нэг зүйл бол сэтгүүлч таны төлөөлж буй салбар болох хэвлэлийн эрх чөлөө болон үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө ба үүнд нийгмийн мэдээллийн сүлжээ ч багтдаг. Энэ эрх чөлөө Монголд маш сайн хэрэгжиж байна гэж хардаг. Ялангуяа Монголын нийгмийн сүлжээнд өдөр бүр янз бүрийн сэдвээр хэлэлцүүлэг өрнөж байдаг, олон ургалч үзэл гарч ирдэг амьд орчин гэдгийг хэлэх нь зүйтэй байх. Албаны хүмүүс, улстөрчид нийгмийн сүлжээн дэх иргэдийн санаа бодлыг харж, ажиглаж, сонсож байдгийг би ажигласан. Зөвхөн нийгмийн сүлжээ гэлтгүй иргэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаа нь Монгол Улсын ардчиллын чухал үзүүлэлт гэж боддог.Хоёрдугаарт, ардчилал гэдэг бол тасралтгүй үргэлжилж байдаг, байнгын өрнөлтэй үйл явц. Тиймээс ардчилал бодитойгоор өсөж хөгжих орон зайг бий болгох, мөн иргэд ардчиллаа хамгаалах хэрэгтэй. Ямар нэг байдлаар ардчилал хумигдах вий гэдгийг иргэд маш сайн анзаарч, сонор сэрэмжтэй байх ёстой гэж би боддог. Энэ бол зөвхөн танай, эсвэл манай улсын ардчилал бус, бүхий л ардчилсан орнуудын санаа тавих асуудал л даа.

АНУ-ын ОУХА-аас ардчиллыг, ардчиллын үйл явцыг дэмжих олон хөтөлбөр хэрэгжүүлдэг. Үүний нэг нь ардчиллын бас нэг чухал хэсэг болох иргэдийн оролцоог хангахад чиглэсэн амжилттай яваа хөтөлбөр юм.

-АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Вэнди Шерман өнгөрөгч сард манай улсад айлчиллаа. Айлчлалын гол үр дүнг та хэрхэн дүгнэж байна?

-Төрийн нарийн бичгийн даргын орлогч Шерманы айлчлал амжилттай боллоо. Түүнийг халуун дотноор угтан авсан Монгол талын албаныханд гүнээ талархаж байна. Манай хоёр орны харилцаа цар тахалтай энэ цаг үеийг үл харгалзан хурдацтай өргөжин тэлж байгаа билээ. Түүний айлчлал нь энэхүү ахиц дэвшилтэй байгаа харилцаагаа АНУ үргэлжлүүлэн дэмжих сонирхолтой байгааг бататгаж өгсөн юм. Тодруулбал, түүний УИХ -ын дарга Г.Занданшатар, Гадаад хэргийн сайд Б.Батцэцэг болон Гадаад хэргийн дэд сайд Б.Мөнхжин нартай хийсэн уулзалтууд Монголын ардчилсан институцийг бэхжүүлэх, тусгаар тогтнолыг бататгах, эдийн засгийг төрөлжүүлэх гэсэн сэдвүүдийн дор явагдсан билээ.Төрийн нарийн бичгийн даргын орлогч мөн Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр болон Монгол Улсын зарим энхийг сахиулагчидтай уулзсан. Соёлын сайд Ч.Номин Төрийн нарийн бичгийн даргын орлогчийг Чойжин ламын сүм музейд хүлээн авч Монголын уламжлалт соёлын өргөн цар хүрээг толилуулахын ялдамд АНУ-ын Элчин сайдын соёлын өвийг хамгаалах сангийн санхүүжилтээр явагдаж буй музейн хамгийн чухал барилгуудын нэгийг сэргээн засварлах төслийн үйл явцыг мөн танилцуулсан.Хатагтай Шерманы ЛГБТ төвд хийсэн айлчлал нь хүний эрх, хүчирхэг иргэний нийгмийн ач холбогдлыг мөн тодотгож байлаа. Товчхондоо, энэ айлчлал маш өндөр үр дүнтэй байсан бөгөөд маш тааламжтай айлчлал болж чадлаа.

-АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден манай улсад айлчлах боломжтой болов уу. Өмнө нь АНУ-ын дэд ерөнхийлөгч байхдаа манай улсад айлчилж байсан шүү дээ?

-Манай хоёр орны харилцаа маш бат бэх байгаа учраас цаашид олон айлчлал болно гэдэгт эргэлзэхгүй байна. Одоогоор хэзээ ямар айлчлал болох нь тодорхойгүй байна. Цар тахлаас болоод дэлхий даяар өндөр хэмжээний айлчлалууд зогссон, удааширсан байгаа шүү дээ. Нөхцөл байдал өмнөх шиг болоосой гэж бид хүсч байна. Байден дэд ерөнхийлөгч байхдаа 2011 онд Монголд айлчилсан нь сайхан хэрэг болсон. Монголын ардчилалтай танилцах, бид бүгдийн үнэт зүйл болох соёл уламжлал, зан заншлыг мэдрэх боломж гарсан. Түүнчлэн эрийн гурван наадмыг сонирхож, сур харваагаар харваж байгаа зураг нь цахимд их тарсан шүү дээ.

-АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагаас өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн төсөл арга хэмжээний үр дүнг та хэрхэн дүгнэж байна вэ?

Гари Роббинс: -Манай агентлаг 1991 оноос хойш сайн засаглал болон хууль дээдлэх ёсыг хэрэгжүүлэх, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих чиглэлээр олон салбарт төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байна. Тухайлбал, Элчин сайдын дээр дурдсан “BEST” хөтөлбөр бол жижиг, дунд бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүдэд чиглэсэн, микро түвшинд хэрэгжиж байгаа хөтөлбөр л дөө. Энэ төсөл “Хөгжлийн шийдэл” ТББ-тай хамтарч найман аймагт хэрэгжиж байна. Өнгөрөгч зургадугаар сард энэ хөтөлбөрт хамрагдсан нэг сүүний аж ахуйн үйл ажиллагаатай очиж танилцсан талаараа Элчин сайд ярилцлагын эхэнд дурдсан. Уг ферм нь эмэгтэй эзэнтэй, таван ажилтантай юм билээ. Хэдий жижигхэн бизнес ч шууд бус утгаараа олон хүнийг ажлын байраар хангаж байгаа нь харагдсан. Хөтөлбөр хэрэгжиж эхлээд 20 сар болж байгаа ч 900 гаруй жижиг, дунд аж ахуйн нэгжүүдэд 17 сая ам.долларын зээл авахад нь дэмжлэг үзүүлсэн байна. Энэ мөнгө биднийх биш, харин Монголын банкуудын мөнгө гэдгийг хэлэх хэрэгтэй. Бид зээлд хамрагдахад нь дэмжлэг болох үүднээс төсөл бичих, төслөө хэрэгжүүлэхэд нь тусалж байна. Тэгэхээр энэ нь бидний дэмжлэгтэйгээр монголчууд монголчууддаа тусалж байгаа хэрэг юм.

-Та бүхнийг эрчим хүчний салбарт үр дүнтэй төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа гэж сонссон?

Гари Роббинс:-Энэ бол эрчим хүчний чиглэлээр хэрэгжих макро түвшний хөтөлбөр л дөө. Удахгүй хэрэгжиж эхэлнэ. Эрчим хүч үйлдвэрлэх илүү үр дүнтэй ямар арга зам байна вэ гэдгийг тодорхойлох хөтөлбөр юм. Гэхдээ том ч бай, жижиг ч бай ямар ч түвшний төсөл боловсруулахдаа бид Монгол Улсын дундаж иргэнд ямар үр нөлөө үзүүлэх вэ гэдэгт төвлөрч төслөө боловсруулж, хэрэгжүүлдэг. Бид залуучууд, эмэгтэйчүүд гэсэн хоёр бүлэгт голчлон төвлөрч хөтөлбөрүүдээ хэрэгжүүлж байна. Учир нь эдгээр бүлэгт боломж их байгааг олж харсан. Сүүлийн үед залуус, эмэгтэйчүүдийн сонгуулийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр хэд хэдэн төсөл хэрэгжлээ. Одоо залуучуудын манлайллыг дэмжих, нэмэгдүүлэх LEAD хөтөлбөр хэрэгжиж байна. Өнгөрсөн жилийн орон нутгийн сонгуульд LEAD хөтөлбөрийн 18 төгсөгч нэр дэвшиж, 11 нь сонгогдсон байна лээ. Тэдгээр залуусын намын харьяалал нь янз бүр байсныг энд дурдах нь зүйтэй болов уу. Үүнээс гадна өнгөрсөн жилийн УИХ-ын сонгуулиар эмэгтэйчүүд, залуучуудын оролцоо өмнөх ижил түвшний сонгуулиас 12 хувиар нэмэгдсэн байгаа нь бодит өсөлт юм. Сонгууль бол ардчиллын зөвхөн нэг л тал хэдий ч том утгаар нь авч үзвэл хэмжих боломжтой үйл явц.

Р.ХИШИГЖАРГАЛ

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

С.Эрдэнэ: Журмын нөхдөө хараад үнэхээр ичиж байна. Ийм сөрөг хүчин гэж байдаггүй юм

АН-ын дарга С.Эрдэнэтэй ярилцлаа.


-Та Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөнөөсөө хойш хэвлэлд ярилцлага өгсөнгүй. Ерөнхийлөгчийн сонгуулийн процесс, үр дүнг хэрхэн дүгнэж байна?

-Мэдээж хууль бус үйл ажиллагаа маш их явлаа. Аль хоёр жилийн өмнөөс бэлдчихсэн улс төрийн бэлтгэл ажлын хүрээнд Ерөнхийлөгчийн сонгууль боллоо. Асар их хөрөнгө мөнгө нийгэмд цацагдлаа. Ямар хэмжээний мөнгө тараасныг хүн бүр мэдэж байгаа. Төрийн бүх шатны албан тушаалтнууд бүгд нэг хүний төлөө хүчээр саналаа өглөө. Үүнийг бүгд харж байгаа шүү дээ. Тиймээс заавал надаар хэлүүлж яах гээд байгаа юм бэ. Үнэхээр шударга сонгууль болсон юм уу. Түрүүчээсээ маш олон иргэд, байгууллагуудаас гомдол санал гарч байна шүү дээ. Энэ бүгдийг хууль хяналтын байгууллага нь нарийн сайн шалгахгүй, хөдөлж өгөхгүй байна.

эрх барьж байгаа улс төрийн хүчин парламентад үнэмлэхүй олонхын суудал эзэлж байна. Ерөнхийлөгчийн сонгуульд мөн хүч түрсэн байдлаар сонгуулийн үр дүнг гаргалаа. Энэ бүгдээс нийгэмд тодорхой хэмжээний айдас бий болчихсон байна. Үүнийг ил тод ярихгүй байна.

-АН олигтойхон байсан бол хэт олонхын гарт засаглал төвлөрөхгүй л байсан шүү дээ?

-Үүгээр та хүмүүсийн ярьж байгааг л асууж байна. Цаг нь болохоор ярих ёстой юм надад бий. Арай болоогүй байна.

-Нэг намд хэт их эрх мэдэл төвлөрөх нь ардчиллыг бүдгэрүүлэх аюултай хэмээн зарим судлаачид үзсэн байсан…

-Ардчилал угаасаа бүдгэрчихсэн шүү дээ. Жишээлбэл, хэвлэл мэдээллийн байгууллагууд өнөөдөр хэнийг магтан дуулж байна. Амьдрал ямар байгаа билээ. Өнөөдөр иргэдийн гар дээрх орлого, зарлага ямар байгаа билээ. Хичнээн аж ахуйн нэгж байгууллага дампуурч байна. Хэдэн мянган хүн ажилгүй болж байна. Гэтэл бодит байдал дээр хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бүх юм сайхан байгаа юм шиг бичиж, өнөөгийн эрх баригчдыг магтан дуулж байна. Үг хэлэх, хэвлэн нийтлэх, үзэл бодлоо илэрхийлэх бол ардчиллын гол амин судас. Гэтэл үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлдэг гол хэрэгсэл болсон хэвлэл мэдээллийн байгууллага бүгд эрх баригчдыг магтан дуулагч болж хувирлаа.

-Тэгвэл иргэдийн төлөөлөл болсон парламентын үйл ажиллагаа ямар түвшинд байна гэж та харж байна?

-УИХ-ын үйл ажиллагаа тэг зогссон. Үйлдвэрээр төлөөлүүлбэл үйлдвэрлэл явах биш, зогсчихсон байна.

-Харин ч олон реформ хийгээд байгаа юм биш үү. Шүүх засаглал, боловсролын салбарт реформ хийлээ, хийж байна гэх зэргээр яриад л байна шүү дээ?

-Юуных нь реформ байх вэ дээ. Өмнөх парламентаас уламжлагдаж ирсэн зарим нэг ажлууд явж байна. Ардчилсан хүчний олонх байсан болон дараагийн холимог байсан үеэс эхлүүлсэн зарим нэг нааштай ажлуудын үр дүн өнөөдөр гарч байгаа болохоос өнөөгийн эрх баригчдын зүгээс хийсэн ажил гэж бараг байхгүй. Яг үнэндээ парламент өнөөдөр ажиллахгүй, унтаад байна. Парламентын засаглалтай улс гэхэд парламентын засаглалын манлайлал үүрэг роль үнэхээр харагдахгүй байна.

-Намаасаа сонгогдсон УИХ-ын гишүүдэд ямар дүгнэлттэй байна. Сөрөг хүчний үүргээ хэр биелүүлж байна вэ?

-Сөрөг хүчин байж чадахгүй байна. Уг нь миний журмын нөхдүүд. Гэхдээ би тэднийг хараад үнэхээр харамсаж байна. Ний нуугүй хэлэхэд, зарим тохиолдолд сөрөг хүчин гэж хэлэхээс ичиж байна. Ийм сөрөг хүчин байдаггүй юм.

-“Хэлгүй” сөрөг хүчинтэй болсонд хэн буруутай вэ?

-Сая бүрэн эрхээ хэрэгжүүлээд дуусгавар болгосон Ерөнхийлөгчийн л хийсэн ажил шүү дээ. 2020 оны УИХ-ын сонгуулийн ялагдал, саяны Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн гээд бүх зүйл холбоотой.

-Гэхдээ 2020 оны сонгуулийн ялагдлыг яагаад өмнөх Ерөнхийлөгчтэй холбоод байгаа юм бэ?

-2017 онд өмнөх Ерөнхийлөгчийг сонгох ажлыг би өөрөө гардан зохион байгуулсан. Манай намаас нэр дэвшиж, сонгогдсон. Мэдээж Монгол төрийн тэргүүний хувьд эв нэгдлийг эрхэмлэгч байх,нам бус байх ёстой.Тэр хүн ардчилсан Ерөнхийлөгч байх ёстой байсан юм. Гэтэл ардчилсан Ерөнхийлөгч байж чадаагүй. Тухайн үед манай нам хэдийгээр парламентад цөөнх байсан ч Ж.Эрдэнэбатын Засгийн газартай хариуцлага тооцож огцруулсан. Дараа нь У.Хүрэлсүхийн Засгийн газрыг дэмжиж гаргаж ирсэн. Түүний дараа эргээд У.Хүрэлсүхийн Засгийн газартай хариуцлага тооцох шийдвэрлэх мөчид АН-ын бүлгийн гурван урвагчийг хэн оруулж ирсэн юм бэ. Х.Баттулга л оруулж ирсэн шүү дээ. Өнөөдөр тэр гурван урвагч нь шагналаа аваад явчихлаа. Хоёр нь элчин сайд боллоо. Нэг нь маш том төслийн тендер авчихсан, нутагтаа жаргаад хэвтэж байна. Ийм байдлаар улс төрийг арилжаа наймаа, ашиг хонжоо мэтээр харвал цаашид улс оронд шударга ёс оршин тогтохгүй. Хоёрдугаарт, тэр үеэс эхэлж АН-ыг дотор нь хагалж бутаргах, АН-ын удирдлагуудын нэр хүндийг харлуулж, гүтгэх ажлыг Х.Баттулга тэр үеийн эрх баригчидтай нийлж маш гарамгай хийсэн. Эрх баригч хүчний 65 гишүүнтэй нийлж АН-ыг буланд шахсан. Муу сайнаараа хэлүүлж байгаад өнөөдөр ямартаа ч АН-ыг устгуулчихгүйхэн шиг, хэн нэгэн албан тушаалтны албан тушаалын шат ахидаг гишгүүр болгочихгүйхэн шиг авч ирсэндээ би баяртай байна.

-АН-ын үр шимийг олон жил хүртэж ирсэн Ерөнхийлөгч асанд намаа устгах санаа байхгүй байлгүй дээ. Ямар ашиг сонирхлын үүднээс ийм үйлдэл хийгээд байна гэж та үзэж байна?

-Тэр хүн өөрөө мөнхийн хаан байх сонирхолдоо хөтлөгдсөн. Тухайн үед ийм үр дүн гарна, хуулийг өөрчилбөл ийм нөхцөл байдал үүснэ гэдгийг тооцоолж бодоогүй. Ер нь өөрөө юм уншдаггүй хүн шүү дээ. Хуулиа уншаагүй байж байгаад л “хийлгүүлчихсэн”. Хоёрдугаарт, үзэл санаа, үнэт зүйлээ эрхэмлэдэггүй, ардчиллын үнэ цэнэ ямар байдгийг ойлголгүй том эрх мэдэлд хүрэхээрээ түүнийгээ самардаг юм байна л даа. Энэ хүн чинь сүүлд буюу 2006 онд “Эрэл”-ийн намаас АН-д орж ирсэн. Орж ирээд маш богино хугацаанд эрх мэдэл, албан тушаалд хүрсэн. Удаа дараа сайд, дарга болсон. 2006 онд орж ирснийхээ дараа 2007 онд Монголын ардчилсан холбооны даргын албыг надаас авсан. Зам тээврийн сайд, Хүнс, хөдөө аж ахуйн сайд байлаа. 2017 онд Ардчилсан нам, ардчиллын нэрээр Ерөнхийлөгчөөр сонгогдож гарч ирсэн.

-АН-ын хуваагдал ,талцал хэрүүл хэзээ дуусах юм бэ?

-АН-ыг хуваагдалтай гэж хэн хэлээд байгаа юм бэ. Танаас асууя л даа. Таны ажилладаг “Өдрийн сонин” өөрөө хуулийн этгээд биз дээ. Улсын бүртгэл дээр бүртгэлтэй хуулийн этгээд мөн үү гэвэл мөн. Гэтэл танай сонины нэг сэтгүүлч “Би “Өдрийн сонин”-ы эзэн байна. “Өдрийн сонин”-ыг би төлөөлнө” гээд яриад явбал танай сонин хоёр болчих уу. Хууль дүрэмгүй улс орон шиг юм ярьдгаа одоо боль.

-Хуваагдалтай байгааг нийгэм даяараа мэдэж байна шүү дээ. Бүр О.Цогтгэрэлийн АН, М.Тулгатын АН гэдэг болчихсон байна?

-Юун хуваагдалтай АН яриад байгаа юм. О.Цогтгэрэл гэж хүн хаана бүртгэлтэй юм бэ. Та сурвалжлагч юм бол эрэн сурвалжлаад О.Цогтгэрэлтэй уулз л даа. Уулзаад О.Цогтгэрэл дарга аа, таныг АН-ын дарга гээд бүртгэчихсэн эрх бүхий ямар шийдвэр байна вэ. Таныг Улсын бүртгэлд бүртгэх эрх бүхий байгууллага нь Улсын дээд шүүх. Улсын дээд шүүхийн тогтоол шйидвэрийг үндэслэж Улсын бүртгэлийн ерөнхий газраас Улсын бүртгэлийн гэрчилгээ олгодог гэрчилгээ тань хаана байна. Хууль ёсны тамга тэмдэг тань хаана байна гээд асуу. Хууль ёсны дарга гээд бүртгэсэн УДШ-ийн тогтоол тань хаана байна. Надад бол бүгд байна. 2017 оны гуравдугаар сард хуралдсан Улсын Дээд шүүхийн 01 тогтоол надад байна. Түүнийг үндэслээд олгосон Улсын бүртгэлийн ерөнхий газрын гэрчилгээ ч байна. Хууль ёсны тамга ч байна.

-Иргэд танай намын дотоод хуваагдлаас одоо бүр залхаж байна шүү дээ…

-Залхах хэмжээнд би хийгээгүй. Залхах хэмжээнд тэр улсууд л юм хийгээд байна. АН-ын зүгээс нам хуваагдалтай байна ч гэдэг юмуу, эсвэл хэн нэгнийг буруутгасан байр суурь илэрхийлэхгүй байгаа шүү дээ.

-Тэдгээр хүмүүс ямар ашиг сонирхлын үүднээс энэ намыг хагаралтай мэтээр харагдуулах гээд байгаа юм бэ?

-Улс төрийн ашиг сонирхол, зорилгоор АН-ыг хагаралтай, хуваагдалтай мэтээр харагдуулах гээд байна шүү дээ. Энэ намыг харлуулах, гутаах, сонгуульд оролцох боломжийг нь хаах, улмаар энэ намын хууль ёсны эрхтэй хүмүүсээс намын тамга тэмдгийг булааж авах гэсэн оролдлого байгаа. Өөр тэдэнд ямар зорилго байх вэ дээ. Эрх баригчид ч ингэж хүсч байна. Манай намд байгаа зарим нөхдүүд ч ингэж хүсч байна.

-Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Х.Баттулга нар АН-ыг хагаралдуулсан гэж зарим хэсэг үзэж байна. Тэр хоёр ямар эрх ашгийн үүднээс намаа ийм байдалд хүргэчихэв?

-Ц.Элбэгдорж үүнд ямар ч хамаагүй. Ц.Элбэгдорж ажлаа өгчихөөд өөрийнхөө ажлыг хийгээд сууж байгаа шүү дээ. Ер нь яахараа дандаа Ц.Элбэгдоржийг хадны мангас болгож, бүх юманд хамаатуулаад байдаг юм бэ. Ц.Элбэгдорж гэдэг хүн ажлаа өгөөд явснаас хойш намын үйл ажиллагаанд огт оролцоогүй. Оролцож байгааг нь би лав мэдэхгүй юм байна.

-Таныг Ц.Элбэгдорж даргатай хамт ийм юм хийгээд байна хэмээн олон нийтийн сүлжээнд бичсэн байсан. Энэ хариултыг чинь өлгөж аваад мөн л сэвэх байх даа?

-Сэвнэ л биз дээ. Би бодит байдлыг л ярьж байна. Ер нь би бодит байдлыг ярихаас айдаггүй. Хүмүүс намайг юу гэж хэлэх нь надад сонин биш. Би магтуулах гэж улс төрд ороогүй. Шударга үнэний төлөө явах гэж л улс төрд орсон. 1989 оноос хойш 32 жил тасралтгүй шударга үнэний төлөө явж байна.

Шударга үнэний төлөө явсан энэ хугацаандаа өчнөөн л шүүмжлүүлсэн. Өчнөөн л муу хэлүүлсэн. Тэглээ гээд би хэзээ ч ухарч байгаагүй. Ухрах ч үгүй. Учир нь миний зорилго ийм. Хүний эрх, эрх чөлөө, хувийн өмч, парламентын засаглалыг дээдэлсэн шударга ардчилсан нийгмийг байгуулахын төлөө л улс төрийн үйл хэрэгт орсон. 26-хан настай байхдаа ардчиллын үйл хэрэгт орж байлаа.

-АН-ын Их хурлаар М.Тулгат даргыг намын даргаар сонгосон ч Дээд шүүхээс бүртгээгүй. Цаашид намын даргын асуудал хэрхэхээр байна вэ?

-Хууль дээдлэх зарчмаар ажиллах ёстой хууль сахиулах буюу хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж байх ёстой гол байгууллага бол Улсын дээд шүүх шүү дээ. Гэтэл УДШ-ээс АН-ын дотроо маргаантай байгаа учраас бүртгэхгүй хэмээн өөрсдөө хууль зөрчсөн дүгнэлт шийдвэр ирүүлж байгааг гайхаж байна.

Улс төрийн намын тухай хуулийн 13.9-т “Намын дүрмээр зохицуулах намын дотоод зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбоотой маргааныг шүүх хянан шийдвэрлэхгүй. Энэхүү маргааныг намын эрх бүхий байгууллага хянан шийдвэрлэнэ” хэмээн заачихсан. Манай намын эрх бүхий байгууллага бол Үндэсний бодлогын хороо, Үндсэн дүрмийн хороо.

Гэтэл Үндсэн дүрмийн хорооны шийдвэр гарчихсан. Үндэсний бодлогын хорооны шийдвэр гурав, дөрвөн удаа шийдвэр нь гарчихсан. Манай нам дотооддоо маргаантай эсэх нь шүүхэд ямар ч хамаагүй.Шүүх хянан хэлэлцэхгүй. Үүнийг Улс төрийн намын тухай хуульдаа тов тодорхой заачихсан байна шүү дээ. Хууль дээдлэх зарчмаар явах ёстой юм уу, эсвэл улстөржсөн байдлаар асуудлыг ярих ёстой юм уу. “Танай нам дотооддоо маргаантай байгаа учраас бүртгэх боломжгүй” гэдэг нь юу гэсэн үг вэ. Үүнийг юу гэж ойлгох юм бэ. Хуульгүй улс орон, хуулиас гадуур амьдрал гэж байдаг юм уу. Хууль зөрчих эрх өнөөдөр хэнд ч байхгүй. Дахин давтаж хэлэхэд, намын дүрмээр зохицуулах намын дотоод зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбоотой маргааныг шүүх хянан шийдвэрлэхгүй. Шүүхэд энэ хамаагүй. Энэхүү маргааныг намын эрх бүхий байгууллага шийдвэрлэнэ гээд хуульчлаад өгчихсөн байна. Үүнийг дээд шүүх яагаад шүүрч аваад байгаа юм бэ. Яагаад Дээд шүүх ийм тайлбарыг бидэнд өгөөд байгаа юм бэ. Бид маргаанаа шийдэх гэж дотоод маргаанаа арилгалаа. ҮБХ-оос удаа дараа шийдвэр гаргалаа. Үндсэн дүрмийн хорооны шийдвэр гарлаа. Улсын дээд шүүхэд гурван удаа бүх тогтоол шийдвэрээ хүргүүлсэн ч буцаасан. Тухайн үед шүүх, хуулийн байгууллагад нөлөөлдөг төрийн тэргүүн гэгдсэн ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүн нөлөөлж байсан. Тэр хүний захиалга буюу өгсөн үүрэг даалгавраар Дээд шүүх ажилласан гэж би хардаж байгаа. Тэгвэл одоо хуулийн дагуу бүрэн эрх нь дуусаад тэр хүн явчихлаа. Одоо өөр намын, өөр Ерөнхийлөгч гараад ирчихсэн. Тиймээс шүүх хуулийн дагуу ажлаа хий л дээ.

-Хуулийн дагуу ажиллаж чадна гэж харж байна уу?

-Чадах л үүрэгтэй шүү дээ. Хууль биелүүлэхгүй бол Монголд төр гэж байгаад яадаг юм бэ. Хуульд заасны дагуу холбогдох материалуудыг Улсын дээд шүүхэд хүргүүллээ. Одоо бид яах ёстой юм бэ.

-Нөхөн сонгууль удахгүй болно. Нөхөн сонгуульд АН яаж оролцох вэ. Мөн таныг нэр дэвшинэ гэсэн шуум сонсогдсон?

-Надад нэр дэвших онц шаардлага байхгүй. Учир нь намын даргын эрх, үүрэг, хариуцлага маань хараахан дуусаагүй байна. Тиймээс сөрөг хүчний хувьд улс төрийн намууд том жижиг гэлтгүй бүгд нийлж, өнөөгийн үнэмлэхүй олонхыг бүрдүүлж буй эрх баригчидтай тэмцэх ёстой. Үүнд иргэд ч гэсэн идэвхтэй оролцох ёстой. Энд нэг зүйлийг хэлэхэд, иргэд эрх баригчдыг янз бүрээр шүүмжилдэг. Гэтэл хариуцлага тооцох торгон мөч ирэхээр хариуцлага тооцож чаддаггүй. Хэдэн төгрөгөөр ч юмуу тухайн үеийн ямар нэгэн ашиг сонирхлоор асуудалд хандаж сонголтоо дандаа буруу хийдэг. Үүнээс болж өнөөдрийн эрх баригчид дураараа аашлах гол нөхцөл бүрдэж байна.

-Шинэ Ерөнхийлөгчид ямар дүгнэлттэй байна. Удирдагч байх шалгуурт тэнцэж байна уу?

-Цаг хугацаа л харуулна. Зөв ч бай, буруу ч бай иргэд сонгоод гаргаад ирсэн. Энэ хүн цаашид ямар удирдагч байх вэ гэдэг нь цаг хугацааны шалгуураар харагдана. Аливаа муу юм цаг хугацааны шалгуураар ил болдог. Өнөөдөр яаран асуудлыг дүгнэмээргүй байна. Ерөнхийлөгчийн ажил бол амаргүй. Тодорхой цаг хугацааны дараа дүгнэлтээ хэлнэ. Манай улс парламентын засаглалтай учраас Ерөнхийлөгчийн нөлөө харьцангуй бага байдаг. Тэгэхээр парламентад хэн олонх байна, олонх болсон нам улс орны нийгэм, эдийн засгийн асуудлын өмнө хариуцлага хүлээх ёстой. Одоогийн парламент сонгогдоод нэг жил хоёр сар боллоо. Бүрэн эрхийн хугацааных нь 1/3 нь дуусч байна. Энэ хугацаанд юуг өөрчилж, ямар асуудлыг шийдэв. Нийгэм, эдийн засаг ямар байна. Ядуурал, ажилгүйдэл, хэдэн хувь өсөв. Инфляци хэдэн хувьд хүрчихэв. Зөвхөн Засгийн газрын өр гэхэд хэд дахин өслөө. Өрийн тааз сураггүй болчихсон. Улс орны нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал маш хүнд байна. Энэ намраас нэлээн хүндрэх төлөвтэй харагдаж байна. Өмнөх болоод энэ Засгийн газар цар тахал дэлгэрснээс хойш эдийн засгийн нөхцөл байдал хууль дүрмийн дагуу явж чадсан уу. Ковидын хуулийн хүрээнд маш их хэмжээний төсвийн хөрөнгийг хяналтгүй зарцууллаа. Хичнээн их наяд төгрөг юунд зарцуулсан юм бэ, ямар үр дүн гарсныг тайлагнах ёстой. Өнөөгийн эрх баригчид бодит байдалд яаралтай дүн шинжилгээ хийж, ямар зүйлд алдаж, онож байгаагаа гаргаж тавих ёстой. Болсон болоогүй пиар хийдгээ болих хэрэгтэй. Бодит үнэнийг ард түмэнд зөв талаас нь ойлгуул. Бодит үнэнийг мэдээлэхгүй, бүх зүйл болж байгаа мэтээр өнгө зассан хэлбэрээр явбал илүү том алдаанд хүрнэ. Өнөөгийн эрх баригчдын хамгийн том хариуцлага бол хэзээ ч залруулж болохгүй алдаанаас сэргийлэх ёстой. Бүхнийг гоё харагдуулж хуурахаас илүү хожим засч болохооргүй алдаанд улс орныг оруулахаас сэргийлэх хэрэгтэй.

Р.ХИШИГЖАРГАЛ

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Б.Солонгоо: Рио Тинто компани Оюу толгой ХХК-ийн менежмэнтийг хэрхэн хэрэгжүүлж ажиллав гэдэгт дүгнэлт хийх цаг болсон

ЗГХЭГ-ын дэд дарга Б.Солонгоотой ярилцлаа.


-Оюу толгой бол манай улсын нүүр царай болсон дэлхийн хэмжээний том төсөл. Оюу толгойн төсөл бүтэлгүйтлээ гэхэд гадны томоохон хөрөнгө оруулагчид дайжих эрсдэлтэй. Тиймээс энэ төслийн талаар илэрхийлэх Засгийн газрын байр суурь ул суурьтай, нухацтай байх шаардлагатай болчихоод байгаа шүү дээ. Та бүхний мэдэгдэлтэй холбоотойгоор хийсэн хөрөнгө оруулагч талын илэрхийлсэн байр суурийг та харсан байх. Манай Засгийн газрын шийдвэр түргэдчихэв үү. Ер нь та бүхний мэдэгдэл гадна ертөнцөд ямар мессэж болж очиж байна вэ. Та үүнд дүгнэлттэй хандаж байна уу?

-Хөндлөнгийн шинжээчдийн эцсийн дүгнэлт гарсан талаар бид олон нийтэд мэдээлсэн. Бид Оюу толгой төсөлтэй холбоотой мэдээллийг цаг тухайд нь олон нийтэд хүргэж ажилласаар ирсэн. Хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлт гарсан талаар Туркойс Хилл, Рио Тинто компаниудын хөрөнгө оруулагчид ч мэдэх эрхтэй. Энэ мэдээллийг сөргөөр хүлээж авах үндэслэлгүй юм. Хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлт гарлаа гээд хөрөнгө оруулагч дайжих нөхцөл биш. Бид харин ч Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын хугацаа яагаад хойшлов, яагаад зардал хэтрэв гэдэгт тодорхой хариулт авах зорилгоор аль болох ил тод байдлыг хангаж хөндлөнгийн шинжээчдийн эцсийн дүгнэлт гарлаа. Гүний уурхайн бүтээн байгуулалттай холбоотой эргэлзээтэй олон мэдээллүүд гарч байсан. Мөн Туркойз Хилл компанийн жижиг хувьцаа эзэмшигчид ч “Рио Тинто” компанийн гаргаж байгаа тайлбартай санал нийлэхгүй байна. Рио Тинто асуудлыг цаг хугацаанд нь хөрөнгө оруулагч нарт мэдээлээгүй” гэдэг асуудлаар Нью-Йоркийн шүүхэд нэхэмжлэл гаргачихсан байгаа. Тэгэхээр Рио Тинто компанийн гаргаж байгаа тайлбараас өөр, эргэлзээтэй мэдээлэл байхад энэ асуудлыг нэг тийш нь болгож мэдээллийн тэнцвэргүй байдлыг арилгасны үндсэн дээр бид яриа хэлэлцээг үргэлжлүүлэх шаардлагатай. Бид зөвхөн Рио Тинтогоос авсан мэдээлэлд үндэслэн яриа хэлэлцээ хийх нь ажлаа дутуу хийсэн хэрэг болно шүү дээ.

Өмнө нь бид Рио Тинто компанийн тайлбарыг сонсож байсан бол өнөөдөр дэлхийн мэргэшсэн найман шинжээч энэ төсөл 2016 оноос өнөөдрийг хүртэл яаж хэрэгжив, гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал яагаад хэтэрсэн, яагаад хугацаа хойшилсон бэ гэдэгт маш дэлгэрэнгүй дүгнэлт гаргасан. Түүнчлэн энэ дүгнэлтийг хөндлөнгийн хоёр мэргэшсэн шинжээч давхар хянаад санал нэгдэж байгаагаа илэрхийлсэн. Давхар хянасан хоёр мэргэжилтэн нь Рио Тинто, Туркойс Хилл компаниудын хөлсөлж ажиллуулдаг мэргэшсэн, дэлхийд танигдсан мэргэжилтнүүд юм билээ.

Аль ч оролцогч талд хүлээн зөвшөөрөгдөхөөр мэргэшсэн шинжээчид ажилласан. Тэгэхээр илүү тодорхой байдал үүсгэж, эргэлзээ тайлж байгаа учраас хөрөнгө оруулагчид ил тод байдлыг үнэлж нааштайгаар хүлээж авч байгаа болов уу гэж бодож байна. Хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтэд Рио Тинто компани албан ёсоор хариу тайлбар өгнө гэдгээ мэдэгдсэн байгаа. Рио Тинто компанийн өмнө нь хэлж байсан тайлбараас хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлт зөрүүтэй гарч байна гэдэг нь асуудал байгааг илэрхийлж байна. Асуудал юунд байгааг Рио Тинто компанитай цаашид үргэлжлүүлэн ярилцана. Төслийн менежмэнтийн алдаа, худалдан авалтын алдаанаас болж асуудал үүсч байвал үйл ажиллагааг хэрхэн сайжруулах тал дээр ярилцах зайлшгүй шаардлага үүсч байна.

Менежмэнтийг яаж сайжруулах асуудлыг хөндөх нь ямар нэгэн байдлаар маргаан үүсгэх ч юмуу, эсвэл төсөл зогсох хэмжээний асуудал болно гэж харахгүй байна. Төсөл зогсох нөхцөл байдал ч үүсэхгүй. Харин ч Оюу толгойн нийт нөөцийн 80 хувийг олборлох боломжийг бүрдүүлж байгаа гүний уурхайг аль болох хурдан хугацаанд ашиглалтад оруулж, зэсийн үнэ өндөр байгаа энэ үед борлуулалтаа нэмэгдүүлэх боломж бий болж байна. Ингэснээр Оюу толгой компанийн үнэ цэн нэмэгдэнэ. Бид Оюу толгой компанийн үнэ цэнийг нэмэгдүүлэхийн төлөө л ажиллаж байгаа шүү дээ. Түүнээс Оюу толгой компаний үйл ажиллагааг зогсоох, үнэ цэнийг бууруулах байдлаар ажил хийгээгүй. Харин ч аль болохоор ил тод байдал, оролцогч талуудын ч оролцоог хангаад ажиллаж байна.

-Гүний уурхайн ашиглалтад орох хугацаа хойшилсон, зардал хэтэрснээс болж бид одоогийн байдлаар бодитоор ямар хохирол амсчихаад байна вэ?

-Гүний уурхайн төсөл 2021 оны нэгдүгээр сард ашиглалтад орох ёстой байсан. Ашиглалтад орсноор Оюу толгой компанийн нийт борлуулалт 3-4 дахин нэмэгдэх боломж үүсгэхээр хэмжээнд олборлолт нь нэмэгдэх байсан. Өнөөдөр зэсийн үнэ өндөр байна. Ийм таатай нөхцөлд борлуулалтын орлого нэмэгдвэл Монгол Улсад ирэх татвар ч нэмэгдэнэ. Оюу толгой компани ч өрийн дарамтаас ангижирч, ашигтай ажиллах боломж бүрдэнэ. Одоогийн байдлаар ашиглалтад орох хугацаа нь 22 сараар хойшилчихсон. Мөн нэмэлт нэг тэрбум 450 сая ам.долларын санхүүжилт хэрэгтэй байгаа. Энэ зардлыг гаргаж байна гээд хэлчихээр нэгдүгээрт, нэмэлт хөрөнгө оруулалтыг яаж санхүүжүүлэх юм гэдэг асуудал үүснэ. Нэг тэрбум 450 сая ам.долларыг Оюу толгой компани гаргаж чадах юм уу гэдэг асуудал үүсч байна. Мөн өсөх хүлээлттэй байсан борлуулалтын орлого нь 22 сараар хойшилж байгаа учраас хойшилж байгаа мөнгөн урсгалыг яаж нөхөж, энэ компанийн санхүүгийн байдалд нөлөөлөхгүйгээр санхүүжилтийн асуудлыг яаж нь шийдэх вэ гэдэг асуудал гарч ирнэ. Санхүүжилтийн асуудал яагаад чухал байна гэхээр Оюу толгой компани дэлхийн 15 орчим санхүүгийн байгууллагатай зээлийн гэрээ байгуулаад 4.4 тэрбум ам.долларын зээл авчихсан. Зээлийн эргэн төлөлтийн хугацааг гүний уурхайн ашиглалтад орох хугацаатай уялдуулсан байсан. Тэгэхээр гүний уурхайн ашиглалтад орох хугацаа 22 сараар хойшилно гэдэг нь төдий хэмжээгээр Оюу толгой компани зээлийн эргэн төлөлтийн хугацааг хойшлуулах шаардлага үүсч байгаа юм. Тиймээс зээлдүүлэгч банкуудтайгаа зөвшилцөх хэрэг гарна. Ер нь үүсээд байгаа олон асуудал гүний уурхайн бүтээн байгуулалт хойшилсон, зардал хэтэрсэнтэй шууд хамааралтай байгаа юм. Тухайлбал, Оюу толгой компанийн санхүүгийн нарийвчилсан тооцоог харахаар Монгол Улс 2051 он хүртэл огт ногдол ашиг авахгүй харин ч өртэй үлдэж байгаа юм. Оюу толгой компанийн Монгол Улсад төлөх татварын орлого ч буурч байгаа. Мөн төслийн өнөөгийн үнэ цэнэ (net present value) ч буурч байна. Бид холбогдох тооцооллыг санхүүгийн зөвлөхүүдээр хийлгэж байна.

Засгийн газар 34 хувийг эзэмшигчийн хувьд төслийн үнэ цэнийг бууруулахад нөлөөлж байгаа хугацаа хойшилж, зардал хэтэрсэн асуудалд ач холбогдол өгөхөөс өөр аргагүй. Үүнд Рио Тинтогоос тайлбар авах шаардлагатай. Цаашид гүний уурхай бүтээн байгуулалт үргэлжлэн хийгдэнэ, үйл ажиллагаа өргөжнө. Цаашдын хийгдэх бүтээн байгуулалтын ажлуудад ч ийм асуудал гарахыг үгүйсгэхгүй. Тиймээс урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг авах шаардлагатай. Тэгэхээр энэ төсөл өнгөрсөн хугацаанд яаж хэрэгжив гэдэгт дүгнэлт гаргах боломжийг олгож байна. Бид Рио Тинто компани нь энэ төслийг авч явах чадвартай, хүний нөөцтэй гэж үзээд менежментийн эрхээ өгсөн. Гэвч энэ хугацаанд Рио Тинто компани менежментийн чиглэлд хэрхэн ажиллав гэдэгт дүгнэлт хийх цаг болсон гэж харж байна. Цаашид Оюу толгой компанийн менежмэнт, үйл ажиллагааг яаж сайжруулах вэ, үр ашигтай ажиллагаагаа яаж хангах вэ зэрэг засаглалын асуудлыг Рио Тинто, Туркойз Хилл компаниудтай ярилцана. Хөрөнгө оруулагчид ч нээлттэй ярилцах боломжтой гэсэн.

-Рио Тинто компанийн төлөөлөл энэ сарын 15-нд ирэх сурагтай байсан. Уулзсан болов уу. Хэлэлцээрийн явц хэр ахицтай байна вэ?

-Рио Тинто компанийн зарим төлөөлөгчид Монголд ирчихсэн халдвар хамгааллын дэглэмийн дагуу тусгаарлалтад байгаа гэж ойлгосон. Ямар хүмүүс ирснийг тодорхой сайн мэдэхгүй байна. Ямартаа ч Рио Тинто компанийн Зэсийн группийн захирал Б.Болд ирсэн байх. Рио Тинто болон Туркойз Хилл компаниудтай хийх яриа хэлэлцээр үргэлжилж байна. Туркойз Хилл компаний удирдлагуудтай ч гэсэн холбоотой байгаа.

-Менежмэнтийн алдаанаас болж зардал хэтэрсэн гэсэн дүгнэлт гарснаар манай талаас алдсан зардлаа нэхэмжлэх үү?

-Рио Тинто компани төслийн менежер, уурхайн операторын хувьд Оюу толгой компанитай менежмэнтийн үйлчилгээний гэрээ байгуулсан. Уг гэрээгээр Рио Тинто компани нэг л үүрэг хүлээсэн байдаг. Рио Тинто компани төслийн менежерийн хувьд хүлээсэн ганц үүрэг нь энэ төслийг үр ашигтай, аль болох зардлыг багасгаж менежмэнтийг хэрэгжүүлнэ гэсэн байгаа. Тиймээс энэ үүргээ Рио Тинто компани сайн хэрэгжүүлсэн үү гэдэгт хариулт авах шаардлагатай. Багагүй хэмжээний менежмэнтийн төлбөр авч хэрэгжүүлдэг үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн бол хариуцлагын асуудал яригдах л ёстой. Рио Тинто компани асуудалд нухацтай хандаж аль болох нээлттэй байна гэдэгт найдаж байна. Хөрөнгө оруулалтын зардал ингэж нэмэгдсэн нь дотоодын эдийн засагт үржүүлэгч нөлөө (multiplier effect) буюу эерэг нөлөөтэй талаар нийтлэл гарсныг харсан. Гэхдээ сөрөг үр дагавар нь илүү байгаа нь бодит үнэн юм. Цаашлаад бидний авах ёстой байсан татварын орлого гэх мэт алдагдсан боломжийн өртгийг бид ярих л ёстой. Нөгөө талаас 34 хувийн хувь эзэмшсэнээс болоод Засгийн газар төслийн хөрөнгө оруулалтын зардал нэмэгдэх, хугацаа хэтэрч байгаа гэх асуудалд санаа зовж цаг үрж байна, 34 хувь эзэмших шаардлагагүй байсан гэдэг байр суурийг илэрхийлдэг хүмүүс байдаг. Бид Ашигт малтмалын тухай хуулийн заалтын дагуу 34 хувь эзэмшиж байгаа, 34 хувь эзэмшсэнээс болоод төслийн зардал хэтэрч, хугацаа хойшлоогүй. Хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлт Рио Тинто компани хариуцлагатай сайн ажиллаж байна уу л гэдэг асуудалд хариулт өгсөн. Бид бодит байдлыг булзааруулж нүдээ аних шаардлагагүй. Ярих ёстой зүйлсийг ярих л ёстой.

Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу олгосон татварын хөнгөлөлтүүдээс болоод Оюу толгой компани олон жилийн хугацаанд Монголд орлогын татвар төлөхөөргүй тооцоолол гарч байгаа. Нэг жишээ нь гүний уурхайн босоо ам, газар доорх бусад дэд бүтцийг “бусад үндсэн хөрөнгө” ангилалд хамааруулан элэгдэл хорогдлыг шулуун шугамын аргаар 10 жилээр тооцохоор заасан. Гүний уурхайн хөрөнгө оруулалтын зардал их хэмжээгээр нэмэгдэх тусам Монгол Улсад төлөх татвар тэр хэмжээгээр багасаж байгаа.

-Мөн татварын маргаантай асуудал нэлээн яригддаг шүү дээ. Энэ асуудлыг шийдвэрлэх процесс хэрхэн өрнөж байна вэ?

-Лондонгийн Арбитрын шүүхэд Оюу толгой компанийн нэхэмжлэлтэй татварын маргаан үргэлжлээд явж байна. Одоогийн байдлаар Рио Тинто, Туркойз Хилл компаниуд маргааны оролцогч тал болохгүй хэмээн эсэргүүцээд тайлбараа өгсөн байгаа. Үүнд ч мөн манай тал хариу тайлбараа бэлдэж хүргүүлсэн. Мөн бид Рио Тинто, Туркойз Хилл компанийг маргааны оролцогч тал болгох хүсэлт тавьсан. Процессын шинж чанартай шийдвэрийг арбитрын бүрэлдэхүүн талуудын тайлбар, хариу тайлбарыг авсны үндсэн дээр шийдвэрлэнэ.

-Засгийн газар сөрөг нэхэмжлэлээ татсан гэсэн мэдээллийг зарим УИХ-ын гишүүд өгч байсан. Худал, ташаа мэдээлэл өгөөд байсан юм уу?

-Тухайн үед хоёр асуудлаар сөрөг нэхэмжлэл гарлаа гээд Засгийн газраас албан ёсоор мэдээлэл өгч байсан. Бид сөрөг нэхэмжлэлээ татаж аваагүй.

-Гүний уурхай бүтээн байгуулалтад менежмэнтийн асуудлаас өөр чөдөр болж байгаа ямар асуудал байгаа вэ?

-Гүний уурхайн ажил үргэлжлээд явж байна. Засгийн газар Оюу толгойн гүний уурхайн төслийг дэмждэг, гүний уурхайг хурдан ашиглалтад оруулах шаардлагатайг ч Рио Тинто компанид удаа дараа хэлсэн. Рио Тинто компанийн хувьд техникийн бэлэн байдлаас гадна техникийн бус гурван нөхцөл хангагдах шаардлагатай талаар хөрөнгө оруулагчдадаа мэдээлж байсан. Эрчим хүчний хангамжийн гэрээний хугацааг сунгах, дотоодоос эрчим хүч худалдан авах гэрээг байгуулах, Оюу толгой төслийн нөөцийн тодотгол тайлан, ТЭЗҮ-ийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл хүлээн авах зэрэг асуудлыг дурдсан байсан. Эдгээр захиргааны шинж чанартай асуудлууд холбогдох төрийн байгууллагууд дээр шийдэгдээд явж байна. Оюу толгой компани одоо БНХАУ-аас эрчим хүч импортолдог. Уг нь Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу 2017 оноос эхлэн эрчим хүч дотоодоос худалдаж авах үүрэгтэй. Энэ үүрэг одоо болтол хэрэгжихгүй байна.

-Нөөцийн тодотгол тайланг хүлээж аваагүй гэсэн мэдээлэл гарсан байсан?

-Оюу толгой компанийн шинэчилсэн ТЭЗҮ болон нөөцийн тодотгол тайлан гэсэн хоёр баримт бичгийг Монгол Улсын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл хүлээж авах ажил хүлээгдэж байна гэсэн мэдээллийг Рио Тинто компани гаргаад байгаа. Нөөцийн тодотгол тайлангийн хувьд 2021 оны гуравдугаар сард Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл хуралдаж “Нөөцийн тодотгол тайланд туссан зардал нэмэгдэж байгаа болон шинжээчдийн тавьсан зарим асуудлыг Оюу толгой компани тайлбарлаж чадахгүй байна” гээд тодорхой зөвлөмж өгөөд буцаасан байгаа. Энэ зөвлөмжүүдийг тусгасан шинэчилсэн тайланг Оюу толгой компани дахин гаргаж Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр энэ асуудал удахгүй хэлэлцэгдэх болов уу. Нөөцийн тодотгол тайланг хүлээж авсны дараа ТЭЗҮ-ийг хэлэлцэнэ. Холбогдох журмын дагуу шинжээчид томилогдоод ажиллах байх.

-Х.Нямбаатар сайд Оюу толгойн гүний уурхайн асуудлаар Рио Тинтод зөвлөж байсан хоёр хүнтэй уулзсан талаар мэдээлж байсан. Хамтарч ажиллаж байгаа юм уу?

-Рио Тинто компанид стратегийн зөвлөгөө өгч байсан Маурис Даффи болон Оюу толгой төслийн гүний уурхайд төслийн менежмэнтийн чиглэлээр зөвлөж байсан Ричард Боули нар Засгийн газарт зөвлөгөө өгөхөөр ирсэн. Техникийн зөвлөх Ричард Боули төслийн менежмэнтээр мэргэшсэн нэгэн. Түний хувьд 2018 оноос энэ төсөл асуудалтай болж байна, хугацаа хойшилж байна гэдгийг Рио Тинтод удаа дараа мэдэгдэж, анхааруулж байсан ч саналыг нь хүлээж авалгүй, Рио Тинто ажлаас нь халсан юм билээ. Өөрөөр хэлбэл, гүний уурхайн бүтээн байгуулалт хэрхэн хийгдэж байсан, ямар асуудал байсан талаар тухайн үед мэдэж байсан, анхааруулж байсан юм билээ. Төслийн менежмэнтийн чиглэлээр мэргэшсэн энэ хүнийг бид зөвлөхөөр ажиллуулж, хөндлөнгийн шинжээчдийн тусгасан асуудалд санал бодлоо солилцож хоёр долоо хоног хамтарч ажиллалаа. Манай улсын зохицуулах байгууллагуудад мэдээлэл өгч хамтарч ажилласан. Харин Маурис Даффибол Рио Тинтод стратегийн зөвлөхийн үйлчилгээ үзүүлдэг байсан, Рио Тинтогийн Монгол дахь үйл ажиллагаа асуудалтай байгаа талаар мөн тухайн үедээ Рио Тинтогийн гүйцэтгэх удирдлагуудад анхааруулж байсан юм билээ. Зохицуулах байгууллагуудад мөн тодорхой мэдээлэл өгсөн. Монгол Улсын эрх ашгийг хангуулах чиглэлээр бид хамтарч ажиллаж байгаа.

Хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтээр геотехникийн нөхцөлөөс бус төслийн менежмэнтийн асуудлаас болж зардал их хэмжээгээр нэмэгдэж, хугацаа хойшилсон гэсэн дүгнэлт гарчихлаа. Тэгвэл Рио Тинто компани үүнийг мэдэж байсан уу гэдэг асуулт гарч ирж байна. Хэрвээ мэдсэн бол ямар нэг арга хэмжээ авсан уу, аваагүй бол яагаад аваагүй, авсан бол ямар арга хэмжээ авсан бэ гэдэг асуулт гарч байна. Эдгээр асуултад хариулт авахын тулд гадаадын эх сурвалжаас болон шаардлагатай гэж үзсэн эх сурвалжаас мэдээлэл авч байна. Энэ асуудлыг тодруулах зайлшгүй шаардлагатай. Тодруулж байж л Рио Тинто компанитай шударгаар яриа хэлэлцээр хийх нөхцөл бүрдэнэ гэж харж байна. Нөгөө талаас энэ асуудлыг яагаад өнөөдөр гаргах болов, бид яагаад өмнө нь Оюу толгой компанийн 34 хувийн хувьцаа эзэмшигчийн хувьд тухай бүр төсөл асуудалтай хэрэгжиж байгааг мэдээгүй юм гэдэг асуултыг олон нийт асуух нь гарцаагүй. Өнгөрсөн хугацаанд Оюу толгой компаниас Эрдэнэс оюу толгой ХХК-д хүргүүлж байсан тайлан, мэдээллийг бид анхааралтай судалсан. Их ерөнхий, дүн шинжилгээ хийх боломжгүй мэдээлэл, тайлан өгдөг юм билээ. Бид илүү дэлгэрэнгүй, нарийвчилсан мэдээллийг цаг тухайд нь авч байх талаар мөн анхаарал хандуулж ажиллаж байна. Эрдэнэс Оюу толгой ХХК-ийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр ч тодорхой ажлууд хийхээр төлөвлөж байна.

-Эдгээр асуудлаа цэгцэлчихвэл Рио Тинто компанитай ойлголцоход хялбар болчих юм байна шүү дээ?

-Рио Тинто компани Монгол Улсын Засгийн газрыг УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд ажиллаж байгаа гэдгийг маш сайн мэдэж байгаа. Тэгэхээр бидний яриа хэлэлцээр хийх цар хүрээг мэдэж байгаа. Бидний хийж байгаа ажлыг маш сайн мэдэж байгаа учраас Монголд энэ төсөл яагаад ашиггүй болж байна, яагаад үүнд сэтгэл дундуур байна гэдэгт Рио Тинто компани өөрсдөө дүгнэлт хийж байгаа байх. Тиймээс Засгийн газрыг сонсож нээлттэй, ил тод ажиллах болов уу гэж найдаж байна. Муу нуухаар сайн илчил гэдэг зүйр үг байдаг шүү дээ.

Бид асуудлыг үндэслэл, зарчимтайгаар тавьж байгаа. Ямар нэгэн байдлаар дур зоргоороо аашлах, улстөржих, өөрсдийн үзэмжээр хандсан зүйл огт байхгүй. Бид цаг тухайд бүрт нь олон нийтэд мэдээлж, нээлттэй ажиллахыг эрмэлзэж байна. Монгол Улсын эрх ашгийг хамгаалах, сайжруулах, төслөөс ирэх үр өгөөжийг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Үүний ч төлөө ажиллаж байна. Оюу толгой компанийн үйл ажиллагаа, Рио Тинто компанийн менежмэнт асуудалтай байгаа нь төслийн үр өгөөжид нөлөөлөхөөс гадна Монгол Улсын имижид нөлөөлж байна. Рио Тинто компанитай хийх яриа хэлэлцээр дууссаны дараа уул уурхай, хайгуулын салбарт хөрөнгө оруулалт татах таатай нөхцөл бүрдэх болов уу гэж харж байна.

Нүүрсхүчлийн хий ялгаруулалтыг багасгах хүрээнд цахилгаан машины хэрэглээ, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ нэмэгдэж байгаа учраас зэсийн эрэлт нэмэгдэж байна. Зэсийн эрэлт нэмэгдэж байгаа энэ таатай нөхцөлийг ашиглах хэрэгтэй. Оюу толгой, Таван толгой гэсэн хоёр төслөөс гадна цаашдын хөгжүүлж болох том төслүүд юу байна, тэр төслүүдийг хөгжүүлэхийн тулд бидэнд юу хэрэгтэй байна гэдгийг анхаарч ажиллах хэрэгтэй байна. Манай нийгмийг бухимдуулж буй тэгш бус байдлыг арилгахын тулд эдийн засгаа тэлж, өргөжүүлэх, эдийн засгийн өсөлтийг тогтвортой хангах хэрэгтэй. Эдийн засгаа тогтвортой хөгжүүлэхийн тулд яах аргагүй гадаадын хөрөнгө оруулалтыг татах хэрэгтэй.

Р.ХИШИГЖАРГАЛ

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Г.Дамдинням: Боловсролын салбарт цогц реформ хийгдэнэ

УИХ-ын гишүүн, БСШУС-ын байнгын хорооны дарга Г.Дамдиннямтай ярилцлаа.


-Өнгөрсөн хаврын чуулганаар БСШУС-ын байнгын хорооноос Соёлын тухай хуульд онцгой анхаарал хандуулж батлууллаа. Энэ хуульд ямар гол зохицуулалт оров?

-БСШУС-ын байнгын хороо өнгөрсөн хаврын чуулганаар долоон удаа хуралдаж, 18 асуудал хэлэлцсэн. Мөн дөрвөн ажлын хэсэг байгууллаа. 129 саналын томьёолол дээр шийдвэр гаргаж хуулийн төсөл найм, анхны хэлэлцүүлгийн санал дүгнэлт зургаа, эцсийн хэлэлцүүлгийн саналыг хоёр удаа гаргасан. Өөрөөр хэлбэл, эрхлэх асуудлынхаа хүрээнд 15 хууль, хоёр УИХ-ын тогтоол хэлэлцэж баталлаа. Үүнээс Соёлын тухай хууль, Кино урлагийн тухай хуульд онцгой анхаарал хандуулж батлуулж чадлаа. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, УИХ-аас баталсан Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд ч тэр, МАН-ын 2020 оны УИХ-ын сонгуульд туссан мөрийн хөтөлбөрт ч тэр ард иргэдэд таалагдаж, хүлээлт үүсгэсэн зүйл нь Соёлын яамтай болох байсан. Өөрөөр хэлбэл, эрх баригч намын зүгээс “Монголын соёлыг дэмжинэ. Үүнийг төрийн зүгээс бодлогоор анхаарах цаг нь болсон” гэдгийг хэлж байсан. Ингээд Соёлын яам байгуулагдсан. Гэтэл эрх зүйн орчин нь бүрдээгүй байсан. Энэ хуульд сүүлийн 15 жил шинэчилсэн найруулга огт ороогүй, олон парламент, ажлын хэсэг, Засгийн газар дамжсан. Соёлын хууль бол соёл урлагийн салбарын Үндсэн хууль л даа. Маш олон жил яригдсан ч, яагаад ч юм бэ батлагддаггүй байсан. Энэ хуулийг батлуулахын тулд маш их хүчин чармайлт гаргасан. Соёл гэхээр хүний амьдралын хэв маягаас эхлүүлээд бүх юм ордог, маш өргөн цар хүрээтэй. Иймээс их өвөрмөц юм байна лээ. Соёл гэх энэ өргөн ойлголт, салбарын аль талаас нь эхлэх, аль талаас нь харах тодорхойгүй байсан. Судлаачид, мэргэжлийнхэнтэй ч их ажиллалаа. Энэ хуульд хэд хэдэн онцгой анхаарах зүйлийг зориуд тэмдэглэж хэлмээр байна. Нэгдүгээрт, Төрийн зүгээс соёлын үйл ажиллагааг хэрхэн зохицуулах, соёлын бодлогыг хэрхэн анхаарч ажиллах вэ гэдэг чиглэлд зохицуулалт хийсэн соёлын малгай хуулийг бид баталж гаргалаа. Энэ хууль батлагдсанаар хэд хэдэн бодит үр дүн гарна. Нэгдүгээрт, Монголын соёлыг хамгаалах, олон улсад түгээн дэлгэрүүлэх, ирээдүйн залуучуудад хүргэх, Монголын соёлыг баяжуулах чиглэлээрх төрийн зохицуулалт маш тодорхой болсон

Үүний хүрээнд Улаанбаатар хот ч гэдэг юмуу төв суурин газруудад байгаа хуучны барилгууд, урлагийн үнэт бүтээл, хөшөө дурсгал зэргийг соёлын өвийн жагсаалтад бүртгэдэг болж байгаа юм. Өөрөөр хэлбэл, Монголын соёлын үнэт зүйл хэмээн баталгаажуулж гэрчилгээ олгоно. Ингэснээр уг өвийг нураах, эвдэх, гар хүрэх боломжгүй болж хуулиар бүрэн хамгаалагдаж байна гэсэн үг. Жишээлбэл, Гандан, Чойжинламын сүм ч юм уу эсвэл аймгийн төвүүдэд байдаг сүм, соёлын бусад үнэт өвийн эргэн тойронд өндөр барилга бариад хаачихсан тохиолдол олон байдаг шүү дээ. Тэгвэл энэ хуулиар эргэн тойрны харагдах нөхцөлийг хангах үүднээс өндөр барилга барихгүй байх зохицуулалтыг тусгасан. Жишээ нь, АНУ-ын Вашингтон хотод Харандаа барилгаас өндөр барилга барихыг хориглодог. Яг үүнтэй ижил зохицуулалтыг хийсэн. Соёлын яам байгуулагдсантай холбоотойгоор соёлын газрууд аймаг орон нутаг, дүүрэгт байгуулагдах ёстой. Гэтэл өнөөдрийг хүртэл тэр бүтэц нь байхгүй, соёлын хэлтэс гэдгээр явж байна. Тэгвэл энэ хууль батлагдсанаар тусад нь соёлын газар олгож бий болгоно. Тэнд ажиллаж байгаа ажилчид орон нутгийн нэмэгдэл авна, хэдэн жил ажиллаад ямар нэмэлт урамшуулал авах, ямар хөрөнгө оруулалт хийх, аймаг, орон нутаг ямар эрх, үүрэг хүлээх, төв яам ямар эрх хүлээх вэ гэдэг тусгай зохицуулалтыг бүрэн хэмжээнд хийсэн.

-Кино урлагийн тухай хууль батлагдсан. Энэ хуулийг батлах нийгмийн шаардлага нь юу байсан юм бэ, хуулийн гол зохицуулалтын талаар яривал?

-Соёлоо хамгаалж, өмгөөлөхөөс гадна соёлоор бизнес хийх, эдийн засгийн эргэлтэд оруулж ашиг олох, шинэ соёлуудыг дэмжих, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн чиглэл рүү ямар өөрчлөлт оруулах, бодлогыг төр яаж хэрэгжүүлэх вэ гэдэг суурийг тавьсан. Үүнийг дагаад Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн хууль удахгүй хэлэлцэгдэх ёстой. Үүний эхлэл нь Кино урлагийг дэмжих тухай хууль болсон. Кино урлагийг дэмжих тухай хууль нь соёлын бүтээлч үйлдвэрлэлийн чиглэлийн анхдагч хууль. Энэ хууль бол кино урлагийн бизнесийн орчинг дэмжих, Монгол орныг сурталчлах, гадны хөрөнгө оруулалтыг татах, кино урлагийн салбарт ажлын байрыг бий болгох, эдийн засгийн тусдаа салбар үүсгэх эрх зүйн зохицуулалтыг хийсэн. Тухайлбал, Гадаадын хөрөнгө оруулагчид Монголд орж ирээд кино хийхэд Монголд гаргасан зардлын 30 хүртэлх хувийг буцааж өгөх нөхцөлийг бүрдүүлсэн. Ер нь дэлхийн улс орнууд ийм жишгээр өрсөлддөг л дөө. Жишээ нь, Унгар улс гэхэд кино урлагийн бизнесийн салбар руу асар хүчтэй орж ирж байна. Тэд Унгар улс болон Дэлхийн хаана ч хийсэн Унгар улсын тухай киноны нийт зардлын 30 хувийг өгч байна. Манайх зөвхөн Монголын нутагт гаргасан зардлын 30 хувийг буцааж өгнө гэсэн зохицуулалтаар явж байгаа юм. Жишээ нь, нэг кино 200 сая ам.доллар зарцуулаад 1 тэрбум долларын ашиг олж байсан тохиолдол байна. Холливудын гэдэг ч юм уу, эсвэл Каннын кино хийгдэхээр манайд ирлээ гэхэд бид орчныг нь бүрдүүлж өгөх ёстой. Өөрөөр хэлбэл, Монголд ирээд кино хийхэд хямд, таатай нөхцөлтэй хуулийн зохицуулалттай, эдийн засгийн хувьд ашигтай, гарсан кино нь Монгол орныг сурталчилж, энэ нь эргээд Монголдоо ашгаа өгдөг байх ёстой. Мөн кино хийх явцад бий болдог ажлын байрт монгол хүн ажиллаж, цалин авах болон бусад бүх ханган нийлүүлэлтийг хийнэ. Үүнээс гадна Монголын уран бүтээлчид тэр хүмүүстэй хамт ажиллаж чадваржиж, чанаржиж үлдэнэ. Энэ бол соёлын бүтээлч үйлдвэрлэлийн суурь нь.

-Дотоодын кино үйлдвэрлэгчдээ яаж дэмжих вэ?

-Дотоодын кино үйлдвэрлэгчдээ дэмжих сантай болж байгаа. Уг сангаар дамжуулж олон улсад өрсөлдөх чадвартай кинонуудыг төрөөс санхүүжүүлнэ, хөнгөлөлттэй зээлээр дэмжинэ. Тодорхой хувийг эргүүлж авна. Санд төвлөрсөн мөнгөөр дараагийн уран бүтээлээ дэмжинэ. Ингээд эргэх холбоотой бизнесийн суурийг нь тавьсан хууль болсон. Намрын чуулганаар Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн хууль болон бусад дагалдах хуулийг оруулж ирж хэлэлцүүлэх гээд Соёлын яамныхныг шахаад сууж байна. Соёлын өвөө хадгалж хамгаалах нь тусгаар улсын үүрэг мөн. Гэхдээ түүнийгээ хоол болгож идэх хэрэгтэй шүү дээ. Жишээ нь, Энэтхэгийн Тажмахал байна. Хятадын Цагаан хэрэм, Хориотой хот байна гэх мэтээр бүтээлч үйлдвэрлэлийг бий болгож, орлого олж байгаа газруудыг дурдаж болно. Манайд Хархорин, Гандан, Бурхант зэрэг байна. Үүнийгээ бид яаж бизнес болгож, яаж орлого олох юм бэ гэдэг зохицуулалтаа хийх ёстой. Дэлхийн улс орнуудын түүхэн дурсгалт газрыг үзэхээр ирсэн нэг жуулчин дунджаар 2-3 мянган ам.доллар тухайн улсдаа үлдээдэг гэсэн судалгаа байдаг. Тиймээс бид энэ том боломжийг ашиглаж аялал жуулчлалыг дэмжих ёстой. Аялал жуулчлалыг дэмжихэд кино урлаг их чухал байдаг. Тиймээс хамгийн түрүүнд кино урлагийн хуулийг барьж авч, батлууллаа.

-Хөдөө орон нутагт байдаг хиргисүүр, буган хөшөө, сүг зураг гэх мэт соёлын үнэт өвийг хамгаалах ямар зохицуулалт орсон бэ?

-Соёлын газар байгуулагдаж соёлын хэлтсийн ажилтнууд бий болно. Эдгээр ажилтнууд эртний өв соёлыг хамгаалах эрхтэй болж байгаа. Одоо бол очиж сануулах, эсвэл цагдаа, мэргэжлийн хяналт л дууддаг үүрэгтэй шүү дээ. Тиймээс энэ хуулийн үр дүнд соёлын өвийг хадгалж хамгаалах, шаардлагатай бол торгодог, цагдах, дүгнэлт гаргадаг эрх бүхий этгээд этгээд томилогдоно. Ийм эрх бүхий соёлын элч төлөөлөгчид ажиллаж байж бид өвөө хадгалж хамгаална. Монголын түүхтэй холбоотой Монголын газар нутаг дээр байсан соёл иргэншилтэй холбоотой асар их үнэт олдворыг хулгайлж, тонож дээрэмдэж байгаа. Үүнийг зогсоох цаг нь болсон.

-Боловсролын багц хууль намрын чуулганаар хэлэлцэгдэнэ. Энэ хууль батлагдсанаар боловсролын салбарт ямар ахиц дэвшил гарах вэ?

-Одоогийн байдлаар өргөн баригдсан долоон хууль байна. Энд хэд хэдэн онцлог бий. Ер нь боловсролын салбарт шинэчлэл тасралтгүй хийгдэж байх ёстой. Шинэчлэл гэхээр “Сайд солигдох бүртээ боловсролын хуулийг өөрчилж шинэчлэх гэлээ” хэмээн шүүмжилдэг. Гэхдээ үе үеийн сайд, Засгийн газар, УИХ шинэчлэл хийхээс өөр аргагүй юм билээ. Учир нь бид 70 жил явчихсан зөвлөлт маягийн системийг солих ажлыг сүүлийн 31 жил хийж байна. Тиймээс боловсролын салбарын юу нь болж, юу нь болохгүй байна, төгсөж гарч байгаа залуус олон улсад өрсөлдөх чадвартай болж чадаж байгаа эсэхэд тасралтгүй анхаарч, засвар хийхээс өөр арга байхгүй. Боловсролын багц хуульд энэ удаа өөрчлөлт оруулахдаа УИХ-ын түүхэнд байгаагүй хамгийн том ажлын хэсэг байгуулагдсан. Долоон салбар хуулийн ажлын хэсэг байгуулагдаж, 23 гишүүн энэ хуулиудын ажлын хэсэгт орж ажиллаж байна. Өмнө нь боловсролын хуульд өөрчлөлт оруулахдаа Дээд боловсролын хуулийн төсөл ч гэдэг юм уу, эсвэл Сургуулийн өмнөх боловсролын хуулийн төсөл гээд дандаа тус тусад нь оруулж ирдэг байсан. Энэ удаа бид цогцоор нь харж байгаад бүтэн системээр нь уялдаа холбоотойгоор өөрчилье. Ингэхдээ монгол хүн гэж ямар хүн байх ёстой юм бэ. Ирээдүй хойч үеийн хүүхдүүд Монголын боловсролын системээр боловсроод гарахдаа ямар чадвартай болох ёстой юм бэ. Яслиасаа цэцэрлэг, цэцэрлэгээсээ бага сургууль, бага сургуулиас ахлах сургууль, ахлах сургуулиасаа МСҮТ эсвэл их, дээд сургуулийн алийг нь сонирхож байгаа түүн рүү орох, бүтэн системээрээ явахад хүмүүс юу юуг туулах ёстой вэ. Үүний үр дүнд ирээдүйн монгол иргэн ямар хүн болж гарч ирэх ёстой юм бэ гэдгийг тодорхойлсон цогц хуулийг батлуулна. Өөрөөр хэлбэл, Монголын боловсролын системээр боловсруулагдсан иргэн олон улсад өрсөлдөж чаддаг байх ёстой. Нөгөө талаас ирээдүйн иргэнийг бэлдэж гаргаж ирэх багш сургуулийн ажилтан албан хаагчдын цалин урамшуулал, нийгмийн баталгааг яаж хангах юм бэ. Сайн ажиллаж байгаа нь яаж урамшууллаа авах юм бэ, муу ажиллаж байгаа нь яаж энэ салбараасаа гарч байх юм бэ. Үүнийг бэлддэг тогтолцоо нь ямар байх юм бэ. Хэн хариуцах юм бэ. Багш нарыг ажлын байранд нь хэн сургаж, чадваржуулах юм бэ. Багш гэдэг оролцогч талд яаж анхаарах вэ гэдэг эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгоно.

Гуравдугаарт, эцэг эхийн оролцоо буюу бусад оролцогч талын боловсролын салбар дахь оролцоо ямар байх юм бэ. Компаниуд, төр яаж оролцох юм бэ. Мөнгө санхүүгээр яаж дэмжих юм бэ. Төгсөгчид нь яаж оролцох юм бэ. Энэ бүхний эцэст олон улсын стандарт руу хэрхэн ойртох юм бэ. Энэ зохицуулалтыг энэ өөрчлөлтөөр хийх ёстой. Бүх оролцогч талуудын асуудлыг шийдэх хэмжээнд энэ өөрчлөлтийг хийнэ. Намрын чуулганы хамгийн том реформын шинжтэй хууль бол боловсролын салбарын хууль. Намрын чуулганы турш явах том сэдэв бол энэ. Энэ салбарт ажиллаж байсан хүмүүстэй нэгдсэн ажлын нэг хэсэг гаргая гэж явж байгаа. Энэ хүрээнд оролцогч талуудыг бүгдийг нь оролцуулсан улс даяар хамарсан хэлэлцүүлгийг өрнүүлнэ. Боловсролын яамнаас удахгүй зохион байгуулна. Байнгын хорооноос дэмжээд явна. Бүх оролцогч талын санал, санаалчилгыг авч байж энэ хууль цааш хэлэлцүүлэгдэнэ.

Дээд боловсролын салбарт гэхэд бусдаас хуулдаг, төгсөөд гарч байгаа хүмүүсийн ажлын байранд тэнцэж байгаа эсэх, дипломтой ажилгүйчүүдийн тоог яаж хязгаарлах, захиргааны аргаар дээд боловсролын сургуулийг хаах юм уу, эсвэл эдийн засгийн аргаар зохицуулах ёстой юу, аль мэргэжлийг дэмжих юм бэ, эцэст нь төгсөөд гарч ирэх мэргэжилтэнг хаана ажиллуулах юм бэ гэх мэтээр зах зээлийн баримжаатай мэргэжлийг эзэмшүүлдэг тогтолцоог Дээд боловсролын хуулиар хийх ёстой.

-Хүмүүнлэг боловсролын тухай хуульд ямар зохицуулалт хийгдэж байгаа вэ?

-Мэдлэг чадвартай хэрнээ сэтгэлгүй гэдэг яриа хүмүүсийн дунд нэлээн байдаг шүү дээ. Сэтгэл чухал, гэхдээ манай боловсролын тогтолцоо зөв хүнийг бэлтгэх ёстой гэсэн философийг гаргаж өгөх ёстой. Зөв хүнийг бэлдээд тэр нь тодорхой боловсролтой, олон улсад өрсөлдөх чадвар бүхий мэдлэг чадвартай, түүнийгээ амьдралдаа ашиглаж чаддаг байх хэрэгтэй шүү дээ. Өөрөөр хэлбэл, “Уг нь манай энэ гавал л даа. Даанч толгойгоо ашиглаж чадаагүй” гэсэн яриа олон сонсож байсан байх. Гэтэл монгол хүн Монголын боловсролын тогтолцоогоор ороод гарахдаа системээс их, бага хэмжээгээр мэдлэгээ олоод гарах ч хамгийн гол нь зөв монгол хүн болох ёстой. Өрөвдөж энэрдэг, эх орондоо хайртай, зөв бурууг ойлгодог, нийгмийн соёлтой, нийтийн төлөө бодож чаддаг байх хэрэгтэй шүү дээ. Хоёрдугаарт, ур чадвартай болох ёстой. Түүнээс бүхнийг мэдэх боломжгүй. Дэлхийн ертөнцийн мэдлэг хэдэн триллионоор үржиж байна. Супер компьютерийн дараагийн үе рүү орчихсон. Зөв буруу гэсэн хоёрхон хариуг компьютер гаргадаг байсан бол одоо хэдэн арван хувилбараар гаргаж сонголт хийлгэдэг түвшин рүү ирээдүй оччихсон байна. Дэлхий ертөнцийн хөгжил сансрын хурдаар явж эхэлж байна. Мянган долларын компьютерт хүн төрөлхтний бүтээсэн бүх мэдээлэл орж болж байна. Хиймэл оюун ухаан бий болж байна. Материал судлалын шинэ тооцоолол бий болоод эхэллээ. Заавал лобарторид хийхээс илүү шууд компьютерээр тооцоолол хийж болж байна. Техник, технологийн хурдтай хөгжлөөр ковидын вакциныг хагас жилд ч хийдэг болох боломжтой болох байх гэж ярьцгааж байна. Энэ бол мэдээллийн технологи, дэлхий ертөнцийн мэдээллийн хурд хаана явж буйг харуулж байгаа юм. Энэ эрин рүү шилжиж байхад Монголын боловсролын тогтолцоо хэнийг, хаана зориулж бэлдэх ёстой юм бэ гэдгээ тодорхойлох цаг болчихсон. Тэгэхээр нэгдүгээрт, сэтгэлтэй монгол хүн. Хоёрдугаарт, ур чадвартай монгол хүн байх ёстой. Тэр ур чадвараа ашиглаад аль ч салбарт хөрвөж чаддаг хүнийг бий болгох ёстой. Дэлхийн эдийн засгийн форумын судалгаагаар хүн гурван мэргэжил эзэмшиж байж одоогийн нийгэмд амьдралаа залгуулж чаддаг болно гэсэн байгаа юм. Өмнө нь хуульч мэргэжилтэй бол тэр чиглэлээрээ насаараа ажиллаад болдог байсан бол одоо хуульч дээрээ нэмээд хосолсон хоёр мэргэжил эзэмших нь. Тэгэхээр хүн өөрөө мэргэжил, мэдээллээ ашиглаж чадах чадвартай болох ёстой. Тиймээс энэ үүд хаалгыг нь нээж өгөх ёстой.

-Нийт сурагчдын 47 хувь хичээлийн хоцрогдолтой байна гэсэн судалгаа гарсан. Хичээл хоцрогдлыг яаж арилгах вэ?

-Дэлхий даяар бид өмнө нь тулгарч байгаагүй хэцүү цаг үетэй нүүр тулж байна шүү дээ. Сурагчдын хичээлийн агуулгын хоцрогдол түвшинээсээ хамаарч 40-60 хувийн хоцрогдолтой байна. Манай байнгын хорооноос өнгөрөгч хоёрдугаар сард хичээл хоцрогдлыг нөхөхөөр Засгийн газарт чиглэл өгсөн. Боловсролын яам төлөвлөгөө боловсруулж хоцрогдлыг нөхөх үндэсний хөтөлбөрийг Засгийн газраас боловсруулаад бэлэн болгочихсон байгаа. Удахгүй хэрэгжүүлнэ. Ингэхдээ сурагчдын амралтыг ашиглаж хоцрогдлыг нөхнө. Үүний тулд багш нарт ямар санхүүжилт өгөх, ямар программ оруулах юм бэ гэдэг төлөвлөлт янз бүрийн хувилбараар орж ирж байна. Хэдийгээр цар тахалд бид үнэтэй цаг хугацаагаа өгсөн ч бидэнд нэг том боломжийг харууллаа. Өөрөөр хэлбэл, боловсрол болон эрүүл мэндийн салбарын аль бүтэхгүй байгаа зүйлийг харуулж өглөө. Бид аливааг зовлон гэж харахаасаа илүүтэй давуу тал гэж харах ёстой юм байна. Болохгүй байгаа бүхнийг харуулчихсан бол үүнийгээ яаж засах ёстой талаар ажиллах ёстой шүү дээ. Тэгэхээр бид боловсролын салбарт цахим шилжилтийг хийх хэрэгтэй. Дэлхий нийт үүн рүү явж байна. Ямар ч тохиолдолд гэртээ аюулгүй сууж байгаад боловсрол авдаг систем рүү шилжчихлээ. Тиймээс энэ давуу талаа ашиглах хэрэгтэй. Онлайнаар үзчихсэн хичээлийг тооцох, дүйцүүлэх боломжийг Боловсролын багц хуулиар зохицуулна. Хоёрдугаарт, үзчихсэн мэдлэгийг нь хөндлөнгийн үнэлгээний системээр үнэлж хаана явааг бодитоор гаргаж, дутуу юм юу байна гэдгээ хараад явдаг болох ёстой. Энэ эрх зүйн зохицуулалтыг хуульд тусгана.

Боловсрол бол асар үнэтэй бүтээгдэхүүн. Хүн амьдралдаа зайлшгүй хөрөнгө оруулах ёстой зүйл. Хятад, АНУ-ын аав, ээжүүд хүүхдийнхээ боловсролд бүх хадгаламжаа зориулдаг. Байраа жижигсгэж, сургуулийнх нь ойролцоо жижигхэн байранд ирж амьдардаг. Ингэж дараагийн үедээ амьдралаа зориулдаг. Тиймээс боловсрол гэдэг бол сурагч, сурган хүмүүжүүлэгчийн асуудал биш. Эцэг эх заавал оролцох ёстой. Өнгөрсөн хугацаанд багш нарын ачаалал асар өндөр болчихсон. Хэрэгтэй хэрэггүй баахан анкет, асуумж бөглөсөөр байгаад ажлын цаг дуусдаг. Ингээд хүүхэдтэйгээ ажиллах цаг байдаггүй, норм нь хэтэрчихсэн. Одоо үүнийг болиулах ёстой. Ази, Номхон далайн бүс нутагт танхимын сургалтыг хаасан ядуу буурай тавхан орон байгаагийн нэг нь манайх. Би хувьдаа 100 хувь танхимаар хичээллэх ёстой гэж үзэж байгаа.

-Дарханы замын ажил хэр ахицтай явж байна. Төлөвлөсөн хугацаандаа ашиглалтад орж чадах нь уу?

-Дарханы зам бол манай улсын эдийн засгийн гол контор л доо. Намайг 2020 онд УИХ-ын гишүүнээр сонгогдох үед Дарханы замын төсөл эхлээд хоёр дахь жилийнхээ нүүрийг үзэж байсан. Сүүлийн нэг жилийн хугацаанд энэ асуудлыг тасралтгүй хөөцөлдөж байна. Хүний өөрийн хамаагүй, аль ч сайд, хэн ч байсан хамаагүй хөөцөлдөж, шаардлага тавьж байна. Өнгөрсөн хоёр жилтэй харьцуулахад ажил харьцангуй урагшилж байна. Гэхдээ санаанд хүрэхгүй байна. Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй нэг, гурав, тавдугаар багцын ажил дууссан. Замын тэмдэг, тэмдэглэгээ зэргийг хийсний дараа 133 км газар бүрэн хэмжээнд удахгүй нээгдэнэ. Үлдсэн 90 гаруй км замын ажлыг хийх ёстой байсан ч ажлаа хийлгүй зугтчихсан хятад компанийн маргаан арай гэж дуусч байна. АХБ-наас өмнөх гүйцэтгэгчийнхээ маргааныг эцэслэж байж дараагийн гүйцэтгэгчийг оруулж ирнэ гээд хүлээлгэчихсэн байсан. Шинэ гүйцэтгэгч нар удахгүй орж ирэх байх. Хоёр, дөрөвдүгээр багцын суурийн ажлыг энэ жил нэлээн шахна. Замын ажил хийхэд бараг хоёрхон сар үлдлээ шүү дээ. Хасах таван градус руу орчихоор замын ажил зогсчихдог. Үүнээс гадна энэ жил их бороо устай байна. Зам тээврийн яамны нөхдүүдтэй өдөр шөнөгүй хэрүүл хийж байна. Хоёр, дөрөвдүгээр багцын суурийн ажлыг энэ жил дуусгаад, ирэх жилийн өдийд гэхэд АХБ-ны суурийн ажил дуусчихаасай билээ гэж үнэхээр хүсч байна. Тэр замаар би ч мөн зорчдог болохоор иргэдэд тулгараад байгаа асуудлыг сайн мэдэж байгаа. Зам тээврийн төслийн нэгжийнхэнтэй ярьж байгаад иргэдийн хяналтыг давхар оруулъя гэж бодож байна. Иргэдийн зүгээс “Энэ машинууд нь хөдлөхгүй байна. Өглөө босохгүй юм. Орой эрт бууж байна” гэх зэрэг гомдол их ирдэг. Тиймээс иргэдийн хөндлөнгийн хяналтыг бий болгоё гэж бодож байгаа. Дарханы замын асуудлаас болоод Т.Халтар сайд бид хоёр хонь, чоно шиг л үзэж байна. Тэр хүн хөөрхий ажлаа хийгээд явж байгаа нь мэдээж. Гэхдээ дутуу юм байна шүү дээ. Мөнгө, компаниуд нь байна. Гэтэл ажил явахгүй байна. Энэ бол цэвэр зохион байгуулалтын асуудал. Үүнээс гадна ЕСБХБ-ны санхүүжилтээр хоёр дахь эгнээ нь хажууд нь тавигдаж байгаа. Эхний ажлын явц 30 хувьтай байна. Ирэх оны өдийд дуусгана гээд байгаа. Гэхдээ би итгэхгүй байна. Ямартаа ч 2023 оны төгсгөл гэхэд Дарханы замын бүтээн байгуулалт бүрэн дуусгачихаасай гээд шүдээ зуугаад зүтгэж байна. Хэл ам хийгээд яваад байхаар нэг талдаа бас хэцүү юм. Гэхдээ ард иргэдийн амьдрал, амь настай холбоотой асуудал учраас ард нь хурдан гарна. Ирэх жилийн өдийд эхний хоёр урсгал нь дуусчихаасай гэж бодож байна.

-Таны тарвага агнасан зураг сошиалд үе үе гарч ирэх юм. Тэр хэзээний зураг вэ. Буу нь зөвшөөрөлтэй байсан юм уу?

-Өөрийн албан ёсны цахим хуудсаараа үүнтэй холбоотой тайлбараа хийсэн ч гуйвуулаад өдөр, шөнөгүй сошиалаар сэвээд байхаар нь судалж үзсэн. Ганц компьютерийн ард нэг нөхөр суучихаад хоёр гурван мянган хүний нэрийн өмнөөс бичээд байдаг тролл юм байна лээ. Энэ бол ардаа эзэнтэй. Эзэн нь тодорхой. Ялж ялагдаж чаддаггүй нэг гоншгор хүн санхүүжүүлдэг юм байна лээ. Би сошиалаар явж байгаа гүтгэлэгт анхаарлаа хандуулдаггүй. Ард иргэд ч шалдар булдар худал мэдээлэлд анхаарал хандуулдаггүй байх гэж боддог. Шал дэмий юманд мөнгөө үрж байхаар Дарханчуудын сайн сайхан зүйлд хөрөнгө оруулалт хийгээсэй гэж заримдаа боддог. Худлыг мянга давтвал үнэн болчихно гэж бодоод байх шиг байна. Тэр зургийг байсхийгээд л гаргаад сэвэх юм. Нэгдүгээрт, энэ зургаар намайг алдаршуулж өгч байгаад баярлалаа гэмээр байна. Тэр зурагнаас болоод хэн хохирчихсоныг мэдэхгүй байна. Тарваганы хорио тавигдчихсан байх үеийн буюу 13 жилийн өмнөх зураг. Зөвшөөрөлтэй ангийн буугаар агнасан. 13 жилийн өмнөх шигээ залуу харагдаад байгаа юм байлгүй.

-Хаврын чуулгаар Соёлын тухайхууль хэлэлцэх үеэр та Б.Пүрэвдорж гишүүнтэйширүүхэн ам зөрсөн. Энэ үеэр хэлсэн үг тань нэлээд шүүмжлэл дагуулсан шүү дээ. УИХ-ын гишүүн ёс зүйн хувьд чуулганы танхимд хараалын үг хэлэх нь зохимжгүйюм биш үү?

-Мэдээж таагүй үг хэллэг хэрэглэх буруу. Өмнөд Солонгос, Япон, Испан, европын зарим улсын парламентын гишүүд чуулганыхаа танхимд гар зөрүүлж, нэг нэгэн рүүгээ юм авч шидэж байхыг та бүхэн нэг бус удаа харж байсан байх. Гэхдээ манайхан заавал ийм байх ёстойгэж хэлэхгүй. Тухайн үед Соёлын хуулийг унагаах гээд дайраад байхаар нь “Монголын соёлын эсрэг явсан хэнийг ч хүлээн зөвшөөрч чадахгүй” гээд л хэрэлдчихсэн хэрэг л дээ. Мэдээж Б.Пүрэвдорж гишүүнийгээ хүндэлдэг. Өмнөх парламентаас дахин сонгогдсон туршлагатайцөөн гишүүдийн нэг. Гэхдээ манай улсын үүх түүх, соёлын дархлааг хамгаалах, хөгжүүлэх хууль хэлэлцэх үеэр бид хоёр санал зөрөлдөөд түүнд нь тохирсон хариуг өгсөн. Ажил хийгээд явж байхад аль муудалцаж, сайдахыг тэр гэх вэ.

-Хаврын чуулгаар Соёлын тухай хууль хэлэлцэх үеэр та Б.Пүрэвдорж гишүүнтэй ширүүхэн ам зөрсөн. Энэ үер хэлсэн үг тань нэлээд шүүмжлэл дагуулсан шүү дээ. УИХ-ын гишүүн ёс зүйн хувьд чуулганы танхимд хараалын үг хэлэх нь зохимжгүй юм биш үү?

-Мэдээж таагүй үг хэллэг хэрэглэх буруу. Өмнөд Солонгос, Япон, Испан, европын зарим улсын парламентын гишүүд чуулганыхаа танхимд гар зөрүүлж, нэг нэгэн рүүгээ юм авч шидэж байхыг та бүхэн нэг бус удаа харж байсан байх. Гэхдээ манайхан заавал ийм байх ёстой гэж хэлэхгүй. Тухайн үед Соёлын хуулийг унагаах гээд дайраад байхаар нь “Монголын соёлын эсрэг явсан хэнийг ч хүлээн зөвшөөрч чадахгүй” гээд л хэрэлдчихсэн хэрэг л дээ. Мэдээж Б.Пүрэвдорж гишүүнийгээ хүндэлдэг. Өмнөх парламентаас дахин сонгогдсон туршлагатай цөөн гишүүдийн нэг. Гэхдээ Манай Улсын үүх түүх, соёлын дархлааг хамгаалах, хөгжүүлэх хууль хэлэлцэх үеэр бид хоёр санал зөрөлдөх үед түүнд нь тохирсон хариуг нь өгсөн. Ажил хийгээд явж байхад аль муудалцаж, сайдахыг тэр гэх вэ. Б.Пүрэвдорж гишүүн уг хүн нь гайгүй л хүн санагддаг харин дуртай юм аа хүртчихээрээ сонин зантай болчихдог юм байна даа гэж ойлгосон.

Р.ХИШИГЖАРГАЛ

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Д.Содном: Шуудхан хэлэхэд, УИХ-ын хууль тогтоох үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандмаар зүйл байдаг

Монгол Улсын 14 дэх Ерөнхий сайд Думаагийн Содномтой ярилцлаа.


-“Төрийн эрх барих дээд байгууллагууд нэг намын эрхэд орчихлоо. Улс төрийн тэнцвэр алдагдаж, нэг талд хэт их эрх мэдэл төвлөрч байна” гэж шүүмжлэх хүн цөөнгүй байна. Та үүнд ямар байр суурьтай байна вэ?

-Монгол Улсад үйлчилж байгаа хуулийн дагуу, сонгуулийн эрх бүхий иргэдийн ихэнх МАН-д илүү итгэж, төрийн эрх барих Улсын Их Хурлыг нэр дэвшүүлсэн гишүүдээс нь бүрдүүлж, Монгол Улсын Ерөнхийлөгчид МАН-аас нэр дэвшигчийг сонгоод байна. Хууль зөрчигдөөгүй, сонгууль шударга явагдсан болохоор нэг намд эрх мэдэл төвлөрлөө, улс төрийн тэнцвэр алдагдлаа гэж шүүмжлэх нь ач холбогдолгүй. Үүний оронд улс төрийн намуудын хариуцлагыг өндөржүүлэх чиглэлээр намын тухай хуульд өөрчлөлт оруулах, засгийн бүх эрхийг ард түмний мэдэлд өгч нам төвтэй биш, төр төвтэй засаглалтай болох, мөн Монгол Улсын төрийн тогтолцоо, сонгуулийн системийг боловсронгуй болгох асуудлыг боловсруулж хэрэгжүүлэхэд анхаарах хэрэгтэй.

Энэ асуудлаар би тодорхой санал дэвшүүлдэг. Миний дэвшүүлдэг саналын гол зүйл нь нэгдүгээрт, Монгол Улсын нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх хэтийн зорилго, дунд хугацаанд хөгжүүлэх тодорхой бодлого, төлөвлөгөө боловсруулсан, тэдгээрийг хэрэгжүүлэх чадвартай боловсон хүчний нөөцтэй, улс даяар үйл ажиллагаа явуулах чадамжтай улс төрийн намыг бие дааж буюу өөр намтай эвсэж төрийн эрх барихын төлөө ажиллахыг зөвшөөрдөг, УИХ, Засгийн газарт цөөн тооны суудал олж авах албан тушаал эрх мэдлийн өчүүхэн зорилготой улс төрийн нам нэртэй хэсэг бүлэг байхыг хориглосон хуультай байх. Хоёрдугаарт, парламентыг хоёр танхимтай, Дээд танхим буюу Ардын Их хуралтай болж, Хууль тогтоох гол үүрэгтэй Доод танхим буюу Улсын Бага хурал, Гүйцэтгэх засаглал буюу Засгийн Газар, Шүүх засаглалын үйл ажиллагааг ард түмний нэрийн өмнөөс хянаж байдаг болох.

Гуравдугаарт, сонгуулийн хуулийг өөрчилж сум дүүрэг бүрээс сонгогдсон Ардын Их хурлын гишүүдийг сонгогчдын төлөөлөл гэж үздэг болж, Монгол төрийн тэргүүн, Ерөнхий сайд, Ерөнхий шүүгч Ерөнхий прокурор зэргийг сонгох эрхийг эдлүүлэх.

Эдгээр санал бол манай улсын төрийн тогтолцоо, төрийн удирдлагын эрх мэдлийн хуваарийг боловсронгуй болгох, засаг төрийн эрх мэдлийг ард түмний хяналтад байлгахад шийдвэрлэх ач холбогдолтой юм.

-Засгийн газрын үйл ажиллагаанд та ямархуу дүгнэлттэй байна. Гаргасан шийдвэр нь туйлбаргүй, хэд хоноод солигдчихдог гээд иргэдийн төр засагтаа итгэх итгэл нь унтарч байх шиг?

-Засгийн газарт итгэх, үйл ажиллагааг нь дэмжих хэрэгтэй байна. Дэлхийг хамарсан халдварт өвчин иргэдийн амьдрал, улсын эдийн засагт ноцтой нөлөөлж байна. Засгийн газраас халдварыг хязгаарлах, сэргийлэх, дархлаажуулах болон иргэд аж ахуйн нэгжүүдэд дэмжлэг үзүүлэх арга хэмжээг авахын тулд бүх бололцоогоо дайчлан хэрэгжүүлж байна. Иргэдийн идэвх санаачилга, хариуцлага чухал байна. Засгийн газрыг тогтвортой ажиллуулахыг уриалмаар байна.

-Тэгвэл одоогийн парламентын үйл ажиллагаанд та ямархуу дүгнэлттэй байна. Нийгмийн зарим хэсэг нь УИХ-ын гишүүдийн олонх сонгогдсон намынхаа эсрэг дуугарч чадахгүй, иргэдийн төлөөлөл болж чадахгүй байна. Харин сөрөг хүчин нь үүргээ бүлх залгисан мэт л байна хэмээн шүүмжилдэг?

-Одоогийн Парламентын ганц танхим Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага гэж Үндсэн хуульд заасан байдаг. Хууль тогтоох эрх мэдэл гагцхүү УИХ-д байдаг. Би хувьдаа шуудхан хэлэхэд, УИХ-ын хууль тогтоох үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандмаар юм байдаг. Жишээлбэл, Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд өөрчлөлт оруулахдаа төрийн байгууллыг боловсронгуй болгох асуудлыг УИХ анхааралгүй орхисон.Тухайлбал, парламентыг хоёр танхимтай болгож, Төрийн эрх барих дээд байгууллага буюу Дээд танхимыг бий болгон Хууль тогтоох, Гүйцэтгэх, Шүүх засаглалын үйл ажиллагаанд ард түмний нэрийн өмнөөс хаяналт тавьдаг болгох чухал асуудлын ач холбогдлыг мэдэж байсан боловч авч хэлэлцэлгүй орхисон.

Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль гаргахдаа төлөвлөлтийн асуудлыг нь орхигдуулсан.Монгол Улсыг цэгцтэй бодлогоор хөгжүүлэхийн тулд Урт хугацааны хөгжлийн үзэл баримтлалтай, дунд хугацаанд буюу таван жил бүрт хэрэгжүүлэх тодорхой төсөл арга хэмжээний төлөвлөгөөтэй байх ёстой.Гэтэл УИХ урт хугацааны хөгжлийн үзэл баримтлалтай, тав ба арван жилийн хөгжлийн үндсэн чиглэлтэй, зөвхөн нэг жилийн хөгжлийн төлөвлөгөөтэй байх хууль гаргасан. Таван жилийн тодорхой төлөвлөгөө зохиож хэрэгжүүлэхээс зайлсхийгээд байдаг, хөгжлийн бодлого төлөвлөлтийн ажлыг хариуцсан төрийн захиргааны төв байгууллага буюу яам байгуулах асуудлыг шийдэхээс цааргалсаар байгаа юм.

Саяхан хөдөлмөрийн тухай хууль баталж гаргалаа. Уул уурхайн компаниудын ажилчдыг 14 хоног ажиллуулаад 14 хоног амраадаг байх болж байгаа бололтой. Энэ утгаар нь үзвэл уул уурхайн ажилчид жилийн хагаст нь ажилладаг болох юм байна. Хөдөлмөрийн хөлс урамшууллын асуудлыг ажил олгогчид шийдэж байх боломжийг хязгаарласан байна. Үйлчилж байгаа бусад хууль журамтай зөрчилдсөн, хэрэгжүүлэхэд бэрхшээлтэй, өртөг зардал нэмэгдүүлэхэд хүргэх заалтууд орсон бололтой. Баялаг бүтээгч, татвар төлөгч, улсын эдийн засгийн гол зүтгүүр болох уул урхайн салбарт хөрөнгө оруулагч нарын өртөг хямдруурах, ашигт ажиллагааг дээшлүүлэхэд сайнаар нөлөөлөхгүй байх даа.Төрийн өмчийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд энэ шинэ хуулийг судалж, ирэх оноос хэрэгжүүлэх явцад ямар дутагдалтай хууль гаргаад байгаа нь тодорхой болох байх.

Хэрэв парламентад дээд танхим бий болж, тогтоож байгаа хууль шаардлага хангаж байгаа эсэхээр хяналт тавьдаг болчихвол иймэрхүү алдаа дутагдал багасна.

-Та Монгол Улсын эдийн засгийн цаашдын нөхцөл байдлыг хэрхэн дүгнэж байна?

-Дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэлээс хэд дахин илүү гараад байгаа гадаад өрийг багасгах, иргэдийн гуч орчим хувийн ядуурлыг арилгах явдал ойрын жилүүдэд шийдэх ёстой эдийн засгийн эрхэм зорилт. Энэ зорилтыг зохистой ухаалаг бодлого төлөвлөгөөний үндсэн дээр богино хугацаанд хэрэгжүүлэх боломжтой бөгөөд тийм нөөц бий.Хамгийн гол нь мал аж ахуй болон уул уурхайн түүхий эдийг боловсруулах үйлдвэрүүдийг байгуулж, өрсөлдөх чадвартай бэлэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг эрс нэмэгдүүлж экспортод гаргах бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй. Ийм бодлогоор ажилласан нөхцөлд үр ашигтай үйлдвэрлэл нэмэгдэж, ажлын байр бий болж улмаар гадаад өрийг багасгах, иргэдийн орлогыг нэмэгдүүлж хавтгайрсан халамжийн бодлогоос татгалзан ядуурлыг арилгах нөхцөл бүрдэнэ. Үүнтэй холбогдуулж би яаралтай хэрэгжүүлэх дараахь саналыг дэвшүүлдэг. Нэгдүгээрт, ямааны ноолуур, сарлагийн хөөвөр, торомны ноосыг цэвэршүүлэн хялгаснаас ялгаад 100 хувь ноолууран утас хийх үйлдвэрүүдийг бий болгож, түүнийгээ сүлжмэл, нэхмэл бүтээгдэхүүн болгоод экспортод гаргадаг болох. Үүнээс барагцаалбал 2,5- 3 тэрбум ам.долларын орлого олно.

Хоёрдугаарт, жилд 20-24 сая арьс ширийг хамгийн шилдэг технологи ашиглан боловсруулж бэлэн бүтээгдэхүүн болгож экспортод гаргах. Үүнээс мөн хэдэн тэрбум долларын орлого олно.

Гуравдугаарт, манай улсад зэсийн нөөц байгаа бөгөөд цаашид нэмэгдүүлэх боломж бий. Зэс хайлуулах үйлдвэр, мөн зэсийг гүнзгий боловсруулах үйлдвэрийг Эрдэнэт хотод байгуулж, тус хотод амьдардаг олон зуун инженер техникийн ажилтнуудын мэдлэг туршлагыг ашиглах бодлого хэрэгжүүлэх нь зүйтэй.Машин техник, эрчим хүчинд ашиглагддаг зэс, зэс эд анги их хэмжээгээр нэмэгдэх юм билээ. Дөрөвдүгээрт, газрын ховор элементийн хайгуул олборлолт болон ховор металлын үйлдвэрлэлийг хөгжүүлэх хэрэгтэй.

Ер нь геологи хайгуулын ажлыг өргөтгөх шаардлагатай.

-Манай улсын өр ДНБ-ээсээ хоёр дахин давчихсан. Үүнийг шийдэх гарц гаргалгааг та юу гэж харж байна?

-Боловсруулах үйлдвэр хөгжүүлж, экспортыг нэмэгдүүлэх нь гарц гэж харж байгааг дээр хэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн энэ оны сонгуулийн үеэр Монгол Ардын Нам “Монгол Улсыг хүчирхэг эдийн засагтай, экспортлогч орон болгох“ зорилт дэвшүүлсэн. Энэ чухал зорилтыг хэрэгжүүлж эхлээсэй, үүний тулд тодорхой төсөл арга хэмжээнүүдийг төлөвлөөсэй, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн ажлыг хариуцсан яамыг яаралтай байгуулаасай гэж хүсч байдаг.

-Цар тахлаас шалтгаалж боловсролын асуудал ихээхэн хүнд болчихлоо. Сурагчдын бараг 50 орчим хувь нь хоцрогдолтой байна гэсэн судалгаа гарсан байсан. Есдүгээр сараас тахимаар хичээллэх эсэх нь эргэлзээтэй байна. Боловсролын асуудлыг яаж шийдэх вэ?

-Цар тахлаас шалтгаалсан асуудал бол түр зуурын хэрэг. Харин биотехнологи, мэдээллийн технологи, компьютерийн программчилал зэрэг мэргэжлээр боловсон хүчин бэлтгэхэд онц анхаарч залуу үеэ XXI зуунд ажиллаж амьдрахад бэлтгэх асуудлыг цаг алдахгүй шийдэж эхлэх шаардлагатай.

Р.ХИШИГЖАРГАЛ

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Д.Энхцэцэг: Төрөө төвхнүүлж, хэний ч нөлөөнд авталгүй саналаа өгөх нь Ази тивд улам бүр ховордож байгаа эрх чөлөө юм

“Нээлттэй нийгэм форум”-ын судлаач Д.Энхцэцэгээс цагаан сонголтын талаар тодрууллаа.


-Цагаан сонголт гэж юу юм бэ. Цагаан сонголт хийх нь зөв үү?

-Ардчилсан улсын иргэн болохын хувьд Монгол Улсын иргэн олон улсын хүний эрхийн пакт болоод түүнд нийцэн гарсан сонгуулийн хууль тогтоомжийн дагуу “бүх нийтийн тэгш эрхийн үндсэн дээр саналыг нууцаар хурааж, сонгогчид жинхэнэ хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлэх боломжийг баталгаажуулсан, жинхэнэ ёсоор тогтмол явагддаг сонгуульд сонгох буюу сонгогдох” эрхтэй. Сонгууль “жинхэнэ ёсоор” болно гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр улс төрийн утга учиртай өрсөлдөөн болохыг хэлээд байгаа юм.

Өөрөөр хэлбэл, нэг талаас нэр дэвших үйл явц нь тэгш шударга, хүртээмжтэй нөгөө талаас сонгогчийн хувьд сонгууль нь бидний хэлж заншсанаар сонголттой сонгууль байх шаардлагыг хэлээд байгаа юм.

Сонгогчийн байр сууринаас лавшруулбал, саналын хуудсан дээр нэр нь бичигдсэн нэр дэвшигчдийн хэн нь ч таалагдахгүй бол заавал хэн нэгнийг сонгох албагүй, саналын хуудсан дээр огт тэмдэглэгээ хийлгүй санал тоолох машинд уншуулахыг зарим хүмүүс цагаан сонголт гэж хэлдэг. Сонголтгүй сонгууль боллоо гээд сонгох эрхээ эдлэхгүй урвайх биш, сонгуульдаа оролцох бололцоог хуулиар нээж өгч сонгуулийг учир утгатай болгож байгаа нэг арга гэж ойлгож болно. Манайх шиг сонгуулийн дүн сонгогчдын 50 хувиас дээш ирцээр баталгаажиж хүчинтэй болдог, сонгуулийн легитим чанар нь үүгээр баталгааждаг улсад энэ зохицуулалт маш чухал ач холбогдолтой. Энэтхэг гэх мэт бусад улсуудад “хэнийг ч сонгохгүй” гэснийг дугуйлах хэлбэрээр ч гэсэн байдаг. Ийм сонголт ихсэх нь нэг талаар “намуудад нэр дэвшүүлэх үйл явцаа сайжруул, сонгуульд хариуцлагатай оролц” гэсэн нэг ёсны дохио сануулга болдог гэж үздэг.

-Сүүлийн үед цагаан сонголт хийх уриалга сошиалаар багагүй өрнөх боллоо. Энэ нь хэр зөв юм бэ?

-Цагаан сонголт хий гэж байгаа нь улс төрийн тодорхой үр дагавар бүхий нэг хэлбэрийн шийдвэр гаргуулахаар нөлөөлж уриалж байгаа явдал. Энд би хоёр зүйл л хэлмээр байна. Нэгдүгээрт, ардчилсан сонгуулийн нэг гол зарчим бол сонгогч саналаа чөлөөтэй, нууцаар гаргах зарчим байдаг.Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг иргэддээ Үндсэн хуулиар баталгаажуулаад олгосон орны иргэний хувьд сошиал медиа болон бусад сувгуудаас авч байгаа мэдээлэлд элдэв цензур тогтоох хэцүү. Мэдээллийн эрин зуунд сонгогч өөрөө хариуцлагатай байж, олон янзын сувгуудаас мэдээлэл авахдаа бодож тунгааж хэрсүү хандах нь зүйтэй. Эцсийн эцэст сонголт сонгогчийн гарт бий. Танд ямар ч сонголт хийхийг уриалж байсан, эцсийн дүндээ сонгуулийн өдөр очоод ямар ч сонголт хийсэн хэн ч тэр шийдвэрт нөлөөлөх боломжгүй. Саналын нууцлалыг хангах талаар манай сонгуулийн байгууллагууд сайн ажилладаг гэж боддог. Сонгуулийн өдөр саналын хуудсаа машинд уншуулахаас өмнө хийж нууцлах зориулалтын хавтас хүртэл байдаг шүү дээ. Хоёрдугаарт, цагаан сонголт хийхээр уриалаад байгаагийн цаана магадгүй 2017 оны сонгууль шиг хоёр дахь санал хураалт, цаашлаад дахин сонгууль явуулах зорилготой байж болох. Гэхдээ “тухайн сонгуульд нэг хүний нэрийг дахин дэвшүүлэхгүй” гэсэн заалт өмнөх сонгуулийн хуульд байсныг сая Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг шинэчлэн батлахдаа оруулж тусгаагүй орхисон байна лээ. Тэгэхээр дахин сонгууль явуулах бол цагаан сонголт уриалаад байгаа сонгогчдын хүссэн үр дүн гарах эсэх нь хуулийн хувьд тодорхойгүй.

-Сонгуульдаа идэвхтэй оролцож саналаа өгөх нь иргэдэд яагаад чухал болох талаар юу хэлэх вэ?

-Сонгууль бол төрийн хууль ёсны буюу легитим байдал, улс төрийн тогтвортой байдлыг хангахад маш чухал нөлөөтэй үйл явц гэдгийг манай сонгогчид ухамсарлаад сонгуульдаа идэвхтэй оролцох хэрэгтэй байна. Мэдээж ардчилсан орны иргэн болохын хувьд төрөө төвхнүүлж, хэний ч нөлөөнд баригдалгүй саналаа чөлөөтэй илэрхийлж сонгуульдаа оролцох нь Ази тивд бол улам бүр ховордож байгаа эрх чөлөө, зол завшаан юм. Сүүлийн үед Тайланд, Мьянмар зэрэг улсуудад залуучууд нь ардчиллаа аврахын төлөө зэвсэглэсэн армийн эсрэг амь насаа үл хайхран яаж тэмцэж байгааг харахаар ийм зүйл бодогддог болоод байгаа л даа. Тэгэхээр ялангуяа залуучууддаа ардчилсан чөлөөт сонгуулийн үнэт зүйлдээ хүндэтгэлтэй хандаж сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна.