Categories
мэдээ улс-төр

Б.Энхболд: Төрийн албаны тухай хуульд оруулж байгаа нэмэлт өөрчлөлтөөр мерит зарчмаа устгахаар байна

Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн талаар Сүхбаатар дүүргийн ИТХ-ын дарга Б.Энхболдтой ярилцлаа.


-УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Г.Тэмүүлэн нар Төрийн албаны тухай хоёр тусдаа төсөл өргөн барьсан. Төсөл УИХ-аар хэлэлцэгдэж байна. Та Сингапурын Төрийн бодлогын сургуулийг төгссөн, энэ чиглэлд мэргэшсэн хүний хувьд энэ хуулийн төслүүдийг хэрхэн харж байна?

-эхлээд Ё.баатарбилэг нарын гишүүдийн өргөн барьсан хуулийн төсөл болон мерит зарчмын талаар ярья. 2017 онд Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталж 2019 оноос хэрэгжиж эхэлсэн.

2018 онд бүрэн хэрэгжих бэлтгэлээ хангах жил болгосон. Уг хуульд хэд хэдэн гол суурь өөрчлөлтийг тусгаж өгсөн. Тухайлбал, аливаа нэг улс төрийн нам, улс төрөөс хараат бус Төрийн албаны төв зөвлөлийг байгуулахыг зорьсон. Тус зөвлөлийг хараат бус байлгах үүднээс УИХ-аас зөвлөлийн гишүүдийг нь томилдог болсон. Төрийн албан хаагчийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулах, үнэлж дүгнэх, сургах, зэрэг дэвийг нь тогтоох, хариуцлага тооцох гэх мэт өргөн хүрээний эрхийг Төрийн албаны зөвлөлд өгсөн. Мөн мерит буюу чадахуйн зарчмыг суулгасан. Иргэнийг төрийн албанд сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх, ажлын гүйцэтгэлийг үнэлэх, дэвшүүлэх, шагнаж урамшуулах асуудлыг шийдвэрлэхдээ хувь хүний мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага, ажлын үр дүнд тулгуурлахыг чадахуйн буюу мерит зарчим гэж хэлнэ гээд тус хуулийн 3.1.3 т зааж өгсөн.

Өөрөөр хэлбэл, карьер дээр суурилсан тогтолцоо, албан тушаал дээр суурилсан тогтолцоо хоёрын зөв хослол байна шүү гэсэн үг. Тэрнээс дүйцүүлнэ, салхи оруулна, өндөр мэргэжилтэн гээд ажилласан жил ямар ч хамаагүй шүү гэж болохгүй. Туршлага, мэргэшил, ажлын үр дүнд тулгуурлана гэдэг бол яахын аргагүй ажилласан жилийг хэлж байгаа юм. Тодорхой хэмжээнд хүн ажиллаж байж мэргэшиж, туршлага хуримтлуулна шүү дээ. Чадахуйн зарчмыг хуульчилсан энэ хууль цар тахлын хуулиас болоод хэрэгжих үр дүнгээ харуулах боломж, хугацаа байсангүй. Анх батлагдах үед нь би “Хэт өндөр ажилласан жил тавьж байна шүү. Хуулийн Тусгай шаардлагад заасан тийм албан тушаалд очиход ийм түвшний ажилласан тэдэн жил заавал хашсан байх гэдэг заалт буруу шүү” гэж байр сууриа хэлж л байсан. Ё.Баатарбилэг гишүүн нарын өргөн барьсан хуулийн төсөлд улс төрийн, үйлчилгээний, тусгай албан тушаал эрхэлж байсан хүнийг төрийн захиргаанд томилохдоо ажилласан жилийг дүйцүүлнэ, Дүйцүүлэх журмыг Засгийн газар батлана. Мөн төрийн албаны зөвлөлийн гишүүдийг Засгийн газар томилно гээд оруулаад ирж байгаа нь мерит зарчмыг алдагдуулах, төрийн албаны зөвлөлийн хараат бус байдлыг байхгүй болгох шинжтэй байна.

Өөрчлөх үндэслэлээ тайлбарлахдаа төрийн албанд салхи оруулмаар байна. Сайн мэргэжилтэн яагаад дарга хийж болдоггүй юм бэ гэж байсан. Сонсоход үнэмшилтэй байгаа боловч мерит зарчим гэж юуг хэлж байна гэдгээ ойлгох хэрэгтэй. Төрийн албанд улс төрийн, үйлчилгээний, захиргааны, тусгай гэсэн дөрвөн ангилал байдаг. Мерит зарчим бол голдуу захиргааны мэргэшсэн албыг хэлдэг ойлголт. Өөрөөр хэлбэл, төрийн захиргааны албан тушаалын шатлалын анхан шатнаас яаманд ороод дээшээ дэвшсээр Төрийн нарийн бичгийн дарга буюу төрийн захиргааны тэргүүн түшмэл ангилалд очих мэргэшсэн хэсгийг хэлээд байгаа юм. Мэргэшсэн хэсэг яагаад байх ёстой вэ гэхээр аливаа улсад улс төрийн сонгуулийн үр дүнд сайд, тодорхой удирдлагууд солигдоно. Гэтэл хэн ирж байгаагаас үл шалтгаалж өнгөрсөн ийм байсан, одоо ийм байгаа, ирээдүйд ийм болно гэдгийг сануулдаг, шийдвэр гаргахад нь тусалж зөвлөдөг мэргэжлийн аппарат ажиллаж байх ёстой. Ингэж төр гэдэг механизм ажиллана. Энэ утгаараа мерит зарчим зайлшгүй хэрэгтэй.

-Тэгвэл өөрчлөхдөө яаж өөрчилбөл зохилтой вэ. Хууль санаачлагчид ч, олон нийт ч тэр төрийн алба сул байна хэмээн шүүмжилж байна шүү дээ?

-“Шинэ салхи оруулна”, “Төрийн алба хэтэрхий хаалттай байна”, “Олон жил төрд ажилласан, дэвшиж дарга болох нь тодорхой хүмүүсийг хамгаалсан байна” гэдэг шүүмжлэлтэй би санал нэгдэж байгаа. Төрийн захиргааны анхан шатнаас төрийн нарийн бичгийн дарга болох карьер хийж байгаа хүн гадаадад сургууль төгссөн, үнэхээр салбартаа мундаг мэдлэгтэй байвал төрийн захиргааны албанд шалгалтаа өгч ороод орсны дараа дэвших хугацаа нь гүйцэтгэл дээр нь тулгуурлан хурдан, уян хатан байж болдог. Гүйцэтгэлийн системийг илүү сайжруулах хэрэгтэй. Төрд удсан л бол дэвшээд байна гэж байхгүй гэдгийг уг үнэлгээгээрээ шийдэж өгдөг Сингапур гэх мэт орнууд бий. Одоо байгаа хуульд Төрийн нарийн бичгийн дарга болоход 16 жил байна гэж заасан. Энэ хугацааг найм, 10 жил болгож багасгаж болно. Яамны газрын дарга болоход 12 жил шаардлагатай гэснийг зургаа болгож болно. Үүнээс гадна төрийн нарийн бичгийн дарга болохын тулд газрын даргын түвшний ажлыг заавал зургаан жил хийсэн байх ёстой. Газрын дарга болохын тулд заавал ахлах албан тушаал буюу хэлтсийн даргын албан тушаалыг дөрвөн жил хийх ёстой гэсэн түгжээ тавьчихсан байна. Энэ түгжээнүүдийг авч хаяхад зүгээр. Төрийн нарийн бичгийн дарга болохын тулд заавал 16 жил төрд тасралтгүй ажилласан, талд нь заавал газрын даргын хэмжээнд ажилласан байх боломжгүй байж болно шүү дээ. Амьдрал баялаг болохоор хүн л юм чинь өвдөнө хавдана, гадаад дотоодод сурна, хувийн хэвшилд ажиллаж байгаад орж ирнэ, улс төрийн шалтгаанаар ажлаасаа халагдана гээд янз бүрийн асуудал гарч болно. Ер нь нээлттэй өрсөлдөөнт ажлын байр гээд зарлаад сайн багш, эмч нь хэлтэс газрынхаа дарга болж болдог, агентлагууд дээрээ мөн илүү уян хатан хатуу ажилласан жил шаардахгүй цалингийн сүлжээг нь өөрөөр тогтоож ажиллуулдаг Солонгос, Сингапур зэрэг орны туршлагаас авах хэрэгтэй. Чадахуйн зарчим буюу мерит гэдэг бол захиргааны албан тушаалтнуудыг түлхүү хэлж байна гэдгийг л маш сайн ойлгох хэрэгтэй.

-Нээлттэй өрсөлдөөнт ажлын байр гэдгийг та илүү тодруулахгүй юу?

Нэр бүхий тодорхой албан тушаалтнуудаа нээлттэй сонгон шалгаруулж, энэ албан тушаалд заавал төрд тэдэн жил ажилласан гэсэн хатуу хугацаа заахгүйгээр хувийн хэвшил болон өөр салбараас шилжүүлэн ажиллуулдаг жишиг олон улсад бий. Тухайлбал, Солонгост гэхэд нээлттэй сонгон шалгаруулалт явуулж, төрийн албандаа “цус сэлбэх” зорилгоор албан тушаалуудыг заагаад зарладаг. Энэ туршлагыг манайд нэвтрүүлж болно. Гэхдээ төрийн захиргааны албан тушаал гэдэг ангилал руу оруулж болохгүй. Сайн эмч сайн эмнэлгийн дарга байж болно. Сайн багш, эрхлэгч боловсролын сайн дарга байж болно. Үүнийгээ нээлттэй зарлаж болно. Дээрээс нь төрийн өмчит үйлдвэрийн газрууд, агентлагууд байна. Агентлагуудад уян хатан байхыг үгүйсгэхгүй. Жишээлбэл, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газарт гэхэд тухайн газартаа олон жил ажилласан хүн л дарга болно гэвэл өрөөсгөл. Учир нь дэлхий ертөнц хурдтай хөгжиж байна. Цахим болон бодит хоёр ертөнц үүсчихлээ шүү дээ. Жишээ нь, Сингапурын зарчим бол агентлагуудаа компанийн хэлбэрээр ажиллуулдаг. Төрийн албаны цалин өгдөг шатлал нь өөр байдаг. Хувийн хэвшилд ажиллаж байсан ч хамаагүй аль болох илүү чадварлаг хүмүүсийг авдаг. Энэ бол манайд байж болох боломжтой санал шүү дээ.

-Манайд чадахуйн зарчим гэдгээ буруу ойлгоод байна уу. Чадахуйн зарчмын талаар та тодорхой ярихгүй юу?

-Албан тушаал дээр суурилсан(position based) болон карьер дээр тулгуурласан( ca­reer based) зарчим гэж байдаг. Энэ хоёр зарчмын балансыг хангаж байж мерит зарчим зөв болж гарч ирдэг. Гэтэл манайд нэг бол ажилласан жил хатуу тавьчихаад байна. 2019 оноос хэрэгжсэн одоо үйлчилж байгаа хууль нь ийм. Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлд төрийн албан тушаалд тавих тусгай шаардлагыг заасан байдаг. 23.2.1 болон 23.2.2 заалтад тэргүүн түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд хамрагдах бол төрийн албанд 16-аас доошгүй жил. Үүнээс эрхэлсэн түшмэлийн албан тушаалд буюу газрын даргын албан тушаалд наймаас доошгүй жил ажилласан байх бөгөөд мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж төгссөн байх гэж байгаа юм. Энэ хугацааг жаахан бууруулах хэрэгтэй. Манай улсын хувьд боловсон хүчин цөөтэй, уян хатан, цаг үетэйгээ хурдан дасан зохицох ёстой үндэстэн. Нийгмийн хөгжлийн түвшнөө бодоод үзвэл энд заасан хугацааг багасгаж болохоор байгаа юм.

-Төрийн албаны зөвлөлийг улс төрөөс хараат байхаар зохицуулалчихаж хэмээн олон нийт шүүмжилж харагдсан?

-Ялсан намын дарга Ерөнхий сайд болж байгаа шүү дээ. Гүйцэтгэх засаглал гэдэг бол улстөрчид байдаг улстөржих магадлал хамгийн өндөр салбар. Төрийн албаны зөвлөлийн гишүүдийг УИХ-аас томилдог жишээ зөндөө л дөө. Манайх Канад, Австралийн жишээг авч хийсэн. Гэтэл одоо “энэ болохгүй байна. Төрийн албаны зөвлөлийг Засгийн газрын харьяанд байлгая” гэж байна. Засгийн газар өөрөө төрийн албаны хүний нөөцийнхөө бодлогыг хэрэгжүүлнэ гээд Засгийн газрынхаа харьяанд төрийн албаныхаа газрыг ажиллуулдаг газрууд байдаг. Гэхдээ нөгөө талд мерит зарчмыг сануулж, сахиулж байдаг тэр байгууллагаа Засгийн газраас заавал тусад нь авч үлддэг. Засгийн газрынхаа дор авч болно. Ямар тохиолдолд авдаг вэ гээд улс орнуудын жишээг харахаар эдийн засгийн хөгжлийн түвшин, авилгал, улс төрөөс хэт хамааралтай савлаж байна уу, бодлого нь тогтвортой байна уу, популизм, клиентелизмын түвшин зэргийг хардаг. Өөрөөр хэлбэл институц ажиллах орчин байна уу гэдэг нь том шалгуур болдог.

Жишээлбэл, одоогийн манай төрийн албаны зөвлөл шиг ”Public Service Com­mission” гэдэг Сингапурын байгууллага нь 1959 онд нь төрийн албан хаагчдын сонгон шалгаруулалтын ажлыг бүрэн хариуцдаг байж. Ийм зарчмаар 36 жил яваад 1995 оноос хойш ”Public service Division” буюу төрийн албаны газар байгуулж, ихэнх эрхээ өгсөн. Тэр нь Засгийн газрын дор ажиллаж эхэлсэн. Сингапурын төрийн албаны зөвлөл нь үндсэн гол эрхүүдээ шилжүүлсэн ч мерит зарчмыг сахиулах, хянах, тэтгэлэг өгөх эрх үүргээ одоо хүртэл гүйцэтгэж байдаг.

-Тэтгэлэг олгодог талаар дэлгэрүүлбэл?

-Манайхаар бол ЭЕШ-д хамгийн өндөр оноо авсан сурагчдын эхний 10-15 хувиас нь сонгож гадаад, дотоодод сургах тэтгэлэг санал болгодог. Манайд энэ тэтгэлгийг голдуу Боловсрол, шинжлэх ухааны яам хариуцаж өгч байна. Сингапурт бол Төрийн албаны зөвлөлийн эрхлэх асуудалд ордог. Сингапурыг хөгжилд хүргэсэн нууц нь хамгийн шилдэг хүмүүсээ төрдөө ажиллуулсан явдал гэж Ли Куан Югийн хэлсэн. Энэ бол нэлээн эртнээс боловсон хүчнээ шигшиж авдаг системтэй нь холбоотой.

Муу болон дунджууд нь төрд байхаар хамгийн сайнууд нь хувийн хэвшил рүү явчихдаг. Ингээд шилдэг бус нь төрийн аппаратыг бий болгодог. Энэ нь төрийг хүчгүйдүүлдэг гэж түүний хэлсэн нь үнэн юм. Тиймээс нэг номерын мундаг чадвартай хүмүүсээ төрдөө авна гээд тэтгэлгийн бодлогоо Төрийн албаны зөвлөлд өгсөн. Манайх ч гэсэн тэтгэлгийн бодлогоо Төрийн албаны зөвлөлд өгч болно.

-Гэхдээ Төрийн албаны зөвлөлийн ажил хүчрэгдэхгүй байгаа юм биш үү?

-Одоогийн манай төрийн албаны зөвлөлийн ажил нь дийлдэхгүй байгаа бол төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга нарынхаа асуудлыг авч үлдээд бусад асуудлаа салбар зөвлөлүүд рүүгээ өгчих хэрэгтэй. Төрийн албаны зөвлөлийг нэгэнт хараат бус болгоно гэж хуульдаа тусгасан юм бол хэрхэн үр дүнтэй ажиллуулах вэ гэдгийг нь ярина уу гэхээс биш Засгийн газартаа бүрэн авна гэвэл цаг нь одоо биш. Засгийн газартаа бүрэн авна гэдэг нь Ерөнхий сайд Төрийн албаны зөвлөлийн таван хүнээ шууд тавина. Улс төрийн албан тушаал эрхэлж байсан хүмүүсийг “Дүйцүүлнэ” гэдэг заалтаар төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн даргаар шууд томилно гэсэн үг.

-Бусад улс орнууд Төрийн албаны зөвлөлөө ямар үед Засгийн газрын харьяанд өгдөг вэ?

-Сингапурын жишээг харахад Засгийн газар руугаа төрийн албаны хүний нөөцийн бодлогоо бүрэн шилжүүлтлээ 36 жил шаардсан байгаа юм. Ямар болж байж төрийн албаны хүний нөөцийн бодлогоо Засгийн газарт бүрэн өгсөн бэ гэхээр “Одоо манай Засгийн газарт ёс зүйтэй, шилдэг албан хаагчид ажиллаж байна. Тиймээс одоо Засгийн газрын дор хүний нөөцийн бодлогоо авчихвал ямар нэгэн танил тал, нутаг ус, жалга довны үзэл, сургуулийн дээд, доод төгсөлт, манай байрны хүүхэд гэхгүйгээр сонгож болохоор болчихлоо гэж бодсон үедээ Төрийн албаны хүний нөөцийн газар ’’public service Division’’ гэдгийг байгуулсан. Ингэхдээ ихэнх томилгоог өгчихсөн ч хянах бүтэц нь тусдаа байгаа. Сануулж засах хүнгүй бол сайн засаг ч ялзардаг гэдэг зарчмаар “Рublic service Commission”-оо аваад үлдчихсэн. Төрийн албаны зөвлөл буюу Public Service Commission нь ямар хүмүүсээс бүрддэг вэ гэхээр төрд огт ажиллаж байгаагүй, цаашдаа ч төрд ажиллахгүй, нийгмийн сор болсон хүмүүсээ сонгодог. Өөрөөр хэлбэл, биеэ засаад гэрээ засчихсан хүнийг гэсэн үг. Жишээлбэл, бизнесийн салбарын топ хүн, нийгмийн салбарын соён гэгээрүүлэгч хүмүүсээр. Манайхаар бол Дефакто Жаргалсайхан, Дангаасүрэнгийн Энхбат, ЭмСиЭС-ийн Ж.Оджаргал шиг хүмүүс төрийн албаны зөвлөлд байдаг байх нь. Энэ хүмүүст улс төр сонин биш. Цаашид төрд ажиллахгүй. Энэ хүмүүсийн үүрэг нь Элсэлтийн ерөнхий шалгалт өгсөн ерөнхий боловсролын сурагчдаас топ 10-15 хувьд нь тэтгэлэг олгох асуудлыг шийднэ. Яам шийдэхгүй, танилцуулж оруулж ирнэ. Энэ хүмүүс “Яагаад төрд ажиллая гэж бодож байгаа, сургуулиа төгсөж ирээд ямар чиглэлээр ажиллах юм бэ” гээд анхнаас нь тухайн хүний датаг үүсгэнэ. Яваандаа Сингапурын Төрийн албаны зөвлөл шиг болох байх гэсэн итгэл байна.

Сингапурын Засгийн газрын гишүүд гэдэг бол салбар салбарынхаа хамгийн топууд нь байдаг л даа. Энэ хүн бол энэ салбарт л ажиллах мундаг хүндээ гэх итгэл иргэдэд байх ёстой. Энэ итгэлээр явна шүү дээ. Манай эрүүл мэндийн салбар сайн учир нь сайдаар нь тэр хүн ажиллаж байгаа гэдэг. Мэдээж хүлээн зөвшөөрөгдсөн, тэр топ хүнийг гаргаж ирэх гэж тухайн улс маш их хугацаа зарцуулсан байна шүү дээ. Тодорхой хугацаа зарцуулж, төр нь тогтвортой болсны дараа Засгийн газартаа томилдог эрхийг өгч болно. Гэхдээ Сингапур шиг Төрийн албаны зөвлөлөө цаана нь авч үлдээд саяны нэр бүхий хүмүүсээс бүрдүүлж, тэд нь хяналтаа тавиад явдаг байх хэрэгтэй. Аливаа зовлон эрх мэдэл очих хүртлээ ардчилсан байгаад очсон хойноо янз бүрийн шахаа, намын өөрийн найз нөхөд, жалга довны үзэл зэрэг нөлөөлөлд орчих эрсдэл байдаг учир хянадаг механизм заавал байх ёстой.

-Төрийн албан хаагчаас авах шалгалтыг хэрхэн зохицуулбал зохилтой вэ. Улирал бүр авах тухай асуудал хөндөгдөж байна. Үүнд та ямар байр суурьтай байна байна?

Шалгалтыг өдөр бүр авсан ч болно. Шалгалт дотроо хоёр түвшний шалгалт бий. Төрийн албанд орох ерөнхий шаардлагаа хангаж байгаа хүнээс ерөнхий шалгалтыг сар, улирал бүр авсан ч болно. Хоёрдугаарх нь, удирдах албанд очих гэж байгаа хүнээс тусгай шалгалт авдаг. тусгай шалгалтыг хэзээ бол хэзээ ч авч байгаа. Төрийн албанд орох ерөнхий шалгалтын хугацааг хэд ч болгож болно. Энэ бол гол асуудал биш. Хууль санаачлагчид үүнийг гол асуудал мэтээр яриад байна л даа. “Төрийн албаны тухай хууль хэрэгжээд тодорхой хугацаа өнгөрлөө. Эд нар ерөөсөө юу ч хийхгүй байна” гээд байгаа юм. 2019 оноос хэрэгжиж эхэлснээс хойш хоёрхон жил болж байна. энэ хугацаанд цар тахал гарчихлаа. Энэ хүмүүст ажиллах боломж байсангүй шүү дээ.

-Дэлхийн улс орнуудын жишигт төрийн албан хаагчийг үнэлдэг үнэлгээ ямар байдаг вэ?

-Сингапур бол ажлын гүйцэтгэлээс гадна чадамжийг нь үнэлдэг. CEP (current­ly estimated potential) гэдэг арга байдаг юм байна. Тэр аргаар энэ хүн Төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга болж чадах эсэхийг үнэлдэг. Ажлын гүйцэтгэлийг нь нээлттэй үнэлэхээс гадна чадамжийг нь үнэлж байдаг. Чадамж үнэлдэг хэсэг нь ажилтанд мэдэгдэхгүй нууц байдаг. Удирдлагууд нь тусдаа дата үүсгээд үнэлж байдаг гэсэн үг. Үнэлэхдээ асуудлыг том дүр зургаар харах чадвартай юу (Heli­copter view), анализ хийх чадвар (power of analyse), төсөөлөх чадвар (Imagina­tion), прагматик хөрсөн дээрээ буусан шийдвэр (Sense of reality) гаргах чадварыг нь үнэлдэг юм байна. Харин ажлын гүйцэтгэл буюу цаг сайн барьдаг, даалгаврыг сайн биелүүлдэг зэрэг чадварыг ил үнэлдэг. Энэ хоёр үнэлгээг нийлүүлж байгаад топ албан тушаалын хүнээ сонгож авдаг. 35 нас хүртэл чадамжийг нь үнэлж байгаад цаашид топ түвшний ажилд тэнцэх эсэхийг нь хэлдэг. Топ 300 гэдэг ойлголт Сингапурт байдаг. Тэр нь бүх төрийн нарийн бичгийн дарга, түүний орлогч дарга нар, агентлагуудын дарга нар, парламентын нарийн бичгийн дарга нар гэх мэт албан тушаалтнуудаа нийтэд нь нэрлэдэг ойлголт. Үндсэндээ энэ топ 300 хүн төрийн уураг тархи нь болдог гэсэн үг.

Сингапурын үнэлгээний энэ систем нь уян хатан байдлыг мөн хадгалсан байдаг. СЕР-ээр үнэлж байгаад нэг жилийн дараа ч ахлах болгож болно. Хамгийн гол нь үнэлгээ хийдэг аргаа сайжруулах ёстой байх нь. Ли Куан Ю төрийн албаныхаа хүмүүст “Төрийн албанд орсон л бол дэвшээд байна гэдэг ойлголтоо толгойноосоо авч хая” гэж 1959 онд хэлсэн байдаг шүү дээ. Энэ үнэлгээнийхээ дагуу явж байгаад халахыг нь хална. Бууруулахыг нь ч буруулна. Дэвшүүлэхийг нь ч дэвшүүлчихнэ. Манайд үнэлгээ хийж байна гэхээр бүгдийг нь сайн гээд үнэлчихдэг. Бүгд дэвших юм шиг ойлголттой байж болохгүй. Байгууллага дээрээ үнэлгээний системийг сайн явуулах ёстой. Бүгдийг нь сайн гэж үнэлдгээс болж төрийн мөнгө хагас жил болон жилийн шагналт цалин болоод гарчихаад байгаа юм. Дотооддоо манайхан үүнийг хийж чадахгүй байгаа юм. Үүнийг Төрийн албаны зөвлөл хийх ёстой юу хэн хийх ёстой юм бэ. топ албан тушаалтнуудаа томилно гэж байснаас эсвэл гүйцэтгэлийн үнэлгээгээ Засгийн газар авах хэрэгтэй.

-УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг нарын гишүүдийн барьсан хуулийн төсөлд өөр анхаарах ямар заалтууд байна?

Засгийн газрын ХЭГ-аас хуулийн төсөлд өгсөн санал нь их сайн санал байна лээ. Өөрөөр хэлбэл, дараах үндэслэлүүдийг анхаар, дараах үндэслэл нь шаардлага хангахгүй байна гээд маш тодорхой биччихсэн байгаа юм.

Их зөв зүйлүүд хэлсэн байна лээ. Дурдаж хэлье л дээ. Монгол Улсын Засгийн газрын хуралдааны тэмдэглэлээс: Нэг. Хууль санаачлагч хууль тогтоомжийн тухай хуулийн 12 зүйлийн 12.3.1 дэх заалтад заасны дагуу тухайн асуудлыг гагцхүү хуулиар зохицуулахаар Монгол Улсын Үндсэн хуульд заасан тул хууль тогтоомжийн хэрэгцээ шаардлагыг урьдчилан тандан судлах шаардлага үүсээгүй гэж үзэж тандан судалгаа үнэлгээ хийхгүйгээр хуулийн төслийн үзэл баримтлалыг боловсруулан баталсан байна” гэж байгаа юм.

Хууль тогтоомжийн хуулийн дагуу үүсэн гарах сөрөг үр дагавар, тандалт судалгаа зэрэг баахан юм хийж байж хууль батлагддаг болчихсон. Гэтэл Үндсэн хуульд жишээлбэл, төрийн албаны тухай хуулийг, төрийн албыг тусдаа хуулиар зохицуулна ч гэдэг юмуу ингээд нэр нь заагдчихсан хуулиудыг УИХ-аар хэлэлцүүлэхдээ тандан судлах шаардлагагүй байдаг юм байна. ийм хуулийн цоорхой байдгийг саяхан мэдлээ. Ингэж болохгүй шүү дээ. Хууль тогтоомжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3.1 дэх заалтыг хууль тогтоогчид өөрчлөх ёстой юм байна лээ.

Засгийн газрын ХЭГ-ын санал дүгнэлтээс болсон уу тандан судалгаа шиг юм хийсэн байгаа юм. Хуулийн үзэл баримтлал болон танилцуулгадаа байсан зүйлийг хуулж тавиад олон хуудас болгох гэж оролдсон байсан. Үүсэн гарах сөрөг үр дагаврыг хамгийн гол нь судлаагүй байна. Энэ хуулийн өөрчлөлтийг хийж, дүйцүүлээд улс төрийнхнөөс баахан хүн аваачиж тавиад мерит зарчмаа алдагдуулснаар ямар асуудал үүсэх талаар судлаагүй гэсэн үг.

-Гадаадын шилдэг их сургууль төгссөн төгсөгчдөд төрийн захиргаанд тавигдах хугацаа үйлчлэхгүй гэсэн заалт орж байгаа. Үүнд та ямар байр суурьтай байна вэ?

-Засгийн газрын ХЭГ-аас өгсөн санал дүгнэлт дээр энэ талаар тодорхой биччихсэн байна лээ. Дэлхийн шилдэг сургууль төгссөн иргэнийг төрийн албанд авч ажиллуулахыг зарчмын хувьд дэмжиж байгаа боловч дээрх зохицуулалт нь Монгол Улсын иргэн төрийн алба хаах, төрийн албанд анх ороход тавигдах болзол, шаардлагад тэгш бус ялгавартай нөхцөл тогтоохын зэрэгцээ Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн хоёр дахь хэсэгт хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. 16 дугаар зүйлийн дөрөв дэх заалтад Монгол Улсын иргэн ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхтэй. Төрийн албаны тухай хуулийн 7.1.4-т Монгол Улсын иргэн төрийн алба хаах адил тэгш боломжоор хангагдана. Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 23 дугаар зүйлийн 1-т Хүн бүр хөдөлмөрлөх, ажлаа чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн шударга, аятай нөхцөлөөр хангуулах, ажилгүйдлээс хамгаалуулах эрхтэй, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын фактын 25-т иргэн бүр тэгш эрхийн ерөнхий нөхцөлтэйгөөр улсдаа төрийн алба хаших боломжийг эдэлнэ гэсэн заасантай нийцэхгүй байна гэсэн байна.

“Мөн төрийн албаны төв байгууллагыг буюу Төрийн албаны зөвлөлийг Засгийн газрын дэргэд шилжүүлснээр хууль тогтоох болон УИХ-аас байгуулагддаг байгууллага шүүх эрх мэдлийн байгууллагын албан хаагчдын хүний нөөцийн асуудалд Засгийн газар оролцох нь зохимжтой эсэхийг нягтлах” гэж байгаа юм. Засгийн газрын хуралдааны тэмдэглэл дээр ийм зүйлүүдийг оруулсан байна. Ажлаа мэддэг мэргэжилтнүүд голыг нь олоод хэлчихсэн байна л даа.

Энэ мэтээр олон зүйл дурдсан байна лээ. Тухайлбал, “Монгол Улсын Төрийн албаны зөвлөлтэй төстэй бие даасан хараат бус байгууллага бол Канад, Шинэ Зеланд, Австрали, Сингапур зэрэгт байна. Эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын 36 орноос Дайн, Финланд, Исланд, Ирланд, Норвеги, Австри, Бельги, Франц, Солонгос зэрэг 28 оронд төрийн албаны зөвлөлийн эрхээ Засгийн газартаа өгчихсөн байна гэж байгаа юм. Эдгээр улсууд чинь цаанаа өөрсдийн түүхтэй. Хөгжлийн тодорхой түвшин нь болоод ирэхээр эсвэл Засгийн газар нь чадамжтай, тогтвортой болоод ирэхээр Засгийн газартаа авч байгаа юм. Сая нэр дурдсан улсууд манайхтай харьцуулахааргүй бүгд өндөр хөгжилтэй орнууд байна л даа. Эдгээр улсуудын цаад талын жишээг харахаар бас л сонин. Жишээ нь, Сингапур. Засгийн газартаа зөвлөлийн эрхээ өгсөн хэрнээ түүнийгээ хянадаг бүтэц заавал байдаг тухай дээр хэлсэн. Гэтэл УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг нарын оруулж ирсэн хуулийн төсөлд тийм юм байхгүй байна. Ерөөсөө л Засгийн газартаа бүрэн өгч, Төрийн албаны зөвлөлийг Засгийн газрын нэг агентлаг болгож байна л гэсэн үг.

-Төрийн албаны зөвлөлийн бүтэц нь манайхтай төстэй хэр их улс байдаг вэ. Ийм бүтэц болохгүй байгаа мэтээр л ярьж байна шүү дээ. ТАЗ-ийн гишүүд ч өөрсдөө эсэргүүцэхгүй байх шиг байна?

-Австрали, Шинэ Зеланд гэдэг улсууд манайх шиг Төрийн албаны зөвлөлтэй. Гэхдээ төрийн албаны зөвлөлүүдийн бүх асуудлыг өөр дээрээ овоолоод байхгүйгээр яамд руугаа өгчихдөг юм байна. Энэ бол сайн жишиг. Манайхан ч гэсэн энэ жишгийг дагах хэрэгтэй. 2017 онд батлагдсан хуулийг хэрэгжүүлэх боломжийг эд нар олгосонгүй. Өөрсдөө ковидын түр хууль баталж, түүгээрээ одоо байгаа хүмүүсийг тавьсан. 1036 хүн сонгон шалгаруулалтгүй шууд томилсон гэж яриад байна. Төрийн албаны зөвлөл одоо жаахан идэвхжиж байх шиг байна. Улстөрчдөөс айгаад ерөөсөө дуугарахгүй байна. Мерит зарчмаа алдахаасаа өмнө дуугараач ээ. Та нарыг “нугасаллаа ш дээ” гэж хэлмээр байгаа юм.

-Мерит зарчим яагаад чухал талаар та дэлгэрүүлэхгүй юу?

-1829 онд Эндрью Жейксон АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдоод “Ялсан нам нь бүх албан тушаалд өөрсдийнхөө хүнийг тавина. Мерит гэдэг нэрийн дор нөгөө намын нөхөр нуугдаад байна. Арай гэж сонгуульд ялж байхад энэ нөхөр баахан хууль, тогтоомж яриад хэрэгжүүлэхгүй байна. Бүгдийг нь хал” гээд өнөөгийн манай систем шиг шийдвэр гаргасан байгаа юм. Ингээд ялсан нь бүгдийг нь авна гэдэг систем хэрэгжиж эхэлсэн байдаг. Энэ нь сүүлдээ дампуурч ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Жэймс Гарфилд Ерөнхийлөгчийг 1881 албан тушаалд томилсонгүй, амлалтандаа хүрсэнгүй гэж Чарльз Гитауад буудуулж нас барах хүртэл үргэлжилсэн байдаг. Үүнээс том цочроо авсан америкчууд мерит зарчмыг Пендлетоны хуулийг баталсан байдаг. Вудро Вильсон 1887 онд “Засаг захиргааг судалхуй” гэж ном гаргаж Макс Веберийн бюрократ онолыг улам хөгжүүлэн өнөөгийн мерит зарчмын суурийг тавьсан гэж үздэг. Ингэхдээ америкчууд өөрийн гэсэн онцлогтой хөгжүүлсэн.

АНУ-ын алдарт Ерөнхийлөгч Франклин Делано Рузвельт сайд, төрийн нарийн болон газрын дарга нар гээд нэр бүхий 3-4 мянган хүнийг шууд томилоод ялагдвал шууд огцордог соёл тогтоосон. Өөрөөр хэлбэл, ялсан Ерөнхийлөгч мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх багаа авч ирнэ гэсэн үг. Авч ирсэн дарга нь доод албан тушаалтнуудаа солих эрхгүй байхаар зохицуулсан байдаг.Америкийн систем бол ийм сонин байдлаар тогтож чадсан. Сингапур болон бусад орнууд болохоор сайдуудаас бусад нь солигдохгүй гэсэн зарчимтай. Солонгос, Японы төрийн алба яадаг бэ гэхээр А, В шалгалт авдаг. Ирээдүйд удирдах албан тушаалтан болох хүмүүс А шалгалтыг өгч, карьераа бэлддэг юм байна. Ингээд дээшээ дэвшдэг. Харин В нь шалгалт нь гүйцэтгэх түвшний албан тушаалд очоод зогсдог. Энэ мэт янз бүрийн зарчим байна. Гэхдээ хамгийн гол нь бүгд Төрийн албаны байгууллагыг Засгийн газрын хөгжлийн түвшинд хүрсэн үедээ Засгийн газартаа авч байна. эсвэл үүнийгээ улс төрөөс хараат байлгах бодлогыг тууштай барьж байна.

-Дэлхийн бусад улс орнууд төрийн албаны төв байгууллагаа хаана аа хариуцаж, хүний нөөцөө яаж зохицуулдаг юм бол?

-Төрийн албаны хүний нөөцийг хариуцсан яамтай улсууд байдаг. Жишээлбэл, Бельги, Франц, БНСУ, АНУ зэрэг. Харин ОХУ, Их Британи зэрэг улсад Хөдөлмөрийн яам нь хариуцдаг. Бразил, Канад, Чили, Дани, Эстон, Финланд, Ислам, Португали, Испани, Швейцар, Турк зэрэг улсуудад Сангийн яам нь хариуцдаг. Учир нь аливаа улсын Сангийн яам гэдэг бол элит яам байдаг. Мөнгө төгрөг зарцуулах учраас Сангийн яамандаа хариуцуулдаг нь зөв юм шиг байгаа юм. Учир нь данхайсан зардалтай төрийн албыг бий болгохгүйн тулд Сангийн яам хянаж байдаг. Дотоод хэргийн яам буюу Төрийн захиргааны байгууллага дээрээ ч байдаг улсууд байна. Чех, Унгар, Норвеги, Ислам зэрэг байна. Харин Засгийн газрын ХЭГ Ерөнхий сайдын харьяанд байдаг гэвэл Австри, Грек, Израиль, Итали, Япон, Польш, Сингапур зэрэг улсуудыг дурдаж болно.

-Тэгвэл УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нарын өргөн барьсан хуулийн төсөлд та ямар байр суурьтай байна. Анхаарууштай ямар заалтууд байна?

-Энэ хуульд дэмжмээр ганц нэг зүйл бий. Улс төрийн албан тушаалтнуудыг төрд ажилласан хугацаатай болгоё гэсэн байгаа юм. Жишээлбэл, ямар ямар албан тушаалтнууд байна гэхээр сайд, дэд сайд, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Засгийн газрын ХЭГ-ын дарга зэрэг албан тушаалд тухайн салбартаа дөрвөөс доошгүй жил, мөн төрийн албанд дөрвөөс доошгүй жил ажилласан байх гэж байгаа юм. Гэхдээ энэ хэр хэрэгжих бол доо. Мэдээж төрийн алба, тухайн салбартаа дөрвөн жил ажилласан туршлагатай байвал их сайн. Гэхдээ туйлширч болохгүй. Япон, Сингапур зэрэг улсуудад эмч хүн эрүүл мэндийн сайд болно, багш хүн боловсролын сайд болно гэдэггүй. Сайд бол сайн менежир байх ёстой гэж үздэг.

Жишээлбэл, Сингапурын Гадаад хэргийн сайд Вивиан Балакришнан эмч хүн. Ийм жишээ маш их бий. Манайх болохоор тухайн салбартаа дөрвөөс доошгүй жил гэж байна л даа. Төрийн албанд дөрвөөс доошгүй жил ажилласан хүн Боловсролын сайдаар томилогдох гэтэл та салбартаа дөрвөн жил ажиллаагүй юм байна гэвэл яах вэ. Тухайн салбартаа дөрвөн жил, төрийн албанд дөрвөн жил ажилласан хоёрыгоо нэгтгэдэг ч юмуу, эвтэйхэн болгох хэрэгтэй. Энэ хууль үйлчилж эхлэхээр энэ шаардлагыг хангах сайд, дэд сайд нар хэд байдаг юм бол доо. Аливаа юмыг сайжруулах гэж байна гээд уян хатан чанарыг нь алдагдуулчихаар зөв хүнээ тавих боломжоо хаагаад байгаа юм. Сэлгэж тавих боломжоо л бодмоор байна. Манайхан бол заавал мэргэжлийн хүн тэр яамны сайд болно гэдэг худлаа. Ер нь сайн эмч бол сайн эмч л байх тохиолдол бий. Аливаа удирдагч гэдэг бол заавал дагнасан мэргэжилтэй бус менежирийн ур чадвараа анхаарах ёстой.

-Энэ хуулиар ёс зүйг хуульчлах гээд байна хэмээн олон нийт шүүмжилсэн байсан?

-Тийм. Хэд хэдэн заалт байна. Тухайлбал, 22.1.1-т энэ хуулийн 40.1-т заасан ёс зүйн зөрчил гаргаагүй байх гэж байгаа юм. Ёс зүй гэдэг бол хувь хүний өөрийнх нь хэм хэмжээ, зүйн хэмжүүрээр тодорхойлогдох асуудал. 22.1.2-т аливаа гаж зуршилгүй, зан төлөвийн доголдолгүй гэсэн байна лээ. Үүнийг хэн тогтоох юм бэ. Тамхи татдаг, архи уудаг, байнга хоцордог Засгийн газрын гишүүн байвал яах юм бэ. Сайжруулах гэж байна гээд пиарын шинж чанартай зүйлүүдийг хуульдаа оруулчихсан байгаа юм.

Түүнчлэн 23.2.4-т бүх шатны Засаг дарга болон Засаг даргын орлогч нар шударга ёсыг эрхэмлэдэг, хүний эрхийг дээдэлдэг, бусдын нөлөөнд автахгүй, бие даасан шийдвэр гаргах, хариуцлага хүлээх чадвартай байх ёстой гэж заасан байгаа юм. Эдгээрийг хэн тогтоох юм бэ. Эдгээр заалтууд нь өөрийн үзэмжээрээ хүнийг томилохгүй байх боломжийг олгож байгаа юм.

-23.2.1-т бүх шатны Засаг дарга, тэдний орлогч нар тухайн орон нутагтаа сүүлийн хоёроос доошгүй жил оршин суусан байх гэсэн заалт мөн л амьдрал нийцэхгүй байх даа?

-Энэ бол амьдралд нийцэхгүй заалт. Жишээлбэл, Ховд аймагт амьдарч байсан хүн Булган сумын Засаг дарга болъё гэвэл хоёр жил тус суманд амьдрах нь. Үүнийгээ тайлбарлахдаа их гоё тайлбарлаж байгаа юм. “Нутаг орноо мэддэг хүн байх хэрэгтэй. “Нүүдлийн шувуу” очоод байна” гээд байгаа юм. Социализмын үед өөр аймгийн хүнийг өөр аймгийн Засаг даргаар томилдог байсан. Томилогдсон дарга нь жалга довны үзэл гаргахгүй, тухайн нутаг орноо хөгжүүлсэн нэр хүндтэй олон сайхан Засаг дарга нар гарсан. Амьдрал баялаг учраас нэг хүн гэр бүлийнхээ хүнийг дагаж, өөрөө төрийн албаны туршлагатай учраас Засаг даргын орлогч болъё гээд очихоор хоёр жил энд байгаагүй юм байна, боломжгүй гэвэл яах вэ. Бүр цаашилбал энэ бол Монгол Улсын иргэн оршин суух газраа чөлөөтэй сонгоно гэсэн Үндсэн хуулийн заалттай харшилсан заалт болж байна. Яахав нийслэлд болох байх. Харин дүүрэгт яах бол. Сүүлийн хоёр жил дүүрэгт хаягтай байж байж л энэ дүүргийн Засаг дарга, орлогч болох юмуу гэх мэтчилэн амьдралд нийцэхгүй байгаа юм. Энэ заалтыг авч хаях нь зөв байх.

-Салбартаа дөрвөн жил, төрийн албанд дөрвөн жил ажилласан байх, зан төлөвийн доголдолгүй байх зэрэг заалтууд нь тодорхой хэсэг бүлэг албан тушаалтнуудад үйлчлэхгүй байхаар заасныг та хэрхэн дүгнэж байна?

-Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, дэд дарга, гишүүдэд, бүх шатны ИТХ-ын дарга нар, хот, тосгоны захирагчид үйлчлэхгүй гэж заасан байна. Яагаад ингэж зааж байгаа юм бэ. Энэ хүмүүсийг албан тушаалд нь тавигдахад байдаг шаардлага бий л дээ. Жишээлбэл, Ерөнхийлөгчийн үүрэг Үндсэн хуулиар заагдчихсан. Гэтэл УИХ-ын дарга, дэд дарга, гишүүдэд, бүх шатны ИТХ-ын дарга нар, хот, тосгоны захирагч нарт яагаад орхигдуулж байгаа юм бэ.

Ёс зүйн асуудал байна гэж үзэж байгаа бол эдгээр албан тушаалтнуудад ч байх ёстой шүү дээ. Нэгэнт л Засгийн газрын гишүүд, дэд сайд зэрэгт тавьж л байгаа бол адил л байх хэрэгтэй. Харин ч өндөр ёс зүйтэй байх хүмүүс чинь эдгээр албан тушаалтнууд шүү дээ. Энэ хүмүүст үйлчлэхгүй гэдгийг ойлгохгүй байгаа юм.

-Бүх шатны засаг дарга, тэдний орлогч нар төрийн албанд гурваас доошгүй жил ажилласан байх ёстой гэсэн заалт ч гэсэн учир дутагдалтай биз дээ?

-Хороо, багийн түвшинд ийм шаардлага тавиад хэрэггүй. Амьдрал дээр их сонин л асуудал үүснэ. Дүүрэг дээр төлөөлөгчөөр сонгогдсон залууг төрийн албанд туршлагажуулъя. Улс төрийн дөртэй болгоё гээд Засаг даргын орлогчоор томилох гэтэл төрийн албанд гурван жил ажиллаагүй юм байна гээд хоригтой болох нь.

1800 гаруй баг бий. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар 2024 оноос багийн дарга нар дээд боловсролтой байхаар хуульчилчихсан. Одоо бол бараг тал хувь нь дээд боловсролын дипломгүй байна гэсэн судалгаа байна лээ. Тэгэхээр 2024 оноос өмнө багийн дарга нараа яаж дээд боловсролтой болгох вэ, төрийн өмнө том ажил ирлээ шүү.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Л.Гантөмөр: Сөрөг хүчний дуу хоолойг парламентад хүргэхийн тулд сүүдрийн Засгийн газрын түвшинд ажиллана

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Лу.Гантөмөртэй ярилцлаа.


-Арчилсан намыг эвлэрсэн гэж ойлгож болох уу. УБЕГ-т бүртгэлтэй гэрчилгээ, тамга тэмдэг нь бидэнд бий гээд байдаг М.Тулгат, С.Эрдэнэ дарга нар хуралд оролцсонгүй шүү дээ?

-Хамгийн эхний зарчим нь АН-ын удирдлагууд хамтарч ажиллах хэрэгтэй. Ямар ч үед хамтарч ажиллаж байж л Монголын төлөө байна шүү дээ. Салж сарних тухай ойлголт байхгүй, үүнийг хатуу ойлгох хэрэгтэй. Хоёрдугаарт, АН-ын аливаа маргааныг гишүүд нь хагалах хэрэгтэй. Манай нам 200 мянган гишүүнтэй. Эдгээр гишүүдийг төлөөлж байгаа хүмүүсээс маргаж байгаа нь гарын арван хуруунд багтах цөөн хүн бий. Дээд тал нь 20 гэж бодъё. 200 мянган хүний өмнөөс 20 хүн зодолдоод байж болохгүй. Тиймээс 200 мянган гишүүнээрээ асуудлаа шийдүүлдэг нь учиртай. Асуудал шийдэгдсэн гэж би хувьдаа дүгнэж байгаа. 330 сум, 200 гаруй үүр, есөн дүүргийн төлөөлөл бүрэн сууж байгаад 95 хувийн ирцтэйгээр намын их хурлаа хийлээ. Таван хувь нь ирээгүй. Мэдээж тэд өөр бодолтой байж болно. Төлөөлөл нь ирээд яриад шийдсэн. Улс төрийн нам гэдэг бол дэмжигч гишүүдийн байгууллага. Тиймээс гишүүд нь асуудлаа шийднэ. Бид хоёр зарчим барьж байгаа. Нэгдүгээрт, нийлж нэгд. Хоёрдугаарт, гишүүдээрээ шийдүүл. Энэ хоёр зарчмыг тунхаглах хэрэгтэй. Гуравдугаарт, залуу үе болон гишүүдээ хохироож болохгүй. Эдгээр хүмүүсийн санал, хүч, буянаар олон жил УИХ-ын гишүүн, сайд, дарга хийсэн хүмүүс тэднээсээ асуухгүй маргалдаад суугаад байж болохгүй. Таны асуултдаа дурдсан хүмүүс болон бусад бүх оролцогч нарт хувийн асуудал, байр суурь байхгүй болов уу гэж би харж байгаа. Бидний байр суурь бол ерөөсөө л гишүүдийнхээ төлөө, тэдний санал, шийдлээр явна. Өөр арга байхгүй.

-Их хуралд оролцоогүй хүмүүс тамга тэмдгийн хэрүүл гаргахыг үгүйсгэхгүй. Хэрвээ маргаан гарвал яах вэ?

-Эцсийн шийдвэр гарчихлаа. АН-ын гишүүдийн саналаар Их хурал бүрэлддэг. Намын их хурлын гишүүдийн саналаар асуудал шийдэгддэг. Саяны хурлын процессыг дэлгэрэнгүй хэлэхэд хоёр жилийн хугацаанд явсан маргаантай шийдвэрүүдийг эцэслэсэн.

Жишээлж хэлбэл, УИХ дээр хуулийн зөрчлийг арилгаж, хуулийн уялдааг гаргах хууль баталдаг. Тэглээ гээд зөрчилтэй байсан хуулиуд тухайн цаг үедээ үйлчилсэн тухай маргаан байдаггүй. Тэр бол үйлчилдэг. Тэгэхээр урьд нь гарсан намын маргаантай асуудал хүчин төгөлдөр байжээ гэж харж байгаа юм. Энэ Их хурлаар тодорхой хэсгийг хүчингүй болгож, тодорхой хэсэг дээр нь Их хурал өөрөө дэмжиж шийдвэр гаргалаа.

Тухайлбал, цахим сонгууль хүчингүй гэсэн шийдвэрийг намын Их хурал гаргачихлаа. Үүнийг би юмуу, эсвэл намын хэн нэг хүн гаргасангүй. Намын Их хурлын гишүүд ийм саналтай байна. Санал хураалтын байранд очиж цаасаар өгсөн саналаа өөрсдөө хамгааллаа. Цаасаар санал хурааж ялсан О.Цогтгэрэл дарга саналаа баталгаажууллаа. Тэгэхээр миний санал бол О.Цогтгэрэл намын дарга нь юм бол М.Тулгатыг дэд даргаар уриад ажиллуулаач ээ гэж байгаа. Процессын засвар хийх гэж байгаа бол ингэж засах хэрэгтэй. Тэрний тал, энэний тал гэдэг талцалд нэг мөр цэг тавьсан хурал болсон гэдэгт би итгэлтэй байгаа.

-Та их эмзэг цаг үед намын генсекээр томилогдож байна. Ажлаа юунаас эхэлнэ гэж төлөвлөж байна?

-Хоёр зарчим байна. Нэгдүгээрт, ажил хэрэгч улс төрийн хүчин байхыг зорьж байна. Хоёрдугаарт, боловсрол төвтэй улс төр хийнэ. Ажил хэрэгч улс төрийн хүчин байна гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр өнөөдрийн нийгэм, цаг үеийн байдалд байнга судалгаа хийж, үнэлэлт дүгнэлт өгөх ёстой. Судалгаагаар гарсан датаг ашиглаж тодорхой бодлогуудыг боловсруулах ёстой. Тиймээс судалгааны төвүүдтэй хамтарч ажиллана. Хамтарч ажиллах судалгааны төвүүдээ удахгүй зарлана. Төр засаг ямар шийдвэр гаргаасай гэж хүсч байгааг иргэдийн амьдрал, сэтгэл санаа, санаа бодолд тулгуурласан судалгааг сар бүр хийнэ. Хоёрдугаарт, АН-ын дэргэд Стратеги судалгааны хүрээлэн байгуулагдана. Энэ хүрээлэн нь судалгаа хийдэг, бодлого боловсруулдаг бүх эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтарч ажиллаж тодорхой бодлого боловсруулна. Бидний хүч хүрэхгүй бол гадаадын судалгааны байгууллагуудыг ч дайчилна. Нэг үгээр хэлбэл, бодитой судалгаанд үндэслэж бодитой бодлогын хариуг гаргана. Гарсан хариугаа УИХ-ын бүлгээрээ дамжуулж хууль, тогтоомж, Засгийн газрын шийдвэр болгож батлуулна. Ингэж бид ажил хэрэгч, улс төрийн хүчин байна. Бидэнд УИХ-ын 13 суудал байна. Чамлахаар чанга атга гэж үг бий. Байгаа нөөцөө бүрэн дайчлах хэрэгтэй. Агаарт бодол санаагаа цацаад байдаг хүмүүс бид биш. Бодитойгоор, цаасан дээр төсөл төлөвлөгөөгөө гаргаж, хуулийн төслөө хийж, УИХ-д өргөн барьдаг, Засгийн газарт шахалт үзүүлдэг, санал санаачилга гаргадаг, нээлттэй сонсгол явуулдаг, санал хураалтад өөрсдийнхөө бодлогын баримт бичгийг оруулдаг болъё. Гуравдугаарт, улс төрийн бусад намуудтай хамтарч ажиллана. Өөрсдийнхөө бодол санаа, дуу хоолойг нийгэмд хүргэж байгаа тэр улс төрийн хүчнүүдтэй хамтарч 2024 оны сонгуульд амжилт гаргах ёстой. МАН-ын Засгийг өөрчлөх хэрэгтэй. Одоо л салхи оруулахгүй бол монголчуудын ирээдүй сайн сайхан харагдахгүй байна. Дабль стандартыг алга болгоё гэж байгаа Э.Одбаяр, Д.Монголхүү болон асуудалд ямар нэгэн байдлаар шийдэл гаргаж, нийгмийн дуу хоолойг хүргэхийг зорьж байгаа иргэний нийгмийн байгууллагуудтай байнга хамтарч ажиллаж, 2024 оны сонгуульд хамтарч оролцоно.

-Боловсрол төвтэй улс төр хийнэ гэлээ. Үүнийг тодруулахгүй юу?

-Бид хүний нөөцийн бодлогоо боловсролын суурин дээр хийнэ. Нэг үгээр хэлбэл, бид өөрсдөө хүмүүсээ сургаж, хөгжүүлж, зорилготой болгож амжилтад хүргэе гэж байгаа. Залуучуудаа бид амжилтад хүргэх хэрэгтэй. Ардчилсан намын нэг үүрэг бол Монголын төрд очих залуу үеийн лидерүүдийг бэлдэж өгөх ёстой. Залуучууд үзэл бодолдоо үнэнч, түүнийгээ хамгаалж чаддаг байх хэрэгтэй. Тэднийг өөрсдийнх нь тойрогт таниулж, өөрсдийнх нь иргэний нийгэм рүү оруулж өгөх хэрэгтэй. Бид тэр хүмүүсийн хийж байгаа ажилд бүх талын туслалцаа, дэмжлэг үзүүлэх ёстой. Баг дээр хэн яаж амьдрах юм бэ, хороо дээр ямар амьдрал өрнөх юм бэ, юугаараа онцлог байх юм бэ. Жишээлбэл, Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны Засаг дарга Г.Отгонбаатар шиг Засаг дарга, удирдлагууд Монголын төрд байх ёстой. Монголын төрд ар өврийн хаалгаа эсвэл мөнгө санхүүтэй, удам угсаагаараа очдог энэ байдлыг халах хэрэгтэй. Боловсрол төвтэй улс төрийн бодлогыг хийж, хүний нөөцийн зөв шийдлүүдийг гаргаж, үүнийхээ үр дүнд бид Монгол Улсын төр, засгийн хүний нөөц шударга, ил тод зарчимтай байх улс төр рүү бүрэн шилжилт хийнэ. Дүгнэж хэлэхэд, бид хурдтай явахгүй бол асар их хоцорчихсон байгаа. Нөгөө айл бараг бариандаа орж байна. Бид дөнгөж хөдөлж байна.

-АН сөрөг хүчний үүргийг гүйцэтгэж чадахгүй байна гэж олон нийт шүүмжилж байна. Хүчтэй сөрөг хүчин болохын тулд бүлэгтэйгээ хэрхэн хамтарч ажиллах вэ?

-МАН-ын бүлэг 63 гишүүнтэй. Энэ бүлгийн гишүүдэд үйлчилж байгаа нь Монголын Засгийн газар. Засгийн газар. Үүний цаана хэдэн зуун мянган хүн энэ хүмүүст үйлчилж байгаа. АН-ын бүлэг яагаад сул харагдаж байна гэхээр ард нь үйлчилдэг хүмүүс, иргэний нийгэм, аппарат, үйл ажиллагаа алга. Тиймээс л ажил хэрэгч улс төрийн хүчинг АН-ын бүлгээр бий болгоно. Тэр бүлгийг бид бодлого болон бусад дэмжлэгээр хангах ёстой. Бүлэг дээр бид Монголын иргэний нийгмийн оролцогчдыг хөтөлж аваачиж өгөх ёстой. Тэдний дуу хоолойг сонсож мэдээллээр хангах хэрэгтэй. Жишээлбэл, бүлгийн гишүүдийг боловсрол, эрүүл мэндийн салбар, хүний эрхийн зэрэг байгууллагуудтай уулзуулах ёстой. Өөрөөр хэлбэл, бид бүлэгтээ үйлчлэхгүй бол бүлэг бидэнд үйлчлэхгүй. Мэдээллээр дутагдана, үзэл санаа, үйл хэргээр дутагдана. МАН-ын 63 гишүүнд хэн үйлчилж байгааг бид тодорхой харах хэрэгтэй. Наанадаж л 14 сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга нар байна. Бодлого боловсруулж байгаа энэ хүмүүс бүгдээрээ тэдэнд үйлчилгээ үзүүлж байгаа. Бодлогын бичиг баримтыг боловсруулж өгч байна. Хууль бичиж өгч байна. Хэлэх үгийг нь бэлдэж өгч байна. Хэвлэл мэдээллээр гарах яриаг нь хүртэл бэлдэж өгч байна. Энэ бол тэнцвэргүй тулаан. Тэнцвэргүй тулаан удаан үргэлжлэхээр парламентын ардчилал харагдахаа больчихдог. Учир нэг тал нь мэдээллийн хомсдолтой, дэмжлэггүй. АН сөрөг хүчний дуу хоолойг парламентад хүргэхийн тулд бид сүүдрийн Засгийн газрын түвшинд бодлогын баримт бичиг боловсруулах, чадвар, чансааг өөр дээрээ авах ёстой. Тэр ажлыг их богино хугацаанд хийнэ.

-Ерөнхийлөгч асан Х.Баттулга шинэ нам байгуулах асуудал нийгэм, улс төрийн орчинд ил болох шиг боллоо. Хэрвээ нам байгуулбал өөрийг нь дэмждэг, дагадаг АН-ын дэмжигч, гишүүдээсээ намдаа элсүүлэхийг үгүйсгэхгүй. Үүний эсрэг юу хийх юм бэ. Ер нь яаж намын гишүүд дэмжигчдийн итгэлийг сэргээх юм бэ. АН-ын нэр хүнд унасантай холбоотойгоор олон нийтийн АН-д итгэх итгэл алдарч байна шүү дээ?

-Гишүүдтэйгээ бид ажиллана. Намын их хурал хуралдлаа. Хурлын мэдээллийг их хурлын төлөөлөгчид очиж мэдээлж, өөрийн намын гишүүдэд тайлагнана. Тайлагнасны дараа намын гишүүдийнхээ саналыг авна. Саналыг авч ирэхийг АН-ын ХЭГ-ийн бүрэлдэхүүнд өгсөн. Нөгөө талд бид судалгааны байгууллагуудтай ажиллана. Манай намын гишүүд юу хүсч, сонирхож байгааг намын шугамаар бус хөндлөнгийн судалгаагаар татаж авна. АН-ыг эв нэгдэлтэй байлгахын төлөө бүх хүчээ дайчилна. Х.Баттулга нам байгуулах гэж байгаа юм байна гэсэн хов живд итгээд явахыг би хүсэхгүй байна. Тэр хүн тэр байр сууриа илэрхийлсэн үед л итгэнэ үү гэхээс биш наана нь таамаг дэвшүүлж, түүнд тааруулж хийнэ гэж байхгүй. АН бол улс төрийн хүчний хувьд 30 жил бойжчихсон. Ийм хэмжээний намыг бойжуулж гаргах 30 жил гэдэг бол хэцүү. Учир нь эрх барьж байгаа намын өөрийнх нь хүч ямар байгааг бүгд харж байгаа. Энэ хүчний өөдөөс ямар ч хүчтэй нэг хоёр хүн хөдлөөд нэмэргүй. Үүнийг ч бүгдээрээ ойлгож байгаа. Үүний өөдөөс улс төрийн том нэгдэл хөдөлнө. Тиймээс бүх улс төрийн намуудтай нэгдье гээд байгаа юм. 2024 оны сонгуульд МАН-ын эсрэг ганц улс төрийн нам тэмцэнэ гэдэгт эргэлзэж байна. Бид хөдөлж чадаагүй байгаа учраас ийм эргэлзээ надад байна. Тиймээс таамаглал, хов жив, хүмүүсийн маргаан дээр суурилсан улс төрийн шийдвэрийг манай нам гаргахгүй байгаасай гэж би хүсч байна. Бид АН-ыг цул болгох шийдвэрүүд, уриалгыг гаргах хэрэгтэй. Үүний тулд АН-аас төрсөн улстөрчид хамтдаа байх орчныг бүрдүүлэх ёстой. Хэн нэгний талд ороод чавчаад байж болохгүй. Хэн нэгнийг дэмжээд суугаад байж болохгүй.

-Та бүтцээ ямар шалгуураар хэрхэн бүрдүүлэх гэж байна?

-Ажил хэрэгч улс төрийн хүчин байна гэхээр маш сайн туршлагатай, бодлогын бичиг баримт дээр суух чадвартай хүн хэрэгтэй. Тиймээс би З.Нарантуяа гишүүнийг урьсан. З.Нарантуяа насаараа банкинд ажиллачихсан. Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж байсан. УИХ-ын гишүүнээр дөрвөн жил зүтгэсэн, АН-ын дэд даргын албыг хашиж байсан, судлаачдын дунд өөрийн гэсэн байр суурьтай. Би ийм л хүмүүсийг сонгож авч байгаа. Өөрөөр хэлбэл, миний бодлого боловсруулах түвшинд тулж түшиж ажиллах хүн З.Нарантуяаг гэж харж байгаа. Мөн Х.Тэмүүжинг урьсан. Ажиллуулна. Х.Тэмүүжин боловсрол төвтэй улс төр, хүний нөөцийн зөв схем, сургалтууд, хөгжлийн асуудал зэрэгт төвлөрч ажиллах болов уу гэж найдаж байгаа. МХАҮТ-ын дарга О.Амартүвшинтэй хамтарч ажиллана. Ямар ч хэлбэрээр байж болно. Бид Монголын эдийн засгийг авч явах, хувийн хэвшлийнхэнтэй нүүр тулах хэрэгтэй. Тэр хүмүүст ямар орчинг бид өгөх вэ, дундаж давхаргаа яаж баталгаажуулах вэ, яаж хүмүүсийнхээ орлогыг нэмэгдүүлэх вэ гэдэг асуудалд хувийн хэвшлийг зангидаж байгаа, тэдэнтэй хамтарч чаддаг улс төрийн зүтгэлтнүүдтэй хамтарч ажиллая гэж бодож О.Амартүвшинд санал тавьсан. Үүнээс гадна Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн хуулийн зөвлөх байсан Ч.Өнөрбаярт санал тавьсан. Ямар хариу ирэх нь тодорхойгүй байна. Гэхдээ Ч.Өнөрбаяр залуучуудын төлөөлөл болж хуулийн шинэчлэлд амжилттай сайн ажиллана гэдэгт итгэж байгаа. Х.Баттулга Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга байсан Ө.Шижирт санал тавьсан. Залуу үеийнхэн дунд өөрийн гэсэн байр суурь, үнэлэмжтэй залуу. Олон нийтийн ажил хийгээд сурчихсан. Иргэний нийгмийн байгууллагуудтай өргөн хүрээнд ажиллаж чадна. Ажил хэрэгч улс төрийн хүчин байхын тулд иргэний нийгэмтэй бид хамтарч ажиллах ёстой гэж түрүүн хэлсэн шүү дээ. Энэ талд Ө.Шижир илүү туршлага хуримтлуулсан гэдэгт итгэж байгаа. Манай намын нарийн бичгийн дарга, Хөдөлмөрийн яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан П.Гантулгыг урьсан. Төрийн бүтцийн өөдөөс ямар бүтэц ажиллах вэ гэдгийг маш тодорхой бодлогыг хийж өгч чадна гэж бодож байгаа.

Монголчуудын ажил хөдөлмөр эрхлэх боломж, бололцоо давуу талыг бий болгоход ажиллана гэдэгт итгэж байгаа. Дахиад ч дөрөв, таван хүнд санал тавина. Ер нь бол бүгдээрээ хамтдаа байя гэдэг зарчим барьж байгаа. Хүмүүс намайг фракцуудын төлөөлөл татаж байна гэж байгаа. Бидэнд хамтдаа байх нь хамгийн чухал байна. Салаад сарниад явбал бүгдээрээ алдана. Хамтдаа нийлж, нягтарвал хүсч мөрөөдөж байгаа ажил хэрэг, хүслээ биелүүлж чадна. Юу мөрөөдөж байгаа юм бэ, ямар нийгэм хүсээд байгаа юм бэ, юуны төлөө гэж бодоод хувийн амьдралаа хойш тавиад улс төрд оролцоод байгаа юм бэ. Энэ итгэл үнэмшлээ ажил хэрэг болгоход нь АН тусалдаг байх хэрэгтэй. Бидэнд үнэт зүйл байгаа. Үнэт зүйлээ хамгаалах ёстой. Тэр бол хүний эрх, эрх чөлөө, эдийн засгийн эрх чөлөө, үг хэлэх эвлэлдэн нэгдэх эрх чөлөө. Энд бүх оролцогчид хатуу байр суурьтай байх ёстой. Дараагийн чухал асуудал бол хөгжил дэвшил. Дахиад гурван зарчим байна. Нэгдүгээрх нь, парламентын засаглалыг хайрлаж, хамгаалж явах ёстой. Хөгжил дэвшлийн төлөө байх хэрэгтэй. Ардчиллаа бид аврах ёстой. Ардчилал гэдэг бол бүх хүний тэгш оролцооны ойлголт шүү дээ. Тэгш оролцоо гэдэг зүйл алга болчихоор нийгэмд нэг хэсэг хүмүүс гарч ирдэг. Энэ бол бусад улс оронд жишээ нь, Энэтхэгт кастын систем гараад ирсэн байх жишээний. Ардчилал алга болохоор анги давхарга үүсч эхэлдэг. Ямар ч давхаргын хүн эрх чөлөөтэйгөөр улс төр, эдийн засгийн үйл хэрэгт оролцдог ийм тогтолцоо цаашаа явах ёстой.

-Таван нам нэгдэж АН үүссэн. АН-ын лидерүүд муудалцахад гишүүд ч тэднийг дагаж байна. Тэдгээр лидерүүдийг үзэл санаан дээрээ нэг цул болгохын тулд юу хийх вэ?

-Би олон жил энэ хүмүүсийн дунд явсан. Тэд бол үзэл санаан дээрээ нэг цул байгаа. Монголчуудын эрх чөлөөний төлөө тэд бүгд зогсоно. Харин үйл хэрэг, арга барил дээрээ зөрөөд байгаа юм. Тэгэхээр арга барилын зөрүүг хэрүүл маргаан болгомооргүй байна. Бид боловсрол төвтэй улс төр хүний нөөцөөрөө намынхаа янз бүрийн арга барилын зөрүүг багасгана. Шийдвэр, шийдлийн зөрүү байгаа. Нийгмийн салбар бол бодлого бодоход олон хариу гардаг салбар шүү дээ. Шинжлэх ухааны салбар бол нэг л хариу гардаг. Олон хариутай ажил учраас олон хариу гаргачихаад байгаа хүмүүсийн хариу бүрт ач холбогдол өгч болохгүй. Сайн хариултыг цаг үе өөрөө авч ирдэг. Нийгэм өөрөө авч ирдэг. Тиймээс бид олон хүний оролцоотой хэлэлцүүлэг хийж, олон хүний гол үзэл санаагаа алдахгүй, үнэт зүйлээ гээхгүй шийдлээ гаргаад явна. Энэ бол маш прагматик ойлголт.

-Өмнө танаас ярилцлага авч байхад хамтын удирдлагатай болох хэрэгтэй гэж хэлж байсан. Үүнийгээ ажил хэрэг болгох уу?

-Дүрмэндээ өөрчлөлт оруулаад, нам нь шийдвэрээ гаргадаг байх шийдэл рүү орно. Бодлого боловсруулахдаа намын удирдах зөвлөлөөр дамждаг байх зарчим руу орохоос өөр аргагүй. Гэхдээ бид АН-ын чөлөөт сэтгэлгээг үлдээх тал дээр анхаарах хэрэгтэй. Хамтын удирдлага руу орно гэхээр хуйвалдаан хийх нь гэж ойлгодог. Хуйвалдаан руу оруулахгүйн тулд чөлөөт сэтгэлгээтэй хүмүүсээ яаж хайрлаж, хамгаалахаа тодорхой болгох ёстой. Чөлөөтэй сэтгэж дуугарч байгаагаа хэрхэн хамгаалах юм гэдэг нь чухал.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ж.Бат-Эрдэнэ: Ачаа тээврээ нэмэгдүүлэхийн тулд ОХУ төдийгүй БНХАУ-тай өндөр тохиролцоонд хүрч, хамтын ажиллагаагаа сайжруулах шаардлагатай

Зам, тээвэр хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.


-Та саяхан Улаанбаатар төмөр зам ХНН-ийн асуудлаар ОХУ-д ажиллаад ирлээ. Уулзалтаар ямар үр дүн, ойлголцолд хүрэв?

-Улаанбаатар төмөр зам ХНН-ийн хуримтлагдсан асуудлуудаар шийдвэр гаргах зайлшгүй хэрэгцээ шаардлага байсан учраас энэ сарын 10-12-ны өдрүүдэд Эрхүү хотод Ерөнхий хорооны хурлыг зохион байгуулсан. Уг хурлаар үндсэн 11, нэмэлтээр гурван асуудал хэлэлцсэн. Улаанбаатар төмөр замын бизнес, өдөр тутмын үйл ажиллагаа, гадаад харилцаа, хүн хүчтэй холбоотой гээд олон асуудлыг шийдвэрлэсэн.

Тухайлбал, Улаанбаатар төмөр замын үнэ тарифын шинэчлэл сүүлийн 10 гаруй жил хийгдээгүй. Үнэ тарифын өөрчлөлт, бизнесийн зарчмын өөрчлөлтүүд бол маш хурдтай өөрчлөгдөж байна шүү дээ. Улаанбаатар төмөр замын үнэ 10, 20 жилийн өмнөхөөрөө мөрдөгдөж ирлээ. Тиймээс Улаанбаатар төмөр замын тээврийн үнэлгээтэй холбоотой асуудлыг Ерөнхий хорооны хурлаар хэлэлцэн шийдвэрлэсэн. Үүнийг шийдвэрлэхдээ нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзаж шийддэг. Улаанбаатар төмөр замын үндсэн тээвэрлэлтийн нэг бол бидний хэрэглэгддэг цахилгаан дулааны эх үүсвэр болсон дотоодын нүүрсний тээврийн асуудал байдаг. Тиймээс үнэ тарифын асуудлыг шийдвэрлэхдээ дотоодын тээврийн нүүрс тээвэрлэлтээс бусад үнийг өөрчлөх асуудлыг ярилцсан. Нийгэм, эдийн засаг, бизнесийнх нь харилцаанд тулгуурлаж тодорхой хувиар нэмэгдүүлж ажиллая гэдэг бодлогын том асуудлыг шийдсэн. Хоёрдугаарт, 2025 он хүртэл хөгжүүлэх, үнэ тарифын бодлогын баримт бичгийг гаргасан.

Энэхүү бодлогын баримт бичгээ тус хурлаар шийдсэн. Гуравдугаарт, төмөр зам гэх том айл өнөөдөр 16 мянган ажилтантай. Энэ айлыг авч явахад цаашдаа бизнесийн харилцааны өөрчлөлттэй холбогдуулж шинэчлэх, зарим зүйлд Ерөнхий хорооны оролцоог нэмэгдүүлэх бүтцийн томоохон ажил, арга хэмжээ шийдэгдсэн. Үүнийг хоёр талаас их ярьсан. Ойлголцолд хүрсэн. Тиймээс шийдвэрээ гаргасан. Үүнээс гадна Улаанбаатар төмөр замын үндсэн хоёр үндсэн баримт бичиг байна. Тодруулбал, 1949 оны тухайн үеийн БНМАУ, ЗХУ ерөнхий хэлэлцээр байна. Энэ бол олон улсын хэлэлцээр л дээ. Энэхүү хэлэлцээрээр олон харилцааг зохицуулсан. Хоёр дахь том баримт бичиг нь 1958 оны Улаанбаатар төмөр замын үндсэн дүрэм гэж байна. Эдгээр үндсэн томоохон баримт бичгүүдэд үндсэн зарчмуудыг тодорхой тусгасан байдаг. Ижил тэгш зарчим баримтална гэсэн байгаа юм. Өөрөөр хэлбэл, энэ удаа Улаанбаатар төмөр замын даргыг ОХУ-ын талаас хийвэл Ерөнхий хорооны дарга Монгол хүн байна. Ерөнхий хорооны дарга нь орос хүн байвал Улаанбаатар төмөр замын удирдлага нь монгол хүн байна. Улаанбаатар төмөр замын Эдийн засгийн албаных нь дарга орос хүн байвал орлогч нь монгол хүн байна гэсэн зарчмаар Улаанбаатар төмөр замын үйл ажиллагааг удирдана гэж олон улсын гэрээгээр зохицуулагдсан байдаг. Энэ том гэрээг мөрдөх үйл ажиллагааг түлхүү тавьдаг. Хоёр талаас гарын үсэг үзэглэж, хэрэгжиж байгаа баримт бичиг учраас тавихаас ч өөр аргагүй. Нөгөө талд Монголын талаас манай улсын хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулна гэж байгаа юм.

Хэдийгээр Орос-Монголын хамтарсан аж ахуйн нэгж мэт харагддаг ч гэсэн хоёр орны хамтын ажиллагааны дүр төрхийг энэ байгууллага харуулж өгч байдаг. Тиймээс улс хоорондын харилцааны гол төв цэг болж явдгаараа Улаанбаатар төмөр зам онцлогтой. Улаанбаатар төмөр зам дээр шийдвэрлэх асуудал их байсан учраас Ерөнхий хорооны хурлаар хэлэлцэж шийдэлд хүрсэн.Энэхүү хурлын үргэлжлэл болж өнгөрөгч пүрэв гаригт ОХУ-ын Засгийн газрын орлогчоор ахлуулсан төлөөлөгчид ирсэн. Үүнд Оросын төмөр замын нийгэмлэгийн тэргүүн дэд ерөнхийлөгч, ОХУ-ын Зам тээврийн дэд сайд нь ирсэн. Тэд хоёулаа Улаанбаатар зам ХНН-ийн Ерөнхий хорооны гишүүн. Тиймээс зарим шийдвэрлэгдээгүй асуудлуудаар дахиж ярилцах, шийдвэрлэгдсэн асуудлуудаа баталгаажуулах ажлууд өнгөрсөн долоо хоногийн сүүлээр хийгдлээ гэж хэлж болно.

-Ерөнхий хорооны хурлаар Улаанбаатар төмөр зам ХНН-ийн удирдлагын асуудал хэлэлцэгдсэн. Талууд ойлголцолд хүрч чадаагүй гээд янз бүрийн мэдээлэл хэвлэлээр цацагдлаа. Энэ талаар?

-Ер нь хэвлэл мэдээллийнхэнд Улаанбаатар төмөр зам ХНН-ийн захирлын асуудал их сонирхолтой байх шиг байгаа юм. Үүнээс төмөр замын даргын асуудлыг дараагийн удирдлагын хорооны хурлаар ярихаар энэ асуудал хойшлогдсон. Өөрөөр хэлбэл, хэлэлцэгдээгүй. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гараад байгаа мэдээлэл худлаа. Улаанбаатар төмөр замын Ерөнхий хорооны энэ удаагийн хуралд дөрөвхөн хүн л асуудлыг хэлэлцсэн. Цахимаар ОХУ-ын талаас нэг, Монголын талаас нэг гишүүн. Харин нүүр тулж ОХУ-ын талын хоёр, Монголын талын хоёр төлөөлөл хуралдаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, Ерөнхий хорооны хурлаар хэлэлцэгдэж байгаа асуудлыг дөрвөн хүн л ярьдаг. Түүнээс элдэв янзын, өөр ямар ч хүн хажууд байдаггүй, орчуулагч ч хэрэггүй. Тиймээс хурлаас гарсан шийдвэрийн талаар хэвлэлээр “зохиол” нийтлэгдээд байх шиг байна лээ. Ерөнхий хорооны хурал бол ажил хэрэгч бөгөөд цөөн хэдэн гишүүдийнхээ хүрээнд тодорхой чиглэлтэй яригддаг учраас хэвлэл дээр гарсан шиг юм байдаггүй. Ойлголцолд хүрэхдээ амархан. Ойлголцож чадахгүй бол түүнийгээ хойшлуулдаг, эсвэл санал хураах зарчмаар шийддэг.

-Эрээн-Замын-Үүдийн хилийн боомт дээр үүссэн асуудал олны анхаарлыг татаж буй. Тэнд үүссэн асуудлыг шийдвэрлэх чиглэлд ямар ажил хийгдэж байна вэ?

-Вагон солилцоо нэлээн өндөр түвшинд явагдаж байгаа. Хүчин чадлын дээд хэмжээгээр ажиллаж байна. Өдөрт манай талаас урагшаа 14 вагон, урд хөршөөс найман вагон хүлээж авч байгаа. Төмөр замын ажилладаг зарчим янз бүр байдаг. Тиймээс хүмүүс тэр бүр мэддэггүй. Төмөр замын бизнесийн үйл ажиллагаа бол хангалттай сайн байгаа. Гэхдээ бидэнд гурван талын хамтын ажиллагаа маш чухал байна. Улаанбаатар төмөр зам гэдэг бол Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг бүртгэлтэй боловч үйл ажиллагаа нь олон улсын хэмжээнд явагддаг. Энэ чиглэлийн онцгой үүрэгтэй салбар. Тиймээс ачаа тээврийнхээ тээвэрлэлтийг нэмэгдүүлэхийн тулд зөвхөн ОХУ төдийгүй БНХАУ-тай өндөр тохиролцоонд хүрч хамтын ажиллагаа сайжруулах шаардлагатай. Ойлголцлоо бэхжүүлэх шаардлагатай. Ойлголцол бэхжүүлэх, хамтын ажиллагааг сайжруулах, ачаа тээврийг нэмэгдүүлэхэд гол саад болж байгаа зүйл бол цар тахал байна шүү дээ. Цар тахлын улмаас уламжлалт харилцаа өөр байдал руу шилжиж байна. Цахим байдал руу шилжлээ. Биечлэн уулздаг, ажилладаг зарчмууд хоцрогдож, орхигдож эхэлж байна. Тиймээс шинэ нөхцөлд гурван талын хамтын ажиллагааг төмөр зам дээр сайжруулах бэхжүүлэх, нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага байна. Энэ бол зөвхөн Монгол Улсаас хамаараад байдаггүй. БНХАУ руу өдөрт 20 галт тэрэг гаргахын тулд БНХАУ-тай яаж хамтарч ажиллах юм бэ, БНХАУ өөрийнхөө төмөр замын Эрээн, Жинен, Хөххот хүртэлх тээврийнхээ хүчин чадлыг яаж нэмэгдүүлэх, хэчнээн хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа, хэдий хугацаанд үүнийгээ хийж чадах вэ зэрэг улс хоорондын асуудал байгаа юм. Эдгээр асуудлуудад анхаарч ажиллаж байна. Эрээн-Замын-Үүдийн авто тээврийн хөдөлгөөн бүрэн зогссон. Тиймээс авто тээврээр явж байсан ачаа тээврийг яаж зохицуулах вэ гэдэг зүйл яах аргагүй төмөр зам руу шилжинэ. Эрээн хотод үйл ажиллагаа идэвхгүй болж байгаа учраас БНХАУ-ын талтай Женин хотод ачаа тээврийг шилжүүлэн ачих байгууламжуудыг хэрхэн хамтарч ажиллах вэ гэдэг талаар Улаанбаатар төмөр замынхан болон манай яамны нөхдүүд хамтарч ажиллаж байна.

-Хэр ахицтай байна?

-Өнгөрсөн хугацаанд сайжруулсан түлш тээвэрлэлт хийхтэй холбоотой зүйлүүдийг Женон хотоос хоёр, гурав хоногийн өмнө ачуулж байна. Үүнтэй холбоотой худалдааны ачаа тээврийн асуудал орж ирж байна. Жишээ нь, хөдөө аж ахуйн салбар, хүнстэй холбоотой. Тиймээс Женин дээр төмөр зам руу шилжүүлэх ийм ажиллагаа яаж зохион байгуулах вэ гэдэг талаар идэвхтэй ажиллаж байна.

-Тяньжин боомт дээр контейнерийн хуримтлал бий болсон, монголын ачаа гацчихлаа. Тяньжин гэлтгүй түүнийг тойрсон олон боомт бий. Бусад боомттой хамтарч ажиллах асуудал ер нь хөндөгдөх болов уу?

-Олон боомт бий. Энэ бол тээвэр зуучийн байгууллага хооронд хийгддэг бизнесийн процесс. Тэр олон улсын тээвэрлэлтэд төр оролцдоггүй. Тээвэр зуучийн байгууллага хоорон дахь гэрээ хэлэлцээрээрээ Тяньжины маршрут нь түлхүү сонгогдоод явчихсан юм байна. Бид тээвэр зуучийн холбоотой олон уулзалт хийсэн. Тяньжин дээр ирчихсэн контейнерийн маршрут нь Бээжингийн ойролцоох ачаалал ихтэй төмөр замаар явдаг учраас зарим талдаа их зовлон учруулж байгаа юм. Тиймээс өөр маршрутаар явах чиглэлийг та бүхэн бодож үзээч гэсэн. Тээвэр зуучийн компаниудтай бид хамтарч ажиллаж байгаа. Энэ чиглэлүүд хувийн хэвшил холбогдох байгууллага хооронд яригдаж байгаа юм билээ. Бид ч яриасай гэж хүсч байгаа.

-Өнөөгийн түвшинд Гашуунсухайт л бидний ганц амин судас болчихлоо. Тус боомтын нөхцөл байдлыг дээшлүүлэх чиглэлд ямар ажил хийгдэж байгаа вэ?

-Ганц идэвхтэй ажиллаж байгаа хэсэг бол Гашуунсухайт. Олон байгууллагын хамтын ажиллагаан дээр явагдаж байгаа. Тухайлбал, боомтын зөвлөл, боомтын захиргаа, мэргэжлийн хяналт, гааль, татвар, хил, Тээвэр, хувийн хэвшил. Энэ олон чиглэлийн үйл ажиллагааг нэг цэгт бөөгнөрүүлж, нэг зорилгод нэгтгэж байж л бид амжилтад хүрнэ. Одоо бол бөмбөлгийн зохион байгуулалтаар явж байгаа. Хамгийн сүүлд миний авсан мэдээллээр 150 орчим бөмбөлөг байна гэж мэдээлэл ирүүлж байна. Нэг бөмбөлөгт нь 40 хүртэлх жолооч байна гэж байгаа. Одоо бол 10, 20 гаруй жолооч нэг бөмбөлөг болж байх шиг байна. 40-өөс дээш болохоор эрсдэл бий болно гэж үзэж байгаа.

-Бөмбөлгийн зохион байгуулалтад асуудал байна, болохгүй гээд байгаа шүү дээ?

-Болдоггүй гэж хэн хэлсэн юм бэ. Үүнээс илүү зохион байгуулалттай арга хэмжээ одоохондоо хараахан шийдээгүй байна. Тиймээс бөмбөлгийн зохион байгуулалтад орсноор тээвэр бага багаар өсч байна шүү дээ. 100 гаруй машин байсан бол одоо 400 гаруй машин нүүрс гаргаж байна. Хамгийн гол нь бид халдвар хамгааллын дэглэмийг баримтлах ажлыг л өндөр хэмжээнд зохион байгуулах шаардлагатай. Өчигдөр би “Ганцхан боомт ажиллаж байгаа шүү. Бүх анхаарлаа тэнд төвлөрүүлээрэй. Тээвэр зохион байгуулалтынхаа асуудлыг өндөр түвшинд зохион байгуулна шүү. Элдэв янзын хэл ам, хэрүүл шуугиан үүсгэж болохгүй шүү” авто тээврийнхэнд шуурхай үүрэг даалгавар өгсөн. Бид өнөөдөр өндөр хариуцлагатай ажиллахгүй бол ганц ажиллаж байгаа боомтоо хаалгачихвал Эрээн шиг нөхцөл байдал үүснэ шүү дээ. Тиймээс хүн бүр хамтарч ажиллах хэрэгтэй байна. Амиа бодож болохгүй. Би тээвэрт оролцож байвал бусад нь хамаагүй гэдэг бодол байж болохгүй. Бие биенээ дэмжиж халдвар хамгааллын горимоо сайн мөрдөхгүй бол бид эмзэг, хүнд цаг үед ажиллаж байна. Зөвхөн төр зохион байгуулаад явах боломж хязгаарлагдмал болж ирж байна. Тиймээс үүнд хүн бүр хувийн хариуцлага сахилга бат сэтгэл чухал. Тэгж байж бид үүнийг давна.

-Дарханы зам зунаас хойш ажил хийгдэв үү?

-Санхүүжилт нь бэлэн төсөл дээр гүйцэтгэгч нь тодорхойгүй хэсэг хугацаа өнгөрлөө. Гүйцэтгэгч тодорхойгүй байна гэдэг бол санхүүжилт нь мянга бэлэн байгаад ажил урагшлахгүй шүү дээ. Дарханы замд асуудал олон бий. Энэ салбартай холбоотой ч асуудал байна. Холбоогүй ч асуудал байна. Бүх асуудлуудыг нэг саванд хийгээд сэгсрээд байж болохгүй. Ангилж ялгаад тухайн тухайн хэсэг дээр нь шийдэж байхгүй бол бүх асуудлыг нэг саванд хийчихээд бүгдийг нь шийднэ гэвэл ажлын уялдаа зохион байгуулалтад хүндрэл учруулна. Тиймээс Зам, тээвэр хөгжлийн яамнаас хамаарч байгаа юм нь юу юм бэ. Санхүүжилтээс хамаарч байгаа нь юу юм бэ. гүйцэтгэгчээс хамаарч байгаа нь юу юм бэ. Зөвлөх компани, орон нутгаас хамаарч байгаа нь юу юм бэ зэрэг олон асуудал байгаа. Энд гүйцэтгэгчдийн зүтгэл маш чухал байгаа юм.

-Гүйцэтгэгч компани шалгаруулахдаа яагаад чадамжгүй компани шалгаруулаад хугацаа алдчихав аа?

-Тендерийн тухай ярихад, миний шууд хариуцдаг асуудал биш. Өмнө нь хариуцаж байсан хүний хувьд ярихад сонгон шалгаруулалтыг зохион байгуулах нь амаргүй. Бага үнэ өгчихдөг. Сонгон шалгаруулалтыг зохион байгуулах субьект нь Зам, тээвэр хөгжлийн яам. Шалгаруулсан бичиг баримтыг нягталдаг байгууллага нь санхүүжүүлэгч байгууллага. Нягталчихаад гэрээ байгуулах зөвшөөрөл өгч байгаа шүү дээ. Энэ харилцан ойлголцол хамтын ажиллагааны зүйл их чухал л даа.

Ер нь аливаа ажил урт, богинодоо байдаггүй. Хамтарч ажиллаж чадвал богино хугацаанд ямар ч ажлыг хийж болно. Өөрөөр хэлбэл, захиалагч тал, гүйцэтгэгч, хяналт тавьж байгаа, санхүүжүүлж буй талууд хамтарч чадвал богино хугацаанд гүйцэтгэж болно шүү дээ.

-Монголын талаас Улаанбаатар төмөр зам ХНН-ийн удирдлагаар Хэрлэнг томилох тухай мэдээлэл хэр бодитой вэ?

-Тийм нэрс явж байгаа. Монголын тал ч тэр, Оросын тал ч тэр Улаанбаатар төмөр зам ХНН-ийн даргаар Монгол Улсын иргэнийг тавъя гэж харилцан ойлголцсон. Тиймээс монгол хүн болно.

Categories
мэдээ улс-төр

Сүхбаатар дүүргийн ИТХ-ын дарга Б.Энхболд: Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хууль болжээ

Хаврын чуулганаар батлагдсан нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн талаар Сүхбаатар дүүргийн ИТХ-ын дарга Б.Энхболдтой ярилцлаа.


-Нийслэл гэж том айлын бие даасан хууль батлагдлаа. Та энэ хуулийн төслийг ерөнхийд нь хэрхэн дүгнэж байна?

-Энэ хуульд хэд хэдэн дэвшилттэй өөрчлөлтүүдийг оруулсан. Тухайлбал, нягтаршил ихтэй газар, сургууль, цэцэрлэг эмнэлэг, шугам сүлжээ, инженерийн байгууламжийн ажил хийхээс бусад зориулалтаар шинээр газар эзэмшүүлэх шийдвэр гаргахгүй, шинээр барилга барих зөвшөөрөл олгохгүй гэх мэт.

Өнөөдөр Улаанбаатар хотын байдал ямар байгааг та бид бүгд д мэдэж байгаа. Тиймээс энэ их дэвшилттэй заалт болсон. Үүнээс гадна Нийслэл концесс, үнэт цаас гаргаж болно гэж заасан. Концесс, үнэт цаас нь улсын төсөвт суугаад явах юм билээ. Түүнчлэн дагуул хот байгуулна. Эдийн засгийн тусгай бүс байгуулж болно гэсэн байгаа юм. Дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийг шинэ нисэх буудал, хөшигтийн хөндийг түшиглэж бий болох нь гэж ойлгож байгаа. Эдийн засгийн тусгай бүст үйл ажиллагаа явуулах байгууллагуудыг газрын төлбөр, хотын албан татвар гээд тодорхой нэр төрлийн татвараас чөлөөлөхөөр зохицуулсан нь зөв гэж харж байна. Ингэхээр тэнд үйл ажиллагаа явуулах компаниудын сонирхол төрнө шүү дээ. Жишээлбэл, Солонгосын Инчеон олон улсын нисэх буудал дээр эдийн засгийн тусгай бүс гэж байдаг. Тэр зарчмын дагуу хийх гэж байгаа юм билээ. Энд банк санхүүгийн байгууллагуудын асуудлыг оруулаагүй орхигдуулсан байсан лээ. Яваандаа оруулах болов уу гэж харж байна. Казино байгуулах уу, яах уу гээд яриад байна. Монгол иргэн ордоггүй казинотой байх хэрэгтэй шүү дээ. Улсын эдийн засгийг аль болох тэлдэг байх ёстой. Зочид буудлуудтай, банк санхүүгийн байгууллагуудтай, татвараас чөлөөлөгдчихсөн эдийн засгийн тусгай бүс гээд амилбал манайд амилах боломжтой. Энэ дэд бүтцийг нь улс, орон нутгийн төсвөөс хийнэ гээд Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуульд оруулж чадсанаараа дэвшилттэй юм билээ.

Өөр нэг зүйл нь Улаанбаатар хотын хилийн цэс бүсчлэлийг Засгийн газар НИТХ тогтооно гэж байгаа. Энэ үгний цаана юу байна гэхээр БОАЖЯ-наас давхардуулж өгдөг хэдэн амнуудыг хот өөрийн мэдэлдээ бүрэн авах боломж харагдаж байна. Зайсангийн хэдэн амнууд бүгд Байгаль орчны яамны мэдэлд байдаг.

-Ямар ч стандарт, дүрэмгүй явж ирсний уршгийг өнөөдөр Улаанбаатарчууд мэдэрч явна. Энэ хуулиар төлөөлөгчид дүрмээ тогтоохоор хуульчилсан нь дэвшил боллоо, тийм үү?

-Хот дүрэмтэй байна, дүрмийг нь НИТХ батална. Бусад хуулиар зохицуулаагүй харилцааг дүрмээрээ зохицуулж болно гэж оруулсан нь дэвшилттэй. Гэхдээ тэр дүрмээ Захиргааны ерөнхий хуулийн дагуу яамруу явуулж зөвшөөрөл авах юм билээ. Яамны нэг газрын дарга болохгүй нь гэвэл нийслэлийн 45 төлөөлөгчийн хуралдаж шийдсэн шийдвэр нь үр дүнгүй болох нь гэж харагдаж байна л даа.

-Нийслэлийг хөгжүүлэх сантай болох нь хэр зөв зохицуулалт гэж та харж байна. Өмнө нь Улаанбаатарчууд ийм сантай байсан ч төдийлөн үр дүнгээ өгөөгүй шүү дээ.

-Улаанбаатар сан гэж байснаа Улаанбаатар банк болсныг та хэлж байх шиг байна. Энэ хуульд Нийслэлийг хөгжүүлэх сантай байна, өр, авлага үүсгэхгүй, нийслэлийн төсвийн нэг хэсэг байна гэсэн байгаа юм. Энэ санг их зөв хөгжүүлж, засаглалын хувьд эрүүл байлгаж чадвал гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг татах бүрэн боломжтой юм билээ. Нийслэлийг хөгжүүлэх сантай байна. Дараах үйл ажиллагаанд зарцуулна гээд тодорхой заачихсан байгаа юм. Жишээлбэл, хотын стандарт соёлыг хөгжүүлэх чиглэлээр зарцуулна. Ухаалаг цахим хот, үйлдвэрлэл инноваци, хөрөнгө оруулалтыг дэмжих чиглэлээр мөнгийг зарцуулна. Төр хувийн хэвшлийг дэмжих чиглэлээр, хот байгуулалт дэд бүтцийг хөгжүүлэх, ногоон хөгжлийг дэмжих, аялал жуулчлалыг хөгжүүлэх, эрсдэлийг бууруулах чиглэлд сангийн хөрөнгийг зарцуулна гэсэн байгаа юм. Сангийн хөрөнгө нь Нийслэлийн төсвийн бүрдэл хэсэг байна гэдэг нь нийслэлийн төсөвт мөнгө нь сууж явна гэсэн үг шүү дээ. Нийслэл бол Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулиараа нийслэлийн төсвийн нэг хэсэг байна гээд заачихаж байгаа юм. Дүүрэг бол хөгжүүлэх ийм сантай байж болно. Гэхдээ төсвийн бус. Дүүргийн төсөвт тавихгүй гэж байгаа. Өөр бусад эх үүсвэрээр тэр санд хөрөнгө оруулалт татаж болно гэж байгаа юм. Журам болон бүх зүйлийг дүүргийн ИТХ батална ч гэдэг юмуу. Хөрөнгө оруулалт хийх чиглэлээр гээд аятайхан заалт орчихсон байна.

-Аж ахуйн тооцоот газарт хувийн хэвшлийнхнийг оруулах зохицуулалтад та ямар байр суурьтай байна вэ?

-Нийслэлийн харьяаны болон оролцоот 30 гаран аж ахуйн тооцоот газар бий. Ихэнх нь алдагдалтай ажилладаг. Өөрөө өөрийгөө санхүүжүүлнэ гэж байгаа ч 70, 80 хувьд нь алдагдалтай ажиллаж байна. Энд хувийн хэвшлийнхний хөрөнгө оруулалтыг татах, эргээд хувийн хэвшлийнхнийхээ эрх ашгийг хангах, жишээ нь газар эзэмших шийдвэр гаргалаа гэхэд түүнийгээ өөрчлөхгүй байх, олгосон тусгай зөвшөөрлөө цуцлахгүй байх, тусгай зөвшөөрлийг хялбаршуулсан журмаар олгох, тухайн байгууллагын ажиллах цагийн хуваарийг уян хатан шийдвэрлэх гэдэг ч юм уу, хөрөнгө оруулалттай холбоотой мэдээллээр заавал хангах гээд аль болох хөрөнгө оруулалтыг татах заалтууд орж байгаа нь сайн л даа. Хувийн хэвшлийн компаниуд Улаанбаатар хотын аль нэг аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар ч гэдэг юмуу аль нэг салбарт хөрөнгө оруулж хамтарсан компани болоод явах боломжийг бий болгочихож байгаа юм. Ядаж л нэг газарт нь хувийн хэвшил орчихоор менежмэнтийн засаглалын хувьд зөв компани болоод гараад ирдэг. Хэдэн төлөөлөгчдийн болон дарга нарын тавьсан ажилтан тэнд дарга болоод сууж байдаг төрийн байгууллагын байдаг л загварыг эвдэх хэрэгтэй. Энд хувийн хэвшил ороод 10, 20 хувийг нь эзэмшээд явбал өөрсдийн менежментээ оруулж эхэлнэ. Ингэхээр “Хөөе, үүнийг ингэхгүй шүү. Тэгэхгүй шүү” гээд зөв менежменттэй болно гэсэн үг. Тиймээс энэ их зөв, дэвшилттэй болж гэж харж байгаа.

-Нийслэлийн Засаг даргын эрх хэмжээг нэмэгдүүлсэн нь энэ хуулийн нэг дэвшилттэй зохицуулалт болов уу?

-Нийслэлийн Засаг даргыг хуулийн төсөл санаачлахаас бусад асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулж танилцуулж, хэлэлцүүлж болно гэж байгаа юм. Энэ бол том эрх л дээ. Хуулийн төслийг санаачилдаг гуравхан субьект бий. Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүд, Засгийн газар. Бусад асуудлаар гэхээр Засгийн газрын тогтоол, шийдвэрийн төслийг Нийслэлийн Засаг дарга санаачлах эрхтэй болчихож байгаа юм. Засгийн газрын хуралдаанд өөрөө оролцоно. Өөрөө хуралдаанд тухайн асуудлыг танилцуулна, хэлэлцүүлнэ. Одоо бол Засгийн газрын хуралдаанаар Нийслэлийн Засаг дарга агентлагийн дарга нарын хамт асуултад хариулаад захад сууж байдаг. Нийслэл Улаанбаатар хоттой холбоотой асуудал байлаа гэхэд аль нэг сайд өмнөөс нь танилцуулдаг. Одоогийн хуулиар Засгийн газрын тогтоолын шийдвэрүүдийн төслийг өөрөө бэлдэж, өөрөө танилцуулж хэлэлцүүлдэг болж байгаа. Бараг л Засгийн газрын гишүүнтэй ижил хэмжээний статусыг эзэлж байна шүү дээ. Энэ бол өөрийн асуудлаа Засгийн газрын хуралдаан руу оруулаад шийдэх маш том боломж. Хуучин хуулиудад Нийслэлийн Засаг даргын эрхийг голдуу сайдын хэмжээнд тавьдаг байсан. Харин Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулиар энэ удаа нэлээн тодорхой болгож өгсөн байна лээ. Хуулийн 22.1.4-т Засгийн газарт санал тавина. Засгийн газрын хуралдаанд оролцоно. 22.1.6-т Нийслэл хотыг хөгжүүлэх төсөл хөтөлбөрийг санаачилна. Санал дүгнэлт өгнө. Хэрэгжүүлэхэд Засгийн газраас дэмжлэг хүснэ. Ерөнхий сайдтай шууд харилцана” гэх мэтээр оруулж Нийслэлийн Засаг даргын эрх хэмжээг өндөр болгож өгсөн байна лээ.

Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн 30.3-т Нийслэл нь чиг үүргээ хэрэгжүүлэхэд шаардагдах өмчийг хуульд заасны дагуу дүүрэгт шилжүүлж болно. Эсвэл дүүргээс шилжүүлэн авч болно гэж байгаа.

-Улаанбаатар хотын Ерөнхий менежирийн ажил үүргийг хуулиар хэр тодорхой болгосон бэ?

-Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч гээд хоёр албан тушаалын нэршилтэйгээр явж байгаа шүү дээ. Тэгэхээр Нийслэлийн захирагчийнхаа хувьд доороо ажлын албатай. Ажлын албаны дарга нь Ерөнхий менежер гэдэг бүтэцтэй явж байгаа. Үүнийг Нийслэлд хэвээр нь хадгалсан байна лээ. Ерөнхий менежерийн эрхийг тодорхой болгож өгсөн байна лээ. Ийм ийм эрхийг Ерөнхий менежерт шилжүүлж болно гээд нарийн заагаад өгчихсөн. Үүгээрээ хуулийн бичилтийн технологийн хувьд тодорхой бичилт болж чаджээ гэж харагдаж байна. Бусад улсуудын хувьд ямар жишээ байдаг гэхээр Нийслэлийн Засаг дарга гэдэг нь тусдаа байдаг. Тэр нь төрийн чиг үүргийг хэрэгжүүлдэг. Ерөнхий сайд нь томилдог. Нөгөөх нь МЭЭР буюу иргэдээсээ сонгогддог хувилбар байдаг. Тэр нь Ерөнхий менежерийн хийж байгаа ажлыг хийдэг. Уг нь Үндсэн хуульд оруулсан концепц нь Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч гээд энэ нийлүүлчихсэн болохоос тусдаа хоёр өөр хүн байх юм шүү гэж бодож анхны хийсэн байдаг. Гэтэл манайх төрийн байгууллагын хувьд нэгдмэл Ерөнхий сайд гээд хүн байдаг. Мөн Нийслэлийн ИТХ гээд байж байдаг. Тэгэхээр дахиад нэг мээрийг иргэдээс сонгох юм уу. Иргэдээс сонгогдсон Хотын дарга нь Нийслэлийн Засаг даргатайгаа хэр ойлголцох уу. НИТХ, Ерөнхий сайдтай хэр ойлгох уу. “Би 1.5 сая хүнээс сонгогдсон” гээд байвал яах вэ зэрэг асуудлаас болж хэвээр нь үлдээчихсэн.

-Хот тосгоны эрх зүйг байдлын тухай хууль УИХ-аар хэлэлцэгдэх гэж байна. Энэ хуулиар ямар харилцааг зохицуулах вэ?

-Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн төслөөс харахад Улаанбаатар хотоос бусад хот тосгоныг зохицуулна. Улаанбаатар хотыг тусад нь Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулиар зохицуулсан. Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулиар улсын зэрэглэлтэй, орон нутгийн зэрэглэлтэй хот гээд 2 ойлголт явж байгаа. Улсын зэрэглэлтэй хот гэхээр Дархан, Эрдэнэт гэх мэт аймгаасаа эрх шилжүүлэн авч хэрэгжүүлэх хотуудаа ойлгож болно. Орон нутгийн зэрэглэлтэй хот гэхээр сумын засаг даргаасаа эрх шилжүүлэн авч хэрэгжүүлэх захирагчтай хотыг ойлгож болохоор байна. Дархан-Уул аймгаар жишээ авахад аймгийн Засаг дарга, ИТХ гэж байгаа. Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль батлагдахаар Дархан хотын захирагч гэж гарч ирнэ. Хотын захирагч нь Дархан хотын иргэдээс сонгогдоно. Дахиад Дархан хотын иргэдээс сонгогдсон зөвлөл байна. Тэгэхээр Засаг дарга, ИТХ дээр нэмээд Дархан хотын иргэдээс захирагч гэж хүн сонгогдоно, зөвлөлийн гишүүд сонгогдоно. Зөвлөл нь дотроосоо зөвлөлийн даргаа сонгоно. Зөвлөлийн гишүүнд улс төрийн намаас нэр дэвшигч дэвшүүлэхгүй гэх мэт сонирхолтой заалтууд их бий. Засаг дарга нь хотын Захирагч руугаа тодорхой эрхийг шилжүүлж болно гэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, голдуу аж ахуйн эрхүүдээ шилжүүлж болохоор юм билээ. Дархан хотын цэвэрлэгээ, зам засвар арчлалт, цэцэрлэгт хүрээлэн, хог хаягдал зэргийг төсөвтэй нь хамт захирагч руу өгч болох юм билээ. Ойлголцоод явбал гайгүй. Ойлголцож чадахгүй бол ихээхэн маргаан гарна. Жишээ нь, аймгийнхаа Засаг даргыг үгүйсгээд “Би иргэдээс сонгогдсон” гээд гөжөөд суухыг үгүйсгэхгүй. Улсын зэрэглэлтэй хотод зөвлөлийн дарга нь ИТХ дарга гэдэг шиг даргатай байх юм билээ. Дотроосоо нэг дарга гаргаж ирнэ гэсэн үг. Зөвлөлийн дарга гэдэг нь жишээлбэл, аймгийн засаг дарга, ИТХ-ын даргыг “Юу яриад байгаа юм бэ. Би зөвлөлийн дарга хүн шүү. Би ч мөн иргэдээс сонгогдсон” гэх асуудлыг амьдрал дээр яаж хэрэгжүүлэх юм байгаа юм. Яахав дэвшилттэй заалт. Одоо байгаа Үндсэн хууль болон бусад хууль эрх зүйн хүрээнд зоригтойгоор орон нутагт хийх гэж үзэж байгаа юм.

-Энэ хуулиар иргэд өөрсдөө захирагчаа сонгох нь гэж ойлгох уу?

-Энэ хуулийн төсөл УИХ-аар хэлэлцэгдэхээр юу болохыг хэлж мэдэхгүй байна. Бусад улс оронд манайхаар ИТХ гэдэг нь зөвлөл байдаг. Иргэдээс сонгогдож байгаа захирагч Засаг дарга нь ч, захирагч нь ч энэ зөвлөлийнхөө дарга нь байдаг. Жишээлбэл, та иргэдээс сонгогдлоо. Зөвлөлийн гишүүдтэйгээ хамт дэвшчихнэ. Иргэд таныг сонгочихвол Засаг дарга, захирагч, зөвлөлийн даргын албыг хамтад нь хашна. Тусдаа ИТХ, Засаг дарга гэсэн бүтэц байдаггүй. Манайд иргэдийн хурал байна гэчихсэн. Засаг дарга байна гэчихсэн. Гэтэл нөгөө талд нь аж ахуйн ажил хийж байдаг хүн хэрэгтэй байгаа юм. Аж ахуйн ажил хийж байдаг хүн нь манайхаар бол Ерөнхий менежер. Дархан-Уул аймагт болохоор Дархан уул аймгийн Ерөнхий менежер иргэдээс сонгогдож байгаа захирагч. Гэхдээ иргэдээс сонгогдох нь байна. Сонирхолтой бүтэц гарахаар байгаа биз. Хуулийг нарийн үзвэл иргэдээсээ сонгогдсон захирагчийгаа огцруулах, хариуцлага тооцох эрхийг засаг даргадаа өгсөн байна. Ерөнхийдөө том босс нь тухайн аймгийн Засаг дарга маягтайгаар хийсэн байна лээ. Тэгэхээр захирагч нь 100 хувь томроод байх боломж багатай. Хэрвээ яг үүгээр явж чадвал дэвшилттэй. Иргэдийнхээ дунд нэр хүндтэй иргэдээсээ сонгогдсон захирагч нь иргэнтэйгээ илүү ойр чих зөөлөн байх талтай.

-Хот өөрөө эрчим хүчний асуудлаа хариуцахаар хуульчилсан гэж байсан. Энэ тухайд?

-Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуульд орсон өөр том заалт нь Нэгжийн хуулийн 24.1.14-т болон Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуульд заагдсан Эрчим хүчний яамны мэдэлд байгаа Улаанбаатар дулаан, Улаанбаатар цахилгаан болон Хот суурины усан хангамж, ариутгах татуургын үйлчилгээг зохицуулах зөвлөл гэх мэт газрууд Нийслэлийн Засаг даргын мэдэлд ирэхээр харагдаж байна. Нийслэлийн засаг дарга Энэ байгууллагуудын барилга байгууламжийг төлөвлөх, ашиглах, хяналт тавих гэж хуульд орсон байгаа юм. Тэгэхээр Улаанбаатар хотын бүх барилга барилга байгууламж, цахилгаан түгээх сүлжээний барилга байгууламж, төлөвлөлт, ашиглалт, хяналт гэчихсэн байгаа. Яамны харьяанд байсан эрх мэдлийг Нийслэлийн Засаг дарга руу өгч байгаа зүйл харагдаж байна. Нийслэлийн Засаг даргын мэдэлд бүрэн өгч чадсан бол сайн байна.

-Сургууль, цэцэрлэгийн эрхлэгчдийг орон нутгийн Засаг дарга нь томилж байгаагаас болж улстөржөөд байна гэх шүүмжлэлийг зарим гишүүд хэлж байсан. Үүнд та ямар байр суурьтай байна вэ?

-Боловсролын багц хууль хэлэлцэгдэх гэж байна. Г.Тэмүүлэн гишүүн улс орон даяар 1626 цэцэрлэг байна. Үүнд 88 мянга гаруй албан хаагч ажиллаж байна. Сургууль цэцэрлэгийн эрхлэгчдийг орон нутгийн Засаг дарга томилж байгаа учраас улстөржөөд байна гэж яриад байгаа юм. Би үүнтэй санал нийлэхгүй байгаа. Учир нь нэгжийн хуулийн гол зарчим нь төсөв мөнгө бүх зүйлийг нь байж болох доод нэгжид субсидар зарчмын дагуу өгч байна шүү дээ. Энгийнээр яривал, Сүхбаатар дүүрэгт төрийн 35 цэцэрлэг, 24 сургууль байдаг. Энэ бүх цэцэрлэг, сургуулиудын ашиглалтын зардлыг бүгдийг нь дүүрэг хариуцдаг. Хоёрдугаарт, дүүргийн Засаг дарга гэдэг тухайн дүүрэгтээ төрийг төлөөлж байгаа засаг төрийн төлөөлөгч. Үүнээс гадна субсидар зарчмаар байж болох хамгийн ойр нэгжид эрх мэдлийг хуваарилах зарчмаар шат шатны засаг дарга нар нь сургууль цэцэрлэгийн эрхлэгч захирлуудаа томилоод явдаг хувилбар нь зөв. Иргэдэд хамгийн ойр байх төрийн үйлчилгээ бол эмнэлэг, сургууль, цэцэрлэг. Гэтэл эдгээр байгууллагын даргыг нь Засаг дарга нь мэдэхгүй байж болохгүй. Хуучин Засаг даргаас өөр хүн томилдог байсан. Гэхдээ тэр нь хөрсөн дээрээ олигтой буудаггүй юм. Засаг дарга сургуулийн захирлыг сонгохдоо мэргэжлийн байгууллагын сонгон шалгаруулалтад орсон хүнийг томилдог хууль журамтай шүү дээ. Одоо байгаа хуулиар нийслэлийн боловсролын газар сонгон шалгаруулалт явуулж, санал болгосон хүнийг нь дүүргийн Засаг дарга томилдог. Орон нутаг босоо маш олон байгууллагатай. Татвар,Бүртгэл, Мэргэжлийн хяналтгэх мэт. Дээрээс нь боловсрол нь босоо байх юм гэнэ. Аймгийн, дүүргийн Засаг даргад ямар эрх үлдэж байгаа юм бэ. Орон нутгийн Засаг даргад томилох эрх мэдлийг нь хэвээр хадгалах гэдэгтэй би санал нэг байгаа.

Categories
мэдээ улс-төр

Сүхбаатар дүүргийн ИТХ-ын дарга Б.Энхболд: Орон нутгийн чиг үүргийг зааглаж, түүнийгээ хэрэгжүүлэх санхүүгийн нөөцийг нь нэмэгдүүлсэн байна

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Үүнтэй холбогдуулан Сүхбаатар дүүргийн ИТХ-ын дарга Б.Энхболдтой ярилцлаа. Тэрбээр 2012-2016 оны хооронд НИТХ-ийн хурлын Нарийн бичгийн даргаар ажиллаж байсан билээ.


-Танд нийслэл Улаанбаатар хотын 382 жилийн ойн мэндийг хүргэе.

-Баярлалаа.

-УИХ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд Засаг захиргаа, нутаг дэвсгэр нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулж, баталсан. Та Сүхбаатар дүүргийн ИТХ-ын даргын хувьд энэ хуулийг хэр чамбай хууль болсон гэж дүгнэж байна. Хөрсөн дээрээ хэрхэн буухыг танаар дүгнүүлэх нь зөв болов уу?

-Энэхүү хууль бол 21 аймаг, есөн дүүрэг, 330 сум, 173 хороо болон иргэдийн амьдралын харилцааг зохицуулдаг гол хуулиудын нэг нь. Үндсэн хуулийн дөрөвдүгээр бүлэгт “орон нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулна” гэсэн зарчим байдаг. Гэвч өнгөрсөн хугацаанд холилдсон шинж чанартай явж ирсэн.

Шат шатны ИТХ нь Засаг даргынхаа салбар нэгж байдалтай байж, иргэдийг төлөөлөх ажлаа бага хийсэн байна гэх дүгнэлтийг судлаачид гаргасан.

Тиймээс Үндсэн хууль дахь сая дурдсан “…хослуулна” гэсэн зарчмыг яаж хадгалж үлдэх вэ гэдэг зохицуулалт уг хуулийн шинэчилсэн найруулгад орсон байна.

Өөрөөр хэлбэл, иргэдийн төлөөллийн байгууллага ИТХ нь улирал тутам ээлжит хурлаа хийж Засаг даргадаа хяналт тавьдаг, иргэдийнхээ оролцоог хангах энэ үүргээ хангалтгүй биелүүлбэл төлөөлөгчийг эгүүлэн татдаг байхаар хуульчилсан.

Мөн тухайн нийслэл, дүүрэг, аймаг, сум, баг, хорооны сонгуулийн насны иргэдийн таваас доошгүй хувь нь гарын үсэг зуран асуудал санаачилж хурлаар хэлэлцүүлдэг байх гэх мэт ИТХ, Засаг даргын эрх, үүрэг хариуцлагыг илүү тодотгож өгсөн байна.

-Иргэдээс сонгогдсон төлөөлөгчид байхад иргэд хэлэлцэх асуудал дэвшүүлэхээр зохицуулсан нь ямар учиртай юм бэ?

-Иргэдэд эрх мэдлийг яаж ойртуулах вэ гэдэг асуудал байна. Тэгвэл тухайн дүүргийн нийт иргэдийн таван хувь нь гарын үсэг зурж үүнийг заавал хурлаар хэлэлцүүлнэ гэвэл ИТХ заавал хэлэлцэх үүрэгтэй болж байгаа юм. Энэ бол ёс төдий биш дэвшилттэй заалт гэж харж байгаа. Учир нь иргэд нэг сонгуулиар 8200 гаруй төлөөлөгчийг томилчихоод бараг мартчихаад байдаг тал бий шүү дээ.

-Уг хуулийн өөрчлөлтөөр жишээлбэл, танай хурал дээр дагалдах ямар ажлууд хийгдэхээр байна?

-Энэ хуулийн дагуу шат шатны ИТХ-д хурлынхаа дэг, хороодын ажиллах журам, ёс зүйн дүрмийг бүрэн шинэчлэх үүрэг хариуцлага ирж байгаа.

Хурлуудын хуралддаг давтамжийг хуулиар нэмж өгсөн байна лээ. Жишээлбэл, бүх шатны иргэдийн төлөөлөгчийн хурал жилд хоёроос доошгүй хуралдана гэдэг байсан бол энэ жил заавал улиралд нэг удаа хуралд гэж байгаа. Ингэж хурлыг илүү амилуулах гээд байна шүү дээ. Хуучин 2012-2016 онд НИТХ сар бүр хуралддаг, тэр нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр байнга гардаг хотын парламент маягтай байсныг та бүхэн санаж байгаа байх.

-Та сая төлөөлөгчийг эгүүлэн татах зохицуулалтын талаар дурдлаа. Энэ талаар дэлгэрүүлэхгүй юу?

-ИТХ-ын төлөөлөгчдийг нэлээн сайн хариуцлагажуулсан. Шат шатны нийт 8200 төлөөлөгч бий. Жишээ нь, нийслэлийн есөн дүүрэгт гэхэд 330 гаруй, Сүхбаатар дүүрэгт 35, Нийслэлд 45 төлөөлөгч байдаг. Нийт төлөөлөгчдийг хариуцлагажуулах үүднээс төлөөлөгчдийг эгүүлэн татах зохицуулалт орсон. Эгүүлэн татах журмыг УИХ батлах юм байна лээ. Төсөл нь бичигдэж байгаа. Тухайлбал, иргэдийн итгэлийг эвдсэн, төлөөлөгчийн хариуцлагаа биелүүлээгүй, ёс зүйн дүрмээ удаа дараа зөрчсөн, авлига албан тушаалын хэрэгт холбогдсон гэж үзвэл тухайн хорооны байнгын оршин суугч эгүүлэн татах санаачилга гаргаж, гарын үсэг цуглуулаад ИТХ руу хандах юм байна. Тухайн ИТХ нь тухайн төлөөлөгчийг эгүүлэн татах эсэх шийдвэрийг гаргана. Хэрвээ ИТХ-аас эгүүлэн татах нь зөв гэсэн шийдвэр гарвал сонгууль шиг санал хураалт явна. Сонгуулийн хэсгүүд байгуулагдаж, иргэд очиж саналаа өгнө. Түүнийг Сонгуулийн ерөнхий хороо зохион байгуулна. Төсөв нь орон нутгийн төсвөөс гарна. Иргэдээс гарын үсэг цуглуулах ажлыг эгүүлэн татахаар санаачилсан иргэн хийнэ.

-Мөн огцруулах заалт ч харагдсан. Ямар нөхцөлөөр, хэн огцруулах юм бэ?

-Төлөөлөгчдийг хариуцлагатай байлгах үүднээс ИТХ өөрийн гэсэн ёс зүйн дүрэмтэй байна. Ёс зүйн дүрмээ удаа дараа зөрчвөл огцруулна гэсэн зохицуулалт хуульд орж байгаа юм билээ. Ер нь төлөөлөгчийг огцруулах, чөлөөлөх хэд хэдэн үндэслэл байдаг. Тодруулбал, нас барсан, төрийн албанд томилогдсон, эрүүл мэндийн шалтгаанаар өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн бол чөлөөлдөг. Тэгвэл үүн дээр нэмээд ёс зүйн дүрмээ удаа дараа зөрчсөн бол огцруулахаар заалт оруулсан. Ёс зүйн дүрмээ удаа дараа эсхүл ноцтой зөрчсөн төлөөлөгчийг огцруулахдаа тухайн хурал эцсийн шийдвэрийг гаргахгүй шүүх рүү огцруулах өргөдөл хүргүүлнэ гэсэн үг. Тухайн төлөөлөгч огцруулах шийдвэрийг эсэргүүцэж шүүхэд хандвал огцруулах шийдвэр нь түр түдгэлзэх юм билээ. Эгүүлэн татах журмыг УИХ-аас эцэслэн батлахаар нь нэмэлт мэдээлэл өгье.

-Үүнээс гадна ИТХ-ын дарга төлөөлөгчдөө дэг сахиулах үүднээс тодорхой эрхийг нь хасдаг болсон гэж байсан…

-ИТХ-ын дарга төлөөлөгчид дараах хариуцлагыг хүлээлгэнэ гэж байгаа. Хурал дээр ёс зүйгүй янз бүрийн үйлдэл гаргах, бусдыгаа яриулахгүй байх гэдэг ч юмуу иймэрхүү үйлдэл гаргавал эхний ээлжинд сануулна. Тухайн хуралдааны туршид асуулт асууж, үг хэлэх эрхийг нь хасна гэж байгаа. Түүнчлэн асуудал оруулах эрхийг нь хасна. Харин санал хураалтад оролцох эрхийг нь үлдээж байна. Ингэж төлөөлөгчийг нэлээн харуицлагажуулж, хуралдааны даргад үүрэг ногдуулж байгаа юм.

-Тэргүүлэгчдийн оронд зөвлөл гэсэн бүтэцтэй болж байгаа юм билээ. Зөвлөл ямар эрх, үүрэгтэй байх вэ?

-2019 онд Үндсэн хуульд орсон нэмэлт, өөрчлөлтөөр “Бүх шатны хурлын байгууллагын чөлөөт цагт тэргүүлэгчид ажиллана” гэсэн заалт байсныг хассан. Уг өөрчлөлтийн дагуу тэргүүлэгчийн оронд зөвлөл ажиллана. Зөвлөл нь төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэй. Гэхдээ хурлын бүрэн эрхэнд хамаарах шийдвэр гаргахгүй гээд заачихсан. Зөвлөлийн ажиллах журмыг УИХ батлахаар хуульд заасан. Журмын төсөлтэй танилцсан. Төслөөс харахад ИТХ-ын зөвшөөрснөөр тодорхой шийдвэр гаргах эрхийг эрх шилжүүлж дараа тайлагнах зарчмаар зөвлөл рүү шилжүүлж болохоор заасан. Энэ тохиолдолд зөвлөл яг ямар нэртэй шийдвэр гаргахыг нарийн зааж өгөх хэрэгтэй. Төслийг нь харахаар зөвлөл нь албан бичиг, тэмдэглэл, чиглэл, зөвлөмж өгөхөөр уншигдаж байна. Зөвлөлийн өөр нэг чухал үүрэг бол Нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг бэлтгэл хангах үүднээс хэлэлцээд бэлтгэл хангагдаагүй бол нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг хойшлуулж болохоор байна.

Тэгэхээр зөвлөлийн хурлаар ороод дэмжээгүй асуудлыг нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхгүй ч гэдэг юмуу логик байна. Хуучин бол тэргүүлэгчдийн хурлаар оруулж, хэлэлцэхийг нь дэмжиж байж нэгдсэн хуралдаанд оруулдаг байсан. Энэ эрх мэдэл нь зөвлөл дээр хадгалагдсан хэвээр байна гэсэн үг. Гэхдээ зөвлөл тогтоол гаргах юм уу гэхээр тогтоол гэсэн үг байхгүй байна. Тэгэхээр зөвлөл их өвөрмөц бүтэц болох нь. Амьдрал дээр яаж хэрэгжиж, ажиллах нь уу гэдгийг харъя.

-Засаг захиргааны нэг нэгжийг нөгөөтэй нь нийлүүлж, салгахдаа тухайн шатны ИТХ-аас санал авахаа больсон нь ямар учиртай юм бол?

-Төрийн байгууллагын хувьд манайх нэгдмэл улс шүү дээ. Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 12.1-т “…удирдлагын зарчим” гэж бий. Төрийн байгууламжийн хувьд нэгдмэл байна гээд оруулчихсан. Үндсэн хуульд ч ийм өөрчлөлт орсон. Өөрөөр хэлбэл, аль нэг сумыг өөр нэг сумтай нийлүүлэх ч гэдэг юмуу, тухайн нэгжийг татан буулгах шийдвэр гаргахдаа иргэдээс санал авна. Хуучин бол заавал тухайн шатны ИТХ нь хуралдаж байж тогтоол гаргадаг байсан. Тэгвэл одоо мөрдөгдөж байгаа хуулиар ИТХ нь тогтоол гаргадаг байсныг больж, тухайн газрын иргэдийн саналыг харгалзаж байгаад Засгийн газар, УИХ руу оруулж шийддэг болсон. Энэ бол илүү хялбаршуулсан журмаар шийдэж байна гэсэн үг. Төрийн байгууламжийн хувьд нэгдмэл учраас орон нутгийн зарим асуудлыг заавал ИТХ-аас асуугаад байхгүй шууд шийдэж болно гэсэн санаа. Тэр утгаараа 12.1 дэх заалт хэрэгжээд явах нь.

-Энд нутгийн иргэдийн ашиг сонирхлыг хэр хангасан байдаг юм бол?

Төрийн байгууламжийн хувьд нэгдмэл ч гэсэн улсын болон орон нутгийн ашиг сонирхлыг хослуулна гэж 12.1.2-т заасан байгаа. Тэгэхээр орон нутгийн ашиг сонирхол, орон нутгийн онцлог гэж байх нь. Жишээ нь, Өмнөговь аймаг гэхэд уул уурхай ашигт малтмалтай илүү холбоотой. Тэгвэл иргэд “Энд бид цөлжилтийн эсрэг ийм арга хэмжээ авмаар байна. Энэ уул уурхайн лицензийг зөвшөөрмөөргүй байна. Усаа хайрлаж, хамгаалмаар байна” гэдэг ч юмуу санал, санаачилга гаргавал орон нутгийнхны ашиг сонирхлыг бодолцох нь. Түүнээс “Төрийн байгууллагын хувьд нэгдмэл байна. Юу яриад байна” гэж болохгүй шүү, орон нутгийн ашиг сонирхлыг харгалзах ёстой шүү гэдэг байдлаар оруулсан байгаа юм.

-Баянзүрх дүүргийн хороодыг нэмэх эсэх асуудал нийгэмд хүчтэй яригдлаа. Өнөөгийн түвшинд хороодыг нэмэх хэрэгцээ, шаардлага байна уу. Та үүнд ямар байр суурьтай байна?

-Нийслэлийн хэмжээнд 173 хороо бий. Хороодыг нэмэх шаардлага байгаа юү гэвэл байгаа. Хороодыг нэмэх шийдвэрийг дүүрэг биш НИТХ гаргадаг. Жишээлбэл, олон хүн амтай, иргэддээ үйлчилж дийлэхгүй ачаалалтай байгаа хороод цөөнгүй бий. Тиймээс хороодыг дотор нь задлахад буруудахгүй. Гэхдээ ИТХ-д олонх болсон нам дараагийн сонгуульд ялах зорилгоор хороодыг хэсэгчлэх нь буруу. Энэ бол өөрт ашигтайгаар сонгуулийн тойргоо хуваадаг Жерри мандер аргын нэг хэлбэр л гэсэн үг.

-Нэгжийн хуульд хороотой холбоотой ямар зохицуулалтууд орсон бэ?

-Субсидар зарчмын дагуу улсаас 420 гаруй тэрбум төгрөгийг нийслэлд үлдээж байна. Нийслэлд төвлөрдөг байсан нэр бүхий хоёр татварын эрхийг дүүрэгт өгчихөж байна. Тэгвэл дүүргийн төсөв тусдаа хорооны төсөвтэй байхаар шинээр заасан. Тэгэхээр 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлээд хороодын төсөв гэж байх нь байна. Одоогийн хуулиар хэсгийн ахлагчдыг дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга томилж байгаа. Тэгвэл энэ хуулиар хорооны Засаг дарга нь томилдог болох нь. Энэ хэдийгээр жижигхэн зүйл мэт боловч хөрсөн дээрээ том өөрчлөлт. Иргэдтэй тулж ажиллаж байгаа хорооны Засаг даргын эрх мэдлийг нэмэгдүүлж өгч байгаа юм. Хороо өөрөө төсөвтэй болж байна. Нийслэлийн 173 хороонд хэсгийн хуваарь батална. Тэгэхээр хэсэг гэж бүтэцтэй болох нь. Хэсгийн хуваарь нь ямар байх, яах ийхийг шат шатны Засаг даргын зүгээс ИТХ руугаа өргөн барина. Тэр процесс нь хүлээгдэж байна. Хороодод ялгаагүй хорооны иргэдийн нийтийн хурлын тэргүүлэгч гэж байдаг. Тэгвэл тэргүүлэгчдийг байхгүй болгож хорооны Иргэдийн нийтийн хурлын зөвлөл гэж 1бүтэцтэй болж байгаа. Тус зөвлөл нь хорооны Засаг дарга, ИНХ-ын хуралдааны дарга, хорооны хэсгийн ахлагчдаас бүрдэнэ. Мөн иргэдийн төлөөлөл орно гэж байгаа. Тэгэхээр хороо бүрд 10-15 хүний бүрэлдэхүүнтэй зөвлөл ажиллахаар байгаа юм. Зөвлөлийн урамшууллыг ИТХ-ын төсөвт тусгайлан зааж өгнө гэсэн байна.

-Төлөөлөгчид төрийн захиргааны ажил эрхэлж Засаг даргынхаа удирдлагын бүтцэд ажилладаг тохиолдол цөөнгүй байна. Та үүнд ямар дүгнэлттэй байдаг вэ?

-Аймаг, орон нутгуудын төлөөлөгчид улс төрийн албан тушаалтнууд шүү дээ. Гэтэл тэр улс төрийн албан тушаалтнууд аймаг, орон нутагтаа давхар төрийн захиргааны алба хашаад байгаа тохиолдол байна. Жишээлбэл, аймгийн ИТХ-ын төлөөлөгч мөртлөө аймгийн Засаг даргын Тамгын газарт ажиллаж байгаа тохиолдол ч байна. Энэ бол 2019 онд батлагдсан Төрийн албаны тухай хуулийн өөрчлөлтөөр хүчингүй болчихсон зүйл. Гэтэл үүнийг зөрчөөд яваад байгаа юм. Нэгжийн хуулийн шинэчилсэн найруулгаар бол зөвхөн сумын түвшинд нийт төлөөлөгчийн 1/3 төрийн албан тушаалтан байж болно гээд заачихсан. Харин аймаг, нийслэл, дүүрэг болохгүй шүү гэдгийг нь тодорхой заагаад өгч байна гэсэн үг.

Тэгэхээр 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш сум л биш бол аймаг, нийслэл, дүүрэгт төлөөлөгч нь давхар Төрийн захиргааны ажил эрхэлж байгаа бол шууд төрийн захиргааны албанаасаа чөлөөлөгдөх ёстой. Одоо үйлчилж байгаа Нэгжийн тухай хууль ирэх арванхоёрдугаар сарын 31-нд хүчингүй болно. Бүх шатны иргэдийн хурлын төлөөлөгчдийн 1/3 төрийн албан тушаалтан байж болно гэсэн заалт нь хэвээрээ байгаа юм шиг ойлголт яваад байгаа юм. Гэтэл Төрийн албаны тухай хууль батлагдчихсан. Дунд нь хийдэл үүсээд байгаа юм шиг нөхцөл үүсээд байна. Энэ нэлээн олон хүнд нөлөөлнө.

-Энэ хуульд орон нутгийн яам байгуулах заалт орсон гэж сонссон…

-72.3-т шинээр яам байгуулж болохоор заалт орсон. “Орон нутгийн хөгжил, засаг захиргааны шинэтгэлийн бодлого боловсруулах, хэрэгжүүлэх асуудлыг эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Засгийн газрын бүтцэд байна” гэж заасан байгаа. Тэгэхээр энэ заалтаар 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс бусад улс оронд байдаг шиг Minister of Local Govern­ment буюу Засаг захиргааны яамтай байж болохоор байна. Одоо бол үүнийг ЗГХЭГ-ын орон нутгийн удирдлагын газар зарим чиг үүргийг нь хэрэгжүүлж байна. Төрийн захиргааны төв байгууллага байна гээд биччихсэн учраас яам байгуулах болчихоод байгаа юм. Цахим яам, Эдийн засаг хөгжлийн яамыг одоо байгуулах гэж байна. Гэтэл нэмээд ийм яам байж болохоор заалт оруулсан байна.

-Энэхүү хуулиар орон нутаг өөрийн гэсэн төсөвтэй байхаар хуульчилсан. Үүнд та ямар дүгнэлттэй байгаа вэ?
-Төрийн үйлчилгээг хамгийн ойр нэгжид хуваарилах субсидар зарчим гэж бий.

Энэ зарчмын дагуу хэд хэдэн томоохон өөрчлөлтүүд орсон. Энэ нь төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай хууль батлагдахаас өмнөх төсвийн зохицуулалт руу оруулж байна гэсэн үг юм. Тухайлбал, төсвийн тухай хуульд 2020 оны арванхоёрдугаар сард өөрчлөлт орж дараах татварууд орон нутагт шилжиж байгаа. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 7.1-т заасан орлогод ногдох албан татвар, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын орлого 100 хувь аймаг, нийслэлд төвлөрдөг байсан бол сум, дүүрэг рүү шилжүүлсэн. Түүнчлэн газрын төлбөрийн 60 хувь нь аймаг, нийслэлд төвлөрдөг байсныг 100 хувь сум, дүүргийн төсөвт төвлөрүүлдэг болсон. Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 100 хувь улсад төвлөрдөг байсныг 40 хувийг нь аймаг, нийслэлд төвлөрүүлэхээр байна. Мөн нийслэлийн төсвөөс улсын төсөвт төвлөрүүлдэг 420 тэрбум төгрөгийг нийслэлд нь үлдээж замын түгжрэл гэх мэт тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхээр болж байна. Хэлэлцэгдэж буй улсын төсвийн төслөөс харахад Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 40 хувь нийслэлд үлдсэнээр нийслэлийн төсөв 240.4 тэрбум төгрөгөөр нэмэгдэхээр байна. Дээр дурдсан 420 тэрбум төгрөг дээр нэмбэл 660.4 тэрбум төгрөгөөр нийслэлийн төсөв нэмэгдэж байна. Сүхбаатар дүүрэг 2021 онд есөн дүүргээс хамгийн өндөр буюу 48 тэрбум төгрөгийг нийслэлд өөрийн татварын орлогоороо төвлөрүүлэх хуваарьтай, энэ дагуу ч төвлөрүүлээд явж байна. Хан-Уул 34 тэрбум төгрөг, Чингэлтэй 31 тэрбум төгрөг, Баянгол 4 тэрбум төгрөг, Баянзүрх 6 тэрбум төгрөгийг нийслэлийн төсөвт төвлөрүүлэх графиктай. Сонгинохайрхан, Багахангай, Багануур, Налайх дүүргүүд орлого төвлөрүүлдэггүй татаас авч явдаг. Тэгэхээр орлого төвлөрүүлдэг дүүргүүдийнхээ нийслэлд төвлөрүүлдэг дүнг бууруулах, ядаж жигдлэх гэх мэт хуваарилалтыг зөв хийх, хуулиараа шилжин ирж буй хот, нийтийн аж ахуйн ажлуудаа сайн хийх боломжийг дүүргүүддээ олгох чиглэлд хотын удирдлагууд нийслэлийн төсөв батлах үедээ анхаарах хэрэгтэй байна.

-Төсөвтэйгөө хамт хийх ажлыг нь өгч байгаа гэсэн үү. Ямар ажлыг дүүрэг хариуцах вэ?

-Тус хуулиар төсвийн эрхээс гадна хариуцлагыг нь ч дүүрэгт мөн ногдуулсан. Тухайлбал, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хариуцан хамтран хийдэг нийтийн эзэмшлийн зам талбай арчлах тордох, цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламжийг цэвэрлэх, засах, сэргээх, тордох, гэрэлтүүлэг, камержуулалт, золбин нохой муурны асуудал, замын халтиргаа гулгаа, хог хаягдлын менежмент зэрэг ажлууд үндсэндээ дүүргүүд хариуцахаар болж байна.

-Мөн сум, дүүрэг өмчтэй байхаар хуульчилсан. Энэ бол жижиг мэт боловч том дэвшил биз дээ?

-Тийм. Үүний цаана томоохон хэмжээний реформ явагдана. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль гэж бий. Үүнийг салгаж Орон нутгийн өмчийн тухай хууль гэж батлахаар УИХ-ын гишүүд ярьж байна лээ. Дүүргийн өмчийн харилцааг 2014 онд баталсан Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн багц журмаар зохицуулсан байдаг. Жишээ нь, Сүхбаатар дүүргийн ширээ, сандал манай балансад бүртгэлтэй мөртлөө актлах, дуудлага худалдаанд оруулах, устгах эрх нь Нийслэлийн өмчийн харилцааны газарт байдаг. Дүүрэг зөвхөн балансыг нь бүртгэнэ. Муудчихлаа акталъя гэвэл Нийслэлийн өмчийн харилцааны газарт ханддаг. Гэтэл дүүрэг өмчтэй байна гэж Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд оруулсан учраас энэ багц журмууд бүгд өөрчлөгдөх ёстой. Дүүрэг өөрийн өмчийг өөрөө дуудлага худалдаа, эргэлтэд оруулах, актлах, хувийн хэвшилтэй гэрээлэн ажиллах боломжтой болж байна гэсэн үг.

-Нутгийн удирдлагын төлөөллийн байгууллага гэж байгууллага төрөөс санхүүждэг болно гэснийг та хэрхэн дүгнэж байна?

-Нэгжийн хуулийн 79 дүгээр зүйлд “Нутгийн удирдлагын төлөөллийн байгууллага” гэсэн заалт орсон. Нутгийн удирдлагын төлөөллийн байгууллага нь гишүүн байгууллагуудаас санхүүжнэ гэчихсэн байгаа юм. Гишүүн байгууллага гэдэг нь 21 аймаг, 330 сум, 9 дүүрэг НИТХ байх нь. ИТХ-ын төсөвт гишүүн байгууллагын санхүүжилтийн гишүүнчлэлийн татварыг суулгаж өгнө гэж байгаа юм билээ. Энгийнчилбэл, Хуульчдийн холбоо, ХААҮТ шиг хуультай төрийн бус байгууллага маягийн зүйл гарч ирэх гээд байгаа юм. Гишүүн байгууллагуудынх нь төлөөлөл нь хуралдаад тэргүүнээ сонгоно. Тэргүүн нь Удирдах зөвлөлийнхнийгөө танилцуулж, гүйцэтгэх захирлаа томилно. Эерэг талаас нь харвал тодорхой хэмжээгээр төрөөс санхүүжээд нутгийн өөрөө удирдах байгууллагын төлөөлөгчдийг давтан сургах чиглэлээр үйл ажиллагаа явуулах ч гэдэг юмуу ийм дэвшилттэй байхыг үгүйсгэхгүй. Нутгийн удирдлагын холбоо, Нутгийн удирдлагын Нийгэмлэг гэж хоёр ТББ идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг. Гэтэл уг нутгийн удирдлагын төлөөллийн байгууллагын дүрмийг нь Засгийн газар батлахаар төсөл явж байгааг уншихад НУТГИЙН УДИРДЛАГЫН ХОЛБОО гэдэг ТББ-ыг хуульчлан зааж төрөөс санхүүжүүлэхээр харагдаж байна. Нутгийн удирдлагын төлөөллийн байгууллага нь юу хийх вэ гэхээр гишүүн байгууллагуудынхаа эрх ашгийг төлөөлж Засгийн газартай шүүхдэнэ гэж байгаа юм. 21 аймгийн ИТХ ч юмуу Засаг дарга өөр нам байлаа ч хүчтэй байгаа Ерөнхий сайд, Засгийн газартайгаа шүүхдэх үү. Шүүхдэх эрхийг сая нэр дурдсан холбоо хэрэгжүүлнэ гэнэ. Миний бодлоор энэ амьдрал дээр нэлээн зовлонтой байх болов уу гэж харж байгаа. Нөгөө талаас Засгийн газраас тогтоол гаргах, УИХ-аас нутгийн өөрөө удирдах байгууллагатай холбоотой хууль тогтоомж батлах нэмэлт өөрчлөлт хийхээр бол Нутгийн удирдлагын төлөөллийн байгууллагаас заавал санал авахаар зохицуулсан байгаа юм. Үүнээс гадна Нутгийн удирдлагын төлөөллийн энэ байгууллага Засгийн газартай хэлэлцээрт орно гээд заачихсан байгаа юм. Уг нь ийм байгууллага бусад орнуудад байдаг л даа. Финланд, Исланд, европын холбооны зарим улсад гэх мэт. Манайх бол төрийн байгууламжийн хувьд нэгдмэл улс шүү дээ. Засаг захиргааны хувьд парламентын засаглалтай. Ерөнхий сайд нь Засаг захиргааны хамгийн дээд төлөөлөгч гэж явдаг. Энэ зарчмаа л баримтлах ёстой. Гэтэл нутгийн удирдлагын төлөөллийн байгууллага гэж байгууллага гаргаж ирээд тэр нь Засгийн газартайгаа хэлцэлд орж байдаг. Энэ бол хөрсөн дээрээ буухааргүй харагдаж байгаа. Дээрээс нь Орон нутгийн хөгжил, засаг захиргааны шинэтгэлийн яам байгуулна гээд тусгачихсан байна. Хардах эрхийнхээ хүрээнд яривал, Нутгийн удирдлагын холбоо гэдэг байгууллагыг төрөөс санхүүжүүлж, тэнд нь тодорхой тооны тэргүүн, гүйцэтгэх засаглал, ажлын албаны хүмүүс төрөөс санхүүжих нь. Одоо байгаа бүтцийг албажуулах гээд байна уу гэж харагдаж байна. Нутгийн удирдлагын төлөөллийн байгууллага нь их хурал хийнэ. Тус Их хуралд нь нийслэлийн сая 500 мянган хүний эрх ашгийг төлөөлж буй НИТХ-аас хоёр, есөн дүүргийн ИТХ-ын 300-гаад төлөөлөгчөөс дөрөв, аймгуудыг таван бүс болгож таван төлөөлөгч оролцоно. Үлдсэн хэсэг сумын ИТХ-ын төлөөлөгч нар оролцож нийт 300 гаруй хүний бүрэлдэхүүнтэй их хурал хийхээр хуульчилжээ. Тэгэхээр 330 суманд хэн олонх болж аль нам ялт байгуулахаас шалтгаалж удирдлага нь автоматаар их хурлаар сонгогдоно гэсэн үг. Монголын өнөөдрийн сонгуулийн тогтолцоог харвал МАН-ын угшилтай хүн Нутгийн удирдлагын төлөөллийн байгууллагын тэргүүнээр ажиллаад байх нь. Магадгүй нийслэл дээр АН ялж болно. Тодорхой аймаг, сумуудад ялж болно. Гэтэл 330 сумын талаас илүү хувьд нь ялалт байгуулна гэдэг бол нэлээн асуудалтай. Эерэг талаас нь харвал 8200 төлөөлөгчөө мэдээлэл, сургалтаар хангаж чадавхжуулах байгууллагатай байх нь буруудахгүй байх талтай. Гэхдээ төрөөс автоматаар санхүүжүүлж ирэхээр тэр байгууллага нь хэр болох юм байгаа юм.

-Гэтэл уг нь улстөржүүлэхгүй, бүлэггүй болгоно гээд хэд хэдэн заалт орчихсон юм биш үү?

-Сонирхолтой хэд хэдэн заалт бий. Иргэдийн төлөөллийн байгууллагыг аль болох намаас хамааралгүй болгох гэж оролдсон заалт байна. Жишээ нь, сумын ИТХ-д намын бүлэг байж болохгүй гэж байгаа юм. Тэгэхээр нам сонгуульд нэр дэвшүүлээд төлөөлөгчийг гаргаж байгаа шүү дээ. “Нам болохоор улстөржөөд байна сумын түвшинд улстөржих шаардлагагүй. Бүлэг, фракц болж битгий талцаад байгаач ээ. Зөвхөн иргэдийн эрх ашгийг хангана” гэсэн санаагаар намын бүлэг сумын түвшинд байгуулахгүй гэж байх шиг. Гэхдээ энэ зохицуулалт 2024 оноос хэрэгжинэ. Нэгжийн хуульд 2024 оноос хэрэгжих хэд хэдэн заалт бий. Одоогийн хуулиар давхар дээлтэй төлөөлөгч байж болно. Жишээ нь, сумын төлөөлөгч бөгөөд аймгийн төлөөлөгч. Дүүргийн төлөөлөгч буюу нийслэлийн төлөөлөгч байж болно. Харин 2024 оноос аль нэг шатандаа л дэвшинэ.

-Төлөөлөгч намын байр суурийг илэрхийлэхгүй гэсэн нь ер нь амьдрал дээр хэрэгжих заалт уу?

-Төлөөлөгч хүн өөрийн хамаарал бүхий аль нэг этгээдийн бус зөвхөн иргэдийн эрх ашгийг төлөөлнө гэсэн заалт орсон байгаа. Тухайн төлөөлөгч аль нэг нам, намын бүлэгт хамаарагдаж байгаа шүү дээ. “Намын бүлэг хамаагүй би иргэдийн эрх ашгийг төлөөлж байгаа шүү” гэх төлөөлөгч амьдрал дээр хэд байх бол. Гэхдээ яахав хууль санаачлагчдын гол үзэл баримтлал нь аль болох улс төрийн намаас хараат бус иргэдийг төлөөлдөг хүн шүү гэж дуугардаг орон зайг нь нээж өгч байна гэсэн үг. Энэ хуулийн 44.4-т улс төрийн нам, бусад байгууллага төлөөлөгчийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох үүрэг хүлээхийг хориглоно гэж байгаа. Өөрөөр хэлбэл, улс төрийн нам, бүлэг нь төлөөлөгчийг чи “ингэ, тэг” гэж үүрэг өгч болохгүй гэсэн заалт байгаа юм. Гэхдээ энэ мөн л зовлонтой. Манайх улс төрийн системийн хувьд гол тоглогч нь нам. Нам мөрийн хөтөлбөрөө дэвшүүлж сонгуульд оролцдог, нэр дэвшигчээ дэвшүүлдэг, олонх болж бүлгээ байгуулдаг, ийм ч эрхтэй. Гэтэл энд улс төрийн нам, бусад байгууллага төлөөлөгчийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох, үүрэг хүлээлгэхийг хориглоно гээд заачихсан. Амьдрал дээр яаж хэрэгжих юм, харъя.

-НИТХ-ын баталсан тогтоол заавал яаманд бүртгэгдэж байж хэрэгжинэ гэх зохицуулалтыг хэрэгжүүлэхэд та бүхэнд асуудал үүсдэг үү?

-Үндсэн хууль болон бусад хуулиар хориглоогүй бол орон нутгийнхаа асуудлыг ИТХ бие даан шийдвэрлэнэ гэсэн Үндсэн хуулийн заалт байдаг. Гэтэл одоо нийслэлд ямар байдал үүсч байна гэхээр Нийслэлийн худалдаа үйлчилгээний нийтлэг журам гэж гаргасан. Энэ журмаар ТҮЦ, ил задгай борлуулалт хийдэг харилцааг зохицуулна. Захиргааны ерөнхий хуульд 2015 онд өөрчлөлт орж ИТХ баталчихсан тогтоолоо бусад хуульд нийцэж буй эсэхийг хянуулахаар Хууль зүй, дотоод хэргийн яам руу өгдөг болсон. Хууль зүй, дотоод хэргийн яам түүнийг хянаж үзээд Захиргааны ерөнхий хуульд нийцэхгүй байна, бүртгэхгүй гэхээр иргэдээс сонгогдсон 45 төлөөлөгч Үндсэн хуульд заасан эрхээ эдэлж журам гаргаж, харилцааг зохицуулах гэхээр Захиргааны ерөнхий хуулиар чөдөрлөгдчихөөд байгаа. Энэ бол маргаан дагуулсан асуудал. Миний бодлоор Захиргааны ерөнхий хуулийн дагуу ингэж бүртгүүлэх шаардлага байхгүй. Тухайн шатны ИТХ холбогдох хууль тогтоомжоо үндэслэж зохицуулах маш олон асуудал байдаг.

-Уг хуулиуд батлагдсанаар дагалдах хэчнээн хууулинд өөрчлөлт орох вэ?

-Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг дагалдаж том, жижиг, янз бүрийн 280 гаруй хуульд өөрчлөлт орохоор байгааг судлаачид ярьж буй. ИТХ-д л гэхэд одоогоор 110 гаруй хуулийн 420 гаруй заалтаар ямар нэгэн байдлаар нэрийг нь дурдаж эрх олгосон байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

С.Бямбацогт: Эх орны хийгээд иргэдийн эрх ашгийн эрэмбэ гэж бий

– БЯР, БЯД СУУЖ АЖЛЫН ДӨРТЭЙ БОЛЖ ӨГДӨГГҮЙ МАНЦУЙТАЙ САЙД НАРАА ХӨЛД, ХЭЛД, УЛС ОРНЫХОО ТӨЛӨӨ ТУСАД ОРУУЛАХАД ЕРӨНХИЙ САЙД САЙН ШАХАЖ АЖИЛЛАХ НЬ ЗҮЙТЭЙ –

УИХ-ын гишүүн С.Бямбацогттой ярилцлаа.


-50 гаруй жил яригдсан Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын барилгын ажил ирэх дөрөвдүгээр сараас эхэлнэ. Гэтэл бүтээн байгуулалт эхлэхээс өмнө улс төр ороод дахиад л гацчих асуудал үүсчихээд байна уу?

-Ер нь бол эрчим хүчний хараат байдлаас гарахгүйгээр эдийн засгийн хараат бус байдлын тухай ярих ямар ч боломж байхгүй. Тэр утгаараа Монгол Улсын баруун бүсийн хөгжлийн хөдөлгүүр болсон Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төсөл хөдлөх болсонд баяртай байна. Ямар ч байсан энэ төсөл гадаад дотоод улс төрийн “хавх”-наас гарсан гэж би найдаж байгаа. Энэ бол төр засаг бүхэлдээ нэг зүгт, нэг чигт харж байгаагийн ач шүү дээ. Өнөөгийн Ерөнхийлөгч Засгийн газрын тэргүүн байхдаа Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийг эрчимжүүлнэ гэж мэдэгдэж байсан. Одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ч Ерөнхий сайдаар томилогдоод хэлсэн анхны үгэндээ бас л энэ төслийг явуулна гэдгээ амласан. Ч.Сайханбилэгийн Засгийн газраас өгсүүлээд түүнээс хойших бүх Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт энэ зорилт тусгагдаж, өнөөдөр бодит ажил хэрэг болох түвшиндээ хүрээд байна. Саяхан Ерөнхий сайд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэлэхдээ “…Газрын тосны боловсруулах үйлдвэр, Таван толгой цахилгаан станц, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц зэрэг улс орны эдийн засагт нэн шаардлагатай томоохон төслүүдийг эрчимжүүлнэ” гэдгээ дахин нотолсныг та бүхэн анзаарсан байх. Тийм болохоор гацаа үүсэх шалтгаан ч, шалтаг ч алга гэж харж байна.

-Хэдийгээр энэ төсөл улс орны бүтээн байгуулалттай холбоотой том ч нөгөө талд ард иргэд, малчдынхаа эрх ашгийг орхигдуулж болохгүй болов уу. Иргэдийн эрх ашгийг хэр хангаж байгаа вэ?

-Мэдээж хэрэг Усан цахилгаан станцын усан сан үүсэх газар үеийн үед нутаглаж ирсэн малчдын асуудал гэж бий. Энэ хүмүүсийн эрх ашгийг хохироож болохгүй. Тийм ч учраас би төслийн судалгааны ажил, байгаль орчны үнэлгээ,ТЭЗҮ

хийгдэж байх үеэс л холбогдох албаны нөхдүүдэд тооцоо судалгаагаа нарийвчилж сайн хий, хэчнээн малчинд, хэдэн өрхөд ямар хэмжээний нөхөн олговор олгохоо зөв тооц, иргэдэд сайн ойлгуул, хамтарч ажилла гэдэг шаардлагыг байнга тавьж ирсэн.

Миний ойлгосноор Эрчим хүчний яам, төсөл хэрэгжүүлэх нэгжийн нөхөд гурван удаа газар дээр нь очиж ажиллаж нутгийн иргэдтэй уулзсан юм билээ. Гэхдээ тэр нөхөд энэ ажлаа үр дүн, зохион байгуулалт муутай хийсний харгайгаар өнөөдөр иргэд бухимдаж, тэдний төлөөлөл нь Улаанбаатарт сая ирлээ шүү дээ. Тэр хүмүүстэй би биечилж уулзсан. Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төсөл бол Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, эрчим хүчний тусгаар тогтнолтой холбоотой асуудал шүү гэдгийг хэлсэн. Тэд ч маш сайн ойлгож хүлээн авсан. Гагцхүү УЦС гэж юу болох, энэ том бүтээн байгуулалтын үр дүнд Монгол Улсад хийгээд нутгийн иргэдэд ямар боломж нээгдэх, тэнд үүсэх усан сангийн байгаль орчинд үзүүлэх эерэг нөлөөллийн талаар үнэхээр ойлголт дутмаг байна билээ. Тийм болохоор одоо ЭХЯ, БОАЖЯ, төслийн нэгжийн нөхөд энэ хүмүүстэй дахиад сайн уулзаж, ажлаа нэгбүрчлэн танилцуулж, ойлголтын зөрүүгээ арилгах ёстой гэдгийг хатуу сануулах байна. Мөн малчдад олгох нөхөн олговрын хэмжээгээ эргэж харж, яг тэнд нутагладаг жинхэнэ эзэнд нь олж өгөх, УЦС-ын бүтээн байгуулалтын ажилд нутгийн иргэдийг оролцуулах, төсөл хэрэгжих явцад тэднээс мах, сүү гээд шаардлагатай худалдан авалтаа зах зээлийн үнээр нь авч амьжиргааг нь дэмжих, хадлан тэжээлийн талбай, усжуулалтын асуудлыг нь нийгмийн хариуцлагын хүрээнд шийдэж өгөх гээд хамтарч ажиллах бүхий л боломжийг бүрэн дүүрэн ашиглах хэрэгтэй. Төр бүх айл өрхийн амьжиргааг одоо байгаагаас нь дордуулахгүйгээр нөхөн олговор олгоно гэдгийг Засгийн газар удаа дараа мэдэгдсэн шүү дээ. Цаашид УЦС байгуулагдах сум, аймгийн айл өрх, ААН-ийн эрчим хүчний үнэ тарифыг хямдруулж үндсэн өртгөөр нь тооцон дэмжлэг үзүүлэх эрх зүйн орчин бүрдүүлэхийн төлөө давхар анхаарах ёстой. Хамгийн гол нь улс орны хийгээд иргэдийн эрх ашгийн эрэмбэ дараа гэж нэг зүйл бийг хаа хаанаа ойлгож, хэн хэнийгээ дэмжиж ажиллах нь чухал шүү дээ.

-Ер нь манайд усан цахилгаан станц барих ажил их удаашралтай байдаг. Үүний учир юу вэ?

-Сэлэнгэ, Эгийн гол дээр УЦС барих том төслүүд удаа дараа гацаж мухардалд орсныг та хэлж байх шиг байна. Гадагшаа урсгалтай голууд дээрээ УЦС барих гэхээр хойд хөрш зөвшөөрдөггүй. Хүчлээд хийе гэхээр гэнэтхэн хаанаас ч юм эх орноо хорлосон “эх орончид” гарч ирээд гацаачихдаг. Эгийн голын УЦС, Шүрэнгийн УЦС-ын төсөл олон жил яригдсан. Яг барих гэхээр заавал нэг саад тотгор учирдаг. Бүр улаан цагаандаа гарч улдан чангаадаг. Ингэхдээ жинхэнэ эзэд нь мэдээж ил гарч ирэхгүй. Монголын улстөрчдөөр, монгол хүнээр дамжуулж л гацаах, сарниулах, бусниулах ажлаа хийж ирсэн. Харин Ховд гол дээр баригдах Эрдэнэбүрэнгийн УЦС-ын тухайд аз болоход тийм хувь заяа хүлээгээгүйд баяртай байна. Учир нь Ховд гол гадагшаа урсгалгүй, Хар-Ус нуурт цутгадаг эх оронч гол. Эх оронч голынхоо ээл буянаар Монгол Улсын баруун бүс эрчим хүчний хараат байдлаас ангижрах тийм л хувьтай байж гэж би харж байгаа. Та бодоод үз дээ. Эрдэнэбүрэнгийн УЦС-ын нийгэм, эдийн засгийн ач холбогдол нь юу вэ гээд. Жилдээ 366 сая кВт.ц цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж баруун таван аймгийн өнөөгийн 253.3 сая кВт.ц хэрэглээ болон тус бүс нутгийн өсөн нэмэгдэх хэрэгцээг бүрэн хангана. Нийтдээ 52000 ахуйн хэрэглэгчдийг хангах шинэ эх үүсвэр бий болно гэсэн үг. Бүр тодруулж хэлбэл, баруун таван аймгийн 4430 аж ахуйн нэгж, 5400 орон сууц, 36413 гэр хорооллын хэрэглэгчийг дотоодын цахилгаан эрчим хүчээр бүрэн хангана. Баруун бүсийнхэн өнөөдөр нийт хэрэглээнийхээ 70 гаруй хувийг Оросоос, гурваас дөрвөн хувийг Хятадаас авч байгаа. Ингэхдээ Дөргөний УЦС-д үйлдвэрлэсэн эрчим хүчнээс даруй таваас долоо дахин өндөр үнээр авч байна. Иргэд аж ахуйн нэгждээ энэ үнийн дарамтыг мэдрүүлэхгүй гэхдээ төрөөс байнга татаас өгч ирсэн. ОХУ, БНХАУ-аас авч буй импортын эрчим хүчний төлбөр 17.5 тэрбум төгрөг. Жилээс жилд импортоор авах эрчим хүчний хэмжээ, түүнийг дагаад төлөх мөнгөний хэмжээ нэмэгдээд л байгаа. Эрчим хүчний салбар бол Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын нэг тулгуур. Аль 1968 оноос хойш хагас зуун жил яригдаж байгаа том төсөл одоо л нэг юм бодит биеллээ олох гэж байна. Өнөөдөр Монгол Улс эрчим хүчний хэрэглээнийхээ 25 хувийг гаднаас авч байгаа тухай би өмнөх ярилцлагадаа хэлж байсан. Үүнд жил бүр дунджаар 140 сая ам.доллар зарцуулдаг юм шүү дээ. Бид эрчим хүчний хараат бус найдвартай эх үүсвэртэй болсон цагт л хөгжлийн тухай ярьж болно гэж хэлээд байдгийн учир ерөөсөө энэ.

-Намрын чуулган нээгээд удаагүй байна. Таны хувьд улс орны хувь заяатай холбоотой нэн тэргүүнд хэлэлцэх ёстой ямар хуулиуд байна гэж харж байна вэ?

-Мэдээж хэрэг ирэх оны төсвийг ид хэлэлцэж байна. Улс орныхоо өнөө ба ирээдүйг бодож “ус шүүсгүй” сайн төсөв батлах ёстой. Ерөнхий сайдын хэлснээр үнэхээр “хөгжлийн төсөв” байх уу, “хөгийн төсөв” батлах уу гэдэг УИХ-аас шууд хамаарна. Юутай ч Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн нэг үр шимийг бид энэ удаагийн төсвийн хэлэлцүүлгээр хүртэнэ. Тэр юу гэхээр УИХ Засгийн газрын оруулж ирсэн төсвийн зардлыг нэг төгрөгөөр ч нэмэгдүүлэх эрх байхгүй. Энэ бол маш сайн.

Тун саяхан Ерөнхийлөгчийн ивээл дор Шүүх эрх мэдэл, хууль сахиулах байгууллагуудын үндэсний том чуулган болсон. Хууль зүйн байнгын хорооны даргын хувиар хэлэхэд энэ намрын чуулган бидний хувьд багагүй ачаалалтай чуулган болж таарах нь. 2019 онд батлагдсан Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, тэр дундаа шүүх эрх мэдэлтэй холбоотой заалтуудыг амилуулах, бусад холбогдох хуулиар дэлгэрэнгүй зохицуулж өгөх их ажил хүлээж байна. Эхнийх нь Шүүхийн тухай хууль байсан. Одоо Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг олон нийтэд нээлттэй ил тод сонгон шалгаруулж томилох ажил ид өрнөж байна. Мөн Зөрчлийн тухай хуулийг хэрэгжүүлэх явцад гарсан ололт, амжилтыг бататгаж, алдаа хийдлийг засна. Хуульчийн эрх зүйн байдлын тухай, Хувь хүний мэдээлэл авах эрхийг хангах тухай гээд хүлээгдэж буй олон хууль байна.

-Намрын улс төрийн халалт эхэлж байх шиг байна. Засаг огцруулах асуудал нийгэмд хүчтэй босоод ирлээ. Та Засгийн газрын үйл ажиллагааг яаж харж байна?

-Улс төрийн халалт гэхээсээ илүүтэй үнийн өсөлт, бараа бүтээгдэхүүний хомсдолтой холбоотой нийгэмд багагүй бухимдал байна. Өвөл хаяанд ирсэн энэ үед ойр зуураа богино зайн улс төр хийх биш улс гэр, хүн ардаа бодсон бодлого чухал. Засгийн газар том төслүүдээ зоригтой эрчимжүүлж, байгаа олсон оновчтой бодлогуудаа хурдан хэрэгжүүлэх ёстой. Бяр, бяд сууж ажлын дөртэй болж өгдөггүй манцуйтай сайд нараа хөлд, хэлд, улс орныхоо төлөө тусад оруулахад Ерөнхий сайд сайн шахаж ажиллах нь зүйтэй. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Засгийн газрын тэргүүнд эрх мэдлийн ихийг, бас үүрэх ачааны хүндийг ч өгсөн шүү дээ.

-Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд цар тахлын эсрэг арга хэмжээнд 20 их наяд төгрөг зарлаа. Үр дүнд нь өнөөдөр 300 мянган иргэн коронавирус тусчихаад байж байна гэдэг мэдээлэлд та юу хэлэх вэ?

-Цар тахлын хүнд үед Засгийн газар эдийн засгаа боомилох биш, тэлэх бодлого явуулж байгааг нь бид хувьдаа дэмжиж байгаа. Олон аж ахуйн нэгжид гурван хувийн хүүтэй зээл ажлын байр, ашиг орлогоо хадгалж үлдэхэд үр дүнгээ өгсөн. Цар тахлын давагдашгүй хүчин зүйлээс даагдашгүй шарх авчихгүй үлдэж чадвал монголчууд бид хожно. УИХ Засгийн газарт Ковидын хуулиар онцгой эрх мэдэл өгсөн. Санхүүгийн бүрэн эрх чөлөөг олгосон. Харин энэ эрхээ хэр зэрэг зөв эдэлж байгааг үнэлж дүгнэх нь зүй ёсны асуудал.

-УИХ-ын эрх мэдэл Засгийн газарт шилжсэн, Цар тахлын түр хууль, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт гэхчлэн сүүлийн хоёр жилд гарсан олон хууль тогтоомжоор Засгийн газар хязгааргүй эрх мэдэл, төсөвтэй болсон. УИХ нь Засгийн газраа хянах чадамжгүй болсон гэсэн дүгнэлтийг иргэд хийх боллоо. Үүнд та ямар байр суурьтай байна. Хэрэв үнэн бол ийм парламенттай байх шаардлага байгаа юм уу, гишүүн ээ?

-Өөрийн чинь дүгнэлтийг хүндэтгэж байна. Гэхдээ зарим зүйл дээр санал нийлэхгүй байна. Яагаад гээч. Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлээр Улсын Их Хурлын онцгой бүрэн эрхийг тогтоохдоо хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн биелэлтийг хянан шалгах эрхтэй гэж заасан. Мөн Улсын Их Хурлаас 2019 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин наймдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “хуулийн биелэлтийг хангахтай холбоотой нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар Улсын Их Хурлын нийт гишүүний дөрөвний нэгээс доошгүй нь хянан шалгах түр хороо байгуулах санал тавибал Улсын Их Хурал цөөнхийн төлөөллийг оролцуулан уг хороог…” байгуулах зохицуулалттай болсон. Өөрөөр хэлбэл, УИХ хууль шийдвэр гаргаад орхидог, мартдаг биш түүнийхээ хэрэгжилтийг хянадаг, шаарддаг эрх мэдэл нь бий. Одоо тэр чиг үүргээ хэрэгжүүлэхийн төлөө явна шүү. Энэ бүхэнд Улсын Их Хурлын хараат бус дүн шинжилгээ хийх, хяналт тавих чадавхыг сайжруулах цаг болсныг өнөөдрийн нийгмийн байдал харуулж байна. УИХ нь Засгийн газраасаа хүчгүй мэт сэтгэгдэл олон нийтэд төрүүлж байна. Хууль тогтоох байгууллага нь гүйцэтгэх засаглалаасаа үлбэгэр дорой мэт харагдаж буйд Ковидын хууль ч тодорхой хэмжээгээр нөлөөлж байгаа байх. Би нэг зүйлийг байнга хэлдэг. Тэр бол Улсын Их Хурал хууль батлаад орхих биш, баталсан хуулийнхаа хэрэгжилтийг нэг бүрчлэн бүрэн хянадаг, шаарддаг болсон цагт хууль тогтоох эрх мэдэл бүрэн утгаараа хэрэгжинэ гэж.

Тэгвэл одоо бид парламентын хяналт шалгалтад хянан шалгах чиг үүрэг бүхий хараат бус, бие даасан байгууллага, хөндлөнгийн шинжээч, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, мэдээллийн хараат бус байдлыг сайжруулахыг чухалчилж зорьж байна. Түүний тулд бид Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийг хэлэлцэн батлах гэж байна. Төрийн албаны ёс зүй, сахилгын тухай хуулийн төслийг боловсруулж Улсын Их Хурлаар хэлэлцэх гэж байна. Тэр цагт гүйцэтгэх засаглал УИХ-ын өмнө жинхэнэ утгаараа хуулийн хэрэгжилтийг хариуцдаг, хууль хэрэгжүүлдэг, хэрэгжилтээ тайлагнадаг болж өөрчлөгдөнө. Ингэж байж иргэд сонгогчдын төлөөллийн байгууллага, төр барих эрхийн индэр болсон УИХ хүчирхэгжинэ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Н.Ганибал: Хэт олонхдоо эрдсэн эрх баригчид сөрөг хүчин байтугай сонгосон ард түмнийхээ ч үгийг сонсохгүй болчихоод байна

УИХ-ын гишүүн Н.Ганибалтай ярилцлаа.


-Тантай гурван сарын өмнө ярилцахад Хог хаягдлын асуудлаар Ерөнхий сайдад асуулга тавьчихсан, удахгүй хуулийн төсөл өргөн барина гэж байсан даа. Энэ ажил ямар шатандаа яваа вэ?

-Хог хаягдлын тухай хуулийн төсөл санаачлан боловсруулаад санал асуулгаа эхлүүлээд байна. Сүүлийн жилүүдэд манай улсад дотоодын аялал жуулчлал эрчимтэй хөгжиж, аялагчдын тоо эрс нэмэгдсэн. Гэвч үүнийг дагаад Улсын тусгай хамгаалалттай газрууд болон байгалийн өвөрмөц тогтоцтой, үзэсгэлэнт газруудад хог хаягдал их хэмжээгээр үүсэх болсон. Энэ асуудлыг шийдвэрлэх эрх зүйн орчин ямар байгаа талаар судаллаа.

УИХ-аас 2017 оны тавдугаар сарын 12-ны өдөр Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэн баталсан байдаг. Уг хуулийн 41 дүгээр зүйлийн 41.13-т “Хог хаягдлын тухай хууль тогтоомж зөрчсөн тухай мэдээлэл өгсөн иргэнд уг мэдээлэл нь батлагдсан тохиолдолд зөрчил гаргагчид ногдуулсан торгуулийн 15 хувиар тооцож сум, дүүргийн Засаг дарга мөнгөн урамшуулал олгоно” гэж тусгасан. Гэвч энэ урамшууллыг орон нутгийн төсвөөс хэрхэн гаргах талаар хуульд тодорхой заагаагүй тул хэрэгжилт нь эргэлзээ төрүүлсэн юм л даа. Энэ талаар бүрэн эрхийнхээ хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан, Сангийн сайд Б.Жавхлан нарт асуулга тавьсан. Мөн 21 аймаг, есөн дүүргээс мэдээлэл цуглуулсан. Албаны эх сурвалжуудаас ирүүлсэн тайланд мэдээлэл өгсөн иргэнд урамшуулал олгох хуулийн заалт огт хэрэгжээгүйг дурдсан байгаа юм. Иймд Хог хаягдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөр энэхүү хуулийг зөрчсөн талаар мэдээлэл өгсөн иргэн болон байгаль хамгаалагч, улсын байцаагчид сум, дүүргийн Засаг дарга мөнгөн урамшуулал олгох, санхүүжилтийг Байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогоос гаргахаар зохицуулалт хийлээ.

Мөн дээрх хууль тогтоомж зөрчсөн талаарх мэдээллийг иргэн хэнд, ямар хэлбэрээр өгөхийг тодорхой зааж, мэдээлэл өгсөн иргэний аюулгүй байдлыг хамгаалах, мэдээллийг шуурхай шалгаж, арга хэмжээ аваагүй этгээдэд хариуцлага тооцох талаар ч тусгасан.

Түүнчлэн иргэн мэдээлэл өгөхдөө бусдын нэр төр, алдар хүндийг гутаан доромжлох, гүтгэх зэргээс урьдчилан сэргийлж, хариуцлага хүлээлгэх талаар хуульчилсан.

-Тусгай хамгаалалттай газар дээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд тухайн газраа хамгаалах, цэвэрлэх үүрэг хүлээдэг биз дээ?

-Тийм ээ, тусгай хамгаалалттай газар нутгийг арчлан хамгаалах, орчны бохирдлоос сэргийлэх арга хэмжээ авах үүргийг гэрээний үндсэн дээр иргэн, ААН-үүдэд шилжүүлдэг. Ийм гэрээ байгуулсан иргэд болон компаниуд байгалийн баялаг, газрыг ашиглан жуулчны бааз, сувилал гэх мэт үйл ажиллагаа явуулахдаа түүнийг хамгаалах, нөхөн сэргээх чиг үүрэг давхар хүлээдэг. Гэсэн хэдий ч тусгай хамгаалалттай уул, гол, мөрөн зэрэгт тэр бүр хүрч ажиллаж чаддаггүй. Тэдгээр газрыг голдуу байгаль хамгаалагч нар өөрийн зардлаар цэвэрлэж, устгаж, тээвэрлэдэг. Үүнд гарах зардлыг орон нутгийн төсвөөс гаргах талаар зохицуулалт дутмаг. Тиймээс “Хог хаягдлын үйлчилгээний хураамж”-аас тухайн орон нутагт байрлах тусгай хамгаалалттай газрын хог хаягдлыг устгах, ариутгах, халдваргүйжүүлэхэд шаардлагатай хөрөнгийг гаргах талаар төсөлд тусгаж өгсөн.

-Төслөө хэзээ өргөн барих вэ?

-Төсөл бэлэн болсон. Өргөн барихаасаа өмнө санал авахаар Засгийн газар болон Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Мэргэжлийн хяналтын газар зэрэг яамд, агентлагууд, мөн 21 аймгийн Засаг дарга нарт төслөө хүргүүлсэн байгаа. Түүнчлэн олон нийтээс санал авах зорилгоор lawforumparlia­ment.mn сайтад байршуулсан. Энэ төсөлтэй танилцаж, саналаа илэрхийлэхийг нийт иргэддээ уриалж байна. Холбогдох газрууд болон иргэдээс ирүүлсэн саналуудыг нэгтгээд энэ чуулганы хугацаанд багтаан төслөө өргөн барина. Хог хаягдлын асуудлыг хэрхэн шийдвэрлэх нь хүн амын эрүүл, аюулгүй орчинд амьдрах шаардлагад ихээхэн нөлөөлдөг. Тиймээс магадгүй, зарим хүний хувьд жижигхэн асуудал байж болох ч энэхүү орхигдуулж болохгүй, чухал асуудлыг ямар ч хийдэлгүйгээр хуулийн зохицуулалт хийж өгөхийг зорьж байна.

-Намрын чуулган нээгээд удаагүй байна. Энэ чуулганаар өөр ямар хуулийн төслүүд дээр голлон ажиллах гэж байна вэ?

-Энэ удаагийн чуулганаар 72 хууль, тогтоолын төсөл хэлэлцэхээр жагсаалтаа баталсан. Хууль тогтоогчийн хувьд бүх л хуулийн төсөл дээр ажиллана. Үүн дотроос онцолж нэрлэвэл, Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулга, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулга зэрэг хуулийн төсөл анхаарал татаж байгаа. Түүнээс гадна өөрийн санаачилж буй хэд хэдэн хуулийн төслийн боловсруулалт дээр ажиллана даа.

-Төсвийн тухай хуулийг хэлэлцэж байна. Энэ жилийн төсөь хэр сахилга баттай төсөв болсон гэж та дүгнэж байна?

-Сангийн сайд Б.Жавхлан холбогдох албаны хүмүүстэйгээ ирж, АН-ын бүлгийн гишүүдэд мэдээлэл өгсөн. Оруулж ирсэн төслөөс харахад, ирэх онд 36.7 сая тонн нүүрс экспортолж, нийт 15.7 их наядын орлого олохоор тусгасан байна. Энэ нь 2021 оны орлогоос 3 их наядаар өссөн үзүүлэлт. Нэгдсэн төсвийн нийт зардлыг 18.2 их наяд төгрөг буюу ДНБ-ийг 38.8 хувь байхаар төлөвлөсөн байна. Энэ нь энэ оныхоос 2.5 их наяд төгрөгөөр илүү байгаа юм. Төсвийн зардал өндөр учраас орлогоо зориуд өөдрөгөөр төсөөлж байна гэж дүгнэж байна. Ардын намын Засгийн газар 2017 оноос хойш 2 их наядын алдагдалтай төсөв өргөн барьж батлуулж байгаа нь манай улсын түүхэнд байгаагүй их өр болж хувирч байна.Гэтэл эрх баригчид Монгол Улсын өрийг Ардчилсан намтай холбож, АН-ын тавьсан өрийг л төлж байгаа мэтээр тайлбарлаж, ойлгуулж ирсэн. Бодит байдал дээр МАН өрийн хэмжээг асар ихээр нэмэгдүүлж байгаа. Тодорхой тоо хэлье л дээ. Монгол Улсын нийт өр 2016 оны зургадугаар сарын 30-ны өдөр 24,2 тэрбум доллар байснаа 2021 оны эхний хагас жилийн байдлаар 33 тэрбум долларт хүрч, дөрөвхөн жилийн дотор 8,7 тэрбум доллараар өссөн байна. Харин Засгийн газрын нийт өр 2016 оны 2 дугаар улиралд 4,785 сая ам.доллар байсан бол 2021 оны зургадугаар сард 8,447 сая ам.долларт хүрч, 3,6 тэрбум доллараар нэмэгдсэн. Өрийн босго анх ДНБ-ий 40 хувьтай тэнцэж байсан бол нэмсээр байгаад 70 хувьд хүргэсэн. Одоо 74 болгоод оруулж ирж байна. Төсвийн сахилга бат огт мөрдөгдөхгүй байна. Өнөөдөр л болж байвал хамаагүй гээд, хойч үедээ их хэмжээний өр үлдээж байгаа нь буруу. Ирэх оны төсвийн хуваарилалтыг задалж харвал мөн л шударга бус байдал ажиглагдаж байна. Тухайлбал, ковидын үед эрүүл мэндийн салбарт 125.3 тэрбум төгрөг хуваарилсан хэрнээ соёлын салбарт: 148.4 тэрбум төгрөг хуваарилсан байх жишээтэй. 2022 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний хүрээнд Хэнтий аймагт 60,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр тусгаад байгаа бол Завхан аймагт хийх хөрөнгө оруулалт 7,5 тэрбум болж байна. Хүн амын тоогоор ойролцоо (73-78 мянган) хоёр аймгийн хөрөнгө оруулалтын дүн 10 дахин зөрүүтэй байгаа биз. Хэнтийгээс хоёр дахин их хүн амтай Хөвсгөл аймагт гэхэд л Хэнтийгээс хоёр дахин бага буюу 26,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төсөвт тусгасан байна. Энэ мэтчилэн дарга нар дахин сонгогдохын тулд өөрсдийнхөө аймаг, орон нутагт илүү хөрөнгө оруулалт хийж байгаа нь албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж байгаа увайгүй үйлдэл л дээ.

-УИХ-ын эрх мэдэл Засгийн газарт шилжсэн. Цар тахлын түр хууль, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт гэхчлэн сүүлийн хоёр жилд гарсан олон хууль тогтоомжоор Засгийн газар хязгааргүй эрх мэдэл, төсөвтэй болсон. Түүнчлэн сөрөг хүчин эрх баригчдаа хянах чадамжгүй байна гэх дүгнэлтийг иргэд хийх боллоо. Үүнд та ямар байр суурьтай байна?

-Сүүлийн хоёр Засгийн газар Үндсэн хуулиар олгосон маш их эрх мэдлийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байна. Үүнийг хийж бүтээх боломж гэж харахын оронд эрх мэдлээ урвуулан ашиглаж, улс орны эдийн засагт ихээхэн хохирол учруулж байгаад харамсаж байна. Ганцхан жишээ хэлэхэд, цар тахалтай тэмцэх нэрийдлээр 15 их наяд төгрөгийг ямар ч хяналтгүй, үр өгөөжгүй зарцууллаа. Үр дүнд нь коронавирусийг хяналтаасаа алдчихсан. Өнөөдрийн байдлаар 1400 гаруй хүн цар тахлаас болж амиа алдан, 20 мянга орчим хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, 53 мянга гаруй хүн гэрээрээ өөрсдийгөө эмчилж байна. Халдварын тархалтаараа дэлхийд тэргүүлэх хэмжээнд хүрээд байна. Засгийн газрын цар тахалтай тэмцэх арга хэлбэр нь буруу байна, шийдвэрүүд нь оновчгүй байна гэдгийг сөрөг хүчний зүгээс байнга сануулж анхааруулж ирсэн. Тодорхой гарц гаргалгаанууд ч дэвшүүлж байлаа. АН-ын бүлэг яаралтай авах шаардлагатай арга хэмжээнүүдийг тусгаад хуулийн төсөл боловсруулахаар МАН зүсийг нь хувиргаад өөрсдийн нэр дээр гаргачихдаг. Гэхдээ хэний нэр дээр хууль батлагдах нь хамаагүй, үр дүн л чухал.

Хэт олонхдоо эрдсэн эрх баригчид маань сөрөг хүчин байтугай сонгосон ард түмнийхээ ч үгийг сонсохгүй болчихоод байна. Та бүхэн мэдэж байгаа, Д.Монголхүү нарын иргэд төв талбай дээрээ гараад, үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө баривчилагдсан. Уг нь журмын дагуу мэдэгдсэн юм билээ. Эндээс дарга нарыг шүүмжилж, эсэргүүцлээ илэрхийлэх жагсаал цуглааны зөвшөөрлийг дарга нараас өөрсдөөс нь авдаг гажиг тогтолцоог халах хэрэгтэй гэдэг дүгнэлт гарч байна. Тэдгээр залуус хорих газарт ороод эсэргүүцлээ илэрхийлэн, өлсгөлөн зарласан гэсэн мэдээлэл ирсэн. АН-ын бүлэг энэ асуудлаар ХЭҮК-ын гишүүдтэй санал солилцож, эрхийг нь хангах тал дээр анхаарал тавин ажиллаж байна. Үзэл бодлоо илэрхийлэх нь ардчиллын үнэт зүйл.

-Бүлгийн дарга Ганбат УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Н.Алтанхуяг нарыг УИХ дахь намын бүлгээсээ хасч байгаагаа мэдэгдсэн. Энэ шийдвэрийг бүлгийн гишүүд нэгдэж байгаад гаргасан юм уу. Ямар шалтгаанаар хассан юм бэ?

-УИХ-аас сонгогдсон тухайн намын наймаас дээш гишүүн нэгдэж бүлэг болдог. Гаргаж байгаа шийдвэр нь олонхийн саналаар байх ёстой. Гэтэл бүлгийн дарга хувь хүний байр суурийг илэрхийлэхдээ бүлгийн шийдвэр мэтээр илэрхийлсэн байна лээ. Энэ асуудал бүлгийн албан ёсны хурлаар огт яригдаагүй. Өнөөдрийн бүлгийн хурлаар энэ асуудлыг танилцуулах байх гэж найдаж байна. Өөрийнхөө хувийн байр суурийг илэрхийлэхдээ бүлгийн шийдвэр мэтээр танилцуулж байгаа нь бүлгийн дарга Ганбатын том алдаа. Ер нь УИХ-ын тухай хуульд аливаа бүлгийн гишүүн бүлгээс гарах асуудлыг тодорхой заачихсан байдаг. Тухайн бүлгийн гишүүн бүлгээс гарах хүсэлтээ өөрөө өгснөөр бүлгээс гарах тухай асуудал яригддаг болохоос хэн нэгэн хүн бүлгийн гишүүнийг хасах эрх байхгүй. Ямар нэгэн намын удирдах зөвлөл ч хасах эрхгүй байдаг.

-Бүлгийн дарга Д.Ганбатыг өөрчлөх асуудал нийгэмд эл болсон. Харин таныг эл саналыг гаргасан гэж сонссон?

-Өнгөрөгч долоо хоногийн бүлгийн хуралдааны үеэр би УИХ, бүлгийн гишүүний хувьд энэ асуудлыг оруулсан. Бүлгийн үйл ажиллагааны өнөөгийн байдал, цаашлаад зохион байгуулалтын асуудлыг хэрхэн авч явах вэ гэдэг асуудлыг оруулсан л даа. Харамсалтай нь үүнийг хэлэлцэх үед зарим нэг гишүүний өөр санал орж ирсэн учраас бүлгийн хэлцэлцэх асуудалд оруулаад нээлттэй орхичихсон байгаа. Тиймээс дараа дараагийн бүлгийн хурлаар энэ асуудал яригдана. Сүүлийн үед манай бүлгийн дарга хувь өөрийнхөө асуудлыг бүлгийн нийт гишүүдийн гаргасан шийдвэр мэтээр нийгэмд зарласан учраас би энэ асуудлыг гаргаж тавьсан.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Т.Доржханд: Өнөөдөр МАН ялж болно. Харин маргааш үндэстнээрээ ялагдана

УИХ-ын гишүүн Т.Доржхандтай ярилцлаа.


-Нөхөн сонгуулийн ирц хүрсэнгүй. Нэмэлт санал хураалт явуулахаар шийдвэрлэлээ. Та нөхөн сонгуулийг ерөнхийд нь юу гэж дүгнэж байна. Булхай, луйвар их л гарлаа л гэх юм…

-УИХ-ын 18, 28 дугаар тойрогт нөхөн сонгууль зохион байгуулагдлаа. Сонгинохайрхан буюу 28 дугаар тойргийн нөхөн сонгуульд манай нам оролцсон. Бид эхнээсээ л байр сууриа тодорхой илэрхийлсэн. Тухайлбал, Д.Сумъяабазар мандат авч тус дүүргийн иргэдийг төлөөлнө гэж УИХ-д гарч ирсэн. Гэтэл Нийслэлийн Засаг дарга болно гээд иргэдээ төлөөлөх үүргээ умартаад явсан.

Үүнийг нь би эсэргүүцсэн. Ажлаа хий. Иргэдээ төлөөл. Дарга болно гэдэг чинь ёс зүйгүй асуудал гэдгийг чуулганы хуралдаанаар хэлсэн. Гэтэл МАН-ын шийдвэр гээд хувь хүн өөрөө сонголтоо хийгээд гарсан. Нэгэнт ингээд явсан тохиолдолд хариуцлагын асуудал гарч ирнэ. Сонгууль хийхтэй холбоотой зардлын асуудлыг Д.Сумъяабазар өөрөө шийд. Үгүй бол МАН шийд гэсэн байр сууриа ч хэлж л байсан. Хоёрдугаарт, нөхөн сонгуулийн ирц 40 хувьд хүрсэнгүй. Нэмэлт санал хураалт явуулах гэж байна. Энэ нь дахиад л маш их ажил, төсөв, стресс. Үүнээс гадна дараалсан энэ олон сонгуулиуд иргэдийн идэвхийг бууруулж байна. Үр дүнд нь монголчууд сонгуулиа хийдэггүй, хийж чаддаггүй. Сонгууль нь ирцгүй, дүр үзүүлсэн сонгууль болж хувирах гээд байна. Хэрвээ сонгууль үгүй бол ардчилал үгүй шүү дээ. Ардчилал байхгүй болбол Монгол Улсын хараат бус тусгаар тогтносон байдал байхгүй болно. Тиймээс эрх баригчид үүнд анхаарлаа хандуулах хэрэгтэй. Хариуцлагаа өөрсдөдөө ногдуулдаг болох хэрэгтэй. Сонгуулийн ерөнхий хороо сонгуулийн ирцийг нэмэгдүүлэх чиглэлээр илүү ажиллах хэрэгтэй. Нэг намаас хараат байдалтай, сонгуулийн ирцийг унагаж байж ялна гэдэг ийм тооцоогоор явж болохгүй. Өнөөдөр ялж болно. Харин маргааш бид үндэстнээрээ ялагдана. Тиймээс холыг хараач ээ.

-Унасан бөхөд шалтаг мундахгүй гэгчээр АН-ынхан их л зүйл ярьж байна. ХҮН бол МАН-ын халаасны нам, МАН-ын нэг төлөвлөгөө ч гэж байна. Та үүнд юу хэлэх вэ?

-Улс төрийн хүчнийг иргэд дэмжиж саналаа өгч, дүнгээ тавьдаг. Түүнээс “Би том. Би мундаг” гэж ярьснаараа мундаг, сайхан болохгүй. Өнгөрсөн хоёр удаагийн сонгуулиар тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулиар манай намаас нэр дэвшигч Д.Энхбат 20.3 хувийн санал авсан. Харин АН-ын нэр дэвшигч зургаан хувийн санал авсан байдаг. Энэ бол Монгол Улсыг хамарсан том сонгууль шүү дээ. Гэтэл үр дүнд нь АН ХҮН-аас нэлээн бага санал авч, доогуур жагссан. Гэхдээ бид чимээгүй л байсан. Биднийг маш их шүүмжилж байсан. “Та нар АН-ын саналыг хуваагаад байна” гэж байсан. Үүнээс гадна “Тогмидын Доржханд бол Халтмаагийн Баттулгыг дэвшүүлээгүй. Тиймээс МАН-тай хуйвалдсан байж таараа. Энэ бол МАН-ын охин нам” гэдэг мэдээллийг төлбөртэйгөөр их цацсан. Одоо ч цацаж л байна. Бид жингийн цуваа явж л байдаг. Жингэр нохой хуцаж л байдаг гэдэг шиг урагшаагаа хараад ажиллаад явсан. Энэ удаагийн нөхөн сонгууль их онцлог. Сонгинохайрхан дүүрэг хүн ам ихтэй. Дээрээс нь олон аймгаас ирсэн иргэд суурьшсан байдаг. Энэ сонгуульд бид адилхан л оролцлоо. Дүн нь гарлаа. ХҮН хоёрдугаарт, АН гуравдугаарт орчихлоо. Хоёр хуваагдаад байгаа АН нэгдэж, нийлж байгаад хамгийн сайн нэр дэвшигч буюу Үүл баатрыгаа дэвшүүллээ. Намаараа нийлж ажиллалаа. Тэгсэн ч гэсэн гуравт орчихлоо. Энэ буруугаа битгий бидэнд бухаач ээ. Асуудлаа та бүхэн өөрсдөөсөө шийдээч ээ. ХҮН-ын залуус өнөөдөр улс төрийн түвшинд хоёр дахь сөрөг хүчин болсон байна гэдгийг ард түмэн яалт ч үгүй баталлаа. Сонгуулийн саналын дүнг харсан хэн ч ийн дүгнэж байгаа байлгүй. Иргэд АН-д итгэл алдарсан байна. Тиймээс ялалт байгуулахгүй, унаж байна. ХҮН гарч ирснээрээ АН-ын саналыг хуваагаад байгаа юм биш. Шулуухан хэлэхэд, АН ХҮН-ын саналыг хуваагч болчихоод байна.

-Үндсэндээ 2016 оноос хойш манай улс нэг намын тогтолцоонд шилжчихлээ. Учир шалтгааныг нь та юу гэж дүгнэж байна?

-Би эдийн засагч хүн. 2012-2016 онд АН засаглаж байхдаа явуулсан эдийн засгийн бодлого нь Монгол Улсын эдийн засгийг туйлдуулсан. Монголын бизнес эрхлэгчид, гадна дотны хөрөнгө оруулагчдыг бүгдийг нь үргээсэн. Эдийн засаг өрөнд орсон. Дампуурлаа зарлахад тулсан. АН-ын нөхдүүд засаглаж чадахгүй юм байна. Бодлого нь буруу байна гэдэгт Монголын ард түмэн дүн тавьсан байх гэж бодож байна. Хоёрдугаарт, чадахгүй байсан учраас ХҮН тэр үед үүссэн.

МАН-ыг өнөөдөр сайн засаглаж байна гэж хэн ч хэлэхгүй. Маш их алдаатай шийдвэр гаргаж байна. АН ч мөн л адил тухайн үед алдаатай олон шийдвэр гаргасан. Тэгэхээр АН муу ажиллахаар нөгөө талд нь МАН байгаа юм. Ингээд МАН-д саналаа өгдөг. Үнэн хэрэгтээ МАН сайндаа биш, сонголтгүй болохоор хоёр муугийн аль гайгүй нь энэ болов уу гэж харснаа сонгоно шүү дээ. Тэгэхээр бид гурав дахь сонголтыг бий болгоё гэж гарч ирсэн. АН, МАН сайн засаглаж байсан бол ХҮН үүсэхгүй байсан байх. Одоо бодит байдал дээр иргэдийн итгэл үнэмшил АН-д алдарчихлаа. МАН-д ч алдарчихлаа. Учир нь МАН саяны сонгуульд намын аппаратаар төрийн байгууллагатайгаа, УИХ-ын гишүүд нь бараг бүгдээрээ очиж ажиллалаа шүү дээ. Засгийн газрын нэг сайд нь ч байгаа харагдсан. МАН-ынхан их сандарлаа. Манай нэр дэвшигчийн рейтинг их өндөр байсан. Хамгийн өндөр байсан хэсгийн сонгуулийн идэвх муу байна. Хэдийгээр дэмжиж байгаа ч гэсэн манай нэр дэвшигчид ХҮН-ын дэмжигчид үнэнийг хэлэхэд саналаа өгсөнгүй гэж харж байгаа.

-Энэ сарын 16-нд буюу бямба гаригт зохион байгуулагдах нэмэлт сонгуулийн үр дүнг хэрхэн харж байна. Бараг л сонгуулийн дүн гарчихлаа, тийм үү?

-Маш тодорхой шүү дээ. Одоо хуулиар ирцийн босго гэж байхгүй. Нэмж хэдэн ч сонгогч санал өгсөн ч, өгөөгүй ч тэр ирцээрээ шийдвэр гарна. Сонгинохайрхан дүүрэгт гэхэд 60 хувь нь саналаа өгсөнгүй. 40 хувийнх нь талыг нь эрх барьж байгаа нам авлаа шүү дээ. Тэгэхээр нийт сонгогчдын 20 хувийг л төлөөлөх асуудал. Намуудын зүгээс үлдсэн 60 хувиа идэвхжүүлэх ажил хийх байх. Гэсэн ч иргэд эрх барьж байгаа намын шийдвэр, гаргаж байгаа бодлогын алдаануудад хариу барьж, сонгуулиа өгөхгүй болчихоод байна шүү дээ. ХҮН-ыг дэмжигчид мөн л адил сонгуулиа өгөхгүй байна. Энэ бол биднийг дэмжээгүйдээ биш. Сонгуулиас залхсандаа байгаа юм. Хоёрдугаарт, хичнээн сонгосон ч 62-ыг 63 болгоод ямар ч өөрчлөлт гарахгүй юм чинь дээ гээд иргэд сонгуулиа өгөхгүй байна. Энэ бол хамгийн буруу зүйл. Ирээдүйд өөрчлөлт гаргахгүй юм бол өгөөд яах юм бэ гэсэн хандлага цаашид үргэлжилбэл Монголд сонгууль, ардчилал байхгүй болно. Гэтэл өнөөдөр ялж л байвал хамаагүй гээд ардчиллынхаа дээгүүр дэвсээд байгаа эрх баригчид магадгүй 10 жилийн дараа нийтээрээ харамсах тохиолдол үүсэх вий гэдгээ өнөөдөр бодооч гээд байгаа юм. Тиймээс өчигдөр манай намаас бүх намуудад тодорхой саналуудыг тавьж уриалсан. Бидний хувьд үндсэн гурван зүйлийг яаралтай өөрчилж, алдаагаа засъя гэсэн уриалга гаргасан.

Нэгдүгээрт, өнөөдөр сонгууль мажоритар системээр явдаг. Өөрөөр хэлбэл, тойрог торддог систем. Сонгинохайрхан дүүрэг өнөөдөр тойрог яаж тордож байгаа, халамжид ямар айхавтар хамааралтай болсныг нийтээрээ харлаа. Тиймээс тойргийн системийг болиоч ээ. Сонгуулийн пропорцианаль системийг нэвтрүүлээч гэж байгаа юм. 100 хувь оруулж ирэхгүй юм гэхэд эхний ээлжинд 50 хувь оруулж ирээд нийт мандатын тооны 50 хувийг пропорцианаль системээр сонгодог болохгүй бол Сонгинохайрхан дүүрэгт нийт 100 хүн байлаа гэж жишээлбэл, 40 нь сонгуульдаа оролцож 20 хүний саналаар шийднэ гэсэн үг. Хэрвээ 20 сонгогчийн саналаар шийдвэл цаана нь 80 хүний санал гээгдээд байна. Ингэхээр төлөөлж чадахгүй шүү дээ. Тиймээс энэ гажгийг засах хэрэгтэй.

-Үндсэн хуульдаа мажоритар системээр явахаар тогтчихсон шүү дээ. Тэгэхээр Үндсэн хуульд дахиж өөрчлөлт оруул гэж байгаа юм уу?

-Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж холимог системээр явах нь зүйтэй гэж үзэж байгаа. Хоёрдугаарт, Улс төрийн намын тухай хууль энэ намрын чуулганаар хэлэлцэгдэнэ. Үүнийг яаралтай хэлэлцье. Намын хатуу гишүүнчлэлийг больё. Намуудыг ижил гараанаас эхлүүлье гэж байгаа юм. 100 жил төрийн хүчээр явчихсан намтай зургаан жил ажиллаж байгаа ХҮН яаж ч үзээд дийлэхгүй байна шүү дээ. Тиймээс үүнийг ижил болгоё гэж байгаа. Гуравдугаарт, бодит байдал дээр өнөөдөр Монголын сонгуулийг хэн шийдэж байна гэхээр баг, хороо, дүүрэгт ажиллаж байгаа хорооны ажилтнууд, тэнд байгаа хэсгийн ахлагч нар. Үүнээс гадна мөнгөний сүлжээ үүсгэчихсэн. Сошилаар яваад байгаа сонгогчдын нэр ус, регистрийн дугаарыг та бүхэн харсан байх. Мөнгөний сүлжээчдийн доор Монголын ардчилал, улс төрийн намууд, нөгөө муу АН ч “дийлэхгүй юм байна” гээд өвдөг сөхөрч, толгой сэгсрээд байж байна шүү дээ. Нэг нам гэхээсээ илүү орон нутаг, дүүрэг, багт ажиллаж байгаа мөнгөний сүлжээчид, намчид өнөөдөр Монгол Улсын хувь заяаг базаж байна. Ардчиллын амийг нь тавиулж байна. Тиймээс энэ хэсгийг улс төрөөс хамааралгүй болгоё. Баянзүрх дүүрэг 40 хороотой. Үүнийгээ 60 болгох гээд байна. Тэгэхээр хорооны Засаг дарга, нийгмийн халамжийн ажилтнууд, хэсгийн ахлагч нар гээд төсвөөс цалинждаг бүхэл бүтэн намын арми үүсчихээд байна. Сонгуульд зориулагдсан бүтцийг өөрсдөө энэ армиараа дамжуулж санхүүжүүлээд байна. Энэ байдлаараа явах юм бол одоо бүгдээрээ больё, ганцхан намтай болчихъё. Бүх улс төрийн намуудыг татан буулгая, сонгуульгүй больё. Ингэж зардал гаргаж цаашид хуурамч сонгууль хийгээд яах юм бэ. Тиймээс бид ийм бүтцийг цөөлье гэж өчигдөр мэдэгдэл хийсэн. Товчхондоо, улс төрөөс хамааралгүй болгоё, иргэд өөрсдөө сонголтоо хийдэг, ямар нэгэн нам гишүүнчлэл нэрээр оролцдоггүй байя гэж байгаа юм. Ийм үндсэн гурван уриалгыг гаргасан улс төрийн намуудаа дэмжээч ээ, хамтарч ажиллая гэсэн. Эрх баригч нам та нар ийм байдлаар явбал Монголынхоо ардчиллыг, Монгол Улсын тусгаар тогтнолыг өөрсдийн гараар нугаслах юм байна. Өнөөдөр л ялж байвал хамаагүй гэдэг байдлаар хандвал ирээдүй та бүгд рүү “их буугаар буудах” юм байна. Үр дүнд нь 3.3 сая монголчууд хохирох нь тодорхой. Үүнийг эргэж хараач ээ гэж байгаа юм.

-Улс төрийн хоёр багана, тэр бүү хэл УИХ-д бүлэгтэй АН маань юун сөрөг хүчин манатай байна шүү дээ. Гэтэл одоогийн парламентад хүчтэй сөрөг хүчин их л үгүйлэгдэж байна.

-МАН, АН, ХҮН УИХ-д суудалтай намууд. Эрх барьж байгаа намаас бусад нь сөрөг хүчин. Гэтэл манай сөрөг хүчин эрх барьж байгаа МАН-тай улс төр хийхээсээ илүү хажууд байгаа ХҮН-тайгаа цэнхэр талбараа булаацалдаад байгаа нь харамсалтай байна. Гол ажил акцаа эрх барьж байгаа намтайгаа хийгээч ээ. Хоёрдугаарт, гаргаж байгаа аливаа шийдвэр нь тооцоололтой, шинжлэх ухааны үндэслэлтэй, логиктой, иргэд хүлээж авахаар улс төрийн тэмцэл өрнүүлээч ээ. Тэгвэл ХҮН-ын төлөөллийн хувьд бид ч түүнд хамтарч эсэргүүцлээ илэрхийлж болно шүү дээ. Зөв зүйлийн төлөө бид хамтарна. Буруу зүйлд хатуу л байх болно. АН-ын хувьд тухайн үеийн цаг хугацаанд таарсан хөнгөхөн акц биш, чухал асуудалд жинтэйхэн, дорвитойхон хөдөлдөг, нэгдмэл байгаач ээ.

Ялангуяа АН-ын УИХ-ын гишүүд нь хоорондоо нэгдээч ээ. Хоёр, гурав хуваагдчихаар энэ бүлэг чинь ажиллахгүй байна шүү дээ. Эрх баригчдад, олонход шаардлага тавих эрх нь бүлэгт байдаг. Наймаас дээш гишүүнтэй байж бүлэг болно. УИХ-ын чуулганаар хэлэлцэж байгаа асуудалд завсарлага авна. Байр сууриа илэрхийлнэ, гацаана, зогсооно. Энэ бүх боломж нь байгаа. Үүнийгээ ашигламаар байгаа юм.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Х.Алтанхуяг: Чадамжгүй Засгийн газар тогтвортой байх нь улс оронд маш аюултай

– КОВИДЫН ХУУЛИАР КОВИДЫН ДАРАНГУЙЛЛЫГ БИЙ БОЛГОЖ БАЙНА –


АН-ын Дотоод сонгуулийн хорооны дарга Х.Алтанхуягтай ярилцлаа.


-“Одоо боллоо” бүх нийтийн жагсаалыг зохион байгуулах гол зорилго нь юу вэ?

-Ковидын нөхцөл байдалтай холбоотойгоор эдийн засгийн уналт, үнийн өсөлт, бараа бүтээгдэхүүний хоомсдол, гааль тээврийн асуудал зэрэг төрийн буруутай үйл ажиллагаа, эрсдэлийн менежмэнт хийж чадаагүйгээс болж иргэдэд ихээхэн ачаа, дарамт үүссэн. Энэ нь иргэд, жижиг дунд бизнес гээд бүх л байгууллага, хувийн хэвшилд маш хүндээр тусч байна. Ардчилсан намд “…бидний төлөө дуугараач ээ. Дуу хоолойгоо илэрхийлээч” гэсэн санал хүсэлт иргэдээс их ирсэн. Иргэдийн энэ саналд үндэслэж “Одоо боллоо” жагсаалыг зохион байгуулсан. Энэ жагсаал нь МАН-д анхааруулах сануулах жагсаал байсан. Жагсаалын гол шаардлага нь нэгдүгээрт, Ковидын хуулийг хүчингүй болго гэсэн. Ковидын хуулиар ковидын дарангуйллыг бий болгож байна. Засгийн газарт хэт их эрх мэдэл төвлөрсөн.Энэ хууль бол УИХ нь Засгийн газартаа хяналт тавих боломжгүй болгосон, хараа хяналтгүй байдлыг дэвэргэсэн хууль. Энэ хуулийн хүрээнд Засгийн газар хэт их эрх мэдлээр маш их хөрөнгийг ямар ч үр ашиггүй үрэн таран хийж байгаа. Тиймээс хуулийн гадуур явж буй энэ бүх бузар булхайг үгүй хийхийн тулд Ковидын хуулийг хүчингүй болгох шаардлагыг тавьсан. Хоёрдугаарт, Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох шаардлага тавьсан.

Олон сайдын чадамжийн асуудал байна. Ямар ч чадваргүй байдал нь иргэдэд маш их ачаа болж байна. Улс төр, удирдлагын хүрээнд шийдэж болох маш олон ажил байсан. Хамгийн сүүлд л гэхэд Дижитал-Монгол шоу зохион байгууллаа. Цаг үеэ олоогүй энэ шоунаас болж маш олон иргэд цар тахлаар өвчиллөө. Өөрсдөө халдварын тархалтыг бий болгочихоод нөгөө талдаа хувийн хэвшлийг хааж, боомилсон. Өөрсдөө болохоор дур зоргоороо бүх нийтийг цуглуулдаг, үйл ажиллагаа явуулдаг, ковидын тархалтыг ихэсгэдэг. Гэтэл нөгөө талд иргэдийн явуулж байгаа үйлчилгээ, үйл ажиллагааг хааж боодог байж болохгүй. Иргэд, аж ахуйн нэгж нь дампуурсан, ямар ч орлогогүй, өр зээлэнд баригдсан байна шүү дээ. Ингэж эдийн засгийн “цусны эргэлтийг” бүрэн зогсоосон. Ийм байдалтай байна. Тиймээс Засгийн газар энэ бүхний төлөө хариуцлага хүлээх ёстой. Чадвартай Ерөнхий сайдаар удирдуулсан чадвартай төртэй болохыг иргэд хүсч байна.

-Засгийн газар чадамжгүй байгаа нь үнэн ч төр засаг тогтвортой байх ёстой гэдэг талаас харах иргэд ч байна…?

-Чадамжгүй Засгийн газар тогтвортой байх нь улс оронд маш аюултай. Сангийн сайд нь өөрөө “Энэ байдлаараа удаан байвал төсвийн асуудал хэм хэмжээнээсээ хэтрээд байна” гэдэг асуудлыг тавьж байгаа шүү дээ. Төсвийн хэмнэлтээ хийхгүй бол болохоо байлаа. Бид ингээд дуусч байна” гэдгийг Ерөнхий сайд нь ч өөрөө хэлсэн. Ийм хэмжээнд авааччихаад цаашаа юу хийх гээд байгаа юм бэ. Ийм хэмжээнд хүргэсэн Засгийн газрыг цаашид ажиллуулах бололцоогүй харагдаж байна. Тиймээс Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох шаардлагыг тавьсан. Засгийн газрыг огцруулахад МАН өөрөө ч санаачилгатай ажиллах ёстой. Өөрсдийн байгуулсан чадамжгүй Засгийн газар өнөөдөр ард иргэдийг яаж, ямар амьдруулж байгааг өөрсдөө газар дээр нь очоод үзэх хэрэгтэй.

-Нөхөн сонгуульд нэр дэвшиж байгаа кандидатуудынхаа тухай та юу хэлэх вэ?

-Хэнтийчүүдийн УИХ-д сонгож гаргасан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоёулаа эрх мэдэлд хүрлээ. Гэхдээ Монгол Улсын нийт ард иргэд байг гэхэд хэнтийчүүдийн төлөө юу хийсэн юм бэ. Андлалын хөшөөнөөс өөр юу хийсэн бэ. Хэнтийчүүд үүнийг бодох хэрэгтэй. Түүнээс биш цээжний бангаар ярьдаг хүмүүсийг хэнтийчүүд минь битгий сонгоосой. Л.Оюун-Эрдэнэ Андлалын хөшөөг барьж 400 сая жуулчин авч ирнэ гэж ярьсан. 400 сая жуулчин Монголд ирэх ямар ч боломжгүй. Ингэж цээжний бангаар ярьж болохгүй. Дэлхийд аялал жуулчлалаараа тэргүүлдэг Франц улсад л гэхэд 70, 80 сая жуулчин авдаг. Манайд ийм хэмжээний даацыг жишээ нь, нисэх буудал дийлэхгүй. Цагт бараг 150 онгоц зэрэг бууж байж тэр жуулчдыг хүлээж авах байх. Ийм хүчин чадалтай онгоцны буудал манай улсад байгаа билүү. 400 сая жуулчныг хаана байрлуулах вэ гээд наад захын зүйлүүдийг бодоод үзэхээр тийм хэмжээний жуулчин хүлээж авах ямар ч боломж байхгүй. Хоёрдугаарт, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэрбум мод тарина гэж ярилаа. Мод тарих нь уг нь зөв. Гэхдээ цээжний бангаар хамаагүй ярьж болохгүй, тэр тусмаа НҮБ-ын индэр дээрээс. Ингэж дэлхийн жишиг болж болохгүй шүү дээ. Тэрбум модыг тарина, хэзээ яаж тарих вэ гээд тооцоод үзье л дээ. 2030 он хүртэл тэрбум мод тарина гэж байгаа. Найман жилийн хугацаанд 342 мянган модыг нэг өдөрт тарих нь. Цагт 14 мянга, дойлд 237 тарих нь. Амжихгүй шүү дээ. Ингэж боддог, ярьдаг нөхдүүдийг битгий сонгооч ээ. Б.Гарамгайбаатар нэр дэвшигчийн хувьд Эдийн засгийн байнгын хороог өмнө нь удирдаж байсан, олон ч ажлыг хийж гүйцэтгэсэн. Үүнийг хэнтийчүүд надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Ажил хэрэгч, хэлснээ хийж чаддаг, эдийн засгийн тооцоололтой ийм л хүмүүс өнөө цагийн УИХ-д хэрэгтэй. Мөн Сонгинохайрхан дүүрэгт Э.Бат-Үүл нэр дэвшигчийг дэвшүүлсэн. УИХ-ын 62 суудал дээр МАН хоёр суудал нэмээд ямар үр дүн гарах юм бэ. Ямар өөрчлөлт гарах юм бэ. Үүний оронд Б.Гарамгайбаатар, Э.Бат-Үүл иргэдийн төлөөлөл болоод суувал ямар өөрчлөлт гарах бол. Хөшигний цаана байгаа бузар булхайг илчилдэг, зоригтой шүүмжилдэг, дуугардаг хүмүүсийг сонгох хэрэгтэй байна. Үүнийг хийж чадах хүн нь яах аргагүй Э.Бат-Үүл. Хэнээс ч айдаггүй, бүхнийг хийж дуугарч чаддаг. Э.Бат-Үүлээс МАН айдаг. Айдаг ч учраас энэ хүнийг гүтгэдэг. Гүтгэдэг учраас энэ хүнийг өнөөг хүртэл янз бүрийн нэр хоч зүүлгэх оролдлого хийж ирлээ. Тиймээс энэ хүн тэдний бузар булхайг УИХ-ын тахимаас Сонгинохайрханчууд, ард түмэнд хэлж чадна. Ийм л учраас бид энэ хоёр хүнийг дэвшүүлсэн. МАН-ын 62 суудал дээр хоёр суудал нэмээд ямар ч хэрэггүй. Үүний оронд сөрөг хүчиндээ хоёр суудал өгөөч ээ. Тэгж чадвал бид хөшигний цаана байгаа бузар булхайг илчилж, тэмцэнэ. Дарангуйлал тогтоохгүйн төлөө энэ хоёр хүнийг нэр дэвшүүлсэн юм шүү.

-Улс орны хөгжилд сөрөг хүчний үүрэг оролцоо чухал байдаг. Ялангуяа өнөөгийн түвшинд хүчтэй сөрөг хүчин ихээхэн үгүйлэгдэж байна. АН ойлголцлын ширээнд суусан байсан ч дотоод маргаан нь хараахан цэгцрээгүй байгаа. АН-ын дотоодод байгаа асуудал хэзээ нэг тийшээ болох вэ?

-Нэг ширээний ард сууснаар шуудхан л ойлголцол бий болохгүй. Ойлголцолд хүрэхийн тулд үе шаттай олон алхам шаардлагатай байна. Миний бодлоор анхны алхмыг Э.Бат-Үүл баатар хийсэн гэж харж байгаа. Хоёр талын залуучуудтай уулзаж, ойлголцлыг бий болгохын төлөө нэлээн том алхмыг хийсэн. Өнөөдөр бид ойлголцолд хүрэх ёстой. Ард иргэдийнхээ төлөө сөрөг хүчин гэж байх ёстой. Тэгэхгүй бол дарангуйллыг бид бүхэн даван туулах ямар ч боломжгүй. Ардын намын эсрэг тэмцэж чадах нам бол Ардчилсан нам. Хүчтэй намын эсрэг тэмцэж чадах өөр нам байхгүй. Хүмүүс ХҮН гэж ярьдаг. ХҮН Ардчилсан намын хэмжээнд хүрч МАН-тай тэмцэхийн тулд хамгийн наад тал нь 20 жил хэрэгтэй. Эхлээд намын бүтэц болж өөрчлөгдөх ёстой шүү дээ. Намын хөгжлийн цаг хугацаа гэж бий. Өөрөөр хэлбэл, аймаг, сум, хороодод өөрийн гэсэн дэмжигч бүтэцтэй болтол наад тал нь 20 жил хэрэгтэй. Ингэж байж МАН-тай тэмцэнэ. Ингэж байж МАН-ын карманд нь багтаж, үг, хуйвалдаанд нь орохгүйгээр тэдний эсрэг зогсож чадна. Тэрнээс нааш ХҮН МАН-ын эсрэг хүчтэй зогсох нам байж чадахгүй. Тиймээс л МАН-ын эсрэг хүчтэй зогсож чадах намыг Ардчилсан нам гэж хэлдэг. Ардчиллыг хамгаалж, манаж байгаа ганц нам нь Ардчилсан нам шүү дээ. АН дотор байгаа хэсэг бүлэг, тодорхой хүмүүсээс шалтгаалж манай намын нэр хүнд олны дунд унасан зүйл бий. Гэхдээ АН бүхэлдээ тийм биш. Итгэл үнэмшлээрээ явж байгаа олон зуун дэмжигчид, залуус, бизнесмэнүүд бий. Улс орноо өөрчлөх юмсан, хувийн хэвшлийг яаж дэмжих вэ гэдгийн төлөө бүх насаа зориулж байгаа мянга мянган гишүүд бий. Энэ бүхнийг үгүйсгэж болохгүй. Тиймээс ч АН өнөөг хүртэл оршин тогтнож байна.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Төрийн албаны зөвлөлийн Маргаан хянан шалгах газрын дарга Ч.Бат-Эрдэнэ: Төрийн албаны хуулийг зөрчиж 125 байгууллагын 361 албан хаагчийг томилсныг тогтоосон

Төрийн албаны зөвлөлийн ажлын албаны Маргаан хянан шалгах газрын дарга Ч.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.


-Ховд, Увс, Архангай аймгуудад хууль бус нэлээдгүй олон томилгоог илрүүлсэн гэсэн мэдээлэл байна. Энэ талаар тодруулахгүй юу?

-Хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгах, зөвлөн туслах ажлын хэсэг ховд, увс, Архангай аймагт өнгөрөгч есдүгээр сарын 4-15-ны өдрүүдэд ажилласан. аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний 60 хэрэгжүүлэгч агентлагийн 1230 төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж, томилох үйл ажиллагаа, хүний нөөцийн удирдлагын шийдвэрт хийсэн хяналт, шалгалт ажлыг зохион байгууллаа. Ажлын тайланг Төрийн албаны Зөвлөлийн 40 дүгээр хуралдаанаар хэлэлцэж Төрийн албаны тухай хууль тогтоомж зөрчиж төрийн жинхэнэ албан тушаалд томилсон Ховд аймгийн 15 төрийн захиргааны байгууллагад холбогдох 52 албан хаагч, Увс аймгийн 20 төрийн байгууллагад холбогдох 90 албан хаагч, Архангай аймгийн 11 төрийн байгууллагад холбогдох 88 албан хаагчийн томилгоотой холбоотой, нийт 230 албан хаагчтай холбоотой зөрчил арилгуулах хугацаатай үүрэг өгөх тухай Төрийн албаны зөвлөлийн 2021 оны ес дүгээр сарын 29-ний өдрийн 240, 241, 242, 247 дугаар тогтоолыг Төрийн албаны зөвлөлөөс гаргаад байна.

-Энэ оны тухайд төрийн жинхэнэ албан хаагчийн томилгоотой холбоотой хяналт, шалгалтын ажлыг ямар түвшинд хийсэн бэ?

-Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт “хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албаны төв байгууллага өөрөө, эсхүл иргэний гомдол, мэдээллийн дагуу төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж томилох үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийнэ” гэж заасны дагуу хяналт, шалгалтын ажлыг зохион байгуулж байна.

2021 оны эхний есөн сарын байдлаар Төрийн албаны зөвлөл өөрийн санаачилгаар болон иргэний гомдол, мэдээллийн дагуу хяналт, шалгалтын ажлын хэсэг байгуулан ажиллаж 197 байгууллагын 1589 төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж, томилох үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, Төрийн албаны зөвлөлийн хуралдаанаар 125 байгууллагын 361 албан хаагчийг томилсон шийдвэр нь Төрийн албаны хууль тогтоомжийг зөрчсөнийг тогтоож, зөрчил арилгуулах хугацаатай үүрэг даалгавар өгөөд байна.

Энэ нь зөвхөн Төрийн жинхэнэ албан хаагчийн сонгон шалгаруулж томилох үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын дүн мэдээ юм. Томилох эрх бүхий этгээд болон төрийн албан хаагч, уг албанд нэр дэвшигчийн хооронд гарсан тодорхой харьяаллын маргааныг төрийн албаны төв байгууллага хянан шийдвэрлэх чиг үүргийг хэрэгжүүлж байна.

-Хууль бус томилгоог засах Төрийн албаны зөвлөлөөс өгсөн шийдвэрийн хэрэгжилт ер нь хэр хангагддаг вэ. Бүрэн дүүрэн хангагдаж чадаж байна уу?

-Төрийн албаны тухай хуульд заасны дагуу Зөвлөл эрх хэмжээнийхээ хүрээнд тогтоол гаргана. Зөвлөлийн шийдвэрийг холбогдох этгээд заавал биелүүлнэ гэсэн тодорхой зохицуулалттай. Мөн Төрийн албаны зөвлөлийн үүрэг, даалгаврыг биелүүлээгүй бол төрийн албаны төв байгууллага хууль тогтоомж зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгох арга хэмжээ авах тодорхой зохицуулалттай.

Зөрчил бүрийн цаана хувь хүний, албан тушаалтны эрх ашиг хөндөгддөг, улмаар хүний амьдрал ахуйд нөлөөлөх шийдвэр гардаг тул нямбай судалж, ул суурьтай хандаж, хуулийн хүрээнд шийдвэр гаргах, шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах хугацаа шаардсан асуудал байдаг.Энэ оны эхний есөн сарын байдлаар төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж томилох үйл ажиллагаа, томилох эрх бүхий этгээд болон төрийн албан хаагч, уг албанд нэр дэвшигчийн хооронд гарсан маргаантай холбоотой Зөвлөлөөс гаргасан шийдвэрийн хэрэгжилт 60 гаруй хувьтай байна. Энэ нь Зөвлөлөөс шийдвэрлэсэн нийт асуудлын тоонд харьцуулахад эерэг үр дүн гэж харж байгаа.

Тус газраас Зөвлөлийн шийдвэрийг хэрэгжүүлэхгүй байгаа болон өгсөн үүрэг даалгаврын хугацаа дууссан асуудлын дүн мэдээ, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний саналыг боловсруулан Зөвлөлийн хуралдаанд танилцуулж, хэлэлцүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж байна.

Тухайлбал, Төрийн албаны зөвлөлөөс Увс, Архангай аймаг хийсэн хяналт шалгалтаар төрийн жинхэнэ албан тушаалд ажиллаж байгаа иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч зургаан албан тушаалтныг томилсон шийдвэрийг Төрийн албаны зөвлөл хүчингүй болгосон.

Цаашид Төрийн албаны хуульд заасны дагуу Зөвлөлөөс гаргасан шийдвэрийг биелүүлэхгүй байгаа томилох эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцох мэдэгдлийг дээд шатны албан тушаалтанд хүргүүлэх, хууль зөрчиж томилогдсон болох нь тогтоогдсон тохиолдолд төрийн албаны цалингийн системтэй уялдуулан тодорхой хязгаарлалтын арга хэмжээ авахаар ажиллаж байна.

-Төрийн жинхэнэ албан тушаалд хууль зөрчиж томилсон томилгооны талаар бусад төрийн байгууллагуудад хяналт шалгалт хийх үү?

-Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан 2021 оны есдүгээр сарын 30-ны өдрийн 72/188 дугаар тушаалаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Төрийн албаны зөвлөлийн Ажлын албаны албан хаагчдаас бүрдсэн ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд ажлын дэд хэсгүүдийг Төрийн албаны зөвлөлийн гишүүд ахлан ажиллаж байна.

Дээрх ажлын хэсэг нь зарим яам, агентлаг, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Ажлын алба, Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагийн үйл ажиллагаатай танилцаж, хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлж байгаа байдалд үнэлэлт өгөх, хяналт, шалгалт хийх, зөвлөн туслах, холбогдох санал, дүгнэлт боловсруулах үүрэгтэй ажиллах юм. Хяналт, шалгалт хийх, зөвлөн туслах ажил 2021 оны аравдугаар сарын 1-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 20-ны өдрийн хооронд хийгдэнэ. Тухайн ажлын үр дүнг та бүхэнд цаг тухайд нь мэдээлнэ.

-Ер нь төрийн албаныхан сонгууль бүрийн дараа солигддог. Төрийн албыг тогтвортой, мэргэшсэн байлгахын тулд яах ёстой вэ. Гарц, гаргаалгааг нь та юу гэж харж байна?

-Төрийн албаны шинэтгэлийн үйл явц үргэлжилж байна. 2019 оноос хэрэгжиж эхэлсэн Төрийн албаны тухай хуулиар хууль эрх зүйн орчин сайжирсан, ажил хийх боломж бүрдсэн. Энэ хүрээнд энэ оны эхний есөн сарын байдлаар 197 байгууллагын 1589 төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж, томилох үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн байна. он дуусах болоогүй байна, төлөвлөгөөт хяналт, шалгалтын ажил үргэлжилж байна, тодорхой үр дүнд хүрч байгаа гэдгийг онцолмоор байна.

Төрийн албаны тухай хуулиар улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч улс төрийн нам, эвслийн үйл ажиллагаанаас ангид байх зарчмыг тогтоож, төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж томилоход улс төрийн албан тушаалтан, улс төрийн нам, эвслийн удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан, бусад этгээдийн зүгээс аливаа хэлбэрээр нөлөөлөх, дарамт, шахалт үзүүлэхийг хориглосон.

Хууль тогтоомж зөрчиж төрийн жинхэнэ албан тушаалд томилох асуудал нэлээдгүй байна, Төрийн албаны зөвлөл өөрөө санаачлан, мөн иргэдээс ирүүлсэн мэдээллийн мөрөөр маш их ачаалалтайгаар ажиллаж тодорхой үр дүнд хүрч байгаа.

Шуудхан хэлэхэд, Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг хэрэгжүүлэх асуудалд зарим томилох эрх бүхий албан тушаалтнууд хариуцлагагүй хандаж байна. Ялангуяа төрийн улс төрийн албан тушаалтнууд Төрийн албаны тухай хууль тогтоомжийг зөрчиж албан тушаалд томилох байдал хавтгайрсан байна. Хууль зөрчсөн томилгоо бүрийн ард ашиг сонирхлын зөрчлийн асуудал байх магадлал өндөр байна, орон нутагт иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч төрийн жинхэнэ албан тушаалд томилогдон ажиллаж байгаа тохиолдол их байна.

Аймгийн Засаг даргыг томилоход санал өгдөг, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан төсвийг захиран зарцуулдаг, төрийн жинхэнэ албаны хүний нөөцийн томилгооны эрх мэдлийг хэрэгжүүлдэг албан тушаалтан иргэдийн Төлөөлөгчийн Хурлын Төлөөлөгчөөр ажиллаж, улс төрийн үйл ажиллагааг давхар эрхэлж байгаа нь ашиг сонирхлын зөрчлийн асуудал байгааг шууд харуулж байна. Зөвд зөөлөн, бурууд хатуу хандаж байж тодорхой үр дүнд хүрнэ гэж хувьдаа бодож байна.