Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл улс-төр

Д.Энхтуяа: Хүмүүнлэг, ардчилсан нийгмийг байгуулна хэмээн тунхагласан. Үүнийгээ хангаж чадаж байна уу гэдгээ эргээд харах цаг нь болжээ DNN.mn

УИХ-ын гишүүн Д.Энхтуяатай ярилцлаа.


-Сүүлийн үеийн үйл явдлаас ярилцлагаа эхэлье. 21 настай залуу цагдан хоригдож байх явцдаа харамсалтайгаар амиа алдлаа. Ардчилсан хүчнийхэн хүний эрх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөний төлөө тууштай дуугарсаар, тэмцсээр ирсэн намын хувьд уг асуудалд хэрхэн анхаарч ажиллах вэ?

-Юуны өмнө амь насаа алдсан хүүгийн эцэг эх, найз нөхдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.

Энэ хэргийг хүний эрх талаасаа маш сайн анзаарч харах ёстой. Цагдан хоригдож байх явцад эрүү шүүлт тулгасан уу, төрийн албан хаагчийн буруутай үйл ажиллагаа байсан уу гэдгийг эхлээд шалгаж, тогтоох ёстой.

Наанадаж уг харамсалтай явдлын талаар цагдаагийн байгууллага мэдээлэл өгөхдөө тухайн хүний эмзэг хувийн мэдээллийг олон нийтэд дэлгэх нь хэр зохистой вэ. Ямар, ямар хэрэгт сэжигтнээр татагдаж байсан зэрэг бүх мэдээллийг нь ил гаргасан. Хүний хувийн нэр төрд халдсан. Хэдийгээр тухайн иргэн сэжиглэгдэж байсан ч тэр хүний эрх хангагдах ёстой. Хүний хувийн мэдээлэл нууц байх ёстой.

Ер нь төрийн байгууллага, шүүх, хүчний байгууллагууд үүнийг хамгийн түрүүнд анхаарч ажилламаар байна. Манайд яагаад ийм асуудлууд гараад байна. Шүүхийн байгууллага, мөрдөн байцаах байгууллагууд алдаа дутагдал гаргаж байна уу, хүний эрхийг хангаж чадаж байна уу гэдгээ анхаарч ажиллах ёстой.

Хоёрдугаарт, ямарваа иргэн сэжигтнээр татагдаж хорих байгууллагын хаалгаар эрүүл орсон бол тэр газраас эрүүл л гарч ирэх ёстой. Эрүүл мэндийн байдал нь дордох ёсгүй. Гэтэл сүүлийн үед эрүүл ороод эрүүл мэндээрээ хохирох ч юм уу, амь насаа алдах зэрэг харамсалтай кейсүүд нэг биш удаа гарсан байна.

Би үүгээр цагдаагийн байгууллага ч юмуу, шүүх, эрүүл мэнд, хүчний байгууллагыг буруутгах гээгүй. Тогтолцооны гажуудлаа бодитоор харж өөрчлөлт хийж засах ёстой. Тиймээс асуудлыг нээлттэй хэлэлцэх сонсгол хийж тал талын мэдээллийг авч, хаана хүний эрх зөрчигдөж байна гэдгийг гаргаж ирж шийдэх ёстой гэж харж байгаа.

Хамгийн чухал нь шийдэл. Олон жил бие биеэ үгүйсгэж, буруутгаж ирлээ. Одоо бүх асуудлаа ил тод ярилцаж тогтолцооны өөрчлөлт хийх ёстой. Дахиад олон хүний эрх, амь нас битгий хохироосой гэж хүсч байна. Саяны кейс бол маш харамсалтай байлаа. 21-хэн настай, амьдралд дөнгөж хөл тавьж байгаа сайхан залуу амь насаа алдах ямар харуусмаар вэ.

Дөрөвдүгээрт, хорих ангиуд, СЭМҮТ, асрамжийн газрууд ч гэдэг юмуу хаалттай хаалга бүрийн цаана хүнийг яаж сэтгэл зүйн дарамтад оруулж, хүчирхийлж байгааг нийтээрээ олон жил ярилаа. Тиймээс УИХ-ын эмэгтэй гишүүдээ уриалж газар дээр нь очиж танилцаад өөрчлөх арга шийдлээ гаргаад ирье. Эрх зүйн өөрчлөлт оруулахаар байвал зохих хуульд нь өөрчлөлт оруулъя гэж бодож байгаа. Энэ саналаа ч цааш нь уламжилж, бодит болгоно.

-Тогтолцооны өөрчлөлт гэдгийг тодорхой ярихгүй юу?

-Манай улс хүмүүнлэг ардчилсан нийгмийг байгуулна хэмээн тунхагласан. Үүнийгээ хангаж чадаж байна уу гэдгээ бид эргээд харах цаг нь болжээ.

Цагдаа хүчнийхэн мэдээж хууль сахиулах үүрэгтэй. Нөгөө талаас хэдийгээр тухайн иргэний эрх хязгаарлагдсан ч хүмүүнлэг үйлчилгээг авах эрхтэй. Тиймээс ч хорих байгууллагуудад нийгмийн ажилтан гэж байдаг байх. Мөн эрүүл мэндийн туслалцаа үзүүлдэг байгууллагууд ч бий. Тэдгээр ажилтнууд хоорондоо хэр уялдаатай ажилладаг вэ гэдгийг мэдмээр байна.

Мөн цагдааг илүү иргэншүүлэх ёстой. Иргэнд, нийгэмд хүрч үйлчилдэг байх ёстой шүү дээ. Тиймээс аливаа асуудалд хандахдаа хүний эрхийг нэн тэргүүнд хангаж, эрхэмлэх ёстой. Тухайн хүний эрх нь тодорхой хүрээнд хязгаарлагдсан ч бусдын адил эрүүл мэнд болоод бусад үйлчилгээ, эрхээ хангуулах ёстой шүү дээ.

-Та бол хэвлэлийн салбараас УИХ-ын гишүүн болсон хүн. Өнөөдөр хэвлэлийн эрх чөлөө хэр хангагдаж байна, хэвлэлийн салбарын өнөөгийн байдлыг хэрхэн харж байна вэ?

-Анх 1998 онд батлагдсан Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль дөрвөн зүйл заалттай. Тухайн үед гадаадын байгууллага, олон улсын экспертүүд, хэвлэн нийтлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудын нэлээд олон судалгаанд үндэслэж уг хуулийг баталж байсан.

Хэвлэлийн эрх чөлөө нь өөрөө маш эмзэг. Миний санаж байгаагаар Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуульд 1998 оноос хойш 12 удаа өөрчлөлт хийхээр оролдож байсан ч УИХ-ын босгыг даваагүй. Тиймээс энэхүү хуульд амархан гар хүрээд, өөрчлөөд байдаггүй эмзэг хууль л даа.

Биднийг УИХ-ын гишүүнээр сонгогдоход манай салбарынхан ч тэр, олон нийт ч гэсэн хэвлэлийн эрх чөлөө хангагдахгүй байна. Хангаж өгөөч гэсэн. Бид үүнд ажлын хэсэг байгуулсан. Ямартаа ч эхлээд хэвлэл мэдээллийн салбарынхантайгаа, ТББ-тай томоохон хэлэлцүүлгийг зохион байгуулъя гэж бодож байгаа.

Есдүгээр сарын эхээр хэвлэл мэдээллийн төлөөллийн байгууллагууд, олон нийт, төрийн бус байгууллагуудын төлөөллийг оролцуулаад ямар асуудал хаана байгаа талаар асуудлаа ярилцаж, хэлэлцүүлэг хийнэ.

-Хэвлэлийн эрх чөлөөний индексээр манай улс 21 байр ухарсан. Ардчиллын индексээр ч ялгаагүй ухарсан. Ер нь хэвлэлийн эрх чөлөө ардчилалд ямар нөлөөтэй болох талаар ярихгүй юу?

-Хэвлэлийн эрх чөлөө хангагдаж байж мэдээлэл нь үнэн бодитой шуурхай байдаг. Уг мэдээлэлд үндэслэж олон нийт төрийн эрхийг барихад оролцдог гэхчлэнгээр суурь эрхүүд хэвлэлийн эрх чөлөөтэй холбогддог.

Тиймээс Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуульд дээр хэлсэнчлэн тийм амар гар дүрдэггүй. Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуульд төрийн бус байгууллагууд дэргэддээ хэвлэлийн байгууллага байгуулахыг хориглосон заалт байдаг. Гэтэл өнөөдөр бүх төрийн байгууллага дэргэдээ хэвлэлийн албатай байна. Нэг ёсондоо хэвлэл мэдээллийн байгууллага байна гэсэн үг. Түүгээрээ хүссэн мэдээллээ өөрсдөө бэлтгээд цац гээд өгчихөж байна. Өөрөөр хэлбэл, эрэн сурвалжлаад бүгдийг гаргаж ирэх хэвлэл мэдээллийн хийх ажлыг төрийн байгууллагууд хийгээд байна. Хэвлэл мэдээллийн байгууллагууд түгээлтийн ажлууд хийгээд байна шүү дээ. Энэ зөрчигдөж байгаа нэг заалт мөн үү гэвэл мөн.

Хоёрдугаарт, Төрийн болон албаны нууцын тухай хуулиар олон мэдээллийг нууцын зэрэглэлд оруулчихсан. Гэтэл хэвлэл мэдээллийн байгууллагууд төрд байгаа мэдээллийг ямар нэг байдлаар олж аваад эх сурвалжаа нуугаад гаргачихдаг. Тэр нь нууцын зэрэглэлтэй мэдээлэл болж таараад хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байгаа хүмүүс буруутгагдаад байна.

Төрийн болон албаны нууцын тухай хуулиар өнөөдөр төрийн 565 мэдээлэл нууцлалд байна. Зөвхөн 67 мэдээлэл нээлттэй ч гэдэг юмуу хязгаарлаад өгчихсөн. Энэ нь хэвлэл мэдээллийн байгууллагууд төрийн байгууллага руу ороод мэдээлэл авч болохгүй, хаалттай болгочихоод байгаа юм. Тиймээс тодорхой хүрээнд зохих мэдээллийг нээлттэй болгомоор байна. Нууцын зэрэглэл дор олон мэдээллийг нуун дарагдуулчихаад хэн нэгэн улстөрчийн дохиогоор гаргая гэсэн үед нь мэдээллийг гаргаж болохгүй. Гэх зэргээр ямар ямар асуудал байна вэ гэдгийг хэвлэл мэдээллийн байгууллагынхантайгаа уулзаж ярилцах хэрэгтэй байгаа юм.

-Удахгүй болох УИХ-ын ээлжит бус чуулганаар ямар асуудал хэлэлцэх товтой байгаа вэ?

-УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга бидэнд наймдугаар сарын 10-наас хойш ээлжит бус чуулган хуралдуулах товтой байна гэсэн мэдээллийг өгсөн. Үүгээр төсвийн тодотголыг хэлэлцэнэ гэж ойлгож байгаа. Учир нь Засгийн газрын шинэ бүтэц байгуулагдсан. Уг бүтцээр зарим яамд тамгын газар өөрчлөгдсөн. Тиймээс төсвийн тодотгол орох юм байна гэж ойлгосон. Бидэнд өөр тодорхой мэдээлэл өгөөгүй.

-Хамтарсан Засгийн газар байгуулагдсантай холбоотойгоор олон нийт АН-ыг Засгийн газарт орох нь буруу, хүчтэй сөрөг хүчний үүргийг гүйцэтгэх ёстой байсан гэхчлэнгээр шүүмжилсэн. Та үүнд ямар байр суурьтай байгаа вэ?

-УИХ-ын 2024 оны сонгуулиар Ардчилсан нам 500 гаруй мянган иргэний саналаар 42 суудалтай болсон.

Хоёрдугаарт, АН 2024 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөртөө ихээхэн анхаарсан. Бүтэн жил судалгаа хийсэн. Мэргэжлийн байгууллагуудыг урьж саналыг нь авсан. Тэрхүү санал дээр дахин ажилласан. Гадаадын бусад туршлагыг ч судалсан. Ингэж чамбай мөрийн хөтөлбөрийг боловсруулсан. Бид энэ мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхгүй дахин дөрвөн жил алдахыг хүсэхгүй байна.

АН-ын ҮБХ мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж улс орныхоо хөгжлийн төлөө хамтарч томоохон төслүүдийг явуулахын тулд хамтарсан Засгийн газарт орох нь зөв гэж шийдвэрлэсэн. Тиймээс олонхоороо гаргасан шийдвэрийг бид дэмжихээс өөр аргагүй.

Нөгөөтэйгүүр өнгөрсөн найман жилд улс орны хувь заяатай холбоотой томоохон бүтээн байгуулалт, төсөл хөтөлбөр хэрэгжсэнгүй. Өнгөрсөн хугацаанд нийтээрээ л шүүмжиллээ. Ажил огт явсангүй. Үүнд хэн хохирч байна гэхээр ард түмэн. Тиймээс манай нам мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж, ажил хийх хэрэгтэй байгаа юм. Мөн ард түмний өгсөн 500 мянган саналыг гээхгүй байх ёстой. Иргэдийн саналыг гээхгүй байхын тулд л өнгөрсөн хугацаанд Үндсэн хуулиас эхлээд олон хуульд өөрчлөлт орууллаа шүү дээ. Иргэдийн саналыг бодит болгож байж ардчилал бэхэждэг.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл улс-төр

Ж.Баярмаа: Хүний эрхийн зөрчлийн талаар олон нийт шуугиад, төр нь нүдээ аниад өнгөрөөдөг байж болохгүй DNN.mn

УИХ-ын гишүүн Ж.Баярмаатай ярилцлаа.


-21 настай иргэн эрүү шүүлтэд өртөж, амь насаа алдсан байж болзошгүй хэрэгтэй холбоотойгоор та УИХ-ын сонсгол зохион байгуулах санаачилга гаргасан. Та энэ тухайгаа буюу үндэслэл, шаардлага талаас нь яриач.

-УИХ-ын нээлттэй сонсгол зохион байгуулах хэд хэдэн үндэслэл, шалтгаан бий. Нэгдүгээрт, Ардчилсан Монгол Улсад эрүүдэн шүүлт хэрхэвч байж болохгүй. Тиймээс хорих 461 дүгээр ангид хоригдож байсан цэл залуухан настай хүү яагаад нас барав, үнэхээр эрүү шүүлт тулгав уу, үүнээс болж амь нас нь эрсдэв үү гэдгийг нэн тэргүүнд тогтоох ёстой. Учир нь талийгаач залуугийн ар гэрээс мөрдөн шалгах ажиллагааны явцад найман цагдаа эрүү шүүлт тулгасан, зодсон хэмээх гомдлыг АТГ-т гаргасан байгаа. Харамсалтай нь АТГ хэтэрхий удаан шалгаж байна. Өнгөрөгч нэгдүгээр сард эрүү шүүлт тулгасан, зодсон гэх асуудал гарч, хоёрдугаар сард талийгаач хүү гомдол гаргасан юм билээ. Түүнээс хойш бараг хагас жил болох гэж байхад эрүүдэн шүүсэн эсэхийг тогтоогоогүй байна.

Хоёрдугаарт, мөрдөн шалгах ажиллагааны явцад гардаг ийм асуудал анхных биш. Бага насны охиныг хүчиндсэн, хувийн харилцаанд орохыг шаардсан, хүнлэг бусаар харилцсан гэх гомдлууд олон нийтийн дунд тасрахгүй яригдсаар ирсэн. Мөн зөвхөн энэ шатанд ч биш, төрийн байгууллагын шийдвэрээр эрх чөлөөгөө хязгаарлуулсан бусад газарт ч бас гардаг. Би хорих ангиуд дахь хүний эрхийн зөрчлийг хэлж байна. Би ч өөрөө ийм жишээг мэднэ. Хамгийн сүүлийн жишээ гэхэд л “Лайвчин” Д.Мөнх-Эрдэнийг хоригдож байх үед тусгай ангийнхан ирж хүнлэг бусаар харьцсан байдаг.

Мөн өнгөрөгч арваннэгдүгээр сард Зэвсэгт хүчний 0326 дугаар ангид алба хааж байсан 21 настай Д “унтаад сэрээгүй” гэх шалтгаанаар амиа алдсан харамсалтай хэрэг гарч байсан. Ер нь олон нийтийн дунд Батлан хамгаалах салбар буюу цэрэг армид дэглэлт байна, хүнлэг бус харилцаа явагдаж байна гэж байнга л яригддаг. Тиймээс учир шалтгаан нь юунд байна гэдгийг хянан шалгах шаардлагатай байгаа юм.

Цагдан хорих газар, цэргийн ангид болж байгаа тохиолдлуудыг ХЭҮК-ын илтгэлүүдэд бичсэн байдаг. Үүнээс гадна үүнийг нотлох тоо баримтууд ч байна. Тухайлбал, эрүүдэн шүүлт тулгасан гэх гомдол жилд 34 орчим ирдэг гэсэн. Өөрөөр хэлбэл, сар бүр бараг гурван ийм асуудал үүсдэг гэсэн үг.

Нөгөөтэйгүүр Үндсэн хуульд “Эх орондоо хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно” гээд зарлан тунхагласан байдаг. Хүний эрхийг бүрэн хангасан нийгмийг л хүмүүнлэг гэнэ. Мөн Үндсэн хуулиар хүний амьд явах эрхийг баталгаажуулж, эрүүдэн шүүж, хүнлэг бус харилцахыг хориглосон. Иргэн бүр Үндсэн хуулиа сахин биелүүлэх ёстой. Тэр дундаа хууль сахиулах байгууллагынхны алхам тутамдаа баримтлах зарчим нь.

Тэгэхээр углуургаараа Үндсэн хуулийн зүйл заалтуудыг зөрчсөн үйлдлүүдийг төрийн байгууллагуудын зарим ажилтнууд гаргасаар байна гэсэн үг. Бүр харамсалтай нь иргэдээ хамгаалах чиг үүрэгтэй зарим алба хаагчид. Үүнийг таслан зогсоохын тулд олон нийтэд асуудлыг нээлттэй танилцуулж, хэлэлцэх ёстой. Хүний эрхийн зөрчлийн талаар олон нийт шуугиад, төр нь нүдээ аниад өнгөрөөдөг байж болохгүй.

-Тэгэхээр сонсголд оролцогчид нэлээд өргөн хүрээнд байх нь ээ дээ?

-Тийм. Нийтийн сонсголын тухай хуульд сонсголын есөн төрөл байдаг. Үүний нэгд нь хүний эрх, эрх чөлөөг хамгаалахтай холбоотой хяналтын сонсгол хийнэ гэж тусгайлан заасны дагуу зохион байгуулна. Сонсголын үеэр төрийн болон албаны нууцын тухай хуулийг үндэслэн нийтэд задлахгүй мэдээллүүд байхыг үгүйсгэхгүй. Тиймээс хүний эрхийн чиглэлээр ажилладаг иргэний нийгмийн байгууллагууд, гэрч хохирогч, хуульчид, өмгөөлөгчдийг татан оролцуулна. Ингэж нийтээр хэлэлцэж байж асуудал юундаа байна, яагаад хүний эрхийн зөрчил гараад байна гэдэг учир шалтгааныг бодитоор тогтооно шүү дээ.

Хууль тогтоомжуудын хэрэгжилтийг сайжруулахад Засгийн газар, холбогдох институциүд ямар арга хэмжээ авах вэ, эрх зүйн хувьд ямар өөрчлөлтүүд хийх шаардлагатай вэ гээд олон асуудал гарна.

Нөгөөтэйгүүр хуулийн засаглал, шударга ёс хоёр бол нэг зоосны хоёр тал. Хүний эрхийн зөрчил гарч байна гэдэг нь дээр хэлсэнчлэн олон хуулийн заалтыг зөрчиж байна гэсэн үг. Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зэрэгт эрүүдэн шүүх, хүнлэг бус харилцахыг хориглосон ч биелүүлэхгүй байна гэдэг нь хуулийн засаглал бүрэн хэрэгжихгүй байна гэсэн үг. Хууль бус хүн буюу хэн нэгэн албан тушаалтан “засаглаж” байгаа бол тэр нийгэмд шударга ёс, ардчилал асуудалтай байна гэсэн үг. Тиймээс шударга ёсыг хангахтай холбоотой асуудал давхар яригдаж байна гэж ойлгож болно.

-Аливаа хэрэгт гэрч, хохирогч маш чухал шүү дээ. Ер нь гэрч, хохирогчийг хамгаалах тогтолцоог яаж бүрдүүлэх хэрэгтэй вэ?

-Ардчилсан нам Засгийн эрхийг барьж байхдаа хууль сахиулах, цагдаад дорвитой реформ хийж байсан. Тухайлбал, Тахарын алба буюу гэрч, хохирогчийг хамгаалах албыг байгуулж байсан. Харамсалтай нь дараагийн Засгийн газар тэр албыг татан буулгасан.

Тиймээс гэрч, хохирогчийг хамгаалах албыг дахин сэргээх хэрэгтэй. Шинээр томилогдсон Хууль зүйн сайд хууль зүйн реформын хүрээнд үүнийг хийх болов уу гэж харж байгаа.

-Таны дурдсанчлан хүний эрхийг зөрчсөн асуудал өнгөрсөн хугацаанд нэлээд их гарсан. Гэхдээ өнөөдрийнх шиг нээлттэй сонсгол хийх, төр нь анхаарах хэмжээнд асуудал өндрөө авсангүй. Монголд хүний эрх хэрэгжихгүй байгаа гол шалтгааныг та юу гэж харж байна вэ?

-Өнөөдөр иргэд үг, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, жагсаж цуглах, эвлэлдэн нэгдэх зэрэг иргэний суурь эрхийн болоод улс төрийн эрхийн зөрчил гарсаар байгаа нь үнэн. Тухайлбал, жагсаж цугласных нь төлөө Д.Монголхүү, “No war” хөдөлгөөнийхнийг барьж хорьж байсан.

Үүнээс гадна үг, үзэл бодлоо хүчтэй илэрхийлснийх нь төлөө янз бүрийн аргаар дарамталж, янз бүрийн хэрэг үүсгэж, тохсон хэргүүд ч бий. Үүний нэг жишээ болох лайвчин Д.Мөнх-Эрдэнийн кейсийг олон нийт илүүтэй мэдэж байгаа байх. Мөн сүүлийн үед хэвлэн нийтлэх эрхэд халдах болсон. Тухайлбал, Н.Өнөрцэцэг сэтгүүлчийн кейсийг энд дурдаж болно. Хүнийг өмгөөлөгчгүйгээр шүүсэн нь хүний эрхийн ноцтой зөрчил.

Эдгээр асуудал нь хууль хяналтын байгууллагуудын албан хаагчид хүний эрхийн талаарх ойлголт, хандлага муу байгаагаас үүдэж гарч байна. Үүнд анхаарч ажиллах ёстой. Мөн хууль тогтоомжуудын цоорхой, хийдэл байна. Хүний эрхийн зөрчилтэй холбоотойгоор засаж залруулах ёстой хуулийн 800 орчим заалт байдаг гэсэн судалгаа уншиж байсан. Тиймээс хууль тогтоогчид хүний эрхийг сайжруулах чиглэлээрх эрх зүйн шинэчлэлээ нэгэнт судлаад гаргасан зүйлүүдийг нь дахин нягталж судлахаас ажлаа эхлэх хэрэгтэй байх.

Мөн шинэ тутам гарч байгаа асуудлыг зохицуулахад нэмэлтээр ямар хууль эрх зүйн орчин шаардлагатай байгаа талаарх судалгааг хийх хэрэгтэй. Судалгаанд үндэслэж хууль тогтоох байгууллагаас Засгийн газарт чиглэл өгөх, хуулийн гажуудлыг арилгах хэрэгтэй байгаа. Мөн иргэдэд өөрийн эрхийнх нь талаарх ойлголтыг нэмэгдүүлэх шаардлага бий. Учир нь эрх нь зөрчигдөж байгааг анзаарахгүй, холбогдох байгууллагад хандахгүй байгаагаас хүний эрхийн зөрчил түгээмэл гарч байна.

Мөн цагдаагийн байгууллагын зарим ажилтнууд гэмт хэргийг илрүүлэх гэхээсээ урьтаж хүний эрхийг дээдлэх гэсэн хандлагыг суулгах ёстой. Хүний эрхийг зөрчихгүй байхад суурилж гэмт хэргээ илрүүлэх хэрэгтэй.

-Хүний эрхээс гадна хувийн хэвшил рүү дайрдаг, хааж боодог үзэгдэл гарах болсон. Хувийн хэвшлийг хамгаалах, дэмжих чиглэлд ямар шинэчлэл хэрэгтэй гэж та хардаг вэ?

-Эрх, эрх чөлөөг л хангах ёстой. Эрх чөлөө бол иргэн, хувийн хэвшилд агаар ус мэт хэрэгтэй. Эрх чөлөөтэй хүн сэтгэнэ. Эрх чөлөө нь хангагдаж байж аливаа бизнес урагшилна, хөгжинө. Түүнээс төрөөс ямар нэгэн саад тотгор тавиад байвал хөгжих боломж хумигдана. Хүнд суртал, элдэв зөвшөөрлөөр дарамтлаад байвал бизнес хөгжих орон зайг боож байна гэсэн үг. Ардчилсан намын үзэл баримтлалд бизнесийн эрх чөлөөг хангана гэж тодорхой заасан байдаг. Эдийн засгийн эрх чөлөөний индексээр манай улс маш доогуур үзүүлэлттэй байдаг. Эдийн засгийн эрх чөлөөгүй орны категорид ороход миний санаж байгаагаар их ойрхон байсан.

Бүх хөгжлийг бид индексүүдтэй уяж харах хэрэгтэй. Олон улсын байгууллагууд тухайн индексийг гаргахдаа бүгдийг нь судалж юун дээр алдаж байгааг маш ойлгомжтой гаргаад тавьчихсан байдаг. Тиймээс дордуулж байгаа асуудлуудыг шийдэхэд л индекс аяндаа сайжирна.

-Тантай ярилцаж байх энэ цаг хугацаанд Монголын нийгэм ерөнхийдөө аялал зугаалга, амралтын байдалтай байна. Та энэ удаагийн УИХ-ын анхны сонсголыг санаачилж, ажилдаа шуурхай орох шиг боллоо. Хүний эрх, эрх чөлөөний чиглэлд том өөрчлөлт хийх том зорилгыг та өвөртөлж байна уу гэж харж байна?

-Мэдээж хүний эрх зөрчигдөж байгааг, бизнесийн орчин хумигдаж байгааг таслан зогсоохын тулд эрх зүйн орныг сайжруулах тал дээр идэвхтэй ажиллана. Ер нь тэгээд Монголын нийгэмд том, жижиг гэлтгүй тулгамдсан, хуримтлагдсан маш их асуудал байна. Гараад алхахад л алхаж байгаа зам, амьсгалж байгаа агаараас эхлээд асуудал их бий. Тулгамдсан олон асуудлыг шийдэхийн тулд мэдээж байгаа хуулиудын хэрэгжилтийг ЗГ нь хангаж, түүнд УИХ хяналт тавьж таарна. Мөн хамгийн гол нь хууль эрх зүйн орчныг сайжруулнаа л гэсэн үг. Энэ нь хууль тогтоогчийн үүрэг. Тиймээс хууль тогтоомжуудыг уншиж судлахаас эхлээд зөндөө л ажил байна.

Хоёрдугаарт, дабль стандартыг халахын тулд юу хийх ёстой вэ гэдэгт ач холбогдол өгнө. Өөрөөр хэлбэл, улстөрчид болон өндөр дээд албан тушаалтнууд алдаа гаргавал ямар хариуцлага хүлээх вэ гэдэг нь тодорхой байх ёстой, өөрөөр хэлбэл, хариуцлагын тогтолцоог бий болгомоор байна гэсэн үг.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл улс-төр

Б.Дэлгэр: Манай 400 гаруй ажилтны үндсэн хуулиар олгогдсон ажил хөдөлмөрөө эрхлэх эрх ноцтой зөрчигдсөөр байна DNN.mn

Монполимет ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Дэлгэртэй ярилцлаа.


-Монполимет группийн үүсгэн байгуулагч Ц.Гарамжавыг цагдан хорьж, буцаан суллаж, танай компаниудын дансыг хаасан гэхчлэнгээр өнгөрсөн хугацаанд Монполимет групптэй холбоотой учир нь мэдэгдэхгүй олон үйл явдал өрнөлөө. Тиймээс яг юу болсон, яагаад ийм хэрэг гарсан талаар цэгцтэй мэдээлэл өгөхгүй юу?

-2024 оны тавдугаар сарын 28-нд Монполимет группт АТГ-аас гэнэтийн нэгжлэг шалгалт хийж байна гэсэн шалтгаанаар АТГ-ын 40-50 ажилтан гэнэт дайран орж ирсэн.

Яагаад ийм шалгалтыг манай байгууллагад хийж байгаа талаар тухайн үед тодруулахад Хөгжлийн банкны зээлд авлига албан тушаалын хэрэг байж болзошгүй гэсэн үндэслэлээр танай байгууллагыг шалгаж байна. Хөгжлийн банктай холбоотой бүх баримт материалыг авна. Нотлох баримтыг устгаж болзошгүй учраас бид гэнэтийн нэгжлэгийг ийнхүү хийж байна гэсэн. Тухайн үед манай байгууллагын зүгээс Хөгжлийн банктай холбоотой санхүүгийн нотлох баримтуудыг сайн дураар өгөх хүсэлтээ илэрхийлсэн. Гэвч тэр боломжоор хангаагүй. Нэгжлэгээ үргэлжлүүлсэн. Ингэхдээ бүхэл бүтэн 10 жилийн өмнө болсон үйл явдлын нотлох баримтыг авч ир, устгаж магадгүй гэсэн үндэслэл хэлж байгаа нь маш гайхмаар байгаа юм.

Хэрвээ шалгах байсан бол тухайн үед шалгалгүй, яагаад 10 жилийн дараа нотлох баримт устгах эрсдэлтэй байна гэж үзэж гэнэтийн нэгжлэг хийх болов. Тэр өдөр цочирдом олон үйлдэл ар араасаа өрнөсөн. Манай оффисын болон үүсгэн байгуулагч, зарим захирлуудын гээд нийт тав, зургаан объектод нэгэн зэрэг нэгжлэг хийсэн.

Ингэхдээ манай үүсгэн байгуулагчийн хөгжлийн бэрхшээлтэй охины гэрт нь очиж хүргэнийг нь айлган сүрдүүлж авч явна гэж дарамталж, заналхийлсэн. Тиймээс үүсгэн байгуулагч маань охиных руугаа очсон. Яагаад хүргэнийг маань авч явах гээд байгаа юм бэ гэж тодруулахад “За тэгвэл оронд нь танаас юм тодруулъя” гээд прокурорын ямар ч тодорхойлолтгүйгээр авч явсан.

Өөрөөр хэлбэл, Ц.Гарамжав гуайд өмнө нь урьдчилж мэдээлэл өгөөгүй байж юм тодруулъя гээд шууд авч явснаа шөнийн 00 цагийн үед шууд сэжигтнээр баривчлах тогтоол танилцуулж 461 дүгээр хорих ангид 48 цаг баривчилсан. Ингэхдээ тасралтгүй найм, есөн цаг мэдүүлэг авах өрөөнөөс гаргалгүй хоол унд өгөлгүй суулгаснаас болж эрүүл мэндийн байдал нь муудсан. Холбогдох хуульд дөрвөн цаг байцаалт аваад нэг цаг амраах ёстой гэж заасан байдаг. Гэвч үүнийг зөрчсөн, хүнлэг бус үйл ажиллагаа явуулсан.

Тухайн үед олон нийтийн зүгээс энэ асуудлыг хүчтэй шүүмжилж, үндэсний үйлдвэрлэгчдээ хамгаална хэмээн дуу хоолойгоо нэгтгэсэн. Үүнд манай групп компанийн хамт олон талархалтай байгаа. Энэ дашрамд танай сониноор дамжуулж хувийн хэвшил, чөлөөт эдийн засаг, хүний эрхийн төлөө хүчтэй дуугарсан иргэд та бүхэндээ маш их баярлалаа. Олон нийтийн дэмжлэг байсан тулдаа л шударга бус, хууль бус гэнэтийн тэр баривчилгааг таслан зогсоож, буцаан сулласан болов уу гэж бодож байгаа.

-Өнөөдөр танай нөхцөл байдал ямар байгаа вэ. Хэвийн байдалд шилжсэн үү?

-Үгүй. Үүнээс хойш тавдугаар сарын 31-нд манай байгууллагын бүх дансыг хаасан. Ингэхдээ ямар үндэслэлээр данс хаасан талаарх прокурорын тогтоол, үндэслэлийг бидэнд тайлбарлаагүй. Өөрөөр хэлбэл, энэ талаар бид мэдэх эрхтэй боловч бидэнд огт мэдээлээгүй. Данс хаасан гэсэн аман тайлбарыг л прокуророос өгсөн.

Үүний дараа зургадугаар сарын 5-нд Тосон үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоосон.Тосон үйлдвэрийн үйл ажиллагааг хаахдаа прокурорын тогтоолыг бидэнд танилцуулсан. Уг прокурорын тогтоолд Хөгжлийн банкинд учирсан хор хохирлыг арилгах, нөхөн төлүүлэх талаар иргэн Ц.Гарамжавын үүсгэн байгуулсан Тосон үйлдвэрийн үйл ажиллагааг хааж байна гэж тайлбарласан байна лээ.

Олон нийт сайн мэдэж байгаа байх. 2014 онд Хөгжлийн банкнаас Монполимет групп 126 тэрбум төгрөгийн зээл авсан. Авсан зээлээ 2023 онд 260.3 тэрбум төгрөг болгож төлсөн. Үүний 100 орчим тэрбум төгрөг нь ханшийн алдагдал. Бид зээл аваад хэнийг хохироосон, ямар хохирол учруулсан юм бэ гэдэг нь тогтоогдоогүй.

Хохирол тогтоох процесс явагдаагүй байхад Хөгжлийн банкинд учруулсан хохирлыг барагдуулна гээд зээлд ямар ч хамааралгүй Тосон үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоож байгаа нь илт үндэслэлгүй хууль бус үйлдэл.

Хоёрдугаарт, үнэхээр хэн нэгнийг хохироосон гээд хохирогч хайж байгаа бол хохирогч нь бид нар. 100 тэрбум орчим төгрөгийн ханшийн хохирлыг бид дангаар дуугүй үүрсэн. Төгрөгийн ханшийг тогтвортой барих үүрэг хүлээсэн Төв банк, Засгийн газар үүргээ биелүүлээгүй шүү дээ. Ам.долларын ханш 1400 төгрөгөөс 3700 төгрөг болж бүхэл бүтэн 2300 төгрөгөөр нэмэгдчихээд байна. Үүнийг яагаад ярихгүй байгаа юм бэ. 2017 онд УИХ-ын ажлын хэсгийн шалгалтаар Төв банкны буруутай үйл ажиллагаанаас болж төгрөгийн ханш 80,8 хувь хүртэл суларсан гэсэн дүгнэлт гарсан. Үүнийг ярихгүй шууд үйлдвэрлэгч рүүгээ дайрах нь үндэслэлгүй. Үүнд бид туйлын гомдолтой байгаа. Төр засаг асуудлыг бодитоор харах ёстой.

-Мөрдөн шалгах процесс буруу явж байгаа талаар танайх холбогдох байгууллагад хандсан байх. Ямар тайлбарыг та бүхэнд хэлсэн бэ?

-Өнгөрсөн хоёр сарын хугацаанд бид 100 гаруй удаа хүсэлт өгсөн. Манай 400 гаруй ажилтан цаанаа бусдын л адил өрх гэрээ тэжээж байгаа шүү дээ. Тэд ажилгүй, орлогогүй болсноор өрхийн амьжиргаанд нь сөргөөр нөлөөлнө. Тэдгээр хүмүүс ажлын байраа алдаж, хэзээ ажил эхлэх нь тодорхойгүй байдалд байгаа учраас 100 гаруй удаа прокурорын байгууллагад хүсэлт өгсөн. Харамсалтай нь прокурорын байгууллага бүгдэд нь шийдвэрлэхээс татгалзсан хариу өгсөн.

Хоёрдугаарт, бид хуулийн байгууллагын бие даасан хараат байдалд нөлөөлөх гэж оролдоогүй. Гэхдээ хуулийн дагуу шалгуулъя. Хамгийн гол нь үйл ажиллагаа, данс хаахгүйгээр шалгаад өгөөч гэсэн хүсэлтийг тавьсан. Гэтэл прокурор болоод төрийн байгууллагууд “Та нар хууль шүүхийн байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох гэж байна. Хэн нэгэн үүнийг зохион байгуулж байна” гэсэн хардлага сэрдлэгийн шинж чанартай үг урдаас хэлдэг.

Уг нь үйлдвэрийн үйл ажиллагааг нээснээр хуульд харшлах зүйл байхгүй. Дээрээс нь мөрдөн шалгах үйл ажиллагаанд саад учрахгүй. Энэ мэт үндэслэлгүй үйлдлээс харахад таны хэлсэнчлэн улс төрийн ямар нэгэн зорилго байгаа юм болов уу. Манай аж ахуйн нэгжийг дампууруулах гэсэн санаа байна уу гэсэн хардлага төрж байгаа.

-Монполимет групп бол Монголын томоохон татвар төлөгч, топ аж ахуйн нэгж шүү дээ. Тиймээс танай үйл ажиллагааг зогсоох нь эдийн засаг талаас нийгэмд ямар үр нөлөөг үзүүлэх бол?

-Үе үеийн Засгийн газар, УИХ үйлдвэрлэлийг хөгжүүлнэ. Хэрэглэгчээс үйлдвэрлэгч улс болно гэхчлэнгээр олон уриа лоозонг хэлдэг. Монголд хөгжлийн бодлогын 252 бодлогын баримт бичиг бий. Гэтэл нэг нь ч уялдаа холбоогүй, хэрэгждэггүйгээс болоод аж ахуйн нэгжүүдэд дэмжлэг болохоос илүүтэй ойлгомжгүй байдлыг бий болгодог. Нийгэмд үзүүлж байгаа нөлөөлөл гэвэл нэгдүгээрт, гадаадын хөрөнгө оруулагчдын Монгол Улсад итгэж хөрөнгө оруулах итгэл нь буурч байна.

Монцемент Билдинг Материалс ХХК-ийн том хөрөнгө оруулагч нь Европын сэргээн босголт, хөгжлийн банк. Саяны үйл явдалтай холбоотойгоор Монцемент Билдинг Материалс ХХК-ийн арилжааны банкин дахь данснуудыг хаасан. Энэ нь хэвийн үйл ажиллагаанд нь шууд нөлөөлсөн. Үүнийг хараад гадаадын хөрөнгө оруулагчид гайхаж, цочирдсон. Монгол Улсад итгэх итгэл нь буурсан. Цаашид ч үүнийг олон улс ажиглаж байгаа. Тухайн улсын төр засаг гадаадын хөрөнгө оруулагчдад таатай нөхцөлийг хэрхэн бий болгож байгаа, хэрхэн үйлдвэрлэлийг дэмжиж, улс төрийн тогтвортой байдлыг яаж бий болгох бодлогыг гаргаж байна гэдгийг анхааралтай ажиглаж байгаа. Тиймээс бидний туулж байгаа энэ кейс гадаадын хөрөнгө оруулагчдад ихээхэн болгоомжлол төрүүлж байгаа болов уу.

Нөгөө талаар, өнөөдөр маш олон залуус эх орноо орхиод гадаадад ажиллахаар явж байна. Бүх салбарууд ажиллах хүчний хомсдолд орж байна.

Гадагшаа явж байгаа энэ урсгалыг үндэсний томоохон аж ахуйн нэгжүүд ажлын байрны таатай нөхцөлийг бий болгож байж тогтоон барьж байгаа. Гэтэл энэ мэтээр ажлын байр бий болгож байгаа аж ахуйн нэгжүүдээ буланд шахаж, иргэдийн ажлын байрыг булаагаад байвал иргэд амьдрахын тулд гадагшаа явахаас өөр сонголтгүй болно шүү дээ. Бодит байдал дээр ийм л нөхцөлийг бий болгож байна.

Жишээ нь, Тосон үйлдвэрийг хааснаас болж манай нийт ажилчдын 20 орчим хувь нь ажлын байраа орхисон. Хэзээ нээгдэх нь тодорхойгүй байгаа учраас тэд гадагшаа явж ажиллах сонголтыг хийж байна. Гадагшаа яваагүй хэсэг нь Монголд ажлын байргүй болж үлдэж байна.

Хэдийгээр манай үйл ажиллагаа зогссон ч бид ажилчдынхаа өмнө хариуцлага хүлээсний хувьд, мөн хүнд цаг үеийг туулж яваа хэдий ч тодорхой хэмжээнд ажилчдынхаа цалинг тасалдуулалгүй боломжийнхоо хэрээр шийдвэрлээд явж байгаа. Хэзээг хүртэл ингэж явахаа бид мэдэхгүй байна. Энэ хугацаанд бид эдийн засгийн хувьд маш том хохирлыг хүлээж байгаа. Зээлийн хүү, торгууль, алдангийн төлбөрт гэхэд л хоног тутам 40 орчим сая төгрөгийн хохирол хүлээж байна.

-Ингэхэд Монполимет групп улсад хэр хэмжээний татвар төлдөг вэ?

-Манай компани үүсгэн байгуулагдсанаас хойших өнгөрсөн 30 жилийн хугацаанд 500 гаруй тэрбум төгрөгийн татвар, бусад төрлийн хураамжийг улсад төвлөрүүлсэн.

-Монполимет группийн үүсгэн байгуулагч Ц.Гарамжав гуайд үүсгэсэн эрүүгийн хэргийн үндэслэл нь тодорхой болсон уу. Өмгөөлөгчөөс нь ярилцлага авч байхад үндэслэлгүй байна гэсэн мэдээллийг өгч байсан л даа?

-Яг одоогийн байдлаар манай компани болоод үүсгэн байгуулагч Ц.Гарамжавыг ямар хэрэгт холбогдуулан шалгаж талаарх тодорхой мэдээллийг өнөөг хүртэл бидэнд өгөөгүй байгаа. Ганцхан тодорхой байгаа зүйл нь Хөгжлийн банкны хэрэгт холбоотойгоор хатгагчаар оролцсон гэдэг үндэслэлээр хэрэг үүсгэж яллагдагчаар татсан. Ингэхдээ прокурорын байгууллагаас ч тэр, АТГ-аас ч тэр бидэнд мэдээлэл өгдөггүй. Шалтгаан нь биднийг хэргийн оролцогч биш хэмээх тайлбарыг өгдөг.

Гэхдээ АТГ-аас сар гаруйн өмнө Монполимет группийг таван асуудалд холбогдуулан шалгаж байгаа гэж мэдээлсэн. Бид энэ үеэр л мэдээлэл авсан. Гэхдээ одоог хүртэл яг энэ үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэсэн гэх албан ёсны бичиг баримтыг бидэнд танилцуулаагүй байгаа.

2014 онд Монполимет групп зээл авахдаа авлига, албан тушаалтанд авлига өгсөн гэж байгаа бол хэн гэдэг хүнийг хатгаж гэмт хэрэг үйлдэхэд хүргэсэн бэ гэдэг нь тодорхойгүй. Өөрөөр хэлбэл, гэмт хэрэгтэн нь тодорхой болж байж тухайн хүнийг хатгасан гэдэг хэрэг үндэслэлтэй болно шүү дээ. Гэтэл гэмт хэрэгтэн нь тодорхойгүй байхад хатгагч гэж үзэж байгаа нь хуулийн үндэслэлгүй. Мөн Засгийн газрын 164 дүгээр тогтоолын дагуу Хөгжлийн банкнаас зээл авсан бөгөөд тухайн үед цементийн гурван үйлдвэрт зээл олгосон байдаг.

Хоёрдугаарт миний санаж байгаагаар, 2016 оноос хойш УИХ, Засгийн газрын 10 гаруй ажлын хэсэг Хөгжлийн банкны үйл ажиллагааг шалгаж дүгнэлт гаргасан. Дүгнэлтийн үр дүнд маш олон болохгүй төсөл байгааг илрүүлсэн байдаг. Мөн хамгийн үлгэр жишээ хэрэгжсэн төслөөр Монцементийн төслийг үргэлж нэрлэж ирсэн.

Хөгжлийн банкны нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголыг УИХ-аас өнгөрсөн жил зохион байгуулсан. Үүнд нэлээд олон компани оролцсон. Уг сонсголд манайх сайн дураараа оролцож мэдээлэл өгсөн. Тэр үед зориулалтын дагуу зарцуулж цементийн үйлдвэр байгуулчихсан юм байна гэж дүгнэсэн. Хөгжлийн банкны үе үеийн удирдлагууд ч хамгийн сайн төслийг Монцемент төсөл гэж хэлцгээдэг.

Үүний дараа Хөгжлийн банкы хэрэгт холбогдуулж 82 шүүгдэгчийг олон нийтэд нээлттэйгээр шүүсэн. Хэрвээ Монполимет буруутай байсан юм бол яагаад тэр үед шүүгээгүй юм бэ. Яагаад сонгуулийн өмнөх ороо бусгаа цаг үед Хөгжлийн банкны хэрэгт холбоотой гэж гаргаж ирж байгаа юм бэ. Тиймээс улс төрийн ямар нэгэн санаа зорилготой болов уу гэсэн хардлагыг өөрийн эрхгүй төрүүлж байгаа.

-Мөн мөнгө угаасан гэж үзсэн байсан. Үүнд тайлбар өгөөч?

-Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлд Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн,…… мөнгө угаах гэмт хэрэг гэж заасан байгаа.

Гэтэл Монцемент төсөлд зориулж Хөгжлийн банкнаас авсан зээл бол хууль бус мөнгө биш шүү дээ. Хөгжлийн банк мэдээж хууль бусаар бий болгосон мөнгөө манай компанид зээлдүүлээгүй нь ойлгомжтой. Хэрэв Хөгжлийн банкны зээлийг мөнгө угаасан гэвэл зээлийн эх үүсвэр нь өөрөө гэмт хэрэг үйлдэж бий болсон хөрөнгө байж, түүнийг нь манай компани цэвэршүүлэх арга хэмжээ авсан байж энэ төрлийн гэмт хэрэг болно гэж ойлгож байгаа. Тиймээс ямар ч үндэслэлгүй байгаа юм.

Энэ бүхнээс харахад процессын хувьд Монполимет компани юм уу, эсвэл үүсгэн байгуулагчийг хэрэг нь байхад хүн нь олдоно гэгчээр ямар нэгэн байдлаар яллаж буруутгах гэсэн оролдлого байна гэж хардаж байгаа.

Үүнээс гадна манай бүх компаниудад татварын шалгалт орсон. Хувийн хэвшлийн татварын шалгалтыг шалгах үүрэгтэй тусгай субьект АТГ биш шүү дээ.

-Таны ярианаас анзаарахад Хөгжлийн банкнаас авсан зээлийг Тосон үйлдвэрт ашиглаагүй юм байна шүү дээ. Гэтэл яагаад Тосон үйлдвэрийг хааж байгаа юм бэ?

-Тийм, ашиглаагүй. 2014 онд авсан Монцементийн зээл Тосон үйлдвэрт ямар ч хамаагүй. Гэтэл Тосон үйлдвэрийг хаасан. Хөгжлийн банкны зээлээс учирсан хохирлыг нөхөн төлүүлэх гэхээр хохирол, хохирогч байхгүй. Өрөөр хэлбэл, юу төлүүлэх гээд хайгаад байгаа нь ойлгомжгүй байгаа юм.

Монполиметийн Тосон үйлдвэр уурхайн ашиглалт, олборлолтын чиглэлээр 1996 оноос хойш Тосонгийн хөндийд үйл ажиллагаа явуулж байна. Ингэхдээ Монгол Улсад мэргэжлийн бөгөөд хариуцлагатай уул уурхайн жишгийг салбартаа тогтоож 22 удаагийн тэргүүний нөхөн сэргээгчээр шалгарсан. Тиймээс ч манай нөхөн сэргээлтийн сайн туршлагыг судлахаар Канад, Африк, Япон, Солонгос, Мьянмар зэрэг улсаас хүмүүс ирж байсан.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Монголын гайхамшигт эмэгтэйчүүд DNN.mn

Монгол төрийн далбаа “хүн төрөлхтний тэнгэрт”дарцаглан мандлаа. Сайхан байна. Бахдалтай байна. Монгол түмэн олон омогшиж байна. Энэхүү омогшлыг 24-хөн настай, турьхан Монгол эмэгтэй бадрааж чадлаа.

Тив дэлхийд эв нэгдлийн бэлгэдэл хэмээн хэдийнэ хүлээн зөвшөөрөгдсөн олимпийн жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 48 килограммын жинд Б.Баасанхүү гэх охин мөнгөн медаль хүртэв. Үнэхээр иртэй, уран байлаа. Дайчин, зоримог байлаа. Сайхан ч барилдлаа.

Ийн хөх Азийн цээжин дэх гуравхан сая Монгол олимпийн 12 дахь мөнгөн медальтнаа өлгийдөж авлаа. Булган сүүлтэй байг, охин минь. Уу-хай, уу-хай. уу-хай, Хурай, хурай. хурай.

Ер нь монгол эмэгтэйчүүд гайхамшигтай юм. Монголын нийгмийн эгзэгтэй хүнд цаг үеийг тэд л нуруун дээрээ үүрч босгож ирсэн байдаг. Жишээ нь, хүн төрөлхтний түүхэн дэх тод улс Их Монгол Улсыг байгуулахад Өэлүн Үжиний гавьяаг дурдахгүй өнгөрч болохгүй. Бага хаадын задралын үед Монгол төрийг сэргээсэн Мандухай сэцэн хатны гавьяаг монголчууд мартахучиргүй. Мөн Ану хатан, Сорхутан Бэхи гэхчлэнгээр Монголын түүхэнд гавьяатай эмэгтэйчүүдийн түүх олон бий.

Ер нь монгол эмэгтэй ямар эрэмгий, эр зоригтой, цог жавхаатай, дайчин болох нь Монголд зочилсон олон орны сэхээтнүүдийн аян замын тэмдэглэлээс тод томруун харагддаг.

Тухайлбал, алдарт Марко Пологийн тэмдэглэлд“ Монгол эмэгтэйчүүд нум сумаар харваж чаддаг. Моринд гарамгай. Эрчүүд нь дайнд мордсон үед ар талын бүхий л үүргийг тэд гүйцэтгэдэг” хэмээн бичсэн байдаг. Мөн Гильям Де Рубрукийн 1253-1255 онд Монголоор жуулчлахдаа бичсэн тэмдэглэлд “Тэд ачаа бараа зөөж, гэрээ ачаалдаг. Үнээгээ саадаг. Ааруул хурууд хийдэг. Арьсыг боловсруулж шөрмөсөөр нь утас хийж гутал, хувцас оёдог. Эсгий хийж гэр бүрдэг” зэргээр монгол эмэгтэйчүүдийн ажилсаг байдал, зориг хатуужлыг тодорхойлон бичсэн тэмдэглэл олон бий.

1989 онд нийгэм солигдоход ч тэр. Социализм, коммунизмын үеийн дараахь ядуурсан нийгэм, туйлдсан эдийн засгийг монгол эмэгтэйчүүд л босгож ирсэн. Тэр үед нийгмээ чирээд явчих хувийн хэвшил байсангүй. Эмэгтэйчүүд л хойшоо, урагшаа явган нүцгэн ганзагын наймаанд явсан юм шүү дээ. Одоо бол хэн ч тоож харахгүй тарваганы арьсыг тэр үед үнэд оруулж байлаа. Үнэд оруулах оруулахдаа Монгол дахь цөөн хэдэн валютыг тэд авч ирж байсан юм. Монголын хөдөөд байгаа өрхийг ганзагын наймаанд явж байсан эмэгтэйчүүд орлоготой болгож, давснаас өөр бараагүй дэлгүүрийг тэд бараагаар хангаж байсан юм шүү дээ. Үнэндээ шилжилтийн тэр хүнд үеийг ганзагын наймаанд халуун хүйтнийг үл хайхран зүтгэсэн монгол эмэгтэйчүүдийн ач гавьяагаар л даван туулж ирсэн дээ. Ингэж үеийн үед Монголын ороо бусгаа цаг үеийг монгол эмэгтэйчүүд л нуруун дээрээ үүрч ирсэн.

Өнөөдөр ч эмэгтэйчүүдийн нуруун дээр л тогтож байна. Улс орон өрх гэрээс тогтдог. Тэр өрх гэрийг хэн авч явж байна гэхээр өнөөх эмэгтэйчүүд. Гэр бүлийн эрүүл мэнд, хоол хүнс, хувцас хунар, хүүхдүүдийн сургууль соёл, ажил төрөл, сэрэхээс унтах хүртэлх айл гэрийн бүхий л асуудлыг эмэгтэйчүүд зохицуулж байна. Нийгэмд ажил хөдөлмөр хэн эрхэлж байна мөн эмэгтэйчүүд.

Монголын хөдөөд өнөөдөр охид эмэгтэйчүүд алга. Шалтгаан нь монгол эмэгтэйчүүд ерөөс хөдөлмөрч, манлайлагч байгаатай холбоотой. Бусад орны эзэгтэй нар шиг тэд гэртээ хүүхдээ хараад суухыг хүссэнгүй. Сурч боловсрох, нийгэмд ажиллаж хөдөлмөрлөх тэдний сонирхол эрэгтэйчүүдээсээ хол тасраад байна. Тиймээс цаашид ч Монголын нийгмийн ачаа эмэгтэйчүүдийн нуруун дээр төвлөрөх бололтой.

Гайхамшигт монгол эмэгтэйчүүдийн нэг тод дүр өнөөдөр олимпийн шинэхэн мөнгөн медиальт Б.Баасанхүү байлаа. Тэр дөрвөн уулын дунд тортог, нерв, асуудал бүрт дарлагдаж, тэрэндээ нэгийгээ дүүжилчих шахам суугаа монголчуудыг сэрээж, бадрааж чадлаа. Чиний баярт монголчууд магнай хагарах шахлаа, охин минь.

Хэдэн сар жилийн өмнө түүхэн 100 жилийнхээ хөтөлбөрийг баталчихсан аймаг, сумд хөтөлбөрөө зогсоож нийтээрээ чиний уран барилдааныг харлаа. Бахархлаа. Тэнд байсан олон хүнд чи урмын оч асаалаа. 24-хөн настай охин дэлхийд Монголын нэрийг дуурсгаж байхад миний тэр асуудал ч яамай байна, юухан байхав гэсэн зориг, хүчийг чи өглөө. Чиний амжилт хэзээ ч тасардаггүй олимпийн бамбар шиг олон хүнд урмын оч, итгэлийг галыг сэргээсэн шүү, охин минь. Илүү том амжилт хүсье. Чи чадлаа.

Р.ЖАРГАЛ

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Mrs M буюу Э.Тамир: Энэ удаагийн тоглолт маань бүрэн хэмжээний энтертаймент шоу гэдгээрээ онцлог DNN.mn

Реппер Э.Тамир буюу Mrs M-тэй ярилцлаа.


-Удахгүй тоглолтоо хийх гэж байгаад тань баяр хүргэе. Тоглолтын бэлтгэл хэр явж байна вэ?

-“Энэ мөч” тоглолт маань наймдугаар сарын 17-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болох гэж байгаа учраас тун завгүй өдрүүд өнгөрч байна. Ginjin бид хоёр хамтарч дуу хийгээд зургаан жил болж байна. Цомгийн ажлаа дуусгаад хамт тоглолтоо хийнэ гэсэн зорилго бидэнд байсан. Тиймээс энэхүү зорилгодоо хөтлөгдөж анхны дуэль тоглолтоо хийх гэж байна

-Та хоёрын тоглолтыг сонсогчид тэсэн ядан хүлээж байх шиг байна. Тоглолтынхоо онцлогоос яриач. Мэдээж сонирхолтой байлгах үүднээс маш олон үзүүлбэр бэлдэж байгаа байх. Зах зухаас нь сонирхуулахгүй юу?

-Бид хоёрын хамгийн анхны хамтын тоглолт л доо. Тоглолтын хувьд миний хамгийн мундаг гэж боддог Анар найруулагчийн баг хамт олон ажиллаж байна. Би үүнд маш их баяртай байгаа. Энэ удаагийн тоглолт өвөрмөц, маш сонирхолтой болно. Бүрэн хэмжээний   энтертайнмент шоу үзүүлнэ. Тиймээс тоглолтоо шинэлэг, сонирхолтой байлгах үүднээс бид бүгд хичээж ажиллаж байгаа. Миний хувьд өсгийтэй гутал өмсөх дургүй. Хэр барагтаа өмсдөггүй л дээ. Тэгвэл сонсогчдодоо зориулж сюрприз барих үүднээс өөрийгөө задалсан дүр төрхийг ч бүтээж байгаа. Тоглолтоор сонсогчид маань харах байх аа. Маш өөр төрхөөр гарч ирэх гэж хичээж байгаа шүү. Энэ нь миний хувьд хийж байгаа том өөрчлөлт, том алхам гэж бодож байна.

Түүнчлэн тоглолтынхоо зах зухаас нь хэлэхэд би хоёр гурван бүжиг мөн бэлдэж байгаа гэхчилэнгээр маш сонирхолтой үзүүлбэрүүдийг үзүүлнэ. Найруулгын хувьд ч их олон концепцийг барьж байна. Ер нь л сонсогчдодоо их гоё тоглолтыг үзүүлэхээр бид шаргуу ажиллаж байгаа. Энэ дашрамд хэлэхэд, гадаадад байгаа монголчууддаа зориулж бид хоёр есдүгээр сараас эхлэн аялан тоглолт хийнэ.

-Тоглолтоор сонсогчдодоо зориулж толилуулах шинэ уран бүтээл бий юу?

-Тоглолтоос өмнө хоёр гурван дуу цацагдана. Саяхан би өөрийн соло дуугаа цацсан. Удахгүй Ginjin-гийн соло дуу олны хүртээл болно. Мөн өөр хүмүүстэй хамтарсан шинэ дуунуудаа олон нийтэд хүргэх төлөвлөгөөтэй байна. Ер нь тоглолтод чиглэсэн шинэ уран бүтээл олныг гаргаж байгаа. Тиймээс тухайн цаг үедээ мэдэгдээд явна.

-Урлаг бол нийгмийн өнгөн талд байдаг учраас ч урлагийнханд хариуцлага, сахилга бат ихээхэн ногддог шүү дээ. Алхам бүрээ цэгнэх шаардлага тулгардаг юм шиг санагддаг. Тэр дундаа сонсогчдод Монголын реппийн “хатан хаан” гэж үнэлэгддэг таны хувьд энэ зүйл яаж мэдрэгддэг вэ?

-Ямартаа ч баярлалаа. Гэхдээ би өөрийгөө Монголын реппийн “хатан хаан” гэж боддоггүй. Өөрийнхөө дуртай зүйлийг хийж яваа учраас урлагаас, уран бүтээлүүдээсээ таашаал авдаг.

Яг үнэнээ хэлэхэд, би өөрийн мэдэхгүй хэн нэгний өмнө хариуцлага үүрэхийг хүсдэггүй. Сүүлийн жилүүдэд надад олны өмнө хүлээх хариуцлага ногдчихсон. Өөрийн хувийн орон зай дахь инстаграм, фэйсбүүктээ олон юм бодолгүй стори, пост хийх гэхээр энэ хүмүүс тэгээд бодчихно, тэр хүмүүс ингэчих байх гэсэн өнцгөөс хандмааргүй байдаг. Ийм зүйл хүнийг ядраадаг, хайрцагладаг юм шиг санагддаг. Би анхнаасаа л өөрийнхөөрөө явж ирсэн. Тиймээс өөрийнхөөрөө л баймаар байна.

Хэн нэгэн миний дууг сонсоод ямар нэгэн үйлдэл хийх шийдвэрийг битгий гаргаасай гэж хүсдэг. Би тэр хүний үзэл бодол, төлөвшилд багахан хувийг эзэлвэл эзэлнэ, эзлэхгүй бол эзлэхгүй шүү дээ. Би олон нийтэд зөвхөн цэвэр мэдрэмж, хөгжмийн таашаалыг өгөхийг хүсдэг. Харин хүмүүжил төлөвшилд нь ямар нэгэн үлгэр дуурайл өгөхийг, өөртөө хариуцлага үүрэхийг хүсдэггүй.

-Та уран бүтээлээрээ дамжуулж нийгэмд юуг хүргэхийг зорьдог вэ?

-Мэдээж уран бүтээлч хүн бүр өөрийн дуу хөгжмөөр дамжуулж нийгэмд эерэг нөлөө үзүүлэхийг зорьдог байх. Миний хувьд эмэгтэй хүмүүсийг илүү хүчтэй байгаасай гэж хүсдэг. Мөн жендерээр ялгаварлалгүй хүн бүр эрх чөлөөтэй, өөрийнхөөрөө байгаасай. Бусдын хүлээсэнд битгий бай. Өөрийгөө ол гэсэн мессэжүүдийг өгөхийг хичээдэг. Миний соло дуунуудын үгийг анзаарвал эмэгтэйчүүдийг хүчтэй байх талаас нь бичсэн байдаг.

-Таныг Монголын хип хоп ертөнцөд эмэгтэй реппер гэдэг дүр төрхөөр цан хагалж гарч ирсэн гэхэд хилсдэхгүй болов уу…

-Ингэж харж байгаад баярлалаа. Гэхдээ би магтуулахдаа муу. Яана аа, тийм биш шүү дээ гэж хэлмээр байдаг. Учир нь эцсийн дүндээ би бусадтай биш, өөрөө өөртэйгөө л тулж, өөрөө өөрийгөө л ялан дийлж яваа хүн шүү дээ.

Магадгүй дараагийн үе, дүү нартаа би тууштай байвал болно гэдгийг харуулж чадаж байгаа болов уу гэж бодож байна.

Би урлагт орж ирэхдээ анх хип хопоор бус рок амьд хөгжим, бөмбөрчин, гитарчин гэж тойрч явсаар эцсийн зогсоол нь яг өнөөгийн би дээрээ ирж зогссон. Энэ бүх зүйл тууштай байдал, сахилга бат гэдэг зүйлээс их шалтгаалдаг. Тиймээс би энэ талаасаа хүмүүст нөлөөлөл үзүүлээсэй гэж хүсч байгаа.

-Монголын хип хопын өнөөгийн хөгжлийг та ямар шатанд яваа гэж хардаг вэ?

-Хип хоп бол дан ганц Монголд бус дэлхий дахинд номер нэг хөгжим хэвээр байгаа. Billboard-ийн chart-ийг хип хопын дуу хөгжим, репперүүд л ихэвчлэн өнгөлж байдаг. Үүнийг дагаад Монголд хип хоп маш сайн хөгжиж байгаа. Тиймээс ч сүүлийн таван жилд “Хөөх” гэж дуу алдмаар шинэ залуу артистууд олноор хүч түрэн гарч ирж байна.

Монголын хип хоп өндөр түвшинд хөгжиж байгаад баяртай байгаа. Цаашид илүү олон эмэгтэй артистууд гарч ирээсэй гэж би хүсдэг.

-Та уран бүтээлээ гаргахдаа тухайн цаг үеийн мэдрэмжид туулгуурлаж хийдэг үү. Эсвэл нийгмээ мэдэрч тухайн орон зайд тохируулж, нийгэмд зориулж хийх нь олонтой байдаг уу?

-Нийгэмдээ ийм зүйл хүргэе гэж дуу болгон дээрээ боддоггүй. Заримдаа ийм дуу хийчихвэл гэж ярилцаад өөрсдийн таашаалаар хийх үе байна. Нийгэмд хүргэх үүднээс хийсэн дуу гэвэл “Монгол”, “Биеэ даа” зэрэг дуунууд бий. Заримдаа сургаал айлдсан үеүд ч бий. Сая хоёулаа club дуу хийчихсэн юм чинь одоо хайрын дуу хийх үү гэдэг ч юмуу өнгө төрх, дарааллаа Ginjin-тэйгээ ярилцана. Бид энэ удаагийн тоглолтоо нийгэмд зориулсан гэхээсээ илүү өөрсдийн олон жилийн хөдөлмөрийн үнэ цэнийг мэдрэх цаг болсон гэж үзсэн учраас хийж байгаа. Өөрсдөдөө дурсамж, түүх бичмээр байна. Мөн мэдээж биднийг үнэнчээр сонсож ирсэн сонсогч нартаа гоё тоглолтыг өөр түвшинд үзүүлэхийг зорьж байгаа. Тоглолтын маань нэр ч “Энэ мөч”. Тиймээс тухайн цаг үеийн тэр мөчийг хамт мэдрээд, Ginjin, Mrs M-ээр амьсгалаасай. Бидний хүрээллийн маш олон артист урилгаар ирж дуулна. Аль болох л онцлог, маш гоё тоглолт хийхийг хичээж байгаа.

-М-ийн хувьд хүндэлдэг, үлгэрлэдэг реппер байдаг уу?

-Гадаад, дотоодын бусад артистуудаа сонсож сурах зүйлээ мэдээж сурна. Энэ нь гоё байна. Үүн дээр тэгэх байсан байна гэж өмнөөс нь бодох ч юмуу, өөрийгөө хөгжүүлэх зүйл мэдээж байлгүй яах вэ.

Түүнээс “Үүгээр ингэж хэлсэн юм байна. Тиймээс би ингэнэ” гэдэг ч юмуу үлгэрлэн дуурайдаг хүн байхгүй. Үлгэрлэдэг хүн гэвэл өөрийн ээж ааваас л үлгэрлэл авдаг. Бусад уран бүтээлчдийн уран бүтээлийг нь сонсоно уу гэхээс үгийг нь дагадаг хүн надад байдаггүй. Мэдээж намайг сонсдог сонсогчдынхоо үгнээс урам, эрч хүч авдаг.

Р.ХИШИГ

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Р.Даваадорж: ОХУ-д АИ-92, 95 шатахууны үнэ огцом өслөө. Манай Засгийн газар найр наадмаа хойш тавьж одооноос л арга хэмжээ авахгүй бол оройтно шүү DNN.mn

Эдийн засагч Р.Даваадоржтой ярилцлаа.


-Үндэсний статистикийн хорооноос энэ оны эхний зургаан мэдээгээр Монгол Улсын экспортод гаргаж буй нүүрсний үнэ унасан хэмээн мэдээлсэн.Хэдийгээр биет хэмжээ өндөр байгаа ч уул уурхайгаас хараат манай улсын эдийн засагт нүүрсний үнэ унасан нь хэр зэрэг нөлөө үзүүлэх бол?

Хэд хоногийн өмнө Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдлыг харуулах хагас жилийн хугацааны статистик гарсан. Гадаад худалдаа маш сайн байгаатай холбоотой төсвийн гүйцэтгэл сайн гарч, инфляци зорилтот түвшиндээ байгаа, цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмж өссөн гэсэн эерэг үзүүлэлтүүд харагдсан. Манай улсын эдийн засаг гадаад худалдаа ялангуяа нүүрс, зэсний үнээс шууд хамаардаг. Монгол Улс 2024 оны эхний 6 сарын байдлаар экспорт 7.9 тэрбум ам.долларт хүрчээ. Гэтэл дөрвөн жилийн өмнө 2020 оны хагас жилээр нийт экспортын хэмжээ 2.8 тэрбум ам.доллар байсан гэхээр бараг 3 дахин их валют олдог болжээ гэсэн үг. Энэ оны хагас жилийн импорт 5.4 тэрбум ам.долларт хүрч, тэнцэл 2.5 тэрбум ам.долларын ашигтай гарчээ. Энэ бол дээр дурдсан макро үзүүлэлтүүд эерэг гарах гол шалтгаан юм.

Нүүрсний хувьд манай улсын эдийн засаг бараг дан ганц нүүрснээс хараат болсон гээд хэлчихэд нэг их буруудахгүй. Гаднаас олж буй арван долларын зургааг дан ганц нүүрснээс олж байгаа тул ингэж хэлэхэд хэн ч гайхахгүй. Тэгэхээр нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр унах, өмнөд хөрш нүүрсний худалдан авалтаа багасгах агшинд манай эдийн засаг хүндэрнэ гэж ойлгож болно. Хятадын зах зээл дээрх коксжсон нүүрсний ханш 230 орчимд хэлбэлзэж байна. Энэ нь Ковидын дараа Хятадын эдийн засаг эрчимжиж байсан үеийнхтэй харьцуулбал бараг хоёр дахин буурсан дүн. Манай Монголын нүүрс бусад улстай харьцуулахад хямд, зах зээлдээ ойр учраас ойрд айхтар үнэ унаад хямрахгүй байх гэж бодож байна. Дэлхийн гангийн холбоо 2024 онд дэлхийн гангийн эрэлт өнгөрсөн оныхоос буурахгүй, бага зэрэг нэмэгдэнэ гэсэн таамаглал байсан. Тэгэхээр энэ ондоо гайгүй болов уу. Яахав өнгөрсөн 2023 онтой харьцуулахад нүүрсний үнэ буурсан тул хэдийгээр биет байдлаар өмнөх оны мөн үеэс 10 сая тн илүү экспортолсон ч үнийн дүн ойролцоо байсан.

-Алтны үнэ ямар учраас өсөж байна вэ. Сонгуулийн дараа ам.долларын ханш өсөх вий гэсэн болгоомжлол олон нийтийн дунд байсан. Харьцангуй гайгүй байх шиг байна. Алтны үнэ өссөнтэй холбоотой юу, Ер нь цаашид яах бол?

Алтны дэлхийн зах зээл дээрх үнэ яг жилийн өмнөөс өсч эхэлсэн. 2024 оны хоёрдугаар хагаст алтны үнэ нэг унци нь 2500 ам.долларт хүрч, 6-18 сарын дараа 3000 ам.доллар болж өснө гэж Citigroup-ийн мэргэжилтнүүд дөрөвдүгээр сард таамаглаж байсан.Тэдний мэдээллээр 2024 онд энэ үнэт металлын дундаж өртөг нэг унци нь 2350 доллар, 2025 онд 2875 доллар болно гэдэг таамаг эхнээс биелэгдээд явж байна. Янз бүрийн орны мэргэжилтнүүд янз бүрийн таамаглал дэвшүүлж байгаа. Гэхдээ өснө гэдэг дээр бүгд санал нэг байгаа.

Алтны үнэ өссөн нь хэд хэдэн шалтгаан бий.

Ковидын дараахь үеийн улс орнуудын эдийн засгийн үзүүлэлтүүд буурч, инфляцийн түвшин өссөн, Дэлхийн геополитикийн нөхцөл байдал (Ойрхи Дорнод ба Зүүн Европ дахь зэвсэгт мөргөлдөөн), газрын тосны үнэ, эрэлт, нийлүүлэлтийн хамаарал гэх мэт олон шалтгаан дурдагдаж байна. Долларын хөрөнгө оруулалтын ашиг орлого буурч инфляци нэмэгдэхийн хэрээр илүү ашигтай, найдвартай хөрөнгө оруулалтын объект байхгүй бол алтны ханш нэмэгддэг гээд олон шалтгаан бий.

Манай улсын хувьд алтны энэ өсөлт валютын ханшид тийм сүрхий нөлөөлөөгүй болов уу. Би түрүүн дурдсан, манай эхний хагас жилийн гадаад худалдааны тэнцэл 2.5 тэрбум ам.доллар байгаа нь ханш тогтвортой байх гол шалтгаан. Хэрэв гадаад худалдаа алдагдалтай болоод эхэлбэл ханш өснө. Мөн хагас жилийн статистикээс харвал экспорт өнгөрсөн жилийн мөн үеэс 330 сая ам.доллар, импорт 1.1 тэрбум ам.доллараар тус тус өсч тэнцэл 770 сая ам.доллараар буурсан нь анхаарал татаж байна. Өөрөөр хэлбэл, гадагшаа урсах валютын хэмжээ огцом өсч байгаа явдал. Энэ нь төсөвийн тэлэлттэй холбоотой гэж би үзэж байна. Иймээс анхаарах асуудал бол байгаа. Нүүрс, зэсийн борлуулалт, үнэ ханшдаа дулдуйдаж орхих асуудал огт биш.

-Цаасан дээр инфляцийн түвшин буурсан үзүүлэлттэй байгаа ч өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнэ өндөр, иргэдийн амьдралд дарамт болсон хэвээр байна. Бодитоор инфляцийг бууруулах гарц нь юу вэ?

Инфляцийг зөвхөн нэг бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөөр хэмждэггүй, иргэдийн голчлон хэрэглэдэг бараа, үйлчилгээний үнийн дундаж түвшний өсөлтөөр хэмжинэ. Иймд өргөн хэрэглээний гол нэрийн бараа, үйлчилгээнээс сонгож үнийн дундаж өөрчлөлтийг тооцдог. Сонгон авсан эдгээр бараа, үйлчилгээг хэрэглээний сагсны бараа, үйлчилгээ гэнэ.Хэрэглээний бараа, үйлчилгээний сагсанд нийт 410 нэр төрлийн бараа, үйлчилгээ, Улаанбаатар хотын хэмжээнд 404 нэр төрлийн бараа, үйлчилгээний үнийг судалдаг. Нийт 410 нэр төрлийн бараа, үйлчилгээний 221 нь импортын бараа байгаа бөгөөд энэ нь нийт жингийн 46 хувийг эзэлдэг. Валютын ханш тогтвортой байгаа нь импортын барааны үнийн өсөлтийг хазаарлаж байгаа. Мөн зуны дэлгэр цагт мах, сүүний үнэ буурч инфляци жилийн хамгийн доод түвшиндээ очдог зэрэг шалтгаан нөлөөлсөн. Гэхдээ инфляци цаашид өсөх хэд хэдэн асуудал бий. Сонгуулийн өмнө төсвөөс гадуур 5 их наядын хөтөлбөр зарласан. Монголбанктай ипотекийн хөтөлбөр эхлүүллээ л гэсэн. Шинэ хоршоо гээд багагүй хөрөнгө мөнгө зарцуулах хөтөлбөрүүд зарласан. Манай улсын мөнгөний нийлүүлэлт 10 их наядаар ганц жилийн дотор нэмэгдсэн байсан. Үүний үр дүн 4-6 сарын дараа үнийн өсөлтөөр мэдрэгдэнэ. Дээр нь гадаад зах зээл дээр маш муу мэдээ байгаа. ОХУ-д АИ-92, 95 шатахууны үнэ огцом өслөө. Манай Засгийн газар одооноос л арга хэмжээ авахгүй бол оройтно шүү гэдгийг сануулмаар байна. Найр наадмаа хойш тавьж ажлаа хиймээр байна.

-Шинэ Засгийн газар бүрдсэн. Хамтарсан Засгийн газраас нэн тэргүүнд ямар бодлого хэрэгжүүлбэл улс орны эдийн засагт чухал нөлөөтэй гэж та харж байна вэ?

Гурван нам хамтарч шинэ Засгийн газар бүрдүүлсэн. Одоо өөр өөрийнхөө мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гээд гурван тийш чангаавал бодит утгаараа эдийн засгийн хямрал эхэлнэ дээ. Гадаад өрийн асуудалдаа анхаарах цаг болсон. Мөн нийгэм, эдийн засгийн хагас жилийн статистикт байгаа хоёр тооноос Шинэ Засгийн газар ажлаа эхлээсэй гэж бодож байна. Нэгд, нийт иргэдийн арилжааны банкнаас авсан зээл ганц жилийн дотор 14 их наядаас 19.7 их наяд буюу даруй 5.7 их наяд төгрөгөөр нэмэгджээ. Монгол бүх өрх ганц жилд 5.7 сая төгрөгийн өр арилжааны банкуудад тавьсан гэсэн үг. Ломбард, ББСБ, хоршоо энэ тэрийг оруулбал ямар тоо гарахыг би мэдэхгүй байна. Энэ бол ноцтой тоо шүү. Хоёрт, Статистикийн бизнес регистрийн санд 2024 оны эхний хагас жилийн байдлаар бүртгэлтэй 245 мянган хуулийн этгээдийн 40 хувь нь үйл ажиллагаа явуулж, 60 хувь нь үйл ажиллагаа явуулаагүй байна. Үйл ажиллагаа явуулаагүй хуулийн этгээдийн 94.5 мянга буюу 65 хувь нь үйл ажиллагаагаа зогсоожээ. 10-аас дээш, 50-иас дээш хүн ажилладаг аж ахуйн нэгжүүдийн тоо 2021 онтой харьцуулахад цөөрч байгаа нь төсвийн бодлого оновчгүй байгааг харуулах үзүүлэлт шүү. Төр ийм хөтөлбөр хэрэгжүүлнэ, тийм бүтээн байгуулалт хийнэ гэдгээ зогсоож хувийн хэвшилдээ орон зай үлдээхгүй бол удахгүй улс орны эдийн засаг хүндэрнэ шүү. Бодит статистик тоо нь байна, шийдлийг нь Шинэ Засгийн газар хамгийн түрүүнд шүүрч авах ёстой.

-Сонгуультай холбоотойгоор ч тэр үү төсөвт төлөвлөгдөөгүй зардал нэлээд туссан. Жишээ нь, шинэ хоршоо хөдөлгөөнөөр дамжуулж малчдад зээл олгох гэхчлэн. Энэ нь төсөвт яаж нөлөөлөх бол, тодотгол хийхэд хүргэх болов уу?

Монгол улсын төсвийн нийт зарлага 2021 онд 14 их наяд төгрөг байсан бол 2024 онд 27.4 их наяд боллоо. Ердөө гурван жилд 13.5 их наяд төгрөг буюу хоёр дахин нэмэгдлээ. Одоо хангалттай. Төсөвт суусан 6.2 их наядын хөрөнгийн зардал валют болж гадагшаа урсана. 21.3 их наядаар тооцсон урсгал зардлын ихэнх нь валют болж гадагшаа гарч байгаа. Энэ нь валютын ханш огцом өсөх, инфляциа нэмэх үр дагавар дагуулна. Мөн дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн ханш унахад төсөв бүрдэхгүй болох олон эрсдэл өмнө хүлээж байгаа гэдгийг сануулмаар байна. Найман сарын төсвийн тодотголоор шинэ кабинетынхаа нэмэгдсэн бүтцийн санхүүжилтийг нэмэхэд л хангалттай. Одоо элдэв зардал нэмэх аваас хувийн хэвшил чинь бодит утгаараа сөхөрнө шүү гэж анхааруулмаар байна.

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

О.Чулуунбилэг: Гурван нам хамтарсан засаг байгуулсан хүндэт шалтгаанаа тодорхой тайлбарлаж чадахгүй байгаа учраас дэмжлэг сул байна DNN.mn

Улс төр судлаач О.Чулуунбилэгтэй ярилцлаа.


-Ингэхэд танай Ардчилсан намыг ингэж өндөр санал авна гэж бодоогүй шүү?

-Яаж харахаас л болно. Найман жил гудамжинд байсан АН-ыг жижиг нам гэж харвал таны бодол зөв. ХХ зууны хамгийн том хувьсгалыг хийсэн, засгийн эрх барьж байсан нам гэж харвал ялаагүй учраас хамаагүй чамлалттай дүн харагдана. Ялах боломж байсан ч түүнийгээ ашиглаж чадаагүй, эсвэл ашиглахыг хүсээгүй л гэж бодож байна. Эрхбиш эрх чөлөө, ардчилалд хайртай олон зуун мянган монголчуудын дэмжлэг, намын эгэл жирийн гишүүд, нэр дэвшигчдийн зүтгэлээр органикаараа 42 суудал авлаа. Түүний 16 нь жагсаалтаас буюу шууд АН-ыг дэмжсэн сонгогчдын хүчээр гэхээр ямар их дэмжлэг байгаа нь харагдаж байна. Орон нутгийн сонгуулиар зоригтой байж хичээвэл илүү үр дүнд гарцаагүй хүрнэ.

-Гурван намын хамтарсан засаг байгуулагдчихлаа. Ер нь хамтрах зайлшгүй шаардлага байсан уу?

-Шулуухан хэлэхэд, хамтарсан засаг байгуулах эсэх нь ялсан намын Ерөнхий сайдын бүрэн эрх. Гагцхүү МАН, АН, ХҮН гэсэн гурван нам яагаад хамтрах ёстой вэ гэсэн хүндэт шалтгаанаа намууд ард иргэддээ бодитой, дэмжлэг авахуйцаар тайлбарлах ёстой. Намын дарга нарын хамтрах мэдэгдлийг харахад тэрийгээ илүү сайн тодорхойлж чадаагүй байгаа юм байна гэж харсан. Сонгуулийн холимог систем нь хамтрахыг шаарддаг, татварын дарамтыг бууруулахын тулд, эрчим хүчний шинэчлэл хийхийн тулд гэсэн ярианууд нь дэндүү энгийн. Хамтрах шаардахгүйгээр стандарт олонхын Засгийн газар л зайлшгүй хийх ёстой өдөр тутмын зорилтууд байна. Ядаж Хамтарсан Засгийн 100 хоног баяр наадмын урт өдрүүдтэй давхцаж байгаа нь тийм ч сайн зүйл биш. Амарч ирсэн сонгогчид гэнэт л ажил нэхээд унана шүү дээ. Гэтэл одоогоор 100 хоногийн төлөвлөгөө нь гараагүй байгаа сураг байна лээ. Хүний намынхан яаж байгаа юм бүү мэд. Манай намынхны ажлын хэсэгт бол мөрийн хөтөлбөрт ажилласан хүмүүс цөөхөн байгаа дуулдсан.

-Дуулдсан гэж та чинь мөрийн хөтөлбөр бичилцсэн бас ҮБХ-ны гишүүн биз дээ. Энэ асуудлаа нам дотроо нээлттэй ярилцдаг суваг байхгүй юм уу?

-АН инститүүцийн хувьд 2016 оны ялагдлаас хойш тогтмол уруудсаар байна. АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүдэд ирдэг мэдээлэл нь татвараа хэзээ төлөх, ямар нэгэн даргыг томилохыг баталгаажуулах гэсэн хоёрхон төрлийн мессэжээр хязгаарлагддаг. Бид АН-ын байр суурь, улс төрийн үйл ажиллагааг сошиал орчноос л уншиж мэддэг болоод удлаа. Бүр генсекээ солигдсон, шинээр томилогдсон эсэхийг яг таг мэдэхгүй, нэгнээсээ асуусан улстөрчид л байна. Өнөөдрийн АН бол намын нэр барьж, эрх баригчидтай уулздаг гурван дарга, яахаа мэдэхгүй ч нам засагт орж байгаад хүлээцтэй байгаа 500 ҮБХ-ны гишүүн, АН-ын гишүүн байсныхаа төлөө эрх баригчдад адлуулж, ажил амьдралгүй чонын амьдралаар амьдарч яваа 120.000 гишүүнээс бүрдэж байна. Үүнийгээ одоо дүрэмдээ бичээд оруулсан нь илүү амар.

Уг нь Хамтарсан Засгийн газрын хамгийн либерал шинэчлэлүүд АН-аас л гарах ёстой юм. Хамтарсан засгийн нийт ажлын 40 хувь ядаж АН-ын мөрийн хөтөлбөрөөс орох ёстой. Гэтэл тэр ажлыг нь хийх ёстой, намын даргын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэгт орсон трансформистууд тун цөөхөн. Одоо АН-аас засгийн хөтөлбөрт юу орох вэ гэдгийг Ванга шиг хэлье. Нөгөө л өргөн царигийн босоо хэвтээ төмөр зам, Оросын хийн хоолой, аж үйлдвэрийн парк нэмээд баахан төсөл, ТЭЗҮ, татвар төлөгчдийн мөнгөөр хийх монгол мөрөөдлийн мега төслүүд. МАН тэрийг нь машид баяртайгаар хүлээж авна. Хоёр жилийн дараа АН-ын гэсэн баахан хэргүүд парламентын сонсголоор хөвөрнө. Ийм л юм болно.

Намын даргадаа танай сониноор дамжуулж хэдэн үг хэлье. Ямар мань мэтийн залуучуудтай тоож уулзах биш. Засгийн хөтөлбөрт АН-аас оруулах ажлын хэсгээ өргөтгөөч ээ. Ядаж мөрийн хөтөлбөр дээр ажилласан хүмүүсээ дуудаач. Ийм боломжийг Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд олгосон гэж хэвлэлээс уншиж ойлгосон. Хувьдаа дэмждэг, дараа нь ажилд томилно гээд дотроо шийдсэн хэдэн хүнээрээ хязгаарлахаа болиоч ээ. Нэгэнт л хамтрах гэж байгаа бол итгэл үнэмшил, үзэл баримтлалынхаа дагуу чөлөөт нийгмийг байгуулах суурь шинэчлэлүүдээ төрийн бодлого болгомоор байна. Жишээ нь: үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалахтай холбоотой бодлогуудаа оруулахын тулд би цаас бариад дарга даргын үүд сахиад сууж байх жишээтэй. Дөрвөн жилийн дараа АН хамтарсан засагт орсноор юу хийсэн бэ гэж сонгогчид асууна. Хийсэн ажлын ялгарал асууна. Хэдэн ТЭЗҮ, төмөр зам яриад зогсож баймааргүй байна. АН 2028 онд дөрөв дэх удаагаа ялагдмааргүй байна. Тэгвэл өртөг нь дарангуйлал гэдгийг ойлгож хариуцлагатай хандаасай.

АН засагт хамтарсны үр дүн найман гишүүн сайдын ажилтай болсноор зогсож байвал бушуухан гарсан нь бодитой.

– Дотроо ингэж төлөвшиж чадахгүй байгаа танай нам Хамтарсан засагт ороод ажил хийх үү. Танайхан сая дэд сайд нэхсэн гэсэн мэдээлэл сошиал орчинд тархсан?

-Хамтарсан Засгуудын түүхийг харахаар уг нь хамгийн их ажил хийсэн, гол шинэчлэлүүдээ явуулсан нь АН байдаг юм. Энэ уламжлал энэ удаа тасрах магадлалтай байгаа шалтгаан нь Ардчилсан намд МАН-тай тулах стратеги базаж, хүний нөөцийн бодлого гаргаж байгаа лидер алга. Нэгэнт хамтарч байгаа бол АН-ын ямар шинэчлэлийн бодлогууд явах юм бэ, тэр бодлогуудаа төрийн албанд ямар хүний нөөцөөрөө хэрэг-жүүлэх юм гэдгээ МАН-тай тулж ярилцаж нөлөөлж чадах төлөөний хүн байхгүй найман сул сайд л байгаад эрсдэлтэй байна. Тодруулбал, АН-ын найман сайд Засагт хамтрагчийн эн тэнцүү хэлэлцэх байр сууринаас биш, ажил олгогчтойгоо харилцаж буй ажилтны сул байр суурь дээрээс ажиллаж байна. Ямар сайндаа л найман сайд нэг зөвлөх, туслах, жолооч гээд 32 хүн л хуулиараа АН-аас ажилд авч чадах юм байна гээд өөрсдөө итгэчихсэн сууж байхав. Ядаж байхад тэр 32 азтаны ихэнх нь нэг бол сонгуульд нь ажилласан, үгүй бол өөр нэг гишүүний “өгсөн” үл мэдэх нэгэн байх жишээтэй. Намын бодлого, намын мөрийн хөтөлбөрөө ойлгож очиж ажил хийх гэсэн менежерүүд гэхээсээ засгийг тогтвортой байлгах гэсэн УИХ-ын гишүүдийн сүлжээ угсраад сууж байна. Үр дүнд нь ажил нь явахгүй, АН ажил хийсэнгүй гэж нийгмээсээ шүүмж тасрахгүй байх тийм л төлөв рүү орох эрсдэл харагдаад байна. АН засагт хамтарсны үр дүнд найман гишүүн сайдын ажилтай болсноор зогсож байвал бушуухан гарсан нь бодитой.

Та сая хэллээ. Танайх дэд сайд нэхсэн гэж. Дэд сайд гэх АН-ын яриа, парламент хариуцсан эрхэлсэн сайд гэх нэрээр жагсаалтын гишүүдээс дэд сайд тавих МАН-ын хувилбар хоёрт зарчмын ямарч ялгаа байхгүй. Эрх ашгийн л ялгаа бий. Гагцхүү нийгэмд ойлгуулах тал дээр АН-ын пиарчид муу учраас бид буруудаж байгаа юм. Бид өөрийн сайдгүй яаманд АН-ын хөтөлбөрийг хэрэгжүүлэх ёстой дэд сайд яагаад тавьж болохгүй гэж. МАН-ын сайд нар өөрийн яам дээр, эсвэл хэн нэгэн төрийн албан хаагч АН-ын хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр идэвхтэй ажиллана гэвэл жишээ нь та итгэх үү.

-МАН намар парламентаас эрхэлсэн сайдууд гэж яамдууд дээр тавих тухай та ярьж байна уу. Шинэ Зеландын туршлага гэсэн шүү дээ? 

-Тийм. Монгол бол эх газрын буюу Ром Германы эрх зүйтэй улс. Англи саксоны тийм систем манайд ажиллахгүй. Засгийн Газар эргээд Их хурлынхаа нөлөөнд орно. Тэгээд ч нийгмийн эсэргүүцлээ дийлэхгүй гэж би харж байгаа. Засаг огцрох яриа руу явчихна. МАН-ын хууччуул, гомдогсод энийг л хүлээж байгаа.

– Хууччуул гэснээс хамтарсан засаг байгуулагдсан нь зөв гэж С.Баяр Ерөнхий сайд жиргээнд дэмжсэн байсан. Та ч дэмжсэн байсан харагдсан биз дээ?

-Хамтарсан засаг зөв өө. Гэхдээ яагаад хамтарч байгаа, юу хийхээ ард иргэддээ бодитой, хүлээн зөвшөөрөхүйц бодлогоо гаргахгүй бол энэ нийгэм хаос төлөв рүү явна. Парламент дэмий юм байна, бүх намууд адилхан хэрэггүй, ганц мундаг удирдагч тэжээе гэдэг гадна дотныхоос шидсэн мессэжийг иргэдийн олонх дэмждэг болвол тун эрсдэлтэй. Дахин эвсэхэд ч хүнд болно. Уг нь хамтарсных 15 тэрбум ам.долларын савыг хоёр жилд 40 тэрбум болгоно гээд гол зорилтоо зарлаад тэндээсээ наашаа бодлогуудаа өрөөд явчихмаар байгаа юм. Үндэстнийхээ шанаганы хэмжээгээ томруулахыг иргэд бүгд л хүсч байгаа шүү дээ. Түүнээс “Болор цом”-ын тайз шиг утга уянга одоо орохгүй.

С.Баяр гуайн хувьд одоо МАН-ын хуримын генерал болсон шиг. Эрх баригчдыг шүүмжилсэн үеийнхэнтэйгээ засгийн өмнөөс “хэрэлдэж” өгдөг үүрэгтэй гэж харддаг. Би л хувьдаа С.Баяр гуайн жир- гээнээс засгийн байр суурийг харчихдаг.

-Хэрвээ АН инстүүцийн хувьд төлөвшихгүй бол ямар эрсдэл байх вэ?

-Хэрвээ АН инстүүцийн хувьд чанаржихгүй бол хамтарсан засгийн эмзэг цэг АН болж хувирна. Өөрөөр хэлбэл, АН-ын хаос төлөв Засгийн газрын асуудал болж хувирна. Нэгдсэн институци стратегигүй, үндэсний лидергүй учраас фракц бүр, сайд бүр тусдаа Warlord-ууд л болж клубүүдийн нэгдэл хэвээрээ үргэлжлэх эрсдэлтэй. Эцэст нь МАН-ын гомдсон хэсэгтэй нийлээд төрийн тогтворгүй байдал руу ч шилжинэ дээ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Д.Амгалан: Мөнгө, санхүүгийн харилцаа бэлэн мөнгөөр хийгдэх тусмаа л асуудал дагуулна DNN.mn

Эдийн засагч, “Шинэтгэлийн гарц судалгааны хүрээлэн”-ийн захирал Д.Амгалантай ярилцлаа.


-Юун түрүүнд танаас мөнгө гэж юу болох, эдийн засагт ямар үүрэгтэй талаар асууя?

-Мөнгө гэдгийг нийтлэг байдлаар томьёолбол түгээмэл, тэнцвэрт харилцааны илэрхийлэл. Одоогийн өнцгөөс харвал хүн төрөлхтний нийгмийн тогтвортой байдал, хувь хүний эрх чөлөөний дэнс юм уу даа. Мөнгөний мөн чанар нь түүний үүргээр илэрхийлэгддэг. Энэ нь арилжааны үүрэг, хадгаламж, хуримтлалын үүрэг, өртгийн хэмжүүрийн үүрэг гүйцэтгэдэгт оршдог. Өнөөдрийн байдлаар бидний хэрэглэж буй мөнгө нь эд бараа мөнгө, бэлэн мөнгө, бэлэн бус гэсэн хэлбэртэй байна. Нийт эдийн засаг дахь мөнгөний хэмжээ /мөнгөний нийлүүлэлт/ эдийн засгийн субьектүүдэд шаардлагатай байгаа мөнгөний хэмжээ /мөнгөний эрэлт/ хоёрыг хэрхэн шүтэлцүүлэх нь мөнгөний бодлогын эдийн засгийн нөлөөлөл юм.

-Сүүлийн үед олон нийтийн дунд бэлэн мөнгө бол хаан гэсэн агуулгатай зүйл мэдээлэл мэр сэр гарч байна. Ер нь бэлэн, бэлэн бус мөнгөний онцлогийн талаар та ярихгүй юу?

-Бэлэн мөнгө хаан болох хэмжээнд шүтэгдэх нь мөнгөнд бишрэх үзэл хэрээс хэтэрсний илэрхийлэл. Энэ үзэл бол гажуудал. Мөнгө, санхүүгийн харилцаа бэлэн мөнгөөр хийгдэх тусмаа л асуудал дагуулна.

Харин бэлэн бус байх тусмаа хяналттай шилэн байх болно. Улс орны нийгэм, эдийн засгийн хөнжлийг, аж ахуйн байгууллагын үйл ажиллагааг, ард иргэдийн аж амьдралыг өөд татах хөгжлийн зөв бодлого, хөшүүргийн нэг бол мөнгө санхүүгийн харилцаа, тогтолцооны төлөвшил, ил тод, хүртээмжтэй байдлаас шууд хамааралтай.

Өнөөдөр дэлхийн улс орнууд аливаа гүйлгээ арилжаанд бэлэн мөнгө хүлээн авахыг эрс багасгасан. Мөн цар тахал нь бэлэн мөнгөгүй нийгэмд шилжих шилжилтийг түргэтгэх бас нэг нэмэлт хөшүүрэг болсон. Уг агуулга нь бэлэн мөнгөгүй нийгэм мөнгө угаах үйл ажиллагааг буюу санхүүгийн гэмт хэргийн саармагжуулах, бууруулах, эдийн засгийн харилцааг эрүүлжүүлэх суурь хөшүүрэг байх болно гэсэн үг.

Өөрөөр хэлбэл, бэлэн мөнгөний харилцаа нь санхүүгийн гэмт хэрэгт үзүүлэх нөлөө ихтэй байдаг гэсэн үг. Тухайлбал, хээл хахууль, татвараас зайлсхийх, мөнгө угаах, мөнгө хуурамчаар үйлдэх, авлига, терроризмын санхүүжилт зэрэг хууль бус мөнгөний гүйлгээ бэлэн мөнгөөр хийгддэг.

Дэлхийн улс орнуудын засгийн газрууд эдгээр гэмт хэргүүдийг багасгахад анхаарч бэлэн мөнгөгүй нийгмийн үзэл санааг дэмжиж ирсэн. Тиймээс бид ч тодорхойгүй халдварт өвчлөл, цар тахлын эрсдэлээс сэргийлэхэд контактгүй харилцааг дэмжих, эрүүл ахуйн шаардлага чухал гэдэг өнцгөөс, бизнесийн онлайн моделд шилжихэд өртөг зардал хэмнэх өнцгөөс ч гэсэн, санхүүгийн хяналтыг бий болгоход, мөнгө угаах гэмт хэргээс сэргийлэхэд, улам бүр өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээ, онлайн зах зээл хангахад дижитал хэлбэрт шилжиж, бэлэн мөнгөгүй нийгмийг цогцлоох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, бэлэн бус мөнгөөр гүйлгээ хийх нь илүү хурдан бөгөөд тохиромжтой байдаг төдийгүй гэмт хэргийн гаралтыг бууруулахад түлхэц болно. Шалтгаан нь дижитал гүйлгээний хяналт, ил тод байдал нь илүү их тул хулгайлах, мөнгө угаах, татвараас зайлсхийх нөхцөлийг хаана. Авлига мөн бэлэн бус гүйлгээний тусламжтайгаар арилждаг.

-Эерэг ач холбогдлын тухайд?

-Бэлэн мөнгөгүй шийдэл, бэлэн мөнгөгүй ирээдүй, том, жижиг олон ач тустай. Тухайлбал, хүүхдийнхээ аюулгүй байдлыг хянах боломж бүрдэнэ. Бэлэн бус төлбөр ашигладаг нийгэмд бид амьдарснаар хүүхдүүддээ төлбөр тооцооны аюулгүй, орчныг бүрдүүлэх, гэмт хэрэг, залилангийн хохирогч болохоос сэргийлэх нөхцөлийг бүрдүүлнэ. Иймд бэлэн мөнгөгүй орчин нь таны хүүхдүүдийн аюулгүй харилцаанд дэм болно.

Мөн халамжийн бүлгийг тогтооход хялбар болно. Орлого, зарлага нь ил болсноор, ядуу, бага орлоготой харагдаж халамж завшигчид үгүй болж, халамжийн бодлогыг оновчтой хэрэгжүүлэх нөхцөл бүрдэнэ. Мөн зорилтот хүмүүст, ард түмэндээ тусалдаг нийгмийг бүтээх ажил ил болно.

Өртөг, зардал буурна. Жишээлбэл зөвхөн нэг пенни үйлдвэрлэх нь 1.5 центийн өртөгтэй. Тиймээс энэ төрлийн зардал хэмнэгдэнэ гэсэн үг. Бэлэн мөнгөний нөөцийг хадгалахтай холбоотой зардал гардаг гэж сонсох нь хачин сонсогдож магадгүй. Гэхдээ улс орон, системээс хамаарч ийм нэмэлт зардал байдаг.

Татвар, санхүүгийн хяналт, зээл тооцоо төлбөрийн хяналт хялбар, зардал багатай болно. Төлбөрийн системийг бэлэн мөнгөөр төлбөр тооцоогоо хийхийг өөрчилж бэлэн бус системд шилжсэнээр бэлэн мөнгөөрх харилцаанаас үүдсэн замын түгжрэлийг бууруулах, холбогдох бусад зардал, цаг хугацааны алдагдлаас зайлсхийх боломжтой.

Түүнчлэн тоног төхөөрөмжийн өртөг, засвар үйлчилгээний зардлыг бууруулна. Бэлэн мөнгөний зардлын нэг жишээ бол АТМ машинууд нь байнгын ажиллагаатай байх, бэлэн мөнгөний нөөцийг хадгалах шаардлагатай байдаг Бусад компьютерийн нэгэн адил өөрийн өртөг, засвар үйлчилгээ нь өртөг зардалтай байдаг.

Хэдийгээр бэлэн мөнгөний бус эдийн засагт шилжих үйл явц аль хэдийн эхэлж байсан ч ковид-19 эхэлснээс хойш арилжааны дийлэнх хэсэг нь онлайн гүйлгээнд шилжсэн. Олон хүмүүс үнэт цаас нь энэхүү үхлийн өвчнийг тээгч болж магадгүйг бусад халдварт өвчин ч халдах магадлал бий гэж болгоомжилж байсан түүх саяхных.

-Хятадад өдөрт 20 мянган юаниас дээш гүйлгээ хийхдээ цагдаагаас зөвшөөрөл авах, АТМ-аас өдөрт 500-аас дээш юань гаргахгүй байгаагаас хүмүүсийн гар дээр бэлэн мөнгө цугларч байна гэсэн мэдээлэл бий. Энэ нь тухайн улсын эдийн засагт яаж нөлөөлөх бол?

-Хятад бэлэн бус төлбөр тооцоог сайн нэвтрүүлж байгаа улс. Авах ч, хаях ч зүйл бий. Хятад төрийн албан тушаалтан, эрх бүхий хүмүүсийн хулгайгаас салахын тулд бэлэн бус төлбөр тооцоог эрчимтэй нэвтрүүлсэн. Эх үүсвэр нь тодорхойгүй их хэмжээний мөнгө гэдэг бол тэдний хувьд амь дүйсэн хэрэг.

Япон улс ч мөн адил хээл хахууль, улсын хулгайгаас салахын тулд бэлэн мөнгөөрх харилцааг үгүй хийж эдийн засгаа аварсан байдаг. Энэ нь хэдийгээр хятад улсад өнөөдөр тохиож байгаа хүндрэлүүд Японд үүссэн хэдий ч эцсийн үр өгөөж нь улсын, ард иргэдийн төлөө байж чадсан. Хэдийгээр богино хугацаанд эдийн засагт мэдрэгдэх ч эцсийн дүндээ, дунд урт хугацаандаа эдийн засгаа эрүүлжүүлж, хулгайгаас салах арга мөн. Миний яриад байгаа бэлэн бус төлбөр тооцооны тухай яриа бол зөвхөн банкны гүйлгээний бэлэн бэлэн бусын тухай биш нийт гүйлгээ, төлбөрийн хэрэгсэл хадгаламж хөрөнгө оруулалт гэх мэт хүн амын хэрэглээний тухай юм.

Бид өнөөдөр банкны гүйлгээний хэдэн хувь нь онлайн бэлэн гэж ярихаас илүүтэй нийт төлбөр тооцоо худалдан авалтыг яавал бэлэн бус хэлбэрт шилжүүлэх үү гэдгийг бодолцох цаг болжээ.

Тухайлбал, ATM ийн бэлэн гүйлгээний хураамжийг өндөрсгөх банкны бэлэн гүйлгээнд татвартай болгоод эхлэх юм бол / тодорхой хэрэглээний хэмжүүрээс давсан их хэмжээний босгоос/ тэр тохиолдолд хууль бус хулгай арилах, шилэн аюулгүй болох юм л даа. Гол нь улстөрчдийн далд мөнгө хаашаа яаж байгаа нь тодорхойгүй,ихэвчлэн их хэмжээний мөнгө бэлнээр хийгддэг. Энэ тохиолдолд ДНБ-ы 75 их наяд төгрөг гэж бодоход үүнээс хэд дахин /2-3дахин/ том мөнгөний учир олдох болов уу гэж харж байна.

-Манайд хааяа том дүнтэй мөнгөн дэвсгэрт шинээр хэвлэх тухай асуудал үе үе сөхөгддөг. Бүх зүйл цахимжиж байгаа энэ үед том дүнтэй мөнгөн дэвсгэрт хэвлэх нь хэр оновчтой гэж та харж байна вэ?

-Том мөнгөн дэвсгэртийг төгрөгийн худалдан авах чадвар сулраад гүйлгээнд ашиглагдах боломжгүй хэмжээнд очсон үед гаргадаг. Монгол Улсын эдийн засгийн нэгдсэн гол үзүүлэлтүүд эмзэг байгаа нөхцөлд том мөнгөн дэвсгэрт гаргах нь төр эдийн засгийг удирдаж, хяналтаа хийж чадахаа больж гэдэг сэтгэгдлийг л иргэдэд төрүүлнэ. Дэлхийн бусад улс орнууд бэлэн бус тооцоо буюу дижитал хэлбэр рүү шилжиж байхад бид мөнгөн дэвсгэртийнхээ тоог томруулна гэж ярих нь санхүүгийн мэдлэг чадвар сул байгаагийн илрэл. Олон улсад бэлэн мөнгөөр хийгдэж байгаа гэмт хэргүүдийг багасгахын тулд бэлэн мөнгөгүй нийгмийг бүтээх үзэл санааг дэмжиж байна. Тухайлбал, хээл хахууль, татвараас зайлсхийх, мөнгө угаах, мөнгөн дэвсгэртийг хуурамчаар үйлдэх терроризмыг санхүүжүүлэх зэрэг гэмт хэргүүдийг багасгахыг хичээж байна. Мөнгөн дэвсгэртийнхээ хэмжээг томруулах нь эдийн засаг буруу тийшээ явж байгаагийн нэг хэлбэр. АНУ-д гэхэд 100 ам.доллараас дээш байхгүй шүү дээ. Инфляци өндөр, цалин бага, инфляцийг өдөөж байгаа хүчин зүйлүүд идэвхтэй байдаг учир буруу санал гэж харж байна.

Р.ХИШИГЖАРГАЛ

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Намар шатахуунтай, өвөл цахилгаантай байхын тулд Засгийн газар ажлаа шуурхайлах ёстой DNN.mn

Улс төрийн хүрээний бялуу хуваалт, бал сар үргэлжилж байна. УИХ, Засгийн газрын бүтэц гарсны дараагаар яамд тамгын газруудын алба хэлтэст халаа сэлгээ ид хийгдэж байна. Харин эрх алба нь нэгэнт тодорхой болчихсон сайд, гишүүд тал тал тийшээ баяр наадам, аялал зугаалга гээд явж байх шиг байна. Одоо бүгдээрээ ажилдаа орцгоох ёстой. Алба ажлыг дагасан асуудал Монголд их бий.

Наанадаж манай улс цахилгаанаар ч, шатахуунаар ч Оросоос хараат. Гэтэл хойд хөршийн дайн улам бүдүүлэгжиж, эдийн засаг нь суларч байна. Хуучны цаг шиг Орос ах гэж гүйж байгаад юм салгадаг цаг алсарч байна.

Ер нь ч тэгээд хэдий хүртэл бид бусдын гарыг харж суух вэ. Зун бүр тэмдэглэдэг тэр ч аймгийн, энэ ч сумын тэгш ой гэдэг шиг Монголын толгойн өвчин болчихоод байгаа асуудлуудын нэгийг нь ч болтугай шийдчихээд улсаараа баярлаж суухсан. Ийм хүсэл тэмүүлэл, дайчин чанар хамтарсан Засгийн газар, шинэ сайд нар, улстөрчдөд хэрэгтэй. Тиймээс ийм цаг үед яамдууд ажлаа даруйхан эхэлж шуурхайлах хэрэгтэй байна. Тэр дундаа тог, шатахуун хариуцсан яамдууд.

Учир нь арваннэгдүгээр сарын сүүлчээр Монголд өвлийн хүйтэн ид тачигнаж эхэлдэг. Үүнээс өмнө олонх болсон МАН-ын мөрийн хөтөлбөрт туссан 90 мВт-ын Эрдэнэбүрэнгийн цахилган станц, 300 мВт-ын Бөөрөлжүүтийн, Багануур, Тавантолгой, Шивээ-Овоогийн цахилгаан станцууд, ДЦС-IV-ийн өргөтгөлийг барьж ашиглалтад оруулах мэдээж боломжгүй. Харин цахилгаан хуримтлалуурын үйлдвэрүүдийг энэ гурван сард барих боломжтой. Хэрвээ цахилгаан хуримтлалуурын буюу батерей хуримтлалуурын байгууламжуудыг олноор барьчихвал шөнө Орос руу явуулдаг тогоо хуримтлуулахаас гадна сэргээгдэх эрчим хүчнээс цэнэг хуримтлуулах боломжтой.

Мөн Бөөрөлжүүтийн цахилгаан станцыг 150 мВт-ыг яаралтай ашиглалтад оруулах хэрэгтэй байна. Уг нь энэ 10 дугаар сард ашиглалтад орно хэмээн албаныхан мэдэгдэж байсан ч хугацаандаа ашиглалтад орох эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа аж. Ямартаа ч энэ жилд багтаж ашиглалтад орно гэх. Ер нь энэ чиглэлээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаа хувийн хэвшлийг төрөөс онцгойлон анхаарч дэмжиж, урамшуулах хэрэгтэй. Тухайлбал, УИХ-ын гишүүн асан П.Цэрэнпунцаг Завхан аймгийн Тосонцэнгэл суманд 18 мВт-ын цахилгаан станц барьж буй. Хэрвээ уг станц ашиглалтад орчихвол Завхан төдийгүй Хөвсгөл, Говь-Алтай аймагт цахилгаан нийлүүлэх боломжтой. Тиймээс хэзээ мөдгүй гал алдах эрсдэлтэй эрчим хүчний салбарт зориг гарган эхлүүлсэн хувийн хэвшлийн төслүүдийг дэмжих ёстой.

Хоёр ч удаа улиран ажиллаж байгаа Эрчим хүчийн сайд Б.Чойжилсүрэнг ажлаа мэдэж байгаа гэж найдаж байна. Хамгийн гол нь үзэл сурталд баригдалгүй, нам харгалзахгүй хувийн хэвшлийг дэмжиж, салбарын ажлаа шуурхайлах хэрэгтэй. Танай намын мөрийн хөтөлбөрт туссан эрчим хүчний дээрх олон төслийн хэрэгжилтийг монголчууд танаас нэхнэ. Тэр үед өнөөх аргацаасан үгээ хэлээд дахиад толгойгоо маажаад зогсож болохгүй биз дээ.

Мөн цахилгааны үнийг зоригтой чөлөөлөх эр зоригийг одоо гаргах хэрэгтэй. Аль юм болгон “болгоно доо” хэмээн аргацаах вэ. МАН-ынхан сүүлийн найман жилийн турш цахилгааны үнийг чөлөөлнө гэж ярьсан. Даанч эр зориггүй байдлаасаа болоод ажил хэрэг болгосонгүй. Үүний үр дүнд XXI зуунд монголчууд үе үе тоггүй болчихоод сууж буй. Тиймээс дулаан байгаа дээр нь одоо цахилгааны үнийг чөлөөлөх хэрэгтэй.

Эрчим хүчний хараат байдлаас гарахын тулд төр хувийн хэвшлийн эхлүүлсэн төсөл хөтөлбөрүүд үргэлжилж байгаа. Харин шатахууны хараат байдлаас гарахын тулд эхлүүлсэн ч жил жилээр хойшилж байгаа “Газрын тос боловсруулах үйлдвэр”-ээс өөр төсөл бидэнд байхгүй.

Иймээс шатахуун бол манай улсын хувьд нэн эмзэг асуудал. Бид шатахуунаар мөн л Оросоос хараат. Тиймээс хоёрдогч, гуравдагч хөршөөс шатахуун импортолдог болмоор байна гэж мөн ч их бичсэн дээ. Гарц хайсан олон ч нийтлэл, ярилцлага нийтэлж байлаа. Бусад орноос импортолж болох ч тээвэрлэлтийн зардал нэмэгдэнэ хэмээн албаныхан ер халгаадаггүй юм. Ер нь тээвэрлэлтийн зардал нэмэгддэггүй бараа бүтээгдэхүүн гэж хаа байх вэ дээ.

Наадмын дараа намар гэдэг. Намрын ургац хураалт, өвлийн зуд турханаар шатахуунгүй болчих вий, Ц.Туваан сайд аа. Өнгөрөгч өвөл манай улс энэ зовлонг амссан шүү. Өөр үзэл баримтлал, өөр бодлого хөтөлбөртэй улс төрийн хүчний гишүүн олон жилийн дараа энэ салбарыг удирдахаар болж байгаа учраас энэ чиглэлд олон нийт ихээхэн хүлээлттэй байгаа.

Тиймээс болох бүтэхгүй шалтаг тоочихын оронд ажиллах хэрэгтэй.

Үнэн хэрэгтээ, Орост валют хэрэгтэй учраас зах зээлийн ханшаас өндөр үнээр манайд шатахуун өгч байх шиг байна. Хуучин шигээ гуйдаг байсан бол дайн эхэлснээс хойш Монгол шатахуунгүй болоод гурван жил болох байсан биз. Тиймээс энэ бүхнийг бодож гурав дахь, дөрөв дэх орнуудаас нефть оруулж ирэх хэрэгтэй.

Хамтарсан Засгийн газар Монголын толгойны өвчин болсон асуудлуудыг шийдэхийн тулд аль ч салбарт ерөөсөө л либералчлалыг түчээлэх хэрэгтэй. Хэн дуртай нь шатахуун импортолдог, хэн дуртай нь нефть нэрдэг болмоор байна.

Үүнээс гадна амлаж аваад ард нь гарчихаж чаддаггүй өчнөөн асуудал хүлээгдэж байна. Нөгөө л түгжрэл, утаа… гэхчлэнгээр.

Ойрын хугацаанд хийх боломжтой, намуудын мөрийн хөтөлбөрт туссан НДШ-ийн шимтгэлийг бууруулах амлалтыг хариуцсан сайд нь хэрэгжүүлмээр байна. Тиймээс Засгийн газрын гишүүд аймаг сумдын ой дамжиж, хойморт залрахаа болиод одоо ажлаа хийх ёстой.

Р.ХИШИГЖАРГАЛ

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

УИХ-ын гишүүдийн тангаргийн үгийг өөрчилмөөр юм DNN.mn

Монголын парламентын анхны 126 гишүүн тангаргаа өргөлөө. Чилийсэн урт тэр ёслолыг хараад тангаргийн хэд хэдэн үгийг өөрчилчихмөөр санагдлаа.

Нэг. Үндсэн хуулийн 23 дугаар зүйлд “УИХ-ын гишүүний бүрэн эрх нь Төрийн сүлдэндээ тангараг өргөснөөр эхэлж, УИХ-ын дараагийн сонгуулиар шинэ сонгогдсон гишүүд тангараг өргөснөөр дуусгавар болно” гэж заасан. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүнээр сонгогдогч тангаргаа өргөснөөр албан ёсоор УИХ-ын гишүүн болж баталгаажлаа гэж үзэх нь.

Гэтэл түр үнэмлэх буюу албан ёсоор УИХ-ын гишүүн болоогүй хүмүүс “Монгол Улсын Их Хурлын гишүүн би…” гэж тангараг өргөж байна. Гишүүн болоогүй байж “УИХ-ын гишүүн би..” гэж тангараг өргөхөөр энэ тангараг нь хүчинтэй болох уу, үгүй юу гэж санаа зовж суулаа. Тиймээс “УИХ-ын гишүүнээр сонгогдогч би” гэдэг ч юмуу, эсвэл УИХ-ын гишүүнээр сонгогдох санал авсан би” гэх зэргээр үгийг өөрчилмөөр байна. Юманд учир гэж бий. Худлаа юм худлаа байдаг. Гишүүн биш байж гишүүн би гэхээр энэ нь эргэлзээтэй болчихож байна. Сүүлд тангаргийг нь сануулахлаар би гишүүн болоогүй байхдаа тэрийг чинь хэлсэн шүү дээ гээд бултвал яана.

Хоёр. Тангаргийн үг дээр нэммээр нэг чухал үг байна. “Хүний эрх, эрх чөлөөг дээдэлнэ” гэсэн үг хэрэгтэй байна. Хүний эрхийн тухай үг тангаргийн үгэнд ганц ч алга. Монголын иргэдийг төлөөлж байгаа хэрнээ Монгол Улсын иргэдийн эрхийн төлөөх үг байхгүй байж боломгүй. Энэ нь төлөөлүүлж байгаа бидний эрх, эрх чөлөөнд хамаарахгүй юм шиг эвгүй сонсогдож байна лээ. Тиймээс “Монгол Улс, Монгол хүний эрх, эрх чөлөөний төлөө тууштай тэмцэнэ” ч гэдэг юм уу энэ тухай ганц үг нэмчихмээр юм даа гэж бодож суулаа. Яахав Үндсэн хуулийг чандлан мөрдөнө гэдэгт нь эрх, эрх чөлөө маань багтаж байдаг байх даа гэсэн шүү юм горьдох .

Үнэн чанартаа бид эрх, эрх чөлөөгөө хангуулах гэж, төрийн дарамтнаас хамгаалуулах гэж л өөрсдийгөө төлөөлөн тухайн хүнийг УИХ-ын гишүүн болгон сонгодог. Тэдний авлига авах, ашиг сонирхлын зөрчилтэй байх нь маньд падгүй юм байна гэдгийг өнгөрөгч хавар, өмнөх парламентуудын гишүүд баталчихсан шүү дээ. Өмнөх парламентуудын гишүүд бүгд л “…төрийн хуулийг дээдлэн сахиж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая” л гэж байсан. Хэд нь авлига ашиг сонирхлын зөрчилтэй холбогдлоо доо. Мөн “Миний бие энэ тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” гэж байсан. Өнөөдөр хэн нь хуулийн хариуцлага хүлээсэн байна вэ.

Тиймээс сайхан үгээр худлыг халхавчлахаа больё. Ер нь худлыг халхавчилж чадахгүй. Хэзээ нэг цагт илэрдэг юм. Үүний гороор иргэдийн төрд итгэх итгэл алдарч байна. Залуус эх орноосоо дайжиж байна. Өнөөгийн байдлаар 150 мянга гаруй залуус зөвхөн байрны урьдчилгааны төлөө эх орноосоо дүрвэчихээд байна шүү. Урьдчилгаагаа хийгээд эх орондоо ирнэ гэсэн баталгаа хаана байгаа юм бэ. Зүгээр л хэн хэнд нь ирнэ гэсэн хүлээлт байгаа болохоос баталгаа алга. Тиймээс эрх, эрх чөлөөг хүндэтгэгч, тэмцэгч л өнөө цаг үед хэрэгтэй байна. Энэ үгийг тангаргийн үгэнд зайлшгүй оруулмаар байна.

Гурав. УИХ-ын гишүүнээр сонгогдогч ганцхан төрийн сүлдэнд хүндэтгэл үзүүлэх ёстой. Түүнээс ялсан намын даргад биш. Ерөнхийлөгчид биш. Үүнийг хуульд хоёрдмол утгагүй, ойлгомжтой гэгч нь биччихсэн байгаа. Тодруулбал, УИХ-ын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуулийн 22.5-т “Сонгуулийн ерөнхий хорооны дарга илтгэл тавьж, асуулт, хариулт явуулсны дараа насаар хамгийн ахмад гишүүн эхэлж, бусад гишүүн цагаан толгойн үсгийн дарааллын дагуу УИХ-ын гишүүний тангаргийг уншиж, Төрийн сүлдэнд мэхийн ёсолж, төрийн далбаанаас адис авч, тангаргийн бичигт гарын үсэг зурна” хэмээн заасан байдаг.

Гэтэл УИХ-ын гишүүнээр сонгогдогч төрийн сүлдэнд хүндэтгэл үзүүлэхээс гадна Ерөнхийлөгчид хүндэтгэл үзүүлж байна. Мөн өөрсдөө сонгож баталгаажуулах Ерөнхий сайдад хүндэтгэл үзүүлээд байх юм. Үүнийг харсан олон нийт хүндэтгэл үзүүлэх хэрэгтэй, хэрэггүй гэж маргалдана. Зарим гишүүд хуулиа уншсан бололтой төрийн сүлдэнд хүндэтгэл үзүүлээд л больчихож байна. Тэрийг нь харсан түмэн олон нөгөөхөө Еөкийн өмнө үнэн толгой гэдгэр байв гэж ирээд л хөөрөлхөх.

Хууль тогтоогчид эхнээсээ л хуулиа хэрэгжүүлмээр байна. Хуульд тодорхой байгаа зүйлээр нийгмийг талцуулж яах гээд байгаа юм бэ. Ер нь ч ялсан намын даргад бөхөлзөж, мөргөх нь зохимжгүй байна гэдэг үнэн дээ.

Дөрөв. УИХ-ын даргыг сонгохыг ил тод болгомоор байна. УИХ-ын даргыг яаран сандран нэг хоногт баталдаг баймааргүй байна. УИХ-д суудалтай намууд УИХ-ын даргын асуудлаар хуралддаг баймаар байна. УИХ-д суудалтай аль ч намын гишүүнийг УИХ-ын даргад нэр дэвшүүлдэг болмоор байна.

Яагаад тухайн хүнийг нэр дэвшүүлэх болсон тухайгаа олон нийтэд тайлбарладаг болмоор байна. Учир нь УИХ, Засгийн газар, агентлаг улс төрийн намуудын бялуу хуваах газар биш. Тэр дундаа УИХ бол ард түмний төлөөллийн төв байгууллага. Тиймээс Монголын хамгийн ардчилалтай цор ганц газар УИХ баймаар байна. Тэгж нийгэмдээ хүлээн зөвшөөрөгдмөөр байх юм. Гэтэл хэдхэн хүний хөшигний цаадах тохироо, хэдхэн хүний лоббигоор УИХ-ын даргыг томилох нь буруу. Яахав, Ерөнхий сайдын албыг ялсан намын дарга хаших нь зөв. Тэрэн шиг ялсан намын хүн заавал УИХ-ын дарга байж яах гээд байгаа юм. Хамгийн нэр хүндтэй шулуун шударга нэгнээ дарга болгомоор юм. УИХ-ын гишүүн бол намын гишүүн биш ард түмний төлөөлөл гэдгээ одоо хэдүүлээ сайн ойлгомоор байна.

Тав. Тангаргаа өргөхдөө төвхөн, энгийн уншдаг гишүүн мөн ч ховор юм. Монгол хүний зан нь юм байх даа. Тодрох гээд элдэв үг, ааш аяг үзүүлээд л сонин сонин байдалд ороод байх юм. Бүр духаараа шал түг түгхийтэл мөргөж ч байх шиг. Өмнөх парламентын үед Ц.Ананбазар тангаргаа өргөхдөө “…илэрхийлье” гэж хэлээд манай сонинд шүүмжлүүлж байсан. Энэ мэтээр хүчингүй болох үйлдэл их хийж байна. Төвшин сайхан уншаад өнгөрвөл барав биз.

Элдэв маяг гаргаснаар эх оронч гэж үзэхгүй. Хийсэн ажлаар нь л эх оронч гэдгийг нь үнэлнэ шүү дээ.

Зургаа. Эцэст нь туг үнсэх гэдэг эмэгтэйчүүдэд их хэцүү ажил байх юм. Заавал сөхөрч сөгдөж байж үнсэх ёстой гэж хэн хуульчилсан юм бэ. Туг биш, наад хүмүүс чинь бидний сонгож гаргасан төр биз дээ. Бие барьсан дээлтэй, өндөр өсгийттэй тэд арагш, урагш савж уначих гээд гуя хасаа гялалзуулчих гээд хэцүү харагдах юм. Үүнийг төвөггүй болгочихож болдоггүй юм байх даа. Заавал улаан туг үнсүүлж, тэрүүгээр нүүрээ арчих хэрэг юу ч байдаг юм. Өндөрхөн тавцан дээр байрлуулаад л хүмүүст төвөггүй болгочихмоор санагдлаа. Ард түмний төлөөллийг шалан дээр мөлхүүлэн байж туг үнсүүлэх нь та нарын төлөөлөл чинь ийм жижигхэн шүү дээ гэж биднийг даапаалаад байгаа мэт санагддаг юм аа. 126 гишүүний тангараг өргөх ёслолыг бүтэн өдөржин харахад ийн хэдэн бодол төрлөө.

Төр төмбөгөр, ёс ёмбогор гэж үг бий. Дээрх зүйлсээс болж төр, ёсыг дүр эсгэн хуурмаглаад байгаа харагдах юм. Аль болох либерал, хүндээ чиглэсэн үнэн баймаар байна. Өнөө цагт нийцэхгүй байгаа хуучин ёс заншлыг таягдан хаяж, шинэчлэн өөрчилж, хялбар болгож байх нь зөв байдаг. Дэлхий ертөнц бүх зүйл амархан руу явж байгааг бид анзаарах цаг болсон. Үүний нэг жишээ нь, солгой хоолойтой хүн дуулж чаддаггүй байсан бол одоо үгүй. Тэр хүсвэл реппер болж үглэж болно. Уянгалаад дуулаад байх алба үгүй. Заавал тогтсон хэв маягт баригдах гээд зүтгэх, тэр нь болохгүй хийдэл гарахаар хөшигний ард нуух биш. Жаахан либерал, жаахан үнэн баймаар байна.

Р.ХИШИГЖАРГАЛ