Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Д.Амгалан: Ашиг хонжоо харсан, улстөржсөн энэ үйлдэл нь үндэсний хэдхэн үйлдвэрүүдээ унагаах аюул руу оруулж байна || DNN.mn

Эдийн засагч Д.Амгалантай ярилцлаа.


-Аль 2017 оноос л яригдаж байсан Хөгжлийн банкны асуудал нийгэмд өнөөдөр их хүчтэй босч ирлээ. Нэг талаас энэ бол улс төрийн тоглолт гэдэг нь ил боллоо шүү дээ. Гэхдээ жирийн зээлдэгчдэд болоод хэвийн явж байсан хөгжлийн хөтөлбөрүүдэд халтай болж, нийтээр нь харлуулж, жигшээд уналаа. Та өрнөж байгаа энэ бүх процессыг ерөнхийд нь хэрхэн дүгнэж байна?

-Эхлээд зорилгыг нь харах хэрэгтэй. Хөгжлийн банкны гол зорилго нь экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг үйлдвэрүүдийг бий болгох. Үүгээрээ дамжуулж улс орны эдийн засгийг хөгжүүлье гэсэн үндсэн зорилгын хүрээнд тус банкийг байгуулсан байдаг. Анх 2012 оны гуравдугаар сард 580 сая ам.долларыг таван жилийн хугацаатай 5.75 хувийн хүүтэйгээр бонд босгосон байдаг. Өөрөөр хэлбэл, улс орныг хөгжүүлэх, үйлдвэрийг хөгжүүлэх, дунд, урт хугацааны эдийн засгаа сайжруулахын тулд хэрэгжүүлж байгаа 10-аад төрлийн бодыг энэ чиглэлээр оруулж ирсэн байдаг юм л даа. Тэрний нэг нь Хөгжлийн банкны бонд. Хөгжлийн банкны бондын хугацаа нь 2017 оны гуравдугаар сард дууссан. Эндээс л бүх зүйл эхэлсэн байдаг. Анх Хөгжлийн банкнаас 580 сая ам.долларын зээлийг авахдаа зээлийн хөрөнгөөр үйлдвэрлэлүүд байгуулж, үүнээс нь улс орон тодорхой хэмжээний ашиг олдог байх ёстой. Өөрөөр хэлбэл, бонд өөрөө зээлээ төлөхөөс гадна тодорхой хэмжээний ашигтай, Монголд үйлдвэрүүд бий болж үлдэх ёстой байсан. Өнөөдөр манайд бий болчихоод байгаа үндсэн гол суурь шалтгаан бол Хөгжлийн банкны үзэгдэл л дээ. Бонд авч буцааж төлөх болохоороо бондоор төлдөг. Өөрөөр хэлбэл, бондыг бондоор буюу өрийг зээлээр хааж явсаар байгаад өнөөдөр Монгол Улсын гадаад өр 34 тэрбум ам.доллар давчихлаа. Үүсээд байгаа асуудлын гол нь энэ байгаа юм. Тэгэхээр энэ юуг илэрхийлж байна гэхээр гаднаас их хэмжээний хүүтэй, маш их хэмжээний мөнгө авчихаад түүнийгээ зориулалтын дагуу ашигладаггүй. Хэсэгхэн л хувийг нь жирийн зээлдэгчдийг ашигладаг.

Төрийн өндөр албан тушаал, эрх мэдэлтэй хүмүүс авчихсан байна гэдэг нь тодорхой болчихлоо. Энэ юугаар илэрхийлэгдэж байна гэхээр зээл олгосон баримтыг нь харахад ил харагдаж байна. Зээл олгохдоо нэг бол барьцаанд, эсвэл баталгаанд үндэслэдэг.

Гэхдээ Монгол Улсад баталгаанд үндэслэдэг жишиг байдаггүй. Баталгаа гэж юуг хэлж байна гэхээр эдийн засагт хэрэгцээтэй үйлдвэрлэл байгуулахад энэ хэрэгтэй, эргээд өөрийгөө төлөх боломж, потенциал нь энэ байна, улс орны эдийн засагт ийм ашигтай юм гэсэн төсөл хөтөлбөртэй нь танилцаж байж олгодог. Тухайлбал, Хөгжлийн банкны хүмүүс, Монголбанкны хяналт, АУДИТ-ын газар, тухайн үеийн Засгийн газрын төлөөлөл зэрэг маш олон экспертүүд ажилладаг. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын тухайн үеийн өөрийнх нь хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэгч санхүүжүүлэгчийнх нь гол эх үүсвэр нь бонд. Баталгаанд үндэслэж өгсөн ч мөнгө нь байхгүй байна гэдэг бол баталгаанд үндэслээгүй гэсэн үг. Нөгөө тал нь барьцаанд үндэслэх. Гэтэл ямар ч барьцаанд үндэслэлгүй авчихсан байгаа юм. Барьцаа ч үгүй, баталгаа ч үгүй олгосон байна гэдэг үндсэндээ албан тушаал, эрх мэдэлтний хүрээнд олгогдсон мөнгө гэсэн үг. Өнөөдөр жирийн иргэнд зээл олгохдоо барьцаа хөрөнгийнх нь 70 хувьд нь үндэслэж зээл олгодог. Тэр байтугай өдөр тутмын гүйлгээнд нь хяналт тавьдаг, сар бүрийнх нь графикийг эргэж хянадаг, түүнд нь банк анхаарлаа хандуулж хянаж ажилладаг. Монголбанк ч мөн банкны үйл ажиллагааг хянаж байдаг, банкны сектор нь зээлдэгч нараа хянаж байдаг, жил бүрийн АУДИТ-ын тайланд баримт нотлогдож байдаг. Гэтэл энэ зүйл байхгүйгээр зээл олгосон байгаа юм. Энэ асуудал хэзээ илрэх ёстой байсан бэ гэвэл 2012 онд авсан зээл 2017 онд хугацаа нь дуусахад илэрч, энэ юу болов гэдгийг ярих ёстой байсан. Одоо маш их хэмжээний хохирол улсад учирчихлаа шүү дээ. Энэ юу байна гэхээр төрийн албан тушаалтнууд бүгдээрээ албан тушаал, эрх мэдлээ ашиглаж ямар ч барьцаа, баталгаагүй авчихаад улсыг хохироож байна. Хөгжлийн банк дөрвөн их наяд төгрөгийн активтай. Түүний 3.2 их наядыг зээл болгоод гаргачихсан. Үүний 1.8 их наяд төгрөг нь чанаргүй зээл болтлоо явна гэдэг бол аймшигтай тоо. Үүний 880 нь шүүхийн шатанд явж байна. Энэ бол хөөн хэлэлцэх хугацаа гэдгийг ашиглаж төрийн өндөр албан тушаалтнууд мөнгө угаадаг схем бий болгосны илрэл. Ингээд нийгэмд Хөгжлийн банкны зээлийг тэр чигт нь муухай харагдуулж байна. Гаднаас авсан бондуудыг тэр чигт нь муухай харагдуулж байгаа нь ерөөсөө л эрх мэдэлтнүүдийн авсан зээлийн асуудал. Барьцаа хөрөнгөө байршуулж жирийн үйлдвэр, хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа жирийн зээлдэгчдийг тэр хүмүүстэй адилтгаж ойлгох, адилтган харлуулах үзэгдэл манай нийгэмд бий болоод байна. Тэдний авсан зээл зориулалтын дагуу явж байгаа. Гэхдээ ковидын үе гээд баахан хөл хорио тогтоож хязгаарлалт боллоо, зах зээл тааламжгүй байлаа, худалдан авалт буурлаа, эргэн төлөлтийн байдалд хүндрэл учирлаа. Үүнээс гадна валютын ханшны зөрүү манайд их байдаг. Тухайн зээлийг 5.75 хувийн хүүтэй Хөгжлийн банк бонд босгож байсан бол үүнээс гадна үндсэн зээл дээр төгрөгийн гадаад валюттай харилцах ханш маш их хэмжээгээр унаж байна. Ханшны уналт бараг 40 гаруй хувьтай байна. Тиймээс ханшны ихээхэн хувийн уналтыг төлж байна. Дээрээс нь ковидын үеийн эдийн засгийн саармагжилт нөлөөлж байна. Энэ болгон сөргөөр нөлөөлж зээлээ зориулалтын дагуу ашиглаж байгаа жирийн зээлдэгчид зээлийн хүндрэлд орсон уу гэвэл орсон.

-Таны хэлсэнчлэн жирийн зээлдэгчдэд ийм нөхцөл байдал үүсчихээд байгааг тэр бүр анзаарахгүй байх шиг байна. Нийтээр нь ингэж харлуулах нь эргээд ямар сөрөг нөлөөтэй бол?

-Ялгаж салгахгүйгээр төрөөс хулгай хийсэн хүмүүстэй тэгшитгэж ойлгуулах, тэгшитгэж ойлгох үзэгдэл нийгэмд газар авч байгаа нь улс орны эдийн засаг, тэр дундаа улс орны эдийн засгийг авч явж байгаа үйлдвэрийн салбарууд жирийн бизнесмэнүүдийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлнө. Үндэсний суурь эдийн засгаа авч явдаг татвар төлөгч, үйлдвэрлэгчдээ унагах эрсдэлтэй зүйл рүү хэтэрхий туйлширч ороод байна. Тиймээс үүнийг маш сайн ялгаж салгаж харах хэрэгтэй. Үнэхээр сая хэлсэн шалтгааны улмаас зээлээ зориулалтын дагуу ашиглаж байгаад төлж чадахгүй хүндрэл учирсан байна уу, эсвэл зээл авчихаад зориулалтын дагуу ашиглаагүй, дээрээс нь ямар нэгэн төсөл хөтөлбөр, барьцаа баталгаа байршуулаагүй өөр зориулалтаар авсан байна уу гэдэг чанарын ялгаа хийх хэрэгтэй. Мөн тэр зээлийг үнэхээр төлүүлэх хэрэгтэй байна. Хөөн хэлэлцэх хугацаа гэдгээр луйварддаг хүмүүс завших гээд байна шүү дээ. Ийм эвгүй үзэгдэл гараад ирэхээр зээлээ хэвийн аваад явж байгаа зээлдэгчдэд хүндрэл үүсээд эхэлдэг. Нөгөө шахалт дарамт үүсээд эхэлдэг. Зээл төлөгч талаасаа болгоомжлол үүсдэг, олон улсын байгууллага, бонд олгосон газрууд буцаагаад эх үүсвэрээ буцаан татах эрсдэл гарна. Мөн олон улсын зэрэглэл тогтоодог байгууллагууд, үнэлгээ өгдөг байгууллагууд сөрөг коммент тавиад эхэлбэл одоогийн хүнд байгаа эдийн засаг улам л хүнд байдалд орно.

-Товчхондоо улс төрийн зорилгоор нэгнээ намнах гэсэн тоглолт нь улс орноо хорлох үйлдэл рүү л чиглэчихлээ, тийм үү?

-Яг үнэн. Хөгжлийн банкны асуудал үүсээд ирэхээр хулгай хийсэн хүмүүс жирийн бизнесмэнүүд зориулалтын дагуу ашигласан хүмүүсээ давхар чирээд байна. Үүний сөрөг нөлөөлөл нь нөгөө хүмүүстээ давхар асуудал үүсгээд ингээд явж явж энэ юунд хүрэх вэ гэхээр хулгай хийсэн хүмүүс завшиж үлдээд улс орны эдийн засгийг авч яваа хуруу дарам хэдхэн үндэсний үйлдвэрүүдээ унагаачихвий дээ гэж ихээхэн болгоомжлох хэрэгтэй. Тэр бизнесмэнүүдийг нийгэмд ч ингэж ойлгуулж байна. Гэтэл сая хэлсэнчлэн яг бодит зээлийн харилцаа дээрээ ч ийм хүндрэл тулгарч байна. Тиймээс энэ зориулалтын зээл үү, үнэхээр эдийн засгийн хүндрэл, эрсдэлийн хүндрэлээс үүдэж зээл төлөлт хойшилсон байна уу, ханшны хүндрэлээс болсон байна уу гэдгийг ялгаж шинжилгээ хийх хэрэгтэй л дээ. Энэ асуудал тэртэй тэргүй улс төрийн гэдэг нь ойлгомжтой. Өдий хүртэл Монголбанк юу хийж байсан юм бэ, тэр зээлийг олгоход Хөгжлийн банкны үе үеийн захирлууд юу хийж байсан юм бэ, зээлийн шинжээч нар юу хийж байсан юм бэ, мониторинг хийдэг газрууд нь юу хийж байсан юм бэ, засаг төр нь юу хийж байсан юм бэ. Улс орны хувь заяатай холбоотой бондын мөнгийг тоолгүй явж байснаа ийм хэмжээний хохирол учирч, боломжгүй болсных нь дараа гэнэтхэн өнөөдөр яагаад дуугарах болов. Цаг хугацаанаас харвал энэ хэнд ашигтай вэ? Эргээд ашиг хонжоо харсан, улстөржсөн энэ үйлдэл нь үндэсний хэдхэн үйлдвэрүүдээ унагаах аюул руу орж байна. Жирийн бизнесмэнүүдийг хулгайч гэж харагдуулах, харлуулах, зээлийн процесст хүндрэл учруулах асуудлууд үүсч байна шүү дээ. Тиймээс маш сайн ялгаж салгаж ойлгох хэрэгтэй.

-Хууль шүүхийн байгууллагаар явбал зээлийн эргэн төлөлтийн хугацаа нь зогсож Хөгжлийн банкны хохирол улам ихэснэ хэмээн учир мэдэх хүмүүс дүгнэж байна шүү дээ. Жинхэнэ хулгайчдад энэ нь харин ч олз болоод байна уу?

-Хөөн хэлэлцээ гэдэг бол хулгай хийх боломжийг хамгийн ихээр нээж өгч байгаа юм. Хөөн хэлэлцэх хугацаа гэдгийн ард төрөөс маш их хулгай хийдэг ийм л схем бий болчихлоо. Тиймээс үүнд хууль, шүүхийнхэн маш шударга ажиллах хэрэгтэй. Анхнаасаа зориулалтын дагуу байна уу, зориулалтын бус байна уу гэдгийг шалга.

-Зээлдэгчдийг л буруутгаад байна. Энэ асуудал гээндээ ч, гоондоо ч байгаа асуудал?

-Энэ бол анхнаасаа зээл авсан хүний буруу биш болж байгаа юм. Зээл олгож байгаа хүмүүсийн асуудал. Маш олон институци хоорондын ажлын уялдаа холбоотой асуудал. Гэтэл зээлдэгч ямар ч барьцаа хөрөнгөгүйгээр хэдэн зуун тэрбумаар нь авчихсан байна. Энэ өөрөө ноотой асуудал байхгүй юу. Барьцааг шүтэж зээл олгодог манайх шиг улс өнөөдөр ямар ч барьцаагүйгээр зээл олгоно гэдэг бол жинхэнэ хулгайн схем. Үүнийг л сайн анзаарах хэрэгтэй.

Хөгжлийн банкны мөнгө хаашаа шингэсэн байна гээд сүүлийн арваад жилийн эдийн засгийн идэвхжилтийг харахаар маш их тансаг хэрэглээний бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ рүү шингэж байна. Банк бус санхүүгийн байгууллагын идэвхжилт бас харагдаж байна. Эх үүсвэр нь тодорхойгүй мөнгө банкуудад байснаас манай улс ФАТФ-ын хар жагсаалтад оруулж байсан. Мөн барилгын салбарын маш их идэвхжилт байна. Эдийн засгийн идэвхжил талаас нь харвал эдгээр мөнгөний ул мөр ийшээ явсан байж магадгүй харагдаж байгаа юм. Бодит эдийн засгаас арай өөр өсөлттэй яваад байна шүү дээ. Ялангуяа банк бус санхүүгийн байгууллагуудад онцгойлон анхаарах хэрэгтэй. маш өндөр хүүтэйгээр хүүлж байна уу, үгүй юү гэдгийг. Өнөөдөр хууль, хяналтын байгууллага анхаарах хэрэгтэй. Эдийн засгийн идэвхжил нь бусдаас илүү байгаа учраас эдгээрт шингэсэн байж магадгүй гэж хардаж байгаа юм.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Д.Пүрэвбаатар: С.Эрдэнийн хэргийг улс төрийн зорилгоор барьчихсан байгаа учраас захиалгаар намаа задалж, өнөөгийн төр барьж байгаа намд үйлчлээд байгаа юм


МоАХ-ны хяналтын зөвлөлийн дарга Д.Пүрэвбаатартай ярилцлаа.


-Д.Монголхүү тэргүүтэй хүмүүс МоАХ-ын V зөвлөгөөн зохион байгуулсан. Удахгүй Их хурлаа зохион байгуулна гэж байна. МоАХ-ны Хяналтын зөвлөлийн даргын хувьд та үүнд ямар тайлбар хэлэх бол?

-Д.Монголхүү нарын цаанаасаа зохион байгуулалттайгаар хийж байгаа зүйлийг буруу гэж үзэж байгаа. Учир нь Монголын Ардчилсан холбооны асуудлыг ярих гэж байгаа бол нэгдүгээрт, МоАХ-ны гишүүн байх ёстой. Хоёрдугаарт, манай байгууллага албан ёсоор батлуулсан өөрийн гэсэн дүрэм журамтай, Улсын бүртгэлд бүртгүүлсэн үйл ажиллагааныхаа хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг учраас хэзээ хурлаа хийх эсэхээ бид өөрсдөө мэднэ. Тиймээс манай байгууллагын асуудлын дундуур нь орж хутгалдаж, С.Эрдэнэ гэдэг хүн тэднийг санхүүжүүлж явуулж байгаа үйл ажиллагааг буруу гэж үзэж байна.

-2007 оноос МоАХ-ны үйл ажиллагаа идэвхгүй байсан юм биш үү. Уг нь даргаа гурван жилд нэг удаа сонгодог, нэг удаа улирааж болдог зохицуулалттай байтал Х.Баттулга дарга 2007 оноос хойш өнөөг хүртэл даргалж байгаа юм биш үү. Энэ хөдөлгөөнийг улстөржүүлж, бүртгэл нь хүртэл нэг хүний нэр дээр байх хэр зохимжтой юм бэ?

-Нэгдүгээрт, манай бүртгэл нэг хүний нэр дээр байдаггүй. Нэг хүний компани биш ээ. Манайх олон нийтийн санаачилгаар үүсгэн байгуулагдсан төрийн бус байгууллага. Манайх даргаа дөрвөн жил тутамд нэг удаа сонгодог. Гэхдээ нэг хүн хоёр удаа сонгогдож болно гэсэн зүйл дүрэмд байхгүй. Хэд ч байж болдог. Хоёрдугаарт, 2007 онд биш, 2008 оны нэгдүгээр сарын 1-нээс даргаар ажиллаж эхэлсэн. Энэ үеэс эхлээд бид 2012 онд дарга сонгох эрхийг буюу ерөнхий чуулганы эрхийг Удирдах зөвлөлдөө шилжүүлсэн. Ингээд нэг удаа сонгосон. Хоёр дахь удаагийн сонгууль нь 2017 онд явагдах ёстой байсан. Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажилласан дөрвөн жил болон ковидын нөхцөл байдалтай холбоотойгоор хоёр, хоёр жил гэж сунжирсаар үндсэндээ зургаан жил дарга сонгохтой холбоотой асуудал яригдаагүй. Өөрөөр хэлбэл, дарга сонгох асуудал өмнө хэлсэнчлэн гадаад хүчин зүйлээс болж хойшилсоор ирсэн. Х.Баттулга гэдэг хүн Ерөнхийлөгчөөр ажиллахаар болмогцоо “Миний хувьд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллахаар болсон учраас МоАХ-ны даргын асуудлыг шийдвэрлэж өгнө үү” гэсэн агуулгатай өргөдлийг МоАХ-нд өгсөн. Тиймээс бид МоАХ-ны даргаас түр түдгэлзүүлж Эрдэнэчимэг гэдэг гүйцэтгэх захирлыг орлон гүйцэтгүүлэхээр томилсон. Томилсон талаарх Удирдах зөвлөлийн шийдвэр нь бий. Ингээд Ерөнхийлөгчийнх нь үүрэгт ажил дуусахаар дараагийн Их хурал хуралдах хүртэл МоАХ-ны даргын асуудлыг түр орлон гүйцэтгэгч хийх ёстой гээд урьдын адил 2021 оны есдүгээр сард Удирдах зөвлөлийн хуралдаанаас өөрийнх нь өргөдлийг үндэслэж, мөн тогтоол гаргаж шийдвэрлэсэн. Тиймээс манай дараагийн Их хурал энэ дөрөвдүгээр сард болно. Манай дүрэмд зааснаар Удирдах зөвлөлийн өргөтгөсөн бүрэлдэхүүн 30-35 хоногийн өмнө ерөнхий чуулганыг зарлан хуралдуулах ёстой байдаг. Удирдах зөвлөлийн өргөтгөсөн бүрэлдэхүүнээр МоАХ-ны Ерөнхий чуулганыг 35 хоногийн өмнө буюу өнөөдөр бид зарлах гэж байна. Ерөнхий чуулган хуралдаж Их хурлыг зарлан хуралдуулна. Бид бэлтгэл ажлаа хангаж байна. Энэ ажил МоАХ-ны дүрэмд заасны дагуу явагдаж байгаа. Гэтэл дүрэмд огт заагаагүй зүйлийг гишүүн биш хүмүүс санаачилж байгаа нь МоАХ-г задлан бутлах гэсэн захиалгатай үйл ажиллагаа гэж үзэж Цагдаагийн газарт бид өргөдөл гаргасан. Өргөдөл гаргах үндэслэл нь нэгдүгээрт, гишүүн бус хүмүүс ийм ажил зохион байгуулаад байна. Хоёрдугаарт, бусдаас мөнгө авч хууль бусаар зохион байгуулалттайгаар явуулж байгаа учраас иргэдийг төөрөгдүүлэх, залилан мэхлэх үйлдэл. Бид энэ хүмүүстэй холбоотой асуудлаар Зөрчлийн тухай хуульд заасны дагуу бичиг хүргүүлсэн. Зөрчлийн тухай хуулийг хоёр удаа зөрчсөн бол автоматоор эрүүгийн хариуцлага хүлээдэг. Бид залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй юм байна хэмээн үзэж эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр Цагдаагийн байгууллагад хандаж байгаа юм.

-Гэхдээ МоАХ-ыг үүсгэн байгуулсан хүмүүс нь зарлан хуралдуулах ёстой юм биш үү. Тиймээс МоАХ-ыг анх үүсгэн байгуулсан найман гишүүний долоо нь хурлыг зарлан хуралдуулах ёстой гэсэн байр суурийг зарим хүмүүс илэрхийлсэн байна лээ?

-Монголын Ардчилсан холбоо гэдэг байгууллагыг 13 хүн анх зарлаж үүсгэн байгуулсан. Анхны 13 гэдэг чинь ийм учиртай. Монголын Ардчилсан холбоо гэж төрийн бус байгууллагыг бий болгож Удирдах зөвлөл гэж 35 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. Ингээд Их хурлаа хийж МоАХ гэж албан ёсны байгууллага бий болоод явсан. Тэгэхээр үүсгэн байгуулсан найман хүн гэдэг бол худлаа. 1990 оноос өнөөг хүртэлх 32 жилийн хугацаанд найман даргатай байсан. Тэдний тав нь Д.Монголхүү тэргүүтэй хүмүүсийн хийсэн зөвлөгөөнд оролцсон. Миний харснаар тэр хурал дээр С.Эрдэнэ, Ц.Энхтүвшин, Л.Түвдэндорж нар яах аргагүй манай холбооны дарга байсан. Хоёрдугаарт, дарга нь найман хүн байсан болохоос биш үүсгэн байгуулсан найман хүн зарлан хуралдуулдаг гэсэн зүйл байхгүй. Гуравдугаарт, МоАХ ТББ хуульд заасны дагуу дүрмээ хуульд нийцүүлж Улсын бүртгэлд бүртгүүлсэн. Тиймээс үүсгэн байгуулагчид нь хурлыг санаачилна гэдэг зүйл байхгүй. Манайх ашгийн төлөө байгууллага биш, нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага.

-АН хоёр хуваагдчихлаа. МоАХ ч бас ингээд хоёр хуваагдчихлаа. Ер нь ардчиллыг хамгаалах ёстой чухал субьектүүд энэ мэтээр бутарч хуваагдаад байх юм. Та бүхэн ер нь намаа, холбоогоо авч үлдэж ардчиллыг хамгаалах жанжин шугамаа хамгаалах чиглэлд юм хийхгүй юм уу?

-МоАХ гэдэг байгууллага анх бий болсноор улс төрийн намуудыг төрүүлсэн. МАХН-аас бусдыг шүү. Манай дотроос бий болсон бидний үр хөврөл, бид гишүүнчлэлд нь байдаг АН хоёр хуваагдсан үнэхээр харамсалтай. Гэхдээ нийгэмд үйлчилдэг манай төрийн бус байгууллага улс төрийн үйл ажиллагаа явуулах ёсгүй учраас бид намын үйл ажиллагаанд хамаагүй оролцож болохгүй байгаа юм. Бид ардчилал, хүний эрх, эрх чөлөөг хамгаалж байгаа төрийн бус байгууллага учраас нам шиг улс төрийн үйл ажиллагаа явуулж сонгуульд оролцож болохгүй. Манай чиг үүрэг бол одоогийн Төрийн бус байгууллагуудын тухай хуулиар ингэж болохгүй юм. Бид Монгол Улсын тусгаар тогтнол, эрх, эрх чөлөө, хүний эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байгаа төрийн бус байгууллага. Энэ үнэт зүйлийг алдчихгүй юмсан, Монгол Улс маань ардчилсан замналаар цааш үргэлжилж яваасай гэсэндээ бид “хүүе хаая” гээд зааж сургаад яваа юм. Гэтэл намыг дотор нь задалсныг би хуульч хүний үүднээс харахад хэрэгт холбогдчихсон байгаа С.Эрдэнэ нарын эрүүгийн гэмт хэргийнх нь хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байгаа. Хэргийг нь улс төрийн зорилгоор барьчихсан байгаа учраас захиалгаар цаашаа намаа задалж өнөөгийн төр барьж байгаа намд үйлчлээд байгаа юм л даа. Ингэвэл С.Эрдэнийн хэрэг нь гайгүй болох учраас энэ ажилд улайраад яваад байгаа нь илт харагдаад байгаа юм. Гэтэл хүн олдохгүй болохоор нь аргагүйн эрхэнд Ренчинтавхай гээд эрүүгийн гэмт хэрэгт холбогдчихсон хүнийг, мөн бусад хэрэгт холбогдсон хүмүүсийг өөр дээрээ авч байгаа болохоос МоАХ-ны жинхэнэ гишүүн хүмүүс С.Эрдэнэтэй хамт явахгүй байгаа шүү дээ.

-Та Д.Монголхүүг “Араа харж яваарай. Амь насаа мэдээрэй” гэж заналхийлсэн юм уу. Үүнд та тодорхой хариу тайлбар хэлэхгүй юү?

-Араа хараарай. Амьдралаа хараарай гэж би хэлэхгүй. Учир нь би хуульч хүн. Буруу юм хэлбэл үүрэх хариуцлага өндөр байдаг гэдгийг мэдэж байгаа учраас хүнд буруу үг хэлэхгүй л дээ. Зүгээр “Гадаа гараарай. Гарцгаагаарай. Хэдүүлээ гадаа гарч юмаа ярина шүү” гэж хэлээд явсан нь үнэн. Бага залуугаасаа хүнийг ингэж гүтгэж байгаа бол тэр хүн хол явахгүй. Би ч тийм хүүхдэд тэгж хэлээд яах юм бэ. Бараг намайг зодчихно шүү дээ. Би хөгшин хүн байж хүнийг тэгж хэлж тавтиргүйтэх ямар шаардлага байгаа юм бэ. Ер нь одоо үед томчууд гар зөрүүлэх нь битгий хэл хүүхдүүд хоорондоо зодолдохоо байчихсан үед хэн хэн нь үүрэх хариуцлага өндөр гэдгийг мэдэж байгаа учраас би тийм зүйл хэлэхгүй.

-2008 оноос даргаа сонгосон гэлээ. Энэ хугацаанд та бүхэн юу хийв ээ. Та бүхнийг “Женког өмөөрч нэг жагссан, түүнээс өөр юу хийсэн юм бэ” хэмээн шүүмжилж байсан учраас ийн асууж байгаа юм аа?

-Х.Баттулгыг Ерөнхийлөгч болсноос хойш бид хоёр ч удаа Их хурлаа хийлээ. Орон нутгийн бүх гишүүдийнхээ гишүүнчлэлээ баталгаажууллаа. Архивын бичиг баримтаа цэгцэллээ. Орон нутгуудад гишүүдийнхээ алдрыг тэмдэглэх, орон сууцтай болгох, тэдний ахуй амьдралыг сайжруулах чиглэлээр нэлээд их зүйл хийсэн л дээ. Жишээ нь, өнөөдрийн байдлаар партизан, ахмад зүтгэлтэн 103 хүнийг орон сууцтай болгосон. Одоогоор миний мэдэхээр 210 хүнийг гэртэй болголоо. МоАХ-ны гишүүдийн эрх зүйн байдлыг баталгаажуулахын тулд УИХ-д өөрсдийн гишүүдээр дамжуулж лобби хийж, ахмад зүтгэлтнүүдэд тусламж, дэмжлэг үзүүлэх хуулийн төсөл санаачилж орууллаа. Олон гишүүнээ одон медалиар шагнуулж алдрыг нь мөнхжүүлэх арга хэмжээ авлаа. Гишүүдийнхээ байрладаг байр, байгууллагаа тохижууллаа. Одоо бол ямар ч хүний өмнө нүүр улайхааргүй болсон. Урьд нь С.Эрдэнэ даргаар ажиллаж байх үедээ тэр байрыг тойрсон манай эзэмшлийн газрыг зарчихсан. 5600 м.кв талбайтай газар байсан чинь одоо 2000 м.кв үлдчихсэн байна. 3600 м.кв газрыг нь С.Эрдэнэ зараад идчихсэн. Тиймээс бид байгаа жаахан газартаа үйл ажиллагаагаа явуулж байна. Хоёрдугаарт, орон нутгуудад МоАХ-ны байртай болголоо. Энэ мэтээр хийж байгаа зүйл их бий. Ардчиллын 30 жилийн түүхэн архив маш том байх ёстой гээд 18 аймаг есөн хотынхоо МоАХ-ны гишүүдийн цэнхэр ном гэж дурсамжийн номыг хийлгүүлж, аймаг аймгаар гишүүдийнхээ дурсгалыг мөнхжүүлэх ажлыг зохион байгууллаа. Бүх аймаг өөрийн гэсэн ардчиллын цэнхэр номтой болоод авсан. Энэ мэтээр тоочвол сунжирсан их ажил байна.

-Ер нь байгууллага үйл ажиллагаа явуулахад санхүүжилт гэдэг асар хүнд асуудал үүсдэг. Үүнийг та бүхэн хэрхэн шийдвэрлэж байна. Дээр хэлсэн ажлуудад их л хөрөнгө шаардагдана шүү дээ?

-Бид хоёр зүйлээс санхүүждэг. Нэгдүгээрт, гишүүдийнхээ хандив, татвараар. Хоёрдугаарт, УЗ-ийн гишүүд жирийн гишүүдийг бодвол жилийн татвар нь жаахан өндөр. Мөн Х.Баттулга даргаас оруулж байгаа хандив гэсэн гурван зүйлээс манайх аппаратаа цалинжуулж байна. Үйл ажиллагаа явуулахад шаардагдах хөрөнгийг санхүүжүүлж байна. Жишээ нь, МоАХ-ны гишүүний ойрын хүн нь нас барлаа гэхэд бид байгууллагаасаа 200-500 мянган төгрөгийн тусламж үзүүлэх жишээтэй. Эрүүл мэндийн асуудал үүслээ гэхэд 200 мянгаас доошгүй төгрөгийн тэтгэмж олгоно гэх мэтээр чадлаараа туслахыг хичээдэг. Бичиг хэргийн зардал, байр, ус дулааны мөнгө зэрэг нэлээн зардал гардаг. Сая гэхэд нэг гишүүнийхээ зургийн үзэсгэлэнг байрандаа зохион байгуулж гаргалаа. Тэр үзэсгэлэн дээр олон хүн ирлээ. Тэр хүмүүсийн coffe break өгнө. Үзэсгэлэнг зохион байгуулах бүх санхүүжилтийг гаргана шүү дээ. Х.Баттулга гэдэг хүн байдаг учраас бид шийдээд байгаа юм л даа.

-Тэгэхээр МоАХ-д Х.Баттулгын нөлөө их гэж ойлголоо?

-Манай УЗ-ийн дарга учраас даргын хувьд энэ хүн байж л байгаа шүү дээ. Нөлөө гэдгийг юу гэж ойлгохоос шалтгаална.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Т.Доржханд: Хар тамгатай улстөрчдийг улс төрийн намууд нэр дэвшүүлдэггүй, иргэд сонгодоггүй байвал бодит үр дүн гарна

УИХ-ын гишүүн Т.Доржхандтай ярилцлаа.


-УИХ-ЫН ГИШҮҮН БОЛЧИХООД ХҮМҮҮСИЙГ ЗАГНААД, БЭЛДЧИХСЭН ТӨСЛИЙГ БАТЛУУЛАХАА ХУУЛЬБОЛОВСРУУЛАХ ГЭДЭГГҮЙЮМ ШҮҮ –


-ХҮН-аас улс төрийн хоёрдогч хүчин болсноо зарласан. Өнөөгийн түвшинд бидэнд улс төрийн сөрөг хүчний манлайлал их чухал болчихлоо. Хөгжлийн банкны асуудалд та болон ХҮН ямар манлайлал үзүүлж яаж ажиллах бол?

-ХҮН-ын даргын хувьд, Зөв хүн электорат эвслийг УИХ-д төлөөлж буй гишүүний хувьд Хөгжлийн банкнаас зээл аваад төлөөгүй байгаа нөхдүүдэд хатуу хариуцлага ногдуулах ёстой гэсэн байр суурьтай байгаа.

Нэгдүгээрт, хуулийн хариуцлага тооцох. Хоёрдугаарт, улс төрийн хариуцлага тооцох. Хуулийн хариуцлага нь их ойлгомжтой. Улсын хөрөнгийг шамшигдуулдаг, хууль шүүхийн байгууллагад захиалга өгч байгаад хэрэгсэхгүй болгож хариуцлагаас мултардаг, авсан зээлээ төлөхгүй байж болдог гэсэн “жишгийг” таслан зогсоомоор байгаа юм. Тиймээс эрүүгийн хариуцлага тооцож, барьцаа хөрөнгийг нь хураах, төрийн мөнгийг бүхэлд нь төлүүлэх ёстой гэсэн байр суурьтай байна. Ингэхдээ улсын төсөв болон Засгийн газрын зүгээс ямар нэгэн байдлаар хариуцлагыг нь үүрдэг байж болохгүй. Банкууд дампуурсан л бол түүнийг нь татвар төлөгчдийн мөнгөөр санхүүжүүлдэг буруу жишиг өмнө нь олон байсан. Ингэж болохгүй. Харин улс төрийн хариуцлагыг МАН, АН хоёр эхлүүлмээр байна. Энэ хоёр намын аль алиных нь нөлөө бүхий улс төрчид Хөгжлийн банкнаас бага хүүтэй, их хэмжээний мөнгө авсан, дийлэнх нь төлөөгүй. Энгийнээр хулгай хийсэн бас нэг л жишээ. Үүнийгээ ч аль аль нам нь хүлээн зөвшөөрч мэдэгдэл хийсэн. Хоёр сарын өмнө МАН 30 дугаар их хурлаа хийсэн. Тэр үед авлига албан тушаалын хэрэгт холбогдсон гишүүдтэй хатуу тэмцэнэ, намаасаа хөөнө гэдгээ зарласан. Үүнийгээ дүрэмдээ тусгасан гэж ойлгосон.

Тиймээс дүрмээ хэрэгжүүлж, намаасаа хөөж ёс зүйн хариуцлага хүлээлгэ гэж байгаа. Мөн МАН-аас сонгуульд дахиж нэр дэвшүүлэхгүй байх хязгаарлалтыг хийж өгөх шаардлагатай. АН ч ялгаагүй ийм хязгаарлалтыг хийх хэрэгтэй. Энэ санаачилгыг ХҮН-аас дэмжиж ажиллана. МАН, АН-аас чөлөөлөгдсөн нөхдүүдийг бусад намууд хүлээн авч улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй байх чиглэлд бусад бүх намууд тууштай зогсох хэрэгтэй. Тэр хүний улс төрийн карьерийг нь ингэж зогсоож, дахиж эрх мэдэлтэй байх боломжийг нь хязгаарлаж байж л энэ бүхэн сая бодитой ажил болно.

Муу зээлийн түүхтэй хүмүүст хар тамга дардаг. Тухайн улсад гэмт хэрэг зөрчилд холбогдсон эсвэл хууль бус үйл ажиллагаанд холбогдож байсан иргэдэд виз олгодоггүй, паспорт дээр нь хар тамга дардаг шүү дээ. Үүнтэй адил улс төрчдөд хар жагсаалт гаргаж, хар тамга дарах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, хар тамгатай улстөрчийг бусад намууд хүлээж авдаггүй байх ёстой. Мөн иргэд нь сонгодоггүй байх хэрэгтэй. “Уучлаарай, та хулгай хийсэн. Худлаа ярьдаг улстөрч” гэсэн хар тамгыг нийтээрээ дардаг байх ёстой. Үүнийг улс төрийн намууд, тэр дундаа МАН АН энэ хэрэгт нэр нь холбогдсон намын гишүүддээ улс төрийн, ёс зүйн хариуцлага тооцож манлайлал үзүүлэх хэрэгтэй байна.

-Хөгжлийн банкны зээлдэгч дотор барьцаа хөрөнгөгүй зээл авсан этгээд байна гэж ч байгаа шүү дээ. Дүрэм журам нь тийм сул юм уу. Та анх байгуулагдахад нь төсөл дээр ажиллаж байсан байх аа?

-Хөгжлийн банк анх 2010 онд байгуулагдсан. Анх байгуулагдахад би Сангийн яаманд ажиллаж байсан. Хөгжлийн банк ямар байдлаар явах ёстой вэ гэдэг анхных нь дизайныг Японы Хөгжлийн банк болон Экзим банктай хамтарч хийж байсан. Хөгжлийн банкийг байгуулах санаачилгыг тухайн үеийн Засгийн газар, УИХ дэмжсэн. Ингээд Хөгжлийн банкийг байгуулсан. Дизайныг гаргахдаа яагаад япончуудыг сонгосон бэ гэхээр тэд Солонгос, Сингапур, Хятад, Энэтхэгийн Хөгжлийн банкны дизайныг хийж өөрсдөө менежмэнтийг нь хийх байдлаар хөл дээр нь босгож ирсэн байдаг. Тэдгээр банкууд ч амжилттай ажиллаж байгаа. Хөгжиж байгаа манайх шиг улсын хувьд дэд бүтэц болон бүтээн байгуулалтын томоохон төслүүдийг санхүүжүүлдэг ийм платформ хэрэгтэй байдаг. Ийм санхүүгийн платформыг үүсгэх гэж л бид Хөгжлийн банкийг байгуулсан. Түүнээс гаднаас мөнгө босгоод хөөрхий улстөрчиддөө тараагаад өгье гэж байгуулаагүй. Анхны үндсэн концепци нь Засгийн газар баталгаа гаргах замаар гадагшаа бондоо зарж урт хугацааны хямд эх үүсвэр татан түүгээрээ эргэж орлого олох төслүүдийг санхүүжүүлэх.

Мөн бусад арилжааны банкуудын эх үүсвэртэй хольж төр, хувийн хэвшлийн хамтарсан төслүүдийг санхүүжүүлэх зэрэг олон хувилбараар тооцсон. Тухайлбал, Монгол Улсад хэрэгтэй өнөөх төмөр зам, цахилгаан станцууд, хил гааль, боомтууд, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын төслүүдийг санхүүжүүлэхэд мөнгө хэрэгтэй байна. Энэ мөнгө төсөвт алга. Төсвийнхөө мөнгийг 76 тийшээ цацчихаад байна. Өөр санхүүжилтийн эх үүсвэр хэрэгтэй байна гээд гадныхантай ярьж байгаад байгуулсан. Энэ санаачилгыг үндсэндээ Сангийн яам гаргаж Японы Хөгжлийн банкны менежмэнтийг оруулахаар ажилласан. Харамсалтай нь Японы баг ирж чадаагүй. Солонгосын баг ирсэн. Бүр харамсалтай нь Солонгосын багаа хоёр жилийн дараа хөөж явуулаад, нэг дарга нь өөрийнхөө туслахыг банкны захирлаар тавьчихсан. Ингээд л Ардчилсан намынхан баахан бонд босгож түүнийгээ үргүй цацсан. Дараа нь Ардын намын ээлж ирсэн. Мөн адилхан бие биедээ өгсөн, цацсан. Хулгай нь өнөөдөр ил гарч байгаа нь сайн. Гэхдээ хариуцлага заавал ногдуулах ёстой.

Өнгөрсөн 30 жилийн хугацаанд МАН, АН хоёр улс төрийн гол тоглогч байж ачаагаа үүрсэн гэдэг. Тэгвэл мөн олон ч хулгайг хамтарч хийсэн нь ил болж байна. Өнөөдрийн Хөгжлийн банк, өчигдрийн сангуудын хөрөнгө гээд ухвал олон.

-Нэг талаас нэгнээ хянаж, цэгнэж ярих нам хоёрхон байгаа болохоор энэ мэт асуудал гаардаг байх тийм үү. Ер нь улс төрд бусад намуудыг яагаад оруулдаггүй юм бол. Бусад намуудын улс төрийн оролцоог яаж нэмэгдүүлэх вэ?

-Сүүлийн 30 жилийн хугацаанд хоёр засагласан. Энэ хоёр нам улс төрийн хувьд өрсөлдөгч гэхээсээ илүү үеэрээ нийлж хулгай хийдэг хамтрагчид болчихлоо шүү дээ. ЖДҮ, Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сан, Хөгжлийн банк гээд цаашаа төрийн нууцад орсон бүр том хулгайнууд байна байна. Нууцалсан болохоос биш ил гаргавал өнөөдрийн Хөгжлийн банкны хулгай ч жижигт орохоор юм билээ. Энэ хоёр нам 30 жил засаглахдаа гуравдагч шинэ хүчин гарч ирэхээр нийлээд намначихдаг. Хоёулаа мөнхийн засаглана, хувааж иднэ, хулгай хийнэ гэсэн байдлаар явж ирсэн. Энгийн логикоор бодоход хамтарч хулгай хийсэн хоёр бие биендээ хариуцлага тооцох уу?! Гурав дахь этгээд хариуцлага тооцвол арай бодитой биз дээ. Ийм учраас л өнөөдрийг хүртэл шинэ намуудыг хамтарч намнадаг байсан юм билээ. Тухайлбал, 2016 онд ХҮН тэр намналтанд нь орж сонгуульд орж чадаагүй шүү дээ. Саяхан 2020 оны орон нутгийн сонгуульд оруулахгүй гээд хуучин ерөнхийлөгч нь хуулийн байгууллагаа ажиллуулаад бараагүй л дээ. Өнөөдөр ХҮН сүхээр цохиод ч унахааргүй бат бөх суурьтай буюу бодитой дэмжигчидтэй болчихсон. Сонгуулиар авсан саналаар дүгнэвэл нийт монголчуудын 20 хувийн дэмжлэг авсан улс төрийн бодитой хүчин болсон. Сүүлийн хоёр сонгуулиар дандаа хоёрт эрэмбэлэгдлээ.

Энэ хулгай, авлига, шударга бус шүүхийн асуудлыг шийдэхгүй бол Монгол Улс хөгжихгүй. Иймээс энэ хулгайтай тэмцэхэд улс төрийн гуравдагч хүчин маш чухал. Үүнийг ХҮН-ынхан бидний үүрэг гэж харж байгаа. Тиймээс хулгайчуудтай тэмцэнэ, хариуцлагыг нь тооцно. Хэрвээ ХҮН-ын нөхөр ийм хулгайд оролцсон байна гэвэл бид шууд намын гишүүнчлэлээс нь чөлөөлж, АТГ, хуулийн байгууллагад өөрсдөө хүргэж өгнө гэсэн дүрмийн зохицуулалттай. Үүнийгээ ч бид биелүүлээд явна. Гэхдээ өнөөдрийг хүртэл ХҮН-ынхны хувьд хулгайд оролцсон үүх түүх байхгүй. Бид оролцохгүй. Эсрэгээрээ энэ цэвэрлэгээг улс төрд хийнэ. Болж бүтэхгүй байгаа системийн гажуудлуудыг засна. Тогтолцооны өөрчлөлт нь зарим иргэдэд таалагддаггүй юм шиг байна. Таалагдахгүй байсан ч улс оронд хэрэгтэй өөрчлөлтүүдийг хэн нэг нь хийх л ёстой. Ирээдүйн Монголд хэрэгтэй өөрчлөлтийг ХҮН хойшоо суухгүйгээр, рейтинг маань уначих вий гэж санаа зовохгүйгээр эр зоригтойгоор, нэр төртэйгөөр хийнэ, хулгайтай тэмцэнэ.

-Ээлжит бус чуулганы үеэр Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах талаар та хөндсөн. Зарим гишүүд эгдүүцэж байх шиг байсан. Та яг ямар заалт оруулахаар санаачилж байгаа юм бэ?

-Тойргийн иргэдэд бэлэг сэлт тараадгийг хязгаарлах асуудал юм. Гишүүд өөрийнхөө тойрогт ямар нэгэн баяр тохиолдуулж бэлэг тарааж байна гэдэг нь ахмадуудаа хүндэлж байна гэсэн үг биш. Энэ бол ердөө санал худалдан авалт, авлига шүү дээ. МАН ч тэр, АН ч тэр 30 жил тарааж ирсэн. Зарим гишүүд маань мөнгө тараасан нь дээр ээ л гэж байна. Тулаад асуухаар сонгуулийн тогтолцоо ийм юм чинь яах билээ л гэж үнэнээ хэлж байна. Тэгэхээр шалтгаан нь тойргийн систем. 76 тийшээ жижигхэн төсвөө тараачихдаг. Шавар бурхнаас авахуулаад соёлын төв баахан цемент зуурдаг. Сонгууль дөхөөд ирэхээр баяр далимдуулж янз янзын бэлэг тараадаг. Иргэдэд нэг удаагийн бэлэг хэрэгтэй юм уу, эсвэл тогтвортой орлого, ажлын байр хэрэгтэй юм уу. Нэг Цагаан сарын өмнө тэтгэвэр нэмэх нь хэрэгтэй юм уу тэтгэврийн шинэчлэлээ хийж, мөнгө нь өсөж үрждэг, үржсэн мөнгө нь Цагаан сараа хийхэд хангалттай байх ёстой юу. Хүүхдийн мөнгөнөөс авахуулаад янз янзын халамжаа хавтгайруулж тараадаг. Тухайн хүнд тогтвортой орлого, ажлын байр, ажлын хамт олон, ажил хийх хүсэл зорилго, итгэл үнэмшил байх ёстой юм уу, аль эсвэл халамжлуулаад тойргийнхоо гишүүнийг бараадаад өгсөн юмыг нь ноёны хишиг шиг авдаг, түүнийгээ уламжлал, ёс заншлаар хаацайлаад явах юм уу. Үүнээс болоод л Монгол Улс хөгжихгүй байгаа шүү дээ. Тиймээс С.Одонтуяа гишүүнтэй хамтраад үүнийг халах хуулийн төсөл өргөн барина. Одоогийн Сонгуулийн хуульд зөвхөн тухайн сонгуулийн жилд ямар нэгэн бэлэг сэлт, эд өлгийн зүйл тарааж болохгүй гэсэн зохицуулалттай. Өөрөөр хэлбэл, 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш юм тарааж болохгүй. Бусад хугацаанд нь болно гэсэн зохицуулалттай. Тиймээс УИХ-ын гишүүн байх дөрвөн жилийн хугацаандаа ямар нэгэн эд зүйлс тараадаггүй болгоё. Ул боов, гурил, нүүрс зэрэг тараахгүй. Энэ бол нэг талаас иргэдийнхээ саналыг худалдаж авч байна. Нөгөө талдаа иргэдийнхээ улс төрийн боловсролыг нь дээшлүүлэх, улс төрийн идэвхтэй иргэн байх, сонголтоо өөрөө хийж, өөрийнхөө сонгогдсон гишүүнээр дамжуулж төрөө засагладаг ардчилал гэдэг зүйлийг устгаад байгаа юм. Тиймээс боов бус бодлого ярьдаг парламенттай байя л гэсэн. Цаашдаа аливаа хүн улстөрч болъё гэвэл бодлогоороо, хийсэн ажил, өмнөх үүх түүхээрээ, ирээдүйд хийх хөтөлбөрөөрөө өрсөлдөхгүй бол мөнгөтэй нь юм тараагаад гарчихаад байвал бодлого боловсруулагч биш, хамгийн их мөнгөтэй хүмүүс төрд сууна шүү дээ. Хамгийн их мөнгөтэй хүмүүс бидний үнэлэмжээр өөрийнхөө хүчээр амжилтад хүрсэн, үгүй бол төрөөс буюу “Хөгжлийн банкнаас” хулгай хийсэн хүмүүс байгаа шүү дээ. Ингээд харвал өөрсдөө мөнгөө олсон хүн УИХ-д их цөөхөн байгаа биз дээ. Бид төрд төвлөрүүлсэн мөнгөө хэдэн хулгайч нарт өгчихөөд, тэр хулгайч нарынхаа тараасан зүйлийг нь авчихаад уламжлал ярьж тэр хүмүүсээ толгой дээрээ залаад байвал энэ улсад яаж хөгжил ирэх билээ. Ажил хийдэггүй, бодлого ярьдаггүй, эсрэгээрээ ард түмэнд таалагдсан популизм хийдэг, ярьдаг, хулгай хийдэг, худлаа ярьдаг хүмүүсийг төрд гаргачихвал иргэд төрдөө итгэхгүй. Парламентын нэр хүнд унавал төр засаг тогтвортой байх уу. Эмзэг болчихвол бусад улсуудын хувьд бид хөнгөхөн зууш төдий болно.

-Н.Учрал гишүүн таныг нэг ч хуулийн төсөл дээр гар бие оролцож үзээгүй гэж хэлсэн. Та өнгөрсөн хугацаанд ямар хуулийн төсөл дээр ажиллав?

-Н.Учрал гишүүн маань өөрөө жаахан судалгаатай ярих хэрэгтэй болов уу. Би холбогдох мэдээллээ сошиалаар тавьсан. Сүүлийн 23 жил цаастай л ноцолдлоо. 1999 онд анх Сангийн яаманд орсноосоо авахуулаад худалч хүнд бараг сар болгон нэг хуулийн төсөл боловсруулдаг байлаа. Хуультай ноцолдоно гэдэг бол ажлын хэсгийг ахалж, ажлын хэсгийн гишүүдийг өрөөндөө дуудаж загнадаг, тэдний авч ирсэн төслийг батлуулахыг хууль боловсруулах гэдэггүй юм. Манай зарим нөхдүүд андуураад байх шиг байна. Хууль боловсруулна гэдэг эхлээд судалгаагаа хийнэ. Түүн дээрээ үндэслэж хуулийнхаа үзэл баримтлалыг өөрсдөө боловсруулдаг. Өөрсдөө боловсруулсныхаа дараа хуулийнхаа драфт хар зургаа гаргана. Энэ бүхнийг өөрсдөө хийдэг юм шүү дээ. Үүнийхээ дараа ХЗДХЯ-ны холбогдох хуульчдаас ажлын хэсэг гаргаж, хуулийн үг үсгийг нь засуулж, хянуулдаг. Ингээд хуулийн төсөл хэлэлцүүлэгт бэлтгэгддэг. Би энэ ажлыг 23 жил хийсэн. Жил бүрийн улсын төсвийн хуулийн төсөв дээр нь суудаг байлаа. Татварын маш олон хуулийн өөрчлөлтүүдийг хийж байлаа.

Баялгийн сан, Өрийн удирдлагын хуулийг санаачилж байлаа. Тендерийн тухай хуулийг 2000 онд хамт хийж, төсвийн тухай хууль болон тогтвортой байдлын тухай чухал хуулиуд дээр ажилласан. Үүгээрээ бахархдаг юм. Зөвхөн Монгол төдийгүй ОУВС-д ажиллаж байхдаа хөгжиж байгаа орнуудын өрийн удирдлага журам нь ямар байх, тогтолцоо нь ямар байх вэ гэдэг судалгааг нь хийж журмыг нь гаргаж байсан л даа. Түүнээс УИХ-ын гишүүн гэхээрээ хүмүүсийг загнаад, Засгийн газрын бэлдсэн төслийг өөрийн нэр дээр батлуулж өөрөөрөө овоглох нь буруу л даа. Ер нь гишүүд хууль шинээр хийхээсээ илүү хуулийн хэрэгжилт дээр түлхүү анхаармаар байгаа юм. Мөн сайн хуулийг гишүүд биш, институци буюу Засгийн газар хийдэг, тэр нь ч зөв. Чанартай, чанаргүй хуулийн тоогоор өрсөлдөх нь буруу хандлага гэж тэмдэглэмээр байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Д.Тогтохсүрэн: Энэ парламент Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахгүй бол олон асуудал шийдэгдэж чадахгүй

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнтэй ярилцлаа.


-УИХ-ын 2021 оны намрын чуулган завсарлалаа. 2016 оноос хойш дийлэнх олонхын суудлаа алдалгүй хадгалж буй намын бүлгийг даргалж байгаа хүний хувьд намрын чуулганы онцлогийг товч дүгнэхгүй юү?

-Намрын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлуудаа бүрэн хэлэлцэж дууссан гэж бодож байна. Онцлог хэд хэдэн зүйл бий. Нэгдүгээрт, мэдээж 2022 оны улсын төсвийг хэлэлцэж баталсан. Мэдээлэл технологийн чиглэлээр Хувь хүний мэдээллийг хамгаалах тухай, Нийтийн мэдээлээллийн тухай, Цахим гарын үсгийн тухай гэсэн гурван том хуулийг хэлэлцэж баталлаа. Шүүхийн тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд Шүүхийн ерөнхий зөвлөл, Сахилгын хорооны бүрэлдэхүүнийг УИХ сонгон шалгаруулж, томиллоо. Хүний эрхийн болон Хүний эрхийг хамгаалагчийн тухай хуулиудыг баталлаа. Оюу толгойн төсөлтэй холбоотой Монгол Улсын эрх ашгийг хангахтай холбоотойгоор асуудлаар УИХ томоохон шийдвэр гаргасан. Хэдий ковидтой байсан ч намрын чуулган танхимаар хуралдлаа. Бүхэлд нь дүгнэвэл энэ намрын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн бүх л асуудлуудаа хэлэлцэж дууслаа.

-Та хоёр парламент дамнаж эрх барьж байгаа намын бүлгийг толгойлж байна. Ер нь олонх ч бай, цөөнх ч бай ер нь намын бүлгийг толгойлно гэдэг амаргүй ажил уу?

-Бүлгийн дарга гэдэг тэр дундаа олонхын бүлгийг даргална гэдэг бол их ярвигтай ажил. Засгийн газар болон гишүүдийн өргөн барьсан бүх л хуулиудыг дэмжиж, ажлын хэсэг байгуулж, Их Хурлаар хэлэлцүүлж авч гарах нь бүлгийн үүрэг байдаг. Тиймээс бүлэг ачаалал ихтэй ажилласан гэж бодож байна. Бүх хуулийн төсөл дээр ажлын хэсэг гаргаж ажилладаг. Шаардлагатай бол ажлын хэсгийн дүнг бүлгээр заавал хэлэлцэж шийдлээ гаргадаг. Зарим тохиолдолд тодорхой шийдэл гаргахаас аргагүй асуудлууд ч олон байдаг. Манай намын гишүүдийн хувьд ирц сайтай, Засгийн газраас болон УИХ-ын гишүүдийн өргөн барьсан хуулийн төсөл дээр их идэвхтэй ажиллаж, аль болох улсынхаа эрх ашигт нийцсэн эрх зүйн шинэчлэл хийхийн төлөө ажиллалаа.

-Үндсэн хуульд дахин нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудал нийгмийн анхаарлыг татаж байна. Чуулган, байнгын хороогоор хэлэлцэхээс өмнө бүлгийн хурлаар хэлэлцэж нэгдсэн ойлголцолд хүрдэг шүү дээ. Та бүлгийг толгойлж байгаа хүний хувьд, мөн 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд гар бие оролцсон хүний хувьд эцэг хэмээгддэг хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулах асуудалд ямар байр суурьтай байна вэ?

-Энэ асуудал дээр би хувь хүнийхээ үүднээс байр суурийг илэрхийлье. Учир нь одоогийн байдлаар албан ёсоор хуулийн төсөл нь өргөн баригдаагүй байна. Мөн энэ асуудлыг албан ёсоор бүлэг дээр ярьж шийдэл гаргаагүй байна. Тиймээс би цэвэр хувийн байр сууринаас ярья. Бид 2019 онд Үндсэн хуульд нэлээн сайн өөрчлөлт оруулсан. Гэхдээ сонгодог парламентын тогтолцоог бий болгоход дөрвөн зүйлийг дутуу орчихсон. Үндсэн хууль батална гэдэг бол их хэцүү асуудал. Нэг нам 57-гоос дээш гишүүнтэй байж баталдаг.

МАНЕрөнхийлөгчийн сонгуульд оролцохдоо ч тэр, 2020 оны УИХ-ын сонгуульд орохдоо ч тэр сонгодог парламентын тогтолцоог төгөлдөржүүлнэ гэсэн хөтөлбөртэй дэвшүүлсэн. Энэ үүднээс авч үзвэл Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгтэй байгаа юм. Би дөрвөн асуудлыг шийдэх хэрэгтэй гэж боддог. Нэгдүгээрт, давхар дээлний асуудал. Парламентын тогтолцоотой улсад Засгийн газрын гишүүн заавал УИХ-ын гишүүн байдаг. Гэтэл УИХ-ын дөрвөөс дээш гишүүн давхар дээлтэй байж болохгүй гээд хуульчилчихсан. Яагаад ийм заалт оруулсан бэ гэвэл нэгдүгээрт, УИХ-ын гишүүүдийн тоотойгоо холбоотой. УИХ-ын 76 гишүүний 15 нь Засгийн газрын гишүүн болчихоор УИХдахь Засгийн газрын нөлөөлөл ихсээд парламентын нөлөөлөл буурч харагдаад Засгийн газар үндсэндээ парламентаа удирдаад байна гэдэг шүүмжлэл өрнөсөн учраас дөрвөн гишүүн байхаар заасан. Тиймээс УИХ-ын гишүүдийн тооны асуудлыг хөндөхөөс өөр аргагүй. Улсын Бага Хурал 1992 оны шинэ Үндсэн хуулийг өргөн барихдаа 110 гаруй УИХ-ын гишүүнтэй байх санал оруулж ирсэн юм байна лээ. Энэ тоог багассаар байгаад 76 болгож баталсан юм билээ. Тэр үеийн 76 одоогийн 76 хоёрын хооронд тэнгэр газар шиг ялгаа бий болчихоод байна. Тэр үед Монгол Улс 2.1 сая хүн амтай байсан бол одоо 3.4 сая хүн амтай болчихоод байна. Тиймээс гишүүдийн тоог нэмэгдүүлбэл нэмэгдүүлчихмээр байгаа юм. Хоёрдугаарт, сонгуулийн тогтолцооны асуудал. Ер нь улс орноо тогтвортой байлгая гэвэл холимог тогтолцоо буюу пропорцианалийн элементийг оруулах хэрэгтэй. Улс төрийн намууд гадаа тэмцэл хийхээс илүү парламентад орж асуудлаа ёстой юм. Манайхан аль болох өрсөлдөгчдөө парламентад оруулахгүй юм шүү гэж боддог. Гэтэл бусад улс орнууд гадаа байгаа нийгмийн тэр эд эс парламент дотроо орж асуудлаа ярих ёстой гэж үздэг. Иймээс пропорцианалийн элемент оруулах хэрэгтэй байгаа юм. Нөгөө талаар сонгогчдын санал бүрэн тусдаг эсэх асуудлыг цөөнхийнхөн дандаа ярьдаг. Энэ бол үнэн. Пропорцианаль системийн нэг онцлог нь сонгогчдын санал бүрэн тусдаг. Мөн энэ систем нь улс төрийн намуудыг хариуцлагатай болгодог.

Дөрөвдүгээрт, Ерөнхийлөгчөө парламентаас сонгох асуудал. Сонгодог парламентын тогтолцоонд ордог зүйл бол энэ дөрөв. Бид хийж чадахгүй яваад байгаа юм. Хэрвээ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудлыг парламент ярья гэж үзвэл энэ дөрвөн асуудлыг оруулах хэрэгтэй байх. Шинэ Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойн хүрээнд улс төрийн 23 нам хэлэлцүүлэг хийсэн. Энэ үеэр парламентын бус улс төрийн намууд энэ дөрвөн сэдвийг ярьж байна лээ. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна гэдэг бол хэн дуртай нь шууд яриад хийчихдэг асуудал биш. Хоёр том зөвшилцлийн хүрээнд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулдаг. Нэгдүгээрт, парламентын болон парламентын бус улс төрийн бүх намууд санал нэгдэх ёстой. Хоёрдугаарт, иргэдийнхээ саналыг авах ёстой. Бид 2019 онд орон даяар бүх нийтийн санал асуулга явуулж иргэдийнхээ саналыг сонссон. Хэрвээ Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна гэвэл энэ мэт их олон процедур өрнөдөг. Ингэх ч ёстой. Учир нь Үндсэн хууль учраас удаан хугацааны турш олон хэлэлцүүлэг явуулж байж чанартай юм гаргана.

2019 онд өөрчлөлт оруулахдаа бид 65 суудалтай байсан. Одоо 62 суудалтай байна. Нэг нам 57-гоос дээш суудалтай байж Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах боломжтой байдаг. Хэрвээ энэ парламент Үндсэн хуульд дахин нэмэлт, өөрчлөлт оруулахаар бол оруулчихмаар л байгаа юм. Одоо чадахгүй бол нэг хэсэгтээ дээр дурдсан асуудлууд шийдэгдэхгүй. -Мөн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахад хувь гишүүдийн чадамж чухал байдаг уу. Ингэж асууж байгаа учир нь энэ парламентын, тэр дундаа танай бүлгийн гишүүд шинэ залуу үе ороод ирлээ. Зарим нь хуулиа уншихгүй гарын үсэг зурж, кнопдож байна шүү дээ?

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах дэд ажлын хэсэгт маш олон хүн орж ажилладаг. Тухайлбал, 2019 оны нэмэлт, өөрчлөлтийг хийхдээ мэргэжлийн 100 гаруй хүнийг гаднаас татан оролцуулж байсан. УИХ-ын Тамгын газар, Их сургуулийн багш нар, Засгийн газрын холбогдох албан тушаалтнууд, төрийн бус байгууллагуудын төлөөллүүд, Үндсэн хуулийн судлаачид зэрэг олон хүнийг оролцуулдаг. Бага хурлын гишүүн байсан Д.Ламжав гуайг 2019 оны Үндсэн хуулийн өөрчлөлтөд судлаачаар оролцуулсан. Д.Ламжав гуай бол Цэц дээр маргаан их үүсгэдэг. Асуудлаа мэддэг. Үндсэн хуулийг судалсан хүн. Тиймээс нэмэлт, өөрчлөлтөд ажиллуулсан. Энэ мэтчилэнгээр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал бол зөвхөн УИХ-ын гишүүдийн асуудал биш.

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа гишүүн бүр өөр өөрсдийнхөө өнцгөөс саналаа өгдөг. Хэдийгээр олонх болсон нам бүлэгтээ ойлголтоо нэгтгэж, хайрцаглаад байгаа мэт боловч гишүүн бүр өөрийн өнцгөөс ханддаг. Саяны дээр ярьсан дөрвөн зүйл дөрвүүлээ 2019 оны нэмэлт, өөрчлөлтөөр яригдаж байсан. Гэтэл 57 гишүүний санал авч чадаагүй учраас дэмжигдээгүй.

-Тэгэхээр бүлэг ойлголцлын түвшинд хүрчээ гэж харлаа?

-Бид ойлголцохоос илүү иргэдэд ойлгуулах нь их чухал асуудал.

-МАН-ын 30 дугаар бага хурлаар та бүхэн авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон гишүүдийг намаасаа хөөнө гэсэн хатуухан мэдэгдлийг хийж байсан. Танай намд авлига, албан тушаалд холбогдсон УИХ-ын гишүүд, төрийн өмчит компанийг удирдаж байгаа гээд олон хүн албан тушаалын хэрэгтэй холбогддог. Энэ асуудал хэзээнээс хэрэгжих вэ?

-МАН-ын 30 дугаар их хурлаар намын дүрэмд орсон хамгийн том өөрчлөлтийн нэг бол энэ. Авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож яллагчаар татагдвал өөрийн саналаар шууд намын гишүүнээс түдгэлзэнэ. Тэр хүн буруутай байна гэсэн Шүүхийн шийдвэр гарвал намаас гарсанд тооцно гэдэг дүрэм гарсан. Үүнтэй холбоотой манай парламентын бүлэгт түдгэлзсэн гишүүн байгаа шүү дээ. Хэрэг нь эцэслэн шийдэгдээгүй ч түдгэлзчихсэн байгаа хүн бий. Энэ бол зөв жишиг. Би бол ганцхан парламентынхныгаа л ярьж байна. Гадна төрийн өмчит компани захирал ч гэдэг юмуу өөр хүмүүсийн асуудлыг мэдэхгүй байна. УИХ-ын гишүүдээс нэгт нь хэрэг үүсгээд явж байна. Бусдад нь албан ёсоор хэрэг үүссэн зүйл байхгүй шүү дээ. Хэвлэлээр янз бүрийн юм зөндөө л бичигддэг.

-“Бүдүүн бүлэг”-ийг толгойлж байгаа хүний хувьд та хил гаалийн асуудлыг шийдэх гарцыг та юу гэж харж байна. Эмзгээр харж хэлэхэд бид хилийн хоригтой л байна шүү дээ?

-Үнэндээ бидэнд хамгийн их тулгамдаж байгаа зүйл бол хил гаалийн асуудал. Хоёрдугаарт, тээврийн асуудал. Хил гаалийн асуудалтай холбоотойгоор нэг л жишээ авъя, Манай улсын ДНБ-ий 22 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлдэг. Экспортын 94 хувийг эзэлж байна. Дэлхийн зах зээл дээр уул уурхайн бүтээгдэхүүн үнэтэй байна. Ийм үед бид уул уурхайн бүтээгдэхүүнээ жаахан ахиу гаргачихмаар байна. Гэтэл хил нь хаалттай байна. Хил гаалийн асуудал 100 хувь ковидтой холбоотой. БНХАУ хоёр зорилт тавьчихсан юм билээ. Нэгдүгээрх нь, өвлийн олимпийг үзэгчтэй зохион байгуулна гээд гаднаас ковид орж ирэхээс сэргийлээд хаачихсан. Зөвхөн Монголыг хаачихаж уу гээд үзэхээр БНХАУ-тай хуурай газраар хиллэдэг найман улс байдаг. Тэр найман улсын хил яг манайх шиг хаалттай байна. Тиймээс хил гаалийн асуудал бол цэвэр ковидтой холбоотой. Өөр асуудалтай холбох аргагүй.

Олимп хурдан болчихоосой олимпийн дараа хил нээгдэх болов уу гэсэн ганц горьдлого байна. Хил нээгдэхгүй бол үнийн өсөлт, бараа бүтээгдэхүүний хомсдол бий болох нь. Энэ асуудлаа шийдэхийн тулд хоёр арга хэмжээ сая авлаа. Ковидтой холбоотой контениарын тээвэр авна гэсэн. Үүний дагуу Гашуунсухайтын боомтоор чингэлэг гарч байна. Засгийн газар арга хэмжээ авч Замын-Үүд боомтоор зөвхөн чингэлэг авч гаргадаг болж байна. Бусдыг хаагаад байна. Бид импорт, экспортын хувьд яах аргагүй урд хөршөөс хамааралтай болохоор хилийн хаалтад орчихоод хаа хаанаа хүндрэлтэй байна.

-Олимпийн дараа байдал яаж ч эргэж болно шүү дээ. Гэхдээ горьдлого тээх бус ямар нэг шийдэл олох хэрэгтэй юм биш үү, гишүүн ээ?

-Бид уул уурхайн, экспортын бүтээгдэхүүнээ хэнд өгөх вэ гэхээр урд хөршдөө л өгнө. Ганц гаргах гарц, гол худалдан авагч нь урд хөрш. Экспортоо нэмэгдүүлье гэхээр сая хэлсэнчлэн ковидтой холбоотойгоор хилээ хаачихаад байгаа болохоор яах ч арга байхгүй. Шат шатандаа л анхаарч байна. Олимпийн үеэр нь Ерөнхий сайд айлчлахаар төлөвлөж байна. Энэ үед энэхүү асуудлыг нэлээн сайн ярих болов уу гэж бодож байна. Манай Гадаад харилцааны яам, Бээжин дэх Элчин сайдын яам байнга л ажиллаж байна. Хятадын талаас “Ганцхан ковид л асуудал болчихоод байна. Танайд ковид илэрч байна” гээд байгаа юм. Манайд ковид байнга илэрч байна шүү дээ. Омикрон ширвээд өнгөрөх болов уу. Үүний дараа гайгүй болох болтугай гэж залбирч суухаас өөр аргагүй болчихоод байна л даа.

2022 онд 45 сая тонн нүүрс борлуулна гэж төлөвлөсөн. Их хүнд даалгавар. Хил гаалийн асуудал олон зүйлд нөлөөлж байна. Хил гааль, бараа бүтээгдэхүүний хомсдлыг бий болгох, юмны үнийг нэмж байна. Бизнес болон бусад юмнууд бүгд зогсчихлоо. Тиймээс хил гаалийг хурдан нээлгэх нь бидний гол зорилго болчихоод байна.

-Утаатай холбоотойгоор БОАЖ-ын удирдлагуудад хариуцлага тооцлоо. Хүн ярихаас илүү бид утаанаасаа яаж салах вэ. XXI зуунд ийм асуудал яриад сууна гэдэг бол эмгэнэлтэй л байна шүү дээ?

-Утаанаас салах гурван л арга бий. Нэгдүгээрт, орон сууцны барилгуудыг их хэмжээгээр бий болгож гэр хорооллуудыг багасгах ажлыг хийх ёстой. Хоёрдугаарт, 2019, 2020 онд хийгдсэн ажлын үр дүнд түлшээ сайжруулах ёстой юм байна гэдэг нэг гарц олсон. Утаа дахин ихэссэн нь түлшний технологитой холбоотой гэж бодож байна. Барьцалдуулагч бодис нь орж ирэхгүй байгаа юм билээ. Үүнтэй холбоотойгоор хатаалтын технологийн асуудал хүндэрч байгаа юм байна лээ. Халаалт, барьцалдуулагч муутай байгаа учраас түлшний хувьд технологийн алдаа гарч байгаа юм байна. Үүнтэй холбоотойгоор утаа ихсээд байна гэж харж байна. Дээр нь түүхий нүүрсний хяналтын асуудал байна. Иргэдийн амьдрал ахуйтай холбоотой зүйл ч байна. Нүүрснээс өөр зүйл түлж байгаа иргэд байна. Тэд 10 орчим хувь байна. Тиймээс түлшний асуудлыг бид заавал шийдэх ёстой. Гуравдугаарт, цаашид эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлж цахилгаан халаалтыг нэмэгдүүлэх хэрэгтэй. Энэ гурван аргыг хэрэгжүүлж байж утааны ард гарна. Энэ жилийн хувьд хил гаальтай холбоотойгоор ийм асуудал үүсчихлээ гэж харж байна. Судлаачид 2019 онд утаа 50 хувь буурсан гэж үзсэн. Энэ жил ковидтой холбоотойгоор, мөн хил гааль хаагдсантай холбоотойгоор барьцалдуулагчийн асуудал үүсчээ гэж дүгнэж байна. Утааны асуудал зөвхөн Улаанбаатарт бус орон нутгуудад ч үүсч, хавтгайрчихаад байгаа юм. Бид түүхий нүүрс түлдэг. Аль ч улс орнууд хөгжлийнхөө явцад утааны асуудлыг бүгд дамжиж, шийдэж ирсэн. Бид үүнийг аль болох хурдан шийдэх хэрэгтэй байна.

Хил гааль хаагдсантай холбоотойгоор төсвийн орлого хүндрэхээс гадна ард түмний амьдралд хүндээр тусч байна. Шатахуун, өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдчихсэн. Ийм хүнд үед тэтгэвэр тэтгэмжийг нэмэх хэрэгтэй байна. Тэтгэврийн дундаж нь 350 мянган төгрөг байна. Засгийн газар бололцоогоо дайчилж тэтгэврийг нэмэгдүүлэх ажлыг судал гэж ярьж байгаа. Тэтгэвэр нэмэхгүй бол иргэдийн амьдрал хүндэрч эхэллээ гэж харж байна.

-Олонх болно гэдэг хүлээх хариуцлага тэр хэмжээгээр нэмэгдэнэ байх. Та бүхний төсөөлж байгаагүй цар тахал дэгдчихлээ. Нөхцөл байдал хүндэрлээ. Амласан мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх чиглэлд та бүлгийн даргын хувьд яаж зангидаж ажиллаж байна вэ?

-Хаврын чуулганаар мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнэе гэж байгаа. Заалт бүр дээр нь сууж эхэлж байна. Бид мэдээж олон амлалт дэвшүүлсэн. Амлалтаа хэрэгжүүлэх үүрэгтэй. Ковидтой холбоотойгоор эдийн засаг хүндэрсэн асуудал бий. Гэхдээ УИХ, Засгийн газар томоохон бүтээн байгуулалтаа хийж эхлүүлнэ гэдэг том зорилттой явж байна. Төмөр зам, авто зам, эрчим хүчний асуудал гээд том асуудлуудаа ямартаа ч шийдэж ард гарна гэж бодолтой явж байна.

Дэд бүтцийн энэ салбар руу хөрөнгө нэлээн сайн оруулах хэрэгтэй гэж үзэж байгаа. Манай улсын хөрөнгө оруулалтын бодлого сонгогчдодоо таалагдах гээд сургууль, цэцэрлэг, эмнэлэг, соёлын төв гээд буруу яваад байгаа юм. Үзэхээр жижигхэн суманд 640 хүүхдийн сургууль, 240 хүний соёлын төв, 150 хүүхдийн цэцэрлэг бариад байгаа юм. Бидний хийж байгаа хөрөнгө оруулалтууд дандаа зардал нэмэгдүүлэх хөрөнгө оруулалт болчихоод байгаа юм. Нэг байшин барилаа түүний урсгал зардал, хашлага угсралтын зардал гээд явчихдаг. Дэд бүтцийн хөрөнгө оруулалт бол дандаа улс орондоо үр ашгаа өгч байдаг. Тиймээс дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг түлхүү явуулах хэрэгтэй гэсэн байр суурьтай байна.

-Та бүхэн бодлого боловсруулдаг хүмүүс учраас бодлогын баримт бичиг дээр суугаад иргэдийнхээ ахуйд тэр бүр орж гараад яваад байх боломжгүй, иргэдийн, нийгмийн байдлыг тоо, статистикаас харж дүгнэдэг болов уу. Та иргэдийнхээ амьдралд хэр ойр ажиллаж байна, иргэдийн амьдралыг хэр мэдэрч байна?

-Би иргэдийн дунд амьдардаг. Хүн тойрогтоо ажиллахдаа иргэдийнхээ дунд л байдаг. Би өмнө орон нутагт ажиллаж байсан учраас иргэдийн амьдралын түвшин хэр байгааг бүрэн мэддэг хүн. Сүүлийн 2020, 2021 онд иргэдийн амьдралын түвшин буурчихсан. Очоод үзэхээр хүмүүсийн хэрэглээ, бас монголчуудын нүүрээс нь ил харагддаг. Ковидтой холбоотойгоор иргэдийн амьдралын түвшин буурсан. Ядуурал, ажилгүй хүмүүсийн тоо нэмэгдэж байгаа.

Манай ахмад үе нийгмийн тулгамдсан асуудалд дүн шинжилгээ хийх талдаа ихээхэн мундаг хүмүүс. Саяхан 12 дугаар сарын сүүлээр Өвөрхангай аймагт ажиллаж 150-иад ахмадтай уулзалт хийсэн. Тэндээс хоёр зүйл харсан. Нэгдүгээрт, хүмүүсийн амьжиргааны түвшин өмнөх жилүүдээс буурчихаж гэж үзсэн. Хоёрдугаарт, ажилгүйдэл, ядуурлын хэмжээ нэмэгдсэн байна гэдэг нь харагддаг. Дээр нь нийгмийн стресс бухимдалтай холбоотойгоор архидалт их байна. Тиймээс цаашдаа хил гаалийн асуудлыг шийдэж, иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлэх чиглэлд нэн анхаарах зайлшгүй шаардлага байгаа юм. Уг нь бидэнд байгалийн баялгийг иргэн бүрд гэдэг том зорилт тавьсан.

Орлого бүрдүүлдэг үндсэн дөрвөн бүтээгдэхүүн болох алт, зэс, төмрийн хүдэр, нүүрсний дэлхийн зах зээлийн үнэ гайгүй байх нь. Үүнээс нэлээн их орлого олно. Үүнийг баялгийн сан руу хийнэ. Баялгийн санг ард түмний амьжиргааг дээшлүүлэх чиглэлд зориулах нь зөв гэж бид үзсэн. Энэ хаврын чуулганаар Баялгийн сангийн хуулийг хэлэлцэнэ. Гэтэл орлого олох гэсэн баялаг гацчихаад асуудал үүсээд байгаа юм. Амьжиргааны түвшинд нөлөөлж байгаа зүйл бол яах аргагүй хил гаалийн асуудал. Бизнесийн эргэлтийн асуудал. Одоо бол арай хүндрэл багатай салбар нь хөдөө аж ахуйн салбар. Өнгөрсөн жил цаг агаар гайгүй байсан учраас мал аж ахуй, газар тариалангийн салбар гайгүй байна. Бусад нь их хүндрэлтэй байна.

-Та ахмад хүмүүс нийгмийн тулгамдсан асуудлыг их сайн мэдэрдэг гэлээ. Танай нам шинэ залуу үеийнхнийг улс төрд их оруулж байна. Одоогийн Засгийн газрыг өмнөх Засгийн газруудтай харьцуулахад алдаа оноо нь юу байна. Дан залуучууд байгаа болохоор нийгмээ мэдрэхгүй байх тохиолдол ч гараад байх шиг?

-Бид алдаанаасаа байнга сургамж аваад явж байна. Манай намд сайхан залуу үе орж ирж байна. Энэ сайхан залуучууд түрж орж ирж нийгмээ шинэчилье, шударга ёс, хариуцлагын тогтолцоог бий болгоё гэсэн санаачлагыг их зөв гэж боддог. Үүний үр дүнд Оюу толгой, Эрдэнэт үйлдвэрийн асуудал зэрэг үр дүн гарч байна. Бодсоноос удаан байхыг үгүйсгэхгүй. Нам дотроо хамгийн том хэрэгжүүлэх зүйл нь карьерийн системийн асуудал. Би 2017 онд Төрийн албаны хуулийг санаачилж батлуулсан. Энэ хуулиар шатлан дэвших тогтолцоог суулгаж өгсөн. Одоо бүх улс төрийн намын дотор шатлан дэвших тогтолцоог бий болгохгүй бол болохгүй байгаа юм. Даргатай ойрхон байдаг, даргын танил хүн албан тушаалд очоод байгаа юм. Тиймээс бид саяны намын их хурал дээр үүнийг ярьж намын их хурлын дараа боловсон хүчнийг шилэх, сонгох, бэлтгэх, дэвшүүлэх журам гаргая гэсэн. Энэ журмын ажлын хэсгийг Ц.Мөнх-Оргил гишүүнээр ахлуулсан. Гурав, дөрөвдүгээр сараас хэтрэхгүй намын их хурлаар үүнийг батлах болов уу гэж харж байна. Японы либерал ардчилсан нам гэхэд асар том карьерын системтэй. Хатуу шатлан дэвших тогтолцоотой. Энэ хүн ийм албан тушаал хашиж байгаа. Үүний дараа энэ албанд томилогдоно гэдэг нь тодорхой байдаг. Үүн шиг бид яг ийм шатлан дэвших тогтолцоотой болгохгүй бол тохиолдлын хүмүүс албан тушаал дээр очдог. Тэр нь нийгэмд шүүмжлэгддэг байдал бий болчихсон. Гэтэл гадныхан “Дорж байгаль орчны сайд хийж байгаа. Доржийн дараа Дулам болно” гэдэг. Энэ бол шатлан дэвших тогтолцоо. Улс төрийн намын хуулийг хаврын чуулганаар хэлэлцэнэ. Энэхүү хуульд энэ системийн ерөнхий санааг тусгана гэж байгаа. Нам дотроо шатлан дэвших тогтолцоотой байна. Тэр тогтолцоогоор явна гэж зааж өгөхгүй бол улс төрийн намууд хариуцлагажихгүй байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Г.Амартүвшин: Банкууд орлого талынхаа зээлийн хүүг бууруулах сонирхол байхгүй байна

УИХ-ын гишүүн Г.Амартүвшинтэй ярилцлаа.


-Банкны тухай хуулийн хэрэгжилтийг хянаж, шалгах ажлын хэсгийн ажил ямар түвшинд явагдаж байна вэ?

-Ч.Хүрэлбаатар гишүүнээр ахлуулсан Банкны тухай хуулийн хэрэгжилтийг шалгах үүрэгтэй ажлын хэсэг үндсэн хоёр гол зорилготойгоор ажиллаж байна. Нэгдүгээрт, 2021 оны нэгдүгээр сарын 29-нд батлагдсан Банкны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хэрэгжилтийг хянах. Хоёрдугаарт, төрийн мөнгөний эх үүсвэрийг арилжааны банкинд байршуулсан. Түүний эрсдэлгүй байдлыг хэрхэн хангах вэ гэсэн хоёр зүйл байна.

Зургадугаар сарын 30 гэхэд системийн банкууд IPO хийх шаардлагатай байгаа. Банкны эзэмшил дээр нэг хүн, эсвэл аж ахуйн нэгж 20 хувиас илүү хувьцаа эзэмшихгүй гэж хязгаар тогтоосон. Гуравдугаарт, аливаа арилжааны банкны хувьцаа эзэмшигчийн эцсийн өмчлөгчийг тогтоох шаардлага тавьсан. Өөрөөр хэлбэл, төлөөллийн компани ч юмуу, эсвэл төлөөлсөн иргэн банкны хувьцааг эзэмшиж болохгүй. Яг жинхэнэ эзэмшигч нь хэн бэ гэдгийг тогтоох заалт орсон. Үүнээс гадна хэрвээ банкны хувьцаа худалдаж авч буй этгээд байвал худалдаж авсан эх үүсвэр нь хаанаас гаралтай, хууль бус эсэхийг шалгах хэрэгтэй байх. Энэ бол цаад утгаараа Хаан банкны асуудалтай холбоотой. Японы Савада Холдинг Хаан банкны хувьцааны 60 хувийг эзэмшдэг. Энэ хувьцаагаа худалдсан гэх мэдээлэл байна. Худалдаж авсан этгээд нь хэн бэ гэдэг нь ойлгомжгүй байгаа. Энэ асуудлыг Банкны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хэрэгжилттэй холбоотойгоор шалгаж байгаа.

-Савада Холдинг хувьцаагаа зарсан, Монгол талаас хувьцааг авсан гэсэн мэдээлэл ер нь хэр бодитой вэ. Эсвэл зүгээр төөрөгдүүлэх гэсэн мэдээлэл үү. Зарим эдийн засагчид 60 хувь гэдэг бол бодит бус, цаана нь далд хэдэн хувь ч байж болно гэдэг зүйлийг хэлж байгаа шүү дээ?

-Хамгийн гол нь үүнийг л тогтоох гээд байгаа юм. Бид Монголбанкнаас бүх мэдээллийг нь авч ажлын хэсэг танилцаж байна. Эхний байдлаар Монголбанкны удирдлагуудтай уулзсан. Аливаа банкны хувьцааг эзэмшигч нэг этгээд нөгөө хуулийн этгээдэд зарах нь чухал асуудал биш. Гол нь бүх зүйл хуулийн дагуу явагдах ёстой. Хэн худалдаж авсан, тэр худалдаж авсан этгээд хуулиар банкны 20-иос илүүгүй хувийг эзэмшихээр хуульчилсан. Ямар эх үүсвэрээр худалдаж авсан бэ гэдэг нь батлагдах ёстой. Тиймээс бидний гол анхаарлаа төвлөрүүлж байгаа асуудал бол үнэхээр Японы Савада Холдинг хөрөнгө оруулагч нь хувьцаагаа зарсан уу. Зарсан бол хэнд зарсан бэ. Эцсийн худалдан авагч, эзэмшигч нь хэн бэ. Гуравдугаарт, Монголбанк хуулийнхаа дагуу энэ процессыг зөв удирдсан уу. 2021 оны долдугаар сард Монголбанкны ерөнхийлөгчийн гарын үсэгтэй “татгалзах зүйлгүй” гэсэн албан тоот явуулсан байсан. Энэ нь Банкны тухай хуулийн заалтуудыг зөрчсөн бичиг байна лээ. Учир нь эцсийн өмчлөгчийг яагаад татгалзах зүйлгүй гэж гарын үсэг зурсан юм бэ. Үүнээс гадна тухайн албан тоот дээр нь огт хамаагүй заалтуудыг иш татаж оруулсан байна лээ. Тэр бол Банкны тухай хуулийн эзэмшилтэй холбоотой заалт биш. Үүн дээр асуултын тэмдэг гарч ирээд байгаа юм. Хаан банкны Монгол талын хувьцаа эзэмшигчид маргалдаж Монголбанкийг шүүхэд өгч шүүхийн хоёр шатны шийдвэр гарч, тэр албан тоотыг хүчингүй болгосон байна лээ.

-Албан тоотыг хүчингүй болгосонтой холбоотойгоор одоогийн нөхцөл байдал яаж өөрчлөгдөх вэ?

-Бидний зүгээс хуулийн дагуу Хаан банкны эзэмшилд ямар нэгэн өөрчлөлт ороогүй гэсэн байдалтай байна. Хэрвээ орсон бол хэн бэ гэдгийг тогтоох хэрэгтэй. Хоёрдугаарт, эх үүсвэрийн асуудал байна. Капитал банк дээр НД, ЭМД, Төрийн өмчит компани эх үүсвэрүүдийн 320 тэрбум төгрөг алдагдсан байгаа. Үүнээс гадна Үндэсний хөрөнгө оруулалтын банк, Чингис хаан банкны асуудал байна. Энэ бүгдийг бид хянах шаардлагатай. Учир нь төсвийн болон төрийн санхүү хэцүү байгаа үед бид ийм байдлаар мөнгөө алдмааргүй байгаа юм. Эцсийн эцэст татвар төлөгч нарын мөнгө шүү дээ. Тиймээс энэ мөнгийг банкуудад хамаагүй байршуулалгүй ямар шалгуураар байршуулж байгаа нь тодорхой баймаар байгаа юм. Жишээ нь, аливаа эх үүсвэрийг банкинд байршуулахдаа төвлөрөл үүсгэж болохгүй. Өөрөөр хэлбэл, өөрийн хөрөнгө нь 100-хан тэрбум төгрөг байвал 100 тэрбум төгрөгийн эх үүсвэр тэр банкинд байршуулж болохгүй. Ядаж 10, 20 хувийн лемиттэй байх хэрэгтэй. Хоёрдугаарт, Банкны зохистой бүх шалгууруудыг хянаж тухайн банк үнэхээр төлбөрийн чадамжтай эсэхийг шалгах хэрэгтэй. Зүгээр Сангийн дарга нь банкны захиралтай хүүгээ тохироод байршуулчихдаг ийм сонин зүйлээс бид аль болох холдох хэрэгтэй.

-Ажлын хэсэг дээр мэдээлэл сонсож байна гэлээ. Хаан банк бол арилжааны том банкуудын нэг. Хамгийн том нь учраас хамгийн их ашиг олж байгаа банкаар ч нэрлэгддэг. Ингэхэд Хаан банкны үр ашиг, орлого хэр хэмжээнд байдаг юм бол?

-Хаан банк бол манай улсын хамгийн том арилжааны банк. Дангаараа зах зээлийн 40 хувийг эзэмшдэг. Иргэдийн банкны үйлчилгээний 70, 80 хувийг дангаараа үзүүлдэг. Системийн хамгийн ач холбогдолтой банк. Тиймээс Хаан банкны тогтвортой байдал нь нийт системдээ чухал нөлөөтэй. Өөрөөр хэлбэл, Хаан банкинд ямар нэгэн асуудал үүсвэл арилжааны банкны систем тэр чигтээ ганхаж эхэлнэ. Үүнээс гадна нэмэлт, өөрчлөлтөөр реформ хийх гээд байна шүү дээ. Энэ реформын эрчийг алдагдуулж, реформ хийгдэхгүй байх эрсдэл байгаа учраас үүнд би ихээхэн санаа зовж байна.

Арванхоёрдугаар сарын 31-ний тоон мэдээлэл нь хараахан гараагүй байх шиг байна. Гэхдээ Хаан банк жилээс жилд хамгийн их ашигтай ажилладаг. Учир нь активийн хэмжээ нь маш их. Түүнээсээ хүүгийн зөрүүгөөр ашиг, орлого их олдог. Мөн хураамжаасаа ашиг олдог. Тиймээс яалт ч үгүй хамгийн ашигтай банк шүү дээ. Хаан банк энэ жилдээ багтаж IPO хийх байх. Тэр үед хөрөнгө оруулагчид нэлээн сонирхож хувьцаа худалдаж авах байх гэж бодож байна.

No description available.

-Үндэсний хөрөнгө оруулалтын банк, Чингис хаан банкууд дурдагдсан зээлээ төлөх боломжтой юу?

-Энэ мэдээллийг бид Монголбанкнаас шаардаж л байна. Ер нь бол энэ хоёр банк бусад банктай харьцуулахад санхүүгийн байдал нь хүндрээд нэлээн олон жил болж байна шүү дээ.

Төрийн сангуудын эх үүсвэр нь байршаад тэр нь яаж зарцуулагдаад, яаж төлөгдөж байгаа талаарх мэдээллийг бид авна гэж бодож байгаа. Одоогоор бид дүгнэлтээ гаргаж амжаагүй байна. Ер нь ажлын хэсгийн үр дүн юу вэ гэхээр УИХ-аар тогтоол батлуулна. Тогтоолын гол агуулга нь Банкны тухай хуулийн хэрэгжилтийг илүү чангатгаж хянуулах. Хоёрдугаарт, төрийн сангуудын эх үүсвэрийг эрсдэл талаас нь харж арилжааны банкуудад байршуулахгүй байх ийм утгатай тогтоол гаргах байх. Гэхдээ одоохондоо бид тэр шатандаа хүрээгүй байна.

-Үндэсний хөрөнгө оруулалтын банк эрсдэлтэй төрийн мөнгөний авлага 90 тэрбум байх үед Монголбанк яагаад 13 тэрбум төгрөгийн зээл олгосон юм бол?

-Нарийн зүйлийг нь сайн мэдэхгүй байна. Гэхдээ цаг хугацааны хувьд харах хэрэгтэй. Нэмэлт авсан 13 тэрбум зээлийг хэзээ авсан юм бэ. Аль ч улсын төв банк арилжааны банкуудаа хэцүү үед нь дэмждэг л дээ. Үүнд хуулиар хориглосон зүйл байхгүй. Эх үүсвэр нь өдөр тутмынхаа үйл ажиллагаанд ашигладаг эх үүсвэр биш, төлбөрийн чадварыг дэмжсэн дэмжлэг байдаг. Тиймээс хэзээ ямар нөхцөлөөр тэр эх үүсвэрийг өгсөн бэ гэдгийг харах хэрэгтэй. Цаг хугацааны дарааллыг нь харвал илүү тодорхой дүр зураг гарч ирэх байх гэж бодож байна.

-Зээлийн хүү бууруулах 21 дүгээр тогтоолыг Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцсэн. Хадгаламжийн хүү долоон хувь болсон. 21 дүгээр тогтоолоор зээлийн хүү жилийн 12 хувь болох ёстой юм байна гэж ойлгосон. Энэ яагаад хэрэгжихгүй байна?

-Төгрөгийн хадгаламжийн хүү хоёр оронтой тоотой байж байгаад одоо зургаан хувьтай байна. Тэгэхээр банкуудын эх үүсвэрийн өртөг нь нэлээн буусан гэсэн үг. Өөрөөр хэлбэл, банкууд хадгаламж татаад түүнийхээ зөрүүнд ашиг хийж байгаа шүү дээ. Өмнө нь банкууд “Эх үүсвэр үнэтэй байгаа болохоор зээлийн хүүгээ бууруулж чадахгүй байна. 12-14 хувиар хадгаламж татаад байгаа болохоор яалт ч үгүй 16-18 хувиар зээлж байна” гэж байсан. Одоо бол эх үүсвэр нь долоон хувьтай болчихсон. Тэгэхээр тэрийгээ дагаад зээлийн хүү нь буурах ёстой биз дээ. Гэтэл Монголбанкны удирдлагын хэлж байгаагаар зээлийн хүүгийн жигнэсэн дундаж 16.8 байснаа 15.5 болж буурсан гэж байна л даа. Үүнийг энгийнээр хэлбэл, нийт банкуудын зээлийн багцын дунджийг үзвэл 15.5 хувьтай байна гэсэн үг. Тэгэхээр зээлийн хүү буурсан уу гэвэл уг нь буурсан байна.

Зээлийн хүртээмж сайжирч байгаа. Гэхдээ шинээр зээл авъя гэсэн аж ахуйн нэгжүүд төдийлөн зээл авч чадахгүй байгаа. Хоёрдугаарт, 10 их наяд хөтөлбөрийн хүрээнд банкууд түүнээс эх үүсвэр авч бага хүүтэй эрэлтийн хөрөнгийн зээл гаргасан. Гэхдээ тухайн банкууд хуучин харилцагчдаа дахин санхүүжүүлсэн байна гэж хараад байгаа юм. Өөрөөр хэлбэл, өмнө нь 16 хувиар зээл авсан нөхдүүд эргээд гурав юмуу есөн хувийн хүүтэй зээл авсан. Одоо байгаа зээлийнхээ хүүг бууруулж дахин зээл авсан байна гэж хараад байгаа юм. Энэ хөтөлбөр аж ахуйн нэгжид тодорхой дэмжлэг болсон байх. Гэхдээ шинээр зээл гаргах нь төдийлөн сайн явахгүй байна. Ер нь зээлийн хүү үүнээс илүү хурдан буурах хэрэгтэй байна гэдгийг байнгын хорооны хурлаар ярьсан.

-Хурдан буухгүй байгаа шалтгааныг юу гэж харж байна?

-Хоёр талтай. Нэгдүгээрт, банкууд ашгаа харж байгаа. Хямд эх үүсвэр байхад орлого талынхаа зээлийн хүүг хурдан бууруулах сонирхол байхгүй байна. Хоёрдугаарт, хэдэн жилийн өмнө зээл аваад тэр нь тухайн гэрээнийхээ хүүгээр явж байгаа юм. Хоёр жилийн өмнө жилийн 18 хувийн хүүтэй зээл авсан иргэн, аж ахуйн нэгж тэр зээлийн гэрээ дуустал тухайн хүүг төлнө. Шинээр зээл авбал одоогийн байгаа бага хүүтэй зээл авна. Тэгэхээр цаг хугацааны хоцрогдол байгаад байна л даа.

Цалингийн зээлийг бид хоёр, гурван жилийн гэрээтэй хийдэг шүү дээ. Зээлийн гэрээнд байгаа хүү нь яг тэр хугацаанд үйлчилнэ. Тэр хооронд зээлийн хүү нь буурчихвал хуучин зээл авсан иргэд, аж ахуйн нэгжүүд тэрийг хүртэж чадахгүй. Манайд хувьсах хүү гэж байдаггүй. Хэрвээ хувьсах хүүтэй байсан бол сар сараар зээлийн хүү нь буурах боломжтой. Манайх тогтмол хүүтэй учраас зээлийн гэрээнд заасан хүүг зээлийн хугацаанд төлөх шаардлагатай байдаг. Тиймээс цаг хугацааны хоцрогдол үүсээд байна гэж харж байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Р.Гончигдорж: Үндсэн хуульдаа сэтгэлийн хөөрөл, атгаг зорилгоор гар хүрч болохгүй

Дэд Ерөнхийлөгч, Улсын Бага Хурал, Улсын Их хурлын дарга асан, академич Р.Гончигдоржтой ярилцлаа.


-Ардчилсан хэмээн тодотгодог 1992 оны Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ой тохиож байна. Энэхүү эцэг хуулийг батлалцсан тухайн үеийн төрийн түшээдийн нэг бол та. Юуны өмнө танд баярын мэнд хүргэе.

-Баярлалаа. Ардчилсан Үндсэн хуулиа боловсруулж, хэлэлцэж, баталцгаасан Ардын Их Хурлын депутатууддаа, Улсын бага хурлын гишүүддээ, ард нийтээр хэлэлцүүлэхэд идэвхтэй оролцож санал бодлоо илэрхийлж байсан иргэддээ, Монгол Улсынхаа иргэн бүрт баяр хүргэе.

-Та бүхэн шинэ Үндсэн хуулийг батлахдаа ямар нэгэн эрх мэдэл, ашиг хонжоо бус нийт ард түмнийхээ шударга ёс, эрх тэгш байдал, ардчиллыг хангах ганцхан л зорилго өвөртөлж байсан байх тийм үү. Тиймдээ ч хугацаанаасаа өмнө бүрэн эрхээ шилжүүлсэн юм уу?

-Үндсэн хууль маань улс төрийн хүчнүүдийн зөвшилцөл, эвлэрлийн үр дүн, ард түмний хүсэл эрмэлзлийн илэрхийлэл, ардчилсан хувьсгалын ялалт баталгаа юм. Академич, депутат Р.Барсболд гуайн дурсаж бичсэнчлэн “Ардын Их Хурлын депутатуудын үнэнч байдал, шударга хандлага, улс төрийн хуйвалдаан болон аливаа намын муйхар үзэл суртлын дээгүүр эх оронч үзэл, ард түмний ашиг сонирхлыг дээдлэн баримтлагч байр суурь, шинэ үеийн амьсгаа үнэхээр ноёрхож байсан” нь олон зөрчил, ялгаа, бэрхшээлийг даван туулж Үндсэн хуулиа батлан гаргаж чадсаны “нууц” нь байсан юм. Үндсэн хуулийг хүчин төгөлдөр болгон мөрдөж эхлэх явдлыг удаан хугацаагаар алгуурлах нь эдийн засаг, улс төрийн төдийгүй ёс зүйн хувьд ч гэсэн зохисгүй хэрэг болно гэж үзсэн учраас таван жилийн бүрэн эрхтэй сонгогдсон Улсын Их Хурал, Улсын Бага Хурал нь өөрсдөө шийд гарган гурван жилийн бүрэн эрхээ дутуу орхин 1992 ондоо шинэ Үндсэн хуулийн дагуу Улсын Их Хурлын сонгууль явуулж Үндсэн хуульдаа бүрнээ шилжиж билээ. Үүргээ биелүүлчихлээ гэж сэтгэл ханан эрхээ гурван жилээр өөрсдөө “хасаж” чадсан нь тэр үеийн төрийн түшээд-депутатууд Улсын Бага Хурлын гишүүдийн өндөр ёс зүй байсан юм. Төрийн эрх мэдэл гэдэг бол “үүргээ биелүүлэхийн тулд олгогдсон эрх” гэсэн философи ийм л байлаа.

-1992 онд баталсан Үндсэн хуулиас хойш хэд хэдэн удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан. Үүний нэг нь “дордуулсан долоо” гэж цоллогддог 2000 оны өөрчлөлт. Тэр үед үнэхээр дордуулчихсан юм уу. Та хэрхэн дүгнэдэг вэ?

-1996-2000 онд сонгогдон ажилласан УИХ-ын үед Үндсэн хуулийн түвшинд бий болж байсан бэрхшээлүүдийг цаашид давтагдуулахгүйн тулд олонх, цөөнхийн 100 хувийн зөвшилцлөөр 1999 оны арванхоёрдугаар сарын 24-ний өдөр Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлттэй 2000 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдөр оруулсан нэмэлт өөрчлөлт нь хоёр өөр УИХ-аас баталсан ч үг үсгээрээ яг адилхан. Учир нь эхнийхийг нь Үндсэн хуулийн Цэцээс Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах Үндсэн хуулийн процессыг зөрчсөн гэж үзээд хүчингүй болгосон. Би тэгж боддоггүй.

Харин дараагийн УИХ процессыг нь Цэцийн хүссэнээр залруулан тэр нэмэлт, өөрчлөлтийг 2000 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдөр дахин баталж 2000 оны долдугаар сарын 15-наас дагаж мөрдсөн. Энэ хугацаанд өмнөх 1999 оны нэмэлт, өөрчлөлтийг дараагийн Их Хурлаас дагаж мөрдөнө гэсэнтэй тохирч байгаа юм. Тодруулж хэлбэл, нэмэлт, өөрчлөлтийн заалтууд Үндсэн хууль зөрчсөн тухай асуудал биш юм шүү. Ийм маргааныг Үндсэн хуулийн Цэц шийдэхгүй. Өнөөдөр ийм асуудал Цэц дээр яригдаж байгааг гайхаж байна. 50 гишүүнтэй олонх 25+1 гишүүнтэй цөөнхөөс хамаарч 51 хүргэж ирц бүрдэлгүй 30 хоног чуулганы хуралдаанаа хийж чаддаггүй, цөөнх Улсын Их Хурлын ганц дэд даргыг өөрөөсөө сонгуулна гээд долоо хоногоор гацаадаг, олонх Ерөнхий сайдаа УИХ-д оруулж ирж чадахгүй Ерөнхийлөгчөөр долоон удаа буцаалгаж зургаан сар үүрэг гүйцэтгэгч Ерөнхий сайдтай байж Ерөнхийлөгчийн зөвшөөрч болох хүмүүсээс дэвшүүлэхээс аргагүйд хүрдэг. Гишүүдээсээ Засгийн газрын гишүүн томилж нэг болохоор болдог, нөгөө болохоор бас болдоггүй. Энэ нь Цэцээс хамаараад байдаг. Гомдоллосон арав гаруй гишүүн нь цөөнхтэй нийлээд нууц санал хураалтыг ашиглан өөрийн Засгийн газраа огцруулаад байдаг гэх мэт бэрхшээл дундуур 1996-2000 оныг Улсын Их Хурал туулсан болохоор л долоон өөрчлөлт Үндсэн хуульдаа оруулсан. 2016-2020 оны УИХ дордуулсан долоог засах ёстой гэж популизм хийж Үндсэн хуулийг 2019 онд баталж, 2020 оны тавдугаар сард дагаж мөрдсөн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтдөө тэр долоог агуулгын хувьд өөрчилж чадаагүй. Зарим засвар бүлэг, зүйлийн байрлалыг солихоос хэтрээгүй. Энэ нь 2000 оны нэмэлт өөрчлөлт зайлшгүй хэрэгтэй юм байна гэдгийг зөвшөөрсөн хэрэг. Жишээ нь, нэг өөрчлөлт нь “Ерөнхий сайд дөрвөөс илүүгүй Засгийн газрын гишүүн УИХ-ын гишүүний албан тушаалыг хавсарч болно” гэж оруулсан өөрчлөлтдөө одоо “зовж” гар хөлөө хөдөлгөж байх шиг байна.

-2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн талаар та ямар үнэлэлт, дүгнэлттэй байдгийг асууна даа гэж бодож байлаа?

-2019 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдөр баталж 2020 оны тавдугаар сарын 25-ны өдрөөс дагаж мөрдөнө гэж тодотгоё. Нэмэлт, өөрчлөлт оруулах нь ийм хоёр шаттайг Үндсэн хуулийн 69 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт заасан байдаг. Тэгээд гурав дахь хэсэгт нь Улсын Их Хурлын ээлжит сонгууль, явуулахын өмнө зургаан сарын дотор Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж үл болно гэж заасан байдаг юм. Иймд энэ нэмэлт өөрчлөлт Үндсэн хуульд заасан процессыг зөрчсөн гэж үзэж Цэцэд хандсан ч Цэц маргаан үүсгэж хэлэлцээгүй. Ийм нэг сэтгэгдэлтэй байдаг юм.

Агуулгын талаар товч байр сууриа хэлье. Үндсэн хууль маань “товч” Үндсэн хуульд хамаарна. Иймд нэг түвшний асуудлууд нэг л түвшиндээ байх ёстой, эс тэгвэл Үндсэн хуулийн ба Үндсэн хуулийн биш гэсэн ялгаанд орж буруу агуулга илэрхийлэгдэнэ. Жишээлбэл, стратегийн биш ордын үр өгөөж ард түмэнд ногдохгүй байж болохоор юм шиг. Эсвэл Монгол Улсын төрийн байгууламжийн хувьд нэгдмэл байх явдлыг үгүйсгэх, энэ талаар ард нийтийн санал асуулга явуулж болох юм шиг гэх мэт үр дагавар гарах нэмэлт өөрчлөлт орсон. Ингэж болмооргүй.

-Уг нь шүүхийн реформ хийхэд чухал ач холбогдолтой Үндсэн хууль гэдэг шүү дээ. Гэхдээ УИХ-ын сонгуулиас өмнө гэж яараад таны дээр хэлсэнчлэн ийм дулимаг өөрчлөлтүүд оруулчихав уу?

-Яарснаасаа юу, санаатай юу эсвэл тохиролцож чадаагүй юм уу, тодорхойгүй ойлгомжгүй байдалтай нэмэлт, өөрчлөлтүүд бий. Шүүхийн бие даасан байдал, шүүгчийн хараат бус байдлыг хангахтай холбогдуулж оруулсан нэмэлт, өөрчлөлт нь ач холбогдолтойг огт үгүйсгэхгүй. Гэхдээ Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны гишүүдийг хаанаас томилохыг бүрхэг орхисноор эдгээр Үндсэн хуулийн байгууллагуудаар дамжаад шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хөндөж болзошгүй нөхцөл үгүйсгэгдэхгүй. Энэ нь ч Шүүхийн тухай хуулийн үүнтэй холбоотой заалт, саяхан болсон томилгоогоор харагдлаа. УИХ-аас зарим гишүүдийг нь томилохоор хуульчилсан нь УИХ нь Үндсэн хуулиа зөрчсөн эрх мэдлийг хуулиар өөртөө олгосон гэж үзэж байгаа. Учир нь Үндсэн хуульд УИХ-ын томилгооны эрх мэдлийг 25 дугаар зүйлийн 1 дэх заалтын 6 дахь хэсгээр “Ерөнхий сайд хуульд зааснаар УИХ-д ажлаа шууд хариуцан тайлагнадаг бусад байгууллагын (одоогоор ийм УИХ-ын биш долоон байгууллага байдаг) бүрэлдэхүүнийг томилох, өөрчлөх огцруулах” гэж тодорхой заасан. Гэтэл дээрх хоёр байгууллага нь ажлаа шууд хариуцан тайлагнах байтугай бүр хараат бус байх байгууллагууд шүү дээ. Энэ талаар Цэцэд миний бие мэдээлэл 2021 оны аравдугаар сард гаргасан ч одоо болтол маргаан үүсгэх эсэх талаар эцсийн хариу өгөөгүй л байна. Өөр нэг нь “Ерөнхийлөгчөөр… иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэсэн өөрчлөлт болон нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуульд энэ өөрчлөлтөд хэрхэн шилжих талаар огт заалт оруулаагүй нь тун асуудалтай байгаа юм. Нэгдүгээрт, Ерөнхийлөгчийн бүрэн эрх зургаан жил болсон, 2020 оны зургадугаар сарын 25-ны өдрөөс. Энэ нь тэр үеийн Ерөнхийлөгчид хамаарах уу, эс хамаарах уу? Зөвхөн нэг удаа сонгоно гэдэг нь дөрвөн жилээр (хоёр удаа ч дөрвөн жилээр) сонгогдсон хүнд хамаарах уу? тодорхойгүй. Тухайн үеийн Ерөнхийлөгчтэй тохиролцохдоо өөрөөр тайлбарласан уу? Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд бараг хамаагүй үг үсэг дутуу бичсэн тухай маргаан Цэцэд үүсгүүлээд Цэц түүнийг нь шийдэж нуугдмал байсан санаагаа Цэцээр гүйцэтгүүлсэн дээ. Яагаад анхнаасаа 30 дугаар зүйлдээ “…зургаан жилийн хугацаагаар сонгоно” гэж Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг заагаад хавсралт хуулиандаа “Энэ заалтыг 2021 оны сонгуулиар сонгогдох Ерөнхийлөгчөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж заагаад 31 дүгээр зүйлийн 7 дахь хэсгийн “зөвхөн нэг удаа улиран сонгогдож болно” гэснийг “Ерөнхийлөгчөөр зөвхөн нэг удаа сонгогдож болно” гэж их тодорхой хийж болоогүй юм бэ. Ямар ч хууль бичигчийн мэддэг зүйлчлэл биз дээ. Өөр ч юмнууд бий. Иймэрхүү л дүгнэлттэй байдаг даа. Үндсэн хуульдаа сэтгэлийн хөөрөл, атгаг зорилгоор гар хүрч болохгүй.

Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулиар би бас Цэцэд хандсан ч бас л маргаан үүсгэлгүй тагласан шүү.

-2019 оны нэмэлт, өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийн эрх мэдлийг бууруулж, Ерөнхий сайдынхыг нэмэгдүүлсэн. Хэдийгээр манай улс парламентын засаглалтай ч ер нь сүүлийн үед Засгийн газарт хүч төвлөрүүлэх нь ихдээд байна уу?

-Нэмэлт өөрчлөлтөөр Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 4дэх хэсэгт “Ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрхийг зөвхөн хуулиар олгож болно” гэж байсныг “…зөвхөн энэ зүйлд заасан хүрээнд хуулиар олгож болно гэж өөрчилсөн юм. Өмнө нь хуулиар Ерөнхийлөгчид хамаатай, хамаагүй олон бүрэн эрх олгочихсон гэх шүүмжлэл байсан. Энэ нь ч ортой юм. Гэтэл Ерөнхийлөгчид Үндсэн хуулийн бусад зүйлүүдэд (39.2, 51.2, 56.2) бүрэн эрх олгосон байдаг. Энэ зөрчил үү? Жишээлбэл, шүүхийн шүүгчдийн томилгоо, Улсын ерөнхий прокурор, түүний орлогч нарын томилгоог Ерөнхийлөгч эдгээр зүйлд заасны дагуу хийдэг. Энэ эрх мэдлийнх нь хүрээнд зайлшгүй байх эрх мэдлийг яах вэ? Өөр субьект хийх үү? Ерөнхийлөгч өөрөө татгалзлаа гээд болчих зүйл биш, үүргээс татгалзаж болдоггүй юм. Тэгээд л УИХ томилгоонуудтай холбоотой бүрэлдэхүүнийг авах уу? Үндсэн хуулийн төслөөсөө эхлээд байсаар ирсэн үзэл санаа нь шүүхийн бие даасан байдлын, шүүгчийн хараат бус байдлын баталгаа нь Шүүхийн ерөнхий зөвлөл (одоо нэмээд Шүүхийн сахилгын хороо), Монгол Улсын Ерөнхийлөгч байна гэсэнд оршдог. Ер нь хууль тогтоох, гүйцэтгэх шүүх эрх мэдлийг салган хуваарилж харилцан хяналт тэнцвэржүүлэлтийг хангахад Ерөнхийлөгчийн чиг үүрэг байдаг үзэл санаа Үндсэн хууль бий шүү.

Засгийн газрын хувьд орсон нэмэлт, өөрчлөлтийг бүрэн дэмждэг. Ерөнхий сайдад эрх мэдлээсээ илүү үүрэг их ирсэн гэж боддог. УИХ-ын өмнө сайд нар нь биш, Ерөнхий сайд л үүрэг хүлээнэ. Сайдаасаа болж ирэх эрсдэл Ерөнхий сайдад л нэмэгдэнэ. Дашрамд хэлэхэд, Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд хамаардаг Ерөнхий сайдыг томилох саналыг Ерөнхийлөгч УИХ-д оруулдаг үүрэгтэй заалтын Засгийн газрын бүлэгт аваачсан нь Үндсэн хуулийн бүлэг зүйлчлэлийг алдагдуулж байгааг хэлье. Ерөнхийлөгчид байдаг бүрэн эрхэд Ерөнхийлөгчийнхөө бүлэгт л байх ёстой.

-Гэхдээ л Засгийн газарт төвлөрсөн хүч “айхтар” байна шүү дээ?

-УИХ хуулиар Засгийн газарт хуулиар тогтоох ёстой хэмжээний эрхүүд олгож байгаа нь нэмэгдээд байх шиг санагддаг. Тухайлбал, ковидтой холбоотой зохицуулалтууд, түүний дотор төсвийн зарцуулалттай холбоотой. Энэ чинь Үндсэн хуулийн эрх мэдэл хуваарилах зарчмыг зөрчиж байгаа асуудал л орно шүү дээ. “… журмыг Засгийн газар тогтооно” гэсэн заалттай хуулиуд л их гараад байвал журмаар биш хуулиар тогтоох асуудлуудаа ч Засгийн газарт алдана шүү дээ. УИХ-ын чадавхтай л холбоотой юм. Тэгээд сайд нар хүчтэй харагдаад, сайд нь Улсын Их Хурлын гишүүн байхаар бодогдоод л эхэлнэ. Тэгж ч байх шиг байна.

-Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулаад гурван жил болж байгаа ч дахин нэмэлт, өөрчлөлт оруулах талаар эрх баригчид яриад байна. Үүнийг та юу гэж дүгнэж байна?

-Муугаар хэлбэл, “нохойд барьдаг мод” гэдэг шиг, сайнаар хэлбэл, “хүслийг хангагч шидэт саваа” гэдэг шиг Үндсэн хуулийн Цэц маань юу л болоод байна даа. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөрөө дутуу дулимаг хийсэн юмнуудыг нь хүслийнх нь дагуу биелүүлж өгдөг л болоод байна уу даа.

Би дээр хэлсэн, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөрөө “гоёж” 2020 оны сонгуульд орох гэж Үндсэн хууль зөрчин яарч цогцоор нь хийх нэмэлт өөрчлөлт, зохицлоор нь шилжүүлэх хавсралт хуулийг хийж амжаагүй. Өнгөрсөн хойно нь цэцэрхэж байгаа юм биш шүү. Ажлын хэсгийн хуульчидтай ч уулзсан, “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагуудаараа удаа дараа санал, шүүмжлэлээ хэлсэн. Бүр эцэст нь Цэцэд хүртэл хандаж засаж залруулах боломж гаргах юмсан гэж хичээсэн. Үндсэн хууль маань хүн бүрийн мэдэж сахиж явах нандин нь шүү дээ. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт тухайн УИХ оруулж болохгүй хоёр л заалт бий. Нэг нь дээр хэлсэн сонгуулийн өмнөх зургаан сар дотор, нөгөө нь хоёр удаа хэлэлцээд нийт гишүүний дөрөвний гурваас доошгүй санал авч эс чадвал тухайн УИХ дахин авч хэлэлцэхгүй гэж. “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай” хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан зүйл заалтад найман жилийн дотор дахин нэмэлт, өөрчлөлт оруулж болохгүй гэсэн заалттай юм. Үүнийгээ өөрчилж байж л асуудал яригдана л даа. Нөгөө талаас дандаа УИХ-ын дөрөвний гурваас олон суудалтай олонхтой УИХ-аас Үндсэн хуульд гар хүрэх нь улс төрийн ардчилсан соёл биш л дээ.

-Та давхар дээлтэй холбоотой заалтыг хэрхэн дүгнэдэг вэ?

-Саяны нэмэлт өөрчлөлтөөр Үндсэн хуулийн түвшинд Засгийн газрын гишүүнийг УИХ-ын гишүүнээс дээгүүр зиндаанд болгосон л доо. “…Засгийн газрын гишүүн нь Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно” гээд Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заачихсан. “УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн Дорж” гэдэг байсан бол одоо “Засгийн газрын гишүүн, УИХ-ын гишүүн Дорж” гэх болчихож байгаа юм. Уг нь “…Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн нь УИХ-ын гишүүдээс байж болно” гэж томьёолох ёстой байсан болов уу.

-Өмнө нь давхар дээл шиг муу юм байхгүй байсан бол одоо давхар дээл шиг сайн юм байхгүй мэтээр л яриад байна шүү дээ?

-Тийм ээ. “Давхар дээл” муухай гэдгээр Засгийн газрыг ч огцруулах “зэвсэг” хийж байлаа шүү дээ. 2000 оны нэмэлт өөрчлөлтийн “дордуулсан долоо”-гийн нэг гол нь гээд л. Үүнийг засна гэсэндээ “ичээд” оруулсан өөрчлөлтдөө одоо өөрсдөө бүдрээд байх шиг. Тэгээд Цэцээрээ “янзлуулах” гээд л арга саам хайж байна.

Уг нь хүн амын тооноосоо хамаарсан олон улсын жишгээр УИХ нь 140 орчим гишүүнтэй, сонгуулийн хувь тэнцүүлсэн, эсвэл холимог системтэй, Ерөнхийлөгчөө УИХ-аасаа сонгодог, УИХ-ын гишүүн сайдууд нь УИХ-даа жин дардаггүй тоотой байхад болохоор санал явуулж байсан юм. Гишүүдээ аргадсан төсвийн зарцуулалтыг бодоход зардал нэмэгдэхгүй л гэж байгаа юм даа.

-Давхар дээлтэй холбоотойгоор Цэцийн хурал хойшлоод байгааг та юу гэж харж байна?

-Боломжгүй зүйлийг болгох гэж оролдох хэцүү л дээ. Гаргалгааг олох аргагүй. Хүчээр хийхэд үнэнд гүйцэгдэх болохоор биеэ хураасан амьтан шиг л байх шиг байна. 1999 оны нэмэлт өөрчлөлтийг хүчингүй болгосонтойгоо адилтгаад болгочихъё гэхэд миний дээр хэлснээр Үндсэн хуулийн процессын алдаа гэж үзээд хүчингүй болгох аргагүй. Бас тэр заалтыг Үндсэн хууль зөрчсөн гээд хүчингүй болговол үр дагавар нь Цэц Үндсэн хуульд өөрчлөлт оруулсан болно. Энэ нь Үндсэн хуулиа зөрчсөн үйлдэл болно. Ийм л хайчинд байгаа болохоор элдэв шалтгаар хойшлоод байна. Гарах гарц бий. Цэцийн процессын хуулийн дагуу нэг гишүүн нь уг асуудлаар маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэснийг эсэргүүцсэн ажиллагаа үүсгэн, түүнийг нь авч хэлэлцээд тогтоолыг нь хүчингүй болгож асуудлыг дуусгах.

-Зарим улстөрчид тэр дундаа АН-ынхан сонгуулийн тогтолцоог Үндсэн хуулиар зохицуулах хэрэгтэй гэсэн байр суурийг илэрхийлдэг. Үндсэн хуульдаа пропорцианаль хувилбарыг оруулах ёстой гэдэг шүү дээ. Энэ талаарх таны бодол юу вэ. Заавал Үндсэн хуульдаа ингэж тусгах хэрэгтэй юү?

-Үндсэн хуулийн Цэц л энэ талаар нэг удаа болно, нөгөө удаад болохгүй гэсэн шийд гаргаад “хашраачихсан” юм л даа. 2012 оны сонгуулийг холимог системээр явуулахад Цэцэд маргаан үүссэн ч Цэц Үндсэн хууль зөрчөөгүй гэж үзсэн ч 2016 оны сонгуулийн сар гаруйханы өмнөхөн Цэц холимог системийг Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэлт гаргаж, тэр сонгууль хэцүүхэн л юм болсон л доо. Үр дүнд нь нэг нам давамгайлсан УИХ бүрдсэн. Харин саяны нэмэлт өөрчлөлтөөр сонгуулиас өмнөх нэг жилийн дотор сонгуулийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж болохгүй тухай заалт орсон нь чухал зүйл болсон.

Сонгох эрхийн гурван зарчим байдаг. Нийтийн, чөлөөтэй, шууд гэж. Шууд сонгох эрх гэдэг нь ямар нэгэн завсрын шат, дамжлаггүй сонгогчдын өгсөн саналын үндсэн дээр сонгуулийн дүн шууд гарч байх зарчим юм. Ийм утгаараа холимог систем нь Үндсэн хууль дахь шууд сонгох эрхийг зөрчихгүй гэж үзэх үндэстэй гэж боддог. Ийм байдлаар авч үзээд Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны хуулийн дагуу Цэцэд бүрэлдэхүүний олонх өмнө нь гаргасан Цэцийн шийдвэрийг дахин хянан үзэх санал гаргаж улмаар хүчингүй болгох нэг боломж, нөгөө нь Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулах. Ер нь тойргоо манаж, “усалж” байж сонгогддог байдлаас салахгүй бол Монголын улс төр цэвэр ариун байж чадахгүй нь ээ гэдэг дүгнэлт аль хэдийнэ бий болжээ. Ингэж салах арга нь сонгуулиа хувь тэнцүүлсэн хэлбэрээр явуулах л байна. Улсын Бага Хурал хувь тэнцүүлсэн сонгуулиар суудал хуваарилагдан байгуулагдаж байсан шүү. Байнгын ажиллагаатай анхны парламентынхаа сайн жишгийг эргүүлж авч ирэх цаг болсоон.

-Тантай ярилцаж байгаагийнх хэмээн олзуурхаж асуух асуулт, сэдэв их байна. Гэхдээ энэ удаагийнхаа ярилцлагыг ингээд өндөрлөе. Үндсэн хуулийг тойрсон ярих асуудал ч танд их байгаа байх. Тиймээс ярилцлагыг жаргааж та юу хэлэх вэ?

-Төрийн аливаа дарамт, даварсан үйлдлийн эсрэг иргэдийн гартаа барих ганц зэвсэг, хуулийн хамгаалалт нь Иргэн-төрийн хоорондын эрх тэгш нийгмийн гэрээний дээд хэлбэр, илэрхийлэл-Үндсэн хууль мөн гэсэн үг бий. Иймд иргэд минь Үндсэн хуулиа мэдэж, төр нь сахиж байх учиртай. Монгол Улсын Үндсэн хууль маань мэдэгтүн, сахигтун! гэсэн уриагаар төгсдөг билээ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Т.Энхтүвшин: Гуравдугаар сараас хил гаалийн асуудал сайжрах болов уу гэж бодож байна

УИХын гишүүн Т.Энхтүвшинтэй ярилцлаа.


-Та Өмнөговиос сонгогдсон гишүүн. Хил боомтын асуудалд анхаарч байна уу. Ер нь хил гаалийн асуудал хэзээ шийдэгдэх вэ?

-Манай улсын импортын ачаа барааны 80 хувь нь Замын-Үүд боомтоор орж ирдэг. Тодруулж хэлбэл, барилгын материал, тоног төхөөрөмж, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн зэргээр улсын нийт импортын барааны 80 хувь нь зөвхөн Замын-Үүдээр ирж байна. Одоогоор Монголоос төмөр замаар гарч байгаа экспортын ачаа эргэлт бүрэн зогссон. Харин БНХАУ-аас төмөр замаар импортын бараа бүтээгдэхүүн орж ирж байгаа. 2019 онд барьж байгуулсан нарийн царигаар чингэлэг тээвэр хийж байгаа. Эрээн, Замын-Үүдэд үүссэн асуудал өвлийн олимп, цар тахал мөн удахгүй болох коммунист намынх нь том хурал зэрэгтэй холбоотойгоор экспортын ачаа эргэлт бүрэн зогсчихоод байна. Иймээс Замын-Үүд боомтоор гарч байсан нүүрс, төмрийн хүдэр, зэсийн баяжмалууд экспортлогдож байна. Хоёрдугаарт, автомашинаар гаргадаг байсан барилгын материал, өргөн хэрэглээний бараа материалууд ч экспортлогдохгүй байна. Миний сүүлд авсан мэдээллээр, ойрын хугацаанд импортын ачаа эргэлтийг чингэлэг тээврээр гаргаж эхлэх цаашлаад хил нээнэ гэж ярьж байгаа юм байна. Хэрвээ хил нээгдчихвэл чингэлэг тээврээр бид бараа бүтээгдэхүүнээ татах боломж гарах нь. Бидэнд нэг анхаарах зүйл байна. Ес, арав, арваннэгдүгээр сард ковидын нөхцөл байдал манай улсад ихээхэн хүндэрснээс болж Хятадын тал хилээ хаасан. Тиймээс аль болохоор цар тахлын эсрэг арга хэмжээг сайн авч, зохион байгуулалтадаа анхаарах шаардлагатай. Тэр дундаа Замын-Үүдийг ногоон бүс болгох хэрэгтэй байна.

-Уг нь аль зунаас хойш л ногоон бүс болгохоор шат дараалсан арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа шүү дээ?

-Тийм. Ногоон бүс болгох чиглэлд олон ажил хийсэн. Харамсалтай нь халдварын тоо буурахгүй л байна. Гурав дахь тунгаа хийгээд нэг хэсэг багаслаа. Гэхдээ омикрон гээд шинэ хувилбар гарчихлаа

Шинэ жилээс хойш ковидын тохиолдол нэмэгдэж байна. Өнөөдөр гэхэд улсын хэмжээнд 500 гаруй тохиолдол бүртгэгдлээ гэж мэдээлж байна. Хэрвээ хилээ нээчихвэл хараа хяналтаа чангатгах, аюулгүй байдлаа хангах, ариутгал, тусгаарлах ажлуудыг маш сайн зохион байгуулах ёстой. Хилээ нээсэн ч гэсэн коронавирусийн халдварын тохиолдол энэ хэвээр буурахгүй байвал дахиад л хаачихна шүү дээ. Хил гааль нээлттэй байх эсэх нь биднээс бүрэн хамаарч байна. Иргэд, төрийн албан хаагчид хариуцлагатай байх ёстой байна. Иргэд өөрсдөө хариуцлагатай байж л хил гаалийн асуудал чөлөөтэй болно. Дахин нэг тохиолдол илэрвэл хилээ дахиад олон хоногоор хаалгана. Олимп гэхгүйгээр ямартаа ч импортын ачаа эргэлтийг ойрын хугацаанд нээх юм байна гэсэн мэдээлэл байна.

-Экспортынхоо бараа бүтээгдэхүүнийг гаргах чиглэлд урд хөрштэйгөө хэрхэн ойлголцож яаж гаргах вэ. Одоо бол Хангимандал, Гашуунсухайтын боомтоороо гаргаж байна. Тэр маш чамлалттай байна шүү дээ. Баталсан төсвөө бүрдүүлэх чадах эсэх гээд асуудал бишдэх нь?

-Алтанбулаг, Замын-Үүдийн боомт бол олон улсын зэрэглэлтэй боомт. Бусад нь энгийн зэрэглэлтэй. Олон улсын зэрэглэлтэй боомтод хараа хяналт, тавих дэг журам, шаардлага нь хатуу байдаг. Замын-Үүдийн боомтоор ганц Монголын бараа бүтээгдэхүүн гараагүй шүү дээ. Ази-Европыг холбосон зам учраас Европын холбооны транзит тээвэр, олон улсын бараа дамжин өнгөрдөг учраас бид өөрсдөөс шалтгаалах зүйлүүдийг сайн хийх хэрэгтэй. Коронавирусийн тохиолдлыг Замын-Үүдэд сайн хязгаарлаж чадвал хил цаашид чөлөөтэй нээгдэнэ.

-Цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ буюу Замын-Үүдийг ногоон бүс болгохыг багагүй хугацаанд ярьж байна. Гэвч авч хэрэгжүүлэх арга хэмжээ нь үр дүнгүй, тооцоо судалгаа нь төдийлөн үр дүнгүй байгааг юу гэж харж байна. Тэнд ажиллаж байгаа хүмүүсийн зохион байгуулалт нь дутаад байна уу төрөөс гаргах бодлого шийдвэр дутаад байна уу?

-Хариуцлагын асуудал гэж бодож байна. Монгол Улсын Засгийн газар их сайн ажилласан шүү дээ. Дэлхийн улс орнууд вакцинаа татаж аваагүй байхад манайх татаад авчихсан. Иргэдээ хоёр, гурав дахь тундаа хамруулаад явж байна. Хамгийн гол нь нэгдүгээрт ажил хийж байгаа доод шатны хүмүүсийн хариуцлагагүй байдал байна. Хоёрдугаарт, иргэд вакциндаа идэвхтэй хамрагдахгүй байна. Замын-Үүдийг ногоон бүс болгох гээд дэглэм тогтоочихоод байхад нууцаар орох ч гэдэг юмуу янз бүрийн байдлаар нэвтэрснээс өвчин дэгдсээр байна. Ер нь ганцхан Замын-Үүд гэлтгүй улс даяараа цар тахалтай тэмцэж байж хил гааль нээгдэнэ. Ялангуяа Замын-Үүд онцгой бүс. Тэнд ариутгал, халдваргүйжилт хэрхэн хийж, цар тахлын ямар дэглэм баримталж тэнд ямар дэглэм алдагдаж байгаа зэрэг асуудал тэдний нүдэн дээр ил байдаг зүйл. Тэнд зүүн аймгийг хариуцсан БНХАУ-ын Консул байдаг.

Засгийн газраас олон зүйл хийсэн. УИХ-аас Ковидын тухай хуулийг баталсан. Саяхан энэ хуулийг зургаан сарын хугацаагаар сунгалаа. Энэ бол цар тахалд анхаарлаа хандуулж, арга хэмжээгээ үргэлжлүүлж хэрэгжүүлье гэж байгаа юм. Түрүүний миний ярьсанчлан иргэд их хариуцлагагүй байна. Замын-Үүдээс ачаа татаад ирдэг, энд ачаагаа буулгачихаад ковидын шинжилгээ хийлгээд явах ёстой байтал шинжилгээний бичгийг худалдаж аваад, цар тахлыг нэмэгдүүлэх эрсдэл үүсгэдэг. Ийм байдлаас болж нөхцөл байдал хүндэрсэн.

-Одоо нөхцөл байдал амаргүй байна. Цаашид шийдэгдэхгүй бол манайд ямар эрсдэл үүснэ гэж та харж байна?

-Замын-Үүд Гашуунсухайт бол өөр боомтууд. Гашуунсухайтын боомт манайх экспортын бараа бүтээгдэхүүн буюу баялгаа гаргадаг боомт. Жижиг дунд бизнес эрхлэгч, барилгын компаниуд үйлдвэрлэгчид импортын бараа бүтээгдэхүүнээ гаргадаг гол боомт бол Замын-Үүдийн боомт. Бусад экспортын бараа бүтээгдэхүүнээ гаргадаг боомт нь Гашуунсухайт, Хангимандал, Шивээхүрэн зэрэг шүү дээ. Хоёр өөр статустай хоёр өөр боомт. Тиймээс дээр хэлсэнчлэн цар тахлын эсрэг хариу арга хэмжээг сайн хэрэгжүүлэх шаардлагатай.

Ковидын тухай хуулиар хил дээр байгаа бүхий л байгууллагыг нэгтгэж зангидаж, нэгдсэн зохион байгуулалтад оруулсан Хилийн боомтын бүрэн эрхт төлөөлөгчид ажиллаж байна. Тиймээс тодорхой хэмжээний ахиц дэвшил гарч байна. Тухайлбал, оны өмнө Сангийн сайдаар ахлуулсан ажлын хэсэг Гашуунсухайт боомтод ажиллаад ирсэн. Тэнд чингэлэг тээврийн терминалуудын талбайг хийчихсэн, чингэлэг тээврээр нүүрс гаргах бүх бололцоо боломжийг хангачихсан байгаа юм. Замын-Үүд дээр ч гэсэн тэг цэг дээрээс импортын ачааг татах тэр талбай, логистикийн төвийг бариад дуусчихсан байгаа. Иймээс импортын ачаа эргэлт явахад ямар ч саадгүй болсон.

-Хил гаальтай холбоотой асуудлын цаана улс төрийн хориг яваад байна уу гэж харах хэсэг байна. Үүнийг олон улсад хандах ёстой юу, НҮБ-д хандах ёстой юу зэрэг асуудлыг яриад байна?

-Тийм хориг байхгүй байх. Хүмүүс улс төрийн шалтгаан байна уу гэж хардаж л байна лээ. Миний бодлоор тийм зүйл байхгүй болов уу гэж бодож байна. Учир нь дэлхий нийтийг хамарсан олимп тэнд зохион байгуулагдах гэж байна. Ийм байхад Монголд цар тахлын тохиолдол тэг болсон уу гэвэл болоогүй байна. Манайхаас ковидын тохиолдол зөөвөрлөгдчихвөл халдварын нөхцөл тэр олон хүн амтай газар маш хурдтай тархана, маш хүнд байдалд орно. Тиймээс эрсдэлээс урьдчилан сэргийлж хил гаалийн асуудлыг чангатгаж байна гэж харж байна. Ямар нэгэн улс төрийн асуудал байхгүй байх.

-Төрийн зүгээс сайн бодлого шийдвэр гаргасан гээд байна. Төрийн бодлого байгаа онож уу гээд Замын-Үүдийн асуудлыг харахад нааштай дүгнэх боломжгүй л байна шүү дээ. Доод шатныхан шийдвэр гаргах шатныханд, шийдвэр гаргах шатныхан нь доод шатныхан руу буруугаа чихээд хийдүүлээд байна. Үнэхээр доод шатныханд асуудал байгаа бол хариуцлагажуулах чиглэлд яг яаж ажиллаж байгаа юм бэ?

-Хэллээ шүү дээ. Хариуцлагатай ажиллуулах үүднээс Ковидын тухай хуулийг зургаан сараар сунгалаа. Хоёрдугаарт, хил гааль дээр Хилийн бүрэн эрхт төлөөлөгчийг ажиллуулж байна. Хил дээр ажиллаж байгаа хилийн таван байгууллагыг нэгдсэн удирдлагаар хангадаг салбар нэгжийг ажиллуулж байна.

-Хилийн бүрэн эрхт төлөөлөгчийн газар байгуулагдаад бүтэн жил болох гэж байна. Үр дүн нь хэрхэн мэдрэгдэж байна уу?

-Их сайн үр дүн гарч байгаа. Тухайлбал, хилийн мэргэжлийн хяналт, хилийн цэрэг, гааль, гадаадын иргэн харьяатын байгууллага, орон нутгийн захиргаа гээд хилийн таван байгууллага байдаг. Эдгээр байгууллагууд өмнө нь салбар салбартаа мэдээллээ өгдөг байсан. Бүгдийнх нь мэдээлэл зөрдөг байсан. Одоо бол энэ таван байгууллагыг зангидаад нэгдсэн удирдлагаар хангаад нэг мэдээллээр цаад газартайгаа харилцдаг болсон. Хоёрдугаарт, энэ таван байгууллага бүгд босоо удирдлагатай болохоор ажлын уялдаа холбоо маш муу байсан. Гааль Сангийн яаманд, мэргэжлийн хяналт МХЕГ, гадаадын харьяатын байгууллага болон хилийн цэрэг Хууль зүйн яаманд харьяалагддаг байсан. Ийм босоо удирдлагатай байгууллагуудыг нэгдсэн удирдлагаар хангаж, эндээс гарсан шийдвэрийг тэнд хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж байгаа. Иргэдтэй холбоотой асуудлыг нутгийн гүнд байгаа Засаг захиргааны байгууллага нь хариуцаж байгаа. Өмнө нь бүгд босоо удирдлагатай болохоор жишээ нь, гаальтай холбоотой асуудал гарангуут ярихаар Гаалийн ерөнхий газар, Сангийн яамнаас асууна гэдэг байсан. Ингээд ажлын уялдаагүй байсан. Мөн ихээхэн үр дүн гарсан. Тухайлбал, чингэлэг тээвэр, терминал тусгаарлах байрны асуудлыг бүгдийг нь хийгээд дууссан. Хоёрдугаарт, орон нутагт байгаа бүх иргэдийг вакцинжуулж дууссан. Жолооч нарыг ирэхэд нь тусгаарладаг, эргээд гарангуут нь жолоочийг сэлгэдэг ч гэдэг юмуу бүх ажлуудаа хийсэн. Хуучин тийм байгаагүй. Нэгдсэн зохион байгуулалтад оруулж чадсан.

Үүнээс гадна Ковидын хуулийг сунгасан их зөв шийдвэр боллоо гэж харж байгаа. Ажил хийхэд хүнд байдаг. Тэнд асуудал гарлаа гэхэд УИХ-аар шийдүүлэх гээд гүйхээр цаг хугацаа их алддаг. Би аймгийн Засаг дарга байсан хүний хувьд зовлонг нь их сайн мэднэ. Бид аймгийнхаа ИТХ, Тэргүүлэгчийн хурлыг хуралдуулах гэж хичнээн их цаг хугацаа алддаг билээ.

-Хил гаалийн нэвтрэлттэй холбоотой авлигын асуудал шийдэгдсэн үү?

-Замын-Үүдэд тийм асуудал байдаггүй шүү дээ. Замын-Үүд чинь наанаасаа юм гаргадаг бус цаанаасаа авдаг газар шүү дээ.

-Хил гаалийн асуудлыг шийдэхгүй байгаа нь цөөн хэдэн эрх мэдэлтнүүдэд ашигтай байгаа болохоор ингээд явуулаад байгаа юм биш үү ч гэх юм?

-Энэ бол худлаа. Ялангуяа Хятадаас орж ирж байгаа бараа бүтээгдэхүүнийг бид өөрсдөө л татаж авч байгаа шүү дээ. Бид өөрсдийнхөө мөнгийг өгөөд худалдан авалт хийчихсэн юм чинь хурдан авахыг, цаад тал ч гэсэн хурдан гаргаж өгөхийг бодно биз дээ. Хил гаалийн асуудал нэгдүгээрт, цар тахалтай холбоотой. Хоёрдугаарт, өвлийн олимптой холбоотой. Гуравдугаарт, Хятадын коммунист намын хурал, ойтой холбоотой. Дөрөвдүгээрт, хятадууд хоёр дахь вакцины хамрагдалтаа сайжруулж байж хил гаалиа нээх болов уу гэж бодож байна. Миний бодлоор ирэх гуравдугаар сараас хил гаалийн асуудал сайжрах болов уу гэж бодож байна. Тэр дундаа нүүрсний экспортын хэмжээ, зэсийн экспортын хэмжээ, төмрийн хүдэр манайх валют олдог энэ экспортын хэмжээ сайжрах болов уу гэсэн өөдрөг бодолтой байна. Учир нь тэд түүхий эдийн хомсдолд нэлээн орчихсон байгаа. Гэсэн хэдий ч олимпоо амжилттай зохион байгуулахын тулд энэ хугацаанд халдварыг улсдаа нэвтрүүлэхгүйг хичээж байна. Гэхдээ Хятад гэлтгүй бусад орнууд ч ялгаагүй ийм байна. Би өнгөрөгч арваннэгдүгээр сард Казахстан явсан. Тэнд ч тийм байна лээ. Тэндхийн хил дээр өдөрт 800 машин гардаг байсан бол 40 болж буурч 4.5 мянган машины дараалал үүсчихсэн байна лээ. Энэ бол Хятадын талаас Монголд тавиад байгаа хориг биш юм билээ. Бүхий л улсууд ийм байна лээ. Та бүхэн Манжуурыг ч харсан байх. Манжуурт 26 мянган вагон оочерлож байна гэж байна шүү дээ. Замын-Үүд дээр нүүрс ачсан 800 гаруй вагон байна. Тиймээс энэ бол олимп, хурал нь дууссаны дараа түүхий эдийн таталтаа эрчимжүүлэх болов уу гэж бодож байна.

Categories
мэдээ улс-төр

С.Бямбацогт: Зөвшөөрснөөс бусдыг хориглодог хүнд суртлыг халах ёстой

УИХ-ын гишүүн С.Бямбацогттой ярилцлаа.


-Нэг даргын үед зөвшөөрөл цөөрөөд, өөр нэг дарга гарч ирэхээр өнөөх нь мөөг шиг ургадаг, олширдог байж таарахгүй –


-Та Зөвшөөрлийн хуулийг санаачлан өргөн барьсан. Ямар учраас энэ хуулийн төслийг боловсруулсан бэ?

-Анх нийтийн ашиг сонирхол, хүнийэрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, улс орны аюулгүйбайдалд хохирол учруулж болзошгүй, тодорхойнөхцөл, нарийн мэргэжил шаардах аж ахуйн зарим үйл ажиллагааг эрхлэхэд тусгайзөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүйболгохтойхолбоотойхарилцааг зохицуулах үүднээс Аж ахуйн үйл ажиллагааны тусгайзөвшөөрлийн тухайхуулийг 2001 оны хоёрдугаар сарын 1-нийөдөр баталсан юм билээ. Өнөөдрийг хүртэл Аж ахуйн үйл ажиллагааны тусгайзөвшөөрлийн тухайхууль болон салбарын шинжтэй100 гаруйхуулиар тусгайзөвшөөрөл, зөвшөөрөл олгох харилцаа ямар нэг хэмжээнд зохицуулагдаж байгаа. Тус хуульд өнгөрсөн хугацаанд нийт 69 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан нь сайжруулсан гэхээсээ илүүтэй дордуулж, нэр томьёоны зөрчил үүсэх, зарим талаараа хуулийн уялдаа холбоо алдагдахад хүргэсэн гэж хэлж болно.

Уг нь дээрх хуулиар тусгай зөвшөөрөл шаардахаас бусад төрлийн аж ахуйн үйл ажиллагааг хууль тогтоомж, стандартын шаардлагад нийцүүлэн, зөвхөн татварын байгууллагад бүртгүүлсний үндсэн дээр чөлөөтэй эрхэлж болохоор заасан. Гэтэл өнөөдрийн байдлаар олгож байгаа лиценз, баримт бичиг, тусгай зөвшөөрөл, эрхийн бичиг, гэрчилгээ зөвшөөрлийн тоо 1400-д хүрээд байна. Өөрөөр хэлбэл, хуульд заагаагүйзөвшөөрлийн чиглэл, төрлөөр шинээр дур мэдэн зөвшөөрөл олгож байна аа гэсэн үг. Энэ бүхэн бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаанд саад бэрхшээл, хүнд суртал үзүүлж байгаагаас гадна авлигын хорт үндэс цэцэглэх хөрс, бүр үржүүлэх хүлэмж нь болчихоод удаж байна. Зөвшөөрөл олгох үйл ажиллагааг өнөөдөр Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулиас гадна Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль болон салбарын бусад олон хууль тогтоомжоор зохицуулж байгаа нь нэгдсэн байдлаар уялдаатай зохицуулахад хүндрэл үүсгэж байна.

-Зөвшөөрөл авах шаардлагатай, шаардлагагүй гэдгийг хуулиас хараад олж мэдэх ямар ч боломжгүй болчихсон байгаа л даа?

-Яг тийм. Уг нь зөвшөөрөлтэйгөөс бусдыг хориглох биш, харин зөвшөөрөлтэйгөөс бусад нь чөлөөтэй байх нь хууль ёсны зарчим шүү дээ. Гэтэл хуулийг гажуудуулж, хувьдаа эрх мэдэл, ашиг хонжоо авлига харамж цуглуулах гэсэн нөхөд өнөөдрийг хүртэл хуулиас давсан цаас үйлдвэрлэж авлигын төмөр тор нэхэж, түүнийгээ улам бөхлөөд сууж байна. Үүнээс болоод үйлдвэрлэл бизнес хөгжихгүй байна. Хувийн бизнес эрхэлж махаа зулгааж байхаар төр лүү орсон нь хялбар гэж үзэгсэд олон болсон. Энэ нь иргэдийн буруу биш. Өнөөдөр бизнес эрхэлж байгаа иргэн, хуулийн этгээд дан ганц Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн хуулийг хараад ямар төрлийн үйл ажиллагааг зөвшөөрөлтэй эрхэлж болох, ямар үйл ажиллагааг зөвшөөрөлгүй эрхэлж болох вэ гэдгийг мэдэх ямар ч боломжгүй болчихсон. Хууль тогтоомж бүрийг уншиж судлах шаардлагатай байдал үүсч байгаа. Нөгөө талаар хуулиас давсан шийдвэрүүдээр зөвшөөрөл олгож байгаа байдал маш их газар авсан. Хэн нэгэн албан тушаалтан хуулиар тусгайлан эрх олгогдоогүй байхад дур мэдэн элдэв зөвшөөрөл бий болгодог. Энэ байдлыг нэг мөр цэгцлэхээс өөр аргагүй байна.

-Энэ чухал хуулийн төслийг гурван жил гаруйн хугацаанд хэлэлцэхгүй байсаар өдийг хүрлээ. Одоо ямар шатандаа явна?

-Миний бие нэр бүхий 22 гишүүний хамт аль 2019 оны гуравдугаар сарын 29-ний өдөр УИХ-д Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төсөл, Монгол Улсын Засгийн газраас 2019 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр УИХ-д Зөвшөөрлийн тухай, Зөвшөөрлийн жагсаалт батлах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг өргөн мэдүүлсэн байдаг. Одоо он гарвал төсөл хэвээрээ дөрвөн оныг үдэх нь.

УИХ дээрх хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг 2019 оны тавдугаар сарын 19-ний өдөр хэлэлцэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн. Тухайн үед УИХ-ын дарга дээрх хуулиудыг нэгтгэн хэлэлцүүлэх чиглэл өгсний дагуу ажлын хэсэг байгуулагдсан хэдий ч хойшлогдсоор өдий хүрлээ.Ер нь бол энэ хуулийн төслийг шуурхай хэлэлцүүлэх талаар миний бие удаа дараа шахаж, шаардсаар ирсэн. Миний мэдэж байгаагаар гурван ч удаа ажлын хэсэг солигдсон. Хамгийн сүүлд 2021 оны тавдугаар сард УИХ-ын даргын захирамжаар ажлын хэсгийг байгуулж, ахлагчаар УИХ-ын гишүүн Х.Ганхуяг ажиллаж байгаа.Ажлын хэсэг байгуулагдсаны дараа хуулийн төслийг нэгтгэх асуудлаар хуралдаж, Улсын Их Хурлын гишүүдийн өргөн мэдүүлсэн хуулийн төслийг суурь хууль болгон, тус хуулийн төслийн үзэл баримтлалын хүрээнд нэгтгэсэн төслийг боловсруулсан гэж ойлгосон. Нэгтгэсэн төслийг parliament.mn, lawforum.mn зэрэг сайтад байршуулсан байгаа.

-Та УИХ-ын чуулганы үеэр “Авлигыг бууруулна гэж ярьдаг ч хэрэгжүүлэх хүч зориг дутаж байна” гэж хэлсэн тань анхаарал татаж байлаа. Хууль батлагдсанаар яг ямар өөрчлөлтүүд гарах вэ?

-2020 онд Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхимаас аймаг, нийслэлийн 4075 аж ахуйн нэгжийн дунд явуулсан судалгаагаар “Авлига хээл хахууль хүндрэлтэй байна” гэж судалгаанд оролцогчдын 62 хувь нь хариулсан байсан. Мөн Азийн хөгжлийн сангийн хийсэн “Бизнес эрхлэлтийн орчин дахь авлигын нөхцөл байдал” судалгаагаар тусгай зөвшөөрөл авах болон лиценз авахтай холбоотой мэргэжлийн хяналт, гааль, татварын байгууллага дахь авлига буурахгүй байна гэсэн дүгнэлт гарч байсан.Зөвшөөрөл олгох харилцаа нь өөрөө ил тод, нээлттэй биш, тусгай зөвшөөрлийг олгох, сунгах, түдгэлзүүлэх, дуусгавар болгох зэрэг процесс ажиллагааг хуулиар нарийвчлан зохицуулаагүйгээс хэн нэгэн албан тушаалтан өөрийн дураар асуудлыг шийдвэрлэх боломжийг бүрдүүлснээр авлига, хээл хахуулийн хэргийн гаралт жилээс жилд нэмэгдсээр байна.Үүнийг багасгах гол хөшүүрэг нь ерөөсөө Зөвшөөрлийн тухай хууль юм.

-Хууль батлагдсанаар ямар үр дүн гарах бол?

-Нэгдүгээрт, зөвшөөрлөөр эрхлэх үйл ажиллагааны чиглэл, төрөл, эдгээр харилцаатай холбоотой суурь харилцаа маш тодорхой болно. Хэн нэгэн албан тушаалтан дураараа зөвшөөрөл олгохгүй, зөвшөөрлийн тоо, нэр төрлийг нэмэгдүүлэхийг хуулиар тас хориглоно. Мөн зөвшөөрлийн бүхий л ажиллагааг нээлттэй ил тод, шуурхай явуулах зарчмын хүрээнд зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд хуулийн хугацаанд зөвшөөрлийг олгох, эсхүл татгалзах хариуг зөвшөөрөл хүсэгчид өгөх, өгөөгүй тохиолдолд хуулийн хариуцлага хүлээнэ. Хоёрдугаарт, хуулиар хориглоогүй буюу хуульд зааснаас бусад үйл ажиллагааг иргэн, аж ахуйн нэгж чөлөөтэй эрхлэх боломж бүрдэнэ.Гуравдугаарт, зөвшөөрөл олгох үйл ажиллагаа ил тод нээлттэй болно. Үүн дээр цахим технологи ашиглаж, хүнээс хамаарах хүчин зүйлүүдийг аль болох бууруулах юм.

-Зөвшөөрлийн харилцааны хамгийн чухал нь ил тод байдлыг хангах явдал. Иймээс цахимжуулж, мэдээллийн нэгдсэн санд бүхий л явц мэдээллийг байршуулах юм байна гэж ойлгосон. Зөв үү?

-Зөвшөөрөл дагасан авлига гаарч байгаа нэг шалтгаан нь нэгдсэн мэдээллийн сан байдаггүйтэй холбоотой. Иргэдийн нүднээс далд байгаа юманд “авлигын үнэр” орохдоо амархан гэдгийн тод жишээ. Тэгэхээр энэ асуудлыг шийдвэрлэх гарц нь мэдээж, зөвшөөрлийн мэдээллийн нэгдсэн сан. Төрийн аль байгууллага, төрөөс эрх шилжүүлж авсан ямар мэргэжлийн холбоод ямар ямар зөвшөөрөл олгосон, яагаад зөвшөөрөл хүссэн иргэн, аж ахуйн нэгжид ямар учир шалтгааны улмаас зөвшөөрөл олгоогүй талаарх бодит үндэслэл, бүрдүүлэх бичиг баримт, тушаах улсын тэмдэгтийн хураамж гээд ер нь зөвшөөрөлтэй холбоотой бүхий л мэдээллийг ил болгох юм. Ингэснээр иргэн, аж ахуйн нэгжид үзүүлэх төрийн үйлчилгээний хүнд суртал арилах, авлига, албан тушаалын гэмт хэрэг гарахгүй байх нөхцөл бүрдэж, авлигын хэрэг тодорхой хэмжээнд буурна гэж харж байгаа.

-Тусгай зөвшөөрлийг олгох процесс яаж өөрчлөгдөх вэ?

-Хуулийн төслийн зорилт нь үндэсний аюулгүй байдал, санхүүгийн тогтвортой байдал, нийтийн ашиг сонирхол, хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд хохирол учруулж болзошгүй болон орчиндоо аюултай зарим төрлийн үйл ажиллагааг эрхлэх, төрийн нийтийн өмчийг ашиглахад эрх бүхий этгээдээс зөвшөөрөл олгох, олгосон зөвшөөрлийг сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох түүнчлэн зөвшөөрлийн ангилал, төрөл, тэдгээрийн бүртгэлтэй холбоотой нийтлэг харилцааг зохицуулахаар туссан.Тухайлбал зөвшөөрөл олгох, олгосон зөвшөөрлийг сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох харилцааг нэлээд тодорхой хуульчилсан. Эрх бүхий этгээд зөвшөөрөл хүсэгч өргөдлийг хүлээн авснаас хойш гурав хоногийн дотор бүрдүүлбэрийг хянаж хариу өгөх, хэрвээ бүрдүүлбэр дутуу байвал эрх бүхий этгээд үндэслэл бүхий тайлбартайгаар буцаах, хэрэв бүрдүүлбэр хангасан хэдий ч мэргэжлийн байгууллага, шинжээчийн санал, дүгнэлтийг гаргуулах шаардлагатай гэж эрх бүхий этгээд үзвэл долоо хоногийн дотор уг ажиллагааг гүйцэтгэж, олгох эсэх асуудлыг 17 хоногийн дотор шийдвэрлэх буюу нийт 30 хоногийн дотор холбогдох хариуг өгөх талаар төсөлд тусгасан.

-Яг ямар байдлаар тусгай зөвшөөрлийг олгох вэ?

-Түрүүн би бас яриандаа дурдсан. Хуулийн төслийг өргөн мэдүүлээд гурван жил болж байна гэж. Тухайн үед цахим шилжилтийн үеийн зохицуулалт бусад хууль дээр ч төдийлөн сайн тусгалаа олоогүй байсан гэж хэлэхэд буруудахгүй байх. Тийм ч учраас хуулийн төсөлд зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд зөвшөөрлийг олгох, сунгах ажиллагааг цаас болон цахим хэлбэрээр явуулж болно гэж сонголттой байхаар тусгасан. Өөрөөр хэлбэл, хуульд заасан тохиолдолд зөвшөөрлийг олгох, сунгах ажиллагааг хөнгөвчилсөн буюу хялбаршуулсан горимоор явуулах, түүнчлэн энэхүү харилцааг нэг цэгийн үйлчилгээний болон цахим хэлбэрээр зохион байгуулах, мөн цахим хэлбэрээр зөвшөөрөл олгох зорилгоор зөвшөөрлийг кодлох зэрэг асуудлыг тусгасан.Өөр цахимжуулахтай холбоотой, олон нийтэд нээлттэй ил тод байлгах чухал зохицуулалт бол зөвшөөрөлтэйгөөр эрхлэхээр олгосон нэг удаагийн болон олон удаагийн шинжтэйбүх зөвшөөрлийн бүртгэл, зөвшөөрөлтэйхолбоотойнийтлэг мэдээллийг агуулсан зөвшөөрлийн цахим нэгдсэн сантайбайх асуудал юм.

Зөвшөөрөл олгох, бүртгэх эрх бүхийэтгээд зөвшөөрлийн хууль тогтоомжийг хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаанд хяналт тавих, зөвшөөрлийн тухайхууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах үндэслэл, шаардлагын талаар санал дүгнэлт гаргах чиг үүрэг бүхийтөр, хувийн хэвшил, мэргэжлийн төрийн бус байгууллагын төлөөллөөс бүрдсэн орон тооны бус зөвлөл Ерөнхийсайдын дэргэд ажиллахаар төсөлд тусгасан.

Саяхан буюу энэ оны арваннэгдүгээр сард УИХ Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай, Нийтийн мэдээллийн тухай, Цахим гарын үсгийн тухай зэрэг хуулиудыг баталсан. Энэ хуулиуд болон одоо УИХ-аар хэлэлцэгдэх гэж буй цахим шилжилтийн асуудалтай холбоотой хуулиудтай нийцүүлж зөвшөөрлийг олгох, сунгах ажиллагааг 100 хувь цахимд шилжүүлэх эсэх асуудлыг ажлын хэсэг хуралдаж шийдвэрлэж таарна байх. Ер нь бол гадны зарим хөгжингүй улсууд зөвшөөрлийн харилцааг хүний оролцоогүй буюу цахимжуулснаар бизнес эрхлэгчдэд таатай орчин бүрдэж, эдийн засгийн өсөлтийн хувьд ч, авлигатай тэмцэх зорилгын хувьд ч илт сайн үзүүлэлт гарч байгаа.

-Зөвшөөрлийн хугацааны хувьд ямар байх вэ?

-Хуулийн төсөлд тусгай зөвшөөрлийн тоог 400 гаруй болгож даруй хоёр дахин бууруулж байгаа. Мэдээж чиглэлийнхээ дагуу салбар болгон тухайн үйл ажиллагааны хувьд онцлог шинж, тавигдах шаардлага өөр өөр байдаг. Энэ ч үүднээс салбар хуулиар зөвшөөрөл олгох хугацаанууд харилцан адилгүй байгаа. Зөвшөөрлийн бүхий л харилцааг нэг хайрцгаар зохицуулах боломжгүй. Өөрөө хэлбэл, хугацааны хувьд хатуу тоо тавих биш хамгийн бага байх боломжит хугацааг хуулийн төсөлд тусгасан. Төсөлд зөвшөөрлийн зорилго, олгох нөхцөл, үйл ажиллагааны эрсдэлийн түвшнээс хамааруулан тусгай, энгийн гэж ангилсан байгаа бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол тусгай зөвшөөрлийг таван жилээс доошгүй, энгийн зөвшөөрлийг гурван жилээс доошгүй хугацаагаар олгохоор тусгасан.Тухайн зөвшөөрлийн үйл ажиллагааны онцлог, эрсдэл, нөгөө талаасаа мөн л бизнес эрхлэгчдэд таатай байх нөхцөлийг бүрдүүлэх үүднээс хугацааны дээд хязгаарыг салбар хуулиараа зохицуулдаг байх нь зөв.

-Зөвшөөрөл олгох процессыг хүнд сурталгүй, тодорхой, чөлөөтэй болгож байгаа нь сайн хэрэг. Нөгөө талаар худалдаа үйлчилгээнд тавих стандарт, хяналтыг сайжруулахгүй бол ялангуяа хүнсний худалдаа, үйлчилгээнд асуудал үүсч, иргэд хохирох вий.

-Дахиад хэлэхэд, Зөвшөөрлийн хууль нь дур мэдэн зөвшөөрөл шинээр бий болгож, олгох асуудлыг цэгцэл, нэг мэдээллийн системд оруулаад нэмж хасахыг хориглож байгаа зохицуулалт юм шүү дээ. Өөрөөр хэлбэл, ийнхүү цахимжуулж, нарийвчлан зааж өгснөөр аж ахуйн нэгж иргэдэд хүнд суртал, хүндрэл чирэгдэл учруулан улмаар албан тушаалаа урвуулан ашиглах боломжгүй болгож байгаа юм. Ажлын байранд тавигдах стандарт, эрүүл ахуйн хяналтыг Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Зөрчлийн хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай гэх мэт хуулиудаар Мэргэжлийн хяналтын газар болон бусад эрх бүхий байгууллага албан тушаалтан хяналтаа тавьж, стандартыг мөрдүүлэн ажиллах ёстой. Зөвшөөрөл олгох процессыг шийдвэрлэлээ гээд тавих хяналт, стандартгүй болчихно гэсэн үг биш юм. Зөвшөөрөл авалгүй эрхэлж байгаа гээд хууль, журам, эрүүл ахуй, ажлын байрны стандартаа зөрчөөд үйлчлүүлж байгаа иргэдийн эрх ашиг, эрүүл мэндэд нөлөөлж болохгүй шүү дээ.

-Зөвшөөрлийн хуулиар аж ахуйн нэгж, иргэдийн нуруун дээрээс том ачаа авч байгаа ч Зөрчлийн тухай хуулиар торгоод дарамт үзүүлэх юм биш биз?

-Ер нь төр иргэдээ зөрчил гаргахыг хүлээгээд, анаад, отоод, бараг гаргаасай гэж далим хайх байдлаар ажиллах юм бол бүх юм утгаа алдана. Тэгэхээр аль аль талдаа зөрчил гаргахаас сэргийлдэг байх ёстой. Хамгийн чухал нь зөрчил гаргасан иргэн, аж ахуйн нэгжийг шууд торгодог, дарамталдаг, хаадаг боодог биш зөрчил гаргахгүй байх талаас нь урьдчилан хэлж сануулдаг, мэдээллээр хангадаг, зөвлөн тусалдаг байх нь ухаалаг төрийн зөв хандлага. Хэрэвзээ ингэж хэлж сануулсаар байтал тэрхүү

зөрчлөө дахин давтан гаргаад хууль дүрмийн дээгүүр дэвсэлж гүйгээд байвал хэнбугайг ч ялгалгүй торгодог шийтгэдэг, хариуцлагыг нь үүрүүлдэг байх зохицуулалтыг Зөрчлийн тухай хуульд оруулахаар ажиллаж байна. Зөрчлийн хуулийг би анх ХЗДХ-ийн сайдаар ажиллаж байхдаа санаачилж батлуулсан. Хүмүүст нэг буруу ойлголт байдаг. Ерөөсөө Зөрчлийн хуулиас болоод л торгууль шийтгэл нэмэгдсэн юм шиг маш буруу ойлгодог. Харин ч АН эрх барьж байх үед одоо байгаагаас торгуулийн хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэх хуулийн төсөл явж байсныг бид зогсоосон юм шүү. Дээр нь нэмж хэлэхэд Зөрчлийн хууль бол бүх зөрчил, түүнд тооцох хариуцлагыг л эрх зүйн нэг дээвэр дор багтааж тодорхой, ойлгомжтой болгож зааж өгсөн хууль шүү дээ. Энэ зарчим, үзэл баримтлал огт өөрчлөгдөхгүй. Амьдрал баян учраас цаг үеийн шаардлагаар хийдэлтэй, дутуу зохицуулалттай зүйл байгаа бол түүнийг нь засаж сайжруулаад явах нь хууль тогтоох дээд байгууллагын үүрэг. Ганцхан үгээр хэлэхэд, иргэдийг шууд л торгож шийтгэхээ урьтал болгодог хуучинсаг арга барилыг халахад хуулийн өөрчлөлтийн гол агуулга чиглэж байгаа юм.

-Гаалийн хяналт, шатахуун, архи тамхи гээд онцгой бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалтын тусгай зөвшөөрлийг хэрхэн зохицуулсан бэ?

-Хуулийн төслийн үйлчлэх хүрээ нь байгалийн баялаг, төрийн нийтийн зориулалттай өмчийг ашиглахад зөвшөөрөл олгох, олгосон зөвшөөрлийг сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох харилцааг тухайлсан хуулиар зохицуулснаас бусад харилцааг энэ хуулиар зохицуулна гэж төсөлд туссан. Өөрөөр хэлбэл, Зөвшөөрлийн тухай хуулиар нийтлэг харилцааг зохицуулна. Тухайн салбар хуулиар зөвшөөрөлтэй холбоотой асуудлыг зохицуулсан байвал тухайн хуулийн зохицуулалтаар, хэрэв зохицуулалтгүй бол Зөвшөөрлийн тухай хуулиар харилцааг зохицуулна гэсэн үг. Тийм учраас онцгой бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалттай холбоотой тусгайлсан зохицуулсан онцлог зохицуулалт хуулийн төсөлд тусгагдаагүй, тусгах ч боломжгүй юм. Жишээлбэл, таны асуусан шатахууны асуудал. Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн холбогдох хэсгээр шатахууныг жижиглэн болон бөөний үнээр худалдаалахтай холбоотой нарийн зохицуулалт буюу тусгай зөвшөөрөл авахад тавигдах шаардлага, бүрдүүлэх материал, олгох сунгах хугацаа зэргийг зохицуулсан байдаг. Тэгэхээр тухайлсан хуулиар л тэр зөвшөөрлийн асуудлыг нарийн зохицуулаагүй бол Зөвшөөрлийн хуулиар зохицуулагдана гэж ойлгоорой.

-Хэн нэгэн дарга дураараа зөвшөөрөл олгодог байдлыг таслан зогсоож байгаа нь одоогийн нийгэмд маш хэрэгтэй шийдвэр байна. Мөн гарын үсгээ үнэлдэг асуудал иргэдийн дунд багагүй яригддаг. Зөвшөөрөл олгогч хууль зөрчсөн, хүнд суртал гаргасан бол хэрхэн хариуцлага хүлээх вэ?

-Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн хуулиар 210 байсан зөвшөөрөл 1400 хүртлээ нэмэгдсэн байгаа нь уг хуулиар зөвшөөрлийг шинээр дур мэдэн нэмэгдүүлэх асуудлыг хориглоогүй, хүрээ хязгаар тавиагүйгээс зөвшөөрлийн тоо ийнхүү нэмэгдсэн гэх үндэстэй.Харин энэ хуулийн төсөлд зөвшөөрөл олгох эрх бүхий этгээдийн хариуцлагын асуудлыг нэлээд тодорхой хуульчилж өгсөн. Тухайлбал, эрх бүхий этгээд зөвшөөрөл олгосон, эсхүл татгалзсан шийдвэрийн хариуг хуульд заасан хугацаанд өгөөгүй бол холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцох, мөн төрийн байгууллага, албан тушаалтан хуульд зааснаас бусад тохиолдолд зөвшөөрлийг шинээр бий болгосон, олгосон, эрх шилжүүлсэн бол хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэл болох бөгөөд үүсэх үр дагаврыг зөвшөөрлийг шинээр бий болгосон, олгосон, эрх

шилжүүлсэн этгээд хариуцах зэргээр тодорхой тусгасан байгаа. Дээрх асуудлыг бол мэдээж Зөрчлийн хууль, Эрүүгийн хууль, Төрийн албаны тухай хууль зэрэг холбогдох хуулиудаар хариуцлага тооцно.Төрийн нэр барьсан авлигачдын шүдийг ингэж сугалахгүй бол иргэд, хувийн хэвшлийнхэн хүнд суртлын араа шүдэнд зажлагдаж хэмлэгдсээр дуусах нь байна.

-Уул уурхай бол манай эдийн засгийн хамгийн том тэжээгч. Салбарын тусгай зөвшөөрөл бүрэн өөрчлөгдөх үү?

-Уул уурхайн салбарын хууль буюу Ашигт малтмалын тухай, Газрын тосны тухай, Газрын тосны бүтээгдэхүүний тухай зэрэг хуулийн зохицуулалтыг огт хөндөхгүй. Өөрөөр хэлбэл, дээрх хуулиудыг хөндөх эсэх нь Зөвшөөрлийн хуулиар биш, бодлогын хувьд салбарын хуулиар өөрчлөлт хийх ёстой зүйл ээ.Тухайлбал, Газрын тосны тухай хуулийн зохицуулалт нь сонгон шалгаруулалтын үндсэн дээр сонгогдсон хуулийн этгээдтэй Засгийн газар Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулж, гэрээ байгуулагдсаны дараа уул уурхайн яам гэрээлэгчээс хуульд заасан нөхцөл шаардлагын дагуу тусгай зөвшөөрлийн материалыг авч гэрчилгээг олгох ийм л хуулийн зохицуулалттай. Тэгэхээр салбарын онцлогоос хамаарч тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага, үндэслэл зөвшөөрөл олгох харилцааг хуулиараа нарийвчлан зохицуулж тэр хуулиараа л зөвшөөрлийн харилцаа зохицуулагдана.

-Нийслэлийн Засаг дарга тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэр саяхан гаргасныг иргэд дэмжин хүлээн авлаа. Энэ хуультай холбогдох уу?

-Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга олгох тусгай зөвшөөрөл энэ хуулийн төсөлд тодорхой туссан байгаа. Учир нь тухайн салбар хуулиар эрх авсан учраас тусгай зөвшөөрлийн жагсаалтад тусгасан.Тухайлбал газар эзэмших, ашиглах асуудлыг Газрын тухай хуулиар тухайн нутаг дэвсгэрийн аймаг, нийслэлийн Засаг дарга шийдвэрлэхээр заасан. Мөн Түгээмэл тархацтай ашигт, малтмалын тухай хуулиар зөвшөөрөл олгох асуудлыг аймаг, нийслэлийн Засаг дарга зөвшөөрлийг олгох гэх мэт хуулиар эрх авсан зөвшөөрлийг Зөвшөөрлийн тухай хуулийн төсөлд тусгасан.

Саяхан Нийслэлийн Засаг дарга нийслэлийн нутаг дэвсгэрт хэрэгжиж буй иргэн, аж ахуйн нэгжид хүнд суртал үзүүлж, авлига, хээл хахуулийг өөгшүүлэх нэг гол шалтгаан болоод байсан хууль бус зөвшөөрлүүдийг устгасан явдлыг миний хувьд тун зөв зүйтэй алхам гэж харж байгаа. Гэхдээ зөвшөөрлийг хэн нэг даргын үгээр биш, хийдэлгүй хуулийн заалтаар л бүрмөсөн цэгцэлж чадна.Өөрөөр хэлбэл, хуулиар эрх олгогдоогүй тусгай зөвшөөрлийн харилцааг ингэж зөвшөөрөлгүй болгох нь зүйн хэрэг. Гэхдээ нэг даргын үед зөвшөөрөл цөөрөөд, өөр нэг дарга гарч ирэхээр өнөөх нь мөөг шиг ургадаг, олширдог байж таарахгүй. Нөгөө талаараа бизнес эрхлэх гэж буй иргэн, хуулийн этгээдүүдэд холбогдох стандартуудыг хангуулж, хяналтыг тавьж, зөвлөн тусалж, ажиллах нөхцөл боломжоор нь хангаж, хамтарч ажиллах нь төрийн байгууллагын бас л нэг хуулиар хүлээсэн эрх, үүрэг шүү дээ.Зөвшөөрөл нэрээр баргийн хүн, аж ахуйн нэгж давахгүй өндөр босго тавьж, тэр босгоороо авлига, шан харамж өгсөн нэгнийг чимээгүй сэмхэн давуулдаг тэгш бус, хууль бус байдлыг халах нь бидний зорилго. Зөвшөөрөл олгох эрх бүхий төрийн байгууллага, зөвшөөрөл хүсч буй иргэн, хуулийн этгээд аль аль нь хуулийн дагуу байх нөхцөл боломжийг бүрдүүлэх үүднээс Зөвшөөрлийн тухай хуулийн төслийг боловсруулсан юм шүү дээ. Нэг талаасаа иргэн хуулийн этгээд ч бас аливаа харилцаанд хариуцлагатай байх хэрэгтэй гэдгийг бас хэлчих нь зүйтэй.



Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Б.Пүрэвдорж: Ахмадуудын тэтгэврийг өндрөөр тогтоолгохын тулд энэ хуулийн төслийг өргөн барьсан

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржтой ярилцлаа.


-Та Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьсан. Бараг жилийн дараа хэлэлцэх эсэх нь шийдэгдлээ. Хэлэлцэгдэхгүй яагаад ингэж удав?

-Сөрөг хүчний зүгээс УИХ-ын чуулганаар хууль батлуулна гэдэг маш хүнд. 2016 оноос хойших хугацаанд сөрөг хүчний санаачлан батлуулсан хууль хоёрхон байдаг. Нэг дэх нь, энэ оны эхэнд батлуулсан Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хууль. Хоёр дахь хуулийг ярианы богино нэршлээр нь хэлбэл, хуурамч шатахууны хууль (Онцгой албан татварын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль). Үүнийг энэ оны зургадугаар сард батлуулсан. МАН-ын хэт олонх байгаа энэ үед сөрөг хүчний гишүүд санаачилсан хуулиа парламентаар дэмжүүлнэ, батлуулна гэдэг бол маш хүнд даваа. Тиймээс үе шаттай явж байна. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай буюу долоон жилийг таван жил болгох тухай хуулийн төслийг 2020 оны арванхоёрдугаар сард өргөн барьсан. Жилийн дараа энэ хуулийг парламентаар хэлэлцэх эсэхийг дэмжлээ. Ингэхдээ тодорхой хэмжээгээр МАН-ын бүлэгтэй нэгдсэн байр сууринд хүрч ойлголцсон. Энэхүү хуулийг энэ удаа дэмжээд хэлэлцэх эсэхийг шийднэ. Үүнийхээ дараа Нийгмийн даатгалын багц хуультай хамтатгаж хэлэлцэхээр шийдвэрлэсэн.

2016 онд МАН олонх болж Засгийн газраа байгуулсан. Ингээд ОУВС-гийн өргөтгөсөн хөтөлбөрт хамрагдсан. Үүнийхээ хүрээнд эдийн засаг болоод санхүүгийн асуудлыг шийдвэрлэх үүрэг хүлээсэн. 2018 ОУВС-гийн хөтөлбөрөөсөө Засгийн газар гарсан. Иймээс эдийн засгийн арга хэмжээгээ өөрөөр шийдвэрлэж эхэлсэн. Ингэхдээ нэг зүйлийг орхигдуулсан нь ахмадуудын тэтгэвэр тэтгэмжийг долоон жилийн цалингийн дунджаар тогтоох асуудал. Нэгэнт ОУВС-гийн хөтөлбөрөөс гарсан учраас ахмадуудыг илүү өндөр хэмжээгээр тэтгэврээ тогтоолгох боломжийг олгох үүднээс энэ хуулийн төслийг өргөн барьсан.

-Хэдийгээр тэтгэврийг нэмэгдүүлэх шаардлага байгаа ч өнөөгийн түвшинд НДС-гийн санхүүгийн нөөц боломж хүнд байна. Энэ хууль батлагдвал хэр хэмжээний төсөв шаардагдах бол?

-Манай үе үеийн Засгийн газар Нийгмийн даатгалын сангийн менежмэнтийн үйл ажиллагааг буруу явуулж ирсэн. Европын хүн амын насжилт өндөр байдаг. Ажил хийж байгаа хоёр хүн тутамд гурван тэтгэвэр авагч ногдож байгаа. Харин манай улсын хувьд ажил хийж байгаа 10 хүн тутамд гурван тэтгэвэр авагч ногдож байна. Гэтэл европын нийгмийн даатгалын сан ямар ч асуудал, хэл амгүй ажиллаж байна. Энэ юуг хэлж байна гэхээр тэнд тэтгэврийн сангийнхаа үйл ажиллагааг зөв менежмэнтээр удирдаж байна гэсэн үг. Манайхан ийм өндөр хэмжээний нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа хэрнээ цөөхөн ахмадуудынхаа тэтгэврийг өгч чадахгүй байна гэдэг нь Нийгмийн даатгалын санд хайхрамжгүй хандсаны нэг илрэл. Ер нь бол Япон, Солонгос, европ зэрэг өндөр хөгжилтэй орнууд тэтгэврийн даатгалын сан, Нийгмийн даатгалын сангийнхаа хөрөнгийг үр ашигтай байлгах үүднээс хувьцаа авах, эсвэл үр ашигтай бизнес, том хөтөлбөрт хөрөнгө оруулдаг. Гэтэл бид үйл ажиллагаа нь доголдсон банкинд хадгалуулаад алдаж байх жишээний. Энэ бол бидний менежмэнт буруу явж байгааг илтгэсэн тод жишээ. Гэхдээ энэ нь нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хүмүүсийн буруу биш. Зарим нь 40, 30 жил хамгийн багадаа гэхэд л 20 жил нийгмийн даатгалын шимтгэлийг хамгийн өндөр хувиар шударгаар төлсөн. Тэд ирээдүйд үүнийхээ үр шимээр тэтгэвэр авна даа гэсэн итгэл үнэмшлээрээ төлж ирсэн учраас төлсөн шимтгэлийнхээ дагуу тэтгэврээ авах ёстой. Гэхдээ тэтгэврийг бага өгөх замаар асуудлыг шийдэж байна гэдэг нь үнэхээр хариуцлагагүй үйлдэл. Энэ хууль хэрэгжсэнээр зарцуулах төсөв нь хамгийн ихдээ Богд Зонхов хөшөөг барих төсвийн тал мөнгө л тэтгэвэрт гарч байгаа хүмүүст зарцуулагдана. Тийм их зардал гарахгүй. Манай улсын төсөв санхүү тэлсэн. 16 тэрбум төгрөг гэдэг бол Нийгмийн даатгалын сангийн хувьд ч тэр, Монгол Улсын төсвийн хувьд ч тэр тийм ч их мөнгө биш.

-2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийн эрх зүйн орчныг хумьж Засгийн газарт өгсөн. Гэтэл одоо бас парламентын зарим гишүүд өөрсдийнхөө тодорхой эрхийг Засгийн газарт өгөхийг дэмжиж байна. Ковидын хуулийг сунгах шаардлага нийгэмд үнэхээр байгаа юм уу?

-Дэлхийн бүх л улс орон эдийн засгаа дэмжих, хүн амынхаа эрүүл мэндийг хамгаалах гэж явж байна. Үүнийхээ хүрээнд аж ахуйн нэгжээ дэмжиж, эрүүл мэндийнхээ салбарт тодорхой хэмжээний хөрөнгийг зарцуулж байгаа. Ковидын хуулиар УИХ-аас Засгийн газарт гол том эрхээ өгсөн. Миний хувьд энэ хуулийг эсэргүүцэх гурван шалтгаан байгаа. Нэгдүгээрх нь, Ковидын хуулиар батлагдсан улсын төсвийн зардлын хүрээнд дотор нь зардал шилжүүлэх замаар хэтрүүлэхгүйгээр үйл ажиллагаа явуулах эрхийг Засгийн газарт өгсөн. Гэтэл өнгөрсөн хугацаанд Засгийн газар тодорхой хэмжээгээр зардлаа хэтрүүлсэн. Үүнийгээ улсын төсвийн тодотголоор зассан. Парламентаас баталсан улсын төсвийн зардлыг хэтрүүлэхгүй байх ёстой. Хоёрдугаарх нь, төрийн албан хаагчийг шууд томилж байгаа. Энэ бол өөрсдийнхөө цүнх баригч, эсвэл сонгуульд нь явсан хүн, хамаатан садангаа тавих өөрөөр хэлбэл, төрийн албаны шалгалтыг давах чадваргүй хүмүүсийг энэ хуулиар төрд авч байна. Түүнчлэн чадваргүй мэргэжилтнүүдийг дэвшүүлж газар, хэлтсийн дарга болгож байна. Төрийн албаны үнэлэмжийг ингэж багасгаж байна. Төрийн албаны мерит зарчмыг байхгүй болгож байна. Тиймээс төрийн албан хаагчийг шууд томилсон тушаалаа хүчингүй болгох, мөн энэ заалтыг оруулахгүй байхыг шаардаж байгаа. Гуравдугаарх нь, энэ хуулиар далимдуулж төрийн өмчит томоохон компаниуд тендер шалгаруулахгүйгээр шууд худалдан авалт хийж байна. Компаниудын захирлууд өөрсдийнхөө хамаарал бүхий хүмүүст янз бүрийн тендерийг шууд гэрээгээр өгч байна. Энэ бол төрийн өмчийг шууд завших боломжийг олгож байгаа хэрэг. Тиймээс энэ заалтыг авч хаях хэрэгтэй. Ингэвэл Ковидын хуулийг дэмжихэд болохгүй зүйл байхгүй. Логистикийн хямрал үүссэн, үнийн өсөлт бий болчихсон энэ үед Засгийн газар тодорхой хэмжээгээр эрх авч, үүнийхээ дагуу ард иргэдийнхээ амьдрал ахуйд хэрэгтэй үйл ажиллагааг явуулах, эдийн засгийг эрчимжүүлэх 10 их наядын хөтөлбөр тодорхой хэмжээнд байндаа тусаж байна. Нааштай энэхүү үйл ажиллагааг явуулахад би эсрэгүүцэхгүй байгаа.

-Монгол Улсын баатар Э.Бат-Үүлийг шоронд хийчихлээ. АН-ынхны зүгээс шударга шүүх болсонгүй. Сөрөг хүчнийхнийхээ дуу хоолойг мохоох гэсэн үйлдэл гэж байсан. Та ардчиллынхаа алтан хараацайг өмгөөлж юу хэлэх вэ?

-Би Э.Бат-Үүл баатрыг ямар нэгэн хувийн ашиг сонирхол ерөөсөө гаргадаггүй хүн гэж ойлгодог. Тэр хүнд тийм их өмч хөрөнгө байхгүй. Байгаа ч үгүй. Тэр хүн өнгөрсөн хугацаанд хувьдаа хөрөнгөтэй болохын төлөө явж байгаагүй. Тиймээс тэр хүний итгэл үнэмшил, шударга ёсны төлөөх тэмцэлд би итгэдэг. Хувь хүнийхээ хувьд ямар ч асуудал гаргаагүй гэж би ойлгож байгаа. Гэхдээ би шүүхийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс дүгнэлт гаргах эрхгүй. Юунд үндэслэж, яаж шийдсэнийг би мэдэхгүй байна. Ер нь Ковидын хуулиар далимдуулж иргэдийн эрх, эрх чөлөөг хасах, халдах асуудал гарч байгаа. Ардчилал, шударга ёс, хувь хүний эрх чөлөөний төлөө бүгдээрээ зүтгэж байгаагийн хувьд эрх баригчид ч тэр, хууль хүчний байгууллагууд, шүүхийн байгууллага ч тэр хамтдаа зүтгэх ёстой.

-Та парламентад хоёр дахь удаагаа сонгогдсон гишүүн. Хэдийгээр таныг анх сонгогдоход МАН УИХ-д олонх, Засгийн эрхийг барьж байсан ч өнөөдөр нөхцөл байдал өөр байна. Хэдийгээр Ерөнхийлөгчийн институци бие даасан байгууллага гэлээ Ерөнхийлөгч эрх барьж байгаа намаас гарлаа. Ингээд төрийн эрх барих байгууллагууд МАН-д төвлөрч байна. Нэг нам хэт олонх болсон энэ нөхцөлд танд юу мэдрэгдэж байна. Наанадаж л Ковидын хуулиар гишүүдийн үг хэлэх хугацааг богиносгосон?

-Засаглал хэт нэг талд гарах асуудалтай юм байна гэдэг нь өнөөдрийн улс төрийн нөхцөл байдлаас мэдрэгдэж байна. 2012-2016 онд АН-ыг засаглаж байх үед энэ МАН-д маш хүндээр мэдрэгдсэн байх. Хэт олонх болсон тухайн үед бидэнд нийгмийн болоод хууль, шүүхийн асуудлыг шийдвэрлэх бүрэн боломж байсан. Тэр үедээ шүүхийн, хууль хүчний байгууллагын шинэчлэлийн ажлыг бүрэн хийгээгүйнхээ үйлийг өнөөдөр бид эдэлж явна. Тийм ч учраас манай намын бүртгэлийн асуудал шүүх дээр очоод шийдэгддэггүй, хоёр талд хуваагдсан хэвээр байна. Өөрөөр хэлбэл, 2010 онд МАН-ыг хуваасан үйлийнхээ үрийг ах нарынхаа буянаар эдлээд явж байна. МАН-ын болон МАХН-ын явсан сургамжит зам бидэнд байна. Хэдэн жилийн дараа яаж нөлөөлөв гэдэг нь өнөөдөр харагдаж байна. Тухайн үеийн МАХН, одоогийн МАН-ын алдсан алдаа бидний нүдэнд ил байна. Тиймээс тэр алдааг давтахгүй урагшлах боломж манай намын залуучуудад байгаа. Үүнийг ашиглахгүй өөр өөрсдийн амбицыг хөөвөл МАН, МАХН-ын хуваагдсан алдааг бид дахиад давтана.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Д.Өнөрболор: Манай холбогдох байгууллагууд эрч хүчтэй, шуурхай, тогтвортой ажиллах нь чухал

УИХ-ын гишүүн Д.Өнөрболортой ярилцлаа.


-Та Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ОХУ-д хийсэн төрийн албан ёсны айлчлалын бүрэлдэхүүнд орж ажилласан, айлчлалыг хэрхэн дүгнэж байна вэ?

-Монгол Улс ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэх хүрээнд энэ айлчлал болсноороо онцлог. Бүхэл бүтэн зуун дамнасан яриа хөөрөө өрнөсөн айлчлал боллоо гэж үзэхэд болох байх. Хоёр талын харилцааны хөгжлийг дүгнээд зогсохгүй, цаашдын хөгжлийн зорилго, гол чиглэлээ тодорхойлж тунхаглал гаргалаа шүү дээ. Түлш, эрчим хүч, геологи, уул уурхай, дэд бүтэц, тээвэр, хөдөө аж ахуй зэрэг эдийн засгийн салбарын хамтын ажиллагаа, түүний дотор банк, санхүүгийн байгууллага хоорондын яриа хэлэлцээг урагшлуулах, харилцан ашигтай хөрөнгө оруулалтын хамтарсан төслүүдийг хэрэгжүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагааны цар хүрээг тууштай нэмэгдүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, эдгээр харилцааг чанарын шинэ шатанд гаргахад чиглэсэн санаачилгуудыг дэмжих шаардлагатай байгааг хоёр тал баталгаажууллаа. Шинэ зуунд ОХУ хэмээх их гүрэнтэй харилцах харилцааны замын зураг зурагдлаа, иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг ямар шинэ агуулгаар баяжуулах вэ, томоохон төсөл хөтөлбөрүүдэд хэрхэн яаж харилцан ашигтай оролцох вэ гэдгээ төрийн тэргүүнүүд ярилцлаа. Худалдаа, эдийн засаг, хүмүүнлэгийн харилцааг шинэ түвшинд гаргах, цаад талын хөрөнгө оруулалт, технологийн чадамжийг ашиглаж Евразийн эдийн засгийн холбоо болон бусад улс орнуудтай ашигт үйлийн коэффициент өндөртэй, өөрөөр хэлбэл манай улсад ашигтай байдлаар холбогдох, ачаа тээвэрлэлтийн шинэ чадамжийг бий болгох, хийн хоолойн асуудал, Монгол Улсын транзит боломжийг нэмэгдүүлэх гээд зүйрлэж хэлбэл дүүрэн ачаатай тэмээн жин хөтөлсөн хүн алсын бараа ширтээд зогсох шиг сэтгэлд их ойр айлчлал боллоо.

Даацтай, эрч хүчтэй ажиллаж чадсан Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг магтмаар байна. Одоо харин манай талаас УИХ, Засгийн газар хурдтай, ажил хэрэгч, эрчимтэй ажиллаж, ОХУ-ын боловсон хүчин, техник, технологийн чадамж, шаардлагад идэвхтэй хамтрагч болж чадаж ажиллах нь л чухал байна. Үүнд бидний ажлын арга барилаас их зүйл шалтгаална гэж хэлмээр байна. Ер нь хийн хоолойн асуудал гэхэд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа ОХУ-д хийсэн айлчлалын үеэрээ хөндсөн асуудал. Хөрш гурван орны эдийн засгийн болон харилцан ашиг сонирхол хөндөгддөг. Бидэнд асуудал бүрт мэргэшсэн, чадварлаг, боловсролтой, эх оронч сэтгэлгээтэй боловсон хүчин хэрэгтэй байна.

-Та уг айлчлалын хүрээнд ямар ажил амжуулав?

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалын хүрээнд миний бие УИХ-ын Монгол-Оросын парламентын бүлэг, Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны гишүүний хувиар айлчлалын албан ёсны арга хэмжээнүүдэд оролцохын зэрэгцээ, өөрийн санаачилга, идэвх зүтгэл гаргаж буй ажлаа үр дүнд хүргэхийн тулд, монголын мянга мянган жижиг дунд бизнес эрхлэгчийн дуу хоолой болж, Оросын ЖДҮ-ийн корпорацтай ажлын түлхүүр уулзалт хийлээ.

Түүх өгүүлэхэд өнгөрсөн зургадугаар сард ОХУ-ын Санкт-Петербург хотноо болсон “Санкт-Петербургийн Олон Улсын Эдийн Засгийн Форум-2021”-ын үеэр Монгол, Оросын олон улсын хамтын ажиллагаа, түншлэлийн «Их Тал» ТББ-ын “ЖДҮ-ийн төв” санаачилж “Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд Орос, Монголын олон улсын интеграци ба хил дамнасан хамтын ажиллагаа” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж, тус Форумын хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг “Жижиг, дунд үйлдвэрийн газар” болон ОХУ-ын “ЖДҮ-ийг Хөгжүүлэх Холбооны Корпорац” төрийн хувьцаат компани хамтран ажиллах “Санамж бичиг” байгуулсан юм.

Энэ “Санамж бичиг“-ийг ажил хэрэг болгох үүднээс “Хамтын ажиллагааны үйл ажиллагааны төлөвлөгөө” буюу “Замын зураглал” хэмээх стратегийн чухал баримт бичгийг ёсчлон батлах уулзалт хуралдааныг өнгөрсөн аравдугаар сард Москва хотноо бид зохион байгуулсан.

Үүгээр хоёр тал саналаа нэгтгэж, ЖДҮ-ийг дэмжих төрийн бодлого, арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхэд хамгийн гол үүрэг гүйцэтгэх механизм болох “Экспортын чадамжийн төв” байгуулах ба 2021-2026 онд хоёр улс хоорондын ЖДҮ-ийг хөгжүүлэхэд хэрэгжүүлэх “Хамтарсан хөтөлбөр” байгуулахаар тохирч чадсан.

Харин сая Ерөнхийлөгчийн айлчлалын хүрээнд болсон ажлын уулзалтаар ЖДҮ-ийн бизнес эрхлэгчид Монгол болон Оросын зах зээлд, мөн гуравдагч орны зах зээл рүү гарахад дэмжлэг, туслалцаа үзүүлэх хамтарсан “Экспортын чадамжийн төв”-ийг байгуулах тухай “Протокол” дээр санал солилцох яриа өрнүүллээ. Энэ их чухал шүү. Манай ЭСЯ-ны холбогдох нөхөд ч сайн ажиллаа. Одоо манай холбогдох байгууллагууд хурдтай, эрч хүчтэй, шуурхай ажиллах шаардлагатай.

ОХУ-ын “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх Холбооны Корпорац” нь ЖДҮ-ийн салбарын санхүүгийн эрсдэл, банк болон бусад санхүүгийн байгууллагын зээлийн эрсдэлийн тодорхой хэсгийг хариуцаж өөрийн түнш, итгэмжлэгдсэн банкуудаар дамжуулан зээлийн баталгаа, батлан даалт ба өөр олон тооны санхүүгийн хэрэгслийн дэмжлэгийг үзүүлдэг Оросын төрийн бодлогын тэргүүлэх зэргийн ач холбогдол өгч буй өндөр түвшний эрх үүрэгтэй, үйл ажиллагаатай, хөрөнгө санхүүгийн асар өндөр чадамжтай төрийн өмчит корпорац юм.

Жишээ нь, тус корпорацын баталгаа ба батландаалтынбагц 2021 оныэхэлснээсхойш 1,5 дахиннэмэгдэж, 220 тэрбумрубльд (20.97 саяам.доллар) хүрсэннь 2015 ондбайгуулагдсанцагаасаахойшиххамгийнөндөрүзүүлэлтболж, нийт 9945 компанид 180.7 тэрбумрублийн (2.4 тэрбум ам.доллар) баталгаа, батлан даалтын үйлчилгээ үзүүлж, ингэснээр 350.4 тэрбум рублийн (4.72 тэрбум ам.доллар) зээлийн эх үүсвэр татах боломжийг олгосон байна. Ингэхдээ тус Корпорац Холбооны улсынхаа бүх 85 субъект, бүс нутгаа хамруулж, зээлийн баталгаа, батлан даалтын үйлчилгээ үзүүлсэн байна.

Оросын ЖДҮ-ийн хөгжлийн төрийн Корпорацын орлогч дарга Никита Борисович хоёр тал идэвхтэй, шургуу, хурдтай ажиллахын чухлыг онцгойлон захиж байна лээ.

“Экспортын чадамжийн төв” хоёр орны ЖДҮ-г тус тус улсынхаа зах зээлд нэвтрэхэд нь дэмжлэг үзүүлэх байнгын механизм болохоос гадна гуравдагч зах зээл рүү нэвтрэхэд дэм болох юм. Ийм механизмын хүрээнд талууд мэдээлэл, зөвлөгөө өгөх арга хэмжээг зохион байгуулж, хоёр улсын томоохон компаниудыг ЖДҮ-ээс худалдан авалт авах, нийлүүлэлтийн сүлжээндээ нэгтгэн оруулах, жижиглэн худалдааны сүлжээнүүдтэй харилцаа тогтооход туслах зорилготой.

Одоогоор Оросод 50 мянга орчим экспортлогч ЖДҮ бий. Мөн уг корпорац нь ЖДҮ-ийн бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааны иж бүрэн үнэлгээг хийдэг. Харин ирэх онд экспортын чадамжийн үнэлгээ хийж, тохирох санхүүгийн болон санхүүгийн бус дэмжлэгийн арга хэрэгслийг автомат тохируулгын системээр сонгох боломжтой болох юм байна. Ирэх оны эцэс гэхэд дор хаяж 2.4 мянган боломжит экспортлогч ийм төрлийн дэмжлэг авна гэж тооцоолжээ.

Манай улсын хувьд сүүлийн хоёр жилийн хугацаанд хамгийн их хохирол, хүндрэлийг жижиг дунд үйлдвэрлэлийн салбар амссан. Монгол Улсад өдгөө 64 мянга орчим ЖДҮ эрхлэгчид улсын ДНБ-ий 17.8 орчим хувийг, нийт ажлын байрны талаас арай илүү хувийг буюу 52,5 хувийг бүрдүүлж, Монголын экспортод ЖДҮ-ийн эзлэх хувь дөнгөж 2.4 хувьтай байгаа нь ЖДҮ-ийн экспортын чадавх бүрэн хэрэгжихгүй байгаа, ямар их нөөц боломж цаана нь харуулж байгааг хэлмээр байна.

Бидний хувьд ОХУ-ын “ЖДҮ-ийг хөгжүүлэх төрийн Корпорац”-тай хамтран ажилласнаар хоёр орны ЖДҮ-ийг хөгжүүлэх хэтийн төлөв, боломжуудыг нээж өгч, бидний хамтын ажиллагаа нь хоёр орны харилцан ашигтайгаар, дараагийн зууны шинэ агуулга, шинэ үе, шинэ тооллын эхлэх нэгэн цэг болно гэдэгт итгэлтэй байна.

COVID-19 цар тахалтай холбоотой эдийн засгийн нөхцөл байдал цар тахлын үеийн болон түүнээс хойших нөхцөл байдлыг харгалзан УИХ хоёр Байнгын хороог шинээр байгуулсныг онцлон тэмдэглэмээр байна. Миний бие УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны гишүүний хувиар худалдааны болон үйлдвэрлэлийн бүтээмжийн өсөлт, жижиг, дунд үйлдвэрлэл, хүнд хөнгөн үйлдвэрлэлийг дэмжих, хөгжүүлэх чиглэлээр дээр дурдсан ажлуудад чадал, боломжийн хэрээр санаачилга гаргаад ажиллаж байна. Мөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль, бусад шийдвэрийн төслүүдэд идэвхтэй оролцоод явж байна.

-Эцэст нь танаас асуухгүй байж болмооргүй нэг асуулт байна. Таны сельфи сошиал орчинд цацагдсанаар нэлээн дуулиан дэгдээлээ. Тэр ямар учиртай зураг байсан талаар та тайлбарлахгүй юу?

-За даа, үүнийг тайлбарлах хэрэг байна уу даа. Төрийн ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа өндөрлөөд, ёслолын арга хэмжээ бууж хэвийн байдалд шилжсэний дараа шүү дээ. Шинэ зуун жилийн эхлэл болсон арга хэмжээний дурсгалд ганц зураг дарсан минь шуугиан болжээ. Би гадаад харилцаагаар мэргэшсэн хүн. Төрийн ёслол хүндэтгэлийг үл ойшоох хүн биш гэдгээ хэлмээр байна.Энэ цагаас хойш маш их завгүй орчинд орно гэдгээ мэдэж байсан учраас л гадаа ганц зураг авсан хэрэг. Олон хүнд таагүй сэтгэгдэл төрүүлсэн бол уучлаарай. Маш их ачаалал дунд байсан учраас тухай бүрд нь хариулт өгөөд байх цаг зав гарсангүй ээ.