Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Бид мөн ч их завтай байна даа DNN.mn

Монголчууд бид сошиал орчинд улс төр, урлаг соёл, геополитик, нийгэм, боловсрол гээд бүхий л салбарын бүх түвшний үйл явдал, асуудлыг болохоос болохгүй хүртэл нь шүүж байна. Хамгийн наад захын жишээ нь шинэхэн аварга О.Хангай иргэдийг үнэгүй тарвасаар дайлж байгаа үйл явдал. Тарвас хүртэх гэсэн иргэдийн байр байдлыг нийтээрээ шүүх шиг боллоо. Яасан ч завтай юм бэ.

Нэг монгол хүн өлсөж үхжээ гэсэн мэдээ ойр хавьд сонсогдсонгүй. Тиймээс хийж байхаа олж ядсан иргэд тэнд оочирлож өөрийгөө зугаацуулж байгаа бичлэгийг харчихаад эгдүүцэж байгаа та ч бас их завтай байгаагийн шинж биз ээ.

Өөр нэг нь допингийн шинжилгээ. Аль хэдийнэ наадмын үзүүр, түрүү нь тодорчихсон, бай шагналаа авдгаа авчихсан болоод өнгөрсөн зүйлд нэг харцага допинг хэрэглэсэн эсэх ямар нөлөө байна. Үндэсний бөх бол угаасаа жижиг зах зээлтэй. Бараг өв соёлын бэлгэдэл болчихлоо шүү дээ. Тиймээс бөхийн шээс шинжлээд монголчууд юу олж долоох юм бэ. Нийгэм, эдийн засгийн асуудалд нөлөөлөх юм уу. Улс төр, геополитикт нөлөөлөх юм уу.

Эдийн засаг хямраад амьдрах аргагүй боллоо л гэнэ. Бараа бүтээгдэхүүний үнэ өсөөд зүдэрч байна л гэнэ. Тийм л хүнд байгаа юм бол бид хэрэгтэй хэрэггүй зүйл мэдээлэл дээр шогширч, цэцэрхэж суухаар хэдэн цаас олохоор хөдөлмөрлөх нь дээр биш үү.

Categories
их-уншсан мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

С.Ганбаатар: Ёс зүйн хувьд гишүүд өөрсдөдөө албан тушаал бий болгож хууль баталж болохгүй DNN.mn

УИХ-ын гишүүн С.Ганбаатартай ярилцлаа.


-Үндсэн хуулийн Цэцийн гаргасан шийдвэрийг та хэрхэн дүгнэж байна?

-Үндсэн хуулийн Цэц бол аймшигтай том алдаа хийсэн. Үндсэндээ бид Үндсэн хуулийн Цэцийн алдааг шүүж ярих ч эрхгүй хүмүүс шүү дээ. Гэтэл Үндсэн хуулийн Цэц нь өөрөө цагаан дээр хараар бичсэн хуулиа “гайхамшигтайгаар” зөрчлөө. Үндсэн хуулийн Цэц өнөөдөр улстөрчид, эрх баригчдын захиалгат байгууллага болчихлоо. Үндсэн хуулийн Цэцийн алдааны талаар яривал маш олон зүйл бий. Товчхондоо, Үндсэн хуулийн Цэц байж болохгүй том алдаа хийлээ. Үндсэн хууль дотор ГАГЦХҮҮ ард түмний эрх ашгийн төлөө ард түмэнд үйлчлэх ёстой гэсэн байгаа. Гэтэл тэд эрх баригчдад үйлчиллээ. Монголд Эрүүгийн, Иргэний, Захиргааны гээд 600 гаруй хууль, эрх зүйн баримт бичгүүд байдаг. Тэр олон хуулиуд яаж ард түмнийг хуульчлах тухай байгаа. Ард түмэн яаж эрх баригчдыг хуульчлах вэ гэдэг нь Үндсэн хууль. Өнөөдөр “эздийнх нь” эсрэг, “эздээс” нь зөвшөөрөл авахгүйгээр Үндсэн хуулийн Цэц том алдаа хийлээ. Улстөрчид шунахай байна. Улстөрчид сайд болохгүй бол өлсөж үхчих гээд байна. Турж үхлээ. Ийм тэнэг байдлаа одоо зогсоох хэрэгтэй.

Бидний 76 гишүүн сонгогдохдоо өнөөдрийн Үндсэн хуулийн түвшинд, эрх зүйн орчинд сонгогдсон. Бид сонгогдохдоо давхар дээлийг байхгүй болгоно гэж амласан. Би эрх баригчдын өмнөөс ичиж байна. Сайд болохын төлөө нүдээ ухахаас буцахгүй байна. Нэр хүнд, ёс зүй гээд бүхнийг уландаа гишгэж байгаад Цэцийн хэдэн тэнэгүүдийг ашиглаж хийж байгаа энэ явдал байж болохгүй зүйл.

Давхар дээл нь улс оронд хэрэгтэй байна гэдэг нь нотлогддог юм бол ядаж өөрсдөө биш, 2024 оноос хойших дараагийн парламент, түүний дараагийн парламентад зориулж өнөөдөр хууль баталж болно. Ёс зүйн хувьд гишүүд өөрөө өөртөө албан тушаал бий болгож хууль баталж болохгүй.

-Давхар дээлтэй болчихвол улс төрийн хувьд хүчтэй болж ажил урагштай байна гэж тайлбарлацгааж байна шүү дээ?

-Бид улс төрийн хувьд хүчтэй болох гэж сонгогдоогүй. Ард түмэнд үйлчлэх гэж сонгогдсон. Тэгэхдээ хулгай хийхгүй гэж сонгогдсон. Засаглалын гурван хэлбэр гэж онол бий. Тэр нь, шийдвэр гаргаж байгаа хүн ялангуяа мөнгөний тухай шийдвэр гаргаж байгаа хүн мөнгөө өөрөө зарцуулдаггүй. Мөнгөө зарцуулж байгаа хүн, мөнгөний тухай шийдвэр гаргаж байгаа хүн хоёроос тусдаа хүн энэ хоёр хавсайдаж байна уу үгүй юү гэдгийг шалгадаг. Үүнийг улс төрийн талаас яривал УИХ улсын төсвийн тухай шийдвэр гаргадаг. Төсвийг Засгийн газар, Ерөнхийлөгч биш УИХ-ын гишүүд баталдаг. Гишүүд батлахдаа сургууль уу, цэцэрлэг үү, зам уу, төмөр зам уу гэж баталдаг. Харин түүнийг нь хэрэгжүүлдэг захиран зарцуулдаг хүн нь Засгийн газар, сайд нар. Энэ хоёрыг хулгай хийж байна уу гэдгийг шалгадаг нь шүүх засаглал. Тиймээс энэ гурвыг тусдаа байх ёстой гэдэг. Жишээлж хэлбэл, төрийн өмчит компанийн захирал нь ерөнхий небо-гийнхоо ажлыг давхар гүйцэтгэж болдоггүй гэж хэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, өөрөө өөртөө төсөв баталдаггүй. Өөрөө өөртөө тайлан тавьдаггүй гэсэн санаа. Үнэхээр УИХ-ын гишүүн сайд байх ёстой юм бол өөрөө өөртөө шийдвэр битгий гаргаач, та нар ичих сэтгэлтэй байгаач гэж хэлээд байгаа юм. Онолын үүднээс яривал Англид Их хурлын гишүүд нь давхар дээлтэй байж болдог. Англи 600 гаруй парламентын гишүүнтэй. Түүний 20 сайд хийхэд цаана байгаа 580 гишүүн нь нөгөө сайдуудаа “А, Б”-гүй хянадаг. Манайд 76 гишүүнээс 20 орчим нь сайд болчихвол хяналт тавих боломжгүй болчих гээд байдаг. Энэ тогтолцооны асуудлыг ярих ёстой. Миний зарчим бол өөрөө өөртөө мөнгө зарцуулдаг эрхээ битгий өгөөч ээ. Ядаж ард түмнээсээ ичээч гэж байгаа юм.

-Тэгвэл гишүүдийнхээ тоог нэмж байж энэ тогтолцооны гажгаас гарна гэж ойлгож болох уу?

-Гишүүдийн тооны асуудлаар эрдэмтэн, судлаачдын дүгнэлт гаргах хэрэгтэй. Гишүүдийн тооны асуудлыг гишүүд өөрсдөө шийдэж болохгүй. Би гишүүдийн тоог нэмэхийг дэмжиж болохгүй, эсэргүүцэж болохгүй. Үүнийг ард түмэн шийднэ. Ард түмэн шийдэхэд хангалттай судалгаа тооцоолол, үндэслэлүүдийг гаргаж өгөх нь бидний ажил.

Үндсэн хууль ард түмний санал асуулгаар шийднэ. УИХ дийлэнх олонхоороо ЁСЧЛОН батална гэж үг бий. Ёсчлон гэдэг нь бичиг баримтын түвшинд баталгаажуулна гэсэн үг. УИХ Үндсэн хуулийг баталдаг бус, ёсчлон баталдаг. Харин ард түмэн түүнийг баталгаажуулж шийдвэр гаргадаг. Бусад бүх хуулийг УИХ баталдаг. Ард түмэн хэрэгжүүлдэг. Адуу хулгай хийсэн хүнийг яаж шийтгэх вэ гэдгийг УИХ-ын гишүүд баталдаг. Харин улсаа зарсан улстөрчдийг яаж шийтгэх вэ гэдгийг ард түмэн шийддэг. Үндсэн хуулиараа ард түмэн түүнийг шийдэх ёстой. Ялгаа нь энэ. Өнөөдөр өөрөө өөрсдөдөө зориулж Цэцээр захиалгаар шийдвэр гаргуулчихаад өөрсдөө баясаж Үндсэн хууль батлах гээд байгаа нь том жүжиг. Яах вэ, өнөөдөр эрх баригчид пропогандагаа хийгээд эхэлнэ. Ингэж ярьсан хүнийг яаж будаа болгох тал дээрээ тэд нар мэргэшчихсэн. Тэд бүхэл бүтэн сэтгүүлчдийн армитай. Телевизийн бүхэл бүтэн армитай. Би үнэнийг ярих ёстой.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Р.Гончигдорж: Цэц Үндсэн хуулийг “эзлэн түрэмгийлж” нэг хэсгийг нь “устгалаа” DNN.mn


Монгол Улсын (дэд Ерөнхийлөгч) Улсын Бага хурал, Улсын Их хурлын дарга асан, академич Р.Гончигдоржтой ярилцлаа.


-Засгийн газрын дөрвөн гишүүн давхар дээлтэй байж болно гэж 2019 онд Үндсэн хуульд ёсчлон баталж оруулсан заалтыг Цэц хүчингүй болгож байгаа нь хуулийн хувьд хэр зохистой вэ?

-Үндсэн хуулийн 69 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь Үндсэн хуультай адил хүчинтэй”. Тийм учраас Үндсэн хуулийн Цэц Үндсэн хуульд нэмэлтээр орсон заалтыг Үндсэн хууль зөрчсөн гэж асуудлыг хэлэлцсэн нь бүрэн эрхээ хэтрүүлсэн явдал юм. Үндсэн хуулийг зөрчиж бүрэн эрхээ хэтрүүлсэн тухайд “Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн хоёр дахь хэсгийн 1-д Үндсэн хуулийн Цэц нь дараах маргаантай асуудлаар дүгнэлт гаргаж УИХ-д оруулна.

Хууль, зарлиг, УИХ, Ерөнхийлөгчийн бусад шийдвэр, түүнчлэн Засгийн газрын шийдвэр, Монгол Улсын Олон улсын гэрээ Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх” гэж Цэцийн бүрэн эрхэд заагаад Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийн 2.1-д Үндсэн хуулийн Цэц нь “Үндсэн хуульд захирагдах, Монгол Улсын Үндсэн хуульд нийцсэн хуулийг дээдлэх, судалгаанд үндэслэх, төвийг сахих,.. бие даасан, ил тод байх нь Цэцийн үйл ажиллагааны Үндсэн зарчим мөн” тодорхойлсон. Мөн Үндсэн хуулийн 70 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Үндсэн хуульд хууль, зарлиг, ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН БУСАД ШИЙДВЭР, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино” гэж заасан. Үндсэн хууль болон Цэцийн тухай хуульд Цэцийн үйл ажиллагааны хүрээ, үйл ажиллагааны зарчим, шийдвэрийнх нь тухай тодорхой заасан байхад Үндсэн хуулийн Цэц нь Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “…(Засгийн газрын) Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно” гэсэн заалтыг Үндсэн хууль зөрчсөн эсэх мэдээллээр Үндсэн хуулийн маргаан үүсгэж улмаар “Үндсэн хууль зөрчсөн” гэсэн тогтоол гаргасан нь Үндсэн хуулийн дээр дурдсан заалтуудыг илтээр зөрчсөн, үйл ажиллагааны хуульд тогтоосон зарчмаа эвдсэн үйлдэл боллоо.

-Тэгвэл одоо УИХяах ёстой вэ?

-Эрх мэдлээ хэтрүүлэн гаргасан шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй, Үндсэн хуулийн 39.1 дэх хэсгийг хүчин төгөлдөр хэмээн үзэх ёстой. Хоёрдугаарт, Үндсэн хууль зөрчсөн, эрх мэдлээ хэтрүүлэн шийдвэр гаргасан Үндсэн хуулийн Цэцийн гишүүдийг Үндсэн хуулийн 65.4 хэсэгт “Үндсэн хуулийн Цэцийн дарга, гишүүн хууль зөрчвөл Үндсэн хуулийн Цэцийн шийдвэр, анх илгээсэн байгууллагын саналыг үндэслэн УИХ эгүүлэн татаж болно” гэснийг Үндэслэн УИХ-аас нэр дэвшүүлж томилсон Цэцийн гишүүдийг эгүүлэн татаж, Ерөнхийлөгч болон Дээд шүүхэд санал уламжлан (саналыг зөвшөөрнө гэдэгт итгэж байна) улмаар эгүүлэн татах саналыг нь үндэслэн эгүүлэн татах арга хэмжээ авах нь зүйтэй. Энэ үед Цэц шийдвэр гаргах (өөрсдийн тухай) чадамжгүйг дурдах нь зүйтэй. Харин Цэцийн шинэ бүрэлдэхүүн Цэцийн энэ шийдвэрийг Цэцийн хуулийн дагуу нэн даруй хүчингүй болгох хэрэгтэй.

-1999 оны арванхоёрдугаар сарын 24-ний өдөр баталсан Үндсэн хуулийг Цэцээс хүчингүй болгож байсан. Өмнө нь гарч байсан энэхүү тохиолдлоос энэ удаагийнх юугаараа ялгаатай вэ?

-1999 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг Үндсэн хуулийн Цэц хүчингүй болгож байсан нь эдгээр өөрчлөлт Үндсэн хуулийг зөрсөн гэсэн үндэслэлээр биш, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах Үндсэн хуулиар тогтоосон дэгийг зөрчсөн гэж үзсэн. Тийм ч учраас тэр үеийн Цэцийн “ойлголтод” тохируулан нэмэлт, өөрчлөлтөд үг үсгийн ч засвар хийлгүй 2000 онд дахин нэмэлт, өөрчлөлт оруулсан байдаг юм. “Ойлголт”-ыг тодруулбал, Үндсэн хуулийн 68.1-д “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санаачилгыг хууль санаачлах эрх бүхий байгууллага, албан тушаалтан гаргах бөгөөд саналыг Үндсэн хуулийн Цэц УИХ-д өргөн мэдүүлж болно” гэсэн заалт дахь “саналыг” гэдгийг УИХ-аас Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа Үндсэн хуулийн Цэцээс заавал санал авах, Цэц өргөн мэдүүлэх ёстой мэт “ойлголт”-ыг дээр дурдсан үед баримталсан байдаг юм.

-Та ч бас Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар Цэцэд хандаж байсан?

-Тиймээ. Энэ нь Үндсэн хуулийн нэмэлт , өөрчлөлтийн үндсэн хэсэгт огт хамаараагүй. Харин дагаж мөрдөх хугацаа нь Үндсэн хуулийн 69.3-т заасан “УИХ-ын ээлжит бус сонгууль явуулахын өмнө зургаан сарын дотор Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж үл болно” гэснийг зөрчсөн тухай мэдээлэл гаргасан. Энэ заалт нь сонгууль дөхсөн үед Үндсэн хуульд популист нэмэлт, өөрчлөлт оруулахаас сэргийлсэн агуулгыг багтааж байгаа юм. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь хугацааны хувьд хоёр бүрэлдэхүүнтэй: ҮХНӨ оруулах хугацаа нь баталсан хугацаа, дагаж мөрдөх хугацаа гэсэн хоёр бүрэлдэхүүнтэй. Оны өмнө баталж (2019 оны арваннэгдүгээр сард), сонгууль болоос сар хүрэхгүйн өмнө (2020.5.25) дагаж мөрдөхөөр заасан байсан. Цэц авч хэлэлцээгүй. “Дордуулсан долоо”-г засаж байгаа нь энэ гээд Үндсэн хуулийн 39.1-д одоо маргалдаад байгаа өөрчлөлт оруулсан популизмынхоо “гай”-г одоо үүрч байна.

-Үндсэн хуулийн Цэц Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар ямар боломж байдаг вэ?

– Үндсэн хуулийн 68.1 дэх хэсэгт дэх “…саналыг Үндсэн хуулийн Цэц нь УИХ-д өргөн мэдүүлж болно” гэдэг нь 1999 онд хэрэглэсэн утгаар биш, харин Үндсэн хуулийн Цэцэд нэмэлт, өөрчлөлт оруулах саналаа УИХ-д өргөн мэдүүлэх эрх олгосон нь Үндсэн хуулиар олгосон нэг талаас боломж, нөгөө талаас үүрэг юм. Тодруулбал, санал өргөн мэдүүлж болно гэдэг нь УИХ тэр саналыг хэлэлцэх үүрэгтэйг илэрхийлэх бөгөөд, ийм шаардлага Үндсэн хуулийн Цэцэд үүсч болохыг Үндсэн хуулийн хэмжээнд харгалзан үзсэн болно. Тухайлбал, иргэдээс ирсэн мэдээллээр үйлдсэн хуулийн маргаан шийдвэрлэхэд зөрчсөн, зөрчөөгүй талаар шийдвэр гаргах боломжгүй, эсвэл Төрийн эрх мэдэл хэрэгжүүлэгчийн хооронд гарсан зөрчлийг Үндсэн хуулиар нэг утгатай шийдэх боломжгүй. эсвэл судалгааны үндсэн дээр Үндсэн хуулиа сахин хамгаалах зайлшгүй шаардлагатай зэрэг тохиолдолд Үндсэн хуулийн Цэц нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг УИХ-д өргөн мэдүүлэх шаардлага гарахыг үгүйсгэх аргагүй юм. Жишээ нь, ямар нэг хуулиар УИХ гишүүн нь Засгийн газрын гишүүнээс төрийн зэрэг дэвээр илүү байхаар заасан гэе. Энэ талаар Үндсэн хууль зөрчсөн гэсэн маргаан гарсан гэж бодъё. Үндсэн хуулийн Цэц үүнийг шийдэх гэтэл Үндсэн хуулийн 29.1-ээр УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний албан тушаалыг хавсарч болохоор заасан учир УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнээс дээгүүр зэрэг дэвтэй гэж ойлгохоор байтал Үндсэн хуулийн 39.1-ээр Засгийн газрын гишүүн нь УИХ-ын гишүүний албан тушаалыг хавсарч болно гэсэн учир Засгийн газрын гишүүн нь УИХ-ын гишүүнээс дээгүүр зэрэг дэвтэй гэж ойлгохоор байна. Яг ийм үед Үндсэн хуулийн Цэц шийдвэр гаргахаас татгалзан харин УИХ-д Үндсэн хуулийн Үндсэн хуулийн 39.1-ийг “Засгийн газрын Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдийн дөрвөөс илүүгүй нь УИХ-ын гишүүдээс байж болно” гэсэн өөрчлөлт оруулах саналаа өргөн мэдүүлж асуудлыг шийдвэрлэх юм.

-Үндсэн хуулийн Цэц Үндсэн хуульд нийцүүлэн асуудлыг шийдвэрлэх боломж бий юү. Мөн Т.Доржханд гишүүнд?

-Үндсэн хуулийн Цэц иргэдийн гаргасан маргаанд “Үндсэн хуулийн Цэц нь Үндсэн хуулийн заалт, Үндсэн хууль зөрчсөн тухай асуудлыг хэлэлцэх эрх мэдэл байхгүй тул Үндсэн хуулийн маргаан үүсгэхээс татгалзаж байна” гэсэн хариулт өгөх ёстой байсан. Мөн Үндсэн хуулийн Цэцийн дарга гишүүдтэйгээ зөвлөлдөж УИХ-д Үндсэн хуулийн дараах өөрчлөлт оруулах саналыг өргөн мэдүүлье гэж шийдэж болох боломжтой байсан. Үндсэн хуулийн 39.1-ийг дараах байдлаар өөрчлөн найруулах “39.1 Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ”. Т.Доржханд гишүүн бүрэн эрхийнхээ дагуу дээрх Үндсэн хуулийн өөрчлөлтийг санаачилж болох байсан.

-Яагаад ийм арга замыг сонгов?

-УИХ Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахгүйгээр Засгийн газар дахь УИХ-ын гишүүдийн тооны хязгаараас салахын тулд хийж байгаа үйлдэл гэдэг нь илэрхий. Үндсэн хуульд бүх үйл ажиллагаа, үйлдлээ нийцүүлж байх ёстой атал үйл ажиллагаа, үйлдэлдээ Үндсэн хуулиа нийцүүлэх гэсэн энэ урвуу оролдлого нь Үндсэн хууль руу хийж байгаа “эзлэн түрэмгийлэл” юм. Үндсэн хуулийн Цэц нь ийм түрэмгийллээс Үндсэн хуулиа сахин хамгаалах үндсэн үүрэгтэй байтал “түрэмгийллийг” тосон авч Үндсэн хуулийн нэг хэсгийг (39.1-ийн Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүний албан тушаал хавсарч болно” гэсэн) “устгалаа”. Ийнхүү хамгаалах ёстой зүйлээ хавсарч “устгасан” нь түүхэнд хар томбо үлдлээ. Бүх юм Үндсэн хуулийнхаа дагуу засагдаж сэргээгдэнэ гэдэгт найдах л үлдлээ. Үндсэн хууль маань хоточ нохой нь чонотой нийлчихсэн хот айл шиг л болоод байна даа.

Categories
мэдээ улс-төр

Ж.Батсуурь: Үндсэн хуулийн Цэцээр “гар, хөл” хийж төрийн эргэлтийн шинжтэй үйлдэл хийж байгаад их харамсаж байна DNN.mn


УИХ-ын гишүүн Жамбын Батсуурьтай ярилцлаа.


-Үндсэн хуулийн Цэцээс хэдэн ч сайд давхар дээлтэй байж болно хэмээн тогтоосныг та хэрхэн дүгнэж байна вэ?

-Хаврын чуулган завсарласнаас хойш багагүй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд иргэдийн дийлэнх хувь нь амралтын байдалтай байна. Баяр наадам, амралт зугаалгын үеэр Үндсэн хуулийн Цэц хэд хэдэн шийдвэр гаргасан байна. Шийдвэрийн үр дүнг харахад хуйвалдааны шинж чанартай. Монголын ард түмний хүсэл, зорилгын эсрэг ноцтой шийдвэрүүд гарсан гэж би харж байна. Учир нь ард түмнээс сонгогдож төлөөлөл болсон УИХ-д хууль тогтоох бүх эрх нь хадгалагдаж байх ёстой. 2016 оноос хойш одоог хүртэл ард түмэн МАН-д төр барих эрхийг олгож, тэр тусмаа 2020 онд МАН-ыг УИХ-д дийлэнх олонх буюу 62-ын бүлэгтэй болгосон.

Монгол Улсын Засгийн газар, цагдаа, тагнуул, АТГ, хилийн цэрэг, батлан хамгаалах гэх зэрэг бүхий л төрийн бүтцийг МАНбарьж байна шүү дээ. Үүн дээр нэмж 2021 Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулж Ерөнхийлөгчийн институци нэмэгдэж хүч нэгтгэгдсэн. Ийнхүү бүх боломж нь байсаар байтал Үндсэн хуулийн Цэцээр “гар, хөл” хийж Үндсэн хууль болоод Монголын төрийн тогтолцоонд өөрчлөлт оруулах төрийн эргэлт, хуйвалдааны шинж чанартай үйлдэл хийж байгаад маш их харамсаж байна.

ИХбиш, Цэц Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь ямар урхагтай гэж та харж байна?

-Үндсэн хуулийн Цэц Үндсэн хуулийн манаач байх ёстой.Үндсэн хуультай зөрчилдсөн бусад хуулийн зөрчлийг хянадаг байгууллага. Гэтэл өнгөрсөн жилээс эхлээд улстөрчид, эрх баригчдын захиалгаар ажиллаж байгаа нь ард түмний нүдэн дээр тодорхой байна. Ард түмэн сонгуульд оролцох шаардлагагүй хэмжээнд хүрч байна. Хэнийг Ерөнхийлөгчид дэвшүүлэх, аль намыг ялуулах, ялсан хойно нь давхар дээлтэй байлгах уу, үгүй юү гэдгийг Үндсэн хуулийн Цэц шийддэг болчихвол УИХ гэж байгаад яах юм бэ. Ард түмний тусгал болсон УИХ өөрөө бүрэн эрхээ хадгалж эрх хэмжээгээ хэрэгжүүлж байх ёстой.

Одоогийн шийдвэрүүдийг гаргаж буй Үндсэн хуулийн Цэц гэж Монгол Улсын нэр нүүрийг түмний шившиг болгож байсан, шагнал урамшуулал болон бусад зүйлээр улстөрчдийн, улс төрийн намын гар хөл болж барьцаанд орсон хүмүүсийн цугларал болчихсон байна. Жишээ нь, төрийн албанд ажиллах насны дээд хязгаарт хүрсэн хүн Үндсэн хуулийн Цэцийн дарга хийж байна. Аль хэдийнэ чөлөөндөө гарчихаад байх ёстой хүнийг зориудаар албан тушаалд нь хадгалж Монголын төрд эргэлт хийх хэмжээний шийдвэрүүдийг гаргуулж улс орон, ард түмнийг бужигнуулсан үйлдэл болж байна. Энэ есөн хүн Монголын төрийг мэддэг болчихвол Үндсэн хуультай ч байгаад яах юм бэ. Их Хуралтай байгаад ч яах юм бэ. Аягүй бол Үндсэн хуулийн есөн гишүүн цаашид УИХ-аас баталсан улсын төсвийг өөрчлөх юм байна л даа. Ийм маягаар Үндсэн хуулийн Цэц үндсэн ажлаа хийж чадахгүй бол татан буугдаж Дээд шүүхэд эрхээ шилжүүлж өгөх хэрэгтэй гэж бодож байна.

Нөгөө талд УИХ өөрөө ард түмний өгсөн эрх мэдлийг хэрэгжүүлж чадахгүй, Засгийн газраа байгуулж хяналтандаа байлгаж чадахгүй, хийх ёстой ажлуудыг нь хийлгэж чадахгүй бол УИХ-ыг удирдаж байгаа Г.Занданшатар огцрох ёстой.

Үндсэн хуулийн Цэцэд хэн ч гомдол гаргаж болно л доо. Гэхдээ Монгол Улсын үндэсний эрх ашиг, тусгаар тогтнол, аюулгүй байдал, төрийн тогтолцооны асуудлыг Улаанбаатар хотын УИХ-ын нэг тойргийн төлөөлөлтэй ХҮН-ын нэг нөхрөөр гомдол гаргуулаад тэрийг нь эх баригчдын хүсэл зорилгоор шийдвэрлэж байна. Яагаад тухайн асуудлыг Үндсэн хуулийн Цэц Дунд суудлын хуралдаанаар оруулахгүй байгаа юм бэ. Тэгсэн бол зөв буруу эсэх нь УИХ дээр олон талаас хэлэлцэгдэн бодит үнэн шийдвэр гарах боломжтой шүү дээ. Шууд Их суудлын хуралдаанаар шийдвэрлэж байгаа нь бүр цаанаасаа хуйвалдааны шинж чанартай байгаа нь илүү тод харагдаж байна.

УИХ-аар хэлэлцүүлчихвэл хэрүүл болно, Монголын ард түмний өмнө хуйвалдаан нь ил болно гэдгийг мэдэж байгаа болохоор шууд Их суудлын хуралдаанаар тогтоол гаргалаа. Найр наадмын үеэр ийн шийдвэр гаргаж байгааг би төрийн эргэлтийн шинж чанартай үйлдэл гэж харж байна.

-Төрийн бүх эрх мэдэл МАН-д төвлөрчихөөд байхад яагаад Цэцээр ийм шийдвэр гаргуулж нэр хүндийг нь шороотой хутгаж байна гэж харж байна?

-МАН, өнөөгийн эрх баригчид арчаагаа алдаж байна л даа. 1992 оноос хойших найман удаагийн сонгуулийн нэгээс бусдад нь төр барьсан, барилцсан улс төрийн хүчин шүү дээ. Өнгөрсөн 30 жилийн 26 жилд нь төр барьсан, барилцсан гэсэн үг. 2012-2016 онд АН-ыг төр барьж байх үед одоогийн эрх баригчид давхар дээлгүй болох хэрэгтэй гэцгээж өөрсдөө л Үндсэн хуульд өөрчлөлт оруулж баталгаажуулсан шүү дээ.Давхар дээлтэй халууцаад байна гээд байсан хүмүүсийн улс төрийн карьер нь дуусчихсан дахиж давхар дээлийг оруулж ирэх замаар улс төрд нөлөөллөө тогтоохыг санаархаж байна.

2016 оноос хойш өнөөг хүртэл МАН эрх барьж байна. Төрөө хямралаас гаргана л гэсэн. Түмнээ ядуурлаас гаргана л гэсэн. Хүчээ нэгтгэе л гэсэн. Хүч нэгтгээд өгвөл улс орноо хөгжүүлээд, ард түмнээ сайн сайхан амьдралд хүргэнэ гэсэн хаана байна вэ? Өнөөдөр бодит байдал ямар байна. Америк доллар 1700 төгрөгтэй тэнцүү байх үед Монгол орон сүйрэх гээд байна гээд орилоод байсан хүмүүс 3200, 3300 төгрөгтэй тэнцүү болгочихсон байна. Нэг хүнд ногдох зээл 15 сая төгрөг байна гээд байсан өнөөдөр 30 гаруй сая төгрөг болоод өсчихсөн байна. Монгол Улсын зээл 15 гаруй тэрбум доллар байсан. Өнөөдөр 30 гаруй тэрбум доллар болчихлоо. Бүтэн нугарчихлаа. Бараа бүтээгдэхүүний үнэ хэд дахин өсчихөөд байна. Сайн сайхан үйлдэл хүч нэгдэж хийе гэвэл УИХ-ын 76 гишүүний 62 нь МАН-аас сонгогдож ямар ч хуулийг, ямар ч тээр саадгүйгээр хүссэн хугацаандаа гаргах боломж тэдэнд байна.Энэ бүхнээс үзэхэд Үндсэн хуулиар оролдож давхар дээлийг дэмжсэн шийдвэр оруулж байна гэдэг бол албан тушаалд улайрсан хоёрдугаар ээлжээ хоолонд оруулах гэсэн үйлдэл. Улс орон, ард түмний амьдралыг бодож байгаа зүйл огтхон ч алга.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хоёрхон жилийн өмнө хийсэн. Тэр үед үнэхээр төгс төгөлдөр боллоо гээд амаа олохгүй бүх телевизүүдээр магтаж байсан. Кино хүртэл хийсэн. Гэтэл хоёр, гурван жил ч бололгүй гэнэтхэн яагаад өөрчлөх болчихов. Өнөөдөр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт давхар дээл ярихаасаа илүүтэй валютын ханш, инфляцийг ярих ёстой.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийгээд долларын ханш,инфляци зогсох уу, ядуурал буурах юм уу. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хийсний дараа 30 гаруй тэрбум долларын өр зээл дарагдах юм уу. Үнэхээр тэгнэ гэвэл Т.Доржханд нь гомдол гаргана уу, Үндсэн хуулийн Цэц нь ямар шийдвэр гаргах нь хамаа алга. Энэ бүхний маргааш нь долларын ханш, бараа бүтээгдэхүүний үнэ буурах юм уу. Малын гаралтай бүтээгдэхүүний үнэ, экспорт өсөх юм уу. Энэ бүх асуудлууд давхар дээл өмссөний дараа шийдэгдчихнэ гэвэл тэрэн шиг худлаа зүйл байхгүй.

Мэргэжлийн Засгийн газар байгуулна гээд байсан хаана байна. Давхар дээл ороод ирвэл дандаа улстөрчид яамдыг толгойлно. Мэргэжил нь таараа ч үү, үгүй ч үү.

Өнгөрсөн жилүүдийг харахад төрөө хямралаас гаргана. Түмнээ ядуурлаас ангижруулна гэсэн худлаа байлаа. Мэргэжлийн Засгийн газар байгуулна гэсэн худлаа байлаа. АН улс орныг самраад өр зээл тавиад байна гэсэн өөрсдийнхөө эрх барьж байгаа энэ зургаан жилд гэхэд л Монгол Улсын 26 жилийн хугацаанд бий болсон өрийг хоёр дахин илүү болгочихлоо. Харин ч АН-ыг төр барьж байх үед эдийн засаг өсөлттэй, инфляцийн түвшин хамгийн бага, тэтгэвэр тэтгэмж, цалин тухайн үеийн өргөн хэрэглээний үнээр амьдрах боломжтой байсан байна.

Сонгууль болохоор бид хамгийн мундаг нь ард түмэн бидний хүчийг нэгтгээд өгөөч гэсэн. Ард түмэн хүслээр нь хүчийг нь нэгтгээд л өгсөн. Хүчээ нэгтгээд ажлаа хийгээд явахад нь хаалт болох юм алга. Гэтэл заавал хүний гараар могой бариулж барьцаанд орсон хүмүүсээр муу муухай зүйл хийлгэж ард түмнийг доромжилж байна.

-Эрх баригчдыг хазаарлах хүмүүс нь АН. Гэтэл сөрөг хүчний гишүүд болох Н.Ганибал, Ш.Адьшаа нар энэ үйл ажиллагаанд нь хүч нэмсэн шүү дээ. Танай намын хоёр гишүүн давхар дээлний асуудалд хутгалдаад явж байгааг та юу гэж бодож байна?

-Энэ бол АН,АН-ын бүлгийн бодлого биш. Энэ хоёр гишүүний гомдлыг Дунд суудлынхаа хуралдаанаар хэлэлцэх ёстой шүү дээ. Тэгээгүй учир дээрх хоёр гишүүн тухайн хуралд суугаагүй юм билээ. Гэтэл гуя дагаж хүзүү гэдэг шиг үүнийг далимдуулж цаана нь улс төрийн хүсэл зорилготой татан оролцуулсан зүйл боллоо.

Өнөөдөр ХҮН намын Т.Доржханд Монголын төрд гайхамшигтай юм хийчихсэн юм шиг яриад байгааг би үгүйсгэж байгаа. Улсын хэмжээний асуудлыг үндэсний хэмжээний намууд ярих ёстой. Монгол Улс ямар том газар нутагтай билээ. Хэдэн сум, хэдэн аймаг, хэдэн баг, хороотой билээ. Тэр бүрийн санал Үндсэн хууль болон бусад хуулиудад сууж байх ёстой атал тойргийн нам, тохиолдлын нэг гишүүн Монголын ард түмнээр хэзээ ч тоглож болохгүй, эрх баригчдын гар хөл болж байгаа нь харамсалтай.

-Давхар дээлний асуудлаар Үндсэн хуулийн Цэцэд хандсан танай намын гишүүдийг Засгийн газарт оруулна гэсэн яриа бий. Үүнийг та юу гэж харж байна?

-Хаврын чуулган завсарласнаас хойш тойрогтоо ажиллаж байгаад саяхан ирлээ. Тиймээс харьцангуй мэдээлэл муу байна. Манай бүлгийн хувьд өнгөрсөн арваннэгдүгээр сараас хойш үйл ажилллагаа явуулж чадаагүй. Бидэнд хаврын чуулганы сүүлийн өдөр бүлгийн даргаа солих эрх зүйн боломж бүрдсэн. Ээлжит бус чуулганаар юм уу, намрын чуулганаар АН-ын бүлгийн гишүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдаж бүлгийн даргатай болох байх. Бүлэг дээрээ улс төрийн асуудлуудыг шийдэх байх. Би өөрийн дээрх байр сууриа бүлэг дээрээ илэрхийлнэ. Олонхын шийдвэр яаж гарахыг таашгүй.

Цаашид яаж явах нь эрх баригчдын гарт бүрэн байгаа шүү дээ. Парламентын 76 гишүүний 62 МАН-д байна. Тэдэнд саад болох зүйл алга. 2016 оноос хойш хийсэн бүх ажлууд нь бүтэлгүйтэж цааш алхах газаргүй болоод үүнийгээ бусадтай хуваалцана гэж байгаа бол би хувьдаа хүлээн зөвшөөрөхгүй. Ер нь чадна гээд авсан бол чаддаг л байх ёстой. Бүх болж бүтэхгүй зүйлээ цар тахлаар халхавчилна гэвэл ард түмэн хүлээн зөвшөөрөхгүй.

Эрх баригчид хүсэл зорилгоо биелүүлэхийн тулд парламентад суудалгүй болон үндэсний хэмжээний биш тойргийн хэмжээний төлөөлөлтэй намуудад шилний цаанаас чихэр долоолгоно гэдэг шиг “Хэдүүлээ УИХ-ынхаа гишүүдийн тоог нэмчихье. Давхар дээл, хувь тэнцүүлсэн системийг оруулчихъя. Тэгвэл та нар УИХ-д ороод ирнэ ш дээ” гэж горьдлого үүсгэж, нөгөөдүүл нь ч түүнд нь итгэчихсэн ард түмний дуу хоолой болж байх ёстой байтал эрх баригчдын цагаан хоолой болчихсон магтан дуулаад явж байна.

-АН-ын хуваагдал намын дэргэдэх байгууллагууд руугаа ороод эхэллээ. Та АН-ын даргад нэр дэвшиж байсан хүний хувьд буцаж эвлэлдэх гарцыг юу гэж харж байна?

-1990 оны хувьсгалаас хойш өнөөдрийг хүртэл АН-ыг удирдаж байсан хүмүүс “би биш бол чи биш” гэсэн байр сууринаас татгалзах ёстой гэж харж байна. Эрх мэдэлтэй байхдаа өөрсдийнх нь дэмжлэгийг авч байсан хүмүүсийг дэргэдээ авчихаад намыг хуваагдмал байдалд оруулж хүчгүйдүүлээд байна. Энэ нь АН-ын нэг институци болж төрийн бодлогыг хэрэгжүүлэх үйлдлийг саармагжуулаад байна шүү дээ. Гарах гарц нь юу вэ гэхээр өнөөдрийн будлианыг тариад байгаа Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, сайд, дарга хийж байсан хүмүүс мөн АН-ыг удирдаж байсан хүмүүс арагшаа ухарч дунд, шинэ үеийнхэндээ АН-ыг удирдаад явах боломжийг олгосноор нэгдсэн АН үндэсний хэмжээнд бодлогоо хэрэгжүүлэх боломжтой болно.

Өнөөдрийн эрх баригчид Монголын нийт ард түмний 40 гаруй хувиар эрх мэдлийг авчихаад байна. Үлдсэн 60 хувь нь АН-ыг дэмждэг, ардчилсан тогтолцоо, чөлөөт эдийн засаг, хүний эрхийг дэмждэг хүмүүс байгаа юм.

-Та одоо аль АН-ын талд явж байна?

-АН-ыг шинээр эмхлэн байгуулж, үйл ажиллагааг нь жигдрүүлж, ард түмний дуу хоолой болъё гэж өнгөрсөн хавар АН-ын даргын сонгуульд нэрээ дэвшүүлж байсан. Зориг гарган Монгол Улсын Ерөнхийлөгч байсан хүнтэй ач тач үзсэн. Гэтэл нэр дэвших үед хүчин төгөлдөр байсан намын дүрэм барианд орох буюу сонгуулийн санал хураалтаас гурав хоногийн өмнө Дээд шүүх дээр өөрчлөгдөн бүртгэгдэж эрх зүйн өөр орчин шинээр бий болсон. Тийм учраас би нэрээ татсан. Тэр цагаас хойш одоог хүртэл би дундын байр суурийг баримталж байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

С.Амарсайхан: Энэ жилийн баяр наадам шинэ хууль дүрмээр зохицуулагдаж байгаагаараа онцлог DNN.mn

Монгол Улсын Шадар сайд Сайнбуянгийн Амарсайхантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Цар тахлаас үүдэж монголчууд хоёр жилийн дараа наадмаа өргөн дэлгэр тэмдэглэх гэж байна. Наадмын бэлтгэл ажил хэр хангагдаж байна вэ?

-Наадмын бэлтгэл ажлыг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо хариуцаж ажилладаг. Морь, бөх, сур, шагай, хэвлэл мэдээлэл, хэв журам аюулгүй байдал зэрэг есөн салбар хороо бүгд ажилдаа орсон. Бэлтгэл ажил маш сайн хангагдаж байна.

-Шинэ хуулийн зохицуулалтын дагуу наадмаа зохион байгуулах гэж байна. Энэ жилийн наадмын онцлог юу вэ?

-2013 онд батлагдсан Үндэсний их баяр наадмын тухай хуулийг УИХ шинэчлэн найруулж хэлэлцэн баталлаа. Тиймээс энэ жилийн баяр наадам шинэ хууль дүрмээр зохицуулагдаж байгаагаараа онцлогтой. Хоёрдугаарт, олон тэгш ой давхацсан жил болж байна. Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 болон Их Эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой энэ жил тохиож байна. Үүнээс гадна өнгөрөгч хоёр жил бид баяр наадмаа өргөн дэлгэр тэмдэглэж чадаагүй. 2020 онд цахимаар наадамласан. 2021 онд цар тахлын нөхцөл байдал хүнд байсан учраас Засгийн газрын тогтоолоор хойшлуулсан. Хоёр жил тэмдэглээгүй учраас иргэд энэ жил их хүлээлттэй байгаа байх. Тиймээс энэ их хүлээлтэд нийцүүлж арай шинэлэг, өргөн дэлгэр зохион байгуулахыг зорьж байна. Цаашилбал Монголын түүх, өв соёл, ёс заншлаа түгээн дэлгэрүүлэх, монгол түмний бахархал болсон үндэсний их баяр наадмаа ёслол төгөлдөр зохион байгуулж, хотол олноороо өргөн дэлгэр наадамлахаас гадна дэлхий нийтэд, гадны зочин гийчинд өв соёлоо сурталчлан таниулах ажил давхар хийгдэж байна.

Гуравдугаарт, энэ жилийн баяр наадмыг Монгол бахархал нэрийн дор, нэгдсэн брэнд бэлгэдэлтэйгээр 7-8 дугаар сарын турш монгол түмэн, гадны гийчдэд зориулсан соёл урлагийн арга хэмжээг зохион байгуулна. Хуваарь нь гарсан.

-Морь, бөхтэй холбоотой маргаан жилийн жилд гардаг. Баяр наадмын тухай хуулиар энэхүү маргааныг шийдвэрлэж чадав уу?

-Хурдан морины уралдаан сүүлийн жилүүдэд маргаан дагуулсаар байгаа. Хоёр ч холбоо бий болсон. Зөвхөн морь гэлтгүй олон асуудал бий. Энэ хууль батлагдсанаар зохицуулалтгүй явж ирсэн асуудлуудыг шийдвэрлэж, зохицуулалтууд нь илүү ойлгомжтой болсон. Энэ жилийн наадамд зургаан насны морьд уралдана. Гэхдээ “монгол адууны үүлдрийн стандартад нийцсэн морьдыг уралдуулна” гэж хуульд заасан. Мөн эрлийз морьд улсын баяр наадамд цол авдаг байсныг энэ хуулиар больж байгаа. Түүнчлэн цаашид монгол морины цуснаас шинжилгээ авч, геномын дарааллыг тоолж, стандартыг нь батлах хүртэл шилжилтийн үеийн зохицуулалтын дагуу хурдан морьдыг сэрвээний өндрийг хэмжин стандарт тогтоон уралдуулна.

Бөхчүүдийн тухайд бөхийн эрэмбэ дарааны асуудал бий. Сүүлдээ бөхийн холбоод нь ч учраа олохоо больсон. Бөхчүүд нь ч хоорондоо маргалдаад дан ганц наадам гэлгүй цагаан сар, бусад барилдаанууд ч дандаа хэл ам дагуулсан маргаантай болдог болсон. Маргаан юун дээр гарч байна гэхээр эрэмбэ дарааг тогтоох, цол дуудах, эсвэл амлаж авах, цол олгох, допингтой холбоотой асуудлуудад их гардаг байсан. Тиймээс допингийн асуудлыг тодорхой болгож өгсөн. Допинг илэрсэн бөхийн цолыг нь хураана, хураахгүй гээд бөөн хэлэлцүүлэг, маргаан болдог. Тэгвэл одоогийн зохицуулалтаар түрүүлсэн бөхөөс допинг илэрвэл гурван хоногийн дотор Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо хуралдаж шийдвэрээ гаргаад Ерөнхийлөгчид уламжилна. Ерөнхийлөгч 14 хоногийн дотор шийдвэрээ гаргана. Хэрвээ тухайн бөх сэргээш хэрэглэсэн нь тогтоогдвол цолыг нь шууд хурааж авна. Хоёрдугаарт, Засгийн газраас баталсан дүрмээр эрэмбэ дараа, цол чимгийг дуудахдаа яах талаарх бүх зохицуулалтууд орсон. Тиймээс цаашид бөхтэй холбоотой хүндрэлүүд гарахгүй байх гэж үзэж байна.

-Баяр наадамтай холбоотой маргаанаас гадна дулиант махны асуудлыг танаас асуумаар байна. Махны үйлдвэрүүдийн хяналт шалгалт эцэс болсон уу?

-Хяналт шалгалт хийгдэж байна. Махны үйлдвэрүүдтэй холбоотой нэлээн асуудал дэгдсэн. Засгийн газраас томилогдсон ажлын хэсэг ажиллаж Эмээлт орчмын махны үйлдвэр болон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа мах, махан бүтээгдэхүүн, хүнсний үйлдвэрүүдэд хяналт шалгалтын ажлуудыг хийж байна. Энэ чиглэлийн хяналт шалгалтыг сулруулж болохгүй. Учир нь үндэсний аюулгүй байдал, хүнсний аюулгүй байдал, хүний амь нас, эрүүл мэндтэй холбоотой асуудал шүү дээ. Хоёрдугаарт, стандартын шаардлага хангахгүй байгаа технологийн бус үйлдвэрүүдийг бүгдийг нь түр зогсоосон. Дулааны аргаар мах боловсруулж байгаа үйлдвэрүүд цаашид энэ аргаараа үйл ажиллагаа явуулна гэвэл энэ жилийн арванхоёрдугаар сарын 31-ний дотор стандартаа хангах ёстой. Дагаж мөрдөх стандартыг Засгийн газар баталсан. Үүнд мал нядлахаас эхлээд бүтээгдэхүүн боловсруулах, дайвар бүтээгдэхүүн, хүнсний бүх төрлийн мах, махан бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэх шат дамжлагыг тодорхой болгож савлагаатай, эрүүл ахуйн шаардлага хангасан байхаар зохицуулсан. ХААХҮ-ийн сайдаар ахлуулсан ажлын хэсэг стандартыг мөрдүүлэх хэвшүүлэх ажлыг есдүгээр сарын 1 хүртэл хариуцаж байна. Цаашид гадагшаа экспортлох ч бай дотооддоо хэрэглэдэг ч бай олон улсын хүнсний аюулгүй байдлын стандартыг дагаж мөрдөх ёстой. Тэгэхгүй бол нэг хэсэг нь стандарт яриад нөгөө хэсэг нь дагаж мөрддөггүй байж болохгүй. Бизнес аж ахуйн нэгжүүд нь ч стандартыг мөрдүүлж аюулгүй байдлаа хангадаггүй, хяналт тавьж байгаа байгууллагууд нь ч шаардлагаа бүрэн гүйцэд тавьдаггүй хаа хаанаа хариуцлага алдсан асуудал байна. Тиймээс үүнийг нэг мөр цэгцэлье гэж байгаа юм. Стандартыг хангуулах ажил нэг өдөр яриад нэг хэсэг асуудал шийдвэрлээд зогсох зүйл биш. Өдөр тутам стандарт, аюулгүй байдлаа хангаж ажиллах ёстой.

-Засгийн газар махны экспортыг хязгаарласан нь чанаргүй нөөцийн мах ихээр үүсэх, малчдын орлого хумигдах зэрэг сөрөг үр нөлөө ихтэй байна хэмээх шүүмжлэл гарч байна. Та үүнд юу хэлэх вэ?

-Зөвхөн дулааны аргаар болон стандартын шаардлага хангахгүй байгаа үйлдвэрүүдийн үйл ажиллагааг зогсоож, дулааны аргаар боловсруулсан махны экспортыг 2023 оны нэгдүгээр сарын 1 хүртэл зогсоосон. Дулааны бус аргаар боловсруулсан махны экспорт нээлттэй хийгдэж байгаа. Шаардлага хангахгүй үйлдвэрүүд үйл ажиллагаа явуулж байгаа учраас дулааны аргаар боловсруулсан махны экспортыг зогсоосон. Хүний эрүүл мэнд, манай улсын стандарт зөрчигдсөн эсэх асуудал, бүр цаашилбал манай улсын үйлчилгээний байгууллагууд, засаг төрийн нэр хүнд зэрэг олон зүйл холбоотой учраас экспортыг түр зогсоож байгаа юм.

Энгийн аргаар нядалсан мал махны экспорт чөлөөтэй явж байгаа. Хамгийн гол нь шаардлага хангасан байх ёстой. Тэгэхгүй бол найзан дундаа, эсвэл бие биедээ найр тавьж болохгүй зүйлийг болж байна гээд өдийг хүртэл явсан. Тиймээс одоо ийм байдлаар асуудалд ханддагаа больё гэж байгаа юм. Үйлдвэрүүд 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс өмнө стандартаа хангачихвал экспорт нээлттэй. Гэхдээ тусгай зөвшөөрөл нэртэй нугалаа гарсан асуудлыг цаашид зогсооё гэж байгаа. Үйлдвэрлэл явуулъя гэж байгаа бол явуулах нь нээлттэй. Хамгийн гол нь стандарт, чанарын шаардлагыг ханга. Түүнийг дотоодын иргэд, аж ахуйн нэгж аваад хэрэглэнэ үү, эсвэл гадагшаа гаргана уу энэ бол аж ахуйн нэгжийн өөрийнх нь асуудал. Түүнээс биш дунд нь төрийн байгууллага аль нэг байгууллага, яам, эсвэл гадаадын нэг байгууллага зөвшөөрөл олгодог нэртэй дунд хууль бус үйл ажиллагаа явуулдаг байж болохгүй.

-Таны хөндөж тавьсан ипотекийн зээлийн санхүүжилт, МИК-ийн асуудлыг олон нийт сонирхсон хэвээр байгаа. Хэдийгээр ипотекийн зээл зогсоогүй гэж байгаа ч бодит байдал дээр ипотекийн зээл зогсчихоод байна хэмээх олон нийтийн шүүмжлэл бий. 8, 6 хувийн зээлийн хүүг бууруулах, урьдчилгаа бууруулах зэрэг асуудлаас ойрын хугацаанд аль нь биелэх боломжтой вэ?

-Шийдвэрлэх ёстой асуудал байсан учраас хөндөж гаргасан. Иргэдийн санал, гомдол ч их бий. Олон хууль бус асуудлууд ч энэ дотор байсан. Энэ бүгдийг судалж, ил тод нээлттэй болгож, цаашид зөв тогтолцоонд оруулуулах үүднээс энэ асуудлыг гаргаж тавьсан. Жишээ нь, найман хувь болон урьдчилгаа төлбөрийг буулгах боломжтой гэсэн дүгнэлт ажлын хэсгээс гарсан. Тиймээс ойрын хугацаанд Засгийн газрын хуралдаанд үүнийг эцэслэж танилцуулна. Дараа нь хэрэгжүүлэх шат руу орно гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна. Өмнө нь хөндөгдөөгүй асуудал учраас дарах, унагах сонирхол их байна. Олон шахалт, дарамт дунд энэ ажил хийгдэж байна. Ойрын хугацаанд шийдвэрлэгдэх байх гэж бодож байна. Шийдвэрлэх ч ёстой. Үүний цаана хөрөнгө санхүүтэй холбоотой хууль бус үйлдэл, зарим нь эрх мэдлээ хэтрүүлсэн, иргэдийг хохироосон асуудал байна. Ипотекийн зээлд хамрагдсан 110 мянган айл өрх бий. Иргэдийн сард төлж байгаа 800 мянган төгрөгийн 300 орчим мянган төгрөг нь өөр зүйлд зарцуулагдаад байна. Хэн нэгний тансаглал, хэн нэгний хууль бус хэрэглээ, хэн нэгний санхүүгийн луйврын схемд орчихоод байгаа юм. Үүнийг багасгавал 110 мянган айл өрхийн түрийвч, дансанд орсон хулгайг таслан зогсооно гэсэн үг. Тиймээс дээрх ажлыг зогсоох янз бүрийн улс төрийн, бизнесийн сонирхлууд байна. Тэдгээр цөөн хүмүүсийн эрх ашигт нийцүүлж асуудлыг шийдэх үү, эсвэл Засгийн газрын 2013 онд эхлүүлсэн нийт иргэдээ хямд өртөгтэй чанартай орон сууцаар богино хугацаанд хамруулах хөтөлбөрийг үргэжлүүлэх үү. Үргэлжлүүлж байгаа нэрээр иргэдийнхээ халааснаас хулгай хийсэн бүтцийг хүлээн зөвшөөрөх үү, эсвэл ил тод нээлттэйгээр, санхүүгийн дарамтгүйгээр иргэдэд энэ үйлчилгээг хүргэх үү гэдэг сонголтын дунд яваа. Үүнийг шийдэхээс өөр аргагүй. Засгийн газрын хуралдаанд оруулж танилцуулна. УИХ-ын хэмжээнд ч асуудлыг ярих ёстой. Орж танилцуулахад шийдвэр яаж гарах, үүнд хэн хэн хууль бус үйл ажиллагааг хамгаалж байна, хэн иргэдийнхээ талд шийдэх сонирхол байна гэдгийг харах боломж бүрдэнэ.

-Ипотекийн зээлтэй холбоотой шийдвэрийг хүлээсэн иргэд олон байна. Хэзээ Засгийн газарт танилцуулагдаж, хэзээнээс ажил хэрэг болох бол?

-Ер нь ипотекийн зээл тасалдах ёсгүй. Монголбанкнаас сар бүр 30 тэрбум төгрөгийн санхүүжилт олгож байгаа. Үүнийг иргэдэд олгох газар нь арилжааны банкууд. Тиймээс Монголбанк арилжааны банкуудыг зээлээ олгохыг шахаж, шаардлага тавих ёстой. Монголбанкнаас бидэнд өгч байгаа мэдээллээр сар бүр олгодог 30 тэрбум төгрөгийн эх үүсвэрээ одоо ч хэвээр олгож байгаа. Арилжааны банкаар дамжуулж иргэдэд ипотекийн зээл олгогдож байгаа гэсэн. Тиймээс 30 тэрбум төгрөг олгож байснаа олгохгүй байгаа, зогсоосон асуудал байхгүй. Түүнээс биш МИК-ийн асуудал хөндөгдсөнөөс болж ипотекийн зээл зогссон, зогсоосон, эх үүсвэр нь багассан зүйл огт байхгүй. Анх олгож байсан зарчмаараа явж байгаа. Зарим иргэдийн ипоткеийн зээл 6-8 сар болж байж гарч байна гэсэн мэдээлэл ирж байна. эдийн засагч нь судалж байна, эсвэл иргэдийн урьдчилгаа төлбөр, барьцаа, сарын орлого хүрэлцэхгүй байна гэдэг асуудлуудаас болж, эсвэл банк, МИК хоорондын үйл ажиллагаанаас болж удааширч байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ огт олгогдохгүй байна гэдэг бол ор үндэсгүй мэдээлэл. Үүнийг би хэлж байгаа юм биш. Монголбанкны ерөнхийлөгч эрхбиш худлаа ярихгүй байх. Хяналт шалгалтаар илэрч байгаа албаны мэдээлэл худлаа байхгүй. Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яам худлаа хэлэхгүй. Тиймээс зохицуулалтын асуудал л байгаа юм.

Цаашид илүү хүртээмжтэй болгохын тулд эх үүсвэрийг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа юм. Хоёрдугаарт, урьдчилгаа төлбөрийг багасгах боломжтой учраас багасгасны дараа хүртээмж нэмэгдэх боломж бүрдэнэ гэж үзэж байна. Тиймээс хүү, урьчилгаа төлбөрийг багасгаж хүртээмжийг нэмэгдүүлэх, Монголбанкнаас гарч байгаа эх үүсвэрийг нэмэгдүүлэх шаардлага гарна. Гэхдээ хоёр дахь зах зээлээс хөрөнгө босгож эрэлтэд нийцсэн хөрөнгийн нийлүүлэлтийг хийх боломжийг бүрдүүлэх ёстой. Байрны үнэ нэмэгдэж байна, инфляци өндөр байна, иргэдийн амьжиргаа сайнгүй байна. Тиймээс нэг хүчин зүйлээс бус олон хүчин зүйлээс шалтгаалж байгаа учраас олон ажлыг хооронд нь уялдуулах ажлыг банк санхүүгийн байгууллага, БХБ-ын яам, СЗХ, НИК хамтарч хийх ёстой.

-Ковидын асуудал юу болж байна вэ. Бид хэвийн амьдралдаа бүр мөсөн шилжчихэв үү. Улсын Онцгой комиссын даргын хувьд та энэ талаар юу хэлэх вэ?

-Цар тахлын маш хүнд цаг үеийг бид хамтдаа даван туулсан. Вакцин байсан учраас, иргэд вакциндаа идэвхтэй хамрагдсан учраас өнөөдөр харьцангуй хэвийн ажил амьдрал үргэлжилж байна. Гэхдээ ковид огт байхгүй болчихсон гэж бодож болохгүй. Өнөөдөр ч ковидын суурь, тохиолдлын тоо байсаар байна. Намар яаж хүндрэхийг хэлж мэдэхгүй. Өвлийн хүйтэн, намрын сэрүүн, бусад хүндрэлээс шалтгаалж ямар шинэ хувирал гарч биднийг яаж сандаргахыг хэлж мэдэхгүй байна. Гэхдээ ямар ч байсан Эрүүл мэндийн яам хүндэрч болзошгүй нөхцөлд бэлтгэж эм тариа иргэдийн эрүүл мэндийн эмчилгээ оношилгоонд анхаарч байгаа. Урд хөрш өнөөдрийг хүртэл хилээ нээгээгүй хөл хориотой байна шүү дээ. Уржигдархан БНХАУ-аас манай улсад суух Элчин сайдтай уулзсан. Хоёр жил зургаан сарын дараа БНХАУ руу нислэг нээгдэж байна. Сард 3-4 нислэг хийнэ. Ингэхийн тулд шинжилгээ өгнө. Сөрөг гарч нислэг нь хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүс Хятадад очоод тусгаарлалтын байранд долоо хоног тусгаарлагдана. Үргэлжлүүлээд гэртээ гурав хоног тусгаарлагдана. Энэ мэтээр урд хөршид хөл хорио хэвээр байна. Урд хөрштэй өөрсдийгөө харьцуулбал манай бүх салбар нээлттэй байна. Засгийн газрын эдийн засгаа сэргээх, эрүүл мэндээ хамгаалах бодлого үр дүнтэй хэрэгжсэн гэж үзэж байна. Иргэдээ вакцинжуулах ажил энэ хүрээнд сайн хийгдсэн гэж бодож байгаа. Иргэд маань идэвх санаачилгатай байсан. Гэхдээ тайвширч болохгүй. Нүдэнд үзэгдэж гарт баригдахгүй, хэлж биш хийсч ирдэг ноцтой өвчин шүү дээ, энэ. Ямар хүнд байдгийг бид мэдэрсэн. Тиймээс бэлэн байх ёстой.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Г.Ганболд: Иргэд Үндсэн хуулийн асуудлаас илүү үнийн өсөлтийг ярьж байна DNN.mn

УИХ-ын гишүүн Г.Ганболдтой ярилцлаа.


-Та тойрогтоо ажиллаад ирлээ. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг иргэд хэрхэн хүлээж авч байна?

-Тойргийн зургаан суманд ажиллаж 16 удаагийн уулзалт хийлээ. 1800 гаруй иргэдтэй уулзлаа. УИХ, Засгийн газрын үйл ажиллагаа, сүүлийн үед батлагдсан хуулиудын төслийг иргэдэд танилцууллаа. Мөн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудлаар дөрвөн бүлэг, 11 заалтын хүрээнд танилцуулга хийлээ. Орон нутгийн иргэдэд Үндсэн хуулийн талаарх ойлголт их муу байна. Үндсэн хуулийн асуудлаар ганц нэг ахмадууд ярьж байгаа болохоос залуус, төрийн албан хаагчдад Үндсэн хууль, хуулийн өөрчлөлтийн талаарх ойлголт алга. Тиймээс цаашид Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангид Үндсэн хуулийн хичээлийг оруулж энэ талаарх ойлголтыг хүүхдүүд, иргэдэд өгч баймаар юм билээ.

Тэгэхгүй бол Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжье гэсэн гишүүн очоод дэмжих талаас нь танилцуулбал дэмжиж, дэмжихгүй гэдэг талаас нь илэрхийлж танилцуулбал дэмжихгүй гэж байх шиг байна. Бидний өгч байгаа мэдээллээс болж иргэд янз бүр байна. Иргэд Үндсэн хуулийн асуудлаас илүү үнийн өсөлтийг хэлж байна.

Дизель түлшний үнэ бараг дөрвөн мянгад хүрлээ. Барилгын материал, тэр дундаа цементийн үнэ гэхэд 500 мянга гарчихлаа. Үүнд анхаарал хандуулаач ээ. Монгол Улсын өр зээл ямар хэмжээнд хүрчихэв. Өр зээлийн асуудлыг цэгцлээч гэж хэлсэн. Иргэд мэдээлэл өндөртэй болсон. Дайн байлдаантай холбоотойгоор бараа бүтээгдэхүүний үнэ дэлхий нийтэд өсч байгаа гэдгийг ч ойлгож байна лээ. Гэхдээ иргэдийн хувьд цалин хөлсний асуудлыг түлхүү хөндөж байсан.

Тухайлбал, төрийн албан хаагчдын цалин хөлс бага, төрийн албанд ажиллах хүн олдохгүй байна. Сумдын Тамгын газрын төрийн захиргааны албанд сул орон тоо их бий. 11 хүний орон тоо сул байгаа сум ч байна. Тал нь байхгүй. Тиймээс Төрийн албаны тухай хуульд сумдын төрийн албанд орох шалгуурыг бууруулах хэрэгтэй. Нэг хэсэг бид төрийн албыг чадавхжуулна, төрийн албан хаагчдын нийгмийн баталгааг хангана, төрийн албанд мерит буюу шатлан дэвших зарчмыг оруулж төрийн албанд орох босгыг их хатуу болгосон. Олон шалгуур давж байж орсны дараа цалин хөлс, нийгмийн асуудал тулгардаг. Орон байр, цалин хөлс, амьдралын баталгаажих түвшин сул байгаа учраас хөдөөд амьдрах иргэд олдохгүй байна.

Орон нутагт ажиллаад ирснийхээ дараа би энэ асуудалтай холбоотойгоор нэг хуулийн төсөл өргөн барьсан. Сумдад ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчид таван жил тутамд хөдөө орон нутгийн нэмэгдэл олгох хуулийн төсөл өргөн барьсан. Эрүүл мэнд, боловсрол ч гэдэг юмуу бусад байгууллагууд нэмэгдэл авдаг боловч төрийн захиргааны албан хаагчид авахгүй үлдчихээд байна гэх гомдол санал их тавьж байна. Мөн тэтгэврийн зөрүүг иргэд их хөндсөн. 350 мянган төгрөгийн тэтгэвэр авч байсан ахмадуудын тэтгэврийг тэгшитгэж бүгдийг нь 500 мянга болгосон. 450 мянган төгрөгийн тэтгэвэр авч байсан багш, эмч нарт яг адил цалин олгоод байна. Ялгаатай байдлыг нь хадгалаач гэж байна лээ.

-Төрийн захиргааны албан хаагчдад нэмэгдэл олгоход хэр хэмжээний мөнгө шаардагдах бол. Эдийн засаг хүнд байгаа өнөөгийн нөхцөлд боломж нь хэр байгаа вэ?

-Суманд ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагч гэсэн учраас гайгүй. Хууль хэрэгжиж эхлэхэд таван жилийн гүйцэтгэл гээд олон хүн авдаг шүү дээ. Бидний тооцоолсноор тэр үед гурван тэрбум төгрөг, цаашдаа жил тутам 1.8 тэрбум төгрөг гарах юм билээ. Тиймээс төсөвт дарамт өгөхгүй гэж үзэж байна.

-Баяр наадмын тухай хуулиар морь, бөх дээр гардаг маргаан цэгцрэв үү?

-Баяр наадмын тухай хуулийн ажлын хэсэгт орж ажилласан. Байнгын хороогоор ч морь, бөхтэй холбоотой асуудал их яригдсан. Морь, бөх ч биш сур харваа дээр ч зөрчил маргаан байдаг юм байна. Үндэсний сур, халх сур, буриад сур, урианхай сур ч гэдэг юм уу. Баяр наадмын тухай хуулийг богино хугацаанд хэлэлцлээ. Ямартаа ч Үндэсний баяр наадамдаа монгол адуу уралдуулъя гэж шийдлээ. Гэхдээ монгол адуу уралдуулахдаа Засгийн газар журам гаргаж монгол адууны генийн дарааллыг тогтоотол шилжилтийн үеийн журам гаргаж зохицуулахаар боллоо. Хэдийгээр монгол адуу гээд байгаа боловч 25 хувийн цустай ч гэдэг юм уу, эрлийз адууг ялгахад амаргүй болчихоод байгаа юм. Үүнтэй холбоотойгоор шилжилтийн үеийн журам гаргах чиглэлийг Засгийн газарт өгсөн. Бүсийн уралдааныг жилд дөрвөн удаа л зохион байгуулъя гэж тогтлоо.

Бүсийн уралдаан, улсын баяр наадмын цол өгдөг журамд өөрчлөлт оруулсан. Улсын наадамд заавал айраг түрүү авч байж “Тод манлай уяач” цол авна. Заавал улсын наадам гэхгүй бүсийн наадамд тухайн шаардлагыг хангасан түрүү, айраг авсан байвал алдарт уяач цол өгнө гэсэн зүйлийг хуульчилж байгаа.

Засгийн газар журмаа гаргаж монгол адууны генийг тогтоох хүртэл нь зайлшгүй сэрвээний өндрийг хэмжиж уралдуулна. Улсын наадамд эрлийз морьдыг уралдуулахгүй гэж тогтлоо. Мөн олон уралдааныг хязгаарлаж жилд хамгийн дээд тал нь дөрвөн бүсийн уралдаан явуулдаг болъё гэсэн зохицуулалтыг хийсэн.

Бөхийн эрэмбэ, цол чимэгтэй холбоотой маргаанууд байсан. Түүнийг цэгцэлсэн хууль боллоо. Допингийн үндэсний дүрэм гэдэг зүйл манайд байдаггүй. Допинг С1-С8 хүртэл өөр өөр байгаа юм. Хамгийн хүнд нь зориуд тамир оруулах допинг байхад өвчин намдаах эм уухад допинг илэрдэг. Үүнийхээ ялгааг гаргахгүй бол хэн нэгнийг санаатайгаар хорлох үүднээс эм тариа хийхийг бид хянаж чадахгүй. Хоёрдугаарт, үүнийг мөрдүүлж шалгая гэхээр энэ чиглэлийн байгууллага байдаггүй. Гуравдугаарт, допингийн асуудалд холбогдсон хүн өөрийнхөө эрх ашгийг хамгаалъя гээд хандах гэхээр спортын арбитрын шүүх байдаггүй. Үүнтэй холбоотойгоор улсын аварга Э.Оюунболдод холбогдох шүүх хурлаар Үндэсний допингийн дүрэм батлаагүй, тамирчид өөрийгөө хамгаалах механизм бүрдээгүй гэдэг агуулгаар барилдах эрхийг нь сэргээж байна. Энэ бол зөвхөн Э.Оюунболдод зориулсан зүйл биш. Допингийн асуудалд нэр холбогдсон бүх бөхчүүдэд хамаатай. Дагаж мөрдөх журмын тухай хуулийг батлахдаа энэ талаар тодруулсан. Үндэсний допингийн дүрмийг баталгаатай болгож, тамирчид өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалах боломжийг олгосон. Тэр болтол барилдаад явна.

Сумын наадмыг долдугаар сарын 10-11, улсын наадам 11-13, тэгш ойтой холбоотой асуудлыг Засгийн газар шийдвэр гаргаж зохицуулах, сумдын тэгш ойг аймгийн Засаг дарга захирамж гаргадаг байх өөрчлөлт орсон. Үүнээс өөрөөр Баяр наадмын тухай хуульд айхавтар өөрчлөлт ороогүй. Тиймээс маргаангүй болно гэж бодож байна.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Төгс төрх рүү тэмүүлэх нь зэрэмдэглэлийг хүсч байгаа хэрэг DNN.mn

Шинжлэх ухааны хөгжлийн нөлөөгөөр өнөөдөр зах дээр “ногоон хурганы арьс, нохойн битүү туурайнаас их зүйлгүй болчихсон үе. Мөнгө л байвал юуг л бол юуг бий болгох өнөөдрийн энэ үсрэнгүй нийгэмд төгс төгөлдөр рүү тэмүүлэх нь “өөрийгөө зэрэмдэглэж” байгаа хэрэг болж хувирлаа. Тэнд ч нэг хүүхэн хөх, өгзөг хийлгэж, энд ч нэг хүүхэн хамраа өндөрсгөж, уруул шахуулж, давхраа оёулж, нүдээ сэтлүүлж байна.

Бүр төрөхөөс дөрвөлжин төрсөн нүүрний хэлбэрээ “V-line” болгоно гээд мах, ясаа өөлүүлж байна. Бэлхүүс өргөн харагдаад байна гээд хавиргаа хүртэл хадуулж сууна. Гоо сайхны эмнэлэг газар авч, хагалгаа хийлгэхээр хүүхнүүд эрийтэл оочерлож байна.

Сайхан байх гоё л доо. Төгс байх бүр сайхан. Гэхдээ хүүхнүүд минь эцсийн эцэст төрөхөөс заяасан “өөтэй” энэ бие чинь хамгийн сайхан шүү дээ. Тарган байна уу, пагдгар байна уу, дөрвөлжин байна уу, өгзөггүй байна уу яадаг юм бэ. Ингээд л төрчихсөн биеэ гоочлох эрх бусдад битгий олго.

Туранхай бол сайхан хүүхэн, “V-line” нүүртэй байвал дэлхийн төгс төрх, 90х60х90 биеийн харьцаа дэлхийн төгс галбир гэсэн мэдээ сэлт, зураг хөрөг чинь зүгээр л таны тархийг угааж, мөнгө болоод цагийг тань үрэн таран хийх гэсэн бизнесүүдийн явуулга шүү дээ. Бусдыг баяжуулахын тулд хөдөлмөрөө үнэлж цагаа зарж болох ч биеэ зэрэмдэглүүлж сайхан болно гэдэг бол бас арай л муйхарлал шүү.

Categories
их-уншсан мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ц.Батболд: Хатуу гишүүнчлэлтэй массын намыг татан буулгахгүйгээр парламентын ардчилал хэзээ ч зүгширч чадахгүй DNN.mn

– Хэрвээ хэт олонхоороо удаан явбал ардчилал авторитаризм руу аажмаар орох аюултай –

МУИС-ийн Улс төр судлалын багш, доктор, дэд профессор Ц.Батболдтой ярилцлаа.


-Гуравхан жилийн өмнө нэмэлт, өөрчлөлт оруулсан Үндсэн хуульд дахин нэмэлт оруулахаар яригдаж эхэллээ. Үндсэн хуульд ийнхүү ойр, ойрхон өөрчлөлт оруулах гээд байгаагийн цаад шалтгааныг судлаач хүний хувьд та хэрхэн харж байна?

-Аливаа Үндсэн хууль гэдэг бол тухайн улс орны нийгмийн анги давхаргуудын зөвшилцөл байдаг. Өөрөөр хэлбэл, ямар төр засагтай байх, ямар тогтолцоотой байх тухай зөвшилцөл учраас нийгмийн гэрээ гэж нэрлэдэг. Тиймээс Үндсэн хуулийг хийхэд нийгмийн бүхий л давхарга, бүлгүүдийн зөвшилцөл, дуу хоолой хүрсэн байж нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал сая бүрэн зөвшөөрөгдөх ёстой.

Үндсэн хуулийг хэлэлцэхдээ зөвхөн нэг нам олонхоор асуудлыг шийдэж байгаа бол нийгмийн зөвшилд хүрч чадахгүй байна гэсэн санаа байдаг. 2019 онд өөрчлөлт орж батлагдсан Үндсэн хуульд гуравхан жилийн дараа дахин нэмэлт, өөрчлөлт оруулна гэж байгаа нь нийгмийн нэг хэсэг хүлээн зөвшөөрөөгүй байжээ гэсэн үг. Үндсэн хуулийг хэлэлцэж байгаа үед парламентад нийгмийн хэсэг бүлгийн төлөөлөл олон буюу алаг цоог байх ёстой. Гэтэл өнөөдрийн нөхцөлд парламентад үнэмлэхүй нэг хүч зонхилж байгаа үед Үндсэн хуулийг олон талаас нь хэлэлцэх, нийгмийн бусад бүлгийн ашиг сонирхлыг харгалзан үзэх боломж хэр буй нь эргэлзээтэй. Иймэрхүү байдлаас үүдэж Үндсэн хуулийн дархлаа сулрах хандлагатай байдаг.

Аливаа Үндсэн хуульд нийгмийн гэрээ хэлэлцээр оруулж өөрчилсөн бол тодорхой нэг үеийг (30 жил) туултал түүнийгээ даах чадвартай байх ёстой. Америкийн Үндсэн хууль 200 жил болсон ч 28 удаа өөрчлөлт хийсэн гэдэг. Гэхдээ хэт ерөнхий хууль байдаг. Орчин үеийн Үндсэн хууль арай дэлгэрэнгүй байдаг. Ийм Үндсэн хуульд 20, 30 жил болоод өөрчлөлт оруулах магадлал бий. Үүнээс гадна нийгмийн хөгжил, хувьсал хурдацтай явагдаж байна. Тиймээс 30 жилийн дараа зайлшгүй өөрчлөлт оруулах нь байх үзэгдэл. 30 жил гэж байгаагийн учир нь, хүний идэвхтэй насыг хэлж байгаа юм. Өсөх нас, идэр нас, өтөл насны үечлэл 25-30 жилээр хэмжигддэг. Нэг үе солигдоход нийгмийн үзэл бодол, байр суурь зэрэг олон зүйл өөрчлөгдөж байдаг учраас Үндсэн хуульд өөрчлөлт орох магадлал өндөр байдаг. Харин 30 жилийг дааж чадахгүй гурван жил болоод өөрчлөгдөж байна гэдэг нь өөр асуудал байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа үндэсний нийтлэг ашиг сонирхлыг баримтлалгүй нам, бүлгийн эрх ашгийг баримталж заалт оруулах хандлага туссан байх магадлалтай. Энэ тохиолдолд дахин, дахин өөрчлөлт оруулах асуудал үүсч болох юм гэсэн таамаглал байдаг.

-Одоогийн Үндсэн хуулиар явбал 2024 оны сонгуулиар МАН дахин ялалт байгуулахаар байгааг улс төрийн хүрээнийхэн ярьж байна. Гэтэл өөрсдийнхөө боломжоос татгалзаж улайм цайм бусад намуудад боломж олгоё гээд байгааг та хэрхэн дүгнэж байна. Бүх зүйл бодит байдал дээр ойлгомжтой л байна шүү дээ?

-Нэгдүгээрт, нийгмийн өнөөгийн нөхцөлд байдлаас үүдэж МАН-д асуудал тулгарч байх шиг байна. Олон улсын хувьд ч, эдийн засгийн хувьд ч төвөгтэй байдал үүссэн. Энэ төвөгтэй байдлыг даван туулахад өөр дуу хоолой, өөр идэвхтэй байр суурь, өөр гарц, санал санаачилга парламентад дутагдаж байна. Өнөөдөр парламентад сөрөг хүчнийг төлөөлж байгаа намуудын байр суурь нийгэмд уначихсан, төлөөлөгчдийнх нь чадвар, илэрхийлж байгаа байр суурь нь суларчихсан байгаа учраас бусад намуудыг ямар нэгэн хэмжээгээр оруулж ирье гэж байгаа болов уу хэмээн эерэг талаас харах боломжтой.

Хоёрдугаарт, хэрвээ хэт олонхоороо удаан явбал ардчилал авторитаризм руу аажмаар орох аюултай. Өөрөөр хэлбэл, эрх баригч нам ямар нэгэн алдаа гаргаж, унахыг үгүйсгэхгүй. Сөрөг хүчин эрх баригчдын алдааг нь хэлж өгч, засаж явдаг. Энэ бол ардчиллын давуу тал.

Гуравдугаарт, гишүүдийн тоог нэмэх асуудал улс төрчдөд тааламжтай сонсогдож байгаа. Хэт цөөнх болохоор лоббид автах нь элбэг. Засгийн газар чадавхгүй болоод байна. Парламентын гишүүд Засгийн газрын гишүүнээр давхар ажиллавал арай чадвартай байна гэсэн бодол заримд нь байгаа байх. Үүнээс гадна сонгогдоход төвөг багатай болно гэдэг ч юмуу ийм сонирхлоор Үндсэн хуульд өөрчлөлт оруулъя гэсэн байж болох хэмээн таамаглаж болох юм.

-Тэгэхээр 100 жилийн түүхтэй МАН цаашдын нэр хүндээ хамгаалах, уналтаас сэргийлэх зорилгоор бусад намуудыг оруулъя гэж байна гэж ойлгож болох уу?

-Үндсэн хуулийг баталсан гишүүдийн тал хувь нь одоогийн парламентад байх шиг байна. 2019 оны нэмэлт, өөрчлөлтийг баталсан хүн парламентыг удирдаж байна. Ийм үед дахин өөрчлөлт оруулах гэж байна гэдэг нь өмнөх өөрчлөлтөд нийгмийн гэрээ тусгагдаагүй байна гэсэн үг юм.

-Үндсэн хуульд өөрчлөлт оруулж баталсан хүмүүс дахин өөрчлөлт оруулъя гэж байгаа нь өөрсдийнхөө өмнөх хийсэн ажлаа үгүйсгэж байгаа хэлбэр биз дээ?

-Тийм. Олон түмний байр суурийг илэрхийлсэн парламентыг бүрдүүлж чадахгүй байна гэсэн үг. Хоёр сонгууль дараалан МАН 60 гаруй суудал авсан. Ард түмэн тэднийг дэмжсэндээ ийм суудал өгсөн юм биш. Энэ бол сонгуулийн луйвар. Зохион байгуулалттай заль. МАН 240 мянган гишүүнтэй гэдэг. Гишүүн бүртэй тулж ажиллана гэдэг шүү дээ. Тулж ажиллах нэрээр нэг хүн гишүүн бус таван хүнийг манай намд санал өгүүл гэсэн үүрэг өгч байгаа. Үүндээ санхүүжилт өгч байгаа. 240 мянган сонгогчийг таваар үржүүлэхээр 1.200 мянган иргэн болно. Ингэж 60 гаруй хувийн суудал аваад байгаа юм. Үүнийг ямар ч ажиглагчид олж харж чадахгүй. Тэдний энэ систем бол дийлдэшгүй төгс арга.

Тиймээс хатуу гишүүнчлэлтэй массын намыг татан буулгахгүйгээр Монгол Улс хэзээ ч Үндсэн хууль ярьж чадахгүй, хэзээ ч парламентын ардчилал зүгширч чадахгүй.

-Нөгөө талаас Үндсэн хуульд дахин өөрчлөлт оруулах гээд байгаа нь хэсэг бүлэг хүмүүс улс төрийн тоглолтдоо эцэг хуулийг ашиглаад байна уу гэж хардаж болох уу?

-Хэд хэдэн таамаглал байна. Нэгдүгээрх нь, сөрөг хүчин болоод парламентын гадуур байгаа зарим хүчнүүд “тэд өөрсдөдөө зориулж дахин тоглоомын дүрмээ өөрчлөх гэж байна” гэж хардаад байгаа. Үүнийг шуудхан үгүйсгэх боломжгүй. Магадлалтай байж болно.

Хоёрдугаарх нь, МАН зарим намуудтай тохиролцоонд орж нийлсэн. МАХН-тай нэгдэхдээ Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна, хоёр танхимтай болгоно гэж амласан. Амлалтандаа хүрэх санаа байгаа байх. Зарим нь хэдийгээр хоёр танхимтай болохгүй ч сонгуулийн пропорциональ тогтолцоотой болгоё гэж байгаа байх гэж таамаглаж болно.

Гэхдээ ямар ч таамаг дэвшүүлсэн бай нэг зүйлийг онцлоход Үндсэн хуульд жижиг жижиг өөрчлөлтүүд хийж өнөө маргаашийг аргацаах үзэгдлүүд буруу. Өөрчлөлтийг сөрөг хүчний зүгээс зүгээр байхаар жаахан ч болтугай дэвшил юм уу гэж хүлээж авах хандлагатай байж болох юм. Эрх баригчдын хувьд аль аль талдаа уян хандах гэсэн оролдлого, сөрөг хүний байр суурийг сулруулах, “жаахан ч гэсэн өөрчлөлт хийчихлээ шүү дээ” гэж хэлэх гэсэн талтай гэж харж болох юм.

Гуравдугаарх нь, өнөөгийн нөхцөлд энэ хэвээрээ цаашид явах нь тулгамдаж буй бэрхшээлүүдийг давах, хөгжил дэвшлийн бодлогын асуудлыг боломжгүй болгочихоод байгаа. Засаглалдаа өөрчлөлт оруулж гадаад, дотоод орчны шахалтуудыг тэсэж давах чадвар бүхий, төсвөөрөө хөгжил дэвшлийн бодлого тодорхойлж чаддаг засаглалыг бага ч болтугай бүрдүүлэхийг зарим нэг нь хүсч байж болох юм.

Гэхдээ цаг хугацааны хувьд өнөөдөр Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь зөв үү, буруу юу гэдэг асуудал үүсч байна. Одоо байгаа Үндсэн хууль шаардлага хангахгүй байна уу гэвэл хангахгүй байна. Өөрчилмөөр байна уу гэвэл өөрчилмөөр байна. Гэтэл нөгөө талд хэрвээ ингээд өөрчилчихвөл Үндсэн хууль дараа нь дархлаагүй, хэдийд л бол хэдийд өөрчилж болох бусад хуулиуд шиг болж нэр хүнд нь унана гэсэн болгоомжлол байгаа. Гэхдээ дархлаа унана гээд “хангалтгүй” гэж шүүмжилсэн Үндсэн хуультайгаа яваад байх нь ирээдүйдээ илүү хохиролтой. Үндсэн хуульд өөрчлөлт дахин оруулах гэсэн энэ үйл явц нь эрх баригчид “гоомой” Үндсэн хууль хийсэн алдаагаа хүлээн зөвшөөрч байна гэсэн ойлголтыг олон нийтэд бий болгоод байгаа. Тэд үүндээ хариуцлага тооцож, ямар нэг арга хэмжээ авсан тохиолдолд Үндсэн хуулийн нэр хүндийн дархлааг хамгаалж чадна. Түүнчлэн өөрчлөх гэж байгаа хүмүүсийн оюуны боловсрол, чадвар өөрчлөх хэмжээнд хүрээгүй байна гэсэн болгоомжлол байгаа хэдий ч өргөн хүрээтэй олон удаагийн хэлэлцүүлэг үүнийг даван туулах боломж олгоно. Үндсэн хууль нийгмийн бүх давхаргын төлөөллийг ямар нэг хэмжээгээр оролцуулсан зөвшилцлөөр өөрчлөгдөх нь зүйтэй. Ингэж байж л Үндсэн хууль нийгмийн гэрээ болдог.

Эцэст нь нөхцөл байдалд тохируулан хэлэхэд, одоо байгаа парламент энэ шаардлагыг бүрэн хангаж чадахгүй байгаа ч үүнийг шийдвэрлэх хоёр арга зам байж болох юм. Эхнийх нь шаардлага хангасан шинэ парламент бүрдүүлэх. Гэвч энэ нь одоогийн нөхцөл байдалд асар их эрсдэл, хохиролтой учраас шаардлагагүй. Хоёр дахь нь парламентын гадуурх нам, бүлэг хүчнүүдийн байр суурийг Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой Их Хурлын хуралдаанд нээлттэй оролцуулах түр механизмыг бүрдүүлэх. Ийм нөхцөлд өөрчлөлт оруулах шаардлагыг хангах боломж үүсэж магадгүй юм.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ч.Өнөрбаяр: Одоогийн УИХ үнэхээр хариуцлагагүй, чадамжгүй байна DNN.mn

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяртай ярилцлаа.


-Та өнөөгийн бодлого тодорхойлж буй эрх баригчдын чадамжийг хэрхэн дүгнэж байна. Нохойд барьдаг мод гэдэг шиг асуудал бүрийн өмнө Үндсэн хуулийг л урдаа бариад байна гэдэгтэй санал нийлэх үү?

-Одоогийн эрх баригчид, тэр дундаа Г.Занданшатар тухайн үед УИХ-ын дарга байсан. Өөрөө гол автор нь болж, “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг би толгойгоороо хариуцна” гэж хэлээд өөрчлөлт оруулуулсан. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсны дараа “Бүрэн зураглал” нэвтрүүлэг хийж “Үндсэн хуульд арван жил гар хүрэхээргүй боллоо”, бараг л “1992 оны Үндсэн хууль тогтоогчдын хийсэн бүх алдааг бид засчихлаа” гээд бүгд ам уралдаж ярьсан.

Харамсалтай нь хоёр жил болов уу, үгүй юү Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулъя, болохоо байчихлаа гэцгээж байна. Асуудлын гол нь Үндсэн хуульд байгаа юм биш. Эрх баригч нарт байгаа юм. Учир нь эрх баригчид ард түмний амьдралыг сайхан болгоно, орлогыг нэмэгдүүлнэ, эдийн засгийг тэлнэ, хүний эрх чөлөөг хүндэтгэнэ гэж 2020 оны сонгуульд ялсан. Гэтэл яг үүнийхээ эсрэг явж байна. Бидний авч байгаа цалинг 2016, 2020 оныхтой харьцуулахад буурсан. Иргэд худалдан авах чадваргүй болсон. Монгол Улсын Засгийн газар гадаад өрөө төлж чадахгүй хэмжээнд хүрсэн.

Залуус хавар жагсаал хийхдээ “Юу юуны тухайнд хүрэлгүй Засгийн газраа огцруулах гээд яахав. Та нар ажлаа сайн хий” гэсэн. Эд нар ч “Ажлаа сайн хийнэ. Ганцхан боломж олгооч” гэсэн. Гэтэл өнөөдөр бензин шатахууны үнэ яаж нэмэгдэж байгааг харж байгаа биз дээ. Наймдугаар сараас эрчим хүчний үнэ нэмэх юм шиг байна. Эрчим хүчний үнэ бол бензинтэй ижил суурь үнэ учраас бүх юм нэмэгдэнэ. Ингээд иргэдийн нуруун дээр бүх ачааг үүрүүлж байна. Угтаа төр засаг, эрх барьж байгаа нам ачааг нуруун дээрээ үүрэх ёстой. Гэтэл эсрэгээрээ бизнес эрхлэгчид, амьдралынхаа төлөө зүтгэж яваа ядарсан иргэддээ ачаагаа үүрүүлж байгаа нь маш харамсалтай байна. Эрх баригчид торгож, шийтгэхээс өөр ажил мэдэхээ болилоо. Социалист нийгэмд л өнөөгийнх шиг нэг бол шийтгэдэг, нэг бол шагнадаг байсан.

Өнөөдөр Монгол Улс нэг бол одон медаль тарааж шагнадаг, нэг бол шоронгоор айлгаж шийтгэдэг улс болж хувирлаа. Үүнээс өөрийг хийж чаддаггүй төр засагтай боллоо.

-Ийм хүнд цаг үе, нөхцөлд яаж эдийн засгаа сэргээх, яаж гадаадын хөрөнгө татах гэж ярих байтал чуулганаар морь, бөх яриад сууж байгаа нь өнөөгийн УИХ-ын чадамжийг харуулж байгаа хэрэг байх, тийм үү?

-Тэгэлгүй яах вэ. Улс орны тулгамдсан асуудалтай холбоотой хуулийг нэн даруй баталж, бизнес эрхлэгчдэд боломж олгож, иргэдэд дарамт болоод байгаа татварыг нь тэглээд асуудлыг нь шийдвэрлэх ёстой байтал эсрэгээр нь ажиллаж байна. Бөхөд цол олгох тухай хуульд л ихээхэн ач холбогдол өгч байна. Ардын намын бүлгийн дарга нь хүртэл дүүргийн арслан гэж байвал яадаг юм бэ гэж байх жишээтэй. Үнэхээр ичмээр. Ийм байж Үндэсний хэмжээний том нам гээд байгаа юм. Бөхийн эрэмбэ ч ярьж байх шиг. Эрлийз морь уралдуулах тухай ч ярьж байх шиг. Эрлийз азарга хоёр жил болоод үхдэг, үхдэггүй тухай Их Хурлын гишүүн хүн ярьж суугаа нь хошин шогоос долоон дор байна. Энэ бол Монголын төр яаж суларсныг харуулж байгаа юм. Эрх баригчид дангаар ноёрхсоноор төрийг яаж сулруулж, ард түмний амьдралыг хоромхон хугацаанд яаж доройтуулдгийг харуулж байгаа юм. Би тэднийг бас ч гэж ичих булчирхайтай болов уу гэж бодсон. Янз нь үгүй юм шиг байна. УИХ-ын дарга нь юу ч болоогүй юм шиг нохой салхилуулаад явж байх шиг. Шударга туйл царайлаад байдаг УИХ-ын гишүүд ард нь балиашиглаж ч байх шиг. Иргэдийн амьдрал, Монголын хувь заяанд санаа зовж байгаа хүн тэдэн дунд ганц ч алга.

-МАН-ынхан яг одоогийнхоороо дураараа дургиж байгаад 2024 оны сонгуулиар чөлөөтэй ялахаар байхад яагаад заавал Үндсэн хуульд дахин өөрчлөлт оруулах гээд байгаа юм бол. Үүнийг юу гэж харж байна?

-Тэд Үндсэн хуулийг өөрсдийнхөө болохгүй, бүтэхгүй бүх юмны халхавч болгож ашиглах гэж байна. Нийгмийн анхаарлыг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт рүү хандуулах гэж үзэж байна. Гэхдээ тэдний энэ арга барил одоо газар авахгүй. Хэдийгээр МАН-ынхан “Ард түмнийг цагаан цаас” гэж боддог ч гэсэн тэдний боддог шиг Монголын ард түмэн тэнэг биш. Энэ хүмүүст буулга нь их чанга ирнэ дээ.

Цаашид ч энэ янзаараа байвал МАН улс төрд үлдэх үү, үгүй юү тухай асуудлыг иргэд ярина шүү. Монголчуудын амьдралыг ийм байдалд хүргэсэн улстөрчид байх уу, үгүй юү тухай ярина. Энэ хүмүүс иргэдийн амьдралыг өнөөгийн байдал руу оруулсан. Ямар ч дорвитой арга хэмжээ аваагүй. Гаднаас хөрөнгө оруулалт татах ажил хийгээгүй. Уг нь бол улстөрчид монголчуудын уудаг усны крантыг нэмье, зөвхөн Оюу толгой, Эрдэнэт гэдэг биш эдийн засгаа солонгоруулъя, хөрөнгө оруулалтыг татъя гээд гүйх ёстой. Гэтэл бүгдийг нь үргээгээд хөөгөөд гаргачихсан. Шорон гяндангаар айлгачихсан. Дотоодод байдаг хэд рүүгээ дайраад орсон. Бизнес хийдэг хүмүүс эд нараас цэрвэдэг болчихсон. Болж л өгвөл иргэдээ торгодог болсон. Төсөв бүрдүүлэхэд тэдийг нь торгуулиас бүрдүүлээрэй гээд алба хаагчдадаа үүрэг өгчихсөн шүү дээ. Хаана зөрчил гарна цагдаа нар иргэдээ торгохын түүс. МХЕГ-ын байцаагч, татварын байцаагч нар иргэд алдаа гаргахыг хайгаад төсөв бүрдүүлэх гээд гүйдэг болчихсон. Монгол Улс нэгнээ тонож амьдардаг улс болж хувирлаа. Үүнд төр нь манлайлал үзүүлж байна. Эд нар энэ янзаараа явах юм бол Монгол Улсыг сүйрүүлснийхээ хариуг хүртэнэ шүү. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт гэхийнхээ оронд иргэдийн өмнө тулгамдсан асуудлыг шийд. Бензиний үнийг бууруул. Хил гаалиа нээлгэ. Гадаад хэргийн сайд юу хийгээд оффист суугаад байдаг юм. Гадаад хэргийн сайд гэдэг чинь гадагшаа явж хөрөнгө оруулалт “гуйгаад”, Монголын талаарх эерэг ойлголтыг гадныханд өгөх ёстой юм байгаа биз дээ. Яг үнэндээ монголчуудын толгойд хэдэн коммунистууд гарчихсан Монгол руу хөрөнгө оруулалт хийгээд нэмэргүй. Монгол руу орсон мөнгийг тагнуултайгаа юутай ийтэйгээ нийлээд дээрэмддэг. Барьж хорьдог. Шоронд хийдэг ийм л улс гэсэн ойлголттой болчихсон байгаа. Тиймээс үүнийг өөрчлөхийн төлөө ажиллах ёстой. Үүнээс гадна эрх баригчид нааран дээр биш, нүүрэн дээр хүний эрх их ярих юм. Бодит байдал дээр өөрсдийг нь шүүмжилсэн хүмүүсийг шоронд хийдэг, Эрүү, Зөрчлийн хэрэг үүсгэдэг. Үг даахгүй байж яаж Монгол Улсын ачааг даах гээд байгаа юм. Үг даадаггүй гоншигнож, нялцганасан энэ хүмүүс Монголын ачааг дааж, асуудлыг шийднэ гэдэгт би лав итгэхгүй байна. Эд нар чадах ч үгүй юм байна. Чадахгүй бол ажлаа өгөөд зайлах хэрэгтэй. Учир нь Монгол эд нараар, биднээр дуусахгүй. Эд нарын, бидний хойч үе гэж байна. УИХ, Засгийн газар үнэхээр хариуцлагагүй, чадамжгүй байна гэж дүгнэж байгаа.

-Үндсэн хууль бол алганд багтдаг Монгол Улс гэдэг шүү дээ. Гэтэл уншаагүй хуулиа санаачилсан гээд өргөн барьдаг өнөөгийн УИХ Үндсэн хуульд нэмэлт оруулбал нийгэмд ямар уршиг тарих бол?

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар иргэдийн хөргөгч дүүрэхгүй. Цалин нэмэгдэхгүй шүү дээ. Үндсэн хууль бол Монгол Улсыг дарангуйлалд оруулчилгүй хашиж байгаа зүйл. Үргэлж тонгочуулаад байвал маш буруу жишиг тогтоно. Дараа нь эд нараас ч долоон дор популист увайгүй улстөрч гарч ирээд ерөнхийлөгчийн засаглалтай болгоё, ардчилсан системийг өөрчилье гэвэл яах вэ. Учир нь өөрчлөх боломжийг эд нар нээх гээд байна. Хоёр, гурван жил болоод л Үндсэн хууль руу дайрдаг ийм зүйл рүү орж ерөөсөө болохгүй. Дархлаагүй хүн өвчинд өртөмтгий байдаг биз дээ. Үүнтэй адил ингэж өөрчилсөөр Үндсэн хуулийг дархлаагүй болгочихвол Монгол Улс тогтворгүй болно. Тогтворгүй болчихвол бусад орны тоглоомын улс болох боломжийг нээнэ. Тиймээс Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг эрс эсэргүүцээд байгаа юм. Үндсэн хуулийг өөрчлөхгүйгээр эдийн засгийг өөд нь татах, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, хариуцлагатай болох чиглэлд хийх ажил зөндөө байна. Энэ чиглэлд эрх баригчид ажил хийхгүй байна. Цахим хөгжлийн яам, Эдийн засгийн яамыг байгуулчихвал ард түмний амьдрал дээшилж, Монгол Улс супер болно гэж яриад байсан хаана байна. Сайдыг нь ч томилж чадахгүй өнөөдрийг хүрч байна. Хэн нэгэнд зориулж эдгээр яамыг байгуулсан юм уу, ойлгохгүй байна. Хөгжлийн банкны асуудлыг яриад л шударга ёс тогтоодог улс болцгоогоод байсан. Хаана байна. Өнөөдөр таг чимээгүй болцгоочихлоо. Ер нь эд нар нийгмийн анхаарлыг өөр тийш нь татахын тулд нэг асуудал гаргаж ирээд сэвдэг боллоо. Ардчилсан намын өнгөтэй өөдтэй болгоныг бодлогоор харлуулсан. Үүнээс цааш харлуулах зүйлгүй болчихоор өөрийнхөө хэд рүү орж буцаад байсан. Сүүлдээ аргаа бараад Үндсэн хууль руу дайрч байна. Муу л бол хойд талын хар овоохой нь Үндсэн хууль боллоо. Ардын нам ард түмний амьдралыг туйлдуулсны буруу нь ардчилсан Үндсэн хууль болж хувирах гээд байна шүү дээ. Ийм л арчаагүй улстөрчидтэй болчихоод байна. Ц.Нямдорж гуай “Би 30 жил улс төрд явлаа. Ийм хүнд үетэй тулгарч байгаагүй” гэж ярьсан байна лээ. Монголын ардчиллын 32 жилийн түүхэнд ийм муу удирдагчид, ийм чадамжгүй УИХ, ийм арчаагүй засаг төр байсныг би санахгүй байна. Ардын намынханд Санжийн Баярынхаа хаана нь ч хүрэх хүн байхгүй. Ардчилсан намаас Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл, С.Баярцогтын хаана нь ч очих хүн байхгүй. Аз жаргалтай Улаанбаатар болгоно гэж амласан. Зовлонгоор дүүрэн Улаанбаатар боллоо. Монгол Улсыг өвчин тахлаар барьсан улс боллоо. Ёс зүйтэй хүн хийж байгаа үйлдлээсээ ичдэг. Ёс зүйтэй сайд, гишүүд ард түмэндээ гай болж байхаар гээд огцордог. Энэ УИХ-ын гишүүд, сайд нар үнэндээ ичихгүй байна. Хил гаалиа нээх гээд, эрчим хүч, бензиний үнийг тогтвортой байлгах гээд гүйж байх ёстой хүмүүс тэнд адуу, энд бөх дагаж гүйгээд байна. Үндсэн хуулийг сурталчлах гэж байгаа нэрээр тойрогтоо бэлэг тарааж гүйгээд байна.

-Уг нь гишүүд Үндсэн хуулийг дээдэлнэ сахина гэж өргөдөг шүү дээ…

-УИХ-ын гишүүд тангаргаа ойлгохгүй байна. Үндсэн хуульдаа үнэнч байна гэдэг хариуцлага. Гэтэл тангараг өргөхийг эд нар интертаймэнт гэж ойлгоод байна. Тангараг гэдэг бол том хариуцлага. Монгол хүн уурга дээгүүр алхдаггүйтэй ижил төрийн түшээ хууль дээгүүрээ алхаж болохгүй. Өдөр тутмын үйл ажиллагаа, ажилдаа Үндсэн хуулийг зарчим болгож баримтлахыг хэлж байгаа юм.

-Иргэд туйлдаж, эдийн засаг сөхөрч байгаа энэ үед сөрөг хүчний дуу хоолой их чухал байна. Тиймээс танай намын сэргэлт чухал болчихоод байна шүү дээ. Та намын генсек хүний хувьд намаа нэгтгэх чиглэлд ажиллаач ээ, энэ чиглэлд юу хийж байна вэ?

-АН өмнө ийм зовлонг хэд хэдэн удаа туулж байсан. Тиймээс үүний ард өмнөх шигээ гарч чадна. Аливаа хөгжилд унаж, босч байж хүрдэг. Тэр замаар явж байна. Бартаатай ч зөв замаар явж байгаа. МАН шиг хэн нэгнийг дарга болгоод дахин шүтдэггүй. Ийм хиймэл зүйл нэг л өдөр нурж унадаг. Тэр цагт хэзээ ч босдоггүй. Манайх босно.

Нэгдүгээрт, нийл гэхээр нийлчихдэг шидэт дохиуртай биш. Олон зүйлээс шалтгаална. Бидэнд нийлэх хугацаа хангалттай бий. Энэ чиглэлд бид ажиллаж байгаа. Намын жирийн гишүүдэд ямар ч буруу байхгүй. Тэд итгэл үнэмшлээрээ намаа дэмжиж байгаа. Тодорхой цөөн хүмүүсийн дунд үл ойлголцол байгаа. Үүнийг эрх баригчид хийсэн. Бусдын тоглоом болж болохгүй. Үүнийг хаа хаанаа бодож байгаа байх. Одоо хаа хаанаа ухаарч ойлгох цаг болсон. Тиймээс эвлэрнэ гэдэгт итгэлтэй байна. Эвлэрье гэхээр эвлэрчихдэг зүйл биш. Энд тодорхой цаг хугацаа, ажиллагаа орно. Энэ чиглэлд санаачилга гаргаж байгаа.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Н.ГАНИБАЛ: Дотоодын хэрэгцээгээ хангаад илүүг нь экспортлоход төр хориглох биш дэмжих ёстой DNN.mn

УИХ-ын гишүүн Н.Ганибалтай ярилцлаа.


-Засгийн газар дулааны аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүний экспортыг он дуустал түдгэлзүүлэх шийдвэр гаргасан. Энэ нь мах бэлтгэх салбарт гараад байгаа асуудлуудыг шийдвэрлэх арга зам мөн үү. Хөдөө аж ахуй, тэр дундаа мал аж ахуйн бодлого дээр түлхүү анхаарал тавьдаг цөөн хэдэн гишүүний нэг нь та учраас таны байр суурийг сонирхох гэсэн юм?

-Монгол Улсын Засгийн газар 2022 оны зургадугаар сарын 8-ны өдрийн хуралдаанаараа дулааны аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, гадаад улсад экспортлох үйл ажиллагааг энэ оныг дуусталх хугацаанд түдгэлзүүлэх шийдвэр гаргасан. Энэ нь мах, махан бүтээгдэхүүний эрэлт, нийлүүлэлтийг агшааж, үнэгүйдүүлсэн шийдвэр л дээ. Манай улсад 2021 оны байдлаар 188 мянган малчин өрх бүртгэгдсэн байна.

Тэгвэл эдгээр өрхийн орлогыг бууруулж, амьжиргааны түвшинг доошлуулах сөрөг үр дагавартай, тиймээс Засгийн газраас энэ шийдвэрээ эргэн харж, цуцлах ёстой гэж үзэж байгаа.

2015-2020 оны статистик мэдээллээс харахад, хөдөө аж ахуйгаас бэлтгэсэн мах нядалгааны жингээрээ 400-600 гаруй мянган тонны хооронд хэлбэлзсэн байна. Үүний 97 хувийг дотоодод үйлдвэрлэсэн таван хошуу малын мах эзэлж байгаа бол үлдсэн гурван хувь нь импортоор оруулж ирсэн загас, шувууны мах байгаа юм.

Дотооддоо бэлтгэсэн болон импортоор оруулж ирсэн нийт махыг хүн амын тоондоо хуваагаад үзэхээр нэг хүнд ногдох махны хэмжээ 2020 оны байдлаар 230.8 кг болж байсан. Энэ нь өмнөх оныхтой харьцуулахад 60кг буюу 35 хувиар нэмэгдсэн үзүүлэлт. Гэтэл Эрүүл мэндийн яамнаас гаргадаг жишсэн хүнд шилжүүлэх итгэлцүүрээр нэг монгол хүний махны хэрэглээ жилд 69.4 орчим кг байна. Дээрх итгэлцүүрээр улсын хэмжээнд авч үзвэл, нийт хүн амын жилийн махны хэрэглээ 2016-2020 оны байдлаар 172.6-182.4 мянган тонн болж байна. Эндээс харахад, дотоодын зах зээлд эрэлт, нийлүүлэлт хол зөрүүтэй байгаа юм.

Тэгвэл мах, махан бүтээгдэхүүний эскпорт 2018 онд 68.8 мянган тонн байсан бол 2019 онд 56.2, 2020 онд 38.8 мянган тонн болтлоо буурсан байна. Нэгэнт дотоодын хэрэгцээгээ хангаад, илүү гарч байгаа бүтээгдэхүүнийг экспортод гаргах зах зээлийн шаардлага байна. Тэгэхдээ манай гол худалдан авагч болох өмнөд, хойд хөршийн шаардлагад нийцсэн вакцинаар малынхаа эрүүл мэндийг хамгаалж, аль болох нэмүү өртөг шингээн боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн болгон гаргахад анхаарах ёстой. Энэ нь зөвхөн мах ч биш, ер нь хөдөө аж ахуй, тэр дундаа мал аж ахуйн гаралтай бүхий л түүхий эдэд хамаарна. Олон улсын стандартад нийцүүлэн, чанар, аюулгүй байдлыг нь хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа аж ахуйн нэгжүүдээ татварын таатай бодлогоор дэмжих эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлага ч бий.

-Та мах, махан бүтээгдэхүүний экспортыг ихэд чухалчлаад байна. Гэтэл сүүлийн үед экспортлох эрх бүхий аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаатай холбоотой гомдол санал, маргаан их гарах боллоо. Үүнд та юу гэж хэлэх вэ?

-Махны экспорттой холбоотой гомдол санал жилийн жилд гардаг. Мах үйлдвэрлэдэг үндэсний 17 үйлдвэр байдаг. Харамсалтай нь зарим нь өөрсдийнхөө зөвшөөрөл дээр бусдын махыг гаргадгаас болж Монголоос экспортод гарч байгаа махны нэр хүнд унах эрсдэл үүслээ. Тиймээс тухайн үйлдвэрлэгчид энэ асуудлыг анхааран ажиллах шаардлагатай.

Мах бэлтгэн экспортолж байгаа үйлдвэрүүдийн ариун цэвэр, аюулгүй байдал, хяналт шалгалтын асуудалд тухайн худалдан авагч улс орнууд өөрсдийнхөө хорио цээрийн албыг илгээж, хяналт хийлгэдэг. Үүний дагуу тухайн үйлдвэрт мах экспортлох зөвшөөрлөө олгодог. Тиймээс мах, махан бүтээгдэхүүн экспортлох зөвшөөрөл авсан үйлдвэрүүдийг аль болох дэмжиж ажиллах нь зүйтэй. Хүлээн авагч улс нь худалдаж авъя, импортолъё гэдгээ илэрхийлчихээд байхад Монголын талаас хорьж цагдах нь утгагүй.

Хамгийн гол нь бид өөрсдийн малын махыг эрүүл гэдгээ батлах ёстой. Мах гэдэг бол эцсийн бүтээгдэхүүн. Тиймээс махны гарал үүслээс эхлээд эцсийн бүтээгдэхүүн хүртэл нь мөрдөн мөшгөх хяналт шалгалтыг сайн хийж, түүгээрээ монгол мах, гурил чанартай, эрүүл гэдгийг баталгаажуулах ёстой. Түүнээс биш өнөөдөр үйл ажиллагаа нь түр зуур доголдсон ганц нэг аж ахуйн нэгжийн асуудлыг нийгмээрээ сөхөн гаргаж ирээд, үүнд үндэслэж махны экспортыг зогсоож байгаа Засгийн газрын бодлого буруу.

Малчдын хувьд мал, махнаас олж байгаа орлого нь нийт орлогын 70 орчим хувийг эзэлдэг. Тиймээс Засгийн газар энэ бүтээгдэхүүнийг үнэ цэнэтэй байлгахын төлөө ажиллах ёстой. Түүнээс тухайн бүтээгдэхүүний үнийг буулгах бодлого хэрэгжүүлэх нь буруу. Монгол Улс экспортыг дэмжсэн бодлого явуулъя л гэж байгаа бол монголчуудын үйлдвэрлэж байгаа бүхий л бүтээгдэхүүнийг үнэ цэнэтэй байлгах, борлуулалт, эрэлтийг нэмэгдүүлэх чиглэлд л Засгийн газрын бодлого чиглэх ёстой. Гэтэл үүнийхээ эсрэг үйл ажиллагаанууд явуулаад байна.

Нөгөөтэйгүүр, махны экспортын нэмүү ашгийг экспортлогч аж ахуйн нэгжүүд хүртдэг ч тэр махыг үйлдвэрлэж байгаа малчинд очих үр өгөөж нь бага байна. Тэгэхээр мах, махан бүтээгдэхүүнийг малчны хотноос хилийн чандад хүргэх шат дамжлагыг аль болох багасгаж, малчны гэрт очих үр өгөөжийг дээшлүүлэх шийдлийг олох хэрэгтэй гэсэн үг. Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хангамж, борлуулалт зэргийг цогцоор нь шийдвэрлэх урт хугацааны бодлого боловсруулж, тууштай хэрэгжүүлснээр эцсийн дүндээ малчдын орлого нэмэгдэнэ, сүргийн бүтэц сайжирч, эрчимжсэн МАА хөгжинө, төв рүү чиглэсэн их нүүдэл саарна, мах боловсруулах салбарт ажлын байр нэмэгдэнэ, хүнсний аюулгүй байдал хангагдана гэхчлэн маш олон эерэг үр дагавар гарна.

-Махны экспортыг нэмэгдүүлэхээр эрэлт өснө. Эрэлтээ дагаад үнэ өснө. Энэ нь малгүй өрх, ялангуяа нийслэлчүүдэд хүндээр тусна. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх боломжтой гэж та үзэж байна вэ?

-Монгол Улсын малын тоо толгой 70 саяд хүрч, хавартаа 30 сая орчим төл хүлээн авах болж, улмаар бэлчээрийн даац хэтрээд байгаа. Бэлчээрийн даац хэтэрснээс болж цөлжилт улам эрчимжиж байна. Тэгэхээр мал, махаа экспортлох нь эдийн засагтаа өгөөжтэй, байгальдаа ч ээлтэй байна. Мэдээж, эрэлт ихсэхээр үнэ өсөх нь тодорхой. Энэ нь манай улсын таван өрх тутмын нэг нь болох малчин өрхийн амьжиргааг дээшлүүлэх ач холбогдолтой.Үндэсний статистикийн хорооны 2021 оны мэдээгээр нийт малчин өрхийн 86 орчим хувь нь 500-гаас доош тооны малтай бол ердөө дөрөвхөн хувь нь мянгаас дээш малтай, үлдсэн 10 хувь нь 501-1000 хүртэл тооны малтай байна. Дийлэнх малчин өрх мал аж ахуйгаараа амьжиргаагаа залгуулдаг учраас тэдний гол бүтээгдэхүүн болох мах нь үнэ цэнэтэй байх ёстой.

Нөгөө талдаа малгүй өрхүүд махаа өндөр үнээр худалдаж авахад хүрэх нөхцөл бүрдэнэ. Гэхдээ энэ асуудлыг мах экспортлох эрх авч байгаа аж ахуйн нэгжүүдээс хураамж авч, Засгийн газрын тусгай санд төвлөрүүлэх, тус санд хуримтлагдсан хөрөнгөнөөс нөөцийн маханд татаас өгөх замаар шийдвэрлэх боломжтой гэж харж байгаа.

-“Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төсөл чуулганаар хэлэлцэгдэж байгаа. Та тогтоолын төслийг боловсруулах ажлын хэсгийн гишүүн. Хүнсний аюулгүй байдлыг хангах, түүний хяналтыг сайжруулах хамгийн оновчтой арга зам нь юу юм бэ?

-Бусад улс орнуудад хүнсний бүтээгдэхүүн дээр гарал үүслээс нь эхлээд эцсийн бүтээгдэхүүн болтол нь мөрдөн мөшгөж хянадаг. Малын гаралтай бүтээгдэхүүний хяналт ч ингэж хийгдэх ёстой. Тиймээс УИХ-ын тогтоолын төсөлд хүнсний бүтээгдэхүүнийг эрүүл, чанартай байлгахын тулд гарал үүслийг нь мөрдөн мөшгөх тогтолцоог сайжруулах замаар хүнсний бүтээгдэхүүний эрүүл, аюулгүй байдлыг хангаж өгөхөөр тусгасан байгаа. Мөн дотоодод үйлдвэрлэж буй бүтээгдэхүүний экспортын татварыг тэглэх, адил төрлийн бүтээгдэхүүний импортын татварыг нэмэх зэргээр урт хугацааны тарифын зохицууллат хйих асуудлыг ч тусгаж өгсөн.

-Үндэсний баяр наадмын тухай хуулийн төслийг чуулганаар хэлэлцэж эхэлснээс хойш нэлээдгүй маргаан дэгдлээ. Мэргэжлийн холбоодын байр суурь зөрөлдөөнтэй, ашиг сонирхлын зөрчилтэй УИХ-ын гишүүд ч цөөнгүй бий. Таны хувьд монгол наадамд зөвхөн монгол адуугаараа уралдах уяачдын шаардлагыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Монгол наадамд эрлийз морь уралдсанаар хамгийн гол сөрөг үр дагаврыг нь та юу гэж хэлэх вэ?

-Гадны үүлдрийн буюу эрлийз морьд хурдан гэдэг утгаараа тэднийг худалдан авч, эсвэл үржил селекцийн замаар үр төлийг нь гарган авч, төрийн наадамд сойж, айрагдуулж, улсын цол авах, алдрын титэм зүүх сонирхолтой уяачид цөөнгүй байдаг нь нууц биш. Энэ сонирхлыг нь хуулиар хамгаалж өгснөөрөө бид үндэсний өв соёлын салшгүй нэг хэсэг болох монгол адуугаа устгах аюултай нүүр тулна. Саяхан наран түрүүлж манддаг дорно зүгээс эх орны баруун хязгаарт худалдагдсан хоёр адуу төрөлх нуагтаа тэмүүлэн, хориод хоногийн турш газрын хол, усны уртыг үл хайхран зүтгэсээр байгаад зорьсон газартаа хүрсэн гайхалтай түүхийн гэрч боллоо, бид.

Тэднийг харсан монгол хүн бүрийн сэтгэл догдлон огшиж, монгол адуугаа хайрлан дээдлэх сэтгэл төрж байсан нь дамжиггүй. Энэ бол монгол адууны гайхамшигт чанар. Монгол адуу унаж явсан унаач хүүхэд нь унахад хэзээ ч дээгүүр нь гишгэдэггүй. Хэзээ ч гүүгээ гишгэдэггүй. Энэ чанаруудаас гадна манай эрс тэс цаг уурт дасан зохицсон, амьдрах чадвар сайтай. Гэтэл тэдний цусыг булингартуулсаар байх юм бол амьдрах чадвар муудаж, нас нь богиносно. Тэгэхээр монгол адууг монголоор нь авч үлдэх нь хичнээн чухал болох нь харагдаж байгаа биз.




Р.ХИШИГЖАРГАЛ

А.НОМИН