Categories
мэдээ улс-төр

ТОМИЛОЛТ: Төрөөс олон жил эрчим хүчний үнийг барьсан нь өнөөдөр гал алдахад хүргэж, үнийг чөлөөлөхөөс өөр аргагүй байдалд хүрчээ DNN.mn


Гэрэл зургийг mpa.mn Б.Бямба-Очир


Дэлхийн геополитикт томоохон суурь өөрчлөлт үүссэнтэй холбоотойгоор олон улс оронд тэр дундаа барууны орнуудад эрчим хүчний асуудал тулгарч эхэлсэн. Бусдыг хэлэлтгүй монголчууд ч өөрсдөө “гал алдахад” бэлэн болчихсон нь нууц биш. Иргэдийн эсэргүүцэлтэй тулахаас айж дараагийн сонгуулиа бодож аргацаасан шийдвэрүүд нь өнөөдөр Монголын эрчим хүчний салбарыг уналтад оруулсан. Өнөөдөр бид тогны хязгаарлалтад орж “лаа барьж” амьдрах уу гэдэг асуудал бодитоор үүсчихсэн учраас л салбар хариуцсан сайдад “Аргална аа” хэмээх үгнээс өөр сонголт үлдсэнгүй. Өөрөөр хэлбэл, энэ салбарт популизм хийх ч боломжгүй болтлоо асуудал нь тартагтаа тулчихсаны илрэл. Тэгвэл манай сурвалжлах баг эрчим хүчний салбарт бодитоор ямар нөхцөл байдал үүсчихсэн, тулгамдсан ямар асуудал байгааг газар дээрээс нь сурвалжлахаар Эрдэнэт, Дархан аймгийн дулааны цахилгаан станцыг зорьсон юм.


Эрдэнэтийн ДЦС-ын үйлдвэрчний эвлэлийн дарга П.Баттөр: Эрчим хүчний үнээнэмэхгүй бол манай станц дампуурч байна


1987 онд байгуулагдсан Эрдэнэтийн дулааны цахилгаан станц (ЭДЦС) өнөөдөр гал алдахад тун ойрхон байна. Учир нь тэд ашиг бус алдагдлаа хэдэн тэрбумаар нь тоолж сууна. Тухайлбал, уг станц өнгөрөгч жил 12 тэрбум, энэ жил 11 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллажээ. Үүнээс гадна техник технологийн засвар үйлчилгээ хийгдэх хугацаанаасаа хэтэрчихсэн хүлээгдэж байгаа, ажиллах боловсон хүчний хомсдол нүүрлэсэн гэхчлэнгээр түмэн асуудал дунд аймгаа гал алдуулчихгүйн төлөө зүтгэж байна. Уг нь өнгөрөгч жил хүчин чадлаа нэмэгдүүлсэн ч энэ нь асуудлыг нимгэлсэнгүй, харин ч нэрмээс болжээ. Ер нь эрчим хүчний үнийг зайлшгүй нэмэгдүүлэх шаардлага тулгарсан талаар мэргэжилтнүүд энэ үеэр хэлж байв. Учир нь зөвхөн ЭДЦС л гэхэд дулаан эрчим хүчээ 50 хувь, цахилгаан эрчим хүчээ 20 хувийн алдагдалтай түгээж байна.

Эрдэнэтийн ДЦС-ын гүйцэтгэх захирал Д.Бат-Эрдэнэ “Эрчим хүчний системийн өсөн нэмэгдэх хэрэглээг тодорхой хэмжээнд хангаж байна. 2021 оны есдүгээр сард 35 мВт суурилагдсан хүчин чадлыг өсгөх турбинаа өргөтгөсөн. Энэ нь өмнөх хүчин чадлаас 60 хувиар нэмэгдүүлсэн гэсэн үг. Нэмэгдсэн учраас алдагдалтай ажиллаж байна. Учир нь эрчим хүчний үнэ тариф нэмэгдээгүй. Эрчим хүчний хэрэглэгчийн тариф бага байгаатай холбоотойгоор зөвхөн манай станц гэлтгүй эрчим хүчний тусгай зөвшөөрөлтэй бүх компаниуд алдагдалтай ажиллаж байгаа. Алдагдалтай байгаа учраас бид үндсэн тоноглолынхоо эх засварын ажлыг хийж чадахгүйд хүрч байна. Тухайлбал, техник ашиглалтын дүрэмд зааснаар ДЦС-ын үндсэн тоноглол зуух, турбины засварыг дөрвөн жилд нэгээс доошгүй удаа хийсэн байх ёстой байдаг. Түүнчлэн бусад тоноглолд жил бүр засвар хийх шаардлагатай байдаг. Энэ ажил саатаж байна. Үнэ тариф бага байгаагаас гол түүхий эд хангагч Шарын голын уурхайд төлөх нүүрсний төлбөрөө өгч дийлэхгүй байна. Одоогоор 1.5 тэрбум төгрөгийн өглөгтэй байна. Үүнээс гадна ажилчдаа алдах эрсдэл бодитоор үүсчихээд байна. Эрчим хүчний үнэ тариф маш доогуур, алдагдалтай ажиллаж байгаа учраас ажилчдынхаа цалинг мөн нэмж чадахгүй байна. Өнгөрөгч жил 17 хүн өөрийн хүсэлтээр ажлаас гарсан бол энэ оны есдүгээр сарын байдлаар мөн 17 хүн өөрийн хүсэлтээр ажлаас гарлаа” хэмээн ярилаа.

Харин Дарханы дулааны цахилгаан станцын тухайд энэ онд 10 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж болзошгүй байгаа аж. Учир нь энэ оны гуравдугаар улирлын байдлаар 4.4 төгрөгийн алдагдалтай гарсан байна. Мэргэжилтнүүдийн тооцоолсноор энэ онд 10 тэрбумын алдагдал хүлээх магадлалтай хэмээн үзжээ. Дарханы ДЦС-ын гүйцэтгэх захирал М.Жаргалсайхан “Жилээс жилд эрчим хүчний өсөн нэмэгдэж байгаа хэрэглээг хангахын тулд засвар шинэчлэлийн ажлыг хийх шаардлагатай. Өвлийг өнтэй давах, компанийн найдвартай ажиллагааг хангахад хөрөнгө дутагдаж байна. Манай компани орлогоо өсгөж, үйлдвэрлэлийн зардлаа бууруулаад байхад л алдагдалтай гараад байна. Үүний шалтгаан нь ерөөсөө л үнэ тариф бага байгаатай холбоотой. Манайх цахилгаан эрчим хүчийг 141.9 төгрөгөөр нийлүүлж байна. Үүнийг 27.8 хувиар нэмбэл алдагдалгүй балансаа барина. Нэг каллиор дулаан эрчим хүчийг 35 мянган төгрөгөөр үйлдвэрлээд долоон мянган төгрөгөөр борлуулж байна. Эрчим хүчний тариф нэмэгдээгүйгээс ажилчдын цалин бага байгаа. Цалингаас үүдэж энэ онд 20 хүн ажлаас гарсан” хэмээв.

Эрдэнэтийн ДЦС-ын үйлдвэрчний эвлэлийн дарга П.Баттөр УИХ, Засгийн газар өөрсдийн баталсан бодлогоо хэрэгжүүлж эрчим хүчний үнийг нэмэгдүүлэх хэрэгтэй талаар онцолж байлаа. Тэрбээр “УИХ, Засгийн газраас баталсан Шинэ сэргэлтийн бодлогод эрчим хүчний үнэ тарифыг улирал тутам нэмнэ гэсэн заалттай. Энэ бодлогоо Засгийн газар биелүүлэхгүй байна. 2021 оны гуравдугаар сарын 11-нд эрчим хүчний үнэ тарифыг нэмэгдүүлэхгүй гэдэг шийдвэр гарсан. Үүнээс болж эрчим хүчний систем дампуурлын ирмэг дээр ирж байна. Нүүрсээ худалдаж авах мөнгөгүй болж байна. Өвлийн их ачаалал ихэссэн үед сарын нөөцтэй байх ёстой. Гэтэл өнөөдрийн байдлаар 2-3 хоногийн нөөцтэй байна. Бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадахгүй байна. Өмнөх онд манай станц 12.6 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн. Энэ жил 11 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байна. Үнэ тарифаа нэмэхгүй бол манай станц дампуурч байна. Үүнээс гадна Хэмнэлтийн тухай хуульд ажилчдын цалин хөлс, нийгмийн халамжийг хасна гэсэн нэг ч заалт байхгүй. Хүндрэлтэй нөхцөл байдалд цалин бага байхаас өөр аргагүй нөхцөл байдалд орж байна. Цалин хөлс бага учраас ажиллах хүч олдохгүй байна. Боловсон хүчний бодлого маш их алдагдаж байна. Манайд тав зургаан жил ажиллаад өндөр цалинтай Таван толгой, Оюу толгой, Эрдэнэтийн үйлдвэр рүү, эсвэл гадагшаа явчхаж байна. Манайх 58 тэрбум төгрөгийн борлуулалт хийдэг үйлдвэр. Ажилчдын цалин 10 хэдэн тэрбум төгрөг байдаг. Хамтын гэрээгээр цалинг 10 хувь нэмчихээд, таван хувийг нь чадахгүй гэж байна. Бид ажил хаялтын өмнөх анхааруулах цугларалтыг дөрөв хоногийн өмнө хийсэн. Манайд тулгарч байгаа энэ асуудлууд бусад эрчим хүчний байгууллагуудад ч ижилхэн байна. Цалингаа нэмэх талаар зургаан сарын өмнөөс шаардлага хүргүүлсэн. Гэтэл төлөөлөн удирдах зөвлөл шийдэхгүй, зохицуулах хороо шийднэ гэсэн. Зохицуулах хороо нь Засгийн газар мэднэ гэсэн. Засгийн газар нь УИХ мэднэ гээд тамын тогооны үлгэр шиг яваад байна. Манай станц зогсвол Эрдэнэт хөлдөнө. Хэрэглэгчдийн үнэ тарифыг нэмэх боломж бий” хэмээв.


Шарын гол ХК-ийн захирал Б.Мэндсайхан: Эрчим хүчний нүүрсний үнийг барьснаас хоногт 60 сая төгрөгийн алдагдалтай ажилласан


Эрдэнэтийн ДЦС-ын нийт зардлын 55 хувийг эрчим хүчний нүүрсний зардал эзэлдэг бол Дарханы ДЦС-ын нийт зардлын 44 хувийг эзэлдэг аж. Дээрх хоёр үйлдвэр нүүрсээ Шарын голын уурхайгаас авдаг. Тэгвэл Шарын голын уурхайд мөн л хүндрэлтэй нөхцөл байдал үүсчээ. Тухайлбал, “Шарын голын уурхай Монгол Улсын эрчим хүчний нүүрсний 12 хувийг дангаараа нийлүүлж байна. Хойд бүсийн эрчим хүчний ганц уурхай бол манайх. Эрдэнэт, Дарханы, Хөтөлийн дулааны цахилгаан станцуудаас гадна Эрдэнэт үйлдвэрийн ДЦС зэрэг газруудад нүүрсээ нийлүүлж байна. Жилд нийт 1.4 сая тонн нүүрс нийлүүлдэг. Бид өнгөрсөн наймдугаар сарын 20-ноос есдүгээр сарын 20-ныг хүртэл тэг зогсолт хийсэн. Гол шалтгаан нь түлшний өрөө дарж чадаагүйгээс тэг зогсолт хийсэн. Үүний шалтгаан нь 2020 онд Эрчим хүчний зохицуулах хорооноос эрчим хүчний нүүрсний үнийг 44500 төгрөгөөр тогтоосон. Тухайн үед нэг литр дизель түлшний үнэ 1600 төгрөг байсан. Өнгөрөгч долоо, наймдугаар сард сард 4000 төгрөгт хүрсэн. Манай уурхай хоногт 23 мянган литр түлш хэрэглэдэг. Одоогийн түлшний үнэ тухайн үед үнэ тогтоосон түлшний үнийн зөрүүг бодоход хоногт 60 сая төгрөгийн алдагдалтай ажилласан. Энэ бол сардаа 1.8 тэрбум төгрөгийн алдагдал хүлээгээд байна гэсэн үг” хэмээн Шарын гол ХК-ийн захирал Б.Мэндсайхан ярьсан юм. Эрчим хүчний салбар 2020 онд 92 тэрбум, 2021 онд 78 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан талаар Эрчим хүчний яамны Хяналтын хороон дарга Б.Болор-Эрдэнэ танилцуулсан юм. Тэрбээр “2022 оны хүлээгдэж буй гүйцэтгэлд эрчим хүчний салбар 168 орчим тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллалаа гэсэн судалгаа гарсан. Энэ бол цахилгаан дулааны эрчим хүчний тариф өөрчлөлт ороогүйтэй холбоотой. 2019 оны долдугаар сараас хойших гуравхан жилийн хугацаанд хэрэглэгчдийн цахилгаан дулааны тарифт өөрчлөлт ороогүй. Энэ хугацаанд валют 18 хувиар өөрчлөгдсөн. Түүнчлэн үйлдвэрлэгчдийн үнийн индекс 38, хэрэглэгчийн хэрэглээний үнийн индекс 28 хувиар нэмэгдсэн. Мөн түлш шатахууны зардал өссөн. Ийм нөхцөл байдлаас шалтгаалаад цахилгаан эрчим хүчний нэгжийн өртөг 224 төгрөг болсон. Харин хэрэглэгчдэд 175 төгрөг. Өртгөөсөө 49 төгрөгөөр буюу 28 хувь доогуур үнээр цахилгаан эрчим хүч худалдаж байна. Үүний зөрүүгээс нүүрсний уурхайнууд, эрчим хүчний станцууд, төмөр замын тээвэр алдагдалтай байна” хэмээн танилцуулсан. Бодитоор үүсчихсэн энэхүү хүндрэлийг давахын тулд яамны зүгээс эрчим хүчний үнийг нэмэх аж. Энэ талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн “Улстөрч хүний хувьд би сайд болоод салбарт жаахан юм хийснийхээ дараа үнэ нэмье гэж бодож байсан. Харамсалтай нь ажил авангуутаа үнийг нэмэхээс өөр аргагүй байдалд орлоо. Би наймдугаар сарын 30-ны өдөр томилогдсон. Томилогдоод салбарынхантайгаа уулзахад “Та гоё юм яриад хэрэггүй. Хөгжлийн талаар дурсаад ч хэрэггүй. Нэн тэргүүнд энэ тарифыг л жаахан нэмэгдүүлээд өг. Дараа нь хөгжлийн тухай ярья. Тарифыг л нэмэгдүүлээд өг” гэж бүх түвшинд хэлсэн. Энэ байдлаараа явбал магадгүй энэ өвлийг давах ч ирэх жилээс тогтой байх эсэх асуудал үүсч эхэлж байна. Нийгмийн даатгалын шимтгэлийг төлж чадахгүй байгаа учраас салбарын ажилчдын дийлэнх нь төрийн үйлчилгээ авч чадахгүй болчихсон. Нийгмийн даатгалын шимтгэлийн эх үүсвэрийг тулгамдаж байгаа асуудалд зарцуулчихсан учраас тэр. Нэн ялангуяа 2020, 2021, 2022 онд ковидын үед энэ салбар байж боломгүй их нөөцийг шавхаж гаргасан. Тиймээс бид хүнд хэцүү шийдвэр гаргана. Хийхээс өөр арга алга. Энэ оны арваннэгдүгээр сарын 1-нээс цахилгаан, дулааны үнийг нэмэгдүүлнэ. Ахуйн хэрэглээний цахилгаан, дулааны үнийг нэмэхгүй.

Аж ахуйн нэгжүүдийн цахилгааны хэрэглээ 500 кВт цаг зарцуулбал 14 хувиар, үүнээс дээш байвал 28 хувиар нэмэгдүүлэх шийдвэрийг гаргах гэж байгаа. Уул уурхайн компаниуд, криптовалют олборлодог, архи үйлдвэрлэдэг, арилжааны банкууд, үүрэн телефоны оператор 200 мянган кВт бол 28 хувь, түүнээс дээш хэрэглэвэл 38 хувиар нэмэгдүүлэхээр шийдвэр хэрэгжүүлэх болчихоод байна. 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс төсвийн байгууллагуудын цахилгаан, дулааны тарифыг 28 хувиар нэмэгдүүлнэ. Дэлхийн хөгжингүй орнууд ахуйн хэрэглээний тариф өндөр үнэтэй байдаг, ажлын байр бий болгодог жижиг дунд үйлдвэрүүдэд тарифын хөнгөлөлт үзүүлдэг. Манайд эсрэгээрээ байна. Бид энэ удаад зөв зүйл хийх гээд явж байгаа юм биш. Аргагүйн эрхэнд л хэрэгжүүлэх гэж байна. Энэ салбарыг тараагаад явуулчихгүйн тулд л ийм арга хэмжээ авах гэж байгаа юм. Үнийг нэмснээр 280 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө орж ирэх болов уу гэсэн тооцоо байна. Хэрэглэгчид төлж чадахгүй ч юмуу, асуудал үүсвэл энэ хэмжээнээс багасна.

Багануур 33000 төгрөгөөр зарж байгаа. харин өртөг нь 46800 төгрөг. Шивээ-Овоо 29000 төгрөгөөр зарж байгаа. Өртөг нь 48400 төгрөг байна. Энэ мэтээр алдагдлууд их байна. Зөвхөн нүүрсний үнийг нэмэхэд 113 мянган төгрөг болох хамгийн наад захын шаардлага үүснэ. Багануурын уурхайгаас ТЭЦ-4 рүү нүүрсээ төмөр замаар тээвэрлэж ирэхэд нэг тонныг 6800 болж байна. Төмөр замынхан “Нүүрс зөөснөөс болж бид ихээхэн алдагдалд орж байна” гэсэн хүсэлт, шахалтыг бидэнд их ирүүлж байна” гэв

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

С.Амарсайхан: Стандартын асуудлыг цогцоор нь шийдэхгүйгээр хөгжлийн тухай ярих боломжгүй DNN.mn

Шадар сайд С.Амарсайхан өчигдөр сэтгүүлчидтэй зангиагүй уулзалт хийлээ.

Энэ үеэр Тэрбээр “Стандартын асуудалд Засгийн газар онцгой анхаарч ажиллаж байгаа. Өнгөрсөн хугацаанд алдаатай оноотой зүйл олон байсан. Товчхон хэлэхэд, бид бие биенээсээ хөгжил шаарддаг. Хөгжлийн гол шалгуур нь стандарт байдаг. Мөн аюулгүй байдал шаарддаг. Аюулгүй байдлын гол хэмжүүр нь мөн л стандарт. Тиймээс стандартад онцгой анхаарч ажиллах шаардлагатай байгаа юм. Манай улсад 6400 гаруй стандарт байна. Англи, Австрали, Дани, Норвеги, Канад зэрэг орнууд амьдрах орчны аюулгүй байдал, хүний хөгжлийн индексээр дэлхийд тэргүүлдэг. Манайхтай стандартын тоо ижил төстэй буюу Австрали 6000 стандарттай. Хүний хөгжлийн индексээр Канад 15 дугаар байрт ордог, 160 гаруй мянган стандарттай. Англи хүний хөгжлийн индексээр дэлхийд тавдугаарт ордог, 6000 мянга гаруй стандарттай байна. Манайх хүний хөгжлийн индексээрээ 96 дугаарт ордог. 6500 гаруй стандарттай. Гэхдээ эдгээр стандартууд нь ашиглагдахаасаа ашиглагдахгүй нь их байна. Хүнс, эрүүл мэнд, барилгын салбар бол манай улсын хамгийн их стандарттай салбар. Гэтэл Монгол Улсын хүнсэнд хэрэглэгдэж байгаа бүтээгдэхүүний 10-хан хувь баталгаажигдсан. Гэтэл гадагшаа гаргаж байгаа бүх бараа 100 хувь стандартын баталгаажуулалт хийгддэг. Энэ юуг хэлж байна гэхээр бид өөрсдөө хэрэглэж байгаа юм чинь юу ч хэрэглэсэн яах вэ, ямар ч стандарттай байсан хамаагүй гэдэг байдлаар ханддагийн илрэл. Гадагшаа гаргах болохоор бусдын шаардлагад нийцүүлэхийн тулд бүх шалгуурыг хангаж, бүх хүчээ дайчилдаг. Ийм эрс тэс ялгаа харагдаж байгаа юм. Стандартын асуудал эзэнгүй, бодлогогүй яваад ирсэн учраас өнөөдөр бид хэнээс юу шаардахаа мэдэхгүй болчихсон. Дарга нараас бид сэтгэл, хариуцлага шаарддаг. Манай улсад стандарт орхигдсон учраас бидний явсан, суусан газар бүр эрсдэлтэй байна. Гадны улс орныг харахаар наад зах нь явган хүний зам, гэрэл чийдэн, нийтийн тээвэр зэрэг бүх юм нь стандарт хэмжүүртэй. Тэнд бие биенээсээ стандарт л шаарддаг. Түүнээс ингэчихвэл сайхан байна, тэгчихвэл гоё байна гэхээсээ илүү тодорхой стандарт шаарддаг учраас тэдгээр орнууд хөгжөөд байгаа юм. Бидэнд урагшилж сайжирч байгаа зүйл бий ч энэ асуудлыг цогцоор нь шийдэхгүйгээр хөгжлийн тухай ярих ч боломжгүй. Амьдралын ая тухын тухай ч дурсах боломжгүй болчихож байна. Тиймээс үндэсний хэмжээнд “Стандарт” гэдэг хөтөлбөр хэрэгжүүлж, иргэд аж ахуйн нэгжүүдийнхээ оролцоог хангая гэж байгаа” хэмээв. Мөн тэрбээр стандартыг мөрдүүлэхэд хууль эрх зүй, тогтолцооны асуудал байна. Тохирлын үнэлгээний байгууллага хэрэлцэхгүй байна. Хүний нөөц, тоног төхөөрөмж хангалтгүй байна гэлээ.

-Өвөлжилтийн бэлтгэл хэрхэн хангагдаж байгаа вэ?

-Аймаг, орон нутгийн өвөлжилтийн бэлтгэл ажил одоогоор 80 хувьтай хангагдаж байна. Өвөлжилт бол дан ганц тухайн нэг орон нутаг, малчны мал, өвс тэжээлтэй холбоотой асуудал биш. Энэ бол манай улсын эдийн засгийн үндсэн суурь салбар. Амьжиргааны гол эх үүсвэр болсон хөдөө аж ахуйн салбар. Тиймээс үүнд Засгийн газар онцгой анхаарал хандуулж, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангаж ажиллах үүргийг аймаг орон нутагт өгч байна. Засгийн газар өмнө нь өвс тэжээлийн бүх нөөцөө бүрдүүлдэг, асуудал үүсэхээр эндээс тээвэрлэж аваачиж өгдөг байсан. 2021 оноос эхлэн аймаг, орон нутгийн удирдлагууд малчид, тариаланчид, аж ахуй эрхлэгчид өвөлжилтийн бэлтгэл ажлыг бүрэн хангадаг, аюулгүйн нөөц бүрдүүлдэг тогтолцоо руу орсон. Ингэж зохицуулахгүй бол бүх зүйлийг төр хангадаг байж болохгүй.

-2012 онд манайх Солонгос, Хятадаас тодорхой хэмжээний шатахуун импортолж ОХУ-ын шатахууны үнийг хямдруулж байсан. Үүн шиг өнөөдөр шатахуунаа Орос гэлтгүй өөр улсаас авах бололцоо бий юү?

-Бид шатахууныхаа дийлэнх хувийг ОХУ-аас авдаг. Хятадаас тодорхой хувийг авдаг. Өнөөдөр ч авч байна. Ер нь хоёр хөршөөс л өнөөдөр авна шүү дээ. Гуравдагч хөршөөс авах боломж хязгаарлагдмал, хомс. Тиймээс дотооддоо нефтийн үйлдвэрийг барих, газрын тосны бүтээгдэхүүнүүдийнхээ олборлол, хайгуулыг нэмэгдүүлэх, дотоодын хэрэглээгээ хангах асуудалд Засгийн газар онцгой ач холбогдол өгч байгаа юм. Импорт дээр ач холбогдол өгөхөөс гадна урт хугацаанд өөрсдийн хэрэгцээгээ хангах хэмжээний боломжийг бүрдүүлэхээр нефть боловсруулах үйлдвэрийн ажлыг явуулж байна.

-Оросоос бараа бүтээгдэхүүн татдаг байгууллагууд ОХУ-д олон улсын тавьсан хоригоос болж төлбөрөө шилжүүлж чадахгүй гацчихаад байна. Энэ чиглэлд ямар зохицуулалт хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа вэ?

-Төлбөр тооцохтой холбоотой асуудлууд амаргүй байгаа. Банкны системийн хоорондын доголдол, ОХУ-д Европын холбооны улсуудын тавьсан, хориг саадаас үүдсэн хүндрэлийг даван туулахын тулд Монголбанк, Сангийн яам, Засгийн газар зохих зохицуулалтыг олон улсын байгууллага, банк санхүүгийн байгууллагуудтай ярьж зохицуулж байгаа. Энэ талаарх илүү тодорхой мэдээллийг Сангийн яам, Монголбанкнаас авах боломжтой.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Д.Цогтбаатар: Худалдааг 2019 оны түвшинд хүргэнэ гэж зорьж буйд баяртай байгаа DNN.mn

-Энэ бол тухайн үеийн засгийн ажлын үр дүнг хамгийн тодорхой хүлээ н зөвшөөрч байгаагийн илрэл –


УИХ-ын гишүүн Д.Цогтбаатартай ярилцлаа.


-Ирэх оны төсөвт иргэдээ алагчилсан, хэмнэлтийг бодитоор хийж чадаагүй гэх зэргээр гишүүд янз бүрийн шүүмжлэлийг дэвшүүлж байна. Та ирэх оны төсөвт ямар дүгнэлттэй байна вэ?

-Аль болох хэмнэх гэж зорьсон төсөв орж ирсэн. Энэ нь Засаг яриад буй бодлогоо ажил хэрэг болгохыг хичээж байгааг харуулж байгаа юм. Миний хувьд Хэмнэлтийн хуулийг анх хэлэлцэж байхад л “эдийн засаг агшиж байгаа үед түүнийг улам хумьсан бодлого болох гээд байна шүү. Даралт нь буурч байгаа хүнд даралт буулгах эм өгдөггүй. Тэртэй тэргүй эдийн засгийн ийм нөхцөл байдалд хувийн хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулалтаа татна. Бүх тоглогчид хөрөнгө оруулалтаа татаж байгаа үед төр урсгалыг сөрөх ёстой. Ингэж байж эдийн засгийн хүндрэлийг харьцангуй зөөллөнө. Тиймээс эдийн засаг ийм байгаа үед хэмнэх нь зөв бодлого биш” гэж хэлж байсан. Энэ нь ч өнөөдөр амьдрал дээр бодитоор мэдэгдэж байна шүү дээ. Төсвийн хүрээний мэдэгдэлд зааснаасаа арай тэлсэн төсөв оруулж ирлээ. Хэмнэхийг нэлээн хичээсэн нь харагдаж байгаа хэдий ч эдийн засгийн бодит нөхцөл байдал өөрийн дүрмийг тулгаж буй хэрэг, тэгээд тэр нь ийнхүү тусгагдаж орж ирсэн болов уу гэж харж байна. 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр УИХ-ын гишүүд төсөв дээр санаачилга гаргаж ажиллах боломж хязгаарлагдмал болчихсон. Засгийн газрын оруулж ирсэн саналаас зөрсөн, эсвэл шинээр төсөл нэмж оруулах боломжгүй болсон шүү дээ.

Засгийн газраас оруулж ирсэн төсөвт бид мэдээж хүндэтгэлтэй хандана. Гэхдээ эргэлзээ төрүүлэхүйц талыг нь хэлэхгүй байхын аргагүй. Миний бодлоор эдийн засгийн ерөнхий нөхцөл байдлаа арай л өөдрөгөөр төсөөлсөн төсөв болчихов уу гэж харсан. Өнөөдөр байгаагаас огт өөр нөхцөл байдалтай байхаар төсөөлж оруулж ирсэн байна. Бодит эдийн засгийн нөхцөл байдал тийм амархан өөрчлөгдөх үү гэдгээ бодох хэрэгтэй. Төсөвт туссан үзүүлэлтийг харахад нөхцөл байдал ихээхэн сайжирна гэж төсөөлж орлогоо нэлээн өндрөөр тооцоолсон санагдсан. Гадаад нөхцөл байдал муу байна гэцгээж байгаа. 60 гаруйхан хоногийн дараа он гараад л гадаад нөхцөл байдал өргөс авчихсан юм шиг сайжирна гэж бодож буй бол энэ юу л бол? Харин гадаад нөхцөл байдал сайжрахгүй байсан ч эдийн засгийг ийнхүү өсгөж болно гэж байгаа бол өөр асуудал. Тэгвэл он гарахыг хүлээх юун.

Одоо л сайжруулмаар байна. Өөрөөр хэлбэл, гадаад нөхцөл одоогийнх шиг хэвээрээ байхад ДНБ-ий өсөлтийг таван хувьд хүргэж, инфляцийг найман хувьд барьж болохоор байгаа юм бол өнөөдөр яагаад сайжруулчихгүй байгаа юм бэ? Бид яагаад он гарахыг хүлээх ёстой юм бэ гэдэг асуулт гарч байна. Өөрөөр хэлбэл, төсвийг тооцоход суурь болсон төсөөлөл, өнөөгийн эдийн засгийн нөхцөлд ашиглаж буй тайлбар хоёр зөрчилтэй байгааг анзаарахгүй байхын аргагүй.

Төсвийн хуваарилалт дээр гишүүд янз бүрийн байр суурь илэрхийлсэн байна лээ. Үүнийг гишүүд ярих нь зөв. Ардчилсан тогтолцоо учраас ярьж хэлэлцэж байж шийднэ. Гишүүд нэмэлтээр төсөл тусгахгүй ч хуваарилалт дээр санаа оноогоо хэлнэ биз дээ.

-Хэмнэх нь буруу гэж та хэллээ. Тэгвэл орлого хязгаарлагдмал байгаа өнөөдрийн нөхцөлд ямар зохицуулалт хийх хэрэгтэй гэж харж байна?

-Эдийн засгийнхаа нөхцөл байдлыг бодитоор төсөөлөх хэрэгтэй. Нөхцөл байдал сайхан болчихно гэж төсөөлөх хэрэггүй. Хэрвээ нөхцөл байдлаас хамаарахгүй засч чадна гэж байгаа бол одоо засч эхлэх хэрэгтэй. Учир нь эдийн засаг, бизнесийнхэнд хүлээх цаг байхгүй шүү дээ.

-Цаашид дорвитой шийдэл авахгүй бол 2022 оны төсөв шиг хэд хэдэн удаа тодотгох эрсдэл үүсэх юм биш үү?

-Тодотгол хийгээд явж болно л доо. Аль болох тодотгохгүй байх нь эдийн засгийн тогтвортой байдалд чухал. Хэт хүлээлт бий болгочихоод дараа нь болохгүй байна гээд тодотгох нь хөрөнгө оруулагчдад сөрөг дохио өгнө. Тиймээс бодит тооцоотой байх нь чухал гэж бодож байна.

Бүтээн байгуулалт нь зайлшгүй хийгдэх шаардлагатай төслүүдийн төсвийг татна гэдэг нь бас буруу. Манай дүүрэгт хийгдээсэй гэж бодож байсан олон төсөлд хөрөнгө оруулалт оруулаагүй. Шинээр нэг ч бүтээн байгуулалтад хөрөнгө оруулахгүй гэсэн болохоор ойлгож хүлээж авч байгаа ч бас бодолцмоор зүйлс манай дүүрэгт лав олон бий. Тухайлбал, Сэлбэ голын далан, инженерийн бүтээн байгуулалт, орон сууцнуудын гаднах фасад дулаалгаас эхлээд ярих зүйл их байна.

-Ирэх оны төсөвт гадны хөрөнгө оруулалтыг 2019 оны хэмжээнд хүргэнэ гэж тооцоолсон байна лээ. Энэ боломжтой юу. 2019 онд таныг Гадаад харилцааны сайд байх үед гадаадын хөрөнгө оруулалт буцаад сэргэсэн шүү дээ?

-Тийм. Миний санаж байгаагаар бараг дөрвөн тэрбум доллар руу тэмүүлж байсан нь 2012 оныхоо өндөр үзүүлэлт рүү чиглэж байсан гэсэн үг. Мөн 2019 онд Монгол Улсын худалдаа түүхэн дээд хэмжээнд хүрсэн. Энэ чиглэлд тухайн үеийн У.Хүрэлсүх Ерөнхий сайдын Засгийн газар ихээхэн ажилласан. Гадаад худалдааны асуудлыг манай яам (Гадаад харилцааны яам) хариуцаж байсан. 2019 онд худалдаа түүхэн дээд хэмжээнд хүрсэн нь тохиолдол биш. Учир нь 2018 онд худалдааны эргэлт, экспорт мөн л түүхэн дээд амжилтад хүрсэн. Худалдаа эерэг тэнцэлтэй буюу ашигтай гарч байсан. 2019 онд бид 2018 оны түүхэн дээд амжилтаа эвдэж шинэ дээд амжилт тогтоосон. Ингээд худалдаа дахиад эерэг, ашигтай гарсан. Ийнхүү дээд амжилтууд давтагдана гэдэг нь энэ үзүүлэлт тохиолдол байгаагүй, тооцоотой төлөвлөн зорьсон дүн байсныг харуулж байгаа юм.

Манай засаг экспортын хөтөлбөрийг баталж, маш тодорхой, хоёргүй утгатай экспортын баримжаатай эдийн засгийн загварт анхаарч эхэлсний үр дүн гэж хэлж болно. Худалдаа, ялангуяа экспорт ийм байхад валютын нөөц өсөлттэй, төгрөгийн ханш тогвортой, гадаадын хөрөнгө оруулагчдын сонирхол өндөр байдаг нь зүй тогтол. Эргээд энэ нь эдийн засгийн бүх макро үзүүлэлтдээ эерэг хаялгатай байдаг.

Энэ жилийн төсөвт хөрөнгө оруулалтын ажлуудаа танаж, усыг нь шахсан байдалтай оруулсан гэж байгаа. Энэ нь нэг талаас зөв. Гэхдээ үүнд бас зөрчил ажиглагдсан. Ингэж их хэмнэнэ гэчихээд гадаад худалдааг 2019 оны түвшинд хүргэнэ гэж байгаа. Энэ бол төсвийн хөрөнгө оруулалтад одоо тавиад буй мөнгөнөөс хэд дахин давсан ашиг, орлогыг яриад байгаа юм шүү дээ. Ийм их орлого орж ирэхээр байгаа юм бол хөрөнгө оруулалтад тавьсан мөнгө чинь үүнд хэтэрхий жулдана. Илүү гарсан хөрөнгийг хааш нь хийх нь төсөвт тусгаагдаагүй байгаа болохоор улстөржсөн чиглэлд үргүй зарцуулагдах эрсдэлтэй. Ёстой төсвийг тиймээс харин тодотгож таарна. Гэхдээ 2019 оны түвшинд худалдааг хүргэнэ гэж зорьж буйд баяртай байгаа. Энэ бол тухайн үеийн засгийн ажлын үр дүнг хамгийн тодорхой хүлээн зөвшөөрч буйн илрэл юм.

-Хил гааль гацаатай байхад хөрөнгө оруулалтыг сэргээнэ гэдэг нь бодит байдалдаа нийцээгүй мөрөөдөл төдий болчих юм биш үү. Яаж ажиллавал бид гадны хөрөнгө оруулалтыг 2019 оных шиг хэмжээнд амжилттай татах вэ?

-Гадны хөрөнгө оруулалтыг татах чиглэлд энэ Засгийн газар ихээхэн хүчин чармайлт гаргаж зөв ажиллаж байгаа. Гэсэн хэдий ч “Эд нар одоо зүгээр болчихож” гээд гадны хөрөнгө оруулагчид ороод ирэхгүй. Энд цаг хугацаа шаардагдана. Гэхдээ амар орж ирэхгүй юм чинь больё гээд орхиж болохгүй шүү дээ. Одоо хэрэгжүүлж байгаа бодлогоо тууштай, туйлбартай удаан хугацаанд явуулж байж гадны хөрөнгө оруулагчид сая итгэж орж ирнэ. Үүнээс гадна гадны хөрөнгө оруулалтын бодлогоо хэрэгжүүлэхийн хажуугаар эдийн засаг амжилттай өсөөд эхэлбэл хөрөнгө оруулагчид орж ирнэ. Эдийн засаг доогуур байхад юу хүлээж, яаж ашиг олно гэж бизнесийнхэн хөрөнгө оруулалт хийх вэ дээ. Гадны хөрөнгө оруулалтыг хамгийн ихээр, аливаа сурталчилгаагүйгээр татдаг зүйл бол эдийн засгийн өсөлт. Унаж байгаа эдийн засагтай үед яаж ч яриад хөрөнгө оруулалт орохгүй. Тиймээс гадны хөрөнгө оруулалтын чиглэлд одоо хэрэгжүүлж байгаа бодлогоо тогтвортой байлга. Үүнийгээ тодорхой хугацаанд харуул. Өөрсдөө бас амжилттай урагшил. Тэгж байж л хөрөнгө оруулагчид орж ирнэ.

-Цар тахлын энэ жилүүдэд хил гаалийн асуудал Монгол төрийн толгойн өвчин болсон. Та бол энэ парламент дахь гадаад нөхцөл байдлаа бодитоор дүгнэж харах цөөн улстөрчдийн нэг. БНХАУ ковидод үнэхээр эмзэг хандаж байна уу, хиллэж байгаа бүх орнуудад манайх шиг хандаж байна уу та юу гэж харж байна?

-Ковидод мэдээж бүгд л эмзэг хандаж байгаа. Гэхдээ энэ асуудлыг гадаад бодлогын асуудал хариуцаж ажиллаж байгаа хүмүүстэй л нягталж ярих ёстой байх. Ямарваа нэгэн тайлбар тоочилгүй хил гаалийн асуудлыг нээлгэх ёстой. Ингэхгүйгээр бусад асуудлыг сайжирна гэж эрүүлээр төсөөлөх ямар ч боломжгүй. Үүнийгээ их тодорхой ойлгох хэрэгтэй.

Дэлхийн хамгийн том худалдааны эргэлттэй орнуудын нэг бол БНХАУ. Тэгвэл 2020, 2021 онд Хятад ковидын өмнөх үеэсээ давсан худалдаа хийсэн байна билээ. Жирийн үеийнхээсээ давсан худалдаа хийнэ гэдэг бол хөл хориогүй юм шиг л худалдаа хийсний шинж шүү дээ. Тэгэхээр бид худалдааны нөхцөл байдлаа газар дээр нь нарийвчилж судлах хэрэгтэй. Асуудал логистикийн дэд бүтцийн хоцрогдолд байна уу, захиргааны хүнд суртал, авлигад байна уу, хийгдээд буй гэрээ хэлэлцээрийн нөхцөлийн доголдолд байна уу гэх зэрэг олон өнцгөөс нөхцөл байдлыг ул суурьтай шинжиж, дүгнэх нь зөв.

-Валютын хомсдол, ам.долларын ханшийн өсөлт, төгрөгийн ханшийн уналтаас гаръя гэвэл хилээ нээх л хэрэгтэй болчихоод байна уу?

-Валютын хомсдол, төгрөгийн ханшийн уналт, инфляцийн өсөлт бол хил гаалийн нөхцөл байдалтай шууд холбоотой. Тиймээс гаднаас оруулж ирж байгаа бараа бүтээгдэхүүний хомсдол үүсчихээд байна. Бараа бүтээгдэхүүний хомсдол үүсэхээр мэдээж хэрэг үнэ өснө. Экспорт эрс буурахаар валютын нийлүүлэлт буурна. Үүнээс шалтгаалж гадаад валют хомсдож, ханш нь өснө, харин төгрөгийн ханш эсрэгээрээ суларна. Энэ хоёр зүйл давхцахаар эдийн засагт яг одоо болж байгаа процесс үүсдэг.

-Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн гол зохицуулалт нь юу вэ?

-Энэ бол их чухал хууль л даа. Учир нь эдийн засгийн нөхцөл байдлаа аваад үзвэл жижиг дунд бизнесүүд хамгийн их ачаалал авчихсан хүнд байна. Энэ хүнд үед жижиглэн зээл олгож байгаа этгээдүүдийг зохицуулсан хуулийг илүү шударга болгож өгөхгүй бол иргэдийн аминд тулсан хэрэгцээн дээр нь дөрөөлөөд эрх ашгийг хохироох эрсдэл өндөр байгаа юм. Зээл олгогчдод нэлээн цэгцтэй шаардлагуудыг тавьж өгч байгаа.

Гэхдээ туслах гэж байна гээд популизм хийгээд зээлдүүлэгчдийн ажлыг хааж боогоод унавал жижиг зээл олгож байгаа бизнесийнхэн зогсох эрсдэлтэй. Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов гэдэг шиг юм болно. Тиймээс үүнд зах зээлийн механизмыг нь хүндэтгэж бизнес боломжийг нь хаахгүй аль болох хэт зохицуулахгүй байх бодлогыг бас барьж ажилласан. Хуульд орж байгаа гол зохицуулалт нь нэгдүгээрт, энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулж байгаа этгээдүүд бүртгүүлэх ёстой. Ингэхдээ тодорхой шаардлагуудыг хангасан байх ёстой. Боломжийн зарим шалгуур үзүүлэлтийг л тавьж байгаа. Энэ нь зөвшөөрлийн процессоос хамаагүй өөр. Анхан шатны шалгуураа даваад бүртгэлээ авчихбал үйл ажиллагаа нь цааш үргэлжлэх боломжтой. Бүртгэлтэй болчихвол ядаж л татвар төлөлт нэмэгдэнэ. Нөгөө талаас бүртгэлтэй болчихвол санхүүгийн зохицуулах хорооноос тодорхой бодлого явуулж хяналт тавина. Санхүүгийн зохицуулах хорооны дэргэд төрийн болон төрийн бус байгууллагаас бүрдсэн зөвлөл байгуулагдана. Энэ зөвлөлөөс тодорхой дүрэм журмыг гаргаж ажиллана. Зээлийн хүүгийн дээд хэмжээг зөвлөл тогтооно. Тэгэхгүй бол дураараа хүү тогтоогоод байгаа юм. Тэр зээлийн дээд хэмжээ хэн бүхэнд ойлгомжтой байна.

Үүгээрээ иргэдэд ил тод байх боломжийг нь олгож байгаа юм. Анх хуулийн төслийг Засгийн газраас оруулж ирэхдээ ах дүү, хамаатан садан хоорондоо зээл олгоход тэрийг бүртгэх зохицуулалт орж ирсэн. Ингэж болохгүй. Энэ бол иргэний харилцаа. Танил тал, ах дүү, хамаатан садан бие биедээ зээл олгож байгааг ашиг гэж үзээд зохицуулах гэж оролдвол харин ч зохицуулж чадахгүй байдалд орно. Тиймээс ийм зүйл байж болохгүй гээд болиулсан. Ашиг олох гэж байгаа, тогтмол үйл ажиллагаа явуулж байгаа иргэд, аж ахуйн нэгж л бүртгүүлнэ. Энэ зэргээр жин банг нь тааруулж байна. Иргэдэд үүсэх эрсдэлийг аль болох буулгаж өгсөн. Үүнээс гадна хүн зээл авахдаа өөрийнхөө аль үнэтэй зүйлийг барьцаалдаг. Зээлийнх нь хугацаа дуусаагүй байхад барьцаа хөрөнгийг нь зарах эрсдэл байна. Эсвэл түүнийг үнэлэх үнэлгээ нь хэт доогуур үнэлэх гээд байдаг тал бий. Үүнийг зохицуулж зээлдэгчдийнхээ эрх ашгийг хангаж өгсөн хууль орж ирж байгаа.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ж.Сүхбаатар: Оросуудтай ойлголцож, хамтарч ажилласан тохиолдолд төмөр зам дагасан автозам барих боломжтой DNN.mn

Хот хариуцсан сайд Ж.Сүхбаатар Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад хийж хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний талаар сэтгүүлчидтэй зангиагүй уулзалт хийлээ.

Тэрбээр танилцуулгадаа “Дэлхийн хотуудад түгжрэл үүсгэж байгаа хоёр шалтгаан байна. Нэгдүгээрт, хотын хүн ам, эдийн засгийн өсөлтөөс хамаарч түгжрэлийн индекс нэмэгддэг. Хоёрдугаарх нь, зохиомол түгжрэл. Энэ нь замбараагүй хот төлөвлөлт, хүн амын гэнэтийн шилжилт, бөөгнөрөл, төрийн цэгцтэй бодлогогүйгээс үүдэлтэй. Улаанбаатар хотод стандарт байхгүйгээс барилга байшин, хашаагаа янз бүрээр барьж байна. Зөв, буруу рультэй бүхий л машин замын хөдөлгөөнд оролцож байна. Бодит байдал дээр манай улсын нийт автомашины 65 хувь нь буруу талдаа жолооны хүрдтэй машин эзэлж байна. Гэтэл замын хөдөлгөөний дүрэмд зөв, буруу талдаа рультэй машиныг аль алиныг нь зөвшөөрчихсөн. Дэлхийн хотуудад аль нэгийг нь л зөвшөөрдөг. Манайд зохиомол түгжрэл үүсэн шалтгаан нь төрийн удирдлагын сул байдал, нийгмийн шилжилт, хүн амын хэт бөөгнөрөл, төрийн бодлогын асуудал, Улаанбаатар хотод хөрөнгө оруулалт сул байсантай холбоотой. Хот хариуцсан сайдын албан тушаалыг аваад Хотын дарга Д.Сумъяабазартай ярилцаж байхад хөрөнгө оруулалтад 20 тэрбум төгрөг төсөвлөсөн гэж байсан. Газар чөлөөлөлтөд гурван тэрбум төгрөг гэсэн. Гэтэл нэг дүүрэгт гурван тэрбум төгрөгөөс илүү дүнтэй мөнгөөр газар чөлөөлөлт хийж байгаа. Том хөрөнгө оруулалт Улаанбаатар хотод тавигддаг ч хэрэгждэггүй шалтгаан нь газар чөлөөлөлт шүү дээ. 2022 онд хөрөнгө төсөв тавигдаж, хуульчлагдсанаар газар чөлөөлтийн асуудал өөрчлөгдсөн. 2022 онд хотын хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэж байна.

Бидэнд зохиомол түгжрэл үүсчихсэн болохоор иргэн бүрт өөрийн гэсэн нэг шийдэл байна. Түгжрэлийн цогц төлөвлөгөө танилцуулъя гээд маш олон хуудас төлөвлөгөө гаргачихсан иргэд надтай уулзаж байна. Жишээ нь, өчигдөр нэг математикийн багш нийтийн тээврийн маршрутын тооцооллыг хийчихсэн түүнийгээ надад танилцуулсан. Түгжрэлийг долоон үндсэн чиглэлд хуваагаад 204 автобус гол чиглэлээр явахад түгжрэл үүсгэхгүй явах боломж байна хэмээн танилцуулсан. Зохиомол түгжрэл байгаа учраас иргэн бүр өөр өөрийн өнцгөөс түгжрэлийн шийдлийг харж байна. Гэрийнх нь хажууд байгаа саадыг холдуулчихвал энэ хавийн түгжрэл арилна ч гэдэг юм уу, тэнд байгаа хувийн компанийн хашааг сэтлээд гарчихвал түгжрэл буурах нь, нийтийн тээврийн эргэлтийг ингэж шийдвэл түгжрэл буурна. Нарантуул зах, шүүх, цагдааг хотоос гаргачих, Засгийн газрыг Улаанбаатараас нүүлгэ. Газар доор зогсоол байгуул гэж байна. Түүнчлэн их сургуулиудыг Дархан, Өмнөговь зэрэг аймаг руу нүүлгэ зэргээр шийдлүүд хэлж байна. Бүгдийнх нь шийдэл амьдралтай сонсогдож байгаа юм. Иргэдийн хэлж байгаачлан төвлөрөл түгжрэл үүсгэж байгаа нь үнэн. Төвлөрлийг сааруулах бодлого ч дэлхий дахинд гарсан байна. Энэ бодлого бол захиргаа, эдийн засаг, улс орны хөгжлийн бодлоготой, хот хөдөөгийн тэнцвэртэй хөгжлийг хангах засаг захиргааны реформтой уялдаж хийгддэг. Манай улсад засаг захиргааны реформ гэдгийг засаг захиргааны хуваарийг шинэчлэх асуудлын хүрээнд ярьж байсан болохоос бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд шинэчлэлийг хийж чадаагүй. Эдийн засгийн амьдрах чадвартай мужлалаар аймаг, сумдыг бий болгоогүй учраас Улаанбаатарт төвлөрсөн хэвээр байгаа юм. Аж ахуйн нэгж байгууллагуудын 77 хувь нь Улаанбаатар хотод төвлөрч байна. Үүний 10 хувь нь хотын төвд төвлөрч байна. 18500 гаруй аж ахуйн нэгж байгууллага Их тойруу дотор үйл ажиллагаа явуулж байна. Тиймээс нүүлгэн шилжүүлэлт хийнэ. Захиргааны болон эдийн засгийн арга хэмжээ авна. Энэ хоёр аргыг ашиглахдаа хууль зүйн аргыг ч хэрэглэнэ. Одоогийн нөхцөлд түгжрэл дээр богино хугацаанд хэрэглэж байгаа арга нь захиргааны арга. Захиргааны арга хэмжээ гэдэг нь зохицуулалтыг хэлж байгаа юм.

Хүний амьдралын үй түмэн өөрийн зохицуулалт, сонирхлоор явдаг зүйл дээр захиргааны аргыг хэрэглэх гэхээр тэр олон хүний ажил, амьдралыг зохицуулах хэцүү. Жишээлбэл, их сургуулиудыг хотоос гаргана гэхэд тэнд багшилдаг багш нарын гэр бүл, үр хүүхдийн ажил амьдрал яах уу. Нэг хэсэг хүнийг нүүлгэх оролдлого нь нөгөө хэсэг хүний амьдралыг бүгдийг нь бусниулж байгаа хэрэг болчихож байгаа юм. Үүний үр дагавар нь сөрөг байх магадлал бий. Олон улсад төвлөрлийг сааруулах бодлого нь засаг захиргааны болон шинэтгэлийн бодлогоо зөв уялдуулсан байдаг.

Хот төлөвлөлт гэдэг бол Улаанбаатар хотын хөгжлийн төлөвлөгөө ямар байх, 2030 онд дүүрэг, хороод ямар болох вэ гэдэг төлөвлөгөө байх ёстой. Харамсалтай нь өнөөдөр ийм төлөвлөгөө батлуулж чадаагүй. Завсрын үеийн төлөвлөгөөгөөр явж байна. “Улаанбаатар хотыг хөгжүүлэх 2040” төлөвлөгөөг Засгийн газар, УИХ-д танилцуулж батлуулах ажил хийгдэж байна.

Төрийн байгууллагын байршлууд, үйлчилгээний тойргуудыг дагаж тэнд нь тухайн үйлчилгээний газрыг байгуулах ёстой. Түүнээс олдсон газар барьсан барилгууддаа нүүж орж болохгүй. Хот төлөвлөлт бол түгжрэлийн суурь яах аргагүй мөн. Гэхдээ хот төлөвлөлтөөс ажлаа эхэлнэ гэхэд хэцүү. Хотын түгжрэлийг бууруулахын тулд нэгдүгээрт үүнийг хийчихээд хоёрдугаарт түүнийг хийнэ гэсэн жагсаалтгүйгээр чухал ажлуудаа хамтад нь хэрэгжүүлэх хэрэгтэй.

Манайх шиг ийм түгжрэлтэй Улаанбаатар хотод нийтийн тээвэр зонхилох ёстой. Бага тойруу дотор нийтийн тээвэр ноёрхох ёстой. Их тойруу дотор нийтийн тээвэр давамгайлах ёстой. Хэрвээ энэ философийг мөрдөхгүй бол баахан давхар зам, метро зэрэг барьж одоогийн асуудлаа шийдэх гэж оролдох сонголт үлдэнэ.

Үндэсний хороо бодлогын чиг шугамаа гаргасан. Том малгай нь хот хөдөөгийн тэнцвэрт бодлого буюу макро түвшний улсын хөгжлийн бодлогын асуудлыг бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалаа анхаарах ёстой. Ойрын хугацаанд богино болон дунд хугацааны бодлогоо явуулна.

Нэгдүгээрт, Нийтийн тээврийн асуудал. Үүнийг ярихад автобуснаас гадна автобус бааз байгуулах асуудал үүсч байна. Дулаан гараж байрлуулах ёстой. цахилгаан автобус авлаа гэхэд цахилгаан цэнэглэгчтэй байх ёстой. Хажуугаар нь жолоочоо бэлтгэдэг байх хэрэгтэй байна. Автобус баазуудын стандарт нэг байх ёстой. Мөн маршрутын асуудал ч яригдана.

Хоёрдугаарх асуудал нь, хот төлөвлөлт. Улаанбаатар хот 2040 оны хэтийн төлөвлөгөөгөө батлуулж авах хэрэгтэй байна. Хүн бүр дор бүрнээ олон юм ярьдаг биш, хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу шийддэг баймаар байгаа юм.

Гуравдугаарх нь, авто замын сүлжээний асуудал. Улаанбаатар хотод хатуу хучилттай замын нийт урт 1180 км байна. Үүний хамгийн гол зам нь 150 орчим км байна. Хатуу хучилттай болон шороон зам гээд Улаанбаатар дахь нийт замын урт 7000 км. Үүний 200-300 км идэвхтэй ашиглаж байна гэж байгаа юм. 2016-2020 онд 303 км зам барьсан байна. Үүний 29 км зам нь түгжрэлд ач холбогдолтой зам байна. Бусад нь сонгогчдын шаардлагаар ая тухтай байлгах чиглэлд зам барьжээ. Түгжрэлд ач холбогдолтой гол гол замууд дээр хийгдэх гүүрэн байгуулалт, замуудын холболтуудын мөнгө энэ жилийн нийслэлийн 420 тэрбум төгрөгт суух байсан ч санхүүжилт ээдрээтэй болчихсон. Манайх хөндлөн гол замуудтай. Ирэх жил хийгдэх зарим гол зам дээр холболт, гүүрэн байгууламж хийчихвэл 2024 онд замын нэвтрүүлэх чадвар эрс нэмэгдэнэ. Яармаг, Зайсан зэрэг түгжрэлийн хэд хэдэн гол цэгт таван гүүрэн байгууламж байгуулчихвал түгжрэлийн асуудалд өөрчлөлт орохуйц суурь нь тавигдсан.

Дөрөвдүгээрт, замын хөдөлгөөний зохион байгуулалт, зохицуулалтын асуудал. Улаанбаатар хотод 670 мянган машин бүртгэлтэй байна. Үүний 470 мянган машин идэвхтэй хөдөлгөөнд оролцож байна. Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд оролцох машины даац 140, 150 мянга. Дугаарын хязгаарлалт хийвэл 230, 240 машин явдаг. Замын хөдөлгөөний төвд Улаанбаатар хотын бүх замыг харж хянаад замын цагдаад команд өгч зохицуулдаг. Үүнээс гадна өдөрт 250-иад осол, аваар бүртгэгдэж байна. Жижиг осол аваараас болж тэр хэсэгт 30 минутаас дээш цагаар түгжрэл үүсчихэж байгаа юм. Тиймээс жижиг сажиг ослыг даатгалын компаниуд шийдэх чиглэлд даатгалын компаниудтай уулзаж ярилцаж байна. Үүнээс гадна Улаанбаатар хот дахь нийт машины 40 хувь нь даатгалгүй байна. Даатгалгүй машиныг хөдөлгөөнд оролцуулахгүй байх хуультай. Гэвч бид даатгалгүй машиныг хянаж чадахгүй байгаа юм. Нийт машины 35-38 хувь тээврийн үзлэг, оношилгоонд ороогүй байна. Мөн нийт машины 95 хувь нь хуучин буюу 7-гоос дээш жилийн насжилттай байна. 16-гаас дээш жилийн насжилттай гэвэл 50 орчим хувь нь. Үүнийг хянаад замын хөдөлгөөнд оролцуулахгүй гэж араас нь хөөцөлдөж болохгүй байна. Хүчин чадлынхаа хэмжээнд зөрчилтэй тээврийн хэрэгсэлд торгууль ногдуулж байгаа ч торгуулсан иргэдийн 78 хувь нь торгуулиа төлөөгүй байна. Тиймээс Улаанбаатар хотын гол замуудад нэмэлт ухаалаг систем тавьж байршуулж байна. Нийслэлийн Засаг дарга захирамж гаргаж автомашинуудад уншигч үнэгүй суурилуулна. Мөн Зам, тээвэр хөгжлийн сайдтай хамтарч тус уншигчийг улсын хэмжээнд бүх машинуудад суурилуулна. Ингэснээр торгуулиа төлөөгүй, даатгалд хамрагдаагүй, үзлэг оношилгоонд ороогүй машин хаана явж байгааг тогтоох боломж бүрдэнэ. Түүнчлэн хотын төвд зогсоолыг багасгана. Төлбөртэй зогсоол руу шилжинэ. Эцэст нь хэлэхэд, түгжрэлийн асуудлыг нэг байгууллага, нэг дарга бүрэн шийдэхгүй. Үүнд иргэдийн оролцоо ч чухал. Эрхийг нь хасч биш, хамтдаа үүрэг хариуцлагаа үүрч байж давдаг олон улсын туршлага байна” гэлээ.

Энэ үеэр түүнээс цөөн асуултад хариулт авснаа хүргэе.

-Хотын төвөөр төмөр зам сүлжиж байгаа шүү дээ. Тиймээс төмөр замын хажуугийн зайг ашиглаж төмөр зам дагасан автозам барьж болохгүй юу?

-Төмөр зам бол Монгол-Оросын хамтарсан компанийнх. Тиймээс төмөр замын зурвас хэсэг тус компанийн эзэмшлийн бүс болчихож байгаа юм. Саяхан Хотын дарга Москвад айлчилсан. Айлчлалын үеэр нийтийн тээврийн асуудлыг ярилцсан юм билээ. Оросуудын зарим нь “Та нар LRT гэж илүү юм ярьж байхаар төмөр замынхаа хажуугаар авто зам барьчих. Бид ч тусалъя” гэсэн юм билээ. Энэ чиглэлээрх баг сарын дараа Монголд ирж магадгүй. Энэ бол санаа, санал төдий байгаа. Гэхдээ таны хэлдэгчлэн үүнийг ашиглах боломж байгаа юм. Гол нь Оросууд төмөр замын хажуугийн зайг ашиглуулах сонирхол бага байгаа. Ер нь төмөр зам Улаанбаатарыг хоёр талд хуваачихаад байгаа юм. Төмөр замыг нэвтэрч гарахын тулд нэмэлт дөрөв, таван нүхэн болон гүүрэн гарц барьж байж нэвтэрч гарах болчихоод байгаа юм. Тиймээс хажуугийн талбайг ашиглаж автозам барьж ашиглах бололцоо байна. Гэхдээ энэ асуудлыг Оросуудтай ойлголцож, хамтарч ажилласан тохиолдолд боломжтой болно.

-Яармагаас Туул голыг хөндлөн давсан I хороолол ч юм уу, X хороолол руу орсон гүүр барих боломжтой юу?

-Яармагийн чиглэлд гүүр барих төсөл явж байгаа. Цаасан дээр харж байхаар газар дээр нь ажилласан нь дээр гэж үзсэн учраас би маргааш Яармагт ажиллах гэж байна.

Categories
мэдээ утга-зоxиол

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: “Дүүлэн нис” DNN.mn

“Бид бүгд жирийн хүмүүс. Зорилгодоо хэр их цаг хугацаа зарцуулж чадсан бэ гэдгээрээ л ялгаатай.

Өглөө бүр таван цагт босож, 12 цаг хүнд хүчир ажилд нухлуулсны эцэст гар бадайрч, хөл сулартлаа ядарсан би Дублины өнөөх хүйтэн харанхуй гудмаар алхан хөлс царцам бэлтгэлийнхээ өрөөнд очдог байлаа” хэмээх Макгрегорын чин сэтгэлийн үгс. Сайн найзтайгаа хамт уушийн газарт суугаад халуун яриа өрнүүлж, хэнд ч хэлээгүй сэтгэлийн дотоодоо уудалж буй мэт мэдрэмжийг төрүүлэх ном аж.

Өмнө нь мэддэг мэт дүрүүд, үргэлж л амжилт аз жаргалын дунд байсан гэж боддог олон түүхийн эзэдтэй шинээр танилцуулжээ. Чин сэтгэлээ дэлгэж буй Эд Шийрантай хамт метроны буудал дээр дуулж, арваад хэлээр ярьдаг Салик хүүтэй хамт гудамжинд бараа заран хэл сурах урам авч, айлын хажуу өрөөнд толгой хоргодон гэрийн эздийн доромжлолыг нь сонсох АиЮу охинтой хамт хөнжил дотроо уйлж ч мэдэх юм.

Энэ номыг “Өглөөний уншлага” хөтөлбөр онцлох номоор сонгосон байх бөгөөд стресстэж шантарсан, юу хийхээ мэдэхээ больж эргэлзсэн, урам зориг эрч хүчээр дутаж буй хүнд хамгийн тохиромжтой сонголт болох биз.

Зүгээр л хичээ, амжилтад хүр, баяж, зүтгэ гэх хувь хүний хөгжлийн ямар ч номноос илүүтэй хүнд хүчрийг, шантармаар өдрүүдийн дундуур туучин гарсан нэгний чин сэтгэлийн үгс илүү хүнд хүрдэг байж мэдэх юм. Мэдээж түүх бүр ялалтаар төгсдөггүй амьдралын гашуун үнэн бий. Номонд ч мөн ялагдлыг хэрхэн хүлээн авч буй тухай, амжилт гэх ойлголтыг өөрөөр харах, гарцаагүй асуудлын үед амьдралаас аз жаргалыг мэдрэх тухай нулимстай мэдрэмжийг ч багтааж.

Энэ номыг бүтээгчид хүнд хэцүүтэй нүүр тулан явж буй залууст урам зориг өгөх зорилготойгоор асуудалд шантран бууж өгөх замыг сонгох гэж буй уншигчдад санал болгох ном хэрэгтэй хэмээн гурван жилийн хугацаанд олон зуун цагийн дүрс бичлэг, илтгэлүүдийг орчуулан эмхэтгэн бүтээсэн байна.

Хамгийн хүнд хэцүү, асуудал тулгарсан үедээ ганцаараа биш гэдгээ мэдрэх, одоо тулгараад буй асуудлыг хэн нэгэн өмнө нь туулаад гараад ирсэн юм шүү гэдгийг мэдэх нь бидэнд ялан дийлэх хүч өгдөг.

Тэгвэл энэхүү номыг уншсанаар бидний мэддэг гэж боддог, үргэлж аз жаргалтай амжилттай явж буй хэмээн боддог нэгний туулсан амьдралын хамгийн хүнд хэцүү цаг үеийнхээ тухай дэлгэж буй түүхүүд “Надад ч бас ийм боломж бий, гуниглаж болно, бууж өгч болно, гагцхүү итгэлээ алдахгүй юм шүү” гэсэн тайтгарал өгөх юм.

Энэхүү номыг уншсан нэгэн охин “Хэцүү үед ээж тэврээд, урмын үг хэлээд намайг тайтгаруулж байгаа юм шиг мэдрэмж төрүүлсэнд баярлалаа” хэмээн сэтгэгдлээ илэрхийлсэн байх аж.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Ганбат: УИХ нь эрх баригч МАН-ын хуулийн хэлтэс шиг ажиллах боллоо DNN.mn

УИХ дахь АН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Ганбаттай ярилцлаа.


-Намрын чуулганы эхний хуралдаанд та гишүүний картаа УИХ-ын даргад шидэж өгөөд ширүүхэн эхлүүлж байгаа харагдсан. Улс орны өмнө тулгамдсан асуудалд хойрго хандаж байгаа парламентын нөхдөө шүүмжилж тийн хандав уу, эсвэл таныг бүлгийн даргаас буулгах хуулийг баталсан болохоор тэгж хандав уу?

-Картаа шидээгүй ээ. Аваачиж өгсөн юм. Эсэргүүцлээ илэрхийлж байгаа нэг хэлбэр л дээ. Учир нь өнгөрөгч зун УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж гуравхан жилийн өмнө баталсан ҮХНӨ-ийн төслийг үгүйсгэж, ард түмнээс асуухгүйгээр дахин өөрчилсөн. УИХ-ын гишүүд албан тушаал, эрх мэдлийн төлөө ингэж улайрч болохгүй. Үндсэн хуулийг өөрчилж бололгүй яахав. Хамгийн гол нь ард түмнээсээ асууж, нийгмээрээ зөвшилцөх ёстой. Үндсэн хууль бол нийгмийн гэрээ, алганд багтсан эх орон гэдэг шүү дээ. Тиймээс ийм суурь том хууль руу ингэж халдаж байгаа нь буруу. Улсын Их Хурал, Улсын Их Хурал биш боллоо. Засгийн газартаа хяналт тавих чадамжгүй болсон. Засгийн газар яаж л бол яаж дураараа аашилдаг боллоо. Шүүх, Үндсэн хуулийн Цэц хараат бусаар ажиллахгүй болгож, баталж өглөө. Үндсэн хуулийн Цэц Үндсэн хуулиа хамгаалах хоточ нохойн үүрэг гүйцэтгэх ёстой. Үндсэн хуульд бусад хууль нийцэж байгаа эсэхийг хянадаг байгууллага Цэц болохоос эрх баригчдын захиалгаар хуулийг өөрчилдөг байгууллага биш. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг үгүйсгэж, хууль бусаар өөрчилж байхдаа УИХ-д Цэц хяналт тавих хуулийн заалтыг байхгүй болгочихлоо. Үндсэн хуулийн Цэц өнөөдөр эрх баригчдын гүйцэтгэгч нэг байгууллага болгочихлоо. Энд би яагаад ингэж ач холбогдол өгч шүүмжлээд байна гэхээр Үндсэн хууль бол Монгол Улсын оршин тогтнохын баталгаа юм.

Ээлжлээд хоолонд орох ажил л явж байна. 76 гишүүнтэй давжаа парламентад ийм олон УИХ-ын гишүүн сайд болно гэдэг юу гэсэн үг вэ. Үндсэн хуулийн үзэл санаа, засаглалын зарчим хяналт тэнцэл алдагдаж байгаа юм. Үндсэн хуулийн утга агуулга тэр чигтээ алдагдаж байна. Өнгөрсөн хугацаанд МАН-ын 60 оныхон хоолондоо орсон. 70, 80 оныхон хоолондоо орлоо. Амраг садан, ах дүү, үр хүүхэд ач гуч нь Монгол Улсын татвар төлөгчдийн мөнгийг сааж амьдарч байна. Үүний илэрхийлэл нь Хөгжлийн банк, ЖДҮ, өнөөдрийн нийгмийн байгаа байдал, үүсээд байгаа асуудал юм.

-Таны өмнө нь байсан 2012 парламенттай одоогийн парламентыг харьцуулахад чадавх чадамжийн хувьд хэр санагдаж байна?

-УИХ бол ард түмнээсээ мандат авч ажиллаж байгаа төрийн эрх барих дээд байгууллага. Ард түмний эрх ашигт нийцсэн бодлого, шийдвэр, хуулийг баталж байна уу гэвэл үгүй. Иргэдэд тухайн үедээ таалагдахгүй ч ирээдүйд хэрэгтэй зүйл УИХ нь ч тэр, Засгийн газар нь ч тэр огт хийж чадахгүй байна. Ардчиллыг дүр эсгэсэн, хуулиа дээдлэх бус өөрсдийнхөө эрх ашгийг дээдэлж ажиллаж байна. Тиймээс иргэдийн амьдрал нэг хэвэндээ тогтчихлоо. Манайхтай нэг гараанаас эхэлсэн орнууд хөгжиж, дэвшиж байна. 2012 онд ядуурал 20 хувьтай байсан. Албан бус тоогоор өнөөдөр 40 хувьтай байна гэсэн мэдээлэл байна. Хуучин таван хүний нэг нь ядуу байсан бол одоо хоёр хүн тутмын нэг нь ядуу байна гэж байна. Ядуурлаас гаргах биш ядуурал руу л түлхээд байна.

-Ирэх жилийн төсвийн төсөөллийг та хэрхэн дүгнэж байна?

-Татвар төлөгчдийн мөнгийг хааш нь чиглүүлж байгааг бүгд хянах ёстой. Тэр дундаа ард түмний элчийн хувьд УИХ-ын гишүүд нарийн хянах ёстой. Одоогийн парламентад 2020 онд сонгогдож орсноосоо хойш улсын төсвийг алдагдалтай баталж болохгүй гэж удаа дараа хэлж байсан. Гэтэл өмнөх жил хоёр их наяд төгрөгийн алдагдалтай төсөв баталсан. Энэ жил 1.5 их наяд төгрөгийн алдагдалтай батлахаар оруулж ирлээ. Ард түмэн өдөр бүр хар нулимс урсгасан, эрх баригчид өдөр бүр цагаан сар хийсэн ийм л төсөв батлаад байна. Үүний лай ланчиг нь ард түмний нуруун дээр ирж байна. Иргэдийнхээ амьдрал ахуйг сайжруулах биш харин ч ачаа болж байна. Ханшийн уналт, инфляци, ажилгүйдэл ямар байгааг хэн хүнгүй мэдэж байгаа.

Үүнээс гадна энэ жилийн төсөв иргэдээ ялгаварласан төсөв боллоо. Иргэдийг гарал үүслээр нь ялгаварлахгүй гэж Үндсэн хуульд заасан байдаг. Гэтэл 3.5 сая төгрөгийн орлоготой өрхийн хүүхдэд мөнгө өгөхгүй гэж ялгаварлаж байна. Эрх баригчид үр хүүхдүүдийнхээ “Ирээдүй өв” сангийн мөнгийг нь цөлмөөд идчихсэн. 2019 оны ҮХНӨ-өөр газрын хэвлий бол ард түмний баялаг гэж заасан. Уул уурхай бол нөхөн сэргээгдэхгүй баялаг. Уул уурхайн баялгийг эрх баригчид бий болгочихсон юм биш. Өвөг дээдсээс уламжилж ирсэн капитал. 3.5 сая төгрөгийн орлоготой өрхийн хүүхдүүдийн амьдрал ахуй ирээдүйд ямар байхыг хэн ч мэдэхгүй. Гэтэл 3.5 сая төгрөгийн орлоготой гэр бүлийн хүүхдийн мөнгийг хасч байгаа нь хуулиас гажууд үйлдэл. Нөгөө талаас эдгээр гэр бүл нийгмийн есөн хувийг эзэлж байна гэж байгаа юм. Энэ бол өнөөдрийн Монголын нийгмийн амьдралын чадавхыг илтгэж байгаа тоо. Боломжтой гээд хасаад байна шүү дээ. Хүүхдийн мөнгө бол халамж биш. Газрын доорх баялгаас тухайн хүүхдэд хүртээж байгаа хэлбэр. Шаардлагагүй халамжаа зогсоох ёстой. Түүнээс байгалийн баялгийг хүртэж байгаа хэлбэрийг зогсоох ёсгүй. Ер нь 2023 оны төсвийг буцаах шаардлагатай байна.

-Ирэх жилийн төсөв Төрийн хэмнэлтийн хуультай хэр уялдсан байна вэ. Хэмнэх ёстой зүйлүүдээ хэмнэж чадаж уу?

-Хэмнэлтийн хууль хаана хэрэгжээд байгаа юм бэ. Амьдрал дээр биелэгдэхгүй л байна шүү дээ. 22 сайдтай, 20-иод яамтай. Дэд сайд нартайгаа нийлүүлбэл 40 гаруй болж байгаа юм. Хэмнэнэ гэж байгаа бол ядаж л орон тооны цомхотголуудыг хийх ёстой. Улс орны эдийн засаг хүнд байхад 40, 50 сайд хэнд хэрэгтэй юм бэ. 20-иод яам хэнд хэрэгтэй юм бэ. Цаашилбал, аймгуудыг ч нэгтгэж болж байна. 30, 40 мянган хүн амтай аймаг ч байна. Социализмын үед байгуулсан засаг, захиргааны бүтэц шүү дээ. 200 мянган төрийн албан хаагч байна. Төрийн өмчит компанийн өр зургаан их наяд хүрчихээд байхад л нэмж ийм компани байгуулаад байна. Үүнд цомхотгол ярихгүй байна. Гадна, дотны нөхцөл байдлаа харвал реформын шинжтэй өөрчлөлт хийх цаг нь өнөөдөр бүрдчихээд байна. Гадаадын хөрөнгө оруулалт алга. Ирэх жил 500 сая ам.долларын Гэрэгэ бонд, Хөгжлийн банкны 500 сая ам.долларын өр төлөх ёстой. 750 тэрбум төгрөгийн Японд тавьсан өрөө төлөх ёстой. 2022 оны төсвийн гүйцэтгэлээ хэлэлцэх ёстой. Мөнгөний бодлогоо ярих ёстой. 35 сая тонн нүүрс гаргана гэцгээгээд байсан. Амьдрал дээр алга. Уул уурхайн бүтээгдэхүүн дэлхий дахинд өндөр байгаа энэ супер циклийн үед 35 сая тонн нүүрсийг ажилласан бол өлхөн экспортолчих боломж байлаа. Төмөр замаа цахилгаанжуулж, хоёр урсгалтай болгох хэрэгтэй байна. Эрчим хүчний эх үүсвэрийг шинээр барьж байгуулах хэрэгтэй байна. Сүүлийн 6, 7 жилийн хугацаанд гарт баригдаж, нүдэнд үзэгдэх хөгжлийн бүтээн байгуулалт нэг ширхгийг ч хийсэнгүй. Засаг захиргааны нэгжийг өөрчилсөнгүй. Хувьчилсан, хувиараа ажиллаж байсан аж ахуйн нэгжүүдийн хаалгыг бариулж, дарамталж байна. Эрх баригчдад таалагдсан аж ахуйн нэгж ажилладаг бусад нь ажилладаггүй байх ийм л нөхцөл байдалтай байна. Татвараар дарамталж байна. Үүнийгээ татварын бааз суурь өргөжнө гэж байна. Экспортын бүтээгдэхүүнүүдэд өндөр үнэтэй тавигдсан байна. Нүүрс 144, алт 1800, зэс 8400 ам.долларын үнэтэй тавигдсан байна. Үүнээс их мөнгө олно гэсэн хэт өөдрөг төсөөлөлтэй төсөв байна лээ. Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал, НӨАТ зэргийг өмнөх шигээ авна гэсэн тооцоололтой байсан. Гэтэл хувийн хэвшлийнхэн хаалгаа барьж, ажилгүй иргэд олширч байна. Ийм үед энэ төсөөлөл нь хэр биелэгдэх бол, эргэлзээтэй. Өнгөрсөн хоёр жилд Монголбанк Засгийн газрын кассын машин шиг ажиллаж ирлээ. Одоо УИХ нь эрх баригч МАН-ын хуулийн хэлтэс шиг ажиллах боллоо. Дүр эсгэсэн, хагас ардчилал бүрэн утгаараа хэрэгжиж эхэлж байна. Ийм байгаа учраас би картаа аваачиж өгсөн. Цаашид энэ УИХ-д суух эсэх асуудлыг нөхдүүдтэйгээ ярилцана.

-Таныг энэ парламентыг хугацаанаасаа өмнө тарах санаачилгыг гаргах нь гэж ойлголоо?

-Намынхан болон тойргийн иргэдтэйгээ ярилцана. Энэ УИХ чадамжаа алдаж байна. Би энэ Улсын Их Хурлыг МАН-ын ч юм уу, Засгийн газрын хуулийн хэлтэс шиг болсон байна гэж дүгнэж байна. Одоогийнх шиг ийм их боломж, эрх мэдэлтэй Засгийн газар өмнө нь байгаагүй. Одоо бүтцээ улам томруулсаар тархи толгой нь томдсон рахиттай хүүхэд шиг болчихлоо. Дарга нарын тоо маш их нэмэгдэж байна. Ард түмний амьдрал өдөр ирэх тусам буурч тэсэхүйеэ бэрх болж байна. Улаанбаатар хотод жаргалтай хүн хоёр болох шиг боллоо. Хотын дарга дээр нэмээд Хот хариуцсан сайд нэмэгдлээ. Энэ маягаар нэмэгдэх юм шиг байна. Гэтэл асуудал нь хэв хэвээрээ байна. Ургийн гажуудал, эх хүүхдийн эндэгдэл утаанаас болж өсч байна.

-АН-ынхан Брюссельд уулзсан. Уулзалтаар юу ярив, нэгдэх нийлэх чиглэлд ахиц гарав уу?

-Нэлээн олон жил уулзаагүй, харагдаагүй хүмүүс цугласан. 30, 40 хүн ирсэн. Харилцан ойлголцож ярих ийм уулзалт чухал. Бид үнэт зүйл үзэл баримтлал дээр нэгдье. Албан тушаал, мөнгө төгрөг завших, гэмт хэргээ нуун далдлах, хэн нэгнийг гэмт хэргээс мултлах зүйл дээр бид нэгдэж болохгүй. Өнөөгийн нөхцөл байдлаа ойлгосон, бүх зүйлд хариуцлагатай, эе эвийг хичээж нэгдэх ёстой. Саяхан Монголын Үндэсний Ардчилсан нам АН-тай нэгдэхээр санамж бичигт гарын үсэг зурлаа. Гадна байгаа нам эргэж нэгдэж байхад дотор байгаа нөхдүүд өнөөдрийн нөхцөл байдлаа дүгнэж үнэт зүйл, үзэл баримтлал, ардчиллыг хамгаалахын төлөө хичээх ёстой.

Бусад намын нөхдүүдтэй нийлж хэн нэгэн хүнийг буланд шахаж, ялгаварлан гадуурхаж болохгүй. Үнэт зүйл, үзэл баримтлал дээрээ нэгдэх ёстой. Нөгөө намын заавар зөвлөгөө, өдөөн хатгалгаар ажиллах ёсгүй. Эх орныхоо, ардчиллынхаа, үзэл баримтлалаа өмнөө тавьж ажиллах ёстой. Энэ хүнд хэцүү нөхцөлөөс МАН ганцаараа аварч чадахгүй нь мэдэгдэж байна. Зургаан жил оролдоод Дарханы замаа барьж чадахгүй байна.

Уулзалтаас ярих юм байна. Ярихгүй юм байна. Намын дотоод асуудал байна.

-Өчигдөр АН-ын бүлэг хуралдсан. Та байсангүй. Бүлгийн гишүүд дундаасаа хоёр удаа сонгогдсон цөөн гишүүдийн нэг нь та. Байнгын хороо, бүлгийн даргаар ажиллаж байсан хүний хувьд сандал ширээхэнтэй зууралдаж байхаар манлайлал үзүүлж бүлгээ нэгтгэх чиглэлд ажиллахгүй юм уу?

-УИХ-ын тухай хуулиар бүлгийг хоёр болгож болохгүй. Хуулийн зүйл заалттай. Гэтэл энэ эрх баригчдад, эрх баригчдын утсан хүүхэлдэй нарт хууль хамаагүй юм шиг байна. Миний хувьд сандал ширээ, албан тушаалтай зууралдах ямар ч шаардлага алга. Цаг үе нь ингэж шаардаад байна. Монголын 30 жил, 100 жилийн амжилтыг салхинд хийсгэмээргүй байна. Авлигад идэгдүүлж, хэн нэгэн хүн албан тушаал авах гэсэн зорилгыг гүйцэлдүүлээд байна. Бүлгийн дүрэмд ҮБХ-оос баталсан зүйл заалт туссан байдаг. Хоёроос дээш сонгогдсон гишүүн УИХ дахь намын бүлгийн даргын албыг хашина гэсэн өөрчлөлтийг оруулсан байгаа. Тиймээс би зохих ёстой хүнийг нь бүлгийн дарга болгочихъё гэж бодож байгаа.

-Хэнийг?

-Хэн байхыг нь бид ярилцаж шийднэ. Өнгөрсөн хугацаанд хоёр гурван хүн сайн муу нэрээр дуудуулж АН-ыг амьтай голтой авч явлаа. АН-аас сонгогдсон хэдэн нөхдүүд өнөөдөр яс горьдсон нохой шиг сайдын суудал авъя гээд өлөн нүдээр эрх баригчдыг горьдоод сууж байх шиг байна. Давхар дээлийн хязгаарыг “тайлахад” дэмжиж кноп дарсан, бүлгийн дарга болгож өгнө гээд АН-ын хэн нэгэн нь амлачихсан нөхдүүд АН-ын бүлгийг эрх баригчдын тоглоомын бүлэг болох гээд явж байгаа нь хэн бүхэнд ил байна. Тэд нар цаад талдаа бүлэглэлтэй. Тэр бүлэг нь хаанаас яаж баяжсан нь асуудалтай. Тэр нь Улаанбаатар хотыг бетонон ширэнгэ болгож ямар ч амьсгалах агааргүй болгосон. Түүгээрээ барьцаанд орж тэдэнд үйлчилж байна. Үнэт зүйл, үзэл бодол дээрээ нэгдэх ёстой. Тиймээс УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын ямар нэгэн тавьж байгаа шаардлагыг өөрийнхөө хувийн эрх ашиг, албан тушаал, сандал суудлын төлөө арилжвал юу болдгийг АН-аас өмнөх УИХ-д сууж байсан хүмүүс зухаас нь харуулж байна. Цаг хугацаа бүгдийг нь харуулж байна. Би ямар нэгэн хулгай луйвар, тендер, юунд ч барьцаалагдаагүй. Хэн нэгнээс мөнгө төгрөг гуйх шаардлагагүй. Хэн ч намайг авлигач, хулгайч гэж хэлж чадахгүй байгаа биз дээ. Надад дүр эсгэх ямар ч шаардлага байхгүй. Би үнэт зүйл, үзэл бодол дээрээ нэгдье гэж байгаа.

Зарим нөхдүүд Мах комбинатын ямаа шиг байна ш дээ. Хэдэн хүнийг сайд болгоно гэж бүлгийг хоёр хувааж байна. Ардчиллын нэрийг барьж ардчиллын эсрэг үйлчилж байна. Энэ бол ардчилал болон Монгол Улсын тусгаар тогтнолд маш хөнөөлтэй зүйл. Учир нь нэг намын дарангуйлал руу улам явна. Ийм том хоёр гүрний дунд биднийг аварч байгаа нь ардчилал. Тиймээс хоёр намыг хоёуланг нь харь гүрнээс хараат болгох бодлого явагддаг. Иргэдийн төлөө биш хуулийн салбарт олон жил ажилласан бүлэглэлүүдэд үйлчлэх гэсэн үйлдэл яваад байна. Түүнээс би сандал ширээтэй зууралдсандаа ингээд байгаа юм биш. Тэр байтугай Монголын ард түмэн уланд оччихож. Бүхэл бүтэн яам нь Монголын ард түмнийг улныхан болгочихоод, улны айл гэдэг хэллэгтэй ч болчихсон юм байна. Улны болчихсон ард түмнийг төлөөлж байгаагийнхаа хувьд би шалан дээр суусан ч хамаа алга. Тиймээс шаардлагатай бол шалан дээр суусан ч болно.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Т.Доржханд: 10 их наядын хөтөлбөрөөр худалдаа, импортыг дэмжээд валютынхаа нөөцийг гөвчихлөө DNN.mn

УИХ-ын гишүүн Т.Доржхандтай ярилцлаа.


-Ирэх жилийн эдийн засгийн байдлыг та хэрхэн харж байна. Энэ жил манайд бодитоор ямар хүндрэл үүсэхээр байна вэ?

-2023 онд эдийн засгийн маш хүнд нөхцөл байдал биднийг угтана. Төлбөрийн баланс буюу ханш дээр энэ хүндрэл үүснэ. Учир нь ирэх жил манай улс олон бонд төлнө. Тухайлбал, Чингис бонд 137 сая ам.доллар, Гэрэгэ бонд 533 тэрбум ам.доллар, Монгол Улсын Хөгжлийн банкны еврод 500 сая ам.доллар, Самурай бонд 30 тэрбум йен. Энэ бол зөвхөн Засгийн газрын өр. Энэ оны эцэст онд Чингис бонд 137 сая ам.долларын өрийг төлөх ёстой. Бондын өр төлбөр нийтдээ 1.4 тэрбум ам.доллар болж байгаа. Үүн дээр нэмээд Монголбанк БНХАУ-тай хийсэн своп хэлцлийн 10 тэрбум иен буюу 2.5 тэрбум ам.долларын хугацаа энэ жил дуусна. Тэгэхээр Монгол Улс нийтдээ дөрвөн тэрбум ам.долларын өр төлбөрийн асуудал хүлээгдэж байна. Гэтэл Монгол Улсын валютын нөөц өнөөдөр 2.6 тэрбум ам.доллар байна. Энэ бол импортын хэрэглээний 3-4 сарын л нөөц. Олон улсын стандартаар бол хамгийн багадаа зургаан сарын нөөцтэй байх ёстой. Гэтэл манайх байх ёстой түвшнээсээ хоёр дахин буурчихсан. Дээр нь цэвэр нөөц нь хасах руу орчихсон б а й н а. Өөрөөр хэлбэл, энэ бол хувийн хэвшлийн банкинд байгаа мөнгө. Энэ байдлаараа ирэх жилүүдэд тэр дундаа 2023 оны маш том хүндрэл бол өр төлбөрөө төлж чадахгүй буюу дефолт үүсэх эрсдэл байна. Үүнийг дахин санхүүжүүлэх асуудал гарч ирнэ. Өөрөөр хэлбэл, өмнөх жишгийн дагуу шинээр бонд арилжаад олсон эх үүсвэрээрээ энэ төлбөрүүдийг төлөх санхүүжүүлэх. Хоёрдугаарт, своп хэлцлээ сунгах зэрэг ажлууд зайлшгүй хийгдэх шаардлагатай. Гэтэл асуудал нь өнөөдөр хөгжингүй орнуудын бодлогын хүү өссөн. Америк долларын нөөцийн сангийн бодлогын хүү өссөн. 3.5 хувьтай байна. Үр дүнд нь хөгжиж байгаа орнуудад хөрөнгө оруулалт буурч байгаа. Үнийг дагаад хөгжиж байгаа орнуудын бондыг худалдаж авах эрэлт буурсан. Ингэхээр Монгол Улсын Засгийн газар бонд гаргалаа гэхэд хоёр оронтой тоон дээр бонд гаргах зах зээлийн орчин байна. Грекийн эдийн засгийн хямрал, 70, 80-аад оны Латин Америкийн, Аргентины хямрал өнөөдөр Монголын нөхцөл байдалд дахин бий боллоо. Өөрөөр хэлбэл, 2015, 2016 онд долларгүй болж ханшаа хоёр дахин алдаж эдийн засаг сэхээний орон дээр байсан тэр нөхцөл байдал дахин бий боллоо. Тиймээс эдийн засгийн гол хүндрэл төлбөрийн балансын алдагдал. Ханшийн тогтвортой байдлын асуудал юм.

-Мөн инфляци төсөвт дарамт болох юм биш үү. Өнөөдөр Инфляци 15 хувьтай байна. Инфляцийг бууруулах ямар боломж байна гэж харж байна?

-Тийм. Маш өндөр инфляцитай байна. Цар тахлаас шалтгаалж бараа бүтээгдэхүүн өндөр үнэтэй байна. Тиймээс дараагийн асуудал өндөр инфляци. Үүнийг Монголбанк зохицуулах үүрэгтэй. Бодлогын арга хэрэгсэл нь мөнгөний бодлогын арга хэрэгсэл. Гэтэл мөнгөний бодлогын арга хэрэгсэл ажиллах ямар ч боломжгүй болчихсон. Учир нь төсвийн бодлого нь мөнгөнийхөө бодлоготой уялдахгүй эсрэг зүг рүү явчихлаа. Эдийн засаг, хөгжлийн яам байгуулсан үр дүнг энэ жилийн төсвөөс ерөөсөө олж харахгүй байна. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн гол хямрал төлбөрийн баланс. Мөн гадаад валютын нөөцийн хомсдол. Гадаад төлбөрөө төлж чадахгүй байх, дефолт зарлах хэмжээнд асуудал үүсчихээд байхад Монгол Улсын төсөв өмнөх оны баталсан төсвөөс 2.5 их наяд төгрөгөөр дахиад тэлсэн байна. Өмнөх жилийн төсөв 18 их наяд төгрөг байсан бол энэ оных 20.5 их наяд болоод өсчихлөө. Ингээд төсвийн бодлого тэлчихээр мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх ямар ч орон зайгүй болдог. Бодлогын хүүг сая 12 хувь болгож өгсөн. Үр дүнд нь бизнесийн зээл үнэтэй болсон. Ингээд хувийн секторын санхүүжилт тэр хэмжээгээр буурч байгаа. Төсөв тэлсэн тохиолдолд инфляци буурах боломжгүй. Хоёрдугаарт, төсвийн зарлага санхүүжилт тэлж байгаа тохиолдолд энэ эргээд импортын бараа бүтээгдэхүүний эргэлтийг бий болгодог. Үр дүнд нь гадаад валютын эргэлтийг өсгөж ханш дээрээ давхар цохилт үүсгэх төсөв орж ирлээ.

-Үүнээс гарах оновчтой гарц нь юу вэ?

-Өнөөдрийг хүртэл 32 жилийн хугацаанд төсвийн бодлогоо нэгдүгээрт тавьж, мөнгөний бодлогоо хоёрдугаарт тавьж мөнгөний бодлого нь төсвийн бодлогын тохируулагч арга хэрэгслээр ажиллаж ирлээ. Одоо байрыг нь соль. Өөрөөр хэлбэл, бодлогын гол дараалал нь төсвийн асуудал биш. Мөнгөний бодлого, тэр дундаа ханш төлбөрийн балансын асуудал гэдэг нь тов тодорхой. Ийм учраас мөнгөний бодлогоо дэмжсэн төсвийн бодлогыг Засгийн газар оруулж ирж УИХ-аар батлуулах шаардлагатай. Ядаж энэ жилийн төсвийг алдагдалгүй батал.

-Энэ жил шинээр нэг ч барилга барихгүй зэргээр төсвөө хэрэндээ л танаж байгаа гэсэн тайлбар мэдээлэл өгч байгаа шүү дээ. Төсвөөс танах боломжтой өөр зүйл юу байгаа вэ?

-2023 онд нэмэлтээр шинээр хөрөнгө оруулалт тусгаагүй гэж орж ирсэн нь хангалтгүй. 2023 онд төсөв 1.5 их наяд төгрөгийн алдагдалтай байхаар тооцоолсон байна. Тиймээс ядаж 1.5 их наяд төгрөгийг танаж төсвөө оруулж ир. 2010 оноос хойш хөрөнгө оруулалтын санхүүжилт нь дамжиж яваа дуусаагүй барилгууд бий. 2010, 2020 оны төсөвт суусан баахан үр ашиггүй соёлын төвүүд, угтах хаалга зэрэг иймэрхүү ажлуудынхаа хөрөнгө оруулалтыг бүгдийг нь бүрэн зогсоо. Хоёрдугаарт, дутуу барилгуудаа иргэдэд нээлттэйгээр бүгдийг нь дуудлага худалдаагаар зар. Олсон орлогоор барилгын компаниудад өгөх ёстой хохирлыг нь барагдуул. Барилгын салбар импортыг 70-80 хувь өсгөдөг. Өөрөөр хэлбэл, барилгын 70-80 хувь нь импортын бүтээгдэхүүн байдаг. Одоо цементээ хүртэл импортолдог болчихлоо шүү дээ. Тиймээс энэ салбарын үйл ажиллагааг зогсоосноор ам.долларын эрэлтийг бууруулах боломжтой. Нөгөө талд ийм ийм төслүүдийг хэрэгжүүлээч гэдэг зүйл бодит байдал дээр дуусахгүй. Бараа бүтээгдэхүүний өссөн үнэ буурахгүй. Хил гааль, тээвэр логистикийн асуудал энэ жилдээ шийдэгдэж чадахгүй. Мөн ковидын нөлөө урд хөршид үргэлжилсэн хэвээрээ байна. Хойд хөршийн дайны байдал сунжрах нь тодорхой болчихлоо. Ийм цаг хугацаанд эдийн засгийн онол, практик нь маш тодорхой, бүсээ чангал. Дефляцийн үед хэрэгжүүлэх онол маш тодорхой. Төсвийн бодлогоо хумь. Мөнгөний бодлогоо хатууруул. Бүсээ чангал. Хэмнэ. Валютынхаа нөөцийг гамна. Ийм л онолтой. Ийм байдлаар төсвийн бодлого мөнгөний бодлого уялдаж явах ёстой. Дахин хэлье, энэ удаа мөнгөний бодлогоо тэргүүлэх чиглэл болгож, төсвийн бодлого нь мөнгөний бодлогыг дэмжих байдлаар үүсээд байгаа ирэх жилийн хүндрэл, дефолт болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломжтой.

Ер нь Монгол Улс хувийн сектор нь давамгайлсан бизнес хийдэг улс болох уу, эсвэл ганц ажил олгогчтой төр байх уу гэдэгт энэ удаагийн төсөв эргэлт хийх болов уу гэсэн хүлээлттэй байлаа. Харамсалтай нь өнгөрсөн 30 жилийнх шиг төр давамгайлсан, нийгмийн зардлуудыг санхүүжүүлсэн төсөв дахиад орж ирлээ.

-Халамжаас хөдөлмөрт шилжих бодлогыг хэрэгжүүлнэ хэмээн эрх баригчид мэдэгдсэн. Өнөөгийн нөхцөлд халамжийг танах боломж бий юү?

-Эрх барьж байгаа нам халамжаас хөдөлмөрт гэж сайхан лоозон хийсэн. Гэтэл 2023 оны төсөв дээр энэ нь бодлого болж харагдахгүй байна. Тухайлбал, хүүхдийн мөнгийг 91 хувьд өгнө гэж оруулж ирж байгаа нь хангалттай биш. Өндөр орлоготой гэр бүлүүд 16, 17 настай хүүхдүүдэд хүүхдийн мөнгөний хуваарилалтыг хязгаарлах хэрэгтэй. Бага орлоготой, олон хүүхэдтэй гэр бүлд хүүхдийн мөнгийг чиглүүлэх ажлаа зоригтой хий. Хүүхдийн мөнгө бол халамж гэдэг нь маш тодорхой. Халамжийг халамж хэрэгтэй хэсэгт нь өгөх ёстой. Хавтгайруулж болохгүй. Хүүхдийн мөнгө бол хөрөнгө оруулалт биш. Мөн хүн амаа өсгөх бодлого биш. Хэрвээ хүн амаа өсгөх бодлого юм бол шатлалтай байх хэрэгтэй. Анхны хүүхдэд өгч байгаа мөнгө хоёр дахь хүүхдийнхээс бага байх ёстой. Гурав дахь хүүхдийнх хоёр дахь хүүхдийнхээс арай өндөр гэх мэтээр. Олон хүүхэдтэй болох хөшүүрэг ингэж ажиллана. Гэтэл манайх хавтгайруулж олгоод байна. Тиймээс хүүхдийн мөнгийг зорилтот хэсэгт чиглүүлэх хэрэгтэй. Элдэв төрлийн халамжуудаа одоо хас. Төсвийн гадуур төрийн өмчит компанийн санхүүжилтээр хийгдэж байгаа халамжийн бодлогоо бүгдийг нь зогсоо. Ковидын үед иргэдээ хайрлаж, бизнесээ дэмжинэ гэсэн үр ашиг муутай хөтөлбөрүүдээ зогсоо. 10 их наядын хөтөлбөрөө зогсоо. 1.7 тэрбум ам.долларын валютыг зах зээлд арилжаад нөөц байхгүй болчихсон. Учир нь 10 их наядын хөтөлбөрөөр худалдаа, импортыг дэмжээд валютынхаа нөөцийг гөвчихлөө.

Хоёрдугаарт, МАН-ын явуулж байгаа урт хугацааны репо санхүүжилтээ зогсоо. Энэ нь бизнесийг дэмжихээс илүү банкны активууд, балансыг нь цэвэрлээд дууслаа. Гуравдугаарт, уул уурхайн орж ирсэн мөнгө угаалт барилга болж хувирдаг. Барилгыг санхүүжүүлэх зорилгоор хийгдсэн ипотекийн хөнгөлөлттэй хөтөлбөрөө одоо зогсоо. Ханш дээр цохилт болж орж ирээд ам.долларын ханшийг өгсөөд байгаа төсвийн шинж чанартай ийм ажлуудыг одоо зогсоо.

-16-17 насны хүүхдэд хүүхдийн мөнгө өгөхгүй гэж нас заадаг нь ямар учиртай юм бэ?

-Хүүхдийн мөнгийг халамж гэж үзэж байгаа тохиолдолд яг хэрэгтэй хэсэгт энэ санхүүжилтийг зориулах нь зүйтэй. Зорилтот бүлгийг тодорхойлох маш олон арга хэрэгсэл байна. Орлогынх нь ялгаатай байдлаар, насаар нь зэрэг. Бид аль алийг нь ашиглах хэрэгтэй. Тухайлбал, өндөр орлоготой, өндөр цалинтай төрийн өмчийн компанийн захирлууд, уул уурхай, архи тамхины бизнес эрхлэгчид ч гэдэг юм уу, дарга сайд нарын хүүхдэд олгож байгаа мөнгийг зогсоох хэрэгтэй. Хоёрдугаарт, 16 нас хүрээд иргэний үнэмлэхээ авдаг. Тиймээс 16, 17 насны хүүхдэд олгох мөнгөө хасах нь зүйтэй. Ер нь хүүхдийн мөнгө хүнс, өргөн хэрэглээний бараанд зарцуулагдаж байна. Зарим тохиолдолд архи, тамхинд зарцуулагдаж байна. Тиймээс архи, тамхинд зарцуулагдахгүй байх хязгаарлалтыг хийх хэрэгтэй. Хүүхдийн мөнгө өгч л байгаа бол тэр эх үүсвэрээр дотоодын хүнс, барааны бүтээгдэхүүнийг авдаг байхаар зохицуулах хэрэгтэй. Шаардлагатай бол өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн авах талон байна гэдэг ч юм уу зориулалт зөвхөн ийм байхаар хязгаарлаж ийм арга хэрэгслийг авч хэрэгжүүлэх хэрэгтэй. Эх оронч худалдан авалтыг хийхгүй бол долларын нөөцөө дуусгаад эдийн засаг дампууралд орох гээд байна. Ингэвэл орлого багатай хэсэг нь ч, дундаж орлоготой, өндөр орлоготой хэсэг нь ч нийтээрээ их хохирол амсана. Ард иргэдэд таалагдах гэсэн популизм хийж халамжаа хавтгайруулдаг нийгмийн даатгал болон тэтгэврийнхээ санг хоосолдог, төсвийн гадуур төрийн өмчит компаниудын зарцуулдаг хөгийн системээ эдийн засаг хүндэрсэн энэ үед л хумьж авах шаардлагатай. Энэ бол Монгол Улсад ирээдүйд амьдрах монголчуудад илүү өгөөжтэй. Улс төрөө одоо хойш тавьж эдийн засгийн тооцоо судалгаатай, прагматик бодлого руугаа Засгийн газар зоригтой анхаарч, төсвөө дахин оруулж ирж Төсвийн хуулиа батлах шаардлагатай.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Б.Энхбаяр: Давхар дээлийн хязгаарыг авчихаар гишүүдийн дотор байсан чөтгөр амилдаг DNN.mn

УИХ-ын гишүүн Б.Энхбаяртай ярилцлаа.


-2019 оны ҮХНӨ-д орсон дөрвөн гишүүн давхар дээлтэй байх заалтыг Цэц хүчингүй болгосон. Цэцийн тогтоолыг ээлжит бус чуулганаар хэлэлцэх үеэр та харагдсангүй. Яагаад харагдсангүй вэ. Ер нь та давхар дээлийн асуудалд ямар байр суурьтай байдаг вэ?

-Улс төрийн хоёр нөхцөл байна. Парламентын гишүүд Засгийн газарт тооны хязгаарлалтгүй орж ажиллахаар бол УИХ-ын гишүүдийн тоог нэмэх ёстой гэж зарим гишүүд ярьж байгаа нь үндэстэй. Зуугаад гишүүнтэй парламентын 10 гишүүн давхар дээлтэй байх нь парламентад нэг их нөлөө үзүүлэхгүй. Харин 76 гишүүнтэй парламентын 1/4 буюу 20 гишүүн нь Засгийн газарт орчихвол Засгийн газар парламент хоорондын харилцан хяналт тэнцэл алдагдана. Засгийн газар дээр шийдвэрлэгдсэн бодлогын асуудлууд парламентаар шууд дэмжигдэнэ. Өөрөөр хэлбэл, хүчтэй бяртай Засгийн газартай болно гэсэн үг. Хүч бяр ихтэй Засгийн газартай болчихвол нөгөө талдаа хүч султай парламенттай болно. Хүч султай парламенттай болох нь ард түмэнд ашигтай, хэрэгтэй зүйл биш. Тэр дундаа сөрөг хүчин амьтай голтой байгаа өнөөгийн нөхцөлд ард түмнийг төлөөлж хэн хяналтын үүрэг гүйцэтгэх юм бэ. Ард түмэн өөрсдөө байнга талбай дээр жагсдаг болох уу. Парламент нь ард түмнийхээ дуу хоолойг сонсдоггүй дүлий болчихвол яах юм бэ гэдэг асуудал гарцаагүй үүснэ. Тиймээс парламентын нийт гишүүдийн тоо 76 байгаа тохиолдолд дөрөв нь давхар дээлтэй байж болох дээд хязгаар тохиолдлоор ороогүй.

-Цэцийн гаргасан шийдвэрийг та хэрхэн дүгнэж байгаа вэ. Байж болох үзэгдэл мөн үү?

-Цэц Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалд нийцсэн дүгнэлт гаргах бодлогыг үгүйсгэхгүй байгаа. Учир нь жишээлбэл, парламентын гишүүд магадгүй насаараа байх гээд өөрийнхөө бүрэн эрхийн дөрвөн жилийн хугацааг 40 жил байна гээд заачихвал яах юм бэ. Ерөнхийлөгчийг ард түмнээс сонгогддог байхыг болиулъя бид (УИХ-аас) томилдог байна гээд өөрчилчихвөл яах юм бэ. Цэц ерөөсөө таалагдахгүй байна. Татан буулгая гээд шийдчихвэл яах юм бэ. Ерөөсөө монголчуудын эрх нь хэтрээд байгаа хувийн өмчтэй байхыг болиулъя гэвэл яах юм бэ. Ийм суурь асуудал руу парламентын гишүүд олонхоороо хүч түрж орвол үүнийг зогсоох ямар нэгэн хүч байх ёстой. Тэр нь яах аргагүй Цэц. Тиймээс суурь асуудлаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулбал үүнийг Цэц хэлэлцэж зогсоодог байх ёстой болж таарна. Харин давхар дээлийн тоо дөрөв байгаа нь буруу байна гэж Цэц оролцсоныг зөвтгөхгүй. Энэ бол Цэцийн гаргах ёстой, оролцох ёстой байсан дүгнэлтийн хүрээ хязгаар биш гэж бодож байна.

-Гэхдээ Засгийн газар хэмжээгүй эрх дархтай болоход дахиад нэг алхам урагшлачихаж байгаа юм биш үү. Цэцийн саяны өөрчлөлтөөр ч, 2019 оны ҮХНӨ-өөр ч, Ковидын хуулиар ч УИХ-ын эрх мэдэл Засгийн газарт шилжсэн. Засгийн газраа хянах чадамжгүй парламенттай байх шаардлага байна уу гишүүн ээ. Энэ Засгийн газрыг хэр бяртай байна гэж харж байна?

-Засгийн газар гишүүдээс бүрдээд нэлээн бяртай болчихсон. Манай парламентын лидерүүд гэж хэлж болохоор гишүүд давхар дээл өмссөн. Ажилласан байдал, ажлын туршлагын хувьд ч, сонгогдсон байдал, нөлөө жингийн хувьд ч тэр бүх талаараа улс төрийн бяртай Засгийн газар бүрдсэн. Энэ бяр хүч ажлын хурд, оруулж ирж байгаа бодлогоор харагдах ёстой. Нөгөө талаар сайд нар үүнийгээ ойлгож даруулгатай байх ёстой. “Сайд болоогүй гишүүд нь дандаа шинэ сонгогдсон учраа мэддэггүй гишүүд байгаа юм. Миний шийдсэн санаа Их Хурал дээр бодлого болж гарна. Та нар дуугүй байх ёстой” гэдэг ийм данхайрал болон танхайрал гаргахгүй байх дээр анхаарах ёстой гэсэн үг. Ингэхийн тулд асуудлуудаа ул суурьтай, бодлоготой оруулж ирж байх ёстой. Жишээлбэл, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулиар дагуулж орж ирсэн 20 тэрбум ам.доллар, 40 их наяд, 60 их наядын энэ олон төслүүдийг тендергүйгээр шийдчихье гэж оруулж ирдэг байж таарахгүй.

Нөгөө талаасаа өнгөрсөн цаг үеийн нөхцөл байдлаас улбаалж бид хамаг эрх мэдлээ Засгийн газарт угаасаа өгчихсөн байсан. Төсвийн эрх мэдлийг бүгдийг нь өгчихсөн. Хүний эрх мэдэл дээр төрийн албаны хууль үйлчлэхгүй гээд бүрэн өгчихсөн. Ковидын хуулийг сунгаад хоёр жил гаруй боллоо. Онцгой нөхцөл байдлын үе гэж шалтаглаад ард түмний төлөөллийн байгууллагыг амьгүй болгох ажлыг бид өөрсдөө хийсэн. Тухайн үед Ковидын хуулийг сунгахгүй, сунгаж болохгүй гэж ярьж байсан хэдхэн гишүүн байдаг. Одоо төгрөгийн үнэ ханшийг хар. Ханшийн уналтыг хязгаарлаж, менежмэнт хийх байгууллага буюу Монголбанк улс төрийн шийдвэр гаргаж байгаа Засгийн газраас хараат бусаар ажиллах ёстой байтал Ковидын хуулиар Монголбанк, Сангийн яам хоёрыг нэг хөнжилд оруулчихсан. Та хоёр дурлалцахгүйгээр үнсэлц гээд хэлчихсэн. Та хоёр нийлж байгаад ийм ийм төслүүдийг хамт хэрэгжүүл. Ингэж ингэж ханшаа хүчээр барь гэдэг эрхийг нь энэ хуулиар өгчихсөн. Одоо бид гаслаад байна. Монголбанк ханшийг барих ёстой байсан бол гашуун шийдвэр гаргах байсан. Гэтэл энэ гашуун шийдвэрээ гаргаж чадахгүй, ард түмэн босчихно, ингэчихнэ тэгчихнэ гээд хэдэн их наядын хөтөлбөр хэрэгжүүллээ. Зээлийн хүүг нь багасгаж байна гээд мөнгө төгрөг тараасан. Өнөөдөр бид ханшаа алдаж байгаа гэдгээсээ илүү бодит үнэнтэйгээ өнөөдөр нүүр тулж байна.

Одоо бид хэн нэгэн буруутан хайх л байх л даа. Хэн нэгэн албан тушаалтнаар туг тахих байх. Гэхдээ асуудлын ужиг үндсэн шалтгаан хаана байсан гэхээр хэзээ ч өвөр түрийндээ орж болохгүй хоёр байгууллагыг ковидын хуулиар нэгдсэн байдлаар ажил гэдэг улс төрийн шийдвэр гаргасан парламент өөрөө буруутай. Энд дуугүй байсан, дэмжиж кноп дарсан гишүүд өөрсдөө буруутай.

Хүчтэй Засгийн газартай болж байгаагийн давуу тал гэж гарах ёстой, богино хугацаандаа. Парламентад жин нөлөөтэй гишүүд сайд болж байгаа учраас улс төр, бодлого шийдвэрээ аваад гарах талаасаа үр нөлөөгөө өгнө. Харин дунд болон урт хугацаандаа угаасаа бүтэлгүйтнэ. Учир нь дунд болон урт хугацаандаа Засгийн газар парламентын хяналтаас гарна. Парламентынхаа дээр сандайлна. Парламентын дээр гэдэг нь ард түмний дээр гэсэн үг шүү дээ. Нөгөө парламентын шүүмжлэл, олон талт ургалч үзлүүд хаагдах нь ойлгомжтой. Энд ард түмэн хожихгүй.

-Олон гишүүн давхар дээлтэй байх, хүчтэй Засгийн газартай байхын урхаг нь юу байх бол?

-Парламентын гишүүдийн гол ажил нь хууль тогтоох, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих. Түүнээс сайд дарга болох биш. Тиймээс л давхар дээлийн асуудал тодорхой хязгаартай байдаг. Хязгаарыг нь аваад хаячихаар бүх гишүүдийн дотор байсан чөтгөрийг амилуулчихдаг. Дөрвөн гишүүн давхар дээлтэй байж болох хязгаар тэр чөтгөрийг нь барьж байсан байхгүй юу. Өөрөөр хэлбэл, энэ 76-гаас дөрөвхөн нь сайд болох боломжтой гэчихээр би боломжгүй юм байна гээд мөрөөрөө ажлаа хийж бодлого шийдвэр, хууль тогтоох ажил руу цаг зав санаагаа чилээгээд явж байсан ажил хэрэгч бүтээлч байх гэсэн уур амьсгалыг эвддэг талтай. Гэтэл хэдэн ч гишүүн давхар дээлтэй байж болно гэчихээр маргааш нь бүгдэд нь сайд болох боломжтой харагдаад эхэлдэг.

Энэ сайд болж байгаа юм чинь би болох боломжтой гээд хүний дотор байсан “чөтгөрийг нь хөдөлгөөд эхэлдэг. Ингээд хор найруулж эхэлнэ. Бүлгэрхэж эхэлнэ. Нам дамнаж хор найруулдаг болно. Нам дотроо талцаж эхэлнэ. Парламентад сууж байгаа бүх гишүүд бие биенийгээ шууд өрсөлдөгчийн нүдээр харж эхэлдэг. Энэ сайд болчих вий. Би сайд болмоор байдаг гээд эхэлдэг. Үүний гор нь чөтгөрийг амилуулдаг. Чөтгөр амилахаараа зүгээр суудаггүй. Сая хэлсэнчлэн бүлгэрхэж, талцаж эхэлнэ. Попыг амилуулна. Улс төрийн намд талцал, фракц яагаад үүсдэг гэхээр сайд болох гэж, эрх мэдэл авах гээд талцаж бүлэглэл үүсээд эхэлдэг. Тиймээс урт дунд хугацаанд намд өөрт нь хүртэл аюултай байдаг. Талцаж байгаад сайд болох боломжтой юм байна гэдэг буруу дэг соёл руу намыг дотоодод нь түлхчихдэг.

-Ирэх долоо хоногоос намрын чуулган хуралдаж эхэлнэ. Та хуульч гишүүний хувьд улс орны хувь заяатай холбоотой нэн тэргүүнд хэлэлцэх ёстой ямар хууль байна гэж харж байна?

-Олон жил ярьж байгаа Газрын багц хуулийн шинэчлэл, төрийн өмч болон төр орон нутгийн өмч, төрийн өмчит компаниудыг тойрсон цогц шинэчлэл байна. Би дэд сайд байхдаа 2018 онд энэ хуулиудын ажлын хэсгийг ахалж шинэчлэлийг багцаар нь бэлэн болгож байсан. Дөрвөн жил өнгөрсөн байна. Эдгээр хуулиудын зарим нь саяхан л УИХ-д албан ёсоор хэлэлцэгдэхээр өргөн баригдаж байна. Зарим нь орж ирээгүй байна. Тухайлбал, Төрийн болон орон нутгийн өмчийн хууль орж ирээгүй байна. Эдгээр хуулиудийг баталчихаасай гэж өөрийн болоод олон хүний цаг, хүч хөдөлмөрийг зарцуулсан. Таны өмнө байгаа ширээн дээрх энэ зузаан цааснууд бол мэдээж хуулийн судалгаанууд. Өмчийн хууль дээр гэхэд л 10 боть судалгаа хийгдсэн.

-Яах аргагүй Газрын болон өмчийн хууль дээр та их чанга дуугардаг л даа…

-Би Их Хурлын гишүүн болохдоо ихээхэн бүлт үсэрч гарч ирсэн. Сайн мэдэхгүй хүн бол яасан биеэ тоосон, онгироо сагсуу хүн бэ гэж харахаар. Нэр дэвшсэн анхны өдрөө л “Би танилцах аялал хийх гэж УИХ-д нэр дэвшээгүй” гэж хамгийн анхны мэдэгдлээ хийсэн. Энэ бол ихээхэн л онгирч байна гэсэн үг ш дээ. Энэ юу хэлж байна гэхээр дээр ярьсанчлан суурь судалгаануудад маш их цаг, хүч хөдөлмөрөө зарцуулж судалж танилцсан.

Итгэл үнэмшил авсан. Шийдэлтэй байна гэсэн үг. Хамгийн гол нь өмч болон Газрын багц хуулийг УИХ-ын нэг, хоёр гишүүн санаачлахааргүй том асуудал. Эдгээр хуулиуд бол Үндсэн хуулийн дараа орох суурь хуулиуд. Нийгмийн амьдралыг орвонгоор нь өөрчилдөг, нөлөөлдөг хууль учраас зөвхөн Засгийн газар өргөн мэдүүлнэ гээд УИХ-ын хуульд заачихсан байдаг. Тиймээс Засгийн газраас өргөн барихыг нь нэг талаас хүлээсэн. Гэхдээ хүлээж байна гээд дуугүй суусангүй. Гишүүн болсон цагаасаа хойш л байнгын хороо, чуулганы хуралдаанд төрийн өмч, газар хоёрыг л их ярьсан.

Төрийн өмчийн компаниуд хэрхэн авлигажсан, хэрхэн ялзарсан тухай, газар тойрсон мафи хэрхэн цэцэглэж, ялзарсан тухай. Өнөөдрийн нийгэмд түгжрэлээс авахуулаад болж бүтэхгүй байгаа асуудлуудын уг шалтгаан нь газрын болон өмчийн суурь асуудлуудаас угшилтай. Тиймээс үүнийг гарцаагүй шинэчлэх ёстой гэдэг үүднээс хөрсийг нь бэлдэхийн тулд иргэдэд ч, шийдвэр гаргах түвшинд ч, парламент дотроо ч үүнийг их ярих шаардлагатай болсон.

Төрийн өмчийн компанийн асуудалд хүчтэй дуугараад эхлэхээр хүмүүс намайг компанид хүн шургуулах гээд байна гэж ойлгодог байсан байх. Гэхдээ гишүүд, засаг, нам, иргэдийн түвшинд болж бүтэхгүй байгаа юмны буглаа хаана байсныг ер нь анзаарчихлаа. Төрийн өмч хаана байна тэнд авлига их байна. Өмч дагасан, дарга тойрсон төрийн өмчийн компаниудад хамгийн их авлига, их мөнгө байгаа гэдэг нь ойлгомжтой болж, дээр дооргүй үүнийг ярьдаг болсон. Энэ нь өөрөө реформ гарцаагүй хийгдэх улс төрийн болон олон нийтийн дэмжлэгийг хүлээж явах талаасаа цаг нь болсон гэж би харж байгаа. Цаг зүгээр ирэхийг хүлээдэггүй. Тэр дундаа улстөрч хүн бол дандаа ирээдүй цаг дээр оршдог. Улстөрч хүн хэзээ ч өнгөрсөн цаг дээр байж болохгүй. Эргэж хургаад тэр үед сайхан байсан чинь одоо гэж гоншгонож болохгүй. Болж бүтэхгүй бүхний шалтгаан өнгөрсөнд байгаа юм бол, одоо байгаа нь жонхуурсан юм бол ирээдүйд түүнийг засаж дандаа ирээдүй рүү хөтөлж манлайлж явах нь улстөрч хүний гол ажил. Улстөрч хүн ирээдүйд амьдардаг, өнгөрсөн цаг дээр амьдардаггүй. Өнгөрсөн алдаанаас сурч болно. Тиймээс одоогоо өөрчилж ирээдүй рүү хөтлөхөд л өөрийнхөө ухамсарт амьдралыг зориулдаг байх ёстой гэж боддог. Тийм ч учраас мөрөөдөмтгий, романтик байх ёстой. Мөрөөдөлгүй хүн ирээдүйгүй гэсэн үг л болж хувирна. Дөрөв, таван жил хийхээр нухсан шинэчлэлүүд одоо орж ирж байна. Намрын чуулганаар хэлэлцэнэ. Болж өгвөл ажлын хэсгийг нь ахлах амбицтай байна. Үүндээ ч би их бэлдсэн ш дээ. Судалж ч бэлдсэн. Уншиж ч бэлдсэн. Ярьж ч бэлдлээ. Тэр байтугай зам мөрөө тэгшитгэж бэлдсэн. Газрын хуулиар жишээ татъя л даа. Би өөрөө нэг ч газаргүй. Би өөрөө нэр цэвэр байх ёстой. Би ямар нэгэн байдлаар газар авчихсан газрын наймаанд хутгалдчихсан байвал ийм айхавтар галтай, ийм том сэдвийг барьж авах улс төр, ёс суртахууны эрхгүй болно гэсэн үг. Шууд л энэ сэдвээр хэн нэгэнд барьцаалагдана гэсэн үг. Чи өөрөө ийм ш дээ гэхэд л би өөрөө хүчтэй дуугарах дуу хоолойгоо алдана гэсэн үг. Тиймээс хүчтэй дуу хоолойгоо авч үлдэхийн тулд өөрийнхөө зам мөрийг хүртэл бодож ирсэн. Тиймээс итгэл дүүрэн байдаг.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Б.Батчулуун: УИХ-ын гишүүн, сайд дарга боллоо гээд хүний эрх нь ихэсчихдэг ч юм биш DNN.mn

Философийн ухааны доктор, профессор Б.Батчулуунтай товч ярилцлаа.


-Сүүлийн үед улстөрчдийн хэлж байгаа үг нийгмийн шүүмжлэлд өртөх боллоо. Улстөрчид өөрсдийгөө иргэдийн тоонд оруулдаггүй, тусгай дээгүүр төрөлхтөн гэж үздэг болохоор энэ нь Д.Сарангэрэл сайдаар илэрч байна уу?

-Өөрийгөө дээгүүр тавьсны илрэл нь санамсаргүй байдлаар өөрийн эрхгүй гарч байгаагийн жишээ энэ л дээ. Амьдрал нь доройтлоо, ядуу, ажилгүй байлаа гээд хүний эрх нь багасчихдаг юм биш. УИХ-ын гишүүн, эсвэл сайд дарга боллоо гээд хүний эрх нь ихэсчихдэг ч юм биш. Либертари үзэлээр бол констант зүйл. Албан тушаалд очиж мөнгөтэй болчихоор хүний эрх дээгүүр тавигддаг, ажилгүй мөнгө төгрөггүй болчихоор хүний эрх доогуур орчихдог зүйл биш. Тэр дундаа ардчилсан нийгэмд. Хүний эрх л бол хүний эрх.

Нөгөө талаас улстөрчид хоёр нүүртэй байдгийн жишээ энэ. Сонгуулийн үеэр ямар ч хүний санал адилхан байдаг биз дээ. Сайд алба хашдаг хүний санал жин дараад олон болчихдоггүй. Гудамжинд байгаа хүний санал оргүй хоосон байдаггүй. Сайдын ч бай, иргэний ч бай өгсөн санал нэг л саналаар тоологддог. Тиймээс сонгуулийн үеэр улстөрчид иргэдийг оройд гартал магтдаг. Төр засагт байсан урдах хүмүүс муу ажилласнаас болж иргэдийн амьдрал ийм байна гэж ярьдаг хүмүүс парламентын гишүүн болчихоороо ул хишиг, ул хүмүүс, ул давхарга гэсэн хэллэгтэй болчихдог. Хүний тэр дундаа улстөрч хүний үг хэл, бодол санаа, үйл хэрэг гурав нэгдмэл байх ёстой. Гэтэл улстөрчид телевизийн дуранг харахаараа, сурвалжлагчийн асуултад хариулахаараа нэг өөр юм ярина. Олны нүднээс далдуур байхдаа борчуул, доод хэсгийнхэн гэсэн үг хэлгээр ярьдаг гэдгийн илрэл боллоо. Илэрч байгаа нь л Д.Сарангэрэл болохоос биш улстөрчид гэнэдээд өөрийн эрхгүй үнэн төрхөө харуулдаг.

-НӨАТ-ын буцаан олголтоор амьдардаг айл маш олон байдаг, замын түгжрэлд буяны хөсөг нөлөөлдөг гэх зэргээр улстөрчид бодит байдалтай тасарчихсан, уялдаагүй зүйл ярих нь ихэссэн..?

-Тийм тийм. Жишээлбэл, Г.Занданшатар спикер санамсаргүй байдлаар нэг удаа үнэн төрхөө харуулсан. Утаа униарын асуудалтай холбоотой асуудал ярьж баайхад “коксожсон нүүрс орж ирээгүй. Энэ өвөл нэг бол хөлдөж үхэх юм байна. Үгүй бол угаартаж үхэх юм байна л даа” гээд нэг нь хэлчихсэн чинь Г.Занданшатар учиргүй инээсэн. Энэ нь их муухай харагдаж байгаа юм. Улстөрчид амьдралаас хол байдаг нь үг хэллэг, үйлдлээр нь харагддаг л даа. Улстөрчид үнэхээр жирийн иргэдийн амьдралыг мэддэггүй нэг жишээ татъя. Сонгуулийн үеэр тэтгэврийн зээлийг тэглэе гэсэн. Улстөрчид ярихдаа ахмадууд хоолоо хоногоор худалдаж авч байна. Гурил, ургамлын тосыг граммлаж, төмсөө ширхгээр, талхыг таллаж авч байна гээд яриад байгаа юм. Үнэндээ яг тэтгэврийнхээ мөнгөөр амьдардаг хүмүүс хэзээ ч тэтгэврийн зээл авахгүй байхгүй юу. Учир нь тэтгэврийн зээл авчихвал сарынх нь орлого байхгүй болно. Тэр үед юугаа идэх юм бэ, яах юм бэ. Бололцоотой ахмадууд л тэтгэврийн зээл авдаг. Тэтгэврээ зээлж хэдэн сарын мөнгөө бөөнөөр нь авч хүүхдэдээ хөргөгч ч юм уу, машин авч өгдөг гэдгийг ерөөсөө мэдэхгүй байгаа учраас тийм зүйл яриад байгаа юм. Амьдралаас ерөөсөө л тасарчихсан хүмүүс гэдэг нь энэ мэтээр үг хэллэгээр нь байнга илэрч байдаг.

“1984”, “Амьтны ферм” зохиолуудыг бичсэн Жорж Оруэлл улс төрчийн үг яриа гэдэг бол жирийн хүний хэл ярианаас шал өөр зүйл байдаг. Зарим тохиолдолд урвуугаар нь ойлгох ч шаардлагатай болдог. Тэр тусмаа сонгуулийн үеэр. Голгүй газар гүүр барьж өгнө гэж ярьдаг гэж хэлсэн байдаг. Ер нь төрд гарсан улстөрчид тэс өөр амьдралтай байна шүү дээ. Тэр хүний логик нь, бодол санаа, сэтгэл, амьдралын хэв маяг нь шал өөр. Тэр хүрээндээ сэтгээд амьдралд нийцэхгүй шийдвэр гаргаад эхэлдэг. Амьдралд нийцүүлсэн хууль гаргана гэж мэддэггүй. Дандаа лоббигоор хууль баталдаг гэдэг нь илрээд байгаа юм.

Жишээлбэл, өвөлдөө хасах -30 градус хүрдэг Улаанбаатарт Хотын дарга Д.Сумъяабазар усан зам барина гэж ярьсан. Яахав, дүрд нь итгээд зундаа усан замаар зорчлоо гэхэд өвөл чарган тээвэр гэдэг зүйлийг бий болгох уу. Амьдралаас тасарчихсан болохоор энэ мэтээр хөрсөн дээрээ буухгүй зүйл яриад байгаа юм.

-Ер нь улстөрчийн үг хэл үйлдэл ямар байх ёстой байдаг юм бэ?

-Бид ардчилсан нийгэмд амьдарч байна. Тиймээс ардчилсан улсын төрд ажиллаж байгаа л бол хүний эрх, эрх чөлөөний үүднээс хандах учиртай. Ер нь хүний үзэл бодол үгэнд нь бус үйл хэрэгт нь итгэх ёстой гэж либертариуд үздэг.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

2023 оны төсөвт шинээр нэг ч бүтээн байгуулалтад хөрөнгө оруулалт хийхгүй DNN.mn

УИХ-ын 2022 оны намрын ээлжит чуулган аравдугаар сарын 1-нд эхэлнэ. УИХ-аас өнгөрөгч хаврын чуулганаар Монгол Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” УИХ-ын тогтоолын төслийг боловсруулж баталсан. Төрийн байгуулалтын байнгын хорооноос энэхүү тогтоолын төслийг боловсруулахдаа Байнгын хороодоос 69, УИХ-ын гишүүдээс найм, Засгийн газраас 118, УИХ дахь МАН-ын бүлгээс 58, нийт 252 хууль тогтоомжийн төслийн саналыг авсан байна. Ийнхүү намрын чуулганаар нийт 64 хууль тогтоомжийн төслийг хэлэлцэхээр төлөвлөжээ. Монгол Улсын эдийн засаг хямарчихсан энэ хүнд цаг үед намрын чуулганаар хэлэлцэх асуудлаас нийгмийн анхаарлыг хамгийн ихээр татаж буй хууль бол Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хууль. Албан бус мэдээллээр 2023 оны төсөвт шинээр ямар ч бүтээн байгуулалтад хөрөнгө оруулалт хийхгүй, валютын нөөц бий болгох чиглэлд хөрөнгө оруулалт оруулахаар төлөвлөж байгаа юм байна. Мөн хүнсний хангамжийг нэмэгдүүлэх чиглэлд бодлогоор онцгой анхаарч төсвөөс тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлэхээр яригдаж байна. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын хүнсний аюулгүй байдлыг хангах, дотоодоосоо хүнсний хэрэгцээг хангах чиглэлд холбогдох хууль тогтоомжийн төслийг намрын чуулганаар хэлэлцэхээр тусгажээ. Түүнчлэн амьдралын баталгаажих түвшнээс дээгүүр орлоготой өрхөд хүүхдийн мөнгө олгох эсэх асуудлыг ярилцаж байгаа аж. Учир нь жилд нэг их наяд 530 тэрбум төгрөгийг хүүхдийн мөнгөнд зарцуулдаг. Ямартаа ч Нийгмийн халамжийн тухай хуулийг намрын чуулганаар хэлэлцэнэ. Уг хуулиар энэ асуудлыг шийдвэрлэж магадгүй хэмээх яриа нийгэмд өрнөж байна. Түүнчлэн Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах Үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл, Автотээврийн тухай хууль, Газрын багц хуулийн төсөл, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль зэрэг хуулийн төслүүд нийгмийн анхаарлын төвд байна.

Улмаар намрын чуулганаар дараах хуулийн төслүүдийг хэлэлцэхээр товложээ.

Үүнд: Агаарын хөлгийг хууль бусаар булаан авах үйлдлийг хориглох тухай конвенцын нэмэлт протоколыг соёрхон батлах тухай, Ашигт малтмалын тухай хууль, Боловсролын багц хууль, “Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал батлах тухай” тогтоолын төсөл, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хууль, Геодези, зураг зүйн тухай хууль, Даатгалын тухай хууль, Дотоодын цэргийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай” УИХ-ын 1999 оны 27 дугаар тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Иргэний болон захиргааны шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн төсөл, Иргэний нисэхийн тухай хууль, Иргэний нисэхийн эсрэг хууль бус үйлдэлтэй тэмцэх тухай конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төсөл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хууль, Хөгжлийн банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Нийгмийн даатгалын ерөнхий хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль, Нийгмийн халамжийн тухай хууль, Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Тэтгэврийн доод хэмжээг индексжүүлэх тухай хуулийн төсөл, Тээврийн ерөнхий хуулийн төсөл, “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө батлах тухай”, “Улсын хилийн зурвас газрыг тусгай хэрэгцээнд авах тухай”, “Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглох, тарифын бус бусад хязгаарлалт тогтоох бүлэг барааны жагсаалтыг батлах тухай” Улсын Их Хурлын 1998 оны 05 дугаар тогтоолд нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Ургамал хамгааллын тухай хууль,Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хууль, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл, Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль, Хөнгөн үйлдвэрлэлийн тухай хуулийн төсөл, Хөрөнгө оруулалтын тухай хууль, Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Хүний генетикийн тухай хуулийн төсөл, Хүүхэд хамгааллын тухай хууль, Цусны донорын тухай хуулийн төсөл, Шинжлэх ухаан, технологийн тухай хууль, Шүүх байгуулах тухай хууль, Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль, Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл, Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэнэ.