Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Н.Ганибал: Засгийн газар зохиосон төсөвтөө тааруулж хууль бичдэгээ л болих хэрэгтэй DNN.mn

УИХ-ын гишүүн Н.Ганибалтай ярилцлаа.


-УИХ 2023 оны төсвөө баталчихлаа. Сөрөг хүчний шаардлагыг авч хэлэлцсэнгүй. Батлагдсан төсвийн талаар та ямар байр суурьтай байгаа вэ?

-Засгийн газар 2023 оны төсвийг урьд онуудынхаа алдаа дутагдлыг давтаж, бодит байдлаас хэт өөдрөг оруулж ирсэн. Төсвийн орлогыг түүхэндээ хамгийн их буюу 19.6 их наяд төгрөгөөр тооцсон нь өнгөрсөн оныхоос 3.3 их наяд төгрөг буюу 20.4 хувиар нэмэгдсэн. Зарлага нь ч мөн хэт тэлсэн, 1.5 их наяд төгрөгийн алдагдалтай төсөл өргөн барьсан байсан. АН-ын бүлгийн гишүүд олон удаа шахаж шаардсанаар 100 тэрбум төгрөгийн зардал танаж, алдагдлаа бага зэрэг л бууруулсан.Гэвч энэ дүн эргээд нэмэгдэж болзошгүй. Яагаад гэвэл, өмнөх жилүүдэд орлогоо хэт өөдрөгөөр төсөвлөж ирсэн ч биелэгдээгүй байдаг. Дараа жил төсвийн алдагдлаа 1.4 их наядаасаа давж алдчихаад Хятадын “Тэг ковидын бодлого”, Орос-Украины дайн гээд гадна болж байгаа асуудлууд яриад сууж байх болов уу даа.

-Төсвийг дотор нь задлаад үзвэл?

-Төсвийг задалж үзвэл, хөрөнгө оруулалтаа 2.7 их наяд төгрөг болон нэмэгдүүлсэн, дээрээс нь гадаад зээл, тусламжийн бүтцийг харвал 1.3 их наядыг хөрөнгө оруулалтын зардалд, 310 тэрбумыг дамжуулан зээлдэх зардалд, 187.5 тэрбумыг урсгал зардалд, 279 тэрбумыг концессын төлбөрт зарцуулахаар тусгасан байна. Энэ бүхэн нийлээд таван их наяд төгрөгт хүрч байгаа юм. Энэ бол Монгол Улсын түүхэнд байгаагүй их хөрөнгийг ирэх оны хөрөнгө оруулалтад суулгасан гэсэн үг. Гэхдээ шинэ бүтээн байгуулалт байхгүй, өмнө зарлагдсан тендерүүд, хариуцлагагүй компаниуд, буруу төлөвлөлт хийснийхээ төлбөрийг төлж байгаа хэрэг.

-Монгол Улсын Засгийн газар 2023 онд ихээхэн хэмжээний гадаад өр төлөх ёстой байгаа шүү дээ. Тэгвэл гадаад өр өнөөдрийн байдлаар яг хэд болоод байна вэ. Эрх баригчдын өгч байгаа мэдээлэл эргэлзээ төрүүлдэг?

-Таны эргэлзэх нь зөв, өрийн талаар эрх баригчид өөрсдөдөө ашигтай байдлаар мэдээлж, ард түмнийг хуурч ирсэн. Ардчилсан нам Монгол Улсыг өрөнд унагаасан, харин бид өрнөөс салгана гэж 2020 оны сонгуулиар амлаж, 62-уулаа сонгогдсон.МАН өнөөдрийг хүртэл амлалтаа биелүүлэх нь бүү хэл өрийг хоёр дахин нэмэгдүүлсэн. 2016 онд Монголын иргэн бүрт 15 сая төгрөгийн өр ногдож байсан бол одоо 30 сая болсон.

Монгол Улсын нийт гадаад өрийн хэмжээ 2022 оны эхний хагас жилийн байдлаар 33.3 тэрбум ам.долларт хүрсэн. Энэ нь манай улсын ДНБ-ийг хоёр дахин үржсэнтэй тэнцэх үзүүлэлт. Энэ нийт өрийн 8.1 тэрбумыг Засгийн газрын өр гэдэг. Тэгвэл Төв банкны 2.5 тэрбум ам.доллар хэний өр вэ? Хувийн хэвшлийн 21 тэрбум ам.доллар доторх 12 тэрбум Оюу толгойн өр хэнийх вэ? 1.4 тэрбум ам.долларын арилжааны банкуудын өр доторх Хөгжлийн банкны бараг тэрбум ам.доллар хэний өр вэ гэдэг асуудал урган гарч ирж байгаа. Зөвхөн сүүлийн гурван жилд гэхэд л алдагдалтай төсвүүдийн үр дүнд Монгол Улсын өр нийт 10 их наяд төгрөгөөр нэмэгдсэн.

-Жилийн жилд Төсвийн тухай хууль хэлэлцэх үеэр төсвийн сахилга батын асуудал хөндөгддөг ч хэзээ ч хэрэгждэггүй. Төсвийн сахилга батыг сахихын тулд нэн тэргүүнд юун дээр анхаарах ёстой вэ?

-Төсвийн тогтвортой байдлын тухай хууль анх батлагдахад заасан тусгай шаардлагууд болох төсвийн алдагдлыг хоёр хувиас хэтрүүлэхгүй, гадаад өрийн таазыг 40 хувиас хэтрүүлэхгүй байх заалтуудыг чанд мөрдөж байсан бол өнөөдрийнх шиг “өрийн хавх”-нд орохгүй байх байсан. Дээрх шаардлагуудыг төсөв өргөн барих бүртээ өөрчилж ирсэн. Сүүлийн жилүүдэд нийтдээ 10 удаа өөрчлөлт оруулсан байгаа юм. Тэгэхээр эрх баригчид “өрийн хавх”-нд улам бүр шигдэх хариуцлагагүй байдлаа дээрх хуулийн заалтуудаар хуульчилж хамгаалж байна гэж ойлгож болно.Мөн Төсвийн хүрээний мэдэгдэл буюу дунд хугацааны төсвийн тооцооллуудаа төсөв өргөн барих бүртээ өөрчилж байна. Тэгэхээр Засгийн газар зохиосон төсөвтөө тааруулж хууль бичдэгээ л болих хэрэгтэй. Уг нь баталсан хуульдаа нийцүүлж төсвөө боловсруулах ёстой шүү дээ.

-Ирэх жил ДНБ-ийг таван хувь өснө гэж тооцсон байна. Энэ хэр бодитой вэ?

-2020, 2021 онуудыг эс тооцвол, сүүлийн жилүүдэд манай эдийн засаг 4-6 хувь өссөн статистик бий. Гэхдээ валютаар буюу доллараар авч үзвэл өсөлт байдаггүй. Манай улсын ДНБ сүүлийн 10 жилд 12-15 тэрбум ам.долларын хооронд эргэлдэж байгаа. Энэ хооронд монгол төгрөгийн ханш сулраад үнэгүйдсэн тул монгол төгрөгөөр эдийн засаг өсөж байгаа мэт харагдаж байгаа ч ам.доллараар хэвэндээ л байна. Ингэж л өөрсдийгөө хуурч байна.

-Төсвийн хууль мөнгөний бодлоготой уялдах ёстой. Гэтэл зөрчилдөөд байх шиг…

-Тийм ээ, Төсвийн хууль, мөнгөний бодлого хоорондоо уялдах ёстой. Гэтэл манайд Төсвийн хууль нь Монголбанкны хатуу бодлоготойгоо зөрчилдөж байна. Монголбанк валютын нөөцийг нэмэгдүүлж, төгрөгийн ханшийг чангаруулах үүрэгтэй. Ирэх оны төсвийн тэр их хөрөнгө оруулалт бараг бүгд валют болж гадагшаа урсана.Дээр нь хэрэгцээнийхээ дийлэнхийг импортоор авдаг. Тэгэхээр валютын эрэлт улам нэмэгдэж, тэр хэрээрээ ханш нь чангарч, үнийн өсөлт үргэлжлэн өснө гэсэн таагүй дохио өгч байгаа юм.

Өнгөрсөн онд Засгийн газрын зөвшөөрөлтэйгөөр Монголын томоохон төрийн өмчит компаниуд Хятадын ТӨК-уудтай дэд бүтцийн төсөлд хөрөнгө оруулах гэрээ байгуулсан. Энэ гэрээгээр экспортод гаргах ашигт малтмалын борлуулалтын орлогоо урьдчилаад авчихаж байгаа тул ирэх онуудад орж ирэх ёстой валютын төлбөр тооцоо нь Хятадын гэрээт компанид үлдэж байгаа юм. Энэ нь валютын нөөцөд мөн сөргөөр нөлөөлнө.

-Валютын нөөцийг нэмэгдүүлэхийн тулд экспортыг нэмэгдүүлэх шаардлагатай. Таны хувьд махны экпортыг нэмэгдүүлэх талаар байнга үгээ хэлж байдаг. Тэгвэл махны экспортоос Монгол Улс жилд хэдийг олох боломжтой вэ?

-Тийм ээ, валютын нөөцийг нэмэгдүүлэхийн тулд импортын хамаарлаа аль болох бууруулж, экспортын бүтээгдэхүүний нэр төрөл болон хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай. Тухайлбал, махны экспортыг нэмэгдүүлэх хангалттай нөөц боломж манайд бий. Монгол Улс дотоодын хэрэгцээгээ бүрэн хангадаг гуравхан хүнсний нэг нь мах шүү дээ. Ингээд зогсохгүй жилд 200 мянган тонн орчим мах, махан бүтээгдэхүүн гадагшаа гаргах нөөцтэй. Гэтэл өнгөрсөн хугацаанд хамгийн ихдээ 2018 онд 68.8 мянган тонн мах экспортолж, 92 сая ам.долларын орлого олсон байдаг. Нөөц бололцоогоо бүрэн ашиглахгүй байна гэсэн үг. 2022 оны байдлаар үхрийн мах олон улсын зах зээлд 3.74-61.6 ам.доллараар худалдаалагдаж байна. Манайхан хамгийн хямд буюу гурван доллараар нийлүүлдэг. Энэ үнээр нь бодоход л зөвхөн махны экспортоос жилд багадаа 600 сая ам.доллар олох боломжтой. Олон улсын мах, махан бүтээгдэхүүний зах зээл дээр жилд дунджаар 30 тэрбум орчим ам.долларын худалдан авалт хийгддэг. Гэтэл манай улс хамгийн ихдээ 0.3 хувийг л нийлүүлсэн байгаа нь маш хангалтгүй үзүүлэлт юм л даа.

Махны экспорт нь валютын нөөцийг нэмэгдүүлэхээс гадна малчдын орлогыг дээшлүүлнэ. 2021 оны байдлаар Монгол Улсад мал маллаж, түүгээрээ амьдралаа залгуулдаг 188 мянган малчин өрх бүртгэгдсэн байдаг. Тэдний 56 хувь нь 200-гаас доош тооны малтай бөгөөд дөнгөн данган амьжиргаа залгуулах төдий орлого олдог. Нийт өрхийн 25 орчим хувийг эзэлдэг малчдын орлого нэмэгдэж, амьдралын чанар сайжирснаар хот руу чиглэх хүний урсгал саарна, макро эдийн засагтаа ч ашигтай шүү дээ.

-Олон улсын зах зээлд үхрийн мах үнэ 61 ам.долларт хүрч байхад манайх гуравхан доллараар худалдаалж байна гэлээ. Тэгвэл бид мал, махаа үнэд хүргэхийн тулд ямар зохицуулалт, бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй гэж та харж байна вэ?

-Малчид мал аж ахуйгаасаа мал мах, ноос ноолуур, арьс шир, сүү сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, түүнийгээ борлуулан, амьжиргаагаа залгуулдаг. Тэр дундаа мал, махнаасаа жилийн нийт орлогынхоо 60 хувийг бүрдүүлдэг. Иймээс махны үнэ үнэ цэнэтэй байх шаардлагатай. Өмнө хэлсэнчлэн монголчууд жилд 200 мянган тонн мах, махан бүтээгдэхүүн экспортод гаргах бололцоо байна. Тиймээс мах, махан бүтээгдэхүүний экспортыг зайлшгүй хийх ёстой. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд махны экспортыг ярих боломж бидэнд бага байсан. Учир нь 10 жилийн өмнө Монгол Улс 40 орчим сая малтай байсан бол энэ тоо 2021 оны эцсийн тооллогоор 70 сая болж бараг хоёр дахин өсчихлөө шүү дээ. Тиймээс махаа экспортлох боломж нь нэмэгдсэн. Жилд 200 мянган тонн орчим мах, махан бүтээгдэхүүн экспортлох нөөцтэй гэдэг нь жилд 5-6 сая малыг экспортын эргэлтэд оруулах боломж байна гэсэн үг. Экспортлохгүй болохоор л дотоодын махны үнэ унаж байна. Ингээд малчдын орлого буурах учраас махны экспортыг зайлшгүй хийх, нэмэгдүүлэх хэрэгтэй гээд хэлээд байгаа юм.

-Малыг амьдаар нь экспортод гаргаж байгаа асуудалд та ямар байр суурьтай байгаа вэ?

-Манай улсын махны хамгийн том зах зээл бол БНХАУ. Хятадын 1.4 тэрбум хүнд ямар ч хамаагүй бүтээгдэхүүнээ экспортолж орлого олохыг дэлхийн олон орон хүсдэг. Хөрш зэргэлдээ Монгол Улсын хувьд махаа экспортлох нь хамгийн чухал. Өнөөдөр амьдаар нь мал гаргаж байгааг шүүмжлэх хэсэг байна. Өнгөрсөн хугацаанд махаа экспортолж чадахгүй байсан гол шалтгаан нь олон улсын худалдааны хоригт ордог малын өвчний асуудал байсан. Үүнээс болж л махны экспорт алдаг оног хийгдэж байсан.

БНХАУ-тай хорио цээрийн дэглэмээ тохирсон эрүүл бүсүүдийг бий болгох нь бидний нэн тэргүүний шаардлага. Өнөөдөр бид эхлэлээ тавьж байна. Эрүүл бүсээс малыг амьдаар нь гаргаж чадаж байна гэвэл цаашид эрүүл бүсүүдийг олноор бий болгож, тэндээсээ дэлхийн аль ч улс орон руу мах, махан бүтээгдэхүүн экспортлох үүд хаалга нээгдэнэ. Аливаа зүйлийн эхлэлийг тавина гэдэг сайн хэрэг. Цааш хөгжүүлж явах нь зөв. Түүнээс заавал үйлдвэрийн аргаар боловсруулж лаазалсан бүтээгдэхүүн гаргана гэдэг нь учир дутагдалтай. Зах зээлд шинэ мах л хамгийн үнэтэй байдаг. Тиймээс бид шинэ махыг онгоцоор тээвэрлээд ч хамаагүй хурганы махны эрэлт их байгаа Арабын зах зээл рүү нийлүүлэх, өдөрт нь хүргэдэг байхын төлөө ажиллах хэрэгтэй. Монголын мал аж ахуй, хүнсний салбарт зайлшгүй өөрчлөлт хийх шаардлага байна. Бид өнгөрсөн хоёр жил одоогийн байгаа нөөц бололцоон дээрээ тулгуурлаад явж үзлээ. Харамсалтай нь, стандартын шаардлага хангахгүй гэдэг ч юмуу, экпортлогдож байгаа зарим нэг бүтээгдэхүүнүүд дээр доголдол гарах асуудал ч байна. Тиймээс эрүүл бүсүүдийг бий болгож, тэдгээр бүсээс махаа шинээр нь шууд экспортлох боломжийн төлөө бид явах хэрэгтэй байна.

-Эрүүл бүсийг яаж олноор нь бий болгох вэ?

-Боломж их байна. Дэлхийн улс орнуудад эрүүл бүсийг зохион байгуулдаг туршлага байна. Эрүүл бүсийг бий болгоход тухайн бүсэд байгаа мал эрүүл гэдгээ баталгаажуулах ёстой. Вакцин тарилга туулгадаа бүрэн хамрагдсан байх ёстой. Бусад бүсээс тэр бүс рүү орж байгаа бүх мал хяналтад орох ёстой. Шинжилгээ хийлгээд эрүүл бол тухайн малыг эрүүл бүс рүү шилжүүлэн оруулдаг байхаар зохицуулах хэрэгтэй л дээ. Ковидын хоёр жилийн хугацаанд бид эрүүл бүсийн талаар сайн ойлголттой болсон шүү дээ. Вирусийн халдваргүй иргэн Монгол руугаа орж ирдэг, гадагшаа явдаг. Харин вирусийн халдвар авсан бол тусгаарлагддаг. Эрүүл бүс гэдэг бол ердөө л энэ. Тиймээс малын шилжилт хөдөлгөөнийг хорьсон байх ёстой. Хашаажуулалт байдаг юм уу, эсвэл байгалийн зохицлоо ашиглаж өндөр уулаар хашсан байдаг ч юм уу вакцинтай бүсээс эрүүл бүс рүү орох, эрүүл бүсээс өвстэй бүс рүү нэвтрэхийг зааглаж, хязгаарлах хэрэгтэй. Харин үүнийгээ экспортод гаргах гэж байгаа тухайн улс орнуудынхаа шинжээчдийг авч ирж баталгаажуулах ёстой. Ингэж эрүүл бүсийг баталгаажуулж, бий болгоно.

-Монголчууд өнөөдөр малаа эдийн засгийн эргэлтэд оруулж чадахгүй өсгөөд байна. Тиймээс нэг талаас эрчимжсэн мал аж ахуйг бодлогоор дэмжих хэрэгтэй юү?

-Зах зээлийн зарчмаар явах ёстой. Эрчимжсэн мал аж ахуйг дэмжих чиглэлд төрөөс олон бодлого явуулж байна. Бодлого нь биежиж хөгжихгүй байгаа гол шалтгаан бол мал аж ахуйгаас гарч байгаа бүтээгдэхүүний үнэ өсөхгүй байгаатай холбоотой. Махны үнэ өнөөдрийн байгаа шиг ийм үнэтэй байвал эрчимжсэн мал аж ахуй хөгжих ямар ч боломжгүй. Учир нь бэлчээрийн мал аж ахуй бол байгалийн бэлэн бэлчээрийг ашиглаж үйлдвэрлэлээ явуулдаг. Харин Эрчимжсэн мал аж ахуй бол тэжээл, газар тариалангаас шууд хамааралтай байдаг. Тэр дундаа тэжээл нэн чухал. Мөнгөөр тэжээл худалдаж авч малаа тэжээгээд буцаад малаа зарна гэсэн үг. Үнэ нь хэрвээ өнөөдрийнх шиг ханштай байвал эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчид хэзээ ч ашиг олж чадахгүй. Алдагдалтай ажиллана. Сүү ч ялгаагүй. Өнгөрөгч жил УИХ-аас сүүний урамшуулал олгож дэмжсэн. Үүний дагуу Засгийн газраас зохион байгуулалт хийж байна. Гэхдээ энэ урамшуулал нь сүүний фермүүдийг олноор байгуулах боломжийг хангаж байгаа эсэх нь асуудал болчихоод байгаа юм.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Горьдлого тээсээр яваа ганц гишүүн нь Ж.Чинбүрэн гэв үү DNN.mn

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнг “Эрүүл мэндийн сайд болох гэж байна” гэсэн яриа байсхийгээд л гардаг. Засаг бужигнасан үед ч, дажингүй байхад ч яригдана. Гэхдээ тэр “Би сайд болохгүй” л гэдэг. Хамгийн сүүлд сарын өмнө “Надад Эрүүл мэндийн сайд болох сонирхол байхгүй. Өөр хийх ажил их байна” гэсэн байдаг. Энэ үнэн байх магадлал өндөр. Учир нь “Засагт дахин хөдөлгөөн орохгүй. Дор бүрнээ ажлаа хийцгээе” гээд сар шахмын өмнө ЗГХЭГ-ын дарга хэлчихсэн. Гэвч Ж.Чинбүрэн сүүлийн үед дарга нарын өрөөний үүднээс салахаа больсон талаар эх сурвалжууд бичих болжээ. Тэр ч байтугай Эрүүл мэндийн сайдыг ч амар заяаг нь үзүүлэхгүй байгааг түүнтэй холбоотой гэх болов. Сайд болох горьдлого тээсээр яваа ганц гишүүн үлдсэн нь Ж.Чинбүрэн гээд л даажигнаад байх юм. Энэ мэдээлэл арай дэгс байж мэднэ.

Учир нь Ж.Чинбүрэн улстөрч биш, эмч хүн. Эмч хүн бол тангараг өргөж ажилладаг цөөхөн мэргэжлийн нэг. Тэр утгаараа салбараа самарсан муухай юм хийнэ гэхээр санаанд буухгүй. Гэхдээ Ж.Чинбүрэн эрүүл мэндийн салбараа зүгээр байлгана гэж үгүй. Яаж ийгээд шүүмжилнэ. ЭМЯ-ны хамгийн сайн хэрэгжилттэй, үр дүнтэй, олон нийт ам сайтай яваа ажлуудын нэг болох эрт илрүүлгийн талаар ч дуугүй өнгөрөхгүй шүү дээ. Сайд нь дөрөв, тавхан хоногийн өмнө танилцуулга хийх үед “Нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг заавал мэргэжлийн хүн гэхээсээ илүүтэйгээр тухайн хороодын нийгмийн ажилтныг сургах нь илүү өгөөжтэй. Энэ чиглэлээр хороодын идэвхтэй иргэдийг оролцуулж, хороодын иргэдийг эрүүл мэндийн зөвлөх амжилттай явсан туршлага бий. Түүнчлэн эрт илрүүлгийн ажлыг илж биш илрүүлж хийх хэрэгтэй” гэж байгаа юм. Шүүмж гэхэд хэцүү, өөлнө гэхэд илүү ойр ч юм шиг л хэлнэ, тэр. Тэр ч байтугай сайдыг нь ороод ирвэл ямар ч хамаагүй асуулт тавина. Хамгийн сүүлд 2023 оны төсвийг хэлэлцэж байх үед Байнгын хорооны хуралдаан дээр “Сүүлийн нэг жилийн хугацаанд ажлаас гарсан эмнэлгийн ажилчдын тоо байна уу. Нэг эмнэлгээс бүр 10-160 хүн гарсан гэх юм” гэлээ. Хариуд нь Эрүүл мэндийн сайд С.Энхболд “160 хүн халагдсан тоо бий. Нэг нь нийслэлийн дүүргүүдэд, нөгөө нь “Өргөө” амаржих газарт 2021-2022 онд нийтдээ 138 хүн ажлаас гарсны 58 нь өөрийн хүсэлтээр өргөдлөө өгсөн. Хувийн эмнэлгүүд байгуулагдаж байна. Тийшээ эмч нар шилжиж байна. Жилдээ нэг албан байгууллагаас 25-50 хүний шилжилт хөдөлгөөн хийгдэж байдаг. Дийлэнх нь шинээр төгсөж ирсэн эмч, сувилагч нар байдаг. Тэдний тоо нэгдсэн тоон дээр нэмэгдэж явдаг” гэж байх юм. Гишүүн асууж, сайд хариулсан энэ ярианы цаадахыг сайн ойлгоогүй.

Гэхдээ Ж.Чинбүрэн эрүүл мэндийн салбараа, төсөл хөтөлбөрүүдийг тэр чигээр нь муулаад байна гэж үгүй. Түүний хамгийн их анхаарал тавьдаг “Элэг бүтэн Монгол” хөтөлбөр гэж бий. Энэ хөтөлбөрөөрөө оролдуулах тэр маш дургүй. Ж.Чинбүрэн төсөв хэлэлцэж эхлэх үеэс л “Эрүүл мэндийн салбарын төсөв 2023 онд яг 2022 оныхоор орж байгаа. Гэтэл өнөөдөр эрүүл мэндийн бүтээгдэхүүний үнэ 40-60 хувь нэмэгддэг. Энэ төсвийг нэмэгдүүлж өгөхгүй бол даатгалын сангаас эмнэлгүүдэд квот тогтоох нь. Нэг эмч сард 100-150 хүн үзэх ёстой гэх байдлаар квот тогтоох нь маш их оочер үүсч, иргэдэд хүндрэлтэй нөхцөл байдал үүснэ. “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг үргэлжлүүлэх ёстой. Гэтэл төсөвт тусгагдаагүй байна 100 гаруй мянган иргэд Д вирусийн эмчилгээ хэзээ Монгол Улсад орж ирэхийг хүлээгээд сууж байна. Үүнээс 40 гаруй мянга нь амь нас нь эрсдэлтэй иргэд байна. Иймээс 2023 оны төсөвт энэ хөтөлбөрийг үргэлжлүүлж хэрэгжүүлэх хөрөнгийг суулгах хэрэгтэй байна” гэж яриад эхэлсэн. Олон хоног ярьсан. Ингэж зүтгэсний эцэст нь төсөв батлах үед “Элэг бүтэн Монгол” хөтөлбөртөө 13 тэрбумыг суулгуулж чадсан байв.

Бас тэрээр Хавдрын эмнэлгийг арван хуруу шигээ мэднэ. Хавдрын эмнэлгийн албан бус дарга л гэцгээдэг. Энэ муу юм биш л дээ. Эрхэм гишүүн тэртэй тэргүй энэ эмнэлгийн ажилтай нягт холбоотой хойно аргагүй. Хувийн сонирхлоо гүйцэлдүүллээ гээд хууль хяналтынхан дэгээдчихгүй бол Ж.Чинбүрэн шиг эмчтэй холбоотой байснаараа эмнэлэг л хожно.

Ер нь бол шүүмжлэхээр асуудал ч энэ салбарт олон бий л дээ. Өөрөөр хэлбэл, эрүүл мэндийн салбар хүн бүрд хамаатай, бүгд үйлчилгээ авдаг. Тиймээс таалах, таалахгүйн яриа хөөрөө тасрахгүй. Тэгээд бас ачаалал өндөртэй. Үүнийг салбарынхан нь сайн мэднэ.

Дээрээс нь өнгөрсөн он жилүүдэд эрүүл мэндийн салбарт дандаа улстөрч сайд томилогдож байв. Шагналын гэх үү, эсвэл шахааны гэмээр юм уу, тийм нэг статустай явж ирсэн байдаг юм.

Тийм болохоор энэ салбарын бодлого хэрэгжүүлдэг яам нь голдуу улс төрийн томилолт өвөртөлсөн боловсон хүчнүүдээс бүрддэг байв шүү. За тэгээд, гадна дотны санхүүжилттэй төсөл, хөтөлбөрүүд бол бүр бүтэхгүй. Одоо эхнээсээ идээ бээр нь шахагдаж, авлига албан тушаалын хэргээр шүүхэд шилжицгээж байна. Түүнчлэн цахим шилжилт гэж дуусдаггүй хөтөлбөр байна. Сайд солигдох бүрт цахим хөтөлбөрийн гүйцэтгэгчид өөрчлөгддөг гэдэг.

Энэ мэтээр эрүүл мэндийн салбарын эрүүл бус байдлыг яриад байвал дуусахгүй.

Харин сүүлийн жилүүдэд тус салбарт бодлогоор мэргэжлийн сайд томилох болсон нь бодит үр дүнгээ өгч эхэлжээ. Болж бүтэж байгаа, голдиролдоо орж буй олон ажлыг салбарынхан нь хэлж байна. Гэхдээ өргөс авч буй мэт гэнэт илааршина гэж юу байхав. Олон жилийн хур “хог”-ийг тэгж амархан цэвэрлэнэ ч гэж байхгүй биз. Товчлоод хэлэхэд, эрүүл мэндийн салбар эдгэх замдаа ороод байгаа юм, уг нь.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Лу.Гантөмөр: Дахин сонгогдох гэдэг шуналаас болж Монгол Улсын хөгжлийг устгаад байна DNN.mn

УИХын гишүүн, БСШУны сайд асан Лу.Гантөмөртэй ярилцлаа.


-АН дахь өнөөгийн залуучуудаас Х.Тэмүүжин дарга та хоёр бол УИХ-д ч, Засгийн газарт ч гишүүнээр ажилласан туршлагатай, АН-ын тод дүр болсон залуус. Гэтэл сүүлийн үед их бүдэг байна. АН-ын генсекийн албаа хашиж байна уу?

-Намын Ерөнхий нарийн бичгийн дарга гээд АН-ын даргаар сонгогдсон О.Цогтгэрэлийг Дээд шүүхэд бүртгүүлэхээр ажилласан. Дээд шүүхээс хоёр талын хуваагдмал байдлыг арилгаж байж намын даргыг бүртгэнэ гэсэн тайлбар өгсөн. Хоёр талын хуваагдмал байдал арилах, нэг үгээр хэлбэл нэгдэх шаардлагатай. Тухайн үед намын даргаар сонгогдсон О.Цогтгэрэл цаашид ажиллахгүй гэсэн учраас би нам нэгдтэл аль нэг талд явах нь аль нэг талд зүтгэсэн юм шиг дүр зураг харагдана гэж бодсон.

-Намаа нэгтгэх ажилд оролцохгүй байгаа хэрэг үү. Таныг 70, 80 оныхныгоо өөрийн талд авчихаад гуравдагч талыг бий болгоод байна гэсэн яриа сонсогдох юм?

-Ардчилсан нам С.Эрдэнэ, Х.Баттулга гэдэг хоёр хүний асуудал биш болчихоод байна шүү дээ. С.Эрдэнэ, Х.Баттулгаас үл хамаарсан ардчиллын маш олон залуус бий. Энэ хүмүүс намыг яаж нэгтгэх вэ гэдэг асуудалд оюун ухаанаа уралдуулж байгаа. Тэдгээр хүмүүстэй уулзахаар тэр хүмүүсийг удирдаж байгаа мэтээр гадагшаа гаргадаг юм байна. Миний байр суурь бол намын нэгдэл явах ёстой. Аль болох маргалдагч дүрүүдийг оролцуулаад явмаар байна гэсэн байр суурьтай байгаа.

-Нийгэмд С.Баярцогт даргыг АН-ын аль аль талыг нь ойлголцуулж, нэгтгэж чадах хүн гэж дүгнэж байна. Та ямар бодолтой байна?

-Манай намын нөхцөл байдал ямар байна гэхээр хэн нэгэн хүнээр даргалуулах, үл даргалуулах яриа гаргах боломжгүй байгаа. Ямар суурин дээр нэгдэл явах вэ гэдэг асуулт хамгийн гол нь болчихоод байна. Өөрөөр хэлбэл, нэгдүгээрт даргын тухай ярих болоогүй байна.

Хоёрдугаарт, С.Баярцогт санал санаачилга гаргаж хүмүүстэй уулзаж байгааг дэмжиж байгаа. Идэвхтэй явж намаа нэгтгэе, хоёр талд хуваагдсан хүмүүсийг ямар нэгэн байдлаар уулзуулмаар байна. Ингэхийн тулд хуваагдсан талуудаас ажлын хэсэг гаргая гэсэн. Харамсалтай нь ажлын хэсэг солигдчихлоо. Эхний ажлын хэсэг албан бус ч гэсэн тодорхой хэмжээгээр ойлголцолд хүрч байсан гэсэн мэдээллийг С.Баярцогт өгсөн. Гэтэл Х.Баттулга зургаа, С.Эрдэнэ зургаан хүн гаргаж шинээр ажлын хэсэг гарлаа. Ажлын хэсгийн суурь зарчмууд ил гарах шаардлагатай байна. Учир нь нэгдүгээрт, хүн ярих болоогүй байна. Хоёрдугаарт, суурь зарчим нь юу вэ, ямар зарчим дээр хамтрах вэ. Албан тушаалын “наймаагүйгээр намаа яаж нэгтгэх вэ.

Гуравдугаарт, манай нам хүнд байдалд орсон учир шалтгааныг хайх хэрэгтэй. Энэ бол ардчилсан нам гэхээсээ илүү Монголчуудын төлөв байдлын илрэл юм болов уу. Эрх барьж байгаа улс төрийн нам эрх мэдлийн хязгаарлалтаар намаа барьж байна. Гэтэл АН бол эрх мэдлээс холдоод удах тусам монгол хүний нэг зан төлөв гарч ирээд байна.

-Ямар зан төлөв?

-“Би” гэдэг мунхаг эго, минийх гэдэг шунал хоёр. “Би” гэх эго, минийх гэдэг шуналын нөхцөл байдлаас ямар зарчмаар салах вэ гэдэг асуудлаа бид харчихвал хүн ярилгүйгээр, албан тушаал хуваарилахгүйгээр урагшаагаа явах тухайд хуваагдчихсан хоёр тал тохирч урагш явна. Харин энд ямар хугацаа зарцуулах бол гэдэг асуудал. Миний санаа бол яарамгүй байгаа юм. Яарвал даарна гэдэг юм болох вий. Яарах тусмаа л “би”-гээ хаяж чаддаггүй, минийх гэдэг үзэл больдоггүй.

Олон хүний амнаас гарч байгаа “..миний ардчилал, миний нам, би амьдралаа зориулсан..” гэсэн үгнүүд ашиглагдахаа болих ёстой. Монгол төрийн ажил дээр “би”, Монгол төрийг минийх гэж сэтгэгэдэг сэтгэлгээнээс салсан, үүнийг давсан үйлдэл шаардлагатай. Намайг залуучуудтай уулзаад байна, тэдэнтэй ямар нэгэн алхам хийх гээд байна гэдэг хардалтын цаадах миний хүсэл мөрөөдөл бол би, минийх гэдгийг бид яаж давах ухааныг л хайгаад байгаа юм. Энд мэдээж хугацаа орох юм билээ л дээ.

-Тэр ухаан нь таныхаар юу вэ?

-АН-ынхан бид одоо стресснээсээ салах хэрэгтэй юм билээ. Зангирахаа болих хэрэгтэй юм байна лээ. Нэгнийгээ уучлах ёстой. Хардалтаа алга болгох хэрэгтэй гэх мэтээр жаахан биеэ сулламаар байгаа юм. Сулраад нөхцөл байдлыг дээрээс хараад, арай жаахан ухаан зарвал явчих болов уу. Тэрэн дунд “би, бид” гэсэн үгнүүдгүйгээр АН яаж явах вэ гэдгийг харахыг оролдож байгаа. Түүнээс биш би С.Баярцогт дээд үеийнх, би доод үеийнх гэж яримааргүй байгаа юм. Бид нэг үед улс төрийн амьдралаар амьдарч байсан хүмүүс. Нэг л үед зүтгэж байгаа хүмүүс. Тиймээс энд насны ялгаварлал бага гаргаж, мэдээж залуу үе цаашид идэвх санаачилгатай зоригтой байгаасай. Зоригтой гэдэг нь би, миний гэдэг өвчнөөсөө ангижирсан эр зоригийг хэлж байгаа юм. Ер нь “би, би” гэдэг өвчнөөс салахад эрэмгий зориг хэрэгтэй болчихоод байгаа юм.

-Тэгвэл өмчлөөд байгаа тэр эготой хүмүүст үүнийг яаж ойлгуулах юм бэ. Энэ “өвчин” өөрт нь төлөвшчихсөн байгаа шүү дээ?

-Сүүлийн арваад жил эрэмбээ зөв тавь гэж яригдлаа шүү дээ. Арван жил л ярилаа. Харамсалтай нь үйлдэл болдоггүй. Эхлээд эх орноо бод, дараа нь улс төрийн намаа бод. Түүний дараа хамт олноо бод. Эцэст нь өөрийгөө бодох эрэмбэ.

Энэ бол нийгэм дэлхий дахинаа бүрэлдэж улс орнууд өөрийн гэсэн төр засаг, удирдлага, үзэл санаа бойжих явцад бий болсон философи. Ер нь бид Монгол Улс нэг намын тогтолцоо руу шилжчихсэн гэдгийг хатуу ойлгочихмоор байгаа юм. МАН эрх барина. Урт удаан хугацаанд барих бүх үйлдэл явчихлаа гэдгийг ойлгоод ухамсарлах хэрэгтэй. Ингээд одоо бид яах вэ гэж асуудлыг хармаар байгаа юм. Түүнээс одоо сонгууль болохоор бид ялчих гээд байна гэж муйхарлаад, эргүүтээд байж болохгүй. Тийм боломжгүй болчихсон. Монгол бол Оросын, Хятадын араас явчихсан. Нэг нам эрх барьдаг дэлхийн улс орнуудын загвар руу шилжчихсэн байхгүй юу. Шилжээгүй гэж гөжүүдлээд байж болохгүй.

-2016 оноос хойш гэж та харж байна уу?

-Үгүй. Урт хугацаандаа. 2008 оноос хойших өрнөл гэж харж болно. Нэг намын тогтолцоо руу явчихсан. 2000 онд ч тийм байсан. 1996 онд ч үүн рүү тэмүүлж байсан. Олон намын тогтолцоог зөвшөөрөөд хуулиа баталсан үе нь 1992 он. 1992 оны Үндсэн хуулийн дагуу ард түмэн амьдрах юм байна гэсэн хандлага арван жил яваад буцаад эргэсэн. Уг нь хүчтэй хоёр нам байж байж л төр засаг оршино гэдэг Монгол төрийн хар хайрцаг байхгүй юу. Гэтэл үүнийг нураах ажил сүүлийн арван хэдэн жил маш хүчтэй өрнөсөн. Янз бүрийн байдлаар энэ “машин” ажилласан. Үүний үр дүнд нэг нам оршин тогтнохоор болчихсон.

Тиймээс үүнийгээ харчихвал төрд бидэнд орон зай байхгүй. Улс төрийн бүх бодлого үүн рүү явчихсан гэдгийг ойлгочихвол яаж “Монгол төрийн хар хайрцаг”-ыг амилуулах вэ гэдэг бодлого бидэнд гарч ирнэ. Ингээд эрэмбээрээ төр улс гол болж гарч ирнэ биз дээ. Монгол төрийн хар хайрцаг бол улс төрийн хоёр нам нь багана байна. Энэ хоёр нам монголчуудын эрх чөлөөг хамгаална. Ээлжилж засгийн эрхэнд гарах юм байна. Нэг нь сөрөг хүчин болж хяналтаа тавих юм байна. Ингээд бодлогын уралдаан явах нь ээ. Монголчууд жаахан “би”-гээсээ салаад арай жаахан уужуу хандаад хөгжил дэвшил рүү ойртох тусмаа бодлогын уралдаан руу шилжих ёстой байхгүй юу. 1990 оны зураг тэгж зурагдсан байна шүү дээ. 1992 оны Үндсэн хууль тэгж батлагдаж байна. Гэтэл ингэж явуулахгүй гэдэг бодлогод гадна дотны маш олон хүчин зүйл бий. Энэ бодлого нь амь орсон гэдгийг бид хүлээн зөвшөөрөх ёстой. Амь орж биежчихсэн. Биежсэн бодлогод хэн нэгэн хүний хүсэл мөрөөдөл хамаагүй болчихдог. МАН-ыг ямар сайхан хүн удирдаж байх нь хамаагүй. Бодлого нь биежсэн. Монгол Улсын төрийн тэргүүнд хэн гэдэг хүн байхаас үл хамаарч бодлого нь биежсэн. Тиймээс бид биежсэн бодлогыг яаж эргүүлж олон жилийн настай Монгол төрийг бүтээх вэ гэдгийг тойрч суугаад ярих ёстой. Түүнээс бид хэнийг дарга болгох, хэн нь нүүр царай болох уу, эсвэл хэн нь хойноо гарах, хэн нь урдаа гарах асуудал биш. Энэ бол их хойно яригдах асуудал.

Улстөрчид бол нэгэнт монгол төрд өөрийнхөө оюун ухааныг зориулна гээд шийдчихсэн хүмүүс шүү дээ. Бизнесмэн хүн бол мөнгө бодож байх ёстой. Улстөрч хүн төр яавал бэхжих вэ, улс орон яавал хөгжих вэ гэдэг ч юмуу арай өөр зүйлд оюун ухаанаа чилээж, арай өөр зүйлийг найз нөхөд эргэн тойрныхонтойгоо ярилцдаг байх хэрэгтэй байхгүй юу.

Тиймээс бид яариад байгаа эрэмбийг амьдрал дээр яаж бий болгох вэ гэдэгт оюунаа уралдуулах ёстой. С.Баярцогт санаачилга гаргаад явлаа гэхэд чи хаана, би хаана байх вэ гэж ярихаас илүү Монгол төр яах вэ гэдэгт илүү ач холбогдол өгч бодлогоо боловсруулбал өнөөдөр намд үүсчихсэн асуудлыг давна. Давахгүй бол нэг намын тогтолцоо руу явж байгаа хатуу бодлогын зангилаа тайлагдахгүй байх.

-Нэгтгэх ажлыг ингэж хойшлуулах тусам л нэг намын тогтолцоо улам бөхлөгдөх биш үү. Нөгөө талаас улс төрийн намд ялалт л чухал шүү дээ?

-Сонгуулиар авч байгаа санал, УИХ-д авч байгаа суудлын тоо, дээр нь ард түмэн юу ярьж байна хүсэл зорилго нь юу байна гээд судлахаар нэг намын тогтолцоо гэдэгт хатуу шийдчихсэн. Ингэхийн тулд маш олон төрлийн порпоганда явж байгаа шүү дээ. Энэ порпогандагийн үр дүн нэлээн зузаан суурьтай болчихсон.

Бид одоо ямар нэгэн байдлаар наймаа хэлцэл хийж, хэн нэгнийгээ дарга цэрэг болгохоор тохиролцоод урагшаа явбал энэ хатуу бодлогын золиос болно. Тиймээс АН өөрийнхөө дүр зургийг харахдаа арай илүү өндрөөс харах хэрэгтэй. Хүмүүстэйгээ ч тэр түвшнээс ярих хэрэгтэй. Манай гишүүд 2024 оны сонгуульд орохдоо юуны төлөө оролцох гэж байгаагаа арай өөрөөр бодох хэрэгтэй. Түүнээс ялахын төлөө, нэг суудал авахын төлөө, албан тушаал авахын төлөө гэсэн жижиг сажиг зүйлээр хөөцөлдвөл амжилт гаргахгүй. Амжилт гаргахгүйгээс гадна бодитой нэгдэл болохгүй. Тиймээс би намын задралын шалтгааныг ярианы эхэнд хэлсэнчлэн хоёр янзаар тодорхойлж байгаа юм. Нэг нь, монгол хүний зан чанар харагдаж байна. Энэ бол энэ цаг үед илэрч байгаа өнгөрсөн зуун жилийн “бүтээл”. 100 жилийн өмнөх монгол хүнийг судлаад гаргахад хэцүү баримт нотолгоо алга. Гэхдээ монгол төр томроод жижигрээд удаа дараа улс орны мэдэлд шилжсэн процессыг харахад өнөөдөр бий болчихоод байгаа юм бага хаадын үеийн үндсэн характер нь харагдаад байгаа юм. Гэхдээ энэ үндсэн характер аль ч улс оронд адил байж магадгүй. Гэхдээ үүнийг Үндсэн хууль болон бусад хуулиар хайрцаглаж өгдөг. Хайрцаглахдаа юу руу чиглүүлэх вэ гэдэг нь чухал. Ялалт руу чиглүүлэхээр хувь хүмүүсийн тоглолт эрчимжээд байдаг. Институци рүү чиглүүлэхээр хувь хүмүүсийн тоглолт багасдаг.

Ийм байдлаар өөр өөр даалгавар гарч ирээд байгаа юм. Тиймээс бид АН-ыг яаж институци болгох вэ гэдэг нь хамгийн том даалгавар. Институци болчихвол задарсан суурь шалтгаан болох “би” гэдэг өвчнийг анагааж болно. Машин өөрөө анагаана. Түүнээс хүмүүсийг зөнд нь хаявал ийм л дүр зураг харагдаж байгаа юм.

Машиныг бүтээхэд бүгдээрээ оюун ухаанаа уралдуулах хэрэгтэй. Ингэж чадвал С.Эрдэнэ дарга нь ч, Х.Баттулга дарга нь ч машинд суугаад явна. Тэгэхгүй би би гээд байвал аль нэг нь гадаа үлдэнэ. Ингээд дахиад хэрүүл болно. Тэр хэрүүл нь Монголын төрд сайн зүйл авч ирэхгүй гэдгийг бүгдээрээ ойлгочихвол “би”-гээ дарж хойш суух гээд байгаа юм. Харин ялалтад чи гай болоод байна гэхээр чамайг ялуулж яах юм бэ гээд хэрүүл үүсээд байгаа юм.

Төр ямар байвал бидэнд учирсан шиг задрал улс төрийн хоёр том нам дээр явагдахгүй байх вэ. Тэрийг яаж хаах вэ гэдэг талаас нь бид хэлэлцүүлэг хийгээд байж баймаар байгаа юм. Энэ хэлэлцүүлэг нь бидний нэгдлийг авч ирнэ.

-Нэгтгэх уулзалтад очиж байна уу. Уулзалтууд дээр юу яригдаж байна. Таны энэ санааг хүлээж авч ярьж байна уу?

-Брюселлийн уулзалт дээр очоогүй. Хүмүүсийн уулзсныг харахаар маш хурдан ҮБХ-г хуралдуулж, Дээд шүүх рүү маш хурдан явуулах зэргээр нөгөө л хуучин зүйлээ хийчих гээд байгаа юм. Тиймээс бид арай өөр юман дээр нэгдмээр байна гэж хэлээд байгаа маань энэ. Угаасаа нэг үнэт зүйлтэй. Түүнийгээ дахиж “мөлжөөд” байх шаардлагагүй. Үзэл санаа үнэт зүйл дээр бид бүгдээрээ байгаа. “Чи байхгүй, би байгаа гэдэг бол “би”-гийн өвчин туссан хүмүүсийн яриа. Би 20 жил нэг явсан учраас миний хувьд бид үзэл санаан дээрээ нэг байгааг мэдэж байгаа. Улс орны үйл хэргийг явуулахад арга барилын зөрүү бий. Арга барилын зөрүүг хуулиар нэг болгох тухай бид бодох ёстой. Сонгуулийн мөрийн хөтөлбөр, хууль хоёроор бид нэг болгох ёстой.

“Би”-д нэрвэгдэж буруу явсны хорыг АН-ын хэдэн дарга хүртээд байгаа хэрэг биш. Монголын ард түмэн бүгдээрээ хүртээд байгаа юм. Сүүлийн 10 жилийн төсвийг хар. Бүгд дахиж сонгогдохын төлөөх төсөв. Энд хөгжлийн нэг ширхэг ч зүү байхгүй. Нэг ширхэг ч утас байхгүй. Уг нь хөгжлөө бодсон мэтгэлцээн байх ёстой. Чуулганыг сонсохоор тойргийн жижиг хөрөнгө оруулалт нэртэй хүмүүсийг хуурдаг, сэтгэл санааг нь зассан төсөв харагдаж байгаа юм. Гишүүдийн постыг л хар. Тэр тойрогт тэдэн төгрөг хуваарилагдлаа гээд постлоод байна. Монгол Улсын хөгжлийг дахин сонгогдох гэдэг шуналаас болоод устгаад байгаа юм. Энэ нь хөгжлийн садаа, Монгол орныг ядуурал руу чирэх хөдөлгүүр болчихоод байгаа юм.

Намын уулзалтууд дээр яавал хөдөлшгүй хөгжлийн орчинтой болох вэ, яавал улс төрийн намын хуульд улс төрийн нам хэсэг бүлэг хүний халаасанд орохгүй байх вэ, яаж бие даасан институци болгож хөгжүүлэх вэ гэдэг талаас нь ярих ёстой.

-Ойрмогхон Улс төрийн намын хуулийг хэлэлцэх байх. Ямар байдлаар энэ хуулийг хийвэл зүйтэй гэж харж байна вэ?

-Шударга хэлэхэд, улс төрийн хоёр том намтай байхаар харах хэрэгтэй. Ингэвэл Улс төрийн намын хууль ширээн дээр өрөгдөөд гараад ирнэ. Түүнээс 20, 30 намын тухай бодоод тэр хуулийг хийвэл Монгол Улс бүр л нэг намын тогтолцоо руу явна. Машин үүнд ажиллаж байгаа шүү дээ. Нэг биш хоёр намтай байхын тулд Улс төрийн хууль ямар байх вэ гэдэг их тодорхой, зоригтой байх хэрэгтэй. Нам байгуулаад би намтай гээд орилоод байгаа хүмүүсийн уур хилэнг бадраах нь энэ удаадаа асуудал биш.

Монгол Улс хэдэн жилийн дараа хөгжсөн орон болохыг мэдэхгүй. Уг нь бид өдийд хөгжсөн улс болгоно гэсэн зорилготой байсан. Харамсалтай нь чадаагүй. Харин ч тэмүүлж байсныхаа эсрэг туйл руу эргүүлээд авааччихсан. Буцаад тэмүүллээ бий болгохын тулд Улс төрийн намын хуулийн гэрийн даалгаврыг сая хэлсэнчлэн тавих хэрэгтэй.

Бидний хүсээд байгаа зүйл бол Улс төрийн намын хууль Монгол төрийн нэг хэсэг байх юм байна, байгаа юм байна. Сайн дурын байгууллага биш юм байна. Үүнд Монголын төр анхаарах хэрэгтэй. Монгол төрийн хүний нөөцийг Улс төрийн нам бүрдүүлж байна. Үүнээс тойрч зугтах гэж оролдсон худлаа байсан. Дүр эсгэсэн байна. Ёстой өнөөх дүр эсгэсэн ардчилал гэдэг чинь энд бий болчихоод байгаа юм. Төрийн алба улс төрд хамаагүй гэдэг шал худлаа тайлбар. Өнөөдөр их сургуулийн захирлыг улстөрчид томилж байна. Шалгаруулалт нь худлаа. Бид өөрийгөө хуурч байгаа юм. Өөрийгөө хуурах хууралтуудаа багасгаад хоёр нам өрсөлдөх юм байна. Хоёр нам Монгол төрийн бодлого, хүний нөөцийг тодорхойлох юм байна. Тиймээс улс төрийн намыг яаж хэсэг бүлэг хүмүүсийн эрхшээлд автуулахгүй байлгах вэ.

Дор хаяж л улс төрийн нам нь УИХ-ын гишүүдийнхээ атганд орохгүй байх тухай бодохгүй бол 76 нөхөр төсөв яаж баталж байна тэр хэмжээгээр Засгийн газрыг шантаажилж байна, ах дүү амраг садангаа албан тушаалд томилж байна. Найз нөхдөдөө авлига авах орчныг нь бүрдүүлж өгч байна. Бүх юм ингэж явж байна шүү дээ. Тиймээс бид байгаа идээ бээрээ харчих хэрэгтэй. Үүнийг нэг амьсгаагаар шийдэж чадахгүй. Гэхдээ хяналт тавьдаг хүчтэй сөрөг хүчин хэрэгтэй юм байна. Эрх барьж байгаа хүмүүс нь бодлогоо хэрэгжүүлэх хэрэгтэй юм байна. Эрх барина гэдэг бол төрийг хянаж, машиныг барьж байна гэдгээ мартаж болохгүй. Ард түмэн төрийн эрх барихдаа улс төрийн намаар дамжуулж барьж байна. Нэг бол МАН, эсвэл АН-аар дамжиж барина. Тиймээс Монгол төр энэ хоёр нам дээр оршиж байна. Зоосны хоёр талын нэгийг нь юу ч биш гэчихээд нэг талаа харуулаад байж болохгүй.

-Сонгуулийн тогтолцоо ямар байх ёстой вэ?

-Улс төрийн намын хууль намын өрсөлдөөн байх юм байна гээд гараад ирвэл холимог тогтолцоо руу шилжих ёстой. Учир нь тойргийн хамаарлаас парламентыг холдуулахын төлөө нэг алхах хэрэгтэй юм билээ. Чадвал хоёр, гурав алхах хэрэгтэй. Ер нь тойрог нэртэй дахин сонгогдох дэв, шунал, синдромоос болж Монголын хөгжил гацаад байна. Ядаж байхад газар нутаг томтой юм. Энэ том газар нутаг руу цемент тараахаар хүрэхгүй байна. Монголчуудын бүтээж байгаа баялагаар энэ том газар нутгийг цементээр бүрэх тухай яриа яваад байна шүү дээ. Тиймээс сонгуулийн тогтолцоо, сонгуулийн систем нь хоёр нам руу шахаж байх хэрэгтэй. Нөгөө талдаа улс төрийн нам нь, УИХ-ын гишүүд нь төрийн төлөө байхуйц систем рүү шахаж орохгүй бол төрийн төлөө бус өөрийгөө дахиж сонгуулахын төлөөх систем ажиллаад байхаар хөгжихгүй байна. Монголд байгаа нэг л бэрхшээл нь ядуу байна. Баян болох ёстой. Ингэхийн тулд яах вэ гэвэл өнөөх нэг асуулт, нэг хариулт байгаа юм.

-Гишүүдийн тоог нэмэх ёстой юу?

-Төр олигархиудын атганд орчихоод байна шүү дээ. Үл үзэгдэгч гар Монгол Улсын эрэг шургийг барьчихаад байна. Гааль, татвар, мэргэжлийн хяналт, хилийн цэрэг, боомт, яам, тамгын газар. Олон жил бугширсан сүлбээ уяа байгаад байна. Нэгийг нь хайчлах гэхээр нөгөөхийг нь хайчилна гээд болж өгөхгүй байна. Хэн эрх барихаас үл хамаарч ажил нь явдаггүй. Жишээлбэл, ковидын үед бүх юм ил боллоо шүү дээ. Ковидын үед бид хөл хорионд ороод гэртээ байж байхад зарим нь гудамжаар явж байсан. Бид гэрээсээ гарахгүй байхад зарим нь энд тэнд цуглараад найр наадам хийж байсан. Энгийн иргэний бараа орж ирэхгүй байхад дарга нарын бараа орж ирсэн. Энгийн компаниуд экспорт хийж чадахгүй байхад дарга нарын компаниуд тасралтгүй экспорт хийж байсан. Ковидын үед муу муухай бүхэн нь ил гараад ирсэн. Хэний бизнес үлдэв, хэн дампуурав гээд харахаар зөвхөн дарга нарынх. Тэдний холбоо сүлбээтэй хүмүүсийнх үлдэж бусад нь дампуурсан.

Олон жил явчихсан төрийг барьж байгаа танил талын сүлжээнүүдийг алга болгохын төлөө УИХ-ын гишүүдийн тоог нэмэх гээд байгаа юм. МАН шулуухан үүнийг хэлээд байгаа юм. Одоо 62 Засгийн газраа шантаажлаад байна. Арай олон болгоод залуу хүмүүсийг оруулаад ирвэл тэд арай илүү доошоогоо хүн хаацайлах нь багасаж хайчлах хүнээ хайчлаад болгоод явах боломж байна. Шалтаг нь ерөөсөө л энэ.

Арай чадалтай, боловсролтой, нийгэм дотор орж амжаагүй, төрийн албанд олон жил байгаагүй гэдэг ч юмуу ийм хүмүүс олон орвол бугшчихаад байгаа идээ бээрийг хагалахад хэрэг болох болов уу гээд тоо яриад байх шиг байгаа юм. Тэрийгээ парламент давжаа биш гэдгээр тайлбарлаад байх шиг байгаа юм. Учир нь шулуухан хэлж чадахгүй ичээд байх шиг байна, өөрийнхөө намын тухай ярьж байгаа учраас.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

З.Алтай: Хажууд хямд бөгөөд агуу том зах зээл байна. Бид бүх хүчээ мал аж ахуй руу хаях хэрэгтэй DNN.mn

УИХын гишүүн асан З.Алтайтай ярилцлаа.


-Та 2008-2012 онд УИХ-ын гишүүн байсан. Тэр үеийн парламент өнөөгийн парламент хоёрын ялгаа зааг, чадавхыг хэрхэн дүгнэж байна вэ?

-Ямар ч ялгаа байхгүй. 30 жил ингэж явж ирлээ. Ер нь “Тэр үеийн парламент лаг сайхан байсан” гэсэн яриаг би мэдэхгүй юм байна. Гэхдээ яахав, би анхны Бага хурлыг сайн байсан гэж боддог. Тэр бол өнөөгийн парламентын анхны сонгодог хувилбар л даа. Яагаад сайн байсан гэж дүгнэж байна гэхээр тухайн үед боломжийн сайн хүмүүсийг Бага Хурлын гишүүнээр шигшиж гаргасан. Гэхдээ мэдээж бүгдээрээ сайн байна гэж байхгүй. Ерөнхий дүн нуруу нь бол чадалтай, чадвартай боломжийн сайхан хүмүүс гарсан. Өнөөгийнхийг бодвол нэг сайн тал нь идэж уух, эрх мэдэл ашиглах асуудал бараг байгаагүй. Шинэ нийгэм рүү орсон учраас Монгол Улсыг шинэ замаар яаж хөгжүүлэх вэ гээд улс эх орноо боддог байсан.

Социализмын бүтээгдэхүүнүүд юм хойно тэр үед идэж уух гэсэн ойлголт байхгүй байлаа шүү дээ. Цүнх баригчид биш байсан болохоор бүх зүйлд жинхэнэ сэтгэлээсээ ханддаг байсан. Түүнээс хойших 30 жилд эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж идэж ууж, хусаж ирлээ. Тиймээс миний үеийн парламент болон өнөөгийн парламент хооронд ямар ч ялгаа байхгүй. Дараагийн парламент ч гэсэн ийм л байх болно. Энэ гажиг амархан арилахгүй л дээ. Эрх мэдэл, албан тушаалын төлөө гүйх, урвуулан ашиглах, идэж уух зэрэг муу зүйлдээ энэ хүмүүс өнгөрсөн 30 жилийн хугацаанд мэргэшчихлээ. Улстөрч нэртэй боловч ихэнх нь мэргэжлийн хулгайч луйварчин сэтгэхүйтэй болчихсон. Сонгуулийн сурталчилгаа гээд элдэв зүйлд хэдэн тэрбум төгрөгөөр нь өгч байгаад УИХ-д орохгүй бол үхлээ юу. Яагаад эрх мэдлийн төлөө яагаад үхэн хатан зүтгээд улайраад байна гэхээр өм цөм иддэг тогоо тэнд байгаа болохоор. Одоогийн парламентыг хар л даа. Улсын төсөв ид хэлэлцэгдэж байна. Хулгайчгүй хүн алга. Бүгдээрээ бие биенийгээ хулгайч, луйварчингаар нь цоллоод баримт тоотой нь хэлээд чи их идсэн, би бага идсэн гэцгээж байна. Тэд хэдэн саяар биш, хэдэн тэрбумаар иддэг болчихоод байна. Ийм байхад яаж улс орон хөгжих вэ дээ. Парламентын энэ суурь тогтолцоо тийм амархан өөрчлөгдөхгүй. Энэ хэдэн нөхдүүд дараагийн сонгуулиар дахиад л гарч ирнэ. Дотроо үхэн үхтлээ УИХ-д сууна гэсэн бодолтой байгаа шүү дээ. Энэ “амттай” юмнаас хэн салъя гэж бодох юм бэ. Тиймээс тийм амар арилахгүй гэж бодож байна.

Энэ хулгайч луйварчдыг ард түмэн сонгосон. Чингис хаан ч гэдэг юм уу хэн нэгний зарлигаар эднийг УИХ-д тавиагүй биз дээ. Өөрсдөө сонгочихоод “амьдрал хэцүү байна, үхлээ хатлаа” гээд хэнд гомдолж, хэнд уйлагнаад байгаа юм бэ. Таны тааллаар гарсан хүмүүс дээрээ очоод ийм л төрхтэй сууж байна. Тиймээс өөрсдөдөө гомд. Тэдэнд гомдоод хэрэггүй. Өөрсдөө сонгосон хойно хувь заяандаа эвлэрье.

-Иргэдийн амьжиргаа дорой байгаа учраас л саналаа худалдаж ийм хүмүүсийг сонгоод байгаа юм биш үү. Тиймээс иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлэх амлалтаа хэрэгжүүлж чадаагүй улстөрчдийн л буруу юм биш үү?

-Ард түмэн дандаа зөв, шударга байдаг гэсэн зүйл байхгүй. Эрээвэр хураавар наян зүйлийн хүн байгаа. Олонх нь сонголтыг буруу хийчихээд уйлагнаж байгаа бол хохь нь л биз дээ. Өөрөөсөө өөр хэнд гомдох юм бэ. Бурханд гомдох юм уу. Сонгогчдын үзэл бодол, сонголт мөддөө сайжрахгүй. Ухаарах нь юу л бол. Их цаг хугацаа орно. Бид сонголтоо зөв хийж чадахгүй байгаа учраас бидний амьдрал ийм л байна. Бидний сэтгэхүй, үзэл бодол, сонголт тийм амархан зөв болчихгүй. Энд их удаан процесс явагдана. Тэгж байж бага сагаар цэвэрших байх. Гэхдээ бүтэн цэвэршинэ гэж байдаггүй. Аль ч улсад байхгүй. Аль ч нийгэмд “хог новш” байж л байдаг. Харин сонгогчид нь хяналттай учраас хөгийн амьтдыг хөөгөөд явуулчихдаг.

-Улс төр дэх үе хоорондын асуудлыг та хэрхэн харж байна. Сүүлийн үеийн сэдэв болчихоод байна шүү дээ?

-Сайн бэлтгэгдсэн боловсон хүчнээ бид дэмжихгүй юм. Б.Болор-Эрдэнэ бол Мэдээллийн технологийн газрын даргыг овоо хэдэн жил хийсэн. Энэ хугацаанд нэлээн туршлагажчихсан боловсон хүчин. Дээхнэ үед Орост боловсрол эзэмшсэн хүмүүс байхгүй бол сайхан болчих юм шиг гэнэ алдаад ярьчихлаа. Б.Болор-Эрдэнийн кейс дээр хоёр зүйл л байна. Үнэхээр тэр үеийн хуучирсан сэтгэлгээтэй хүмүүс тээг болж байна уу гэвэл болж байгаа. Гэхдээ бүгдээрээ биш. Нөгөө талаар ажил, амьралын туршлага суусан, хоёр ч нийгмийг үзсэн толгой сэхээтнүүд зөндөө бий. Бүгдийг нь харлуулж болохгүй. Тавь тавин хувь байгаа. Ингэлээ гээд мэргэшсэн сайн боловсон хүчнээ элдэв зүйлээр чимхсээр байгаад ажиллах урам зориггүй болгоод өргөдлийг нь өгүүлээд гаргаж бас болохгүй. Сайн бэлтгэгдсэн нэг ч болов хүнээ алдана гэдэг том хохирол шүү дээ. Түүний орыг хэн залгах вэ. Хэний ч мэдэхгүй нэг цүнх баригч л ирнэ. Хэн хохирох вэ гээд бодоод үз. Төрийн алба тогтвортой байх ёстой. Алдаа гаргах зүйл зөндөө байна. Хэнбугай ч алдаа гаргадаг. Тэр болгон дээр нь нээнтэглэж хүний урам зоригийг хугална гэдэг байж болохгүй зүйл. Би тэр охинд харамсаж байгаа. Уг нь байсан бол бидэнд хэрэгтэй байсан юм. Тэр охин чадалтай юм чинь хувийн хэвшилд л очно. Төрийн мэргэшсэн залуу халааг яаж тогтоох вэ, хаанаас олох вэ гээд байгаа хэрнээ хөөгөөд явуулчихаж байгааг ойлгохгүй байна. Ингээд байвал төрд залуу чадварлаг хүн ажиллахгүй. Алдаа гаргаа л биз. Алдаагаа засаад явна л биз.

-Тэгвэл залуухан Ерөнхий сайдын тухайд ямар дүгнэлттэй байна вэ. Манайхаас бусад улсыг харж байхад жишээ нь, Солонгос, Хятад, Оросын төр засгийн тэргүүнд 50, 60-аас дээш насныхан байх юм… Уг нь ажил, амьдрал, улс төрийн туршлагатай хүмүүс улс орныг авч явах шилжилтийн үе дээрээ бид яваа юм биш үү?

-Улс орны л онцлог шүү дээ. Яг Азийнхаа ном журам, түүх соёлоороо явж байгаа улсын тоонд Хятад, Солонгос, Япон орнууд зэрэг орно. Манайх эрлийз болчихсон. Европ ч юм шиг. Ази ч юм шиг. Газар нутгийг нь харахаар Азийнх. 70, 80 жил социализмаар явсан тэр соёл, сэтгэхүй биднийг эрлийз болгочихсон. Тиймээс заавал тэдгээр орнуудыг дуурайгаад 60, 70 настай хүмүүс улс орныг мандуулан хөгжүүлдэг гэж болохгүй. Жишээ нь, Финланд бол өндөр хөгжилтэй, том орон. Ерөнхий сайд нь гучин хэдэн настай эмэгтэй байна. Канад ч бас гучин хэдэн настай Ерөнхий сайдтай. Яагаад болдоггүй юм бэ. Л.Оюун-Эрдэнэ түүнтэй л адил шүү дээ. Би бол хүлээн зөвшөөрдөг. Зоригтой, шударгадуу, боломжийн сайн залуу гэж боддог. Гагцхүү энэ хүний хүсэл зоригийг Б.Болор-Эрдэнэ шиг мохоочих вий гэж айж байна. Учир нь энэ намд зовлонтой хүмүүс олон бий. Мань эрийн хийх гээд байгаа зүйлийг дэмжиж хамтаараа явж байж зорьсон зорилгодоо хүрнэ. Түүнээс Ерөнхий сайд нэг юм хийх гээд зүтгээд байдаг тэрийг нь бойкотлоод дэмжихгүй бол ганц Л.Оюун-Эрдэнэ байгаад яах юм бэ. Энэ л аюул. Түүнээс юм хийх гэж үзэж байна. Нүүрсний хулгайтай тэмцэх зэрэг элдэв асуудал руу орж байна. Үүнийг хийх ёстой. Хэнээс айдаг юм бэ. Би хийгээсэй л гэж бодож байна. Өнөөдөр манайд хариуцлага тооцох тогтолцоо алга. Гадны хөрөнгө оруулагчдыг хөөгөөд явуулчихдаг, юмыг нь зальдаад авчихдаг. Төмөр зам, Таван толгойн гэрээ бүгд нууц. Бидний мөнгийг юунд зарсан, юу хийсэн гэдэг бүх юм нь нууц. Ерөнхийлөгчийн сонгуулиар ҮАБЗ-ийнхөн 20 сая ам.доллар машин дотроо хийгээд ороод ирлээ л гэсэн. ТЕГ-ын дарга Д.Гэрэлийн даалгавраар намайг тагнасан гээд Л.Оюун-Эрдэнэ өөрөө ярьсан. Хэнтэй хариуцлага тооцсон юм бэ. Нэрийг нь нэрлээд худлаа попроод байх юм бол үр дүн юу юм бэ. Хэрэг хийсэн бол ялаа үүрдэг байх ёстой. Гэтэл буруу юм хийсэн, өчнөөн тэрбумаар хохироосон хүмүүс хэдхэн сая төгрөгөөр торгуулсан болоод ял завшаад байна. Амьдрал хүнд байхад энэ хэдэн хулгайч хэдэн тэрбум, хэдэн сая ам.доллараар нь хусчихдагийг юу гэж ойлгох вэ. Иргэд уурлахаас аргагүй ш дээ. Бидний сонгосон хулгайчид ингэж цөлмөж байхад хүний амьдрал, сэтгэл зүй яаж тайван амгалан байх юм бэ. Би уурладаггүй. Уурлая гэж боддоггүй. Уурлах юм бол би л хохирно. Аятайхан сайхан байя, гэрэл гэгээтэй өнгөтэй зөндөө юм байна гэхээр төрд гарсан хэдэн хулгайчдын идсэн уусныг сонсохоор дотор муухайраад явчихдаг. Ингээд тайван сайхан амьдаръя гэхээр хүссэн хүсээгүй арзгануулаад хаячихдаг. Өөрсдийнхөө идсэн уусныг мөнгө төгрөгтэй нь ярьж байна. Ийм байхад иргэд яаж тайван байх юм бэ. Иргэд яаж зөв хүмүүжил олох юм бэ. Ёстой гутмаар. Миний үе дуусч гэж бодъё. Хойч үеийн залуучууд яана аа. Ямар муухай үлгэр дурайлал үзүүлж байна аа. Бүгдээрээ л хусдаг юм чинь яадаг юм бэ. Би ч хусъя, чи ч хус гэж хандана биз дээ. Шударга сайхан амьдрах итгэл үнэмшил байхгүй болчихож байна шүү дээ.

Идсэн уусныг нь нэр усаар нь зарласнаа Өршөөлийн хууль, Хөөн хэлэлцэх хууль гээд хуулийн цоорхой ашиглаад бүгд мултраад гарчихаж байгаа юм. Нэг бол би сайн дураараа хэргээ хүлээе, миний асуудлыг хөнгөрүүлсэн журмаар шийдэж өгнө үү гээд мултарчихаж байна. Ямар нийгэмд амьдраад байгаа юм бэ, аймшигтай.

-2016 оноос хойш нэг нам засаглалаа. Нэг намын тогтолцоотой болчихов уу. Энэ үйл явцыг та хэрхэн дүгнэж байна вэ?

-Сонгуулийн тогтолцоо буруу байхгүй юу даа. Анхнаасаа буруу хийсэн. Та бидний сонгосон хүмүүс очоод хуулийг нь завхруулаад хаясан биз дээ. 2020 оны сонгуулиар сонгогчдын 40 гаруй хувь нь АН болоод бусад нам, бие даагчдад өгсөн. Нийт сонгогчдын 40 хувь гэдэг бол том тоо. Гэтэл 40 хувийн сонгосон төлөөлөл гээд энэ парламентад арванхоёрхон гишүүд сууж байгаа юм. Энэ шударга уу. Тиймээс сонгуулийн тогтолцоо буруу байгаа юм. Пропорцианаль тогтолцоо руугаа орох ёстой. Ингэж байж арай цэвэршинэ. Бусад намынхан, бие даагч орж ирнэ. Иргэд УИХ-ын гишүүдийн тоог нэмэхээс айгаад байдаг. Нэмэх ёстой шүү дээ. Улсаас хулгай хийж байгаа хүмүүсийн дэргэд гишүүдийн авах цалин юу ч биш. Гагцхүү эрээвэр хураавар янз бүрийн хүмүүс ороод ирэхээр хяналт нь илүү болно. Тэдэнтэй алалцаг л дээ. Чиний идсэн уусныг мэдэж байгаа шүү, харж байгаа шүү, тийм юм байхгүй гээд байж л байг л дээ. Сонгуулийнхаа тогтолцоог одоо өөрчил. Дараагийн сонгууль ойрхон байна шүү. Адаглаад сонгогчдын санал зөв хуваарилагдах нөхцөл бүрдэнэ. Гэхдээ өөрчлөх юмнууд зөндөө байна л даа.

-Өмнөх Ерөнхий сайд, Ерөнхийлөгчөөс зөв зүйтэй шийдвэр хэрэгжүүлж байсан хүнийг та хэнийг гэж хардаг вэ. Ерөнхий сайдуудаа шорон гянданд хориод байгаа үйл явц хэр зөв зүйтэй юм бэ?

-Бүгд л өмдөндөө баастай байсан биз дээ. Анхны Ерөнхийлөгч П.Очирбат гуайгаас эхлээд Н.Багабанди гээд хөвөрч өгнө. Хэнийг нь сайн гэх юм бэ. Бүгд л асуудалд хутгалдсан биз дээ.

С.Баярын тухайд бол сайн улстөрч. Оюу толгойг эхлүүлсэн үү эхлүүлсэн. Сайн муу зөндөө л юм гарсан. Шорон оронд ч хийгээд үзлээ. Манайх шиг дампуу улс байж болохгүй. Хэд хэдэн Ерөнхий сайд нараа аваачаад шоронд хийчихсэн. Хэний бодлогоор юм бэ. Тухайн үеийн Ерөнхийлөгч байсан нөхдүүд л хийсэн ш дээ. Тэр нь өөрөө ч толгой мэдээгүй болов уу гэж би боддог. Путин мэтийн бодлого манай улс төр, нийгэм, эдийн засгийн амьдрал руу тодорхой хэмжээгээр орж ирээд жолоодож байна шүү дээ. Мундаг жолоодогч сая дөрвөн жил байсан биз дээ. Путины шавь, баруун гар нь улс орныг баллаад тавьсан ш дээ. Дургүй хүргэсэн бүх хүмүүсээ шоронд хийж өшөө авсан. Монголын сэхээтнүүдийг 1937 онд коминтерны даалгавраар буудаж устгаад шоронд хийгээд алсан юм аа. Монголд сайн толгойтой сэхээтэн байж болохгүй гэж. Яг 37 оных шиг зүйл саяхан болоод өнгөрлөө ш дээ. Өнгөтэй өөдтэй бүх хүмүүсийг шалих шалихгүй хэргээр аваачаад хийчихсэн. М.Энхсайхан бол мундаг эдийн засагч. Сайн Ерөнхий сайд байсан. Хэцүү ч үе байсан. М.Энхсайханы тухайд хэмнээд хуучин ямбий машин авчихсан чинь улсын мөнгө идчихсэн юм гэнэ. Харагдаач. Юу гэсэн үг вэ. Тийм биз. Хэний даалгавар юм бэ. Юм боддог толгойтой, өөдөө харсан хүмүүсийг байхгүй болго, ард түмнээр нь үзэн ядуул, ямар нэгэн хэрэг тох, хулгайч гэдэг нэрийг зүүлгэ гэсэн Путин ахын даалгаврыг манай Ерөнхийлөгч асан сайн биелүүлсэн л гэж боддог.

-Тэгвэл одоогийн Ерөнхийлөгчийн тухайд. Бас л даган дурайдаг гэцгээх юм байна шүү дээ?

-Би бол үгүй байх гэж бодож байна. Өөрийнхөөрөө л хүн шүү дээ. Тэрнээс хэн хүнтэй өс хонзон санаад байхгүй болов уу. Хүний өөрийнх нь характер араншин байна. Муу зальтай, хогийн, идэж уудаг багаасаа ингээд хүмүүжчихсэн хүмүүс манай төрийн толгойд зөндөө байлаа. Хогийн рецидивүүд л гарч ирж байлаа шүү дээ. Өмнөх Ерөнхийлөгчөөсөө л хар. Хэнийг бид толгой дээрээ тавьсан юм бэ. Хэнийг бид биширсэн юм бэ. Луйварчин хөгийн хулгайч л байсан ш дээ.

У.Хүрэлсүхийг юу гэж муу хэлэх үү. Шанаадаад унагачихдаг гэх юм уу. Эр хүн бол цохиод унагаах л хэрэгтэй шүү дээ. Багын хүмүүжил байна. Цэргийн хүмүүжил байна. Манайд цэрэг маягийн дектатуртай нөхдүүд хэрэгтэй байна. Зөв юман дээр чанга барьдаг. Тэгэхгүй яах нь мэдэгдэхгүй сул бэлгэдлийн нөхөр бидэнд ямар хэрэгтэй юм бэ. Тэрийг тэжээгээд цалин өгөх ямар хэрэгтэй юм бэ.

Ер нь монголчуудад чанга гар хэрэгтэй байдаг, бүр үүх түүхээсээ. Чанга гар гэдгийг Путин шиг дектатурыг хэлж байгаа юм биш. Ерөнхийдөө үзэл бодолдоо өөрийнхөөрөө байдаг, чанга, хариуцлага тооцож чаддаг. Ийм утгаараа чанга гэж байгаа юм. Бид их дураараа, даруулгагүй хүмүүс шүү дээ. Бидний ген цусанд орчихсон. Их муухай амин хувиа хичээсэн. Нүүдэлчдээс ирсэн бидний цусанд байгаа. хөрш айлтайгаа хамт зусчихаад өглөө нь сэмээрхэн нүүгээд явчихдаг. Тэднийх тэр бэлчээрт буухаас өмнө гялалзуулъя гээд. Их муухай хувиа хичээдэг. Суурин иргэншил байхгүйгээс хамт олонсог нийтэч зан байхгүй. Энэ нь одоо ч бидэнд ямар нэгэн хэмжээгээр байна.

-Монголын өнөөдрийн эдийн засгийн нөхцөл байдлыг та хэрхэн дүгнэж байна. Бараг дефолт зарлахад ойрхон байна гэж байгаа хэрнээ л жилээс жилд тэлсэн төсөвтэй, алдагдалтай төсөв батлах юм?

-Хоёр их наядын алдагдалтай төсөв баталчихлаа. Төлөх хугацаа нь болчихсон өчнөөн өр зээл байна. Монгол Улсын нэг иргэнд 30 сая төгрөгийн өр ногдож байна. Муу л байхгүй юу даа. Тэвчвэл тэвчиж болох зардал зөндөө л байна. Адаглаад ирэх оны төсвийг ашигтай байдаггүй юм гэхэд алдагдалгүйгээр баланс бариад явах ёстой шүү дээ. Ерөөсөө ойлгохгүй юм. Ямар учиртай байдаг юм бэ. Айл гэрээр жишээлбэл хажуу айлаасаа мөнгө зээлчихээд дахиад хаалгыг нь тогшоод мөнгө зээлээч гэвэл тэр айл өгөхгүй биз дээ.

Манайх замбараагүй өр тавих юм. Өөрийнх нь халааснаас юм гараагүй учраас замбараагүй зээл авч үрж байна шүү дээ. Хүн хувийнхаа юмыг хэзээ ч замбараагүй үрнэ гэж бараг байхгүй дээ.

Ирээдүй бол манай улсад байгаа. Монгол дефолт зарлана гэдэг худлаа. Эрт дээр үеэс бидэнд өвлөгдөж үлдсэн газрын баялаг байна. Бид хэзээ ч Шри-Ланка шиг болохгүй. Учир нь бид баялагтай. Шри-Ланкад цайны ургамлаас өөр юу байгаа юм бэ. Одоо цайг нь ч авахаа байсан. Манай улсад бусад орнуудын хэрэгцээт зүйл нь байна. Тиймээс бид дефолт болохгүй. Харин яаж гамтай байж өндөр үнээр зарах уу гэдгээ бодохоос биш бид дефолт зарлана гэж байхгүй. 70 гаруй сая мал байна. Монголчууд хэзээ ч өлсөж үхэхгүй. Малаа нядалж идээд байхад болно. Шөлний хонь ямар ч айлд байна биз дээ. Үүнийг харин зөв ашиглах ёстой.

Дуусдаггүй юм гэж байдаггүй. Уул уурхайн баялаг дуусна. Нэг өдөр нэг сайхан технологи гарч ирээд нүүрс хэнд ч хэрэггүй болохыг үгүйсгэхгүй. Тэгэхээр дуусдаггүй, ширгэдэггүй, нөхөн төлжөөд байдаг зүйл бол 70 сая мал. Монгол Улс нэг юмаараа брэнд хийгээд гарах ёстой. Олон зүйл рүү савчих хэрэггүй. Ноос, арьс, шир, мах гээд малаас хаях юм байхгүй. Авлаа идлээ, ашиглалаа. Дахиад төллөөд мөнхийн эргэлтэд ороод байдаг зүйл шүү дээ. 100 хувийн ашигтай хадгаламж гэсэн үг. Тиймээс үүнийгээ бид ашиглах ёстой. Бүх хүчээ ийшээ хаях хэрэгтэй. Манайд асар их боломж байгаа юм. Гэтэл чадах, чадахгүй юм руу ороод байх хэрэггүй. Монголд хадаас хийлээ ч гэх шиг. Түмпэн шанага, хадаас хийх хэрэггүй байхгүй юу. Хятад гэдэг агуу том маш хямдхан зах зээл хажууд байна. Тэнд юу л бол юу байна. Эднийг бид гүйцэд түрүүлнэ гэж байхгүй. Тиймээс дотоодынхоо хэрэгцээг өөрсдөө хангана гэх хэрэггүй. Малынхаа түүхий эд, бүтээгдэхүүнээрээ л монгол брэнд болоод гар. Тэр болтол байгалийн баялгаа идэж байна биз.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ч.Тамир: Иргэд хамгийн сүүлийн нөөцөө шавхан энэ өвлийг давна. Ардчилал улам хумигдана DNN.mn


МУИС-ийн Социологийн тэнхимийн багш Ч.Тамиртай ярилцлаа.


-Монголын ардчиллын эмзэг цэг өнөөдөр яг юу болчихоод байна вэ гэдгээс ярилцлагаа эхэлье?

-Ардчиллын өнөөгийн нөхцөл байдлыг дүгнэж ярихын тулд ковидын үеийн нөхцөл байдалтай холбож ярих нь зөв болов уу. Учир нь цар тахлаар хөл хорио, хязгаарлалтууд тогтоосон. Аюулгүй байдал, нийтийн сайн сайхны үүднээс ийнхүү хязгаарлалт, хөл хорио тогтоосон гэж аливаа улс орны Засгийн газрууд тайлбарлаж байгаа. Гэхдээ жирийн бус онцгой нөхцөл байдал нь эргээд улс орны ардчиллыг хязгаарласан арга хэмжээ болсон. Энэ зөвхөн Монголд болоод байгаа юм биш. Дэлхий нийтээр ийм үйл явдал болсон.

Хөл хорионы үед үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх, эвлэлдэн нэгдэх процесс сошиалаар их явсан. Тэгэхээр бодит орчин дахь ардчилал ба сошиал орчинд дахь ардчилал гэсэн зүйл бий болчихоод байна. Өөрөөр хэлбэл, 2000 оны үед гудамжид гарч жагсдаг байсан бол одоо сошиалаар явдаг болчихлоо. Сошиал ардчиллын хэлбэрүүд ч сүүлийн үед ихээр гарах болсон. Тиймээс төр, засгийн зүгээс үүнийг эргээд цензурдэх асуудал гарч эхэлсэн. Учир нь буруу зөрүү мэдээлэл гардаг болсноос хэвлэн нийтлэхдээ хүн гүтгэхийг хориглоно гэсэн агуулгатай адил хяналт тогтоож байна.

Ковидын үеийн нөхцөл байдлаа эргээд дүгнэх. Ардчилалд ямар аюул учирч байна гэсэн хэлэлцүүлэг, дүгнэлтүүд дэлхийн улс орнуудад хийгдээд эхэлсэн байна. Монгол Улсад бусад орнуудтай адил иргэдийн үйл ажиллагааг хязгаарласан, хянасан кейсүүд гарч байна. Хоёрдугаарт, ковидын дараа дэлхий нийтийн эдийн засаг муудсан. Манай улсын хувьд амьжиргааны баталгаажих түвшнөөс доогуур орлоготой иргэдийн хувь хэмжээ сүүлийн нэг жилд өссөн. Тухайлбал, Үндэсний статистикийн хорооноос танилцуулсан имфляцийн түвшин бодит байдал дээр ямаршуу хэмжээнд хүрснийг жирийн иргэд илүү сайн мэдэж байгаа. Амьжиргааны түвшин буурах нь нийгмийн тэгш бус байдлыг бий болгож байна. Тэгвэл хөл хорионы хязгаарлалт ч мөн тэгш бус байдлыг бий болгодог юм байна.

Эрх мэдэлтэй, албан тушаалтай, мэдээлэлтэй, баялгийг тодорхой хэмжээнд бүтээсэн хүмүүс хямралыг даваад гарчихаж байна. Гэтэл амьжиргааны түвшин сул байгаа хүмүүс чадахгүй байна. Энэ нь нийгмийн тэгш бус байдлыг салбар бүрт бий болгож байна. Ингэснээр ядуурлыг улам өдөөж халамжаас хамааралтай болгож байна. Эдийн засгийн эрх чөлөө хумигдаад ирэхээр иргэд халамжаас хамааралтай болоод байгаа юм. Халамжаас хамааралтай болох тусмаа л үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөгөө боомилуулж байна. Шүүмжлэх гэснээ “Халамж авч байгаа юм чинь хорооны даргатай сөргөлдөж болохгүй” гэх хандлага нь ардчиллыг хумих хязгаарлах, хөгжлийг нь саатуулах нэг хүчин зүйл болж байна.

-Өмнө нь гурван хүн тутмын нэг нь ядуу байсан бол одоо хоёр хүн тутмын нэг нь ядуу байна гэсэн судалгаа байгаа. Ийм үед иргэдийн үнэт зүйл, ардчиллын талаарх бодол хэрхэн өөрчлөгддөг вэ?

-Эдийн засгийн эмзэг, ядуу байдал нь иргэд улс төрийнхөө эрхийг зарахад хүргэж байгаа юм. Зарна гэдэг нь өргөн утгатай. Хамгийн өргөн утгаараа бол сонгуульд саналаа худалдахыг хэлж байгаа юм. Арай өргөн утга нь илтэд буруу шийдвэр гарахад түүнийг шүүмжлэх гэж байснаа болихыг хэлж байгаа юм. Өрөөр хэлбэл, “амьд” үлдэхийн тулд үзэл бодолтой байх, үгээ хэлдэг байх, хэвлэл нийтэлдэг байх суурь эрхүүдээ зарахад хүрч байна.

Энэ нь ардчиллын суурь зарчимд нөлөө үзүүлнэ. Энгийнээр хэлбэл, дарангуйлал тогтох нөхцөл бүрдэнэ. Нэг хүний дарангуйлал, бүлгийн дарангуйлал, эсвэл нэг намын дарангуйлал ч байж болно. Сонгууль бүрээр нэг нам ялдаг болчихвол харахад ардчилал байгаа юм шиг хэрнээ цаанаа нэг нам бүхнийг хянадаг болно. Энэ хэлбэрийг эрдэмтэд олон янзын нэршлээр хэлсэн байдаг. Тухайлбал, дүр эсгэсэн ардчилал, гажигтай ардчилал, сонгуульчлагдсан ардчилал гэх зэргээр нэрлэж байна. Ковидын болоод эдийн засгийн нөхцөл байдал нь Монголын ардчиллыг ухрааж, дүр эсгэсэн юм уу эсвэл гажигтай ардчилалтай болох аюул тун ойрхон ирчихээд байна.

-Тэгэхээр ардчиллыг хамгаалж үлдье гэвэл дундаж давхаргаа нэмэгдүүлэх ёстой гэсэн санааг та хэлж байна уу?

-Яг тийм.

-Эдийн засгийн чадавх өндөр байгаа орнуудын иргэд ардчиллаа хамгаалах, бэхжүүлэхийн тулд иргэний хөдөлгөөнд идэвхтэй оролцдог. Жишээлбэл, БНСУ-ын иргэд ардчилсан үзлийнхээ төлөө ажлаа хаяад жагсаж чаддаг. Манай улсын хувьд үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх иргэдийн оролцоо сул байгаа нь засаглал хяналтгүй байх боломжийг олгоод байна уу?

-Оролцоотой байна гэдэг нь ардчиллын дархлаа. Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх зэрэг таван эрх нь ардчиллын дархлаа болдог. Үзэл бодлоо илэрхийлэх эрх нь ямар тохиолдолд гүтгэлэг болоод байна гэхээр хил заагийг зөрчихөөр. Ямар тохиолдолд хүмүүс эрх чөлөөгөө тайван замаар эдлээд ямар тохиолдолд цагдаатай зөрчилдөж үймээн үүсээд байна гэхээр хил заагийг зөрчсөнөөс болж байгаа юм. Тиймээс тэрхүү хил зааг тодорхой байх ёстой. Ардчиллын дархлаагаа иргэд сайн мэдэрдэг, хамгаалж чаддаг монгол хүн бий болох ёстой. Үүнийг энгийнээр хэлбэл оролцоотой байх ёстой гэсэн үг. Гэхдээ оролцоо гэдгийг өөрөөр ойлгох цаг ирсэн байна. Ярилцлагын эхэнд хэлсэнчлэн гудамжинд гардаг бус сошиал орчинд үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх, сошиал хөдөлгөөн өрнүүлэх зэргээр идэвхтэй байх нь оролцоо болж байна. Сошиал ардчиллыг бид одоо анзаарах болсон юм билээ. Твиттер дээрх зарим шүүмжлэл шийдвэрт нөлөөлөх тохиолдол байна. Жишээлбэл, Д.Сарангэрэл сайдын хэлсэн үг сошиалаар ихээхэн шүүмжлэгдэхэд албан тушаалаасаа огцорч байна. Үүнээс харвал иргэн заасан хэм хэмжээндээ сошиал механизмыг ашиглаж чадвал үр дүнтэй байна.

-Сүүлийн үед иргэдийн идэвх буурсан, жагсахаа байсан гэх дүгнэлт гарах болсон. Энэ хэр үндэслэлтэй дүгнэлт вэ?

-Иргэд гарч жагсахгүй байна гэдэг нь нэг талаас үндэслэлтэй. Учир нь иргэд гудамжинд гарч жагсахаасаа илүү сошиалаар идэвхтэй оролцож байна. Энэ бол зөвхөн Монголд бус дэлхийн олон улсад ч ийм дүр зурагтай байна.

Гэхдээ жагсаал болж байгаа шүү дээ. Хэдийгээр хорио цээр хязгаартай байсан ч гэсэн иргэд бухимдахаараа эсэргүүцлээ илэрхийлдэг. Жишээлбэл, 2021 оны дүн өвлийн хүйтэнд иргэд талбай дээр гарч жагсаад Засгийн газрыг огцруулж байсан. 1990 оныг эс тооцвол монголчууд ихэвчлэн дулаахан үед жагсдаг. Гэтэл 2021 оны өвөл иргэд жагсаж байсан. Тухайн үед Засгийн газар огцроход улс төрийн янз бүрийн шалтгаан байсан байх. Энэ бол бас нэг оролцоо болж байгаа юм. Мөн өнгөрөгч дөрөвдүгээр сард болсон “Ажлаа хий” жагсаал ч мөн залуус эрхээ эдлэх гэсэн жагсаал. Гэхдээ мэдээж зорилготой жагсаал, иргэдийн цэвэр жагсаалыг ялгаж харах нь зүйтэй.

Одоо бол иргэд хамгийн сүүлийн нөөц чадавхаа шавхаад энэ өвлийг давна. Гэхдээ маш хүнд болчихсон байгаа гэдгийг иргэд өөрсдөө мэдэж байгаа. Энэ нь ардчилсан бус дэглэмд их ойрхон очно гэсэн үг. Тиймээс Засгийн газрын бодлого хурдан хугацаанд өөрчлөлт авч ирэхгүй л бол энэ жилийн хавар юу болохыг хэн ч мэдэхгүй. Одоогоор бол иргэд тэвчээрийнхээ заагийг нэлээн дээшлүүлчихээд байна.

-Ядуурал улам гаарах нь нийгэмд ямар нөлөө үзүүлэх вэ?

-Ардчилал улам хумигдана. Ардчилсан биш дэглэм бий болох ийм л хөрс бий болно.

Монголчуудын онцлог бий. Монгол бол коммунист дэглэмээс ардчилал руу шилжсэн Азийн анхны улс. Тухайн үед монголчуудын амьжиргаа мөн л муу байсан. Ардчиллын онолчид үзэхдээ эдийн засгийн хувьд боломжтой болсны дараа ардчилал хөгждөг гэж дүгнэсэн байдаг. Гэтэл Монголын жишээ энэ онолыг эвдсэн.

Тэгэхээр монголчуудын амьжиргаа муу хэрнээ ардчиллаа яагаад хадгалаад байдаг юм бэ гэсэн асуулт үүсч байна. 1990 оноос хойш болж байгаа үйл явцыг харахад эрх барьж байгаа намууд сонгуулиар солигдож байгаа юм. Энэ бол ардчиллын нэг баталгаа шүү дээ. Хэрвээ эрх баригч нам солигдохгүй 30 жил болчихвол энэ ардчилсан биш байна гэж үздэг. 1992 оны сонгуулиар МАН, 1996 онд Ардчилсан хүчин, 2000 онд МАХН, 2004 онд АН гурван суудал, 2008 онд МАН, 2012 онд АН ялсан. Ингээд харвал 1992 оноос 2000 он хүртэлх статистик дандаа ээлжилсэн. Гэтэл 2016 оноос нэг нам олонх боллоо. Үүнд олон янзын тайлбар байгаа юм. Нэг талаас хөл хориотой, хязгаарлалттай үед сонгууль хийхээр ийм үр дүн гардаг юм байна. Бусад орнуудад ч ийм байдал үүссэн. Ковидын үед эрх барьж байгаа нам ялах магадлалтай. Учир нь мэдээллийг хязгаарлачихсан, дээрээс нь ковидын нөхцөл байдал гээд халамжийг тултал нь нэмчихээр ийм үр дүн гарна гэж тайлбарлаж байгаа юм. Тиймээс статистикаас харвал монголчуудын өмнө бид хаана зогсож байна вэ гэх асуултын тэмдэг үүсчихээд байна.

-Ардчилсан улсын эдийн засаг муу байх нь бусад орнуудад ямар өгөөш бол?

-Монголын байгалийн баялгийг ашиглах сонирхолтой улс орнууд ч юм уу, эсвэл геополитикийн хувьд дэмжүүлэх гэсэн сонирхолтой орнуудад өгөөш болно. Жишээлбэл, хоёр хөрш биднийг өөрсдийн бодлогоо дэмжүүлэх гэж янз бүрийн үйл ажиллагаа явуулж байгаа шүү дээ. Тиймээс үүнд нь олз болж ашиглагдана. Монголын нэг онцлог бол ардчилсан улс. Хятад улсаа удирдах долоон хүнийг саяхан намын хурлаараа сонголоо гэж байгаа ч ачир дээрээ Си Жиньпин гэж нэг л хүн байгаа юм. ОХУ-ын хувьд Путин шийднэ. Харин Монголын хувьд ардчилсан тогтолцоотой, олуулаа хэлэлцэж шийддэг учраас тусгаар тогтнолын баталгаа болж өгдөг. Ер нь Монголын тусгаар тогтнолын баталгаатай ардчилал уялдаатай.

Нөгөө талаас байгалийн баялгийг иргэн бүрд тэгш хүртээмжтэй хүртээхэд ч ардчилал чухал нөлөөтэй. Тиймээс монголчуудын ирээдүйг байгалийн баялаг, тусгаар тогтнолтой холбовол ардчилал гурав дахь багана. Орос-Украины дайны үед Монголыг ардчилсан тогтолцоо аль аль талд зөвтгөж байгаа. Түдгэлзсэн байр суурийг барууныхан ойлгох үндэслэл, “зэвсэг” болж байгаа юм.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Г.Ганболд: Экспортлох бүтээгдэхүүнгүй компаниуд вагон тээвэрлэлтийн зөвшөөрөл авч квотоо зарж байна DNN.mn

-Төмөр замаар ачаа тээвэрлэхдээ 300-500 сая төгрөгөөр вагон авдаг асуудал бий –


УИХ-ын гишүүн, УИХ-ын “Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох” үүрэг бүхий түр хорооны дарга Г.Ганболдтой ярилцлаа.


-Боомтын хяналт шалгалтын түр хорооны гишүүд боомтуудаар нэлээн ажиллах шиг боллоо. Шалгалтаар нийгмийн анхаарлыг татсан ямар асуудлууд илэрч байна. Боомтуудын нэвтрүүлэх чадварт ахиц харагдана уу?

-УИХ-аас 2021 онд УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийг баталсан. Энэхүү хуулийн дагуу УИХ2022 онд нийгэмд тулгамдаж байгаа асуудлаар гурван түр хороо байгуулсан. Хөгжлийн банкны асуудлаарх Түр хороог УИХ-ын гишүүн Б.Энхбаяр ахалж ажиллаж байна. Харин хуурамч эмийн асуудлаарх Түр хороог Н.Учрал гишүүн ахалж байна. Гурав дахь Түр хороо болох УИХ-ын “Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох” үүрэг бүхий түр хороог миний бие ахалж байна. Энэхүү түр хороог байгуулах санаачилгыг 26 гишүүн дэмжиж, 13 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. Түр хорооны хянан шалгах хуулийн дагуу УИХ-аас өгсөн тодорхой хамрах хүрээнд шалгалтын ажлуудыг зохион байгуулж байна. Түүнчлэн Түр хорооны гишүүд хилийн боомтуудаар ажиллаж байна. Ховдын Ярантын боомт, Баян-Өлгий аймгийн Цагааннуур боомт, Дорнодын боомт, зарим хянан шалгагчид маань Гашуунсухайт, Шивээхүрэн боомтуудад ажиллаж байна. Боомтын үндэсний зөвлөл, Автотээврийн үндэсний төв, Зам, тээвэр хөгжлийн яам, УУХҮ-ийн яам, АТГ, Эрдэнэс Таван толгой, Монголын төмөр зам зэрэг олон байгууллагууд түр хорооны багт ажиллаж байгаа.

Нийгэмд нэлээн дуулиан шуугиан болоод байгаа нүүрсний ачаа тээвэртэй холбоотойгоор маш их гомдол байгаа. Хоёр сая тонн нүүрс хулгайд алдагдсан, Гаалийн бүрдүүлэлтгүй хоосон машин гаргасан зэргээр нийгэмд олон хүн шүгэл үлээж байна. УИХ-ын гишүүд ч чуулганы танхимаас шүгэл үлээж байна.

Зөвхөн Цагаанхад-Ганмод боомт хоорон дахь 26-хан километрт нэг машин нүүрс тээвэрлэхэд 80, 100 сая хүрч байна гэх гомдол их байгаа. Бөмбөлөг тээвэртэй холбоотой гомдол ч нэлээдгүй байна. Бөмбөлөгт орохын тулд авлига өгдөг гэх асуудал байна. “С” зөвшөөрөлтэй холбоотой авлига хээл хахуулийн асуудлууд, төмөр замаар ачаа тээвэрлэхдээ 300-500 сая төгрөгөөр вагон авдаг зэргээр олон асуудлууд байгаа учраас үүнийг шалгаж тогтоохоор ажиллаж байна.

Монгол Улс 2023 онд 36 сая тонн нүүрс экспортолно гэсэн том зорилт тавьсан. Үүнд хүрэхийн тулд төрийн болоод төрийн албан хаагчийн зүгээс ямар нэгэн хүнд суртал, хүндрэл бэрхшээл үүсгэхгүй тээвэрлэлт, эргэлтэд оруулах, авлига хээл хахуульгүй явдаг байх, хулгайд нүүрс алдагдахгүй байх арга замуудыг Хянан шалгах түр хороо судалж дүнгээ УИХ-д тайлагнана.

-Тайлан дүн бэлэн болж байгаа юу. Хэзээ танилцуулахаар төлөвлөж байгаа вэ?

-Түр хороо зургаан сарын хугацаатай ажиллах ёстой. Нэг удаа сунгаж болдог. Манай түр хороо өнгөрөгч зургадугаар сард байгуулагдсан. Анх удаа шинэ тутам байгуулагдсан болохоор зардал мөнгөний асуудал шийдэгдээгүй, мөн чуулган завсарласнаас болж Түр хорооны ирц бүрдэхгүй байсан зэргээс үүдэлтэйгээр ажил удааширсан асуудал бий. Олон хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан учраас хил гааль, боомтуудаар явахад, мөн хянан шалгагч нар, шинжээчдийг ажиллуулахын тулд тодорхой хэмжээний урамшуулал, цалин хөлсний зардал гарна. Санхүүжилт нь шийдэгдэхгүй нэлээн удаан явсан. Гэхдээ одоо бол Түр хорооны бүх үйл ажиллагаа нь жигдэрчихсэн явж байна. Ирэх арванхоёрдугаар сард багтаж боомтын асуудлаар нийтийн сонсгол хийж, УИХ-д тайлагнана гэсэн бодолтой байна.

-Эрдэнэс Таван толгой компанид яг ямар асуудал үүсчихээд онцгой дэглэм тогтоочихов оо. Та бүхний шалгалтаар Эрдэнэс Таван толгой компанид хичнээн сая тонн нүүрс бүрдүүлбэргүй гаргасан гэсэн дүн гарсан бэ?

-Түр хороо хяналт, шалгалт хийж байна. Хичнээн тонн нүүрс гараад байгаа, түүнээс хэдий хэмжээний мөнгө орж ирж байна гэдгийг шалгалтаар тогтоож тайлагнах ажил одоо явж байна. Нөгөө талаар хоёр сая тонн нүүрс хулгайд алдагдсан гэж яригдаж байгаа шүү дээ. Тиймээс үүнийг нотлох баримт цуглуулж байна.

Үүнээс гадна Гаалийн ерөнхий газрын гурав, дөрвөн удаагийн шалгалтын дүнгээр маш их хэмжээний нүүрс алдсан байж магадгүй гэсэн дүгнэлтүүд гарсан. Үүний дагуу мөн нотлох баримт цуглуулж байгаа. Хяналт шалгалтын ажил явж байгаа учраас тэдэн тонн нүүрс хулгайд алдагдсан гэж одоо хэлэх боломжгүй байна. Ажлын үр дүн гарсны дараа тайлангаа бид нийгэмд мэдээлнэ.

-Булганы боомтоор нэг сая тонн нүүрс бүрдүүлбэргүй гарсан мэдээлэл байгаа. Энэ үнэн үү?

-Биднийг тус боомтод ажиллах явцад аравдугаар сарын байдлаар 1.845 мянган тонн нүүрс гарсан гэсэн мэдээллийг өгсөн. Хятадын талын хэвлэл мэдээллээр 2.300 орчим тонн нүүрс Монголоос импортолж авсан гэсэн мэдээ явж байгаа юм билээ. Үүнийг Түр хорооны мэдээлэлд мэдээлсэн. Гэхдээ хамгийн гол нь манайхаас гарсан гаалийн мэдүүлгийг Хятадын талд хүлээж авсан гаалийн мэдүүлэгтэй нийлүүлж авахын тулд гадаад харилцаа талдаа БНХАУ-ын талд санал тавих ажил байгаа юм. 2013 оны шалгалтаар Хятадын тал мэдээгээ шууд өгч тэр мэдээний дүнгээр тулгаж байсан бол 2018 оны шалгалтаар Хятадын тал мэдээллээ өгөөгүй. Тиймээс Хятадын талд энэ мэдээллээ өгнө үү гэсэн хүсэлтийг гадаад харилцааны шугамаар явуулах ажил байна.

-БНХАУ-ын гадаад худалдаа өнгөрөгч хоёр жилд эерэг гарсан хэмээн хэвлэл мэдээллийн байгууллагууд мэдээлж байгаа. Судлаачид хил гаалийн хориггүй юм шиг худалдаа хийсэн байна гэж дүгнэж буй. Гэтэл манайх Хятад руу нүүрсээ гаргаж чадахгүй, ковидын бодлого хэмээн шалтаглаж байна шүү дээ. Түр хорооны шалгалтаар хил гаалийн хяналтын байгууллагын авлигын байдал ямархуу дүнтэй гарсан бэ?

-Дан ганц манайхаас болоод нүүрсээ гаргаж чадахгүй байна гэдэг өрөөсгөл. Учир нь манай боомтууд олон улсын зэрэглэлтэй биш. Хоёр талын зэрэглэлтэй боомт олон байна. Жишээлбэл, Ярантын боомт гэхэд Өвөрмонголын Шинжаан-Уйгарын нутагтай, Бургастай боомт гэхэд БНХАУ-ын Хами аймагтай, Шивээхүрэн Альшаа аймагтай гээд аймаг хооронд хиллэж байгаа юм.

Нөгөө талаас хичнээн машин нүүрс авахаа Хятадын тал шийдэж байна. Жишээлбэл, Булган боомт дээр очиход Хятадын тал маргааш 150 машин, нөгөөдөр 100, нөгөөдрийн маргааш 250 машин авна гээд өөрсдийн эрэлт хэрэгцээнд тулгуурлаж авч байгаа юм. Манайх хичнээнийг гаргая гээд оочерлоод цаад тал авахгүй гэвэл боломжгүй болчихно. Өөрөөр хэлбэл, манайх цаад талаас хэт их хамааралтай.

Боомтын сайдаа хурдан томилж, боомтын асуудал эрхэлсэн хүмүүсээ яаралтай ажилд оруулж, хятадын холбогдох яам төрийн нөхдүүдтэй Боомтын асуудал эрхэлсэн сайд нь дагнаж хөөцөлдөх нь зөв юм байна лээ. Манайд боомтын асуудал эрхэлсэн сайд байхгүйгээс гаалийн асуудал нь Сангийн яаманд, тээврийн зохицуулалт, “С” зөвшөөрөл нь Зам, тээвэр хөгжлийн яаманд, Хилийн цэрэг нь Хууль зүй, дотоод хэргийн яаманд, мэргэжлийн хяналт нь Шадар сайдын харьяанд байна. Ямар ч уялдаа холбоогүй асар олон бие даасан байгууллага байгаа учраас хүндрэлтэй байгаа юм. Тиймээс боомтын сайдтай болж боомтод ажиллаж байгаа бүх хүмүүс нь нэг удирдлага дор зангилагдчихвал хүндрэлээс гарах боломж нээгдэх юм байна лээ.

Гаалийн ерөнхий газар өөрөө гурван удаагийн шалгалтаар ийм хэмжээний нүүрс Хятадын талын гаалийн мэдүүлэгтэй зөрж байна. Ингэж хулгайд алдагдсан байна гэдгийг дотоод шалгалтаараа тогтоочихсон. Гэтэл хууль хүчний байгууллага дээр очоод дарагдчихдаг. Тиймээс бидний хамгийн гол зорилго нь энэ бүх зүйлүүдэд гэрчийг нь дуудаж байцаагаад нотлох баримтыг цуглуулаад “Ийм зүйлүүд гарсан. Энэ нь ингэж нотлогдсон. Ийм шатанд явж байна” гээд нээлттэй сонсголоор ард түмэн танилцуулна. Ард түмний хараа хяналтад оруулж, шахаж шаардуулж шийдүүлэх зорилготой ажиллаж байна.

Булган боомт дээр нэг талдаа 310 км газар 100 тонны нүүрс зөөж байгаа тухайн жолооч 2.800 мянган төгрөгийн ашигтай ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, ирж очихын 620 км газар хоёр сая төгрөгийн ашигтай ажиллаж байна. Гэтэл Гашуунсухайт боомт дээр 26 км газар явахад 80 сая төгрөг байна. Өөрөөр хэлбэл, уурхайн ам дээрх нүүрсний үнэ хилийн цаана байгаа нүүрсний үнийн зөрүү өндөр байгаа учраас тээврийн зардал ийм өндрөөр шингэж байгаа юм. Тиймээс цаашид гаалийн хяналтын бүсийг дунд нь байх эсэх, эсвэл нүүрсний уурхайн амаас шууд гаалийн бичигтэйгээр зөөж дунд нь ямар нэгэн буулгалт дамжлагагүй явуулах зэрэг асуудал яригдана. Нүүрсний үнийг нэмэгдүүлэх, оффтейк гэрээг ил болгохыг нийгэм шаардаж байна. Засгийн газар ч, УИХ ч энэ чиглэлд ажиллаж байгаа.

-Нүүрсний орлого Хятадын барилгын компани руу ороод байна гэдгийг зарим гишүүд хэлж буй. Түр хорооны шалгалтаар энэ тухайд ямар дүн гарсан бол?

-Үүнийг одоохондоо бид үзээгүй явж байна. Эрдэнэс Таван толгойд онцгой дэглэм тогтоочихсон байгаа учраас бид зэрэгцэж ороод материалыг нь харах боломжгүй байна. Тиймээс онцгой дэглэмийн үйл ажиллагаа жигдэрсний дараа энэ асуудлыг судлах боломж бүрдэнэ.

-Хилээр хичнээн тонн нүүрс гарч байгаа мэдээллийг цахим болгож болохгүй юу?

-Саяхан баталсан хуулиар гаалийн мэдээллийг татварын мэдээлэлтэй уядаг байхаар болж байна. Экспортолсон л бол татвар нь бодогдоод явдаг харилцан хяналттай хуулийн төсөл батлагдсан. Бидний зорилго яаралтай тайлангаа тавьчихмаар байгаа юм. Жишээлбэл, баруун хил дээр ямар нэгэн бөмбөлгийн зохион байгуулалт байхгүй. Оочерлож зогсож байгаад шинжилгээгээ өгөөд явчихдаг. Гэтэл Гашуунсухайт дээр бөмбөлөг гэж зүйл үүсгэчихсэн. Тэр нь бөөн зардал болдог. PCR шинжилгээг зарим нь хуурамчаар хийлгэдэг, зармынх нь шинжилгээний хариу гарахгүй уддаг, заримынх нь урьдчилаад гарчихсан байдаг гэхчлэнгээр асуудлууд байгаа юм. Тиймээс заавал бөмбөлгийн зохион байгуулалт байх уу үгүй юү. Яаж хүндрэл саатал, авлига хээл хахууль болохгүй цуваанд оруулах вэ гэдгийг судлахаар манай шинжээчид ажиллаж байгаа. Үүнийгээ дүгнэж тайлангаа танилцуулна. Ийм зохион байгуулалтад оруулчихвал хэн нэгнээс зөвшөөрөл авах гэж авлига өгөх шаардлагагүй.

-Экспортод гарч байгаа нүүрснээс бусад түүхий эд дээр нүүрс шиг хулгайлагдах асуудал гарч байна уу?

-Манай улсын экспортын гол бүтээгдэхүүн бол төмрийн хүдэр, нүүрс, зэс, алт, жонш. Экспортлогдож байгаа бүтээгдэхүүнүүд зүгээр гарч байна. Эрдэнэс Таван толгой дээр л хулгайлсан гэсэн асуудал үүсээд байгаа болохоос хувийн компаниудынх зүгээр байна. Манайд ганц үүсч байгаа асуудал нь тээвэр. Жишээ нь, төмөр зам дээр гэхэд нэг вагоныг 300-500 саяар худалдаж авч байна гэх асуудал байгаа. Яг үнэндээ ложистикийн эрхтэй маш олон компаниуд бий болчихсон. Өөрсдөө гаргах ямар нэгэн бүтээгдэхүүн байхгүй ч гэсэн төмөр замд баахан өргөдөл өгчихдөг. Өргөдлийнх нь дагуу төмөр замаас зөвшөөрөл олгохоор түүнийгээ нүүрс, жонш гаргаж байгаа хүмүүст зараад байгаа юм. Тиймээс үүнийг цахимд оруулахаас гадна гаргах түүхий эдгүй хоосон компаниудад зөвшөөрөл өгөх эсэх асуудлыг ярьж байна. Тэгэхгүй бол хүн бүр хий компани байгуулаад авсан зөвшөөрлөө зарах тогтолцоо явж байна. Үүнийг яахыг төмөр замынхантай уулзаж ярилцаж байна.

-2023 оны төсөв хэлэлцэгдэж байна. Та төсвийн төсөлд ямар байр суурьтай байна вэ?

-Би төсвийн ажлын хэсэгт орж ажилласан. Энэ жилийн төсөв 20 орчим их наяд төгрөгийн төсөв батлагдаж байгаа. Өнгөрч жилтэй харьцуулбал орлогоо гурван их наяд төгрөгөөр нэмэгдүүлсэн. Шинээр нэг ч хөрөнгө оруулалтаа хийхгүй. Харамсалтай нь урсгал зардлаа 2.5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлсэн. Ингэхээр орлого нэмэгдүүлсэн, хөрөнгө оруулалтаа тэглэсэн нь ямар ч ач холбогдолгүй болчихож байгаа юм. Энэ утгаараа ирэх жилийн төсөв сэтгэл дундуур болсон.

Үүнээс гадна би ирээдүй хойч үедээ өргүй улс орныг үлдээхийн тулд аль нэг УИХ, Засгийн газар заавал алхам хийх ёстой гэсэн байр суурьтай байдаг. Өрийг барагдуулах мөнгийг жил бүрийн улсын төсвөөс гаргаж байх санал гаргасан ч дэмжигдээгүй.

Ажлын хэсгийн зорилго бол дайчилж болох орлогуудаа дайчилж, төсвөө алдагдалгүй баталчих юмсан гэсэн зорилттой байсан. Жил бүр алдагдалтай төсөв батлаад байна. Үүнийг нь бууруулчих юмсан гээд газар болон үл хөдлөхийн татвар, алтны АМНАТ зэргийг өнгөрөгч жилийн гүйцэтгэлээр тавьсан. Энэ мэтээр 120, 130 тэрбум төгрөгөөр ч болтугай алдагдалгүй төсөв баталчих юмсан гээд явж байна. Ажлын хэсгийн хувьд өнгөрсөн жилтэй харьцуулбал ямар нэгэн хөрөнгө оруулалт шинээр хийе гэж зориогүй. Яаж орлого дайчилж, яаж зарлага бууруулах уу гэж ажилласан. Энэ хүрээнд өргөн барьсан төсвөөс төсвийн ерөнхийлөн захирагч нарын урсгал зардлыг 95 орчим тэрбум төгрөгөөр танаж байна. Ингэж танасан төсвөө нийгмийн өмнө тулгамдаж байгаа асуудалд зарцуулахаар тусгаж байна. Энэ жилийн ажлын хэсэг нэлээн үр дүнтэй ажилласан гэж бодож байгаа.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

С.Баярцогт: Хууль эрх зүйн тогтолцоогоороо дэлхийд тэргүүлдэг орнуудын шүүхээс миний буруугүйг тогтоож, цагаатгасанд баяртай байгаа DNN.mn

Сангийн сайд асан С.Баярцогт Швейцарийн прокуророос цагаатгагдсан хэргийнхээ талаар мэдээллийг өгч, шалгагдан хаагдсан хэргүүдээ Нийслэлийн прокурорт өчигдөр хүлээлгэж өглөө.

Тэрбээр энэ үеэр “2016 оноос хойш Оюу толгойн гэрээтэй холбогдуулан надад эрүүгийн хэрэг үүсгэж маш удаан хугацаанд шалгасан. Тухайн үед энэ хэргээр зөвхөн Монголд ч биш, тодорхой улстөрчдийн оролцоотойгоор олон нийтийн байгууллагын нэрээр Швейцарийн холбооны улсад ч гэсэн хэрэг үүсгэж шалгаж эхэлсэн. Швейцарийн холбооны улсаас эрх зүйн харилцан туслалцах гэрээний хүрээнд Монгол, Хонконг, Австралийн хууль хүчний байгууллагатай хамтарч энэ хэргийг шалгасан юм байна лээ. Ингээд 2022 оны зургадугаар сарын 13-нд Монгол Улсын Нийслэлийн прокурорын газраас надад үүсгэсэн албан тушаалаа урвуулан ашиглаж, мөнгө угаасан, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэдэг хэргийг хэрэгсэхгүй болгосон. Түүнчлэн 2022 оны наймдугаар сарын 24-нд Швейцарийн холбооны улсын Холбооны прокуророос авлига авсан, мөнгө угаасан гэх миний хэргийг хэрэгсэхгүй болгосон талаарх тогтоолыг Швейцарь дахь миний өмгөөлөгчөөр дамжуулж ирүүлсэн. Сүүлийн үед зохион байгуулалттайгаар энэ хэргийн талаарх мэдээллүүд маш их гарч эхэлсэн. Тиймээс хэвлэл мэдээллийнхний оролцоотойгоор Нийслэлийн прокурорын ТГ-т Швейцарийн прокуророос ирүүлсэн тогтоолыг гардуулж өгч байна. Тогтоол герман хэл дээр байгаа. Албан ёсны орчуулгын товчоогоор орчуулсан эхтэй хамт Нийслэлийн прокурорын ТГ-ын даргад албан ёсоор гардуулж өгч байна.

Швейцарийн Холбооны прокуророос Хонконг, Австрали, Монголын хууль хүчний байгууллагуудыг оролцуулаад өргөн хэмжээний мөрдөн шалгах ажиллагааг зургаан жилийн хугацаанд явуулсан. Монголын улстөрчдийн дотроос ийм олон улсын хууль хүчний байгууллагаар зэрэг зэрэг шалгагдсан улстөрч ховор байгаа байх гэж би хувьдаа бодож байна. Манайхан өөрийнхөндөө итгэдэггүй. Янз бүрийн шийдвэр гарахаар ямар нэгэн нөлөө орсон байх гэж үздэг. Швейцарийн холбооны улс бол эрх зүйт төртэй. Хууль дээдэлдэг улс гэдгийг бүгдээрээ мэдэх байх. Австрали, Хонконг зэрэг улсууд бол хууль эрх зүйн тогтолцоо, хууль журмаараа дэлхийд тэргүүлдэг улсууд. Ийм орнуудын мөрдөн шалгах ажиллагааны явцад гэм буруугүй гэдэг нь тогтоогдож, цагаадсан явдалд би туйлын их баяртай байгаа. Монголын хууль хүчний байгууллагууд ч гэсэн хүн засагладаггүй, хууль засагладаг эрин үе ирсэн гэдгийг харуулсан шийдвэр гаргасанд мөн туйлын их баяртай байна. Монголчууд үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ гэдэг. Үнэн мөн нь, гэм буруугүй гэдэг нь зөвхөн нэг улсын биш, дөрвөн улсын хууль хүчний оролцоотойгоор нотлогдож, цагаадсан шийдвэр гарлаа” гэв. Түүнчлэн тэрбээр “Үндсэн хуулийнхаа нэг салбар тогтолцоог төгс төгөлдөр болгож төгөлдөршүүлж чадаагүй юм байна. Хууль засагладаг хэлбэр рүү оруулж чадаагүй байсан байна. Хүн засагладаг байсан юм байна. Хараат байсан байна гэдгийг өнгөрсөн хугацаанд ойлгосон. Тиймээс улс төрийн цаашдын зорилтын хүрээнд би хүний эрх дээдэлдэг, хууль засагладаг төрийн тогтолцооны төлөө ажиллана.

Дэлхий дээр ковидын дараах эдийн засгийн сэргэлт бий болоогүй. Ирэх хоёр жилд эдийн засаг маш их хэмжээгээр хүндэрнэ гэсэн прогнозыг эдийн засгийн гол байгууллагууд илэрхийлсэн. Дээрээс нь манай хойд хөршийн хувьд дайн байлдаантай, тодорхой хэмжээний эдийн засгийн хоригуудтай, дэлхийн геополитикийн хувьд маш их хэмжээний өөрчлөлт орсон ийм үед монголчууд бид нэгдүгээрт эвтэй байх ёстой. Хоёрдугаарт, сахилга хариуцлагатай байх ёстой. Нөр их хөдөлмөрлөж байж энэ хүндрэлийг давж гарна гэдгийг бүгдээрээ ойлгох ёстой.

Өнөөдөр Монголын эдийн засгийг авч яваа хэдхэн гол төслийн нэг нь Оюу толгой. Гуравдагч орны хөрөнгө оруулалт бол Монгол Улсын эдийн засагт ихээхэн хэмжээний ам.доллар оруулж ирэхээс гадна шинэ технологи, ноу хау, компанийн соёл, хамгийн гол эдийн засгийн аргаар тусгаар тогтнолыг баталгаажуулдаг зүйл болдог гэдгийг бүгд ойлгож байгаа гэж бодож байна. Монгол Улсын эдийн засагтай тэнцэх хэмжээний том хөрөнгө оруулалт орсон учраас энэ том төслийг сайлах, муулах үзэгдэл байнга байсан. Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт орсны дараа Монгол Улсын төсөвт болон улсын эдийн засагт хамгийн нөлөөтэй, хамгийн том төсөл болсныг хүн бүр хүлээн зөвшөөрч байгаа. Тиймээс энэ гэрээг хийсэн учраас надад улс төрийн дайралт ирж байсан. Энэ дайралтыг давж гарна, ойлгуулж чадна гэдэгтээ итгэлтэй байсан.

XX зууны түүхийг харвал Монголын төлөө зүтгэсэн улстөрч болгон хувь хүнийхээ хувь заяаны хувьд дандаа хэлмэгдэж байсан. Тэдгээр эрхмүүд хүн хэлмэгдэж болно, Монголын хувь заяа төөрч болохгүй гэсэн сэтгэлтэй байсан. Би энэ үзэл бодлыг агуулж яваа. Цаашид ч гэсэн үүнийгээ хэрэгжүүлж явна. Надад хэн нэгнийг буруутгах, эсвэл би хэлмэгдсэн гэж өрөвдүүлэх хүсэл, сонирхол алга. Үнэнийг олж тогтоогоод, цаашид нэгдэж нийлээд явах ёстой. Монголын хувьд үүлэн чөлөөний нар шиг боломж гарч ирж байна. Геополитикийн маш их өөрчлөлттэй энэ үед монголчууд засгаа сэргээж, сэргэн мандах боломж богино хугацаанд байна шүү. Ямар нэгэн байдлаар талцаад ирэхээрээ л монголчууд доройтдог түүхтэй. Эвлэлдэж нэгдэж байх үедээ сэргэж мандаж байсан түүхтэй” хэмээв.

Энэ үеэр сэтгүүлчид түүнээс “Та АН-ын дарга болох уу?” хэмээн асуухад “Цаашид улс төрийн үйл хэрэгт идэвхтэй оролцоно” гэв

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

О.Мөнхсайхан: Нэр дэвшигчийн сонсгол Үндсэн хууль зөрчөөгүй гэж Цэц дүгнэнэ гэж найдаж байна DNN.mn

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, хууль зүйн доктор О.Мөнхсайхантай ярилцлаа.


-УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн нэр дэвшигчийн сонсголтой холбоотой зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг Үндсэн хуулийн цэц (Цэц) ирэх баасан гаригт хэлэлцэхээр болсон. Үндсэн хуулийн эрх зүйгээр мэргэшсэн хүний хувьд та үүнийг хэрхэн дүгнэж байна вэ?

-Иргэн Ж.Баянмөнхийн гаргасан мэдээллийн дагуу Цэцийн гишүүн Г.Туулхүү 2022 оны долдугаар сарын 26-ны өдөр Үндсэн хуулийн Цэцийн гишүүн, Шүүхийн ерөнхий зөвлөл (ШЕЗ)-ийн шүүгч бус гишүүн, Шүүхийн сахилгын хороо (ШСХ)-ны шүүгч бус гишүүн, Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг нийтийн сонголд оруулахтай холбоотой хуулийн зохицуулалт Үндсэн хууль зөрчсөн эсэх маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэсэн байна лээ. Энэ маргааныг Цэц 2022 оны арваннэгдүгээр сарын 4-ний өдөр дунд суудлын хуралдаанаараа хэлэлцэхээ зарлажээ.

Цэцийн гишүүн Л.Туулхүү үүн дээр маргаан үүсгэж байгаад ихээхэн харамсаж байна. Гэхдээ холбогдох заалтууд Үндсэн хууль зөрчөөгүй гэж Цэц дүгнэнэ гэж найдаж байна. Учир нь, нэр дэвшигчийн сонсгол нь Үндсэн хуулийн 3.1-д “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” гэж заасны дагуу бий болсон зохицуулалт юм. Энэ журмаар нэр дэвшигч тухайн албан тушаалд тавих шаардлагыг хэр хангасан талаар иргэд болон парламентын гишүүд сонсголд шууд оролцож нэр дэвшигчээс асуух, саналаа хэлэх, ил тод хэлэлцэх форумыг бий болгосон. Нэр дэвшигчийн сонсгол нь олон талын тэнцвэртэй оролцоо, баримт, судалгаанд үндэслэн нэр дэвшигч тухайн албан тушаалд тавих шаардлагыг хангасан эсэх, зохих мэдлэг, чадвар, туршлага, мэргэшил, ёс зүйтэй эсэхийг хангалттай хугацаанд олон нийтэд танилцуулах, нээлттэй, ил тодоор хэлэлцэх, нэр дэвшигчийн болон тухайн байгууллагын хүлээн зөвшөөрөгдөх байдлыг хангах зорилгод үйлчилдэг. Ийм сонсгол нь АНУ, Их Британи, Өмнөд Солонгос зэрэг улсад байдаг шилдэг туршлага бөгөөд УИХ-ын эрх хэмжээний хүрээнд шийдэгдсэн асуудал юм.

-Мэдээлэл гаргагч ямар үндэслэл дэвшүүлсэн бэ?

-Мэдээлэлд Ж.Батмөнх гэж хүн олон зүйлийг холиод биччихсэн байгаа юм. Жишээлбэл, парламентын олонх, цөөнх, мэргэжлийн болон судалгааны байгууллагуудын төлөөлөл бүхий ажлын хэсэг нь сонгон шалгаруулалт явуулж ШЕЗ-ийн болон ШСХ-ны шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийг УИХ-д санал болгодог. Харин, ШЕЗ-ийн болон ШСХ-ны шүүгч гишүүд УИХ-ын сонсголд ерөөсөө ордоггүй. Энэ хоёр байгууллагын шүүгч гишүүдийг Монгол Улсын нийт шүүгчийн чуулганаар шууд сонгодог бөгөөд эдгээр гишүүнд нэр дэвшигч ямар нэг байдлаар УИХ руу ордоггүй. Гэтэл мэдээлэл гаргагч нь ШЕЗ-ийн болон ШСХ-ны бүх гишүүн УИХ дээр сонсголд оролцдог мэтээр алдаатай биччихсэн байна лээ. Мөн, нэр дэвшигчийн сонсгол нь ШЕЗ-ийн болон ШСХ-ны бүрэн эрхэд халдаж байна гэж бичжээ. Сонсгол нь эдгээр байгууллага бүрэн эрхэд халдаагүй. Сонгон шалгаруулалтаар гарч ирсэн нэр дэвшигч нь ШЕЗ-ийн эсхүл ШСХ-ны гишүүнд хуулиар тавьсан шаардлагыг хангасан эсэхийг олон нийт, парламентын олонх, цөөнхийн гишүүдийн оролцоотойгоор ил тодоор шууд дамжуулж хэлэлцэх процесс юм. Сонсголоор томилох эсэх шийдвэр ерөөсөө гаргадаггүй, харин УИХ-ын хуралдаанаар ийм шийдвэрийг гаргадаг. ШЕЗ-ийн болон ШСХ-ны шүүгч бус гишүүдийг ямар журмаар томилохыг хуулиар тогтоох бүрэн эрхийг Үндсэн хуулийн 49 дүгээр зүйлээр УИХ-д өгсөн байдаг тул одоогийн хуулийн зохицуулалтыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзэх боломжгүй. Үндсэн хуулиар УИХ-д олгосон эрх хэмжээний хүрээнд нэр дэвшигчийн сонсгол хуульчлагдсан.

Цэцийн гишүүнд нэр дэвшигчийн талаар Ерөнхийлөгч, Дээд шүүхээс санал оруулж, нэр дэвшигчийг сонсголд оруулж байгаа нь Ерөнхийлөгч, Дээд шүүхийн нэр дэвшүүлэх бүрэн эрхэд халдаж, Цэцийн гишүүний хараат бус байдалд нөлөөлж байна гэсэн зүйлийг иргэний мэдээлэлд бичсэн байна. Гэтэл, Ерөнхийлөгчөөс болон Дээд шүүх Цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх бүрэн эрх нь одоо ч хэвээр байгаа. Эдгээр хоёр субьектээс нэр дэвшүүлсэн хүн шаардлага хангасан эсэхийг хэлэлцээд томилох бүрэн эрх нь УИХ-д өмнө ч байсан, одоо ч байгаа. Нэр дэвшигчийн сонсгол гэдэг нь Ерөнхийлөгчээс болон Дээд шүүхээс санал болгосон нэр дэвшигч Үндсэн хуульд заасан хууль зүй, улс төрийн өндөр мэргэшилтэй байх шаардлагыг хангаж буй эсэхийг хангалттай хугацаагаар олон нийтийн оролцоо, мэдээлэлтэйгээр УИХ хэлэлцэх л процесс юм. Сонсгол бол томилохын өмнө тэр хүн шаардлага хангасан эсэхийг нь л мэдэхийн хэлэлцүүлэг. Санал болгосон нэр дэвшигч Цэцэд томилогдсоны дараа УИХ болоод аливаа этгээд Цэцийн гишүүний хараат бус байдалд нөлөөлөхийг Үндсэн хуулиар хориглосон. Иймээс сонсгол нь Ерөнхийлөгчийн болон Дээд шүүхийн нэр дэвшигчийг санал болгох бүрэн эрхэд халдаагүй зүйл.

Өмнө нь ч, одоо ч Дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг дэмжих эсэхээр УИХ-д ямар ч санал хураахгүй. Харин томилогдох процесс өмнө нь богино хугацаанд, мэдээлэлгүй явдаг байсан бол ШЕЗ-ийн сонгон шалгаруулалтаар хамгийн өндөр оноо авсан нэр дэвшигч нь хяналтын шатны шүүхийн шүүгчээр ажиллах өндөр түвшний мэдлэг, чадвар, туршлага, ёс зүйтэй эсэхийг нь мэдээлэлтэйгээр ил тод хэлэлцэж танилцах процесс.

-Цэц, ШЕЗ, ШСХ, Дээд шүүхэд нэр дэвшигчийн томилгоонд урьд нь ямар гажиг гардаг байсан юм бэ. Яагаад нэр дэвшигчийн сонсголыг хуульчилсан талаар мэдээлэл өгөхгүй юү?

-Цэцийн гишүүн, ШЕЗ-ийн болон ШСХ-ны шүүгч бус гишүүн, Дээд шүүхэд нэр дэвшигчийн томилгоо маш богино хугацаанд, хаалттай, тал талын мэдээлэл, оролцоогүй явж ирсэн. Үүнээс болж мэргэжлийн шаардлага хангаагүй эсвэл хараат бусаар, шударгаар ажиллах ёс зүйн шаардлага хангаагүй хүмүүс заримдаа томилогдох шалтгаан болж байсан. Тухайлбал, өнгөрсөн 30 жилийн хугацаанд Цэцэд нийт 38 хүн томилогдсон байдаг бөгөөд үүнд манай улсын тэргүүлэх мундаг хуульчид, хууль зүйн эрдэмтэд олноор томилогдож байсан. Гэвч, эдгээр 38 хүний тав нь эрх зүйч мэргэжил эзэмшээгүй хүн байсан. Мөн, эрх зүйч мэргэжлээр сурсан ч тухайн чиглэлээр сүүлийн 10, 20 жил нь ажиллаагүй зарим хүн Цэц рүү заримдаа томилогдож байв. Ийм хүмүүсийг Цэцэд томилж байсан нь Цэц Үндсэн хуулийг чандлан сахих баталгаа байх үүргээ бүрэн гүйцэтгэж чадахгүйн шалтгааны нэг болсон. Хамгийн сүүлийн жишээ гэвэл 2018 оны тавдугаар сарын 18-нд тухайн үеийн Ерөнхийлөгч гурван хүнийг Цэцэд нэр дэвшүүлсэн байдаг. Энэ мэдээлэл ил болохгүй байж байгаад тавдугаар сарын 21-нд ийм хүмүүс нэр дэвшсэн байна гэдгийг олон нийт мэдсэн. Дараа нь, Байнгын хорооны хуралдаанаар орж мөн оны тавдугаар сарын 24-ний өдөр тэдгээр гурван хүнийг УИХ-аас нэр дэвшүүлсэн нэг хүний хамтаар томилж байсан. Өөрөөр хэлбэл, гурав хүрэхгүй өдрийн дотор томилчихсон. Тухайн үед Ерөнхийлөгчийн нэр дэвшүүлсэн гурван хүний намтрыг нь хайгаад ч олоогүй, Цэцийн гишүүнд тавих шаардлага хангасан эсэх мэдээлэл нь байхгүй, их богино хугаацаанд томилж байсан. Ерөнхийлөгчийн нэр дэвшүүлсэн гурван хүн гурвуулаа хууль зүйн өндөр мэргэшилтэй байх хангаагүй гэж маш олон судлаач, хуульчид байр сууриа илэрхийлж байсан нь үндэслэлтэй байсан. Жишээлбэл, эдгээр хүмүүс нь эрх зүйч мэргэжлийн ажлын хангалттай туршлагагүй, мөн нэгийнх нь хувьд ёс зүйн өндөр шаардлага хангасан эсэх тун эргэлзээтэй байсан. Нөгөө талаас УИХ-ын гишүүдэд мэдээлэлтэй шийдвэр гаргах боломж олгоогүй. Иймэрхүү томилгоонууд хийгдэж болоод байсан гол шалтгаан нь ерөөсөө ил тод биш, маш богино хугацаанд иргэдийн оролцоогүй, парламентын олонх цөөнхийн төлөөлөл ил тодоор хэлэх боломж олгодоггүй томилгоонууд хийгдэж байсан.

Мэдээлэлд дурдагдсан бусад байгууллагад нэр дэвшигчийн хувьд ч адил. ШЕЗ-ийн болон ШСХ (тухайн үед Шүүхийн ёс зүйн хороо)-ны гишүүд, Улсын дээд шүүхийн шүүгчдийг томилохын өмнө олон нийтийн өмнө ил тодоор хэлдэггүй байсан. Эдгээр байгууллагад олон мундаг хуульч, эрх зүйч томилогдож байсан ч заримдаа хууль зүйн мэдлэг, чадвар, туршлагын хувьд шаардлага хангаагүй, эсвэл ёс зүйн хувьд маш ноцтой асуудалтай хүмүүсийг томилсон тохиолдол гарч байсан. Жишээлбэл, шүүгчийн шалгалт авдаг байсан Шүүхийн мэргэшлийн хорооны нэгэн гишүүн Дээд шүүхийн орон тоо зарлагдангуут өөрөө нэр дэвшиж шалгалт өгч томилогдсон нь шүүгчийн сонгон шалгаруулалтад итгэх итгэлийг унагасан. Дүгнэж хэлбэл, Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг шийдвэрлэх, шүүгчийг хуульчдаас шилж олох, шүүгчид сахилгын шийтгэл оногдуулах, хэрэг, маргааныг хяналтын журмаар шийдвэрлэх эрх бүхий эдгээр байгууллагад шаардлага хангаагүй томилгооны асуудал заримдаа гарч байсан. Энэ бүхнийг өөрчлөх том шинэчлэл нь хоёр гурван жил боловсруулагдаж хийгдсэн. Өөрөөр хэлбэл, 2019 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу УИХ-ын Хяналт шалгалтын тухай хуулийг 2021 оны арванхоёрдугаар сарын 24-ний өдөр УИХ баталсан. Энэ хуулиар саяны дурдсан дутагдалтай талуудыг шийдвэрлэхийг зорьж нэр дэвшигчийн сонсголыг бий болгосон.

-Тэгэхээр буцаад улс төрийн нөлөөтэй хүн томилох гэсэн санаагаар энэ мэдээллийг гаргажээ гэж дүгнэж болох уу. Та үүний ард хэн байгаа гэж хардаж байна?

-Энэ мэдээллийг өгсөн иргэн хэн бэ гэдгийг мэдэгдэхгүй. Үндсэн хуулийн маргаан биш, хууль зүйн бодлогын асуудлаар маргаан үүсгэсэн явдалд иргэний хувьд ч, судлаачийн хувьд ч харамсаж байна. Нэр дэвшигчийн сонсголтой холбоотой үндэслэл бүхий болгоомжлол зарим хүнд байхыг үгүйсгэхгүй. Тэр хүмүүс энд яригдсан үндэслэлүүдийг тунгааж үзэх болов уу гэж найдаж байна.

-УИХ-ын Хяналт шалгалтын тухай хуулиар нэр дэвшигчийн сонсголтой холбоотой яг ямар өөрчлөлт орсон юм бэ?

-Өмнөх шиг гурван өдрийн дотор бараг хэлэлцүүлэг өрнүүлэхгүйгээр томилдог байдлаас татгалзсан. Нэр дэвшигч сонсголд ороод томилогдоход доод тал нь 30 хоногийн буюу хангалттай хугацаанд хэлэлцэнэ. Тодруулбал, Дээд шүүхэд нэр дэвшигчийг ШЕЗ сонгон шалгаруулж, УИХ-д танилцуулдаг бөгөөд үүний дараа Ерөнхийлөгч томилдог. Цэцийн есөн гишүүний гурвыг Ерөнхийлөгч, гурвыг Дээд шүүх, гурвыг УИХ санал болгож, улмаар УИХ томилдог. Тал талын тэнцвэртэй төлөөлөл бүхий ажлын хэсэг нь ШЕЗ-ийн болон ШСХ-ны шүүгч бус гишүүдийг сонгон шалгаруулж санал болгодог. Эдгээр байгууллагад нэр дэвшигчдийг УИХ-д санал болгоход тэдгээр нь тодорхой маягтын дагуу тухайн албан тушаалд тавигдах мэдлэг, чадвар, ёс зүй, туршлагын шаардлагыг хэр сайн хангасан гэдэг дэлгэрэнгүй мэдээллийг авч, УИХ-ын цахим хуудаст болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр хувь хүний нууцад хамаарахаас бусад мэдээллийг нь нийтэлдэг. Ингэсний дараа холбогдох байнгын хороо нэр дэвшигчийн сонсголыг товлон зарлаж тогтмол давтамжтай нийтэд мэдээлдэг. Ингэж мэдээллийг нь байршуулснаас хойш 14-өөс доошгүй хоногийн хугацаанд тухайн нэр дэвшигчтэй холбоотой асуулт, саналыг цахим болон шуудангаар олон нийтээс хүлээж авдаг. Түүнчлэн, сонсголд оролцох, ажиглах иргэн, хуулийн этгээд нь сонсгол явагдахаас ажлын хоёроос доошгүй хоногийн өмнө хүсэлтээ илгээж бүртгүүлнэ. Мөн, мэргэжлийн холбоо, тухайн чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагууд, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчид бүртгүүлж оролцох боломж бүрдсэн. Иргэдээс асуулт, санал хүлээж авах 14 хоногийн хугацаа дууссанаас хойш 30 хоногийн дотор нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулахаар хуульчилсан. УИХ-ын холбогдох байнгын хороо хараат бус шинжээчийг томилж, олон нийтээс ирсэн санал, асуултыг судлах, ярилцлага хийх зэргээр мэдээлэл цуглуулах, тухайн нэр дэвшигчийн ур чадвар, ёс зүй, туршлагын талаар дүгнэлт гаргах ажлыг энэ хугацаанд хийлгэж болно.

Өмнө нь сонсгол хийдэггүй байхад Байнгын хороо нь нэр дэвшигчийг нэр төдий хэлэлцсэн болоод өнгөрдөг байсан бол одоогийн УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулиар дээр танилцуулсны дагуу хангалттай бэлтгэсний үндсэн дээр сонсгол хийж, тухайн нэр дэвшигчийг хангалттай хугацаанд хэлэлцэх боломжийг олгох, тал талын төлөөлөл, оролцоог хангаж явагдахаар хуулиар зохицуулагдсан. Эхлээд сонсгол даргалагч нь тухайн хэлэлцэж байгаа асуудал, нэр дэвшигчийн танилцуулгыг хийнэ. Дараа нь, нэр дэвшигч нь тухайн албан тушаалд томилогдсон тохиолдолд юу хийх, яагаад нэр дэвшиж байгаа, ямар боловсрол, ажлын туршлагатай, тухайн албан тушаалд тавигдах шаардлагыг хэрхэн хангаж байгаа талаараа арван минутад багтаан танилцуулна. Тэгээд хараат бус шинжээч томилсон бол түүний дүгнэлтийг, сонгон шалгаруулах ажлын хэсэг ажилласан бол түүний тайланг сонсоно. Улмаар, иргэн, мэргэжлийн холбоо, төрийн бус байгууллага, сэтгүүлч зэрэг сонсголын оролцогч нь тус бүр дөрвөн минутад нэр дэвшигчээс асуулт асуух боломжийг олгоно. Үүний дараа бичгээр ирсэн асуулт, саналыг танилцуулна. Байнгын хорооны гишүүд олонх, цөөнхийн тэнцвэртэй оролцоотойгоор ээлжилж асууна. Энэ бүх асуулт, саналын талаар тухайн нэр дэвшигч өөрөө хариулж тайлбар өгнө. Асуулт, хариултын дараа сонсголд оролцогч иргэн, байгууллагын төлөөлөл, байнгын хорооны гишүүн нь нэр дэвшигчтэй холбоотой, тухайн шаардлагыг хангасан эсхүл хангаагүй талаарх үгээ таван муниутад багтааж хэлнэ. Сонсголын энэ бүх ажиллагаа нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон нийгмийн сүлжээгээр шууд дамжуулагдана. Сонсгол дууссаны дараа тайлан гаргана. Тайланг байнгын хорооны болон УИХ-ын нэгдсэн хуралдаанд танилцуулна.

Сонсгол гэдэг бол шийдвэр гаргах хуралдаан биш. УИХ-ын танилцах сонсголын дараа Дээд шүүхэд нэр дэвшигчийг Ерөнхийлөгч томилно. ШЕЗ-ийн болон ШСХ-ны шүүгч бус гишүүнд болон Цэцийн гишүүнд нэр дэвшигчийг томилох эсэхийг байнгын хорооны санал, дүгнэлтийг хэлэлцэж УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар шийдвэрлэдэг. Энэ зохицуулалт өмнөхтэй адил хэвээрээ, харин сонсгол бол эрх бүхий этгээд мэдээлэлтэй шийдвэр гаргах боломж л олгож байгаа.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Лакшми: Эрдэнэс Таван толгой ХК-д гэнэт онцгой дэглэм тогтоож байгаад гайхаж байна DNN.mn

Эдийн засагч Б.Лакшмитай ярилцлаа.


Эрдэнэс Таван толгойд онцгой дэглэм тогтоосон шалтгааныг юу гэж харж байна. Үнэхээр хүндрэлтэй байдал үүсч Эрдэнэс Таван толгой ХК улсад төвлөрүүлэх төсвөө өгч чадахгүй хэмжээнд хүрчихэв үү?

-Гэнэт онцгой дэглэм тогтоож байгааг гайхаж байна. Эрдэнэс Таван толгой ХК-тай холбоотой асуудал, судалгаа, шинжилгээнүүдийг харсан. Төрийн өмчит олон компани байгаа шүү дээ. Тэдгээр компаниудыг харьцуулж үзэхэд 2021 оны үзүүлэлтээр Эрдэнэт уулын баяжуулах үйлдвэр, Эрдэнэс Таван толгой, Оюу толгой гурав хамгийн том татвар төлөгчийн тоонд орсон байна. Татвар төлсөн үзүүлэлтээс гадна компаниудын 2021 оны ашигт ажиллагааг харьцуулж үзсэн. Төрийн өмчит компаниуд хасах дүнтэй, алдагдалтай ажилласан гэсэн дүнтэй байхад Эрдэнэс Таван толгой ашигтай ажилласан байна лээ. Тиймээс гэнэт онцгой дэглэм тогтоож байгааг харахад гайхаж байна. Хэрвээ компанид санхүүгийн асуудал үүссэн гэж үзэж байгаа бол ашиггүй ажилласан компаниудад эхлээд хариуцлага тооцох нь зүйн хэрэг гэж бодож байна.

-Ашигтай ажилласан гэлээ. Гэтэл Эрдэнэс Таван толгой ХК 2022 оны сүүл гэхэд 500 сая ам.долларыг улсын төсөвт татан төвлөрүүлэх боломжгүй болсон талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлсэн шүү дээ. Тэгэхээр энэ улс төрийн тохироо байв уу?

-2021 онд ашигтай ажилласан байгаа юм.

Энэ онд ч гэсэн ашигтай ажиллах ажлуудаа зохион байгуулаад явж байгаа болов уу гэж би хувьдаа бодож байна. Тэгэхээр нэг талаас улс төрийн зорилго ороод ирэв үү гэдэгт тантай санал нийлж байна. Өнөөгийн нөхцөл байдлыг харахад нэг талаас Эрдэнэс Таван толгой хязгаарлагдмал хувьцаат компани нүүрс экспортлох үүрэгтэй. Хоёрдугаарт, нүүрс хаашаа экспортолж байна гээд үзэхээр мэдээж хамгийн том худалдан авагч, экспортын гол түнш болох БНХАУ руу. Хятадын Коммунист намынх нь том хурал, мөн “Тэг ковид” бодлоготой холбоотойгоор тодорхой хэмжээнд хил хаалттай байсан. Үүнтэй холбоотойгоор экспорт хязгаарлагдмал нөхцөл байдалд байсан. Төлөвлөсөн хэмжээндээ хангалттай экспортолж чадахгүй байсан гэдэг дүр төрх нь харагдаж байгаа юм. Хоёрдугаарт, он дуусах арай болоогүй байна. Тэгэхээр мэдээж төвлөрүүлэх ёстой байсан валютыг он дуустал харах нь зүйтэй байсан болов уу гэж би харж байна.

-Онцгой дэглэм тогтоосноор компанид эдийн засгийн үр дүн талаас ямар өөрчлөлт гарах бол?

-Төрийн өмчит компаниудад төсвөөс гадуурх үүрэг хариуцлага нь өндөр байдаг. Жишээлбэл, төмөр замын төлбөрийг нүүрсээр гэрээ хийх, хэд хэдэн оффтэйк гэрээтэй холбоотой асуудлууд гарч байгаа шүү дээ. Мөн хоёр төмөр замын бүтээн байгуулалтын ажилд үүрэг хүлээж оруулж ирсэн. Мөн боловсруулах үйлдвэр асуудал ч байх шиг байсан. Эдгээр зүйлстэй холбоод үзэхээр төсвөөс гадуурх үүрэг хариуцлагууд, болоод давхар Засгийн газрын нөлөө их байгаад байдаг. Дээрээс нь оффтэйк гэрээтэй холбоотойгоор зах зээлийн үнээс тодорхой хэмжээнд хямдаар худалдах гэдэг ч юм уу давхар “дарамтууд бий”. Бүтээгдэхүүнээ зах зээлийн үнээс хямдаар худалдах тодорхой чиг үүрэг өгчихдөг. Үүнтэй холбоотой эдийн засгийн хувьд үр ашигтай ажиллах, тодорхой асуудлуудад шийдвэр гаргах эрх мэдлийг нь хязгаарладаг асуудал байна.

-Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч Д.Ганбат оффтейк гэрээг ил болгоно хэмээсэн. Ил болгосноор яах юм бэ?

-Нэг талаасаа төрийн өмчит компаниудын Төлөөлөн удирдах зөвлөлийг чөлөөтэй сонгодоггүй. Төр өөрсдийн хүмүүсээ томилдог. Өөрөөр хэлбэл, мэргэжлийн хүмүүс томилогддоггүй улс төрийн нөлөөтэй хүмүүс очдог. Тэртэй тэргүй төрийн оролцоо төрийн өмчит компаниудад байдаг л байсан. Онцгой дэглэм тогтоож байна гэдгээр дотоод үйл ажиллагаанд нь нөлөөлөх, төрийн шахалт, дарамт орж байна гэж нэг талаасаа харагдаж байна л даа. Хоёрдугаарт, улс төрийн тодорхой фракц бүлэглэл үүнийг бие биенийгээ дийлэх арга хэрэгсэл болгох гээд байна уу гэж харагдаад байна. Өөрөөр хэлбэл, оффтэйк гэрээ, бусад үүссэн асуудлуудыг ил болгохдоо нийгэмд тодорхой хэмжээний эсэргүүцлийг үүсгэх зорилгоор буруу пиар явуулж үйл ажиллагаагаа зөв явуулаагүй байна ч гэдэг юм уу олон нийтэд тархи угаах зорилгоор ашиглах гээд байна уу гэж харж байна.

-Тэгэхээр тодруулбал үүнийг нүүрсчдийн хоорон дахь зодоон гэж дүгнэж болох уу?

-Нүүрсний зах зээлтэй холбоотойгоор улс төрийн зорилгоор ашиглаж фракц хоорондын мөргөлдөөн сөргөлдөөн явж байна гэж харж болохоор болчихоод байгаа юм. Учир нь ашигтай ажиллаж байгаа Эрдэнэт Таван толгой компанийг зөвхөн онцолж гаргаж ирж байгаа нь ийн дүгнэхэд хүргэж байна. Алдагдалтай ажиллаж байгаа өчнөөн олон компаниудад асуудал яригдахгүй байна. Эрдэнэс Таван толгойд хяналтаа тогтоож, өөрийн хүмүүсээ томилж, үйл ажиллагааг нь өөрсдөдөө ашигтай байдлаар эргүүлэх асуудал гарч ирэх байх гэж харж байна.

-Б.Ганхуяг захирлыг албан тушаалаас нь буулгачихлаа. Удирдлагыг нь солих шийдвэр зөв зүйтэй арга хэмжээ гэж та хэрхэн харж байна. Уг нь ажлаа мэддэг хүн нь шинэ томилогдсон хүнтэйгээ хамтарч ажилласан дээр биш үү?

-Нүүрсний экспорт Монгол Улсын төсвийн орлогын томоохон хэсгийг нь бүрдүүлдэг. Ялангуяа 2023 оны төсвийг үзэхэд 36.5 сая тонн нүүрс экспортолно гэж оруулж ирсэн. Үүнтэй холбож харахад экспортыг нэлээн өөдрөгөөр төлөвлөсөн байна.

Ер нь аливаа компанийн удирдлагыг байнга солиод байхаар үйл ажиллагаа нь жигдрэхгүй. Шинээр томилогдсон нэг удирдлага нь очоод үйл ажиллагаагаа жигдрүүлээд явж байхад дахиад шинэ хүн очиж шинээр эхлүүлэх болчихоор ямар хэрэг байх вэ дээ. Ганц захирлаар зогсохгүй , зарим даргыг ч сольж таарах байх. Ингээд ихэнхдээ хүний нөөцөд нөлөөлөхүйц өөрчлөлтүүд орчихдог л доо. Үйл ажиллагаа нь жигдрэх гэж тодорхой хугацаа орно.

Эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа энэ үед улс төрийн зорилготой ийм өөрчлөлтүүд дахин дахин хийгээд байх нь хэр зохимжтой вэ гэдэг асуудал байна. Өөрсдийнхөө хүмүүсийг зохион байгуулалттайгаар эрх ашигтай өндөр албан тушаалд томилдог томоохон бүлэглэлүүд байгаа шүү дээ. Тийм ч учраас уул уурхайн салбар болон хил гаальд ажилладаг олон хүмүүс хоорондоо холбосон асуудал байгаа байх.

-Онцгой дэглэм тогтоож байгаа гол шалтгаан нь валютын нөөцийг нэмэгдүүлэх гэж тайлбарласан. Валютын нөөц бүрдүүлэхэд ач холбогдолтой арга хэмжээ юу байдаг вэ?

-Нүүрсний үнэ өндөр байгаа учраас бид сүүлийн үед төсвийн орлогынхоо дийлэнх хувийг нүүрсний экспортоос бүрдүүлнэ гэж оруулж ирж байгаа.

Ер нь валютын нөөц бүрдүүлэхэд хамгийн гол нөлөө үзүүлдэг хоёр зүйл бол экспорт болон гадаадын хөрөнгө оруулалт. Гадаад хөрөнгө оруулалт чиглэлд манай улс одоогийн байдлаар ямар нэгэн арга хэмжээ аваагүй байна. Гадаад хөрөнгө оруулалтын газар нь ч байгуулагдаагүй байна. Гадаадын хөрөнгө оруулалттай холбоотой дахиад шинэ хууль батална гээд явж байна.

Валютын нөөц бүрдүүлэхэд хамгийн гол ажил нь эхлээд гадаадын хөрөнгө оруулалтын газрыг байгуулах, үйл ажиллагааг нь хурдан хугацаанд жигдрүүлж эдийн засгийн эргэлтэд оруулах болчихоод байна шүү дээ. Өнөөдөр гадаадын хөрөнгө оруулалтын газраа ч байгуулаагүй, шинэ хуулиа ч УИХ-аар хэлэлцүүлээгүй, батлагдаагүй байгаа энэ үед энэ нь хэрэгжиж эхэлтэл ихээхэн хугацаа алдах гээд байна. Тиймээс гадаадын хөрөнгө оруулалтын асуудал их чухал байна.

Харин экспортын тухайд, зөвхөн Эрдэнэс Таван толгой бус өөр олон төрийн өмчит компаниуд бий. Багануур, Шивээ-Овоо, Баянтээг, Могойн гол зэрэг олон нүүрсний компаниуд байна. Тиймээс эдгээр компаниудтай холбоотой асуудлуудыг ч ярих байх. Ганцхан Эрдэнэс Таван толгойд ингэж өөрчилснөөр томоохон нөлөө үзүүлэх нь бага.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Монголын Засгийн газрын мөнгөний том эх үүсвэр Эрдэнэс Таван толгой ХК засаглалын хямралд орсон уу DNN.mn

Эрдэнэс Таван толгой ХК-д зургаан сарын хугацаанд онцгой дэглэм тогтоох шийдвэрийг өчигдөр Засгийн газрын хуралдаанаар гарлаа. Энэ талаарх мэдээллийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан танилцуулав. Тэрбээр “Засгийн газрын аравдугаар сарын 5-ны өдрийн хуралдаанаас гарсан 362 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор Эрдэнэс Таван толгой ХК-д онцгой дэглэм тогтоох шийдвэр гаргалаа. Монгол Улсын хувьд төлбөрийн тэнцлийн алдагдал өндөр байгаатай холбоотойгоор валютын нөөцийг нэмэгдүүлэх онцгой арга хэмжээ авах үүрэг чиглэл уг тогтоолын хүрээнд өгөгдсөн. Тус тогтоолоор Эрдэнэс Таван Толгой хувьцаат компани энэ оны эцэст 500 сая ам.долларыг улсын төсөвт татан төвлөрүүлэх, үүрэг чиглэл өгөгдсөн байдаг. Харин Эрдэнэт уулын баяжуулах үйлдвэрт 300 сая ам.доллар төвлөрүүлэх үүрэг чиглэл өгөгдсөн байдаг. Мөн уул уурхайн бусад компаниуд борлуулалт хийсэн уул уухайн бүтээгдэхүүнийхээ мөнгийг татан төвлөрүүлж оруулж ирэх үүргийг өгсөн байдаг. Үүнтэй холбоотойгоор Эрдэнэс Таван толгой ХК дээр Засгийн газрын тогтоол гарсан” хэмээн тогтоолыг уншиж танилцуулсан юм. Тогтоолд, Эрдэнэс Тавантолгой ХК-д тогтоосон онцгой дэглэмийн хугацаанд Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай хууль, энэ тогтоолд заасан арга хэмжээг авч хэрэгжүүлэн, компанийн үндсэн үйл ажиллагаа, удирдлага, зохион байгуулалт, төлбөр тооцоог сайжруулж, орлогыг нэмэгдүүлэх асуудлыг шууд хариуцан гүйцэтгэж, компанийг бүрэн төлөөлөх эрх бүхий Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбатыг томилов. “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын хэрэгжилт, тус компанид тогтоосон онцгой дэглэмийн үр дүн, явцын байдлыг сар бүр Засгийн газарт танилцуулж, тодорхой чиглэл авч ажиллахыг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгаланд даалгасан юм.

Нийтийн анхаарлыг татсан энэхүү Засгийн газрын өчигдрийн хуралдааны үеэр Засгийн газрын танхим хоёр хуваагдсан байна. Тодруулбал, Эрдэнэс Таван толгой ХК-ийн захирал Б.Ганхуягийг буулгана, буулгахгүй, Эрдэнэс Таван толгой компанид онц байдал тогтооно, тогтоохгүй гэдэгт танхим хоёр хуваагджээ. Түүнчлэн Засгийн газрын хуралд Цагдаагийн Ерөнхий газрын холбогдох албан тушаалтнууд оролцож, мэдээлэл өгсөн гэнэ. Энэ бол Эрдэнэс Таван толгой ХК онц байдал үүсч компанид засаглалын хямрал үүссэний илрэл болж таарлаа гэж зарим эх сурвалж ярьж байна. Тиймээс Б.Ганхуягийг албан тушаалаас нь авч хаях нь тодорхой. Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр томилогдсон Ж.Ганбат Засгийн газрын хуралдаанаас гарч ирснийхээ дараа ордны хоёр давхрын баруун жигүүр дэх Сангийн сайдын өрөөнд багагүй хугацаанд уулзалт хийсэн. Энэ үеэр Эрдэнэс Таван толгой компанид эхлээд ямар асуудал шийдэх талаар ярилцсан болов уу. Нөхцөл байдал цаашид яаж үргэлжлэх талаар янз бүрийн мэдээлэл байх. Б.Ганхуягийг Эрдэнэс Таван толгой компанид лоббидож томилсон хүнийг саяхан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар томилогдсон Т.Аюурсайханыг гэж ярьдаг. Эрдэнэс Таван толгой нөхцөл байдал нь гэнэт бий болсон үйл явц биш байх. Өнөөдөр Засгийн газрын хурлаар шийдвэрлэж байгаа нь Эрдэнэс Таван толгой компанийн захирал Б.Ганхуягийн улаан хамгаалагч болох Т.Аюурсайханыг Засгийн газрын гишүүнээр томилсны дараа түүнд “Б.Ганхуягийг чинь явуулахад гомдолгүй биз дээ гэсэн томчуудын тохироо үргэлжилж байна” гэж эх сурвалж мэдээллээ. Магадгүй Т.Аюурсайхан сайд болохын тулд Б.Ганхуягийг зольж байгаа улс төрийн найруулга байх. Ойрын хугацаанд Эрдэнэс Таван толгой компанид үүссэн энэ нөхцөл байдлыг анх нийгэмд мэдээлж шүгэл үлээсэн хүн бол Эдийн засаг, хөгжлийн сайд болоод удаагүй байгаа Ч.Хүрэлбаатар. Ч.Хүрэлбаатарын маш ойрын хүн бол Эрдэнэс таван толгойд Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр өчигдөрхөн томилогдсон Сангийн яамны ТНБ-ын дарга Ж.Ганбат. Ингэснээр нүүрсчдийн дайнд Ч.Хүрэлбаатар санаачилгыг гартаа авч, нэг талаар ялалт байгуулж эхэлж байгаа үйл явц болж эхэлж байна. Бүр цаашлаад харвал нөгөө талд Ерөнхийлөгч асан Женкогийн хүмүүс бий. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар гадаадын хөрөнгө оруулагчдыг тонон дээрэмдэж байсан ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга асан, Тагнуулын ерөнхий газрын дарга асан, Улсын Ерөнхий прокурор асан нөхдүүдийг маргааш (2022.10.28) албан ёсоор зарлана гэдгээ мэдэгдсэн. Эдгээр хүмүүс бүгд Женко талынхан гэж нийгэмд яригдаж байгаа. Ингээд логикоор нь харахаар ойрын хугацаанд улс төр, бизнесийн салбарт бүлэглэл хоорондын сөргөлдөөн хүчээ авах нь. Эхлэл нь энэхүү Эрдэнэс Таван толгой компанид онц дэглэм тогтоосноор хурцадмал байдалд өрнөх шинжтэй боллоо. Юу болохыг харцгааж л байя даа.


Ж.Ганбат: Оптик гэрээг ил болгоно


Сангийн яамны ТНБ-ийн дарга Э.Ганбатыг Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр томилогдсоны дараахан нь түүнээс дараах тодруулгыг авснаа хүргэе.


-Засгийн газрын хуралдаанаар Эрдэнэс Таван толгой компанид онцгой дэглэм тогтоолоо. Яг ямар асуудал үүсчихэв ээ. Үүссэн асуудлыг шийдвэрлэх чиглэлд та нэн тэргүүнд ямар ажил хэрэгжүүлэх гэж байна?

-Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлнэ. Би яг одоо Эрдэнэс Таван толгой ХК руу очих гэж байна. Эхний ээлжинд нөхцөл байдал, үйл ажиллагаатай танилцчихаад хэвлэлийнхэнд мэдээлэл өгнө. Мэдээллүүдийг нэгтгэх хэрэгтэй байна. Засгийн газраас гарсан саяны шийдвэр бол төлбөрийн тэнцлийн алдагдал өндөр байгаа өнөөгийн нөхцөлд нэн яаралтай валютын нөөц нэмэгдүүлэх, ил тод нээлттэй болгох чиглэлд ажиллахыг даалгаж байгаа юм. Нэгэнт Засгийн газрын тогтоол гарчихлаа. Тиймээс Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх үүднээс Эрдэнэс Таван толгой компанид очихоор гарч яваа маань энэ.

-Эрдэнэс Таван толгойн одоогийн үйл ажиллагаатай холбоотой та ямар мэдээлэлтэй байна вэ?

-Тэнд бүх юмнууд нь явж л байгаа л даа. Гэхдээ яг нарийн доторх асуудлыг нь сайн мэдэхгүй байна.

-Гэхдээ Сангийн яаманд санхүүгийн талаарх мэдээлэл нь очиж л байгаа шүү дээ?

-Улсын төсөвт төлөх татвараа бүрэн төлж байгаа эсэх мэдээлэл Сангийн яам дээр байгаа.

-Нүүрсний оптик гэрээ яригдаад байгаа шүү дээ…

-Тэрийг ил болгоно. Үзэж байгаад дараа нь би аяндаа мэдээлэл өгнө. Эрдэнэс Таван толгой ХК-д очиж мэдээлэлтэй танилцана.

-Онцгой дэглэм тогтоосноор валютын нөөцийг бүрдүүлэх чиглэлд хэр ахиц гарна гэж үзэж байгаа юм бэ?

-Засгийн газраас 300-500 сая ам.доллараар нэмэгдүүл гэсэн үүрэг өгч байгаа юм.