Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

З.Энхболд: Таван толгойн үлдсэн 80 хувийг ард түмэндээ үнэгүй хувьчилж өгснөөр “нүүрсний хулгай”-г зогсооно, өөр арга байхгүй DNN.mn


УИХ-ын дарга асан З.Энхболдтой ярилцлаа.


-АТГ-аас нүүрсний хэрэгт холбогдон шалгагдаж байгаа хүмүүсийн нэр дунд таны нэрийг зарласан. Та “надаас мэдүүлэг аваагүй байж нэр зарлалаа” гэсэн утгатай пост цахим хуудаснаа бичжээ. Ер нь мэдүүлэг аваагүй хүнээ гэмт хэрэгт холбогдуулан нэрийг олон нийтэд ил зарлах эрх АТГ-т байдаг юм уу?

-АТГ-т тийм эрх мэдээж байхгүйгээс гадна өөрсдөө хууль зөрчиж байгаа. Энэ нүүрсний хулгай гэдэг хэрэгт сэжиглэгдсэн хүмүүс нэр төрөө сэргээлгэх байх. Хамгийн инээдтэй нь 17 нэрийг талбайн жагсагчид сонсоод “биш байна аа, жинхэнэ хулгайч нараа зарлаач” гэж шаардсан. Раднаасэд гишүүн АТГ дээр очоод “МАН-аас өгсөн нэр байна” гэж хэлсэн нь үнэн байх. Шүүхээр орж гэмт хэрэг нь тогтоогдох байтугай ганц ч удаа дуудаагүй байж хэрэгтэн мэтээр зарлуулахад цочирдсон. 1937 онд “Лхүмбийн хэрэг”-т холбогдсон гэж зарлаад л буудчихдаг байсан МАН (МАХН) тэр алдаанаасаа сургамж аваагүй л байна гэж дүгнэж байна.

-ҮАБЗ-ийн зөвлөмжөөр нууцад хамааруулсан нүүрстэй холбоотой есөн гэрээг ил болголоо. Энэхүү есөн гэрээ хийгдэх үед Монгол төрийг өнөөгийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд удирдаж байсан. Энэ нууц гэрээнүүд та нарын хаагуур нь өнгөрсөн юм бэ гэсэн утгатай байр суурийг та нийгмийн сүлжээнд илэрхийлсэн байна. Үүнийгээ та дэлгэрүүлж ярьж өгөхгүй юү?

-Ес биш дөрвийг ил болгосон. УИХ-ын дарга Г.Занданшатар ҮАБЗ зөвлөмж гаргаж гэрээ нууцлаагүй гэж хэлсэн. ҮАБЗ зөвлөмж гаргаад л аж ахуйн гэрээнүүдийг нууцлаад байдаггүй. Барилгын цэргийн ангиудыг төмөр замын бүтээн байгуулалтад оролцуулах асуудлаар зөвлөмж гарч болно, бусдаар бол үгүй. ЭТТ ХК-ийн 2018 оноос өнөөдрийг хүртэл байгуулж хэрэгжүүлж байгаа 10 гаруй оффтейк гэрээг Засгийн газрын шийдвэрээр нууцалсан нь буруу, ямар үнэ нөхцөлөөр гэрээ байгуулсныг Эрдэнэс Таван толгойн хувьцаа эзэмшигч Монголын ард түмэн мэдэх эрхтэй. Компанийн эздээс нь нууцалдаг гэрээ байж болохгүй. МАН-ын Засгийн газар 44 их наядын нүүрсний хулгай гарсан гэж үзэж байгаа бол эдгээр 10 гаруй нууц гэрээнээс “нүүрсний хулгайч” нараа хайх хэрэгтэй. Гэрээ хийсэн он сар, гарын үсэг зурсан албан тушаалтнуудын нэрсийг анзаараарай, ЭТТ ХК-ийн гүйцэтгэх захирал, ТУЗ-ийг томилсон дарга сайд нар нь одоо ч гэсэн төрийн ордон дотор ажлаа хийсээр байгаа.

-Нүүрсний хулгайтай холбоотой шуугиан гарснаас хойш таны нэрийг холбосон “Страто” гэж компанийн нэр их яригдах боллоо. Энэ ямар учиртай компани гараад ирэв ээ, тус компанийн үйл ажиллагаа ямар байгаа вэ?

-Сүүлийн хэдэн жил л энэ компанийг минийх гэж гүтгэсэн. Стратогийн үүсгэн байгуулагч нь гадаадад олон жил амьдраад 2012 онд АН сонгуулиар олуулаа болоход Монголдоо ажиллаж амьдрах уриалгын дагуу олон боловсролтой залуус буцаж ирэхэд ирсэн залуусын нэг байдаг. МАН эрх барьсан жилүүдэд тэдгээр залуусын ихэнх нь буцаж байна даа. Бүх л дарга сайд нар нь “Монголдоо үйлдвэр байгуулж нэмүү өртөг шингээе” гээд уриалаад байхаар итгээд Чойрт нүүрс угаах үйлдвэр байгуулсан. Миний нэг дүүгийн найз байсан учраас Стратог минийх гэж гүтгэж эхэлсэн. Уг нь “хамаарал бүхий этгээд” гэж хуулийн нэр томьёо, жишээ нь дүүгийн найз ордоггүй, дүү өөрөө Стратогийн үүсгэн байгуулагч биш учраас хамааралгүй. 2015 онд Таван толгойг үнэгүй 100 жилээр авахаар оролдоод бүтэлгүйтсэн Монголын хамгийн том нүүрсний бүлэглэл MCS намайг 2020 оны сонгуулиар гаргахгүйн тулд Стратог минийх гэдэг гүтгэлгийг бүх сувгаар олон давталттайгаар явуулсан. 2020 оны эхнээс явуулсан гүтгэлгийн товч утга нь болохоор “Страто” Энхболдынх, Энхболд ЭТТ-н захирал руу утасдаж хямд нүүрс авдаг”. Тийм учраас шалгаж өгнө үү гэдэг хүсэлтийг Монголын бүх ТВ, сонин, вэб сайтыг цуглуулж байгаад байн байн мэдэгдэл хийдэг байлаа. 2020 оны сонгуулийн өмнө АТГ болон УБЕГ-аас тодорхойлолт авч Стратод хамааралгүйгээ нотолж байсан. Тэгээд ч дарга сайд нарыг ярихаар л хямд нүүрс өгдөг юм бол ЭТТ-н захирал нь тэр дороо шоронд орно биз дээ. Тухайн үед нь би Стратогийн захирлаас “танайх надаар яриулаад хямд нүүрс авсан юм уу гээд” асууж байсан. Юу гэж дээ, ЭТТ зарласан үнээр гэрээ хийдэг, харин ч Монголдоо угаана гэхээр Хятад компаниас 10 хувиар илүү үнээр НӨАТ-тай үнээр авдаг, ганц манайх өндөр үнээр авдаг, бусад бүх компани угаалгүй экспортолдог тул 10 хувиар хямд авдаг гэсэн. Чойрт нүүрс угаах үйлдвэр байгуулсан чинь түүхий эд нь 10 хувиар үнэтэй, дээр нь МАН-ын УИХ 2018 онд Монголын өөрийн уурхайгүй ашигт малтмал боловсруулдаг үйлдвэрүүдээс АМНАТ давхардуулан авдаг хуулийг баталж бүх үйлдвэр хаагдсан. Хятадад нүүрс угаах үйлдвэр байгуулбал ашигтай болгосон доо. Стратогийн захирал тэр залуу шантарсан явна билээ. МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрийг хараарай, Монголд ажлын байр олон зуун мянгаар үүсгэнэ гэж бичсэн байгаа, яг үнэндээ эсрэгээр хийсэн ажил нь 2018 онд байсан ашигт малтмал боловсруулж экспортолдог компаниудын 50000 ажлын байрыг устгасан.

-Нүүрсний хулгайн хэрэгт холбогдон шалгагдаж байгаа хүнээр өмнөх Ерөнхийлөгч Х.Баттулгын нэрийг АТГ-аас зарласан. Та тус Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар их идэвхтэй ажилласан хүн. Ерөнхийлөгч асан Х.Баттулга руу нүүрсний хулгай, жагсаал цуглаан чиглэж байгаа нь ямар учиртай гэж харж байна?

-МАН 3 дахь удаагаа дахин Үндсэн хууль өөрчилж ирэх хавар УИХ-ын ээлжит бус сонгууль хийхээр зорьж байгаа. Ирэх сонгуульд Баттулга даргатай АН ялах нь тодорхой болсон тул түүнийг шоронд хийх зорилготойгоор 17-гийн жагсаалтад оруулсан. Нүүрсний хулгайг МАН доторх нүүрсний бүлэглэл хийсэн нь сүүлийн үеийн ил гарч байгаа мэдээллээс улам тодорхой болсоор байна. Зах зээлийн үнээр нүүрс авдаг, тээвэрлэдэг бизнесээс хулгай илрэхгүй, учир нь бүх бизнес нь ил тод байгаа. Харин нууцалсан 10 гаруй гэрээнээс нүүрсний хулгайг хайвал хурдан олдоно доо.

-44 их наяд төгрөг гэсэн тоо гарч ирлээ. Нүүрснээс ийм хэмжээний мөнгө хулгайлах боломжтой эсэх асуудал мөн л маргаан дагуулж байна. Энэ хэр багцаатай тоо бол?

-МАН-ын дарга Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон УИХ-ын зарим гишүүд зарласан, тэд мэдэж байгаа байх аа.

-Нийгэмд хоёр том нам хоёулаа л нүүрсний хулгайд оролцсон гэж ярих боллоо. Эрх баригч намын нүүрсний хулгайчид АН-ынхныг хөлдөө чирэх гэсэн хань хайсан гүтгэлэг үү?

-Нүүрсний нууц гэрээнүүд хийгдсэн 2018 оноос өнөөдрийг хүртэл зөвхөн МАН л энэ улсыг удирдаж байгаа. Хэнтэй ч хуваалцахгүй дангаараа хариуцлага хүлээх нь МАН. АН 2016 онд ялагдаад сөрөг хүчин байгаа. АН өөрийн доторх байгалийн баялгийн хулгайч нараасаа салах гээд завгүй байгаа, юун нүүрс хулгайлах. Их наядаар тоологдох мега хулгайг зөвхөн эрх баригч нам л хийнэ. Сүүлийн долоон жил төрийн эрх бариагүй АН нүүрсний хулгай хийнэ гэхээр ард түмэн итгэхгүй л дээ.

-Та одоогийн УИХ, Засгийн газрын хэдэн хувь нь нүүрсний хулгайтай холбоотой гэж харж байна вэ?

-МАН-аас гарцаагүй. МАН-ын хоёр бүлэглэл зодолдоод ЭТТ-н захирлыг халахын тулд “нүүрсний хулгай”-г илрүүлэв. МАН дотроо зодолдоогүй бол энэ хэргээ нууцалсан хэвээр л байна. Одоо хэн нь дийлэхийг хараад байж байя. Нүүрсний хулгайн бүлэглэл дийлэх нь үү, эрүүл саруул хэсэг нь дийлэх нь үү?

-Шинээр байгуулагдсан Таван толгой-Гашуунсухайт, Таван толгой-Зүүнбаян, Зүүнбаян-Ханги төмөр замуудын эдийн засгийн үр нөлөөг та хэрхэн харж байна?

-Таван толгой дэлхийн хэмжээний орд боловч нэг л сул талтай байсан, тэр нь бүтээгдхүүнээ зах зээл рүү гаргах төмөр замгүй байсан. Харин Баттулга ерөнхийлөгч болоод анхны хөндлөн Таван толгой-Зүүнбаян төмөр замыг ЭТТ-н Засгийн газрын 80 хувьд ногдох ноогдол ашгаар бариуллаа. 1072 хувьцаатай иргэд 20 хувь хувьцааны ногдол ашгаа авцгаасан. Таван толгойн нүүрс Хятадын худалдан авагч нартаа хүрэх замдаа Монголын нутгаар олон зуун км явах уу Хятадын нутгаар явах уу гэдэг л бизнес. Хэний нутгаар илүү км явна, тээврийн ашиг нь тэр улсынх болно. Ийм мэдээжийн тооцоог эсэргүүцэж олон жил гацаасан Хятадын компаний төлөөлөл Монголын төрд байсаар байгаа.

-УИХ-ын гишүүн, Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар таны эсрэг сөрөг байр суурийг ил тодорхой илэрхийлэх юм. Энэ ямар эрх ашигтай вэ?

Ерөнхийлөгч Баттулга хэдэн жилийн өмнө Хүрэлбаатарыг сайд болох гэхээр нь “Увсын нутагт байдаг Хотгор шанага уурхайг ах дүүсээрээ нийлээд 10 сая ам.доллараар зарсан учраас сайд болгохгүй” гэснээс хойш байнга өширхөж явдаг хүн. Тэр уурхайг Хүрэлбаатар нээгээгүй, 1990 оноос өмнө улсын төсвөөр хайгуул хийж нээгээд ажиллаж байсан уурхайг лиценз гэдэг А4 цаасаар үнэгүй авчихаад 10 сая ам.доллар буюу өнөөдрийн үнээр 35 тэрбум төгрөгийг Хүрэлбаатарын төрсөн ах дүү туслахууд нь хувааж авсан. 10 сая ам.доллараар Хотгор шанага уурхайг худалдаж авсан Солонгосын төрийн өмчит компанийн захирал нь шоронд орсон. Монголд болохоор сайд хийгээд л мандаад байна. Үндсэн хуульд заасан ард түмний өмч байгалийн баялгийг дарга сайд нар үнэгүй аваад тэрбум тэрбум төгрөг хувьдаа завшдагийн сонгодог жишээ. Энэ 35 тэрбум төгрөг Монголын ард түмэнд, Увсын ард түмэнд очих боломжтой л байсан, гэтэл дундуур нь тухайн үеийн ЗГХЭГ-ын дарга сайд байсан Хүрэлбаатар хувьдаа авчихсан. Энийг л нүүрсний хулгай гэхгүй бол өөр юуг нүүрсний хулгай гэх вэ? УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Тогтохсүрэн “МАН-д нүүрсний хулгайч байхгүй” гэсэн. Нүүрсний ордын хулгайч бол байдаг юм байна.

-Засгийн газар, МАН нүүрсний хулгайчдаа зарлаж чадах болов уу?

-МАН өөрийгөө зарлах уу, чи бод доо. Ерөнхий сайд Оюун-эрдэнэ Увсын хотгор шанага нүүрсний уурхайг ах дүүсээрээ нийлж хулгайлсан Хүрэлбаатарыг эдийн засгийн сайдаараа тавьчихаад нүүрсний хулгайтай тэмцэж чадах уу?

ЭТТ ХК 2018 оноос өнөөдрийг хүртэл 10 гаруй нууц оффтейк гэрээ хийсэн. Нүүрсний хулгай гээд нэрлээд байгаа гэмт хэрэг зөвхөн энэ хүрээнд үйлдэгдсэн гэж хардаж байна. ЭТТ-н хувьцаа эзэмшигч Монголын ард түмэн эдгээр нууц гэрээнүүдийг мэдэх эрхтэй. Нийт дүн нь хэдэн их наядаар үнэлэгдэх эдгээр нууц гэрээний үнэ болон нөхцөлүүд нь хулгай хийх суурь хөрс нь. Өнөөдрийг хүртэл нууц гэрээнүүдээ нууцалсаар байгаа МАН нүүрсний хулгайг илрүүллээ юү?

-Засгийн эрх барьж байгаа нам нь хулгай хийгээд байдаг юм бол цаашид иймэрхүү хулгайг гаргахгүй байх ямар арга байна?

-Нам гэхээсээ өмнө аль ч нам доторх Үндсэн хуульд заасан ард түмний өмч байгалийн баялгийг хулгайлчих санаатай бүлэглэлийн л үйлдэл. 2015 онд АН-аас Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар болсон зарим дарга нар Таван толгойн ордыг бүтнээр нь (6.4 тэрбум тонн нөөцтэй) MCS болон Шинхуа компанид үнэгүй 100 жилээр өгөхөө шахсан. Би УИХ-ын дарга, АН-ын дарга байхдаа АН доторх ард түмнийхээ төлөө байдаг гишүүд болон МАН МАХН-ын зөв бодолтой гишүүдтэй хамтран зогсоосон. АН Таван толгойн ордыг бүтнээр алдагдахаас аварсан гэсэн үг. Таван толгойг 100 жилээр гадаад дотоодын олигархиудад бэлэглэх гэсэн АН доторхи бүлэглэл 2016 оны сонгуулиар эсрэг ажиллаж үр дүнд нь АН ялагдсан ч Таван толгой ард түмэндээ үлдсэн. Хэрвээ АН өнөөдөр УИХ-д 65 суудалтай, Ерөнхийлөгчтэй, Засгийн газраа байгуулсан байсан бол ЭТТ-н төрийн мэдлийн үлдсэн 80 хувийг бүгдийг нь ард түмэндээ үнэгүй тарааж өгнө. 1072 хувьцааг үнэ төлбөргүй ард түмэндээ өгсөн шигээ тараана. 1990 онд бүх малаа малчдад үнэгүй хувьчилсан, 1996-2000 онд бүх байраа сууж байсан иргэддээ үнэгүй хувьчилсан шиг гэсэн үг. Зөвхөн АН л өмч хувьчлалаар ард иргэдээ өмч хөрөнгөтэй болгож байсан түүх байна. ЭТТ ХК-ийн нийт хувьцааны 20 хувь нь 2.5 сая иргэдийн мэдэлд 1072 хувьцаагаар байгаа. Хэрвээ ЭТТ ХК-ийг 100 хувь ард түмэндээ өгвөл жил бүр иргэн бүрт 2 сая төгрөгийн ногдол ашиг өгөх боломжтой компани болно. Үндсэн хуулийн “байгалийн баялаг ард түмний мэдэлд” гэдэг заалт бодитой хэрэгжинэ. 2015 онд лицензнээс өөр хөрөнгөгүй компани байсан ЭТТ нь өнөөдрийн байдлаар жилдээ 30 сая тонн нүүрс олборлох чадавхтай, зүүн болон урагшаа Төмөр замаар холбогдсон болно. ЭТТ 7 жилийн дотор томоохон бүтээн байгуулалтын ард гарч одоо бол асаагаад урагшаа давхихад бэлэн машин болжээ. 2015 онд нүүрсний бүлэглэлийн шахалтад орж MCS+Шинхуад бэлэглэсэн бол өнөөдрийн Таван толгой, төмөр зам гээд энэ олон их наяд төгрөгийн баялаг Монголын ард түмэнд хамаагүй болох байлаа.

Нэгэнт ЭТТ ХК ард түмний мэдэлд 100 хувь очвол эрх баригч аливаа нам доторх нүүрсний хулгайн бүлэглэл дахин нүүрс хулгайлах боломжгүй болно.

-Төрийн мэдлийн 80 хувийг ард түмэндээ үнэгүй тараалаа гэж бодъё, үнэгүй авсан Тавантолгой хувьцаагаа 90 оны ягаан цэнхэр тасалбар шиг шил архинаас өгөөд ялгаагүй л гадаад дотоодын мөнгөтэй компанийн мэдэлд очоод үр ашиггүй болох юм биш үү. Цаашид нүүрсний хулгайг гаргахгүй байх ямар арга чарга байна?

Ягаан цэнхэр тасалбарын сургамж байгаа учраас ЭТТ хувьцаанд зориулж хуулийн өөрчлөлт хийнэ. Зарахгүй, барьцаалахгүй, зөвхөн өвлөгддөг “баялгийн эзэн” нэртэй хувьцааны тухай нэмэлтийг хуульчилсны дараа хувьчлалаа явуулна. 100 хувь ард түмний мэдэлд очсон ЭТТ ХК хувьцаат компанийн хуулийн дагуу ажиллана. ТУЗ-өө сонгоод ТУЗ нь гүйцэтгэх удирдлагаа томилоод явна. “Баялгийн эзэн хувьцаа” бол эзэндээ ногдол ашиг авах, компанийн удирдлагыг томилж чөлөөлөх, хариуцлага тооцох зэрэг эрх үүргийг эдлүүлнэ. Өнөөдөр ЭТТ-н ТУЗ нь 11 гишүүнтэй гэхээр 310000 орчим хувьцаа эзэмшигч 1 ТУЗ-ийн гишүүнийг томилно. ЭТТ 6 тэрбум тонн нүүрсний нөөцтэй, 60 хувь нь коксжих гээд жилдээ 30 сая тонныг олборлож экспортолбол 120 жил ажиллах нөөцтэй. Өнөөдрийн үнээр 1 тонн нүүрсийг 30 ам.доллараар олборлож уурхай дээрээ 100 ам.доллараар зарж байгаа. Тонн тутамдаа 70 ам.долларын цэвэр ашигтай ажиллаж байгаа. ЭТТ жилийн цэвэр ашгийг өнөөдрийн ханш 3400 төгрөгөөр үржүүлээд нийт 3.4 сая хувьцаа эзэмшигчиддээ хуваахаар иргэн бүрд жил бүр 2 сая төгрөгийн ногдол ашгийг 120 жил хуваарилж чадна.

120 жилийн турш жил бүр (үнэ мэдээж өөрчлөгдөнө, өнөөдрийн үнээр тооцоход)

30 сая тонн коксжих нүүрс х 70$=2.1$ тэрбум

2.1$ тэрбум х 3400=7.14 их наяд төгрөг

7.14 их наяд төгрөгийг 3.4 сая иргэддээ хуваавал = 2.1 сая төгрөг

Жилийн борлуулалт нь 3 тэрбум ам.доллар, цэвэр ашиг нь 2.1 тэрбум ам.доллар болохоор л Таван толгойг хулгайлчих сэдэл үе үеийн эрх баригч нам, дарга сайд нараас гарч ирдэг. ЭТТ руу хийсэн дайралт 2015 оноос хойш тасралтгүй явагдсаар л байгаа. 2016 оны 12 дугаар сард УИХ-аар ЭТТ-г хувьчлах гэж үзээд МАН доторх шударга гишүүд авч үлдсэн байдаг.

2020 онд уул уурхайн сайд Сумъяабазар IPO хийнэ гэж бас нэг дайрч үзсэн. Тухайн үеийн Ерөнхийлөгч Х.Баттулга зогсоож байсан.

2022 онд буюу өнөөдөр “ЭТТ ашиггүй ажиллаж байна, хувьчилж үр ашгийг сайжруулъя, 1072 хувьцаагаа ирэх жилээс зарж болно” гэх мэт эрх баригч МАН-ын дарга сайд нарын яриануудаар дүгнэвэл шинэ дайралт эхэлж байна гэсэн үг.

Ирээдүйд гарах энэ мэтийн дайралтуудаас сэргийлэхийн тулд ЭТТ ХК-ийн үлдсэн Засгийн газрын мэдлийн 80 хувь-ард түмэндээ нэн даруй үнэгүй хувьчилж өгөх хэрэгтэй. 1990 онд бүх малаа, 1996 онд бүх байраа ард түмэндээ үнэгүй хувьчилсан шигээ хувьчлах хэрэгтэй. Цаашид гарах “нүүрсний хулгай”-г ч зогсооно, үүнээс өөр арга байхгүй. “Баялгийн эзэн Монгол” уриатай сонгуульд ялсан ерөнхийлөгч У.Хүрэлсүх миний дээрх саналыг анхаарч ажил хэрэг болгох байх аа гэж найдаж байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ц.Сэргэлэн: Монгол Улсын хуулийг зөрчиж, хазгай гишгэж явсан түүх надад хэзээ ч байхгүй DNN.mn


УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэнтэй ярилцлаа.


-Та бүхнийг ямар үндэслэлээр нүүрсний хэрэгт нэр холбож зарласан талаараа АТГ-аас хариу мэдээлэл өгсөн үү?

-Авлигатай тэмцэх газар биднээс асуулт, мэдүүлэг аваагүй. Гэнэтхэн л нүүрсний хулгайн хэрэгт холбогдож шалгагдаж байгаа хүмүүсийн нэрс гээд зарласан. Бид юуны учир, ямар үндэслэлээр шалгагдаж байгаагаа одоо болтол мэдээгүй сууж байна. Мэдэхийн тулд АТГ-т очсон. Одоог хүртэл хариу сонсоогүй явна.

-Таныг Хи хамгаалах ерөнхий газрын даргаар ажиллаж байх үед нүүрсний хулгай гарчихсан байсан уу?

-Хил хамгаалах байгууллага нүүрсний хэрэгт ямар холбоотой байж болох вэ гэсэн өнцгөөс таныг асууж байна гэж ойлголоо. Хил хамгаалах байгууллага хуулиар Монгол Улсын хилээр нэвтэрсэн зорчигч тээврийн хэрэгслийг бүртгэж, зорчигчийн баримт бичигт хил нэвтрэх дардсыг нь дарж гаргадаг. Нэвтэрч байгаа тээврийн хэрэгсэлд хил зөрчигч байгаа эсэхийг илрүүлэх зорилгоор үзлэг хийдэг. Мөн хилээр гарч байгаа бүх тээврийн хэрэгслийг улсын дугаараар нь бүртгэдэг. Ийм чиг үүргийг хилийн боомт дээр гүйцэтгэдэг. Түүнчлэн хилийн боомтын аюулгүй байдлыг хангах том үүргийг хэрэгжүүлдэг төрийн тусгай байгууллага.

Гаалийн байгууллага хилийн боомт дээр хамт ажилладаг. Урьд нь Хилийн мэргэжлийн хяналтын байгууллага гээд гурван байгууллага хамт ажилладаг байсан. Өнгөрсөн жил хуулиар Хилийн мэргэжлийн хяналтын байгууллагыг Гаалийн байгууллагатай чиг үүргийн давхцалтай байна хэмээн Хилийн мэргэжлийн хяналтын байгууллагыг Гаалийн байгууллагын бүтцэд оруулсан. Одоо бол хоёр байгууллага Хил хяналтын байгууллага гэдэг хуулийн нэр томьёогоор зэрэгцэж ажиллаж байгаа.

Тээврийн хэрэгслийн ачсан гурил, нүүрс, будаа байна уу ялгаагүй тээвэрлэсэн ямар нэгэн бараа таваарын бүртгэлийг нь Гаалийн байгууллага хийж гаалийн мэдүүлэг өгүүлж татварыг нь хурааж авдаг чиг үүрэгтэй.

Хэрвээ улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон бараа таваар байвал хурааж авдаг. Хил хамгаалах байгууллага, Гаалийн байгууллагын чиг үүрэг хуулиар тусдаа. Өөрсдийн үүргээ энэ хоёр байгууллага гүйцэтгээд явж байгаа. Хилийн боомт бүр дээр хяналт шалгалтын дараалал гэж юм бий. Монгол Улсын хилээр гарч байгаа тээврийн хэрэгслийн гарах дараалалд эхлээд Гаалийн байгууллага үзлэг, шалгалт, гаалийн бүрдүүлэлтээ хийнэ. Дээр ярьсан татвар хураамжаа авна. Ингээд Гаалийн байгууллага бүрэн шалгаж дууслаа, явж болно гэдэг командыг өгнө. Дараагаар нь Хил хамгаалах байгууллагын хилийн шалган нэвтрүүлэх алба угтаж авна. Хилийн шалган нэвтрүүлэх алба бараа таваар болон хүний эд хөрөнгөд хүрч болохгүй. Учир нь Гаалийн байгууллага үзлэг хийж шалгаад хилээр нэвтрүүлж болно гээд бүртгэлийг нь хийчихсэн эд зүйл, бараа таваарт хүрэх эрх байхгүй. Ганцхан тухайн тээврийн хэрэгсэлд хил зөрчигч нуугдаж байгаа эсэхийг л шалгана. Өөрөөр хэлбэл, улсын хилээр хууль бусаар нуугдаж гарах гэж байгаа эсэхийг илрүүлэх зорилгоор хүн нуугдаж болох газруудад үзлэг хийнэ. Үзлэг хийнэ гэдэг нь нүдээрээ харж, нохойгоор мөрдүүлдэг. Үзлэгээр зөрчил илрээгүй бол тээврийн хэрэгслийн жолоочийн паспорт дээр нь улсын хил нэвтэрч болно гэсэн штанб дардаг. Үзлэгийн явцад галт зэвсэг, тэсэрч дэлбэрэх бодис илэрвэл шууд Гаалийн байгууллага, Тагнуулын байгууллагад мэдэгдэж хамтарсан үзлэг хийж протокол хөтлөөд хуулийн байгууллагад шилжүүлдэг.

Хилээр орж ирэх чиглэлд мөн адил дарааллаар шалгаад нэвтрүүлдэг. Ийм үйл ажиллагаа хилийн боомт дээр хуулиар явагддаг.

Хил хамгаалах байгууллага чиг үүргийн хүрээнд нүүрстэй холбогдох ямар ч үндэслэл байхгүй. Нүүрс ачсан эсэх, хэдэн тонн нүүрс ачсан гэдэг нь Хил хамгаалах газарт ямар ч хамааралгүй байдаг. Тэр бол зөвхөн Гаалийн байгууллагын асуудал. Гаалийн байгууллага нүүрс, будаа гурил гэхчлэн бараа таваараа бүртгэж аваад тонн хэмжээг нь хэмжээд тэдэн тонн нүүрс байна, тэдэн тонн гурил байна гэдгийг бүртгээд холбогдох татвар хураамжаа аваад гаргадаг. Тэгэхээр нүүрсний асуудал чиг үүргээрээ Гаалийн бүртгэл хяналтаар ороод гарах ёстой. Бүртгэл хяналтад орсон уу, үгүй юү гэдэг нь Гаалийн байгууллагын өөрсдийнх нь чиг үүрэг бөгөөд гарцаагүй хийх ёстой ажил. Тиймээс Хил хамгаалах байгууллага нүүрсийг улсын хилээр нэвтрүүлэх гэсэн асуудалд оролцох боломжгүй.

-Нүүрс ачсан 10 машиныг бүрдүүлбэргүйгээр хилээр гаргахад Хил хамгаалах газрын хоёр ажилтан оролцсон гэсэн мэдээлэл ил болсон. Та энэ тухайд юу хэлэх вэ?

-Хил хамгаалах байгууллагад харьяалалтай хоёр албан хаагч өнгөрсөн оны дөрөвдүгээр сард нэг нь, наймдугаар сард нэг нь 10 машиныг тухайн үед гарч байсан Гаалийн байгууллагын ажилчидтай хуйвалдаж хил нэвтрүүлж байжээ гэсэн. Үүнийг би тодруулж, учир шалтгааныг нь асуусан. Тэгсэн дээрх үндэслэлээр шалгагдаж байгаа юм билээ. Үүнийг үгүйсгэхгүй. Тухайн өдөр гарч байсан Гаалийн байцаагч өөрөө шалгаж бүртгээд, татвар хураамжаа аваад гаргах ёстой байтал үүнийг гаргачих гээд явуулчихсан. Нөгөөдүүл нь штанбыг нь дарж өгөөд гаргачихсан байж болно.

Үүний хоёр машин нь хоёр дахиж гарсан. Найман машин нь нэг удаа гарсан. Давхардсан тоогоор 10 машин гарсан асуудал шалгагдаж байгаа юм билээ.

-Ер нь бүрдүүлбэргүйгээр нүүрс гарсан нь алдагдсан боломжид хамгийн их дүнг эзэлж байгаа юм билээ. Таныг дарга байх үед хоосон гарч байна гэх мэдээлэл хэр их ирдэг байсан бэ?

-Би сая хэллээ шүү дээ. Тухайн машин хоосон гарч байна уу, ачаатай гарч байна уу гэдэг асуудал Хил хамгаалах байгууллагад огт хамаагүй байдаг. Зөвхөн Гаалийн байгууллагад л хамаатай.

Хил хамгаалах байгууллага бүх машинд бүртгэл хийдэг. Монгол Улсын хилээр нэвтэрсэн тээврийн хэрэгслийн бүртгэлийг хийдэг. Ачааных, хүн тээврийн, автобус гэхчлэнгээр ангилаад бүртгэж байна гэсэн үг. Энэхүү бүртгэлээ хөрш орны буюу БНХАУ-ын Хил хамгаалах байгууллагын бүртгэлтэй тулгадаг. Боломжтой бол өдөртөө, удлаа гэхэд долоо хоногт тулгадаг. Сар, улирал, жилээр байнга тулгадаг. Учир нь хилийн боомтыг хаах, нээх асуудалд хоёр улсын хил хамгаалах албанд их нөлөөтэй. Өнөөдөр манай талаас тэдэн хүн, тэдэн машин гарсан гээд хөрш улсын байгууллагатай тулгачихдаг.

-Тэгвэл хилээр нэвтэрсэн тээврийн хэрэгслийн тоо зөрж байгаа, Хятадын тал мэдээллээ өгөхгүй байгаа зэрэг мэдээлэл ямар учиртай юм бэ?

-Монгол Улсын хилээр нэвтэрч байгаа тээврийн хэрэгслийн бүртгэл нэг ч машины зөрүүгүй. Харин тэр тээврийн хэрэгсэл гаалийн бүртгэл дээр ачаатай, ачаагүй гэдэг нь зөрөөд байгаа юм. Улсын хилээр нэвтэрсэн тээврийн хэрэгслийн тоо БНХАУ-ын тал руу нэвтэрсэн машины тоотой таарч байгаа юм. Яагаад гэвэл үүнийг Хил хамгаалах байгууллага хилээр нэвтэрсэн машины бүртгэлийг Гаалийн байгууллагын бүртгэлтэй ачаатай ачаагүй гарсантай тулгаад үзэхээр зөрөөд байгаа юм. Уг нь Гаалийн байгууллага нүүрсэн дээр ч гэдэг юм уу экспортын том бүтээгдэхүүн дээр ямар хэмжээний нүүрс гарснаа хөрш орны Гаалийн байгууллагатай тулгаад явж байх ёстой. Тэгвэл тоо зөрөхгүй шүү дээ. Тухайн өдөртөө тулгаж болоогүй юм бол улирал, сард нь тулгалт хийгээд явах ёстой. Ингэвэл хэдэн тонн гарсан мэдээлэл дороо гараад ирнэ. Хил хамгаалах байгууллагын бүртгэсэн машины тоо зөрөөгүй.

Би Хил хамгаалах байгууллагын даргаар ажиллаж байгаад 2013 оны ихээр ажлаас чөлөөлөгдсөн. Намайг ажлаас чөлөөлөгдсөний дараа Хил хамгаалах байгууллагын хилийн шалган нэвтрүүлэх алба буюу саяны миний ярьсан чиг үүргийг Хил хамгаалах байгууллагаас татан буулгасан. Ингээд 2017 оны хоёрдугаар сарын 1-нийг хүртэл энгийн байгууллага үүнийг хариуцсан. Энэ хугацаанд гарсан машин тээврийн хэрэгслийн асуудлыг Хил хамгаалах мэдэхгүй. Гадаадын иргэн харьяатын байгууллага энэ үүргийг хэрэгжүүлж байсан. Тиймээс тэр байгууллагын бүртгэл тооцоонд байх ёстой. 2017 оны хоёрдугаар сарын 1-нээс хэрэгжсэн хуулийн дагуу энэ бүтэц эргэж Хил хамгаалах байгууллагад дахин байгуулагдаад үйл ажиллагаа нь одоо хэвээр явж байна. Үүнээс хойш гарсан машин тээврийн хэрэгслийн бүртгэл мөн адил БНХАУ-ын талтай яг таарч байгаа. Нэг машин зөрвөл асуудал үүснэ. Хоёр улсын тусгай албад үүнийг дор нь илрүүлнэ. Ядах юмгүй бариад авна.

-Нүүрсний хулгай гарч байгааг та хэзээ мэдсэн бэ?

-Л.Энхболд гишүүнээс албан бичгээр Хил хамгаалах байгууллагаас улсын хил нэвтэрсэн тээврийн хэрэгслийн бүртгэл тооцоог гаргаж өгнө үү гэсэн хүсэлт ирсэн. Яг энэ дагуу нь улсын хилээр нэвтэрсэн зорчигч тээврийн хэрэгслийн бүртгэлийг, нэг бүрчлэн номер дугаараар нь өгсөн. Тэр нь Хятадын талтай тулгасан мэдээлэл.

Л.Энхболд гишүүн гаргаж тавьсан учраас энэ хүрээнд асуудал хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаа гэж би ойлгосон. Учир нь Л.Энхболд гишүүний манай руу явуулсан хүсэлттэй адилхан хүсэлт хууль хяналтын байгуулага руу явуулсан байсан. Иймээс Хил хамгаалах байгууллага хууль хяналтын байгууллагуудад хилээр нэвтэрсэн тээврийн хэрэгслийн бүртгэлийн мэдээллийг гаргаж өгсөн. Тэгэхээр нүүрсний хулгай байгаа юм болов уу гэсэн бодол төрж байсан. Гэхдээ энэ нь Хятадын талд орсон нүүрстэйгээ таарч байна уу гэдэг асуудал. Ер нь хулгай гарсан эсэхийг тогтоох хамгийн амархан арга нь Гааль дээр байгаа Монгол Улсын хилээр нэвтэрсэн нүүрсний бүртгэлийн мэдээллээ Хятадын талд орсон нүүрсний бүртгэлтэй тулгаж үзээд зөрүү гарвал нүүрсний хулгай байна гэсэн үг. Хэдэн тонны зөрүү байна гэдэг нь гараад ирнэ. Тиймээс Хятадын талтай л тулгачих хэрэгтэй. Монголын гаалийн бүртгэлийн Хятадын гаалийн бүртгэлтэй боомт боомтоор нь тулгачих л даа.

-Та 2016-2019 онд Хил хамгаалах газрын ерөнхий даргаар ажиллаж байсан. Өөрөөр хэлбэл, нүүрсний хулгай гарч байна гэсэн мэдээлэл ил болсон байх үед та дарга байж. Хил хамгаалах газар Монгол Улсын дархан хилийг манах үүрэгтэй. Гэтэл улсын дархан хилээр Монгол Улсын байгалийн баялаг хулгайлагдаж байхад та яагаад чимээгүй суусан юм бэ. УИХ-ын гишүүн болоод ч та энэ асуудлаар яриагүй шүү дээ?

-Би нүүрсний тухай юу ч хэзээ ч ярьж байгаагүй хүн. Учир нь Хил хамгаалах байгууллага нүүрсний хулгай гэх асуудалд огт хамаагүй байгууллага учраас тухайн агентлагийн дарга энэ асуудлыг ярих боломж ч байхгүй. Тийм сэдэв ч байхгүй. Ганцхан үүнийг ярьсан, хэлсэн, хүсэлт тавьсан болгонд улсын хилээр нэвтэрсэн тээврийн хэрэгслийн бүртгэлийг яг хууль номынх нь дагуу Хятадын талтай тулгасан бүртгэлээ албан ёсоор гаргаж өгсөн. Хэдэн тонн нүүрс гарч байна гэдгийг Хил хамгаалах газар хянах ямар ч боломжгүй. Гаалийн чиг үүрэг гэж би танд гурван удаа хэллээ.

Гаалийн байгууллага хоёр улсын эдийн засгийн аюулгүй байдлыг хангах чиг үүрэгтэй байгууллага. Бид хилийн аюулгүй байдлыг хангах үүрэгтэй. Би хэллээ ш дээ. Улсын хилээр хууль бусаар хил зөрчигч нэвтрүүлэхгүй байх, улсын хилээр хууль бусаар машин гаргуулахгүй байх. Үүнийгээ Хил хамгаалах байгууллага яг хуулийн дагуу хийгээд өнөөдөр хууль хяналтын байгууллага гаргаад өгчихсөн. Тэр тоо нь цаад талтай яв цав нийцэж байгаа. Хил хамгаалах байгууллага хуулиар хүлээсэн чиг үүргээ одоо болтол хэрэгжүүлээд явж байгаа.

-Та АТГ-т мэдээлэл хийж байхдаа “намайг намнах гэсэн нэг хүн байдаг. Тэр ар өврөөр гүйж ийм юм хийж байна гэсэн. Та бол өнөөдөр хууль тогтоох байгууллагын гишүүн хүн. Монголд нэгнийгээ намнахад хууль хяналт оролцдог болчихсон юм уу?

-Монгол Улс бол ардчилсан улс. Хүний эрх, эрх чөлөө дархан байх ёстой. Миний харж байгаагаар нэр зарлаж байгаа нь хууль зөрчсөн л асуудал. Хүний нэр төрд халдаж байгаа хэрэг. Би үүнд тоож байгаа юм алга. Зарлачихсан юманд би юу хэлэх вэ. Тэднийг хууль зөрчсөн гэж харж байна. гэхдээ энэ цаанаа улс төрийн зорилготойгоор миний нэрийг оруулсан юм болов уу гэж би хардаж байгаа, хардах эрх надад бий. Зарим мэдээллийн хэрэгслээр хардах эрхтэй гээд намайг гүтгэсэн нийтлэл гаргасан байна лээ. Хардаж болно. Гүтгэж болохгүй шүү дээ. Тиймээс би хардаж байгаа юм. Тухайн хэвлэл мэдээллийн хэрэгслээр тавиулсан нийтлэлийг мөшгөөд үзэхээр нэг хүн ар, өврөөр нь гүйгээд байгаа юм. Тэр мэдээллийг харахаар хүн бэлдэж өгсөн болохоос сэтгүүлчид өөрсдөө олоод тавьсан зүйл биш байна лээ. Хүн зохиож бичээд аваачаад өгчихсөн байгаа юм.

Миний харж байгаагаар үүний ард миний нэр төрийг унагаах гэсэн явуургүй оролдлого явж байна гэж харж байгаа. Юугаар нотлогдож байна гэхээр би нүүрсний ямар ч үйл ажиллагаанд оролцоогүй хүн. Надад нүүрсний нэг ширхэг ч машин байхгүй. Нүүрстэй холбоотой ямар ч аж ахуйн нэгж байхгүй. Нүүрстэй холбоотой ямар нэгэн гэрээ хэлцэлд би хэзээ ч орж байгаагүй. Тэр байтугай үг дуугарч харж ч байгаагүй. Нүүрсээ олборлодог аж ахуйн нэгжүүдээс бараа таваар худалдан авсан, худалдаж өгсөн ганц ч тохиолдол байхгүй. Ийм хүнийг ингэж зарлаж байгааг санаатай юм уу гэж бодож байна. Надад реакц өгөх юм алга. Хууль хяналтын байгууллага надаас асууж тодруулах зүйлээ асууж тодруулаг. Би өөрийн мэддэг зүйлээ бүгдийг нь хэлээд өгнө. Энэ асуудлыг шалгаж тодруулахад дэмжлэг болох байх гэж бодож байна.

2012-2016 оны хооронд Хилийн шалган нэвтрүүлэх албыг татан буулгасан гэж би түрүүн хэлсэн. Дээр нь Хилийн Тагнуулын албыг татан буулгасан. Энэ хоёр асуудлыг ямар зорилготой юм бол гэж би боддог. Үүнийг улстөрчид, хууль хяналтын байгууллага анхааралдаа аваасай гэж бодож байгаа.

-Намын дотоод зөрчилдөөний улмаас та бүхнээр туг дахиж байна гэцгээж байгаа шүү дээ. Энэ тухайд та юу хэлэх вэ?

-Би үүнийг намтайгаа холбож харахгүй байна. Би энэ намын шударга гишүүн. Намд гомдож тунирхаад байгаа зүйл надад алга. Би нэг зүйлийг гайхдаг. Улс төрд ямар нэгэн будлиангүй, но-гүй хүн яагаад байж болдоггүй юм бэ. Би Монгол Улсын хуулийг зөрчсөн, хазгай гишгэж явсан түүх надад хэзээ ч байхгүй. Би бусдын адил хуулиа хүндэтгэж, төрдөө үнэнчээр ажиллаж яваа хүн. Заавал намайг харлуулах оролдлого яваад байх юм.

Монгол Улсын аюулгүй байдлыг хангах албанд байлдагчаас нь эхлээд генерал хүртэл, анхан шатны нэгжээс эхлээд удирдах байгууллага хүртэл яг шатлан ажиллаж явсан хүний хувьд энэ асуудлаар онол практикийн түвшинд би хэнтэй ч ярих чадамжтай. Миний олж авсан онолын мэдлэг, туулж өнгөрүүлсэн амьдралын замнал, туршлага аюулгүй байдлын чиглэлийн Монгол төрийн ҮАБ-ын бодлогыг боловсруулах үйл явцад хэрэг болох юм болов уу гэж бодож, зорилго тавьж УИХ-д нэр дэвшсэн.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Содном: Парламентыг хоёр танхимаас бүрдүүлж, Дээд танхим буюу Ардын их хуралтай болох өөрчлөлтийг Үндсэн хуульд хиймээр байна DNN.mn

Ерөнхий сайд асан Думаагийн Содномтой цаг үеийн асуудлаар товчхон ярилцлаа.


-Залуучууд Сүхбаатарын талбайд цуглаж Нүүрс хулгайлж, хөгжлийн боломж алдагдуулж байгаатай тэмцэхийг төр засгаас шаардаж байна. Жагсаалын талаарх таны байр суурь ямар байна вэ?

-Залуучууд Нүүрсний хулгайг таслан зогсоох асуудлаар арванхоёрдугаар сарын 4-ний өдрөөс эхлүүлсэн шаардлагаа тодорхой үр дүнд хүргэхийг хүсч олон хоног жагсаж байна. Нүүрсний хулгайг илчилж засах, алдагдаж байгаа боломжийг ашиглахын төлөөх Засгийн газрын үйл ажиллагааг дэмжиж байгаа залуучуудын энэ хөдөлгөөн олон талын ач холбогдолтой. Хулгайлах, завших явдал зөвхөн нүүрсний салбарт биш, бусад салбарт байгаа, ямар аргаар завшиж байгаа, тэдгээрт оролцдог гэмт этгээдүүд төрийн захиргааны албан хаагчид дотор байгаа нь энэ өдрүүдэд тодорхой болж байна. Хөгжилд саад болж байгаа эдгээр гэмт үйлдлүүдийг таслан зогсоож, хойшид гаргахгүй байх байнгын хяналттай болох нь чухал.

-Ийм хэмжээний хулгай гарах болсон шалтгааныг та юу гэж дүгнэж байна. Цагаан захтнуудын хулгайг таслан зогсоож байнгын хяналттай болоход бид ямар арга хэмжээ авбал зохилтой гэж та харж байна?

-Миний бодлоор хулгайн хэрэг гарч байгаа гол шалтгаан нь төр засгийн үйл ажиллагаанд ард түмний байнгын хяналт дутагдаж байгаа явдал. Бүр тодорхой хэлбэл, Үндсэн Хуулийн Засгийн бүх эрх ард түмний мэдэлд байвал зохих тухай заалтын дагуу Парламентын хууль тогтоох үндсэн үүрэгтэй нэг танхим буюу Улсын Их Хурал, Гүйцэтгэх засаглал буюу Засгийн газар, Шүүх засаглалын үйл ажиллагаанд тавих ард түмний хяналт дутаж байгаа явдал юм. Ийм учраас хойшид ийм завхрал гаргахгүй байх зорилгоор парламентыг хоёр танхимтай болгох, Дээд танхим буюу Ардын Их Хуралтай болох өөрчлөлтийг Үндсэн хуульд хийж, Засгийн бүх эрхийг ард түмний мэдэл, тэдний хяналтад өгөх асуудлыг шийдэх хэрэгтэй. Телевизээр жагсагчид, улс төрийн намуудын төлөөлөл, УИХ Засгийн газрын гишүүдийн уулзалтууд болж байгааг сонсож байхад асуудлын шалтгаан, шийдэх арга замыг тодорхойлж тохиролцсон үр дүнтэй ухаалаг хэлэлцүүлэг болохгүй байна. Ард иргэд Үндсэн хуулийн дагуу өөрсдийн сонгосон төрийн эрх барих дээд байгууллагад байх төлөөлөгчдөөр уламжлан төрийн үйл хэрэгт оролцож байх боломжгүй байгаа учраас талбайд жагсаж шаардлага тавихад хүрч байдгийг ухаарах юмсан.

Одоогоор дараах хоёр асуудлыг шийдэх нь зүйтэй байна. Нэгдүгээрт, Засгийн газар Нүүрсний хулгайд холбогдсон гэмт этгээдүүдийг илрүүлж, хуулийн байгууллагад шилжүүлэх, зохих ял шийтгэл оногдуулах арга хэмжээ авахад цаг хугацаа хэрэгтэйг анхаарах. Хууль зүйн сайдаас гэмт хэрэгтнүүдийн нэрийг зарла гэж шаардахын зэрэгцээ, хуулийн дагуу шалгалтыг шуурхай явуулж хариуцлага хүлээлгэж үр дүнг мэдээлэх шаардлага нь зөв. Хоёрдугаарт, парламентыг хоёр танхимтай болгох, Дээд танхим буюу Ардын Их Хуралтай болгох өөрчлөлтийг Үндсэн хуульд оруулах төслийг яаралтай боловсруулж, 2023 онд багтаан шийдвэрлээд 2024 онд шинэчилсэн хуулийн дагуу сонгууль явуулах. Миний энэ санал Засгийн бүх эрхийг ард түмний мэдэлд, тэдний хяналтад өгөх ач холбогдолтойг УИХ онцлон анхаарч шийдвэл үр ашигтай ажил болно.

-Таны дэвшүүлж байгаа санал зөвхөн нүүрсний хулгайгаар хязгаарлагдах санал биш гэж ойлгогдож байна…

-Тийм. Сүхбаатарын талбайд болж байгаа залуучуудын шаардлага бол зөвхөн нүүрсний хулгайчдын талаар тавьж байгаа шаардлага төдий юм биш, Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн 30 гаруй жилийн үр дүнгээр манай ард иргэд хийж байдаг дүгнэлтдээ үндэслэж, Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж төрийн хэрэгт оролцон, улс орноо хөгжүүлэх төлөө ард түмний тавьж байгаа зүй ёсны шаардлагын илрэл гэж ойлгох хэрэгтэй. Өнгөрсөн 30 гаруй жилд Монгол Улс хөгжсөн, улс орон, монгол хүн өөрчлөгдсөн. Гэвч хөгжлийн хүрсэн түвшин хангалтгүй байна. Үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүний нэг хүнд оногдох хэмжээ дөрвөн мянга орчим ам.долларт хүрээд зогсонги байдалд орсон байна. Энэ үзүүлэлтээр хөрш хоёр улсын хүрсэн түвшингээс бараг гурав дахин доогуур байна. Ядуу иргэдийн хувь бараг буурсангүй. Үнэ тариф тасралтгүй өсч, төгрөгийн чадвар суларсаар байна. Гадаад өр 30 гаруй тэрбум ам.доллар боллоо. Чухам ийм учраас төр засаг урт, дунд хугацааны жилүүдэд эдгээр асуудлыг шийдэх, хоцрогдлыг арилгахад чиглэсэн тодорхой төсөл төлөвлөгөө боловсруулсан, тэр нь ард түмэнд ойлгогдсон, хэрэгжүүлэлтэд нь иргэн бүр идэвхтэй оролцдог байх нь чухал. Энэ үүднээс л ард түмэнд төрийн хэрэгт шууд оролцож байх эрхийг нь эдлүүлэх асуудалд анхаарах саналыг дэвшүүлж байгаа юм. Үндсэн Хуулийн нэг дүгээр бүлгийн 3 дугаар зүйлд “Засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна” гэсэн заалт бий.

Энэ бол Парламентын баталж байгаа хууль тогтоомж, Засгийн газрын үйл ажиллагаа, Шүүх засаглалын ажлыг ард түмэн хянаж байна гэсэн үг. Гэтэл Үндсэн хуулийн төрийн байгуулал хэмээх гуравдугаар бүлгийн заалтуудаар парламентыг хууль тогтоох онц эрхтэй, төрийн эрх барих дээд байгууллага болох УИХ гэсэн нэг танхимтай байхаар заасан учраас ард түмэн засгийн бүх эрхэд хяналт тавих, төрийн хэрэгт шууд оролцож байх эрхээ эдлэх аргагүй болсон. Одоо манайд засгийн бүх эрх ард түмний мэдэлд гэхээсээ улс төрийн намын мэдэлд байгаа.

Энэ бүхнийг л тогтолцооны гажуудал гэж үзэх ёстой байх. Энэ гажуудлыг засч Ардын Их Хурлыг байгуулж төр засгийн ажилд хяналт тавих эрхийг ард иргэдэд эдлүүлбэл Монгол Улсад парламентын засаглал төгөлдөржинө.

-Улс орны удирдагчид ямар аргаар ажиллах ёстой юм бол. Энэ талаар баримталдаг нийтлэг дүрэм журам байдаг болов уу?

-Улс орныг төдийгүй ямар нэг байгууллага, хамт олныг удирдаж байгаа хүний баримталдаг нийтлэг журам дүрэм байдаг. Тэр нь нэгдүгээрт, шийдэх шаардлагатай асуудлаа тодорхойлох. Хоёрдугаарт, тэр асуудлын шалтгааныг олж тогтоох. Гуравдугаарт, асуудлыг шийдэх аргуудыг тодорхойлж түүнээс хамгийн оновчтойг сонгох. Дөрөвдүгээрт, сонгосон арга хэмжээнүүдийн үр өгөөжийг хянаж дутууг нөхөж байх. Эдгээр асуудлаар хамт олон, мэргэжил туршлагатай хүмүүсийн саналыг авдаг байх нь чухал гэдэг.

Дээр дурдсан дэс дараагаар, тулгамдсан асуудал, түүний шалтгаан, шийдвэрлэх арга хэмжээг оновчтой тодорхойлох чадвартай, хамт олны дэмжлэг авч хэрэгжүүлдэг удирдагчидтай байх нь чухал.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

SPEAK OUT: Монгол Улсыг ҮАБЗ удирдаж байна уу, Парламентын засаглал удирдаж байна уу DNN.mn

Нүүрсний хулгайчдын нэрсийг ил болго, хариуцлага тооц хэмээх иргэдийн жагсаалтай холбоотойгоор жижиг, том олон хандлага нийгэмд гарч ирж байна.

Түүний нэг нь өнөөдөр Монгол төрийн жолоог хэн атгаж байна гэх асуудал. Уг нь Үндсэн хуулийн 20 дугаар зүйлд “Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална” хэмээн засаглалын эрх хэнд байхыг тов тодорхой заагаад өгчихсөн байдаг. Тэгвэл иргэдийн жагсаалтай холбоотойгоор УИХ өнгөрөгч даваа гаригт ээлжит бусаар цахимаар хуралдсан. Хурлаар тэд өнөөдөр онц байдал тогтоох шаардлагагүй, гэхдээ цаашид асуудал даамжирвал хэрхэхийг ҮАБЗ мэдтүгэй, маньд хамаагүй гээд орхичихсон. Тодруулбал, “цаашид нөхцөл байдал даамжирвал ҮАБЗийн зөвлөмжөөр холбогдох арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг УИХ дэмжив” хэмээн холбогдох албаныхан мэдээлсэн. Тэгвэл УИХаас ҮАБЗд хаяглаж үлдээсэн энэ эрх хэзээ дуусгавар болох нь тодорхойгүй байгаа юм. Үүгээр зогсохгүй зарим гишүүд хуралдаанаар юу яригдаж, ямар асуудал дэмжигдсэнийг ч мэдээгүй байна. Монгол Улсын хүн амын тал хувь нь амьдарч байгаа Улаанбаатар хотод онц байдал тогтоох эсэх асуудалд ард түмний төлөөлөл ингэж хандаж болох уу даа. Тиймээс үүнтэй холбоотойгоор нийгмийн тодорхой хүрээлэлд “Өнөөдөр Монгол Улсыг ҮАБЗ удирдаад байна уу. УИХ удирдаж байна уу” гэдэг асуулт тулгарсан. Тиймээс манай сонин энэ удаад “Монгол Улсыг ҮАБЗ удирдаж байна уу, Парламентын засаглал удирдаж байна уу” гэх асуултад гишүүдийн байр суурийг сонслоо.


УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: -Онц байдал тогтоохгүй гээд шийдчихсэн. Бүх юм өнгөрчихлөө. Байдал яаж өөрчлөгдөхийг бид мэдэхгүй. Цаашид нөхцөл байдал даамжирвал ҮАБЗ-ийн зөвлөмжөөр холбогдох арга хэмжээ авч хэрэгжүүлэх эрх хэзээ дуусгавар болохыг мэдэхгүй. Бүх юм өнөөдөр хэвийн байна. Цахим чуулганаар УИХ-ын гишүүдэд нөхцөл байдлыг танилцуулсан. Ард түмний амгалан тайван байдал, аюулгүй байдлыг хангах чиглэлээр арга хэмжээ авах нь зөв ч байж магадгүй гэсэн асуудал ярьсан. Санал хураалт явуулсан. Онц байдал тогтоохыг би дэмжээгүй.

УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан: -Ерөнхийлөгч, Засгийн газар, УИХ-ын хийх ажлыг хуулиар тогтоогоод өгчихсөн. Энэ хүрээнд эдгээр байгууллагын бүх ажил явж байгаа. Тэр өдөр Нийслэлийн Засаг даргаас албадан тараах захирамж гарсан. Ямар нэгэн байдлаар асуудал үүсээгүй. Жагсагч иргэд залуус тарцгаасан учраас онц байдал зарлах асуудал тэгсхийгээд цэгцлэгдэж дууссан. УИХ-ын гишүүдийн олонх нь онц байдал зарлахыг дэмжсэн бол ҮАБЗ-өөс захирамж гаргаж онц байдал зарлах ёстой ш дээ, хуулиараа. УИХ-ын гишүүдийн олонх дэмжээгүй учраас ҮАБЗ-д өгсөн эрх гэх асуудал байхгүй. Онц байдал зарлачихвал бүр ноцтой асуудал яригдаад эхэлнэ шүү дээ.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: -Үндсэн хуулиараа бол төрийн эрх ард түмний гарт шүү дээ. Өөрөөр хэлбэл, тэдний төлөөллийн байгууллага УИХудирдах ёстой.

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар: -Ээлжит бус цахим хуралдааны үеэр би орон нутагт албан томилолттой байсан учраас оролцож чадаагүй. Гэхдээ яригдсан асуудлыг сонссон. Гаргасан шийдвэрүүдийг бас сонссон. УИХхуулиар төрийн эрх барих дээд байгууллага. Аливаа шийдвэрүүдийг улс орны хэмжээний, тэр дундаа олон нийтийг хамарсан ийм нөхцөл байдлын үед ард түмнийг төлөөлж байгаа бага ард түмэн гэгддэг УИХбүх шийдвэрүүдийг гаргах ёстой. Өөрөө хариуцлагаас зугтааж өөрийн эрх үүргийг бусдад шилжүүлэх нь зохимжгүй гэж үзэж байна.

УИХ-ын гишүүн, Зам, тээвэр хөгжлийн сайд С.Бямбацогт: -Монгол Улсын хууль тогтоох төрийн дээд байгууллага бол Улсын Их Хурал гээд Үндсэн хуульд заасан. Гадаад, дотоод бодлогын төрийн аль ч асуудлыг бүрэн эрхийн хүрээнд үзэмжээрээ хэлэлцэж шийдвэрлэх эрх нь Монгол Улсын Их Хуралд байдаг. Тиймээс Монгол Улсын Их Хурал бол төрийн эрхийн хууль тогтоох дээд байгууллага. УИХэцсийн шийдвэр гаргана. Энэхүү хуулийн хүрээнд бүх үйл ажиллагаа явагдах ёстой. Даваа гаригийн чуулганы хуралдаанаар онц байдал тогтоох шаардлагагүй гэсэн томьёоллоор санал хураалт явуулсан. Үүнийг олонх гишүүд дэмжсэн. Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу бүх үйл ажиллагаа явагдах ёстой. Онц байдлыг Ерөнхийлөгч зарлаж болно. Үүнийг нь УИХгурав хоногийн дотор хэлэлцэж цуцалж болно, эсвэл баталж болно гэсэн заалттай. Үндсэн хуулийн заалтын хүрээнд үйл ажиллагаа явагдах ёстой.

Засгийн газрын ХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан: -Парламент л удирдана ш дээ. Хуралд оролцоогүй учраас нарийн мэдээлэл надад алга.

УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг: -Жагсаал цуглаан эмх замбараагүй байдалд орох эрсдэл тэр орой үүссэн. Хамгийн гол нь иргэд эрүүл мэндээрээ хохирч болохгүй. Амь насаа алдвал яах вэ. Ийм ноцтой асуудал үүсч байгаа учраас УИХшуурхай хуралдсан. Нөхцөл байдал цаашдаа хууль хяналтаас гарах эрсдэл үүсвэл Ерөнхийлөгч онц байдал тогтоох бүрэн эрхтэй. Тухайн үед УИХ-ын гишүүдэд жагсаал цуглааны асуудал ямар түвшинд байна, ямар эрсдэл байгаа талаар УИХ-ын дарга, Ерөнхий сайд мэдээлэл өгсөн. УИХбол хууль тогтоох дээд байгууллага. Энэ хүрээнд УИХажлаа маш сайн хийж байгаа гэж үзэж байгаа. Онцгой нөхцөл байдал үүссэн тохиолдолд Ерөнхийлөгчид онц байдал тогтоох эрх нь байдаг. Ерөнхийлөгч онц нөхцөл байдал үүслээ гээд онц байдал тогтоовол УИХэрхээ Ерөнхийлөгчид өгч байгаа юм биш. Үндсэн хуульд заасан эрхээ Ерөнхийлөгч эдэлж байгаа гэсэн үг.

УИХ-ын гишүүн Ц.Туваан: -Монгол Улс бол парламентын засаглалтай орон. Монгол Улсын Төрийн эрх барих дээд байгууллага бол УИХ, хууль тогтоох эрх парламентад байгаа. Өнөөдөр Монгол Улсыг УИХудирдах ёстой, шийдвэрээ гаргах ёстой. Харин ҮАБЗулсыг удирдах эрхийг эдлэх ёсгүй. Нэг номерын эрх нь УИХ-д байгаа. Харин ҮАБЗ-ийн гурван гишүүн хуралдаж 100 хувь нэгдмэл байр суурьтайгаар шийдвэр, зөвлөмжөө гаргадаг байгууллага гэдгийг тодруулж хэлье.

УИХ-ын гишүүн С.Чинзориг: -Цахим хуралдаанд би шүүмжлэлтэй байгаа. Нэгдүгээрт, хүнд цаг үед гишүүдэд ойлголт мэдээлэл сайн өгч байж УИХ-ын үйл ажиллагааг явуулах ёстой. Хоёрдугаарт, гишүүд цахимаар хуралдаагүй удсан учраас zoom программаа шинээр татахаас эхлүүлээд, ipad ажиллахгүй ч гэдэг юм уу асуудлууд байсан. УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар ҮАБЗ-ийн хуралдааны танхимаас цахим хуралд оролцож байна гэж дүрсийг нь хараад ойлгосон. ҮАБЗ-ийн хуралдааны танхим учраас сүлжээг сарниулагч байдаг юм уу, яадаг юм бэ. Дарга нарын ярьж байгаа нь сонсогдохгүй байсан зэргээр тохь, бэлтгэл муу зохион байгуулагдсан. Ерөнхий сайд нөхцөл байдалтай холбоотойгоор товч мэдээлэл өгсөн. Дараа нь ХЗДХ-ийн сайд, ЦЕГ-ын дарга мэдээлэл өгсөн. ХЗДХ-ийн сайд мэдээллийнхээ төгсгөлд нөхцөл байдал даамжирвал, онц байдал тогтоох тухай асуудлыг УИХавч үзээч гэсэн саналыг хэлсэн. Гэхдээ УИХонц байдал тогтоох шаардлагагүй гэж үзсэн. Хоёрдугаарт, ХЗДХ-ийн сайдын өгч байгаа мэдээллээр 19:00 цагт Нийслэлийн Засаг дарга албадан тараах шийдвэр гаргасан гэсэн. Журмаар хоёр цагийн дотор жагсагчид тарах чиглэлийг өгсөн. Тэр цаг нь 21:00 цагт дуусна гэж байсан. Тиймээс би 21:00 цагт хэрэгжих шийдвэрийн үр дүнг харж байж дараагийн алхмаа хийх ёстой гэсэн бодолтой байсан. Техник болохгүй байсан учраас гишүүд үг хэлэх боломж хязгаарлагдмал байсан. Хуралдааны төгсгөлд УИХ-ын дарга онцгой байдал тогтоох шаардлагагүй гэж үзэж байна. Албадан тараах үйл ажиллагаа явагдаж цаашид асуудал даамжирвал ҮАБЗ-ийн зөвлөмжийг үндэслэж дараагийн арга хэмжээг авах нь зүйтэй гэж ойлголтоо нэгтгэж гэж УИХдарга хэлээд чуулган өндөрлөсөн. Эмх замбараагүй байдал үүсвэл онц байдал зарлах эрх УИХ-д байгаа. Чуулган завсарласан үед эмх замбараагүй байдал үүсч зайлшгүй онц байдал тогтоох шаардлага үүсвэл ҮАБЗ-ийн зөвлөмжийг үндэслэж Ерөнхийлөгч зарлиг гаргана. Ерөнхийлөгчийн гаргасан зарлигийг долоо хоногийн дотор УИХавч хэлэлцэж зарлигийг батлах, эсвэл хүчингүй болгох эсэхийг шийднэ.

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар: -Тухайн өдөр ордон руу хүн оруулахгүй байсан. Ингээд хаагдчихсан байхад ордонд хуралдаж болж байна уу, үгүй юү гээд олон асуудал гарч байгаа. Яаралтай даруй шийдвэр гаргах үед УИХ-аас эрх өгөөгүй байхад шийдвэр гаргавал тэр аюул. УИХтэр эрхийг өөрийн бүрэн эрхийн хүрээнд шилжүүлж байгаа бол ардчилсан процесс л явж байгаа. гэхдээ шилжүүллээ гээд хүний үг хэлэх эрхийг хаах эрх өгөөгүй ш дээ. Жагсаал цуглаан аюулгүй явна гэдэг нь жагсаж байгаа залуучуудаа хамгаалж байгаа хэрэг. Тэдний толгой дээрээс нэг үс ч хөндөгдөх ёсгүй.

УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан: -Манайх парламентын засаглалтай улс ш дээ.

УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг: -Парламентын засаглалтай улс парламентын засаглалынхаа ажлыг явуулж байгаа гэж гишүүний хувьд үзэж байна. Хөдөө явж байсан учраас ээлжит бус цахим хуралдаанд би оролцоогүй.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

SPEAK OUT: УИХ-аас ҮАБЗ-д шилжүүлсэн эрх хэзээ дуусгавар болох нь тодорхойгүй байна DNN.mn

Нүүрсний хулгайг ил болго хэмээн шаардаж байгаа иргэдийн жагсаалтай холбоотойгоор өнгөрөгч даваа гаригт УИХ ээлжит бусаар цахимаар хуралдсан.

Энэхүү цахим хуралдаанаар жагсаалтай холбоотойгоор онц байдал тогтоох шаардлагагүй гэж үзсэн ч цаашид нөхцөл байдал даамжирвал Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжөөр холбогдох арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Улсын Их Хурал дэмжсэн. Тэгвэл цаашид нөхцөл байдал даамжирвал Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжөөр холбогдох арга хэмжээ авч хэрэгжүүлэх эрх хэдий хүртэлх хугацаанд хүчинтэй талаар гишүүдийн байр суурийг сонслоо. Гишүүдийн байр суурийг ажиглахад УИХ-аас ҮАБЗ-д шилжүүлсэн эрх хэзээ дуусгавар болох нь одоогоор тодорхойгүй байна.


УИХ-ын гишүүн Ц.Туваан: -АН хэдхэн гол зарчмын үзэл баримтлалыг тунхагладаг. Үүний доторх иргэдийн үг хэлэх, жагсаж цуглах, хэвлэн нийтлэх, мөн хувийн өмч, хувь хүний бусад эрхийг хамгаалахын төлөө АН зогсдог. Цаашид ч зогсоно. Үүний хамгийн гол эрх болох иргэд үг хэлэх, жагсаж цуглах эрхэд бодитойгоор халдах гэсэн оролдлого онц байдал тогтоох асуудлаар илэрсэн. УИХ-ын даргын зүгээс нэгдсэн чуулганыг 20:00 цагт цахимаар зарлаж Засгийн газраас онц байдал зарлах асуудлыг оруулж ирсэн. Хуралдаанд үг хэлэх, байр сууриа илэрхийлэх боломж гараагүй. Энэ асуудлаар шийдвэр гарч, дэмжлээ гэдэг санал хураалт явагдсан. Хэдэн гишүүн хуралд оролцож, хэд нь дэмжсэн юм бэ, бүү мэд. Дэмжлээ гэсэн. 30 минутын дараа УИХ-ын хуралдаанаар дэмжээгүй гэдэг мэдээлэл УИХ-ын албан ёсны сайтад мэдээлэгдсэн. Ингээд хоёр салаа байр суурь гарчихсан. УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлж намрын чуулган хуралдаж байгаа энэ цаг үед парламент хуралдаж шийдвэрээ гаргах хуулийн бүрэн эрх нь УИХ-д л ганцхан бий. УИХ-ын чуулган завсарласан хойгуур ийм асуудал үүссэн бол хуулиар Ерөнхийлөгч зарлиг гаргаж шийдвэрлэх эрхтэй. Энэ эрхийг нь долоо хоногийн дотор УИХ хуралдаж батламжлах, эсвэл цуцлах эсэхийг шийдэх эрхтэй. Ийм байтал УИХ-ын чуулган хуралдсан нэртэй энэ эрхээ Ерөнхийлөгч рүү ч юм шиг, ҮАБЗ рүү ч юм шиг, эсвэл дэмжээгүй ч юм шиг тодорхойгүй байр суурь илэрхийлж болохгүй. Ийм хүнд нөхцөл байдалд асуудал тов тодорхой байх ёстой. Хэрвээ цахимаар хуралдаагүй бол АН онцгой байдал тогтоож, жагссан иргэддээ хүч хэрэглэх, хүчээр тараахыг дэмжихгүй.

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар: -Өчигдрийн чуулган хаалттай, нууцлалтай явагдсан болохоор хариулт өгөх боломжгүй байна. УИХ-ын Тамгын газраас тодруулах нь зүйтэй байх.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар: -Би дэмжээгүй. Хугацаа яриагүй. Гурван өндөр ч билүү тэнэг ч билүү, тэд ажлаа хий. Тодорхой хулгайд хам хэрэг хийгээгүй бол хулгайчдад хариуцлага тооц.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: -УИХ-аас төрийн гурван өндөрлөгт онц байдал зарлах эрхийг шилжүүлээгүй. Хуулиар УИХ-ын чуулган хуралдах боломжгүй үед Ерөнхийлөгч онц байдал зарлах эрхтэй юм байна лээ.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: -ҮАБЗ хуралдаж асуудлуудаа шийдэх байх. ҮАБЗ-д төрийн гурван өндөрлөг багтдаг шүү дээ. Засгийн газраас асуудлаа дэвшүүлж байгаа байх. Ерөнхийлөгч харж байгаа биз. УИХ-аас зайлшгүй шаардлагатай үед тодорхой шийдвэрүүдийг гаргана гэдэг утгаараа төрийн гурван өндөрлөг орж ирж байгаа байх. Тиймээс асуудлууд ҮАБЗ-өөр шийдэгдэж, тодорхой арга хэмжээнүүдийг авах байх. Бид хугацаа зааж өгөөгүй. Холбогдох ажлын алба ажиллаж байгаа. Тэднээс мэдээлэл авсан нь зөв байх.

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг: -Төрийн эрхийг хууль бусаар авах санаачилга, оролдлого болоод онц байдал зарлавал ҮАБЗ-ийн зөвлөмжөөр холбогдох арга хэмжээ авна. Харин иргэд санал бодлоо илэрхийлэхэд ямар нэгэн хориглох асуудал байхгүй гэж хуралдаанаар ярьцгаасан даа.

Categories
мэдээ эдийн-засаг

Геологийн төв лабораторийн захирал О.Даваасамбуу үе үеийн удирдлагууд болон шинэхэн гавьяатуудаа хүлээн авч уулзлаа DNN.mn

Уул уурхайн салбар дахь Монгол төрийн “нүд, чих” гэгддэг Геологийн төв лабораторийн 65 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Ойн өдрийг угтаж лабораторийн захирал О.Даваасамбуу үе үеийн удирдлага болон гавьяатуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүлсэн юм.

Лабораторийн захирлын өрөөний голд байрлах модон бор ширээг тойрч суугаад хуучны дурсамж, салбарынхаа талаар хөөрөлдөх тэд энэ жил дөрвөн Аж үйлдвэрийн гавьяаттай болсон талаараа олзуурхан ярьж байлаа.
Геологийн төв лабораторийн захирал О.Даваасамбуу: “Монгол Улсын газрын хэвлийн мэдээллийг бий болгох, нийгмийн хөгжилд нэн чухал ач холбогдол бүхий түүхий эд, эрдэс баялгийг нээн илрүүлэх, түүний нөөцийг тогтоох, олборлох, баяжуулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд олон улсын түвшинд гурван стандартаар магадлан итгэмжлэгдсэн, дэлхийн 105 оронд хүлээн зөвшөөрөгдсөн, шинжилгээний үр дүнгээр бид хангаж ирсэн. Бидний амжилтын үр дүнд манай салбар Монгол Улсын хөгжлийн чиг баримжаанд өөрчлөлт оруулж, өнөөдөр улсын төсвийн орлогын 30 хувь, экспортын бүтээгдэхүүний 90 хувийг бүрдүүлэгч эдийн засгийн тулгуур салбарын хэмжээнд хүрсэн.
Мөн олон улсын лабораториудтай өрсөлдөхүйц хэмжээний дэлхийн жишигт нийцсэн орчин үеийн лаборатори болж чадлаа. Энэхүү түүхэн хөгжлийн хуудсыг бүтээхэд өөрийн мэдлэг чадвар, ажил үйлс, сэтгэл зүрхээрээ хувь нэмрээ оруулсан үе үеийн инженерүүд, ажилтнууд, удирдлагууд болон аж үйлдвэрийн ууган гавьяат болох Ө.Доржханд болон шинэхэн дөрвөн гавьяатуудаараа бахархаж байна. Манай лабораториос энэ жил нэг дор дөрвөн гавьяат төрсөнд бидний хувьд ихээхэн баяртай үйл явдал боллоо” хэмээв.
Геологийн төв лабораторийнхны магнайг тэнийлгэж нэг жил нэг байгууллагаас төрсөн дөрвөн гавьяат бол О.Доржренчин, Б.Батжаргал, М.Пүрэв-Очир, Г.Бат-Эрдэнэ нар юм. Аж үйлдвэрийн шинэхэн гавьяат О.Доржренчин гуай бол энэ л лабораторид амьдралаа зориулсан нэгэн. Тэрбээр 1967 онд Эрхүүгийн Их сургуулийн химийн ангийг төгсөж ирээд Геологийн төв лабораториос ажлын гараагаа эхлүүлж байжээ. Өдгөө тэтгэвэртээ суусан ч шинэ залуу мэргэжилтнүүд зөвлөгөө, туслалцаа хүсвэл лаборатори дээрээ хэдийд ч гүйгээд ирэхэд бэлэн хэмээн уулзалтын үеэр хэлж байв. Тэрбээр мэргэжлийнхээ талаар “Мэс заслын үр дүн ямар болсноос тухайн өвчтөний алтан амь яригддаг. Тэгвэл геологичийн судалсан газар тухайн илэрц байгаа эсэх, тэр нь орд болох эсэх, хэрвээ орд бол чухам ямар найрлага агуулгатай вэ гэдгийг бидний хийсэн шинжилгээ тодорхойлдог. Эрдэнэт, Оюу толгой шиг том ордоор жишээлж яривал, 0.1 хувиар алдаа гаргахад л нөөц бодоход маш том нөлөө үзүүлдэг. 0.1 хувиар багасгачихвал том ордын нөөцийг бууруулах асуудалд хүргэнэ. Харин өсгөчихвөл дэндүү их нөөцтэй орд гэдэг хоосон төсөөлөл өгнө. Тиймээс бидний мэргэжил бол улс орны эдийн засагт зөв мэдээлэл өгөхийн тулд алдах эрхгүй мэргэжил. Өнөөдөр Монгол Улсын эдийн засагт оруулж байгаа хувь нэмэр, тэр дундаа гадаад руу экспортолж байгаа бүтээгдэхүүний ихэнх хувийг уул уурхайн салбарын бүтээгдэхүүн эзэлж байна. Бидний ажлын үр дүн, геологич нөхдийн олсон ордын дээж гадныхны сонирхож байгаа элемент нь хэдэн хувийн агуулгатай, ямар найрлагатай байгааг манай лабораторийн инженер техникийн ажилчид гаргаж өгдөг. Тиймээс бид эрдэс баялгийн салбарыг чухам үнэн зөв үр дүнгээр хангах үүргийг хүлээж ирсэн лабораторийн түүхийн 65 жилийн турш бид энэ л үүргээ хангалттай биелүүлж ирлээ” хэмээн ярив.
Харин Г.Бат-Эрдэнэ гавьяат хэлсэн үгэндээ “Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн дээр Аж үйлдвэрийн гавьяат ажилтан гэдэг цолоор шагнагдсандаа туйлын баяртай байгаа. Төр засгаас геологийн салбарт ажилласан ажлыг минь үнэлж энэ том шагналыг хүртээлээ гэж ойлгож байна. Миний ажиллаж байсан он жилүүдэд Геологийн төв лаборатори маань олон улсын түвшинд итгэмжлэгдсэн төдийгүй нөхдийнхөө хамт хамтарч ажиллаж одоогийн орчин үеийн лабораторийн түвшинд хүргэсэнд бахархдаг аа. Ер нь Геологийн төв лаборатори гэдэг бол улс орны хэмжээнд геологийн судалгаа шинжилгээний хувьд маш их чухал объект юм. Монгол Улсын нутаг дэвсгэр геологийн 1:50.000 зураглалын ажил нь одоогийн байдлаар дөнгөж 40 гаруйхан хувьтай явагдаж байна. Үүний зэрэгцээ 60 хувь нь нарийн судлагдаагүй байгаа энэ үед Геологийн төв лабораторийн үүрэг маш их” гэв.
1975 онд Геологийн төв лабораторид дагалдангаас эхлээд инженер, инженерээс тасгийн дарга, орлогч дарга, орлогч даргаас лабораторийн захирал болж, 22 жил энэ айлын бодлогыг зангидаж явсан хүн бол Б.Батжаргал захирал. Тэрбээр “Геологийн төв лаборатори бол өнөөг хүртэл Монгол Улсын хөгжил, эдийн засагт асар их хувь нэмэр оруулж ашигт малтмалын ордыг нээж илрүүлэх, түүний нөөцийг тогтооход үнэмлэхүй амжилт гаргасан байгууллага. Монгол Улсын нутаг дэвсгэр дээр геологийн тандан судалгаа 1:200.000, 1:50.000 зураглал, эрэл хайгуулын гээд энэ бүх ажилд манай лаборатори 65 жилийн турш зүтгэж ирсэн. Үүний хүчинд Монголд олон арван орд газар нээгдэж, уул уурхай өндөр хөгжиж, дэлхийн тэргүүлэх уул уурхайн салбарыг бий болгож чадсан. Цаашид ч эрч хүч нь буурахгүй.
Монголын геологи уул уурхайн салбар дэлхийд ноёлох цаг маш ойрхон байгаа. Монгол бол маш их байгалийн баялагтай улс. Энэ баялгийг судлахад төр өөрийнхөө нүдээр харж, чихээр сонсох ёстой. Төрийн тэр “нүд, чих” нь Геологийн төв лаборатори. Тиймээс энэ лабораторийн үйл ажиллагааг зогсоох биш өргөжүүлэх ёстой. Бие даасан байдал гэдэг бол дэлхийн хэмжээний маш чухал асуудал. Бие даасан хараат бус байдлыг дэлхий эрхэмлэдэг. Бие даасан хараат бус лабораторийн гаргасан үр дүнг дэлхийд хүлээн зөвшөөрдөг. Түүнээс хэн нэгэн, ямар нэгэн байгууллагын харьяа лабораторийн үр дүнг хүлээн зөвшөөрдөггүй. Бид төрийн нэрийн өмнөөс шинжилгээ хийдэг. Бид олон жил Оюу толгойд хяналтын шинжилгээ хийж байна. Оюу толгойн баяжмалаас АМНАТ тооцож байгаа. Энэ үр дүнг Геологийн төв лаборатори гаргаж өгдөг. Геологийн төв лабораторийн үр дүнг дэлхий хүлээн зөвшөөрөх ёстой. Монгол Улсын Засгийн газар хүлээн зөвшөөрөх ёстой. Бид үр дүнгээ бие даасан хараат бус гаргах ёстой. Хэрвээ нэг байгууллагын харьяанд байвал үүнийг дагаад нөлөөнд орох эрсдэлийг нэмэгдүүлнэ гэсэн үг. Геологийн төв лабораторийг дэлхийд хүлээн зөвшөөрүүлэхийн тулд үе үеийн төлөөллүүд олон арван жил хөдөлмөрлөсөн. Үүнийхээ үр дүнг гаргачихсан. Гэтэл өнөөдөр энэ үр дүн талаар болж байгаад харамсалтай байна. Геологийн салбар олон удирдлага, олон толгойтой болж байна. Геологийн бодлогыг яаж хэрэгжүүлэх вэ гэдэгт нэг байгууллага ажиллах ёстой. Тэр байгууллага нь ирэх 5, 10 жилд ямар судалгааны ажлыг хаана төвлөрүүлэх ёстой вэ гэдгээ шийдэж байх ёстой” хэмээн ярьж байв.
Мөн энэ үеэр Физикийн ухааны доктор, Геологийн төв лабораторийн захирал асан Н.Тэгшбаяр “Өнөөдөр уулзалтад ГТЛ-ийн төрөн гарсан 4 гавьяат маань, мөн лабораторийн үе үе удирдлагууд ирсэн байна. Геологийн төв лаборатори бол эрдмийн уурхай юм. Манай лабораториос олон эрдэмтэн төрсөн. Тэрний нэг нь би болж энэ л лабораториосоо физикийн ухааны доктор болсноороо бахархдаг. Геологийг төв лаборатори олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн лаборатори бөгөөд АНУ-ын Үндэсний итгэмжлэлийн байгууллагаар стандарт загвар үйлдвэрлэгч, Ур чадварын сорилт зохион байгуулагч, олон улсын түвшинд магадлан итгэмжлэгдсэн Монголын анхны байгууллага юм. Би захирал байхдаа Ази Номхон далайн бүсийн хэмжил зүйн хөтөлбөрийн гишүүн болгож байсан. Ер нь бол ийм гайхамшигтай газар даа” гэсэн юм.
Р.ЖАРГАЛ
Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ж.Ганбаатар: Монгол руу нийлүүлж байгаа дизель түлш, бензинд доголдол үүсэх хэмжээний асуудал гараагүй DNN.mn

Уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн сайд Ж.Ганбаатар өчигдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.


-Монголд дизель түлшний хомсдол бий болчихлоо. Үүнээс болж орон нутгийн иргэд өвөлжөөндөө бууж чадахгүй байх ч гэдэг юм уу олон хүндрэл үүсч байна. Дизель түлшний нийлүүлэлт тасалдсан шалтгаан нь юу вэ. Хэзээнээс нийлүүлэлт хэвийн болох вэ?

-Би өнгөрөгч лхагва гаригт өдөр дизель түлшний асуудлаар олон нийтэд мэдээллийг дэлгэрэнгүй өгсөн. Тиймээс товч хариулъя. Дизель түлшний хомсдол үүсэхэд нөлөөлсөн гурван томоохон шалтгаан байна. Нэгдүгээрх нь, ОХУ-ын дотоод асуудал нөлөөлж байна. Зарим хүмүүсийн хэлж байгаачлан зэвсэгт мөргөлдөөн, зарим хэвлэлүүдийн бичиж байгаачлан дайны асуудалтай холбоотойгоор ОХУ-ын дизель түлшний дотоод хэрэглээ эрс нэмэгдсэн нь нөлөөлж байна. Мөн Ангарскийн үйлдвэрийн ачаалал нэмэгдсэн байна. Хоёрдугаарх нь, Монгол Улсын түлшний хэрэглээний 60 хувийг “Роснефть” компани дангаараа хангадаг. Жижиг трейдер компаниуд 40 хувийг хангадаг байсан бол ОХУ-ын Эрчим хүчний орлогч сайдын ахалсан ажлын хэсгээс трейдер компаниудын үйл ажиллагааг тодорхой хугацаагаар хязгаарласан. Ингээд түлшний нийлүүлэлтэд 40 хувийн доголдол үүсчихсэн. Тиймээс Уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн яамнаас аравдугаар сарын дунд үеэс эхлэн “Роснефть” компаниас 40 хувийн нийлүүлэлтийг нөхөж авах асуудлаар гэрээ хэлэлцэл хийлээ. “Роснефть” компани манай улсад сард 45-50 мянган тонн түлш нийлүүлдэг байсан бол 55-60 мянган тонн нийлүүлэхээр болж байна. Монгол Улс сард 80 мянган тонн түлш хэрэглэдэг гэж үзвэл 10-аад мянган тонны зөрүү гарч байна. Үүнийг нөхөх талаар “Роснефть” компанитай мөн үргэлжлүүлэн ажилласан. Арванхоёрдугаар сараас эхлэн “Роснефть” компани манай улсад дангаараа 83 мянган тонн түлш нийлүүлнэ гэсэн гэрээ байгуулсан. Тиймээс арванхоёрдугаар сарын хангалт болчихно гэж үзэж байгаа.

-Ангарскийн үйлдвэрт гарсан гал манайд ямар нөлөөлөл үзүүлэх бол?

-Ангарскийн асуудлаар ням гаригт яаман дээрээ холбогдох ажилтнуудтайгаа ажиллалаа. Ангарскийгаас бидэнд өгч байгаа мэдээллээр “Нэрэх үйлдвэр буюу АИ-92, дизель түлш, А-80 бензинүүдийг үйлдвэрлэдэг үйлдвэр дээр гараагүй, ямар нэгэн асуудал үүсээгүй. Үйлдвэрийн хашаан дотор байдаг жижиг цехэд гал гарсан. Галыг маш богино хугацаанд унтрааж чадсан” гэж хэлсэн. Ангарскийн цаг Монголынхтой адил ч гэсэн үйлдвэрийн удирдлага нь Москвад байдаг. Тиймээс өнөөдөр (өчигдөр) би 15:00 цагийн үед Москвагаас мэдээлэл авна. Ямартаа ч бидэнд Монгол руу нийлүүлж байгаа дизель түлш болон ямар нэгэн бензин дээр доголдол үүсэх хэмжээний асуудал гараагүй гэсэн мэдээллийг өгсөн. Та бүхэн энэ талаарх мэдээллийг ОХУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслээс унших бүрэн боломжтой. Хэрвээ томоохон хэмжээний гал гарсан бол богино хугацаанд унтраах боломжгүйг мэдэж байгаа байх. Тиймээс дахин хэлэхэд, Ангарскийн нэрэх үйлдвэрт гал гараагүй.

-Уул уурхайн салбарт гадны хөрөнгө оруулалтыг татаж, хөгжүүлье гэхээр орон нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгараад ажил гацчихдаг талаар салбарынхан хэлдэг. Үүнийг шийдлийг та хэрхэн харж байна вэ?

-Иргэд эсэргүүцээд байгаа хэд хэдэн шалтгаан бий. Нэгдүгээрх нь, тухайн орон нутгийн баялгийг ашиглаж байгаа мөртлөө орон нутагт нь ямар ч үр өгөөжгүй байгаа нь иргэдийн уур бухимдлыг ихээр төрүүлээд байна. Өөрөөр хэлбэл, нүдэн дээр нь орон нутгийг нь ухаад байгаа ч өөрийнх нь амьдарч буй орчин, амьжиргаа түвшин, дэд бүтцэд гарах эерэг нөлөөлөл бага байгаа учраас эсэргүүцдэг. Хоёрдугаарт, иргэдэд мэдээлэл өгөхгүй гэнэтхэн ухаад эхэлчихээр эсэргүүцэж байна. Үүнээс гадна өрөмдөж байна. Ухах, өрөмдөхийн ялгаа заагийг ойлгуулж хэлэх зайлшгүй шаардлага байна. Гуравдугаарт, тухайн орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд ухчихаад нөхөн сэргээлт хийхгүй байгаагаас өрөм тавиулахгүй, ухуулахгүй гээд эсэргүүцдэг. Үүнээс сэргийлэх тодорхой ажлуудыг УУХҮЯ-наас богино хугацаанд хийхээр төлөвлөж байна. Нэгдүгээрт, эхний ээлжинд хөрөнгө мөнгөндөө тааруулаад таван аймагт манай яамны Ашигт малтмал, газрын тосны газрын таван төлөөлөгч ажиллана. Тэд хайгуул хийхээр өрөм тавьж байна уу, эсвэл судалгаа хийхээр өрөмдөж байна уу гэдгээр иргэдэд зөв мэдээлэл өгнө. Хоёрдугаарт, орон нутагт төвлөрүүлж байгаа хөрөнгийг ил болгоно. Төсвийн хуулийг дагалдаж Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт орсон. Тодруулбал, үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд тухайн орон нутагтай заавал гэрээ байгуулах ёстой. Гэрээнд хандивын асуудлыг тусгаж, хандивын мөнгийг орон нутгийн хөгжлийн санд тушаах ёстой. Энэ асуудлыг зохицуулах үүрэгтэйгээр тэд ажиллана.

Гуравдугаарт, газар нутаг нь 15 хувиас дээш лицензтэй болчихсон сумдуудад нэмж зөвшөөрөл олгохгүй гэсэн байр суурийг барьж байна. Ийм сумдын тоо их биш байна лээ. 200 кг-аас доош алтны ордуудад тусгай зөвшөөрөл өгөхгүй, зогсооно. Учир нь эдийн засгийн хувьд ямар ч үр ашиггүйн дээр нөхөн сэргээлт хийх мөнгө тэндээс гарах боломжгүй гэж үзэж байгаа. Тиймээс бага хэмжээний ордуудыг ашиглах нь байгаль орчинд хохиролтой гэж үзэж байна. Үүнээс гадна түгээмэл тархацтай ашигт малтмалыг олборлох эрх орон нутагт нь хадгалагддаг. Түгээмэл тархацтай гэдэгт элс, хайрга, шавар багтдаг ч цаана нь байгаль орчинд хор хохирол үүсгэдэг асуудлууд гарч иргэдийн уур бухимдлыг хүргэж байна. Тиймээс бид Ашигт малтмалын хуулиар түгээмэл тархацтай болон бичил уурхайг эргэж харна.

-Оюу толгойн баяжмалын алтнаас АМНАТ авч чаддаггүй гэсэн яриа байдаг. Та үүнд ямар тайлбар өгөх бол?

-Оюу толгойтой холбоотой энэ асуудалд мэдээлэл их зөрүүтэй байдаг юм байна лээ. Бид зөвхөн зэсээс АМНАТ аваад байна, алтны агууламжийг тодорхойлж чадахгүй байна. Алтнаас АМНАТ авч чадахгүй үлдэж байна гэсэн зүйлүүд их яригддаг. Би гишүүн байхдаа ч, Эдийн засгийн байнгын хорооны дарга байхдаа ч үүнд нэлээн олон тайлбар өгч байсан. Хэвлэл мэдээллээр өөр өөр мэдээлэл гараад байдаг юм байна лээ. 2013 оноос эхлэн Оюу толгой компани бүтээгдэхүүнээ экспортолж эхэлсэн. Энэ хүрээнд 6.5 сая тонн зэсийн баяжмал экспортолсон байна. Манай яаманд байгаа мэдээллээр үүний 1.5 сая тонн цэвэр зэсэнд АМНАТ төлсөн байна. 6.5 сая тонн баяжмалын агуулагдаж байгаа 98 тонн алтад АМНАТ төлсөн байна. Өөрөөр хэлбэл, АМНАТ авч байна гэсэн үг. Харин алтаа ялгаад авна гэдэг өөр. Тэр алтанд татвар ногдуулна гэдэг мөн өөр асуудал. Зэс хайлуулах үйлдвэр барьж баяжмалаас алтаа ялгаж аваад валютын сан, алтны нөөцийг нэмэгдүүлэх боломжтой. Мөн 280 тонн мөнгөнд АМНАТ ногдуулсан байна. Тэгэхээр Оюу толгойн баяжмалын хувьд зэс, алт, мөнгөнөөс тус тус амнатавч байна.

-Эрдэнэт үйлдвэрийн нөөц дуусч байгаа гэдэг яриа мөн гардаг. Энэ тухайд?

-Эрдэнэт үйлдвэрийн баяжмал дахь зэсийн агуулга буурч байгааг хүмүүс нөөц багасч байна гэж ярьж байх шиг байна. 2022 оны нэгдүгээр сард нөөцийн тайлан гаргасан. Тэр тайланд 46 жил ашиглах боломжтой гэсэн байна лээ. Мөн 99.6 мянган га талбай хайгуулаар өгсөн. Энэ хүрээнд 60 жил ашиглах боломжтой гэдгийг Эрдэнэт үйлдвэрийн мэргэжилтнүүд өгсөн.

-Нүүрсний хулгайтай холбоотой асуудал дээр ямар арга хэмжээ авах вэ. Түүнчлэн манай улс ирэх онд 36 сая тонн нүүрс экспортлох боломжтой юу?

-36 сая тонн битгий хэл 70, 80 сая тонныг экспортлох боломжтой. Бидний шийдэх ёстой асуудал нь тээвэрлэлт болон боомтын асуудал байна. Манай уурхайнуудын хүчин чадал 36 сая тонноос хавь илүү бий. Боомт, тээвэрлэлтийн асуудлыг хамтын хүчээр шийднэ. Тээвэрлэлтийн асуудлыг бид дотооддоо шийдэж болж байгаа ч боомтын асуудал бидний өмнө тулгарч байна.

2013 оноос хойш нүүрсний хулгайн асуудал яригдаж байгаа. Монгол Улсын хилээр хоосон машин гараад Хятадын хил дээр нүүрстэй болж бүртгэгдсэн асуудлын тоон мэдээллийн зөрүү бол энэ асуудлын гол цэг. Энэ бол өмнөх парламентын үед ч яригдаж байсан. Мөргөцөг алга болсон гэдэг асуудал болон уурхай хоорондын маргааныг хууль хяналтын байгууллагаас дахин шалгаж байгаа юм билээ. Тиймээс мөргөцгийн асуудлаар тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байна. Нүүрстэй холбоотой асуудлуудыг цэгцлэх ажлын хүрээнд нүүрсний экспортыг хийхдээ түр журам гаргаж биржийн системд шилжүүлж ажиллуулна. Биржийн систем бий болсноор худалдан авч байгаа газрын захиалга тодорхой болно. Доод үнээ зарладаг болно. Нүүрсний хулгайг дагаж Цагаан хадны тээврийн үнийн асуудал яригдана. Нүүрсний тээвэрлэлтийн зардал хаана ч байхгүй үнэтэй болчихоод байна гэдэг асуудлын цаана Цагаан хад байгаа юм. Цар тахлын үед Цагаан хад үүргээ биелүүлсэн. Гэхдээ биржийн системд шилжчихвэл Цагаан хадны тээврийн зохицуулалт хэрэггүй болно. Биржийн түр журмыг арванхоёрдугаар сард багтаж Засгийн газрын хурлаар шийдвэрлэнэ. Ирэх оны гуравдугаар сараас эхлэн бирж түр журмын хүрээнд үйл ажиллаж эхэлнэ. Уул уурхайн тусдаа бирж ажиллах учраас тодорхой цаг хугацаа бидэнд хэрэгтэй. Түр журмаар байгуулагдсан бирж Эрдэс Таван толгойн бүх нүүрсийг зарна гэсэн үг биш. Туршиж үзнэ. Чадах хэмжээгээрээ явна. Алдаа гарвал хуульдаа тусгаж засна.

Тэрбээр мэдээллийн үеэр “Уул уурхайн салбар ДНБ-ний 23 хувь, экспортын 93 хувь, улсын төсвийг хөрөнгө оруулалтын 30 орчим хувийг бүрдүүлдэг том салбар юм. Манай салбар ирэх оны төсөвт 5 их наяд төгрөг төвлөрүүлэхээр төсөвт суулгасан байна. Энэ 5 их наядын төгрөгийн гол татвар буюу 2,5 их наяд нь АМНАТ юм. Үүнээс гадна ААНОАТ 1 их наяд төгрөг, гааль болон бусад татвараар 1,5 их наяд төгрөг төвлөрүүлэхээр тооцоолоод байна. Төсвийн орлогыг төвлөрүүлэхэд чиглэсэн салбарын орлогын хувьд нүүрс 36,5 тонн, зэс 1,4 сая тонн, төмрийн хүдэр 8,4 сая тонн, алт 20 тонн, газрын тос 6,5 тонн экспортолно гэсэн төсөв батлагдсан байна” гэсэн юм.

Categories
их-уншсан мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Э.Бат-Үүл: 420 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг төсвийн хуулийн дагуу зөв менежмэнт хийвэл дөрвөн их наяд төгрөг босгож, метро ч барих боломжтой DNN.mn

Улаанбаатар хотын Захирагч асан Э.Бат-Үүлтэй ярилцлаа.


-Та хаагуур, юу хийж явна вэ. Сэлэнгийн жижиг аж ахуйтайгаа л “ноцолдож” явна уу?

-Сэлэнгийн Зүүнбүрэн суманд амьдарч байна. Үхрийн ферм байгуулж бизнес хийх гэж үзлээ. М.Зоригт хүртэл манайд очиж “Бидний цөөхөн монголчууд” нэвтрүүлэгтээ оролцуулж ярилцлага хийснийг олон хүн үзэж. Гэхдээ үхрийн ферм гэдэг чинь ярихад амархан, хийхэд хэцүү ажил юм билээ. Нийслэл хүү малчин болох ч амаргүй байлаа. Дийлэхээ болиод үхэрнүүдээ зарж нэг юм “санаа амарсан”. Ашгүй, эхнэр, охин хоёр маань йогийн багш нар байж таараад нөгөө фермээ йогийн кемп болгоод, түүнийгээ хардаг “хаминдаагийн” ажил хийж байна даа. Ном уншиж, нийтлэл бичих завтай, харин сайхан ажил юм аа.

Эрх чөлөөний цочролын тухай ном бичиж эхэлж байснаа явсаар олон түмэн өөрөө дарангуйлал руу тэмүүлдэг болохыг ойлгож, одоо энэ тухай ном бичих санаатай нухаж байна. Ер нь хүн чинь эрх чөлөө, дарангуйллын хооронд савлаж байдаг амьтан бололтой. Өөртөө эрх чөлөөг хүсэх атлаа бусдад бол чанга гар хүсэн алцганаж явдаг амьтан аж.

-Та хууль хяналтын байгууллагаар яваад байгаа асуудлынхаа талаар мэдээлэл өгөх боломжтой юу?

-Би шоронгоос гараад зөндөө мэдээлэл өгсөн л дөө. Өөрөө үзээгүй бололтой. Хачин шүү. Хүмүүс хэн нэгнийг гүтгэхэд сенсацилахдаа сайн атлаа няцаалтыг нь сонирхож тоодог ч үгүй юм. Нэгэнт асуусан болохоор чинь хариулъя л даа.

Дөрвөн сар шоронд суугаад Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж, дөрөвдүгээр сард шүүх болсон. Шүүх хурал нээлттэй болсон тул шүүх хурлын заал дүүрэн оролцож ажиглагчаар суусан. Намайг хэрхэн нотолгоогүй хэрэгт хууль бусаар холбогдуулсныг хараад шүүгч нар төдийгүй тэнд сууж байсан хүмүүс бүгд л гайхаж сүүлдээ тэсгэлээ барж дуу алдацгааж байсан. Тэнд сэтгүүлчид ч цөөнгүй харагдсан. Харин шүүхийн шийдвэр гарсны дараа мэдээг нь хүмүүс нэг их сонирхохгүй байна лээ. Харин прокурор шүүхийн тогтоолын дагуу хэрэг үүсгэсэн тогтоолыг хүчингүй болгосон. Ардын яриагаар хэрэг хэрэгсэхгүй болсон гэсэн үг.

-Та “Түгжрэлийг шийдэхийн тулд Энхтайваны өргөн чөлөөний газар доогуур метро барих, хотын дундуур тавьсан төмөр замыг хос болгох асуудлыг яаралтай эргэж сэргээх ёстой. Хувийн хэвшилд хариуцуулбал 2-3 жилийн дотор хийчихнэ” гэж жиргэсэн. Үүний бүх тооцооллыг яриад өгөхгүй юү?

-Намайг хотын дарга болохоос өмнө метро барих урьдчилсан судалгаа Монголын засгийн хүсэлтээр Жайка байгууллага хийгээд урьдчилсан ТЭЗҮ-ийн тайлангаа гаргачихсан байсан. Жайкагийн судалгаа маш чамбай судалгаа болсон байсан. Хамгийн хачирхалтай инээдэмтэй, егөөтэй нь багагүй хэмжээний төлбөр төлсөн тэр том судалгааны ажлыг нөгөө захиалга өгсөн Засгийн газар нь тоож ч хараагүй. Хараагүйгээр барахгүй, БРТ гэх мэтийн шал өөр тээврийн хэрэгслийн тухай яриад яваад өгсөн юм билээ. Ер нь манай төр засгийн байгууллагууд баахан судалгаа захиалчихаад түүнийгээ “ор тас мартчихдаг” нь донор байгууллагуудыг цочирдуулж, гайхшилыг нь бардаг. Би хотын дарга болоод Жайкагийн хийсэн урьдчилсан ТЭЗҮ-ийн тайланг уншаад Улаанбаатар хотын замын түгжрэлийг шийдэх нэг гол шийдэл нь метро болохыг сая ойлгосон.

Энхтайваны өргөн чөлөөний дагуу газар дээгүүр давхих трамвай, БРТ мэтийн бусад хэрэгсэл түгжрэлийг бүр тэг зогсолт болгох аюултай юм. Хөндлөн гарсан замуудаа бүгдийг хаасан том хаалт болж хувирана.

Жайкагийн судалгааны сонирхолтой нь Улаанбаатар хот маань Энхтайваны өргөн чөлөө хэмээх ганц тэнхлэг рүү сунасан хот байв.

Бодоод үз дээ! Энхтайваны өргөн чөлөөний дагуу эмнэлэг, их дээд сургууль, төрийн захиргааны байгууллагууд, банк санхүүгийн байгууллагууд, их дэлгүүрүүд, захууд гээд л хүн амд чухал хэрэгцээтэй бараг бүгд бий. Дээрээс нь Улаанбаатар хотын цаг агаар метронд зориулсан мэт өндөр хэлбэлзэлтэй байж таарсан. Ер нь л Энхтайваны өргөн чөлөө бол метронд зориулсан мэт өргөн чөлөө аж!

-Метро баривал ТЭЗҮ-ийг нь хэрхэн хийвэл зүгээр вэ?

-Жайкагийн эхлүүлсэн үйл ажиллагааг яаралтай дахин сэргээх хэрэгтэй. Тоо баримт мэтийн олон зүйл өөрчлөгдсөн учраас өмнөх судалгаа, тооцооллуудыг шинэчлэх багагүй ажил хийгдэх ёстой болно. Цаг хугацаа алдсаны төлбөрөө төлөхөөс өөр аргагүй. Дээрээс нь метро барих ажлыг баталгаатай болгох эрх зүйн орчныг сайтар бүрдүүлэх хэрэгтэй. Хотын даргын дур зоргоор төсөл гацдаг байдлыг дахин гаргуулахгүй байх хэрэгтэй. Төр хувийн хэвшлийн түншлэлээр хийх хэрэгтэй. Улстөрчдийн “идээ уугаа”-аас хол байлгах нь зүйтэй.

Жайкагийн урьдчилсан төлөвлөгөөний тайланд төр ,хувийн түгшлэлээр хийх нь зүйтэй гэсэн санал тусгагдсан байсан.

-Метро барилаа гэхэд бид зардлаа дийлэх юм уу. Бөөн өр алдагдалд орчих асуудал үүсэх юм биш биз?

-Уг нь метро бол сая орчим хүн амтай,нэг хүнд ногдох ДНБ нь 10 мянга орчим доллартай тэнцэх хотод ашигтай ажилладаг гэсэн тоооцоо тухайн үед жишиг болдог байсан. Гэхдээ, жишээ нь Америкийн хотууд төлөвлөлтөөсөө болоод их хүн амтай, орлоготой ч гэсэн метро нь ашиггүй ажилладаг явдал байдаг. Харин манай хотын нягтрал ихтэй орон сууцны хороолллоос, мөн эрс тэс уур амьсгалаас болоод метро ашигтай байх магадлалтай гэсэн тооцоо гарч байсан.

-Метрог улирал харгалзахгүй барих боломжтой юу. Зохион байгуулалтыг яаж хийвэл 2-3 жилийн дотор барина гэж та харж байгаа вэ?

-Үнэндээ Жайкагийн тооцоогоор дөрвөн жилд барьж дуусгах тооцоотой. Гэхдээ сайтар бэлдэж чадвал манай хувийн хэвшлийнхэн хурд ихтэй гэдгээ олон удаа харуулсан. Гадныхан ч үүнийг бас анзаарсан байдаг. Намайг хотын дарга байхад Монголын замын компаниуд ямар хурдан зам тавьж чадаж байгааг гадныхан хараад гайхаж байсан юм шүү. Бид өөрсдийгөө үндэслэлгүй доош хийх өвчтэй л дээ. Сайн харах юм бол нөхцөл нь саадгүй бүрдсэн манай компаниуд бүтээмж өндөртэй. Манай барилгын компаниудыг хар л даа. Өвлийн урт улирал гээд бэрхшээлтэй атлаа дулаан орны барилгатай уралдаж хороолол босгож байна шүү дээ. Одоо оросуудыг хол хаяад, хятадуудтай бүтээмжээрээ өрсөлдөж байна. Тийм учраас ажил эхлэх зөвшөөрөл хурдан өгөгдвөл манайхан тэр хэрээрээ л хурдан хийж гүйцэтгэнэ.

Метро барихад онцлог нь улирал харгалзахгүй, газрын гүнд хийгдэх учраас! Тэр битгий гол шинэ технологиор хийгдэх учраас бид унтаж байхад ч чимээ гарахгүй хийгдэнэ гэж Японы мэрэгжилтнүүд надад хэлж байсан юм.

-Хувийн хэвшилд хариуцуулаад бариулах боломжтой гэлээ. Гэтэл Монголд метро барих хэмжээний хувийн хэвшил байгаа юм уу?

-Оюу толгой хэмээх дэлхийд ховорхон уурхайн газар доорх байгууламжийн дотоод хонгилыг манай компаниуд доторлогоо хийж гүйцэтгэж байна даа.

-Хотын асуудлыг шийдэх том төслүүдийн санаа, ТЭЗҮ нь байгаа ч хөрөнгө дээрээ гацчихаад байх шиг байна. Үүний гарцыг та хэрхэн харж байна. Бид мөнгө яаж босгох вэ?

-Япончуудтай хамтарч хийсэн төсөлд мөнгө амархан босдог. Япон бол хөрөнгө оруулагчдыг дууддаг “том дуудагч” юм гэдгийг бид хаа хаанаа ойлгож, үүнийг нь ашиглах цаг болсон..

-Улаанбаатар хот түүхэндээ анх удаа 420 тэрбум төгрөгийн төсөв зарцуулах эрхтэй болсон. Энэ мөнгийг та яаж зарцуулах ёстой гэж бодож байна. Олон ажил руу орж цалгардаж байхаар зорилтот нэг төсөл хэрэгжүүлэх ёстой юу?

-Энэ эх үүсвэрийг төсвийн хуулийн дагуу зөв менежмэнт хийвэл дор хаяж дөрвөн их наяд төгрөг одоо босгож метро ч барих боломжтой. Үүнийг Ерөнхий сайд ч ойлгохгүй юм. Сангийн сайд ч ойлгохгүй юм. Хотын дарга бол бүр ч ухаарахгүй байна. Хотын мэдэлд уурхай байна гэнэ, түүнийгээ барьцаалж зээл авна ч гэх шиг тэс хөдлөнгийн зүйл ярьж байх юм. Уурхайгаар барьцаалж өөр төсөлд зээл өгдөг ганцхан л улсын банк бий. Тэр Хятадын банк!

Зах зээлийн цэвэр эдийн засгийн зарчмаар бол уурхайгаар барьцаалж уурхайн бизнест л зээл өгнө шүү дээ! Хятадын төрийн банкууд л улс төрийн зорилгоор уурхайгаар барьцаалж сургууль, эмнэлэг, спортын ордон зэрэгт зээл өгч Африкийн орнуудыг дампууруулж байгаа. Хятадын банкууд өөрсдөө ч дампуурч эхэлж байх шиг байна даа!

-Хот хариуцсан сайдтай болсон. Үүнийг та хэрхэн дүгнэж байгаа вэ?

-Хотын даргаа ажил хийж чадахгүй байна гээд хусчихаж чадахгүй болохоор нь ийм шинэ арга нэвтрүүлж үзсэн юм байлгүй. Бидний үед Засгийн газар нь хотоо дэмжих бус, харин хот нь Засгийн газраа дэмжээд болоод л байсан даа.

-Та Хотын даргатай уулзаад байх шиг харагддаг. Д.Сумъяабазар даргад ямар зөвлөгөө өгч байна?

-Төсвийн хуулиа л сайн ойлго, бас мэдэхгүйгээ мэддэг бай, даруухан хэрэглээтэй бол гэж зөвлөх байна. Би хотын дарга байхдаа юу ч мэдэхгүйгээ мэдэж, гадны төслийнхнийг эрээ цээргүй даган гүйж шпиргалк их авдаг байсны ачаар овоо юм сурч, ойлгож, мэдэж авсан. Мэдэхгүйгээсээ ичих хэрэггүй. Бас хотын дарга нь даруухан хэрэглэгээтэй байхад иргэд нь их дуртай байдаг юм. Төсвөө сайн ойлгож харвал хэрэгтэй мөнгө олдохоор байгаа шүү! Монголын нийт хадгаламж, мөнгөний эргэлтийн 80 гаруй хувь нийслэлд байгаа.

-Тантай ярилцаж байгаагийнх АН-ын эв нэгдлийн талаар асуухгүй өнгөрч чадахгүй нь. Залуучуудад АН-ыг нь даатгаад орхиж болохгүй юу?

-Шүүхээр дарга бүртгэгдвэл манай асуудал шийдэгчих юм л даа. Тийм учраас шүүхийн шийдвэрийг л биелүүлэх хэрэгтэй. Өөр юм байхгүй. Тухайн үед М.Тулгат, О.Цогтгэрэл хоёр тохироод л Их хурлаа хамт хийгээд шүүхийн шийдвэр биелүүлчихсэн бол өдийд манай залуус ард түмнээ манлайлчихсан ялалт өөд явж байх байсан юм. Ард түмэн бараг л нийтээрээ манай намыг дэмжихээр болчихоод байна.

Сүүлийн 30 гаруй жил манай сонгогчид, МАН гэдэг живхээ норчихоор нь АН гэдэг хуурай живхээр солиод, тэр нь норчихвол эргээд хатаасан МАН гэдэг живхээ хийдэг байсан юм. Манай ард түмэн ардчиллыг ингэж ашиглаад сурчихсан. Өдгөө МАН гэдэг живх нь шал нойтон болчихоод хайраад болохгүй байна шүү дээ!

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Б.Бейсен: Хил гаалийнхан нүүрсний хулгайг хамгаалах янзтай байгаа DNN.mn

УИХ-ын гишүүн Б.Бейсентэй ярилцлаа.


-УИХ-аас Монгол Улсын 2023 оны төсвийг баталсан. Батлагдсан төсвийн талаар та ямар шүүмжлэлтэй байна вэ?

-Улсын төсвийг жил бүр алдагдалтай баталдаг жишиг нэгэнт тогтжээ. Эрх баригчид ирэх жилийн төсвийг 1.4 их наяд төгрөгийн алдагдалтай баталлаа. Ардчилсан намын гишүүдийн зүгээс алдагдалтай төсөв баталж болохгүй хэмээн акц хийж чуулганы хуралдааныг орхиж гарсныг та бүхэн санаж байгаа байх. Эрүүл мэндийн салбарын төсөв маш хангалтгүй санагдаж байгаа. Эмч нарын цалин хангамж хүрэлцээгүй байна. Дээрээс нь эмийн үнэ нэг, хоёр хувиар бус 200 хувь хүртэл нэмэгдчихээд байна. Мөн эм ханган нийлүүлэх байгууллагууд он гаргаад вакцины үнийг нэмэх талаарх албан бичгээ эмнэлгүүдэд хүргүүлсэн байна лээ. Тиймээс эрүүл мэндийн салбарын төсөв хүрэлцэхгүй нөхцөл байдалд орох нь. Дээрээс нь эрүүл мэндийн даатгалын шалгуур үзүүлэлтийг орон нутгийн эмнэлгүүд хангах боломжгүй учраас санхүүжилтэд хүндрэл учрах нь. Орны тоогоор л төсөв суулгасан болохоос биш тоног төхөөрөмж авах чиглэлд санхүүжилт тавигдаагүй. Өрхийн эмнэлгүүдийнх ч мөн адил.

-Та чуулганы хуралдааны үеэр эмийн асуудлыг хөндөж байсан. Мөн сая эмийн үнэ 200 хувь нэмэгдсэн талаар хэллээ. Яг ямар эмнүүд хэдэн хувиар нэмэгдчихээд байгаа талаарх мэдээллийг өгөх боломжтой юу?

-Эмийн асуудлыг хөндөхөөс аргагүй болчихоод байгаа юм. Албаныхны ирүүлсэн мэдээллийг харахаар ноцтой тоонууд харагдаж байна л даа. Эмийн үнэ 60-238 хувийн нэмэгдэлтэй борлуулагдаж байна. Энэ бол ядарсан ард түмнийг арай л дээрэлхэж байгаа юм. Жишээлбэл, хэлцлийн үнэ дээр тээвэр, даатгалын төлбөр гээд 5-8 хувь нэмнэ. Үүн дээрээ дахиад гаалийн НӨАТ гээд 15.5 хувь, мөн ханган нийлүүлэх байгууллага 15-45 хувийн нэмэгдэл нэмж байна. Ингээд болоогүй борлуулалтын НӨАТ гээд 10 хувь, эмийн сангийн нэмэгдэл гээд 25-35 хувь, дахиад борлуулалтын НӨАТ 10 хувь нэмж байна. Ийм байж болох уу. Дотоодын үйлдвэрийн эм 41-98 хувийн нэмэгдэлтэй борлуулагдаж байгаа бол импортын хувьд гарал үүслийн улсаас хамааран 60-238 хувийн нэмэгдэлтэй борлуулагдаж байна гэж байгаа юм.

Албаныхны өгсөн мэдээллээс хамгийн их үнийн өсөлттэй эмүүдийг жишээ болгож хэлье. Жишээлбэл, ампициллин 213 хувийн нэмэгдэлтэй, пенициллин 150-200 хувь, цефазолин 102-116, витамин-С 73-143 хувийн нэмэгдэлтэй борлуулагдаж байна. Мөн даралтын эм л гэхэд 40-86 хувь, параденк, хүүхдийн лаа 83-87 хувь, парацетамол 47-60, анальгин 120 хувь, хлорфенамин 48, терафлю үйлдвэрийн үнээс 84 хувийн нэмэгдэлтэй борлуулагдаж байна.

-Боомтын асуудлыг хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд та багтдаг. Түр хорооны бүрэлдэхүүн аймагт ажилласан. Баруун аймгийн хил, боомт дээр ямар асуудал үүсчихээд байна вэ. Бид нүүрсний хулгайг ярихдаа зүүн урд боомтуудын асуудлыг сөхөөд баруун чигийг орхигдуулаад байх шиг. Хэдэн жилийн дараа Ярантын боомт ч Гашуунсухайтаас дутахааргүй булхай гарч ирэх вий дээ?

-Хянан шалгах түр хорооны дарга Г.Ганболд гишүүнээр ахлуулсан түр хорооны гишүүд болох С.Ганбаатар, Ш.Раднаасэд, Ш.Адьшаа, Ц.Анандбазар нарын гишүүдийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Ховдын Ярантын боомт, Цагааннуурын чөлөөт бүсэд ажиллаж нөхцөл байдлыг шалгаад ирсэн.

Энэ үеэр ажлын хэсэг Баян-Өлгий аймгийн хилээр бензин шатахуун ямар үнэ ханштай орж ирж байгаатай мөн танилцсан. Улаанбаатар хотод түлш 2300 гаруй төгрөгийн үнэтэй борлуулагдаж байгаа шүү дээ. Гэтэл Цагааннуур боомтоор орж ирж байгаа түлш Баян-Өлгийд 2700-3000 төгрөгөөр борлуулагдаж байна. Харин хөдөөгүүр бол 4000 төгрөг гарч байгаа юм. Уг нь Баян-Өлгийн колонкуудын шатахууны агуулахад 2300-2400 орчим төгрөгийн үнэтэй бууж байгаа юм. Гэтэл үнийг нь ийн нэмээд зарж байгаа асуудал гарч байна. Зарим аймгуудтай харьцуулахад шатахуунаа ойр газраас импортолж байгаа юм чинь Улаанбаатар хоттой адил үнэтэй байж болно оо доо.

Нөгөө талаар Цагааннуурын чөлөөт бүс байгуулагдаад 15 орчим жил болж байна. Боомтын захиргаа нь 15-20 хүний бүрэлдэхүүнтэй, Улаанбаатар хотод байрлаж байна. Өөрөөр хэлбэл, чөлөөт бүс нэртэй хоосон хашаа тэнд байна. Гэтэл Цагааннуурын чөлөөт бүсийн ажилчдын цалин гээд жил бүр улсын төсвөөс мөнгө авдаг. Хэмнэлтийн хуулиар үүний санхүүжилтийг нь зогсоож дараа нь иж бүрнээр нь санхүүжилтийг олгож болно. Гэтэл тэгээгүй. Нөгөө талаар чөлөөт бүсийг хөгжүүлэхийн тулд цаанаас орж ирж байгаа бензин шатахуун, барилгын материал, хүнсний бүтээгдэхүүнийг гаалиар дамжуулж асуудлаа шийдүүлээд ажиллах болно. Гэтэл мөн л ажиллахгүй байна.

-Ховдын Ярантын боомтоор өдөрт хэдэн машин гарч байна вэ. Шалгалтаар явж байхад хил гаалийн хяналт, бүртгэл ямаршуу байдалтай байна. Нийгмийн анхаарлыг татсан асуудал тэнд ажиглагдана уу?

-Бид Хөшөөтийн уурхайд газар дээр нь очиж ажилласан. Уурхайд нь нийтдээ 900 машин байдаг юм байна. Бидний очсон өдөр 900 машинаас 70 тонны даацтай 140 машин хилээр гарсан байсан. Жолооч нарын нийгмийн асуудлыг шийдээгүй, зургаан метрийн өндөртэй хашаандаа жолооч нарыг машинтай нь “хашчихсан” байгаа юм. Жолооч нарт усанд орох газар ч байхгүй, амрах өрөө ч байхгүй, машин дотроо унтдаг ийм хүнд байдалтай байна лээ.

Ярантын боомтоор өдөр бүр 140 машин гарч байна. Боомтоор нэвтрэхийн тулд нэг жолоочоос PCR шинжилгээний төлбөрт 66 мянган төгрөг өгдөг юм байна. Үүний 19800 төгрөг нь Зоонозын Өвчин Судлалын Үндэсний төвд очно. Өрөөр хэлбэл, эрүүл мэндийн харьяа баазад тэр мөнгө нь ороод улсын төсөвт төвлөрөх ёстой. Өдөрт 140 жолооч PCR шинжилгээг 66 мянган төгрөгөөр өгч байгааг тооцохоор өдөрт есөн сая төгрөг болж байна. Энэ нь сард 277 сая төгрөг, жилээр бодвол гурван тэрбум 326 сая төгрөг болох нь. Өөрөөр хэлбэл, зөвхөн Ярантын боомтоос жилд 3-4 тэрбум төгрөгийг PCR шинжилгээнээс авч байна. Энэ мөнгө нь төсөвт орохгүй байна. Халдварт өвчний хилийн хяналт шалгалтын тухай хуулийг ноцтой зөрчиж Монгол Улсын нэрийн өмнөөс Хятадтай хамтарсан МоЭнКо компани, аймгийн Зоонозын Өвчин Судлалын Үндэсний төв хамтарч PCR шинжилгээг хийж байгаа юм. PCR шинжилгээнийх гээд 66 сая төгрөгийн үнэтэй аппарат тавьчихсан байна лээ. PCR шинжилгээний мөнгийг аваад мөнгө угаах асуудал тэнд гарч байна. Бид Аймгийн Засаг даргад үүнийг нь хэлсэн. Улаанбаатарт ирээд үүнийг танилцуулсан.

Гуравдугаарт, Ховд аймгийн хилийн боомтуудаар явж шалгалт хийхэд энэ жил нэг сая 800 тонн нүүрс хилээр гарлаа гэсэн мэдээллийг бидэнд өгсөн. Гэтэл долоо хоногийн дараа би Хятадын Алтай аймгийн телевизийн мэдээг сонсож байхад Монгол Улсаас 2.2 сая тонн нүүрс Такашикен боомтоор импортоллоо. Төлөвлөгөөт нормоо хоёр сар 18 хоногийн өмнө биелүүллээ гэсэн мэдээ явж байсан. Би тэр мэдээний бичлэгийг авч ирээд Д.Амарбаясгалан даргад өгсөн.

Хятадын тал худлаа мэдээлэл гаргахгүй. Мэдээллээ нийтлэхдээ хатуу цензур тавьдаг учраас худал мэдээлэл нийтэлбэл арга хэмжээ тооцуулна шүү дээ. Хятадын талын өгч байгаа мэдээлэл Монголын талын өгч байгаа мэдээллээс харахад 400 мянган тонн нүүрсний зөрүү гарч байна. Нэг тонн нүүрсийг 150 ам.доллар гээд тооцвол манай улс 60 сая ам.доллар алдаж байна. Энэ асуудлыг шалгана уу гээд холбогдох байгууллагад хандсан. Шалгалт нь эхэлсэн. Хил, гаалийн дарга нар үүнийг зөвшөөрөхгүй байх шиг байна. Ямартаа ч Хятад тал бол хэзээ ч худлаа мэдээлэл нийтлэхгүй. Тиймээс тэнд хулгайн асуудал байна уу гэж харсан. Ерөнхийлөгчийн Тамгын газарт энэ талаар хандсан байгаа. Чуулганы хуралдаанаас гадна Сангийн сайд, Эдийн засаг хөгжлийн сайдад үүнийг хэлсэн. Шалгаад арга хэмжээ авах байх гэж бодож байна.

Хөшөөтийн уурхай дээр гэхэд нэг тонныг эндээс 100 ам.доллараар аваад цаана 200 ам.доллараар зарж байна. Гэтэл Гашуунсухайт уурхайд ихээхэн хэмжээний тоо сонсогдож байгаа биз дээ. Ийм байгаа болохоор улсын төсөв бүрдэхгүй байна. Алдагдалтай төсөв баталж байна. Энэ асуудлын мөрөөр араас нь ороод шалгах ёстой. Монгол Улсын байгалийн баялгийн хэдэн жилийн нөөцийг хулгайлаад хилийн цаана аваачаад овоолж байна шүү дээ. Хатуу арга хэмжээ ч тооцох нь зүйтэй.

Урьд нь тэр боомтоор 100-150 машин явж байсан бол өнгөрөгч есдүгээр сарын 5-наас 250 машин явуулж байсан.

-Түр хорооны гишүүд саяхан Эрдэнэс Таван толгойд ажилласан. Шалгалтаар ямар асуудлууд илэрч байна вэ?

-Намайг орхиод явсан байна лээ. Ирэх долоо хоногт хуралдана. Саяны хурлаар хил, гааль, АТГ бүгдийг нь дуудаад уулзсан. Тэгтэл хил, гаалийнхан энэ асуудлыг анзаарч байгаа юм алга. Хамгаалах байр суурьтай байна лээ. Тиймээс үүнийг хатуу шалгах ёстой гэж бодож байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Н.Алтантөгс: Хоёр хөрш хагаралдвал Монголоос гадаадын хөрөнгө оруулагчдыг хөөж, хэлмэгдүүлэлтийг дахин өрнүүлнэ DNN.mn

-Монголд дарга анги болох Номен клатура давхарга төлөвшиж байна –


МУИСийн ШУСийн Хүмүүнлэгийн салбарын захирал Н.Алтантөгстэй өнөөгийн улс төрийн нөхцөл байдлын талаар ярилцлаа.


-Өнөөдрийн улс төрийн нөхцөл байдал бага хаадын үеийнхтэй төстэй байна хэмээн нийгмийн тодорхой хүрээнийхэн дүгнэж буй. Та үүнтэй санал нийлэх үү. Бага хаадын бутралын үеэс авах сургамж өнөөдөр бидэнд юу байна вэ?

-Юун түрүүнд, Бага хаадын үе гэж нэрлэх оновчгүй юм. Түүхийн зарим нэг номонд ийн нэрлээд биччихсэн. Уг нь бол “Эзэнт гүрний дараах үе” гэсэн байдлаар нэрлэх нь зүйтэй. Бага хаад гэдэг нэршил нь хятад сурвалжаас гаралтай. Тодруулбал, Даян хааныг Сяо-Ванзы буюу жижиг ван гэсэн доромж үгнээс гаралтай нэршил. Тиймээс “Эзэнт гүрний дараах үе” гэж монгол нэршлээр нэрлэсэн нь зөв. Учир нь эзэн хаантай, засаг захиргааны бүтэцтэй Монголын түүхийн нэг үе шүү дээ.

Эзэнт гүрний дараах энэ үеийг ажиглахад аливаа феодалын нийгэмд байдаг ноёд эзэн хаанаасаа салан тусгаарлаж бие даасан эрх мэдэлтэй байх гэсэн санаархал ажиглагддаг. Улс төрийн бутралын үе гэхээр мөн л оновчгүй. Учир нь бутарсан үе ч бий. Заримдаа нэгдмэл, хүчирхэг төртэй байсан үе бий. Хаангүй болсон үе ч бас байгаа. Тиймээс “Эзэнт гүрний дараах үе” гэсэн байдлаар нэрлэж явбал зүгээр болов уу.

-Тухайн үеийн түүхэнд олон хаан солигдсон байдаг. Эзэнт гүрний үе шиг нэгдмэл байж чадаагүй шалтгаан нь юу байв. Феодал ноёдын эго их байсан учраас салан тусгаарлах амбиц их гарсан гэж дүгнэж болох уу?

-Тогоонтөмөр хааны үеэс Лигдэн хааны үе хүртэлх түүхийн нэг үе бий. Энэ үед богинохон хугацаагаар хаан ширээнд суусан хаад бий. Зарим хаад жамаараа бус хэн нэгэнд хорлуулж нас нөгчих тохиолдол ч байсан. Бүр бага насны хүүхдийг хаан ширээнд суулгаж байсан үе ч бий. Энэ үйл явцууд улс төрийн тодорхой хямралтай үеүдэд өрнөж байсан. Зарим хаан нь тогтвортой удаан хугацаанд эрх барьж байсан үе ч бий. Тиймээс ерөнхийд нь тэр чигтээ дайн байлдаан өрнөсөн, цусан “балчигт живсэн” үе гэж дүгнэх мөн л оновчгүй. Дэлхийн бүх улсын түүхэнд дотооддоо иргэний дайнтай, хуваагдаж бутарсан үеүд бий. Тогоонтөмөр хааны үеэс Лигдэн хааны үе хүртэлх хугацаанд нэгдэж, бутарсан үе ээлжилж байсан. Энэ бол аль ч улс оронд байдаг үзэгдэл.

Монголын эзэнт гүрний дараах энэ үеийг бусад улс орнуудын түүхтэй харьцуулахад айхавтар бутарсан эсвэл, Монголын түүхэнд ганц удаа тохиосон хямрал, бутрал биш. Өмнө нь ч тийм зүйл олон тохиосон. Том эзэнт гүрэн байгуулагдаж оргил үедээ хүрээд буцаж суларч, доройтсон, төрийн нэгдмэл байдал тодорхой хэмжээгээр алдагдсан зүйл харагддаг.

Өмнө нь Хүннүгийн эзэнт улс ч ийм замаар явсан. Сяньби, Түрэгийн хаант улс ч ийм замаар явсан. Тиймээс тэдгээртэй адил үе. Энэ үед дандаа бутрал явагдаагүй. Буцаж нэгдэж, дахин өөрийгөө системчилж байгаа үе дунд бий. Батмөнх даян хааны улс төрийн шинэчлэлийг энд дурдаж болно. Энэ бол зургаан түмэн Монгол Улсыг нэгтгэж алтан ургийн ноёрхлыг эргүүлэн тогтоосон том шинэчлэл. Батмөнх даян хаанаас хойш Лигдэн хааны үе хүртэлх хугацаанд дотоодын хямрал, сөргөөн намжсан. Тэр үед энгийнээр хэлбэл, ах дүү нарын хүүхдүүд Монголыг хувааж захирсан. Алтан ургийн хамаатан саднууд энд тэнд ноён сууж байна шүү дээ.

Түмэн засагт хаан гэхэд л Алтан хаантай урьдынх шиг улангасаж байлдаагүй. Урьд өмнө нь ноёд хоорондоо нэлээн ширүүн байлддаг, хааныгаа хороох явдал гардаг байсан. Харин энэ байдал Батмөнх даян хааны үед намжсан гэж дүгнэж болно. Дэлхийн томоохон эзэнт гүрнүүд бутарч байж мөхдөг зүйл ихэнх улсад ажиглагддаг. Том эзэнт улс харь улсад цохигдоод мөхсөн түүх цөөн. Дотроо сөргөлдөж бутраад ирэхээрээ мөхдөг.

Эзэнт гүрний дараахь үеийн үйл явцад мэдээж улс төрийн шалтгаан нөлөөлсөн. Улс төрийн шалтгаанд Мин улсын бодлогыг нэн тэргүүнд нэрлэх хэрэгтэй. Энэ бол нүүдэлчдийг нүүдэлчдээр нь цохиулах уламжлалт бодлого явсан. Хүннүгийн эзэнт улсын үед Хань улс төрийн бодлогодоо энэ бодлогыг хэрэгжүүлсэн. Энэхүү бодлого эзэнт гүрний дараах үед үргэлжилсэн. Ялангуяа Монгол Ойрадыг хооронд байлдуулаад Ойрад нь ялаад эхэлбэл Монголд нь тусалдаг, Монгол нь ялаад эхэлбэл Ойрадад туслах бодлогыг явуулж байсан. Түүнчлэн гадаад хүчин зүйл ч нөлөөлсөн. Улс төрийн дотоод хүчин зүйл нь эрх мэдлийн төлөөх тэмцэл байсан. Хаан суухын төлөөх, эсвэл хаанаас тусдаа бие даан эрх мэдэлтэй байхын төлөөх тэмцэл, улс төрийн сонирхол байсан. Чингис хааны үед ч дотоод улс төрийн тэмцэл байсан. Их Монгол Улс хүчирхэг үедээ хоорондоо байлдаж байсан шүү дээ. Хаан ширээний төлөө Аригбөх болон Хубилай хааны тэмцэл бол Монголын иргэний дайн. Эзэнт улсын үед тоо нь цөөхөн байсан. Гэхдээ байлдвал нүсэр том хэмжээний байлдаан хийдэг байсан. Тухайлбал, Хүлэгүгийн улс Зүчийн улс хоёрын байлдаан бол дэлхий даяар цуурайтсан том дайн. Монголын Эзэнт гүрний дараах үеийн ноёдын дотоод тэмцэл бол тэр хэмжээнд арай хүрэхгүй. Гэхдээ үе үе дайн байлдаанд хүрч зөрчил тэмцэл ширүүсч байсан нь ноёдын салан тусгаарлах бие даах бодлоготой холбоотой. Хааны буруу гэхээр хэцүү. Ухаантай, зөв бодлоготой хаан байсан. Бодлогын хувьд ойлгомжгүй, тогтворгүй, эсвэл өөр бусдад толгойгоо мэдүүлсэн хаад ч бас байсан. Энэ бол түүхэнд байдаг л зүйл.

-Тухайн үед Алтан ургийнхан ах дүү хамаатан саднаараа энд тэнд хаан сууж байсан гэлээ. Тэгвэл өнөөгийн төрийн албыг төрлийн алба болчихсон хэмээн иргэд шүүмжилдэг. Түүнчлэн өнөөдөр дарга болохын төлөөх тэмцэл улстөрчдийн дунд өрнөж байна. Та өнөөгийн байдлыг хэрхэн дүгнэж байна?

-Одоогийн улс төрийн нөхцөл байдлыг түүхч хүний нүдээр харахад зайлшгүй зүй тогтолтой зүйл харагдаж байна. Ямар зүй тогтол гэхээр, манай улсын хамгийн том мөнгөний үүсвэр бол улсын нэгдсэн төсөв. Улсын төсвийг давж гарах хэмжээний эдийн засгийн потенциалтай үндэсний том компани, хувийн хэвшил алга. Өөрөөр хэлбэл, монголчуудын амьжиргааны эх үүсвэр нь улсын төсөв давамгайлж байна. Улсын төсөвтэй ямар нэгэн байдлаар холбогдож байж хүмүүс амьдарна. Ийм байхыг эдийн засаг нь өөрөө шаардаж байна. Энэ үзэгдэл ХХ зууны дунд үеэс бий болсон. Одоо ч ажиглагдаж байгаа. Социализм байна уу, ардчилал байна уу хамаагүй. Улсын төсвийн зарцуулалтад эзэн суух тэмцэл, өрсөлдөөн өрнөж байна. Нэг талаас энэ бол жам ёсны өрсөлдөөн. Улсын төсвийн зарцуулалт гэдгээр юуг хэлж байна гэхээр төсвийн ерөнхийлөн захиран зарцуулагчдыг хэлнэ шүү дээ. Тухайлбал, Ерөнхий сайд болон сайд нар, яам агентлагийн дарга, цэцэрлэгийн эрхлэгч ч гэдэг юм уу нэгдүгээр гарын үсэг зурдаг хүмүүс. Нэгдүгээр гарын үсэг зурах эрх бүхий энэ албан тушаал дээр ямар нэгэн байдлаар очих нь Монголын нийт ард түмний хүсэл болчихоод байна. Боловсрол нь ч дарга болгох руу чиглүүлэх зорилготой. Дарга болж байж арай гайгүй амьдардаг. Үүнийг би улс төр судлаач, эсвэл эдийн засгийн талаас нь биш, түүхч хүний үүднээс хэлж байгаа юм шүү. Дарга болохын төлөөх энэ үзэгдэл 1990 оноос өмнө ч манайд байсан. Монголд дарга анги болох номенклатура давхарга үүсч, төлөвшиж байна. Бусад нь нэгдүгээр гарын үсэг зурах эрх бүхий хүнийг тойрон хүрээлнэ. Нэгдүгээр гарын үсгийн хүнийг тойрсон бүлэглэл үүснэ. Ингэж байж эдийн засгийн процесс явна.

Мэдээж төсвийн цалингаас ангид олон зуун мянган хүн хувийн хэвшилд ажиллаж байгаа. Гэхдээ тэдгээр хүмүүс мөн л төсвөөс буюу нэгдүгээр гарын үсэг зурдаг хүнээс хамаардаг. Учир нь тэдгээр хүмүүсийн гол хэрэглэгч нь төсвийн албан хаагч. Төрийн албан хаагчдын цалин нэмэгдвэл худалдаа үйлчилгээнийхний орлого нэмэгддэг. Хэрвээ худалдаа үйлчилгээ нь буурчихвал орлого нь дагаад буурдаг. Ийнхүү төсвөөс шууд бусаар хамаарч байдаг. Ийм эдийн засгийн байгуулал манайд оршиж байна.

Улс төрийн өрсөлдөөн тэмцэл манайд яаж явж байна гэхээр нэгдүгээр гарын үсгээс хамаарсан өрсөлдөөн дээр л өрнөж байгаа. Түүнээс биш улс орны хөгжлийн ямар нэгэн бодлогын талаар ч юм уу, гадаад бодлогын талаар онолын, улс төрийн үзэл баримтлалын мэтгэлцээн манайд өрнөдөггүй шүү дээ. Өөрөөр хэлбэл, манай улс ингэж, хөгжлийн ийм замаар замнах ёстой гэсэн өрсөлдөөн улстөрчдийн дунд байдаггүй. Улстөрчид нэгдүгээр гарын үсэг зурах эрх авахын төлөө, өөрийн хүнээ нэгдүгээр гарын үсэгт тавихын төлөө л явж байгаа. Манай улс төрийн намуудын туйлын зорилго бол төрийн албанд намын гишүүдээ оруулах. Төрийн бодлогод тодорхой хэмжээний өөрчлөлт гаргая, хувийн хэвшлийг дэмжье гэсэн янз бүрийн урианууд мөрийн хөтөлбөрт нь байдаг боловч үнэн хэрэгтээ намынх нь гол зорилго энэ биш. Улс төрийн намууд парламентад яаж олонх болох, Ерөнхий сайдыг өөрийн намаас томилохын төлөөх л уралдаанд ордог. Учир нь Ерөнхий сайд төсвийн хамгийн том захиран зарцуулагч шүү дээ.

-Хаант засгийн үед төрийн жолоог нэг хаан тогтвортой барих нь тухайн цаг үедээ хамгийн зөв бодлого байх. Тэгвэл одоогийн нийгэмд, тэр дундаа манайх шиг ардчилсан улсад нэг нам дангаар удаан хугацаанд ноёрхох нь хэр оновчтой вэ?

-Өнөөдөр манай улсад Ардчилсан нам байхгүй болчихсон. Хэлбэрийн төдий оршин байгаа. Ер нь Монголд хоёрын намын тогтолцоо устаж байна. Дэлхийд нэг нам, эсвэл 1.5, 1.1 намын тогтолцоотой улс олон бий. Жишээлбэл, БНХАУ 1.1 намын тогтолцоотой улс гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл, нэг нам засгийн эрхийг барьдаг. Гэхдээ эрх барих бүрэлдэхүүнд нь бусад нам байдаг. Энэ нь хэлбэрийн төдий оршдог. Сонгууль болоход нэг нам үнэмлэхүй олонх болж ялна. Тэр дунд хэлбэрийн төдий намууддаа хэдэн суудал өгчихдөг. Монголын ардчилал ийм замнал руу явж байгаа. Өөрөөр хэлбэл, 1.1 намын тогтолцоо руу. Цаашдаа Ардчилсан намыг сэхээхгүй байх бодлого байх шиг байна. Нэг нам удаан хугацаанд Засгийн эрх барьснаар олон асуудал гарна. Тэр дундаа Монголын хувьд маш том асуудлууд үүснэ.

-Яг ямар?

-Монголын өөрийн гэсэн нэг онцлог нь хоёр том гүрний дунд хавчуулагдан оршдог. Сүүлийн 30 жилийн хугацаанд төрийн бодлого нь тодорхойгүй хувьсдаг, гадаад түншүүддээ найдваргүй гэсэн имижийг бүрдүүлсэн. Нэг талаас энэ нь сөрөг имиж болов ч нөгөө талаас засаг төр байнга солигдож байгаа нь гадаад нөлөөллөөс өөрсдийгөө тодорхой хэмжээнд хамгаалж үлдэх дархлаа маягийн зүйл болж байна. Хоёр хөршийн нэг нь манай тухайн үеийн Засгийн газартай ямар нэгэн хэлцэл хийгээд нөлөөллөө тогтоох гэхээр дараагийнх нь зогсоочихдог. Тухайн Засгийн газарт нөлөөллөө тогтоочихоод “ер нь боллоо доо” гээд байж байтал солигдчихдог. Дараагийн Засгийн газар гарч ирээд “Бид өмнөх Засгийн газрын асуудлыг мэдэхгүй” гэдэг. Ийм явдал хэд хэдэн том төслүүд дээр, хөрш улсуудаас манайд нөлөөллөө өргөтгөх гэсэн үйлдлүүд дээр ажиглагдсан. Үүний ч үр дүнд манайх хоёр хөршөөс бүрэн хамааралтай болчихолгүй байна. Хоёр хөршөөс давж гуравдагч хөрштэй харилцаатай байх эерэг тал гарч байна.

-Харин сөрөг тал нь юу вэ?

-Нэг нам дангаар ноёрхоход сая хэлсэн дархлаа маягийн үзэгдэл устана. Өөрөөр хэлбэл, нэг намын бодлого нь тогтвортой байснаар улс орны хөгжилд эерэг мэт боловч урт хугацаандаа хоёр хөршийн хамаарал эрс хурдацтай улам нэмэгдэх таатай хөрс суурь бий болно. Шуудхан л хоёр хөршөөс хамааралтай болно гэсэн үг биш шүү. Тухайн эрх барьж байгаа намын бодлого Монголын бие даасан байдлыг цаашид хэр тууштай хадгалж үлдэх хүсэл зорилготой байна гэдгээс хамаарна.

-Төсвийн захиран зарцуулагч болохын төлөөх улстөрчид богино зайны ахархан бодлогын өрсөлдөөн нь улс орондоо ямар урхаг тарьдаг вэ?

-Энэ бол их утгагүй, гажиг үзэгдэл л дээ. Нэгдүгээр гарын үсэг зурдаг хүнийг томилдог байхын төлөө, нэгдүгээр гарын үсэг зурдаг байхын төлөө улс төрийн намууд сонгуульд оролцоно гэдэг бол эмгэнэлтэй зүйл. Гэхдээ нөгөө талаас энэ зайлшгүй явагдах процесс.

Учир нь ийм улсад ийм л процесс өрнөнө. ДНБ-ийх нь ихэнх хувь нь улсын төсөв дээр төвлөрч байхад ийм эдийн засаг, ийм улс төрийн нам, ийм л ард түмэн заяана. Тиймээс улсын төсөв нь ДНБ-ий 30 хувиас доош орж байж эсвэл ДНБ нь улсын төсвөөс дөрөв, арав дахин томорч байж хувийн хэвшил, иргэд засаг төрөөс үл хамааран амьдрах боломж бий болно. Тэгж байж тогтолцоо өөрчлөгдөнө.

-Тогтолцоог өөрчлөхийн тулд бид юу хийх ёстой вэ?

-Би консерватив үзэлтэй хүн л дээ. Манайх төмрөө боловсруулах ёстой. Түүхээс харвал Монголын нутагт байсан улсууд төмрөө өөрсдөө боловсруулж, зэвсгээ өөрсдөө хийдэг байсан. Төмрийн хүдрээ хайлуулж зэр зэвсгээ хийдэг уламжлалтай. ХХ зууны эхэн хагаст төмрийн дархчууд олон байсан. Харин одоо бол манайд төмрийн дархчууд, төмөрлөгийн үйлдвэр “гамшиг”-ийн байдалтай байна. Бэлэн төмөрлөгөө хайлуулаад бүтээгдэхүүн хийчихэж чадахгүй л нөхцөл байдалд орчихоод байна шүү дээ. Түүхээс харвал хөдөлмөрийн багаж хэрэгслээ өөрсдөө үйлдвэрлэж чадаж байгаа эсэх нь тухайн улсын эдийн засгийг шийдэж байгаа юм. Төмөрлөг боловсруулна гэдэг бол технологи, бизнес, аж ахуйн асуудал. Төмөрлөг боловсруулах бол хэрэглэгч биш үйлдвэрлэгч орон болохын суурь. Ямар нэгэн байдлаар төмөрлөг хайлуулдаг, ган хийж чаддаггүй юм гэхэд ядаж хашааны төмрөө хайлуулаад хийчихдэг, зуухны төмрөө өөрсдөө үйлдвэрлэдэг болж байж Монгол Улс эдийн засгийн тогтолцоогоо өөрчлөх эсэх асуудал яригдана. Одоо бол манай улсад эдийн засгийн тогтолцоогоо өөрчлөх бодит суурь байхгүй. Монгол Улс бол БНХАУ-ын эдийн засгийн дагуул.

-Хөгжихийн тулд гадны туршлагыг их ярьдаг?

-Монголчууд нэг зүйлийг ямагт бодож, санаж явах ёстой мэт санагддаг. Дэлхийн ямар ч улсын туршлага Монголд ихэнхдээ тохирохгүй. Монгол шиг сонирхолтой, хачирхалтай улс дэлхийд өөр хаана ч байхгүй. Орос, Хятадын дунд оршдог гуравхан сая хүн амтай, хөдөө аж ахуй, уул уурхайд тулгуурласан улс шүү дээ, манайх. Ийм улс дэлхийд хаана ч байхгүй. Хоёр улсын дунд хавчуулагдаж оршдог өөр улсыг нэрлэвэл Непал, Бутан, европын Люксембург зэрэг улс байна. Непал, Бутан бол Энэтхэгжчихсэн орнууд. Мэдээж Төвөдийн тодорхой хэмжээний элемент байдаг. Монгол бол хөрш орнуудаасаа огт өөр. Соёл нь ч, үндэстэн нь ч, хүн амын хэмжээ нь ч өөр. БНХАУ-тай хиллэдэг байж хятадууд хамгийн бага байдаг улс. Энэ бол “гаж” үзэгдэл. Тиймээс Монголд дэлхийн ямар ч улсын загвар, туршлага ихэнхдээ тохирохгүй. Бизнесийн загварууд нь ч тохирохгүй. Эдийн засгийн онол нь ч тохирохгүй. Улс төрийн онол нь ч тэр. Орос, Хятадын туршлага, загвар бас тохирохгүй. Энэ хоёр улс бол том орнууд. Тогтолцоо нь өөр. Асуудлыг өргөн масштабаар хэлэлцдэг. Системийн оролцогчид нь хэдэн зуун мянга, хэдэн саяар хэмжигддэг. Монголд систем ярихад их жижиг масштабаар ярина. Тиймээс манайх өөрсдийн хөгжлийн замналыг өөрсдөө бүтээх ёстой. Дэлхийн бусад улсаас хуулах зүйл манайд төдийлөн байхгүй.

-Манай өнөөгийн байдал өнгөрсөн түүхийн аль үетэй төстэй вэ?

-1950-иад оныхтой төстэй. Уул уурхай гэх мэтээр эдийн засгийн шинэ бүтцүүд бий болсон. Төсөв нь хурдацтай тэлж байна. Хамгийн гол нь гадаад орчин. Орос, Хятад хоёр үй зайгүй “найзлаад” явж байна. 1950 оны Монголын гадаад нөхцөл ийм байсан. Зөвлөлт холбоот улс, БНХАУ “бал сараа” хийж байсан үе. Өрнөдийн судлаачид тэр үеийг Зөвлөлт, Хятадын бал сар гэж хочилдог. Тэр үед Монголд Хятадын эдийн засгийн нөлөө өссөн. Мөн Монголын дотоодод улс төрийн өрсөлдөөн нэлээн ширүүссэн. Ю.Цэдэнбалын үүрэг роль тодорхой хэмжээгээр хязгаарлагдаж байсан. Тухайн үед хэдийгээр нэг намын тогтолцоотой байсан ч олон ургалч үзэл байсан.

Ер нь цаашид Монголд нөлөөлөх нэг эрсдэлийг бид бодож байх ёстой. Орос, Хятад хоёр муудалцвал яах вэ гэдгийг тооцоолох ёстой. Хэзээ нэгэн цагт энэ хоёр муудалцах нь гарцаагүй. Чухамхүү хэзээ вэ гэдэг асуудал. Тэр үед манай улсад хүнд асуудлууд тулгарч ирэх болов уу.

-Тухайлбал ямар?

-Хэлмэгдүүлэлт дахиад өрнөж магадгүй. Гэхдээ тэр үеийнх шиг буудаж хорооно гэсэн үг биш шүү дээ. Шоронд хийх ч юм уу, эсвэл үндэсний үзэлтнүүдийг янз бүрийн байдлаар хавчих зүйлс гарч болзошгүй. Мөн дээрээс нь гуравдагч улсын хөрөнгө оруулалтыг шахаж гаргах процесс зайлшгүй явагдана. Хоёр хөрш муудалцаад Монголыг булаацалдаад эхэлбэл гуравдагч улсын хөрөнгө оруулалтыг шууд шахаж гаргадаг. Монголыг тэжээж байгаа Оюу толгойг хамгийн түрүүнд шахаж гаргана гэсэн үг. Чухам ямар аргаар гэдгийг мэдэхгүй. Ямартаа ч хоёр хөрш ямар нэгэн аргыг олдог. Монголд ямар нэгэн байдлаар нөлөөгөө тогтоох өрсөлдөөн эхэлбэл түүнд үйлчлэх хүч бэлэн байж байдаг. Тиймээс цаашид хоёр хөршийн харилцааг маш сайн ажиглаж бэлдэх хэрэгтэй.

-Таны хэлсэн эдгээр зүйл яг өнөөдөр Монголд биежээд хэрэгжиж байгаа юм биш үү. Төрийн эрхэнд байсан өндөр дээд албан тушаалтнуудаа бид саяхан хуйгаар нь шоронд хорилоо. ХЗДХ-ийн сайд саяхан гадаадын хөрөнгө оруулагчдыг тонон дээрэмдэж, хавчин шахаж хөөж гаргасан нэг бус нэлээд хэргийг нийгэмд танилцууллаа гэхчлэнгээр эдгээр үйл явцыг дүгнэхэд?

-Одоо явагдаж байж магадгүй. Миний хувьд ийм процесс давтаж байна гэж хэлж мэдэхгүй. Эдгээр үйл явдал дуусаг. Үйл явц дуусч 10, 20 жилийн дараа түүхчдийн ажил эхэлнэ шүү дээ. Одоо дүгнэхэд эрт байна. Адил төстэй үйл явц өрнөж байсан. 1960 онд улс төрийн цэвэрлэгээ хийгдсэн. Энэ бол хоёр хөрш муудалцсантай холбоотойгоор өрнөсөн үйл явдал. 1964 онд Ц.Лоохууз, Б.Нямбуу, Б.Сурмаажав нарт намын эсрэг бүлэглэсэн явуулга хийсэн тухай тогтоол гаргаж, ЗХУ, социалист орнуудтай хамтран ажиллахын ач тусыг дутуу үнэлсэн зэргээр буруутгаж хөдөө нутаг заан суулгаж, тэдний эрхийг ноцтой зөрчсөн. 1964 оны энэ үйл явцыг одоо дүгнэхэд хэлмэгдүүлчихсэн байгаа юм. Өөрөөр хэлбэл, тодорхой хэмжээгээр үндэсний үзэлтэй хүмүүс, мөн Хятадын талыг баримталсан ганц нэг хүмүүсийг нийлүүлж байгаад улс төрийн өрсөлдөгчөө зайлуулсан процесс болсон. Тиймээс саяхан улстөрчдийг олноор нь хорьсон үйл явцыг “ингэсэн, тэгсэн” гэж одоо дүгнэхэд хэцүү. Ерөнхийдөө хэлмэгдүүлсэн процесс байж магадгүй. Хөршүүдийн оролцоотойгоор үндэсний үзэлтнүүдийг, гуравдагч хөршийн бодлогыг дэмжсэн хүмүүсийг гэсгээн цээрлүүлсэн байж магадгүй.

-Оросын нөлөөлөл манайд их байна. Тэр нь Монголын улс төр, нийгмийн амьдралд нөлөөлж байна гэх дүгнэлттэй та санал нийлэх үү?

-Тийм байгаасай.

-Яагаад?

-Одоо манайх Хятадаас их хамааралтай байгаа шүү дээ.

-Эдийн засаг Хятадаас хамааралтай ч Оросоос зааварчилгаа аваад байна гэх дүгнэлт тодорхой хүрээнд байна шүү дээ?

-Урьд өмнөх үеүдтэй харьцуулахад бодлогын хамаарал их бага байна. Бараг байхгүй гэхэд болохоор байна. Өөрөөр хэлбэл, Оросын нөлөөлөл хамгийн бага байгаа түүхэн цаг үе нь өнөөгийнх. Хятадын улс төр, эдийн засгийн нөлөөлөл түүхэнд байгаагүй хамгийн их үедээ ирчихээд байна.