Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

П.Бямбацэрэн: Үндсэн хуулиа ойлгож мэдэж, мөрдөж хэвшүүлж чадахгүй байгаад л асуудлын гол нь байна DNN.mn

ҮХНӨ-ийг тойрсон асуудлаар ардчилсан Үндсэн хууль тогтоогчдын нэгэн төлөөлөл УБХ-ын гишүүн, доктор профессор П.Бямбацэрэнтэй ярилцлаа.


-Үндсэн хуулийг шинэчлэх эсвэл нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага бий болсон талаар өргөн хүрээнд яригдаж идэвхжиж байна. Та Үндсэн хуулийг өөрчлөх асуудалд ямар байр суурьтай байна?

-Үндсэн хууль тогтвортой мөрдөгдөх ёстой гэсэн байр суурьтай байдаг. Манай ардчилсан Үндсэн хууль тийм ч муу хууль биш гэдгийг олон улсын шинжээчид, Үндсэн хууль судлаачид тал бүрээс нь шинжлэн дүгнэсэн баримт нотолгоо олныг дурдаж болно. Манай Үндсэн хуулийг “…хаанаас нь ч тасдаж мэрж өөрчлөх гээд таалалдаа нийцүүлж чадахгүй, өө сэв хайж, өрлөн сэтэлж, нөхөх тусам үйлчлэл нөлөөллийг нь дордуулна” гэсэн үзэл санааг би Ардчилсан Үндсэн хууль батлагдан мөрдөгдсөний 10, 15, 20, 25 жилүүдийн ойд зориулан сонин хэвлэлд өгсөн удаа дараагийн ярилцлага нийтлэлдээ байнга илэрхийлсээр ирсэн. Үндсэн хуульд 2009, 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтүүдийг ч ахиц дэвшил болоогүй дордуулсан. Харин ч эрх зүйт төрийн мөн чанарыг алдагдуулж Үндсэн хуульт ёс дэг журмыг хэврэгшүүлсэн муу үр дагаварт хүргэсэн гэж үздэг. Тиймээс ч төр нь төр шиг байж, хууль дээдэлж, Үндсэн хуулийн дор улс орны оршин тогтнохуй, хөгжил дэвшил, хүн ардын ажил амьдрал, нийгмийн харилцаа бүхэлдээ зохицуулагддаг байх зарчим, соёл, хатуу чанд хариуцлага, ёс зүйг эрхэмлэхийн төлөө бус алдаа завхрал, дур зоргын, хууль бус, ёс зүйгүй үйлдэл муу муухай бүхнээ Үндсэн хуулиас болоод байгаа мэтээр авирлах болсныг огтоос дэмждэггүй. Ийм байж яавч болохгүй.

-Үндсэн хууль нийгмийн хөгжлийн өнөөгийн шаардлагад нийцэхгүй болсон. 1992 оны Үндсэн хууль шилжилтийн Үндсэн хууль байсан учир үүргээ гүйцэтгэсэн. Одоо хөгжлийн Үндсэн хууль хэрэгтэй гэж улс төрийн намуудын төлөөллүүд их яриад байгааг юу гэж дүгнэж байна?

-Тиймэрхүү зүйл ярьж буй хүмүүсийн амнаас итгэл үнэмшил төрөхүйц үндэслэл, нотолгоо огтоос гарахгүй, тулга тойрсон аргаа барсан шинжтэй, Үндсэн хуулиа ойлгож мэдэж мөрддөггүй хүний явган яриа л дуулдаад байгаа юм даа. Шилжилтийн Үндсэн хууль гэж юу яриад байгаа юм. Хөгжлийн Үндсэн хууль гэж бас ямар юмаа бодож олоо вэ. Энэ бол хоосон цэцэрхэл.

-Ерөнхий сайд саяхны Зөвлөлдөх уулзалт дээр

улс оронд нүүрлээд байгаа хямралт байдлаас гарахын тулд зайлшгүй Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай. Үүнийг ард түмэнтэйгээ зөвлөлдөж шийдье гэсэн санал дэвшүүлсэн. Мөн 100 гаруй эрдэмтэн судлаачид оролцсон эрдэм шинжилгээний хурлаас гурван тодорхой санал гаргаад байгаатай санал нийлэх зүйл танд байна уу?

-Тийм ээ. ҮХНӨ зайлшгүй хийх шаардлагатай болсон гэдэг нэг талын тархи угаалт маш хүчтэй явагдаж байна. Тэд нэгдүгээрт, Үндсэн хуулийг шинэчлэн найруулах, хоёрдугаарт, Үндсэн хуульд зарим нэмэлт өөрчлөлт оруулах, гуравдугаарт, Үндсэн хуульд гар хүрэхгүйгээр органик хуулиудыг боловсронгуй болгож хууль эрх зүйн орчныг сайжруулах гэсэн хувилбаруудыг дэвшүүлж байгаа бололтой. Эндээс харахад, эрэмбэ дараалал нь солигджээ гэж ойлгогдоод байна.

Манай ардчилсан Үндсэн хуулийн легитим чанар алдагдаагүй. Нөөц чадавх нь ч шавхагдчихсан юм биш. Үндсэн хуулиа ойлгож, мэдэж мөрдөж хэвшүүлж чадахгүй байгаад л асуудлын гол нь байна. Тиймээс юуны өмнө Үндсэн хуульд нийцээгүй хууль гаргадгаа зогсоох хэрэгтэй. УИХ-ын даргын нэгэнтээ дурдсанаар Үндсэн хуультай зөрчилдсөн 400 гаруй хууль байгаа бололтой. Тэдгээрийг хүчингүй болгож засаач ээ. Яагаад мэдсээр байж тийм хууль гаргаад мөрдөөд байгаам бэ? Ингэж болдог юм уу. Тийм хууль тогтоох, төрийн эрх барих дээд байгууллага УИХ байж болох юм уу. Үндсэн хуулийн манаач болсон ҮХЦ юу хийж сууна вэ гэдгийг яагаад ярьдаггүй юм бэ.

Хоёрдугаарт, Улс төрийн намын тухай хуулийг нэн даруй шинэчлэх хэрэгтэй. Монголын нийгмийг талцуулан хагаралдуулж, эв нэгдлийг сарниулж, авлига хээл хахуулийг цэцэглүүлж, ард түмний сэтгэл санаа, ёс зүйг хордуулж, Монгол төрийг сульдуулан доройтуулахад гол нөлөө үзүүлж буй улс төрийн намуудыг хатуу гишүүнчлэлгүй болговол зохино. Улс төрийн намууд үзэл баримтлал, суртахуун нь тогтсон, зөвхөн бодлогоороо өрсөлддөг байх эрх зүйн чанд нарийн зохицуулалт дутагдаад байна шүү дээ. Улс төрийн намууд дэргэдээ нийгмийн бүлгүүдээр хувааж задалсан, бүлэглэл үүсгэсэн үзэл бодол, хөрөнгө чинээгээр нь ялгаварлан талцуулсан ахмадын, эмэгтэйчүүдийн, залуучуудын, оюутны гэх мэтээр ийм төрийн бус байгууллагууд байгуулж нийгмээрээ улстөрждөгийг хориглох хэрэгтэй.

Улс төрийн нам аль нэг шатны сонгуульд оролцоод суудал авч чадаагүй бол үйл ажиллагаа нь шууд хориглогдож, зогсоогддог байх, гагцхүү бүртгэл нь нэгэн сонгуулийн хугацаанд хэвээр хадгалагддаг, хоёр дахь удаагийн сонгуульд амжилтгүй оролцвол бүртгэлээс бүрмөсөн хасагддаг байхаар хариуцлагын механизм бий болгосон ч болох талтай. Улс төрийн намуудын санхүүжилтийн зарчим, тайлагналт, ил тод байдлыг хуульчилж журамлах хэрэгтэй байна. Ингэж байж Авлига, хээл хахуулийн үүр уурхай болсон улс төрийн намуудыг эмх цэгцэнд нь оруулна. Намчирхал улстөржилтийг багасгана. Улс төрийн нам бодлогын байх, үзэл баримтлал суртахууны ялгаа зааг нь тодорхой болж төлөвшинө.

Гуравдугаарт, сонгуулийн тогтолцоог нэн даруй өөрчилж хувь тэнцүүлсэн буюу пропорциональ хувилбарыг хоёрдмол утгагүйгээр нэвтрүүлж нутагшуулах шаардлагатай. Тэгэхдээ улс нэг тойрог байх зарчмаар, зөвхөн нэр хүндтэй, мэдлэг боловсролтой, нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн ёс зүйтэй хүнийг шилж сонгодог байх боломжийг сонгогч олон түмэнд нээж өгөх хэрэгтэй. Иргэн хүний сонгох, сонгогдох эрхийн хүрээ хязгаарыг өргөжүүлэх шаардлага ч байх шиг санагддаг. Нэр дэвшүүлэх эрхийг үндэсний хэмжээний иргэний нийгмийн томоохон байгууллагууд нам бусчуудын эвсэлд олгож яагаад болохгүй гэж. Тэгж мөнгөний хамааралгүй хуйвалдагчид, авлигачид, өмч хөрөнгө, баялгийг цөлмөгч гэмт хэрэгтнүүдийн хорогдож хамгаалагддаг нүх сүвийг эгнэгт хаасан сонгуулийн ил тод нээлттэй шударга, олон нийтийн хяналттай тогтолцоонд шилжихгүйгээр шударга ёсны тухай, цэвэр ариун төрийн тухай, ёс зүйтэй төрийн түшээд, төрийн зүтгэлтнүүдийн тухай мөрөөдөхийн ч хэрэггүй.

-УИХ-ын гишүүдийн тоог нэмэх, хоёр танхимтай парламентын тогтолцоонд шилжвэл хариуцлагын, хяналтын механизм сайжирна. Засаглалын хуваарилалт, бие даасан байдал,харилцан хяналттай байх зарчим, үр нөлөө дээшилнэ гэж үзэж байгаа шүү дээ. Энэ тухайд?

-Эрх баригчдын зүгээс ялангуяа Ерөнхий сайдын учирлаад байгаа засаглалын тодорхой бус байдал төрийн хэрэгт гацаа саад тотгор учруулдаг тэр нь хүндээ биш тогтолцоонд байна гэсэн санааг анхаарч үзэх тал байж магадгүй. Өөрөөр хэлбэл, хагас парламентын, хагас Ерөнхийлөгчийн засаглалтай болчихоод байна гэх яриа байдаг. Тэгвэл ийм байдал яагаад үүсэв гэдэгт юуны өмнө анхаарал хандуулах ёстой юм. Манай Ардчилсан Үндсэн хуулийн маань язгуур үзэл баримтлалаар бол манай улсын Ерөнхийлөгч чинь “Эв нэгдлийг илэрхийлэгч бэлгэдлийн Ерөнхийлөгч” юм шүү дээ. Манайхан л болсон хойно дарга шүтэх дэмийрэлдээ хөтлөгдөн төрийн гурван өндөрлөг энэ тэр гэж Үндсэн хуульд байхгүй нэр томьёо хүртэл гаргаж ирж өргөмжлөөд байна. Ерөнхийлөгчийн тухай хууль болон бусад хуулиудаар өөрт нь хамааралгүй элдэв эрх мэдэл олгож, Гүйцэтгэх засаглалын тэр бүү хэл хууль тогтоох болон шүүх эрх мэдэл рүү оролцдог, хутгалддаг болгосноор ойлгомжгүй, төрийн хэрэгт зохисгүй харилцаа, зөрчил үүсгээд байгаа тал байж мэднэ. Үүнийг хаана хаанаа ухамсарлан ойлгож Үндсэн хуульд нийцээгүй тэр хуулиудыг нэн даруй өөрчлөн засах боломжтой. Засгийн газар тогтвортой ажиллаж чадахгүй ойр ойрхон солигддог энэ нь тогтолцоондоо байна гэх яриа гардаг. Тэр үнэн. Сүүлийн 30 жилийн доторх үйл явцаас дүгнэж үзвэл нийгэм, олон түмний шахалт, шаардлагаар Засгийн газар огцроод байсан удаа бараг байхгүй. Ердөө эрх баригч улс төрийн хүчин түүний удирдлага, бүлэг фракцуудын хагарал зөрчил, эв түнжингүй байдлаас үүдэлтэй тэдний өөрсдийнх нь санаачилга, оролцоотойгоор л Засгийн газрууд огцорч, солигддог байсан шүү дээ. Юу үнэн бэ, энэ л үнэн. Түүнээс үүдэлтэй хууль тогтоох эрх мэдэл, гүйцэтгэх засаглалын ялгаа зааг огт үгүй болж, харилцан хяналттай байх зарчмаа алдаж, хутгалдсан. Бүр ҮХНӨ-өөр, Үндсэн хуулийн цэцтэйгээ нийлж байгаад үүнийг хийсэн. Энэ бол туйлын буруу. Маш том ухралт болчихоод байна. Ардчилсан төрийн дархлаа бол эрх мэдлийн төлөө шунан булаацалдахдаа бус Үндсэн хууль түүнд нийцүүлэн гаргасан бусад хуулиудыг төрийн институциуд, өндөр дээд албан тушаалтнууд чин шударгаар ягштал даган мөрддөг. Хуулийн хил хязгаарыг давж гишгэхээс ямагт сэрэмжлэн болгоомжлуулж, гагцхүү хууль дээдлэх өндөр ёс зүй, хариуцлагатай байхад оршдог.

Үндсэн хуульд хүрэхээсээ өмнө энэ мэтийн зүйлүүдийг засч залруулахад цаг алдалгүй анхаарч Ерөнхийлөгчийн тухай хуулийг шинэчлэх хэрэгтэй санагдана. УИХ-ын гишүүдийн тоог нэмэх нь асуудал шийдэх цорын ганц арга зам гэж үзэхгүй байна. Өнөөгийн нийгмийн уур амьсгал дэмжихгүй л болов уу.

-Зөвлөлдөх санал асуулгаар Үндсэн хуулийг шинэчлэх, бүр шинэ Үндсэн хууль боловсруулах чиглэлд шуудран орох гээд байгаа юм биш үү?

-Зөвлөлдөж хэлэлцэх, сайн ярилцахад юу нь буруу байх билээ. Гэхдээ Зөвлөлдөх санал асуулгаар Үндсэн хуулийн суурь зарчим, Төрийн байгууламжийн тогтолцоог өөрчлөх асуудлыг шийднэ гэж найдах нь учир дутагдалтай. Зөвлөлдөх санал асуулга Үндсэн хуулийн асуудлыг шийдэх цорын ганц арга зам биш шүү. Жоомоо устгах гээд байшингаа шатаав гэдэгтэй адил юм болж мэднэ. Үндсэн хуулиараа олон дахин, ойр ойрхон оролдсоор “Төрийн хямрал, өнгөт хувьсгал”-руу халтирах үр дагаварт хүрэхгүй гэх баталгаа байхгүй шүү дээ. Үр дагаврыг маш сайн тооцох ёстой. Энгийн ухамсрын түвшний тулга тойрсон эрээвэр хураавар юм л яриад байгаа болохоос биш, нотолгоо үндэслэл бүхий даацтайхан судалгаа байна уу гээд сонирхоод үзэхээр итгэл үнэмшил төрөхүйц зүйл олдохгүй л юм байна шүү дээ. Хоёр танхимтай парламент гээд л, гишүүдийн тоог нэмнэ ч гэх шиг. тэгснээ 1990 оны парламент шиг АИХ ба Улсын бага хуралтай байсан жишиг хамгийн зөв байжээ гэхчлэн юм юм руу үсчсэн, ойлголт нь хүртэл тогтож жигдрэхгүй л харагдах юм. Жишээ нь, 1990 онд системийн шилжилт хийх завсрын үед зарчмын тэс өөр зорилготой байсан. Түүндээ тохирсон тогтолцоог Үндсэн хуулийн түр зуурын зохицуулалт бүхий нэмэлт өөрчлөлтийн тусгай хууль гаргаж зохицуулсан. Тэр нөхцөл байдал давтагдах боломж байхгүй. 1990 оны АИХ ба УБХ бол сонгодог утгаараа хоёр танхимтай парламент байсан гэж ойлговол том эндүүрэл шүү. Нэг нь нөгөөгөөсөө урган гарсан хоёр шатлалтай парламент байсан юм. Тэгэхээр одоо наад зах нь яг ямар тогтолцооны тухай ярих гээд байгаагаа эхлээд тогтчих хэрэгтэй. Өөрөөр хэлбэл зэрэгцэн ажилладаг ижил чиг үүрэгтэй, өөр өөр зарчмаар (хуулиар)сонгогдон байгуулагддаг хоёр танхимтай хоёулаа байнгын ажиллагаатай парламентын цоо шинэ тогтолцоотой болох тухай сонголт хийх гээд байна уу. Жишээ нь, АНУ-ын Конгресс ба Сенат хоёр танхим шиг). Эсвэл АИХ (Их хуралдай ч гэнэ үү) нь арай олон гишүүн (депутат)-тэй орон нутгийн төлөөлөлтэй байнгын бус ажиллагаатай жилд нэгээс доошгүй удаа хуралддаг түүнээсээ байгуулагддаг УБХ нь байнгын ажиллагаатай, цөөн гишүүнтэй, хууль тогтоох эрх мэдлийг голчлон хэрэгжүүлдэг байх тухай юу. Энэ бол байж болох хувилбар. Монголын нөхцөлд тохирно. Гэхдээ энэ бол Үндсэн хуулийг шинэчлэн найруулах, эсвэл шинэ үндсэн хууль боловсруулах түвшний үндэсний хэмжээний зөвшилцлийн шийдэлд хүрсэн нөхцөлд л яригдах асуудал байх болов уу. Үндсэн хуулийг шинэчлэн найруулах хэмжээний асуудал бол дур зоргын асуудал огт биш. Нийгмийн байгууламжийн суурь өөрчлөлт, шинэчлэлтэй л уялдаж тавигдах ёстой. Дэлхий нийтийн туршлага ч тийм л байдаг шүү дээ. Өөрийн орны түүхэн замналаа ч харсан тэр.

Ер нь тэгээд төрийн албыг төрлийн алба болгосон, мэдээлэлд ойр, албан тушаал, эрх мэдлийн давуу байдлаа урвуулан ашиглаж бусдын боломжийг хулгайлан луйврын аргаар, хууль бусаар баяжин хөрөнгөжиж бүхнийг, буруу гарын мөнгөөр шийдэхийг урьтал болгодог, мафижсан төрийн тогтолцоо бий болгосны бурууг Үндсэн хуулиас болоод байгаа мэтээр ярих нь туйлын учир утгагүй арга ядсан асуудал шүү дээ. Ийм байдал тэр тусмаа зөвлөлдөх санал асуулга нэрээр халхавчлан хэсэг нөхдийн зохион байгуулалттай (гадна дотны оролцоотой ч байж мэдэх) дэглэлтээр байсхийгээд л Үндсэн хуулиа өөрчлөөд байдаг болчихвол улс орон оршин тогтнох юм уу. Үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол юу болох билээ. Нухацтай хандах ёстой шүү дээ. Сэтгэлийн хөөрлөөр, нэг талын явуулгаар Үндсэн хуульд халдаж хэрхэвч болохгүй. Тийм оролдлого нүх сүвийг хааж, халдашгүй бат бөх хамгаалалт, өндөр босго, хатуу шалгуурыг харин ч байнга бэхжүүлж бататгаж байвал л эх орон ард түмний язгуур эрх ашигт нийцнэ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Да.Ганболд: Ардчилсан нам өөрийн туулах ёстой зовлонгоо туулаад жам ёсны хөгжил рүүгээ урагшилж явна DNN.mn

Монгол Улсын шадар сайд асан, эдийн засагч Да.Ганболдтой ярилцлаа.


-Ардчилсан нам ер нь үзэл санаан дээрээ нэгдмэл нам байхын тулд цаашид яах ёстой гэж та бодож байна?

-Товчхон хэлэхэд, их төвөгтэй асуудал байдаг юм. Учир нь үзэл санаа, үзэл бодлын төвлөрөл буюу байр суурь, амьдралын зарчим нэг, эсвэл төстэй хүмүүсийн нэгдлийг нам гэж үздэг. Ардчилсан нам бол 30 гаруйхан жилийн түүхтэй нам.

Ардчилал бий болохоос өмнө өөр үзэл санаатай байхыг хориглодог байсан. Элдэв шидийн түүхэн туршилт хийгээгүй жамаараа хөгжсөн улс орнуудын жишээг харвал, хүний төрж өссөн нутаг ус, бүс нутаг, магадгүй хөрш зэргэлдээ улс орнуудын, эсвэл уншсан ном, эзэмшсэн мэдлэг боловсрол, туулсан амьдралын туршлага энэ бүгдэд үндэслэж ямар нэгэн үзэл бодол төлөвшдөг байсан. Гэтэл 70, 80 жилийн туршид өөр ямар нэгэн үзэл байхгүй, өөр үзэл бодлыг судалж гүнзгийрүүлэх, эргэлзээ байвал тэрхүү эргэлзээгээ тайлах боломжгүй орчинд Монголын нийгэм бойжиж ирсэн. Ялангуяа тань шиг залуу хүмүүс яг ийм сорилтын өмнө байна гэж харж байна. Социализмын он жилүүдэд байгаагүй үзэл бодлыг 30 гаруйхан жилийн хугацаанд бүрэн дүүрэн эзэмшиж өөрийн болгоод амьдралынхаа туршид тохиолдож болох бүхий л нөхцөлд тохируулж, зохицуулж, эсвэл тэр үзлээр юмс үзэгдлийг тайлбарлаж чаддаг болтол цаг хугацаа хэрэгтэй байдаг. Хүн бүрийн мэдлэгийн түвшин, бодлогын түвшин, туулсан туршлага нь өөр өөр учраас энэ бол цаг хугацаа их авдаг ажил. Барууны өндөр хөгжсөн орнууд ямар нэгэн үзэл бодлыг хориглолгүйгээр хоёр, гурван зуун жил явсан байдаг. Тиймээс баруунтан, зүүнтэн, төвийн эсвэл ногоон үзэл, үндсэрхэг үзэл гэх зэргээр олон янзын үзэл санаа тэнд байдаг. Зарим үзэлтнүүдийнх нь үзэл санаа нь давхцах, төстэй үзэл гарна. Зарим нь зарим зүйлээрээ адил боловч өөр зүйлээрээ ялгаатай байх тохиолдол ч их байдаг. Харин Монголын нийгэм 30-хан жилийн дотор үзэл санаагаа төлөвшүүлж яваа. Ардын нам ч өнөөдөр бүрэн гүйцэд төлөвшөөгүй. 70 жил хатуу коммунизмд “хориглож” байгаад ардчилалтай “золгосон”. Гэтэл өнөөдөр зүүний үзэл гэдэг нь юу юм бэ гэдгийг ойлгодог хүн ч байна, ойлгодоггүй нь маш олон байна. Тиймээс өнөөдөр ийм эргэлзээтэй, бүрэн дүүрэн төлөвшиж чадаагүй нийгэмд гадаадын янз бүрийн нөлөө орж ирэхийг үгүйсгэхгүй.

76 гишүүний дийлэнх суудлыг нэг нам авчихсан хязгааргүй эрх мэдэлтэй байгаа энэ үед нөгөө талыг хэтэрхий дарангуйлах, доош нь хийх, өсөж амьдрах бололцоог нь хааж хяхаж хязгаарласан ийм нөхцөлд Ардчилсан нам бойжиж явна. Тиймээс өөрийн дотоодын ч зовлон бэрхшээлүүд их байна. Гаднаас орж ирж байгаа том зовлон бэрхшээлүүд ч байна. Иймээс энд цаг хугацаа орно. Маш олон сар, жил алдсан нь ойлгомжтой. Тойрч гардаггүй туулж гардаг зовлон учраас АН өөрийнхөө биеэр, өөрийнхөө амьдрал дээр энэ бүх сорилтыг давж туулаад цааш явж байна.

-Тэгвэл бойжилтын эхэн үедээ яваа энэ үед нь үзэл санаан дээрээ бат нот нэгддэг нэгдлийг төлөвшүүлэхийн тулд яг ямар бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй вэ?

-Үзэл бодлын асуудлаас гадна зохион байгуулалт, дүрмийн асуудал бий. Хүн өөрөө төлөвшөөгүй, гоморхох, ялагдсандаа уурлах, ялагдахаараа бусдыг амьдралгүй болгох тохиолдлууд социализмын үед байдаг байсан. Аав ээжийг нь ардын эсрэг дайсан, хувьсгалын эсэргүүн гэдэг нэрээр шийтгэхэд хэдэн үеэрээ хохирох тохиолдлууд байдаг байсан. Монголд өнөөдөр энэ үзэл нь арилаагүй хүн ч байна ш дээ.

Цөөнхийг хэзээ ч хүндэлж үзээгүй нам олонх болохоороо заримдаа зарим хүнийг амьдралгүй болгож байна ш дээ. Ажилгүй, цалингүй, орлогогүй, тэтгэвэргүй, хүүхдэд нь хүртэл өгөх мөнгийг нь яаж тоглож найруулж байна харж байгаа биз дээ. Үүнээс болоод зарим нэг хүмүүс цөхрөнгөө алдаад нам дотроо болчимгүй үйлдэл хийхэд хүрдэг байхгүй юу. Тиймээс үүн дээр тоглоод байна. Ийм учраас нэг талаас дүрэм хатуу байх ёстой. Дүрмээ ухамсарладаг байх ёстой. Хоёрдугаарт, үзэл санаа, үзэл бодолдоо үнэнч байх ёстой. Энэ бүх асуудал сүүлийн 30 жилийн туршид төлөвшсөөр л байна.

Өнгөрөгч долоо хоногт болсон ҮБХ ээлжит бус хуралдаан, намын Их хурал ч гэсэн ямар нэгэн үр дүнд хүрнэ. Санасан бодсон хэмжээнд хүрэхгүй олон зүйл байхыг үгүйсгэхгүй. Аль ч тохиолдолд Ардчилсан нам өөрийн туулах ёстой зовлонгоо туулаад жам ёсны хөгжил рүүгээ урагшилж явна гэж ойлгох ёстой. Бид ялах нь тодорхой. Учир нь өөрсдөдөө үнэнч, ямар нэгэн явцуу сонирхолд хөтлөгдсөн хүн энэ танхим дотор цөөн бий.

-Дараагийн том сонгууль ойртож байна. Сонгуульд тухайн улс төрийн намыг удирдаж байгаа лидер чухал нөлөөтэй гэдэг. Нийгмийн хүлээлтэд танай намын дарга нийцэхгүй байх шиг байна. Ер нь ямаршуу хүн намын дарга хийдэг вэ?

-Интернэт мэдээлэл, уран сайхны кино, ном зохиолууд дэлхий даяар хангалттай болчихсон үед бусдыг хар л даа. Өөрийгөө хараад байхаар үнэн бодит дүгнэлтийг хийж чаддаггүй юм. Монгол хүн Монголоо хараад байхаар дандаа голоод байдаг. Өөр улс орнуудыг хар. Хамгийн өндөр хөгжилтэй том гүрнүүдээс өгсүүлээд хүн ам цөөтэй Монгол шиг жижиг улсуудыг бас хар. Ямар бодлогоор ямар шинж чанартай дарга юмуу, удирдлага, ямар нам Засгийн эрхэнд очиж ямар бодлого хэрэгжүүлсний үндсэн дээр ямар үр дүнд хүрч байна гэдгийг нь хар л даа. Амжилтад хүрсэн улс орны шалгуурт тохирч байгаа тийм хүн, тийм нам өнөөдрийн байдлаар манайд харагдахгүй байна ш дээ.

-Яагаад. МАН-д бий юм биш үү?

-Ардын нам зөвхөн коммунист аргаар, өрсөлдөгчгүй ганцаар ноёлж байж ямар нэгэн асуудлыг шийдэж чаддаг нам байхгүй юу. Манайх олон жил ялагдал хүлээсэн, зодуулсан балбуулсан, дээрэлхүүлж, доромжлуулсан. Тийм учраас ямар ч байсан цохилтыг дааж чаддаг, зорьсон юмныхаа төлөө уйгагүй шантралгүй яваад сурчихсан. Энэ бол улс төрийн хат, хатуужил суух хамгийн наад захын болзол нь. Үүнийгээ даван туулсны дараа түрүүн хэлсэнчлэн үзэл бодолдоо үнэнч дүрмээ дагадаг, эв нэгдлийн асуудлыг эрхэм болгож чаддаг болчихвол бид улс орондоо эерэг үр дүн авч ирж чадна.

-Та улс орны эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг хэрхэн дүгнэж байна?

-Маш том газар нутагтай, хүн цөөтэй, харьцангуй жижиг манай улсад хөгжлийн бололцоо маш их байна. Хоёр хөрштэйгөө зөв бодлогыг баланслуулаад явбал, дээр нь дэлхий нийтийн ерөнхий хөгжил, хандлага, зах зээлийн онцлогийг зөв тооцож чадвал гурван сая, дөрвөн сая хүнийг тэжээх, дэлхийн хамгийн өндөр хөгжилтэй улс орнуудын хэмжээнд хүрэхэд бусад оронтой харьцуулбал манайд хамаагүй илүү давуу тал, бололцоо байгаа.

Өдий болтол тэр давуу тал, бололцоогоо ашиглаж чадахгүй явж ирсэн нь өнөөдөр бодлого дутсаных. Түүнээс биш манай Монгол тэнгэр бурхны гэх юмуу, өвөг дээдсийн ач буянаар бүх нөхцөлүүд нь байна. Магадгүй улс төрийн тогтолцоо, сэтгэлгээний арга барил, улс төрийн сонгон шалгаруулалтын механизм нь олон арван жил буруу явж ирсэн учраас өнөөдөр сайн хүнээ адалдаг, бие биенийгээ барьж, үгүйсгэдэг байдал бүрэн арилаагүй л явж байна.

-Эдийн засгаа сайжруулахын тулд нэн тэргүүнд ямар арга хэмжээ хэрэгжүүлэх ёстой вэ?

-Үзэл бодолдоо зөв тууштай байвал энэ аяндаа ойлгомжтой асуудал. Эцсийн дүндээ Монголд компьютер цахилгаан, нарийн өндөр технологийг юу юугүй хийнэ гэвэл худлаа. Бүтэхгүй. Учир нь олон 10 жилийн туршид тууштай бодлого хэрэгжүүлж байж нөхцөл нь бүрддэг. Өнөөдөр хамгийн хурдан түлхэц өгөх салбар бол ойрын 10, 20 жилдээ уул уурхай л байна. Оюу толгой гэж ганцхан том уурхай ашиглалтад ороход Монгол Улсын ДНБ-ийг 10 дахин өсгөж чадсан юм чинь ийм дайны мега төсөл хоёроос гурав, магадгүй дөрвийг бие биенээ хардалгүй хийж чадвал Монгол Улсын хөгжилд бусад орнууд атаархах л болно.

-Бүрхэг л юм байна шүү дээ. Жишээлбэл, ганц валют олж байгаа нүүрсээ ч зарж чадахгүй хулгай үүрлэчихсэн ичмээр л нөхцөлд байна. Нүүрсний хулгайг яах ч ёстой юм бэ…

-Нүүрсний хулгайн шийдэл нь ойлгомжтой. Галт тэргээр зөөчихвөл гурав, дөрөвхөн жолооч гаргана. Ачиж буулгах нь ч их ойлгомжтой. Хүрз барьсан хүн хийдэггүй. Янз бүрийн шалтгаанаар Хятад руу төмөр зам тавихгүй 20, 30 жил явчихсан гэдэг чинь хулгай хийх л сонирхол. Юм гэдэг ер нь тийм байдаг ш дээ. Төрийн өмч гэдэг хулгай хийхийн л цондон. Хувийн өмч бол өөр. Та өөрөө өөрөөсөө хулгай хийхгүй нь ойлгомжтой. Төрийн өмч гэж хэний ч өмч биш. Учир нь дөрвөн жил боллоо. Дараачийн хүн ирнэ. Хяналт байхгүй. Түрүүчийн хүн байсан, бүү мэд” гээд идэж уугаад хулгайлаад алга болж байгаа юм даа.

-Та бид хоёрыг ярилцаж байгаа энэ үед нийгмийг доргиож буй нэг сэдэв бол хүүхдийн мөнгө. Хүүхдийн мөнгийг бүгдэд нь олгох хэрэгтэй юү, эсвэл өрхийн амьжиргаатай нь уялдуулах хэрэгтэй юм уу?

-Би ухаантайдаа хэлээд байгаа юм биш, дэлхий дээр аль хэзээний тогтсон механизмууд байна. Жишээлбэл, та гар утсаараа над руу залгавал миний хажуугаар зөрж өнгөрсөн хүн тэр утсыг авах уу. Над руу залгасан бол би л таны утсыг авна. Та бид хоёрын яриаг тэртээх гуравдагч хүн сонсохгүй ш дээ. Хүний оролцоогүйгээр цахим бүгдийг хийж өгч байна. Тиймээс цахим болго. Монгол Улсад хэд хэдэн насны хэдэн хүүхэд байдаг юм бэ. Хэдэн хүүхэд авах ёстой вэ гэдгийг мэдэж байгаа хүн өнөөдөр байхгүй. Учир нь бүх мэдээлэл нууц, хаалттай. Ил байвал хулгай хийх бололцоо байдаггүй. Тиймээс шилэн болгоё гээд байдаг чинь хоосон үг биш. Шилэн болгохгүй, бүх юмыг цахим хэлбэрт оруулахгүй байна гэдэг нь эрх баригчид Засгийнхан үүнийг хийх сонирхолгүй байна гэсэн үг.

-Монголын эдийн засгийн цаашдын нөхцөл байдлыг та хэрхэн харж байна?

-Шинээр унадаг дугуй зохиох хэрэггүй. Монгол Улс бол дэлхийн манлайлагч улс биш. Ялангуяа хүний, нийгмийн хөгжлийг шийдэж чаддаг туршлага, сорилтоороо өнөөдрийн Монгол Улс лидер улс биш. Сургууль, эмнэлэг, газар тариалан, боловсрол, нүүрс, хүүхдийн мөнгө, барилга орон сууц, замын хөдөлгөөн энэ бүгдээс гадна өөр 10 мянган асуудал бий. Агаарын бохирдол, урлаг, спорт гээд энэ бүх асуудлуудыг шийдээд манлайд хүрчихсэн дэлхийн өчнөөн улсуудын туршлага байна. Сохроор аваад хуулаад хий л дээ. Энд ухаан хэрэггүй. Улс төрийн зориг, шийдэл л хэрэгтэй.

Сингапурын боловсролын систем мундаг байна. Хүн бүр хоёр гурван хэлтэй байна. Түүх намтраа мэдэж байна. Тэд яагаад ингэж хөгжив гэдгийг нь ав л даа. Багш нар нь ямар ч хүнээс илүү мэдлэгтэй, боловсролтой, дэлхийн хамгийн сүүлийн үеийн туршлагуудыг өөрөө олоод авч чаддаг хоёр гурван хэлтэй байна. Монголд гадаад хэлтэй хүн байхгүй. Хоёр, гуравхан сая хүний төлөө орчуулга хийхэд хэцүү. Тиймээс багш нар дандаа хүний хараат хүн болчихож байна шүү дээ. Эмч ч ялгаагүй. Тиймээс хэл сур. Ховор мэргэжлүүдийг эзэмшүүл.

10, 20 жилийн дараа ямар салбарыг түлхүү хөгжүүлэх ёстой вэ гэдгээ тооцоод одооноос хүнээ бэлдэж эхлэх ёстой. Жишээлбэл, эрчим хүч, цөмийн энерги, атомын чиглэлээр хүн бэлдэхгүй байна. Дандаа сэтгүүлч бэлдээд байх юм. Өнөөдөр сэтгүүлч дутчихсан байна уу. Манайд сэтгүүлч ерөөсөө дутаагүй ш дээ. Харин түвшнийг нь сайжруулаад бүгдийг нь хэл устай, мэдлэгтэй болгох ёстой.

-Нийгэмд үүсээд байгаа энэ асуудлуудыг Үндсэн хуулиас л эхтэй гэцгээх болж. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай яригдаж эхэлсэн. Үүнд та ямар байр суурьтай байна?

-Дахиад л хэлье. Хамгийн тууштай жигд хөгжиж байгаа орнуудын жишээг харахад анх эхлээд түүхэн анхны сонголтыг хийхдээ тохирсон дүрмийн тоглоомыг өөрчлөхгүйгээр ядаж 50 жил яваад үз л дээ. Манайх 30 жилийн өмнө ардчилал гарахад хэдэн удаа хууль өөрчилж байна. Тухайлбал, Үндсэн хууль. Байнга л нэмэлт, өөрчлөлт оруулж засч байдаг. Тууштай яваад ямар үр дүнд хүрдгийг үзээгүй мөртлөө нэг хоёр хүнд таалагдахаа болиод, нэг нөлөөтэй хүний шүүмжлэл хүртэхээрээ л солиод байх юм. Ийм байж болохгүй.

Бодлоготой, үзэл санаатай байвал Монгол Улс хөгжинө. Өнөөдөр Ардын намд ч бодлого алга. Харамсалтай нь манай нам ч өөрийнхөө бодол, сонгож авсан үзэл санаан дээрээ тууштай байж чадахгүй байна. Учир нь манайх өөрсдөө сурахын хажуугаар сонгогчдыг давхар хүмүүжүүлэх сонирхол бидэнд байна. Ардын нам бол болхи бүдүүлэг байсан ч гэсэн олон түмнийг харанхуй дээр нь дагадаг, тэдэнд таалагдах гэж популизм хийдэг ерөнхий зарчмаар явж байна. Юм мэдэхгүй хүнийг дагаж болохгүй ш дээ. Төр засаг гэдэг чинь ард иргэдээ чирч хөтөлж шинэ юм руу дагуулж явах ёстой байдаг байхгүй юу. Ардчилсан нам ерэн онд сонгож авсан үзэл санаагаараа дагуулъя гэхээр тэр нь харьцангуй шинэ байна. Илүү их хүч чармайлт шаардана. Дээр нь иргэд, манай намын гишүүд түрүүн миний хэлсэн зовлон дундуур туулж яваа учраас цаг хугацаа их алдана. Тиймээс манай энэ зовлон нэг ёсондоо жамын зовлон. Ард иргэддээ тэсвэртэй тэвчээртэй, арай жаахан томоор нүдээ нээж хүний дотоод мөн чанаруудыг илүү сайн ойлгодог болоосой гэдгийг хүсэж хэрэгжүүлж авахаас өөр аргагүй. Энэ их цаг шаардсан ажил байдаг.

-Валютын нөөцөө гөвчихлөө. Нөөцийг нэмэгдүүлэхийн тулд нэн түрүүнд яавал дээр вэ?

-Эцсийн дүндээ, янз бүрийн сан хөмрөг, нөөц юуны тулд байдаг юм бэ? Нөөцийг гөвөхийн тулд байдаг. 90 оны дундуур манайд их бага нөөц байсан. Тэрхүү нөөцийг цахилгаан эрчим хүч, цахилгаан станцуудын запас сэлбэг, шатахуун бензинд зарцуулж байсан. Бүх юм нь болохоо байчихсан гал асаж байгаа асуудал өнөөдөр бидэнд алга. Байр орон сууц ихэнх юм нь байна. Байгаа мөнгийг нэг хөшөө барьж дахиж буулгаад ингээд үр ашиггүй юманд зараад байна. Өөрөөр хэлбэл, улс төрийн буруу шийдвэр гаргаад байна гэсэн үг шүү дээ. Түүнээс манайд олон тэрбум төгрөгийн нөөцтэй Оюу толгой, Таван толгой, нүүрс олж байгаа орлогоор Монголд шинэ эмнэлэг, шинэ сургууль, шинэ зам харгуй, ялангуяа жижиг дунд үйлдвэрийг байгуулах өчнөөн бололцоотой байна. Гэтэл ихэнхийг нь боссууд Land Cruiser, тансаг зэрэглэлийн орон сууц, аялал жуулчлал үрээд байна. Нэг хэсэг нь ядуураад байна. Наад захын жирийн орон сууц, халуун хүйтэн усан хангамж, сургууль, эмнэлэг нь хот хөдөөгүй ялгаагүй түвшинтэй болох зорилго хангалттай байна. Ийм зүйлд зарахын оронд нэг дор үр ашиггүй зараад байна. Байгаа мөнгийг зарах зарахгүйдээ биш, буруу юманд зараад байгаадаа л байна. Үүнд сонгогчид хариуцлагагүй, төсвийн зарцуулалтыг хянадаггүй, хяная гэсэн ч нөлөөгүй, тав арван төгрөг өгөхөөр нь саналаа өгчихөөд байгаатай холбоотой.

-Авлига албан тушаалын хэргийг хазаарлахын оновчтой гарцыг та юу гэж харж байна?

-Эцсийн дүндээ сонгогчдын боловсрол байдаг. Сонгогчид өөрсдөө үүнтэй эвлэрээд босдоггүй, шуугьдаггүй, шүүмжилдэггүй. Идсэн уусан хүмүүсийн нэр ус нь тодорхой байхад дахин дахин сонгоод байхаар хэн хариуцлага тооцох юм бэ. Тиймээс нэг том шалтгаан нь сонгогчдын өөрсдийнх нь ухамсар. Нийгмийн идэвхтэй байр суурь чухал байдаг. Зарим соёлтой газар буруу үг хэлснээс болоод огцруулж байна. Энэ жишиг манайд зарим үед тогтоод байна. Гэхдээ сонгогчид нэг их мундаг шахсандаа ч биш, тэрийг нь далимдуулж нам нь дотроо нэгэнтэйгээ тооцоо хийж байгаа нь надад илүү мэдрэгдээд байна.

Энэ хүн болохгүй байна гээд сонгогчид илүү шахалт үзүүлж улс даяараа шуугиад арга буюу Засаг нь огцруулж байгаа бол энэ сонгогчдын идэвхтэй байр суурь. Манайд тийм юм харагдахгүй байна.

Иргэдийн амьжиргаа, боловсрол, нийгмийн идэвх нэг шөнийн дотор тэр байтугай 5, 10, 20 жилийн дотор төлөвшдөг ажил биш. Зугуухан дээшлээд л байна. Жишээлбэл, 20, 30 жилийн өмнө намайг ярьж байх үед яах гэж өмч хувьчлах гээд байгаа юм бэ гээд ойлгодоггүй байсан бол өнөөдөр өмч хувьчлалд эргэлзэж байгаа хүн алга. Алт, мөнгө гаргалаа гээд намайг муулдаг байсан бол өнөөдөр 20, 30 тонноор нь гадагшаа гаргахад муулдаг хүн байхгүй болчихсон ш дээ. Тиймээс юм бүхэн зугуухан явдаг. Монгол Улс урагшилж л явна. Манай нийгэм түүний дотор манай АН дээшилж л байна. Даанч хүний амьдрал их богинохон. Хөгжлийн энэ процесст нэг хүний наснаас илүү их хугацаа шаарддаг. Хүн их яаруу байдаг. Ялангуяа залуучууд. Маргааш нь шуудхан диваажинд оччихмоор санагдаад байдаг. Тийм зүйл байдаггүй байхгүй юу

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Пүрэвсүрэн: Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль бол улс төрийн зорилготой хууль байна DNN.mn

-Хүний эрхийг хамгаалах нэрийн дор хүний эрхийг хязгаарлах хууль баталж болохгүй –

УИХ-ын 2022 оны намрын чуулганы отгон хуралдаанаар буюу өнгөрөгч баасан гаригт Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийг УИХ-аас баталсан. Уг хуулийн талаар хүний эрхийн хуульч Б.Пүрэвсүрэнтэй ярилцлаа.


-Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийг та ерөнхийд нь хэрхэн дүгнэж байна?

-Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийг ийнхүү баталж байгаа нь ардчиллаас ухарсан үйлдэл боллоо. Энэ хуулийг үгүйсгэх үндэслэлтэй хэд хэдэн шалтгаан байна.

Тухайлбал, Монголын хууль гурав хоног гэсэн эрх зүйг үгүйсгэх нигилизм байдаг. Энэ хэлц үг биеллээ оллоо гэж харж байна. Учир нь Монголын түүхэнд өмнө нь хэзээ ч гурав хоногийн дотор хууль өргөн барьж, хэлэлцэн, баталж байгаагүй. Энэ хуулиар харин ийм зүйл байдгийг харуулж, жишиг тогтоох нь. Амьдрал баялаг яаралтай горимоор хэлэлцэх хууль байлгүй яахав. Үүнийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд Ерөнхий сайд үндэсний эдийн засгийн аюулгүй байдлыг хангахтай холбогдуулан хууль, тогтоолын төслийг нэн яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-д бичгээр хүсэлт тавьсан тохиолдолд УИХ-аар хэлэлцэх захирамжийг УИХ-ын дарга гаргана. Гэтэл энэ хууль бол үндэсний эдийн засгийн аюулгүй байдлыг хангах асуудал биш. Түүнтэй холбоотой хууль болон хууль тогтоомжийн төсөл биш. Тиймээс нэн яаралтай хэлэлцүүлсэн. нэгдүгээрт, хууль зөрчиж байна. Аливаа хууль тогтоомжийг боловсруулахад Хууль тогтоомжийн тухай хуулийг баримталдаг. Энэхүү хуулийн төслийг өргөн барихаас авахуулаад хууль тогтоомжийн хуулийг огт баримтлаагүй, холбогдох судалгаануудыг хийгээгүй байна. Наанадаж үр нөлөө, тандан судалгаа болон бусад академик судалгаа хийгээгүй нь харагдаж байна. Энэ хууль гэнэтийн хууль байгаагүй. Засгийн газрын 2020-2024 оны мөрийн хөтөлбөрт тусгагдсан. Энэ хуулийн ажлын хэсэг хоёр, гурван жилийн өмнө ХЗДХ-ийн яам дээр байгуулагдсан. Юу ч хийгээгүй чимээгүй байж байснаа нэгдүгээр сарын 18-ны өдөр өргөн барьж, 19-нд холбогдох байнгын хороодоор хэлэлцэхийг нь дэмжээд, 20-нд УИХ-ын чуулганы хуралдаанаар батлагдчихлаа.

Товчхондоо, Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль гэж байгаа боловч угтаа олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хязгаарлах хууль боллоо. Учир нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16.16-д “итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй” заасан байдаг. Энэ зарчмыг алдагдууллаа.

Түүнчлэн энэ хууль зургаан бүлэг, 12 зүйлээс бүрдэж байгнаа юм. Зургаан бүлэгтэй юм бол 12-хон зүйлтэй хууль гэж ямар хууль байдаг юм. Журам бол яахав гэсэн ч. Хууль гэхэд ичмээр журам байж болохоор юм билээ. Гэтэл үүнийгээ хууль болгоод хүч түрээд баталчихлаа.

-Энэ хуулийн хоёрдугаар бүлгийн зургадугаар зүйл их анхаарал татсан. Ер нь иргэдийг мэдээлэл түгээх ямар ч сонирхолгүй болгох хууль болчихов уу?

-12 төрлийн контентыг зөрчилтэй контент гэж энэ хуулиар үзсэн байгаа юм. Зөрчилтэй контент гэдэгт төрийн бэлгэ тэмдэг, үндэсний өв, зан заншил болон түүх соёлын үнэт зүйлийг гутаан доромжилсон гэх зэргээр заасан байгаа юм. Хамгийн гол нь юуг гутаан доромжилсон гэж үзэх вэ. Жишээ нь, “No naadam” жагсаалыг зан заншил болон түүх соёлоо гутаан доромжилсон гэж үзэх болж байна уу. Энэ хуулиар жагсаал цуглааны асуудлаар иргэд үзэл бодлоо илэрхийлбэл зөрчилтэй контентод хамаатуулж үзэх болж байна уу. Учир нь зөрчилтэй контентод олон нийтэд хүргэхээр нийтэлсэн текст, тэмдэг, зураг, дуу, хөдөлгөөнт дүрс зэргээр үзэл бодлоо илэрхийлэх бүх л мэдээлэл орсон байна лээ.

Хоёрдугаарт, энэ хуулийг нэгдүгээр сарын 18-ны өдөр өргөн барихад бусдыг заналхийлэх, доромжлох бусдын нэр хүндийг гутаан доромжилсон бол зөрчилтэй контент гэж үзнэ хэмээсэн байсан. 6.1.3-т байсан уг заалтыг батлагдахаас өмнө буюу 19-ний өдөр олон нийтийн сүлжээнд тавигдаж шүүмжлэгдэхээр нь аваад хаячихсан. Ийм сэтгэл хөдлөлөөр хууль хийж болох уу. Судалгаа, тооцоогүй гээд байгаагийн нэг илрэл бол энэ шүү дээ.

Мөн энэ хуулийн 6.3-т байсан нийтийн албан тушаалтан хүний хувийн мэдээллийг олон нийтийн сүлжээнд зөвшөөрөлгүйгээр нийтлэхийг хориглоно гэсэн заалтыг хууль батлагдахын урьд өдөр нь олон нийтийн сүлжээнд ихээхэн шүүмжлэгдэхээр нь аваад хаячихсан. Ийм байж болохгүй. Нөгөө талаас хууль салаа утгагүй бичигдэх ёстой. 6.3-ийн энэ заалт бол хуулийн бичилт огт биш. Аль аль талаар нь тайлбарлаад хуулийн хэрэглээний буруу жишиг тогтох боломжтой нөхцөл байдал үүсгэж байгаа юм.

Маш өндөр эрсдэлүүдийг дагуулсан байж боломгүй хууль. Энэ хууль бол бидний шийдвэр гаргалт, сонгуульд хүртэл нөлөөлнө. Хэн нэгнийг хүчирхийлэлд өдөөн турхирсан, садар самуун сурталчилсан гэдэг ч юмуу, олон янзын үзлээр буруутгаж болно. Зөрчилтэй контентод орж байгаа 12 зүйл тус бүрдээ хуультай. Жишээлбэл, энэ хуулийг өргөн барьсан сайд нь хүүхдийн эрх гээд л уянгалаад популизм хийж байна лээ. Гэтэл Монгол Улс Хүүхдийн эрхийн болон Хүүхэд хамгааллын тухай гэсэн хоёрын хоёр хуультай. Эрүүгийн хуульд “Хүүхдийн эсрэг гэмт хэрэг” гэсэн том бүлэгтэй. Садар самууны асуудал гэвэл Садар самуунтай тэмцэх хуультай. Зөрчилтэй контент гэдэгт жишээ нь, 2012 оны Зар сурталчилгааны тухай хууль үйлчилнэ. Цахим сүлжээ ашиглан залилан, мансууруулах бодис гэдэгт Эрүүгийн хууль, Шүүхийн шинжилгээний хууль, Зөрчлийн хууль гэх зэргээр олон хууль үйлчилж байгаа. Оюуны эрхийн зөрчилтэй контентыг энэ хуулиар хаана гэж байгаа. Уг нь манайх Оюуны өмчийн хууль, Оюуны өмчийн газартай улс. Ингээд тус бүрд нь үзвэл хуульгүй биш хуультай.

Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлнэ гэдэг нь ерөөсөө хууль гэхээсээ илүү технологийн дэвшил дээр явдаг болчихоод байна. Технологийн дата аналистууд, НҮБ-ын тусгай илтгэгчид, хүний эрхийн экспертүүд, мэдээллийн томоохон агентлагуудын шинжээчдийн өгч байгаа хамтарсан зөвлөмж бол энэ. Тухайлбал, хэвлэлийн эрх чөлөөний өдрийг угтаж ЮНЕСКО-гоос хамтарсан зөвлөмж гаргуулдаг. Тэр зөвлөмж дээр ч дурдсан байдаг. Ерөөсөө худал мэдээлэлтэй хуулиар тэмцдэггүй. Технологийн боломж дээр тулгуурлаж тэмцье гэдэг. Бидний өргөн хэрэглэдэг фэйсбүүк рефортлох боломжтой байдаг. Хүчирхийлэл, садар самуун, бусдыг өдөөн турхирсан, үзэн ядах үг хэллэг ашигласан, гэмт хэрэг зөрчил үйлдэгдэж байгаа бичлэгийг харуулсан зохисгүй контентыг mute хийх, блоклох, рефортлох зэргээр авах арга хэмжээ нь байдаг шүү дээ.

Хоёрдугаарт, Монгол Улсын Засгийн газарт өгсөн НҮБ-ын хүний эрхийн холбогдох зөвлөмжүүд бий. Энд зөвлөмжид цахим орчинд нэрээ нууцлах эрх гэж байдаг. Гэтэл энэ хуулиар нэрээ нууцлах эрхгүй болж байна.

-Энэ хуулиар Олон нийтийн нэгж гэх байгууллага байгуулагдана гэж ойлгосон. Мөн зөрчилтэй контент мөн эсэхийг хянаж цензурдэх зөвлөл байгуулагдах нь. Үүнд та ямар шүүмж хэлэх вэ?

-Энэ хуульд захиргааны байгууллага давуу байдал эдэлж байгаа асуудал бий. Үндсэн хуульд гэм буруугүйн зарчим гэж бий. Тодруулбал, шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл хэнийг ч гэм буруутайд тооцохгүй гэсэн зарчим байдаг. Энэ зарчмын эсрэг явж байна. Аль нэг яамны харьяанд олон нийттэй харилцах бие даасан нэгж байгуулагдаж тэр нь хариуцлага тооцох эрхтэй болж байна. 2022 оны арванхоёрдугаар сарын 17-нд Кибер аюулгүй байдлыг хамгаалах хуулийг баталсан. Энэхүү хууль байхад дахиад ийм хууль батлах хэрэг юу байна. Өмнөх баталсан хууль нь хэрэгжээд жил ч болоогүй байна.

-Энэ хуулийн 7.1.4-т “Монгол Улсаас бүртгэлтэй 300000 буюу түүнээс дээш тооны хэрэглэгчтэй бол төлөөлөгчийн газар байгуулах” гэж заасан байсан. Энэ заалт хэрэгжих боломжтой юу?

-Энэ хуулийг зүйл заалт бүрээр нь бус ерөөсөө л бүхэлдээ буюу үзэл баримтлал, зарчмын асуудлын түвшинд буруутгаж байгаа. Агуулгын хувьд харилцан өөр өөр асуудлуудыг хууль болгоод биччихсэн зүйлүүд байна. Жишээлбэл, таны асууж байгаа заалт. Нийгмийн сүлжээний томоохон тоглогчид болох твиттер, фэйсбүүк, инстаграм бүгд Монгол Улсад 300 мянгаас дээш хэрэглэгчтэй. Эдгээр байгууллагууд Монголд төлөөлөгчийн газраа байгуулах уу, Монгол Улс сонирхдог зах зээл нь мөн үү гэдэгт мэргэжлийн хүмүүс нь хариулах байх. Минийхээр бол үгүй. Монголд битгий хэл Монголоос хэд дахин илүү хүн амтай оронд фэйсбүүкийн төлөөлөгчийн газар орж ирнэ гэж бодохгүй байна. Монголд тэд орж ирэхгүй л байхгүй юу. Ийм тооцоо, судалгаа, үндэслэлгүй хандаж болохгүй. Яахав Герман, Франц зэрэг хэдхэн оронд л төлөөлөгчийн газар нь байдаг. Зохисгүй контент нийтэлсэн бол төлөөлөгчийн газар нь томоохон торгуулиудыг тавьдаг. Үүнийг хараад хэрэгжих боломжтой гэж өнгөц дүгнэсэн юм шиг байгаа юм.

-Энэ хуулийг дагаж дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт орохоор зохицуулагдсан. Үүнээс Харилцаа холбооны тухай хуульд орох нэмэлт өөрчлөлтөөр иргэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхгүй болж байна уу?

-Тийм. Харилцаа холбооны тухай хуулийн 23.2-т “Кибер аюулгүй байдлын тухай хуулийн 4.1.15-д заасан үндэсний хэмжээний кибер халдлага үүсч болзошгүй нөхцөл байдлын үед кибер халдлага, зөрчилтэй тэмцэх үндэсний төв, эсхүл нийтийн төвийн саналыг үндэслэн, нийтийн эмх замбараагүй байдал, онцгой нөхцөл үүсэж болзошгүй нөхцөл байдлын үед дотоод хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний саналыг үндэслэн Кибер аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэрээр зөрчилтэй контентын тархацыг бууруулах, харилцаа холбооны сүлжээг хэсэгчлэн, эсхүл бүхэлд нь хязгаарлах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ” гэж байгаа юм. Нийгэмд өрнөөд байгаа жагсаал цуглаан зэрэг асуудлуудыг анзаарч байгаа байх. Тиймээс энэ хууль бол улс төрийн зорилготой хууль болчихсон. Энэ хуулиа улс төрийн зорилгодоо ашиглах боломжтой болж байна. Сонгуулиа дахин явуулах, өөрсдийнх нь асуудлаар шүүмжлэл өрнүүлэх, эсвэл нийгэм дэх асуудлаар шударга шүүмжлэл өрнүүлэх боломжгүй болгож байгаа юм. Энэ хуулийн гор жагсаал цуглааны үеэр удахгүй харагдана. Эрх баригчид өөрсдийн эрх мэдлээ авч үлдэхийн тулд улайран тэмцэх хэрэг байхгүй. Хүний эрхийг хамгаалах нэрийн дор хүний эрхийг хязгаарлах хууль баталж болохгүй. Бүх юм ном журмын дагуу явах ёстой. Олон нийтээр хэлэлцүүлж, Хууль тогтоомжийн тухай хуулийн дагуу хуулиа боловсруулах ёстой. Энэ хуулиар эрх нь хөндөгдөх иргэдээс саналыг нь наанадаж авах ёстой. 2022 оны байдлаар Монгол Улсад фэйсбүүк идэвхтэй хэрэглэдэг 2.2 мянган иргэн байна гэсэн судалгаа бий. Эдгээр иргэдийн бүр цаашилбал 3.4 мянган хүний эрх ашиг зөрчигдөж байна. Хууль тогтоомжийн хууль дээр мэргэжлийн байгууллагын “санал дүгнэлтийг авсан байна” гэсэн заалт бий. Ийм хууль батална гэдэг нь ардчиллаас ухарсан явдал боллоо. Олон нийтийн саналыг авах завдал өгсөнгүй ш дээ. Арай ч гурав хоногийн дотор хууль баталчихгүй байх гэж бодсон чинь баталчихдаг л юм байна.

Тиймээс үүнтэй холбоотойгоор НҮБ-аас Хүний эрхийн байгууллагаас хүний эрхтэй холбоотой асуудлаар зөвлөмж гаргуулъя санал гаргаж байгаа. Энэ хуультай холбоотойгоор Монгол Улсын нэр олон улсад унана шүү.

2020 оны арваннэгдүгээр сарын 4-нд НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 36 дахь чуулган болсон. Энэ чуулганаар Монгол Улсын хүний эрхийн төлөв байдлыг хэлэлцсэн. Ингэхдээ хүний эрхийн зөвлөлөөс үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг баталгаажуулах талаар холбогдох хэдэн зөвлөмжийг манай улсад өгсөн байдаг. Энэ дотор гүтгэх үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй байх арга хэмжээг авах замаар сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтан болон иргэний нийгмийн идэвхтнүүд аливаа шийтгэл хүлээнэ гэсэн айдасгүйгээр үйл ажиллагаагаа олон улсын хэм хэмжээний дагуу чөлөөтэй явуулах нөхцөлийг хангах” гэж байгаа юм. Гэтэл бид эсрэгээрээ хааж боомилж байна.

Өнгөрсөн арванхоёрдугаар сард болсон жагсаал цуглааныг зохион байгуулсан иргэдийг өнөөдөр Цагдаа, Тагнуулын байгууллага олон үндэслэлээр шалгасаар байгаа шүү дээ. Энэ хуулиар өнгөрөгч арванхоёрдугаар сарынх шиг үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхээргүй болчихлоо. Жишээлбэл, Эмоцийн Цогтоо ч гэдэг юмуу. Түүнээс гадна олон хүн бий. Тэгвэл тэд бүгдээрээ үндэсний аюулгүй байдал ч гэдэг уриалан дуудсан, өдөөн хатгасан хэрэгт унаж үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжгүй болж байна.

-Энэ хуульд хариуцлагын асуудлыг хэрхэн тусгасан байна вэ?

-Энэ хуульд өндөр мөнгөн торгууль эсвэл эрүүгийн, зөрчлийн хариуцлага ногдуулна ч гэдэг юмуу хариуцлагын асуудал гэж байгаа юм. Харин сүлжээг нь 72 цагийн хугацаанд хааж хязгаарлах, блоклох зэргээр хариуцлага тооцно гэсэн байна. Зөрчилтэй контентыг хааж бооно гэдгээр энэ хуулийн төслийг бүхэлд нь зөвшөөрөх боломжгүй. Хуультай хуулгүй фэйсбүүк, инстаграм, твиттер зэрэг олон нийтийн сүлжээ өөрөө хариуцлага тооцох механизмтай шүү дээ. Дээр хэлсэнчлэн блоклох, рефортлох зэргээр.

-Энэ чиглэлээрх олон улсын туршлага нь ямар байдаг бол. Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах хуультай орон дэлхийд хэд байдаг вэ?

-Яг ийм хуультай орон байхгүй. Цөөн хэдэн орон олон нийтийн сүлжээг зохицуулах хуультай. Жишээлбэл, ХБНГУ 2015 онд ийм хуулийг баталсан. Австрали цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах хуультай. Зөвхөн хүүхэд гэж үзэж байгаа юм.

Хоёрдугаарт, Дэлхий нийтэд яагаад өргөн зохицуулдаггүй вэ гэхээр хүний эрхийг орхигдуулах том асуудал учраас яаран оролдлого хийдэггүй. Нөгөө талаас НҮБ-аас том зөвлөмж өгсөн. Онлайн болон онлайн бус орчноос үл хамааран хүний эрх хамгаалагдаж, хангагдана, хязгаарлагдана гэж үзсэн байдаг. Энэ хууль дэлхий нийтийн туулж ирсэн цензурийг тогтоож байна. Цензурийг тодорхой түвшинд хориглох ёстой.

-Энэ хуулийн 3.2-т “Олон нийтийн сүлжээнд гурваас доош тооны хэрэглэгч хоорондоо харилцхад энэ хууль үйлчлэхгүй” гэсэн заалт яг ямар учиртай вэ?

-Олон нийтийн сүлжээнд гурваас дээш тооны хэрэглэгч хоорондоо харилцахад үйлчилнэ. Олон нийтийн сүлжээний тодорхойлолтыг дэлхий нийт өгч байгаа. Ер нь сошиал медиа, олон нийтийн сүлжээ гэдэг үгээ ойлгох хэрэгтэй л дээ. Гурав гэдэг тоог хаанаас гаргаж ирсэн нь тун эргэлзээтэй. Төрийн албаны том агентлаг биш, харилцдаг байгууллагын дотоод систем, хувийн асуудлаа бичдэг аппликэйшнүүд, групп чатууд зэргээр бүгд орох нь. Үүнд манай хууль үйлчлэх үү. Ийм утгагүй заалт харах ичмээр юм аа, үнэндээ.

-Олон нийтийн эрхийг хязгаарласан, амыг нь барьсан энэ хуулийг хүчингүй болгох хуулийн ямар гарц бидэнд байна вэ. Баталчихлаа гээд дуугүй сууж болохгүй биз дээ?

-Бид ийм асуудалтай хэзээ ч эвлэрч болохгүй. Учир нь ямар ч хууль дүрэмгүйгээр дур зоргын шинжтэй хуулийг батлаад байна шүү дээ. Гурав хоногийн дотор хууль батлаад байх юм бол бүх зүйл утгаа алдана. Энэ хуульд Ерөнхийлөгч хориг тавина гэсэн багахан ч гэсэн найдлага байна. Ерөнхийлөгчид бүрэн эрх нь байгаа шүү дээ. Гурван сая иргэнээ арай л дорд үзэж байна. Хүн хог ч гэж хэллээ. Парламентын гишүүд нь хууль зөрчиж нэн яаралтай оруулж ирж байгаа нь асуултын биш, анхаарлын тэмдэг. Хүний эрхийг хамгаалах бус өөрсдийн улс төрийн зорилго яваад байна.

Биднийг дуугүй, хүлцэнгүй байлгах, хамгийн гол нь эрх мэдлээ хадгалах гэсэн зорилго явж байна. Энэ хууль батлагдсанаар ЖДҮ, нүүрсний, Хөгжлийн банкны хулгайнууд шиг шинээр гарах олон хулгайг ярьж чадахгүй амаа үдүүлэх нь. Учир нь төрийн албаны нууцтай холбоотой мэдээллийг зөрчилтэй контентод үзчихнэ. Хоёрдугаарт, хууль дээдлэх зарчим үйлчлэх ёстой. Гэтэл энэхүү хууль бол энэ зарчмыг уландаа гишгэсэн үйлдэл боллоо. Тиймээс Үндсэн хуулийн Цэцийн хяналтад орно гэсэн горьдлого байна. Гуравдугаарт, Европын холбоо 2021 оны Хүний эрхийн форумаар Монгол Улс хүний эрхээс ухарсан үйлдэл хийвэл жагсаалтад оруулдаг гэдгийг Элчин сайд нь онцгойлон анхааруулж хэлж байсан. Бид ардчиллаасаа ухарсан, хүний эрхийг хумьсан хууль баталснаараа олон улсын өмнө нэр хүнд унах, хориг жагсаалтад орох зэрэг олон сөрөг үр дагавар гарах нь

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

П.Амаржаргал: Төрийн эрх мэдэл ард түмнээс эх сурвалжтай байх ёстой DNN.mn

Хууль зүйн ухааны доктор, дэд профессор П.Амаржаргалтай ярилцлаа.

-Та Үндсэн хуулийн 3 дугаар зүйлд “Засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна” гэсэн заалт нь онолын хувьд боломжгүй хэмээн та үзсэн байсан. Учир зүйг нь тодорхой тайлбарлаад өгөхгүй юү?

-Засгийн бүх эрх ард түмний мэдэлд ерөөсөө байдаггүй. Жишээлбэл, ХБНГУ-ын Үндсэн хуулийн 20.2-т “Улсын бүх эрх мэдэл ард түмнээс эх үндэстэй байна” гэж заасан байдаг. Харин ОХУ-ын Үндсэн хуулийн 3.1-т “ОХУ-д засаглалын цорын ганц эх сурвалж ард түмэнд байна” гэж заасан байдаг. Эдгээр жишээгээр эш татаж юуг хэлэх гээд байна гэхээр ард түмэн Засгийн эрхийн эх сурвалж нь байдаг. Өөрөөр хэлбэл, Засгийн эрх мэдэлд байгаа хүн иргэдийнхээ эсрэг байвал тэрхүү эх сурвалжаа ард түмэн буцаагаад татчихдаг. Түүнээс эрх мэдэл ард түмний гарт байна гэхээр тэр эрх мэдэл хаана байх нь тодорхойгүй, бүрхэг. Үүнээс гадна тухайн эрх мэдэлтэн нь “Та надад эрх мэдлээ дөрвөн жилийн хугацаанд шилжүүлчихсэн. Энэ эрх мэдэл бол одоо миний л эрх мэдэл. Та дараагийн дөрвөн жил хүртэл тэсч бай. Сонгуулиар үүнийгээ өөрчил” гэж яриад байгаа юм. Ард түмнээс эх сурвалжтай гээд заачихаар ард түмэн хүсвэл энэ эх сурвалжаа хэдийд ч авч болдог. Ийм ялгаатай зүйл. Засгийн эрх мэдэл ард түмний гарт байна гэсэн Үндсэн хууль дахь заалт нь амьдрал дээр буухгүйгээр барахгүй Үндсэн хуулийн зөрчил болоод байгаа юм.

-Та 1992 оны Үндсэн хуульд ямар дүгнэлттэй байдаг вэ?

-Монгол Улс Анхны Үндсэн хуулийг 1924 онд баталснаас хойш энэ жил 99 жилийн ой тохиож байна. Ирэх жил 100 жилийн ой нь тохионо. Харин өнөөгийн мөрдөгдөж байгаа Үндсэн хууль батлагдаад 31 жил болж байна. 1992 оны дөрөв дэх Үндсэн хууль бол муу хууль биш, шилжилтийн хууль юм. Гэхдээ өнгөрсөн 31 жилийн түүхийг үзэхээр үүнээс өөрчлөх зүйлүүд их байгаа юм. Тухайлбал, сая хэлсэнчлэн Үндсэн хуулийн 3 дугаар зүйлийн төрийн эрх мэдэл ард түмний мэдэлд байна гэдэг заалтаас эхэлнэ. Хоёрдугаарт, 1992 оны Үндсэн хуульд хүний эрх, эрх чөлөөг их бүрхэг тусгасан.

Хэрэгжилтгүй нэр төдий заалтууд бий. Гуравдугаарт, төрийн эрх мэдлийн хуваарилалтыг зарим тохиолдолд тодорхой бус болгочихсон байгаа юм. Жишээлбэл, Ерөнхийлөгч аль эрх мэдэлд орж байгаа нь тодорхой бус. Онолын хувьд Ерөнхийлөгч гүйцэтгэх эрх мэдэлд харьяалагддаг. Эсвэл АНУ-ын загвар шиг гүйцэтгэх эрх мэдлээ тэргүүлдэг. Үгүй бол, Германы загвар шиг парламентаасаа томилогдож бэлгэдлийн шинж чанартай байдаг л даа.

Гэтэл манайд ард түмнээсээ шууд сонгогддог, хуульд хориг тавьж байгааг нь харахаар хууль тогтоох эрх мэдэлд оролцдог, Засгийн газарт чиглэл өгөх хэрнээ хуулийн байгууллагуудын удирдлагууд болох шүүгч, прокурорыг томилдог эрхтэй ч байх шиг. Тиймээс үүнийг цэгцэлж Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хаашаа оруулахаа тодорхой болгох ёстой.

Дөрөвдүгээрх нь, төрийн эрх мэдлийн хуваарилалт. Орчин үед төрийн эрх мэдэл нэг хүний гарт төвлөрч болохгүй. Дарангуйлал үүсэх, хүний эрх, хувийн өмчийн тухай ярих ч боломжгүй. Энэ эрх мэдлийг хуваарилах ёстой. Ингэснээр нэгдүгээрт, төрийн эрх мэдлийн хяналт тэнцлийн зарчмыг хангана. Хоёрдугаарт, энэ нь хүний эрх, эрх чөлөөг хамгаалах хамгийн гол зарчмыг агуулж байдаг. Гэтэл төрийн эрх мэдлийн хуваарилалт гажуудчихаад байна.

-Манайх парламентын засаглалтай гэдэг ч ачир дээрээ тодорхой бус хэмээн эрдэмтэд шүүмжилдэг шүү дээ. Тэгвэл парламентын засаглалыг төгөлдөржүүлэх ямар зохицуулалт орж байгаа вэ?

-Парламентын засаглалд сайжруулах зүйл олон бий. Тухайлбал, нэг танхимтай, тардаггүй, ард түмнийг төлөөлөх төлөөллийн тоо нь алдагдчихсан байна. Хамгийн гол нь парламент бол төлөөллийн дээд байгууллага юм. Гэтэл төлөөллийн дээд байгууллага нь төрийн эрх барих дээд байгууллага болтлоо өөрчлөгдчихсөн. Хэрвээ бид цаашид үнэхээр парламентын засаглалтайгаар хөгжье гэж байгаа бол хоёр танхимтай парламентыг сонгохоос өөр аргагүй. Парламентын эрх мэдлийг хоёр танхимд хуваарилж, харилцан хяналт тэнцэлтэй болгохоос өөр аргагүй учраас эдгээр өөрчлөлтийг зайлшгүй хийх шаардлагатай. Энэ чиглэлээр хийгдсэн 2010, 2019 онд ҮХНӨ-өөр дорвитой өөрчлөлт ороогүй. Энд нэг зүйлийг онцолж хэлэхэд, Үндсэн хуульд ийм өөрчлөлт хийх эсэхийг ард түмний санал асуулгаар шийдвэрлэнэ.

-Үндсэн хуульд шинэчилсэн найруулга хийх ажлын хэсэгт та багтдаг. Шинэчлэлийн төсөлд хоёр танхимтай болгох тухай туссан уу?

-Ерөнхий сайдын 2022 оны долдугаар сарын 27-ны өдрийн 109 дүгээр захирамжаар Үндсэн хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсэг төслөө бүрэн дуусгаад Ерөнхий сайдад өргөн барьчихсан байгаа. Уг төсөлд гол зарчмын асуудлуудыг шийдэхээр зохицуулсан.

Үндсэн хуулийг боловсруулах болсон шаардлага юу байсан гэхээр 1924 оны Үндсэн хуулиар эзэн хаанаас эрх мэдлийг авч намд шилжүүлж нам төвтэй төрийн эрх мэдлийг бий болгосон. Харин 1992 оны Үндсэн хууль нь намаас эрх мэдлийг авч “төр” гэдэг зүйлийг маш их хүчтэй болгосон. Өнөөдөр улс төрийн нам нь хүчтэй болохоор болдоггүй юм байна. Хүчтэй төртэй болох нь ч буруу юм байна гэдэг нь 31 жилийн түүхээс харагдаж байна. Тиймээс Үндсэн хуулийн шинэчлэл иргэн төвтэй, иргэнээ хамгаалсан Үндсэн хууль хийх шаардлагатай болж байгаа юм.

-Үндсэн хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд УИХ-ын гишүүдийн тоог хэд болгохоор тусгасан бэ?

-99, 150, 250, 300 гэх зэргээр хүмүүс янз бүр л ярьж байгаа юм. Ерөнхий сайдын байгуулсан ажлын хэсэг 90, 75 гэсэн тоотой хоёр танхимд бий болгоё гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, энэ хоёр танхимын нэг нь сонгуулийн пропорцианоль системээр 75 гишүүнийг, нөгөөх нь 75 гишүүнийг мажоратор тогтолцоо сонгогдох, 15 гишүүн томилогдохоор тусгагдсан. Ингэж хуульчилж өгөхгүй бол мажоратор тогтолцооны нэг сул тал нь 40 хэдэн суудал авсан нам нь дийлэнх олонх болчихоод байна.

Бас нэг зүйлийг мөн бодох хэрэгтэй. Үндсэн хуулийг сайжруулснаар өргөс авсан юм шиг бүх юм сайхан болчихгүй. Үүнийг дагалдаж гарах хуулиудыг сайжруулах хэрэгтэй. Тухайлбал, Улс төрийн намын тухай хууль, Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулиудыг яаралтай хэлэлцэж батлах хэрэгтэй. Парламентын засаглалын гол хоёр оролцогч нь сонгогчид, улс төрийн нам байдаг. Энэ хоёрын дунд парламент оршдог.

Иргэдийн улс төр, эрх зүйн боловсрол тааруу бол улс төрийн нам тааруу байдаг. Улс төрийн нам тааруу бол парламентын чансаа сул байдаг. Тиймээс дан ганц парламентаа сайжруулахаас илүү дээрх хоёр хүчин зүйлийг байнга сайжруулах ёстой.

-Ерөнхийлөгчийн эрх мэдлийг яаж тодорхойлж, хаанаас сонгогддог байхаар зохицуулж байгаа вэ?

-Бидний шинэчилсэн найруулгын төслөөр Монгол Улсын Ерөнхийлөгч Монголын ард түмний эв нэгдлийн илэрхийлэл байна. Хоёрдугаарт, энэ хүн монгол хүний төлөө ажиллах ёстой. Монгол хүний эрх ашиг хаана зөрчигдөж байна Ерөнхийлөгч тэнд явах ёстой. Тиймээс Хүний эрхийн дээд зөвлөл гэдэг байгууллагыг байгуулж, Ерөнхийлөгч тэргүүлэх юм. Ерөнхийлөгчийг хоёр танхимаас томилогддог байхаар төсөлд тусгасан байна.

-Хоёр танхим гэдгийг яг ямар байдлаар ойлгох вэ. 1990 оны бидний хэрэглэж байсан УИХ, Улсын бага хурлаар төсөөлөх үү, эсвэл АНУ-ынх шиг байх уу?

-Онолын хувьд 1990 онд манайд хэрэглэж байсан хоёр танхим бол хоёр шатлал бүхий юм. Хоёр танхим гэдэг нь жишээ нь, Герман, Японы тогтолцоог хэлж байгаа юм. Хоёр танхимын нэгийг нь пропорционалиар, нэгийг мажоратороор сонгоно. Дэлхий дахинд парламент төлөөллийн дээд байгууллага байдаг. Ард түмнийг төлөөлдөг байх ёстой.

-Манайх холбооны орон биш учраас хоёр танхимтай байх шаардлагагүй гэдэг шүү дээ. Энэ тухайд?

-Холбооны улс л хоёр танхимтай байдаг, нэгдмэл улс нэг танхимтай байдаг гэсэн дүрэм, онол байхгүй. Аливаа улс өөрт ашигтай, иргэддээ сайн хувилбарыг л авдаг.

Монголд нэг танхим тохирохгүй байгааг бид өнгөрсөн хугацаанд харлаа шүү дээ. Парламент нь тардаггүй, төрийн эрх барих дээд байгууллага болчихсон. Хүн бүр ийшээ орохыг хүсдэг, тэмүүлдэг байгууллага болчихоод байгаа юм. Тиймээс энэ том эрх мэдлийг саармагжуулж, хоёр танхимд хуваарилж, өөр өөр чиг үүргүүдийг бий болгож парламентын засаглалыг бэхжүүлэх хэрэгтэй байгаа юм. Яг одоогийнхоороо явбал олигтой шинэчлэлт болохгүй. Дахиад энэ тогтолцоогоороо явна сонгогддог хэдэн хүмүүс л ахиад гарна.

-Үндсэн хуулийн шинэчилсэн найруулгыг хийх цаг нь одоо биш хэмээн нийгмийн тодорхой хэсэг үзэж буй. Үүнд таны байр суурийг сонсмоор байна?

-Цаг үе нь одоо мөн. Учир нь иргэд шинэчлэлийг, төрийн бүтцээ өөрчлөхийг хүсээд байна. Талбай дээр олон хоног жагсаал хийж байна. Энэ өөрчлөлтийг хийх улс төр, эрх зүй, эдийн засгийн нэг гол хэлбэр нь Үндсэн хуулийн өөрчлөлт юм шүү. Энэ өөрчлөлтийг хийхдээ нэг нам дангаар хийж болохгүй нь үнэн. Үүний оронд парламент ийм төсөл байна гээд өөрчлөлт хийх эсэх асуудлыг ард нийтийн санал асуулгаар шийдэх ёстой.

2010, 2019 онд ҮХНӨ-т хийсэн. Энэ жижиг засварууд нь ямар ч үр дүн авч ирэхгүй байна гэдгийг харуулж байна. Тиймээс дорвитой өөрчлөлт хийж байж нийгэм урагшилна гэж харж байгаа юм. Тухайлбал, Үндсэн хуулийн эдийн засаг (Constitutional economics) гэж зүйлийг тодруулж өгөх хэрэгтэй. Бид өмнө нь эдийн засгийг сайн ойлгодоггүй байсан юм уу, эсвэл манай улс төлөвлөгөөт эдийн засагтай байсны гор уу Үндсэн хуульд эдийн засгийн талаарх ойлголт байдаггүй. Одоо бол бүх юм ерөөсөө эдийн засагтай хамааралтай. Сүүлийн үед “хууль” сайн, үр дүнтэй байгаа эсэхийг эдийн засагт хийх эрх зүйн аргаар тогтоодог (Economic analysis of law) болчихоод байна шүү дээ. Эрх зүйд хийх эдийн засгийн шинжилгээ гэсэн шинэ нэр томьёо хуульд орж ирж байна. Тиймээс эдийн засаг-хууль хоёр хоршсоноор сайн хууль гарч ирж байна.

Жишээ нь, татвар бий болгохыг Засгийн газар санаачилж, Улсын Их Хурал батлах, Санхүүгийн жил бүрийн тайланг Засгийн газраас Улсын Их Хуралд тайлагнах, Төсвийн дараах дүнг дараа жил хэлэлцэх гэх мэтээр Үндсэн хуульд заавал тусгах ёстой. Төсвийн байнгын хорооны даргыг парламентын сөрөг хүчин, цөөнхөөс томилдог баймаар байна. Гэтэл олонх болж эрх барьж байгаа нэг нам бүгдийг нь “атгачихаар” хүний эрх, эдийн засгийн хөгжил байхгүй болчихож байна. Хүний эрх байхгүй юм чинь эдийн засгийн шинэчлэл нурчихаж байна. Энэ бүгдийг Үндсэн хуулиар зохицуулж байж нийгмийн амьдрал тэгш болно.

-Татварын асуудлыг Үндсэн хуульд тусгана гэдэг нь?

-Жишээлбэл, татварыг зөвхөн Засгийн газраас өргөн мэдүүлнэ. Татвар шинээр тогтоох, өөрчлөх, хүчингүй болгохыг зөвхөн парламент шийдвэрлэнэ. Татварын тухай асуудал, Монгол Улсын санхүүгийн нөхцөл байдлын талаар жил бүрийн арваннэгдүгээр сард Засгийн газар УИХ-д албан ёсоор ил тод тайлан мэдээлэл өгнө гэсэн ийм агуулга өгүүлбэрийг оруулах хэрэгтэй. Энэ бол Үндсэн хуулийн эдийн засаг гэж тодорхойлогддог.


Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерөнхий сайд асан Д.Содном: Зөвлөлдөх санал асуулгыг буруу явуулбал хорлонтой DNN.mn

Ерөнхий сайд асан Д.Содномтой ярилцлаа.


-УИХ-аас Зөвлөлдөх санал асуулга явуулах шийдвэр гаргасан. Ийм шийдвэр гаргах болсон цаад учир шалтгаан, зорилгыг та юу гэж харж байна?

-УИХ-аас Зөвлөлдөх, санал асуулга явуулах тухай тогтоол гаргасан шалтгааныг чуулганы хуралдаан дээр УИХ-ын дарга Г.Занданшатар тайлбарлахыг зурагтаар харж, сонссон. Г.Занданшатар дарга ард иргэдийн төрд итгэх итгэл суларсан, нийгэм бухимдалтай байгааг дурдаад хямралыг зөвшилцөж шийдэх зорилгоор Төрийн тогтолцооны шинэчлэл хийх, Үндсэн хуулийн нэгийн 3 дугаар заалтын дагуу ард түмний засаглах эрхийг хангах асуудлыг анхаарч, ард түмэнтэй хэлэлцэж шийдэх шаардлагатай болсныг онцолж байсан. Чуулганы тэр хуралдааны бичлэгийг үзээрэй.

Өнгөрсөн оны аравдугаар сарын 4-ний өдөр Сүхбаатарын талбайд иргэд жагсаж нүүрсний хулгайг таслан зогсоохыг шаардаж эхэлсэн, дараагийн өдрүүдэд жагсагчдын тоо нэмэгдсэн, Хэнтий аймгийн төв, Дархан хотын иргэд дэмжсэн, нүүрснээс бусад баялаг ч хулгайлагдаж байгаа тухай, хулгай, авлига, ашиглалд төрийн албаныхан, бүр УИХ-ын гишүүдээс нэр холбогдож байгааг дурдаж, хулгайчдын нэрийг зарлах, хариуцлага хүлээлгэхийг шаардсан. Иргэд шаардлагаа УИХ, Шүүх прокурорын байгууллагад хандуулж, хулгайтай тэмцэж байгаа Засгийн газрын үйл ажиллагааг дэмжиж байгаа нь анзаарагдсан. Зарим хүн Улсын Их Хурлыг тараа, 76 хулгайч гэж хашхирч байсан. УИХ-ын даргын зүгээс төрд итгэх иргэдийн итгэл суларч, бухимдал их болж байгааг хэлэх, Зөвлөлдөх санал асуулга гэдэг арга хэмжээ зохиох тогтоол гаргахад хүргэсэн шалтгаан нь энэ байх.

-Уг нь манай ард түмэн амгалан тайван, асуудалд хүлээцтэй ханддаг зан заншилтай гэдэг. Гэтэл сүүлийн үед иргэд бухимдах, төр засагт шаардлага тавьж жагсах, заримдаа эд хөрөнгө эвдэж сүйтгэх, эмх замбараагүй байдал үүсэхэд хүргэж болзошгүй байдал гараад байх боллоо. Үүний гол шалтгааныг та юу гэж харж байна?

-Улс орны хөгжлийн хурд удаан, ядуурал буурахгүй байгаатай иргэдийн бухимдал холбоотой. Гэвч ард түмэн улс орны хөгжлийг хурдасгах, ядуурлыг арилгахад цаг хугацаа шаардлагатайг, гадаад нөхцөлөөс хамааралтайг мэддэг, тэвчээртэй ханддаг.

Монголын ард иргэдийн энэ их бухимдал, хурц шаардлага дараах шалтгаанаар гараад байгаа санагддаг.

Нэг гол шалтгаан нь, эрх мэдэлтнүүд зонхилсон хэсэг хүмүүс буюу олигархиуд авлига, албан тушаалын ашиглал, хулгайн аргаар нийгмийн баялгийг завшиж байгаад юм. Олигархиуд бузар аргаар баяжиж байдаг боломжоо хадгалах, завшсан хөрөнгөө хамгаалах зорилгоор Монголын ард түмэнд засаглах эрхээ эдэлж, гэмт хэрэгтэй тэмцэж байх боломж олгохгүй байгаа учраас иргэд бухимдаж байна. Ард түмэн ба олигархиудын хоорондох тэмцэл хурцдаж байна

-Нөгөө нэг шалтгаан нь төр засгийн зүгээс нийгэм эдийн засгийг хөгжүүлэх зохистой бодлого төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх үүргээ хангалтгүй биелүүлж байгаа. Засгийн газар саяхан эдийн засаг, хөгжлийн яамтай боллоо. Энэ яам идэвхтэй ажиллаж Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль, Алсын хараа хэмээх баримт бичиг зэргийг засаж сайжруулаад, Монгол Улсын нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх урт хугацааны болон дунд хугацааны тодорхой төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлдэг, үр ашигтай үйлдвэрлэл хөгжүүлэх, шинэ сэргэлтийн бодлогод тусгагдсан төслүүдийн техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулах ажлыг шуурхай зохион байгуулдаг болчихвол хөгжил, ядуурлын асуудлуудыг шийдэхэд ахиц гарна.

-Бас нэг шалтгаан нь иргэн бүхэн хууль зөрчихгүйгээр хэнээс ч хамааралгүйгээр дуртай хөдөлмөрөө эрхэлж гэр бүлийнхээ амьдралыг авч явах эрх чөлөөгүй буюу элдэв хориг шалгалт шаардлагад өртөж байдагт юм. Зарим хүн манайд бизнес эрхэлж, чөлөөтөй хөдөлмөрлөж амьдрах нөхцөл алга гэж ярьж байгааг буруутгах аргагүй. Залуучуудын зарим нь гадаад улсад хөдөлмөр эрхэлж, нөхцөл сайжрах үед мэргэжил эзэмшээд буцаж ирэх зорилготой явж байна. Эдгээртэй холбогдуулж хүнд сурталтай тэмцэх, элдэв зөвшөөрөл шалгалтыг цөөлөх, төрийн албан тушаалтнуудыг иргэдэд ёс зүйтэй үйлчилдэг болгох зэрэг асуудлаар Засгийн газраас зохиож байгаа ажил бий.

-“Ард түмэн засаглах эрхээ эдэлж, гэмт хэрэгтэй тэмцэж байх боломж олгохгүй байгаа учраас…” гэж та хэллээ. Энэ гажуудал хаанаас хэзээ, яагаад үүсчихэв ээ. Яаж энэ гажуудлаас гарах вэ?

-Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр бүлгийн Гуравдугаар зүйлд: “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцоно, сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” гэж заасан байдаг. Гэтэл Үндсэн хуулийн энэ чухал заалт хэрэгжихгүй байгаа, яаж хэрэгжих ёстой, улс төр нийгмийн амьдалд ямар нөлөө үзүүлэх ач холбогдолтойг ухаарахгүй, анхаарахгүй удаж байна. Чухамдаа үүнээс болж, тодорхой хэлбэл, ард түмний хяналт байхгүйн хар гайгаар авлига, албан тушаалын ашиглал, хулгайгаар олигархиуд баяжиж, түмний өмч хөрөнгө завшигдаж байгаад ард иргэд бухимдаад байгаа юм.

Монгол Улсын Үндсэн хуулийн Засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна гэсэн заалт бол Парламентаас тогтоож байгаа хууль, Засгийн газрын хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, Шүүх засаглалын ажиллагааг ард түмэн хянаж байна гэсэн заалт юм. Гэтэл одоо болтол УИХ-ын тогтоож байгаа хууль тогтоол, Шүүхийн үйл ажиллагаа, гаргаж байгаа шийдвэрийг ард түмэн хянаж чадахгүй байгаа. Ард түмэн төрийн хэрэгт шууд оролцох эрхтэй гэсэн заалт байдаг боловч тэр эрхээ өнгөрсөн гучин жилд эдлээгүй. Парламентыг дээд танхимгүй байлгаад байгаа нь энэ бүхний шалтгаан гэдгийг ухаарцгаах хэрэгтэй.

Уншсан номынхоо утга учрыг ухаардаггүй хүн идсэн хоолоо шингээх чадваргүй хүнтэй адил гэсэн үг байдаг.

Парламентыг хоёр танхимтай болгох, Ард түмнээс сонгож байгуулсан төрийн эрх барих дээд байгууллага -Ардын Их Хуралтай болох асуудлыг Үндсэн хуулийн Гуравдугаар бүлэгт өөрчлөлт оруулж шийдэх саналыг олон хүн дэмжиж байна. Энэ асуудлыг одоо шийдэх хэрэгтэй. УИХ-ын гишүүдээс цөөнгүй хүний нэр хулгайн хэрэгт холбогдсоныг шүүмжилж, хяналттай болгоё гэж шаардаж байхад зарим этгээдийн саналын дагуу зөрүүдлээд нэг танхимаа хэвээр байлгаж гишүүдийн тоог нь нэмэх шийдвэр гаргавал төрд, УИХ-д итгэх ард түмний итгэл улам сулрах, хямрал үүсэх аюул байгааг эрх мэдэлт нөхөд анхаарахыг би хүсдэг.

-Зөвлөлдөх санал асуулга зохиохтой холбогдуулж энэ сарын 4-ний өдөр эрдэм шинжилгээний бага хурал болсон. Ямархуу үр дүнтэй хурал болсон гэж та дүгнэж байна?

-Намайг урьсанд талархаж тэр бага хуралд очсон. Хурлын эхний хоёр илтгэл, “Монгол Улс цөөн хүнтэй, нэг үндэстэн учраас парламент нэг танхимтай байх ёстой” гэсэн үгийг сонсоод асуулт хариулт явуулж эхлэх үед нь би үг хэлэх зөвшөөрөл авч, “зөвлөлдөж санал авах” арга хэмжээг зөв зохион байгуулахын тулд анхаарах гол асуудлаар хоёр санал хэлж амжсан. Нэг санал нь: ПАРЛАМЕНТАД ДЭЭД ТАНХИМ БИЙ БОЛГОХ асуудлыг ИРГЭДТЭЙ ЗӨВЛӨЛДӨЖ, САНАЛ АВАХ ГОЛ СЭДЭВ болгох, нааштай шийдсэн нөхцөлд АРД ТҮМЭН ТӨРИЙН ХЭРЭГТ ШУУД ОРОЛЦОХ, ЗАСАГЛАЛД ХЯНАЛТ ТАВИХ ЭРХЭЭ ЭДЛЭХ БОЛОМЖТОЙ БОЛОХ ач холбогдолтой. Хоёр дахь нь: Төвлөрөл, түгжрэлийг арилгах, Баялгийн сан байгуулах, Сахилга хариуцлага сайжруулах сэдэв бол иргэдээс санал авах сэдэв биш, Төр хариуцсан ажлаа иргэдэд тайлагнах ёстой сэдэв болохыг анхааръя гэсэн санал байсан.

Би саналаа маш товчоор хэлж, эрдэмтдийн үгийг сонсохыг хичээсэн боловч хурал удирдагчдын нэг нь “нөхөр Содном саналаа энэ хурал дээр биш, өөр хуралд очиж хэл” гэснээр уг хуралд оролцож эрдэмтэдтэй санал солилцох боломжгүй болсон. Би явсан. Бага хурлын хэлэлцүүлгийн үр дүн ямар болсныг мэдэхгүй. Эрдэмтэд маань олигархиудын биш ард түмний эрх ашгийг хамгаалсан саналд нэгдсэн байх гэж найдаж байгаа.

-Зөвлөлдөх санал асуулгыг буруу явуулбал хорлонтой гэж та хэлсэн. Яагаад..?

-Үндсэн хуульд 2019 онд өөрчлөлт оруулахаас өмнө УИХ зөвлөлдөх санал асуулга гэдэг арга хэмжээг анх удаа зохион байгуулсан. Парламент нэг танхимтай, эсвэл хоёр танхимтай байх сэдвээр санал асуусан. Ихэнхийг орон нутгаас ирүүлсэн олон зуун хүнийг төрийн ордонд цуглуулж алдар цолтой гурав, дөрвөн хүнээр дээрх сэдвийн талаар олон цагийн яриа хийлгэсэн. Би тэр лекц яриаг нь сонссон. Парламент хоёр танхимтай байхын ач холбогдлыг огт яриагүй, зөвхөн нэг танхимтай байх хэрэгтэй гэсэн ухуулга хийгдсэн. Нэг эрдэмтэн нь Үндсэн хуульд засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна гэсэн Үндсэн хуулийн заалт буруу гэж ярихыг сонсож билээ. Энэ бүхнийг сонсож буруу юм болж байгааг ажиглаад би зөвлөлдөх ардчилал нэртэй энэ арга хэмжээ буруу зохион байгуулагдаж байна, мэдээлэл багатай иргэдийг нэг талын мэдээллээр ятгаж, төлөвлөсөн төслөө ард түмний дэмжлэг авсан мэт болгож болохгүй гэсэн нийтлэлийг УИХ-ын эрх мэдэлтнүүдэд бичсэн ил захидал болгож бичээд танай сонинд өгч хэвлүүлж байсан. Тэр сониныг олж үзэж болно.

Энэ бүх арга хэмжээний үр дүнд Үндсэн хуульд 2019 онд оруулсан өөрчлөлтөөр Ардын Их Хурал байгуулагдаагүй, түүний хар гайгаар өнөөдөр манай парламентын хяналтгүй, хязгааргүй эрхтэй нэг танхим буюу УИХ маань ард түмний итгэл хүндэтгэлээр дутаж, муу хэлэгдэж байна. Үүнийг л би хорлонтой гэж хэлж байгаа юм. Одоо зохиогдох зөвлөлдөх санал асуулга зөв явагдаасай гэсэн санаагаар хэлсэн үг.

-Нийгэм ийм айхавтар доргионтой, эмзэг байгаа энэ үед залуу үеийн удирдлагууд ямар шийдвэр гаргаасай гэж бодож байна?

-Би одоо нэг юмыг их хүсч байгаа. Парламентыг дээд доод хоёр танхимтай болгох өөрчлөлтийг Үндсэн хуульд оруулах ажлыг 2023 онд багтаан шийдвэрлээд Парламентын танхимуудыг бүрдүүлэх сонгуулийг 2024 онд явуулаасай гэж хүсч байна. Засгийн бүх эрхийг ард түмний мэдэлд өгөх, төрийн хэрэгт ард түмэн шууд оролцож байх эрхийг эдлүүлэх асуудлыг ингэж шуурхай шийдвэрлэвэл төр түмний итгэлцэл бэхжинэ, нийгэм эдийн засгийн хөгжлийг хурдасгах ажилд ард иргэд идэвх санаачилгатай оролцоно.

Авлига, ашиглал, хулгайтай хийх тэмцэл үр дүнд хүрнэ. Энэ санал хүсэлтээ бичиж УИХ-ын даргад 2022 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр өгсөн. Түүнийхээ хувийг Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарт өгсөн байгаа.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Н.Наранбаатар: Өөрийнхөө мэдэж байгаа хүрээнд АТГ-т гэрчийн мэдүүлэг өгсөн DNN.mn

УИХ-ын гишүүн Н.Наранбаатартай ярилцлаа.


-Нүүрсний хулгайн хэрэгт холбогдогчоор нэр нь зарлагдсан таван гишүүн АТГ-т мэдүүлэг өгсөн гэж сонссон. Ер нь хэдэн удаа, ямар мэдүүлэг өгсөн талаараа мэдээлэл өгөх боломжтой юу?

-АТГ биднийг дуудаж, ямар нэгэн мэдүүлэг аваагүй байж гэнэтхэн нэр зарласан. Тиймээс бид энэ талаар мэдээлэл хийсэн. Үүний дараа биднийг дуудаж мэдүүлэг, тодруулга авсан. Нүүрсний асуудал Өмнөговь аймаг дахь Таван толгойн ордтой холбоотой шүү дээ. Би Аймгийн Засаг даргаар ажиллаж байсан учраас ажил үүргийн хүрээнд асууж тодруулах зүйл байна гээд тодруулга, мэдээлэл авсан. Ингэхдээ мөрдөн байцаах ажиллагааны нууц гэж гарын үсэг зуруулдаг юм байна. Тиймээс АТГ-т өгсөн тодруулга, мэдээллээ задруулж болохгүй юм байна лээ. Мөрдөн байцаах ажиллагааны нууцад гарын үсэг зурчихсан учраас нарийн ярих боломжгүй, хуулийн хориотой юм байна лээ.

-Таныг яллагдагчаар дуудсан юм уу, гэрчээр дуудсан юм уу?

-Гэрчийн мэдүүлэг авсан. Өөрийнхөө мэдэж байгаа хүрээнд тайлбар мэдүүлэг өгсөн.

-Эрдэнэс Таван толгойгоос иргэдэд ногдол ашиг олгох тогтоолын төслийг та бүхний таван гишүүн өргөн барьсан. Нэг талаас сонгууль ойртсон, нөгөө талаас нүүрсний хэрэгтэй холбоотой хэмээн та таван гишүүний нэрийг зарласан учраас ийнхүү поп хууль санаачиллаа гэж харах хэсэг байна. Энэ хууль батлагдсанаар ямар ач холбогдолтой вэ?

-Нүүрсний асуудалтай холбогдуулж бид таваас гадна УИХ-ын 20-иод гишүүн орсон лобби бүлэг байгуулсан. Бид нүүрсний хулгайн жинхэнэ эздийг ил болгох, нүүрсний хулгай яагаад гарав, цаашид яах вэ гэдгийг ярилцаад УИХ-ын тогтоолын төсөл боловсруулсан. Төрийн мэдэл их байгаа учраас хулгай гарч байна. 1072 хувьцаа буюу иргэдэд байгаа хувь хяналтын хэмжээнд хүрэхгүй байна. 80 гаруй хувь нь төрийн мэдэлд байгаа учраас төр, төрөөс томилогдсон удирдлагууд нь дангаараа шийдвэр гаргаж байна. Түүнчлэн компанийн үйл ажиллагаа хаалттайгаас болж бид олон асуудлыг сүүлд нь мэдэж авлаа шүү дээ. Тиймээс нээлттэй болгоё гэсэн зорилго тавьсан. Ингээд хяналттай болгохын тулд нийт хувьцааны 40 хувийг иргэдэд эзэмшүүлэх ёстой гэж үзсэн.

Компанийн тухай хуулиар үлдсэн 60 хувийг эзэмшигч дангаараа шийдвэр гаргах боломжгүй болж байгаа юм. 40 хувийг иргэдэд эзэмшүүлэхдээ нэгдүгээрт, 2012 оноос хойш төрсөн хүүхдүүдэд хувьцаа олгоно. Хоёрдугаарт, 3.5 сая иргэн бүгд хувьцаа эзэмшигч болох нөхцөлийг нь бүрдүүлнэ. Өөрөөр хэлбэл, 40 хувиа 3.5 сая иргэнд хуваахаар 1072 хувьцаа нь 2522 болж байгаа юм. Ингээд 2022 оны арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэл бүртгэгдсэн Монголын бүх иргэдэд 2522 хувьцааг олгох зохицуулалт орж байгаа.

Түүнчлэн одоо байгаа 1072 хувьцаа шиг зарах эрхгүйгээр олгохоор зохицуулсан. Нээлттэй худалдчихаар мөнгөтэй хүмүүс, эсвэл гадныхан худалдаад авчихна. Ингээд иргэдэд очих үр өгөөж байхгүй болчихдог. Тиймээс иргэдэд үнэ төлбөргүйгээр 40 хувийг эзэмшүүлье гэсэн тогтоолын төсөл өргөн барьсан. Энэ тогтоолын төсөл батлагдсанаар, нэгдүгээрт компани хяналттай болно. Хоёрдугаарт, байгалийн баялгийн 30 хувийг ногдол ашгаар дамжуулж иргэдэд хуваарилах бололцоотой болно. Цаашид оффтейк гэрээ ч гэдэг юмуу, нууцтай холбоотой аливаа шийдвэрийг төр, төрөөс томилогдсон төлөөлөгч дангаараа мэдээд шийдэхгүй. 40 хувийн хяналтын төлөөлөлттэй болох учраас хувьцаа эзэмшигчдийнхээ хурлаар шийднэ.

Хэдэн хувийг нь ногдол ашиг болгож тараах вэ гэдэг нь нээлттэй яригдахаар болж байгаа юм. Иргэд Эрдэнэс Таван толгойгоос ногдол ашиг хүртэж байгаа нь маруухан байгаа. Хэдэн жилийн өмнө ногдол ашиг гэж л 80 хэдэн төгрөгийг нэг удаа өгснөөс биш том бүтээн байгуулалт нэрийн дор ногдол ашиг өгөхгүй явж ирсэн. Эрдэнэс Таван толгой ХК өнгөрсөн 10 жилийн хугацаанд 12.8 их наяд төгрөгийн борлуулалт, 7.5 их наяд төгрөгийн худалдан авалт хийсэн байна. Өөрөөр хэлбэл, Эрдэнэс Таван толгой дур зоргоороо дийлэнх хэсгээ худалдан авалтад зарцуулчихсан байгаа юм. Хяналт муу байсан учраас шаардлага хангахгүй худалдан авалт хийсэн, Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчсөн зэргээр олон асуудал гарч ирж байгаа юм. Энэхүү тогтоолын төслөөр энэ бүгдийг хяналттай болгоно. Ингэснээр компанийн засаглал сайжирна, үр ашиг нь дээшилнэ, иргэд байгалийн баялгаас жигд хүртэнэ.

-40 хувийн хяналтыг яг яаж тогтоох юм бэ. 40 хувийн төлөөлөл гээд дахиад “төр” орох юмуу, хаанаас ямар хүн хяналтыг тогтоох юм бэ?

-Компанийн Төлөөлөн удирдах зөвлөлд орно. Жишээ нь, ТУЗ есөн гишүүнтэй байна гэж үзвэл төрийг төлөөлж таван хүн байна. Хувь нийлүүлэгчийн хурлаас дөрвөн хүн сонгогдоно. Хувьцаа эзэмшигчийн хуралд уул уурхай, эдийн засаг, хууль эрх зүйн чиглэлээр хүмүүсийн нэрийг дэвшүүлж иргэд сонгоно. Мөн сайн дураар нэр дэвшиж болно. Ингээд цаашид гэрээ, худалдан авалт, төлөвлөгөө гээд томоохон шийдвэрүүдийг ТУЗ гарна. Компаний тухай хуулиар ТУЗ-ийн шийдвэр 66.6 дээш хувиар буюу дийлэнх олонхын хувиар гардаг. Тиймээс төрийн таван хүн дангаараа шийдэх бололцоогүй болж байгаа юм. Иргэдээс сонгогдсон дөрвөн төлөөлөлтэй бүх асуудлаа ярьж байж дараагийн шийдвэрээ гаргана.

-ТУЗ-ийн хэдхэн гишүүн бүх шийдвэрийг гаргах зохицуулалт нь асуудлыг углуургаар нь шийдэж чадахгүй юм биш үү. ТУЗ төлөвлөгөө, зарцуулалтаа тайлагнадаг, түүндээ хариуцлага хүлээдэг заалт орж байгаа юу?

-Энэхүү УИХ-ын тогтоолын төслөөр аль болох компанийн засаглалыг сайжруулах, иргэдэд очих өгөөжийг нэмэгдүүлэх үүргийг Засгийн газарт өгнө. Тиймээс Засгийн газар цаашид ямар байдлаар тус тогтоолыг хэрэгжүүлэх вэ гэдэг нарийн зохицуулалтыг гаргаж ажлаа хийнэ. Компанийг нээлттэй болгох ажлуудыг хийх ёстой. Жишээ нь, ТУЗ үнэ тогтоож бага үнээр нүүрс зарсан байна гэцгээж байна. Оны өмнөхөн Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн хууль батлагдсан. Энэхүү хуулийн хэрэгжилтийн хүрээнд өнгөрөгч эхлэн хөрөнгийн биржээр нүүрс зарагддаг болсон. Тиймээс цаашид хэн нэгэн хүнээс үнэ хамаарахгүй. Хөрөнгийн бирж дээр үнэ чөлөөтэй зарлагдана. Хамгийн өндөр үнэ хэлсэн иргэд, аж ахуйн нэгж авах бололцоог нь нээж өгсөн. “Эрдэнэс Монгол” гээд төрийн өмчийн компанийг бүгдийг нь дороо нэгтгэж хариуцдаг компани бий. Энэхүү компанийн дор 19 төрийн өмчит компани байна. Жишээ нь, Эрдэнэт, Монросцветмэнт, Дархан, Хөтөл зэрэг асуудлуудтай, алдагдалтай, маргаантай олон компаниуд байна. Тиймээс алдагдалтай томоохон ордууд дээр 60 хувь, цаашид магадгүй зарим үйлдвэр, аж ахуйн газруудыг 100 хувь нээлттэй болгож болно. Хувьцаа гаргаад тодорхой хувийг нь иргэд, мөн тодорхой хувиа төр эзэмших, зах зээлд тодорхой хувийг нь гаргах маягаар нээлттэй болгохгүй бол болохгүй байна. Улс төрийн томилгоогоор очсон удирдлагууд, ТУЗ компанийг үр ашигтай, сайн засаглаж чадахгүй байна гэдэг нь өнгөрсөн хугацаанд олон төрийн өмчит компани дээр харагдлаа. Тиймээс хувьчлалыг Хөрөнгийн биржээс эхлүүлж байна. Бага багаар олон нийтийн нээлттэй компани болох зүйлийг цаашид хийх ёстой гэж манай лобби бүлэг ярьж, энэ тогтоолын төслийг санаачилсан.

-Тогтоолын төсөлд иргэдэд ногдол ашгийг олгох зохицуулалт орсон. Яг хэзээнээс олгож эхлэх вэ?

-Тогтоолын төслийг баталж Засгийн газарт үүрэг өгснөөр Засгийн газар цаашдын арга хэмжээг авна. Хуулиараа тавдугаар сарын 1-ний дотор хувьцаат компаниудын хувь нийлүүлэгчдийн хурал болдог. Энэ хурлаар компанийн нийт ашгаа тооцож үзэх хэрэгтэй. Оффтейк гэрээний төлбөрт хэдийг өгөхөөр байна гэдгээ тооцож тодорхой хувийг нь иргэдэд хуваарилах боломж байгаа гэж бодож байгаа. Гэхдээ нууцаас гаргасан гэрээнүүдийг харахад ойрын хугацаанд иргэдэд их хэмжээгээр ногдол ашиг хуваарилах боломж хэцүү юм шиг байна лээ. Олон сая ам.долларын гэрээнүүд хийчихсэн байна. Өнөө маргаашдаа тулсан, онц шаардлагагүй төслүүдээ зогсоох нь зүйтэй гэж үзэж байгаа. Тухайлбал, Богдхан төмөр замыг түрдээ зогсоож, тийшээ өгөх мөнгөө авч үлдээд тодорхой хувийг нь иргэдэд хуваарилах боломж байна уу гэдгийг судална. Тиймээс энэ чиглэлд эдийн засгийн тооцоолол хийх хэрэгтэй юм билээ.

-Иргэдэд ногдол ашиг хэлбэрээр 2 сая төгрөг өгнө гэж та бүхэн үзсэн байсан шүү дээ. Энэ тооцооллыг яаж гаргасан юм бэ?

-Аливаа хууль, тогтоолын төсөл өргөн барихдаа эхлээд эдийн засгийн тооцоо судалгаа хийдэг. Тогтоолын төсөл боловсруулсан Ажлын хэсгийн судлаачдын баг энэ талаарх тооцооллыг хийсэн. Гэхдээ тэдэнд мэдээлэл 100 хувь байхгүй. Тэдний тооцооллоор нэг иргэнд 2522 хувьцаа гэж үзэхээр хоёр сая төгрөгийн ногдол ашиг олгох боломжтой гэсэн судалгаа гаргасан. Зарим шаардлагагүй төслүүдээ зогсооно гэж үзэж байгаа юм билээ. Эхний ээлжинд нэн шаардлагатай төслүүдээ санхүүжүүлээд иргэдэд хоёр сая төгрөг олгох бололцоотой гэж үзсэн.

-Хуулийн төсөлтэй холбогдуулж холбогдох байгууллагуудаас санал авдаг шүү дээ. Сангийн яам үүнд ямар хариу санал өгсөн бол?

-Засгийн газраас санал авахаар өгсөн. Тогтоолын төслийг хэлэлцээд эхлэхээр Засгийн газрын санал ирэх байх. Засгийн газраас ирүүлсэн санал, тооцоо судалгааг Байнгын хороо хэлэлцэнэ. Дараа нь УИХ хэлэлцэхийг нь шийдчихвэл Ажлын хэсэг гарч нарийн зүйлүүд тодорхой болно.

-Ер нь цаашид ногдол ашиг олгох боломж хэр байгаа талаар судалгаа гарсан уу?

-Ногдол ашиг тараах нь тухайн жилийнхээ болон дэлхийн, тэр дундаа Хятадын зах зээл дээр зарж байгаа нүүрсний үнээс хамаарах гээд байгаа юм. Сүүлийн хоёр жил нүүрсний үнэ өндөр байгаа энэ үед хоёр сая төгрөгийг иргэн бүрд олгох боломжтой гэсэн тооцоо гарсан. Цаашид нүүрсний эрэлт сайн, үнэ нь өндөр байвал нэмэгдээд явна. Хэрвээ нүүрсний үнэ унаад компанийн нэг тонн нүүрс олборлох зардал зарах зардлаас давчихвал ашиггүй болж байдал хэцүүднэ. Гэхдээ манайх цаашид ногдол ашиг олгох бололцоотой. Нүүрсний чанар сайн. Зах зээл нь 280-хан км-ийн цаана байна. Өмнөд хөршид эрэлт хэрэгцээ өндөр байна. Гашуунсухайтын боомтоор ковидын үед өдөрт 100-150 машин гарч байсан бол өнөөдөр 800, 900 машин гарч байна. Экспортлох хэмжээ найм, ес дахин нэмэгдчихлээ ч гэдэг юм уу тодорхой нөхцөл байдлаас шалтгаалж ашиг орлого нь янз бүр байж болно. Ер нь цаашид ашигтай ажиллах нь ойлгомжтой. Иргэдэд байгалийн баялгийг хүртээх боломж байгаа гэж харж байна.


Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Ламжав: тогтолцооны авлига руу гулсан орсон нэг том шалтгаан нь хуулийг удирдлага болгох үндсэн хуулийн зарчим цалгардсантай холбоотой DNN.mn

Үндсэн хууль судлаач иргэн Д.Ламжавтай ярилцлаа.


-“Улс төр, эдийн засаг, эрх зүйн шийдэл – нийгмийн зөвшилцөл” сэдэвт хэлэлцүүлэг өнгөрөгч долоо хоногт болсон. Та уг хэлэлцүүлгийн ач холбогдол, үр дүнг хэрхэн дүгнэж байна гэдгээс ярилцлагаа эхэлье?

-Энэ бол ирэх хавар УИХ-аас эрхлэн явуулах Зөвшилцөх санал асуулгын сэдвийг тогтооход чиглэсэн тандах маягийн хэлэлцүүлэг байсан. Хөшигний ар талд юу болж байгаа талаар хангалттай бөгөөд баталгаатай мэдээ надад үгүй тул хэлэлцүүлгийн ач холбогдол, үр дүнг дүгнэх бололцоо надад хомс байна. Харин тулгамдаад буй хурц асуудлуудаас өөр зүгт нийгмийн анхаарлыг чиглүүлэн мартагнуулах, ингэснээр ял завшуулах зохион байгуулалттай хууран мэхлэх ажиллагаа байх вий хэмээн болгоомжилж байгаа. Нөгөө талаас Ерөнхий сайд, төрийн эрх барьж буй Ардын намын дарга Л.Оюун-Эрдэнэ асуудалд маш нээлттэй хандаж байгааг хайхрахгүй байж болохгүй гэж бодогдсон. Хэрэв тэр үнэхээр чин сэтгэлээсээ хандсан нь үнэн бол нийгмийн зүгээс түүнд өргөн тусламж шаардлагатай нөхцөл байдал үүссэн байж болно. Манай экс Ерөнхийлөгч нар улсын төсөвт хамаарах санхүүгийн асуудал дээр хэт их эрх мэдэл эдэлсээр ирсэн тухай УИХ-ын гишүүн, ХҮН намын дарга Т.Доржхандын (УИХ-аас зохион байгуулсан олон удаагийн хурал цуглаан дээр) албан ёсоор хийсэн мэдэгдэл ч анхаарал татдаг юм.

-Уг хуралдааны үеэр та өнөөдөр нийгэмд үүсээд байгаа асуудлууд Үндсэн хуулиас эхтэй гэсэн утгатай зүйл хэлсэн. Энэ талаар та тодорхой яриад өгөхгүй юү?

-“Засгийн бүх эрх ард түмний мэдэлд байх” нь байтугай “засгийн бүх эрх ард түмнээс эхтэй” байх зарчим алдагдан энэ эрх олигархиудын гарт шилжсэн байна. Монгол Улс тогтолцооны авлига (системная корруция) руу гулсан орсон нь нэгэнт тодорхой боллоо. Энд харьцангуй сүүлийн үеийн, зоригтой залуусын төрийн эрхийг авахын төлөө эрээ цээргүй тэмцэл хамгийн их буруутай. Үндсэн хуульд ч оногдох зохих хэмжээний буруу байгаа.

Хэрэв Үндсэн хуульд байгаа гажигийг засъя гэвэл “Үндсэн хуульд өөрчлөлт оруулах журмын тухай хууль” саад болдог. Харин шинэчилсэн найруулга хийхэд энэ хууль үйлчлэхгүй тул шинэчилсэн найруулгыг маш хариуцлагатай хийж болно.

Энд дур зоргоор хандаж болохгүй. Улсын капитализм, хятадын чиг баримжааг баримтлах зэрэг зам руу халтиран орж болохгүй. 1992 оны Үндсэн хуулийнхаа чиг баримжааг гол болгох хэрэгтэй. Би баталсан Үндсэн хуулиа төгс болоогүйг хүлээн зөвшөөрдөг учраас хойч үедээ саад тотгор болохыг хүсдэггүй. Одоо маш сайн шинэчилсэн найруулга хийлээ ч тэр маань төгс болж чадахгүй гэдгийг ухаарч байх нь маш чухал. Иймээс Үндсэн хуульдаа байгаа дутагдал бүрийг Үндсэн хуулийг өөрчлөх шалтгаан гэж үзэж болохгүй.

-Тогтолцооны хямралыг Үндсэн хуулиар л засна гэж их ярих юм. Тогтолцооны хямралыг Үндсэн хуулиар яаж засах вэ?

-Тогтолцоо гэдэг үгийг маш олон утгаар хэрэглэдэг. Иймээс би хямрал үүсэхэд нөлөөлж буй Үндсэн хуулийн зарим зохицуулалтыг жишээ татан товч ярья. Ерөнхийлөгчийг нийтээр сонгодог, тэр Засгийн газрыг бүрдүүлэхээс эхлээд гүйцэтгэх эрх мэдэлд маш их оролцоотой нь парламентын бүгд найрамдах улс байх зарчимтай нийцдэггүй. Иймээс Ерөнхийлөгчийг Герман улсынхтай төстэй зарчмаар сонгож, эрх мэдлийг нь жинхэнэ арбитрчийн шинжтэй болгон, Үндсэн хуулиар хамгаалах. УИХ-ын сонгуулийг пропорциональ элемент нь давамгайлсан холимог тогтолцоогоор сонгох, үүнийгээ Үндсэн хуульдаа заах. Ингэснээр засгийн эрхийн төлөөх улс төрийн үйл ажиллагаа тогтвортой төлөвшихөд тустай. Санхүүжилтийн асуудал чухал боловч энд ярихаа больё.

-Өнөөгийн нөхцөлд Үндсэн хуулийг шинэчлэн найруулах бус нэмэлт, өөрчлөлт оруулсан нь зөв биш үү?

-Өмнө ч товч ярьсан. Зарим жишээгээр тодруулахыг хичээе. Амьдралд эс нийцэх, онолын хувьд боломжгүй, дэврэнгүй буюу зохисгүй байдлаар илэрхийлэгдсэн зарим тийм зарчим Үндсэн хуульд маань байдаг. Ард түмэн гэсэн нэрийн дор жагсагчид эдгээр зарчмыг биелүүлэхийг шаардаад эхэлбэл байдал хэцүүднэ. Төрийн байгууллагууд Үндсэн хуулийг биелүүлэхгүй байна гэсэн яланд унана. Жишээ нь, 3.1 заалтын эхэнд “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна” гэж тунхагласан байна. Энэ бол амьдрал дээр байдаггүй зүйл. Доктор П.Амаржаргал “энэ бол онолын хувьд боломжгүй зарчим” гэдэг. Энэ залуу бол Японд доктор хамгаалсан, Английн 1215 оны Магна Харта болон Японы Үндсэн хуулийг монгол хэлнээ орчуулсан өндөр боловсролтой хүн. “үхсэн хүн бол хамгийн аюулгүй хүн” гэсэн Сталины үгийг санан байж, залууг ийнхүү магтав. Үүнийг зөв зүгт нь засчихмаар байдаг. Гэтэл энэ боломжгүй зарчмыг нэхэн шаардаж, түүнийг хэрэгжүүлэх зорилгоор Үндсэн хуулийг шинэчлэн найруулна хэмээн төрийн өндөр албан тушаал хашиж байсан олон эрхэм ил тод шаардаж байгаа. Үүний эсрэг П.Амаржаргалаас өөр дуугарах хүн алга. Нэг ёсондоо Амаржаргал Галилей-тай төстэй байдалд байна. Үүний нэгэн адил Ерөнхийлөгчийн эрх мэдлийг зөв зүгт нь зохицуулах гэхээр дээр дурдсан Журмын тухай хууль саад болоод байдаг. Журмын тухай хуулийн хүрээнд нь өөрчлөлт хийхээр хоёрын хооронд, ор нэрийн төдий юм болчих эрсдэл үүсдэг.

-Тэгвэл Үндсэн хуулийг шинэчлэн найруулахдаа бид яг ямар асуудлууд дээр онцгой анхаарах хэрэгтэй вэ?

-Октябрийн эргэлтийн дараах иргэний дайны үед зарим хүн ярилцагчаа улаантан гэдгийг хэрэглэж байгаа “товарищ” мэт үгээр нь амархан мэдчихдэг байж. Үндсэн хуулиа ухааран ойлгох дээр ч үүнтэй төстэй зүйл байдаг. Ардын хувьсгал гэж хэзээ ч байгаагүй, байх ч үгүй. Аливаа хувьсгал бол элитийн хувьсгал байдаг. Энэ бол нийгмийн идэвхтэй хэсгийн арваад хувийн улс төрийн шаардлага хэрэгжсэнээр биеллээ олдог гэнэ. “…Монгол Улсыг байгуулна” гэж Үндсэн хуульд заасан гэж манай олон улстөрчийн амнаас гарч харагддаг. Энэ ”байгуулна” гэдгийн цаана “коммунизм байгуулна” гэдэг шиг нэг юм байгуулахаар Үндсэн хуульд заасан гэсэн бодол тухайн хүний далд ухамсарт хадагдсаныг илтгэж байгаа юм. Энэ мэт 1992 оны Үндсэн хуулийг дөрөв гэж дугаарлаж ярихаас хүртэл өнгөрсөн түүхийн сургамжаа гүйцэд ухаараагүй нь харагддаг. Хар шар феодалыг устгах 1924 оны Үндсэн хууль, энэхүү устгалыг биечлэн хэрэгжүүлсний дараа хөрөнгөтөн анги төрөх шимтэй хөрс хувийн өмчийг устгах тухай 1940 оны Чойбалсангийн Үндсэн хууль, 1990 он гэхэд социалист лагерийн орнууд бараг нэгэн зэрэг коммунизмд дэвшин орох номлолыг эш үндэс болгосон төр устаж түүний бүх үүрэг хөдөлмөрийн сэхээтэн, ажилчин ангийн үйлдвэрчний эвлэлд шилжих тухай 1960 оны үндсэн хууль энэ гурав бол хойтох нь өмнөхийн үргэлжлэл болсон нэгтгэн ангилбаас зохих зөвлөлт маягийн үндсэн хууль юм. Харин наяад оны сүүлч болоход социалист лагер капиталист гэгдэх барууны ертөнцтэй хийсэн улс төр, эдийн засгийн өрсөлдөөнд ялагдан сүйрэв. Энэ сүйрэл бол дэлхийн дайнд ялагдсантай тэнцэхүйц сүйрэл гэж дүгнэсэн байдаг. Монгол дээр туссан энэ сүйрлийн сүүдрийг 1992 оны үндсэн хуулиас болсон мэт дүгнэх, гучин жилийн алдааг засах хувьсгал хийнэ гэж ярих нь тун гэнэн хандлага. Хувьсгалыг хүссэн цагтаа хийгээд байж болдог зүйл биш тул энэ үгэнд болгоомжтой хандах хэрэгтэй. Нэгэнт болоод өнгөрсөн зүйлийг бас хүлээн зөвшөөрдөг байх ёстой. Ертөнцийн мухарт мартагдан хоцрогдсон Монголд ардын гэх энэ хувьсгал муугийн хажуугаар бас сайныг бас дэлгэрүүлсний нэг нь монгол үндэстнийг буй болгоход онцгой үүрэг гүйцэтгэсэн, монгол хэлний онцлогт хуучин бичгээс илүү сайн зохицсон шинэ бичиг юм. Гэтэл шинэ бичгийг зөвлөлтийн гэж ад үзэх хандлагаар хуучин бичгээр төрийн хэргийг дотооддоо хөтлөх тухай ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн санаачлан батлуулсан хууль хэрэгжих боломжгүй, хэрэгжлээ гэхэд том ухралтыг авчрах тул уг хэргийг шинэ бичгээр хөтлөх заалтыг Үндсэн хуульд оруулбал зохино. Цаашилбал шүүхийг засаг захиргааны хуваарийн дагуу биш, тойргийн журмаар уян хатан байгуулах нь илүү зохистой. Голлон анхаарах асуудлын заримыг дээр нэгэнт өгүүлсэн тул үүгээр хариултаа дуусган, эцэст нь нэгэн зарчмыг онцлон тэмдэглэе.

Бидний дотор олон эрхэм өөрийн байр суурийг илүү үндэслэлтэйг харуулахын тулд Монгол Улсын анхны ардчилсан Үндсэн хуулийн эхийг баригч Бяраагийн Чимидийн нэрийг эш татаж харагддаг. Би ч гэсэн хүйтэн дайны сүйрлийн цагт Монголд азаар тохиосон энэ алдарт хуульчийн хуулийг удирдлага болгох буюу “даргын үгээр биш, хуулийн дагуу ажил хэргээ явуулах”-ыг “Монгол тулгатны зуун эрхэм”-ээр онцлон захисныг эш татъя. Тогтолцооны авлига руу гулсан орсон том шалтгааны нэг нь Үндсэн хуулийн энэ зарчим цалгардсантай бас холбоотой

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Баянзүрхийн түшээ Э.Бат-Амгалан “баар”-аа ордонд ажиллуулдаг уу? DNN.mn

УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан Хууль зүйн байнгын хорооны өнгөрөгч мягмар гаригийн хуралдаанд согтуу орж танхимын зарим нөхдөдөө агсам тавьсан нь олон нийтэд хүрлээ. Хууль тогтоогч УИХ-ын гишүүн хүн Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллагын хуралдаанд согтуу орж ийн агсамнаж байгаа нь арай л хэрээс хэтэрч байгаа юм биш үү. Төрийн түшээ хүний ёс зүй, хариуцлага гэж түүнд ер нь байна уу. Бүр ядах нь ээ л сонгогчдынхоо итгэлийг дааж чихнээс нь хонх уяхгүй байх эрмэлзэл алга уу.

Уг нь төрийн байгууллага, тэр дундаа Монгол төрийн ордон өөрийн гэсэн сахих дэг журам, сахилга баттай. Үүнийг нь хууль тогтоомжуудад тодорхой заачихсан байгаа шүү дээ. Тухайлбал, нэг жишээ дурдъя. У.Хүрэлсүхийн Засгийн газрын үед Зам, тээвэр хөгжлийн яамны ажилчид албан газартаа архидаж байгаад нэгнийхээ аминд хүрсэн халагламаар, харамсмаар тохиолдол гарсан. Ингээд Засгийн газраас төрийн байгууллагын ажлын байранд согтууруулах ундаа, мансууруулах бодис, галт болон тэсэрч дэлбэрэх бодис, мэс болон хүйтэн зэвсэг нэвтрүүлэх, хадгалах, хэрэглэхийг хатуу хориглосон. Хэрвээ нэвтрүүлэхийг завдсан тохиолдолд сахилгын хариуцлага тооцож, хадгалж, хэрэглэсэн нь тогтоогдвол шууд ажлаас халах шийтгэл ногдуулах тогтоол гаргаж байсан.

Энэ тогтоолын хэрэгжилт өнөөдөр хаана байна вэ. Эсвэл тухайн үеийнхээ уур амьсгалыг аргацаах гэсэн хэдхэн хоногийн настай тогтоол байв уу. Ер нь цаашид хуулийн хэрэгжилтийг хангаж, өөрийн биеэр үлгэрлээд сууж байх ёстой төрийн түшээд олны өмнө, тэр дундаа Монгол төрийн ордонд ийн хуулийг уландаа гишгэж сагсалзаж, тавтиргүйтмээргүй байна. Сонгогчид түүнд хууль тогтоох дархан эрх өгснөөс хууль руу нулимах эрх өгөөгүй билээ. Хууль, журамтай Монгол Улсад бүгд л хуулийн хүрээнд аж төрөх ёстойг төрийн түшээд хэнээр ч хэлүүлэлтгүй мэдэж баймаар. Эсвэл төрд очсон гээд хуульд захирагдахгүй болчихдог баймааргүй юм.

Ямартаа ч Э.Бат-Амгалан гэж гишүүн байдгийг агсам согтуугаар нь олон нийт таньж авлаа. Тэрбээр Баянзүрх дүүргийн 350 гаруй мянган хүнээс сонгогдсон гишүүн юм байна. Сонсох нь ээ Э.Бат-Амгалан гишүүн баар ажиллуулдаг бололтой юм гэнэ. Агсам согтуу тавьж байгааг нь харахад тэрбээр баараа Монгол төрийн ордонд авч ирээд ажиллуулдаг юм уу даа. Ер нь бүрэн эрх нь хэрэгжиж эхэлснээс хойш өдийг хүртэл үг дуугүй явсныг нь бодоход баарандаа баармен хийгээд үг хэлэх завгүй явдаг бололтой юмаа даа.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Л.Бямбажаргал: Улсын бүртгэлийн газрын шийдвэр хүчингүй болоогүй цагт АН-ын асуудлаар Дээд шүүх ч шийдвэр гаргаж чадахгүй DNN.mn

Ардчиллын анхдагчдын нэг, физикч Л.Бямбажаргалтай ярилцлаа.


-Нүүрсний гэх тодотголтой хэрэг сүүлийн үед Монголын нийгмийг доргиож байна. Энэ асуудал гарч ирснээр Монголд үүсч байгаа сайн, муу талыг та хэрхэн дүгнэж байна?

-Эерэг талыг ярихад, зөвхөн нүүрс бус манай улсын бусад эрдэс баялаг ямар замаар дэлхийн зах зээл дээр борлуулагдаж байна. Хаана нь хулгай, луйвар үүрлэчихээд байна. Үүнийг яаж засах юм бэ гэдэг асуудал иргэдийн анхаарлын төвд орох нь маш сайн. Нүүрс гэхээр хүмүүс өөрсдийнхөө түлдэг Багануурын нүүрсийг бодоод тоодоггүй байсан. Улсын хилээр хэдий хэмжээний нүүрс гарч байна, ямар орлого олж байна гэдэгт төдийлөн ач холбогдол өгдөггүй байсан.

Харин сөрөг талын тухайд, нүүрс олборлож, тээвэрлэж хил хүргэж байгаа хүмүүсийг бүгдийг нь хулгайч гэдэг саванд хийчихлээ. Зээлээр машин аваад кабиндаа хонон өнжин явсаар нүүрсээ хил хүргэж өгч байгаа жолооч ч байдаг юмуу, уул уурхайн компанитай тоног төхөөрөмж нийлүүлж байгаа хүн ч байдаг юмуу ялгаагүй бүгд хулгайч болчихлоо. Нэг талаас тэд бүгд татвар төлөгчид. Баялаг бүтээгч, татвар төлөгчид рүүгээ дайраад эхэлбэл татварын орлого байхгүй болно.

Муу тал нь энэ юм. Тиймээс ялгаж салгах ёстой. Бизнес хийж байгаа татвар төлөгч авлига авч хулгай хийдэггүй л байхгүй юу. Авлига, хулгай хаана гараад байна гэхээр төрийн албан тушаалтнуудтай холбогдохоор. Түүнээс нүүрс зөөж байгаа жолооч нар биш. Эрчимтэй арга хэмжээ авч байгаа юм шиг боловч тодорхой хэмжээнд улсын төсвийн орлого тасалдах байх. Учир нь нүүрсний экспортын оргил ачааллын энэ үед бүх зүйл жигдэрчихсэн байх ёстой. Гэтэл манайх шинэ журам гаргана, хилийн үнээр зарна, тээврийн тендер зарлана, биржээр арилжаална гэж байна. Өдийд ийм юм ярих ёсгүй байхгүй юу.

Уг нь асуудлаа цэгцлээд авбал сайн. Гэтэл хийж байгаа эхний алхмаас нь харахад төрийн эрх мэдлийг илүү өргөжүүлж байна. Урьд нь хялбархан байсан. Тухайлбал, нүүрсээ амны үнээр зарахад авч байгаа хүн нь ямар унаагаар, хэдэн төгрөгөөр хилээр гаргах нь бидэнд хамаагүй байлаа. Хил дээр очихоор нь дэлхийн зах зээлийн ханшаар бид АМНАТ-аа авна гэдэг байсан. Гэтэл одоо амны үнээр бус хилийн үнээр худалдахаар хил хүртэлх тээврийн зардлыг Эрдэнэс Таван толгой хариуцна. Өөрөөр хэлбэл, тээвэрлэлт хийхэд мөн л тусгай зөвшөөрөл, тендер рүү орж байна гэсэн үг. Хүргээд өгье гэж байснаас ирээд ав гэсэн нь дээр биз дээ. Төр, албан тушаалтны оролцоо нэмэгдээд байхаар тэр бүрийн цаана авлига, хүнд суртал байсаар л байна шүү дээ.

-Ер нь авлига, хүнд суртлыг хазаарлах хамгийн оновчтой арга нь юу байдаг юм бол?

-Авлига өгсөн хүнийг шийтгэхээ болчихмоор байгаа юм. Авлига авсныг нь шийтгэдэг больчихвол албан тушаалтнууд “Энэ нөхрөөс мөнгө авчихвал дараа нь намайг матчихна” гэж айгаад авлига авахгүй шүү дээ. Авсан, өгсөн хоёрыг хоёуланг нь шийтгэхээр тэр хоёр нэг талд орчихоод байна.

-Та бид хоёрын ярилцлагын нэг чухал сэдэв нь АН-ын асуудал. Та бол ардчиллын анхдагчдын нэг. Тиймээс өнөөдөр болно гэх ҮБХ-ны хурлын үр дүнг хэрхэн харж байгааг асуулгүй өнгөрч чадахгүй нь…

-Ийм хүнд үед АН ийм байгаа нь нэг сайн талтай. Тодорхой хэлбэл, МАН буруугаа хэнтэй ч хуваалцах эрхгүй. Өөрөөр хэлбэл, АН-ынхнаас болоод ажил гацлаа гэж шалтаглах боломжгүй. Тэдний ажилд саад болох сөхөөгүй хоёр байрандаа зодооноо хийгээд сууж байна шүү дээ. Харин муу тал нь хажуунаас нь эрх баригчдад хэлж ярих хүнгүй байгаа учраас иргэдийн амьдрал ингэж доройтож, хяналтгүй болоод байна.

АН-ын хэрүүлийн эх үүсвэр хаанаас тавигдсан юм бэ гэхээр саарал ордноос, эрх баригчдын зүгээс. С.Эрдэнэ гэдэг хүнд тамга хийж өгснөөс л бүх юм эхэлсэн. Улсын бүртгэлийн ерөнхий газар улс төрийн нам гэдэг ганцхан хуулийн этгээдийг бүртгэх эрхгүй байдаг. Улсын бүртгэлийн газар бол Засгийн газрын харьяа байгууллага. Энэ байгууллага улс төрийн намыг бүртгэж болохгүй гэдэг нь улс төрийн сөрөг хүчнээ яг одоогийнх шиг тоглоом болгож магадгүй учраас анхнаас нь сэрэмжлээд улс төрийн намын бүртгэлийг Дээд шүүх хөтлөхөөр зохицуулсан. Гэтэл Улсын бүртгэлийн газар өөрийн бүрэн эрх хэмжээнээс давсан үйлдэл хийж С.Эрдэнэд тамга үйлдвэрлэж өгсөн. Өөрөөр хэлбэл, Улсын бүртгэлийн газар Дээд шүүхийн бүрэн эрхэд халдсан гэсэн үг. Ингээд Дээд шүүх шийдвэр гаргаж чадахаа байсан. Бүх юм ингэж эхэлсэн. Өнөөдөр намыг нэгтгэхээр янз бүрээр л үзэж байна. Намын гишүүний хувьд би ч гэсэн эвлэрээд нэг талдаа гарчихаасай билээ гэсэн чин хүсэлтэй байгаа. Гэтэл Улсын бүртгэлийн газрын шийдвэр хүчингүй болоогүй цагт АН-ын асуудлаар Дээд шүүх ч шийдвэр гаргаж чадахгүй, ҮБХ-ны хурал ч тодорхой үр дүнд хүрэхгүй. АН-ын өнөөгийн асуудал бол уг нь намын дотоод асуудал л даа. Гэтэл нэгэнт төрийн захиргааны байгууллага орчихсон учраас асуудлын уг сурвалжийг арилгаагүй цагт намын асуудал шийдэгдэхгүй. Эв нэгдлийн зөвлөгөөн, ҮБХ-гоор асуудлыг цэгцэлье гэсэн сайн тал байгаа боловч нөгөө талд сөрөг хүчний дуу хоолойг тодорхой хэмжээгээр саармагжуулах арга ч байж магадгүй. Одоо бүх юмыг аргалдаг болчихлоо шүү дээ. ҮБХ-ны хурал сайхан боллоо, эв нэгдэлтэй боллоо гээд явж байтал цагаан сар боллоо, гурван сар гарлаа Дээд шүүхээс та нарын хурлыг хэн хурал гэж үздэг юм бэ гэчихэж магадгүй л байхгүй юу.

-Тэгэхээр АН-д нэгдэх боломж хэзээ гарах юм бэ. Хэзээ улс төрийн тавцанд тоглолт хийх вэ?

-АН-д мөддөө нар үзүүлэхгүй байх.

-Хэзээ мөдгүй хаяанд ирчихээд байгаа УИХ-ын сонгуульд ч оролцуулахгүй гэж үү. Ядаж сонгуульд оролцсон нэр зүүлгэхгүй бол нэг намын тогтолцооноос ямар ялгаатай юм бэ?

-Манай улс ер нь нэг намын тогтолцоотой болчихоод байгаа. Учир нь олонх болсон нам Засгийн газраа байгуулдаг. Улсын бүртгэлийн газар чинь Ерөнхий сайдын шууд харьяа байгууллага. Улсын бүртгэлийн газар өнөөдрийг хүртэл “Уучлаарай манайх тамга хийж өгөх эрхгүй байж” гэж хэлэхгүй байна шүү дээ. Та нар хоорондоо хэрэлдээд бай гээд хэрэлдүүлээд байна. Үгүй байсан бол манай ажилтан буруу юм хийжээ, эсвэл манайх хуульд заасан эрх хэмжээнээс хэтэрсэн зүйл хийсэн байна гэж хэлэхгүй байна гэдэг нь карман дотроо дахиад юм байна гэсэн үг. Онц дэглэм тогтоодог хууль хэрэгтэй бол гаргаад ирж байна гэдэг шиг АН эвтэй боллоо гэхэд уучлаарай жинхэнэ тамгыг чинь С.Эрдэнэ авч зугтаагаад гэрт нь байгаа болохоос та нар хэн ч биш гэнэ ш дээ. Ингээд бүх хийсэн юмыг арчаад хаячихаж магадгүй.

Ер нь нэг намын тогтолцоо битгий хэл парламентын ардчиллыг үгүйсгэх тал руугаа явж байгаа шүү дээ.

-Тэр нь юугаар илэрч байгаа юм бэ?

-Энэ олон сайдаар. Яагаад сайд нэмээд байна гэж бодож байна. УИХ-аар Засгийн газрыг унагахгүйн тулд 39-өөс дээш гишүүний дэмжлэг авах ёстой. Болж өгвөл 39 сайдтай болчихмоор байгаа. Тэгвэл бусад гишүүдийг царайчлах шаардлагагүй болно. Тэгэхээр нэг намын битгий хэл нэг хүний гарт орохоор явж байгаа биз. Тиймээс л сайдын тоог нэмээд байгаа юм. Түүнээс манайх сайдын дутагдалд орчихоод олон сайд нэмээд байгаа юм биш.

-Тэгвэл ҮХНӨ-өөр УИХ-ын гишүүдийн тоог нэмнэ гэж байгаа нь ямар учиртай болж таарч байна. Парламентын засаглалыг хүчтэй болгох гээд байгаа арга биш юм уу?

-УИХ-ын гишүүдийн тоог нэмээд байдал сайжрахгүй ш дээ. Парламентын засаглалыг хүчтэй болгоё гэвэл манайх хоёр танхимтай л болох ёстой. Ер нь явж явж хал пал, харгүй дээрээ хийсэн ажил сайхан байдаг гэдэг шиг 1990-1992 оны буюу шилжилтийн үеийн Үндсэн хууль их хялбархан хууль байсан. Байнгын бус ажиллагаатай Ардын Их Хурал, байнгын ажиллагаатай хууль тогтоох Улсын Бага Хуралтай байсан. Ардын Их Хурал бүх томилгоог хийж өгдөг байсан. 400 орчим депутатууд нь томилгоогоо хийчихээд тарчихдаг, Бага хурал нь хуулиа баталдаг байсан. Өнөөдөр томилгоо хийх, хууль батлах хоёр нь нэг гарт орчихоод Засгийн газраа хүчтэй болгоно гээд Ерөнхий сайддаа нэлээн эрх мэдэл өгчихсөн. Ерөнхий сайд нь УИХ дотор нөлөөгөө бэхжүүлэхийн тулд сайдынхаа тоог нэмж байна. Тэгэхээр Ерөнхийлөгч жинхэнэ бэлгэ тэмдгийн чанартай болж манай улс нэг хүний гарт орж байна. Засгийн газраа тогтвортой болгох гээд Ерөнхий сайдад эрх мэдэл өгөөд байсан чинь Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар хамгийн тогтворгүй Засгийн газар болж байх шиг байна. Би сайдынхаа тоог ч бараг алдлаа, яамныхаа учрыг ч олохоо байлаа. Дөрвөн жилд хэнтэй хариуцлага тооцох юм бэ. Анх байгуулагдсан Засгийн газар хэвээр байх ёстой шүү дээ. Дөрвөн жилийн дараа Эрүүл мэндийн сайдтайгаа учраа олно гээд сууж байх ёстой биз дээ, бид. Зарим яам нь гурав, дөрөв болоод хуваагдчихлаа.

-Та түрүүн сөрөг хүчний дуу хоолойг тодорхой хэмжээгээр саармагжуулах арга ч байж магадгүй гэсэн. Үүнийг тодорхой ярьж өгөөч. С.Эрдэнэ дарга энэ үйл ажиллагаанд нэгдээд яваа юм уу?

-Аливаа хүн сайн, муу янз бүрийн чанартай учраас хүнд биш дүрэмд нь суулгаж өгдөг. АН хатуу дүрэмтэй шүү дээ. Сонгуульд ялагдсан бол автоматаар буудаг дүрэмтэй байхад энэ хүн буухгүй өдийг хүрч байна. Тэр дүрмийнхээ дагуу буугаагүй хүн өөрт олдсон давуу байдлаа хэзээ ч тавьж өгөхгүй. Тэгэхээр бид тал талаасаа яриад эвтэй байя, нэгдье гээд хоолойгоо хаттал яриад байдаг, С.Эрдэнэ гарч ирээд тамгаа ганц дараад л дуусаа ш дээ. Гэтэл үүний цаана МАН-д өрсөлдөгч хүчнээ сул байлгаж өрсөлдөгчгүй байх сонирхол байна. Үнийн өсөлт, дээр нь төрөл бүрийн татвар гээд асуудал улам даамжирч, ирэх хавар нийгмийн уур амьсгал нэлээн хүнд болох байх. Түүнчлэн маш олон хэргүүд мэдээж шийдэгдэхгүй. Салан баавгайн үлгэр шиг нэг хэргийг нөгөөхөөр нь дараад яваа болохоос биш эхнээс нь шийдээд авчихсан юм ерөөсөө байхгүй. Ийм байгаа учраас анхаарлыг нь сарниулах ажил хийгээд байна. Магадгүй дөрвөн сард АН-ын эв нэгдлийн их хурал ч гэдэг юмуу нэг хурал хийгээд овоо боллоо гэхээр нь Дээд шүүх ч байдаг юм уу нэг газар нь очоод хүчингүй болгоод хаячихна. Тэгээд зунтай золгуулаад наадам гээд сарниулчихна. Ингээд ирэх намартай золгоход байдал яг хэвэндээ л байж байна.

-Нэг намын тогтолцоотой болсноор Монголын цаашдын байдал ямар болохыг мэдэж байж ийм зүйл хийнэ гэж үү. Эсвэл гадны нөлөө байна уу?

-Манайхан жаахан юмтай юм шиг хэрнээ муу юм бодож олохдоо их сайн. Гадны зөвлөгөө, нөлөө байхыг үгүйсгэхгүй. Манай улсыг тойроод нэг намын системтэй, иймэрхүү дэглэмтэй хөршүүд манайхтай зэрэгцэж оршиж байна. Тиймээс нөлөөлөх нөлөө байхыг үгүйсгэхгүй. Учир нь эд нар муу юм бодож олохдоо их сайн. Сайн юм бодохдоо муу. Тоо мэддэггүй. 400 сая жуулчин ирнэ гэхээр нь итгэсэн. 400 сая хуушуурыг 50 центээр зарахад 200 сая ам.доллар. Энэ бол 700 тэрбум төгрөг гэсэн үг. Энэ нь манай улсын томоохон үйлдвэрлэгчийн жилд үйлдвэрлэх бүтээгдэхүүн. Нэг жуулчин нэг хуушуур авахад шүү дээ. Нэг жуулчин хоёр хуушуур идвэл Монгол Улс өөр юу ч хийх хэрэггүй болчих гээд байна. Ийм юм хийхдээ толгой нь тоо бодож хүрдэггүй. Тэгсэн хэрнээ хэрэгтэй хэрэггүй муу аргадаа сайн. Өрсөлдөгч намаа хэрэлдүүлээд байж байя гэж байна. Уг нь ардчилсан байя гэж бодож байгаа бол хоёр гол намын нэгээр нь тоглоод байгаа Улсын бүртгэлийн газрын даргыг дор нь дуудаж ирээд арга хэмжээ авч хуульд заасан хэм хэмжээнээс хэтэрсэн шийдвэрийг нь болиулах боломжтой.

АН УИХ-ын түвшинд сул байгаа ч орон нутгийн түвшинд сайн байгаа. Тиймээс эрх баригчид АН-ыг хоёр тал болгож байгаад салгачихъя гээд бүр хорлонтой юм бодож байгаа биз. Орон нутгийнханд нам чинь байхгүй болчихсон учраас танай Иргэдийн хуралд нэр дэвшсэн хүмүүс хүчингүй болно гэж хэлээд орон нутагт байгаа АН-ын төлөөлөгчдийн бүрэн эрхэд халдаж болзошгүй гэж би харж байна. Ингээд орон нутгийн ИТХ ганцхан МАН-ын бүлэгтэй, хэдэн бие дааж сонгогдсон төлөөлөгчтэй үлдэнэ. Хэдэн жилийн өмнө Ерөнхий сайд Засаг даргыг гаднаас оруулж ирээд ИТХ-д санал болгож томилуулдаг болгоно гэж нэг хэсэг явсан. Ингэвэл орон нутагт ч ялгаагүй нэг намын тогтолцоотой болно. Ийм зам руу явах гээд бэлтгэл хийгээд байх шиг байна. Манай зарим гишүүд залхдаг юм шиг байгаа юм. С.Эрдэнэтэй ингэж махаа идэж байхаар бүгдээрээ шинэ нам байгуулбал яадаг юм бэ гэдэг. Тэгэхээр наадуул чинь биднээр яг ийм юм хийлгүүлэх гээд хүлээгээд сууж байгаа. тиймээс ядаж орон нутагт сонгогдсон намын төлөөллөө хадгалж ингэж зүтгэхээс өөр аргагүй гэж хэлсэн.

-Тэгвэл одоо ямар гарц байгаа юм бэ?

-Миний бодлоор улс төрийн намуудыг шинэчлэн байгуулагдахыг шахах ёстой. Өөрөөр хэлбэл, дахин бүртгүүлэх. Учир нь 2019 оны ҮХНӨ-өөс өмнө улс төрийн намын тодорхойлолт Үндсэн хуульд байгаагүй. 2019 оны нэмэлт, өөрчлөлтөөр улс төрийн намын тодорхойлолтыг оруулж өгсөн. 2019 оны ҮХНӨ-ийг уншвал улс төрийн намууд өөр өөр дүрэмтэй байж болохооргүй шахуу байна лээ. Улс төрийн намын дүрмийг хуулиар тогтоож өгөх юм байна гэж харсан. Тэгэхгүй бол зарим нам нь хоёр даргатай. Зарим намынх нь дарга бүгдийг шийддэг. Заримынх нь хурлаараа бүгдийг шийддэг гээд янз бүр байгаа юм. ҮХНӨ-өөр улс төрийн намын дотоод үйл ажиллагааг хуулиар заахаар тогтоочихсон байгаа юм. Энэ бол их чухал заалт л даа. Логикоор бол энэ заалт 2024 оноос хэрэгжиж эхлэх ёстой. 2020 оноос хэрэгжүүлье гэхээр сонгууль тулчихсан учраас намууд бэлэн биш. Тиймээс 2024 оноос гэж болох байсан. Гэтэл 2028 оноос хэрэгжиж эхлэхээр заасан байгаа юм. 2028 он гэдгийг яаж гаргаж ирснийг ойлгохгүй байгаа юм, У.Хүрэлсүхийг буусных нь дараа хэрэгжихээр зохицуулж байгаа юмуу, бүү мэд.

Иргэдийн зүгээс нүүрсний хулгай энэ тэр гэж байхаар хамгийн нэгдүгээрт, улс төрийн намтай холбоотой Үндсэн хуулийн заалтыг хэрэгжих хугацааг наашлуулахыг шахах хэрэгтэй. Тэгэхгүй бол 2028 он гэхэд нам ч байхгүй болох нь.

-Үндсэн хуульд нэмэлт оруулахаар Зөвлөлдөх зөвлөгөөнийг байгууллаа. Та үүнд ямар байр суурьтай байна?

-Нэгдүгээрт, Үндсэн хуулиар дахин дахин оролдож болдоггүй юм. Хоёрдугаарт, Үндсэн хуульд гар хүрэх гэж байгаа бол асуултаа тодорхой болгоод шууд ард түмнээс асуух ёстой. Ингэхдээ толгой эргүүлсэн асуулт асуухгүй, тийм үгүй гэсэн хоёрхон л хариулттайгаар асуултаа тавих ёстой. Жишээлбэл, Монгол Улс хоёр танхимтай парламенттай байхыг дэмжих үү? гэж асуултаа тавиад “Тийм, Үгүй” гэсэн хариулт өгөхөөр хийх ёстой. Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа ард түмнээс асуухдаа хоёроос илүү асуулт тавьдаггүй л дээ.

Эрдэм шинжилгээний хурал биш дээ, тэр 11 хүнийг хаанаас ч гаргаад ирсэн юм бэ. Нөгөөдүүл нь ч толгой эргэсэн юм ярих юм. Зарим нь Үндсэн хуульд өөрчлөлт хийхээр бэлтгэл ажил хийх гэж байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлээд. Зарим нь үхсэн ч Үндсэн хуульд гар хүргэхгүй гээд байна. Тиймээс ард нийтийн санал асуулгаар шийдвэл шийднэ. Уг нь Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах нь хуулийн дархлаатай. Нэг асуудлаар тэдэн жилийн дотор өөрчлөлт оруулахгүй гэсэн дархлаа бий. Эд нарт тэр хамаа алга л даа. 62-уулаа яриад гар өргөөд шийдчихээд байна. Энэ бол алиалал. Зөвлөлдөх зөвлөгөөний тэр хүмүүс нь ч ямар завтай юм бэ. Тэр 11 хүн нь эрдэм шинжилгээний хуралд бэлдэх гэж байгаа юм уу, Их Хуралд бэлдэх гэж байгаа юм уу, эсвэл ард нийтийн санал асуулгад бэлдэх гэж байгаа юм уу гэдэг нь маш ойлгомжгүй. Өмнөх ҮХНӨ-ийг мөн ингэж хийсэн. ҮХНӨ оруулахдаа дэлхий нийтийн туршлага нэг бол иргэдийн олонхоор шийддэг. Нэг бол маш цөөхүүлээ буюу УИХ-д суугаа төлөөлөл шийддэг. Гэхдээ дэлхий нийт 100-с дээш хүн асуудал шийдэж чадахгүй гэдгийг тогтоочихсон шүү дээ. 100-гаас дээш хүн суугаад хуралдаж байгаа хурал бол хурал биш шоу, хам хэрэгтэн татах гэж байгаа оролдлого. Манайх гишүүдээ 100-гаас дээш болгоё гэж байгаа нь хэдэн амьгүй албат оруулъя гэж байгаа болохоос асуудлыг шийдье гэж байгаа юм биш. Монголын парламент 76 гишүүнтэй ч 76-уулаа суугаад хуралдаж байхыг би үзээгүй. Сайндаа 40 хүргэж аваад хурлаа эхэлж байна. 1996 онд чуулганы хуралдаан 51 гишүүн байснаар хурал эхэлдэг байсан.

Үргэлжлэл бий.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Билгүүн: Бизнест төрөөс ямар ч дарамт үзүүлэхгүй, стандартаа мөрд гэсэн шаардлага л тавина DNN.mn

Стандарт, хэмжил зүйн газрын дарга Б.Билгүүнтэй ярилцлаа.


-Мэргэжлийн хяналтын ерөнхий газар гэсэн байгууллагыг татан буулгаж чиг үүргийг нь тодорхой газруудад хувааж өгч байгаагийн нэг нь танайх. Хэчнээн байцаагч танай руу шилжиж ирж байна вэ?

-Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын чиг үүргийг өөрчлөхдөө төрийн хяналтын нэгдсэн системийг чиглэл чиглэлийн төрийн байгууллагууд руу шилжүүлж байгаагаас 11 чиг үүрэг бүхий байгууллага хяналтын функцийг авч буйн нэг нь манайх л даа. Мэргэжлийн хяналтад хэмжил зүйн чиглэлийн улсын байцаагч 24 бий. 20 аймагт тус бүр нэг, нийслэлд дөрвөн байцаагч ажилладаг. Тэд манайд шилжиж ирж байгаа. Хэмжил зүйн байцаагчдын хувьд Монгол Улсын хэмжээнд байгаа сая 600 мянган хэмжих хэрэгсэл үнэн зөв ажиллаж байгаа эсэх, зөвшөөрөгдсөн загварын хэмжих хэрэгсэл мөн эсэхийг хянаж шалгадаг хүмүүс.

Ус, цахилгааны тоолуур, дэлгүүрийн жин, уул уурхайн том том пүүнүүд гээд яривал хэмжих хэрэгслийн төрөл маш олон. Өмнө нь манай байгууллага стандартыг мөрдүүлдэг ч хяналт тавьж, хариуцлага тооцох чиг үүрэггүй байсан бол ирэх оноос стандарт хэмжил зүйн асуудлыг цогцоор нь хариуцаад явна. Энэ бол маш том давуу тал.

-Хэмжил зүйн улсын байцаагч нийслэлд дөрөвхөн ажилладаг гэхээр тэр олон хэмжих хэрэгсэлд хяналт тавьж ажиллаж хүрэмгүй санагдах юм?

-Улсын хүн амын талаас илүү хувь нь амьдардаг нийслэлийн хэмжээнд дөрөвхөн байцаагч ажиллана гэдэг хэтэрхий цөөн л дөө. Хүний нөөцийн асуудал манай салбарын толгойн өвчин болоод удаж байна. Салбарын мэргэжилтнүүдийг ЗХУ болон бусад улсад бэлтгэж байсан уламжлал 1990-ээд оноос хойш тасарсан. Өнөөдрийн тухайд тэр үед номын дуу сонссон хүмүүсээ дагалдуулж, хичээл заалгаж хүмүүсээ бэлтгэж яваа. ШУТИС төгссөн инженер мэргэжилтэй хүмүүсийг дадлагажуулж ганцаарчилсан сургалтад хамруулан, ажилд тавьж байна. Гэхдээ Засгийн газраас урд хойд хөршид энэ салбарын хүний нөөцийг бэлдэх чиглэл яриа хэлэлцээ эхлүүлчихсэн яваа. Шадар сайдын онцгойлж анхаарч байгаа асуудлын нэг.

-Гуравдагч хөршид хүний нөөцөө бэлдэх асуудал ярьж байгаа юу?

-Хэмжил зүйн шинжлэх ухаанаар манай хоёр хөрш, Герман улс тэргүүлдэг. Тэр утгаараа эхлээд хоёр хөрштэйгөө энэ чиглэлээр хамтрах талаар ярилцаж байгаа юм.

-Та түрүүн хэмжих хэрэгсэлд нүүрсний пүү багтана гэж ярилаа. Нүүрсний хулгай яригдаж буй энэ үед нүүрсний пүүнүүд стандартаараа ажиллаж байгаа эсэхийг шалгах төлөвлөгөө танай байгууллагад байгаа юу?

-Нүүрсний хулгай, ашигт малтмалын орц гэх мэт олон асуудал яригдаж байна л даа. Энэ бүхний ард хэмжил зүйн шинжлэх ухаан хэмээх том салбар бий.

Нэгдүгээр сарын 1-нээс улсын байцаагч нар маань манайд албан ёсоор шилжиж ирэнгүүтээ уул уурхайн бүс нутагт ажиллана. Тийм төлөвлөгөө гаргаад байна.Товчхондоо газар доорх баялаг буюу нийт ард түмний баялаг зөв хэмжигдэж, экспортод гарч байгаа эсэхийг шалгана. Цаашлаад Монгол Улсад хэрэглэхийг зөвшөөрсөн, зөвшөөрөөгүй олон арилжааны жингүүдийг шалгахаар төлөвлөсөн. Хүмүүс ярьдаг даа, “Нэг кг мах авсан чинь гэртээ очоод үзэхэд 950 г байна” гэж. Үнэхээр тийм асуудал бий эсэхийг шалгана гэсэн үг. Энэ ажил цэгцэрсний дараа лаборатори, эмнэлгийн шинжилгээний багажууд зөв ажиллаж байгаа эсэхэд анхаарлаа хандуулна.

Цаашлаад таксины заалт зөв зааж байгаа эсэх гэх мэтчилэн цэгцлэх шалгах олон ажил байна. Өмнө нь шалгаж цэгцлээд дутагдал зөрчил илэрсэн тохиолдолд арга хэмжээ авах эрх нь бидэнд байгаагүй бол одоо байдал өөрчлөгдсөн. Дор бүрд нь хариуцлага тооцоод явна. Өөрөөр хэлбэл, бид он гараад хяналтаа ч тавина, арга хэмжээгээ ч авна, бодлогоо ч гаргаж ажиллана.

-Хэмжих хэрэгслүүдийг жилд хэчнээн удаа шалгадаг вэ, шалгалт хийдэг байцаагчдын ур чадвар, мэргэшил нь хэр бол?

-Бид төрийн хяналтыг хэрэгжүүлэгч байгууллагуудад стандарт болон хэмжил зүйн асуудлаар сургалт хийдэг тусгай механизмтай. Стандартын шалгалт хийх гэж байгаа бол ийм шаардлага тавьж байгаа шүү гэх мэт мэдээлэл сургалтыг маш нарийн өгдөг. Тийм учраас байцаагчийн мэдлэг, мэргэшилд эргэлзэх асуудал байхгүй. Хэмжих хэрэгслийн тухайд давтан баталгаажуулалт буюу тохиргоо нь алдагдах магадлал зургаан сар, нэг жил байдаг. Тэр хугацаанд нь давтан баталгаажуулалт хийгээд явдаг. Түрүүн хэлсэн дээ, Улаанбаатарт дөрөвхөн байцаагч ажилладаг нь маш том асуудал гэж. Гэтэл манайтай нэгдсэнээр байдал өөрчлөгдөж байгаа. Манай байгууллагад хэмжил зүйн чиглэлээр ажилладаг жараад хүн бий. Энэ хүчийг нэгтгэвэл мэдэгдэхүйц үр дүн гарна. Монгол Улс дахь хэмжих хэрэгслийн тоо, импортолсон улс, хэдийнх нь баталгаажуулах хугацаа энэ жил дуусч байгаа гэх мэт бүх мэдээлэл манайд байдаг. Энэ мэдээллээ бид хяналтын байцаагч нартаа өгнө. Өөрөөр хэлбэл, эргэлзээтэй буруу заах магадлалтай, давтан баталгаажуулалтад хамрагдах хэрэгслүүдийн талаар нарийн мэдээлэл өгнө гэсэн үг. Тэр мэдээллүүдийн дагуу байцаагч нар маань хяналт тавих боломжтой.

-Хэмжил зүйн салбар үүсээд зуун жил болох гэж байгаа. Энэ хугацаанд дэлхийн түвшинд гэж ярихаар хөгжиж чадсан уу?

-Дэлхийтэй нэг түвшинд яваа. Монгол Улсын эталон лаборатори дэлхийн хэмжээнд хүрснийг олон улсын хэмжил зүйн байгууллага энэ жил хүлээн зөвшөөрч цахим хуудсаараа зарласан. Тодруулж хэлбэл, Монгол Улсын эталон хэмжил дэлхийн түвшинд хүрсэн нь нотлогдсон. Манай улсын хамгийн нарийн хэмжих хэрэгсэл, түүн дээр ажиллаж буй хүмүүсийн ур чадвар дэлхийн хэмжээнд байна гэсэн үг. Хамгийн зөв хэмжээсээр хэмжиж байна гэж ойлгож болно.

-Эталон гэдгээ тодруулаач?

-Дэлхийн хамгийн зөв нэг кг-ын туухай Франц улсад хадгалагддаг юм. Монгол Улсын хамгийн зөв нэг кг-ын туухайг Франц руу явуулж өнөө туухайтай харьцуулахыг нэгж дамжуулалт гэдэг. Товчхондоо энэ нотолгоог бид хийчихсэн. Монгол Улс дэлхийн хэмжээний нарийвчлалтай багаж хэрэглэдэг гээд байгааагийн цаад утга энэ л дээ. Хэмжил зүй бол хими, физик, математикийн нарийн тооцоолол шаарддаг шинжлэх ухаан. Шинжлэх ухааны суурь нь хэмжил зүй хэмээдэг. Ийм салбараа бид сүүлийн гучин жил орхигдуулсан ч дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн салбар болж чадсан нь олзуурхмаар том өнцөг.

-“Шатахуун дутуу шахаад байна” гэсэн шүүмжлэлийг жолооч нар их хэлдэг. Ус, цахилгааны төлбөр их гарлаа гэсэн гомдол ч нийтлэг дуулддаг. Эдгээр гомдлууд ер нь хэр ортой байдаг бол?

-Цахилгааны болон усны төлбөр огцом их гарлаа, тогтмол өндөр гараад байна, шатахуун дутуу шахлаа гэсэн гомдлыг иргэд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт ирүүлдэг. Засгийн газрын 1111 төвд ч иймэрхүү гомдол олноороо ирдэг. Энэ дагуу бид шалгалт явуулдаг л даа. Шалгалтын эцэст хэмжих хэрэгсэл дээр алдаа мадаг гарсан тохиолдол бараг байхгүй. Шатахуун дутуу шахдаг гэх гомдлын тухайд машиных нь эд анги доголдсон, хүйтэн сэрүүний улиралд ялгаатай “иддэг” гэх мэтээс шалтгаалсан байх жишээний. Нэмж хэлэхэд, Монголд байгаа бүх шатахуун түгээх станцыг зургаан сар тутамд шалгадаг болсон. Энэ хугацаанд ямар нэг алдаа мадаг гарсан бол шалгалтын үеэр залруулдаг.Ус, цахилгааны төлбөрийн тухайд ус алдсанаа мэдээгүй, дундаа тоолууртай хоёр айлын нэг нь илүү хэрэглэсэн гэх мэт ахуйн шалтгаанууд л байдаг юм. Цахилгааны төлбөр их гарсан гэх гомдол нэг хэсэг маш их гарсан. Гэтэл шалтгаан нь биткойн болж таарсан. Залуус биткойн олборлодог, асар өндөр тог “иддэг” машиныг ээж, аав, хөрш, оффиссын барилга түрээслэгчдэдээ хэлэлгүйгээр суурилуулсан тохиолдол цөөнгүй гарсан шүү.

-Стандарт хэмжил зүйн газрын тухайд хэмжил зүйгээс гадна стандарт гэсэн том чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг. Ажлаа авснаасаа хойш стандартын чиглэлээр яг ямар том ажил амжуулав гэсэн асуултад та ямар хариу өгөх вэ?

-Ажлаа авснаас хойш хийсэн нэг том зүйл бий. Өмнө нь стандарт гэхээр заавал дагаж мөрдөх баримт бичиг, сонгон хэрэглэх гэсэн хоёр сонголттой байсан юм. Харин одоо нэг л сонголттой болсон. Бүгд тохирох стандартаа сонгон хэрэглэх боломжтой. Заавал мөрдөх бичиг баримт биш болсон гэсэн үг. Тухайн бизнес эрхлэгчийн хувьд өөрт тохирох стандартыг сонгох эрхийг нээж өгсөн.Герман стандартаар герман талх үйлдвэрлэх үү, франц стандартаар багет үйлдвэрлэх үү гэдэг нь тухайн иргэний л асуудал болсон. Стандарт мөрдөх ёстой, гэхдээ алийг нь сонгох нь таны асуудал болсон гэсэн үг. Энэ бол маш том реформ.

-Өмнө нь заавал Монгол Улсын стандартыг мөрд гэж тулгахаар олон улсын сүлжээ дэлгүүр гэх мэт бизнесүүд орж ирдэггүй байсан. Гэтэл одоо CU, E-mart гэх мэт олон улсын сүлжээ бизнесүүд олон болсон. Сая таны хэлсэн реформын эерэг нөлөө юу?

-Тэгж хэлж болно. Энэ боломжийг нээж өгсөн хууль 2017 онд батлагдсан. Намайг байгууллагынхаа тэргүүн дэд даргаар ирсний дараа жил батлагдсан хууль байгаа юм.

Сонголттой болгосон гэдгээ дэлгэрүүлж тодруулъя. Хэрвээ хэн нэг бизнес эрхлэгч Хятадын зах зээлд гарах гэж байгаа бол үндэсний стандартыг заавал мөрдөх шаардлагагүй. Хятадын стандартыг авч болно. Европт бүтээгдэхүүнээ экспортлох бол европ стандарт мөрдөж болно. Өмнө нь заавал монгол стандартаа дага гэдэг байсан л даа. Монгол стандарт нь гадны стандартад нийцдэггүй гэх мэт асуудлууд шийдэгдсэн гэсэн үг. Намайг ажлаа авах үед Монголд 5600 стандарт мөрддөг байсан. Тэдгээр стандартын 37 орчим хувь нь олон улсын стандарт байлаа. Гэтэл өнөөдөр Монголд байгаа 6700 орчим стандартын 43 хувь нь олон улсынх. Стандарт дотроо олон улсын стандарт нь жин дарж байгаа. Товчхондоо экспортод чиглэсэн бараа бүтээгдэхүүн маань олон улсын стандарт хангасан бол саад тотгоргүй гадаадын зах зээлд гарах боломж бүрдчихлээ. Үндэсний үйлдвэрлэгчид маань хүчээ нэгтгэж, олон улсын зах зээлийг зорих хэрэгтэй. Бид хамтарч ажиллахад бэлэн. Эхний тод кейс нь ноолууран бүтээгдэхүүн болоод байна. Дэлхийн зах зээлд чөлөөтэй гарч байгаа. Өмнө нь нийт ноолуурын 90 хувь нь урд хөрш рүү түүхийгээр гардаг байсан бол одоо бид олон улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүнийг улсдаа үйлдвэрлээд экспортолж байна.

-Стандартын хувьд илүү либералчлагджээ гэж ойлголоо.

-Та зөв харсан байна. Стандартын хувьд олон улсад хууль дүрэм журам биш хамтаар хэлэлцээд баталдаг баримт бичиг. Хэрэв амьдралд нийцэхгүй стандарт байгаа бол зоригтой өөрчилж болох нөхцөл бүрдчихсэн. Стандарт шинээр бий болгох нь ч хуулиар нээлттэй. Иргэн, аж ахуйн нэгж, холбоо, улс аль нь ч хийж болно.Стандарт батлах процедур нь хамтаараа хэлэлцдэг зарчимтай яваа. Наад захын жишээ гэхэд барилгын техникийн хороо барилгын стандартыг хэлэлцээд баталдаг. Өөрөөр хэлбэл, агентлагийн дарга биш салбарын экспертүүд нь стандарт баталдаг гэсэн үг. Намайг зарим хүн стандарт баталдаг гэж ойлгодог. Би стандарт баталдаггүй, зөвхөн албажуулдаг. Барилгын стандартыг гэхэд л барилгын зөвлөх инженерүүд сууж байгаад баталдаг юм. Стандартын салбарт хуулийн ийм реформ хийгдсэний хамгийн том давуу тал гэвэл монгол хүний амьдрах орчин шинэчлэгдэж сайжирч байгаа. Түрүүн таны хэлсэнчлэн олон улсын сүлжээ дэлгүүрүүд, сургуулиуд Монголд орж ирж байна. Энэ бүхний ард олон улсын стандарт яваа. Гадны стандартыг шууд хэрэглэх боломжийг нээснээр ийм урсгал бий болсон. Тээвэр ложистик дээр гэхэд Японы том компаниуд орж ирэхээр судалгааны ажил эхэлчихсэн яваа. Махны том үйлдвэрүүд Европ, Солонгос, Япон руу мах экспортлох зорилгоор олон улсын стандартад нийцсэн үйлдвэрүүд ажиллуулах гэж байна. Наад захын жишээ гэвэл ОХУ руу мах гаргадаг компани тушёнк хийдэг үйлдвэр нээгээд ажиллаж байгаа.

-Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт ид өрнөж байна. Энэ мега төслийг ажил болгоход мянга гаруй стандарт хэрэгжүүлж байгаа гэж сонссон. Тэр бүх стандарт дээр танай газар ажилладаг уу?

-Газрын тос боловсруулах үйлдвэрт мянга гаруй стандарт хэрэгжүүлэх шаардлагатай байгаа. Өөрөөр хэлбэл, нүдэнд харагдахгүй гарт баригдахгүй ч бид бүтээн байгуулалтад оролцдог гэсэн үг. Ер нь бид Засгийн газраас хэрэгжүүлж буй томоохон мега төслүүд болох нефть боловсруулах үйлдвэр, хийн хоолой, төмөр замтай холбоотой олон улсын стандартуудыг орчуулж, үндэсний болгож тухайн мега төслийг стандартаар хангаж ажиллаж яваа.

-Тэгэхээр газрын тос боловсруулах үйлдвэр, төмөр зам гэх мэт бүтээн байгуулалт анхнаасаа стандартын шаардлага хангасан түвшинд өрнөж байгаа гэсэн үг үү?

-Технологийн алдаагүй, стандартын шаардлагад нийцсэн бүтээн байгуулалт өрнөж байгаа гэж ойлгож болно.

-Гадны стандартыг нутагшуулах чиглэлээр чамгүй ажил өрнөөд байх шиг анзаарагдаж байна. Жилдээ олон улсын стандарт хэчнээнийг нутагшуулж байна вэ. Өмнө нь энэ чигийн ажил тийм эрчтэй өрнөж байгаагүй. Шалтгаан нь юундаа байсан юм бол?

-Олон улсын стандартуудыг нутагшуулах ажлууд эрчтэй хийгдэж яваа гэдэгтэй санал нэг байна. Жилдээ 200-250 стандартыг үндэснийх болгож байна. Энэ дотроо олон улсын стандарт нь дийлэнх хувийг эзэлдэг. Олон улсын стандартуудыг өмнө нь яагаад нутагшуулж чаддаггүй байсан гэхээр төсөв мөнгөтэй л холбоотой.Орчуулгын зардлаа шийдэж чаддаггүй байсан юм. Одоо бол Монгол Улсад ямар олон улсын стандарт хэрэгтэй байна тэр бүгдийнх нь төсөв мөнгийг шийддэг болсон.

-Стандарт хэмжил зүйн лабораториуд дэлхийн түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн гэж та түрүүн хэлсэн. Таныг ажлаа авахад лабораториуд ийм байсан уу, эсвэл сүүлийн үед л сайжирч байна уу?

-Анх намайг ажил авахад манай Стандарт хэмжил зүйн газрын хэмжил зүйн лабораториуд дэлхийн хэмжээнд байгаагүй. Лаборатори гэдэг бол маш нарийн орчин шаарддаг газар. Манайх олон улсын түвшинд хүрсэн гэдгээ нотлох гэж олон жил ажилласан. Гаднаас хүн хүрч ирж шалгаад “Танай лаборатори шаардлага хангахгүй байна” гээд буцсан жилүүд олон. Лабораторийн чийгшлийн тухайд нарийн орчин шаарддаг, гэтэл танайх 20 хувь байна гэх мэт шалтгаан хэлээд хүлээн зөвшөөрдөггүй байсан нь ердөө саяхны зовлон байсан. Гэхдээ бид сүүлийн хоёр жил эрчтэй ажиллаж тун богино хугацаанд лабораториудаа олон улсын жишигт нийцүүлэн тохижуулж, чийгшил, температурыг нь шаардлага хангах нөхцөлд аваачиж чадсан. Энэ бүхний эцэст олон улсын түвшинд хүрч, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн.

-Мэргэжлийн хяналт тойрсон том шүүмжлэл бол ерөөсөө л авлига, хүнд суртал. Мэргэжлийн хяналтын ажлыг хувийн хэвшилд шилжүүлэх яриа дуулдах боллоо. Хувийн хэвшлийг яг ямар зарчмаар яаж ажиллуулна гэсэн үг вэ?

-Мэргэжлийн хяналт гар хардаг, хүнд сурталтай гэж хүмүүс шүүмжилдэг нь үнэн л дээ. Одоо бид хуулийн том реформ хийж, хяналтын том үүргийг хувийн хэвшилд шилжүүлэх гэж байна. Хувийн хэвшил нь хувийн хэвшлээ хянадаг болно, төр оролцохгүй гэсэн үг. Салбар салбарт нь мэргэшсэн чадварлаг хувийн компаниуд бий болгоё гэж байгаа юм. Салбарынхан нь хяналтаа тавиг. Хяналтын үүрэг гүйэтгэж буй компанийг харин төр хянадаг тогтолцоонд шилжих юм. Олон улсад ийм зарчмаар яваа. Хувийн хэвшил хариуцсан салбарынхаа компаниудыг хянахдаа стандартын шаардлага хангасан бол гэрчилгээ өгнө. Энэ компани хоол үйлдвэрлэлийн стандартын шаардлага хангасан байгууллага байна гээд гэрчилгээ өгнө. Аливаа түвшний хяналтын байгууллага очиход гэрчилгээгээ үзүүлэхэд давхар хяналт хийгдэхгүй гэсэн үг. Хэрэв тухайн байгууллагад хамаатай гомдлыг аж ахуйн нэгж, иргэдийн зүгээс тавибал ШӨХТГ гэх мэт хяналтын байгууллага очиж шалгана. Зөрчил илэрвэл тухайн гэрчилгээг олгосон байгууллагатай төр хариуцлага тооцох зарчмаар ажиллана. Дэлгүүр нээх боллоо гэхэд дэлгүүрийн чиглэлээр мэргэшсэн байгууллагыг дуудаад агуулах нь ийм, түргэн мууддаг бүтээгдэхүүн хадгалдаг хөргөгч нь ийм, агааржуулалт ийм гэж үзүүлж шаардлага хангаж байвал гэрчилгээ олгох юм.

-Зөвшөөрөл авна гэдэг аж ахуйн нэгжүүдийн хувьд хэцүү даваа байдаг. Энэ процесс төвөггүй хялбар шийдэлтэй болж байгаа гэсэн үү?

-УИХ-ын чуулганаар хэлэлцэж байгаа Зөвшөөрлийн хуулиар энгийн болон тусгай зөвшөөрлийг стандартын шаардлага хангасан аж ахуйн нэгж хялбаршуулсан журмаар авах эрх зүйн зохиуулалт бий болж байна. Бизнест төрөөс ямар ч дарамт үзүүлэхгүй. Стандартаа л мөрд гэсэн шаардлага тавина. Ийм зарчимд шилжих юм.Төрийн үйлчилгээ иргэнд тэгш хүртээмжтэй очих ёстой гэдэг зарчмыг бид барьж байгаа.

-Тэгш хүртээмж гэдгээ тодруулаач?

-Улаанбаатарт бидний үзүүлж байгаа үйлчилгээ бусад аймагт ч тэгш очих учиртай. Нэг үйлчилгээ авах гэж Баян-Өлгийгөөс нийслэлийг зорих шаардлагагүй.Үүний тулд тоног төхөөрөмж, хүний нөөцийг орон нутагт бий болгох зорилт тавьсан.

-Хөрөнгө мөнгө их шаардах ажил байх даа?

-Судалж үзэхэд энэ ажлыг хийхэд дор хаяж 80 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардагдах юм билээ. Нэг, хоёр жилд энэ бүх ажлыг хийж гүйцэтгэх боломжгүй. Олон улсын стандарт хэмжил зүйн байгууллагууд, донор орнуудад энэ чиглэлийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх санал хүргүүлж, өөрсдийн нөөц бололцоогоо шавхан ажиллаж байна. БНХАУ энэ талаар уриалгахан хандаж, ажилтнуудыг маань урт, дунд хугацааны сургалтад хамруулъя гэж байгаа. Иргэд стандарт хэмжил зүйн үйлчилгээг цахимаар болон тухайн аймагт ажилладаг газар хэлтсээс авах боломжтой болгох том зорилттой ажиллаж байна.

-Жишээ нь танайтай холбоотой ямар үйлчилгээг иргэд гар утаснаасаа авах боломж бүрдсэн бэ?

-Цахим үйлчилгээг хурдтайгаар салбартаа нэвтрүүлж байгаа. Мэдээллийн нэгдсэн бааз байгуулсан. Ингэснээр иргэд шатахуунаа авдаг станцын тоолуур найдвартай эсэхийг цахимаар харах боломжтой болсон. Энэ бол үйлчилгээгээ шилэн болгож буй нэг жишээ.Регистрийн юм уу утасны дугаараа хийснээр таны гэрт байгаа хэмжих хэрэгслүүд баталгаатай юу гэдгийг харах боломж бүрдчихсэн.