Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Д.Бумдарь: Бүрэн эрхээсээ түдгэлзэх гишүүдийн тоо хоёр оронтой тоо руу ороод ирвэл парламентын үйл ажиллагаанд доголдол үүсгэх эрсдэлтэй DNN.mn

МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн багш доктор, дэд профессор Д.Бумдарьтай ярилцлаа.


-2023 оны хаврын ээлжит чуулган ирэх лхагва гаригт нээх гэж байна. Хаврын чуулган ямар байдлаар өрнөх бол. Ер нь бид энэхүү чуулганаас юуг хүлээх вэ?

-Энэ удаагийн хаврын чуулган Монголын улс төрийн тогтолцоо хэрхэн яаж өөрчлөгдөх вэ гэдгийг хэлэлцэх түүхэн үүрэг хүлээж байж магадгүй. Ойрхны эх сурвалж гэвэл хоёрдугаар сард өндөрлөсөн Зөвлөлдөх санал асуулгын үр дүн, Ардчилсан намын даргын асуудал нэг талдаа гарсан, Шилэн нам эрдэм шинжилгээний хуралд Ерөнхий сайдын тавьсан илтгэл зэргээс хаврын чуулганы өнгийг харах боломжтой санагдаж байна. Улс төрийн үйл явцтай хамаатуулан бидний хүлээх бодит зүйл бол Улс төрийн намын тухай хууль, Сонгуулийн тухай хуулийн шинэлчилсэн найруулга байна даа. Монголын улс төрийн намуудын дараагийн шатны хөгжил, иргэдийн улс төрийн сонгох эрхийг баталгаажуулах сонгуулийн хуулийн агуулга үнэхээр сонирхол татаж байгаа. Ялангуяа холимог сонгуулийн тогтолцоог улс төрийн намууд, нийгмийн зүгээс хүчтэй дэмжиж байна. Хамгийн гол нь холимог тогтолцоогоо хэрхэн “хольж” байгаагаас шалтгаалан одоогийн мажоритарийн алдааг засах тул үүнийг л анхааран ажиглах ёстой. Онолын хувьд тавь, тавин хувьтай мажоритар, хувь тэнцүүлснийг холих ёстой байдгийг энд онцолж хэлье. Улс төрийн намын тухай хууль, Сонгуулийн хууль хоёр салшгүй холбоотой. Сонгогч, улс төрийн тогтолцоо, намын хөгжил, улс төрийн тогтолцооны хөгжилд шууд нөлөөлдөг хуулиуд тул агуулгыг сайн анхаарах хэрэгтэй.

-Чуулганаар зарим гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлнэ, ҮХНӨ хийнэ гэж яригдаж буй. Эдгээрийг хэлэлцэж хэрэгжүүлж чадах болов уу?

-Хаврын чуулганы бас нэг “нэмэлт” нь ҮХНӨ-ийн асуудал байж магадгүй байна. Хэрвээ дээрх хоёр улс төрийн тогтолцооны суурь хууль болон ҮХНӨ-ийн асуудал яригдах бол хаврын чуулганаар бусад хуулиудыг хэлэлцэх цаг хэр байх бол. Мэдээж нэмээд хаврын улс төр орж ирэх байх. Тиймээс нийгэм маш аядуу байж анхааралтай ажиглаж заавал уншиж танилцаж хянах шаардлагатай. ҮХНӨ-ийг хийх аваас Зөвлөлдөх санал асуулгын үр дүн дээр суурилах юм байна гэж ойлгож байгаа.

-Улс төрийн хүрээнд хамгийн их яригдаж байгаа сэдэв юу байна?

-Хамгийн их яригдаж байгаа сэдэв болох гишүүдийн тоо, сонгуулийн холимог тогтолцоо юм. Эдгээр асуудлуудтай холбоотойгоор судлаачдын бичсэн өгүүлэл, экспертүүдийн зөвлөмжийг заавал олж харах хэрэгтэй. Сэтгэл хөдлөлөөр, өнгөцөөр тэгдэг юм гэж хэлдэг зүйлс биш юм. Ардчилсан шилжилтийн 33 жилийн үйл явцыг дараагийн шатанд аваачихад нөлөөлөх учир шинжлэх ухаанч хандах нь чухал. Гишүүдийн түдгэлзэх асуудлын хувьд ҮХНӨ хийх боллоо гэж үзвэл 57 гишүүнээс доошгүй ирц бүрдсэн тохиолдолд хүчин төгөлдөр байна. Тиймээс 1-2 гишүүний асуудал түдгэлзэхэд ирцийн хувьд хүндрэл байхгүй. Харин санал өгөх буюу кнопын эрхтэй гэдгээрээ “нөхцөл” үүсгэх боломж гишүүдэд бий. Энэ нь л давжаа гэж нэрлэгдэж байгаа парламентын хамгийн сул талуудын нэг юм. Тэгэхээр парламентын бүдүүн бүлэг 62-уулаа байгаа үед дотоод улс төр гэхээсээ илүү улс орноо нэгт тавих манлайлалтай шууд хамааралтай байх болно.

-Хэрвээ хэрэгт холбогдсон гишүүдийн эрхийг түдгэлзүүлнэ гэвэл энэ УИХ-ын хэдэн гишүүн бүрэн эрхээсээ түдгэлзэх бол. Тэр нь УИХ-ын чадамжид хэрхэн нөлөөлөх бол?

-Одоогийн байдлаар хоёр гишүүн өргөдөл гаргасан гэж мэдээ уншсан. Ахиад цөөнгүй тооны гишүүдийн асуудал яригдаж байгаа гэсэн гээд та бүгдтэй ижил мэдээлэлтэй байна. Ганц, хоёр гишүүний асуудал бол ирцэд нэг их нөлөөтэй биш. Харин хоёр оронтой тоонд хүрээд ирвэл парламентын үйл ажиллагаанд доголдол үүсгэх эрсдэл байгаа.

-Түдгэлзсэн гишүүдийн тойрогт нөхөн сонгууль явуулах болов уу?

-За даа, бараг үгүй болов уу даа. Түдгэлзэх эсэхийг нь Их хурал авч хэлэлцээгүй байгаа үед бүрэн эрхээ хэрэгжүүлж буй гишүүн. Ээлжит сонгууль нэг жилийн дараа, бидэнд үр дүнтэй гурван чуулган л үлдсэн.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Лу.Гантөмөр: Манай намын асуудал шийдэгдэнэ. Тохироо явахгүй. Зарчим үйлчилнэ DNN.mn

Ардчилсан намын дарга Лу.Гантөмөртэй ярилцлаа.


-УИХ-ын хаврын ээлжит чуулган нээлтээ хийлээ. Сөрөг хүчний намын даргын хувьд та энэ чуулганаас ямар хүлээлттэй байна?

-Хэд хэдэн асуудал шийдэгдэнэ гэж хүлээж байна. Сонгогчдын санал парламентад заавал тусгалаа олох ёстой гэсэн саналыг улс төрийн намууд сүүлийн үед илэрхийлж байгаа. Тиймээс пропорциональ тогтолцоог зайлшгүй оруулах шаардлага үүсч байгаа. Хоёрдугаарт, парламентад түмэн олны сонирхлыг хангасан нийгмийн байгууллагын төлөөлөл байхгүй, алдагдсан гэсэн санал хамгийн өндөр хувьтай байна. Тиймээс нэгдүгээрт, пропорциональ элементийг авсан Сонгуулийн хууль, сонгуулийн тогтолцоо зайлшгүй шаардагдах байх. Тиймээс төлөөллийг яаж сайжруулах вэ гэдэг асуудал яригдах болов уу гэсэн хүлээлт байна. Хоёрдугаарт, авлига хээл хахуулийн асуудал маш хүндэрсэн. Эрдэнэс Таван толгойн 7.5 их наяд төгрөгийн худалдан авалт, нүүрсний хулгай, төмөр замын ложистикийн хэрэг, Эрдэнэтэд үүсч байгаа гэмт хэргийн нөхцөл байдал зэргийг харахаар гол анхаарч ажиллах зүйл нь авлигыг зогсоох. Хүмүүсийг шоронд хийх бол хуулийн байгууллагынхны хийх ажил. Харин улс төрийнхөн, улс төрийн намууд, парламент бол цаашид хулгай, авлига гардаггүй байх орчны төлөө зайлшгүй ажиллах ёстой. Ингэхийн тулд ашиг сонирхлын зөрчлийг арилгах шийдлүүд гарах нь нэн тэргүүний хийх ажил. Жишээлбэл, парламентын түвшинд ажиллаж байгаа гишүүд юунаас татгалзах вэ гэдгийг ойлгомжтой, тодорхой зохицуулах хэрэгтэй. Жишээлбэл, хамаарал бүхий компаниуд нь тендерт ордоггүй байх, гэр бүлийнх нь хүмүүс төрийн өндөр албан тушаал хашдаггүй байх гэхчлэнгээр асуудлуудыг шийднэ гэж бодож байна.

Мөн Улс төрийн намын тухай хуулийг хөндөгдөнө гэсэн хүлээлт байна. Өнөөдөр улс төрийн нам авлигын аквариум болчихоод байна. Авлигыг өөгшүүлж байгаа хэд хэдэн зүйл бий. Тэр нь улс төрийн намууд, Тендерийн хууль гэхчилэн бий.

Тиймээс яавал улс төрийн намыг шилэн болгох, яавал иргэдийн оролцоог улс төрийн намуудад нэмэгдүүлэх вэ гэдгийг Улс төрийн намын хуулиар хэлэлцэнэ. Улс төрийн намын үндсэн үүрэг болох ард түмэн төрөө барина. Үүний гүүр нь нам байна гэдэг үндсэн философи дээрээ яавал гарч ирэх вэ гэдэг асуудал зайлшгүй яригдах байх гэж бодож байна.

Түүнчлэн УИХ-ын гишүүдийн эрх зүйн байдал яригдах болов уу. Тухайлбал, УИХ-ын гишүүд төрийн өндөр албан хаагчидтай уулзахдаа протоколоор уулздаг, ямар нэгэн байдлаар даргын байр сууринаас ханддаг бус, эрх зүйн байдал нь өөрөө ард түмний төлөөлөл байхуйц зүйлс яригдана гэсэн хүлээлт байна.

-Хаврын чуулганаар ҮХНӨ-ийн асуудал яригдах байх гэсэн таамаг, хүлээлт тодорхой түвшинд бий. Сөрөг хүчний намын даргын хувьд та ҮХНӨ оруулах асуудалд ямар байр суурьтай байгаа вэ?

-Намын шийдвэр гараагүй учраас би байр сууриа илэрхийлэхэд эрт байна. Ямартаа ч Тендерийн хууль, Улс төрийн намын хуулиар дамжуулж авлигын хөрсийг алга болгоё. Сонгуулийн хуулиар сонгогчдын санал парламентад тусгалаа олдог системийг бий болгоно гэвэл одоогийн парламентыг төгөлдөржүүлж хүчтэй болгох асуудал гарцаагүй яригдах байх. Тэр үед нам шийдвэрээ гаргана.

-Хаврын чуулганаар эдийн засгийн чадавхыг дээшлүүлэхтэй холбоотой ямар хуулиудыг хэлэлцэх ёстой гэж харж байна. Мөн сөрөг хүчний зүгээс энэ чиглэлд ямар санаачилгатай ажиллахаар зэхэж байна вэ?

-Хууль, шүүх, мөрдөх байгууллагын хувийн хэвшилд халдаж байгаа халдлагыг таслан зогсоох ёстой гэсэн байр суурьтай байна. Хувийн хэвшлээ дарамталж байгаа дарамтаас чөлөөлөх хэрэгтэй. Мөн татварын зөөлөн бодлогыг яаж гаргаж ирэх вэ гэдэгт бид тодорхой бодлого гаргахаар Ажлын хэсэг гарчихсан, ажиллаж байна.

Хувийн хэвшлээ хуулийн дарангуйллаас хамгаалахын тулд ямар хуульд өөрчлөлт оруулахаар байна гэдэгт тодорхой шийдлүүдийг гаргана. Энэ шийдлүүд нь хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх уур амьсгал, суурийг бүрдүүлээсэй гэж бодож байна. Дотоодын хөрөнгө оруулагчдыг урамшуулж дэмжих, мөн гадны хөрөнгө оруулагчдад итгэл найдвар өгөх асуудалд бид тодорхой санал санаачилга гаргаж ажиллана.

-Инфляцийг бууруулах, ам.долларын ханшийг тогтворжуулах чиглэлд сөрөг хүчний зүгээс ямар санаачилга гаргах вэ?

-Эдийн засгийн цусны эргэлт муу байна. Тиймээс мөнгөний бодлогыг зөөллөмөөр байгаа юм. Мөнгөний бодлогын хүү өндөр байгаа учраас банкуудын зээл олгох боломжийг хаагаад байна. Үүн дээр тодорхой алхмуудыг хийх хэрэгтэй. Дээр нь экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр маш тодорхой шийдэл, алхмуудыг гаргах хэрэгтэй. Экспортыг нэмэгдүүлэхгүйгээр асуудал шийдэгдэхгүй.

Хулгай хийсэн хүмүүсийг барьж хорихоос гадна дараагийн удаа хулгай гарахгүй байхад, мөн бүтээгдэхүүн экспортолж байгаа улс орнуудтай хийх гэрээ хэлэлцээрт анхаарах хэрэгтэй. Боомт хариуцсан захиргаа, сайдтай болсон. Боомтуудын ил тод байдал, хурдаас гадна худалдан авалтын чиглэлээрх гэрээ хэлцлүүдийн ил тод байдал, түүний хурдны чиглэлд хяналт, санаачилга гэсэн хоёр зүйлд анхаарал тавьж ажиллах ёстой. Экспорт нэмэгдэж байж ам.долларын орлого сайжирна. Өнөөдөр ам.долларын орлогыг сайжруулахаас гадна ирээдүйд ч сайжирна гэдэг нь тодорхой харагдах хэрэгтэй байна. Ингэж байж хөрөнгө оруулагчид орж ирнэ. Ийм өндөр инфляцитай байгаа үед хөрөнгө оруулалт орж ирэхгүй шүү дээ. Инфляцийг тогтоох ганц арга нь экспортоо нэмэгдүүлэх. Орж ирж байгаа ложистикийн асуудлаа бүрэн шийдэх ёстой. Боомтууд дээр дахиад бөөгнөрөл үүсэх, хүнд суртал бий болгож авлигын эх үүсвэр гарах вий гэдэг болгоомжлол байна. Нэг хоёрхон хүнийг шоронд хийснээр асуудал шийдэгдэхгүй гэдэг нь тодорхой байна. Нэг хоёр даргыг сольсноор шийдэгдэхгүй байна. Тиймээс тэнд байгаа бүх алдаа дутагдал завхралыг гаргаж ирэх, илрүүлэх, тодорхой болгох хэрэгтэй байна.

-Ярилцлагаа намын асуудлаар үргэлжлүүлье. Танд эрх мэдэл, С.Эрдэнэ даргад тамга, Х.Баттулга даргад гэрчилгээ байна. Шулуухан асуухад ямар тохироо наймаа хийх гэж байна вэ?

-Манай асуудал шийдэгдэнэ. Үүн дээр хүндрэл гарахгүй. Тохироо явахгүй. Зарчим үйлчилнэ. Зарчим дээрээ байна гэдгээ бид нотлох ёстой. Ингэж байж энэ асуудал шийдэгдэнэ. Манай нам хүнийг хөөдөггүй, хасдаггүй нам болно. Ардчилсан нам дотооддоо ардчилал, шударга ёсыг тогтооно гэдгийг эргэлзээ тээнэгэлзээгүйгээр ойлгох ёстой. Үүнд хугацаа ороод байгаа юм. Хардлага сэрдлэг нь хэтрээд байна. Түүнээс үүн дээр тодорхой квот, албан тушаалын тохиролцоо хийхийг хэн ч хүсэхгүй. Ийм зүйл явахгүй. Бид зарчимтай байна. Өс хонзонгоо мартана. Өс биш бодлого зангидъя гэдэг зарчим дээрээ тодорхой байна гэдгийг харуулах ёстой. Намын даргын хувьд би үүнийг нотлох шаардлага гарна. Ингэж байж тодорхой асуудал шийдэгдэнэ. Нөгөө талдаа намын хөрөнгийг хувийн юм шигээр хадгалж хамгаалдаг асуудлыг цаашид гаргахгүй байх ёстой.

Улс төрийн намын хуулиар тамга, гэрчилгээг нам дээрээ байдаг байхаар хуульчлахгүй бол хүмүүс гэр рүүгээ аваад явчихдаг байж болохгүй. Тамга, гэрчилгээ бол намын өмч шүү дээ. Тиймээс цаашид намын өмчийг хадгалж хамгаалах маш тодорхой хуулиудыг гаргах хэрэгтэй.

-Монголын улс төрийн намууд дунд МАН, АН хоёр л хөлтэй нам. Тиймээс сум, дүүрэг дэх намын хороонууддаа хэрхэн анхаарч, яаж ажиллахаар төлөвлөж байна вэ?

-Цагаан сараас хойших 14 хоногийн хугацаанд намын гишүүдээ сонсох аян өрнүүлж байна. Сум, аймагт ямар байдал, санаа оноо байна вэ гэдгийг сонсож байна. Би өөрөө ажиллана. Энэ долоо хоногийн амралтын өдрүүдэд Өмнөговь, Дундговь аймгийн намын гишүүдтэйгээ уулзана. Залуучууд, багш, эмч, төрийн бусад албан хаагчидтай уулзана. Хүмүүсийн санаа бодлыг нэгтгээд цаашид ажил хэрэг болгож ажиллана. Богино хугацаанд бүх аймаг, суманд очиж ажиллах шаардлага байна. Хоёрдугаарт, гишүүдийнхээ дахин бүртгэлийн ажлыг эрчимжүүлнэ. Гишүүдийн нам доторх оролцоог бий болгож, хангана. Гуравдугаарт, нам нийгэм рүү гарах учиртай. Малчид, эмч нар, багш нар, сувилагч нар, цагдаа нар, бизнесийнхэн, худалдаачид, үйлдвэрлэгчид, уул уурхайнхан гээд иргэний нийгмийнхэнтэй уулзаж ярилцдаг механизмыг намын бүх шатанд бий болгоно. Энэ бол бидний гол ажил.

Ажлын 20 хувийг намын гишүүдийн сургалт эзэлнэ. Өөрөөр хэлбэл, үзэл санаагаа дахин нэгтгэж өнөөдрийн нийгэмд үзэл санаагаа яаж ойлгуулах вэ гэдэгт ажиллана. Хоёрдугаарт, иргэний байгууллагатай ажиллахад ажлынхаа 30 хувийг зарцуулна. Нэг үгээр хэлбэл, өрх толгойлсон иргэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэтгэврийн насныхан зэрэг сонирхол нэгт иргэдтэйгээ ажиллахад бид цаг их зарцуулж, тэдний эрх ашгийг Монголын төрд яаж төлөөлөх, яаж хамгаалах, яаж үйлчлэх вэ гэдэгт анхаарна. Сүүлийнх нь бодлого хөтөлбөрөө гаргах ёстой. Бүх шатандаа гаргая, Бодлогын хүрээлэнгээ байгуулъя, дэд бүтцээ хийе, судалгааны ажлуудаа эрчимжүүлье, саналуудаа гаргая, хуулийн төслүүдээ бэлэн болгоё. Ирэх сонгуульд Ардчилсан нам бэлэн байх ёстой. Тиймээс “Саналаа нэгтгэе” бодлогын хэлэлцүүлэг өрнүүлж байна.

-УИХ дахь сөрөг хүчний дуу хоолой бүдгэрсэн, хаагдсан гэх шүүмжлэл сүүлийн үед их гарах болсон. Сөрөг хүчний нөлөөлөл, дуу хоолойг сэргээх чиглэлд намын даргын хувьд та бүлгийн гишүүдтэйгээ хэрхэн ойлголцож, яаж ажиллах вэ?

-Намын бодлого тодорхой бий. Бүлгээ дэмжинэ. Бүлгээрээ дамжуулж парламентын мэтгэлцээнийг шинэ түвшинд гаргаж ирнэ. Мэдээж бэлтгэл хугацаа хэрэгтэй. Ер нь хаврын чуулганы төгсгөл гэхэд намын гишүүдийн байр суурь, хандлага, гаргаж тавих асуудлууд тодорхой болно. Үүнд хамтын зүтгэл хэрэгтэй. Ардчилсан нам УИХ-ын гишүүдээ дэмжиж ажиллана. Мэдээлэл, судалгаа, дүгнэлт, бодлого, асуудал, шийдэл болгоноор парламентын бүлэг, гишүүдээ дэмжиж, тусалж ажиллах шаардлага байна. Ингэж байж бидний дуу хоолой парламент болон баталж байгаа хуулиудад тусгалаа олж эхэлнэ.

Р.хишигЖАРГА

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ч.Отгочулуу: Оюу толгойн гүний уурхай ашиглалтад орсноор эдийн засгийг тэлэхэд эерэг нөлөө үзүүлнэ DNN.mn

Эдийн засагч Ч.Отгочулуутай ярилцлаа.


-Оюу толгойн гүний уурхай ирэх 13-ны өдөр ашиглалтад орох гэж байна. Ингэснээр улсын эдийн засгийн үр ашиг хэрхэн сайжрах бол. Мөн ам.долларын ханш тогтворжиход нөлөө үзүүлэх болов уу?

-Манай улс жижигхэн, нээлттэй эдийн засагтай. Экспорт, импортоос асар их хараат. Экспорт өсөж экспортын орлого ч тэр хэрээр нэмэгдэж байвал сайн. Мэдээж Оюу толгойн гүний уурхай ашиглалтад орсноор эдийн засгийг тэлэхэд эерэг нөлөө үзүүлнэ. Тиймээс эдийн засгийн өсөлт сайжирна. Гэхдээ хэт хүлээлт үүсгэх нь дэмий. Учир нь Оюу толгойн далд уурхай ашиглалтад орсноор ам.долларын ханш шуудхан тогтворжино гэхэд хэцүү. Далд уурхай бий болгоход ихээхэн зардал гаргасан. Тиймээс орлого олох хэдий ч зардлын санхүүжилтийн өртгөө эхний ээлжинд нөхөх болов уу.

Ер нь экспортын орлогоор валютын ханшаа тогтворжуулдаг улс ховор л доо. Учир нь экспортын орлого нь урсгал шинж чанартай. Орж ирсэн шигээ урсаад гарчихдаг. Ханшийг тогтворжуулах гол хүчин зүйл нь гадны шууд хөрөнгө оруулалт.

Оюу толгойн орлого нэмэгдэж байгаатай холбоотойгоор гадны хөрөнгө оруулалт дагаж орж ирвэл ам.долларын ханшид эергээр нөлөөлөх боломжтой.

-Тэгвэл яг хэзээнээс үр нөлөө үзүүлэхээр байна вэ?

-Энэ жилдээ айхавтар нөлөө гарахгүй болов уу. Эхлүүлнэ, зүгшрүүлнэ гээд ажил их. 2024 оноос эхлэн нөлөө үзүүлэх болов уу гэж бодож байна. Харин нөлөөг сайжруулах ажлуудыг хийж болно. Таван толгойд цахилгаан станц барих, Оюу толгойгоос хил рүү төмөр зам тавих ч гэдэг юм уу, ийм байдлаар нөлөөг сайжруулж болно. Шууд нөлөө үзүүлнэ гэж хэлэх боломжгүй

-Ам.долларын ханшийг тогтворжуулахын тулд ойрын хугацаанд ямар арга хэмжээ авбал зүйтэй вэ?

-Гадны хөрөнгө оруулалтыг л маш сайн татах хэрэгтэй. Энэ чиглэлд санаачилгатай ажиллах хэрэгтэй. Жишээлбэл, хятадууд цахилгаан машинууд хийхээр зэхэж байна. Иймээс зэс, никель, газрын ховор элементийн эрэлт хэрэгцээ нэмэгдэнэ. Тиймээс энэ чиглэлд манайх хайгуул сайн хийх хэрэгтэй. Ингэж байж гадны хөрөнгө оруулалтыг татна.

Хоёрдугаарт, энэ хаврын чуулганаар Үндсэн хуулийг өөрчлөх гээд байгаа ч юм шиг, ирэх намар сонгууль болох гээд байгаа ч юм шиг тодорхойгүй нөхцөл үүсчихлээ. Энэ байдал нь гадны хөрөнгө оруулалтад сайнаар нөлөөлөхгүй. Учир нь гадны хөрөнгө оруулагчид ямар ч Засгийн газар гарч ирж, яах ч юм билээ гэж хаширлаад хэсэгтээ азнана. Хэрвээ том хэмжээний хөрөнгө оруулалт орж ирэх бол улс төрийн нөхцөл байдлыг хүлээх байх.

-Ер нь цаашид эдийн засгийн төлөв байдал хэрхэх төлөвтэй байна вэ?

-Нүүрсний үнэ өндөр, гарц сайн байгаа болохоор экспортын орлого сайн байх болов уу. Мөн алт, зэсийн үнэ өндөр байна. Оюу толгойн далд уурхай ашиглалтад орчихвол экспортлогдож байгаа зэсийн баяжмал энэ жилд 50-60 хувиар өсөх байх. Үүнийг дагаад улсын төсвийн орлого өснө. Ядаж л АМНАТ-ын орлого өснө. Ам.долларын нийлүүлэлт өсөж байгаа учраас долларын ханшид урт хугацаанд аажмаар эергээр нөлөөлнө. Гэхдээ мэдээж шууд нөлөөлөхгүй. Урт хугацаанд сайнаар нөлөөлнө. Хэрвээ бид нэмэгдэж байгаа экспортын орлогоо зөв чиглүүлж чадвал гадны өр зээл, бондуудыг удирдах, зохицуулах, дахин санхүүжүүлэхэд илүү амар болно. Мөн зээлжих зэрэглэлд эергээр нөлөөлөх байх гэж бодож байна. Ингэснээр гадны хөрөнгө оруулалтыг татахад нэг түлхэц болно шүү дээ.

-Ам.долларын ханш бараг өдөр өдрөөр өсөж байна. Богино хугацаанд ам.долларын ханшийг тогтворжуулах ямар гарц байна?

-Ам.долларын ханшийг хамгаалдаг зүйл бий. Манайх шиг улсад гадаад валютын албан нөөц өндөр байх ёстой. Хоёрдугаарт, алтны олборлолтыг дэмжиж, алтаар нөөцөө бүрдүүлмээр байна. Ингэвэл төгрөгийн ханшаа хамгаалж чадна. Ямар үед ам.долларын ханш тогтворждог вэ гэхээр гадаад валютын нөөцөө өсгөх хэрэгтэй. Алтны үйлдвэрлэлүүдийг дэмжиж, Монголбанк алт худалдан авалтаа өсгөх хэрэгтэй байна. Эдгээрийг сайжруулах хэрэгтэй байна. Одоо бол орон нутгийнхаа эсэргүүцлийг давж чадахгүй, алт олборлож чадахгүй байна. Хөгжлийн банкинд өртэй алтны хэд хэдэн үндсэн ордууд байна. Монголбанк, Хөгжлийн банк, УУХҮЯ болон гацаанд орчихсон байгаа төслүүд хамтарч алтны үндсэн ордуудын ажлыг явуулчихмаар байгаа юм. Тэндээс дор хаяж 3-4 тэрбум ам.долларын орлого олох боломжтой.

Хоёрдугаарт, төлбөрийн тэнцлийг харахаар гадаад худалдааны тэнцэл ашигтай гараад байна. Экспорт импортоосоо даваад байна. Харин хөрөнгө оруулалтын урсгал дээр алдаад байгаа юм. Манайд хөрөнгө оруулалт орж ирэхгүй байна. Манайх гаднаас их хэмжээний зээл авч, бонд гаргаж байна. Хамгийн гол нь үйлчилгээний баланс гэж бий. Бид үйлчилгээ авахын тулд гадны нэгжүүдэд хэр их мөнгө өгч байна вэ гэдгээ харах хэрэгтэй. Жишээлбэл, нүүрсний тээвэр дээр 500 орчим тэрбум төгрөг хятад өмчлөгчтэй компаниудад өгчихсөн байгаа юм. Оюу толгойд 200 сая ам.долларын цахилгаан авч байна. Манай улсын иргэд гадаад руу аялал жуулчлалаар их явж байна. Дор хаяж 700 сая ам.доллар зарцуулж байна. Эмчилгээнд 300, боловсролд 200 сая ам.доллар гээд олсон жаахан мөнгөө ийнхүү гадагшаа гаргаад байна. Харин бид зөрүүлээд юм зарж чадахгүй байна. Жишээлбэл, Монголын их, дээд сургуулиудад гадны оюутнууд ирж сурахгүй байна. Монголын эмнэлэгт гадныхан ирж үзүүлэхгүй байна. Манай тээврийн хэрэгслээр гадныхан ачаа бараагаа зөөхгүй байна. Энэ байдлыг арилгах ёстой. Үйлчилгээний балансыг тэнцвэртэй байлгах ёстой.

-Валютын ханшийн өсөлтөөс гадна татварын бодлого иргэдийн амьдралд ихээхэн дарамт болж байна. Та татварын бодлогод ямар дүгнэлттэй байдаг вэ?

-Ашигт малтмалын хуулийг өөрчлөхөөр яригдаж байгаа. Алтны татвар өсөх байх даа. Манайх шиг өндөр рояалти төлж авдаг улс байдаггүй. Гэтэл үүнийг улам өсгөнө гэж байна. Энэ бол боловсруулах салбарыг улам боомилсон хууль. Үүнийг чөлөөлөх ёстой. Жирийн орлоготой бизнесмэн хүн орлогынхоо 50 хувийг улсын төсөвт шууд болон шууд бус өгч байна. Тухайлбал, хүн амын орлогын албан татвар гээд 10 хувийг, нийгмийн даатгалын шимтгэл гээд 12 хувийг өгчихнө. Нэмээд авсан бараа бүрд 10 хувийн НӨАТ төлж байна. Тэр бараанд нь маш олон татвар шингэчихдэг. Жишээлбэл, дизель авлаа гэхэд онцгой албан татвар, импортын албан татвар зэргээр олон татвар шингэдэг. Ингэхээр цалингийнхаа 50 хувийг татварт өгчихөөд байгаа юм. Ийм өндөр татварын ачаалалтай улс дэлхийд их ховор. Гэтэл үүнийг улам өсгөж байна.

Ажлын байр бий болгож байгаа хүмүүс нэгдүгээрт, 25 хувийн татвар төлж байна. Хоёрдугаарт, ажлын байр бий болгосныхоо төлөө буюу нэг ажлын байрт 22 хувийн нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа юм. Ажлын байр бий болгодог хүмүүсийг шийтгэдэг тогтолцоо байна л даа.

-Ийм байгаа учраас л байгууллагууд ажилчдынхаа цалинг нэмж чадахгүй байна, тийм үү. Энэ тогтолцоог халахын тулд яах ёстой юм бэ?

-Тийм. Татварыг бууруулах ёстой. Данхайсан төрийг багасгах хэрэгтэй. Мөн жижиглэн худалдаа эрхлэгчид, малчдыг нийгмийн даатгалд хамруулах хэрэгтэй. Тэгэхгүй бол ажил хийж байгаа цөөн хэдэн хүн, ажлын байр бий болгогчид хохироод байна. Гэтэл жишээлбэл, малчид үнэгүй бэлчээр ашиглаж байна, олон зүйлийг хөнгөлүүлж байна. Бүгд шударга төлдөг болох хэрэгтэй байна. Тэгвэл хэмжээ нь багасна. Захын наймаачид дунд ажил хийж байгаа хүмүүсээс ч баян хүн олон бий. Тэд ямар ч татвар төлөхгүй байна. Тиймээс л тогтолцоог жигд болгомоор байна. Залуу хүмүүсийг ажилд авч байгаа бол нийгмийн даатгалын шимтгэлээс 30 хувь чөлөөлдөг баймаар байна. Тэгэхгүй бол залуу чадалтай хүмүүс бага цалинг голоод ажил хийхгүй байна.

Тэднийг тогтоохын тулд өндөр цалин амлах ёстой болдог. Энэ нь өндөр зардал шаарддаг. Ингээд залуу хүмүүсээ хохироож байна. Залуучууд туршлага хуримтлуулж, тогтвортой ажил эрхэлж чадахгүй байна. Ингээд хэн хэнийгээ хуурсан буруу систем бий болчихоод байна.

-Дахиад л асууя. Одоо тэгээд ямар гарц байна вэ?

-НӨАТ-ыг таван хувь болгох хэрэгтэй. 2022 онд эдийн засаг өслөө гээд л байна. Харахаар уул уурхайн салбар уначихсан, татвар өссөн байгаа юм. Тэр дундаа НӨАТ өсчихсөн байна. Энгийнээр тайлбарлавал, жишээлбэл өнгөрөгч жил талх 1200 байсан. Үүнд 120 төгрөгийн НӨАТ ногдуулдаг байсан. Энэ жил 2000 болоод нэмэгдчихээр 200 төгрөгийн татвар төлнө. НӨАТ татварын орлогын хамгийн том хэсэг болно гэдэг нь манай татварын тогтолцоо их буруу явж байгаагийн шинж. Юмны үнэ өсөх нь Засгийн газарт ашигтай болж байна гэсэн үг.

Учир нь төсвийн орлого өндөр харагдаж, алдагдал бага харагдана. Ингэхээр их хэмжээний зээл авах боломжтой болчихно. Төгрөгийн ханшны уналт, инфляци Засгийн газарт ашигтай байгаа юм.

Дээр нь Монголбанкинд хараат бус байдал алга. Инфляцитайгаа тэмцэж чадахгүй байна. Ханшаа барьж чадахгүй байна. Зорилго нь их ойлгомжгүй, мөн дурын сайд нар ирээд загнадаг. Гэтэл бусад улсын Төв банк Засгийн газартайгаа энэ тэнцүү “байлддаг”. Ингэж байж ханшаа хамгаалж үлддэг. Манайд ийм боломж алга. Гэх зэргээр урт хугацаанд олон зүйл хийх хэрэгтэй байна.

Манайх түүхий эдээ боловсруулах гэхээр татвараар боочихоод байна. АНУ, Англи, ОХУ зэрэг бусад аж үйлдвэржсэн улсууд аж үйлдвэржилтийнхээ эхэн үед маш их хамгаалсан бодлого явуулсан. Гэтэл энэ Засгийн газар нүүрэн дээрээ социал демократ гэсэн хэрнээ начир дээрээ капиталист бодлого хэрэгжүүлж байна. Жишээлбэл, 10 мянган багш бэлтгэнэ гэж байна. Хайран мөнгө. Гэсэн хэрнээ боловсруулах үйлдвэр дээр зэрлэг капиталист бодлого явуулж байгаа юм. Тиймээс Хятадын компаниуд орж ирээд ноолуур, нүүрс, зэсийг үнэтэй авчихна. Боловсруулах үйлдвэр барихын тулд их хөрөнгө мөнгө орно. Тиймээс дотоодын үйлдвэрүүдээ гадаадын хямд зээлтэй төрийн өмчит компаниудад барьж өгч ингэж дампууруулчихаад зах зээлийн зарчим гээд байгаа юм. Засгийн газар баяжуулах үйлдвэрүүдээ дэмжиж НӨАТ-аас чөлөөлмөөр байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Б.Жаргалсайхан: Улаанбаатарт хэн ажил хийж байна, тэр хүн амьдардаг хот болгомоор байна DNN.mn


Үйлдвэр худалдааны яамны сайд асан, Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхантай ярилцлаа.


-Ерөнхий сайд намуудыг шилэн болгох санаачилга гаргасан. Үүнийхээ хүрээнд “Шилэн нам” хэлэлцүүлгийг ч зохион байгууллаа. Та Ерөнхий сайдын санаачилгад ямар дүгнэлттэй байна вэ?

-Ерөнхий сайд Үндсэн хуулиа өөрчилж, шинэчилье. Сонгуулийн хуулиа өөрчилж, ил тод болгоё, сайжруулъя хэмээн хэлэлцэж байгаа нь цагаа олсон зөв алхам. Би өөрчлөөсэй гэж бодож байсан юм. Өөрчлөхгүй бол сонгууль хэтэрхий хулхи явж ирсэн. Тиймээс одоо иргэд бүгд сонгуулиа өгдөг хууль зүйн орчинтой болъё. Иргэн та эрхээ эдэлье гэж бодож байгаа бол үүргээ мөн биелүүлэх хэрэгтэй. Үүрэг нь дөрвөн жилд нэг удаа төрийн эрх баригчдаа бүгдээрээ сонгодог баймаар байна. Сонгуульд оролцоогүй бол төрийн үйлчилгээ үзүүлэхгүй байя. Ингэж зохицуулбал бүх иргэд сонгуульд оролцдог болно.

Харамсалтай нь сонгуулийг мөнгө гэж ойлгодог болчихсон. Сонгуулиар иргэдтэй уулзахаар юу өгөх юм бэ гэдэг. Энэ чинь аж ахуйн ажил биш шүү дээ. Сонгогдож байгаа, сонгож байгаа хоёрын ажил. Тиймээс хуулиудыг ийм байдлаар засах ёстой.

Түүнчлэн УИХ-д нэр дэвшиж байгаа хүн сонгогдохын тулд арилжааны банк ч юм уу, санхүү зээлийн хоршооноос тэрбум төгрөг зээлж аваад тойрог дээрээ тараачихдаг. Сонгогдсоныхоо дараа хадгаламж зээлийн хоршоо, арилжааны банкнаас авсан зээлээ төлөхийн тулд янз бүрийн тендерүүд, хөнгөлөлттэй зээлүүд ч гэдэг юм уу мөнгө хөөцөлдөж эхэлдэг. Ингээд гэмт хэрэгтэн болдог. Тиймээс үүнийг одоо таслан зогсоож, шийдэх хэрэгтэй. Иймээс Үндсэн хууль, Сонгуулийн намуудын хуулийг хэлэлцэх нь зүй ёсны хэрэг. Үүнээс эхлэхгүй бол энэ улс оронд шударга ёс тогтоох боломжгүй.

Гэхдээ шударга ёс тогтоох хууль, дүрэм журам гаргасан ч гэсэн түүнийг хэрэгжүүлэгч нь хүн. Тиймээс нийгэм дэх энэ олон хүмүүс дундаас эх орончдыг яаж шигшиж гаргаж төрийн эрхэд оролцуулах вэ гэдгийг бодох хэрэгтэй юм билээ.

Эцэст нь хэлэхэд бүх хүн нэг л хуулийн дор амьдаръя. Татвар төлбөл бүгдээрээ төлье. Ажил хийвэл бүгдээрээ хийдэг болъё. Нэг хэсэг нь ажил хийж, нэг хэсэг нь гэртээ суумааргүй байна. Манай ажилчид “Захирал аа, бид өдөр шөнөгүй ажиллаад 700, 800 мянган төгрөгийн л цалин авч байна. Гэтэл цаана чинь зарим иргэд ажил хийхгүйгээр сард 1-2 сая төгрөгийн тэтгэмж аваад амьдраад байна” гэж байна. Хүүхдийн мөнгө, хөгжлийн бэрхшээлтэй иргэний тэтгэмж, авгай нөхөр хоёр хуурамчаар салж хүүхдэдээ тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгож. Ингээд зүгээр сууж байгаад 1-2 сая төгрөгийн тэтгэмж авчихдаг. Ийм байхад үйлээ үзэж ажил хийгээд 700, 800 төгрөгийн цалин аваад яадаг юм бэ гэж нийтээрээ бодож байна.

Тиймээс хүүхдийн мөнгө, энэ олон тэтгэмжийг хасах хэрэгтэй. Хоёрдугаарт, Улаанбаатар хотод тэтгэмж өгөхөө болих хэрэгтэй. Орон нутагт амьдардаг иргэд л авдаг баймаар байна.

Харин Улаанбаатарт хэн ажил хийж байна тэр хүн амьдардаг хот болгомоор байна. Түүнээс уулын өврөөр дүүрэн тарж буучихаад нэг нэг “пүүжгээ” уначихаад халамж аваад нийгмийн баялаг бүтээхгүй амьдарч болохгүй. Ийм байхаар шударгаар ажил хийж байгаа улаанбаатарчуудын эрх үүрэг хохироод байна. Ажил хийж байгаа хүмүүсээс татварыг оцойтол нь аваад түүнийгээ ажил хийдэггүй хүмүүст хувааж өгч байна.

-Нүүрсний хулгайтай холбоотойгоор олон хүнийг яллагдагчаар татлаа. Ер нь өнгөрсөн хугацаанд ч тэр аливаа хэрэгт холбоотой нь илчлэгдэж ялагдагчаар татагдсан этгээд эцэс сүүлдээ хариуцлагаас мултарч ял завшдаг байдал гаарсан. Энэ удаад хариуцлага хүлээлгэж чадах эсэхэд оло ннийт эргэлзэж буй. Ер нь улстөрчдөд хариуцлага хүлээлгэдэггүй энэ байдлыг хэрхэн таслан зогсоох хэрэгтэй гэж та харж байна?

-Ерөнхий сайд шүүгч, прокурор, цагдаагийн ажилтан биш. Үүнийг шийддэг хуулиар баталгаажсан эрхээ эдлээд явж байгаа төрийн албан хаагч хууль хүчнийхэн байна. Тэд шийдэх ёстой. Ард иргэд тэднээс хариуцлага нэхэх хэрэгтэй. Яагаад тэднийг ярьдаггүй юм бэ. Яагаад шударга биш хууль зүйн орчныг бий болгоод байгаа юм бэ. Ажил хийдэггүй хэрнээ ажлаа өгдөггүй прокурор, шүүгчдээс нэхэх ёстой шүү дээ. Үүнийг ярьж байгаа хүн байна уу. Хөөрхий, ганцхан Ерөнхий сайд нь л яриад байна. Бусад нь таг чиг. Манайхан “Хийхийг нь чи хий. Би харж байя. Аятайхан бол би очоод иднэ” л гэж бодож байгаа. Дандаа хүний гараар могой барих гэдэг. Шалтгаан нь энэ.

Ер нь АНУ ч бай, Европ ч бай, Канад ч бай, Япон ч бай бүх л газарт хулгай гардаг. Манайд хулгай өнөөдөр ч гараад байгаа юм биш. Зөндөө л хулгай гарсан, гарч ч байгаа. Жишээлбэл, Баян-Өлгий аймгийн нэг сумын иргэд хуурамч факт гаргаад сумаараа нийгмийн халамж авч байсан. Энэ бол хулгай биз дээ.

Гэхдээ энэ бол гол асуудал биш. Хамгийн гол асуудал нь улс орноо цааш нь яаж хөгжүүлэх вэ, яаж залуучуудыг ажилтай болгох вэ, цалинг яаж нэмэгдүүлж, доод тал нь 1000 ам.доллар болгох вэ гэдэг л байна. Авлигач, луйварчин гэж долоо, найман жил ярилаа. Бараг хүүхэд хэлд орохдоо авлигал гэж хэлд орох гээд байна. Гэтэл сонгууль болохоор саналаа Ардын намд өгчихөөд байгаа биз дээ. Тиймээс утгагүй зүйл дээр нэг их анхаарах шаардлага байна уу. Хулгай зэлгийн асуудалд хууль хүчний байгууллагууд л хариуцлагатай сайн ажиллах хэрэгтэй.

Хулгай ярьсаар байтал бидний боломж алдагдаад байгаа нь харамсалтай байна. Хятадууд Австралиас асар их хэмжээний нүүрс, төмрийн хүдэр авахаар болчихсон. Энэ жилээс авч эхлэх байх. Тэгэхээр манай нүүрс, төмрийн хүдэр хэнд ч хэрэггүй болчих вий дээ. Бид нүүрсний хулгай яриад сууж байтал нүүрс хэнд ч хэрэггүй болчихвол яах вэ гэдэгт улстөрч хүний хувьд миний санаа зовж байна. Тиймээс тэр хулгайг удаан биш түргэн шуурхай шийдэх ёстой. Ажлаа илүү сайн хийдэг баймаар байна. 20 сая биш болж өгвөл 200 сая тонн нүүрсийг экспортод гаргадаг болгох хэрэгтэй. Ингэж байж монголчуудын дундаж цалин 1000-2000 ам.долларын хэмжээнд очно. Энэ л чухал. Өнөөдөр 250 ам.долларын цалингаар яаж амьдрах вэ. Бараа бүтээгдэхүүний үнэ дөрөв дахин өсчихлөө. Би амаа сөөтөл “Юмны үнэ өслөө, яах вэ” гэдгийг хэлсэн. Бүх л хүн юмны үнээ нэмж өрсөлдсөн. Жишээ нь, тээврийн жолоочид. Замын-Үүд-Улаанбаатар хооронд дөрвөн саяар ачаа зөөдөг байсан бол 40 саяар зөөдөг болсон. Цагаан сараар ченжүүд хонины ууцыг 600-800 мянган төгрөг болтол үнийг нь өсгөлөө. Ингэж галзуу юм шиг үнэ өсгөсний дараа хэн хохирох вэ. Өөрсдөө л хохирно. Цагаан сарын дараа хайран сайхан ул боовоо хогон дээр хаядаг юм билээ. Цагаан сар бол өндөр настнаа хүндэтгэх баяр болохоос биш ул идээг өндөр намаар өрөх уралдаан биш. Хэн нь хэр зэрэг том сүүлтэй ууц тавьсан түүгээрээ уралддаг баяр биш. Бид хэлбэр, дүрс хөөцөлддөгөө болих хэрэгтэй.

Өнөөдөр их хэмжээний мөнгөн дүнтэй тендерүүд зарлаж байна. Харин тэр тендерийг хэн авч байна гэдэг нь асуудал. Монгол Улсын төсвийн тэн хагас нь тендерт явчихаад байна. Юун нүүрсний хулгай. Түүнээс 10, 20 дахин их мөнгө яригдана. Үүнийг хэн ч ярихгүй байна. Тендерээс мөнгө хулгай хийлгэдэггүй болгохын тулд хяналт л тавих хэрэгтэй. Тиймээс хууль зүйн орчныг яаралтай бүрдүүлэх хэрэгтэй. Тэгвэл энэ их хулгай дээрэм зогсоно.

-Авлигыг өөгшүүлээд байгаа зүйл юу вэ?

-Яагаад огт бүтээн байгуулалт сонирхдоггүй юм бэ. Яагаад ажил хийе гэж боддоггүй юм бэ. Нийгмийн баялаг яагаад бий болгоё гэж боддоггүй юм бэ. Яагаад тэгш эрх эдэлье гэж ярьдаггүй юм бэ. Ийм болохоор л авлига гаараад байна шүү дээ. Нийтээрээ ажил хийхгүй байгаа учраас байгууллагууд цалингаа нэмж чадахгүй байна. Өнөөдөр амьдрахын тулд 1000-1500 долларын цалин авч байж амьдрах боломжтой. Өнөөдөр иргэд 250 доллар л гар дээрээ авч байна. Бараа бүтээгдэхүүний үнэ тав дахин өсчихлөө. Яаж амьдрах юм бэ. Тиймээс эхнэр хүүхдээ тэжээхийн тулд хүссэн хүсээгүй төрийн албан хаагчид авлига хөөцөлдөөд эхэлнэ. Авлига гаараад байгаа нэг том шалтгаан нь энэ. Иргэдийн орлого амьдралд нь хүрэлцэхгүй байгаа учраас авлига авах, хулгай луйвар хийх гээд байна. Өнөөдөр авлига авсан нэг хүнийг сольж өөр хүнийг тавья. Гэтэл бодит байдал ийм байхад шинэ томилогдсон этгээд авлига авахгүй гэх ямар баталгаа байгаа юм бэ.

-Ерөнхий сайд системийн авлигыг бууруулахын тулд улс төрийн санхүүжилтийг ил тод болгоё хэмээсэн. Та үүнд ямар дүгнэлттэй байна?

-Авлига гэдэг бол зүүний нүхээр орохоор зүйл шүү дээ. Манайх хүн ам цөөтэй. Бүгдээрээ нутгархуу. Бүгдээрээ бие биенээ танина. Танай гэрт очоод найзыгаа дэмжээрэй гээд нэг жаахан юм өгчихнө. Үүнийг авлига гэж хэлэхэд хэцүү. Ер нь гүйлгээнд байгаа мөнгөний 80 хувийг бэлэн бус болгох хэрэгтэй. Бүх хүн банкны карттай болчихвол бэлэн мөнгөөр авлига өгдөг байдал байхгүй болчихно. Учир нь банкных нь дансны гүйлгээ гараад ирнэ шүү дээ. Авлига үүсгээд байгаа цаад шалтгааныг эхлээд шийдэх хэрэгтэй. Түүнээс энд намын санхүүжилтийн асуудлыг ярьчихаад банк санхүүгийн асуудал нь хэвээрээ байвал ялгаагүй.

-Төрийн өмчит компаниуд дахь хулгайг зогсоохын тулд ямар арга хэмжээ авбал зохилтой гэж та бодож байна вэ?

-Олон нийтийн байгууллагын хяналтыг оруулах ёстой. Төрийн эрхийг барьж байгаагийнхаа хувьд Засгийн газар менежмэнтийг авч болно. Захирлыг нь тавиг. ТУЗ-дөө орог. Харин хяналтыг нь сөрөг хүчин ард түмний төлөөлөлд өг. Үүнээс гадна жил бүрийн нэгдүгээр улиралд төрийн өмчит компаниуд, банкууд үнэн бодит, аудит, мониторинг хийлгэсэн тайлангуудаа олон нийтэд ил тавих ёстой. Таван толгой хэдэн төгрөгийн зардал гаргасан, хэдэн төгрөгийн зээлтэй, хэдэн төгрөгийн ашиг олсон, хэдэн төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн нь тодорхойгүй байна. Эрдэнэт үйлдвэр байна, мөн л тайлангаа тавихгүй байна. Тиймээс төрийн өмчит аж ахуйнууд тайлангаа тавьдаг болох хэрэгтэй. Үүнийг л бид хяналт гэж яриад байгаа юм. Барууны орнуудын төрийн өмчит бүх томоохон компаниуд аудит хийлгэж тайлангаа баталгаажуулдаг. Ингэж байж банкуудаас зээл авдаг. Хамгийн гол нь аудит хийж байгаа компаниуд нь бие даасан хувийн компаниуд байдаг.

-Та ярилцлагын эхэнд Үндсэн хуулийг өөрчлөхийг дэмжиж байр сууриа илэрхийллээ. Тэгвэл Үндсэн хуулийг өөрчлөх цаг одоо мөн эсэхэд ямар бодолтой байна?

-Үндсэн хууль, Сонгуулийн хууль, Намуудын хуулийг яаралтай УИХ хэлэлцүүлж өөрчлөхгүй бол бидэнд өөрчлөх өөр хугацаа байхгүй болчих гээд байна. Өнөөдөр нийгэмд үүсчихээд байгаа бүх болохгүй зүйлс нь намууд, сонгуультай холбоотой болчихоод байна. Төрийн эрхийг Ардын нам ба Ардчилсан нам хоёр л барьж ирсэн. Энэ хоёр намын үед бүх болохгүй юм гарсан, тийм биз.

-УИХ-ын гишүүдийн тоог нэмэх асуудалд та ямар байр суурьтай байдаг вэ?

-Хүн амын тоо нэмэгдчихлээ. Тиймээс УИХ-ын гишүүдийн тоог нэмчихвэл гишүүд бүлэглэн хуйвалдаж хууль болоод төрийн ажилд нөлөөлөхгүй гэж үзэж байгаа нь нэг талаар үндэстэй. Гэхдээ хамгийн гол шалгуур нь хүний шалгуур. Намын нэрээр орж байгаа хүн нь хэн байх вэ гэдгийг сайн журамлаж дүрэмлэхгүй бол намын нэрээр хэн ч орж ирж магадгүй. УИХ-ын гишүүдийн тоо 76 байна уу, 106 байна уу ярилцаж байгаад шийднэ биз. Зарчмын хувьд тоо асуудал биш.

-Өнөөдөр бидний өмнө тулгараад байгаа нэн тэргүүний нэг асуудал нь валютын ханш. Ам.долларын ханшны өсөлтийг яаж хазаарлах вэ?

-Манай улс машин, шатахуунд асар их мөнгө өгчихөөд байна. Зөвхөн шатахуунд л гэхэд нэг миллиард 200 сая ам.долларыг ОХУ-д төлж байна. Суудлын автомашинд 600-аад сая ам.доллар өгчихөөд байна. Үлдсэн нь барилгын материал, хүнс, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнд явчихдаг. Тиймээс импортыг орлуулдаг аж ахуйн нэгжүүдийг бий болгох хэрэгтэй. Хүнсний ногоогоо 100 хувь дотоодоосоо хэрэглэдэг болчихъё. Турк, Хятад, Солонгосоос оруулж ирж байгаа хувцсанд өндөр татвар ногдуулъя. Харин давууг татваргүйгээр оруулж ирье. Өөрсдөө хувцсаа оёод өмсчихвөл мөнгө гадагшаа гарах уу. Мөн бензинд онцгой татвар тавимаар байна.

-Бензин гэснээс манай улс нэг улсаас шатахууны хамааралтай байна. Өөр эх үүсвэр яаж олох вэ?

-Бид газтай, нефтьтэй гээд ОХУ онгироод байсан. Тэд Украин руу дайрч хот суурин газрыг нь дэлбэлээд, хүн ардыг нь сүйд хийлээ. Үүнтэй холбоотойгоор ОХУ-д хориг тавьж нефть, газыг нь авахаа больчихсон. Европ авахаа болилоо гээд сөнөчихсөн байна уу. Дэлхий дээр нефть, газтай улс ганцхан Орос биш шүү дээ. Өчнөөн л орон газ, нефтийг гаргаж байгаа. Манайх ОХУ-аас хамааралтай байгаа нь үнэн. Тиймээс бид шатахууныг зөв зүйтэй зарцуулах хэрэгтэй.

Манайх ОХУ-аас нэг миллиард 400 сая ам.долларын шатах, тослох материал авч байхад оросууд манайхаас бараа бүтээгдэхүүн авдаггүй. Монголын бараа бүтээгдэхүүнд 70 хувийн татвар ногдуулдаг. Харин манайх Оросын бараанд тавхан хувийн татвар ногдуулдаг.

Тиймээс бид Орост татварын энэ асуудлыг тавих хэрэгтэй. Хэрвээ шийдэхгүй бол шатахуунаа бусад орноос авна гэдэг асуудлаа тавих хэрэгтэй.

-Энэ л чухал байна. Найрсаг харилцаатай гэсэн хэрнээ худалдааны хоригтой улс шиг л явж ирлээ шүү дээ?

-Тийм. Манайхтай анд нөхөр гээд байдаг, үгүй байна. Монгол Улсад эдийн засгийн хориг тавиад 30 жил болж байна. Орос Монголын хамтарсан төмөр зам, Эрдэнэт зэрэг үйлдвэрүүд бий. Гэтэл оросууд Монголын төмөр замд хөрөнгө оруулж байна уу. Вагон олддоггүй нь ч хэв хэвээрээ, ганц зам нь бахь байдгаараа байна. Тиймээс одоо оросуудтай энэ асуудлыг хэлэлцэх хэрэгтэй. Төмөр замаа бид өөрсдөө 100 хувь авъя, эсвэл та нар хөрөнгө оруул гэж хэлэх хэрэгт

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

П.Сэргэлэн: Манай улс булангийн орнууд руу экспорт хийж эдийн засгийн үр ашгаа дээшлүүлэх боломж байна DNN.mn


Монгол Улсаас Кувейт улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд П.Сэргэлэнтэй ярилцлаа.

-Катар, Кувейтэд Монголын соёлын өдрүүд арга хэмжээ удахгүй зохиогдох юм байна. Та тус арга хэмжээний ач холбогдол, үр нөлөөний талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Манай улс Катар улстай дипломат харилцаа тогтоосны 25 жил, Кувейт улстай дипломат харилцаа тогтоосны 48 жилийн ой энэ жил тохиож байна. Энэ хугацаанд хоёр улс улс төрийн сайн харилцаатай явж ирсэн. Кувейт улс руу Ирак улс 1990 онд довтлоход дайныг эсэргүүцэж дуу хоолойгоо хүргэж байсан анхны улс Монгол учраас Кувейтийн ард түмэн, Засгийн газар үүнийг их өндрөөр үнэлдэг. Тийм учраас улс төрийн маш сайн харилцаатай явж ирсэн. Тэгвэл улс төрийн энэхүү сайн харилцааг соёл, эдийн засгийн хамтын ажиллагаагаар өргөжүүлэх бодлогыг одоо явуулж байна.

Тиймээс дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойн хүрээнд Монгол Улсыг сурталчлах зорилгоор “Wel­come to Mongolia” арга хэмжээг Катар улсад гуравдугаар сарын 4, 5, 6-нд, Кувейт улсад гуравдугаар сарын 8, 9-нд зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна. Тус арга хэмжээний хүрээнд нэгдүгээрт, Монгол-Катар, Монгол-Кувейтийн бизнес эрхлэгчдийн форум болно. Энэ арга хэмжээнд оролцохоор хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн, мах махан бүтээгдэхүүн экспортолдог аж ахуйн нэгж, ноос ноолуур, аялал жуулчлал, зочид буудал, хөрөнгө оруулалтын чиглэлийн 40-өөд бизнес төлөөлөгчид Монголоос ирэх төлөвтэй байна. Мөн энэ төрлийн бизнес эрхэлдэг Катар, Кувейтийн компаниуд уг форумд оролцоно. Монголын компаниуд энэ үеэр экспортын бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн гаргана. Хоёр талуудын бизнес эрхлэгчид уулзаж санал бодлоо солилцох, харилцаа холбоо тогтоох, хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурж цаашид хамтарч ажиллах анхны нөхцөл бололцоог нээж өгч байгаа гэдгээрээ уг форум онцлогтой. Түүнчлэн Монголын Үндэсний урлагийн их театрын хамт олон ирж Монголынхоо үндэсний өв соёлыг сурталчлах урлагийн тоглолтыг Кувейт, Катарын театруудад зохион байгуулна.

Мөн манай улсаас уран зураачид ирж Монгол орныхоо өв соёл, аж амьдрал, түүх соёл, ёс заншлыг харуулсан уран зургийн үзэсгэлэнгээ тухайн улсын ард түмэнд дэлгэж танилцуулна. Загвар өмсөгчид үндэсний хувцас, ноос, ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компаниудынхаа үйл ажиллагааг сурталчлах зэргээр иж бүрэн арга хэмжээ болно. Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг Монголд зочлох жил болгон зарласан. Үүнтэй холбогдуулж эх орноо сурталчлах зорилгоор Катар, Кувейт улсад энэхүү арга хэмжээг өргөн бүрэлдэхүүнтэй зохион байгуулж байгаа юм.

-Та Элчин сайдаар томилогдох үеэрээ булангийн орнуудтай хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах чиглэлд анхаарч ажиллана гэж байсан тань тод сонсогдож байсан. Энэ чиглэлээр ямар ажлууд хийж байна вэ?

-Би Кувейт улсад Элчин сайдаар томилогдож ирээд найман сар болж байна. Иймд Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, мөн Монгол Улсын Ерөнхийлөгчөөс биечлэн үүрэг болгосны дагуу экспортын хэмжээг нэмэгдүүлэх, нэр төрлийг олшруулах, Монгол Улсад хөрөнгө оруулалт татах чиглэлээр манай Элчин сайдын яамны хамт олон идэвхтэй ажиллаж байна. Кувейт, Катарын болон булангийн орнуудын зах зээл нь мах махан бүтээгдэхүүний экспортын хувьд бид зорилтот зах зээл гэж тодорхойлдог. Тиймээс Монголоос мах авах хүсэлтэй Катар, Кувейтийн 20 гаруй компанитай уулзалт хийсэн. Тэдгээр компаниуд бүгд Монголоос мах худалдаж авах хүсэлтээ Элчин сайдын яаманд албан ёсоор ирүүлсэн. Монгол Улсыг сурталчлах өдрүүдийн хүрээнд эдгээр компаниуд манай компаниудтай уулзаж мах импортоор авах талаар яриа хэлэлцээр хийнэ. Ингээд булангийн зургаан оронд бүх чиглэлд мах экспортлох нөхцөл бүрдэнэ гэсэн үг. Булангийн орнууд хонины махыг голлон хэрэглэдэг. Мах импортлох хүсэлтэй дээрх компаниуд толгой, шийр, гэдэс дотрыг мөн худалдан авах хүсэлтээ ирүүлсэн. Энд хангалттай зах зээл байгаа учраас манай улс дотооддоо зохион байгуулалтаа сайн хийж, нөхцөл шаардлагыг бүрэн хангаад махаа экспортлох ажил л үлдэж байна. Хэрвээ бид махны экспортоо амжилттай эхлүүлчихвэл уул уурхайгаас харьяат эдийн засагтай болчихоод байгаа манай улс хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ экспортолж эдийн засгийн үр ашгаа дээшлүүлэх боломж гарч ирнэ гэж харж байна.

Түүнчлэн хоёр орны хооронд шууд нислэгтэй болсноор мах, махан бүтээгдэхүүний экспортыг онгоцоор тээвэрлэх боломж нь нээгдэнэ. Бид халал сертификатыг Монгол Улс өөрөө олгодог болох асуудлаар булангийн орнуудын зөвлөлийн магадлан итгэмжлэлийн төвтэй нягт хамтран ажиллаж байна. Өнөөдөр (2023.02.27) мэргэжлийн байгууллагуудтай онлайн уулзалтууд хийлээ. Булангийн орнуудын магадлан итгэмжлэлийн байгууллагаас Монгол Улсад мэргэжилтнүүд очиж магадлан итгэмжлэх ажил ойрын өдрүүдэд хийгдэнэ.

-Катар, Кувейт руу мах экспортлохын тулд бид нэн тэргүүнд юунд анхаарах хэрэгтэй байна вэ?

-Булангийн орнуудын тавьж байгаа гол шаардлага нь халал стандарт. Манай улс халал стандартыг ерөнхийдөө хэрэгжүүлээд эхэлчихсэн. Тиймээс уг стандартын дагуу махаа бэлтгэн нийлүүлэх бүрэн боломжтой. Өнөөдрийн байдлаар бид Казахстан, Туркменистан, Иран зэрэг орон руу ийм стандартаар мах экспортолж байгаа учраас бидэнд туршлага бололцоо, махны үйлдвэрүүдийн техник боловсон хүчин хангалттай бий.

Катар, Кувейт руу мах экспортлох чиглэлээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Мал эмнэлгийн ерөнхий газар, Стандарт хэмжил зүйн газартай сүүлийн зургаан сар өдөр тутам хамтран ажиллаж байна. Тиймээс танай сониноор дамжуулж Элчин сайдын яамны зүгээс энэхүү байгууллагууддаа талархал илэрхийлж байна.

-Цаашид өөр ямар ажлууд эхлүүлэхээр төлөвлөж байна вэ?

-“Welcome to Mongolia” арга хэмжээг зохион байгуулж Катар, Кувейтийн ард түмэн, төрийн байгууллагуудад эх орноо сурталчилснаар бидний зорьж байгаа аялал жуулчлалын салбарын хөгжил, хөдөө аж ахуйн салбарын экспортын асуудал, боловсрол соёл шинжлэх ухаан эрүүл мэндийн салбарт бидний хамтын ажиллагаа ихээхэн өргөжин тэлнэ гэж итгэж байна. Эдгээр орнууд Монгол Улсад их элэгтэй байдаг. Кувейт улс манай улсад Түлэнхийн төв, “Өндөрхаан” нисэх буудлыг барьж өгч байгаа. Мөн Дархан-Эрдэнэт-Булган-Уньт-Тариалангийн чиглэлийн 415 км автозам, Тайширын усан цахилгаан станцыг барьж өгсөн зэргээр хамтын ажиллагааны арвин баялаг түүх бий. Эдгээр түүхийг илүү баяжуулж экспортын нэр төрлийн бараа бүтээгдэхүүнүүдээр төрөлжүүлж, бусад төрлийн хөрөнгө оруулалтыг татах бололцоо их байна.

Кувейтийн хөгжлийн сан гэж бий. Катарын сан гэж бий. Эдгээр сангууд Монгол Улсад хөрөнгө оруулахад бэлэн гэдгээ Элчин сайдад нотолсон. ТЭЗҮ нь бэлэн томоохон төслүүд байвал санхүүжилтийгнь өгье гэдгээ албан ёсоор илэрхийлсэн. Мөн Катар, Кувейтийн бизнес эрхлэгчид Монгол Улсад хөрөнгө оруулалт хийе, мах махан бүтээгдэхүүний чиглэлээр үүн дотор ингэний хоормог, гүүний саамыг боловсруулах чиглэлд хамтарч ажиллая гэж байгаа. Сүү, сүүний чиглэлээс гадна ноос ноолуур, аялал жуулчлал, зочид буудлын чиглэлээр хамтарч ажиллая гэж байгаа. Бизнес форум, уулзалт нь манай хоёр орны бизнес эрхлэгчийн хамтын ажиллагааг өргөжүүлэх байх гэж бодож байна.

-Монгол-Кувейтийн хооронд шууд нислэгтэй болох тухай мэдээлж байсан. Энэ хэзээнээс эхлэх вэ?

-2023 оны гуравдугаар сарын 5-9-ны хооронд Монгол Улсыг сурталчилах “Welcome to Мongolia” арга хэмжээний үеэр хоёр улсын Зам, тээврийн сайд нартай Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт Засгийн газар хоорондын агаарын хэлэлцээр хийж, гарын үсэг зурж гэрээ байгуулна. Энэхүү гэрээг байгуулснаар Монгол Улсаас Катар, Кувейт улс руу нислэгтэй болно. Экспортын бараа бүтээгдэхүүнээ тээвэрлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчдыг Монгол руу авч ирэх зэргээр том боломж нээгдэж байгаа учраас энэхүү агаарын хэлэлцээрийн ач холбогдол нь өндөр юм.

-Гэрээг байгуулснаар хэзээнээс яг шууд нислэг хийгдэж эхлэх төлөвтэй байгаа бол?

-Засгийн газар хоорондын хэлэлцээр батлагдсанаар тухайн улс орнуудын иргэний нисэхийн байгууллагууд, холбогдох мэргэжлийн гэрээ хэлэлцээр, техникийн шаардлагуудаа тохирч зорчигчийн болон ачаа тээврийн шууд нислэг хийх боломж нээгдэнэ. Бид анхны нислэгийг энэ ондоо багтаж хийгдэх болов уу гэсэн хүлээлттэй байна.

-Хоёр улсын хооронд аялал жуулчлалыг хөгжүүлэхэд бид юунд анхаарах хэрэгтэй гэж та харж байна. Энэ чиглэлд одоо яг ямар ажлууд хийгдэж байна вэ?

-Булангийн орнуудаас жуулчдыг эх орондоо татахаар ажиллаж байна. Манай улсын БОАЖЯ Катар, Кувейттэй аялал жуулчлалын салбарт хамтарч ажиллахаар бэлтгэж байна. Маш ойрын хугацаанд гэрээнд гарын үсэг зурна. Ингээд аялал жуулчлалын компаниуд хоорондоо харилцаа холбоо тогтоож жуулчдаа татаж ирүүлэх, бүх зүйлдээ хамтарч зохион байгуулах ажил нээгдэнэ. Бид бүтээгдэхүүнээ өндөр үнэтэй чанартайгаар энэ зах зээлд нийлүүлбэл манай улсад үлдэх өгөөж нь илүү өндөр байна гэдэг утгаараааялал жуулчлал, хөдөө аж ахуйн салбарын зорилтот зах зээл булангийн орнууд гэж бодлогодоо тодорхойлж оруулаад үүнийхээ төлөө ажиллаж байна.

-Та Монгол Улсын иргэний хувьд дэлхийн хамгийн баян хоёр орны хөгжил дэвшлийг анхаарч судалж, өөрийн нүдээр харж мэдэрч байгаа байх. Монгол Улс маань яаж энэ зэрэгт хүрэх вэ гэж боддог л байх..

-Кувейт байгалийн баялаг, газрын хийн арвин нөөцтэй. Энэ хэмжээгээрээ өндөр орлоготой, ард түмэн нь ч элбэг дэлбэг сайхан амьдардаг юм байна.

Нийт хэрэглээний бараа бүтээгдэхүүнийхээ 80 орчим хувийг импортоор авдаг. Тиймээс энэ улсад өөрийн үйлдвэрлэж чадах хамгийн сайн бүтээгдэхүүнээ экспортлох нь чухал гэж харж байна. Тиймээс ярианы эхэнд хэлсэнчлэн мах, сүү, гурилан зэрэг хүнсний бүтээгдэхүүн, мөн ноос ноолуур, хивс зэргийг экспортлох бүрэн боломж байна. Түүнчлэн аялал жуулчлалын салбарт бидний хамтын ажиллагаанд маш том боломж байна. Үүнээс гадна энэхүү улсаас хямд үнэтэй бензин импортолж авах боломж байна. Энд литр бензин Монгол төгрөгөөр 980 орчим төгрөгийн үнэтэй байна. Ийм хямд үнэтэй бензинийг эх орондоо нийлүүлэхсэн гэсэн бодол төрдөг. Тийм ч учраас холбогдох иргэд, байгууллагуудтай энэ чиглэлээр ажлууд яриа хэлэлцээрийн түвшинд байна.

Манай улс уул уурхайн баялагтайгаас гадна хөдөө аж ахуйн орон шүү дээ. Тиймээс хөдөө аж ахуйн үйлдвэрлэлээс их хэмжээний орлого олдог баймаар байна. Боломж нь ч энд их байна гэдгийг ярианы эхэнд дурдлаа шүү дээ. Түүнчлэн эх орныхоо онгон дагшин үзэсгэлэнт байгалиа сурталчилж тодорхой хэмжээний орлого олох боломж байна. Тиймээс аль аль талдаа идэвхтэй үр дүнтэй хамтарч ажиллаж чадвал бид энэ өндөр хөгжилтэй улс оронд бараа бүтээгдэхүүнээ нийлүүлж аж амьдралаа дээшлүүлж чадна. Энэ утгаараа манай яамны хамт олны хувьд хоёр орны хамтын ажиллагааг бүхий л чиглэлд сайжруулах, идэвхтэй ажиллахыг эрмэлзэж байна. Эдийн засгийн үр ашгийг ярихаас гадна хоёр орны ард түмний хамтын ажиллагааг соёл боловсрол, мэдээлэл технологи, шинжлэх ухааны салбарт илүү их нягт өргөжүүлэн хөгжүүлэх шаардлага байна. Иймээс гуравдугаар сард болох соёлын арга хэмжээнд онцгойлон анхаарал хандуулж байна.

Нэмж хэлэхэд Катар улс руу манайх бүх төрлийн паспортаар визгүй зорчихоор болсон. Хоёр орны Гадаад харилцааны сайд нар гарын үсэг зурснаар манай хоёр орны иргэд харилцан визгүй зорчих боломж нээгдэнэ. Энэ ажил маш ойрын хугацаанд хийгдэнэ гэж харж байна.

-Нэг орноос шатахууны хамааралтай болчихоод байгаа энэ үед та өөр улсаас эх үүсвэр оруулж ирэхээр эрмэлзэж байгаа талаараа дурдлаа. Хямд үнэтэй шатахуун Кувейтээс авахын тулд бид нэн түрүүнд ямар ажлыг зохион байгуулах шаардлага байна вэ?

-Бид нэлээн алс зайд оршдог. Гэхдээ Хятадаар дамжуулж далайн тээврээр шатахуун худалдаж авах боломж байна. Монгол Улсын Засгийн газар 2016 онд хамтран ажиллах санамж байгуулаад гарын үсэг зурсан юм билээ. Үүнийг үргэлжлүүлж манай улсын Засгийн газар, аж ахуйн нэгж байгууллагууд, харъяалсан бодлогын яамнаас тодорхой хэмжээний санал ирүүлж хариуцсан байгууллагатай уулзалт, яриа хэлэлцээр хийвэл энэ ажил үр дүнд хүрэх болов уу гэж харж байна. Манай улсын шатахуун нийлүүлдэг хувийн компаниуд хамтарч ажиллах саналаа ирүүлж байна.

Бизнес форумын үеэр зарим нэг аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл ирнэ. Тэр үеэр мэргэжлийн байгууллагуудтай уулзаж ярилцах болов уу.

-Ярилцлагын төгсгөлд сонирхож асуухад Катар, Кувейтэд монголчууд хэр их байдаг вэ?

-Монголчууд цөөхөн байдаг. Кувейтэд манай элчин сайдын яамны ажилтнууд аж төрж байна. Катарт цөөн тооны иргэд байдаг. Цар тахлаас шалтгаалж ихэнх нь нутаг буцсан. Катар, Кувейт улс уур амьсгалын хувьд маш их халдаг учраас энд монгол хүн ирж амьдрахад тодорхой хэмжээний бэрхшээл учирдаг болов уу гэж бодож байна.

-Ярилцсанд баярлалаа. Монголчуудын өв уламжлал болсон сар шинийн дараахан хоёулаа ярилцаж байна. Тиймээс та ерөөлийн сайхан үгээр ярилцлагаа жаргааж өгнө үү?

-Монгол Улс болон Катар, Кувейтийн хоорондын хамтын ажиллагаа цаашид улам эрчимжиж үр дүнтэй болно гэж итгэж байна. Эх орондоо бодит үр дүн авч ирэхийн төлөө манай Элчин сайдын яам мөн хичээж ажиллах болно гэдгийг Өдрийн сониноор дамжуулж Монгол түмэндээ хэлье. Ирж байгаа туулай жилдээ юу санасан есөн цагаан хүсэл нь бүтэж, аз жаргалтай сайхан амьдрахын ерөөлийг Монголынхоо ард түмэндээ дэвшүүлье.


Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Отгонгэрэл: Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахгүйгээр УИХ-ын гишүүдийн тоог нэмэх боломжгүй DNN.mn

Хууль зүйн ухааны доктор, профессор, хуульч, өмгөөлөгч С.Отгонгэрэлтэй ярилцлаа.


-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахгүйгээр иргэдийг төлөөлж байгаа төлөөллийн тоог нэмэгдүүлж, сонгуулийн тогтолцоог өөрчлөх боломж бий юу?

-Хоёр тохиолдолд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулдаг. Энэ талаар эхлээд тайлбарлая. Нэгдүгээрт, Үндсэн хуулийн 68.2-т Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар УИХ-ын гишүүдийн гуравны хоёроос доошгүйн саналаар ард нийтийн санал асуулга явуулж болно” хэмээн заасан байдаг.

Өөрөөр хэлбэл, УИХ-ын 51 гишүүний саналаар ард нийтийн санал асуулга явуулж болно гэсэн үг л дээ. Түүнчлэн мөн заалтад “Уг санал асуулгыг Үндсэн хуулийн 25.1.16-д заасан үндэслэлийн дагуу явуулна” гэсэн байдаг.

Тэгвэл ард нийтийн санал асуулга явуулах зохицуулалт болох 25.1.16-д Монгол Улс өөрийн тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг үгүйсгэх аливаа оролдлогыг үл зөвшөөрөх бөгөөд мөнхүү зорилгоор ард нийтийн санал асуулга явуулахыг хориглоно. Сонгуулийн эрх бүхий иргэдийн олонхи нь оролцсон ард нийтийн санал асуулгыг хүчинтэйд тооцож, олонхийн санал авсан асуудлыг шийдвэрлэгдсэн гэж үзнэ” гэж байгаа юм.

Энэ заалтад хамгийн гол нь сонгуулийн эрх бүхий иргэдийн олонх нь оролцсон ард нийтийн санал асуулгыг хүчинтэйд тооцно гэж заасан байна. Гурван сая 400 мянган иргэний хоёр сая нь сонгуулийн эрх бүхий иргэн гэж бодъё л доо. Тэгвэл үүний олонх гэхээр нэг саяас дээш иргэн дэмжсэн тохиолдолд ард нийтийн санал асуулгыг хүчинтэйд тооцох нь. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах дараагийн гарц нь Үндсэн хуулийн 69.1-т зааснаар УИХ-ын нийт гишүүдийн ¾ доошгүйн саналаар буюу 57 гишүүний дэмжсэн саналаар өөрчлөлт оруулах нь. Жишээ нь, 2019 оны нэмэлт өөрчлөлт, 2022 оны наймдугаар сарын давхар дээлтэй холбоотой өөрчлөлт шиг.

-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахгүйгээр УИХ-ын гишүүдийн тоог нэмж болох уу?

-Болохгүй. Үндсэн хуульд 21.1-д УИХ нэг танхимтай 76 гишүүнтэй байна гээд заачихсан. Тиймээс Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж байж гишүүдийн тоог нэмж болно.

-Харин сонгуулийн тогтолцоог заавал Үндсэн хуулиар бус Сонгуулийн тухай хуулиар өөрчилж болох нь гэж ойлголоо?

-Тийм. Сонгуулийн тогтолцоог Сонгуулийн тухай хуулиар өөрчлөх нь нээлттэй. Үндсэн хуулийн 21.2-т УИХ-ын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, дөрвөн жилийн хугацаагаар сонгоно гэсэн байгаа. Үүгээр юу хэлэх гээд байна гэхээр сонгуулийг ямар тогтолцоогоор явуулахыг зааж өгөөгүй. Ийм ч учраас 2012 оны УИХ-ын сонгууль холимог тогтолцоогоор явуулсан. Хэрвээ бид Үндсэн хуулиар сонгуулийн тогтолцоог өөрчлөх боломжгүй байлаа гэхэд Сонгуулийн тухай хуулиар өөрчлөх боломжтой. Манайхан мажоритар системээр улсаа ганцхан тойрог болгоод байгаа нь буруу. Европын орнууд тухайн улсыг хэдэн ч тойрогт хувааж болдог. 26 тойрог байлаа гэхэд түүнийг хэд ч хувааж болдог. Манайх 26 тойргоо бүсчилж ч юм уу эсвэл гурав хувааж болно шүү дээ.

-76-хан гишүүнтэй байх нь ард нийтийн төлөөллийг хангаж чадахгүй байна, нэмэх хэрэгтэй хэмээн нийгмийн тодорхой хэсэг дүгнэдэг. Тэгвэл заавал ҮХНӨ оруулахгүйгээр Цэцэд гомдол гаргаад ч юм уу, үүнийг шийдэх боломжгүй юу. Давхар дээлийн асуудал шиг?

-Болохгүй. Нэгдүгээрт, Үндсэн хуульд анхнаасаа л 76 гишүүнтэй байхаар заачихсан. Өөрөөр хэлбэл, 76 гишүүнтэй байх заалт нь Үндсэн хуулийн суурь заалт. Цэцээр шийдвэр гаргуулбал Үндсэн хуульд халдсан үйлдэл болно. Их ч маргаан гарна. Харин давхар дээлтэй холбоотой заалт бол 2019 онд нэмэлтээр орсон заалт шүү дээ. Нэг талаас 2019 онд орсон заалт бол хязгаарлачихсан байсан. Засаглал хуваах онолын хувьд энэ заалт нь болохгүй байгаа юм. Учир нь Үндсэн хуулийн 1-р зүйлийн 1.1-д зааснаар Бүгд найрамдах улс. Үндсэн хуулийн 20.1.1-т УИХ төрийн эрх барих дээд байгууллага мөн гээд заачихсан байгаа юм. Үүнээс үзвэл манай улс парламентын бүгд найрамдах улс. Парламентын бүгд найрамдах улсад Ерөнхий сайд нь хүчтэй байдаг. Сонгуулиар манай намыг сонгоорой гээд иргэдийн дэмжлэгийг аваад олонх болсон тохиолдолд сонгуулийн ялалтад нөлөөлсөн тухайн намын хүчтэй лидерүүд Засгийн газарт орж ажиллаж хариуцлагаа хүлээх ёстой. Сонгодог парламентын зарчмаар олонх болсон нам нь Засгийн газрын ажлаа давхар хийдэг. Жишээ нь, АНУ ерөнхийлөгчийн засаглалтай улс. Ерөнхийлөгч нь гүйцэтгэх засаглалынхаа тэргүүн нь болдог. Гэтэл манайх дөрөв гээд хязгаарласан нь засаглал хуваах онолоор болохгүй байна хэмээн Цэц долоон үндэслэлээр тайлбарласан шүү дээ.

Categories
мэдээ нийгэм

М.Эрдэнэтуяа: Засгийн газар ноолуурын анхан шатны үйлдвэрийн шат дамжлагыг нэг шатаар нэмэгдүүлэх бодлогоосоо ухарлаа DNN.mn

Сор кашмерийн захирал М.Эрдэнэтуяатай ярилцлаа.


-Юун түрүүнд танай салбарт тулгамдаад буй гол асуудлаас ярилцлагаа эхэлье?

-Хатуухан хэлэхэд, Монгол Улс өнгөрсөн хугацаанд Хятадын ноолуурын түүхий эдийн агуулах болж ирлээ. Дотоодын үйлдвэрүүд бүх түүхий эдээ Хятад руу алдчихаад байна. Монгол Улсын ноолуурын нийт гарц нь 10 мянган тонн. Үүний 20 хувийг үндэсний үйлдвэрүүд авч боловсруулалт хийж байна. 80 хувийг нь Хятад руу экспортолж байна. Ингэхдээ ямар ч татваргүй шүү. Тодруулж хэлбэл, Хятадын нөлөөтэй, хөрөнгө оруулалттай, эзэмшилтэй зэрэг олон үйлдвэр Монголд бий. Тэдгээр үйлдвэрүүд үйлдвэрийн нэгдүгээр шат дамжлага буюу ноос, ноолуурыг зөвхөн угаагаад авч гаргадаг. Гэтэл угаасан ноолуураас татвар авдаггүй. Ийм учраас Монголын ноос, ноолуур үйлдвэрлэгч компаниудаас ноос, ноолуурыг зөвхөн угаагаад экспортлох бус хялгас, шороог нь ялгаж цэвэр ноолуур үйлдвэрлэж экспортолъё гэсэн хүсэлтийг сүүлийн 12 жил, дөрвөн ч Засгийн газар, УИХ-д тавьсан.

Ингээд 2020 оны тавдугаар сарын 10-нд ноолуурын үйлдвэрийн шат дамжлагыг нэг шатаар нэмэгдүүлье гэсэн УИХ-ын тогтоол гаргуулсан. Түүнчлэн 2022 оны аравдугаар сарын 19-нд Засгийн газраас “Ноолуурын үйлдвэрлэл болон экспортод тавигдах техникийн шаардлага” хэмээх 380 дугаар тогтоол гаргасан. Энэ тогтоолоор 0.3 хувь хүртэлх хялгасын агууламжтай ноолуурыг экспортод гаргахаар зохицуулсан. Гэтэл өнгөрөгч долоо хоногийн Засгын газрын хуралдаанаар уг тогтоолын хэрэгжилтийг хойшлууллаа.

-Уг тогтоол хэрэгжсэн бол эдийн засагт ямар ач холбогдолтой байсан бэ?

-Манай салбар 200 орчим сая долларын экспортын орлого нэмж оруулж ирэх байлаа. Үүнээс гадна зөвхөн хялгас ялгах үйлдвэр байгуулагдсанаар бид 4500-5000 орчим ажлын байрыг нэмэгдүүлэх байлаа. Мөн Хятадын зах зээлээс л хамааралтай байснаа больж Италийн зах зээл рүү гаргаж байгаа самнасан ноолуурын хэмжээ нэмэгдэх байлаа.

Италийн талаас самнасан ноолуурын экспортын хэмжээгээ нэмэх захиалга орж ирж байгаагаас гадна Англи, Германы зах зээлээс мөн захиалга орж ирж байна. Ингээд Итали, Англи, Франц, Энэтхэг гэсэн нэхмэлийн үйлдвэр хөгжсөн орнуудаас самнасан ноолуурын захиалга орж ирж, бид угаасан ноолуур биш самнасан ноолуур гаргаж Монголд орж ирэх валютын орлого нэмэгдэх байлаа. Улстөрчид эдийн засгийг солонгоруулна гэж олон жил ярьж байна. Харамсалтай нь ярихаас бусдыг хийж чадахгүй байна. Уул уухайгаас л ганцхан валют олдог байснаа солонгоруулах боломж асар их байна. Монгол бол хөдөө аж ахуйн орон. Хөдөө аж ахуйн салбараас валютыг ихээхэн хэмжээгээр оруулж ирдэг бүтээгдэхүүн нь ноолуур. Ноолуур 350 орчим сая ам.долларын орлого оруулж ирж байна. Үүнийг бид 200 сая ам.доллараар нэмэгдүүлэх боломж байлаа.

-Гэхдээ манай улсын ноолуурын үйлдвэрүүдийн хялгас ялгах боломж бололцоо нь хэр байдаг вэ. Дотоодын самнах үйлдвэрүүдийн хүчин чадал дөнгөж 60 орчим хувьтай байна гэсэн мэдээллийг УИХ-ын гишүүд өгч байгаа шүү дээ?

-Улстөрчид бохир ноолуур, цэвэр ноолуурын дүнг зөрүүлж яриад байгаа юм. 10 мянган тонн ноолуурыг угаагаад самнахад таван мянган тонн болдог л доо. Бид үүнийг л хэлсэн юм. Өөрөөр хэлбэл, бид самнаснаар зургаан мянган тонн ноолуур самнах чадал байна гээд тайлагнаад байхад л зургаан мянган тонн чинь түүхий ноолуурын чадал юм уу гэж асуугаад байгаа юм. Бидэнд энэ боловсруулалтыг хийх суурилагдсан хүчин чадал нь байна. Харин ч бидэнд энэ борлуулалтыг хийх суурилуулагдсан хүчин чадал нь түүхий ноолуураар 12 мянган тоннын хүчин чадал байна. Үүнийг зургаан мянган тонн түүхий ноолуур гэж улстөрчид ойлгоод байна. Үүнийг ойлгуулах гэж Монголын ноос, ноолуурын холбоо Эдийн засаг, хөгжлийн яам, Сангийн яамныхантай мөн ч олон удаагийн уулзалт хийсэн.

Ноолуур бол 50-хан хувийн гарцтай бараа гэдгийг ойлгомоор байгаа юм. Угааж, самнаад боловсруулахад л 10 мянган тонн түүхий ноолуур таван мянган тонн болно гэдгийг л хэлээд байгаа юм шүү дээ. Магадгүй бид зургаан мянган тонн гэж хэлэлгүй 12 мянган тонн ноолуурыг угааж, самнах суурилагдсан хүчин чадал бүрэн байна гэж л хэлэх байж л дээ. Тэгвэл сая нэг юм ойлгох байж уу ч гэж бодох шиг.

-Ер нь нийт хэдэн үйлдвэр байгаа вэ?

-Шинээр 14 үйлдвэр байгуулагдаж байна. Энэ нь зургаан мянган тонн ноолуурыг самнах хүчин чадалтай үйлдвэр гэсэн үг. Хуучин үйлдвэрүүдээс дөрвөн үйлдвэр нэмж хөрөнгө оруулалт хийж байна. Одоогоор 27 үйлдвэр байнгын, хэвийн үйл ажиллагаа явуулж байна. Сүлжмэлийн үйлдвэрүүдтэй нийлээд нийт 40 орчим үйлдвэр түүхий эд авч байна.

-Ноолуурыг самнах нэрийдлээр дотоодын үйлдвэрүүд ноолуурын үнийг унагаад байдаг гэсэн яриа байдаг. Үүнд та ямар хариулт, тайлбар хэлэх бол?

-Ноолуурын үнэ энэ жил тэд байна гэж бид тодорхойлох ямар ч боломжгүй шүү дээ. Учир нь ноолуур дэлхийн зэх зээл дээр сүлжмэл, нэхмэл хувцас болж зарагддаг. Тиймээс ноолууран хувцасны зах зээлийн эрэлт ямар байна гэдгээс үнэ шалтгаалдаг.

Ковидын дараа эрэлт сайжирч байгаа гэсэн мэдээлэл бий. Европ, Хятадын ноолууран бүтээгдэхүүний дэлгүүрүүд хоёр, гурван жил хаалттай байсан бол саяхнаас нээгдэж эхэлж байна. Ноолууран хувцсыг дундаж давхаргынхан түлхүү хэрэглэдэг. Тэдгээр хүмүүсийн худалдаж авах чадамж буурсантай холбоотой байдаг болохоос Монголын зах зээл дээр бид үнэ тогтоодог зүйл биш. Хоёрдугаарт, дэлхийн түүхий ноолуурын 50 хувийг Монгол Улс эзэлдэг. Ноолуурын зах зээлд ийм том байр суурь эзэлдэг хэдий ч бид түүхий эдээ дандаа хятад руу л өгдөг. Түүнийг нь хятадууд нутгийн гүн рүүгээ оруулж самнаж, боловсруулаад, будаж, ээрэх зэргээр олон зуун мянган ажлын байр бий болгож нэмүү өртөг шингээж байна. Тиймээс монголчууд өөрсдөө нэмүү өртгөө шингээж авдаг байя гэдэг саналыг л үе үеийн Засгийн газарт тавьсан. 2022 оны аравдугаар сард Засгийн газар самнасан ноолуур гаргана гэсэн зоригтой шийдвэр гаргасан боловч Эдийн засаг, хөгжлийн яам энэ шийдвэр нь цаг үеэ олоогүй шийдвэр байна. Тус шийдвэрийг 2024 оны долдугаар сарын 1 хүртэлх хуучин шийдвэрээрээ явъя гэж шийдлээ. Энэ хугацаанд биднийг хөрөнгө оруулалт, техник тоног төхөөрөмж, үйлдвэрүүдээ нэмж байгуул, самнах үйлдвэрүүдээ бэлтгэж, боловсон хүчнээ сургаж бэлтгэж бэлтгэлээ хангаж Монголын үйлдвэрүүдэд өгөх эргэлтийн зээлийг нэмэгдүүлье гэсэн шийдвэр гарсан. Өнгөрөгч долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар Монголын ноолуурын салбарт 500 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгохоор шийдлээ.

500 тэрбум төгрөгийн 300 орчим тэрбумыг нь дотоодын арилжааны банкнаас гаргана, 200 орчим тэрбумыг нь олон улсын санхүүгийн байгууллагаас зээл босгож өгөх тогтоол гаргалаа.

-Тус зээлийг авахад бэрхшээлтэй зүйл байна уу?

-Нэн түрүүнд зээл олгох журмаа өөрчилмөөр байгаа юм. Үйлдвэрүүд газар, үл хөдлөх хөрөнгөө банкинд барьцаалж зээл авч байна. Энэ нь үйлдвэрүүдийн газар, үл хөдлөх хөрөнгө тэлэх, томруулах боломжгүй болгож байгаа юм. Тиймээс үйлдвэрүүдийн менежмэнт, зээлийн төлөлт, чадамжийг үнэлэх хэрэгтэй. Үйлдвэрүүдийн гадаад экспортын гэрээг барьцаалах асуудлыг судалж зээлийн даатгал хийх асуудал яригдаж байна. Түүнчлэн тухайн компанийг зээлжих зэрэглэлээр үнэлмээр байна. Банкууд бидний үл хөдлөх хөрөнгө, газрыг үнэлэхдээ 2010, 2015 оны үнээр үнэлээд байгаа юм. Өөрөөр хэлбэл, 10 жилийн өмнөх үнээр газраа үнэлүүлчихээд сууж байна. Тиймээс банкууд экспортын компаниудын зээлжих зэрэглэлийг тогтоож, энэ компаниудын үл хөдлөх, газрыг өнөөгийн үнээр үнэлж өгмөөр байна. Мөн компаниудын агуулахад байгаа түүхий болон цэвэр ноолуур, ээрмэл, сүлжмэл, Англи, Италийн үнэтэй тоног төхөөрөмжийг нь барьцаалмаар байна.

-Дотоодын үйлдвэрүүд баруун аймгийн ноолуурыг хялгас ихтэй гэж шалтаглаад авдаггүй, бусад аймгаас илт доогуур үнэлдэг гэх шүүмжлэл байдаг. Үүнд та ямар тайлбар хэлэх вэ?

-Аль аймгаас шалтгаалж ноолуурын үнэ зөрүүтэй байдаг нь хялгасын агууламжаас шалтгаалдаг. Тухайлбал, зүүн аймгийн ноолуурыг угааж самнахад гарц нь 80-85 хувь, төвийн бүсийнх 75-80, говийн болон баруун бүсийнх 70-75, 65 хувийн гарцтай байдаг. Энэхүү зөрүүнээс шалтгаалж үнэ нь өөр байдаг. Малчдаас худалдаж авсан ноолуурыг угааж самнаад гаргасан цэвэр ноолуураар хувцас хийдэг болохоос түүн дотор агуулагдаж байгаа хялгас хогоор хувцас хийхгүй шүү дээ. Энэхүү ялгамжтай үнийг малчид, малчдын хоршоод маш сайн мэддэг. Үүнийг улстөрчид л мэдэхийг хүсдэггүй. Хялгас ихтэй муу ноолуурыг ч Хэнтий, Дорнодын сайн ноолуурын үнэтэй адилаар худалдаж авах ёстой гээд байдаг.

Дотоодын үйлдвэрүүдэд лаборатори ажиллаж байгаа. Тиймээс ноолуурыг түүхий дээр нь хялгас агууламжийг нь шинжилж, судалж байгаа. Дотоодын үйлдвэрийн олонх лабораториуд Монгол Улсын итгэмжлэгдсэн лаборатори болсон.

Монголд байгаа Итали, Хятадын хөрөнгө оруулалттай ямар ч үйлдвэрүүд ноос, ноолуурынхаа шинж байдлыг маш сайн шинжилсэн, түүнд тохирох үнэ ханшийг өгдөг болсон.

-Энэ жилийн ноолуурын үнэ барагцаагаар хэдтэй байх бол. Өмнөх жилийнхээс үнэ нь яаж хэлбэлзэх бол?

-Юань, ам.долларын ханш өсчихлөө. Тиймээс энэ жилийн ноолуурын үнэ өмнөх жилийнхээс сүрхий буухгүй болов уу. Энэ жилийн ноолуурын дундаж үнэ 120, 130 мянга орчим төгрөгийн ханшаар эхлэх болов уу гэж бодож байна. Гэхдээ бид ноолуур тэдэн төгрөг байна гэж хэлэх боломжгүй. Ярианы эхэнд хэлсэнчлэн ноолуурын эдлэлийн эрэлтээс 100 хувь шалтгаалдаг. Үүнээс гадны дотоодод олон үйлдвэр байгуулагдахаар байна. Үйлдвэр олон байх тусмаа л үнэ өрсөлдөөнтэй болдог.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Батмөнх: УЕП-оос гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал оруулбал ээлжит бус чуулган зарлаж, ажлын 5 өдрийн дотор шийдвэрлэдэг DNN.mn

Судлаач, хуульч Д.Батмөнхтэй ярилцлаа.


-УИХ-ын хоёр ч гишүүн бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын даргад хүргүүлээд байна. Чуулган завсарласан энэ үед УИХ-ын хоёр болон түүнээс дээш гишүүн чөлөөлөгдөх хүсэлтээ хүргүүлсэн бол хуулиар хэрхэн шийдвэрлэдэг вэ. Ээлжит чуулган эхлэхийг хүлээх үү, эсвэл ээлжит бус чуулган зарлаж хэлэлцдэг үү?

-Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 9 дүгээр зүйлд УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх, 10 дугаар зүйлд УИХ-ын гишүүний бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болох гэсэн заалтуудад энэ талаар тодорхой тусгасан байдаг.

Тухайн УИХ-ын гишүүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн, гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл гэмт хэргийн газарт нотлох баримттай нь баривчилж, улмаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай саналыг Улсын ерөнхий прокурор УИХ-д оруулсан бол УИХ чуулганы үеэр ажлын 5 өдрийн дотор гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэдэг. Харин УИХ чуулганы чөлөө цагт дээрх саналыг хүлээн авсан бол 24 цагийн дотор ээлжит бус чуулган зарлаж, чуулганы хуралдаан эхэлснээс хойш ажлын 5 өдрийн дотор хэлэлцэж шийдвэрлэх зохицуулалттай.

-Ж.Мөнхбат, Т.Аюурсайхан нарын гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзэх өргөдлийг хүлээж авахгүй байх боломжтой юу. Ямар тохиолдолд хүлээж авдаггүй вэ?

-Ж.Мөнхбат, Т.Аюурсайхан гишүүдийн хувьд УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын даргад өгсөн. Энэ тохиолдолд хугацаа заагаагүй. Мэдээж УИХ-ын гишүүн өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-аар заавал хэлэлцдэг. Тухайн гишүүний гаргасан хүсэлтийг нь УИХ-ын гишүүдийн олонх дэмжсэн бол тухайн гишүүний бүрэн эрх хугацаанаасаа өмнө дуусгавар болох заалттай. Хэрвээ хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй бол бүрэн эрхийн хугацаа дуусгавар болохгүй. Тиймээс тухайн гишүүн хүсэлт гаргаснаар гишүүний бүрэн эрх нь шууд дуусгавар болдоггүй. Жишээлбэл, өнгөрөгч дөрөвдүгээр сард болсон кейсээр жишээ дурдъя л даа. УИХ-ын гишүүн Г.Амартүвшин гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзэж шалгуулъя гэсэн. Нэгдсэн чуулганаар УИХ-ын гишүүдийн олонх нь чөлөөлөгдөх саналыг нь дэмжээгүй. Энэ хүсэлтийн дараахан буюу 2022 оны дөрөвдүгээр сарын 25-нд УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Ё.Баатарбилэг нарын дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлсэн. Энэ саналыг нь УИХ-ын гишүүд хүлээж аваагүй. Тиймээс энэ удаад ч үүнтэй адил тохиолдол гарахыг үгүйсгэхгүй.

-Уг асуудлыг ямар байнгын хороодоор хэлэлцүүлдэг вэ?

-УИХ-ын гишүүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн, гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл гэмт хэргийн газарт нотлох баримттай нь баривчилж, улмаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай саналыг Улсын ерөнхий прокурор УИХ-д оруулсан тохиолдолд буюу гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг Халдашгүй байдлын дэд хороо, Хууль зүйн байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хороодын санал дүгнэлтэд үндэслэж чуулганы хуралдаанаар хэлэлцдэг. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны нууц санал хураалтаар түдгэлзүүлэх асуудлыг шийдвэрлэдэг. Харин гишүүн өөрөө хүсэлтээ өгч байгаа тохиолдолд бүрэн эрх нь дуусгавар болох гэдэгт хамаардаг.

-Засгийн газрын гишүүн өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх асуудалд УИХ ямар шийдвэр гаргах эрх зүйн чадамжтай вэ?

-УИХ-ын Дэгийн тухай хуулийн 101.1-т зааснаар Ерөнхий сайд Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх, огцруулах, түүнтэй холбогдуулан шинээр томилох асуудлыг УИХ-д танилцуулах тухайгаа УИХ-ын даргад мэдэгдэж товыг тогтоолгоно. Ингээд Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх, огцруулах, томилох асуудлыг нэгдсэн хуралдаанд танилцуулдаг. УИХ-ын гишүүд Ерөнхий сайд болон томилогдох этгээдээс асуулт асууж, үг хэлж болдог. Харин УИХ-аас аливаа шийдвэр гаргахгүй. Өөрөөр хэлбэл, шийдвэр гаргах нь Ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал гэсэн үг.

-Та үүнтэй төстэй гэхдээ ИТХ-тай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн Цэцэд өнгөрөгч нэгдүгээр сард мэдээлэл гаргасан шүү дээ. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юү?

-2020 оны арванхоёрдугаар сарын 24-ний өдөр УИХ-аас Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг баталсан. Энэхүү хуулийн 41.2-т хурлын төлөөлөгчийг энэ хуулийн… 41.1.3,…-д заасан тохиолдолд огцруулах тухай асуудлыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ.. гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 1.Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ…, Тавьдугаар зүйлийн 2.Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ… гэснийг тус тус зөрчиж байгаа юм. Тиймээс Цэцэд мэдээлэл гаргасан.

УИХ-аас баталсан Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 41.1-т Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн бүрэн эрх дараах үндэслэлээр хугацаанаас өмнө дуусгавар болно…, 41.1.3-т гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор батлагдсан тохиолдолд төлөөлөгчийн бүрэн эрх нь дуусгавар болохоор заасан ба тухайн шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон ч тухайн асуудлыг иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар хэлэлцэхээр заасан нь шүүхийн шийдвэр хэрэгжихэд саад учруулж байгаа юм. Өөрөөр хэлбэл, хурлаар хэлэлцэх асуудлын жагсаалтад тухайн шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолыг хэлэлцэхээр оруулахад төлөөлөгчид Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 39.1.3-т хэлэлцэж байгаа асуудлын талаар асуулт асууж хариулт авах, санал, дүгнэлт гаргах, санал хураалгах эрхтэй байхаар заасан буюу энэ эрхийнхээ хүрээнд тухайн шүүхийн шийтгэх тогтоолтой холбоотой асуудлыг дурын төлөөлөгч санал оруулж хэлэлцэх асуудлаас хойшлуулах санал гаргаж үүний дагуу санал хураалт явуулж олонхын саналаар хэдэн ч удаа хойшлуулж болохоор нөхцөл үүсч байна.

Хэрэв төлөөлөгчдийн хурлаар тухайн төлөөлөгчийн огцруулах асуудлыг хойшлуулсаар байвал Монгол Улсын шүүхийн шийдвэр хэрэгжих боломжгүй болж, шүүхийн шийдвэрийг давсан хүчин чадалтай шийдвэрийг хурлын төлөөлөгчид гаргах боломжтой байдлаар хуульчилсан нь Монгол Улсын Үндсэн хуулийг шууд зөрчиж шүүх эрх мэдэлд халдсан зохицуулалт болсон байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Г.Амартүвшин: 1072 хувьцааг эзэмшиж байгаа хоёр сая иргэнд 1-2 сая төгрөгийн ногдол ашиг тараах боломжгүй DNN.mn

УИХ-ын гишүүн Г.Амартүвшинтэй ярилцлаа.


-Өнгөрөгч намрын чуулганы үр дүнг хэрхэн дүгнэж байна гэдгээс ярилцлагаа эхэлье?

-Олон хуулийн төслийг хэлэлцлээ. Үүнээс хамгийн чухал нь 2023 оны төсвийг аль болох алдагдал багатай батлах зорилготой ажилласан. 2022 оны эдийн засгийн нөхцөл байдал амаргүй, хүндхэн байлаа. Оны төгсгөлд экспортын гол бүтээгдэхүүнүүд эдийн засаг нийтдээ өссөн дүнтэй гарсан. Валютын нөөц ч хомсдолтой байсан бол 3.5 тэрбум ам.доллар болж өссөн. Энэ нь төгрөгийн ханшны уналтыг тодорхой хэмжээгээр тогтворжуулсан гэж харж байгаа. Хүүхдийн мөнгийг олгохтой холбоотой асуудал нэлээн маргаан дагуулсан. Хүүхдийн мөнгө бол халамж. Тиймээс ярилцаад 91 хувьд нь олгоё гэж тогтсон. Үүнээс гадна намрын чуулганаар Зөвшөөрлийн тухай хуулийг баталсан. Энэхүү хууль нь бизнес орчныг сайжруулсан хуулийн төсөл болсон. 1400 гаруй зөвшөөрлийн жагсаалттай нэг бүрчлэн танилцаж 385 болгож бууруулсан. Түүнчлэн зөвшөөрөл олгох процессыг маш ойлгомжтой болгосон. Аль болох цахимжуулж хүнд суртлыг багасгаж, авлига хээл хахууль нэхэж шаарддаг байсныг эрс бууруулсан гэж бодож байна.

Зөвшөөрлийг хуульд заасан хугацаанд олгоогүй бол олгосноор тооцно гэсэн гол зохицуулалт шинэ хуульд орсон. Гэх мэтээр чухал заалтууд орсон. Одоо хуулийн хэрэгжилт чухал байна. Үүнд хяналт тавьж ажиллах хэрэгтэй.

-Та тойргийн иргэдтэйгээ уулзалтууд зохион байгуулж байгаа харагдсан. Иргэд ер нь ямар асуудлуудыг тавьж байна. Үндсэн хуулийг өөрчлөх асуудалд ямар хандлагатай байна вэ?

-Нэн тэргүүнд үнийн өсөлт иргэдийн худалдан авах чадварт сөргөөр нөлөөлж байгааг хэлж байна. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эсэх асуудлыг иргэд төдийлөн ярихгүй байна. Ярихдаа өөрчлөх нь зөв гэсэн ерөнхий чиг хандлага байна. Юуг өөрчлөх вэ гэдэг тодорхой тайлбарыг иргэдэд өгч байна. Миний зүгээс Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж УИХ-ын гишүүдийн тоог нэмэх, сонгуулийн тогтолцоог өөрчлөх нь зөв гэж бодож байна.

-Иргэд үнийн өсөлт дарамт болж байгааг хэлж байна гэлээ. Ер нь ам.долларын ханшийг буулгахаа байг гэхэд яаж тогтвортой барих вэ?

-Хоёр л арга бий. Нэгдүгээрт, валютын нөөцөө нэмэгдүүлэх. Энэ нь шууд экспорттой холбоотой. Өөрөөр хэлбэл, манай улсын эдийн засаг өсч экспортын хэмжээ нэмэгдэх тусам валютын нөөц нэмэгдэнэ. Тэр хэмжээгээр төгрөгийн ханшны сулрал саарна шүү дээ. Хоёрдугаарт, жилээс жилд цагаан сарын өмнө төгрөгийн ханш унадаг. Өөрөөр хэлбэл, урд хөршийн болон бусад орны импорт өсөхтэй холбоотойгоор гадаад валютын эрэлт нэмэгддэг. Мөн хаврын улирал эхэлж барилгын салбарын үйл ажиллагаа эхэлдэгтэй холбоотойгоор тухайн салбарын материалын татан авалт их хэмжээгээр явагддаг. Тиймээс ам.долларын болон бусад валютын эрэлт өндөр байгаа. Тэр нь тодорхой хэмжээгээр ханшинд сөргөөр нөлөөлж байна.

-Иргэдийн амьжиргаа сул байгаа энэ үед 1072 хувьцааны ногдол ашиг тараах асуудалд та ямар байр суурьтай байна вэ. 1-2 сая төгрөгийн ногдол ашиг тараах бололцоо байна гэж байгаа шүү дээ?

-Миний харж байгаагаар “Эрдэнэс Таван толгой” 1072 хувьцааг эзэмшиж байгаа хоёр сая иргэнд 1-2 сая төгрөгийн ногдол ашиг тараах боломжгүй. Жишээ нь, нэг сая иргэнд 2 сая төгрөгийн ногдол ашиг тараана гэж тооцвол хоёр их наяд төгрөг болно. Ийм мөнгө “Эрдэнэс Таван толгой”-д байхгүй. Ер нь эдийн засагч, санхүүгийн мэргэжлийн хүний хувьд хэлэхэд ийм хэмжээний мөнгө “Эрдэнэс Таван толгой”-д байсан бол нэмүү өртөг шингээсэн үйл ажиллагаандаа хуваарилвал илүү оновчтой хөрөнгө оруулалт болно. Учир нь ингэж санхүүжүүлснээр ирээдүйд хувьцааны үнэ нь өснө. Энэ нь илүү чухал. Хоёрдугаарт, их хэмжээний ногдол ашиг олгоход хүрвэл тэр мөнгө шууд хэрэглээнд орно гэсэн хүлээлт байна. Хэрэглээнд орно гэдэг нь импортын бараа, валютын эрэлт өснө. Ингээд төгрөгийн ханшны сулрал явагдана гэж харж байна.

-Намрын чуулганаар Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийг баталсан. Энэхүү хуулийн ач холбогдлыг та яриад өгөхгүй юу. Дотоодын арилжааны банкуудаа хавчсан хууль баталлаа хэмээн шүүмжлэх хэсэг ч байсан?

-2016 оноос хойш гацчихсан байсан Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийг эцэслэн баталсан нь том дэвшил. Дэд бүтцийн томоохон төслүүд болон аж ахуйн нэгжийн зээлүүдийг санхүүжүүлэх шинэ боломж гарна гэж харж байна. Өөрөөр хэлбэл, манай улсад гадны банк үйл ажиллагаагаа эхлүүлж том зээлийг гаргах боломж бүрдэж байна. Хуулийг иргэдэд зөв ойлголт өгөх нь чухал. Энэ хуулийн дагуу байгуулагдах гадны банк нь иргэдэд үйлчлэхгүй. Зөвхөн аж ахуйн нэгж том төслүүдийг санхүүжүүлнэ.

Гадны банкийг орж ирэхийг дэмжиж байгаа нь өрсөлдөөн нэмэгдэх тусам зээлийн хүү буурна. Өөрөөр хэлбэл, том аж ахуйн нэгжүүд болон төслүүдэд олгож байгаа зээлүүд дээр нэмж шинэ том эх үүсвэр орж ирэх тусмаа манай эдийн засагт сайн. Аливаа бүтээгдэхүүн үйлчилгээний нийлүүлэлт ховор байх тусам үнэ өндөр байдаг шүү дээ. Үүнтэй адил манайд гадны хөрөнгө оруулалтын эх үүсвэр хомсдолтой байгаа учир өртөг нь буюу хүү нь өндөр байгаа юм. Тиймээс гадны хөрөнгө оруулалт болон гадаад банкуудыг Монголд үйл ажиллагаа явуулах хууль зүйн орчныг нь дэмжиж сайжруулах шаардлагатай гэж харсан.

-Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийг судалж дүгнэх сонсгол үргэлжилж байна. Та тодорхой хугацаанд тус банкны захирлаар ажилласан. Тиймээс ч зарим зээлтэй нэр холбогддог. Та захирал байхдаа яагаад эрсдэлтэй зээлүүдэд санхүүжилт олгосон юм бэ?

-Надтай холбож яриад байдаг зүйл бол гүтгэлэг. Нэгдүгээрт, намайг өөрөө зээл авсан мэт гүтгэдэг. Хоёрдугаарт, надтай ямар ч хамааралгүй зээлийг холбоотой мэтээр бичдэг. Гуравдугаарт, ямар нэгэн шалгуур хангаагүй, хөнгөлөлттэй нөхцөлтэй арилжааны зээл огт байхгүй. Хангалттай барьцаа хөрөнгөтэй зээл байсан. Тэгээд ч тэр зээл нь төлөгдчихсөн. Өөрөөр хэлбэл, 33 тэрбум төгрөг нь бүрэн төлөгдөөд дээр нь 10 тэрбумын хүү төлсөн. Энэ бол Хөгжлийн банканд ашигтай чанартай зээл байсан.

Эрсдэлгүй зээл гэж байхгүй шүү дээ. Бэлэн мөнгө барьцаалсан зээл л эрсдэлгүй зээл гэж тооцогдоно. Бусад бүх зээл эрсдэлтэй. Арилжааны хувийн ч байна уу төрийн өмчит банк ч байна уу аливаа банкны гол зорилго нь ашигтай ажиллах. Яаж ашигтай ажилладаг вэ гэхээр тухайн зээлийн өргөдлийг харж байгаад бүх зээлийн эрсдэлийг дүгнэдэг. “Энэ эрсдэлийг хүлээн зөвшөөрч болно. Энэ эрсдэл нь өндөр байна, гэхдээ энэ эрсдэлийг ийм барьцаа хөрөнгө, ийм шалтгаанаар бууруулж байж хүлээн зөвшөөрч болох юм байна” гэдэг шийдвэр гаргадаг. 2019 онд би захирал байхдаа зээлээ судалсан. Тухайн үед зургаахан сарын дараа буюу 2020 оны эхээр ковид гарна гэж хэн ч мэдээгүй. Ковидоос болоод дэлхий даяар хөл хорионд орсон. Монголын хил тэр чигээрээ хаагдсан. Бүх экспорт, импорт зогссон. Энэ эрсдэлийг таах боломжгүй. энэ бол 100 жилд нэг удаа тохиодог эрсдэл. Гэхдээ энэ эрсдэлийн үйл явдал тохиолдсон ч гэсэн хувийн хэвшлийн компаниуд ямар нэгэн байдлаар зээлээ эргэн төлж байгаа юу. Мэдээж бүх зээл эрсдэлтэй. Хамгийн гол нь хүлээн зөвшөөрөгдөх эрсдэл мөн эсэх нь чухал. Намайг захирал болохоос өмнө гарах ёсгүй байсан зээлүүд байсан. Барьцаа хөрөнгө байхгүй, эсвэл улсын төсвөөр санхүүжүүлэх ёстой төслүүд, эсвэл ханшны эрсдэлд оруулах төсөл байсан. Ийм зээлүүд гарах ёсгүй байсан. Хөгжлийн банкны асуудал дээр муу хэлэгдээд байгаа хувийн хэвшлүүд нь үндсэндээ бүх зээлээ төлөөд дуусч байна. Одоо үлдчихээд байгаа зээл нь 2011, 2012 онд олгосон “Эрэл”, “Бэрэн”, “Хөтөл” болон төрийн өмчит компаниудын зээл. Эдгээрийг яагаад ярихгүй байгаа юм бэ. Яагаад хувийн хэвшлээ харлуулах ажил яваад байгаа юм. Банк зээл гаргаад хүүгээсээ орлого олоод түүгээрээ зардлаа санхүүжүүлж ашигтай ажиллах зорилготой байгууллага шүү дээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Содном: Үндсэн хуулийн амин сүнс бол гуравдугаар зүйлийн нэг дэх заалт DNN.mn


Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Содномтой ярилцлаа.


-Үндсэн хуулийн гуравдугаар зүйлийн нэг дэх заалтыг өөрчлөх ёстой гэсэн байр суурь зарим хуульчдын дунд гараад эхэллээ. Үндсэн хуулийн гуравдугаар зүйлийн ач холбогдолыг та яаж ойлгодог вэ?

-Монгол Улсын 1992 оны Үндсэн хуулийн төгсгөлд “МЭДТҮГЭЙ. САХИТУГАЙ” гэж бичсэн байдаг. Монгол Улсын Ардын Их Хурал баталсан Үндсэн хуулийнхаа гуравдугаар зүйлийн нэг дүгээр заалтын утга учрыг ухамсарлах, сахих нь маш чухал. Үндсэн хуулийн гуравдугаар зүйлийн нэгдүгээр заалтад “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” гэж заасан байдаг. Энэ заалт манай улсын Үндсэн хуулийн амин сүнс нь юм гэдгийг ойлгохын тулд дараах асуудалд ямар хариулт байхыг бодох хэрэгтэй. Хэрэв засгийн бүх эрх Монголын ард түмний мэдэлд байхгүй бол хэний мэдэлд байх вэ. Төрийн хэрэгт Монголын ард түмэн оролцохгүй бол хэн орох вэ? гэсэн асуултын хариу нь тодорхой. Монголын ард түмэн засаглах эрхгүй болчихвол Монгол төр, Монгол Улс эзэнгүй болно, эзэнгүй улсыг дээрэмчид, хулгайчид сөнөөнө гэсэн хариу гарна. Ийм учраас дээрх заалт бол гарцаагүй манай Үндсэн хуулийн амин сүнс нь бөгөөд тэр заалтыг хэрхэвч хөндөж өөрчилж болохгүй, бүр сайн мэдэж хатуу сахих учиртай.

-Үндсэн хуулийн гуравдугаар зүйлийн нэг дэх заалтын дагуу манай улсын парламент Дээд, Доод гэсэн хоёр танхимтай байх ёстой гэж та үздэг. Энэ тухай таны ярилцлага манай сонинд нэгдүгээр сарын 18-нд нийтлэгдсэн. Дээд, Доод танхимтай байх шаардлага байна уу. Ач холбогдолыг нь та хэрхэн харж байна?

-Үндсэн хуулийн 3-ын нэгдүгээр зүйлд Ард түмэн засаглах эрхээ эдлэхийн тулд өөрийн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчийн байгууллагатай байх ёстойг заасан байгаа. Өөрөөр хэлбэл, Хууль тогтоох, Гүйцэтгэх, Шүүх засаглалын үйл ажиллагааг ард түмэн байнга хянадаг байхын тулд парламентад төлөөллийн байгууллага буюу Дээд танхимтай байх ёстойг тодорхой заасан байгаа юм.

Гэтэл Үндсэн хуулийн гуравдугаар буюу төрийн байгуулалын тухай бүлгийн хорь, хорин нэгдүгээр зүйлд зааснаар Парламент 76 гишүүн бүхий Улсын Их Хурал гэсэн нэг танхимтай, тэр нь төрийн эрх барих дээд байгууллага бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү өөртөө хадгална гэсэн байгаа. Үндсэн хуулийн гуравдугаар бүлгийн эдгээр 20, 21 дүгээр заалтуудын уршгаар уг хуулийн амин сүнс болох 3 дугаар зүйлийн нэгдэх заалтын дагуу ард түмэн засаглах эрхээ бүрэн эдлэх аргагүй болсон. Ард түмэн өөрөө сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөлийн байгууллагагүй болсон. Энэ бол манай Үндсэн хуульд байгаа гажуудал. Монголын ард түмэн засаглах, тухайлбал хууль тогтоодог Улсын Их Хурал, Засгийн газар, Шүүх байгууллагын үйл ажиллагааг хянаж байх эрхээ эдэлж чадахгүй байсаар 30 гаруй жил боллоо. Ард иргэд үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдлэхийн тулд уламжлах ёстой төрийн эрх барих төлөөллийн байгууллага буюу Дээд танхим нь байхгүй учраас төр засгийн байгууллагад шаардлагаа хүргэх гэж талбайд жагсдаг болоод байгаа. Ийм дүгнэлт зөв эсэхийг ухаант олноос асууя. Нүүрлээд байгаа зовлонг давахын тулд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт хийж ард түмэнд засаглах эрхийг бүрэн эдлүүлэх ёстойг ухаарах хэрэгтэй.

Миний хувьд Парламентыг Дээд, Доод гэсэн хоёр танхимтай болгож, ард түмэнд засаглах эрх эдлүүлэх өөрчлөлтийг Үндсэн хуульд оруулах асуудлыг 2023 онд багтаан шийдвэрлээд 2024 онд шинэ парламентын сонгуулийг зохион байгуулах. Энэ асуудлыг ингэж богино хугацаанд шийдвэрлэхгүй бол төрд итгэх ард түмний итгэл улам сулрах, төр засгийн тогтворгүй байдал газар авах, улмаар хямрал болох, нийгэм эдийн засгийн хөгжилд саад болох аюул байгаа.

-Парламентын Дээд, Доод танхимын зохион байгуулалт, тэдгээрийн үүрэг, эрх мэдлийн хуваарь, танхимуудын бүтэц бүрэлдэхүүн болон сонгуулийн журам ямар байх талаар тодорхой санал байгаа юу?

-Тодорхой саналууд бий. Гол зүйлийг товч дурдвал, Дээд танхимыг Ардын Их Хурал, Доод танхимыг Улсын Бага хурал гэсэн нэрээр байгуулна.

Анх Ардын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага байна. АИХ-ын үндсэн үүрэгт хамаарах гол асуудал бол Монгол Улсын улс төр, эдийн засгийн дотоод гадаад бодлогыг тодорхойлох, Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн асуудлыг шийдэх, Улсын Бага Хурлаас тогтоож байгаа хууль, Засгийн газрын үйл ажиллагаа болон түүний үр өгөөж, Шүүх байгууллагын үйл ажилд байнгын хяналт тавьж байх зэрэг асуудал. Эдгээр үндсэн эрх үүргийнхээ дагуу АИХ нь Улсын Бага Хурлын бүрэлдэхүүнийг сонгоно, Засгийн газрын Ерөнхий сайд болон зарим сайд нарыг томилно, мөн Улсын Ерөнхий шүүгч, Ерөнхий прокурорыг томилно. АИХ нь 500 орчим гишүүнтэй, байнгын бус ажиллагаатай буюу чуулганы хуралдааныг жилд 1-2 удаа, шаардлагатай бол түүнээс олон удаа зохион байгуулна. АИХ-ын гишүүд их хурлын чуулганы хуралдаанаас бусад цагт өөрсдийн эрхэлсэн ажлаа хийж байна. АИХ нь чуулганы чөлөө цагт АИХ-ын үйл ажиллагааг эрхэлж байх үүрэг бүхий 7-11 хүний бүрэлдэхүүнтэй тэргүүлэгчидтэй байна. АИХ-аас тэргүүлэгчдээ болон АИХ-ын тэргүүлэгчдийн даргыг сонгоно. Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн дарга бол Монгол Улсын төрийн тэргүүн байна. Монгол төрийн тэргүүн нь Ардын Их Хурлын нэрийн өмнөөс гарах шийдвэрийг тэргүүлэгчдийнхээ хурлаар хэлэлцэж гаргасан зөвлөмж шийдвэрт үндэслэдэг буюу хамтын удирдлагын зарчмыг эрхэмлэнэ. Ардын Их Хурлыг ийм үндсэн үүрэг эрхтэй, дурдсан зохион байгуулалттай байгуулснаар манай улс жинхэнэ парламентын буюу ардын засаглалтай улс байх болно. Улсын Бага Хурал буюу Доод танхим хууль тогтоох, тогтоосон хуулийн хэрэгжилтийг хянан хангаж байх үндсэн үүрэгтэй байна.Улсын Бага Хурал байнгын ажиллагаатай байх бөгөөд, тогтоосон хуулиа АИХ–ын Тэргүүлэгчдийн газарт өргөн барьж, ажлын тогтоосон хоногт Тэргүүлэгчдийн газраас санал ирээгүй бол зөвшөөрсөнд тооцож хүчин төгөлдөр болгон хэрэгжүүлж эхлэнэ. Монгол Улсад мөрдөгдөж байгаа болон шинээр гаргах шаардлагатай хуулийн талаар АИХ-аас өгсөн даалгаврыг УБХ биелүүлж байна.

Улсын Бага Хурал 50 гишүүнтэй байх бөгөөд тэдгээр гишүүдийг Ардын Их Хурал батална. Улсын Бага Хурлын гишүүнд батлуулах хүмүүсийн нэрийг улс төрийн намуудаас дэвшүүлнэ. Одоо Улсын Их Хурлаас баталж байгаа хуулийн 80 гаруй хувь нь урьд гарсан хуульд өөрчлөлт оруулах, 20 хүрэхгүй хувь нь бие даасан хууль болон тогтоол байгаа гэдэг. Ийм учраас Улсын Бага Хурал 50 гишүүнтэй байхад хангалттай байх. Улсын Бага Хурлын хуралдааныг даргалах хүнийг Бага Хурлаас сонгоно.

-Сонгуулийн хуульд ямар өөрчлөлт оруулах саналтай байна вэ?

-Төрийн байгуулалд дээр дурдсан өөрчлөлт оруулсан нөхцөлд сонгуулийн систем цэгцтэй ойлгомжтой болно. Тухайлбал, төрийн эрх барих дээд байгууллага – Ардын Их Хурлыг л ард түмэн сонгодог байх буюу Улсын Бага хурал, Төрийн тэргүүнийг ард түмэн сонгох сонгууль байхгүй болно. Мэдээж аймаг хот, сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлыг ард иргэд нь сонгодог журам хэвээр байна. Харин Ардын Их Хурлын сонгуулийг хэрхэн зохион байгуулбал зохистой талаар дараах саналыг дэвшүүлж байгаа:

Тухайлбал, Ардын Их Хурлын гишүүн 500 хүнээс 340 орчим хүн нь сум дүүрэг нэг бүрээс нэг хүнийг сонгох замаар сонгогдсон байна. Бусад 160 хүнийг нийслэл болон зарим олон хүнтэй, том үйлдвэрлэлийн цогцолбортой хот аймгаас сонгоно. АИХ-ын гишүүнд сонгож болох хүмүүсийн нэрийг дэвшүүлэхийг эрх бүхий улс төрийн намуудад зөвшөөрч байхын зэрэгцээ аймаг хот, сум дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгчийн газар, мэрэгжлийн холбоодод бас зөвшөөрдөг байх нь зүйтэй. Улсын Их Хурлын гишүүнд сум дүүрэг нэг бүрээс нэг хүнийг сонгохдоо дөрвөн хүний нэрийг дэвшүүлэх, тэгэхдээ тухайн сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга болон засаг даргын нэрийг дэвшүүлсэн, нөгөө хоёр нэр дэвшигчийг олны итгэл хүлээх, нэр алдартай хөдөлмөрч хүмүүсээс шалгаруулан дэвшүүлсэн байх нь зүйтэй. Сум дүүргийн иргэдийн хурлын дарга болон засаг дарга нар бол сум дүүргийн иргэдэд итгэгдэж сонгогдсон хүмүүс байдаг учраас АИХ-ын гишүүнээр сонгогдсон байх магадлал өндөртөй, АИХ дээр иргэдээ төлөөлж чадахаас гадна АИХ-ын шийдвэрийг орон нутагтаа таниулах, хэрэгжүүлэх боломжтой байх зэрэг олон талын ач холбогдолтой. Дээд танхим АИХ-ын гишүүд бол сонгогчдын төлөөлөл, ард түмний төлөөлөл бөгөөд засгийн бүх эрхийг мэдэлдээ байлгах, төрийн хэрэгт шууд оролцож байх ард түмний эрхийг эдлүүлж байх эрхэм үүрэгтэй, өндөр хариуцлага хүлээсэн хүмүүс байх ёстой. Ийм учраас АИХ-ын гишүүдийг сайн шалгаруулж сонгодог, нөгөө талаас нэгэнт сонгогдсон хүнд ухамсар, ёс зүйн өндөр шаардлагаар ажиллуулдаг байвал зохино.