Categories
мэдээ нийгэм улс-төр

Л.Оюун-Эрдэнэ: Хүссэн “тоглоомын дүрэм”-ээр нь өрсөлдье гэсэн, хүсэхгүй бол хэвээр нь явуулъя л даа DNN.mn

Сүүлийн үед олон нийт сонгуулийн тогтолцоо, түүнтэй холбоотой хуулиудын өөрчлөлтийг ихээхэн анхаарч байна. Тэр дундаа сонгуулийн холимог тогтолцооны хувилбар, УИХ-ын гишүүдийн тоо зэрэг нь илүү анхаарлын төвд байгаа юм. Улс төрийн намууд энэ асуудлаар хэд хэдэн удаа санал солилцож, хэлэлцүүлэг, зөвшилцөл хийсэн байдаг.

Сар гаруйн өмнө л гэхэд ЗГХЭГ-ын дарга, МАН-ын генсек Д.Амарбаясгалан “Манай нам 2022 оны тавдугаар сараас хойш олон намын оролцоог хангасан тогтолцоог бий болгож байж, нийгэмд үүсэж байгаа олон тулгамдсан асуудлыг шийдвэрлэх боломжтой гэсэн байр суурийг удаа дараа илэрхийлж байгаа” гэсэн. Мөн УИХ-ын дэд дарга, АН-ын ҮБХ-ны гишүүн С.Одонтуяа “Швед, Финланд гээд хурдацтай хөгжиж байгаа, дотоодын нийт бүтээгдэхүүний нэг хүнд оногдох хэмжээ нь өндөр орнуудыг харахад голчлон 100 хувь пропорционал байдаг. Манай улсад 100 хувь пропорционал байх нь арай тохирохгүй байх. Учир нь, бид эхлээд улс төрийн намуудаа төлөвшүүлэх хэрэгтэй. Иймд холимог тогтолцоогоор явуулах нь зүйтэй” гэж байв.

Бас УИХ-ын гишүүн, ХҮН намын дарга Т.Доржханд “Нийт гишүүний 50 хувь нь пропорционал хэлбэртэй буюу нэг тойргоос сонгогддог байх нь зөв. Тэд хөгжлийн бодлого ярьдаг, бодлогыг санхүүжүүлэхийн төлөө кнопоо дардаг байх ёстой. Монгол Улсын онцлог нь газар нутаг томтой, хүмүүсийг төлөөлөхөөс гадна газар нутгийг төлөөлөх онцлогтой гэж судлаачид ярьж байгаа. Иймд үлдсэн 50 хувь нь 21 аймгаа төлөөлөх мажоритар тогтолцоо байж, холимог системээр явах нь зөв” гэсэн байдаг.

Тэрчлэн энэ асуудлаар сүүлийн үед улс төрийн намуудын төлөөллүүд өөр байр сууриудыг ч илэрхийлэх болсон юм. Үүнтэй холбоотойгоор Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт зарим албан тушаалтныг дуудаж чиглэл өгсөн байна. Тэрбээр “Улс төрийн бусад намтай хүссэн тоглоомын дүрмээр нь өрсөлдье гэсэн. Хэрвээ хүсэхгүй байгаа бол хэвээр нь явуулья” гэжээ.

Уг нь Л.Оюун-Эрдэнэ 2023 оны хоёрдугаар сард МҮОНТВ-ээр ярихдаа “Эрх баригч намын даргын хувьд “Та нар л ялаад байдаг” гэдгийг их сонсдог. Тэгвэл бид тэр ялаад байгаа тоглоомын дүрэм, тогтолцооноосоо больё. Тэгж УИХ дахь улс төрийн намуудын төлөөллийг өсгөе. Ингэхээр “Шинэчилсэн найруулга хийж болно, гэхдээ нэг нам давамгайлсан байж болохгүй” гэдэг. Ингэдэг, тэгдэг гээд намууд байр сууриараа нэгдэж өгдөггүй. Дотроо мэтгэлцээн өрнүүлээд байдаг.

Ер нь бол бид салаа замын уулзвар дээр байна. Шинэчилсэн найруулга, эсвэл нэмэлт өөрчлөлт хийх, бүр огт өөрчлөхгүй байх боломжтой. Аль ч тохиолдолд Ерөнхий сайдын хувьд, эрх баригч намын даргын хувьд нээлттэй хамтарч ажиллахад бэлэн байна. Ер нь холимог тогтолцоо гэдэг маань эхнийх нь УИХ-ын гишүүдийг тойргоос сонгоно. Тэд тойргоо төлөөлнө. Дараа нь үндэсний хэмжээнд сонгоно. Тэдгээр нь үндэсний хэмжээний бодлогоо тодорхойлно. Маш энгийнээр бол ийм. Ингээд 50:50 болчихоор 50 хувь нь тойрогжиж, 50 хувь нь тэр үзэгдлийг эсэргүүцэж байгаа үндэсний хэмжээний бодлого ярьдаг хүмүүс болчихдог. Бараг ихэнх тохиолдолд хамтарсан Засгийн газар байгуулах магадлалтай.

Нэг нам дангаараа үнэмлэхүй ялах боломж байхгүй болчихно. УИХ-д МАН, АН-аас гадна 4-5 намтай болно гэсэн үг. Нэг талаас энэ бол МАН-д ашиггүй. Яг эрх баригч нам талаасаа харвал байнга үнэмлэхүй ялах тоглоомын дүрмээсээ МАН татгалзана гэсэн үг. Гэхдээ энэ нь нийгэмд зөв бол, хэт мөнгөний сонгууль багасаад улс төрийн намууд төлөвших бол, Монгол Улсад хэрэгтэй бол, тэгээд нийгэм ойлгоод бусад улс төрийн нам дэмжвэл энэ өөрчлөлтийг хийхэд бэлэн байна. Өөрчлөхгүй явбал бас бэлэн байна. Тэгэхээр улс төрийн намууд өөрсдөө шийднэ. Би бол “Сонгууль дөхөж байна. Хүсэж байгаа тоглоомын дүрмээр нь өрсөлдье” л гэж байгаа юм. Дараа нь гомдолгүй. “Харин та хэд маань эвлэж нэгдээд, хоорондоо бага маргалдаад байр сууриа илэрхийлээч ээ. Хоорондоо илэрхийлэхээс илүүтэйгээр олон нийтэд тогтолцоо энэ бүх зүйлүүдээ тайлбарлаач ээ” гэж байгаа юм” гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн баасан гаригт энэ байр сууриа албаны хүмүүст сануулжээ. Ингэхдээ сүүлийн үед улс төрийн намуудын төлөөллүүд өөр өөр байр суурь илэрхийлэх болсныг “Намууд хоорондоо болоод дотооддоо “тоглоомын дүрэм”-ээ тохирч чадсангүй” гэж үзээд ийм чиглэл өгсөн бололтой.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

М.Энхсайхан: Эдийн засгийн хөгжлийн суурь нь эрх чөлөө байх ёстой DNN.mn

Монгол Улсын 18 дахь Ерөнхий сайд асан М.Энхсайхантай цаг үеийн асуудлаар цөөн хором ярилцлаа.

-Дөнгөж сая АН-ын дарга асан С.Эрдэнэ Лу.Гантөмөр даргад албан ёсоор намынхаа тамгыг гардуулан өгч, хамтарч ажиллана гэж мэдэгдлээ. Үнэхээр бүх асуудалд ингээд цэг тавьчихав уу. Яг баталгаатай юу. Өмнө нь гарсан шиг зүйл болохгүй гэдэгт иргэд, дэмжигчид итгэж болох уу?

-Ардчилсан намд болж байгаа үйл явдлыг хөндлөнгөөс харахад зөрчил, тэмцэл юм шиг харагдаж байгаа.

Ганц эрх мэдэл ч биш, ямар бодлоготой байх вэ гэдэг бодлогын төлөөх тэмцэл явагдаж байгаа. Аливаа зөрчил тэмцэл бол өөрөө хөгжлийн мотор. Хэрвээ зөрчил, тэмцэл байхгүй бол хөгжил байхгүй. Тиймээс Ардчилсан намд болж байгаа үйл явдлыг хөнгөн харах хэрэгтэй. Хөгжлийн мотор гэж харах хэрэгтэй. Хэн нэгэн хүн хүрч ирээд гоё бодлого зохиогоод хэлчихгүй. Хэн нэгэн хүрч ирээд эрх мэдлийг хуваарилаад өгчихгүй. Тиймээс бэлэн жор биднээс шаардах хэрэггүй. Улс орон ямар нөхцөлтэй байна вэ, гадаад нөхцөл яаж өөрчлөгдөв, бид юу хийх ёстой вэ гэсэн олон санааг оюун ухаанаа уралдуулан байж дундаас нь гаргах ёстой. Та энэ бодлогыг тодруулах гэж ийн асууж байгаа бол шуудхан хариулахад эрт байна гэж хэлэх гээд байна л даа. Хамгийн гол нь зөрчил тэмцэл бол хөгжлийн мотор гэдгийг л ойлгох хэрэгтэй.

-Намуудыг бодлогын нам байх шаардлагыг сүүлийн үед тавьж байгаа. Ардчилсан нам бодлогын нам болж төлөвшихийн тулд эхний ээлжинд яах ёстой вэ?

-Ер нь улс төрийн намууд өөр хоорондоо бодлогоор өрсөлдөх нь чухал. Түүнээс хамаарч Монгол Улсын ирээдүй ямар байх вэ гэдэг нь харагдана. Тиймээс ганц Ардчилсан нам гэлтгүй бүх нам бодлого гаргаж, тэрхүү бодлогын зөрүүгээрээ маргалдаж, түүний зөв бурууг шийдэж явах нь өөрөө ардчилал. Тиймээс Ардчилсан нам сөрөг хүчин болж байгаагийнхаа хувьд, өөрийнхөө бодлогыг цэгцлэхийн тулд хүмүүсийг нэгтгэж, үзэл бодлыг нь уралдуулж өөрийн бодлогоо томьёолно шүү дээ.

Тэгж байж эрх баригчид өөрсдөө өрсөлдөөн дунд оюун санаа нь дайчлагдаж, хүчирхэг болох ёстой. Хэн эрх барьж байна, хэн сөрөг хүчин байна гэдэг нь асуудал биш. Хамгийн гол нь оюун санаа, бодлого өрсөлддөг байх нь маш чухал. Үүний төлөө байна.

-Монголын эдийн засгийн өнөөгийн байдлыг хэрхэн дүгнэж байна вэ?

-Эдийн засгийн байдал хүнд байгаа шүү дээ. Ганц Монголд ч биш дэлхий даяар хүнд байгаа. Дайн тулаантай байгаа. Тиймээс яаралтай санаа зовж бид өөрсдөө бодлогоо зөв болгох шаардлага байгаа юм. Ер нь ч геополитикийн нөхцөл байдлууд хурцадмал, Монголын хувьд урд хойд хөрш амаргүй энэ нөхцөл байдалд яаралтай арга хэмжээ авах шаардлагатай байгаа. Үүнийг түших гол салбар нь хувийн хэвшил. Хувийн хэвшилдээ итгэ. Хувийн хэвшлээ түш. Ийм л арга замаар бид амьдралаа дээшлүүлнэ.

-Төрийн өмчийн аж ахуйн нэгжүүдийг хувьчлах ёстой гэдэг асуудал яригддаг. Үүнийг зөв хувьчлахын тулд яах ёстой вэ?

-Ардчилсан нийгэм өөрөө төр, хувийн хэвшлээс бүрдэнэ. Төр, хувийн хэвшлийн тэнцвэр алдагдахад, жишээлбэл,төрийн оролцоо хэт ихэсвэл хувийн хэвшил хумигдана. Хувийн хэвшилд орон зай байхгүй болно. Тэр хэмжээгээр нийгэм өөрөө хохирч үлдэнэ. Тиймээс төрийн оролцоог аль болох зохистой байлгах хэрэгтэй. Төрийн оролцоо 50, 80 хувь болчихсон байгаа гэсэн тоо баримт бий.

Төр, хэвшлийн тэнцвэр яагаад зохистой байхыг шаардах ёстой вэ гэхээр, хаана төрийн өмч байна, тэнд хулгай, авлига нүүрлэж байдаг. Хамгийн итгэж болох газар бол хувийн хэвшил. Тиймээс төр, хувийн хэвшлийн тэнцвэрийг зохистой байлгахын тулд хувийн хэвшилдээ анхаарал хандуулах ёстой.

-Яаж?

-Төрийн өмчийн том том компаниудыг хувьчлах ажлыг шинэ маягаар зохион байгуулах хэрэгтэй. Ялангуяа эрчим хүч, дэд бүтэц, уул уурхай, нүүрс олборлолтын салбарт байгаа төрийн өмчийг эхний ээлжинд хумих хэрэгтэй. Тэгж байж хувийн хэвшилд орон зай үүснэ. Хувийн хэвшилд үр ашгийг шүтнэ. Үр ашиг шүтэж байгаа газарт л эдийн засаг өөдөө явна гэсэн үг.

-Иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрх өмнөх үетэй харьцуулахад өнөөдөр хэр хумигдсан гэж та харж байна. “No war” гэдэг ч юм уу, янз бүрийн хөдөлгөөнийг өрнүүлсэн, шүүмжлэлээ тод илэрхийлсэн иргэд шоронд орж байгааг олон нийт юу гэж ойлгох вэ?

-Үг хэлэх эрх чөлөө бол байгалиас өгөгдсөн өгөгдөхүүн. Байгалиас өгөгдөж байгаа эрх чөлөөг хавчин гадуурхвал хохирлыг нийгэм өөр дээрээ амсана. Тиймээс үг хэлэх эрх чөлөө чөлөөтэй байх хэрэгтэй. Хамгаалагдсан байх ёстой. Хүн эрх чөлөөтэй байж өөрөө хөгжлийн гарц, чадавхаа бий болгодог. Тэрэн дээр нийгэм өөрөө тогтож байдаг. Үг хэлэх эрх чөлөөг хязгаарлана гэдэг нь хөгжлөө хязгаарлахтай агаар нэг.

-Иргэдийн үг хэлэх эрх чөлөө боомилогдоод байгаа гол шалтгааныг та юу гэж харж байна?

-Үзэл бодлын баримтлалаас болж байгаа гэж бодмоор байна. Учир нь бүгд эдийн засгийг хөгжүүлэхийг сонирхож байна.

Эдийн засгийн хөгжлийн суурь нь эрх чөлөө байх ёстой. Эрх чөлөөгүй орчинд эдийн засгийг өсгөвөл тэрхүү эдийн засаг тогтвортой байж чадахгүй. Дандаа унаж тусч байдаг. Монголчууд бидний сонирхох зүйл нь тогтвортой хөгжил. Амьдрал нь байнга тогтвортой дээшлэх нөхцөлийг сонирхоно шүү дээ. Тэр нь гарцаагүй хүний эрх, үг хэлэх эрх, эрх чөлөөтэй шууд уялдаатай.

-Улс төрийн намын тухай хууль, Сонгуулийн хууль хэлэлцэгдэж байна. Эдгээр хуульд ямар дүгнэлттэй байна. Юунд анхаарах хэрэгтэй гэж харж байна вэ?

-Төслийг ерөнхийд нь харж танилцсан. Улс төрийн намуудын үүргийг нийгэмд өргөж өгөх гэсэн, төсвөөс санхүүжилтийг нь дэмжих гэсэн утга агуулгатай юм билээ. Энэ бол хэзээ нэгэн цагт хийгдэх ёстой ажил байсан. Тэр ажил хийгдэж байна гэж ойлгож байгаа. Мэдээж авч гээхийн ухаанаар хандах асуудал бий. Гэхдээ тэр нь УИХ дээр шийдэгдэх зүйл.

-Сонгуулийн хуулиар МАН пропорционалийг 50:50 гэж оруулж ирсэн. Үүнийг хэр зохистой гэж дүгнэж байна?

-УИХ-ын гишүүд хэлэлцэж шийдэх асуудал шүү дээ.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл нийгэмд танилцуулагдсан. Үүнд та ямар дүгнэлттэй байна?

-ҮХНӨ-ийн асуудал ч хэлэлцэгдэх ёстой асуудал. Учир нь нийгэмд болж бүтэж байгаа бүхний цаад талд Үндсэн хуулиар байгуулсан төрийн байгууламж л байгаа шүү дээ. Тэр маань зөв ажиллаж чадаж байна уу гэдэг нь тун эргэлзээтэй асуудал болсон. Тиймээс Үндсэн хуулийн өөрчлөлтийг авч хэлэлцэж байгаа нь буруу биш.

-ҮХНӨ-д орхигдуулж байгаа зүйл байна уу. Дахиж өөрчлөлт оруулъя гэвэл найман жил шаардагдана. Нөгөөтэйгүүр одоо яригдаж байгаа заалтуудыг 2019 онд хийж болох л байсан шүү дээ?

-Бичмэл Үндсэн хуулийн дундаж нас 19 жил гэж судлаачид бичсэн байдаг. Бид 1992 онд шинэ Үндсэн хуулиа баталж байсан. Ингээд бодохоор манай Үндсэн хууль 2011 онд дэлхийн дундаж насыг насалчихсан. Нийгэм өөрчлөгдчихсөн. Дэлхий ертөнц өөрчлөгдчихсөн. 1992 оны нөхцөл байдал өөрчлөгдчихсөн. Тиймээс өөрчлөгдсөн нөхцөл байдлыг тусгаж аваад шинээр харсан шинэ Үндсэн хууль зайлшгүй хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, цогцоор нь харах хэрэгтэй. Нэг, хоёрхон заалтаар сайжирчихна гэдэгт итгэхгүй байна.

-Эдийн засагжсан Үндсэн хуультай болох талаар зарим судлаачид хөнддөг. Ийм Үндсэн хуультай болохын тулд эхний ээлжинд яах хэрэгтэй вэ?

-Чи их том асуудал хөндөөд байна. Үндсэн хуулийг зөвхөн эдийн засагчид, эсвэл зөвхөн хуульчдын хийдэг асуудал биш. Нийгмийн гэрээ. Нийгэм өөрчлөгдчихөөд байгаа учраас 1992 оны Үндсэн хууль хэр барагтай хүн бүрт гологдоод байгаа юм. Тиймээс энэ гологдож байгаагаа дэвшил болгож өөрчилж чадах уу, эсвэл хуучин руугаа ухрах уу гэдэг зовлон байна. Тэр зовлонг давж чадах бодлого, оюун санааны дэвшил хэрэгтэй байна.

-С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргээр ял эдэлж байсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт холбогдох хэргийг прокуророос хэрэгсэхгүй болголоо. Үүнийг та хэрхэн дүгнэж байна вэ?

-Энэ асуултад хууль хяналтын байгууллага өөрсдөө хариулах ёстой. Бид үүнд оролцох, элдэв тайлбар хийх хэрэггүй гэж бодож байна.

-Мөн долдугаар сарын 1-ний хэргийг сэргээж буй. Хэрэг мундсан биш энэ хэргүүдийг дахин сэргээж байгааг та юу гэж харж байна?

-Надад энэ талаар мэдээлэл алга. Би мэдэхгүй байна.

Р

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Хурц: Олон улсын хүний эрхийн байгууллагын экспертүүд Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүгээгүй гэж үзсэн DNN.mn

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргээр ял эдэлж байсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт холбогдох хэргийг прокуророос хэрэгсэхгүй болгосон. Тэгвэл уг асуудалтай холбоотойгоор Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцаас дараах тодруулгыг авлаа.


-Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн хэлж байгаа шиг Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар энэ хэргийн жинхэнэ эзэд биш юм уу?

-Ц.Нямдорж чинь нэг л сонин юм хийгээд байдаг шүү дээ. Ц.Нямдорж өөр хэн нэгэн хүнийг Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар шиг ингэж өмгөөлөөгүй шүү. Жишээ байна уу, та хэл дээ. Байхгүй биз дээ. Яг энэ хэрэг дээр л амиа тавьчихдаг.

Ц.Нямдорж хувийн асуудлаа намынхаа асуудал болгож хардаг хүн байхгүй юу.

-Хувийн асуудал гэдгийг тодруулахгүй юу?

-Эрдэнэтийн шахаатай, Шагдарын Отгонбилэгийн үеэс л бүгдэд нь явсан хүн. Нууц биш. Эрдэнэтийн дарга нь солигдоод байдаг ч манай Увсын тодорхой хүмүүс Эрдэнэтийн удирдлагад дандаа сууж байдаг.

-С.Зоригийн хэргийг ийн шийдэж байгаа нь цаагуураа ямар зорилготой гэж хардаж байна вэ?

-Мэдэхгүй. Дахиад нөгөө Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл гэж ярина биз. Өөр юу гэж харах вэ дээ.

-Улс төрийн зорилго уу?

-Тийм. Ерөнхийдөө сонгууль эхэлчихлээ шүү дээ.

-Долдугаар сарын 1-ний хэргийг сэргээж байгааг юу гэж харж байна?

-Долдугаар сарын 1-ний хэргийг сэргээж байгаа гэж би сонсоогүй. Хэрвээ долдугаар сарын 1-ний хэргийг сэргээнэ гэсэн яриа явж байгаа бол бас л улс төр. Энэ асуудал дээр би тэр үед тушаал авч байсан цагдаагийн албан хаагчдынхаа талд байна. Өнөөдөр ч гэсэн цагдаагийн байгууллага тушаал аваад ямар үйлдэлтэй, ямар байдалтай байгааг та харж л байгаа шүү дээ. Арай л буудчихгүй байна. Гэхдээ том, жижиг шалтгаанаар аваачиж хориод байна.

-Одоо С.Зориг агсны хэрэг цааш яаж хөврөх гээд байна. Яах гээд ийм шийдвэр гаргаж байгаа юм бол, яг ямар учиртай вэ?

-Ц.Нямдоржоос л асуу. Би ямар эрх мэдэлтэй биш. Ямар нэгэн ажил алба хашиж байгаа биш. Би ямар шүүх, прокурор биш. Би бол тэр ажлыг явуулж байсан хүмүүсийг удирдаж байсан л хүн.

-Та яг эрүүдэн шүүсэн юм уу?

-Би ямар юмаараа эрүүдэн шүүдэг юм бэ.

-Тийм итгэлтэй байгаа юм уу?

-Нэг ньюанс бий. Олон улсын парламентын шугамаар Олон улсын хүний эрхийн байгууллагаас гурван эксперт ирээд энэ хэрэгт эрүүдэн шүүлт явагдаагүй гэж тогтоочихоод буцсан шүү. Үүнийг нуудаг шүү, наад хэд чинь.

-Энэ хэрэг хэрэгсэхгүй болох нөхцөл бүрдчихэв үү?

-Хэрэгсэхгүй болгуулах гэж хэрэгсэхгүй болгох юм руу түлхсэн байх гэж харж байгаа. Би мэдэхгүй шүү дээ. Би шүүх хурал хийгээгүй. Гурван шатны шүүхийг яах гэж байгаа юм бэ. Тэр олон шатаасан хүүхдийг яах гэж байгаа юм бэ. Нууцаас гаргах ёстой гүйцэтгэх ажиллагааны материалуудыг яагаад ил болгохгүй байгаа юм бэ. Нэлээд олон цагийн бичлэг байна гэж би ойлгож байгаа. Байгаа ч гэж гадарлаж байна.

Хүн болгон ойлгодоггүй. Би хэрэгт нөлөөлж болдоггүй. Хэрэгт оролцож болдоггүй. Тагнуулын байгууллагаас удирдаж байсан ажлын хэсэг гэж бий. Намайг даргаар очихоос өмнө нь байсан хүмүүс ч удирдаад явж байсан асуудал. Би байгууллагын даргын хувьд тэр хүмүүсийн төлөвлөгөөг баталж өглөө гэж бодъё.

Хууль зүйн сайдаар Ц.Нямдорж гэдэг хүн ажиллаж байхдаа Цагдаагийн байгууллагын төлөвлөгөөг баталж байгаа юм. Шүүхийн шийдвэрийн төлөвлөгөөг бас баталж байгаа юм. Хилийн цэргийн төлөвлөгөөг баталж байгаа юм. Ц.Нямдорж сайдын үед Төв аймагт ачигдаад явж байсан хоёр цагдаа хүн амины хэрэг хийсэн. 60 настай хүнийг боогоод алчихсан байхгүй юу. Та нар тэр материалыг эргээд хараарай. Тэд ял аваагүй. Хүн алчихаад байхад шүү. Юун эрүүдэн шүүх. Гэтэл төлөвлөгөөнүүдийг Ц.Нямдорж баталж байгаа юм. Ц.Нямдорж төлөвлөгөөнүүдийг баталсан гэдэг энэ факт дээр үндэслэвэл надаас 10 дахин хүнд ял авах ёстой хүн шүү дээ. Цагдаа нь хүн алчихсан. Хилийн цэрэг дээр офицер нь цэргээ буудаад алчихсан. Цагдаагийн сургуулийнхан нь бөөнөөрөө зугаалж явахдаа аваарт ороод хоёр нь нас барьчихсан. Ийм хэргүүд бий. Эргээд материалуудыг ухаад үз. Ц.Нямдоржийн үед ямар их хүн эрүү шүүлтэд орж, эрүү шүүлтэд тулгагдаж байсан бэ гэдгийг хар. Энэ хүн чинь өөрөө эрүү шүүлт явуулах гээд сандал авч ирж байсан хүн шүү. Энэ хүн гэнэт нэг өдөр ардчилал, хүний эрх яриад гэнэт гарч ирдэг байхгүй юу. Уржигдархан бас л гэнэт гарч ирлээ. Наадах чинь ажлаа хийчихээд гарч ирдэг хүн байхгүй юу. Баахан хүнийг бужигнуулчихаад өөрөө од болж гарч ирдэг

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Н.Энхцэцэг: Иргэний үндсэн эрхийн гомдлыг Цэц хянадаг болох нь том дэвшил DNN.mn

Хуульч, судлаач Н.Энхцэцэгтэй ярилцлаа.


-ҮХНӨ-ийн төсөлд “Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага байнга оршдог хотыг Улсын нийслэл гэнэ” хэмээх заалтыг та хэрхэн дүгнэж байна вэ?

-Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Үндсэн хуульд “Монгол Улсын төрийн дээд БАЙГУУЛЛАГУУД байнга оршдог хотыг Улсын нийслэл гэнэ” хэмээн заасан байдаг. Төрийн дээд байгууллагууд гэдэгт Ерөнхийлөгчийн институц, УИХ, Засгийн газар, Улсын дээд шүүх, Үндсэн хуулийн Цэц зэрэг төрийн том институциуд хамаарна. Тэгвэл одоо мөрдөгдөж байгаа Үндсэн хуулиар эдгээр төрийн байгууллагууд байгаа хотыг улсын нийслэл хэмээн тодорхойлсон байгаа юм. Тиймээс Үндсэн хуулийг зөрчихгүй байх үүднээс энэхүү байгууллагууд бүгдээрээ Улаанбаатар хотод үйл ажиллагаагаа явуулах ёстой болчихоод байгаа юм л даа. Харин Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд “Монгол Улсын төрийн эрх барих дээд БАЙГУУЛЛАГА байнга оршдог хотыг Улсын нийслэл гэнэ” хэмээн заасан байна. Байгууллага, байгууллагууд гэх энэ үгнээс маш том агуулга яригдана.

онгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага бол зөвхөн Улсын Их Хурал. Тэгвэл ҮХНӨ-ийн төсөлд туссан зохицуулалтаар Улсын Их Хурал байгаа хотыг Улсын нийслэл хэмээн ойлгож болох гэсэн үг.

УИХ-аас бусад төрийн том институциуд Хархорин юм уу, Хөшигийн хөндий ч гэдэг юм уу, эсвэл бусад томоохон хотууд руу нүүх боломж бүрдэж байна гэж ойлгож болно. Жишээлбэл, Ерөнхийлөгчийн институци Хархорин хотод байрлах боломжтой болох нь. Ер нь хот хөдөөгийн тэнцвэрийг хангая, төвлөрлийг сааруулъя гэж олон жил ярьж байгаа. Тэгвэл энэхүү заалтаар эдгээрийг ажил хэрэг болгох боломжтой байна гэсэн үг.

-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд хүний эрхийн баталгааг хангахтай холбоотой хоёр ч заалт орж буй. Тэрхүү заалтуудад та ямар дүгнэлттэй байна?

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал жил гаруйн өмнөөс яригдсан. Дунд нь шинэ Үндсэн хуулийн хувилбар ч танилцуулагдсан. Тэгвэл Засгийн газраас Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг олон нийтэд танилцуулж санал авч байна. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах галт тэрэг хөдөлсөн гэж ойлгож байна. Тиймээс Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь зөв, буруу эсэхийг ярих нь илүүц болов уу. Нэгэнт өөрчлөлт оруулах нь тодорхой болсон энэ нөхцөлд аль болох легитим өөрчлөлт оруулах талаас нь нийгмийн хэлэлцүүлэгт оролцож үзэл бодлоо солилцох нь зүйтэй гэж хуульч, судлаач хүний хувьд үзэж байгаа.

Хүний эрхийг хамгаалах тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр Үндсэн хуулийн 66.1, 66.2-т зарчмын томоохон өөрчлөлт оруулахаар төсөлд тусгасан байна лээ. Үндсэн хуулийн төвлөрсөн хяналтын системтэй улсууд буюу Европ загвар гэдэгт Үндсэн хуулийн бие даасан шүүхтэй улсыг хэлдэг. Эдгээр улсад Үндсэн хуулийн шүүхэд ерөнхийдөө хувь хүн эсхүл төрийн тодорхой инститүцүүд хандаж болдог. Хувь хүний тухайд үндсэн хуулийн шүүхэд шууд ба шууд бусаар хандаж болдог.

Өөрт хамааралтай асуудлаар шууд хандахын тухайд, Нэгдүгээрт, тухайн иргэн өөрийнх нь Үндсэн хуулиар хамгаалагдсан эрх, эрх чөлөө зөрчигдсөн гэж үзвэл Үндсэн хуулийн шүүхэд норматив болон нэг бүрчилсэн актыг өөрсдийн хэрэгт хамааралтайгаар хянуулах эрхтэй байдаг. Үүнийг “үндсэн хуулийн иж бүрэн гомдол” гэдэг. Мөн хувь хүн норматив актад үндэслэсэн нэг бүрчилсэн акт өөрийнх нь үндсэн эрхийг зөрчсөнтэй холбоотойгоор норматив актыг нь хянуулахаар Үндсэн хуулийн шүүхэд гомдол гаргаж болно. Манай өнөөгийн Үндсэн хуулийн 66.1-д зааснаар “иргэдийн өргөдөл, мэдээллийн” дагуу Цэц өөрийн санаачилгаар маргааныг хянан шийдвэрлэж ирсэн. Үүний иргэний өргөдөл гэдэг нь Үндсэн хуулийн гомдлыг ойлгоно хэмээн манай нэртэй эрдэмтэн, судлаачид тодорхойлсон байдаг. Гэхдээ өнгөрсөн 30 жилийн хугацаанд яг өөрт хамаатай асуудлаар гомдол маргаан шийдвэрлэж байсан тохиолдол үндсэндээ гараагүй гэж хэлж болно. Яахав ганц нэг өөрийн үндсэн эрхтэй холбогдуулан өргөдөл гаргаж шийдвэрлүүлсэн тохиолдол байдаг л даа.

Тиймээс өнөөдрийг хүртэл иргэний үндсэн эрхийн тодорхой зөрчил, тухайлбал өөртэй нь холбоотой халдашгүй чөлөөтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх нь хянан хэлэлцэх эрх зүйн орчин үндсэндээ байхгүй байна гэж хэлж болно.

Тэгвэл, Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөлд хувь хүний үндсэн эрхийг хамгаалахтай холбоотой үндсэн хуулийн иж бүрэн гомдолыг Цэцэд хандаж гаргаж болох эрх зүйн үндэсийг 66.1-д өөрчлөлт оруулах замаар баталгаажуулахаар төлөвлөсөн нь хүний эрхийг дотоодын механизмаар хамгаалахад гарч буй том дэвшил гэж харж байна. Үүнийг одоо хэрэгжих боломжгүй, цаг үе нь биш гэсэн аргумент гарахыг үгүйсгэхгүй. Гэхдээ мэдээж хэрэг хэрхэн хэрэгжүүлэх талаар Үндсэн хуулийн цэцийн тухай хууль болон Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулиар нарийвчлан зохицуулж болно шүү дээ. Хэрэгжүүлж эхлэх хугацааны хувьд ч тодорхой бэлтгэл хангах хугацаа тогтоох боломжтой. Тиймээс ямартаа ч эрх зүйн үндэсээ бий болгож авах нь хүний эрхийг хамгаалах тогтолцоогоо хөгжүүлэх зайлшгүй алхам гэж үзэж байна.

Шууд хандах өөр нэг арга зам нь actio popularis зарчим буюу парламентаас баталсан хууль тогтоомж, түүний тодорхой зүйл, заалт иргэний үндсэн эрх, эрх чөлөөг зөрчиж байна гэж үзсэн хэн бүхэн өөрт нь хамааралтай байхыг шаардахгүйгээр үндсэн хуулийн шүүхэд хандаж хийсвэрээр хянуулах хүсэлт гаргаж болно.

Манай улсын хувьд энэ арга зам Үндсэн хуулийн Цэцийн маргаан хянан шийдвэрлэх үндсэн арга хэрэгсэл болж ирсэн. 1992 оноос хойш өнөөгийн байдлаар нийт 299 Цэцийн шийдвэр байгаагийн 98 орчим хувь нь “иргэдийн мэдээлэл”-д үндэслэсэн байгаа юм. Энэ арга замыг өнөөдөр Мальт, Хорват зэрэг маш цөөн улс оронд хэрэглэдэг. Энэ арга зам нь урвуулан ашигласан гомдол гаргах өргөн боломж олгодог гэдэг үүднээс ер нь улс орнууд төдийлөн хэрэглэдэггүй. Унгарт энэ аргыг 1990 оноос хэрэглэж байгаад 2012 онд халж, иргэдийн үндсэн хуулийн гомдол гаргах арга хэрэгслийг нэвтрүүлсэн. Тухайн үед Унгар улс үүнийг юу гэж зөвтгөж байсан гэхээр, нэгт Үндсэн хуулийн шүүхийнхээ практикийг хөгжүүлэхэд тустай, мөн хүчин төгөлдөр хуулиудыг Үндсэн хуульдаа нийцүүлэн өөрчлөх боломж гэж үзэж байсан.

-Өөрт хамааралгүй асуудлаар иргэд гомдол гаргахаа больчихвол хэн Цэцэд хандах вэ?

-Үндсэн хуулийн 66.2-т Хүний эрхийн үндэсний комисс Цэцэд хүсэлт гаргах боломжтой байдлаар тусгасан байна лээ. Ер нь Европ загварын үндсэн хуулийн шүүхтэй улсуудад омбудсмен зэрэг хүний эрхийн байгууллага болон бусад байгууллагууд нийтийн эрх ашгийг хамгаалах зорилгоор “нийтийн өргөдөл гаргагч”-ийн хувиар өргөдөл гаргаж болдог. Ингэхдээ жишээ нь, шинээр гаргасан актыг хүчин төгөлдөр болсноос хойш тодорхой хугацааны дотор Үндсэн хуульд нийцэж байгаа эсэхийг хянуулахаар Үндсэн хуулийн шүүхэд шууд хүсэлт гаргаж болдог. Мөн 66.2-т бас нэг чухал өөрчлөлт туссан байна. Энэ нь Улсын Их Хурал, түүний нийт гишүүний аравны нэгээс доошгүй гишүүн Цэцэд хандаж хүсэлт гаргах боломж. Одоо зөвхөн УИХгэж ерөнхийлөн заасан байгаа тул УИХ-ын зохион байгуулалтын үүднээс үндсэндээ хүсэлт гаргах боломжгүй.

Өдгөө хүртэл нэг ч удаа УИХ-аас Цэцэд хянуулахаар хүсэлт гарч байгаагүй байдаг. Үндсэн хуулийн абстракт хяналт нь улс төрийн үйл явцад Үндсэн хуулийг хэрэгжүүлэх хамгийн чухал арга хэрэгсэлд тооцогддог. Учир нь улс төрийн буюу парламентын олонх эрх мэдлээ урвуулан ашиглахаас сэргийлэх үүднээс парламентын цөөнхөд “хяналт тэнцэл” хангах боломж олгодог арга хэрэгсэл. Жишээлж үзвэл, саяхан батлагдаж Ерөнхийлөгчийн хориг тавигдаад байгаа Цахим орчинд хүний эрхийг хамгаалах тухай хууль Үндсэн хуулиар хамгаалагдсан хүний үндсэн эрхийг зөрчиж байна гэж үзсэн парламентын цөөнх Үндсэн хуулийн цэцэд хандаж хянуулах боломжтой гэсэн үг.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Б.Баттөмөр: Төгрөгийн ханшийг илүү чангаруулъя гэвэл баялгийн менежмэнтээ зөв хийх хэрэгтэй DNN.mn

-Бид байгалийн ба ялгаа бүс нутгийн үнэд ч хүргэ ж худалдаалж чадахгүй байна –

УИХ-ын гишүүн, эдийн засгийн шинжлэх ухааны доктор Б.Баттөмөртэй ярилцлаа.


-Монголын эдийн засгийн нөхцөл байдлыг та эдийн засагч хүний хувьд юу гэж дүгнэж байна вэ?

-Юуны өмнө хэдэн тоо баримт дурдах нь зөв болов уу. Монгол Улсын 2022 оны жилийн эцсийн эдийн засгийн үзүүлэлт сайнгүй гарсан. Эдийн засаг 4.5 хувийн өсөлттэй гарсан. Хоёрдугаарт, гадаад худалдааны тэнцэл 3.8 тэрбум ам.долларын ашигтай гарсан боловч эдийн засгийн өсөлтийн үр өгөөж, хүртээмж сайн биш. Үүний нэг жишээ нь, өрхийн орлого 0.7 хувиар буурсан. Нөгөө талаас гадаад худалдаа 3.8 тэрбум ам.долларын ашигтай гарсан ч төлбөрийн тэнцэл 726 сая ам.долларын алдагдалтай гарсан. Эдийн засгийн өсөлтийн өгөөж муу гарсан гэдэг нь үүнээс харагдаж байна.

Хоёрдугаарт, худалдааны ашгийн өгөөж муу дүнтэй гарсан нь харагдаж байна.

Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар нийт бараа эргэлт 5.7 тэрбум ам.доллар байсан. Үүнээс экспорт 3.8 тэрбум ам.доллар, импорт 1.9 тэрбум ам.доллар байна. Энэхүү зөрүүнээс гадаад худалдаа 1.8 тэрбум ам.долларын ашигтай гарсан хэмээн дүгнэж болно. Өнгөрсөн жилийн эхний улирлын байдлаар 230 сая ам.долларын ашигтай байсан. Тэгвэл энэ жил 1.8 тэрбум ам.долларын ашигтай гарч байна.

Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл өнгөрсөн 30 жилийн хугацаанд дандаа алдагдалтай байсан. Тэгвэл энэ нэгдүгээр улиралд 656.6 тэрбум төгрөгийн ашигтай гарч байна. Энэ бол их сайн үзүүлэлт л дээ.

Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2023 оны нэгдүгээр улиралд 5.1 их наяд төгрөг болсон. Энэ бол өмнөх оны мөн үеэс 29.6 хувиар өссөн гэсэн үг. Улсын нэгдсэн төсвийн нийт зарлага, эргэж төлөгдөх өр зээлийн хэмжээ 2023 оны нэгдүгээр улиралд 4.1 их наяд төгрөг болж улсын тэнцвэржүүлсэн тэнцэл 656.6 тэрбум төгрөгийн ашигтай гарч байгаа нь ийм учиртай.

Эхний улирлын байдлаар төлбөрийн тэнцлийн урсгал дансны тэнцэл эхний хоёр сарын гүйцэтгэлээр 191.6 сая ам.доллар, хөрөнгийн дансны тэнцэл 0.5 сая ам.долларын ашигтай гарсан. Харин санхүүгийн дансны тэнцэл 85.7 сая ам.долларын алдагдалтай гарсан.

Манай улсын нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ 2022 оны жилийн эцсийн байдлаар 5033 ам.доллар болсон. 2020 онд 4128 ам.доллар байсан. Өөрөөр хэлбэл, 2020 оныхоос 21.9 хувиар өссөн гэсэн үг. Энэ мэтчилэн эдийн засагт нааштай өөрчлөлтүүд гарч байна. Энэ нь авлига хээл хахууль, хулгайтай тэмцэж байгаагийн нэг үр дүн гэж хэлж болно. Мөн Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг баталсан. Энэ хуулийн хүрээнд нүүрсээ биржээр дамжуулж худалдаж байна. Үүнтэй холбоотойгоор эдийн засагт ийнхүү эерэг өөрчлөлтүүд гарч байна гэж үзэж байна.

-Үнийн хөөрөгдөл өнөөдөр том асуудал хэвээр байна. Үнийн хөөрөгдлийг богино хугацаанд тогтворжуулах, буулгах арга хэмжээг та хэрхэн харж байна вэ?

-Өнөөдөр Монголд үүсч байгаа энэ хүндрэл бол ойрын хугацаанд бий болчихсон юм биш. Нэг, хоёрхон жилийн асуудал ч биш. 30 жилийн бодлогын алдаа өнөөдөр ингэж гарч байна. Үүнийг засахад тодорхой хугацаа хэрэгтэй. Нэг хоёр жилийн дотор шийднэ гэж хэлэхэд төвөгтэй. Эдийн засагт гарч байгаа энэ нааштай үзүүлэлтүүд үнийн хөөрөгдлийг бууруулахад тодорхой хэмжээгээр үр нөлөөгөө өгнө гэж ойлгож болно. Тухайлбал, нэг ам.доллар 3530 төгрөг байсан. Тэгвэл өнөөдөр 3495 төгрөг болчихсон байна. Монгол төгрөгийн ханш тогтворжиж, ам.долларын эсрэг ийнхүү чангарч байна гэдэг нь үнийн хөөрөгдлийг тогтоон барихад ач холбогдолтой арга хэмжээ болно. Манай улсын инфляци, үнийн хөөрөгдлийн зонхилох хувийг ханшийн уналт эзэлдэг. Тиймээс ханш тогтвортой болж, чангарч байна гэдэг нь инфляцийг бууруулах үндсэн нөхцөл болно. Тиймээс энэ мэтчилэнгээр цаашид эдийн засгаа зөв удирдаж, зөв арга хэмжээг хэрэгжүүлбэл инфляци, үнийн хөөрөгдөл буурна. Ханш тогтворжино. Эдийн засгийн өсөлтийн үр өгөөж сайжирна.

-Монгол төгрөг ам.долларын эсрэг 40-өөд төгрөгөөр чангарсан нь гэрэлтэй мэдээ боллоо. Ер нь ам.долларын эсрэг монгол төгрөгийн ханш чангарч, өсдөггүй гэх ойлголт өнгөрсөн хугацаанд бидэнд байлаа шүү дээ. Тэгвэл монгол төгрөгийн ханшийг чангаруулах боломж байна уу?

-Байлгүй яах вэ. Үүний тулд нэгдүгээрт, баялгийн менежмэнтээ зөв хийх хэрэгтэй. Монголоос гарч байгаа баялгийг дэлхийн зах зээлийн үнэд хүргэж худалдах ёстой. Худалдаж байгаа үнэ, хэмжээ бүхнийг ил тод болгох ёстой. Татвараа зөв төлөх ёстой. Татвар зөв төлснөөр улсын сан хөмрөг арвижна. Тэр хэмжээгээр Монгол Улсын эдийн засагт нааштай үр өгөөж үзүүлнэ. Төрийн албан хаагчдын цалин, мөн тэтгэвэр тэтгэмж, халамжийн хэмжээ өснө.

Энэ мэтчилэнгээр үр өгөөж нэмэгдэнэ. Үүний тулд өнөөдөр хийх хамгийн гол ажил нь баялгийн менежмэнтийг сайн хийж байж цаашид үр ашигтай ажиллах нөхцөл бүрдэнэ.

-Дэлхий нийтийн эдийн засгийн байдал, ковидын хүнд үетэй холбоотойгоор Монголын аж ахуйн нэгжүүдийн байдал хүндэрсэн. Тиймээс иргэд, аж ахуйн нэгжээ дэмжихийн тулд баялгийн менежмэнтээс гадна нэн тэргүүнд ямар арга хэмжээг хэрэгжүүлэх хэрэгтэй гэж та харж байна вэ?

-Хувийн хэвшлийг дэмждэг хэд хэдэн арга бий. Нэгдүгээрт, урт хугацаатай, бага хүүтэй зээлийг хувийн хэвшилд олгох. Хоёрдугаарт, татварын бодлогоор дэмжих хэрэгтэй. Гуравдугаарт, тэдний үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, ажил үйлчилгээг төр худалдаж авах хэрэгтэй. Дэлхий нийтээр мөрдөгддөг ийм гурван арга бий. Тиймээс энэ гурван аргыг сайн хэрэгжүүлж ажиллавал төр хувийн хэвшлийн түншлэл, хувийн хэвшлээ дэмжихэд тодорхой ахиц дэвшил гарна.

-Хувийн хэвшлийнхэн татварын дарамт их байна гэдэг. Тухайлбал, АМНАТ дээр давхар авдаг хэмээдэг. Татварын таатай орчноор дэмжихийн тулд ямар арга хэмжээг авбал зохистой вэ?

-Ер нь манайд хоёр алдаа байна. Бусад улс орны сайн туршлагыг харахад байгалийн баялгийг ашиглах лицензийг олгохдоо нэгдүгээрт, хөрөнгийн чадвартай. Хоёрдугаарт, мэргэжлийн. Гуравдугаарт, хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниудад олгодог. Гэтэл манайх хүссэн бүхэнд нь олгодог. Энэ нь наймааны хэрэгсэл болчихсон. Бидний нэгдүгээр алдаа энэ. Харин хоёрдугаарх нь, бид өнөөдрийг хүртэл байгалийн баялгаа дэлхийн зах зээлийн үнэд биш юм аа гэхэд бүс нутгийн, Хятадын зах зээлийн үнэд хүргэж худалдаж чадахгүй байна. Нүүрсээ ч тэр, төмрийн хүдрээ ч тэр. Түүнчлэн манай аж ахуйн нэгжүүд АМНАТ их байна. Давхар авч байна гэдэг. Угтаа АМНАТ татвар биш. АМНАТ бол төлбөр юм. Үндсэн хуулийн 6.2-т газрын баялаг ард түмний мэдэлд байна гэж заасан байгаа. АМНАТ-өөр дамжиж байгалийн баялаг ард түмэнд очиж байгаа мөнгө шүү дээ. Тиймээс АМНАТ их байна, давхар авч байна гэх хэрэггүй. Хамгийн гол нь Монголын ард түмний мэдэлд байдаг баялгийг лицензээр ашиглаж бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа хүмүүс тэрхүү баялгийг дэлхийн, эсвэл бүс нутгийн зах зээлийн үнэд хүргэж худалдах ёстой. Хоёрдугаарт, тэрхүү бүтээгдэхүүндээ нэмүү өртөг шингээ, боловсруул. Нүүрсээ угаадаг ч юм уу, төмрийн хүдрийг баяжуулдаг ч юм уу ийм байдлаар нэмүү өртөг шингээж бүс нутаг, дэлхийн зах зээлийн үнэд хүргэж худалдах шаардлагыг тавих ёстой.

Манайхан татвар их байна гээд байх юм. Дэлхийн банк болон ОУВС-ийн гаргасан судалгаанаас үзвэл Монгол Улс хамгийн бага татвартай орны тоонд ордог. Монголын нийт татвараас голлох үүрэгтэй нь аж ахуй нэгжийн орлогын албан татвар байдаг. Гэтэл Монгол Улсын аж ахуйн нэгжүүдийн 96 хувь нь нэг хувийн татвар төлж байгаа шүү дээ. Тиймээс Монголд татварын хувь хэмжээг багасгах боломжгүй. Олон улсын байгууллагууд ч бидэнд татварын хувь хэмжээгээ шатлалтай болго хэмээн зөвлөдөг. Их орлоготойгоос их, бага орлоготойгоос бага татвар авах нь зөв шүү дээ.

-Манайх татварын таатай орчинтой юм бол гадны хөрөнгө оруулагчид манайд орж ирэхгүй байгаа шалтгаан нь юу вэ. Гадны хөрөнгө оруулагчдыг татъя гэвэл татварын таатай орчинтой байх ёстой гэдэг шүү дээ?

-Гадны хөрөнгө оруулалтыг татах нөхцөл бүрэлдүүлэх ёстой. Монголд татвар их байна гэсэндээ гадныхан зугтаагүй. Гадны хөрөнгө оруулагчид зугтсан олон шалтгаан бий шүү дээ. Тухайн үед гадны хөрөнгө оруулагчдыг монголчууд хашраасан. Өмч хөрөнгө, лицензийг нь булааж авсан. Бий болгосон тодорхой баялгуудыг нь дээрэмдсэн зэрэг асуудлууд байдаг. Хоёрдугаарт, тээвэр ложистиктой холбоотой хүндрэлүүд ч их байна. Далайд гарцгүй. Төмөр замын тээвэр байхгүй зэрэг асуудлууд байна. Гуравдугаарт, эрх зүйн орчноо сайн бүрдүүлэх ёстой. Хөрөнгө оруулалтын хуулийг ойрын хугацаанд УИХ-аар хэлэлцэх гэж байгаа. Энэ хуульд гадны хөрөнгө оруулалтыг татах таатай заалтуудыг нэлээд сайн тусгах ёстой. Манай зах зээл жижиг учраас гадна талдаа хүмүүсийн анхааралд төдийлөн сайн өртөхгүй байна. 3.4 сая хүн амтай. Хажуу талдаа 1.4 тэрбум хүн амтай зах зээл байна. Тиймээс зах зээл жижиг болохоор гадны хөрөнгө оруулагчдыг татах нь бага байна. Ашигт малтмалын салбарт хөрөнгө оруулах сонирхол их байдаг. Хайгуул хийгдээд нөөц нь тодорхой болчихсон гадныханд санал болгох лицензүүд байхгүй байна шүү дээ.

Төр баялгийн менежмэнтээ сайн хийж чадахгүй байгаа учраас гадны хөрөнгө оруулагчид итгэж орж ирэхгүй байна. Төр тодорхой хэмжээнд баялгийн менежмэнт, хайгуул, ашиглалтын бодлогуудыг зөв хийж чадвал гадныхан орж ирэх боломжтой. Түүнчлэн зам харилцаа, тээврийн асуудлаа шийдэх хэрэгтэй. Өнөөдөр тавигдсан төмөр замууд бүгд мухар байна. Мухар төмөр замууддаа шилжүүлэн ачих цогцолборыг байгуулах хэрэгтэй.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ордны “шивнээ”: ерөнхийлөгчид загнуулсан гурван сайд, нэг гишүүн гомдолтой явна DNN.mn

Улс төр үе үе оволзож, тэгсхийгээд намжих аж. Наанаа ийм боловч цаанаа тун ширүүн, эвгүй улс төр өрнөж байгаа бололтой. Угаасаа Хөгжлийн банк, нүүрсний хэрэг, Мөнх-Эрдэнийн шүүх хурал, Монголхүүгийн баривчилгаа, АН-ын гэрчилгээ тамганы маргаан, МАН-ын “нүүрсний 19 гишүүн”-ий тухай, Сонгуулийн хууль, Улс төрийн намын хууль, Үндсэн хуулийн өөрчлөлт гээд улс төр дагасан сэдэв ч мундахгүй олон юм.

Энэ олон улс төрийн сэдвүүдтэй үйл явдлууд хөшигний ард тасралтгүй л үргэлжилж байна гэсэн үг. Сүүлийн өдрүүдэд Төрийн ордноор нэг яриа нэлээд газар авч яригдав. Ерөнхийлөгч ойрд тун их ууртай байгаа гэнэ.

Уг нь Ерөнхийлөгч ойрд олны өмнө гараагүй боловч тун ажил хэрэгч байгаа. Тэрээр өөрийн санаачилсан Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Тамгын газрын даргаараа өнгөрсөн баасан гаригт УИХ-д өргөн бариулсан. Энэ хууль батлагдвал улс төрийн намуудын эрх зүйн орчин сайжирна. Тэдгээрийн нийгэмд гүйцэтгэх үүрэг нэмэгдэнэ. Намууд цөөнх, эсвэл хэсэг бүлгийн эрх ашгийн илэрхийлэл болсон явцуу бүлэглэл бус, улс орны нийтлэг ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг, нийгмийн өргөн давхаргын төлөөлөл бүхий бодлогын нам болно. Намууд нийгмийн өмнө үүрэг хүлээдэг, хариуцлагатай болсноор намд итгэх иргэдийн итгэл дээшилж, төрийн бодлого, шийдвэр гаргах явцад ард иргэдийн шууд оролцоог нэмэгдүүлнэ. Намд олгох төрийн санхүүжилтийн хувь хэмжээ, зарцуулалтыг нарийн тогтооно. Ингэснээр намуудад өрсөлдөөний ижил нөхцөл бий болгож, авлигын түвшнийг бууруулах зэрэг эерэг үр дүн авчирна гэж Ерөнхийлөгч үзэж байгаа юм байна.

Бас “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд аж ахуйн нэгжүүдэд очиж ажиллаж байгаа. Өнгөрсөн долоо хоногт ч үүнийгээ үргэлжлүүлсэн.

Харин ууртай байна гэдгийн тухайд тэрээр өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын гурван сайд, УИХ-ын нэг гишүүнийг өрөөндөө дууджээ. Төрийн ордонд яригдаж байгаагаар УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Энхбаяр, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар нар дуудагдсан гэнэ. Тэгээд загнасан байгаа юм. Чухам ямар шалтгаанаар, юунд бухимдаж уурлаад, юу гэж загнасан нь одоогоор тодорхойгүй байна. Харин гишүүд, сайд нар Ерөнхийлөгчид гомдчихсон яваа аж. Төрийн ордноор л нэг ярьж байна. Удахгүй тэд учрыг хэлэх биз ээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн захирал асан Д.Хаянхярваа: Тэр үед чухамдаа юу болсныг, бодит үнэнийг нийгэмд ойлгуулах боломж надад олдоогүй дээ DNN.mn

Сангийн сайд, УИХ-ын гишүүн, сүүлд “Эрдэнэс Монгол” компанийн захирлаар ажилласан Дамдины Хаянхярваатай ярилцлаа. Тэр бол маш идэвхтэй, нийгмийн сүлжээнд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг нэгэн билээ.


-Та улс төрд их идэвхтэй явсан хүн. УИХ-ын гишүүнээр гурван ч удаа сонгогдож, Монгол төрийн гол яамны сайд, “бүдүүн” Бүлгийн даргаар томилогдож явсан. Мөн 100 гаруй жилийн түүхтэй МАН-ын намын даргад ч өрсөлдөж явсан гэхчилэнгээр тод явсан. Одоо ер нь таны ажил, амьдралын хэмнэл ямар байна. Таны нэг өдөр хэрхэн өрнөж байна?
-Юуны өмнө “Албан ёсны ярилцлага авъя” хэмээн тууштай хандсан танай сонины хамт олонд баярлалаа. Би улстөрчийн болоод төрийн хүний хувьд бус иргэн хүний хувьд өөрийн байр сууриа илэрхийлье гэж таны саналыг хүлээж авсан шүү гэдгээ ярианы эхэнд тодотгон хэлье.
Энэ хүнээс ярилцлага авах хэрэг байна уу даа гэж бодох хүмүүс байгаа байх. Энэ авлигачин нөхөр юу ярих юм бэ гэх нь ч байгаа. Тэгж л ойлгогдохоор зүйлийг нийгэмд хаясандаа. “Гүжирийн өмнө хүчгүй” гэж үг бий. Тэр үед чухамдаа юу болсныг, бодит үнэнийг нийгэмд ойлгуулах боломж надад олдоогүй дээ. Одоо элдэв тайлбар хийгээд яахав дээ.
Миний өнөөдрийн амьдралын хэмнэл, ажлын тухай асууж байгаа тань сонирхолтой байна. Нээрэн юу хийж суугаа билээ гэж зог тусхийж байна (инээв). Би 2020 оны сонгуулийн дараа “Эрдэнэс Монгол”-д жил гаруй хугацаанд ажиллалаа. Жил орчим ажиллаж байтал яаж мултарсныг олон түмэн мэдэж байгаа. Түүнээс хойш тэтгэвэрт сууж байна. Одоо бол айхавтар онцын хийсэн ажилгүй. Нийгмийн сүлжээнд, сошиал ухсан шиг. Хааяа твиттер, фэйсбүүкт өөрийнхөө сонирхлын дагуу авсан ганц нэг фото зургуудаа постолно. Сүүлийн үед төр засгийн ажил төрөл, нийгмийн амьдралтай холбоотой шүүмжлэлтэй санагдсан ганц нэг санаа оноогоо бичсэн шиг цаг өнгөрөөж байна гэх үү дээ.
Ихэнх тохиолдолд гэртээ байна. Бага хүүгийн маань хүү гэж жаахан нөхөр бий. Манай эхнэр бид хоёр тэр нөхрийг хардаг ажилтай. Тэр маань одоохондоо зугаатай байна. Удаан олуулаа болоод ирэхээр ядраах шинжтэй юм байна шүү. Жаахан хүүхэд харна гэдэг чинь амар ажил биш юм байна шүү. Хааяадаа хөдөө гадаагуур тэнэнэ. Ийм л байдалтай амьдарч явна даа. Эргээд харахад би төрийн албанд нийтдээ 35 жил ажилласан байна. Ер нь бидний үеийнхэн адил даа. Өглөө босоод усанд орж, үс толгойгоо янзалж сахал үсээ авчихаад, зангиа цамцаа өмсөөд ажил руугаа явдаг. Ийм хэмнэлээр 35 жил явсан хүн энэ хэмнэлээсээ салахад амар биш байдаг юм байна. Ний нуугүй хэлэхэд, анхандаа жаахан хэцүү л байсан. Өглөө босч дадсан цагтаа босно. Үс толгойгоо янзалчихна. Тэгээд хаачихаа мэдэхгүй, юу хийх билээ гэдэг асуудал үүснэ (инээв). Одоо энэндээ дасч байна. Ер нь өглөө цаг нартай босдог хэмнэлээ бол өөрчилж чадахгүй юм билээ. Босоод хийдэг бүх зүйл дадал болсон байна.
-Та намынхантайгаа холбоотой байгаа юу. Сүүлд хэзээ намынхаа байраар оров?
-Намын дүрэм өөрчлөгдсөн гээд намайг намаас хассан. Энэ их хүнд жилүүдэд энэ намын төлөө хоёргүй сэтгэлээр явсан хүн. Тэнгэрт гартал магтаж сайшаагаад байсан журмын нөхөд маань “Таныг дүрэмд заасан асуудлаар манай намын гишүүн байх ёс зүй байхгүй учраас намаас хаслаа” гээд хэлчихээгүйд нь жаахан тиймэрхүү л байсан. Нэг л өдөр намаас хаслаа гэсэн мэдээ яваад л байна лээ. Намаас хасагдсан учраас намын байраар ороод байх сонирхолгүй болчихсон. Мэдээж нам дотор байгаа найз нөхөд, танил хүмүүс бий. Тэдэнтэйгээ хааяа уулзаж, утас шөрмөсөөр ярина. Олон жил намынхаа төлөө явсан болохоор журмын нөхдөдөө намынхаа л зовлонг ярих юм. Манай нам ингэмээр байх юм. Залуучууд ийм юман дээр алдаад байх шиг байна. Та нар залуучуудад ингэж хэлж зөвлөж болдоггүй юм уу гэхчилэнгээр нөхдөдөө санал бодлоо хэлнэ бас ярилцана.
Би бол хасагдсан гэдэгтэйгээ эвлэрсэн дээ. Зохих цагтаа ажилладгаа ажилласан. Одоо энэ намд ямар нэгэн байдлаар хэрэггүй болжээ гэж үзэж байгаа тохиолдолд заавал нам руу зүтгээд намын байраар орж тэнд юм яриад байх дэмий биз дээ. Харин найз нөхөдтэйгөө санал бодлоо хуваалцаж байх нь надад амар.
-Тантай ярилцаж байгаагийнх Монголын нийгмийн өнөөгийн байдал болоод өнөөдөр “трэнд” болчихоод байгаа улстөрчдийн талаар асууж яриулах нь зүйн хэрэг. Тиймээс улстөрчдөөс эхэлье. Өнөөдөр улс төрийн гол тоглогч болоод байгаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэрэгжүүлж байгаа бодлого, шийдвэрт та ямар дүгнэлттэй байна?
-Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаар ахлуулсан Засгийн газрын зүгээс яриад байгаа авлига хээл хахууль, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг эрчимтэй эхлүүлснийг маш зөв гэж бодож, хувь хүнийхээ хувьд дэмжиж байгаа. За миний дэмжлэг ч гэж юу байхав дээ. Авлигал хээл хахууль бол манай нийгэм дэх хамгийн бугшсан асуудлуудын нэг гэдгийг монголчууд нийгмээрээ хүлээн зөвшөөрч байна шүү дээ.
Олон жил болсон энэ алдаа завхралыг засаж залруулна гэдэг амар биш. Амаргүй энэ зүйл рүү зориглож орно гэдэг нь хэн бүхэн ч хийгээд байх ажил биш. Тиймээс Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын хувьд, залуу хүн ийм юм руу Засгийн газартайгаа орж, Монголд болохгүй бүтэхгүй байгаа том асуудлыг цэгцлэх гээд явж байгааг аль ч талаас нь дэмжиж байгаа. Хэн ч байсан хууль шүүхийн өмнө тэгш байх зарчим үйлчлээд эхэлбэл монголчуудад тустай шүү.
-Эдийн засгийн чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг та Сангийн сайд, эдийн засагч байсан хүний хувьд хэрхэн дүгнэж байна. Оновчтой байж чадаж байна уу. Хаана алдаж, юун дээр онож байна?
-Өнөөдөр улс орны улс төр, эдийн засгийн нөхцөл байдал амаргүй л байх шиг байна. Харин сүүлийн үед нүүрсний экспорт сэргээд, Оюу толгойн гүний уурхайн ажил эхэлж эдийн засагт сэргэлт бий болох хандлага ажиглагдаж байх шиг байна. Байгалийн баялгийг биржээр дамжуулан зарж байгаа нь, мухар ч гэсэн хоёр ч төмөр замтай болсон зэрэг нь эдийн засагт эерэг дохио өгч эхэлж байна. Төмөр замтай холбоотой асуудал хөгжилд том садаа болсон хэвээр л байна шүү дээ. Төмөр замын талаар төрийн маш тодорхой шийдвэр үгүйлэгдэж байна. Энэ бол хувь миний харж байгаа өнцөг шүү.
Би бол байгууллага, хамт олон, нам, улс төрд байгаа хүн биш, тэтгэврийн хөгшин гэдгээ сануулчихад илүүдэхгүй байх аа. Наад захын жишээ бараа бүтээгдэхүүний үнэ хяналтаас гарчихлаа. Ямар ч зохицуулалт хийж чадахгүй байна. Би зах зээлийн нийгэмд үнийн зохицуулалт хий гэж хэлж чадахгүй. Тэгэх ч ёсгүй. Харин жолоодлогогүй нэмэгдээд байгаа үнийн хөөргөдлийг яах ёстой талаар засаг төр анхаарах ёстой.
Жишээлбэл, эм, хүнсний бүтээгдэхүүний үнэ иргэдийг туйлдуулж байна даа. Энэ юу гэсэн үг вэ гэвэл эдийн засаг, нийгэм рүү чиглэсэн Засгийн газрын бодлого ойлгомжгүй байдал руу орчихоод байгаагийн тод жишээ биш үү. Зах дээр очоод хэн дуртай нь юмныхаа үнийг нэмдэг. Ер нь том зургаар нь үзвэл бодлогын алдаа л даа.
Манай улсын эдийн засаг уул уурхайгаас дэндүү хамааралтай. Гэтэл хайгуулын лиценз олголтыг зогсоочихсон. Одоо үндсэндээ зөвшөөрөлтэй ажиллаж байгаа хэдэн уурхайгаа тал талаас нь хэмлээд байгаа болохоос биш нэмэлт хайгуул хийгээд, бодитой гаргаад ирсэн дараагийн шатны уул уурхайн орд газар алга. Хайгуулд ямар их хөрөнгө мөнгө, ямар их цаг хугацаа ордог билээ. Энэ чиглэлд төр тодорхой арга хэмжээ авахгүй бол оройтлоо.
Өөр нэг том алдаа нь, Монголын эдийн засагт бодитой хувь нэмэр оруулж байгаа томоохон компаниуд, хувийн хэвшлийнхнийгээ дандаа харлуулах ажлыг төр өөрөө оройлон гүйцэтгэдэг болоод удлаа шүү. Өмчийн эздийг үр хүүхдийг нь олигархи, тэр л илүү баяжсан, шуналтай сувдаг гэх мэтээр дайрч сошиалаар троллддог гаж хандлага газар авсан.
Энэ бол маш буруу бодлого. Яагаад Монголын нийгэмд нийгмээ чирээд аваад явах чадавхтай 10, 20 компани байж болдоггүй юм бэ. Гэтэл бодит амьдрал дээр тэр компаниуд улсын төсөвт хичнээн төгрөгийн татвар төлчихөөд байна. Тэр татвараар нь юу хийх хэмжээний мөнгө юм бэ. Хичнээн хүнийг ажлын байртай болгочихоод байгаа юм бэ.
Тэрхүү ажилчдын ард хичнээн өрх амьжиргаагаа залгуулж байна. Цаашдаа тэд юу бүтээх гэж байгаа юм бэ гэдгийг зөв талаас нь харж ард түмэнд таниулах ажил хийгдэхгүй байна шүү дээ. Хий хоосон улс төржилт, талцал хуваагдал л гай болж байна даа.
Хөгжлийн банкны нээлттэй сонсголыг сонслоо. Анхны сонсгол гэхэд үнэхээр сайн болсон. Гэтэл томоохон компаниудыг зээлээ аваад өрөө дараад юу ч хийгээгүй юм шигээр ярьж байна лээ. Энэ нь хэд, хэдэн компани дээр ажиглагдсан. Гэтэл нөгөө компаниудынх нь тайлбарыг сонсоход хөрөнгө арай өөр.
Амьдрал нь хүнд байгаа ард түмэн үүнийг буруу талаас нь ойлгоод бөөн нерв болж байна. Өөрөөр хэлбэл, баялаг бүтээсэн, хөдөлмөрлөж хөрөнгө цуглуулсан хүмүүст ерөөсөө дургүй болоод байна шүү дээ. Энэ бол ажил хийж байгаа хүмүүст дургүй байна гэсэн үг.
Миний эзэмшлийн газар доор хичнээн баялаг байгаад би хөрөнгө босгож эдийн засгийн эргэлтэд оруулж чадахгүй бол “Миний өмч” гэж мянга цээжээ дэлдээд яах юм бэ. Яаж ч чадахгүй шүү дээ. Хэн нэгэнтэй хамтарч хөрөнгө босгож байж ажил явна. Хүний хөдөлмөр, нэмүү өртөг шингээж байж тэр чинь баялаг болно. Энэ мэтчилэнгээр нийгэмд байгаа алдаа завхралуудаа засч, хувийн хэвшлийнхэндээ дарамт шахалтгүй ажиллах боломжийг өгөх хэрэгтэй. Баялаг бүтээгчдэд төрөөс хандах хандлагаа жинхэнэ орвонгоор өөрчлөх цаг болсон. Төрийн нэртэй хувьчилж болох бүх өмчийг нэн яаралтай хувьчлах хэрэгтэй. Тэр цагт энэ их хулгай луйвар алга болно.

-Бүтээгдэхүүнээ экспортод гаргая гэвч бидэнд ложистик алга. Баахан мухар төмөр замтай боллоо. Үүний шалтгааныг та юу гэж харж байна?

-У.Хүрэлсүх ерөнхий сайдаар ахлуулсан Засгийн газар, Г.Занданшатар даргатай УИХ-ын үед бид хамгийн чухал шийдвэрүүдийг гаргахдаа алдаа гаргасан. Үүнийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Ямар алдаа гаргасан гэхээр бид Таван толгой-Гашуунсухайт чиглэлд экспортын зориулалттай нарийн царигийн төмөр зам тавих байсан. Эхлээд энэ замаа дуусгах байтал үүнийгээ хаяад хөндлөн төмөр зам тавих шийдвэр гаргасан гээд яривал юм юм л байна даа. Аль замыг түрүүлж барих нь зөв бэ гээд тухайн үед энэ асуудлаар нэлээдгүй байр сууриа илэрхийлсэн. Нэлээн ч үзэлцсэн. Харамсалтай нь бид амжилт олж чадаагүй.
Өнөөдөр мухар, хоорондоо холбогдох цэг нь зөрчихсөн, холболтын ажилд дахиад ч 200-300 сая ам.долларын санхүүжилт хэрэгтэй гэж яриад сууж байгаа нь УИХ, Засгийн газрын түвшинд гаргасан шийдвэрийн алдаа. Үүнийг хүлээн зөвшөөрөх ёстой. Хоёрдугаарт, Ханги-Мандалын төмөр зам. Мөн л өргөн цариг тавьсан. Бодвол холбоно гээд дахиад зардал гарах байх. Хувийн хэвшлийнхэн яаж ажилладгийг энд харуулсан гэж би боддог. Харамсалтай нь өргөн царигаар барих төрийн шийдвэртэй.
Гуравдугаарт, “Эрдэнэс Монгол”-д би ажиллаж байхдаа Гашуунсухайт-Шивээхүрэнд нарийн царигийн экспортын зориулалттай 47 км замыг тавья гэсэн Хятадын талын саналыг ажил болгож чадаагүй. Зураг төслийг нь МАК-ийнхан хийчихсэн байсан. “Эрдэнэс Монгол” 51 хувийг нь эзэмшинэ. Хятадын тал хөрөнгөө гаргаад улирал харгалзахгүй гурван сарын дотор тавья гэж байна. Тэнд AGV буюу жолоочгүй тээврийг туршъя гэсэн. Контейнер тээвэр зам тавья гэж байна. Агаарын дүүжин тээврийг хийе гэж байна гэсэн саналуудыг Засгийн газрын холбогдох яаманд хүргүүлж байсан. Эндээс би бас зэмлэл хүртсэн. Тухайн үеийн ХЭГ-ын дарга намайг “Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхөөр аюултай зүйл ярилаа” гэж ирээд л зэмлэсэн. Ингээд энэ чиглэлд шийдвэр гаргаагүй. Хөөт, Хөшөөтийн чиглэлийн төмөр зам мөн адил хувь тавилан хүлээж байх шиг байна.
Манай улсын эдийн засгийг тэтгэгч гол бүтээгдэхүүнийг авч байгаа Хятад улс хилийн цаана бүх дэд бүтцээ аваад ирчихээд байна. Монголчуудад үүд хаалгаа дэлгэчихээд байна шүү дээ. Нарийн царигаар манай экспортын бараа бүтээгдэхүүнийг авъя, хамт хөгжье гээд байхад манай улс энэ боломжийг ашиглаж чадахгүй байгааг хэний алдаа гэхэв дээ. Арай ард түмэн буруутай гэхгүй байлгүй дээ.
Одоо бид бодитой шийдвэр гаргах цаг болсон. Шивээхүрэнд ч болов нарийн царигийн төмөр замыг тавих шийдвэрийг Засгийн газар, УИХ-ын түвшинд гаргах хэрэгтэй. Бичигтийн боомтын чиглэлд мөн гаргах хэрэгтэй. Яах гэж давхар зардал гаргаад байгаа юм бэ. Экспортын чиглэлээр нарийн царигийн төмөр зам тавихад юу нь болохгүй байгаа юм бэ. Ачиж буулгах, дугуй солих гэхчилэнгээр хоёр ажил хийх ямар шаардлага байна.
Тэгэхэд хятадууд Австралиас нүүрс импортлох эрхийг бүх аж ахуйн нэгжүүддээ олгож байна. Тэднийх ямар хямдхан тээвэртэй билээ. Хятад усан боомттой учраас нүүрсээ маш их хэмжээгээр нь далайгаар тээвэрлээд аваад ирнэ. Тэр үед бидний нүүрсний үнэ өртөг яах билээ. Энэ талд ер нь нэг дорвитой алхам хийгээсэй билээ гэж хардаг.
-Эдийн засгийн хоёр дахь том салбарыг аялал жуулчлал гэж үзэж буй. 2023 оныг аялал жуулчлалыг дэмжих жил болгон зарласан. Энэ бодлого өнөөдөр бодитоор хэрэгжих боломжтой юу?
-Утаагүй үйлдвэрлэл гэж дэлхий нийтэд нэрлэж ирсэн аялал жуулчлалыг маш их ярьж байгаа боловч яг бодитоор юу хийх вэ гэдгээ ерөөсөө бид гаргаж чадахгүй байна.
Наад зах нь аялал жуулчлалыг бүх чиглэлд хөгжүүлэх хамгийн боломжтой цэг бол Хөвсгөл нуур. Очоод үз. Тэнд стандартад нийцсэн хичнээн кемп байна. Хуруу дарам цөөхөн хэдхэн кемп байгаа. Дэд бүтэц байхгүй. Ядах нь аа тэнд цэвэр, бохир усны асуудал, зам харгуйг шийдэх, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа компаниудаа хөнгөлөлттэй нөхцөлтэй зээлээр дэмжих хэрэгтэй. Энэ чиглэлд маш тодорхой шийдвэр гаргаж бодитой хийх ажил үгүйлэгдэж байна.
Засгийн газрыг харахад сүүлийн жилүүдэд сайн пиар хийж байна. Хэтрээд байгаа пиарууд ч байна. Тухайн үед У.Хүрэлсүх , Л.Оюун-Эрдэнэ нарыг Ерөнхий сайд болж байхад би “Бага ярь. Их хий. Та нарын пиар ихдээд ард иргэдэд хүлээлт үүсгээд байна. Тэр чинь ажил хэрэг болохгүй байна. Харин хийчихээд хийчихлээ гэдгээ дараа нь тайлбарла” гэсэн үгийг чуулганы танхимд хэлж байсан. Одоо ч гэсэн хийж хэрэгжүүлэх ажилд хэрэгтэй гэж энэ үгийг хэлж байна.
-Шинэ залуу үе гарч ирлээ. Залуучууддаа зайгаа тавьж өгч байна, зайгаа тавьж өг гэсэн пиар их явлаа. Шинэ залуу үеийн цөөнгүй гишүүн парламент, Засгийн газарт ажиллаж байна. Энэ хэрээр өнөөдөр чадамжийн асуудал яригдаж байна. Та ер нь үе солигдох асуудалд ямар байр суурьтай байдаг вэ?
-Шинэ залуу үе гарч ирлээ гээд тэднийг би үгүйсгээд, буруутгаад байх юм алга. Ер нь бусад улс орны туршлагыг харахад ажил, амьдралын туршлагатай хүмүүстэйгээ хамтраад ажилладаг. Сонгуулийн үеэр “Манай нам ахмад, дунд, залуу үеийн алтан хэлхээс юм” гэж бид ярих дуртай. Тэгвэл өнөөдөр тэр алтан хэлхээс алдарчихаад байна шүү дээ. Өөрөөр хэлбэл, ахмад үеийнхнийгээ босгоны цаана гаргачихаад байна.
Яахав дунд үе байгаа байх. Ихэнх нь залуучууд байна. Ингэхээр ажлын туршлагатай хэлж ярьдаг хүмүүс цөөрөөд байна. Энэ юунд нөлөөлж байна гэхээр өнөөдөр намын даргаасаа ч юм уу, Ерөнхий сайдаасаа дээд талд нь дарга гээд сууж байгаа эрхмээсээ хүн бүхэн айдаг болчихсон. Энэ нууц биш. Хүний л амьдрал болсон хойно чимхвэл тосч гоожно ус ч гоожно. Юм юм л гоожно. Ийм л айдастай болчихсон байгаа нь алдаа гарах эрсдэлийг улам бүр нэмэгдүүлж байна. Туулсан амьдрал, элээсэн оймс гээд хүнд амьдралаас олж сурсан асар их өв байдгийг залуу дарга нар бодож байхад илүүдэхгүй дээ.
-Өнөөгийн парламент Засгийн газарт тавих хяналтаа хэрэгжүүлж чадаж байгаа эсэхэд та ямар дүгнэлттэй байна?
-Шуудхан хэлэхэд, парламент Засгийн газарт хяналтаа тавих чадамжгүй болчихсон байна гэж би харж байна. Бүлгийн даргын ажлыг өгч байхдаа Д.Тогтохсүрэн даргад “Та олон жил аймаг орон нутгийг удирдсан учраас энэ ажлыг төвөггүй хийнэ. Би итгэж байгаа. Би баримталж ирсэн ганцхан л зарчмаа танд хэлье. УИХ-ын ажил тусдаа. Засгийн газрын ажил тусдаа. УИХ Засгийн газартаа шаардлагаа тавьж болохгүй бүтэхгүй юмыг нь дарж ажиллах ёстой юм шүү. Үүнийг л би хийх гэж ноцолдсон. Энэ бүхэн минь төдийлөн үр дүнд хүрч чадсангүй дээ. Та үүн дээр хичээж ажиллаарай. Ингэж ажиллавал Монголын төрд хэрэгтэй юм” гэж хэлж байсан. Д.Тогтохсүрэн дарга одоо санаж байгаа байх.
Өнөөдөр чухамдаа тэр нь бүтэж байгаа юу, үгүй юу гэдгийг би дотор нь байхгүй учраас тэр хүний, тэр бүлгийн ажлыг дүгнэж цэгнэж хэлж мэдэхгүй байна.
2019 онд Үндсэн хуулийн нэмэлт , өөрчлөлтийг баталж байх үеийн нэг зүйлийг би маш тод санаж байна. Өмнөх парламентад байсан гишүүд санаж байгаа байлгүй дээ.
Бид хүчтэй Ерөнхий сайдтай засаглалыг бий болгоё гэдэг санал тавиад явсан. Ингээд бүх эрх мэдлийг Ерөнхий сайдад төвлөрүүлэх эхлэл тавигдсан. Ялангуяа Ц.Мөнх-Оргил гишүүн тэр үед “Ер нь ерөнхий сайдад асар их эрх мэдлийг өгөхөд ямар ч газар дарангуйлал үүсэх өндөр магадлал байдаг. Тэгэхээр бид ядаж зарим нэг эрх мэдлээ УИХ-д хадгалж үлдэх ёстой” гэсэн тодорхой байр суурийг хэлж байсан.
Би үүгээр Ерөнхий сайдыг дарангуйлагч болчихлоо гэж хэлэх гээд байгаа юм биш. Мэдээж Л.Оюун-Эрдэнэ сайдын хийх гээд байгаа ажил амаргүй гэдгийг би ярианы эхэнд хэлсэн. Чиглэл нь зөв. Маш зөв ажлуудыг хийж байгаа. Ганцхан энэ хүнд аль ч талаас нь буруу, зөвийг хэлж зөвлөж чиглүүлэх хүн хүч жаахан хэрэгтэй юм болов уу даа. Магадгүй энэ парламент, энэ Засгийн газар дотор Л.Оюун-Эрдэнэ сайдын хийж байгаа ажил, хэлж байгаа үгэнд алдаа оноо байна гэж үзвэл хоорондоо жиг жуг хийх биш нүүрэн дээр нь зоригтой үг хэлдэг хүмүүс дутагдаад байна гэж хэлэх гээд байна.
Төр засгийн шугамаар шат шатанд нь ажиллаж байсан хүмүүсийг сонсох асуудал энэ Засгийн газар, залуу дарга нарт учир дутагдалтай байна.
Шийдвэр гаргах түвшинд ажиллаж байхдаа би чадалтай хүмүүстэй ажиллах дуртай байсан. Чадвартай хүмүүстэй ажиллахад алсыг харсан шийдвэр гаргаж чаддаг юм. Асуудлаа мэддэг чадалтай хүмүүс өөрийнхөө мэддэг зүйлд итгэл үнэмшилтэй байдаг. Тиймээс зөвлөж байгаа хүндээ зоригтой хэлдэг. Харин тэр үгийг нь хүлээж авах чадамжтай байж гэмээнэ залуучууд улам илүү хол явна. Түүнээс “Би бүгдийг мэднэ, чи ингэ” гэж шууд өөрийнхөө үзэл бодлыг тулгах зарчмаар явбал хол явах нь юу л бол.
-Зөвлөж байгаа нэртэй, “Таны зөв” гэж тал засч сөнөөх шахдаг хүмүүс их байх шиг?
-Ер нь сүүлд ийм болчихоод байна. Таны хэлсэн үг нийгэмд мандуулж байна. Таны саяны шийдвэр нийгмийг доргиож байна гэсэн “алга ташигчид” олшроод байна. Энэ юунаас харагдаж байна гэхээр нийгмийн сүлжээ сошиалаас харагдаж байна. Яг амьдрал дээр бодит сошиалын тэр давлагаа хоосон хөөсрөл байгаа юм. Сошиалыг хөөсрүүлээд байгаа хүмүүс бол өнөөх троллууд.
Сошиалд идэвхтэй байдаг хүмүүсийн тоо их биш. Коммент бичдэг хэсэг бүлэг троллуудын арми байна. Хэний ч арми юм.Тийм армиуд хүмүүсийн оюун санаа тархийг угааж байгаа зүйл харагдаад байна. Тэр бүхэнд нь ард түмний дийлэнх масс итгээд, Засгийн газар юм хийхгүй байна гэвэл хийхгүй байна гэж хошуураад. Лаг байна гэвэл лаг байна гэж хий хошуураад байна. Түүн дээр нь голлож Засаг пиараа явуулах гээд оролдоод байх шиг байна. Сошиал дахь хандалт маш савлагаатай байна. Тэгэхээр пиарыг маш оновчтой хийж өөрсдийнхөө бодит амьдрал, ажлыг зөв үнэлж байж ажлаа явуулах нь хамгийн чухал гэж харж байна.
-Танаас төрийн албан хаагчдын талаар асууя. Төрийн албыг чанаржуулах шийдвэр гаргаад байна уу, эсвэл бас л холион бантан хутгаад байна уу?
-Төрд ажиллаж байгаа хүмүүсийн нурууг нь үнэхээр авлаа. Одоо төрийн албанд үнэнч шударга чадалтай хүн ажиллах ямар ч боломжгүй.
болсон. Би бол багаасаа төрийн албанд доод шатнаас нь эхлээд дээд шат хүртэл нь өөрийнхөө хичээл зүтгэлээр явсан хүн учраас төрийн албаныхныг маш их хайрладаг. Өнөөдөр төрийн албаныхныг нурууг автал нь “балбаж” байна. Ялангуяа сүүлийн жилүүдэд. Бид 2016 онд ялсан. Өөрийн намын хүнээ тавина гээд баахан “бантан” болгосон.
Дараа нь У.Хүрэлсүх дарга гарч ирсэн. Баахан л өөрчлөлт болсон. Дараа нь дахиад л Л.Оюун-Эрдэнэ сайд болсон. Баахан л өөрчлөлт болсон. Яам тамгын газрынхныг сонсохоор чөлөө завгүй бүтцийн өөрчлөлт гээд байх юм. Одоо Д.Амарбаясгалан дарга дахиад 6000 хүнийг хална, солино гэж байна. Ийм аймаар айдсын дотор хэн төрийн албанд ажиллаж чадах юм бэ. Бүх ажлыг гардан гүйцэтгэдэг, хэвийн түвшинд авч явах ёстой дунд, доод шатны албан хаагчид нэгдүгээрт хуулийн хүрээнд ажиллаж чадахгүй болчихоод байна. Хоёрдугаарт, шийдвэр гаргаж чадахгүй болчихоод байна. Гуравдугаарт, тэр ажилдаа байх үгүйгээ мэдэхгүй байгаа хүн яаж тэнд ажиллах хүсэлтэй байх юм бэ. Яаж ийгээд амиа аргацаад хэдэн төгрөгийнхөө цалинг аваад сууж байх сонирхолтой байна биз дээ.
Сүүлийн үед хараад байхад төрийн албаа чичилж дайрч попордог зүйл газар сайгүй бий болчихлоо. Чи ажиллаж чадахгүй байна. Чи зайлаарай гэдэг байнгын заналхийлэл, зүхэлт дор төрийн албаныхан ажиллаж байна. Хэзээ байтлаа төрийн албан хаагч хүн доод шатны төрийн албан хаагчидтайгаа тэгж харилцдаг байсан юм бэ. Болж байвал болж байна гээд, болохгүй байвал болохгүй байна гэдэг. Алдаа оноо байвал түүнийг нь хэлдэг. Засч залруулдаг байх ёстой болохоос нэг алдаа гармагц нь зайл гээд чичлээд байдаг.
Мэдээж хөөж явуулах алдаа гэж байна. Ер нь төрийн албанд ч бай өөр албанд ч бай ажил хийж байгаа ямар ч хүн алдаа гаргалгүй явчихдаг юм гэж хаана ч байхгүй. Хүний амьдралд ч ийм зүйл байдаггүй юм. Эцэст нь дүгнэж хэлэхэд төрийн албыг бүү хэл нийгмийн амьдралыг цогцоор нь томоор харж байгаа төрийн бодлого байхгүй болчихоод байна.
-Тэгвэл энэ асуудлуудыг шийдэхийн тулд ямар арга хэмжээ хэрэгжүүлэх хэрэгтэй гэж та харж байна?
-Төрийн алба, яам тамгын газрын бүтцийг Үндсэн хуульд тусгана гэж ярьдаг байсан. Төрийн алба, бүтэц ийм байхад болох юм гэдгийг нэлээн ул үндэстэй судалгаан дээр тулгуурлаж зурах ёстой юм. Өөрөөр хэлбэл, тэдэн яамтай байна, тэдэн агентлаг байна гэдгийг маш нарийн зурмаар байна.
Жишээ нь, энэ жил МХЕГ-ыг татан буулгачихлаа. Нэлээд олон жилийн өмнө яамдад байж байгаад болохгүй байна гэж бөөн хэл ам болж МХЕГ-ыг байгуулсан. Мэргэжлийн хяналт нь овоо зүгшрээд ирмэгц дахиад тараагаад хаячихлаа. Давхар харьяалалтай зүйлүүд олон бий шүү дээ. Ингээд наанадаж энэ нийгмийг нуруун дээрээ авч яваа хувийн хэвшлийнхэнд яам яамнаас баахан шалгалт очих нь. Мөн маш олон хяналт шалгалт, зөвшөөрөл олгох ажил байна. Авлига, хүнд суртлыг бий болгож байгаа давхардсан олон хяналт шалгалт, зөвшөөрлүүдийн тоог нь цөөлье гэж яриад байгаа ч бодитоор хэрэгжиж чадаж байна уу үгүй юу.
Сонгууль болгоны дараа хийдэг халаа сэлгээгээ болих хэрэгтэй.
-Нөгөө талаас төр цомхон байх ёстой гэдэг. Үүнд та ямар байр суурьтай байдаг вэ?
-Төр цомхон байх ёстой гэдэгт би санал нэг байдаг. Төрийг данхар болгосон нь улс төрийн намууд өөрсдөө шүү дээ. Тэр дундаа сүүлийн найман жил манай нам нэлээд нэмэх шиг болсон. Үүний өмнө Ардчилсан нам байсан. Түүний өмнө хамтарсан байсан. Бүгд л нэмсээр ирсэн шүү дээ. Ер нь төрийн албыг ийм данхар болгосон нь төрийн эрхэнд байснаараа Ардын нам, Ардчилсан нам хоёрын хамтран бүтээсэн том алдаа.
Буцаагаад түүнийгээ яаж цэгцлэх вэ гэдэг нь өөрөө асуудал болчихоод байна. Түрүүн хэллээ шүү дээ. Энэ хүнд үед зургаан мянган хүнийг гудамжинд гаргаад хаячихаар цаана нь хичнээн хүн амьжиргаагаа залгуулах орлогогүй болох вэ. Манай улсын өрхийн гишүүдийн дунджийг дөрвөөр бодвол ойролцоогоор 26 мянган хүн амьжиргаагаа залгуулах орлогогүй болж байна. Бүхэл бүтэн ийм нэг арми бий болгож байна. Мэдээж энэ алдааг засах ёстой яаж гэдгийг залуусын ухаан мэдэх хэрэг. Би ингэнэ тэгнэ гэж мэдэмхийрэх юм алга.
-Тэгвэл бүхэл бүтэн нэг ийм арми бий болгохгүй нь тулд, төрийн албанд ажиллаж байгаад гарч байгаа хүмүүсийг яах вэ?
-Дээхэн үед л дээ. Ардчилал, зах зээл эхэлж байхад Дэлхийн банкнаас төрийн албан хаагчдын тоог цомхотгохдоо ажлаас гарч байгаа хүмүүст тодорхой хэмжээний мөнгөн дэмжлэг үзүүлж байсан. Нэг ёсондоо бизнесийн эхлэл болгох мөнгийг өгөөд төрийн албанаас гаргаж байсан.
Одоо давлагаалж байгаа нэг юм бол, ерөөсөө ужиг болсон олон ахмад хүмүүсийг төрөөс зайлуул. Ерөөсөө л зайгаа тавьж өг. Тэтгэвэртээ гар гээд байна. Тэд хэдэн хувийг эзлээд байгаа юм бэ. Тэнд ажиллаж байгаа нэг ахмад ажилчныг гаргаад нэг л хүнийг цомхотгоно шүү дээ. Тэр хүн ямар гай болоод байгаа юм бэ гэдгийг өнөөдөр нийгэм зөв талаас нь харж чадаж байна уу гэвэл би чадахгүй байна гэж харж байна. Ерөөсөө тэр ахмадын хичээл зүтгэл, хөдөлмөр нь нийгэмд ямар ч хамаагүй болчихоод байна. Тэр хүн хөгшин учраас гай болоод байна зайлах ёстой мэтээр тэр хүн рүү шүлсээ үсчүүлж байна.
Тэр хүнийг аль болох хулгайч луйварчин авлигачин гэдэг талаас нь харлуулах гэж ноцолддог боллоо. Ингэхээр Монголын төрд ажиллаж байсан цэвэр хүн байхгүй болчихож байгаа биз дээ. Бүгдээрээ хулгайч болчихоод байна. Ингээд төрд хулгайчид гардаг гэсэн ойлголт, хандлага бий болох гээд байна шүү дээ. Энэ хэрээр иргэдийн төрийг үнэлэх үнэлэмж, итгэх итгэл суларч байна. Энэ бол цаагуураа их урхагтай зүйл шүү дээ. Энэ чиглэлд зарим зулаас арай л эрээ цээргүй болж байна даа .
-Дараагийн сэдэв Үндсэн хууль. Үндсэн хуульд энэ хавар нэмэлт, өөрчлөлт оруулах эсэхэд та ямар байр суурьтай байна. Өөрчлөх нөхцөл шалтгааныг юу гэж харж байна?
-Шуудхан хэлэхэд, болоогүй. Суурь нөхцөл нь бүрдээгүй. Учир нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль гэж бий. Тэр хуулиар Үндсэн хуульд гар хүрэх хугацааг найман жил гэж заасан.
Одоо л бүгдээрээ Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулъя, болохгүй байна гэдэг жишиг тогтчихвол бид Үндсэн хуульгүй болчих вий гэх болгоомжлол байна. Үндсэн хууль судалдаг хүмүүс өнөөгийн Үндсэн хуулийн суурь зарчмыг тал талаас нь харж дүгнэдэг байх. Би хувь хүнийхээ хувьд одоогийн хэрэгжиж байгаа Үндсэн хуулийг муу биш гэж боддог. Тиймээс энэ хавар Үндсэн хуульд өөрчлөлт оруулахаар ярьж байгаа бол цаг хугацааны хувьд амжихгүй гэж харж байна. Оруулаад ч нэмэргүй.
Ер нь Үндсэн хуульд оруулах гээд байгаа гол өөрчлөлт нь гишүүдийн тоог нэмье. Сонгуулийн тогтолцоогоо холимог болгож үндсэн хуульдаа тусгаж авъя гэсэн хоёр зүйлийг голлож яриад байгаа шүү дээ. Нэмээд Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болох. Гэхдээ сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах шийдвэрээ Сонгуулийн тухай хуулиар гаргачихлаа. Тиймээс цаана нь гишүүдийн тоог нэмэх тухай асуудал л үлдэж байна.
-Та парламентад 12 жил суусан хүний хувьд гишүүдийн тоог нэмэх тухайд ямар байр суурьтай байдаг вэ?
-Манай улсын хүн амын тоо нэмэгдсэн. Тиймээс түүнтэй уялдуулж нэмэх ёстой хэмээн томоохон судлаачид, улстөрчид бичсэн байдаг юм билээ. Тоондоо биш шүү дээ. 76 гишүүн цөөдөж, лоббид автаж шийдвэр гаргаад байна гэж ойлгож байгаа бол энэ худлаа ойлголт. Гишүүн хүн хэлэлцэж байгаа асуудал дээр өөрийн байр суурь, улс орны эрх ашгийн төлөө хандаад сурчихвал бид хэзээ ч алдаатай шийдвэр гаргахгүй. Тиймээс хамгийн гол нь УИХ-ын гишүүн хүн шийдвэр гаргахдаа улс орны эрх ашгийг нэн тэргүүнд тавьж шийдвэр гаргаад сурчихвал болно. 76-ааг 120 болголоо. Шинээр нэлээд гишүүн орж ирнэ. Нэг хууль батлахад олон түмэнд таниулах шаардлагатай болно. Нэг хууль батлахын тулд 100 хүн яръя. 50 гишүүн асууя. 100 хүн саналаа хэлье. Тэр дотор яг оновчтой шийдвэр гарах уу үгүй юу.
Та бүхэн баталж байгаа хуулийг ажиглаад үзээрэй. 76 гишүүн үнэтэй цэнтэй санал хэлээд тэр хуульд тусгагдаж суурь зарчим зөв болж гарч байна уу үгүй юу. Хуулийг хаана боловсруулсан. Ямар үндэстэй хэрхэн зөв боловсруулсан. Яавал тэрхүү хууль зөв байх вэ гэдгийг мэддэг хүн ахалж байж сайн хууль гардаг. Түүнээс биш 76 гишүүн тал талаасаа саналаа хэлээд тэр хуулийн суурь зарчим өөрчлөгдөж байсныг би мэдэхгүй л дээ. Би амьдралд ажиглагдсан харагдсан зүйлийг парламентад 12 жил суусан, тэтгэврийн хүний хувьд ярьж байна.
-Танаас асуух асуулт олон байгаа ч энэ хүрээд ярилцлагаа жаргаая. Эцэст нь холбогдсон хэргийн тань талаар асуулгүй өнгөрч болохгүй. Яагаад ийм хэрэгт орооцолдчихов оо?
-Би ард түмнээс нуугаад сүйд болоод байх юм алга. Нэгэнт шүүх шийдээд авлигачин гэж “цоллоход” би “тийм ээ” гэхээс өөр үг хэлж чадаагүй.
Ихэнх тохиолдолд би өөрийгөө хохь нь гэдэг юм. Ний нуугүй хэлэхэд, би ажил хийх л гэж зүтгэсэн. Шивээ-Овоо дээр 300 МВт-ын цахилгаан станц барина гээд төсөл төлөвлөгөө ТЭЗҮ-г нь хийсэн. Тусгай зөвшөөрлүүдийг нь авсан. Түүнтэйгээ уялдуулж “Эрдэнэс Монгол” дээр 51 хувийн оролцоотой төмөр зам, 2000 чингэлэгтэй чингэлэг тээврийг хийе, 10 сая тонн эрчим хүчний нүүрс экспортолъё гэсэн ажлуудыг хийх гэж л зүтгэж байсан үндсэндээ тохиролцсон.
Энэ мэтчилэнгээр ажил хийхээр төсөл төлөвлөгөө хэрэгжүүлээд явж байсан. Тэгсэн манай намын нэг нөхөр “Миний нэг оффшор компани байгаа хамтарч оролцмоор байна. Энэ төслийг хамт хэрэгжүүлье” гэсэн саналыг надад тавьсан. Тэгье энэ төсөл урагшилж байвал хамаа алга. Зардал мөнгөө гаргаад явахад болно гэж хэлсэн.
Ингээд хамтран ажиллах болоод тодорхой хөрөнгө гаргах асуудал тохироод зээлийн гэрээ хийхээр ярилцаад мөнгө төгрөгөө гаргаад явж байснаа авлига өгсөн гээд АТГ-т өгсөн л дөө.
Чухамдаа тэр хүн юу хийх гээд би хааж боож мөнгө төгрөг нэхсэн бэ гээд бодоод үзэхээр инээдтэй нь ямар ч тийм юм байхгүй, төлөвлөсөн ажил явж л байсан. Анхандаа бүр хясан боогдуулсан гэж мэдүүлсэн байсан. Би аргаа бараад байцаагчдаа тэр хүнтэй нүүрэлдье. Яг чухам юу хийлгэх гээд юуг нь би хяхан боогдуулсан юм бэ гэж хүртэл асуусан. Ямар ч тийм юм байхгүй шүү дээ. Ээ хүний жудаг гэж… Үнэн хогийн юм даа гэж л бодоод үлдсэн. Бас нэгэнт алдсан хүн чинь өөрийгөө зөвтгөх юм бодно оо инээдтэй байна уу? Би нэгэнт авлигачин гэх нэртэй болсон учир элдвийн юм бодно оо, бас. Би төрөөс болоод төрийн компаниас мөнгө авч төрд хохирол учруулаагүй гэж өөрийгөө тайвшруулна аа. Харин оффшорын мөнгө оруулж ирсэн гэж энэ тэр инээдмийн юм боддог л юм билээ. Хүн гэж хөгийн амьтан юм даа, Хишгээ минь.
Гаргаж байсан мөнгө хөрөнгөн дээрээ гэрээ хийнэ гээд тэдний тал гарын үсгээ зураагүй байсныг нь мэдээгүй байсан миний алдаа. Тэр нөхөр “Би авлига өгсөн” гэж хэлсэн юм билээ. Ер нь тэрэнтэй, тэрэнгүй намайг сошиалаар аль хэдийнээ яллачихсан юм шүү дээ.
Миний гэм буруутай эсэхийг тогтоогоогүй, тэгэх нь битгий хэл би авлигатай тэмцэх газарт мэдүүлэг өгч дуусаагүй байхад миний хувийн оффис, манай гэр хоёрт нэгжлэг хийж надад байсан мөнгийг тавьж байгаад сошиалын бүх хэрэгслээр цацсан. Тэгэх, тэгэхдээ Д.Хаянхярваа гэж нөхөр авлига авч байгаад яг үйлдэл дээрээ баригдсан мэтээр олон нийтийн сүлжээ, хэвлэлээр баахан сэвсэн. Яг ийм нөхцөлд орчин цагт баталгаатай “Нөгөө хэцүү нэртэй газар руу” гэсэн үг биз дээ. Тиймээс надад тэр газар руу орох уу, авлигачин болох уу гэсэн сонголт байсан. Яаж ч бодсон тийшээ орсон ч авлигачин болно. Гарсан ч авлигачин шүү дээ. Надад нэг л юм бодогдсон. Амьдралынхаа төгсгөлд алдартан, авлигачин хоёрын очих цэг адилхан болсон хойно гэж л шийдсэн асуудал л даа.
-Өөрийн тань мөнгө байсан юм уу?
-Тийм ээ. Өөрийн мөнгө байсан юм. Авлигынх гээд сэвээд байсан тэр мөнгийг дараа нь надад тоо ёсоор нь буцаагаад хүлээлгэж өгсөн.
Нарийн ширийн юм яривал ярина. Гэхдээ нэгэнт болоод өнгөрсөн асуудал. Өнгөрсөн хойно гоншигнож элдэв юм яриад яахав дээ.
-Ярилцсанд баярлалаа

Р.ХИШИГЖАРГАЛ

Categories
мэдээ улс-төр

Д.Ламжав: Түүхэн сорилтыг нэр төртэй даван туулахыг ман болон бусад намд уриалж байна DNN.mn

Үндсэн хууль судлаач, иргэн Д.Ламжавтай ярилцлаа.


-УИХ-д суудалтай намууд Сонгуулийн тухай хуулийг өргөн барьсан. Та хуулийн төсөлтэй танилцав уу. Ямар дүгнэлттэй байна вэ?

-УИХ-ын сонгуулийн тухай хуулийг холимог тогтолцоонд шилжүүлэх өөрчлөлтийн талаар олон жилийн турш улиг болтол ярилаа. Төсөл санаачлагдсан гэсэн албан ёсны мэдээг телевизээр хэдэнтээ сонссон боловч хуулийн төслийг уншиж амжсангүй. Холимог тогтолцоо өөрөө маш олон хувилбартай. МАН-аас санаачилсан хувилбарт УИХ-д суудалтай бусад нам төдийлөн итгэхгүй байгаа тул тус бүр өөрийн гэсэн холимог тогтолцоог санаачилсан бололтой.

Парламентын сонгуулийн энэхүү холимог тогтолцоонд анхаарвал зохих дараах чухал зүйлс байдаг. Нэгдүгээрт, ганц танхимтай парламентын хэдэн гишүүнийг намын нэрээр сонгох. МАН 38-ыг буюу талыг нь ийнхүү сонгоно гэсэн аж. Энэ 38 гэсэн тоог ихэсгэх эсвэл багасгах талаар өөр санал байж болно. Хоёрдугаарт, намд суудал хуваарилах босго.

МАН энэ босгыг гурван хувь гэж байна. Энэ хувь дээр санал зөрөх боломжтой. Энэ босгыг хэт багаар тогтоовол парламентад хэт олон нам орж ирснээс улбаалан Засгийн газар тогтворгүй болох эрсдэлтэй.

Босгыг хэт өндөр тогтоовол иргэдийн үзэл бодлоороо эвлэлдэн нэгдэх улс төрийн эрхийг хязгаарлан Үндсэн хууль зөрчигдөнө. гуравдугаарт, намын нэрээр сонгогдох нэр дэвшигчдийн ил жагсаалт. дөрөвдүгээрт, сонгогч болон сонгогдогчийн тэгш эрхийг хангах. 1992 оноос хойш эдгээр эрх ямагт зөрчигдсөөр ирсэн. Сонгогчийн өгөх саналын жин аль тойрогт харьяалагддагаас хамааран өөр байсаар ирсэн, сонгогдогчийн тойргийн хүн амын тоо хэт зөрөөтэй байдал мажоритар сонгуульд хамаарах сонгогчийн ч, сонгогдогчийн ч энэхүү тэгш эрх зөрчигддөг. УИХ нэг танхимтай тул пропорцианалаар, мажоритараар сонгогдсон гишүүдийн хооронд ч зохисгүй харьцаа үүсэх эрсдэлтэй. тавдугаарт, мажоритараар сонгогдох нэр дэвшигчид тавих босго. Монголд ийм босго тавьсаар ирсэн гашуун туршлага бий. Энэ нь сайнаасаа илүү, сонгуулийг улам төвөгтэй болгодог муу талтай. зургадугаарт, сонгуулийг хүчинтэйд тооцох ирц. Монголд сонгогчдын тавиас дээш хувь нь саналаа өгснөөр сонгууль хүчин төгөлдөр болдог Үндсэн хуулийн шаардлагатай. Энэхүү ирцийн хатуу шаардлага сонгуулийг төвөгтэй болгож буй баримтууд ажиглагдаж байна. Энэ нь “сонгогч” хэмээх ойлголтыг дарангуйллын үеийнхтэй адил ойлгон хэрэглэж ирсэнтэй холбоотой. Сонгогчийн нэрсийн жагсаалтад бичигдсэн иргэн саналаа ойлгомжтой өгсөн тохиолдолд тухайн сонгуулийн сонгогч болох ёстой. долдугаарт, гэрээр очиж санал авах. Сонгуулийг төвөгтэй болгож буй манайд өргөн хэрэглэсээр байгаа энэ аргыг даруй халбал зохино. наймдугаарт, сонгуулийн ажилд дайчлагдсан төрийн албан хаагчид саналаа өгөх эрхийг хангах ёстой. Энэ эрхийг хаан боогдуулдаг баримт амьдрал дээр гарсаар байна. есдүгээрт, хүйст квот тавих эсэх. Эр, эм аливаа хүйсийн нэр дэвшигчдийн дотор эзлэх хэмжээ 33 хувь гэж МАН зарлалаа. Энэ тоон дээр мэдээж бас санал зөрж болно.

-УИХ-ын гишүүдийн 50 хувь жагсаалтаар орох зохицуулалтыг та хэрхэн дүгнэж байна. Арай их биш үү?

-Өөрийн фэйсбүүкт “УИХ-ын сонгуулийн холимог тогтолцооны нэгэн хувилбар”-ыг нийтлэв. Энэ бол 13 жилийн өмнө 2010 онд бичсэн нийтлэл. Тэр үед энэ тухай хоёр төсөл санаачлагдсан байж. Монгол Улсын Ерөнхийлөгчийн хүсэлтээр Фридрех Эбертийн сангийн шугамаар хоёр герман 2008 онд ирж, Монголын улс төр, УИХ-ын сонгуулийн хууль тогтоомжтой танилцан судалсны үндсэн дээр өөрсдийн саналыг 2009 оны эхээр дахин ирж УИХ-ын сонгуулийн холимог тогтолцооны талаар санал дүгнэлтээ танилцуулсан. Энэхүү судалгаа, санал дүгнэлт нээлттэй бөгөөд амаар болон бичгээр танилцуулагдсан юм. Эдгээр баримт бичиг хадгалагдан үлдсэн байх ёстой. Германы талыг уг сонгуулийн тогтолцооны шинжээч профессор Ноолэн ахалж байсан. Би профессор Ноолэнгийн саналыг хуулийн хэлэн дээр, суудлыг хэрхэн хуваарилах математик тооцоог нарийвчлан бичсэн юм. Фэйсбүүкт тавигдсан хувилбарт 76 гишүүний 50-ийг нь пропорционалаар сонгоно гэж. Иймээс миний бодлоор 38 нь багадсан байна. 1990 оны анхны ардчилсан сонгуультай холбогдох нэгэн дурсамжийг гэрчийн хувиар өгүүлье. Үндсэн хуулийн нэмэлтийн тухай хууль ёсоор Улсын Бага Хурал (УБХ)-ын 50 гишүүнийг пропорционалаар сонгосон. Б.Чимид надад намын нэрээр авсан саналыг үндэслэн суудал хуваарилах даалгавар өгөв. Тэр үед намын ил жагсаалт, суудал хуваарилах босго байсангүй. Эхний бодолтоор МАХН-д 30, МоАН-д 12, МҮДН-д 3, МСДН-д 3 суудал оногдоод 2 суудал сондгойрсон. Үлдэгдэл хоёр суудлыг хэрхэн хуваарилах талаар толгой гашилгаж суутал Б.Чимэд хамгийн олон суудалтай хоёрт нь нэг нэгээр нь өг хэмээн зарлигдсанаар МАХН 31, МоАН 13 суудалтай болж билээ. Сонгуулийн дүн гарсаны дараа МСДН-ын бага хурал болж, хурлаас Засгийн газарт орохгүй, УБХ-ын 3 суудалд Ламжав, Хатанбаатар, Ч.Лхагважав нарыг санал болгох гэсэн хоёр гол шийдвэр гаргав. Намын дарга Баабар “би гаднаас нь байлдана” гээд УБХ-д нэр дэвшихээс татгалзсан. Ардын Их Хурал (АИХ)-ын анхдугаар чуулганы өмнө Баабар “Лхагважав ҮГ сонины эрхлэгчээ хийг. УБХ-д хэрүүлч хүн хэрэгтэй. Улаанхүүг нэр дэвшүүлье” хэмээн надад хэлсэн юм.

-Энэ хуулиар сонгуулийн зардлыг яаж зохицуулбал өнөөх яригдаад байдаг луйврын сонгууль, мөнгөний сонгууль гээчийг таслан зогсоох бол?

-Сонгуулийг төрийн албан хаагч нар эрхлэн явуулах, сурталчилгааны материалыг нэгэн адил үнэ, хэмжээ, стандарттай болгон улсын төсвөөс санхүүжүүлэх, хандивын хэмжээнд зохих хязгаарлалт тавих, санал худалдан авах зорилготой бэлгэ сэлт урьдчилан тараахыг хориглох зэрэг аргуудыг зохистой хуульчлах замаар мөнгөний нөлөөг мэдэгдэхүйц багасгах боломжтой.

-Энэ хаврын чуулганаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт хийх эсэхэд та ямар бодолтой байна вэ?

-1990-ээд оныг эргэн санахад АИХ-ын депутатууд, УБХ-ын гишүүд бид нийгмийн амьдралын зүй тогтолын талаар дэлхий ертөнцөөс ямар их хоцрогдсон, ардчилсан үндсэн хуулийн талаар ямар гэнэн ойлголттой байсны эд мөрийн баримт баталгаа нь 1992 оны маань МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ. Тэр цагийг одоотой харьцуулбал монголчууд бид их мэдлэгтэй, маш хэрсүү болж. Монголчууд бид хэзээ ч одоогийнх шиг тансаг амьдарч байгаагүй байж мэднэ. Гэвч төрийн зарим албан хаагчид ард түмний итгэлийг хөсөрдүүлэн элдэв хулгайд байнга холбогдох болсон нь ерээд оны нөхцөл байдалтай төстэй байна. Ард түмний тэвчээр хязгаартайг мартаж болохгүй. Бүх зам Ром хүргэнэ гэдэг эртний үг шиг үүний гол шалтгаан нь Үндсэн хууль. 1992 оны Үндсэн хууль маань парламентын бүгд найрамдах улсын үндсэн хуулийн шаардлагыг хангаагүй, онолын алдаа гаргажээ. Төрийн бүх өндөрлөг оролцсон 2022 оны ичигвэртэй хуйвалдаан Үндсэн хуульд оруулсан 2019 оны өөрчлөлт ч арга зүйн хувьд алдаатай болохыг нотлон харуулж байна. Үндсэн хуулийн энэ алдааг шинэчлэн найруулах аргаар л засах боломжтой.

-Та ямар учраас Үндсэн хуульд оруулсан 2019 оны өөрчлөлтийг арга зүйн хувьд алдаатай гэж үзэж байна?

-Нийгмийн олон салбарт Математикийн шинжлэх уханы нэгэн салбар- Магадлалын онолын их тооны хуулийг ашигладаг. Үүнийг бага сургуулийн сурагч ч ойлгохоор хялбарчлан хар үгээр тайлбарлахыг хичээе. Хөвсгөл нуурын загасыг тоолох шаарлага гарлаа гэж үзье. Нуур маш том, загас нь маш олон тул шууд тоолох боломж байхгүй. Гэвч ойролцоогоор тоолж болно. Эхлээд нуураас хангалттай олон загсыг барьж нэг бүрчлэн тэмдэглээд буцааж тавина. Загас сайн тарсны дараа дахин хангалттай олон загасыг барьж, дахин баригдсан тэмдэгтэй загасыг тоолно. Эхний барилтаар А ширхэг загас, хоёрдохоор В ширхэг-загас баригдсан, сүүлчийн барилт доторх тэмдэгтэй загасны тоог С гэж, нуурын нийт загасны тоог Х гэж тэмдэглэе. Пропорцын хууль ёсоор Х дотор эзлэх А-гийн В дотор эзлэх С-гийн хувь тэнцүү тул (А:Х)%=(С:В)%. Иймээс А:Х=С:В, Х=(АВ):С. Энд Х-ийг ойролцоогоор олж байгаа бөгөөд алдааны хязгаарыг ч заадаг. Тодорхой тооны өвчний тархалт монголын хүн амд ямар байгааг толгой дараалан шалгах нь боломжгүй тул энэ аргыг бас хэрэглэж болно. Манай Үндэсний статистикийн хороо дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн санамсаргүй түүвэр хийж чаддаг. Сонгосон түүвэр дээрээ орчин үеийн аппаратаар баталгаатай оншилгоо хийх бүрэн боломжтой. Э.Бат-Үүл нийслэлийн засаг дарга байх үед Улаанбаатарт метро барих талаар Зөвлөлдөх санал асуулга явуулсан удаатай. Зардлаа нөхөх боломжгүй гэсэн Японы экспертийн тооцоо аварсан гэдэг. Нарийн ээдрээтэй Үндсэн хуулийн асуудлаар зөвлөлдөх санал асуулга явуулах, санал асуулгын зөвлөмжид хөтлөгдөн Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь аргачиллын том алдаанд хүргэх эрсдэлтэй. Хуульзүйн Байнгын хороон дарга Энхбаяр хэдэн хүн оролцсон нэгэн ярилцлага дээр телевизээр “би Зөвлөлдөх санал асуулгад тангараг өргөөгүй” хэмээн ийм аргаар өөрчлөлт оруулахын эсрэг байна гэж хэлсэн. Энэ бодууштай үг. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг зөвлөлдөх санал асуулгаар шийдэж болно гэсэн энэхүү осолтой байр сууриа УИХ-ын гишүүд болон нийгэмд тулган шаардахаа зогсоохыг УИХ-ын дарга Г.Занданшатараас шаардаж байна.

-Ойрд улс төр их бужигнаатай байна. УИХ-ын хоёр ч гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүллээ. Намынхаа “том ахыг” гаднаас бариад ирлээ. Улс төрд өрнөж байгаа сүүлийн үеийн үйл явдлуудыг та хэрхэн дүгнэж байна?

-Асуултад ирээдүйгээ бодолцон өөр өнцгөөс эерэг хариулъя. Ерөнхий сайд гэм бурууг тогтоох нь шүүхийн шийдэх асуудал. Шүүх прокурорт хөндлөнгөөс нөлөөлөх боломжгүй гэж мэдэгдсээр байгаа. Иймээс тулгарсан бэрхшээл бол асуудлыг шийдэх боломж, юу ч хийхгүй байх нь бэрхшээлийн өмнө бууж өгсөнтэй адил алдаа гэдгийг санан сэдсэн ажлаа тууштай хэрэгжүүлэхийг Ерөнхий сайдаас хүсэж байна. УИХ-д үнэмлэхүй олон суудал авсан, харьцангуй туршлагатай намын даргын хувьд Үндсэн хуулиа шинэчлэн найруулах энэ ажлаа манлайлах алтан боломж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Танд байна. Тулгарсан сорилтыг хүчээ нэгтгэн нэр төртэй даван туулахыг МАН болон бусад намд уриалж байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Н.Энхболд: Холимог тогтолцоог 2012 оноос хойш тууштай явуулсан бол өдийд нийгэм, улстөрчдийн сэтгэлгээ, хандлага өөр болчих байлаа DNN.mn

УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболдтой Монгол Улсын Сонгуулийн тухай хуулийн төслийн талаар ярилцлаа.


-Өнөөдөр нийгэмд луйврын сонгууль, мөнгөний сонгууль гэх үг хэвшмэл болчихлоо. Тиймээс мөнгөний сонгууль, луйврын сонгууль явагддаггүй байх хаалтыг энэ хуульд яаж оруулж байна вэ?

-Хүн бүр тийм ч хэвшмэл ойлголттой биш байх. Сонгууль бүрийн дараа аль ч улсад ийм маргаан гардаг. Энэ бол ганц нэгхэн хүчин зүйлээс бус олон хүчин зүйлээс шалтгаалж гардаг зүйл. Хамгийн гол суурь нь сонгууль яаж болж байна гэхээсээ илүү сонгуулийн дараа төр засаг яаж бүрдэж байна гэдэг нь их чухал байгаа юм. Мэдээж үүнд Сонгуулийн хууль чухал нөлөөтэй. Том суурь нь юунд байна гэхээр ардчилсан сонгууль хийж эхэлснээс хойших 30 гаруй жилийн түүхээс харахад тогтолцоонд асуудал байна. Сонгуулийг жижиг тойргоор хийж байгаа нь санал худалдаж авах, их хэмжээний хөрөнгө мөнгө зарахад хүргэж байна. Энэ нь асар их хөрөнгө мөнгө ил, далд шаарддаг тогтолцоо юм байна гэдэг асуудал олон жил яригдаж ирлээ.

Хоёрдугаарт, төрийн бодлогоо яаж гаргах вэ. Улс орны нийгэм, эдийн засгийн асуудлыг яаж шийдэж байх вэ. Орон нутгийн асуудлаа яаж шийддэг байх вэ. Том газар нутагтай ч цөөн хүн амтай манайх шиг улс яавал бүхий л нутаг дэвсгэрийнхээ эрх ашгийг харгалзсан бодлого гаргадаг парламенттай болох вэ. Бүр цаад утгаараа улс орны оршин тогтнохуйн аюулгүй байдлын асуудлуудтай холбоотой сэдэв рүү ордог. Энэ мэтээр олон талаас нь бодож, сонгуулийн тогтолцооны асуудал сонгууль бүрийн дараа хөндөгдөж ирсэн.

Гуравдугаарт, төрийн бодлого нэгдмэл байх тухай асуудал чухал суурь болж яригддаг. Жижиг тойрог руу гишүүд байгаа жаахан хязгаарлагдмал нөөцөө тал тал тийшээ тараасаар байтал олон том асуудал шийдэгдэхгүй явж ирсэн.

Тэр нь ужгирч эдийн засгийн хөгжлийн том асуудлууд, эдийн засгийн аюулгүй байдлын асуудлуудаа шийдэж чадахгүй явж ирлээ гэсэн шүүмжлэл их гардаг. Энэ нь ч бодитой байдаг нь харагдаж байна. Эдгээр олон зүйлээс шалтгаалж, мөн сонгууль бүрийн дараа, сонгуулийн дүн тавьдаг дөрвөн жилийн дараа хөндөгддөг асуудлуудын нэг нь сонгуулийн тогтолцооны асуудал.

Энэ бүхнээс гадна Үндсэн хуулийн Цэцээс гарсан шийдвэр, үндэслэл зэргийг харгалзаж үзээд сонгуулийг холимог тогтолцоогоор явуулъя гэсэн ойлголцолд улс төрийн намууд хүрсэн. Мөн нийгэм ч алхам алхмаар ойлгож эхэлж байх шиг байна. Энэ суурь дээр сонгуулийн хуулийг боловсруулсан.

Зардалтай холбоотой асуудлыг яривал нэгдүгээрт, жижиг тойрог дээр намын мөрийн хөтөлбөр, том зорилтууд гэхээсээ илүү тухайн орон нутгийн асуудлыг шийдэх үүднээс мөнгө зарж зөвхөн санал авахын төлөө явдаг асуудал ужгирч ирсэн.

Үүнийг халах нэг арга нь гишүүдийн нэг хэсэг нь улсын хэмжээний бодлогыг хэрэгжүүлэх, үлдсэн 50 хувь нь орон нутгийн асуудалдаа илүү анхаарч ажиллах боломжийг бүрдүүлдэг холимог тогтолцоог сонгосон. Зардал, мөнгөний нөлөөг багасгах нь яах аргагүй шийдэх ёстой тулгамдсан асуудлын нэг байсан.

-Нийт гишүүний 50 хувь жагсаалтаар, үлдсэн 50 хувь нь тойргоос сонгогддог байх энэ харьцаа хэр зохистой вэ. Арай их биш үү?

-Бидний өргөн мэдүүлсэн хуулийн төслөөр УИХ-ын 76 гишүүний 38 нь жагсаалтаар, 38 нь тойрогт нэр дэвшиж өрсөлдөхөөр, Ардчилсан намын өргөн барьсан төсөлд 48:28 гэсэн заалт орж ирсэн. Бид урьд нь 28:48 шиг нийт гишүүдийн 1/3 нь жагсаалтаар, 2/3 тойргоос сонгогдох тогтолцоогоор сонгууль явуулж үзсэн.

50:50 санамсаргүй харьцаа биш, олон талын судалгаа хийж байж гарсан. Хөгжлийн том бодлогууд дээрээ хөрөнгө мөнгө, бодлого төвлөрүүлдэг хэсгийг нэмэгдүүлье гэсэн шаардлага байсаар ирсэн. Тиймээс миний хувийн байр суурь УИХ-ын нийт гишүүний 38-ыг жагсаалтаар, үлдсэн 38 гишүүнийг тойргоос сонгодог байх нь тохиромжтой гэж үздэг. Тал талын аргументууд гарч ирнэ, түүнийгээ хэлэлцэж байгаад шийднэ.

Намууд холимог тогтолцоогоор явуулахаар ойлголцсонд олзуурхаж байгаа. Хамгийн гол нь эргэж буцалтгүй энэ тогтолцоог хадгалвал хэрэгтэй гэж бодож байна. 2012 онд энэ тогтолцоог сонгож авахдаа тууштай явчихсан бол өдийд нийгмийн сэтгэлгээ ч, УИХ-ын гишүүдийн сэтгэлгээ, хандлага ч өөр болчихсон байсан гэж боддог. Харамсалтай нь 2016 оны сонгуулиас бараг хэдхэн хоногийн өмнө гэнэт буцаад жижиг тогтолцоо руугаа орчихсон.

Учир нь, нийт сонгогчдын 50 орчим хувийн саналыг авсан хэрнээ УИХ-д 80 орчим хувийн суудал авчихсан байгаа нь, иргэд сонгогчдын дунд эргэлзээ, бухимдал, тогтворгүй байдал үүсгэх нөхцөл болсон. Ялангуяа нэг нам хоёр удаагийн сонгуульд том ялалт авчихаар тийм хандлага ажиглагдаж байна. Энэ бол тогтолцоог харж үзэх нэг том шалтгаан.

Холимог эсвэл пропорциональ тогтолцооны нэг давуу тал нь сонгогч бүрийн санал ямар нэгэн байдлаар УИХ-д тусгалаа олдог. Сонгогч би төлөөлөгчөөрөө дамжуулж төрийн бодлогод оролцоод явах боломж бүрдлээ гэж боддог. Тэр нь асуудалд сэтгэлийн хөдөлгөөн, бухимдлаар хандахаас илүү яаж сонгогдсон төлөөлөгчөөрөө дамжуулж бодлогоо хэрэгжүүлэх вэ гэдэг улс төрийн соёл, сэтгэлгээний төлөвшил рүү ойртуулдаг.

-Том агуулгаараа төрд итгэх итгэл ч тэр хэрээр нэмэгдэх нь байна шүү дээ?

-Тийм. Ерөөсөө л энэ. Бидний оруулсан хувилбараар нам жагсаалт гаргаж нэр дэвшигчдээ зарлана, иргэд бидний итгэлийг даах хүн байна уу, дааж ирсэн хүн байна уу гэдгийг харна. Жагсаалт дундаас нэг нэр дэвшигчийг сонгож болно. Эсвэл мөрийн хөтөлбөр нь таалагдсан намаа сонгож болно. Энэ саналуудыг нь нэгтгэж байгаад тухайн намд сонгогчдын хэдэн хувь санал өгсөн байна гэдгээр нь суудлын тоог хуваарилна. Урьд нь улс төрд тодорхой орон зайгүй, нийгэмд бага танигдсан нам, эвсэл гурван хувиас доош санал авлаа гэхэд тэр саналыг суудал авахуйц хэмжээний санал цуглуулсан намд тэнцүү хувааж өгнө. Тэгэхээр УИХ-ын суудал хуваарилахад нэг ч хүний санал гээгдэхгүй.

-Энэ хуульд эмэгтэйчүүдийн квотыг нэмэгдүүлсэн байсан уу?

-Сонгуульд оролцож байгаа тухайн намын нэр дэвшигчдийн 30-аас доошгүй хувь нь заавал аль нэг хүйсийн төлөөлөл байна гэсэн зохицуулалт орж байгаа. Хэрвээ үүнээс бага байвал тухайн намын сонгуульд оролцох хүсэлтийг хүлээж авахгүй.

Энд янз бүрийн байр суурь бий. Хүн амын 51, 52 хувь нь эмэгтэйчүүд байхад оролцоо нь бага байна. Иймд 50 хувь байх ёстой гэж үздэг нь ч бий. 30-аас доошгүй хувь гэдгээр хэд хүртэл ч байж болно гэдгийг заагаад байгаа юм. Тухайлбал , эмэгтэйчүүдийг намуудаас нэр дэвшүүлээд сонгогчдод сонголт өгөх нэг хэрэг. Нийгэм яаж хүлээж авах вэ гэдэг нь нэг өөр. Хэдийгээр сүүлийн сонгуулиудад нэр дэвшигчдийн 20-оос доошгүй хувьд эмэгтэйчүүдийг дэвшүүлж ирсэн ч УИХ-д сонгогдсон эмэгтэйчүүдийн хувийг харахаар бага байгаа юм. Шалтгаан нь Монголын нийгмийн сэтгэлгээ, зан заншил, бусад олон зүйлтэй холбоотой байх л даа. Ер нь эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх алхмыг хуулиар ч зориуд шахаж бий болгодог, иргэдэд ч зөв ойлгуулдаг, эмэгтэйчүүдээ ч бэлддэг энэ бүгдийг зэрэг явуулж байж цаашид алхам алхмаар ахиц гарна.

-Энэ хуулиар сонгуулийн зардал дунджаар хэд орчим болох вэ?

-Сонгуульд зарцуулах мөнгөний дээд хэмжээг Сонгуулийн ерөнхий хороо тогтоож өгдөг. Тэр тойрогт нэг нэр дэвшигч үүнээс дээш мөнгө зарж болохгүй гэсэн тооцоо гарна. Сонгуулийн зардлыг аль болох бага хэмжээнд тогтоож мөнгөний сонгууль гэдэг үзэгдлээс ангижрах шаардлага байна.

Хууль батлагдсаны дараа тойрог тус бүрээр зардлын дээд хязгаарыг Сонгуулиийн ерөнхий хороо судалгаа тооцооны үндсэн дээр гаргана. Одоогоор энэ тооцоо ирээгүй байна. Сонгуулийн хуулийг хэлэлцэхэд Сонгуулийн ерөнхий хорооны оролцоо чухал байдаг. Сонгуулийн зохион байгуулалт, хяналт тавих, эцэслэж шийдэх, хөрөнгө мөнгө зардлын асуудал дээр маш чухал оролцоо, үүрэгтэй.

-Зардлыг багасгах чиглэлд ямар зохицуулалтууд орж байгаа вэ?

-Нэр дэвших хүмүүсийн 50 хувь нь тойрог дээр очихгүй гэдэг нь өөрөө зардал багасгахад чухал суурь. Хүн бүр тусдаа гаргасан нийлбэрээс энэ нь хамаагүй бага гардаг. Өмнөх 2012 сонгуулийн туршлагаас харж ярьж байна л даа.

-Нэр дэвшигчид хэвлэл мэдээлэл болон цахимаар явуулах зардалд ямар өөрчлөлт орж байгаа вэ?

-Бүгд багасаж байгаа. Нэр дэвшигч сонгуулийнхаа сурталчилгаанд нэг хэсэг дээр дөрвөн машин хэрэглэж болохоор байсан бол үүнийг хоёр машин болгож бууруулж байна. Сонгуулийн сурталчилгааны хэвлэмэл хуудас гурван хуудас байсан бол хоёр болгож байгаа. Ухуулах хуудас нэг хэсэгт 20 байсныг 10-аас илүүгүй байхаар, нэг хэсэг 10 самбар хэрэглэж болох байсныг дүүрэг дээр тав, бусад газруудад гурав гэх мэтчилэн.

-Сонгуулийн үеэр нэг өрхийн хаяг дээр таньж мэдэхгүй хүмүүс бүртгэлтэй болчихсон байдаг. Үүнийг энэ хуулиар хэрхэн зохицуулж байгаа вэ?

-Сонгуулийг зохион байгуулах, бүртгэхтэй холбоотой нарийвчилсан заалтууд орсон. Жишээ нь, Сонгуулийн хэсгийн хороо өрхийн бүртгэл дээр ямар иргэд бүртгэгдсэнийг шалгахаас гадна иргэн өөрөө сонгууль болохоос өмнөх шалгаж болохоор зохицуулсан. Энд иргэдийн хяналт, оролцоог нэмэгдүүлж байна. Хуульд иргэн заавал шалгах үүрэг тусаагүй ч төлөөллөө төрдөө сонгож байгаагийн хувьд хаяг дээрээ байгаа хүмүүсээ шалгачих нь хэрэгтэй. Ийм зохицуулалт өмнө нь хуульд ороогүй байсан. Мөн сонгуулийн хэсэг дээр ажиллаж байгаа хүн хяналт тавина. Энэ заалт орон нутагт хэрэгжих боломжтой шүү дээ. Энхболдынх гэж өрхөд сонгууль өгөх хоёр хүн байхад тав, зургаан хүн бүртгэгдчихсэн байвал тухайн өрхөд мэдэгдэх боломжтой. Энд иргэдэд хандаж хэлэхэд төрийн сонгуулиа хариуцлагатай, маргаангүй явуулахын тулд иргэн бүр өөрийн хэсэг дээр очиж хаяг дээрх бүртгэлээ шалгах хэрэгтэй болж байгаа шүү.

-Гадаадад байгаа монголчуудын сонгуульд идэвхтэй оролцох эрхийг хангах үүднээс сонгууль өгөх хугацааг тэлж байгаа гэж сонссон?

-200 гаруй мянган монгол хүн гадаадад ажиллаж, амьдарч байна гэсэн тоо байдаг. Үүний өмнөх сонгуульд оръё гэж саналаа өгч бүртгүүлсэн 6000 орчим иргэн байсан. Ажил төрлийн зав зай, янз бүрийн байдал нөлөөлсөн байх. Мөн Элчин сайдын яамтай газар ч байна, Элчингүй газар ч байна. Эсвэл Элчин сайдын яамнаас хол амьдардаг иргэд ч байгаа. Мөн сонгууль өгөхөд багагүй цаг зав хэрэгтэй. Тодруулбал, сонгууль болохоос өмнө очиж урьдчилж бүртгүүлээд дараа нь дахин очиж саналаа өгдөг байсан. Тиймээс иргэнийг олон дахин явуулахгүйн тулд энэ хуулиар очиж бүртгүүлээд шууд саналаа өгч болохоор төсөлд туссан.

Гадаадад байгаа иргэдийн саналыг урьдчилж, хоёр хоногийн хугацаанд авдаг байсан. Энэ хуулиар гурван өдөр болгоно. Ер нь холимог тогтолцоо өөрөө гадаадад суугаа иргэд сонгуульд оролцох өргөн боломж олгож байгааг зориуд дурдах хэрэгтэй. Бидний хувьд гадаадад байгаа монголчуудыг эрхээ эдлэх боломжийг илүү нээж өгөхөөр ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Цагаан ордон” дахь сайдын “сунгаа”: Л.Оюун-Эрдэнэ гэдийж, “гологдсон хүүхнүүд” гомджээ DNN.mn

МАН-ын “цагаан байр” өнгөрсөн баасан гаригт бас л бужигнав. Ээлжит сайдаа шилгээсэн ХНХЯ-ыг эзэнтэй болгох талаар тус намын Удирдах зөвлөл хуралдсан юм. Уг нь 2019 онд Үндсэн хуульд өөрчлөлт орж, Ерөнхий сайд нь танхимынхаа сайд нарыг дангаар шийддэг эрхтэй болсон. Гэхдээ эрх барьж буй нам Ерөнхий сайдын энэ эрхийг хуваалцдаг уламжлал халагдаагүй л байгаа бололтой. Ямартай ч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дараагийн сайдаар хэнийг томилохоор шийдсэнээ намынхаа Удирдах зөвлөлд танилцуулж, захирамжийнхаа “виз”-ийг авсан байна. Гэхдээ энэ удаагийн Удирдах зөвлөлийнх нь хурал уламжлалаараа болоогүй байна. Ер нь ч сүүлийн үед аль нэг яамны сайдыг сонгох хурлууд нь уйлаан майлаан, гомдол тунирхалтай болдог болсон. Олдохоороо өлдөж буй нь тэр л дээ.

Т.Аюурсайханыг ажлаа өгөх сургаар МАН-ын хэд хэдэн эмэгтэй гишүүн ХНХ-ын сайд болохоор гүйлдээд эхэлсэн. Тэр хүслээ ил далд олон хэлбэрээр илэрхийлсэн. Тэднээс сайд болох хамгийн магадлалтай хүнээр Б.Саранчимэг, М.Оюунчимэг нар яригдаж байв. УИХ дахь МАН-ын эмэгтэй гишүүд ч хуралдаж нэгийгээ нэр дэвшүүлэхээр тохирчээ. Түүнийгээ Удирдах зөвлөл дээрээ танилцуулсан байна. Гэвч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огт өөр саналтай байгаагаа хэлсэн нь хурлын уур амьсгалыг эвдэж орхижээ. Л.Оюун-Эрдэнийн тухайд, энэ удаагийн сайдын томилгоонд УИХ-аас шинээр хүн авахгүй гэдгээ хэлсэн байгаа юм. Үүнд нь эмэгтэй гишүүд нь голдуу гомдлын үг хаяцгаажээ. Харин Л.Оюун-Эрдэнэ, би үйлдэл бүрээ та нарт тайлбарлаж ойлгуулахыг оролддог. Миний тайлбар ихдээд байх шиг байна. Тэгэхээр энэ удаад намын даргын хувьд Боомтын сайдаар Б.Тулгыг, энэ албыг хашиж байсан Х.Булгантуяаг ХНХ-ын сайдаар томилох шийдвэрт хүрсэн гэдгээ хэлжээ. Б.Тулгын тухайд чуулган дээр хэлсэнчлэн томоохон төслүүдтэй холбоотой томилгоо гэсэн байна. Харин энэ “булгидаг” суудалд очсон Х.Булгантуяагийн хувьд аль аль талаараа шаардлага хангаж байгааг хэлжээ. Ингээд асуудал шийдэгдэж, сайдад зүтгэж явсан гишүүд намын даргадаа “гологдсон хүүхнүүд” болж хоцорсон байна.

Удирдах зөвлөлийн хурлын дараах тус намын гишүүдийн яриагаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ингээд гэдийчихсэн нь хэд хоногийн өмнө болж өнгөрсөн УИХ-ын гурван гишүүнийг түдгэлзүүлэх нууц санал хураалттай холбоотой гэнэ. Тодруулбал Д.Бат-Эрдэнийг авч үлдэх санал өгсөн намынхаа 19 гишүүнтэй улс төрийн хариуцлага ярихаар болсон гэдэг. Тэдгээр гишүүдийн дунд ХНХ-ын сайдад яригдсан эмэгтэй гишүүдээс багтсан бололтой юм.