Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Б.Жаргалан: Ирэх жилийн сонгууль эмэгтэйчүүдийнх байх болно DNN.mn

Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Б.Жаргалантай ярилцлаа.

-Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо бол Ардчилсан намын бүтцийн байгууллага. Тиймээс юун түрүүнд Ардчилсан намын үнэ цэнэ юу вэ, үнэ цэнийг юу гэж харж байна гэдгээс ярилцлагаа эхэлье?

-Ардчилсан нам бол Монголын ардчиллыг бэхжүүлэхийн төлөө зүрх сэтгэлээ зориулсан, зориулж яваа хамт олон. Тиймээс ч нийгэмд Ардчилсан намаас хүлээх хүлээлт их байдаг. Хэдийгээр манай нам хоёр удаагийн сонгуульд ялагдсан УИХ дахь бүлгийн гишүүдийн тоо цөөн байгаа ч Ардчилсан намын орон зай том хэвээр байна. Бид удахгүй сонгуулийн жилтэй золгоно. Ирэх жилийн сонгуулиас олон зүйлийг хүлээж байна. Монголчууд ирээдүйд хаашаа явах, ямар замналаар улс орноо хөгжүүлэх, ямар бодлогын асуудлуудыг шийдвэрлэх шаардлагатай вэ гэдгийг ирэх жилийн сонгуулиар шийднэ.

Энэ цаг мөчид Ардчилсан намаас нийгэм маш их зүйл хүлээж байгаа учраас манай намд өрнөж байгаа асуудал олны анхаарлын төвд ороод байна. Дотоод болон гадны олон хүчин зүйлийн улмаас нэг хэсэг манай нам хуваагдалтай байсан. Гэхдээ Ардчилсан нам босч ирж чадлаа. Манай намын гишүүд маш их итгэл үнэмшилтэйгээр улс төрийн үйл ажиллагаанд оролцох эрмэлзэл, төлөвлөгөөтэй ажиллаж байна. Ардчилсан нам Монголын ардчиллын тулгуур багана. Энэ утгаараа Ардчилсан намын үнэ цэнэ өндөр хэвээр байна.

 

-Ардчилсан намд ч, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоонд ч шинэчлэл туйлын үгүйлэгдэж байгаа. Тиймээс энэ цаг үед Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоонд ямар шинэчлэлийг хийх вэ?

-Ардчилсан нам жендерийн асуудалд нээлттэй, дэвшилтэт үзлээр хандаж ирсэн. Манай намын дотоод үйл ажиллагаанд эмэгтэй гишүүд өндөр үүрэгтэй оролцдог. Өнгөрсөн хугацаанд Ардчилсан намаас нэр дэвшсэн, сонгогдсон эмэгтэйчүүд ямагт улс төрийнхөө орон зайнд өргөн хүрээнд харж, өргөн хүрээний сэдвээр бодлогын шийдлүүд санал болгож ирсэн. Энэ утгаараа Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо маш чухал үүрэгтэй. Үүнийг саяхан болсон АЭХ-ны ерөнхийлөгчийн сонгууль харууллаа. Олон талын төлөөлөл нэр дэвшлээ. Олон өнгө будаг гарлаа. Намд элсээд удаагүй байгаа шинэ гишүүд ч нэр дэвшлээ. Ерөнхийдөө Ардчилсан намаас хүлээх хүлээлт нийгэмд өндөр байгааг алхам тутам харуулж байна. Ардчилсан нам дотор эмэгтэйчүүдийн орон зай ямагт том байж ирсэн. Ардчилсан намын эмэгтэйчүүд улс төрийн үйл ажиллагаанд ямагт том хувь нэмэртэй оролцож ирсэн.

Нам доторх дотоод ардчиллыг бэхжүүлэх, Ардчилсан намын үйл ажиллагааг илүү нийгэмтэй уях, иргэдийн дуу хоолойг сонсоод АЭХ-ны үүрэг маш өндөр. Энэ утгаараа нам доторх реформыг эмэгтэйчүүдээсээ эхлүүлэх зорилготой байна.

Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо 21 аймаг, есөн дүүрэг, бүх сум хороодод салбар нэгжтэй. Намынхаа гишүүд дундах хамгийн их идэвхжил өндөртэй салбар нэгж. Тиймээс эхний ээлжинд намынхаа гишүүдтэй тулж ажиллах, тэднийг идэвхжүүлэх, чадавхжуулах ажлыг хийнэ. Үүнд саяны сонгуульд нэр дэвшсэн бүх нэр дэвшигчдийг татан оролцуулна. Мөн өмнөх удирдлагууд болон өмнө нь улс төрд идэвхтэй оролцож байсан бүх бүсгүйчүүдээ татаж оролцуулна.

Цаашлаад эмэгтэйчүүдийнхээ салбар нэгж дээр тулгуурлаж иргэдтэй нягт холбоотой ажиллана. Учир нь улс төрийн орчин амаргүй байна. Нэг нам буюу эрх баригч намын нөлөө бүх шатанд маш өндөр байна. Тиймээс энэ цаг мөчид Ардчилсан нам иргэдтэйгээ хамт сөрөг хүчний тэмцлийг өрнүүлэх ёстой.

Цаашлаад ирэх жилийн сонгуульд иргэдийнхээ амьжиргааг сайжруулахад чиглэсэн, улс орныхоо хөгжлийг зөв зам руу залсан оновчтой мөрийн хөтөлбөр боловсруулна. Тэрхүү мөрийн хөтөлбөртөө иргэдийн дуу хоолойг шингээж, сонгуульд ялалт байгуулахын төлөө ажиллах шаардлагатай байна. Энэ бүх ажил АЭХ-той нягт холбоотой.

Ойрын хугацаанд бид хэд хэдэн зүйл дээр төвлөрч ажиллаж байна. Нэгдүгээрт, “Төрийн дарамтгүй Монгол Улс” аяныг улс орон даяар зохион байгуулах гэж байна. Иргэдтэй хамтарч ажиллаж, дуу хоолойг нь сонсож, иргэдийнхээ дуу хоолойг эрх баригчдад хүргэхийн тулд үндэсний хэмжээний энэхүү аяныг зохион байгуулж байна. Үүнд иргэд сонгогчид идэвхтэй оролцохыг уриалж байна. Учир нь бид хамтарч байж эрх баригчдыг зөв тийш нь зална. Бид нэг л эх оронд амьдарч байгаа. Хамгийн гол нь дуу хоолойгоо нэгтгэж байж шахалтыг үзүүлмээр байгаа юм.

Хоёрдугаарт, аравдугаар сарын 23, 24-нд УИХ дахь АН-ын бүлгийн санаачилгаар ковидын хуулийн хэрэгжилтийн талаарх ерөнхий хяналтын нээлттэй сонсголыг зохион байгуулах гэж байна. Ковидын үед болж өнгөрсөн үйл явдалд бодит дүгнэлтийг хийх ёстой. Засаглалын хувьд, төсвийн зарцуулалтын хүрээнд, бусад салбаруудад ямар нөлөө үзүүлэв, хаана алдаа гарав гэдгийг ил тод нээлттэй хэлэлцэж, цаашид ийм асуудал үүсвэл ямар зохион байгуулалт хийх ёстой вэ гэдгийг уг сонсголоор ярилцана. Тиймээс энэхүү нээлттэй сонсголд бэлтгэж иргэдэд үнэн бодит мэдээллийг өгөхөөр ажиллаж байна.

Ингэж байж иргэд, иргэний нийгэм, улс төрийн намууд идэвхтэй үйл ажиллагаа хийж байж эрх баригчдын дураараа дургиж байгаа үйлдлийг таслан зогсооно. Ардчилсан нам ямагт иргэдийн дуу хоолой болж ажиллана.

-Азийн соёлоос үүдэлтэй юу улс төрд эмэгтэйчүүдийн манлайлал маш дутмаг явж ирсэн. Эмэгтэйчүүд улс төрд орж ирэхээр заавал нэг хүн, эсвэл нэг фракцын нэр хоч зүүдэг. Эмэгтэй хүн нөлөөтэй, хүчирхэг байх боломжгүй мэтээр хандаж ирлээ. Нийгэмд эмэгтэйчүүдийн манлайлал, хүлээн зөвшөөрөгдөх байдлыг бий болгоход яах ёстой вэ?

-Монголчууд эмэгтэйчүүдийг их өндөр түвшинд хүлээн зөвшөөрч ирсэн ард түмэн. Их хатны түүх, уламжлалт нүүдэлчдийн соёлыг энд дурдаж болно. Эмэгтэйчүүд гэр бүл, нийгмийн хүрээлэлд эрх мэдэлтэй, нөлөөтэй байж ирсэн. Сүүлийн жилүүдэд үүнээс ухарч байна. Үүнд хэд хэдэн учир шалтгаан байна гэж харж байгаа.

Эдийн засаг, нийгмийн том асуудлуудыг харвал, сүүлийн жилүүдэд Монголын нийгэмд баян ядуугийн ялгаа зааг нэмэгдлээ. Хөрөнгө орлого цөөн хүний гарт төвлөрч эдийн засгийн эрх мэдлийн төвлөрөлт ажиглагдаж байна. Энэ процесст эмэгтэйчүүд оролцохгүй дандаа эрчүүдийн эдийн засгийн эрх мэдэл нэмэгдэж байна. Улс төр нь хөрөнгө санхүүгээс ихээхэн хамааралтай болсон энэ цаг мөчид зөвхөн эрчүүд их хэмжээний хөрөнгө орлоготой байгаа нь эмэгтэйчүүдийн оролцоог хумьж байна. Тиймээс Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намын тухай хууль зэрэгт сонгуульд мөнгөний хүчин зүйлийн нөлөөг багасгах, эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр эерэг заалт оруулахыг зорьсон. Үүнд тал талын эмэгтэйчүүдийн байгууллага, иргэний нийгмийн төлөөллүүд ихээхэн идэвх санаачилгатай хамтарч ажилласан. Тиймээс тодорхой хэмжээний дэвшлүүд гарч байна. Ирэх жилийн сонгууль эмэгтэйчүүдийн сонгууль байх болно. Нэр цэвэр, мэдлэг боловсролтой, туршлагатай, нийгэмд нөлөөтэй эмэгтэйчүүдийг аль нам олноор нэр дэвшүүлнэ тэр нам сонгуульд ялалт байгуулна гэж харж байгаа.

Хоёрдугаарт, эрх баригч намын соёлтой холбоотой зүйлүүд ажиглагдаж байна. Учир нь эрх баригч нам эцгийн эрхт ёс давамгайлсан соёлтой. Бүх шатанд эрх баригчдын нөлөө өндөр байгаа учраас эрх баригч намын энэ соёл улс төрийн соёлд нөлөөлөөд байна. Тиймээс үүнийг тэнцвэржүүлэх, өөрсдийн дэвшилттэй соёлыг улс төрд нэвтрүүлэхэд Ардчилсан нам том хувь нэмэртэй.

АЭХ-ны хувьд энэ чиглэлээр тодорхой нөлөөллийн ажлыг хийхээр зорьж байна. Бид өөрсдөөсөө үлгэрлэх ёстой. Намын дотоод ардчиллын хүрээнд, мөн бүтцийн хүрээнд эмэгтэйчүүдийн дуу хоолойг нэмэгдүүлэх, бүх шатны намын удирдлагад эмэгтэйчүүдийг олноор нь сонгуулж, дэвшүүлэхэд Ардчилсан нам манлайлалтай байвал Монголын улс төрийн соёл эерэг үр дүн гарна.

-Тэгвэл таны ярьсан эдийн засгийн эрх мэдлийн төвлөрлийг яаж задлах вэ?

-Энэ бол шууд засаглалаас хамааралтай. Төрийн дарамт өндөр байх тусам, дарга нарын шийдэх асуудлын цар хүрээ том байх тусам, эдийн засагт төрийн оролцоо их байх тусам цөөн хүнд л боломж олдоно. Үүнийг задлахын тулд төрийн эдийн засаг дахь оролцоог бууруулмаар байна. Хувийн хэвшилд эрх чөлөөтэй ажиллах боломжийг нь нээмээр байна. Нам дагаж төрөөс давуу тал авдаг байдлыг таслан зогсоох ёстой. Ингэж байж дундаж давхаргыг бий болгоно.

Өнгөрсөн 33 жилийн хугацаанд хувийн аж ахуйн нэгжүүд маш олон салбарт үйл ажиллагаа явууллаа. Олон ч салбарт туршлага хуримтлууллаа. Тэгвэл одоо бид дэлхийд гармаар байна. Зөвхөн уул уурхайн бүтээгдэхүүн бус бусад салбарын экспортыг нэмэгдүүлмээр байна. Дэлхийтэй өрсөлдмөөр байна. Гэтэл зөвхөн төрөөс татаас авах юм уу, эсвэл тусгай зөвшөөрөл авах хэлбэрээр бизнесийнхээ үр өгөөжийг нэмэгдүүлдэг зүй тогтол сүүлийн жилүүдэд бий болчихлоо шүү дээ.

Бид илүү нээлттэй, хүн бүрд илүү боломж олгосон тогтолцоог бүрдүүлж чадахгүй бол энэ байдал зогсохгүй. Үүнийг хэн хийж чадах вэ гэхээр Ардчилсан нам төрийн эрхэнд гарч байж хийж чадна. Учир нь өнгөрсөн хугацаанд хийж ирсэн нам нь Ардчилсан нам л байсан. Жишээлбэл, 1996-2000, 2004-2008, 2012-2016 онд Ардчилсан намаас нэр дэвшиж сонгогдсон хүмүүс бодит реформуудыг санал болгож байсан. Тухайн үед эдийн засгийн идэвхжил нэмэгдэж байсан.

-МАН эрх барьж байх энэ цаг хугацаанд Монголын нийгэм, улс төр, тэр дундаа эдийн засгийн орчинд ямар өөрчлөлт гарсан гэж та харж байна вэ?

-Сүүлийн долоон жилийн хугацаанд бид олон зүйлээр ухарлаа. Нэгдүгээрт, засаглалын хувьд, ардчиллын хувьд ухралтууд ажиглагдаж байна. Шүүх хуулийн засаглалын түвшинд, ардчилсан Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөө, хуулийн засаглалтай холбоотой олон эрх зөрчигдөж байна.

Үүнийг богино хугацаанд зөв голдиролд нь оруулахгүй бол 1990 онд хийсэн хувьсгалын үр дүн талаар болох гэж байна. Улс төрийн орчинд ийм байна.

Эдийн засгийн орчинд гэвэл, бид 1990 онд төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засаг руу шилжсэн. Төрийн өмчийг хувьчлах, аль болох хувийн өмчид суурилсан чөлөөт зах зээлийг хөгжүүлэх үйл явц амаргүй байлаа шүү дээ. Энэ шилжилтийг Монгол Улс хүнд нөхцөлд хийсэн. Гэтэл сүүлийн долоон жил тэрхүү шилжилт эрсдэлд ороод эхэллээ. Төсөв хэт данхайсан. 20 гаруй их наядын зарлагатай болчихлоо. Төрийн өмчит компаниудын баланс өндөр хувь хэмжээтэй болчихлоо. Өөрөөр хэлбэл, эдийн засаг дахь төрийн оролцоо хэт өндөр болсноор хувийн хэвшил шахагдаж байна. Энэ нь Цар тахлын үеийн эдийн засгийн хямралтай давхцаж Монголын аж ахуйн нэгжүүд өсч өндийхөд бэрхшээлтэй нөхцөл байдалтай тулгарлаа. Тиймээс энэ байдлыг нэн даруй залруулж аль болох бизнесийн орчныг сайжруулах, төрийн дарамт шахалтыг багасгах реформууд хүлээгдэж эхэллээ. Эдгээр реформуудыг эрх баригчдаас харалтгүй нь тодорхой болж байна. Эрх баригчид өнгөрсөн хугацаанд аль болох дарга төвтэй, төр төвтэй, төрийн дарамтыг нэмэгдүүлсэн бодлогыг явуулж ирлээ.

Татварыг ч нэмлээ. Төрөөс хамааралтай бүх зүйлийг нэмэгдүүлж байна. Ардчилсан нам 1990 оных шиг дахиад реформ санал болгоно. Бид зоригтой шийдлүүд санал болгохгүй бол дахин 1990-ээд оных шиг хүнд шилжилтийг хийх шаардлагатай болж байна. Тиймээс цаг алдаж болохгүй. 2024 оны сонгууль бид хаашаа явах вэ гэсэн сонголтыг хийх шаардлагатай болсон цаг үе болно.

Бодит реформуудыг Ардчилсан нам санал болгосоор ирсэн. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд нийгэм эдийн засагт эерэг өөрчлөлт авч ирсэн реформ бүрийг Ардчилсан нам санаачилсан байдаг. Бид дахин тэр үүргээ гүйцэтгэх шаардлагатай болж байна.

-Та өнгөрөгч хавар манай сонинд ярилцлага өгөхдөө “Ардчиллын хоёр дахь давлагааг эхлүүлэх хэрэгтэй. Шинэ залуу үеийг оруулах ёстой” гэж ярьж байсныг санаж байна. Ер нь Ардчилсан нам хоёр дахь давлагааг эхлүүллээ гэсэн мессэж нийгэмд зунаас хойш явлаа. Нийгэм ч эергээр хүлээж авч байна. Танай нам үүнийг бодитоор хийж чадаж байна уу. Нөгөө талаас өрсөлдөгч МАН-ын үеийнхнийгээ та юу гэж харж байна?

-2023 оны нэгдүгээр сарын 19-нд бид намынхаа даргыг сонгосон. Шинэ үеийн төлөөлөл гарсан. Лу.Гантөмөр дарга өөрийнхөө удирдлагын багийг танилцууллаа. Тэр багт ахмад, дунд үеийн төлөөлөл бүгд багтсан. Өөрөөр хэлбэл, гурван үеийн хэлхээ холбоог агуулсан шинэ удирдлагын багаа танилцуулж, үйл ажиллагаагаа явуулж эхлээд байна.

Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны сонгуульд ч гэсэн олон өнгө будаг бүхий нэр дэвшигчид оролцсон. Өөрөөр хэлбэл, Ардчилсан намын бүх шатанд эрүүл өрсөлдөөн явж байна. Эрүүл өрсөлдөөн, мөн дотоод ардчилал сайн байгаа цагт эерэг үр дүн гардаг. Ардчилсан намын гишүүд сэргэсэн байна. Итгэл үнэмшил нь бадарсан байна гэж харж байгаа.

Эрх баригч намын хувьд залуучууд нь түрээд гарсан байна. Тэрийгээ ч их ярьж байна. Гэхдээ залуучууд болон шинэ үе гэсэн томьёоллууд өөр. Би шинэ үе гэдгийг харахдаа шинэ мөрөөдөл, шинэ тэмүүлэл, шинээр зүг чигээ тодорхойлсон бодлого, оюун санааны хувьд шинэ үе байх ёстой гэж үзэж байгаа. Тиймээс энэ бол насны тухай ойлголт биш. Манай намд оюун санааны шинэ манлайллыг гаргаж ирэх хүмүүс гарч ирж байна. Ирэх баригч намын хувьд хэдийгээр залуу үе нь эрх мэдэлд хүрч байгаа ч маш олон талаар хуучинсаг байна.

Бодлогын хувьд хуучинсаг байна. Тэр дундаа залуус эрх барьж байгаа энэ цаг мөчид ардчиллаас ухарч байна. Төрийн дарамт шахалтыг нэмэгдүүлж байна. Гадаадын хөрөнгө оруулалт буурч байна. Дэлхийгээс тасарч байна. Маш харамсалтай байна л даа. Тиймээс үүнд Ардчилсан нам эрх баригчдад шахалт үзүүлж ажиллах ёстой. Бодлогоор өрсөлдөх ёстой.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Дашпүрэв: Олон улсын жишигт “Танайх манай нийгэмд нийцүүлж хуулиа батална” гэсэн зүйл огт байдаггүй DNN.mn

УИХ-ын дарга Г.Занданшатарын урилгаар ОХУ-ын Холбооны хурлын төрийн думын дарга Вячеслав Викторович Володин энэ сарын 24-25-ны өдрүүдэд манай улсад айлчилсан. Айлчлалын үеэр Монгол Улсын Их хурал, ОХУ-ын Холбооны хурал хоорондын хамтын ажиллагааны Комиссын Анхдугаар хурал болж, энэ үеэр ОХУ-ын Холбооны хурлын төрийн думын дарга Вячеслав Викторович Володин “Хоёр улсын төрийн тэргүүн нарын түвшинд хүрсэн бүх тохиролцоог ажил хэрэг болгоход хууль тогтоох байгууллагаас хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхэд хамтран ажиллах ёстой” хэмээн мэдэгдсэн. Энэхүү үг нь нийгмийн тодорхой хэсгийн шүүмжлэлд өртөж буй. Тодруулбал, Оросын “харцаар” Монголын парламент ажиллана гэсэн агуулга уу гэсэн шүүмжлэл нийгэмд өрнөж байна.

Тухайлбал олон улс судлаач П.Наранбаяр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Ямар нэгэн шахалт шууд парламентын түвшинд орж ирэх магадлал өндөр болж байна. Өмнө нь Засгийн газрын түвшинд Ерөнхийлөгч гэдэг институт руу ч юм уу орж ирээд парламент дээр зогсдог байсан. Гэтэл одоо парламент нь ийм болчихоор асуудалтай” гэдгийг хэлсэн. ОХУ-ын Холбооны хурлын төрийн думын дарга Вячеслав Викторович Володины тэрхүү мэдэгдэл нь хэр зохимжтой болох талаар олон улс судлаач, доктор Д.Дашпүрэвээс тодрууллаа.

-“Хоёр улсын төрийн тэргүүн нарын түвшинд хүрсэн бүх тохиролцоог ажил хэрэг болгоход хууль тогтоох байгууллагаас хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхэд хамтран ажиллах ёстой” хэмээн мэдэгдсэн Думын даргын үгийг нийгэм янз бүрээр л хүлээж авч байх шиг байна. Таны хувьд үүнд ямар байр суурьтай байна. Тусгаар тогтносон улсад айлчилж байгаа хүн ийм үг хэлэх нь хэр зохимжтой вэ?

-Монголын парламент бол улс орныхоо өнөөгийн амьдралд шаардлагатай байгаа хуулийг хэлэлцэж баталдаг төрийн эрх барих дээд байгууллага шүү дээ. Оросын нийгэм манай нийгэм хоёр тэс ондоо. Монголын нийгмийн амьдралд хэрэглэхээр зориулж баталж байгаа хуулийг яахаараа Оросын парламент, Оросын нийгэмд зохицуулах ёстой юм бэ. Ийм үг хэлж байгаа Оросын Думын дарга Буриадад өөрийгөө явж байна гэж бодсон юм биш үү. ОХУ-ын бүрэлдэхүүн улсад явж байна гэж өөрийгөө ойлгосон юм биш байгаа даа. Тусгаар тогтносон НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болох Монгол Улсад албан ёсоор айлчилж байгаа хүн биз дээ, уг нь. Ийм агуулгатай үг хэлнэ гэдэг нь өдөөн хатгаж байгаа хэрэг шүү дээ.

-Ямар учраас өдөөн хатгаж байна гэж?

-Танай улс манай улсаас хараат байх ёстой. Ямар хууль гаргах чиглэлийг бид өгнө гэсэн санаагаар хэлсэн юм биш үү. Өөрөөр хэлбэл, Зөвлөлт холбоот улс, БНМАУ байсан үед барих гэдэг байсан бодлогыг яриад байна уу. Тэгээд ийм байр суурийг баримтлах ёстой. Та нар хүлээж авах ёстой гэсэн үг биш үү. Уг нь тийм албан тушаал хашиж буй хүн ийм үг хэлэхгүй шүү дээ. Ер нь олон улсын жишигт “танайх манай нийгэмд нийцүүлж хуулиа батална” гэсэн зүйл ерөөсөө байдаггүй.

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар ганцхан сар тэсчихвэл сонгууль хүртэл ажрахгүй DNN.mn

Ирэх долоо хоногоос улс төр бужигнаж эхлэх шинжтэй байна. Хэд хэдэн жагсаал цуглаан болох гэнэ. Тодруулбал, багш нар ажил хаяна гэдгээ зарлачихлаа. Дээрээс нь МАН дахь “нүүрснийхэн” Ардчилсан намын улс төрийг дөвийлгөж засаг авахаар зүтгэж магадгүй байгаа аж.

Өөрөөр хэлбэл, 2023 оны намрын чуулган эхлэхтэй зэрэгцээд монголчуудын ээлжит улстөржилт эхлэх нь. Дээр бичсэнчлэн жагсаалуудаар тавигдах шаардлагуудын нэгээр Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг огцруулъя гэх бололтой юм. Энэ нь МАН-ын доторх, мөн гаднах олон хүний загатнасан газарт ёстой л нэг маажих нь ойлгомжтой.

Хэрвээ Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар ганцхан сар тэсчихвэл ирэх оны төсвийг хэлэлцээд эхэлнэ. Дээрээс нь цаг агаарын байдал ч өөрчлөгдөж хүйтэрнэ. Үүнийг дагаад улс төр намжих нь мэдээж. Тиймээс Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар нэгхэн сар тэсчихвэл алзахгүй нь. Он гараад сонгуулийн сезон эхэлнэ. Сонгууль болохын хооронд засаг солих нь үр дүн багатай байдаг учраас засаг сольё гэж “сэлэм эргүүлэх” улстөрч байхгүй болов уу гэх хов жив улс төрийн хүрээнд яригдаж байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Н.Ганибал: Дарга төвтэй тогтолцоо руу гулсан орж байгаа энэ байдлыг АН-аас өөр ямар ч нам таслан зогсоохгүй DNN.mn

УИХ-ын гишүүн Н.Ганибалтай ярилцлаа.

-Та намынхаа нэгдэлд ямар дүгнэлтийг хийж байна. Үнэхээр урт удаан хугацаанд хадгалагдах бодит нэгдэл болж чадав уу. Ирэх сонгуулиар эрх мэдлийн төлөөх өрсөлдөөнд дахиад хагаралдчихгүй биз дээ?

-33 жилийн өмнөх Ардчилсан намын түүхийг цаашдын үйл ажиллагааны суурь зарчим болгоно гэвэл том алдаа гарна. Өмнөх алдаатай түүхүүд дахин давтагдахгүй байхын төлөө намын шинэ бүтэц, шинэ бүрэлдэхүүн, шинэ удирдлагууд ажиллах ёстой. Манай намд бүрэн ялалт байгуулсан он жил цөөхөн л дөө. Намын удирдлагын түвшинд асуудлыг шинэ мөрнөөс эхэлж ажиллах ёстой юм уу гэсэн бодолтой байгаа.

Ардчилсан намын ҮБХ-ны хурал зохион байгуулагдсанаар эргэлзэж байсан асуудлыг тодорхой хэмжээнд тайлсан. Гэхдээ намын гал тогоог барих генсекийн томилгоог уг нь хийчих байсан юм.

Сонгууль ойртож байгаа энэ цаг хугацаанд өдөр цаг минут алт болчихлоо. Зохион байгуулалттайгаар үйл ажиллагаа явах ёстой. Ер нь намын удирдлагын оновчтой шийдлүүд нь манай нам сонгуульд амжилт гаргана. Буруу үйлдлүүд нь өмнөх алдааг давтах магадлалтай.

 

Тиймээс алдааг давтахгүйгээр ялалт ололтын он жилүүдийнхээ сайн талуудыг өөртөө шингээж явах ёстой байх.

Харин Монгол Улсын хувьд ярихад, Монгол Улсын өнөөдрийн эдийн засгийн болоод дарга төвтэй нийгмийн тогтолцоо руу гулсан орж байгаа байдлыг Ардчилсан намаас өөр ямар ч нам таслан зогсоохгүй. Ардчилсан нам түүхэн цаг хугацаанд үүнийг таслан зогсоож ирсэн. Тиймээс өнөөдөр энэ байдлыг таслан зогсоох зайлшгүй шаардлага Монгол Улсын эрх ашиг болчихоод байна. Ардчилсан нийгмийг ямар нэгэн байдлаар буруу тийш нь хазайлгахгүй байхын тулд Ардчилсан нам ажиллах ёстой. Өөрөөр хэлбэл, Ардчилсан намын эрх ашиг Монголын эрх ашиг гэсэн үг. Ардчилсан нам суларвал Монголын эрх ашиг тэр хэмжээгээр гажуудаж, суларна.

Сүүлийн хоёр сонгуулиар нэг нам үнэмлэхүй ялалт байгуулсан ч нийгмийн асуудлыг шийдвэрлэсэн шийдэл нэгээхэн ч алга.

-Ардчилсан намын гишүүд дэмжигчид, бизнес эрхлэгчдийн дуу хоолойг сонсох зорилгоор Эдийн засгийн форумыг бүсчилж зохион байгууллаа гэж харсан. Тус форумын бодит үр нөлөө нь юу вэ?

-Энэ форумаар хөндөж байгаа гол асуудал нь Ардчилсан нам өнөөдөр юуны төлөө явж байгаа юм бэ. Бүсийн хувьд, эдийн засгийн хөгжлийн хувьд, үзэл баримтлал нь ямар байх ёстой вэ гэсэн асуудлын хүрээнд намын гишүүд, бизнес эрхлэгчдэд мэдээлэл өгч, санал бодлыг нь сонслоо.

Анхан шатнаас ирсэн төлөөлөгчид форумаас мэдээлэл авахаас гадна намын бодлого шийдвэрт өөрийн үзэл бодлоо тусгах саналаа хэлсэн. Ардчилсан намын удирдлагын бүтэц удахгүй Монгол Улсын 330 сум, бүх багт очиж иргэдийн санал бодлыг нь сонсоно. Ардчиллын дархлааг улам бэхжүүлэх ажлын нэг нь Эдийн засгийн бүсчилсэн форум.

Хоёрдугаарт, Монгол Улсын 21 аймгийн эдийн засгийн өрсөлдөх чадварын тухай яриад байдаг ч бодит байдал дээр эдийн засгийн бие даасан бодлого хэрэгжиж чадаж байна уу үгүй юу. Нэг аймгийн эдийн засгийн дэвшил улсын эдийн засагт их хэмжээгээр нөлөөлөх чадамж сул байна.

Зүүн таван аймаг газар зүйн хувьд нэг байршилтай. Үүнээс уул уурхайн бүтээгдэхүүний хувьд нефтийг зүүн бүсэд үйлдвэрлэж байна. Аймаг дамнасан хүрэн нүүрсний томоохон нөөц байна. Зүүн таван аймгийн мал сүргийн бүтэц хоорондоо ижил. Махны амт, чанар нь ч адилхан. Тиймээс эдгээр бүтээгдэхүүнийг нийлж зах зээлд гаргах ажил чухал. Тэрхүү зах зээл нь бидний хувьд Зүүн хойд Ази буюу БНСУ, БНХАУ-ын тодорхой хэсэг. Хүн ам нягтаршсан энэ нутагт бид бүс нутгийнхаа бүтээгдэхүүнийг брэнд болгон гаргаж, эрчим хүч төмөр замын ачаа тээвэрлэлтийн интеграцид орсноор зүүн бүсийн эдийн засгийн хөгжлийн гол тулгуур болно.

Бүс нутгаараа нэгдэж байж эдийн засагт өрсөлдөхүйц болж хөгжинө. Зүүн хойд Азийн эдийн засгийн интеграцид Монголын зүүн таван аймгийн үр нөлөөг нэмэгдүүлэх хэрэгтэй. Тиймээс ч Монголын томоохон эдийн засагчид, орон нутгийг удирдаж байгаа удирдлагууд энэ чиглэлд өөрсдийнхөө саналыг форумын үеэр хэлж байсан. Бүсчилсэн форумаас бид хөгжлийн том хөтөлбөрөө гаргаж авах боломжтой.

-Форумын үеэр Бүлгийн дарга О.Цогтгэрэл илтгэл тавихдаа “Эрх баригч намын стратеги нь Монголчуудыг ядуу байлгах юм биш биз дээ” гэсэн нь анхаарал татсан. Та ч толгой дохиж байгаа харагдсан. Яагаад ийм стратегитай байна гэж?

-Өнөөдрийн эрх баригчид Монголын дундаж давхаргыг үгүй хийсэн бодлогыг хэрэгжүүллээ. Нийтээр нь ядуу байлгах гэсэн бодлогын үр дүнд Монголын дундаж давхарга маш их хэмжээгээр багассан. Энд төгрөгийн ханшны уналт, ам.долларын өсөлт, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг дурдаж болно. Мөн Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний үнэ хамгийн хямд байна. Монгол Улс хүнсний хувьд дотоодын хэрэгцээгээ хангадаг хоёрхон бүтээгдэхүүнтэй. Нэг нь мах. Нөгөөх нь гурил. Гэтэл мах экспортолж олсон орлогоороо импортын бүтээгдэхүүн худалдан авч амьдарна гэхээр хүнд байгаа юм. Жишээлбэл, хоёр жилийн өмнө нэг төлөг зараад гурван шуудай цагаан будаа худалдаж авдаг байсан бол өнөөдөр нэг төлгөөр нэг л шуудай цагаан будаа худалдаж авч байна. Өөрөөр хэлбэл, тухайн малчны үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний үнэ гурав дахин унасан гэсэн үг. Импортын бүтээгдэхүүн хуучин үнээрээ байгаа шүү дээ.

Монгол хүн үндэсний үйлдвэрлэгч болоод, малаа маллаад, гурил тариагаа тариад тэндээс олсон нь амьжиргаандаа хүрэлцэхгүй байгаа нь төрийн буруу бодлоготой шууд хамааралтай. Монгол Улсын иргэд баян тансаг амьдрал руу орох боломжийг төсөв мөнгөний бодлогоор эрх баригчид хаагаад байна. Нэг уурхай дагасан, газрын баялгийг түшиглэсэн ийм л амьдрал Монгол Улсад бий болсон. Үүний ихэнх дээр нь төрийн оролцоотой компаниудыг байгуулж түүгээрээ дамжуулж эрх баригчид, дарга нар хулгай хийдэг тогтолцоо өнөөдөр Монгол Улсад бий болчихлоо.

-Аравдугаар сараас ирэх жилийн төсвийг хэлэлцэнэ. Сонгууль угтсан төсөв учраас зарлага ихтэй байх болов уу. Танай намын бүлэг үүнийг хазаарлах чиглэлд яаж ажиллахаар зэхэж байна вэ?

-Үүнд зайлшгүй хууль санаачилж ажиллах ёстой. Засгийн газраас төсвийн төслийг аравдугаар сарын 5-ны дотор УИХ-д өргөн барих байх. Жил жилийн улсын төсвөөс сонгуулийн өмнөх жилийн төсөв хөөсөрсөн болдог. Өмнөх сонгуулиар олон сайхан амлалт өгч ялсан нам дөрвөн жилийн хугацаанд хийж амжаагүй ажлаа овоолоод тавьчихдаг. Хүн харахад төсөв дээр тавьсан мэт боловч сонгуулийн дараа төсвийн тодотгол заавал хийгддэг. Тодотголоор хийх боломжгүй ажлуудаа буцаагаад хасчихдаг. Өөрөөр хэлбэл, ард түмнийг хуурч байгаа л асуудал. Тиймээс Ардчилсан намын зүгээс энэ асуудалд хууль санаачилж сонгуулийн өмнөх жилийн төсвийн нийт хэмжээ өнгөрсөн жилийнхээс илүү байхааргүй төсөвлөх ёстой гэж хуулиар зааж өгөх шаардлагатай. Үүнийг эдийн засгийн форумаар намын төлөөлөгчид, бизнес эрхлэгчид ч мөн ярьсан. Зөв. Учир нь дөрвөн жилийн хугацаанд хийгээгүй ажлаа нэг жилийн дотор хийнэ гэж байхгүй. Сонгуулийн дараа төсвийн тодотгол хийдэг. Баахан ажлууд эхлүүлдэг. Хэрэгжилт байдаггүй. Хүн харахад сонгуулийн амлалтаа тодорхой хувиар биелүүлж байгаа дүр зургийг үзүүлсэн төсөв болдог.

-Та нүүрсний сонсголыг зохион байгуулах ажлын хэсэгт байдаг. Ер нь цаашид нүүрсний сонсголыг тойрсон асуудал яаж өрнөхөөр байна вэ?

-Өнгөрөгч хаврын чуулганаар энэ асуудлыг хэлэлцүүлэх гэж маш их чармайсан. Харамсалтай нь эрх баригч нам хаврын чуулганаар сонсголыг хийгээгүй. Тодорхой шалтгааны улмаас нүүрсний сонсголыг хойшлуулсан. Угтаа нүүрсний хэрэг тойрсон хулгайн асуудлыг олон нийтэд мэдэх эрхийнх нь хэмжээнд мэдээлэл өгөхөд сонсголын зорилго чиглэж байсан. Түүнээс хэн нэгнийг яллахгүй. Мэдээллийг олон нийтэд ил болгох гэж их чармайсан. Харамсалтай нь эрх баригч нам хөдөлсөнгүй.

Түр хороог шинэчлэн зохион байгуулж байгаа гэж сонссон. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдээлснээр түр хороо зохион байгуулагдаад үйл ажиллагаа нь эхлээд явж байгаа юм шиг байна лээ. Нарийн мэргэжлийн шинжээчдийг томилох анхны хурал нь болсон гэж ойлгосон.

Нүүрсний сонсголыг зохион байгуулах түр хороонд миний бие байхгүй. УИХ дахь Ардчилсан намын бүлгээс хоёр гишүүн байгаа. Би тус түр хороонд орох хүсэлтээ өгсөн ч ороогүй байна лээ.

-Таныг оруулахгүй байгаа шалтгааныг та юу гэж харж байна. Өнгөрөгч хавар та нүүрсний асуудалтай холбоотой нэлээд анхаарал татахуйц, нягтлахуйц мэдээлэл агуулсан ярилцлагыг манай сонинд өгч байсан?

-Түр хорооны тогтоолыг УИХ-ын дарга гаргадаг. Манай бүлгийн зүгээс дөрвөн гишүүний нэрийг өгсөн. Харамсалтай нь хоёр л гишүүн орсон байна лээ.

Ер нь нүүрс тойрсон хулгайн асуудлаар тодорхой хэмжээнд бодит мэдээллүүдийг өгсөн.

Эрдэнэс Таван толгойн нүүрсийг зарж, хулгайн асуудал гарч байна. Тээвэрлэлт дээр асуудал гарч байна. Оффтейк гэрээнүүдэд Монголын эрх ашгийг зөрчин хийсэн алдагдалтай олон гэрээ байна.

Тавантолгойн ордоос хоёр дахин бага ч стратегийн бүхэл бүтэн ордыг хууль эрх зүйн хувьд бус нийслэлийн мэдэлд шилжүүлэх гэсэн оролдлого бүрийг олон нийтэд ил болгож хэлсэн. Энэ нь магадгүй эрх баригчдын дургүйг хүргэсэн гэж ойлгохоор байна л даа. Учир нь эрх баригч нам олонх байна. Түр хороо ямар бүрэлдэхүүнтэй байхыг УИХ-ын дарга шийддэг.

Р.ХИШИГЖАРГАЛ

 

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Зүүн бүсийн эдийн засгийн чуулганаар Ардчилсан намынхан юу ярив DNN.mn

Ардчилсан намаас бүс нутгийн онцлогийг шингээсэн эдийн засгийн бүсчилсэн форумыг зохион байгуулж буй. Тэгвэл Зүүн бүсийн эдийн засгийн форум өнгөрөгч бямба гаригт Сүхбаатар аймагт зохион байгуулагдлаа. Тус чуулганы зорилго нь улс орны нөхцөл байдлыг зөвхөн улстөрчид нь шийддэг бус, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагууд, судлаачид оролцож нийтээрээ хэлэлцдэг, иргэдийн санаа бодол бодлого шийдвэрт тусдаг байх ёстой. Хамгийн гол нь энэ ажил биеждэг байх ёстой хэмээн үзсэн аж.

Форумд Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр, тэргүүн дэд дарга С.Баярцогт, УИХ-ын гишүүн асан, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин, УИХ-ын гишүүн асан, Монгол Улсын гавьяат эдийн засагч, АН-ын Стратеги бодлогын судалгааны хүрээлэнгийн захирал З.Нарантуяа тэргүүтэй УИХ дахь Ардчилсан намын гишүүд, АН-ын дэд дарга нар оролцож илтгэл тавилаа.

Тухайлбал, АН-ын Стратеги бодлогын судалгааны хүрээлэнгийн захирал З.Нарантуяа судалгаанд үндэслэсэн бодлого ямар ач холбогдолтой талаар илтгэл тавилаа.

Тэрбээр “Хүн өнгөрүүлсэн амьдралынхаа замыг эргэж хараад зөв үнэлж чадвал очих зам гэрэлтэй байна. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн 30 жилд Ардчилсан нам Монголд ардчиллыг хөгжүүлэхийн тулд хийсэн, хэрэгжүүлсэн бодлого ямар байсан бэ гэдгээ зөв дүгнэж чадвал ирээдүйд хүрэх хөгжлийнхөө зураглалыг бодитоор зөв гаргаж чадна.

Сонгуульд оролцохдоо улс төрийн намууд хэрэгжих, хэрэгжихгүй олон амлалтыг иргэдэд өгдөг. Бидний хэрэгжүүлэхийг зорьсон зүйлүүд ямар үр дүнд хүрэв. Найман удаагийн мөрийн хөтөлбөрөө зэрэгцүүлж байгаад дүгнэсэн үе Ардчилсан намд бий юу. Байхгүй. Найман удаагийн өрсөлдөөнд Ардчилсан намынхаа мөрийн хөтөлбөрийг дүгнэх хэлтэс манай намд байгаа юу. Байхгүй. Би энэ намд орж ирээд 18 жил болж байгаа. 18 жилийн хугацаанд Ардчилсан намын өнгөрсөн үеийн хэрэгжүүлсэн бодлогын үр нөлөө нь энэ байж, бидний алдаа сорилт нь энэ байж гэж нэг ч удаа яриагүй. Бид цаашид тавьж байгаа зорилтоо дандаа алдаатай тавиад байдаг юм биш биз гэсэн сэтгэгдэл төрж байна” гэв. Мөн тэрбээр “Өнөөдөр эрх барьж байгаа намын мөрийн хөтөлбөрт орсон 15 том мега төслөөс яг зорилгоо олоод хэрэгжиж байгаа төсөл алга.

10.111 хүнийг хамруулсан судалгаа хийсэн. Судалгаагаар төрийн бодлого оновчгүй байна. Төрийн үйлчилгээ бидний сэтгэлд хүрэхгүй байна гэдгийг судалгаанд хамрагдсан иргэд хэлж байна. 100 хувь сэтгэл ханамжтай гэвэл таван оноогоор үнэлэх байсан. Өнөөдөр тав битгий хэл дөрвөн хувиар үнэлэгдэх нэг ч салбарын бодлого алга. Бидний дараагийн зорилт. Ард түмнээ сайхан амьдруулах Засгийн эрхийг барихын тулд бодит зорилтыг дэвшүүлэх хэрэгтэй байна. Учир нь бодит үр дүнд хүрэх зүйлийг хийгээч гэдгийг иргэд хэлж байгаа. Өнөөдрийн засаглалын тогтолцоо дээрх асуудлын үндсэн суурь болж байна. Улс төр тогтворгүй, бодлого тогтвортой үргэлжилдэггүй, улс төрийн намуудын бодлого хэрэгждэггүй болохоор иргэд итгэхгүй байна гэсэн дүгнэлт судалгаагаар батлагдсан. Эрх барьж байгаа Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын нэг жилийн мөрийн хөтөлбөрийн биелэлтийг иргэдээс асуухад иргэдийн сэтгэл ханамж дээр хэлснээр гарсан. Харин хөндлөнгийн байгууллагаар судалгаа хийж үнэлүүлэхэд нийт амлалтынх нь 45.6 хувь огт хэрэгжих боломжгүй хөтөлбөрийг тавьсан байна гэж дүгнэж байна. Хэрэгжих боломжгүй 45.6 хувийн арга хэмжээнд 11.5 их наяд төгрөгийг цацаж байна. Ямар ч хэрэггүй олон зүйлд ямар их баялгийг үргүй зарж байгааг энэ судалгаанаас харж болно. Бид нэгдэж нэг тамга, нэг гэрчилгээтэй сонгуульд орох гэж байна. Хамгийн гол нь бидний нэгдэл хэр хэврэг бол, хэр алсыг харсан бол. 30 жилийн дараагийн улсын хөгжлийг хийж чадах нэгдэл үү. Эсвэл сонгуульд орох, сонгуульд өөрсдийн хүнээ дэвшүүлэх нэгдэл үү гэдэгтээ бид дүгнэлт тавих ёстой. Хуурамч нэгдэл бидэнд хэрэггүй. Улсынхаа, намынхаа хөгжлийг дээд лимитэд хүргэх холын стратегитай нам болох тэр нэгдэл хэрэгтэй” гэв.

Харин Намын дарга Лу.Гантөмөр “33 жилийн өмнө Ардчилсан нам Монголын ард түмэнд маш тодорхой зүйлийг амласан. Бид та нарыг эрх чөлөөтэй болгоно. Үгээ хэлж чаддаггүй байсан ард түмнийг үг хэлдэг болгоно гэж хэлсэн. Бодсоноо бичиж чаддаггүй байсан ард түмнийг та нар бичиж болно гэж хэлсэн. Дураараа сонин гаргаж болно, хараарай. Ардчилал гэдэг сонин бид гаргалаа шүү. Хэн ч сонин гаргаж болно. Бид телевиз байгуулах эрхийг чинь өгье. Бид үг хэлэх эрхийг чинь өгье. Сонгодог эрхийг чинь өгнө. Сонгогддог эрхийг чинь өгнө. Эхлээд өмчтэй болгож өгье гэсэн. Өмчтэй болгож өгнө гэж хэлээд малчдад малыг нь өгсөн. Харамлаагүй. Татвар аваагүй. Дундаас нь зувчуулаагүй. Тариаланчдад газрыг нь олгосон.Ардчиллын стратеги бол гайхамшигтай.Социализмын үед өмчийг нь булааж аваад малыг нь өсгөөд өгнө гэсэн. Гэтэл 40 саяд ч хүрэхгүй байсан. Хүрэх ч боломжгүй. Учир нь яг үнэндээ тэр өмч иргэдийнх биш дарга нарын өмч байсан. Нэг ширхэг төлөг гаргаад идэх эрх малчдад байгаагүй. Үнэхээр өгч чаддаг. Хийж чаддаг. Амласандаа хүрдэг нам бол Ардчилсан нам байсан. Ийм хүчтэй стратеги манай намд байжээ. Харамсалтай нь бид болчихлоо гээд бодчихсон юм байна. Хүмүүсээ хөрөнгөтэй болгочихлоо. Малчдаа малтай болгочихлоо. Иргэд маань 0.7 га газартай болчихлоо. Өмнөговийнхон уул уурхайн баялгаа олборлох эрхийг нь өгчихлөө. Монголчууд эрх чөлөөтэй болчихлоо гэдгээ хэсэг хугацаанд мэдэрсэн. Ардчиллын үед үг хэлсэн хүнийг шоронд хийхийг нь болиулсан. Ардчиллын үед хүнийг цаазаар авахыг нь болиулсан. Ардчиллын үед хүн хэлмэгдүүлэхийг нь зогсоосон. Цаашид ард түмэн ажлаа хийгээд, төр засаг нь бодлогоо хэрэгжүүлээд явах жирийн нийгэмтэй боллоо гэсэн бодлоос хойш Ардчилсан нам стратегигүй болж эхэлсэн. Манай лидерүүд, манай намынхан зорьсон зорилгоо биелүүлчихлээ гэж бодсон. Ингээд зорьсон зорилгодоо хүрсэн учраас одоо би яах вэ гэж эхэлсэн. Тэрнээс хойш хувь хувийн ухаан, хувь хувийн хөтөлбөр, тактикаа гаргаад эхэлсэн. Хувийн тактикууд мөргөлдсөн. Энэ мөргөлдөөн Ардчилсан намын хагарал болсон. Тиймээс АН-ын энэ удаагийн нэгдэл би биш, бид гэдэг соёл дээр суурилна. Бидний зорилго биелсэн үү гэж өөрсдөөсөө асуусан.

Бидний зорилго биелээгүй гэдгийг сүүлийн жилүүдэд маш тод томруун харлаа. Үг хэлсэн хүнийг бидний нүдэн дээр шоронд хийж байгааг бид харж байна. Шүүмжилж бичсэн сэтгүүлчдийг бидний нүдэн дээр цагдаа өдөр бүр дуудаж байцааж байгааг харж байна. Бизнесүүдийг авч ирээд шүүж байгааг бид харж байна. Өмчийг нь дээрэмдээд авч байгааг харж байна. Ковидын үед хаалттай нийгэм, дарангуйлагч Засгийн газар, дарангуйлагч төр гэж юу байдгийг бид олж харсан. Сум хооронд явах эрхийг хаасан. Аймаг хооронд явахыг зогсоосон. Бүр сүүлдээ байшингаасаа гарах эрхийг хаасан. Бид тэгэхэд юу мэдэрлээ. Ардчиллын 33 жилийн стратеги нурж унахад их амархан юм байна. Ингээд болчихдог юм байна гэдгийг олж харсан. Мэдэрсэн. Тиймээс шинэ стратегийг гаргах тэр цэгтээ бид ирчихлээ.

Тэрхүү шинэ стратеги нь танд аймаг хооронд зорчих эрхийг тань өгнө гэдэг шиг энгийн байх ёстой.Монголчууд тэр үед итгээгүй. Гайхаж байсан. Тэр үед сум, аймаг хооронд явахад томилолт, тодорхойлолт авдаг. Тэр нь жирийн жолоочид олддоггүй. Жижигхэн хурган дарганцар байж л тэрийгээ олж авна. Тийм цаг үед тэр хэлж байсан зүйлс биеллээ олсон байна. Тиймээс бидний дараагийн стратеги ийм энгийн байна. Монголчуудын амьдралд бодитоор байгаа бэрхшээлүүдийг бид шийднэ. Мачийж байгаад мянган малтай болсон ч яагаад аз жаргалтай, хангалуун амьдарч чадахгүй байна вэ. Талх жигнээд, гуанз ажиллуулсан ч яагаад амьдрал сайжрахгүй байгаа юм бэ. Ардчилсан намын нэгдэл Монгол түмэнд байгаа зовлонг олж илрүүлэхэд суурилж байгаа. Асуудлын учир шалтгааныг олж Монголын ард түмэнд зориулсан шинэ стратеги гаргана. Энэ нэгдэл Монголыг босгоно. Бид МАН шиг найман жил төр баривал нэгдүгээрт, Монгол Улс өргүй болох ёстой. Дундаж орлоготой иргэдийн эзлэх хувь 50 хувь руу орж байх ёстой. Монголын ард түмэнд эрх чөлөө өгнө гэсэн том стратегийн ард гарч чадсан юм чинь одоо Монгол түмнийг ядуурлаас гаргах стратеги руу бүгдээрээ шилжье. Шударга, үнэ цэнэтэй боловсролын тогтолцоо руу шилжье. Ядаж эм нь үйлчилдэг эрүүл мэндийн салбартай болъё. Эрүүл мэндийн салбарыг шинэчилье. Өвчнөө эмчилж чаддаг улс болъё. Монголын улс төрийг ёс суртахуунтай болгоё. Ийм ялзарсан төрийг ёс суртахуунаар нь засъя. Ёс суртахуун гэдэг за бол ёогүй байхыг хэлж байгаа юм. Тиймээс олон юм амлахгүй. Маш цөөхөн юмыг маш чанартай хийнэ. Монголын ард түмэнд өгсөн бидний амлалт бол 100 хувь биелдэг баймаар байна. Монголын “за” бол андгай буй за гэж. Ардчилсан намынхан “Ардчиллын за бол андгай буй за” гэдэг үгийг чанд тогтоож, хэвшүүлэх ёстой” хэмээв.

Р.ХИШИГЖАРГАЛ

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Ч.Отгочулуу: Монголбанк эр зориг гаргаж, сонгууль угтсан популизмд үгүй гэж ядаж нэг удаа хэлэх ёстой DNN.mn

Эдийн засагч Ч.Отгочулуутай 2024 оны мөнгөний бодлогын үндсэн чиглэл болон төв банкны чиг үүргийн талаар ярилцлаа.


-Монголбанк ирэх оны мөнгөний бодлогын үндсэн чиглэлээ олон нийтэд танилцуулсан. Та тэнд оролцсон. Хэлэлцүүлгийн үеэр юу яригдав?

-Төв банкны удирдлага хоёр илтгэл тавьж хэлэлцүүлсэн. Би өөрийнхөө ойлгосон хүрээнд хувийн байр сууриа хуваалцъя. Монголбанк 2024 оны үндсэн чиглэлийг боловсруулахдаа эдийн засгийн нөхцөл байдалд түшиглэсэн аж. Инфляци буурах, нүүрсний экспорт эрчимжих хандлага үргэлжлэх төлөвтэй гэнэ. Эдийн засгийн бодит өсөлт 2023 оны эхний хагаст 6.4 хувьтай байна. Бодлогын хүү өндөр буюу 13 хувь байгаа ч инфляци буурахгүй бол энэ хэвээр нь хэсэгтээ үлдээх бололтой. Инфляцийг дунд хугацаанд зургаан хувь орчимд барих зорилт дэвшүүлсэн байна. Дээш доош хоёр хувь хэлбэлзэж болох л гэнэ.

-Эдийн засгийн сайд Ч.Хүрэлбаатар саяхан валютын нөөц 3.9 тэрбум ам.доллар болж өссөн гэж мэдэгдсэн. Тийм бол инфляци, ам.долларын ханш яагаад буурахгүй байна вэ?

-Төлбөрийн тэнцэл эрс сайжирсан учир гадаад валютын албан нөөц 3.9 тэрбум ам.долларт хүрсэн нь сүүлийн хэдэн жилийн рекорд үзүүлэлт гэнэ. Төлбөрийн тэнцлийг задлаад харахаар худалдааны тэнцэл их ашигтай гарчээ. Шалтгаан нь 2023 он гарснаас хойш 42 сая тонн нүүрс экспортолсон. Гэхдээ энэ бол түр зуурын үзэгдэл гэдгийг анхаарах хэрэгтэй. Өвөр Монгол болон Шанси мужийн нүүрсний уурхайнуудад томоохон ослууд их гарсан

Бараг сар бүр л олон хүний амь эрсэдсэн тохиолдлууд үүссээр байгаа учраас аюулгүйн зогсолтууд хийж байна. Үүнээс шалтгаалж манай нүүрсний экспорт эрс сайжирч. Гэвч “Эрдэнэс Таван толгой”-н хувьд олон нууц оффтейк гэрээ хийсэн. Гэрээний орлого нь мөнгөөр бүрэн орж ирж байгаа эсэх нь эргэлзээтэй. Өөрөөр хэлбэл, данс дээр нүүрс их гараад байгаа ч мөнгө нь орж ирэхгүй, өрөндөө суутгагдаад байх боломжтой.

Тэгээд ч гадаад валютын нөөц нь дангаараа ханшийг тогтвортой барих цорын ганц хүчин зүйл биш гэдгийг анхаарах хэрэгтэй. Ялангуяа төгрөгийн гадаад ханш өөрөө хөрөнгө оруулагчдын итгэл, зах зээлд оролцогчдын хүлээлт, төв банкны хараат бус, бие даасан байдлаас ихээхэн хамаардаг. Харамсалтай нь манай улсад Засгийн газар нь Төв банкныхаа дээр нь гараад зайдлаад суучихсан учраас ханшны бодлого, дэглэм алдагдсан.

Нөгөө талаас төгрөгийн дотоод ханш буюу үнийн түвшин бас яригдана. Манайхан үүнийг инфляци гэдэг дээ. Нүүрсний гэнэтийн орлогод дулдуйдаад УИХ нь Засгийн газрын оруулж ирснээр төсвийг 1.7 их наядаар өсгөв. Монголбанкны судалгаанаас үзэхэд төсөв нэг их наяд төгрөгөөр тэлбэл 6-12 сарын дараа инфляци нэг нэгжээр өсдөг гэнэ. Тэгэхээр арай гэж нэг оронтой тоо руу орж тогтворжиж эхэлсэн инфляци дахиад хоёр нэгж хувиар өсөхийг үгүйсгэх аргагүй. Мөн төсөв нэг их наяд төгрөгөөр нэмэгдэхэд төлбөрийн тэнцэл дээр 200 сая ам.долларын дарамт үүсдэг гэнэ. Өөрөөр хэлбэл, хэрэглээний тодорхой хэсэг нь импортод зарцуулагдана. Ингээд 1.7 их наядын тэлэлтийн “ачаар” өнөө валютын нөөцөөс маань 300 сая ам.доллар хэрэглээг санхүүжүүлэх гээд урагшаа урсана гэсэн үг.

-Төсөв тэлснээр төгрөгийн нийлүүлэлт өсч байна гэсэн үг үү?

-Тийм. Статистикийн газраас гаргасан хамгийн сүүлийн тайлангаас үзэхэд банкууд дээрх харилцахын хэмжээ огцом өссөн байна. Өөрөөр хэлбэл, мөнгөний нийлүүлэлт үерлэжээ. Ингэснээр төгрөгийн ханш сулрах болно. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын буруу бодлогын үр дүнд төсвийн хэт тэлэлт нь төгрөгийн гадаад ханш болон дотоод худалдан авах чадварыг унагаж байна.

-Төсвийн тэлэлт нь, тодруулбал цалин тэтгэврийн өсөлт нь эдийн засагт түлхэц болохгүй юу?

-Үгүй. Сүүлийн хоёроос гурван жилд юмны үнэ дор хаяж 60 гаруй хувиар өссөн. Сая төсвийн тодотголоор цалин, тэтгэвэр нэмсэн гэх боловч дээд тал 15 орчим хувиар л өсөх шиг боллоо. Өөрөөр хэлбэл, бодит үнийн өсөлтийг гүйцэж чадаагүй. Харин ч цалин, тэтгэвэр нэмэгдсэн сургаар гурил, талхны үнэ дахиад өслөө. Өөрөөр хэлбэл, өнгөрөгч зуны төсвийн тодотгол нь эдийн засагт лай болох нь илэрхий байна. Төсвийг тэллээ гээд иргэдийн амьжиргаа сайжраад, эдийн засаг томроод байгаа зүйл огт байхгүй. Улсын төсөв дөрвөн жил тутам хоёр дахин томорч ирлээ. Тэр хэрээр эдийн засаг өссөн үү, ядуурал буурсан уу. Ажлын байр шинээр бий болсон уу. Үгүй. Америк доллараар илэрхийлсэн ДНБ зогсонги байдалд хэвээр байна. Ядуурал албан ёсоор 30 хувь гэж байгаа ч бодит байдал дээр хоёр дахин их байгаа. Ажилгүйдэл нэг оронтой тоонд орсон гэх. Гэвч хөдөлмөр оролцооны аргаар тооцвол ажилгүйдэл дор хаяж 30 хувьтай байна. Хоёр эмэгтэй тутмын нэг нь ажилгүй байна. Залуучуудын далд ажилгүйдэл 20 хувиас буурахгүй байна.

-Эдийн засгийн ерөнхий төлөв байдал таныхаар ямар байна вэ?

-Засгийн газар ч яах вэ эдийн засаг сэргээд, өсөөд сайхан байна л гээд байгаа. Гэхдээ энэ бол нүүрсний өсөлтийн л нөлөө юм. Эдийн засгийн эрүүл мэндийг хэмждэг өөр чухал үзүүлэлтүүд бий. Энд жишээ нь хөдөлмөрийн бүтээмж ямар байна вэ. Ажлын байрны тоо өсч байна уу зэрэг болно. Монгол Улсад хөдөлмөрийн бүтээмж зогсонги байдалд орсон. Өөрөөр хэлбэл, эдийн засаг эрүүлээр, органикаар өсөхгүй байна гэсэн үг юм. Эдийн засгийн гол мотор болсон уул уурхайн салбарт хөдөлмөрийн бүтээмж сүүлийн гурван жилд чөлөөт уналт гэж юу байдгийг үзүүлж байна. Энэ бол түгшүүрийн дохио шүү. Үр дагавар нь хоёроос гурван жилийн дараа их хүнд байдлаар илэрнэ. Ядуурлын шугам сард 184,700 төгрөг хэвээрээ. Жишээ нь, 185 мянгын зарлага гаргаж байвал ядуу биш гэсэн үг. Ядуурлын шугам нь бодит байдлыг илэрхийлж чадахгүй. Чанартай амьдрал өөрөө өртөгтэй. Ядуурлын шугам маань хүнлэг болох ёстой. Ядуурлын шугамыг бодит байдалтай нийцүүлж өсгөхөөс айх хэрэггүй юм л даа. Монгол Улс ядуурлын шугамаа сард ядаж 700 мянган төгрөг болгож өсгөх хэрэгтэй. Ядуу иргэдийн тоо огцом өсч таарна. Эрх баригч намын хувьд мэдээж таагүй үзүүлэлт. Гэхдээ бид бодит байдалтайгаа эртхэн нүүр тулах тусам ирээдүй хойч үед тустай.

-Хөрөнгө оруулагчдын итгэл хэр байгаа бол?

-Манай улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээ “эрсдэл ихтэй” ангилалд хэвээр байгаа. Дотоодын хөрөнгө оруулагчдын хувьд эдийн засаг өсч байгаа мэдээг таатай хүлээж авч байна. Гэхдээ сонгууль хаяанд ирсэн учраас хэмнэлтийн байдалд орох болов уу. Тэгээд ч одоо удахгүй хүйтний улирал эхэлнэ. Бизнесийн мөчлөг хөрнө.

-Гадаад өрийн менежмент хэр байна вэ. Дефольт болох эрсдэлээс сэргийлсэн гээд байгаа шүү дээ?

-Монголбанкны мэдээлснээс үзэхэд энэ жил евро бонд болон Самурай бондыг эргүүлж төлөх хуваарьтай. Мэдээж дахин санхүүжүүлж болно. Эсвэл гадаад валютын нөөцөөс шууд төлөх ч боломжтой гэнэ. Ирэх жил гадаад зээлийн эргэн төлөлтөд 360 орчим сая ам.доллар хүлээгдэж байгаа гэнэ. Мөн хувийн хэвшлийн хэдэн бонд бий. Тэгэхээр энэ валютын нөөцөө хэмнэхээс өөр аргагүй. Хятадын төв банктай хийсэн своп хэлцлийг гурван жилээр сунгасан нь гадаад өрийн дарамтыг эрс сулруулжээ. Богино хугацаанд дефольт зарлах эрсдэл бага байна. Алсдаа гэхдээ эвгүй. Нүүрсний үнэ унах төлөвтэй. Мөн сүүлийн тав, зургаан жилд манай Засгийн газрын гадаад өр хоёр дахин өссөн. Гурван Чингис бондтой тэнцэх хэмжээгээр бид сүүлийн хоёр сонгуулиа хийчихсэн улс. Эрх баригч нам дахин ялсан. Татвар төлөгчид шинэ өртэй болсон.

-Жил бүр л мөнгөний бодлого баталдаг. Инфляцийг нэг оронтой тоонд барина гэсэн жижүүрийн зорилт дэвшүүлдэг. Ирэх жилийн хувьд ямар онцлог байна гэж танилцуулсан бол?

-Монголбанкны танилцуулж байгаагаар бол ирэх оны мөнгөний бодлого хэд хэдэн онцлогтой юм байх. Үүнд, тогтвортой өсөлтийг дэмжих, инфляци зургаан хувь, инфляцийн хүлээлтийг тогтворжуулах, төв банкны бие даасан байдлыг хангах, гадаадын банкны салбар нэгжийг оруулах чиглэлээр хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, ногоон зээлийн үр дүнг сайжруулах, их өгөгдлийн системийг хөгжүүлэх, Big Data дээр ажиллах гэнэ. Өөрсдөө онцлогтой гээд байгаа боловч үнэндээ шинэ юм алга.

-Төв банк макро орчныг хэрхэн харж үнэлж байх шиг байна?

-Мөнгөний бодлогыг сахиулагчдын харж байгаагаар бол инфляци алсдаа буурах хүлээлттэй байгаа юм байна. Одоогийн энэ инфляцид дотоодын хүнс гол өдөөгч болж байна гэнэ. Ялангуяа гурил, гурилан бүтээгдэхүүний инфляцид эзлэх хувь өндөр буюу 21 байна. Мах, махан бүтээгдэхүүн 12 хувь байна гэнэ. Инфляци тооцоход ашигладаг 400 гаруй бүтээгдэхүүн бий. Тус сагснаас 199 бүтээгдэхүүний үнийн өсөлтийн эрч буурч байна. Сууриараа буурах боломжтой л гэнэ.

-Бизнесийнхэнд зээл олдохгүй байгаа гэсэн гомдол их байна. Энэ талаар Монголбанк ямар байр суурийг илэрхийлсэн бэ?

-Зээл өсч байгаа ч 70 хувь нь хэрэглээний зээл аж. Цалингийн, хадгаламж барьцаалсан зэрэг хоёр жилийн хугацаатай зээлүүд их байна гэсэн үг. Төв банк инфляцитай тэмцэх нэрийдлээр бодлогын хүүгээ өсгөсөн. Дагаад иргэдийн хадгаламжийн хүү өслөө. Өөрөөр хэлбэл, банкны зардал өссөн. Банкууд нэмэлт зардлаа нөхөхийн тулд гол орлого олдог зээлийн хүүгээ өсгөсөн. Зээлийн хүү өссөнөөр хувийн хэвшилд зардал өснө. Өөрөөр хэлбэл, бизнесийн санхүүжилтийн өртөг өснө. Ингэж мөнгөний хатуу бодлого хувийн хэвшилд хүнд тусч байгааг Монголбанк олж харсан бололтой. Гэхдээ тэдний хувьд хийж чадах зүйл хомс биз.

-Төгрөгийн ханш цаашид хэрхэх бол?

-Би хувьдаа төгрөгийн ханш суларна гэсэн хүлээлттэй байгаа. Учир нь экспорт өндөр байгаа ч энэ нь данс дээрх бичилтийн үзүүлэлт. Тэгээд ч орж ирсэн шигээ хурдан гараад явчихна. Өөрөөр хэлбэл, импорт болно. Төгрөгийн ханшийг тогтвортой байлгах цорын ганц хүчин зүйл бол гадаадын шууд хөрөнгө оруулалт юм. Энэ хөрөнгө оруулалтыг татах чиг үүрэг нь Засгийн газарт байгаа. Гэвч Монголын түүхэнд байгаагүй муйхар Засгийн газартай, дээр нь сонгуулийн галзуурал мөд эхлэх гэж байхад гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдэх найдвар алга даа. Америкийн төв банк бодлогын хүүгээ өсгөсөн. Дэлхий нийтийн хувьд Америкт хөрөнгөө байршуулах нь эрсдэлгүй бас ашигтай. Эрсдэлгүй хүүгийн түвшин өссөн учир гадаадын хөрөнгө оруулагчид Монголоос илүү хүү нэхэж байна. Дээр нь Оюу толгойн хоёрдугаар шат дууссан. Өөр том төсөл яаралтай хэрэгтэй байна. Гадаадын шууд хөрөнгө оруулалтын урсгал нь Оюу толгойгүйгээр жилд ердөө 200 сая ам.доллар байна. Гэтэл Оюу толгой сард 100 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийдэг. Гэвч ирэх жилээс энэ эрс буурна. Тэгэхээр Оюу толгойн урсгалыг нөхөх хэмжээний бизнес босгохгүй бол төгрөг улам л суларна.

-Ирэх жилийн мөнгөний бодлогод валютын ханшны зохицуулалт хэрхэн туссан бэ. Төгрөгийг хамгаалах зорилгоор интервенц их хийвэл нөөцөө ч барна, ханшаа ч алдана гэсэн шүүмжлэл их байдаг шүү дээ?

-Бодлогын хувьд инфляцийг онилоход бүрэн чиглэх бөгөөд төгрөгийн гадаад ханш уян хатан байх гэнэ. Энэ нь зөв байр суурь. Гэхдээ хуулийн хувьд хэрэгжүүлэхэд хэцүү. Учир нь Төв банкны тухай хуульд зааснаар Монголбанкны чиг үүрэг бол төгрөгийн ханшийг тогтвортой байлгах гэсэн заалт бий. Энэ заалт бол Монголын хөгжлийг чөдөрлөсөн хамгийн гайтай заалт. Яагаад гэвэл хоёр туулай хөөсөн анчин хоосон хоцордог. Манайх шиг жижиг улс нэг бол гадаад ханшаа, үгүй бол дотоод ханшаа л барих ёстой. Европын төв банк хүртэл зөвхөн дотоод ханшаа онилдог хуультай. Инфляциа хоёр орчим хувьд тогтворжуулна. Евро”-гийн гадаад ханш зах зээлийнхээ зарчмаар тогтоно гэдэг. Хонг Конг зөвхөн гадаад ханшаа тогтвортой байлгадаг. Дотоод ханш зах зээлийнхээ зарчмаар тогтох ёстой. Тэнд юмны үнэ өсөөд байна гэж үзье. Тэгвэл энэ нь хувийн хэвшлийнхэнд ашиг олох боломж болно. Нийлүүлэлт өснө. Юмны үнэ буурна. Үүний тулд зах зээл чөлөөтэй, элдэв хүнд суртал бага, эрүүл өрсөлдөөнийг хангах ёстой.

-Тэгэхээр яах ёстой вэ. Хуулиа өөрчлөх үү?

-Хамгийн зөв шийдэл бол төв банкны хуулийг өөрчлөх л байна. Монголбанк зөвхөн төгрөгийн дотоод ханшийг л нэг мөр хариуцдаг болох хэрэгтэй. Харин Засгийн газар төгрөгийн гадаад ханшийг дангаараа хариуцдаг болох ёстой. Ингэж чиг үүргийн том реформ хийхгүй бол төгрөг үүрд мөнхийн сульдаатай мөнгөн тэмдэгт болж үлдэнэ. Төв банкны хараат бус, бие даасан байдлыг хуулиар хамгаалж, бэхжүүлэх хэрэгтэй. Тэгэхгүй бол дурын нэг сайд нь агентлагийнхаа даргыг загнаж буй мэт төв банкны ерөнхийлөгчийг дуудаж авчраад зандраад суудаг маш буруу жишиг тогтлоо. Гэхдээ би хувьдаа энэ УИХ-ын үед ийм реформ хийгдэнэ гэдэгт итгэхгүй байна. Ардчиллын 30 жилийн түүхэнд байгаагүй мулгуу бүрэлдэхүүнтэй энэ УИХ нэг их самрахгүй байж байгаад ирэх сонгуультай золгоод авбал учиртай. Залуусын хэлдгээр нар мандах өдөр ирж л таарна.

-Хууль өөрчлөхгүйгээр ямар арга хэмжээ авах боломжтой вэ?

-Монголбанк эр зоригтой байх ёстой. Сонгууль угтсан популизмд үгүй гэж ядаж нэг удаа хэлэх ёстой. Улсын төсөв тэлэх бүрд инфляци гаарч байна. Инфляцитай тэмцэх нэрийдлээр хүү өсгөсний төлөөсийг хувийн хэвшил үүрдэг. Зээл олдохгүй. Хөрөнгө оруулалт хийгдэхгүй. Ингээд ажлын байр устана. Өрхүүд ядуурна. Энэ Засгийн газрын алдааг нуудаг, далдалдаг хоёр газар байна. Нэг нь Үндэсний статистикийн хороо, нөгөөх нь Монголбанк. УИХ уг нь энэ хоёр байгууллагыг ашиглаад Засгийн газрыг хянах, ажлыг нь хийлгэх учиртай. Даанч энэ УИХ үнэндээ усан тэнэгүүдээр дүүрчээ. УИХ-ын гишүүдэд ойлгомжтой болгох үүднээс нэг жишээ авъя. Жаахан хүүхдийг хог шүүрд гэв. Тэр хүүхэд шүүрдсэн хогоо тосгуурт хийж гаргаж хаяхын оронд залхуураад хивсэн доогуур нуугаад байвал яах вэ. Засгийн газар яг л ийм байдлаар ажиллаж байна. Монголбанк өөрөө Засгийн газрын хогийг нуудаг хивс болсон байна.

-Ажлын байр их байхад ажиллах хүн олдохгүй байна гэсэн шүүмжлэл бий. Гэтэл нөгөө талд ажилгүйдэл өсөөд байна гэдэг?

-Манайхан ажлын байр гэдгийг өнөө л социализмын үеийнхээрээ хардаг. Тоон үзүүлэлт гэж үздэг. Гэтэл ажлын байр үнэндээ чанарын үзүүлэлт юм. Ажлын байр бол амьжиргааны баталгаа байх ёстой. Манайд ажлын байрны чанар буюу цалин маш бага байна. Дор хаяж сард мянган ам.долларын цалинтай ажлын байруудыг олноор бий болгох ёстой. Гэвч манайд ажлын байр бий болгодог хүмүүсийг торгодог тогтолцоо тогтсон. Нэг жишээ хэлье. Ноднин буюу 2022 оны эхний хагаст 40 мянган ажил олгогч менежертэй байжээ. Гэтэл энэ 2023 оны эхний хагаст 33 мянга болж буурчээ. Үүнээс корпорацийн менежер 19 мянга нь харьцангуй тогтвортой байна. Харин жижиг, дунд бизнесийн менежерүүд, старт-ап, энтрепрэнэрүүдийн тоо ганцхан жилийн дотор долоон мянгаар буурчээ. Бодвол бүгд бизнесээ хаагаад Солонгос явж байгаа байх. Манай улсад 1.1 сая хүн ажил хийдэг. Гэвч тэдний олонх нь малчид, төрийн албан хаагчид. НДШ тогтмол төлдөггүй улирлын чанартай ажиллагсад байдаг. Сонгодог утгаараа хөдөлмөрийн харилцаанд ордог тогтвортой ажиллагч 300 мянга л байсан. Өөрөөр хэлбэл, энэ 300 мянган хүний нуруун дээр энэ улсын эдийн засаг тогтдог юм. Тэгвэл тэдний тоо 280 мянга болж буурчээ. Яагаад. Цалин бага байна. Цалин яагаад бага байна вэ. Хөдөлмөрийн бүтээмж алга байна. Хөдөлмөрийн бүтээмж яагаад бага байна гэхээр хөрөнгө оруулалт ба технологи алга. Энэ Засгийн газрын байгаа царай нь ч тэр элдэв гялтгар хурал хийхдээ сайн боловч эдийн засгийн гүнд ямар аймшигтай хямрал нүүрлэж байгааг огт олж харахгүй байна.

-Тэгвэл ямар шийдэл байна вэ?

-Шуурхай авах арга хэмжээ бий бий. Жишээ нь, ипотекийн зээлийг Засгийн газар хүлээж аваад нэгэнт хөлөө олсон хувийн хэвшилтэйгээ Монголоо бодоод хамтраад ажиллах хэрэгтэй. Ипотекийн хөтөлбөрөөр 114 мянган өрх байртай болсон. Энэ эрэлтийг хангах гэж 100 мянган ажлын байр бий болж байв. Боловсруулах салбарт ажлын байр хурдтай хорогдож байна. Ийм үед аж үйлдвэржилт ярих ямар ч боломжгүй. Боловсруулах салбарыг НӨАТ болон АМНАТ-өөс хэдэн жил чөлөөлчих хэрэгтэй. Түр зууртаа төсөвт алдагдалтай ч урт хугацаанд эрүүл хүчирхэг эдийн засагтай болох болно.

Одоо энэ УИХ, Засгийн газарт үг хэлээд нэмэргүй биз. Харин Монголбанкны удирдлагад хандаж нэг үг хэлмээр байна. Монголбанкны эцсийн хэрэглэгчид чинь ААН, өрх гэрүүд шүү. Түүнээс биш хоноцын сэтгэлтэй улстөрчид биш юм. Энэ улсад өнөөдөр социалист үеийн бэртэгчин систем сэргэж байна. Асуудлыг өөрсдөөсөө зайлуулдаг хүнд сурталтнуудын тогтолцоо эргэн ирж байна гэсэн үг. Инфляци болон төгрөгийн ханшийн уналт нь эдийн засгийг сүйрүүлдэг чөтгөр юм. Энэ чөтгөртэй тэмцэх үүрэгтэй гурван газар байна. Эдгээр нь Улсын Их Хурал, Засгийн газар, Монголбанк гурав боловч аль нь ч эцсийн хариуцлага хүлээдэггүй. Энэ гурав дундаа “бөмбөг өшиглөдөг”. Энэ тоглоомын хожигдогч нь хувийн хэвшил, өрх гэрүүд болдог. Монголбанк энэ чөтгөрийн тойргийг тас цохих хэрэгтэй байна.

Р.ХИШИГЖАРГАЛ

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Г.Төгөлдөр: Талцаж, хуваалцдаг сэтгэхүй дээр их гүрнүүд тоглолт хийдэг DNN.mn

Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын нарийн бичгийн дарга Г.Төгөлдөртэй ярилцлаа.

– Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комисс байгуулагдсанаас хойш 1937 оны их хэлмэгдүүлэлтийн яг хэчнээн хүний сэтгэл санааны хохирлыг барагдуулаад байна вэ?

– Хүмүүс хэлмэгдүүлэлтийг 1937 оны их хэлмэгдүүлэлтээр ойлгоод байдаг. Хэлмэгдүүлэлт 1921-1990 онд явагдсан. Богд хааны дэргэд 1921 онд зөвлөхөөр байсан Төвдийн иргэн Саж лам Жамъянданзанг Ардын засгаас гадаадын тагнуул гэж шалгасан. Харамсалтай нь түүнийг мөрдөн шалгаж байсан, тушаал шийдвэрийг гаргаж байсан Д.Бодоог 1922 онд Саж лам Жамъянданзангийн хамт буруутгаж, Шархаданд 14 хоног гавлан хорьж, дараа нь цаазаар авснаар хэлмэгдүүлэлт эхэлсэн гэж үздэг.

Коминтерний бодлогоор хамгийн анх цаазлуулж, хэлмэгдсэн хүн бол Монголын орчин цагийн төрийн Ерөнхий сайд байсан Д.Бодоо. Улс төрийн зорилгоор хэлмэгдүүлсэн энэ хэлмэгдүүлэлт 1921 онд эхэлсэн. 1924 онд Монголын анхны Үндсэн хууль батлагдсан. Үндсэн хуулийг батлах намын хурал дээр Гадаад хэргийн сайд С.Данзанг улс төрийн зорилгоор мөн хэлмэгдүүлсэн.

Ямар учир шалтгаантай вэ гэвэл бүх дэлхийд коммунизмыг байгуулах Коминтерний үйл ажиллагаа эхэлсэн. Үүний хүрээнд Монголд коммунизмыг бүтээх зорилгоо хэрэгжүүлэхийн тулд чөлөөт зах зээлийн эдийн засаг, нийгмийг сонгосон эсвэл өөрийн улс орны онцлогт тохируулсан Монгол Улсын хөгжлийг тодорхойлох гэсэн Д.Бодоо, С.Данзан нарын хүмүүсийг хэлмэгдүүлсэн. Тэр үед Д.Бодоо “Бид дээрээ хэмжээт эрхт хаантай Монгол Ард улс байна” гэж хэлсэн.

Коминтерн хаангүй болгохыг хүссэн. Тиймээс Д.Бодоог цаазалсан нэг шалтгаан нь энэ. Харин С.Данзан “Бид ганцхан Оростой харилцахгүй. Олон улстай харилцана. Швейцар лугаа хөгжмөөр байна. Иргэн баян бол улс баян” хэмээн чөлөөт зах зээлийг баримталсныхаа төлөө, капитализмыг алгасахгүй, түүхийн он дарааллыг зөрчихгүй гэсэн үндэслэлийнхээ төлөө цаазаар авхуулсан.

Хэлмэгдүүлэлтийг зөвхөн хүн алсан буудсан гэдэг утгаар биш яагаад хороов гэдгийн гол зангилаа нь Монгол Улсын нутаг дэвсгэрийн оршин байгаа энэ цэг

Ингээд Монголд нэгдэлжих хөдөлгөөн эхэлсэн. Анхны Үндсэн хуулиар иргэдээ ангилсан. Лам нар, ноёд феодалууд, ажилчин тариачин, малчин гэж ангилж, анги давхарга үүсгэсэн. 1925 онд хөрөнгө хураалт эхэлсэн. Баян айлын хөрөнгийг хурааж ядууст тараасан. Ийм үйл явдал өрнөсөөр 1928 онтой золгосон. 1928 онд ЗХУ-ын Удирдах бүрэлдэхүүнтэй Коминтерний орон орны төлөөлөгчид Монголд ирээд Монголын төрийг эргүүлсэн.

Улс төрийн туршлагагүй, Коминтерний бодлогыг үг дуугүй биелүүлдэг зүүнтнүүдийг Засгийн эрхэд тавиад буруу бодлого явуулсан. Үүний урхгаар ард түмэн тартагтаа тулсан. Алтан ургийнхныг, лам нарыг хядаж эхэлсэн. Сүм хийдэд дааж давшгүй татвар ногдуулж эхэлсэн. Ингээд ард түмэн аргаа бараад дүрвэсэн. 30-аад мянган хүн дүрвэсэн байдаг.

Сүүлдээ тэсэхээ байгаад бослого гарсан. Тэр бослогыг социализмын үед “Хуучин эрх ямбаа эргүүлж авах гэсэн феодал ноёд, том толгой лам нар бослого гаргасан” гэж заадаг байсан. Гэтэл сүүлийн үеийн судалгаагаар бослогод маш цөөхөн лам, ноён байсан. Ихэнх нь жирийн иргэд, цэргийн анги нэгтгэлүүд, намын гишүүд байсан. Засаг дарга нь хүртэл бослогын толгойд байсан. Гэхдээ нэгэнт шашин орсон нь үнэн.

Аливаа шашин оролцсон бослого үймээн их харгис болдог. Амьдаар нь зүрхийг нь тахисан, амьдаар нь арьсыг нь хуулсан, мөчилсөн асуудал гарсан учраас үйлдлийг нь зөвтгөх аргагүй. Гэхдээ ер нь лам нарын биш ард түмний бослого байсан. Үүнийг нугачин дарсан. Үүний дараа Сталин “Монголд гарсан бослогыг бид улсын зоригоор дарж болохгүй. Тэгвэл бид дэлхийд муухай харагдана. Энэ үед гай болж цаанаас япончууд ороод ирвэл Япон чөлөөлөгчийн арми болж ЗХУ дарангуйлагч болно” гэж хэлсэн. Тэр үед Япон Хятад руу дайралт хийж манай Дорнодтой хиллэсэн Манж Го улсыг байгуулсан. Тиймээс эхлээд улс төрийн чиг хандлагыг өөрчилж, дараа нь өөрсдийг нь өөрсдөөр нь даруулах аргыг Оросын Коминтерн явуулсан. Үүний тод жишээ бол Лхүмбийн хэрэг.

Эрдэмтэд энэ бол хэлмэгдүүлэлт биш гэдэг. Энэ бол геноцид гэдэг. Төрлөөр нь хоморголон баривчлах үйл явц. Ангилж байгаад устгасан. Буриадуудыг, тэр үеийн сэхээтнүүд болох лам нарыг, баяд ноёдыг.

Өвөрхангай аймгийн харьяат Лхүмбэ нарийн бичгийн дарга байсан. Оросын бодлогоор адил эрх мэдэл бүхий гурван нарийн бичгийн даргатай болчихсон. Нэг ёсондоо удирдлагыг саармагжуулж байгаа юм. Лхүмбийг золиосонд гаргасан. Японы тагнуул гээд Лхүмбээр далимдуулж буриад зоныг хядсан. 1500 гаруй хохирогчтой хэрэг л дээ. Буриадууд цагаант хаант Оросын үеэс эхлээд Монголтойгоо нэгдэхийг хүссэн. 1930-аад он хүртэл буриадуудын Монголтой нэгдэх гэсэн үйлдэл маш их эрчимтэй байсан. Монголыг нэг цул хүчирхэг байлгахыг хүсээгүй учраас Лхүмбийн хэрэг гэдгээр буриадуудыг баривчилж хоморголон хядсан.

Нэг түүхэн баримт хэлэхэд “Насанд хүрсэн буриад хүн үлдсэнгүй. Одоо хэнийг баривчилна” гэсэн байдаг. Ингээд бослогын дараа буюу 1937 оны есдүгээр сарын 10-ны өдөр ЗХУ-ын генерал Приновский гэж нөхөр заговор буюу хуйвалдаан гэсэн нэртэй 115 хүний нэр бүхий бичгийг Монголд авч ирж Х.Чойбалсанд өгсөн. Эдгээр хүмүүс Японы талтай нийлж хуйвалдаан зохион байгуулж Монголын төрийг авахыг санаархаж байна гэсэн. Мөн өдөр нь Х.Чойбалсан дээрх хүмүүсийг баярын хуралтай гээд бүгдийг нь дуудсан. Цэргийн хүмүүс нь одон медалиа зүүгээд хуралдаа ирсэн. Уг хурал дээрээс 60 орчим хүнийг шууд баривчилсан. Энэ баривчилгаа эхэлснээр хэлмэгдүүлэлт оргил үедээ хүрч их хэлмэгдүүлэлтийн он жилүүд эхэлсэн.

Ингээд Х.Чойбалсан, Бага хурлын дарга, Улсын дээд шүүхийн дарга гэсэн гуравхан хүний бүрэлдэхүүнтэй Онцгой бүрэн эрхт комиссыг байгуулсан. Энэ гурван хүн 1937 оны есдүгээр сарын 10-наас 1939 оны дөрөвдүгээр cap хүртэлх хоёр жил хүрэхгүй хугацаанд 51 удаа хуралдаж 20 мянга гаруй хүний хэргийг шийдсэн байдаг. Тэрхүү 20 мянган хүний 18 мянга гаруй нь лам мяндагтнууд байсан. Лам мяндагтнуудын 75 хувийг цаазаар авсан. Их хэлмэгдүүлэлт ингэж өрнөсөн.

Тиймээс энэ өдрөөр томьёолон хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр бий болгосон. Энэ жил 28 дахь удаагаа тэмдэглэж байна.

– Цэргийн зүтгэлтнүүд ч тэр аяараа хэлмэгдсэн байдаг бил үү. Ер нь Монголын сэхээтэн давхаргыг тэр чигт нь хядчихсан эмгэнэлт түүх шүү дээ?

– Тийм. 1939 онд Халх голд дайн болсон. Дайны үед цэргийн маш олон зүтгэлтэн хэлмэгдсэн. Монголын армийн удирдах бүрэлдэхүүний өнөөдрийн генерал цолтой дүйцүүлж болох удирдлагуудын 95.5 хувь нь цаазаар авхуулсан. Өөрөөр хэлбэл Монголын арми байлдаанд удирдлагагүй орсон гэсэн үг. Үүнийг цэргийн судлаачид тодорхой ярих байх. Дивиз армийн мөн 90 хувь нь цаазаар авхуулсан байдаг.

1926 онд монголчуудад Алтан ураг гэж ямар чухал нөлөөтэй байв. Монголын Алтан ураг гэж юу вэ, хэнийг алтан ургийн ноёд, Чингисийн удам гэж үзэх вэ гэсэн Орос-Монгол хэл дээр лавлах толь гарсан. Үүний дагуу бүртгэл явуулсан.

Ингээд 1940-өөд он гэхэд Чингисийн шууд угсааны Алтан ургийн 44 засаг ноён эрэгтэй хүүхдүүдтэйгээ, мөн 1,250 тайж алуулсан. Тухайн үеийн гавжийн дамжаа бол одоогийн докторын эрдмийн зэрэг, Лам нарын 75 хувь нь мөн л алуулсан.

Лам гэдгийг одоогийн лам нараар харж ойлгох нь маш явцуу дүгнэлт болно. Тухайн үеийн Монголын соёлын, боловсролын систем тэр чигтээ лам нар байсан. Лам нарыг хядсанаар боловсролын систем байхгүй болчхож байгаа юм. Тэр үед сургууль соёл гэж байгаагүй. Хийдэд очиж шавилдаг. 18, 19 төрлийн эрдэм ном үздэг. 20 гаруй жил сурч төгсдөг. Анагаах ухаан, математик тооны ухаан, зурхайн ухаан зэрэг боловсролыг эзэмшдэг байсан. Ингээд боловсролын систем рүү дайралт хийсэн.

Коминтерний бодлого нь монголчууд дээр туршилт хийгээд социализм байгуулах гэсэн чинь нөгөөдүүл нь юм мэддэг, боловсролтой, алтан ургийнхныхаа үгийг сонсдог зан заншилтай байсан учраас болохгүй байсан. Тиймээс тэдэн рүү чиглэсэн дайралтыг хийсэн.

Сэхээтэн элит давхаргаа устгаад бусдын үгийг сонсдог, дагадаг үндэстнийг бий болгож байгаа юм. Тухайн үед Монгол Улс 700 орчим хүн амтай байсан. 100 орчим мянга нь хэлмэгдүүлэлтэд өртсөн. Монгол үндэстний хувьд энэ бол маш том гарз. Тэрхүү 100 орчим мянга нь дандаа элит хэсэг байсан. Өнөөдрийн яриагаар бол боловсролтой, юмны учрыг мэддэг, зан заншлаа тээдэг хүмүүс байсан.

Нэг жишээ хэлье л дээ. “Анар” студийн захирал Алтанхуяг “Намайг бага байхад манай эмээ 200 гаруй уртын дуу мэддэг байсан. Гэтэл өнөөдрийн уртын дууны жагсаалтыг гаргахад 100 хүрэхгүй байна” гэж саяхан ярьж байсан. 100 гаруй дуу эзэнтэйгээ юутай ийтэйгээ байхгүй болчихсон байна. Өөрөөр хэлбэл соёлын өв байхгүй болчхож.

Үүнээс гадна сүм дуганыг өнөөдрийн Гандан гэдгээр битгий хар. Тэр бол урлагийн бүтээл. Монголчууд эсгий гэртэй л байлаа шүү дээ, тэр үед. Залуус түүхээ мэддэггүйгээс ч тэр үү тэднийг устгаж байж орчин үеийн Монгол гарч ирсэн гэдэг. Гэтэл орчин үеийн Монгол байшингаар хэмжигдэхгүй шүү дээ. 1920, 1930 он шүү дээ. Тэр үед дэлхий ямар байсан билээ. Хийдээ нураагаад дөрвөн давхар байшин барьсан нь хөгжил мөн үү.

Монгол Улсын өрлөг жанжин Дэмидэд наймдугаар сарын 22-нд Оросын цэргийн сургуулилалтыг үзэх урилга ирүүлсэн. Наймдугаар сарын 22-нд Приновский гэх хүнтэй Эрхүүд таарсан байдаг. Уулзалт хийгээд цааш явсан. Оросын Тайх өртөөн дээр нас барсан. Шалтгаан нь консервын хордлого. Үүний дараа Дорнодоор Оросын цэргийн анги орж ирж Монголын газар нутаг дээр байрласан. Үүний дараа буюу есдүгээр сарын 10-нд тэрхүү 115 хүний нэрийг Чойбалсанд өгсөн. Тэгэхээр энэ ямар тактикийн арга хэмжээ вэ. Дарамталж байгаа биз.

– Х.Чойбалсаны талаар олон нийт янз бүрийн л дүгнэлт хэлдэг. Түүхээс харахаар тэр монголчуудаа хядсан алуурчин юм шиг. Судлаачид ер нь түүний талаар ямар дүгнэлт өгдөг вэ?

– Нэг талаасаа алуурчин мөн үү гэвэл мөн. 20 гаруй мянган хүнийг буудан хороох гарын үсэг зурсан хүн мөн.

Нөгөө талаасаа “Эрхэмлэж яваарай хэмээн машид итгэн тусгаар тогтнолыг та бүхэнд үлдээв” гэсэн алдарт үгийг хэлсэн. Монгол Улсын тусгаар тогтнолыг бий болгосон хүн мөн. Монгол Улс 1946 оны нэгдүгээр сарын 9-ний өдөр хоёр хөршөөрөө хүлээн зөвшөөрүүлж байж тусгаар тогтнолоо олсон. Их хядлага үүнээс өмнө болсон. Үүнээс өмнө Монгол Улсын тусгаар тогтнолыг ЗХУ зөвхөн хэлбэрийн төдий дэмжиж байсан. Хэлмэгдүүлэлтийг зөвхөн хүн алсан буудсан гэдэг утгаар биш яагаад хороов гэдгийн гол зангилаа нь Монгол Улсын нутаг дэвсгэрийн оршин байгаа энэ цэг.

Ер нь Х.Чойбалсан, эсвэл монголчууд бие биенээ хядчихсан асуудал биш. Хядсан нь үнэн. Гэхдээ энэ нь өөрөө дэлхийн орчин цагт оршин тогтнох гэж байсан дэлхийн том гүрнүүдийн геополитик, цэрэг стратегийн маш чухал газар байсан учраас энэ хэлмэгдүүлэлт явагдсан. Цаашид ч энэ геополитик, стратеги байна.

Соёл, уламжлал, зан заншил, алтан ураг, Монгол гэсэн бүхнээ Зөвлөлт холбоот улсын дарангуйлалд байх үедээ бид өөрсдийн гараар үгүй хийсэн. Ингэж үгүй хийснийхээ төлөөсөнд бид тусгаар тогтнолоо олж авсан

Хойноо ч урдаа ч том хөрштэй. Тэгэхээр тэр үеийн дэлхийн улс төр, цэрэг стратеги, геополитикийн гол төв Монголд төвлөрч байсан. Цагаан хаант Орос улс буугаад хувьсгал ялж Орос Алс Дорнодод өөрийн нөлөөг бэхжүүлэх оролдлого хийсэн. Энэ үед хаалттай байсан Япон улс гарч ирж эх газар руу довтолж манай хил дээр тулж гарч ирсэн. Хятад дотроо байлдаантай байсан. Тиймээс Орос шууд Хятадтай хиллэхийг хүсэхгүй. Дундаа заавал гупер улстай байхыг хүснэ.

Япон өвөр монголчуудыг ивээн тэтгэсэн. Эрх чөлөө олгосон. Автономит болгосон. Зарласан. Өвөр монголчуудыг Японд аваачиж сургасан. Өвөр монголчууд Дундад иргэн улсын дарлалаас салахын тулд япончуудад маш найртай хандсан. Хэрэвзээ Монголд Японы арми ороод ирсэн бол монголчууд ч дагахад бэлэн байсан. Амар, Бодоо, Данзан, Дэмид бүгд Оросоос тусламж гуйсан. Тэр үед Орос манайд тусалсан ч Монголыг яаж хувааж авах талаар Хятадтай нууц гэрээтэй байсан. Олигтой дэмжлэг үзүүлээгүй.

Өөрийн нөлөөнд байлгахыг хүссэн. Тиймээс Монголын удирдагчид гуравдагч хөршийг хайж эхэлнэ. Тэр нь Япон. Манайхтай хиллэж байсан. Болохгүй бол Японыг бид дагана гэдгээ ил тод хэлдэг байсан. Үүнийхээ төлөө дараа нь Гэндэн ч тэр. Дэмид ч тэр Японы тагнуул гээд бүгд цаазаар авхуулсан.

– Өнгөрсөн жилүүдэд энэ тухай танай байгууллага их ярьсан. Одоо ер нь хойч үеийн бид хэлмэгдүүлэлтийн тухай юуг санаж сэрж явах ёстой вэ?

– Хүний амьдрал их богинохон. 1980-аад оноос хойших залуус, тэр дундаа улс төр сонирхдог залуус энэ түүхийг сайн уншиж байж Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолыг хамгаална.

Нэг болохоор манай ах нар гээд оросуудад сайн хандаад, нэг болохоор Украинтай дайтдаг алуурчид гээд байна. Муу сайн хужаа нар гээд л байх юм. Хэн ч сайн, хэн нь ч муу биш. Тэд бол зүгээр л манай хөрш, адилхан улс орон.

Оросуудын хийсэн тэр үйл явц Оросынхоо талд маш сайн. Бидэнд муу. Ер нь сошиал дээр талцдаг хуваалцдаг энэ сэтгэхүй дээр их гүрнүүд тоглолт хийдэг. Ингэхдээ маш бага хэмжээгээр. Дахин тодотгож хэлье. Маш бага хэмжээгээр. Ингээд сүүлдээ бид түүнд нь итгэж эхэлдэг.

Солонгосын киног бүгд үзэж байна. Нэг хэсэг монголчууд нийтээрээ үзлээ. Одоо Хятадын кинонууд явж байна. Кинон дээр гардаг шиг тийм мундаг хаад ноёд Солонгост байсан уу. Тийм сайхан сүм хийд, тийм сайхан хувцастай, нисдэг хүмүүс Солонгос, Хятадад байсан уу. Байгаагүй. Үзсээр байгаад сүүлдээ итгэж эхэлж байна шүү дээ. Ямар мундаг юм бэ, ямар аугаа соёлтой юм бэ гэцгээгээд л байна. Соёлын довтолгоо бол энэ.

Гэтэл манайх бүх салбарт гэр бүлийн хэмжээний агуулга харуулсан зүйл гаргаж байна. Үндэсний аюулгүй байдал гэдэг бүх салбарт явагддаг шинжлэх ухаан. Соёл, уламжлал, зан заншил, алтан ураг, Монгол гэсэн бүхнээ Зөвлөлт холбоот улсын дарангуйлалд байх үедээ бид өөрсдийн гараар үгүй хийсэн. Ингэж үгүй хийснийхээ төлөөсөнд бид тусгаар тогтнолоо олж авсан юм.

– Хэлмэгдүүлэлтээс цагаатгах боломжгүй хүний тоо хэчнээнээр яригдах вэ. Ер нь хэлмэгдэгсдийн талаарх бодит баримтууд архивт хэр байдаг вэ?

– Цагаатгах боломжгүй гэдэг бол өргөн ойлголттой.

Жишээлбэл 2022 оны жилийн эцсийн байдлаар 31,595 хүнийг цагаатгасан. Он гарснаар шүүхээс 16 хүнийг мөн цагаатгасан. Одоо ТЕГ-ын архив дээр судлаачид 700-аад хэрэг дээр ажиллаж байна. Гэтэл 1935 оны эсэргүү бослогын үеэр. түүнээс өмнө болон хойно мал шиг аваачаад буудчихсан хүн зөндөө байна. Цагаатгах гэхээр бичиг баримт байхгүй. Шүүхийн шийдвэр гарч байж цагаатгана. Шүүхийн шийдвэргүй буудчихсан хүнийг яах вэ.

Хуулийн процесс болохоор ийм зүйл ангиар шийтгэсүгэй гэсэн бичиг байх ёстой. Түүнд үндэслэж энэ хүн хэрэг хийгээгүй байж гээд цагаатгана. Гэтэл шүүхээр оруулаагүй шоронд тарчилж байгаад үхчихсэн хүнийг яах вэ. Жишээлбэл алдарт зохиолч Буяннэмэх. Машинд ачигдаж явж байгаад бүтээд үхчихсэн. Дээр дээрээс нь давхарлаж ачаад дээр нь эсгий тавиад шорон орон руу зөөдөг байсан. Ингэж нас барсан хүнийг цагаатгах гэхээр яллаагүй.

Өөр нэг жишээ. Өмнөговь аймагт нэлээд харгис хэрцгий төлөөлөгч очдог байсан. Хийдээр ороод эхний тааралдсан таван хүнийг шууд буудан алдаг. Дараа нь бүртгэл хийж баривчилдаг. Эхний таван хүнийг цагаатгаж болдоггүй. Ийм асуудал бий.

Манай ажилчны нагац ах нар болох Яруугийн хүрээний хоёр лам баригдаад явсан. Яасныг нь мэддэггүй. Хайгаад олдоггүй. Баривчлаад авч явахдаа замдаа буудсан уу, эсвэл Орос руу цөллөгөнд явуулчихсан уу. Ямар ч бичиг баримт байдаггүй. Ийм хүний тоо 20-30 мянга бий гэсэн судалгааг эрдэмтэд гаргасан. Өөрөөр хэлбэл бичиг баримт байхгүй, алга болчихсон 20-30 мянган хүн байна.

Гэтэл 1940 онд хүн амын тооллого явагдахад байсан. Яасныг нь мэдэхгүй алга болчихсон. Одоо үр хойч нь байна. Цагаатгуулах гэсэн юм, ямар ч бичиг баримт байдаггүй гэсэн 20 мянган хүний өргөдөл манайд байгаа. Архивт ямар ч бичиг баримт байдаггүй. Хайгаад олдоггүй. Ялласан шүүхийн тогтоол байхгүй болохоор цагаатгах боломжгүй байгаа юм. Үр хүүхэд нь байдаг. Баримт байхгүй. Хонины бэлчээр дээр тоо гүйцээгээд буудчихсан уу. хоморголсон баривчилгааны үед буудчихсан уу. Алга болчихсон.

Монголын түүхэнд байтугай хүний түүхэнд байх боломжгүй гарсан асуудал бий.

Нийт 60 орчим эмэгтэй хэлмэгдсэн гэсэн тоо байдаг. Долоо нь цаазаар авхуулсан. Гурав нь жирэмсэн байсан. Богдын сүүлчийн хатан Гэнэнпил жирэмсэн байхдаа буудуулсан. Дэмид жанжныг нас барьсных нь дараа эсэргүү болгож хэлмэгдүүлээд эхнэр Навчааг нь жирэмсэн байхад нь буудчихсан. Хэнтий аймгийн Засаг дарга байсан Дунгаржид гэж эмэгтэйг гурван сартай жирэмсэн байхад нь буудчихсан. Энэ бол Монголын байтугай хүн төрөлхтний түүхэнд байхгүй бузар асуудал.

Гэхдээ тэр үед бүртгэл маш нарийн байсан байгаа юм. Жишээ нь хутагтууд. Хүүхэд байхад нь баривчилсан. Сулласан. Дараа нь насанд хүрэхээр нь буудсан. Ямар нарийн бүртгэл явж байсныг үүнээс харж болдог. Эрдэмтэд энэ бол хэлмэгдүүлэлт биш гэдэг. Энэ бол геноцид гэдэг. Төрлөөр нь хоморголон баривчлах үйл явц. Ангилж байгаад устгасан. Буриадуудыг, тэр үеийн сэхээтнүүд болох лам нарыг, баяд ноёдыг.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Лу.Гантөмөр: Ардчилсан нам дундаж давхаргыг хамгаалсан бодлого хэрэгжүүлнэ DNN.mn

Ардчилсан намын дарга Лу.Гантөмөртэй ярилцлаа.


-Ардчилсан нам эв нэгдлээ бүрэн дүүрэн хангаж чадав уу гэдэгт монголчууд, тэр дундаа танай хувь заяанд санаа зовдог хэсэг ихээхэн анхаарч байна. Та үүнд тодорхой хариулт хэлээч?

-Ардчилсан нам хуваагддаг, хоорондоо хэтэрхий өрсөлддөг байдал бол нэгдүгээрт, хамтын удирдлага байгаагүйтэй холбоотой гэж харж байна. Намд нэг хүний засаглал тогтоохыг зарим нэг нь оролдсон. Харамсалтай нь Ардчилсан нам бол эрх чөлөөг эрхэмлэдэг хүмүүсийн нэгдэл учраас нэг хүний бодлого, удирдлагад ороход их төвөгтэй. Тиймээс хамтын удирдлагын зарчим руу шилжиж байж бүгд эвэндээ орно. Менежмент дээрээ анхаарвал болохоор юм байна гэсэн дүгнэлтийг бид олон судалгааны үндсэн дээр гаргасан. Яагаад эв нэгдлийг чухалчлаад байна гэхээр бид бараг хагас жилийн хугацаанд намын гишүүдтэйгээ ярилцлаа. Намын гишүүдийн 80, 90 хувь нь эвийг хичээх хэрэгтэй гэдгийг тэргүүн эгнээнд чиглэл болгож байна. Эвийг хичээх технологи, менежмент нь юу вэ гэхээр хамтын удирдлага. Хамтын удирдлага хаана хэрэгжих вэ гэхээр Улс төрийн зөвлөл дээр хэрэгжинэ. Өдөр тутмын улс төрийн бодлого гаргадаг түвшиндөө хамтын удирдлагыг оруулахгүй бол болохгүй. Энэ асуудлаа бүрэн дүүрэн шийдэж чадсан.

институцийн хувьд бэхжихэд стратеги хэрэгтэй. Хоёр дахь шийдэл нь алсын стратегитай болж, түүнийг тойрч АН-ын гишүүд цул болох юм. Алсын стратегийн боловсруулалт одоогоор хийгдэж байна. Сонгуулийг угтаж стратегиа танилцуулах ёстой. АН-ын гишүүд 20, 30 жилийн хугацаанд тэрхүү стратегид төвлөрч ажиллана. Өөрөөр хэлбэл нэг чиг, нэг бодолтой явна. Түүнийхээ төлөө ажиллана.

Гуравдугаарт, эрх баригч болох үеийн стратеги. Эрх баригч болсон үедээ намын ерөнхий том стратегийг байнга хангаж биелүүлэх учиртай. Засгийн газар нь стратегийн Засгийн газар байх ёстой. Хүмүүсийн амьдралд, бизнест оролцдог, үг хэлэх эрх чөлөөнд халддаг гэдэг ч юмуу салаа мөчрөөрөө хүмүүсийн амьдралд нөлөөлөх гэж оролддог одоогийн Засгийн газар шиг байж болохгүй. Ардчилсан нам аль ч цаг үедээ стратегийн ухаалаг Засгийн газрыг байгуулах ёстой. Энэ гурван зүйлийг хийхэд АН урт хугацаандаа институцийн хувьд хүчирхэгжиж, бэхэжнэ.

Дахин хэлэхэд, нэгдүгээрт хамтын удирдлагатай байх хэрэгтэй. Хоёрдугаарт, холын стратеги. Гуравдугаарт, ухаалаг Засгийн газар, ухаалаг төрийн төлөө явах хэрэгтэй. Үүнийг ажил хэрэг болгохын тулд бид анхан шат руугаа орсон бодлого хэрэгжүүлнэ. Агаарын улс төр хийхээс илүү анхан шатанд, амьдрал дунд АН бэхжих нь чухал гэж харж байгаа. Эдгээрийг ажил хэрэг болгочихвол ирээдүйд АН дахин хуваагдах, хоорондоо муудалцах зүйл гарахгүй.

-АН-ын бүтэц, зохион байгуулалт нийгмийн анхаарлыг татлаа. Эв нэгдлийг хангах үүднээс бүтцийг байгуулав уу. Яагаад 15 дэд даргатай бүтцийг байгуулсан юм бэ?

-Олон дэд даргатай болсон үндсэн шалтгаан нь бид сонгууль руу чиглэж байгаа. Намаа төлөөлж ажиллахгүй бол нэг хүн, эсвэл нэг бүтцээр бид МАН-тай өрсөлдөж чадахааргүй харагдаж байна. Учир нь МАН-ын сайд нар, агентлагийн дарга нар төрийн мөнгөөр, төрийн машинаар, төрийн зардлаар намынхаа ажлыг хийгээд байна. Бүх сайд нар МАН-ын дүүргийн, аймгийн намын даргын албаг хашиж байна. Төрийн мөнгө, төсвийн ажилтнуудын оролцоотойгоор намын ажлаа маш хүчтэй явуулж байна. Тиймээс энэ хүмүүстэй өрсөлдөхөд бидэнд олон дүр хэрэгтэй. Олон оролцогч хэрэгтэй. Олон хүн хариуцлага хүлээх ёстой гэсэн зарчим дээрээс гарч ирсэн.

Хоёрдугаарт, 15-ны сар бүтэн байдаг шүү дээ. Тэрийг би хувьдаа бэлэгдсэн. Ардчилсан нам 15-ны сар шиг бүтэн байя. Монголын төр бүтэн болох ёстой. Монголчууд элэг бүтэн байх хэрэгтэй. Ардчилсан нам элэг бүтэн байх ёстой гэсэн утгаар энэ тоог бэлгэдэж намын даргын хувьд дур мэдэн сонгосон.

Дараа нь залуу үеэ гаргаж ирье. Шинэчлэл явуулъя. АН-д дараагийн үе гарч ирэх цаг нь аль 10 гаруй жилийн өмнө бий болсон. Гэтэл нам шинэчлэл хийгээгүй гацчихсан. АН-ын дарга Лу.Гантөмөр гэдэг хүний хувьд энэ хаалгыг нээх хэрэгтэй. Гэхдээ нэг, хоёр хүнд хаалга нээгээд явахгүй. Тиймээс 10, 15-аар нь, олноор нь нээж олон түмэнд хүргэж, олон нийтэд оруулах хэрэгтэй байгаа юм. Намын даргын үүрэг хүлээхээр хариуцлага гэдэг зүйл яригдана. Үүрэг хариуцлага хүлээсэн хүн эрхээ эдлэхээс гадна үүргээ хэрэгжүүлнэ. Хариуцлагаа хүлээнэ. Ажил хийнэ. Иргэдийн, намын гишүүдийн дунд орно. Ард түмнийхээ дунд орно. Монголчуудын ахуй амьдралтай танилцана. Тиймээс намын ажил руу олон залуусыг оруулж алдаа гаргадаггүй, туршлагатай, ажил хийгээд сурчихсан дараагийн үеийг бэлтгэж, гаргаж ирэхийн төлөө хийж байгаа. Тооны хувьд миний сонголт байсан. Бүрэлдэхүүний хувьд шинэчлэгдэх алхам гэж хэлж болно. Монгол төрийг өөрчлөх, монгол төрийг шинэ бодлого руу аваачихын тулд тэрхүү хүмүүс нь өөрсдөө өөрчлөгдөх ёстой. Энэ хүмүүс нь мэргэжлийн болохын тулд нам дээр хариуцлага хүлээж, сонгууль болоход хариуцлага, үүргээ хэр гүйцэтгэсэн бэ гэдгээс шалтгаалж цааш ахиж дэвжих асуудал яригдана.

-Анхан шатандаа яаж анхаарч, ямар бодлого хэрэгжүүлэх вэ?

-Нэн тэргүүнд байнгын харилцаа хэрэгтэй юм билээ. Намын 15 дэд дарга аймаг, дүүрэг гэхчлэн нэг нэг бүтцийн байгууллагыг хариуцна. Өөрөөр хэлбэл, байнгын харилцаа, хамтын ажиллагаанд орж байгаа юм. Нам цөөхөн ажилтнаар дамжуулж харилцах гэхээр зарим сумтай холбогдож чаддаггүй. Зарим сумд саналаа хэлж чаддаггүй. Зарим хороо, зарим гишүүд үгээ хэлж чаддаггүй. Ингээд ойлголцдоггүй. Нэг хүн, нэг алба, нэг шугамаар тэдгээр 200 мянган гишүүн үгийг сонсож чадахгүй. Бид сошиалаар үгээ хүргэж болно. Лу.Гантөмөр гэдэг дарга хэвлэлийн хурал хийгээд ч юм уу, эсвэл танд ярилцлага өгч байгаа шиг ярилцлага өгөөд 200 мянган гишүүндээ үгээ хэлж болно. Харамсалтай нь 200 мянган гишүүний үг надад ирэхгүй. Тиймээс сая тэдгээр хүмүүсийнхээ дуу хоолойг сонсохын тулд бүх аймгаар явлаа. Бүсийн, залуу үеийн форумыг зохион байгууллаа. Бизнес эрхлэгчдийн уулзалт зохион байгуулж байна. “Хөх Монголын-Хөх туг” аян зохион байгуулж байна. Нэг бүтцээр, нэг хүнээр дамжиж очихоор харилцааны алдаа гараад байна. Тиймээс энэ алдааг засахын тулд нэг хариуцлагатай дэд дарга нэг аймгийг хариуцаж тэр аймгийн хүмүүсийн дуу хоолойг сонсож бодлого, шийдвэр гаргахад дуу хоолойг тусгах хэрэгтэй байгаа юм. Ер нь Монголын төр ард түмнээ сонсож чаддаг, монголчуудын эрх ашгийг хамгаалж чаддаг, монгол хүн нэг номер гэдэг бодлого гаргахын тулд тэр хүмүүсийн зовлон бэрхшээл, стресс, элдэв асуудлыг мэддэг байх хэрэгтэй. Үүнийг мэдэхгүйгээр макро тоо хараад суугаад байвал, өдрөөс өдөрт Монголын дундаж давхарга алга болж байна. Тиймээс баруун төвийн намын хувьд иргэдийн эрх, эрх чөлөөг хамгаалж дээдлэх, санаа бодлыг мэдрэхийн тулд анхан, дунд шаттайгаа ажиллаж чаддаг нам болгож бойжуулах хэрэгтэй.

-Орон нутгийн Ардчилсан нам даргагүй байгаа юм биш үү. Орон нутгийн намын дарга нарын томилгоог яаж хийх вэ?

-Дотоод сонгуулийн хороо шинэчлэгдсэн. Дотоод сонгуулийн хороо өөрийн бүтцийн дунд шатны дотоод сонгуулийн хороогоор дамжуулан бүх шатны сонгуулиа ойрын хугацаанд хийнэ. Ингэснээр намын хороод хуралдаж өөрсдийн даргыг солих нь сольж, үргэлжлүүлэх нь үргэлжлүүлж тодорхой шийдэл гаргана. Ингээд намын хороод бүтэн болохоос гадна намын удирдлагуудыг сонгох ажлууд хийгдэнэ. Урьд нь хэн хийх, хэн зохион байгуулах вэ гэсэн маргаан Дотоод сонгуулийн хороонд гараад байсан. Үндсэн дүрмийн хороо, Дотоод сонгуулийн хороонд гарсан маргаанууд арилж байгаа нь давуу тал болж байна.

-Нийслэлийн Ардчилсан намын даргын асуудал нийгмийн анхааралд байх шиг байна. Янз бүрийн л мэдээ, янз бүрийн нэрс харагдах юм. Нийслэлийн Ардчилсан намын даргаар хэнийг тавих тухай асуудалд та тайлбар өгөөч?

-Нийслэлийн Ардчилсан нам бол том бүтэцтэй байгууллага. Есөн дүүргийн төлөөлөл орж Нийслэлийн намын хороо өөрсдөө шийддэг эрхтэй. Би тэр эрхэнд халдмааргүй байгаа юм. Лу.Гантөмөр гэдэг дарга бодлого явуулж, ямар нэгэн байдлаар Нийслэлийн намын хорооны бүрэн эрхэд халдахгүй гэсэн зарчим барьж байгаа. Тиймээс хэдийгээр өнөөдөр Нийслэлийн намын хорооны үйл ажиллагаа сайнгүй байна, Нийслэлийн намын хороо эзэнгүй байна гэдэг бэрхшээлүүд байгаа ийм үед намын дарга үүрэг гүйцэтгэгч тавьж болно. Миний хүндэтгэлтэй хандаж байгаа зүйл бол энэ том бүтцийг би өөрөө мэдэж, сайн дураараа зохион байгуулахад хүнд байна. Дээр хэлсэн сонгуулиудыг өөрсдөө хийж шинэ даргаа тодруулах нь зөв. Тэрхүү сонгогдсон даргаа тойроод менежментээ хийх хэрэгтэй. Нийслэлийн нам гэдэг бол Монгол Улсын тал болчихоод байна шүү дээ. Тиймээс энэ намын санаа бодол, хүсэл зориг руу шууд халдах бодол надад алга. Хэвлэлээр гарч байгаа нэр ус бол сонгогдох магадлалтай хүмүүсийн талаар яригдаад байна. Оргүй хүмүүс биш л дээ. Энэ хүмүүс сонгогдох байх, магадгүй энэ хүмүүс намын даргын таалалд нийцэх байх ч гэдэг юм уу өрсөлдөх гэж байгаа хүмүүс ийм яриа гаргасан гэж бодож байна. Гаргаг. Яриг. Сайн ярилцах хэрэгтэй. Олонхын дэмжлэг авч чадсан хүн нь намаа удирдах ёстой. Түүнээс Лу.Гантөмөр шууд Нийслэлийн намыг удирдана, дүүргүүдийг удирдана гэвэл миний стратеги гаргах ажил яагаад ч амжихгүй.

-Сүүлийн өдрүүдэд намын жагсаалтад хэнийг оруулах тухай асуудлаар МАН нийгэмд мэдээлэл өгөөд эхэллээ. Танай нам намын жагсаалт, нэр дэвшигчдэд ямар шалгуур тавих вэ?

-Үүнийг мэдээж намын Улс төрийн зөвлөл хамтын удирдлагын хүрээнд шийднэ. Хоёрдугаарт, Үндэсний бодлогын хороо шийднэ. Шийдвэр гаргах байгууллагууд бол эд нар. Намын дарга ямар санал оруулах вэ гэсэн миний байр суурийг сонирхож байна гэж ойлголоо. Миний байр суурь бол нэгдүгээрт, намын гишүүдэд хүлээн зөвшөөрөгдсөн байх ёстой. Хоёрдугаарт, олон нийт буюу тодорхой салбарын төлөөлөл байх хэрэгтэй. Салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн байх ёстой. Гуравдугаарт, илүү залуу, илүү эрч хүчтэй хүмүүсийг гаргаж ирнэ. Ямар нэгэн байдлаар бохир асуудалд хутгалдаагүй, олон түмний талархал хүлээж чадах “цэвэр улстөрч” гэж нэрлэгддэг хэсгээс бид оруулж ирэх ёстой. Ингэхийн тулд маш их сургалт хийнэ. Мэргэшсэн парламентыг бид хүсч байгаа. Ардчилсан намын үзэл баримтлал, үзэл санааг дээдэлж чадах, парламент дээр хамгаалж чадах, тэр бодлогыг хэрэгжүүлж нэвтрүүлж чадах хүмүүсийг гаргаж ирнэ гэсэн төлөвлөгөөтэй байна.

-Ардчилсан нам дахин сэргэлтийн үе дээрээ ирлээ хэмээн танай намынхан мэдээлж байгаа. Үүнийг нийгэм ч эергээр хүлээж авч байна. Намын шинэчлэлд үеийн асуудлыг яаж анхаарч байгаа вэ?

-Ардчилсан нам хүний нөөцийн хувьд шинэчлэгдэж байгаа. Жишээлбэл, Лу.Гантөмөр гэдэг хүн хоёрдугаар үеийн улстөрч мөн. Би Ардчилсан хувьсгалд оролцоогүй. Ардчилсан хувьсгалын үед гадаадад суралцаж байсан. Тиймээс Ардчилсан нам анх удаа хоёрдугаар үеийн партизануудыг оруулж ирлээ гэж ойлгож болно. Миний үүрэг бол гуравдугаар үеийг гаргаж ирэх, гуравдугаар үеэ бэлтгэх. Учир нь монгол төрийг удирдахад туршлага хэрэгтэй. Бодлого хэрэгтэй.

Өнөөдрийн төрд нэгдүгээрт, бодлого алга. Хоёрдугаарт, туршлага асар нимгэн байна. Гуравдугаарт, бэлтгэгдэж амжаагүй нь яах аргагүй анзаарагдаж байна. УИХ-аас гарч байгаа шийдвэрүүд, төрийн анхан, дунд шатанд гарч байгаа шийдвэрүүд, иргэдийг дарамталж байгаа байдал, бизнест хандаж байгаа сөрөг хандлага, гаргаж байгаа мөнгөний бодлого зэрэг зүйлүүдэд төрийн туршлага алдагдсан гэдэг нь харагдаж байгаа. Тиймээс АН богино хугацаанд хүмүүсээ бэлтгэх, үзэл санаандаа үнэнч байдлыг байнга хадгалах ёстой. АН-ын эрх чөлөөний тунхаг удахгүй гарна. Тэрхүү тунхагт үнэнч байх, түүнийгээ мөрдлөг болгож төрийн ажил хэрэг болгох тухай тусгана. АН-ын нэг гишүүн аймгийн дарга боллоо гэхэд тэр аймагт байгаа бизнес цэцэглэх ёстой. Тэр аймагт байгаа ард түмний амьдрал сайжрах хэрэгтэй. Тэр боломжийг ард түмэнд олгож чадахуйц хүмүүс гарч ирэх ёстой.

Тиймээс манай намыг дараагийн үеэ бэлтгэх ажил хурдтай явж байгаа. Нэгдүгээрт, хүнээрээ ч шинэчлэгдэнэ. Хоёрдугаарт, бодлогоороо ч шинэчлэгдэнэ. Бодлого цоо шинэ байна. Дундаж давхаргыг хамгаалсан төрийн бодлогыг бид гаргаж ирнэ. Иргэд аз жаргалтай амьдарч болох төрийн бодлогыг гаргана. Тэгэхгүй бол нийгмийн 70, 80 хувь нь маш их бухимдалтай, стресстэй байна. Учир нь төр өөрөө ард түмний ахуй амьдралыг самраад байна. Амьдрал руу хэтэрхий оролцож байна. Бэлэнчлэх сэтгэлгээг туйлын их бий болгож байна. Бэлэнчлэх сэтгэлгээг бий болгохын тулд МАН төрийн зардлыг нэн их өсгөсөн байна. Тэрхүү өндөр зардлыг бий болгохын тулд бизнес эрхлэгчдийг маш ихээр дарамталж доош нь чангааж байна. Ажил, бизнесээ хэвийн хийгээд явж байсан хүмүүс төрийн харалган бодлогоос болж доошоо унаад байна. Ажилгүй болоод байна. Солонгос руу явж ажил хийхээс өөр аргагүй болж байна. Амьдралаа дахин сайжруулж дундаж давхарга руугаа очихыг бүгд хүсч, мөрөөдөж байна. Тиймээс бид шинэ бодлогоор энэ бүхнийг хангах ёстой.

Хамтын удирдлага гэдэг бол Ардчилсан намын шинэчлэл мөн. Бүх гишүүдийн оролцоо гэдэг бол АН-ын шинэчлэл мөн. Бодлогын байгууллага намын дэргэд байгуулж байгаа нь АН-ын шинэчлэл мөн. Сургалтын академи дэргэдээ байгуулсан. Х.Тэмүүжин ахлаад явж байгаа. Энэ бол АН-ын шинэчлэл мөн. Эв нэгдэлтэй байх менежментийг хийж байгаа. Энэ бол АН-ын шинэчлэл мөн. Одоо бодлогын шинэчлэл хийгдэнэ. Энэ шинэчлэлийн бодлого нь стратегитай байна. Тэрхүү стратеги монголчуудын төлөө байна. Монголын ардчилсан төрийг хамгаалахын төлөө ажиллана.

-Энэхүү бодлогоо боловсруулчихсан уу, эсвэл судалгааны ажил нь хийгдэж байна уу?

-Судалгаанууд хийгдчихсэн. Дүгнэлтүүд гарчихсан. Ерөнхий бодлогын зургууд зурагдаж байна. Бид Монголын ард түмэнд ашигтай хувилбарыг санал болгох ёстой. Түүнийгээ урт удаан хугацаанд холбиролтгүй хэрэгжүүлэх хэрэгтэй. Тэрхүү бодлого бол дундаж бодлогыг тэлэх бодлого юм. Үүнийг ямар мөнгөний бодлого, ямар төсвийн бодлого, ямар төрийн байгууллагын шинэчлэл, ямар хуулийн засаглалаар, яаж хийж байж дундаж давхаргыг тэлэх вэ гэсэн бодлого гарч ирнэ.

-АН-д клубүүд шинээр мэндэлж байна. 20 гаруй клубтэй болчихлоо. Энэ сайн зүйл үү, эсвэл муу юу?

-АН-ын алтан зарчим юу вэ гэхээр нэгдүгээрт эх орноо бод. Хоёрдугаарт, намаа бод. Гуравдугаарт, фракц найз нөхдөө бод. Хамгийн сүүлд өөрийгөө бод. Энэ бол АН-ын үйл хэргийн алтан зарчим. Энэ зарчмыг барьж байгаа тохиолдолд бодлогын, улстөрийн, уран сайхны ямар ч клубүүд байж болно. Бүгдийг нь зөвшөөрнө. Хүмүүс эвлэлдэн нэгдэж байгаа нь сайн. Гол нь АН-ын үйл хэргийн алтан зарчмыг баримтлах хэрэгтэй. АН-ын даргын зарчим шударга байна. Ардчилсан зарчимтай байна. Хуулийг дээдэлнэ. Бүх хүнд тэгш байдлыг олгоно. Энэ бол Үндсэн хуулийн зарчим. Үндсэн хуулийн энэхүү зарчмыг АН хатуу баримтална.

 

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

А.Түвшинтөгс: Нэг нам давамгайлж байгаа тохиолдолд өөрсдөдөө ашигтай байдлаар хуваарилалт хийж болзошгүй DNN.mn

Өмгөөлөгч А.Түвшинтөгстэй ярилцлаа.

-Өнгөрөгч хаврын чуулганаар батлагдсан УИХ-ын сонгуулийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг та ерөнхийд нь хэрхэн дүгнэж байна?

-2019 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдөр УИХ-ын сонгуулийн тухай хуулийг баталсан. Энэхүү хуульд 2023 оны зургадугаар сард Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотой нэмэлт, өөрчлөлт орсон. УИХ-аас 2023 оны тавдугаар сарын 31-ний өдөр Монгол Улсын Үндсэн хуулийн хорин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Улсын их Хурал нэг танхимтай, нэг зуун хорин зургаан гишүүнтэй байна. Улсын Хурлын сонгуулийг сонгуулийн холимог тогтолцоогоор явуулна. Улсын Хурлын далан найман гишүүнийг олныг төлөөлөх, дөчин найман гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгоно” гэсэн нэмэлт, өөрчлөлтийг баталсан. Энэхүү Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт нь Үндсэн хуулийн цэцийн шийдвэртэй холбоотой байсан. Сонгуулийн тогтолцоог холимог болгож өөрчлөх асуудал нь УиХ-ын сүүлийн хоёр сонгуульд нэг нам үнэмлэхүй ялалтыг авч байсантай холбон тайлбарлаж болох юм. Гэхдээ сонгуулийн мажаритари болон пропорциональ аргын аль аль нь давуу болон сул талуудтай. Харин энэхүү холимог тогтолцоог хүлээж авахад том болон жижиг намуудын аль аль нь дэмжих байр суурьтай оролцсон. ингэхдээ УиХ-ын гишүүн 76 байсныг Үндсэн хуулиар 126 болгон нэмэгдүүлсэн. Учир нь гишүүдийн тоог нэмэгдүүлж, парламентын төлөөлөх чадвар сайжирснаар энгийн иргэдийн төлөөлөл парламентад сууж, төлөөлж чадах боломжийг бий болгох нь юу юунаас илүү чухал байгаатай холбоотой.

Мажоритари аргыг олон жил ашигласан. Нэг тойрогт өрсөлдөж байгаа өрсөлдөгчдийн хамгийн өндөр саналыг авсан хүн УИХ-ын гишүүнээр сонгогддог. Хамгийн олон санал авч байгаа нь буюу сонгуулийн хуучин хуулиар сонгогчдын 25 хувиас дээш санал аваад гишүүн болдог. Гэтэл цаана нь 75 хувийг нь төлөөлөх төлөөлөгч парламентад алга байгаа нь сул тал. Иймд энэ сул талыг Ардын намын зүгээс арилгая, парламент олон иргэнийг бас олон түвшний иргэдийг төлөөлөх чадамжтай байх ёстой гэсэн саналыг гаргаж байсан. Харин ардчилсан намын төлөөлөл болсон УИХ-ын зарим гишүүд “Манай улсад 100 хувь пропорциональ байх нь арай тохирохгүй байх. Учир нь бид эхлээд улс төрийн намуудаа төлөвшүүлэх хэрэгтэй. Иймд холимог тогтолцоогоор явуулах нь зүйтэй. Өөрөөр хэлбэл, мажоритари ба пропорциональтай хослуулах. Пропорциональ тогтолцооны сайн тал нь улс төрийн намууд төлөвшдөг” гэсэн байр суурийг илэрхийлсэн. Хүннамын хувьд “Нийт гишүүний 50 хувь нь пропорциональ хэлбэртэй буюу нэг тойргоос сонгогддог байх нь зөв. Тэд хөгжлийн бодлого ярьдаг, бодлогыг санхүүжүүлэхийн төлөө кнопоо дардаг байх ёстой. Монгол Улсын хувьд газар нутаг томтой, хүмүүсийг төлөөлөхөөс гадна газар нутгийг төлөөлөх онцлогтой гэж судлаачид ярьж байгаа. Иймд үлдсэн 50 хувь нь 21 аймгаа төлөөлөх мажоритари тогтолцоо байж, холимог системээр явах нь зөв” гэж нийтэд илэрхийлж байсан. үүнээс харахад намуудын хувьд аль аль нь мажиротари, пропорциональ тогтолцооны давуу талуудыг авч хэрэгжүүлснээр улс орны хөгжил, иргэдийн төлөөлүүлэх зарчим, намын хөгжилд тустай гэж үзсэн. Иймээс дундын хувилбар буюу 78 гишүүнийг мажоритари аргаар, харин 48 гишүүнийг пропорциональ аргыг дэмжсэн. Одоо харин энэхүү хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт болон онцлог зохицуулалтын тухай ярья.

УИХ-ын сонгуулийн тухай хуульд Улсын Их Хурлын 78 гишүүнийг хуульд заасны дагуу байгуулагдсан сонгуулийн тойргоос олныг төлөөлөх /мажоритари/ аргаар, Улсын Их Хурлын 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх /пропорциональ/ аргаар сонгох хувилбарыг оруулж өгсөн. Мөн УИХ-ын Сонгуулийн хуулийн энэ удаагийн нэмэлт өөрчлөлт хувь тэнцүүлэн төлөөлөх аргыг тусгасантай холбоотойгоор тойрогт болон жагсаалтад зэрэг нэр дэвшихийг хориглосон заалт тусгагдсан онцлогтой.

Сонгуулийн холимог тогтолцоонд багтсан намын жагсаалтаар улс төрийн намууд нэр дэвшүүлчихээд энэ хуульд заасны дагуу байгуулагдсан сонгуулийн тойргоос олныг төлөөлөх /мажоритари/ хэлбэрт нь хүний нэр дэвшүүлэхгүй байх нөхцөлийг хаах үүднээс Сонгуулийн хуулийн тойрогт ногдох нийт мандатын 50 буюу түүнээс дээш хувьд нь нэр дэвшүүлсэн байх, Намын тухайд нам, эвсэлд өгсөн нийт саналын дөрөв буюу түүнээс дээш хувийн санал авсан байх, Хоёр нам бүхий эвслийн тухайд нам, эвсэлд өгсөн нийт саналын тав буюу түүнээс дээш хувийн санал авсан байх, Гурав буюу түүнээс дээш нам бүхий эвслийн тухайд нам, эвсэлд өгсөн нийт саналын долоо буюу түүнээс дээш хувийн санал авсан байх зэрэг зохицуулалтууд орж ирсэн. УИХ-ын 78 тойргийн 39, түүнээс дээш тойрогт нэр дэвшигчтэй улс төрийн нам, сонгуулийн холимог тогтолцооны нөгөө жигүүр болох нэрсийн жагсаалтаар нэр дэвшүүлэх эрхтэй болно. УИХ-ын гишүүнийг жагсаалтаар сонгоход, Монгол Улсын нутаг дэвсгэр сонгуулийн нэг тойрог байна. Ийм учраас улс төрийн намын нэрсийн жагсаалтаар нэр дэвшигчийг 1:1 хүйсийн харьцаатай жагсаалтын дарааллыг үндэслэн нэр дэвшүүлэхээр зохицуулсан.

Хуулийн төслийг хэлэлцэж байх үед иргэд, сонгогчдын хувьд мөнгөөр жагсаалтад орох явдал гарна гэж таамаглаж, хардаж байсан. Тухайн үед жагсаалттай холбоотойгоор төсөлд “Нам, эвсэл нэр дэвшүүлэхдээ намын гишүүн, дэмжигчээсээ мөнгөн болон мөнгөн бус хөрөнгө, үйлчилгээ, барьцаа, дэнчин авахыг хориглоно” гэсэн заалтуудыг оруулж байгаа талаар Д.Тогтохсүрэн гишүүн мэдээлэл өгч байсан. Энэхүү зохицуулалтууд нь өөрчлөлт орохгүйгээр батлагдсан. Тиймээс нам, эвсэл тухайн нэр дэвшигчийг дэвшүүлэхийн өмнө мөнгө, мөнгөн бус хөрөнгө, үйлчилгээ, барьцаа, дэнчин шаардах боломжгүй болсон. Мөн сонгуулийн өмнө олон иргэдийн саналыг авах зорилгоор оршин суугаа хаягийг өөрчлөх тохиолдол гардаг. Харин УИХ сонгуулийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр иргэний шилжилт хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, санал авах өдрийн дараах өдрөөс сэргээхээр зохицуулсан. Гэхдээ сонгууль болохоос 60 хоногийн өмнө иргэд шилжилт хөдөлгөөн хийх эрхтэй тул энэхүү эрсдэлийг хуулиар бүрэн хаасан гэж хэлэх боломжгүй байна.

-“Жижиг нам”-ууд хэдэн мянган хүний санал авч байж нэг нэр дэвшигч УИХ-д сонгогдох боломжтой вэ?

-Хуучин шиг 25 хувь гэчихээр болохгүй байгаа юм. Сонгуульд нэр дэвшиж байгаа хүмүүсийн тоо, сонгогчдын тоо зэргээс хамаарах учир шууд хариулах боломжгүй байна.

-Харин бие даагчдын тухайд халтай эсвэл хэр ээлтэй болсон бэ. Бие даан нэр дэвшигч хэдэн хүний санал авч байж УИХ-д сонгогдох боломжтой болох вэ?

-Хуулиар энэхүү боломжийг хаасан зохицуулалт байхгүй. Харин хэрэгжүүлэхдээ анхаарах хэрэгтэй. Хууль 2024 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжих юм. Тиймээс хэрэгжиж эхлээгүй хуульд урьдчилан дүгнэлт өгөх боломжгүй. Харин УИХ-ын сонгуулийн тухай хуулиар бие даан нэр дэвшүүлэгч нь гарын үсэг зуруулахдаа А4 хэмжээнээс хэтрэхгүй хэмжээтэй өөрийн танилцуулах хуудсыг тарааж болох зохицуулалт тусгагдсан. Энэхүү хэм хэмжээ нь бие даан нэр дэвшигчийг сонгогчдод таниулах, сурталчлах нөхцөлийг олгож өгсөн.

-“Жижиг нам”-ууд өөрсдийгөө худалдаж байна гэсэн яриа нийгмийн хүрээнд нэлээд тархсан. Ийм байх боломжтой юу?

-Тойргийн хуваарилалттай холбоотой асуудлыг жижиг намууд ажиглаж байгаа болов уу. Учир нь хууль батлагдсанаар хоёрдугаар сарын 1 гэхэд тойргийн асуудал тодорхой болно. Тухайн үед мажоритари тогтолцоогоор нэг мандаттай байх уу, олон мандаттай байх уу гэдэг асуудал шийдэгдэнэ гэж харж байна. УИХ-д нэг нам давамгайлж байгаа тохиолдолд өөрсдөдөө ашигтай байдлаар хуваарилалт хийх байдал гарч болзошгүй талаар судлаачид анхааруулж байгаа юм. Сонгуулийн тухай хууль болон нэмэлт, өөрчлөлтөөр тухайн эрсдэлийг хаасан хэм хэмжээг зааж өгөөгүй.

-Олон улсын жишигт хэр нийцсэн хууль вэ. Манайх шиг ийм хуулиар сонгуулиа явуулдаг ямар улс орнууд байна. Ашиг тус нь яаж гарч байна?

-Олон улсын туршлагыг харгалзаж хуулийг боловсруулдаг. Гэхдээ мэдээж өөрийн улсын онцлог, туршлагыг харгалзана. УИХ-ын сонгуулийн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр тойрогт нэр дэвшигчдийн зурагт хуудсыг байрлуулсан нэгдсэн самбарыг сум, дүүргийн Засаг дарга бэлтгэж, байршуулах ажлыг зохион байгуулахаар тусгасан. Ингэснээр сонгуульд өрсөлдөж буй иргэдийн төсөв зардал багасна гэсэн тооцооллыг гаргасан байдаг. Мөн нэр дэвшигчдийн сонгогдох боломжийг нэмэгдүүлж, сонгогчийн тоонд үндэслэн суманд хоёр хүртэл, аймгийн төвийн суманд тав хүртэл, хороонд дөрөв хүртэл нэгдсэн самбарыг үнэ төлбөргүй байрлуулахаар зохицуулж өгсөн. Бизнесийн зорилгоор байнга ашиглагддаг сурталчилгааны самбар, дэлгэц, түүний орон зайг сонгуулийн сурталчилгаанд ашиглах боломжгүй болсон. Сонгуулийн зардал, сурталчилгааны арга хэлбэрийн хувьд цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах зардал тойрогт дэвшигчийн зардлын дээд хэмжээний 15 хувиас хэтрэхгүй байх юм. Зардлын дээд хэмжээг хоёр шатлалтайгаар бууруулахаар боллоо. Тухайлбал, сонгуулийн зардлын дээд хэмжээ тогтоох аргачлал нь сонгуулийн зардлыг бууруулахад чиглэх бөгөөд сонгуулийн нутаг дэвсгэрийн хэмжээ, байршил, өрхийн болон сонгогчийн тоо болон хуульд заасан бусад шаардлагад үндэслэнэ.

Р.ХИШИГЖАРГАЛ

 

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Х.Ганхуяг: “Ирээдүй өв сан”-гийн мөнгийг өндөр рейтингтэй Засгийн газрын бондод байршуулсан бол нэг тэрбум ам.доллар болчих байсан DNN.mn

УИХ-ын гишүүн Х.Ганхуягтай ярилцлаа.

-Ер нь намрын эдийн засгийн төлөв байдлыг та хэрхэн харж байна. Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхэлж байгаатай холбоотойгоор эрэлт ихэсч байх шиг байна. энэ нь валютын ханшинд хэр нөлөөлөх бол?

-Өмнөх жилүүдийн түүхийг үзвэл ам.долларын ханш ихэсдэг байсан л даа. Харин энэ жилийн тухайд бол онцлогтой. Уул уурхайн экспорт сайжирсантай холбоотойгоор ам.долларын орлого ч сайжирсан. Гэхдээ өмнө нь манайх уул уурхайгаас олсон мөнгөө бусад салбар руу хөрөнгө оруулалт болгоод оруулчихдаг байсан. Гэтэл уул уурхайгаас орж ирж байгаа орлого зургаан сараас нэг жилийн дараагаас л эдийн засагт нэвчиж эхэлдэг. Өөрөөр хэлбэл, ийм хугацааны дараагаас улсын төсөв, ханш, барилгын салбарт ч гэдэг юм уу нөлөөлж эхэлдэг. Энэ үйл явц явагдах нь явагдаж байна. Гэхдээ энэ жилийн тухайд сэргэлт хожуу явагдаж байна. Нэгдүгээрт, барилгын салбар руу тэр мөнгө орж амжаагүй байна. Хоёрдугаарт, ипотекийн зээл тодорхой хугацаанд саатсанаас үүдэж барилгын салбарт өмнөх жилүүдтэй адил хэмжээний том бүтээн байгуулалтыг хийгээгүй байна.

Намар, өвөл яагаад ам.долларын ханш өсдөг вэ гэхээр бэлэг сэлтээс гадна барилгын салбарын импорт ихээхэн хувийг эзэлдэг. Барилгын дотоод засалд их импорт ордог. Энэ жилийн тухайд бага байна гэсэн үг. Тиймээс 2023 оны төсөв ашигтай гарах юм шиг байгаа юм. Эдийн засгийн өсөлт зургаан хувьтай гарна. Хэдийгээр төсөвт тодотгол хийж цалин, тэтгэврийг нэмсэн ч гэсэн долдугаар сарын байдлаар төсвийн ашиг 1.8 их наяд төгрөг хүрсэн байсан. Улсын төсөвт татвар бүрдүүлэлт харьцангуй сайн явж байна. Нөгөө талд хувийн секторууд руу хангалттай хөрөнгө оруулалт орсонгүй.

Дэлхий даяар зээлийн хүү өсч байна. Маш өндөр хүүтэй болж байна. АНУ-ын Засгийн газрын бонд 4.5 хавьцаа байна. Үүнээс үзвэл ойрын хэдэн жилдээ ойлгомжгүй байдал өнгөртөл гадаадаас зээл авах нь харьцангуй хэцүү болно гэсэн үг. Манайх ихэнхдээ дахин санхүүжилт хийж байгаа шүү дээ.

Бид одооноос зээл төлөлтөө дуусгаж явахгүй бол манайх шиг рейтингтэй орнуудынх дараагийн санхүүжилт минимум 10 хувьтай босохоор харагдаж байна. Тиймээс ойрын хоёр гурван жилийн хугацаанд төлөх бондуудыг бүрэн төлж явах хэрэгтэй. Үгүй бол гадаад худалдаанд дахин санхүүжилт хийвэл нэлээд өндөр хүүтэйгээр мөнгө босно. Энэ жилийн хувьд ханш харьцангуй тогтвортой байх болов уу гэж харж байна. Дүгнээд хэлэхэд эдийн засаг өсөлттэй байна. Валютын орлого хангалттай байна. Нөгөө талд импортын гол өдөөгч буюу барилгын салбар, машины борлуулалт тодорхой хэмжээнд буурсан гэж байгаа. Энэ нь импортын барааны эрэлт харьцангуй бага байна гэсэн үг. Тиймээс ам.долларын ханш харьцангуй гайгүй байх болов уу. Ер нь шинэ жил, цагаан сар хоёр л их нөлөөлдөг. Гэхдээ ханшинд шууд том хэмжээгээр нөлөөлөхгүй байх гэж харж байна.

-Гэтэл зарим мэргэжилтнүүд инфляци нэмэгдэх төлөвтэй байна гэсэн байр суурийг илэрхийлээд байгаа шүү дээ?

-Ханш алдвал нэмэгдэнэ. Би он дуустал инфляци гайгүй байна гэж харж байна. Зарим хүмүүс өмнөх жилүүдийн түүхийг харж байгаад яриад байна л даа. Дээр хэлсэнчлэн хэрэглээний бараа, барилгын дотор заслын материал их импортолдог байсныг тооцоолоод валютын ханш савах байх гэсэн таамаглал хийгээд байх шиг байна. Би үүнтэй санал нийлэхгүй байгаа.

Тэтгэвэр нэмсэнтэй холбоотойгоор инфляци өсөх байх гээд ажигласан байдалтай байна. Мэдээж тодорхой хэмжээгээр нөлөөлж таарна. Гэхдээ том хэмжээнд харьцангуй гайгүй байх гэж харж байгаа. Учир нь манай улсын хувьд инфляцийн гол өдөөгч нь ханш байдаг. Бусад нь харьцангуй гайгүй. Үүнээс гадна манайд инфляци импортлогдоод байна. Бусад оронд инфляцийн түвшин өндөр байгаа. Харин БНХАУ-ынх харьцангуй гайгүй байна. Гэхдээ барилгын салбар нь хямралтай байна. Улс орон бүр ковид, геополитикийн зөрчилдөөний дараах асуудлаа цэгцлэх гээд үзээд л байна.

-Тэгвэл ам.долларын ханшийг буулгах боломжтой юу?

-Буух боломжгүй байх гэж харж байна. Одоо гадаад бондуудын төлөлтийг хийгээд явна гэж байгаа бол тодорхой хэмжээний хуримтлалуудыг бий болгох ёстой. Энд нэг зүйлийг дурдахад, манайд хуримтлалын сангууд бий. Тухайлбал, “Ирээдүй өв сан”. Уг санд одоогоор 2.7 их наяд төгрөг хуримтлагдсан байна. Энэ сангийн мөнгийг уг нь валютаар, магадгүй гадны өндөр хөгжилтэй буюу рейтинг нь гурав А-тай Засгийн газрын бондод байршуулаад явсан бол нэг тэрбум ам.доллар болчихоор байсан юм билээ. Тэр санд сар бүр мөнгө хуримтлуулж байгаа шүү дээ. Сангийн мөнгөнөөс тодорхой хэмжээгээр хүүхдийн мөнгө өгөх нь өгсөн.

Гэхдээ төрийн сан дээр төгрөгөөр хүүгүй байршуулж байгаа. Ингэж зүгээр байршуулснаараа бид алдагдал хүлээгээд байгаа юм. Ханш алдахаар тэр мөнгөний үнэ цэнэ унаад байна гэсэн үг шүү дээ.

Гэхдээ эрсдэлтэй зүйлд тэр мөнгөөр хөрөнгө оруулалт хийж болохгүй. Тэрийг хурдан хөрвөх боломжтой үнэт цаасанд байршуулж байж баталгаатай болно.

-Дэлхий нийтийн эдийн засгийн чиг хандлага Ази руу чиглэж байна гэсэн зүйл энэ зун их яригдсан. Хэрвээ үнэхээр Ази руу, тэр дундаа манай урд хөрш рүү эдийн засгийн чиг хандлага чиглэж байгаа бол манайх үүнээс ямар боломжийг өөрсдөдөө бий болгох боломжтой вэ?

-Худалдааны интеграцид орох хэрэгтэй. Ази тив том шүү дээ. БНХАУ ч том. Энэтхэг улс мөн БНХАУ-аас хүн амаараа олон болчихлоо. Бусад тивүүдийг бодоход дэд бүтцийн холболт харьцангуй муу. Тиймээс бид худалдаа хөрөнгө оруулалтын ажлуудаа эрчимжүүлэх хэрэгтэй гэсэн үг. Манайх шиг далайд гарцгүй, хязгаарлагдмал орны хувьд болж өгвөл чөлөөт худалдааны хэлэлцээрүүдийг сайн тохирч байх ёстой. Өөрөөр хэлбэл, нэгдүгээрт бараагаа худалдах боломжтой болох ёстой. Үүнийг нь Засгийн газар хийж өгөх хэрэгтэй гэсэн үг. Хоёрдугаарт, манай бүтээгдэхүүн холын тээврийг даах чадамжтай байх хэрэгтэй.

Ковидын үед бид зөвхөн нүүрсээр амьдарч болохгүй юм байна гэдгийг ойлголоо шүү дээ. Нүүрс гардгаараа гараг. Гэхдээ үүний хажуугаар өртөг шингэсэн, тээвэрлэлтийг нь харьцангуй хялбар шийдэж болохоор өндөр өртөгтэй уул уурхайн бүтээгдэхүүнээ хөгжүүлэх хэрэгтэй. Үүн дотор сүүлийн яригдаад байгаа ураныг зөв вариант гэж би харж байгаа. Ураны нэг килограмм нь 150 ам.доллар. Тэгвэл нэг тонн нь 150 мянган ам.доллар гэсэн үг. Бид хэд хэдэн тонноор гаргах боломжтой. Үүнтэй адил өртөг шингэсэн тээвэрлэлтийг амархан шийдэж болохоор дараа дараагийн бараа бүтээгдэхүүнийг хөгжүүлэх хэрэгтэй. Ингээд тэрхүү бүтээгдэхүүнээс орж ирж байгаа орлогоороо дэд бүтэц, хүнс хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ хөгжүүлэх гарц байна.

Энэ жил аялал жуулчлалын тухай хуулиа амжилттай батлаад, иргэний агаарын тээврээ либералчлаад урьд өмнө авч байгаагүй хэмжээний жуулчдаа авч байна. Энэ бол ковидын дараах сэргэлтийн цаг үе. Тиймээс манайд илүү потенциалууд байна. Засгийн газар сурталчилгаа чиглэлд сайн ажилласан гэж бодож байгаа. Шинэ үеийн маркетингийн сошиал медиагийн аргыг амжилттай сайн хэрэгжүүллээ.

Р.ХИШИГЖАРГАЛ