Ардын нам ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс тэтгэврийг 100 мянган төгрөгөөр нэмэх юм гэнэ. Яаж ч харсан энэ бол сонгуульд зориулсан мөнгө тараалт гэдэг нь мэдэгдэж байна. Сонгуулийн тухай хуулиар сонгогчдод эд зүйл, мөнгө амлах хориотой байдаг. Бодвол Ардын нам т этгэвэр нэмнэ гэх “ сонгуулийн авлигаа” хуулийн цоорхой олоод хийж байгаа байлгүй. 2008 оны сонгуулиар Ардчилсан нам иргэн бүрд “Эрдэнийн хувь” нэг сая төгрөг өгнө гэж амлахад Ардын нам нэг сая 500 мянган төгрөг өгнө гэж амлаж байсан. Үүнээс хойш Ардын нам сонгуулиар ялагдсангүй. Үүнтэй адил Ардчилсан нам одоо ахмадуудад 200 мянган төгрөг өгнө гэж амлах хэрэгтэй. Гэхдээ Ардын намынхан шиг сонгууль угтсан юм битгий хий. Шууд гараад ахмадуудад 200 мянган төгрөг өгнө гэж хэл. Яваандаа жил бүр инфляцитай уялдуулж нэмнэ гэж амла. Өнгөрсөн түүх, туршлагыг харахад ингэж байж олонхын санал авч ялдаг юм билээ. Намын ялалтаа бодсон ч ахмадын орлогоо бодсон ч энэ нь зөв. Ер нь МАН-ын дэмжигчдийн дийлэнх хэсгийг ахмадууд эзэлдэг. Тиймээс хаашдаа нэмж байгаа бол ганц тор дүүрэхгүй хүнс худалдан авах зуухан мянган мөнгөөр нэмээд хэрэггүй. Наанадаж 200 мянгаар эхэлсэн нь дээр л дээ. Ардын намынхан намаараа нийлж идсэн нүүрсний өнөөх “44 их наядын” хажууд зуун мянга бол хумхын тоос, Тариалан эрхлэлтийн, Боловсролын гэхчлэн 24 тусгай санг ах дүү, амраг садантайгаа нийлж цөлмөсний дэргэд юу ч биш. Ирээдүйдээ гэж хумсаа хумслан, хөлсөө дуслуулж хуримтлуулсан ч МАН-ынханд цуслуулсан “Ирээдүй өв” сангийн хадгаламжийн мөнгөний дэргэд ёстой л шүлс биз дээ. Өнөөдөр тэтгэвэр авч байгаа нийт ахмадын 70 хувь нь бага буюу 550 мянган төгрөг авч байгаа гэдгийг сана. Ардын намынхан ахмадуудад илүү хэрэггүй энэ л болно гэж үзсэн учраас зуун мянган төгрөгийг ихэд бодож байх шиг байна. Мах, гурил гэхчлэнгээр иргэдийн ходоод руу орох хүнс бүр 10-20 хувийн инфляцитай байгаа энэ үед зуухан мянган төгрөгөөр нэмж ахмадуудыг даапаалаад яах юм бэ. Хоногийн хоолноос гадна ач гучдаа ганц модон чихэр илүүчилж болохоор мөнгө өгсөн нь дээр л дээ. Р.ХИШ
Author: РЕНЧИНГИЙН ХИШИГЖАРГАЛ
УИХ-ын гишүүн Д.Өнөрболортой ярилцлаа.
-Төсөв хэлэлцэж байгаа үед тантай уулзаж байна. Энэ талаар та хэд хэдэн удаа байр сууриа илэрхийллээ. Гэхдээ уншигчдад өөрийн санаа бодлоо тодотгоод хэлэхгүй юу?
-За баярлалаа. Өдрийн сонины уншигчдад энэ өдрийн мэндийг хүргэе. Манай улс мэдээж хуулийн засаглалтай. Төсвийн харилцаа нь Монгол Улсын Үндсэн хууль, Төсвийн тухай хуулиас гадна Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Өрийн удирдлагын тухай хууль, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль зэрэг хууль тогтоомжоор зохицуулагддаг. Харин эдгээр хууль яг хэрэгжиж байна уу, төсөв батлахдаа хуулиа хэрэгжүүлэхгүй бол хаана хууль хэрэгжих ёстой гэж. Хуулийн хэрэгжилтийг УИХ хууль батлахаасаа эхлээд хангах ёстой. УИХ-ын гишүүд төсөв хэлэлцэхдээ хэчнээн “тойргийн гишүүн” байлаа ч Монгол Улсын гишүүн байх ёстой юм, уг нь. Сайн төсөв сайн засаглалын эх. Муу төсөв батлаад явъя гэж мэдээж бодоогүй л байх. Гэхдээ төсөв тойрсон элдэв яриа тасардаггүй ч асуудлууд хэвээрээ байдаг ийм нэг гажуудал байсаар байна.
УИХ жил бүрийн төсвийг батлахдаа төсвийн зарлагыг орлого болон бусад эх үүсвэрээр бүрэн нөхдөг байхаар, үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж батлах ёстой, төсөвт үзүүлэх нөлөөллийн талаарх тооцоо судалгаанд үндэслэсэн байх, авлага, өр төлбөр үүсгэхгүй байж дарамт учруулахгүй байхаар зохион байгуулах учиртай юм хуулиараа. Гэтэл хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаад л миний сэтгэл эмзэглэж байна. Төсвийн иж бүрэн, үнэн зөв байдлыг хангасан байх зарчим, хариуцлагатай байх зарчмын эсрэг гишүүд явж болохгүй биз дээ.
2024 оны төсвийн төсөлд мөн л хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээнд эдийн засгийн үр ашиг, нийгмийн ач холбогдлын болон үндсэн хөрөнгийн ашиглалттай холбоотой зардлын тооцоолол хийгээгүй, төсөвт нөлөөлөх ачааллын дүгнэлтгүй ийм зөрчилтэй төслүүд дахин дахин орж ирж байгаад Сангийн сайд дүгнэлт хийж байгаа болов уу. Үр ашгийн тооцоолол хийж, ач холбогдлоор нь эрэмбэлж санхүүжүүлэх журам аргачлал манай улсад байна уу.
Ийм болохоор л ДНБ-ий 37%-ийн зарлагатай, 2.070.8 тэрбум төгрөгийн алдагдалтай буюу ДНБ-ий -2.8%-тай тэнцэх төсвийн төсөл оруулж ирж байна шүү дээ.
-Тэгээд ямар гарц шийдэл байна вэ?
-Юуны өмнө төсөв хэлэлцэх, батлах үйл ажиллагаа олон нийтэд нээлттэй, төсвийн төлөвлөгөө, гүйцэтгэл, тайлагнал нийтэд ойлгомжтой байж, батлагдсан төлөвлөгөөний дагуу хэрэгжиж байгаа эсэхэд олон нийт хяналт тавих боломжоор хангагдсан байж гэмээнэ хяналттай, хариуцлага нэхэх боломжтой болно.
Ерөөс манай төсөв олон жил хөл гар богинотой, том толгойтой, саажилттай, энд тэндээ загатнахад маажиж чадахгүй, хөдөлгөөний хомсдолтой, цусны эргэлт нь удааширсан аварга биетэн шиг явж ирсэн, ганц энэ жил ч биш шүү дээ. Тиймээс энэ аварга биетнийг бүхэлд нь эрүүлжүүлэх шаардлагатай, ядаж хөдөлгөөнтэй байлгах хэрэгтэй, үүнийг иргэдийн оролцоо, хувийн хэвшлийн оролцоо идэвхээр хийнэ. Ерөөс зах зээлийн эдийн засгийг эрчимжүүлэхэд иргэдийн идэвхтэй оролцоог хангаж өгөх явдал л гол бодлого байх ёстой юм. Тэрнээс ийм хувийн хэвшилд ээлгүй төсөвтэй байж болохгүй шүү дээ. Цалин тэтгэврийн өсөлт бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөө бараадахгүй байна. Үнийн өсөлтийн эсрэг арга хэмжээ, иргэдийн амьжиргааг хамгаалахад дэмжлэг үзүүлэх ажлын байрууд шинээр бий болгоход л анхаарах ёстой гэж боддог.
Тэрнээс улсын түрийвч засаглалаа хадгалж үлдэхийн төлөө гаргаж ирдэг шилбүүр байж болохгүй. Харин иргэдийн идэвх чармайлт, амьдралын төлөө зүтгэх тэр зүтгэлийг нь хурдасгах ташуур байх ёстой.Эдийн засгийн өсөлтийн төлөө төсөв байх уу, эдийн засгийг боомилохын төлөө төсөв байх уу.
Дээр нь улс төрийн тогтвортой байдал эдийн засгийн өсөлтийг авчирдаг.Эдийн засаг өсөхөд сайн засаглал хэрэгтэй гэсэн үг. Төсвийн менежмент чухал зүйл.
Дэлхийн улс орнуудын 2024 оны төсвийн нийтлэг шинж гэвэл батлан хамгаалах зардал, бүх нийтийн халдварт өвчинтэй тэмцэх зардал өссөн байгаа. Өөрөөр хэлвэл өөрийгөө хамгаалах, хариу арга хэмжээний зардал өссөн гэсэн үг. Хүнсний аюулгүй байдал ч мөн хамаатай.
Манай улс ДЭМБ-ын New Pandemic Treaty-ийн бодлогыг дэмжиж, эрүүл мэндийн салбарын чадамжийг дээшлүүлэхэд бодитой хөрөнгө оруулалт шаардлагатай улс мөн үү гэвэл мөн.
Тэгэхээр санхүү, хөрөнгө оруулалтын бодлогын эрүүлжилт, эрүүл чийрэг, бядтай, урт удаан, зөв стратегийн төлөө төсөв байхыг шаардаж байгаа юм.
Үүнд бид PEFA (Public Expenditure and Financial Accountability) буюу Төсвийн зарлага ба санхүүгийн хариуцлагын хөтөлбөрийн төрийн санхүүгийн удирдлагын гүйцэтгэлийг үнэлэх аргачлал, зөвлөмжийг сайн дагах хэрэгтэй юм. Энэ бол том шийдэл. Энэ бол төрийн санхүүгийн удирдлагын гүйцэтгэлийг үнэлэх аргачлал бөгөөд 31 үндсэн бүрэлдэхүүн хэсгийн 94 шинж чанарыг долоон үндсэн чиглэлийн хүрээнд тодорхойлж үнэлдэг систем. Улс орнуудын төрийн санхүүгийн удирдлага, төсвийн зарцуулалт болон санхүүгийн хариуцлагын индекс, төлөв байдлын үнэлгээг өөрийн боловсруулсан үзүүлэлтээр гаргадаг. Манай улсын хувьд PEFA-ийн үнэлгээг 2015, 2021 онуудад хийлгэсэн, харин энэ бодитой оношилгооны дүгнэлтийг хэр хэрэгжүүлж ирсэн бэ. Мөн төрийн аудитын дүгнэлтэд хэр хариуцлагатай хандаж ирсэн бэ, УИХ-аас баталсан төсвийн хүрээний мэдэгдэлд үндэслэж төсвийн төслөө боловсруулж баймаар байна ядаж, өөрөөр хэлбэл зөвлөмж дагадаг, хариуцлагатай хандах гэсэн хоёр зүйл өөрөө том шийдэл, гарц болох юм аа.
Дээр нь үнийн өсөлтийг хазаарлахад бүтээмж дээшлүүлэх хүчин чармайлт хэрэгтэй. Газар тариаланг эрчимжүүлэх, шинэ технологи нэвтрүүлэх хөгжил рүү хандсан төсвийн шинэчлэл зайлшгүй шаардлагатай байгаа юм.
-Газар тариалангийн бүс нутгаас сонгогдсон гишүүний хувьд энэ намар тойрогтоо нэлээд ажиллаж байх шиг байсан. Хийсэн ажлаасаа товч дурдвал?
-Би жилийн дөрвөн улиралд тойрогтоо уяатай байдаг хүн. Газар тариалангийн ажил дан ганц намрын ажил байдаггүй. Хавар юу тариална, түүнийгээ хураана. Зуны өдөр жилээ тэжээнэ гэж орос ардын цэцэн үг ч бий. Энэ жил сайхан урт намар болж байна.
Хөдөлмөрийнхөө үнэ цэнийг нэмэгдүүлсэн, валютаар үнэлэгдэх бренд бүтээгдэхүүнтэй болохоор сэлэнгэчүүд бид хичээж л байна.
Сэлэнгэ аймгийн хувьд өнөөгийн байдлаар төмс хүнсний ногооны хураалт 100%, үр тарианы хураалт 95 хувьтай явж байна. УИХ-ын 36-р тогтоолын Ажлын хэсэгт орж ажилласан. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 1.7 их наяд төгрөг шаардлагатай юм. Үүний 48%-ийг улсын төсвөөс гаргана гэж УИХ, ЗГ шийдсэн байгаа. Энэ шийдвэрийг хэрэгжүүлэх тал дээр ЗГ-т хяналт тавих, дэмжлэг үзүүлэх Түр хорооны гишүүн, дэд ажлын хэсгийг ахалж ажиллаж байгаа.
Миний бие “Хашаанаасаа 50 сая” хөдөлгөөнийг санаачилж хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх чиглэлээр 2018 оноос бэлтгэлээ ханган эхэлж Сэлэнгийн иргэдтэй хамтарч ажиллаж байна, үр дүн ч гарч байна, өнгөрсөн долоо хоногт хүлэмжийн анхны ургацын баяраа хийлээ. Сэлэнгэ аймгийн долоон суманд хүлэмжийн аж ахуйн хөгжлийн парк ашиглалтад орлоо. 250-300 ажлын байр шинээр нэмэгдлээ. Паркуудад нэг доор 20 орчим төрлийн нарийн ногоог шинжлэх ухааны үндэстэй тарьж ургуулж, Сэлэнгийн бренд бүтээгдэхүүн бий болж хэрэглэгчдэд очих боломжтой болж байна. Цаашлаад экспортод гаргах төлөвлөгөөтэй. Нийтдээ хагас сая шахам хүлэмж эзэндээ очиж, үр дүнгээ үзэж, улмаар өвлийн, ухаалаг хүлэмж болгох алсын хараатай ажиллаж байна.
Баянгол суманд ЖДҮ-ийг дэмжих төвтэй болж байна. Сургалт-үйлдвэрлэл-худалдааны эргэлт тэнд бий болж байна гэсэн үг.
Нөгөө талаар төсөл хөтөлбөрийн хэрэгжилт аливаа санаачилгад гадаад харилцаа онцгой үүрэгтэй юм. Бүхнийг улсын төсвөөр хийнэ гэж үгүй. Миний хувьд УИХ дахь Монгол-БНСУ-ын Парламентын бүлгийн даргын хувиар газар тариалангийн өндөр хөгжилтэй, урт удаан түүхтэй Солонгосын ноу хауг Сэлэнгэд нутагшуулахыг зорьж 14 хот аймагтай хамтарч ажиллаж байна. Үүний үр дүнд 2-3 жилийн хугацаанд 200-1000 хүнийг түр болон богино хугацаагаар туршлага судлуулах боломж бүрдсэн. Шинэ технологийг газар дээр нь богино хугацаагаар хурдан сурч хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа. Мөн БНСУ-ын Засгийн газрын харьяа Хөдөөгийн хөгжлийг дэмжих газрын Монгол дахь суурин төлөөлөгчийн газартай Сэлэнгэ аймаг хамтарч ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.Цаашдаа бид Сэлэнгэ аймгийн газар тариаланг хөгжүүлэх, хүн амын хүнсний хэрэгцээ хангамж, чанарыг нэмэгдүүлэхэд зориулж БНСУ-аас 10 сая ам.долларын санхүүжилтийг татах бэлтгэл ажил үндсэндээ хангагдаад байна.
Сэлэнгэ аймгийн эрүүл мэнд, онцгой байдлын салбар БНСУ-тай амжилттай түншилж ажиллаж байна, сувилагчдыг БНСУ-ын эрүүл мэндийн байгууллагатай холбож сувилахуйн ухааны шинэ мэдээллээр хангах, газар дээр нь туршлага судалж эрүүл мэндийн шинэ үйлчилгээ, арга туршлагаас суралцахаар Сэлэнгэ аймгаас эхний 25 сувилагч БНСУ руу явахад бэлэн боллоо. Энэ ажил цаашдаа ч үргэлжилнэ, найман жил үргэлжилнэ, улс орны хэмжээний ажил болгохыг зорьж байгаа юм. Эмч нар тодорхой сургалтад нэлээд хамрагдаж байдаг ч сувилагчид хамрагдах нь цөөн, ялангуяа өндөр хөгжилтэй гадаад оронд.
Гал түймэр үер усны байнгын болзошгүй эрсдэл дунд байдаг Сэлэнгэ аймагт гал унтраах машин, үер усны үед хэрэглэгдэх завь бусад хэрэгслийг БНСУ-ын талаас нийлүүлэх талаар эрчимтэй хөөцөлдөж хэрэгжлээ. Энэ мэт ажил эзнээ, голдирлоо олж байгаад баяртай байгаа.Олон өрх айл хашаанаасаа 50 сая байтугайг олохоор урам зориг, идэвх чармайлттай ажиллаж байна. Ирэх жилийн төсвөөр бол 4.6 их наяд төгрөг зөвхөн цалин тэтгэвэрт явж байгаа. Үүний 40% нь (судлаачдын тооцооллоор) хүнсний зарлагад явдаг гэхээр ирэх онд хүнсний хэрэглээ нэмэгдэнэ. Үүнд сэлэнгэчүүдийн маань нэмэр тус их байх болов уу. 3.4 сая хүнийхээ хүнсний хэрэгцээний 50%-ийг хангадаг аймаг шүү дээ. Дүгнээд хэлэхэд УИХ-ын гишүүний хууль боловсруулах, батлах ажлаас гадна улс орны эдийн засгийн аюулгүй байдлын төлөө, хүнсний хангамж аюулгүй байдлын төлөө, Сэлэнгийн иргэдийн хөдөлмөрийг илүү үнэ цэнэтэй болгох, мянган төгрөгөөр ургуулаад 20, 40 ам.доллар болгож өсгөхийн төлөө л анхаарч ажиллаж, зүтгэж байна даа.
-Хүүхдийн хөгжил хамгаалал, гэр бүлийн асуудлаар сэтгэл эмзэглүүлсэн үйл явдлууд гарч нийгмийн зүгээс УИХ-ын эмэгтэй гишүүд рүү хандсан бухимдал, гомдол их байх шиг байна. Та энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?
-Хүүхэд гэр бүлийн асуудал гэхээр л эмэгтэйчүүд рүү хардаг байж болохгүй л дээ. УИХ-аас эрх зүйн орчныг бүрдүүлэх тал дээр манай эмэгтэй гишүүд багагүй санаачилгатай ажилласан гэж бодож байна. Эрх зүйн орчин сайжирлаа гэвч Хүүхдийн эрхийн тунхаглалд заагдсан дөрвөн зарчим манайд үндсэндээ хэрэгжихгүй байна.Манай нийгэмд ужгирсан ядуурал, ажилгүйдэл хүүхдүүдийн нуруун дээр дарамт үзүүлж байна, хүүхдүүд эзэнгүй байна, хүчирхийлэл, айдас, ганцаардал, өвчлөл, ялгаварлан гадуурхал, гэмт хэрэг, донтолт, боловсролын ялгаа хүүхдүүдийн дунд нэмэгдэж байна. Нийгэм хамгааллын ээлгүй орчин, дэд бүтэц дотор хүүхдүүд амьдарч байна, Монгол хүүхдүүдийн биеийн ерөнхий хөгжил сул болж байна, хүүхдийн хоол хүнсний асуудал ч тулгамдаж байна.
Хүүхдүүдийн үзэл бодлоо илэрхийлэх, нийгэм орчны сайн нөлөөлөл авах дагуулах хүч ховор болжээ.
Гэр бүлийн хүрээнд эцэг эх нь архиддаг, хүүхдээ зоддог, танхайрдаг, хүүхэд, гэр бүлийнхээ өмнө завхай зайдан үлгэргүй байж болохгүй биз дээ.Хүүхдэд үзүүлэх сэтгэл зүйн дарамтыг нийгмээрээ тоохгүй байна. Өсвөр насны хүүхдээ хэл амаар дарамталж хэлэх хэлэхгүй үгээр доромжилдог, зоддог эх хүн хүртэл байна шүү дээ. Энэ бүхэн хүүхдийн аюулгүй байдалд нөлөөлж байгаа гэдгийг бид цогцоор нь ойлгож арга хэмжээ авах цаг аль хэдийнээ болсон. Хүүхэдтэй холбоотой гэмт хэргийн 70 хувь нь гэр бүлийн орчинд үйлдэгдэж байгаа судалгаа байна. Хатуу чанга шийтгэлтэй байх ёстой.
Дан ганц хууль эрхийн орчныг сайжруулснаар энэ бүхэн арилж алга болохгүй. Хууль хэрэгждэг байж, урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажил сайн хийгдэж байж энэ гэмт хэрэг багасна. Хүүхдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэрэг бүрийг мартдаггүй баймаар байна.
Эцэст нь хэлэхэд миний бие танай сонинд 2023 он бол улс төрчдийн хувьд ёс зүй, сахилга хариуцлагын жил байх болно гэж бичиж байсан.Энэ үгээрээ ярилцлагаа өндөрлөе.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатартай ярилцлаа.
-Нийслэлийн даргаар очоод харахад ер нь болж бүтэж байгаа зүйл байна уу?
-Нийслэлийн Засаг даргаар томилогдоод үндсэндээ 20 гаруй хоног болж байна. Ирээд бидний хийсэн ажил бол нэн яаралтай Улаанбаатар хотын тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх хууль эрх зүйн орчинтой болъё гэж зорьсон. Их хот гэдэг төрөх эмнэлгээр үйлчилгээ үзүүлснээс авахуулаад нас эцэслэхэд Улаанбаатар хотын үйлчилгээний харьяа төвлөрсөн оршуулгын цэгт оршуулах хүртэлх хүний амьдралын бүхий л үе шатуудад үйлчилгээ үзүүлдэг. Ийнхүү үйлчилгээ үзүүлэх явцад иргэдийг хамгийн их бухимдуулж, амь нас эрүүл мэндэд хор хохирол учруулж, хөрөнгө мөнгө үрж байгаа хоёр том асуудал нь түгжрэл, агаарын бохирдол. Эдгээр хоёр асуудлыг шийдсэний дараа дараагийн асуудлууд энэ хоёр асуудалтай хамтад нь шийдэх асуудал ч байна. Тусад нь зорилт дэвшүүлж шийдвэрлэх бэрхшээлүүд ч байна. Тиймээс энэ хоёр асуудалд анхаарал хандуулж ажиллах нь зөв гэж үзээд Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах нэртэй анхдагч хуулийн төслийг, дагалдаж нэмэлт, өөрчлөлт орох 26 төслийн хамт боловсруулсан. Өчигдөр Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэх эсэхийг дэмжсэн. Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэнэ. Болж бүтэж байгаа зүйл байлгүй яах вэ. Улаанбаатар хотын 2020 он хүртэлх ерөнхий төлөвлөгөөний хугацаа дуусч, 2040 он хүртэлх Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг боловсруулж үндсэндээ дууссан. Удахгүй гадаад, дотоодын мэргэжлийн байгууллагаас зөвлөгөө авч, Барилга, хот байгуулалтын яамаар дамжуулж Засгийн газар, УИХ-аар хэлэлцүүлэхээр ажиллаж байна.
Мэргэжлийн байгууллага хамт олон энэ ажил дээр нэлээд суусан байна.
Бид заавал нэг буруутан хайгаад байгаа юм бэ. Хохирогчийн сэтгэл зүйгээр хандаад байна. Бидний өмнө өнөөдөр тулгарч байгаа асуудал хэдэн улстөрч, хэдэн дарга нараас болсон гэдэг. Нэг талаараа бодит үнэн. Нөгөө талаас 1990 онд нийгэмд шилжилт хөдөлгөөн өрнөж, Ардчилсан хувьсгал хийгдэж, өмчийн олон хэлбэр, гадаад дотоодод зорчих зэрэг нийгмийн бүхий л том шинэчлэл хийгдсэн. Үүнийг дагаж эерэг, сөрөг үр дагавар гарсан. Тухайлбал, хөдөө орон нутагт байсан сум, сангийн аж ахуй үйлдвэр, заводууд хувьчлагдсан. Зарим талаар хувьчлалын алдаатай бодлогоос үүдэж орон нутагт ажиллаж, амьдарч байсан мянга мянган иргэд ажлы н байр хайж Улаанбаатар руу нүүдэллэх их нүүдэл эхэлсэн.
Улаан баатар руу ирэх энэ их нүүдэл ямар асуудал үүсгэсэн бэ гэхээр өнөөгийн хүн амын хэт төвлөрөл, гэр хороолол, агаар хөрс усны бохирдол, дэд бүтцийн дутмагшил, төлөвлөлтгүй хот бий болох суурь шалтгаан болсон. Үүнийг ерөөсөө ярьдаггүй. Өөрөөр хэлбэл, нийгмийн шилжилтийн үед бий болсон нэг сөрөг үр дагавар нь Улаанбаатарыг төлөвлөлтгүй, замбараагүй болгох суурь алхам тавигдсан.
Эртүүд надтай уулзсан дээхнэ үеийн ахмад ярьж байна лээ, бид яах байсан юм бэ. Хөдөө орон нутгаас нүүж ирж байгаа хүмүүсийг буутай цэргүүдээр хөөлгөх байсан юм уу. Монгол хүн Монголын нутаг дээрээ эсгий гэрээ бариад, айл аймгаараа хаяалж гудамж үүсгэж өнөөдрийн гэр хороолол тэлсэн ш ү ү дээ. Өнгөрсөн 30 жилийн алдаагаа засах нь та нарын үүрэг гэсэн зүйлийг ярьсан.
– Таныг хотын даргаар очсоноос хойш Нийслэлийн бүх газар цагдаа, хүчнийхэн очлоо гэсэн мэдээлэл гэх үү, шүүмжлэл гэх үү их гарсан. Ер нь өнгөрсөн 30 жилийн бугшсан авлига зэрэг асуудлыг и н г э ж цэгцлэхээр байна уу. Урьд хожид танаас өөр хотын дарга нар ийм шийдвэр гаргаж байгаагүй учраас сонирхож байгаа юм?
-Цагдаагаас нэг л хүн сэлгэж ирсэн. ХЗДХ-ийн яамнаас П.Сайнзориг дарга орлогчоор ирсэн. Мөн яамны хоёр газрын дарга ирсэн. Д.Цолмон хуулийн бодлогын ахлах зөвлөхөөр, Л.Хосбаяр Тамгын газрын даргаар ирсэн. Бид нийслэл хотод яаралтай авч хэрэгжүүлэх арга хэмжээ, ирэх жилийн төсөв, хөгжлийн бодлогын тодотгол, өнөөдрийн хууль зэрэг бодлогын баримт бичгийг боловсруулахад хуулийн мэргэшсэн баг байх хэрэгтэй. Үүнээс гадна санхүү, эдийн засгийн чиглэлийн мэргэшсэн албан хаагчдыг нийслэлд авч ирж ажиллуулж байгаа нь үнэн. Жишээлбэл, Үндэсний АУДИТ-ын газраас , Сангийн яамнаас, Барилга, хот байгуулалтын яамнаас НЗДТГ-т шилжүүлэн авч ирж ажиллуулж байна . Дээр нь хот байгуулалтын чиглэлийн мэргэшсэн боловсон хүчнийг Барилга, хот байгуулалтын яамнаас шилжүүлж авахаар ажиллаж байна. Яам, агентлагууд нийслэлийн аппаратын чадавхийг нэмэгдүүлэх чиглэлд ажилла гэж Ерөнхий сайд ч хэлсэн.
Цагдаажсан гэвэл нэг л хүн нийтийн тээврийн газрын даргаар очсон. Энд үнэхээр болохгүй, бүтэхгүй зүйлүүд байгаа. Бугшсан, нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл байдлаар ажилладаг . Өнгөрсөн хугацаанд өр төлбөрийг барагдуулаагүй, хяналт шалгалт хийдэггүй асуудлыг цэгцэлье гэсэн бодолтойгоор Нийслэлийн цагдаагийн мөрдөн шалгах газрын даргаар ажиллаж байсан Д.Отгонжаргалыг аваачиж тавьсан. Нэг хүн аваачихаар цагдаажсан төр үүслээ гэх юм.
Шулуухан хэлэхэд, Монгол Улсад хүний нөөцийн хомсдол үүсч байна. Хамгийн их ачаалал даадаг, үнэний хойноос хамгийн их явдаг хүмүүс яах аргагүй Монголын Цагдаагийн байгууллага байгаа шүү дээ. Цагдаа юу нь муу муухай харагддаг юм бэ. Болж бүтэхгүй , хамгийн хүнд үедээ цагдааг дууддаг.
Д.Отгонжаргалыг Нийтийн тээврийн даргаар ирж ажиллаач гэдэг санал тавьсандаа би одоо ч харамсдаггүй . Учир нь энэ хүн Монгол Улсын Мөрдөн байцаах газрын да рга байсан. Хамаг л ноцтой хэргийг мөрдөн шалгаж явсан. Залуудаа гэмт хэрэгтэнд хүртэл буудуулж явсан хүн шүү дээ. Энэ хүнийг очихоор яагаад нийслэл тэр аяараа цагдаажсан гэж хараад байгаа юм бэ. Өнөөдөр нийслэлийн нийтийн тээвэрт байгаа алдаа дутагдлуудыг өөр салбарын хүн өөр нүдээр харж илүү цахимжуулъя, илүү хүний хамааралгүй болгоё . Автобусаар үйлчлүүлэхдээ жолоочид бэлэн мөнгө өгөх бус нийтийн тээврийнхээ орлогыг арвижуулж, жолооч нарын цалинг хэд дахин нэмэгдүүлье гэсэн бүтээлч юм яриад явж байгаа шүү дээ. Сонгууль дөхсөн учраас нэр нь тодроогүй “баатрууд” олонд танигдах гээд энд тэнд юм хийгээд байна л даа. Хөөрхөн харагдаж байгаа. Гэхдээ энэ том бодлого, энэ асуудлыг унагаж болохгүй.
Би өнөөдөр намынхандаа шүүмжлүүлж байгаа. Сонгууль дөхсөн байхад чи ийм цочмог арга хэмжээнүүд авах хэрэг байна уу. Сонгууль дөхтөл эвтэйхэн байж байгаад орчхож болохгүй юу гэсэн. Сонгуулийн мөчлөг тааруулж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар ажилла гэвэл би ажиллахгүй.
– ХЗДХ-ийн сайдаас сэлгэж Хотын дарга болж байгаа нь авлигын эсрэг тэмцэлд Х.Нямбаатараас өөр хүн үлдсэнгүй гэж харагдах юм?
– Нэг талдаа муухай сонсогдож байж магадгүй. Намайг ирснээс хойш Нийслэлийн газрын албаны маш олон хүн шалгагдаж байна. Зарим нь хоригдож байна. Нийслэлийн барилга хот байгуулалтын, газар, агентлагийн олон хүн шалгагдаж байна. Бүгдээрээ өнгөрсөн алдаануудаа эндээ дүгнэж цэгнэж дуусгаад Нийслэлийн төр захиргааны байгууллагууд цаашаа шинэ хандлага, шинэ алсын хараатай, шинэ сэтгэлгээтэй урагшаа алхацгаая. Хуучин хотын даргаар ажиллаж байсан хүнийг уржигдархан АТГ- аас хорьсон байна. Өмчийн харилцааны газрын даргыг хорьсон байна. Надад энэ их таатай сонсогдохгүй шүү дээ. Мөрдөн шалгах ажиллагаа явагдахад бид саад учруулах ёсгүй. Одоогийн нийслэл и й н аппаратад байгаа хүмүүст ч би хэлсэн. Дүүргийн Засаг дарга нарыг уржигдар цуглуулж хэлсэн. Б и нэгдүгээр сарын 1-нээс Нийслэлийн хот нийтийн бүх чиг үүргийг хот дээр төвлөрүүлэлгүй дүүргүүдэд шилжүүлнэ. Одоо бэлтгэл ажил хангагдаж байна. Хот тохижилтын газар. Улаанбаатар зам арчлалт. Захирагчийн ажлын албыг санхүүтэй нь, хүний нөөцтэй нь, чиг үүрэгтэй нь, тоног төхөөрөмжтэй нь бүхэлд нь есөн дүүрэг рүү шилжүүлж байгаа. Хамгийн гол нь авлига, ашиг сонирхлын зөрчилтэй нэг ширхэг л асуудал үүсвэл надад битгий гомдоорой. Бидний хийж байгаа шинэчлэлд хэн нэг увайгүй хүнээс болж алдаа гаргах ёсгүй шүү гэж хэлж байгаа. Энэ утгаараа нийслэл дээр авлигын асуудлаар өөрчлөлт гаргахын тулд энэ хуулиар дүүргүүдэд газар олгохоо больж байна. Мөн Нийслэл зөвхөн дуудлага худалдаагаар олгоно . Нэг байршлыг дуудлага худалдаагаар зарлаж сонирхсон бүх газар орж ирнэ. Нийслэлийн газрын асуудлыг цэгцлэхгүйгээр авлига, ашиг сонирхлын зөрчилтэй тэмцэнэ гэж би яриад ямар ч үр дүнгүй. Нийслэлийн худалдан авах ажиллагааны зарим чиг үүргийг МҮХАҮТ-д шилжүүлье гээд энэ хууль дээрээ бичиж байна. Өөрөөр хэлбэл, бичиг баримт боловсруулах хэсгийг нь МҮХАҮТ буюу мэргэжлийн холбоод руу шилжүүлэхээр хуулийн төсөлд туссан. Нийслэл дээр хамгийн их яригддаг асуудал газартай холбоотой авлигын асуудал, Тендертэй холбоотой авлигын асуудалд гарах байх гэж бодож байна . Мөн янз бүрийн барилгын зөвшөөрөлтэй холбоотой асуудлуудад цэг тавья гэж зорьж байгаа. Хуульд ч бичсэн. Хэт нягтаршилтай газар барилга бариулахаа больё.
Харин дэд төв, тусгай бусад бүсүүдэд газрын байршлуудыг шилжүүлж өгье. Тэгэхгүйгээр бөгс эргэх зайгүй Нэгдүгээр эмнэлгийн хашаан дотор яаж 25 давхар барилга барих гээд байгаа юм бэ. Зөвшөөрөл авсан хүмүүс зөвшөөрлийг нь олгосон эрх мэдэлтнүүд ичих хэрэгтэй. Амь нас нь цагаар тоологдож байгаа хүмүүс тэр эмнэлэгт очиж байгаа. Хөдөө орон нутгаас хүндрээд ирж байгаа хүмүүс Нэгдүгээр эмнэлэг рүү очих гэж бөөн юм болж байхад хашаан дотор нь 25 давхар худалдааны төв бариад зогсож байгаа нь ичих булчирхайгаа элгэндээ наасан хүмүүсийн үйлдэл. Энэ хандлагыг өөрчилье гэж байгаа.
-Шинэ, хуучин хотын дарга хамтарч ажиллаж байгаа гэж ойлгож байгаа. Энд нь ингэ, тэг гэсэн зөвлөгөө, туршлагаа Д.Сумъяабазар дарга солилцож байгаа биз дээ. Нэг тойргоос хамт сонгогдсон гэдэг утгаараа ч та хоёрыг дотно гэж хардаг?
– Ажил авч, өгөлцсөнөөсөө хойш бид хоёр уулзаж амжаагүй байна. Бид хоёр Сонгинохайрхан дүүргээс хамт сонгогдсон, маш сайн харилцаатай хүмүүс. Мань хүн ажлаа өгөхдөө надад хэд хэдэн зүйлийг хэлсэн. Хотын газар доорх барилга байгууламжууд буюу инженерийн шугам сүлжээг яаралтай шинэчлэхэд олон улсын байгууллагуудтай хамтарч ажиллахгүй бол бид дийлэхгүй юм байна лээ шүү.
Хоёрдугаарт, бүтцийнхээ өөрчлөлтийг, чиг үүргийнхээ шинжилгээг бид хийлгэж байсан . Та нар үзээрэй. Бүтцээ чадварлаг цомхон болгох чиглэлд ажиллаарай гэсэн зүйлийг хэлсэн. Хамгийн сүүлд нь маш хэцүү ажил шүү, амжилт хүсье гэсэн. Үүнээс хойш бид хоёр албан ёсоор хотын ажил, амьдралыг ярьсан зүйлгүй. Утсаар хоёр, гурван удаа холбогдсон. Одоогоор хотод байхгүй байгаа байх. Гадагшаа явсан байх. Бид хоёр хамтарч хот удирдалцаад байгаа зүйл байхгүй. Миний нэг зарчим байдаг. Би аливаа ажил хариуцвал хариуцсан шиг хариуцъя. Хариуцлагаа хүлээсэн шиг хүлээе. Урдаа тавьсан ажлынхаа ард гарчихъя гэдэг бодолтой ажилладаг. Тийм учраас таньдаг мэддэг нам ы н ойрын нөхөд ийм тулсан үед ийм ийм арга хэмжээг хэрэгжүүлэх хэрэг байна уу гэж хэлж байсан. Би хариуд нь “Би сонгуулийн мөчлөгт тохируулж Хотын даргын ажлыг хийх сонирхол алга. Сонгуулийн мөчлөгийг сөрж богино, дунд, урт хугацаандаа үр дүн нь харагдах ажлыг барьж хийе. Түгжрэл, гэр хорооллыг орон сууцжуулах хоёроос эхэлье. Энэ хоёрыг шийдсэн цагт хотын дийлэнх асуудал шийдэгдэнэ. Мэдээж хэрэг бид бүгдээрээ хандлагаа өөрчилмөөр байна. Хотын соёлтой болмоор байна. Цонхоороо тамхины ишээ нясалдаггүй болмоор байна.
Агаарын бохирдлы н гол эх үүсвэр болсон инженерийн шугам сүлжээгүй газар, замбараагүй газар олголтыг энэ хуулиар зогсооё. Дахиж яндангийн тоог нэмэхгүй байя гэсэн нэг агуулгыг агуулж байгаа юм. Хоёрдугаарт нь, одоогоос арван жилийн өмнө Улаанбаатар хотын автомашины тоо 315 мянга байсан бол өнөөдөр 720 мянга болсон. Энэ хооронд улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр нийт автозамын сүлжээг 25 хувиар нэмэгдүүлсэн.
Бид өмнөх жилүүдэд иргэдийн автомашин худалдаж авах, импортлох эрхийг хязгаарлалгүйгээр орхиж, замын түгжрэлийг бууруулахын тулд зам нэмье, өргөсгөе, уулзвараа нэмье гэсэн бодлого ярьж ирсэн. Гүүр, зам нэмж тавьснаар түгжрэлийг хэзээ ч нөхөж гүйцэж чадахгүй гэдэг үнэнтэй одоо бид эвлэрэх ёстой.
-Ялангуяа нэг дор хэт төвлөрөл үүссэн энэ нөхцөлд?
-Яг зөв. Улаанбаатар хотын их тойруу дотор 50 га газар бий. Энэ дотор Монголын бүх их дээд сургууль, бүх том эмнэлэг, төрийн бүх байгууллага, соёл, урлаг, спортын үйлчилгээ үзүүлдэг бүх том газар, том аж ахуйн нэгжүүд, ажлын байрууд байрлаж байна. Судлаачдын хэлж байгаагаар таван том суурьшлаас хотын төв рүү ирж байна. Баруун тал Сонгинохайрханаас, зүүн тал Баянзүрхээс, урд Хан-Уул, Яармагаас, арын Долоонбуудал чигээс, мөн III-IV хороолол чигээс гэсэн таван зүгээс өдөрт хоёр сая 900 мянган зорчих хөдөлгөөн хийж өнөөдрийн төвлөрлийг үүсгэж байгаа гэдг ийг мэргэжлийн байгууллага нарийн тооцоо судалгааны үндэстэй гаргуулсан.
Жилд дунджаар 47 мянган автобус орж ирж байна. Энэ хурдаар явбал 2030 он гэхэд цагт гурван км урагшилна буюу тэг зогсолт хийнэ. Тиймээс цаашид импортын автомашиныг тодорхой хэмжээгээр хязгаарлах бодлого барихгүйгээр түгжрэлийг яагаад ч шийдэж чадахгүй. Эхний ээлжид яндангийн үйлдвэрлэлийг зогсоож байгаатай адил импортоор орж ирж байгаа 50 мянган машины урсгалыг зогсооё. Гуравдугаарт, их тойруугийн 50 га дотор шинээр 1500 өндөр барилга баригдахаар зөвшөөрлөө авчихсан хүлээж байна. Энэ нягтаршлыг түр зогсооё. Үүний дараа түгжрэлийг бууруулах, агаарын бохирдлыг багасгах чиглэлд урьд өмнө хийж байгаагүй арга хэмжээг зоригтой хийе. Ингэхийн тулд эхлээд нийтий н тээврийн шинэчлэл тээвэр зохицуулалт, төлбөрийн систем хүртээмж гэсэн үндсэн цогц арга хэмжээг хэрэгжүүлье. ЖАЙКА олон улсын судалгааны байгууллагын хийсэн судалгаагаар 2007 онд Улаанбаатарын нийт иргэдийн 60 хувь нь нийтийн тээврийн хэрэгслээр зорчдог байсан бол одоо 24 хувь болж буурсан. 36 хувь нь автомашинаар зорчдог болж түгжрэлийг өнөөгийн түвшинд авч ирж байна.
Иргэд яагаад нийтийн тээврийн хэрэгслээр зорчихоо больсон бэ гэдэгт маш тодорхой дүгнэлт бий. Нэгдүгээрт, хүртээмжгүй байдал. Хоёрдугаарт, нийтийн тээврийн тээвэр зохицуулалт, логиктой холбоос байдаггүй. Шархаднаас Таваншарын эцэс хүртэл ийм уртын чиглэлд ийм түгжрэлтэй газраар явах нь ямар ч маш хүнд биз дээ. Дээрээс нь автобуснууд нь тохь тухгүй, цагаараа явдаггүй, хүртээмжгүй. Оргил ачааллын үед бүгд нэг дор гарчихдаг. Иргэд хэдэн цагаар хүлээдэг. Энэ болгоноос болж иргэд нийтийн тээврээр үйлчлүүлэхээ больсон. Тиймээс алдаагаа засъя гэсэн бодлогыг эхний ээлжид хэрэгжүүлнэ.
Дараагийн ээлжинд Улаанбаатар хотод хөдөлгөөн зохицуулалт, мөн гэрлэн дохионы ухаалаг зохицуулалт, автозамын зогсоолын зохицуулалтууд, төлбөртэй бүсийн зохицуулалт руу үе шаттай шилжих эрхээ бидний өргөн барьсан хуулиар Нийслэл өөртөө шилжүүлж авъя гэж байгаа юм. Энэ хууль батлагдаад шууд төлбөртэй бүс тогтоогоод иргэдийн халаас руу орох гэж байгаа зүйл биш. Ямагт логик, дараалалтай хийгдэнэ. Төлбөртэй бүс тогтоогдсон тохиолдолд төлбөртэй бүс рүү ордог хэсэгт төлбөргүй зогсоолуудыг байгуулна. Зогсоолоос нийтийн тээврээр явах, явган алхах, унадаг дугуй, скүүтерээр явах боломжийг нээнэ. 1.5-аас 800 метрийн радиуст ийм зохицуулалт хийе гэсэн агуулга бүхий төлбөртэй бүсийн зохицуулалт орж ирэхээр байгаа юм.
-Олон жил яригдсан ч бодит болоогүй учраас тэр үү, метро гэдэг улаанбаатарчуудын хувьд үлгэр домгийн шинжтэй болсон. Та гарч ирээд метро барина гэчихлээ. Өндөр зардалтай энэ нийтийн тээврийг нэвтрүүлэх гарц гаргалгааг та яаж харж байгаа вэ?
-Метро, BRT, LRT, дүүжин тээврийг олон жил ярьсан. Масс тээврийн хэрэгслийг их хот нэвтрүүлэх хэрэгтэй. Тэр дундаа манайх шиг нэмэх 40-өөс хасах 40 хэмийн хэт хэлбэлзэлтэй агаарын температуртай улс. Нийтийн тээврээр нэг газраас нөгөө газарт очиход даарч хөрөхгүй, метрогоор зорчих нь хамгийн зөв сонголт гэдэгт хүн бүр санал нэгддэг. Өнөөдөр бидэнд нийслэлийн төсвөөр метро барих нь байтугай газар доогуурх инженерийн шугам сүлжээгээ солих санхүүгийн эх үүсвэр ч алга байна. Тиймээс үүн дээр ирэх онд гаднын томоохон хөрөнгө оруулагчидтай хэлэлцээр хийж, уул уурхайн бараа бүтээгдэхүүнээр арилжаа солилцоо хийх нөхцөлтэйгөөр метроны төслийг явуулна гэсэн төлөвлөлтийг хийж байна. Энэ сарын дундуур нөхөд ирэх байх. Ирээд хэлэлцээрийн ширээний ард сууя. Өмнө нь Д.Сумъяабазар даргын үед ерөнхий хэлэлцээрүүд хийгдсэн бичиг баримтууд бий. Тиймээс ерөнхий хэлэлцээрийг цаашид нарийвчилсан болгох хэлэлцээрийг эхэлье гэж байгаа юм.
Миний бие Монгол Улсын Засгийн газрын гишүүнээр ажиллаж байх хугацаандаа олон жил гацсан томоохон төсөл хөтөлбөрүүдийг хөдөлгөх чиглэлд гурван жил гаруй хугацаанд ажилласан. Энэ чиглэлд нэлээд туршлага хуримтлуулсан учраас хэлэлцээр хийх шаардлагатай гэж үзэж байгаа.
Метро дээр ЖАЙКА-гийн хийсэн урьдчилсан ТЭЗҮ бий. Үүнээс гадна тойрог хурдны замын төслийн урьдчилсан ТЭЗҮ бэлэн болсон.
-Хоёр бүсэд дахин төлөвлөлт хийнэ гэсэн. Орон сууцжуулах асуудал олон жил яригддаг ч мөн л бодит болоогүй. Үүнийг хувийн хэвшлээр хийлгэх чиглэлд та ямар бодолтой байдаг вэ?
-Гэр хорооллыг орон сууцжуулах талаар олон жил ярьсан нь үнэн. Улстөрчид бүгд ярьсан. Сонгууль бүрийн өмнө тууз хайчилсан. Нээсэн зүйл бий. Гэхдээ үр дүн нь ямар байгааг бүгд мэдэж байгаа. Энэ удаад Нийслэл гэр хорооллыг орон сууцжуулах төслөө өөрөө хэрэгжүүлье. Ингэхдээ хувийн сектортойгоо хамтаръя гэж байгаа. Хувийн секторт дангаар нь хариуцуулах гэхээр өнөөдөр санхүүгийн бүтэн потенциал алга. Зуу зуу, мянга мянган га-гаар нь гэр хорооллын айлуудын газрыг түр чөлөөлж тэндээ хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу иж бүрэн цогцолбор хороолол барих санхүүгийн болон хууль эрх зүйн орчин алга. Тиймээс бид энэ хуулиар энэ орчныг бүрдүүлж байгаа. Айлуудад олон нөхцөлүүд тавьж газрыг нь чөлөөлөх, чөлөөлсөн газар дээр иж бүрэн цогцолбор хороолол барих, барьсан хорооллоосоо айлуудын газрыг нь нөхөн олговор байдлаар авах зохицуулалтыг хийж байгаа.
Гэр хорооллын айлуудыг тэнд барилга бариад ипотекоор ор гэхээр төлбөрийн чадвар хүн бүрд ижил тэнцүү боломж алга. Тиймээс бид яаралтай утаанаас салъя гэвэл нэн яаралтай гэр хорооллын айл өрхүүдийг нийслэл орон сууцжуулж, орон сууцжуулан барьсан барилгууддаа гэр хорооллын айл өрхүүдийг нүүлгэж оруулах төлбөрт нь газрыг нь авах эрх зүйн зохицуулалтыг өргөн барьсан хуулийн төслийн хүрээнд ярьж байгаа юм.
-Парк шинэчлэлийн хүрээнд ирэх автобуснуудтай холбоотой ямар нэгэн асуудал гарч байна уу. Яг хэзээ хэдэн автобус ирэх вэ?
-Арваннэгдүгээр сарын 23-нд олон улсын нээлттэй тендерийг нээнэ. Маргаан үүсээгүй тохиолдолд арваннэгдүгээр сард багтаж тендерт шалгарсан аж ахуйн нэгжтэй гэрээ хийнэ. Мэдээж хэрэг автобус лангуун дээр байгаа юм шиг бэлэн байхгүй. Тендерийн нөхцөлдөө үйлдвэрлэгчийн хүчин чадал бүх юмыг тооцсон. Бидний авахаар зорьж байгаа автобусны тоо 700. Энэ онд багтаж 50 хувийг нь ирэх он дамнуулж Цагаан сар угтуулж 50 хувийг нь авна. Ийм нийтийн тээврийн парк шинэчлэлийг бүрэн хийнэ гэсэн төлөвлөгөөтэй байна.
Хамгийн гол нь орж ирсэн автобуснуудыг ямар компанид, ямар нөхцөлөөр өгөх, тухайн компаниуд уг автобуснуудыг хадгалах гарааш сав бэлэн үү. Улсаас өмнө нь авсан автобусныхаа төлбөрийг төлөхгүй бол өгөхгүй. Мөн тээвэр зохицуулалтын болон төлбөрийн программ хангамжийг хийх бэлтгэл зэргээр гэрийн даалгаврууд зөндөө бий. Энэ ажлыг хийж байна.
Тендерт хамгийн бага үнийн санал, хамгийн хурдан нийлүүлнэ гэснийг нь бид сонгон шалгаруулна. Орж ирсэн автобусаа яаж цааш нь нийтийн тээвэрт ашиглаж явах вэ гэдэг нь чухал асуудал. 2009 оноос хойш авсан автобусныхаа төлбөрийг одоо хүртэл төлөөгүй 10 аж ахуйн нэгж бий.
-Богино эргэлтийн автобус хэдий хэмжээгээр нэмэгдэх вэ?
-Өчигдөр надад Нийтийн тээврийн газрын дарга Улаанбаатар хотын арын гэр хорооллын өндөрлөг хэсгүүдэд байгаа айл өрхүүдийн гудамж дундуур 40-50 автобусыг богино эргэлтээр явуулах тооцоолол гаргаснаа танилцуулсан. Өндөрлөг хэсгээс богинын эргэлтийн автобус иргэдийг буулгаж ирнэ. Гол магистрал замуудад автобуснуудыг уртын эргэлт хийлгэхгүйгээр богинын эргэлт хийлгэж эхэлж байгаа. Жишээлбэл, баруун дөрвөн замаас зүүн дөрвөн зам хүртэл автобуснууд богино эргэлдэж байх ёстой. Яг метро шиг заасан цагаар тасралтгүй явж байх ёстой. Энэ шугамууд дээрээс Хайлаастаас, Чингэлтэйгээс, Зайсангаас ирсэн чиглэлүүд зорчигчдыг үндсэн магистрал дээр авч ирж буулгаад буцаад зорчигчдоо авч явдаг байна. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотод нийтийн тээврээр зорчихын тулд Шархаднаас гараад Таваншар хүртэл уртын эргэлт явахгүй. Шар хаднаас Офицеруудын ордон дээр авч ирнэ.
Офицеруудын ордноос Таваншар хүртэл нэг шугамаар явна. Үндсэндээ очих газартаа хоёр дамжаад богино хугацаанд хүрдэг байх нөхцөлийг бүрдүүлэх гээд байгаа юм. Ингэхийн тулд автобуснууд нь хурдан эргэлт хийдэг байх хэрэгтэй. Хөдөлгөөний эрчим нэмэгдэх, замын сүлжээг ч эргэлдүүлэх төлөвлөлтийг хийж байна.
УИХ-ын гишүүн Э.Батшугартай ярилцлаа.
-2024 оны төсвийг ярихаас өмнө Хятадын эдийн засгийн төлөв байдлын талаар асууя. Хятадын нүүрс зэсийн хэрэглээ, эдийн засгийн төлөвийг та хэрхэн харж байна вэ?
-Хятадын эдийн засагт дүн шинжилгээ хийвэл, сарын өмнөхтэй харьцуулахад хамаагүй тогтворжсон гэж хэлж болно. Гуравдугаар улирлын эдийн засгийн ДНБ-ий өсөлт нь 4.9 хувиар өссөн. Шинжээчид 4.4 хувиар өснө гэсэн хүлээлт байсан. Үүнээс 0.5 хувиар давж өссөн нь эерэг мессэж. Үүнтэй холбогдуулан хятад улс төв засгийн газраасаа эдийн засгийг идэвхжүүлэх болон дэд бүтцийн хөрөнгө оруулалтын хэд хэдэн арга хэмжээ авсан. Өнөөдөр л гэхэд нэг их наяд юанийн гадаад бонд гаргах шийдвэр гаргалаа. Энэ нь 140 тэрбум ам.доллар болно.
Мөн хятадын Засгийн газар төсвийн алдагдлаа гурван хувьд барьдаг байсан. Тэгвэл 3.8 руу өсгөсөн шийдвэрийг өнөөдөр гаргалаа. Шинжээчдийн дүгнэж байгаагаар Хятадын төв засгийн болон нийт мужуудынх нь төсвийн алдагдлыг тооцвол 7.6 хувьд хүрсэн байна. Энэ бүхэн нь дэд бүтцийн хөрөнгө оруулалтаа огцом нэмэгдүүлж, түүгээрээ дамжуулж эдийн засгийн нийт эрэлтээ нэмэгдүүлээд эдийн засгийн өсөлтөө тав орчим хувьд барих бодлого өргөжиж байна гэсэн үг. Үүнийг дагаад түүхий эдийн эрэлт нь нэмэгдэж байгаа юм. Энэ нь Монголын эдийн засагтай шууд холбоотой. Учир нь манай улсын экспортын 92 хувийг хятад улс дангаараа эзэлдэг. Тэр дундаа манай гадаад валютын дийлэнх хувийг зэс, нүүрс эзэлдэг. Макро эдийн засгийн түвшинд БНХАУ өнгөрсөн жил дөрвөн тэрбум 300 сая тонн нүүрс ашигласан. Энгийнээр зүйрлэж хэлбэл, манай Таван толгойн ордыг жилд ашиглаж байгаатай адил гэсэн үг.
Эхний гуравдугаар улиралд эдийн засгийн тэлэлтийн бодлоготой шууд хамаарч БНХАУ-ын нийт нүүрсний хэрэглээ нь 3.5 хувиар өссөн. Үүнийг тонноор бодвол 150 сая тонн болно. БНХАУ-ын 2023 оны нүүрсний хэрэглээ нь 150 сая тонноор нэмэгдсэн гэж ойлгож болно. БНХАУ-д манай улсаас гадна Индонез, Орос, Австрали улсаас нүүрс импортолдог. Нүүрсний эрэлт нь хэвээр байгаа. Гол нь нийлүүлэлтээ тогтвортой хангаж чадах нь чухал болчихоод байгаа юм. Монгол Улсын 2024 оны төсвийн төсөөлөлд 60 сая тонн нүүрс экспортолно гэж тооцоолсон. Үүнийг бодитой гэж харж байгаа. Учир нь эрэлт байна.
Нүүрсний эрэлттэй холбогдуулан хятадын ган хайлуулалт нь гурван хувиар нэмэгдсэн. Хятад улс дунджаар нэг тэрбум тонн ган хайлуулдаг
Ганг байшин, гүүр гэх мэт дэд бүтцийн бүх зүйлд ашигладаг. Энэ нь дагаад нэмэгдэнэ. Нэг тонн ган хайлуулахад ойролцоогоор 770 килограмм коксожсон нүүрс ашиглагддаг. Өнөөдрийн технологийг харвал коксожсон нүүрснээс өөр хямд ган хайлуулах технологи байхгүй байна. Volvo компани туршилтаар газаар хайлуулж байгаа. Үүнийгээ нүүрс хүчилгүй ган гэж мэдээлдэг. Энэ нь маш үнэтэй. Тиймээс ойрын 10, 20 жилдээ коксожсон нүүрс ашиглаж хайлуулах нь ойлгомжтой. Ган хайлуулалт нь өсч байгаатай холбоотойгоор манай коксожсон нүүрсний эрэлт Хятадад байж л байна.
Зэс бол хамгийн их хэрэглэгдэж байгаа металлуудын нэг. Цахилгаан машины үйлдвэрлэлт дэлхийд огцом нэмэгдсэн. Өнөөдрийн байдлаар дэлхийн хэмжээнд нийт зарагдаж байгаа машины хоёр хувь нь цахилгаан машин байна. Хятад улсад нийт зарагдаж байгаа машины 20 хувь нь цахилгаан машин болсон. Тэр дундаа BYD гэдэг машины үйлдвэрийн компани цахилгаан машины номер нэг үйлдвэрлэгч болсон. Хоёрдугаарт нь Tesla орж байгаа. Дэлхийн тренд Хятадтай адил 20 хувь руу орох нь ойлгомжтой. Аажимдаа орно байх. Нэг цахилгаан машин үйлдвэрлэхэд дунджаар 80 килограмм зэс утас хэрэгтэй байдаг. Энгийн дизель болон бензин хөдөлгүүртэй машин үйлдвэрлэхэд 10-20 килограмм зэс ашигладаг. Дийлэнх нь электронд зориулагддаг. Цахилгаан машины хэрэглээ огцом нэмэгдэж байгаатай холбоотойгоор дунд хугацаанд дэлхийд зэсийн хэрэглээ огцом нэмэгдэх төлөвтэй байгаа.
Мөн сэргээгдэх эрчим хүч дэлхий нийтийн тренд болж байна. Нүүрс хүчлийн хэрэглээнээс дэлхий дахин татгалзана гэсэн зорилго тавьсан байгаа шүү дээ. Сэргээгдэх эрчим хүч, салхины турбин болон наран панелуудад зэс утсыг хэрэглэдэг. Тиймээс эрэлт их байна. Манай гадаад валютыг бүрдүүлж байгаа бүтээгдэхүүнүүд харьцангуй тогтвортой болон өсөлттэй байна. Иймээс 2024 онд Монголын эдийн засаг ашигтай байна гэж харж байгаа. Үүнийг дагаад Монголын ДНБ долоон хувиар өснө гэсэн прогноз гарч байна.
-АНУ болон Европын холбооноос БНХАУ-д тавьсан Chip act манайд хэр нөлөөлөх бол?
-Хагас дамжуулагчийн хоригийг Дональд Трамп ерөнхийлөгчийн үед тавьсан. Тиймээс БНХАУ энэ чиглэлд их хэмжээний хөрөнгө оруулалт хийж сүүлийн үед өөрсдөө долоон нанометрийн чип үйлдвэрлэдэг болчихоод байна. Энэ хориг нь түр зуурын үр дүнтэй хориг байсан гэдэг нь батлагдаж байгаа юм.
Зөрүүлээд хятадууд газрын ховор элементийн экспортын квот тавьсан. Газрын ховор элементийг нарийн технологи, нанотехнологи, батлан хамгаалах салбарт болон чипэнд хамгийн их ашиглагддаг. Нэг ёсондоо технологийн дайн яваад байгаа нь ойлгомжтой. Энэ дайн Монголд ашигтай нөлөөлөх боломж нээгдэж байгаа юм. Учир нь газрын ховор элемент дээр. Газрын ховор элемент 17 элементээс бүрддэг. Олборлох болон боловсруулахад маш өндөр технологи ашиглагддаг. 17 элемент нь үнэтэйд тооцогддог. 17 элементийн хамгийн хямдхан нь нэг килограмм нь 5000 ам.доллар. Хамгийн үнэтэй буюу роди элемент нь нэг килограмм нь 250 мянган ам.доллараар зарагддаг. Алтнаас ч үнэтэй зүйл л дээ. Тиймээс Ерөнхий сайд газрын ховор элементтэй ордуудаа эдийн засгийн эргэлтэд оруулъя гэж яриад байгаа шүү дээ. Өнөөдөр БНХАУ зах зээлийн газрын ховор элементүүдийн 90-ээс дээш хувийг эзэлдэг. ӨМӨЗО-ны Баян-Овоо нэртэй уурхай байдаг. Энэ нь дэлхийн газрын ховор элемент нийлүүлэлтийн 90 хувийг, боловсруулалтын 100 хувийг эзэлдэг. Учир нь газрын ховор элемент боловсруулахад өндөр технологи ашиглагддаг. Бусад улс оронд хаа ч байхгүй. Мьянмар болон АНУ газрын ховор элемент олборлодог. Гэхдээ боловсруулж чаддаггүй. Ганцхан БНХАУ боловсруулдаг.
-Тэгвэл та 2024 оны төсвийг ерөнхийд нь хэрхэн дүгнэж байна. Сонгууль угтсан хөөсөрсөн төсөв боллоо хэмээх шүүмжлэл их байгаа шүү дээ?
-Дотооддоо бид ямар тохируулга хийх, юу нь чухал вэ гэдгийг харах нь зүйтэй. Уул уурхайгаас орж ирж байгаа их хэмжээний орлогоо иргэдэд яаж жигд хуваарилах, зургаа, долоон хувийн өсөлтийг яаж жигд хуваарилж хүртээмжийг нэмэгдүүлэх вэ гэсэн асуудал яригдаж байна. Үүнтэй холбогдуулан төсөв дээр хэд хэдэн бодлогыг хэрэгжүүлж байна. Нэгдүгээрх нь хөдөөгийн сэргэлт.
Төсвийн нийт зарлагын 80 хувь нь урсах зардал байдаг. Цалин, тэтгэвэр тэтгэмж зэрэг. Хөрөнгө оруулалт нь 20 хувьд ч хүрдэггүй. Үүний 70 хувь нь хот, хөдөөгийн сэргэлтэд зориулагдаж байна. Монгол Улс бүсчилсэн хөгжил хэрэгтэй. Эдийн засгийн 70 хувь нь Улаанбаатар хотод байж болохгүй. Энэ нь нэгдүгээрт, стратегийн хувьд эрсдэлтэй. Хоёрдугаарт, орчны бохирдол, агаарын бохирдол, түгжрэл гэхчлэн олон асуудал гарч байна. Тиймээс хөдөөгийн бүсчилсэн хөгжил гэдэг чухал. Иймээс ч төсөв яг үүн рүү чиглэж байна. Мянганы замын нэгдүгээр үе шат дуусч, бүх аймгийн төвүүдийг хатуу хучилттай замаар холбосон. Аймгуудыг хатуу хучилттай замаар холбох Мянганы замын 2.0 сэргэлтийн бодлого явж байна. Үүнд 260-аад тэрбум төгрөгийн төсөв тавьсан. Монголын иргэд гадаад улс руу эмчлүүлэхээр явахад албан тоогоор 300 сая ам.доллар гадагшаа гарч байна. Албан бус тоогоор энэ тоо хамаагүй их байх нь ойлгомжтой. Үүнийг сааруулахын тулд Монгол Улсад шинжлэх ухаан технологийг хөгжүүлэхийн тулд Эд эс шилжүүлэн суулгах эмнэлгийг барих 160 тэрбум төгрөгийн төсөв тавигдсан. Гэхчлэнгээр хөгжлийн том зорилгуудтай төсөв гэж ойлгож болно.Төсвийн бодлого нь тодорхой хөгжлийг онилбол үр дүнд хүрдгийг энэ жил харсан. 2022 онд төсөв баталж байхад боомтын сэргэлтийн төсвийг суулгасан. Үүний үр дүнд манай улсын экспорт огцом нэмэгдэж, худалдааны тэнцэл 4.8 тэрбум ам.доллаар эерэг ашигтай гарсан. Төлбөрийн тэнцэл 500-аад сая ам.долларын ашигтай гарсан. Урсгал тэнцэл 1998 оноос хойш анх удаа эерэг ашигтай гарсан. Үр дүнд нь гадаад валютын хямралаас Монгол Улс өөрсдийгөө сэргийлсэн. 2.6 тэрбум ам.долларын албан нөөцтэй байснаа 4.1 тэрбум төгрөгийн нөөцтэй болсон. Аж үйлдвэрийн өсөлт 50 хувиас дээш үзүүлэлттэй гарсан. Энэ мэтчилэн том эерэг хандлагууд гарч байна. Хамгийн гол нь энэ хандлагуудаа барьж эдийн засгийн праметруудээ алдахгүй үргэлжлүүлэх нь чухал. Боомтын сэргэлтийн хувьд Гашуунсухайт, Замын-Үүд, Алтанбулагийн боомтоор том бүтээн байгуулалт явж байна. Ирэх жилээс төмөр замын холболт хийгдэж эхэлнэ. Ингэхээр Монголын экспорт тодорхой хувиар ахиц гарна. Нүүрсийг 60 сая тонноос ч илүү экспорт гарах боломжтой гэж харж байна.
-Ирэх жилийн төсөвт цалингийн нэмэгдэлд 4.6 тэрбум төгрөгийг төсөвлөсөн гэхчлэнгээр инфляцийг өдөөх зүйл олон бий. Гэтэл инфляцийг 8.5 хувьд барина гэж мэдээлсэн. Энэ боломжтой юу?
-Инфляцийн дийлэнхийг хүнсний бүтээгдэхүүн бүрдүүлж байна. Хэрэглээний импорт харьцангуй буурсан. Тээвэр ложистикийн үнэ буурсан. Дээрээс нь гадаад орчны нийлүүлэлт харьцангуй гайгүй болсон. Дотоодын хүнсний инфляци дийлэнхийг нь эзэлж байна. Тодруулбал, мах гурилан болон сүүн бүтээгдэхүүн. Энд нийлүүлэлтийн чанартай механизм ажиллахгүй байна. Үүнийг дараагийн түвшинд авч ирэх бодлого хэрэгжүүлэх ёстой гэдэг нь харагдаж байна. Тэр дундаа махан дээр. Жил бүр нөөцийн мах бүрдүүлдэг ч хавар болохоор махны үнэ өсдөг. Нийлүүлэлт талдаа хомсдолд ордог. Гэсэн хэрнээ 70 гаруй сая малтай. Тиймээс би нөөцийн махны механизм ажиллахгүй байна гэдгийг их ярьдаг л даа. Илүү бүсчилсэн хабууд байгуулаад хаана нь эрэлт нийлүүлэлтийн гачигдал гарч байна. Тийшээ нь чиглэсэн нийлүүлэлтээ бүсчилж явуулаад, хаана нь зуд багатай мал тарган байна тэр бүсээс татах нь зүйтэй. Үүнийг зах зээлийн горим руу илүү чиглүүлж хувийн хэвшилд өгөх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, төр нөөцийн мах бүрдүүлэх механизм хийхгүйгээр хувийн салбарт тодорхой хэмжээний дэмжлэг өгч зах зээлийн механизмыг хувийн салбарт нь өгөөд хувийн салбар бүсчилсэн хабууд байгуулж боловсруулах үйлдвэрүүд болон худалдаж авах цэгүүдээ үүсгэж явах нь зөв. Үүнийг гэхдээ заавал ченжийн тогтолцоо гэж харж болохгүй. Ченжийн тогтолцоо Улаанбаатар хотын махны нийлүүлэлтэд байдаг. Энэ нь доголдол үүсгэж байгааг бид мэдэрч, харж байна шүү дээ.
-Тэгэхээр инфляцийг яаж барих вэ?
-Инфляцийг барихдаа нэг талдаа нийлүүлэлтийг харах хэрэгтэй. Нийлүүлэлтээ хангалттай өгөх ёстой. Мөнгөний бодлого, төсвийн талдаа бол мөнгөний бодлогоо уламжлалт бус шинэ хэрэгслийг харж инфляциа барих нь зүйтэй. Өнөөдрийн байдлаар бодлогын хүү, банкуудад заавал байх ёстой нөөц гэсэн механизмыг ашиглаж байна. Энэ нь 2012 оноос хойш шинэчлэгдээгүй. Өөрөөр Төв банкны эдийн засагт шууд нөлөөлж болох механизмуудыг судалж Монгол Улсад нэвтрүүлэх нь зүйтэй. Монголын эдийн засаг Америк, Хятад, Европын холбооны улсуудтай харьцуулахад харьцангуй жижиг. Тиймээс өөрчлөлт хийж цаг хугацаанд нь тохируулга хийх нь чухал. Төсвийн бодлого заавал зарлага талаасаа биш бодлого руу чиглүүлэх нь зүйтэй. Тэгж явж байна. Тэр дундаа боомтын сэргэлт болон шинэ сэргэлтийн хүрээнд амжилттай явсан гэж ойлгож болно. Боомтын сэргэлт бол байгаа оносон амжилтад хүрсэн гэж хэлж болно. Хот хөдөөгийн сэргэлтийг амжилттай хэрэгжүүлснээр тухай бүсчилсэн махны нийлүүлэлт нэмэгдэхийг үгүйсгэхгүй. Учир нь хүн ам суурьшсан бүсийг дагаад зах зээлийн эдийн засаг идэвхэждэг.
-Хэдийгээр эдийн засаг өсөлттэй гарна гэж байгаа ч сонгуулийн дараа ам.долларын ханш өснө гэсэн яриа нийгэмд их байна. Ам.долларын ханшийг цаашид тогтвортой барихын тулд яах ёстой вэ?
-Үүнийг макро эдийн засгийн болон төлбөрийн тэнцлийг харсан зүйл.
Ам.долларын ханшийг хүчээр барих, эсвэл буулгах механизм ашиглах нь буруу гэж боддог. Учир нь зах зээлийн механизм болон зах зээлийн эдийн засгийн хуулиар, мөн ам.доллар орж ирж байгаа орлогоор шууд явуулах нь зөв гэж боддог. Монгол Улс худалдааны тэнцэл нь ашигтай гарсан хэрнээ төлбөрийн тэнцэл нь алдагдалтай байдлаар олон жил явж ирлээ. 2023 оноос эхлэн төлбөрийн тэнцэл ашигтай гарч эхэлж байна. Төлбөрийн тэнцлийн урсгал зардлыг харвал эерэг гарсан. Энэ нь 1998 оноос хойш анх удаа ашигтай гарсан гэж ойлгож болно. Энэ трендээр явбал төлбөрийн тэнцэл ашигтай гарч үүний үр дүнд Монголд орж ирж байгаа гадаад валют нэмэгдэж, төгрөгийн ханш чангарч ам.долларын ханш сулрах суурь нөхцөл бүрдэхийг үгүйсгэхгүй. Гэхдээ ам.долларын ханш Монголын бодлогоос гадна АНУ-ын Төв банкны бодлогын хүүгээс шууд хамаардаг. Бодлогын хүү Жеррими Паул Жером Пауэлл гэж АНУ-ын Төв банкны ерөнхийлөгчийн өгсөн ярилцлагыг харахад Америкийн эдийн засгийн инфляци харьцангуй тогтворжиж байгаа тренд харуулж байна. Тэгэхээр заавал бодлогын хүүгээ өсгөх шаардлагатай юу үгүй юу гэдгийг ахиж ярилцах ёстой. Өмнөх хурлууд дээр бодлогын хүүгээ өсгөнө гэсэн мессежийг өгч байсан. Одоогийн хүлээлт харьцангуй өсгөхгүй байх нөхцөл бүрдэж байна гэж ойлгохоор ам.доллар гадаад орчиндоо өсөхгүй гэсэн хүлээлт үүсгэж чадлаа. Монголын эдийн засагт нэг чухал зүйл байгаа юм. Тэр нь гадаад валютын нөөцийг бүрдүүлж байгаа том аж ахуйн нэгжүүд болох Оюу толгой, Таван толгой, Эрдэнэт гэхчлэн компаниуд гадаад валютын орлогоо төгрөг болгохдоо шууд Төв банк дээр очоод солиулдаг. Банкны салбарын систем рүү оруулахгүй байгаа юм. Энэ нь сөрөг болон эерэг талтай. Эерэг тал нь Төв банкны албан нөөц шууд нэмэгдэнэ. Гэхдээ бусад банк санхүүгийн салбарт хангалттай ам.доллар нийлүүлж чадахгүй байна гэсэн үг. Энэ процессоо больж банкууд руу ам.доллар нийлүүлэх үе шаттайгаар процесс хэрэгтэй гэж боддог. Нөгөө сөрөг тал нь өмнөх гашуун туршлагыг харахад тоотой хэдэн банкууд их хэмжээний ам.доллар цуглуулж суугаад зориуд төгрөгийн ханшийг сулруулсан. Ингэснийхээ дараа буцаж ам.долларыг зах зээлд зарж ханшным зөрүүгээс ашиг олж байсан. Үүнийг Монголбанк анхааралдаа авч хянах ёстой. Тодорхой хэмжээний зохистой харьцаа актив дээр нь тогтоох ёстой. Активынх нь ам.долларын төгрөгийн коэффициент дээр нь тогтоож барих нь зүйтэй. Учир нь зах зээлийн монивцлаци ханш дээр хийх нь Монголын эдийн засагт хортой үр дагавартай. Эерэг тал нь банкууд болон бусад аж ахуйн нэгжүүд гадаад валют авах нөхцөл бүрдэнэ гэж ойлгож болно.
Р.ХИШИГЖАРГАЛ
Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Ипотекийн хөтөлбөрийг Засгийн газраас буцаагаад Монголбанк руу шилжүүлсэн. Ипотекийн зээлийн одоогийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөөч?
-Өнгөрөгч оны өдийд УИХ-аар 2023 оны Мөнгөний бодлогын үндсэн чиглэлийг батлахаар хэлэлцэж байх явцад ипотекийн хөтөлбөрийг Засгийн газарт шилжүүлье гэсэн санал гарч тогтоолын төсөл хэлэлцэгдсэн. Учир нь Ковидын түр хуулийн дагуу ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг хойшлуулсан байсан. Тухайн үед Ковидын түр хуулийн үйлчлэл дуусгавар болсон. Ипотекийн хөтөлбөрийг 2023 онд багтаж Засгийн газарт шилжүүлнэ гэж тухайн үед яригдаж байсан ч УИХ-ын тогтоолын төсөлд “хагас жилд багтаж” гэсэн нэр томьёогоор орж ирж батлагдсан.
Тухайн үед манай банкны зүгээс хөтөлбөрөө шилжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлж, Засгийн газарт шилжүүлэх ажлын хэсэг гарч ажилласан. Тогтоолд туссан “хагас жил” өнгөрөгч долдугаар сарын 1-нд дууссан. Засгийн газрын зүгээс энэ хөтөлбөрийг авч явах тогтолцоо байхгүй учраас авч чадахгүй нь гэсэн. Ингээд долдугаар сарын 1-нээс хойш ипотекийн зээл гарахгүй байсан. Засгийн газрын хурлаар Монголбанкинд ипотекийн хөтөлбөрийг түр хугацаанд хариуцуулахаар хэлэлцэж шийдсэн.
Энэ чиглэлээр агентлаг байгуулсны дараа Монголбанкнаас шилжүүлэн авахаар яригдаж байна. Өнөөдрийн хувьд ипотекийн хөтөлбөрт Монголбанкны эх үүсвэрээр нийт 4.6 их наяд төгрөгийн мөнгө эргэлдэж байна. Энэ оноос эхлэн ипотекийн зээл сар бүр хэвийн хэмжээнд төлөгдөж байна. Өөрөөр хэлбэл, одоогоор ипотекийн зээл авсан иргэдийн сарын төлбөр сар бүр орж ирж байгаа гэсэн үг. Энэ эх үүсвэрээр ипотекийн зээл олгоно.
-Ер нь сард хичнээн хэмжээний ипотекийн зээлийн хүсэлт ирж байгаа вэ?
-Шаардлагатай эх үүсвэрийн дүн Монголбанкинд ирдэг. Тодруулбал, 800-аад тэрбум төгрөгийн эх үүсвэр зайлшгүй шаардлагатай байна гэсэн мэдээлэл ирсэн. Бидний хувьд энэ хөтөлбөрийг Засгийн газар руу шилжүүлэх үү, эсвэл өөрсдөө хариуцвал хэрхэн яаж хэрэгжүүлэх вэ гэдэгт чиглэл гаргах ёстой. УИХ-аас Монголбанк үргэлжлүүлэн хариуц, эсвэл Засгийн газарт хурдан хугацаанд шилжүүл гэсэн ямар нэгэн чиглэл шийдвэр гарах ёстой гэж харж байна.
Монголбанкны эх үүсвэрээр олгох зээлийн дээд хэмжээг Улаанбаатар болон орон нутагт ялгамжгүй буюу 150 сая төгрөг гэж холбогдох журам, гэрээнд тусгасан.
-Ипотекийн найман хувийг зургаан хувь болгоход шаардлагатай эх үүсвэрийг Монголбанк гаргах бүрэн боломжтой гэсэн байр суурийг зарим улстөрчид илэрхийлсэн. Үүний эх үүсвэрт хичнээн хэмжээний мөнгө шаардагдах вэ?
-Энэ чиглэлээр өмнө нь ажлын хэсэг ажилласан. Найман хувийг зургаан хувь болгоход 400-500 тэрбум төгрөгийн хүүгийн зөрүүний зардал гарахаар байгаа юм. Энэ мөнгийг хэн гаргах вэ гэдэг нь асуудал. Монголбанк бол төрийн байгууллага. Мэдээж манайх төсөвтэй ч, энэ дарамт нь төрийн нуруун дээр ирнэ. Энэ мөнгийг гарга гэсэн эрх бүхий этгээдийн шийдвэр гарах ёстой. 400-500 тэрбум төгрөг бол бага мөнгө биш, их хэмжээний тоо.
-Төсөв, мөнгөний бодлого хоорондоо уялдахгүй байна гэсэн шүүмжлэлийг эдийн засагчид хэлдэг. Энэ чиглэлд Сангийн яамтай хэрхэн хамтарч ажилласан бэ?
-Төсөв их хэмжээний тэлэлттэй байгаа үед макро эдийн засгийнхаа тогтвортой байдлыг хангахын тулд мөнгөний бодлого яах аргагүй хатуу байхаас аргагүй. Монголбанкны үндсэн зорилго нь төгрөгийн тогтвортой байдал буюу үнийн тогтвортой байдлыг хангах. Нэгэнт инфляци 10 орчим хувьтай өндөр байгаа тохиолдолд 6-8 хувьд хүргэхийн тулд бид мөнгөний хатуу бодлого явуулна. Энэ бол зөвхөн Монголд барьж байгаа бодлого биш. Дэлхий дахины олон орны Төв банкууд мөнгөний хатуу бодлого явуулж байна. Зорилго нь инфляцийг богино хугацаанд нам дор түвшинд аваачих.
-Инфляцийг бууруулах үүднээс Мөнгөний хатуу бодлого бариад ч инфляци буурсангүй шүү дээ. Нөгөөтэйгүүр мөнгөний хатуу бодлогын улмаас аж ахуйн нэгжүүдэд бизнесийн зээл олдохгүй байгааг хувийн хэвшлийнхэн хэлж байна?
-Инфляци зөвхөн манай улсад буурахгүй байгаа юм биш. Дэлхий дахинд байгаа үзэгдэл. Энэ нь олон учир шалтгаантай байна. Саяхан ОУВС-гийн жилийн уулзалт болсон. Уг уулзалтын үеэр энэ асуудал яригдсан. Цар тахал гэхээр хоёр гурван жилийн өмнөх асуудал яригдах хэдий ч өнөөдөр ковидын ард гарсан улс орон хэд байна вэ. Өнөөдөр ч тэр байдлаасаа гарч чадаагүй төвөгтэй нөхцөлд байгаа улс ч байгаа шүү дээ. Цар тахлын дараах олон улсын хурцадмал нөхцөл байдал нэмээд дайны шинжтэй зүйл байн байн гарч байна. Энэ нь эдийн засгийн хэвийн үйл ажиллагаанд саад учруулж байна. Гадаад худалдаа, тээвэр, барааны хомсдол үүсгэж байгаа учраас инфляци аль ч оронд өндөр байгаад байна л даа.
Төв банкны үндсэн зорилго нь инфляцийг нам доор түвшинд аваачих. Тиймээс сонголтгүйгээр мөнгөний хатуу бодлогыг барьж байна. Төсөв алдагдалгүй бол мөнгөний бодлогыг зөөлрүүлэх боломж гарч ирнэ.
-Ирэх жил инфляцийг 8.5 хувьд хүргэнэ гэж Сангийн яам мэдээлсэн. Энэ боломжтой юу. Ирэх жилийн төсвийн алдагдал таван их наяд шүү дээ?
-Энэ оны эхэнд Монголбанк мөнгөний бодлогын шийдвэрүүдийг гаргаж байхдаа энэ онд инфляци нэг оронтой тоо руу орно. Нарийн тооцоолбол найм орчим хувьд хүрэх болов уу гэсэн төсөөлөлтэй байсан. Хагас жилийн дараа төсөв 1.8 их наяд төгрөгөөр нэмэгдсэн. Долдугаар сард 9.2 хувьтай байсан инфляци есдүгээр сард 10.1 хувь буюу хоёр оронтой тоо руу орчихлоо. Анх төсвийн тодотголыг хийж байхад Сангийн яам, Эдийн засаг, хөгжлийн яамны зүгээс инфляцид хоёр нэгж хувийн дарамт үзүүлэх юм байна гэж байсан. Бидний төсөөллөөр 8.5 хувьд байсан инфляцид хоёр нэгж хувийн дарамт очиж 10.1 хувьд болсон. Одоогийн байгаа энэ тоо бидний төсөөллөөс ялгаатай биш байгаа. Оны эцэст инфляци нэг оронтой тоо руу орно гэж харж байна. Энэ бол мөнгөний хатуу бодлого үргэлжилж байгаагийн үр дүн юм.
-Ирэх оны төсөвт цалин тэтгэврийн нэмэгдэлд 4.6 их наяд төгрөг туссан. Энэ нь инфляцид нөлөөлнө. Тэгэхээр инфляцийг 8.5-д барих нь боломжгүй биш үү?
-1.8 их наяд төгрөгөөр төсвийн зардлыг нэмэгдүүлэхэд инфляцийн ямар дарамт гарч ирж байгааг би сая хэллээ шүү дээ. Үүнтэй адил ирэх оны төсөв ямар хэмжээгээр томорч байна, тэр хэмжээгээр инфляцийн дарамт ирэх нь ойлгомжтой. Энэ дарамт нь цалин тэтгэврийг нэмсэн хугацаанд гарч ирнэ. Ер нь төсөв, мөнгөний бодлогын үр дүн зургаан сарын дараагаас идэвхэждэг. Тиймээс цалин нэмэхтэй холбоотой зардлын дарамт ирэх оны төгсгөл рүү гарах байх гэж харж байна.
Р.ХИШИГЖАРГА
УИХ-ын гишүүн Н.Ганибалтай ярилцлаа.
-Төрийн нууцад оруулж тендергүй худалдан авалт хийсэн үйл ажиллагаануудыг хянан шалгах Түр хороог байгуулах санаачилга гаргах шалтгаан тань юу вэ?
-МАН эрх барьж байгаа өнгөрсөн долоон жилийн хугацаанд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль буюу тендерийн тухай хуулиар маш олон зөрчил гарсан байна. Энэхүү хуулийг буруу хэрэглэснээс болж Монголын татвар төлөгчдийн мөнгийг их хэмжээгээр шамшигдуулсан. Төрд хулгай нүүрлэсэн асуудлууд эхнээсээ ил тод болж байна шүү дээ. Тиймээс үүний эргэн тойронд болон өөр ямар асуудлууд байна гэдгийг хянан шалгах Түр хороо байгуулж, мэдээллийг олон нийтэд ил тод хүргэе гэж зорьж байна. Түр хороо мөрдөн мөшгих эрхтэй. Нээлттэй сонсгол зохион байгуулах боломжтой. Шинжээчдийг томилж бодит нарийн мэдээллийг бий болгох боломжтой. Тиймээс асуудлыг ил болгох үүднээс ийм санаачилга гаргасан.
-Түр хороо байгуулах санаачилгыг одоогоор хэдэн гишүүн дэмжээд байна вэ?
-УИХ дахь АН-ын бүлгийн 12 гишүүнээс гадна ХҮН намын төлөөлөл Т.Доржханд гишүүн зурсан. УИХ-ын 19 гишүүн дэмжиж гарын үсэг зурснаар Түр хороо албаждаг. МАН-ын бүлгийн нэг ч гишүүн зураагүй байна. Ард түмний элч төлөөлөгч болно, шударга үнэний төлөө явна, мэдээллийг иргэдэд ил тод хүргэнэ гэж үүрэг хүлээн иргэдийн дэмжлэгийг авч УИХ-д сонгогдсон МАН-ын гишүүд зөвхөн намын эрх ашгийн үүднээс энэ асуудалд хандаж гарын үсэг зурахгүй байгаа нь харамсалтай санагдаж байна. Тэд зөвхөн МАН-ынхаа эрх ашгийн хүрээнд, өөрсдийнх нь байгуулсан Засгийн газрынхаа асуудлуудыг нуун дарагдуулах зорилгоор гарын үсэг зурахгүй байна гэж хардаж байна.
Төрийн нууцад оруулж худалдаж авах ажиллагааг Тендерийн тухай хуульд тодорхой заасан байгаа шүү дээ. Тодруулбал, “Төрийн нууцад хамруулсан болон үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбоотой тусгай зориулалтын тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, техник байгууламж, ажил үйлчилгээ болон галт зэвсэг худалдан авахтай холбоотой харилцааг зохицуулахгүй” хэмээн заасан байгаа. Гэтэл ногоон автобус Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц хэмжээний асуудал мөн үү. Биш. Нүүрсний оффтейк гэрээнүүд ҮАБ-д нөлөөлөхүйц хэмжээний асуудал мөн л биш. Эдгээрийг яагаад Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц хэмжээний асуудал гэж нууцад хамруулав. Яагаад Төрийн болон албаны нууцын тухай хуулийг тэнд ашиглав. Үнэхээр энэ хуулийг ашигласан уу, үгүй юу. Энэ асуудлуудыг ил тод болгоё гэж байгаа юм.
Өнөөдөр энэ асуудалд ямар нэгэн хариулт өгсөн хүн алга. Үүнийг хэн нууцад оруулсан бэ гэдгийг өнөөдөр сэтгүүлчид ч тэр, жирийн иргэд ч тэр мэдэхгүй байна. Төрийн нууц гэдэг нэрэн доор хууль бус зүйл байна уу. Нээлттэй биш, нууц байх тусам түүний цаана хууль бус зүйл, хулгай явж байна гэж хардаг.
-Сүүлийн долоон жилийн хугацаанд нууцад хамруулж ажил үйлчилгээ хийсэн зүйл хэр их байна вэ?
-Төрийн нууцад хамрагдсан л гээд байгаа болохоос яагаад нууцад оруулсан, хэн оруулсан юм бэ гэдэг нь хаалттай байна. Нүүрсний оффтейк гэрээнүүд нууцад хамрагдсан гэсэн мэдээлэлтэй л байна. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн асуудал болоод хувирсан. Нууцад хамрагдсан учраас энэ асуудалтай УИХ-ын гишүүд бид өнөөдрийг хүртэл танилцаж чадахгүй байгаа. Нууцад хамруулсан мэдээлэлтэй танилцахаар “Та төрийн нууцад хамруулсан мэдээлэлтэй танилцсан. Тиймээс энэ талаарх мэдээллийг ямар нэгэн байдлаар гаргавал та Монгол төрийн нууцыг санаатайгаар ил гаргасан хариуцлага хүлээлгэнэ гэдэг. Төрийн нууцын тухай хуулиар хэрвээ тухайн асуудал нь тухайн үедээ нууц байсан бол хугацаа, үйл ажиллагаа нь дууссаны дараа олон нийтэд ил болгох эрхтэй юм билээ. Харамсалтай нь энэ байдал өнөөдрийг хүртэл гарч ирсэнгүй.
Дээрээс нь нийслэлийн худалдан авалтууд хүртэл нууцад орчихсон. Ногоон автобус, Улаан автобус. Цагдаагийн, түргэн тусламжийн машинууд зэрэг. Үүнээс өөр нууцад оруулсан асуудал хэд байгааг хэн ч мэдэхгүй. Нууцад орсон гэж зохион байгуулалт хийж байгаа болохоос яг нууцад орсон уу, үгүй юу. Хэн нууцад оруулсан нь тодорхойгүй. Засгийн газар оруулсан уу. Эсвэл Засгийн газраар дамжуулаад Тагнуулын ерөнхий газар оруулчихсан уу. Тэр нь нууцад оруулах субъект мөн үү, биш үү гэдгийг ил болгомоор байна. Хэрвээ нууцад оруулсан бол Засгийн газар оруулсан байх ёстой. Засгийн газар үнэхээр нууцад оруулсан уу, үгүй юу гэдгийг өнөөдрийг хүртэл гаргаж тавихгүй байна. Энэ нууцынх гэдгээ гаргаж тавих хэрэгтэй шүү дээ. Түр хорооны зорилгын нэг нь хэдий хэмжээний гэрээ нууцад орсон бэ гэдгийг ил болгох зорилготой.
-Хэр их хэмжээний мөнгө нууцын ард зарцуулагдав гэдэг мөн чухал л даа?
-Гадаадын зээл, тусламж, хувийн аж ахуйн нэгжүүдийн өгсөн хандив мөнгөний нийт зарцуулалт 20 их наяд төгрөг байгаа юм. Үүнээс нууцад оруулсан асуудлууд байна. Шууд худалдан авалтууд хийсэн асуудал ч байна.
Үүнээс гадна бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үеийн худалдан авалтуудыг шууд төр худалдаж авна гээд тендерийн тухай хуульд заачихсан. Энэ хуулиар дамжуулж шууд худалдан авалтууд хийдэг. Гэтэл өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг цуцалчихаад байхад энэ хуулиа ашиглаад байна. Жишээлбэл, өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг цуцалбал вакцин зэрэг худалдан авалтууд ердийн худалдан авалтаар явах ёстой. Нээлттэй тендерээр худалдан авалтыг зохион байгуулах ёстой. Харамсалтай нь тэгж явахгүй байна.
-ҮАБЗ-өөс гадна тухайн асуудлыг төрийн нууцад оруулах эрхтэй субъект байдаг юм уу?
-Засгийн газар төрийн нууцад оруулна. Хоёрдугаарт, УОК-оос онц байдал зарласан үеийн нөхцөл гэдэг юм уу, эсвэл гамшгаас хамгаалах бэлэн байдал зарласан бол тухайн нөхцөл байдалтай уялдуулж төрийн худалдан авалтыг зохион байгуулах чиглэлийг яамд хэрэгжүүлсэн асуудал бий. Гэтэл өндөржүүлсэн бэлэн байдал цуцлагдчихаад байхад хэрэгжээд байна. Энэ асуудлууд бол ноцтой л доо.
Хуульд “үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц” гэдэг томьёолол байгаа юм. Энэ томьёоллоор Засгийн газар тухайн асуудал ҮАБ-д нөлөөлөх эсэх, төрийн нууцад оруулах эсэх шийдвэрийг ҮАБЗ-өөр хэлэлцүүлж шийдвэр гаргуулдаг. Энэ процессоор явж байна уу, үгүй юу. Нийслэлийн асуудал энэ дарааллаар хийгдсэн үү гэдэг нь маш эргэлзээтэй. Ер нь Тагнуулын ерөнхий газар үүн дээр ямар нэгэн зөвлөмж өгч, түүнд нь үндэслэж нууцад хамруулах боломжгүй юм билээ. Засгийн газар тэрийг хэлэлцэж шийдвэр гаргах ёстой.
Энд нэг зүйлийг хэлэхэд, цөөнхийн буюу сөрөг хүчин Түр хороог ахалж, зохион байгуулж чадвал мэдээллийг олон нийтэд ил болгож чадах юм билээ. Түүнээс эрх барьж байгаа намаас сонгогдсон УИХ-ын гишүүн Түр хороог даргалахаар Засгийн газартай тодорхой түвшинд мэдээллээ солилцоод алийг нь ил гаргах, алийг нь нууцалж иргэдэд мэдээлэхгүй байх вэ гэдгээ зохион байгуулдаг юм билээ. Хөгжлийн банкны сонсгол дээр энэ процесс харагдсан.
Яагаад гэхээр цөөнхөөс орж ирсэн УИХ-ын гишүүдэд мэдээллийг харилцан адилгүй өгч байгаа юм. Өөрсдөө түрүүлж мэдээлэл авдаг. Харин цөөнхийн бид хэвлэл мэдээллийн шууд дамжуулалтаас олон нийт авч байгаа мэдээлэлтэй яг адил хэмжээнд мэдээлэл авч байгаа юм. Тэд түрүүнд мэдээлэл авч асуултуудаа бэлдчихээд, харин бид шинжээчийн мэдээллийг авалгүйгээр шууд сонсголд орох нь утгагүй. Нүүрсний сонсголын хүрээнд шинжээчид ажиллаад тэрхүү мэдээлэлтэй танилцаж нээлттэй сонсгол хийх гэтэл хугацааг нь хойшлуулсан. Дараа нь Түр хороог бүр татан буулгачихсан. Энэ бол олон нийтэд тэр мэдээллийг хүргэхийг хүсээгүй гэсэн үг. Ковидын зарцуулалтын түр хороог мөн адил замхруулсан.
Р.ХИШИГЖАРГАЛ
УИХ-ын гишүүн Х.Ганхуягтай ярилцлаа.
-НӨАТ-ын буцаан олголтыг таван хувь болгох асуудлаар иргэдээс санал авах санаачилгыг та бүхэн гаргасан. Таван хувь болгосноор иргэдэд ямар ашигтай вэ?
-Иргэд хууль батлалцдаг, хуульд иргэдийн саналыг авах тогтолцоог D- Parliament-аар өнгөрөгч онд бий болгосон. Тэгвэл үүний үргэлжлэл болгож өчигдөр D-petition нийтийн цахим өргөдөл, гомдлын системийг нэвтрүүллээ. Ингэснээр тодорхой нэг асуудлаар 33 мянган иргэний санал гаргавал тухайн асуудлаар ажлын хэсэг байгуулна. 70 мянган иргэн санал ирвэл тухайн асуудлаар Хяналт шалгалтын түр хороо байгуулж, сонсгол хийх боломжийг олгож байна. Үүнийг УИХ-ын тухай хуулийн 31.1 дэх заалтад оруулсан. Харин 100 мянган иргэний санал ирвэл тухайн асуудлаар холбогдох байнгын хороо хууль санаачилна. Ингээд УИХ-аар хэлэлцэж батлах боломжтой болж байна.
Өөрөөр хэлбэл, иргэн бүр УИХ-ын 77 дахь гишүүн болно гэсэн үг. Хэрвээ иргэний эрх зөрчигдөж байгаа ямар нэгэн асуудал, эсвэл хүүхдийн эрх зөрчигдөж байна гэж үзвэл та тухайн асуудлаар өргөдөл гаргаж иргэдээс санал авна. Таны саналыг 100 мянган иргэн дэмжвэл түүнтэй холбоотой хуулийг холбогдох байнгын хороо санаачилна гэсэн үг. Харин 70 мянган иргэн дэмжвэл тухайн асуудлаар хяналт шалгалтын түр хороо байгуулж, сонсгол хийнэ. Жишээлбэл, НӨАТ-ын буцаан олголтыг таван хувь болгох санаачилгыг иргэний хувиар гаргаж иргэддээ хандлаа. Буцаан олголтыг таван хувь болгосноор ойролцоогоор 600 тэрбум төгрөгийн дарамт төсөвт ирнэ. Гэхдээ буцаан олголтыг нэмэгдүүлснээр татварын бааз суурь өргөжинө.
Буцаан олголтыг олгодог болсноор НӨАТ-ын орлого 2.7 их наяд байсан бол хоёр хувь болгосноор 4.7 их наяд болж өссөн. Ихэнх худалдааны төв, захууд НӨАТ олгохгүй байна. Учир нь иргэд НӨАТ-аа нэхэхгүй байна. Хоёр хувийн төлөө и-баримт руугаа шивж оруулахаас залхуурч байгаа хэсэг ч бий. НӨАТ-ын буцаан олголтыг таван хувь болгосноор иргэдийн оролцоо идэвхжинэ.
Сугалаа гэж байхаар таван хувийн буцаан олголт өгдөг болчихвол татварын бааз суурь нэмэгдэнэ гэж үзэж байгаа.
Магадгүй дараа жил 4.7 их наяд төгрөгийн татварын орлого тав, долоон их наяд гэдэг ч юм уу татварын орлого нэмэгдэнэ. Товчхондоо олон талын ач холбогдолтой. Иргэдийн орлого нэмэгдэнэ. Хяналт сайжирна. Татварын бааз суурь нэмэгдэнэ.
-НӨАТ-ын буцаан олголтыг таван хувь болгох хууль батлагдчихвал хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ?
-Хууль батлахдаа хэзээнээс хэрэгжиж эхлэх саналаа оруулдаг. Магадгүй ирэх жилээс хэрэгжих боломж нь бүрдэнэ. 100 мянган иргэний саналаар дэмжигдвэл тухайн байнгын хороон дээр хуулийг санаачилж УИХ-ын чуулганаар хэлэлцэнэ.
-НӨАТ-ын буцаан олголтыг таван хувь болгосноор аж ахуйн нэгжид татварын дарамт очих болов уу?
-Аж ахуйн нэгжүүдэд татварын дарамт нэмэгдэхгүй. НӨАТ төлөгч компани тоо нэмэгдэнэ. Учир нь ямар нэгэн худалдан авалт хийхээр зарим компаниуд нь НӨАТ төлөгч, зарим нь НӨАТ төлөгч биш байдаг. НӨАТ төлөгч биш компаниас худалдан авалт хийхээр дахин 10 хувийн зардлыг тухайн компанийн өмнөөс төлөх ч гэдэг юмуу зардал үүсдэг. Тэгвэл НӨАТ-ын буцаан олголтыг таван хувь болгосноор иргэд НӨАТ-аа нэхэж эхэлнэ. Компаниуд худалдан авагч хийхдээ НӨАТ төлөгчөөс илүү худалдан авалт хийх их сонирхолтой байдаг. Ингэснээр НӨАТ төлдөггүй аж ахуйн нэгжүүд НӨАТ төлөгчөөр бүртгүүлэх сонирхол нь нэмэгдэнэ.
-Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг санаачилсан. Энэ хуулийн гол ач холбогдлыг ярихгүй юу?
-Дэлхийд цөөн хэдэн эдийн засаг байгаа. 190 орон буюу 190 эдийн засаг хэдийгээр хамтарч ажилладаг ч гэсэн ямагт өрсөлдөж байдаг. Тэр дундаа хөгжиж байгаа орнуудын хувьд худалдааны орлого илүү олох, хөрөнгө оруулалт татах зэргээр өрсөлддөг. Хөрөнгө оруулалт оруулах хэрэгтэй юу, үгүй юу гэдэг асуулт Оюу толгойн гэрээ хийгдсэнээс хойш нийгэмд их явлаа. Тийм ч хөрөнгө оруулалт хэрэггүй, ийм ч хөрөнгө оруулалт хэрэггүй. Энэ салбарт хөрөнгө оруулалт хэрэггүй гэхчлэнгээр маргаан их явсан. Үүний улмаас ямар үр дүнд хүрэв гэхээр 2020, 2021 онд жилд 1800-2500 аж ахуйн нэгж гадаадаас шинээр хөрөнгө оруулагчаар бүртгүүлдэг байсан бол 5-10 компани болтлоо буурсан. Хөрөнгө оруулалт яагаад хэрэгтэй вэ гэхээр нэгдүгээрт, төлбөрийн тэнцэлд ашигтайгаар нөлөөлдөг. Хоёрдугаарт, ноу-хау шилжиж орж ирдэг. Шинэ технологи нэвтэрч байдаг. Ажлын байрыг шинээр бий болгодог. Татвар төлөгч шинээр нэмэгддэг. Энэ талаасаа дэлхий даяар хөрөнгө оруулалтыг татахаар өрсөлдөж байдаг. Гэхдээ nationalism буюу байгалийн баялгийн хараалд орсон орнууд ихэнхдээ гадаадын хөрөнгө оруулалтыг жадлан эсэргүүцдэг. Жадлан эсэргүүцдэг шалтгаан нь гадаадын хөрөнгө оруулалтын бий болсон баялаг, хөрөнгийг булааж авах зорилгоор иргэдэд хөрөнгө оруулах хэрэггүй гэж ухуулан, ойлгуулдаг. Хоёрдугаарт, цөөн тоглогчтой олгиополь зах зээл гадаадын хөрөнгө оруулалтыг оруулах сонирхолгүй байдаг. Учир нь гадаадын хөрөнгө оруулалт орж ирснээр тухайн салбарт өрсөлдөөн нэмэгддэг. Энэ нь тухайн барааны үнэ өртөг буурахын сацуу эргээд тухайн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын ашиг буурч байдаг. Бодит жишээ нь, И-март манай худалдааны салбарт орж ирлээ. Ингэснээр барааны үнэ тодорхой хэмжээнд буурч эхэлж байна. Хоёрдугаарт, үйлчилгээний өрсөлдөөн бий болж эхэлж байна. Өмнө нь дотроо машины зогсоолтой худалдааны төв гэж ер нь байгаагүй. Үнийн өрсөлдөөн, бүтээгдэхүүний чанарын болоод үйлчилгээний чанарын өрсөлдөөнийг гадаадын хөрөнгө оруулалт үргэлж нэмэгдүүлж байдаг. Тиймээс олгиополь зах зээлтэй салбарууд гадаадын хөрөнгө оруулалтыг жадлан эсэргүүцдэг. Үүнийгээ иргэдэд маш сайхнаар тайлбарладаг. Яаж тайлбарладаг гэхээр тухайн ард түмний хамгийн дургүй субъектээр эсэргүүцдэг. Жишээлбэл, Солонгосын иргэд Японд дурамжхан байдаг. Учир нь дайн гарч байсан ч гэдэг юм уу. Ингээд Солонгост Японы хөрөнгө оруулалт нэмэгдсэнээр япон новшнуудын нөлөө ихсэх гээд байна ч гэдэг юмуу иймэрхүү байдлаар эсэргүүцлийг бий болгодог байсан. Монгол хамгийн түгээмэл нь “Хятадын хөрөнгө оруулалт нэмэгдэх гээд байна. Хятадууд Монголд их болох гээд байна” гэхчлэнгээр эсэргүүцдэг. Иймэрхүү зүйл дэлхий дахинд түгээмэл бий. Учир нь ихэнхдээ хөрш орнууд ямар нэгэн байдлаар түүхэн хугацаанд үл ойлголцол үүсч байсан байдаг. Үүнийг нь пиар болон олон нийтэд ухуулж сэнхрүүлэх байдлаар жадлан эсэргүүцэж хөрөнгө оруулалтыг царцааж байсан түүх их бий. Манайд ч гэсэн үүнийг давтлаа. Манайд нэгдүгээрт төмөр зам, дэд бүтцээс гадна хөрөнгө оруулалтыг зогсоосноор сүүлийн 15 жилийн хугацаанд эдийн засаг 12 тэрбум ам.долларт гацсан байдаг.
Сөрөг пиар иргэдийн сэтгэхүйд нөлөөлснөөр гадаадын хөрөнгө оруулалт, дэд бүтцийн ажлуудыг зогсооход нөлөөлсөн. Сүүлийн хоёр жил “Шинэ сэргэлтийн Засгийн газар”-ын бодлогын үр дүнд хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэж ирсэн. Хамгийн том хөрөнгө оруулагчидтай хэл амаа олж чадсаны үндсэн дээр хөрөнгө оруулалт бага багаар нэмэгдэх үүд хаалга нээгдэж эхэлж байна. Тиймээс үүнийг хуулиар нээж өгөх ёстой.
Одоо үйлчилж байгаа хөрөнгө оруулалтын тухай хууль нэгдүгээрт, өндөр босготой. 10 мянган ам.доллараас дээш хөрөнгө оруулалт хийж байж хөрөнгө оруулагч гэж үзэж зөвшөөрлийг нь өгдөг. Ийм өндөр босго дэлхийн 20-иод оронд бий. Хоёрдугаарх нь, энэ энэ салбарт хөрөнгө оруулахыг хязгаарласан зүйл заалт байдаг. Тухайлбал, стратегийн салбарт хөрөнгө оруулалт хийхэд заавал зөвшөөрөл авч байж хөрөнгө оруулдаг. Тухайн компани төрийн өмчит компани бол зөвшөөрлөө авдаг гэхчлэнгээр хоёр гурван босготой, хязгаарлалттай хууль үйлчилдэг байсан. Үүнийг нь эргэж харах хөрөнгө оруулалтын шинэчилсэн найруулгыг өргөн барьж байгаа юм.
-Шинэчилсэн найруулгаар хуулийн энэхүү тээг гацааг яаж зохицуулж байгаа вэ?
-Нэгдүгээрт, босгыг байхгүй болгоно. Хоёрдугаарт, гадаадад суугаа элчин сайд төлөөлөгчийн газруудад хөрөнгө оруулалт гадаад хамтын ажиллагаа хариуцсан субъекттэй болно. Атташа ч гэдэг юм уу. Анзаарсан бол гадаадын аж ахуйн нэгжүүд тухайн оронд ирсэн бол хамгийн түрүүнд Элчин сайдын яамныхантай уулзалт хийдэг. Ингэж тухайн орныхоо хууль тогтоомж, орчин нөхцөл, асуудлыг судалдаг. Үүнийхээ дараа дараагийн алхмаа хийдэг бол манайх гадагшаа яваад Элчин сайдын яамныхантайгаа уулздаггүй. Элчин сайдын яамныхан нь ч тоодоггүй. Энэ хандлагыг нь өөрчилье гэж байгаа юм. Тухайн орны Элчин сайдын яам нь өөрсдийн аж ахуйн нэгждээ үйлчилдэг байх, хөрөнгө оруулагчийг нь олоход тусалдаг байх, Монгол руу хөрөнгө оруулалт татахад гарц болох, эдийн засагжуулдаг. Тиймээс энэ чиглэлээр өөрчлөлт оруулж байгаа.
Гуравдугаарт, хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалахад зохицуулалт орж байгаа. Гэнэт лицензийг нь цуцалдаг ч юмуу, эсвэл өмч хөрөнгө рүү нь халддаг. Тухайн хөрөнгө оруулагчийг хар тамга дарж хөөж гаргаад дараа нь тэрхүү компани дээр нь янз бүрийн үйл ажиллагаа явуулдаг тохиолдол нэг бус удаа гарч байсан. Тиймээс Эдийн засаг, хөгжлийн яам дээр хөрөнгө оруулагчийн маргааныг шийдэх зөвлөл байгуулна. Эхний ээлжид өргөдөл, маргааныг нь авч хэлэлцдэг байя гэж байгаа юм. Үүнийхээ дараа шүүх рүү шилжинэ.
Ирэх долоо хоногоос салбар бүр дээр хэлэлцүүлэг хийх бодолтой байгаа. Одоо үйлчилж байгаа хууль нь том хөрөнгө оруулагч юмуу, уул уурхайн компаниудад зориулсан хөрөнгө оруулалтын хууль байгаа юм.
Уул уурхайн бус эдийн засагтай болмоор байна. Эдийн засгаа солонгоруулах хэрэгтэй байна гэчихээд Хөрөнгө оруулалтын хуулиа зөвхөн уул уурхайн компаниудад зориулаад биччихээр бусад салбарт хөрөнгө оруулалт орж ирэхгүй байна. Тиймээс тогтворжуулалтын гэрээг магадгүй хөдөө аж ахуйн салбарт хийвэл дүн нь бага байх боломжтой. IT-ийн салбарт тогтворжуулалтыг бүр ч багаар хийх боломжтой. Бусад орнуудад нэг сая ам.долларт тогтворжуулалтын гэрээг хийж байгаа юм. Салбараасаа хамаарч байна. Манайд 100 тэрбум ам.доллар гээд тавьчихдаг. Тиймээс ийм байдлаар салбаруудад нь тодорхой хэмжээний тогтворжуулалтын гэрээ байдаг ч юмуу, дэмжих хөшүүргийг хуульд оруулах нь зөв гэж харж байгаа.
-Гадаадын хөрөнгө оруулагчид манай эрчим хүчний салбарт хөрөнгө оруулах сонирхолтой байдаг. Манайх эрчим хүчний хувьд хараат шүү дээ. Тиймээс энэ салбарт ямар зохицуулалт хийх вэ?
-Эрчим хүчний хөгжилтэй хамгийн их харшилддаг зүйл нь энэ салбар 100 хувь төрийн зохицуулалттай байдаг. Хоёрдугаарт, эрчим хүчний салбарыг хөгжүүлье гэхээр сэргээгдэх эрчим хүчний салбарт л гадны санхүүжилт, хөрөнгө оруулалт олдоно. Энэ салбарт нь хөрөнгө оруулалт хийе гэхээр төрийн захиргааны төв байгууллага нь дургүй байдаг. Учир нь сэргээгдэх эрчим хүчний тариф нь хатуу зохицуулалттай, өндөр үнэтэй байгаа. Тиймээс энэ салбарт сэргээгдэх эрчим хүчний хөрөнгө оруулалт хийе гэхээр лиценз эзэмшиж байгаа сэргээгдэх эрчим хүчний хувь нь 10-15 ирчихсэн. Манай эрчим хүчний салбар 80-аад тэрбум төгрөгийн алдагдалтай ажилладаг. Гэсэн хэрнээ сэргээгдэх эрчим хүчний салбар 70 гаруй тэрбум төгрөгийн ашигтай ажилладаг. Тариф нь үнэтэй байдаг. Тиймээс төрийн захиргааны төв байгууллага нь нэмэгдүүлэх сонирхолгүй байдаг. Орж ирж байгаа мөнгөнийх нь өрмийг сэргээгдэх эрчим хүчний компаниуд аваад байдаг гэсэн үг. Тиймээс цаашид бид сэргээгдэх эрчим хүчний үнэ тарифыг үнийг нь чөлөөлөх ёстой. Өөрөөр хэлбэл, үнээр нь өрсөлдүүлж байж зөвшөөрлийг нь өгөхгүй бол хатуу тариф тогтоочихоор шинэ хөрөнгө оруулалтыг дэмжиж чадахгүй нөхцөл байдал байна. Цаашид энэ салбарт хөрөнгө оруулалт татъя гэвэл Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулиар тарифыг шинэчлэх ёстой. Хамгийн хямд үйлчилгээ үзүүлэх боломжтой компанийг сонгох байдлаар явбал технологи нь хөгжөөд тариф нэлээд буурах боломжтой болсон.
Р.ХИШИГЖАРГАЛ
Эдийн засагч Н.Энхбаяртай ярилцлаа.
-Дэлхийн эдийн засгийн өсөлт удааширч байгаа энэ цаг үед Монголыг эдийн засгийн ямар нөхцөл цаашид хүлээж байна вэ. Үүнд ирэх 2024 оны төсөв хэрхэн нөлөөлөх бол?
-Манай улсын эдийн засгийн суурь нөхцөл нь экспорт, импортын тээврийн өртөг зардал өндөр. Бид далайд гарцгүй. Дэлхийн банкнаас жил бүр гаргадаг “Бизнес эрхлэх нь” тайланд улс орнуудын үнэ өртгийг харьцуулсан байдаг.
Улаанбаатар хотоос нэг контейнер ачааг гадаад зах зээлд гаргахад цаг хугацаа, өртөг зардлын хувьд маш өндөр. Гадаад гарцгүй төв Азийн улстай л манайх ойролцоо. Бусад улс орнуудаас маш өндөр.
Гадаадын хөрөнгө оруулалт манайд орж ирээд Улаанбаатарт ямар нэгэн бүтээгдэхүүн үйлдвэрлээд Солонгос руу гаргалаа гэе. Солонгост очиж байгаа манай бүтээгдэхүүн бусад орнуудаас нэгдүгээрт өндөр үнэтэй очдог. Хоёрдугаарт, цаг хугацаандаа очдоггүй. Тээвэр ложистикийн буюу Замын-Үүд Тяньжин боомт хүртэл төмөр зам, авто зам, дугуйны цариг солих гэхчилэнгээр явсаар байгаад хугацааны хувьд хоцордог. Ийм учраас Монголд гадаадын хөрөнгө оруулалт, тэр дундаа боловсруулах салбарын хөрөнгө оруулалт орж ирэхгүй байгаа юм.
Уул уурхайн салбар Монголд хамгийн үр ашигтай учраас гадаадын хөрөнгө оруулалт ийшээ орж ирж байгаа юм. Учир нь баялаг нь энд байна. Хоёрдугаарт, худалдан авагч нь дэргэд байгаа учраас бусад орнуудаас харьцангуй өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн гарч болж байна.
Уул уурхайн салбар бол 2003 оноос манай улс коксжих нүүрсийг экспортолж эхэлсэн. Экспортын түүхий эдийн 92-94 хувь нь эрдэс түүхий эд болж байна. Хоёрдугаарт, үүн дотроос 75 хувийг нь зэсийн баяжмал, төмрийн хүдэр, нүүрс эзэлж байгаа.
Гуравхан төрлийн түүхий эд экспортын маш их хувийг эзэлж байна. Бусад төрлийн түүхийн эдийн эзлэх хувь хэмжээ бага. Жишээлбэл, газрын тос, жонш бусад металлын орлого 100 гаруй саяар яригдаж байгаа юм.
Бид урт хугацааны хөгжлийн зорилгодоо эдийн засгаа төрөлжүүлнэ гээд биччихсэн. Гэтэл солонгоруулах гээд байгаа аж үйлдвэрийн салбар экспортын дөрөвхөн хувийг эзэлж байна. Хөдөө аж ахуйн гаралтай ноолуур нэхмэл зэрэг зонхилж байна. Орж ирж байгаа хөрөнгө оруулалт ийм байгаа учраас ойрын 10, 20 жилдээ уул уурхайн салбартайгаа л монголчууд амьдрах юм байна. Их сайн төрөлжүүлж чадвал уул уурхайн экспортод эзэлж байгаа хэмжээг 94 хувиас 10 жилийн дараа 85 хувь болгож чадвал том амжилт. Харамсалтай нь одоо хийгдэж байгаа бүх хөрөнгө оруулалт уул уурхайд байгаа учраас энэ хэвээрээ дахиад ч 10 жил явж магадгүй. Учир нь бусад салбарт бид хөрөнгө оруулалт хийж чадахгүй байна. Тэр байтугай дэд бүтцийн хоцрогдлоос гадна эрчим хүчний дутагдалтай байгаа шүү дээ. Улаанбаатараас өөр газар үйлдвэр байгуулах гэхээр эрчим хүчний нөөц бололцоо байдаггүй. Ийм бэрхшээлүүд байгаа учраас Монголд аж үйлдвэрийн салбар хөгжинө гэхэд ойрын ирээдүйд маш дутмаг байна.
Үнэхээр эрчим хүчээ хөгжүүлэх гэж байгаа бол цахилгаан эрчим хүч дэд бүтэцдээ их хэмжээний хөрөнгө оруулалт хийх ёстой. Дор хаяж Улаанбаатар-Замын-Үүдийн төмөр замыг хоёр эгнээ, цахилгаан болгож, дугуйны цариг сольдоггүй болж байж л Монгол Улсад бусад төрлийн экспорт нэмэгдэх бололцоотой.
-Дэлхийн эдийн засаг удааширч байгаа шалтгаан нь юу вэ?
-2020 хүртэл дэлхийн эдийн засаг харьцангуй өөдрөг байлаа. Дэлхийн эдийн засгийн дундаж өсөлт 4-5 хувьтай байсан. Үүнд эергээр нөлөөлсөн гол зүйл нь хөгжиж байгаа орнууд. Хятад, Энэтхэг, Ирланд, Малайз зэрэг хөгжиж байгаа орнуудын эдийн засгийн өсөлт өндөр байсан учраас тэнд ажиллах хүчин олон. Барууны хөрөнгө оруулалт тийшээ их орж байсан. Тухайлбал, Америкийн компаниуд өнгөрсөн жилүүдэд Хятад, Энэтхэг зэрэг орнуудад хөрөнгө оруулалт их хийсэн. Жишээлбэл, Iphone-ийг Хятадад угсардаг. Хятад, Энэтхэг дэлхийн эдийн засгийн өсөлтийн гол хувийг одоо ч эзэлсэн хэвээр байгаа. Гэхдээ удааширч байна.
Хятадын эдийн засаг 1990 оноос хойш ковидыг хүртэл тогтвортой найман хувиар өсөлттэй байсан. Ковидоос хойш Хятадын эдийн засгийн өсөлтийг харвал нэг унаад, 2021 онд буцаад сэргэсэн. Гэхдээ одоо дахин таван хувиасаа унаж байна.
Хятадын эдийн засаг удааширч байгаа шалтгаан нь нэгдүгээрт, эдийн засгаа бүүм болгохын тулд асар их хөрөнгө оруулалт хийчихсэн. Хятадын эдийн засгийн 10 хувийг үл хөдлөх хөрөнгийн салбар эзэлж байна. Тэнд барьчихсан, борлуулагдаагүй үл хөдлөх хөрөнгө асар их байна.
Ройтерс дээр саяхан гарсан мэдээллээр “Зөвхөн Evergrande компанийн барьсан борлуулагдаагүй орон сууц гэхэд АНУ-ын Манхетэн арлыг хоёр удаа дүүргэх хэмжээний тийм их байна” гэсэн байна лээ. Хятадын 1.4 тэрбум хүн бүгдээрээ шинэ байранд орох боломжтой ийм хэмжээний борлуулагдаагүй орон сууц байна. Хөрөнгө оруулалтаар дэмжээд барьчихсан. Үүнийг барихад шаардагдсан төмөрлөг, цемент нь эдийн засгаа өсгөчихсөн байна. Гэтэл дараа нь борлогдоогүй их хэмжээний хөрөнгө үүсчихсэн. Үүнийг борлуулж барихын тулд үл хөдлөх хөрөнгийн компаниуд өөрсдөө санхүүгийн үйл ажиллагаа явуулчихсан. Зээл авч их хэмжээний зээл иргэдэд олгосон. Энэ нь банкны салбарт их хэмжээний дарамт учруулчихсан. Одоо үл хөдлөх хөрөнгийн салбар дампуурахаас хамаарч Хятадын санхүүгийн салбар хүнд байдалд орж эхэлж байна. Үүнээс сэргийлж БНХАУ гуравдугаар сард болсон хоёр том их хурлынхаа дараа Санхүүгийн зохицуулах хороог төрийн зөвлөлийн түвшний том байгууллага болгосон. Хятадын төв банктай зэрэгцээд санхүүгийн төв байгууллага байна гэсэн үг. Энэ байгууллага зөвхөн макро түвшний санхүүгийн бодлогыг эрхэлдэг болж байгаа. Анхан шатны санхүүгийн байгууллагад зөвшөөрөл олгож, хянах ажиллагааг хийхгүй. Энэ нь Засгийн газрын түвшинд үлдэж байгаа. Ингэж өндөр ач холбогдол өгч байна.
Хятад улсад тулгамдаж байгаа хоёрдугаарх асуудал нь хүн амын хөгшрөл. Мөн залуусын ажилгүйдэл. Долдугаар сарын дүнгээр гарсан наймдугаар сарын үзүүлэлтээр БНХАУ-ын залуусын ажилгүйдэл 21 хувьд хүрсэн гэж мэдээлсэн. Маш өндөр хувьтай. Хятадын залуус дунд “Зүгээр хэвтэх” гэсэн түгээмэл хэллэг гарсан байна. Ажил байхгүй учраас тэдгээр залуус нь цахим тоглоомоор орлого олдог байх жишээний. Тэр олон мэргэжилтэй ажиллах хүчин ажлын байргүй болно гэдэг нь Хятадын цаашдын эдийн засгийн өсөлтөд муугаар нөлөөлнө. Учир нь ажиллах хүчин гэдэг бол эдийн засгийн чухал хүчин зүйл. Гэтэл тэр нь бүрэн ашиглагдахгүй болчихож байна. Энэ нь эдийн засгийн саарах том хүчин зүйл болж байна.
Мөн жил бүр хуримтлагдаж байгаа асуудал нь өнгөрсөн онд эхэлсэн Укрианы дайны геополитикийн өрсөлдөөн. Үүнтэй холбогдолтой Тайваний хойгийн асуудал. Тайваний хойгийн асуудал улам бүр зөрчилдөөнтэй болж байна. Асуудал яаж шийдэгдэхээс хамаарч өрнөдийн орнууд болон БНХАУ-ын хооронд зөрчил үүсч байна. Хятадын арми хүчтэй болох вий гэсэн болгоомжлолоос үүдэж АНУ, өрнөдийн орны зүгээс Хятадын технологийн салбарт хориг тавьж байна. АНУ-ын конгресс өнгөрсөн онд “Чип акт хууль”-ийг баталсан. Европын холбоо мөн ийм хууль баталсан. Энэ хуулиар нэгдүгээрт, хагас дамжуулагчийн үйлдвэрлэлийг Хятад, Тайваниас хамаарахгүйгээр АНУ-ын газар нутагт үйлдвэрлэдэг болж байна. Одоогоор үйлдвэрүүдээ барьж байна.
Хоёрдугаарт, Америкийн хөрөнгө оруулалтын өндөр технологийн компаниудыг БНХАУ-д хөрөнгө оруулахыг хориглосон. Apple болон бусад олон компани. БНСУ мөн адил.
Үүнээс гадна хагас дамжуулагчийг үйлдвэрлэдэг хэвлэлийн том машиныг Нидерланд улсад үйлдвэрлэдэг. Тэр машиныг БНХАУ-д нийлүүлэхийг хориглосон. Тиймээс Хятад улс өмнө нь авсан машинаараа үйлдвэрлэнэ. Тэр нь Америк, Солонгостой харьцуулахад хэтэрхий хоцрогдсон технологи л доо. Ийм байдлаар БНХАУ-ын армийн хүчин чадлыг удаашруулж байна. Эдгээр зөрчлүүдээс үүдэж Америкийн технологийн компаниуд Хятадад хөрөнгө оруулахгүй болохоор Хятадад гар утас үйлдвэрлэхээ болино. Компьютер угсрахаа болино. Энэ нь Хятадын эдийн засаг улам удаашрахад нөлөөлж байна. ОУВС Хятадын эдийн засгийн өсөлтийг энэ жил 5 хувь, ирэх онд 4.2 хувь буюу саарах төсөөлөлтэй байна гэж өнгөрөгч долоо хоногт танилцуулсан.
-Хятад найтаавал Монгол ханиад тусдаг гэдэг. Хятадын эдийн засаг сааралттай байгаа энэ үед Монголын эдийн засгийн өсөлт долоон хувьд хүрнэ гэсэн Сангийн яамны төсөөлөл хэр бодит бол?
-2022 он хүртэл Монголын нүүрсний экспортын хамгийн өндөр амжилт нь 36.5 сая тонн байсан. 2019 онд 36.5 сая тонныг гаргасан. Үүнээс бусад үед 25-30 орчим сая тонныг гаргаж байсан. Геополитикийн зөрчлөөс хамаарч БНХАУ нүүрсийг эрчимтэй худалдаж авч байна. Мөн өөр ч шалтгаан байгаа байх. Хамгийн гол нь одоо 50 сая тонн хүрчихээд байгааг ирэх оны төсвийн төсөөлөл дээр 60 сая тонн нүүрс экспортолно гэсэн байна. Техникийн боломж байгаа гэж тайлбарлаж байсан. Техник, тэр дундаа дэд бүтцийн боломжид би нэг их итгэхгүй байгаа. Учир нь ирэх онд ашиглалтад орох төмөр зам үндсэндээ байхгүй. Ганцхан Нарийнсухайтын 20 километр төмөр зам ашиглалтад орно. Түүгээр жилд 10 сая тонныг экспортолно гэсэн байгаа ч ашиглалтад ороод богинын эргэлт гээд тооцоход жилд 3, 4 сая тонн нүүрс экспортлох боломжтой. БНХАУ энэ жилийнх шиг идэвхтэй хэмжээгээр авах вэ гэдэг нь эргэлзээтэй.
Манай гаргаж байгаа нүүрс зөвхөн Өвөр Монголд очиж байгаа. Тэр дундаа ган төмөрлөгийн үйлдвэр төвлөрч байгаа Бугат, Ордост манайхаас гарч байгаа нүүрсний 80 хувь нь очиж байна. Бугатын төмөрлөгийн үйлдвэрийн коксжих нүүрсний хэрэглээ хэд байх вэ гэдгээс хамаарч байна. Нэгдүгээрт, Бугат дотоодоосоо нүүрс авч байна. Түүний үнээс хамаарч байна. Хоёрдугаарт, ОХУ-аас коксжсон нүүрс авах хэмжээгээ улам бүр нэмэгдүүлж байна. Гуравдугаарт, технологийн дэвшлийн өөрчлөлт гарч байна. Урьд нь коксжсон нүүрсээр ган хайлуулах зуух ашигладаг байсан бол Бугатын төмөрлөгийн үйлдвэрт цахилгаан зуух нэгийг суурилуулсан. коксжсон нүүрс хэрэглэхгүйгээр цахилгаанаар ган хайлуулна гэсэн үг. Ган хайлуулдаг найман зуухных нь нэг нь электрон зуух болчихсон. Ийм байдлаар агаарын бохирдолтой тэмцэх бодлого нь идэвхтэй явбал коксжих нүүрсний эрэлт нь улам буурна гэсэн үг. Ийм олон хүчин зүйлээс хамаарч энэ жил манай экспортолсон 50 сая тонн нүүрс ойрын жилүүдэд эвдэгдээгүй рекорддоо хүрч байна гэж миний хувьд үзэж байгаа. Олон улсын байгууллагуудын гаргаж байгаа тайлан ч тийм зүйлийг хэлж байна. Өчигдөр гарсан ОУВС-гийн тайланд гео эдийн засгийн зөрчлөөс хамаарч улс орнуудын түүхий эдийн зах зээлд олон талын өөрчлөлт хөдөлгөөн гарна гэсэн таамаглаж байна. Түүн дотроо түүхий эдээр нь ангилаад биччихсэн байгаа. Үүн дотор үнэ нь өсч магадгүй түүхий эдээр зэс, хөнгөн цагаан хоёрыг нэрлэсэн байгаа юм. Учир нь цахилгаан автомашин, нарны сэргээгдэх эрчим хүч гээд. Харин эсрэгээрээ нүүрс, газрын тосны хэрэглээ төдийлөн өсөхгүй гэсэн таамаглал байгаа.
-Манайх орлогоо төсөөлөхдөө зэсийг 9000 ам.доллараар зарна гэсэн байгаа. Одоогийн үнэ нь долоон мянга хэдэн зуун ам.долларын ханштай байгаа. Тэгэхээр энэ төсөөлөл биелэх боломжтой юу?
-Global Energy Monitor байгууллагаас Хятадын эрчим хүч, тэр дундаа сэргээгдэх эрчим хүчний тухай гаргасан тайланд Хятадын сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ эрчимтэй өсч байгаа. Хятадын нарны эрчим хүчний хэрэглээ, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ нь 228 кВт/цаг гэсэн байна лээ. Энэ бол дэлхийн улс орнуудыг нийлүүлсэнтэй тэнцэхүйц хэмжээний сэргээгдэх эрчим хүчийг Хятад улс дангаараа хэрэглэж байна гэсэн үг. Тэр дундаа БНХАУ-ын ӨМӨЗО сэргээгдэх эрчим хүч байгуулахад нарны тусгал сайн. Тал нутагтай учраас нөөц ихтэй. Сэргээгдэх эрчим хүчний энэ бодлогоос үүдэн Хятад улсад зэс хөнгөнцагааны хэрэглээ өсч байна гэсэн байна лээ.
Өнгөрсөн онд Хятадын зэсийн хэрэглээ нь 30 хувиар өссөн гэсэн байсан. Энэ бодлого хэвээр үргэлжилбэл зэсийн хэрэглээ өндөр байна. Олон улсын байгууллагуудын судалгаанаас харахад ирэх онд зэсийн үнэ харьцангуй өөдрөг байна.
Ямар нэгэн геополитикийн асуудал үүсчихгүй бол зэс гайгүй байх боломжтой. Гол болгоомжлол нь Тайваний хойгийн асуудал манай гадаад худалдаанд маш таагүй нөлөөлөх эрсдэлтэй. Гэхдээ энэ нь дунд хугацаанд л даа. Магадгүй 2025, 2026 онд ч юм уу. Тиймээс ирэх оны тухайд зэсийн үнэ гайгүй байна.
Бидний нэн болгоомжлох зүйл нь нүүрстэй холбоотой. Манай экспортод нүүрс маш том жинтэй. Савлах өндөр эрсдэлтэй. Хэрвээ савлавал өндрөөр тавьсан төсвийн бодлого бүгд худлаа болно.
-Сангийн яамнаас ирэх онд инфляцийг 8.5 хувьд барина гэж мэдээлсэн. Энэ боломжтой юу?
-Сүүлд Монголбанк үүнд болгоомжилж бодлогын хүүгээ хөдөлгөөгүй. Цаашид өсч магадгүй гэсэн болгоомжлол байгаа. Учир нь ирэх оны төсөв яаж гарах вэ гэдгээс хамаарах байсан. Тэгсэн Монголбанкны болгоомжлолоор боллоо. Хэрвээ Засгийн газар болгоомжтой төсөв оруулсан бол өнгөрсөн оны төсөв дээр цалин тэтгэврийн гурван их наядыг нэмээд нийт 24 их наядын зарлагатай байхад болохоор байсан. Гэтэл 27 гээд хамаагүй өндөр байгаа юм.
27 их наяд дотор цалин тэтгэврийн нэмэгдэл 3.6 их наяд төгрөг, мөн ирэх оны дөрөвдүгээр сард нэмэгдэх 800 тэрбум гэхээр 4.6 их наяд зөвхөн цалинд явж байна. Цалин тэтгэврийн 40 хувь нь хүнсний зарлагад зарцуулагддаг. Тиймээс ирэх онд хүнсний хэрэглээ маш их болно. Тэр хэмжээгээр манай дотоодын үйлдвэрлэл хүнсний хэрэгцээг нь хангах уу. Хоёрдугаарт, импортоос хамаарсан хүнсний хэрэглээ их бий. Жишээлбэл, нарийн ногоо. Үүнийг тасралтгүй тээвэрлэж чадах уу. Гуравдугаарт, иргэдийн гарт очиж байгаа 4.6 их наядаас гадна ирэх онд хийгдэх бүтээн байгуулалтын ажлаас хамаарч хавар барилгын материалын импорт эрс өсч эхэлдэг.
Энэ үед Замын-Үүдийн тээвэр ложистикийн асуудал сайн байхгүй бол тээвэрлэлтийн үнэ хэд дахин өсч эхэлдэг. Ингэвэл өргөн хэрэглээний барааны үнэ өснө. Барилгын материалын үнэ өснө. Ингээд дөрөвдүгээр сард цалин нэмсний дараа инфляци хоёр оронтой тоо руу орох магадлал өндөр. Тиймээс Монголбанкны зорилт биелэгдэхгүй, худлаа болж хувирч байна. Төсөв мөнгөний бодлого яавч ийм байж нийцэхгүй.
-Эдийн засагт гадаадын хөрөнгө оруулалт чухал нөлөөтэй. Гэтэл манайх айлгаад явуулчихдаг. Гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих чиглэлд ямар бодлого барих хэрэгтэй вэ?
-Хууль эрх зүйн орчин тогтвортой бус байна. Тэр дундаа эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт орж ирэх боломжгүй байна. Байнга төслүүдийг нь байнга гацааж, унагаагаад байхаар зөвхөн уул уурхай салбарт л хөрөнгө оруулалт орж ирж байна. Ерөнхийлөгч Франц улсад хийсэн айлчлалаараа Орано майнинг компанитай хөрөнгө оруулалтын суурь зарчмыг тохирлоо.
Гуравдагч орнуудтай хийж байгаа хөрөнгө оруулалтын гэрээ амжилттай болбол дараа дараагийн төслүүд нааштай болно. Тиймээс амжилттай яваа төслүүдээ унагаахгүй байх ёстой. Тэр дундаа нэгэнт гадаад худалдаандаа хоёр хөрш давамгай болчихсон өнөөгийн нөхцөлд гуравдагч хөршийн хөрөнгө оруулалт манайд зайлшгүй хэрэгтэй. Учир нь улс орны эдийн засгийн аюулгүй байдал гэдэг утгаараа. Тиймээс Оюу толгой чухал. Францын Орано майнинг чухал. Ийм байдлаар манайх гуравдагч хөршийн хөрөнгө оруулалтын тээг саадыг нэлээд хөнгөвчлөх ёстой.
Жишээлбэл, дээр ярьсан АНУ-ын Chip act хууль зөвхөн Америкийн компаниудад зориулсан хууль биш. Тэр хуулиар Солонгосын, Тайваний хагас дамжуулагчийн компани америк руу хөрөнгө оруулалт хийж байгаа. Татварын маш тааламжтай нөхцөл. Ийм байдлаар зорьсон салбартаа хөрөнгө оруулалтын тааламжтай боломж олгох ёстой. Манайд тэр дундаа эрчим хүч амин чухал болчихоод байна. Хоёрдугаарх нь, төмөр зам. Төмөр зам огт урагшлахгүй байна. Алтанбулаг-Замын-Үүд манай хөгжлийн гол гацаа болж хувирч байна. Үүнд шинэчлэл хөрөнгө оруулалт хэрэгтэй. Ийм хөрөнгө оруулалтад татварын тусгай орчин бүрдүүлэх, магадгүй эхний жилүүдэд газрын төлбөрөөс чөлөөлнө гэдэг ч юм уу ийм байдлаар татахгүй бол уул уурхайгаас бусад салбарт манайд хөрөнгө оруулалт орж ирэх боломж тун бага. Хоёр хөрш орж ирнэ үү гэхээс биш энэ салбарт гуравдагч хөршийн хөрөнгө оруулалт орж ирэхэд маш хэцүү байна.
Хоёр хөршөөс бусад орнууд хөрөнгө оруулалт хийх гэхээр үнэ өртөг өндөр болоод байгаа юм. ТЭЦ-5-ын төсөлд Италийн компанийг үнэ өртөг өндөр гэсэн шалтгаанаар манайхан шалгарсан тендерийг нь цуцалчихсан юм байна лээ. Нэгэнт шалгарсан компанийг сонгоод явуулчих ёстой байсан юм.
-Манайх үр дүнд суурилсан төсөвтэй байхын тулд ямар асуудлыг нэн тэргүүнд засах ёстой вэ?
-Төсвийн тухай хуульд байгаа төсвийн зардлын хяналт гэж бий. Тэрхүү зардлын хяналт нь одоогоор зардлын зүйлээр, төсвийн ерөнхийлөн захирагчаар гэсэн хоёр зүйлээр байдаг. Үүнд хөтөлбөрөөр санхүүжүүлэх гэсэн үг оруулах ёстой. Яг ямар сайдын багцын юуг хөтөлбөр болгох вэ гэдгээ анхаарах ёстой. Жишээлбэл, хууль хүчний байгууллага эхний жилүүдэд хөтөлбөрт шилжихгүй байж магадгүй. Эхний жилүүдэд эрүүл мэнд, боловсрол, нийтийн үйлчилгээ, соёлын үйлчилгээ зэрэг хөтөлбөрт шилжих бүрэн бололцоотой. Үүнд ямар үр дүнд чиглэж байгааг маш оновчтой тодорхойлох ёстой. Зорьсон үр дүнд хүрсэн байвал санхүүжилтийг бүрэн олгоно. Манайд зардлаа төлөвлөхдөө баахан хурал, зөвлөгөөнүүд хийнэ гэчихдэг. Хурал, зөвлөгөөн хийснээр ямар үр дүн гарсан нь тодорхойгүй байдаг. Тиймээс хөтөлбөр үр дүнд чиглэх ёстой. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулна гэсэн бол бууруулах хөтөлбөр байхаас хурал зөвлөгөөн хийснээр буурахгүй. Үр ашиггүй зардлыг төсөвт тусгахгүй байх ёстой.
Р.ХИШИГЖАРГАЛ
Өнөөдөр Монголын зар сурталчилгааны зах зээлийг твиттер, фэйсбүүк бүрэн атгаж байгаа. Компани аж ахуйн нэгжүүд бүгд өөрсдийн цахим хуудастай болсон. Түүнийгээ дагуулаад фэйсбүүк пэйж хуудас нээнэ. Түүгээрээ л зар сурталчилгаагаа явуулдаг болсон. Энэ нь хүртээмжтэй, хялбар байдаг давуу талтай нь үнэн. Харин төлбөр мөнгөний хувьд бол хямд биш л дээ. Олон давтамжтай хямд үнэтэй явдаг болохоор нэг мэдэхэд л овоо хэдэн төгрөг гараад явчихсан байдаг. Нэг жишээ хэлье л дээ. 2020 оны сонгуулиар “нэг нэр дэвшигч сурталчилгааны бүхий л хугацаанд 3000-5000 ам.доллараар фэйсбүүкт төлбөртэй пост тавьж байна” гэсэн судалгааг Шударга сонгуулийн төлөөх иргэний нийгмийн хяналт сүлжээнийхэн танилцуулж байлаа. Энэ бол сонгуулийн 14-хөн хоногийн хугацаанд зөвхөн фэйсбүүкт зарцуулсан мөнгө. Твиттер, инстаграм зэрэг бусад сүлжээгээр тооцвол бүр ч их дүн гарна. Эндээс үзэхэд Монголын аж ахуйн нэгжүүдийн зар сурталчилгааны бүх мөнгө ийшээ урсаж байна. Тэгвэл сурталчилгааныхаа тодорхой хувийг үндэсний хэвлэл мэдээллүүдээр явуулдаг болмоор байна. Яагаад ингэх ёстой юм бэ гэж. Үндэсний хэвлэл мэдээллээ авч үлдэх нийгмийн хариуцлага тухайн үндэстэнд байх ёстой. Яагаад хэвлэл мэдээллээ авч үлдэх болоод явчихав гэвэл хэвлэл мэдээллийн амьдрах үндэс болсон мөнгө олох үндсэн аргуудын нэг нь зар сурталчилгаа байсаар ирсэнд гол учир бий. Иймээс үндэснийхээ хэвлэл мэдээллийг дэмжиж зар сурталчилгааныхаа тодорхой хувийг Монголынхоо хэвлэл мэдээлэлд тавьж байх нь журамт үүрэг юм. Зөвхөн үүрэг байгаад зогсохгүй үүнийг хуульд тусгах хэрэгтэй. Гадаадын хөрөнгө оруулагчдыг ч мөн зар сурталчилгааныхаа тодорхой хувийг үндэсний хэвлэл мэдээллээр явуулдаг болгох үүргийг хуулиар хүлээлгэмээр байна.
Яагаад заавал дотоодын хэвлэл мэдээллээр гарга, хуульчил гээд байна гэхээр үндэсний том эрх ашиг үүний ард байгаа юм. Хэвлэл мэдээллийн байгууллага зах зээлийн жамаар, зөв замаар хөгжих гол үндэс нь бие даасан эдийн засагтай, хэн нэгнээс хараат бус байх явдал. Ер нь хэвлэл мэдээллийн байгууллага ч тэр, аливаа байгууллагын үйл ажиллагаа явуулах “шатахуун” нь мэдээж мөнгө санхүү. Тиймээс хэвлэл мэдээллийн байгууллага шударгаар санхүүжилт олдог байх нь хараат бус бие даасан эрүүл сэтгүүл зүйг сая бий болно.
Хэвлэл мэдээллийн байгууллага эдийн засгийн хувьд чадамжгүй бол хэн нэгэн мөнгөтэй хүний гарт ордог. Энэ бол за
зээлийн хууль. Хэн мөнгөө өгсөн нь дуугаа захиалдаг биз дээ. Тухайн цаг үед хэвлэл мэдээллийг мөнгөөр “халааслах” этгээд нь голдуу эрх баригчид, төр барьж байгаа намынхан байдаг. Ингээд тухайн хэвлэл мэдээлэл эрх баригчдын дуу хоолой болохоос аргагүй болчихдог. Учир нь үйл ажиллагаа явуулах гол хөдөлгөгч хүч болох мөнгийг нь өгч байгаа шүү дээ. Тиймээс хэн нэгнийг магтан дуулдаг, хэн нэгний үзэл суртлыг хамгаалдаг хэвлэл мэдээлэлтэй болохгүй байх, чөлөөт хэвлэлийг авч үлдэх арга нь компаниуд зар сурталчилгаагаа дотоодын хэвлэлээр явуулах юм. Энэ бол дотоодын хэвлэл мэдээллийг эрүүлээр дэмжиж байгаа зүйл.
Энд зар сурталчилгааны-хаа тодорхой хувь гэдгийг дахин тодотгоё. Мэдээж цахимаар сурталчилгаа явуулдагаараа явуулдаг л юм байгаа биз. Зар сурталчилгаанд зориулсан мөнгөнийхөө тодорхой хувийг заавал үндэснийхээ хэвлэл мэдээлэлд өгөөрөй л гэсэн санаа юм.
Хэвлэл мэдээлэл нь гадныхны гар хөл болчихгүй байхад энэ туйлын чухал. Мөн хэн мөнгө өгсөнд үйлчлээд ард түмнийхээ эсрэг явдаг болчихгүй байхад ч хэрэгтэй. Эрх баригчдыг дагаж намираад ард түмний дуу хоолойг хүргэхгүй байдаг хэвлэл олшрохгүй байхад хөрөнгө мөнгөтөй хүмүүс, том компаниудын дэмжлэг чухал байдаг нь ийм учиртай. Тиймээс компаниуд зар сурталчилгааныхаа тодорхой хувийг дотоодын хэвлэлд өгснөөр чөлөөт сэтгүүл зүйг, мөн үндэсний тусгаар тогтнолоо, ардчиллаа хамгаалах том үйл хэрэг болно.
Хэвлэл мэдээлэл эрүүл байх нь иргэдээ өмөөрөх, эрх баригчид ард түмний эсрэг хийж байгаа зүйлийг шударга, ил тод нийтлэх, болох бүтэхгүйг шүүмжилдэг, хуулийн лобби бүхнийг илрүүлж чаддаг. Зөрчилдөөн бүрийн ард мөнгө явж байдаг. Мөнгөөр хэвлэлийг дуугүй болгохыг ямагт зорьдог. Хэвлэл мэдээлэл санхүүгийн эрх чөлөөгүй бол дорхноо л амаа үдүүлдэг. Тиймээс хэвлэл мэдээллийн байгууллага эдийн засгийн эрх чөлөөтөй байснаар эрүүл саруул шударга нийгмийг улс эх оронд бий болгодог.
Ер нь ч дэлхий нийтэд хэвлэл мэдээллийг дөрөв дэх засаглал хэмээн үздэг. Гэтэл өнөөдөр хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглалын үйл ажиллагаа явуулах санхүүг хуулиар хангалттай олгочихоод хэвлэл мэдээллийн эдийн засгийг болж л өгвөл боомилох сонирхлыг эрх баригчид цаг мөнхөд агуулж байна. Шударга хэвлэлтэй байхаас үе үеийн эрх баригчид жийрхдэг. Тиймээс болж л өгвөл эдийн засгаар хараат байлгах сонирхолтой байдаг нь тэр юм.
Хэвлэл мэдээлэл эрүүл байх нь ардчиллын баталгаа. Ардчилал нь тусгаар тогтнолын баталгаа. Тиймээс явж явж хэвлэл мэдээлэл тусгаар тогтнолын нэг баталгаа болж байгаа юм. Иймд хэвлэл мэдээллийг эдийн засгийн хувьд хэн нэгнээс хараат бус байлгах нь нэн чухал ач холбогдолтой.
Ийм учраас гадаад, дотоодын компаниуд зар сурталчилгааны тодорхой хувийг хэвлэл мэдээллээр дамжуулах нь ардчилал, тусгаар тогтнолоо дэмжиж байгаа гэсэн үг. Ардчилалтай, тусгаар тогтнолтой байна гэдэг нь авлига устаж, дотоодын компаниуд хөгжиж дэвших суурь нь болдог. Гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд хуулийн дагуу шударгаар үйл ажиллагаа явуулах, дарамт шахалтгүй байлгах үндэс нь ардчилал. Энэ бүгдийн эх сурвалж нь хэвлэл мэдээллийн байгууллага. Тиймээс л ардчилсан хүмүүнлэг нийгэм байгуулах гэж байгаа бол зар сурталчилгааныхаа тодорхой хувийг дотоодын хэвлэлд өгөх үүрэгтэй гэж үзэж байна.
Р.ХИШИГЖАРГАЛ
УИХ-ын гишүүн Д.Ганбаттай ярилцлаа.
-Намрын чуулганаар хэлэлцэх асуудалд улс орны ирээдүйн хувь заяатай холбоотой чухал хуулиудыг оруулж чадсан эсэхэд та ямар байр суурьтай байна вэ?
-Намрын отгон чуулган нээлтээ хийлээ. Үндсэн хуульд манай улс парламентын засаглалтай байна гэж заасан. Иргэд парламентаа сонгож, парламентад олонх болсон нь Засгийн газраа бүрдүүлж ажилладаг. Энэ парламент иргэд сонгогчдоор ажлаа дүгнүүлэхэд найман сарын хугацаа үлдлээ. Энэ хугацаанд олонх болсон нам мөрийн хөтөлбөрөө биелүүлж чадсан уу. Тэрхүү биелэлтийг сөрөг хүчин хянаж, шахаж ажиллаж чадав уу гэдэг чухал. Мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд, иргэдийн амьдралыг сайжруулахад, хэрэгжүүлээгүй ажлаа биелүүлэхэд цаг хугацаа бага үлдсэн байна.
-Тэгээд чадав уу. Та ямар дүгнэлттэй байна вэ?
-Өнгөрсөн хугацаанд олон хууль батлагдлаа. Засгийн газар ч нэлээд тогтвортой ажиллалаа. Ямар байгааг өнөөдрийн Монголын ард түмний амьдралаар дүгнэнэ шүү дээ. Эрх баригчдын яриад байгаа зүйл иргэдийн амьдралын байдал хоёр газар тэнгэр шиг ялгаатай байна. Эрх баригчид “Манай намын мөрийн хөтөлбөр 80 хувьтай биелэгдсэн” гэж мэдээлсэн. Миний хувьд 10 хувь хүрэхтэй үгүйтэй биелсэн гэж үзэж байна.
-Намрын чуулганаар иргэдийн амьдралд дарамт болж байгаа үнийн хөөрөгдлийг хязгаарлах, ам.долларын ханшийг хазаарлахад түлхэц болсон ямар хууль хэлэлцэгдэх вэ?
-Эрх баригчид өмнөх ярьдаг зүйлээ ахиад л ярих гэж байна. Инфляци буюу бараа бүтээгдэхүүний үнийн хөөрөгдлийг арилгана гэж тэд хэлдэг. Энэ долоо хоногоос эхлэн 2024 оны төсвийг хэлэлцэнэ. Энэ парламентаар хэлэлцэх сүүлийн төсвийн хууль л даа. Мөн 2023 оны төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэнэ. 2024 оны төсөв мэдээж сонгуулийн төсөв болох байх. Тиймээс хэрэгжих боломжгүй төсвийн хууль батлагдах байх. Хий хоосон зүйлүүдийг тусгаад батлаад л өнгөрнө. Дараагийн сонгогдсон УИХ долдугаар сард төсвийн тодотгол хийх байх.
-Үүнд сөрөг хүчний ач холбогдол гарна биз дээ. Амлачихаад мартчихсан мөрөөдлийн жагсаалтаа хэрэгжүүлж байгаа мэтээр дүр эсгэсэн сонгуулийн өмнөх төсвийг бодит болгоход танай бүлэг яг яаж шахаж, хэрхэн ажиллах вэ?
-Парламентад суудалтай нам, бүлэг яаж ажиллахыг иргэд ажиглаж байгаа. Ардын нам ч, Ардчилсан намын нэртэй Ардын намын нөхөд ч тэнэгтэж эхэлнэ.
Үүнийг ойлгох иргэд ч байгаа. Ойлгохгүй нь ч бий. Өнөөх попролт, баахан пиараараа иргэдэд горьдлого төрүүлдэг.
Шинээр үйлдвэрүүд бий болж, иргэдийн худалдан авах чадвар дээшилж, үнийн хөөрөгдөл арилж, банк санхүүгийн байгууллагын зээлийн хүү боломжийн болж байна уу гэвэл үгүй. Өнөөдөр төр оролцохгүй зүйлгүй боллоо. Улсын төсвийг сүүлийн таван жил дандаа алдагдалтай баталлаа. Өр зээлийн хэмжээ жил бүр нэмэгдэж байна. Нэг хүнд ногдох өрийн хэмжээ 35 сая төгрөг болсон.
-УИХ-ын сонгуулийн хууль батлагдсантай холбоотойгоор сонгуулийн тойргийн асуудлыг энэ чуулганаар эцэслэн батална. Том, эсвэл жижиг тойрог байхын аль нь иргэдэд үр ашигтай байдаг вэ?
-Хаврын чуулганаар холимог тогтолцоог оруулж, УИХ-ын гишүүдийн тоог нэмлээ. Дэлхийн геополитикийн өөрчлөлтийн энэ үед хэрэгтэй өөрчлөлт байх. Энэ өөрчлөлт цаашид ямар нөлөө үзүүлэхийг иргэд харж байх шиг байна. Намууд төлөвшиж бодлогын нам болоход чиглэсэн өөрчлөлт болсон эсэх нь амьдрал дээр харагдана.
Нөгөө талаас хариуцлагын асуудал хаа сайгүй алдагдсан. Татвар төлөгчдийн мөнгө буюу улсын төсвийн 30 хувь нь үр дүнтэй зүйлд зарцуулагддаг уу үгүй юү. Үлдсэн хувь нь цавчаа гэдэг зүйл л явчихлаа. Үүнийг хянадаг хяналтын байгууллагууд нь ажиллахгүй байна. Тухайлбал, УИХ Засгийн газраа хянаж чадахгүй байна. Засгийн газар нь хариуцлагаа үүрч чадахгүй байна. Наад захын жишээ, өнөөдрийн шуугиан болж байгаа ногоон автобус.
Эдний зохион байгуулсан, хийсэн ажил ямар ч үр дүнгүй боллоо. Монголын хүн амын 50 хувь нь амьдарч байгаа Улаанбаатар хотын иргэд өнөөдөр горыг нь амсах болчихоод байна. Энэ асуудалд эрх барьж байгаа МАН яаж хандаж байна вэ. Бусад намууд буюу дагуул намын тавиул дарга нар яаж хандаж байна вэ. Би түрүүн хэллээ шүү дээ, МАН, АН, дагуул намууд яаж тэнэгтэхийг иргэд хараад сууж байна гэж. Түгжрэл хэвээр үлдэх нь. Энэ өвөл дулаахан тохь тухтай хүртээмжтэй автобусны үйлчилгээг иргэд авч чадахгүй нь. Mercedes-Benz загварын автобусны үнэ хүрэх мөнгийг юу ч үгүй болголоо. Цаг хугацаа үлдсэнгүй. Дараагийн шинэ автобус хэдэн сард орж ирэх юм бүү мэд. Уг нь хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө нийтийн тээвэр, түгжрэлтэй холбоотой асуудлаа шийдсэн байх ёстой байсан. 420 тэрбум төгрөг бага мөнгө биш. Үүн дээр нэмээд Улаанбаатарын бонд гаргаж байна. Тэр бондын мөнгийг цоорхой саванд хийгээд хаашаа яаж зарцуулах юм.
Энэ их боломжийг үгүй хийсэн Засгийн газар огцрох ёстой.
Хэн нэгэн хүнийг туг тахих маягаар иргэдийн сэтгэл зүй дээр тоглож, улс төр хийж байна гэж попорсон хэдэн дагуул намын алиа салбадай тавиул улстөрчдийг гаргаж ирээд асуудал замхарч байна. Зохиолыг нь биччихээд тоглож байна. Үүнд ХҮН нам ч, Ардчилсан нам ч алиа салбадай мэтээр оролцож байна.
-Тангараг өргөөд хариуцаж авсан салбарын асуудлаа шийдэж чадахгүй зугтдаг жишиг тогтох нь. Үүнийгээ “Хариуцлагаа хүлээж огцорлоо, сайн жишиг” гэхчилэн сайхан пиараар халхавчилдаг боллоо. Нэг талаас сайн жишиг байж болох ч энэ үнэхээр бодитоор хариуцлага мөн үү?
-Бодит хариуцлагыг тооцох газар нь Засгийн газар. Засгийн газрын тэргүүн өөрөө тэрхүү улстөрчийг сайдын суудалд томилсон. Асуудал хариуцсан сайд огцрох ёстой. Гэхдээ огцорсноор хариуцлага хүлээж байна уу гэвэл үгүй. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар хариуцлагатай ажиллах ёстой байсан. Анхнаасаа л асуудлаа хянаж ийм хэмжээнд хүргэхгүйгээр ажиллах ёстой байсан. Тиймээс ажлаа хийх чадамжгүй Засгийн газар огцрох ёстой. Энэ бол бодит хариуцлага. МАН-ынхан намынхаа байрыг зараад ч болтугай иргэдэд учруулсан хохирлыг барагдуулах хэрэгтэй.
Ийм их мөнгийг Засгийн газарт хариуцуулж өгснөөрөө УИХ хариуцлага тооцох ёстой. Хэрвээ тооцож чадахгүй бол хяналтаа тавих чадваргүй УИХ тарах хэрэгтэй. Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох ёстой. Маш богино хугацаанд ахин сонгууль явуулах ёстой. Тэгж байж бодит хариуцлага болно.
-Ер нь улс орны ирээдүйн хувь заяаг шийдэх энэхүү албан тушаалын босгыг яаж өндөр болгох вэ?
-Энэ чиглэлд олон хууль баталсан л даа. Харамсалтай нь хууль хэрэгжихгүй байна. Дүр эсгэсэн ардчилалтай улс орон болчихоод байна. Хууль нь байгаа ч хэн ч хуулийг дээдэлж ажилладаггүй. Засгийн газар хуулийг биелүүлж байх ёстой. Үүнд УИХ хяналт тавих ёстой. Гэтэл аль аль нь ажлаа хийхгүй байна. Нөгөө талаар иргэд өөрсдөө сонголтоо хийж чадахгүй байна. Мөн хэвлэл мэдээллийн байгууллага ч хангалттай хэмжээнд дөрөв дэх засаглалын үүргээ биелүүлж чадахгүй байна. Нөгөө талаар хэвлэлийн эдийн засгийн эрх чөлөөг төрийн нэрээр эрх барьж байгаа нам боомилоод байгаатай ч холбоотой.
МАН-ын мянга мянган гишүүдийг би хүндэтгэж байна. Гэхдээ тэднийг хэдхэн хүн баллаж байна шүү дээ. Сонгогчдыг үнэн бодит мэдээллээр хангаж, сонгогчид зөв зүйтэй ойлгомоор байна.
-Сонгуулийн тойргийн асуудалд та тодорхой хариулт хэлсэнгүй?
-Сонгуулийн тойргийн асуудал чухал зүйл биш гэж бодож байна. Одоо хамгийн гол асуудал нь бодлого ярьдаг, бодлогоо хэрэгжүүлдэг, хууль дээдэлдэг нам, улстөрчдийг сонгодог болмоор байна. Үүнийг сонгогчдод ойлгуулмаар байна. Ийм хүмүүсээ нам нь дэвшүүлдэг баймаар байна. Гэхдээ өнөөдрийн Монголын туулж байгаа замыг дэлхийн ардчилсан улс орнууд туулсан. Өнөөдөр хэн ч Иран, Хойд Солонгост очиж ажиллаж, амьдаръя гэж бодохгүй. Япон, Солонгос, АНУ, Англид амьдарч, ажиллах, сурах хүсэлтэй иргэд олон бий.
-Саяхан ОХУ-ын Төрийн Думын дарга манайд айлчилсан. Айлчлалын үеэр хоёр орны парламентын хамтарсан комисс байгуулагдаж, хуралдсан нь, мөн Думын дарга Ерөнхийлөгч нарын түвшинд ойлголцсон асуудлыг ажил хэрэг болгохын тулд танайх хуулиа манайхаас асууна шүү гэх маягийн үг хэллээ хэмээн нийгэм шүүмжилж байна. Сөрөг хүчний гишүүний хувьд та үүнд ямар дүгнэлттэй байна?
-Монголын ард түмэн 1990 онд сонголтоо хийсэн. Тиймээс тэр сонголт руу бид явж байна гэж ойлгож байгаа. Эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг байгуулна гэж Үндсэн хуульд заасан шүү дээ.
Гэтэл Думтай зөвшилцөж хуулиа батална гэдэг бол манай улс 1990 оноос өмнөх цаг үедээ очих нь. Монголын ард түмнийг Кремлийн, Цагаан хэрмийн цаанаас, Цагаан ордноос удирддаг байж болохгүй. Монголын парламент бүх улс оронтой хамтарсан комисс байгуулж, хуралдах хэрэг үү. Монгол Улсын гадаад бодлого бүх улс оронтой эрх тэгш харилцаж байх ёстой. Тиймээс энэ буруу. Энэ УИХ Монголын гурван сая 500 мянган иргэнийг илэрхийлж байгаа тусгал нь биз дээ. Гэтэл зөвхөн МАН-ынхан цугларчихсан, МАН-аас гарсан УИХ-ын дарга нь тийм юм яриад зогсож болохгүй. Өмнө нь манайх “Энэ асуудал Монголын эрх ашигт нийцэж байгаа эсэхийг УИХ-аас асууя. Манайх ардчилсан төр засагтай улс. Иргэд сонголтоо хийдэг. Чөлөөт хэвлэлтэй улс” гэдэг байлаа. Үүгээрээ Евро Ази тивдээ ялгардаг, ялгарсан цорын ганц улс. Тиймээс ч эрх чөлөөний арал гэж нэрлэгддэг. Гэтэл энэ имижийг МАН-ынхан дангаараа шийдэж болохгүй. Энэ бол маш буруу зүйл. Энэ талаар өнөөгийн парламентын гишүүн болох надаас лав асуугаагүй. Эрх баригч нам дангаараа шийдсэн.
Р.ХИШИГЖАРГАЛ