Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл улс-төр

Ж.Батсуурь: Нүүрсний сонсголыг самууруулж, хэргийг өөрсдөөсөө “төөрүүлэх” гэсэн үйлдэл хийгдлээ DNN.mn

УИХ-ын гишүүн Ж.Батсуурьтай ярилцлаа.


-Нүүрсний сонсголд гэрчээр дуудагдах нэрст ихэвчлэн АН-ын хүмүүс байна. Нүүрсний хэрэг анх яригдахад зарлагдсанаас өөр хүмүүсийн нэр орж ирснийг та юу гэж харж байна вэ?

-Нийгэмд болж бүтэхгүй байгаа, иргэдийн санаа зовоосон, төрийн мөнгийг шамшигдуулсан, авлига хээл хахууль, хууль зөрчсөн үйлдэл их байна. Энэ хэмжээгээр иргэдийн амьжиргаа дордож ядуурал нэмэгдэж байна. Эдгээр асуултын хариуг өгөх хүмүүс нь эрх баригчид. Гэтэл эрх баригчид хоёр шалтаг хэлдэг. Ковидтой, дайнтай байсан гэдэг. Дэлхий дээр ганцхан Монгол Улс оршиж байгаа юм биш. Бүх л орон ковидын зовлонг даван туулсан. Дайны хор уршгийг даван туулж байна. Гэтэл үүнд ганцхан Монгол Улс нэрвэгдээд байгаа юм шиг ярьцгаадаг. Дайн, ковид 2021 оноос хойш үүссэн асуудал. Харин эрх баригчид 2016 оноос хойш өнөөг хүртэл засаглаж байна. Тэдэнд ахиц гаргаж байгаа юм алга. Үүнийг бүгд харж байна. Тиймээс болохгүйг нь хэлэхээр “Бид болж байна” гэж байгаа нь ичгэвтэр харагдаж байна.
Нүүрсний хулгайн эзнийг тодруулъя. Юу болов гээд Ерөнхий сайдаасаа эхлээд нийгэмд шуугиан дуулиан тарьсан. Хүн барьж хорьсон. Гэтэл шүүх хурал нь хэдэн ч удаа хойшлов. Сонсголоор нэгнийг яллахгүй, олон нийтэд л мэдээлэл өгөх гээд байгаа юм шүү дээ. Гэтэл хаа хамаагүй хүмүүсийг гэрчээр оруулах гэж байна. Тэд нүүрсэнд ямар ч холбоогүй. Нүүрстэй холбогдоогүй иргэдийг хэдэн зуугаар нь авчирч, байцаах юм байна л даа. Нүүрсний хэрэгтэй холбоотой гээд өнгөрсөн хугацаанд баахан хүн орон шоронд хийсэн. Хэд хэдэн гишүүнийг түдгэлзүүлчихсэн. Зарим нь өөрсдөө өргөдлөө өгчихсөн. Гэтэл тэр хүмүүсийн нэр алга. Үүнээс харахад дунд түвшнээс дээш “тул хүртэлх загаснууд” энэ сонсголоор яригдахгүй нь. Жараахай зиндааны мэтийн хүмүүсийг нь авч ирэх нь. Ийнхүү нүүрсний хэргийг самууруулж, өөрсдөөсөө төөрүүлэх гэсэн үйлдэл явж байна.

-Танай намын хэрэгжүүлж байгаа “Өрийн дарамтгүй Монгол” аяныг эрх баригчид үгүйсгэж байна. Монголыг өрөнд оруулсан нам ингэж ярих эрхгүй. Бид тавьсан өрийг нь дарж байна гэцгээж байна?

-Эрх баригчид асуудал тулахаар муу л бол хойд талын хар овоохой гэдэг шиг АНруу заадаг. Ардчилсан нам муу байж болно, би энд өмгөөлөхгүй байя. Гэтэл найман жилийн хугацаанд дорвитой арга хэмжээ аваагүй.

Сонгуульд ялж Засгийн газраа байгуулсны маргаашнаас нь буруу байсан бол хариуцлага тооцож, шоронд хийж шонд дүүжлээд буруугүйг нь цагаатгачихгүй яасан юм бэ. Гэтэл бүр дордуулчихаад сонгууль дөхөхөөр яриад байна. Үүнд иргэд үнэмшихгүй шүү дээ. АН-аас “Өрийн дарамтгүй Монгол” үндэсний аян хийхээр зарим нь бухимдаад байна. Ардчилсан намын тавьсан өрийг бид дарах гэж үйлээ үзэж байна гэх юм. Үгүй шүү дээ. Социализмаас зах зээлийн нийгэм рүү шилжсэн цагаас 2016 оныг хүртэлх 20 жилийн хугацаанд тавьсан өрийн хэмжээтэй дүйцэх хэмжээний өрийг сүүлийн долоохон жилийн дотор МАН тавьчихлаа. Өмнөх өрийг төлж байгаа бол нэг хүнд оногдох өр 2016 онд байсан 15 сая төгрөгөөс багасах ёстой. Гэтэл өнөөдөр нэг иргэн 33 сая төгрөгийн өртэй байна. Нэг хүнд оногдох өр гэж өөрсдөө амаараа хэлсэн. Ам.долларын ханш унасан гээд 00 цаас, өндөг барьчихаад савсганаад байсан. Өнөөдөр ам.доллар 3500 болчихлоо. Тухайн үед МАН-ынхан өлгийтэй хүүхэд хүртэл 15 сая өртэй байна. Ардчилсан нам улсыг сүйрүүлчихлээ гэж байсан. Гэтэл тэд өнөөдөр Монголын өрийг хоёр дахин нэмчихээд сууж байна.

Ямар өр дарсан юм бэ гэсэн бодит асуултыг тавимаар байна. АН-аас л салчихвал инфляци буурч, өргүй болно, цэцэглэн хөгжинө гээд байсан. Өнөөдөр тэр бүхэн нь хаана байна вэ. 2016 онд 100 мянган төгрөгөөр хоёр тор хүнс авч хүрдэг байсан. Өнөөдөр юуных нь хоёр тор. Нэг тор ч дүүрэхгүй байгаа нь бодит үнэн. Чингис бондын мөнгөтэй тэнцэх дүнтэй мөнгөн дээр өнөөдөр төрийн өмчийн нэг компанийн захирал гарын үсэг зурж байна. Тэр мөнгө юунд зарцуулагдав гээд үзэхээр хувь хүний гэрээс алтан гулдмай, энд тэнд шилэн байшингууд гарч ирээд байна. Гэтэл бид Чингис бондын мөнгөөр Улаанбаатарын замын бүх уулзваруудыг янзалсан. Хэрвээ уулзвар байгаагүй бол түгжрэл юу болох уу. Аймгуудыг нийслэлтэй холбох замуудыг тавьсан. Гэтэл Дарханы замыг найман жил барьж байна. Цахилгаан станцын өргөтгөл, дулааны станц барьсан. Барилгын материал, хүнсний үйлдвэрүүд баригдсан. Энэ бүрийг иргэд мэдэж байгаа. Өмнө нь пиар, хар технологи, троллоор олон нийтийн тархийг угаадаг байсан. Өнөөдөр энэ технологи нь боломжгүй болсон. Монголчууд бүх зүйлийг харж, ойлгож байна, амьдрал дээрээ мэдэрч байна. Иргэд хариуцлага тооцох гээд ирэх жилийн сонгуулийг хүлээгээд сууж байна.

-2024 оны төсөв ер нь ямархуу төсөв батлагдчихав. Та ямар дүгнэлттэй байна вэ?

-Мэдээж эдийн засаг тэлэх нь сайн. Гэхдээ эдийн засаг бүх түвшинд өсч байна уу гэдэг чухал. Өөрөөр хэлбэл, нүүрс, алт гэхчилэн уул уурхайн бүтээгдэхүүнийг их гаргаснаар эдийн засаг өсч байна уу, эсвэл ханшны зөрүүнээс хэдэн төгрөг олно гээд түүнийгээ хувааж байна уу гэдгийг харах ёстой.
Үе үеийн төсвөөс энэ жилийнх хамгийн том дүнтэй, хамгийн их зарлагатай төсөв. Сонгуулийн жилүүдэд төсөв өсдөг. Учир нь ингэж амлалтаа биелүүлж байгаа юм шиг харагдуулдаг. Энэ нь дараагийн дөрвөн жилийн эдийн засгийг сөхрүүлдэг. Том том үнийн дүнтэй бүтээн байгуулалтыг хийнэ гээд эхлүүлчихдэг. Төсвийн хэмнэлтийн хуулиар нийт хөрөнгө оруулалтын 1/3 хувийг тавьсан тохиолдолд төсөвт суулгах хуультай. Батлагдсаны дараа харахад 100 сая төгрөгийн өртөгтэй бүтээн байгуулалтад 10 сая төгрөгийн төсөв тавьсан байдаг. Энэ нь тухайн бүтээн байгуулалтын нийт хөрөнгө оруулалтын 10 хувь шүү дээ. Зарим нь бүүр дуусдаггүй, замхарч дутуу баригдсан барилга, зам болон үлддэг. Ингэж дараагийн Засгийн газрын ажиллах боломжийг хумьж, дараагийн эдийн засгийн хүндрэлийг бий болгож байна. Өөрөөр хэлбэл, би үхэхээр чи үх гэсэн хандлагаар хандаж байна гэсэн үг.

Инфляци эдийн засгийн буруу бодлогоос үүдэж бий болдог. Тэтгэврийг 100 мянган төгрөгөөр нэмсэн. Цалинг инфляцитай уялдуулж нэмээд байгаа юм шиг хэрнээ баруун гараараа бага мөнгө өгөөд, зүүн гараараа их мөнгө суйлж байна. Энэ нь хүүхдийг чихрээр хуурч байгаатай адил үйлдэл.

Ер нь Засгийн газар уялдаа муутай байна. Жишээлбэл, Монгол Улс цахилгааны их үүсвэргүй боллоо. Цахилгаан, дулаан үйлдвэрлэл эцэстээ тулчихлаа. Өвлийг яаж давах уу гэж байхад нөгөө талд гэр хорооллын айлуудад цахилгаан халаагуур өгнө гэж байх жишээний. Төрийн бодлого уялдаатай явах ёстой. Тэгж байж үр дүн гарна. Гэтэл нэг нь цахилгаанаа хэмнэнэ гээд зарим газрын ажлыг нь ч хийлгэхгүй хязгаарласан. Мэдээлэл багатай орон нутагт бүс бүсээр нь тасалж байна. Харин Улаанбаатарт иргэд утаа гээд ундууцахад цахилгаан халаагуур тараана гэж байна. Ийм байж болохгүй. Ковидод 20 их наяд төгрөг зарцуулсан. Энэ мөнгөөр нэг айлд 100 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэхэд бараг 200 мянган айлыг орон сууцтай болгоно. Өөрөөр хэлбэл, Улаанбаатарын бүх яндан, зуух нураад унах хэмжээний их мөнгө. Гэтэл өнөөдөр яндан зуухны тоо буурч байгаа юм алга. Ковидын мөнгөний зарцуулалтыг огт тайлагнахгүй байна.

-Танай нам ковидын төсвийн зарцуулалтаар сонсгол явуулах санаачилга гаргасан. Гэтэл шинжээч дээр гацчих шиг боллоо. Шинжээч маш чухал үүрэгтэй байдаг юм шиг байна, тийм үү?

-Тийм. Манай намын бүлгээс ковидын төсвийн зарцуулалтаар сонсгол хийе гэсэн. Сонсголд саад болох олон үйлдэл гарч байна. Жишээлбэл, шинжээч гаргаж өгөхгүй байна. Улсын эдийн засагтай тэнцэхүйц ийм их мөнгийг УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн гишүүд очоод зөв бурууг ялгах боломжгүй. Үүнд нарийн мэргэжлийн шинжээч чухал. Үүнээс гадна ирэх нэг дэх өдөр ковидын сонсгол болно гэж байхад баасан гаригийн орой ажил тарсны дараа материалаа өгч байх жишээтэй. Энэ мэтээр төрийн байгууллагууд мэдээллээ өгөхгүй байна. Сөрөг хүчний санаачилсан нийтийн сонсголд мэдээллээ өгөхгүй байгаа юм чинь ард түмэнд мэдээллээ өгөхгүй байгаа нь энгийн үзэгдэл боллоо. Эрх баригчид хэт дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэж байна.
Би орон нутгаар явлаа. Иргэд шүдээ зуучихсан байна. Хүчээ нэгтгэнэ гэсэн. Хүчээ нэгтгээд бүгдээрээ хулгай хийсэн байна. Хүчээ нэгтгээд инфляцийг нэмсэн байна. Хүчээ нэгтгээд ядуурал руу түлхсэн байна гэцгээж байна. Эрх баригчдын хэт дураараа энэ үйлдэл Хадгаламж зээлийн хоршоо, иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийг идэж уусан, 60 тэрбумаас эхлэлтэй. Дараа нь ЖДҮ, БЗС, Хөгжлийн банк гээд явна. Сүүлдээ нүүрсний хулгай боллоо. Улсын төсвийг хоёр нугалсан хэмжээтэй мөнгө энд яригдаж байна. Үүнийг таслан зогсоох зүйл бол сонгууль. Дэлхий дээр ер нь ийм бузар булай зүйлийг сонгуулиар засдаг.

-Авлигын шүүх байгуулах тухай асуудал яригдаж байна. Энэ талаар шүүмжлэлийг ч мэргэжилтнүүд хэлж байна л даа. Та ямар дүгнэлттэй байна вэ?

-Сонгууль дөхөхөөр элдвийн юм ярьж байгаад эгдүүцэл төрж байна. 2016 онд гарч ирээд Авлигын шүүхээ байгуулж байхгүй яасан юм бэ. Хүний өөрийн гэж ялгалгүй хүмүүсийг цэвэрлэж байхгүй яасан юм бэ. Авлигатайгаа тэмцэж чадахгүй, намынхан нь бүгд аалзны шүлс шиг холбогдож, барьцалдсан. Сонгууль дөхөөд ирэхээр иргэдийг тайвшруулах зорилгоор Авлигын шүүх гэх нэр томьёог гаргаж ирж байна. Ардчилсан нам авлигатай тэмцэхийг 100 битгий хэл 1000 хувь дэмжинэ. Гэхдээ өнөөдөр Монгол төрийн институцуудыг эрх мэдэлдээ оруулах нь шударга шүүхийн зарчим алдагдана гэж бодож байна. Жишээлбэл, АТГ-ын даргыг Засгийн газар өөрөө томилдог. Прокурор мөн нэг хэсэг мэдэлтний гарт байгаа. Харин шүүх харьцангуй бие даасан байдалтай байна. Гэтэл авлигатай хэсгээс нь тасдаж аваад анхан болон давж заалдах шатгүйгээр шүүнэ гэж байна. Үүнийг иргэдэд сайхнаар ойлгуулаад ард нь өөрсдийнхөө найман жил хийсэн булай, булхайгаа бөөнөөр нь дарах гэж байгаа гэж бодож байна.

Хоёрдугаарт, бие даасан шүүхийн тогтолцоонд халдах нь буруу. Учир нь 37 онд “Онц комисс” гэгчийг байгуулаад баахан хүнийг хэлмэгдүүлсэн. Хээрийн шүүхээр баахан хүнийг буудан хороосон. Ер нь аливаа зүйл цөөхөн үйлдэл рүү орох тусам тэнд булхай үүснэ. Жишээлбэл, оффтейк гэрээ. Үүнийг гурван хүн хийсэн. Хэрвээ 30 хүн хийдэг байсан бол тэр гэрээ хийгдэхгүй байсан. Өнөөдөр шүүхийн системд хэдэн шүүгч байдаг, өөрийнх нь хэрэг аль шүүх дээр шүүгдэхийг мэддэггүй. Хуваарилагдаж очдог учраас шүүгчээ сонгох боломжгүй. Тэгвэл Авлигын шүүх гээд 12 хүнтэй шүүхийг зарлая. Авлигачид тэрхүү 12 хүний долоог нь хээл хахууль өгөх замаар авлигын нарийссан сүлжээ үүсгэнэ. Ингээд шударга шүүхийн зарчим алдагдана.

Иргэдэд сайхан сонсогдуулаад ард нь дандаа буруу үйлдэл хийдэг. Жишээлбэл, нүүрсний хулгайчидтай тэмцэнэ, сонсгол хийнэ гэж мэдээлэхээр иргэд дуртай хүлээж авсан. Гэтэл гол холбогдогч эзэд хаана байна. Байхгүй. Авлигын шүүх үүнтэй адил сайхан сонсогдож байгаа. Гэтэл нэг шоколад авсан байдаг ч юмуу баахан хүнийг шорон руу илгээчихээд их наядаар авсан зохион байгуулалттай бүлэглэл өөрсдийн шүүхээр өөрсдийн хэргийг устгуулах боломжтой. Дараа нь шүүхийн шийдвэр эцсийнх. Бид шүүхээр шийдүүлсэн. Ямар ч будилаан, булхайгүй гээд зогсож байхыг үгүйсгэхгүй. Одоогийн энэ зүйлээ 2016 онд хийгээд долоон жилийн хугацаанд хэрэгжүүлж үр дүнг нь үзсэн бол эргэлзэх зүйл алга. Сонгууль дөхөхөөр ийм юм хийж байгаад эргэлзэж байна.

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Л.Баярмандал: Шатахуун хадгалах сав хүрэлцээгүй учраас олон сараар нөөцөлж чадахгүй байна DNN.mn

АИ-92, дизель түлш хомсодсон, орон нутагт тасарсан талаар олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдээлэгдэж буй. Тиймээс үүнтэй холбоотойгоор Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Л.Баярмандалаас тодруулга авлаа.


-Орон нутагт ч, хотод ч түлш тасраад байна. Үүнд ямар арга хэмжээ авч байна вэ?

-ОХУ-ын дотоод байдалтай холбоотойгоор тодорхой хугацаанд тасалдал үүссэн. 20-иод хоногийн хугацаанд Монгол Улсад ганц ч литр тос орж ирээгүй. Үүний дараа манай хоригийг цуцлаад ачуулж байна. Гэхдээ жигдрэл үүсэхгүй байна. Жишээ нь, нэг өдөр бензин, дараагийн өдөр нь дизель орж ирээд ч гэдэг юм уу тогтвортой байхгүй байна.

Хадгалах сав хүндхэн байгаа учраас олон сараар нь нөөцөлж авч чадахгүй байна. Мөн дотоодын тээврийн асуудал ч их байна. Монголын болоод ОХУ-ын төмөр зам нэлээд ачаалалтай байна.

-Байдал хэзээ хэвийн болох вэ?

-Толгойт, Рашаант зэрэг бөөний станцуудад манайх байнгын шалгалт, хэмжилт хийж байна. Хэдэн вагон орж ирж байна. Хэдэн агуулахад хэдэн тонны үлдэгдэлтэй байна зэргийг хянаж байгаа. Бөөний хувьд ямар нэгэн асуудалгүй.

Гайгүй болсон. Агуулахаасаа эхлээд шатахуун түгээх станц хүртэлх компаниуд өөрсдөө хариуцаж тараадаг. Үүнд тодорхой хэмжээний доголдол үүсч байна. Жишээ нь, жижиг компаниуд өөрсдийн агуулах савгүй учраас том компаниудын агуулахыг түрээсэлдэг. Мөн гэрээгээр агуулахад нь шатахуун нөөцөлдөг газрууд байна.

Хотын төвийн станцуудын тухайд, том оврын машиныг өдөр явуулдаггүй. Тиймээс орой болохыг хүлээж байгаад цэнэглэдэг зэргээр ложистикийн жижиг асуудлууд байна.

-ОХУ-ын Засгийн газраас хязгаарлах шийдвэрийг есдүгээр сарын 21-нд гаргасан. Энэ хугацаанд яагаад арга хэмжээ авсангүй вэ гэх олон нийтийн шүүмжлэл байна л даа?

-Тухайн үед баруун болон зүүн хилээр шатахуун орж ирээгүй. Арваннэгдүгээр сарын 13-наас Боршоо боомтоор, арваннэгдүгээр сарын 15-наас Цагааннуур боомтоор түлш орж ирлээ. Харин аравдугаар сарын дунд үеэс Эрээнцавын боомтоор түлш орж ирсэн. Энэ хүртэлх хугацаанд шатахууныг дандаа Улаанбаатар хотоос татаж байсан. Тиймээс тодорхой хэмжээний хүндрэл үүссэн.

Бид хойд, урд мөн бүх түвшинд ажиллаж байна. Аж ахуйн бүх захирлууд өнөөдөр (өчигдөр) уул уурхайн яаман дээр уулзаж ярилцлаа. Бүх талдаа ажиллаж байна. Гэхдээ Монгол Улс дотооддоо газрын тосны үйлдвэртэй болохоос нааш санаа амрах асуудал биш. Тэр дундаа дайн болно гэж бид төлөвлөөгүй л байсан.

-Шатахууны хомсдолоос болж уул уурхайн компаниудад ямар нэгэн хүндрэл үүсч байна уу. Тээвэрлэлт тасалдаж байна гэх мэдээлэл явах юм?

-Байхгүй. Уул уурхайн компаниудын ихэнх нь гэрээтээр явдаг. Гэрээт компаниуддаа хамгийн түрүүнд өгч байна. Өөрсдөө хариуцлагатай байж хангамжийн компаниудтайгаа гэрээгээ хийчихвэл асуудал байхгүй.

-Шатахууны хомсдолоос үүдэж хот хоорондын ачаа тээвэрлэлт мөн л саатаж байна. Үүнд чиглэсэн ямар арга хэмжээ авч байгаа вэ?

-Цас зудын хүндрэлтэй холбоотой шатахууны асуудлыг УОК-оос тодруулаарай. Ямартаа ч баруун, зүүн хилээр орж ирж байгаа шатахууныг УОК-т өгч байгаа.

-Баруун хилээр хэдэн хоногийн нөөц орж ирж байгаа вэ?

-Хадгалдаг юм биш. Ороод таарагдаж байгаа. Гагцхүү тасалдахгүй орж ирж байна.

-Тасалдвал яах вэ. Цаашид тасалдахгүй юу?

-Манайхыг шатахуунаар хангаж байгаа улс тасалдахгүй гэж хэлсэн.

-ОХУ-тай ямар хэмжээний ойлголцолд хүрчихвэл шатахуун хомсдож байгаа энэ байдал сайжрахаар байна вэ?

-Ойлголцсоны үндсэн дээр тасрахгүй явж байна. Дэлхийн олон оронд хориг тавьсан хэрнээ манай улсыг хоригоос гаргаж шатахуун өгч байна шүү дээ. ОХУ-д дотоодын хэрэглээгээ хангах шаардлага үүсч байна. Квоттой байдаг юм билээ. Мөн дотооддоо өөр хэрэглээтэй болчихоод байгаа шүү дээ. Тиймээс хаа хаанаа зовлон байна. ОХУ-аас гэрээлсэн хэмжээгээрээ өгнө гэсэн.

-БНХАУ-аас Монголын аж ахуйн нэгжүүд шатахуун авч байгаа гэж ойлгосон?

-Гадаад харилцааны яамаар дамжуулж хүсэлт тавьсан. Гэрээгээ хийж, мөнгөө төлсөн. БНХАУ квотын системтэй. Тиймээс төмөр замын квоттойгоо тохирдог юм билээ.

-БНХАУ-аас сард хэр хэмжээтэй шатахуун авч байгаа вэ?

-Аж ахуйн нэгжүүд гэрээ хийж авч байгаа.

-БНХАУ-аас авах шатахууны хэмжээг нэмэх талаар яриа хэлэлцээр хийгдэж байгаа юу?

-Одоогоор долоон мянган тонн шатахуун БНХАУ-аас орж ирсэн байна. Дараагийн тээвэрлэлт үргэлжлээд явж байна. БНХАУ-ын хувьд манай хэрэглээ жаахан шүү дээ. Сарын 100 мянган тонныг авъя гэхэд дэндүү бага байна гэсэн. Тэгэхдээ хүнд нөхцөл байдал үүссэн гээд манайд өгч байгаа. БНХАУ бол хэдэн сая тонноор ярьдаг улс.

Р.ХИШИГЖАРГАЛ

 

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Б.Жавхлан: АН-ынхан “Өргүй Монгол” гэж ярих эрхгүй. Тэдний тавьсан өрийг дарж байгаад чимээгүйхэн алга ташаад суух хэрэгтэй DNN.mn

Монгол Улсын өрийн асуудлаар Сангийн сайд Б.Жавхлантай ярилцлаа.


-Өрийн талаар ямар эх сурвалж дээр үндэслэсэн нь тодорхойгүй мэдээлэл гарах юм. Монгол Улсын өр ДНБ-ийхээ 60-аас дээш хувийг эзэлж байна, хэзээ мөдгүй дампуурлаа гэх мэдээлэл ч бий. Гэтэл өмнөх онд бондуудын төлөлт хийлээ. Өнөө маргаашгүй дампуурлаа гэж байсан Хөгжлийн банк ч хөл дээрээ босоод ирлээ. Тэгэхээр худлаа ч юм шиг?

-Монгол Улсын өр, Монгол Улсын Засгийн газрын өр гэсэн ялгаатай ойлголтууд бий. Тиймээс эхлээд энэ талаар цэгцтэй ойлголт өгье. Бид нийгмийн шинэ харилцаанд ороод 33 жил болж байна. Энэ хугацааны Монгол Улсын Засгийн газрын өрийг хоёр үед хувааж болно. Нэгдүгээрх нь, 1990-2012 он хүртэл. Хоёрдугаарх нь, 2012-өнөөг хүртэл. 1990 оноос хойш бид зах зээлийн харилцаанд ормогцоо Дэлхийн банк, АХБ зэрэг олон улсын олон талд харилцаатай хөгжлийн институцийн гишүүн орон болсон. Ингээд тэдгээр байгууллагуудаасаа урт хугацаатай, нэн хөнгөлөлттэй зээлийг авч улс орныхоо хэрэгцээтэй салбарт хөрөнгө оруулалт хийж ирлээ. Олон талт хамтын ажиллагаатай санхүүгийн эдгээр байгууллагуудаас гадна Япон, Хятад, Герман зэрэг донор орноос мөн зээл авч ирсэн. 2012 оноос эхлэн ямар шинэ ойлголт гарав гэхээр Монгол Улсын Засгийн газар анх удаа олон улсын санхүүгийн зах зээл дээр “Монгол Улсын Засгийн газар” гэсэн кодтой, богино хугацаатай арилжааны бонд арилжаалж эхэлсэн. Энэ бол өнөөх урт хугацаатай зээлээс тэс өөр ойлголт.

Монгол Улсын Засгийн газар олон улсын санхүүгийн зах зээл дээр санхүүгийн маш өндөр хариуцлагатай байх ёстой шинэ үе эхэлсэн гэсэн үг. Түүхийн энэхүү хоёр үечлэлийн үр дүнд өнөөдөр манай улсын Засгийн газрын гадаад өр найман тэрбум ам.доллар байна. Монгол Улсын нийт өрийн тухайд гэвэл Засгийн газрын найман тэрбум ам.долларын өр дээр нэмэх нь Төв банк, арилжааны банкууд, улсын үйлдвэрийн газрууд, Монгол Улсын хөрөнгө оруулалттай хамтарсан төслүүд, хувийн хэвшлийнхний 25 тэрбум ам.долларын өрийг нэмээд нийт 33 тэрбум ам.доллар болж байна. Үүн дотор Оюу толгой, Хөгжлийн банк, Монголбанкны свопын өр багтаж байна. Нэмэх нь Шангри-Ла, МИК, Энержи Ресурс гэхчлэн хувийн хэвшлийн томоохон бондууд байх жишээтэй.

Монгол Улсын зээлжих зэрэглэл, Монгол Улсын нийт гадаад өрийн өгөөж ямар байхаас шалтгаалж бусад буюу 25 тэрбум ам.долларын өр хамааралтай. Монгол Улсын Засгийн газар өрийн чиглэлээр сайн менежмент хийхгүй бол дагаад бусад нь унана. Засгийн газрын өрийг сайн менежмент хийж, зээлжих зэрэглэлээ тогтвортой барьж, болж өгвөл сайжруулж, өгөөжөө сайн баривал бусад хэсгийн өрийн дарамт багасч, сайжирна гэсэн үг. Тиймээс Засгийн газар мөс зүсэгчийн үүргийг гүйцэтгэж хувийн хэвшилдээ олон улсын зах зээлээс харьцангуй бага зардалтай хөрөнгө босгох боломжийг нээж өгдөг гэсэн үг.

-“Өргүй Монгол”, “Өртэй Монгол” гэсэн ойлголт гарч ирсэн. Ардчилсан намынхан “Өргүй Монгол”-ыг бий болгоно хэмээж байгааг та юу гэж харж байна вэ?

-Энэ талаар өмнө нь УИХ-ын түвшин ч, Засгийн газрын түвшинд ч нэлээд яриа хэлэлцээр, хэлэлцүүлэг болдог байсан. Тэр дундаа Хөгжлийн банкны хэлэлцүүлэг олон нийтийн анхааралд ороход энэ банкны өр юунаас болсон бэ. Ямар үед үүссэн өр вэ. Яагаад чанаргүй болов гэж яригдахад бид хуанли дээр он цагийн дараалалтай ярьж байсан. 2012 оны арваннэгдүгээр сарын 28-нд Чингис бондыг гаргасан. Үүнээс хойш Дим Сам, Кредит Свисс, Мазаалай зэрэг бондуудыг гаргасан.

Үүнээс зөвхөн Чингис бондыг төсөл, хөтөлбөр санхүүжүүлэх зорилгоор гаргаж байсан бол Дим Сам, Кредит Свисс, Мазаалайг төсвийн алдагдал санхүүжүүлэх зорилгоор гаргаж байсан байгаа юм. Харин 2017 оноос эхэлж Хуралдай бондыг гаргаж Монгол Улсын Хөгжлийн банкны өрийг төлсөн байдаг. Гэрэгэ, Номад, Сенчири, Сенчири-2 бондуудаар Чингис, Мазаалай, Дим Сам, Гэрэгэ, Хуралдай бондуудын өрүүдийг төлсөн. Өөрөөр хэлбэл, өрийн зохицуулалт хийж Монголд ямар ч эдийн засгийн үр өгөөж өгөөгүй бондуудын өрийг төлсөн гэсэн үг. Тухайн үеийн Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Бидний үр хүүхэд төлчих байлгүй дээ” гэж хэлж байсныг санаж байгаа байх. Нийт есөн бондоос эхний дөрөв нь буюу 2017 оныг хүртэл нь өр үүсгэж, 2017 оноос хойш гарсан нь бүгд өмнөх бондын өрийг төлсөн.

-Уучлаарай, таны ярианаас хэзээний өрийг хэзээ нь төлөөд байгааг тодорхой ойлгохгүй байна л даа. Он цагтай ярьж болох уу?

-2012-2016 онд. Энэ үед хэн засаглаж байсан бэ.

-Ардчилсан нам уу?

-Тийм, Ардчилсан нам. Харин 2016 оноос хойш өнөөг хүртэл МАН засаглаж байна. Өөрөөр хэлбэл, бид засагласнаасаа хойш дандаа өр төлж ирлээ. Таны өмнөх асуултын тун тодорхой хариулт ерөөсөө энэ. “Өргүй Монгол” энэ цаг үед (2016-2023) явж байна. Гэтэл АН-ынхан маань 2012-2016 онд өртэй Монголыг үүсгээд, явсан.

Бид тэдний тавьсан өрийг төлөөд явж байна. Гэтэл өр тавьсан хүмүүс өнөөдөр өргүй Монголыг бий болгоно гэж ярьж суух. Тэд “Өргүй Монгол” гэж ярих эрхгүй хүмүүс. Би УИХ-ын чуулганы хуралдааны үеэр хэлж л байсан. Хөгжлийн банкны 1.7 их наяд төгрөгийн чанаргүй зээл бол Чингис бондын үлдэгдэл. Бид гадна талдаа Чингис бондыг төлсөн гэж байгаа ч дотооддоо Хөгжлийн банкийг дампууруулах шахсан. Энэ нь өр болж үлдсэн. Гадна талдаа Н.Алтанхуягийн Засгийн газар байна уу, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар байна уу хамаагүй. Гагцхүү Монгол Улсын л өр. Н.Алтанхуягийн хувьд бид үр хүүхдүүд, хойч үе нь л байх л даа. Бид хувь заяа, цаг хугацааны хувьд энэ өрийг төлөх цаг үед амьдарч байна. Тиймээс ч энэ өрийг төлж байна. Ардчилсан намынхан “Өргүй Монгол” гэж ярих ямар ч эрхгүй. Тэдний өрийг бид төлж байгаад чимээгүйхэн баярлаад, алга ташаад сууж байх ёстой.

-Өнөөдөр нэг Монгол хүнд 30 сая төгрөгийн өр ногдож байна гэгдэж байгаа. Ер нь “нэг хүнд ногдох өр” гэж нэрлэх нь зөв үү. Үнэхээр нэг хүнд 30 сая төгрөгийн өр ногдож байна уу?

-Хоёр ойлголт байна. Монгол Улсын өр даах чадвар гэж бий. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын ДНБ. Айлаар зүйрлэж хэлбэл, хажуу айлаасаа мөнгө зээлэх чадвар. Би нэг ТҮЦ-тэй байхдаа хажуу айлаасаа мөнгө зээлэх, дөрвөн ТҮЦ-тэй болчихоод хажуу айлаасаа мөнгө зээлэх өөр болно оо доо. Тэгвэл манай улсын эдийн засаг маш олон “ТҮЦ-тэй болсон”. Бид эдийн засгийн сууриа тэлж байна. Зээлжих чадвар маань нэмэгдэж байна. Хэрвээ бид 2012-2016 оных шиг сахилга батгүйгээр өрөө нэмэгдүүлсэн бол өнөөдрийн ярьж байгаа шиг нэг хүнд ногдох өр 30 сая биш, бүр 100 сая болчихсон байхыг ч үгүйсгэхгүй. Тиймээс бид энэ чиглэлд маш сайн сахилга баттай яваа.

Монголын нийт өрийг задлаад үзвэл зөвхөн 1/4 нь л Монгол Улсын Засгийн газрын өр. Өөрөөр хэлбэл, татвар төлөгчийн мөнгөөр баталгаажсан өр. Бусад 25 тэрбум ам.долларын өр нь хувийн секторынх. Энэ бүгд нийлээд 33 тэрбум ам.доллар болж байна. 33 тэрбум ам.долларыг одоогийн ханшаар үржүүлэхээр 116.2 их наяд төгрөг. Үүнийгээ 3.5 сая иргэнд хуваахаар нэг хүнд 33.5 сая болно. Үүнийг тэгж яриад байна. Хувийн секторын тавьсан өрийг хэзээ ч Монгол Улсын иргэд хариуцна гэж байхгүй. Дахин хэлэхэд Засгийн газрын өрийг бид хэчнээн сайн сахилга баттай авч явна, төдий хэмжээгээр хувийн секторын 25.8 тэрбум ам.долларын өр иргэн дээр санхүүгийн хариуцлага болж очихгүй. Эндээ л ялгаа нь байгаа юм.

Нэг хүнд ногдох өр гэдэг нь нэг талаасаа улстөржүүлсэн хэллэг. Хоёрдугаарт, 2012-2016 онд нэг хүнд оногдож байгаа өр, өнөөдөр нэг хүнд оногдож байгаа өрийн чанар өдөр, шөнө шиг ялгаатай.

Үүнээс гадна өрийн сахилга бат бий. Өр тавьж болно. Жишээлж хэлбэл, манай аав хажуу айлаасаа мөнгө зээлж болно. Гагцхүү зээлсэн мөнгөө зөв эргэлдүүлж, зөв ашиглаад өгөөжтэй байлгаад буцааж төлбөл өрнөөс айх шаардлага байхгүй. Харин өр үүсгэж авсан зээлээрээ архи уугаад алга болчихвол тэр л аймшигтай. 2012-2016 онд тавьсан өр ийм л замаар явсан л даа.

-Ийм л замаар явсан гэдэг нь юу гэсэн үг вэ. Та улстөржүүлсэн хариулт хэлж байна уу?

-Бодит байдал, бодит дүн мэдээлэл нь ийм байгаа юм. Танд бондуудыг юунд ашигласан, ямар үр дүнтэй байсныг хэлье л дээ.

Анх 2012 онд 1.5 тэрбум ам.доллартой тэнцэх Чингис бондыг олон улсын зах зээлд арилжаалсан. Энэ мөнгийг Хөгжлийн банкаар дамжуулж нийт 465 төсөл санхүүжүүлсэн байдаг. Үүнээс 63.4 хувийг улсын төсвөөс эргэн төлсөн, 450 гаруй тэрбум төгрөгийн зээл нь Хөгжлийн банкны чанаргүй ангилалд орчихсон байна. Мөн Дим Сам, Мазаалай бондуудыг 2015, 2016 оны төсвийн алдагдлыг санхүүжүүлэх зорилгоор арилжаалсан байдаг. Эдгээр нь монголчуудад өгөөж өгөөгүй. Дараагийн үедээ эдийн засгийн дарамт болгож үлдээсэн.

Н.Батбаяр сайд Чингис бондын 1.5 тэрбум ам.долларыг 2012 оны арванхоёрдугаар сард, 4.125, 5.125 хувийн өндөр хүүтэй авч ирсэн. Өндөр хүүтэй гэж хэлж байгаа шалтгаан нь тухайн үед АНУ-ын Холбооны нөөцийн хүү бараг “0” байсан шүү дээ. Гэтэл 2013 оны зургадугаар сард буюу бүтэн зургаан сарын дараа дөнгөж эхний 10 сая ам.долларын төслийн санхүүжилт гарсан. Хагас жилийн дараа гэсэн үг. Бүтэн жил болоход ашиглалт нь 20, 30-хан хувьтай байсан. Сүүлдээ үрж дийлэхээ байгаад Хөгжлийн банканд өгсөн. Тэр хооронд хүүг нь бүтэн төлж байсан. Уг нь бүх төслөө бэлэн байлгаад авч ирээд нэг өдөр ч алдалгүй санхүүжилтээ хийж, тэндээс буцаж орж ирэх тоолуур эхлэх ёстой. Гэтэл тэр тоолуур нь “0”. Хүү нь яваад байдаг.

-2016 оноос хойш  мөн л бонд гаргасан шүү дээ. Тэдгээр бондын зарцуулалтыг ярихгүй юу?

-Хуралдай, Гэрэгэ бондоор өмнөх зээлүүдээ төлж хүүг нь багасгасан. Хуралдай, Гэрэгэ бүгд дампуурлын ирмэгт байхад гаргаж байсан бондууд. Одоо бид Сенчири-3 дээр явж байна. Дандаа өмнөх зээлүүдээ төлсөн. Хойшоо бид нэмж өр тавиагүй.

-ДНБ-д эзэлж байгаа өрийн хэмжээ хэд байгаа талаарх бодит мэдээллийг өгөөч. Бас л зөрүүтэй янз бүрийн л дүн яригдах юм?

-ДНБ-д эзлэх өрийн хувь хэмжээг он цагийн дарааллын дагуу диаграмм дээр харах хэрэгтэй. Өнөөдөр 44 хувьтай байна. 44 бол бага биш. Гэхдээ хэд байж байгаад 44 болов. 2016 онд хамгийн өндөр хэмжээнд байсан. 2016 онд манай нам ялахад ДНБ-д эзлэх 78 хувийн өр хүлээж авсан. Тухайн үед өрийн тааз 88 хувь байсан. Гэтэл тухайн үед өрийг 78 хувьд хүртэл авсан байсан. Золтой л таазанд нь тулгачихаагүй байсан шүү. Үүнийг багасгасаар өнөөдөр 44 хувьд авч ирлээ. Өөрөөр хэлбэл, бид хоёр дахин багасгасан. Ингэж багасгахын тулд бид хоёр арга хэмжээ авсан. Жишээлж хэлбэл, машин дээр ачаа нэмж тавихын тулд машинаа томруулж даацыг нь нэмэх хэрэгтэй. Яаж даацаа нэмсэн бэ гэхээр ДНБ өөрөө тэлсэн. Энэ тэлсэн хэмжээгээр сахилга батаа алдаж өрөө нэмээгүй. Өр, зээлжих зэрэглэлээ тогтвортой авч явахаар ДНБ-д эзлэх хувь хэмжээ амжилттай буурч эрсдэл багассан. Өөрөөр хэлбэл, ачаа ачих машины эрсдэл багасгаж ирсэн гэсэн үг. Манай улсын зээлийн хамгийн эрсдэлтэй, хамгийн хүнд үе 2016 онд байсан. 2020 оноос бид амжилттай багасгасан. Гэвч дайн, ковидын хүндрэл өрд нөлөөлсөн.

-Тухайн үед зээлжих зэрэглэл хэд байсан бэ?

-2012 онд бид “ВВ” үнэлгээтэй хүлээлгэж өгсөн. 2012 оноос 2016 онд зээлжих зэрэглэлийг ёроолд нь хүртэл унагасан. Зээлжих зэрэглэл “С” болчихсон байсан. Үүнээс доош гэж байхгүй. Шууд дефольт болдог. Үүнийг бид “В” рүү гаргаж ирсэн. Дайн болсон, бид буцааж унагачихаагүй чирээд явж байна. Харин ч нэмэгдэх мессэж өгч эхэлсэн. Ирэх жил Хуралдай бондоо төлчихвөл сонгуулийн үеэр нэмэгдэж магадгүй.

Зээлжих зэрэглэлийн дүнг “Fitch”, “Moody’s”, “Standart &Poor’s” гаргадаг. Жилийн эцсээр, жилийн дундуур гээд хоёр удаа үнэлгээ хийдэг. Үүн дээр бид сүүлийн хоёр жил худлаа яриагүй. Одоо бидэнд Хөгжлийн банкны Самурай бонд чухал. Ирэх жилийн Хуралдай бонд чухал. Энэ хоёрт сайн менежмент хийчихвэл дараа жилийн хоёр дахь хагаст хийгддэг үнэлгээгээр манай улсын зээлжих зэрэглэл ахиж магадгүй. Гэхдээ зээлжих зэрэглэл дан ганц бондын төлөлтөөс хамаарахгүй гэдгийг анхаарах хэрэгтэй. Улс төрийн тогтвортой байдал, хууль дээдлэх ёс, авлигын хяналт зэрэг нөлөөлдөг. Улс төрийн хоёр мөчлөг дамнаж бид сайн ажилласан. Тиймээс буцааж нэмэх магадлалтай.

-Дайнтай, ковидтой их хүнд үеийг дэлхий нийтээрээ тууллаа. Ийм хүнд жилүүдэд өрийг хоёр дахин бууруулсан гэдэг бол яах аргагүй амжилт мөн. Бодит байдлыг бид хүлээн зөвшөөрөх л хэрэгтэй. Ингэж бууруулж чадсан нь юутай холбоотой вэ?

-2016 оноос хойш хоёр өр байна. Олон улсын байгууллагуудаас авсан хөгжлийн зээлүүдийн өрийн эргэн төлөлтүүд болон бөөндөө төлбөр нь орж ирдэг бондын төлбөр. Бондын төлөлтийн хугацаа богино шүү дээ. Тав, зургаа, долоо, арван жилээр байдаг. Үүнийг төлөхдөө төсөвт ямар хэмжээтэй, яаж ачаалал авах вэ гэдэгт менежмент хийх хэрэгтэй.

2016 онд манай Засгийн газар байгуулагдаад энэ өрийг яах талаар хэлэлцсэн. Ингээд дунд, урт хугацааны өрийн менежментийн стратегийг зурагласан байдаг. Өмнө нь Засгийн газар дээр өрийн асуудлыг ярьдаг байсан бол одоо УИХ дээр төлөвлөгөөгөө оруулж ирж батлаад бараг хуульчилж байна. Ингээд түүнийхээ дагуу явдаг сахилга баттай болж ирсэн. УИХ-аар гурав гурван жилийн стратеги батлуулдаг. Засгийн газрын 2019-2022, 2023-2025 оны өрийн стратеги гарсан. Манай Засгийн газар сүүлийн хоёр удаагийн стратегийг дамнаж ажиллаж байна.

2017 онд буюу өрийн хувьд хамгийн хүнд дарамттай, хамгийн хүнд үедээ стратегиа баталсан. Ингэхдээ нэмж бонд гаргахгүй. Нэмж бонд гаргасан тохиолдолд төсөл хөтөлбөр санхүүжүүлэхгүй. Нэмж өндөр эрсдэл үүсгэхгүй. Зөвхөн өмнөх бондыг төлөх зориулалттай бонд гаргана. Улс орны томоохон хөрөнгө оруулалтуудыг урт хугацаатай өрийн санхүүжилтээр санхүүжүүлнэ. Тэр нь зөвхөн олон улсын санхүүгийн байгууллагууд болон нэн хөнгөлөлттэй зээлээр донор байгууллагуудаас авна. Тэр төслүүдээ сахилга баттайгаар зөв хуваарилалт хийж, чанарын шаардлагатай салбарууд руу хийнэ гэдэг нарийн төлөвлөлт рүү орсон. Ингээд 2022 онд стратегиа шинэчилж баталсан. Үүн дотор бондын хувьд сахилга бат хэвээр байна. Шинэ бонд гаргаж төсөл хөтөлбөр санхүүжүүлнэ гэж улс орныг дампууруулахгүй. Гагцхүү өмнөх бондуудаа дахин санхүүжүүлэх бонд гаргаж болно. Олон улсын байгууллагуудаас шинэ урт хугацаатай, хөнгөлөлттэй, хөгжлийн санхүүжилт авч болно. Гэхдээ түүнийгээ эдийн засагт өгөөжтэй, өөрөө өөрийгөө төлөх боломжтой, төлбөрийн тэнцэлд эерэг нөлөө үзүүлэх, Шинэ сэргэлтийн бодлогод нийцсэн, УИХ-аар батлагдсан төсөл хөтөлбөрүүдийг л санхүүжүүлнэ гэж үндсэндээ хуульчилчихсан. Тэгэхээр гадаад өрийн хувьд жишээлж хэлбэл, “Эхлээд тийшээ, дараа нь ийшээ алхана шүү” гэдгийг маш нарийн заасан учраас яг түүнийхээ дагуу явж байна. Тиймээс өрийн хувьд сүүлийн жилүүдэд маш сайн эерэг үр дүн өгсөн. Сайн менежмент сайн сахилга батыг барьж чадсан.

Өнгөрсөн 33 жилээс бондын төлбөрүүд болон урт хугацаатай хөнгөлөлттэй хөтөлбөрийн эргэн төлөлтөөр хамгийн өндөр ачаалалтай нь сүүлийн дөрвөн жил байлаа. Эхний хоёр жил нь ковидтой. Хоёр хил хаагдчихсан. Сүүлийн хоёр жил нь дайнтай. Гэхдээ энэ дөрвөн жилд бид ямартаа ч гадаад өрөөс хамааралтай Монгол Улсын Засгийн газрын дефольтыг эрсдэлгүй болгож чадсан. Энэ бол бидний том амжилт. Зээлжих зэрэглэлээ хамгаалж чадсан. Хөгжлийн банкны зээл, бондуудаа цаг хугацаанд нь төлж чадлаа. Хэрвээ ингэж чадаагүй бол Монгол Улс дефольтоо зарлана. Зээлжих зэрэглэл нь дампуурлын зэрэглэл рүү очно. Үүнийг дагаад хувийн хэвшлийн нөгөө 25 тэрбум ам.доллар дампуурна. Дахин санхүүжилт хийж чадахгүй. Монгол руу орох урсгал бүгд хаагдана. Төв банкны валютын нөөц үндсэндээ тэглэгдэж, шавхагдана. Ийм хүнд үеийг сүүлийн хоёр жилийн дотор амжилттай зохицуулж, давсан.

Ингэхдээ нэгдүгээрт, стратеги буюу УИХ-аас өгсөн гэрийн даалгаврыг маш чанд сахилга баттай биелүүлсэн. Хоёрдугаарт, Засгийн газар төлбөрийн тэнцлийн шокоос амжилттай гарахын тулд нүүрс, экспортын гол түүхий эдийг дагасан авлига, хээл хахуулийн эсрэг шат дараатай арга хэмжээ авсан. Мөн Хөгжлийн банканд хатуу арга хэмжээ авсны үр дүнд богино хугацаанд төлбөрийн тэнцлийн шокоос гарсан. Ингэснээр төсвийн орлого сайжирсан. Төлбөрийн тэнцэл анх удаа өндөр хэмжээний нэмэхтэй боллоо. Төв банкны валютын нөөц дөрвөн тэрбум ам.доллароос давж гарлаа. Ингэсний үр дүнд сүүлийн жилүүдэд тулж байсан бүх өрөө амжилттай зохицуулалт хийсэн. Төсөв дээр дааж чадах хэмжээгээр үндсэн зээлүүдээсээ багасч чадсан.

-Манайх хэзээ мөдгүй дефольтоо зарлалаа гэцгээж байсан нь саяхан шүү дээ?

-2022 оны гуравдугаар сард манайх дампуурлаа зарлах эрсдэлд тулчихаад байсан. Манайхтай ижил зээлжих зэрэглэлтэй жишээ нь Шри-Ланк дампуурлаа зарласан. Бусад маш олон орон ОУВС-гаас тусламж авч тусгай бөгөөд хүнд хөтөлбөрийн шаардлагатай зээлүүд рүү орсон. Бидний нөхцөл байдал яг л адилхан байсан. Бидэнд шат дараатай хатуу арга хэмжээнүүдээ авах уу, эсвэл ОУВС руу очих уу гэдэг сонголт байсан. Ингээд бид дотооддоо яаралтай бөгөөд хатуу, шат дараатай арга хэмжээ авсны хүчинд саяны үр дүн гарсан.

Ер нь өмнө нь хэзээ ч ОУВС-гийн гишүүн орнуудаас санхүүгийн хүндрэлээс болж 91 улс зэрэг тусламж авч, хатуу шаардлагатай, хатуу нөхцөлтэй хөтөлбөрт түүхэндээ орж байгаагүй. Түүхэндээ шүү. Өнгөрөгч жил 90 гаруй улс орчихсон, араас нь 45 улс орох хүсэлт өгсөн байсан. Ийм хүнд үеийг өнгөрсөн жил дэлхийн улс орнууд туулсан. Үүнээс маш цөөхөн улс сугарч хүнд нөхцөл байдлаас бие дааж гарч чадсан. Үүний нэг нь манай улс болсон.

Тиймээс ковидын үед ч, дайны үед ч өөрсдийн сайн менежментийг хэрэгжүүлж хүнд нөхцөл байдлаас богино хугацаанд гарсан улсын сайн жишээ болгож ОУВС, олон улсын байгууллагууд манайхыг ярьж байна.

Бид Сенчири-1, 2 төслүүдийг амжилттай хэрэгжүүлж 2021, 2022 онуудад тулгамдаад байсан Хуралдай, Гэрэгэ, Чингис бондын сүүлийн төлбөрүүдийг цаг хугацаанд нь амжилттай төлсөн. Ингэж олон улсын санхүүгийн зах зээл дээр Монгол Улс ямар санхүүгийн сахилга баттай, ямар өндөр хариуцлагатай вэ гэдгээ нотолж чадсан. Ийм учраас манай улсын зээлжих зэрэглэлийг олон улсын үнэлгээний байгууллагууд хэвээр үлдээж чадлаа. Манайхтай адил зээлжих зэрэглэлтэй олон улс хүнд үеийг давж чадалгүй ОУВС-гийн хөтөлбөрт орсон.

-Цаашид зээлжих зэрэглэл ахивал гаднын хөрөнгө оруулалчдад эерэг дохио болж, гадаадын хөрөнгө оруулалт сэргэнэ биз дээ?

-Гадаад хөрөнгө оруулалт сэргэж эхэлсэн. Нэг жишээ нь Сенчири-2 төсөл. Тэнд нуух юм алга. Өнгөрөгч жилийн арваннэгдүгээр сард бид дайрч үзсэн. Амжилтгүй болсон. Хөрөнгө оруулагчид болгоомжилж байгаа нь яах аргагүй зөв. Өөрөөр хэлбэл, манай улсын оны эцсийн үзүүлэлт ямар гарахыг хөрөнгө оруулагчид харж байсан гэсэн үг. Оны эцсийн манай улсын төсвийн алдагдал эрс буурч гарсан. Төлбөрийн тэнцэл сайжирч гарсан. Төв банкны валютын нөөц бодсоноос сайжирч гарсан. Тиймээс нэгдүгээр сард дахин дайрч үзсэн. Маш амжилттай болсон. 600 сая ам.долларын бонд зах зээл рүү гаргахаар зорьж очсон. Гэтэл дөрвөн тэрбум ам.доллар буюу бидний тооцоолж байснаас даруй ес дахин давсан. Өөрөөр хэлбэл, тэр хэмжээгээр хөрөнгө оруулагчид Монгол Улс, Засгийн газарт итгэх итгэл сэргэсэн. 2012-2016 онд хөрөнгө оруулагчид манайх руу гэдэг байсан. 2016 оноос хойш алдсан. Дэлхий нийтээрээ хүнд байгаа энэ үед хөрөнгө оруулагчдын итгэл эргээд сэргэж байгаа нь бидний хувьд маш том боломж. Гадна талдаа манай улсын өрийн сахилга бат үүнийг яаж үнэлж байгааг харуулсан том үзүүлэлт.

Хөрөнгө оруулагчдын итгэх итгэл сэргэж байгааг батлах мөн нэг үзүүлэлт нь бодит хүүгийн зөрүү. Чингис бондын хүү 5.25 байхад АНУ-ын Холбооны нөөц хүү буюу дэлхийн валютаар илэрхийлэгдэх өрийн хүү 0.25 байсан. Тэгэхээр бодит хүүгийн зөрүү 5.1. Гэтэл Сенчири-2 бондын хүү 8.65 байхад АНУ-ын Төв банкны хүү 4.3 байсан. Үүний зөрүү 4.3. Өөрөөр хэлбэл, анх бондын зах зээл дээр гарч ирж байснаас Сенчиригийн бодит хүү бага байсан байна. Үүнээс манай Засгийн газарт итгэх хөрөнгө оруулагчдын итгэл эрс сэргэсэн байна гэж ойлгож болно.

-Ийм их өр төлөөд байхад яагаад өр буурахгүй байна вэ гэсэн асуулт олон нийтийн дунд бий. Үүнд та хариулт хэлээч?

-Бид бонд төлсөн орон зайгаа ДНБ тэлсний хэрээр тэлж байгаа ч өрийг тэр хэмжээгээр өсгөхгүй байгаа. Яг хэмжээндээ буцааж хөгжлийн санхүүжилтээ авч түүгээрээ шинэ үр өгөөжтэй, эдийн засгийн тэлэлтийг хийж байна. Машиныхаа даацыг нэмэгдүүлэх бодитой, зөв зээлүүдээ авч байна гэсэн үг. Үүнээс гадна гадаад өрийн 98 хувь нь валютаар илэрхийлэгддэг. Тиймээс ханшаас үүдэж ингэж харагдаж байгаа юм. Энэ хугацаанд найман тэрбум төгрөг нь ханшийн зөрүүнд зарцуулагдсан байдаг.

-2012 онд валютын ханшийг 1400 төгрөгт хүлээлгэж өгсөн. Гэтэл өнөөдөр 3440 төгрөгт хүргэсэн гэж АН-ынхан буруутгадаг. Үүнд та ямар хариулт хэлэх вэ?

-2012 онд бид валютын ханшийг 1300 төгрөгт хүлээлгэж өгсөн. Нийт нөөц нь гурав орчим тэрбум ам.доллар байсан. Төлбөрийн тэнцэл 470 сая ам.долларын ашигтай байсан. 2016 онд 1300 төгрөгөөс 2031 төгрөгт хүргэж, 60 хувь өсгөж өгсөн. Тэгвэл 2020 онд 2800 төгрөгт байсан. Хэрвээ энэ үед манай нам гарч ирээгүй бол, ДНБ-д эзлэх өрийн дээд хэмжээ 78 хувиас ч илүү гарсан бол өнөөдөр төгрөг 3400 ч биш, 10 мянга хүрсэн байх ч юм бил үү. Тиймээс бид ДНБ-д эзлэх өрийн хэмжээг бууруулсан. Сахилга бат сайжирсан. Гэхдээ 2016 оны хүнд дарамт тийм хурдан арилахгүй. Төлбөрийн тэнцлийг тэгж хурдан сайжруулж чадахгүй. Энэ хооронд ханш өсөөд л байсан. Харин дайн, ковидын хүнд үед төгрөгийн ханш 3500 төгрөгөөс дээш гараагүй шүү дээ. Ийм хүнд үед бид төлбөрийн тэнцэл, нөөцөө сайжруулсан. Зээлжих зэрэглэлээ хадгалсан. 2016 оны ийм хүнд үеэс Монголын хувь заяаг бид сайжруулж чадсан. 2012-2016 онд үүсгэсэн өрүүд валютын нөөцийг нэмж, тухайн үеэ аргалж байсан. Үүнээс хойш өрийн зохицуулалт хийж, мөнгөөр биш бодлогоор аргалж байсан.

-2017 онд манай улс ОУВС-гийн хөтөлбөрт орсон нь Засгийн газар өөрийн гэсэн толгойгүй байгаагийн илрэл гэх шүүмжлэлд хүргэдэг?

-2017 онд ОУВС-д орсон шалтгаан нь ерөөсөө л 2016 онд ДНБ-д эзлэх өрийн хэмжээ 78 хувьд хүрснээс болж орсон. Ийм нөхцөлд манай намын Засгийн газар оруулаагүй. Ардчилсан намынхан тийм хүнд нөхцөлд оруулсан учраас бид ОУВС-д орж байж тэрхүү хүндрэлээс гарсан. Түүнээс бид муутгасандаа ороогүй.

2017 оны гуравдугаар сард ОУВС-гийн хөтөлбөрт орсон. ОУВС-гийн хөтөлбөрт орохын тулд дор хаяж зургаан сарын өмнө хүсэлт тавьсан байх ёстой. Тэгэхээр сонгуулийн дараа хүсэлт тавьжээ гэсэн үг. Бид маш хүнд үеийг хүлээж авсан. Монголын ард түмний хувь заяа өндөр учраас, АН-ынхан бид чадахгүй байна, та нар авч яв гэсэн учраас бид энэ хүндрэлийг давж гарсан.

2016 онд олон улсын байгууллагууд манай улсыг дампуурчихлаа л гэж харж байсан. Зээлжих зэрэглэл С байсан. Үүнээс доошилбол дефольт болно. ОУВС-д шилжиж орж зээлжих зэрэглэлээ тогтворжуулаад 2019 онд хөтөлбөрөөс гарсан.

-ОУВС, Дэлхийн банк, АХБ гэхчлэн олон улсын санхүүгийн байгууллагуудтай та бүхэн ямар харилцаатай байгаа вэ?

-Их сайн харилцаатай байгаа шүү. Бид АХБ, Дэлхийн банкны эзэн нь. Монгол Улс өөрийгөө голох хэрэггүй. Учир нь бид хувьцаа эзэмшигч гишүүн орон. Бид татварынхаа, хувьцааныхаа мөнгийг төлчихсөн гишүүн орон. Бид саналын эрхтэй. Энэ байгууллагыг залах эрхтэй. Энэ байгууллагын даргыг нь томилоход бид санал өгдөг улс. Тиймээс тэдэнтэй ямар харилцаатай байх вэ гэдэгт гишүүн орны хувьд бүгд дүрэмтэй. Дэлхий нийтийн чиг хандлагатай зэрэгцэж, хөл нийлүүлээд явах эрх нь бидэнд байна. Татгалзах эрх нь ч бидэнд бий. Энэ хоёр сонголтын аль нь бидэнд хэрэгтэй вэ, яавал бидэнд хохиролтой вэ гэдгээ бодож сонгох хэрэгтэй. Тэгвэл сүүлийн жилүүдэд бид хэрэгтэй сонголтоо хийгээд явж байна.

 

 

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ж.Бат-Эрдэнэ: Эхлээд давхар, тойрог замтай болох хэрэгтэй DNN.mn

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.


-Нүүрсний сонсголын ажлын хэсгийн бүрэлдэхүүнд та өөрийн хүсэлтээр шинээр орлоо. Сонсголын ажлын явц хэр байна вэ?

-Хаврын чуулганаар Байнгын хорооны даргын үүрэгт ажлыг орлож хийсэн. Тэр үед Байнгын хорооны тогтоол гаргаж, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлээр ахлуулсан Нүүрсний сонсгол хийх Ажлын хэсгийг тухайн үед байгуулсан. Тэр Ажлын хэсгийнхэн зуны хугацаанд ажлаа тэр бүр хийж чадаагүй. Хуулийн дагуу сонсголын ажлын хэсэг тайлан тавьснаар хаагддаг. Энэ утгаараа тэд олигтой ажил хийж чадалгүй хаагдсан. Дараа нь Засгийн газрын санаачилгаар Х.Нямбаатар сайдаар ахлуулсан ажлын хэсэг гарсан. Одоо бол Б.Энхбаяр сайд ахлаад явж байна. Х.Нямбаатар гишүүн сонсголын ажлын хэсгээс гарснаар нэг орон тоо бий болсон. Ажлын хэсэг нийт тэдэн гишүүнтэй байна, сөрөг хүчнээс тэд байна гэж баталсан тоо бий. Үүний хүрээнд нэг гишүүний орон зай гарсан. Миний бие хүсэлт тавьж ажлын хэсэгт орсон.

Нүүрстэй холбоотой асуудал дээр төмөр замын асуудал зайлшгүй яригдана. Төмөр замын тээвэртэй холбоотой асуудал яригдаад байгаа юм билээ. Тиймээс энэ салбарт ажиллаж байсан хүний хувьд төмөр замын асуудлаар мэдээлэлтэй байгаа гэж бодсоны үүднээс Ажлын хэсэгт орсон. Пүрэв гаригт сонсголын ажлын хэсэг хуралдсан. Хуралдаанд яваад ортол “Таны нэр албажиж гараагүй байна” гэсэн. Ингээд би буцаад гарсан. Тиймээс мэдээлэлгүй байна.

Баасан гаригийн чуулганы хуралдаанаар миний нэр албажлаа.

-Нүүрсний сонсголыг явуулна гэсэн хүлээлт олон нийтэд байгаа. Гэвч сонсголын асуудал яригдаад бүтэн жил боллоо. Үүнд та ямар манлайлалтай ажиллах вэ?

-Зам тээвэр, барилга хот байгуулалтын яам, Зам, тээвэр, аялал жуулчлалын яамд миний бие төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Нүүрсийг хулгайлахдаа шуудайлаад үүрээд яваагүй нь ойлгомжтой. Автомашин юм уу, төмөр замаар тээвэрлэгдэнэ. Тиймээс тэрхүү хулгай тээвэртэй л холбоотой байж таарна. Хоёрдугаарт, нүүрсний хулгай ихэвчлэн оффтейк гэрээний нууцын хүрээнд явагдсан. Гэрээтэй холбоотой шийдвэрүүд хаанаас гарсан. Шийдвэрийнхээ дагуу зарцуулсан эсэх. Хэр хэмжээний мөнгө зарцуулагдсан. Хэдэн тонн гарсан. Тэр нь ямар шийдвэрийн дагуу гарсан. Хил гаалиар гарсан дүн, уурхайгаас борлуулагдсан дүн хэд байгаа. Дүн нь хоорондоо таарч байгаа эсэх. Дүн нь зөрж байвал тээвэрлэлтийн явцад дутсан уу эсвэл хил гаалиар алга болсон уу гэхчлэнгээр асуудал бий. Тиймээс хүссэн хүсээгүй хил гаальтай холбоотой учраас тээврийн чиглэлд ажиллаж байсан, мэдээлэлтэй байгаа учраас оролцъё гэсэн саналаар орсон.

-2024 оны төсөв сонгуулийн төсөв боллоо. Хэтэрхий зарлага ихтэй байна гэхчлэнгийн шүүмжлэл их бий. Та ямар дүгнэлттэй байна вэ?

-Сонгуулийн төсөв боллоо гээд нэлээд шүүмжлэлтэй л байгаа байх. Сонгуулийн өмнөх жилд хөрөнгө оруулалтууд жаахан нэмэгддэг талтай. Бид тойргоосоо хамааралтай сонгогддог тогтолцооны сул тал энэ шүү дээ. Дорж, Дондог хэн ч сонгогдсон тойргоосоо хамааралтай, тэндээ ямар нэгэн байдлаар хөрөнгө оруулалт оруулах гэж гүйдэг. Тогтолцоо нь ингэж ирсэн шүү дээ. Цаашид засагдах байх гэж бодож байна. Энэ жил эдийн засаг таван их наяд төгрөгөөр тэллээ. Үүнийг маш том амжилт гэж харж байгаа. Орлого тэлж орж ирж байна. Монгол Улсын төсөв анх удаа энэ онд 1.8 их наяд төгрөгөөр давж биеллээ. Ковидоос хойш эдийн засгийн нэлээд том өсөлт орж ирж байна харж байгаа.

Жил бүр хөрөнгө оруулалтууд 80 гаруй хувийн биелэлттэй орж ирдэг. Энэ жил энэ хэмжээндээ барих болов уу. Сонгуулийн төсөв баталлаа гээд байгаа. Гэхдээ зайлшгүй хийх ёстой төслүүд суулаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бүх аймгаар тойрсон. Энэ үеэр зайлшгүй хийх ёстой, нэн хэрэгцээтэй нийгмийн чиглэлийн бүтээн байгуулалтуудыг иргэдээр эрэмбэлүүлж, төсөвт тусгалаа. 2024 оны төсөв “хот хөдөөгийн сэргэлт” нэртэй орж ирсэн. Би нэрэндээ таарсан төсөв батлагдсан гэж харж байна.

-Дэд бүтэц, эрчим хүчний чиглэлд чухал ач холбогдолтой төсөв болсон гэж мэдээлж байгаа. Яг хаана, хаана зам тавих вэ?

-Замуудад нэлээд ач холбогдол өгч орж ирсэн. Засгийн газраас “Нутгийн зам” хөтөлбөр хэрэгжиж байна. Улаанбаатар хотыг 21 аймгийн төвтэй авто замаар холбосон. Хамгийн сүүлд уржнан Завханы замыг холбосноор аймгуудыг нийслэлтэй авто замаар бүрэн холбосон. Аялал жуулчлалыг хөгжүүлэх хүрээнд орон нутаг, аймгуудыг авто замаар зайлшгүй холбох шаардлага гарах шиг боллоо. Энэ талаасаа сүлжээ замууд бий болж, аялал жуулчлал орон нутгийн чиглэлтэй, уул уурхай болон эдийн засаг хоорондын уялдаа холбоо бүсчилсэн хөгжилтэй холбоотой авто замууд нэлээд орж ирсэн.

-Төсөв, мөнгөний бодлого дээр инфляцийг нэг оронтой тоонд барина гэж төсөөлсөн. Гэвч дөрөвдүгээр сараас тэтгэвэр, цалин нэмэгдэнэ. Энэ нь инфляциа өдөөсөн, аж ахуйн нэгжүүдэд дарамт учруулсан бодлого болохгүй юу?

-Эдийн засгийн онолоор бэлэн мөнгөний гүйлгээ орж ирэхээр инфляци нэмэгддэг. Гэхдээ эдийн засгаа тэлэх чиглэлд нэлээд асуудал оруулж ирсэн гэж Сангийн яам тодорхойлж байгаа шүү дээ. Хөрөнгө оруулалтууд орж ирэхээр түүнийг дагасан эдийн засаг тэлэлт явагдах ёстой. Энэ тэлэлт нь инфляциа барих ёстой. Үйлдвэрлэлээ барих ёстой. Баялаг бүтээгчдээ дэмжих тодорхой хэмжээний дэмжлэг байх ёстой. Энэ нь инфляциа барих нэг механизм болж байгаа юм. Гэхдээ Сангийн яамны ярьж байгаа, хийж байгаа хоёр нь зөрөөд байгаа. Нэг талдаа эдийн засгийнхаа хөрвөх чадварыг сайжруулах хөрөнгө оруулалтууд хийсэн гэдэг.

Хувийн хэвшлийг дэмжинэ гэдэг. Хувийн хэвшлийнхэнд банканд мөнгө нь бэлэн байдаг. Хүү нь өндөр байдаг. Тэртээ тэргүй хувийн хэвшлийн хөл нь боогдчихсон байгаа шүү дээ. Хөлнийх нь боолтыг авахын тулд ямар хэмжээний боломж бололцоо байна гэхээр бидний нөгөө л ярьдаг хүнсний хувьсгалтай холбоотой хөрөнгө оруулалтууд орох хэрэгтэй болно. Хөнгөлөлттэй зээлүүд гарах хэрэгтэй болно. Ингэж байж тэдэнд хөдлөх боломж бололцоо нээгдэнэ. Тэгэхгүй болохоор Монгол Улсын хэмжээнд харахаар хэдэн төгрөг төсөвт суулгадаг. Барилга байшин дээр суулгадаг. Түүнийгээ тойрсон хэдэн аж ахуйн нэгжүүд нь гүйцэтгэгчээр орж ирдэг. Түүнийгээ тойроод буцаад нөгөө хэдээсээ татварыг нь авдаг. Дахиад хөрөнгө оруулалтууд ордог. Ингээд л эргэлдээд байна шүү дээ. Баялаг бүтээгчдээ дэмжсэн бодлого харагдахгүй болчихоод байгаа юм. Үүн дээр ганц, хоёр хөтөлбөрүүд орж ирж байгаа. Тэр хөтөлбөрүүдэд их ач холбогдол өгөх болов уу гэж харж байна. Хүнсний хувьсгал дээр нэлээд ач холбогдол өгье гэж байгаа.

-Инфляцийн 40 хувийг мах, гурил эзэлж байна. Энэ чиглэлд үнэ тогтворжуулах хөтөлбөр ч хэрэгжүүлсэн. Нийслэлчүүдийг хямд махаар хангах, эсрэгээрээ малчдын ганц орлого болох махыг үнэтэй байлгах шаардлага бий. Яг ийм нөхцөлд махны чиглэлд зөв бодлого, гарцыг та хэрхэн хардаг вэ?

-Ганц л гарц бий. Экспортоо нээх ёстой. Одоо бол монгол мал өвчтэй гэдгээр гадаад зах зээл хориотой байгаа шүү дээ. Урагшаа ч, хойшоо ч хориотой байна. Малаа эрүүлжүүлж байж энэ хоригоос гарна. Энд эрүүл бүс гэхчлэн янз бүрийн гарцууд байна. Ямартай ч бид экспортоо нэмэгдүүлэх ёстой. 70 сая малаас ядаж 30 сая нь эргэлтэд орж байх ёстой. Мах гадагшаа гарахаар махны үнэ нэмэгдэж, үнэлгээ эрчимтэй болж ирнэ. Улаанбаатарчууд, хот суурингийнханд махны үнэ өндөр болно. Зах зээлээ дагах ёстой л болж байгаа юм. Гэхдээ арга хэмжээ авахын тулд өнөөх “нөөцийн мах” жилээс жилд явахаас өөр аргагүй. Миний харж байгаагаар ойрын 10 жилд махан дээр үнэ тогтворжуулах хөтөлбөр буюу нөөцийн мах байна. Нөөцийн махан дээр бид алдаа гаргаад байгаа юм. Намар, өдийд Монголд туранхай мал гэж бараг байдаггүй. Жилийн хамгийн тарган үедээ хамгийн хямд байдаг. Хүмүүс малаа нядлаад байна шүү дээ. Энэ үед хамгийн тарган махыг авч нөөцөлдөг схемийг хийх хэрэгтэй.

300-аад тэрбум орчим мөнгө гараад байгаа шүү дээ. УИХ-ын даргын юмны үнийг судлах ажлын хэсэг өнгөрөгч хавар гарч, ажилласан. Тэр үеэр хүмүүс “Танай мах бэлддэг хүмүүс биднээс гуравдугаар зэрэглэлийн үлдэгдэл хуушуурын махыг бөөндөөд аваад явдаг. Тэрийгээ дараа жил нь зардаг” гэж хэлж байсан. Тэр схемийг зөв хийвэл Монголд намар мах хамгийн хямд байдаг. Намар гуравдугаар зэрэглэлийн мах бараг байхгүй байдаг шүү дээ. Тиймээс тэр үед авч хавар зарах ёстой. Хадгалалт, хөргөгчийн багахан зардал нэмэгдэх л байх.

-Төрийн оролцоо их байна гэх шүүмжлэл бий. Нөгөө талаас ченжийн гараар дамжиж байгаа учраас л малчны гар дээрх мах үнэгүй, лангуун дээр хэт өндөр үнэтэй болчихоод байна. Тиймээс түншлэлийг яаж бий болгох вэ?

-“Нөөцийн мах”-ыг хийхээс өөр аргагүй юм билээ. Тогтворжтол төр орохоос өөр аргагүй. Махтай холбоотой бизнес хийдэг хүмүүс намар хямд аваад хавар түүнийгээ тодорхой хэмжээнд үнэд хүргэж таарна. Бидний хувьд ашиггүйгээр намрынх нь үнээр зарж байж зөрүү гарч ирнэ. Хоёрдугаарт, мал аж ахуйгаа дээшлүүлэх хэрэгтэй байна. Одоо бол зэрлэг мал аж ахуйтай яваад байна. Өмнөх жилийн хавар мах их үнэд орлоо. Учир нь хавар нь хүнд болсон. Нядалгаа, худалдаанд гардаг мах байхгүй болчихсон. Тэгэхээр нэмэгдчихээд байгаа юм. Тиймээс нэгдүгээрт нөөцийн махаа бий болгоё. Хоёрдугаарт, мал аж ахуйгаа сайжруулъя. Жишээлбэл, би мянган хоньтой байлаа гэе. Эхний борлуулалтаа намар хийгээд дараагийн борлуулалтаа хавар хийх чиглэл рүү нүүдлийн аж ахуйг шилжүүлэхээс өөр аргагүй. Ингэж хавар махны хангамжийг бүрдүүлбэл махны үнэ тэгтлээ их өсөхгүй. Өнгөрөгч хавар Хүчит шонхор захад биднийг ажиллахад “Өдөртөө 20 гаруй мянган тонн мах орж ирдэг. Энэ хавар таван мянган тонн мах орж ирж байна” гэж байсан. Махны хангамж нь тав дахин буурчихаж байгаа юм. Буурч байгаа шалтгаан нь хавар хатуу болчихож байгаа юм.

Өвөл, хавар нь хатуу болохоор хамаг мал “унаад”, зарагдах малгүй болчихож байна. Тиймээс мал аж ахуйг сэргээж, тогтмол нийлүүлэлт хийх эрчимжсэн мал аж ахуй руу ямар нэгэн байдлаар орох хэрэгтэй болсон. Хэрвээ эрчимжсэн мал аж ахуй руу орвол намрын мах арай жаахан хямд, хавар нь бага зэргийн хэлбэлзэлтэй болж тогтоно. Зах зээлийнх нь зарчим нь энэ. Гэтэл манайд хавар махны нийлүүлэлт бүр байхгүй болчих гээд байна шүү дээ.

-Одоо ч гэсэн тийм л нөхцөл хүлээж байна шүү дээ. Өвөлжилт хүндэрчихлээ?

-Тийм. Малчид одоо хамаг малаа нядалж эхэлж байна. Зоорь, нөөцөд хийх нь хийгээд, бүгдийг нь зарчихаар хавар хангамжгүй болчихоод байна. Тиймээс дээрх хоёр аргыг хослуулахаас өөр аргагүй болчихоод байна. Гуравдугаарт, гадаад зах зээлээ нээх хэрэгтэй байна. Үүнээс өөр арга Монголын нөхцөлд алга.

-Иргэд, аж ахуйн нэгжээ эдийн засгийн чадамжтай болгох аргаа л зөв олох нь чухал байна, тийм үү?

-Иргэд яаж мөнгөтэй болох вэ, яаж аж ахуйн нэгжүүдээ дэмжих вэ. Нэн тэргүүнд аж ахуйн нэгжүүдээ хөл дээр нь босгодог байх, иргэд нь бизнес хийдэг байх, жижиг дунд үйлдвэрүүдийг хөгжүүлдэг байх. Тэндээсээ буцаагаад татварыг нь зөв механизмаар авдаг байх схемээ сайжруулмаар байгаа юм. Явсаар байгаад нэг юман дээр буучихаж байгаа юм. 2016 оноос хойш яавал бид хөгжих вэ гээд дотроо бясалгаж, оролдоод үзээд байна шүү дээ. Тэнд нэг зам хэрэгтэй гэдэг. Замыг нь тавьдаг. Цаашаа явах холбоосгүй, цаана нь хов хоосон байдаг. аялал жуулчлалыг хөгжүүлнэ гээд зам тавьдаг. Мэдээж зам тавьснаар урсгал нь ихэснэ. Тиймээс үйлдвэрлэлийг бий болгох. Импортыг дотоодоосоо нөхдөг байх хэрэгтэй. Үүнээс гадна би монополыг задлах ёстой гэж бодож явдаг.

Жишээлбэл, хүнсний хангамж гэхэд яг хэдэн төрлийн үйлдвэрийг бид хийж чадах юм бэ. Хүнс дээр, хөнгөн үйлдвэрлэл дээр ямар байх юм бэ. Төмс, хүнсний ногоогоо хэдий хэмжээний хангамжтай байлгах. Тэр хангамжийг хэдэн аж ахуйн нэгж, ямар хэмжээний хүчин чадалтай байх вэ. Жишээлбэл, сүүний нийлүүлэлтийн 45 хувийг импортоор нийлүүлж байна. Дотоодоосоо 100 хувь хангахын тулд хэдэн аж ахуйн нэгж Монгол Улсын хэмжээнд байх ёстой вэ гэдгийг тооцоолох ёстой. Дотоодоосоо 100 хувь хангана. Чи сүүний аж ахуйтай бол гэвэл хүн бүр байгуулж чадахгүй шүү дээ. Тиймээс Монгол Улсын хэмжээнд 100 эсвэл 1000 аж ахуйн нэгж зайлшгүй шаардлагатай гэдгээ гаргах хэрэгтэй. Хамгийн гол нь бүсчилж харах хэрэгтэй. Хоорондоо хэдий хэмжээний зайтай байна гэхчлэнгээр. Дархан, Сэлэнгэ, Улаанбаатарын бүст төдий хэмжээний фермер, тэдэн үхэртэй байх юм байна гэж механикаар дэмжиж бий болгох ёстой. Түүнээс зах зээл өөрийгөө бий болгоно гэж хараад байвал дахиад 20, 30 жил бахь байдгаараа л байх юм билээ.

Ерөөсөө төрийн оролцоогүй юм байхгүй. Аж ахуйн нэгж дэмжлэггүйгээр босоод явна гэж байхгүй. Сангийн сайд болон бусад бүх сайдтай яагаад би маргаад байна вэ гэхээр зах зээл өөрийгөө зохицуулна гээд байгаа юм. Үнэхээр зах зээл өөрөө өөрийгөө зохицуулдаг байсан юм бол 1990 оноос хойш 30 жил боллоо. Хөгжвөл хөгжихөөр л хугацаа өнгөрлөө шүү дээ. Гэтэл аж ахуйн нэгжүүд бүгд л арай гэж хөл дээрээ дөнгөн данган зогсох гэж мэрийж байна. Тиймээс дэмжлэг байх ёстой.

-Бүсчилж байж монополыг задална гэсэн үг үү?

-Жишээлбэл, талхны гурван том үйлдвэр Улаанбаатарыг хангах уу, эсвэл Улаанбаатар хотын өнцөг бүрд нэг нэг айл, аж ахуйн нэгж тэрүүхэн тэр хорооллоо талхаар хангах уу гэдэг бол бодох л асуудал. Гурван аж ахуйн нэгжийн гурван хүнийг дэмжиж гаргаж ирэх үү эсвэл 300 аж ахуйн нэгжийг бий болгож дэмжих үү. Энэ бүрд эдийн засгийн чадавхтай гэр бүл, аж ахуйн нэгж бий болж байгаа биз дээ. Гэхчлэнгээр бодвол зөндөө л юм бий.

-НӨАТ-ын буцаан олголтыг таван хувь болгоход та ямар саналтай байсан бэ?

-100 мянган хүн дэмжинэ гэдэг ардчиллын том зарчим. Нэгэнт шаардлагатай болоод 100 мянган хүн дэмжье гэж байгаа юм. Үүнийг уг нь УИХ-аар сая хэлэлцэх л ёстой байсан юм. Хэлэлцээд 76 гишүүн үгүй гэвэл үгүй л биз. Миний хувьд буцаан олголтыг таван хувь болгохыг дэмжиж байгаа. Учир нь эдийн засгийг өргөжүүлэхийн тулд байх л ёстой зүйл. Аж ахуйн нэгж, иргэд эдийн засгийг авч явна. Жижиг дунд бизнесийнхэн эдийн засгийг авч явна. Тиймээс тэдэнд ажиллах хангалттай боломж бололцоог өгөх ёстой. Таван хувийг буцааж олгоход өнөөдөр алдагдалтай байгаа байх. Хүнд байгаа эдийн засагт жаахан цохилт өгөх байх. Гэхдээ цаад утгаараа эдийн засгийг тэлэх механизмын нэг нь мөн. Зарим нь хэдхэн том аж ахуйн нэгжид ашигтай, бусдад нь ашиггүй гэж байсан. Бага төлсөн бол бага л авна шүү дээ. Их төлж байгаа бол их л авна. Энэ чинь зарчим. Харж байгаад нэг хэсэгт нь их өгчихөж байгаа юм биш. Төлснийхөө хэрээр таван хувиа буцааж авч байгаа юм. Тиймээс энэ зөвхөн том аж ахуйн нэгжид зориулсан хууль биш. НӨАТ-ын таван хувь бол аж ахуй эрхэлж байгаа хүмүүстээ их том дэмжлэг. Аж ахуйн нэгж хөгжөөд хөл дээрээ босоод ирвэл таван хувьтай, хувьгүй явчихна. Нийгмийн хариуцлагын хүрээнд нийгэм эдийн засагтаа зөндөө хандив өргөж байгаа аж ахуйн нэгж олон бий. Хангалттай орлого олоод дурандаа өгч байгаа. Тэр хэмжээнд аж ахуйн нэгжүүдээ босгох цаг хугацаа бидэнд хэрэгтэй байгаа юм.

Цалин, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүл гээд өнөөдөр шаардаад л байна. Эдийн засгаа хөгжүүлж байж аж ахуйн нэгжүүдээс татвар авах эрхтэй болно. Үнэхээр цалин, тэтгэврийг нэмье гэж байгаа бол татвар авдаг хүрээгээ томсгох хэрэгтэй болно. Хүрээгээ томсгохын тулд татвар төлдөг хүмүүсээ эхлээд чадвартай болгох ёстой. Татвар авдаг аж ахуйн нэгжүүдээ бид дарамт үзүүлээд хөл дээр нь босгож чадахгүй байгаа хэрнээ татвараа нэхэж авах гээд байна.

-Та зам тээврийн салбарт олон жил ажилласан. Тиймээс түгжрэлийн эсрэг авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ярилцъя. Эхний ээлжид өнөөдөр олны анхааралд байгаа метро барих төслийн талаар мэдээлэл өгөөч?

-Улаанбаатар хотын эзэмшлийн уурхайг ашиглаж бартердахаар ярьж байгаа юм билээ. Тэр уурхай нь хэзээ ч ашиглалтад орох юм. ТЭЗҮ өндөртэй, үгүйг би сайн мэдэхгүй байна. Тооцоолол хийгээд болно гэж харж байх шиг байна лээ. Энэ салбарт олон жил ажилласан хүний хувьд эхлээд давхар, тойрог замтай болох хэрэгтэй. Бөглөрөл үүсгэж байгаа энэ олон уулзварыг хоёр, гурван түвшний уулзвар болгох хэрэгтэй. Нэвт явдаг хэд хэдэн давхар замыг бий болгох хэрэгтэй. Ингэж байж түгжрэлээс гарна. Тэгэхгүйгээр метро баримагц машинаа түгжиж хаячихаад метро руу гүйж орох хүн байхгүй шүү дээ. Тиймээс нэгдүгээрт, авто тээврийн хэрэгсэл, авто замын нэвтрэх чадварыг сайжруулах ёстой. Татварын асуудал зөрж орж ирж л байна лээ. Машиныхаа онцгой татварыг нэмэх асуудал яригдаж л байна. Ер нь олон арга хэмжээний нэгдэл л болно л доо. Үүнээс хамгийн том байр суурь эзэлж байгаа нь гүүрэн замын асуудал. Үүнийг хийгээд хоёрдугаарт метро ярих хэрэгтэй. Энэ хоёрыг зэрэгцүүлээд ярьж байгаа нь зөв гэж харж байна. Метрог зоригтой явуулах л хэрэгтэй.

-Хотын төв рүү нэвтрэх бүрд 27 мянган төгрөгийн татвар авах асуудалд та ямар байр суурьтай байна вэ?

-Сайн ойлгохгүй л байгаа. Үүнийг манайхан хийж чадах уу, үгүй юу гэдэг нь эргэлзээтэй. Төлбөрөө авч чадах уу, үгүй юу. Татвараасаа болоод хотын гадна тээврийн хэрэгсэл тавиад, тийм олон зогсоол барих уу. Тэр олон зогсоолын газар хаана байгаа вэ. Ер нь бууж өгөхгүй л байгаа юм.

Р.ХИШИГЖАРГАЛ

 

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Х.Алтанхуяг: Ардчилсан намын даргад Н.Алтанхуяг, Х.Тэмүүжин нарын нэр яригдаж байна DNN.mn

Ардчилсан намын Үндсэн дүрмийн хорооны гишүүн Х.Алтанхуягтай ярилцлаа.


-АН-ын Нийслэлийн намын хорооны дарга ирэх тав дахь өдөр тодорно. Энэ талаар та мэдээлэл өгөхгүй юу. Сонгох дүрэм журам гэхчлэнгээр?

-Нийслэлийн намын даргын сонгуулийг дотоод сонгуулийн хороо зохион байгуулна. нэр дэвших эрх нь гишүүдэд нээлттэй байдаг. намын хорооны даргыг бүх гишүүн дундаас сонгодог. одоогийн явж байгаа сонгууль нь нийслэлийн намын хорооноос сонгох процесс явж байна. нэг ёсондоо дүрмийн бус үйл ажиллагаа явж байна.

-Хэн хэн нэр дэвшихээр байгаа вэ?

-НИТХ-ын төлөөлөгч т.батцогт, м.тулгат, Д.Бадарсан гурав нэр дэвшиж байгаа.

-Нэр дэвшигчид ямар шалгуур хангасан байх ёстой байдаг вэ?

-Дэнчин буюу сонгуулийн зардлын төлбөрийг төлсөн байх ёстой. мөн мэдээж намын гишүүн байх ёстой. Ийм л хоёр шалгууртай.

-Та ярианы эхэнд дүрмийн бус үйл ажиллагаа явж байна гэсэн. Ямар учиртай юм бэ?

-Дотоод сонгуулиуд их будилаантай байгаад байна. Лу.Гантөмөр дарга анх сонгогдоход л дүрмийн бус байсан. тодруулбал, Үндэсний бодлогын хорооны гишүүд нь саналын эрхгүй, татвараа төлөөгүй, хоёр гурван талд байсан хүмүүсийг цуглуулсан. тэр хүмүүс нь анх Лу.Гантөмөрийг сонгосон байдаг.

Тухайн үед ҮБХ-ны гишүүд, намын нөлөө бүхий удирдлагууд юу гэж харсан бэ гэхээр хоёр гурван талд хуваагдчихсан. Гэрчилгээ, тамганы асуудал маргаантай байгаа учраас ямартаа ч намаа нэг болгож авъя гэдэг үүднээс тухайн үед дүрмийн бус сонголтыг хийж нүдээ аньж, чихээ бөглөж байгаад Лу.Гантөмөрийг гаргаж ирсэн.

Саяхан аймаг, дүүргийн намын дарга нарыг сонгох процесс явсан. Энэ процесс дээр анхан, дунд шатанд байгаа гишүүдийн зүгээс намын даргыг дүрмийн бусаар сонгогдчихоод одоо бидэнд яагаад ийм шаардлага тавьж байгаа юм бэ. Дүрмийн бус ийм зүйл болж байна гэж маш их яригдсан. Гэхдээ тэр сонгуулийг хүчээр явуулаад дууссан. Хүчээр хийсэн дүрмийн бус үйл ажиллагаа ардаа дандаа маргаан дагуулдаг. Энэ нь намын эв нэгдэл хагаралд хүчтэй нөлөөлдөг. Үүнээс үүдэж одоогийн байдлаар хотын хэмжээнд тав зургаан дүүрэг маргаантай. Мөн тав зургаан аймаг маргаантай байна. Энэ мэтээр маргаантай асуудлууд байна. Одоог хүртэл хэл ам нь дуусаагүй байдалтай байхад Нийслэлийн намын хорооны даргын сонгуулийг мөн дүрмийн бусаар хийх гэж оролдож байна.

Ер нь дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй гэж. Намын даргыг дүрмийн бусаар сонгочихоор доошоогоо бүх юм дүрмийн бусаар явдаг байдал руу шилждэг юм байна. Тиймээс бүх зүйлийг дүрмийн дагуу болгохын тулд намын даргаа дүрмийн дагуу сонгох үйл ажиллагаа явуулах шаардлага үүсч байна. Тэгэхгүй бол нийслэлийн намын хорооны даргын сонгууль мөн адил маргаантай байвал ард нь бөөн хэл ам болно. Ялагдсан хүмүүс нь дүрмийн бус байсан гэхчлэнгээр буцаад намын хагарал руу явна. Тиймээс энэ бүхнийг эртнээс хэлж яриад байгаа юм.

-Ер нь олон нийт болоод намын гишүүдийн дунд Нийслэлийн намын хорооны дарга болон генсек анхаарлын төвд байсаар ирлээ. Хэдийгээр генсекийг намын дарга шууд томилдог ч гэлээ танай намын генсек ер нь хэзээ тодрох төлөвтэй байна вэ. Тодорхойгүй удаж байгаа шалтгаан нь юу байна?

-Нийслэлийн намын хорооны даргын сонгуулийн дараа генсекийг тодруулна гэсэн яриа байгаа. Намын дарга генсекийн нэрийг ҮБХ-д санал оруулдаг. Өөрөөр хэлбэл, Намын даргын бүрэн эрхийн асуудал байдаг.

Лу.Гантөмөр дарга сонгогдсоноосоо хойш 10 гаруй сар өнгөрлөө. Одоог хүртэл генсекийн асуудлаа шийдэж чадахгүй байгаа нь энэ хүнд эрх мэдэл байна уу, үгүй юу гэх эргэлзээ төрж байгаа юм.

ҮБХ-д генсекийн нэрийг оруулж ирж томилуулаад үйл ажиллагаа явуулах боломж байсан. Сонгууль болоход зургаахан сарын хугацаа үлдлээ. Гэтэл генсек томилогдоогүй байна. Генсек бол намын гал тогоог хариуцдаг чухал үүрэгтэй субъект. Намын гал тогоог удирдах генсек одоог хүртэл томилогдоогүй байгаа учраас намын үйл ажиллагаа үндсэндээ зогсонги байдалтай байна.

-Лу.Гантөмөр даргыг солих асуудал ер нь нэлээд хүчтэй байх шиг байна. Ер нь намын даргыг огцруулах асуудал анх хаанаас, яагаад гарч ирсэн юм бэ?

-“Үндэсний жигүүр” анх энэ асуудлыг гаргаж ирсэн. Энэ хүн ажлаа хийхгүй байна. Өнгөрөгч хавраас хойш намын байрандаа ирсэнгүй. Сонгууль болоход зургаахан сарын хугацаа үлдчихээд байхад өдөр бүр намын ажлаа хийх байтал өнөөг хүртэл намын үйл ажиллагаанд оролцохгүй, намын өдөр тутмын үйл ажиллагааг хангахгүй байна. Манлайлах чадвар энэ хүнд алга. Ардчилсан нам үнэхээр сөрөг хүчин баймаар байгаа бол сөрөг хүчнийг удирдаж авч явах манлайлалтай, хүчтэй, зоригтой, лидер хэрэгтэй байна. Энэ хүнийг огцруулах гэхээр хүнд байна. Учир нь тодорхой хэмжээнд эв нэгдлийг хангасан. Тиймээс өөрөө өргөдлөө өгчих. Та сөрөг хүчнийг манлайлах чадвар алга. Эв нэгдлийг тодорхой хэмжээнд хангасан учраас таныг жагсаалтад оруулъя. Огцруулбал жагсаалтад ч орж чадахгүй, байхгүй болно. Тиймээс хүндэтгэлтэй хандаад жагсаалтад оруулъя. Бид хүчтэй лидерээ тавья. Сонгууль хаяанд ирчихлээ гэсэн асуудлыг тавьсан. Энэ асуудал нь нэлээд газар авч гишүүдийн дунд яригдсан. Ингээд ҮБХ-ны гишүүд хоорондоо ярилцаж, манлайлж чадахгүй, ажлаа хийхгүй байна гэдэгт бүгд санал нэгдсэн. Энэ бүр сүүлдээ УИХ-ын гишүүдийн түвшинд, лидерүүдийн түвшинд яригдсан. Сүүлдээ нийгэм рүү гарлаа л даа. Ингээд нийгэмд хүртэл энэ хүнийг солих ёстой гэсэн асуудал яригдаж эхэллээ.

-Лу.Гантөмөр дарга ямар хариу хэлсэн бэ?

-Ямар нэгэн байдлаар өөрөө хариу өгөөгүй байгаа. Ер нь янз бүрийн хүмүүстэй уулзаад явж байгаа юм билээ. Хүмүүс ч гэсэн та өргөдлөө өгчих. Тэгэхгүй бол судалгаагаар рейтинг маш муу гарч байна. МАН-ын рейтинг унахад манайх өсөх ёстой. Манай намын рейтинг унаад байна гэдгийг С.Баярцогт дэд дарга хүртэл хэлсэн байгаа шүү дээ. Рейтинг өсөхгүй байна. Та ажлаа өгчих гэдэг саналыг бүгд л тавьж байгаа. Өөрөө бол ямар нэгэн байдлаар хариу өгөөгүй байна. Фракцуудын түвшинд сольё гэдэг яриа явагдсан. Бүгд Лу.Гантөмөр даргыг шахаж байгаа.

-Ер нь цаг хугацааны асуудал л болчихоод байгаа юм байна шүү дээ?

-Тийм, тийм. Лу.Гантөмөр дарга солигдох нь цаг хугацааны асуудал болсон. Гишүүд дэмжигчид ч шахаж байна. Олон нийт ч шахаж байна. Хэвлэл мэдээллийн байгууллагууд ч “МАН дийлдэхгүй боллоо. Сөрөг хүчин хүчтэй баймаар байна. Та нар ажлаа хийдэггүй намын даргаа солиоч” гэсэн мэдээ, нийтлэлийг гаргаж байна шүү дээ. Гэтэл Лу.Гантөмөр дарга ярилцлага өгөхдөө “МАН-тай зодолдмооргүй байна. Зодолдохгүй” гэсэн. Сөрөг хүчний намын дарга ийм юм яриад зогсож байхад намын гишүүд яаж МАН-тай тэмцэлдэх юм бэ. Энэ бүхэнд АН-ын нийт гишүүд их эгдүүцэж байгаа. Дунд шатнаас маш их гомдол, өргөдөл ирж байгаа.

-Лу.Гантөмөр даргын оронд Н.Алтанхуяг даргыг намын даргаар томилох гэж байгаа гэсэн мэдээлэл бий. Энэ мэдээлэл бодитой юу?

-Н.Алтанхуяг даргыг сонгох тухай асуудал яригдаж байгаа нь үнэн. Учир нь Лу.Гантөмөр дарга муу ажиллаж байгаа учраас өмнө нь намын дарга байсан хүнийг сонгох тухай яригдаж эхэлсэн. Энэ хүн сайн ажиллаж байсан бол хуучин намын даргаа буцааж намын даргаар тавья гэх асуудал яригдахгүй байх байсан. Энэ хүний үнэлэмж нийгэмд ямар хэмжээтэй байгаа нь үүнээс тод харагдана.

Хөдөө орон нутагт намын дэд дарга нар ажиллаж байна. Гэтэл орон нутагт Лу.Гантөмөр гэдэг хүнийг танихгүй байна. Ийм байхад Ардчилсан нам сонгуульд ялах тухай ойлголт байхгүй шүү дээ. Аливаа нам ялалт байгуулахад, тэр тусмаа томсгосон тойрогт намын дарга рейтингийн 50 хувийг авч ирдэг. Гэтэл Лу.Гантөмөр даргыг хүн танихгүй байхад бидэнд ялах ойлголт байхгүй гэж ярьж байгаа.

-Намын даргад Н.Алтанхуяг даргаас өөр ямар хүний нэр яригдаж байгаа вэ?

-Х.Тэмүүжингийн нэр яригдаж байгаа. Мөн УИХ-ын гишүүдээс байвал яах вэ гэж яригдаж байгаа. УИХ-ын гишүүн хүн намын дарга байвал манлайлах чадвар нь илүү байх болов уу гэсэн зүйлийг намын гишүүд ч, нийгэм ч ярьж байна.

-Намын даргыг соливол дараагийн сонгууль үндсэн журмын хүрээнд явагдах уу. Дээд шүүх яах бол?

-Лу.Гантөмөр дарга дүрмийн бусаар сонгогдсон. Үүнээс хойш ҮБХ татвараа төлж саналын эрхтэй болсон. Тиймээс дүрмийн дагуу ҮБХ бий болсон гэсэн үг. ҮБХ-ноос намын даргыг сонговол дүрмийн дагуу намын дарга гарч ирнэ гэсэн үг. Ингэвэл Дээд шүүх хүссэн ч, эс хүссэн ч бүртгэж авах үүрэгтэй. Дээд шүүхэд бүртгүүлэх боломж нээлттэй.

-Өмнө нь Дээд шүүх бүртгэхгүй бөөн л юм болсон. Дахиад давтагдвал яах вэ?

-Өмнө нь хоёр талд тамга, тэмдэг гэрчилгээ тусдаа байсан. Нэг талын намын даргыг өргөн барихаар нөгөө тал нь гомдол гаргачихдаг байсан. Хоёр тал хоорондоо гомдол гаргахаар Дээд шүүх бүртгэж авахгүй байсан. Үүн дээр эрх баригч нам оролцдог хандлага байсан байх. Гэтэл одоо нам нэг болсон. Тамга, гэрчилгээ, ҮБХ, бүх зүйл нэг учраас үүн дээр ямар нэгэн этгээдээс гомдол гаргах боломжгүй. Тиймээс бүрэн эрхийнхээ дагуу ҮБХ намын даргаа сонгох нь нэг өдрийн асуудал. Лу.Гантөмөр дарга өргөдлөө өглөө тухайн өдөр нь нэр дэвшигчид нэрээ өгнө. ҮБХ сонголоо. Дүрмийн дагуу намын даргаа сонголоо. Дээд шүүхэд бүртгэлээ. Энд эрх баригч ч юм уу ямар нэгэн хүн, нам оролцох боломжгүй. Өмнөх цаг үеэс өнөөдрийн нөхцөл байдал өөр болсон өөр шүү дээ.

Р.ХИШИГЖАРГАЛ

 

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

П.Наранбаяр: Төсвийн тэлэлтээс улстөрчтэй холбоотой болон хамаарал бүхий бизнесменүүд л хожиж байна DNN.mn

П.Наранбаяртай ирэх оны төсөв, нийслэлийн эрх зүйн өөрчлөлттэй холбоотой асуудлаар ярилцлаа.


-Ирэх оны улсын төсөв батлагдлаа. Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч, сөрөг хүчний гишүүний хувьд ирэх оны төсөв дээр ямар байр суурьтай байгаа вэ?

-Улсын төсвийн тухайд миний хувьд ХҮН намын бодлого судалгааны хүрээлэнгээс гаргасан санал болон УИХ-ын гишүүн Т.Доржхандын байр суурьтай ижил байгаа. Юу гэхээр төсвийг дахин алдагдалтай баталж байгаа нь буруу байна. Нэмээд мөнгөний хатуу бодлоготой явж байгаа ч гэсэн маш буруу. Монгол Улсын хувьд бараг арав гаруй жил мөнгөний хатуу бодлогыг барьчихлаа шүү. Ингэж хатуу бодлого бариад байвал аж ахуйн нэгжүүдэд маш халтай болж ирнэ. Халтай болчихсон ч яваа. Хатуу бодлого барьчихаар төсөв тэлж эхэлдэг. Төсвийн тэлэлтээс улстөрчтэй холбоотой, хамаарал бүхий бизнесменүүд л хожиж байна шүү дээ. Тухайлбал, “Ногоон автобус”-ны хулгай бол үүний том жишээ. Зөвхөн улстөрчтэй ойр бизнесүүд явдаг, нийт аж ахуйн нэгждээ ямар ч хожоогүй, ийм байж болохгүй. Улсын төсвийн хувьд ерөнхий байр суурь нэг иймэрхүү байна. Харин нийслэлийн төсөв хараахан боловсруулагдаж гараагүй байгаа.

-Монгол Улсын хувьд эрчим хүчний хараат байдалтай орон. Тэр утгаараа сүүлийн жилүүдэд эрчим хүчний хэрэглээ асар өндөр болсон. Тиймээс эрчим хүчний шинэ эх үүсвэр бий болгохын тулд тал бүрдээ ярьж байгаа. Гэтэл Улсын төсөвт энэ чигт ямар ч хөрөнгө суугдаагүй гэх юм. Энэ талаар танд мэдээлэл бий юу?

-Надад нарийн мэдээлэл алга. Энэ гэхдээ Эрчим хүчний яамны асуудал шүү. Энэ яам уг асуудлаа нэн яаралтай шийдээд, хийх л ёстой. V цахилгаан станц гэж яриад одоо хэдэн жил болж байгаа билээ. Ийм л бүтэлгүй төр өнөө цагт оршиж байна. Ярихаас өөр шидгүй, бодитой ажил хийж байгаа зүйлгүй л явж байна.

-Гуравдагч сөрөг хүчний хувьд хотын шинэ даргын шийдвэр, үйл ажиллагаанд ямар байр суурьтай байдаг вэ?

-Өчигдөр Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал төсвөө тодотгох гэж хуралдахад хотын шинэ дарга хүрэлцэн ирж, хуралдаа бүтэн суусан.

Анх удаа хотын дарга гэх хүн НИТХ-д бүрэн суулаа гэж харж байгаа. Өмнө нь Д.Сумъяабазар огт суудаггүй байсан. Тиймээс үүнийг нэг талдаа сайшаан хүлээн авч байна. Нөгөөтэйгүүр нийслэлийн иргэдээс тэр дундаа НИТХ-аасаа асууж байж шийдэх ёстой асуудлуудыг шууд хуулийн төсөл болгон боловсруулж, Засгийн газраар дамжуулан УИХ-д өргөн барьсан. Энэ бол маш зарчимгүй үйлдэл. Хотын бүсчлэл тогтоох, газрын зөвшөөрлийн асуудлуудыг шууд ингэж хуульчлах нь нийгмийн олон салбарт огцом цохилт болно.

-Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах болон гэр хороооллыг орон сууцжуулах хуулийн төсөл хэлэлцэгдэж байгаа. Энэ асуудлыг та хэлж байна уу?

-Тийм. Яг энэ хуулиар бол олон мянган ажлын байрыг бий болгодог, хөрөнгө оруулагчдыг татдаг барилгын салбар хүчтэй цохилтод орохоор харагдаж байна. Угтаа НИТХ-ын долдугаар сарын хуралдаанаар нийслэлийн нягтрал, төвлөрөл ихтэй бүсэд шинээр барилгын зөвшөөрөл олгохгүй байхаар баталчихсан шүү дээ. Нийслэлийн амьдрал гэдэг чинь өөрөө амьд, хөдөлгөөнтэй. Үүнийг шууд хуулиар зохицуулах гэж оролддог нь муйхар асуудал. 1.7 сая хүн амтай энэ хот бүх дэд бүтэцээ төв рүүгээ татчихсан. Төвдөө л бөөгнөрчихсөн хот. Хотын аль нэг захаас нөгөө цэгт хүрэхийн тулд заавал төвөөрөө дайрна. Нийслэлийн автозамын сүлжээ нь ч ийм байгаа. Ийм дэд бүтэцтэй хотод хуулиар шууд төлбөр тогтоох асуудлыг шийдчихвэл яах вэ. Энэ бол шууд иргэдийнхээ халаас руу төр орж байгаагийн тод үйлдэл. Иргэдийн халаас руу гараа хийж байгаа энэ төрийн бодлогыг хэнээс ч асуулгүйгээр хийж байгаа нь бүр аюултай. Үүнийг ХҮН намын бүлэг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн. Тооцож үзье л дээ. 27 мянган төгрөгөөр гуч хоног төвөөр зорчлоо гэж бодъё. Тэгвэл сардаа бараг 900 гаруй мянган төгрөг болно. Энэ нь өөрөө нэг төрийн албан хаагчийн сарын цалин. Зөвхөн төвөөр зорчлоо гэхэд сарын цалингаа өгөх үү. Ийм амьдралгүй шийдвэр гаргаж болохгүй ээ. Бүсчилсэн төлбөр тогтоох асуудал манайд одоогоор ямар ч зохимжгүй. Манайх бол эхний ээлжид машины зогсоолоо илүү өндөр төлбөртэй, илүү хүртээмжтэй болгочих ёстой. Машины зогсоолгүй учраас зогсоол олохын тулд төвөөр, талбай тойроод явдаг гэсэн судалгаа ч байдаг.

-Дээрх хуулийг эрх баригчид олонхоороо баталчих байх л даа. Таны ярьснаар бол амьдралд хэрэгжих ямар ч боломж алга байна. Тэгвэл цаашид яах вэ?

-За яах вэ, хууль батлагдчихлаа. Харин төлбөр тогтоох асуудлыг НИТХ шийднэ гэж заасан байгаа. Гэхдээ л иргэдийнхээ халаас руу шууд орсон иймэрхүү төрийн бодлогыг бид аль болох гаргахгүй байх л ёстой юм. Би бол үүнийг огт дэмжихгүй байгаа. Уг хуулийг хэлэлцэж байгаа УИХ-ын гишүүдийг олон нийт харсан байх. Ерөөсөө амьдралаас тасарчихсан хүмүүс уг хуулийн төслийг хэлэлцэж байна лээ. Олимпын гүүрийг хаана байдгийг мэдэхгүй, тэр бүү хэл ашиглалтад орсон эсэхийг ч мэдээгүй гишүүд асуулт асууж, үг хэлж байна лээ. Энэ нь өөрөө УИХ-ын гишүүд амьдралаас ямар хол тасарсан бэ гэдгийг тод харуулж байгаа үйлдэл шүү дээ. Өөрсдөө тохитой дулаахан чанартай автобус авах хөрөнгийг нь идчихээд одоо болохоор нийслэлчүүд автобусанд сууж сурах ёстой гэсэн зүйлийг ярьж байгаа нь эмгэнэлтэй. Тэгэхээр өнөөгийн УИХ бол нийгмийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, улс орны бодлого тодорхойлж явах ямар ч чадамжгүй байна. Ер нь нийслэлийн асуудал руу УИХ нэн яаралтайгаар шүүрч авч орох нь өөрөө ямар учиртай юм бэ. Нутгийн өөрөө удирдах ёсонд ноцтой халдаж байгаа үйлдэл биш юм уу. УИХ улс эх орны хэмжээний асуудлаа л ярина биз дээ.

-Нийтийн тээврийн хүртээмж муу байна. Өвлийн хүйтэнд автобус хүлээсэн хүмүүс гар хөлөө хайруулж байна. Тиймээс хулгайн асуудал нь нэг талдаа явна биз. Хүртээмжээ сайжруулахын тулд нэгэнт ороод ирсэн “Ногоон автобус”-уудыг үйлчилгээнд гаргачихаж болохгүй юу?

-Гэнэт 1000 автобус худалдаж авах ажил эхэлчихсэн. Гэтэл нийслэлд нөгөө автобусууд нь яваад л байгаа биз дээ. Тэгэхээр энэ нь нийгмийн сэтгэхүйг зориуд өөрчлөх гэсэн оролдлого. Автобусгүй боллоо, хүртээмж нь муудлаа гэдэг агуулгыг зориуд гаргаж, нийгмийн сэтгэхүйд нөлөөлөх гэж оролдож байна. Ингэж байгаад 1000 автобус авах ажлаа эхлүүлж байна. Ногоон автобусыг үйлчилгээнд гаргачихвал ёстой нэг жил яваад л эвдэрчихнэ. Юун арван жил явах. Тиймээс үйлчилгээнд огт гаргаж болохгүй. Аль болох буцаах асуудлыг л шийдэх хэрэгтэй. Дараа нь автобус авч байгаа бол хамгийн чанартайг нь ил тод оруулж ирэх ёстой. ХҮН намын хувьд хотын шинэ удирдлагад “Ногоон автобус”-тай холбоотой хууль зөрчсөн бүх албан тушаалтанд хариуцлага тооцоорой гэдэг шаардлагыг хүргүүлсэн.

-Хотын дарга метро барих асуудлыг мөн хөндсөн. Уг асуудлыг гадаадын мэргэжлийн хүмүүсээр шийдүүлье гэх нэг хэсэг байхад нөгөө хэсэг нь монголчууд өөрсдөө чадна гэж үзэж байна. Ер нь метротой болох Улаанбаатар хотын мөрөөдөл биелэгдэх үү?

-Миний хувьд энэ мөрөөдөл биш. Энэ бол шийдэл. Энэ шийдлийг олчихсон тохиолдолд Улаанбаатар метротой болно. Нөгөөтэйгүүр метро ашиглах нь өртөг өндөртэй гэдэг. Манай төсөв дийлэхгүй ч гэдэг. Гэхдээ Улаанбаатар хот өөрөө 1.7 сая хүн амтай. Тиймээс метротой болох хүн ам зүй бүрэн хангагдчихсан. Метроны ТЭЗҮ-ийг аль арав гаруй жилийн өмнө хийчихсэн байсан. Гэхдээ энэ ТЭЗҮ одоо хуучирсан байх. Ер нь бол япончууд Улаанбаатар хотод метро барих боломжтой гэж үзсэн. Миний хувьд бид метротой болох шаардлагатай гэж үздэг. Цаашлаад Улаанбаатар хот газар доогуураа томоохон байгууламжтай хот болох ёстой. Өөрөөр хэлбэл цаг агаарын нөхцөл байдлаас хамаарахгүйгээр газар доороо эдийн засгийн эргэлт явагдаж байдаг хот болох ёстой. Ер нь бол метротой болчихсон цагт олон жилийн явцад үр ашгаа өгөх нь гарцаагүй. Харин метро барих туршлагатай монгол инженерүүд манайд цөөнгүй бий шүү. Миний хоёр ч шавь энэ чиглэлээр гадаадад сурч, ажиллаж байна.

-Уртцагааныг буулгах асуудал олон нийтийн дунд маргааны нэг сэдэв болж байна. Таны хувьд энэхүү асуудалд ямар байр суурьтай байгаа вэ?

-Социалист бүтээн байгуулалтаас үлдсэн 43 соёлын дурсгалын нэг бол Уртцагаан. Үүнийг хамгаалан сэргээн засварлаж, хойч үедээ үлдээх нь өнөөгийн бидний үүрэг юм. Ер нь өнөөгийн эрх баригчид буюу МАН-ынхан дээрээс нь доошлох хэлбэрээр бүх асуудлыг шийдэж байна. Ерөнхий сайдын санаанд нэг зүйл зурсхийгээд орчихвол тэр нь ажил хэрэг болох ёстой юм гэсэн. Үгүй ээ, ардчилсан, эрх зүйт төртэй оронд ийм зарчим үйлчилж болохгүй шүү. Гэтэл өнөөдөр УИХ-д өргөн барьчихсан нийслэлийн хууль яг энэ загвараар явж байна. Энэ хуулийн төслийг боловсруулахдаа хэнээс ч асуугаагүй. Шууд л УИХ хэлэлцээд эхэлсэн. Өөр нэг зүйл уг хууль батлагдвал Нийслэлийн Засаг дарга хэмжээлшгүй их эрх мэдэлтэй болох юм билээ. Өөрөөр хэлбэл тус хуульд газрын зөвшөөрөл олгох асуудал тусгагдсан. Ингэхдээ зөвшөөрлийг Нийслэлийн засаг дарга олгоно, цуцална гэж заасан байгаа. Тэгэхээр уг хууль батлагдвал барилгынхан Нийслэлийн засаг даргын өрөөний үүдэнд очерлож зогсоно. Үүнээс ямар үр дүн гарах вэ. Мэдээж авлига ихэснэ. Цаад утгаараа Х.Нямбаатар цаашлаад МАН-ынхан уг хуулиар ирэх жилийн сонгуулийн мөнгөө босгох гэж байна уу даа гэж хардаж болохоор байгаа юм.

 

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

УИХ-ын дарга Г.Занданшатар “цаасан бар” уу DNN.mn

Эртний ном сударт хий хоосон сүрийг үзүүлэгч улс гүрэн, жанжин, хувь хүмүүнийг “цаасан бар” хэмээн тэмдэглэсэн байдаг. Яг үүн шиг УИХ-ын дарга Г.Занданшатар НӨАТ-ын буцаан олголтыг таван хувь болгоно гэж олонд сүрийг үзүүлж, ядарсан ард түмнээ горьдоон дагуулан хуйлруулсан боловч эцэст нь чадахгүйгээ мэдэн хий дэмий л чуулганаа орхин гүйж цаг аргацаан “цаасан бар” болж төгсөв бололтой.

Аливаа бүтээгдэхүүний үндсэн үнэ дээр арван хувийн татвар ногдуулж, энэ хувиа бизнес эрхлэгчид, иргэдийн халааснаас аваад оронд нь хоёр хувийг нь буцаан өгч, найман хувийг нь авч үлддэг тогтолцоо бол НӨАТ. Олон түмний хүслийн үзүүр буцаан олголтын хувийг нэмэгдүүлнэ гэсэн төрийн өндөрлөгүүдийн нэг учраас Г.Занданшатарт олон нийт итгэсэн. Тиймдээ л НӨАТ-ын буцаан олголтыг таван хувь болгох саналыг D-petition-д байрлуулаад зургаахан хоноход 100 гаруй мянган иргэн дэмжсэн байдаг.

Гэвч Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Сангийн сайд Б.Жавхлан хоёр уг саналыг эсэргүүцсэн. Сангийн сайд Б.Жавхлан хэлэхдээ “НӨАТ-ын буцаан олголтыг таван хувь болгох ямар ч боломжгүй. Энэ бол татварын тогтолцооны асуудал. Гэнэт шийддэг зүйл биш. НӨАТ бол манай төсвийн хамгийн тогтвортой хэсэг. Ирэх онд буцаан олголтод 400 тэрбум төгрөг оногдоно. Харин таван хувь болговол нэмж 600 гаруй тэрбум төгрөг шаардагдана. Энэ бол маш өндөр дүн. Ирэх оны төсвийн төслийг өргөн барьсан. Маргааш (2023.10.18) хэлэлцэж эхлэх гэж буй энэ үед ийм асуудал байх боломжгүй” хэмээн боловсруулсан төсвөө задалж даахин тооцоолол хийхээс цааргалсан.

Уг нь Монголын аж ахуйн нэгжүүд, эдийн засагчид, сөрөг хүчнийхэн НӨАТ-ын буцаан олголтыг нэмснээр төсөвт ямар ч дарамт үзүүлэхгүй. Нэмэлтээр шааардагдах 600 гаруй тэрбум төгрөг чинь буцаад ороод ирнэ. Хамгийн гол нь буцаан олголтыг нэмэгдүүлснээр далд эдийн засаг ил болно. Буцаан олголт өгөх аж ахуйн нэгж олширно. Татварын орлого чинь харин ч эсрэгээрээ нэмэгдэнэ гэж хоолойгоо сөөтөл учирласан. 62 суудалтай үнэмлэхүй олонх дээр бид нэмэгдэж дэмжээд өгье гэж сөрөг хүчнийхэн ч хэлсэн. Эцэст нь НӨАТ-ын буцаан олголтыг таван хувь болгох санал ирэх оны төсөвт л лав суусангүй. Гэнэт нэг өглөө зүүдлээд тооцоо судалгаагүй зүйл оруулж ирсэн үү, судлаад болно гэдгийг мэдээд оруулж ирсэн үү. Ингэж шилний цаанаас ард түмэнд чихэр долоолгох нь сайхан байдаг юм уу. Ямар ч байсан биднийхээ төлөө санаа тавьдаг юм, одоо л гишүүн болж сурах гэж байгаа юм гэж бид дахин дахин сонгосоор байх уу. Ядарсан ард түмнийхээ сэтгэхүйгээр ямар ч сайхан тоглодог юм бэ дээ.

Р.ХИШИГЖАРГАЛ

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Д.Тогтохсүрэн: Ирэх жилийн төсвийн онцлог нь Нийслэлийн төвлөрлийг бууруулж, хөдөөг хөгжүүлэхэд чиглэж байна DNN.mn

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнтэй ярилцлаа.

-Төсвийн алдагдлыг хоёр их наядаас 1.5 их наяд төгрөг болгож бууруулсан гэж Ажлын хэсэг мэдээлсэн. Манай улс сүүлийн жилүүдэд алдагдалтай төсөв батлах болсон. Ирэх жил эдийн засаг гайгүй байна гээд орлогоо дээгүүр төсөөлсөн. Алдагдалгүй төсөв батлах боломж байгаагүй юу?

-Үнэн. Алдагдал гэдэг бол өр. 1.5 их наяд төгрөгийн алдагдлаа нөхөхийн тулд Засгийн газар бонд юм уу, эсвэл зээл авна. Аль аль нь л өрийг нэмэгдүүлнэ. Тиймээс алдагдалгүй батлах ёстой гэдэгт санал нэг байна. Энэ жилийн хувьд орлого тун дажгүй байгаа. Манай экспортын бүтээгдэхүүний дэлхийн зах зээлийн үнэ харьцангуй тогтвортой байна. Нийлүүлэлт сайн байна. Тиймээс их өөдрөг төсөөллийг Засгийн газраас өргөн барьсан байна лээ. Тухайлбал, 60 сая тонн нүүрс экспортолно. Алт, зэс, төмрийн хүдрийг экспортын өмнөх хэмжээнээс нэмэгдүүлнэ гэж тооцсон. Тиймээс ирэх жил экспортын хувьд гайгүй жил байна гэж төсөвлөсөн байна. Үүнээс илүү орлого олох боломж бий юу гэвэл бий. Бүх түвшиндээ шахвал байгаа. Гол нь бид орлогоо оны эхнээс дайчилж ажиллаж байж 27 их наяд төгрөгийн зарлагыг санхүүжүүлж чадна.

-Ажлын хэсгээс зарлагыг 390 тэрбум төгрөгөөр бууруулсан гэсэн үү?

-Орлогыг 590 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн. Зарлагыг 390 тэрбум төгрөгөөр бууруулсан. Зарлагыг бууруулахдаа сайд нарын багцыг 1.88 хувиар хасч 320 тэрбум төгрөгөөр бууруулсан. Мөн зарим хөрөнгө оруулалтын төсөвт өртөг, үнийн дүнгээс хасч нийт 70 орчим тэрбум төгрөг бууруулсан. Ингээд нийт 395 тэрбум төгрөгийн зардлыг хэмнэсэн.

-УИХ-аар дандаа объектийн санхүүжилт ярих юм хэмээх шүүмжлэл бий. Тэгвэл үйлдвэржилт, ажлын байрыг ирэх жилийн төсвөөр хэр нэмэгдүүлж байгаа вэ?

-Энэ жилийн тухайд өмнөх хөрөнгө оруулалтуудаас нэг онцлогтой. Өмнөх нь тойрог, сум хороо дагасан хөрөнгө оруулалтыг их хийдэг байсан. Энэ жилийн онцлог нь бүс нутгийн хөгжил дагасан хөрөнгө оруулалт байгаа юм. Тэр дундаа нэгдүгээрт, эрчим хүч. Хоёрдугаарт, дэд бүтэц. Жишээлбэл, улсын төсөв дээр 20 орчим автозамын төсөл орж ирсэн. Аймгуудыг хооронд нь холбох, мөн аймгаас сум руу холбох дэд бүтцийн төслүүд бий.

Хөрөнгө оруулалт хоёр талтай. Нэг талаас хөрөнгө оруулалт их байх тусам аж ахуйн нэгж, бизнесүүд идэвхжиж тодорхой хэмжээнд ажил хийх сайн талтай. Сул тал нь валютын нөөц, ханшинд нөлөөлөх гээд байдаг. Хөрөнгө оруулалтын төсөл ихэвчлэн импортын бараа шаарддаг сөрөг тал бий. 2024 оны төсвийн нэг онцлог нь Нийслэл Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж, хөдөөг хөгжүүлэхэд чиглэж байна. Энэ чиглэлд хэд хэдэн арга хэмжээ бий. Тухайлбал, суманд ажиллаж байгаа төрийн албан хаагчдад 40 хувийн цалингийн нэмэгдэл олгож байгаа. Аймагт бол 20 хувь. Өөр бусад нийгмийн хамгааллын асуудлууд бий. Үүнийг дагаж төсвийн асуудлууд явж байгаа. Мэдээж бизнесийн эрх зүйн орчнг сайжруулах чиглэлээр мөнгөний бодлогоор авч байгаа арга хэмжээ бий. Энэ долоо хоногт мөнгөний бодлогыг хэлэлцэж батална. Мөнгөний бодлогод зайлшгүй шигтгэх зүйлүүд бий. Инфляцийг 10 хувьд яаж оруулах вэ гэдэг хамгийн чухал байна. Инфляци 10-аас дээш хувьд хүрчихээд байгаа учраас тэтгэврийг 100 мянгаар нэмсэн. Инфляцид хамгийн их өртөж байгаа хэсэг нь бага орлоготой хүмүүс. Тиймээс ажлын хэсэг дээр ярьж байгаад тэтгэврийг 100 мянган төгрөгөөр нэмсэн. Ингэж байж инфляциа гүйцэх юм байна гэж үзсэн.

-Харин ч эсрэгээрээ инфляцийг өдөөх юм биш үү. Инфляцийг нэг оронтой тоонд барина гэсэн ч дөрөвдүгээр сарын 1-нээс тэтгэвэр гэлтгүй цалинг ч мөн нэмэгдүүлж байгаа шүү дээ?

-Мэдээж цалин, тэтгэвэр инфляцид нөлөөлнө. Засгийн газар инфляцитай уялдуулж нэмнэ гэж байгаа. Энэ утгаар дөрөвдүгээр сарын 1-нээс цалин, тэтгэврийг 10 хувиар нэмнэ гэсэн. Жилийн эцсээр инфляци 9.5 хувь руу орох болов уу гэж үзэж байна. Ингэж барих болов уу гэж бодож байна. Өслөө гэхэд 10 хувьд байна. Тиймээс Засгийн газар инфляцийн түвшинтэй уялдуулж 10 хувиар нэмж байгаа юм. Бага тэтгэвэр авч байгаа хүмүүсийн тэтгэвэр 55 мянган төгрөгөөр нэмэгдэж байгаа юм. Гэхдээ орлого нь инфляциа гүйцэхгүй байгаа юм. Тиймээс бага тэтгэвэр авагчдад зориулагдсан бодлого. Энэ нь инфляцид хүчтэй нөлөөлөхгүй байх гэж бодож байна. Тэтгэвэр нэмэгдүүлэх хөрөнгийг тэтгэврийн санд 448 тэрбум төгрөгөөр тавьж өгч байгаа. Тэтгэврийг яаж нэмэгдүүлэх, хэдээр нэмэгдүүлэх, үе шаттай байх эсэх, ялгавартай байх эсэхийг Засгийн газар шийднэ. Тэтгэвэр нэмэгдүүлэх дүн 308 тэрбум төгрөгөөр орж ирснийг 448 тэрбум болгосон. Энэ хүрээнд Засгийн газар ярилцаж яаж нэмэхээ нийгмийн бодлогынхоо арга хэмжээтэй хамтатгаж шийднэ. Бид хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлж байгаа юм.

-Ер нь дундаж давхаргыг нэмэгдүүлэх ямар бодлогыг хэрэгжүүлж байгаа вэ. Дундаж давхарга одоо яг бодитоор хэд байгаа вэ?

-Үндэсний статистикийн газраас гаргасан тоогоор сүүлийн үед ядуурлын түвшин тодорхой хэмжээнд нэмэгдэж байгаа. Энэ нь инфляци, үнийн өсөлттэй холбоотойгоор гарч байгаа тоо. Дундаж давхарга өмнө нь өргөн байсан. Дундаж давхаргынхан хоёр тийшээ яваад байна. Нэг хэсэг нь дээшээ яваад, бусад нь доошоо яваад байна. Угтаа нийгэм тогтвортой байх хамгийн гол зүйл нь дундаж давхарга өргөжиж байх ёстой. Нийгмийн бодлогын хамгийн чухал нь яах аргагүй дундаж давхаргыг нэмэгдүүлэх бодлого байх ёстой. Энэ чиглэл рүү анхаарч байгаа юм бий. Бодлогоор дэмжиж, хэрэгжиж байгаа зарим зүйл бий. Мөн эсрэг явж байгаа зарим нэг зүйл ч байна.

-“Багийн төв, соёлын төвийн төсөвт өртгийг нь их өндрөөр тооцоолсон байна. Тухайлбал, 154 тэрбум төгрөгөөр Соёлын төв барихаар тавьсан байна” гэх шүүмжлэл гарсан. Үүнийг яаж шийдсэн бэ?

-Бүгд зураг төсөвтэй. АУДИТ-ын байгууллагаар хянагдсан. Тиймээс ажлын хэсэг зураг төсөвтэй, АУДИТ-ын байгууллагаар хянагдсан хөрөнгө оруулалтыг хянах, хасах ямар ч шаардлагагүй. Ноднин УИХ төсөв дагуулж тогтоол гаргасан. Тэр нь хөрөнгө оруулалттай холбоотой асуудлаар магадлал гаргая. Түүнийг нь заавал АУДИТ-ын байгууллагаар хянуулъя. АУДИТ-ын байгууллага хянахаар зарим тоо багассан ч гэдэг юм уу янз бүрийн дүгнэлт гардаг. Мэргэжлийн байгууллагын хянасан зүйлийг УИХ хянах шаардлагагүй гэж үзсэн. Соёлын төвийн тухайд хувь байр сууриа илэрхийлэхэд, сумдын иргэдийн ганц цугладаг газар нь Соёлын төв шүү дээ. Зарим хүн Соёлын төвд мөнгө өгөх гээд байна гээд байгаа болохоос үнэн хэрэг дээрээ хөдөөгийн иргэдийн жилдээ тоотой хэд цугладаг, уулздаг, арга хэмжээнд оролцдог гол газар нь Соёлын төв юм. Сүүлийн үед хөрөнгө оруулалт бүх түвшинд нэмэгдэж ирсэн. 1960-1980 онд соёлын төв, сургууль, эмнэлэг, цэцэрлэг, тамгын газрын барилгыг түүхий тоосго ч юм уу, модон материалаар барьсан. Одоо тэр барилгууд нь бүгд шаардлага хангахааргүй болсон. Шинэ үеийн барилга болгох зайлшгүй шаардлагатай болсон. Ирэх жилийн хөрөнгө оруулалтыг хийгээд дуусахаар Монгол Улсын 330 сумын хөрөнгө оруулалтын асуудал овоо шийдэгдэх болов уу гэж бодож байна. Сүүлийн хэдэн жилд энэ чиглэлд маш их хөрөнгө тавьж байгаа. Тиймээс сүүлийн үед бүс нутгийн хөрөнгө оруулалтыг голлоё, сумдын хөрөнгө оруулалтыг больё гэсэн чиглэл барьж байгаа.

-Хавдрын эмнэлгийн барилгын зураг төсөв нь байхгүй учраас эхний ээлжид ахиухан санхүүжилт тавиад эмнэлгийн барилгаа эхлүүлэх саналыг гишүүд гаргаж байсан. Эмнэлгийн бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтыг хэрхэн шийдсэн бол?

-Хоёр арга хэмжээ авсан. Хэлэлцүүлгийн явцад бид сайд нар, ХСҮТ-ийн захиралтай уулзсан. Шинэ эмнэлгийн зураг төсөл одоогоор хийгдэж байна. Зураг төсөв эцэслээгүй учраас үнийн дүн тавих боломжгүй байна гэж ярьцгаасан. Нийгмийн зайлшгүй шаардлага байгаа учраас ямартаа ч барилгын ажлыг нь эхлүүлье гээд төсөвт бид 10 тэрбум төгрөг тавьсан. Зураг төсвийн гэрээ нь анх 900 сая төгрөгөөр хийсэн юм билээ. Гэтэл одоо нөгөө компанийн зүгээс “байршил өөрчлөгдсөн учраас техникийн нөхцөл өөрчлөгдсөн. Тиймээс үнэд өөрчлөлт орсон, 2.5 тэрбум төгрөг” гээд байгаа юм байна. Эдийн засаг, хөгжлийн сайд тэдэнтэй уулзсан. Сайдын багц дээр оны төгсгөлд зураг төсвийн мөнгө үлдэх юм билээ. Тиймээс энэ хөрөнгөөр гэрээг шинэчилж байгуулъя. Амжвал эхний улиралд багтаан зураг төслөө дуусгая. Хоёрдугаар улиралд тендер зарлаж, ямартаа ч 10 тэрбум төгрөгөөр Хавдрын эмнэлгийн суурийн ажлыг эхлүүлье гэсэн чиглэлийг ажлын хэсэг Засгийн газартай ярилцсан. 10 тэрбум төгрөгөөс илүү мөнгө тавивал ашиглаж чадахгүй юм байна гэж бид үзсэн. Учир нь зураг төсөл нь дуусаагүй. Тендер зохион байгуулагдаагүй. Энэ процессуудыг хараад 10 тэрбум төгрөгөөс илүү ажил хийгдэж чадахгүй гэж үзээд шийдсэн. Ямартаа ч хойтон хийгдчих болов уу гэж бодож байна. Зураг төсөв эцэслэж гараагүй учраас нийт өртгийн дүн гараагүй. Нийгмийн зайлшгүй шаардлагын үүднээс зарим нэг ажлыг ингэж эхлүүлэхгүй бол ирэх жил дахиад л яриад сууж байна. Тиймээс ямар ч байсан эхлүүлэх нь зөв гэж үзсэн. Байршил нь БЗД-ийн 11-р хороонд гэсэн.

-Гишүүн бүрийн тойрогт гурван тэрбум төгрөг тусгаж амыг нь таглалаа гэх шүүмжлэл гарсан. Энэ ямар учиртай вэ?

-Гишүүд төсөвт санал өгөхдөө зарим нь 200, 300 тэрбум төгрөгийн санал өгсөн юм билээ. Сангийн яам мэдээж хөнжлийнхөө хэрээр хөлөө жийнэ. Төсөвтэй, зурагтай, ТЭЗҮ нь хийгдсэн, үр ашигтай хөрөнгө оруулалтад төсөв тавьсан. Үүний дараа УИХ дээр ажлын хэсэг ажиллахаар гишүүд баахан санал ирүүлж байгаа юм. Тэр саналууд нь зурагтай, төсөвтэй юу, АДУИТ-аар хянуулсан уу гэдгийг хянаад бололцоотой гэсэн хөрөнгө оруулалтад төсөв тусгасан. УИХ-д орлого нэмээд зарлага нэмэх эрх байхгүй. Зарлага бууруулж зарлага нэмэх эрх бий. Тиймээс энэ агуулгын хүрээнд хандсан. Засгийн газрын харьяа байгууллага болон төсөвт байгууллагаас нийт 18 санал төсөвт тусгагдсан. Засгийн газрын харьяа байгууллага, УИХ-ын харьяа байгууллагын саналыг бүгдийг нь нэгтгэж тусгаж байгаад шийдсэн. УИХ-ын гишүүд төсөвт өртөг нь хэт өндөр санал оруулж ирээд байгаа юм. Төсөвт өртөг хэт өндөр байх нь дараа жилийн төсөвт нөлөөлдөг. Түүний дараа дараагийн жилийн төсөвт нөлөөлдөг. Үүнээс гадна инфляцийн түвшинтэй уялдаж төсөв нэмэгдвэл бүр хэцүү болдог. Тиймээс бид төсөвт өртгийг гурван тэрбумаас хэтрүүлэхгүй. Жил жилд нь барьж дуусгах объект байвал сайн байна. Тэгэхгүй өндөр өртөгтэй бүтээн байгуулалт оруулж ирдэг. Өнөөдөр харахад гайгүй юм шиг боловч хоёр гурван жилийн дараа төсөвт сөрөг нөлөө үзүүлдэг гэдэг агуулгаар нь хандаж гурван тэрбумаас төсөвт өртгийг хэтрүүлэхгүй гэж би ажлын хэсэг дээр ярьж байсан. Үүнийг Г.Ганболд гишүүн чуулганы хуралдаан дээр яриад байх шиг байна лээ. Түүнээс биш танай тойрогт гурван тэрбум төгрөг гэж хуваарилсан асуудал огт байхгүй гэдгийг хариуцлагатай хэлье.

-НӨАТ-ын буцаан олголтыг таван хувь болгох саналыг 100 мянган иргэн дэмжсэн. Хэрвээ НӨАТ-ын буцаан олголтыг нэмчихвэл төсөвт тодотгол хийх үү?

-D-parliament гээд цахим парламенттай болсон. Үүгээр ирж байгаа иргэдийн саналыг УИХ заавал үзэж, судалж, боломж байвал шийдэж байх ёстой. НӨАТ-ын буцаалтыг таван хувь болгох санал 100 гаруй мянган хүний санал авсан. Тиймээс энэ чиглэлээр ажлын хэсэг байгуулсан. Ойрын хугацаанд энэ асуудал орж ирэх болов уу. Тэр үед нь ярилцах байх. Энэ оны төсвийн хувьд хууль эрх зүйн орчин шинэчлэгдээгүй учраас таван хувь болгох асуудал 2024 оны төсөвт оруулах боломжгүй болчихоод байгаа юм. Ер нь цаашдаа татвар, төсөв, Эрүүгийн хуультай холбоотой асуудлаар D-parliament-д санал асуулга явуулахгүй байх ёстой. D-parliament-ын журмыг ойрын үед өөрчлөх чиглэлээр УИХ ажиллаж байна. Иргэдээс “Чи ямар татвар төлөх вэ, чи ямар ял авах вэ” гэж огт асууж болдоггүй. Төрийн бодлогоороо явдаг зүйл. Тиймээс энэ хоёр асуудлаар санал асуулга явуулахгүй байх ёстой.

-Төрийн өмчит компаниудыг нэмбэл ДНБ-д төрийн эзлэх хувь 60 болсон гэж зарим улстөрчид ярьж байна л даа. Энэ бодитой юу?

-60 биш 39 хувь. Сангийн яамны тооцооллоор жилийн эцэс гэхэд ДНБ 75 орчим их наяд болох болов уу гэж тооцоолсон байна лээ. Улсын төсөв 27 их наяд төгрөг байгаа. Тиймээс Төсвийн хүрээний мэдэгдэлд ДНБ-д улсын төсвийн эзлэх хувь 39 гэж бичсэн байна. Сүүлийн үед нэмэгдэж байгаа асуудал бий. Өөрөөр хэлбэл, ДНБ-д улсын төсвийн эзлэх жин нь нэмэгдэж байна гэдэгт санал нэг байна. Хувь хүний хувьд миний нэг санаа зовдог зүйл бол зарлага. Бид сүүлийн үед зарлагаа маш их хэмжээгээр нэмж байна. Энэ жилийн тухайд 4.9 их наяд төгрөгөөр зарлага нэмэгдсэн. Үүний голлох хувийг цалингийн нэмэгдэл эзэлж байна. Цаашид төрийн албан хаагчдын тооны асуудал, энэ олон байшин сав санхүүжүүлдэг зарлагыг өөрчлөх хэрэгтэй байна. Төсвийн шинэчлэл хийнэ гэж байгаа. Бодит байдал дээр төсвийн зарлагын шинэчлэл хийх ёстой гэж би хувьдаа боддог. Одоо яаж байна гэхээр зарлага өсөөд байдаг. Ингээд зарлагадаа тохируулж орлогоо нэмчих гээд байна. Тиймээс цаашдын том асуудал зарлага. Яаж зардлыг бууруулах вэ гэдэгт асуудал байгаа юм. Жишээлбэл, боловсролын зардал хамгийн ихээр нэмэгдэж байна. Таван тэрбум төгрөгөөр 320 хүүхдийн сургууль барилаа гэхэд зарлага нь нэг жилд нэг тэрбум төгрөгийн зардал гаргадаг. Тиймээс цаашид энэ асуудал дээр шинэчлэл хийх ёстой гэж бодож байна.

-Төсөв дагаж өөрчлөгдөж байгаа 21 хууль яг юу руу чиглэж байгаа вэ. Зарим улстөрчдийн зүгээс Улаанбаатар хотын хувь эзэмшдэг уурхай руу чиглэж байна гэж мэдээлж байна л даа?

-21 хуулийн ихэнх нь татвар, 2024 оны төсөвтэй холбоотой. Өөрийн тань ярьж байгаатай холбоотой нь Уул уурхайн бүтээгдэхүүнийг худалдаж авах биржийн тухай хуультай холбоотой. Гашуунсухайтын төмөр зам хил дээр очоод зогссон. Ачиж буулгах терминал баригдаагүй. Гэтэл ачиж буулгах төхөөрөмжийг хоёр улсын хэлэлцээрээр БНХАУ-ын China energy компани барихаар болсон юм байна лээ. Тэдний зүгээс нүүрсний нийлүүлэлтийг нэмэгдүүлж өг гэсэн шаардлагыг тавьж байгаа. Үүнтэй холбоотой юм бий. Үүнийг ажлын хэсэг дээр бид ярьж байгаад нэрээр нь шахам тодотгоод тавиад өгсөн юм бий. Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн хуулийг дагасан Тендерийн хууль бий. Үүнд зөвхөн хугацаа бий. Хэрэгжих хугацаатай холбоотой асуудал бий. Үүнийг би ойлгохдоо нийслэлийн уурхайтай холбоотой биш, төмөр замын ачиж буулгах төхөөрөмжтэй холбоотой. Энэ асуудлаар хоёр улсын Засгийн газар хооронд хийгдсэн гэрээний дагуу Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн хууль, Тендерийн хуульд жаахан жаахан өөрчлөлт орж байгаа. Хууль дээр тодотгож бичсэн байгаа. Тодруулбал, “төмөр замын бүтээн байгуулалтын ажил хийгдэж байгаа”, “УИХ-ын шийдвэртэй” гэж тодотгож бичсэн. Терминал барихтай холбоотой шийдвэрийг УИХ долдугаар сарын 7-нд гаргасан. Гуравдугаарт, “энэ хоёр шаардлагыг хангасан төрийн өмчит компанид хоёр эрх олгож байгаа. Нэгдүгээрх эрх нь, биржийн үнээр бүтээгдэхүүнээ зарна. Хоёрдугаарх нь, шууд гэрээ байгуулна гэж байгаа. Үүнийгээ дээр хэлснээр тодотгосон. Тиймээс зөвхөн терминалтай холбоотой асуудлаар юм.

Р.ХИШИГЖАРГАЛ

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Н.Ганибал: Дагалдах хуулиудаар “Эрдэнэс Баянбогд” уурхайг Нийслэл захиран зарцуулах эрхийг бий болгох гэж байна DNN.mn

УИХ-ын гишүүн Н.Ганибалтай ярилцлаа.

-“Эрх баригчид төсөв дагасан хуулиар хулгай хийх замаа засч байна” гэж та мэдээлсэн. Үүнийг илүү тодорхой яриач. Дагалдах яг ямар хуулиар яаж хулгай хийх гээд байна гэж?

-Сүүлийн 10 жилд Монголд маш буруу жишиг тогтож байна. Улсын төсвийг дагалдуулж салбарын хуулиудад өөрчлөлт оруулдаг буруу жишиг хэрээс хэтэрлээ. Энэ жилийн тухайд төсвийг дагалдуулж 21 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах гэж байна.

Угтаа УИХ баталсан хуульдаа нийцүүлж төсвөө батлах ёстой. Өрийн хязгаарын тухай, Төсвийн хяналтын тухай хууль ч гэдэг юм уу, хуульдаа нийцүүлж төсвөө хийх ёстой. Түүнээс төсвийн хуулийг дагалдуулж бусад хуулийг өөрчлөх биш. Хуулиа өөрчилж байгаад өрийн таазаа нэмчихдэг, Төсвийн хяналтын хуульд өөрчлөлт оруулчихдаг.

-Хууль гэдэг бол бодлого. Монгол төрийн бодлого энэ хэрээр тогтворгүй, дархлаагүй байна гэсэн үг үү?

-Тийм. Хуульд захирагдаж үйл ажиллагаа хийх биш, үйл ажиллагаа хийхийн тулд хуулиа өөрчилдөг жишиг рүү орсон. Урт хугацааны бодлого гэж байхгүй. Жил бүрийн төсвийг дагаж тухайн салбарын бодлого нь автоматаар өөрчлөгдөж байна.

Төсвийн хуулийг оруулж ирж байгаа субъект нь Сангийн яам, ХЗДХ-ийн яам, Эдийн засаг, хөгжлийн яам. Тэд нийлж байгаад бусад салбарынхаа хуулиудыг өөрчлөөд байна.

Тухайн салбарын органик хууль батлагдахаасаа өмнө салбарын хэлэлцүүлэг хийдэг. 45 хоногийн хугацаанд олон нийтэд нээлттэй байршуулж санал авдаг. Байнгын хорооны гурван шатны хэлэлцүүлэг хийгдсэний дараа УИХ-ын чуулганаар хэлэлцэж баталдаг. Гэтэл төсвийн асуудлаа ярьж байх хооронд дагуулж хууль өөрчлөөд байна.

Үүнийг ухаад үзвэл олон ноцтой асуудал үүсч эхэлж байна. Өмнө нь ковидын үед төсөв дагасан хуулиар маш олон эрх мэдлийг Засгийн газар өөртөө авч байсан. УИХ-ын эрх мэдлийг өөртөө авч байсан. Эргээд харахад Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах чухал хуулиас олон эрх мэдлийг Засгийн газар өөртөө авсан байна. Тодруулбал, шууд гэрээ байгуулах боломжийг авсан. Энэ хууль нь өнөөдрийн авлига, хүнд суртал, хулгай луйвар гаарах суурь болсон. Засгийн газраас 2022 онд 2.5 их наяд төгрөгийн шууд худалдан авалт хийсэн гэсэн мэдээллийг өгсөн.

Шууд худалдан авалт гэдэг нь нууж хааж байгаад хэн нэгэнд давуу байдал үүсгэх боломжийг өөрсдөдөө олж авч байна гэсэн үг. Жишээлбэл, 2500 төгрөгийн үнэтэй маскийг 25 мянган төгрөгөөр авсан байгаа юм. Нээлттэй зарласан бол төрд 2500 төгрөгөөр худалдаж авах боломж байсан. Харамсалтай нь, хаалттай буюу дарга өөрийн танил талаасаа үнэтэй худалдаж авсан. Тайлбарлахдаа хуулиар шууд худалдаж авч болно гэж өөрчилсөн гэдэг. Үүний ард авлига, хулгай луйвар, эрх мэдлийн давуу байдлаа ашиглах гэхчлэн олон зөрчил гарч байгаа юм. Ногоон автобус ч адил шүү дээ. Шууд худалдан авах эрхийг өөрсдөдөө бий болгож зах зээлийн үнээс үнэтэй хуучин автобус авсан нь хууль зөрчиж. Энэ хулгай луйвраа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах хуулийн заалтаар хийж байна.

-Үндсэн асуулт руугаа эргээд оръё. Төсвийн хуулийг дагалдаж өөрчлөгдөх ямар хуульд зөрчилтэй ямар заалт байна вэ?

-Жишээлбэл, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн 8.15-р зүйлд “Стратегийн орд эзэмшигч төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд нь Монгол Улсын олон улсын гэрээ, эсхүл УИХ-ын шийдвэрийн дагуу уурхайн үйл ажиллагааны тасралтгүй, үр ашигтай байдлыг нэмэгдүүлэх зорилгоор хайгуул, олборлолтын ажлыг гүйцэтгэх этгээдтэй 10 хүртэл жилийн хугацаатай гэрээ байгуулах тендер шалгаруулалт зарлаж болно”гэж байгаа юм.

Өөрөөр хэлбэл, энэ заалтаар нэг компанид 10 жилийн давуу байдал олгох гэж байна. Хуулийн заалт дээр “хайгуул, олборлолтын ажлыг гүйцэтгэх” гэж байгаа юм. Хайгуул олборлолтын ажлыг гүйцэтгэх этгээдтэй 10 хүртэлх жил гэдэг бол урт хугацааны давуу байдал олгох гэсэн асуудал юм.

Мөн Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд тун ноцтой нэг заалт байна. Засгийн газраас танилцуулга бүрдээ Нүүрсийг биржээр зарснаар авлигагүй боллоо. Далд эдийн засаг ил боллоо. Эдийн засаг өгч байна. ДНБ нэмэгдсэн гэхчлэн сүржин сүржин мэдэгдэл хийж байгаа. Гэтэл үүнийхээ эсрэг заалт энэ хуулиар оруулж ирлээ. Энэ хуулийн 10.3-т “Стратегийн орд эзэмшигч төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд нь Монгол Улсын олон улсын гэрээ, эсхүл УИХ-ын шийдвэрийн дагуу уурхайн үйл ажиллагааны тасралтгүй, үр ашигтай байдлыг нэмэгдүүлэх зорилгоор зах зээлийн зарчимд нийцүүлэн урт хугацаагаар уул уурхайн бүтээгдэхүүн худалдахад энэ хуулийн 10.2 дахь хэсэг хамаарахгүй” гэж өөрчилж байна. 10.2 дахь хэсгээр төрийн өмчит хуулийн этгээдийн борлуулах уул уурхайн бүтээгдэхүүнийг заавал биржээр арилжихгүйгээр шууд гэрээ хийх боломжийг нээж өгч байгаа юм. Танилцуулга дээрээ бүр ингээд бичсэн байна. “Стратегийн ач холбогдолтой төсөл хэрэгжүүлэх хүрээнд УИХ-ын шийдвэр, эсвэл Монгол Улсын олон улсын гэрээний дагуу урт хугацаагаар уул уурхайн бүтээгдэхүүн худалдах, худалдан авах харилцаанд Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн хууль үйлчлэхгүй байх өөрчлөлтийг оруулж байна” гэж.

-Яаж ч харсан нэг том төсөл рүү л чиглэж байгаа нь ойлгомжтой юм. Стратегийн гэхээр яг аль орд, аль уурхай руу чиглэж байгаа юм бэ, та шууд хэлээч?

-Тийм. Шуудхан хэлэхэд, Улаанбаатар хотын хамааралтай “Эрдэнэс Баянбогд” нүүрсний уурхайд давуу байдал олгох гэсэн зүйл яваад байна.

-Тэгвэл Түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах хуулийг дагаж мөн л ноцтой заалтууд орж ирж байна гэж та яриандаа хэлсэн?

-Тийм. Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах хуулийн төслийг Засгийн газраас яаралтай хэлэлцүүлэхээр оруулж ирсэн. Үүнийг дагалдуулж нийт 26 хуульд нэмэлт, өөрчлөлт орно. Харахаар өнөөх Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа ажил үйлчилгээ үзүүлэх тухай хуульд гурван зүйл бүхий нэмэлт өөрчлөлт оруулж байна. 34.13-т “Нийслэл хотын хот тохижилт, автозам, халаалт, цэвэр, бохир, усны шугам, үеийн далан сувгийн засвар, арчилгаа, хог хаягдалтай холбоотой бараа ажил үйлчилгээг шууд худалдаж авч болно”.

34.14 “Нийслэл хотод шаардлагатай машин техник, тоног төхөөрөмж, бараа материалыг санхүүгийн түрээсээр худалдаж авах бол шууд худалдаж авч болно”. Мөн Нийслэл хотын аж ахуйн үйл ажиллагааг объект талбайгаар нь засвар үйлчилгээг хариуцсан этгээд гэрээт хугацаанд нэмэлт шаардлагатай үйлчилгээг авах бол шууд худалдан авалт хийх боломжоор хангаж байгаа.

Ер нь энэ хуулийн 34 дүгээр заалт бол шууд гэрээ хийж болно, нууцад оруулж шууд гэрээ хийж болно гэсэн заалтууд байдаг. Энэ гурван заалтаар нийслэлийн хийх бүх ажлыг шууд гэрээ хийж худалдан авч болно гэж байна.

-Өмнө нь нийслэлийн энэ ордын асуудал яригдаж ирсэн л дээ. Гэхдээ та голлох хувь эзэмшигч, нөөц, эдийн засгийн бодит үр нөлөөний талаар мэдээлэл өгөөч?

-Энэ асуудлыг УИХ-аар хэлэлцэж төрийн өмчийн хэлбэрээр үү, эсвэл олон нийтийн нээлттэй компани байгуулах уу гэдгийг тохирох ёстой. Мөн олж байгаа үр ашгийг юунд зарцуулах гэхчлэн шийдлээ гаргах ёстой. Үнэхээр нийслэлд заавал байх ёстой юу. Байх ёстой бол яагаад гэхчлэнгээр хэлэлцэж шийдвэр гаргах хэрэгтэй. Газрын доорх баялаг ард түмний өмч шүү дээ. Энэ бол уран хайж яваад илрүүлсэн орд. Тиймээс тэрхүү ордыг хэрхэн ашиглахыг УИХ-аар хэлэлцэж шийдсэн бол УИХ-ын гишүүд, ч иргэд ч хардахгүй байсан. Яагаад Засгийн газраас ордын 66 хувийг нийслэлд өгч байгаа юм бэ. Яагаад Эрдэнэс Монгол 34 хувийг нь авч байгаа юм бэ. Орон нутгийнхан яагаад хувь эзэмшихгүй байгаа юм бэ. Энэ бол далд нууц хийгдсэн асуудал болох гээд байгаа юм. Гол асуудал нь энэ уурхайг ашиглаж метро, LRT, BRT барина гээд яваад байна. Ордынх нь нөөц нь тодорхой биш байгаа бол яагаад үүнийг олон улсын хэмжээнд гадаадын хөрөнгө оруулагчтай яриад яваа юм бэ. Бидэнд ийм орд байгаа гэсэн аман яриагаар гадаадын хөрөнгө оруулагчид гэрээ, хэлцэл хийхгүй.

Ордын нөөц нь тодорхой биш байгаа гээд татвар төлөгчдийн өгсөн төсвийн мөнгөнөөс хайгуулын мөнгө тавьж байна. Энд маш замбараагүй, ойлгомжгүй асуудлууд явж байна. Энэ асуудлыг УИХ-аар хэлэлцүүлж эцэслэн шийдэж, харин Засгийн газар ордыг Монголын иргэдэд хамгийн өндөр үр ашигтайгаар яаж ашиглах вэ гэдэг ТЭЗҮ-г эхлээд гаргах ёстой. Түүнээс гэнэтхэн орд яриад, тэгснээ энэ ордоор метро барих гэж хашгираад байгаа юм.

-Метроны төлбөрийг нүүрсээр өгнө л гэж мэдээлснээс ордыг хэлээгүй?

-Тийм. Ямар нүүрс хаанаас өгөх гээд байгаа нь тодорхойгүй мөртлөө цаана нь нууц тодорхойгүй асуудал яваад байгаа учраас хардлага төрүүлээд байгаа юм.

-Холбогдох албан тушаалтанд асуулга тавьж мэдээлэл авч болно шүү дээ. Ер нь иргэдэд цогц мэдээлэл өгөх үүднээс та асуулга тавьж болох уу?

-Асуулга тавиад авсан мэдээлэл байгаа л даа. Гэхдээ тэр нь хангалттай бус мэдээлэл байгаа юм. Нийслэлийн энэ асуудал дээр асуулга тавих зайлшгүй шаардлага гарч байна. Асуулга тавиад УИХ руу татан оруулах шаардлага гарч ирж байна. Энэ асуудлаар Засгийн газарт болон нийслэлд албан шаардлагуудыг УИХ-ын индрээс зөндөө хэлж, тавьсан. Хамгийн гол нь тэр асуудлаа оруулж ирэхгүй байна. Мэдээллээ оруулна л гэдэг.

Эхлээд сууриа засч байна. Метро ч юм уу, LRT, BRT-г санхүүжүүлэх хэмжээнд хооронд нь холбох хуулийн гарцуудаа бий болгохоор биржгүйгээр бүтээгдэхүүнээ гаргаж болно л гэж байна. Гэрээ хийж болно л гэж байна. Энэ заалт бүрийн цаана Нийслэл уурхайг захиран зарцуулах боломжийг бий болгох гээд байна. Ер нь орон нутаг өөрөө уурхайтай байна гэдэг утгагүй зүйл. Монгол Улс төрийн өмчөөсөө салъя гээд 30 жил болж байна. Гэтэл сүүлийн долоон жил бүх зүйлийг төр рүү татаж авч байна. Төр татаж авахаар дарга анги бий болдог. Дарга анги шууд шийдвэр гаргадаг, шууд гэрээ хийдэг эрхээ олоод авбал социализм гэдэг хуучин нийгэм рүүгээ бид яваад орчихно шүү дээ. Ард түмний нээлттэй хяналт байхгүй. Бүх юм нь шууд болон нууцад орж байгаа гэрээ контракт хийчихдэг боллоо. Нууцад оруулж хийсэн 17 их наяд төгрөгийн оффтэйк гэрээ бидэнд бий. Тэрнийхээ учрыг өнөөдрийг хүртэл олоогүй байна. Нууц гээд хаачихсан. Нууцад оруулахааргүй зүйлийг сүүлийн үед нууцад оруулж байгаад олон нийтээс далд шууд гэрээ байгуулдаг асуудал их гарах боллоо. Хамгийн сүүлийн жишээ ногоон автобус.

Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах хуулийн эргэн тойронд энэ асуудлууд бий болж байна. Энэхүү хуулийг сүүлийн долоон жилд хэрхэн ашигласан, хэрхэн өөрчилсөн, үүний хүрээнд хэдэн шууд, нууц гэрээ хийсэн гэдгийг ил болгохоор Түр хороо байгуулах санаачилгыг миний бие гаргасан. Түр хорооны зорилго хуулийг өөрчлөх замаар хулгай яваад байна. Тиймээс хуулийг өөрчилж хийсэн бүх ажил үйлчилгээг шалгаж олон нийтэд мэдээллийг ил болгох ёстой. Тэгж байж Монгол Улс авлига, хулгай луйвраасаа сална. Авлигын эсрэг тэмцэл, бодлого гэхчлэнгээр сүржигнэсэн мэдээллээр улстөржих биш, эхний ээлжид энэ мэдээллээ л үнэн зөвөөр олон нийтэд ил болгочих хэрэгтэй. Юунд нь нуудаг юм бэ. Ер нь мэдээлэл нууц байвал асуудал байна л гэж харах хэрэгтэй.

2016 онд Монгол Улс авлигын индексээр 160 орноос 87-т орж байсан бол өнгөрсөн жил 116-т орсон. Өөрөөр хэлбэл, авлига ихэсч байна гэсэн үг. Авлигатай тэмцэх биш улам өөгшүүлж байна гэсэн үг. Авлигын индексээр арагш ухрахад гол нөлөөлсөн зүйл нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж өөрсдөдөө давуу эрх олгох, гэрээ байгуулах, худалдан авч байгаа асуудал.

-Хот бие даасан эдийн засагтай байхад энэ орд чиглэж байгаа. Юу нь буруу юм бэ. Ер нь энэ чиглэлд хуулиуд батлагдсан гэнэ дээ?

-Орон нутгийн нэгж өөрсдөө бие даан хөгжих бодлого нь зөв. Үндсэн хуулиар ч, Нэгжийн тухай (ярианы нэршлээр) тухайн орон нутаг өөрийн боломж дээр тулгуурлаж нийгэм, эдийн засгийн хувьд бие даан хөгжих боломжийг нээж өгөх ёстой гэж байгаа. Харамсалтай нь Нэгжийн тухай хуульд албан ёсны боломжийг нь тодорхой зааж өгөөгүй.

Гэхдээ нийслэл Улаанбаатар өөрөө том потенциалтай. Яахаараа Дорноговь аймагт байгаа ордыг тэд эзэмших ёстой гэж. Улаанбаатар хотын өөрийн газар нутаг дээр, хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулж болно. Орон нутгийг хөгжүүлэхэд чиглүүлж байгаа юм бол Дорноговийнхон ашиглах ёстой шүү дээ. Тэнд бүс нутгийн хөгжлийг бий болговол Улаанбаатарт багтаж шингэхгүй байгаа хүмүүс тийшээ нүүж очоод амьдарна шүү дээ. Түүнээс тэнд байгаа уурхайг ашиглаж энд байгаа метрог барина гэж ярьж байгаа нь логикийн хувьд буруу. Заавал яагаад нийслэл вэ гэдэг нь асуудал.

Монголын зовлон метро, LRT, BRT юм бол төсөв дээр оруулж ирж ярих ёстой. Метро баривал төдий хэмжээний хөрөнгө шаардлагатай. Олон улсын ийм төсөл хөтөлбөрөөр санхүүжүүлээд хийж болох юм байна. Эсвэл зээл авч барих уу. Аль ордыг зарж яаж хийх вэ гэдгээ Монгол Улсын Засгийн газар бодлогоор авч хийх ёстой. Түүнээс дөрвөн жилээр солигддог Нийслэлийн Засаг дарга үүнд урт хугацааны гэрээ хийх гэж яваа нь буруу. Тэр том төслийг бодит ажил бодитоор хэрэгжүүлэхийн тулд тогтвортой бодлогоор ингэж дэмжиж хэрэгжүүлэх ёстой.

Р.ХИШИГЖАРГАЛ

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл улс-төр

Монголчууд гаднаас ажиллах хүч оруулж ирэх хэрэгтэй DNN.mn

Монголчуудын аль анхиатай, ажилтай болгон нь гадагш явчихлаа. Харин үлдсэн нь ажил хийхээргүй хүмүүс. Өнөөдөр хар битгий хэл бор ажил хийх хүнгүй боллоо. Картон цаас дэвсэх нь дэвсэж, зарим нь урдаа тавьж, зарим хэсэг нь нэг удаагийн цаасан аяганд гуйлга гуйж суух идэр насныхан өнөөдөр хотын гудмыг “метрлэж” байна.

Хөгжил рүү цоролзох Монголд өнөөдөр ажлаас их юм алга. Гагцхүү ажлыг голохгүй хийх ажиллах хүч л хэрэгтэй байна. Монголчууд өнөөдөр цалингаа голоод ажил хийхээ байсан. Аж ахуйн нэгжүүдийн өмнө тулгарч байгаа бодит нэг зовлон нь энэ. Цалин нэмэх боломж өнөөдөр аж ахуйн нэгжүүдэд хомс байна. Наанадаж нийгмийн даатгалын шимтгэл дөнгө болж байгаа. Иймээс Монголд ажил хийх хүн олох үнэхээр хүнд болсон. Тиймээс Зүүн өмнөд Азийн Вьетнам, Камбож, Индонез, Энэтхэг, Шри-ланка, Бангладеш зэрэг орнуудаас ажиллах хүч оруулж ирье. Тэд хүн ам олонтой. Ядуус ихтэй. Вьетнам гэхэд 80 сая хүн амтай.

Монголын 200 ам.долларын ажлыг тэд голохгүй хийх юм билээ. Зууг нь хадгалж, үлдсэн зуун ам.доллараараа Монголд ойр зуурын хэрэгцээгээ залгуулаад ажиллах хүмүүс тэнд их бий. Зүүн өмнөд Азийн орнууд халуун учраас Монголын өвөлд тэд ажиллаж чадахгүй болов уу. Тиймээс дөрөвдүгээр сард оруулж ирээд аравдугаар сард буцаах хуулийн орчныг бүрдүүлмээр байна.

Дотоодын ажиллах хүч ингэж ажиллахгүй. Монголын гудамд өнөөдөр гадагш явахааргүй, дотооддоо ч ажил хийхээргүй архи уухаас өөр шидгүй хүмүүс үлдсэн.

Эдийн засгийг хөдөлгөх хүч нь ажиллах хүч байдаг. Өнгөрөгч оны статистикаас харахад монголчуудын тал хувь нь ажилгүй гэж гарчээ. Өчигдөр Монгол Ардын намаас тэтгэврийг 100 мянган төгрөгөөр нэмэх шийдвэр гаргалаа. Өмнө нь ч ингэж л байсан. Танил дүр зураг. Өнөөдөр мөнгө төрд л байгаа. Төрийн мөнгө эрх баригчдын халаасанд бий. Тэд халамжаар монголчуудыг угжиж дуугүй болгосныхоо дараа яаж татварын мөнгийг хувьдаа ашигтайгаар эргэлдүүлэх тухай бодохоос аж ахуйн нэгжүүдийн өмнө тулгарч байгаа ажиллах хүч, цалин тэтгэмжийг нэмэх орчныг бүрдүүлэх тухай бодож, чармайдаггүй.

Тиймээс улсаа хөгжүүлэхийн тулд ажиллах хүчийг гаднаас оруулж ирье. Бүтээмжийг дагаж мөнгө орж ирж байдаг. Эдийн засгийн эргэлт сайжирч байдаг. Үйлдвэрлэл аяндаа бий болж байдаг. Ингээд хөгждөг. Түүнээс манайх шиг ДНБ-ий тал хувийг төр эзэлж, халамжаар иргэдээ угжиж амыг нь хамхиад байдаггүй. Монголын эдийн засаг нэн эмзэг. Уул уурхайгаас хараат. Тиймээс үүнийг засах арга нь бүтээмжийг нэмэгдүүлэх.

Өнөөдөр бидэнд буй боломж нь байгаа зардал дээрээ бүтээмж, өртөг шингээх юм. Дээр бичсэнчлэн өнөөдөр Монголд цалингаа голоод ажиллах хүч олдохоо байчихсан. Тиймээс ажиллах хүч гаднаас авч ажиллуулж Монгол хөгжмөөр байна. Байгаа хэдэн архичдаа хараад суувал Монгол арван жилийн дараа ч яг л ийм янзаараа байх нь.