Аливаа улс орны хөгжил тухайн орны бүтээн байгуулалтаас илт харагддаг билээ.
Эдийн засгийн хөгжлөөр тэргүүлэгч орны нэгд багтдаг БНХАУ-ын Шааньси муж болон Өмнөд Монголын нутгаар аялан, тухайн улсын хөгжил дэвшил, тариалан аж ахуй, олон улсын боомт, Тан гүрний соёлын онцлогт гудамж, технологийн шинэчлэлтэй танилцлаа.
Ши-Ань хот нь түүх соёлын эртний баялаг өвтэй, эдүгээ цагт Хятадын соёлын төлөөлөл болж буй үзэсгэлэнт хотын нэг юм. Үүнээс гадна Мин улсын үед хот бүр өөрийн гэсэн хонх, бөмбөртэй байсан нь цаг зарлах үүрэгтэй байж. Үүрийн гэгээнээр хонх дуугарч өглөө болсныг зарлан, үдшийн бүрийгээр бөмбөр нүдэж хот амрах болсныг сануулдаг байжээ. Хонхот цамхагаас Ши-Ань хотыг харах боломжтой гэнэ. Энэхүү цамхагийг тойрох автомашины зам байгуулжээ.
Улаанбаатарын их түгжрэлийг түрхэн мартах агшин энэ хотод буй. Автомашины өргөн зам, гүүрэн гарц. Ихэнх иргэд нь дугуй, жижиг мотоцикл унадаг. Энэ хотын түгжрэлийг шийдэх гол гарц нь гүүр, замын бүтээн байгуулалт аж. Зам нь түгжрэлгүй, сэлүүхэн учир товлосон цагтаа багтаад оччихно. Мөн түүхэн дурсгалт зүйлээрээ жуулчдыг нэгэнт татаад эхэлжээ. Хаана л очно иргэд нь музейн гадна дугаарлаастай харагдана.
1000 гаруй жилийн түүхтэй тус хот нь эрт цагт “Мөнхийн хот” нэртэй байсан бөгөөд монголчуудын дийлэнх нь “Чинь Ши Хуаны морьт цэргийн олдвор”-оор нь илүү мэдэх биз ээ. Бунхлагдсан морьт цэргийн олдвор нь ЮНЕСКО-д бүртгэгдсэн байдаг. Үүгээрээ гадаад дотоодын жуулчдыг ихээр татдаг ажээ.
Харин Шааньси муж нь нүүрс, цахилгаан эрчим хүч, металлурги, химийн үйлдвэрлэл голлосон хүнд аж үйлдвэрийн салбартай. Мөн цахилгаан бараа, барилгын материал, нэхмэл сүлжмэл, хүнсний бүтээгдэхүүн, цаасны үйлдвэрлэл зэрэг хөнгөн болон хүнд үйлдвэрийг зэрэг хөгжүүлж байгаа аж.
Ингээд бид эхний өдөр Лүжи ногоон эрчим хүчний компани болон ургамлын тосны үйлдвэрээр алдартай Айжюи хүнсний групп, Ша-Ань хотын Датун шөнийн гудамж, Хятад-Европын галт тэрэгний Ши-Ань дахь төв, Чан-Ань арван хоёр цагийн гудамжаар зочлов.
Лүжи ногоон эрчим хүчний компанийг товч дурдвал, 2007 онд байгуулагдсан бөгөөд нарны тусгалын 1 хувийг ашиглахад дэлхийн бүх улсын эрчим хүчний хэрэглээг хангах боломжтой гэсэн судалгаа гаргажээ.Тус үйлдвэр нь нарны эрчим хүч үйлдвэрлэлийн судалгаанд жилдээ 300 гаруй сая юань зарцуулдаг. Хамгийн сүүлд айл өрх, аж ахуй, үйлдвэрүүдийн дээвэрт зориулсан нарны эрчим хүчний хавтан бүтээжээ. Тус хавтан нь тоосгоны адил бат бөх. Бээжин хотын хэрэглээний эрчим хүчний ихэнхийг энэхүү мужаас хангадаг. Тус муж нийтдээ 8,5 сая киловатт эрчим хүч үйлдвэрлэдэг байна.
Харин олон улсын боомтын бүсийн Хятад-Европын галт тэрэгний Ши-Ань дахь төв нь анх 2013 онд нээлтээ хийжээ. 2022 онд галт тэрэгний аяллын тоо 4639-д хүрч, жил бүр 5.4 сая тонн контейнер хүлээн авах хүчин чадалтай, 66 сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай юм. Тус боомт ОХУ-аас модон материалаа Алтанбулаг-Эрээн хооронд төмөр замаар татдаг. Илүү их ачааг ОХУ-аас татах хүсэлтэй ч Монгол Улсын УБТЗ-ын хүчин чадал хүрдэггүй учир хамтран ажилладаггүй тухай ярьсан юм. Монгол Улсын бусад боомт төмөр замтай болчихвол ОХУ, Европоос ачаа барааг Монгол Улсын нутгаар татах, БНХАУ-д үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг Европын зах зээлд нийлүүлэх боломжтой талаар дурдаж байлаа.
Бидний очиж танилцсан байгууллага бүр үүдэндээ тус компанийн танилцуулгыг том дэлгэц дээр харуулж байсан нь олон газар очихгүйгээр бэлдсэн материалаас тухайн компанийн ололт амжилт, хөгжлийг мэдэх боломжтой байсан нь онцлог байв.
Дараагийн зочилсон газар бол 2021 онд бүх Хятадын спортын улсын аваргыг зохион байгуулсан Ши-Ань хотын спортын ордон сонирхол татсан юм. Сэтгэлд арай ойр буухаар нь Төв цэнгэлдэх хүрээлэнтэйгээ ч жишиж, ийм байсан ч болоосой гэх бодол зурвасхан төрснийг нуух юун.
Ши-Ань хотын спортын ордон цэцгийн дэлбээн дээвэртэй, 60 мянган хүний багтаамжтай. Нийт 200 гаруй хүнийг тогтмол ажлын байраар хангадаг гэнэ.
Тус спорт цогцолборт сагсан бөмбөг, хөлбөмбөг, усан сэлэлт гэх мэт бүх төрлийн уралдаан тэмцээн зохион байгуулдаг. Ийнхүү очсон газраа нэг бүрчлэн дурдвал дуусахгүй билээ.
Миний хувьд эхний өдрүүдэд үзэж сонирхсон газруудаас сонирхол татсан нь Тан гүрний хувцас өмссөн залуусаар дүүрэн Чан-Ань арван хоёр цагийн гудамж байлаа.
24 мянган ам дөрвөлжин талбайд худалдааны гудамж, соёл, аялал жуулчлалын брэндийг бий болгож, өдөрт 100.000 гаруй хүн зорчдог аж. Гудамжны гэрэлтүүлэг нь шөнийн 02:00 хүртэл асна. Охид, бүсгүйчүүд нь Тан гүрний гоёл чимэглэлээр гангарч, нүүрээ тухайн үеийнхээр будуулж алхана. Уламжлалт загварын хувцас өмсөж, үсний засалт хийлгэж, гоёл зүүсгэл иж бүрэн зүүхэд 1 хүний 390 юань. Харин зөвхөн хувцсыг нь өмсөхөд 190 юань юм. Уг музейн тасалбар 120 юанийн үнэтэй.
Энд бид БНХАУ-ын уламжлалт тоглолт-Тан гүрний Ши жүжгийг сонирхлоо.
Дараа нь Хятадын 13 улсын түүхийг багтаасан Шааньси түүхийн музейд очив. 1991 оны зургадугаар сард музейн барилгыг ашиглалтад оруулжээ.
Уг музейд Хятадын түүхийн 1.71 сая ширхэг соёлын эд зүйлс байдаг аж.
Тус музейг өдөрт 12 мянган хүн үзэж сонирхон Шааньси мужийн нутаг дэвсгэрт үүсч байсан Хятадын 14 улсын түүх, эртний соёлтой танилцдаг байна.
Түүхээс түүхийн хооронд аялсан дараагийн музей бол БНХАУ-ын Чинь Шыхуан хааны онгоны музей. Чинь Шыхуан хааны онгоны музей нь Шааньси мужийн Ши-Ань хотын Линтун дүүрэгт байрладаг.
Хаантайгаа хамт бунхлагдсан 2000 гаруй морьт цэргийн олдворыг тариачин тариа хагалж байхдаа анхны олдворыг олж, түүнээс хойш эрдэмтэд малтлага, судалгааны ажлыг хийсээр байгаа юм. Өнгийг нь алдагдуулахгүйн тулд битүү дээвэртэй байгууламж барьж хамгаалалтад авчээ. 11 хаалга, гурван малтлагын хэсэгтэй. Ойролцоогоор 8000 морьт цэргийн бунхан байгаа гэж таамаглажээ.
Энэхүү бунхнаас бүтнээр олдсон малтлага нь сөгдөн сууж буй цэргийн хөшөө. Үүнийг анх 1978 онд гаргасан байна. Сөгдөөд суусан учир гэмтээгүй бүтнээрээ үлдсэн гэж судлаачид үзжээ. Үүнээс гадна цэргийн жанжин, морин цэрэг, харваач зэргийг яг байгаагаар нь шилэн хоргонд хадгалжээ. Энэхүү музейг үзэхээр өдөрт 30-40 мянган жуулчин ирдэг гэнэ. Мөн дээр дурдсанчлан ЮНЕСКО-гийн “Дэлхийн өвийн жагсаалт”-ын эхний ээлжийн жагсаалтад бүртгэгдсэн байна.
Ногоон байгууламж бол тус улсын нэг онцлог гэвэл болох байх. Энэхүү байгууламжийг хэрхэн бүтээх талаар Хятадын хуурай бүс дэх ус хэмнэх судалгааны хүрээлэнгээр аялав. Эндээс хуурай газар орчин үеийн хөдөө аж ахуйг хөгжүүлэх, агаар, усны харилцан үйлчлэл, ургамлын усны хэрэглээ гээд тариаланг хэрхэн хөгжүүлэх талаар мэдэж авч болно.
Ши-Ань хотын аялал жуулчлалын нэг болох 1400 жилийн түүхтэй Тан гүрний хэрэм өглөө жижиг цэргийн үзүүлбэрээр эхэлдэг.
Үзүүлбэр дууссаны дараа хоёр эгнээ болсон цэргүүдийн голоор иргэдээ оруулсан нь жуулчдыг татах сонирхолтой жишээ байв.
Өмнөд Монголын мал аж ахуй, үйлдвэрлэлтэй танилцав
Бид эхлээд түүхэн болоод өнөө үеийн хөгжил дэвшлийн талаарх мэдээлэлтэй танилцсан бол дараа нь Хөх хотоос Шилийн хотыг зорьж газар тариалан, мал аж ахуйн бүтээн байгуулалтыг үзэж сонирхов.
Мөн ӨМӨЗО-ны Баруун үзэмчин хошууны Баянхошуу сумын Шүүт гацааны малчин Б.Омогшилынд түр саатаж, орчин үеийн мал аж ахуйн үйлдвэрлэлтэй танилцав. Тэрбээр 2016 онд Өмнөд Монголын их сургуулийг төгсөж, эхнэрийнхээ хамт ОХУ-ын Санкт-Петербургийн их сургуулийг төгсчээ. Үүний дараа гэр бүлийн фермийг үүсгэн байгуулсан байна. 2019 оноос мал сүргийн бүтцийг өөрчлөн мал борлуулж, симментар үхэр, ангус малыг Тунляо хотоос импортоор оруулж ирсэн аж. Тэрбээр “Арваннэгдүгээр сарын 1-нээс зургадугаар сар хүртэл малаа хашиж тэжээдэг. Бусад саруудад нь бэлчээрт байлгана. Тухайн жилийн хур тунадас, малдаа тохируулж өвс, тэжээлээ бэлддэг. Намар 7-9 сартай тугалны амьдын жин 350кг болдог” хэмээн ярьж байв. 2020 онд симментар үхрийн тугалыг 20 мянган юаниар зарж, жилийн орлого нь 1 сая юаньд хүрчээ. Тэд заримдаа төв рүүгээ явж кино үзэх ч юм уу, цагийг өнгөрөөдөг гэв.
Маргааш нь Авга хошууны малчин Гэрэлтийн мал аж ахуй, фермтэй танилцлаа. Тэнд малдаа тариа хийх, цаашлаад хээлтэй малыг хэдэн сартай байгааг нь хүртэл оношлох төхөөрөмжийг харуулав. Хүний гар оролцуулахгүй бүгд л техник технологийг ашигласан нь малчид ч хялбар аргаар бүхнийг хийж болдгийг харуулжээ.
Үүний дараа айргийн үйлдвэр, Авга хошууны мал эмнэлгээр орлоо.
Бид айргийг нэг л аргаар боловсруулж зардаг шүү дээ. Тэгвэл энд малчдаасаа хар гүүний саам авч ундаа, зайрмаг, витамин зэрэг олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг юм байна. Бидэнд ч ийм гэсэн боломж бий. Харин мал эмнэлэг нь яг л хүн эмнэлэг шиг өвдсөн, зовиуртай малаа авчирч 24 цагаар эмчлүүлдэг, малчид нь дүрстэй дуудлага хийгээд л мал нь ямар оноштой байгааг эмчтэй яриад зөвлөгөө авчихна. Заавал эмнэлэгт очиж цаг үрэх шаардлагагүй. Мөн малчин өрх бүрт том хайрцагтай малын эмийн сан байна. Үүний тал төлбөрийг нь малчид өөрсдөө гаргадаг гэдгийг дурдав.
Ийнхүү техник, технологийн хөгжил дэвшил, мал аж ахуйн ахиц дэвшилтэй танилцаж, БНХАУ-ын Шааньси мужийн Ши-Ань хот, Өмнөд Монголын нутгаар аялсан аялал өндөрлөлөө.
ФОТО:
- Хүслээ бичиж үлдээдэг хэсэг… Энд хүмүүс модон пайз авч дээр нь өөрийн хүслээ бичиж үлдээдэг байна.
Брэнд хоол… Бян бян