Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл шинжлэх-ухаан-технологи

Б.Номин-Ундрах: Химийн шинжлэх ухаан улс орны хөгжилд том нөлөө үзүүлнэ гэж боддог DNN.mn

Саудын Арабын Рияд хотод долдугаар сарын 21-30-ны өдрүүдэд Олон улсын Химийн 56 дугаар олимпиад зохион байгуулагдлаа. Тус олимпиадаас мөнгөн медаль хүртсэн “Орчлон” сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Б.Номин-Ундрахтай ярилцлаа.

Тэрбээр 2023 онд Олон улсын Химийн 55 дугаар олимпиадаас хүрэл медаль хүртэж байсан юм.


-Өмнө жил Олон улсын Химийн 55 дугаар олимпиадаас хүрэл медаль хүртэх үеэр ярилцаж байхад “Дараа жил амжилтаа ахиулна” гэж байсан. Энэ жил мөнгөн медаль хүртлээ. Баяр хүргэе?

-Баярлалаа. Энэ жил амжилтаа ахиулахад өмнө жилийн тэмцээнээс олж авсан туршлага их хувь нэмэр оруулсан гэж бодож байна. Мөн үргэлж тусалж дэмждэг гэр бүл, багш нар болон найзууддаа маш их баярлалаа.

-Хэдэн орны хүүхэд оролцсон бэ. Монголоос хэдүүлээ явав?

-Энэ жил 89 орны 333 сурагч оролцсон. Монголоос дөрвөн сурагч, таван дасгалжуулагч багшийн бүрэлдэхүүнтэй тэмцээндээ оролцсон.

-Энэ жилийн даалгавар хэр байв. Санасандаа хүртэл гүйцэтгэж чадсан уу?

-Сорил туршилтын даалгавар нь миний хувьд илүү хүнд санагдсан. 5 цагт хоёр даалгавар гүйцэтгэх байсан ч хоёрдугаар даалгавар нь маш урт байсан.

Энэ жилийн сорил, туршилтын даалгаврыг хүнд боловсруулсан юм шиг санагдсан. Харин онолын тэмцээнд 5 цагт есөн бодлого орж ирсэн. Энэ хэсэг нь өмнө жилийнхээс арай амархан байсан.

-Тэмцээнд ямар бодлого орж ирсэн?

-Тэмцээний бодлогууд Саудын Арабын онцлогийг агуулж чадсан байсан. Жишээлбэл, олимпиадын наймдугаар бодлого Саудын Арабаас гаралтай ургамал гүргэмийн синтез байсан. Мөн долдугаар бодлого нь SABIC буюу энэ жилийн олимпиадын томоохон ивээн тэтгэгч компанийн ажил дээр суурилсан байна лээ.

Миний хувьд бага зэрэг алдаа гаргасан. Ялангуяа сорил туршилтын тэмцээн дээр санасандаа хүртэл гүйцэтгэж чадаагүй. Гэсэн ч энэ алдаа эргээд миний цаашдын уралдаан тэмцээнүүдэд илүү туршлага болсон гэж бодож байна.

-Амжилтаа ахиулахын тулд мэдээж их бэлдсэн байх. Бэлтгэлээ хэзээнээс эхэлсэн бэ?

-Бэлтгэлийн хувьд ер нь бүтэн жил бага багаар бэлдсэн. Есдүгээр сараас хойш эхэлсэн. Хоёрдугаар сард бэлтгэх бодлогууд гарсны дараа илүү хичээж, тэмцээнд орж ирэх сэдвүүдээ чухалчилсан. Мөн шалгаруулалт дууссаны дараа, зургадугаар сараас эхэлж багаараа багш нарынхаа зөвлөмжийн дагуу сорил туршилт болон онол бодлогынхоо тэмцээнд бэлдсэн.

-Ганцаарчилж бэлдэх, багаар бэлдэхийн давуу талыг дурдвал?

-Миний бодлоор багаар бэлдэх нь маш үр дүнтэй байдаг. Бие биеэсээ суралцаж мэдэхгүй сэдвүүдээ ярилцах нь тухайн хичээлийг илүү гүнзгий ойлгоход тусалдаг.

-Химийн хичээлд дурлах шалтгаан юу вэ?

-Химийг central science буюу үндсэн шинжлэх ухаан гэж нэрлэдэг. Мөн бусад физик, биологийн зарим сэдвүүдтэй давхацдаг. Иймд хими сурснаар өргөн цар хүрээний мэдлэг олж авдаг. Энэ нь надад маш их таалагддаг. Мөн химийн шинжлэх ухаан маш эрэлттэй салбар бөгөөд улс орны хөгжилд том нөлөө үзүүлнэ гэж боддог юм.

-Дасгалжуулагч багш нартаа хандаж юу хэлмээр байна?

-Мэдээж дасгалжуулагч багш нарын хувь нэмэр их билээ. Сорил туршилтын тэмцээн бол химийн олимпиадын салшгүй нэгэн хэсэг юм. Дасгалжуулагч багш нар маань сорил туршилтын тэмцээнд түлхүү бэлдүүлдэг. Монголд олддоггүй ховор бодис урвалжийг чадахаараа орлуулан бүрдүүлж өгдөг. Биднийг бэлтгэлээр хангаж энэхүү олимпиадад оролцуулах гэж их цаг зав гаргадаг багш нартаа үргэлж талархаж явдаг. Мөн энэ жил Олимпиадын хороо Олон улсын олимпиадын бэлтгэл сайжруулах тал дээр их анхаарсан. Тиймдээ ч үр дүнгээ үзүүлсэн гэж бодож байна. Багш нар маань үргэлж бидний санал бодлыг сонсож, зарим санааг туршдаг.

Анх намайг химид дуртай болгосон хүн бол С.Хүрэлбаатар багш. Одоо Монголд байхгүй ч гэсэн үргэлж холбоотой байдаг. Харин С.Сувданчимэг багш өнгөрсөн хоёр жил намайг олимпиадад бэлдсэн. Сувдаа багш маань мэдэхгүй зүйлийг минь ойлгуулж, үргэлж урам зориг өгдөг. Зөвхөн хичээл гэлтгүй бүх зүйл дээр тусалж дэмждэг. Багшдаа маш их талархдаг.

-Цаашид ямар зорилго, төлөвлөгөөтэй байгаа вэ?

-Дараа жил төгсөх ангид орно. Тиймээс Их сургуулиудад бүртгүүлээд түүнийхээ дараа олимпиаддаа анхаарах төлөвлөгөөтэй байгаа. Мэдээж дараа жилийн олон улсын химийн олимпиадад сүүлийн жилдээ оролцон амжилтаа ахиулахыг зорих болно.

 

Categories
мэдээ нийгэм цаг-үе шинжлэх-ухаан-технологи

Г.Мөнхбаяр: Бага хугацаанд бэлтгэл хийж, Олон улсын физикийн олимпиадаас багаараа медаль хүртсэндээ баяртай байна DNN.mn

МУИС, ШУС-ийн багш Г.Мөнхбаяртай ярилцлаа.


-Сайн байна уу. Олон улсын физикийн 54 дүгээр олимпиадаас багаараа медаль хүртсэнд баяр хүргэе. Хэчнээн хүний бүрэлдэхүүнтэй оролцсон бэ?

-Сайн байна уу. Олон улсын физикийн 54 дүгээр олимпиад Иран улсын Исфахан хотод долдугаар сарын 21-29-ний өдрүүдэд зохион байгуулагдлаа. Энэхүү олимпиадад Г.Мөнхбаяр миний бие ахалж нийт есөн хүний бүрэлдэхүүнтэй оролцсон.

Нэг мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртэж, бүх сурагчид медальт байрт шалгарсан амжилтыг үзүүллээ.

-Та манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг Г.Мөнхбаяр гэдэг. МУИС-ийн ШУС-ийн Байгалийн Ухааны Салбарын Физикийн тэнхимд доктор, дэд профессороор ажилладаг. 2019 оноос хойш буюу сүүлийн таван жил тасралтгүй Олон улсын физикийн олимпиадад Монголын багийг ахлан оролцож байна.

-Өмнө жил Олон улсын физикийн 53 дугаар олимпиадад амжилттай оролцож медаль хүртэж байсан шүү дээ. Энэ жилийн олимпиадын даалгавар хэр байсан бол?

-Энэ жилийн хувьд бодлого болон туршилтын ажлууд хүүхдүүдээс их ур чадвар шаардсан байлаа. Олон улсын физикийн олимпиад хоёр өдрийн турш үргэлжилдэг. Эхний өдөр 5 цагийн хугацаанд хоёр туршилтын ажил хийж үр дүнг гаргадаг. Харин дараагийн өдөр онолын гурван бодлого бодож үр дүнг гаргана. Туршилтын ажлын хувьд эхний даалгавар нь Дулааны болон Оптикийн гэсэн хоёр багц даалгавар ирсэн. Өмнө жилүүдтэй харьцуулахад нэлээд олон хэмжилт, боловсруулалт хийж үр дүнг гаргах даалгавар байлаа.

Гэхдээ Иран улсын эрдэмтэд өөрсдөө загварыг нь гаргаж боловсруулалт хийж Ираны компаниар багажаа хийлгэсэн нь нэлээн нарийвчлал сайтай сайн багаж байсан. Хүүхдүүдэд хэмжилт боловсруулалт хийхэд нь тус дэм болсон болов уу гэж харж суулаа.

-Ер нь Олон улсын физикийн олимпиадад ямар бодлогууд орж ирдэг вэ?

-Ер нь Олон улсын физикийн олимпиадын бодлого, туршилтууд нь физикийн салбарт нээлт болж Нобелийн шагнал хүртсэн бүтээлүүд, сүүлийн үеийн дэлхий нийтийн анхаарлын сэдэв болж буй физикийн салбарын шинэ судалгааны ажлуудыг бодлого болгон дэвшүүлж түүний үр дүнг сурагчид өөрсдөө гаргаж загварыг нь боловсруулж уралдадгаараа бусад шинжлэх ухаанаас эрс ялгаатай байдаг.

-Сурагчдын хувьд хэдий хэр хугацааны өмнөөс бэлтгэлээ хийсэн бэ?

-Манай сурагчдын хувьд 2024 оны тавдугаар сарын 12-нд Хөвсгөл аймагт болсон Улсын физикийн олимпиадын өдөр тодорч, бэлтгэлээ МУИС-д хийсэн.

Бид зургадугаар сарын 2-ноос 11-ний хооронд Малайз улсад болсон Азийн физикийн 24 дүгээр олимпиадад оролцоод үргэлжлүүлэн бэлтгэлээ хийн энэхүү олимпиадад оролцлоо. Сүүлийн хоёр сарын хугацаанд эрчимтэй бэлтгэл хийсэн.

Азийн физикийн олимпиадад манай баг хоёр хүрэл, хоёр шагналт байр хүртсэнийг энд дурдмаар байна. Бусад орнуудтай харьцуулахад бага хугацаанд бэлтгэл хийж багаараа медаль хүртсэндээ маш их баяртай байна.

-Ер нь физикт дурлах, физикийн сайхныг та юу гэж харж байна?

-Миний хувьд физик бол бүх шинжлэх ухааны хаан гэж үздэг. Яагаад гэвэл бидний ахуй, амьдралд болж буй бүх процесс физикийн хуульд захирагдаж явагддаг.

Ялангуяа техник технологи хөгжиж буй энэ эрин зуун, хүн төрөлхтний өмнө тулгарч буй аливаа саад бэрхшээлийг даван гарахад физикийн шинжлэх ухаан маш чухал үүрэг гүйцэтгэсээр ирсэн. Тэр ч утгаараа физикийн шинжлэх ухаан амьдралд илүү ойр учир физикийг судлах нь хүүхдүүдэд илүү сонирхолтой гэж хэлмээр байна.

Юмс үзэгдлийн талаар бодож, тооцоолж, туршилтаар шалгаж олох, түүнийхээ учрыг тайлж мэдэх, шинэ нээлтүүдийн талаар уншиж судлах гэх мэт физикийн сайн сайхан зүйл маш их бий дээ. Дээрээс нь физикийг судалснаар бусад бүх шинжлэх ухааны салбар руу хөрвөж чаддагаараа давуу талтай.

-Физикийг хүүхдүүдэд яаж дурлуулах вэ?

-Дунд сургуулиас нь физикийн туршилтуудыг хийлгэх, хүүхдүүдэд зориулсан техник технологи, физикийн шинжлэх ухааны нээлтүүдийн талаар болон бусад сонирхолтой сэдвээр телевизийн, видео контент хийж багаас нь физикт дурлуулах нь их чухал гэж боддог. Сүүлийн үед ийм контентууд гарч байгаа нь сайшаалтай. Энэ ч утгаараа физик сонирхож буй хүүхдүүдийн тоо эрс нэмэгдсэн. Жишээлбэл, олимпиад, уралдаанд хот, орон нутгийн 1000 гаруй сурагчид оролцож байгаа харагддаг. Мөн миний бие олимпиадын бэлтгэл, давтлага хичээл ордог. Хичээлд маш олон сурагчид суух сонирхолтой байгаа нь эцэг эхчүүдийн энэ салбарын талаарх ойлголт нэлээн нэмэгдсэн нь ажиглагдсан.

-Манай улсад физикийн багш, боловсон хүчин хэр хангалттай байдаг вэ?

-Манай улсад нийт 1200 гаруй физикийн багш байдаг. Өнгөрсөн жил физикийн багш нар их хурлаа хийж асуудлаа ярилцсан. Боловсон хүчний талаар сайн мэдэхгүй байна. Гэхдээ физикийн багш ажилд авна гэсэн зарууд их харагддаг.

-Жил ирэх тусам Олон улсын хэмжээний олимпиадад оролцох хүсэлтэй хүүхдүүд нэмэгдэх болсон. Тэдэнд хандаж юу гэж зөвлөх вэ?

-Манай улсын хувьд Азийн болон Олон улсын физикийн олимпиадад жил бүр оролцдог. Сүүлийн жилүүдэд 10 дугаар ангийн сурагчид олон улсын олимпиадаас медаль хүртэж байгаа нь өрсөлдөөнийг маш ширүүн болгож байгаа.

Тиймээс 10 дугаар ангиас нь эхлээд бэлтгэлээ маш сайн тогтвортой, үр дүнтэй, цэгцтэй хийж чадвал Монголоосоо шалгаран Азийн болон Олон улсын олимпиадаас медаль хүртэх бүрэн боломжтой.

 

Categories
мэдээ спорт

ПАРИС-2024: Л.Энхрийлэн, Б.Эрдэнэбаяр нар тэмцээнээ өндөрлүүллээ DNN.mn

“Парис-2024” зуны XXXIII Олимпийн наадмын эмэгтэйчүүдийн Жүдо бөхийн -57 кг-ын жинд барилдсан Монгол Улсын Гавьяат тамирчин, ОУХМ Л.Энхрийлэн дагах барилдаанд Гүржийн Этери Липартелианитай учраа таарсан ч даралтаар цэвэр ялагдаж, тэмцээнээ өндөрлүүллээ.

May be an image of 2 people and text

Харин ОУХМ Б.Эрдэнэбаяр дагах барилдаанд ДАШТ-ий алт (2017), хошой мөнгө (2018, 2022), хос хүрэлтэй (2021, 2023) Японы Соичи Хашимототой энэ тэнцүүхэн хүч үзсэн ч торгуулиар дийлдсэнээр VII байрт орлоо.

May be an image of 2 people and text

Categories
мэдээ улс-төр

Монгол Улсад Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч Виола Амхерд төрийн айлчлал хийнэ DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч Виола Амхерд 2024 оны 8 дугаар сарын 02-04-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.

Уг айлчлал нь энэ онд тохиож буй Монгол Улс, Швейцарын Холбооны Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд хэрэгжих бөгөөд Монгол Улсад швейцарын талаас Төрийн тэргүүний түвшинд хийж буй анхны төрийн айлчлал юм.

Айлчлалын үеэр хоёр улсын Төрийн тэргүүн нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэн өргөжүүлэх талаар ярилцана.

Мөн хоёр орны харилцааг бэхжүүлэх, хамтын ажиллагааг харилцан сонирхсон салбаруудад өргөжүүлэн гүнзгийрүүлэхэд чиглэсэн баримт бичгүүдэд гарын үсэг зурна.

Монгол Улс, Швейцарын Холбооны Улс 1964 оны 5 дугаар сарын 22-ны өдөр дипломат харилцаа тогтоосон.

Categories
мэдээ спорт цаг-үе

ПАРИС-2024: Монголын баг 16 дугаарт эрэмбэлэгдэж байна DNN.mn

Парисын олимпод оролцож буй 206 орны багаас гурван өдрийн байдлаар 28 орон медаль хүртжээ.

Медалийн хүснэгтийг дөрвөн алтан медалиар Япон тэргүүлж байна.

Харин манай улс нэг мөнгөн медальтайгаар 16 дугаарт эрэмбэлэгдэж байна.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл спорт

ОУХМ Б.Баасанхүү “Парис-2024” олимпийн наадмын мөнгөн медаль хүртлээ DNN.mn

“Парис-2024” олимпийн наадмын эхний өдрийг Монгол Улсын баг мөнгөн медалиар эхлүүлж байна.

“Парис-2024” зуны олимпийн наадмын жүдо бөхийн Эмэгтэйчүүдийн -48 кг-ийн жинд Монгол Улсаа төлөөлж 2024 оны Ази тивийн аварга, Душанбе Их дуулга тэмцээний аварга, Абу-Даби-2024 Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алтан медальт, ШШГЕГ-ын Сүлд спорт хороо, Үндэсний шигшээ багийн тамирчин Б.Баасанхүү зуны олимпийн мөнгөн медалийн эзэн боллоо.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ПАРИС-2024: ОУХМ Б.Баасанхүү аваргын төлөө барилдахаар боллоо DNN.mn

ОУХМ Б.Баасанхүү АВАРГЫН төлөө барилдахаар боллоо

Тэрбээр шөвгийн 4-т Испанийн бөх Мартинез Абелендатай барилдан, нэмэлт цагт ялалт байгуулснаар мөнгөн медалийн  болзол хангаж, АВАРГЫН төлөө барилдахаар боллоо

Categories
мэдээ нийгэм

ПАРИС-2024: ОУХМ Б.Баасанхүү их шөвгийн 4-т шалгарлаа DNN.mn

ОУХМ Б.Баасанхүү их шөвгийн 4-т шалгарлаа.

Тэрбээр жүдогийн 48 кг-д шөвгийн дөрөвт Шведийн Тара Бабулфайт, Японы Нацүми Цүнадо, Монголын Б.Баасанхүү, Испанийн Лаура Мартенис нар шалгарч үлдлээ.

Манай тамирчин Б.Баасанхүүгийн өрсөлдөгч нь өдгөө 25 настай, Европын АШТ-ий хүрэл медальт Лаура Мартенис байх юм. Түүнийг ялбал алтан медалийн төлөө хүч үзнэ.

Финалын барилдаанууд 22:00 цагаас үргэлжилнэ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ОУХМ Э.Даваахүү шилдэг наймын нэг болж дараагийн шатанд өрсөлдөхөөр боллоо DNN.mn

ПАРИС-2024: ОУХМ Э.Даваахүү 578 оноогоор шилдэг наймын нэг болж дараагийн шатанд өрсөлдөхөөр боллоо

Буудлагын 10 метрийн хийн гар буун эрэгтэйчүүдийн дасгалын төрөлд 33 тамирчин өрсөлдсөнөөс манай тамирчин Э.Даваахүү 578 оноогоор шилдэг наймын нэг болж дараагийн шатанд өрсөлдөхөөр боллоо.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ирэх долоо хоногт халуун ус хязгаарлах байршил DNN.mn

Ирэх даваа гариг буюу долдугаар сарын 29-нөөс наймдугаар сарын 12-ны хооронд 14 хоног дараах байршлуудад халуун ус хязгаарлахыг “УБДС” ТӨХК-аас мэдээллээ.

  • Солонгос улсын ЭСЯам
  • Жаргалан, Нархан, Оддын хотхон орчмын хэрэглэгчид
  • Дүнжингарав хороолол
  • Маршал таун хотхон
  • Ривер гарден хороолол
  • Их тэнгэр цогцолбор
  • Олимп, Баян Монгол хорооллоос 13 дугаар хороолол орчим
  • Нарантуул захаас Баянзүрх дүүрэг
  • Цэргийн эмнэлэг
  • Баганат өргөө хороолол
  • ХСИС орчмын хэрэглэгчид
  • Алтан тэвш хороолол орчмын хэрэглэгчид
  • АШУИС-ийн шинэ байр
  • Амгалан орчмын хэрэглэгчид

Халуун ус хангамжтай холбоотой санал хүсэлтээ 7004-7005 дугаарын утсаар лавлах боломжтойг мэдээллээ.