Categories
мэдээ энтертаймент-ертөнц

З.Онон: “Бүтэн амьдрал”-ын Номингийн дүрд тоглохын тулд 24 кг хассан DNN.mn

Х-ТҮЦ” продакшны жүжигчин З.Ононтой ярилцлаа.


-Та “Бүтэн амьдрал” олон ангит кинонд гол дүр бүтээсэн шүү дээ. Өмнө нь гол дүр бүтээж байв уу?

-Анх 2011 онд “Х-Түц” продакшнд орж байлаа. Их зохиолч Д.Нацагдоржийн “Учиртай гурван толгой” зохиолоос сэдэвлэн бүтээсэн “Учиртай гурав” уран сайхны кинонд Д.Золбаяр найруулагчийн хүсэлтээр гол дүр бүтээж байсан. Мөн 2009 онд “Төгс бүсгүйн зууч” кинонд гол дүрийн жүжигчнээр тоглосон. “Бүтэн амьдрал” кино миний гурав дахь гол дүр бүтээсэн кино юм.

-Гол дүр бүтээх мэдрэмж ямар байсан бэ?

-“Бүтэн амьдрал” киноны хувьд драмын, олон анги кино байсан. Гэр бүлдээ гаргах цаг хугацаа, эх хүний үрээ гэсэн сэтгэл, хатуужил гээд жүжигчнээс маш их ур чадварыг гаргах хэрэгтэй болсон. 400 гаруй үзэгдэлд тоглоход тийм ч амар даваа байгаагүй. Номин хэмээх бүсгүйг сэтгэлийнхээ гүнээс мэдэрч, тийм хүнийг амилуулж, сэтгэл хөдлөл бүрийг нь илэрхийлэхийн тулд өөрийнхөө найзууд мөн эмчээс хавдартай өвчтэй хүн ямар байдаг талаар лавлаж их судалгаа хийсний үр дүнд дүрээ сайн гаргаж чадсан. Тиймдээ ч үзэгчдийн сэтгэлд хүрсэн байх. Ялангуяа ээжүүдийн сэтгэлийг хөдөлгөж чадсан кино болсон.

-Кинонд тоглосны дараа өөр киноны санал ирсэн үү?

-“Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Г.Эрхэмбаяр ахтай хамтарч одоо нэг киноны зохиол дээр ажиллаж байгаа.

-“Бүтэн амьдрал” кинонд тоглохдоо нэлээд жин хассан гэж дуулсан?

-Өнгөрсөн зургадугаар сард “Хүлэгү”,“Номадиа пикчерс”-ийн хамтын бүтээл болох тус кинонд тоглох саналыг аваад их эмээж байлаа. Тухайн үед би төрөөд удаагүй, хүүхэд маань зургаан сартай байсан. Өмнө нь олон анги киноны гол дүр бүтээж байгаагүй учраас ямартаа ч зохиолоо уншиж үзье гэж бодсон. Тэгээд зохиолоо уншихад хамгийн гол нь зохиолын дүр маань нэлээд туранхай санагдсан. Дүрээ сайн гаргахын тулд бүтэн зуны турш дасгал хөдөлгөөн хийж хичээсний үр дүнд 24 кг хасч чадсан. Олон өдрийн тэсвэр тэвчээр, оролдлого зүтгэлийн дүнд энэ дүрээ сайн гаргасан. Номингийн дүр хүүхдээ хараад сууж байгаа ээжүүдийн сэтгэлд хүрсэн гэж бодож байгаа.

-Өөрийг тань урлаг руу хөтөлсөн зүйл юу байв?

-Арван жилд байхын л тал талын авьяастай хүүхэд байж билээ. Сургуулийнхаа урлагийн үзлэг болгоныг алгасахгүй орно. Өөрийнхөө дуу хоолойг бичиж аваад дуулж, бүжиглэдэг, жүжиглээд л явж байдаг. Гэтэл манай аавын дүү “СУИС-ийн конкурс болох гэж байна. Чи өгөөд үзээч” гэсэн. Гэрийнхэн маань ч дэмжин СУИС-ийн С.Сугар багшаасаа давтлага авч шалгалтаа өгсөн. Манай өвөөгийн ээж “Бөмбөгөр ногоон” театрын ганц солист жүжигчин байсныг саяхан мэдсэн. Би чинь аавынхаа талаас урлагийн удамтай хүн юм билээ. Их сургуулиа төгсөхөд МҮОНТ-ийн нэвтрүүлэгч эсвэл “Х түц” продакшны жүжигчин гэсэн хоёр сонголттой тулгарсан. Тэгээд л анхнаасаа “дурласан” жүжигчний мэргэжлээ сонгосон доо.

-Та ханьтайгаа хамт “Чи бидэн хоёр”, “ Ханьдаа” гээд хоёр ч дуу дуулсан шүү дээ. Дахин уран бүтээл дээр хамтарч ажиллах уу?

-Анх нөхөртэйгөө оюутны байранд танилцсан. Тэр үед Идэрээ намайг харж явсан гэдэг юм. Хамтдаа амьдраад арван жил болжээ. Ер нь хамтарч уран бүтээл гаргана гэж бодоогүй. Тэр дууг дуулсан шалтгаан нь Идэрээгийн бие даасан хоёр дахь тоглолт болох гээд надад хамтарч дуулаач гэсэн санал тавьсан. Тоглолтын үеэр дуулна гэж бодсон боловч дууныхаа клипийг гаргаагүй байхад хүмүүст хүрсэн байсан. Олон хүнд хүрсэн болохоор ч тэр үү дахин дууны санал ирсэн.

-Урлагийн гэр бүл завгүй байдаг байх. Арын албаа хэрхэн зохицуулдаг вэ?

-Урлагийн хүмүүс, тэр тусмаа эзэгтэй хүн бүхий л зүйлийг зохицуулах ёстой шүү дээ.“Бүтэн амьдрал” кинонд тоглоход манай ханийн ээж хүүхдүүдийг маань харж байсан. Киноны зураг авалт, тоглолттой байхад аав ээжүүд арын албыг хашдаг. Тэдэндээ маш их баярлаж явдаг.

-Кино зураг авалтын үеэр хөгжилтэй үйл явдал их гардаг байх даа?

-“Бүтэн амьдрал” кино бүтэхэд 120 гаруй уран бүтээлч, арын албаныхан гээд хүний хүч хөдөлмөр, сэтгэл зүрх шингэсэн. Бүхэл бүтэн зургаан сарын турш зураг авалт үргэлжилсэн болохоор олон дурсамжтай.Зоригоогоо чин сэтгэлээсээ гуйдаг хэсэг сэтгэлд тод үлдсэн дээ.Урлагийнхан бид хамт байхдаа их хөгжилтэй байдаг. Ховын групп гээд чат групп нээчихсэн, тэрүүгээрээ нэгнийгээ шоолж, шоглож цагийг өнгөрөөдөг байлаа.

-“Бурхны авралаар чи ирлээ” шоу нэвтрүүлгийн үзүүлбэр дээр таны хань П.Идэржавхлан гараад ирсэн шүү дээ. Их сандарсан, баярласан харагдаж байсан?

-Анх нэвтрүүлгийн санал тавихад эмээж хүлээж авсан.Ханийнхаа дэмжлэгтэйгээр нэвтрүүлэгт орж байсан.Хошин урлагийн тоглолтыг бүтэн хоёр сар гаруй бэлдэж байж үзэгчдэд номероо үзүүлдэг. Ямар ч бэлтгэлгүй тайзан дээр шууд гарна гэдэг жүжигчнээс ур чадвар, гүйлгээ ухаан шаарддаг. Өөрийгөө шилдэг наймд багтана гэж төсөөлөөгүй. Үзүүлбэрийн дундуур Идэрээг гараад ирэхэд гайхсан. Манай хүүхдүүд лагер дээр үлдчихсэн, нөхөр бид хоёр телевизийн байранд ирсэн юм. Тусгай номерын үзүүлбэр эхлэхээс өмнө найзуудтайгаа уулзаад явж байсан хүн гэнэт алга болчихсон. Нэлээд хэдэн минутын дараа гэртээ ирчихлээ, санаа зоволтгүй гээд зураг явуулахаар нь тоогоогүй байж байтал зураг авалтын дундуур гэнэт гараад ирэхээр шоконд ороод хэлэх үггүй болдог юм билээ. Одоо бодоход телевизийнхэнтэй тохиролцсон байх.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Э.Доржпүрэв: Сарын сүүлчээр газар тариалангийн бүс нутгаар цочир хүйтэрч болзошгүй

Ус цаг уурын хүлээлэнгийн инженер Э.Доржпүрэвээс тодрууллаа.


-Зарим нутгаар цас орж цочир хүйтэрлээ. Өмнө нь намрын эхэн сард ийм үзэгдэл гарч байв уу?

-Цочир хүйтрэлийг агаарын хамгийн бага температурын утгаас температур тогтвортой дулаарсан үед 0 градусаас доош орсон тохиолдлыг авч үздэг. Манай орны хувьд олон жилийн дунджаар наймдугаар сарын 1-нд Хөвсгөл, Дархан, Баянхонгор аймгуудад харин Алтай, Хангайн уулархаг нутагт наймдугаар сарын 15-наас цочир хүйтрэл ажиглагддаг. Энэ жилийн хувьд Архангайн Тариат суманд цас орж хүйтэрсэн тохиолдол гарсан.

-Наймдугаар сарын төлөв байдал ямархуу ажиглагдаж байгаа вэ?

-Наймдугаар сард 2013 оноос хойш сүүлийн долоон жилийн хугацаанд олон жилийн дунджаас дулаан байсан. Хур тунадасны хувьд харилцан адилгүй бөгөөд 2017-2018 онуудад олон жилийн дунджаас ахиу, 2019 он олон жилийн дунджаас бага тунадас орсон. Энэ оны наймдугаар сарын агаарын температур нийт нутгаар олон жилийн дунджийн орчим. Алтайн өвөр говь орчмоор олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй байгаа. Хур тунадасны хувьд Увсын ихэнх, Завханы баруун Ховдын хойд, Өмнөговь, Дундговь аймгуудын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим орох төлөв гарсан байгаа.

-Цочир хүйтрэл хэзээнээс эхэлдэг вэ?

-Манай орны нутгаар наймдугаар сарын дундаас эхлэн цочир хүйтрэл тохиолддог. Далайн түвшнээс 2000 метр буюу түүнээс дээш өндөр өргөгдсөн нутагт наймдугаар сарын 20-30- ны хооронд, 1000 метрээс дээш нутагт наймдугаар сарын 20-ноос есдүгээр сарын 1-ний хооронд, Орхон-Сэлэнгийн сав газар, ойт хээрийн бүсэд есдүгээр сарын 1-10-ны хооронд цочир хүйтрэл эхэлдэг. Одоогийн төлөв байдлаар Төв аймгийн нутгаар хүйтэрч болзошгүй хэмээн сарын мэдээ гаргахдаа байнга мэдээлэл өгч байсан. Тиймээс энэ бүс нутагт байгаа газар тариалангийн бүс нутагт байгаа нийт ард иргэддээ цочир хүйтрэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

-Цаашид нийт нутгаар ямар байх талаар мэдээлэл өгөхгүй юү?

-Хүйтний улирал наймдугаар сарын 24-нд гэж гарч ирсэн. Нэгдүгээр арав хоногийн эхээр баруун, зүүн,төвийн аймгуудын нутаг, говийн хойд хэсгээр, Хоёрдугаар арав хоногийн эхэнд баруун зүгийн нутаг, сүүлээр баруун болон төвийн бүс нутгаар хоёр болон гуравдугаар арав хоногийн дунд үеэр төв зүүн болон говийн бүс нутгаар түр зуурын бороо орно. Борооны өмнө салхи 12-14м/с заримдаа 20-24 м/с түр зуур салхилна гэсэн урьдчилсан мэдээ гарсан. Хоёр ба гуравдугаар арав хоногийндунд үеэр ихэнхнутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орохтөлөвтэй байна

Цаг агаарын үзэгдэл нутгийн 30 хувиас хэтрэхгүйгээр зурвас газраар ажиглагдах тохиолдолд “зарим газраар”, 30 – 70 хувьд “ихэнх нутгаар”, 70 хувиас дээш нутгийг хамарсан тохиолдолд “нийт нутгаар” гэсэн нэр томьёо хэрэглэдэг. Дулааны улиралд агаарт болон хөрсний гадарга дээр температур 0 цельсээс бага болж хүйтрэхийг “цочир хүйтрэл” гэнэ.

Баруун (Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Баянхонгор)

Төв (Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул, Төв)

Зүүн (Хэнтий, Дорнод, Сүхбаатар)

Говь (Дундговь, Өмнөговь, Дорноговь, Говь-Сүмбэр)

Наймдугаар сард агаарын температурын олон жилийн дундаж нь Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Дорноговийн өмнөд хэсгээр 20-250, Баян-Өлгий, Завхан, Хөвсгөл, Архангайн ихэнх нутаг, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн хойд хэсгээр 10-150, бусад нутгаар 15-200 цельсийн дулаан байдаг байна. Гэвч цаг агаарын нөхцөл жил бүр харилцан адилгүй байдаг.

Баруун аймгуудын нутгаар энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар,Алтайн өвөр говь орчмоор олон жилийн дунджаас 1.5-20С дулаан байна. Нэг ба хоёрдугаар арав хоногийн сүүлчээр агаарын температур өмнөх үеэсээ 3-50С-ээр сэрүүснэ. Харин нэг, хоёр ба гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар дулаарч, өдөртөө 23– 260С хүрч хална. Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар бороо, зарим газраар түр зуурын дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй байна. Салхи борооны өмнө түр зуур ширүүсч 12 – 14 м/с, зарим үед 16 – 20 м/с хүртэл ширүүснэ.

Төвийн аймгуудын нутгаар энэ сард агаарын дундаж температур болон хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн дунд болон сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеэр агаарын температур өмнөх үеэсээ 2-50С-ээр сэрүүснэ. Гуравдугаар арав хоногийн дунд үед цочир хүйтрэл ажиглагдаж болзошгүй байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд болон сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй байна. Салхи борооны өмнө түр зуур ширүүсч 10-12 м/с, зарим үед 16-20 м/с хүртэл ширүүснэ.

Зүүн аймгуудын нутгаар энэ сард агаарын дундаж температур болон хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёр болон гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар өмнөх үеэсээ 2-50С-ээр сэрүүснэ. Харин нэг, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр дулаарч, өдөртөө 28-320С хүрч хална. Нэг ба хоёр, гуравдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй байна. Салхи борооны өмнө түр зуур ширүүсч 12 -14 м/с, зарим үед 16 -20 м/с хүртэл ширүүснэ.

Говийн аймгуудын нутгаар энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас 1.5-20С дулаан байна. Хур тунадас Өмнөговийн ихэнх нутаг, Дорноговийн өмнөд хэсгээр олон жилийн дунджээс бага, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байна. Нэгдүгээр арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр ихэнх нутгаар өмнөх үеэсээ 2-50С-ээр сэрүүснэ. Харин нэг ба хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр ихэнх нутгаар дулаарч, өдөртөө 30-350С хүрч хална. Хоёр ба гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй байна. Салхи борооны өмнө түр зуур ширүүсч 12-14 м/с, зарим үед 16-20 м/с хүртэл ширүүснэ гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас нийт малчид, ард иргэдэд анхааруулж байна.

Categories
мэдээ цаг-үе

Д.Ганцогт: Ихэвчлэн гадаадын контенттой төстэй контентыг Монголдоо хийж эхэлсэн

Бидний өдөр тутмын амьдралд тохиолддог үйл явдлыг мэргэжлийн түвшинд хүргэдэг контент бий болж байгаа. Өсвөр насныханд зориулсан эерэг видео бичлэгээрээ олонд танигдаад буй “Mesmerism”-ийн үүсгэн байгуулагч Д.Ганцогттой ярилцлаа.


-Та “Орк”, “Диваажинд хүрэх зам”, “Сүүлчийн монита”, “Анагаахын алдартнууд” зэрэг богино хэмжээний кино уран бүтээл хийж байсан. Сүүлийн үед ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?

-Одоогоор хоёр том төсөл дээр ажиллаж байгаа. “Анагаахын алдартнууд-2” буюу арван ангитай зохиолоо бичээд ажил ихтэй л явна. Наймдугаар сарын дундуур зураг авалтаа хийгээд нэг сараас кино гарч эхэлнэ. “Ажил дуусахгүй, амьдрал харин дуусна” гэдэг шүү дээ. Гэр бүлдээ бага цаг гаргадаг учраас зохиолоо бичиж дуусгачихаад амрах төлөвлөгөөтэй байна.

-Маш богино хугацаанд бүрэн хэмжээний нэг биш, бүр дөрвөн кино хийсэн шүү дээ?

-Бид хамгийн анх “Орк” инээдмийн, адал явдалт киногоо гаргаж байсан. Үүний дараа IPTV-тэй хамтарч “Сүүлчийн монита” контентыг уран сайхны киноны жишгээр хийсэн. Бүрэн хэмжээний дөрөв, олон ангитай нэг кино хийгээд дэлгэцийн уран бүтээл дээр ажиллах том туршлага хуримтлуулаад явж байна.

-Дэлгэцийн уран бүтээл хийхэд зураг авалт, жүжигчдийн ур чадвар чухал байх. Тийм үү?

-Урлаг дотроо хамгийн хэцүү нь уран сайхны кино байдаг. Олон хүний ур ухаан, сэтгэл шингэдэг учраас аль болох сайн бүтээл хийх гэж хичээдэг. Зураг авалтын үед бүгд хариуцлагатай сайн ажилладаг. Олон ангит кино хийхэд нэлээдгүй сцена авдаг учраас удаан үргэлжлэх хандлагатай байдаг. Бид сонгон шалгаруулалтаар жүжигчдээ сонгодоггүй. Ер нь хүмүүсийг шилж голох дургүй. Гурваас дөрвөн хүнийг өөрсдөө сонгон кинонд тоглох санал тавьдаг.Өмнөх киноны зураг авалтыг есдүгээр сарын сүүлээс арванхоёрдугаар сарын 20 хүртэл хоёр сарын хугацаанд авч байсан.

-Тайз засалт, нүүр хувиргалт, хувцас гээд дэлгэцийн уран бүтээл хийхэд хөрөнгө мөнгө шаардлагатай болдог. Танайх санхүүжилтээ яаж гаргадаг вэ?

-Монгол гурван сая гаруй иргэнтэй ч үзэгчдийн тоо нэг сая дотор л эргэлддэг учраас киног продюсерлэнэ гэдэг маш их эрсдэлтэй. “Mesmer­ism” пэйж хуудастаа богино хэмжээний олон бичлэг хийсэн. Гэхдээ хөгжихийн тулд мэдээж хөрөнгө мөнгө хэрэгтэй, тиймээс бичлэгтээ үзэгчдэд үл анзаарагдам байдлаар бараа, бүтээгдэхүүн сурталчилдаг. Ийнхүү олсон мөнгөө дараагийн бичлэг хийх урсгал зардалдаа зориулж, үлдсэнийг нь бусад хэрэгцээндээ зарцуулна. Бидний хийсэн бичлэгийг ихэвчлэн өсвөр насныхан үздэг учраас гадуур ам сайтай байдаг. Олонд сайн талаа харуулж чадсан болохоор санхүүжилт тал дээр их одтой байдаг гэх юм уу. Кино уран бүтээлийнхээ зохиолыг бичээд хамтран ажиллах байгууллагууддаа хөрөнгө оруулалтын санал тавихад эерэгээр хүлээж авдаг.


-“Mesmerism”-ийн залуучууд гэхээр эерэг контент бэлддэг дүр зураг буудаг. Танай хамт олон анх хэрхэн байгуулагдаж байв?

-Ихэвчлэн гадаадын контентыг харж байгаад түүнтэй төстэй контентыг Монголдоо хийж эхэлсэн. Анх дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдаж байсан. 2016 оны 12 дугаар сард өөрийн “Mesmerism” фэйсбүүк хуудсандаа “Дүүгийн ёолкны мөнгө” бичлэгээ тавьснаар олон нийтэд танигдсан. Бид нийгэмд эерэг хандлагатай, зөв үлгэр дуурайлтай, хөгжилтэй бөгөөд бүх насныханд зориулан бичлэг бүтээдэг. Өнгө үзэмж сайтай байхын зэрэгцээ хараал хэлээд хүн муулаад байдаггүй. Нийгэмдээ хэлье гэснээ хэлчихдэг, өсвөр насны хүүхдүүдийг зөв тал руу нь чиглүүлэх зорилготой үүсгэн байгуулагдсан.

-Видео контентоо хэр хугацаанд хийдэг вэ?

-Мэргэжлийн зураг авалт хийхийн тулд нарийн деталчилж авдаг. Тиймээс яаж авснаасаа шалтгаалаад өөр өөр хугацааг зарцуулдаг. Өмнө нь видео монтажаа шуурхай хийдэг байсан. Олон нийтэд зориулсан контент хийдэг болохоор хуучин шигээ байж болохгүй. Бид нийт 300-гаад видео хийсэн болохоор бүх тал дээр хянуур ажиллаж бүтээлүүдээ сайжруулах хэрэгтэй. Хүн үзээд ойлгохгүй алдаатай видеог оруулахгүй хасчихдаг.Одоогоор пэйждээ 200 видео байршуулсан байгаа.

-Та бүхэн нийгмийн олон талын зүйлийг бичлэгээр дамжуулан залуусыг эерэг зүйл рүү хөтөлдөг. Яг аль дээр нь их хугацаа зарцуулдаг вэ?

-Үр дүн нь сайн гардаг ч хүчирхийллийн хар бараан контент хийхэд маш их цаг зарцуулдаг. Эвлүүлэг, зураг авалт, текст уншихаас эхлүүлээд их ажиллагаа ордог. Зарим хүмүүс та нар хэдхэн видео хийгээд зохиол чинь дуусчихна гэдэг. Амьдрал үргэжлжилж байгаа учраас зохиол дуусна гэж огт байхгүй. Аж ахуй, нийгэм, хайр дурлал, арван жил, оюутан, гэр бүл, ажил гээд л санаанууд ер нь дуусахгүй, гол нь сайн баяжуулах хэрэгтэй.

-Таныг кинонуудаа өөрөө найруулдаг гэж сонссон. Дэлгэцийн бүтээл дээр ажиллах хүнд байдаг уу?

-Багадаа математикдаа сайн хүүхэд байлаа. Бизнесийн эдийн засагч мэргэжилтэй. Урлагаас хол мэргэжилтэй хүн л дээ. Аливаа юмны цаад талыг харж асуудлаа шийддэг учраас хамт олноо замчилаад явж байгаа юм болов уу. Кино хийхэд хамгийн чухал нь продюсер байдаг. Кино найруулна гэдэг хувь хүнээс маш их хичээл зүтгэл, хариуцлага шаарддаг.

-Контентууддаа хүмүүсийг хэрхэн оруулдаг вэ?

-Манай пэйжийг автоматаар 300 хүн үзчихдэг. Мөн залуусдаа танигдсан болохоор хүмүүс дуртай хүлээж авдаг. Өсвөр насны хүүхдүүдийг зөв зүйлд уриалсан контент хийдэг учраас гэр бүлийнхэн маань уриалгахан хүлээж авдаг.

-“Mesmerism” ямар утгатай вэ?

-Египтээр“ховс” гэж орчуулагддаг.

-Танай хамт олон цаашид ямар төлөвлөгөөтэй байна?

-“Mesmerism” бидэнд маш олон зүйл сурч, хийж бүтээхэд тус болсон. Бид илүү амжилтад хүрэхийн тулд хичээж ажиллана. Хөдөлмөр хүнийг бүтээнэ гэдэг шүү дээ. Би азанд итгэж суудаггүй, зөвхөн өөртөө л найддаг. Ажил хийвэл ам тосдоно гэдэг шиг л юм хийж бүтээж байж сайн сайхан амьдарна. Цаашдаа өдөр бүр сайн кино, контент хийхийн тулд хичээж, суралцаж ажиллана даа.

Д.ОТГОНТУЯА

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

М.Цогтбаяр: Том болоод зургийн үзэсгэлэн нээнэ гэж боддог


Энэ удаагийн буландаа Дундговь аймгийн “Мандал” сургуулийн 3 “А”ангийн сурагч М.Цогтбаяртай ярилцлаа.


-Хичээл нь орохгүй, багштайгаа, ангийнхантайгаа уулзахгүй байх ямар байна вэ. Теле хичээлээ өдөр бүр хийж байсан уу?

-Ангийнхантайгаа уулзахгүй удахаар муухай, уйтгартай санагддаг. Хааяа ангийн найзуудаа маш их санадаг. Теле хичээлээ байнга үздэг байсан. Телевизээр гарсан теле хичээлийг заримдаа бичиж амждаггүй болохоор ээж маань компьютер дээр дахиад гаргаж өгдөг. Тэгээд зогсоогоод өөрийнхөө ойлгоогүй үлдсэн зүйлээ тэмдэглэж авдаг. Бичиж тэмдэглэсэн хичээлүүдээ өдөр өдөрт нь багшдаа шалгуулдаг байсан. Есдүгээр сарын нэгэнд хичээлдээ сууж, ангийнхантайгаа уулзана гэж бодохоор гоё байна.

-Ирээдүйд ямар мэргэжилтэй болохыг хүсдэг вэ?

-Би цагдаа болохыг хүсдэг.

-Яагаад цагдаа болохоор шийдсэн бэ. Юу нь чамд таалагдсан?

-Цагдаа хүн хянамгай ажигч байх ёстой. Мөн саадан дээгүүр явж бэлтгэл хийдэг, бас олон хүнд тусалдаг нь их таалагддаг.

-Мөрөөдөлдөө хүрэхийн тулд хичээлээ сайн хийх шаардлагатай болно шүү дээ. Ямар хичээлдээ илүү сайн бэ?

-Би дүрслэх урлаг, биеийн тамир, бас монгол хэлний хичээлдээ дуртай. Том болоод зургийн үзэсгэлэн нээнэ гэж боддог.

-Дугуйланд явдаг уу?

-Анх тамирын хичээл орж байхад багш маань намайг дуудаад “сагсан бөмбөгийн дугуйланд явах уу” гэж асууж байсан. Тэгээд сагсан бөмбөгийн дугуйланд яваад нэг болон хоёр бөмбөгийг зэрэг залах, нэг бөмбөгийг ээлжлэн залах гээд бүүр анхан шатнаас нь заалгасан. Дугуйланд яваад жил гаруй болж байгаа.

-Танайх хэдүүлээ амьдардаг вэ?

-Аав, ээж, дүүтэйгээ амьдардаг. Манай аав одоо Солонгост байдаг. Коронагаас болоод ирж чадахгүй байгаа. Харин манай ээж “Мандал” сургуулийн англи хэлний багшаар ажилладаг. Ээж маань дүү бид хоёрт ханан дээр тогтоодог самбар авч өгсөн. Түүн дээр би дүүдээ тоо, дүрс, өнгө, үсэг гээд хичээл заадаг.

-Дүүтэй байх гоё уу?

-Дүүтэй байх хамгийн гоё. Дүүгээ эрхлүүлнэ, дүүдээ тусална, хамт тоглоно, хичээл зааж өгнө гээд зөндөө зүйлийг хамт хийдэг. Бас зураг зурдаг.

-Аав ээждээ зориулж юу хэлмээр байна?

-Дүү бид хоёрыг төрүүлж өсгөсөнд маш их баярлалаа. Хайртай шүү гэж хэлмээр байна. Би мундаг хүн болоод аав ээжийнхээ ачийг заавал хариулна.

Categories
мэдээ цаг-үе

О.Тэмүүжин:“Фракц” кино өнгөрсөн саруудад IPTV-ийн хамгийн их хандалттай контент болсон

“Эмоци” продакшны жүжигчин МУСТА О.Тэмүүжинтэй ярилцлаа


-“Бурхны авралаар чи ирлээ” шоу нэвтрүүлгийн финалийн ялагчаар тодорсон. Нэвтрүүлэгт оролцсон сэтгэгдлээсээ хуваалцаач. Анх нэвтрүүлгийн саналыг хэрхэн хүлээж авсан бэ?

-Энэхүү шоу нэвтрүүлгийг хамгийн анх 2006 онд Австрали улсын “Working dog” студийн уран бүтээлчид бүтээж байсан юм билээ. Анх продюсер Б.Энхжаргал “Боловсрол” телевизийн шоу нэвтрүүлгийн нэг дугаарт нь ороод өгөөч гээд урилга өгсөн. Тухайн үед яг ямар нэвтрүүлэг вэ гэдэг төсөөлөл маш бага байсан. Гэхдээ Дэлхийн хэмжээний шоу учраас нэвтрүүлэгт ороод өөрийгөө сориод үзье гэж бодсон.

-Үзэгчид таныг ялагч болоосой хэмээн мессэж саналаа харамгүй нисгэж байсан байх. Үзэгчдийн итгэлийг алдахгүй байна гэдэг асар их хариуцлага шүү ?

-Тэгэлгүй яахав. Хичээхээс өөр сонголт байхгүй шүү дээ.“Бурхны авралаар чи ирлээ” шоуны финалийн шатанд үзэгчдээс хамгийн их санал авсан нэг оролцогч түрүүлдэг дүрэмтэй. Тэрхүү финалийн шатанд намайг дэмжиж мессэж саналаа өгсөн Монголынхоо ард түмэнд баярлалаа гэж хэлмээр байна.

-Мөн ялагчаар тодорсон байсан?

-Найм дахь дугаарыг үндсэн гэж хэлж болно. Үндсэн дугаар дээр мөн адил ялагч болсондоо баяртай байгаа. Манай нэвтрүүлгийн хамт олон сонирхолтой үзүүлбэрүүдийг бэлдчихсэн байсан. Хөгжимтэй, бүжигтэй, дуутай байсан нь өөрийнхөө давуу талыг түлхүү ашиглах боломжийг олгосон юм болов уу гэж боддог.

-Уг нэвтрүүлгийн хамгийн хүнд үзүүлбэр юу байсан?

-Ерөнхийдөө сүүлийн финалийн шатны үзүүлбэр хүнд санагдсан. Нууц амрагтай хэсэг дээр маш олон дүрд хувирах нь хүндхэн байсан. Эмгэн болчихоод залуу болно гээд л нэг дор хурдан хувирах шаардлагатай болсон.


-Нэвтрүүлэг эхлэхээс өмнө үзүүлбэртэй холбоотой ямар нэгэн шифи өгдөг үү?

-Тэр маш сайн нууцлалтай байсан. Ямар нэгэн зүйлийн сэжүүр гаргаж өгөөгүй. Оролцогчид нь бие биентэйгээ уулзалдахгүй өөр өөр өрөөнд орчихдог болохоор энэхүү нэвтрүүлгийн онцлог юм болов уу. Тийм учраас урьдчилж бэлдсэн зүйл огт байхгүй шууд тайзан дээр гардаг.

-Ямар ч бэлтгэлгүй тайзан дээр гарна гэдэг жүжигчний ур чадварих шаарддаг байх?

-Жүжигчний мэргэжил гэдэг өөрөө маш их бэлтгэл сургуулилт хийх ёстой. Бид кино, контентуудыг өмнө нь тодорхой хэмжээнд бэлдэж олонд түгээдэг. “Бурхны авралаар чи ирлээ” шоу нэвтрүүлэг маань өөрөө бэлтгэлгүй ч бэлтгэлтэй юм шиг жүжиглэх чадварыг шаардаж байсан учраас тухайн үеийн сэтгэн бодох чадвар, хурдыг шаардсан нь жүжигчдийн хувьд өөрсдийгөө сорих, юу чаддагаа харуулах шоу нэвтрүүлэг байсан.

-Анх жүжигчин болох тал дээр хэн илүү дэмжиж байсан бэ?

-Манай гэр бүл, багш нар их дэмждэг байсан. Ээж маань намайг урлагийн хүн болгоно гээд Драмын дугуйланд анх оруулсан даа. Драмын дугуйланд явсны дараа мэргэжил сонгох үедээ жүжигчний шалгалтыг өгч жүжигчин болох гараагаа эхэлсэн. Одоо сургуулиа төгссөн ч суралцаад л явж байна. Жүжигчний мэргэжил гэдэг сурч дуусдаггүй юм байна. Анх 2003 онд жүжигчний сургуульд ороод 2007 онд төгсөж байсан.

-2018 онд “Яг түүн шиг” шоу нэвтрүүлэгт оролцож байсан тухайгаа яриач?

-“Бурхны авралаар чи ирлээ” , “Яг түүн шиг” хоёр адилхан л телевизийн шоу нэвтрүүлэг. Харин “Яг түүн шиг” параоди буюу хүнийг адилхан дуурайх, түүнчлэн дуулж дуурайх байсан. Тэр үед хамгийн их үзэгчдийн саналыг авч байлаа. Тэрэндээ маш их баярладаг. “Бурхны авралаар чи ирлээ” шоу нэвтрүүлгийн хувьд сэтгэн бодох чадвар шаарддаг учир ерөнхийдөө ялгаатай. Урьдчилан бэлдээгүй тайзан дээр шууд гарна гэдэг амаргүй байдаг.

-Та тайзан дээр эмэгтэй дүрд ч тоглодог. Тухайн дүрийг бүтээхэд мэдээж бэлтгэл сургуулилт маш чухал байх?

-Эмэгтэй хүний дүрд тоглодог эрэгтэй жүжигчид олон байдаг. Миний хувьд тайзан дээр нэг хоёр удаа л эмэгтэй болсон. Х-ТҮЦ продакшн олон кино хийсэн нь “Болсон явдал” кинонд эмэгтэй болж найздаа тусалж байгаа Болор-Эрдэнэ залуугийн дүрийг бүтээсэн.МУГЖ Ч.Одончимэг эгч маань найруулж байсан. Тухайн үед би Х-ТҮЦ продакшнд ажиллаж байсан болохоор киноны группынхантай хамтраад инээдмийн төрөл жанрын кинонд тоглож байсан. “Болсон явдал” кино одоо ч гэсэн үзэгчдийн үзэх дуртай киноны нэг байдаг.

-“Эмоци” продакшн өөрсдийн өнгө төрх онцлогийг гаргаж чадсан уу?

-Бид өөрсдийн гэсэн хөлөг онгоцтой болъё, өөрсдөө удирдан зохион байгуулж манлайлъя гэж үзэн “Эмоци” продакшныг анх байгуулсан. Манай хамтлаг өөрсдийн гэсэн өнгө төрх, тусгай үзүүлбэрүүд, олон ангит кино зэрэг олон шинэлэг бүтээлүүдийг үзэгчдэдээ хүргэх гээд суралцаад л явж байна. “Эмоци” продакшны онцлог гэвэл энтертайнмент буюу хөгжим дууг хослуулдаг гэдгээрээ бусдаасаа ялгардаг. Анх арав гаруй хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан. Одоо өнөр олуулаа болсон.

-“Эмоци” продакшны сүүлийн үеийн сонин хачинаас дурдаач. Ойрын хугацаанд тоглолт хийх төлөвлөгөө байгаа юу?

-Сүүлийн үед хорио цээрийн дэглэмтэй байгаа учраас бид IPTV-д зориулж “Фракц” кино контентийг гуравдугаар сард хийсэн байгаа. “Фракц” кино өнгөрсөн саруудад IPTV-ийн хамгийн их хандалттай контент болж шалгарсанд маш их баяртай байгаа.

-Жүжигчин хүн бүрт анхны дүр хэзээ ч мартагдашгүй дурсамжийг үлдээдэг гэдэг. Дэлгэцэнд мөнхөлсөн анхны дүр тань ямар дүр байсан бэ?

-Уран бүтээлч хүн тухайн бүтээлийг ялгадаггүй байх ёстой гэж боддог. Би хувьдаа өөрийнхөө бүтээсэн дүрүүдээ ялгаж харьцдаггүй, бүх дүрүүдээ өөрийнхөө хүүхэд шиг л хайрладаг.Сургууль төгсдөг жилээ “Ийм нэгэн дурлал” киноны Туулайхүүгийн дүрийг бүтээж байсан. Анхны кино байсан учраас тэр дүрдээ их хайртай байдаг.

 

Categories
мэдээ цаг-үе

С.Мөнхбаатар: Усан будаг өөрөө хүнийг татах, автуулах ид шидтэй юм шиг санагддаг

МУСТА, ОУ-ын усан будгийн мастер зураач С.Мөнхбаатартай ярилцлаа.


-Та хэрхэн уран зурагтай холбогдов. Багын мөрөөдөл байв уу?

-Зураач болно гэдэг мөрөөдөхөөс илүү цаанаас өгөгдөлтэй авьяас гэдэг зүйл байх ёстой гэж үздэг. Би зураач болно гээд шууд зураач болно гэдэг их төвөгтэй. Би багаасаа зурдаг байсан. Сүүлд 2015 оноос усан будгийн төрлөөр дагнаж бүтээлээ туурвисан. Усан будгаар зурахад ерөнхий уран зургийн мэдлэгээс эхлээд усан будгийн техникийг сурах хэрэгтэй болдог. Энэхүү зургийн төрлөөр тасралтгүй хичээллээд таван жил болж байна. 2005 оноос хойш ОУ-ын Улаанбаатар их сургуульд одоог хүртэл дизайны багшаар ажиллаж байгаа.

-Уран бүтээлч хүн бүтээлээсээ өөр өөр мэдрэмжийг авдаг байх. Таны хувьд бүтээлээсээ ямар мэдрэмжийг олж авдаг вэ?

-Би бүтээлээ туурвихдаа аль болох энгийн зүйлээс чамин чухал зүйлийг гаргахыг зорьдог.Энгийн хүний дүр төрх, нүдний харц,амьдарч буй байгалийн зураглал орчин зэргээс сайн сайхныг олж хараасай гэж хүсдэг. Усан будаг хүнийг татах, автуулах ид шидтэй юм шиг санагддаг.

-Ихэвчлэн ямар төрөл жанраар зургаа зурдаг вэ?

-Ерөнхийдөө хөрөг зургаар бүтээлээ зурдаг.

-Та бие даасан үзэсгэлэн гаргаж байв уу?

-Бусад уран бүтээлчтэй хамтарсан үзэсгэлэн гурав, бие даасан үзэсгэлэн дөрвийг гаргасан. Гадаад, дотоодын маш олон үзэсгэлэнгүүдэд оролцож байсан. Саяхан л гэхэд Солонгост болох том хэмжээний үзэсгэлэнд оролцох гээд зургаа явуулчихсан. Мөн Шеньжинийн олон улсын хоёр дахь финальд оролцсон. Хөл хорионоос болоод нэлээд хэдэн үзэсгэлэн цуцлагдсан байгаа.

-Усан будгаар зурахад их мэдрэмж шаарддаг байх. Зургаа зурахдаа хэр уддаг вэ?

-Усан будгаар зурах үйл явц бусад зургуудыг бодвол хурдан. Зурах гэж буй санаа зохиомжоо олох гэж жаахан уддаг. Өнгө тооны шилжилтүүдийг дээрээс нь усаар зурж байгаа учраас ус хатна, ууршна. Зурагнаасаа шалтгаалаад 4-5 цаг, заримдаа 10 цаг тасралтгүй суух шаардлага гардаг. Усан будаг өөрөө зургаа хатаахгүйгээр үргэлжлүүлээд зураад явдаг болохоор хүлээгддэггүй онцлогтой.

-Анхны ОУ-ын уралдаанд оролцож байсан бүтээлийнхээ талаар дурдахгүй юу?

-2015 онд Шеньжиний анхдугаар үзэсгэлэнд оролцож байсан. Тэр үед “Охины хөрөг” гээд судалбарын төрөлд гуравдугаар байранд орсон. 50-иад орны 2000 гаруй зурагнаас 150 зураг шалгарч байсан.

-“Бүргэдийн шивнээ” зураг тань Дэлхийн усан будгийн мастеруудын тэмцээнд тэргүүн байр эзэлж байсан. Гүн утга агуулгатай зураг шиг санагддаг.

-Тэгэлгүй яахав. Казах түмний ёс уламжлалыг харуулсан. Настай хүн, бүргэд хоёр насаараа хамт ижилсэн дассан тухай өгүүлэхийг зорьсон. Халхаар бол морьтойгоо ярилцдаг гэж ярьдаг даа, түүнтэй адил. Энэ зураг маань 2018 оны Хятадын Шанхай хотын онлайн төрөлд нэгдүгээр байранд орж байсан.


-“Солиот эх” киноны жүжигчдийн зургийг зурсан байсан шүү дээ. Яагаад зурах болсон бэ?

-Анх киног нь үзээд маш сайхан сэтгэгдэл төрж байсан.Кино нь сэтгэлд хүрэхээс гадна киноны зураглал, дүрслэл, уран бүтээлчдийн гаргасан дүр төрх нь их таалагдсан учраас цаасан дээр буулгаж үзье гэж бодсон.Тэр маань зөвхөн миний уран бүтээл биш. Кино уран бүтээлчдийг алдаршуулж олонд хүргэхийг зорихоос гадна усан будгийн техникийг давхар сурталчлах зорилгоор зурсан. Жүжигчин И.Одончимэгийн уйлж байгаа хэсгийг киноны кадраас буулгаж байсан.


-Сүүлийн үед ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?

-Хөл хорионы үеийг ашиглаад хоёр ном гаргачихаад байна. Оюутнууддаа цахимаар хичээлээ заахын хажуугаар цаг ашиглаж номоо бүтээсэн. Өмнө нь “Усан будаг судалбар” номоо гаргачихсан байсан.

-Ном гаргасан гэсэн шүү дээ. Хэдий хэр хугацааг зарцуулав?

-Манайд уран зургийн чиглэлийн номнууд гадаад, дотоодын зураачдын зургийг эш татан тайлбарласан байдаг. Миний хувьд энэ номоо өөрөө гардаж хийсэн. Бүх зургийг өөрөө зурж, гаднаас эш татаж авсан ямар нэгэн зураггүй гэдгээрээ онцлогтой. Монголд байхгүй ном гэж хэлж болно. Оюутан залуус, зураачдад маш их хэрэгтэй ном гэж бодож байгаа. Усан будгийн техникийг Монголдоо сурталчилж, олон зураачдыг гаргаж ирэх туйлын зорилготой. Зураач хүнд өөрийн дадал техник, ямар шинж чанар байгаа талаар бусдад зөвлөгөө өгч харуулсан ном байгаа.

-Манай улсад усан будгийн төрөл хэр хөгжсөн бэ. Энэ төрлийг цаашид хөгжүүлэхэд юун дээр анхаарах хэрэгтэй гэж бодож байна?

-1960-аас 1970-аад онд усан будгаар зурах төрөл байсан. Энэ нь нэг хэсэг орхигдож 2010 оноос дахин сэргэж эхэлсэн. Тэр утгаараа ОУ-ын усан будгийн нийгэмлэг таван хүнтэйгээр байгуулагдаж байсан.Залуусын төлөөлөл усан будгийг зурж, сонирхож, бүтээж эхэлснээрээ энэ урлаг цаашид хөгжих боломжтой болно.

-Одоогоор усан будгийн төрлийг сонирхдог хүмүүс хэр их ажиглагдаж байна вэ?

ОУ-ын Усан будгийн нийгэмлэг 2012 онд байгуулагдсан. Тэр цагаас хойш энэ төрлөө хөгжүүлчихлээ гэж бодож байгаа. Байгууллагууд зөвхөн усан будгаар зурах сонирхолтой мэргэжлийн болон мэргэжлийн бус хүмүүсийг хамруулсан дэлхийн хэмжээний гэж хэлж болох үзэсгэлэнг зохион байгуулуулдаг. Сүүлийн үед залуус их сонирхож байгаа.

-Энэ төрлөөр зурахад юун дээр анхаарах хэрэгтэй вэ. Цаасны сонголт чухал уу?

-Нэгдүгээрт, зургийн өндөр мэдрэмжтэй байх хэрэгтэй. Зураг зурна гээд шууд зурчихаж болохгүй. Хоёрдугаарт, цаасны чийгшил маш чухал. Цаас болгон өөрийн гэсэн граммтай байдаг. Бичгийн цаас л гэхэд 80-100гр байдагтай адил усан будгийн дундаж цаас 300 граммтай байна. Цаасан дээр ус чийглээд яаж зурах уу, эсвэл чийглэхгүй зурах уу гэдэг олон техникүүдийг сурч байж зургаа зурж эхэлнэ. Энэ тухай номондоо тодорхой тусгасан.

-Зураг хадгалахад хадгалах горим чухал уу?

-Ус хүргэхгүй бол удаан хугацаанд хадгалагдана. Гэмтэхдээ амархан байдаг учраас нар, чийгнээс л хол байлгавал болчихно доо. Орчин үед хадгалах арга техник өөр өөр байдаг болсон учир хадгалахад асуудалгүй болж байгаа.

-Одоо ямар уралдаанд оролцохоор төлөвлөж байгаа вэ?

-Хятадад 10 дугаар сард болох том үзэсгэлэнд оролцоно. Өөрийгөө илүү сорьсон мэргэжлийн өндөр түвшинг шалгаруулсан үзэсгэлэнд орохыг зорьж байгаа. Энэ нь надад маш их туршлага бий болгох юм.

-Уран бүтээлээрээ юу өгүүлэхийг зорьдог вэ?

-Урлаг дэргэд байдаг. Уран бүтээлийг холоос хайх хэрэггүй гэдэг санааг л ойлгуулахыг хичээдэг. Тиймээс маш энгийн зүйлийг бодож олон нийтэд бүтээлээ туурвидаг.

-Зураг зурахад орчин чухал уу. Та ямар үед зурах сэдэл санааг олж авдаг вэ?

-Бусдын том том уран бүтээлүүдийг үзэх дуртай. Мөн байгальд гарч тайван, төвлөрсөн орчинд бүтээлээ хийдэг. Зураг зурна гэдэг өөрөө анхаарал төвлөрөлт шаарддаг учраас намуухан тайван орчинд байхыг илүүд үздэг.Нарийн детальчилж зурдаг учраас дуу чимээнд бодол санаа сарнидаг.