Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

​Д.Баттөмөр: Охид маань миний хамрынхаа үзүүрийг мааждагийг хүртэл дуурайгаад төрчихсөн​

Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Д.Баттөмөртэй ярилцлаа.


-Та хорио цээрийн дэглэмийн үед ШӨХТГ-тай хамтран “Үнийн хөөрөгдөл бүү гарга” гэсэн уриалгыг эхлүүлсэн. Үнийн хөөрөгдлийг багасгах зөв алхам шиг санагдсан?

-Энэ хүнд цаг үед иргэн бүр ухамсартай байж хөл хориогоо үргэлжлүүлж байна. Анх Монголд коронавирусийг дотооддоо алдлаа гэдгийг далимдуулан хувиараа бизнес эрхлэгчид маань барааныхаа үнийг нэмснээс үнийн хөөрөгдөл үүсгээд байсныг бид мэдэж байгаа. Энэ нь эргээд айл өрхүүдийн эдийн засагт сөргөөр нөлөөлж, тэдэнд хүндрэл учруулж нөхцөл байдлыг улам муутгах шалтгаан болж байна гэж харсан. Тиймээс л иргэн хүнийхувьд энэ байдлыг эсэргүүцэх үүднээс үзэл бодлоо илэрхийлж цахим орчинд эерэг нөлөө үзүүлэхийн тулд энэхүү давлагааг ШӨХТГ-тайхамтрах эхлүүлсэн. Улсын онцгой коммис оновчтой шийдвэр гаргаж байгаад их талархаж байна. Ард иргэд эв нэгдэлтэй, аливаад хүндэтгэлтэй хандаж заавар зөвлөмжийг ягштал биелүүлэх цаг бидэнд тулгараад байгаа юм. УОК-оос гаргасан шийдвэр, журмын дагуу байх нь бидний үүрэг шүү дээ.


-Сүүлийн үед ямар уран бүтээл дээр ажиллаж байна?

-Одоогоор “Жам” мелодрамд киног хийхээр ажиллаж байгаа. Намрын зураг авалт дууссан. Харин өвөл, хавар, зуныхаа зураг авалтын төлөвлөгөөг гаргачихсан.Энэхүү киногоо ирэх онд гаргах төлөвлөгөөтэй байна. Өнгөрсөн нэгдүгээр сард МУГЖ М.Баярмагнайтай хамтарч “Таарсан хоёр” инээдмийн киноны гол дүрд тоглосон. Мөн “3 сая инээд” шоунд хамтдаа шүүгчээр суусан. “Монголд нэг удаа” хошин хөтөлбөр болон наадам, шинэ жилээр хоёр ч удаагийн хөтөлбөрт хамтран ажилласан. М.Баярмагнай гавьяат чинь надаас хоёр жилийн өмнө төгссөн ах. Найз ахтайгаа хамт тоглосон кино маань үзэгчдэд маш сайн хүрсэн. Энэхүү киноны зохиолыг уншаад л надад таалагдсан. Нийгэмд болж буй залилан, орон байрны хулгай, дээрмийн талаар кинонд хөндөж харуулсан.“Таарсан хоёр” киногоо Юнивишн, Скай медиа, “look tv”-д байршуулсан байгаа. Мөн Б.Отгонзориг найруулагчийн бүтээсэн “2000”, “The Womam” зэрэг кинонд дүр бүтээсэн. Одоо Олон улсын фестивалиудад зориулсан арилжааны бус “АРТ ХАУС”, “Melodram” хосолсон чамбай бүтээл хийх санаатай “Тэлмэн” фильмийн бүтээл “Жам” киноны найруулагчаар эд эс бүхнээ зориулаад л ажиллаж байна.

-Киноныхоо санааг хэрхэн олдог вэ. Урлагийн хүмүүст шинэ уран бүтээлийн санаа бэлэн байдаг уу?

-Уран бүтээлчдэд тулгардаг хүндхэн асуудлын нэг нь шинэ санаа олох.Гадаад дотоодын зохиолчдын бүтээлийг олж уншина. Хэн нэгний ярьж буй хууч яриаг чагнана. Өөрсдөдөө тохиолдсон үйл явдлыг соргог шүүрч зохиолчдод захиалга өгч бичүүлдэг. Тэр олсон санааныхаа үйл явдлыг дэс дараалалтай кино шиг дүрслээд л ярьж өгнө дөө. Бидний төсөөлөн бодсоноос өөрчлөгдвөл дахиад л ярьж эхэлнэ шүү дээ. Ер нь зохиолын эрэл дунд амьдарч дандаа зохиолоор өлсөж цангаж явж байна. Бид өөрсдөө дарга, найруулагч, зохиолч, сайн менежер, продюсер, нягтлан гээд хийж чадах бүхнийг зэрэг амжуулдаг. Бусдаас чих, хамар, нүд гурав арай илүү ажилладаг гэх юм уу даа/инээв/.

-Та юунаас их айдаг вэ?

-Мунхаг алхам, буруу шийдвэр, аминчхан зан, бусдад өөрийгөө буруугаар ойлгуулах вий гэхээс их айдаг.Тийм болохоор өөрөөсөө айдаг болж таарч байна уу даа./инээв/

-Тэгж таарлаа шүү?

-Ерөөсөө л өөрөөсөө айдаг гэхэд болох юм байна/ инээв/.

-Хүүхэд насныхаа мартагдашгүй дурсамжаас дурсахгүй юу?

-Хүүхэд байсан үеэ бодохоор хамгийн түрүүнд ээж минь санаанд буудаг юм. Ижийтэйгээ хамтдаа өнгөрүүлсэн мөч бүхэн сайхан дурсамж юм даа. Ээж гэдэг хүнийг байнга хайрлаж, урамшуулж, хүндлэх хэрэгтэй шүү. Хэзээ ч эргэж олддоггүй эрдэнэ байдаг юм.

-Танай гэр бүлийнхэн хоорондоо их адилхан шүү. Заяаны хань төстэй байдаг гэдэг юм билээ?

-Манай эхнэр надтай адилхан биш ээ. Надаас хөөрхөн сайхан бүсгүй байдаг юм. Хүмүүс их адилхан гэдэг. Би хувьдаа үүнтэй санал нийлдэггүй. Харин охид аавыгаа яг дуурайж төрдөг юм билээ.

Манай охид л гэхэд миний хамрынхаа үзүүрийг мааждагийг хүртэл дуурайж төрсөн байгаа юм. iPhone утасны нүүр таньж онгойлгож чадна гээд бод доо. Тийм болохоор Аpple компани арай л дутуу системтэй хийсэн гэж бодоод байгаа (инээв).

-Та “Таарсан хоёр” кинонд том охинтойгоо хамт тоглосон байсан. Охидоо урлагийн хүн болгох уу?

-Охидынхоо бага насны дүрийг дэлгэцэнд мөнхөлж үлдээх юмсан гэж боддог. Тэгээд л “Таарсан хоёр” кинонд том охинтойгоо хамт тоглосон юм. Дунд охин маань реклам, телевизийн контентод оролцдог. Ер нь тэгээд гэрт бөөн “хэрүүл” болно шүү дээ. Аниа тэдэн кино, рекламанд тоглочихсон байна, би тэдээр дутуу гээд л тэрүүхэндээ өрсөлдөөн бий болно. Эмч хүний хүүхэд эмч болдог гэдэг шиг уран бүтээлчдийн хүүхдүүд хөшигний ард ийм болчихдог юм байна. Гэхдээ эмэгтэй хүнд урлагийн зам их хатуу санагддаг. Тийм болохоор охидоо энэ салбараар явуулахгүй гэж боддог.

-Цаашдын уран бүтээлийн төлөвлөгөө юу байна. Сонирхолтой шинэ санаа их байгаа байх?

-Шинэ жилийн баярт зориулсан IPTV-д контент хийх төлөвлөгөөтэй, зохиолоо биччихсэн. Харин зураг авалтаа хийх байсан ч хөл хорионд орчихлоо. Хөл хорио цаашид сунгагдвал дараа жилийн шинэ жил байгаа шүү дээ. Гэхдээ цаг үеийн байдлаа харж байж болно доо.

-Хөл хориотой үед ард иргэддээ урмын үг хайрлаач?

-Бүтэн жил эх орон, иргэдээ хамгаалж аюулт өвчинтэй тэмцэж чадсан шүү дээ. Цаашид бид төр засгаас гаргасан шийдвэр бүрийг ягштал биелүүлж чадвал энэ аюулт цар тахал бидний дор сөхрөх байх гэж бодож байна. Монголын минь хувь заяа их, үүнийг даваад л гарна. Бүгд гэртээ байж, дархлаагаа сайн дэмжээрэй.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

DNN-Тодруулга: Хүнсгүй, хүйтэн гэрт хөнжлөө нөмрөөд хэвтэж байгаа хүүхдүүдийг ирээд харцгаа, дарга нар аа


“DNN-Тодруулга” буланд Улаанбаатар хотын захын гэр хорооллын иргэд үзэл бодлоо илэрхийллээ.

Чингэлтэй дүүргийн 10-р хорооны иргэн М: Хөл хорионоос хойш модны үнэ нэмэгдээд, 3500 төгрөгийн үнэтэй байсан жижиг ууттай мод 5000 төгрөг болчихоод байна. Саяхан сайжруулсан түлшний үнийг буулгаснаар амьдралд ихээхэн нэмэртэй боллоо. Миний хувьд саяхнаас цэвэрлэгээний ажил хийж байгаа. Эгчийн маань ажилладаг өдөр өнжүүлэх төвийн үйл ажиллагаа мөн зогссон. Хэрвээ би ажилгүй байсан бол манай амьжиргаа доголдох байсан байх. Энэ хавьд хэцүү амьдралтай, эмзэг бүлгийн өрхүүд олон бий. Өдөрт олсон орлогоороо амьжиргаагаа залгуулдаг байсан айлуудад маш хүндээр тусч байх шиг байна. Зурагтын энэ бүсэд түлээ, нүүрс борлуулах цэг нь автобусны буудал дээрээ ганцхан байдаг. Буудлаас зайдуу амьдардаг машингүй хүмүүстакси унаа явахгүй учир усны тэргээрээ нүүрсээ зөөж байгаа нь хүндрэлтэй байна.

СХД-ийн 6-р хорооны иргэн Г: Хараад байхад иргэдийн амьдрал эрс муудсан. Цалинтай ажил хийж байгаа ч гэсэн хүнд болчихоод байна. Жижиг бизнес ялангуяа хүнсний худалдаа эрхэлдэг иргэдийн хувьд таг зогсчихгүй, хүнсээ зараад таван төгрөгөө олоод байна. Харин өөрсдөө гараараа юм хийж зардаг хүмүүст их хэцүү байх шиг байна. Хөндлөнгөөс харахад амьжиргаа нь эрс муудсан байна. Манай дүүгийнххашаандаа жижиг хүнсний дэлгүүр ажиллуулдаг. Хэдийгээр дэлгүүрээ ажиллуулж байгаа боловч иргэдийн худалдан авах чадвар өмнөхөөсөө муудаж, голдуу ширхэглэж авдаг. Харин сайжруулсан түлшний гэрээт борлуулагч гэдэг утгаараа нүүрс харьцангуй тогтмол зарагдаж байна. Нэг өрх 7 хоногт зургаан шуудай нүүрс авах нормтой байтал зургаан шуудайгаа авч чадахгүй нэг, хоёроор нь л авч байна. Түлшний үнэ буурах сургаар хүмүүс өчигдөр авахгүй байж байгаад өнөөдрөөс олноор нь авч байна лээ. Хөдөлгөөн багасаад, хүмүүс нэг нэгнээсээ их жийрхдэг болсон байна. Маскгүй явж байгаа хүнийг халдварт өвчинтэй гэсэн нүдээр хардаг болсон байна. Гэхдээ энэ хавийн автобусны буудал орчимд хүний хөл тасрахгүй, зах нь илүү ойрхон болохоор хүмүүс захаас бөөний үнээр хүнсээ авахыг илүүд үзэж автобусаар олноороо зорчиж байна.

Баянзүрх дүүргийн 23-р хорооны иргэн Д: Манай хорооны орчмоор хүний хөл хөдөлгөөн эрс багассан. Дэлгүүр орохдоо ч учиргүй бөөгнөрөл үүсгэхгүй халдвар хамгаалалтын дэглэмээ иргэд сайн мөрдөж байгаа харагддаг. Түлээ, түлшний хувьд хомсдол үүсээгүй, иргэдийн амьдрал таг зогсчихоогүй одоохондоогалтай л байгаа болов уу бодож байна. Хол газар нүүрсээ зөөж чадахгүй, ганц бие өндөр настан, унаагүй хүмүүсийн хувьд л их хүндрэлтэй.

Чингэлтэй дүүргийн иргэн С: Хөл хорионы үед ажил нь зогссон иргэд хүнсгүй болж эхэлж байгаа нь үнэн. Манайх хүнсний талонд хамрагдах хүсэлтээ ч хороонд өгсөөр байгаа. Гэхдээ хүнсний талонд орохын тулд халамжийн мэргэжилтнүүдийг гэртээ авчран нүд халтирам ядуу гэдгээ нотлуулах ёстой. Гэтэл нөгөө халамжийн мэргэжилтнүүд нь хөл хорионы үед айл, өрхүүдээр явж болохгүй нэг ч өрхөд шинээр судалгаа хийж хүнсний талон өгөөгүй. Хуучин орсон өрхүүд авч байгаа байх. Иргэдийн амьдрал яаж доройтож байгааг хэн ч мэдэхгүй, судлахгүй бидэн рүү чиглэсэн бодлого, ажил хийхгүй байна. Ер нь бол үхвэл үхээ л гэж байгаа мэт. Харин зурагтаар Ерөнхий сайд, Шадар сайд нар нь ярихдаа энэ хэцүү цагт айл өрхүүдийг хүнсний талоноор хангах ажил хийгдэж байгаа л гээд байсан. Бодит байдал дээр хороо хорин чинь хүнс, түлш хүссэн хүмүүсийн хүсэлтээр дүүрч байна.

Дарь-Эхийн оршин суугч Д: Манайх 4 хүү 1 охинтой нийт 5 хүүхэдтэй ам бүл 7-уулаа өнөр гэр бүл гэж хэлж болно. Хоёр идэхгүй, хоосон хоночихгүй л өдөр хоногийг өнгөрөөж байна. Өдөр нь боорцог хайраад, олуулаа болохоор тэр дороо л дусчихна. Мах дуусаад хоёр хонож байгаа. Уг нь орой ямар хоол хийх үү энэ тэр гээд гүйлддэг хүүхдүүд чинь одоо асуухаа ч больсон. Эцэг хүний хувьд ийм байдалтай байгаадаа өөртөө л гомдох юм. Хөл хориогүй сайхан байх үед “Нарантуул” зах дээр ачигч хийдэг. Хоол хүнснийхээ зүйлийг өдөр, өдөрт нь залгуулаад болоод байдаг байсан. Ажил төрөл хийх боломжгүй ийм үед л уг нь төр засаг нь харж үзэх хэрэгтэй байгаа юм. Ямар залхуураад ажил хийхгүй гэртээ сууж байгаа биш. Шаардлагатай бол тэр Нийслэлийн том дарга нартаа хүсэлт хүргүүлж халдвар хамгааллын хувцасаа өмсөөд захын гэр хорооллын айлуудаар явж үз. Хүнсгүй, хүйтэн гэрт хэзээ юм идэхээ мэдэхгүй хөнжлөө нөмрөөд хэвтэж байгаа хүүхдүүдийг очоод хар гэж дамжуулаад өгөөрэй.

БЗД-ийн иргэн Х: Би хэд хоногийн өмнө хороондоо хүсэлт гаргасан. Гэтэл өнөө өглөө БЗД-ийн Халамжийн хэлтсээс хэн нь ч юм бүү мэд залгаад уцаарлаж байна. Нийслэлийн Халамжийн газрын дарга нарт дугаарыг чинь өгнө. Танайх гэртээ хөргөгчтэй, зурагттай, ус буцалгагчтай дундаж гэгддэг түвшний өрх байж халамж нэхээд ичээч гэж байна. Хөл хорио тогтоосноос хойш өдрөөс өдөрт идэх хоолгүй болж байна. Бид ч гэсэн хүн, ажилгүй орлогогүй байхад хэн ч өлсөж цангана шүү дээ. Үүнд тэр хөрөгч, зурагт ямар хамаатай гэж. Хүйтэн гэрт идэх хоолгүй маргаашаа яана гэсэн өчнөөн айл өрхүүд байгаа. Тэр дарга нь одоо над руу залгаад яах ч юм. Иргэдтэйгээ хэрэлдэж байхын оронд ажил төрлөө сайн мэдэж хиймээр байна аа.

Хан-Уул дүүргийн IX дүгээр хорооны иргэн Б: Манайх буудал, худагнаасаа нэлээд зайтай байдаг. Өдөрт 3-4 удаа гал түлдэг болохоор нүүрс их ордог. Тэгэхгүй бол гэр сайн дулаацаж өгдөггүй юм. Уг нь үнийн хөнгөлөлтөд хүмүүсийг хамруулаад л байдаг ч манайх тэнд багтдаггүй. Гурван нялх хүүхдээ тэжээхийн тулд амьдраад байна. Уг нь төр засаг нь хараад үзчихвэл гэж бодох юм. Өмнө жил тусламжийн бараа гээд гурил гээд нэлээд хэдэн зүйл өгсөн ч удахгүй дуусчихсан. Манай дунд хүү маань наймдугаар ангид сурдаг, их сэргэлэн болохоор хичээлийнхээ хажуугаар ажиллаад орлого олоод надад дэм болчихоод байсан юм. Одоо бол ажил олдохгүй байх.

Сонгино хайрхан дүүргийн VI дугаар хорооны иргэн Г: Би 4 хүүхдийн хамт амьдардаг. Хоёр хүүхдийнхээ сургуулийгзавсардуулчихсан.Одоо айлын хашаанд өвөлжиж байна. Өөрийн эзэмшлийн газаргүй. Уг нь хоёр хүү маань давгүй ажилд орчихвол тусдаа өөрийн гэсэн хашаатай болох юмсан гэж бодох юм. Манай хоёр хүү 1995, 1999 оных. Ажил хийдэггүй, сурдаггүй болохоор хогийн цэг дээрээс хаягдал түүхий эд түүж гэр бүлийнхээ амьжиргааг залгуулдаг. Манайх яахав устайгаа ойр байдаг ч тог цахилгаанд холбогдож чадаагүй. Төр засгаа хараад бүтэхгүй шив дээ.

Хан-Уул дүүргийн VII дугаар хорооны иргэн Б: Одоо би 9 сартай жирэмсэн, гэртээ олуулаа амьдардаг.Эмнэлэгт үзүүлж хяналтанд орох гэхээр ЭХО-ны зардал гэж 30,000 төгрөг байхгүй. Манай гэрийн дулаалга их муу. Намар хэдэн дээврээ нөхсөн ухаантай даанч одоо жиндээд байгаа. Хаяа манаастай ч сийгээд л байна. Нэг жижигхэн гэртээ 9-үүлээ амьдардаг. Гал түлэхээр халууцаад, түлэхгүй болохоор хөлдөх гээд байна шүү дээ.Тусламж гэвэл ойр хавийнханмаань чадах чинээгээрээ л түлээ мод, нүүрс өгч аргацаадаг. Хүнсний талонд хамрагддаг ч олуулаа болохоор хаанаа ч хүрэхгүй юм.

Ч.БИНДЭРЪЯА

Д.БАТТОГТОХ

Д.ОТГОНТУЯА

Categories
мэдээ нийгэм

​М.Майцэцэг: Сүүлийн үед бага насны хүүхдийн шүд цоорох өвчлөл нэмэгдсэн

Детская стоматология в Лобне. Хорошие стоматологи - «Семья»

“Mayflower” шүдний эмнэлгийн захирал, Клиникийн профессор, Тэргүүлэх зэргийн эмч М.Майцэцэгтэй ярилцлаа.


-Сүүлийн үед амны хөндийн өвчлөл зонхилох болсон. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юү?

-Бидний өдөр тутам идэж буй хоол хүнсний найрлага дахь нүүрс ус агуулсан бүтээгдэхүүн нь бүхэллэг, чанар багатай наалдамхай байгаа нь шүдэнд өнгөр үүсгэж, амны хөндийн эрүүл ахуйг муу сахих, шүдний эмчид тогтмол урьдчилан сэргийлэх үзлэг, эмчилгээнд хамрагддаггүйгээс өвчлөл нэмэгдэж байгаа юм. Энэ нь зайлшгүй үзлэгт орох шаардлагатай цаг үеийн цэрэг татлага, гадаад дотоодын сургуульд явах, сурах үед хийгдэх үзлэгээр илүү их илэрдэг. Шүдний цоорлын эмчилгээг илэрсэн даруйд шууд эмчлэгддэг бол зарим эмчилгээ тодорхой цаг хугацаа, урьдчилсан эмчилгээ хийгдэх шаардлагатай болдог. Иймээс жилд тогтмол хоёр удаа шүдний эмчдээ хянуулж эмчилгээ үйлчилгээг хийлгэж байх хэрэгтэй. Амны хөндийн боловсролыг гэр бүлийн гишүүн бүрт эзэмшүүлж, бага насны хүүхдийнхээ шүдийг тогтмол угаах, шүдний эмчид үзүүлж зөвлөгөө, авч байх нь залуу аав, ээжийн гол үүрэг болоод байгаа. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 255 дугаар тогтоолоор “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлснээр энэ оны байдлаар 34,946 хүүхэд хөтөлбөрт хамрагдаад байна. Ингэснээр 2-12 насны хүүхдийн амны хөндийн өвчлөлөөс урьдчилан сэргийлж эмчилснээр хүүхдийн шүдний өвчний тархалтыг 30%-иар, цоорлын эрчимийг дөрвөн нэгжээр бууруулах юм.

– Ер нь улсын хэмжээнд шүдний өвчлөл хэр байгаа вэ?

-Сүүлийн үеийн үндэсний судалгаагаар бага насны хүүхдийн 86% шүд цоорох өвчтэй байсан бол,14% нь эрүүл гэж гарсан. Энэ нь шүд цоорох өвчний тархалт сургуулийн өмнөх насны хүүхдийн дунд 86.2%, сургуулийн насныханы дунд 86.1% хувьтай байгаа аж. Харин сүүлийн жилүүдэд шүд цоорох өвчнөөр бага насны хүүхэд өвчилж тэдний дунд энэ өвчний тархалт нэмэгдэж хандлага ажиглагдсан. Нүүр амны эмгэгт шүд цоорох өвчин болон түүний хүндрэлүүд, шүд эрүүний гажигууд зонхилж байгаа нь өвчлөлийг эрт илрүүлэх, оношлогоог нарийвчлан хийж, эрчимтэй төлөвлөгөөг зөв боловсруулж урьдчилан сэргийлэх асуудалүүссэн.

-Бага насны хүүхдүүдийн сүүн шүд цоорох өвчнөөс урьдчилан сэргийлэх, арчилгааг хэрхэн хийх вэ?

– 4-6 насны хүүхдийн амны хөндийн онцлог нь сүүн шүдний зуултаас холимог зуултын үе буюу байнгын шүд ургах үе рүү шилждэг. Өөрөөр хэлбэл, сүүн 20 шүднээс байнгын 32 шүд ээлж дарааллан ургах үе юм. Хамгийн түрүүнд байнгын нэгдүгээр их араа ба үүдэн бүлэг шүд ургах бөгөөд нэгдүгээр их араа шүдний ховил хонхор нь гүнзгий, эрдэсжилт бага байдаг учраас цооролд өртөх нь хялбар байдаг. Нэгдүгээрт шүд угаах дараалал чухал. Хүүхдийн онцлогт тохирсон оо, сойзыг сонгох нь чухал. Сойзыг сонгохдоо үс нь хүүхдийн тань үүдэн 2 шүдийг нийлүүлсэнтэй адил хэмжээтэй байх. Хэтэрхий том, хатуу, арзайж хуучирсан үстэй сойз нь шүдэнд наалдсан өнгөрийг бүрэн арилгаж чаддаггүй. Шүдний ооны хувьд фторын найрлагыг анхаарах нь чухал. 6 нас хүртэлх хүүхдэд хэрэглэх ооны фторын агууламж нь 1000 ppm байх хэрэгтэй. Хоёрдугаар зөв хооллолт орно. Байнгын шүд нь дөнгөж цухуйж байх үедээ өөрөө цэвэрших үйл ажиллагаа нь алдагддаг тул аль болох шүдэнд наалдамхай хүнснээс татгалзах. Харин хооллосныхоо дараа заавал шүдээ угаахыг дадал зуршил болгох нь чухал. Мөн хоол хүнсэнд аль болох зажлууртай ааруул, ээзгий, алим гэх мэт хүнсийг хэргэлэх нь шүлс ялгаралтыг ихэсгэж амны хөндийн өөрөө цэвэрших үйл ажиллагааг дэмждэг сайн талтай. Гуравдугаарт, урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах нь чухал. Цоорлоос хамгаалах ломбо, түрхлэг түрхдэг. Дараа нь гурван сар тутамд эмчийн үзлэгт хамрагдсанаар хүүхдийг амны хөндийн өвчлөлүүдээс урьдчилан сэргийлж, хэрэв шүд цоорсон байвал илрүүлж эмчилгээ хийн цаашид гарах хүндрэлээс урьдчилан сэргийлж чадна.

-Ихэнх хүмүүс шүдээ өвдөхөөр эмнэлэг зорьдог. Энэ нь ямар сөрөг нөлөөтэй вэ?

-Шүдний эмнэлэгт шүдээ өвдөхөөр хандаж байгаа нь харамсалтай. Шүдний өвдөлтөө тэвчин өвчин намдаах эм хэрэглэж уламархагшуулж, хүндрүүлээд байдаг. Урьдчилан сэргийлэх үзлэгээ тогтмол хийлгэвэл шүдний өвдөлт, хүндрэл гарахгүй шүү дээ. Шүд цоорлын өвчин хүндрэхэд шүдний зөөлцийн үрэвсэл, холбоосын үрэвслийн эмчилгээ олон давталттай эмчилгээ, хавсарсан эмийн болон физик эмчилгээнүүд хавсарч хийгддэг. Эмчилгээгээ цаг адалгүй хийлгэж эмчийн зөвлөгөөг сайн баримталсан тохиолдолд илүү үр дүнтэй байдаг.

-Амны хөндийн хүчиллэг орчинг бүрдүүлэх ёстой гэдэг. Үүнийг хэрхэн мэдэж вэ?

-Зарим үед хүний биеийн онцлогоос хамаарч шүлс бага хэмжээгээр ялгарах мөн ам хуурайших нь шүдний цоорол үүсгэх гол хүчин зүйл болдог. Шүлсний найрлага дахь кальци, фосфатын ионоор шүлс болон шүдний хатуу эдийн хооронд эрдсийн ионы солилцоо тогтмол явагдсанаар шүдний хатуу эдийн алдагдлыг нөхөж байдаг.

-Шүдээ өвчилсний дараа л эмнэлэгт ханддаг. Ер нь өвдөхөөс нь өмнө хэрэглэдэг зориулалтын арчилгааны зүйл байдаг уу?

-Шүд цоорлын өвчлөлөөс сэргийлэх хамгийн энгийн арга нь ердөө шүдээ тогтмол зөв угаах, урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол орж хэвших юм. Үүнд эцэг эх төдийгүй цэцэрлэг сургуулийн эмч, багш сурган хүмүүжүүлэгч нарын оролцоо маш чухал.

-Жирэмсэн хүмүүсийн шүд кальци дутагдсанаас үүдэн амархан өвчилдөг гэсэн?

-Манайд 15-49 нас насны эмэгтэйчүүдэд шүд цоорох өвчлөл өндөртэй байгаа. Тиймээс үүнээс урьдчилан сэргийлэх, шүдээ эрүүлжүүлэх хэрэгтэй. Ялангуяа анхлан төрөх эмэгтэйчүүд хүүхэд төрүүлэхээр шийдсэн бол амны хөндийн эрүүл мэндийн талаар зөвөлгөө авч, шүдээ бүрэн эмчлүүлэх, амны хөндийн эрүүл ахуйн дадал хэвшлийг зөв болгох нь жирэмсэний эхэн болон хожуу үед гарч болох хүндрэлүүдээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой. Жирэмсний үед гарах бие махбодийн өөрчлөлтөөс буйлны шингэнд стериод дааврын хэмжээ нэмэгдсэнээр буйл үрэвсэн хавагнаж, цус гарах шинж тэмдэгүүд илэрдэг. Энэ нь цаашлаад бага жинтэй хүүхэд төрөх, зүрх судасны эмгэг зэрэгт хүргэх эрсдэлтэй. Ургийн хөгжлийн 3-4 долоо хоногтойгоос эхлэн амны хөндийн эрхтэн ялгаран, шүдний эх үүсгэвэр 6-7 долоо хоногтойд үүсдэг. Энэ үеүдэд архи, тамхи, ундны усны фторын агууламж өндөр байх, эмийн гаж нөлөөлөл нь хүүхдэд төрсний дараа шүдний хатуу эдийн дутмагшил, шүдний өнгөний өөрчлөлт, уруул тагнайн сэтэрхий, үр зулбалт, дутуу төрөх зэрэг ургийн хөгжлийн гажиг үүсгэх сөрөг нөлөөтэй.

-Тэгэхээр жирэмсэн эхчүүд юун дээр анхаарах хэрэгтэй вэ?

-Жирэмсэн үеийн хооллолтоо анхаарах хэрэгтэй. Ингэхдээ зөв хүнсийг, зохистой хэмжээгээр хэрэглэснээр хүүхдийн өсөлт хөгжилтөд ач тустай. Ургийн ясжилт, шүдлэлтэд кальци нь жирэмсэн эхчүүдэд хоногт 1,2г, хөхүүл эхчүүдэд 1,5г шаардлагатай байдаг. Тиймээс жирэмслэхээс өмнө амны хөндийн эрүүл ахуйг бүрэн эрүүлжүүлж шүдний эмчийн хяналтанд орох шаардлагатай. Мөн шүдний хатуу эдийг эрдэсжүүлэх фтортой, кальци, фосфор эрдэс бодисоор баялаг, буйлны үрэвслээс сэргийлсэн цинк, аргинин агуулсан бактерийн эсрэг шүдний оогоор тогтмол өдөрт 2-3 удаа угааж хэвших хэрэгтэй.

-Ер нь шүдний эмчилгээнд сайн гээд оо, ам зайлах бэлдмэлийг хэрэглэдэг. Энэ нь ямар үр дүнтэй байдаг вэ. Сайн чанарын гэсэн болгон сайн байж чаддаг уу. Энэ талаар зөвлөгөө өгөөч?

-Амны хөндийн орчноо эрүүл болгох, эмчлүүлж байж ямар шүдний Оо тохирох, шүдний утсыг хэрхэн хэрэглэх, ямар төрлийн ам зайлагч танд тохирох эсэхийг шүднийхээ эмчээс зайлшгүй зөвлөгөө авах шаардлагатай. Шүдний Оо, ам арчилгааны бүтээгдэхүүнүүд эмчилгээний болон эрүүл ахуйн зориулттай байдаг бөгөөд амны хөндийд гарч буй зарим зовиурыг арилгадаг. Ер нь дур мэдэн сайн гэсэн болгоныг хэрэглэснээр шүд өвчлөх магадлал өндөр учраас эмчийн зөвлөгөө их чухал.

Categories
мэдээ цаг-үе энтертаймент-ертөнц

​В.Гэрэл: “Солиорол” дуун дээрээ яг л солиорчихсон бүсгүйн дүрийг гаргаж чадсан


Дуучин В.Гэрэлтэй ярилцлаа.


Тэрбээр дуулах хүсэлдээ хөтлөгдөн дууны үгээ өөрөө зохиож дуулсаар иржээ. 2009 онд анхны цомгоо “One morning” нэртэйгээр 10 дуутай гаргасан байна. Харин хоёр дахь цомгоо “Тэр гэрэл нь чи өөрөө” хэмээн нэрлэжээ.


-Таны “Солиорол” дуу нэлээд шүүмжлэл дагуулж байна. Яагаад солиорол гэж нэрлэх болсон бэ?

-“Солиорол” дуу зохиогдоод 15 жил болсон байна. Юутай ч хэл ам дагуулсан дуу маань хэд хэдэн танилуудыг архинаас гаргасан гэсэн шүү. Би яг л солиорчихсон бүсгүйн дүрийг гаргаж чадсан гэж боддог. “Солиорчихсон юм аа би чамд дурлажээ” хэмээн эхэлдэг учраас өөрт маань их солиотой санагдаж байсан л даа. Тэгээд л “Солиорол” хэмээн нэрлэсэн юм. Цаг хугацаа харвасан сум шиг л өнгөрсөн байна. Зарим урлагийнхан маш эелдгээр хүлээж авч урам өгч байсан. Гэхдээ энэ дуу маань нэлээд шүүмжлэл дагуулсан. Хамгийн анхны CD-нд багтсан “Нэг л өглөө”, “Тэр гэрэл нь чи өөрөө”дуунуудыг маань хүмүүс таатай хүлээж авсан.

-Ер нь та хэзээнээс дуулж эхэлсэн юм бэ?

-Би багаасаа дуулах дуртай охин байлаа. Жаахан байхдаа зуслан дээр хүүхдийн дууны уралдаан болж байхаар нь сонирхоод яваад очсон. Аав, ээжүүд хүүхдүүдээ хөтөлж ирээд оролцуулж байхад би зохион байгуулагчаас нь гуйж байгаад “Чихэртэй зайрмаг” дууг дуулж түрүүлж байсан юм. Түүнээс хойш л байнга дуу сонсож, сонирхож, Алла Пугачёва, “Beatles”, “Мodern talking”, дуучин Б.Сарантуяа, Б.Ангирмаа эгчийн дуунуудыг сонсох, дуулах дуртай байлаа. Ангийнхаа төдийгүй бусад найз нөхдийнхөө ангийн тоглолтыг найруулдаг байлаа. Англи дуу дуулаачдын хоёрдугаар байрын шагналт, Сурагчдын дууны уралдааны шагналт гээд янз бүрийн уралдаан тэмцээнд оролцдог байлаа.

-Дууныхаа үгийг өөрөө зохиодог уу?

-Монгол дуунууд ихэвчлэн уянгын халилтай байдаг шүү дээ. Би дууныхаа үгийг бичихдээ шууд утгаар нь биччихдэг болохоор Монголд тийм ч зохимжтой биш санагдсан. Заримдаа аливаа зүйлийг шууд хэлчихдэг болохоор энэ зан чанар маань уран бүтээлд минь шингэчихсэн байх. Гэхдээ дууны ая зохиох нь илүү сонирхолтой санагддаг.

-Та урын сандаа хичнээн дуутай вэ?

-Гадаадад амьдардаг болохоор дуунуудаа рекламдаж олон нийтэд түгээж чадаагүй. Ямартаа ч миний зохиосон 30-40 дуу байгаа.

-Эх орондоо хэзээ ирэв?

-2001 оноос Германы Берлинд амьдарсан. Монголдоо ирээд найман сар болж байна.Хөл хорио тогтоочихсон болохоор гэрээсээ ажлаа хийгээд л байж байна.

-Та ямар мэргэжилтэй юм бэ. Мэргэжлийн дуучин уу?

-Би чинь хувьцасны технологич мэргэжилтэй. Багаасаа л дуулах сонирхолтой байсан болохоор хоббигоороо дуулж эхэлсэн.

-Хэдий өөр мэргэжилтэй ч хүсэл мөрөөдлөө дагаад дуучин болжээ?

-Германд байхад манай гитарын багш намайг дуулах авьяастай гэж хэлж байсан. Түүнээс хойш дуу зохиож эхэлсэн гэх үү дээ. Бага насны минь хүсэл мөрөөдөл бодол Германд очоод биелэлээ олсон. 2006 онд зохиож байсан ”Нэг л өглөө” дуугаа 2007 онд клипжүүлж байсан. Бүхнийг өөрөө хийх хүсэлдээ автаж энэ дуун дээрх хувцаснуудаа өөрөө оёоод өмсөж байлаа.

…Бүү гомдоо бас бүү зовоо миний сэтгэлийг

Цаг хугацаа чамд бүхнийг тодхон харуулна

Улирах аясын салхи намайг дагуулан дуудна

Цаг хугацаа бүхнийг харуулна

Улирах салхи намайг дагуулна аа

Нэг л өдөр чамаас нисэх вий

Нэг л өглөө чамайг мартах вий…

-Та шинэ уран бүтээл хийлгүй удсан байна. Цаашид дуу гаргахаар төлөвлөж байгаа юу?

-Сүүлд 2018 онд гурав дахь “Өөрийгөө бүү гээ” гэсэн CD гаргаж байлаа. Тэр үед бүр тоглолт хийхээр төлөвлөж байсан юм. Хувийн асуудал гараад уран бүтээлээ хойшлуулсан. Одоохондоо уран бүтээл хийгээгүй байна. Удахгүй шинэ уран бүтээлээрээ уулзана гэж бодож байгаа.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Э.Буяндулам: Бид ирэх онд анхны бие даасан тоглолтоо хийхээр төлөвлөж байгаа


“Боловсрол” телевизийн “Оддын академи” шоунаас төрөн гарсан “THE WASABIES” хамтлагийн ахлагч Э.Буяндуламтай ярилцлаа.


-Сүүлд гаргасан “ХАС” дууны клип сансар огторгуйг бодит мэтээр харуулсан нь өвөрмөц санагдсан. Энэ дуугаа хэр удаан бэлдсэн бэ?
-“Хас” дуу маань “Time Machine” цомогт багтсан. Бид энэ цомгийнхоо зөвхөн аудион дээр бүтэн жил төвлөрч ажилласан. Тийм ч учраас шинэ цомгийн дуунууд маань дуулалтын хувьд ч, уран бүтээлийн хувьд ч илүү ахисан гэж бодож байна. Энэ дууны клипийг хийхэд хамгийн том баг бүрэлдэхүүн оролцсон. График дизайны ажил ихтэй байсан учраас “GL” production, “Within” entertainment-ын ах нар бараг хоёр сар клипний ажлыг хийсэн.
-Өөрсдийн дуугаараа хүмүүст юу хүргэхийг зорьдог вэ?
-Хамтлагийн бүх уран бүтээл дээр продюсер Б.Наранзун ах маань ажилладаг. Бид нэг сар, нэг улирал сонсоод мартагддаг биш цаг хугацааг туулах, чанартай уран бүтээл хийхийг хичээж байгаа. Тиймээс аудио продакшны ажилдаа маш нухацтай ханддаг. Тухайн үед мэдэрч байсан мэдрэмжээ сонсогчдодоо тэр хэвээр нь хүрээсэй гэж мэдэрч дуулахыг л хичээдэг. Түүнчлэн дуулсан дуугаараа үзэгч, сонсогчдодоо ямар нэгэн мессэж хүргэхээсээ илүү сонсогчдын жаргалтай үед нь баяр нэмж, гунигтай үед нь гунигийг нь хуваалцдаг уран бүтээл байгаасай гэж боддог.
-Аливаа зүйлд анхны юм бүхэн сайхан байдаг гэдэг шүү дээ. Хамгийн анхны уран бүтээлээ гаргасны дараахь мэдрэмж ямар байсан бэ?
-Хүмүүс яаж хүлээж авах бол, биднийг гарч ирэхийг хүлээж байгаа болов уу гээд их л догдлолтой байсан. Шоу дуусаад гурван сарын дараа анхны уран бүтээл маань цацагдсан учраас маш амжилттай явсан гэж боддог.
-“Wasabies” хамтлаг Монголын Дауны холбоотой хамтран цуврал ном гаргаж байгаа юм билээ. Ер нь сайн үйлсийн аянд хэр оролцдог вэ?
-“The Wasabies” хамтлаг сайн үйлсийн ямар нэг аян хийхийг хүсдэг. Тэгээд хоорондоо ярилцдаг байсан боловч шийдтэй ажил төлөвлөж чадаагүй.
Харин Монголын Дауны холбооны тэргүүн В.Ганзориг ахтай уулзахад тус холбоотой хамтарч ажиллах боломж байгаа талаар сонссон. “Монголын Дауны Холбоо”-ны элч дуучин болсон нь бидний хувьд маш баяртай үйл явдал болсон. “Nepko Kids”, “Монголын дауны холбоо”-той хамтарч номоо гаргаж байгаа. Мөн хамтлагийн гишүүн бүрийн түүхийг агуулсан дөрвөн цуврал ном гарна. Зохиолын ажил маань дууссан болохоор хэвлүүлэх л үлдээд байна. Энэ номынхоо орлогын гурван хувийг “Монголын дауны холбоо”-нд хандивлана. Тун удахгүй номын нээлтээрээ уулзах байх аа.
-Танай хамтлаг Азид гарах хүсэлтэй гэж байсан. Дэлхийд танигдахын тулд гадаад хэлийг сайн эзэмшсэн байх шаардлагатай. Энэ талын мэдлэгээ хэр дээшлүүлж байгаа вэ?
-Тэгэлгүй яахав. Хамтлагийнхан маань өөрсдийн сонирхсон хэлээрээ суралцаад явж байна.
-Өөр өөрийн зан төлөвтэй охид байгаа байх. Хамтлагаа хэрхэн бүрдүүлж байв?
-Хамтлаг маань “Star academy” шоунаас төрөн гарсан. Өөрсдөө хамтлаг болъё хэмээн нэгдээгүй. Харин шоунд оролцсон өрсөлдөөнөөс тунаж үлдсэн охидууд хамтлаг болсон. Бид өөр өөрийн гэсэн өнгө төрхтэй учраас “YouTube” дээрх контентуудыг үзэхэд л анзаарагдах болов уу.

-Хамтлагаа яагаад “Wasabies” гэж нэрлэх болов?

-Продюсер Б.Наранзун ах маань хамтлагийн нэрийг өгсөн. Хоолой бичлэгийн үеэр нэрээ ярилцаж байхдаа “Sushi” гэж өгөх үү гээд тоглоомоор хэлж байсан юм. Тэгэхэд Б.Наранзун ах “Wasabi” гэж өгвөл зүгээр сонсогдож байна гэсэн. Энгийн нэг лангуун дээрх wasabi байлгахгүйн тулд “The” article нэмээд wasabi гэдэг үгийг “Wasabies” болгон хувиргаад “THE WASABIES” гэдэг нэрийг уран бүтээл болон бүхий л зүйлээрээ хүчтэй байхыг бэлгэдээд өгсөн.
-“Үгүй” дуу нь Азийн чартад нэлээн дээгүүр бичигдэж байсан санагдаж байна?
-2018 онд “Asian entertainment”-ийн гаргадаг Азийн уран бүтээлчдийн чартад “Үгүй” дуу маань 20 дугаарт бичигдэж байсан. Тэр үед Азийн шилдэг дууны жагсаалтад багтсан анхны монгол эмэгтэй хамтлаг гэж бодож байлаа. Тэр утгаараа илүү их хичээх ёстой юм байна, хариуцлагатай байх ёстой юм байна гэж бодсон.
-Хамтлагийнхаа өнгө төрхийг үргэлж шинэлэг, эрч хүчтэй байлгахыг хүсдэг санагдсан. Дүр төрхөө өөрсдөө бүрдүүлдэг үү. Эсвэл хувийн дизайнертай хамтарч ажилладаг уу?
-Анхны “Girls generation” цомгийн имиж бүрдүүлэлтийг би өөрөө найз залуутайгаа хамт хийж байсан. Бүх зүйлээ шинэлэг, өнгөлөг, өөр өнгө төрхтэй байлгах үүднээс их хичээж ажилладаг. Харин хоёр дахь цомог дээрээ бусад стилистүүдтэй хамтарч эхэлсэн.
-Гэр бүлийнхэн нь та нарыг хэр дэмждэг вэ?
-“The Wasabies”-ын эцэг эхчүүд хүүхдүүдээ харьцангуй дэмждэг. Нэгдүгээрт, урлаг эсвэл боловсрол байх ёстой гэдэг ч юмуу гэр бүлийн өөрийн онцлог байдаг байх. Миний хувьд аль алиныг нь тэнцвэртэй байлгах гэж хичээдэг. Шоу тоглолтоо бэлдэхийн хажуугаар хичээлээ заавал амжуулчихдаг. Их сургуулиа төгссөнөөс хойш зөвхөн хамтлагийн ажилд өөрийгөө илүү их дайчилж байгаа.
-“Wasabies” хамтлагийн хоёр ч гишүүн хамтлаг болохоосоо өмнө “Universe best song” уралдаанд оролцож байсан юм билээ?
-Тэр үед хамтлагийнхантайгаа танилцаагүй байсан учраас бүгдийг сайн мэдэхгүй. Д.Энхгэрэл, Э.Анужин хоёр маань 2016, 2017 онд “Universe best songs” тэмцээнд оролцож хоёулаа дөрөвдүгээр байранд орж байсан гэсэн.
-Залуу хамтлагийн хувьд цаашид юу хийхээр төлөвлөж байна вэ?
-Бид ойрын хугацаанд “Time Machine” цомгоо гаргахаар төлөвлөж байгаа. Аудио продакшны ажил бүгд дууссан. Мөн 2021 онд “The Wasabies” хамтлаг анхны бие даасан тоглолтоо хийх том зорилго тавьсан.

Д.ОТГОНТУЯА

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал энтертаймент-ертөнц

Trend Live-ийн эзэн Э.Түвшинсайхан: “Ай даа, жолооч ах минь” дуу ингэж их хандалт авна гэж бодоогүй


“Миний захиа” дууны үгийг өөрчлөн “Ай даа, жолооч ах минь” хэмээн дуулсан нь нэг хоногийн дотор 300 мянган хүнд хүрээд буй Э.Түвшинсайхантай ярилцлаа. Тэрбээр Батлан хамгаалахын их сургуулийн нэгдүгээр курсэд сурдаг юм байна.


-Таны “Ай даа жолооч ах минь дээ нууцаа битгийн нуугаач дээ” гэсэн дуу нь сошиалд нэлээд “од” болж байна…

-Хорио цээрийн дэглэмтэй үед бид чинь гэртээ л хөгжилтэй байхгүй бол гадуур гарч болохгүй. Мааз маягаар хийсэн дуу маань их олон хүнд хүрсэн байсан. Зарим нь дургүйцсэн хандлага ажиглагдсан. Ер нь хандалт их авна гэж бодоогүй. Нэг харсан чинь 299 мянган хүн үзэж, 11 мянган хүн өөрийн хүссэн эможигоо дарсан байсан. /инээв/

-Хөл хорионы үед хүмүүсийн авьяас илэрлээ гээд байсан. Өөр бичлэг хийх үү?

-Гоё санаа байвал бичлэг хийх байх аа. Гэхдээ хүмүүс хэрхэн хүлээж авахыг мэдэхгүй юм.

-Та дуулдаг уу?

– Дуулдаг. Би чинь дуу хуурийн өлгий Дундговь нутгийн хүү шүү дээ. Аймгийнхаа дууны хэд хэдэн тэмцээнд орж байсан.

-Тэгэхээр одоо аймагтаа байгаа юу?

-Одооогоор хотод хөл хорионд орчихсон. Гэрээс гарахгүй байгаа болохоор л хөгжилтэй байх үүднээс бичлэг хийгээд л байна даа.


-Аль сургуулийн оюутан бэ. Бидэнд өөрийгөө танилцуулаач?

-Батлан хамгаалахын их сургуульд сурдаг. Аав ээж маань аймагтаа ажиллаж амьдардаг. Орон даяар хөл хорионы хатуу дэглэм тогтоосон болохоор бүгд л гэртээ дархлаагаа дэмжээд байж байна. Ер нь бол аймаг руугаа явмаар л санагдаж байна.

-Хөл хорионы дэглэмийг арванхоёрдугаар сарын 1-нийг хүртэл сунгачихсан шүү дээ. Танайх хүнсээ хэр базаав?

-Манай эгч хүнсээ авчихдаг болохоор сайн мэдэхгүй байна. Гэхдээ карентины хугацааг давчихаар хүнс байгаа байх.

-Таны хувьд бүх нийтийн хөл хорионы үеэр юу хийж амжуулж байна вэ?

-Хичээлээ хийгээд л байж байна даа. Цахимаар хичээл орж байгаа учраас өөрөө л хичээхгүй бол сурахад жаахан хүнд санагддаг. Хүссэн сургуульдаа орчихсон болохоор хичээж байгаад амжилттай төгсөнө өө.

-“Ковид-19” халдвараас хэрхэн сэргийлж байна?

-Гэртээ аль болох дархлаагаа дэмжих хоол хүнс хэрэглэж байгаа. Гадуур гарахгүй байгаа.

-Найз охинтой юу?

-Найз охин байхгүй ээ. Харин краш байгаа.

-Хөл хорио тавигдахаар хамгийн түрүүнд юу хийхээр төлөвлөсөн бэ?

-Хамгийн түрүүнд хичээлдээ явах байх. Тэгээд боломж олдвол краштайгаа кино үзнэ дээ /инээв/.

-Иргэддээ зориулж зөвлөмж өгөөч?

-Аливаа зүйлийг эерэгээр хүлээн авч, бухимдаж дархлаагаа битгий унагаарай гэж хүсэж байна.

“…Одоо ч гэсэн оройтоогүй ээ

Олуулаа дэглэмээ сахицгаая аа

Гараа тогтмол угааж, маскаа зүүгээд коронавирусээс сэргийлцгээе…” гээд “Мааз” дууныхаа сүүлийн бадгийг зөвлөмөөр байна /инээв/.

Энэ дашрамд жолооч Д ах болон түүний гэр бүлийнхнээс уучлал гуйж байна. Хүний хувийн нууцад халдах ч юм уу, хэн нэгнийг доромжлох гэж ийм юм хийгээгүй шүү гэж танай сайтаар дамжуулан хүсэж, тэр ах болон гэр бүлд нь нийт монголчууддаа эрүүл энхийг хүсье хэмээсэн юм.


Categories
мэдээ нийгэм

Монгол Улсын Засгийн газар хүний эрхийн чиглэлээр хийсэн ажлаа олон улсад тайлагнаж, дүгнүүллээ

НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн ээлжит нэгдсэн хэлэлцүүлгийн ажлын хэсэг Монгол Улсын хүний эрхийн төлөв байдлыг гурав дахь удаагаа авч хэлэлцлээ. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын дэгдэлт, улс орны өндөржүүлсэн бэлэн байдалтай холбогдуулан уг чуулган цахимаар хуралдсан юм. НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс Монгол Улсад хүний эрхийг хангахтай холбоотойгоор цаазын ял, эрүүдэн шүүх, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхэд эмэгтэйчүүд, ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал, жендерийн бодлого, хүний наймаа, эх хүүхдийн эндэгдлийг бууруулах, хоол хүнсний аюулгүй байдал, хууль зүйн туслалцаа, олон улсын гэрээ хэлэлцээр, хүүхэд хамгаалал, уул уурхай, байгаль орчин, ялгаварлан гадуурхах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх зэрэг асуудлаар зөвлөмжийн хэрэгжилтийг дүгнэж, тайлагнах хэлэлцүүлэг боллоо.

Монгол Улс нь НҮБ-ын Хүний эрхийн хороогоор Хүний эрхийн төлөв байдлын үндэсний анхны илтгэлээ 2010 онд, хоёр дахь илтгэлээ 2015 онд тус тус хэлэлцүүлжээ. Уг хэлэлцүүлгээс Монгол Улсын Засгийн газарт дээрх 12 чиглэлээр нийт 150 зөвлөмжийг өгсөн байна. Мэдээллийг тухайн асуудлаар мэргэшсэн төрийн бус байгууллагууд холбогдох төрийн байгууллагуудтай хамтран гаргасан байна. Мөн 20 орчим аймаг, орон нутгийн 1000 гаруй иргэдээр хэлэлцүүлж, энэ чиглэлийн олон судалгаа, дүн шинжилгээний тайланг судалсны дүнд бэлтгэж, Хүний эрхийн форумаар хэлэлцэн баталсан байна.

Хүний эрх хөгжил төвийн тэргүүн Г.Уранцоож “Анхны хэлэлцүүлгийг 2008 оны дөрөвдүгээр сард хийснээс хойш хэлэлцүүлэгт НҮБ-ын гишүүн 193 орон хамрагдаад байгаа юм. Гурав дахь хэлэлцүүлгийн үеэр өмнөх хоёр хэлэлцүүлгээс улс орнуудад өгсөн зөвлөмж нэг бүрийг хэрхэн хэрэгжүүлснээ болон хүний эрхийн чиглэлээр гаргасан ололтуудаа танилцуулах юм. Бид тус хэлэлцүүлэгт оролцож буй иргэний нийгмийн байгууллагуудын байр суурийг сонслоо. Хэлэлцүүлгийн үеэр нийгэмд эсэргүүцлээ хүчирхийллийн хэлбэрээр илэрхийлэх тохиолдол цөөнгүй. Бид нийтийн тээвэрт үйлчлүүлж буй хүүхэдтэй, жирэмсэн, хөгжлийн бэрхшээлтэй хүн болон ахмад настанд суудал тавьж өгөх үүрэгтэй. Энэ нь байж болох шударга хэм хэмжээ юм. Гэхдээ үүнийг шаардахдаа хүчирхийллийн бус аргаар илэрхийлэх нь чухал. Ялих, ялихгүй зүйл дээр үл тэвчсэн, бие биенийгээ доромжлох нь цөөнгүй ажиглагдсан. Энэ нь нийгмийн бухимдлыг харуулж байгаа ч нөгөөтэйгүүр үүнийг дэвэргэгч тал бас байна. Иргэд ингэж дэвэргэж байгаа талуудыг дэмжихгүй байх хэрэгтэй. Учир нь нийгмийг хагаралдуулах эрсдэлд та хувь нэмрээ оруулахгүй байх хэрэгтэйг сайн ухамсарлах ёстой. Монголчууд цөөхүүлээ. Бид эв санааны нэгдэлтэй, нэгнээ хайрласан, эрхийг нь хүндэтгэдэг байх нь нэн тэргүүнд тавих ёстой үнэ цэнэ юм” гэлээ. Харин Нээлттэй Нийгэм Форумын Засаглалын хөтөлбөрийн менежер Б.Хишигсайхан “Хүний эрхийн асуудал НҮБ-ын хамгийн чухал зорилтын нэг юм. Хүн төрөлхтний хүний эрхийг хүндэтгэж, хангаж, хамгаалах нь НҮБ-ын оршин буйн гол үндэс болдог. Энэ ч үүднээсээ Хүний эрхийн комисс гэж Эдийн засаг нийгэм соёлын зөвлөлийн дор байсныг статусыг нь өндөрсгөн Хүний эрхийн зөвлөл болгож өөрчилсөн. Үүнтэй холбоотойгоор улс орон бүрийн хүний эрхийн нөхцөл байдлыг 4,5 жил тутамд хэлэлцэж байхаар болсон билээ. Энэ хэлэлцүүлэгт НҮБ-ын гишүүн улс бүр идэвхтэй оролцож, тухайн улсын хүний эрхийн нөхцөл байдлыг дээшлүүлэхэд хувь нэмрээ оруулъя гэсэн зорилт тавьсан. Товчхондоо дэлхийн өнцөг булан бүрд хүний эрхийн нөхцөл байдлыг урагшлуулъя гэсэн үг юм. Энэхүү хэлэлцүүлэгт Монгол Улс гурав дахь удаагаа оролцож байна. Анхных дээр ес, хоёр дахид арав, энэ удаа мөн арван асуудлаар илтгэл явуулсан. Гол онцлог нь үндэстний тогтолцоо, бодлогын уялдаа, эрүүл мэндийн даатгал, санхүүжилтийн тогтолцоонд хүний эрхийг хэрхэн хангаж буй талаар илтгэл илгээсэн юм. Эхний циклиэс манай улсад 129 зөвлөмж өгснөөс 126-г хэрэгжүүлэх үүрэг амлалт өгсөн бол хоёр дахь циклиэс 164 зөвлөмжөөс 150-д үүрэг амлалт өгчээ. Хоёрдугаар циклиэс эхлэн ТББ-уудын дунд хугацааны хэрэгжилтийн тайланг НҮБ цахим хуудастаа нийтэлдэг болсон. НҮБ-ын гишүүн улсуудад бидний мэдээлэл очсон гэсэн үг” хэмээв.

НҮБ-ын гишүүн улсуудаас манай улсыг хүний үнэ цэнэ, эрх зүйн байдлыг сайжруулахад анхаарсан, ахиц гарсан хэмээн дүгнэж байв. Харин Хүүхдийн эрх болон ЛГБТИК хүмүүсийн эрх, гэрлэлтийг баталгаажуулах, ялгаварлан гадуурхалтыг таслан зогсоох, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах талаарх зөвлөмжийг өгч байсан юм. БНСУ-аас Монгол Улсын Засгийн газраас жендерт суурилсан ялгаварлан гадуурхалт, эмэгтэйчүүдийг шийдвэр гаргах түвшинд оролцуулах, дүрвэгсдийн эрх зүйн байдлын тухай конвенцид нэгдэн орох хэрэгтэй гэсэн зөвлөмж өгсөн.

Харин Португаль улсаас Монгол Улсын Засгийн газарт өгч буй зөвлөмжид сэтгэцийн эрүүл мэндийн асуудалд анхаарах, жендер болон бэлгийн чиг баримжаанд суурилсан гэмт хэргийг бууруулахын тулд цагдаа нарыг сургах, хүний эрхийн хэрэгжилтийг хянах механизмыг анхаарах талаар онцлов. Сир улсаас Монгол Улсын Засгийн газарт өгч буй зөвлөмжид кибер гэмт хэргээс хүүхдийг хамгаалах орчинг бүрдүүлэх хэрэгтэй гэлээ. Тайланд улсаас Монгол Улсын Засгийн газарт өгч буй зөвлөмжөөр ЛГБТИК хүмүүс, ХБИ ялгаварлан гадуурхагдахгүй байх, уур амьсгалын өөрчлөлт, агаар, орчны бохирдлын үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх, Беларусь улс хүн худалдаалах гэмт хэргийн эсрэг тэмцэх, охид, эмэгтэйчүүдийг энэ төрлийн гэмт хэргээс сэргийлэх, хууль сахиулах байгууллагын алба хаагчдыг сургах, хууль зүйн яам өмнөх зөвлөмжийг авч хэрэгжүүлэхийг санал болголоо.

“Монгол дахь бэлгийн болон хүйсийн цөөнхийн эрх нь амьдралын маш олон хэсэгт ялгаварлан гадуурхагддаг. Тийм ч учраас тус тайланд эдгээр асуудлыг гаргаж ирэх гэж хичээдэг. Гэвч үгийн тоо заасан байдаг учраас хамгийн тулгамдаж буй асуудлыг оруулсан буюу нийт таван зөвлөмж гаргасан. Гэхдээ үүнээс гадна 13 зөвлөмжийг нэмэх хүсэлт гаргасан. Үүний дагуу төрөөс үндэсний төлөвлөгөөг гаргадаг юм. Монгол Улсын өнгөрсөн циклийн төлөвлөгөө маш гоё байсан. Гэвч таван жилийн дараа дүгнэхэд биелсэн нь маш ховор. Тухайлбал, өнгөрсөн арван жилд 25 зөвлөмж ирснээс нэгийг нь л биелүүлсэн. Энэ нь Эрүүгийн хуульд ялгаварлан гадуурхалтыг гэмт хэрэг гэж оруулсан явдал юм.Төрөөс үндэсний төлөвлөгөө гаргаж, хичээл зүтгэл гаргаж байгаа ч яаж ажиллахаа мэдэхгүй байна гэж үзээд олон улсаас бэлгийн болон хүйсийн цөөнхийн зөвлөгч урьж ажиллуулаач гэж хүссэн. Энэ нь тайланд оруулаагүй зөвлөмжийн нэг юм. Нөгөөтэйгүүр Израиль трансжендер олон нийтийн эрхийн асуудалд үлгэр жишээч улс юм. Бидэнд тус улсын дипломатчтай уулзах боломж гарсан учраас Монол Улсын Иргэний бүртгэлийн 14 дүгээр зүйлийг өөрчлөхөд зөвлөмж хүссэн. Мөн онцолж өгсөн хоёр томоохон зөвлөмж бол нэгдүгээрт, ялгаварлан гадуурхалтын эсрэг бие даасан цогц хуультай болъё, хоёрдугаарт, төрөөс бэлгийн болон хүйсийн цөөнхийн талаар олон нийтэд үнэн, зөв мэдээлэл хүргэхэд анхаарахыг чухалчилсан” хэмээн ЛГБТ төвийн Эрх зүйн хөтөлбөрийн менежер Э.Энхмаа хэллээ.

Хүний эрхийн хамгааллын тухай хуулийг яаралтай батлуулах шаардлагатай талаарх зөвлөмжийг ихэнх улс орны төлөөлөгчид хэлж байлаа. Мөн шүүх хуулийн байгууллагын хараат бус байдал, кибер гэмт хэргээс хүүхдийг хамгаалах орчинг бүрдүүлэх шаарлагатай байгаа талаарх асуудал олон улсын анхаарлыг ихээр татаж байв.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Л.Бямбасүрэн: Иргэд хөнгөлөлттэй эмийг дурын эмийн сангаас авах боломжтой

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэнтэй ярилцлаа.


-Даатгуулагчдад олгох хөнгөлөлттэй эмийг шинэчлэн баталсан. Тухайн эмийн жагсаалтыг гаргахдаа юуг илүү анхаарч үздэг вэ?

-Бид 2019 онд амбулаторийн үзлэгээр ямар өвчин давамгайлж байсан гэдгээс хамааран олон улсын эмнэл зүйн удирдамжийг үндэслэж хөнгөлөлттэй эмийн жагсаалтаа гаргасан. Тухайлбал, зонхилон тохиолдож буй өвчлөлөөс сонгох юм. ингэхдээ нас баралтын голлох шалтгаан болж байгаа эмнүүд, эмнэлэгт хэвтэх эрсдэлийг бууруулах, эмийг тогтмол хэрэглэснээс иргэд санхүүгийн эрсдэлд оруулж болзошгүй гээд 111 өвчнийг сонгон үүнд таарсан олон улсад хэрэглэдэг эмнэл зүйн удирдамжид тохирсон эмийг хамруулж байгаа юм. Тэгэхээр хэн нэгэн хүн өвдлөө гэхэд өрхийн эмч дээрээ очиж хяналтад орсноор эмч цахим жор бичихэд бусад эмийн сангуудад энэ хүнд ийм эм бичлээ гэсэн программ зэрэг очно гэсэн үг.

-Тэгэхээр иргэд дүүрэг харгалзахгүй хөнгөлөлттэй эмээ авах боломжтой гэсэн үг үү?

-ирэх сараас и-баримт, цахим сүлжээнд холбогдсон эмийн сангууд хөнгөлөлттэй эм олгохоор болсон. Хөнгөлөлттэй эм бичиж буй эмийн санч болон иргэн хурууны хээгээ таниулах юм. Ингэснээр тухайн хороо, дүүрэгт бүртгэлгүй, түр оршин суугчид хөнгөлөлттэй эмээ авна. өөрөөр хэлбэл, иргэд өөрт тохирсон эмээ анхан шатны эмчээр бичүүлсэн бол сарын хугацаанд хөнгөлөлттэй эмийг дурын эмийн сангаас авах боломж нээгдсэн. баянхошууны өрхийн эмнэлэгт үзүүлсэн бол баянзүрх дүүргийн эмийн сангаас очоод хөнгөлөлттэй эмээ авах боломжтой. Дэлхийн 191 оронд мөрдөгдөж байгаа олон улсын эмнэл зүйн платформ гэж байгаа. Түүнд хэрэглэж буй 200-гаад нэр төрлийн эм манай улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй. Тэгэхээр эм ханган нийлүүлэгч нартай хамтран олон улсад бүртгэгдсэн чанартай эмийг оруулж ирэх хэрэгтэй. гэтэл манайд амоксициллин эм л гэхэд 78 худалдааны төвд өөр өөр нэршлээр худалдаалагдаж байгаа юм. бид монгол улсад байгаа эмийг оруулж ирэхээс илүүтэйгээр олон улсын удирдамжид орсон эмийг оруулж ирэх шаардлагатай байна.

-Хөнгөлөлттэй эмийг сар бүр эмийн сангуудаар олгодог болсон. Нийт хичнээн эмийн сангуудаар худалдаалах вэ?

-Бид хөнгөлөлттэй эмээр үйлчлэх хүсэлтэй байгаа эмийн сангуудын хүсэлтийг хүлээн авч гэрээ хийн ажиллаж байна. ингэхдээ энэхүү үйлчилгээг үзүүлэхийн тулд хоёр шаардлага тавьж байгаа. Үүнд и-баримт олгох, мөн интернэтэд заавал холбогдсон байх юм. Энэ шаардлагыг хангасан тохиолдолд бид гэрээ байгуулаад хөнгөлөлттэй эмээр үйлчлүүлэх эрхийг өгч байна. өмнө нь нэг эмийн санд хоёр юмуу гурван сая төгрөгийн эм борлуулна гэсэн төсөв өгдөг байснаас зарим тохиолдолд эмийн нөөц багатай эмийн сангуудад нөөц нь дуусчихдаг. бусад эмийн сангуудад хуваарилагдсан төсвөө барахгүй гэх асуудлууд их гарч байсан. Тиймээс иргэдэд хөнгөлөлттэй эмийг хүртээмжтэй хүргэх үүднээс уих-аар батлагдсан эм-ийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар арваннэгдүгээр сарын 2-ны өдрөөс эхлэн улсын хэмжээнд бүх эмийн сангаар хөнгөлөлттэй эм олгохоор болсон. 2020 онд эмД-ын газар 1001 эмийн сантай гэрээтэй байсан бол одоогийн байдлаар 1600 гаруй эмийн сан хөнгөлөлттэй эмээр үйлчлэх хүсэлтээ ирүүлээд байна. Тиймээс хөнгөлөлттэй эмээр үйлчлэх эмийн сангийн тоо 60 хувиар нэмэгдсэн.

-Өмнө нь хөнгөлөлттэй эмийн жорыг өрхийн эмнэлгийн эмч бичдэг байсан. Одоо ямар эмч бичих вэ?

-Өмнө нь өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, сумын эрүүл мэндийн төвийн эмч бичдэг байсан бол одоо бүх шатны эмч нар бичнэ. Амбулаторийн үзлэг хийж байгаа бүх эмч бичнэ гэсэн үг юм. өнөөдрийг хүртэл хөнгөлөлттэй эмийн жорыг 3382 эмч бичдэг байсан бол одоо бүх шатлалын, улсын болон хувийн эмнэлгийн хүсэлт гаргасан нийт 6500 гаруй эмч жор бичнэ. эмч нар цахим жорыг бичихдээ хяналтыг сайжруулах, давхардлыг арилгах, хариуцлагаа өндөржүүлэх үүднээс хурууны хээн системийг ашиглахаар болсон. эмийн жор бичих эмчийн мэдээллийг эмнэлэг бүрээр цуглуулж цахимд бүртгэх ажил хийгдлээ. Иргэдэд үзүүлэх хөнгөлөлттэй эмийн үйлчилгээг хүртээмжтэй болгох үүднээс хөнгөлөлттэй эмэнд зарцуулах санхүүжилтийн хэмжээг нэмэгдүүлж ажиллалаа. иймд иргэд санхүүжилт дуусна гэх шалтгаанаар сарын эхний өдрүүдэд оочер дугаар үүсгэхгүй, өөрийн боломжтой цагтаа эмнэлэгт очиж эмээ бичүүлэн, гэрээт эмийн сангаас эмээ авах боломж бүрдсэн. Түүнчлэн эрүүл мэндийн даатгалаас хөнгөлөлттэй олгож буй эмийн олголт болон зарцуулалтад иргэний хяналтыг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлсэн. Хөнгөлөлттэй эм авсны дараа и-баримтын системээр Танд хөнгөлөлттэй эм авсан эсэх талаар асуусан зурвас очих юм. иргэн “тийм” эсвэл “үгүй” гэсэн хариултыг өгөх шаардлагатай бөгөөд энэ нь хөнгөлөлттэй эмийн зүй зохистой зарцуулалтад иргэний оруулж буй хувь нэмэр болох юм. хэрэв “Үгүй” гэсэн хариулт өгсөн тохиолдолд эмДЕг хяналт шалгалт хийж шаардлагатай арга хэмжээг авч ажиллана.

-Хөнгөлөлттэй эмийн жагсаалт шинэчлэгдэн гарсан. Коронатай холбоотойгоор ханиаднаас сэргийлэх, эмчлэх төрлийн эм багтсан уу?

-Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлөөр 136 нэр төрлийн 522 худалдааны нэршлийн эмийг 30-70 хувь хөнгөлөх шийдвэр гаргалаа. эмийн жагсаалт гаргахдаа олон улсын аргачлалын дагуу хүн амын дунд зонхилон тохиолддог өвчний үед хэрэглэдэг эмийг даатгалын хөнгөлөлтөд оруулсан. нь 812 төрлийн эм байсан. Тухайн үед орж байсан онцгой шаардлагатай эм хасагдаагүй байгаа. харин бид олон улсын эмнэл зүйн удирдамжийг үндэслэсэн хөнгөлттэй эмийн жагсаалтыг гаргасан. Нэршлийн хувьд хасагдсан зүйл байхгүй. тунгийн хувьд бага хэмжээгээр хасагдсан. Тиймээс дээр хэлсэнчлэн олон улсын эмнэл зүйн удирдамжинд заагдсан зохистой тунг авсан байгаа. Энэ удирдамжинд багтаагүй зарим нэг эм хасагдсан. Иргэд зүрх судас, чихрийн шижин, уналт таталт, зүрхний хэм алдагдал зэрэг өвчтэй хүмүүс эмээ түвэггүй авах боломж бүрдүүллээ. өмнө нь лавлагаа шатны эмнэлгийн эмч нар хөнгөлөлттэй эм бичдэггүй учир иргэд эмчийн жорыг өрхийн эмчээр дахин хуулуулж, хямд үнээр эм авдаг хүндрэлтэй байсан.

-Тухайн хөнгөлөлттэй эмийг хэрхэн сонгосон бэ?

-Иргэд эмнэлэгт үзүүлээд ямар нэгэн онош гарвал эмч жор бичээд түүний дагуу хувиа олгоно. бид энэ хөнгөлөлттэй эмийн цахим жорыг эмчийн үзлэгтэй нь цахимаар холбоод өгчихсөн байгаа. эмч тухайн хүнээ үзээд цахим жор дээр онош бичнэ. Тэрхүү үзлэгт тохирсон ерөнхий нэршлийн эмийн нэр гарна. Тэгэхээр эмч энэ хүнд ийм эм тохирно гэсэн эмийг бичиж өгнө. эмийг авахдаа хурууны хээ таниулах боломжгүй хэвтрийн дэглэмтэй иргэд бий. ийм тохиолдолд регистрийн дугаараар бүртгүүлж эмээ авах боломжийг мөн бүрдүүлсэн байгаа.

Д.ОТГОНТУЯА

Categories
мэдээ цаг-үе

Д.Уламбаяр: Бүжиглэхэд хамгийн чухал нь гутал байдаг учраас тоглолтоосоо өмнө захиалаад авчихсан

“Киви” хамтлагийн ахлагч, дуучин Ука буюу Д.Уламбаяртай ярилцлаа.


– Та удахгүй хоёр дахь бие даасан тоглолтоо хийнэ гэсэн. Энэ тогтолтын талаар яриач?

– Арваннэгдүгээр сарын 20-нд болох “Do it” тоглолт маань энэ онд хийж байгаа хамгийн том тоглолтуудын нэг. Бие даасан хоёр дахь уран бүтээл юм. Өмнө нь CD-ны баяр гэж хийдэг байсан. Тоглолтон дээр өдийг хүртэл хийж бүтээсэн хамгийн чанартай, үзэгч сонсогчдыг байлдан дагуулж чадсан тэдний хүсч буй тоглолтыг хүргэхийг зорьж есдүгээр сараас эхлэн бэлдэж эхэлсэн.

-Энэхүү тоглолтод мэдээж үзэгчдийн хүндэлдэг, биширдэг реппер, дуучид оролцох байх даа?

-Миний мэдэх хамгийн шилдэг үзэх дуртай бүжигчид, хөгжмийг нь сонсоод сайхан мэдрэмж авдаг хөгжимчид болон найруулагч гээд бусад тоглолтуудаас шилдэг үзүүлбэрүүдтэй тоглолт нь болно гэдэгт итгэлтэй байна. Мөн хар сарнай Амараа ах, Thunder, Dondoir, реппер Цэцэ, “The voice Mongolia”-ын шилдэг оролцогч Э.Дашням, хийлч Дээгий, Н.Наагий, шилдэг хөгжмийн продюсерээр Оки, сол гитарчин Мөнх-Оргил, басс гитарчин Билгээ, бөмбөрчинөөр Лимонс хамтлагийн Өөжгий, хоор дуучид, шилдэг тайз гээд шилдгүүдээ хүргэх болно. Бүжиглэхэд гутал хамгийн чухал байдаг.Тэгээд ямар гутал өмсөхөө удаан бодсоны эцэст дэлхийн шилдэг брэндээс тоглолтоосоо урьдчилж авсандаа маш их баяртай байгаа.

-Та анх “Киви” хамтлагт яаж орж байсан тухайгаа эргэн дурсвал үзэгч сонсогчдод их сонирхолтой байх болов уу?

-Бусдад үлгэр жишээ байна гэдэг урлагийн хүнд байх ёстой чанар гэж боддог. Багаасаа л урлагийнхныг харж өссөн болохоор тэдний амьдрал хэрхэн өрнөдөг, биеэ хэрхэн авч явах, надад ямар төрөл нь илүү тохирох вэ гэдгийг өөрийн амьдралдаа хэвшүүлэхэд дөхөм байсан. Миний хувьд залуу эрч хүчтэй, биеэ авч явах байдал, хамтлагийн ахлагч хүн ямар байх ёстой, мөн хөгжилтэй зан чанар гээд дуучин Д.Болд ахаас үлгэр дуурайлал авдаг. Багаас минь л бусдад үлгэр жишээ манлайлагч болохоор ч тэр үү урлагийн хүн болох замыг сонгосон. Ер нь ямар нэгэн зүйлээрээ баатарлаг хүн байхыг хүсдэг. Анх дуучин гэдгээрээ олонд танигдана гэж бодоогүй. Харин бүжиглэдэг, загварлаг хувцасладаг эмэгтэй байхыг л мөрөөддөг байж. 2004 оны 12 дугаар сарын 1-нд “Киви” хамтлаг маань байгуулагдаж байсан. Тэр цагаас эхлэн хамтлагийнхаа бэлтгэл сургуулилт хийж байхдаа л толинд хараад ямар нэгэн хүнд тусалчих юмсан гэж боддог байлаа. Тэгээд л маш сайхан сургамжит өгүүллэгүүдийг уншиж, бичлэг үзэж эхэлсэн. Гэхдээ тийм хичээнгүй хүн болоход хамгийн гол нь хийсэн бүтээсэн зүйлтэй байх ёстой юм билээ. Дээрээс нь биеэ зөв авч явах, өөрийгөө зөвөөр илэрхийлэх хэрэгтэй. Хамтлагт байхаасаа л эдгээр зүйлүүдийг судалж, хичээж ирсэн. Мөн хамтлагийнхандаа тус дэмтэй, хоёр дүүгийнхээ ч үлгэр жишээ эгч байхыг хүсдэг. Тэгж л өөрийн хийж байгаа зүйлдээ дурлаж эхэлсэн дээ.

-Хамтлагаасаа гадна ганцаарчилсан уран бүтээлээ хийгээд явахад хэр айдастай байв?

-“Киви” хамтлагт байхад продюсер Б.Ангирмаа багш маань “Чи ирээдүйд хамтлагаа авч явна, ганцаараа дуулна” гэхэд итгэхгүй, би хамтлагтайгаа л байна, та нартай байж би энэ бүгдийг хийж байгаа гээд л байдаг байсан юм. Би чинь тэгээд хамтлагийнхаа зураг авалтан дээр тэдний нүүр будалт, хувцасны дизайн зэргийг гаргана. Тиймээс л тэр үед ганцаараа уран бүтээлээ гаргана гэхэд ерөөсөө төсөөлөгддөггүй байсан юм. Мэдээж цаг хугацаа өнгөрөхөөр хамтлагийнхан маань өөрсдийнхөө хувийн боловсролоо дээшлүүлэх, гадаадад сурна гэхэд яанаа энэ хоёр маань явчихвал ганцаараа үлдэнэ гэсэн айдастай байж билээ.

Болж л өгвөл бүгдээрээ хамт үлдэхийн тулд бүх зүйл дээр хичээж эхэлсэн. Тэр хичээл зүтгэл маань хамтлагаа удаан байхад нөлөөлсөн болов уу гэж боддог. Яалт ч үгүй өөрөө хүүхэдтэй болоод ирэхээр хамтлагийнхаа амжилтыг хойш нь татах вий гэхээс эмээгээд хэсэгхэн зуур гэр бүлдээ цаг зарцуулж байсан.

– Одоогийн байдлаар урын сандаа хичнээн дуу, клип, цомогтой болсон бэ?

-2015 оноос хойш таван бие даасан цомог, 40 орчим дуу гаргажээ. Харин репперүүдтэй хамтарсан 10-аад уран бүтээлийг хийсэн байна.

-Энэ жилийн хувьд бүхэлдээ л “Ковид-19” цар тахал гараад байгууллагууд, тэр дундаа урлагийнхан үйл ажиллагаа явуулах боломжгүй баригдмал байлаа шүү дээ. Энэ хугацаанд та юу хийж амжуулав?

-Он гарснаас хойш нэгдүгээр сард “Do it” цомгоо гаргаж зургадугаар сард тоглолтоо хийх төлөвлөгөөтэй байсан ч корона гараад хойшлогдсон юм. Энэ хугацаанд хувийн бэлтгэлээ сайн хангасан. Хөл хорионы үеэр надад болон үзэгчдэд урлаг уран сайхан маш их дутагдаж байсан юм билээ. Дэлхий нийтээр сөрөг мэдээллийг хүргэж байсан болохоор би ч өөрөө маш их хямарсан. Тэр үед гадаадын уран бүтээлчид шинээр дуу гаргахад түүнээс урам зориг авч ер нь дуу, бүжиг, шинэ ном, шинэ цомог гээд урлаг уран сайхан гэдэг зүйл хүний амьдралын хамгийн том хөшүүрэг юм байна гэдгийг ойлгосон. Тухайн үед “The VOICE Of Mongolia” шоуны шүүгчээр ажиллаж байхад аав маань хүндээр өвдөөд бурхан болсон. 2020 онд миний ч гэлтгүй бидний хувьд хамгийн хэцүү, хүнд жил байлаа. Тэгээд энэ цагт хүн юу хийж бүтээх ёстой вэ гэдэг асуултыг өөртөө тавьдаг юм билээ. Урлагийн хүн энэ л цаг үеийг давж туулах ёстой.

-Залуучууд таны хувцаслалт, гоо сайхан, хэл яриа гээд л үлгэр дуурайлал авдаг. Ер нь урлагийн хүнд гадаад үзэмж гэдэг чухал зүйл болов уу?

-Мэдээж олны өмнө гарахад гоо зүй, гадаад үзэмж маш чухал. Өмнө нь байнгын будагтай яг юу надад зохидог вэ гэдгээ ерөөсөө тогтоож чаддаггүй байсан юм. Одоогоос тав зургаан жилийн өмнөөс учраа олсон гэх юм уу. Тууштай байхаас гадна нас ахих тусах хүний царай гундана шүү дээ, тиймээс байнгын эрэл хайгуул хийх ёстой. Анагаах ухаанд гоо сайхнаа гоёор авч үлдэхийн тулд юу хэрэгтэй тэр бүгдийг судална. Мөн гоо сайхны салонуудтай хамтарч тэдний туршлагыг сонсоно. Миний нүүрний хэлбэр ази хүмүүсээс өөр болохоор будах будалтууд нь хүртэл өөр байдаг. Би ихэвчлэн өөрөө нүүрээ буддаг. Одоогийн байдлаар “Izabella”-ынхантай хамтарч ажиллаж байгаа. Ер нь нүүр будалтан дээрээ цаг нэлээн зарцуулдаг болсон доо.

-Амжилтад хүрэхэд гэр бүлийн хүмүүжил хамгийн чухал зүйлд тооцогддог байх?

-Би дээрээ гурван эгчтэй, хоёр дүүтэй. 24 цагийн цэцэрлэгт хүмүүжсэн. Манайхан бүгд л биеэ даасан хүмүүс байдаг. Би бүгдийг эхлүүлнэ гэдэг уриа бол миний амьдралын уриа. Тиймээс би л хийхгүй бол гэдэг үзэл бодлоор бүгдийг хийдэг байсан. Энэ чанар маань гэр бүлийнхэнд маань ч их таалагддаг юм шиг байсан(инээв).

-Залуустаа хандаж бяцхан зөвлөмж өгвөл?

-Хүн ер нь аливаа ажил мэргэжил дээрээ бүх зүйлийг туршиж, алдаж онож өөрийгөө сорьж үзэх л хэрэгтэй. Бусдын зөвлөгөөг өөр дээрээ тусган өөрийнхөө зан чанартай нийлүүлснээр хувь хүний амжилт гарч ирэх байх. Бусдыг даган дуурайгаад байвал тэр хүнд өөрийн гэсэн үнэт зүйлгүй болно шүү дээ.

-Ярилцлагын төгсгөлд та үзэгчдэдээ хандан юу хэлэх бол?

-Хамгийн, хамгийн стиллэг хувцас, баг хамт олноо бүрдүүлчихсэн. Тиймээс сайхан бүхнийг өөртөө цуглуулж түүнийгээ үзэгч сонсогчиддоо хуваалцахыг хүсч байна. Мөн хамтран ажиллаж буй VOO аппликэйшн болон poсket.mn болон бусад хамтран ажиллаж буй байгууллагууддаа талархал дэвшүүлж байна. Өмнө нь тоглолтуудаа анзаараад байхад найз залуучууд нь хана дагаад эхнэрийнхээ, эсвэл найз охиныхоо цүнхийг бариад зогсчихдог. Үүнийг бодож үзээд “Boy friend zone” болон жирэмсэн ээжүүд хэсгийг гаргаж өгсөн нь энэ тоглолтын бас нэг онцлог юм. Арваннэгдүгээр сарын 20-нд Буянт-Ухаа спорт ордонд болох тоглолтод минь ирж хамтдаа дуулж, бүжиглэж, хөгжилдөөрэй.


Categories
мэдээ цаг-үе

Ц.Магалжав: Допингийн эсрэг мөрдөж байгаа дэлхийн жишгийн дагуу 2.4 жилээр бөхчүүдийн эрхийг хасах ёстой

МҮБХ-ны тэргүүний үүргийг орлон гүйцэтгэгч Ц.Магалжавтай ярилцлаа.


-Саяхан бөхийн салбар хорооны гаргасан шийдвэр сүүлийн өдрүүдэд нэлээн асуудал болж байна. Өөрөөр хэлбэл, Н.Батсуурь аварга, Р.Пүрэвдагва арслан нарын шийтгэлийн талаар тайлбар өгөхгүй юү?

-Энэ асуудлыг Н.Батсуурь, Р.Пүрэвдагва, мөн өмнө жилийн улсын аварга Э.Оюунболд гэдэг хувь хүний талаас нь авч үзэж болохгүй юм. Салбар комиссын долоон гишүүн олонхын саналаар дээрх хоёр бөхөд 11 сарын хугацаа буюу 2021 оны долдугаар сарын 1 хүртэлх хугацаагаар барилдах эрхийг нь хасах шийдвэр гаргасан. Үүнийгээ одоо мөрдөж байгаа хуулийн дагуу мөн Ардын хувьсгалын 100 жилийн ой болох гэж байгаатай холбогдуулан авсан арга хэмжээ гэж тайлбарлаж санал хураалгасан. Энэ нь тийм биш юм. Хурлын өмнө Допингийн эсрэг байгууллагын мэргэжилтэн ирж бөхчүүдийн хэрэглэсэн хориотой эм, тариа түүний найрлага мөн хариуцлагын талаар маш тодорхойгоор тайлбарлахдаа “Дээрх хориотой бодисууд орсон эм тариаг хэрэглэвэл Олон улсын допингийн эсрэг байгууллага, тамирчныг хоёр ба дөрвөн жил, давтан бол бүх насаар нь уралдаан тэмцээнд орохыг хориглосон журам 2018 оноос мөрдөгдөж эхэлсэн. Үүнийг Допингийн эсрэг конвенцид нэгдсэн гишүүн орон бүр дагаж мөрдөнө” гэж хэлсэн. Хорооны гишүүд одоо мөрдөж байгаа хуулийн хүрээнд асуудлыг шийдвэрлэлээ гэх тайлбарыг гаргасан. Тэд хууль мэдэх хүмүүс л бол үүн шиг мэдэн будилж андуурсан зүйл хиймээргүй юм. Өөрөөр хэлбэл, баяр наадмын хуулийн 14 дүгээр зүйлд Хууль зөрчсөн этгээдэд хүлээлгэх хариуцлага гэсэн заалтын 14.1.3-т баяр наадамд оролцох эрхийг хоёр жил хүртэлх хугацаагаар хасах хэмээн цагаан дээр хараар бичсэн байгаа. Энэ нь энгийн үгээр хэлбэл наадам жилд нэг удаа болно, тэгэхээр нэг эсвэл хоёр жил гэсэн хариуцлагын тогтолцоог хэлж байгааг хэн ч ойлгоно. Үүнийг санаатайгаар гуйвуулж, хуульд заасны дагуу л шийтгэл оноолоо гээд байгаа юм.

-Тэгэхээр 11 сар шийтгэсэн нь шийтгэл мөн үү. Энэ хугацаанд наадам болох уу?

-Би эдгээр бөхчүүдийн мууг үзэх гээд байгаа зүйл огтоос биш юм. Монгол бөхөд допингид хариуцлага тооцдоггүй, толгойг нь илсэн жишиг өмнө нь байсан, дахиад үүнийг сэргээж байгаад харамсаж байна. Сүүлийн хоёр жилд өмнө нь байсан бөхийн салбар хороо допингийн асуудлыг овоо цэгцлэх маягтай байсан бол энэ удаагийн салбар хорооны нөхдүүд зүгээр л “алж” байгаа юм. Ардын хувьсгалын 100 жилийн наадмын дараа ийм сул байхаар олон бөх допингийн асуудалд орно.

-Үүнд ямар хариуцлага ногдуулах вэ. Зургаан сар, эсвэл нэг сар болгох уу?

-Дэлхий нийт допингийн эсрэг тэмцэж, шударга өрсөлдөөнийг эрхэмлэж байна. Энгийн бодгаль бие махбодиор цэвэр өрсөлдөх гэсэн уриаг гаргаж байгаа. Үүний нөгөө талд шинжлэх ухаан хөгжиж зохиомлоор хүч оруулах, ажиллах чадварыг нэмэгдүүлэх тариа бэлдмэлүүд гарч байна. Тэдгээр бодисыг хэрэглэсний дараа мэдээж нуун далдлах үйл ажиллагааг өндөр түвшинд явуулж байгаа нь ойлгомжтой. Эдгээр бөхчүүд, дүү нар ийм зүйлд орооцолдсонд маш харамсалтай байна. Би бүгдийг нь 12-17 настай хүүхэд байх үеэс нь мэднэ. Бусад бөхчүүдэд сургамж болох, монгол бөхийг допингтой хутгаж улам даамжруулах, үүнээс улбаалж наадмаас бөхийг хасах, үндэсний бөх мөхөх зэрэг зүйлийн эхлэл болгохгүйн тулд хатуу хариуцлага тооц гээд байгаа юм. Хэт нутгархаг үзлээр хэсэг хүмүүс нийлж олон нийтийн сүлжээгээр намайг адалж л байна лээ. Тэгэх тусам МҮБХ-г тэргүүлж байгаагийн хувьд монгол бөхөө цэвэр ариун байлгахын төлөө тууштай тэмцэх болно. Сайн бөхчүүд, үзэгч олон тэднийг хүндэлдэг хайрладаг, нутаг усныхан нь өмөөрнө. Гэхдээ энэ нь хэмжээ хязгаартай байх хэрэгтэй. Ардын хувьсгалын түүхт ой болох гэж байгаа тул 11 сараар эрхийг нь хасъя гэж бөхийн салбар хорооны зарим гишүүд хэлж, санал хураасан нь цаашид монгол бөхөд учруулах их хор хөнөөлийг бий болгосон үйлдэл боллоо. Допингийн эсрэг мөрдөж байгаа дэлхий нийтийн журам 2,4 жил гэдгээ дагаад хариуцлага тооцох хэрэгтэй байсан юм. Харин Ардын хувьсгалын 100 жилд нэг тохиох ой юм гээд наадмын өмнө ёс зүйтэй байвал эдгээр бөхчүүдэд өршөөл үзүүлээд барилдуулахад болох юмгүй л байсан. Үүний дараа 101, 102 жил болоход дүрэм журмын дагуу хатуу мөрдөнө. Дараагийн өршөөл тун ч холдсон гэдгийг бөхчүүд ойлгоно. Ийм учраас монгол үндэсний бөхийг мөхөөх цаашдын будлианы эхлэлийг тавьж байгаа Хууль зүйн яам дээр байгуулагдсан энэ бөхийн салбар хороог даруй Наадмын төв комиссоос татан буулгаж, жалга довны үзэлгүй, допингийн хор хөнөөл, муу үр дагаврыг ойлгох хүмүүсээр бүрдүүлэх хэрэгтэй. “Ер нь би ч бөх мэдэхгүй л дээ” гэж ярьж суудаг нөхдүүд бөхийн салбар комисст байна гэдэг өөрөө тун утгагүй зүйл. Тийм мөртлөө бөхийн эсрэг хортой шийдвэр гаргадаг нь бүр гутамшиг.

-Э.Оюунболдын асуудал юу болж байгаа вэ?

-Өмнөх бөхийн салбар хороо Э.Оюунболдыг наадамд барилдах эрхийг хоёр жил хасах, цолыг хураах шийдвэрийг гаргасан тухай наадмын комисс хүлээн зөвшөөрч дээрх шийдвэрийг гаргасан. Үүнийг би зөв шийдвэр гэж үздэг. Буруутай зүйл хийсэн хэн ч бай аль нутаг, хэний шавь, хэний хүүхэд байсан ч хариуцлагаа хүлээж байж эрүүл тогтолцоо бий болно. Бас л Э.Оюунболд гэдэг хүндээ биш ээ, хариуцлага байх ёстой гэж хэлээд байгаа. Э.Оюунболд бөхийн хувьд тун сайн бөх, хүн чанар сайтай хүүхэд. Гэхдээ тэр буруу зүйлд холбогдсон. Тэр шүүхэд хандсан. Одоогоор шүүхийн шатанд асуудал нь яваа юм билээ. Шүүх алдаатай шийдвэр гаргавал тун маргаантай асуудал энэ гурван бөхийн асуудалтай зэрэгцээд үүсэх нь ойлгомжтой. Допингийн асуудлаараа тамирчин зөвхөн “Спортын арбитрийн шүүхэд” л хандах эрхтэй бусад ямар ч шүүх үүнийг хүлээж авахгүй байхыг конвенцид нэгдсэн бүх улс дагаж мөрдөж байгаа. Харин манай шүүх энэ асуудлыг нь хүлээн авч, шийдвэр гаргадаг. Гэтэл үүнийг хэлэлцэх Спортын арбитрийн шүүх манай улсад байгуулагдаад гурван жил болсон.

-АТГ сүүлийн 10 жилийн наадамд допингтой холбогдсон 38 бөхийн асуудлыг шалгаж байгаа гэдгийг бөхчүүд хурдан шалгаж дуусгаач гээд уриалга гаргаж байгаа гэсэн. Энэ талаар ярихгүй юу?

-Энэ асуудлаар МҮБХ АТГ-т 2020 он гарсаар нэг, гурав, аравдугаар сард хандсан. АТГ-аас “Хэргийг шалгаж байгаа” гэсэн хариуг мөн л аравдугаар сарын 19-нд дахин өгсөн болохоор хэрэг хаагдаагүй юм байна гэж бодож байгаа. Нэр бүхий бөхчүүд, зарим сэтгүүлч энэ хэргийн мэдээллийг олсон, удахгүй задарна гэж нийтээрээ ярьж байгааг үнэний ортой гэж бодож байна.

-Сая Цэцдийн зөвлөл буюу танай бага хурал хуралдсан гэсэн, үүнийг тодруулахгүй юу?

-МҮБХ-ны маргаан 2002 оноос эхлэлтэйг хүн бүр мэдэж байгаа, хоёр талдаа олон удаа хурал хийсэн. Маргалдагч талууд нөгөө талынхаа гаргасан шийдвэрт нь гомдол шүүхэд гаргадаг. Үүнийг нь шүүхээс хүчингүйд тооцсоор 17 жил үргэлжилсэн хууль шүүхийн асуудал байсан. 2019 оны есдүгээр сард маргалдагч хоёр талын төлөөлөл дархан аварга Б.Бат-Эрдэнэ, хөдөлмөрийн баатар Л.Чинбат нар олон жилийн маргааныг үүгээр дуусгая гээд хууль, шүүхийн байгууллагад хандсан байсан бүх гомдлуудаа татаж маргааныг эцэслэсэн. Л.Чинбат захирал өөрт байсан гэрчилгээ тамгыг Б.Бат-Эрдэнэ аваргад өгч нэгдсэн нэг холбоо бий болох эхлэлийг тавьж өгсөн юм. Тэд 2002 оноос албан ёсоор бүх бөхчүүд нь нэгдэн хуралдаж чадаагүй “Их Эе” хурлыг хийх санал санаачилга гарган ажиллах үүргийг бидэнд үлдээсэн. Иймд дархан аварга Г.Өсөхбаяр, соёлын гавьяат зүтгэлтэн Ү.Хүрэлбаатар гэсэн дарга нартай хоёр талын бага хурал буюу Цэцийн хурал хамтарч 2020 оны есдүгээр сарын 5-ны өдөр хуралдаж, Их хурлыг есдүгээр сарын 19-нд хийхээр тогтож ажлын хэсгийг байгуулж, ахлагчаар нь Х.Баянмөнх аварга болох санал гаргахад нь бид дэмжин ажилласан. Нэр бүхий бөхчүүдээс есдүгээр сарын 19-ний өдөр болох “Их Эе” хуралд намрын ажил, орон нутгийн сонгууль болох гэж байгаатай холбогдуулан бөхчүүдийн ирц бага, зарим зүтгэлтэнгүүд оролцох боломжгүй байна, товыг хойшлуулж өгөөч гэсэн хүсэлт ирснийг хүлээн авсан. Цэцдийн зөвлөлийн хурал нь “Их Эе” хурлын товыг тогтоох үүрэгтэйг бид бүгд хүлээн зөвшөөрч хийхийг эрмэлзсэн.

Нөгөө тал буюу Ү.Хүрэлбаатар даргатай Цэцдийн зөвлөл дангаар хуралдаж “Их Эе” хурлын товыг тогтоох, хуралд бэлтгэх ажлын хэсгийг ч тэд өөрсдөө байгуулъя гэсэн. Энэ саналын зарим бөхчүүд, одоо ажил хариуцаж байгаа бид ч мөн бүрэн дэмжсэн. Ингээд 2020 оны аравдугаар сарын 24-ний өдөр Ү.Хүрэлбаатар даргатай Цэцийн хурал болохыг есдүгээр сарын 25-ны өдөр зарласан. Цэцийн хурал 67 гишүүнтэй, түүний олонх буюу 35 гишүүн нь оролцож хурал хүчинтэй болно. Аравдугаар сарын 24-ний өдрийн хуралд миний бие ажил хариуцаж байгаагийн хувьд оролцсон. Энэ өдөр 29 гишүүн ирж, ирц хүрээгүй. Тэд маргааш нь буюу 25-ны өдөр нэмж зургаан гишүүнээ олж ирж хурлаа хийхээр тарсан. Харин маргааш нь 14 гишүүн ирсэн. Ингээд тус хурал болоогүй. Миний хувьд 17 жилийн турш хоёр тал болж хуваагдаад байгааг нийлүүлээд хурал хийх зорилготой бөгөөд үүний тулд нөгөө талын бүх л саналыг хүлээн авч ажилласан. Одоо “Их Эе” хурал хийх тун чухал шаардлагатай байгаа. 2002 оны дүрэм журам гээд бүх зүйл нь хоцрогдоод, хүнд байдалд ороод байгаа. Их хурлыг хийх нь хамгийн чухал зүйл. Тиймээс нөгөө талдаа бууж болох бүх нөхцөлөөр бууж өглөө. Одоо боллоо эрхэм ах нар аа гэж хэлэх л байна. Ү.Хүрэлбаатар даргатай Цэцийн хурлын ирц нь товлосон өдрөө 29 хүн, маргааш нь 14 хүн болж байна. Энэ нь өөрөө өөрсдийгөө ч хүлээн зөвшөөрөхгүй байгааг шууд илэрхийлж байна. Ер нь бидний хуралдсан 2018 оны наймдугаар “Их Эе” хурлыг аль ч шүүх хүчингүй гэсэн захирамж, тогтоол гаргаагүй. Энгийн үгээр тайлбарлавал, 2017 онд хурал болсон гэж үзэхэд түүнээс сонгогдсон Л.Чинбат захирал 2018 оныхоо 200 төлөөлөгчтэй хуралдсан “Их Эе” хурлыг хүлээн зөвшөөрч, түүнээс сонгогдсон Б.Бат-Эрдэнэ аваргад сонгуульт ажлаа шилжүүлсэн гэсэн дүгнэлт гарах нь маш ойлгомжтой зүйл. Б.Бат-Эрдэнэ аварга УИХ-ын гишүүн тул шинэ хуулиар ТББ-ыг удирдах боломжгүйгээс ажлаа өгсөн. Бид бөхчүүдээс сонгогдсон учир энэ ажлыг орхиж болохгүй, хийхээс аргагүй байна.

-Тэгэхээр “Их Эе” хурал хэзээ болох вэ?

-Бүх улсын цолтой бөхчүүд нь аймаг сумын цолтны төлөөлөл нь оролцохоор энэ ондоо багтаж хийнэ. Харин монгол бөхөд хамааралтай хэн ч бай энэ хурлын шийдвэрийг хэрэгжүүлэхгүй гэсэн атгаг санаагаар, урьд жилүүдийнх шиг шүүхэд хандаж гацаан, үндэсний бөхөө ийм зогсонги ухралтад оруулах үйлдэл битгий хийгээсэй гэж чин сэтгэлээсээ хүсч байна. Энэ хурлаар олон асуудлыг шийднэ. Дараагийн залуу үедээ зөв холбоог хүлээлгэж өгөх нь бидний үүрэг болоод байна.