Categories
их-уншсан мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Буянтогтох: Манай хүүхдүүдээс хамгийн эрх нь янзага минь юм даа


Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Баянхайрхан ууланд эхээсээ төөрөөд хаягдаж хоцорсон янзагыг малчин гэр бүл авчирч тэжээсэн аж. Түүнийг өөрийн хүү мэт өхөөрдөж Борхүү гэж нэр өгчээ.

Янзагыг тэжээн тэнхрүүлсэн малчин айлын гэргий Д.Буянтогтохтой ярилцлаа.


-Сайн байна уу. Танай гэр бүлийг эхээсээ төөрсөн янзагыг авчирч тэжээсэн гэж дуулсан юм. Анх хэзээ авчирсан бэ?

-Сайн байна уу. Анх хань маань хадан дунд эх нь хаяад явчихсан зээрийн янзагыг тавдугаар сард авчирч байсан юм.

-Гэртээ авчраад юу өгч тэнхрүүлж байв?

-Хүүхэд угжиж байгаа юм шиг л сүүгээр хооллосон. Эхлээд хамаагүй өгдөг байсан юм. Тэгээд хамаагүй өгөөд байхаар шингэн алдаад дараа нь цагаар өгдөг болсон. 500 граммаар өдөрт 4-5 удаа угжина. Тэгээд наймдугаар сараас эхлээд хоёр литрийн ундааны саваар сүүг нь өгдөг болсон. Том болоод ирэхээрээ өдөрт 5-6 литр сүү уудаг болчихдог. Хоёр сар гараад тэжээлдээ идээшээд тэнхэрч эхэлсэн.

-Одоо гэрийн гадуур байх уу. Эсвэл мал сүрэгтэй хамт бэлчээрт явдаг уу?

-Анх авчрахад мал төллөж байсан учир төл малтайгаа цуг хонуулдаг байлаа. Одоо бол гэрийн гадаа л байна даа. Шөнө хонин дотроо хоночихдог. Хивэг, өвс гээд идэхгүй зүйл байхгүй.

Танай хавиар өвөлжилт хэр байгаа вэ?

-Өвс, тэжээл тааруу ч одоохондоо өвөлжилт гайгүй л байна.

-Янзагаа Борхүү гэж нэрлэсэн байсан?

-Ямар нэр өгөх талаар гэрийнхэнтэйгээ зөвшилцөөд Борхүү гэж нэрлэсэн. Өнгө нь бор болохоор бор. Мөн эр учир хүү хэмээсэн юм. Одоо хаанаас ч дуудсан нэрээ андахгүй шүү дээ.

-Таныг хол явахаар санадаг байх даа?

-Намайг сум, аймаг гээд хол явахаар сүүгээ уухгүй хадан дунд очоод хэвтчихдэг. Тэгээд ирээд дуудаад сүүг нь өгөхөөр уучихна. Өхөөрдөм амьтан байгаа юм. Сүүлдээ намайг дагана. Би чинь нуугдаад л хол газар явдаг. Яг л хүүхэд шиг. Удахгүй ой хүрэх гэж байгаа. Миний дуу гарч байвал гэрийн гаднаас холддоггүй. Манай хүүхдүүдээс хамгийн эрх нь янзага минь юм даа.

-Удахгүй ой хүрнэ гэлээ. Та анх авчирснаас эхлээд хамт авахуулсан зураг их бий юү?

-Хамт авахуулсан зураг олон байгаа. Нэг сартайгаас нь эхлээд сар бүр зураг даруулдаг байсан юм.

-Ер нь тэжээвэр амьтад их эрх байдаг шүү дээ. Амттай зүйл өгөхөд шууд л идчихдэг. Борхүү амттанд хэр дуртай вэ?

Амттанд их дуртай. Ялангуяа бурамтай чихрэнд “нугасгүй” шүү дээ. Чихэр, боорцог гээд юу ч хамаагүй иднэ. Өглөө сүүтэй цай чанаад л бөөндөө ууна. Яг л гэр бүлийн гишүүд шиг. Өглөө, өдөр, орой гээд сүүтэй цай өгчихдөг юм.

-Том болоод ирэхээрээ өрөө сүрэг рүүгээ явчихдаг гэдэг?

-Том болохоороо явчихдаг л гэдэг юм. Буга урамдахаар явчих байх гэж хааяа боддог юм. Ижил сүргээ сайн мэдэхгүй учраас яах эсэхийг мэдэхгүй л байна.

-Багаас нь тэжээгээд танай гэр бүлийн нэг гишүүн болчихжээ. Хэрвээ явчихвал та хэд үгүйлэх байх даа?

Бид түүнд дасчихсан болохоор их л эвгүй байх.

Categories
мэдээ цаг-үе энтертаймент-ертөнц

Хоол зүйч М.Пүрэвжав: Хооллоход 15 минут хангалтгүй. Удаан, тайван идэж байж хоол боловсруулах явц хэвийн явагддаг


Зөв хооллолтын талаар Доктор, дэд профессор хоол зүйч М.Пүрэвжавтай ярилцлаа.


-Хүн хоол идэхдээ тайван, сайн зажилж идэх ёстой гэдэг. Цайны газарт 15 минутаас дээш хугацаагаар байж болохгүй гэж заасан. Ер нь 15 минутад хооллож амжих уу?

-Цайны газар, ресторанд хоолны материал бэлэн байх эсэхээс хамаарах байх. Гэхдээ 15 минут гэдэг хангалтгүй хугацаа. Хэрвээ ковидийг дайны үе гэж үзвэл хурдан идэхэд боломжгүй зүйл гэж байхгүй. Зөв хооллолт талаас тайлбарлавал энэ нь их буруу болж байгаа юм. Хүн удаан, тайван идэж байж хоолны шингэц, хоол боловсруулах явц хэвийн явагдана. Хажууд буутай хүн зогсдоггүй л юм бол иргэд хоолоо тухтай идээд л гарна. Манай улсад хэзээ ч биелэхгүй зүйл их бий. Жишээлбэл, цэцэрлэг, сургуулийн цайны цагийг зохицуулаагүй. Завсарлагааны хэдхэн минуттай.

-Халуун хоолыг түргэн идэх нь хэр сөрөг нөлөөтэй вэ?

-Хэт халуун хоол идсэнээр хүний улаан хоолой гэмтэх аюултай. Нэгдүгээр хоол гэхэд 74-75 хэм байх ёстой гэж заасан байдаг.

-Зөв хооллолт гэдгийг мэргэжлийн үүднээс тайлбарлавал?

-Үүнд нэн тэргүүний асуудал бол хоол боловсруулах эрхтэн бүрэн ажиллаж байх ёстой. Хооллох үе шат олон хүчин зүйлээс шалтгаалдаг. Нэгдүгээрт, хооллох цаг чухал. Хүн өдөржингөө хоосон явж байгаад орой их хэмжээгээр идэх нь сөрөг нөлөөтэй. Энэ нь хоол идээд байгаа хэрнээ цаагуураа ходоодонд маш их ачаалал үүсгэж байдаг. Хоёрдугаарт, хүнсний сонголт, хэрэглээ. Шим тэжээлийн агууламж ихтэй, илчлэгтэй хоол хүнс хэрэглэх ёстой. Гуравдугаарт, өдөр бүр үр тариа, бууцай, мах, хүнсний ногоо, жимс зэрэг хүнсийг хоол хүнсэндээ ямар нэгэн байдлаар оруулж хэрэглэх. 20 гаруй жил буруу хооллосон хүнд ямар нэгэн байдлаар өвчин үүссэн байдаг. Халдварт өвчин шиг тэр дор нь гарч ирээд байдаггүй. Харин аажим аажмаар мэдэгддэг. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд буруу хооллочхоод “Би зүгээр хооллоод ирсэн. Ямар нэгэн зовиур байхгүй” гэдэг. Энэ нь эргээд ямар нэгэн өвчний суурь болдог. Гол нь зөв хооллолтын тухай суурь зарчмыг баримтлах хэрэгтэй. Химийн нэмэлт орсон хүнсний бүтээгдэхүүн хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй.

-Өөрт хэрэгтэй, шим тэжээлтэй хоол хүнсийг хэрхэн сонгох хэрэгтэй вэ?

-Үр тариа, сүү цагаан идээ, мах, загасны төрөл, жимс хүнсний ногооны төрөл зэрэг бүтээгдэхүүнийг хэрэглэх. Аль болох химийн найрлагагүй, үйлдвэрийн боловсруулалт бага орсон хүнсний бүтээгдэхүүнийг сонгож хэрэглэвэл, өөрт хэрэгтэй илчлэгээ түүгээр нөхнө гэсэн үг юм.

-Одоо хүмүүс Кето дэглэм барих олсон. Энэ нь зөв хооллолтод хамаарах уу?

-Энэ нь зөв хоололтод хамаарахгүй. Кето бол зорилготой хийж байгаа хязгаарлалтай хоолны дэглэм юм. Ойрын хугацаанд хүмүүс жин хасах зорилгоор их хэрэглэж байна. Үүнийг хэрэглэж байгаа хүн эхлээд суурь өвчингүй байх ёстой.Элэг, бөөрний өвчтэй хүн кето дэглэм барих нь тийм ч зохимжтой биш.

Манай улс дэлхийн бусад оронтой харьцуулахад зохистой хооллолтоор ямар түвшинд явж байгаа вэ?

– Ази тивдээ хооллох урлаг хамгийн сайн хөгжсөн орнуудад Хятад, Япон, Солонгосууд ордог. Эдгээр улсад үндэсний хооллох урлаг маш өргөн дэлгэрсэн, ард иргэд нь зохистой хооллолтын талаар сайн мэдлэгтэй байдаг. Америк улстай харьцуулахад манай улс гайгүй. Харин Япон, Солонгос гэх мэт хооллолтын өндөр соёлтой оронтой харьцуулахад таарууд орно. Зөв хооллолтын талаар ямар нэгэн ойлголт муу байдгаас үүдэн буруу ярьж, буруу хоол хүнс хэрэглэдэг. Ялангуяа уламжлалт хоол хүнсний хэрэглээгээ буруу тайлбарладаг. Жишээлэл, Манай ард түмэн мах иддэг байсан гэдэг ч юм уу. Анхнаасаа буруу тайлбарчихсан. Энэ талын мэдлэгийг түгээгээд өгвөл манайх харьцангуй органик хүнстэйгээ их ойр байдаг шүү дээ. Хамгийн гол нь санаа зовоож байгаа асуудал бол өөрөөсөө илүү хүүхдүүддээ буруу хоол хүнс өгч, тэднийг хордуулж байгаад юм. Хүмүүс гадаадын хэрэглээг дуурайж хүүхдүүдээ эрт бор хоолонд оруулж байна. Хөхөөрөө гүйцэт хооллодоггүй. Заавал нэмэлт тэжээл өгөх гэж яардаг. Хүүхдийг 5,6 сартайгаас бор хоолонд оруулах ёстой байдаг.

-Таргалалт зохисгүй хооллолтой шууд холбоотой юу?

Үүнийг шууд утгаар тэгж ойлгож болно. Зарим тохиолдолд генетикийн шалтгаан нөлөөлөх боломжтой. Гэхдээ генетикийн шалтгаантай хүмүүс ч гэсэн турж болдог. Мөн дааврын шалтгаантай өвчлөл мөн нөлөөлж магадгүй. Янз бүрийн дааврын бэлдмэл уудаг хүмүүс таргалах магадлалтай байдаг.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

​ХҮНСНИЙ ДЭЛГҮҮРИЙН ХУДАЛДАГЧИД: Иргэд мах, ногоо, гурилаа өдөр өдөрт нь граммлаж авдаг болсон

DNN-Тодруулга” буланд хүнсний дэлгүүрийн худалдагч, эздээс тодруулга авлаа.


Хан-Уул дүүргийн III хороо Тэлмүүн хотхонд байрлах “Шинэхэн” мини маркет, М.Шинэтуяа:

-Хүмүүсийн худалдан авалт хөл хорионд орохоос өмнөх үеийг бодвол их муудсан. Манай дэлгүүр зээлээр бараа өгөөд байдаггүй. Манайхаар үйлчлүүлж байгаа иргэд голчлон өндөг, сүү, талх, нарийн боорцог, гурил, будаа авч байна. Нэг удаагийн худалдан авалтаар өдөр өдрийнхөө хүнсэнд хэрэглэх хэмжээгээр авдаг. Амттаны борлуулалт муудсан.Манайх 2 цаг тутам хаалгаа онгойлгож агаар сэлгэдэг. Мөн 14 хоног тутамхалдваргүйжүүлэлтийн бодисоор ариутгадаг. Касс, худалдагчид маань бээлий, маск, малгайөмсөж иргэдэд үйлчилж байгаа. Ер нь манай дэлгүүр хүн хоорондын зайгаа маш сайн баримталдаг. Харин дотроо АТМ-тэй болохоор тэнд л хүн цугларах гээд байдаг. Иргэддээ зөвлөхөд ганц хүнсний дэлгүүр гэлтгүй аль ч салбарын байранд очсон өөрийгөө болон гэр бүлээ халдвараас сэргийлж, халдвар хамгааллын дэглэмээ сайн мөрдөөсэй гэж хүсэж байна.

Дархан-Уул аймгийн Өргөө багийн “Зааны соёо” хүнсний дэлгүүрийн худалдагч Н.Буян-Эрдэнэ:

-Манай дэлгүүрээр өдөрт 150 гаруй хүн орж гардаг. Хөл хорионы дэглэмд орсноос хойш иргэдийн худалдан авах чадвар энгийн үеийнхээсээ 30-40 хувь буурсан. Оройн цагаар бараг хүн орж ирэхээ больсон. Зээл авахаар олон хүн ханддаг ч ойр хавийн таньдаг хүмүүстээ лзээл өгдөг. Танихгүй хүмүүс гар утас, эд зүйлээ барьцаалжхүнсний бүтээгдэхүүн зээлье гэж хааяа орж ирдэг. Гэхдээ манайх тийм хэлбэрээр зээл өгдөггүй, хуульдаа ч энэ хориотой. Дархан хот энэ сарын 7-ноос Ногоон бүс болсноо зарлаж, зарим төрлийн согтууруулах ундаа худалдаалах эрхийг нээснээс хойш пивоны борлуулалт ихэссэн. Ерөнхийдөө гурил, будаа, талх, нарийн боов зэрэг хүнсний бүтээгдэхүүнүүд л “гүйж” байна. Коронавирус гарснаас хойш иргэд байгаа мөнгөндөө талхаа л авна уу гэхээс чихэр, жимс, зайрмаг авах нь ховордсон. Хамгийн ихдээ 20-30 мянган төгрөгөнд юм авдаг.

Чингэлтэй дүүрэг 7-р хороо “Элбэг” дэлгүүрийн худалдагч А.Сандаг: Хөл хориотой байгаа иргэдийн худалдан авалт эрс буурсан. Хөл хорио тогтоогүй байхад иргэд мах, ногоогоо их хэмжээгээр авдаг байсан. Одоо мах, ногоо, гурилаа граммаар авч байна. Энэ байдлаас харахад иргэдийн орлого огцом буурсан. Хүнсний бараа бүтээгдэхүүний түгээлт харьцангуй сайн байгаа. Ер нь бараа бүтээгдэхүүний үнэ тодорхой хэмжээгээр нэмэгдсэн. Бидний хувьд хууль дүрмээ барьж өглөөний 08.00 цагаас оройны 21.00 цагийн хооронд ажиллаж байгаа. Дэлгүүрээр үйлчлүүлж буй иргэд хоорондын зайгаа барьж үйлчлүүлж байна. Би энд 4-5 жил худалдагчаар ажилласан үйлчлүүлэгчдийнхээ ихэнхийг танина. Ажилгүй, орлогогүй болсон ч гэсэн өдөр хоногийнхоо хоол хүнсийг болгоод л байх шиг байна. Зээлээр ганц, хоёр танил маань энэ хугацаанд авсан. Барьцаа гар утас, болон бусад зүйл тавьж зээл авсан удаа байхгүй. Шинэ жилийн үеэр хэдэн залуучууд пиво зээлэх гэж орж ирсэн, өгөөгүй.

Чингэлтэй дүүрэг 8-р хороо “Амгалан” дэлгүүрийн худалдагч Д.Соёлмаа: Иргэдийн худалдан авалт бараг байхгүй болсон. Энэ нь хөл хорио тогтоож, ажил зогссонтой холбоотой байх. Иргэдийн хувьд хонины махыг хаа, гуяар авдаг байсан бол одоо махаа нэг хоол хийх хэмжээгээр буюу 300-500 граммаар авч байна. Будаа гурилаа гэсэн ч нэг хоол хийхээр л авч байна. Будаа гурилыг уут саваар авч байгаа хүн ховор байна. Ер нь өвлийн улиралд ногооны үнэ бага зэрэг өсдөг. Манай дэлгүүрт төмс нэг килограмм нь 1000 төгрөг үнэтэй байгаа. Харин сонгино, лууван манжин, байцаа 1500 төгрөгийн үнэтэй байна. Мөн он гарахаас өмнө худалдан авалт харьцангуй гайгүй байсан. Сүүлийн долоо хоногт эрс багассан, мэдээж хүмүүсийн худалдан авалт багассантай холбоотойгоор бид ч гэсэн бараа бүтээгдэхүүнээ бага багаар татаж авч байна. Чихэр, жимсний борлуулалт бараг байхгүй гэж хэлэхэд болно. Иргэд орлого багатай байгаа болохоор хэрэгцээтэй хүнсээ л арай ядан авч байна шүү дээ. Манайхаас хэд хэдэн айл зээл тавьж гурил, будаа авсан. Тэгээд ч энэ хэцүү үед яаж өгөхгүй байхав дээ. Төрийн ажил хийдэг. Цалин мөнгөтэй байгаа зарим хүмүүсийн хажууд бор зүрхээрээ хэдэн хүүхдээ хоол ундаар тасалчихгүй гэж л амь тэмцэж байгаа хүмүүс шүү дээ.

Дархан-Уул аймгийн 17-р багийн “Алаг уул” хүнсний дэлгүүрийн худалдагч Ч.Лхамсүрэн:

– Коронавирус гарснаас хойш мэдээж борлуулалт эрс буурсан. Ялангуяа хүүхдүүд орж ирэхээ больсон болохоор ширхгийн бохь,чихэр гэх мэт амттаны борлуулалт бараг байхгүй болсонгэж болно. Манайхаар үйлчлүүлж байгаа хүмүүсийн ихэнх нь цалин, тэтгэвэр, хүүхдийн мөнгө буухаар өгнө гээд зээлээр юм авцгаадаг. Манайх дэлгүүрээ ажиллуулаад 17 жил болж байгаа болохоор энэ хавийнхаа таньдаг, мэддэг байнгын үйлчлүүлэгчдэдээ хэрэгтэй үед нь зээл олгодог. Зээлээ төлж чадахгүй хоёр, гурван сар болох үе бий. Хамгийн ихдээ 200 мянган төгрөгийн зээл бичүүлсэн хүмүүс ч байдаг.Үнэхээр иргэдийн амьдрал хэцүү байхад өгөхгүй гээд тас гүрийгээд байх хэцүү шүү дээ.

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсан “Good price” сүлжээ дэлгүүрийнхудалдааны зөвлөх Б.Цэндмаа:

-Худалдан авалт энгийн үеэс их өссөн. Худалдан авалтын үе гэж байдаг. 11, 12 дугаар сарын худалдан авалт нэгдүгээр сараас илүү байсан. Учир нь шинэ жил, коронавирустай давхцсан үе байсан шүү дээ. Одоо бол жимсний худалдан авалт муудаж, өндөг, талх, хиам, тахианы мах зэрэг бүтээгдэхүүний үнэ өссөн.Өндөг л гэхэд өглөө 9 цагт ирээд 10, 11 цаг гэхэд дуусчихдаг. Мөн ариун цэврийн бүтээгдэхүүн, угаалга цэвэрлээний ариутгалын бодис, Санитол, нэг удаагийн бээлий, гар ариутгагчэрэлттэй, гүйлгээ сайн байгаа. Хөл хорионы энэ үед гэр бүлээрээ хөгжилтэй байх үүднээс хөгжөөнт тоглоом худалдан авч байгаа. Манай дэлгүүр хүргэлтийн үйлчилгээ ажиллуулдаг учраас иргэд халдвар хамгааллын дэглэмээ баримтлах үүднээс хүргэлтээр бараа бүтээгдэхүүнээ хүргүүлэхийг эрмэлздэг болчихсон. Хүргэлтийн үйлчилгээ их ачаалалтай байдаг. Ер нь Герман, Солонгос, Орос, Америк зэрэг улсаас бараа бүтээгдэхүүнээ татдаг болохоор манайхаар үйлчлүүлж байгаа иргэд сэтгэл хангалуун байдаг.

www.admin.dnn.mn

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

​С.Отгонбаатар: Бүтээлд минь агуулагдсан жижиг зүйл бүхэн өөрийн гэсэн утга санааг илэрхийлдэг


Уран барималч С.Отгонбаатартай ярилцлаа. Тэрээр хувиараа хүсэл мөрөөдлөө дагаж бусдад үлгэр жишээ болон уран бүтээлээ хийж буй юм.


-Сайн байна уу. Юуны өмнө манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

-Сайн байна уу. Намайг С.Отгонбаатар гэдэг. Арван жилээ “Монгени” цогцолбор сургуулийг төгссөн. Тэгээд нэг жил өнжөөд СУИС-ийн Уран баримлын ангид орсон ч хоёрдугаар курсээсээ сургуулиа орхиж түүнээс хойш хувиараа уран бүтээл хийгээд явж байна.

-Хэзээнээс эхэлж уран баримлын төрлийг сонирхох болов?

-Анх “Монгени” цогцолбор сургуульд байхдаа л энэ чиглэлээр сурч эхэлсэн. Тэгээд л зургийн ангид орсон. Зургийн ангид орсон хүүхдүүд сонгон судлах хичээлээр заавал баримал, монгол зураг, керамикт зургийг сонгодог байсан юм. Баримлын хичээлд сууж баримал барьж үзээд маш их таалагдсан учраас энэ чиглэлээр цаашид дагнаж хичээллэхээр шийдсэн. Тэр үед хийсэн бүтээлээ хараад барималчин болохоор сэтгэл шулуудсан минь тэр байх.

-Одоогоор хичнээн баримал хийсэн байна вэ?

-Дадлагын хугацаанд хийсэн бүтээл гээд ер нь 30 гаруй баримал байгаа. Бүх бүтээлдээ сэтгэлээ шингээж хийдэг болохоор тэр бүр тоолдоггүй.

Уран баримал хийхэд мэдээж их ажиллагаатай байх. Нэг бүтээлээ хэр хугацаанд хийж дуусгадаг вэ?

-Ямар баримал гэдгээсээ шалтгаалаад хугацаа нь харилцан адилгүй байдаг. Их чимхлүүр ажил орсон баримал дээр олон цаг зарцуулдаг. Харин жижиг хэмжээтэй баримлыг 7-10 хоногт хийж дуусгадаг.

-Дүрслэх урлаг дотроо уран баримлын аль төрлөөр уран бүтээлээ хийдэг вэ?

-Хөшөө, түүхэн дурсгал чиглэлээр дагнаж бүтээлээ хийдэг. Ер нь чөлөөт уран бүтээлч гэхэд болно доо.

-Олон улсын үзэсгэлэн, тэмцээнд оролцож байв уу?

-2018 оны тавдугаар сард Тайвань Монголын хамтарсан “Гранд арт” гэдэг үзэсгэлэнд оролцож байсан.

-Ер нь баримал хийхэд ямар материал ордог юм бэ?

-Баримал хийхэд төмөр утас, мод, баримлын шавар, замаск, вакс, гурил, зэс гээд маш их материал ордог. Би бүх материалаа урдаас авдаг. Том хэмжээтэй хөшөө хийхдээ зайлшгүй урдаас захиж авчирдаг.

-Уран бүтээлч хүнд хийсэн бүтээл бүр нь нандин байдаг байх. Тэдгээрээс нэгийг нь онцлоод яривал?

-Хамгийн хэцүү байсан бүтээл гэвэл оюутан байхдаа хийсэн “Хүн төрөлхтөн сэрдэг ээ” гэдэг удган модны зохиомжтой баримал байгаа. Энэхүү бүтээлийн утга санаа нь хүн төрөлхтөн байгаль эхтэйгээ салшгүй холбоотой гэдгийг харуулсан. Бүтээлд маань агуулагдсан шагай, гурвалжин дүрс гээд жижиг зүйл бүхэн өөрийн утга санааг илэрхийлдэг. Энэхүү бүтээлээ сар гаруй хугацаанд хийж дуусгаж байлаа.

-Бүтээлээрээ дамжуулж юуг илэрхийлэхийг хүсдэг вэ?

-Бусдын хараагүй зүйлийг хараасай гэж хүсдэг. Урлаг гэдэг өөрөө хүнийг соён гэгээрүүлэх зорилготой шүү дээ. Нүдийг нээж сэтгэлийг баясгадаг. Тийм учраас би нийгмээсээ түрүүлж алхахыг эрмэлздэг.

-Танд зөвлөгч багш бий юу?

-“Монгени” цогцолбор сургуульд байхад хичээл зааж байсан багш маань байгаа. 10 гаруй жил багшилсан мундаг хүн бий. Хүүхдүүдтэй тулж харьцаж, тэдний ертөнц рүү өнгийдөг. Хувь хүн талаас нь харж хүмүүжүүлдэг. Сургалт, хичээл гэхээс илүүтэйгүүр дотоод мөн чанарыг гаргаж ирэхийг зорьдог. Хүн хөдөлмөрлөж байж сайн сайханд хүрдэг, хүний ачийг ямагт санаж байхыг байнга зөвлөдөг. Мөн хүн муулж хулгай хийхгүй, өв соёлоо дээдэлдэг байхыг заадаг даа.

-Таны бүтээлийг харахад их хичээнгүйлж хийдэг бололтой?

-Би бүх бүтээлдээ сэтгэл, ур ухаанаа шингээдэг. “Чадна” гэдэг үгийг өөртөө байнга хэлж өөриймшүүлж байгаасай гэж боддог. Чадахгүй гэдэг үгийг өөртөө нааж битгий хойш суугаарай. Аливаа зүйлийг байнга туршиж өөрсдийгөө олж нээхийг зөвлөж байна.

-Таны бүтээлийг хүмүүс хэр сонирхож байна?

-Хүмүүст хэрэг болохуйц, тэдэнд үлдэхүйц бүтээл хийдэг болохоор их сонирхдог. Нийгэмд байр сууриа олчихсон, уран зураг, уран баримал сонирхдог хүмүүс их авдаг. Би хийсэн бүтээлээ ур хийцээс нь шалтгаалаад өөр өөр үнээр борлуулдаг.

-Залуу хүн том мөрөөдөлтэй байх. Цаашдын зорилгынхоо талаар хуваалцаач?

-Өөрийнхөө хязгаарыг давсан сайн бүтээл хийж олонд хүргэхийг эрмэлзэж байгаа. Ер нь бүтээлийн ур хийц, донж хэв маягаараа бусдыг манлайлсан дэлхийн хэмжээний уран барималч болохыг зорьдог. Мөн аливаад хариуцлагатай хүн байхыг хичээдэг.


Түүний уран бүтээлээс сонирхуулж байна.

Categories
булангууд мэдээ сав-шимийн-ертөнц

Г.Сүхчулуун: Тарвагатайн нуруунд байрласан халиун буга 20 хоногийн хугацаанд 480 км зам туулж Баянхонгорын Их Богдод очсон байна DNN.mn

ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн хөхтний лабораторийнхон Хустайн болон Тарвагатайн нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаатай хамтран халиун бугын шилжилт хөдөлгөөн, нүүдлийн зам, холбоос нутгийг илрүүлэх судалгаа хийсэн байна. Энэ талаар ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн Хөхтний экологийн лабораторийн эрхлэгч Г.Сүхчулуунтай ярилцлаа.


-Танай хамт олон Хустайн болон Тарвагатайн нурууны байгалийн цогцолборт газарт идээшилж буй халиун бугын шилжилт хөдөлгөөнийг судалсан гэсэн. Энэ тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч. Хэр удаан тандалт судалгаа хийв?

-2010 оны судалгаагаар халиун буга 16,350 байгааг тогтоосон. Бид “Зарим тусгай хамгаалалтай газруудад уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө” гэсэн төслийн хүрээнд Хустайн нуруу болон Тарвагатайн нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаатай хамтран халиун бугын шилжилт хөдөлгөөн, нүүдлийн коридор, холбоос нутгийг илрүүлэх судалгааг 2019-2020 онд хийж гүйцэтгэсэн. Энэ ажлын хүрээнд унтуулах болон тор татах аргаар Тарвагатайн нурууны байгалийн цогцолборт газарт дөрвөн халиун буга, Хустайн нурууны байгалийн цогцолборт газарт зургаан халиун буга барьж сансрын дохиолол бүхий хүзүүвч зүүлгэж ажигласан.

-Тус дохиолол нь халиун бугыг ямар нэгэн хөдөлгөөн үзүүлэхэд л мэдээлэл дамжуулах уу?

-Халиун буганд зүүсэн тус сансрын дохиолол нь дөрвөн цагийн зайтай байршлын мэдээллийг дамжуулдаг. Ерөнхийдөө эдгээр буга өөрсдийн байрлаж буй байгалийн цогцолборт газраасаа хол давж яваагүй тэр хавийн ой мод, уул хадтай газруудаар явж байсан. Халиун бугын хоногийн шилжилт хөдөлгөөн Хустайн нурууны байгалийн цогцолборт газарт дунджаар 490м, эзэмшил нутгийн хэмжээ 144-242 км2, Тарвагатайн нурууны байгалийн цогцолборт газарт 450м, эзэмшил нутгийн хэмжээ 36-51 км2 талбайг эзэлдэг. Харин Тарвагатайн нуруунд байсан нэг буга маань 480км зам туулан Баянхонгор аймгийн урд хэсэгт байдаг Их Богд ууланд очсон.

-Тухайлбал тус халиун буга ямар ямар газруудаар явж хүрсэн бэ?

-Тарвагатайн нурууны Солонготын даваа орчимд хүзүүвчилсэн халиун буга Тэрхийн цагаан нуур хүрч, Тарвагатайн гол нурууг дамнан Отгонтэнгэрийн зүүнээс урагш Их Богд уул руу Завхан аймгийн Их-Уул, Тосонцэнгэл, Отгон, Баянхонгор аймгийн Баянбулаг, Гурванбулаг, Хүрээмарал, Бууцагаан, Баацагаан зэрэг сумдын нутгийг дайран 20 хоногийн хугацаанд ойролцоогоор 480 км замыг туулан Баянхонгор аймгийн Жинст сумын нутагт нутаглаж байна. Төсөл хэрэгжих хугацаа дууссан ч сансрын дохиолол бүхий хүзүүвчтэй халиун буга цэгэн байршлын мэдээллээ одоог хүртэл дамжуулсаар байгаа.

-Өмнө нь ийм төрлийн сансрын дохио мэдрэгчийг ашиглаж байсан уу?

-Ер нь буга гэдэг амьтан хаашаа явж нүүдэллэдэг, ямар улиралд хаана очиж байгааг судлах зорилготой дохиолол зүүлгэсэн. Өмнө нь тодорхой хэмжээнд бугын байршил маршрутын дагуу явж судалдаг байсан. Одоо техник техногийн дэвшлийг ашиглан дэлгэцэн дээрээс шууд хянаад мэдчихдэг болсон. Цаашид энэ төрлийн судалгааг өөр зүйл амьтад дээр суурилж хийх төлөвлөгөөтэй байгаа.

-Манай оронд бугын хичнээн төрөл зүйл байдаг вэ?

-Манайд зөвхөн халиун бугын төрөл зүйл л байдаг. Хангай, Хэнтий, Хөвсгөл, Монгол алтай, Их хянганы ойт бүх нутагт нутагладаг. Сүүлийн жилүүдэд халиун бугын тоо толгой манай орны газар бүрт өсөх хандлагатай байгаа. Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор халиун бугыг ховор амьтны жагсаалтад оруулсан бөгөөд зөвхөн тусгай зөвшөөрлөөр агнадаг болсон. Ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнахыг бүр хориглосон байгаа.

-Буга урамдахыг сонссон хүний нас уртасдаг гэдэг. Одоо бол бугын урамдаан дууссан байх, тийм үү? -Нас бие гүйцсэний дараа эвэрний салаа нэмэгдэхгүй, харин эвэр угнаасаа эхлэн жилээс жилд бүдүүрч томрон илүү хүчирхэг болдог нь орооны үед бусад эрэгчингээс илүү “согоо буюу эмэгчин” хураах боломжийг нэмэгдүүлдэг. Орооны үе болох намар есдүгээр сарын хоёр дахь долоо хоногоос аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийг дуустал эрэгчин уртаар уянгалсан дуу гаргахыг “урамдах” гэдэг. Одоо буга урамдах үе нь ерөнхийдөө дуусчихсан.

Categories
мэдээ цаг-үе энтертаймент-ертөнц

​Г.Тэнгис: Хүмүүс үе үеэрээ ялгардаг ч гэрэл унтрахад бүгд адил


Сошиал ертөнц дэх үнэн худал нь мэдэгдэхгүй олон мэдээлэл дундаас бусдадаа аз жаргал, инээд хөөр, сургамж зэрэг эерэг зүйлд уриалсан контент хийж буй GenZ үеийн төлөөлөл юүтүбэр Г.Тэнгистэй ярилцлаа.

Тэрээр, “Тик Ток” сошиал платформ дээр 156 мянга гаруй дагагчтай бөгөөд түүгээрээ амьдрал дээр тулгардаг асуудлыг эвлэгхэн алиа маягаар контент болгон түгээдэг үүний сонирхолтой яриаг хүргэж байна.


-Хөл хорионы энэ үед юу хийж амжуулж байна?

-Анх хөл хорио тогтоох үед ажилаа хийгээд их завгүй байсан. Харин энэ удаагийн карентинаар контентдоо илүү анхаарч сошиал хаягуудаа хөгжүүлж байна.

-Залуучууд таныг тик токоор хөгжилтэй эерэг контент хүргэдэг гэдгээр тань сайн мэдэх байх. Анх бичлэг хийх санаагаа хэрхэн олж байв?

-Анхны хувь хүний хөгжил, бусдад үлгэрлэх, залуусдаа шинэ санааг дэвшүүлж сургамжит өгүүллэгээр контентоо эхлүүлж байсан. Учир нь залуучууддаа ганц ч болов зүйлийг ойлгуулж тэдэнд нөлөөлөхийг хүссэн юм. Харин хөгжилтэй бичлэгийн санааны хувьд бусад алдартай оддын бичлэг, контент үзэх эсвэл толгойд буусан шинэлэг санаагаа амьдрал дээр болдог зүйлүүдээр баяжуулж нийтэд хүргэдэг.

-Та ямар мэргэжилтэй юм бэ. Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг Г.Тэнгис гэдэг. Одоо 24 настай. “Сontent Creator” гэвэл илүү зохих байх/инээв/. Манай аав ээж архитектор мэргэжилтэй болохоор үйл хэргийг нь үргэлжлүүлэх отгон хүүгийн хувьд тэдэнтэй адил архитектор мэргэжил сонгосон. Мөн гадаад хэл болон сэтгэл судлалын чиглэлээр сурч байсан. Багын мөрөөдөл маань жүжигчин болох. Одоо аль алиныг нь хаяагүй. Шат шатаар зорилгоо биелүүлж яваа GenZ үеийн төлөөлөл.

-Ер нь амьдрал дээр тулгардаг асуудлыг эвлэгхэн алиа маягаар контент болгон харуулдаг. Зохиол дээрээ хэр удаан ажилладаг вэ?

-Бүрэн болон богино хэмжээний зохиол биш болохоор цаг их зарцуулаад байдаггүй. Ивээн тэтгэгчийнхээ контентийг нэг өдөр сууж хийдэг. Ер нь бүх зүйл дээр сэтгэлээ шингээж хийхийг эрмэлздэг. Тиймээс албан газрууд их холбогддог байх. Харин энгийн бичлэгээ тухайн үед шинэлэг санаа орж ирвэл шууд л өөрт таалагдсан байдлаар баяжуулаад хийчихдэг. Хийсэн бичлэг маань надад боломжийн санагдаж байвал олон нийтэд түгээдэг. Чанаргүй бичлэгээ сошиалд тавьдаггүй.

-Нэг бичлэг хийхэд хэдэн цаг болох вэ. Мэдээж их бэлддэг байх?

-Ер нь бичлэг хийх хугацаа янз бүр байдаг. Урт бичлэгийг нэг өдөр сууж эвлүүлэг, монтажийн ажлыг хийдэг. Харин дүрсжүүлэхэд хагас өдрөөс нэг хоног зарцуулна. Ивээн тэтгэгчтэй, зохиол нь бэлэн богино хэмжээний бичлэг, тик ток, контент хийхдээ дунджаар 2 цаг зарцуулдаг. Хааяа таван минут болох ч үе бий.

-Бичлэгээрээ хүмүүст ямар мессэж өгөхийг хүсдэг вэ?

-Нийгэмд болж буй асуудлыг хошин маягаар шүүмжилдэг. Мөн сургамжит өгүүллэг, влогоороо залуустаа эрүүл бие, хорт зуршилгүй, амьдралын ухаантай байлгах талаас нь сэдэлжүүлэхийг хүсдэг.

-Хүмүүс бичлэг хийхэд сайн чанарын камер, гар утас хэрэг болдог гэдэг шүү дээ. Таны хувьд ямар утас ашигладаг вэ?

-Тухайн хүний зорилгооос шалтгаалаад хэрэглээ өндөр байх. Миний хувьд Huawei mate 20 pro маркийн утас ашигладаг. 1080 4k-аар зураг бичлэгээ авчихдаг болохоор ямар нэгэн асуудал гардаггүй. Ер нь сүүлийн үеийн бүх утас энэ бүхнийг төвөггүй хийдэг болсон /инээв/.

-Сайн чанарын контент хийхийн тулд ямар нэгэн программ ашиглах шаардлагатай болдог. Ямар программ ашиглаж эвлүүлгээ хийдэг вэ?

-Би ихэвчлэн Premiere Pro, Photoshop, After effect, Power Director зэрэг программыг ашигладаг.

-Таны тик ток бичлэгүүдийг үзэхэд нээрээ л ийм зүйл тохиолдож байсан хэмээн бодогддог. Хүнд өгөөжтэй, олонд хүрсэн контент хийхэд юун дээр илүү анхаардаг вэ?

-Хүнд нийтлэг тохиолддог зүйл гэж байдаг. Эдгээр нь хүний тархинд суусан байдаг болохоор маш хүчтэй сэтгэгдэл төрүүлэхүйц хүлээж авдаг. Тиймээс л хандалт сайн авдаг байх. Өгүүлэмж, контентоо хийхийн тулд би үнэ цэнэ, хэрэгцээн дээр тулгуурладаг.

-Та тик ток дээрээ 156 мянга гаруй дагагчтай. Хувь хүний хичээл зүтгэл нэгт байгаа болов уу гэж харж байна. Анх контентоо хийх үеэс одоог хүртэл хичнээн бичлэг хийсэн байна?

-Мэдээж хичээл зүтгэл нэгт байгаа байх. Гэхдээ ухаалаг байж, тухайн зүйлийн санаа, хэрхэн ажиллах системийг мэдэж байх нь хичээл зүтгэлтэй дүйцэхүйц чухал юм шиг санагддаг. Анх эхэлснээс хойш 8-9 сарын хугацаанд 200-аас дээш контент хийсэн байна.

-Сүүлийн үед залуус ямар контентийг илүү сонирхож байна вэ?

-Ер нь комеди төрөл их хандалт авдаг. Энэ төрөл дэлхийн хаана ч нэгт жагсдаг гэж боддог. Учир нь инээд гэдэг зүйл хүнд чухал сэтгэл хөдлөлийн нэг шүү дээ. Хошин шогийн мэдрэмж нь тухайн хүний оюуны чадамжийг харуулдаг. Тиймээс боловсрол, хүний хөгжил гээд хэрэгцээ шаардлагаараа эрэмбэлэгддэг болов уу.

-Та GenZ үеийнхнийхээ талаар ямар бодолтой явдаг вэ?

-Хүн төрөлхтний түүхэнд ахмад үе нь залуу үеэ, залуу үе нь үргэлж ахмад үеэ шүүмжилсээр ирсэн. Гэхдээ цагийн зүү урагшлахтай зэрэгцэн бүхий л зүйл өөрчлөгдөн хувьсаж байна. Хүн төр төрөлхтөн, техник технологи, харилцаа холбоо, хүний эрх, нийгмийн соёл гээд л. Тиймээс GenZ үеийнхэн ч мөн адил өмнөх үеэсээ хамгийн төгс ухаалаг хувилбар гэж боддог. GenZ үеийн дараагийн төлөөлөл Alpha үе ч мөн адил GenZ үеийнхнээс илүү ухаалаг болно /инээв/. Гэхдээ гэрэл унтрахад бид бүгд адил.

Хүмүүс гадагшаа явж суралцахыг илүүд үздэг. Таны хувьд эх орондоо өөрийгөө хөгжүүлээд явах боломж байна уу. Энэ тал дээрх бодлоо хуваалцаач?

-Ер нь гадаадад суралцах нь хувь хүний бодлоос шалтгаалах байх. Миний хувьд туйлын үнэн зөв, хөдлөшгүй үзэл бодол гэж байдаггүй. Гадаадын их дээд сургуульд сураад Монголдоо ирээд ажиллахад, эх орондоо ажиллаж байсан залуусаас дор үнэлэгддэг хүмүүс их бий. Нөгөөтэйгүүр их сургуульд суралцаагүй мөртлөө эдгээрээс амжилттай явж байгаа хүмүүс ч байгаа. Тиймээс өнөөгийн интернэт хөгжсөн эрин зуунд гадаад хэл сурч, биеэ дааж өөрийгөө хөгжүүлбэл бүх зүйл боломжтой гэж боддог. Мөн дэлхийгээр аялж, юм үзэж, нүд тайлах хэрэгтэй.

-Та өөрт хэрэгтэй мэдээллүүдээ аль сувгаас олж авдаг вэ?

-Бүгд л албан ёсны фэйсбүүк, инстаграм, твиттерээр дамжуулан мэдээллээ хүргэдэг. Би бүх Social flatform-оос өөрт хэрэгтэй мэдээллээ олж авдаг. Ер нь Google байхад болчихдог доо/инээв/.

-Сошиалд хэр их цаг зарцуулж байна?

-Newsfeed гүйлгээд хэрэгтэй хэрэггүй зүйл хараад цагаа дэмий үрээд байдаггүй. Хэрэгтэй мэдээллээ аваад бусдыг нь тоодоггүй. Харин одоо хийж байгаа зүйл маань миний нэг хэсэг болохоор хаягуудаа шалгана,пост оруулна, ажлаа зохицуулна гээд байнга хянаж хариу үйлдэл үзүүлдэг.

-Инстаграм, Фэйсбүүк, Тик ток, Youtube-ийн алийг нь сонгох вэ?

-Бүгд л өөрийн гэсэн онцлог, давуу талтай болохоор бүгдийг нь гэж хэлнэ. Харин заавал нэгийг нь сонго гэвэл YouTube-ийг сонгоно. Яагаад гэвэл YouTube-г бүх төрлийн хэрэгцээ, мэдээ мэдээллийг агуулсан нэгдсэн сан гэж хараад байгаа.

-Таны бичлэгийг өсвөр насныхан их үздэг. Тэдэнд хандаж ямар нэгэн уриалга, зөвлөмж өгөөч?

-Биеэ даагаад дуртай зүйлээ хийгээрэй гэж хэлмээр байна /инээв/.

Categories
их-уншсан мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

​Г.Бизьяа: Хүүхдүүдээ гар утас, зурагтаас хол байлгах гэж хашаандаа мөсөн гулгуурын талбай хийсэн

Covid-19” цар тахлын энэ үед хүүхдүүдийнхээ цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд зориулж хашаандаа мөсөн гулгуурын талбай хийсэн Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар хорооны иргэн Г.Бизьяатай ярилцлаа.

-Сайн байна уу. Танай гэр бүл хашаандаа хүүхдүүддээ зориулж мөсөн гургуурын талбай байгуулсан байсан. Энэхүү талбайг хэзээнээс эхэлж хийв?

-Хөл хорионы энэ үед хүүхдүүд гадуур гарч болохгүй утас, телевизор л үзэж байна шүү дээ. Түүнээс хол байлгахынтулд эхлээд мөсөн гулсуур хийе гэж байсан ч түүнийгээ болиод мөсөн талбай хийсэн. Анх арваннэгдүгээр сарын 13-наас эхэлсэн. Тэгээд арванхоёрдугаар сарын 1-нээс өмнө арав хэдхэн хоногийн дотор дууссан. Өөрийнхөө хашааны цасыг дуусгаад хажуу айлынхаа хашааны цасыг хүртэл ашигласан.

-Хүүхдүүд тань бөөн баяр байгаа байх даа. Та хэдэн хүүхэдтэй вэ?

-Дөрвөн хүүхэдтэй. Хоёр нь сургууль, цэцэрлэгийн насны хүүхдүүд байгаа. Мөн ач, зээ нар байгаа.

-Ийм мөсөн талбайг хийхэд хичнээн тонн ус зарцуулж байна вэ?

-Энэхүү талбайг хийхэд их хэмжээний өртөг гаргаагүй. Зүгээр л гар доорх материалаа ашигласан төдий. Бид худгаас 5000 төгрөгөөр 5 тонн ус авч хийсэн бүтээл байгаа юм. Хамгийн гол нь хүүхдүүдээ зориулж бүтээсэн. Өмнө нь манай гэр бүл жорлонгийнхоо гадна талыг ундааны бөглөөг цуглуулж байгаад бүрж байсан. Манай энэ хавийнхан андахгүй дээ.

-Талбайдаа гэрэлтүүлэг хүртэл хийжээ. Ер нь орчныг сайхан бүрдүүлж шүү?

-Тог, усны мөнгө тэглэхээс өмнө дуусгасан болохоор тийм их гэрэлтүүлэг ашиглаагүй. Гацуур модныхоо чимэглэлийг аваад гэрэлтүүлэг болгочихсон.

-Та ямар ажил эрхэлдэг вэ?

-Би том тэрэг жолооддог.

-Ер нь ус хөлдөөхөөс авахуулаад үүнийг хийхэд их ажиллагаа ордог байх даа?

-Хүн харахад амархан юм шиг санагддаг. Бид ч хялбар гэж төсөөлж байсан. Тэгээд анх дан мөсөөр хийе гэж бодоод хайрцаг аваад туршиж үзсэн ч болоогүй. Сүүлдээ цасаа устайгаа холиод хийхээр болсон. Тэр нь ч амар юм билээ. Шөнө нь хөлдөөж хоноод маргааш нь нэмээд хийсэн. Одоо өдөр дулаан байгаа учраас мөсөн хүн маань хүртэл бага багаар хайлж байгаа. Тэгээд орой болохоор хамаг ажлаа амжуулдаг.

-Танай ойр хавийн хүүхдүүд ирж тоглож байна уу?

-Ойр хавийнхан маань хүүхдүүдээ тоглуулна л гэж байна лээ. Бид тэгээд коронавирус гарчихсан болохоор болохгүй юм болов уу гэж бодоод байгаа. Хүүхдүүдээс гадна томчуул нь хүртэл гулгая гэж байгаа шүү /инээв/. Зарим хүмүүс том гэж хараад байгаа юм шиг байсан. Манай хашаа чинь 0.7 га газар болохоор энэ талбай нүсэр том биш. Зөвхөн хүүхдүүдээ л тохирсон эд байгаа юм.

Сошиалаар танай мөсөн талбайн зураг их явах болсон. Эерэг сөрөг сэтгэгдэл их байсан. Та харсан уу?

-Сэтгэгдлүүдийг нь уншсан. Анх хийж эхэлж байхад манай хороон дарга ирж сайхан зүйл хийж байгаа юм байна гэж хэлж байсан. Ер нь энэ талбайг тог, усны мөнгө тэглэхээс өмнө хийж дуусгасан болохоор үнэгүй зүйл ашигласан зүйл байхгүй. Эхнэр бид хоёр хүүхдүүдээ тэшүүр хүртэл зориулж авч байсан. Манай хажуу хашааныхан хүртэл та хоёр чинь зүгээр сууж чадахгүй юм аа гэдэг /Инээв/.

-Танай гэр бүл их бүтээлч айл байх нь?

-Хүн өөртөө байгаа эд зүйлсийг ашиглаад л бүх зүйлийг хийж байхад болдог. Хүнээс юм гуйхгүй өөрийнхөө чадвараар үр хүүхдүүдээ болгоод л амьдарч байна даа.


Categories
мэдээ нийгэм цаг-үе энтертаймент-ертөнц

​Г.Тэмүүлэн: Гадаад хэл сурахад ярихаас өөр үр дүнтэй арга байдаггүй


“Podcasts and Shows whit Temka” пэйж хуудсыг үүсгэн байгуулагч, англи хэлний багш Г.Тэмүүлэнтэй ярилцлаа.

Тэрээр 2016 оноос хойш дөрөв дэх жилдээ багшилж байгаа бөгөөд “Podcasts and Shows whit Temka” хуудсаараа дамжуулан залуусын англи хэлний түвшинг ахиулах, мэдлэгийг дээшлүүлэхэд түлхэц болох үүднээс видео контент болон цуврал хичээл байршуулдаг юм.


-Хөл хорионы үеэр юу хийж амжуулж байна вэ. Одоо онлайнаар хичээлээ зааж байгаа юу?

-Тэгэлгүй яахав. Би “Winner’s course” сургалтын төвийг ажиллуулдаг. Хөл хорионы үе гээд одоогоор онлайнаар 50 гаруй хүнд хичээл зааж байна.Мөн шинээр нэмж 20-иод хүн бүртгүүлсэн байгаа. Манай сургалтад ихэвчлэн анхан болон анхан дунд шатны хүмүүс англи хэлний мэдлэгээ дээшлүүлэхээр ирж хичээл заалгадаг.

-Аливаа зүйлийг хийхэд хувь хүний арга барил чухал байдаг. Таны хувьд гадаад хэлийг өөртөө суулгахын тулд их түлхэц болсон зүйл байв уу?

-Би зургаан настайгаасаа эхлээд “Hobbi” сургуульд сурсан. Тэнд ихэвчлэн гадаад багш нар хичээл заадаг байсан юм. Багш нараасаа Америкчууд, Англичууд ямар хэв маягаар ярьдаг болохыг мөн тэр улсын соёлыг нь мэдээд авчихсан. Түүнээс гадна манай гэр бүлийнхэн хүртэл англиар ярьдаг байсан болохоор ч тэр үү англи хэлний суурь мэдлэг, орчин нь бүрдчихсэн байсан. Тийм болохоор хэл сурахад их дөхөм байсан болов гэж боддог. Гэрийнхэн маань англиар асуулт асуухад зарим үгийг нь мэдэхгүй тохиолдолд энэ үгийг сурах шаардлагатай юм гэдэг бодол, өөрт хэрэгтэй зүйл гэж бодсоны үндсэн дээр сурсан гэхэд болно.

-Ер нь Их, дээд сургуулийн оюутан, 10 жилийн сурагчид англи хэлний хичээлийг олон цагаар үздэг ч ажлын байран дээр гараад англи хэлний мэдлэгийн түвшин гологддог. Энийг юутай холбоотой гэж үзэж байна вэ?

-Ер нь гадаад хэлийг нэгдүгээр ангиас нь заачихвал зүгээр санагддаг. Орчныг нь бүрдүүлээд өгчихвөл цаашид сурах арга барилаа өөрөө олоод биеэ даагаад хичээллэдэг. Багаас нь л гадаадаар ярихад нь дуудлагыг нь зөв заагаад, хажууд нь дэмжээд өгчихвөл хүүхэд өөрөө сонирхлоороо аливаа зүйлийг амархан сурчихдаг.

-Таны хувьд англи хэлийг ямар арга барилаар заадаг вэ?

-Миний хувьд дээр хэлсэнчлэн орчныг нь бүрдүүлж хичээлээ заах сонирхолтой. Хүмүүст 1 цаг 30 минутын хичээл заахад хангалтгүй байдаг шүү дээ. Тиймээс би хичээл эхлэхээс 30 минутын өмнө эсвэл хичээл тарсны дараа 30 минут ганцаарчилсан маягаар хичээл орох нөхцөлийг бүрдүүлж байгаа. Мөн “Speaking club” явуулж сурагчид маань бусадтайгаа болон багштайгаа ярих гээд чөлөөтэй ярих тэр орчныг бүрдүүлж хичээлээ заахыг эрмэлздэг.

-Зарим хүмүүс англи хэлний түвшингээ ахиулж чадахгүй нэг түвшиндээ гацчихаад байдаг. Ер нь түвшингээ яаж ахиулах хэрэгтэй вэ?

-Ерөнхийдөө хичээлээ өдөр болгон давтах шаардлагатай. Үүнд хүмүүсийн сурах арга барил их чухал. Анхан шатны түвшинтэй хүнд сурах арга барил бараг байдаггүй. Олон цагаар сууж, дүрмээрээ хэд хэдэн өгүүлбэр бичиж түүнийгээ ярих, унших гээд тал талаас нь туршиж үзэх хэрэгтэй. Ингэснээр ярих, бичих чадвар нь суудаг. Мөн цаашид сурах арга барил нь тодорхой болж эхэлдэг. Түвшиндээ гацсан хүмүүс маань сурах арга барилаа олоогүйгээсээ болоод гацсан юм биш харин дараагийн түвшинд очих мэдлэг эсвэл чиглэл нь дутаад байгаа болов уу гэж харж байна. Жишээлбэл, “Би өчигдөр таван цагт ажил руугаа явсан” гэх өгүүлбэрийг яаж ахисан түвшинд бичих вэ гэсэн нөөц бололцоо нь байдаггүй. Түүнийг дунд түвшнээс ахисан түвшин рүү нь чиглүүлээд өгчихвөларга барилаа амархан олно.

-Гадаад хэлийг сурахад заавал өгүүлбэрээр цээжлэх, дүрмээрээ ярих хэрэгтэй гээд өөрийгөө шахаад байдаг. Энэ зөв үү?

-Дан ганц дүрмээрээ заах ньбуруу байдаг. Хэлийг нь сургах гэхээсээилүү томъёо цээжлүүлж байна гэсэн үг. Тэгэхээр дүрэм нь ийм байдаг, тиймээс одоо хоорондоо яръж үзье гээд жишээ татаж, олон талаас нь хувиргаж байж тухайн хүүхдэд аль нь илүү үр дүнтэйг тогтоож заавал үр дүнтэй. Зарим хүмүүс ном орчуулаад, дуу сонсоод гадаад хэлийг сурчихдаг. Эсвэл ямар ч дүрэм сураагүй мөртлөө хүнтэй англиар ярьсаар байгаад утгыг нь ойлгочихдог. Ер нь аливаа зүйлийг олон талаас нь заахад багшийн арга зүй, ур чадвар их чухал л даа. Ямар ч эргэлзээгүй, түгдрэхгүй зөв ярьдаг болъё гэж бодож байгаа бол эхлээд үгийн утгаа ойлго. Түүнийгээ олон талаас нь хувиргаад цээжлээд авчих. Англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай сургууль дээр очоод хүүхдүүдээс нь энэ дүрмийг мэдэх үү гэж асуухад ихэнх нь үгүй гэж хариулдаг. Тэгсэнхэдий ч англиар машсайн ярьдаг. Үүний гол шалтгаан нь хэрэглээгээрээ англи хэлийг сурчихсан байгаа юм шүү дээ. Хэрвээ багаас нь гадаад хэл заах гэж байгаа бол энэ дүрмээр ингэж бичнэ гэхээс илүүтэйгүүр энэ санааг ингэж илэрхийлнэ гэдэг байдлаар заавал илүү үр дүнтэй.

-Англи хэлээр ярихын тулд үгийн сан маш чухал байдаг. Тэгвэл бие даан суралцаж буй хүмүүс алдаагаа хэрхэн хянах боломжтой вэ?

-Хэлний түвшингээсээ хамаараадөөр өөр. Дунд түвшинтэй хүн интернэтээс тухайн үгээ хайж сонсоод өөрийнхөө алдааг олох боломжтой. Харин анхан шатны хүмүүс “I Love you” гэдэг үгийг “I Love you’re” гээд хэлчихдэг ч юм уу алдаагаа олдоггүй. Тэгэхээр “You, you’re” хоёрын ялгааг интернетээс хайж чаддаггүй гэсэн үг юм. Нэгдүгээрт, англиар унших шаардлагатай болно. Хоёрдугаарт, интернэт орчинд монгол тайлбартайгаар унших нөөц бололцоо байдаггүй. Бүгд англи хэл дээр орчуулагдсан байдаг шүү дээ. Анхан шатны хүмүүст хажууд нь чиглүүлэгч, зөвлөгч хэрэгтэй. Харин ахисан дунд юмуу дунд шатны хүмүүст зөвлөхөд өөрсдөө идэвх санаачлага гаргаад интернэтээс хайхад бүх зүйл гараад ирнэ. Ерөнхийдөө өөрийн нөөц бололцоогоо сайн ашиглаж сурах хэрэгтэй. Google-ийг ашиглаж сурахад буруудахгүй. Тэнд бүх зүйл бий.

-Хүмүүс үгийн баялгаа дээшлүүлэхийн тулд ном унших, дагаж унших, подкаст сонсох хэрэгтэй гэдэг. Таны хувьд гадаад хэлээр сайн ярихын тулдюу хэрэгтэй гэж боддог вэ?

-Гадаад хэл сурахад ярихаас өөр үр дүнтэй арга байхгүй. Зарим хүмүүс би үгээ мэдэхгүй юм чинь, дүрмээ мэдэхгүй гээд хойш суудаг. Суурьтай анхан шатны эхний дөрвөн цагаа заалгачихсан. Энгийн ярианы үгээ мэдэж байхад л ярих бүрэн боломжтой. Яараад англи хэлний мэдлэгээ хэт их дээгүүр үнэлснээс болоод алддаг тохиолдол бий.Тиймээс өөрийнхөө мэддэг үгийг эргэлтэд оруулж ашиглаад өөрийн болгох хэрэгтэй.

-Шинэ үг цээжлэхийн тулд хүмүүс өөр өөрийн арга барилыг ашигладаг шүү дээ. Таны хувьд хамгийн амархан цээжлэх арга юу вэ. Зөвлөөч?

-Би шинэ үгийг цээжлэхдээ арга техник ашиглаад байдаггүй. Харин эхлээд интернэтээстухайн үгийн утгыг хайгаад мэдчихдэг. Миний хувьд олон дахин хайж, судалж цээжилдэг. Надад шинэ үг цээжлэх систем байхгүй. Нэг өгүүлбэр уншаад тэнд гарсан зарим үгийг тоодоггүй. Харин дахин дахин гарч ирвэл миний мэдэх ёстой үг юм байна гэж мэдэх ёстой гэсэн хэрэгцээ үүссэн тохиолдолд л үг цээжилдэг.

-Гадаадад сурахаар төлөвлөж буй залуучууд хамгийн түрүүнд юунаас эхлэх хэрэгтэй вэ?

-Гадаадад сурахад хамгийн хэрэгтэй чадварууд нь мэдээж бичих болон өөрийгөө илэрхийлэх ур чадвар юм. Бичгийн байдлаар өөрийгөө зөв илэрхийлэх нь маш чухал. Яагаад гэвэл аливаа байгууллага, Их сургуульд өөрийгөө академик байдлаар илэрхийлэх шаардлага үүсдэг. Тиймээс өдөр тутмын эсээ бичихэд хэрэглэдэг “Намайг … гэдэг. Би 20 настай” гэсэн өгүүлбэрийг хэзээ ч бичдэггүй. Маш өвөрмөц үг хэллэг ашигладаг. Тиймээс хамгийн түрүүнд бичих, ярианы чадвараа л ахиулах хэрэгтэй.

-Бичих чадвараа ахиулахын тулд юун дээр анхаарах шаардлагатай вэ?

-Өдөр болгон бичих хэрэгтэй. Ямар нэгэн зүйлийг сайн хийхийн тулд өдөр бүр шантарсан ч хамаагүй хичээнгүйлэн хийгээд бай. Хүн ер нь шантраад ирэхээр сурахаа болино гэсэн үг биш. Бүх зүйлийг өдөр бүр давтаад байвал сурах нь тодорхой шүү дээ. Гэхдээ нэг өгүүлбэрээ өдөр болгон давт гэсэн үг биш юм. Хүмүүст удаан хугацаанд сууж суралцах тэвчээр байдаггүй. Эцсийг нь үзээгүй байж замын дундаас шантардаг их буруу зуршилтай.

-Ихэнх залуус хэлний мэдлэгээ хангалттайхэмжээнд бэлдээгүй байж IELTS, TOFEL –ын шалгалт өгөх гэж яардаг юм шиг санагддаг?

-Ер нь өөрийгөө эртнээс бэлдээгүй байж шалгалт өгөх нь мөнгөний гарз л гэж хэлмээр байна. Зүгээр л түвшингээ тогтоох гэж шалгалт өгчихдөг. Тэр шалгалт өгөх мөнгөөрөө хэлээ дээшлүүлэх ном авдаг ч юм уу, эсвэл сургалтад суух бүрэн боломжтой байдаг. Илүү сайжирч байж шалгалт өгөх хэрэгтэй.

-Англи хэлийг хамгийн хурдан хугацаанд сурах арга бий юү?

-Энэхүү асуултыг хүн болгон асуудаг. Би сургалтад хамрагдаж уй залуучууддаа зориулж нэг чалленж эхлүүлчихсэн байгаа. Тэр нь юу вэ гэхээр “Winner’s 30 days challenge” юм. Энэ нь өдөрт таван зүйлийг 30-н өдрийн турш тасралтгүй хийх юм. Үүнийг хийгээд эхэлчихсэн хүмүүс нэг түвшин, хоёр түвшин ахисан, мэдлэгээ бататгаж авсан, өдөр болгон бичих, ярих дадалд суралцсан гэсэн эерэг сэтгэгдэлтэй байдаг шүү. Энэхүү чалленж нь өдөрт 20 минут англиар ярих, 20 минут өөрийнхөө англиар яръж буй дуут бичлэг хийж сонсох, 200 үгтэй текст бичих, 10 хуудас ном унших эсвэл цагийн турш подкаст сонсох гэсэн зүйлүүдийг хийнэ. Ингэснээр өөрийн ярианы болон бичгийн мэдлэгээ дээшлүүлэхээс гадна илүү их сайжрах бүрэн боломжтой.

-Анхлан суралцагчид болон хэлний мэдлэгээ дээшлүүлж буй залууст зориулж зөвлөмж өгөөч?

-Хэрвээ гадаадад суралцахаар төлөвлөж байгаа бол ямар нэг компанид ажиллахаар бэлдэж байгаа бол эртнээс бэлд. Энэ их хүнд даваа шүү. Нэг жилийн дараа юм чинь дөхөөд ирэхээр бэлдэнэ гэж огт бодож болохгүй. Таниас илүү бэлтгэл сайтай хүн урд чинь гараад хамаг боломжийг чинь авчихна. Тиймээс шантрахгүйгээр одооноос эхлээд бэлд.

Сонирхуулахад, дараах түргэн хэллэгийг хэлснээр англи хэлний үгийг зөв дуудах, амны хайрцгийг зөв ашиглахад туслана гэв.

Амархан: How much wood would a wood chuck chuck if a wood chuck could wood?

Дунд: A loyal warrior will rarely worry why we rule

Хүнд: Give papa a cup of proper coffee in a copper coffee cup


Categories
мэдээ цаг-үе энтертаймент-ертөнц

​Л.Өнөрчимэг: Жингээ хасахад хамгийн их нөлөөлж буй зүйл бол инээд, инээмсэглэл

Монголын анхны спорт зураач, тэмцэгч Л.Өнөрчимэгтэй ярилцлаа.


-Таны “Би 10 кг жин хасч чадлаа” гэсэн бичлэг сошиалаар шуугиан тарьж байна. Та богино хугацаанд яаж олон кг хасаж чадав?

-Хөл хорио тогтоосон үеэс эхлэн дасгал хөдөлгөөнөө эрчимтэй хийж эхэлсэн. Би чинь өдөржингөө хөдөлгөөнгүй зураг зураад суучихдаг болохоор нуруу хөшинө гээд их асуудалтай. Эхлээд том усны савыг 10 давхар хүртэл өргөж гардаг байлаа. 25-30 литр байх шүү. Тэгээд бариад л шатны өөд, уруу 2-3 удаа алхдаг байсан юм. Мөн автобус, унаанд суухгүйгээр долоон километргазарт 50 кг ном үүрээд явж байхад усан хулгана болтлоо хөлөрсөн. Тэр үед их калори хассан даа. Өглөө, оройдоо гэрийнхээ ойролцоох голын эргээр гулсана. Нэг өрөөгөө замбараагүй болгочихоод буцаагаад цэвэрлэнэ. Гэрээ цэвэрлэхдээ яг л гимнастик хийж байгаа юм шиг хөдөлгөөн хийдэг.

-Та цахилгаан шат ашиглахаа байсан гэсэн үү?

-Ер нь цахилгаан шатаар явахаа байсан. Одоо дандаа л шатаар буудаг. Шатаар буухдаа Чарли Чаплин шиг хөдөлгөөн хийдэг. Энэ бүхэн их санаандгүй зүйлээс эхэлсэн юм. Манай ард түмний штабын Даваадорж гээд залуу “Та коронавирус тусаж магадгүй липтээр битгий яваарай. Шатаар эзэнгүй газраар яваад бай” гэж зөвлөхөд би тэгнэ гээд амласан юм. Тэр амлалтаа биелүүлэхийн тулд шатаар явж эхэлсэн. Тэгээд бүр том баллонтой усаа өөрөө зөөдөг болсон. Заавал байрныхаа доод талын дэлгүүрээс юм авахгүй цаашаа хол дэлгүүрээс хүнсээ авдаг болсон.

-Та жингээ хассанаасаа хойш булган шубаны рекламанд хүртэл тоглох боллоо?

-Сүүлийн хэд хоног загвар өмсөж байгаа. Загвар өмсөж алхахдаа бүсэлхийн хөдөлгөөн давхар хийнэ. Гурав дөрөв хоноход 1 кг хасчихсан байсан шүү. Тэгээд 81 кг-аас 65кг болчихоод байна.

-Дотроосоо ямар бүтээгдэхүүн хэрэглэсэн бэ?

-Би хоол хүнсээ эрүүл, зөв болгож эхэлсэн. Ямар нэгэн тураах бүтээгдэхүүн уугаагүй. Ер нь би их амархан даардаг. Зураг зураад сууж байхдаа л араас жиндээд, нуруу өвддөг байсан юм. Мөн удаж байгаад их хэмжээгээр хооллоно. Тэгээд түүнээс болоод гэдэс дүүрнэ. Бүх хүмүүсийн биеийн онцлог өөр болохоор дуртай зүйлээ авахдаа зайлшгүй нягталж, шалгах аваарай гэж зөвлөмөөр байна. Миний хувьд ааруул дэвтээгээд шүүсийг нь өдрийн турш бага бага хэмжээгээр уудаг. Аливаа зүйлд их тэвчээр хэрэгтэй юм билээ.

-Одоо ямар хүнс хэрэглэж байгаа вэ?

-Ерөнхийдөө цагаан будаа, өөх тостой бүтээгдэхүүнээ хэрэглээнээсээ хасчихсан. Одоо гурвалжин будаа, малын дотор элэг, бөөр, хэл, зүрх, тэр дундаа гүзээгээр хоол хийж байгаа. Гүзээний салат хийнэ, шарсан бүтээгдэхүүнээ болиод жигнэж хэрэглэдэг болсон. Өглөө, оройдоо майлангын шүүс ууна. Ялангуяа цагаан гүзээтэй шөлийг долоо хоног дараалан хийж идэж байгаа. Гүзээ гэдэг чинь Гүнжийн хоол шүү дээ.

-Амьдралын зөв хэвшил гэдэг таны бодлоор…?

-Маш энгийнээр хэлбэл хэцүү зүйл рүү тэмүүлэх. Дасгал хөдөлгөөн хийгээд, сэтгэл санаагаа өөдрөг байлгана гэдэг маань өөрөө жин хасах үед үүсэх арьс сулрах уургаа алдах, ясны сийрэгжилтийн эсрэг бүтээгдэхүүнээ хэрэглэсэн гэж ойлгож байгаа. Өөртөө тааламжтай хүчтэй үгийг их тод хэлэх ёстой. Хүмүүс ихэвчлэн хурдан турах, хурдан бүх зүйлийг хийхийг хүсдэг. Гэхдээ тийм биш. Залуучууд маань 50 ,60 настай болоод ирэхээр кальцийн дутагдалд орохгүйн тулд цагаан идээгээ хэрэглэж байх нь зүйтэй.

-Өөдрөг үзэл бодол гэдэг хамгийн чухад зүйл байх нь?

-Тэгэлгүй яахав. Тэнгэрлэг үзэл бодлыг зүүд нойрноосоо, онгод хиймориор олж авдаг. Би далдыг хардаггүй, зурхайч биш. Гэхдээ 24 бодьгал, 12 жил,13 хурмаст, дөрвөн зүг, найман зовхист, долоо дордож найм сэхдэг, төрийн есөн өрлөг, цорын ганц хүү гээд бүх зүйлийг багтаасан зурхайг гаргасан. Багаасаа л тэмдэглэж бичсээр ирсэн зүйл. Би чиньодоо ганцаараа өөр баяр тэмдэглэдэг шүү дээ. Жингээ хасахад хамгийн их нөлөөлж буй зүйл маань инээх. Улс төрийн жагсаал хийж байхдаа өөртөө стресс нэмэхгүйн тулд жирийн хүн гэдэг өнцгөөс тэднийг хардаг болсон. Тэгээд л тэмцлийнхээ үеэр “Хүмүүсээ гоё хүчтэй болъё тэгэх үү. Эхлээд өөсдийгөө засчихаад төрөө засъя” гээд хүчтэй эмоцитой үг хэлэхэд өөрөө хүртэл инээнэ шүү дээ.Улс төрчийн зураг хараад “Энэ муу луйварчин хөөрхөн юм. Тэр хамрыг нь хар даа” гээд л эерэг байдаг. Инээд баясал гэдэг хүнийг эмчилдэг шүү. Дотор эрхтний өөхжилтийг мөн багасгадаг.

– 10 кг жин хасна гэдэг их хичээл зүтгэл шүү. Их жин хассаны дараа бие болоод сэтгэл санаанд ямар өөрчлөлт гарсан бэ?

– Хөл хорионы үеэр айл хэсэж болохгүй. Мөн зураг захиалагчдаа ирээд хэрэггүй гээд хэлчихсэн болохоор жингээ үзтэл 10 кг хассанаа мэдээд энэ сайхан баяраа хүмүүстэй хуваалцахыг хүссэн. Тэгээд их баярласандаа фэйсбүүкээрээ 10 кг турлаа гээд лайв хийсэн нь тэр.

-Та мөн их сайхан зурдаг. Хоёр гараараа, хөлөөрөө гээд л. Их сайхан бүтээлүүдтэй. Хөл хорионы үеэр зургаа зурж байна уу?

-1990 оноос хойш тайзан дээр гарч үзүүлбэрээ үзүүлж эхэлсэн. Бэлтгэл ангиасаа л хоёр гараараа бичиж эхэлсэн дээ. Тэр үед нэг гараараа бич гэж шаардлага тавьдаг байсан болохоор зүүн гараараа бичилгүй баруун гараараа бичдэг байв. 17 жилийн дараа хоёр гараараа дахин бичиж эхлэхэд аав ээж хоёр өхөөрдөөд миний багадаа зурж байсан зургуудыг үзүүлж байж билээ. Дараа нь гадаад дотоодын олон уралдаан тэмцээнд оролцож тэргүүн шагнал хүртэж байсан.

-Таныг кинонд тоглож байсан гэж дуулсан. Ямар кинонд дүр бүтээж байв?

-“Нүглийн золиос”, “Ач тус, атаа хорсол” зэрэг хэд хэдэн кинонд гол дүр, туслах дүр бүтээж байсан. “Ач тус, атаа хорсол” гэдэг кино маань 1921 оны хувьсгалын үеийг харуулсан түүхэн бүтээл. Тэрхүү кинонд Доржсамбуу гуайтай хамт тоглосон юм. Мөн гадаад, Монголын хамтарсан кино гээд миний тоглосон хэд хэдэн уран бүтээлүүд байгаа.

-Та тал талын авъяастай. Зураг зурахаас гадна хүмүүст гарын үсэг зохиож өгдөг?

-“Дуудах нэрийг аав ээж өгдөг, Дурсагдах нэрийг өөрөө олдог” гэдэг шүү дээ. Гарын үсэг гэдэг хүний зан характер, мэргэжил, сэтгэхүй гээд олон зүйлийг илтгэж байдаг. Энэ талаар хүмүүст зөвлөгөө өгч, захиалга авдаг. Энэ ч утгаараа босоо монгол бичгээр гарын үсгийг нь бичиж өгдөг юм. Мөн гарын үсгийг нь дүрсжүүлээд зураг болгоод ирэхээр хүн нэрэндээ хайртай болж эхэлдэг. Ер нь хүний нэрнээс эхлээд бүх зүйл утга агуулдаг. Өөрийнхөө нэрээр бахдаж, өөрийгөө илэрхийлж “Би” хэмээн бахдах ёстой юм шүү.

-Хорио цээрийн дэглэмийн үед ард иргэддээ хандаж ямар зөвлөмж өгөх вэ. Ялангуяа таны жин хассаныг хараад олон хүн турахаар шийдсэн байх?

-Өөрийн фэйсбүүк хаягаа “Өнөрчимэгийн-Дэлхийн хичээл” хэмээн нэрлэж өөрийнхөө өөрчлөгдөж буй зургуудыг оруулах болно. Лайваараа дамжуулан эрүүл хооллолтын талаар цогц хичээл орж багшилна. Эрүүл, залуу, эрч хүчтэй, эх орноо гэсэн сэтгэлтэй байя. Бид медаль, дипломоор уралдахгүй шүү дээ. Тиймээс мэдлэг боловсролоо дээшлүүж тэнгэрийн билгээр уралдъя. Тэнгэр биднийг ивээгээд маш их эрч хүчийг бэлэглэсэн. Өглөө босоод миний нүд дэлхийг харж байхад би баярладаг. Хоол идэж байхдаа ч бүх зүйлд “Баярлалаа” гэж хэлдэг. Хүний дайтай явж байгаадаа аав ээждээ их талархдаг. Жин хасахаар төлөвлөж буй залуучууддаа хандаж хэлэхэд хоорондоо харшилдаг бүтээгдэхүүн хэрэглэхээс зайлсхийгээрэй.

Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

​Д.Баттөмөр: Охид маань миний хамрынхаа үзүүрийг мааждагийг хүртэл дуурайгаад төрчихсөн​

Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Д.Баттөмөртэй ярилцлаа.


-Та хорио цээрийн дэглэмийн үед ШӨХТГ-тай хамтран “Үнийн хөөрөгдөл бүү гарга” гэсэн уриалгыг эхлүүлсэн. Үнийн хөөрөгдлийг багасгах зөв алхам шиг санагдсан?

-Энэ хүнд цаг үед иргэн бүр ухамсартай байж хөл хориогоо үргэлжлүүлж байна. Анх Монголд коронавирусийг дотооддоо алдлаа гэдгийг далимдуулан хувиараа бизнес эрхлэгчид маань барааныхаа үнийг нэмснээс үнийн хөөрөгдөл үүсгээд байсныг бид мэдэж байгаа. Энэ нь эргээд айл өрхүүдийн эдийн засагт сөргөөр нөлөөлж, тэдэнд хүндрэл учруулж нөхцөл байдлыг улам муутгах шалтгаан болж байна гэж харсан. Тиймээс л иргэн хүнийхувьд энэ байдлыг эсэргүүцэх үүднээс үзэл бодлоо илэрхийлж цахим орчинд эерэг нөлөө үзүүлэхийн тулд энэхүү давлагааг ШӨХТГ-тайхамтрах эхлүүлсэн. Улсын онцгой коммис оновчтой шийдвэр гаргаж байгаад их талархаж байна. Ард иргэд эв нэгдэлтэй, аливаад хүндэтгэлтэй хандаж заавар зөвлөмжийг ягштал биелүүлэх цаг бидэнд тулгараад байгаа юм. УОК-оос гаргасан шийдвэр, журмын дагуу байх нь бидний үүрэг шүү дээ.


-Сүүлийн үед ямар уран бүтээл дээр ажиллаж байна?

-Одоогоор “Жам” мелодрамд киног хийхээр ажиллаж байгаа. Намрын зураг авалт дууссан. Харин өвөл, хавар, зуныхаа зураг авалтын төлөвлөгөөг гаргачихсан.Энэхүү киногоо ирэх онд гаргах төлөвлөгөөтэй байна. Өнгөрсөн нэгдүгээр сард МУГЖ М.Баярмагнайтай хамтарч “Таарсан хоёр” инээдмийн киноны гол дүрд тоглосон. Мөн “3 сая инээд” шоунд хамтдаа шүүгчээр суусан. “Монголд нэг удаа” хошин хөтөлбөр болон наадам, шинэ жилээр хоёр ч удаагийн хөтөлбөрт хамтран ажилласан. М.Баярмагнай гавьяат чинь надаас хоёр жилийн өмнө төгссөн ах. Найз ахтайгаа хамт тоглосон кино маань үзэгчдэд маш сайн хүрсэн. Энэхүү киноны зохиолыг уншаад л надад таалагдсан. Нийгэмд болж буй залилан, орон байрны хулгай, дээрмийн талаар кинонд хөндөж харуулсан.“Таарсан хоёр” киногоо Юнивишн, Скай медиа, “look tv”-д байршуулсан байгаа. Мөн Б.Отгонзориг найруулагчийн бүтээсэн “2000”, “The Womam” зэрэг кинонд дүр бүтээсэн. Одоо Олон улсын фестивалиудад зориулсан арилжааны бус “АРТ ХАУС”, “Melodram” хосолсон чамбай бүтээл хийх санаатай “Тэлмэн” фильмийн бүтээл “Жам” киноны найруулагчаар эд эс бүхнээ зориулаад л ажиллаж байна.

-Киноныхоо санааг хэрхэн олдог вэ. Урлагийн хүмүүст шинэ уран бүтээлийн санаа бэлэн байдаг уу?

-Уран бүтээлчдэд тулгардаг хүндхэн асуудлын нэг нь шинэ санаа олох.Гадаад дотоодын зохиолчдын бүтээлийг олж уншина. Хэн нэгний ярьж буй хууч яриаг чагнана. Өөрсдөдөө тохиолдсон үйл явдлыг соргог шүүрч зохиолчдод захиалга өгч бичүүлдэг. Тэр олсон санааныхаа үйл явдлыг дэс дараалалтай кино шиг дүрслээд л ярьж өгнө дөө. Бидний төсөөлөн бодсоноос өөрчлөгдвөл дахиад л ярьж эхэлнэ шүү дээ. Ер нь зохиолын эрэл дунд амьдарч дандаа зохиолоор өлсөж цангаж явж байна. Бид өөрсдөө дарга, найруулагч, зохиолч, сайн менежер, продюсер, нягтлан гээд хийж чадах бүхнийг зэрэг амжуулдаг. Бусдаас чих, хамар, нүд гурав арай илүү ажилладаг гэх юм уу даа/инээв/.

-Та юунаас их айдаг вэ?

-Мунхаг алхам, буруу шийдвэр, аминчхан зан, бусдад өөрийгөө буруугаар ойлгуулах вий гэхээс их айдаг.Тийм болохоор өөрөөсөө айдаг болж таарч байна уу даа./инээв/

-Тэгж таарлаа шүү?

-Ерөөсөө л өөрөөсөө айдаг гэхэд болох юм байна/ инээв/.

-Хүүхэд насныхаа мартагдашгүй дурсамжаас дурсахгүй юу?

-Хүүхэд байсан үеэ бодохоор хамгийн түрүүнд ээж минь санаанд буудаг юм. Ижийтэйгээ хамтдаа өнгөрүүлсэн мөч бүхэн сайхан дурсамж юм даа. Ээж гэдэг хүнийг байнга хайрлаж, урамшуулж, хүндлэх хэрэгтэй шүү. Хэзээ ч эргэж олддоггүй эрдэнэ байдаг юм.

-Танай гэр бүлийнхэн хоорондоо их адилхан шүү. Заяаны хань төстэй байдаг гэдэг юм билээ?

-Манай эхнэр надтай адилхан биш ээ. Надаас хөөрхөн сайхан бүсгүй байдаг юм. Хүмүүс их адилхан гэдэг. Би хувьдаа үүнтэй санал нийлдэггүй. Харин охид аавыгаа яг дуурайж төрдөг юм билээ.

Манай охид л гэхэд миний хамрынхаа үзүүрийг мааждагийг хүртэл дуурайж төрсөн байгаа юм. iPhone утасны нүүр таньж онгойлгож чадна гээд бод доо. Тийм болохоор Аpple компани арай л дутуу системтэй хийсэн гэж бодоод байгаа (инээв).

-Та “Таарсан хоёр” кинонд том охинтойгоо хамт тоглосон байсан. Охидоо урлагийн хүн болгох уу?

-Охидынхоо бага насны дүрийг дэлгэцэнд мөнхөлж үлдээх юмсан гэж боддог. Тэгээд л “Таарсан хоёр” кинонд том охинтойгоо хамт тоглосон юм. Дунд охин маань реклам, телевизийн контентод оролцдог. Ер нь тэгээд гэрт бөөн “хэрүүл” болно шүү дээ. Аниа тэдэн кино, рекламанд тоглочихсон байна, би тэдээр дутуу гээд л тэрүүхэндээ өрсөлдөөн бий болно. Эмч хүний хүүхэд эмч болдог гэдэг шиг уран бүтээлчдийн хүүхдүүд хөшигний ард ийм болчихдог юм байна. Гэхдээ эмэгтэй хүнд урлагийн зам их хатуу санагддаг. Тийм болохоор охидоо энэ салбараар явуулахгүй гэж боддог.

-Цаашдын уран бүтээлийн төлөвлөгөө юу байна. Сонирхолтой шинэ санаа их байгаа байх?

-Шинэ жилийн баярт зориулсан IPTV-д контент хийх төлөвлөгөөтэй, зохиолоо биччихсэн. Харин зураг авалтаа хийх байсан ч хөл хорионд орчихлоо. Хөл хорио цаашид сунгагдвал дараа жилийн шинэ жил байгаа шүү дээ. Гэхдээ цаг үеийн байдлаа харж байж болно доо.

-Хөл хориотой үед ард иргэддээ урмын үг хайрлаач?

-Бүтэн жил эх орон, иргэдээ хамгаалж аюулт өвчинтэй тэмцэж чадсан шүү дээ. Цаашид бид төр засгаас гаргасан шийдвэр бүрийг ягштал биелүүлж чадвал энэ аюулт цар тахал бидний дор сөхрөх байх гэж бодож байна. Монголын минь хувь заяа их, үүнийг даваад л гарна. Бүгд гэртээ байж, дархлаагаа сайн дэмжээрэй.