Categories
мэдээ нийгэм цаг-үе

Иргэд улсын эмнэлэгт үзүүлэхийн тулд 7-14 хоногийн өмнө цаг авч байна DNN.mn


Улсын нэгдүгээр төв эмнэлэг бол ачаалал хамгийн их эмнэлгүүдийн нэг юм. Улаанбаатраас болон орон нутгийн иргэдийн ихэнх нь тус эмнэлэгт ханддаг бөгөөд амбулаторийн үзлэг, шинжилгээнд 2022 оны байдлаар 360.426 иргэн үйлчлүүлжээ.

Эмчид үзүүлэх, цаашлаад шинжилгээ өгөх, эмчилгээ хийлгэх цаг авахын тулд иргэд 2-3 цагийн өмнө ирж дугаарладаг. Эрт ирсэн иргэд тухайн өдрөө үзүүлэх цаг авч амждаг ч зарим нь 7-14 хоногийн өмнө цаг авдаг болохыг иргэд хэлж байв.

Эмнэлэгт үзүүлэхээр оочирлож буй иргэдээс тодруулга авлаа.


Иргэн Ц.Төгсжаргал “Гуравдугаар сарын 30-нд уушгины эмчид үзүүлэхээр цаг авсан. Өнөө маргаашдаа шинжилгээ өгнө. Нэг шинжилгээг нь гадуур өгөх юм билээ. Тэр нь төлбөртэй. Тэгж үзүүлсээр байтал дээд тал нь гурав хонг болно. Байгаа байдал нь энэ шүү дээ. Дараа нь энэ эмч дээрээ үзүүлэх ээсэхээ шийднэ. Миний хувьд ТЭЦ3-т ажилладаг болохоор их тоосжилттой нөхцөлд байдаг. Ажлаасаа тарж явахдаа багтраад унах шахсан. Манайд ажилладаг ажилтан ч гэсэн ажил дээрээ харваж байсан. Ажлын ачаалалтай учраас 40 гаран насны ажилчид даралт нь хэлбэлзээд харваад байгаа юм. Ийм нөхцөл байдалд бараг л 20 гаруй жил ажиллаж. Эмнэлгээр зайлшгүй явах шаардлагатай. Хэрвээ яаралтай тусламж дээр шууд ирэхэд яахыг таашгүй. Ингээд оочирлоод гээд суух юм” хэмээн ярилаа.

“Хөдөө орон нутгаас ирж үзүүлж байгаа иргэдэд хүндрэлтэй байна” гэв


ОРОН НУТГААС ИРЖ ЭМНЭЛГЭЭР ҮЙЛЧЛҮҮЛЖ БУЙ ИРГЭД: Хөдөө орон нутгаас зүрхээ үзүүлэхээр ирсэн. Улсын эмнэлгийн ачаалал их байдаг. Бид чинь холоос ирдэг болохоор хотод их удаж эмчдээ үзүүлнэ. Зүрх салганадаг өвчтэй хүн үзүүлэх гэхээр л 3-4 хоногийн дараа үзүүлэх цаг олдоно. Тэгээд хурдан хугацаанд эмчдээ үзүүлж амжихгүй бэрхшээлүүд их л байна. Заримдаа 7-14 хоногийн дараа ч цаг өгнө” гэлээ.

Иргэн Б.Н “Бөөр, нурууны кабинетад үзүүлэхээр Төв аймгаас ирсэн. Бараг долоо хоногийн өмнө цаг авсан. Эмнэлэг ачаалалтай. Кабинет болгоны үүдэнд олон хүн сууж харагдах юм. Мөн ходоодоо үзүүлэхээр цаг авахад дөрөвдүгээр сарын 28-ны өдрийнхийг өгсөн. Тэгэхээр олон хоног л хүлээж байна” гэсэн юм.

“Урологи андрологийн үзлэг” гэх кабинетын үүдэнд иргэд дугаарлаж эмч нь гарч ирээд нэг нэгээр нь нэрийг нь дуудаж дотогш оруулж харагдана. Зарим нь бухимдангуй “Болоогүй л байна уу” гээд өрөө рүү шагайна.

Тэнд дугаарлан зогсож буй иргэн Х.Ү “Энд цаг гаран хүлээж байна. Өглөөний ээлж нь дууссан одоо өдрийн ээлж нь орохоо хүлээгээд байж байна даа. Ингээд зогсох хэцүү л байна. Эмнэлэг яахаараа ийм байдаг юм. Хоёр гурван эмч зэрэг үзээд явчихвал оочир бага байх болов уу. Цэргийн комиссоор оруулж байгаа юм шиг л ингээд сунжраад байна.

Ганц энд биш бусад тасгуудад ч адилхан ачаалалтай харагдсан. Миний хувьд эмч шинжилгээ өгөөд ир гэсэн. Тэгээд одоо эмч рүүгээ орох гээд л хүлээгээд зогсож байна. Эмнэлгээр яваад бараг сар болж байна” гэсэн юм.

УЛСЫН НЭГДҮГЭЭР ТӨВ ЭМНЭЛГИЙН 2022 ОНЫ СТАТИСТИК МЭДЭЭ:

Categories
мэдээ цаг-үе энтертаймент-ертөнц

Инээдмийн баярын тухай сонирхолтой баримтууд DNN.mn


Өнөөдөр олон улсын инээдмийн баярын өдөр. Зарим оронд тэнэгүүдийн баяр ч гэдэг. Жил бүрийн дөрөвдүгээр сарын 1-нийг “Инээдмийн баяр – Тэнэгүүдийн өдөр (April Fool’s Day, День Смеха – День Дурака)” хэмээн нэрлэж нэгнийгээ шоглон, бяцхан мэхэлж хөгжилддөг уламжлал дэлхий дахинд тогтжээ.


Энэ өдөр гэр бүлийн хүрээнд болон хөрш гээд бүгд л нэгнээ хууран мэхэлж, эвгүй байдалд оруулах хөгжөөнт тоглоом бөгөөд үүний дараа “Дөрөвдүгээр сарын нэгэн шүү” хэмээн нөгөө хүнээ хэлж тайвшруулдаг.


ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 1-НИЙ ЭНЭ ӨДРИЙГ УЛС ОРОН БҮРТ ХЭРХЭН ТЭМДЭГЛЭДЭГ ТУХАЙ СОНИРХОЛТОЙ БАРИМТЫГ ХҮРГЭЖ БАЙНА.


Францчууд шинэ оныг угтах баярыг хойшлуулсантай холбоотой хэмээн үзэж шинэ оны баяр болгон тэмдэглэдэг.

Харин Европын ихэнх оронд “Тэнэгүүдийн өдөр” гэдэг. Энэ нь бие биеэ хуурч мэхлэх ба мэхлэгдсэн нэг нь тэнэгийн тоонд орно гэж үздэг.

Америк болон Их Британи XVIII зуунаас “хуурдаг өдөр” хэмээн тэмдэглэж иржээ. Эртний Ромд энэ өдөр Инээдмийн бурхныг залж байсан түүх бий.

Ромын алдартай 10 гладиаторХарин Германчууд “хамгийн азгүй” өдөр хэмээн тэмдэглэдэг.

Учир нь ард түмний алдарт их хүү Иуда Маккавей нас баржээ. Гэсэн хэдий ч баярын өдрийг нь билгэдэж азгүй, инээдгүй өдөр хэмээн тэмдэглэн өнгөрүүлдэг болжээ.


1994 онд Америкийн “National Public Radio” чихэн дээрээ “Pepsi” гэсэн шивээс хийлгэсэн хүн бүхий л амьдралынхаа турш тус компанийн бүтээгдэхүүнийг 10 хувийн хөнгөлөлттэй авах эрхийн бичгээр шагнана гэж мэдээлжээ. Гэтэл бүтэн хэдэн өдрийн турш шивээсийг хийлгэсэн залуус утас цохисон байна.

Мөн 1957 онд “BBC” телевиз Швейцарт гоймон их хэмжээгээр хурааж авсан тул түүнийгээ яахаа мэдэхгүй байгаа тухай бичсэн байна. Аж ахуй эрхэлдэг хүмүүс гоймонгийн үр бүтээж түүнийгээ цэцэглүүлж чадсан гэжээ. Гэтэн уншигч үзэгчид үүнд үнэмшин гоймон тарих тухай асуух гэж BBC-рүү тасралтгүй утастжээ. Хариуд нь тэд хээв нэг ”Гоймон дээрээ улаан лоолийн сүмс хийгээд сайн залбир” гэж зөвлөж байсан гэнэ.

Тэгвэл “Phoenix New Times” сонин 1999 онд орон гэргүй хүмүүст зориулсан сан байгуулж хоол хүнд хувцас хунараар хангах хандив цуглуулж байгаагаа хэлжээ. Мөн тэдгээр хүмүүсийг зэвсгээр хангахад туслаач гэсэн байна. Үүнийг уншсан хүмүүс дансаар маш их хэмжээний мөнгө шинжүүлжээ.

1986 онд Францын “Le Paridien” сонины Эйфелийн цамхгийг буулгаж Дислейндэд дахин барина харин цамхаг байсан газар 1992 оныг Олимпын тоглолтыг зохион байгуулах цэнгэлдэх хүрээлэн сүндэрлэнэ гэсэн мэдээ уншигчдыг их бухимдуулсан бол “Irish Times” сонины Лениний шарилыг худалдан авч Парис хотын Диснейлэндийн үзмэр болгоно гэсэн мэдээ бүр олон хүний дургүйцлийг хүргэжээ. Тэр үед засгийн газарт маш олон хүний гомдол санал ирж байжээ.

Бидний мэдэхээр 2015 онд Австралийн гутлын загвар зохион бүтээгч Миз Мүүц селфи хийдэг гутал худалдаанд гаргах болсноо мэдэгдсэн билээ. Сурталчилгааг нь хүртэл цацсанд олон хүн итгэн худалдан авахыг хүссэн байна. Мөн өнгөрсөн жил Японы Burger King-ийн хамт олон шарсан махны үнэртэй сүрчиг дөрөвдүгээр сарын 1-ий өдөр зарна гэсэн зар тарааж урт дараалал үүсгэжээ.

2014 онд Өмнөд Каролина мужийн Клемсон их сургуулийн эрдэмтэд бар болон үнээний эрлийз амьтан төрсөн тухай мэдээг тарааж байжээ.


Categories
мэдээ нийгэм цаг-үе

DNN-СУРВАЛЖЛАГА: Хаягдал өөхийг килограммыг нь 400 төгрөгөөр тооцож, ахуйн бараагаар сольж авч байна DNN.mn

Айл бүрийн хөргөгчний мухарт ялгаж үлдээсэн, хэзээ хаях нь тодорхойгүй өөх байдаг. Тэгвэл үүнийг цэгцлэх нэг шийдэл нь хаягдал өөхийг дахин боловсруулах юм. Манай улсад хаягдал яс, өөх авдаг хэдхэн газар байдаг. Их хэмжээний өөх авч, хариуд нь ахуйн хэрэгцээний бараа бүтээгдэхүүн авах боломжтой аяныг өнгөрсөн оны аравдугаар сараас эхлүүлсэн билээ. Иргэд ч үүнд ам сайтай байгаагаа илэрхийлж буй. Тэгвэл хаягдал өөхийг дахин боловсруулж хэрэгцээнд нийлүүлж буй талаар сурвалжиллаа.


Бүтээгдэхүүн болгон дахин ашиглах зүйлийг хаяж байгаа учраас өөхөө битгий хаяарай гэж уриалан аян зарласан

“Натурал грасс ланд” ХХК-ийн Татан авалтын менежер М.Хүрэлбаатартай ярилцлаа.


-Иргэдээс өөхийг хэдэн төгрөгөөр авдаг вэ?

-Манай үйлдвэр өдөрт 30 тонн өөх боловсруулах хүчин чадалтай. “Дэнжийн 1000”-аас л гэхэд өдөрт дунджаар 2 тонн, “Эмээлт”, Налайхаас 5-6 тонн өөх ирдэг.

Нэг килограмм өөх 400 төгрөг, хайлуулсан тос 500 төгрөгөөр худалдан авдаг. Нэг айлаас дунджаар 5кг өөх гардаг. Иргэд түүнийгээ нойлын цаас, хогийн уут, барааны саван, нойтон салфетка, амны маск зэрэг ахуйн хэрэглээний бараагаар сольж авдаг. Ер нь л үндэсний үйлдвэрийн бараа бүтээгдэхүүнээр солино.

-Хаягдал өөхөөр ямар бүтээгдэхүүн хийж байгаа вэ?

-Тосоо хайлуулаад гоо сайхны бүтээгдэхүүн, саван, вок зэрэгт хэрэглэдэг техникийн тос болгож байна. Хайлуулсан тосоо монголдоо саван үйлдвэрлэгчдэд өгч байна. Түүнчлэн БНХАУ руу экспортолдог.

-Тогтмол өөх авдаг цэг байгаа юу. Эсвэл өөрсдөө очиж авдаг уу?

-Үйлдвэр эмээлтэд байдаг. “Дэнжийн 1000”-ын “Хүчит шонхор” захад тогтмол авдаг цэг бий. Ер нь монголчуудад өөх хаяж болохгүй гэдэг ойлголт өгөхийн тулд малын бүх төрлийн өөх, өөхөн тосыг хэрэгцээт бараагаар сольж авах “Өөхөө-тушаая” аяныг зохион байгуулсан. Гуравдугаар сарын 04-нд Баянгол дүүрэгт, гуравдугаар сарын 25-нд Чингэлтэй дүүрэгт ажилласан. Энэ үеэр Баянгол дүүргээс 7 тонн, Чингэлтэй дүүргээс 3,5 тонн өөх худалдан авсан. Харин дөрөвдүгээр сарын 10-ны үед “Өөхөө-тушаая” аяныг дахин зохион байгуулахаар ажиллаж байгаа. Айл өрхүүд өөхөө идэхгүй, хөргөгчинд багтахаа байхаар хаядаг. Тэр хаягдал өөхийг худалдан авдаг жижиг зах зээлийг харж улсдаа жаахан ч гэсэн дэм болж байна даа.

-Өдөрт авдаг норм байдаг уу?

-Машинтай боломжтой иргэд нь Дэнжийн 1000-д очоод өөхөө бараагаараа солиод авчихдаг. Үнэхээр боломжгүй 30кг-аас дээш байгаа бол бид өөрсдөө очиж авхуулдаг. Мөн том аж ахуйн нэгжүүдийн өөхийг очиж авна. Түүнээс өдөрт тэдэн тонн гэсэн норм гэж байхгүй. Аль болох өөх өгье гэсэн иргэдийн бүх өөхийг авахаар ажиллаж байна.

-Өөх хайлуулсны дараа шимэлдэг гардаг. Түүнийг хаядаг уу, өөр зориулалтаар дахин ашигладаг уу?

-Шимэлдэг нь уураг өндөр гардаг учраас гахайн фермд өгчихдөг. Мөн нохой, муурт өгөхөөр ч авна.

-Цаашид юу гаргаж авахаар төлөвлөж байгаа вэ?

-Одоогоор хүнсэнд хэрэглэдэг тос үйлдвэрлэхээр техникээ угсраад эхэлчихсэн. Энэ хавраас судалгаа шинжилгээгээ хийлгээд намраас үйлдвэрлэж эхлэх төлөвлөгөөтэй байгаа.


Хаягдал өөхөө тушаагаад бараа сонгож авдаг аяны талаар иргэд “Манайх ихэнх тохиолдолд өөхөө хоолондоо хэрэглэхгүй ялгаж хэрчээд дараа хэрэглэж магадгүй гээд хөргөгчиндөө үлдээдэг. Зарим үед зүгээр л хаячихдаг. Харин хаягдал өөхийг ахуйн хэрэглээний бараа бүтээгдэхүүнээр сольж авна гэсэн зар хараад их аятайхан санагдсан шүү. Иргэдэд ч аятай. Хаягдал яс, өөхөө тушаагаад л ахуйн хэрэглээний зүйлээ авчихаар хэн хэндээ ашигтай” хэмээн ярилаа.


Эмээлтэд их хэмжээний яс хаягдахаа больсон гэв


Харин “Эмээлт”-д үйл ажиллагаа явуулдаг “Protein Mongolia Ясны үйлдвэр”-ийн үйл ажиллагаа хариуцсан менежер Г.Нагваралнангил “Байгальд яс, өөх хаягдвал салхиар дамжуулаад наранд ууршин метан ялгаруулдаг. Бид түүгээр амьсгалахад утаанд хордож байгаагаас илүү хорддог.

Манайх хаягдал ясыг боловсруулаад эцсийн бүтээгдэхүүн болгон бордоо, тэжээл, ясны тос, уургаар дотоодынхоо үйлдвэрүүдийн хангаж байна. Томоохон өндөгний фермерүүд ч манайхаас уургаа авна.

Мөн “Нарантуул 1,2” зах, “Хүчит шонхор” зэрэг томоохон захуудаас яс, өөх ирдэг. Ингэхдээ 10 тонн яс ирэхээр өдөрт 500 мянган төгрөг болно. Бусад үйлдвэрүүд рүү өөрсдөө явж түүж ирдэг.

Яс ачдаг хүмүүсийг дагаад ажлын байр бий болж байна. Том оврын машинтай иргэд долоо хоногтоо 800-900 мянган төгрөг, хамгийн ихдээ 12 сая төгрөг авдаг.

Эмээлтийн бүх ясыг авдаг. Бага хэмжээний хувийн хэрэглээний ясыг очиж авбал ажиллагаа ихтэй. Том оврын машинтай ажилчид долоо хоногтоо 800-900 мянган төгрөг, хамгийн ихдээ 12 сая төгрөг авдаг. 1кг өөх 300 төгрөг, 1кг яс 50 төгрөгөөр худалдан авдаг. Эмээлтэд хаягдсан их хэмжээний яс одоо хаягдахаа байсан.

-Хаягдал ясаар ямар бүтээгдэхүүн гаргаж байгаа вэ?

-Манайх 2019 оноос үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Өдөрт 100 тонн яс боловсруулах хүчин чадалтай бөгөөд эцсийн бүтээгдэхүүн болох бордоо, уураг буюу яс махны гурил, техникийн тос үйлдвэрлэдэг. Ихэнх үйлдвэрүүд манайхаас бордоогоо авдаг. Мах ясны гурилыг тахиа болон шувуунд нэмэлтээр өгснөөр амьтдын биеийг бэхжүүлж, дархлааг сайжруулж, бүтээмжийг нэмэгдүүлэхээс гадна хүнсний зардлыг бууруулах боломжтой.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

DNN-СУРВАЛЖЛАГА: ​Хөрсний бохирдол гүний усанд нян үүсгэж байна DNN.mn


Улаанбаатар хотын хэмжээнд хийсэн хөрсний бохирдлын шинжилгээгээр нийт дээжийн 88 хувьд нь хөгц, мөөгөнцөр илэрч, гэр хороолол орчмын хөрсний дээжийн 93 хувь нь нянгийн бохирдол их, хүнд металийн бохирдлоор бохирдсон гэсэн дүн гарчээ. Тэгвэл хүнд металь болон хөрсний бохирдол ямар өвчлөл үүсгэдэг талаар онцоллоо.


НЭМҮТ-ийн Эрдэм шинжилгээний ажилтан Э.Энхмөнхөөс тодрууллаа.


-Хаврын улиралд хөрсний бохирдол нэмэгддэг. Хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж, ямар өвчлөл үүсгэдэг вэ?

-Ерөнхийдөө гэр хорооллын нүхэн жорлон, ил задгай бие засах, үнс, угаадас, хог хаягдлаа ил хаях, автомашины задгай угаалгын газраас бохирддог. Томоохон зах худалдааны төвүүдэд хөрсөн дэх хар тугалганы хэмжээ 1,35 дахин, хүнцэлийн агууламж 2,52 дахин их гарсан.

Мөн гэдэсний халдварт өвчин, малаас хүнд дамжин халддаг халдварт, мэрэгч амьтдаас хүнд халддаг өвчин, шимэгч хорхой, тоосны халдваруудын өвчлөл үүсгэдэг.

-Хөрсийг гэр хорооллын нүхэн жорлонгоос гадна хүнд металлын бохирдол ихээр бохирдуулж байна гэлээ. Үүнийг тодруулбал?

-Хөрсөн дэх хар тугалганы агууламжийг дээж авсан цэг тус бүрээр судлахад “Да хүрээ” автомашины захын хойд талд 150 мг/кг, “Нарантуул” захын хойд хаалганы зүүн талд 141 мг/кг, Төв Гандангийн зүүн урд талын гэр хорооллын төв замын ойролцоо 108 мг/кг, Бичил хорооллын арын гэр хорооллын авто засварын газар орчим 102 мг/кг, Чингэлтэй дүүргийн 7-р хороо 115 мг/кг, 13-р хороо 106 мг/кг байгаа нь стандартад заасан зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 1.02-1.41 дахин их байна.

-Хөрс ямар замаар хүний эрүүл мэндэд нөлөөлдөг вэ?

-Бохирлогдсон хөрс нь хүнд хоёр замаар нөлөөлж болно. Нэгдүгээрт хөрстэй шууд харьцсанаас буюу хүүхдүүд бохирдсон хөрс шороогоор тоглох, бохирдсон хөрсний тогтмол уснаас уух, жимс, хүнсний ногоог угаахгүйгээр хэрэглэх, ялаагаар дамжин халдварлана. Хоёрдугаарт шууд бус хавьтлын замаар буюу бохирдсон хөрсөнд тарьсан ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүн, бохирдсон хөрснөөс нэвчсэн газрын доорх усаар дамжин хүнд гэдэсний халдварт үүсгэдэг байна.

Ер нь ундны ус, газар тариаланд хэрхэн нөлөөлөх вэ?

– Ундны усны стандарт “MNS 900:2005”-д нийт нянгийн тоо 1 литр ундны усанд 100-аас ихгүй, E.coli болон эмгэг төрөгч нян илрэхгүй байхаар заасан байдаг. Хөрсний бохирдол нь худгийн усны чанарт нөлөөлж буй эсэхийг судлах зорилгоор худгийн уснаас дээж авч шинжлүүлэхэд зуны улиралд нянгийн тоо стандартад заасан үзүүлэлтээс 1.1 дахин их байна. E.coli, Proteus бактер илэрсэн нь ус бохирдолттой байгааг харуулах үзүүлэлт юм.


300 орчим дээжинд шинжилгээ хийхэд 88 хувьд бохирдол илэрсэн


ШУА-ийн Геоэкологийн хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний ажилтан Ө.Ганзоригоос тодрууллаа.


-Улаанбаатар хотын хөрсний 88 хувь нь нянгийн бохирдолтой гэсэн судалгаа гаргасан байна. Энэ хэр бодит тоо вэ?

-Улаанбаатарт хөрсний бохирдлын судалгааны дүнгээр хөрсний нянгийн бохирдлын 300 орчим дээжид шинжилгээ хийхэд 88 хувьд нь ямар нэгэн байдлаар бохирдол илэрсэн. Энэ нь зөвхөн нянгийн бохирдол. Мөн 5 элементэд хүнд металлын судалгаа хийхэд Монгол Улсын стандарт MNC 5850:2008 харьцуулахад 2,8-7,9 хувиар бохирдолтой гарсан.

Нийслэлд хаагуур хөрсний бохирдол өндөр байна вэ?

-“Да хүрээ” болон хоёрдогч түүний эдийн цэгүүдийн орчим, харгиа цэвэрлэх байгууламж, томоохон зах худалдааны төвүүдийн орчимд хар тугалганы хэмжээ харьцангуй өндөр гарсан. 2021 онд Улаанбаатарын хэмжээнд 147 мянган нүхэн жорлон тоологдсон. Сүүлийн үеийн судалгаагаар гүний усанд нянгийн бохирдол ажиглагдсан. Зарим нэг гүний усанд нян илэрсэн. Тэгэхээр энэ их нүхэн жорлон бага багаар доошоо нэвчсээр бохирдол үүсгээд байгаа юм. Цаашид ч бохирдох эрсдэлтэй.

-Ер нь хөрсний бохирдлыг бууруулах ямар арга зам байна вэ?

-Техник технологи ашиглан жижиг оврын цэвэрлэх байгууламжаар бохирдлоо цэвэрлэх боломжтой. Өрхийн хэрэглээний усаа жижиг цэвэрлэх байгууламж руу хийгээд байгальд хаях боломжтой. Энэ нь 98 хувь хүртэл цэвэрлэнэ гэсэн үг. Ингэснээр хашаан дахь ногоогоо услах, автомашинаа угааж ч болно. Нүсэр байдлаар шугам сүлжээ байгуулахаас хялбар аргаар ч зохицуулах боломжтой.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад нийцүүлэн холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулав DNN.mn

Зөвшөөрлийн тухай хуульд /шинэчилсэн найруулга/ нийцүүлэх, хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор боловсруулсан Стандартчлал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай, Хэмжил зүйн тухай хууль болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн тогтоомжийн төслийг хэлэлцээд, хуралдаанд Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусгасны үндсэн дээр УИХ-д мэдүүлэхээр тогтлоо.

УИХ-аас 2022 оны зургадугаар сард Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан, 2023 оны эхний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ. Хууль батлагдсантай холбогдуулан зөвшөөрлийн харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжийг Зөвшөөрлийн тухай хуульд нийцүүлэх чиглэлээр хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах хуулийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх үүргийг Засгийн газарт даалгасан.

Хууль хоорондын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах хүрээнд хуулийн төсөлд дараах зарчмын шинжтэй зохицуулалтуудыг тусгажээ. Тухайлбал, Зөвшөөрлийн тухай хуульд зөвшөөрөл олгох, сунгах болон цуцлах шийдвэрээс гадна ажиллагааны үе шат, явцын талаарх мэдээллийг ил тод, нээлтэй түгээх, иргэдэд мэдээллийг цахим хэлбэрээр, нэг цэгээс авах боломжийг бүрдүүлэх талаар эрх бүхий этгээдийн үүргийг тодруулжээ.

Зөвшөөрөл олгох, сунгахтай холбоотой хураах улсын тэмдэгтийн хураамжийн зорилгыг харгалзан урьдчилан төлсөн байхыг шаарддаг, зөвшөөрөл олгоогүй тохиолдолд хураамжийг буцаан олгодоггүй зэрэг хийдэлтэй байдлыг өөрчилж, холбогдох зохицуулалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд тусгажээ.

Categories
мэдээ нийгэм

Төрийн ордны зоогийн газар, “Элит” төв, “Горхи” амралт болон “Засгийн газрын хэвлэх үйлдвэр”-ийг татан буулгана DNN.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны арваннэгдүгээр сарын 9-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

“Төрийн ордны мэдээлэл, үйлчилгээний цогцолбор”, “Засгийн газрын хэвлэх үйлдвэр” төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрыг 2022 оны арванхоёрдугаар сарын 31-нээр тасалбар болгон тус тус татан буулгаж, чиг үүргийг нь Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газарт шилжүүллээ.

Төрийн ордны мэдээлэл үйлчилгээний цогцолбор нь төр, засгийн нийтлэг үйлчилгээ болох нийтийн хоолоор үйлчлэх, хүлээн авалтын арга хэмжээ зохион байгуулан ажилладаг бөгөөд Төрийн ордны зоогийн газар, “Элит” төв, “Горхи” амралт гэсэн салбартай.

Засгийн газрын хэвлэх үйлдвэр тусгай зориулалтын болон төр, засгийн шаардлагатай хэвлэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зориулалтаар 1968 онд байгуулагджээ.

Эдгээр байгууллагыг татан буулгаж, чиг үүрэг, үндсэн болон эргэлтийн хөрөнгийг Төр, засгийн үйлчилгээ эрхлэх газарт шилжүүлж, улмаар төр, засгийн нийтлэг үйлчилгээнд хамаарах нийтийн хоол, хэвлэл, амралтын зэрэг үйлчилгээг хувийн хэвшлээр гүйцэтгүүлснээр удирдлагын давхардсан зардал буурах, нийтлэг үйлчилгээний чанар, хүртээмж сайжрах, бизнесийн үйл ажиллагаанд төрийн оролцоо багасгах зэрэг ач холбогдолтой гэж үзжээ.

Төрийн хэмнэлтийн тухай хуульд харилцан уялдаа бүхий үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа төсвийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийг өөрчлөн байгуулах, татан буулгах, бүтэц зохион байгуулалтыг өөрчлөх зэргээр удирдлагын зардлыг хэмнэх, төрийн зарим нийтлэг үйлчилгээг хувийн хэвшил, мэргэжлийн холбоодоор гүйцэтгүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэхээр заасны дагуу ийм шийдвэр гарч байна.

Categories
мэдээ нийгэм

ЗГ: Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах чиглэлээр дараах арга хэмжээг авна DNN.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны есдүгээр сарын 28-нд болж, Нийслэл Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах зарим арга хэмжээний талаар Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.

Танилцуулгатай холбогдуулан сайд нарт дараах үүрэг даалгаврыг өглөө.

-Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэл, түүний сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг боловсруулах,

-Нийтийн тээврийн шинэчлэлийн хүрээнд автозамын зорчих хэсэгт нийтийн тээврийн тусгайлсан эгнээ бий болгох, автобусны богино эргэлтийн чиглэл нэвтрүүлэх санал боловсруулж танилцуулах,

-Нийслэл Улаанбаатар хотын “Их тойруу” бүсэд орон сууцны болон албан конторын зориулалттай барилгын ажлын зөвшөөрлийг “Улаанбаатар хотын 2024” хөгжлийн ерөнхий төлөвлөгөө батлагдаж, дагаж мөрдөх хүртэл хугацаанд олгохгүй байх,

-Автотээврийн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулж, техникийн хяналтын үзлэгт нэг жилээс дээш хугацаанд хамрагдаагүй болон хяналтын үзлэгт тэнцээгүй, торгууль, хураамж, төлбөр төлөөгүй, автотээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахгүй байх,

-Зам, тээврийн удирдлагын ухаалаг системийг бүрдүүлэгч цахим гэрчилгээ олгох ажлыг энэ оны дөрөвдүгээр улиралд багтаан зохион байгуулж, 2023 оны нэгдүгээр сараас дагаж мөрдүүлэх, Цахим гэрчилгээнд хамрагдаагүй автотээврийн хэрэгслийг 2023 оны гуравдугаар сараас автозамын хөдөлгөөнд оролцуулахгүй байх,

-Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг баталж, хэрэгжилтийг хангуулж ажиллах зэрэг арга хэмжээ авч ажиллахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо.

Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал улс-төр цаг-үе

ХНХ-ын сайд Д.Сарангэрэлийг албан тушаалаас нь огцрууллаа DNN.mn

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

Тэрбээр “Өчигдөр буюу есдүгээр сарын 26-нд Нийгмийн бодлогын байнгын хорооноос зохион байгуулсан хэлэлцүүлгийн үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын хэлсэн үгтэй холбогдуулж иргэд шүүмжлэл өрнүүлж байна.

Иргэддээ бухимдал үүсгэсэндээ хүлцэл өчиж байна. Д.Сарангэрэл сайд нь Монгол Улсын Үндсэн хуулийн тодорхой зүйл заалтыг зөрчсөн үйлдэл гаргасан.

Засгийн газрын гишүүн, улс төрийн хариуцлагатай албан тушаалтны хувьд дээрх зөрчлийг гаргасан учир Ерөнхий сайд захирамж гаргалаа. Уг захирамжид Д.Сарангэрэлийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын үүрэгт ажлаас огцруулах тушаал гаргалаа” гэв.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Өрхийн сарын дундаж зарлага 62 мянган төгрөгөөр өсчээ DNN.mn

Монгол Улсад нэг өрхийн дундаж орлого цар тахлын өмнө буюу 2018 онд 1.2 сая төгрөг байсан бол 2021 онд 1.6 сая болж 37.3 хувиар нэмэгдэж байжээ. Харин нэг өрхийн сарын дундаж зарлага 2018 онд 1.2 сая төгрөг байсан бол 2021 онд 1.4 сая болж 20.8 хувиар нэмэгджээ.

Энэ үзүүлэлтийг 2022 оны хоёрдугаар улирлын байдлаар тооцоолж үзжээ. Ингэхэд өрхийн сарын дундаж бодит нийт орлогын хэмжээ 1.2 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 2.2 (0.2 хувь) мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 60.2 (5.0 хувь) мянган төгрөгөөр буурчээ. Харин нэг өрхийн сарын дундаж бодит нийт зарлага 1.2 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 62.9 (5.7 хувь) мянган төгрөгөөр нэмэгдэж, өмнөх улирлаас 11.3 (1.0 хувь) мянган төгрөгөөр тус тус буурчээ. Эдгээр нь үнийн нөлөөллийг арилган тооцсон дүн юм.

Categories
мэдээ нийгэм

МУГЖ Д.Сосорбарам “Мандах Наран” одонгоор шагнуулав DNN.mn

МУГЖ Д.Сосорбарамыг Японы Эзэн хааны “Мандах нар” одонгоор шагнажээ.

Одон гардуулах үйл ажиллагаа өнөөдөр буюу есдүгээр сарын 20-ны өдрийн 11:30 цагт Японы ЭСЯ-ны Элчин сайдын өргөөнд боллоо. Улмаар Д.Сосорбарамд “Мандах нар” одонгийн “Алт, мөнгөн туяа” зэрэглэлийн одон гардуулсан байна.

Япон улсын Засгийн газраас Япон, Монгол хоёр орны ард түмний харилцан ойлголцол, найрамдалт нөхөрсөг харилцааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан эрхмүүдэд одон гардуулдаг уламжлалтай.