Нийслэлийн “Түргэн тусламжийн төв 103”-ын II ээлжийн ахлах эмч З.Баярсайханаас эмнэлгийн тусламж хэрэгтэй үед эмч ирэхээс өмнө яаралтай үед үзүүлэх анхан тусламжийг хэрхэн өгдөг талаар тодрууллаа.
Түргэн тусламжийн төвд хоногт 1200 орчим дуудлага ирдэг бөгөөд таван салбараас 42 баг гаргаж иргэдэд тусламж үйлчилгээ үзүүлдэг аж. Нэг эмч дунджаар хоногт 30 орчим дуудлага үздэг гэдгийг тэрбээр онцоллоо.
-Сүүлийн үед иргэд цус өнгөрч, харваж байна гэж ярих боллоо. Энэ үед ямар арга хэмжээ авах хэрэгтэй вэ?
-Түргэн тусламжийн төвд даралт ихсэлтийн дуудлага дийлэнх хувийг эзэлдэг. Даралт ихсэж байгаа шалтгаан олон бий. Энэ нь мэдрэлийн, зүрх судасны гаралтай, бөөр, шээс дамжуулах замын гаралтай гээд гурван шалтгаантай байдаг. Эдгээрийн аль нь болохыг тодорхойлохын тулд нарийн шинжилгээ өгдөг. Шинжилгээ өгснөөр үндсэн суурь өвчнөө эдгээж байж даралт ихсэх нь багасдаг. Даралт ихсэж байгаа үед толгой эргэх, дотор муухайрна, огиудас хүрэх, шилэн хүзүү хөших зэрэг зовуурь илэрнэ. Дээрх зовуурь ажиглагдвал ойролцоох өрхийн эмнэлэг болон түргэн тусламж дуудах хэрэгтэй. Үзүүлэхгүй даамжраад байвал харвах эрсдэлтэй. Хэрвээ харвасан тохиолдолд амь насанд эрсдэлтэй тул даруй эмнэлгийн байгууллагад хандах ёстой.
-Харвасан үед ямар анхан шатны тусламж үзүүлэх ёстой вэ?
-Харвасан үед хамгийн түрүүнд түргэн тусламж дуудах хэрэгтэй. Түргэний эмч очиж тухайн хүний биеийн байдал ямар байгааг үзэж, үнэлгээ хийнэ. Мөн “0” цаг гэж хэлдэг. Харваснаас хойш 3 цаг дотор Улаанбаатар хотын гуравдугаар эмнэлгийн мэдрэлийн төв рүү тээвэрлэдэг. 3 цагаас хэтэрсэн бол харьяа дүүргийн эмнэлэгт тээвэрлэн очиж , эмчилгээ хийнэ.
-Автобус болон агааргүй бүгчим орчинд хүмүүс ухаан алдах тохиолдол гарч байна. Үүнд иргэд арга хэмжээ авах уу?
-Ер нь бол хүчилтөрөгчийн дутагдалд орчхоод ухаан алдаж байгаа юм. Мөн ухаан алдаж байгаа хүмүүс олон шалтгаантай байж болно. Цус багадалт, архаг хууч өвчин, сахар, дотоод шүүрлийн эмгэг, цусны эмгэг зэрэг шалтгаан бий. Нийтлэг шалтгаан нь дотоод орчны хүчилтөрөгчийн хэмжээ багассантай холбоотойгоор л муужирч унадаг. Тэгэхээр энэ тохиолдолд тухайн байгаа орчин, өрөөны агаар сэлгэлтийг маш сайн хийх хэрэгтэй. Мөн дийлэнх тохиолдол нь цус багадалттай холбоотой. Цус багадалт нь дотроо төмөр дутагдах, фолийн хүчил дутагдсанаас зэрэг олон зүйл бий. Үүнийг шинжилгээгээр л мэднэ.
-Түгжрэл үүссэн тохиолдол ямар хариу арга хэмжээ авах талаар зөвлөөч?
-Ер нь түгжрэл үүсэж байгаа тохиолдолд хэвлийгээр өвдөнө, өтгөн гарахгүй хэвлийгээр базалж өвддөг. Энэ үед эмч хэвлийг дарж үзэхэд зарим газар товгор хатуу зүйл тэмтрэгддэг. Мөн өтгөн гарахгүй гурваас дөрөв хонох зэрэг шинж тэмдэг илэрдэг. Эмч үзэж оношлоод асуудлыг шийднэ.
-Гадуур согтуу хүмүүс энд тэнд ухаан алдсан үед иргэд эмнэлэгт ханддаг. Эмч ирэхээс өмнө юу хийх хэрэгтэй вэ?
-Манайд ирж байгаа дуудлагын дийлэнх хувийг архидалттай холбоотой дуудлага байдаг. Архи уусан үедээ зодоон хийснээр гэмтэл авсан дуудлага ирнэ. Энэ нь түргэн тусламжийн төвийн хувьд тулгамдсан асуудал болоод байгаа. Гудамжинд согтуу хэн нэгэн хэвтсэн байгаа үед иргэд дуудлага их өгдөг. Дуудлагын дагуу түргэн тусламж очиж шаардлагатай бол цагдаа дууддаг. Амь насанд аюултай, ямар нэгэн гэмтэл байгаа үед харьяаллын дагуу дүүргийн эмнэлэгт хүргэж өгдөг.
–Ер нь хүүхдүүд ч гэлтгүй насанд хүрсэн хүн хахах үе цөөнгүй байдаг…?
-Хүүхдүүд бүхэл жижиг зүйлд хахаж болно. Усанд орж байгаад хахдаг. Ямар нэгэн байдлаар амьсгалын замд гадны биет орж, бөглөрсөн тохиолдолд 3-5 минутад амь нас эрсдэх аюултай. Ийм дуудлага ирэхэд хамгийн ойрхон машиныг явуулна. Ахлах эмч нар тухайн айлтай холбогдож ямар арга хэмжээ авах талаар бүх мэдээллийг өгөөд явдаг. Хүүхдийн наснаас хамаараад бөглөрсөн зүйлийг авахад харилцан адилгүй байдаг. Хүүхдээ доош нь харуулаад нуруун дээр нь гарынхаа алгаар цохих маягаар болон гадны биет харагдаж байгаа тохиолдолд шууд гараараа авах хэрэгтэй. Харин насанд хүрсэн хүн байвал ард нь зогсож байгаад аюулхай, мөгөөрс орчимд хүчтэй дарна.
Хүн хахах үед ямар анхны тусламж үзүүлэх шаардлагатай тухай зөвлөгөө:
- Ухаантай байгаа эсэхийг шалга
- Ухаантай байвал тайвшруул
- Хахсан хүний ард гарч зогс
- Хагас тонгойлгоод 2 далны хооронд 5 удаа алгад
- Хэрэв хахсан зүйл гарахгүй бол хэвлийгээс нь биерүүгээ шахна
- Хэвлийн шахалт хийхийн тулд дараах заавраар хийнэ.
Үүнд:
- Нэг гараа атган аймхай мөгөөрсний доор байрлуулна
- Нөгөө гараараа атгасан гараа барьж хүнээ араас нь тэвэрнэ
- Тэвэрсэн гараа дээш чиглэлтэйгээр огцом чанга шахаж татна
- Татах үйлдлийг хийсний дараа хахсан зүйл гарсан эсэхийг ажигла
- Хахсан зүйл гарахгүй байвал дээрх үйлдлийг 3-5 удаа давтан хийх
- Хахсан хүний амьсгал бөглөрч зогсвол зүрх амьсгалын сэхээн амьдруулалт хийнэ.
- Зүрх амьсгалын сэхээн амьдруулалтыг хэрхэн хийх аргыг яаралтай тусламжийн төвийн эмч нар зөвлөдөг
-Ойрын үед иргэд фитнесээр хичээллэх болж. Өлөн, хоолгүй очоод ухаан алдаж унадаг гэнэ. Энэ тохиолдолд…?
-Дээр хэлсэнчлэн цус багадалттай байж болно. Мөн фитнесээр хичээллэж байгаа иргэд уураг, нүүрс усаа тогтвортой хэмжээгээр хэрэглэх ёстой. Гэтэл түүнийгээ хангалттай хэмжээгээр авахгүйгээр бэлтгэл хийсэнтэй холбоотой муужирч унадаг. Түүнчлэн өөрийнхөө даах хэмжээнээс илүү хэмжээтэй зүйл өргөснөөс ч болдог. Энэ тохиолдолд эхлээд орчны аюулгүй байдлыг хангах ёстой. Хоёрдугаарт, бага хэмжээгээр сэргээх үүднээс толгой, хүзүүн дээр нь чийгтэй алчуур тавих, чихэртэй баахуй цай уулгаж анхны тусламж үзүүлнэ. Шаардлагатай тохиолдолд түргэн тусламжид дуудлага өгөх хэрэгтэй.
-Нийслэл болон хөдөө орон нутагт зам тээврийн осол ихээр гардаг. Осолд ороод мөргүүлсэн үед эмнэлгийн тусламж иртэл иргэд юу хийх ёстой вэ?
-Машины хурд, хаана ямар осолд өртсөнөөс шалтгаалаад харилцан адилгүй. Машин дотор явж байгаад осолд ороод толгой нь өвдөөд байна уу. Зам хөндлөн гарч байгаад мөргүүлсэн үү гэдгээсээ хамаараад өөр өөр байдаг учир тэр болгонд ийм гээд хэлэхэд хэцүү. Хамгийн гол нь ийм төрлийн осолд өртсөн үед шууд 103 руу дуудлага өгөх шаардлагатай. Энэ бол хамгийн зөв арга хэмжээ.
Осолд орсон хүнийг янз бүрийн байдлаар хөдөлгөж болохгүй. Учир нь хамгийн түрүүнд хүзүү, толгой гэмтдэг учраас цаашдын гарах хүндрэл, амь нас эрсдэх аюултай учраас хөдөлгөж болохгүй. Эмч очиж үзлэг хийгээд шаардлагатай эм, өвчин намдаах өгч тээвэрлэлт хийдэг.
-Халууны улирал эхэлж иргэд агаар салхинд ихээр гарч, амарч зугаалдаг. Ингэхдээ нохой, могой, шумууланд хазуулах нь элбэг байдаг. Төвөөс зайдуу үед ямар туслам өгөх вэ?
-Нохойд хазуулсан дуудлага их ирдэг. 24 цаг дотроо Гэмтлийн хүлээн авах тасаг дээр очиж үзүүлнэ. Мэдээж хэрэг шархны том жижгээс хамаараад оёдол тавиулах эсэхийг шийддэг. Амьтанд хазуулсан үед вакцин хийлгэнэ. Могойд хатгуулсан тохиолдолд халдварт 100 дугаар руу залгана. Иргэд могойд хазуулсан хэсгээс дээш чангалуур тавих хэрэгтэй. Болж өгвөл хазуулсан хэсгийн цусыг бумбаар соруулж авах анхан шатны тусламж үзүүлнэ. Ер нь цаг алдах тусам нүхжилт үүсэж амь насанд аюултай тул шуурхай халдвартын эмнэлэгт ирж үзүүлэх шаардлагатай.
-Иргэдэд түгээмэл тохиолддог зүйл нь хоолны хордлого байдаг шүү дээ. Ямар шинж тэмдэг илрэх үү?
-Хоолны хордлого ихэвчлэн нянгийн гаралтай байдаг. Огиулна, бөөлжинө, хэвлийгээр өвдөнө, халуурна, дотор муухайрах шинж тэмдэг илэрдэг. Зарим нь илэрхгүй ч байж болдог.
Хордлогын үед илрэх шинж тэмдэг:
Суулгах,
Дотор муухайрах,
Бөөлжих,
Гэдэс базлах,
Халуурах толгой өвдөх,
Ядрах,
Өтгөн цус, цусны судал, залхагтай гарах,
Ам цангах, гар хөл , үе мөчөөр өвдөх гэх мэт шинж тэмдэг тус тус илэрдэг