Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Инженерийн шийдэл- Хөгжлийн тулгуур” эрдэм шинжилгээний хурал үргэлжилж байна DNN.mn

Тавантолгой түлш компаниас инженер, техникийн ажилтнуудынхаа дунд “Инженерийн шийдэл-Хөгжлийн тулгуур” сэдвийн хүрээнд эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулж байна.

Тус хуралд нийтдээ 40 гаруй бүтээл ирүүлснээс ажлын хэсгээс шилдэг 10 бүтээлийг сонгож нийт инженер, техникийн ажилтнуудынхаа дунд хэлэлцүүллээ.

Шилдэг бүтээлүүдэд шахмал түлшний асах чанарыг сайжруулах, Антрацитийг шахмал түлшний түүхий эдэд тодорхой хувь хэмжээгээр ашиглах, Нарс модны давирхайг шахмал түлшний барьцалдуулагч эдэд ашиглэх нь зэрэг технологийн бүтээлүүдийн тухай илтгэл тавьсан юм.

Антрацитийн үндсэн түүхий эд болгон үйлдвэрийн технологит нэвтрүүлэх тухай илтгэл тавьсан Технологийн бодлогын хэлтисийн Химийн шинжилгээний, туршилтын лабораторийн шинжээч Г.Лхамзүмбэрэл ” Олон улсад сайжруулах шахмал түлшний түүхий эдийг хоёр төрлөөр олборлодог. Хүхрийн хийг бууруулах зорилгоор хоёр төрлөөр олборлодог. Харин антрацит нь 0.1-0.3 орчим хувийн хүхэр агуулдаг.

Антрацитийн үндсэн түүхий эдтэй холиод хэрэглэх боломжтой гэх судалгааны ажлыг хийгээд явж байна. Эхний шатны үр дүнгээр илчлэгийн хувьд одоогийн түлж байгаа түлшнээс 1000-1200кл-аар илүү байгаа. Мөн дэгдэмхий бодис болон үнсний хувьд 1.5 дахин бага. Судалгааны үр дүнгийн хувьд лабораторын техник анализийн дүгнэлт гарсан.  Антрацитийн дээжийг ярьсан компаниасаа хангалттай нийлүүлж чадвал цаашид шатаалтын туршилтийг хийгээд явна” гэлээ.


Нарс модны давирхайг барьцалдуулагч материал болгон ашиглах боломжтой

Харин Шахмал түлшний үйлдвэрлэлийн технологид нарс модны давирхайг барьцалдуулагч материал болгох ашиглах нь талаар Байгаль орчин, экологийн ахлах мэргэжилтэн Б.Билгүүтэй ” Монголд 1990-ээд онд давирхай олборлож байсан. Давирхай нь шатамхай чанартай үнслэг чанаргүй, агаарт уур болдог. Одоогоор Монгол Улсын зөвлөх инженерүүдээс зөвлөгөө авч туршилт хийгээд амжилттай болвол цаашид үйлдвэрлэл нэвтрүүлэх боломжтой. Гэр хорооллын айл орхүүдийн түлж байгаа модыг халж оронд нь хэрэглэх боломжтой юм. Илтгэлээ зөвлөх инженерүүдэд танилцуулаад хэрвээ шалгарвал цаашид туршилт хийх боломж олдож байгаа гэсэн үг. Санхүүгийн дэмжлэгийг компаниас өгнө. Туршилтийн явц, үр дүн хэр байхаас шалтгаална. Хэрэв дэмжигдэж чадвал 2024 оноос үйл ажиллагаагаа явуулах төлөвлөгөөтэй” хэмээн ярилаа.

Технологийн бодлогын хэлтэс ахлах технологич Э.Сумъяабазар “Сайжруулсан шахмал түлшний барьцалдуулагчийг органик эдийг лабораторт бүрэн шинжилдэг. Энэхүү зөвлөгөөнд сайжруулсан шахмал түлшний барьцалдуулагч эдийн цардуул болон целлюлоз/эслэг/-ыг тодорхойлох арга зүй сэдвээр илтгэл тавилаа. 2023 оны хоёрдугаар сард дотооддоо лаборатор байгуулсан. 2023 оны гуравдугаар сараас үйл ажиллагаагаа тогмол явуулж эхэлсэн. Одоогоор үндсэн түүхий эд болох медлинг хянаж байна. Мөн эцсийн бүтээгдэхүүнээ хянаж байгаа юм. Барьцалдуулагчийн органик эс буюу цардуул 50 хувиас доошгүй байх ёстой.Үүнийг өмнө нь Монголд тогтсон аргаар хэрэглэж байгаагүй. Харин одоо Хими, хими техлогийн хүрээлэнд уусдаг цардуулыг туршиж буй. Түүхий эдээ бүрэн хянахын тулд энэ хоёр арга зүйг хэрэглэх юм” гэлээ.

Дээр хэлсэнчлэн шилдэг 10 бүтээлийг сонгож шилдэг илтгэлийг 5 сая, дэд байрт шалгарсан илтгэлийг 3 сая, гуравдугаар байрт орсон илтгэлийг 1 сая төгрөгөөр шагнаж урамшуулах юм.

 

Categories
мэдээ нийгэм

Олон нийтийн газар утсаар чанга ярихаа больцгооё DNN.mn

Таны эрх бусдын эрхээр хязгаарлагдана гэдэг. Ер нь хэн нэгэнтэй чангаар утсаар ярих, инээх зэрэг нь бусдад төдийлөн тааламжтай сэтгэгдэл төрүүлдэггүй нь лавтай. Гар утсаараа дуу хөгжим сонсож, бичлэг үзэхдээ аль болох чихэвч ашиглах хэрэгтэй. Хэрэв чихэвчгүй бол дууг нь зөвхөн өөрт сонсогдохоор сулхан тоглуулахыг зөвлөж байна. Ахимаг насны ах, эгч нар утасныхаа дууг эцэс дээр нь шахуу тавьчихаад Олон нийтийн газар утсаар чанга ярихаа больцгооё жүжиг, дуу үзээд суучихна. Аль эсвэл гэрийнхэн рүүгээ залгаад “Махаа гаргаарай, гэрээ цэвэрлээрэй, “Өө чи дүүгээ яаж байгаа юм” гээд л хувийн амьдралаа нэгд нэгэнгүй ярьчихна. Хэзээ, хаана, хэнтэй, ямар өнгө аясаар, хэр их ярих нь үнэн хэрэгтээ хувь хүний эрх байх.

Гэхдээ л наад захын энгийн соёлд суралцмаар… Олон нийтийн газар олон хүний дэргэд чанга, чанга ярьж, ухаалаг утсаар фэйсбүүк орсон хүмүүс. Шулуухан хэлэхэд энэ нь нэг ёсондоо бүдүүлэг үйлдэл юм. Хүний ахуй амьдралыг мэдмээргүй байхад хүчээр мэдүүлэх гэсэн хүмүүсийг яалтай билээ. Дууг нь чанга дээр нь тавьчихаад л шугамын радио сонсож байгаа юм шиг л аашилна. Гэхдээ л та ажлын байр, дэлгүүрт, банк, автобусанд чанга дуугаар битгий утсаар яриарай. Энэ бол олон нийтийн газар. Тиймээс бусдыгаа хүндэтгээрэй. Та ганцаараа биш шүү.

Categories
мэдээ нийгэм

Үнэтэй брэнд гэхээс илүү өөрт эвтэйхэн, тухтай хувцас сонгоорой DNN.mn

Аливаа зүйлд мэдрэмж хамгийн чухал. Мэдрэмжтэй, мэдлэгтэй байвал ямар ч хувцсыг юутай хослуулж өмсөхөө хүн сайн мэднэ. Үүнд хувцасны үнэ эсвэл тоо дурдах шаардлагагүй.

Хямдхан хувцсыг гоё харагдуулаад өмсдөг хүн байхад үнэтэй хувцас өмсчихөөд сайхан харагддаггүй хүн ч бий. Гэхдээ хүн бүр хүсвэл эвтэйхэн, цэвэрхэн хувцаслаж чадна.

Үнэтэй брэнд, трэнд хувцаснаас илүү биед эвтэйхэн, өөрт зохих хувцсыг сонгоорой. Зарим хувцас дизайнерууд цулгуй хувцас өмсөхийг зөвлөдөг. Ингэхдээ загвар нь энгийн байхаас гадна хувцасны загваруудыг бусад зүйлс тодотгож байх нь илүү зохимжтой талаар дурдсан байдаг.

Хэрвээ танд логотой футболк байлаа гэж бодоход түүнийг жинс эсвэл кеттэй өмсөхөөс өөр сонголтгүй. Харин цулгуй футболктой бол дээр нь савхин юбка ч өмсөж болно. Хувцасны гол шинж чанар нь олон хувцастай зохицдог, олон төрлөөр өмсөгддөг байх ёстой. Шүүгээндээ хэт үнэтэй хувцас авчихаад байнга өмсөж чадалгүй хадгалах тохиолдол бий. Өнөөгийн нийгэм, иргэдийн амьжиргаа ямар байгаа билээ. Бид байнга үнэтэй хувцас авч чадахгүй. Хувцас бол хэрэглээ шүү дээ. Хямдхан өртгөөр өөртөө тохирсон үнэтэй мэт харагдах хувцас ч сонгож болно. Гэхдээ үнэтэйг битгий ав гэж байгаа юм биш шүү.

Ер нь өмсөж байгаа хувцсаа зөв арчилж өмсөж сурах хэрэгтэй. Үрчгэр хувцас хэзээ ч бүү өмсөөрэй. Өөрийн биед тохирсон хувцсыг сонгоорой. Хэт нугалаастай хувцаснаас аль болох татгалзахыг зөвлөж байна. Энгийн хэрнээ загварлаг хувцаслалт таныг ямарч үед сайхан харагдуулах болно.

 

Categories
мэдээ соёл-урлаг энтертаймент-ертөнц

А.Гантулга: “Хамгийн сайхан нь” тоглолт бидний анхны том тайз. Маш их догдолж байна DNN.mn

“Опозит” хамтлаг есдүгээр сарын 02-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд “Хамгийн сайхан нь” нэртэйгээр бие даасан тоглолтоо хийхээр болсон.

Энэ талаар “Опозит” хамтлагийн дуучин А.Гантулгатай цөөн хором ярилцсанаа хүргэж байна.


-Удахгүй “Хамгийн сайхан нь” тоглолт болох гэж байна. Тоглолтынхоо талаар ярихгүй юу?

-Манай хамтлагийн гишүүн Г.Энэрэл бид хоёр тайзан дээр гараагүй удсан байна. Одоогоор тоглолтдоо бэлдээд завгүй л явж байна. Хамтлаг байгуулагдсанаас хойш 10 гаруй жил өнгөрчээ. Тэр хооронд том тайзан дээр гарч байгаагүй. Бидний анхны том тайз байх. Мөн энэ тоглолт сүүлийнх ч байж магадгүй. Миний хувьд Америкт гэр бүлтэйгээ амьдардаг. Тэгээд тоглолт хийх саналыг хүлээж аваад Монголдоо ирсэн. Маш их догдолж байна. Зургадугаар сараас эхлээд тоглолт хийхээр яригдаж эхэлсэн. Энэ тоглолтыг хүлээж байсан фенүүдтэйгээ удахгүй уулзая. Энэ боломжийг олгосон ерөнхий найруулагч Ж.Энхжаргаландаа баярлалаа. Тоглолтоо хамгийн сайхнаар хийнэ.

-Зургадугаар сараас тоглолтын бэлтгэл ажил эхэлсэн гэлээ. Танай хамтлагийн бэлтгэл хэр байгаа вэ?

-Тоглолтод хуучны дуунуудаа дуулна. Долоо хоногийн өмнөөс Г.Энэрэлтэйгээ нийлж, дуугаа бэлдэж эхэлсэн. Бид хоёрын ганц тоодог зүйл амьдаараа тун давгүй дуулчихаад байдаг юм(инээв).

-Үзэгч фенүүддээ ямар шинэлэг зүйл бэлдсэн бэ?

-Тоглолтын ерөнхий найруулагч Ж.Энхжаргалантай анх уулзахдаа нэг зүйлийг гуйж байсан. Хамгийн хойно зогсож байгаа хүнд дууны дуугаралт адилхан сонсогдохоор тохируулж өгөөч гэсэн юм. Манай тоглолтын арын албаныхан өмнө нь болж байсан тоглолтууд дээр гаргасан жижиг алдааг хараад түүнийг нь засаад асуудал гаргагүйг хичээн анхаарч ажиллаж байгаа. Шууд дамжуулалтын гурван талд нэмэлт LED төлөвлөсөн.

-“Опозит” хамтлаг нэлээд хугацааны дараа эргэн нэгдэж тоглолтоо хийхээр боллоо. Цаашид хамтын уран бүтээлээ хийх үү?

-Цаашид уран бүтээл хийх бодол бий. Гэхдээ цаг хугацаа, зав хомс ч зайлшгүй дуу хийхээр бол хийнэ.

-Г.Энэрэлийн хувьд хувийн уран бүтээлээ хийгээд явж байсан. Таны хувьд энэ хугацаанд юу хийв?

-Г.Энэрэл урлагаа хөөгөөд явж байгаа нь маш гоё зүйл. Аливаа зүйлд тууштай байна гэдэг маш том чанар шүү дээ. Миний хувьд хамтлагаасаа хөндийрөөд гэр бүлтэй болсон. Одоогоор Америкт амьдарч байгаа. Г.Энэрэл бид хоёрын хувьд тоглолт хийх цаг хугацааны уулзвар дээр ирчихээд байна.

-Таны хувьд кино уран бүтээлд тоглох уу. Ойрын төлөвлөгөөнөөсөө хуваалцаач?

-Одоо “Хамгийн сайхан нь” тоглолтоо хийх гэж байна. Анх 2014 онд найруулагч О.Батзоригийн бичиж, найруулсан “Хамгийн сайхан нь” кино хийгдэж байлаа. Тэрхүү кино болон киноны дуу нь олонд хүрсэн учраас киноныхоо нэрээр тоглолтоо нэрлэсэн. Мөн “Хамгийн сайхан нь 2” кино удахгүй гарахаар ажиллаж байна. Тоглолт, кино уран бүтээлүүд дууссаны дараа нэг ангитай кинонд тоглож магадгүй.

-Тоглолтод сүүлд гаргасан “TOXYO“-с өөр шинэ дуу дуулагдах уу?
-Энэ долоо хоногтоо амжвал шинэ клип гаргахаар төлөвлөсөн. Ерөнхийдөө дуугаа бэлдчихсэн зураг авалтаа хүлээж байна даа.


Г.Энэрэл: Үзэгчид бидний дууг дагаж дуулаасай гэж хүсэж байна

“Опозит” хамтлагийн гишүүн Г.Энэрэл “Бид дараа жил нэг жилийнхээ ойг тэмдэглэх болно. Манай хамтлаг одоо шинэ өнгө төрхтэйгөөр шинээр байгуулагдаж байна. Магадгүй 10, 20 жилийн дараа “TOXYO” нэртэй тоглолтоо хийхийг үгүйсгэхгүй. Энэхүү тоглолтод 30 дуу дуулагдана. Үзэгчид дууг дагаж дуулаасай гэж хүсэж байна” гэлээ.

Categories
нийгэм цаг-үе

Б.Доржханд: Залуучууд эрт илрүүлэгт бага хамрагдаж байна DNN.mn

УНТЭ-ийн эмнэл зүй эрхэлсэн дэд захирал Б.Доржхандтай ярилцлаа.


-Сүүлийн үед эрт илрүүлэг зогссон гэх мэдээлэл яваад байна. Одоогоор эрт илрүүлэгт хичнээн хүн хамрагдаад байгаа вэ. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Улсын хэмжээнд эрт илрүүлэг 2022 оны тавдугаар сарын нэгнээс эхэлсэн. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 1.090.050 хүн тус үзлэгт хамрагдаад байна. Үзлэгт хамрагдсан нийт хүний 622.024 буюу 57.1 хувь нь 0-17 насны хүүхэд, 468.026 буюу 42.9 хувь нь 18-аас дээш насныхан байна. Харин нийслэлд 551.367 буюу 50.6 хувь нь, орон нутагт 538.683 буюу 49.4 хувь нь хамрагдсан байна. Энэ жилийн хувьд долдугаар сарын 17-нд Эрүүл мэндийн сайдын 256 тоот тушаалаар Улсын төв нэг, хоёр, гуравдугаар эмнэлэг орон нутагт эрт илрүүлгийг идэвхжүүлэх, мэргэжил арга зүйгээр хангахаар эмч мэргэжилтний бүрэлдэхүүнтэй явуулын баг ажиллахаар болсон. УНТЭ-ийн тухайд Сэлэнгэ, Дархан, Төв, Дундговь, Өмнөговь, Говь-Сүмбэр, Дорноговь гэсэн долоон аймагт очиж иргэдийг эрт илрүүлэгт хамруулах, мэргэжлийн арга зүйгээр хангаж ажиллаж байна. Эхний багууд орон нутагт ажиллаж байгаа.

-Орон нутагт хамтарсан баг явуулж байгаа гэлээ. Энэ талаар дэлгэрэнгүй тайлбарлаач?

-Манай эмнэлгийн хувьд одоогоор Сэлэнгэ, Дархан, Сэлэнгийн Мандал, Сүхбаатар сумдад Эх нялхас, ХӨСҮТ-ийн хамтарсан найман хүний бүрэлдэхүүнтэй баг эрт илрүүлгийг эрчимжүүлэн ажиллаж байна. Тухайн аймгийн эрүүл мэндийн газар, аймаг сумдын эмнэлгийн удирдлагуудтай ярилцан орон нутагт 2-3 хоног ажиллаж байна. Есдүгээр сарын нэгэн гэхэд 18-30 насныхныг идэвхтэй хамруулахаар төлөвлөсөн. Мөн эмч эмнэлгийн мэргэжилтэн болон тоног төхөөрөмжөөр туслан ажиллаж байна. Дараагийн ээлж Өмнөговь, Говьсүмбэр, Дорноговь аймаг руу явахаар төлөвлөгөө гаргасан байгаа.

– Улаанбаатар хотод байгаа орон нутгийн иргэд эрт илрүүлэгт хамрагдах боломжтой юу?

-Сэлэнгэ, Дархан, Төв, Дундговь, Өмнөговь, Говьсүмбэр, Дорноговь долоон аймгийн иргэд эрт илрүүлэгтээ хамрагдаагүй бол ЭМД-аа төлөөд иргэний үнэмлэхээ авч ирэн УНТЭ-ийн Дэмжих төвөөр үйлчлүүлэх боломжтой.

-Танай эмнэлэгт өмнө нь эрт илрүүлэг хийгдэж байсан уу?

-Манай эмнэлэгт Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэд 2022 оны тавдугаар сарын нэгнээс Дэмжих төвөөр эрт илрүүлэгт хамрагдаж байгаа. Одоогоор нийтдээ 5500 иргэн үзүүлээд байна. 46-60 насныхан эрт илрүүлэгтээ идэвхтэй хамрагдаж байгаа бол 18-30 насныхан хамрагдалт багатай байна.

-Эдгээр дүүргийн хамрагдалт хэр байгаа вэ?

– СБД 40 хувь, Чингэлтэй дүүрэг 30 хувьтай иргэдээ хамруулсан байна.

-Танай эмнэлэгт өдөрт хичнээн хүн ирж үйлчлүүлж байна вэ?

-УНТЭ-ийн Дэмжих төв эрт илрүүлгээс гадна байгууллагын урьдчилан сэргийлэх үзлэгийг хийдэг. Эрт илрүүлгийн хувьд өдөрт 30-35, байгууллагын урьдчилан сэргийлэх үзлэгт 20-30 хүн ирж үйлчлүүлдэг.

-Эрт илрүүлэгтэй холбоотойгоор ямар асуудал үүсч байна?

-Эрт илрүүлэгт ходоодны дурангийн оношилгоо шинэжилгээн дээр хугацаа ордог тул хүлээгдэл их байна.

-Иргэдийн дийлэнх нь ямар оноштой байна вэ?

-Хоол боловсруулах замын өвчлөл, зүрх судасны эмгэг нэлээд элбэг бүртгэгдэж байна.

-Эрт илрүүлэгт хамрагдахаар ирж байгаа иргэд юун дээр анхаарах шаардлагатай вэ?

-Хамгийн чухал нь ЭМД-аа төлсөн байх хэрэгтэй. Ингэснээр эрт илрүүлэгтээ хамрагдах нөхцөл бүрдэж байгаа юм. Харин эрт илрүүлэгт ирэхдээ цусны шинжилгээ өгдөг тул өлөн байх хэрэгтэй. Эмчийн үзлэг хийсний дараа ходоодны дуранд цаг товлож үзүүлдэг. Энэ шинжилгээнд өлөн байхаас гадна, дэвсэх памперс, салфеткатай ирэхэд болно. Эмэгтэйчүүдийн хувьд умайн хүзүүний эсийн шинжилгээ авч байгаа.

-Оюутан залуусын хувьд хамрагдалт хэр байгаа вэ?

-Оюутан залуусын хамрагдалтыг эрчимжүүлж эхэлсэн. Хөдөө орон нутагт 18-30 насныхны дийлэнх нь хамрагдсан. Харин орон нутагт гуравдугаар шатлалын эмнэлэгт очиход даатгал төлөөгүй иргэд нь үлдсэн байна лээ. Тиймээс тухайн орон нутгийн удирдлагуудад иргэдээ даатгалд хамруулахыг уриалж байгаа.

-Орон нутгийн хувьд аль аймаг эрт илрүүлэгтээ идэвхтэй хамрагдаж байгаа вэ?

-Улсын хэмжээнд нийт хүн амын 31,7 хувь нь эрт илрүүлэгт хамрагдсан. Насны ангиллаар авч үзвэл 6-17 насны хүүхдүүдийн хамрагдалт 56 хувьтай байна. Харин 18-30 насныхан 15 хувьтай, 31-45 насны ангилал 18,9 хувь, 46-60 насныхан 36,8 хувь, 61-ээс дээш насныхан 29.3 хувийн хамрагдалттай байна. Аймгуудыг хамрагдалтын хувьд Өвөрхангай, Хөвсгөл, Баян-Өлгий, Дарханы иргэд эрт илрүүлэгтээ маш сайн хамрагдаж байна.

Categories
мэдээ нийгэм

Хаашаа явахаа сошиалд зарласнаар гэртээ хулгайч дууддаг DNN.mn

Сошиал хэт хөгжөөд хэн дуртай нь нэгнээ хүссэнээрээ бичдэг болжээ. Ямар ч хэмжээ хязгаар гэж алга. Цахим орчинд бичсэн ганц үг бодит амьдрал дээрх харилцааны илүү хурдан тархдаг.

Хэн нэгнийг харлуулсан, магтсан пост бичихэд л түүнийг нь 10, 20 мянгаараа шэйрлэж, комментоор алалцахыг яана. Олон дагагчтай, инфлүүсэр гэж нэрлээд буй хүмүүсийн хувийн амьдралыг тэр нь ч болохгүй, энэ нь ч болохгүй гэж өмнөөс нь шийдчихнэ. Сүүлдээ нөгөө хэд нь ч тоохоо байж.

Үүнээс гадна иргэд өөрийн амьдралаа бараг л тэр чигт нь дэлгэдэг болсон. Хаана юу хийж, хэнтэй байгаагаа хүртэл зарлана. Тэр байтугай үнэт эдлэл хаана байгаагаа, юу өмсөж зүүснээ, хаана юу байгаагаа тайлагнах нь холгүй. Угтаа бол үүнийг хараад хулгайчдын “аазгай” нь хөдөлж байгаа биз. Хаашаа явсныг нь фэйсбүүкээсээ харчихна. Гэрт нь хэн үлдэв гэдгийг нь ч мэдчихнэ. Сошиал ийм аюултай. Сүүлд Цагдаагийн байгууллагаас энэ төрлийн гэмт хэргийн талаар анхааруулга видео мэдээ гаргасан байна лээ. Тэр бичлэгээр хүмүүсийн зургаас хичнээн мөнгөн аяга, хөөрөгтэй, эхнэр нь хэдэн үнэт эдлэл зүүдэг гээд бүгдийг нь судалчихсан нэг хулгайчийг харуулдаг. Яахав хошин маягаар хийсэн болохоор хэд хоног инээдэм болгоод өнгөрнө. Гэхдээ хэрэгтэй зүйлийг анхаардаггүй мөртлөө хар бараан мэдээ, эх сурвалж нь тодорхой бус мэдээлэл рүү хошуурцгаана. Сошиалд xувийн амьдралаа xэт иx дэлгэx нь эргээд хор уршигтай гэдгийг хэзээ ухаарах вэ.

Categories
соёл-урлаг цаг-үе энтертаймент-ертөнц

С.Удвал: Дэлхийн алдартай контент бүтээгчийн видеоны нэг хэсэг нь Монгол байвал маш том реклам болно шүү дээ DNN.mn

Фитнес модель С.Удвалтай ярилцлаа.


-Юуны өмнө та манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

-Сайн байцгаана уу. Намайг С.Удвал гэдэг. Фитнесийн тамирчин.

-Хэдэн жил фитнесээр хичээллэж байгаа вэ?

-Фитнесээр хичээллээд таван жил болж байна. Би өөрийгөө айхавтар том тамирчин гэж бодохгүй байгаа. Одоо зүгээр л фитнесчин. Анх маш туранхай, шим тэжээлийн дутагдалтай, чихрээр л хооллодог буруу хэвшилтэй байсан. Тиймээс л өөрчлөгдөхөөр шийдэж энэ спортоор хичээллэж эхэлсэн.

-Сүүлийн өдрүүдэд таны дэлхийн контент бүтээгч Nussier Yassin-тай авахуулсан зураг сошиалд нэлээд шүүмжлэл дагуулж байна. Энэ тал дээр тайлбар өгөөч. Яг юу болсон юм бэ?

-Nussier Yassin-ыг Монголд ирсэн байгааг харсан ч уулзаад хамтарч бичлэгт нь орно гэж төсөөлөөгүй. Нэг өдөр найз маань “Бид хөдөө ногоон зүлгэн дээр хөнгөн кардио дасгал хийж байгаагаар бичлэг хийх гэж байна.

Чамаас өөр хүн сайн мэдэхгүй байна. Зөвшөөрвөл өглөө эрт явъя” гэж санал тавьсан юм. Би итгэж чадаагүй баярлаад үсэрч, дэвхэцсэн. Маш их баярласан болохоор шууд л зөвшөөрсөн. Тэгээд өглөө 06:15-д хотоос хөдөлсөн. Очих ёстой газартаа 7:00 цаг өнгөрч байхад очсон. Хотоос очингуутаа л бичлэгээ хийж эхэлсэн.

Өглөөний дасгал болохоор бүгд эрч хүчтэй үнэхээр гоё байсан. Тэр үеийн сэтгэл хөдлөлийг юутай ч зүйрлэмээргүй. Nussier Yassin-ыг хажуугаас нь хараад ямар эмх цэгцтэй яриатай, төлөвлөгөөтэй, эрч хүчтэй, хөдөлмөрч юм бэ гээд л шүтэн биширдэг хүний хувьд маш их хүндэлсэн.

Энэ гайхалтай хүн Монголыг маань сурталчилж өгч байхад би бас хичээх хэрэгтэй шүү дээ. Бид 9:00 цаг өнгөрөөд бичлэгээ дуусгасан. Тэнд байсан хүмүүс өмнө нь танил байсан юм шиг л маш гоё уур амьсгалтай байсан.

Би ер нь сэтгэл хөөрөл ихтэй, үсэрч дэвхэцсэн, жаахан эршүүд охин л доо. Тэгээд гүйж очиж зургаа хамт даруулсан. Миний хувьд контент хийх хүсэлтэй явдаг болохоор зөндөө зүйлийг нь харж үлгэр дууриаллал авсан. Зургаа авахуулаад баярласандаа юу ч бодолгүй инстаграм, пэйждээ оруулчихсан.

-Тухайн үеийн процессыг ойлгоогүй иргэд цахимаар нэлээд шуугьсан. Энэ сөрөг хандлага танд хэрхэн нөлөөлөв?

-Мэдээж хэрэг эерэг сэтгэгдэл хүлээж байсан. Гэхдээ зургийнхаа тайлбар дээр алдаа гаргасан байна лээ. Сэтгэл хөөрлөөр юу бичсэнээ ч мэдэхгүй, зургаа оруулчихаад орхичихсон. Бид 11:00 цагийн үед хотод өглөөний цай ууцгаасан. Тэгээд л утсаа нээсэн чинь намайг үгийн муугаар хэлээд элдэвлээд шэйрлэсэн байсан.

Тухайн үед гайгүй байсан ч бүр ийм муугаар яригдана гэж бодоогүй. Тэр олон сая дагагчтай, нөлөөлөгч хүнийг Монголд танихгүй хүн олон юм байна лээ. 2-3 цагийн дараа фэйсбүүктээ ороход мэдээний сайтууд намайг харлуулж бичээд “сэвсэн” байсан. Хийгээгүй зүйлийнхээ төлөө гүтгэгдэж, үзэн ядагдах үнэхээр хэцүү юм байна. Өмнө нь ийм байдалд орсон хүмүүсийг ойлгодоггүй байсандаа гэмшсэн. Гэхдээ энэ бүхний дараа бусдыг арай илүү хайрлаж, ойлгох юм шиг санагдсан.

-Таны оролцсон энэхүү контент Монголын аялал жуулчлал, тэр тусмаа Монгол Улсыг олон улсад таниулах чухал контент болно гэсэн хүлээлт байгаа шүү дээ. Контентын талаар дэлгэрэнгүй ярихгүй юу?

-Nussier Yassin Монголын онцлогийг харуулсан богино хэмжээний блог хийж байгаа юм билээ.

Би зүгээр л тэр жижигхэн хэсэгт нь оролцсон. Гэсэн ч маш их баяртай байгаа. Очих газар олон байсан ч Монгол Улсыг сонгоод ирсэн. Үнэхээр азтай. Юүтүбдээ 12 сая, фэйсбүүктээ 22 сая, инстаграмдаа 4,5 сая дагагчтай хүний видеонд Монгол нэг хэсэг нь байвал маш том реклам болно шүү дээ.

-Таны хувьд бие дааж контент бүтээх хүсэлтэй гэсэн. Сошиалд ч нэлээд нөлөөтэй. Ер нь залууст ямар зүйлийг илүү ойлгуулахыг хүсдэг вэ?

-Дасгал хөдөлгөөнийг амьдралдаа хэвшүүлэх талаас нь залууст нөлөөлөхийг хүсдэг. Тиймээс л хичээдэг.

-Залууст хандаж юу гэж хэлэхийг хүсч байна вэ?

-Хүн ер нь сэтгэлийн амьтан юм байна. Нэг л их өөртөө итгэлтэй байсан хүн ганцхан цагийн дотор сэтгэл санаа шалаар нэг болчихсон. Үүнээс гадна их зүйлийг ухаарлаа. Гэхдээ маш олон эерэг хүмүүс надад сэтгэлийн үгсээ хэлсэн байсан. Сайн хүмүүс нь муугаасаа олон юм байна лээ. Баярлалаа тэр бүхэнд.

 

У.АНХЦЭЦЭГ

 

Categories
нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

​Д.Гансаруул Дэлхийн яруу найргийн “Struga Poetry Evenings” их наадамд оролцоно DNN.mn

Бүгд Найрамдах Хойд Македони улсын Струга хотноо энэ сарын 24-нд “Struga Poetry Evenings” 62 дахь удаагийн Олон улсын яруу найргийн их наадам эхэлнэ. Энэ удаагийн наадамд МЗЭ-ийн гишүүн, Г.Сэр-Одын нэрэмжит шагналт, яруу найрагч Д.Гансаруул эх орноо төлөөлөн оролцохоор болжээ.

Наадмыг зохион байгуулагчид “Дэлхийн хамгийн эртний бөгөөд хамгийн том яруу найргийн наадмын нэг болох яруу найрагчдын энэхүү алдартай цугларалт амжилттай болно гэдэгт итгэлтэй байна. Дайнтай хэцүү цаг үед хүн төрөлхтөн бид эв нэгдлийг эрхэмлэн дээдлэх учиртай. Тиймээс наадмыг зохион байгуулахад онцгой хүчин чармайлт гаргаж байна” гэжээ.

“Struga Poetry Evenings” дэлхийн яруу найргийн их наадамд Монголын яруу найрагчид жил бүр амжилттай оролцдог бөгөөд Г.Мэнд-Ооёо, А.Эрдэнэ-Очир, Дан.Нямаа, Ц.Буянзаяа, Д.Галсансүх, Г.Аюурзана нарын нэрт яруу найрагчид уг наадамд хүрэлцэн ирж оролцож байсныг зохион байгуулагчид онцолжээ.

Яруу найрагч Д.Гансаруул “Зүрхний нандин эмзэг уяа чамдаа” туурвилзүйн бүтээл (2007 он), “Саранд гандсан хөшиг” яруу найргийн түүвэр (2009 он. Монголын Зохиолчдын эвлэлийн Анхны номын уралдаанд шалгарсан ном), “Сарны тосгон” яруу найргийн түүвэр (2014 он), “Цоохор майлзын түүх” триллер, акмейст, детектив шүлгийн түүвэр (2017 он) тус тус хэвлүүлсэн. 2019 оноос эхэлж “Da.Gansaruul” хуудсаараа үргэлжилсэн үгийн бүтээлүүдээ уншигчдад цувралаар хүргэж байна.

Яруу найрагч Д.Гансаруул Монголын Зохиолчдын эвлэлийн шинэлэг, шилдэг бүтээлд олгодог Гомбын Сэр-Одын нэрэмжит шагналыг 2019 онд хүртсэний сацуу Монголын Урлагийн зөвлөлийн “2020-2021 оны Онцлох уран бүтээлч”-ээр шалгарч байжээ.

Эдүгээ Монголын өдөр тутмын “Өдрийн сонин”-ы www.admin.dnn.mn вебсайтын Орлогч захирлаар ажиллаж байна. Д.Гансаруул хүний эрх, эх хэлээ хамгаалах тухай голлон бичдэг бөгөөд түүнд Японд төвтэй Азийн эрх чөлөө, ардчиллын төлөөх эв нэгдлийн зөвлөлөөс 2020 оны “Азийн хүний эрхийн шагнал”-ыг олгосон байна.

Д.ОТГОНТУЯА

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Б.Номин-Ундрах: Дараа жил болох тэмцээндээ амжилтаа ахиулахыг зорьж байгаа DNN.mn

Швейцарь улсын Цюрих хотноо долдугаар сарын 16-25-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Олон улсын химийн 55 дугаар олимпиадаас хүрэл медаль хүртсэн “Орчлон” сургуулийн 10 дугаар ангийн сурагч Б.Номин-Ундрахтай ярилцлаа.


-Олон улсын химийн олимпиадаас медаль хүртсэнд баяр хүргэе?

-Швейцарь улстай танилцахад их хөгжилтэй санагдсан. Ирээдүйд тэнд очиж сургуульд суралцах хүсэл мөрөөдөл байна. Олон Улсын олимпиадад оролцоход бусад орны хүүхдүүдтэй ярилцах нь үнэхээр сонирхолтой байсан. Туршлага суусан гэх юм уу. Дараа нь Саудын арабд болох тэмцээнд амжилтаа ахиулахыг зорьж байгаа.

-Таны оролцсон хэд дэх олимпиад вэ. Өмнө нь олон улсын олимпиадад оролцож байсан уу?

-Дунд ангид байхдаа Хятад, Сингапур, Вьетнам зэрэг улсад очиж олимпиадад оролцож байсан. Тэр үед улсаа төлөөлөөгүй, сургуулиа төлөөлж явж байсан. Энэ нь надад суурь болж өгсөн. Өнгөрсөн тавдугаар сард Казахстан улс руу олон улсын химийн Менделеевийн олимпиадад оролцсон. Ер нь олон улсын олимпиадад оролцоход маш сайн туршлага болсон гэхэд болно. Туршилт хийх ямар байдгийг ч ойлгосон.

-Химийн хичээлийн юу нь хамгийн гоё, сонирхолтой санагддаг вэ?

-Надад химийн хичээлийн хувирамтгай шинж чанар нь таалагддаг. Цаашид ямар ч зүйл рүү сонирхож орсон химийн хичээл тус дэм болдог. Суурь нь болдог гэж боддог. Миний хувьд физикт сонирхолтой. Ирэх жилээс хими, физикээ хослуулаад төгсөхөөрөө энэ чиглэлээрээ суралцана. Химийн хичээл их сонирхолтой. Хими өөрөө ерөнхий том ойлголт. Тэр болгоныг бага багаар үзэж, судалж одоогийн мэдлэгтээ баяртай байгаа. Цаашид илүү их зүйлийг мэдэхийг хүсч байна.

-Олон улсын олимпиаддаа хэр хугацаанд бэлтгэсэн бэ?

-Өмнөх зунаас эхлээд дүүрэг, нийслэл, улсын олимпиадад оролцсон. Олон улсын олимпиадын хувьд ойролцоогоор хоёр сар бэлдсэн. Шалгарсныхаа дараа нэг сар МУИС-ийн багш нартайгаа баг болж бэлтгэж байлаа. Бэлтгэл дээрээ олон янзын туршилт их хийсэн. Энэ нь маш их тус болсон. Яагаад гэвэл бид өмнө нь туршилтыг гүнзгийрүүлсэн түвшинд хийж байгаагүй. Олон улсын олимпиадад ороход туршилт хийсэн нь маш сайн бэлтгэл болсон. Нийслэл, дүүргийн олимпиадад бэлтгэж байхдаа С.Хүрэлбаатар, С.Сувданчимэг багш болон “Орчлон” сургуулийн химийн сонгоны 10, 11 дүгээр ангийн хүүхдүүдтэй бэлтгэл хийхэд сонирхолтой байсан.

-Олимпиаддаа бэлтгэж байхад багш нь юуг хамгийн их захиж байв?

-Ирээдүйн зорилгоо харж, химийн хичээлд дуртай байж химийн хичээлээр цааш яваарай. Заавал бусадтай өрсөлдөх биш дуртай зүйлээрээ л суралцаарай гэж байнга захидаг.

Багштайгаа болон бусад сонгоны хүүхдүүдтэй багаараа бэлтгэл хийдэг. Ганцаараа бэлтгэл хийсэн бол энэ түвшинд хүрэхгүй байсан гэж бодож байна. Хамт олноороо нэг нэгэндээ туслаад бэлтгэл хийвэл илүү үр дүнтэй юм шиг санагдсан.

-Олон улсын шалгалтууддаа хэрхэн бэлтгэж байв. Туршлагаасаа хуваалцаач?

-Бид ихэвчлэн бодлого боддог. Мэдэхгүй зүйл гарвал номоо дэлгэрүүлж уншиж дахин бодлогоо бодож бататгадаг. Эхлээд мэдэхгүй зүйлээ туршиж хийнэ. Тэгээд уншсаныхаа дараа мэдчихээд давтдаг. Шинээр нэг зүйл мэддэг болсноо анзаарах нь их сайхан мэдрэмж төрдөг. Олон улсын олимпиад дөхөөд ирэхээр өгсөн сэдвээсээ илүү их юм уншсан. Бодлогуудаа мөн адил дахин давтсан. Бодлогоо бодохдоо эхлээд хариуг нь харахгүйгээр оролдож үзээсэй. Ямар нэгэн зүйл бичсэнийхээ дараа хариуг нь хараад дахиж бодож өөрийгөө шалгах хэрэгтэй. Ингэж бодвол илүү үр дүнтэй. Бодохгүйгээр шууд хариуг нь хараад явбал цаашид өөр бодлогыг ч бодож чадахгүй байх магадлалтай. Мөн уншсан зүйлээ бие биетэйгээ хуваалцаад явах нь найзуудтайгаа хамт сайжраад сайн юм билээ.

-Ер нь хими Монголын хөгжилд ямар хэрэгтэй гэж боддог вэ?

-Хими Монголд хөгжвөл хүүхдүүд химийн хичээлд сонирхолтой болж, шинжлэх ухааныг ч мөн сонирхож эхэлнэ. Гадагшаа сурахаас илүү эх орондоо үлдэх байх.

-Химийн хичээлийг сайн хийхийн тулд юуг хамгийн сайн ойлгох хэрэгтэй вэ. Чиний бодлоор…?

-Хүүхдүүд химийн хичээлийг хэцүү гэдэг. Анхан шатныхаа хичээлийг сурчихаад түүнийгээ ойлгохгүй болоод ирэхээрээ чадахгүй байна гээд буугаад өгчихдөг. Тиймээс бууж өгөхгүйгээр ахисан түвшний хичээлүүдээ үзээд эхэлбэл хими сонирхолтой, дажгүй санагдана гэдэгт итгэж байна. Бууж өгөхгүйгээр өшөө илүү суралцаад үзээсэй. Мөн хими талаас нь ойлгохгүй байж бодлого бодвол алдах магадлалтай.

 

-Олимпиадын үед хамгийн хэцүү даалгавар нь юу байсан бэ?

-Хамгийн хэцүү нь цаг давчуу санагдсан. Таван цагт гурван лаборатори хийнэ. Ихэнх хүүхэд зарим бодлогоо хийж амжаагүй байсан. Миний хувьд онолын асуултдаа хариулах хэсгээ зарим зүйлийг нь хараахан амжаагүй. Тиймээс хурдаа сайжруулах тал дээр цаашид анхаарна. Ялангуяа туршилтын хэсэг. Энэ олимпиадаас маш их туршлага хуримтлуулсан. Дараа жил илүү сайжирч амжилтаа ахиулна.

-Ямар чиглэлээр сурах тэмүүлэлтэй байгаа вэ. Цаашдын зорилгоосоо хуваалцахгүй юу?

-Одоогоор мэргэжлээ сонгоогүй ч физик, хими тал руугаа сурна. Цаашдын зорилго гэвэл сайн сургуульд орж, амжилттай суралцана. Ойрын зорилго гэвэл дараа жил олон улсын болон улсын олимпиадад илүү амжилттай оролцоно.

Categories
мэдээ нийгэм

Бичсэн хүсэл биелдэг DNN.mn

Хүн бүр үргэлж ямар нэг зүйлийг мөрөөддөг. Гадаадад аялах, амжилттай суралцах, сайхан хайр дурлалтай учрах, байр, машинтай болох гээд өөр өөр зүйл авахыг хүснэ. Ер нь бол хаана оршин байхаас хамааран хүн бүрийн хобби, хүсэл эрмэлзэл өөр. Бид мөрөөдлөө биелүүлэхийн тулд хичээж ажиллах хэрэгтэй ч заримдаа юуны төлөө хөдөлмөрлөж буйгаа умартах нь ч бий. Уншигч та цаасан дээр бичсэн хүсэл биелдэг гэдгийг сонсож байсан биз. Хэрэв таны зорилго гадаад орноор аялах бол аль хэдийнэ оччихсон байна гэж бодоод зураарай. Дүрслэл нь сэтгэл зүйг маш сайн өдөөдөг аж.

Бичнэ гэдэг нь хийхийн тал. Толгойд байгаа олон бодлоо таньж, эмх цэгцэд оруулах хамгийн энгийн арга бол бичиж тэмдэглэх байдаг. Ингэснээр юуг зорилгоо болгохоо мэдэж авна гэсэн үг.

Жижиг өврийн дэвтэрт юу хүсч, мөрөөддөгөө зурах эсвэл яг л бодит болж буй мэтээр төсөөлөн бичих нь биелэх магадлалтай аж. Гэхдээ нэг бичээд мартах биш байнга харж, санаж тэр зүйл рүүгээ тэмүүлэх хэрэгтэй юм.

Нэг өдөр эгчийнхээ бичиж дуусгасан хэд хэдэн тэмдэглэлийн дэвтрийг харж билээ. Тэрхүү дэвтэр дээр гэр бүл, өөрийнхөө хүсч тэмүүлдэг бүхнээ зурсан байлаа. Тэнд бичсэн хүсэл нь бүгд биш ч ихэнх нь биелсэн байдаг. Хүн юуг чин сэтгэлээсээ хүснэ, түүндээ заавал хүрдэг билээ. Хүсч байгаа зүйлээ бодит мэт дүрслэн мөрөөдөж чадвал биелдэг гэдэг бичигдээгүй хууль бий. Та ч бас бал, цаас аваад өөрийнхөө чин хүслээ зураад, эсвэл яг л зорьж тэмүүлсэн тэр зүйлдээ хүрчихээд баярлаж байгаа мэтээр бичээд үзээрэй.