НҮБ-аас боловсруулсан худал мэдээлэлтэй тэмцэх, цахим орчин дахь мэдээллийн найдвартай байдлыг хангахад баримтлах олон улсын зарчмын төслийг хэлэлцэх зөвлөлдөх уулзалт боллоо. Зөвлөлдөх уулзалтын үеэр худал ташаа мэдээлэл, үзэн ядалтын үг хэллэг өргөн хүрээнд, хурдтай тархаж буйн эсрэг дэлхийн улс орнууд хэрхэн тэмцэж буй тухай болон НҮБ-ын зүгээс гишүүн орнууддаа санал болгож буй бодлогын зөвлөмжийг танилцуулсан юм.
Мөн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хамгаалах, мэдээллийн орчны бохирдлын эсрэг Монгол улсад хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, тулгамдаж буй асуудлуудын талаар хэлэлцүүлэг өрнүүлж, НҮБ-аас худал мэдээлэлтэй тэмцэхэд баримтлах есөн зарчмыг хэлэлцлээ.
НҮБ-аас худал мэдээлэлтэй тэмцэхэд баримтлах есөн зарчимд:
Мэдээллийн бодит, найдвартай байдлыг эрхэмлэх
Хүний эрхийг дээдлэх
Хараат бус хэвлэл мэдээллийн хэрэгслийг дэмжих
Ил тод байдлыг сайжруулах
Хэрэглэгчийг чадавхжуулах
Судалгаа шинжилгээ, тоо мэдээллийн хүртээмжийг сайжруулах
Хариу арга хэмжээний цар хүрээг өргөжүүлэх
Хүчтэй хязгаарлалтыг тогтоох
Итгэлцэл, аюулгүй байдлыг нэмэгдүүлэх зэрэг багтаж байна.
Цахим орчинд мэдээллийн бодит, найдвартай байдлыг хангахад баримтлах НҮБ-ын зөвлөмжийг 2024 онд болох НҮБ-ын дээд хэмжээний чуулганаар албан ёсоор батлах юм.
Монголын Хэвлэлийн хүрээлэнгийн гүйцэтгэх захирал М.Мөнхмандахтай ярилцлаа.
-Саяхан Зариг.мн сайтыг хаасан. Хуулийн байгууллагын нэг албан тушаалтан утас цохиод хааж байгааг та юу гэж харж байна вэ?
-Хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагаа, зариг.мн сайтын эрхлэгчийн хувь хүний цахим орчин дахь өөрийн байр суурь, мэдээлэл түгээх явц, тухайн түгээж байгаа мэдээлэлдээ хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон сэтгүүлзүйг ашигласан байдал, мэргэжлийн хэм хэмжээ гээд нэлээд хэдэн асуудал яригдана.
Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг зохицуулж байгаа Монгол дахь хууль эрхзүйн асуудлыг ярих ёстой. Мөн Эрүүгийн тухай хуулиар бусдын нэр төр, алдар хүндийг гутаасан, илт худал мэдээллийг түгээх нь эрүүгийн хэрэг болж хуулийн хариуцлага оноох тухай эрхзүйн зохицуулалтыг ярих шаардлагатай.
Учир нь Эрүүгийн хуульд байгаа энэ зохицуулалт нь өөрөө олон улсын хүний эрхийн хэм хэмжээг зөрчдөг. Олон улсын хүний эрхийн хэм хэмжээний дагуу гүтгэх тухай асуудлыг нарийн тодорхойлох шаардлагатай байдаг. Манай улсын хуульд өргөн хүрээгээр авч үзээд илт худал мэдээлэл гэдэг ерөнхий томъёолол оруулчихаад түүнийг худал мэдээлэл тараасны төлөө гээд эрүүгийн хэрэг үүсгэчихдэг. Угтаа хувь хүний нэр төр, алдар хүндийг гутаасан, гүтгэсэн өөрөөр хэлбэл илт худал мэдээллээр нэр төрд халдсан мэдээлэл байх ёстой шүү дээ. Илт худал мэдээлэл гэдэг ерөнхий ангиллаар сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагааг тодорхой хэмжээгээр хязгаарлах оролдлого гарч байна.
Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг ямар нөхцөлд хязгаарлаж болох вэ гэдэг олон улсын хэм хэмжээ байдаг. Жишээлбэл, бусдын нэр хүндийг хамгаалах болон улс үндэстний хэв журмыг хамгаалах гол хоёр нөхцөл бий. Ингэхдээ зайлшгүй шаардлагатай, хууль ёсных байх ёстой. Мөн дээрээс нь харьцангуй байх. Учирч байгаа хор хохирол нь бодитой байх ёстой бөгөөд тэр хохирлыг тооцоолсны дүнд шийдвэрлэх юм. Цагдаа, шүүхээс өгч байгаа мэдээлэл нь өөр хоорондоо зөрдөг. Тодорхой бус нэр томъёо ашигласан тохиолдолд өөрийнхөө үзэмжээр тайлбарлаад хэтрүүлж ашиглах боломж бий болгодог. Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, мэдээллийн эрх чөлөөний эрхзүйн зохицуулалт боловсронгуй биш. Ер нь эрүүгийн тухай хуулиар гүтгэх гэдэг асуудлыг шийдвэрлэж болохгүй. Хэвлэл мэдээллийнхэн эрхзүйн зохицуулалтыг илүү боловсронгуй болгох тал дээр дуугарах хэрэгтэй.
-Ер нь худал мэдээлэлтэй хэрхэн тэмцдэг вэ?
-Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд 70 гаруй орон худал мэдээлэлтэй тэмцэх хуультай болсон байдаг. Гэхдээ хууль худал мэдээлэлтэй тэмцэх цорын ганц арга биш. Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хязгаарлахгүйгээр худал мэдээлэлтэй тэмцэх асуудал нь ээдрээтэй. Тиймээс өөр бусад хуулийн зохицуулалтай хавсарч хэрэглэх ёстой. Мэдээллийг түгээн дамжуулж байгаа сувгууд буюу фэйсбүүк, твиттер, видео хэрэгслүүд болон эдгээр сувгийг ашиглан мэдээллээ түгээж байгаа вэбсайтууд байна. Эдгээрийг ашиглаж байгаа оролцогч бүр хариуцлага хүлээх шаардлагатай. Мөн бүх түвшний боловсролын тогтолцоонд мэдээлэлтэй харьцах, мэдээллийг түгээх, мэдлэг чадварыг дээшлүүлэх арга барилтай болох. Хүүхдүүд багаасаа ямар төрлийн мэдээлэл авч байгаагаа ялгаж мэддэг, цахим орчинд үзэл бодлоо илэрхийлэхдээ бусдад хүндэтгэлтэй хандах ёс зүйтэй байх. Ерөнхий боловсролын сургуульд бусдад аюултай мэдээлэл түгээхгүй байх зэрэг мэдээллийг хагас дутуу өгдөг. Тэгэхээр хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролын агуулгыг системтэйгээр сургалтын хөтөлбөрт нэвтрүүлэхээс өөр аргагүй.
-Дэлхийн улс орнууд худал мэдээлэлтэй тэмцэх хуультай гэсэн. Манайх ийм хуультай болох цаг нь болсон уу?
-Манайд харилцаа холбооны зохицуулах хорооноос Контентын зохицуулалт, Телевиз, радиогийн өргөн нэвтрүүлгийн ерөнхий зохицуулалттай. Эдгээрт агуулгатай холбоотой гүтгэх, нэр хүндэд халдах, хууль бус мэдээллийг хориглох заалтууд бий. Худал мэдээлэл гэдгийг худлаа гэхээс илүүтэйгээр зарим мэдээллийг орхигдуулсан, тал нь үнэн, бүхэлдээ худал гээд маш олон агуулга яригдана. Үүнээс гадна Эрүүгийн тухай хууль үйлчилж байгаа. Сонгуулийн тухай хуульд ч илт худал мэдээллийн тухай, улс төрийн сурталчилгааны ил тод байдлыг хангах тухай зохицуулалт бий. Гол нь үүний хэрэгжилт маш тааруу байгаа учраас сонгуулийн үеэр бусдын нэр төрд халдсан, гуйвуулсан, дөвийлгөсөн мэдээлэл нэмэгддэг.
-Сошиалаар мэдээлэл түгээдэг, иргэд түүнд итгэдэг тал бий шүү дээ?
-Фэйсбүүк мэдээлэл олж авдаг, түгээдэг харилцааны болон мэдээллийн хэрэгсэл болчихоод байгаа. Иргэд энэхүү сувгаар мэдээлэл дамжуулахдаа хариуцлагатай байх ёстойгоо мэддэггүй. Мөн мэдээллийг нягтлах арга барилд суралцаагүйн улмаас 5, 10 жилийн өмнөх ач холбогдолгүй, өнгөрсөн мэдээ мэдээллийг ялгахгүйгээр бусдад дамжуулдаг. Үүнээс гадна сурталчилгааны шинжтэй мэдээллийг сэтгүүлзүйн хэлбэрээр олон нийтэд түгээх нь газар аваад байна. Сонгуулиас гадна бизнесийн байгууллага, төрийн байгууллага, засгийн газрын агентлагууд сэтгүүлзүйн бүтээгдэхүүн хэлбэрээр өөрсдийн үйл ажиллагаагаа сурталчлах болсон. Баримтыг нягтлан шалгах буюу худал мэдээллийг илчлэх, олон нийтэд мэдүүлэх үйл явц манайд хязгаарлагдмал хүрээнд явагддаг. Өөрөөр хэлбэр худал мэдээллийг гүйцэж очдоггүй. Үр дүн бага.
Редакцын үйл ажиллагаагаар дамждаг, баталгаатай, тодорхой эх сурвалж болохуйц мэдээллийн цар хүрээ хумигдаж байна. Өдөр тутмын сонинуудын тоо сүүлийн жилүүдэд буурч, хувь хүний үзэл бодол, сошиалаар явж буй худал мэдээлэл тэр орон зайг эзэлж байна. Бид дэлхийтэй хөл нийлүүлж алхахын тулд мэдээллийн бодит, найдвартай байдлыг хамгаалах ёстой. Худал мэдээлэлтэй тэмцэх олон улсын байгууллага, төр оновчтой зохицуулалтыг бий болгох хариу арга хэмжээ авахаас өөр аргагүй.
-Хэвлэл мэдээллийн байгууллагууд мэдээлэл дамжуулах хэрэгслээ дахин хаалгахгүйн тулд ямар арга хэмжээ авах шаардлагатай вэ?
-Хэвлэл мэдээллийн байгууллагууд мэргэжлийн хэм хэмжээнд захирагдана. Хариуцлагатай байж, хувийн болон бусдын ашиг сонирхолд үйлчлэхгүй байх ёстой. Сэтгүүлзүй мэргэжлийн байдлаараа ялгарах нь ямарваа нэгэн зүй бус хязгаарлалтаас хамгаалах дархлаа болох юм. Боловсронгуй бус хуулийн орчинд хэрхэн итгэл үнэмшлээ авч үлдэх вэ гэдэг нь мэргэжлийн байх хэрэгтэй.
-Хэн нэгэн албан тушаалтан Харилцаа холбооны зохицуулах хороо руу утасдаад дургүй хүргэсэн сайтаа хаалгадаг жишиг тогтох нь гэсэн асуудал яригдах боллоо?
-Ийм жишиг тогтох боломжтой. Ээдрээтэй тодорхойгүй олон асуудал байгаа. Гэвч үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хараат бус хэвлэл мэдээллээ хамгаалж дуугарах ёстой. Өнөөдөр дуугарахгүй бол маргааш хэн нэгэн хэтрүүлж хэрэглэсэн эрх мэдлийн золиос болж мэднэ. Хуулийг хэтрүүлэн ашиглаж байна. Эрхзүйн зохицуулалт боловсронгуй бус, хэтэрхий ерөнхий. Албан тушаалтнууд үзэмжээрээ ханддаг. Үүний эсрэг байр суурьтай байгаа.
Д.Отгонтуяа