Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хааяа өөрийгөө урамшуулаад жижигхэн зүйл авч өгөөрэй DNN.mn

Бид өөрсдийгөө байнга л голдог. Хааяа өөрийгөө өөрчлөх гэж, бусадтай адилхан болох гэж хичээдэг. Гоё сайхан байвал л болчих юм шиг санагддаг. Гэхдээ хүн өөрөөрөө зүтгэж, өөрийгөө хүлээн зөвшөөрөх хэрэгтэй байх. Бусдын явсан замаар заавал явах албагүй шүү дээ. Чаддаг зүйлээ чанартай хийгээд л, өөрийгөө хөгжүүлээд явах нь өөрийнхөө төлөө хийж буй нэг бэлэг.

Хийж чадна гэдэгтээ эргэлзэж байсан зүйлийнхээ ард гарчихвал “Хөөх, би мундаг юм аа. Чадаж байна” гэж хэлж болно шүү дээ. Түүнчлэн жин нэмчихнэ гээд идэж чаддаггүй бялуугаар, эсвэл сарын өмнөөс л хорхойсоод авч чадаагүй шинэ загварын хувцсаар, эсвэл кофе шоп орж урамшуулаарай.

Миний хувьд заримдаа ингэж өөрийгөө баярлуулдаг юм. Заавал хэн нэгнээр өөрийгөө магтуулах, амжилтаа баталгаажуулах гэж хичээх шаардлагагүй. Шохоорхсон ээмэг, дуртай амттангаар дотоод хүндээ бэлэг бариад, жаргалтай байхад л болчихно.

Бид бусдад амжилт хүсэж, баяр хүргэдэг ч өөрийгөө мартчихдаг. Тиймээс хааяа өөрийгөө урамшуулаад жижигхэн зүйл авч өгөөрэй. Энэ нь эргээд таныг аливаа зүйлд амжилт гаргахад ч нөлөөлж болох юм.

 

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Монголоос Унгар улс руу шууд нисэх боломжтой боллоо DNN.mn

УИХ-ын дарга Г.Занданшатарын Унгар улсад хийж буй айлчлалын хүрээнд Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Унгар улсын Засгийн газар хооронд байгуулах хэлэлцээрт Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт гарын үсэг зурлаа.

Ингэснээр 30 жилийн өмнөөс яригдсан Унгар улс руу шууд нислэгтэй болох эрх зүйн орчин бүрдлээ.
May be an image of 3 people
Агаарын тээврийн салбарынхан, авиа компаниуд, аялал жуулчлал, бизнесийн салбарынханд шинэ боломж нээгдлээ.
Унгар улс болон Зүүн Европийн улсуудад ажиллаж, амьдарч байгаа 30 гаруй мянган иргэн эх орондоо олон орон дамжилгүй шууд нислэгээр очих боломжтой болно.
Европын Холбооны улсууд руу зөвхөн Франкфурт, Истанбул чиглэлийн нислэгээр дамжин явдаг манай улсаас зорчих зорчигчдын хувьд аялалын хугацааг богиносгож, нислэгийн зардлыг бууруулах давуу тал бий болж байна.

Ийнхүү манай улс 44 дэх улстайгаа АГААРЫН ТЭЭВРИЙН ХЭЛЭЛЦЭЭР байгуулж шууд нислэг үйлдэх цэгийн тоо дахин нэгээр нэмэгдлээ

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Олон улсын PISA-2022 үнэлгээний Монгол Улсын үр дүн, бодлогын зөвлөмжийн хүрээнд зарим арга хэмжээг авч хэрэгжүүлнэ DNN.mn

Суралцагийн сурлагын амжилтыг үнэлэх олон улсын PISA-2022 үнэлгээний Монгол Улсын үр дүн, бодлогын зөвлөмжийн хүрээнд хэрэгжүүлэх зарим арга хэмжээний туай Засгийн газрын тогтоол гарлаа.

Тогтоол батлагдаж, хэрэгжсэнээр,
·      Олон  улсад хүлээн зөвшөөрөгдсөн үнэлгээний аргачлалаар бүх түвшний боловсролын чанарыг үнэлүүлэх ажлыг зохион байгуулах, 2025 оны PISA үнэлгээнд бэлтгэх,
·      Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдын эх хэл болон унших суурь чадварыг сайжруулахад чиглэсэн зорилтод арга хэмжээ авах,
·      Сургуулийн дэд бүтэц, сургалтын орчин, хэрэглэгдэхүүн, цахим хэрэглэгдэхүүнээр хангах арга хэмжээ авах;
·      Хот, хөдөөгийн болон нийгэм, эдийн засгийн ялгаатай бүлгийн хоорондын боловсролын чанарын ялгааг багасгах арга хэмжээг хамтран хэрэгжүүлэх нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Жүжигчин Б.Мишээлийн ээж Ж.Цэцэгээ: Охидынхоо боловсрол, сайхан сэтгэл, хандлагад анхаардаг DNN.mn

Энэ удаагийн “Орчлонгийн сайхан ээж” буланд Жамъяндоржийн Цэцэгээтэй ярилцлаа. Тэрбээр жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Б.Мишээлийн ээж юм. Түүний ханийг С.Буянжаргал гэдэг. Ханьтайгаа ханилаад 40 жил болжээ. Тэдний гурван охин нь урлагийн салбарт нэлээдгүй амжилттай яваа юм. Тэрбээр дөрвөн зээтэй, ээж бас эмээ. Өдрийн сонины реклам, зар сурталчилгааны албанд менежерээр 20 жил ажилласан. Одоогоор ханьтайгаа хамт хувийн бизнес эрхэлдэг.


-Таны охидтойгоо авахуулсан зургийг тань харсан. Их сайхан харагдаж байна лээ. Охид нь өөр өөр мэргэжилтэй юү?

-Манай том охиныг Б.Дөлгөөн, дунд охиныг Б.Мишээл, бага охиныг Б.Үжин гэдэг. Том дунд охин маань гэр бүлтэй. Харин бага охин одоо БНСУ-д Сөүлийн үндэсний Их сургуульд суралцаж байгаа.

Манай Мишээлийг “Нийслэл хүүхэн” киноны Гоомаралын дүрээр нь андахгүй байх. Бага охин Үжин дунд ангиасаа л клип, кинонд тоглосон. Ноднин “Шинэ монгол” сургуулийг төгссөн. Том охин Дөлгөөн маань тухайн үеийн Орос 14 дүгээр сургуулийг төгссөн. Унаган орос, англи хэлтэй. Хоёр хүүхдийн ээж. 2007 онд олон улсын миссийн тэмцээнээс Зэс эрдэнийн өргөмжлөл авч байлаа. Одоо влог хөтөлж явуулж байгаа.

-Хоёр охин нь жүжигчин мэргэжилтэй. Ээж хүний хувьд охидоо харамлах үе гарах байх. Ер нь олны танил болоод ирэхээр охидоо хэр харамлаж байна?

-Ер нь жүжигчин болгоно гэж бодоогүй явсан. Манай Мишээл “Орчлон” сургуульд сурдаг байхдаа л урлагийн үзлэгт орж, алтан медаль аваад авьяас нь тодроод ирэхээр өөрөө жүжигчин мэргэжлийг сонгосон. Бага охин болохоор эгчийгээ дуурайгаад л реклам, клипэнд тоглож эхэлснээр энэ мэргэжилд илүү татагдсан. Байгууллагаас рекламд тоглох санал ч ирдэг. Ер нь л гадаад төрх, авьяас чадвар нь урлагийн мэргэжил сонгоход нөлөөлсөн байх.

-Охид нь жүжигчин болно гэхэд та яаж хүлээж авсан бэ?

-Мишээл урлагийн үзлэгт орж амжилт гаргаад ирснээс хойш жүжигчин болохоо шийдсэн. Тэгээд СУИС-д шалгалт өгсөн. Миний хувьд урлагаар явуулна гэж огт бодож байгаагүй. Хүүхдүүдийнхээ сонирхлыг л дагасан. Тохироо нь бүрдэнэ гэдэг шиг л гоо сайхан, авьяас байсан болохоор энэ мэргэжлийг сонгосон байх. Нийгэм ч өөр болсон учраас өөрсдийнхөө хүсэл сонирхлыг нь дагаж байгаа.

-Охид нь таны санаанд хүрэхээр байж чаддаг уу. Хүүхдүүдээ өсгөх таны философи юу вэ?

-Би өөрөө таван хүүхэдтэй айлын том нь. Хүний сайн хань байх тал дээр их анхаардаг. Хүмүүс гоо үзэмж талаас нь хардаг байж магадгүй. Миний хувьд охидоо хайрлаж, дээд боловсролд нь их анхаардаг.

Тиймдээ ч гадаад хэлтэй, зөв хандлагатай болж өссөн. Хэлэх үг, гэртээ байгаа байдал, аав ээж, ханиа халамжлах гээд өөрөө охиддоо үлгэр дуурайлал байхыг хичээдэг. Аливаа зүйлд хандах хандлага, эерэг сэтгэлгээг эрхэмлэдэг. Ер нь л сайхан сэтгэлтэй, зөв бодолтой байх логикоор л хүмүүжүүлдэг.

-Багаас нь л боловсролд нь анхаарсан болохоор одоо илүү амжилттай яваа юм байна даа?

-Зах зээлд шилжих тэр үеэс л хань бид хоёр хүүхдүүдийнхээ боловсролд анхаарч эхэлсэн. Үжин маань 10 жилдээ япон, англи хэл сурсан. Одоо солонгос хэл сурч байна. Дөлгөөн хуучин орос 14 дүгээр сургуульд сурдаг байсан учир унаган орос, англи хэлтэй. Мишээл ч мөн орос, англи хэлтэй.

-Та ч гэсэн залуудаа их сайхан эмэгтэй байжээ. Гоё сайхан байхын нууцыг юу гэж боддог вэ?

-Баярлалаа. Аав ээж, өвөө эмээгээсээ гоё сайхан байна гэдэг чинь нэг талаасаа хувь тавилан л гэж хардаг. Хүмүүс гадаад гоо үзэмжийг харахаас илүү дотоод гоо сайхныг харж чадахгүй шүү дээ. Гоё сайхан байхын утга учир нь сайхан сэтгэлтэй л байх хэрэгтэй. Сайхан сэтгэлтэй байна гэдэг нь цаанаа асар их утга учрыг агуулдаг. Нөгөөтэйгүүр сайхан сэтгэлтэй байна гээд юм бүхнийг уучлаад явна гэсэн үг биш юм. Зөв зүйл дээрээ зөв, буруу зүйл дээр бурууг дэнсэлж чаддаг байх хэрэгтэй. Хүний сайн хань, сайхан сэтгэлтэй хүн гэр бүлээ сайхан авч явдаг. Ханийнхаа алдаа оноог хэлж, сайн сайхнаар нь бахархаж, баярлаж чаддаг.

Хүүхдүүдийнхээ сайн аав байлгаж чадах тал дээр л анхаардаг байх ёстой. Би бол охидынхоо бахархал болсон хоёр сайхан хүргэнтэй. Миний хувьд ханьтайгаа ханилаад 40 жил болж байна. Анхны минь хайр. 10 жилээсээ үерхэж нөхөрлөөд одоог хүртэл хамт амьдарч байна. Одоо бид хоёр хувиараа бизнес эрхэлдэг.

Харин манай аав, ээж 80 хүрч байгаа. 60 жил хамт амьдарч байна. Аав, ээж маань үр хүүхдэдээ маш сайхан үлгэр дуурайлал үзүүлж өсгөсөн. Тиймээс л гэр бүл нь өв тэгш амьдарч байна. Аав ээжээс өвлөж авсан зүйлээ би одоо үр хүүхдүүддээ үргэрлэж, үлдээж явна даа.

-Аав, ээжээсээ үлгэр дуурайлал авч, түүнийгээ охиддоо зааж зөвлөдөг гэлээ. Таны аав, ээж аль нутгийн хүн бэ?

-Манай аав орос гаралтай буриад хүн байдаг. Ээж маань Увсынх. Би өөрөө Улаанбаатарт өссөн. Өвөө, эмээ, аав ээж, гэр бүлийн хүмүүжил хүүхдүүдэд их нөлөөлдөг. Ээж гэртээ ямар байхаас гэр бүлийн уур амьсгал өөрчлөгдөх жишээтэй.

Эмэгтэй хүн өөрөө зөв байж аливаа зүйлийн тунг нь тааруулаад явбал тэр гэр бүл аз жаргалтай, зөв байна. Залуучууд маань ч гэсэн ийм байгаасай гэж хүсэж байна.

-Таны аав, ээж танд юуг илүү захиж, зөвлөдөг байв?

-Манай аав надад айлын эзэгтэй хүн тэвчээртэй, үр хүүхдүүдийнхээ төлөө бүхнээ зориулдаг байгаарай. Зөв эмэгтэй бол нөхрөө аваад явчихдаг. Удам угсаа үргэлжлэл гэдэг зүйл чухал байдаг, зөв авч яваарай гэж захидаг байсан.

-Та охидтойгоо уулзахдаа ихэнхдээ ямар сэдвийн тухай ярилцдаг вэ?

-Ер нь болж өгвөл хүүхдийн хүмүүжлийн талаар ярьж, зөвлөдөг. Зөв дадал зуршилтай байх тал дээр анхаардаг. Мөн үр хүүхэд, ханиас гадна бусадтай ч гэсэн зөв харьцах талаар л их ярина.

Манай охид миний яриаг их сайн ойлгож, сонсдог. Ээждээ эрхэлнэ. Манай Мишээл хааяа ээжээрээ шоглоно. Том охинтойгоо хоолны сэдвээр ярих дуртай. Мишээлтэй харилцаа, хандлагын талаар, Үжинтэй сурлага, боловсролын талаар ярилцдаг. Нас насанд нь тохируулаад л ярилцах сэдэв өөрчлөгддөг.

-Ер нь охидоо ямар кинонд тоглоосой гэж хүсэж байна?

-Мэргэжлийг нь ойлгохыг хүсдэг болохоор тийм кинонд тоглоосой гэж боддоггүй. Хүний нүдэнд харахад шиг амархан мэт харагддаг боловч хэцүү, хүнд мэргэжил. Өдөр шөнөгүй зураг авалтаар явна. Тэр үед нь чадах зүйлээрээ дэм тус болоод л явахыг хичээдэг. Монголд кино зураг авалт цаг наргүй, олон өдөр шаарддаг. Ядраад ирэхэд нь хоолыг нь хийчихсэн, үр хүүхдийг нь хараад сайн ээж, сайн эмээгийнхээ үүргийг биелүүлээд, туслахыг боддог. Миний мэргэжил багш. Орост багшийн дээд сургууль төгссөн. Жүжигчний мэргэжлийн хүнд, хэцүүг дэргэдээс нь хардаг болохоор хүйтэн голд орох ч юм уу, жаахан ажиллагаатай хүнд дүрд тоглохоор эмзэглэх гээд байдаг юм. Охидоо хайрлаад байдаг юм аа. Гэхдээ дүрээ маш сайн гаргадаг болохоор асуудалгүй. Нэгэнт л энэ мэргэжлийг сонгосон учраас ажлаа сайн хийж, дүрээ тод бүтээж чадаж байхад л болно.

 

Д.ОТГОНТУЯА

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЗГ: Дотоод, гадаадын суралцагчдад төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх журмыг шинэчлэн баталлаа DNN.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны гуравдугаар сарын 6-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэж, боловсролын салбартай холбоотой багц шийдвэрийг гаргалаа.

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар дотоод гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчдад зээл, тэтгэлэг олгох, эргүүлэн төлүүлэх, буцалтгүй тусламж олгох, дэмжлэг үзүүлэх журам, Багш болон багш мэргэжлээр суралцагчдад тэтгэлэг олгох, төрийн болон орон нутгийн багш ажилтны нэг хүүхдийг тэргүүлэх, эрэлттэй мэргэжлээр суралцахад төрөөс дэмжлэг үзүүлэх, дотоод, гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчдад төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх, “Төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежийн багш, ажилтанд мөнгөн тэтгэмж олгох” зэрэг журмууд батлагдлаа.
Журамд Монгол Улсын сум, хороо бүрээс элсэлтийн ерөнхий шалгалтаар шалгарсан болон олон улсын олимпиадад медальт байрт шалгарсан суралцагчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн тэтгэлэг, дотоодын сургуульд тэргүүлэх мэргэжлийн дэд бакалавр, бакалавр, магистр, докторын үндсэн хөтөлбөрөөр суралцагч, Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгайлан заасан мэргэжлээр үндсэн хөтөлбөрт суралцагч, гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагад ахисан түвшний сургалтад суралцах төрийн албан хаагч, тэргүүлэх мэргэжлийн магистр, докторын үндсэн хөтөлбөрөөр суралцагч, техникийн боловсролын сургалтын байгууллагын олон улсын хөтөлбөрийг дотоодын сургуульд төгсөж, тухайн мэргэжлийн чиглэлээрээ гадаадын сургуулийн үндсэн хөтөлбөрт дэвшин суралцагчид Монгол Улсын Засгийн газрын тэтгэлэг олгохоор тус тус тусгажээ.
Мөн Засгийн газар хоорондын гэрээний дагуу Монгол Улсаас гадаад улсад, гадаад улсаас Монгол Улсад суралцах суралцагчид, Нийгмийн салбарын хүний нөөцийн хомсдолтой зарим эрэлттэй мэргэжлийн үндсэн хөтөлбөрөөр суралцагчид дотоодын дээд боловсролын сургалтын байгууллагын дэд бакалавр, бакалаврын үндсэн хөтөлбөрт тэтгэлэгтэй суралцахаар тусгасан байна.
Монгол Улсын Засгийн газраас багш мэргэжлээр суралцагч болон багшийн магистрын хөтөлбөрт суралцахад нь дэмжлэг үзүүлэх зохицуулалтыг журмаар шийдвэрлэв. Багш мэргэжлийг сонгон  тэтгэлэг авч суралцсан төгсөгч төрийн болон орон нутгийн өмчийн боловсролын сургалтын байгууллагад орон нутагт гурваас доошгүй эсхүл нийслэлд таваас доошгүй жил мэргэжлээрээ ажиллах нөхцөл шаардлага туссан нь хариуцлага төсвийн үр дүнг нэмэгдүүлэх, багшийн хэрэгцээг тогтвортой хангах онцлог заалтболов.
Боловсролын ерөнхий хуульд төрийн болон орон нутгийн сургуульд тасралтгүй 15 жил ажилласан багш, ажилтны нэг хүүхдийг тэргүүлэх, эрэлттэй мэргэжлээр төрийн өмчийн их дээд сургуульд суралцахад сургалтын төлбөрийг төрөөс хариуцахаар болов.
Боловсролын салбарын эрх зүйн орчны шинэчлэл, Монгол Улсын Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу их, дээд сургуулийн суралцагчдад сургалтын тэтгэлэг, зээл олгох, эргэн төлүүлэх, дэмжлэг үзүүлэх, буцалтгүй тусламж олгох тогтолцоог боловсронгуй болгох, зээлийн сангийн үйл ажиллагааг шинэ түвшинд нээлттэй, ил тод сонгон шалгаруулалтыг зохион байгуулах зохицуулалтыг журмуудад тусгалаа.
Ингэснээр суралцагчийн сонгон шалгаруулалтын үйл ажиллагаанд хүний оролцоог багасгах,  цахимжуулах, шударга, ил тод, нээлттэй болох, олгосон зээл, тэтгэлэг, санхүүгийн дэмжлэгийн хэмжээг жил бүр үнэлж, дүгнэх, эргэн төлөлт хийх, дуусгавар болгох нөхцөлийг бүрдүүлнэ гэж үзэж байна.

Categories
мэдээ нийгэм

Тээвэр зуучийн 11 терминалыг шилжүүлнэ DNN.mn

Улаанбаатар хотын зүүн хэсэгт ачаа тээврийн нэгдсэн логистикийн төв байгуулах төслийн бэлтгэл ажлыг хангах үүрэг бүхий, Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоо, тээвэр зуучийн терминал эзэмшин үйлчилгээ явуулдаг 11 байгууллага болон төрийн холбогдох байгууллагуудыг хамруулсан ажлын хэсэг хуралдлаа. Хурлын үеэр төслийн явц, төсөлд оруулсан хөрөнгө оруулалтын мэдээлэл, төлөвлөлт, бүтэц зохион байгуулалтын талаар танилцуулан, санал солилцсон юм.

Улаанбаатар хотод тээвэр зууч, логистикийн үйлчилгээ эрхэлдэг 500 гаруй аж ахуйн нэгж байдаг бөгөөд Улаанбаатар, Амгалан, Толгойт өртөөний 362 салбар төмөр замаар дамжуулан импорт, экспортын ачаа барааг хүлээн авах, илгээх үйл ажиллагаа явуулж байна. Ачаа тээвэр, логистикийн төвийг нэгдсэн байдлаар хотын баруун, зүүн хэсэгт төвлөрүүлэх бодлогын хүрээнд дээрх ажлын хэсэг Улаанбаатар хотын төв дэх тээвэр зуучийн 11 терминалыг нэгдсэн логистикийн төв рүү шилжүүлэхээр ажиллаж байгаа юм.

Ажлын хэсгийг Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг ахалж байна. Тэрбээр “Нийт ачаа тээврийн 90 орчим хувь нь Замын-Үүд боомтоор дамжин ирж, Улаанбаатар хотын төвөөс есөн дүүрэг, 21 аймаг руу эргэн тараагддаг. Энэ нь Улаанбаатар хотын авто замын түгжрэл болон эрүүл, аюулгүй орчинд нөлөөлж байгаа. Тиймээс хотын захад орчин үеийн инженерийн шийдэл бүхий тээвэр логистикийн нэгдсэн төвийг байгуулан ачаа барааг төвлөрүүлэх, тус төвөөс хотын дунд хэмжээний агуулах руу түгээлт хийх нь зүйтэй” хэмээн онцлов.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Монгол Улсад сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 111 жилийн ойн тохиож байна DNN.mn

Монгол Улсад үндэсний сэтгүүл зүй үүсч хөгжсөний 111 жилийн ой өнөөдөр тохиож байна.

1913 оны гуравдугаар сарын 6-нд “Шинэ толь хэмээх бичиг” сонин анхны дугаараас гаргасан нь Монголын хэвлэл мэдээллийн салбарын анхны суурь байсан юм. Энэхүү сонины эрхлэгчээр их соён гэгээрүүлэгч Жамсрангийн Цэвээн ажиллаж байсан бөгөөд түүнийг Монголын сэтгүүл зүйн салбарыг үндэслэгч хэмээн түүхэн эх сурвалжууд үздэг.

Харин 1993 онд болсон сэтгүүлчдийн их хурлаар “Сэтгүүлчдийн өдөр” болгосон байдаг.

May be an image of text

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Музейн нээлттэй өдрүүд”-д улсын хэмжээнд 88 мянган хүн музейгээр үйлчлүүлжээ DNN.mn

Гуравдугаар сарын 1-7-ны өдрүүдэд музейн нээлттэй өдрүүд болж байна.

Энэ хүрээнд эхний тав хоногт музейгээр зочилсон 87,936 хүн байгааг Соёлын яамнаас мэдээллээ.

Музей үзэгчдийн 42.9 хувь буюу 37,754 нь 16 хүртэлх насны хүүхдүүд, 4.2 буюу 3,778 нь ахмад настнууд байна.

Categories
мэдээ нийгэм

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 41.5 сая мод тарьж ургуулжээ DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор Ойн салбарын үндэсний чуулган “Ой 9+” II чуулган Төрийн ордонд болж байна.

Чуулганаар “Монгол орны ойн өнөөгийн байдал, салбарын бодлого”, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн хэрэгжсэнээс хойш гарсан үр дүн, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ”, “Олон Улсын хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалт” сэдвээр мэдээлэл өгч, ойн салбарын хөгжлийн бодлогын хүрээнд тулгамдаж буй асуудал, шийдлийн талаар хэлэлцэж байна.


“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн хэрэгжиж эхэлснээс хойш хоёр жилийн хугацаанд 41.5 сая мод тарьж ургуулаад байна. Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа мод үржүүлгийн газрын тоо 452 болж, 39 зүйлийн мод сөөгний 12 тонн үр, 63 сая ширхэг тарьц, суулгацын нөөц бүрдүүлжээ.

2023 онд 275 мянган га талбайн тэрбум орчим модыг хортон шавжнаас хамгаалж, доройтолд өртөн, хатаж хуурайшихаас сэргийлж чадсан бөгөөд энэ жил 300 гаруй мянган га талбайг ойн хөнөөлт шавжнаас хамгаалахад 20 гаруй тэрбум төгрөг зарцуулах юм.

Үндэсний хөдөлгөөний хүрээнд тарих нийт модны 50 гаруй хувийг уул уурхайн компаниуд тарих бол Монголбанк, арилжааны банкууд “Тэрбум мод сан” байгуулан төсөл, хөтөлбөрүүдэд ногоон санхүүжилт олгож байна.

Монгол Улс Европын холбооны “Ойн түншлэл”-д нэгдэн орсон Ази тивийн анхны улс болж, энэ хүрээнд төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлж эхлээд байна.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ “Ойн генетик нөөцийн төв” болон “Хөрсний инновац, технологийн төв” байгуулан ойн салбарын дэд бүтцийг бэхжүүлэхэд томоохон хөрөнгө оруулалт хийлээ.

Монгол Улс ойгоо хамгаалах, нөхөн сэргээх чиглэлээр идэвхтэй байр суурь баримталж, олон улсын түвшинд олон санал, санаачилга дэвшүүлэн ажиллаж байна.

Тухайлбал 2024 оны наймдугаар сард НҮБ-тай хамтран “Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”, 2026 онд Цөлжилтийн тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг эх орондоо зохион байгуулах юм.

Түүнчлэн 2026 оныг “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил” болгох НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолыг санаачлан батлуулаад байна.

Categories
мэдээ нийгэм

“Хавтаст хэрэг” киноны хоёрдугаар бүлэг хийгдэнэ DNN.mn

Монгол улсад орчин цагийн цагдаагийн байгууллага үүсч хөгжсөний түүхт 100 жилийн ойд зориулсан “Хавтаст хэрэг” олон ангит кино өнгөрсөн 2022 онд үзэгчдийн хүртээл болсон.

Тус киноны хоёрдугаар бүлэг хийгдэхээр дүрийн сонгон шалгаруулалтаа зарлажээ.

Энэ бүтээлд цагдаагийн албаны ажил үүргийн онцлог, тэдний эр зоригийн тухай өгүүлдэг бөгөөд “Хүлэгү пикчерс” болон “Номадиа пикчерс” хамтран бүтээсэн юм.