Улсын Их Хурлын чуулганы 2023 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2023.10.05) нэгдсэн хуралдаан 10.03 цагт эхэлж, гурван асуудал хэлэлцэхээр танилцуулав. Чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хүүхдийн эрхийг хамгаалах асуудлаар анхаарал хандуулах шаардлага үүсээд байгааг тэмдэглэж, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилт, хүүхдийн эрхийг хамгаалах асуудлаарх мэдээллийг нэгдсэн хуралдаанаар сонсох санаачилга гаргав.
Авто ослын хохирогч болох, амь насаа алдах, бусдад дээрэмдүүлэх, гэр бүлийн болон бусад орчинд хүчирхийлэлд өртөх, гэр орондоо угаартах гэх мэт хүүхдийн эрх зөрчигдөж байгаа тухай мэдээлэл бараг өдөр бүр гарч байгааг тэрбээр хэлээд “Хүүхдийг элдэв хэлбэрээр хүчирхийлэх, ялгаварлан гадуурхах, хүүхдэд хортой, харш мэдээлэл түгээх зөрчил газар авлаа. Хамгийн сүүлд Дорноговь аймагт 12 настай хүүхэд алга болоод бүтэн 2 хонож байна. Эрэн сурвалжлах ажиллагааг хийж байгаа боловч үр дүн хараахан гараагүй байна. Сүүлийн 10-аад хоногт л гэхэд 13 настай охин сургуулийнхаа урд гарцан дээр автомашинд дайруулсан; Дорнод аймагт 7 настай хүү хойд эцгийнхээ гарт амь үрэгдсэн; бага насны 3 хүүхэд ээжтэйгээ хамт угаартсан; энэ сарын 2-нд орон сууцны хотхоны 9 давхраас 7 болон 5 настай хүүхэд унаж амиа алдсан зэрэг аймшигтай хэргүүд гарлаа.
Улсын хэмжээнд 48 цагаас эхлээд 20-30 жил хүртэл эрэн сурвалжлагдаж байгаа, одоо болтол олдоогүй, ямар нэг сураг гараагүй 20 шахам хүүхэд байна.
Монгол даяар эмгэнэл, түгшүүр, айдас төрүүлж буй ийм гэмт үйлдлийг томчууд бид, ялангуяа төр, засгийн байгууллагууд зүгээр хараад сууж болохгүй. Монгол хүүхэд гэмт хэргийн золиос байж таарахгүй.
Хүүхэд хамгааллын тухай хуулиар хүүхдийн эрсдэлт орчин, нөхцөлийг тодорхойлж, хүүхдийн эрхийг хангаж, хамгаалах чиглэлд сургууль, боловсролын байгууллага, эцэг, эх, гэр бүлийн орчинд, төрийн байгууллагын үүргийг тодорхой заасан. Энэ хуулийн хэрэгжилт хангалтгүй байна. Нийслэл, аймаг, дүүргийн камержуулалт, сургууль, орчны камержуулалт хангалтгүй байна. Улсын төсвөөс өч төчнөөн хөрөнгө зарцуулсан энэ ажлууд яагаад хэрэгжихгүй байна вэ. Монгол хүүхэд гэмт хэргийн золиос байж таарахгүй” гэлээ.
Монгол Улс Хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын конвенцад 1990 онд элссэн, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийг 1996 онд анх баталж, 2016 онд шинэчлэн баталсан болохыг Г.Занданшатар дарга дурдлаа. Эдгээр баримт бичиг, хууль тогтоомжид монгол хүүхдийн эрхийг хамгаалах үүргийг дэлхий дахины өмнө болон Монгол Улсын иргэдийн өмнө хүлээсэн байгууллагууд тодорхой заагдсан байгааг хэлсэн. Үргэлжлүүлэн тэрбээр “Шулуухан хэлэхэд тэдгээр байгууллага үүргээ маш муу гүйцэтгэж байна. Эрсдэлт нөхцөл байдлын дүн шинжилгээ хийгдэж байгаа юм алга байна. Хүүхдийн амьд явах, хөгжих, хамгаалуулах, оролцох эрх зөрчигдөж байгаа талаар маш олон баримт дурдагдаж байна. Улсын Их Хурлын гишүүд энэ асуудалд онцгой анхаарах хэрэгтэй байна. Хүүхдийг төрсөн цагаас нь хариуцлага хүлээх чадвартай болох хүртэл буюу 18 нас хүртэл Монгол Улсын Их Хурлаас эхлээд Засгийн газар, хүүхэд, гэр бүлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, яамд, Тамгын газрууд, орон нутгийн захиргааны байгууллагууд, Монгол Улсын иргэн нэг бүр, аж ахуйн нэгж, байгууллага, гэр бүл бүр хамгаалах үндсэн үүргээ хэрэгжүүлэх хэрэгтэй. Гэр бүл, сургууль, нийгмийн орчинд хүүхэд бүх талаар хамгаалагдсан байх тогтолцоог бүрдүүлэх нь нэн чухал, тулгамдсан асуудал боллоо.
Бид хүүхэд ээлтэй орчин, үйлчилгээ, үйл ажиллагаа бүрдүүлэхгүйгээр энэ зорилгыг хангаж чадахгүй. Хүүхдэд ээлгүй улс орон, үндэстний ирээдүй бүрхэг болно. Учир нь хүүхэд бол улс орны ирээдүй, маргааш юм. Манай нийгмийн ёс зүй хүүхдэдээ ээлгүй, харин ч эрсдэлтэй орчин болж. Өөрийн төдийгүй бусдын хүүхдийг ч хайрлах, энэрэх монгол ёс, уламжлал алдагдсан байна. Тиймээс хүүхдийн эрхийн талаарх нийгмийн ёс зүйг эрүүлжүүлэх нь чухал. Үүний тулд Хүүхдийн эрхийн тухай, Гэр бүлийн тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Хүүхэд хамгаалах тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд манай Улсын Их Хурлын гишүүд, тэр дундаа Улсын Их Хурлын эмэгтэй гишүүд манлайлал үзүүлж ажиллах шаардлагатай байна.
Энэ чиглэлд Нийгмийн бодлогын, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороод, Улсын Их Хурал дахь хүчирхийлэлтэй тэмцэх бүлгэмүүд онцгой анхаарал хандуулж, ойрын үед шийдвэртэй арга хэмжээ авахыг үүрэг болгож байна. Түүнчлэн хүүхдийн эсрэг гэмт хэрэгт оноох ялын бодлогыг чангатгах хэрэгтэй. Ямар нэг өршөөл, уучлалд хамруулдаггүй байх эрх зүйн шинэчлэлийг хийж болно гэж бодож байна. Нийгмийг аймшигт автуулаад буй гаж донтон, хүүхдийн эрхийг зөрчигчидтэй хатуу хариуцлага тооцох хэрэгтэй байна.
Улсын Их Хурал хууль бүрд хүний эрхийг хангах асуудлыг амин сүнс болгон суулгаж, хүний эрхийг дээдэлнэ гэж тунхагласан. Хүний эрх хүүхдээс эхэлнэ. Хүүхэд ямагт нэгдүгээрт байх ёстой. Энэ чиглэлд Улсын Их Хурлын гишүүд онцгой анхаарал хандуулж, хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын төлөө хүсэл зоригоо нэгтгэж, холбогдох Байнгын хороод өнөө, маргаашгүй хуралдаж шаардлагатай бол маргаашийн нэгдсэн хуралдааны мэдээллийг цаг дээр мэдээлэл сонсож ярилцах хэрэгтэй байна. Үүнийг холбогдох Байнгын хороод, бүлгэмүүдэд даалгаж байна” гэв.
Үүний дараа тэрбээр Засгийн газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай ярилцаад Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилт, хүүхдийн эрхийг хамгаалах асуудлаарх мэдээллийг Улсын Их Хурал сонсох болсон талаар дуулгав. Хүүхдийн эрхийг хангах, хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх асуудлыг нухацтай авч үзэх шаардлагатай хэмээн үзэж, маргаашийн чуулганы нэгдсэн хуралдааны үеэр Ерөнхий сайдын мэдээллийн цагаар нэмээд хүүхэд хамгааллын байгууллагуудын мэдээллийг сонсохоор хуралдааны товд өөрчлөлт оруулсан байна.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар үргэлжлүүлэн хүүхдийн эсрэг үйлдэгдэж буй зөрчил, гэмт хэргийн талаарх тоо баримтуудыг танилцуулсан. Хүүхэд хамгааллын үйлчилгээтэй холбоотой 7096 дуудлага, мэдээлэл ирсний 75 хувь нь хүүхдийн эрүүл, аюулгүй орчныг хангахтай холбоотой шаардлага байсан байна. Нийт дуудлагын 2501 нь хүүхэд гэр бүлийн орчинд бие махбодийн хүчирхийлэлд өртсөн талаар, 23.5 хувь нь сэтгэл санааны хүчирхийлэлд өртсөн гэх дуудлага байсан байна. Сүүлийн 10 жилийн хугацаанд улсын хэмжээнд хүүхдийн эсрэг 16544 гэмт хэрэг үйлдэгдсэний 10600 нь нийслэлд, үлдсэн нь орон нутагт гарсан аж. Энэ төрлийн гэмт хэргийн улмаас 17036 хүүхэд хохирсон, 7503 хүүхэд гэмтэж, 3108 хүүхэд нас баржээ. Хохирогчдын 9452 нь эрэгтэй, 7584 нь эмэгтэй хүүхэд байсан гэв. Хүүхдийн эрхийг хангах, эрсдэлт нөхцөлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах, хариу үйлчилгээ үзүүлэх харилцааг зохицуулах, хүүхэд хамгааллын үндэсний тогтолцоо, оролцогч талуудын харилцааг тодорхойлсон Хүүхэд хамгааллын тухай хуулийг Улсын Их Хурал баталсан бөгөөд өдгөө хэрэгжиж байгааг Г.Занданшатар дарга тэмдэглээд “Ийм учраас эдгээр шалтгаан, нөхцөлийг судалж, тодорхойлж, шаардлагатай эрх зүйн өөрчлөлтийг хийж, холбогдох арга хэмжээг бүх шатандаа хэрэгжүүлнэ. Хуулийг хэрэгжүүлэхгүй бол холбогдох арга хэмжээг авна” хэмээсэн.
Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 05 дугаар дүгнэлтийг хэлэлцэж, холбогдох УИХ-ын тогтоолыг батлав
Ийнхүү чуулганы нэгдсэн хуралдаан эхэлж, Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 05 дугаар дүгнэлтийг хэлэлцлээ. Тус дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд Үндсэн хуулийн цэцийн гишүүн Г.Туулхүү, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл нар тус тус танилцуулав.
Үндсэн хуулийн цэц 2023 оны есдүгээр сарын 27-ны өдрийн дунд суудлын хуралдаанаараа Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1, 29.1.2 дахь заалт болон Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 102 дугаар зүйлийн 102.1, Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2 дахь хэсгийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Дөчин есдүгээр зүйлийн 1, 3, 5, 6, Тавин нэгдүгээр зүйлийн 2, Тавин зургадугаар зүйлийн 2, Жаран дөрөвдүгээр зүйлийн 2, 3, Жаран тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцээд дараах дүгнэлтийг гаргасан байна.
Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1 дэх заалтад “Үндсэн хуулийн цэцийн гишүүн, …”, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “… нэр дэвшигчийн сонсгол хийж … “, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 102 дугаар зүйлийн 102.1 дэх хэсэгт “… энэ хуульд заасан журмын дагуу нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулна. … нэр дэвшигчийн сонсголын тайлан гарснаас хойш … тухайн тайлан, … Санал, дүгнэлтэд сонсголын тайлангийн агуулгыг өөрчлөхгүйгээр тусгана.” гэж тус тус заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Үндсэн хуулийн цэц, түүний гишүүн үүргээ гүйцэтгэхдээ гагцхүү Үндсэн хуульд захирагдах бөгөөд аливаа байгууллага, албан тушаалтан, бусад хүнээс хараат бус байна.”, 3 дахь хэсгийн “Үндсэн хуулийн цэцийн гишүүний хараат бус байдал Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон баталгаагаар хангагдана.”, Жаран тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуулийн цэц есөн гишүүнээс бүрдэнэ. Тэдгээрийн гурвыг Улсын Их Хурал, гурвыг Ерөнхийлөгч, гурвыг Улсын дээд шүүхийн санал болгосноор Улсын Их Хурал зургаан жилийн хугацаагаар томилно.” гэснийг тус тус зөрчсөн.
Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2 дахь заалтад “… эсхүл Улсын Их Хурал танилцах, зөвшилцөх, томилохоор хуульд заасан албан тушаалтны хувьд танилцах, зөвшилцөх, томилгооны сонсгол явуулахаар Улсын Их Хурлын есөөс доошгүй гишүүн хүсэлт гаргасан бол.” гэж заасны “… танилцах, зөвшилцөх, … танилцах, зөвшилцөх, …” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана.”, Тавин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Улсын дээд шүүхийн шүүгчдийг Улсын Их Хуралд танилцуулснаар … Ерөнхийлөгч томилно. …”, Тавин зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Улсын ерөнхий прокурор, түүний орлогч нарыг Улсын Их Хуралтай зөвшилцөн Ерөнхийлөгч зургаан жилийн хугацаагаар томилно.” гэснийг тус тус зөрчсөн.
Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1 дэх заалтад “… Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүн, Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүн, …” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 1, 3, 5, 6, Тавин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийг тус тус зөрчөөгүй.
Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2 дахь хэсэгт “… томилгооны сонсгол хийж …” гэж тус тус заасан нь, түүнчлэн Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1 дэх заалтад “… Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга …” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн холбогдох заалтыг зөрчөөгүй.
Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1 дэх заалтад “Үндсэн хуулийн цэцийн гишүүн, …”, 29.1.2 дахь заалтад “… танилцах, зөвшилцөх, … танилцах, зөвшилцөх, …” гэж, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “… нэр дэвшигчийн сонсгол хийж … ” гэж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 102 дугаар зүйлийн 102.1 дэх хэсэгт “… энэ хуульд заасан журмын дагуу нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулна. … нэр дэвшигчийн сонсголын тайлан гарснаас хойш … тухайн тайлан, … Санал, дүгнэлтэд сонсголын тайлангийн агуулгыг өөрчлөхгүйгээр тусгана.” гэж тус тус заасныг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2023 оны есдүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр шийдвэрлэжээ.
Хууль зүйн байнгын хорооны гишүүдийн дийлэнх олонх Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 05 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй хэмээн үзсэн болохыг Ц.Мөнхцэцэг гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүд санал нэгтэйгээр дээрх дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй хэмээн үзсэн болохыг Д.Сарангэрэл гишүүн тус тус танилцууллаа.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар, Ц.Мөнх-Оргил, Т.Доржханд, Б.Пүрэвдорж, Б.Баттөмөр, Ц.Мөнхцэцэг, Ш.Адьшаа, Ж.Батсуурь, О.Цогтгэрэл, Д.Ганбат нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлсэн. Гишүүдийн зүгээс нээлттэй сонсгол нь парламентын үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангахад маш чухал механизм бөгөөд Улсын Их Хурал Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийг баталж, хэрэгжүүлсэн дэвшил болсон гэдэгтэй санал нэг байгаагаа илэрхийлж байв. Үндсэн хуулийн цэцийн дээрх дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаагаа Ц.Мөнхцэцэг, Т.Доржханд нарын гишүүд илэрхийлж, холбогдох тайлбаруудаа танилцуулсан. Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил, Ш.Адьшаа нар тус дүгнэлтийг хүлээн авч, Улсын Их Хурлаар тодорхой албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлж буй нэр дэвшигчдээ санал болгож буй байгууллагууд нь парламентад танилцуулахаасаа өмнө томилгооны сонсголыг явуулдаг байхаар хуульчлах нь зүйтэй гэдэг саналыг хэлж байв.
Ингээд Байнгын хороодын дэмжсэн санал болох Үндсэн хууль зөрчсөн гэж цэцийн дүгнэлтэд дурдсан хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн заалт тус бүрээр санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 05 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж гишүүдийн олонх үзсэн тул энэ талаарх Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталж, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар тогтоолын эцсийн найруулгыг нэгдсэн хуралдаанд танилцууллаа.
УИХ-ын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр ЭЗБХ-нд шилжүүлэв
Монголбанкнаас Төв банк/Монголбанк/-ны тухай хуулийн холбогдох заалтын дагуу 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хуралд ирүүлсэн юм. Тус тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван төслийн талаар танилцуулав.
Дэлхий нийтийг хамарсан цар тахал, олон улсын геополитикийн зөрчилдөөнөөс улбаатай хүндрэлүүдийг Монгол Улс амжилттай даван туулж, нийт эдийн засаг сүүлийн жил гаруй хугацаанд хурдацтай сэргэж байгаа юм. Гэвч дэлхийн эдийн засгийн орчны тодорхой бус байдал, түүхий эдийн үнийн гэнэтийн хэлбэлзэл өндөр хэвээр байгаа тул сэргэлтийг цаашид хадгалахын тулд эдийн засгийн гадаад, дотоод орчны тэнцвэрийг хангахад чиглэсэн бодлогыг тууштай хэрэгжүүлэх шаардлагатай хэмээн танилцууллаа. Эдийн засгийн өсөлтийн төлөв өндөр байгаа нь манай улс цар тахлын үеийн уналтаас сэргэлт рүү эрчимтэй шилжиж байгааг илтгэж байгаа гэв. Гадаад орчны нөхцөл байдал амаргүй, бүс нутгийн голлох түнш улсуудын эдийн засагт үүссэн доргилт шууд болон шууд бусаар нөлөөлж байгаа хэдий ч манай улсын эдийн засаг энэ оны эхний хагас жилд 6.4 хувиар өссөн байна. Уул уурхайн түүхий эдийн экспортын өсөлт, түүнийг дагасэн тээвэр, логистикийн салбар, мөн ажлын байрыг бий болгодог үйлчилгээний салбаруудын үйлдвэрлэл сайн байсан нь энэхүү өсөлтийн суурь шалтгаан болжээ. Мөн төсөв, мөнгө, санхүүгийн бодлогын цагаа олсон арга хэмжээнүүд чухал үр нөлөөтэй байсныг Монголбанкны дэд ерөнхийлөгч онцоллоо.
Энэ оны эдийн засгийг өсөлтийн төсөөллийг Төв банкнаас шинэчлэн, 5.6 орчим хувьтай байх, ирэх онд энэхүү өсөлтийн эрч хадгалагдан 6 хувь, 2025 онд 5.9 хувьтай байхаар тооцожээ. Инфляцыг Төв банкны зорилтот түвшинд бууруулах нь эдийн засгийн тогтвортой, хүртээмжтэй өсөлтийг хангахад суурь нөхцөл болох тул инфляцыг дунд хугацаанд 6 хувь (+/-2 нэгж)-ийн интервалд тогтворжуулах мөнгөний бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх юм байна. Энэ нь Монгол Улсын эдийн засаг дунд хугацаанд тогтвортой өсөх, эдийн засгийн өсөлтийг иргэн, аж ахуйн нэгж бүрд мэдрүүлэх, хувийн хэвшлийн хэрэглээ, хөрөнгө оруулалтыг дэмжих үндсэн хөшүүрэг болно гэдгийг мөн онцлон тэмдэглэв.
Инфляц сүүлийн жил гаруй хугацаанд алгуур буурч, энэ оны наймдугаар сард 10 хувьтай гарсан байна. Монголбанкны зүгээс инфляцын эсрэг мөнгөний бодлогын төлөвийг чангаруулж, 2023 оны туршид бодлогын хатуу төлөвийг тогтвортой хадгалсны зэрэгцээ худалдааны түнш орнуудын инфляц саарч, тээвэр логистикийн зардал, тээвэрлэлтийн хугацаа багассанаар гадаад орчноос хамааралтай нийлүүлэлтийн шалтгаантай үнийн өсөлтийн дарамт буурсан нь энэ оны төгсгөлд инфляц нэг оронтой тоонд орох үндсэн нөхцөл болж байгаа аж. Хэдий инфляц энэ оны зорилтот түвшинд ойртож буурсан ч гадаад, дотоод эрсдэл, тодорхой бус байдал өндөр хэвээр байгааг танилцуулгад дурдав. Иймээс мөчлөг сөрсөн, сахилга баттай төсөв мөнгөний бодлогыг хэрэгжүүлж, нийлүүлэлтийн гинжин сүлжээ, ялангуяа дотоодын хүнсний тогтвортой, тасралтгүй хангамжийг бий болгохгүйгээр иргэд, аж ахуйн нэгж, үйлдвэрлэгч, хөрөнгө оруулагчдын бодит орлогыг хамгаалсан нам дор түвшний инфляцад хүрэх боломж хязгаарлагдмал гэдгийг тэмдэглэж байв.
Цаашид Монголбанкны Мөнгөний бодлогын хороо инфляцыг Төв банкны зорилтот түвшинд тогтворжих хүртэл зайлшгүй шаардлагатай мөнгөний болон макро зохистой бодлогын арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх аж.
Дэд ерөнхийлөгч Г.Энхтайван үргэлжлүүлэн төлбөрийн тэнцлийн талаар танилцуулав. Энэ оны эхнээс уул уурхайн түүхий эдийн экспортын төлөв тогтвортой хадгалагдаж, үүнээс улбаатай манай улсын төлбөрийн тэнцэл наймдугаар сарын байдлаар 551 сая ам.долларын ашигтай гарсан байна. Ийнхүү гадаад валютын албан нөөц есдүгээр сарын эцэст 4.1 тэрбум ам.долларт хүрсэн нь сүүлийн 22 сарын хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Хэдийгээр экспорт сайн байгаа ч эрдэс, бүтээгдэхүүний үнэ буурах хандлагатай байгаагийн зэрэгцээ төсвийн өндөр зардал нь импортыг өдөөж, валютын гарах урсгалыг бий болгож байгаа нь төлбөрийн тэнцлийн нөхцөлийг муутгах эрсдэл үүсгээд байгааг хэллээ. Нэн тэргүүнд улсын санхүүгийн нөөц, чадавхыг хамгаалахад онцгой анхаарсан хатуу төсөв, мөнгөний бодлогыг хэрэгжүүлж, аливаа хөгжлийн бодлого, төсөл, хөтөлбөрүүдийг гадаад эх үүсвэрт тулгуурлан дотоодын санхүүгийн чадавхтай нийцүүлэн хэрэгжүүлэх шаардлагатай байгаа аж.
Энэ жилээс Улсын Их Хурал жил бүрийн Монгол Улсын хөгжлийн төлөвлөгөөг холбогдох байгууллагуудаас санал авч, нэгтгэн баталдаг болсонтой холбоотойгоор энэ удаагийн үндсэн чиглэлийн төслийг Монголбанк хуульд заасан үндсэн зорилт, чиг үүргийнхээ хүрээнд тодорхойлон боловсруулсан байна.
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэлийг боловсруулахдаа инфляцыг тогтворжуулах замаар дунд хугацааны эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах, гадаадын банкны бие даасан салбар нэгжийг дотоодын банк, санхүүгийн салбарт нэвтрүүлэх, ногоон зээлийн үр дүнг хэмжих, тайлагнах, баталгаажуулах нэгдсэн системийг хөгжүүлэх, хил дамнасан худалдааны цахим төлбөр тооцоо болон финтект суурилсан шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээний хөгжлийг дэмжих зэрэгт онцгойлон анхаарсан гэв.
Инфляцын зорилтыг хангахад эдийн засгийн суурь хүчин зүйлс, Төв банкны хараат бус байдал, төсвийн сахилга бат, нийлүүлэлтийн шалтгаантай үнийн хэлбэлзлийг багасгах, дэд бүтэц, тээвэр логистикийн нөхцөл байдал ихээхэн нөлөөтэй гээд “Иймээс Монголбанк инфляцыг онилох мөнгөний бодлогыг тогтолцоог бэхжүүлэхэд шаардлагатай суурь дэд бүтцийг бий болгохтой холбоотой зорилтыг энэ онд шинээр тусгасан” хэмээн Г.Энхтайван дэд ерөнхийлөгч танилцууллаа. Үүнд Засгийн газрын үүрэг оролцоо нэн чухал гэдгийг танилцуулгад тэмдэглэсэн юм. Банкны салбарт эх үүсвэрийн зардал багатай, урт хугацаатай хөрөнгө оруулалт, ногоон, тогтвортой төслийг санхүүжүүлэх үйлчилгээг бий болгоход гадаадын банкны бие даасан салбар, нэгжийг дотоодын санхүүгийн салбарт оруулах нь томоохон нөлөө үзүүлнэ хэмээн үзсэн байна. Иймээс ирэх онд гадаадын банкны салбар, нэгж, тэдгээрийн үйл ажиллагаа явуулах нөхцөл, шаардлагыг гадаадын банкны харьяалал, өмчийн төрөл, бизнесийн загвар зэрэгт тохируулан тогтоож, хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны үйл ажиллагааны нарийвчилсан зохицуулалтыг бий болгоход анхаарал хандуулж ажиллах юм байна. Мөн ногоон хөгжлийн зорилтуудыг хангах, тогтвортой санхүүжилтийн замын зурагт тусгагдсан банкны салбарын ногоон зээлийн багцыг 10 хувьд хүргэх зорилтыг хангахад ногоон зээлийн үр дүнг хэмжих, тайлагнах, баталгаажуулах нэгдсэн системийг цаг алдалгүй хөгжүүлэх шаардлагатай гэв. Энэ чиглэлээр Монголбанктай хөгжүүлж эхлээд байгаа эх өгөгдлийн дэд бүтцийг ашиглан, ногоон тогтвортой санхүүжилтийн үр дүнг хэмжих, тайлагнах, баталгаажуулах нэгдсэн системийг шат дараатай бий болгох ажлыг арилжааны банкнуудтай хамтран 2024 оноос хөгжүүлж эхлэхээр төлөвлөн ажиллаж байгаа юм байна.
Цаашид болзошгүй эрсдэлээс сэргийлэх, эдийн засгийн дотоод, гадаад тэнцвэрийг хангах макро эдийн засгийн бодлогуудыг чиглүүлэх нь чухал болж байгаа аж. Монголбанкны 2024 оны бодлого, үйл ажиллагаа, инфляцыг дунд хугацаанд зорилтот түвшинд хүргэж тогтворжуулах замаар эдийн засгийн тогтвортой өсөлтийн суурь нөхцөлийг бий болгоход дэмжлэг үзүүлэхэд чиглэх юм байна.
Эдийн засгийн байнгын хороо энэ сарын 03-ны өдрийн хуралдаанаараа Улсын Их Хурлын дээрх тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцээд, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь төслийг үзэл баримтлалын хүрээнд дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй хэмээн дэмжсэн болохыг Ч.Ундрам гишүүн танилцуулав.
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн танилцуулга, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, санал хэлсэн юм. Ипотекийн зээлийн талаарх гишүүдийн асуултад ажлын хэсэг хариулахдаа, энэ оны хагас жилээр тасалбар болгоод Төв банк Засгийн газарт буюу Барилга, хот байгуулалтын яаманд шилжүүлэхээр төлөвлөсөн байсан. Гэхдээ Засгийн газрын зүгээс хөтөлбөрийг шилжүүлж авах субьект Үндэсний орон сууцны корпорацыг байгуулж, түүндээ Төв банк дээр байгаа ипотекийн зээлээр баталгаажсан бондын өмчлөлийг шилжүүлж авах загварчлал гаргасан. Иймд Үндэсний орон сууцны корпорац байгуулагдтал Төв банк ипотекийн зээлийн хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр болсон байна. Түүнчлэн ипотекийн зээлийг орон нутагт түлхүү олгох чиглэлээр Монголбанк, Засгийн газартай зөвшилцөж, бодлогын арга хэмжээ авч байгаа аж. Одоогийн байдлаар нийт зээл олголтын 16.5 хувийг орон нутагт олгож байгаа. Төвлөрлийг сааруулах, орон нутгийн хөгжлийг дэмжих зорилгоор орон нутагт орон сууц худалдан авч байгаа иргэдэд олгох ипотекийн зээлийн хэмжээг 150 сая төгрөг болгон нэмэгдүүлсэн байна. Ирэх оны улсын төсвийн төсөлд 16 орчим тэрбум төгрөгийг орон нутагт олгох ипотекийн зээлийн хүүгийн хөнгөлөлтийн зориулалтаар тусгасан. Өмнөх буюу 2023 оны төсөвт 8 тэрбум төгрөгийг энэ арга хэмжээний санхүүжилт болгон тусгасан. 2024 оны хүүгийн хөнгөлөлтөд зориулсан төсвийг 4300 орчим өрхөд хуваарилах боломжтой гэдэг хариултыг ажлын хэсэг өгсөн.
Банкны систем дэх хуулийн хэрэгжилтийн нөхцөл байдалтай холбоотой асуудлаар мөн гишүүд тодруулж, хариулт, тайлбарыг ажлын хэсгээс авсан. Зээлийн хүү 18-24 хувьтай байгааг гишүүд хөндөж, гадаадын банкны салбарыг Монгол Улсад байгуулах эрх зүйн орчныг Улсын Их Хурал бүрдүүлсэн ч Төв банк энэ чиглэлд санаачилгатай ажиллахгүй байгааг шүүмжилж байв. Зээлийн хүүг захиргааны шийдвэрээр бууруулах боломжгүй, хангалттай, хямд эх үүсвэргүйгээс зээлийн хүү одоогийн хэмжээнд байгаа гэдэг тайлбарыг ажлын хэсэг хийв. Зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, өртгийг бууруулах зорилгоор гадаадын банкны салбар, нэгжийг байгуулахаар холбогдох талууд ажиллаж байгаа ч өнөөдрийн байдлаар Монгол Улсад салбар, нэгжээ байгуулах сонирхолоо илэрхийлсэн гадны банк, санхүүгийн байгууллага байхгүй гэв. Монголбанкны хувьд БНСУ-ын банк, санхүүгийн байгууллагуудын үйл ажиллагааг Монгол Улсад идэвхжүүлэх, эрчимжүүлэх сонирхолоо илэрхийлж, тус улсын банкуудад холбогдох мэдээлэл өгөх, танилцуулах арга хэмжээг тогтмол зохион байгуулж байгааг дурдлаа.
Ийнхүү Улсын Их Хурлын гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа гишүүдийн олонх “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв. Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.