Categories
мэдээ спорт цаг-үе

Ханжоу-2022: Т.Тулга Азийн наадмын чөлөөт бөхийн 57 кг-ын жинд түрүүллээ DNN.mn

Ханжоу 2022 Азийн наадмын чөлөөт бөхийн эрэгтэй, эмэгтэй төрөл үргэлжилж байна.

Эрэгтэйчүүдийн 57 кг жинд манай улсын тамирчин ОУХМ Т.Тулга алтан медалийн төлөө Ираны бөх Амоузадхалили Рахмантай барилдаж 11:1 онооны харьцаатайгаар ялалт байгууллаа.

Манай улсын тамирчин эхний үеийг 1:0 харьцаатайгаар дуусгасан. Сүүлийн үед өрсөлдөгчийгөө сугадаж тонгорох мэхээр унагааж дөрвөн оноо авсан. Улмаар гурав дараалан эргүүлж зургаан оноо авч цэвэр ялав.

Тус Азийн наадамд Монгол Улс хоёр алт, дөрвөн мөнгө, 11 хүрэл медаль хүртсэн амжилттайгаар 22 дугаар байрт жагсаж байна. Харин чөлөөт бөхөөр гурав дахь медалиа хүртлээ.

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр нохой өдөр DNN.mn

Аргын тооллын аравдугаар сарын 7, Санчир гариг. Билгийн тооллын 23, өглөгт охин одтой, шар нохой өдөр. Өдрийн наран 06:59 цагт мандан, 18:21 цагт жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, андгай тангараг, гэрээ, хэлцлээ буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно.

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан байна DNN.mn

10-р сарын 07-ны 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө баруун аймгуудын нутгийн баруун, төв, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас орно.

Салхи: Нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -8…-13 градус хүйтэн, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -1…-6 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +4…+9 градус, бусад нутгаар -1…+4 градус дулаан, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр +1…+6 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +14..+19 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр +10…+15 градус, бусад нутгаар +5…+10 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР Үүлэрхэг . Шөнөдөө хур тунадас орохгүй, өдөртөө ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -3…-5 градус хүйтэн, бусад хэсгээр 0 градус орчим, өдөртөө +7…+9 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө хур тунадас орохгүй, өдөртөө ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө -1…-3 градус хүйтэн, өдөртөө +8…+10 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР:  Үүлэрхэг. Шөнөдөө хур тунадас орохгүй, өдөртөө ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө -4…-6 градус хүйтэн, өдөртөө +6…+8 градус дулаан байна.

Categories
мэдээ улс-төр

БНХАУ-аас Монгол Улсад суух Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив DNN.mn

Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжюань 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.

БНХАУ-тай иж бүрэн стратегийн түншлэлд тулгуурласан найрсаг харилцаа, бүх талын хамтын ажиллагааг хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл гэдгийг Ерөнхийлөгч онцоллоо.

Элчин сайд Шэнь Миньжюань харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж, шинэ агуулгаар баяжуулах, хоёр улсын төрийн тэргүүн нарын тохиролцоог ажил хэрэг болгох, бүх салбарын бодит хамтын ажиллагааг эрчимжүүлэхийн төлөө чармайн ажиллахаа илэрхийлэв.

Тэр бээр мөн БНХАУ-ын дарга Ши Жиньпиний мэндчилгээг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд уламжиллаа.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Маргааш алслагдсан хороодын иргэдэд үнэ төлбөргүй хуулийн зөвлөгөө өгнө DNN.mn

Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд НЗДТГ, Монголын хуульчдын холбоо хамтран алслагдсан хороодын иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг зохион байгуулна. Тус өдөрлөг маргааш 11:00-16:00 цагийн хооронд хороодын байр болон иргэний танхимуудад болно. Тодруулбал,

  • Багануур дүүргийн хоёрдугаар хороо
  • Налайх дүүргийн 5, 6 дугаар хороо
  • Багахангай дүүргийн 1, 2 дугаар хороо
  • Сонгинохайрхан дүүргийн 21, 32 дугаар хороо
  • Хан-Уул дүүргийн 9, 12, 13, 14 дүгээр хороо
  • Чингэлтэй дүүргийн 20, 21, 22, 23, 24 дүгээр хороо
  • Сүхбаатар дүүргийн 15, 16, 17, 18, 19, 20 дугаар хороо
  • Баянзүрх дүүргийн 9, 11, 20, 27, 28, 29, 33, 34, 35 дугаар хороонд хуульч, өмгөөлөгч нар иргэдэд үнэ төлбөргүй зөвлөгөө мэдээлэл өгнө.

Тухайн өдөрлөгөөр иргэний эрх зүй, захиргааны эрх зүй, эрүүгийн эрх зүй болон гэр бүл, гэрээний эрх зүй зэрэг сэдвээр хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө, мэдээлэл авах боломжтой

Categories
мэдээ улс-төр

Д.Амартүвшингийн “Либертари” нам ирэх сарын 10-нд их хурлаа хийнэ DNN.mn

Комедиан Д.Амартүвшингийн байгуулсан “Либертари” нам анхдугаар их хурлаа аравдугаар сарын 10-нд хийхээр болжээ.

Тус намын үүсгэн байгуулагч Д.Амартүвшин “Өнөөдөр Монголд бүх нам зүүний байна. Баланс алдагдаж буй. Ингэхээр эдийн засаг сүйрэл рүүгээ явна.

Бизнес хийж, бор зүрхээрээ амьдралаа болгоод явж байгаа хүмүүст илүү боломж олгох, төрийн дарамтыг багасгах зорилгоор энэ намыг байгуулсан. Өөрөөр хэлбэл Монголд үзэл санааны баланс хэрэгтэй бөгөөд манай нам цэвэр барууны үзэл санааг бодлогоо болгож буй.

Намын их хурлаар дүрмээ баталж, 801 хүний гарын үсэг цуглуулснаар нам албан ёсоор бүртгэгддэг. Манай намд бүртгүүлээд байгаа хүмүүсийг их хуралдаа идэвхтэй оролцоорой гэж уриалмаар байна” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Эмэгтэйчүүдийн хорих ангийн байрыг тохижуулжээ DNN.mn

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 407 дугаар нээлттэй, хаалттай хорих анги алба хаагчид болон хүмүүжигчдийн орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор засвар, шинэчлэлийн ажлыг хийжээ.

Ингэхдээ эрүүл ахуй, ариун цэврийн шаардлагад нийцүүлэн эмэгтэй хүмүүжигчдийн хувцас угаалга, хатаалга, халуун усны өрөө зэргийг шинэчилж, хэрэгцээт техник, тоног төхөөрөмжийг суурилуулснаас гадна нярай хүүхэдтэй хүмүүжигчдийн байр, удаан хугацааны эргэлт, уулзалтын байрыг засварлан тохижуулсан байна.

Түүнчлэн алба хаагчдын хувцас солих болон хүүхдийн өдөр өнжүүлэх өрөө, үсчин, гоо сайхны өрөөг шинэчлэн засварлаж, ая тухтай орчин нөхцөлд ажиллах, хүмүүжигчдийн болон хүүхдүүдийн эрхийг хангахад чухал нөлөө үзүүлэх юм.

Швейцарын хамтын ажиллагааны газрын санхүүжилтээр засварын ажлыг хийлээ хэмээн ШШГЕГ-аас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЦЕГ: Дорноговь аймагт сураггүй алга болсон охиныг амь хохирсон байдалтай олж, эрлийг зогсоолоо DNN.mn

Цагдаагийн байгууллагаас Дорноговь аймгийн Сайншанд суманд эрэн хайж байсан 12 настай хүүхдийг амь хохирсон байдалтай байсныг олж тогтоон, эрэн сурвалжлах ажиллагааг зогсоолоо.

Хэргийн газрын үзлэгийг Прокурорын байгууллага, Шүүх шинжилгээний байгууллагатай хамтран хийж, бусад хойшлуулшгүй ажиллагааг гүйцэтгэж байна.

Охин аравдугаар сарын 3-ны өглөө гэрээсээ гараад сураггүй алга болсон. Түүнийг эрэн хайх ажиллагаанд холбогдох чиг үүргийн байгууллагуудын алба хаагчид, иргэд оролцож байв.

Гэр бүл, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.

 

Эх сурвалж: ЦЕГ

Categories
мэдээ нийгэм

Хөвсгөл аймагт газар хөдөлжээ DNN.mn

Өнөөдөр буюу 2023 оны аравдугаар сарын 6-нд Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын төвөөс хойд зүгт 58 км зайд газар хөдөллөө.

Улаанбаатарын цагаар 10:17:31 цагт болсон газар хөдлөлтийн хүч 4.1 магнитуд байжээ.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн товчооны гадна амьдардаг иргэд, ААН, байгууллагын тээврийн хэрэгслээс хураамж авахгүй DNN.mn

Авлигатай тэмцэх газарт иргэдээс ирүүлсэн “Нийслэл хотын товчоо постын гадна амьдарч байгаа иргэдийн тээврийн хэрэгслээс товчооны камер орж, гарах болгонд төлбөр авч байгаа нь зүйд нийцэхгүй” гэх гомдлын мөрөөр тус газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс Зам тээврийн хөгжлийн төвийн албан тушаалтнуудтай уулзав.

Нийслэлийн хотын хүрээнээс гадна ажиллаж, амьдарч байгаа буюу Хан-Уул дүүргийн 14 хорооны 6076 иргэн, 47 аж ахуйн нэгж, байгууллагын тээврийн хэрэгсэл, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны 5275 иргэн, 287 аж ахуйн нэгж, байгууллагын тээврийн хэрэгсэл, Налайх дүүргийн 39579 иргэн, 1984 аж ахуйн нэгж, байгууллагын тээврийн хэрэгслүүд өдөр бүр товчоогоор нэвтрэхдээ цахим төлбөр төлдөг байна.

Авлигатай тэмцэх газраас нийслэлийн хотын хүрээнээс гадна ажиллаж, амьдарч байгаа иргэдийн тээврийн хэрэгслийг “Цагаан жагсаалт”-д оруулах талаар албан бичиг илгээснээр “Олон улс, улсын чанартай болон тусгай зориулалтын авто зам, замын байгууламж ашигласны төлбөр авах журам”-д өөрчлөлт оруулж, дээрх 3 дүүргийн нутаг дэвсгэр дэх автомашины постын гадна амьдарч буй иргэдээс төлбөр авахгүй байх зохицуулалтыг тусгуулж, хэрэгжилтийг хангахаар болов.

Журмыг хэрэгжүүлж эхэлсэнтэй холбогдуулан иргэдэд мэдээлж сурталчлах ажлыг зохион байгуулж байна.