Categories
мэдээ нийгэм

Ц.Хулан нарын давж заалдах шатны шүүх хурал маргааш болно DNN.mn

Яруу найрагч Ц.Хулан болон лам Б.Отгонбаатар нарт холбогдох хэргийн шүүх хурал өнгөрөгч долоодугаар сарын 25-ны өдөр болж, тэднийг гадаадын тусгай албатай хамтран ажилласан гэм буруутайд тооцож, яруу найрагч Ц.Хуланд есөн жил 6 сар, лам Б.Отгонбаатарт найман жил хорих ял оноон, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байдаг.

Тэгвэл яруу найрагч Ц.Хулан шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах гомдлыг гаргасан бөгөөд ийнхүү шүүх хурал маргааш товлогджээ.

Бид энэ талаар Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс тодруулахад, “Яруу найрагч Ц.Хулан нарын давж заалдах шатны шүүх хурал маргааш буюу аравдугаар сарын 10-ны өдрийн 09:00 цагт товлогдсон” гэлээ.

Categories
мэдээ улс-төр

МАН: Хүүхэд, гэр бүлийг хамгаалах эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудлыг хэлэлцэж, хуулийн төслүүдийг дэмжив DNN.mn

МАН-ын бүлгийн өнөөдрийн /2023.10.09/ ээлжит хурал болж өндөрлөлөө. Тус хурлаар хэлэлцсэн хуулийн төслүүдийн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр мэдээлэл өглөө.

Тэрбээр, “Гэр бүлийн шүүхийг дагнасан хэлбэрээр нийслэл Улаанбаатар хотод байгуулна. Одоогоор манай улсад гэр бүлийн хэрэг маргааныг иргэний хэргийн шүүх шийдвэрлэж байна. Хоёр жилийн өмнө иргэний хэргийн шүүх жилдээ 60 гаруй мянган хэрэг шийдвэрлэж байсан бол одоо 80 гаруй мянган хэрэг шийдвэрлэж байгаа.

МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар дараах гурван асуудлыг хэлэлцлээ.
  • Монгол Улс Франц улстай ураны асуудлаар хамтарч ажиллах гэрээний талаар мэдээлэл сонсч дэмжлээ.
  • Монгол Улсын 2024 оны төсвийн төслийг хэлэлцсэн
  • Хүүхэд, гэр бүлийг хамгаалах эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудлыг хэлэлцэж, хуулийн төслүүдийг дэмжив.
Categories
мэдээ спорт

“Ханжоу 2022”: Азийн наадмаас медаль хүртсэн тамирчид DNN.mn

Монголын баг “Ханжоу 2022” Азийн зуны спортын XIX наадамд 34 спортын төрөлд 402 тамирчин, 118 дасгалжуулагч болон арын албаны хүн нийт 520 хүн оролцож, тивийн Олимпод түүхэндээ хамгийн өргөн бүрэлдэхүүнтэйгээр тоосоо өргөлөө. Энэ нь наадамд оролцсон 45 Үндэсний олимпын хорооны багаас 7 дахь том бүрэлдэхүүн байв.

Тодруулбал манай баг тамирчид жүдо, буудлага, чөлөөт бөх, бокс, байт харваа, жюү жицү, 3х3 сагсан бөмбөг, кураш, дугуй, и-спортын дота2 нийт 10 спортын төрлөөс 3 алт, 5 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ.

Алтан медальтнууд:
Боксын эрэгтэйчүүдийн -63.5 кг-ын жинд Б.Чинзориг
Байт харвааны эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Б.Отгонболд
Чөлөөт бөхийн эрэгтэй -65 кг жинд Т.Тулга

Мөнгөн медальтнууд:
И-Спорт дота 2 төрөлд
Жүдо бөхийн эрэгтэй -100 кг-ын жинд Б.Гончигсүрэн
Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -66 кг-ын жинд Ё.Басхүү
3х3 сагсан бөмбөгийн U23 насны эмэгтэй шигшээ баг
Чөлөөт бөхийн эрэгтэй +125 кг жинд М.Лхагвагэрэл

Хүрэл медальтнууд:
Сагсан бөмбөгийн 3х3 (U23) эрэгтэй баг
Боксын эмэгтэйчүүдийн -50 кг-ийн жинд О.Есүгэн
Дугуйн спортын төрөлд (Засмал замын дугуйн уралдаан) С.Жамбалжамц
Жүдо бөхийн -73 кг-ийн жинд Ц.Цогтбаатар
Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн +78 кг-ийн жинд А. Адьяасүрэн
Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн -52 кг-ийн жинд Л.Сосорбарам
Жүдо бөхийн холимог баг
Кураш бөхийн эмэгтэйчүүдийн 70 кг-ийн жинд Ц.Батцэцэг
Хийн урт бууны эмэгтэй баг ( О.Есүгэн, Ч.Нарантуяа, Г.Нандинзаяа) 10 метрийн дасгал
Чөлөөт бөхийн эрэгтэй -57 кг жинд Н.Насанбуян
Чөлөөт бөхийн эмэгтэй -68 кг жинд Э.Дэлгэрмаа
Жиү Жицүгийн эрэгтэй -77 кг жинд М.Даваадорж
Чөлөөт бөхийн эрэгтэй -97 кг жинд Г.Ганхуяг

Медалийн тоо болон чансаагаар БНХАУ-ын баг тамирчид 201 алт, 111 мөнгө, 71 хүрэл тэргүүн байрт орлоо.

Хоёрдугаар байрт Японы баг тамирчид 52 алт, 67 мөнгө, 69 хүрэл медальтайгаар удаалж байна.

Гуравдугаар байрт БНСУ-ын баг 42 алт, 59 мөнгө, 89 хүрэл медальтайгаар оржээ.

Улс орнуудын жагсаалтыг ЭНД дарж үзнэ үү.

Categories
мэдээ улс-төр

ХҮН нам: 2024 оны төсвийн төсөлд дараах зөвлөмжийг өгөв DNN.mn

ХҮН намын дэргэдэх Бодлого, судалгааны хүрээлэнгийн судлаачид болон эдийн засагчид ирэх оны Төсөв, мөнгөний бодлогын талаар мэдээлэв.

УИХ-ын гишүүн Т.Доржханд “Ирэх оны улсын төсвийн төслийг Засгийн газраас УИХ-д өргөн барьсан. ХҮН нам болон Эдийн засагчдын клуб жил бүр улсын төсөвт дүн шинжилгээ хийдэг.

2024 бол сонгуулийн жил. Мөн эдийн засгаа тэлэх боломж бүрдсэн тул улсын төсвийш маш хариуцлагатайгаар боловсруулах ёстой” гэлээ.

ХҮН намын эдийн засагчид  2024 оны төсвийн төсөлд дараах зөвлөмжийг өгөв:

  • Гадаад нөхцөл байдал улам тодорхойгүй болж байна. Байгалийн гамшгийн давтамж нэмэгдэж байгаа тул манай хөдөө аж ахуйн салбар агшиж болзошгүй.
  • Нүүрсний экспортын биет хэмжээ, үнийн түвшин буурах эрсдэлтэй. Иймд төсвийн зардлыг танаж, төсвийг алдагдалгүй батлах,
  • Хувийн секторыг дэмжсэн мөнгөний бодлого явуулах,
  • Төсөв мөнгөний бодлогоо харилцан уялдуулж, 2026 он хүртэл инфляцыг нэг оронтой тоо руу оруулах,
  • Сонгууль угтсан, халамжийн бодлого биш, урт хугацаанд өгөөжөө өгөх, томоохон дэд бүтцийн төслүүдээ санхүүжүүлэх,
  • Төрийн өмчийн компаниудын үйл ажиллагаа, санхүүжилтийг ил тод болгох, эдгээр компанийг ХК болгон, төсөвт орлого оруулдаг болгох,
Categories
мэдээ нийгэм

ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүүд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэв DNN.mn

Прокурорын байгууллагаас өнгөрсөн долоо хоногт хэрэг бүртгэлтийн 33,205, мөрдөн байцаалтын 2,494 хэрэгт хяналт тавьж, нийт 289 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэснийг мэдээллээ.

Тодруулбал

  • Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 160
  • Өмчлөх эрхийн эсрэг 71
  • Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 40
  • Хүний амьд явахын эсрэг тав
  • Авлига, албан тушаалын тав
  • Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах тав
  • Хууль бусаар мөрдөж мөшгөх нэг хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.

Яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал Нийслэлийн прокурорын газраас Эрүүл мэндийн яамны харьяа Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв (ХӨСҮТ)-ийн захирлаар ажиллаж байсан Д.Н нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Түүнчлэн

  • Монгол-Оросын хамтарсан хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ын Дотоод аудит, хяналт шалгалтын албаны орлогч дарга Ж.П нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;
  • Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас иргэн Ц.С нь өөрийн гэр бүлийн гишүүний тээврийн хэрэгсэлд байршил тогтоогч төхөөрөмж байршуулан, хууль бусаар мөрдөн мөшгөсөн гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 13.12 дугаар зүйлийн 1 /Хууль бусаар мөрдөж мөшгөх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн, тус дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;
  • Говь-Алтай аймгийн прокурорын газраас иргэн Г.Б нь хувийн таарамжгүй харилцааны улмаас иргэн Ч.Б-ны нэр төрд халдсан, илт худал мэдээллийг цахим сүлжээнд нийтэлж, олон нийтэд тараасан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийн 1 /Худал мэдээлэл тараах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүлжээ.

 

Эх сурвалж: Улсын Ерөнхий Прокурорын Газар 

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Есдүгээр сард 2.9 тонн үнэт металл худалдан авчээ DNN.mn

Монголбанк 2023 оны есдүгээр сард 2,901.6 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 13.2 тонн үнэт металл худалдан аваад байна. Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,608.5 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 714.5 кг үнэт металл тус тус худалдан авсан.

Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2023 оны   9 дүгээр сард алт худалдаж авах дундаж үнэ 213,818.68 төгрөг байв гэж Монголбанкнаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

13-14 насны таван хүүхэд тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцжээ DNN.mn

Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутагт 2023 оны аравдугаар сарын 8-9-нд шилжих шөнийн 01:00 цагийн үед тус сумын ерөнхий боловсролын сургуулийн 9 дүгээр ангийн сурагч болох 13-14 насны таван хүүхэд Camry маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцсон зөрчил гаргасныг Хэнтий аймгийн цагдаагийн газар илрүүлэн шалгаж байгааг мэдээллээ.

Урьдчилсан байдлаар иргэн С-ийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг 13 настай хүү нь хөгжим сонсоно гээд түлхүүрийг авч гарсан нөхцөл байдал тогтоогджээ.

Хүүхдүүд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй.

Иймд эцэг эх, асран хамгаалагч, насанд хүрэгч, тээврийн хэрэгсэл эзэмшигч та бүхэн насанд хүрээгүй хүүхдэд болон бусдад жолоо шилжүүлэхгүй байх, тээврийн хэрэгслийн осол гарахаас сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүллээ.

Categories
гадаад мэдээ

Европын Дээд хэмжээний чуулган юу шийдвэрлэв DNN.mn

250 мянган хүн амтай ч жуулчдыг татах талаараа дэлхийд алдартай, Испаний Гранада хотод өнгөрсөн долоо хоногийн эцсээр Европын 50 шахам улсын удирдагчдын улс төрийн хамтын нийгэмлэгийн дээд хэмжээний уулзалт болж өндөрлөв. Дээд чуулган болж буйтай холбогдон хөдөлгөөн ихтэй хотын төв рүү орох замууд хаагдаж, нийтийн тээврийн хэрэгсэл тойрч, ойролцоох барилгуудын оршин суугчид гэртээ харихын тулд цагдаагийн хамгаалалтыг тойрч гарах шаардлагатай болжээ.

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Испанийн хаан VI Фелипе, Хатан хаан Летизия нартай Альхамбр ордонд уулзахаар болж уг ордон хаагдан XIII-XIV зууны үеийн Маврикийн ордон, цэцэрлэгт хүрээлэнгийн архитектурын шилдэг бүтээл болох Альхамбрыг өөрийн нүдээр үзэхээр Гранада хотод ирсэн жуулчдын урам хугарсан явдал болов. Мөн уг хотын гол үзэмжит хэсгийг дээд хэмжээний уулзалтын өндөр зэрэглэлийн зочдод үзүүлэн гурван өдрийн турш хаалттай байлгав. “Бид Гранадыг үзэх гэж дахин буцаж ирэхээр боллоо” гэж АНУ-аас ирсэн хөгшин жуулчин сэтгэл дундуур байгаагаа нуулгүй хэлэв.

Ийм том, дээд хэмжээний анхны уулзалт жилийн өмнө Прага хотод болсон. Дараа нь тавдугаар сард дээд хэмжээний уулзалтыг Молдав зохион байгуулж, зочдыг Кишинев хотоос 20 км-ийн зайд орших ордонд урьж, улс орныхоо агаарын орон зайг хааж байсан бол эдүгээ ЕХ-ны зөвлөлийг даргалж буй Испанид болсон байна.

Ердийнхөөрөө уг уулзалтанд оролцох нь хэдхэн цагийн өмнө тодорхой болсон Украины ерөнхийлөгч Владимир Зеленский дээд хэмжээний уулзалтын цэнхэр хивсэн дээр зогсож сэтгүүлчдэд хандан “Бидний өмнө тулгамдаж буй гол сорилт бол Европын эв нэгдлийг зөвхөн ЕХ-оор хязгаарлахгүй Европ тив даяар өрнүүлэх явдал” гэж мэдэгдэв. Энэхүү дээд хэмжээний уулзалтын эхэнд Украины ерөнхийлөгч, уг чуулганыг зохион байгуулагч Испани, Европын холбооны тэргүүлэгчид болох ЕХ-ны зөвлөлийн тэргүүн Чарльз Мишель, Европын комиссын дарга Урсула фон дер Лейен нар л үг хэлсэн юм. Зеленский Оросын буудлагаас хамгаалж, Харьковын метрон дотор хүүхдүүддээ бүтэн боловсрол эзэмшүүлэхийн тулд хэрхэн бүрэн хэмжээний сургууль байгуулсныг дурдаад “Бид 2023 онд амьдарч байна. Энэ бол Оростой хөрш зэргэлдээ орших явдал юунд хүргэдгийг баталж буй явдал” гэж мэдэгдээд Украины тагнуулын мэдээллээс иш татан ОХУ 2028 он гэхэд Украины зэвсэгт хүчинд устгуулсан цэргийн чадавхиа сэргээх боломжтой болно. Үүний дараа Балтын орнууд Оросын ээлжит довтолгооны бай болж магадгүй гэж анхааруулав. Зеленский “Энэ дайнд Оросын цэрэг бүрэн ялагдах ёстой. Путин түрэмгийллээ бусад улсад хийж чадахгүй болгохын тулд бид Украинд ялах ёстой” гээд “Танай хотуудад хүүхдүүдээ хамгаалах хангалттай метроны буудал бий юу?” гэж Европын удирдагчдаас асуусан юм.

Европын улс төрийн хамтын нийгэмлэгийн дээд хэмжээний уулзалтын зорилго нь Украины эсрэг Оросын түрэмгийллийг сөрөн зогсоход Европын удирдагчид хамтран бүх боломжийг ашиглан “эв нэгдлээ сэргээх” явдал юм гэж чуулганы өмнө Мадрид албан ёсоор мэдэгдэж байсан бөгөөд энэхүү дээд хэмжээний уулзалтад оролцогчид Украинтай эв санааны нэгдлээ илэрхийлж, яг яаж дэмжихээ харилцан ярилцан тохирч байв. Учир нь энэ удаагийн дээд хэмжээний уулзалтаар хамтын шийдвэр гаргаж, ерөнхий мэдэгдэл хийгээгүй юм. Үүний оронд хоёр талын уулзалт, хэлэлцээрүүд явагдсан. Тухайлбал, энэ үеэр Герман, Испани улсууд хамтран Украинд агаарын довтолгооноос хамгаалах нэмэлт систем өгөхөөр Зеленскийтэй тохиролцсон билээ. Зеленский Францын Ерөнхийлөгч Эммануэль Макронтой ярилцахдаа ч мөн ийм дэмжлэгийн талаар тохиролцсон гэж мэдэгдсэн бол дараа нь “Бид нутагтаа эд ангиудыг нь угсарч эдгээр бүх системийг бүрэн ажиллуулах болно гэдэгт би үнэхээр итгэж байна, Иймээс эдгээр агаараас хамгаалах систем бүгд Украинд ирнэ” гэж Германы канцлер Олаф Шольцтой уулзахдаа тохиролцсон, өөрийнх нь хэлснээр энэ уулзалтаас гарсан “хүчирхэг шийдлийг” тайлбарласан юм. Тэрээр “Германы засгийн газар яг одоо, энэ өвлийн улиралд Украиныг “Патриот” системээр хангахын төлөө ажиллах болсон” гэж сэтгүүлчдэд мэдэгдсэн.

Бүх төлөөлөгчид оролцсон чуулганы хуралдааны дараа улс орны удирдагчид хэсэг бүлгээрээ хуралдав. Украины дайны үр нөлөөг “Олон талт үзэл ба геостратеги” бүлэгт хэлэлцсэн байна. Энэ үеэр Испани улс НАТО болон ЕХ-ны холбоотнуудтайгаа хамтран Киевийг “баттай бөгөөд бүрэн” үргэлжлүүлэн дэмжих хүсэлтэй байгаагаа батлан илэрхийлэв. “Европын холбоо шаардлагатай үед Украин болон түүний ард түмэнд улс төр, эдийн засаг, цэрэг, санхүү, хүмүүнлэгийн хүчтэй дэмжлэг үзүүлсээр байх болно” гэж ЕХ-ны зөвлөлийн түр ерөнхийлөгчийн хувьд Испанийн тал мэдэгдсэн байна. Харин ЕХ-ны тэргүүн Чарльз Мишель Владимир Зеленскийд биечлэн хандаж, “Бид тантай болон Украины ард түмэнтэй хамт байна” гэж батлан хэлээд Европын холбоо Украинд 82 тэрбум еврогийн тусламж хэдийнэ хуваарилж, томоохон хэмжээний дараагийн шинэ багц бэлдэж байгааг нэмж мэдэгдэв. Мишель мөн ЕХ ОХУ-д үзүүлэх хориг арга хэмжээний дарамтыг нэмэгдүүлэхийн тулд 2024 оноос эхлэн G7-гийн түвшинд Оросын очир алмаазыг хориглохыг дэмжиж буйг онцолжээ. Хариуд нь Зеленский Европын холбооны 12 дахь хориг багцад Оросын цөмийн салбар хамаарах ёстойг онцлов.

Гранада хотод болсон Европын холбооны дээд хэмжээний уулзалтын үеэр Европын холбооны удирдагчид ЕХ-ны өргөтгөлийн стратегийн талаарх томоохон бөгөөд түвэгтэй мэтгэлцээний эхлэлийг тавьсан юм. Энэ нь зөвхөн Украин, Молдав, Гүрж зэрэг нэр дэвшигч орнууд Европын холбоонд элсэхийн тулд юу хийх ёстойгоос гадна ЕХ өөрөө тэлэх бэлтгэлээ хэрхэн хангах тухай байв. Тухайлбал, ямар шинэчлэл хийх, ямар шинэ хууль батлах, энэ өргөтгөлийг яаж санхүүжүүлэх вэ гэдэг талаар мэтгэлцэв. Тухайлбал, ЕХ гадаад болон татварын бодлогодоо нэгдсэн нэг санал баримтлах зарчмаасаа татгалзаж, ирээдүйд бүхнийг олонхийн саналаар шийдэх ёстой гэж Германы канцлер Олаф Шольц үзсэн юм.

Энэхүү чуулганыг хааж Урсула фон дер Лейен “Бидний үүрэг бол хүч хэрэглэх биш, харин эзлэн түрэмгийлэгчдийн хүчиндээ итгэж эхлүүлсэн дайнд Украинчуудыг ялуулах явдал. Бидний үүрэг бол Европын аюулгүй байдлын архитектурыг буцаан сэргээх, ингэснээр европчууд энэ тивд энх тайван, эрх чөлөөтэй амьдрах боломжтой болох явдал бөгөөд үүнийг л Европын улс төрийн хамтын нийгэмлэг удирдлага болгох ёстой” гэж онцлов.

 

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ нийгэм

Шатахуун тээвэрлэж явсан автомашин унаж, 10 тонн бензин асгарчээ DNN.mn

Увс аймаг, Тариалан сумын Мянган 3 дугаар багийн “Тээлийн гүүр” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 15 км, сумын төвөөс зүүн зүгт 30 км/-т шатахуун тээвэрлэгч автомашин автозамын хажуу руу унаж осолдсон байна.

Иймд тус аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын алба хаагчид, ажилтнууд очиход Улаанбаатар хотоос Увс аймгийн Улаангом сумын чиглэлд зорчиж явсан 40 тн шатахуунтай “Хово ZZ5317” загварын автоцистерн /3 зорчигчтой, цистерний чиргүүлтэй/ автозамын хажуу руу унаж 10 тн орчим шатахуун асгарсан байсныг 4 цаг 19 минут ажиллаж бороожуулалт, саармагжуулалт хийж, үлдэгдэл шатахууныг автоцистернд юүлэн авто өргөгчөөр татаж босгожээ.

Мөн уг автоцистернд зорчиж явсан иргэн У/33 настай эрэгтэй/, Х/33 настай, эрэгтэй/, Д /33 настай, эмэгтэй/ нарыг Эмнэлгийн байгууллага авч явсан байна.

Categories
гадаад мэдээ

Биньямин Нетаньяху: Юу болоод өнгөрөв өө DNN.mn

Түүхэнд “Зургаан өдрийн дайн” гэж нэрлэгдсэн дайнд алдсан газар нутгаа буцаан авах зорилгоор хийсэн ЗХУ-ын шууд дэмжлэг, Египет, Сирийн арми голлосон Арабын улсуудын эвсэл болон Израилийг дэмжсэн эвслийн хооронд болсон “Араб-Израилийн 1973 оны дайн”-аас нь яг 50 жил нэг хоногийн дараа бас л бямба гарагт, бас л жүүдүүдийн баярын өдөр террорист “цол”-той Хамас бүлэглэл Израиль руу олон мянган пуужин харвасны дараа хилийн бэхлэлтийн хашааг түвэггүй нэвтэрч, Газын зурвасаар Израилийн суурин газруудад дайран оров. Газын босогчид Израиль руу нэвтэрснээс хэдхэн цагийн дараа Иордон голын Баруун эрэг, тэр дундаа Израилийн булаан авсан зүүн Иерусалимыг хамарч хүчирхийлэл, аллага үйлдэж эхэлсэн байна.

Израилийн эрх баригчид тус улс руу 2200 пуужингаар харвасан гээд халдлагын орой гэхэд өөрийн талаас амиа алдагсдын тоо 250-д хүрч, 1452 хүн эмнэлэгт хүргэгдсэн гэж мэдэгдэв. Мөн уг өдрийн турш ХАМАС-ын дайчдад алагдсан эсвэл зодуулж олзлогдсон Израилийн цэргийн болон энгийн иргэд Газын зурваст хүргэгдэж буй тухай олон тооны видео бичлэгүүд интернетэд нийтлэгдэв. Израилийн ерөнхий сайд Биньямин Нетаньяху өөрийн оршин суугчдад хандсан видео илгээлтдээ болж буй үйл явдлыг бүрэн хэмжээний дайн гэж нэрлэв. Израилийн Батлан хамгаалахын сайд нөөц цэргийн татлага эхэлж буйг зарлав. Израилийн хотуудад кафе, ресторан гэх мэт үйлчилгээний газрууд шууд хаагдан хотын гудамж эл хуль болж эзэд нь эр, эм гэлтгүй цэрэг татлагын цэгүүд рүү яаран очив. Энэ өдрийн орой нь Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху иргэддээ хандаж хэлсэн үгэндээ, Израилийн батлан хамгаалах хүчин Газын зурваст цохилт өгч эхэлсэн бөгөөд би Хамас бүлэглэлийн зэвсэгт дайчид болон дэмжигчдийн нуугдаж болох бүх газрыг балгас болгон сүйрүүлнэ гэж амлаад Газын зурвас газар нутгийн оршин суугчдыг уг газрыг орхин гарахыг уриалав.

Барууны орнууд Израилийг ямар ч эргэлзээгүйгээр дэмжиж байгаагаа илэрхийлэв. ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайер, канцлер Олаф Шольц, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, түүнчлэн Их Британи, Итали, Испани, Нидерланд болон Европын бусад орны төлөөлөгчид зэрэг Европын олон удирдагчид исламистуудын үйлдлийг эрс буруушааж, Израилийн ард түмэнтэй эв санааны нэгдэлтэй байгаагаа илэрхийлж, тэдний өөрсдийгөө хамгаалах эрхийг онцлон тэмдэглэв. ХАМАС-ын халдлагын нөхцөл байдалд Европын холбоо Израилийн талд зогсож, Палестинчуудын үйлдлийг буруушааж байна гэж ЕХ-ны Гадаад харилцаа, аюулгүй байдлын бодлогын асуудал эрхэлсэн дээд төлөөлөгч Жозеп Боррел мэдэгдэв. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден тусгай видео мессеж илгээж, Израильд шаардлагатай бүх дэмжлэг үзүүлнэ гэж амлав.

Тэгвэл Израилийн эсрэг Хамасын довтолгоог дэмжиж, уг хурцадмал байдалд Израилийг буруутгасан мэдэгдлийг Иран, Сири, Ирак, Кувейтийн эрх баригчид хийсэн байна. Ираны ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Нассер Канани Израилийн эсрэг халдлага үйлдсэнтэй холбогдуулан Хамас бүлэглэлд баяр хүргэж “Өнөөдрийн ажиллагаа нь эзлэгдсэн нутаг дэвсгэр дэх эзлэн түрэмгийлэгчдийн эсрэг тэмцэл, зэвсэгт ажиллагааны салбарт шинэ хуудас нээлээ” гэж хэлжээ. Ираны дээд удирдагч Али Хаменеигийн зөвлөх Рахим Сафави “Бид Палестины дайчдыг бүрэн дэмжиж байна. Палестин, Иерусалимыг бүрэн чөлөөлөх хүртэл бид Палестины дайчидтай хамт байх болно” гэж мэдэгджээ. Тэрээр Израиль руу хийсэн халдлагыг “бахархмаар ажиллагаа” гэж нэрлэсэн байна. Мөн Сирийн ГХЯ ХАМАС-ын халдлагыг “хүндэт амжилт” гэж нэрлээд, “Палестины ард түмэн” болон “сионист терроризмтой тэмцэж буй хүчин”-ийг дэмжиж байгаагаа илэрхийлэв. Саудын Араб, Кувейт, Ирак, Катар, Оман зэрэг бүс нутгийн хэд хэдэн орон мэдэгдэлдээ ХАМАС-ын халдлага нь “Палестины ард түмнийг эзлэн түрэмгийлж, хууль ёсны эрхийг нь хөсөрдүүлсний үр дүн” гэж онцолсон байна. Гэхдээ Саудын Арабын мэдэгдэл арай даруу байсан бөгөөд “хоёр тал хурцадсан байдлыг нэн даруй зогсоож, энгийн иргэдийг хамгаалж, үүссэн байдалд хүлээцтэй хандах ёстой” гэж уриалав.

Орос улс Израилийг дэмжихээ илэрхийлээгүй бөгөөд бүх талуудтай байдлыг хэвийн болгох талаар ярилцаж байна гэж мэдэгдээд ОХУ-ын Гадаад хэргийн яам мөргөлдөөнд оролцогч талуудыг “хүлээцтэй” байхыг уриалав. Орос улс Европын холбоо, АНУ, Израилиас ялгаатай нь ХАМАС-ыг террорист байгууллага гэж үздэггүй бөгөөд тус бүлэглэлтэй сайн харилцаатай байдаг юм.

Палестины ХАМАС бүлэглэлийг Иран санхүүжүүлдэг гэдгийг бүгд мэднэ. Харин баруун хойд талаасаа “Нэг арми, хоёр улс” гэх гэрээ байгуулсан Турк, Азарбайжан, зүүн өмнөд талаасаа шашны том зөрчилдөөнтэй бас цөмийн зэвсэгтэй Пакистан, баруун урд талаасаа Саудын Араб зэрэг бусад Арабын улсын нэгдэл болон АНУ, Израилийн цэргийн эвсэлд бүрэн бүслэгдсэн Ираны удирдлага ийм зүйл хийхгүй байх магадлал үндсэндээ 100 хувь. Харин АНУ, Израиль болон зарим “ислам”-ын улсууд нэгдэн Ирантай байлдвал барууны улсууд татагдан орж, Украинд өгөх тусламж буурна гэж үздэг Кремлийн “урт гар” үүнийг хийсэн байх магадлал бараг 100 хувь. Чухам үүнээс л эмээж Израиль Укрианд цэргийн тусламж үзүүлэхгүй янз бүрээр цааргалж өнөөдрийг хүрсэн нь ойлгомжтой болж орхив. Тэгээд ч ХАМАС-ын довтолгоон оросоор “Война Судного дня” гэгддэг “Араб-Израилийн 1973 оны дайн”-аас нь яг 50-н жил нэг хоногийн дараа буюу В.Путины төрсөн өдрийг тохион эхлэв. Харин энэ өдрийг хүлээж байсан Украины арми Кремлийн удирдагчид бэлэг барих гэсэн Оросын цэргийн довтолгоог бут цохин Мелитополийн чиглэлд урагшилж чадсан билээ.

Ийнхүү Биньямин Нетаньяху дотооддоо ардчилалд харш хууль батлан зөрчилдөөн үүсгэн иргэдээ хоёр хувааж, хөшигний ард дарангуйлагч эзлэн түрэмгийлэгчтэй тохиролцоо хийвэл юунд хүргэдгийг бидэнд баталж өгөв. Маш товчоор саяхныг хүртэл монголчууд “Юу болоод өнгөрөв өө? Дурлачихлаа гэж үү?” гэж дуулдаг байсан бол харин энэ удаа Израилийн ерөнхий сайд Биньямин Нетаньяху “Юу болоод өнгөрөв өө? Оросууд надад дурлахаа больчихлоо гэж үү?!” хэмээн бусдын нүднээс далд хашгирахаас өөр аргагүйд тулав. Тусгаар улсуудын хооронд хайр дурлал, найз нөхөрлөл бус эрх ашиг л байдаг. Биньямин Нетаньяху Оросын эрх ашгийг зөв тооцоолж чадсангүй. Тэр өөрөө ч, өөрийнх нь сонгож томилсон тагнуул болон цэргийн дарга нар ч үүргээ биелүүлж чадсангүй. Гэхдээ Израилийн хувьд одоо буруутныг хайх бус дайснаа устгах нь л чухал цаг тулаад байна. Үүнийгээ ч тэд хийж чаддаг улс. Мөн АНУ өнөөг хүртэл дайнд хэрэгтэй цагт хавсрага болон орж аль тал ялахыг шийдэж байсан. Гэтэл тэд энэ удаа өөрөө голлож, бусад нь хавсрага болж Хятад хэмээх том армитай хуурай газарт байлдах магадлал өндөр болоод байна. Иймээс тэдэнд хуурай газарт босогчидтой бус ямар нэг улсын иж бүрэн армитай байлдан ядаж л зэвсгээ шалгаж, баараггүй болгох шаардлага үүсээд байгаа юм. Мөн Иран бас Оросын дарангуйлагч дэглэм нуран унаж байж л иргэд нь хонгилын үзүүрт гэрэл харна гэдэг нь бүгдэд тодорхой болсон. Иймээс энэ шаардлагыг Иран бүрэн хангаж байна. Дурдагдаж буй эдгээр эрх ашиг нийлэн энэ бүс нутагт юу болох гээд байгааг бидэнд илүү ойлгомжтой болгож орхив.

Бүс нутгийг хамарсан дайны эхлэл байх бүрэн магадлалтай орон нутгийн дайн үргэлжилж байна.

Г.АМАРСАНАА