Categories
мэдээ нийгэм

Дархан-Эрдэнэт чиглэлийн авто замын зорчих хөдөлгөөнийг түр хязгаарлажээ DNN.mn

Дархан-Эрдэнэт чиглэлийн А1001 авто замын зорчих хөдөлгөөнийг өнөөдөр 19:00 цаг хүртэл хязгаарлажээ.

Энэ талаар Тээврийн цагдаагийн албанаас “Өчигдөр шөнө буюу 2023 оны аравдугаар сарын 12-ны өдрийн 21:00 цагаас 13-ны өдрийн 19:00 цаг хүртэл олон улсын чанартай Дархан-Эрдэнэт чиглэлийн А1001 автозамыг Зам тээврийн яамны төлөвлөгөөт ажлын дагуу хязгаарлаж зам засвар, шинэчлэлтийн ажил хийгдэж байна” гэж мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе

Өчигдөр гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 71 тохиолдол бүртгэгджээ DNN.mn

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр нийт 1828 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 1432, гэмт хэргийн шинжтэй 91 дуудлага, мэдээлэл байна. Тодруулбал,

  • Хүний биед халдах 52
  • Хүүхэд, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх 71
  • Хулгайлах 30
  • Эрүүлжүүлсэн 64
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 65 тохиолдол бүртгэгджээ.
Categories
мэдээ нийгэм

Сайн жишиг   DNN.mn

Энэ үгийг уул уурхайд хэрэглэхэд зарим хүнд таалагдахгүй байж болох. Монголд хариуцлагатайгаар уул уурхай эрхэлнэ гэдэг өдрийн од шиг ховор болохоор арга ч үгүй биз. Уг нь нутгийн иргэд, уул уурхайн компани хууль эрхзүйн хүрээнд харилцан ойлголцож хамтран ажиллах бүрэн боломж бий. Тэгвэл энэ боломжийг  Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар тавьж өгөөд байна.

Тодруулбал, тус байгууллага Европын холбооны санхүүжилтээр “Уул уурхайн хөрөнгө оруулалтын төлөвлөлтөд талуудын оролцоог нэмэгдүүлэх замаар Монгол орны ард иргэд, мал сүргийн эрүүл амьдрах орчинг бүрдүүлэх ба байгаль орчныг хамгаалах нь” төслийг 2017-2018 онуудад хэрэгжүүлсэн юм. Энэ төслийн үндсэн зорилго нь уул уурхайн шийдвэр гаргалтад холбогдох талуудын тэгш оролцоог хангах хамтын ажиллагааны тогтолцоог бий болгох явдал байв.  Мэдээж эхлээд талуудын оролцоог хангасан уулзалтыг удаа дараа хийж ойлголт өгсөн. Ингээд талуудын оролцоог хангасан хамтын ажиллагааны хороо байгуулах ажилд орсон байна, мэдээж хууль эрхзүйн хүрээнд. Хэдийгээр хамтын ажиллагааны хороо байгуулагдах хууль, эрх зүйн боломж байгаа хэдий ч уг хамтын ажиллагааны хорооны ажиллах журам, ямар эрх хэмжээтэй байх, ямар шийдвэр гаргах, зэрэг нөхцөл байдал тодорхойгүйгээс уг хороо тогтвортой, үр дүнтэй ажиллахад хүндрэлтэй байв. Ялангуяа уг хороонд иргэдийг оролцуулах, мэдээллийн ил тод байдлыг хангах явдал учир дутагдалтай байлаа. Тиймээс энэхүү Хамтын ажиллагааны хорооны ажиллах журмыг 2018 онд анхлан боловсруулсан.

Ингээд “Байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх тухай гэрээ”-г байгуулахад оролцох, хяналт тавих, гэрээний биелэлтийг дүгнэх чиг үүрэг бүхий Хамтын ажиллагааны хороог Увс аймгийн Бөхмөрөн суманд байгуулж, журмыг Засаг даргын захирамжаар 2018 оны 3-р сард баталсан бөгөөд энэ нь Монгол Улсын хэмжээнд анхны санаачилга, туршлага болж чадсан түүхтэй. Улмаар 2018 оны 9 дүгээр сард ИТХ-ын тэргүүлэгчдийн ээлжит бус хуралдаанаар хэлэлцүүлэн өөрчлөлт оруулан баталсан ажээ.

Увс аймгийн Бөхмөрөн сумын Хамтын ажиллагааны хорооны дарга Н.Баттулга” Хамтын ажиллагааны хорооны журамд заасны дагуу Уул уурхайн компанийн төлөөлөл 2 хүн, ЗДТГ-ын төлөөлөл 3 хүн, тухайн нөлөөллийн бүс буюу Хар алтат багаас 2 хүнийг сонгодог. Багийн иргэд ИНХ-аараа Хамтын ажиллагааны хорооны гишүүнийг хэн байхыг санал хурааж шийддэг юм. Хорооны гишүүдээ жил бүр шинэчлэн баталдаг. Шинэ гишүүд хуралдаж хорооны даргаа сонгодог. Өнгөрсөн зургаан жилийн хугацаанд тухайн уурхайнуудтай хамтран нэг тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна. Уул уурхайн хамтын ажиллагааны хорооны ирэх жил хэрэгжүүлэх ажлын саналыг багийн ИНХ-ын хуралдаан дээр очиж иргэдээс, мөн цахимаар санал авдаг. Хамтын ажиллагааны хорооны журамд ямар ажил санхүүжүүлэхийг тусгасан байдаг бөгөөд байгаль орчныг нөхөн сэргээх, хамгаалах, сум орон нутгийн дэд бүтцийг хөгжүүлэх чиглэлийн ажил хийхээр тусгасан байдаг.  Хамтын ажиллагааны хорооны төлөөлөл болох төр захиргааны байгууллага, уул уурхайн компани, нөлөөллийн бүсээс буюу иргэдийн төлөөлөл хуралдаанаараа харилцан ойлголцож, зөвшилцөж, журмын хүрээнд хэрэгжүүлсэн ажлынхаа үр дүнг хэлэлцэж, ирэх жилийн ажлаа төлөвлөж үйл ажиллагаа нь жигдэрч хэвшил болсон сайн талтай” хэмээн ярьсан юм.

Тэнд хамтын ажиллагааны хороо сайн ажиллаж байгаад нутгийн иргэд сэтгэл хангалуун байна. Чухамдаа нутгийн иргэдийн оролцоо сайн байгаа, орон нутгийн удирдлага уул уурхайн хамтын ажиллагаа сайжирч байгаа нь Хамтын ажиллагааны хорооны ажил урагшлах том алхам болж өгч байгаа юм. Бүгд нэг зүгт хардаг, алдаа оноогоо ярьж харилцан ойлголцдог, нутгийн иргэдийн үгийг сонсдог зэрэг нь Бөхмөрөн суманд хариуцлагатай уул уурхай хөгжих боломжийг нээж өгчээ. Уул уурхайтай холбоотой энэ сайн жишээг Монгол орны өнцөг булан бүрт түгээн дэлгэрүүлж чадвал хариуцлагатай уул уурхай жинхэнэ утгаараа хөгжих боломж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЦЕГ: Хүүхдээ хөл нүцгэн гудамжинд хөөж гаргасан гэх ээжийг шалгаж байна DNN.mn

Цахим орчинд … дугаар хороонд ээж нь хүүхэд рүүгээ хутга барьж хөөсний улмаас есөн настай хүүхэд хөл нүцгэн зугтаж байна гэх мэдээлэл түгсэн билээ.

Тухайн хүүхдийг байрны оршин суугчид 108 дуудаж, улмаас нэг оршин суугч нь түр харгалзсан хэмээсэн юм.

Тэгвэл энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад, Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст “108” дугаарын утаснаас өнөөдөр буюу аравдугаар сарын 13-ны 07.29 цагт “Есөн настай хүүхэд хөл нүцгэн байна” гэх дуудлага, мэдээлэл ирүүлснийг хүлээн авчээ.

Улмаар гомдол, мэдээллийн бүртгэлд авч, хүүхдийн асуудал хариуцсан алба хаагч нар үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.

Иргэд та бүхэн бага насны хүүхдийн хараа хяналтад анхаарч, ямарваа нэгэн байдлаар хүчирхийллийн хохирогч болж буйг чимээгүй өнгөрөөхгүйгээр, холбогдох албаны хүмүүст хандаж, хамтран ажиллахыг зөвлөж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нийслэлийн 18 дугаар сургуулийн сурагчид дахин хордож, эмнэлэгт хүргэгджээ DNN.mn

Есдүгээр сарын 21-ны өдөр “Монгол дээд” сургуулийн байранд хичээллэж байсан 18 дугаар сургуулийн зургаадугаар ангийн 20 орчим хүүхдээс хордлого илэрч, эмнэлэгт хүргэгдсэн. Хордлого илэрсэн гэх тухайн ангийг цагдаагийн байгууллага битүүмжлэн шинжилгээ хийсэн бөгөөд хордлогын шалтгаан, нөхцөлийг тодруулахаар мэргэжлийн байгууллагууд ажиллана гэдгийг тухайн үед мэдээлж байв.

Тэгвэл өчигдөр буюу аравдугаар сарын 12-ны өдөр тус ангийн хүүхдүүдэд дотор нь эвгүйрхэх шинж тэмдэг илэрч, 14 хүүхдийг 103 түргэн тусламж дуудан ЭХЭМҮТ-д хүргэжээ. Хүүхдүүд энэ удаа түрээсийн байранд биш сургуулийнхаа танхимд хичээллэж байжээ.

Өмнөх буюу түрээсийн байранд хичээллэж байхад хүүхдүүд хордсон асуудлын дүгнэлт гарсан эсэхийг Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөөмөөгөөс тодруулахад “Сургуулийн байрны дотоод орчны агаар дахь бохирдуулагч бодис физик нөлөөллийн үзүүлэлтэд хэмжилт, шинжилгээ хийсэн. Хэмжилтээр тухайн ангийн дотоод орчны агаарт үнэрийн бохирдол үүсгэгч бодисууд хүлцэх хэмжээнээс хэтрээгүй, илрүүлэх доод хэмжээнд хүрээгүй болох нь тогтоогдсон. Урьдчилсан дүгнэлтээр, анги танхимын агаарын чийгшил болон агаар сэлгэлт бага, ариун цэвэр хангалтгүй, анги дүүргэлт их байсны улмаас нүүрс хүчлийн хийн агууламж ихэссэн нь тогтоогдсон. Улмаар ангийн дотоод орчны агаарын чанарт нөлөөлж, агаар бохирдсон. Агаарын өмхий үнэрийг дарахаар цацсан үнэртэй усанд агуулагдсан химийн бодисоос хордлого үүссэн байж болзошгүй гэж үзэж байна. Хордлого авсан хүүхдүүдийн биеийн байдал сайжирсан” гэсэн хариулт өгч байсан юм.

Categories
мэдээ нийгэм шинжлэх-ухаан-технологи

Саран дээр зам талбай байгуулах технологийг боловсруулжээ DNN.mn

Манай дэлхийн дагуул сар бол агааргүй, усгүй, температурын хэлбэлзэл нь 250 хэм хүрдэг амьдрахад таагүй ертөнц.

Гэхдээ хамгийн хэцүү асуудал нь нарийн тоос юм. Сарны гадаргыг бүрхсэн ийм сул тоос сансрын нисгэгчдийн өмсгөлийг элэгдэлд оруулж, машин техникийг гацааж, багаж хэрэгслийг эвддэг байна.

Саран дээр суурин байгуулах хүн төрөлхтний төлөвлөгөөнд хамгийн ноцтой саад бэрхшээл учруулагч нь энэ юм.

Тэгвэл хэсэг эрдэмтэд сарны тоосыг барилга байгууламжийн хатуу материал болгон хувиргах шийдлийг олсноо өчигдөр зарлажээ.

“Саран дээр гудамж талбай байгуулна гэхээр олон хүн гайхах байх. Гэхдээ энэ нь бүр эхнээсээ томоохон бэрхшээл байсаар ирсэн юм. Энэ бол маш сул хөнгөн материал бөгөөд агаар мандалгүй, таталцлын хүч сул орчинд хаа сайгүй тархдаг” гэж Берлин хот дахь Холбооны Материалын Судалгаа, Туршилтын Хүрээлэнгийн профессор Йенс Гюнстер ярьж байна.

Apollo 12 багийг газардах үед боссон сарны тоос Surveyor 3 сансрын хөлгийн ажиллагааг доголдуулж байсан гэдэг.

Тиймээс саран дээр байнгын сууринтай болох NASA-гийн төлөвлөгөөнд энэ нь том сорилт болж байгаа.

Барилгын материалыг сар руу тээвэрлэхэд хэтэрхий өндөр өртөгтэй.

Тиймээс саран дээрх бэлэн материалыг ашиглах шийдэл хэрэгтэй юм.

Профессор Гюнстерийн баг сарны тоосыг орлуулах зорилгоор Европын Сансрын Агентлагт бүтээсэн EAC-1A хэмээх нарийн ширхэгтэй материалыг туршилтдаа ашигласан байна.

Тэд 50 мм-ийн диаметртэй лазер гэрлийн туяагаар тоосыг 1,600 хэм хүртэл халааж, хайлуулжээ. Энэ хайлшаа хэвд оруулан царцаах замаар хоорондоо залгагддаг 25 см өргөнтэй гурвалжин хэлбэрийн хавтангуудыг гаргаж авсан байна.

Үүнийг залган угсрах замаар сарны гадарга дээр хатуу зам, талбай байгуулж болохоор болжээ.

Гэхдээ энэ нь тийм амар ажил биш юм байна. Хавтан нэг бүрийг бүтээхэд нэг цаг орчим хугацаа шаардагдах гэнэ. Өөрөөр хэлбэл 10:10 метрийн харьцаатай талбайг байгуулахад шаардлагатай хавтангуудыг үйлдвэрлэхэд 100 өдөр зарцуулахаар байна.

Гэхдээ 2.37 метр квадрат хэмжээтэй линзийг дэлхийгээс саранд хүргэвэл үйлдвэрлэлийг хурдасгах боломжтой гэж судлаачид тооцоолжээ. Үүгээр нарны гэрлийн тусгалыг нягтруулж, лазерын гэрлийн оронд ашиглах юм байна.

Ийм линзийг полимер материалаар бүтээх тул хуйлж, тээвэрлэхэд авсаархан байхаар тооцжээ.

Гэхдээ сарны тоос линзийн ажиллагааг ч тасалдуулах эрсдэлтэй гэж үзэж байна.

“Эрт орой хэзээ нэг цагт линзэн дээр хуримтлагдсан тоос ажиллагааг нь тасалдуулах байх” гэж хэлсэн Гюнстер линзийг сэгсэрч, тоосыг унагах механизмын талаар бодож байгаагаа ярьжээ.

Тэдний судалгааны тайлан “Scientific Reports” сэтгүүлд нийтлэгдсэн юм.

 

Эх сурвалж: The Guardian

Categories
мэдээ нийгэм

Хилчид төөрсөн иргэнийг олж, ар гэрийнхэнд нь эсэн мэнд хүлээлгэн өгчээ DNN.mn

Дорнод аймгийн Баянтүмэн сумын Жаргалант багийн 70 настай иргэн Д аравдугаар сарын 11-ний өглөө 08:00 цагийн орчимд гэрээсээ гараад сураггүй алга болжээ.

Энэ талаар хил хамгаалалтад туслах хүчний гишүүн Ж.Занданбал Дорнод аймаг дахь Хилийн цэргийн 0132 дугаар ангийн шуурхай жижүүрт 17:20 цагт мэдэгдсэн байна.

Мэдээлэл авсан даруй тус ангиас гурван бүлэг 24 цагийн турш эрэн хайх ажиллагаа өрнүүлснээр аравдугаар сарын 12-ны 09:55 цагт дэд ахлагч Б.Сүхбат ахлагчтай, дэд түрүүч Э.Галбаатар нарын бүрэлдэхүүнтэй хилийн манаа Монгол Улсын хилээс нэг км зайд иргэн Д-г олж, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн, ар гэрийнхэнд нь эсэн мэнд хүлээлгэн өглөө гэж Хил хамгаалах байгууллагаас мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

ГЕГ: Он гарснаас хойш экспорт 26.6 хувиар өсчээ DNN.mn

Он гарснаас хойш буюу 2023 оны эхний 9 сарын дүнгээр  Монгол Улс экспортод 11296.2 сая ам.долларын бараа, түүхий эд гаргасан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 26.6 хувиар өссөн байна.

Экспортод нийлүүлсэн барааны 98.7 хувийг валютын төлбөртэй худалдаа эзэлж байна

Экспортын барааны нийт дүнд эрдэс бүтээгдэхүүн 9730.8 сая ам.доллар буюу 86.1 хувь;  сувд, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс, зоос 581.2 сая ам.доллар буюу 5.1 хувь; нэхмэлийн материал болон нэхмэл эдлэл 367.8 сая ам. доллар буюу 3.3  хувийг тус тус эзэлж эдгээр нь нийт экспортын дүнгийн 94.5 хувийг эзэлж байна

Монгол Улс дэлхийн 76 оронд бараа экспортлосноос  БНХАУ-д  91.0 хувь, Швейцар-т 4.5 хувь, БНСУ-д 1.2 хувь тус тус ногдож нийт экспортын  96.6 хувийг дээрх орнууд эзэлж байна гэж ГЕГ-аас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон албан ёсоор угтлаа DNN.mn

Бүгд Найрамдах Франц Улсад Төрийн айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийг Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Элизейн ордонд албан ёсоор угтан авлаа.

Энэ үеэр Франц Улсын Ерөнхийлөгчийн Хүндэт харуулын дарга угтан мэндчилж, үлээвэр найрал хөгжим марш эгшиглүүлэв.

Элизейн ордон буюу Франц Улсын Ерөнхийлөгчийн ордон нь тус улсын Ерөнхийлөгчийн өдөр тутмын ажлаа эрхлэн явуулдаг өргөө бөгөөд Бүгд Найрамдах Улсын билэгдэл юм.

Ордны “Мюратын танхим”-д Засгийн газрын хуралдааныг долоо хоног бүрийн Лхагва гаригт хийдэг бол жил бүрийн 7 дугаар сарын 14-ний өдөр буюу Францын Үндэсний баярын өдрөөр ордны гаднах талбайд Францын хувьсгалын ойд зориулсан ёслол хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулдаг. Мөн тус улсын Ерөнхийлөгч Элизейн ордонд гадаадын төр, засгийн дээд, өндөр түвшний төлөөлөгчдийг хүлээн авдаг уламжлалтай.

Төрийн тэргүүн нарын хэлэлцээний өмнө болсон уг арга хэмжээний үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.


МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ:

Эрхэм хүндэт Ерөнхийлөгч өө,

Энд хүрэлцэн ирсэн хэвлэлийн төлөөлөгчид өө,

Хатагтай, ноёд оо,

Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе.

Өнө эртний түүхт, өв соёлын өлгий болсон үзэсгэлэнт сайхан эх орондоо халуун дотноор хүлээн авч байгаа Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Эммануэл Макрон Танд болон францын найрсаг ард түмэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Эртний түүхт Монгол, Франц хоёр орны түүхэн харилцаа тэртээх 13 дугаар зуунаас эхтэй буюу 1253 онд IX Людовик хааны элч Гийом дө Рубрук Их Монгол Улсын нийслэл Хархорум хотод хүрэлцэн ирж, Чингис хааны ач Мөнх хаанд бараалхан түүний ордонд амьдарч байсан түүхтэй.

Мөн тэрбээр Монголын Эзэнт гүрэн дэлхийг өөрчилсөн тухай гайхамшигт түүхийг бичиж үлдээсэн байдаг.

Түүнээс хойш Ил хаант улсын Аргун хаан, Өлзийт хаан нар Францын Гоо Филипп хаантай харилцаж байсан захидлууд өнөөдрийг хүртэл хадгалагдан ирсэн нь түүхийн чухал эх сурвалж болдог бөгөөд Монгол, Франц хоёр орны харилцаа тухайн үед ямар түвшинд хүрсэн байсныг гэрчлэн харуулдаг.

Түүнчлэн Францын уран дархан Гийом дө Бушегийн урласан алдарт мөнгөн мод Монголын Эзэн хааны ордонд сүндэрлэж, Их Монгол улсын нийслэл Хархорум хотын нэгэн гайхамшиг болон шагшигдаж байсан түүхтэй.

Тэгвэл Монгол, Францын орчин цагийн харилцаа 1965 онд дипломат харилцаа тогтоосон үеэс эхлэлтэй бөгөөд Монгол Улс Франц Улсыг манай гуравдагч хөрш, Европ дахь дотны итгэлт түнш хэмээн үздэг билээ.

Тэртээх 1253 онд Францын IX Людовик хаан Монгол-Францын харилцааны түүхийг эхлүүлж байсан бол 770 жилийн дараа буюу 2023 онд БНФУ-ын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Монгол Улсад анх удаа төрийн айлчлал хийж, Монгол, Францын ард түмний эртний уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг түүхэн шинэ агуулгаар баяжуулан, түүхийн нэгэн шинэ хуудсыг нээсэн чухал үйл явдал болсон.

Эрхэм хүндэт Ерөнхийлөгч таны Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чиглэсэн олон чухал асуудлаар санал бодлоо солилцож, хоёр улс түншлэлийн түвшингээ ахиулан, онцгой эрхт түншлэлийн харилцаа тогтоосноо хамтран тунхагласан билээ.

Тэгвэл өнөөдөр танай сайхан оронд хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгчийн энэхүү төрийн айлчлал нь “гуравдагч хөрш”-ийн бодлогоо үр дүнтэй хэрэгжүүлж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг эдийн засаг, хөрөнгө оруулалтын агуулгаар баяжуулж, “Монгол, Францын хамтарсан тунхаглал”-ын хүрээнд харилцан тохиролцсон асуудлуудыг бодит ажил хэрэг болгоход чиглэгдэж байна.

Эрхэм хүндэт Ерөнхийлөгч өө,

Монгол Улс Европын Холбоотой байгуулсан Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд Франц Улстай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг тэлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийг чухалчилж байна.

Энэ хүрээнд шинжлэх ухаан, технологи, инновацаар дэлхийд тэргүүлэгч улсын нэг болох Франц Улстай харилцаа холбооны хиймэл дагуул, цэвэр эрчим хүч, нэн чухал ашигт малтмал, хүнс, хөдөө аж ахуй, байгаль орчин, гамшигтай тэмцэх, эрүүл мэнд, боловсрол, соёл, шинжлэх ухаан, зам тээвэр зэрэг салбарын хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн хөгжүүлэхэд дээд хэмжээний харилцан айлчлалууд чухал түлхэц үзүүлж байна.

Мөн Монгол, Франц Улсын харилцаа, хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болсон харилцан ашигтай стратегийн томоохон төсөл хөтөлбөрүүдийг бодит ажил хэрэг болгоход энэ удаагийн төрийн айлчлал зохих үүрэг гүйцэтгэж, манай хоёр орны онцгой эрхт түншлэлийг бататган бэхжүүлж, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

Манай хоёр улс газарзүйн байршлын хувьд алс хол оршдог хэдий ч бидний өнө эртний түүх, өв соёлын нандин харилцаа манай хоёр орны ард иргэдийг оюун санаа, зүрх сэтгэлийн хувьд ямагт холбож ирсэн билээ.

Эрхэм хүндэт Ерөнхийлөгч Та бидний ивээл дор энэ удаа зохион байгуулагдаж буй “Чингис хаан – Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” түүхэн үзэсгэлэн Нант хотын Үндэсний түүхийн музейд маргааш нээлтээ хийх гэж байгаа нь үүний нэг тод жишээ болж байна.

Энэхүү үзэсгэлэн нь монголчууд бидний түүх, соёл, өв уламжлал болон манай хоёр улсын түүхэн харилцааг Франц Улсад төдийгүй дэлхий нийтэд сурталчлан таниулахад онцгой чухал ач холбогдолтой юм.

Мөн Франц улсын баялаг их түүхийн өлгий болох Версалийн ордны Хааны дуурийн театрт Монгол Улсын Морин хуурын чуулгын найрал хөгжим анх удаа эгшиглэж, хөх тэнгэрийн орон, тал нутгийн аялгуугаар франц анд нөхдийнхөө сонорыг мялаан, сэтгэл хөдлөм сайхан дурсамжийг хамтдаа бүтээж буйд баяртай байна.

Энэхүү түүх соёлын арга хэмжээг талархан дэмжсэн эрхэм хүндэт Ерөнхийлөгч Танд болон Франц Улсын Засгийн газарт чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, хөрсний доройтол, түүнээс үүдэлтэй хүнсний хомсдол зэрэг дэлхий нийтэд тулгарч буй сорилт бэрхшээлийг шийдвэрлэхэд олон улсын хамтын нийгэмлэг, улс орон бүрийн хүчин чармайлт, хувь нэмэр нэн чухал юм.

Монгол Улс дэлхий нийтийн өмнө тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг бууруулахад өөрийн хувь нэмрээ оруулах зорилготой “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг Франц Улсын “Ойн дээд хэмжээний уулзалт”-аас гарсан санаачилгуудтай уялдуулж, хамтран ажиллахаар тохирсныг тэмдэглэн хэлэхэд таатай байна.

Мөн 2026 онд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17-р бага хурлыг Монгол Улс эх орондоо зохион байгуулахаар ажиллаж байгаа бөгөөд энэхүү хурлыг амжилттай зохион байгуулахад хамтран ажиллахаар болсонд талархаж байна.

Цаашид манай хоёр улс НҮБ болон олон улсын түвшинд эх дэлхий, хүн төрөлхтний сайн сайхны төлөөх нийтлэг зорилтуудыг ханган хэрэгжүүлэхийн төлөө үр дүнтэй, нягт хамтран ажиллана гэдэгт итгэл төгс байна.

Энэ дашрамд хүн төрөлхтний энхтайвны бэлгэ тэмдэг болсон зуны олимпын 33-р их наадам Парис-2024-ыг ирэх онд эх орондоо хүлээн авах Франц Улс, францын ард түмэнд баяр хүргэж, амжилт хүсье.

Монгол, Францын харилцаа, хамтын ажиллагаа үеийн үед батжин бэхжиж, өнө мөнхөд цэцэглэн хөгжих болтугай.

Анхаарал хандуулсан Та бүхэнд баярлалаа” гэлээ.

Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалын хүрээнд гэрээ, хэлэлцээрүүдийг шинээр байгуулснаар хамтын ажиллагаа идэвжинэ гэдгийг хэллээ.

Түүнчлэн сансрын холбоо, эрчим хүч, хүнс, хөдөө аж ахуй, байгаль орчны салбарыг онцлон дурдаж, цаашид урт хугацаанд харилцан ашигтай хамтран ажиллах хүсэл эрмэлзэл дүүрэн байгааг илэрхийллээ. 

Түүнчлэн “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд Франц Улсад суралцах эхний ээлжийн монгол оюутнуудыг хүлээн авсан тухай дурдав. Эдгээр оюутнууд Франц, Монголын найрамдалт харилцаанд шинэ өнгө аяс нэмж, үргэлжлүүлэн авч явна гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ.

Categories
мэдээ цаг-үе

Орон сууцны дундаж үнэ өмнөх сараас 1.9 хувиар нэмэгджээ DNN.mn

Өнгөрсөн сард нийслэл дэх орон сууцны дундаж үнэ өмнөх оны мөн үеэс 9.3 хувиар өсжээ. Харин өмнөх сараас 1.9 хувиар нэмэгдсэн нь үнийн өсөлтийн хурд эрчимжсэн үзүүлэлт болж байна. Түүнчлэн шинэ орон сууцны нэг м.кв талбайн дундаж үнэ Хан-Уул дүүрэгт хамгийн өндөр буюу 4.12 сая төгрөг байгаа бол хуучин орон сууцных Сонгинохайрхан дүүрэгт хамгийн хямд буюу 2.57 сая төгрөг байгаа юм.

Тайлант хугацаанд шинэ орон сууцны үнийн жилийн өсөлт 11 хувь, хуучин орон сууцных 7.4 хувьтай гарчээ. Жилийн өсөлтийн хурд энэ оны хоёрдугаар улирлын эцэс болон гуравдугаар улиралд эрчимжээд байна. Гуравдугаар улирлын эцсийн байдлаар Хан-Уул болон Сүхбаатар дүүрэгт шинэ орон сууцны нийлүүлэлт эрс нэмэгдэж, үнийн өсөлтөд нөлөөлсөэ талаар үл хөдлөх хөрөнгийн салбарынхан онцолж байна.