Categories
мэдээ нийгэм цаг-үе

Дөрвөн аймгийн нисэх буудлыг олон улсын стандартад нийцүүлэн шинэчлэхээр болжээ DNN.mn

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт агаарын тээврийн либералчлалыг үргэлжлүүлж, өрсөлдөөн бий болгох, нислэгийн тоо, чиглэлийг нэмэгдүүлэх, орон нутгийн нисэх буудлуудын ашиглалтыг сайжруулахаар тусгажээ. Мөн “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлогод “Зарим аймгийн нисэх буудлыг 4С зэрэглэлийн агаарын хөлөг хүлээн авах хүчин чадалтай аэродром, зорчигч үйлчилгээний цогцолбор олон улсын нисэх буудалтай болгож, аялал жуулчлал, гадаад худалдааг дэмжинэ” хэмээн заасан байна.

Энэ зорилтын хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 253 дугаар тогтоолоор Дорнод аймаг дахь “Чойбалсан”, Ховд аймаг дахь “Ховд”, Хөвсгөл аймаг дахь “Мөрөн”, Өмнөговь аймаг дахь “Гурван сайхан” нисэх буудлуудын хүчин чадлыг нэмэгдүүлж, олон улсын стандартад нийцсэн 4С ангиллын болгох төслийг концессын Зураг төсөл боловсруулах-шинэчлэн сайжруулах-ашиглах-шилжүүлэх төрлөөр хэрэгжүүлэхээр тогтсон юм.

Зам, тээврийн хөгжлийн яам, ИНЕГ хамтран өнөөдөр/2023.10.13/ төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд дээрх орон нутгийн нисэх буудлуудын ашиглалтыг сайжруулах ажлын хүрээнд Концессын сонгон шалгаруулалт зарлаж, нисэх буудлуудын талаар дэлгэрэнгүй танилцуулга, мэдээлэл хийлээ.

Тус Концессын сонгон шалгаруулалтад оролцох сонирхол бүхий хувийн хэвшлийнхэнтэй хийсэн уулзалтын эхэнд Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд хэлэхдээ,

“Зам, тээврийн салбарын ажлууд нь хөрөнгө оруулалт ихээхэн шаардагддаг.Тиймээс төрд дарамт багатай, хувийн хэвшлээ дэмжин оролцуулах бодлого барьж байгаа. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсаны дагуу төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд дээрх дөрвөн байршил бүхий нисэх буудлуудын ашиглалтыг сайжруулах ажлыг олон жилийн дараа амжилттай эхлүүлж байна” хэмээн онцоллоо. ИНЕГ-аас танилцуулснаар эхний ээлжинд Концессын сонгон шалгаруулалт зарласан дээрх дөрвөн нисэх буудал нь худалдаа, тээвэр ложистик, аялал жуулчлалын чиглэлээр бүс нутгийн олон улсын зангилаа нисэх буудлууд болгон хөгжүүлэх бүрэн боломжтой. Тухайлбал,

  • Ховд аймгийн “Ховд” нисэх буудлыг өргөжүүлснээр төв болон дундад ази руу баруун бүсийн мах экспортлох,
  • Хөвсгөл аймгийн “Мөрөн” нисэх буудлыг дэлхийн хамгийн цэнгэг хоёр нуур болох Хөвсгөл, Байгаль нуурыг холбон аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлэх,
  • Дорнод аймгийн “Чойбалсан” нисэх буудлыг зүүн өмнөд азийн ачаа тээврийн зангилаа бүс болгон хөгжүүлэх боломж бүрэн дүүрэн байгааг ИНЕГ-аас хийсэн судалгаа харуулж байгаа юм.

    Цаашид агаарын тээврийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд онцгой анхаарч, нисэх буудлуудын ашиглалтыг сайжруулах ажлын хүрээнд  хүчин чармайлт гаргаж, бүхий л талаар дэмжиж хамтран ажиллахаа ИНЕГ-ын дарга Ч.Мөнхтуяа илэрхийллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

БШУЯ: 70 дугаар сургуулийн сурагчид азийн наадамд бэлтгэж байна DNN.mn

70 дугаар сургууль 345 сурагчтай. Сургуулийн барилга харьцангуй том учраас нэг ээлжээр хичээллэж байна. Энэ нь бусад сургуультай харьцуулахад давуу тал болж байгаа юм. Тиймээс үдээс хойш буюу хичээл тарснаас хойш сэргээн засах, өдөр өнжүүлэх, мэргэжлийн чиг баримжаа олгох чиглэлээр үйл ажиллагаагаа өргөжүүлэхийг үүрэг болголоо.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй гэр бүлийн тухайд аав ээжийн аль нэг нь хөдөлмөр эрхлэх боломжгүй байдал үүсдэг. Тиймээс хичээл тарсны дараах цагийг сургууль дээрээ үр бүтээлтэй өнгөрүүлснээр хүүхдийг хөгжүүлэхээс гадна хөдөлмөр эрхлэх боломжийг эцэг, эх, асран хамгаалагчдад бүрдүүлж өгөх юм.

70 дугаар сургуулийн тухайд спорт засал чиглэлд түлхүү анхаарч байна. Ханжоугийн азийн наадамд хоёр тамирчин сурагчийг оролцууулахаар бэлтгэл хангаж байна. Хөгжлийн ялгаатай сурагчид азийн болон олон улсын спортын наадамд амжилт үзүүлж байсан тохиолдол олон. Тиймээс багш, сурагчдад амжилттай оролцож эх орныхоо нэрийг өндөр өргөхийг ерөөлөө.

Боловсрол, шинжлэх ухааны сайд 70 дугаар сургуулийн удирдлагуудад орчин нөхцөлөө сайжруулах, ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг бусад сургуультай хамтран менежментээ сайжруулах чиглэлд онцгой анхаарахыг санууллаа гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр могой өдөр DNN.mn

Аргын тооллын аравдугаар сарын 14, Санчир гариг. Билгийн тооллын битүүн, Тугчин одтой, хөхөгчин могой өдөр. Өдрийн наран 07:09 минутад мандан, 18:07 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, сан тавиулах, угаал үйлдэх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, сэтгэлд сэвтэй газар очих, байшингийн суурь тавихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө сэрүүсэж, 9 хэм дулаан байна DNN.mn

Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Шөнөдөө Хэнтийн уулархаг нутгаар, өдөртөө Онон, Улз голын хөндийгөөр ялимгүй хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй.

Салхи: Баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн зүүн хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Завхан голын эх болон Байдраг голын хөндийгөөр -4…-9 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -1…-6 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +5…+10 градус, бусад нутгаар -1…+4 градус, өдөртөө Дархадын хотгор, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, ОрхонСэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +6…+11 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +16…+21 градус, бусад нутгаар +11…+16 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -3…-5 градус хүйтэн, бусад хэсгээр 0…+2 градус, өдөртөө сэрүүсэж +7…+9 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 0…+2 градус, өдөртөө сэрүүсэж +6…+8 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө -1…-3 градус хүйтэн, өдөртөө сэрүүсэж +6…+8 градус дулаан байна.

Categories
гадаад мэдээ нийгэм эдийн-засаг

Аргентины төв банк бодлогын хүүгээ 133 хувь болгож нэмэгдүүллээ DNN.mn

Аргентин улсад инфляцын томоохон асуудал үүсээд байгаа билээ. Тэгвэл тус улсын төв банк ерөнхийлөгчийн сонгууль болохоос 10 өдрийн өмнө буюу пүрэв гарагт /2023.10.12/ бодлогын хүүгээ 118 хувиас 133 хувь болгож нэмэгдүүлжээ.

Есдүгээр сарын инфляцын түвшин танилцуулагдсаны дараа төв банк бодлогын хүүг нэмэх шийдвэр гаргасан байна. Тус улсад инфляцын түвшин есдүгээр сард өмнөх сартай харьцуулахад 12.7 хувь, өмнөх жилийн есдүгээр сартай харьцуулахад 138 хувь болсон аж.

Цаг ирэх тутам бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж байгаа нь Аргентинд амьдарч буй таван хүн тутмын хоёрыг нь ядуурлын түвшин рүү түлхжээ. Тус улсын төв банк пүрэв гарагийн орой /2023.10.12/ эдийн засагчдаас санал асуулга авч инфляцын түвшин энэ жилийн төгсгөл гэхэд өмнөх жилтэй харьцуулахад 180 хувь болно гэж судлаачид таамаглаж буй мэдээлсэн байна.

Зарим шинжээчид төв банкны бодлогын хүүгээ нэмэх шийдвэрийг хэтэрхий оройтож гаргалаа гэж үзэж байгаа юм. Тухайлбал нэрээ нууцлахыг хүссэн хувийн банкны менежер “Одоо бодлогын хүүгээ өсгөөд нэмэргүй. Хүүгээ өсгөлөө гээд песог ам.доллароор их хэмжээгээр сольж байгаа явдал зогсгохгүй” гэжээ.

Categories
нийгэм

Зургаан ханатай гэр шатаж, хөгжлийн бэрхшээлтэй нэг иргэн амиа алджээ DNNmn

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон багийн “Дэрс булан” гэдэг газар зургаан ханатай гэр шатаж, 22 настай хөгжлийн бэрхшээлтэй иргэн өртөж, амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ.

Тодруулбал, энэ тухай дуудлага мэдээлэл ОБЕГ-т өчигдөр 17:49 цагт ирсэн бөгөөд тус аймгийн Онцгой байдлын газрын Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн алба хаагчид 18:18 цагт очиход иргэн А-ийн зургаан ханатай гэр шатаж дууссан байжээ. Улмаар уг гал түймэрт иргэн М /22 настай эрэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй/ өртөж нас барсан тул цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.

Categories
мэдээ нийгэм

Нийгмийн даатгалын багц хуулийг олон нийтэд таниулах ажил үргэлжилж байна DNN.mn

УИХ-ын чуулганы 2023 оны долоодугаар сарын 7-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар батлагдсан Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэлийн талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батжаргал өнөөдөр Улаанбаатар дулааны сүлжээ төрийн өмчит хувьцаат компанийн 200 гаруй албан хаагчдад танилцууллаа.
Тодруулбал, “Нийгмийн даатгалын ерөнхий хууль”, “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль”, “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хууль”, “Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хууль”-ийн танилцуулга хийж, оролцогчдын асуултад хариулт өглөө.
Танилцуулгад Зөвлөх, Монгол Улсын Их сургуулийн Бизнесийн сургуулийн санхүүгийн тэнхимийн багш, Доктор, Дэд проффессор С.Ариунаа оролцож албан хаагчдын асуултад зөвлөгөө, мэдээлэл өглөө гэж ХНХЯ-наас мэдээллээ. 
Categories
мэдээ нийгэм

НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуасси Комланыг хүлээн авч уулзлаа DNN.mn

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр өнөөдөр НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуасси Комланыг хүлээн авч уулзлаа.

НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуасси Комлан Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилогдсонд баяр хүргэж, НҮБ-ын Хүүхдийн сан, Хууль зүй, дотоод хэргийн яам хоорондын урт хугацааны хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр Хүүхэд хамгааллын чиглэлээр Хууль зүй, дотоод хэргийн яамнаас баримталж буй бодлого, хуулийн төслүүдийн талаар мэдээлэл өгч, гэр бүлийн асуудлаар мэргэшсэн шүүгчдийг бэлтгэх, чадавхжуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

НҮБ-ын Хүүхдийн сангийн зүгээс Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон хүүхэд хамгааллын чиглэлээр тус яамнаас хэрэгжүүлэх бодлогыг бүрэн дэмжихээ илэрхийлж, энэ хүрээнд хамтран төсөл хөтөлбөр, сургалт зохион байгуулах бүрэн боломжтойг дурдав гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ. 

Categories
мэдээ нийгэм

БНХАУ-д болсон газар хөдлөлтийн үеийн хариу арга хэмжээний дадлага сургуульд оролцлоо DNN.mn

БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын яамнаас “Бүс ба Зам” онцгой байдлын удирдлага болон гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын хамтын ажиллагааны механизмын хүрээнд газар хөдлөлтийн үеийн хариу арга хэмжээний дадлага сургууль 2023 оны аравдугаар сарын 10-12-ны өдрүүдэд БНХАУ-ын Бээжин хотноо болж өндөрлөлөө.

Дадлага сургууль БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын яамны харьяа Газар хөдлөлтийн хариу арга хэмжээнд дэмжлэг үзүүлэх үндэсний албанд Олон улсын эрэн хайх, аврах, зөвлөлдөх бүлгийн зөвлөмжийн дагуу зохион байгуулагдсан.

Дадлага сургуульд Монгол, Хятад, Беларус, Тайланд, Малайз, Сингапур, Пакистан зэрэг нийт 9 улсын эрэн хайх, аврах, туслах зөвлөх бүлгийн “дунд” болон “хүнд” ангиллын багууд оролцсон ба Онцгой байдлын ерөнхий газар, Үндэсний аврах бригадаас нийт гурван алба хаагч оролцож өгөгдсөн цагийн байдлын дагуу хариу арга хэмжээ авч харилцан туршлага солилцсон юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

ЦЕГ: CU дэлгүүрт сүх барьж танхайрсан бичлэгийн дагуу шалгалтын ажиллагааг эхлүүлсэн DNN.mn

Энэ сарын 11-ний шөнө CU дэлгүүрт нэгэн этгээд сүх барин танхайрч буй бичлэг олон нийтийн сүлжээнд нийтлэгджээ.

Бичлэгийн талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад “Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэс CU дэлгүүрт сүх барьж танхайрсан бичлэгийн дагуу гомдол, мэдээллийн бүртгэлд авч, шалгалтын ажиллагааг эхлүүлээд байна.

Тухайн үед ямар нэгэн гэмтэл учруулаагүй учир цагдаагийн байгууллагад дуудлага, мэдээлэл өгөөгүй” гэсэн тайлбарыг өгөв.

Цагдаагийн байгууллагаас дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.

  • Дэлгүүрүүд хамгаалагч байнга байлгах, аюулгүй байдлаа хангахын тулд технологийн дэвшил бүхий камер ашиглах
  • Биедээ зэвсгийн чанартай зүйл авч явах нь бусдыг заналхийлэх гэмт хэрэг, зөрчил учир хууль, журмыг биелүүлж, бусдын эрхийг хүндэтгэх
  • Нэг хормын уур хилэн нөхөж баршгүй хохирол учирч болзошгүй