Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2023.10.18/ хуралдаанаар Сонгогчдын нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 28.8-д “… Сонгогчдын нэрийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны даргыг цөөнхийн бүлгийн гишүүдээс, хэрэв цөөнхийн бүлэг байгуулах гишүүдийн тоо хүрэхээргүй бол цөөнхийн гишүүдээс сонгоно.” гэж заасны дагуу УИХ дахь АН-ын бүлгээс Төрийн байгуулалтын байнгын хорооны даргад ирүүлсэн саналыг хуралдаан даргалагч танилцуулав.
Уг саналд Сонгогчдын нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнээс УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийг чөлөөлж, дэд хорооны даргад УИХ-ын гишүүн Ж.Батсуурийг томилуулахаар тусгажээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийг Сонгогчдын нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлж, УИХ-ын гишүүн Ж.Батсуурийг тус дэд хорооны гишүүнээр батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг дэмжих нь зүйтэй гэж үзлээ.
Дараа нь Сонгуулийн ерөнхий хорооны Тамгын газрын орон тооны дээд хязгаарыг тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл болон холбогдох бусад Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцэв.
Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасны дагуу Сонгуулийн ерөнхий хорооноос 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 1/342 тоот албан бичгээр ирүүлсэн саналын дагуу Сонгуулийн ерөнхий хорооны Тамгын газрын орон тооны дээд хязгаарыг тогтоох тухай асуудлыг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт заасныг баримтлан боловсруулсан байна.
Байнгын хороонд ирүүлсэн саналтай холбогдуулан Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн “17.1.Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлийг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Улсын Их Хурал тогтооно.”, 18 дугаар зүйлийн 18.7-д “… Сонгуулийн ерөнхий хорооны … ажлын албаны удирдах, гүйцэтгэх албан тушаалын ангилал, зэрэглэлийг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Улсын Их Хурал тогтооно.” гэж тус тус заасны дагуу Сонгуулийн ерөнхий хорооны орон тооны дээд хязгаарыг тогтоолгох, түүнтэй холбогдуулан Монгол Улсын Их Хурлын “Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлийг тогтоох тухай” 2019 оны 02 дугаар тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах, “Төрийн зарим байгууллагын албан тушаалын ангилал, зэрэглэлийг тогтоох тухай” 2019 оны 18 дугаар тогтоолын хавсралтад тус тус өөрчлөлт оруулах Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр ирүүлсэн саналыг үндэслэн боловсруулжээ.
Мөн “Сонгуулийн ерөнхий хорооны Тамгын газрын орон тооны дээд хязгаарыг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлд Сонгуулийн ерөнхий хорооны Тамгын газрын орон тооны дээд хязгаарыг 60 албан хаагчтай байхаар, тогтоол батлагдсантай холбогдуулан Сонгуулийн ерөнхий хорооны холбогдох төсөв, үйл ажиллагаагаа явуулахад шаардагдах санхүүгийн асуудлыг шийдвэрлэх талаар арга хэмжээ авахыг Монгол Улсын Засгийн газарт даалгахаар зохицуулсан байна.
Байнгын хорооны хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцэх үед УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн барьж, УИХ баталсан Улс төрийн намын тухай хууль улс төрийн салбарын хамгийн том өөрчлөлтийн нэг байсан. Намуудад тавигдсан том шалгуурууд чухал өөрчлөлтийг авчирна. Намууд нийгмийн өмнө ямар нэг үүрэг хүлээдэггүй, эрх мэдэлд тэмүүлсэн хүмүүсийн бүлэглэл бөөгнөрөл, улс төрд гарсан хойноо бялуу хуваах институц гэсэн ойлголт тогтоод 30 жил болсон. Үүнийг өөрчлөх шинэчлэл нь Улс төрийн намын хууль. Хуулийг хэрэгжүүлж, хяналт тавих гол институт бол сонгуулийн төв байгууллага. Тийм учраас бид сонгуулийн төв байгууллагын хүний нөөц болоод хяналт тавих үүрэг функцийг өргөжүүлэх нь зүйтэй. Улс төрийн намууд сонгуульд чиглэсэн цаг зуурын өрсөлдөөн явуулдаг этгээдүүд биш иргэдийнхээ өмнө үүрэг хүлээдэг, иргэдийн улс төрийн боловсролд хөрөнгө оруулдаг, сургалт хийдэг болж, энэ бүх үйл ажиллагааг сонгуулийн төв байгууллага хянах учиртай. Тийм учраас сонгуулийн төв байгууллагын хүний нөөцийг өргөжүүлэх шаардлагатай. Сонгуулийн төв байгууллага байнгын үйл ажиллагаатай, сонгогчдод сонгуулийн үйл явцын талаар, улс төрийн боловсролын талаар мэдээлэл өгдөг байгууллага болох ёстой. УИХ шаардлагатай хүний нөөцийн болон төсвийн дэмжлэгүүдийг өгөх ёстой хэмээсэн.
УИХ-ын гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Сонгуулийн ерөнхий хорооны Тамгын газрын орон тооны дээд хязгаарыг тогтоох тухай, Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай, Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.