Categories
гадаад мэдээ

Японы экспорт зургадугаар сараас хойш анх удаа өсчээ DNN.mn

Өнгөрсөн сард Японы экспортын хэмжээ өнгөрсөн оны мөн үеийнхээс 4.3 хувиар нэмэгдэж, 9.198 их наяд иенд /61.4 тэрбум ам.доллар/ буюу дээд үзүүлэлтэд хүрсэн байна. Уг үзүүлэлт зургаадугаар сараас хойш анх удаа өсжээ.

Экспортын хэмжээ наймдугаар сард 0.8 хувиар унасны дараа 3.1 хувиар өснө гэж “Trading Economics”-ийн шинжээчид таамаглаж байв.

Японы Сангийн яамнаас мэдээлснээр, гадаад руу тоног төхөөрөмжийн нийлүүлэлт 1.4 хувиар буурсан байна. Аж үйлдвэрийн бүтээгдэхүүний экспорт 2.2 хувиар, түүний дотор өнгөт металлын экспорт 2.9 хувиар өсжээ. Үүний зэрэгцээ тээврийн хэрэгслийн гадаад дахь борлуулалт 21.2 хувь, түүний дотор автомашиных 30.4 хувиар өссөн байна.

Хятад руу хийсэн экспорт 6.2 хувиар, Өмнөд Солонгос руу 4.2 хувиар, Сингапур луу 17.6 хувиар, Орос руу 64.1 хувиар тус тус буурчээ. Харин АНУ руу нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний хэмжээ 13 хувиар, Энэтхэг рүү  11.4 хувиар, Австрали руу 12 хувиар, Европын Холбооны орнууд руу 12.9 хувиар өсөв.

Японы импорт өнгөрсөн сард 16.3 хувиар буурч 9.136 их наяд иен болсон бол өнгөрсөн наймдугаар сард 17.7 хувиар буурсан үзүүлэлттэй гарч байв. Тус улсын импортын хэмжээ зургаан сар дараалан буурчээ. Шинжээчид есдүгээр сард импорт дунджаар 12.9 хувиар буурна гэж таамаглаж байв.

Ашигт малтмалын түлшний импорт 37.8 хувиар, түүний дотор байгалийн шингэрүүлсэн хий 44.8 хувь, газрын тос 32 хувиар буурсан байна. Химийн бүтээгдэхүүний худалдан авалт 23.5 хув, аж үйлдвэрийн бараа 10.3 хувь, өнгөт металл 25.1 хувь, эмнэлгийн бараа бүтээгдэхүүн 31.9 хувиар буурсан байна. Үүний зэрэгцээ тээврийн хэрэгслийн импорт 19 хувиар өсжээ.

Өнгөрсөн сард Япон улсын гадаад худалдаа гурван сарын хугацаанд анх удаа 62.44 тэрбум иенийн ашигтай гарсан байна. Өмнөх оны мөн сард 2.099 их наяд иенийн алдагдал хүлээж байсан бол энэ оны наймдугаар сард 937.8 тэрбум иен болж буурч байв.

Categories
мэдээ нийгэм

ГССҮТ-ийн салбар эмнэлгийн “Нээлттэй хаалганы өдөрлөг”-өөр 250 гаруй иргэн хамрагджээ DNN.mn

Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс салбар эмнэлгийнхээ үйл ажиллагааг танилцуулах, төвлөрлийг сааруулах, тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг амжилттай зохион байгууллаа.

Өдөрлөгийн хүрээнд тус салбар эмнэлгийн бүтэц зохион байгуулалт, амбулатори болон хэвтүүлэн эмчлэх тасгуудын үйл ажиллагаа, тусламж үйлчилгээнд нэвтрүүлсэн онцлох дэвшилтэт технологи, эмчилгээний аргуудаас гадна гэмтэл согогийн яаралтай тусламж үйлчилгээг харъяалал харгалзахгүй 24 цагаар үзүүлж буй Яаралтай тусламжийн тасгийн танилцуулга мэдээллийг иргэд олон нийтэд хүргэж ажиллалаа.

No description available.

Түүнчлэн энэ өдөр осол гэмтлийн яаралтай тусламж, үений эмгэг, дурангийн мэс засал, спортын бүх төрлийн эмгэг, доод мөчдийн гэмтэл согог, ясны эмгэг судлал, ясны хавдар, нөхөн сэргээх мэс засал (гар сарвуу), түлэгдэлт, сэргээн засах эмчилгээ, чих хамар хоолойн үзлэг ба ясны сийрэгжилт, биеийн жингийн индекс тодорхойлох үйл ажиллагаанд нийт 250 гаруй иргэд үйлчлүүлэгч хамрагдаж, эрүүл мэндийн зөвлөгөө мэдээлэл авчээ.

Улсын хэмжээнд гэмтэл согогийн төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлдэг ГССҮТ-ийн салбар эмнэлгийн шинэ барилга өнгөрсөн тавдугаар сард бүрэн ашиглалтад орсноор тусламж үйлчилгээний чанар хүртээмж 25-30 хувиар нэмэгдэж, үйл ажиллагааны цар хүрээ улам бүр өргөжин тэлсээр байна.

Ялангуяа төв эмнэлэгт өдөрт 400-550 гаруй үйлчлүүлэгчид яаралтай тусламж үйлчилгээ үзүүлдэг бөгөөд ачаалал ихтэй цагуудад үйлчлүүлж байгаа иргэд оочер дараалал урт, тусламж үйлчилгээ авахад хүлээгдэл ихээхэн үүсдэг байна.

No description available.

Иймд осол гэмтлийн яаралтай тусламж үйлчилгээг тус салбар эмнэлэгт ч мөн 24 цагаар зохион байгуулснаар төвлөрөл саарч,зөвхөн төв эмнэлэгт үзүүлэх гэсэн оочер дараалал үүсэхгүй, хүлээгдэл чирэгдэл нэмэгдэхгүй, автозамын түгжрэлд орж цаг алдахгүй, хаяг байршлын ялгаатай байдлаас үүдэн хугацаа алдалгүй, яаралтай тусламжийг шуурхай авах нөхцөл бүрдэх юм.

Ингэснээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд ойртуулах, улмаар төвийн ачаалал төвлөрлийг сааруулах, хүлээгдэл чирэгдлийг бууруулахад чухал ач холбогдолтой юм.

“Нээлттэй хаалганы өдөрлөг”-өөр иргэдийн дийлэнх хувь нь гар сарвуу, доод мөчдийн хугарал, өвдөг мөрний үений гэмтэл, ясны эмгэг согог, дурангийн мэс заслын үзлэг оношлогоонд хамрагдсан бөгөөд нийт үйлчлүүлэгчдийн 30 гаруй хувьд хамгийн сүүлийн үеийн 64 зүслэгтэй компьютер томографи, хэвлийн ЭХО, рентген шинжилгээ хийж, шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

III улирлын НӨАТ-ын буцаан олголтоор 7 төрлийн татвар төлөх боломжтой DNN.mn

Нэмэгдсэн Өртгийн Албан Татвар(НӨАТ)-ын гуравдугаар улирлын буцаан олголтоосоо татвараа төлөх асуулга аравдугаар сарын 18-22-нд eBarimt аппликэйшнээр явагдаж байна.

Үүнд “Тийм” товч дарснаар

  • Автотээврийн хэрэгслийн албан татвар
  • Галт зэвсгийн албан татвар
  • Үл хөдлөх хөрөнгийн албан татвар
  • Газрын төлбөр
  • Газрын үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар
  • Малын тоо, толгойн албан татвар
  • Авто зам, замын байгууламжийн албан татвараа төлөх боломжтой байдаг.
Categories
мэдээ нийгэм

2023 онд эхний ээлжийн 300 сургууль ухаалаг ангитай болно DNN.mn

Боловсролын салбарт эрх зүйн шинэчлэл хийж гэрт ойр сургууль хамгийн сайн сургууль байх боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна.

Тухайн суралцагч хаана амьдарч, ямар сургуульд суралцаж байгаагаас үл хамааран дэлхийн хэмжээний болон үндэсний хамгийн сайн багшийн хамгийн сайн хичээлд хамрагдах боломж нээгдэж байгаа юм.

Үүний жишээ нь англи хэлний Pearson, математикийн Eduten, үндэсний хэмжээний Medle цахим сургуульд эх орны өнцөг булан бүрээс сурагчид хамрагдаж байна. Орон зайнаас үл хамааран эдгээр платформоор дамжуулан суралцахын тулд цахим дэд бүтцийг бэхжүүлэх шаардлага тулгарсан.

Тиймээс цахим дэд бүтцийг бэхжүүлэх чиглэлээр гурван багц арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлж байна.

  • Сургууль бүрийг өндөр хурдны интернэттэй холбох
  • Багш бүрийн компьютержуулах
  • Сургууль бүрд ухаалаг анги байгуулна.

Өнөөдөр БНСУ-ын NAVER Cloud ХХК-тэй хамтран “Ухаалаг анги-цахим сургалт үнэлгээний төв” төслийг нээлээ. Ингэснээр энэ онд багтаан төрийн өмчийн 300 сургууль дижитал ангитай болно. Дижитал ангиас сурагчид олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн платформуудаар дамжуулан хичээлээ үзэх юм.

Боловсролын салбарт цахим дэд бүтцийг сайжруулснаар

  • Боловсролын хүртээмж сайжирч, тэгш хамран суралцах орчин бүрдэнэ.
  • Боловсролын чанарын ялгаа арилна
  • Ухаалаг ангид 1-12 дугаар ангийн бүх судлагдахууныг цахим дэд бүтэц ашиглан заах боломжтой
  • Багшийн цахим ур чадвар дээшилнэ
  • Сурагч нэг бүр өөрийн түвшинд нийцсэн хичээл үзэх боломж бүрдэнэ
  • Сурагчдын сурлагын ахиц амжилтыг зөв үнэлэх, дүгнэх боломж бүрдэж багш эцэг эхийн хяналт сайжирна
  • Багш нар ажлын байрнаасаа модуль сургалтад хамрагдан
  • Элсэлтийн Ерөнхий Шалгалт, Чанар, гүйцэтгэлийн үнэлгээг ч олон улсын жишгээр цахимаар зохион байгуулах боломжоор хангагдаж байна.

Ухаалаг анги байгуулах санхүүжилтийг лизинг хэлбэрээр 4 жилийн хугацаанд хуваан төлөхөөр шийдвэрлээд байна. Энэ нь боловсролын салбарт төр хувийн хэвшлийн түншлэлийг нэвтрүүлж байгаа сайн жишээ юм. 4 жилийн хугацаанд тоног төхөөрөмжийн арчилгаа, засвар үйлчилгээ, багшийн цахим ур чадвар олгох сургалтыг нийлүүлэгч талаас хариуцна.

Эх сурвалж: БШУЯ

Categories
мэдээ нийгэм

Хэргийг нь эцэслэн шийдвэрлэх хүртэл “Акуа гарден”-ыг нураах захирамжийг шүүхээс түдгэлзүүлэв DNN.mn

“Эм энд Жи констракшн” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч талаас гаргасан маргаан бүхий захиргааны хоёр актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай хүсэлтийг хэлэлцэв.

Захиргааны хэргийн шүүхийн хяналтад буй захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх асуудлыг хүсэлт хэлэлцэх ажиллагааны журмаар шүүх хөндлөнгийн байр сууринаас оролцож, хэргийн оролцогчдоос гаргасан баримтад үндэслэн шийдвэрлэдэг журамтай байна.

1.Маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2023 оны наймдугаар сарын 30-ны өдрийн “Газар эзэмших эрхийн талбайн хэмжээг өөрчлөх тухай” А/1002 дугаар захирамжийн биелэлтийг түдгэлзүүлэх тухай нэхэмжлэгч талаас гаргасан хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Учир нь нэхэмжлэгчийн эзэмшиж буй газрын хэмжээг багасгасан захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1-д зааснаар нийтийн ашиг сонирхолд илт хохирол учруулж болзошгүй байна гэж шүүх дүгнэв.

2.Харин дээрх захиргааны актаас үргэлжилсэн шинжтэй гарсан маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2023 оны наймдугаар сарын 30-ны өдрийн “Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангаж, хуулийн хэрэгжилтийг зохион байгуулах тухай” А/1000 дугаар захирамжийн биелэлтийг хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэв.

Уг захиргааны акт нь маш олон зохицуулалтыг өөртөө агуулсан, энэ утгаараа нэхэмжлэгч хуулийн этгээдэд эрх зүйн түр хамгаалалт авах зайлшгүй нөхцөлийг үүсгэж байна гэж шүүх үзэж, хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл барилгыг нураах, чөлөөлөх зэрэг агуулгаар гарсан уг захирамжийн биелэлтийг түдгэлзүүлэв.

Санамж: Энэхүү тойм нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.

 

Тойм бичсэн: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.Бадамсүрэн

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Дарханы замын хаасан хэсгийг өнөөдөр нээнэ DNN.mn

Улаанбаатар-Дархан чиглэлийн хоёр урсгал 4 эгнээ бүхий авто замыг бүрэн ашиглалтад оруулах ажлын хүрээнд зарим хэсгийн хөдөлгөөнийг хаагаад байна.

Тодруулбал, 2023 оны аравдугаар сарын 17-21-ний өдрийн 18 цаг хүртэлх хугацаанд тус чиглэлийн авто замын эхлэл буюу баруун аймаг руу салдаг уулзвараас төмөр замын 361 дэх гарам хүртэлх замд II үеийн асфальтбетон хучилт хийгдэх тул хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлаж, зорчих хөдөлгөөнийг Эмээлт, Хүй долоон худгийн замаар зорчуулж байна.

Дээрх хугацаанд Дархан, Сэлэнгэ, Эрдэнэт чиглэлээс ирж буй зорчигчдыг 361-р гармын хойд талаар нэвтрүүлэх тул иргэд, зорчигч та бүхэн зам, барилгын ажилд хүлээцтэй хандаж, аюулгүй байдлаа ханган хөдөлгөөнд оролцохыг хичээнгүйлэн хүсье.

Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг өнөөдөр18:00 цагт нээнэ.

Categories
мэдээ улс-төр

УИХ: Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ DNN.mn

Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн (2023.10.20) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн  2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн явууллаа. Хуулийн төслүүд Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасны дагуу Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан шалгуурыг хангасан эсэх асуудлаар санал хураахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 87.5 хувь нь дэмжив. Иймд хуулийн төслүүдийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороо болон Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд шилжүүллээ.

Дараа нь Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх, эсэх асуудлыг хэлэлцэв.

Хууль санаачлагчийн илтгэлийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа тавилаа. Тэрбээр илтгэлдээ Монгол Улсын хүүхдийн статистик мэдээллийг товч дурдаад, 2022 онд хүүхэд оролцсон 1540, хүүхэд хохирсон 2014 гэмт хэрэг гарч, үүний улмаас 92 хүүхэд нас барж, 177 хүүхэд гэр бүлийн, 358 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөнийг мэдээллээ. Засгийн газраас Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулахдаа хуулиар үүрэг хүлээсэн төрийн бүх шатны байгууллага, албан туаалтан, хуулийн этгээдийн үүрэг оролцоотой уялдуулж хүүхэд хамгааллын байгууллагын удирдлага, зохион байгуулалт, хамгааллын үйлчилгээний хэлбэр, үйлчилгээ үзүүлэх кейс менежментийн үе шат, хүүхэд хамгааллын үйлчилгээний санхүүжилтийн эх үүсвэрийг тодорхойлж, хуулийн давхардал, хийдлийг арилгаж, гэр бүл төвдөө хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх эрх зүйн үндэслэлийг бий болгохыг зорьжээ. Хуулийн төсөл боловсруулах хүрээнд, 20 удаагийн хэлэлцүүлгийг Засгийн газрын гишүүд, төрийн бүх шатны байгууллага, олон улсын болон иргэний нийгмийн төлөөлөл, их, дээд сургуулийн эрдэмтэн багш, судлаачид, 1300 гаруй хүүхэд оролцуулан зохион байгуулж, тэдний саналыг авсан байна.

Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд, хүүхэд хамгааллын байгууллагын удирдлага, зохион байгуулалт, нэгдсэн мэдээллийн сан, хүүхэд хамгааллын цахим хувийн хэрэг үүсгэх, ашиглах асуудлуудыг шинээр тодорхойлж, барилга, байгууламж, авто зам, замын байгууламжийг ашиглалтад оруулах комиссын бүрэлдэхүүнд хүүхдийн эрх, хамгааллын чиглэлээр ажилладаг магадлан итгэмжлэгдсэн хуулийн этгээдийн төлөөлөл оруулах, сургуулийн орчинд гардаг үе тэнгийнхний дээрэлхэлт, хурдан морины уралдаанч хүүхдийг хамгаалах, гамшиг, онцгой нөхцөл байдлын үеийн хүүхэд хамгаалал, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үеийн болон гэр бүл, боловсрол, эрүүл мэнд, хэвлэл, мэдээлэл, цахим орчны хяналт, соёл, спорт, олон нийтийн арга хэмжээ, үйлчилгээний үе дэх хүүхэд хамгааллыг өргөжүүлэхээр тусгажээ. Тухайлбал, эцэг, эх, асран хамгаалагчийн үүрэг, хориглох зүйл, хүүхэд хамгааллын сургалтад хамрагдсаны үндсэн дээр халамж тэтгэмж олгох зэрэг тодорхой нөхцлүүдийг зааж, боловсрол, сургалтын байгууллага дотуур байр, сүм хийдийн дэргэдэх дотуур байран дахь хүүхэд хамгааллыг тодорхойлж, зөрчлийн мөрөөр авах арга хэмжээ, үйлчилгээний процессыг боловсронгуй болгох зохицуулалтуудыг орулсан байна. Мөн салбар бүр хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх журам баталж, шаардагдах санхүүжилтээ Засгийн газраас баталсан нормативын дагуу төсөвлөн, жил бүрийн улсын төсөвт тусган хэрэгжүүлэх зэрэг шинэ зохицуулалтуудыг оруулсан байна. Түүнчлэн, Монгол Улсын нутаг дэвсгэр дээр түр болон байнга оршин сууж байгаа хүүхэд Монгол Улсын харьяат эсэхээс үл хамааран энэ хууль үйлчлэхээр, Хүүхдийн эрхийн тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенц, Хүүхдийн эрхийн тухай хуультай нийцүүлэн хүүхэд хамгааллын тогтолцоог өргөжүүлэхээр заажээ.

Хүүхэд хамгаалал бол бүх нийтийн хэрэг гэдгийг сайд илтгэлдээ онцлоод, хүүхдийн эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг мэргэшсэн төрийн бус байгууллага, олон нийт, сайн дурын ажилтны дэмжлэг туслалцаа, хүүхдүүдийн өөрсдийнх нь оролцоотойгоор зохион байгуулдаг байхаар төсөлд тусгасныг дурдав.

Хуулийн төслүүдийг хэлэлцэх, эсэх асуудлыг Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг танилцуулав. Байнгын хорооны хуралдааны үеэр Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир, М.Оюунчимэг, Ц.Идэрбат, Б.Баярсайхан нар, эцэг, эхэд хүлээлгэх үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, улсын байцаагчийн орон тоо, бүтэц, зардал, салбар дундын уялдаа холбоог сайжруулах, хамтарсан багийн гишүүдийг тогтвортой ажиллуулах болон төсвийг зориулалтын бусаар зарцуулсан этгээдэд хүлээлгэх хариуцлага, ийм төрлийн хууль бус үйлдлийг таслан зогсоох, төсвийг нэмэгдүүлснээр гарах үр дүн, олон улсын болон бусад байгууллагын үнэлгээ, дүгнэлт,  одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн дүн шинжилгээг хэрхэн харгалзсан зэргийг асууж, хариулт авсан байна. Мөн, Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн эрүүл мэндийн ажилтан ажил, үүргээ гүйцэтгэх явцдаа эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийн талаар таамагласан, мэдсэн үедээ нэн даруй заавал мэдэгдэх зохицуулалт хэрэгжиж байгаа эсэх, мөн өндөр өртөгтэй хагалгаа болон Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй өвчнөөр өвдсөн хүүхдүүдийг  гадаадад эмчлүүлэх зардлыг улсын төсвөөс бүрэн хариуцах боломж, Улсын Их Хурлын гишүүн Д.Батлут хүүхэд хамгааллын төсвийн хэдэн хувь нь урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлд зарцуулагдсан, цахим орчинд сөрөг агуулгатай мэдээлэл тарааж байгаад тавих хяналт, түүнийг таслан сэргийлэх, гэр бүлийн хүчирхийлэлд өртөх магадлалтай хүүхдийн талаарх судалгаа зэрэг асуудлыг хөнджээ.

Түүнчлэн, Байнгын хорооны хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, С.Ганбаатар, Ц.Идэрбат, С.Одонтуяа, Ц.Сандаг-Очир, Б.Бейсен, Б.Баярсайхан нар хуулийн төсөлтэй холбогдуулан үг хэлж, хүүхдийн эрхийн мэргэжилтнүүдийг хүн амын тоотой уялдуулан бэлтгэж бүрдүүлэх, хүүхдээ хамгаалах үүргээ биелүүлээгүй эцэг, эхэд оногдуулах хариуцлагыг чангатгах, хүүхдийг хамгаалах, хүмүүжүүлэх ардын зан заншил, түүх, өв соёл, соён гэгээрүүлэх аргуудаас хуулийн төсөлд тусгах, боловсролын байгууллагуудаар дамжуулан хяналт тавих, Хүний эрхийн Үндэсний Комиссын хүүхдийн эрхийг хамгаалах гишүүний орон тоог нэмэгдүүлэх, нийгмийн ажилтны орон тоог нэмж, ажлын ачааллыг багасгах, бүх шатны Засаг даргын төсөвт хүүхэд хамгааллын санхүүжилтийг заавал тусгах, ажилдаа сэтгэлгүй, хангалтгүй хандаж байгаа албан тушаалтнуудын асуудлыг шийдвэрлэх, цэцэрлэг, сургуулийн орчны аюулгүй байдлыг хангах, хүүхдийн гэр бүлийн хүмүүжилд анхаарах, цахим орчин дахь хүүхэд хамгааллыг сайжруулах, Монголын телевизүүдийн холбоо, Монголын хэвлэл мэдээллийн зөвлөлтэй байгуулсан хүүхдийн хүмүүжилд сөрөг нөлөөтэй контентуудыг хязгаарлах тухай санамж бичгийн хэрэгжилтийг сайжруулах зэрэг санал гаргасан байна.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар дээрх хуулийн төслүүдийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүд дээр дурдсан асуудлуудыг дахин хөндөж, төслүүдийн боловсруулалт, үүний хүрээнд хийгдсэн судалгаа, шинжилгээ, холбогдох байгууллагын санал, дүгнэлтийг авсан болон бий болсон нөхцөл байдалд дүгнэлт хийсэн эсэх зэрэг өргөн хүрээний асуудлаар асуулт асууж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал нар болон Ажлын хэсгийн гишүүдээс дэлгэрэнгүй хариулт авсан юм. Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Д.Сарангэрэл, Б.Энх-Амгалан, Д.Батлут, Т.Энхтүвшин, Ц.Сандаг-Очир, Б.Саранчимэг П.Анужин Т.Аубакир, Ц.Мөнхцэцэг, Б.Баярсайхан, Л.Энх-Амгалан, Г.Ганболд, Б.Бейсен, С.Одонтуяа нар хүүхэд хамгааллын тогтолцоо, эрх зүйн орчныг боловсронгуй болгохын тулд хуулийн үйлчлэх хүрээ, бодлогын зохицуулалт, тэдгээрийн уялдаа холбоог нягтруулах, хүний нөөц, зардлыг зохистой шийдвэрлэх, нийгэм, гэр бүл, сургууль, цэцэрлэгийн болон цахим орчныг хүүхдэд илүү ээлтэй, зөв нөлөөлөлтэй болгоход чиглэсэн олон талт хамтын ажиллагааг сайжруулахтай холбоотой асуудлуудыг сөхөж, хуулийн төслүүдийг илүү чамбайруулж, зохицуулалтуудыг үр дүнтэй, хэрэгжихүйц байдлаар тусгаж нь зүйтэй талаар ярив. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Б.Баярсайхан, Дэлхийн банкнаас 2020 онд хийсэн “Ядуурлын дүр төрх” судалгаагаар Монгол Улсын таван ядуу хүн тутмын хоёр нь хүүхэд байна гэсэн дүн гарсныг дурдаж, хуулийн төслийг хүүхэд хамгааллын босоо тогтолцоонд уялдуулж боловсруулсныг шүүмжилсэн юм. Мөн тэрбээр хүүхдийн хөдөлмөрийн зохицуулалт, үе тэнгийн дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалтын талаар нарийвчилсан зохицуулалт тусгагдаагүй, цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах асуудал төслүүдэд сул туссан талаар саналаа хэлж, эрх зүйн орчин тодорхой хэмжээнд бүрдсэн ч хэрэгжилт хангалтгүй байснаас өнөөдрийн нөхцөл байдал бий болсныг сануулан, хуулийн шинэчилсэн найруулга батлагдан гарснаар хүндрэлтэй, шийдлээ хүлээсэн асуудлууд цэгцрэх эсэх талаар асууж, хариулт авсан юм. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир хууль баталсан төдийгөөр хүүхдийн эрхийн зөрчил, хамгааллын асуудал шийдэгдэхгүй, төр, нийгмийн бүх шатандаа анхаарал хандуулж, байгууллагууд өөр өөрийн эрх, үүргийн хүрээнд хамтран ажиллаж байж шийдэгддэгийг сануулаад, нийгмийн хандлага, хүүхдийн хүмүүжил, төлөвшилд онцгой анхаарах ёстойг онцолсон юм.

Асуулт, хариулт дууссаны дараа Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг, Ж.Сүхбаатар, Б.Бейсен нар хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжиж үг хэлэв. Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг, хүүхэд хамгааллын асуудлыг улс төржүүлж, тогтолцоог нь тогтворгүй байдлаар хэрэгжүүлж, эцэг эх, гэр бүлээс нь салангидаар авч үзэж ирсний үр дагавараар өнөөдрийн ноцтой байдалд хүрснийг анхааруулаад, бодлого, тогтолцоог зөв болгоход онцгой анхаарах, орон нутгийн удирдлагын энэ талаарх үүрэг, хариуцлагыг өндөржүүлэх, эрх зүйн шинэчлэлийг судалгаа, тооцоо, шинжлэх ухааны үндэслэлд тулгуурлан хийх учиртайг дурдсан бол Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар, хууль хэрэгжихгүй, түүнийг хэрэгжүүлэхгүй байгаа явдал бол төрийн чадамж, тухайн салбарын удирдлагын үр нөлөөтэй холбоотой гэдгийг онцолсон юм. Тэрбээр, яамд, агентлагууд болон нутгийн удирдлагын тогтворгүй, мэргэжлийн бус байдал нь энэхүү төрийн чадамж, хуулийн гүйцэтгэлийг сулруулж байна гээд, үр нөлөөтэй хамтран ажилладаг тогтолцоог засаглалын бүх түвшинд бий болгох шаардлагатай бөгөөд төр бүгдийг хийх боломжгүй тул олон нийтийн оролцоо, хандлагад тулгуурлах ёстойг тэмдэглэв. Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен, хүүхэд хамгааллын талаар алдаа гаргасан, нуун дарагдуулсан, гэм буруутай эдгээдүүдтэй үгсэн хуйвалдсан албан тушаалтнуудад хариуцлага тооцох асуудал чухал байгааг онцолж, хүүхдийн эмч, сэтгэл судлаачдыг бэлтгэх, засаг захиргаа, эрүүл мэндийн анхан шатны нэгжүүд дээр заавал ажиллуулах асуудалд анхаарал хандуулах цаг болсныг хэлэв.

Ингээд Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Нийгмийн бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийн дагуу хэлэлцэх нь зүйтэй гэсэн томъёоллоор санал хураахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 58.1 хувь нь дэмжлээ. Иймд хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэж үзэн, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүлэв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ногоон автобусын худалдан авалтыг шалгах ажлын хэсгийг иргэдийн саналаар байгуулна DNN.mn

Нийтийн тээвэрт шинэчлэл хийхээр улсын төсвөөс зарцуулсан 318 тэрбум төгрөгийн худалдан авалтад оролцсон холбогдох төрийн байгууллага, албан тушаалтнуудыг шалгахаар ажлын хэсэг байгуулах хүсэлт гаргалаа.

Тодруулбал, Нийтийн өргөдөл хүлээн авах Улсын Их Хурлын цахим системд Монгол улсын иргэн Б.Мягмардорж өнөөдрийн /2023.10.20/ 13:47 минутад дээрх хүсэлтээр өргөдөл гаргасан байна. 33000 иргэн уг цахим өргөдөлд гарын үсэг зурвал ажлын хэсэг байгуулах юм. 12 цагийн байдлаар 3224 хүн гарын үсгээ зурж нэгдээд байна.

D-өргөдөл буюу “Нийтийн цахим өргөдөл, гомдлын систем”-д Монгол Улсын 18 насанд хүрсэн иргэн “ДАН” системээр эсвэл цахим гарын үсгээр баталгаажуулан нэвтэрч саналаа өгөх боломжтой.

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд зааснаар, иргэн та D-өргөдөл цахим системд өргөдөл гарган, тус санаачилга нь 33.000 иргэний гарын үсэг буюу дэмжлэгийг авсан тохиолдолд тодорхой асуудлаар ажлын хэсэг байгуулах, 70.000 иргэний гарын үсэг буюу дэмжлэгийг авсан тохиолдолд Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хяналт шалгалт явуулах, 100.000 иргэний гарын үсэг буюу дэмжлэгийг авсан тохиолдолд Улсын Их Хурлаар шийдвэрлүүлэх боломжтой юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлсэн.

Хэрэв та уг саналд нэгдэх бол ЭНД дарна уу.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Баавгайн савар худалдаалахыг завдсан иргэнийг шалгаж байна DNN.mn

Цагдаагийн байгууллагаас 2023 оны аравдугаар сарын 19-ны өдөр иргэн “Ү” нь зохих зөвшөөрөлгүй 3 ширхэг баавгайн саврыг бусдад худалдан борлуулах зорилгоор Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт автомашиндаа тээвэрлэн явахад нь илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Иймд иргэд та бүхэн зохих зөвшөөрөлгүй ховор, нэн ховор амьтны жагсаалтад багтсан амьтныг агнах, барих, зориудаар тэжээж гаршуулах, үржүүлэх, тэдгээрийн гаралтай түүхий эдийг хадгалах, худалдах, худалдан авах, тээвэрлэхээс татгалзаж, уг амьтдыг хамгаалах үүргээ биелүүлж хууль бус үйлдлийн талаар холбогдох байгууллага, албан тушаалтанд мэдэгдэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

Энэ талаарх зарим эрх зүйн зохицуулалт,

Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйл. Хууль бусаар ан агнах

1.Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан, барьсан, эсхүл ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, зориудаар тэжээж гаршуулсан, үржүүлсэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, гадаад улсад гаргасан, ховор амьтны чихмэл, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Нэн ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүй агнасан, барьсан, зориудаар гаршуулан тэжээсэн, амьдрах орчныг алдагдуулсан тэдгээрийн түүхий эдийг бэлтгэсэн, тээвэрлэсэн, хадгалсан, худалдсан, худалдан авсан, гадаад улсад гаргасан, нэн ховор амьтны чихмэл, түүхий эд, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ.

Categories
мэдээ нийгэм

НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгох саналд 83 мянга гаруй хүн саналаа өгчээ DNN.mn

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Нийтийн өргөдөл хүлээн авах Улсын Их Хурлын цахим системд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулж, нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтыг 5 хувиас доошгүй байхаар тогтоох саналыг байршуулсан.

Дээрх саналыг petition.parliament.mn цахим системд 2023.10.17-ны 11 цаг 40 минутад байршуулснаас хойш 5 хоногийн хугацаанд 83 гаруй мянган иргэн дэмжин саналаа өгчээ.

 

D-өргөдөл буюу “Нийтийн цахим өргөдөл, гомдлын систем”-д Монгол Улсын 18 насанд хүрсэн иргэн “ДАН” системээр эсвэл цахим гарын үсгээр баталгаажуулан нэвтэрч саналаа өгөх боломжтой.

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд зааснаар, иргэн та D-өргөдөл цахим системд өргөдөл гарган, тус санаачилга нь 33.000 иргэний гарын үсэг буюу дэмжлэгийг авсан тохиолдолд тодорхой асуудлаар ажлын хэсэг байгуулах, 70.000 иргэний гарын үсэг буюу дэмжлэгийг авсан тохиолдолд Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хяналт шалгалт явуулах, 100.000 иргэний гарын үсэг буюу дэмжлэгийг авсан тохиолдолд Улсын Их Хурлаар шийдвэрлүүлэх боломжтой юм.

Та саналаа өгөхийг хүсвэл энд дарах боломжтой.