Израиль, ХАМАС-ын дуулиан өнгөрсөн өдрүүдэд Орос Украины хооронд болж буй том тулалдааны чимээг нам дарж орхив. Энэ тулалдаанд оросуудын амсаж буй хохирлыг цэргийн шинжээч болгон гайхан бичиж байна.
Орос Украины дайны фронтод дэлхийн II дайны үед бий болсон Курскийн цүлхэн шиг Авдеевкийн цүлхэн үүсээд байсан юм. Иймээс энэхүү цүлхэн дэх Украины цэргийн бүлэглэлийг Оросын арми хоёр талаас нь хэд хэдэн чиглэлээр дайран бүсэлж устгахаар шийдэв. Яг л Германы фашистын арми шиг. Ямар хэмжээний том тулалдаан болж байгааг энэ дайны явцад дээд амжилт тогтоож буй Оросын армийн хохирлоос харж болно. Дайралт эхэлсэн энэ сарын 12-ноос хойш өдөр бүр мянга орчим цэргээ устгуулж, олон арван цэргийн техникээ алдаж байгаа ч Оросын сөрөг довтолгоон үргэлжилсээр байна.
Олон улсын судлаачид энэхүү ширүүн байлдаанд оросууд украинчуудаас тав дахин их хохирол амсаж байгааг цэргийнх нь сургалт, хангамж дутмаг, удирдлагынх нь шийдвэрт Кремлийн улс төр нөлөөлж байгаатай холбон тайлбарлаж байна. Оросын арми ийнхүү нөөц хүчээ шавхаж байгаа нь дэлхийн II дайны түүхэнд үндсэн эргэлт гаргасан “Курскийн цүлхэн”-ий тулалдааны түүхийг давтахад хүргээд байна. Тэд украинчуудыг F-16 онгоцтой болж агаарт ноёрхохоос урьтан, намрын бороо эхлэхээс өмнө томхон хэмжээний ялалт байгуулж В.Путины нэр хүндийг өсгөх гэсэн нь ийнхүү бүтэхгүй тийшээ хандав. Курскийн цүлхэний тулалдаанд оросууд Германы армиас илүү хохирол амссан ч ЗХУ-ын ард АНУ,Их Британи тэргүүтэй 16 улс зогсож байсан учир алдагдлаа хурдан нөхөж чадсан бол германчууд хохирлоо нөхөж чадахгүй байсаар ялагдсан юм.
Ийнхүү оросууд Украинд Германы түүхийг давтах нь тодорхой болов. Учир нь АНУ-ын ерөнхийлөгч Жо.Байден иргэддээ хандан “Бид ХАМАС шиг алан хядагчид болон Путин шиг дарангуйлагчдыг ялахыг зөвшөөрч чадахгүй, зөвшөөрөх ч үгүй” гэж Украинд зориулан өгөх гэж байсан 24 тэрбум ам.долларыг 2.5 дахин нэмэгдүүлсэн учрыг тайлбарласан бол Европын холбоо манай тивд болж буй дайн хэмээн Украинд өгөх тусламжаа эрс нэмэгдүүлж эхлээд байна.
Хэт гэмээр их хүчээр довтолсон учир зарим чиглэлд оросууд ганц хоёр км урагшилж чадсан нь ойлгомжтой зүйл. Гэтэл Оросын төрийн хэвлэл, мэдээллүүд үүнийг том амжилт хэмээн сурталдсаар байна. Ерөөс И.Сталин, А.Гитлер нарын дэглэм хүмүүсийн амиа авч гарах гэсэн айдас дээр дөрөөлсөн харгислал, дарангуйлал байсан бөгөөд үүнийгээ худал, хуурмагаар далдалж байв. Харин В.Путины дэглэм нь авлига дээр дөрөөлөн айдас бий болгож үүнийгээ худал, хуурмагаар халхавчлах гэж оролдож буй нь тэдгээр дарангуйлагчидтай харьцуулах аргагүй хэврэг тогтолцоо гэсэн үг билээ. Өнөөдөр бид энэхүү худал, хуурмаг халхавчийг суртал ухуулга гэдэг.
Мөн оросуудын амсаж буй энэхүү хохирол Украины дайн бол яах аргагүй туйлдуулах дайн гэдгийг бидэнд дахин баталж өгөв. Туйлдуулах дайны сайн тал нь цэргийн насны эрчүүд нь олноороо амь үрэгдэж, тахир дутуу болж, ОХУ үндэстэн, ястнаараа задарлаа гэхэд байгалийн баялгаа булаалдан хоорондоо байлдаж, ялагдсан нь хоол хайн хөрш улсуудад халдах магадлал эрс багасч байна гэсэн үг юм.
Г.АМАРСАНАА