Categories
мэдээ нийгэм

Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина DNN.mn

Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2022 оны долдугаар сарын 01-ний өдрөөс мөрдөж эхэлсэн байна. Хөдөлмөрийн зах зээл дэх ажиллах хүчний хомсдолыг нөхөх зорилгоор гадаадын иргэдийг Монгол Улсад хөдөлмөр эрхлүүлэхэд уян хатан бодлого баримталж байна.
Тухайлбал, гадаадын ажилтан авах бодлогод эдийн засгийн үйл ажиллагааны бүтээмж өндөртэй уул уурхай, олборлолт, мэдээлэл холбоо, санхүү даатгал, үл хөдлөх хөрөнгийн үйл ажиллагааны салбаруудад гадаад ажилтны тоо, хувь хэмжээг хязгаартай тогтоох, дотоодын ажиллах хүчнийг эдгээр салбарт түлхүү ажиллуулахыг дэмжих нь зүйтэй. Харин барилга, эрчим хүч, боловсруулах үйлдвэрлэл зэрэг бүтээн байгуулалтын салбарт гадаад ажилтны тоо, хувь хэмжээ, ажлын байрны төлбөрийг хөнгөлөх, чөлөөлөх асуудлыг Засгийн газар тогтоож өгөх шаардлагатай гэж үзэж байна.
Мөн Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд “Ажил олгогч хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл, мэдээллийн санд ажлын байрны зарыг байршуулж, ажилтныг идэвхтэй хайж эхэлснээс хойш ажлын 14 өдрийн дотор дотоодоос ажилтан авч чадаагүй бол гадаад ажилтныг хөдөлмөр эрхлүүлэх урилга хүсэх эрхтэй.” гэж заасан. Хуульд заасан дээрх хугацаа нь улирлын чанартай бүтээн байгуулалтын ажил эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагад гадаад ажилтан урих үйл ажиллагаанд тодорхой хэмжээнд хүндрэл учруулдаг асуудлыг шийдвэрлэхээр тусгажээ.
Хуулийн төсөл батлагдсанаар гадаад ажилтан авч ажиллуулах ашигт малтмал, газрын тосны салбараас бусад салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж  байгууллага, хөрөнгө оруулагчид хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд төлөх ажлын байрны төлбөрөөс хөнгөлүүлж, чөлөөлөгдөж, зардал хэмнэгдэх, ажиллах хүчний хомсдолоос богино хугацаанд гарах, бизнес эрхлэлт, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх, стратегийн ач холбогдол бүхий дэд бүтэц, үйлдвэрлэлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, хөгжлийн төслийг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

ЗГ: “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ DNN.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

“Эрдэнэс Монгол” нэгдлээс хэрэгжүүлсэн манлайлал, засаглал, нэгдлийн үйл ажиллагаа, үр дүнг сайжруулах тогтолцооны шинэчлэл, Үндэсний баялгийн санг бүрдүүлэх реформын хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.
“Эрдэнэс Монгол” нэгдэл засаглал, үйл ажиллагааны менежментээ сайжруулж тогтолцооны шинэчлэлийг хэрэгжүүлж ажилласны үр дүнд 2023 онд 599.6 мянган тонн зэсийн баяжмал, 35.1 сая тонн нүүрс олборлож, борлуулалтын орлого 14.9 их наяд, цэвэр ашиг 4.5 их наяд төгрөгт хүрч, улс болон орон нутгийн төсөвт 4.5 их наяд төгрөгийн татвар төвлөрүүлжээ. Энэхүү амжилтын үр дүнд гадаад валютын албан нөөцийн 77 хувь буюу 3.6 тэрбум ам.долларыг Монгол банканд төвлөрүүлж, нэгдлийн толгой компани 200.0 тэрбум, нэгдлийн хэмжээнд 394.0 тэрбум төгрөгийн хуримтлагдсан өр төлбөрийг төлж барагдуулжээ.
Нэгдлийн үйл ажиллагаа сайжирч, санхүүгийн үзүүлэлт дээшилсэн нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилах боломжийг бүрдүүлж тус компанийн 2022, 2023 оны цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилсан.
Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн суурь зарчмыг хангах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлэх замаар иргэдэд тэгш, шударга хүртээх, түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх үзэл санааг хэрэгжүүлэх Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг Улсын Их Хурлаар хэлэлцүүлэн батлуулсан нь Монгол хүн баялагтаа эзэн байх хууль эрх зүйн үндсийг бүрдүүлсэн төдийгүй “Эрдэнэс Монгол” нэгдлийн эрхзүйн байдал, тогтвортой үйл ажиллагааг явуулах эрхзүйн үндсийг бий болгосон юм. Хуулийн хэрэгжилтийн хангуулж 2024 онд “Эрдэнэс Монгол” нэгдэл 500 тэрбум төгрөгийг Хуримтлалын санд төвлөрүүлснээр 10,000 айл өрх орон сууцны хөтөлбөрт хамрагдах боломжийг бүрдүүлсэн. “Эрдэнэс Монгол” нэгдэл Үндэсний баялгийн сангийн орлогыг нэмэгдүүлэх дараагийн цогц шинэчлэлийн реформыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Танилцуулгатай холбогдуулан,
Үндэсний баялгийн сангийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор төрийн өмчит уул уурхайн компанийн засаглал, үйл ажиллагаа, үр ашгийг сайжруулах замаар хуримтлалын санд ногдох орлогыг нэмэгдүүлэх, эрдэс баялгийн үр өгөөжийг ард түмэнд тэгш, шударга хүртээхэд чиглэсэн цогц шинэчлэлийн реформыг үргэлжлүүлэн хэрэгжүүлж ажиллах,
“Ган үйлдвэрлэлийн цогцолбор”, “Барилгын материал үйлдвэрлэлийн цогцолбор”, “Нүүрс-химийн цогцолбор”, “Жонш боловсруулах цогцолбор”, “Кокс-химийн цогцолбор” үйлдвэрлэл, технологийн паркуудыг байгуулах газрыг улсын тусгай хэрэгцээнд авах асуудлыг эрчимжүүлэх,
Үйлдвэрлэл технологийн паркт эрхлэх үйлдвэрлэлийн салбар, үйл ажиллагааны чиглэл, бүтээгдэхүүний төрөл, паркийн байршлын жагсаалтад “Эрдэнэс Монгол” ХХК-ийн хэрэгжүүлэх үйлдвэрлэл технологийн зургаан паркийг оруулах зэрэг асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэхийг үүрэг болголоо.
Мөн экспортыг эрчимжүүлэх, гадаад валютын орлогыг нэмэгдүүлэх зорилгоор “Эрдэнэс Монгол” нэгдэлд Төрийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдүүдийн эзэмшлийн ачааны вагоны хуваарилалтыг нэмэгдүүлэх арга хэмжээ авч ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.

Categories
мэдээ эдийн-засаг

Ипотекийн зээлээр баталгаажсан бондын үлдэгдэл 4.2 их наяд төгрөг байна DNN.mn

2013 оноос хэрэгжүүлж буй Засгийн газрын Орон сууцны хөтөлбөрийн  хүрээнд нийт 6.7 их наяд төгрөгийн дүн бүхий ипотекийн зээлээр баталгаажсан бонд/ИЗББ/ гаргасан. Үүнээс одоогоор  4.2 их наяд төгрөг үлдээд байна. Энэ тогтолцоог сайн хөгжүүлсэн орнуудын жишгээр хөрөнгийн зах зээлээс эх үүсвэрийг ипотекийн зээл руу оруулдаг зах зээлийн шийдэл юм. ИЗББ нь орон сууцаар баталгаажсан байдаг тул маш бага эрсдэлтэй хөрөнгө оруулалтын хэрэгсэл. Хөрөнгийн зах зээлд оролцогчид, тухайлбал хувийн хэвшлийнхэн, санхүүгийн төрөлжсөн байгууллагууд, сангууд үүнд баялгийн болон тэтгэврийн, амь насны даатгалын компаниуд ипотекийн зээлийн эх үүсвэрийг олгож байна гэсэн үг.  Хөтөлбөрийн хүрээнд гаргаж байгаа ИЗББ нь зах зээлийн хүүтэй биш тул хөрөнгийн зах зээлийн оролцогчид одоогоор сонирхохгүй. Харин уг хөтөлбөрийг санхүүжүүлж ирсэн Монголбанк, арилжааны банкнууд эзэмшиж байгаа. Энэ бондын эргэн төлөлтөөр Монголбанк 2017 оноос хойш банкнуудад зээлийн эх үүсвэрийг олгож ирсэн.

 

Эх сурвалж: www.polit.mn

Categories
мэдээ нийгэм

Чанаргүй зээлийн өрийн үлдэгдэл 2.1 их наяд болж 77 тэрбумаар өсчээ DNN.mn

Үндэсний статистикийн хорооноос энэ оны эхний арван сарын нийгэм эдийн засгийн үзүүлэлтийг тоймлон гаргасан.

Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 2024 оны 10 дугаар сарын эцэст 35 их наяд төгрөг болж, өмнөх сараас 184 тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 9 их наяд төгрөгөөр өсчээ. Нийт зээлийн өрийн үлдэгдлийн 60 хувь нь иргэд, 37 хувь нь хувийн байгууллага эзэлж байна.

Харин чанаргүй зээлийн өрийн үлдэгдэл 2024 оны аравдугаар сарын эцэст 2.1 их наяд төгрөг болж, өмнөх сараас 77 тэрбум төгрөгөөр өсөж, өмнөх оны мөн үеэс 122 тэрбум төгрөгөөр буурсан байна. Чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 5.8 хувийг эзэлж байна.

Тэгвэл хэвийн зээлийн өрийн үлдэгдэл 2024 оны 10 дугаар сарын эцэст 32 их наяд төгрөг болж, өмнөх сараас 108 тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 9.3 их наяд төгрөгөөр өсжээ. Хэвийн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 90 хувийг эзэлж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр дэлхийн хүүхдийн өдөр DNN.mn

“Дэлхийн хүүхдийн өдөр”-ийг улс орон даяар “Listen to the Future” буюу “Ирээдүйгээ сонсоцгооё” уриан дор 11-р сарын 20-нд тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.

Соёлын бүтээлч сар 2024 аяны хүрээнд “Дэлхийн хүүхдийн өдөр”-ийг бүх шатны соёл, урлаг, спорт, хүүхэд, залуучуудын байгууллагууд хамтран контент түгээх, хамт олноороо ижилсэж, цахим сувгуудаа цэнхэртүүлэх, соёл, урлагийн үзвэр үйлчилгээ бүрийн эхэнд Хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдэд үүргийг сануулж уриалгыг хүргэх, байгууллага бүр нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхдийн төлөө хийж буй үйлсээ олон нийтэд сурталчлах, байгууллагын барилгын гэрэлтүүлгийг цэнхэр өнгөөр гэрэлтүүлэх зэрэг олон ажлыг зохион байгуулна.

Цэнхэр өнгийн гэрэлтүүлгийг 2024 оны 11 дүгээр сарын 20-ны 18:00-22:00 цагийн хооронд асааж хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхдийн эрхийн асуудалд олны анхаарлыг хандуулах юм гэж Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас мэдээллээ. 

Categories
мэдээ нийгэм

Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ DNN.mn

Төрийн албаны тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр төрийн албаны ерөнхий шалгалтыг улиралд нэгээс доошгүй удаа зохион байгуулахаар зохицуулсан бөгөөд төрийн албаны зөвлөлөөс тогтоосон товын дагуу 2024 оны 4 дүгээр улирлын ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар нэгэн зэрэг эхэллээ.

Энэ удаагийн шалгалтад оролцохоор Улаанбаатар хотод 2165, улсын хэмжээнд 5011 иргэн бүртгүүлсэн байна. Улаанбаатар хотод төрийн албаны ерөнхий шалгалт 11 дүгээр сарын 20-25-ны өдрүүдэд үргэлжилнэ. Өдөртөө дөрвөн ээлжээр өгөх бөгөөд нэг ээлждээ 130 иргэн шалгалт өгнө. 2024 оны 1, 2, 3 дугаар улиралд зохион байгуулагдсан төрийн албаны ерөнхий шалгалтад Улаанбаатар хотод 5605 иргэн бүртгүүлж, 3963 иргэн шалгалт өгсөн юм. Үүнээс 1399 иргэн тэнцэж, төрийн жинхэнэ албанд анх орох иргэний нөөцөд бүртгэгдсэн байна.

Энэ талаар Төрийн албаны зөвлөлийн Нийслэл дэх салбар зөвлөлийн гишүүн Ү.Ганболд “Төрийн албаны ерөнхий шалгалт нийслэл, орон нутагт цахим хэлбэрээр зохион байгуулагдаж байна. Иргэдийг төрийн албанд сонгон шалгаруулж авах шалгалтын агуулга болон шалгалтын зохион байгуулалт улам  боловсронгуй болсоор байна. Одоо цаг хугацаа, орон зайнаас үл хамааран Төрийн албаны шалгалтын сорил даалгаврыг бөглөх, холбогдох хууль, журмыг уншиж судлах, мэдлэгээ сорих, бататгах боломжтой болсон. Төрийн албаны ерөнхий шалгалт 100 хувь цахимд шилжиж, хөндлөнгийн нөлөөлөл, хүний оролцоогүй, ил тод нээлттэй явагдаж, шалгалтын дүн хэн нэгнээс биш зөвхөн өөрсдөөс тань хамаарч зөвхөн хэн сайн хичээж бэлдсэн нь тэнцэх, шалгалтад өндөр оноо авах нөхцөл бүрдсэн” гэдгийг хэллээ.

Categories
мэдээ спорт

Ирэх жилээс аймгуудын наадмын шөвгийн дөрвөн бөхөөс допингийн шинжилгээ авна DNN.mn

2024 оны Үндэсний их баяр наадмыг зохион байгуулахад гаргасан алдаа дутагдал, зөрчлүүдийг дахин давтахгүй байх чиглэл өглөө

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хуралдаанаар 2024 оны Үндэсний их баяр наадмыг зохион байгуулсан салбар хороодын тайлан, мэдээлэл 2025 оны Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хүрээнд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг хэлэлцэж, зарим үүрэг чиглэлийг өглөө.

Үндэсний баяр наадмын тухай хуулиар улсын наадмын шөвгийн 32 бөхөөс допингийн шинжилгээ авдаг байсан бол ирэх жилээс 21 аймгийн баяр наадмын шөвгийн дөрвөн бөхийг допингийн шинжилгээнд хамруулахаар болж байна. Иймд тухайн допингийн хариу мэдээллийг цаг тухайд нь олон нийтэд мэдээлэх, цаг алдахгүй зарладаг асуудлыг дүрэм журамдаа тусган нийцүүлэх нь чухал гэдгийг Монгол Улсын Шадар сайд, Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга С.Амарсайхан онцолсон.

Мөн Үндэсний их баяр наадмын хурдан морины сэрвээний өндөр хэмжих болон телевизийн шууд дамжуулалтыг шинэлэг байдлаар зохион байгуулах, Наадмын нээлт, хаалтын үеэр гарсан алдаа дутагдалыг давтахгүй байж наадмын нээлтийн арга хэмжээний утга агуулгыг улам төгөлдөржүүлж, төрийн хүндэтгэлийн концертын найруулга, хэлбэр агуулгад онцгой анхаарах шаардлагатайг тодотгоод дараах үүрэг чиглэлийг өглөө.

Үүнд:

  •  Үндэсний их баяр наадмаар цолны болзол хангасан уяач, харваачдын мэдээллийг нэгтгэн ирэх оны нэгдүгээр сарын 15-аас өмнө Үндэсний хороонд танилцуулах;
  • 2025 оны Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажлыг хангах, зохион байгуулалтыг хийх, төсөв төлөвлөгөөг боловсруулж танилцуулах;
  • Тулгар төрийн 2234, Их Монгол улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойн үндэсний их баяр наадмын Төрийн хүндэтгэлийн концерт, нээлт, хаалтын арга хэмжээний найруулагч (найруулагчийн баг) сонгон шалгаруулах ажлыг шуурхай зохион байгуулж танилцуулах;
  • Үндэсний их баяр наадмын нээлтийг иргэд олон нийт, гадаад дотоодын жуулчдад хүртээмжтэй хүргэх хүрээнд баяр наадмын нээлт, хаалтын тоглолтыг давтан үзүүлэх ажлын бэлтгэлийг хангах;
  • Үндэсний их баяр наадмын салбар хороодын бүрэлдэхүүнд эрхэлж байгаа албан тушаалын чиг үүрэгтэй холбоотой өөрчлөлт оруулах асуудлыг Үндэсний их баяр наадмын хороонд танилцуулах;

Түүнчлэн 2024 оны Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах үеэр гаргасан алдаа дутагдал, зөрчлүүдийг дахин давтахгүй анхаарч ажиллахыг үүрэг болголоо.

Categories
мэдээ улс-төр

Эрүүдэн шүүлттэй холбоотой УИХ-ын хяналтын сонсгол болж байна DNN.mn

ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байсан 21 настай залуу эмнэлэгт хүргүүлж ирээд нас барсан харамсалтай хэрэг өнгөрсөн долоодугаар сард гарсан. Уг хэргээс улбаалан УИХ-ын гишүүд хүний эрхтэй холбоотой хяналтын сонсгол явуулах санаачилгыг гаргасан юм.

Улмаар УИХ-ын Хууль зүйн байнгын хороо  хүний эрх, эрх чөлөөг хамгаалахтай холбоотой УИХ-ын хяналтын сонсголыг “Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт” сэдвээр өнөөдөр зохион байгуулахаар тогтсон.  Хяналтын сонсгол даргалагчаар УИХ-ын гишүүн П.Сайнзориг ажиллана.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын 2025 оны Төсвийн тухай хууль, хамт өргөн мэдүүлсэн болон холбогдуулан боловсруулж баталсан хууль тогтоомжид бүхэлд нь хориг тавилаа.

Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар, Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай, Ерөнхийлөгчийн Хэвлэлийн төлөөлөгч Ө.Золбаяр нар мэдээлэл өгөв.

2025 оны улсын төсвийг үр ашигтай, хэмнэлттэй, алдагдалгүй батлах шаардлагатай, төсөвт тодотгол хийх тухай тогтоол баталсан нь хууль дээдлэх үндсэн зарчим зөрчигдөх нөхцөл бүрдүүлсэн гэсэн хоёр үндэслэлээр бүхэлд нь хориг тавилаа.

Ерөнхийлөгч, улсын төсөв нь эдийн засгийн болзошгүй хүндрэл, бэрхшээлийг хохирол багатай даван туулах нөөц боломж, хуримтлал нэмэгдүүлэх, үнэ, ханшийн өсөлтийг хязгаарлах, эдийн засгийн тогтвортой байдал, ард иргэд, аж ахуйн нэгж, татвар төлөгчдийн хэвийн үйл ажиллагааг хангах баталгаа болохыг тэмдэглэлээ.

Мөн гадаад зах зээлийн төлөв байдал, түүхий эдийн үнийн хэлбэлзлийг харгалзан, гадаад валютын улсын нөөц, төсвийн хуримтлалыг нэмэгдүүлэх, өрийг бууруулах зэрэг суурь зарчмыг анхаарч, мөчлөг сөрсөн төсвийн бодлого хэрэгжүүлж, алдагдалгүй төсөв батлах нь зүйтэй гэж үзлээ.

УИХ төсвийг хэлэлцэн батлахдаа Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1-д заасан “төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах”, хуулийн 6.5.1-д заасан “төсөв хэлэлцэх, батлах үйл ажиллагааг нийтэд нээлттэй байлгаж, төсвийн төлөвлөгөө, гүйцэтгэл, тайлагналын талаар тогтоосон хугацаанд нийтэд ойлгомжтой, хүртээмжтэй байдлаар мэдээлэх”, мөн Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-д заасан “төсвийн бодлого, стратегийн зорилт нь макро эдийн засгийн болон татварын тогтвортой орчныг бүрдүүлэх, инфляцийг хязгаарлахад чиглэсэн байх”, 5.1.6-д заасан “төсвийн хөрөнгийн хуваарилалт, байршуулалт, хэрэглээ нь эдийн засгийн үр ашигтай, нийгмийн ач холбогдолтой байх” гэсэн заалтуудыг бүрэн хангаагүй бөгөөд энэ нь хууль дээдлэх Үндсэн хуулийн зарчимд нийцэхгүй байгааг онцоллоо.

Мөн “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т тусгагдсан “Төсвийн урсгал зардлын тэлэлтийг хязгаарлаж, төсвийн алдагдал, Засгийн газрын өрийн тусгай шаардлагыг хангана” гэсэн зорилтоо бодитой хэрэгжүүлж ажиллахыг санууллаа.

Төсвийн сахилга батыг чангатгах, үр ашигтай, хэмнэлттэй байх зарчимд нийцүүлэн төсвийн зардлыг бууруулах, чиг үүргийн давхардлыг арилгах, улс төрийн нам, эвслүүд сонгуулийн амлалтаа биелүүлэх зэрэг санал, шүүмжлэл гарч байгаа нь зүй ёсны шаардлага гэж Ерөнхийлөгч үзлээ.

УИХ 2025 оны Төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай 41 дүгээр тогтоол гаргасан.

Энэ нь ирэх оны төсөв Төсвийн болон Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан зарчмуудыг бүрэн хангаагүй, төрийн мөнгөний бодлоготой нийцээгүй, төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж чадаагүй гэдгээ УИХ хүлээн зөвшөөрсөн хэрэг гэж Ерөнхийлөгч үзлээ.

2025 оны Төсвийн тухай хууль хүчин төгөлдөр болж, дагаж мөрдөж эхлээгүй, Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасан тохиолдол үүсээгүй байхад тодотгол хийхээр тогтоол баталсан нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “. . . хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэсэн заалтыг зөрчих нөхцөл бий болгосон.

Иймд Монгол Улсын 2025 оны Төсвийн тухай хууль, хамт өргөн мэдүүлсэн болон холбогдуулан боловсруулж баталсан хууль тогтоомжид бүхэлд нь тавьсан хоригийг холбогдох хуулийн дагуу хэлэлцэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Н.Энхбаяр: Мөнгө нь бэлэн болоогүй, ажиллах хүчээ хаанаас авахаа ч мэдэхгүй төслүүдийг эхлүүлээд байна DNN.mn

Эдийн засагч Н.Энхбаяртай ярилцлаа.


-УИХ Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төслийг Засгийн газраас өргөн мэдүүлсний дагуу зарлага 35 их наяд төгрөг, тэнцвэржүүлсэн орлого 33.8 их наяд төгрөг, төсвийн тэнцвэржүүлсэн алдагдал 1.9 их наяд төгрөг байхаар баталсан. Эдийн засагчдын “хэт тэлэлттэй” гэж анхааруулсан энэ төсвөөс үүдэн гарах үр дагаврын талаар ярихгүй юу?

-Өнгөрсөн хавар бид судалгаа хийгээд, орон зайтай хязгаарлалт өгсөн. Ирэх гурван жилд бид эдийн засгаа авч явахдаа өнгөрсөн жилүүдэд савлагаа, хазайлт ихтэй байснаа бодох хэрэгтэй талаар зөвлөсөн. Харамсалтай нь, манай гишүүд тэрийг ер нь мэдэхгүй байна. Тэрхүү хазайлтыг багасгах нь зүйтэй. Эдийн засаг савлагаа ихтэй бол муу. Бидний тооцоогоор, 3.1 хувиас доош буувал манай эдийн засаг хэцүүднэ, төсвөө хумих шаардлага гарна. Хамгийн боломжтой өсөлт бол ирэх онд 6.7 хувь. Энэ хооронд бид эдийн засгаа авч явахад төсөв дээр хэт тэлэлт хийхгүй, төсвөө танахгүйгээр төсвийн байгууллагуудаа санхүүжүүлээд явах бололцоотой гэсэн хязгаарыг өгсөн. Энэ хязгаар дотор байхад манай эдийн засаг хэвийн байна.

Олон улсын валютын сан бүсийн тойм дээрээ манай эдийн засгийн өсөлтийг 7 хувь гэж таамагласнаа мэдээлсэн бол Дэлхийн банк 6.5 хувь гэж тооцоолсон. Тэгэхээр өсөлтийг 8 болгох гэж тэмүүлэх ямар ч шаардлага байхгүй. Тэр боломжгүй бөгөөд сөрөг үр дагавартай, эдийн засаг хямарна. Жишээлбэл, Монголбанкны захирлууд хэлээд байгаа. Нэгдүгээрт, Засгийн газар төсвөө боловсруулахдаа тэлсэн, хоёрдугаарт, төсвөөс их хэмжээгээр том бүтээн байгуулалтад зарцуулахаар хувийн хэвшил дээр зам ч юм уу, барилга эрчим хүч гээд очно. Тэгэхээр худалдан авалт, тоног төхөөрөмжийн 70аас доошгүй хувь нь импортоор орж ирдэг. 10 мянга, 100 мянган айлын төсөл хөтөлбөр гэх мэт. Тэр нь импортоо дэмждэг.

-Оны эхний есөн сарын байдлаар манай импорт 26 хувийн өсөлттэй гарсан. Үүний нөлөө хаана тусах вэ?

-Импорт дахин өсөхөөр гадаад худалдааны тэнцэл алдагдал руугаа явна. Ийм болоод Монголбанк санаа зовж байна гэж хэлээд байгаа юм. Айхтар том эрсдэлүүд бидэнд сайн үр дагавраасаа илүү сөрөг үр дагавар авчирдаг учраас бид мөнгөний бодлого, гадаад худалдааны салбараа маш сайн бодож байж эдийн засгийн төсөөллийг гаргах ёстой. Түүнээс төсвийг тэлэхийн тулд эдийн засгийн өсөлтийг тэлж болохгүй. Төсвийн зарлагаа эхэлж бодчихоод, тэрэндээ нийцсэн өсөлт тавиад байж болохгүй. Энэ бол маш буруу.

-Ирэх онд 83 сая тонн нүүрс, 1.8 сая тонн зэсийн баяжмал экспортолж, гадаад худалдааны нийт эргэлтийг 32.8 тэрбум ам.долларт хүргэхээр тооцсон. Энэ хүрээнд “бодлого”-оо зөв бодож уу, алдаа гаргаж уу?

-Зүгээр 80, 90 сая гэдэг тоо хэлэх, төсвийн орлогоо бодох биш, хэдэн сая тонныг гаргаж байж Монгол Улсын нүүрсний үнэ хамгийн оновчтой байх вэ гэдэг бодлого хэрэгтэй байхгүй юу. Бид үүнийг гаргаж үзсэн. 2022 онд Монгол Улсын нүүрсний экспорт хамгийн үр ашигтай байсан байна, 50 орчим сая тоннд хүрсэн. Тэгэхэд нэг тонн нүүрснээс олсон орлого хамгийн өндөр байсан. Хоёрдугаарт, нэг тонн нүүрснээс татварын орлогоор төсөвт орж байгаа орлого хамгийн өндөр буюу 6000 гаруй төгрөг байсан. Одоо тэр нь буурсан яваа. Ихсэх тусам өгөөж нь буурч байна шүү дээ. Нэг тонн нүүрсний үнэ, төсөвт орох орлого буурч байна. Тэгэхээр хамгийн өндөр байх хэмжээ хэд вэ гэдэг нь бодох ёстой бодлого. Тэр бодлогыг бодож байж дараа нь тэр тоог хэлэх байсан. Тэрийг ганцхан Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яамны хоёр, гуравхан хэлтэс сууж байгаад бодчихдог ажил биш.

Гадаад худалдааны бодлогоо бодно. Бид түүхий эдийн өндөр хамааралтай улсын хувьд цаашдаа их хамааралтай болохгүйн тулд энэ бодлого маш чухал. Бид 20, 30 жил нүүрсээ гаргая гэж байгаа бол аль болохоор тэндээс илүү өгөөж хүртэх хэрэгтэй. Өнгөрсөн 20 жилийн сургамж, тэгж чадаагүй байна. Унасан үед нь орлого унаад, дөнгөж өссөн цөөхөн жилд нь орлого олж, хуримтлуулсан ч зүйлгүй явчихаад байна. Цаашдаа ийм савлагаатай бодлогоор явж болохгүй. Аль болох өмнөх туршлага дээрээ тулгуурлаад, нүүрсний үнийг тогтвортой байлгах, жишээлбэл, нүүрсний үнийг нэг тонныг нь 100 ам.доллараас буулгахгүй байх бодлого хэрэгтэй. Ингэж байж бид илүү үрэлгэн зардал гаргахгүй, маш их хэмжээний тээвэр хийхгүйгээр төсвийн орлогоо бүрдүүлж чадна.

-Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс төсвийн төсөл дээр маш тодорхой, чухал зөвлөмжүүд өгсөн байсан. Бодлого боловсруулагчид төдийлөн “авч хэлэлцсэнгүй”. Цаашдын үйл ажиллагаандаа юуг анхаарч ажиллаарай гэж та хэлэх вэ?

-Бидний өгсөн зөвлөмж хоёр талаараа ялгаатай. Нэгдүгээрт, бид хавар макро эдийн засгийн төсөөллөө хийсэн. Түрүүний ярьдаг, дээд доод хязгаар гээд. Шинэ хуулиар Засгийн газар, Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яам хавар төсвийн хүрээний мэдэгдэл боловсруулахдаа энийг үндэслэх ёстой. 100 хувь биш ч гэсэн, ямар нэг хэмжээгээр. Манай зөвлөл эдийн засгийн өсөлтийг 6.7 хувь гэсэн, Эдийн засгийн хөгжлийн яам 8 хувь гэж байгаа бол тэрийгээ УИХ дээр очиж тайлбарлах ёстой. Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн төсөөлөл бага байна, бид ийм учраас 8 хувь гэж төсөөлсөн юмаа гэж тайлбараа өгч байж хэлэлцэх ёстой. Нэгдүгээрт энэ. Хоёрдугаарт, бид “ тооны зөрүү байна”, “төсвийн зарцуулалт буруу байна” гэдэг дүгнэлтээс гадна шалтгааныг олох гэж хичээсэн. Төсвийн хөрөнгө оруулалт яагаад үрэлгэн байна, яагаад үр ашиггүй байна вэ гэдэг дээр бид 23 янзын зөвлөмж өгсөн. Энийг Засгийн газар хүлээж ав гэдгээ хэлсэн. Нэгд, төсвийн танилцуулга дотор дурдагдаж байгаа. Жилдээ улсын төсвөөс 1200-1300 төслийг санхүүжүүлье гэж. Энэ нь тав, арван жилийн өмнөхтэй харьцуулахад асар их, бараг хоёр, гурав дахин их өссөн байна. Мөнгөтэй байсны зовлон. Энэ жил Засгийн газар бодлого, зорилтоо тодорхойлоод, том төсөл, хөтөлбөр хэрэгжүүлээд явъя гэж байгаа нь сайн хэрэг. Гэтэл энэ дээр нөгөө 1000 төсөл чинь явж байгаа байхгүй юу.

-Тэгэхээр төсөв дээр ирэх ачаалал маш их байх нь ойлгомжтой?

-Бараг даац нь хэтэрчихсэн. Одоо яаж байна гэхээр, сонгуулийн холимог тогтолцоо болгоод, жижиг тойрог дээр байгаа асуудлаа болиод, том юм явуулъя гэж байна. Тэгвэл улсын хөрөнгө оруулалтын бодлого дээрээ яг үүнийгээ тусгах хэрэгтэй. Сонгуулийн хуулиа өөрчлөөд, холимог тогтолцоогоор сонгууль явуулсан шигээ улсын хөрөнгө оруулалтын хуулиа өөрчлөөд явах хэрэгтэй. Манайд одоо яг ийм хууль байхгүй. Тэгэхээр Төсвийн тухай хуульд тодорхой заалтууд орох ёстой. Бусад услын сайн жишээ нь, ийм хууль гаргаад, ямар хэмжээний төсвийг УИХ авч хэлэлцэх вэ, арай бага, нэг их хөрөнгө зардал шаардахгүй, нарийн төвөгтэй биш жижиг объектууд болох соёлын төв, сургуулийн дотуур байр, спорт заал зэргийг аймаг дээр байгаа барилгын компаниуд барьж болно шүү дээ. Үнийн дүн нь гурван тэрбум дотор байхгүй юу. Тэгэхээр орон нутгийн төсвөөр энийг хийж болох юм. Ингэж бид хөрөнгө оруулалтаа орон нутаг, аймгийн түвшинд шийдэж болдог, салбарын сайдын түвшинд шийдэх ёстой, тэгээд улсын төсвөөр гэж ялгаж болно.

-Ингэсэн тохиолдолд дараа жилийн төсөв дээр, Сангийн яаман дээр ирдэг төсвийн жагсаалтын тоо цөөрөх болов уу?

-Тэгнэ. Энэ жил Сангийн яамны Хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга “Манай дээр найман сард 1000 төсөл ирсэн. Бид шүүсээр байгаад, 538 төслийг нь эрэмбэлж авсан” гэж тайлбарласан. Энэ чинь угаасаа хүний хүчин чадлаас давсан ажил байсан. Хоёрдугаарт, ийм ялгавар байхгүй болохоор бид 12 тэрбум төгрөгийн өртөгтэй жижиг спорт заал, соёлын төв гээд бүх юмаа УИХ дээрээ хэлэлцээд сууж байна шүү дээ. Бид урьд нь ийм урт, 70 хуудас хөрөнгө оруулалтын жагсаалт хэзээ ч хэлэлцэж байгаагүй. Хуучин бол төсвийн хөрөнгө оруулалтын жагсаалт 10 гаруй хуудаст л байсан. Одоо мөнгө нь их болоод, ялгамж байхгүйгээс хаа байсан алслагдсан сум дээр байгаа жижигхээн объектын төсвийг батлах уу, үгүй юү гээд сууж байгаа нь утгагүй юм. Тэнд зарах төсвөөрөө тулгамдсан асуудал болох эрчим хүч, Улаанбаатарын үеийн байгууламж, авто зам зэрэг асуудлууд дээрээ түлхүү хөрөнгө оруулах хэрэгтэй.

-Том төсөл яриад ирэхээр цаг хугацаа, мөнгөн дүн хоёулаа өснө. Санхүүжилтийн бэрхшээл гарахгүй гэх баталгаа байхгүй. Ямар зохицуулалт хийх боломжтой гэж та бодож байна вэ?

-Сургуулийн барилгыг Төсвийн тухай хуульд зааснаар бид гурван жилд барьж дуусгана. Сунжраад дөрвөн жил болно. Том төсөл болохоор долоо, найман жил болж байна. Тухайлбал, Дарханы зам, Сайншандын Газрын тос боловсруулах үйлдвэр гээд. Энэ дээр санхүүжилтийн бэрхшээл гарч ирнэ. Зургаан тэрбумыг хоёр, хоёр тэрбумаар нь гурван жилпд тавьчихаж болно. Төсвөөс ямар нэгэн байдлаар “дусааж” байгаад ч гэсэн гаргачихна. Тэгвэл арван жил, найман жил үргэлжилж байгаа төсөлд ингэж мөнгө гаргаж чадахгүй. Тэрийг баттай гаргана гэж хэлж чадахгүй. Түүхий эдийн үнэ савласаар байна шүү дээ. Тэгэхээр урт хугацааны албан бус санхүүжилт хийхгүй бол санхүүжилтийн дутагдлууд гарч эхэлнэ. Эс бөгөөс нөгөө том төсөл чинь гацаад, дундаа царцсан, саатсан барилга гэдэг чинь гарч ирнэ. Жишээ нь, одоо Дарханы зам дээр ажлаа хийсэн ч мөнгөө авч чадахгүй явж байна шүү дээ. Саатал гаргахгүйн тулд төслийн санхүүжилт дээр цоо шинэ ойлголт гаргаж ирэх хэрэгтэй. Зөвхөн улсын төсвөөс санхүүждэг биш, өөр эх үүсвэрээс санхүүждэг. Хоёрдугаарт, манай төсвийн хөрөнгө оруулалтын санхүүжилт яг урсгал төсөвтэйгөө адилхан энэ сард орж ирсэн мөнгийг шууд төрийн сан дээр хуваарилдаг. Тэгэхээр мөнгө дутсан үед ийшээ гарах мөнгө байхгүй л болно гэсэн үг. Хөрөнгө оруулалт дээр тэгж болохгүй, чухал объект. Сайншандын газрын тос боловсруулах үйлдвэр маш чухал төсөл. Ирэх жил ашиглалтад орно, энэ жил ажил нь дуусах ёстой. Ийм чухал төсөл мөнгө байхгүй зогсож болохгүй учраас төслийн санхүүжилт гэдэг ойлголтоор, эх үүсвэр нь тасралтгүй байх сан бүрдүүлэх ёстой гэж бид зөвлөсөн. Өөр арга зам, өөр санхүүжилийн тогтолцоо бий болгооч ээ гэж. Тэгвэл төсөв дээр тулгарч буй нэлээн олон асуудал цэгцэрнэ.

-“Засгийн газар 14 мега төслөө хэрэгжүүлээд яваг” гээд дэмжээд өгвөл яадаг юм бол. Болохгүй зүйл байхгүй биз дээ?

-14 мега төсөл хэрэгжүүлэх гэж байгаа нь зөв боловч хэзээ, ямар нөхцөлд танилцуулах вэ гэдэг дээр зөрүүтэй ойлголт байгаад байгаа юм. Хөгжлийн бодлого, төлөвлөлтөө бид урт, дунд хугацааны бодлого, жилийн төлөвлөгөө гээд гурав ангилсан байгаа. Тэр дотор нь ямар бичиг баримт, юу юу байх вэ гэдгийг нарийн заачихсан. Тэрийгээ баталгаажуулж бид таван жилийн төлөвлөгөө баталсан, ирэх онд дуусна. Нэг жилийн үндсэн төлөвлөгөөгөө баталдаг. 2025 оны төлөвлөгөөгөө сая баталж дууссан. Тэр 14 том төсөл чухал гэдэг нь эхлээд түүн дотор тусгагдах ёстой. Тэгж байж энэ төслийн санхүүжилтийг хийх чухал юм байна гэдэг нь төсөв дээр гарч ирнэ. 2025 оны үндсэн чиглэлийг зургадугаар сард УИХ баталлаа. Тэр дотор 14 төсөл тусгагдлаа. Тийм учраас 2025 оны төсөвт тусгана гэж Сангийн яам мөрдлөг болгодог. Төсвийг боловсруулахдаа Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, дунд хугацааны хөгжлийн бодлого төлөвлөлтөд тусгасан төслийг уялдуулан тусгана гэсэн заалт бий. Гэтэл үүнийгээ ойлгоогүй, зөрчөөд яваад байна. Чухал нь чухал, гэхдээ дараалал, процедурын хувьд буруу яваад байна. Найман сард гэнэтхэн 14 төсөл танилцуулахаар төсөвт ямар ч хамааралгүй болчихож байгаа юм. Тэр тусмаа төсөв өргөн барих үед. Яг санхүүжилт явагдахаар миний түрүүний хэлдгээр, хөрөнгө оруулалтын төслийн санхүүжилтийн бэрхшээлүүд тулгарна. Манайд өмнө нь тулгарч байсан жишээ бий. Хөшигтийн хөндийн нисэх онгоцны буудал дээр нэлээн бүдүүлэг алдаа гаргасан.

-Ямар алдаа вэ?

-Нисэх буудлын аэродром байгуулах, бууж хөөрөх зурвасыг Японы зээлийн хөрөнгөөр байгуулчихсан. Төслийн менемжент нь тусдаа. Гэтэл эрчим хүч, зам, бусад байгууламжуудыг бүгдийг Засгийн газрын хөрөнгөөр байгуулсан. Энэ бодлогуудаа уялдуулаагүйгээс хугацааны зөрүүтэй байдал үүссэн. Нисэх буудал нь 2018 оны үед дуусчихсан шүү дээ. Гэтэл бид бусад ажил нь дуусаагүйгээс гурван жил ашиглаж чадаагүй. Арай гэж бусад байгууламж нь дуусаад, 2021 оны зун хүлээж авсан. Харамсалтай нь, ийм зөрүүтэй байдалд ордог, ялангуяа гадаадын хөрөнгө оруулалттай төслийн хувьд. 2017 онд бид Японы Засгийн газраас зээл авсан. Урт хугацааны хөнгөлөлттэй зээл учраас таван жилийн дараа үндсэн өрөө төлнө. Гэтэл нисэх буудал ашиглалтад ороогүй байхад бид үндсэн өрөө төлөөд эхэлсэн. Ийм байж болохгүй. Төсөл цаг хугацаандаа дуусаад, үр ашгаа өгч байх ёстой. Төслийн менежмент дээрээ алдаа гаргасан учраас орлого нь орж ирээгүй төслийн төлөө Засгийн газар, Сангийн яам зээлийн төлбөр төлж эхэлсэн. Одоо Сайншандын газрын тос боловсруулах үйлдвэр дээр бас ийм алдаа гарах гэж байна. Сунжраад л байна.

-Засгийн газар Энэтхэгийн Засгийн газрын зээлээс төлж эхэлсэн болов уу?

-Бараг энэ жилээс төлж эхэлсэн байх шүү. Төслийг эхлэхэд бэлэн болсон уу, үгүй юү гэдгээ бүгдийг судалж байж, ялангуяа эх үүсвэр талаа баталгаатай болгож байж эхэлдэг. Гэтэл манайх улс төрийн шалтгаанаар, тууз хайчлаад л эхэлж байна шүү дээ. Мөнгө нь бэлэн болоогүй, ажиллах хүчээ хаанаас авахаа ч мэдэхгүй төслүүдийг эхлүүлээд байна. Үүнээс болоод төслийн өртөг сунжраад, илүү үнэтэй болчихож байна. Сайн бэлтгэж байгаад, 2026 оны хавар эхлүүлж болох байхгүй юу. Тэгвэл хугацаа хожимдохгүй, цагтаа, төсөвлөсөн дүнд нь багтаад дуусгаж болно. Үүнийг ялангуяа манай улстөрчид ойлгохгүй байна. Миний бодлоор үүнийг хуульчлан баталж өгөх хэрэгтэй. Тэгэхгүй бол төслийг дурын нэг улстөрч шийдэж эхлүүлж байна. “За тууз хайчилчихъя”, “За сонгууль боллоо” гээд. Энэ бол утгагүй алдаа. Хамгийн наад талын А үсэг нь “төсөл бэлэн болсон үед л эхэлнэ”. Төлөвлөж, бэлтгэлээ хангаж байж хугацаандаа дуусна. Тэгэхгүй бол жижигхээн сургуулийн төсөл хийсэн сэтгэхүйдээ баригдаад байна.

Д.Эрдэнэтуяа